Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнхжаргал: Хоёр минут л хоцорсон бол тэр хүү амиа алдаж мэдэхээр байсан

-Хүүг унах гэж байхад ойр хавьд нь байсан хүмүүс гар утсаараа бичлэг хийж байжээ-

Баянзүрх дүүргийн дөрөв­дүгээр хорооны нутагт энэ сарын 5-ны өдөр цонхноос унах гэж байсан хүүхдийг цагдаагийн хоёр алба хаагч аварсан билээ. Үүргээ амжилттай биелүүлж, хүүхдийн амийг аварсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Хүүхдийн амь аварсанд баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Энхбаатарын Мөнхжаргал гэдэг. Би цагдаагийн байгуул­лагад ороод сар гаруй ажил­лаж байгаа шинэ алба хаагч. 

-Хууль сахиулах их сургуулийн төгсөгчид саяхан тангараг өргөсөн. Тэдний дунд та байжээ?

-Тиймээ. Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэл­тэст томилогдоод ажиллаж байна.

-Долдугаар сарын 5-ны өдөр цонхоороо унах гэж байгаа хүүхдийг аврахаар дуудлагаар очсон уу?

-Ахлах ахлагч Ө.Бат­баатар­тай хамт Баянзүрх дүүргийн IV, V хороонд машинтай эргүүл хийж байсан юм. Жижүүрийн албанаас 18.30 цагийн орчимд “Ромео Жульетта” хотхонд хүүхэд боомилогдсон байдалтай бай­на” гэсэн мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу “Ромео Жульетта” хотхонд яваад очтол хүүхэд цонхноосоо бооми­логдсон байдалтай дүүжлэгдсэн байсан. 

-Тухайн үед тэр хавьд олон хүн байсан уу?

-Олон хүн байсан. Зарим нь цагдаа, онцгойд дуудлага өгч байсан. Гэхдээ олонхи нь гар утсаараа бичлэг хийгээд зогсч байсан. Тийм үед бичлэг хийгээд зураг дараад зогсч байгааг нь харахад эвгүй юм билээ. 

-Та хоёр шууд гэрт нь орсон уу?

-Жижүүрийн албанаас дуудлага өгөхдөө зургадугаар давхрын айлын цонхноос хүүхэд унах гээд байна гэсэн. Дээшээ гарах гэтэл цахилгаан шат ажиллахгүй байсан. Хоёулаа шатаар өгсөж гүйгээд зургадугаар давхрын айлын хаалга эвдэж орсон. Тэр хүүхэд дээд давхрын айлын цонхоор доош унаж зургаа, долдугаар давхрын дунд дүүжлэгдсэн байдалтай байсан юм. Тиймээс Ахлах ахлагч Ө.Батбаатар зургадугаар давхрын айлд үлдээд би хүүхдийн гэрийн хаалгыг эвдэж орсон. Ө.Батбаатар хүүхдийн хөлнөөс өргөж өгөөд би дээд давхраас татах гэтэл гар хүрдэггүй.

-Тэгээд юу болсон бэ?

-Тэгж байтал хөршийнх нь хүмүүс ороод ирсэн. Хөршүүдээр нь хөлнөөсөө бариулж байгаад цонхоор нь доош зүтгэсэн. Бараг өөрөө унах шахаж байж хүүхдийн гараас нь барьж дээш татлаа. Тэр үед Ө.Батбаатар зургадугаар давхарт хүүгийн хөлөөс өргөж байгаад дээшээ гарч ирэхээс аргагүй болсон. Тэгээд хөршүүдийг нь дуудаж хөлийг нь өргүүлээд өөрөө дээшээ гарч ирж надад тусалсан. Дашрамд дурда­хад хоёр айлын хаалга эв­дэж ороход хөршүүд нь бага­гүй тусалсан. Бас хүүгийн амийг аврахад тусалсанд баярласнаа илэрхийлмээр байна.  

-Болсон явдлыг хар­сан хүн манай сонинд “Тэр цагдаа нар үнэхээр баатарлаг ажилласан. Нэг цагдаа нь өөрөө унаж ч мэдэхээр байсан” гэж мэдээл­сэн. Таны амь насанд ч эрсдэлтэй байжээ.

-Тэгж харагдсан юм байлгүй дээ. Хүмүүс намайг алдсан бол унаж мэдэхээр байсан. Гэхдээ тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч “Надад аюултай” гээд хойш суух эрхгүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах л үүрэгтэй шүү дээ.  

-Амийг нь аварсны дараа хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?

-Цочролд орчихсон байсан. Царай нь цайгаад үг дуугарч ч чадахгүй байсан. Цээжээр нь боосон оосор гулсч хоолой руу орж байсан юм билээ. Хоёр минут л алдсан бол тэр хүү амиа алдаж мэдэхээр байсан. Бид хоёр хүүд анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн тусламжийн эмч нар ирсэн. Тэд “Жаахан цаг алдсан бол байдал эвгүйдэх байжээ” гэцгээж байна лээ. 

-Тэр хүүхэд яагаад цон­хоороо гарсан юм бол. Бас цээжээр нь олс уяатай бай­сан гэдэг нь сонин байна.

-Унаж, татдаг өвчтэй хүүхэд бололтой юм билээ. Аав, ээж нь гэрээсээ гарахдаа уяж үлдээдэг юм байх. Тэр өдөр бас паарнаасаа уяад гарсан юм билээ. Гэтэл хүү онгорхой цонхоороо гарч, уяандаа тогтож байсан юм байна лээ. 

-Хэд орчим насны хүүхэд вэ?

-Арав орчим настай хүүхэд. Бага насны болон өвчтэй хүүхдээ гэртээ ганцааранг нь орхихгүй байхыг эцэг эхчүүдэд сануулмаар байна. Түр орхихоос өөр аргагүй бол цонх, тагтаа сайн цоожилж байгаарай гэж зөвлөе.

-Аав ээж нь хүүхдээ яагаад ганцааранг нь үлдээсэн юм бол. Өөрсдөө юу ярьж байна вэ?

-Аав ээжтэй нь уулзаагүй. Ах нь ирсэн. Ахынх нь ярьж байгаагаар аав, ээж нь Чингэс хаан нисэх онгоцны буудал руу явсан гэсэн. Тэр хүүхэд юм мөргөж унаад байдаг болохоор уядаг гэсэн. 

-Тантай хамт ажилласан Ө.Батбаатар цагдаагийн байгууллагад олон жил ажилласан уу?

-Ахлах ахлагч Ө.Батбаатар цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад найман жил ажиллаж байгаа хүн. Олон жил цагдаагийн байгууллагад ажилласан учраас туршлага­тай, түшигтэй байдаг юм.

-Сайхан баярлаарай. 

-Танай уншигчдад Үндэсний их баяр наадам, тулгар төрийн 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэнд хүргэе. 

Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 

Ц.ӨРНӨХ

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монголд даавар орлуулах эм бэлдмэлийн хүрэлцээ муу, сонголт маш бага байна

Монголын менопауз, андропаузын зохицуулалтын нийгэмлэг (ММАЗН)-ийн нарийн бичгийн дарга Б.Мягмардагватай ярилцлаа.

-Юуны өмнө нийгэм­лэгийнхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай нийгэмлэг 2010 онд байгуулагдсан. Нөхөн үржихүйн дараахь насны  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн даавар буурсантай холбоотойгоор үүсэх эрүүл мэндийн  өвчлөл, цэвэршилтийг судалж, эрүүл наслах тэр чиглэлээр эрдэм шинжилгээний ажил, баримт нотолгоо, дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг Монголд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Клиникийн  мэргэжлийн эмч нарт зориулсан цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээлэл хүргэх, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг танилцуулж, хамтарч судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил зэргийг зохион байгуулдаг. Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалтын  ажлыг зохион байгуулж байна. Яагаад бидний хийж байгаа ажил нийгэмд хэрэгцээтэй тулгамдаад байгаа вэ гэхээр, монгол эмэгтэй хүний дундаж наслалт тогтмол өсч байна. Эмэгтэйчүүдийн  дундаж наслалт өсч байгаа ч бие физиологийн хувьд цэвэршилтийн нас хойшилдоггүй. Нэг ёсондоо эмэгтэйчүүд цэвэршсэнээсээ хойш илүү олон жил амьд байдаг буюу монгол эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгийг цэвэршилтийн бууралттай буюу цэвэршсэний дараахь үед өнгөрүүлдэг. Гэтэл 40-60 насныхан маань ажил амьдралын  арвин туршлагатай, хийж бүтээсэн юмтай, нийгэм, эдийн засгийг хөдөлгөгч гол насныхан байдаг.  Энэ хүмүүст тусгайлан зориулсан үйлчилгээ хангалттай биш байна. Тийм учраас энэ дутагдалтай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, чанар хүртээмжийг нь  сайжруулахаар ажиллаж байгаа юм. 

-Саяхан цэвэршилтийн олон улсын хуралд оролцоод ирсэн гэсэн. Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, ямар эмчилгээний шинэ арга барилыг баримталж ажиллаж байна вэ. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Манайх дотооддоо үйл ажиллагаа явуулахаас гадна, олон улсын хэмжээнд  идэвхтэй ажилладаг. Нийт 80 гаруй орны цэвэршилтийн нийгэмлэгийг нэгтгэсэн том байгууллага гэж бий. Энэ байгууллагад манайх 2011 онд гишүүнээр элссэн. Олон улсын цэвэршилтийн нийгэмлэг хоёр жилд  нэг удаа цэвэршилтийн дэлхийн конгрессыг  зохион байгуулдаг.  2012 онд Италийн нийслэл Ром хотод болсон конгрессээс эхлээд олон улсад болсон конгрессуудад оролцоод  явж байна. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сарын 1-4-ний хооронд болсон  цэвэршилтийн 14 дүгээр конгресст манай нийгэмлэгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ. Энэ чуулганд 80 гаруй орноос 1700 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, нөхөн үржихүйн дараахь насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, эмчилгээний аргачлалууд, судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг танилцуулж өргөн хүрээнд хэлэлцсэн. Бидний хамгийн ихээр сонирхол татсан эмчилгээ нь цэвэршилтийн насны даавар орлуулах  эмчилгээг  дэлхий нийтэд маш өргөн хүрээнд хэрэглэж байгаа явдал байлаа. Монголд хэрэглэгдэж байгаа даавар орлуулах эмчилгээний удирдамж нэлээд хуучирсан, эм, бэлдмэлийн хүрэлцээ, сонголт маш бага байна. Дэлхийн нийтийн даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамж маш чухал ач холбогдолтой зүйл. Энэхүү удирдамжаар  цэвэршилтийн хам шинж болон зовиурыг эмчилж, эмэгтэй хүнийг  цэвэршилтийн шилжилтийн үед ямар нэгэн шинж тэмдэггүй, зовиургүй, өөртөө тааламжтай байдлаар өнгөрөөх, цэвэршилтийн дараахь амьдралдаа сэтгэл хангалуун байх, өвчин  эмгэггүй, сэтгэл тайван насжих нөхцөлийг бүрдүүлсэн тийм  бүрэн эмчилгээний удирдамж байна. Манайд тэр удирдамж хараахан батлагдаагүй, дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа  эм бэлдмэл орж ирээгүй  байгаа. Тиймээс манай нийгэмлэг 2013 онд Олон улсын цэвэршилтийн нийгэмлэгээс баталсан даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамжийг Монголд оруулж ирэхээр боловсруулах  ажил дээрээ явж байна. Боловсруулаад хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. 

-Дэлхий нийтэд эмчилгээний шинэ чиглэл, эм бэлдмэлүүд нэвтэрсэн байна гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Маш нарийн эмчилгээ, оношилгооны шинэ аргууд  дэлхий нийтэд нэвтэрчээ. Энэ зүйлүүдийг Монголынхоо эмч нарт  бид тайлагнана. Цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухайд өвчин, эмгэг биш учраас нарийн тоног төхөөрөмж багаж шаардахгүй. Харин лабораторийн нарийн оношилгоонууд нэвтэрсэн байна. Цэвэршилтийн эрүүл мэндийн гол эмчилгээ цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээ. Даавар орлуулах  эмчилгээн дээр маш олон төрлийн шинэ эмүүд бий болжээ. Шинэ эмүүдээс гадна өмнө нь хэрэглэж байсан эмүүдийн тун нь багассан байна. 2010 оноос хойш хэт бага  тунгийн даавруудыг хэрэглээд эхэлжээ. Даавар  орлуулах эмчилгээг  өндөр тунтай хэрэглэснээс болоод хөхний хорт хавдар үүсгэх зэрэг олон  эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг. Тэгэхээр  нэг хэсэг дэлхий нийтээрээ даавар орлуулах эмчилгээнээс татгалзаад байсан. Тэгвэл сүүлийн үед хэт бага тунтай дааврын  бэлдмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд даавар орлуулах эмчилгээ нь аюулгүй даавар орлуулах эмчилгээ рүүгээ шилжсэн байна. Тиймээс Монголдоо шинэ бага тунтай даавар орлуулах эмийг оруулж ирэх нь чухал байна. Одоо Монголд зөвхөн уудаг даавар  хэрэглээд байгаа. Дээр нь орж ирж байгаа дааврын эмийн сонголт маш бага байна. Харин дэлхий нийтэд уудаг дааврын  эмнээс гадна тарилга, тос наалт, лаа, гель гээд маш олон төрөл байна. Өөрөөр хэлбэл, заавал дааврын эмийг ууж элгэндээ ачаалал өгөхгүйгээр лаа,  тос зэргийг хэрэглэж болж байна.

-Монгол эмэгтэйчүүдийн дунджаар хэдэн насандаа цэвэршдэг вэ. Цэвэршилтийн зовиуртай үед ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-2008 онд манай зарим эрдэмтдийн хийсэн судалгаагаар монгол эмэгтэйчүүд дунджаар 49.5 насандаа цэвэршиж байна гэсэн. Энэ нас  дэлхийн бусад улс оронд хийсэн судалгаатай ойролцоо байгаа. Цэвэршилтийн нас ойролцоо байгаа боловч, цэвэршилтийн дараахь болон өмнөх үед гарч байгаа дааврын өөрчлөлтүүд их, тэр өөрчлөлтүүдийн үед гарч  байгаа хямралууд маш их зовиуртай байгаа юм. Тэгэхээр  эмэгтэйчүүд маань зовиуруудыг багасгахад юуны өмнө мэргэжлийн эмчид үзүүлж цусны шинжилгээ хийлгээд хувь хүнд  тохирсон хамгийн бага тунгаар  дааврын эм бэлдмэл өгөх ёстой. Одоо болохоор манайхан өндөр тунтай дааврыг эмчийн заа­вар­гүй,  буруу мэдээллээр хамаа замбараагүй хэрэглээд байгаа. Тэгж буруу хэрэглээд байгаагийн сөрөг үр дагавар маш их. Тиймээс манай ний­гэм­лэгийн  гол зорилгын нэг нь иргэдэд төдийгүй эмч мэр­гэжилтнүүдэд дааврыг зөв хэрэглэх тэр мэдээлэл өгөх юм. 

-Нөхөн үржихүйн дараахь насныханд зориулсан эмчилгээ үйлчилгээ хангалтгүй байдаг гэсэн үг үү?

-Хангалтгүй байдаг. Нөхөн үржихүйн насны хүмүүсийн тусламж үйлчилгээ сайн байгаа болохоос нөхөн үржихүйн дараахь хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ ерөөсөө орхигдчихсон. Нөгөө талаар эмнэлгүүд ачаалал ихтэй байдгаас болдог байх. Тэгвэл хувь хүн энэ талаар сайн мэдээлэлтэй байж чадвал өөрийнхөө амьдралын хэв маягийг зөв зохицуулаад энэ насандаа өөртөө илүү  анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ  анхаарч, стрессээс хол байж,  нийгмийн идэвхтэй байж, өөрөө өөртөө туслах бүрэн боломжтой юм. Харин бие организмд дутагдаад байгаа дааврыг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой. Дэлхий  нийтээр баримталж байгаа даавар орлуулах эмчилгээний шинэ удирдамж маань хамгийн гол нь бага тунг хувь хүний  онцлогт тохируулж  хийнэ гэж заасан байгаа.  Надад тохирч байгаа эмчилгээ өөр хүнд тохирохгүй байж болно. Даавар бол тоглоом биш. Гэтэл өнөөдөр манайд дааврын эмийг эмийн санд жоргүйгээр олгодог. Эмэгтэйчүүд  найзаасаа юм уу, хамт ажилладаг хүнээсээ  асуугаад, “нүүр улайгаад байна, билгийн  дур сонирхол буураад байна, нөгөө цэвэршилт гэдэг нь болж  байх шиг байна, тэр эм сайн гэсэн” гэх зэргээр ам дамжсан яриагаар  даавар аваад хэрэглэчихдэг. Энэ бол маш буруу олон сөрөг дагавартай.   

-Сүүлийн үед цэвэршилт залуужиж байна гэж сонссон. Энэ үнэн бол ямар шалтгаантай юм бол?

-Олон шалтгаантай л даа. Дааврыг буруу хэрэглэсэнтэй холбоотой үүсч байгаа сөрөг нөлөө юм.  Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүдийг охидууд маань замбараагүй хэрэглэж байна. Зарим эмнэлгүүд жирэмнээс хамгаалах тариа, арьсан доорх суулгацыг ямарч гаж нөлөөгүй гэж мэдээлж, олон удаагийн дамтамжтайгаар өгч байна. Үүнээс шалтгаалж залуухан охидууд эрт цэвэршиж байгаа.  Мөн ямар нэг өвчний улмаас өндгөвч, умай зэрэг нөхөн үржихүйн эрхтнүүддээ мэс засал хийлгэж тайруулж авахуулсны дараа цэвэршилт явагддаг. Хэдэн ч настай байсан ийм мэс ажилбар хийлгэсэн бол үүний дараа шууд цэвэршилт  явагддаг. Энэ хүмүүст цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээг шууд хэрэглэх хэрэгтэй юм. Энэ эмчилгээ ч гэсэн манайд тааруу байна. Үүнээс гадна амьдралын хэв маяг нөлөөлж байна. Хооллолт дасгал хөдөлгөөн, гадаад орчны нөлөө, стресс  зэрэг нөлөөлдөг. Мөн удамшил их нөлөөлдөг. Эмэгтэй хүүхэд  ээжийнхээ  цэвэршилтийн түүхийг тодорхой хэмжээгээр давтах тохиолдол  элбэг байдаг. Тиймээс ээж нь эрт цэвэршсэн бол охин нь мөн эрт цэвэрших ийм тохиолдол элбэг. 

Х.ЦЭНД

Categories
мэдээ цаг-үе

Өргөн Сэлэнгэ, томоогүй нас минь

-ӨГӨӨЖ БАЯН БУГАТ МИНЬ-

Өргөн Сэлэнгэ минь холын замдаа

Ойн дундуур шуугин урсана аа

Өтгөн шаргал тариалан минь

Түүний дэнжээр халиуранхан байна

Манай нутгийн нэрт түүхч, зохиолч, багш Галдангийн Даваацэрэн ахын шүлгээр, XX зууны Монголын дууны хөгжмийн алдарт мастер, сонгодог төлөөлөгчийн нэг, хөгжмийн зохиолч  Гончигдамбын Дарамзагдын аялгууг нь зохиосон сайхан дууг сонсох, аялахад энэ хоёр аугаа уран бүтээлчийн сайхан дүр тодорч, Даваацэрэн ахын мандаж, хэлмэгдэж явсныг, Дарамзагд гуайн нийгэмдээ гомдож, гуниж явсаар цэл залуугаараа өргөн Сэлэнгэдээ үйж хорвоогоос буцсаныг санахад нулимс аяндаа асгарч дотор давчиддаг билээ. Улмаар төрж өссөн Сэлэнгийнхээ өтгөн шугуй, мэлмэрэн чимээгүйхэн урсах дөлгөөн Сэлэнгэ, төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүүс, нутгын зон олон минь нүдэнд харагдах шиг болно. 

Миний бие төмөр могой жилд Булган аймгийн Цонхлон сумын Хялганат нугад төрсөн билээ. Бага насандаа аавыгаа халтар арвай, хар будаагаа (чангаамал) тарих хавар цагаар Сэлэнгийн хөвөөнд төрсөн газартаа очдог байлаа. Хавар эрт хааяа модны мөчир тас няс хийн хугарахаас өөр анир чимээгүйн дунд ангир, галуу, нугас, алаг ятуу зэрэг жигүүртэн шувууд гангар гунгар дуугаран хэсэг сүргээрээ нисэн буун, зарим нь хагалсан тарианы гуурсан дээр сууж идэш хоолоо эрэн гунганалдаж байдагсан. 

Аав минь шар хөллөсөн анжисаар газар хагалж, хамт яваа хүн нь үрээ цацаж явсан нь өчигдөрхөн мэт. Хаврын тариалалт дуусч, бид зусланд буусан гэртээ харина. Зун нь аав тариагаа эргэнэ. Намар айлууд ургац сайн бол будаагаа хурааж авах үеэр хоньдуулах гэгч найр хийнэ. Энэ нь нутгийн хүмүүс цуглаад бие биенийхээ будааг ээлжлэн хурааж байгаа хэрэг. Тухайн айл нь хонь гаргаад түрүүлсэн хүнд ууцыг, удаах хүнд өвчүүг, хамгийн сүүлийнхэд нь богтос өгнө.

УДАМ ДАМЖСАН УРГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ МИНЬ

Миний аав Жигжидийн Санжаа 1908 оны тахиа жил Хужирын адагт Санж гэдэг айлын гурав дахь хүү болон мэндэлсэн юм гэнэ лээ. Миний аавын ах өндөр Гунгаажав гэдэг том янхигар биетэй, ан гөрөө их хийдэг, арван гурван хүүхэдтэй, эхнэр Баярын хамт мал маллан үр хүүхдээ энх тунх өсгөсөн нэгэн сайхан буурал байж билээ. Тэдний хүүхдээс Нацагдорж ах сумын эвлэлийн үүрийн дарга, Гүндсамбуу ах сүү тосны заводод ажилладаг, сумын начин цолтой бөх Балдандорж ах нэгдлийн Дундатын саалийн фермд малчин, эхнэр Дугарсүрэн нь сайн саальчин байсан. Хэдэн жилийн өмнө хорвоогоос буцаж билээ. 

Миний аав Зад-Барт хавиар нутагладаг Жигжид гэдэг айлд өргөгдөж өссөн юм гэнэ лээ. Үүнээс хойш залуу бага насаа Сэлэнгэ, Зад- Бартын голыг өгсөж уруудан Хайлааст, Өлзийбүрэн, Хялганат, Арцат нуга хавиар малаа маллан, хар будаа, халтар арвай тарин гурил будаагаа хийж амьдарч ирсэн юм. 

Миний ах Ёндонжамц нь Бартын голд төрж, долдугаар анги төгсөөд нэгдлийн тоо бүртгэгч хийж байгаад Архустайн трактор комбайны курст суралцан, Зэлтэрийн сангийн аж ахуйн тракторын жолооч, автомеханик, бригадын дарга, Улаанбаатар  хотноо мянган машины засварын заводод жолооч зэрэг ажил хийж яваад тэтгэвэрт гарч, 71 насандаа өөд болсон. Түүний хүү Ганбаатар, Ганболд нар нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн билээ. 

Миний эмээ Тамжав гэдэг өндөр сайхан биетэй, ач зээ нартаа их хайртай хүн байв. Биднийг буруу хэрэг хийвэл ааваас их нуудаг, өөрөө арга хэмжээ авдагсан. Сайндаа үглэнэ, учрыг нь тайлбарлана. Болохгүй хэрэг хийвэл Санжаад хэлнэ шүү гэж бид хоёрыг айлгадаг, ухаантай сайхан эмээ байж билээ. Ахыг арван настай, намайг дөрвөн настай байхад ээж Лхамсүрэн минь нас барж эмээгийнхээ гар дээр өссөн билээ. Эмээ маань их ажилсаг, ямаа хонио хариулна, цагаан идээ сайхан хийнэ. Хааяа “Замагтай нуур”, “Арван тавны сар” зэрэг дууг амандаа аялна, үлгэр домог ярина, хүнээс үлгэр сонсох их дуртайсан. Манай нутагт айл айлаар явж, хоносон айлдаа үлгэр ярьдаг хүн байсан билээ. Тэр хүн шөнө дунд мичид марал голлотол үлгэр ярина. Эмээ маань төвөгшөөхгүй өвлийн шөнийн хүйтэнд өрхөө татаад гал түлж сүүтэй цай чанаад будаатай ааруул, өрөмтэй өгдөгсөн. Үлгэр хэзээ дууссаныг мэдэхгүй, нэг мэдэхэд өглөө болж эмээ минь хонь ямаагаа бэлчээж байдагсан. Одоо эмээгийн минь ачинцар, зээнцэр нь нутаг усандаа сайхан амьдарцгаадаг юм. Миний эмээгийн Бямбаа охин арван гурван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Д.Доржсүрэн ах Цонхлон суманд бага сургууль төгсөөд багшилж байв. Мөн Төв аймагт болон Улаанбаатар хотын 33-р сургуульд багшилж байсан.

Миний ээж Лхамсүрэн Хужирын голд нутагладаг Наваанчүлтэм маарамбын охин юм.  Тэднийх Самбуу, Гомбо, Цэнд, Лхамсүрэн гэдэг дөрвөн хүүхэдтэй айл байжээ. Миний нагац ах Самбуу аймгийн артельд мужаан, цехийн болон бригадын дарга зэрэг ажлыг насаараа хийсэн хүн байлаа. Нагац эгч Цэнд, хүргэн ах мууран Санжаа нь нэлээд малтай Бороодой, Хүрэн шандаар нутагладаг, нэгдлийн сайн малчин байлаа. Түүний хүү миний үеэл ах шар хочит Д.Сэмжид сампинд гарамгай нэгдлийн нягтлан бодогч  гэж магтагдана. Эхнэр Ш.Цэрэннадмид нь уруул дээрээ мэнгэтэй, царайлаг өндөр бор хүүхэн нэгдлийн анхны агротехникч байгаад цэл залуугаараа хорвоог орхиж билээ. 

Миний нагац ах Самбуу 1970-аад онд намайг дагуулан одоогийн Ханд вангийн өргөө байсан хоёр давхар байшингийн дэргэд очоод: 

-Чиний өвөө Наваанчүлтэм маарамба Ханд вангийн оточ байсан гээд санаа алдаж байж билээ. Бодвол миний дүү эмч болсон чинь тун сайн хэрэг, бидний өвлөж аваагүй мэргэжлийг эзэмшлээ гэж бодсон юм болуу.

НУТГИЙН САЙХАН ХӨГШЧҮҮЛ МИНЬ

1950-1958 оны хооронд Цонхлон сум тарж Бугат сумын “Партизан” нэгдэл үүсэж суманд минь бүтээн байгуулалт хэрхэн өрнөснийг мэдэх гэрчийн нэг нь билээ би. 

Ээж минь 1945 онд нас барж аав, эмээ Тамжав, ах Ёндонжамц бид үлдээд Бугат сум “Партизан” нэгдлийн төвийн шавыг тавих тэр үед аав маань нэгдлийн анхны агуулахын сахиул байсан юм. 

Сумын төвөөс доош Бугатын хөл, Хужирын голын дагуу тариа тарьж байсан тарианы гуурсны сул шороо явган байтугай морьтой явахад хэцүү байдагсан. Намар болоход ойр хавийн айлууд намаржаа, өвөлжөөндөө дөхөн бууж ах маань сургуульдаа явж, эмээ, аав бид гурваас өөр хэн ч үлддэггүй байсан цаг өчигдөр мэт. Өвөл болоход хаашаа ч харсан ээрэм цагаан цасан дунд ганц гэрээрээ байх шиг уйтгар гуниг байхгүйсэн. Хааяа арслан нэртэй ганц нохой минь хуцахад гараад харвал ганц нэг үнэг, хярс, чоно шогшиж явдагсан. 

1951 оны хавар Цонхлон сумыг нүүлгэх ажил өрнөсөн билээ. Боломжийн мал хөрөнгөтэй айлуудаас уналга, ачлага гаргуулан ачлага, уналга муутай айлуудаас хүн хүч гаргуулан, ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байж хуучин сумын хүн, мал эмнэлэг, дэлгүүр зэрэг боломжийн барилгыг буулган ачиж ирж барьж билээ. 

Өндөр Ёндон  даргатай, мужаан бригадын бүх хүмүүстэй миний бага нас амин холбоотой билээ. Өндөр Ёндон, сул Санжаа, шаахнаа Санжаа (миний аав), хазгар Самдан, гахай Цэдэндамба, Жадамба гэх зэрэг арваад хүн Бугатын хоёр давхар контор, сургууль, эмнэлэг, дэлгүүр, клуб барьцгаасан хойч үеийнхэндээ дурсагдах гавьяатай хүмүүс билээ. Тэд л гаднаа шаттай хоёр давхар сургуулийн конторыг барьсан юм. Өндөр барилга үзээгүй бидэнд их л сонин, сүртэй, дээд давхарт нь хичээллэхийг их мөрөөднө. Аймагтаа л анхны давхар байшин гэдэг байсан санагдана. 

Бугат сумын анхны хүн эмнэлгийн эмч бол тухайн үедээ сувилагч байсан Жагзмаа гэдэг намхан цагаан хүүхэн. Гэртээ тариа хийнэ, хүнээ үзнэ, дуудлагандаа явна, эмээ өгнө, бүх юмыг ганцаараа гүйцэтгэдэг байв. Үүний  дараа Гэлэгжамц гэдэг бага эмч ирсэн. Энэ хүн тухайн үедээ бүхий л ажлаа ганцаараа хийнэ. Мэдлэг мэргэжилдээ сайн хүн байсан гэж боддог юм. Хожим оюутан болоод халдвартын больницод дадлага хийж байхад тэрбээр өндөр настай болсон, больницын хашаа цэвэрлэж явж байхад нь таарч билээ. Гэлэгжамц эмч маань насны эцэст больницын хашаанд жижигхэн амбаар барин сууж, тэндээ нас барсан гэдэг. Үр хүүхэд, хань ижилгүй байсан юм болов уу даа, больницын хамт олон оршуулсан юм гэнэ лээ. 

АЛСЫН ЗАМД МОРДУУЛСАН СУРГУУЛЬ МИНЬ

1951 онд Бугат сумын бага сургуулийн сурагч болж үеийн олон нөхөдтэйгээ тохой зэрэгцэн эрдмийн мөр хөөх анхны зам минь нээгдсэн юм. Сургуулийн байшин баригдаж дуусаагүй тул бид гэрт хичээллэж эхлэв.

Манайх Ё.Дондог, Д.Мөнхөө, О.Давааням, Ц.Амгалан, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, Ц.Буд, С.Хишигт, Д.Ичинхорлоо зэрэг арваад хүүхэдтэй анхны анги байж билээ. 

Манай ангийн багш намуухан дуутай, дөлгөөн сайхан зантай, цагаан царайтай, өндөр нуруутай хөгжилтэй Дашдаваа гэдэг хүн байж билээ. Хожим намайг Анагаах Ухааны Дээд сургуульд оюутан болоод очиход багш маань сургуулийн оюутны байрны жижүүр хийж байсан юм. Анх нийслэлд ирээд хүн танихгүй болоод тэр үү багшийгаа хараад ээж, аавтайгаа уулзсан юм шиг их л элгэмсэг дотно яриа өрнүүлж нутаг усныхаа тухай хуучилж байж билээ.

Хоёрдугаар ангид Санжмятав гэдэг цагаан царайтай залуухан багш хичээл заадаг байв. Тэр багш маань тив дэлхийн хол, ойрын сонин сайхныг, хиймэл дагуулын тухай гэх мэт маш өргөн мэдлэгийг бидэнд өгдөг байлаа. Цэсрэн гэж арай ахимаг насны олон таван үггүй, дуугай томоотой багш сургуулийн захирал хийж байлаа. Мягмаржав, Аюурзана гээд олон сайхан багш нар эрдэм сурах замыг минь зааж өгсөн билээ.  Дашзэвэг гэдэг өндөр туранхай залуухан багш маань баян хуур хөгжим тоглоно. Түүний аянд бүх хүн бүжиглэнэ. Багш минь бидэнд урлаг соёлыг түгээсэн анхны ачтан билээ. 

Тэр үеийн сумын бага сургуулийг төгссөн Ё.Дондог Дархан хотын шугам сүлжээнд цахилгааны инженер, дарга зэрэг ажлыг хийгээд тэтгэвэрт гарч одоо энх тунх сайхан амьдарч байна. Д.Мөнхөө зоотехникч болж Намын дээд сургууль дүүргэж Булган аймагт том дарга явлаа. Миний авга эгчийн охин Ч.Жавзансүрэн арьс өнгө, гоо сайхны нэртэй, тэргүүлэх зэргийн эмч болж одоо хотод амьдардаг юм.

О.Давааням, Н.Шаандар нар маань жолооч, Ц.Буд залуучуудын байгууллагын дарга, Д.Цэндсүрэн,  Ж.Сүхээ, Паламжав нар маань эдийн засагч, Д.Хишигсүрэн Анагаах Ухааны Дээд Сургуульд олон жил ажилласан, Д.Ичинхорлоо, Бор холбооны мэргэжилтэн, Ц.Амгалан оёдолчин, Хөдөлмөрийн баатар болсон, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, М.Амгалан, Яндаг, Г.Нармандах нар маань нутагтаа малаа малласаар сайхан амьдарцгааж байна.

Тэр үедээ нусаа татсан, ноорхой дээлтэй, маажгий гуталтай тэр олон бор охид хөвгүүд маань сайн эцэг эх, нутгийн сайхан буурлууд, сургуулийнхаа буянаар багш, эмч, инженер, малчин, эдийн засагч, саальчин, хөдөлмөрийн баатар болцгоож үүрээ орхисон шувууд шиг нутаг усаа орхин тал тал тийшээ одоцгоосон билээ. Бид цагийн эрх, насны аясаар настын буурал өтгөс болцгоожээ.

Би 1958 онд Булганы төвд долоо дугаар анги төгсөн, Хүн эмнэлгийн техникумыг дүүргээд Сэлэнгэ аймагт эх баригч, улсын арьс өнгөний диспансерт бага эмчээр ажиллаж байв. Дараа нь АУДээд сургуульд элсэн хүний их эмч болоод Худалдаа Бэлтгэлийн Яаманд мэргэжилтэн, Бактерилогийн төв лабораторид шинжээч эмч насаараа хийж байгаад насны тэтгэвэртээ гарсан билээ. Би дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний том хүү Э.Гантүвшин Сэтгэл мэдрэлийн больницод сэтгэцийн эмчээр ажиллаж байсан, “Байгалийн гайхамшиг” (Москвад хэвлэгдсэн), “Үргэлжийн залуу Адам”, “Үргэлжийн залуу Эва”, “Сувилагчийн сурах” (Москвад хэвлэгдсэн) зэрэг олон ном орчуулсан авьяаслаг хүү байв. Удаах хүү Э.Сүхбаатар хүүхдийн эмч, одоо Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, охин Э.Дэлгэрмаа эмч “Ач” Анагаахын Дээд Сургуульд багш, отгон охин Э.Мөнгөнсар Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд Сургууль төгссөн багш, эдийн засагч мэргэжилтэй, эдүгээ гадаадын компанид ажиллаж байна. Өнчин үлдсэн би  өнөр өтгөн болж, хүү, охин, ач, зээ, ачинцар, зээнцэр дөчөөд болж дээ. 

Би БНМАУ-ын  худалдаа, нийтийн хоолны ариун цэврийн дүрмийг анх санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн бөгөөд “Худалдаа, нийтийн хоолны ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуй” (1982 он), “Цэвэрлэгчийн гарын авлага” (1983 он), “Эмнэл зүйн бичил амь судлал” (1988 он) ном бичиж, судалгаа шинжилгээний олон тооны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болгосон билээ. 

Санжаагийн Хишигт 

Улаанбаатар хот

Categories
мэдээ цаг-үе

Шинэ арслан, гарьд, харцага, начинтай наадам боллоо

Аварга цолтой таван бөх зодоглож, зүүний магнай зүгээр ирээгүй нэгийн даваа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн Үндэсний их баяр наадам дуулгах сонин, дуурсах бүхнээр дүүрэн болж өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга цол хүртээд дөрөв хоноод, төрийн баяр наадамдаа найман жил зодоглоогүй Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат зодоглосноороо онцлог боллоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, улсын аварга Одвоогийн Балжинням, Сүхбаатарын Мөнхбат, Гунаажавын Эрхэмбаяр гээд таван аварга цолтон улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглолоо. Харин аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх хүч үзлээ. Нэгийн давааны эхэнд хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарч 512 бөхийг магнайлах вэ гэдэг нь олны сонирхлыг татав. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар зүүний магнайд гарахын тулд нэлээдгүй маргаж, бөхийн холбооны дэд тэргүүн Данзан Г.Өсөхбаярыг зүүний магнайд босох ёстой гэсэн ч гаргасан амжилтаараа А.Сүхбат босох нь гарцаагүй байв. Удтал маргаан явагдсаны эцэст олон жилийн дараа хүрэн дээлээрээ гангарч төрийн наадмынхаа  дэвжээнээ зодоглохоор болсон Сүхбатыг магнайлуулахаар болов. Зүүний магнай зүгээр ч нэг ирээгүй бөгөөд А.Сүхбат аварга зодог тайлж буйгаа зарладаг жилээ малгайгаа нүүр рүүгээ дараад уйлж буй дүр зургийг одоо ч бид мартаагүй. Тэгвэл яг ийм дүр зураг зүүний магнайд гаргуулахгүй гэх үед гарсан байна. Түүний шавь нар Ө.Даваабаатар тэргүүтэй бөхчүүд ирж багшийгаа тайвшруулж харагдсан. Нэгийн даваанд улсын өндөр цолтой бөхчүүд учраа бөхчүүдээ төвөггүй өвдөглүүлсэн ч цөөн хэдэн улсын цолтон тахим буулгасан ч таавар эвдэх хэмжээний барилдаанууд биш байсан юм. 

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нарын улсын цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. И.Доржсамбуу, Ду.Батбаяр нарыг шөвөгт гарч барилдах байх гэж байсан ч ийнхүү хоёрын даваанд тахим буулгасан юм. Жил жилийн баяр наадмаар улсын цол хүртэнэ гэгдэж байсан бөхчүүд оноолтоор таарч барилдсан юм. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан бариа зөрүүн дээрээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг тэнгэр харуулан төрийн есөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга  Өмнөговийн Дарханбатад унасан бол аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг, аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Учир нь Б.Одгэрэл арслан ухарч явахдаа засуулын хөлд тээглэн унасан юм. Энэ барилдаан цэнгэлдэхийн зүүн талд болсон. Харин цэнгэлдэхийн баруун талын мухарт хоорондоо хов ярьж суусан хөлийн цэцүүдээр түүний хувь заяаг шийдүүлсэн нь даанч харамсалтай. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лхагвын Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь  заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэн шийдэх талаар зөвлөлдөж байгаа харагдсан юм. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваанд хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм. 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Увс аймгийн харцага Элбэгбаяртай барилдав. Элбэгбаяр харцага наадмын дэвжээнээс ухаан жолоогүй ухран гүйсээр үзэгчдийн өмнө тулж ирлээ. Тэр бүрд Өсөх-Ирээдүй харцага шатан хөөж байгаа харагдав. Элбэгбаяр харин Өсөх-Ирээдүй харцагын нүүр рүү цохиод авлаа. Элбэгбаярын хувьд барилдаан болгон дээрээ зугтдаг гэдгээрээ алдартай бөх билээ. Хөлийн цэцийн шийдвэрээр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давуулах шийдвэр гаргасан юм. Учир нь Элбэгбаяр барилдахгүй байсан тул хөлийн цэц ийн шийдвэрлэжээ. Харин барилдахгүй байсан Элбэгбаяр энэ шийдвэрийг сонсоод улсын харцагын араас чиргүүл шиг чаргууцалдав. Улсын харцага Өсөх-Ирээдүй давснаар туг тойрлоо. 

Дархан аварга Дархан аваргаа амласан ам буюу А.Сүхбатын зангараг

Төрийн их баяр наадмын нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарын хэн нь зүүний магнайд босох вэ гэдэг нь хэл амтайхан байсан билээ. Энэ бүхэнд цэг тавих гэсэн мэт Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаярыг амласан ам байлаа. Жижиг аваргын энэ шийдвэрийг хэн ч тааварлаж байгаагүй бөгөөд аманд очсон Г.Өсөхбаяр аварга ч гэсэн ууртай байгаа харагдсан. А.Сүхбат аваргын амыг буцаалгах гэж олон хүн очиж түүнд нөлөөлөх гэсэн боловч тусыг эс олов. Энэ хэвээр удалгүй гурвын даваа эхэлж дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаярттай барилдахын өмнө шууд л элэг бүсээ тайллаа. Г.Өсөхбаяр аварга энэ бүхнийг тооцоолоогүй байсан тул тахим авах дургүй байгаагаа илтгэв. Ингэж л дархан аварга А.Сүхбат зүүний магнайд боссон бөхийн зангаргийг харуулж, “Өсөхөөгөөс өөр надтай барилдах бөх байхгүй” гэдгээ ч эл үйлдлээрээ хэлээд авлаа. А.Сүхбат аварга энэ үйлдлээ “Монгол бөхөд ёс жудаг эрэмбэ гэж бий. Цаашлаад хэдхэн хоногийн өмнө адилхан дархан аварга цол хүртсэн Өсөхөөдөө хүндэтгэл үзүүлсэн юм” хэмээн тайлбарлав. Иргэдийн зүгээс “Сүхбат зангаргаа харуулж байна, чадаж байна. Болоош дээ” хэмээн ярьцгаах юм билээ. Дархан аварга дархан аваргаа амласан тохиолдол өмнө бараг байгаагүй байх. 

Улсын аварга О.Балжинням улсын харцага Чулуунбаатарыг, С.Мөнхбат аварга аймгийн начин Мөнхдоржийг аймгийн начин Баярдамбыг амлан авлаа. Гончигдамба Отгонбаатараар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Ариунмөрөнгөөр гурав давлаа. 

Аймгийн арслан Бат-Отгон Т.Өсөх-Ирээдүй харцагын нүүр рүү дэлсэв 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хөл рүү аймгийн арслан Баасандорж дохиод буцав. Гэсэн ч аварга түүнийг төвөггүйхэн өвдөглүүлээд туг тойрлоо. Улсын аварга О.Балжиннямыг Архангай аймгийн арслан Бадарч давснаар улсын начин цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ. С.Мөнхбат аймгийн арслан Пүрэвгарьдыг төвөггүйхэн өвдөглүүлэв. Г.Эрхэмбаяр аймгийн арслан Ганболдыг мушгиад давлаа, улсын арслан Ганбат аймгийн арслан Ганбаатараар дөрөв давав. Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Золбоотой, Т.Санчир аймгийн арслан Лха-Очиртой, Санжаадамба аймгийн арслан Баатарцолтой, Соронзонболд заан Бадамсүрэнтэй Бат-Орших харцага Сэлэнгэ аймгийн арслан Дэлгэрсайхантай, улсын харцага Содномдорж улсын начин Цэрэнтогтохтой, уран барилдаант хоёр бөх оноолт таарсан нь Ө.Даваабаатар улсын начин Б.Пүрэвсайхантай оноолт таарчээ. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Чимэддоржийг давлаа. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Дарханбатын ард нь гарч өвдөглүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Баатарцолоор дөрөв давав. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Еркеболанаар даваагаа ахиуллаа. Улсын харцага Н.Түвшинбаяр улсын начин Одбаяртай барилдаж талбайн зах руу нэлээд хөөж яваа харагдав. 

Аймгийн арслан Баасандорж Бүрэнтөгсөөр дөрөв давж олны уухайтай туг тойрсон юм. Аймгийн арслан Золбоо Н.Ганбаатар гарьдад тахим буулган наадмыг өндөрлүүлэв. Аймгийн арслан Л.Лха-Очир Т.Санчир заанаар даваагаа ахиулж тавын даваанд гарахаар боллоо. Өвөрхангайн улсын заан Сайнбаяр улсын начны тааварт явсан аймгийн арслан Хангайг, улсын заан Б.Батмөнх мөн дөрөв давж туг тойрсон юм. Аймгийн арслан Дэлгэрсайхан Ө.Бат-Орших харцагад уналаа. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хөлийн цэц, засуул, цагдаа нарын хамгаалалтанд даваа авсан нь түмэн олны дургүйг хүргэж, цэнгэлдэх даяар “Одбаяр, Одбаяр” хэмээн орилоход хүргэв. Хөлийн цэц, засуулуудын бөхчүүдийн хувь заяагаар тоглосоор байгаад хүмүүс бухимдаж байлаа. Үзэгчдийн бухимдал дээд цэгтээ ирэх үед Одбаяр начин эргэхэд хүмүүс алга ташин угтсан ч тэрбээр тахимаа өгөөд үзэгчдийн зүг эргэлээ. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэн Соронзонболд зааныг давж, Ц.Содномдорж харцага Цэрэнтогтох начингаар даваа авлаа. Аймгийн арслан Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нүүр рүү хар мундагаараа дэлсэж орхив. Хөлийн цэц, засуулууд гэж үнэндээ юугаа ч мэдэхгүй тойроод байгаа нь хүмүүст таалагдсангүй. Улсын цолонд зүтгэж яваа ч гэсэн аймгийн арслангууд улсын цолтой бөхчүүдийгээ нүүр нүдгүй цохиод байж болохгүй биз ээ. Энэ мэт зохисгүй үйлдэл гаргасан бөхчүүддээ цаашид арга хэмжээ аваарай хэмээн үзэгчдийн суудлаас хүмүүс орилж, Т.Өсөх-Ирээдүй харцагыг дэмжиж байлаа. Энэ наадмын түрүү бөх Н.Батсуурь улсын начин Сангисүрэнгээр дөрөв давлаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Булганы арслан Бат-Эрдэнээр барьц сонгоон дээрээс давж түмэн олныг баясгасан юм.

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нар Монгол Улсын начин цол хүртлээ 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Адъяабатыг амлан баруун ташаагаа тавьж өгсөөр байв. Адъяабатын баруун хавираанд дархан аварга тэссэнгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг халз хутган гэдрэг нь харуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврагч спорт хорооны бөх улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг амлан уначихав. Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завхан аймгийн арслан Лха-Очирыг амласан ч тахим буулгав. Улсын арслан Ганбат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэнг амлан бариа зөрүүн дээрээс зайлаанд нь явчихлаа. Ингэснээр Бадамсүрэн өнөө жилийн улсын начнуудын салхийг хагалсан юм. Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг халз хутгаад өвдөглүүлэв. Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржоор давлаа. Улсын гарьд Дамбын Рагчаа улсын начин Ж.Нямсүрэнгээр тав давж шөвгөрлөө. Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг давснаар их шөвөгт шалгарсан юм. Ч.Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяраар тав давж түмэн олныг баясгалаа. Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг амлан тахим буулгасан юм. Ингэснээр олон жил начны тааварч байсан Балжиннямын Суманчулуун улсын начин боллоо. Улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давав. Аймгийн хурц арслан Ч.Батчулууныг улсын заан Сайнбаяр нар ам аваад байсан. Барилдаан удааширсан тул хаялцах барьцыг улсын заан авсан юм. Гэсэн ч барилдааны дүнд нөлөөлөөгүй тул Батчулуун арслан барьц сонгоод ч давалцсангүй. Барилдааны төгсгөлд хурц арслан зааныг орхисноор улсын начны цолд багтлаа. 

Улсын харцага Намсрайжавын Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихыг гуд татан өвдөглүүлэв. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва Төв аймгийн  Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг орхин начин цолоо баталлаа. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг амласан улсын гарьд Гончигдамба нэлээд удаан барилдсаны эцэст улсын гарьд давсан юм. 

Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэнч амлалгүй тунасан. Уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Пүрэвсайхан харцага Ц.Содномдоржийг давснаар улсын начин цолоо баталлаа. 

Б.Пүрэвсайхан харцага цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Идэр сумын харъяат өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар шинээр Улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабатыг, Б.Азжаргал арслан улсын начин Б.Пүрэвсайханыг, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Лха-Очирыг, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Ч.Батчулууныг, Улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бадамсүрэнг тус тус амлаж Улсын харцага Н.Батсуурь Улсын начин Б.Пүрэвдагва нар тунаад байна. Улсын арслан Д.Азжаргал Улсын начин Б.Пүрэвсайханыг амлан барилдсан билээ. Тэгвэл залуу начин арсланг давснаар Улсын харцага цолны болзол хангалаа. Харин Улсын гарьд Д.Гончигдамба шинээр Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Суманчулууныг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр Улсын начин цол хүртсэн аймгийн хурц арслан Төв аймгийн Баянхангайн Ч.Батчулууныг тус тус даваад байна. Тунаж барилдсан бөхчүүдээс Увсын Ховд сумын улсын харцага Н.Батсуурь Архангайн Булганы Р.Пүрэвдагвыг илүүрхэн давснаар зааны даваанд ирсэн юм. 

Н.Батсуурь заан болж, Архангайн Санжаа Завханы Гончигийг шороодуулав

Баяр наадмын долоогийн даваа үнэхээр үзүүштэй болсөн бөгөөд энэ даваанд тунасан Завханы гарьд Б.Гончигдамба Архангайн заан Ч.Санжаадамба нарын барилдаан маш сонирхолтой боллоо. Хоёр бөхийн барилдаан эн тэнцүү газардсан бөгөөд засуул хөлийн цэцийн шийдвэрээр заан Архангайханд даваа өгсөн нь мэдээж Завханыханд таалагдсангүй. Гончигдамбыг дэмжигчид дургүйцлээ илэрхийлэв. 

Архангайн Булган сумын Д.Рагчаа гарьд Увсын Ховдийн Н.Батсуурь нарын барилдаан шахааны барьцнаас өндөрлөв. Энэ даваанд Увсын харцага Архангайн гарьдыг илүүрхсэнээр заан цолны болзол хангалаа. Ингэснээр долоогийн даваа өндөрлөсэн юм. 

Шахаж татах, зүүн тахимдах мэхүүд үзүүр түрүүнд авч ирлээ

Наймын давааны барилдаанд Архангайн Хашаатын “баавгай” хэмээх заан Санжаадамба Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү заан цолны болзол хангаад байсан Батсуурьтай тунан барилдсан билээ. Барилдаан нэлээд удааширсны эцэст зүүн давхар шуудагнаас Увсынхан илүү гэдгээ баталж Санжаадамбыг шуудагнаас эргүүлж давснаар Намсрайжавын Батсуурь улсын гарьд цолны болзол хангалаа. Харин Завханы Идэрийн Ширбазарын Жаргалсайхан Говь-Алтайн Тонхилын Нямдоржийн Ганбаатарын зүүн хөлийг тахимдсанаар үзүүр, түрүү булаалдахаар болсон. 

Ингэснээр төрийн наадмын үзүүр түрүүнд Улсын начин, харцага цолтой бөхчүүд түрүү булаалдахаар болж байна. 

Намсрайжавын Батсуурь төрийн наадамд анх удаа түрүүллээ

Есийн давааны бөхчүүдийг зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан гарч ирэх мөчид үзэгчдийн сэтгэлд альхан нутгийн бөх түрүү бөхөөр тодрох вэ гэдэг хариуцлага ирсэн юм. Ноднин жил Завханы Гончигдамба үзүүрт үлдэж Сэлэнгийн аваргад тахим буулгаж байсаан. Тэгвэл өнөө жил Увсын Ховдын удамт бөх Батсуурь түрүү булаалдахын тулд тун их хичээв. Өндөр давааны хариуцлагатай барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайхан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын Батсуурь нар тун хийгүй барилдаан хийсэн. Хүндхэн барилдаануудын ард гарч энэ даваанд хүрсэн Батсуурь харцага илүү гэдгээ баталж Увс нутагтаа нэгэн түрүү авчирсан юм. Энэ мөчид Төв цэнгэлдэхэд Увс нуур дуугаа Увсынхан хоолой нийлүүлэн аялж байв. Н.Батсуурь өнөө жил түрүүлснээр арслан цол хүртсэн бол Завханы бөхчүүд хоёр жил дараалан гарьд цолонд хүрлээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Хүчит бөхийн барилдааны есийн даваа

news.mn

Categories
мэдээ цаг-үе

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

Эх сурвалж www.news.mn

Categories
мэдээ цаг-үе

Ө.Уянга: Төв цэнгэлдэхээ тойрч хуушуур идсэн шигээ наадна даа


Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.

-Наадам боллоо. Хаагуур, яаж баярлахаар төлөвлөж байгаа вэ?

-Монгол түмний үндэсний их баяр наадам хаяанд ирчихлээ. Олны адил наадмыг догдлон хүлээж байгаа хүний нэг би. Хичнээн завгүй байсан ч Төв цэнгэлдэх хүрээлэнгээ бүтэн тойрч наадмынхаа хуушуурыг иднэ. Ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ баярладаг. Ээж минь надтай хамт хотод байдаг юм. Тиймээс гэрийнхнээ дагуулаад наадамлана даа. Бас Дундговийн наадамд уригдсан байгаа. Тийшээ хурдхан шиг явчихаад маргааш орой гэртээ ирчих болов уу. Нээлтийн ёслолыг гэртээ үзчихдэг юм. Харин 12-ны өглөө эрт соёолон руу явна. Хурдан соёолонгийн тоосонд даруулах дуртай. Энэ жилийн тухайд наадмын нээлт болон хүндэтгэлийн тоглолтод оролцоогүй. Уржигдар талбай дээр болсон сонгодог үдшээр ард түмэнтэйгээ уулзлаа. Сайхан байна. 

-Наадмын гоёлоо бэлдэж амжсан уу?

-Наадмаар дээл өмсөнө. Үндэсний баяраар монгол дээлээ өмсөхийг чухалчилдаг. Тиймээс энэ жилийн дээлээ захиалчихсан байгаа. Зуны дэлгэр цаг учраас тод өнгөөр гангарна. Гэхдээ тайзан дээр гарахгүй учраас энгийн дээл өмсье гэж бодож байна. Загварынх гэвэл “Торго” салоны хийж өгсөн арав гаруй дээл бий. 

-Багадаа хэрхэн нааддаг байв. Хөдөөний хүүхэд учраас хурдан морь унадаг байсан уу?

-Моринд хорхойтой шүү. Манай өвөө уяач хүн байлаа. Аавын талынхан эрэгтэй хүүхэд ихтэй болохоор тэднээрээ унуулна. Өвөө намайг охин хүүхэд гэж хайрлаад уралдуулдаггүй байсан. Гэхдээ моринд сайн шүү. 

-Санаанаас гардаггүй наадам хэзээ болж байв?

-Би чинь Хөвсгөлийнх. Аав маань Бүрэнтогтох сумын хүн. Тиймээс сумандаа нааддаг байсан. Хамгийн сайхан наадам гэвэл сумынхаа наадмыг хэлнэ дээ. Сайхан монгол дээлээ өмсчихсөн, хаашаа л харна нүүрэнд нь мишээл тодорсон хүмүүс. Аав, ээжтэйгээ хамт тэмдэглэсэн баяр бүхэн сайхан юм даа. Ялангуяа хүүхэд байхад юм бүхэн гэгээн. Тоглож наадаад, морь үзээд баярладаг байлаа. 

-Наадмын дараа амрах уу. Хаагуур амрахаар төлөвлөсөн бэ?

-Зун амарч байгаа ч гэлээ хажуугаар нь ажлаа амжуулаад явдаг. Сайхан байгальтай газраар явахдаа клипний зураг авалт хийчих жишээтэй. Уран сайхны зураг бас авахуулна. Амарч байхдаа ажлаа амжуулаад явдаг гэсэн үг. Машиныхаа ард том цүнхтэй тоглолтынхоо хувцсыг ачиж аваад л гардаг юм. Түүнээс биш юу ч хийхгүй амарна гэж байхгүй. 

-Яг нэг жилийн өмнө та Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртэж байжээ?

-Нээрээ тийм байна шүү. 2013 оны долдугаар сарын 9-нд гавьяат болж байлаа. Тэр үед наадмын тоглолтод оролцох гээд үүрээр бэлтгэл хийдэг байсан. Нойр, хоолгүй явж байсан үе. Хоёр, гурван өдөр маш их бэлтгэлтэй байсан. Бараг л унтаагүй. Гавьяат болж байгаа гэдгээ дуулаад сэтгэл хөдлөөд унтаж чадаагүй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр бас дуулах ёстой байсан учраас асар их ажилтай байсан. 

-Гавьяат болсныхоо дараа талархлын тоглолт хийж байсан даа?

-Тэгсэн. Намар нь талархлын тоглолтоо ДБЭТ-таа хийсэн. Урлагийн буянаар ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн болохоор уг тоглолтоо хийсэн юм. “Монгол” нэртэй, сонгодог урлагийн тоглолт. Мэргэжлийн дуучин хүний хувьд сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ хүргэж байхыг хүссэн. Урлагаа сурталчлах зорилготой. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлээр дагнасан.

-“Монгол” тоглолтоо үргэлжлүүлэх үү?

-Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлийг эгшиглүүлэхийг хүсэж байна. Үүнийгээ ч Н.Жанцанноров гуайд хэлсэн. Наймдугаар сараас бэлтгэлдээ гарах байх. Одоогоор судалгааныхаа түвшинд явж байгаа. тоглолтоо намраас хийнэ. Гэх мэтчилэн зүгээр суух арга алга. V.I.P тоглолтоо төлөвлөсөн байгаа. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Сонгодог урлагийн дүр дээрээ ажиллаж байгаа. Гадагшаа уригдсан. Намраас олон улсын тэмцээнд бас явах байх. Долдугаар сард хэд хоног амарчихаад бэлтгэлдээ хурдан орохгүй бол төлөвлөгөө ихтэй байна. Бас Банди багшийнхаа нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын конкурст оролцоно. 

-Италид нэг хэсэг сурч байгаад ирсэн. Тэндхийн театраас урилга ирж байна уу?

-Итали руу ойрын үед явахгүй байх. Одоо ч ерөнхийдөө сурах ажлаа өндөрлөөд хийж бүтээе гэж бодож байгаа. Уран бүтээл рүүгээ түлхүү анхаарна гэж бодож байна.

-Долдугаар сарын хорьдоор Хөвсгөлд томоохон уралдаантай байх аа?

-Манай нутагт Хотгойдын хурд гэж том наадам болно. Би “Хотгойдын шадар ван Чингүнжав” гэж сайхан дуу хийсэн. Уг дуугаа дүрсжүүлэх бодолтой байгаа. Хотгойдын хурдын үеэр л амжуулах санаатай байна.   

-Нутгийнхаа бөхчүүдийн галаар очсон уу. Хэр өнгөтэй байна?

-Бөхийн галаар бол очиж амжаагүй. Гэхдээ сайхан барилдаж, шинэ улсын цолтон олон төрөөсэй гэж бодож байна. Юмыг яаж мэдэх вэ аварга, арслан ч төрөх юм билүү. Бөхийн барилдааныг ер нь их догдолж үзнэ шүү. Нутгийн бөх барилдвал нэг нэг рүүгээ утасдаад л. Манай Хөвсгөлийнхөн чинь хоорондоо амь нэгтэй. Хотод байхгүй, зурагт үзэж чадахгүй бол манай тэр яаж байна гээд утасдана. Морь ч ялгаагүй. Нутгийнхаа уяачдын галаар орно. Ямар ч байсан “Макс”-ын галаар орж баярлах байх. Хуурай ахынхаа галаар мөн орно.

-Наадмынхаа айргийг хөдөө рүү захих уу. Эсвэл худалдаанаас авчихдаг юм уу?

-Айргаа Булганы Өлзийтөөс авдаг. Тэнд манай найз хүүхэн байдаг юм. Үнэхээр сайхан айрагтай. Жил бүр явуулдаг. Амт гэж янзын шүү. Нэг уучихад амт нь мөддөө арилахгүй. Амтагдаад л байна. Нэг уугаад эхэлсэн байхад өөр газрын айраг ууж чадахгүй болчихдог.

-Айрганд ер нь хэр вэ?

-Яахав боломжийн уучихна. Манай Хөвсгөл айраггүй. Гэхдээ сайхан айраг бол ууна. Нэг дор гурав, дөрвөн литрийг уучихдаг л юм. 

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: МАН-ынхан Их хурлыг тарааж чадахгүй дээ, чадахгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны
дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын
хаврын чуулган хөшгөө татлаа. Хаврын чуулган хаалтын өдрөө “хуушуур”-ын үнэртэй
хууль бөөндлөө гээд байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын төлөвлөгөө гэж байдаг. Бид төлөвлөгөөний дагуу хуулиудаа
батлаад явж байвал болж байна гэж ойлгох ёстой. Гэтэл төлөвлөгөөний дагуу хуулиудаа
баталж чадсангүй. Сайд нарыг огцруулна, огцруулахгүй, дан, давхар дээл гэх мэтээр
нэлээдгүй цаг хугацааг авсан. Үүнийхээ оронд ЭЗЭН 100 хөтөлбөрийнхөө хүрээнд эдийн
засгийн идэвхжүүлэх хуулиудаа батлаад явчихсан бол илүү үр дүнтэй болох байлаа.
Сөрөг хүчин асуудлыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулахын тулд асуудалд хандаж байгаа.
Гэсэн ч зарим зүйл дээр сөрөг хүчин хэт муйхарлаж, эрх баригчдын зүйлс унаж байвал
бидэнд сайн гэх маягаар асуудалд хандаад байгаа нь буруу. Нэг сайдын асуудал оруулаад
түүнийгээ огцруулах гээд улайраад байгаа нь, эдийн засаг хямралтай үед үүнээс гаргахын
тулд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцно гэж байгаа нь зөв. Нэгэнт эрх баригчид нь
сайдаа аваад үлдье гэж байхад түүгээр нь улс төр хийж, цаг алдуулж, ажил уясан нь
зохисгүй үйлдэл. Хаврын чуулганаараа эдийн засагтай холбогдуулан Ашигт малтмалын
тухай хууль, Газрын тосны хуулийг баталсан ч төмөр замынхаа асуудлыг шийдэж чадаагүй
нь харамсалтай. Уг нь хэлэлцээд явчихсан бол эдийн засагт эерэг үр дүн өгөхөөр байлаа.

ЭЗЭН 100 хөтөлбөр хэрэгжсэнээр 70 гаруй хоногийн ард гарлаа. Үр дүн нь
хэр байх бол. Парламентын зүгээс хуулиудыг нь бүрэн гүйцэд баталсангүй?

-Нүүрсний асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч “нөхцөлөө
шийд” гэсэн чиглэл өгсөн. Түүний дараа төмөр замын асуудлаа шийдье гэж байгаа нь
зөв ч байж магадгүй. Ерөнхий сайд “ЭЗЭН 100” хөтөлбөрөө 100 хоногт эдийн засгийн
үндсийг сайжруулъя гэж оруулж ирсэн болов уу гэж хувьдаа бодоод байгаа юм. Түүнээс
биш 100 хоногт 17.5 хувийн өсөлттэй эдийн засгийн маргааш нь бий болгочихно гэсэн
ойлголт байхгүй. Ирэх оны хавраас харин эдийн засаг сайжрах болов уу гэсэн бодолтой
байгаа.

-Яаж?

-Ирэх оны хавраас уул уурхайн хөрөнгө оруулалтууд нэмэгдэх болов
уу гэсэн урьдчилсан таамаг байна. Анхнаасаа ч би 2015 оноос эдийн засаг сэргэнэ
гэж хэлж байсан.

-УИХ-ын
дарга З.Энхболд хаврын чуулганыг хаахдаа хэлсэн үгс нь “хатуу” байлаа. Таны хувьд
Их хурлын даргын хэлсэн үгийг чухам хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид бодит зүйлсийг л ярих хэрэгтэй. Их хурлын даргын хэлсэн үг үнэн.
Нэгэнт л үнэн зүйлийг хэлсэн болохоор гашуун ч гэсэн биш хүлээж авах ёстой. Өөр
арга байхгүй. Төр засаг данхайж, хэтэрхий олон яамтай болчихлоо. Ямар ч баталгаагүй
цаасан төгрөг зах зээлд гаргаж байна. Зүй тогтлоороо хямралын үед ямар арга хэмжээ
авах ёстой вэ түүнийг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Бид тодорхой хэмжээнд төсвөө
хумих хэрэгтэй байгаа. Мөн баталгаагүй мөнгө гаргаж байгааг багасгах шаардлага байна.
Миний хувьд Их хурлын даргатай 100 хувь санал нэг байгаа шүү. Тэгэхгүй бол нэг л
өдөр цаасан төгрөг эрээн цаас болж хувирна. Ард түмэнд таалагдахгүй ч гэсэн төр
арга хэмжээгээ авах ёстой газар нь авах л учиртай.

-Хаврын
чуулганы үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ. Намрын чуулганы өнгийг та тодорхойлохгүй
юу?

-Хаврын чуулганаар хэлэлцэж буй асуудлуудыг Ардын нам гацаах гэж
их хичээлээ. Бид ч гэсэн ажиллах гэж их хичээсэн. Ардын намынхан улс төрийн тоглолтыг
арай л их хийсэн. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Тэр хязгаарыг ардын нам
давчихсан юм. Засгийн газар бүтээн байгуулалтын ажлаа хийх гэхээр нэг сайдыг нь
шүд сугалж байгаа юм шиг сугалах гээд, давхар дээлийн асуудлыг улс төржүүлээд, олон
хуулийн төсөл дээр завсарлага аваад ажил хийхэд үнэхээр хүнд байлаа. Ийм нөхцөлд
ажиллах хэцүү шүү дээ. Гэхдээ бид гол хуулиудаа баталж чадсан.

-Хоёр
хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг та хэрхэн харж байгаа вэ. Бидэнд үзүүлэх
нөлөөлөл ямар байх бол?

-Халх голын түүхэн ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ
хүрээнд хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилна гэдэг нь Монгол Улсад хэрэгтэй. Айлчлалын
үеэр эдийн засагт түлхэц өгөхүйц чухал асуудлуудаа ярьж, тохирон шийдүүлэх нь зүйтэй.
Хоёр хөршийн эдийн засгийн харилцаа улам бэхжиж байна. Бид энэ интеграцид нь ороод
үр шимийг нь хүртэх ёстой. Тиймээс ОХУ-аас урагш хийн хоолой, эрчим хүчний шугам,
транзит тээврийн асуудал, төмөр зам гэх мэт зүйлсээ хоёр хөршөөрөө шийдүүлээд ямар
нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Бид эх орноо аваад нүүгээд явж чадахгүй тул эдийн засгийн
интеграцид нь заавал орох ёстой. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр нүүрс боловсруулан
хий гаргах үйлдвэрийн асуудлаа шийдчих болов уу гэж хувьдаа бодоод байгаа. Үйлдвэрээ
байгуулаад авчихбал Улаанбаатарын агаарын бохирдол ихээхэн хэмжээгээр багасах юм.
Айлчлалын үеэр бид ашиглаж болох бүхий л боломжийг эрэлхийлэх л хэрэгтэй.

-Танай
байнгын хорооны харьяа БОНХ-ийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр
сонгогд­лоо. Энэ боломжийг ашиглаад ямар асуудлуудыг шийдвэрлүүлэх бодолтой байгаа
вэ?

-НҮБ-ын Байгаль орчны ассамблей
гэдэг нь байгаль орчны чиглэлийн НҮБ гэсэн үг. Дэлхийн хэмжээний энэ том байгууллагын
тэргүүнээр С.Оюун сайдыг маань сонгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Үүнд үнэхээр
баяртай байна. Ассамблейн ерөнхийлөгчид олон улс орон хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм
билээ. С.Оюун сайд маань үнэхээр илүү байлаа. Юугаар илүү байсан бэ гэхээр УИХ Засгийн
газар, БОНХЯ манай байнгын хороо хоорондын уялдаа сайн байсан юм. Ногоон хөгжлийн
бодлогоо оруулж ирэхэд нь бид зохих хугацаанд нь маш нухацтай авч үзэн баталсан.

Үүнд С.Оюун сайдын асар их хүчин чармайлт орсон. Ногоон хөгжлийн
бодлоготой улс орон дэлхий дээр цөөхөн байдаг. Бид уг бодлогоороо дэлхийд айргийн
тавд яваа. Дээр нь төр засаг нь дэмжиж байгаа тул С.Оюун сайд олонхийн санал авч
сонгогдсон. С.Оюун сайдын нэр төр олон улсад өндөр байгаагийн нэг илрэл л дээ.

-Та
байнгын хороогоо хоёр жил дараалан даргаллаа.
Энэ хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ?

-Засгийн газраас оруулж ирж буй
хуулийн төслүүдийг хугацаанд нь хэлэлцэн батлаад явж байна. Байгаль орчны яамнаас
оруулж ирсэн санал, тогтоолын төсөл, хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулан ажилласан.
Би өөртөө дүн тавьж, сайн муу ажилласан гэх нь илүүц. Тэгээд ч би өөрийгөө рекламдаад
байдаг хүн биш. Харин хийх ёстой ажлаа бол хийсэн шиг хийгээд явж байгаа. Улаанбадрах
суман дахь “Арева” компанитай холбоотой асуудал гарсны дараа ажлын хэсэг байгуулан
одоо ч нухацтай ажиллаж байна. Энэ зуны турш ажлын хэсэг ажиллахаар болсон. Хулгайн
мод бэлтгэх асуудал, шонхорын наймааны талаар тогтоол гаргалаа. Хувиараа алт олборлогчдын
тал дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж л байна. Газрын тухай хуулийг Засгийн газар
оруулж ирээд эргүүлэн татсан. Хуулийн төслийн ажлын хэсгийг Б.Гарамгайбаатар гишүүн
ахалсан. Хуулийн төсөл дутуу дулимаг болсон гэх мэтээр шүүмжлэл их ирсэн. Би байнгын
хорооны даргын хувьд хуулийн төслийн алдаатай зүйлсийг харж, анхааруулж ирсэн юм.
Миний ярьж байсан яг тэр асуудлаар  эргүүлэн
татсан. Би энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад Үндсэн хуулийн ийм
заалтуудыг зөрчиж байна. Хуулийн төслийг эргүүлэн татаж сайжруулан оруулж ирнэ үү
гэсэн албан тоот явуулсан. Ерөнхий сайд миний гарын үсэгтэй явуулсан албан тоотыг
үндэслэн Засгийн газар Газрын тухай хуулийг эргүүлэн татсан гэж бодож байгаа. Байнгын
хороо хяналт тавих ёстой зүйл дээрээ хяналт тавиад явж байсан.

-МАН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс энэ парламент тарах
ёстой гээд байгаа. Начир дээрээ тэд кнопоо дарж чадах уу?

-Чадахгүй дээ, чадахгүй. Тэд Их
хурлыг тарааж чадахгүй. Би бол ард түмнээс санал авч сонгогдсон, жагсаалтын хүн
бол биш. Тийм болохоор хариуцлагатай ажиллах ёстой. Сөрөг хүчин иймэрхүү популист
зүйл яриад байх нь зохимжгүй л дээ.

-Газрын тухай хууль болон төмөр замын асуудлуудаа шийдэж чадсангүй
хаврын чуулган
завсарлалаа. Үүн дээр нэг шийдэлд хүрч чадаагүй нь танай бүлгийн гишүүн
Х.Баттулгын захиалгат нэвтрүүлэг болчих шиг боллоо гэж байна. Түүнээс болж иргэд
УИХ, Засгийн газарт дарамт, шахалт үзүүлэх шиг боллоо?

-Монгол Улсын Их хуралд ард түмний төлөөлөл болон сонгогдсон хүмүүс
суудаг. Ард түмний төлөөлөл болсон гишүүд тэдний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ
бид ард түмнийхээ үгийг сонсох ёстой. Яахав Х.Баттулга гишүүн өөрийн үзэл бодлоо
илэрхийлсэн. Бид Баттулга гишүүний байр суурийг сонсох ёстой. Хэн хэнийхээ үгийг
сонсож сурах хэрэгтэй. Тэр нэвтрүүлгийн хувьд хувь хүн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн
байх. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг бид баталсан. Энэ хүрээнд Засгийн
газар Их хуралд асуудлаа оруулж ирэн олонхийн хүрээнд шийдэх ёстой. Сая бол арай
түүхий байгаа тул боловсронгуй болгочихоод ороод ир гэсэн юм. Ачаа тээвэрлэх нөхцөлөө
хүртэл тохироогүй байхад батлах нь зохимжгүй гэж үзсэн. Бид их далайд хүрэхийн тулд
нөхцөлөө эхлээд тохирох ёстой.

-Иргэдийн
хүлээж байсан Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хууль, Эдийн засгийн
ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх болов уу гэсэн ч тэгсэнгүй.
Эдгээр хуулиуд хэзээ батлагдах бол?

-Сөрөг хүчин хэтэрхий дүрдээ ороод бүх асуудалд саад тавиад байна.
Тэд 2016 оны сонгуульд ялах талаар бодож байгаа бол бид том эрх ашгийг харж байгаа.
Тэгэхээр намрын чуулганаар ч гэсэн энэ асуудал давтагдах болов уу. Их хурал дээр
гол хуулиуд хоёр гурван гишүүний зөрүүтэй л батлагдаж байна. Бид үнэмлэхүй олонх
биш. Хань болж яваа Шударга ёс эвсэл, гурван бие даагч гишүүн нь ихэнх тохиолдолд
сөрөг байр суурьтай болчих юм. Сонгуулийн болон Улсын төрийн намуудын тухай хууль
энэ байдлаараа явбал төмөр замаа ч баталж чадахгүй хэмээнд хүрнэ. Өмнөө тавьсан
зорилгынхоо төлөө хамтдаа явж, хариуцлагаа хамтдаа хүлээцгээе.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Манай бүлэг наймдугаар сард намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийв. Тэрээр намын бүлгийнхээ хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнасан юм. АН-ын бүлэг 2014 оны хаврын ээлжит чуулганаар 18 удаа хуралдаж,  нийт 70 гаруй асуудал хэлэлцсэнийг дуулгалаа. Түүнийг ийн мэдээлсний дараа сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.  

-Энэ удаагийн хаврын чуулганы   өмнөх хуралдаануудаас ялгарах онцлогийг юу гэх вэ? 

-Энэ удаагийн хаврын чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Түүнчлэн бид  харилцан ойлголцол, зөвшилцөлд илүү ойртсон чуулган болж өнгөрснөөрөө онцлог гэж дүгнэж байна.  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудыг баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөллөө.  Гэхдээ  чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим хувьд нь Засгийн газар болон сайд нарыг огцруулах асуудлыг ярьж өнгөрөөсөн. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсаж байна. Гэсэн хэдий  ч намрын чуулганы  явцад хэлэлцэн батална гэдэгт найдаж байна. Ирэх намрын чуулганы хуралдаанаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал,Өрийн удирдлагын тухай, Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого, НӨАТ-ын тухай, татварын шинэчилсэн багц хуулиудыг батлах төлөвлөгөөтэй байна. 

-Ирэх намрын чуулганаар  төлөвлөгдөж буй хуулийн төслүүдийг баталчихвал үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ гэж танай бүлэг тооцоолж байна уу?

-Эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээр бид бүдэрч байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслөө батлах юм бол 2015 оноос эхлэн Монгол Улс  нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ  харилцаанд шилжихэд бэлэн болно.Төрийн бодлого цэгцтэй ойлгомжтой байх ёстой.  Харин Монгол Улсад гялтайх зүйл байхгүй  мэт харагдуулах, хооронд нь талцуулах, иргэдэд айдас төрүүлэх явуургүй улстөр­жилтөд  улс төрийн намууд болон улстөрчид  дүгнэлт хийх шаардлага байна. 

-“Чингэс” бондын өрийн асуудал хаврын чуулганы хуралдаан гэлтгүй цаашид ч мөн яригдсаар л байх бололтой…

-“Чингэс” бондын өнөөдрийн өр болон өмнөх Засгийн газрын тавьж байсан өрийн хооронд том ялгаа бий. Өмнө нь 2.7 тэрбум ам.долларыг  уул уурхайн ордуудыг барьцаалж аваад халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17.6 сая ам.долларын хүүгийн алдангийг  улсын төсвөөс төлөөд явж байгаа нь үнэн. Харин “Чингэс” бондын  мөнгө  бүтээн байгуулалт болоод  жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэгдлээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд “Чингэс” бондыг 908 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг  хурдасгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тиймээс энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт  болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, тооцоогүй авсан өмнөх өрүүд бидэнд хүнд дарамт болох нь тодорхой. Ирээдүйд авч буй бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд зарцуулагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Тодруулаач?

-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих, үйлдвэрлэл  үйлчилгээг дэмжих ажлуудыг хийсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны III, IV цахилгаан станцын өртөтгөлийг  Чингэс бондын мөнгөөр санхүүжүүлсэн. 2014 онд хэрэгжих төслийн хувьд 15 тэрбум  төгрөгийн эдийн засгийн шууд бус үр ашиг өгнө гэсэн тооцоолол байна. Тиймээс хийсэн бүтээсэн бүхэндээ өөр өөрийн дүгнэлтээ өгнө.Төрийн ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх тухай улс төрийн бүх намтай зөвшилцөнө. Ардын намын гишүүдэд зарим байнгын хороонд орох боломжийг олгосон.  Гэвч Ардын намынханд үүнийг хэлэх зориг дутаж байгаа бололтой.

-Валютын ханшийн савлагаа тогтворжихгүй байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшийн савлагаа, экспортын огцом татралт гэдгийг ойлгож байгаа. Долларын ханш савалгаатай хэвээр байна. Гэхдээ АН-ын бүлэг эсвэл УИХ хуралдсанаараа үүнийг бууруулж чадахгүй. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд хууль тогтоол, шийдвэрүүдээ УИХ баталж гаргасан. Одоо Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна.  Валютын ханшийг бууруулах, тогтворжуулах үүрэг нь Засгийн газарт оногддог. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхийн  тулд бид хамтарч ажиллана. Хаврын чуулганы сүүлийн хуралдааныг зөвшилцөл ойлголцлоор ажил явуулж болно гэдгийг бид харуулсан, нотолсон үйл явдал болсон гэж дүгнэж байна. Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улстөржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим хоног нь өнгөрчихлөө. Засгийн газраас өргөн барьсан эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэдэн хуулийн төсөл өргөн барьснаас хэдийг нь баталсан бэ.  Хууль эрх зүйн орчин бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ? 

-Засгийн газрын оруулж ирсэн гол үндсэн суурь хуулиудыг УИХ баталж өгсөн. Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын  тухай хуулийн төслүүдийг баталж амжаагүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл 3/2-ын саналаар батлагдах учиртай. Гэвч Ардын намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай  хуулийн төсөлтэй холбоотойгоор намууд бүгд зөвшилцөлд хүрсэн. Гэтэл Ардын нам дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдаагүй. Засгийн  газрын 100 хоног дуусахад валютын ханшны савлагаа болон эдийн засаг тогтвортой болох ёстой гэсэн шаардлагыг манай бүлэг  тавьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд  УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай  хуулийн төслийг хэлэлцэх үед танай бүлэг эвслийн бүлэгтэй санамж бичиг байгуулсан гэсэн. Ямар утга агуулгатай санамж бичиг юм бэ?

-Стратегийн орд  байх эсэх дээр бид санал зөрөлдсөн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцье гэдэг санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн УИХ бүтэц бүрэлдэхүүний хувьд их онцлог. Уул уурхайд хандах хандлага, иргэдэд баялгаас хувь хүртээх талаарх байр суурь өөр өөр байна. Хэрэв шаардлагатай  гэж үзвэл стратегийн ордын асуудлаар ард түмнээсээ санал асуулга авахад болохгүй зүйлгүй.  Мөн хаврын чуулганаар Газрын тосны тухай хууль батлагдсан. Газрын тосны  эрэл хайгуул хийх, ашиглах бололцоо нээгдэж байна. 

-Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг сар гаруй хугацаанд сунжрууллаа, сандал ширээтэй зууралдсаар хаврын чуулганыг үдлээ гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байгаа. ..

-АН сандал ширээтэй зууралдаагүй. Харин АН-ын сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа байсан.  Эдийн засгийн идэвхжилийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудалтай зэрэгцээд  АТГ-т гомдол ирж,  энэ салбартай холбогдолтой бусад газруудад нэгжлэг хийсэн. Ийм байж болох уу.  Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзээд АН Н.Батбаяр сайдын асуудлаар завсарлага авсан. Үүний дараа чуулган завсарлаж таарсан. Бид үүнийг буруу гэж бодохгүй байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэх нь намрын чуулганаар шийдэгдэх байх. 

-Төмөр замын асуудлаар хаалттай хуралдсаны дараа тогтоолын төслийг хойшлуулсан. Хуралдааны үеэр юу  яригдсан  бэ.  Өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гишүүн бүлгийнхээ хуралдаанд хэр суусан бэ. Нийгэмд тархаад байгаа энэ асуудлаар АН-ын бүлэг дотооддоо ярилцсан зүйл байгаа юу?

-Х.Баттулга сайдын хувьд бүлгийнхээ хуралд сууж, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Төмөр замын асуудлаар УИХ хаалттай хуралдаж, төмөр замын талаар баримтлах бодлогын асуудлыг түр хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлуудыг бүгдийг шийдвэрлэсний дараа ямар царигтай байх вэ гэдгээ хэлэлцье гэсэн.  Үүнийг зөв гэж үзэж байгаа. Төрд нууж хаах юм бий, ил тод ярих ч юм бий. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийн бодлоготой уялдуулж гаргах нь зүйтэй. 

-Байгалийн баялгаа барьцаалж, “Чингэс” бонд босгосон талаар хоёр жил хангалттай ярьсан. Гэтэл та юу барьцаалаад юу босгоод ирсэн гээд тэс өөр юм ярьчихав аа. Бонд ашигтай байсан, эдийн засгийг өөд нь татаж байгаа гэх юм.  Үүнд тайлбар өгөөч? 

-Өмнөх засгийн үед Оюу толгойгоос зээл авч, Таван толгой болон Эрдэнэт үйлдвэрийнхээ орлогыг барьцаалж, 2.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авсан. Энэ мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээн байгуулалтад зарцуулахаасаа илүүтэй халамжид зарцуулсан нь өнөөдөр түүх болоод үлдсэнийг бид мартаж болохгүй. Үүнтэй харьцуулахад өнөөдрийн “Чингэс” бондын өр үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг байгуулахад чиглэгдэж байгаа учраас ард түмний нуруун дээр 100 хувь өр болон үлдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

-АН фракцитай. Фракциуд нь хоорондоо хөлөө жийлц­сэнээс болж бүлгийн чинь хурал хоёр удаа шөнө дүл хүртэл үргэлжилснийг сэт­гүүлчид мэдэж байгаа. Фрак­циудынхаа бодлогыг зангидаж чадахгүйгээс ажил чинь явахгүй байгаа. Энэ асуудалд няцаалт өгч чадах уу?

-Бүлгийн хуралдаан урт хугацаагаар үргэлжилж байгаа. Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар мар­гал­дах мэтгэлцэх нь нээлттэй байдаг. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ явна. Фракци хоорондын ойлголцол, үл ойлголцол энэ намд байдаг. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаад, олонхийн саналын дагуу асуудал шийд­вэрлэгдсэн бол түүгээрээ явах ёстой гэдэг зарчим манай намд үйлчилж байгаа. Удаан хуралдсаныг хардах хэрэггүй. Удаан хуралдах тусмаа асуудалд нухацтай хандаж байна гэсэн үг. 

-Танай бүлэг пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа гэсэн. Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар боловсруулж байгаа вэ? 

-Сонгуулийн тухай хуульд АН мажоритар, пропорциональ тогтолцооын харьцааг 50:50 байлгая  гэсэн санал оруулсан. МАН 76 жижиг тойрог байя гэдэг санал оруулсан. Бид  2012 оны УИХ-ын сонгуулиар мөрдсөн харьцааг бууруулахгүй байх зарчим баримталж бай­гаа.  Төрийн тогтолцоотой холбоотой асуудлаар улс тө­рийн намууд ерөнхийдөө зөвшилцөөд ойлголцолд хүрсэн. Намрын чуулганаар хамгийн түрүүнд энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Хэрэв Монгол Улс парламентын засаг­лалтай улс мөн л юм бол улс төрийн намуудын оролцоо бодлогын хэмжээнд байх нь аль ч улс оронд тогтсон жишиг тул бид үүнийг дагахаас өөр арга байхгүй.  

-Эдийн засаг хүнд байна. Энэ зун УИХ амрахгүй ажиллах ёстой  гэсэн байр суурийг цөөнх илэрхийлж байна. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? 

-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна.  Монголчууд хавар намартаа хавчигдаж, өвөлдөө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх.  Түүнчлэн энэ зун олон сум  түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Тэдгээр сумдадаа ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын бүлгийн хувьд долдугаар сард үндсэндээ амарна. Гишүүдийн хувьд тойрогтоо ажиллана. Наймдугаар сард ирэх намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүс наадмаар гангарахын тулд хуучнаа зарж лизингээр шинэ машин авч байна

Өнөө жил 90 жилийн ой нь тохиож буй 120 шахам сум байгаа. Үүгээрээ энэ жилийн наадам онцлогтой болж байна. Сумаасаа гараад олон жил болсон, нутаг усандаа очоогүй хүмүүсийн хувьд сумын наадам нь элгэн садан, ах дүүстэйгээ уулзаж төрсөн бууцандаа хөрвөөх нэг завшаан нь болдог. Тийм учраас долдугаар сар гараад л монголчууд наадмын уур амьсгалдаа орцгоосон. Төрсөн нутаг, ижий аавдаа очихдоо хэзээнээс л хурдан хүлэг, торгон дээлээр гоёж очдог. Энэ уламжлал нь эдүгээ цагт үргэлжилж монголчууд наадмаар шинэ машинаар гангардаг болсон. Хөдөө хээрийн замд өөрийн тэрэгтэйгээ явах шиг жаргал, ая тухтай зүйл гэж хаа байх вэ. 

“Да хүрээ” зах хөл хөдөлгөөнтэй байна. Машины ченжүүд “Хүмүүс зургадугаар сарын хорьдоос эхэлж машин худалдаж авдаг. Зарим нь гоё ганган тэрэг сонирхож байхад уул хад, ус голыг түвэггүйхэн гаталчих туулах чадвартайг нь хайдаг хүмүүс ч байна. Гэхдээ хүмүүс бензин бага иддэг гээд жижиг мотортойг нь сонгох юм” гэсэн хариулт өгч байлаа. Японоос оруулж ирсэн машины борлуулалт дөрөв, тавдугаар сарыг бодвол харьцангуй сэргэсэн гэнэ. Зургадугаар сарын дунд үеэс машины борлуулалт нэмэгдсээр наадмын өмнөх долоо хоногт оргилдоо хүрдэг аж.

Наадмын дараа борлуулалт тогтворжиж наймдугаар сарын эхэн хүртэл ерөнхийдөө машин зарагддаг аж. Ченжүүд “Одоо яг энэ үе чинь машин зарагддаг үе. Эдийн засгийн хямрал гээд байсан. Үгүй юм биш шүү. Бэлэн мөнгөөр машин авах тохиолдол их байна” хэмээцгээд “Иргэд хуучин машинаа хямд зараад дээр нь хуримтлуулсан мөнгөө нэмэх юм уу, цалингийн зээлээр шинэ машин аваад байх шиг байна, янз нь” гэж байлаа. 

Машины худалдаа эрхлэгч Н.Ганбат “Зургадугаар сарын сүүлч долдугаар сарын эхээр машин “шуурдаг”. Би хүмүүсээс урьдчилгаа мөнгийг нь аваад Японоос захиалсан машиныг нь хэд хэдэн удаа авчирлаа. “Тоёота”-гийн Corolla, Allion, Axio, Pruis 20 машинуудыг их захиж байна” гэлээ. Тэрээр өмнө нь Солонгосоос машин оруулж ирдэг байжээ. Н.Ганбат “Солонгос машин ч бас гүйлгээтэй байгаа. Sonata-7 их орж ирж байгаа юм билээ. Манай яам тамгын газрууд, агентлагийн дарга нар чинь бараг бүгд Sonata-7 машинтай болчихсон юм биш шүү. Казахстаны ченжүүд ирж манай ченжүүдээс ийм маркийн машин их авч байгаа. Тэндхийн тагнуул, гааль гээд том газруудын дарга нар нь ийм машиныг Монголоос захиалж байгаа гэсэн” хэмээн сонирхууллаа. 

Хөдөөнийхөн долдугаар сарын эхээр ирж машин худалдаж авсан гэнэ. Машины ченжүүд “Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завханыхан ирж машин худалдан авч байгаа” гэж байлаа. Бараг бүх аймагт 90 жилээ тэмдэглэж байгаа сумд байгаа болохоор үүнтэй холбоотой байж магад гэц­гээнэ. Хөдөөнийхөн Toyota Allion, Ist, Corolla, Mazda Demio зэрэг суудлын жижиг тэргүүдийг ихээр сонирхож сонгож байгаа гэнэ. Мөн Nissan X-trial, Honda CR-V, Toyota Kluger зэрэг дунд гарын жийпийг их худалдаж авчээ. Ерөнхийдөө орж ирсэн машиныг 11-16 сая төгрөгийн хооронд авч байгаа юм байна.

Харин хотын иргэдийн хувьд Toyota Camry, Crown зэрэг хотын хэв маягтай машинуудыг ихээр сонирхож худалдан авч байгаа аж. Crown үйлдвэрлэсэн он, моторын хүчин чадал, өнгө зэрэг үзүүлэлтээсээ хамаарч 9-22 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Camry 16-29.5 сая төгрөгийн ханштай байна. 

Нийслэлийнхний хамгийн ихээр худалдан авч байгаа машин нь Prius гэнэ. Prius 30-ийн дундаж үнэ нь 19 сая төгрөг байгаа бол Prius-20 үзүүлэлтүүдээсээ хамаарч дундаж үнэ нь 13.5 сая, pruis-11 нь дунджаар зургаан сая төгрөгийн ханштай зарагдаж байна. Хотынхны хувьд бэлэн мөнгөөр гэхээсээ илүүтэй лизингээр машин худалдаж авч байгаа гэнэ. Зарим банкууд лизингийнхээ нөхцөлийг бууруулж, урьдчилгаа төлбөрийн хэмжээгээ багасгасан нь лизингээр машин авах иргэдийн тоог нэмэгдүүлжээ. 

“Да хүрээ” зах дээрх оруулж ирсэн машинуудын борлуулалт ерөнхийдөө сайн байгаа бол хуучин машинуудынх нь ч түүнээс дутахааргүй байгаа гэнэ. Хуучин машины зах ч үйлчлүүлэгч ихтэй. Энд сүүлийн хоёр жил хуучин машины худалдаа хийж байгаа өөрийгөө Бээкээ хэмээн танилцуулсан залуу “Хуучин машины борлуулалт сайн байгаа. Шинэ машин шиг удаан зарагддаггүй. Машин хайж яваа, багахан мөнгөндөө тааруулж хөл дүүжлэх унаатай болъё гэж чин сэтгэлээсээ хүссэн хүмүүс л энд орж ирдэг. Сая төгрөг, тэр бүү хэл 800 мянган төгрөгтэй байхад л эндээс унаатай болоод гарна шүү дээ” гэж ярилаа. Тэрээр “Хуучин машин гэхээр нэг муу ямбий юм зардаг гэж ойлгож болохгүй. Гэнэт мөнгөний хэрэг гарч, сандарсан хүмүүс орж ирээд 10 саяын машинаа зургаан саяар өгчихөөд явчихдаг тохиолдол бий. Нэг удаа гэр бүлийн хоёр ирээд унаж явсан машинаа гуравхан саяар өгчихөөд явж байсан. Хүүхэд нь яаралтай хагалгаанд орох гээд сандарчихсан явсан л даа. Иймэрхүү зүйл энд их тохиолддог юм” гэж нэмж хэллээ. Бээкээ 2003 онд үйлдвэрлэгдсэн Honda Fit машиныг сонирхсон хүнд таван саяас яриад өгчихнө хэмээж байлаа. Энэ захад хүмүүс орж ирээд эхлээд үнийг нь асуугаад дараа нь үйлдвэрлэсэн оныг нь асуудаг гэнэ. 

Дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг компаниудын албан ёсны борлуулагчид нь манайд бий. “Монгол Хьюндай автомотив” компани наадамд зориулж Hyundai Tucson, Santa Fe машинууддаа хямдрал зарлачихсан байна. Бүх банкны лизингээр худалдан авах боломжийг харилцагчдадаа олгосон бөгөөд энэ хямдралтай худалдаа нь 14-нийг хүртэл үргэлжлэх аж. Hyundai Tucson автомашины борлуулалт сайн байгаа гэнэ. Учир нь энэ машин дэлхийн хамгийн эрэлттэй арван машины нэгээр шалгарч байсан аж. Өнгө үзэмжийн хувьд гоёмсог нь энэ машиныг сонгох том нөхцөл болдог ч туулах чадвар сайтай, түлшинд хэмнэлттэй, чанартай гэдгээрээ манай орны нөхцөлд нийцдэг юм байна. Тийм ч болохоор энэ машиныг монголчууд наадамдаа зориулж худалдан авч байгаа гэнэ. 

“Таван богд моторс”-ийнхон “Хаан банк”-тай хамтраад худалдан авагчдадаа зориулж лизингийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Урьдчилгаа төлбөргүй, ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр сонгосон машинаа сарын 1.4 хувийн хүүтэйгээр өөрийн болгох боломжийг олгож байгаа аж. Машин лизингээр авахаар болвол элдэв төрлийн бичиг цаас шаардахгүй байгаа нь худалдан авагчдад нь таалагдаж байгаа гэнэ. Тус компанийн худалдаж байгаа Toyata Prado, Land cruiser, Hilux машинуудын борлуулалт сайн байгаа гэсэн. 

Сумдын 90 жилийн ой тохиож байгаа болохоор хөдөө орон нутгийнхан ойдоо зориулж Land cruiser их худалдан авч байгаа гэнэ. Харин хотынхон наадмаар шинэ хүлэг унахын тулд хуучнаа зараад эднийхээс сонгосон машинаа лизингээр худалдан авч байгаа тухай тус компанийн Худалдааны төлөөлөгч Э.Одончимэг ярилаа. “Таван Богд Моторс” компанийн зардаг Volkswagen-ий машинуудын борлуулалт ч мөн адил сайн байгаа юм байна.

Мотоцикль бол хөдөөнийхний наадмын бас нэг гангараа. Мотоциклийн борлуулалт ноолуур самнах үеэс эхэлж нэмэгдсээр тавдугаар сарын сүүлээс эрчимжсэн гэнэ. Хятад мотоцикльтой холбоотой элдэв төрлийн осол гэмтэл их гарч, залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа мэдээлэл олон дуулдсан. Тийм болоод ч тэр үү, Хятад мотоциклийг сонгох нь өмнөхтэй харьцуулбал тодорхой хувиар багасаад байжээ. Харин аймаг, сумдын наадмыг зохион байгуулагчид, орон нутгаас сонгогдсон гишүүд хятад мотоциклийг олон арваар нь худалдан авч хурдан морины бай шагналдаа бэлдэж байгаа аж. 

Гэхдээ хөдөөнийхөн Хятад мотоцикль авбал аль болох чанартайг нь сонгох хандлагатай болсон бөгөөд боломж нь байвал Японыхыг нь худалдан авах болжээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ