“Токио 2020” Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн -73 кг-ын жинд Японы тамирчин Шохей Оно бүх учраагаа илт илүүрхэж ялсаар Олимпийн хошой аварга цол хүртсэн. Оно аварга мэргэжлийн сумогийн аварга Ёкозуны Г.Ган-Эрдэнэтэй их сургуулийн найз бөгөөд хамт Монголд ирж байсан удаатай. Энэ үеэрээ бөхийн “Увс нуур” галаар зочилж монгол үндэсний бөхөөр барилдаж байсан юм. Өнөө цагийн жүдо бөхийн тод од Олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга тамирчинг монгол үндэсний бөхөөр гурван удаа давж байсан Увс аймгийн Ховд сумын харьяат цэргийн начин Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний тухайд 2019 оны бүх цэргийн баяр наадамд тав давж цэргийн начин цолны болзол хангасан юм. Э.Мөнх-Эрдэнэ улсын аварга Н.Батсуурийн үеэл дүү билээ.
-2019 онд санагдаж байна. Олимпийн аварга Оно “Увс нуур” галын бэлтгэлд хамрагдаж байсан шүү дээ. Та тухайн үед Олимпийн аваргатай хэд хэд барилдаж байсан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Дэлхийн хошой аварга, Олимпийн аварга болчихсон үедээ Шохей Оно “Увс нуур” галаар ирж монгол үндэсний бөхөөр барилдаж байлаа. Мэргэжлийн сумогийн аварга Г.Ган-Эрдэнэ, Токусэгава Б.Ганболд нарын хамт манай галаар ирсэн юм. Тэр үеэр манай дэвжээний сумын заануудтай цөөхөн барилдаан хийсэн. Зодог шуудаг өмсчихөөд л сумын заанууд руу харж байгаад над руу заагаад барилдсан юм. Олимп, дэлхийн аварга хүн ч гэлээ үндэсний бөхөөрөө барилдаж байгаа учраас яасан ч унаж болохгүй шүү гээд л гарсан. Миний бэлтгэл ч их сайн байсан юм. Жүдо бөх ихэвчлэн босоо барилддаг учраас гуяны булчин нь айхавтар хөгжсөн хүн байна лээ. Гар, хуруу нь гэж хүрз шиг том. Айхавтар чанга атгана. Нэг атгачихвал тавина гэж байхгүй. Гараад барилдахаар өрөхөд давуулж бариад хөмрөөд шидчих гээд хэцүү санагдаж билээ. Урагшаа ганц алхахад л өнөөх бүдүүн хөлөөрөө тосгуулж өшиглөчих гээд, мөн ч халгамаар хүн байна лээ. Би элэг бүснээс нь тас зуурч аваад зогсчихсон. Бага зэрэг арагшаа хярж байгаад тахимдаж дайраад дарж унасан. Босоо өрөлттэй учраас хонгодож, тахимдаж унагахад боломжтой санагдсан юм. Гэхдээ хамаагүй дайрвал хөмөрчих гээд бас хэцүү. Хоёр дахиа барилдахад зүүн ташаагаа цөмөлж тавихад нь хонгодоод давсан. Дагуулж хөмрөх гээд л ташаагаа өгсөн нь тэр юм билээ. Би Оно аваргатай үндэсний бөхөөрөө гурав барилдаж давсан шүү. Анх удаа үндэсний бөхийн өмсгөл өмссөн болохоор барьц олж авах тал дээр аварга туршлагагүйтсэн болов уу. Зодог шуудгандаа дасаад ирвэл их сайн барилдахаар шинжтэй санагдсан.
-Тухайн үед та хоёрын биеийн жингийн харьцаа ямар байв?
-Яг тэр үед бол Оно жингээ тавьчихсан байсан л даа. Түр завсарлага аваад амарч явсан нь тэр байх. Миний жин 88 кг-тай байна гэж өөрөө хэлж байсан шүү. Би сумын заан цолтой. 90 кг л байсан санагдаж байна. Бид хоёрын биеийн жин их ойролцоо байсан.
-Таны “гар зөрүүлж” явсан Оно олимпийн аварга цолоо баталлаа. Юу бодогдож байх юм?
-Сайхан л санагдаж байна. Эхний тойргоос авахуулаад л бүх барилдаануудыг нь алгасалгүй харлаа. Жингийн өрсөлдөгч нараасаа үнэхээр хол тасархай юм. Барьц олж аваад л хүлээх юмгүй шууд л мэхээ хийж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Ер нь манай Ц.Цогтбаатар л үндсэн цагаа дуустал барилдлаа. Бусад бөхчүүдтэй нь бол зөрөөд л өнгөрөх юм. Монгол Үндэсний бөхөд авах зүйл их юм гэж хэлж байсан шүү.
-Онотой барилдахад “Увс нуур” галын дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Одгэрэл заан дэргэдээс тань чанга дуугаар л зөвлөж байгаа харагдсан. Юу хэлж байв?
-“Үкүн ээ (Мөнх-Эрдэнийн хоч нь) чи чарж, чарж байгаад л тахимдчих юм аа. Урагшаа яваад чөлөөтэй мэх хийгээд барилдаач чи” л гээд загнаад байсан. Хамаа замбараагүй явахаар хөмрүүлж уначих гээд байсан л даа. Оно Олимп, Дэлхийн аварга ч гэлээ би монгол үндэсний бөхөөр барилдаж байж яагаад ч унаж болохгүй гэх бодол миний дотор байсан л даа. Монгол үндэсний бөхөөр ямар чанга залуучууд барилддаг болохыг л мэдрүүлье гэж санасан юм. Ямартаа ч аваргад унаагүй, гурав даваад л явуулсан.
-Оно аварга нэг жижигхэн залууг хөмрөөд айхавтар жинтэй чулуудаж байгаа бичлэг цахим орчинд яваад байсан. Их өндөр хандалт авч байгаа харагдсан. “Оно аварга Монгол үндэсний бөхөөр барилдаж байна” гээд л шуугиулж байсан шүү дээ.
-Миний дараа “Увс нуур” галын Адьяа гэж жижигхэн залуутай Оно аварга барилдсан юм. Биеэр жижиг, уран барилддаг өсөх ирээдүйтэй залуу бөх л дөө. Адьяа маань Олимпийн аваргатай барилдахдаа дайраад л золгоод авсан. Эхлээд ойролцоо газардсан санагдаж байна. Хоёр дахиа өрөхдөө нүднийхээ булангаар над руу хяламхийгээд инээмсэглэдэг юм. Оно аварга тэр үед л хөмрөөд чулуудчихсан. Хүний хий зайг үнэхээр гярхай анзаардаг хүн байна лээ. Хормын төдийд сэрэмж алдахад л хөмөрч байгаа юм. Мэхний гүйцэтгэл, тэсрэлт нь үнэхээр гайхамшигтай. Аварга манай галын залуустай барилдаад ганц даваа авсан нь л тэр. Тэр хөмөрч байгаа бичлэг нь их олон хүнд хүрсэн байна лээ.
-Энэ жил бэлтгэл сургуулилт хэр зэрэг байна вэ?
-Н.Батсуурь аварга бид үеэлүүд. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аварга ахыгаа дагаж бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр наадам маань зохион байгуулагдсангүй. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг. Энэ их ойд сайхан барилдчих санаа байсан минь талаар болж байна. Энэ жилийн тухайд “Увс нуур” дэвжээний бөхчүүд цар тахлын үед Харзтайд тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэлээ базааж байсан юм. Жигдхэн сайхан бэлтгэлтэй байлаа.