Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Паралимпийн Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана

Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд “Токио-2020” зуны пралимпийн XVI наадмыг зохион байгуулна.

Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцож байгаа юм.

Паралимпийн XVI наадамд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар ажиллахаар томилогдсон билээ.

No description available.

Монголын үндэсний паралимпийн хорооны тамирчдаас “Сидней-2000”, “Афин-2004” зуны Паралимпийн наадмуудад гавьяат тамирчин Жамбалын Лхагважав, “Бээжин-2008” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн, “Лондон-2012” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, “Рио-2016” зуны Паралимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн алтан медальт Дамбадондогийн Баатаржав нар Төрийн далбаагаа барин жагссан түүхтэй.

Categories
мэдээ спорт

Далайн орнууд паралимпийн наадамд оролцохоос татгалзжээ

Дөрвөн далайн орон цар тахлын улмаас “Токио-2020” паралимпийн наадамд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. IPC буюу Олон улсын паралимпийн хорооны зүгээс Самао, Кирибати, Тонга болон Вануату зэрэг дөрвөн улсыг ирэх Мягмар эхлэх наадамд оролцохгүй гэв.

Хэдхэн өдрийн өмнө Афганистаны паралимпийн тамирчид улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас Токиог зорих боломжгүй болсон билээ.

Австрали улсад цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учир Самао, Кирибати, Тонга, Вануату зэрэг орнууд Токио явах боломжгүй болжээ. “IPC”-ийн хэвлэлийн төлөөлөгч Грэйг Спенс ярихдаа “Далайн хэд хэдэн орон Токио руу ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Эдгээр орнууд Австралиар дамжин Токиод ирэх төлөвлөгөөтэй байсан ч Австралид хөл хорио тогтоожээ. Тэд Токио руу нисэхийн тулд Австралид хоёр долоо хоног тусгаарлалтанд орох шаардлагатай. Мөн буцахдаа дахиад тусгаарлалтанд орох тул санхүүгийн хувьд хүндрэл учирсан. Тус улсуудын паралимпийн хороо жижиг учир ийм хэмжээний зардал гаргах боломжгүй” гэжээ.

“Токио-2020” паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно.

Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр/2021.08.20/ Токиог зорьсон. Тус бүрэлдэхүүнд байт харваа, хөнгөн атлeтик, жүдо бөх 11 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс явжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Олимпийн хүрэл медальт Б.Болортуяа болон түүний аавд нь хоёр өрөө байр тус тус бэлэглэжээ

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав хоёр өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл хоёр өрөө байр, МУ-ын хөдөлмөрийн баатар Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд нь хоёр өрөө байр тус тус бэлэглэжээ.

Өдгөө 24 настай Б.Болортуяа нь чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.

No description available.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ази тивийн өсвөр, залуу боксчдын АШ тэмцээн эхэллээ

Ази тивийн өсвөр, залуу боксчдын Аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дэлхийн хүн төрөлтнийг цочроосон Ковид-19 цар тахлаас шалтгаалан манай тивийн нэлээд орны баг тамирчин уг тэмцээнийг өнжиж байгаа хэдий ч Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Казакстан, Киргиз, Кувейт, Ливан, Монгол, Балба, Пакистан, Палестин, Шри-Ланк, Сири, Тажикстан, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан зэрэг орны залуучуудын 132, өсвөрийн 136, нийт 268 боксчин хүрэлцэн иржээ.

ХУВААРИЙН ДАГУУ:

  • Наймдугаар сарын 19-нд Сугалаа, нээлтийн ёслолын үйл ажиллагаа,
  • Наймдугаар сарын 20-27-нд Улаанбаатарын цагаар 20:00 цагаас тэгштгэлийн болон медалийн төлөө, хагас шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 29-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Өсвөрийн боксчдын шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 30-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Залуу боксчдын шигшээ тоглолтууд болно.

Монгол Улсын шигшээ багийн 12 боксчин, дөрвөн дасгалжуулагч уг тэмцээнд оролцохоор Дубайг зорьсон.

Тодруулбал, Азийн Өсвөрийн боксчдын охидын

  1. 46кг-д Батсайханы Саруул,
  2. 48кг-д Отгонбатын Есөнхүслэн,
  3. 66кг-д Даваагийн Гэрэлсайхан,

Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн

  1. 46кг-д Энхтөрийн Төгсбилэг,
  2. 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа,
  3. 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ,
  4. 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл,

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын

  1. 57кг-д Азийн өсвөрийн аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ,
  2. 60кг-д Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь,

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын

  1. 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ,
  2. 67кг-д Цэндбаярын Мөнхтулга,
  3. 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр нар дасгалжуулагч Жамантайн Еркин, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Жаваагийн Баяр-Отгон, Володягийн Аззаяа нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо болоход монголын Ж.Еркин дасгалжуулагчтай өсвөр боксчдын охидын баг анх удаа оролцож, Төгсжаргалын Номин-Эрдэнэ /57кг/ алт, Даваазоригийн Номин-Эрдэнэ /48кг/, хөвгүүдээс Чулуунтогтохын Элбэг /63кг/ нар хүрэл медалийн эзэн болж байв.

ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА:

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ эхний тулаанаа Кувейтын Осамах Албатхалитай хийнэ, ялбал киргизийн тамирчинтай медалийн төлөө үзнэ.

67кг-д Цэндбаярын Мөнхтулга эхний даваанд гоц мөргөсөн ба медалийн төлөө Тажикстаны Хожибобоев Сирожиддинтэй тулна, 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө непал, узбекийн ялсантай медалийн төлөө тоглоно.

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын 57кг-д Азийн өсвөрийн боксчдын аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ медалийн төлөө Энэтхэгийн Прийтитэй тулалдана.

60кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь хагас шигшээд казакстаны Жулдиз Шаяхметоватай мөнгөн медалийн төлөө тоглоно.

Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай, 48кг-д мөн дөрвөн боксчин орж байгаа тул Отгонбатын Есөнхүслэн хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Вишу Ратийтай, 66кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Даваагийн Гэрэлсайхан хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Казакстаны Аружан Жангабаеватай, Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн 46кг-д Энхтөрийн Төгсбилэг эхний даваанд хийлэн, медалийн төлөө кувейт, иракийн ялсантай тоглоно.

48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө Узбекстаны Махмудов Хожиакбартай, 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл медалийн төлөө Узбекстаны Мадаминов Абдуллотай тус тус тоглох болжээ.

Тэмцээний эхний өдөр 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай тоглох хуваарь гарчээ.

АЗИЙН ТИВИЙН ӨСВӨР, ЗАЛУУ БОКСЧДЫН АШТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ

Өдгөө Азийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэмцээн нь тус тусдаа явагдаж байна. Мөн өмнө нь Азийн залуучуудын аваргын /эрэгтэй, эмэгтэй/ тэмцээн нь Азийн өсвөрийн /охид, хөвгүүдийн/ боксчдын тэмцээнээс ангид зохион байгуулагддаг байсан.

Азийн Залуучуудын АШТ хамгийн сүүлд 2019 оны өвөл Улаанбаатар хотод зохиогдон, 16 орны боксчид эрэгтэй 10, эмэгтэй 10 жинд аваргаа тодруулж байсан бол 2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо зохиогдон 26 орны 170 хөвгүүн, 69 охинд оролцон тоглож байжээ.

Харин 2021 оны намрын энэ урт өдрүүдэд АИБА буюу Олон улсын боксын холбоо, Ази тивийн боксын холбооноос АНЭУ-н Дубай хотноо Азийн аваргын тэмцээний Залуучууд, өсвөр насны ангиллыг анх удаа хамтад нь зохион явуулж, Азийн АШТ-ий Залуучуудын ангилалд 2003-2004 онд төрсөн эрэгтэй, эмэгтэй боксчид, Өсвөрийн насны ангилалд 2005-2006 онд төрсөн хөвгүүд, охид тоглох боллоо. Ингэснээр Дубайн рингэнээс Азийн тивийн өсвөр, залуу боксчдын нийт 51 /эрэгтэй 26, эмэгтэй 26/ аварга жин тус бүрд тодорно.

Categories
мэдээ спорт

ДАШТ: Манай тамирчид Уфад нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Уфа хотноо боллоо. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан. Шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв. Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэв. Түүнчлэн түүний багш Паламын Чулуунбаатар гурван жил дараалан унаган шавь нараа залуучуудын дэлхийн аваргаас медаль авахуулаад байна.

2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо. М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав. Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Дилназ Мулкиновад цэвэр ялагдснаар тавдугаар байрт оров. ОХУ-ын Уфа хотод болж буй залуучуудын ДАШТ-д өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 72 кг-ын жинд барилдсан Ч.Отгонтуяа, Б.Ганцэцэг, Т.Энхжин, Д.Цогзолмаа нар дагах боломжгүй болсон. Ингэснээр Монголын баг нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.
Categories
мэдээ спорт

Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо

“Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдөр Токиог зорьж байна. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Наран улсыг зорилоо.

Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Categories
мэдээ спорт

Манай улс паралимпод түүхэнд байгаагүй олуулаа оролцоно

Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно.

Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.

Манай улс түүхдээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горьдож байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.

Тус наадамд манай улсаас

  1. Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  2. Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  3. Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  4. Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  5. З. Ганбаатар (Пара буудлага)
  6. Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  7. П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  8. А.Мөнхбат (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.

Энэ удаагийн паралимпад дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр орж ирсэн.

Categories
мэдээ спорт

ДАШТ: М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-ын Уфа хотноо үргэлжилж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаанууд эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн 55 кг жинд зодоглосон М.Мөнхгэрэл дагах барилдаанд АНУ-ын тамирчин Пейтон Жейн Струдыг 10-0 харьцаагаар ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Тэрээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын Анастасиа Иандушкинатай 21:00 цагаас барилдана. Тус цагаас 76 кг жинд Ө.Одбаг хүрэл медалийн төлөө, 50 кг жинд Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -65 кг жинд зодоглосон Т.Энхжин эхний шатанд Тунисийн Хадижа Жлассид 5-2 харьцаагаар ялагдав. Хэрэв Тунисийн тамирчин финалд шалгарвал Т.Энхжин дагаж барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Шаравжамц: Олимпод амжилт гаргасан баг тамирчдад нэгдсэн журмаар шагнал урамшуулал гардуулна

“Токио-2020” зуны олимпийн наадамд амжилттай оролцож, медаль
хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл өглөө.

Тэрээр “Ц.Цогтбаатар, Уранцэцэг нарыг Баянхонгор аймгийнх нь нутгийн зөвлөл нь хүлээж авч байр өгсөн. Мөн М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, С.Моллай Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус Гавьяат тамирчин цол, орон сууц олгох талаар Засгийн газрын хурлаар орж дэмжигдсэн” гэлээ.

Тэдэнд байрыг нь энэ сарын 25-нд гардуулж өгөх юм байна. Мөн Улсын шигшээ багийн тамирчдын цалин 700 мянган төгрөг болж нэмэгдсэн талаар хэллээ.

Дашрамд Ц.Шаравжамц “Биеийн тамир, спортын улсын хорооны дарга гэх албан тушаалыг аваад таван жил болж байна. Энэ хугацаанд хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгч байгаагүй. Харин олимпод манай баг тамирчид тодорхой хэмжээний амжилт гаргалаа. Тийм болохоор урд өмнө нь ирж байсан олон асуултад ДАШТ дууссаны дараа албан ёсоор хэвлэлд ярилцлага өгөхөө мэдэгдлээ.

Categories
мэдээ спорт

Азийн наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүлэв

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ.

“Ханжоу-2022” Азийн наадмыг Зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж байна.

тоглоом гэх мэтийн зураг байж болно

БНХАУ-ын баруун хойд зүгт орших 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд электрон спорт, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Монголын баг тамирчдын хувьд 1974 оны Азийн наадамд анх оролцож байв. Хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд монголчууд 31 спортоор 269 тамирчны бүрэлдэхүүнтэй орж, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртэж байв. Улмаар багийн дүнгээр 17-р байрт жагссан билээ.

Зургийн тодорхойлолт алга байна.