Categories
мэдээ спорт цаг-үе

“Токио-2020” олимпод Монгол Улс 71 дүгээрт бичигдлээ

Токиогийн Олимп өндөрлөж, бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өглөө.

Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв.

Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай Олимпоо үдлээ. Наран орны баг тамирчид 1964 онд нутагтаа болсон Олимпоос 16 алт, 29 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.

Бермуд, Филиппин, Катар улс Олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртэв. Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдлээ.

Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ. Олимпын наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ.

“ТОКИО-2020” МОНГОЛЫН БАГИЙН АМЖИЛТЫГ ИЛЭРХИЙЛЭХ БАРИМТУУД

  • Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа Олимпод оролцсон нь онцгой амжилт болов.
  • Түүхэнд анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд бусад Олимпод ямагт эрчүүд жин дарж байв.
  • Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.
  • Монголын 43 тамирчны 16 нь Олимпод оролцож үзсэн туршлагатай бол 27 нь Олимпын дэвжээг анхлан мэдэрлээ.
  • Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Одоогоор жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль эх орондоо авчраад байна.
  • Монгол Улс анх удаа легионер тамирчинтай Олимпын наадамд оролцов. Монголын иргэн болсон иран бөх Саид Моллай зүгээр ч нэг оролцох бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
  • Буудлагынхан анх удаа дөрвөн тамирчинтай оролцлоо. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь Олимпдоо онч сорьж, хожим эвдэхэд бэрх амжилтыг тогтоов.
  • Жүдоч М.Уранцэцэг, чөлөөтийн Б.Болортуяа нар Олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ.
  • Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа Олимпын наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээгээд байна.
  • Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв. Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын Олимпын түүхэнд байсангүй.
  • Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр Олимпын наадмаас медаль хүртэж байв. Тэгвэл ТОП дөрвөн төрөл ТОП тав болох тун дөхлөө. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт Олимпын медальт спорт болох байлаа. Гэхдээ М.Анхцэцэг Парисын Олимпод зорилгодоо хүрэх биз ээ.
  • -Энэ Олимпыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.
  • Монголчууд өмнө нь Олимпын наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ Олимпыг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээв.
  • Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны гишүүнтэйгээр Олимпын наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд “Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны Олимп байв. Тэрбээр Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн юм.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Японы баг бейсболын олимпийн аварга боллоо

“Токио-2020” олимпийн бейсболын төрөлд эзэн баг түрүүлж, алтан медаль хүртлээ.

АНУ-ын багтай хийсэн финалын тоглолтыг япончууд 2:0 оноогоор ялав. АНУ-ын багт 2014 оны Сочигийн өвлийн олимпын шорт трекийн мөнгөн медалийн эзэн Эдди Алварес тоглосон нь олны анхаарлыг татсан билээ.

Хүрэл медалийн төлөөх тэмцээнд Доминиканы баг БНСУ-ын багийг 10.6 оноогоор ялжээ.

Categories
гадаад мэдээ спорт

ТОКИО-2020: ​Үзэсгэлэнт Алиса Шмидт олимпийн наадамд уралдаж чадаагүй тэмцээнээ өндөрлүүлжээ

“ТОКИО 2020” олимпийн наадам эхэлснээс хойш хамгийн дур булаам тамирчнаар тодроод буй Германы гүйлтийн тамирчин Алиса Шмидт Токиогийн олимпод уралдаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлэв.

May be an image of 4 people

Түүний хувьд 4х400 метрийн холимог багийн буухиа болон 4х400 метрийн эмэгтэйчүүдийн багийн буухиа төрөлд тус тус оролцох байсан ч тэмцээний туршид сэлгээнд сууснаар аль ч төрөлд оролцож чадалгүй олимпийн наадмыг дуусгаж байна.
Categories
мэдээ нийгэм спорт цаг-үе

Өнөөдөр “ТОКИО-2020” олимпийн хаалтын ёслол болно

Токиогийн олимпийн бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00-д эхэлнэ.

Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлд зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ.
Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпийн тосгоныг орхих журам үйлчилж буй.
Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцаад буй. Харин тэмцээн уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон төрлийн тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Марафонч Ц.Бямбажав 56 дугаар байрт орж, Б.Сэр-Од замын дундаас тэмцээнээ дуусгалаа

Олимпийн наадмын хамгийн их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо.

Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин оролцсоноос Ц.Бямбажав 42 км замыг 2 цаг 21 минут 32 секундэд туулан 56-р байранд орлоо. Харин 39 настай Б.Сэр-Од харамсалтайгаар бариандаа орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгалаа.

31 настай Ц.Бямбажавын энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 12 минутаар хоцорсон байна.

Эрэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Элиуд Кипчогэ 2 цаг 8 минут 38 секундэд барианд орж хүртсэн бол Нидерландын Абди Нагэеэ 1 минут 20 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ.

Харин Бельгийн тамирчин Башир Абди 1 минут 22 секундийн дараа барианд орж хүрэл медалийн эзэн боллоо.

Нийт 106 тамирчнаас 76 нь бариандаа орсон бол үлдсэн 30 тамирчин нь харамсалтайгаар барианд орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгасан.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Т.Тулга 4:2 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга дагах барилдаанд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын дагестан легионер Исмаил Мусукаевтай хүч үзэв.

Тус барилдаанд манай бөх барилдааны төсгөлд тактикын алдаа гаргаж 2:4 харьцаагаар тун харамсалтай ялагдлаа.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга ийнхүү тэмцээнээ өндөрлүүлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийхгүй хүрэл медалийн төлөө барилдана

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч үзэж буй манай улсын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорихоор байсан ч Люсиа Иепстай гэмтлийн улмаас тэмцээнээ орхижээ.

Ингээд Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай 19:55 цагт барилдахаар болсон байна.

Categories
мэдээ спорт

Трансжендер тамирчин анх удаа олимпийн медаль хүртлээ

Канадын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг “Токио-2020” олимпод торгуулийн цохилтоор Шведийн багийн хожиж, алтан медаль хүртэв.

Цаг агаарын байдлаас болж тоглолтыг Токио хотоос Ёокохама хот руу шилжүүлсэн юм. Тоглолтын үндсэн цаг 1:1 оноогоор өндөрлөж, нэмэлт цагт аль аль баг гоол оруулж чадаагүй. Тиймээс тэмцээний хувь заяаг торгуулийн цохилтоор шийдвэрлэж, Канадын баг 3:2 оноогоор ялж, олимпийн алтан медаль хүртлээ.

Канадын багт тоглосон Ребекка Куинн олимпийн медаль хүртсэн анхны трансжендер тамирчин болж, түүхэнд бичигдэж байна. “Рио-2016” онд Канадын багт тоглож байсан Ребекка өөрийгөө эрэгтэй транжендер хэмээн зарласан билээ.

Categories
мэдээ спорт

Э.Феликс олимпийн наадмаас 10 дахь медалиа хүртлээ

Америкийн тамирчин Эллисон Феликс эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болсноор Олимпын 10 дахь медалиа хүртлээ.

Ингэснээр тэрбээр Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин болж байна.

Түүний өрсөлдсөн төрөлд Бахамын тамирчин Шона Миллер-Уйбо алтан медаль хүртсэн бол Доминиканы тамирчин Мэрилейди Паулино мөнгөн медалийн болзол хангажээ.

Ийнхүү өдгөө 35 настай Э.Феликс Олимпийн наадмаас зургаан алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр Ямайка улсын тамирчин Мерлин Оттигийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. М.Оттигийн хувьд Олимпоос есөн медаль хүртсэн юм.

Э.Феликс өнөөдөр 4х400 метрийн буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд энэхүү тэмцээнээс 11 дэх медалиа хүртвэл Олимпийн хамгийн олон медальт, Америкийн хөнгөн атлетикийн эрэгтэй тамирчин Карл Льюисын амжилтыг эвдэх юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг: Би өөрөө хүсээгүй болохоор хандивын аяныг зогсоолоо

Спортын сэтгүүлч Ч.Амартүвшин “Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг”-ийг түрээсийн байрнаасаа гарж буй бөгөөд өөрийн гэсэн байртай болгох хандивын аяныг эхлүүлсэн.

Тэгвэл тамирчин М.Анхцэцэг өөрийн цахим хуудастаа хандивын аяныг зогсоохыг хүссэн талаараа мэдээлжээ.

Тэрээр “Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү ? Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү маш их баярлалаа” гэжээ.