Categories
мэдээ нийгэм спорт

Японд амьдардаг Монголчууд хандив цуглуулж, олимпод оролцсон тамирчдад бэлэг гардуулжээ

Японд амьдардаг Монголчууд нэг хүн 2020 иэн хандивлах аяныг долдугаар сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд зохион байгуулжээ.

Тэд цуглуулсан 294.143 иэнээрээ (7.6 сая төгрөг) бэлэг худалдан авч, нутаг буцах гэж Нарита нисэх буудалд очсон тамирчдад өчигдөр орой гардуулсан байна.

Токиогийн олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 87 хүнд ( 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгалжуулагч ) зориулан хандив цуглуулсан байна.

Токиод үлдсэн манай тамирчид энэ сарын 11-нд эх орондоо ирнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул өнөө орой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн -57 кг жинд зодоглосон Б.Хонгорзул дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камараг 10-0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эхний үед Б.Хогорзул дэвжээний зах руу шахуулж байхдаа дагуулж шидэн 4 оноо авсан ба улмаар ард нь гарч эргүүлэн 10-0 болгосноор үе дуусахаас өмнө яллаа.

Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай барилдана.

Эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиерийг ялсан Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдсан.

Рисако Кавай финалд шалгарснаар Б.Хонгорзул дагаж барилдах эрхтэй болсон юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.

11:05. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд Б.Болортуяа зодоглоно. 24 настай тэрээр эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акинотой барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрес болон дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аваргын мөнгө, хүрэл медальт, гурав дахь олимпдоо орж буй Грекийн Мариа Преволараки нарын ялсантай 11:40 цагаас барилдана.

Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай.

11:12. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд М.Лхагвагэрэл зодоглоно. 23 настай тэрээр эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкутай барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудинович болон 2020 оны Азийн аварга Казахстаны Юсүп Батирмурзаев нарын ялсантай 11:47 цагаас барилдана.

М.Лхагвагэрэл нь 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай.

Categories
мэдээ спорт

Ана Марсела Кунья 10 км зайг хоёр цагийн дотор сэлж, олимпийн аварга боллоо

Олимпийн наадмын хамгийн их тэсвэр тэвчээр шалгадаг төрлүүдийн нэг марафон сэлэлтийн тэмцээн өнөөдөр болж Бразилын тамирчин Ана Марсела Кунья түрүүллээ.

Уг төрөлд өрсөлдөх тамирчин 10 км зайг зөвхөн сэлж туулдаг бөгөөд 29 настай Ана Марсела Кунья 1 цаг 59 минут 30.8 секундэд барианд орж алтан медалийн эзэн боллоо.

Харин түүний араас Нидерландын Шарон ван Рувендал түрүүлсэн тамирчнаас 0.9 секундийн ард, Австралийн Карина Ли 1.7 секундийн ард барианд орж мөнгө болон хүрэл медалийг хүртсэн байна.

Ана Марсела Кунья анх 2008 оны Бээжингийн олимпод оролцож 5-р байр эзэлж байсан бөгөөд дахин найман жилийн дараа Риогийн олимпод оролцон 10-т орж байсан.

Хоёр настайдаа сэлж суран, найман наснаасаа задгай усны спортод өрсөлдөж эхэлсэн Ана Марсела гол, далайн эрэгт сэлэх дуртай гэсэн юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул дагахаар болж, Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлүүллээ


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 86, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул маргааш дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан.
Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэх бөгөөд ялбал олимп, дэлхийн аварга Марулистэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин гавьяат тамирчин Э.Бэхбаярыг шөвгийн наймд ялсан Ираны Реза Атри 1/2 шигшээд дэлхийн хошой аварга ОХУ-ын Заур Угуевт 3:7-гоор ялагдснаар манай бөх үзэгчдийн суудалд шилжив.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Б.Болортуяа маргааш Гуамын бөхтэй барилдана

Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан маргааш болно. Тус барилдааны сугалаа өнөөдөр явагдав.

Эмэгтэй 53 кг-д Монгол Улсаас Б.Болортуяа хүч үзэх бөгөөд тэрбээр эхний тойрогт Гуамын бөх Ркаела Акинотой таарчээ.

Ркаела Акино 22 настай. 2018 оны “Micronesian Games” наадмын аварга. 2018, 2019 оны далайн орнуудын аварга, 2017 онд мөн тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байжээ. Тунист болсон Африк, далайн орнуудын тэмцээнээс олимпын эрхээ авсан байна.

Аав нь Гуамын бөхийн холбооны тэргүүн байсан бол авга ах Мариано нь 1988 оны Сөүлийн олимпод жүдо бөхийн төрөлд оролцож байжээ. Харин эгч Миа-Лани нь мөн чөлөөт бөхийн тамирчин аж. Спортын гэр бүлээс гаралтай Ркаела Акино дөрвөн настайгаасаа спортоор хичээллэж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Михайн Лопес Нунес дөрөв дэх олимпдоо дараалан түрүүлэв

Чөлөөт бөхийн сонгомлын +130 кг жинд Кубийн тамирчин Михайн Лопес Нунес Гүржийн Лакоби Кажайаг ялж аваргаллаа.

Тав дахь олимпдоо оролцсон 38 настай Михайн ийнхүү дөрвөн олимп дараалан алтан медаль хүртэж байна.

Анх 2004 оны Афины олимпод 21 насандаа орж тавдугаар байр эзэлсэн тэрээр 2008, 2012, 2016 оны олимпоос гадна тав удаагийн буюу 2005, 2007, 2009, 2010, 2014 оны дэлхийн аварга, 2015, 2011, 2006 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Түүнийг анхны олимпдоо орж байхад ах Майкл нь боксоор хүрэл медаль хүртэж байсан бол эхнэр Мейлин нь 2008 оны Бээжингийн олимпод туялзуур сэлэмний төрлөөр өрсөлдөж байжээ.

Алт авсан олимп бүрдээ Кубийн шигшээ багийн тугийг барьж байсан Михайн 10 наснаасаа барилдаж эхэлсэн бөгөөд “The Kid”, “The Terrible” хэмээн хочилдог.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын багийн сүүлийн ээлж Токиог зорилоо


Энэ удаагийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд манай 3 марафонч оролцоно. Өнөөдөр
Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Токиог зорилоо. Б.Сэр-Одын хувьд Нагоя хотод бэлтгэлээ хангаж буй. Тэндээсээ олимпод очиж оролцоно.
Categories
мэдээ спорт цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Японы иргэншил авчээ. Ийнхүү гадаадын ёкозүна цолтнуудаас тав дахь нь их наран улсын иргэн болж байна.

Тодруулбал, түүнээс өмнө Акэбоно, Мүсашимарү, Хакүхо, Какүрюү нар иргэншлээ солиод байсан юм.

Тэрүнофүжигийн хэтийн зорилго нь зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд үлдэн, оякатагаар ажиллах боломжоо нээж байгаа билээ.

Энэ талаар түүний анхны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв цахим хуудасдаа “Ёкозүна Г.Ган-Эрдэнэ маань өнөөдөр Японы иргэншилээ авлаа. Озэки цолтой барилдаж байхдаа энэ тухай юу ч ярьдаггүй байсан. Хүнд хэцүү бэртэл гэмтэл, бэрхээс бэрхийг даван туулж өнөөдрийн энэ их алдар хүндэд хүрэхэд дэвжээний багшийнх нь итгэл сэтгэл их дэм өгсөн. Багш нь хавраас энэ саналыг тавьж эхэлсэн. Дэвжээнээсээ хоёр Монгол аварга төрүүлсэн. Багшийнхаа ачийг хариулж “Би Япон Монголдоо биш их аваргатаа дэвжээгээ өвлүүлмээр байна” гэсэн саналыг хүлээн авч ачийг нь хариулж иргэншлээ авчээ. Эрэмгий Монгол хөвгүүдээс дэвжээндээ авч ирээдүйн их аварга төрүүлээрэй гэж эрхэм шавьдаа хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Бэхбаяр 5:1 харьцаагаар ялагдлаа

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр олимпийн дэвжээнд хийсэн хоёр дахь барилдаандаа Ираны бөх Резра Атрид 5:1-ээр ялагдлаа. Хоёрдугаар үеийн эхэн гэхэд хоёр тамирчин шүүгчээс заасан идэвхийн оноо л аваад байсан. Энэ үед иран бөх 2:1-ээр тэргүүлж байв. Нэгэнт хожигдож эхэлсэн манай бөх оноо авахаар дайраад дутуудаж ардаа алдсанаар нэмж хоёр оноо алдан байдал хэцүүдэж ирсэн. Улмаар төгсгөлд дэвжээнээс гарч нэг оноо алдсанаар эцсийн дүндээ 5:1-ээр дийлдэв.
Ингэснээр Бэхээ энэхүү иран бөхтэй дөрөв барилдаж, гурав ялагдсан үзүүлэлттэй болж байна. Одоо Ираны Атри финалд шалгарвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.