Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Парис-2024 паралимпийн наадамд оролцох эрхээ авлаа DNN.mn

Олон улсын таеквондогийн холбооноос “Парис 2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг албан ёсоор зарлалаа.

Манай улсаас дэлхийн таван удаагийн аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав нар багтжээ.

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ паралимпын наадамд хоёр дахь удаагаа, У.Сүрэнжав анх удаа оролцохоор болж буй юм.

Categories
мэдээ спорт

Парисын олимпод оролцох эрхээ авсан Монгол тамирчид DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 192 өдөр үлдлээ. Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн Токиогийн олимпод 10 спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар найман монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

  • О.Есүгэн /буудлага/
  • Э.Даваахүү /буудлага/
  • Н.Баяраа /буудлага/
  • Б.Отгонболд /байт харваа/
  • О.Есүгэн /бокс/
  • С.Жамбалжамц /дугуй/
  • Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
Categories
мэдээ спорт

Хорвоод ганцхан “Kaiser” Беккенбауэр DNN.mn

Германы хөлбөмбөгийн оройн дээд домог болох хөлбөмбөгч Франц Антон Беккенбауэр өнгөрөгч долоо хоногт нас нөгчлөө. Түүний энэ дэлхийд өнгөрөөсөн 78 жил хэтрүүлж өгүүлэхэд эхний өдрөөсөө эцсийн хором хүртлээ хөлбөмбөг хэмээх шидэт спорттой нягт холбоотой байж зөвхөн амжилт ололтоор жигүүрлэгдэн дэлбээлж явлаа гэмээр санагдах юм.

1990 онд Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэн алтан медаль хүртэх мөчид тоглогчид бултаараа баярлаж хөөрцөглөн талбай тойрон гүйж байхад тус багийн ахлах дасгалжуулагч Франц Беккенбауэр бусдаас тусдаа, ногоон зүлэгний төв хавьцаа хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд юу ч болоогүй мэт хээв нэг зугаалсан шигээ алхаж яваа дүрсийг огт мартдаггүй билээ. Түүнээс өмнө ба түүнээс хойш ч гэлээ ийм сэтгэлийн хөдлөлгүй Ерөнхийг харж байсангүй. Хожим сэтгүүлчид та яагаад тийм амар амгалан байв аа гэсэн асуултад “би ийм агшныг тэртээ 1974 онд амсчихсан шүү дээ” гэж хариулсан байдаг юм. Энэ бол түүний бодит шинж чанар, ажлыг төгс дуустал нь хийгээд дараагийн зорилгоо үргэлжлүүлээд эхлүүлдэг, бодож төлөвлөж, өөрийгөө завгүй байлгаж чаддаг нэг ёсондоо нөгөө мөнхийн хөдөлгүүртэй герман машины тусгал мөн бөлгөө. Ер нь Беккенбауэр бол Германы хөлбөмбөгийг машинтай зүйрлүүлэх эхлэл, уламжлалыг тавьсан хүн. 1945 онд дайны дараахан үйрч сүйдсэн Герман улсад, тэр тусмаа Мюнхэн хотод төрсөн тэр яалт ч үгүй “Бавари” багийг хөлбөмбөгийн оргилд хүргэх тавилантай байсан гэмээр. 13 настай хүүг ширэн бөмбөг овоо өшиглөөд гүйж явах үед төрөлх хотод нь “Мюнхэн-1860” гэдэг баг оройлдог байсан болохоос өнөө цагийн алдарт “Бавари” сураггүй байжээ. Тэр ч “Мюнхэн-1860”-д багтана гэдэг мөрөөдөлтэй байсан ч гэлээ нэгэн удаа уг багийн хүүхдүүдэд зодуулснаасаа хойш “Бавари” руу дүрвэсэн гэдэг. Хэдхэн жилийн дараа шинээр байгуулагдсан Бундеслигт “Бавари” багийн анхны түрүүг авчирсан, баталсан, багийн ахлагч болсон, дахин өчнөөн түрүүлсэн, Европын цомуудыг хамж эхэлсэн гээд л урт түүх бичигдэнэ. Бас шигшээ багтаа дуудагдаж хүрэл, мөнгө, алт гээд ДАШТ-ий бүх тавцанд өөрөө ч зогссон, өрөөлийг ч зогсоосон. Ер нь ДАШТ-ий алтыг тоглогч, дасгалжуулагчийн хувиар хүртсэн гуравхан хүний нэг шүү дээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог шагнал буюу “Алтан бөмбөг”-ийг хоёронтоо хүртсэн цорын ганц хамгаалагч. Тэр довтлогч, хагас хамгаалагч биш зүгээр л тэр бүр олны анхаарал, халамжид байдаггүй хамгаалагчийн байрлалд тоглодог байсан товарищ гэдгийг мэдэх үү.

Тоглох тоглохдоо чөлөөт хамгаалагч буюу либерог сэдсэн, боловсруулж хөгжүүлсэн хүн. Түүнээс өмнөх үеийн хамгаалагч хүн гоол алдахгүй байж ерөнхийдөө бөмбөг олдвол урагшаа цөлдөг уламжлалтай байсан бол Беккенбауэрын ачаар хамгаалахаас гадна довтолгооныг аль талаар зөв эхлүүлэх вэ гэдгийг анхлан шийддэг чухал хүмүүс болон өөрчлөгдсөн гэдэг.

Хорвоод түүн шиг очсон газар, баг болгоноо аварга болгож оройд гаргаж явсан хөлбөмбөгч, дасгалжуулагч нэг ч байхгүй. Өнөө цагийн дасгалжуулагчид шиг мөнгөтэй багт хүссэн хөлбөмбөгчөө худалдаж аваад алдрын оргилд хүрээгүй шүү гэдгийг Францын “Олимпик” багийн түүх, ядарч хөгширч явсан ч Германдаа гэдгээ баталсан “Гамбург” багийн тэр жилийн аваргын алтан медаль батална. Тэр хөлбөмбөгийн талбайд, талбайн гадна эзэн хаан байлаа.

Тийм ч учраас тавин жилийн турш эзэн хаан буюу “Кайзер” хэмээх хочийг нэртэйгээ хамсруулаад хэрэглэж амьдарчээ. Тэр хочийн талаар бас хэд хэдэн хувилбар яригддаг. Өөрийнх нь баталснаар бол Австрийн Вена хотноо байх Франц Иозеф I (Австрийн кайзер)-ийн хөшөөний хажууд 1968 онд авахуулсан зургаас нь хойш түүнийг “кайзер” хэмээн авгайлах болсон гэдэг юм билээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн Дэлхийн цомд түрүүллээ DNN.mn

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ.

Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж байна. Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байсан юм.

May be an image of knife and text

Энэ тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон “Сутайн бор” клубийн багийн бүрэлдэхүүнд спортын мастер О.Сайханжаргал нэгдэн, хамт оролцохоор болсон байдаг. Ингэснээр “Сутайн бор” клубын багийн бүрэлдэхүүнд,

  • Ц.Хосбаяр Гавьяат дасгалжуулагч,ОУХМ, Монголын Хүндийн Өргөлтийн Үндэсний Шигшээ Багийн ахлах дасгалжуулагч
  • Н.Хэрлэн ОУХМ
  • О.Сайханжаргал спортын мастер
  • Н.Сэлэнгэ спортын мастер
  • Д.Отгонхүү
  • Ч.Мандахбаяр
  • Б.Баярмаа нар багтаж байв.
Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпийн хоёр эрх авлаа DNN.mn

Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа. Тухайлбал, тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан ба олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.

Categories
мэдээ спорт

Н.Баяраа буудлага спортын гурав дахь олимпийн эрхийг авлаа DNN.mn

Индонезын Жакарта хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж буй.

“Парис 2024” олимпын эрх олгох чухал тэмцээн гэдгээрээ онцлог болж буй энэ удаагийн тивийн аваргаас манай тамирчид нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү медалийн тавцанд гишгэж олимпын эрх авсан юм.

Тэгвэл 50 метрийн гурван байрлалаар буудах дасгалд Н.Баяраа олимпын эрх авлаа. Энэ дасгалд 44 тамирчин цэц сорьсноос Н.Баяраа 583 оноогоор шигшээ наймд шалгарч, “Парис 2024” олимпын эрх авсан гурав дахь мэргэн бууч боллоо. Түүнээс өмнө эмэгтэйчүүдийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн олимпын эрх авсан билээ.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын дэлхийн цомд Монголын зургаан тамирчин өрсөлдөнө DNN.mn

БНСУ-д Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болох бөгөөд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлжээ.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.

Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар юм. Дэлхийн цомын манай улсын энэ удаагийн бүрэлдэхүүнээс Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёронтоо оролцжээ.

Монголын баг тамирчид энэ тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү “Парис-2024” олимпийн наадмын эрхээ авлаа DNN.mn

Индонезын Жакарта хотноо энэ сарын 5-18-нд болж буй буудлага спортын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ) эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр урьдчилсан шатанд 579 оноогоор шигшээ наймд шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноо авснаар гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрх авлаа. Энэ дасгалд Энэтхэгийн Варун Томар алт, Аржун Синх Чеема мөнгөн медаль хүртсэн юм.

Ингэснээр Э.Даваахүү Францад болох зуны олимпын эрх авсан Монголын хоёр дахь буудагч боллоо. Түүнээс өмнө О.Есүгэн олимпын эрх авсан билээ. Э.Даваахүү дөрвөн жилийн өмнө Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай нэгэн.

Categories
мэдээ спорт

Волейболын дээд лигийн “Хагас шигшээ” тоглолт даваа гарагт эхэлнэ DNN.mn

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй найман шилдэг баг өрсөлдсөн юм.

Уг тэмцээнийг бүтэн улирлын турш зохиодог бөгөөд хагас шигшээ тоглолтууд нэгдүгээр сарын 08-ны өдөр AIC Steppe Arena стандарт бүхий зааланд 13 цагаас эхэлнэ.

2024.01.08 тоглолтын хуваарь:

  • 13:00 Хилчин VS Тэнүүн-Огоо
  • 15:00 Натур Мед Толун VS Тэнүүн-Огоо
  • 17:00 Хөвсгөл Эрчим VS Ховд Ижил Алтайн Барс
  • 19:00 Өмнөговь Шанх Транс Vs Хасу Мегастарс

Уг тэмцээний тасалбарыг ЭНД дарж авах боломжтой.

Categories
мэдээ спорт

“Канвон 2024” залуучуудын олимпод манай улсаас 12 тамирчин оролцоно DNN.mn

БНСУ-ын Канвон мужид нэгдүгээр сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхэлнэ. Тус цагаан олимп нийт 12 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 79 улсын 15-18 насны 1900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрх авчээ. Тодруулбал, цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн арван км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд оролцох юм.

Мөн уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болоод буй. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлж оролцоно. Харин Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна