Categories
мэдээ спорт цаг-үе

ДАШТ: Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана

2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана.

Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм. 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар болов.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийн наадамд оролцох Монголын найман тамирчин


“Токио-2020” паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдана.

Паралимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг танилцуулж байна.


1. Х.Энхтуяа Пара /тэеквондо/

No description available.

Таеквондоч Х.Энхтуяа нь пара спортын төрөлд Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг. Дэлхийн хошой аварга тамирчин.

2. Г. Болор-Эрдэнэ /Пара тэеквондо/

No description available.

Тэрээр пара таеквондогийн “Лондон-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртсэн.

3. Э.Содномпилжээ /Пара поуэрлифтинг/

No description available.

Э.Содномпилжээ нь паралимпийн наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон.

4. Н.Мөнхбаатар /Пара байт харваа/

No description available.

Н.Мөнхбаатар нь спортын мастер цолтой 2019 оны “Азийн АШТ”-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн чадварлаг тамирчин юм.

5. З.Ганбаатар /Пара буудлага/

No description available.

З.Ганбаатар нь дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай тамирчин.

6. Д.Саруултөгс /Хөнгөн атлетик/

No description available.

Д.Саруултөгс зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр улсын дээд амжилтыг эзэмшдэг.

7. П.Энх-Манлай /Хөнгөн атлетик/

No description available.

Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай нь Польш улсын Бидгош хотод болсон пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнд T-53 ангилалын 100 метрийн зайд хүрэл медаль хүртсэн.

8. А.Мөнхбат /Жүдо/

No description available.

Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын тамирчин А.Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “IBSA” спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны алтан медалийн эзэн юм.

Б.АНГИРМАА

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийг үзэгчгүй зохион байгуулна

Токио хотод болох Паралимпийн наадмыг зохион байгуулагчид олимпийг үзэгчидгүйгээр зохион байгуулахаа мэдэгдлээ.

Олон Улсын Паралимпийн Хороо, Японы Засгийн газар, Токиогийн эрх баригчдын төлөөлөгчдийн уулзалтаар ийм шийдвэр гаргасан байна.

Харин, Япон оюутнуудад онцгой нөхцөл гаргаж өгч магадгүй байна. Эрх баригчид оюутнуудын эцэг эхтэй нь зөвлөлдөж, хүүхдүүдийг тэмцээнд оролцуулах зөвшөөрөл авах аж.

“ТОКИО-2020” Паралимпийн наадам зургаа хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 24-ний мягмар гаригт эхэлж, есдүгээр сарын 5-нд дуусна.

Паралимпийг зохион байгуулах эсэх нь олимпийн дараагаар тус улсад коронавирусийн халдварын тархалт ноцтой асуудал болоод байгаа тул зарим япончуудын дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулах болсон. Цар тахлын улмаас Японы Засгийн газар онц байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: М.Анхцэцэгээ медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү


Хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай “Токио 2020” олимпийн наадмын эргэн тойронд хөөрөлдсөнөө хүргэе.

МОНГОЛЫН ТАМИРЧИД БАЙГАЛИАСАА ГОЛ ЯСНЫ БЯРТАЙ ТӨРДӨГ УЧРААС ҮҮНИЙГ НЬ СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ-


-Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын медалийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Шагналт байр эзэлж түүхийн шинэ хуудас нээлээ. Токиогийн олимпийн наадмыг шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Олимпийн наадамд арай өөр зорилготой явсан даа. Медаль зүүчихье гэж санасан юм.Санаснаар болсонгүй. Эмэгтэй баг маань анх удаагаа хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй олимпийн наадамд оролцлоо. Хоёулаа шилдэг 14 -т шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. М.Анхцэцэг маань бага зэргийн бэртэлтэй байлаа. Боломжийнхоо хэрээр л өрсөлдлөө.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг жаахан охин байхдаа л 2016 оны олимпийн наадмаар шилдэг наймд шалгарч байлаа. тухайн үед алдаа оноогоо хэрхэн дүгнэж байв. Энэ олимпийн цикльд ямар ахиц гарав?

-Олимпийн дараа төлөвлөгөө гаргаад 2016 оны олимпийн дараахан есдүгээр сард бэлтгэлдээ орж байлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж олимп нэг жилээр хойшилсон. Бидний төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт орж ирсэн. Ахмад багш нартайгаа зөвлөж байгаад л бэлтгэлийн төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилсөн. Өнгөрсөн олимпийн циклд ДАШТ-ээс медаль хүртлээ. Олимпийн наадамд ч медалийн төлөө ширүүн өрсөлдлөө. Хувь тамирчны тухайд ахиц дэвшил гарсан гэж харж байна.

-Сая олимпийн үеэр хүндийг өргөлтийн тэмцээн үзээд сууж байхад БНХАУ гэх мэт том гүрний тамирчдыг арын албаныхан нь сүргээрээ дагаад явж байх юм. Манайхан тэнд гурвуулаа л гүйгээд байсан…

-Олон улсын олимпийн хорооноос ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр тамирчин нэг дасгалжуулагчтай байх цензур тавьж өгсөн. БНХАУ-ын багийн тухайд найман тамирчин оролцсон. Анзаарахад, өөр өөрсдийнх нь багш нар нь тамирчдаа дагаад явж байна лээ. Ер нь хүндийг өргөлтөд гурван дасгалжуулагч ажилладаг. Нэг нь тамирчныхаа бие халаалт хийлгэнэ. Нөгөөх нь захиалгын самбар хяналт дүн шинжилгээ хийнэ. Нэг нь бусад багийн өрсөлдөгч тамирчдыг ажигладаг. Дасгалжуулагч ганцаараа явахад гурван хүний л ажил хийнэ гэсэн үг. Сая Э.Билэгсайхан маань өглөө нь орчихоод үдээс хойш Анхаадаа (М.Анхцэцэг) тусалсан. Зааланд олимпийн хорооны Б.Баяртуяа маань тус дэм болоод сууж байлаа.

No description available.

-Хүндийг өргөлтийн шигшээ багт хоол зүйч, сэтгэл зүйч байдаг, терапист гэх зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүд ажилласан уу?

-Сая олимп дээр Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн Б.Золзаяа багш ажилласан. Сүүлд жүдогийн шигшээ баг дээр ажиллаж байсан Нишида гэж терапист долоо хоног орчим хамт ажиллаж булчин суллах гэх мэт ажлууд хийж байлаа. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч боломжийн үр дүн гарсан гэж үзэж байна. Өмнө нь энэ бүхнийг дасгалжуулагч л амжуулдаг байсан. Цаашид ийм төрлийн мэргэжилтнүүд шигшээ багт зайлшгүй шаардлагатай байна.

-Хүндийг өргөлтийн тэмцээнийг анзаарахад, арын өрөөнд захиалга дээр айхавтар өрсөлдөөн явагддаг юм билээ. Нарийн ур ухаан шаарддаг юм шиг.

-Олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрлийн тэмцээнийг анх удаагаа орон даяар шууд дамжуулсан юм билээ. Их том бөхийн зүтгэлтэн надад хандаж “Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж чадсангүй. Танай охин, та хоёр монголчуудыг дэлгэцийн өмнө хоёр цаг уялаа. Наадмаа үзэж байгаа юм шиг их догдоллоо. Нулимс гарлаа” гэж хэлнэ лээ. Сонсоод монголчууд маань зүрх сэтгэлээрээ дэмжиж дээ гэж бодсон. Хүндийг өргөлтийн спортыг их ойлгодог болж. Таны асууж байгаа захиалга дээр том тулаан болдог. Есөн хүний захиалгыг тооцоолно. Зургаан оролт хийхэд 54 оролтыг тооцоолох шаардлага гарч байгаа биз. Гүйлгээ ухаан шаардлагатай. Хажуугаар нь тамирчнаа мэдэрнэ. Сэтгэл зүйг нь тогтвортой байлгахаас өгсүүлээд ажил их шүү.

-М.Анхцэцэг сая 112 кг-ыг өргөхдөө барьсан шүү дээ. Шүүгч нар тооцоогүй. Яагаад тооцсонгүй вэ. Тэр өргөлтийг тооцсон бол медаль ч авчих боломж харагдаж байсан шүү дээ?

-112 кг дээр өргөөд барьсан л даа. Энгийн хүний нүдээр бол өргөчихлөө л гэж харах байх. Анхаа маань барихдаа тохойгоороо бага зэрэг шахчихсан юм. Жижиг техникийн алдаа гаргасан л даа.

-Ер нь манайд хүндийг өргөлтийн спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-2016 онд шигшээ баг маань нэг тамирчинтай, нэг дасгалжуулагчтай байлаа. Өнөөдөр үндэсний шигшээ багт 10 тамирчин байна. Биеийн тамир спортын улсын хороо гэх том статустай болсноор 10 тамирчин хоёр дасгалжуулагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

Өсвөр үе залуучуудын 50 орчим тамирчин бэлтгэл хийж байна. Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын сургуульд хүндийг өргөлтийн анги нээлээ. Энэ өөрөө том дэвшил. Олимпийн наадмын маргаашнаас л хүндийг өргөлтийн спортоор хичээллэх хүсэлтэй олон хүүхэд холбогдлоо. Ирээдүй гэрэлтэй байна.

Би 2012 онд хүндийг өргөлтийн спортод орж ирснээс хойш ДАШТ-ээс өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 14 медаль авсан байдаг. Монголын хүндийг өргөлтийн спорт 65 жилийн ой энэ онд тохиож байна. 2012 оноос өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганц л медальтай байлаа. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Энхбаатар гэж ах маань хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 73 медаль хүртжээ. Энэ үзүүлэлт хүндийг өргөлтийн спорт, хаана ямар түвшинд байгааг илэрхийлнэ. Манай холбоо “Бид нэг баг” гэсэн уриатай ажилладаг юм. Хамтдаа л урагшилж байна.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг маань өнгөрсөн олимпийн цикльд амаржсан. Багаас бэлдсэн багшийн тухайд ямар байр суурьтай байна. Амжилтад яаж нөлөөлдөг юм бол?

-Эмэгтэй хүн болж төрснийх ээж болно гэдэг хамгийн том шагнал. Бурхны бэлэг хүртэж сайхан үртэй болсон. Охиныгоо ээж болоход нь их баярласан. Бэлтгэл сургуулилт завсардлаа, цаг хугацаа алдлаа гэж огт харамсаагүй. Анхаа маань төрөөд дөрвөн сар болоод л бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрх олгох тэмцээнүүддээ өрсөлдөөд эхэлсэн.

-2024 оны олимпийн наадам Парис хотод болно. Ямар зорилго тавьж байна вэ?

-Зорилгоо тодорхойлоод олимпийн циклийн бэлтгэлээ төлөвлөөд сууж байна. Эхний ээлжинд эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрх авах, эрэгтэй 1-2 тамирчин эрх авах зорилго тавьж байна.

Эрэгтэй тамирчдыг дээш нь гаргаж ирэх төлөвлөгөөтэй ажиллах болно. Олимпийн эрх авах эмэгтэй дөрвөн тамирчны хоёр нь медаль хүртэх, тэр дундаа алтан медаль хүртэх зорилго тавиад байна. Ахмад үеийнхэн, туршлагатай дасгалжуулагч нартайгаа зөвлөж илүү боловсруулна.

-Ахмад дасгалжуулагч нарын зөвлөгөө үнэ цэнэтэй байх…

-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Метр хэрийн цасанд зам гаргаад өгсөх хэцүү. Гаргасан замаар алхах амархан. Бидний буурлууд тэр замыг засч өгсөн юм шүү дээ. Алдаа оноо нь дүгнэгдсэн замаар алхаж яваа учраас ахмад үеэсээ зөвлөгөө авдаг юм. Ахмад тамирчин, багш дасгалжуулагч нартаа их талархдаг.

-Шууд хэлэхэд хувийн спортын тамирчид, дасгалжуулагч нараас “Би” гэх үзэл нэвт ханхалдаг. Би л бүгдээс илүү гэх үзэл гаргаж ахмад үеэ үгүйсгэх хандлага анзаарагддаг.

-Шавь нартаа энэ талаар цаг тутам хэлдэг юм. Би л гээд ирэхээрээ болохоо больдог байхгүй юу. Манай уриа бол бид. Бид хамтдаа л урагшилна.

-Хүндийг өргөлтийн спорт монгол хүний бие организмд хэр зохимжтой спорт вэ?

-Монголчууд Хүннүгийн үеэс л эр бяраа үзэж наадаж, цэнгэж ирсэн улс. Ийм хүч тэнхээтэй хүмүүстэй генийн холбогдолтой байдаг нь бидний хувьд том давуу тал. Монгол хүний яс хүнд байдаг. Гол ясны бяр сайн гэсэн үг л дээ. Бусад улсын тамирчдаас ялгарах онцлог нь энэ. Монгол тамирчдын гол ясны бярыг спортын шинжлэх ухаантай холбоод хөгжүүлэхэд амжилт бэлэн байна. Мэдээж тамирчдын нийгмийн асуудал шийдэгдсэн байх шаардлагатай шүү дээ.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг хөдөө өссөн үү?

-Нисэхэд өссөн. Аав, ээж нь цэргийн хүмүүс. Одоо тэтгэвэртэй гарсан. Аав, ээжийгээ томилолтоор явахад нь дагаад л хөдөө гадаа явж өссөн хүүхэд.

-Спорт, шинжлэх ухаан салшгүй холбоотой болсон нь олон удаагийн тэмцээн уралдаанаас анзаарагдаж байна. Спортын шинжлэх ухаан манайд ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хорь орчим жил спорт, спортын анагаах ухаан салшгүй холбоотой явж ирлээ. Барилдаан, тулаан тэр чигтээ л шинжлэх ухаан болчихоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд байхдаа Спортын анагаах ухааны үндэсний төвийг байгуулсан. Бид энэ байгууллагаас их зүйл хүлээж байгаа. Илүү амжилт үзүүлэхэд тус дөхөм болно.

-Та үндэсний бөхийн тамирчдыг дасгалжуулдаг юм билээ. Шавь нараас тань аварга, арслангууд ч төрсөн байдаг шүү дээ. Энэ талаар яривал сонирхолтой болов уу?

-Би мэддэг чаддаг зүйлээ хүнд хүргэе л гэж санадаг юм. Мэддэг, чаддаг зүйлээ нуугаад байдаг хүмүүс бий. Бусдад хуваалцалгүй байсаар тэнгэрт явчихдаг тохиолдол байдаг. Миний тухайд мэдлэг туршлагаа аль болох олон хүнд хуваалцахыг хичээдэг. Үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн хүүхдүүдийн хүчний бэлтгэлийг нь тохируулдаг юм.

Мөн мөсөнд авиралтын Ази тивийн хошой аварга Н.Хэрлэн над дээр бэлтгэл хийсэн. Миний гараар дамжиж улсын цол хүртсэн 30 орчим залуу бий. Манлай нь Г.Эрхэмбаяр, Э.Оюунболд гээд аваргууд байна. Хамгийн сүүлд Д.Алтанцоож гэж залуу Хэнтий аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Цаашид цол ахина гэж итгэл хүлээлгэж байна.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна.

-Олимпийн үеэр сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ их баярлалаа. Анхаагаа медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү. Э.Билэгсайхан маань ч анхны олимпдоо оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж харж байгаа. Цаашид ч амжилт нь ахих байх. Монгол түмнийхээ эерэг сайхан сэтгэлийг бид амжилтаар хариулна.

О.Дашням

Categories
мэдээ спорт

Боксын ДАШТ-д оролцох баг тамирчид Дубайг зорилоо

Энэ сарын 15-ны өдөр Дэлхийн боксын өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид Арабын нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотыг зорьжээ.

Тус тэмцээнд манай улсын 2003-2006 оны тамирчид хүч үзэх бөгөөд энэ наймдугаар сарын 17-31-ны өдрүүдэд болох юм.

Эдгээр тамирчид замын зардал болоод очоод байрлах зардал гэх мэт хүндрэлүүдээс улбаалж, иргэдээс хандив хүсэж байсан бол ийнхүү эх орныхоо нэрийг мандуулахаар дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Бат-Отгон, В.Аззаяа нарын хамт Дубайг зорьжээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ багийн вакумжуулсан бэлтгэл эхэллээ

Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Төв аймгийн Зуунмод хотноо байрлах МХБХ-ны бэлтгэлийн төвд 8-р сарын 14-нөөс 21-ны хооронд бэлтгэлээ эхлүүллээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэбат, туслах дасгалжуулагчаар Д.Эрдэнэ-Очир, Э.Шинэбаяр нар ажиллаж байгаа билээ.

Монголын Эмэгтэйчүүдийн шигшээ баг АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн Цомын урьдчилсан шатанд 10-р сарын 17-ноос 23-ны хооронд Узбекистан улсад болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Н.Отгонбаатар “ONE Championship”-ын анхны тулаандаа ялагдлаа

“Zorky’s MMA” клубын тулаанч, АНУ-ын холимог тулааны “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар өнөөдөр “ONE Championship” холбооны эхний тулаанаа хийлээ.

Тэрээр Энэтхэгийн “The Kerala Krusher” хочит Рахул Ражутай тулалдаж эхний үед илүүрхсэн ч хоёрдугаар үед боолтоор ялагдлаа.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн тамирчдын тосгоныг орон сууцны хороолол болгоно

Олимпод зориулж босгосон нүсэр бүтээн байгуулалтуудыг хожим үр дүнтэй ашиглах нь зохион байгуулагч орны хувьд шийдэх ёстой чухал асуудал байдаг. Япончуудын тухайд Токиогийн олимпийг 42 цогцолборт зохион байгуулсан бөгөөд үүний 27 нь нийслэл хотын төв хэсгээр байрлаж байв. Эдгээрийн ихэнхийг нь спорт тоглоом болон амьд хөгжмийн тоглолт явагддаг цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар ашиглана.

Харин наадмын үеэр 18 мянга гаруй зочдыг хүлээн авсан нүсэр цогцолбор болох тамирчдын тосгоныг энгийн иргэдийн орон сууцны хороолол болгон тохижуулна гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байв.
“Энд олон янзын хүмүүс хоорондоо харилцаж, ая тухтай амьдрах шинэ орчин бий болгоно” хэмээн Токиогийн олимпийн албан ёсны вэб сайтад бичжээ.

нэг буюу түүнээс олон хүн, тэнгэр болон тэнгэр баганадсан барилга гэх мэтийн зураг байж болно

Япончуудын нэгэн адил олимпийн барилга байгууламжаа үр дүнтэй ашигласан хот цөөнгүй. Тухайлбал, Лондон хот олимпийн наадам явагдах гол газраараа зүүн дүүргийн хөгжил муутай Стретфорд дүүргийг сонгож, тэр хэсэгт 3000 барилга шинээр барих зэргээр танигдахгүй болтол нь өөрчилсөн. Наадмын дараа эдгээр барилгыг орон сууцны хороолол, зоогийн газар, дэлгүүр, сургуулийн зориулалттай болгон нэмж тохижуулсан юм. Хожим эндхийн хоёр унтлагын өрөөтэй байр сая ам.доллараас дээш үнэлгээтэй болсон байв. Түүнчлэн Риогийн олимпод зориулж босгосон тамирчдын тосгоныг өдгөө тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалтаар ашиглаж байна.
Үүнээс гадна Мюнхений олимпийн барилга байгууламжуудыг оюутны том цогцолбор болгосон бол Атланта хот 1996 оны олимпийн тосгоныг мөн оюутнуудад зориулсан юм. Харин Сочи хот 2014 оны өвлийн олимп дууссаны дараа барилга байгууламжуудыг амралт, жуулчны цогцолборын зориулалтаар ашиглаж байна.
Categories
мэдээ спорт

Н.Отгонбаатар өнөөдөр “ONE Championship”-ын эхний тулаанаа хийнэ

“Zorky’s MMA” клубын тулаанч, АНУ-ын холимог тулааны “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар өнөөдөр “ONE Championship” холбооны эхний тулаанаа хийнэ.

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг “ONE Championship” наймдугаар сарын 13-нд “Battleground 2” арга хэмжээгээ зохиож буй бөгөөд Н.Отгонбаатар эхний тулааныг нь хийнэ.

Тэрээр Энэтхэгийн “The Kerala Krusher” хочит Рахул Ражутай тулалдана. Рахул замналынхаа турш 13 тулаан хийхдээ долоод нь ялсан амжилттай ч ONE Championship холбооны найм дахь тулаанаа хийх гэж байна.

Харин Н.Отгонбаатарын хувьд замналдаа 8 тулаан хийхдээ тавд нь ялж нэг тэнцэж байсан. Тэрээр сүүлийн тулаанаа Японы Нагата Такүяатай хийж ялсан юм.

Наймдугаар сарын 13-ны 20:00 цагаас SPS FIGHT сувгаар түүний тулааныг хүлээн авч үзээрэй.

Categories
мэдээ спорт цаг-үе

Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая төгрөг олгохоор болжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Токио-2020” зуны олимпийн XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах асуудлыг хэлэлцлээ.

Улмаар Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.