Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хорлоо эмээг тохилог сууцтай болгохоор залуус ажлаа эхлүүлэв

“Энх саран” сувилал 2014оны арванхоёрдугаар сарын 2.

-ТЭД САЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ ЧАДДАГАА ЭНЭ АЯНААР ХАРУУЛЖ БАЙНА-

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан С.Хорлоо эмээд туслах аян эхлүүлээд байгаа. Тэд “Бөмбөгөр” худалдааны төв дээр сүүтэй цай заран амьдралаа залгуулдаг 90 настай эмээд шинэ байр барьж өгөхөөр болжээ. Сайн үйлс хийж буй залуустай болон С.Хорлоо эмээтэй уулзахаар гэрт нь очив. Эмээгийнх Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын дэргэд байдаг ажээ. Очтол гурван эмэгтэй байж байна. “Эмээг сувилалд хэвтүүлсэн. Шинэ байшинтай болтол дулаан газар байж байг. Өнөөдөр энэ амбаарыг буулгах гэж байгаа. Эрэгтэй хүний хүч хэрэгтэй байна. Хүн хүч хэрэгтэй байгаа тухай зараа фэйсбүүкээр тараасан” гэлээ.

Амбаарыг буулгахаар хорь гаруй залуу цуглажээ

Бусад нь барилгын захуудаар материалын судалгаа хийхээр явжээ. С.Хорлоо эмээгийн амьдарч байгаа гэр гэж жижигхэн амбаар байв. Ногоон төмрөн амбаарын дотор талыг цаасан хайрцгаар дулаалжээ. Дотор нь жижигхэн зуух, намхан модон ор, ганцхан талх тавиад дүүрчих хэмжээний ширээ л байв. Өөр зүйл алга. Хувцас хунар болон аяга тавгаа цаасан хайрцганд хийчихдэг ажээ. Галлаагүй болохоор жигтэйхэн хүйтэн, дээрээс нь хүйтэн салхи нэвт сийгэж байв. Хашаанд нь эмээгийнхээс гадна хоёр айл байдаг юм байна. Тэд уг хашааг долоо, найман жилийн өмнө С.Хорлоо гуайгаас худалдаж авсан гэнэ. Гэтэл эмээд очих газар байхгүй учраас тэндээсээ нүүлгүй амбаартаа амьдарч байгаа ажээ. “Эмээтэй уулзаад байшин барьж өгөх тухайгаа хэлэхэд нэг л итгэж өгөхгүй байгаа шинжтэй байсан. Арав хоногийн дараа гэхэд дулаахан, сайхан байшинтай болгочихмоор байна” хэмээн эмээд туслахаар ирсэн сайн санаатай залуус ярьж байлаа. Тэнд байсан залуусын утас цайны цагийн үеэр дуугарч эхлэв. Байшин нураахад туслах гэсэн юм, хаана вэ гэж асууж байна. Ингэж ярьсаар хорь гаруй залуу цуглачихлаа. “Цайныхаа цагаар хүрээд ирлээ. Олуулаа юм чинь юу байх вэ” гэлцэн амбаарыг буулгаж эхлэв. Залуусын зарим нь костюм пиджактай, зарим нь жинсэн өмд, пүүз өмсчээ. Харин хүүхнүүд хоол, цай хийн ирсэн юм. Дотуур байранд амьдардаг хоёр оюутан халуун савтай цай, гэртээ хүүхдээ харж буй эмэгтэй хоол авчирч өглөө. Мөн “Scotch” рестораныхан ажил хийж буй залууст халуун хоол, цайгаар туслахаар иржээ. Ингээд ганцхан цагийн дотор эмээгийн амбаарыг буулгав. Амбаар байсан суурин дээр шинэ байшингаа барих бөгөөд суурийн ажлыг барилгын инженер мэргэжилтэй залуу ажлын хөлсгүй хийж өгөхөөр болжээ. Харин ямар байшин барихаа судалж байгаад “Контейнер хаус”-аас 12 метр квадрат хэмжээтэй байшин авахаар болсон байв. Ийм хэмжээтэй чингэлэг 6.5 сая төгрөгийн үнэтэй ажээ. Харин “Контейнер хаус”-ынхан сайн үйлсийг дэмжин 2.5 сая төгрөгөөр худалдахаар болжээ. Байшингийн халаалтыг нэг мөсөн шийдээд шалнаасаа халдаг байлгая гэж ярилцсан ч С.Хорлоо эмээ гал голомтоо авч үлдмээр байна. Зуухыг минь үлдээгээрэй гэж хэлсэн болохоор галладаг байхаар шийджээ. Харин гэрийн тавилгыг модон эдлэлээр тавилга хийдэг залуу үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон гэнэ. Тэрээр “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхантай уулзаж ярилцаад тавилгаа хийхээр өчигдөр Эрдэнэт рүү явжээ. Тэнд очоод цэвэр модон ор, ширээ, шүүгээ, гурван ширхэг сандал зэргийг хийх юм байна.

С.Хорлоо эмээгийн хуучин амбаарыг буулгаж байгаа нь. 2014.12.02-ны 14.05 цаг

С.Хорлоо эмээд тусалж байгаа залуус хийж буй ажлынхаа тухай цахим ертөнцөд мэдээлжээ. Гэтэл хэдхэн цагийн дараа эмээд туслахыг хүссэн хүмүүс холбогдож эхэлсэн байна. “Хэдэн шуудай нүүрс дөхүүлээд өгье”, “Дулаан хөвөнтэй дээл аваачиж өгье”, “Байшин барих үеэр очиж тусалъя”, “Байшин барьж байгаа хүмүүст хоол, цай аваачиж өгье”, “Хөнжил аваачиж өгмөөр байна”, “Цагаан сараар хэрэглэх гээд авчихсан тогооны өрөм байгаа. Тэрийгээ эмээд өгмөөр байна. Яаж уулзах вэ” гэх зэргээр олон хүн эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээж байгаа ажээ. Бас үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд ч гэсэн гараа сунгаад эхэлчихэж. “АПУ” ХХК-ийнхан гэхэд С.Хорлоо эмээгийн бүтэн жилийн сүүний хэрэгцээг хангахаар болсон тухай сайхан мэдээ дуулгажээ. Олны дэмээр С.Хорлоо эмээг энэ сарын аравдаар байшинтай болгочихно. Цаашид байнга харж хандаж байна гэдгээ “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан ярьж байлаа.

Эмээгийн амбаарыг буулгасны дараа С.Хорлоо гуайтай уулзахаар Био комбинат дахь “Энх саран” сувиллын газрыг зорилоо. Тус сувилал эмээгийн байшинг бэлэн болтол үнэ төлбөргүй амрааж байгаа юм байна. Үүдний хүнээр заалгаад өрөөнд нь яваад ортол унтаж байв. Өрөөндөө хоёулаа ажээ. Хамт байгаа эмэгтэй “Эмээ унтаж байна. Саяхан хажуулсан. Байс хийгээд утас нь дуугараад хөөрхийг унтуулахгүй юм” гэв. Ингэж ярьж дуусав уу, үгүй юу эмээ сэрчихлээ. “Хөгшин надад тусалж байгаа буянтай хүүхдүүдийн ачаар ийм сайхан газар ирлээ. Би нойронд муу. Тэгсэн дулаахан сайхан газар ирэхээр унтчихдаг юм байна” гэв. Түүнийг ТББ-ын залуус тус сувилалд уржигдар үдийн хоолны цагаар авчирчээ. Сувилуулахаар ирж байгаа хүн цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур, гэрийн шаахай зэрэг хувийн бэлтгэлтэй ирэх ёстой байдаг байна. Харин эмээд ор хөнжлийн даавуу битгий хэл солих хувцас цөөн болохоор хүргэж ирсэн залуучууд хувийн бэлтгэлийг нь хангаж өгөөд хэвтүүлжээ. Сувиллынхан эмээг хүлээж аваад усанд оруулан, хувцсыг нь сольж өгсөн байна. Мөн эмээд үзлэг хийн эмчилгээ эхлүүлчихэж. С.Хорлоо гуайн хоёр өвдөг хатгаж өвдөөд биеэ дийлэхээ больсон учраас байнга таягтай явдаг гэнэ. Бас баруун нүд нь юм хардаггүй ажээ. Түүнээс бусдаар өвдөж зовоох зүйлгүй гэсэн. Хараа, сонсгол, чих, ой ухаан сайтай. Өндөр настай болсон гэхэд хүний яриаг алдалгүй сонсоно. Бас дөч, тавин настай хүнээс дутахгүй яриа хөөрөө үүсгэж байв.

Эмээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынх. Залуудаа намын ухуулагч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байжээ. Ээжийнх нь нагац Лодон гэж мундаг бяр тэнхээтэй бөх хүн байсан гэнэ. Тэр хүнийг долоон хошуу даншиг наадамд ноёны бөхийг унагаж байсан гэж ярьдаг байж. Бөх удамтайгаас тэр үү гэрийнхэн нь эр, эмгүй айхтар чадалтай, бяр тэнхээтэй хүмүүс байжээ. С.Хорлоо гуай л гэхэд жин тээхэд хамт явдаг, хүнд ачааг эрчүүдээс дутахгүй өргөөд тэмээний нуруун дээр ачдаг байсан гэнэ. Мөн адууны бугуйл алдахгүй уургалдаг байсан тухайгаа ярилаа. “Бага залуу насандаа өмсөх дээлээ өөрөө оёод өмсчихдөг ганган хээнцэр гэж тоймгүй хүн явлаа” гэж залуу насныхаа тухай дурсав. Нутагтаа ухуулагч хийж явахдаа орсон айлынхаа хүүхдүүдэд цагаан толгойн үсэг зааж өгдөг байсан гэнэ. Харин гучин насныхаа босгыг даваад хот барааджээ. Нийслэлд ирээд орон сууцны байгууллагад мужаан хийдэг байсан гэнэ. Бүр мужааны дөрөвдүгээр зэрэгтэй. Хөгшин нь 1945 оны Халх голын дайнд Дандар баатартай мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчин. Хожим буюу 1990-ээд оны эхээр “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнуулсан гэнэ. Мөн байлдааны тэмдэг, халх голын ялалтын тэмдэг байдаг ч хэдэн жилийн өмнө нүүдэл суудал болохдоо гээчихжээ. Өвгөнийгөө өнгөрсөн хойно ахмад дайчны тэтгэмж авдаг гэж сонсоод холбогдох газраар нь явтал ямар нэгэн бичиг баримт шүүж үзээгүй хэрнээ “Танай өвгөн цэрэгт алба хааж байгаагүй юм байна” гэж хэлээд буцаасан гэнэ.

С.Хорлоо гуай залуудаа ганцхан охин төрүүлсэн. Харамсалтай нь газар дээрх ганц охиноо хүний гарт алдсан байна. Хожим дөчин нас хүрээд асрамжийн газраас нэгэн хүү өргөж авсан нь одоо группт байдаг ажээ. Эмээ өргөмөл хүүгээ эмчлүүлэх санаатай амьдарч байсан хашаа байшингаа зараад Бээжин явуулсан ч тус болоогүй гэсэн. Одоо хүү нь эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт тусдаа амьдарна. Сэтгэцийн өвчтэй болохоор хөгшин эхдээ туслах боломжгүй. Харин ч эмээ хүүгийнхээ амьдралд нэмэр болог гээд 200 мянган төгрөгийнхөө тэтгэврийг зээл хэлбэрээр урьдчилж аваад өгчихсөн юм байна. Мөн таньдаг хүнээсээ 300 мянган төгрөгийн зээл авчихсан байсныг “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус төлж өгчээ. Нутгаасаа гараад олон жил болсон учраас одоо ах дүү, хамаатан садан байхгүй. Туслах хүн байхгүй болохоор тэтгэвэрт гарснаасаа хойш буюу сүүлийн гуч гаруй жил цай чанан амьдралаа залгуулдаг болсон байна. Сүүлийн хоёр жил л гэхэд өглөө эрт босоод ойролцоох худгаасаа ус авна. Буцаж ирээд сүүтэй цай чанаад хоёр литрийнхээ халуун саванд хийн “Бөмбөгөр” худалдааны төв дээр зардаг. Эмээ хоёр гартаа таяг тулаад, халуун савтай цайгаа цүнхэнд хийж үүрээд явна. “Бөмбөгөр” дээр очоод нэг аяга цайгаа 500 төгрөгөөр зардаг. Цай авах гэж байгаа худалдагч нар томоо гээчийн аяганд хийлгэж авна. Ингэж явсаар өдөрт их сайндаа 2500 төгрөг олдог ажээ. Тэндхийн цагдаа нар цай, аарц, хуушуур, бууз зарж байгаа хүмүүсийг зах руу оруулахгүй хөөх, ороод ирчихсэн нэгнийг гаргадаг гэсэн. Харин С.Хорлоо эмээг цагдаа нар хөөж туугаад сүйд болохгүй. Тиймээс эмээ лангууны дундуур явж хоёр литр цайгаа зарчихаад гардаг юм байна. Олсон мөнгөөрөө ганц жижигхэн талх, гурил будаахан аваад буцна. Бас дараа өдрийнхөө зарах цайны сүү, шар будаа зэргийг авдаг ажээ. Эмээ иймэрхүү маягаар амьдралаа залгуулсаар 30 гаруй жил болж байгаа юм байна. Харин өнгөрсөн долоо хоногт цайгаа зарчихаад автобусанд суух гэж байгаад Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй таарсан нь эмээд тусалж байгаа ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

С.Хорлоо эмээтэй ярилцан сууж байхад утас нь байс гээд л дуугарч байв. Жижигхэн алчууранд ороосон “Samsung” маркийн гар утас өврөөсөө гаргаж ирээд ярих юм. Эмээд туслах гэсэн залуус үе, үе залгадаг болжээ. Уржигдар л гэхэд шөнө 12 цаг өнгөрч байхад утас нь дуугараад “Танайх хаана вэ. Түлээний мод хүргэж өгье” гэсэн байна. Барьж буй гар утсыг нь хэдэн жилийн өмнө хашааных нь айлын хүүхэд өгчээ. Эмээ утсаараа холбоо барихаас гадна цаг харна. “Шөнө унтаж байхдаа утсаа гаргаад цагаа хардаг юм байна лээ” гэж өрөөнийх нь хүн хэлэв. Бас эмээ цай зөөдөг цүнхээ гаргаж үзүүлэв. Шар шуудайг дөрвөлжин болгож оёод үүргэвч маягтай болгожээ. Түүнийгээ “Миний ажлын гол багаж” гэлээ. Ярьж байх зуур нь ширээн дээр нэгэн бичиг байхыг харвал “Энх саран амралт дээр 2014-12-1 ирлээ. Эмчид үзүүлж хоёр өвдөг тос түрхэж шарлага хийсэн. Нуруунд жин тавьсан” гээд дурайтал биччихэж. Цаас, бал олдвол энэ мэтээр өдөрт юу хийсэн тухайгаа тэмдэглэдэг ажээ. Эмчтэй нь уулзвал “90 настай хүн гэхэд бие сайн. Гэхдээ маш их хавантай ирсэн. Хүйтэнд хүнд юм үүрээд явахаар хавантаж байсан байна лээ” гэсээр эмчилгээнд нь оруулахаар аваад явав. Эмээ өрөөнөөс гарахдаа “Надад тусалж байгаа хүүхдүүдэд баярласнаа яаж илэрхийлнэ дээ гэхээс санаа зовох юм. Би чинь түмэн олныхоо сайн сайхны төлөө өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Одоо насан эцэс болтлоо энэ хэдэн хүүхдийн сайн сайхны төлөө залбирч сууя даа” гэлээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

С.Дэмбэрэл: Сонгуульд зориулаагүй, эдийн засгийн хямралаас гаргах хуулийг батлах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нэлээд дэлгэрэнгүй ярьцгаасан гэсэн. Бизнес эрхлэгчид ямар санаа оноотой байсан бэ?

-Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдчихоод чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг бүгд мэдэж байгаа. Түүн дээр bell out гэж нэг томъёолол хэлсэн. Хувийн хэвшлийг түшиглэж, дэмжиж байж эдийн засгийн хүндрэл, хямралтай байдлаас гарна гэдгийг хэлж байсан. Тийм болохоор миний зүгээс 28 дахь Ерөнхий сайдыг бизнес эрхлэгчидтэй уулзуулъя гэсэн хүсэлт тавьж пүрэв гаригт уулзуулсан. Энэ нь ганц удаагийн уулзалт биш цаашид хэд хэдэн удаа уулзах байх. Эхний уулзалтад МҮХАҮТ-ын тэргүүлэгч 30 гаруй компани, зөвлөлийн 60 орчим компани болон бусад томоохон компани, банк санхүүгийн байгууллага, CEO клуб, Хувийн хэвшлийн үндэсний зөвлөл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон. Компаниуд өөрсдөд нь тулгарсан хүндрэл гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчин, эдийн засгийн төлөв байдал, ирэх онд эдийн засаг ямар байх вэ, цаашид Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд юу хийгдэх вэ гэдэг талаар гол яриа өрнөсөн.

Компанийн төлөөллүүд бизнесийн орчин дахь болохгүй байгаа зүйл, Засгийн газар яавал эдийн засгийн хямралаас гарах ёстой талаар ярьсан. Энэ бүхнийг бүлэглээд үзэхээр хамгийн нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны талаар хэлж байна. Зөвшөөрөл, лиценз, стандарт, хяналт шалгалт, гааль татвар гээд энэ бүхэнтэй холбоотой асуудлуудыг оруулж ирж байгаа ч гэсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлэх процесс УИХ дээр яагаад удаад байдаг юм гэдэг талаар хэлсэн. Үнэхээр хямралаас гаръя гэж байгаа бол эдийн засаг, бизнес санхүүтэй холбоотой хуулиудыг нэн тэргүүн ээлжинд батлаасай гэсэн нийтлэг хүслийг компаниуд илэрхийлсэн.

Бизнес эрхлэгчид гүйцэтгэх засаглалын талаар ямар байр суурьтай байх юм?

-Гүйцэтгэх засаглал хуулийг нь батлаад өгдөг. Гэтэл дунд, доод түвшиндээ урьдын адил хяналт шалгалт, дарамт хэвээр байгаа. Үүнээс гарахын тулд гаргасан хууль тогтоомж шийдвэр мөрдөгддөг орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч гоё үг хэлж, сайхан амлалт өгөөд, хичнээн сайн төлөвлөгөө боловсруулаад хана мөргөөд байгаа гэдгийг сануулсан.

Муу муухай зүйл бат бэх оршин тогтнож байгаа тул үүнийг нурааж, аливаа байгууллага, яам, аймаг нийслэл бизнесийн орчинг хэрхэн бүрдүүлж байна гэдгийг анхаар. Бизнес эрхлэгчдэд нэг цонхны үйлчилгээ, хил гаалиар гарахад шаардаж буй бичиг баримтыг цөөрүүлэхээс эхлээд цаг хугацааг хэмнэх хэрэгтэй байна. Бизнесийнхний хувьд цаг бол алт байдаг. Гэхдээ алт гэж шууд ойлгож болохгүй. Замын түгжрэл, хяналт шалгалтын давтамжийг багасгах нь алт шүү гэдгийг Ерөнхий сайд ойлгоосой гэдэг талаас нь тодорхой жишээнүүдийг хэлсэн. МҮХАҮТ-аас хамгийн сүүлд гаргасан хоёр баримт бичгийн талаар ярьсан.

Тэр хоёр баримт бичиг нь юу байсан юм бэ?

-Тухайлбал, бизнесийн итгэлийг яаж сэргээх вэ. Өнөөдөр бизнесийн итгэл алдагдчихаад байна. Аль ч бизнес хөрөнгө оруулагч байдаг гэдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төрөөс явуулж буй бодлогын хувьд итгэл алдагдаад байгааг дараагийн хагас жилд цэгцлэх хэрэгтэй гэж байгаа юм. Бизнес эрхлэгчид шинэ Засгийн газраас маш их хүлээлттэй байна. Тэдэнд найдаж байна. Бизнесийнхний таатай орчин нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тасраагүй байна.

Уул уурхай гэх мэт тодорхой салбарууд дээр төрийн өмчит компаниуд шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн хэлж байлаа. Заавал төр эзэмших гээд байхаас илүүтэй компанийн хуулинд байгаа алтан хувьцааг ашиглах хэрэгтэй. Төрийн оролцоо хамгийн зохистой бөгөөд минимум хэмжээнд баймаар байна, тэгэхгүй бол миний компани, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хооронд шударга өрсөлдөөн явуулахгүй төр нь хажуугаас бизнес болж өрсөлдөөд байдаг. Тиймээс худалдан авалтынхаа хуулийг хялбаршуулаад, шударга, хөндлөнгийн хяналттай болгож өгөхийг хүссэн.

Санхүүгийн орчны талаар юу ярих юм. Зээл авах энэ тэр гээд асуудлууд бий байх?

-Мэдээж санхүүгийн орчны талаар ярьцгаасан. Ялангуяа бидний макро түвшинд ярьдаг Төвбанкны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэх мэт бизнесийн хэлээр зээлийн нөхцөл, санхүүгийн орчин муу байна. Үүнийг ганцхан Төвбанкны ажил гээд орхимооргүй байна, Төвбанктайгаа хамтраад зээлийн хүүгийн тал дээр 1.5 жилийн хугацаанд дорвитой ажил хийгээчээ. Хүмүүст итгэлийг нь сэргээгээд гадаад дотоодын томоохон компаниудаа дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан гаргах хэрэгтэй. Энэ нь bell out-ийн үндсэн цөм нь болно шүү гэдгийг хэлсэн. Мөн бизнесийн салбарын олонх болсон жижиг дунд бизнес хийх орчныг сайжруулж өгөөч гэж байсан. Улаанбаатар хотын эдийн засаг, Монгол Улсын эдийн засаг бизнес орчин талаасаа тасарчихаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн орчин нь нийт бизнесийн орчинг сайжруулж байгаатай тэр бүр уялдахгүй. Энэ талаасаа бодолцож нийслэлийн макро эдийн засаг Монгол Улсын макро эдийн засгийг уялдуулж, санхүүгийн орчныг сайжруулж өгөөч гэсэн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсээд байна. Барилгын салбарт ажиллаж буй компаниудад төрөөс тендерийн өрөө эхлээд өгчих. Хоёр жил мөнгөө авч чадахгүй байгаа өр авлагаа авмаар байна гэдгийг ярьж байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэл концессын үзэл санааг гутаагаад байна. Тиймээс гэрээнийхээ сахилга батыг компаниудаас шаардах биш, төр өөрөөсөө шаардах хэрэгтэй.

Таван толгой, Оюу толгойн талаар яриа хөндөгдсөн гэсэн…

-Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдээч ээ. Оюутолгойг дагаж бизнес орж ирдэг. Ингэснээр ажлын байр бий болж, гэрээ хийгддэг юм. Энэ талаас анхаараачээ. Тэгэхгүйгээр 34 хувь талаасаа яриад байна. Нийт эффект талаас нь ярьж, асуудлыг бүтээлчээр харилцан ойлголцлын хэмжээнд хийх хэрэгтэй. Томоохон стратегийн обьектууд дээр тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүхий бүтцийг бий болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний эдийн засгийн зөвлөлийг байгуулахдаа бизнесийнхнээс бүрдсэн хүмүүсээр тусгай дэд зөвлөл байгуулах хэрэгтэй. Ингээд холбоод өгчихвөл эдийн засгийн прагматик талаас нь харж хэрхэн ажлын байрыг хадгалах юм, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гээд санаа оноогоо хэлээд явах боломжтой.

Оюу толгой, Таван толгойг хувьчлах хэрэгтэй гэсэн саналууд гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Энержи Ресурсийн үйл ажиллагаанаас харахад боломжийн гэх юм…

-Оюутолгойг хувьчилна гэж юу байхав. 34 хувийн асуудлыг ярьж байгаа байх. Бид Оюутолгойг Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг том төсөл гэж ойлгох хэрэгтэй. Энэ төсөл бол бизнесийнх. Гэхдээ үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх ёстой. Үүнийг газрын доорх баялгийг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан. Ард түмэндээ 1072 хувьцаа тараах аргыг сонгож авсан. Миний бодлоор дээд зэргийн үр өгөөжийг нь авах ёстой. Тиймээс Оюутолгойн хувьд хоёрдугаар шатны ажлыг нь даруйхан эхлүүлэх шаардлагатай. Шинээр санамж бичиг байгуулах нь үйл явцын менежмент тул үйл явцыг зогсоож асуудлаа шийднэ гэсэн хандлага байж болохгүй. Харин үйл явцынхаа дунд менежментээ сайжруулаад, удирдах хоёр талын ойлголцол, мэдээллийн солилцоог сайн хийж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр оролцуулан санаа оноог нь авч байгаач ээ. Тавантолгой гэхээр хүмүүс 3-4 компани ярих гээд байдаг юм. Энэ бол биш.

Менежментийн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тимосек шиг болгоно гээд байгаа шиг Хөрөнгийн бир­жийг сайн ашигла. Монголын компаниудын оролцоо, консерциумуудын оролцоог хангасан байдлаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан байх хэрэгтэй. Төр бол зөвхөн стратегийн талаас нь оролцохын тулд алтан хувьцааг хоёр төрлөөр ашиглах боломжтой. Эхнийх нь хувьчлалын арга хэрэгсэл болгох боломжтой. Нөгөө талаас менежментийн арга хэрэгсэл болго. Үүнийгээ ил тод, оролцоог хангасан байх шаардлагатай. Төр үнэхээр стратегийн орд гэж үзэж байгаа бол хориг тавьдаг эрхээ өөртөө үлдээгээд нэг ширхэг нэрлэсэн хувьцаа эзэмшин, хамгийн гол нь буруу шийдвэр гаргахад нь хориглодог байх юм. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид нь бизнесийн төсөл гэдгээр нь аваад явдаг байх хэрэгтэй. Оюутолгой дээр ч гэсэн бид 60 жилийн хугацаа ярьж, Монголын тал тэд байх ёстой гэх юм. Өмнө нь байгуулсан гэрээгээ огт хөдлөхгүй баримт бичиг юм шиг бодохоосоо илүү хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт явагдаж байгаа үед нэг үе буюу цикл байдаг. Циклүүд нь дотроо фаз буюу дэд үеүдэд хуваагдаж байгаа. Фаз бүр нь дээд ажлаа хийж, доод ажлынхаа бэлтгэлийг хангаж байх юм. Ерөнхий баримт буюу ТЭЗҮ баяжин өөрчлөгдөж талуудын хамтын ажиллагаагаар үүнийгээ яриад явдаг. Үүний дүнд ажил зогсдоггүй үргэлж урагшилж байдаг. Ингэхийн тулд хувийн хэвшлээ оролцуул. Тухайн үед Тавантолгой асуудал хөндөгдөж эхлэхэд МҮХАҮТ-аас “Эцэг ба хүүгийн үлгэр” гээд цаашид хэрхэн явуулах талаар бичсэн нийтлэл бий. Монгол 999 гээд компаниудын нэгдэл гарч л байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж тухайн үед МҮХАҮТ-ын саналаар явчихсан бол төрийн өмчит компани байгуулаад тэр нь бараа шахаж, шахуулаад, үр ашиггүй явахгүй байлаа. Нээлттэй хувьцаат компаниас гадна нээлттэй нэгдлүүд аваад явах, үүнээс нь хамгийн ашигтай уул уурхайн операцийг явуулаад хамгийн их үр дүнтэйгээр татвар хураамжийг нь зохицуулаад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар явж болох байсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар жижиг дунд бизнесийн хөтөлбөрийг сайжруулаад шууд хэрэгжүүлээд явах баримт бичиг бэлэн байна. Мөн Үндэсний манлай аж ахуй нэгжүүдийг дэмжмээр байгаа юм. Хүнд хэцүү байгаа үед нь эдгээр нь жижиг дундаа хөтлөөд явах зохион байгуулалтад орж чадвал заавал татвар хөнгөлөлт гэлтгүй явах боломж байна.

Бизнесийнхэн ам.долларын ханшийн зөрүүн дээрээс нэлээдгүй алдагдал хүлээсэн. Ирэх оны төсөвт 1750 төгрөгөөр долларын ханшийг тооцсон байгаа. Гэтэл эдийн засаг судлаачид дунджаар 1862 төгрөг байна гэсэн судалгаа хийжээ. Ирэх онд валютын ханшийн өөрчлөлт бизнест хэр нөлөөлөх бол?

-2015 онд валютыг чангаруулахаар зүйл харагдахгүй байна. Зээл аваад явъя гэхээр том асуудал болчихоод байна. Энэ шийдэгдтэлээ удна. Гэхдээ шийдэхээс өөр аргагүй. Монгол Улс эхлээд өрийн удирдлагын хуультай болох хэрэгтэй. Зөвхөн хоёр нам, хүмүүс ДНБ-ий 40 хувиас хэтэрчихлээ гээд ярьдаг асуудал биш. Удирдлагын асуудал. Төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалтын данс улайчихсан. Урсгал данс 0-оос арай дээр гарч ирж байна. Энэ тохиолдолд төлбөрийн балансын хүндрэл хэвээр үргэлжилнэ. Зөвхөн Засгийн газрын өр биш хувийн хэвшлийн өр нийлээд 2015, 2016 онуудад дарамт үзүүлэх хэмжээнд байна. Бусад салбаруудын эдийн засгийн идэвхижлийн үзүүлэлтүүдийг нэмэхээр валютын ханшийн сулрал тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Улс гэж байгаа учраас, УИХ, Засгийн газар, Төвбанк гэж байгаа учраас 1750 төгрөгөөр төсөөлчихсөн дүнг засч таарна. Ам.долларын ханш 1895 төгрөг хүрчихсэн. Психологийн түвшинд хүмүүс тэдэн төгрөгт хүрэх байхдаа гээд хүлээж байдаг. Энэ хүлээлтийг хиймлээр бий болгож болохгүй. Тэр тусмаа төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс тэд болно гэж мэдэмхийрэх шаардлагагүй. Энэ нь өөрөө маш аюултай. Хүлээлтээс болоод дамын хүчин зүйл нөлөөлөөд эхэлдэг тул валютын ханшийн талаар хамаагүй дуугарч болохгүй. Тэглээ гээд ханшийг огт удирдлагагүй орхино гэсэн үг биш. 2015 оны мөнгөний бодлого дээр тодорхой зорилгуудыг тавьсан. Тэр нь валютын ханшийг удирдах. Удирдана гэхээр зөвхөн интервенци боддог. Гэтэл дуудлага худалдаагаар валют авна гэсэн арилжааны банкууд, нийлүүлье гэсэн хоёрын дүн зөрөөд байгаа биз. Тиймээс Монголбанк бага хэмжээгээр зарж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг их наядаар танахаас өөр аргагүй боллоо гэж байсан. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн боловч анхаараагүй. Тиймээс төсвийг тодотгоно. Энэ бүх байдал нь дефолт буюу улс орон төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж байгаа юм. Энэ талаас нь бодож валютын ханшийн тал дээр анхааран хандах ёстой. Ерөнхий сайд хувийн хэвшилтэйгээ хамтран энэ бүхнээс гаръя гэснээс мөнгөний бодлогыг хатууруулъя гэж хэлэхгүй байгаа биз.

Их хурал эдийн засгийн тал дээр онцгой байдлаар ажиллах ёстой гэдгийг та хэлж байсан. Хэр удаан тэгж явах ёстой вэ?

-Төсөв дээр тэвчиж болох зардал гэж байдаг даа. Түүн шиг тэвчиж болох хууль гэж байна. Эдийн засгаа, эдийн засгийн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Ил тод байдлын тухай хууль өмнө нь цагаан захтнуудын нуусан хулгайлсан мөнгийг өршөөсөн хууль болох гэж байна гээд хойшилсон. Уг хууль өнөө маргаашгүй орж ирнэ. Ил тод байдлаар компаниуд, том жижиггүй аж ахуйн нэгжийн саналыг аваад үүнийг хийх ёстой. Энэ Засгийн газар 2015 оны эцэст хэрэгжинэ гэж бодоод НӨАТ, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёрыг батлах ёстой. Манайхан өнөөдөр татварын иж бүрэн реформ хийгээсэй гэж байна. Татвар төлөгч, татвар төлөгчдийн хооронд тэгш бус харилцааг үүсгэсэн. Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр татварын байцаагч нар нь шагнагдаад эсхүл ИТХ-ынхан нь гадаадад очиж амардаг тэгш бус харилцааны эрх зүйн орчин нь хаана нуугдаж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулин дээр байна. Татварын ерөнхий хуулиндаа төр ба татвар төлөгчдийн харьцааг харилцан итгэлцсэн, тэгш байх хэрэгтэй. Татвар төлж байгаа учраас би дээрэлхүүлдэггүй байх ёстой. Төрөөс шаардах ёстой юмаа шаардаж, хэлэх үгээ хэлж, маргаанаа шударгаар зөв шийдүүлдэг харилцааг үүсгэдэг хууль нь Татварын ерөнхий хууль байгаа юм. Эдийн засагт нуугдсан эдийн засгийг гаргаж ирсэн, сүүдрийн болон албан бус эдийн засгийг ил тод гаргасан Ил тод байдлын тухай хуулиа батлах хэрэгтэй. Бодлогын логик үргэлжлэл болгон 2015 оны хагас жилээс хойш энэ асуудлын хүрээнд иж бүрэн реформ хийгээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр бизнесийн цикл эхэлчихнэ. Энэ нь улс төрийн сонгууль л даа. Хараад байгаарай одоо нийгмийн чанартай хуулиуд их батлагдаж магадгүй. Үүнийг хязгаарлан сонгуулийн циклд тааруулсан хууль батлах биш эдийн засгийн хямралаас гаргах хуулиа батлах ёстой.

Ирэх онд бизнес эрхлэгчдийн 10 хувь нь л ашигтай ажиллана гэх юм. Хөрөнгө оруулагчид ирэх болов уу. Хэдэн сайд нараа сольвол асуудал арилна гээд л байсан?

-Асуудал нь Н.Алтан­хуягтаа байсан юм биш. Хөрөнгө оруулагчид өргөн хүрээнд хардаг. Дотоодын хөрөнгө оруулагчид “Битгий илүү дутуу шалгаад байгаач ээ. Юм л бол цагдаа, шүүх гээд байдгаа болиоч ээ. Битгий миний эрхийг зөрчөөч ээ, би хүн” гэж байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд хардаг зүйл нь энэ улс хүний эрх зөрчиж байна уу, хуулийн засаглал шударгаар хэрэгждэг улс мөн үү гэдгийг хардаг. Түүнээс биш хөрөнгө оруулалтын хуулиа шинээр баталсан, Хонконгт гоё хурал хийж байна гээд ирдэггүй. Тэр болгон хүмүүсийн хэлээд байдаггүй амьдрах орчин нь хэр юм. Гудамжаар нь чөлөөтэй явж болох уу гэдэг зүйлийг боддог. Итгэлийг өгөх, найдлагыг өгөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үг маш чухал. Би долоо хоногийн өмнө Францийн хөрөнгө оруулагчидтай уулзаад эдийн засаг ийм байна, ирэх онд тийм арга хэмжээ авна гэсэн чинь нүд нь сэргээд ирж байгаа юм. Би тэдэнд тодорхой хэмжээнд итгэл найдлагыг нь өгчихөөд байна. Яагаад гэхээр би төрийн хүн. Оюутолгой ч гэсэн үүнтэй адил зүйлийг л хүсч байгаа.

Оюутолгойн хувьцааг гадныханд худалдах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та юу гэж бодож байна?

-Мэдэхгүй. С.Ганбаатар долоо хоногийн өмнө телевиз болгоноор гараад байсан. Би чуулганы дээр түүнд “Чи гадагшаа гараад байх юм. Дотогшоо гараач” гэж хэлсэн. “Надад материалаа өг” гэхэд “Тэгье. Баярлалаа Дэмбэрэл ах аа” гээд өгсөн. Би уншиж байна. Ерөнхий сайд асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Бизнес эрхлэгчидтэй уулзахад “Биднээс асууж бай. Ямар нэгэн прагматик зөвлөгөө өгье” гэж байсан. Энэ байдлаар цаашаа явах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Саусгоби сэндс”-ийн захирлын төлөө НҮБ санаа зовниж байна

“Саусгоби сэндс” компанийн захирал асан Жастин Каплагийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн комиссоос манай улсад асуулга ирүүлжээ. НҮБ-аас асуулга ирүүлсэн нь үнэхээр санаа зовмоор зүйл болж байна. Олон Улсын хууль, дүрэм, хүний эрхийг хамгаалсан конвенцоос илүү Эрүүгийн хууль гэж байх уу гэж бодоход хүргэж буй юм. Жастин Каплад эрүүгийн хэрэг үүсгээдМонгол Улсын хилээр гаргахгүй байх хориг тавиад хоёр жил боллоо. Хоёр жил гэдэг болэрүүгийн хэрэг шийдвэрлэхэд бага хугацаа биш. Хэргийг ньшалгаад нэг талд нь гаргачиххангалттайхугацаа.Гэтэл АТГ-ынхан юу хүсээд байгаа юм бүү мэд. Арай Жастин Каплаг урт удаан хугацаагаар шалгах нэрийдлээр залхаан цээрлүүлж байгаад “Саусгоби сэндс” компанийгнь авах гээд байгаа юм уу. Сүүлдээ иймхардлагатөрж эхэлж байна.

Их хэмжээний татвараас зайлсхийж, 84 тэрбум төгрөг завшсан гэх хэргийнхээ талаар тэр НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргахдаа “Монгол Улсаас гаргахгүй байгаа нь хууль бус” гэж үзэж буйгаа дурдсан байна. НҮБ-ын хүний эрхийн комисс түүний гомдолтойтанилцаад, тайлбар ирүүлэх шаардлагыг энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын холбогдох байгууллагад явуулжээ. Манай тал энэ асуулгад зургаан сарын дотор хариу өгөх учиртай аж.

Бусдыг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхийн байгууллага тогтоодог. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байхадхуулийн байгууллагууд зарим сэжигтнийг хорьж цагдаж, удаан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлах явдал түгээмэл гарах болсон. Үүний нэг илрэл ньЖастин Каплагийн хэрэг. Анхан шатны шүүх хоёр ч удаа түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Хэлэлцээд хавтаст хэрэг дэх баримт нотолгоо дутуу байна хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар ирсэн. Сэжигтнийг шүүхээс өмнө ялладаг энэ тогтолцоогоо манай тал харин юу гэж тайлбарлах бол.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өндөр байшин барих шийдвэр гаргасан бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр

Нийслэлийн дүүргийн Засаг дарга нар хийгээд бусад олон дарга эрх мэдэлтнүүд арав давсан давхартай, шилэн барилгадаа тухлах моод дэлгэрээд удаж байна. Бараг л хэн нь өндөр барилга барих вэ гэдэг марафон болоод байгаа юм шиг харагдах болов.

Гэтэл дүүргийнх нь хич­нээн зуун иргэн хэвтээд эмч­лүүлчих ­эмнэлэггүй байна. Ийм тооны өвчтөн багтчих хэмжээний зайтай өрөө тасалгаандаа эдгээр эрх мэдэлтнүүд төөрөх нь холгүй холхин байхад дүүр­гийнх нь нэгдсэн эмнэлгүүд өвчтөн, өвдөж буй хүүхдүүдээ хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд хөнжил дэлгээд хэвтүүлэн эмчлүүлж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Эмнэлгийн үүдээр ороход л хөл гишгэх зайгүй давчуухан талбайд гадуур хувцсаа нөмөрсөн “Хөтөч” гэсэн хаягтай сувилагч сууна. Энд их хүйтнээс гадна шавар шавхай болсон бохир орчин “ноёлно”. Ирсэн өвчтөнүүд түүнээс хаана очих, ямар эмчид үзүүлэхээ нэгд нэгэнгүй заалгаж аваад дээших давхруудад гарах ажээ. Харин дээд давхартаа том хүн, хүүхэд багачуудгүй чихцэлдэж байна лээ. Биднийг очих үед үдийн 13 цаг болж байсан бөгөөд биднийг ирэхээс өмнө тасгийн хонгилд багтахгүй хүүхдүүд хаалганы гаднах цахилгаан шатны үүдэнд хэвтэж байсан тухай тэнд хэвтэн эмчлүүлж буй ээжүүд хэлж байсан юм.

Биднийг тасаг руу ороход 80 хүүхэд хэвтүүлэх ёстой хоёр тасагт 150 гаруй хүүхдийг хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байна. Хатгаа нь хүндэрч, амьсгалж ч чадахгүй байгаа 0-4 насны бяцхан үрсийг харж өрөвдөхдөө эмч, сувилагч нар нь өөр тасгуудаас ор гуйж авчирч байгаа дүр зураг нүднээ тусах нь энүүхэнд. Төд удалгүй тасгийн ор дууссан, одоо газар хэвтүүлэхээс өөр арга байхгүй гэсэн яриа хөвөрнө. Тэгснээ тасгийн эрхлэгчийн утас хангинаж “Сэхээнээс гурван хүүхэд энгийн тасагт шилжүүлэх боллоо. Ор бэлд” гэх. Эмч “За” гээд утсаа салгаснаа “Одоо яах вэ” хэмээн сувилагч руугаа харахад нөгөөх нь “Шалыг нь арчаад гудас дэвсье. Өөр яах билээ” гэх. Ийм л дүр төрх дүүргийн эмнэлгүүдэд байна.

Харин ч үдээс хойш болж ганц, нэг хүүхэд эмнэлгээс гарч, “дотор” ор суларсан тул тэднийг тасгийн хонгил руу шилжүүлсэн байх юм. Хонгилоос хонгилд шилжсэн тэдгээр хүүхдүүд дулаан хонгилд шилжсэнээрээ л давуу талтай болж байгаа тухай тасгийн сувилагч хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр эсвэл арай түрүүнд ирсэн нэг нь өрөөнд орж, дараа ирсэн нь тасгийн хонгилд, дөнгөж ирсэн нь тасгийн гадаах шалан дээр гэрээсээ гудас авчраад хэвтэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл

Аргаа барсан эмч, сувилагч нар нь өөрсдийн өрөөгөө суллаж өгөөд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тус тасагт сул байгаа ганцхан өрөө нь тарианы өрөө л байна лээ.

Өмнөх жилүүдийг бодвол өнөө жил томуугийн халдвар маш их тархаж байгаа бөгөөд аль ч эмнэлгийн хүүхдийн тасаг өөрийн хүчин чадлаасаа хоёр, гурав дахин олон хүүхэд хүлээн авч эмчилж байгаа тухай тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг хэлж байв.

Тус эмнэлгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн тасагтай болсон бөгөөд өнөө жилээс эхлэн дүүргийнхээ 19 хорооны 17 мянган хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх болжээ. Энэ нь өмнөх жилийнхийг бодвол хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нөгөө талаас энэ намар, өвөл томуугийн тархалт онцгой их байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байр

Ийнхүү өвдөж буй хүүхдүүдийг хонгилд хэвтүүлж байгаа нь барилгын хүрэлцээ хангамж муугийнх. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд ердөө хоёрхон тасгийн 20 хүрэхгүй өрөөнд өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Эмнэлгийн удирдлагын хувьд шинэ эмнэлэг барих тухай 2007, 2008 оноос эхлэн ярьсан. Одоогийн байгаа байр нь ч эмнэлгийн бус бөгөөд социалист нийгмийн үед Цалин хөлсний хороо байрлахаар бариулж байсан юм билээ. Өдгөө тус барилгын дэргэд хуучин Өр барагдуулах алба байрлаж байгаад одоогоор эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар ашиглаж байгаа байр бий. Үүний оронд 15 давхар бүхий орчин үеийн нэгдсэн эмнэлэг бариулахаар эмнэлгийн удирдлага жил бүр л хөөцөлддөг ч ажил хэрэг болж байгаа зүйл үгүй. Уг нь бол зураг төсөл нь аль хэдийнэ гарчихсан юм билээ. Харамсалтай нь барилга барих 35 орчим тэрбум төгрөг “байхгүй”. Үүнийг ч иргэд ойлгожээ. Учир нь тэд “Жил бүрийн төсөвт оруулахаар саналаа өгдөг ч асуудлыг шийдэх үүрэгтэй эрхэм дарга нар энгийн иргэдийнхээ өвчин зовлонг огт ойлгодоггүй. Учир нь дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хоёрдугаар шатлалынх. Тэгэхээр дарга нар хэрхэн үүгээр ирэх билээ. Тиймдээ ч тус эмнэлэгт байдал ямар байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй суугаа биз” хэмээн ярих нэгэнтэй ч таарч байлаа.

СЭТГЭЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА

Хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд гудас дэвсээд өвчтөнүүдээ хэвтүүлж байгаа эмнэлэг байхад тун саяхан есөн давхар, орчин үеийн стандартын шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгтэй болсон дүүрэг ч байх юм. Энэ бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлэг өнгөрөгч сарын 16-ны өдөр шинэ байрандаа оржээ. Үүдээр нь ороход л улсын томоохон эмнэлгүүдээс ч илүү тохижилттой, амар амгалан, цэвэр цэмцгэр, найрсаг харилцаа угтана. Энэ бол тухайн дүүргийн болоод эмнэлгийн удирдлага сэтгэл гаргаж чадвал хийж болдгийн тод жишээ юм. Ерөөс Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь өөрсдөө тухтай байранд оръё гэхээсээ илүүтэйгээр өвчиндөө шаналж буй хүмүүст тусалъя гэсэн үнэлж барамгүй сайхан сэтгэл өвөрлөжээ. Тэдний дээр мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг бий гэсэн. Дахин хэлэхэд энэ бол сайн сайхан үйлийг амаар биш биеэр хийж болдгийн илэрхийлэл. Гэтэл бусад дүүргийн иргэд яг л баянголчууд шиг өөрсдийн төлөөллөө УИХ, Засгийн газарт явуулсан. Гэтэл тэднээс эргэж харсан нь үгүй. Бүр эсрэгээрээ тэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон арван давхар шилэн барилгыг барихад дэмжлэг үзүүлсэн гэх нь ч сонстох шиг.

Баянгол дүүргийн эмнэлгийг барихад долоон тэрбум 768 сая төгрөг зарцуулжээ. Тус эмнэлэг нь сүүлийн 25 жилд нийслэлд эмнэлгийн зориулалтаар баригдсан ганцхан цогцолбор гэсэн тодотголтой тухай тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал хэлнэ лээ. Түүний хэлснээр эмнэлэг өөрийн гэсэн есөн давхар байртай болсноор өмнө нь ажиллаж байсан тасгууд дээрээ яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасгийг бие даасан тасгийн хэмжээнд ажиллуулах боломжтой болсон байна. Түүнчлэн өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай болсон бөгөөд энэ нь дүүргийн иргэдэд бүрэн хүрч үйлчлэх боломжтой гэсэн үг ажээ.

Хэдийгээр эмнэлгийн зураг төсөл 2008 онд гарсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын ажил идэвхтэй явагдаж, сарын өмнө бүрэн хүлээлгэн өгсөн байна. Дүүрэг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан эмнэлэгтэй болсноор өөрийн гэсэн дотоод дүрэм, журам, зохион байгуулалт бий болгочихсон, энэ нь ч иргэдийнхээ сэтгэлд хүрсэн үйлдэл болж байгаа ажээ. Тодруулбал, тус эмнэлэг гурван өнгөтэй. Өнгөтэй гэдэг нь өрөөний доторх эд зүйлс болоод таних тэмдэг бүгдээр нэг ижил өнгийнх гэсэн үг. Тухайлбал, эмнэлгийн хоёр, гурав, дөрвөн давхар нь үзлэг, амбулаторын хэсэг бөгөөд хананд өлгөөтэй мэдээллийн самбараас авахуулаад бүгд цэнхэр өнгөөр ижилсжээ. Харин тав, зургаа, долоон давхар нь улбар шар өнгөтэй. Энэ нь эмчилгээний тасаг байрлаж байгааг илтгэж байгаа юм. Түүнээс дээш буюу найм, есдүгээр давхар нь ногоон өнгөтэй. Энэ нь тайван амгаланг илтгэх бөгөөд хурал, зөвлөгөөний өрөөнүүд ажээ.

Энэ бүх өнгөний тайлбарыг эмнэлгийн үүдээр ормогц дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн нь иргэдийг эмнэлгийн дотор явахад хөтөч болохоор юм. Энэ зохион байгуулалтыг бусад эмнэлгүүд ч гэсэн хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй санагдана.

Цэвэр, тохилог байртай болсноор иргэд ч их соёлтой болж, аль болох улавч өмсөх, гадуур хувцсаа тайлж орохыг эрхэмлэдэг болсон шүү хэмээн тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал сэтгэл хангалуун хэлж байсан билээ.

ИРГЭДЭД НЭГ, ХОЁР ДАВХАР Л ХАНГАЛТТАЙ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр ч мөн орлоо. Тус эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бодвол 125 ортой ч энд өмнөх буюу Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ч олон хүүхэд ханиалгах, халуурах зэргэцэн хонгилдоо ч багталцахгүй хэвтэж байна. Энд байх ёстой хүүхдийн тоо хэдийнэ хоёр, гурав дахин нэмэгджээ. Бусад тасгууд ч хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор ачаалал нь үлэмж ихэссэн тухай эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байв. Тус эмнэлэг нь дүүргийнхээ 135 мянга гаруй хүн амд эмнэлгийн хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Өвчтэй байгаа хүүхэд, томчуудаа багтааж чадахгүй байгаа эмнэлгийн цонхоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон давхар, шилэн барилга сүндэрлэн харагдах тул тус байрыг зорьлоо. Дотогш орвол хоёр давхар шилэн хаалгатай “пүн” хийсэн дулаан орчин угтах аж. Иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний 20 гаруй цонх бүхий үйлчилгээний хэсэг нэгдүгээр давхарт байрлаж байна. Иргэдийн хувьд зөвхөн тэдгээр цонхоор л үйлчлүүлээд гардаг тухай хэлж байсан юм. Харин тус барилгын хоёр, түүнээс дээших давхарт чухам юу байдгийг мэддэг хүн тун ховор байх хэмээн “Нэг цонх”-ны үйлчилгээ аваад гарч байсан тус дүүргийн иргэн Д.Цэрэннадмид гуай хэлж байсан юм. Үнэхээр л энгийн иргэдэд хоёр, гурав, түүнээс дээш давхарт гарах шаардлага огт байдаггүй байна. Гэтэл дүүргийн удирдлага шинэ барилга барьсан шалтгаанаа “Иргэдэд үйлчилгээ илүү ойр, нэг дороос олон цонхоор үйлчилгээ үзүүлдэг болсон” гэж тайлбарлах. Харин уг цонхнууд нь барилгын зөвхөн нэг, хоёр давхарт нь байдаг юм.

Гэтэл бусад давхруудыг юунд зориулж, хэн тухлах гэж барьсан юм бол. Эмнэлэгт нь хөөрхий багачууд хэвтэх ч шалгүй шахцалдаж байхад тус дүүргийн хоёроос дээш давхрууд ялангуяа долоо, наймдугаар давхарт дөрөв, таван хурлын заалыг хэн ч ашиглахгүй, түгжээтэй байлгаж байна. Хэрэв тэдгээр зааланд өвдөж буй бяцхан хүүхдүүдийг оруулбал хичнээн зуун хүүхэд ортойгоо, юутай хийтэйгээ орчих бол оо.

Зөвхөн Сүхбаатар гэлтгүй Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын тансаг сайхан өргөө байна. Энд мөн л нэг, хоёрдугаар давхар нь л иргэдэд хангалттай. Харин бусад нь дарга, хэлтсийн гэж нэрлэгдэх хурган дарга нар, түүний туслах, мэргэжилтнүүдийнх.

Саяхан шинэ байрандаа орсон Засаг дарга нарыг харж байхад байрныхаа хамгийн дээд давхарт нь, хамгийн том талбай эзлэн суудаг юм билээ. Тэд уулзалтын, амралтын, өөрийн гэсэн хэд хэдэн өрөөтэй. Тэдгээрт бүгдэд нь том ширээ, зөөлөн сайхан буйдан байх. Тэр ч бүү хэл бараг зарим яамдын сайд нар шиг нууц өрөө, тансаг жакузтай ч байж магад.

Харин Засаг даргын доод давхарт нь дүүргийн орлогч дарга нар тухална. Тэд мөн л өөрийн, уулзалтын, амралтын гээд хэд хэдэн өрөөтэй. Бас болоогүй туслахын гээд үүдэнд нь бас нэг том өрөө бий.

Ингээд л давхар буурах тусам өөрийн гэсэн өрөөнд тухалсан “жижиг” дарга нар олширно доо. Дарга нараас яаж дутахав, хэмжээ нь жаахан бага ч гэсэн мэргэжилтнүүд ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй. Зарим үед тэд ганцаарддаг ч байж мэдэх юм гэсэн бодол төрж байлаа. Дүүргийн ЗДТГ-ын байрны дүр төрх ийм л байна.

Ийнхүү Засаг даргын туслахын өрөөтэй тэнцэхүйц хэмжээтэй өрөөнд жирийн иргэдийн хорин хэдэн хүүхэд хөл, толгойгоо нийлүүлэн хэвтэцгээж байгаа сурвалжлагыг бэлтгэлээ. Өөрсдийнхөө тав тух, тансаг орчныг бодож, бусдын жаахан үрсийн амийг өтний чинээ ч бодохгүйгээр тансаг харш бариулах шийдвэр гаргуулахын төлөө үхэн хатан тэмцсэн бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё. Тансаг харштай байж болно, тэгвэл бас эмнэлэг бариулахын төлөө тэгж тэмцэх хэрэгтэй гэдэг давхар хариуцлага бас тэднээс нэхье.

Т.ГЭРЭЛМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Хямралаас хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үг бүрэн эхээрээ анх удаа “Өдрийн сонин”-д нийтлэгдсэнийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр өөрийн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай албанд томилох шийдвэр гарган дэмжсэн АН-ын болон ҮЗХ-ны нийт гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд, 2012 оноос эхлэн хамтарсан Засгийн газрыг байгуулан хүчин зүтгэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, эвслийн бүлгийн нийт гишүүд, ИЗНН-ын Парламент дахь гишүүд, бие даагч гишүүддээ өнөөдөр сэтгэлийнхээ үг, захиас, саналыг харамгүй хайрласан та бүхэндээ гүн талархлаа илэрхийлье.

Мөн нэг их зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран нэг баг болж зүтгэсэн Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын нэг танхимын нийт нөхдөдөө сайн сайхныг хүсч, та бүхний бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй чанаруудыг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Өнөөдөр санал хураалтад хэдийгээр дэмжиж оролцоогүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүтэн зургаан цагийн турш улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын олон асуудлаар санал нэг байсан МАН-ын бүлгийн гишүүд та бүхэнтэй ч улс орны эрх ашигтай холбоотой олон чухал асуудлаар цаашид хамтран ажиллах шаардлага гарна гэдэгт итгэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Надад их итгэл хүлээлгэн намайг УИХ-д зөвшилцөн оруулж хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлэхийн ялдамд хэдхэн хоногийн өмнө АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын даргад баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн нэг баг болж их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс илэрхийлж байна.

Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газраас чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье.

Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон “ХЯМРАЛТАЙ БАЙНА” гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна.

Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ.

Шинэ Засгийн газар гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1.Эдийн засаг2.Эдийн засаг 3.Эдийн засаг байх болно.

Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно.

Шинэ Засгийн газрын гол шинж нь:

-Дэмжлэгтэй Засгийн газар

-Шийдлийн Засгийн газар

-Шуурхай Засгийн газар байх болно.

1. Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид л бид тулгуурлах учиртай.

2. Бидний гарах шийдвэ­рийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээнэ хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай.

3. Танхим шуурхай ажил­лах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд Сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай.

Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болоогүй ээ. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүнд төрүүлсэн юм. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсонпопулизм, арилжааны зээлийг бүгдээрэнд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл оноогийн энэ байдлын үндсэн шалтгаан болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нилээн хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Стратегийн салбар дахь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуу­лаар орж ирдэг хөрөнгө оруу­лалтын урсгалаа зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон улс дахь үр дагавар, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадны дотнын хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагуудтай холбоотой мэдээнүүд энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа үр дүнгээрээ төлсөөр сууна.

Одоо улс төрөө хойш та­вьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг Бид өөрсдөө бий болгосон, энэ хямралыг бид өөрсдөө л засах ёстой.Энэхүү хямралаас яаж гарах вэ.

Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр түвшинд авч үзэх ёстой.

Нэгдүгээрт, Урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд бэмбэгнэж суудаг байдлаасаа гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё.

Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё. Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлье.

Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах Эдийн засгийн Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна дотнын зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно.

Хоёрдугаарт, Ойрын хуга­цаанд хийх ажлаа танилцуулъя. Энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. “Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно.

Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган Хөрөнгө оруулалтын санг байгуулна. Манай зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээлд өгөх юм.

Нөгөө талаас, долларын ханшид сар тутам 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай хоёр арга хэмжээ авна. Ирэх 12 сард багтаан ОХУ-ын Төв банктай своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр, ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублиэр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр манай долларын хамгийн том зардал рубльд шилжиж, ханшид шууд эерэг нөлөөлөл бий болох юм. БНХАУ-ын дарга Си Жин Пиний Монгол Улсад айлчлахдаа амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч эргэлтэд оруулах ёстой. Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30, 40 жилийн дараа төлөх, бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа нөхдөг төслүүдийг санхүүжүүлэх, харин бондын богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. Дээрх хөнгөлөлттэй зээлийг авснаар зам болон төмөр зам руу хийсэн Чингэс бондын хөрөнгөө суллаж авах бололцоотой болох юм.

Суларсан бондын мөнгөө хувийн хэвшлийнхэнд зориулсан Хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулах, үр ашиг бүхий экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх, 2017 онд хийгдэх бондын төлбөр хийх бэлтгэлээ хангахад тус тус зориулах боломжтой болно.

Хамгийн гол нь Хямралаас бид Хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна. Бизнесийн орчинг ээлтэй болгох бодлогоо эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл лицензийн хуулиа баталж, хяналтын реформоо дуусгаж, бизнесийнхэнд үзүүлж буй хууль хяналтын байгууллагууд, татвар гаалийнхны дарамтыг хөнгөлөх ажлаа бодитой үр дүнд хүргэх ёстой. Энэ хүрээнд эдийн засгийн ил тод байдлын хуулиа бид батлан гаргах ёстой.

2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад оронд үр дүнтэй хэрэглэсэн “bail out”-н аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биетэйгээ авлага өглөгийн асар том сүлжээ үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү үйл ажиллагааны хүрээнд бий болгоно.

1990-ээд оны эхээр хүн болгон ганзаганд гарч байсан шиг компани болгон гаднаас хөрөнгө босгохоор гарах цаг иржээ. Манай хувийнхан хүч хөдөлмөрөө гарган Тэвшийн говийн болон Бөөрөлжүүтийн тус бүр 600 мвт цахилгаан станцууд барих төсөлд нийт хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг өөрсдөө саяхан босгож чадлаа. Цаашид хувийнхны оруулж ирэх ийм хөрөнгө оруулалтыг дэмжиж төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай байгуулна. Бид тамын тогооны үлгэрээ орхиж, одоо төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа гаргах цаг болжээ. Энэ компаниудын ард дунд хэмжээний 1000, тэдний ард 10 мянган жижиг аж ахуйн нэгж өөрөө өндийх болно. Орон сууцны моргейж бид ярьж эхлүүлж чадсан. Одоо жижиг бизнесээ дэмжих бизнесийн моргейжийг гаргаж ирэх цаг нь болжээ.

Бид Том төслүүдээ урагш түлхэнэ. Нүүрснээс хий, шингэн гаргах, хос төмөр зам, Талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станцуудын хоёр төслөө эхлүүлнэ. Улаанбаатар дахь хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун таван аймгийн замын төслөө 2016 оноос өмнө амжуулна. Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь Оюу толгой, Таван толгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр том төслөө улс төрийг нь орхиж, бизнес утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх л учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан нэг тийш болгоно. Оюу толгой, Таван толгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулган, уулзалтуудыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

Бид олон жил Оюу толгой, Таван толгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн орд газруудыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л Баялгийн сан зохих хөрөнгөтэй болно, монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй утгатай болно. Гадны хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын ажлаа зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн хамаагүй, хаана хамаагүй аргаар бус үе шаттай, зөв зохион байгуулалттай зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас өмнө бэлтгэлийг нь хангана. Саяхан УИХ 2015 оны төсвийг, ялангуяа урсгал зардал талдаа нэлээн танаж баталсан. Зөв зүйтэй энэ алхмыг үргэлжлүүлж, хүссэн хүсээгүй Шинэ Засгийн газар ирэх оны орлого талдаа дахин нэг их наядын асуудлыг төсвийн тодотголоор бодитой болгож, бууруулж оруулж ирэхээс өөр аргагүй болно. Мэдээж шинэ орлого урсгал орж ирвэл бид зарах зүйлээ амархан олдог. Гэхдээ одооноос бид асуудлаа амьдралд ойртуулж бодитоор нь төлөвлөх ёстой.

Хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулж хоёр дахь зах зээлийг хувийн хэвшил, иргэддээ нээх асуудлаа барьж авах цаг болсон. Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил бидний гол анхаарах асуудал байна. Хувьчилсны дараа төр ядаж 51 хувийг эзэмшдэг одоогийн хувилбарыг шинэчилнэ. Төр үнэхээр хувь эзэмших шаардлагатай юм бол хяналтын багцын 34 хувь байхад л хангалттай. Харин тухайн төрийн өмчийн компанийн 51 ба дээших хувийг хувийнхан эзэмшиж хувийнхан менежментээ ха­риуцдаг шинэ зарчимд шил­жинэ. Хувьчлалын дараахь төрийн өмчүүдээ нэгтгэн Сингапурын Темасек маягийн тогтолцоонд шилжин хувь хувьцаа, хөрөнгө дивиденд дээр нь суурилсан шинэ Баялгийн сан байгуулж ард иргэдээ хөрөнгөжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно.

Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргүй. Нийгмийн салбарт хувьчлалыг эхлүүлж үйлчилгээнд нь компанийн засаглалын шинжийг нэвтрүүлэх том реформыг бид эхлүүлнэ. Биднийг 2017 оноос зөвхөн бондын эргэн төлөлт хүлээж байгаа ч юм биш. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө бас мэдрүүлж эхэлнэ. Иймд Нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулж, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрөөс гадна нийгмийн даатгал, тэтгэвэр гэсэн дараагийн нуман тулгуураас гарах бэлтгэлээ одооноос базаах учиртай.

Эрхэм гишүүд ээ,

Уинстон Черчилль Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Английн ард түмэнд хандан “хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь” гэж хэлж байсан. Түүнтэй нэгэн адил Энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зүтгэл, гурваар л гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье.

Зарим хүний ярьдагчлан бид лидерийн хомсдолд ороогүй ээ, харин шийдвэр гаргалтын хомсдолд л ороод байна. Засаг солигдох саяны хоёр долоо хоног хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд жинхэнэ “амралтын улирал” өрнөлөө, нийгэм асар их талцлаа, арай дэндүү улс төржлөө. Одоо ах дүү нар аа, амралтын улирал өндөрлөлөө, хүнд хэцүү хямралаас гарах ажлын үе эхэллээ. Бөхийн ямар ч засуул атаархам бие биесээ цоллохоо орхиж ажил бизнес, ахуй амьдралаа дээш нь татах ажилдаа шамдан орцгооё.

Хүн будах биш ажил бодох цаг ирлээ. Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Одоо цалгардаж болсон. Яам тамгынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа ханцуй шамлан орцгоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно. АН-ын ҮЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу бид парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө. Нэг хэсэгнь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг нэр хүнд нь суга өсөөд байгаа зүйл хэн хэнд нь алга, харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илүүтэй яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарладаг, хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт үүрэг л биднийг хүлээж байна. Энэ үүргээ бид олонх цөөнх болж, хагарах бутрах замаар бус хамтарч нийлж зүтгэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны энэнээс хүнд санхүүгийн хямралаас хамтдаа ингэж нийлж л гарсан.

Монгол Улс маань гуравхан сая хүн амтай, 10-хан тэрбум долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлуудыг байрнаас нь хөдөлгөлт, дэмжсэн, урагшлуулсан 2-3-хан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчлөх болно. Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая, хэрэгтэй шийдвэрүүдээ зориг зүрхтэй гаргацгаая, өөдрөг байж, итгэл үнэмшлээ эргүүлж олж авцгаая, хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж эх орноо бодон хамтдаа зүтгэцгээе.

Монгол орныг минь хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай” гэсэн юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Мах экспортод гаргах эхний шалгалтад хоёр компани тэнцжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 31-ний хооронд Гаалийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Беларусь, Казахстан зэрэг улсын мал, эмнэлэг хорио цээрийн албаны арав гаруй хүн манай улсад ажиллаж, дээрх улсууд руу мах экспортлохоор зэхэж буй манай 12 үйлдвэрт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд “Преком”, “Эрдмит” гэх хоёр компани л тэнцсэн байна. Уг шалгалт нь жил бүр хийгддэг бөгөөд өнгөрсөн жил 14 үйлдвэр хамрагдаж, мөн хоёр нь л тэнцэж байсан юм.

Тиймээс өнөө жилийн шалгалтын талаар болон цаашид дээрх үйлдвэрүүд ямар бэлтгэл хангасан байх талаар өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлэг үржлийн газар, МХЕГ хамтран мах экспортлогчдод сургалт зохион байгуулсан билээ.

Гаалийн холбооны орон буюу дээрх орны төлөөлөгчид манай оронд ажилласан шалтгаан нь тус холбооны улсуудын байгуулсан Евро Азийн эдийн засгийн комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажээ. Тодруулбал, дээрх орнуудад мал эмнэлэг ариун цэврийн нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн экспортолж байгаа улсуудын үйлдвэрт ч тодорхой хяналт, шалгалт хийх ёстой байдаг байна. Энэ нь дээрх комиссын 2010 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 317-р тоот тогтоолын дагуу хийгддэг бөгөөд таван баримт бичиг, гурван техникийн горимыг дагаж мөрдөхөөр тогтоосон байдаг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр журмуудыг манай махны үйлдвэрүүд хэрхэн мөрдөж байгааг шалгасан гэсэн үг юм.

Дээрх горимуудын эхэнд мах экспортлогч компаниуд нь юуны түрүүнд тухайн улсынхаа “Махны хяналтын дүрэм”-ийн дагуу холбогдох төрийн байгууллага, хяналтын байгууллагаар хянуулан магадлагаанд орсон байх шаардлагатай байдаг байна. Уг шалгалтын дүнд шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжүүдэд “ААА”, “АА” зэрэглэл тогтоож, албан ёсны хувийн дугаар бүхий итгэмжлэл олгодог байна.

“ААА” зэрэглэлийн үйлдвэр гэдэг нь дотоодын болон олон улсын зах зээлийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн барилга, байгууламж, тоног, үйл ажиллагааны горимтой үйлдвэрийг хэлдэг бол “АА” зэрэглэлийн үйлдвэрийн дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна хоёрдогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн тухайн оронд экспортын үйл ажиллагаа явуулах эрхтэй үйлдвэрийг хэлдэг байна.

Манай үйлдвэрүүдийн хувьд хоёр нь л “АА” зэрэглэлийг авах эрхтэй болсон бөгөөд ингэснээр шууд мах экспортлох эрхтэй болсон гэсэн үг биш гэнэ. Дээр хэлсэнчлэн одоо тэд дахин ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын газарт хандах юм. Тодруулбал, эдгээр хоёр үйлдвэрийг аттестатчлалд хамруулах тухай хүсэлтийг манай Мал эмнэлэг, үржлийн газраас албан ёсоор хүргүүлнэ. Уг хүсэлтийг хүлээн авч мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавигдах шаардлага хангаж байгаа эсэх талаар эхний ээлжинд асуумж, судалгаа, лавлагаа авах бөгөөд улмаар тухайн орнуудаас хөндлөнгийн экспертүүдийг томилон манайд нарийвчилсан хяналт шалгалтыг хийнэ. Зөвхөн энэ хяналт шалгалтад тэнцсэн тохиолдолд манай “Преком”, “Эрпмит” компаниуд нь дээрх гурван оронд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох ажээ. Өөрөөр хэлбэл, хоёр, гурван “даваа” давж байж мах экспортлох эрхтэй болох юм байна.

Харин шалгалтад тэнцээгүй арван үйлдвэрийн тухайд тийм ч “том” зүйл дээр унаагүй тухай Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Ш.Мөнхтөр хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинаа бүрэн ариутгаагүй эсвэл зөөвөрлөх үйл ажиллагаа жигд бус гэх мэтчилэн аар саар зөрчлийн улмаас дахин шалгалтад орохоор болсон байна.

Гаалийн холбооны орны тухайд манайхаас мах авахдаа эрүүл ахуй талаас нь нэлээд анхаарч буйгаа хэлсэн байна. Ингэхдээ хорио цээрийн бүсээс ирсэн эсэхийг онцгой шалгасан байна. Манай улсын Засгийн газраас 834 дүгээр журам баталсан бөгөөд уг журамд хорио цээрийн бүсийг нарийвчлан заасан юм. Уг журамд зааснаар баруун бүсийн долоон аймаг, хяналтын бүс буюу Орхон, Дархан аймгуудаас үхэр, адууны мах бэлтгэж болно. Харин зүүн аймгаас зөвхөн адууны мах бэлтгэх боломжтой ажээ.

Түүнчлэн экспортолж буй мах нь бүх шалгалтын байгууллагын зэрэглэлийн тамга тэмдэгтэй байх, сав баглаа боодол нь дахин ашиглах болон сэргээн засварлах боломжгүй байх зэрэг шаардлагыг тавих юм байна.

Нөгөө талаас үхэр гэхэд эрсдэлт бүсэд хамаарахгүй газраас бэлтгэсэн байхаас гадна тус бүс нутагт мялзан, цээж, бруцеллёз өвчин сүүлийн 24 сар, шүлхий өвчин нэг жил гараагүй байх, адууны хувьд дугаар, тэмдэг, мал, эмнэлгийн албаны тэмдэгтэй байхаас гадна адууны сахуу өвчин сүүлийн 36 сар, боом өвчин 20 хоног гараагүй байх шаардлагыг тавьж байгаа ажээ.

Нөгөө талаас тухайн нядалгаанд орж буй мал нь нядалгаанд орохын өмнө болон орсны дараахь мал эмнэлэг, ариун цэврийн үзлэгт заавал хамрагдсан байх ёстойг ч хэлсэн байна.

Харин манай үйлд­вэрүүдийн хувьд эд­гээ­рийг биелүүлэх бү­рэн боломжтой бөгөөд энэ удаагийн шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд дахин хүсэлт гаргаж, хоёр дахь удаагийн шалгаруулалтад хамрагдах боломжтой ажээ.

Т.ГЭРЭЛ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

ДОХ-ын халдвартай 774 хүн хаана явна вэ…

ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр арванхоёрдугаар сарын 1-нд болно. Өмнө нь тахал мэт нийтийг айлгадаг байсан энэ өвчний талаар, ДОХ-оор өвчлөгчид, халдвар тээгчдийн тухай, ДОХ-д зарцуулж байгаа мөнгөний тухайөгүүлэхээр шийдсэн юм. Олон хүний хувьд Эбола мэтийн шинэ халдвараас болоод ч тэр үү ДОХ тийм ч аймшигтай санагдахаа больсон байж магадгүй. Бид ДОХ-ын нэг, хоёр тохиолдолтой байхдаа жигтэйхэн түгшдэгбайсан ч, халдвар авагчдын тооөдгөө Монголд 179 хүрэхэд харинайхаа больчихож. Үнэндээ зүү тариураар халдвар дамжих эрсдэлийг эс тооцвол ДОХ-оос хамгаалах чадвар хүнд өөрт нь байдаг учраас тэр биз. Гэхдээ л мэргэжилтнүүдийн тооцоогоор 2014 онд Монголд 774 гаруй ДОХ-ын халдвартай хүн байх магадлалтай гэсэн тооцоо бий. Тэгэхээр халдвартай гэдгээ мэдээгүй олон хүнөвчнөө тараасаар явах боломжтой гэсэн үг. Илэрсэн нийт халдвартай хүмүүсээс 23 нь нас баржээ. Нас барсан хүмүүс нь ДОХ-ын эцсийн шатандаа оношлогдсон аж. “Халдвар авсан ч эрт оношлогдож, эмнэлгийн хяналтанд орсон тохиолдолд нас баралт гэж байхгүй болсон” гэжДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам хэлсэн.ДОХ-ын вирусийн эсрэг сайн эмүүд гарсан гэнэ. Өмнө нь халдвартай хүмүүсийг илрүүлэн, хяналтанд аваад, ДОХ-ын шатандаа шилжихээр ньвирусийн эсрэг эмчилгээ хийдэг байсан болодоошинэхэн халдвар тээгчдэд эм өгөх болсон нь вирусийн ачааллыг нь бууруулж, өвчлөлийн шатандаа шилжих хугацааг нь хойшлуулах болжээ. Энэ нь эмийн зардлыг ихэсгэж байгаа ч халдвар тээгчээс өвчлөлийн шатандаашилжих хугацааг уртасгаж, халдвар тархаах эрсдэлийг бууруулдаг сайн талтай гэнэ. Монголын ДОХ-ын халдвар тээгч анхны эмэгтэйодоо ч ДОХ-ын өвчлөлийн шатандаа ороогүй яваа. 17 жилийн турш халдвар тээгч хэвээр амьдарчээ. Тэрбээр хэдэн сарын өмнө манай сонинд ярихдаа “ДОХ-ын халдвар биеийн дархлааны тогтолцоог гэмтээдэг. СД-4 гэж биеийн өвчин эсэргүүцэх эсийг ДОХ-ын вирус бууруулдаг юм. СД-4 өндөр байвал бие сайн байна гэсэн үг. ДОХ-ын вирусийг багасгах эм гарсан. Түүнийг уугаад явж байна. Эм ууж байгаа болохоор вирусийн ачаалал багассан. 17000 ширхэг байснаа 1200 болж буурсан” хэмээн ярьсан юм. Халдвар авсныхаа дараа “Хүүгээ л овоо болгочихсон юмсан” гэж ярьдаг байсан энэ эмэгтэй Канадад амьдарч байхдааахин охин төрүүлжээ. Хүү нь харин оюутан гэсэн.Монголд ч ДОХ-ын халдвартай арван эмэгтэй амаржсан. Нэг нь ахин хүүхэд төрүүлсэн. 12 хүүхэд халдвар аваагүй гэдэг нь тогтоогдсон юм билээ.

ДОХ-ын халдвар тээгчдийн 146 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй. Халдвартай эрчүүдийн 79 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд байсан бол эмэгтэйчүүдийнх нь 11 нь биеэ үнэлэгч байжээ. Гэсэн ч ДОХ эмзэг бүлгийн хүмүүс юм уу биеэ үнэлэгчдийн өвчин хэмээн “ялгаварлах” боломжгүй. Учир нь энэ өвчнөөр дээд боловсролтой хүн ч, дөчөөс дээш насныхан чөвдсөн. Хамгийн харамсалтай нь 15 настайхалдвар тээгч ч бий.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын талаарх тусгай хуралдаанаас залуучуудын дунд ХДХВ(Хүний дархлал хомсдолын вирус)-ийн халдвараас сэргийлэх мэдлэг хандлага, зан үйлийг дээшлүүлэхийг Засгийн газруудад уриалсан байдаг. ХДХВ-ийн халдвар авагчдын талаас илүү хувь нь 15-24 насны залуус байжээ. Залуусын хувьд насны ханиа олтлоо ариун байх, тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болгох нь чухал байна. Бусад насныхны хувьдтохиолдлын бэлгийн харьцаанд орсон чбэлгэвч хэрэглэх нь өөрийгөө болон гэр бүлийн хүнээ халдвар авахаас хамгаалж байгаа хэрэг юм.

Бэлгийн идэвхтэй амьдралтай гэгдэх 15-25 насны эрэгтэйчүүдийн 74 хувь нь, эмэгтэйчүүдийн43 хувь нь тохиолдлын бэлгийн харьцаанд орсон гэсэн судалгааны дүн байна. Эдгээр залуусын 75хувь нь хамгийн сүүлд тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн гэжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өртөгсдийн дунд энэ насныхан жин дарж байна. 2013 оны тэмбүүгийн өвчлөлийн мэдээгээр өсвөр насныхны өвчлөл 29 хувь байна лээ. Энэ бүхэн урьдчилан сэргийлэхэд, мөнгө зарах ёстойг сануулж байна. Өвчилсөн хойно нь эмчилгээний зардал гаргаснаасурьдчилан сэргийлэхэд мөнгө зарах ньхэмнэлттэй, бас үр дүнтэй шүү дээ.Монголд ДОХ-ын халдвартай хүмүүсийн эмчилгээнд өнгөрсөн жил гэхэд 100 сая төгрөг зарцуулсан аж. Вирусийн эсрэг эмчилгээ маш өндөр үнэтэй. ДОХ-ын халдвар авагчдын тоо өсөх тусам эдийн засагт дарамт болно. Нэгэн үе ХДХВ-т идэгдсэн Африкийн зарим орны эдийн засаг сүйрэхдээ тулж байсан. Улс орон ажиллах хүчингүй, хүүхэд эцэг эхээ алдаж байв. Харин сайн мэдээ нь дэлхий дахинд ХДХВ-ийн шинэ халдвар, нас баралт буурч байгаа гэнэ. 2030 он гэхэд шинэ халдварыг 90 хувь бууруулна, нас баралтыг 90 хувь бууруулна, ялгаварлан гадуурхалтыг 90 хувь буулгана гэсэн зорилтыг дэлхий нийтээр тавьжээ. “Бид хамтдаа сэргийлж чадна”. ДОХ-ын эсрэг дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийн уриа ийм. Аль нэг эмнэлэг, ЭМЯ, Засгийн газар эсвэл халдвартай хүмүүс цөөхүүлээ зүтгэх бус хамтдаа тэмцэж байж энэ өвчнөөс сэргийлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн салбарынхан илрүүлэлт, шинжилгээг хүртээмжтэй байлгахаар хичээжээ. Хүмүүс хүссэн газартаа шинжилгээнд орох боломжтой байх учиртай. Өдгөө нийтдээ 80 гаруй газар ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй авдаг. 21 аймаг, найман дүүргийн Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын кабинетэд хандаж, шинжилгээ өгөх боломжтой. Өнгөрсөн жилд энэ төвүүдэд 330 гаруй мянган хүн шинжилгээнд хамрагджээ. Өнөөг хүртэл ХДХВ-ийн шинжилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх зардалд доноруудын мөнгө их үүрэг гүйцэтгэж ирэв. ДОХ, сүрьеэгийн эсрэг эмчилгээ, үйлчилгээг санхүүжүүлж ирсэн “Глобаль” сангийн санхүүжилт ирэхонд дуусах юм билээ. Дараагийн шатны санхүүжилт хүссэн төслөөдоноруудад илгээсэн ч Монгол дахь ДОХ-той тэмцэх санхүүжилт өмнөхөөс буурч, цар хүрээ нь хумигдсан. Монгол буурай хөгжилтэй орон гэсэн ангиллаас гарч, дундын доод түвшинд орсон юм билээ. Үүнтэй холбоотойгоор доноруудын буцалтгүй тусламж буурсан хэрэг. Юутай ч монголчууд халдвартай хүмүүсийн эмийн мөнгийг өөрсдийн зардлаар санхүүжүүлж байгаа гэнэ. ХДХВ-ийн халдвартай хүмүүс, Төрийн бус байгууллагууд өмнө нь олон улсын байгууллагууд сангууд, доноруудын дэмжлэгтэйгээр ДОХ-ынмаш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, засгийн ачааллаас хуваалцаж ирсэн. Гэсэн ч одоотэд санхүүжилтгүй гацаж зогссон. Төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэх шинэ арга замын тухай ч бодох цаг ирсэн бололтой. Нэг хувийн татварын тогтолцоог судлах, нэвтрүүлэх цаг ирсэн санагдана. Энэ тогтолцооны гол утга нь Татвар төлөгч иргэн хүн амын орлогын албан татварынхаа нэг хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулдаг гэж үзсэн аль нэг төрийн бус байгууллагыг нэр зааж, тодорхойлж өгөх эрхтэй байх юм. Унгарт анх Татварын хуульдааөөрчлөлт хийн, энэ тогтолцоог 1997 онд нэвтрүүлж, дараа нь хэд хэдэн орон нэвтрүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагууд хүчтэй байж, олон салбарт дэвшил гарна шүү дээ.

2014 онд ХДХВ-ийн халдвартай дор хаяж 774 хүн байх магадлалтай тухай өмнө өгүүлсэн. Ирж шинжилгээнд хамрагдсан хүн цөөхөн. Бусад нь хаана явна вэ. Халдвартай гэдгээ чмэдэхгүй тараасаар явна уу. Мэдсэн ч ялгаварлан гадуурхалтаас эмээн нийгмээс өөрийгөө тусгаарлаж орхисон юм болов уу. Өвдсөн нэгнээ өшиглөж орхих бус энэрлийн гараа сунгаж тусалж дэмжих нь хүний ёс буюу.

Б.ЯНЖМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Академич Х.Намсрайд Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одон гардуулав

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Академич Хавтгайн Намсрайд гардуулан өгсөн юм. Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болов. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Академич Хавтгайн Намсрай нар үг хэллээ.

Мөн Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын найрал хөгжим, найрал дуучид “Дөрвөн цагийн тал”, “Халуун элгэн нутаг” дуунуудаар ая барьж оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Facebook-ээр түгдэг албан бус мэдээлэл өсвөр насныханд хор болж байна уу

-FACEBOOK-ИЙН НАЙЗЫНХАА ЯТГАЛГА, ДАРАМТАД АВТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ-

Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэссэн талаар “Өдрийн сонин”-нд “Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна” сурвалжлага гаргасан. Энэ нийтлэлийн дагуу нэгэн охин манай сонинд хандсан юм. Тэрбээр 15 настай, дунд сургуулийн сурагч. Facebook хуудсаараа дамжуулан танилцсан залуугийн дарамтад байгаагаа ярьсан юм. Цагдаагийн байгууллагад ч цахимаар секс сүрдүүлэг хийх, дарамтад оруулсан гэх цөөнгүй хэргийг шалгаж байгааг мэдээлсэн. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцан, садар самуун үйлдэлд уруу татсан Ч гэгчийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн өсвөр насныхан гэнэ. Тиймээс эцэг эхчүүд, өсвөр насынханд сэрэмжлүүлэг болгох үүднээс манай сонинд хандсан охины ярьсныг хүргэе.

“ЧИ ҮЕИЙНХНЭЭСЭЭ ХОЦОРЧ БАЙГААГАА МЭДДЭГ ҮҮ ГЭХЭД ИЧСЭНДЭЭ Л…”

-Танай ангийнхан бүгдээрээ facebook хэрэглэгч үү. Facebook-ийн найзуудтайгаа юу ярилцдаг вэ?

-Бидний үеийнхний ихэнх нь цахим ертөнцөд зөвхөн facebook ашигладаг байх. Би ч тэдний нэг. Гар утсан дээр facebook, мессенжер татчихсан. Огт таньддаггүй олон хүнтэй facebook-т найз болчихсон байдаг. Нэг л мэдэхэд янз бүрийн группт бүртгүүлчихсэн, тэр группт бичсэн янз бүрийн зүйлийг уншдаг болчихсон. Facebook-т хэн юу бичиж байгаа нь тэр бүр мэдэгддэггүй учраас бидний үеийнхэн айж ичилгүй янз бүрийн сэдвээр бичдэг юм шиг санагдсан. Харамсалтай нь тэр яриа бүр үнэн биш гэдгийг ойлголоо.

-Яагаад?

-Бидний үеийнхэн жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Бас аав ээжтэйгээ тийм ч дотно байж чаддаггүй. Тиймээс интернэтээр том хүмүүсийн сэдвээр ярилцахад илүү сонирхож, тэдний яриан дундаас янз бүрийн мэдээлэл авдаг гэдгийг ангийнхнаасаа анзаарсан. Гэтэл бидний үеийнхнийг том хүний амьдралд уруу татдаг, уриалдаг хүмүүс нь хуурамч хаягтай, буруу санаатай хүмүүс байдгийг мэдэрлээ. Би тийм хүнтэй facebook-ийн найз болсон. “Хөөрхөн охид” гэдэг групп миний facebook хаяг дээрх зургийг минь аваад тавьчихсан юм билээ. Тэндээс зургийг минь хараад найзлах хүсэлт явуулсныг нь би хүлээгээд авчихсан. Тэгээд интернэтээр намайг халамжилж, орой үдэш янз бүрийн сэдвээр ярилцаад эхэндээ их зугаатай байсан. Найзуудаасаа асуухад бүгд шахам ийм найзтай, түүнээсээ юугаа ч нуудаггүй гэсэн. Бусдын адил интернэтээр үерхдэг найзтай байгаа нь надад бахархалтай санагддаг байлаа. Интернэтийн найз маань шалгалтаа сайн өгсөн гэж чихэр явуулдаг болсон нь бүр сайхан байсан. Бас ганцаардсан үед юу ч хамаагүй ярьж өгнө. Ингэж явсаар бид хоёр нүцгэн зургаа бие биедээ харуулдаг, том хүмүүсийн сэдвээр ярилцдаг болчихсон.

Тэр үеэс интернэт найзын маань хандлага өөр болж янз бүрийн шаардлага тавьж эхэлсэн. Сүүлдээ том хүний бүх асуудлыг надад заадаг болчихсон. Тавьсан шаардлагыг нь биелүүлэхээс татгалзвал миний нүүр номон дахь найзууд руу нүцгэн зургийг минь явуулна гэж дарамтална. Бас “Чи үеийнхнээсээ хоцорч байгаагаа мэддэг үү” гээд чиний үеийнхэн ийм байна гэж янз бүрийн нүцгэн зураг явуулна. Ингээд байхаар сүүлдээ нээрээ ч үеийнхнээсээ хоцорч яваа юм болов уу гэж ичдэг юм билээ. Тиймээс л одоо харамсах алхам хийчихсэн.

-Интернэт найзынхаа дарамтад орсон гэсэн үг биз?

-Яаж ч чадахаа больчихдог юм билээ. Үеийнхэндээ захихад амьдрал дээр найз л биш бол facebook, мессенжер орчинд танихгүй хүнтэй битгий найзлаарай. Анхаарал тавьж, соёлтой хандаж байгаа танихгүй хүмүүс цаанаа огт өөр бодол агуулдаг юм байна. Одоо би цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй. Яагаад гэвэл би өөрөө шаардлагыг нь зөвшөөрсөн. Бас аав, ээждээ хэлж чадахгүй. Янз бүрийн өвчин аваагүй байгаасай л гэж залбирч байна. Интернэтээс энэ талын мэдээлэл авах гэхээр гэрт аав ээж харчих вий, интернэт кафед хажууд суугаа хүүхдүүд анзаарчих вий гэж болгоомжилдог гэв.

ИНТЕРНЭТ ДЭХ

НАЙЗДАА БИШ БОЛ ХЭНД ИТГЭХ ВЭ

Манай сонинд хандсан охин шиг дарамт, ятгалгад орсон өсвөр насны олон хүүхэд байдгийг сэтгэлзүйч хэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар 10-19 насныхныг өсвөр насныхан гэж үздэг. Энэ насныхан сэтгэл санаа нь тогтворгүй, бусдыгаа даган дуурайх хандлагатай, итгэмтгий байдаг онцлогтой гэнэ. Энэ онцлог нь бусдын ярианд итгэх, даган дуурайх улмаар хохирогч болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сэтгэлзүйч ярилаа. Өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээлэлтэй байх нь онлайн дарамтад өртөхгүй, ятгалгад автахгүй байхын үндэс суурь. Энэ мэдээлэл, мэдлэгийг ам дамжсан яриа, facebook-ийн элдэв группээр дамжиж түгдэг албан бус мэдээллээс бус аав ээж, мэргэжлийн хүмүүсээс авч байх нь эрсдэлгүй гэдгийг сэтгэлзүйчид зөвлөсөн.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Өсвөр үеийнхэн өөрсдийгөө том хүн мэт харагдуулахыг хүсдэг. Тиймээс ч нэгэндээ өөрийгөө том хүн болсон мэтээр төсөөлж ярих, ятгах хандлагатай. Гэхдээ ингэж ятгаж байгаа хүүхэд нь өөрөө ярьж байгаа зүйлсээ үзээгүй байдаг юм. Бас сүүлийн үед интернэтээр элдэв бичлэг үздэг. Түүнд татагддаг хандлага бий болсон. Бид өсвөр насныханд үеийнхнийхээ ярианд итгэж, эсвэл интернэтээр тэнүүчилж яваа бичлэг, ятгалгад автаж болчимгүй алхам хийхгүй байхыг зөвлөдөг” гэсэн юм. Өсвөр насныхан аав ээждээ нууцаа хэлж чаддаггүй гэж ярих нь их. Тэгвэл тэдний үгийг сонсдог, тэдэнд зөв хандлага төлөвшүүлэхээр ажилладаг цөөнгүй хүмүүс бий. Хэрвээ цахим орчинд дарамтад орсон, халдлагад өртсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Тус албанаас “Секс сүрдүүлэг буюу онлайн дарамт нь хуурамч фэйсбүүкээр танилцана, үүний дараа Skype мессенжэрээр онлайн секс хийж, хийж байгаа бичлэгээ Youtube хуудсанд байршуулснаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны нүцгэн бичлэгийг интернэтэд байршуулж найз нөхөд, гэр бүлд тань тараана гэх байдлаар дарамталж их хэмжээний мөнгө нэхдэг. Ийм хандлага илэрвэл cybercrime@police.gov.mn цахим хаягаар захидал бичиж холбогдох боломжтой” гэж мэдээлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гадна аймаг, дүүргүүдийн эмнэлэг бүрт өсвөр үе, залууст үйлчилдэг клиник, кабинет бий. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн долоо хоногт Өсвөр үе, залууст ээлтэй клиник нээгдсэн. Эмнэлгээсээ тусдаа хаалгаар ордог учраас тэнд үйлчлүүлэхэд бусдаас ичих, болгоомжлох зүйл байхгүйг Өсвөр үе, залууст ээлтэй клиникийнхэн хэлсэн юм. Өсвөр үе, залууст ээлтэй клиник нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд өсвөр насныханд тулгамдаад буй асуудлыг хамтран зөвлөлдөж, шийддэг аж. Тодруулбал, хүсээгүй жирэмслэлт, эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж, эмчилнэ. Мөн шилжилтийн насныхны өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, хоол тэжээл, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхи, хорт бодисын уршиг, хүчирхийлэлд өртсөн үед хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тоног төхөөрөмж, үзлэг, ярилцах өрөө зэхжээ. Түүнчлэн эл клиникт өсвөр насныхныг хүлээн авч үерхэл нөхөрлөл, бие махбодид нь гарах өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй үйлчилдэг юм байна. Өсвөр насныхан өөрсдийнхөө асуудлыг ярихаас ичдэг. Тиймээс нэр, хаягийг нь асуудаггүй үйлчилдэг гэж тус клиникийнхэн ярьсан юм.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Бид дүүргийнхээ хэмжээнд 50 гаруй дунд сургуульд сургалт явуулдаг. Сургуульд нь очоод зөвлөгөө өгөөд, урилгаа тараахаар маргааш нь тэр сургуулийн хоёроос дээш хүүхэд заавал ирдэг. Тэднийхээ нэрийг асуулгүй ярилцаад нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд, шаардлагатай бол үзлэгт хамруулдаг. Бид үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалдаг учраас ичиж зоволгүй хандаач гэж хүсмээр байна. Гэтэл хүүхдүүд эмнэлгээс, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй нэгнийхээ ярианд автаж өөрийгөө эрсдэлд оруулах нь буурахгүй байна. Сүүлийн үед дунд сургуулиудад БЗХӨ ихэссэн нь мөн л мэдлэг дутуу байгаагаас үүлдэлтэй. Тиймээс асуудал гарсны дараа биш өөрт нь мэдээлэл хэрэгтэй байвал ажлын цагаар ирээд эмчтэй уулзахад таатай хүлээж авдаг. Эцэг, эхчүүд ч хүүхэдтэй ярилцахад мэдлэг, мэдээлэлтэй байхын тулд бидэнд хандах боломжтой” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Визгүй зорчиж эхэлснээс хойш эдийн засагт нааштай өөрчлөлт гарч эхэллээ

Оросууд Монголд, мон­гол­чууд Оросод визгүй нэв­тэрдэг болоод удаагүй байна. Тодруулж хэлбэл энэ сарын 14-нөөс эхлээд иргэд харилцан визгүй зорчиж байгаа билээ. Богинохон хугацаанд ч гэлээ хаана, хаанаа ашигтай нөхцөл үүсч буй нь мэдрэгдээд эхэл­лээ. Улаан-Үүдийн буриадууд манай ноолуурын дэлгүүрүүдээр хэсч, ноолууран хув­цаснуу­дыг машин, машинаар нь эх орон руугаа ачиж байна. Ер нь оросууд манай ноо­луур, тэмээний ноосон бү­тээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Эко, үнэ нь хямд гэсэн давуу талуудтай учраас визтэй үед ч эдгээр бүтээгдэхүүн Орос руу гардаг байсан юм.

“Янмал”-ын тэмээний ноосон оймсыг үйлдвэр дээрээс нь ирж авдаг оросууд өчнөөн. Манайхаас Орос руу гарч наймаа хийдэг хүмүүсийн дардаг бараанд ч тэмээний ноосон оймс багтдаг. “Янмал” компанийн ерөнхий менежер В.Отгонболдоос визгүй болсноос хойш оросууд хэр худалдан авалт хийж буйг сонирхоход “Манайхаас худалдан авалт хийж байгаа хүмүүсийн тоо илт нэмэгдсэн шүү. Орос, казахстанууд их ирж байна. Казахстанууд Оросын нутгаар дайрч орж ирж байгаа. Манай үйлдвэр дээрээс ирж оймс авч байгаа орос, казахуудын ихэнх нь бөөнөөр нь авдаг. Гэхдээ сүүлийн үед визгүй болсноос хойш ахуйн хэрэгцээндээ оймс авах оросууд ихэсч байна. Чанартай барааны хувьд нэг зовлон байдаг. Хятадад манай оймсыг дуурайлгаж хийгээд хойд хөршийнхөнд зарах явдал их байсан. Харин сүүлийн үед оросууд манай үйлдвэрийг мэддэг болсон учраас өөрсдөө ирээд авчихаж байна” гэж ярилаа.

Визгүй зорчих эхний өдөр гэхэд л Монголын 530 гаруй иргэн Оросын хил гарсан, Оросын 300 орчим иргэн манай улс руу орж ирсэн гэх статистик гарсан. Оростой хил залгаа сумдын иргэдийн хувьд бүр ч таатай нөхцөл үүсээд буй. Хилийн цаана аж төрдөг оросууд Монгол руу орж ирж, хилийн наахна буй сумдын иргэд зочид буудал, дэлгүүр, саун гэх мэт үйлчилгээний газар мэтийг байгуулж, амьжиргаагаа сайжруулахаар ханцуй шамлаж буй сурагтай. Эрээнцавын хилийн боомтоор гэхэд л долоо хоногт хоёр, гурван хүн орж ирдэг байсан бол визгүй болсноос хойш Дорнодын Чулуунхороот сумыг зорих улс ихэсчээ. Тэгэхээр оросууд визгүй зорчдог болсноос хойш ноолуур, тэмээний ноосон оймс гэх мэт үндэсний брэнд болсон бүтээгдэхүүнүүд жавар тачигнасан хойд нутгийнхны худалдан авдаг гол бараа болсон нь бидний хувьд таатай мэдээ. Орос бол том зах зээл. Манайх шиг жижиг зах зээл бүтээгдэхүүнээ чанартай гаргаж л байвал худалдан авагчид нь бэлэн болчихлоо гэсэн үг. Заавал Европ, Ази руу экспортолно гэхгүйгээр хойд хөршдөө дажгүй үнээр зараад байхад л оросуудын хувьд эрэлттэй бүтээгдэхүүний зах зээл худалдан авагчгүй гэж сандрах шаардлагагүй болж эхэлж байгаа юм. Ямартай ч Монголын үндэсний үйлдвэрлэгчдэд Орос гэдэг том зах зээлийн үүд нээгдчихлээ.

Аялал жуулчлалын компаниудын хувьд харилцан визгүй зорчих болсон нь таатай мэдээ. Оросын жуулчдыг нааш нь татаж чадвал аялал жуулчлалын зах зээл дээр чамгүй мөнгө эргэлдэх бололцоо бий гэж эдийн засагчид хэлж байна.

Сүүлийн үед унах болсон рублийн ханш Оросоос наашаа орж ирдэг барааны үнэд нөлөөлж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр хойд хөршийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг хэд хэдэн төвөөр орлоо. Худалдааны төвүүдэд зарж буй орос бараануудын үнэ хямдарсан зүйл ажиглагдсангүй. Эсрэгээрээ өсч магадгүй гэсэн болгоомжлол байгааг зарим нь үгүйсгэсэнгүй. Харин Алтанбулагийн чөлөөт бүсэд орос бараа маш хямд үнээр зарагдаж байгаа аж. Татваргүй бүсээс хямд бараа худалдан авах боломж орон нутгийн иргэдэд бий юм билээ. Тэндээс бараа дарж зарах боломж харин иргэдэд байгаа гэнэ.

Статистик мэдээллээс харахад бид гаднаас худалдан авдаг барааныхаа 30 хувийг Оросоос худалдан авдаг юм байна. Үүнээс ч багассан гэх нь бий. Өнгөрсөн онд гэхэд Оросоос нийт импортынхоо 24.6 хувийг хангажээ. Гэхдээ энэ хувь хэмжээнд хойд хөршөөс орж ирдэг шатахуун багтдаг. Шатахууны хувьд нь үнэ нь гэрээгээр зохицуулагддаг учраас үнийн уналт энэ тэр байхгүй. Шатахууны хэмжээг хасахад арав хүрэхгүй хувийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хойд хөршөөс импортолдог гэсэн үг. Ийм учраас рублийн ханшийн уналтаас үүдсэн бараа бүтээгдэхүүний уналт манай эдийн засагт мэдрэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Гэхдээ оросын бараа, бүтээгдэхүүний үнэ илт хямдраад ирвэл ам.доллараар авдаг хүнсний бүтээгдэхүүнээсээ татгалзаад орос бараа руу хошуурч мэдэх л юм.

Ямартай ч харилцан визгүй зорчсоноос хойш хэдхэн хоногийн дотор нааштай зүйлүүд ажиглагдаж л байна, манай эдийн засагт.

Ц.БААСАНСҮРЭН