Categories
амьдралын-өнгө мэдээ

Тэсрэх аюултай 58 ширхэг галт хэрэглэлийг устгалаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаасан хуучны зэвсгийн үлдэгдэл болох 13 төрлийн 58 ширхэг галт хэрэглэлийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хайгуул устгалын бүлэг тэсэлж устгажээ.

Эдгээрийн ихэнх нь тэсрэх аюултай байсан бөгөөд төмрийн хог дотроос олсон байна. Энэ талаар ЗХЖШ-ын Зэвсгийн хэлтсийн дарга П.Чинзориг “Гаднаа зэвэрсэн харагдавч дотроо аюул дагуулсан энэ хогноос болж олон хүн хохирч байна. Зэс бүслүүр, гуулийг, хөнгөн цагааныг авах гэж амь насаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон олон жишээг мэддэг учир анхааруулж байна” хэмээсэн юм.

Ийм үлдэгдлүүд Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Багануур дүүрэг зэрэг гээд Орос цэргийн ангиуд байсан газраас их олддог байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хогийг булж устгах, далан босгох ажлыг хийж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сум олон нийтийн оролцооны аргаар хогийг булж устгах, далан босгох ажлыг хийжээ.

Энэхүү ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Д.Сэр-Од, Н.Атаржолоо ахлагчтай иргэдийн бүлгүүд хогийг булж устгах, хогийн далан босгох ажлын тендерт шалгарч энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Хушаат сумын төв бууриа сэлгэж, шинэ газарт нүүж ирснээс хойш эдүгээ 26 жилийн хугацаанд анх удаа хогийн цэгт хандсан ажлыг хийж байгаа аж. Олон жилийн турш хуримтлагдсан хур хогийн тархалт эрчимтэй нэмэгдэн нийт 15 га талбайг хамарсан байжээ. Энэхүү ажлын үр дүнд цаашид хог тархах байдал хумигдаж, шинээр хогийн далан үүсгэн хөрсөөр хучиж хур хогийг устгажээ. Мөн шатаах боломжтой хогийг ангилан шатаах зуух барьж байгаа аж. Түүнчлэн сумын төвийн өрх бүрийг хогийн савтай болгож, өрх бүр хогоо ангилан ялгаж хэвших ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно

Говь-Алтай аймгийн 98 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулахаар баталсан байна. Энэ жилийн аймгийн баяр наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Одоогоор баяр наадмыг зохион байгуулах комисс, хороодыг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт 15 га талбай бүхий хогийн цэгийг булж, устгах ажил эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр болсон хэлтэс, агентлагийн дарга нарын хуралдаанаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Бараат” хогийн цэгийг булж, устгах үүргийг Захирагчийн ажлын албанд үүрэг болгосон. Дархан хот байгуулагдсаны 60 жил ой ирэх сард тохиох учраас долдугаар сарын нэгэн гэхэд уг ажлыг хийж дуусгах даалгавар өгсөн юм.

Нийт 6.2 км урттай 15 га талбайд 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад гурван тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаныхан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компаниудад хүсэлт тавин харилцан ярилцсаны үр дүнд шатахууны зардлыг нь гарган өгч, уг ажлыг сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр болжээ. “Green head” ХХК, “Марал тамирын гол” нөхөрлөл, “Уулс ноён” ХХК, “Ган хүдэр орд” зэрэг компаниуд болон иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тeхникээ ашиглан хамтран ажиллаж байна.

Бараат хогийн цэгт жилд дунджаар айл, өрх, ААНБ-уудын 50 мянга орчим тонн хог хаягдал буулгадаг байна. Харин дарж булах ажил дууссаны дараа зөвхөн зөвшөөрөлтэй автомашинууд хог буулгадаг, иргэд ААНБ-ууд хог буулгах тохиолдолд заасан цэгт хаях, сар бүр шороогоор дарж булах ажээ.

Мөн цэвэрлэсэн талбайд ногоон байгууламж бий болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Учир нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг, түүнээс ялгарч буй утаа юм. Тиймээс хогийн цэгийн ойролцоо мод тарих ажлыг ирэх намраас хийх аж.



Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хөвсгөл аймагт коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 3-ны 18.00 цагаас зургадугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл хязгаарлахаар тус аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргажээ.

Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, иргэд шинжилгээ өгч нэвтрэх боломжтой байгаа аж. Мөрөн сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн Мөст суманд коронавирусийн шинэ голомт үүсч, 72 цаг хөл хорио тогтоолоо

Ховд аймгийн Мөст сумын нэг гэр бүлийн 3 иргэнээс халдвар илэрч шинэ голомт үүслээ.

2021 оны 06 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 504 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 225 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 279 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ.

Халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж нийт 285 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 2 иргэнээс халдвар илэрсэн байна. Мөст сумын 3 иргэн /нэг гэр бүлийн/-ээс халдвар илэрчээ. Мөст сумын халдвартай иргэн нь Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байгаад 05 дугаар сарын 31-нд Мөст суманд иржээ.

Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон тусгаарлалтад авсан байна. Мөн тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Халдварын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Мөст суманд 72 цагийн 0 зогсолт хийлээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.04/ байдлаар 31 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-6 бусад нь хөнгөн байна. Халдвартай 6 иргэнийг өнөөдөр /2021.06.04/ “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.04-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 146, тусгаарлан ажиглах байранд 108, гэрийн тусгаарлалтад-7, гэрийн ажиглалтад-413 иргэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гурван метр гүн нүхэнд унасан бага насны хүүхдийг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6-р гудамжинд бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20:17 цагт очиход иргэн Ө 4 настай эрэгтэйхүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховдоос Улаанбаатар хүртэл гүйх Э.Даваажамц өдөрт 40-45 км зам туулахаар төлөвлөжээ

Э.Даваажамц өдөрт 40-45 км гүйж, Ховдоос Улаанбаатар хүрэхээр төлөвлөжээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр уржигдар гараанаасаа гарчээ.

Монгол улсын Зэвсэгт хүчний анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваацамцыг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон ЗХ-ний 123 дугаар анги, Цагдаагийн газрын удирдлага, хамт олны төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь амжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргасан байна.

Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд тэрбээр өдөрт 40-45 км гүйнэ. Ингээд долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

Э.Даваажамц энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа хэмээн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймагт энэ онд 100 сая төгрөгөөр бэлчээрийн таван худаг гаргана

Завхан аймагт огт ажилладаггүй, дахин сэргээх, шинээр өрөмдөх шаардлагатай худгийн ором, тав 112 байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд сумын төв болон малын бэлчээрт нийт 642 худаг байна. Үүнээс сумын төвд 96 худаг байгаагаас 89 худаг хэвийн ажиллаж долоон худаг эвдрэлтэй байна.

Хөдөө, малын бэлчээрт 513 худаг байгаа бөгөөд үүнээс 397 худаг хэвийн ажиллагаатай байгаа. Худгуудын байршил, эвдрэлийн байдал, хэрэгцээ зэргийг харгалзан засварлах боломжтой 144 худаг байна. Өнгөрсөн хавар сумдаас авсан захиалгаар 30 гаруй худаг шинээр гаргуулах санал ирүүлснийг эрэмбэлж, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд 100 сая төгрөгөөр бэлчээрийн таван худаг говийн сумдад гаргахаар төлөвлөж, тендер зарлагдсан боловч одоогоор гүйцэтгэгч тодроогүй байна. Мал аж ахуйн усан хангамж аймгийн хэмжээнд 80 гаруй хувьтай байгаа гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймагт 32701 иргэнийг вакцины II тунд хамруулжээ

Дорноговь аймгийн ЭМГ-аас корона вирусийн халдварын эсрэг вакциныг өссөн дүнгээр нэгдүгээр тунд 41662 хүнийг хамруулсан нь нийт хамрагдах хүний 91.9 хувь, вакцины хоёрдугаар тунд 32701 хүнийг хамруулсан нь нийт хамрагдах хүний 72.2 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд нийт 15 цэгт эрүүл мэндийн байгууллагын 70 ажилтан дархлаажуулах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 416 PCR шинжилгээ авч 588 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ.

Хүмүүсийг шинжилгээнд хамруулахдаа онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал, худалдаа үйлчилгээ болон эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг түлхүү хамруулж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.