Categories
мэдээ спорт

“Дугуйтай гэр бүл”-ийн өдөрлөг болно DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг есдүгээр сарын 10-ны өдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулах гэж байна.

Амралтын өдрөө гэр бүлийн хамт дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломж хүн бүрт нээлттэй аж.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, амьдралын хэв маяг, тээврийн хэрэгсэл бөгөөд цаг, минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө болон шийдлийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхөн онцолж байна.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн “U11”, “U13” насны өсвөр үеийн улсын аварга болно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн “U11”, “U13″ насны өсвөр үеийн улсын аварга  шалгаруулах тэмцээн 2023 оны есдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно.  Харин “U13” насны тэмцээнд 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно. Тэмцээний техникийн зөвөлгөөн 2023 оны есдүгээр сарын 22-ны баасан гарагт 18:00 цагт “Ган” спорт центер дээр болно.

May be an illustration of basketball and text

Categories
спорт цаг-үе

Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай тамирчдын оролцох хуваарь DNN.mn

Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо, нийт 10 тамирчин оролцож байгаа.

Эрэгтэй:

-55 кг: Ө.Чагнаадорж

-61 кг: У.Амарбаяр,

+109 кг: Б.Муратбек

Эмэгтэй:

-45 кг: Б.Тунгалаг

-59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул

-64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин

-71 кг: Г.Энэрэл

-81 кг: М. Анхцэцэг нар өрсөлдөнө

Монголын тамирчдын тэмцээнд оролцох хуваарь:

9 сарын 7-ны өдөр Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Хонгорзул

9 сарын 8-нд Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Энхтамир

9 сарын 10-нд Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин

9 сарын 11-нд Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Энэрэл

9 сарын 15-нд Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг

9 сарын 17-нд Эрэгтэйчүүдийн +109 кг-ын жинд М.Бахберген

Categories
мэдээ спорт

Монголчууд анх удаа DOTA 2 тоглоомын төрлөөр IESF холбооны ДАШТ-д түрүүллээ DNN.mn

International Esports Association буюу цахим спортын олон улсын холбооноос зохион байгуулдаг IESF World Esports Championships тэмцээн Румын улсын Яш хотод есөн өдрийн турш болж өндөрлөлөө.

Тус тэмцээний Dota2 тоглоомын төрөлд Монгол улсыг төлөөлж оролцсон IHC esports баг аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртэв. Аваргын төлөөх тоглолтод Мьянмар улсын шигшээ багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.

Ингэснээр 2013 онд и-спортын зах зээлд нийлүүлэгдсэн Dota 2 тоглоомын төрөлд Монголын баг түүхэн дээд амжилт үзүүлж байна.

Тус ДАШТ-ий Dota 2 тоглоомын төрөлд Швед, Украин, АНУ, Египет зэрэг шилдэг 16 баг оролцсон бөгөөд Ази тивээс таван баг өрсөлдөв.

Манай улсын шигшээ баг В хэсэгт Иордан, Румын, Өмнөд Африк улсын шигшээ багтай өрсөлдөж гурван хожилтой нэгдүгээр байрт шалгарсан. Нугалааны дээд шатны шөвгийн дөрөвт Киргизстан улсын шигшээ багт 2:1 харьцаатайгаар хожигдож доод шатны шөвгийн дөрвөөс тэмцээнийг үргэлжлүүлэв.

Харин доод шатанд АНУ, Индонез, Киргизстан улсын шигшээ багийг хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу Б.Алтангинж, sancity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгөлдөр нар байв. Харин багийн дасгалжуулагчаар Forev буюу Ли Санг-дон ажилласан байна.

IESF World Esports Championships тэмцээн нь CS:GO, PUBG, MLBB, Tekken 7, Dota, eFootball, CS:GO female гэсэн төрлөөр 15 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү ДАШТ нь “В” буюу гуравдугаар чансаатай тэмцээнүүдийн төрөлд ангилагддаг байна.

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-д өрсөлдөнө DNN.mn

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн) тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо эхэлнэ. Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцох юм.

Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм. Тдруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд М.Бахберген нар дэвжээнд гарна.

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпийн дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь “Парис-2024” олимпийн наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн залуучуудын ДАШТ-д оролцсон тамирчид эх орондоо ирлээ DNN.mn

Казахстан улсын Астана хотноо 8-р сарын 21-27-ны өдрүүдэд жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд дэлхийн 45 улсын 1500 орчим тамирчид хуран чуулж, U16, U18, U21 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүсгүй ангилалд зохион байгуулагдсан учраас аль ч өнгийн бүстэй тамирчид хоорондоо таарч өрсөлдсөн нь тамирчдын ур чадварыг сорисон, туршлага нэмж өгсөн юм. Манай улсын хувьд 7-р сарын 14-21-ний өдрүүдэд эх орондоо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээний дараа манай тамирчид тасралтгүй бэлтгэлээ хангаж, Казахстаныг зорисон. Астанад манай улсаас 40 тамирчид хүч үзсэн бөгөөд нийт 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртэж 10 гаруй тамирчид медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай тамирчдын энэхүү амжилт нь залуучуудын ангилал дахь анхны түүхэн амжилт гэсэн тодотголтой байснаараа онцлогтой байв. Тодруулбал U16 насны ангилалд 73 кг-ийн жинд Б.Бат-эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь залуучуудын дэлхийн аваргад Монгол тамирчин финалд хүч үзсэн анхны удаагийнх болсон юм. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, удаахи тойргууддаа Румын, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялж, аваргын төлөө Канад улсын тамирчинтай учраа таарч хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн юм. Мөн U16 насанд манай хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн. “BB” академийн тамирчин Түвшинжаргалын Мөнхдөл ДАШТ-ий 16 хүртэлх насны -60 кг-ийн жинд Узбекистан, ОХУ, АНЭУ-ын тамирчдыг ялж хүрэл медаль хүртсэн бол “Art Souve Mongolian BJJ” клубийн тамирчин Билэгтийн Билгүүнтэй ДАШТ-ий 16 хүртэлх насны -50 кг-ийн жинд Узбекистан, АНЭУ, Кыргизстан, ОХУ зэрэг 6 улсын тамирчидтай барилдаж 5 ялж, 1 ялагдсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр U21 насны тэмцээн зохиогдож, манай улсаас 16 тамирчин хүч үзэж, Э.Сумъяабэйс, А.Цагаанбилэг нар хүрэл медаль, 6 тамирчин шагналт 5-р байрт шалгарлаа.

U21 насны ангилалд Энхбаярын Сумъяабэйс эхний тойрогтоо Канадын тамирчин Марин Жэймсийг ялж, дараагийн тойрогт АНЭУ-ын тамирчин Алсувайди Омарт ялагдаж, улмаар Израилын бөх Вачтелл Баракийг буулган авч, торгуулийн барилдаанд БНСУ-ын Ким Сеон Минийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Э.Сумъяабэйс Кыргызстаны бөх Урмак Илиазбек Уулуг илүүрхсэнээр хүрэл медалийн эзэн боллоо.Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг-ийн жинд Алтангэрэлийн Цагаанбилэг өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Герман улсын тамирчинг 8-0-ээр, удаах тойрогтоо Австрийн тамирчинг ялж, Израилын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Хүрэл медалийн төлөө Цагаанбилэг АНЭУ-ын тамирчинтай таарч 7-5-аар буулган авснаар залуучуудын дэлхийн аваргын медальтан боллоо. Ийнхүү амжилттайгаар дэлхийн дэвжээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид автобусаар 3300 орчим км-ийг туулсаар өнгөрөгч шөнө эх орондоо хүрэлцэн ирлээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

О.Солонго: Манай тамирчид олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн үйлдэл гаргаагүй DNN.mn

Волейболын спортын дасгалжуулагч, спортын мастер О.Солонготой ярилцлаа.


 

-Өнгөрсөн өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын наадам боллоо. Волейболын багийн тамирчид мөнгөн медаль зүүлээ. Дасгалжуулагчийн хувьд сэтгэл хангалуун байна уу?

-Манай тамирчид ганцхан сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаад л тэмцээнд оролцсон эмэгтэй шигшээ баг мөнгө, эрэгтэй нь хүрэл медаль зүүлээ. Манайхан өөрийн талбайдаа байгаа боломжоо дүүрэн ашиглаж тоглолоо. Цаашид Азийн хэмжээнд гарч өрсөлдөх боломжтой нь энэ тэмцээнээс харагдлаа. Илүү түвшин ахихад өөр зэрэглэлийн дасгалжуулагчид хэрэгтэй болов уу гэж харлаа. Яг энэ тэмцээний тухайд шигшээ багийн дасгалжуулагч байгаа нөөц боломжоо тултал ашиглаж сайн амжилт үзүүллээ.

-Волейболын спорт арай өөр түвшинд гарч ирэв үү?

-Монголын зарим тамирчид гадаадын лигүүдэд легионероор тоглодог боллоо. Б.Батсуурь, Г.Баярсайхан гээд залуус тоглож байна. Энэ бол хөгжиж байгаагийн нэг баталгаа мөн. Гэхдээ Азийн түвшинд очиж өрсөлдөхөд багадаа 2-6 жилийн хугацаа хэрэгтэй. Волейбол өөрөө багийн спорт. Дээд зэргийн ойлголцол шаардлагатай. Бүр багаас нь хамтад нь бэлтгэж байж л амжилт гаргаж болно. 8-9 настайгаас нь хэдэн хүүхдийг хамт бэлтгэсэн хүүхдүүд баг болж тоглох нь амжилт гаргах илүү магадлалтай. Илүү ойлголцоно гэсэн үг л дээ. Олон улсад ч сайн багийн суурийг ингэж л бэлддэг.

Манайд бол энд тэнд бэлтгэгдсэн хүүхдүүд баг болохоороо хэн нэг нь тодрох гээд байдаг талтай. Хоорондоо сайн ойлголцдоггүй.

-Шинэ түвшинд гарахад системтэй бэлтгэл хэрэгтэй гэж хэлж байна уу, та?

Тийм. Бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр манайд тийм боломж алга. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчид л олон улсын тэмцээнд оролцож байна. БНСУ болон БНХАУ-д зөвхөн волейбол тоглож, бэлтгэлээ базаагаад явдаг. Бүх зүйлээ зөвхөн волейболд зориулдаг. Зөвхөн бэлтгэлээ хийгээд явах боломж өнөөдөр манайд байхгүй байна. Цогцоор нь харж бодлогоор хөгжүүлэх нь хэрэгтэй гэж хардаг юм. Өнөөдөр манайд яг мэргэжлийн тамирчин болохоор зорьж волейболын бэлтгэлд очдог хүүхэд хэд болдоо. Тун цөөхөн байх. Төлөвшил олж авах, цагийг боловсон өнгөрүүлэх гээд олон төрлийн л зорилготой. Яг мэргэжлийн тамирчин болж, олон улсад гарна гэх зорилготой хүүхэд бараг байхгүй. Жишээ нь жүдо бөхийн бэлтгэлд орж буй тамирчин олимпын аварга болно гэж хэлдэг. Волейболд орж буй хүүхэд тийм биш.

-Сая эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөөх тоглолтын өмнөхөн БНХАУ-ын багийн эсрэг гаргасан үйлдэл шүүмжлэл дагууллаа. Олны шуугиад байгаа шиг тийм ёс зүйгүй үйлдэл үү?

-Хэвийн л үзэгдэл. Үүнд ач холбогдол өгч зохион байгуулалттайгаар дайрч байгаа үйлдлийг би ойлгохгүй байгаа. Бие халаалтын үеэр л давуулалт гүйцэтгэсэн төдий шүү дээ. Олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн асуудал огт биш. Угаасаа л торны хоёр талд зогсож байгаад л бие халаалтаа хийдэг спорт. Энд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал огт байхгүй. Ёс зүй гэдэг өөрөө волейболын спортоос үүдэлтэй. Манай багийн охидоос тийм зүйл гарахгүй. Үүнд эргэлзэж шүлсээ үсчүүлээд хэрэггүй ээ. Ядаж зааланд очоод нэг өдрийн бэлтгэлийг нь анзаарвал таны амнаас тийм үг гарахгүй л болов уу.

-Ёс зүй волейболын спортоос үүдэлтэй гэв үү, та?

-Тийм. Япончууд ёс зүй, хариуцлагаараа гайхагддаг улс. Энэ нь волейболын спорттой холбоотой гэж хэлж болно. Учир нь Японы волейбол үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Манайхан хоорондоо бөх барилддаг шиг Японд волейбол тоглодог. Тэдний дундаж наслалт өндөр байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Манайд волейболын спортоор дагнаж хичээллэдэг хүүхэд хэд байна вэ?

-Нэг үеэ бодоход түгээмэл болсон. Волейболын лигийн тэмцээний үеэр зааланд хөл гишгэх зайгүй олуулаа цуглаж үзэж байна. Ур чадвар нь ч тодорхой хэмжээнд ахисан талаар би онцолсон. Үүнийг дагаад хичээллэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ бол сайн мэдээ.

-Волейболын бэлтгэлд тодорхой хугацаанд хамрагдсан хүүхэд нийгэмд ямар иргэн болж төлөвших вэ?

-Хамгийн чухал нь эрүүл мэнд. Системтэй бэлтгэлд хамрагдсан хүүхэд эрүүл чийрэг бие бялдартай болно. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэсэн үг. Хоёрдугаарт ёс зүй. Би бус, бид гэсэн сэтгэхүй волейболоор хичээллэсэн хүүхдэд тодорхой хэмжээнд сууж өгдөг. Хамгийн чухал нь бусдын өмнө хариуцлага хүлээх, алдаагаа ухамсарлаад явах чанарт суралцдаг. Өнөөдөр ийм хандлага их ховор болсон шүү дээ. Алдаа дутагдлыг бусдаас л хайгаад, бусад руу буруу чихээд байдаг. Багийн спортоор хичээллэсэн хүүхдээс ийм зан бараг харагддаггүй. Волейболын заалаар алхсан хүүхэд бүр шигшээ багт хамрагдаж, олон улсын тэмцээнд оролцох алба байхгүй. Тийм боломж ч байхгүй. Ажил дээр гараад багаар ажиллахад гологдоод, ад үзэгдээд байхааргүй тийм ёс зүйг волейболын заалаас авна. Одоо үед бол хамгийн чухал үнэлэмж нь болсон гэж хувьдаа хадаг юм. Энэ спортын өөр нэг гоё чанар нь хамт олныг нэгтгэдэг. Албан байгууллагаараа заал аваад волейбол тоглоход ямар сайхан уур амьсгал бүрддэг гэж санана. Ийм соёлыг албан байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй санагддаг

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж: Хүмүүсийн нүдэнд итгэл, урам зоригийн гэрэл дүрэлзэн бадарч байгааг харах л хамгийн том шагнал DNN.mn

 

Монголын спорт аяллын холбоо” хэмээх их айлын түүхт 30 жилийн ойг энэ сарын дундуур тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ байгууллагын тулганы галыг үүсгэн бадрааж хамт олныг 30 жил тасралтгүй удирдан чиглүүлж, ачааны хүндийг үүрч ирсэн, тэдний тодорхойлсноор Монголын спорт аяллын амьд түүх, аяллын эцэг хэмээн хүндлэгдсэн домогт аялагч, гарамгай зохион байгуулагч, адал явдалт аяллын мастер хөтөч, ОУХМ, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Жияандоржтой ярилцлаа.

-Спорт аяллаар хичээллэж байсан үе үеийн тамирчид, шавь нар тань таныг “Синдбат” хэмээн хочилдог гэж дууллаа. Яагаад ийм хоч зүүх болов?

-Монголчууд усыг ус л гэж мэдэхээс спорт гэж олж хардаггүй байсан тэртээх 1978 онд анх усан замын спорт аяллыг нөхдийн хамт санаачлан үүсгэж МХЗЭ-ийн Төв хорооны тогтоолоор “Цэнхэр замын аян” нэртэй клуб байгуулан ажиллаж энэ хугацаанд итгэлт нөхдийнхөө хамтаар эх орныхоо Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Идэр, Тэс, Онон, болон Оросын холбооны Буриадын Сэлэнгэ мөрөн, Эркүт зэрэг гол мөрнөөр 20 гарй мянган км замыг туулж улс, олон улс, хяналт шалгалт, спортын тэмцээн уралдааны чиглэлээр олон арван арга хэмжээ зохион байгуулж 30 гаруй жил аялахдаа эр зориг, залуу насны тэвчээр хатуужлыг шалган сорьж, амь өрссөн нэг биш удаагийн саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Үүнээс л намайг тэгж нэрлэх болсон болов уу.

-Таныг дагасан бүхнийг “Нойл номерын тэнэгүүд” гэж аялагчид, адал явдал сонирхогчид хэлдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Хорь гаруй жилийн тэртээ юм уу даа. Дүн өвлийн хүйтэн тачигнасан хоёрдугаар сард Бага Хэнтий нурууны салбар уулсаар битүү цас хунгарлаж буга, гөрөөс идэш хоолгүй олноороо үхэж хорогдож байлаа. Тухайн бүед БОАЖЯ-ны шугамаар миний удирдлага дор 40 шахам ахмад тамирчид Бурхан халдун руу зорьсон. Хунгар цас туучин хэд хоног уулын суга, салаа, хоолой бүрд тэжээл өвс, бордоо тараахаар явган явлаа. Бидний араас нэмэлт тэжээл хүргэхээр хүчтэй машин, дулаан хувцсаар иж бүрэн тоноглосон яамны хэсэг нөхөд замдаа цасанд суун хээр хонон, осгохоо шахаж. Ингээд тэд очих замдаа зам зуураас хэдэн хүний хөлдүүс олох бол гэлцэн ярьцгаасан байна. Зарим нь ийм ажил санаачилсан Жияандорж, түүнийг нь дэмжсэн яамны сайд хоёрын тэнэг, мулгууг гайхаж өдөр шөнөгүй цас ухаж зүтгэсээр өглөө эрт хүрэлцэн очиход нөгөө хөгшид нь майхан, майхныхаа үүдэнд гал түлчихсэн хөлс, уур цан савсуулан хөлдүү зам дээр бүжиглэж, дуулж байгааг хараад нэг нь “Монголын нойл номерын тэнэг бол яах аргагүй Жияандорж гуай юм байна” гэхэд нөгөөх нь “Тэр нь ч тийм нь тийм ээ… гэхдээ түүнийг дагаж яваа хүмүүс бол нойл номерын тэнэгүүд гарцаагүй мөн” гэсэн яриа гарч, нийтэд түгсэн байдаг юм билээ. Түүнээс хойш намайг дагасан бүхнийг нойл номерын тэнэгүүд гэцгээх болсон доо.

-Таны хувьд нийтийн биеийн тамир, спорт, байгаль хамгааллын чиглэлээр хэд хэдэн холбоог үүсгэн байгуулсан намтартай. Энэ талаараа болоод өдий хэр хугацаанд бэлтгэсэн, хичнээн шавьтай болсон байна вэ?

-Бид хөгжил дэвшил хэмээн хэт том асуудлаар хөөцөлдөх хэрнээ хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлэх, сэтгэлийн ганцаардлыг арилгах, нийгмийн идэвх урам зоригийг дээшлүүлэх наад захын ажлаа яам тамгаараа, газар хэлтсээрээ хөдлөөд шийдвэрлэж чаддаггүй. Хэрэгжэхгүй хоосон тогтоол шийдвэрүүд бие бие рүүгээ шидэн нам, намаараа талцан хулгайч, худалчаараа дуудалцаж хэдэн арван сая, тэрбумаар нь идэж шамшигдуулж байна. Миний хувьд Монголын Ногоонтны хөдөлгөөн, Монголын Спорт аяллын холбоо, Монголын Каноегийн спортын холбоо, Загасчлах спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо гээд иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагуудыг үүсгэн байгуулж, төр улсын ямар ч төсөв, санхүүжилт цалин хөлсгүйгээр санаа нийлсэн сайн нөхдийнхөө хамтаар аль алиныг нь жигд хөгжүүлж ирсэн. Үүнийхээ үр дүнд нийгэмд мартагдаж орхигдсон олон зуун хүнийг амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгож, эрүүл мэнд, бие бялдар,амьдрах ухааны хүмүүжлийг нь дээшлүүлэн, сайхан хамт олны эгнээнд нэгтгэж, олон зуун айл өрх, мянга мянган хүнд эрүүл өөдрөг, баяр баясгаланг олгож ирлээ. Дээрх холбоодын спортын цол зэргийн нормыг боловсруулан батлуулж Монголын спортын салбарт спорт аяллын 450 гаруй спортын мастер, дэд мастер, 60 гаруй улсын шүүгч 30 гаруй адал явдалт аяллын хөтөч, Нийтийн бүжгийн спортын олон зуун багш, сургагчдыг бэлтгэн гаргаж, гол ус, гал түймэр, аяллын осол аваар, араатны аюулаас хүмүүсийн амийг аврах явдал нэг бус удаа тохиолдож байсан.

-Нийтийн биеийн тамир, спорт гэдэг нийгмийг эрүүлжүүлэх голлох салбар. Тэр утгаараа таныг болоод танай хамт олны ажил үйлийг төр засаг хэрхэн дэмжиж байна вэ?

-Бидний амьдарч буй зуун нь хүний нийгэмд шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн эрин үе болон мөнхөрч байгаа. Гэвч байгалийн бохирдол, гамшиг, эрсдэл, хүмүүсийн эрүүл мэндэд учруулж байгаа хор нөлөөгөөрөө урьд өмнө байгаагүй аюул түгшүүрийн харанга дэлдсэн зуун гэж хэлж болохоор. Ард иргэдээ гай гамшигаас хамгаалах, эрүүл мэндийг дээшлүүлэх асуудал бүх улс орнуудын төр засгийн шүдний өвчин болж байна. Хоёр жилийн өмнө дэлхийг нөмөрсөн аюулт Ковидын гамшиг ч хүн төрөлхтөнд том сургамж, анхааруулга өглөө. Манай орон ч үүнээс тойрсонгүй. Ард иргэдээ, хүүхэд залуучуудаа эрүүл байлгах хамгийн чухал арга хэрэгсэл бол нийтийн биеийн тамир спорт, байнгын хөдөлгөөн, цэвэр байгаль, цэнгэг агаар юм. Түүнээс биш эмнэлгийн ор, эм тарилгын тоог нэмэгдүүлэх бус спорт заал танхим, клуб, байгальд аялагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийг нь төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж дээрх холбоодыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаараа батлан харуулах гэж чадлаараа л тэмцэж хэлж ярьсаар ирлээ. Монголын үе үеийн төр засгийн удирдлага УИХ ч гэсэн “Ард иргэдийн эрүүл мэнд, эмийн бус эмчилгээ, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлнэ, дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Гэвч сонгууль өнгөрөөгөөд мартаж орхидог гэмтэй. Түүнийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөр орон тоо санхүүжилт нь батлагдсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, БТС-ын байгууллагууд, засаг захиргааны нийгмийн бодлогын хэлтсүүд нийгмийг, нийтийг хамарсан арга хэмжээг бус тулга тойрсон, өнөө маргаашаа бодсон цөөн хэдэн хүнийг хамрах заалны, тоглоомын чанартай спортуудаар хөөцөлдөн аргацааж ирсэн нь нууц биш. Өөр ажил, эрүүл байгаль дээр олныг хамарсан арга хэмжээг удирдан зохион байгуулна гэхээр тэдэнд нар салхи үзсэн, заавар зөвлөлгөө өгөх, манлайлан оролцох бэлтгэгдсэн боловсон хүчин байдаггүй учир аль болохоор зайлсхийдэг. Гэхдээ хийх ажлынхаа нийгмийн ач холбогдол, үр нөлөөг тодорхой бичиж тэдний үүрэг зорилго, мөрийн хөтөлбөртөй нь холбон тайлбарлаж яривал илт эсэргүүцдэг, хааж боодог байгууллага байгаагүй шүү. Ажил хариуцсан хүмүүсийн хөөцөлдлөгөө, сэтгэл зүтгэлээс хамаарна. Ковидын гамшиг үр нөлөөгөөр ч гэх юм уу, сүүлийн жилүүдэд манай төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамир спорт, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Эрүүл монгол” үндэсний хөтөлбөр, илүүдэл жингүй эрүүл монгол, “Эерэг хандлага эрүүл нийгэм” зэрэг аянуудыг өрнүүлж бидний олон арван жил ярьж, тэмцэж ирсэн асуудал ийнхүү төр засгийн анхааралд орж, Спорт аялал, Нийтийн цэнгээнт бүжгийн хөдөлгөөнийг дэмжих, дэлгэрүүлэх талаар ярьдаг, орон нутгийн салбар зөвлөлүүдэд дэмжиж тусалдаг, бидний ажлыг сайны жишээнд оруулдаг болсонд нь баярлаж, анхнаасаа буруу замаар яваагүй юм байна гэдэгтээ бахархан омогших болсон.

-Баавгайтай тулалдаж явсан гэдэг домог шиг яриа байдаг, үнэн үү?

-Тулалдаад байх нь ч юу юм бэ. Гэхдээ хөвчийн эзэнтэй хоёр ч удаа нүүр тулж бурхны авралаар мэнд гарч байсан. 1986 оны намар Дарханы хүрээлэнд ажиллаж байхдаа Шарын голын худалдааны ангид шинэ ургацын ногоо тушаах, гэрээ хийх ажлаар жолооч Б.Ганбатын чиргүүлтэй Зил-130 машинаар төмс ачаад явж байлаа. Дарханы сангийн АА-н тариан талбайд сүрэл эргүүлж байсан хүүхэд эмэгтэйчүүд голдуу 100 орчим хүмүүсийг өнгөрөөд явж байтал эгц урдаас ирж байгаа хорхойтсон том хар баавгайтай зам дээр халз тулгарсан юм. Энд тэндгүй бухалдсан сүрэл дотор байгаа хүмүүс түүнийг анзаараагүй байдаг. Өчнөөн хүн хядчих байх даа гэсэн бодол зурсхийж жолоочтойгоо зөвлөн, энэ нөхрийг замаас гарган уул уруу буцааж хөөе гэлцээд чиргүүлээ яаралтай салгаж орхиод машинаараа урдуур нь хэрэн дуут дохио өгсөөр хөөх гэтэл нөгөөх чинь замаасаа бага зэрэг холдон польний нойтон шороонд орж хэвтчихээд босдоггүй. Бүр ойртоод очих гэхээр төмс ачсан машин нойтон шороонд суучих гээд явдаггүй. Амьтан айлгах буу шийдэм, зэвсэг болчих зүйл юу ч байгаагүй. Олон хүнийг араатны хоол болголтой нь биш ямар нэгэн аргаар зайлуулах, эсвэл устгах хэрэгтэй гэсэн ганцхан бодол байсан. Тэгээд би бууж анхаарлыг нь сарниулж босгохыг бодъё. Чи машинаараа дайруул гэж жолоочдоо хэлтэл саяхан гэрлэсэн, нялх нойтон хүүхэдтэй, амьдармаар байна, би чадахгүй даргаа гээд дээр ачаан дээрээ гараад суучихлаа шүү. Тэр залуугийн буруу ч гэж юу байхав. Өөрөө жолоон дээр сууж хойш, урагшаа холдож, ойртон дуут дохиогоо орилуулсаар байтал нөгөөх тань өндийгөөд хоёр хөл дэрээ босоод урдаас ирдэг юм. Тэгэнгүүт нь хүчээ аваад дайруултал тас няс овос хотос болоод л явчихлаа. Би ч карданаа татан зогсож таван тн төмстэй машинаар дайруулсан байхад үхсэн байж таарна гэж бодоод манивилаа барин буулгүйгээр доошоо тонгойж харвал харагдах зүйл алга. Аяархан буугаад урдуур тойртол бас юу ч байдаггүй. Буруу талаараа гэтсээр гараад иртэл польний нойтон шороонд төдийлөн хүч авч чадаагүй машинд сулхан мөргүүлсэн болохоор зайлж гарахдаа нэг талын хөл, хаагаа дугуйнд даруулж түр муужирсан нөгөө араатан чинь, бурхан минь жигтэйхэн муухай орилон босох гээд зүтгэхэд машин данхалзан, дарагдсан хөл нь сугарвал өвдөж улангассан амьтан бүхнийг дуусгана гэсэн бодол төрж жолоочийн урд хайрцагт байсан төмрийн хөрөөний хугархайг хар лентээр ороосон хутгархуу юмыг бариад, пиджак, зангиагаа тайлж хаяад нуруун дээр нь мордчихов оо. Аминдаа зүрхэнд нь цуслах гэж байгаа ухаантай. Гэтэл нөгөө муу хутга шүү юм чинь гулжиганаад арьсыг нь ч нэвтэлдэггүй. Нөгөө гайхал чинь хүзүүгээ эргүүлэн миний нүүр өөд харан орилоход, дууны чанга, амны том, өмхий гэж жигтэйхэн. Баавгай бахирахад адуу шээс алддаг гэж үнэн юм шиг байна лээ. Аманд нь өртчихгүй санаатай хоёр тийшээ займчин нугаслахаар шийдэн хүзүүг нь хөрөөдөж эхэлсэн. Бүдүүн хурууны чинээ зузаан арьс нь дийлддэггүй. Хөрөөдөөд байдаг, амьдаараа хөрөөдүүлж буй амьтан ямар олиг байх вэ. Хар тэнхээгээрээ бахираад эрүү шүд нь нүдэн дээр тачигнан зүтгээд, нойтон шороон дээр дарагдсан хөл нь аажмаар сугарсаар ганц тавхай нь үлдсэн байдаг. Орилуулж хөрөөдсөөр байгаад арайхийж нугасыг нь гарган тасалтал халуун цус нүүр рүү олгойдон сад тавьж, бүх бие нь чичрээд амь тавихад миний хамаг хөлс асгарчихсан албаны даргын шинэхэн цагаан цамц цус, шавар хөлсөнд битүү будагдсан амьтан босоод хөлсөө арчин амьсгаа авч эргэн тойрноо харлаа. 200-300 м-ийн зайд хэд хэдэн том бага машинтай хүмүүс ирээд, алсаас хараад зогсчихсон, янз бүрээр л орилж чарлаж байсан юм билээ. Би сонсоогүй. Тэгээд монголчуудын ганц сайн чаддаг цуурхал, цуурай гээч нь надаас түрүүлэн Дархан хотоор нэг тарж, галзуу баавгайтай барилцан дээр, доороо орон ноцолдож байгаад хутгалж алсан гэнэ… гэж хотоор нэг яриа болсон доо.

-Таныг тэнгэртэй ярилцдаг, лусын хамаатан гэсэн хошигнол яриа байх юм?

-Олон жилийн турш урт холын янз бүрийн аялалд явж байхад бороо, цас, үер, ус ихэнх тохиолдолд бидний араас нэхэж яг аялал дууссан өдөр буюу маргааш нь тэнгэр хангай сүр хүчээ харуулж эхэлдэг болохоор манайхан намайг элдвээр хөөргөж байхгүй юу. Би ч цаашлуулаад л… Хэлсэн ярьсныг үг дуугүй биелүүлж, хэд гурван юм гар дээр тавих юм бол тэнгэр хангайтай санал солилцож болох юм гэж наргидаг. Энэ бол зүгээр л аяллын хөөрхөн наргиа. Эх орон газар нугаа танин мэдэх, хайрлан хамгаалах, мэдсэн сурснаа хүмүүст түгээж үлгэрлэн дагуулах, хүмүүсийн сэтгэл зүрх өөрийгөө ялж, ялан дийлснээрээ бахархан баярлахыг харах, аялагчийн амаргүй амьдрал бол миний шунан дурласан нэг насны ажил. Тийм болохоор өөр ажил албан тушаал, эд хөрөнгө юуг ч бодож явсангүй. Хүн ажилдаа дурлаж түүний төлөө мөрөөдөж, шаналж, зүдрэлийг үзэж, зовлон жаргалыг хуваалцах нөхдөдөө итгэж, тэднээрээ дэмжүүлж байж амжилт гаргана. Хамтран зүтгэгч хань нөхөдгүй бол би хэнсэн билээ. Би хамт олондоо, аялагчдадаа итгэдэг, тэд ч надад итгэдэг. Зөн мөрөөдөл, итгэлгүй бол удирдагч байж чадахгүй.

Categories
спорт цаг-үе

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо DNN.mn

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах сорилго барилдаан боллоо.

Барилдаанаар ДАШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн тамирчид тодорсон байна.

Чөлөөт бөхийн 2023 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотод есдүгээр сарын 16-24-ний хооронд болно.

Эрэгтэй

  • -57 кг: Занданбудын Занабазар – 2 дахь удаа
  • – 61 кг: Нармандахын Наранхүү – 2 дахь удаа
  • -65 кг: Төмөр-Очирын Тулга – 4 дэх удаа
  • -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн – 2 дахь удаа
  • -74 кг: Олонбаярын Сүлдхүү – 2 дахь удаа
  • -79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж – 2 дахь удаа
  • -86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ – 3 дахь удаа
  • -92 кг: Ганбаатарын Ганхуяг – 3 дахь удаа
  • -97 кг: Балтмөнхийн Бадамдорж – анх удаа
  • +125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – 3 дахь удаа

Эмэгтэй

  • -50 кг: Долгоржавын Отгонжаргал – 3 дахь удаа
  • -53 кг: Бат-Очирын Болортуяа – Г.Отгонжаргал нарын ялсан нь
  • -55 кг: Чинболдын Отгонтуяа – анх удаа
  • -57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд – 2 дахь удаа
  • -59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа – 3 дахь удаа
  • -62 кг: Пүрэвдоржийн Орхон – 2 дахь удаа
  • -65 кг: Түвшинжаргалын Энхжин – 2 дахь удаа
  • -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа – 3 дахь удаа
  • -72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаа
  • -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам – 2 дахь удаа
Categories
спорт

Ихэр охид 100 буудалт даамын улсын аваргаас алт, хүрэл медаль хүртжээ DNN.mn

Энэ жилийн 100 буудалт даамын УАШТ Ховд аймагт зохион байгуулагдаж, эмэгтэй төрөлд хоёр ихэр тамирчин оролцож нэг, гуравдугаар байрт шалгарчээ.

Тодруулбал, Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн бол түүний ихэр Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин 19 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Б.Анужин нь 2022 онд УАШТ -ээс хүрэл медаль хүртэж байсан бол Б.Мөнхжин нь 2018 онд 14 насандаа УАШТ-нд аваргалж, 2016, 2019 онуудад хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байжээ.