Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хууль зөрчсөн “Астра бьюлдинг” барилгад хуулийн дагуу арга хэмжээ авахыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас шаардаж байна

“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компани барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга барьж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Мөн “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид”Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулаад байгаа.Манай сонины зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж Монгол Улсад мөрдөгдөж буй Барилгын тухай болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу баригдаж байгаа эсэхийг шалгуулахыг хүсэлт гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Астра интернэшнл” компанийн барилгад хяналт шалгалт хийж хууль зөрчсөн болохыг тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж “Астра интернэшнл” компанийн барьж байгаа барилга”Өдрийн сонин”-ы байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан (2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно) заалтыг зөрчсөн байна. Иймд барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны арваннэгдүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье” хэмээн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан өгсөн. “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл хууль зөрчин баригдаж байгаа тус барилгыг нураахёстой гэх шийдвэр гаргасан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бид хууль зөрчин цонх хааж баригдаж байгаа барилгад ямар арга хэмжээ авч ажиллах талаар удаа дараа асууж тодруулж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариу өгөхгүй байна. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун та албан ёсны хариу өгнө үү. Мөн барилгын тухай хуулийг зөрчиж анх батлагдсан зураг төслийг дур мэдэн өөрчилж барилга барьж байгааг таны хариуцаж байгаа газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас албан ёсоор мэдэгдсэн учир хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бид шаардаж байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Эхийн одонгийн мөнгө компаниудад өгсөн санхүүжилтээс 133 дахин бага

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд одонгийн мөнгө гэж жилдээ ганцхан удаа 100-200 мянган төгрөг л өгдөг. Уг нь өнөө жил алдарт эхчүүдэд 29.9 тэрбумыг олгоно гэж төсөвлөөд байв.Тэгвэл Шийдлийн Засгийн газар 2015 оны төсвөөс нэг их наяд төгрөг танасан төсөл оруулж ирэхдээ одонгийн мөнгөний 50 хувийг нь хассан. Мөн хүүхдийн мөнгөний 246 тэрбумаас 40 хувийг нь өгөхгүй гэнэ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор дарга нар өөрсдийнхөө компаниудаддөрвөн их наяд төгрөгийг хуваагаад өгчихсөн. Компаниудад өгсөн энэ их мөнгөнөөс эхчүүд болон хүүхдүүдэд олгодог тэтгэмжийн дүн хэдэн зуу дахин бага болохыг МАН-ынхан УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан нь саяхан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ дээр үг хэлэхэд С.Бямбацогт гишүүн нэлээд хэдэн тоог харьцуулсан тооцооллоо дурдаж байв. Тэрбээр “Баян компаниудад санхүүжилт олгосон хэрнээ эхчүүд, хүүхдүүддээ өгдөг мөнгийг нь харамлаад яах юм бэ” гэсэн. Тодруулбал, эхчүүдэд олгох одонгийн мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулахын дөрвөн их наядаас 133 дахин бага гэсэн тооцоо гарчээ.

Нэгэнт ард түмэндээ өгөөд хэвшчихсэн энэ мөнгийг хасах нь эрх баригчдын хувьд мөхөлтэй адил баймаар юм. Тэрний оронд тендер зэрэг их тоотой хөрөнгөнөөс мөнгө угаадгаа л больчих хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд яамны байрыг эмнэлэг болгонөөрчлөхөд зургаан тэрбум гаруй төгрөгөөр засварлана гэж байна.

Үүнийгээ л болиод ард түмэндээ өгдөг хайр халамжаа харамламааргүй байлтай.Энэ зэргээс харахад шинэ үеийн засаг баригчид зарим зүйлийг огт мэдэхгүй байдаг нь хашруудын нүдэнд шууд торж байгаа даа. Ард түмнийг хайрлан халамжилна гэдэг чинь өвдөхөд нь эмнэлэгтэй, идэхэд нь хоолтой, ороход нь оромжтой байлгах юм биш үү. Гэтэл сүүлийн 20 жилд энэ талаар тэд юу ч хийгээгүй нь харамсалтай. Тиймээс ч эдийн засгаа аврах гарцыг ард түмнээсээ нүүр бууруулах ажиллагаа гэж үзсэн бололтой.

М.МӨНХ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ч.Өнөрбаяр: Хувийн хэвшил төрийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахгүй бол мөнгөн торгууль ногдуулна

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дараахь тодруулгыг авлаа.

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд өндөр хариуцлага үүрүүлнэ гээд байгаа. Хуулийг хэн, яаж хэрэгжүүлбэл хуулийн шаардлага хангагдах юм бол?

-Хууль хэнд хамаатай вэ гэвэл төсвийн болоод орон нутгийн өмч, хөрөнгийг захиран зарцуулж байгаа таван мянга орчим байгууллага хамаарна. Тэр дундаа байгууллагуудын мөнгө зарсан шийдвэрийг гаргаж нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг эрх мэдэлтэнд илүү их хамаатай.Хуулийн хариуцлага чанга гэхээсээ татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг зардал багатайгаар хянах, гүйлгээг ил тод болгох зарчимтай хууль. Хуулийг сайтар судлаад хэлбэрэлтгүй мөрдөж байгаа албан тушаалтан өөрийгөө төрийн албанд тэнцэх хүн гэдгээ батална. Харин хуулийг гажуудуулдаг хэсэгт нь “Уучлаарай. Чаддаг хүнд нь зайгаа тавьж өг” гэсэн нөгөө талын шүүлт болох юм.

Ямар зөрчил гаргавал хэрхэн шийтгэх тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн шинж байдлаасаа хамаараад зарим тохиолдолд сануулах шийтгэл байна. Цалин хасах, төрийн албанд дахин ажиллахгүй болгох шийтгэл ч байгаа. Мөн хуулийн байгууллагууд зарим зүйлээр халхавчлаад тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнийг тодорхой хэмжээгээр хаасан. Үнэхээр үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэсгийн санхүүжилтийг хуулийн байгууллагууд мэдээлэхгүй байж болно. Бусад тохиолдолд тагнуул, АТГ, цагдаагийн байгууллага байлаа ч төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнана гэсэн үг. Тайлагнаагүй тохиолдолд хариуцлага нь ижил.

Тэгвэл ямар тохиолдолд цалингаа хасуулж ямар тохиолдолд төрд эргэн ажиллах нүүргүй болох юм?

-Олон төрлийн гүйлгээ хийгдэж таарна. Эндээс мөнгөн дүн нь ялимгүй юм уу эсвэл түүнийг мэдээлэх хугацааг цөөн хоногоор хэтрүүлсэн тохиолдолд сануулах арга хэмжээ авах боломжтой. Харин их хэмжээний үнийн дүнтэй буюу төрд ихээхэн хохирол учруулсан, тайлагналгүй нууцалсан тохиолдолд заавал сануулна гэлгүй төрд ажиллах эрхийг нь хасна. Бас хэдэн төгрөг гаргасан гэх тоог мэдээлээд орхихгүй. Ямар ажилд хэдэн төгрөг зарцуулсан шийдвэрээ мэдээлж байх учиртай. Ингэснээр шахааны бизнес, авлигаас урьдчилан сэргийлэх гээд олон сайн талтай гэж харж байгаа.

Хувийн аж ахуйн нэгж хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн үг үү?

-Тендер аваад ажил үйлчилгээ үзүүлсэн бол төрөөс авсан мөнгөө хэрхэн зарцуулсныг тайлагнаж ил болгох хэрэгтэй. Шууд хэлбэл мөнгөн торгууль ногдуулна. Жишээ нь тайлангаа өгөөгүй, өгөхгүй байгаа компаниудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр торгоно гэсэн заалттай.

Төрийн байгууллагууд мэдээлэх үүргээ яаж биелүүлэх юм?

-Цаас үрэхгүй. Өнөөдөр байгууллага бүр цахим хаягтай болсон. Тиймээс цахим хуудастаа шилэн данс гэсэн булан нээгээд зарлага орлогоо хуульд заасан хугацаанд нь мэдээлээд явах учиртай. Долоо хоногт мэдээлэх гүйлгээгээ долоо хоногтоо, сард, улиралд гээд гүйлгээнээсээ хамаараад хугацаа заасан байгаа. Жишээ нь Архангай аймагт амьдарч байгаа иргэн Засаг даргынхаа юунд мөнгө зараад байгааг хянаад, хар дагуулсан гүйлгээ байвал шалгадаг байгууллагад нь мэдээлэх бололцоотой.

Байгууллагын нууц гэдэг нэрээр тайлан мэдээллээ өгөхгүй, гаргахгүй байх тохиолдол олон байдаг ш дээ?

-Байгууллагын нууц гэх нэрээр үйлдэл, гүйлгээгээ далд байлгах сонирхолтой байдгийг хуулиар хаасан. Байгууллагын нууцын жагсаалт, тогтоолыг тухайн байгууллагын дарга гаргана гэсэн нь дарга нарын давуу тал болдог байсан бол одоо Шилэн дансны тухай хуулиар боломжгүй болж байгаа.

Байгууллага тус бүрийн цахим хаягийг олж мэдээлэл авахад төвөгтэй байх. Мэдээллийн нэгдсэн сайт ажиллахгүй юм уу?

-http://shilendans.gov.mn гэсэн нэгдсэн цахим хаягийг сангийн яам хариу­цаж ажиллана. Энэ хаяг бай­гууллагуудын цахим хаягтай автоматаар холбогдох учраас байгууллага тус бүр мэдээллээ хийсэн даруйд http://shilendans.gov.mn сайтад давхар бүртгэгдэнэ. http://shilendans.gov.mn сайт Шилэн дансны тухай үүнтэй холбоотой бүх хуулийн танил­цуулгыг ч давхар мэдээлнэ. Хуулиар уг сайтыг 2016 оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулна гэсэн ч ач холбогдлыг нь бодоод удахгүй нээн ажиллуулахаар Засгийн газар ажиллаж байгаа.

Ямар гүйлгээгээ долоо хоног, сард ямар гүйлгээг улиралд мэдээлж байх ёстой юм?

-Нийт 250 гаруй төрлийн гүйлгээ болж байгаа. Засгийн газар үүнийг цэгцэлснийг саяхан С.Баярцогт сайд мэдээлсэн. Удахгүй http://shilendans.gov.mn сайт ажиллаж эхлэхээр тэндээс мэдээллийг авч болно.

Шилэнданс.мн сайтад улсын нэрээр гаднаас авсан зээлийн зарцуулалт ч мэдээлэгдэнэ гэсэн үг үү?

-Улсын төсөв түүний зарцуулалтаас эхлээд төсвийн мөнгөөр санхүүждэг бүхий л байгууллагын нэг ширхэг хадаас авсан гүйлгээ ч нээлттэй болно гэсэн үг. Мэдээж бонд, бондын хөрөнгийг зарцуулсан тайлан энд багтана.

Тэгвэл Самурай, Чингэс бондын зарцуулалт сайт руу орох уу?

-Хууль эргэж үйлчилдэггүй. Тэгэхээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших зээлийн хөрөнгийн бүх зарцуулалт ил болно гэсэн үг.

Л.ТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Тавантолгойн хэлэлцээ цагаан сараас өмнө дуусч магадгүй нь

Таван толгойн хэлэлцээр эхэлсэн нь шинэ оныэхний таатай мэдээ байлаа. Хэлэлцээр амжилттай болбол энэ ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Ам.долларын урсгал татарсан энэ үед үүн шиг таатай мэдээ гэж хаана байхав. Өчигдөр 11.00 цагаас эхэлсэн хэлэлцээ хийгчдийннэг тал нь Монголын Засгийн газар бол нөгөө тал нь Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа энержи”, Японы “Сумитомо” корпораци, Монголын “Энержи ресурс”. Тэд Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчдаар шалгараад байгаа. Тавантолгойн ордынолборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг хариуцах компаниуд.Сайн чанарын коксжих нүүрсээрээ дэлхийд гайхагддаг энэ ордын өмчлөл нь төрд, менежмент нь нүүрсний зах зээлдээ толгой гэж яригдах компаниудад очих нь маш том давуу тал гэж эдийн засагчид онцолж буй. Хэлэлцээр амжилттай болбол өмнө хэлсэн шиг их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани нөлөөтэй хэвээр байна гэдэг онцлохоос аргагүй өнцөг. Өнөөг хүртэл Хятад гэсэн ганцхан зах зээлд зарагдажбайгаа Монголын нүүрсийгилүү үнэ хүргэж борлуулж болох гуравдагч зах зээлд гаргана гэсэн том зорилго бий. Хэлэлцээ амжилттай болбол сая дурдсан асуудлууд шийдлээ олно.

Хэлэлцээний үеэр Таван толгойн орд орших Өмнөговийг хөгжүүлэх, байгальд халгүй аргаар нүүрс олборлолт явуулах талаар ч ярилцана.

“Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гэсэн түншлэлийн давуу талыг Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлсэн үгнээс тайлчихаж болно. Тэрээр”Нүүрсийн экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан. Маш чухал шийдвэр. Нүүрс бол Economies of scale буюу хэмжээнээс хамаардаг бизнес.Аль болох их хэмжээгээр нүүрс үйлдвэрлэвэл тэр хэмжээгээр өндөр ашиг өгч чаддаг. Олон жижиг компаниуд нүүрсний үйл ажиллагаа явуулаад тэр тусмаа өөр хоорондоо өрсөлдөөд жижиг, жижгээр машинаар тээвэрлэсэн байдлаар бид дэлхийн нүүрсний зах зээл дээр өрсөлдөжчадахгүй. Чадахгүй, бололцоо байхгүйг эдийн засгийн ухаан өөрөө хэлж өгч байна. Тийм учраас УИХ-ын 34 дүгээр тогтоолын нэг чухал заалт бол экспортыг нэг цонхны хүрээнд олон улсын зах зээлд борлуулах гэсэн шийдвэр” хэмээн онцолсон нь цаанаа ийм учиртай. Cтратегийн хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газраас хэд хэдэн шаардлага тавьж буй. Эхний шаардлага бол Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх. Бас нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийх, нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бий. Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах ажил ч байгаа. “Шинхуа”-г сонгосон шалтгааны нэгнь энэ. Төмөр зам барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх гэсэн шаардлагыг засгаас тавьж байгаа. 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шил жүүлэх гэсэн шаардлага бий. Төмөр зам барих дээр “Шинхуа” гол оролцоотой ажиллах нь ойлгомжтой. Хятадын төрийн өмчит энэ компанийг сонг осон өөр нэг шалтгаан нь далай хүрэх гарц гэж харсных. Гуравдагч зах зээлд гарахын тулд далай хүрэх ёстой, далай хүрэхийн тулд Хятадын нутгаар дамжихаас өөр гарцгүй. Дамжих гарц нь өмнөд хөршийн төмөр замд нөлөөтэй “Шинхуа”. Тэдэндөөрсдийн гэсэн төмөр замтай гэсэн давуу тал бий. Далайд гарчихад олон улсын худалдааны арвин туршлагатай, Монголын нүүрс үнэ хүрч болох том зах зээл гэгддэг Японы “Сумитомо” байна. Ази, Номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмалын борлуулагч том тоглогч Таван толгойд орж ирэх гэж байгаа нь нүүрсээр үнэ хүргэх сайхан боломж. Товчхондоо гуравдагч зах зээлд гарах боломжтой гэсэн өөдрөг гаргалгааг хялбархан хийчихэж болох хослол. 2.5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих ёстой гэсэн шаардлагыг засгаас хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Мөн Чалкогийн өрийг төлөх үүргийн хөрөнгө оруулагчид хүлээнэ.

Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийн урилгыг Хятадын Шинхуа, ОХУ-ын РЖД компани, Америкийн Пийбоди зэрэг аваргуудад өгсөн юм.”Шинхуа”, “Энержи ресурс”, “Сумитомо”, “Пийбоди”-гоос бусад нь”Биднийг энэ уралдаант шалгаруулалт оруулъя гэсэнд талархал илэрхийлж байна” гэсэн хариу ирүүлсэн. Америкийн “Пийбоди” яагаад шалгараагүй вэ гэсэн асуултад М.Энхсайхан “Пийбоди асуудалд арай өөрөөр хандсан юм билээ.Манай Засгийн газрын тавьсан шаардлагыг шууд утгаар нь биелүүлж чадаагүй. Хандлагыг нь бид хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь юу гэхээр “Энэ Таван толгойн орд гэдэг нүүрсний орд чинь ямар үнэтэй юм, ямар үнэ цэнэтэй юм, тэр үнэ цэнийг эхлээд гаргая, тэр үнэ цэнээснь бодоод бид саналаа хэлмээр байна” гэсэн ийм л санал байсан.Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалт хийе” гэсэн хатуу үүрэг аваагүй. Асуудалдхэрхэн хандах бодол санаагаа хэлсэн. Хүндэтгэж болох үзэл бодол” гэсэн тайлбар хийсэн юм.

Ямартай ч хамгийн чухал нь 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Шинхуа”, 13 тэрбум ам.долларын үнэ цэнтэй “Сумитомо”, 500 сая ам.долларын үнэлгээтэй “Энержи ресурс”-тэй Засгийн газар хэлэлцээний ширээний ард суулаа. Тэд засгаас тавьсан хатуу нөхцөлүүдийг хүлээж авсан гэдэг нь бидний хувьд том давуу тал болж байгаа гэдгийг ахин онцолъё. М.Энхсайхан Таван толгойн хэлэлцээг нэгдүгээр сарын 5-нд гэснээрээ эхлүүллээ. Цагаан сар гэхэд асуудлуудаа хэлэлцэж дуусна гэсэн тохироог хоёр тал хийснээ олон нийтэд зарласан. Тэгэхээр Таван толгой гэдэг аварга ордыг яаж хөдөлгөх эцсийн тохироог морин жилдээ багтаад шийдчих болов уу гэсэн найдлага өндөр байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Буриадууд биднийг өглөгийн эзэд гэх болжээ

Орос, Монголын хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Иргэд наймаа хийхээс гадна, Итгэлт хамба, Байгаль нуур орчмоор аялах, хүүхдээ унаган орос хэл сургах зорилгоор зорчих болсныг албаны хүмүүс ярина лээ. Ийн өдөрт хоёр мянга гаруй иргэн Алтанбулагийн боомтоор гарч байгаа нь Улаан-Үд дэх Консулын газрын албан хаагчдын ажлын ачааллыг нэмжээ. Байнгын оршин суугч гэгдэх мянга орчим хүнд Консулын газар үйлчилдэг байсан бол одоо сард 30-40 мянган иргэн хилийн цаана Буриадын нутгаар зорчиж байна. Хүмүүс 30 хоногт визгүй зорчино гэдгээрээ очсон газраа бүртгүүлдэггүй нь бас зөрчил болдог ажээ. Очсон газартаа долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой аж. Хэрвээ бүртгэлээ хийлгэхгүй бол зөрчилд тооцогдоно. Цахилгаан холбооны салбар дээр очсон ч энэ төрлийн үйлчилгээг хийгээд өгдөг байна. Тэгэхээр Монголын талаас хойд хөршид дүрэм, журам зөрчихгүй байх хуулийн танилцуулгыгхийж өгдөг болох шаардлагатай байгааг иргэд ч тэр, албаныхан ч тэр хэлж байлаа.

Ер нь 1990 оноос хойш монголчууд Эрээн хотыг хөгжүүлсэн шиг одоо Итгэлт хамбын хийд орчмыг хөгжүүлэх төлөвтэй байгаа бололтой. Яагаад гэвэл Итгэлт хамбын шарилыг жилд найман удаа гаргахад хэдэн мянган монгол иргэн очоод өргөл барьцаа харамгүй тавьдаг аж. Харин гадаалуулах ёслолгүй өдрүүдэд цөөхөн ч гэлээ монгол жуулчид тасрахгүй байгаа нь ингэж хэлэхэд хүргэжээ. Тэр ч бүү хэл буриадууд монгол иргэдийг хараад өглөгийн эзэд хэмээн нэрийдэх болсон байна. Энэ нь “Итгэл хамбад мөргөвөл хүссэн бүхэн тань биелнэ” гэсэн жуулчлалын компаниудын худал сурталчилгаатай холбоотой бололтой. Итгэл хамбын хийд дээр очиход “хадаг 150 рубль, арц 20 рубль, өргөлд хэдэн рубль өгөхөө өөрсдөө мэд” гээд өөдөөс тань баахан мөнгө ярина. Энэ бүхнийг авахгүй бол, өргөл өргөхгүй бол таны хүсэл биелэхгүй гээд буриадууд арц хүжнээс эхлээд хамаг л бараагаа шахчих бололтой юм. Үүний зэрэгцээ жуулчлалын компаниуд нь “Итгэл хамбад мөргөсөн өдрөө мацаг барих хэрэгтэй” гээд нэгдсэн аяллаар яваа иргэдийн хоолыг хүртэл зувчуулж дундаас нь мөнгийг нь саах байдал гарсаар байгаа гэнэ. Хэзээнээсээ нэрэлхүү монголчууд багадаа 50-100 мянган төгрөгтэй тэнцэхүйц мөнгийг хийдэд үлдээгээд л явдаг байна. Шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй ч асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ерөөсөө л монголчуудын занданшуулах соёлыг судалж мэдсэн нь Итгэлт хамба байсан гэнэ. Тэгээд өөрийгөө энэ бүхэнд бэлдээд 70 жилийн дараа гаргаж үзээрэй гээд хэлчихсэн нь өнөөдөр түүнийг амьд бурхан гэж хэлэхэд хүргэж байгааг асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг олон ч хүн хэлж байна билээ. “В.Путин өнгөрсөн жил ирж мөргөсөн” гэдэг сурталчилгааны тухайд гэвэлшарын шашинт иргэдийнхээ саналыг татах зорилгыг өвөрлөж ийм алхам хийсэн гэнэ. Түүнчлэн Итгэлт хамбад мөргөх аялалд багтсан хоёр ч иргэн нас баржээ. Нэг нь зүрхний дутагдалд орсон бол нөгөө нь авто осолд өртсөн гэнэ. Энэ явдалд ар гэрийнхэн нь гомдолтой байхад Монголын талын жуулчлалын компанийнхан “Итгэлт хамбад ирж, зорилгоо биелүүлээд буцлаа” хэмээн ил далд ярьж эмгэнэлээр реклам хийж байгаа нь зүйд нийцэх үү гэдгийг ч хүмүүс ярьж байна. Ер нь энэ бүх асуудлыг жижиг гэлтгүй хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг Консулын газрын удирдлагууд өгүүлж байв.

УЛААН-ҮДИЙН МАХ КОМБИНАТ НЬ ХААЛГАА БАРИХАД ХҮРЧЭЭ

Монголоос Оросыг зорих иргэдийн тоо ингэж эрс нэмэгдэж Улаанбаатараас Улаан-Үд рүү зарагдсан барааг эргүүлэн ачиж байгаа бол Буриадууд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн, махны төрлийн хүнсийг хүсч байна. Буриад улсад малтай иргэн төдийлөн байхаа больж. Гарын хуруунд тоологдохоор мянгат малчин байснаа бүгд малаа арилжаалаад төвд суух болжээ. Ер нь энэ нутгийн хамгийн олон малтай иргэн л 300 орчим богтой байдаг гэнэ. Үүнээс улбаалаад Улаан-Үдийн мах комбинат түүхий эдийн дутагдалд орж дампуурахад хүрээд байгаа юм байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй монгол малын мах Улаан-Үд орчимд таван жилийн дараа гэхэд саадгүй экспортлогддог болох боломж байгааг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Уг нь Монгол малын махыг авах сонирхол буриадуудад байдаг ч Оросын салбарын бодлогыг тодорхойлогчид гаднаас үнэтэй, эрүүл, аюулгүй гэж тодорхойлогдсон мах нийлүүлдэг нь саад болдог аж. Гэсэн ч зах хязгаарын Буриад зэрэг бүсэд нь махны олдоц тун ховор учраас хоорондоо зөв ойлголцож чадвал нийлүүлээд эхлэхэд эрэлт нь хангалттай байна. Угаасаа Путиныг Монголд айлчлахаас өмнө тэд манай зах зээлийг судалж байсан ажээ. Зөвхөн мах гэлтгүй Монголд үйлдвэрлэсэн адууны махан хиам, элэгний нухаш гээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлбэл эрсдэл багатай гэдгийг буриадууд ярьж байна. Ер нь “Та нар хиамаа хилээр оруулаад ирвэл бид бензинээр ч болов тооцоог нь хийнэ ш дээ” гээд инээлдэх. Буриадуудын рублийн ханш нь уначихсан, мах комбинат нь түүхий эдийн дутагдалд орсон гээд манайхаас ч илүү хямралтай дүр ноёлж байлаа. Харин манайхан наймаа хийх, үнэ ханшийг нь судлах зорилгоор хойшоо цувсаар байв.

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Р.Нямдорж: Бөхийн цолыг Ерөнхийлөгч биш Бөхийн холбоо нь өөрөө өгөх хэрэгтэй

Монголын үндэсний бөхийн холбооны тэр­гүүн, Монгол Улсын соё­лын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж­той ярилцлаа.

-Таныг Алтайн хөх харчуудын нэгэн, улсын заан Даваанямын ах, улсын гарьд Ганбаатарын аав гээд гэр бүл талаас чинь хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бөхтэй амьдралаа холбосон замналаа ч нэлээдгүй ярь­сан байдаг. Харин бөхийн холбоог байгуулж байх тэр үед хань бараа болж байсан ахмад бөхчүүд гэвэл хэн хэн байв?

-Намайг бөхийн холбоо руу ороход эртний гэх хүмүүс нь Гялдангийн Цоодол гуай, “Дэрэн бор” Сүнрэвийн Самданжигмэд гуай хоёр байлаа. Дөчөөд оны сүүл, тавиад оны эхээр төрийн наадмын түрүү үзүүрт шалгарч явсан хүчит арслангууд шүү дээ. Мөн тавин нэгэн оны улсын наадамд Түвдэн аваргатай үлдэж түрүүлж байсан Жамсрангийн Цэвээнравдан аварга байна. За тэгээд Сэлэнгийн Гомбодагва гэж хамгийн ахмад улсын заан цолтой бөх байсан. Би Вандан аваргын тухай их асууна. Гомбодагва гуай гэхэд “1922 оны улсын наадамд барилдаж хоёр даваад боорцогноосоо жанжин Сүхбаатарт амсуулж байлаа” гэж ирээд л хууч хөөрдөг сөн.Тэгэхээр мөн ч эртний хүн байгаа биз. Гомбодагва гуай худал хэлдэггүй, баримттай яг л үнэнийг хэлдэг сайхан буурал байлаа. “Манай Вандан гуай чинь үнэндээ анги байсан даа. Ярих юм биш. Толгойных нь ар дагзны арьс сарлагийн бухны магнайн арьс шиг зузаан тийм хүн байсан” хэмээн халхын домогт их аваргыг нүдээр үзсэн их хувь заяагаараа бахархана. Ахмад хүчтэнүүдийн ярианаас Лу гүний Вандан гэж ямархан аварга амьтан байсан нь мэдрэгдээд ирдэг. Оросын сэтгүүл дээр хэвлэгдсэн Вандан гуайн идэр залуугийн зургийг манай бөхийн холбооныхон олж ном сонинд гаргасан даа.

-Түрүүнд та Цоодол арслан, Самданжигмэд арслан хоёрын талаар дурдаад өнгөрлөө?

-Самданжигмэд гуай ухаан санаа сийрэг лут хүн байлаа. Цоодол гуай “Дэрэн бор”-ыгооманай “дэрэн хар” гэнэ. Тэгснээ “Би энэний үгнээс гаралгүй өдий хүрлээ” гэнэ. Тэр нь ч үнэн. Амьдрал дээр, монгол бөхийнхөө дэвжээн дээр ч Цоодол гуай Самданжигмэд гуайгаас л бүх зүйлээ асууж ирсэн юм билээ. Манайхан мэднэ дээ. Жаран гурван оны наадмын тавын даваанд хоёр арслан ярилцаад Увсын Баянмөнх, Төв аймгийн Дагвасүрэн гэсэн 19 настай хоёр залууг нэг нэгээр нь амлаж аваад улсын цолонд хүргэсэн байдаг. Цоодол гуайгаар тав давсан Баянмөнх төрийн наадамд арав түрүүлсэн бол, Самданжигмэд гуайгаар тав давсан Дагвасүрэн улсын наадамд гурав үзүүрлэсэн. Арвайхээрийн Банди гэж Вандан аварга, Буур Жамъян аварга нарын үеийн домогтбөхийн гарын хоёр шавь шүү дээ.

Ерээд оны эхэн үеэс миний түшиг тулгуур болж ирсэн хүн бол Дагвасүрэн арслан юм. Тухайн үед арслан маань 40 гарсан л хүн байж. Өнөө жил далан нэгэн насандаа өөд боллоо. Бөхийн авьяасаас гадна шинжлэх ухааны хүн. Өндөр боловсролтой, соёлтой хүн болохоороо нөхөрлөлдөө их үнэнч, шулуун шударга зантай ясны зарчимч мундаг хүн байлаа. Аливаа зүйлд намайг биеэрээ хамгаалж ирсэн хүн. Наадмын ерөнхий цэцээр ажиллаж байхдаа миний өмнөөс тавьтаргүй бөхөд төв цэнгэлдэхэд элэгдүүлээд зогсож байлаа. Өнөөдөр монгол бөх эрэмбэндээ орчихсон. Түүнээс ерээд оны эхэн дунд үед мөн ч хэцүү байлаа шүү дээ. Мөн 2002, 2003 оны бөхийн өргөө рүү хэсэг бүлэг хүмүүс дайрдаг тэр үед Дагвасүрэн гуай л ганцаараа Данзан бид хоёртой үлдээд гааздуулж байсан түүх ч бий. Тийм түшигтэй сайхан хүн байлаа.

-Дагвасүрэн гуай гааздуулаад гэснээс заан Ганболд, Амгаа, начин Дуламсүрэн гээд нэр бүхий бөхчүүд Бөхийн өргөө рүү нохойтой дайрч сүрхий юм болж байсан?

-Ардчилсан нийгэм хүнд ямар авир байна түүнийгээ гаргах эрх чөлөөг өгдөг юм байна. Хэсэг бүлэг хүмүүс бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой зэрэг дайрч үүд хаалгыг цөм өшиглөөд дээрмийн шинжтэй орж ирсэн. Тэдний ингэж улайран дайрсан шалтгаан ерөөсөө бөхийн өргөөг эзэлж авах гэсэн атгаг санаа агуулсантай холбоотой. Ашигтай гэж ойлгоод л улайрахгүй юу. Ер нь хувьчилж авах гэж үзсэн нь тэр л дээ. Бидний барьсан бодлого бол бөхийн өргөөг хувьчилж болохгүй гэж үздэг. Хувьчлах тухай асуудал бөхийн өргөө баригдаж дуусаагүй байхад л яригдсан. Төрөөс өгсөн 800 сая дээрээ түшиглээд Төрийн өмчийн хороо шалгаад эхэлж байсан. Бөхийн холбоо эзэнтэй, удирдах бүрэлдэхүүнтэй, хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж байсан болохоор тэд зүгээр нэг дайраад амжилт олохгүй юм байна гэж үзсэн. Тэгээд хууль бус хэд хэдэн хурал хийсэн.

-Үндсэндээ тэргүүнээ сонгочихоод тамга тэмдгээ авна гэж дайрсан уу?

-Тэгсэн юм. Гэхдээ энд би хүний нэр ус хэлэхгүй. Болсон явдлыг асуултын чинь дагуу утгачилан хариулж байна. Тэд тамгыг маань булааж авсан. За яахав тамгаа алдлаа. Гэхдээ надад тухайн үед харамсаж явдаг нэг зүйл бий. Манай өрөөний хаалгыг цүүцээр эвдэж, цэвэр дээрмийн шинжтэй улайран дайрч байхад цагдаа нар юу ч болоогүй юм шиг хараад зогсож байсан. Би цагдаа нарт хандан “Та нар энэ хууль бус үйлдлийг зогсоогооч ээ. Байгууллагын эд хөрөнгөд ингэж халдаж болохгүй шүү дээ. Надад та нар шиг цагдаа дүү байна” гэхэд огт хөдлөхгүй байгаа юм. Би дахин дахин шаардсан. Тэгэхэд цагдаагийн хэсгийг ахалж явсан нэг дэд хурандаа “Нямдорж ах аа үнэнийг хэлье. Генерал биднийг битгий хөдлөөрэй гэсэн тушаал өгсөн юм” гэсэн.Генерал гэдэг нь тэр үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга л даа. Цагдаагийн даргын цаана хэн байна гэхээр Хууль зүйн яамны сайд байгаа юм. Тэр чинь 2002-2003 оны үе шүү дээ. Тэгжл цэрэг цагдаатайгаа нийлсэн төрийн аппарат төрийн бус байгууллага руу дээрмийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байлаа. Бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой дайраад, гааз шүршээд юм авч зугтааж байсныг эргээд бодохоор хүүхдүүдийн хоорондын тоглоом ч юм шиг санагддаг. Ер нь тэр үед дээрэм их явагдсан. Нийслэлийн нэр бүхий хүмүүс Бөхийн өргөөний эзэмшилд байсан машины зогсоолын газруудыг дээрэмдэж аваад л бүгд нэг нэг байшин барилга барьчихсан. Уул нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллага хүч түрэмгийлэн орж болохгүй. Бид цэрэг цагдаа, төр, хэсэг бүлэг бөхчүүдээс ямар чиг байсан Бөхийн өргөөг авч үлдэж чадсан. Тэр бол гавьяа. Бараг л түүнийх нь төлөө гавьяат гэдэг цолыг өгч болохоор.

-Одоо таны хэлээд байгаа, дээр миний нэр дурдсан бөхчүүд ямар санаа бодолтой явдаг бол?

-Бас л бөхийн өргөөг авна гэсэн бодолтой байгаа. “Хувьчлагдаагүй ганцхан объект бөхийн өргөө байна. Үүнийг хувьцаат компани болгох ёстой” гээд ярьдаг, саяхан ч ярьж байна лээ. Улсын аварга болоодөндөр цолтой бөхчүүдийн ярианд ард түмэн итгэнэ. “Энэ хүмүүсийн яриад байгаа худлаа. Тэр чинь ийм учиртай” гээд тайлбар хийвэл дараа нь бүр нарийн аргаар худлаа ярихаа тэд сайн мэднэ. Бусдаар бичүүлнэ. Хичнээн ч удаа наадах чинь худлаа шүү гэж хэлээд нэмэргүй. Ийм нэг зүйлийн учир гогцоо тайлагдах цаг ирнэ л дээ. Би юмыг эргэцүүлэн бодох дуртай. Манай ааваас надад үлдсэн нэг зүйл бол аливааг гүйцэд бодох ухаан юм. Аливаа асуудлын бүх эрсдлийг урьдчилан тооцож байж ажлаа эхэлдэг. Улс орны эдийн засаг хүнд хэцүү цагт бөхийн өргөө байгуулнаа л гэсэн. Энэ бол миний зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр эхэлсэн зүйл биш. Гарах бүх л эрсдлийг тооцсоны эцэст гаргасан шийдвэр.

-Нэг хэсэг Д.Сумъяабазар аварга бөхийн холбоог шүүмжилж баахан ярьсан. Одоо А.Сүхбат аварга бас л яриад байгаа. Тэдний ярьдаг сэдэв нь Данзан, Нямдорж хоёр. Ингэж бусдын бай болохын оронд наад бөхийн өргөөгөө хэн нэгэнд өгчихөж болдоггүйюм уу. Ширээ сандалтайгаа ингэж их зууралдахынхэрэг байна уу. Та нэгэнтээ Бөхийн холбоог бусдад өгч болно. Гэхдээ нэр бүхий найман хүнд өгөхгүй гэж хэлсэн удаатай?

-Бөхийн холбоог Данзан бид хоёр хувьчлаад авчихсан биш дээ. Цаашид хэн нэг нь удирдаад явах болно. Гэхдээ бид хоёрт бодож санаж төлөвлөсөн зүйл байна.

Аль тэртээ ерэн найман онд бөхийн өргөөг ашиглалтад өгөөд эрдмийн ажлаа хөөе гэж ярилцсан. Гэвч тэр үед ойр дотнын бүх хүн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч 1998 онд III Их Эеэр намайг бөхчүүд нэр дэвшүүлээд тэргүүнээрээ сонгоод үргэлжлүүлэн ажиллах үүрэг өгсөн. Ингээд 2002 он боллоо. Бөхийн цолны шинэчлэлийн асуудал ид яригдаж байсан цаг.

Бид шинэчлэлийн бодлогыг 2000 онд эхлүүлсэн юм. Харцага, гарьд цолыг бий болгож, улсын наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг, ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Энэ шинэчлэл монгол бөхийг аварсан юм. Найраа гэдэг зүйл газар авчихсан, тэр жилийн наадмаар хэн хэн улсын цолонд хүрэх вэ гэдгийг цагаан сараар тохирчихдог байсан тийм л цаг. Монгол бөх үзэгчгүй болоод сөнөх тал руугаа хандсан байв. Аливаа юм худлаа л байвал үнэ цэнээ алдан устаж үгүй болдог. Монгол бөхөд хийсэн шинэчлэл үргэлжлээд явсан учир 2002 оны бөхийн холбооныдөрөвдүгээр “Их эе”-ийн төлөөлөгчид намайг дахин сонгосон. Гэвч тэр хурлаас хилс хэрэг үүсгэсэн юм. Тэрхүү хилс хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол бөхчүүд аргадах, алгадах аавтай хүн шиг байсан.

-Өнгөрөгч зуны наадмаар найман жилийн өмнө зодог тайлсан А.Сүхбат аварга зодоглосон. Наадмын өмнө­хөн Г.Өсөхбаяр аваргын хамт дархан аварга цол хүртээд зодоглосон. Гэтэл бас л асуудал гарсан. Зүү­ний магнайд хэн гарах вэ гэдэг дээр маргаан болсон. Сүхбат “Би гарна” гэж орилж хашгирсан дуулддаг. Үүнд та огт тайлбар өгөлгүй өдий хүрлээ?

-Яах вэ, олон түмэн юмыг ойлгоно биз ээ. Хэн зүүний магнайд гарах вэ гэдэг бол монгол бөхийн эрэмбийн асуудал. Тэрхүү цолны эрэмбэ дарааллыг чинь Монгол Улсын Ерөнхийлөгч биш Монголын үндэсний бөхийн холбоо гаргадаг юм. Засгийн газрын дүрмэнд тэгж заасан байдаг. Бид хууль дүрмийнхээ дагуу л эрэмбэлсэн. Бөхийн холбоо бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гэхээр ганцхан Нямдоржийн асуудал биш. Тэнд тусгай мэргэжлийн баг ажилладаг. Тэд бөхчүүдийнхээ үзүүлсэн бүхий л амжилтыг үзэж эрэмбийг гаргаж байгаа. Түүнээс хэн нэгэнд нь дотно гээд буруу эрэмбэлэх өөдгүй зан, муу жудагтай хүн би биш.

-Сүхбат, Өсөхбаяр хоёрын хувьд нэг өдөр нэг зарлигаар дархан аварга цол хүртсэн. Тэгэхээр өмнөх эрэмбээр нь явах уу, эсвэл улсын аварга цолтой бөхчүүдэд эрэмбэ хамаардаггүй юу?

-Өмнөх амжилтынх нь илүүгээр эрэмбэлдэг журам дүрэм байна. Түүгээр эрэмбэлээд Өсөхбаяр зүүний магнайд гарах учиртай. Гэвч нөгөө бөх нь “Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр түрүүлж дуудуулсан. Тэгэхээр би дархан аварга цолыг түрүүлж авсан” гэж үзсэн л дээ. Түүнд хариу өгөх бэлээхэн жишээ байна. 2003 онд бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолыг бий болгож төрийн наадамд зургаа давсан бөхчүүдэд уг цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөж олгосон. Хэрвээ Ерөнхийлөгчийн зарлигийн номер дугаараар эрэмбэлдэг бол тэдгээр бөхчүүдийн өмнөх амжилт хэнд ч хэрэггүй болно. Бас үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбоо гэж байхын хэрэггүй.

-Өсөхөө аварга амжил­таараа зүүний магнайд гарах учиртай байж. Гэтэл яагаад Сүхбат аваргыг гаргачихсан юм. Бөхийн холбоо яагаад хууль дүрмээсээ ухрав?

-Аливаа юманд ухаантай нь хохирч байж хорвоо оршин байдаг юм билээ.Ах дүүсийн амьдралд ч ийм. Төрт ёсны тэр том баярыг дэлхий дахинд эвгүй байдлаар харуулах, мөн ард түмнээ бас эвгүй байдалд оруулахгүйн тулд ухаантай нь тухайн асуудалд буулт хийхээс аргагүй болсон.

-Монгол бөхийг ингэж их гааруулж, алдаршуулах хэрэг байна уу даа гэсэн бодол надад төрдөг. Уучлаарай. Төрийн наадамд тав давсан нэг нөхөрт Монголын төр цол чимэг хайрлаад л, Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж өгөөд л. Ингэхийн хэрэг байна уу. Статусыг нь буулгах хэрэгтэй юм биш үү. Ухаандаа цол чимгийг нь бөхийн холбоо өөрөө өгдөг болбол яасан юм бэ. Наад бөх чинь баялаг бүтээгчид биш шүү дээ?

-Бөхийн цолыг бөхийн холбоо олгодог байсан. 2003 оноос Ерөнхийлөгч өгдөг болчихсон. Ард түмэн бөхтэй холбоотой бүх зүйлийг бөхийн холбоо мэднэ гэдэг. Наад захын жишээ гэхэд “допинг хэрэглэсэн бөхчүүддээ арга хэмжээ аваач ээ. Нямдорж хахууль авчихаад чимээгүй байна” гэдэг. Ингэж хэлж байгаад учир бий. Бөхтэй холбоотой бүхий л асуудлыг бөхийн холбоо мэдэх ёстой гэж ард түмэн үзэж, ойлгоод байгаа нь энэ. Тэгэхээр цаашдаа бөхийн цолыг бөхийн холбоо өөрөө өгдөг болох ёстой. Ерөнхийлөгч үүнээс татгалзах хэрэгтэй. Мөн допинг болоод бөхчүүдтэй холбоотой сахилга хариуцлагын асуудлыг бөхийн холбоо өөрөө шийддэг байх нь зөв. Бөх гэдэг чинь өөрөө ард түмний зүйл. Бөхийн холбоо бол ард түмний төлөөлөл болох төрийн бус байгууллага. Үүнд төр оролцох хэрэггүй.

Та сая бөхчүүд баялаг бүтээдэггүй гэлээ. Ингэж ойлгох нь бас өрөөсгөл. Урлагийнхан тэгвэл материал­лаг баялаг бүтээдэг хүмүүс үү. Жишээлбэл, төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа ямар материаллаг баялаг Монголд бүтээсэн бэ гэвэл тийм зүйл үгүй. Сувдаа жүжигчин тайз дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авчирдаг, жаргал бэлэглэдэг. Сэтгэлийн цэнгэл амссан хүмүүсийн амьдрах эрч хүч улам нэмэгдэж, цог золбоотой болдог. Ийм зүйлийг бүтээдгээрээ тэд үнэтэй юм. Бөх бол яг л үүнтэй ижил зүйл.

-Тэгвэл танаас бас нэг зүйлийг асууя. Сүүлийн гурван ч наадамд Увсын бөх түрүүллээ. Гэтэл төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Наадах чинь нэг их ач холбогдол өгөөд байхаар том зүйл биш л дээ. Манай Алтайнхан шинэ жилийн цэнгүүн юм уу, аймаг орон нутгийнхныгаа хамруулсан баяр дээр “Зулай цагаан Алтай”-гаа дуулдаг. Харин төрийн наадам дээр бол арай өөр. Монгол төрийн наадамд түрүүлсэн хүчтэнээ угтаж аваад төв цэнгэлдэхдээ “Халуун элгэн нутаг”-аа дуулбал сайхан л байх байх. Би хувьдаа ийм бодолтой байна даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь сайшаалтай ч засварын өртөг төсөв дэндүү өндөр юм биш үү?

Засгийн газрын хуралдаа­наас Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарга­сан. Түүгээр ч барахгүй яамыг нэн даруй нүүлгэн шилжүүлжэмнэлгийн үйл ажиллагааг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бэлэн болгосон байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо. Өвчин зовлондоо шаналж буй хүүхэд багачууд асрагчтайгаа шалан дээр халат дэвсэн хэвтэж буй нүд хальтрам дүр төрхийг бодохоор дээрх шийдвэр нүдээ олсон явдал боллоо гэж баярлах хүн олон байгаа. Ядаж л гаднаа машин зогсо­ход зай талбай сайтай гээд хаа хаанаа ам сайтай байна. Харин эмнэлгийн зориулалттай болгож зас­вар үйлчилгээ хийхэд 6.5 тэрбум төгрөгийн зардал шаардагдана гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

Эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэг гэдэг өрөө бүхэнд угаалтуур, хэвтрийн өвчтөнд бие засах өрөө хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ л ийм их хэмжээний мөнгө яасан ч орохгүй гэж барилга, дулааны сүлжээний мэргэжлийн инженерүүд хэлж байна. Тэр ч бүү хэл 6.5 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг канад технологиор барих төсөв гэж байгаа. Ба­риг­даад гуч орчим жил болчихсон хуучин байрыг янзалж 150-хан ортой эмнэлэг болгож байснаас шинээр хоёр зуун хүүхдийн ортой эмнэлэг байгуулбал улсын эдийн засагт хэмнэлттэй. Эмнэлгийн хүйтэн шалан дээр үр хүүхдээ тэврэн суугаа хөөрхий олонд ч нэмэр тустай баймаар. Гэвч, хамгийн гол зүйл төрийн мөнгө идээд сур­чихсан түшмэдүүдийн мөнгө угаагаад сурчихсан арга мэхтэй холбоотой санагдаад байх юм.

Улсын мөнгөний ав­дар дундуурхан, эдийн зас­гийн хямрал хаа сайгүй үргэл­жилсэн сиймхийгээр төрд алба хашигч эрхмүүд ард түмний татварын мөнгөөр хэтэвчээ түнтийлгэх арга саам зохиож байж ч мэдэх юм. 150 ортой эмнэлэгтэй болно гэдэг хэн хүний чихэнд чимэгтэй сайхан л сонсогдож байна. Албан контор байсан барилга байгууламжийг эмнэлгийн зориулалттай болгоход то­дор­хой хэмжээний төсөв шаардагдаж л таараа. Харин засварт 6.5 тэрбум төгрөгшаардагдана гэдэг дэндүү өндөр тоо, бүр нугалсан их үнэлгээ. Үнэнийг шулуухан хэлэхэд төрийн түшмэдийн шунал хэрээс хэтрээд байгаа юм байна. Аливаа төсвийг хэт зарлагадаж тэлэхээс илүү агшаах бодлого барихаас аргагүй байдалд ороод бай­хад хүүхдийн шаналангаар шоудаж мөнгө угаахыг орол­догсод иддэг, иддэг гэхэд ца­гаандаа гарчихсан юм биш үү.

Л.ЦЭНГЭЛ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

2015 оныг эдийн засгийн өршөөлийн жил болгоё

Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрсөн хавар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Эдийн засгийн өршөөл буюу ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Харамсалтай нь тэр хавраа баталж чадаагүй. Учир нь популистууд”Авлигачдыг өршөөх гэж байна. Энэ чинь шударга ёс мөн үү” гэж хашгираад гацаачихсан хэрэг. Тухайн үед сайд байсан Х.Тэмүүжин гишүүн “Монголдбайгаа хөрөнгийн тодорхой хэсэг ньдалд байдлаар эргэлддэгээс үүдэж, эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдол бий болж байна.Тийм учраас бид гаднаас хөрөнгө оруулалт татахаас гадна дотооддоо нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж айдасгүй болгоё. Бүгдээрээ нэг зураас татъя. Тэр зурааснаас өмнөхзүйлүүдэд энэ хуулиуд үйлчлэхгүй. Үүнээс хойш дүрмээрээ тоглоё.Хуулийн шинэчлэлийг ингэж хийе” гэж л ярьж байлаа.

Энэ нь юу гэсэн үг болохыг хүмүүс мэдэж байгаа. Төрийн албан хаагчдад 2006 оноос хойш нууж хаасан мөнгө хөрөнгө байдаг бол хамаагүй ил болго. Тэглээ гээд ял үүрүүлэхгүй. Цалингаасаа гадуур илүү орлого олсон гэж яс хавталзах хэрэггүй. Бүгдийг үнэнээр нь тооч, үүний төлөөшоронд явуулахгүй.Олсон эд баялаг, үл хөдлөх хөрөнгөө өөрийнх гээд хэлчихэж чадахгүй, бусдын нэр дээр бүртгүүлчихээд хулмалзаж яваа бол санаа зоволтгүй. Та нарыг өршөөлөө. Харин Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдсанаас хойш буруу зөрүү аргаар хөрөнгөжиж, хувьдаа эд баялаг завшиж болохгүй. Тэр тохиолдолд хэнд ч өршөөлгүй шүү гэсэн утга юм. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийн гол санааердөө энэ.

Дээрээс нь сэхээтэн цөөтэй манайх шиг орон цагаан захтнуудаа барьж шоронд хийгээд байх нь гарзтай учраас энэ хуулийг заавал батлах нь амин шаардлага болчихлоо. Хамгийн сүүлд гэхэдХ.Тэмүүжин гишүүн твиттерээрээ дөрвөн сая ам.доллар өгөлцөж, авалцсан баримтыг дэлгэсэн шуугиан гарсан. Үүнээс болж төрд ажиллаж байгаа нөхдүүдийн авлигын хэмжээ ийм байна гэдэг хэл ам, хараал зүхэл дуусаагүй. Хэрэв ийм баримтуудар араасаа цуваад байвал иргэдийн зүгээс энэ мэт гомдол тасрахгүй гэдэг нь тодорхой. Хүн бүхэн шударга ёс шаардана. Бие биеэ хардаж сэрдэж, гишгэх газаргүй болгоно. Идэж, уусан нөхдүүдийг шоронд хатаа гэнэ.Эцэст нь Монгол Улс цаашаа явахгүй,төр засаг оршин тогтнох аргагүй болно. Ингэж өнгөрснөөс ял асууж өөрсдийгөө зовоох нь хэнд ч ашиггүй. Тэгэхээр өнөөдрөөс өмнөавлига өгсөн, авсан ялгаагүй цөмийг нь өршөөе.Өнөөдрөөрөө амьдарч, урагшаа тэмүүлж, урьдын алдааг давтахгүйн төлөө шинэчлэл хийх хэрэгтэй болжээ.Үүний тулд л Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах шаардлага тулгараад байна.Төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө завших боломжийгхуулиар хааж өгөөд энэ цагаас эхлэн сонор соргогбайж, авлигад идэгдэхгүй байхыг эрмэлзэх нь монголчуудын ирээдүйн хөгжилдтустай.

Харамсалтай нь Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ намрын чуулган эхэлснээс хойшхэлэлцсэнгүй, Засгийн газар ч солигдчихлоо.Мэдээж хуулийн төслийг батлахад саад ихтэй, популист олонтой учраас хэлэлцэхээсээ халгаадбайж магадгүй юм. Түмэн олонд таалагдах гэсэн түшээдийн зүгээс элдэв хар үг урсгаж, УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монголын ард түмнийг авлигачдаас салгах баатрын дүрд хувираад, хэрүүл шуугиан дэгдээхээс эхлээд асуудал их.

Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалнэг давуу тал бий болгочихоод байгааг энд санах хэрэгтэй.Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хамгийн ихээр эсэргүүцэж”Авлигачдыг өршөөх гэлээ” хэмээн орилж байсан Ардын намынхан Засгийн газарт багтаж, эрх мэдэл хуваарилалтад оролцчихлоо.Тэд сайд, даргын суудалд тухалж, эрх баригч болох хүслээ биелүүлэв. УИХ-ын түвшинд ч эрх баригчдын нэг болж, мэдэлдээ байнгын хороонуудыг ч авлаа.Тиймээс Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд хаалт хийх шалтгаан тэдэнд байхгүй болсон.Энэ хуулийн төслийг дэмжих байх гэсэн олны итгэл тэднийг хүлээж байна.Зөвхөн МАН гэлтгүй Шударга ёс эвсэл ч Засгийн газарт багтсан. Үндсэндээ парламентад суудалтай бүх намууд хамтарч Засгийн газар байгууллаа. УИХ-аар хэлэлцэх хуулиудад гацах, саатах шалтгаан үгүйболсныг энэ үйлдлүүд харуулаад байгаа юм. Ийм үед УИХ Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Тэр тохиолдолд энэ парламентын, Засгийн газрын нэр хүнд өснө.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд ч төр, нийгмийн ажилд олон жил зүтгэж, сайн мууг туулж,саар муу нэр зүүж явсан хашир туршлагатай хүн учраас өмнөх сайдынхаа эхлүүлсэн хуулийн шинэчлэлийг үргэлжлүүлэх байх.Хуулийг биелүүлэхдээ үзэмжээр шийдэж ирсэн тогтолцоог өөрчлөхийн тулд хуулиа шинэчлэх байх. Энэ шинэчлэлээ Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлуулснаар эхлүүлэх биз ээ.

Үнэндээ энэ хуулийг 2014 ондоо багтаж батлах ёстой гэдэг байр суурийг эдийн засагчдын зүгээс илэрхийлж байлаа. Гэвч 2014 он нэгэнт улиран одож байгаа тул үүнээс өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг батлахгүй нь тодорхой болов. Харин 2015 онд хуулиа баталж,эдийн засгийн өршөөлийн жил болгох хэрэгтэй байна. Ингэснээр Монгол Улсайлаас гуйгаад олдохгүй байгаа их хөрөнгийг дотоодынхоо далд эдийн засгаас босгох боломжтой.Дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг дотоодоосоо бүрдүүлэх ирээдүй бий.Тэгж байж Монголын эдийн засгийг сэргээнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

П.Алтан-Од: Казиногийн тусгай зөвшөөрөл ямар үнэтэй байх, дүрмийн сан нь хэд байхыг УИХ шийднэ

Хуучнаар ССАЖ-ын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одтой ярилцлаа. Тэрээр Бооцоот морин уралдааны тухай, Казиногийн тухай хуулийг боловсруулсан хүмүүсийн нэг.

Казиногийн тухай хуулийг боловсруулах ажлыг хуучин ССАЖ яамныхан хийсэн. Хуулийн төслийн боловсруулалт ямар шатанд байгаа бол?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аяны хүрээнд хоёр хуулийн төслийг боловсруулах үүргийг манай яаманд өгсөн. Нэг нь Бооцоот морин уралдааны тухай хууль, нөгөө нь Казиногийн тухай хууль. Ингээд ажлын хэсэг гарч ажилласан. Одоогийн байдлаар Казиногийн тухай хуулийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно. Улс татварыг ямар механизмаар тооцож авдаг болох вэ гэдэг асуудлаар эргэж ярилцаад УИХ-д саналаа нэгтгэж өргөн барихаар ярилцаж байна. Бооцоот морин уралдааны хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Засгийн газраас дэмжиж төрийн бус байгууллагуудын саналыг тусгаадУИХ-д өргөн барихаар болоод байгаа. Хоёр хуулийн төслийн боловсруулалт ийм хэмжээнд байгаа.

Казиногийн хууль мөрийтэй тоглоомыг хэрхэн зохицуулах бол. Жишээ нь казиног хэн, хаана байгуулах вэ?

-Энэ хуулийг яагаад боловсруулах болсон бэ гэсэн шалтгааныг нь хэлэх хэрэгтэй байх. Улс оронд валют оруулж ирдэг тодорхой суваг бий болно. Эдийн засгаа солонгоруулах ёстой гээд олон хүчин зүйлүүдийг ярьж байгаа ч гэсэн яг үйлдэл дээрээ хэн валют авчирдаг вэ. Хөрөнгө оруулагчид уу, аялагчид уу гээд ярихаар дэлхий дээр валютын хэдхэн урсгал байгаа. Казиног Монголд хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм билээ. Яагаад гэвэл уламжлалт харилцаа, соёл, зан заншил, аялал жуулчлал дагаж хөгжих боломжтой. Ер нь цаашид Ази руу аялал жуулчлал өсөх хандлагатай байна. Хууль эрх зүйгээ сайн хийчихсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдөө бэлтгэл ажлаа базаагаад ороод ирнэ. Казиног хаана байгуулах вэ гэдгээ УИХ шийдэж байхаар оруулж байгаа. Бас тоглогч гэж хэн байх юм монгол хүн үү, гадаад иргэд үү гэдгийг ч УИХ, Засгийн газрын бүрэн эрх хэмжээнд шийдэж байх заалттай байна.

Тэгээд Засгийн газар тоглогч дээр ямар байр суурьтай байгаа юм бол. Монголчууд гадагшаа гарч тоглоод байгаа учраас дотооддоо тоглох эрхийг нь олгочихвол зүгээр биш үү?

-Ер нь бол Засгийн газраас эхний ээлжинд Монгол хүн тоглодоггүй байх ёстой гэж үзэж байгаа. Бид 90-ээд оны дундуур мөрийтэй тоглоом ажиллуулж үзсэн. Алдаа оноо сургамж байгаа учраас монгол хүн тоглуулдаггүй байхаар эхний ээлжинд хуулиа боловсруулъя гэж байгаа. Гэхдээ бүрэн эрх нь УИХ-д байгаа учраас УИХ-ын гишүүд асуудлыг мэднэ. Хууль батлагдахдаа бидний боловсруулснаас яаж ч өөрчлөгдөж мэднэ.Казиног монголчууд гадагшаа явж тоглох урсгал байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд асуудалгүй яригдахгүй нь ойлгомжтой. Ер нь бид Солонгосын туршлагыг сайн туршлага гэж үзэж байгаа. Жишээ нь Солонгос Сөүл орчимдоо өөрсдийнхөө иргэнийг тоглуулдаггүй. Бас тодорхой хэмжээний төрийн оролцоотой төрийн бус байгууллагуудын оролцоотой гэсэн казино байна. Бидний хувьд төрийн оролцоо байхгүй, хяналтын үүрэгтэй байхаар хуулийн төслөө боловсруулсан.

Казино байгуулчихлаа гэж үзье. Тоглогчоо яаж татах юм?

-Хөрөнгө оруулагчид хүнээ дагуулаад ирдэг. Тэгээд ч Монгол Улс 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилттой. Энэ үндэслэл, тооцоо судалгааг 2000 оны эхээр боловсруулж байхдаа бид дутуу тооцоолж байж. Аялал жуулчлалын дэд бүтцийг л гэхэд хөгжүүлж амжаагүй байна. Он гаргаад “It Be Berlin”-нд түнш орноор оролцох гэж байгаа. Үүний бэлтгэл ажил гээд маш их ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бүгд Монгол Улсыг гадагшаа сурталчлах хэлбэр болно. Харин жуулчид Монголд ирээд юу үзэх вэ, юу тоглох вэ, юу харах вэ, юу авч буцах вэ гэдэг нь хангалттай түвшинд биш байна. Нэг жуулчин ирчихээд дахиж ирэхгүй байгаа асуудал бидний шийдэх ажил. Тэгэхээр цаашид тусгай сонирхлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой болж таарч байгаа. Амьтан, ургамал судалдаг ч юмуу. Үлэг гүрвэл, эртний олдвор, казино гээд тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан байгаа.

Казино байгуулах болом­жит газрыг тодорхойлж, судлав уу?

-Казиног хаана байгуулах вэ гэдгийг УИХ-аар шийдүүлнэ. Ер нь чөлөөт бүсүүдэд байгуулах ёстой гэсэн олон улсын зөвлөмжүүд байна. Олон улсын туршлага ч тийм. Монголчууд зах зээл багатай, гурван сая хүн амтай. Тэгэхээр бид өөрсдөө тоглоно гэхээсээ илүүтэй Замын-Үүд юм уу, Дорнод аймгийн Халх гол сум руу гэдэг ч юмуу хил орчмыг эхэлж хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Саналыг ажлын хэсэг гаргана. Онгоц буудаг байх уу, шууд хил гардаг байх уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргадаг болно. Бас ОХУ-тай визгүй зорчдог болчихлоо. Тэгэхээр Сэлэнгийн Алтанбулаг дээр хөгжүүлэхэд ч болохгүй юм байхгүй юм билээ.

Яагаад Улаанбаатарт казино байгуулна гэхгүй байгаа юм бэ?

-Ер нь бол чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй юм билээ. Улаанбаатарт түгжрэл ихтэй. Яг хүмүүсийн тоглохоор явдаг цагт буюу 16 цагаас оройн 20 цагийн хооронд Улаанбаатар түгжрэлтэй байдаг. Тэгэхэд Солонгост хурдны, энгийн гээд хэд хэдэн замыг казино руугаа тавьчихсан. Метро хүртэл шууд очдог. Тийм замаар явж, түгжрэлгүй хүрсэн хүмүүс ямар ч стрессгүй тоглоно биз дээ. Гэтэл манайд яах вэ гэвэл замын түгжрэлд орж бухимдсаар очвол тоглолт ямар байх нь ойлгомжтой. Тийм хүн казино тоглоно, мөнгөө алдана улам л уур нь хүрнэ.

Казинод хөрөнгө оруулах, эзэмших тухайд?

-Монголын талаас 51-ээс доошгүй хувийг нь эзэмшинэ гээд заачихсан байгаа. Гэхдээ бас ийм заалт оруулчихаар хөрөнгө оруулалтын шаардлагыг давах, хөрөнгө оруулалт хийх нь эргэлзээтэй болчихно. Тиймээс энэ заалтыг авах нь зүйтэй юм байна, эсвэл хувь хэмжээг нь багасгах хэрэгтэй юм уу гээд ярьж байгаа.

Дэлхийн жишигт төрийн өмчийн казино байдаг гэсэн. Монголын тухайд төр казино байгуулах эрхтэй байх болов уу. Татварын хувь хэмжээ ямар байх вэ?

-Монголын төр хөрөнгө оруулалтад ерөөсөө оролцохгүй. Төр энэ бүхнээс хол байх ёстой. Харин эсрэгээрээ хяналт нь ойрхон байхаар хуульчлах ёстой юм билээ. Казино дээр 40-өөс доошгүй хувийн татвар авахаар тооцоолж байгаа. Макаогийн туршлагаас харахад 39 хувийн татвар авдаг юм билээ. Шууд хэлбэл казиногоос нэг удаагийн тэмдэгтийн хураамж гэж авна. Улсын тэмдэгтийн хураамжнь арван жилийн хугацаатай байж болно. Хоёрдугаарт казиногийн үйл ажиллагаа эрхэлснээрээ аль нэг салбарын асуудлыг шийдэх юмуу, хандив өгөх сан төвлөрүүлдэг юм байна, ихэнх улсад. Тийм нэг удаагийн тусламж нь 10 сая ам.даллор байх ч юм уу дүнг УИХ-аас зааж өгнө. Энэ хоёр татварыг тодорхой хугацаанд нэг удаа авах юм. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хөрөнгө оруулагч компани төлөх ёстой. Энэ нь гурван тэрбум төгрөгөөс дээш 25 хувийн татвар авдаг байхаар орох болов уу. Мэдээж НӨАТ төлнө. Онцгой албан татвар гэж төлнө. Ийм тооцооллыг хийсэн байгаа.

Казиногийн стандарт ямар байдаг юм бол?

-Казино гэж рулетны машинуудын иж бүрдэл бүхий зориулалтын өрөө тасалгааг хэлнэ гээд тодорхойлолтоор заагаад өгчихнө.

Түүнчлэн ширээгээ тоо ширхгээр зааж өгнө. Тэгэхгүй бол 50 ширээтэй үйл ажиллагаа явуулдаг байж 10 ширээтэй гэдэг ч юмуу татвараас бултах магадлалтай. Бас ганц ширээ, рулет тавьчихсан үйл ажиллагаа явуулж байвал казино гэж үзэхгүй. Жуулчин ирчихээд нэг ширээн дээр дугаарлаж тоглоно гэж байхгүй ш дээ. Тэрчлэн олон улсын туршлагаас харахад нэг дор олон казино байгуулах нь сайн зүйл биш гэж үздэг юм билээ. Жишээ нь Макао бол эдийн засгаа казино руу чиглүүлсэн ихэнх хувь хэмжээг казиногийн орлогоосоо бүрдүүлдэг учраас арай өөр бодлоготой. Солонгос болон бусад орнуудыг харж байхад нэг дор олон казино байх нь өрсөлдөөнийг хязгаарласан ашиг орлого бууруулсан дампууруулдаг тогтолцоо бий болох юм билээ. Тиймээс нэг дор олон тусгай зөвшөөрлийг өгөхгүй байх гэж бодож байгаа.

Тусгай зөвшөөрлийг авахын тулд хэдэн төгрөг төлөх вэ?

-Энэ бол судалгааны тоо шүү. Улсын тэмдэгтийн хураамж гэж бий. Үүнийг арван жилийн хугацаатай өгөх боломжтой. Ер нь батлагдаагүй тоо баримт урчаас яг тэд гэж хэлэхэд эрт байна. Ер нь бол 10 сая ам.даллор байх болов уу. Энэ бол ажлын хэсгээс хамаарахгүйгээр яригдах асуудал. Мэдээж сунгах болгондоо 10 сая ам.доллараа төлж байя гэдэг ч юмуу энэ дүнг мөн л УИХ тогтооно.

Казиног дагаж ямар бизнес үйлчилгээ түлхүү хийгдэх бол?

-Казино нэг бүсэд дангаараа үйлчилгээ явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр аялал жуулчлал, зочид буудал, ресторан үйлчилгээний газар энд ажиллах шаардлагатай болно. Тийм учраас казино бүхий энэ цогцолбор газрын 70 орчим хувь нь аялал жуулчлалын бүс байдаг. Давхар болгондоо казинотой байна гэж байхгүй ш дээ. Амралтын өрөө байна спа центер буюу массажны газар гэх мэт жуулчдын хүсдэг, таалдаг бүх үйлчилгээг казиногийн цогцолборт төвлөрүүлэх ёстой. Тухайн барилгыг 100 хувь гэж үзвэл 10 орчим хувь нь казино байж бусад нь дагасан үйлчилгээ байх ёстой.

Тэгэхээр нэг ийм цогцолборт нийт хичнээн хүн ажиллах боломжтой гэж харж байгаа вэ. Монголчуудын хувьд ажиллах боломж хэр байх бол?

-Ер нь ажилчдын дийлэнх хувийг Монгол талаас бүрдүүлнэ гэж хуулиндаа оруулж байгаа. Эхлээд гадны баг ирж монгол ажилчдаа бэлдэх ёстой. Зуун хувь хөрөнгө оруулалт хийчихээд олсон хөрөнгөө буцаагаад авч гараад байж болохгүй. Тэгэхээр бодлогоор тийм заалт хийж өгөх ёстой юм билээ. Хамтарсан компани ч юмуу энэ асуудлаар бид сангийн яамтай зөвшилцөнө.

Казино дагасан эрсдэл гэж гарах байх. Энэ бүхнээсээ яаж урьдчилан сэргийлдэг болох юм?

-Олон улсын гэмт хэрэгтэн, мөнгө угаах гэмт хэрэг, донтож тоглодог тоглогчдоос сэргийлэх тэдний эрхийг хэрхэн хязгаарлах талаар бүх зүйлийг тусгаж өгөхучиртай. Мөнгө угаах гэмт хэргийг яаж илрүүлэх, их хэмжээний мөнгөтэй болж байгаа тоглогчийг хэрхэн бүртгэх, насанд хүрээгүй хүүхдийг нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр асуудал дээр олон улсын туршлагыг судалж байгаад заалтуудыг оруулсан.

Дүрмийн сан гэж байх уу. Мэдээж их мөнгөтэй хүмүүс л энэ салбарт хөрөнгө оруулна?

-Банкны дүрмийн сан шигээр төсөөлж байгаа. Банкны дүрмийн сан 16 тэрбум байгаа ш дээ. Урьдчилсан ТЭЗҮ гээд олон ажил хийгдээгүй учраас банкныхнаас өөр дүн тавьж болохгүй байгаа. Товчхондоо бүх судалгаа хийгдээгүй байгаа учраас тэр дүнг харанхуйгаар тавьж хөрөнгө оруулагчдыг үргээх үү, инээлгэх үү гэдгээ хэлж мэдэхгүй байна. Одоогоор манайд хамгийн том дүрмийнх сантай байгууллага нь банк. Ер нь энэ салбар, энэ хуулийг нэг удаа яриад ойлгуулчихна байхгүй юм билээ. Хуулийн төсөл өргөн бариад олон хэлэлцээд эхлэхээр илүү тодорхой болох байх.

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

О.Магнай “Монголын төрд цэвэрлэгээ хэрэгтэй”

“Өдрийн сонин”-ы редакцийн уулзалтанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай оролцожбайна. “Бид ажлаа өгөхөөс нь өмнө О.Магнай даргадсанал тавьж, олон нийтэд зарласан учир гэнэт ажлаа өгсөн ч редакцийн уулзалтаа товлосны дагуу хийж байгаа юм” гэж “Өдрийн сонин”-ы албаны дарга Д.Мөнгөндалай тайлбарлав. Хэдийгээр “Өдрийн сонин”-ы редакцийн уулзалт ч хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэн асуултаа тавьж, оролцогч байх боломжтой байлаа. Хэвлэлийнхний эхний асуулт О.Магнай яагаад гэнэт ажлаа өгөх болсон, улс төрийн шахалт дарамт байсан эсэх байлаа. О. Магнай ярианыхаа эхэнд бяцхан оршил хийв. “Уулзалт өмнө нь товлогдсон байсан учраас хэвлэлээр мэдээлэл хийх сонирхолгүй байсан ч “Өдрийн сонин”-г хүндэтгэж ирлээ. Би “Өдрийн сонин”-д маш хүндэтгэлтэй ханддаг.Өөрийн ажлын зөв, буруу явж байгаа эсэхийг “Өдрийн сонин”-оос харж байдаг” гэж О.Магнай хэлсэн юм. Тэрбээр бас сайн мэдээ дуулгав. “Банкны нэг хувийн шимтгэлийг байхгүй болгохоор ШӨХТГ-ынхан шүүхдэлцсэн бөгөөд шүүх дээр ялалт байгуулсан гэнэ. Хэрэв арилжааны банкууд давжзаалдахгүй бол банкуудын үйлчилгээний хөлс гэж авдаг нэг хувийн шимтгэл түүх болох нь. Тус газрынхан 14 арилжааны банкинд Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн шалгалт хийж, цөөнгүй зөрчил илрүүлсэн юм. Арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох явцдаа тэдгээрээс зээл олгосны шимтгэл авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалууд хэт их, зарим төрлийн мэдээлэл нь давхардсан, заавал баталгаажуулах шаардлагагүй бичиг, баримтыг цөөлөх шаардлагатай гэж тус газрынхан үзсэн билээ.

Ажлаа өгсөн тухайд тамгаа авч зугтдаг албан тушаалтануудыг тэр таашаадаггүй гэнэ. Түүнчлэн шийдлийн Засгийн газар бүрдэхдээ үнэт зүйлийнх нь эсрэг өөрөөр хэлбэл сөрөг хүчингүй эрх баригч бүрдэж байгааг эсэргүүцжээ. МАН-д шүүмжлэлтэй хандаж байсан мөртлөө хамтарч засаг барьсан нь буруу гэв. Шадар сайд У.Хүрэлсүхтэй зарчим өөр, ажлын арга барил өөр гэдгээ мэдэгдлээ. О.Магнай цаашид юу хийх вэ гэдэг асуулт хэвлэлийнхний анхааралд байлаа.

-Шинэ нам байгуулна гэж хэвлэлээр жиг жуг хийж байгаа шиг юм болохгүй гэлээ. Нэгдүгээр сарын дунд үе хүртэл амрах гэнэ. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзалт хийсэн юм ч бий гэсэн. “Монголын төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Нэгнийхээ амыг албан тушаалаар хаагаад, бусад нь ч хүлээн зөвшөөрөөд сууж таарахгүй. Өнөөдөртөө тэгнэ ингэнэ гэсэн тодорхой юм алга” хэмээн О.Магнай ярилаа.

Редакцийн уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.