Азийн оюутны спортын холбоо, Индонезын оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Азийн оюутны аварга шалгаруулах шатрын цахим тэмцээн зохион байгуулна.
Энэ сарын 2-12-нд Индонезын Гунадарма хотноос удирдан явуулах тэмцээнийг цар тахлын улмаас цахимаар явуулах юм. Тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шри Ланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцоно.
Багийн төрөлд эдгээр багаас эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг оролцоно. Ази тивийн шатрын оюутны аварга шалгаруулах 2021 оны онлайн III тэмцээнд манай улсаас Монголын оюутны спортын холбооны шатрын шигшээ баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг орох юм.
Бүрэлдэхүүнд нь эмэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай, МУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Б. Отгонсувд, эрэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ОУМ Ү.Агьбилэг, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Г.Булганхан, нэг дасгалжуулагч оролцоно.
Багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн оны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Т.Номиндалай, амжилттай тоглосон Ү.Агьбилэг нарын туршлагатай тамирчид оролцож байна. Эмэгтэй шатарчдын тэмцээн энэ сарын 2-5-нд, эрэгтэй тамирчдын тоглолт 9-12-нд рапид төрлөөр Швейцар системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргана.
Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Филиппиний иргэн, олон улсын шүүгч Касто Абуидо, ерөнхий шүүгчээр, АНЭУ-ын иргэн, олон улсын шүүгч Абдулрахам Махди нар болон бусад шүүгчийн бүрэлдэхүүн удирдан явуулна. Ташрамд дурдахад анхны оюутны Азийн АШТэмцээн 2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож, манай улсаас хоёр баг оролцон, МУИС-ийн баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхэлж байв.
2020 оны арван хоёрдугаар сард болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн II тэмцээнд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 3 шатарчин орж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд 11 орны 37 шатарчид рапид төрлөөр швейцар системээр есөн өрөг тоглосон.
“Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, ДШХ-ны мастер Э. Хулан 7.7 оноогоор түрүүлж, тивийн анхны оюутны аварга болсон бол МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэж байв. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр ДШХ-ны мастер Б.Ану ахлагчтай Монгол Улсын эмэгтэй баг түрүүлж, Индонез, Ираны оюутан баг, тамирчид удаалсан юм.
Ази тивийн 2020 оны АШТ-д 13 орны 48 эрэгтэй оюутан шатарчинд оролцож, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар өрсөлдсөн 6,5 оноотой III байр эзэлж амжилттай оролцсон билээ.
Монголын оюутны шатрын баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооны хамт олон зохион байгуулан оролцуулах бэлтгэл хангав гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.