Categories
мэдээ спорт цаг-үе

Их аварга Хакухо, Озэки Тэрүнофүжитэй Эзэн хааны цомын төлөө барилдана

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын түрүү бөхийн төлөө барилдахаар боллоо.

Их аварга Хакухо 14 дэх өдрийн барилдаанд Озэки Шодай-тай барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр илүүрхэн хаясан юм. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Сэкиваке Такаясүтэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 14 дэх даваагаа авснаар 3 башё дараалан тэргүүлэхийн төлөө маргааш Их аваргатай хүчээ сорино.

Нагоя башёг 14 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ нар 11 даваатай байна.

Нагоя башёгийн 14 дэх өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, адилхан 8 даваатай яваа Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 9 даваа, 5 унаатай болсон бол Кирибаяама 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Митакэүми-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 9 даваа, 5 унаатай байна. Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Ишиүра /М-16/-тай таарч, түүнийг уватэнаге мэхээр унагаснаар 8 даваа, 6 унаатай болов.

Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй барилдаж, түүнийг ошитаоши мэхээр унагаснаар 11 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ спорт

Олимпийн тамирчдын хотхонд “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрчээ

Токиогийн Олимпийн тамирчдын хотхонд байрлаж байсан нэгэн хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.

Тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол ийнхүү илэрсэн нь ирэх долоо хоногт эхлэх Олимпийн үеэр халдвар тархах вий гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

“Токио-2020” Олимпийг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, наадмыг зохион байгуулах ажилд оролцож байсан гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тэрбээр тухайн хүний талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Олимпийн наадмыг танхимын цөөн тооны үзэгчтэйгээр, тусгаарлалтын хатуу дүрэм журмын дор зохион байгуулна. Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох наадамд оролцох тамирчид Японд саяхнаас ирж эхэлсэн юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотноо хүрэлцэн очлоо

Олимпийн наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна. Токиод хүрэлцэн очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв.

Манай боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.

Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн тоглолтууд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын баг тамирчдын эхний ээлж Токиог зорилоо

Өнөөдөр “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Япон улсыг зорив.

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 7 дугаар сарын 23-нд болох бөгөөд тэмцээнүүд 7 дугаар сарын 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 7 дугаар 24-ний өдөр эхлэх хуваарьтай.

Боксын тамирчдын хувьд 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизүока мужийн Шимада хотод бэлтгэлээ базаах юм.

Монголын багийн эхний ээлжийн бүрэлдэхүүнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат, Спортын сэтгүүлч Д.Лхагва-Очир нар Токиог зорилоо.


Categories
мэдээ спорт

Олимп эхлэхэд долоо хоног үлдлээ

Токиогийн Олимпийн наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Японы нийслэлд коронавирусийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү наадам болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Олимпийг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.

Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Ийнхүү оролцох хүмүүсийн тоог 10 мянга орчмоор хязгаарлахаар анх төлөвлөж байсан бол ойрын хугацаанд хэдэн зуугаар бууруулах төлөвтэй байна.

Олимпийн хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирээд буй юм. Гэвч зарим тамирчний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болжээ.

Иймээс зохион байгуулагчид Олимпийг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпийн эхний тэмцээн болон софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпод оролцох боксын тамирчид Японыг зорилоо

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадмын боксын төрөл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, МУГТ Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр өчигдөр /2021.07.15/ Хандгайт дахь Олимп цогцолборт зочилж “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргажээ.

Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо долдугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.

Categories
мэдээ спорт

Их аварга Хакухо, Озэки Тэрүнофүжи нар 12 даваатай тэргүүлж явна

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүми-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 12 даваатай башёг тэргүүлж байна.

Маргааш Их аварга Хакүхо, Сэкиваке Такаясү-тэй учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 дахь өдөр буюу өнөөдөр Комүсүби Мэйсей-тэй учраа таарч, түүнийг кимэтаоши мэхээр төвөггүй давж 12 дахь даваагаа авч Их аваргын адил нэг ч уналгүй башёг тэргүүлсээр явна. Тэрбээр маргааш Озэки Шодай-тай барилдана.

Нагоя башёг 12 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас хамгийн ойр буюу 9 даваатай байгаа Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ хоёр тэргүүлэгчдийг нэхэж явна.

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 4 унаатай боллоо.

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Сэкиваке Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай болов. Тэрбээр маргааш Комүсүби Мэйсей-тэй хүч үзнэ. Энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-10/-тэй таарч, түүнд коматасүкүи мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов.

Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Ишиүра /М-16/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 9 даваа, 3 унаатай болов. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ 12 дахь өдрийн барилдаанд Хидэноүми/М-9/-тэй барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаж 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Шодай энэ өдөр Окиноүми /М-5/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж, 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн хотхон 11 мянга гаруй тамирчин хүлээж авна

Энэ сарын 23-нд эхлэх “Токио 2020” зуны олимпийн наадамд зориулсан Токио хотын далайн эргийн Харуми дүүрэгт байрлах хотхон нээгдэж, тамирчдыг хүлээн авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ үеэр Токиод “Ковид-19” цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх дөрөвдэх удаагийн онц байдлын дэглэм хэрэгжиж байгаатай холбогдуулан тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпийн хотхоныг нээх ёслол зохион байгуулаагүй юм.

Токиогийн булангийн эрэгт 44 га талбайд тохижуулсан олимпын хотхоны 21 барилгад 11 мянга гаруй тамирчин, тэднийг дагалдан ирэх ажилчид байрлана.

Олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд тамирчдыг зөвхөн хотхон дотроо болон тэмцээн болох цэнгэлдэх хооронд зорчихыг зөвшөөрч, бусад бүх үйлчилгээг олимпийн хотхон дотроос авахаар зохион байгуулжээ.

Олимпийн хотхон нь 700 гаруй нэр төрлийн хоолоор 24 цагаар үйлчлэх ресторан, хүнсний сүлжээ дэлгүүр, шуудан зэрэг бүх төрлийн үйлчилгээний газартай. Мөн Цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд хотхонд халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусгай түр эмнэлэгүүд 24 цагаар ажиллах юм байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн наадам эхлэхэд 8 хоног үлдлээ

Токиог зорих Монголын 43 тамирчны 12 нь гавьяат цолтой байна. Тэд бол О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ спорт

Г.Ганбаяр Словакийн лигт зээлээр тоглоно

Монгол улсаас Европ тивд мэргэжлийн тамирчин болон гэрээ хийсэн анхны тоглогч Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн “КФС Комарно” багт зээлээр нэгдлээ.

Тэрээр Унгарын “Пушкаш академи” багтай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан бөгөөд шинэ багтаа 1 жилийн хугацаанд зээлээр тоглохоор болжээ.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь өдгөө 20 настай бөгөөд Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.