Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засагт хувь биш татвар хэрэгтэй

Монголын уул уурхайн хамгийн том компани нь төрийнх. Уг нь “Рио”, “МАК”, “Энержи ресурс” гэж ирээд яривал том төслүүд хэрэгжүүлж байгаа нь бүгд хувийн компаниуд л даа. Гэхдээ Оюу толгой, Таван толгой гэсэн ланжгар хоёр ордоос гадна стратегийн бүх ордын хувьд дээрээ ганц малгайтай. Аль л сайн нөөцтэй ордууд төр гэсэн нэг том эзэнтэй гэсэн үг. Тэр нь “Эрдэнэс Монгол”. Монголын уул уурхайн хамгийн том эзэмшил төрийн компанид бий гээд байгаа нь ийм учиртай. Хувийн хэвшлийн компаниудыг жамаар нь хөгжүүлж байж л чөлөөт зах зээл хөгжинө гэдэг өнцгөөс харвал яг өнөөдрийн “Эрдэнэс Монгол” төгс загвар биш. “Эрдэнэс Монгол”-ын доор “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэж дэлхийн хэмжээнд яригдах төслүүдэд оролцоотой хоёр компани бий. Удирдлагууд нь бүгд улс төрийн томилгоогоор ажилладаг. ТУЗ нь ч ялгаагүй улс төрөөс хараат. Энэ том хоёр ордын ажил урагшлахгүй байгаа нь ганцхан ийм шалтгаантай. Жишээ нь “Рио”, “Эрдэнэс Оюу толгой” хоёр өнөөг хүртэл учраа олоогүй. “Эрдэнэс Таван толгой” гэхэд нүүрсээ зарах гэж хувийн компаниудтай өрсөлдсөөр байгаад өөрөөсөө бусдыг бараг л унагачихсан. Төрийн түшээдэд уул уурхайн салбарт төр оролцох ёстой гэсэн сэтгэлгээ бүр суучихсаныг жишээлж яривал өчнөөн баримт бий. Сүүлийн жишээ гэхэд УИХ-аас “Цагаан суварга гэдэг ордыг МАК минь дангаараа эзэмш. Төрд өгөх мөнгө байхгүй учраас хувь эзэмшихгүй, харин татвараа сайн төлөөрэй” гэсэн овоо ухаалаг шийд гараатахсан чинь УИХ-ын нэг гишүүн нь “Өө, тэгж ярихгүй. Энд чинь манай төрийн оролцоо хувь байх ёстой. Энэ муу компанид дангаараа эзэмших эрх байхгүй” гээд Цэцэд өгчихөж байгаа юм. Өөрсдөө хөрөнгө гаргаж чадахгүй хэрнээ олсон ашгаас нь авах ёстой гэсэн зах зээлийн жамаас гажсан сэтгэлгээ ганц энэ гишүүнд ч биш, өчнөөн түшээдийн элэг зүрхнээс уяатай яваа.

Байгалийн баялгаа зарж байж л ам.долларын галзуурлыг намжаана гэдгийг Монголбанкнаас эхлээд эдийн засагчид нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ үед яах аргагүй ярих учиртай асуудал бол энэ. Тодруулж хэлбэл, уул уурхай дахь төрийн хэт оролцоог багасгах гарцыг хайх цаг болчихож.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ “ТИМАСЕК” ШИГ БОЛГОЁ

Ирэх сарын эхний долоо хоногт “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад гадны ганц ч хөрөнгө оруулагч шинээр бүртгүүлээгүй ч “Блүүмбэрг”-ээс эхлээд гадна ертөнцөд мэдээллийг нь цацах сувгууд бол бий. Монголд төсөл эхлүүлээд гацчихсан цөөн хэдэн шар толгойтнууд мэдээж энд ирнэ. Монголын уул уурхай тэр чигтээ төрөөсөө хамааралтай гэсэн гутранги бодол тээн санааширч яваа тэдэнд “Манай төр уул уурхайд дээрэмчин шиг оролцохгүй” гэж хэлэх ганц индэр нь “Дисковер Монголиа”. Энэ үеэр ийм сэдвээр эвтэйхэн яриа хөөрөө өрнүүлбэл биднийг дэлхий сонсоно гэх гээд байна л даа. “Дисковер”-ийн хоёр дахь өдөр “Уул уурхайн төсөл ба төрийн оролцоо” гэсэн сэдэвтэй хуралдаан болох юм билээ. Лав л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Сайнбуян төрийн өмчийн компанийн засаглалаар илтгэл тавих сураг дуулдсан. О.Сайнбуянгийн хувьд өөрөө бизнесмэн учраас уул уурхайн төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар явуулъя гэж энд тэнд болж байгаа чуулга уулзалтын үеэр их ярьдаг. Гэхдээ засгийн хувьд тэгтлээ дэмжсэн царай үзүүлэхгүй байх шиг санагддаг. Төр, хувийн хэвшлийнхэн нэг дор цугласан энэ хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Тимасек” болгох чигийн хэлэлцүүлэг өрнүүлмээр байгаа юм. “Тимасек” бол Сингапурын төрийн өмчтэй компани. Компанийн засаглалаараа онц, хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалдаг гэдгээрээ дэлхийд танигдсан. Компанийн удирдлагыг улстөрчид биш ТУЗ-өөс нь сонгодог. ТУЗ-ийнх нь гишүүд улсдаа нэр хүндтэй бизнесмэн, эрдэмтдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж чаддаг гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд яг ийм загвараар ажиллабал уул уурхайн салбар дахь төрийн оролцоо цэгцрээд ирнэ. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. ТУЗ-өөс компанийн удирдлагыг сонгоход улс төр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Том төслүүдээ бизнесийн зарчмаар урагшлуулъя гэвэл захирлуудын томилгоонд улс төр орохгүй байх өндөр босгыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. Мэдээж тэр хууль нь дөрвөн жил болоод солигдохгүй дархлаатай байж үр дүнгээ өгнө. Ингэхийн тулд О.Сайнбуян захирал биш Засгийн газар, УИХ-ын зүгээс өндөр сонирхолтой байх учиртай. Төрийн өмчийн оролцоотой компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаад ирвэл хүссэн хүсээгүй хяналт тогтоно, төр хэт оролцох гээд байвал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн гарц ч бас бий.

ЗАСАГТ ХУВЬ БИШ ТАТВАР ХЭРЭГТЭЙ

“Тимасек” бол “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэх талаасаа байж болох хувилбар. УИХ, Засгийн газар хүсэхгүй бол ажил болоход бэрх шийдэл л дээ. Мэдээж үүнээс ч сайн хувилбар бий. Гадна, дотнын мөнгөтэй эрхмүүд цугласан “Дисковер Монголиа”-гийн үеэр манай засгийнхан “Төр уул уурхайн ордууддаа хувь эзэмшихгүйгээр татвараа аваад явъя” гэсэн мессэжийг өгвөл эргэлзсэн хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. “Цагаан суварга”-д хувь эзэмшихгүй гэсэн шийдвэр гаргаж чадсан төр энэ удаа стратегийн бүх ордод хувь эзэмшихгүй, татвараа л авъя гэчихмээр байгаа юм. Засгийн газрын “Рио”-той учраа олохгүй байгаагийн шалтгаан ч яг нарийндаа хувь эзэмшлээс үүдэлтэй. Том төсөлд төр хувь эзэмших нь тэр хэрээр эрсдэл хүлээнэ гэсэн үг. Манай төр Оюу толгойд 34 хувийн эзэмшилтэй. Эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр “Рио”-гийн бүтээн байгуулалтад мөнгө зарцуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч доллар гаргаагүй, “Рио”-гоос мөнгө зээлж байж энэ аварга төслийг эхлүүлсэн. Төрийн эзэмшиж буй 34 хувийн хэмжээнд тохирсон мөнгийг “Рио” өөрөөсөө гаргаад баяжуулах үйлдвэр барьчихсан. Одоо дахиад гүний уурхайн бүтээн байгуулалтад хэдэн тэрбум доллар зарах учиртай. Бид Оюу толгойн ордод хувь эзэмшдэг учраас өнөө хэдэн тэрбумынх нь 34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрсдөөсөө гаргах ёстой. Гэтэл бидэнд мөнгө байхгүй. Төр гэдэг бол яг нарийндаа бид. Төр мөнгө үйлдвэрлэдэг газар биш, бидний татварт өгсөн мөнгөөр амьдардаг субъект. Төрийн өнөөдөр “Рио”-д тавьсан, маргааш өөр нэг “Рио”-д тавих өрийг бид л төлнө. Тэгэхээр төр гэдэг эзэн биегүй этгээдийн тавьж буй өр бүхнийг бид төлж барагдуулна гэсэн үг. За ер нь бол нэг иймэрхүү асуудал л Оюу толгой дээр үүсчихээд байгаа. Цагаан суваргын хувь эзэмшлээс төр өгөөмөр зантайдаа биш зах зээлийн энэ айхтар хуулийг ойлгосон учраас татгалзсан юм.

ТӨР ТӨР БАС ДАХИН ТӨР

Төрийн уул уурхай дахь оролцоо энэ хүрээд зогсохгүй. Нүүрсэн дээр гэхэд 30 гаруйхан ам.доллараар зараад байхад л Хятадын хаа холын далайн боомтын үнэ болох хоёр дахин өндөр тоог жишиг үнэ гэж тавиад татвар авах жишээний. Ухаандаа талх үйлдвэрлэгч нэг талхаа 1000 төгрөгөөр зарчихаад байхад татварын газраас “Та талхаа 2000 төгрөгөөр зарах ёстой шүү дээ” гээд ахиу татвар авсантай ялгаагүй дүр зураг л даа. Төр уул уурхайд ингэж оролцож байна. За тэгээд ТЭЗҮ-ийг хянан бичиж батална, уулын ажлын төлөвлөгөөг мэдэж батална. Уг нь ТЭЗҮ батлах нь цэвэр хувийн компанийн хийх ажил. Хувийн компанийн бизнес төлөвлөгөөг баталдаг сонин жишиг манайд л бий. Энэ мэтээр жагсаавал уул уурхай дахь төрийн оролцоо өчнөөн. Төр нүүрсээ зарах гэж ядаж байгаагаа хувийн компаниудтайгаа өрсөлдөхөө ч юман чинээ тоохгүй оролцоно. Эсвэл хувийн компаниудынхаа хөлсөө урсгаж цэцэглүүлсэн бизнесийг төрийн асар том ашиг сонирхлын бүлгүүд нийлж байгаад боловсон аргаар дээрэмдэж оролцоно. Боловсон арга гэдэгт нь зохиомол хэрэг үүсгэж юм уу аль нэг хэрэгтэй холбож бизнесийг нь төрийн нэр дээр буцаан аваад дахин хуваарилалт хийх, хуулийг өөрчлөх замаар дээрэмдэх гээд түмэн зам багтана. Зарим тохиолдолд бүр энэ зорилгодоо төрийн институцийг ашиглана. Уул уурхайн бизнес рүү орж амжаагүй төрд гарсан том бизнесмэнүүд энэ салбарт дахин хуваарилалт хийгээд эхэлснийг бизнес эрхлэгч, эдийн засагчид барим тавим жишээ татан ярьцгаадаг. Тэгэхээр уул уурхайн яг ямар процесст нь төр оролцохыг энэ удаагийн “Дисковер Монголиа”-гаар тогтож яримаар байна. Зүй нь чөлөөт эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын төр нь уул уурхайн салбартаа татвар авч, хяналт тавих маягаар оролцдог юм билээ. Айхтар хяналт, ахиухан татвар хамгийн зөв гарц гэдгийг уул уурхайгаараа хөгжилд хүрсэн өчнөөн улсын түүхээс харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

-Засгийн
газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Гэтэл доллар, юанийн ханш өссөн
үзүүлэлттэйгээр 100 хоногоо дуусгаж байх шиг байна?

-Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй.
Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй
буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа энэ байдлаар явбал
дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100 хоног гэдэг бол амиа аргацаах
л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно.
Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган
болтол үлдэж дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт
энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно
доо.

-Эдийн
засгийн хөгжлийн сайд нь эдийн засгийн чухал шийдвэрээ бөөлж гаргадаг гэсэн шог
яриа байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ганзагын наймаачид ирээд төрийн толгой дээр суучихлаа. Сайд нарын
хувьд бизнесмен, компанийн захирал байж болно. Компани удирдах, улсын эдийн засаг
удирдах хоёр чинь газар, тэнгэр шиг ялгаатай. Адаглаад яаманд мэргэжилтэн хийж байсан
туршлагатай бол яая гэхэв. Хөгжлийн талаар философийн ойлголттой байж ажиллана шүү
дээ. Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэж цоо шинэ ойлголт бий болоод байна. Гэтэл
манайд Засгийн газар нь хөрөнгө хөгжлөөр, Байгаль орчны яам нь ногоон хөгжил баримтлаад
хоёр тусдаа хөгжлөөр явах гээд байна уу, яах гээд байна. Ингэж балайрч байх ямар
хэрэг байна. Үнэндээ харамсалтай санагдах юм.

-Таны
хувьд эдийн засгийг сайжруулах гарцыг харж байгаа байх. Ер нь танаас Засгийн газар,
төрийн түшээд зөвлөгөө авдаг уу?

-Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо
хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй,
эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй. Одоо бол Засгийн газартай ямар ч холбоогүй
байдаг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг. Монголын эдийн
засаг бол маш жижиг эдийн засаг. Унахдаа ч амархан, сэргэхдээ ч амархан. Өмнөх туршлагуудыг
хараад байхад Монголын эдийн засаг зургаан сарын дотор нөхөхөд өндийх чадвартай.
Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна.
Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого
ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт
цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид
нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу. Ийм үед
гэрээ хэлцэл хийх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох
ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө таван сая,
жилд 20 сая төгрөг бэлнээр аваад халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ
хатуу газар очоод сууж баймаар санагддаг. Ажил хийснийхээ төлөө төрөөс цалин авч
байна. Бас намайг сонгоод өг гэж гуйж гувшиж гарч ирчихээд хариуд нь мөнгө аваад
байж байдаг. Төр засаг маань даанч ажилласангүй. Олон мянган хүний хүсэл мөрөөдөл
шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой.

-Гишүүд
улсынхаа эрх ашгийг боддог байгаасай гэж дуугардаг хэрнээ ярьсан шигээ явж чадахгүй
байна гэсэн шүүмжлэл гарч байна. Эрх ашгийн эрэмбэ дарааг та юу гэж боддог вэ?

-Намын эрх ашиг гэж байхгүй л дээ. Нам толгойлж байгаа баячуудын
эрх ашиг л гэж байна. Жишээ нь 2006-2009 оны хооронд эрх барьж байсан МАХН буюу
МАН Эм Си Эс-т л үйлчиллээ шүү дээ. Ямар сайндаа манай судлаачид Монгол Улсын их
хурал юм уу, Эм Си Эс-ийн их хурал юм уу гэж сануулж бичиж байлаа. Өнөөдөр компанийн
төлөөлөгч нь УИХ-д ороод ташаагаа тулчихсан “Тэр ордыг чинь би авъя” гэж том дуугараад
авдаг болсон байна лээ. Нам гэдэг чинь олон түмний үзэл бодлын асуудал. Өнөөгийн
ийм ороо бусгаа цагт Ардчилсан нам төрөө барьж байгаа нь зөв юм. Харин нэр цэвэр,
бодлого үйл ажиллагаа нь илүү өгөөжтэй байх ёстой. Намын толгойд гарсан хэдэн нөхөр
нь хэсэгхэн баячуудынхаа арга аяганд орчихсон байх юм. Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий
сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй” гээд яриад
сууж байх юм. Гэтэл өөр нэг телевиз нь бүдүүн бохирын хоолойноос бохир ус Туул гол
руу урсаад гарч байгааг нь харуулах юм. Ерөнхий сайд нь жорлонгийнхоо бохирыг Улаанбаатарчуудыг
ундаалдаг Туул гол руу хийсэн, хийгээгүй гээд яриад сууж байхаар яах болж байна
даа.

-Тэгээд
одоо ийм гажуудлыг яаж засах вэ, хууль эрх зүйн хувьд засах боломж байна уу. Ингэж
явсаар ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрвэл яах вэ?

-Хэрүүл тэмцэл бу­химдлаар юуг ч шийдэхгүй. Эв зүй, хууль эрх зүйн
хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц. Ерөнхийлөгчийн санаачилсан дархлаажуулалтыг
сулруулах хуулийн төслүүд хамгийн чухал. Нэгэнт л хэрэг төвөгт нэр холбогдсон бол
албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй. Манайд одоо хэрэг хийсэн нөхрийг АТГ,
прокурор бүгд сануулаад нэмэр алга. Нөгөө УИХ-ын гишүүд чинь бие биеэ өмгөөлж, хамгаалаад
тавьж явуулахгүй. АТГ сонгуулийн өмнө намуудад асуудалтай хүмүүсийнх нь нэрийг гаргаж
өгсөн боловч нэмэр болсонгүй. Прокурор, УИХ-аас нэр бүхий нөхдүүдийг шалгахын тулд
бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л нэмэргүй байна.

-Нийт
Монголын эрх ашиг чухам хаана, хэний гарт байна вэ гэсэн эмзэглэл төрөх юм?

-Тийм учраас залуучууд минь юу ч болж байсан төрөө худалдахгүй, нутгаа
худалдахгүй юм шүү гэдгийг зүрхэндээ нэвт шингээж ойлгох хэрэгтэй. Энэ бүх байдлыг
таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон, монгол түмний минь хувь
заяатай холбоотой хуулийн төслүүдийг араас нь урдаас нь чадах чинээгээрээ олон нийтийн
байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжээд батлуулаад байх хэрэгтэй.
Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг
УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ.

-Өнөөдрийн
улстөрчид болохоо байлаа. Залуу үеэр цус сэлбэх ёстой гэдэг дээр ямар бодолтой байгаа
вэ?

-Монгол орон шинэч­лэгдлээ. Бид шинэ орчин, шинэ нийгэмд амьдарч
байна. Улс төрд тэр дундаа монгол төрийн жолоог барьж явах шинэ үеийн хүмүүсийг
хүмүүжүүлэх, тэдэндээ түшиглэж хөгжих нь нийгмийн бодит захиалга болоод байна. Бид
өнөөдрийг хүртэл шилжилтийн үеийн сэтгэлгээгээр асуудалд хандаж, төрийн албыг баяжих,
албан тушаал ахих дамжлага болгон хардаг сэтгэлгээтэй хүмүүстэйгээр явж ирлээ. Ийм
хоцрогдсон сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь
хувьд ч улс гүрнийх нь хувьд ч мөхөл рүү хүргэх аюултай.

-Аль
нэг нам фракц дагаж, эсвэл хэн нэгний цүнх барьж гүйдэг цаг ирээ юу даа…

-Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай
болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ
авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал
гэж ярихаас цаашгүй болсон. Консерватив үзэл гэж чухам юу юм бэ.  Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ
өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна.
МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс. Намын
нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж
байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд
орчихсон. Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад
сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд
гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр
харвал хүндэтгэх хэрэгтэй болдог. Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал
нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн
иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан.
Үүний гайг бид амсч байна. Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс
төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан
хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах
учиртай.

-Намын
эрх ашгаас болж улс хэцүү байдалд орлоо гэж судлаачид хэлж байна?

-Ер нь бол нам сонгуульд оролцож, нам бүхнийг шийддэг байх нь явцгүй
боллоо. Энэ бол ганцхан Монголын зовлон биш дэлхийн зовлон. Францад гэхэд олон нийтийн
байгууллагууд нь сонгуульд оролцдог. Монголд гэхэд Ардчилсан холбоо, Монголын залуучуудын
холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, МҮЭ-ийн төлөөлөл сонгуульд оролцож
байж бүх нийтийн төлөөлөл бүрдэх юм. Израйлд гэхэд Өндөр настны холбоо гурван суудалтай.
Улс төрийн тэргүүн эгнээнд намууд байдаг боловч ард нь олон нийтийн маш олон байгууллага
байдаг. Намуудын бүрэн эрхийг хязгаарлах бодлого явуулах ёстой. Залуучуудын замыг
нээх, гаргаж ирэх тал дээр хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах ёстой.

-Улс
төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу, намуудын эрхийг хязгаарлах,
шинэ үе орж ирэх боломж хуулийн төсөлд тусгагдсан болов уу?

-Хуулийн төслийг харсан. Одоогийн УИХ-д улстөрийн намын нэрээр орж
ирээд зангирчихсан, булагначихсан бүлэг хүмүүсийн нэгдэл байгаа цагт хэзээ ч нийгэмд
хэрэгтэй хууль гаргахгүй. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн
бариад хэлэлцүүлж болж байна. Түүнээс биш одоо байгаа УИХ-ын нөхдүүдээс хэзээ ч
олигтой юм гарахгүй. Нөгөө С.Баярцогт, Н.Номтойбаяр гэсэн нөхдүүд л энэ хуулин дээр
сууж байна шүү дээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас долоо хоногийн
өмнө МАХН буюу одоогийн МАН нарийн бичгийн дарга нар бүгдээрээ цагаан цамцтай
1.5 сая төгрөгийн батламж барьчихсан даллаад зогсож байлаа. АН нэг сая төгрөг өгнө
гээд амлачихсан байсан. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёрын сонгуулийн амлалтад анализ
хийгээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар, АН-ынхад
20-30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Аль аль нь хэрэгжих боломжгүй.
Энэ бүхнээс харахад улс төрийн намууд ямар ч судалгаа анализ хийлгүйгээр хоосон
амлалт яриад сонгуульд орж байна. Үүнийг л хуулиар хориглох хэрэгтэй. Улс төрийн
намууд улирал бүр Монголынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд бодит анализ хийгээд
олон түмэндээ мэдээлэл хийдэг маш том судалгааны байгууллага байх ёстой юм. Хууль
эрх зүйн хүрээнд ийм байдал руу шахаж өгөхгүй бол бизнесийн хэдэн нөхдүүдийн аманд
ороод худлаа ярьж, худлаа амласан газар болох гээд байна. Ардчилсан нам төр бариад
хоёр жил болж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт хэдэн хувьтай байгаа билээ.
Хэн үүнийг тооцож байна. Хэдэн наймаачдыг сайд нараар тавьчихсан.  Нөгөө хэд нь улс орныхоо эдийн засгийг сайжруулах
нь бүү хэл эвдээд хаячихсан. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд
дахиж өрсөлдөх эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намууд мөнгөтэй,
шуналтай хүмүүсийн төрийг худалдаж авах хэрэгсэл болчихоод байна. 

-Таныг
Ерөнхий сайд байх үеийн улстөрчид болон өнөөгийн улс төрчдийн хооронд ямар ялгаа
гарсан бол?

-Манай Засгийн газар шилжилтийн хүнд хэцүү үед 16 хүнтэй ажилласан.
Дундаж нас нь 42 байсан. Би өөрөө 48 настай байсан. Хамгийн ахмад нь Батлан хамгаалахын
сайд Жадамбаа 51 настай. Хамгийн залуу нь Дорлигоо маань 32 настай, Да.Ганболд
34-тэй байлаа. Тэр үед нийгмээ өөрчлөх залуусын хүсэл зориг маш их байсан. Залуучуудыг
багтаа оруулаад хамтарч ажиллаж байсандаа харамсдаггүй. Миний хоёр шадар сайд одоо
ч төрдөө зүтгээд сайхан ажиллаж л явна. Манай Засгийн газрын 16 гишүүний ес нь эрдмийн
зэрэг цолтой байсан. Тийм учраас ямар ч асуудлыг ярихад мэргэжлийн өндөр түвшинд
ойлгож, түүнийгээ шийдэж чаддаг байсан.

-Хувь
хүн талаасаа манай улстөрчид хэр боловсорсон бол?

-Хувь хүний чанар, хүмүүжил суурь боловсрол их чухал. Манай Засгийн
газрын гишүүдэд шунал гэж ойлголт байгаагүй. Элдэв хэл аманд ганц нэгэн нөхөд орж
байсан. Тэдний хувьд социализмынхаа үеийн хуучинсаг сэтгэлгээгээр зарим зүйлд хандаж
хэл аманд орж байснаас биш одоогийнх шиг захиалгын хууль боловсруулдаг кабинет байгаагүй.
Одоо гарч байгаа хуулиудыг харахад гадны хөрөнгө оруулагчид болон өөрсдийн эрхэлдэг
бизнестээ тохируулсан хууль гаргаж байгаа нь илт харагдаж байдаг. Манайх Айвэнхоуд
тохируулж хичнээн ч хуулиа өөрчлөв дөө. Үнэхээр эмгэнэлтэй.

-Өнөөдрийн
улс төрд залуус гарч ирэх механизм байна уу?

-Сонгуульд өрсөлдөж байгаа хүний сурталчилгааны үгэнд итгэнэ гэвэл
дэндүү гэнэн хэрэг болно.

Би хааяа гадуур залуучуудтай уулзаж лекц уншдаг. Тэгээд залуустайгаа
ярилцахад өнөө цагийн залуус мундаг, боловсролтой, улс орноо бодсон эрүүл сэтгэлгээтэй
төлөвшиж байгаа нь харагддаг. Олон мянган залуус эерэг эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж
байгааг хараад залуучуудаараа бахархдаг. Энэ мундаг залуусаа өөд нь гаргах механизм
манайд байхгүй.

Гэтэл энэ улс төрийн намууд ийм залуусыг нухчин дарж байна. Миний
бодоход Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нам бүхнийг шийддэг гэдгийг болиулах хэрэгтэй.

-Үндсэн
хуульд өөрчлөлт оруулах замаар эрхийг хязгаарлана гэхээр АН, МАН хоёр лав хөдлөхгүй
болов уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хууль,
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэхээр хамгийн том саад болж байгаа зүйл бол Их
хурал өөрөө. Өөрсдийнх нь эрх ашиг боомилогдох учир улс төрийн намууд, УИХ-ын гишүүд
амиа хорлоё гэж бодохгүй шүү дээ. УИХ бизнесийн сонирхолд захирагдсан, шуналтай
хүмүүсийн товчоо болчихсон. Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын
нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд
худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Ерөнхий сайд Бадамдорж
гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж, архи ууж
хундага тулгадаг нөхөр байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг
ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар
гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачлаад барьчихсан
явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр
хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр
сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг
болжээ. Энэ чинь юу болоод байна вэ.

-Засгийн
газарт та нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын Засгийн газар мухардмал байдлаасаа
хэрхэн гарах вэ. Гарцыг та хэрхэн харж байна вэ?

-МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан
намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр
нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах
гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль
хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм. Танхимынх нь нэг сайд нь нэг охины
хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг
байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал
гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа
саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад
зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий.

-Улстөрд
залуусыг бодлогоор гаргах нь зөв үү?

-Монгол төрийнхөө залуу удирдагчдыг бэлтгэх чухал шаардлага байна.
Улстөрд гэлтгүй нийгмийн бүх давхаргад шинэ үеийн хэрэгцээ шаардлага ус, агаар шиг
хэрэгтэй байна. Энэ цаг мөчид шинэ залуусыг бодлогоор гаргаж ирнэ гэдэг бол туйлын
зөв. Энэ бол өөрөө шинэ зүйл, шинэ санаачилга. Маш том зүйлийн эхлэл юм. Үр дүнд
битгий яараарай. Үр дүн магадгүй 10-15 жилийн гарна. Нийгэмд ус агаар шиг хэрэгтэй
байгаа зүйлийн шинэ эхлэлийг тавина гэдэг, шинэ жишиг тогтооно гэдэг өөрөө маш чухал
юм. Түүнд яарч болохгүй. Залуучуудаа ганц удаагийн үндэсний төслөөр илрүүлээд орхих
биш тэдний цаашдын боловсрол, төрийн албанд шат шатанд нь ахиулж бэлтгэх механизмыг
давхар авч явах хэрэгтэй.

 Э.ЭНХБОЛД

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бартаат замын “ХАНХҮҮ”

“Сайн байна уу” гэсээр нүдээрээ инээсэн туранхай бор залуу хаалга тайлж өглөө. Тэрээр орноосоо босоод удаагүй бололтой “Та нарыг хүлээгээд сууж байлаа” гэсээр угтав. Өглөөний 09.00 цагийн үед “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочныд яаравчлан очсон нь энэ. Түүнийг олон улсын хэмжээний мастер, Монголоос төрөн гарсан Ази тивийн  анхны аварга Э.Халиунболд гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нэрийг сонсмогц уншигч түмэн мото спортын Халиука гэдгээр нь андахгүй биз ээ. Учир нь тэрээр Монголд мото спортын ямар л тэмцээн уралдаан болно тэргүүн байрт л ордог тамирчин. Зөвхөн Монгол гэлтгүй гаднын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж мотоциклийн бартаат замын уралдаан буюу мото кросс төрөлд манлайлагч нэгэн билээ. Түүний аав Ш.Эрдэнэбилэг, ах Ууганбаяр гээд гэр бүлээрээ мото спортын Монголын нэртэй тамирчид. Тиймээс энэ удаа хурдны хаадынд ийн зочилсон хэрэг. Э.Халиунболд “Олимп” хотхонд хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг юм байна. Харин биднийг очих үед аавындаа байсан юм. Гэрийн эзэн Ш.Эрдэнэбилэг хөдөө ажлаар авсан гээд эзгүй байлаа. Харин Халиукагийн ээж Н.Энхжаргал  мэнд мэдээд цай унд авчрахаар гал тогооны өрөө рүү орж харагдав. Халиунболд эхээс гурвуулаа. Түүний ахыг олон улсын шүүгч, нэгэн үе мотоциклийн бартаат замын уралдаанд өмнөө тамирчин оруулдаггүй байсан Ууганбаяр гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэрээр гэр бүлээсээ өрх тусгаарласан ч биднийг очих үед ирсэн байв. Харин эгч Ундраа нь Японд амьдардаг ажээ. Зочны өрөөнд нь дүүрэн цом, өргөмжлөл, медаль харагдана. 

Энэ бол аавынх нь амжилт. Харин хоёр хүүгийнх нь өөрсдийнх нь гэрт байдаг гэнэ. “Манай харчуул бүгд мотоцикльд хоббитой. Охин маань энд байхдаа хүртэл мотоцикль сонирхдог байлаа. Харин эгч нь мотоцикль сонирхох нь битгий хэл айгаад араар нь ч сундалж явдаггүй”  хэмээн эзэгтэй Н.Энхжаргал хөөрөлдөв. Н.Энхжаргал нөхөр, хоёр хүүгийнхээ уралдааныг үзэхээр олон ч тэмцээн уралдаанд дагаж явдаг байсан гэнэ. Уралдааны замыг нүдээр харах, биеэр туулах хоёрын хооронд тэнгэр газар шиг л ялгаа байдаг талаар тэрээр ярив. Энгийн хүн уралдааны бэлтгэсэн замаар хэд алхаад л цуцаж, энхэл донхол руу нь хөл алдаж гишгэхээс эхлээд үнэхээр хэцүү гэдгийг тэрээр ярив. Хэдий өөрөө сонирхдоггүй ч нөхөр, хүүхдүүдээ дэмжиж, ар талын албыг нь сайн авч явдаг “фэн” нь гэсэн. Хоёр хүү нь ээжийгээ хамгийн сайн хөгжөөн дэмжигч гэж магтах аж. Ууганбаяр, Халиунболд хоёр ч мотоспорт бол хамгийн эрсдэлтэй, хурд хүч, тэсвэр тэвчээр шалгасан хүнд спорт гэдгийг хэлж байлаа.

ААВД НЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ ТОХИОЛДСОН Ч ХӨВГҮҮДИЙГ МОХООСОНГҮЙ 

Энэ гэр бүл удмаараа мото спортын тамирчид гэдгийг дээр хэлсэн. Учир нь Эрдэнэбилэгийн аав Шагдарсүрэн анхны мото спортын клубийг Сэлэнгэ аймагт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Мото спортод төрсөн түүний шавь хүү Эрдэнэбилэг, гавьяат тамирчин Баасанжаваас эхлээд олон бий. Аавынхаа хоббиг өвлөж авсан Эрдэнэбилэг гуай 1990-ээд оны эхээр ёстой мото спортод шуугиулж явсан нэгэн. Тэрээр бүх ард түмний спартикиадын 16 удаагийн аварга төдийгүй авто машины “Батхүлэг” уралдааны анхны аварга юм байна. Мөн улсын дээд амжилт тогтоогч, авто машины олон улсын  уралдааны хүрэл медальт, Буриадын хошой аварга гээд түүний амжилтыг дурдвал нэлээд хэдэн хуудас цаас хөвөрнө. Эрдэнэбилэг 1996 онд дэлхийн цомын уралдааны гуравдугаар байранд явж байгаад хүнд бэртэл авч тэргэнцэрт насаараа суух болсон билээ. 

Энэ аймшигт явдлыг эргэн дурсвал дэлхийн цомын мастер раллид уралдаж явсан Эрдэнэбилэг Францаас Монголын нутгаар дамжин уралдах үедээ осолдсон юм. Үүнийг тэрээр “Замын ялихгүй бартаанаас болоод гэмтсэн. Энэ уралдаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч арчигддаггүй” хэмээн ярьсан байдаг. Энэ бол хурдны хаадын гэр бүлд тохиолдсон хамгийн аймшигт явдал. Түүнээс хойш ээж нь хоёр хүүгээ уралдах бүрт сэтгэл нь байнга зовних болжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдсон явдал энэ гэр бүлийг мотоциклиос хөндийрүүлж чадаагүй юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг гүйцээхээр уралдсан уралдаан бүртээ түрүүлж байсан нь Эрдэнэбилэгийг их спортдоо эргэн ирэх шалтгаан болсон юм. Одоо Эрдэнэбилэг Техник спортын төвийн мото спортын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монголын мото спортын үе үеийн тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа. “Аавынхаа ослоос болоод ч тэр үү өөрийг тань раллид уралддаггүй, зөвхөн мото кросс төрөлд уралддаг гэж хүмүүс яриад байдаг” гэж асуухад “Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний сонирхол бол мотоциклийн бартаат замын уралдаан. Мэдээж нас ахиад ирэхээрээ Дакар раллид уралддаг Батболд, Болдбаатар ах нарынхаа араас орох байх” гэв. Батболд, Болдбаатар нар бол Дакар раллид уралддаг Монголын шилдэг тамирчид юм.

АХЫГАА ГАДАГШ ЯВСАН ХОЙГУУР МОТОЦИКЛИЙГ НЬ УНАЖ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЖЭЭ 

Ах дүү хоёр хоорондоо яг л найзууд шиг дотно юм. Ахыгаа үг хэлэхэд Халиука ихэд хүндэтгэн хүлээж авна. Төрсөн ах дүү, тэгээд адилхан мото спортын хоббитой, олон улсын хэмжээний тамирчид. Ууганбаяр “Аав бид хоёрын эдэлж хэрэглэж байсан зүйлс гараашид байгаа. Нэг их хэрэглэхээ байсан. Харин Халиукагийнх л гэрээр дүүрэн байна даа” гээд инээв. Халиунболдын аав, ах нь мотоциклийн хорхойтнууд байсан учраас аль бага байхаасаа л тэрээр мото спортод хөл тавьсан нь тодорхой. Өдгөө Халиука 25 настай. Түүнийг ах нь “Манай дүү дөрвөн настайдаа л мотоцикль унаж сурсан. Энэ нь Монгол Улсад бага болон өсвөр насны хүүхдүүд мото спортоор хичээллэх үндсийг тавьснаар зогсонги байдалд ороод байсан Монголын мото спортын үсрэнгүй хөгжлийн суурь нь болсон төдийгүй тив, дэлхийн топ тамирчид төрөн гарах үндэс болсон” гэж ирээд л дүүгээрээ бахархаж байгаа нь нүдэнд нь тодроод ирнэ. Ууганбаярын хувьд дүүгийнхээ өмнөх үеийн шилдэг тамирчин гэхэд болно. Тэрээр мото спортын мастер, мөн анхны олон улсын шүүгч, мотоциклийн бартаат замын уралдааны улсын аваргын мөнгө, хүрэл медальт, холын зайн ралли уралдааны улсын аваргын мөнгөн медальт, Сибирийн аваргын багийн хүрэл медальт төдийгүй   2000-аад онд авто машины төрөлд гурав, дөрвөн ч  удаа уралдаж хоёрдугаар байр болон шагналт байрт шалгарч байсан аж. Түүнчлэн эх орноо төлөөлөн Азийн аваргын уралдаануудад уралдаж байжээ. Харин тэрээр гадагшаа хэсэг хугацаанд явахаар болж уралдааныхаа мотоциклийг үлдээсэн гэнэ. Ахыгаа эзгүй хойгуур Халиука мотоциклийг нь унаж насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа уралдаж түрүүлжээ. Энэ бол 2003 он. Тэрээр 14 настайдаа улсын аваргад түрүүлэв. Энэ уралдаан түүнд урам зориг өгч мото спортод эргэлт буцалтгүй оржээ. Одоо харин ах, аав хоёр нь түүний хамгийн сайн дасгалжуулагчид. Ер нь бол гэр бүлээрээ Монголын мото спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс юм.

АМЖИЛТААР БЯЛХСАН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ

Ингээд энэ гэр бүлийн их спортын түүхийг эргэн дурсах зуур нар хэвийж Халиука ч ажилдаа явах дөхлөө. Тэрээр ажилдаа ойрхон гээд “Олимп” хотхонд ганцаараа амьдардаг юм байна. Гэртээ хонодог ч аав, ээждээ дээрээ зав л гарвал очдог гэнэ. Ингээд ажлынхаа хувцсыг өмсөх ёстой гээд гэрийн зүг хөдлөв. Бид ч түүнтэй хамт гэрт нь очихоор явав. Цахилгаан шатанд сууж долоо гэсэн давхрын товчлуурыг дарлаа. Ингээд хаалгаар ормогц нэлэнхүйдээ цомоор чимэглэгдсэн өрөө өөдөөс угтлаа. “Хичнээн цом байгаа вэ. Аавынд чинь байснаас их юм аа” гэхэд “Тоогоо алдсан. Аав тавиур нэмж тавина гэсэн амждаггүй. Багтахгүй болохоор нь цонхон дээр өрчихсөн байсан юм. Та нарыг ирнэ гэхээр чинь энд өрөөд тавьчихлаа” гээд нүдээрээ инээв. Түүний амжилтыг зөвхөн өрсөн цомоос нь харахад л тодорхой. Тавиур дээгүүр битүү өрж, гал тогооны шүүгээн дээгүүр үргэлжлүүлэн өрөөд, багтахгүйг нь шалан дээр жирийтэл тавьсан байв. Эдгээр цомыг хараад түүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин тэрээр их даруухан инээмсэглэж цомуудаа тэдэн онд, тийм тэмцээнээс авсан хэмээн тайлбарлах аж. 

Ганцаараа байдаг болоод ч тэр үү энэ гэрт зөвхөн түүний л гэх эд зүйлс харагдана. Тэрээр мотоциклийнхоо хажуугаар төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тэмцээн уралдаангүй үедээ бусад залуусын л адил ажлаа хийнэ. Тэрээр ЦЕГ-ын Төрийн хамгаалалтын тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Төрийн тусгай айлчлалын үеэр хамгаалалтад зогсоно гэсэн үг. Энгийн үед замын хөдөлгөөнийг зохицуулна. Энэ ажилдаа ороод нэлээд удаж байгаа юм билээ. Цагдаагийн малгайгаа ихэд хүндлэн тавиур дээр тавьсан харагдав. Тэрээр Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт олны өмнөөс мото кроссын төрөлд уралдаж хошой алтан медаль хүртэж байсан юм байна. Ажлын хамт олон нь түүнийг аливаа тэмцээний үеэр их дэмжиж ажилладаг талаар тэр ярив. Ам нээх бүртээ л мотоциклийн талаар ярих аж. “Түүнээс найз охинтой юу” гэж асуухад жаахан ичингүйрч “Байгаа. Мото спортод 30 наснаас хойш уралдахад зохимжгүй. Одоо надад тавхан жил л байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх бодолтой байна. Харин дараа нь гэр бүлээ төлөвлөх байх” гээд аядуухан хэлэв. Ярианаас  нь  хүсэл тэмүүлэл, эрч хүч сонсдох мэт энэ залуу өнгөрсөн хугацаанд Монголын мото спортын түүхэнд олон амжилтыг эвдсэн аж. Тухайлбал, мотоциклийн бартаат замын төрлөөр Монгол Улсаас төрөн гарсан анхны Ази тивийн аварга, Ази тивийн аваргын таван мөнгөн медаль хүртсэн,  Монгол Улсын  хамгийн залуу, хамгийн олон удаагийн улс, хот, спартакиадын аварга, анхны өсвөрийн тамирчин, анх Монгол улсаас Дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчин, АНУ-ын аваргад анх уралдсан, суперкросс төрлөөр анх дэлхийн аваргад уралдсан ба Монгол улсаас анх мэргэжлийн тамирчин болсон гээд л хөвөрнө. Одоо тэрээр Монголын автомото спортын холбооны шигшээ баг, Техник спортын төв, “Монголын үндэсний авто мото спортын клуб”-ийн тамирчин билээ. 

Э.Халиунболд хамгийн анх 2001 онд Ази Номхон далайн орнуудын АШТ-ий өсвөрийн ангилалд  V байрт орсон бол хамгийн сүүлд Орост болсон Дорнод Сибирийн уралдаанаас хошой медаль хүртжээ. Сүүлийн тэмцээнээс хүртсэн хоёр цомоо сонирхуулангаа уралдааны үед тохиолддог эрсдлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлэв. 

2000-2014 он хүртэл тасралтгүй улсын аварга болсон цом өрөөстэй харагдана. Нэг хэсэг тэрээр төрөлдөө өрсөлдөгчгүй байсан учраас олон улсын тэмцээнд орох бэлтгэлээ ганцаараа хангадаг байсан гэнэ. Одоо харин шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа аж. Хэдий шилдэг нь ч “Гараанаас гарч байгаа тамирчид бүгд миний өрсөлдөгч” хэмээн даруухан загнах. Мото спорт эрсдэл өндөртэй хүнд спорт учраас тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй бололтой. Бас өртөг өндөртэй. Хананд өлгөсөн жааз руу зааж “Энэ миний хамгийн анх өмсч уралдсан хувцас. Одоо уралдааны арав гаруй хувцастай болсон” гээд хувцасны шүүгээнээсээ нэг өмд гаргаж ирлээ. Уг өмд хэсэг газартаа түлэгджээ. Учрыг асуувал олон улсын уралдааны үеэр мотоциклийнхоо янданд түлчихсэн гэнэ. Уралдааны үед осолдсон тохиолдолд мотоцикльдоо дарагдах, янданд нь түлэгдэх энүүхэнд гэнэ. Уг нь гаднын уралдаанд очоод мотоцикль түрээсэлж уралддаг болохоор нэг их эвдрэл гараад байдаггүй аж. Учир нь олон улсын нэртэй уралдаанд очиж уралдахдаа заавал мэргэжлийн мотоцикль түрээсэлдэг гэсэн. Дор хаяж 1500 ам.доллараар түрээслэнэ. Харин уралдааны шагнал тэрнээс ч баг байдаг гэнэ. Америкийн шагнал өндөртэй уралдаанд орж болох боловч өртгийг нь дийлдэггүй аж. Америкчууд асар үнэтэй, чанартай мотоцикль унадаг байна. Яагаад гэвэл мото спорт хөгжчихсөн оронд хамгийн сүүлийн үеийн мотоцикль худалдаанд хараахан гарч амжаагүй байхад л тамирчдадаа зориулаад нэмэлт тоноглол хүртэл хийгээд аваад өгчихсөн байдаг аж. Нэг удаа Халиунболд дэлхийн аваргад уралдах үед түүнийг Америкийн тамирчин хараад “Чи наад мотоцикльтойгоо уралдаж үхэхээр шийдээ юу” гэж ихэд гайхаж байжээ. Тэд бол мото спортод юугаа ч хайрлахгүй, бас боломжийн амьдралтай хүмүүс байдаг ажээ. 

Харин манай тамирчид нэг тэмцээнд орохын тулд дунджаар 50 сая төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгийг мото спортыг дэмждэг “Алтай констракшн” зэрэг компаниас гаргадаг гээд тусалж дэмждэг ах нартаа баярласнаа илэрхийлэв. Энэ мэт мото спортын эргэн тойрон дахь сонин хачныг ярих зуур түүнээс хэдэн мотоцикльтойг нь асуусан юм. Тэрээр 6000-7500 ам.долларын үнэтэй хоёр уралдааны зориулалтай мотоцикльтой аж. 

Түүний утас дуугарав. Сүүлийн үед дугуй сонирхох болсон гэнэ. Амралтын өдрүүдэд найзууд нь дугуй уная гэж утсаар ярьсан бололтой.  Арван жилийн хэдэн хүүхдүүд түүнийг танихгүй дугуй унахыг нь хараад “Та чинь харин овоо дугуй уначихаар ирээдүйтэй харагдаж байх чинь” гэж ёжлоод авчээ. Тэрээр “Би ч хөөрхөн хэдэн багш нартай болсон шүү” гэв. Ингээд түүний ажилдаа явах цаг болж бид ч төрийн ажил цалгардуулахгүйн тулд өндөрлөв. 

Дашрамд дурдахад манай тамирчин дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “AXO” брэнд, Италийн “SURFLEX” брэндийн АНУ дахь нүүр царай тамирчин болоод амжжээ. Мөн Японы “Dirt Freak” компанийн нүүр царай тамирчин юм байна. 

 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Оюутолгой Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүчээ авна

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг гэрээ нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам болох бөгөөд  “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Энэхүү ажлын хүрээнд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоход шаардагдах “Оюу толгой” ХХК-ийн толгой компанийн дэмжлэг зэрэг бусад холбогдох асуудлуудыг зохицуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар оролцов. Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Монгол ардын үгэнд “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн байдаг. Үүнийг Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг мега төсөлд хэрэгжүүлэх хэрэгтэй юм” гэлээ.

Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу толгойн хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон Оюу толгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” гэж мэдэгдлээ. 

Энэ үеэр Тавантолгойн цахилгаан станцын төслийн захирал М.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа. 

М.Энхсайхан: НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ ШААРДЛАГАТАЙ

-Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд БНХАУ-аас эрчим хүчээ авна гэдэг байсан. Гэрээнд гарын үсэг зурснаар дотоодоосоо эрчим хүчээ авах боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу. Тавантолгойн цахилгаан станцын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Тавантолгойн цахилгаан станц гадны хөрөнгө оруулалтыг татахаар хичээж ажиллаж байгаа. Гэхдээ станц баригдсанаар асуудал шийдэгдчих юм биш. Станцаас гарч буй цахилгааныг авдаг томоохон хэрэглэгч байх ёстой. Тэр хэрэглэгч нь гарцаагүй Оюутолгой компани. Бидний хамтын ажиллагаа зөвхөн станц байгуулах хэмжээний харилцаа биш юм аа. Харин Монголд өмнийн эрчим хүчний систем баригдах тухай яригдаж байна. Ямартай ч бидний ярьдаг төслөөс шат ахисан хэмжээний стратегийн асуудлыг аажмаар шийдэх чухал ач холбогдолтой. Одоогоор Монголд зүүн, баруун, төв, Алтай, Улиастайн эрчим хүчний системтэй. Бид өмнөд хэсэгтээ бүтээн байгуулалт, хөгжлийн тухай яриад байдаг. Гэтэл тэнд эрчим хүчний систем байдаггүй. Зургаан мегаваттын Даланзадгадын станц байдаг. Тавантолгой дээр 18 мегаваттын хувийн компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан станц бий. Тиймээс тэрүүхэн тэндээ ажил явдаг байлаа. Харин 450 мегаваттын том станц барих гэж байгаа нь зөвхөн станц барих бус сүлжээ үүсгэх анхны алхмыг тавих ёстой. Үүнийг бид Оюутолгойтой хамтарч шийдэхгүй бол болохгүй. Ялангуяа Оюутолгой Хятадаас шугам татаад цахилгаан авч байгаа үед цахилгаан нийлүүлэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Энэ бүхний харилцааг зохицуулсан гэрээ боллоо. 

-Оюутолгойн тодорхой үүрэг нь юу байх бол?

-Энэ нь холыг харсан стратеги учраас цаашид хамтран ажиллана гэсэн бие биенийхээ сэтгэлийг илэрхийлсэн зүйл. Оюутолгой шинэ барих цахилгаан станцаас эрчим хүчээ авна гэдэг мессэжийг гадаад ертөнцөд байгаа хөрөнгө оруулагчдад хүргэж байгаа юм. Хөрөнгө оруулагчид цахилгаан станцад хөрөнгө оруулахдаа итгэлтэй байх ёстой. Энэ мэтчилэн олон асуудлууд тулгардаг. Тиймээс энэ түлхүүр нь боллоо. 

-Уг станцын эрчим хүчний өртөг нь БНХАУ-аас авч байгаа эрчим хүчээс үнийн хувьд харьцангуй бага байх юм уу?

-Үүнийг шууд хэлчих боломжгүй. Учир нь Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр дөрвөн хөрөнгө оруулагч үлдсэн. Эдгээрт тавигдах шаардлага нь аль болох хямд үнийг өгсөн хөрөнгө оруулагчийг сонгоно. Яагаад гэхээр цахилгаан эрчим хүч хямд байснаар орон нутгийн иргэд, бусад компанид боломж болох юм. Хятадаас хямд эрчим хүчийг өгнө гэж хэлэхэд арай эрт байна. 

-Төсөлд оролцсон 18 компаниас дөрвөн компани үлдсэн гэлээ. Эдгээр компаниудын зүгээс манайд ямар шаардлага тавьж байгаа бол?

-Японы Марубени, Кансай гээд атомын цахилгаан станцын төрөлд тэргүүлж байгаа тус улсын компани үлдсэн. Мөн БНСУ, Францын хамтарсан консерциум, Дэгү компани үлдээд байна. Эдгээр компаниудад техникийн даалгаврыг нь өнгөрөгч оны аравдугаар сард өгч явуулсан. Энэ сардаа багтааж арилжааны даалгавраа өгнө. 

Хөрөнгө оруулалт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, ус худалдан авах, нүүрс худалдан авах, үнс зайлуулах, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ гээд 10-20 гэрээний асуудал байна. Энэ бүх гэрээнүүд дээр ажиллана гэдэг нь өөрөө маш их цаг авсан чимхлүүр ажил байдаг. Гэхдээ бид энэ ажлын ард гарчихсан. Одоо тохирсон зүйлсээ цаасан дээр буулгах ажил явагдаж байгаа. Дууссаных нь дараа хөрөнгө оруулагчдадаа хүргэнэ. Үүний үндсэн дээр техникийн даалгавартай танилцан ямар ямар гэрээний үндсэн дээр ажиллахаа мэдсэн, Оюутолгой авах юм байна гэдгийг өнөөдрийн (өчигдөр) гэрээгээр ойлгочихсон тул хөрөнгө оруулах тал дээр бид өөрсдийн аль тохирохыг сонгох юм. 

-Энэ том төсөл дээр ажиллах боловсон хүчнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Тавантолгойн цахилгаан станцад чанарын өндөр шаардлага тавигдаж байгаа. АСМИ буюу Америкийн механик инженерийн холбооны стандартыг тавьж байна. Учир нь бид тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд өөрсдөө шалгалтаа авах шаардлагагүй. Америкийн тэр байгууллага өөрсдөө шалгалт хийгээд манай стандартад хүрч байна уу гэдгийг сайтар шалган тамгаа дардаг. Түүнчлэн байгаль хамгааллын шаардлага маш өндөр байгаа. Монголын стандартын шаардлагаас дээш гарсан хэмжээний станц барих санаатай байна. Гэхдээ мөнгө босгоно гэдэг тийм ч амар ажил биш. Алхам алхмаар тэвчээртэй ажиллах ёстой юм байна гэдгийг хэлмээр байна. 

-Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор ийм ашиг монголчуудад ирнэ гээд хэлээд өгөөч?

-Мөнгө босгоно гэдэг нь маш хэцүү гэдгийг байнга анхааруулах хэрэгтэй. Уг төсөлд нэг тэрбум ам.доллар шаардагдах юм. Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орчихсон байлаа гэхэд бид бэлэн байгаа нүүрсээ цахилгаан эрчим хүч болгочихдог байх хэрэгтэй. Оюутолгой болон орон нутгийг эрчим хүчээр бүрэн хангачихна. Бусад уул уурхайн компаниуд дотоодоосоо эрчим хүч авах боломж нээгдэнэ. Амжилттай болж чадвал дараа дараагийн цахилгаан станц баригдах боломж нэмэгдэнэ. Цахилгаанаа экспортолно. Их олон том зүйлийн суурь тавигдаж байна. Түүнчлэн ДНБ 3-5 хувь нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Том төслүүдийг шил гэж үздэг. Ганцхан жижиг зүйлээс болоод хагарах аюултай. Тиймээс нэгийг ч хагалж болохгүй тул бүх зүйлтэй ажиллах ёстой. Бүх асуудлыг ижил түвшинд авч үзэхгүй бол жижиг асуудал шилийг хагалж мэднэ. 

М.Сономпил: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧУХАЛ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойгоос өөр ямар газрууд эрчим хүчээр хангагдах вэ?

-Эрчим хүчний 70 гаруй хувийг Оюутолгой компани хэрэглэнэ. Түүнээс гадна Таван толгой, Цагаан суварга гэх мэт томоохон уул уурхайн компаниудыг эрчим хүчээр хангана. Мөн өмнийн говийн аймгуудыг хангана. Энэ нь төвийн эрчим хүчний системтэй холбогдох чухал ач холбогдолтой гэрээ юм. Өнөөдөр үнийн дүн гэж ярихаас илүү томоохон хэрэглэгчийн хувьд эрчим хүчний эх үүсвэрийг худалдаж авна гэдэг чинь том баталгаа. Төсөл өөрөө бол сонгон шалгаруулалтын дараа үнийн дүн тодорхой болно. Өнөөдөр төсөл хэрэгжиж эхэлснээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан, байгаль орчны үнэлгээг хийж дуусгасан мөн бусад холбогдох бичиг баримтуудыг дуусгасан. Станц маань босоод эрчим хүч нь хаашаа зарагдах юм бэ, хэн хэрэглэх вэ гэдэг асуудал нь тодорхой болж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хувьд Оюутолгой томоохон хэрэглэгч.

-“Тавантолгой цахилгаан станц төсөл” хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар төслийн нэгж байгуулагдаад жил зургаан сар болж байна. Холбогдох бүх бичиг баримтаа боловсруулж дууссан. Өнөөдөр хамгийн сүүлийн шат болох сонгон шалгаруулах, санхүүжүүлэх шатандаа очиж байна. Оноос өмнө сонгон шалгаруулалт дуусаад ирэх хавар Тавантолгой цахилгаан станцын ажил эхэлнэ.

-Эрчим хүчний яамнаас үнийн ямар бодлого баримтлах бол?

-УИХ-ын тогтоолын хүрээнд ч, 100 хоногийн хүрээнд ч үнийг чөлөөл гэдэг шийдвэр гарсан. Үнийг хараахан чөлөөлөх бодолгүй байгаа. Бодолгүй байгаа гэдэг нь үнийг чөлөөлөхөөс өмнө хэмнэж ажиллах шаардлагатай. Нэг дор 20,30 хувиар нэмэхгүй.

-Өмнөд бүсийг эрчим хүчийг хангах станцын хүчин чадал нь ямар вэ?

-Эхний үе шат нь 450 мвт. Цаашдаа 600 мвт болж өсөх юм. 450 мвт нь дөрөвдүгээр цахилгаан станцын хэмжээний томоохон цахилгаан станц гэж ойлгож болно.

Э.ЭНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Элчин сайд Ван Шяолун: Айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон гэрээ хэлцлүүдийг баталгаажуулна

БНХАУ-ын дарга Си Жиньпин тун удахгүй манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолунтай ярилцлаа.  

-Си Жиньпин даргын айлчлалын тов албан ёсоор гарсан уу. Айлчлал ямар хугацаатай үргэлжлэх вэ? 

-Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй. Урьдчилсан байдлаар энэ сарын 21-22-нд айлчилна гэж яригдаж байна. Хоёр тал анхны түвшинд зөвшилцөж байгаа.

-БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлан ирэх гэж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын талаас өндөр ач холбогдол өгч байна. Хятадын тал энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Си Жиньпин даргын айлчлалаар Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад 11 жилийн дараа дахин айлчилж буй чухал ач холбогдолтой үйл явдал. Хоёр улсын харилцааны онцгой чухал жилийн хамгийн оргил үе болж байна. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрсөн. Эхний үед ах дүүгийн найрсаг харилцаа бол хоёр талын харилцааны гол үндэс байсан. Харин XXI зуунд нийтлэг хөгжлийн ашиг нь хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх гол хөдөлгүүр болсон. Манай  хоёр улс хөгжиж, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол ард түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал хүчин зүйл юм. Монгол Улс уул уурхай, эрчим хүчний баялаг нөөцтэй орон. Хятадын асар том зах зээл, хангалттай хөрөнгө мөнгө, тэргүүлэх техник технологи Монголд хэрэгтэй. Хоёр улс бол газраар хиллэдэг ойрхон хөрш бөгөөд зам тээвэр, ложистик хийхэд тун давуу талтай. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түншлэл, хөрөнгө оруулалтын улс юм. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар Хятад улс Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид хамтын ажиллагаагаа бүрэн ашиглаж чадах юм бол дээр дурдсан хоёр тоог богинохон хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой.

-Та энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Миний хувьд үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараахь ажлуудыг хийх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, хоёр талын хооронд нэгэнт тохирсон уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх зарчмыг чанга баримтлах ёстой. Хоёрдугаарт, бүх талаасаа хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдүүлж, том дэвшил гаргах хэрэгтэй. Хятадын зүгээс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд санхүү, бодлого, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж,  ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагаанд эрх зүй, бодлого, нийгмийн өнцгөөс дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч байна. Гуравдугаарт, хэд хэдэн зөв төслийг сонгож нэн түрүүнд бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Аль болох богино  хугацаанд эдийн засгийн ашгийг гаргаж, Монголын ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, шинэ төмөр зам хамтран барьж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өөрийн үнэ өртгийг бууруулна. Монголын эрчим хүчний нүүрсийг хамгийн зохистой хэлбэрээр ашиглах газын төслийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслөөс юун түрүүнд Улаанбаатарт нүүрсний хий нийлүүлэх болно. Мөн Улаанбаатарын иргэдийн амьдралыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. 

-Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, манай хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн арга хэмжээг тохиолдуулан Си Жиньпин дарга манай улсад айлчилна. Тэрбээр баярын арга хэмжээнд оролцохоор хязгаарлагдахгүй байх. Айлчлалын гол зорилго юу вэ?

-Түүхэн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2014 оныг найрсаг солилцооны жил болгон зарласан. Тиймээс манай хоёр улсын хувьд түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил болж байна. Си Жиньпин даргын айлчлалын үеэр Хятадын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулна.

Айлчлалын зорилгыг ярилцахад юуны өмнө энэ удаагийн айлчлал ямар байдалд болох гэдгийг, өөрөөр хэлэх юм бол хоёр улсын харилцааны одоогийн байдал болон сайхан боломжийг онцолмоор байна. Одоо Хятад, Монголын харилцаа сайн хөгжиж байгаа. Хоёр улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол болж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн. Хоёр улсын харилцааны хөгжлийг төлөвлөхөд аль аль талдаа саадгүй хэлхээ холбоотой байсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хоёр орны төрийн тэргүүн олон улсын тавцанд хоёр ч удаа уулзсан. Мөн энэ оны тавдугаар сард Шанхай хотод болсон СИКА-гийн төрийн тэргүүн нарын хурлын үеэр Си Жиньпин дарга түүний хуучин танил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тусгайлан өглөөний цай барьсан. Тэд тун элэгсэг дотноор хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар нэлээд удаан ярилцсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад амжилттай айлчилсан. Энэ онд хоёр орны Гадаад хэргийн сайд харилцан айлчиллаа.

Харин Си Жиньпин даргын айлчлалын зорилго бол хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажил­лагааг хөгжүүлэхэд бүрэн чиглэсэн. 

-Энэ удаагийн айлчлалын үеэр ямар ямар гэрээ хэлэлцээрүүдийг батлахаар төлөвлөсөн бэ?

-2011 онд Монгол Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлахдаа Стратегийн түншлэлийн урт, дунд хугацааны хөтөлбөрийг баталснаар хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилготой. Си Жиньпин дарга айлчлахдаа хоёр улсын хамтын ажиллагааны салбарт тодорхой баримт бичгүүдийг баталгаажуулна. Жишээлбэл, соёл боловсролын салбар, газрын төсөл, дэд бүтэц барих, зам тээврийн төслүүд бий. Айлчлалын үр дүнд банк санхүүгийн салбарт тодорхой ахиц гарна гэдэгт найдаж байна. 

-Си Жиньпин даргын айлчлалд Монголын талаас шаргуу бэлдэж байгаа. Ноён Элчин сайд таны хувьд айлчлалд хэрхэн бэлдэж байна вэ?

-Хоёр талын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд айлчлалын бэлтгэл ажил амжилттай болж байна. Одоогоор 80 гаруй хувьтай байгаа. Монголын талаас Си Жиньпин даргын айлчлалын хүрээнд аюулгүй байдлыг бүрэн хангахаар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад талархаж байна. 

-“Bank of China” буюу Хятадын банк Монголд салбараа нээхээр Засгийн газарт хүсэлт гаргасантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл тархсан. Тухайлбал, энэ банк Монголд орж ирвэл арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүснэ гэж байсан л даа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Санхүүгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын үндсэн үүрэг юм. Үнэхээр Хятад  Монголын хамтын ажиллагаа бүрэн сайжирвал Монголын эдийн засаг тэр хэрээр дээшилнэ гэж үзэж байна. Хоёр тал хамтран ажиллаж своб гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгаа. Валют солилцох гэрээг хүртэл шинэчлээд шинэ гэрээ байгуулах болно. Монголбанктай хамтарч байгуулах энэ гэрээ Монголын микро эдийн засагт төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн санхүүгийн салбарт хамтран ажиллах юм. 

БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. 

Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм.

-Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар та ямар бодолтой байна вэ?

-Эртнээс улбаатай Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөөр ирсэн. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн бүтэц бие биеэ нөхөх шинжтэй бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт хурдацтай хөгжиж байгаа. Харин дэлхийн эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр Хятад, Монголын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үед буурсан. Энэ оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт 2.8 тэрбум ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын байдалтай харьцуулахад 10 хувь нэмэгдэж, сэргэх хандлага харагдаж байгаа. 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл Хятадаас Монголд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2.5 тэрбум болсон. Өнгөрсөн арваад жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын улс байсаар ирсэн. Ялангуяа хоёр тал уул уурхай, дэд бүтцийн салбарт хэд хэдэн томоохон төслүүдийг ярилцаж хэрэгжүүлж байгаа. Тус төслүүдийг хэрэгжүүлэх нь Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлж, чанарын өөрчлөлт гаргаж болно.

Хоёр улсын иргэдийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо идэвхтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд Хятадад зочилсон Монголын иргэд давхардсан тоогоор нэг сая давсан. Үүнээс гадна соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг салбарт хоёр талын солилцоо маш нягт байдаг. Энэ оны Хятад, Монголын найрсаг солилцооны жилд бүх салбарын солилцоо нэн идэвхтэй явагдаж байна. Найрсаг солилцооны бүх арга хэмжээ дэс дарааллаар хийгдэж байгаа бөгөөд Хятадын зуу гаруй төлөөлөгч Монголд айлчилсан. Үүнд Монголын нийгэм таатай уур амьсгалтай байгаа.

Олон улс, бүс нутгийн тавцанд хоёр улс нягт уялдаж, хамтран ажиллаж байна. Монголын талыг олон улс болон бүс нутгийн үйл явдалд идэвхтэй оролцож энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйлст хувь нэмрээ оруулахаар зүтгэж ирснийг Хятадын тал сайшааж дэмжиж байдаг. НҮБ, ШХАБ, АСЕМ, СИКА, АСЕАН болон бусад олон талт хамтын ажиллагаанд хоёр тал саадгүй уялдаа холбоо, сайхан хамтын ажиллагааг хадгалсаар ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын Улаанбаатар хэлэлцээг дэмжиж байгаа байр суурийг Хятадын тал хамгийн түрүүнд илэрхийлсэн. Хятадын талын дэвшүүлсэн торгоны зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг санаачилгыг дэмжиж, нааштай хариу өгсөн Монголын талд талархаж байна.

Хоёр улсын харилцааны хөгжилд дараахь том боломжууд гарсан.  Нэгдүгээрт, Монгол Хятадын хөгжил нь хоёр талын харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна. Хятад улс “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхээр зүтгэж байгаа. “Хятадын мөрөөдөл” зөвхөн Хятад улсын өөрсдийн мөрөөдөл биш юм. Цаад гол утга санаа нь дэлхийн бүх орнуудтай хамт мөрөөдлийг нь хэрэгжүүлэх, сайхан амьдралыг бүтээх зорилготой. Монголын мөрөөдлийг хөрш орнууд нь хамтдаа биелүүлэх түнш улс байх ёстой. Хятадын хөгжилд энх тайвны хойд зүгийн орчин хэрэгтэй болохоор Монголтой хамтран ажиллах нь чухал. Хятадын хувьд хөгжихийн тулд заавал Монголтой харилцаагаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хурдацтай хөгжиж байгаа. Улсаа хөгжүүлж, ард түмнийг сайхан амьдруулах юм бол юуны өмнө гадаад хамтын ажиллагааг явуулах нь  юу юунаас илүү. Монголын гадаад хамтын ажиллагааны хамгийн чухал түншлэл бол Хятад улс гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх байх.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцах бодлого улам тодорхой, идэвхтэй болсон. Хоёр талын харилцаа бол өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэгч чиглэлийн нэг гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монголын хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд Хятадын тал “Элэгсэг дотно, шударга үнэнч, ашигтай, хүлээцтэй” гэдэг бодлого дэвшүүлж хэрэгжүүлж байгаа. Си Жиньпин дарга Монголын удирдлагуудтай уулзаж ярилцахад Хятад улс, Монголын талтай харилцан ашигтай, хамт хожих зарчмаар хамтран ажиллахад бэлэн байна. Бид ихийг авч, танд багыг гаргахгүй. Тодорхой төслүүд дээр Монголын талд илүү ашиг өгч болно гэдгээ илэрхийлж байгаа. Монголын Засгийн газар хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч хоёр талын хамтын ажиллагаанд, ялангуяа томоохон төслүүдэд нээлттэй, идэвхтэй, бүтээлч байдлаар хандаж байгаад Хятадын зүгээс талархдаг.

Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд хоёр талын санаачилгаар хоёр улсын харилцаанд том ахиц дэвшил гарсан. Манай хоёр орны харилцаа  түүхэнд хамгийн сайхан үед хөгжиж байгаа. Хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаанд бат бэх суурь тавигдсан. Талуудын харилцааг хөгжүүлэх талаар хоёр төр засаг улс төрийн түвшинд нэлээд өндөр тохиролцоонд хүрсэн. Хоёр талын хамтын ажиллагааг дэмжих олон нийтийн үзэл санааны орчин бий болсон. Хятад, Монголын харилцаа цэцэглэж жимслэх үе ойртож байна.

Дээр дурдсанаас дүг­нэхэд Си Жиньпин даргын айлчлалын зорилго нь хоёр талын харилцааны сайхан боломжийг бүрэн ашиглаж, найрамдлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж байгаа юм. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажил­лагааг шинэ шатанд гаргана. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Улаанбаатарыг хийгээр хангах үйлдвэрийн туршилтын загварыг Солонгост үйлдвэрлэж байна

Том Таван толгойд метаны хангалттай нөөц илэрсэн,
Өмнөговиос Улаанбаатар руу хийн хоолой татаж хотыг утаанаас салгах боломжтой гэсэн
мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдах болсон. “Эрдэнэс Таван толгой”-н бүтээн байгуулалт
хариуцсан дэд захирал С.Цэвэгжавтай энэ сэдвээр ярилцлаа.

 -Хотыг нүүрсээр биш хийгээр дулаацуулах боломжтой гэсэн эерэг
мэдээлэл дуулдах боллоо. Солонгосын “Корей газ”-тай  хамтарч метаны нөөцөө тогтоосон уу?

-Метаны нөөцтэй эсэхийг “Корей
газ”-тай хамтрахаас өмнө судлуулсан л даа. Нүүрсний ашиглалтын хайгуул хийлгэх явцдаа
давхар судлуулсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн ажил. Судлуулсан нь
ч цаанаа шалтгаантай. Манай улс 2008 онд хүлэмжийн хийг бууруулах чигийн олон улсын
конвенцид нэгдсэн юм билээ. Хоёрдугаарт, Таван толгойн ордод нүүрснээс гадна эрчим
хүчний өөр эх үүсвэр буюу метаны нөөц бийг “Норвест”-ийн судалгаагаар тогтоочихсон
байсан юм.  Хүлэмжийн хийг бууруулах олон
улсын байгууллагын том уурхайнуудад хүлэмжийн хий бага ялгаруулах шаардлага тавьдаг.
Таван толгойн хувьд ч  залуу уурхай учраас
олон улсын шаардлагыг эхнээс нь барьж ажиллая гэсэн зорилготой ажилладаг. Ашиглалтын
хайгуулаар метаны агуулга өндөр гарсан.  Монголд
метан хийн чиглэлээр судалгаа хийдэг лаборатори байхгүй учраас Солонгосын “Корей
газ” компанитай хамтарч эхэлсэн. “Корей газ”-ынхан ч хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн.
Энэ оны хоёрдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажиллаж
эхэлсэн юм. Солонгосын талаас 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэр
гарсан нь ийм түүхтэй. 

-Метан хийн туршилтын үйлдвэр барина гэж байгаа. Үйлдвэр барих
хөрөнгө ч энэ мөнгөнд багтсан уу. Танай компани энэ төсөлд ямар үүрэгтэй ажиллаж
байгаа вэ?

-Багтсан. Өрөмдлөгийн зардлын
хувьд “Элгэн” компаниас гарсан. Манай компанийн зүгээс талбайгаар хангахаас гадна
мэдээллээр холбох үүрэг гүйцэтгэж байгаа. 

-“Норвест”-ын судалгаагаар хичнээн тонн метан хийн  нөөцтэй гэсэн таамаг гарсан юм бол. Сүүлд сонссон
мэдээллээр 150 жилийн нөөц байна гэж дуулдсан, хэр бодитой мэдээлэл вэ?

-“Норвест” 300 метр орчим гүний
судалгаа хийсэн байдаг юм. 20-30 тэрбум метр.куб метаны нөөцтэй гэсэн тооцоо гаргасан
байсан. Солонгосын “Корей газ”-ын хувьд 780 гаруй  метр өрөмдсөн. Доошлох тусам хийнийх нь чанар
сайжирч  нөөц ихэссэн. Одоогоор Таван толгойн
ордын метан хийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлт гараад байна.
Нөөцийн тухайд 60 сая тонн гэсэн урьдчилсан тоо гарсан. Гэхдээ энэ бол урьдчилсан
таамаглал. Нэмэлт хайгуул хийхээр нөөц нь нэмэгдэх нь тодорхой. 60 сая тонн гэдэг
нь Улаанбаатарын нийт хэрэглээг гучин жилийн турш хангах хэмжээ. Улаанбаатарын бүх
цахилгаан станцын хэрэглээг хангаж, халаалтыг шийднэ гэвэл  жилд хоёр сая тонн метан хий хэрэг болох тооцоо
гараад байгаа.

-Туршилтын үйлдвэрийн ажил эхэлсэн үү?

-Туршилтын үйлдвэрээ Солонгост
үйлдвэрлээд эхэлчихсэн. Цагт 50 куб метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх
юм. 11 дүгээр сард оруулж ирээд ирэх оны хоёрдугаар сар гэхэд угсарч дуусах төлөвлөгөөтэй
ажиллаж байна. Туршилтаа тавдугаар сар хүртэл хийгээд зургадугаар сар гэхэд дүгнэлт
нь гарчих юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны зургадугаар сар гэхэд ямар үйлдвэр баривал
тохирох эсэх нь тодорхой болно гэсэн үг.

-Хийн үйлдвэр хэр овортой байдаг юм бол?

-Нэг их овортой эд биш. Туршилтын
үйлдвэр нь гэхэд л  дөрвөн контейнерт багтаад
ирнэ.

-Метан хийг яг ямар процессоор гаргаж авах вэ?

-750 метр гээд ордын нүүрсний
үе дуусангуут доор нь гүний ус их хэмжээгээр байгаа. Технологийн хувьд яг нефтийн
хийн тоног төхөөрөмжтэй адилхан юм билээ. Гүнээс сордог нассос тавина. Нассосоор
устай хийгээ соруулаад үйлдвэр рүүгээ оруулж хий, ус хоёроо ялгана. Илүүдэл нүүрсхүчлийн
хий гээд бүх зүйлийг ялгах процесс энд явагдах юм. Хийгээ устай  нь хамт авчихаар газрын гүнд байгаа өндөр даралт
сийрэгжээд ирдэг, газрын гүний даралтыг чөлөөлөөд өгчихөөр хийн хуримтлал ихэсдэг
юм байна л даа. Хий нь шууд цооногоор гараад явна гэсэн үг. Нэг цооногийг гэхэд
15 жил ашигладаг юм байна.

-Хий дэх метаны агуулга өндөр гарсан, бараг байгалийн хийтэй
дөхөж очихоор гарсан гэх юм…?

– Хийн дэх метаны агуулга  84.6-93-ийн хооронд гарсан. Байгалийн хийтэй дөхөж
очсон гэж үзсэн нь үнэн. Ийм өндөр агуулгатай болохоор үйлдвэрлэлд ашиглах бүрэн
боломжтой гэж үзсэн юм. Метаны агуулга нь гучаас доош болбол үйлдвэрлэлд ашиглах
технологи одоогоор нэвтрээгүй байгаа юм билээ. Ерээс дээш гэхээр бүр сайн чанарынх
болоод явдаг юм байна.

-Өмнөговиос Улаанбаатар хүртэл хийн хоолой тавихад хэр өртөг
шаардах бол. Урьдчилсан таамаг тооцоо гарсан уу?

-Ойролцоогоор 400 гаруй сая ам.долларын
хөрөнгө оруулалт шаардана гэсэн урьдчилсан тооцоо бий. Шууд ил хоолой татчих асуудал
бий. Аюулгүй байдал  талаас солонгос стандартаар
тавих учраас ямар нэг асуудал байхгүй.

-Яг үйлдвэр барих цэвэр зардал нь хэр байх бол?

-Улаанбаатарыг нэг жилд хоёр сая
тонн хийгээр хангах үйлдвэр барихад 200-гаад сая ам.доллар хэрэгтэй юм билээ.

-Метан хийний нүүрснээс ялгарах онцлог давуу талуудыг нэрлээч?

-Метан хий хэд хэдэн онцлогтой.
Илчлэг чанар нь нүүрснээс 2.5 дахин их. Нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин
хямд үнээр метан хийг ашиглаж болно. Байгальд үзүүлэх хортой нөлөө байхгүй. Нийслэлийг
метан хийгээр хангаад эхэлбэл Улаанбаатарын утаа гэсэн ойлголт байхгүй болно.

-Хийг хоолой татахгүйгээр шийдэх боломж байсан уу. Шингэрүүлээд
тээвэрлэвэл овор багатай болмоор санагдах юм?

-Тээвэрлэлтийн зардлын тухайд
хоолойгоор тээвэрлэх нь хамгийн хямд гэсэн тооцоо гарсан. Шингэрүүлнэ гэхээр өртөг
нь өндөр гарч байгаа. Сая үйлдвэр барихад 200 сая ам.доллар зарна гэж ярьсан даа.
Шингэрүүлнэ гэвэл найм дахин их өртөг шаардах юм билээ.

-Өмнөговиос наашаа хийн хоолой татахад ямар нэг асуудал байхгүй
юу?

-Солонгосчуудын хувьд Өмнөговиос
Улаанбаатар хүртэл хийн хоолой тавихад газар зүйн байрлалын хувьд ямар ч асуудалгүй
гэж үзсэн.

-Ингэхэд метан хийгээр дулааны асуудлаа шийдсэн газар дэлхийд
хичээн байдаг юм бол?

-Дэлхийн жилийн хийн хэрэглээний
арван хувийг метан хий эзэлдэг юм билээ. Хятадад гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт
нь метан хийгээр хангаж байгаа бодит жишээ байна.

-“Корей газ” Солонгосын хийн хэрэглээг зуун хувь хангадаг
гэсэн үү?

-Тиймээ, мөн дэлхийн 16 улсад
хийн төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Дэлхийд энэ чиглэлээрээ эхний тавд жагсдаг
компани. Туршлага, технологийг нь бодолцож энэ компанитай хамтран ажиллахаар шийдсэн.
“Корей газ” Солонгосын төрийн өмчит компани.

-Тэгвэл энэ төсөл хоёр улсын хэмжээнд яригдаж таарах нь ээ?

-Тэгж таарна л даа. “Корей газ”
компанийнхан Уул уурхайн сайдтай уулзахдаа ч “Бид ирэх оны дунд гэхэд өдий хэмжээний
хөрөнгөөр яг ийм  үйлдвэр барихад болох нь
гэсэн дүгнэлтээ гаргаад өгчихнө. Дараагийн алхмууд нь хоёр улсын Засгийн газрын  шийдэх асуудал”  гэж байна лээ. Цаашлуулаад яривал бүтээгдэхүүн
хуваах гэрээг төртэй хийнэ гэсэн үг.

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” худалдааны төвд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байна

Хичээлийн шинэ жилд зориул­сан үзэсгэлэн худалдаа хэд хэдэн газарт үргэлжилж байна. Монголдоо томд тоо­цог­дох “Дүнжингарав” худал­дааны төвд бичиг хэргийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нээгджээ. Тус төвийг зорилоо. 

Үдийн алдад худалдан авагчид ихтэй байлаа. Гэр ахуйн бараа, цахилгаан барааны тасгаар ганц нэг эзэгтэй будаа агшаагч зэргийг сонирхож харагдсан бол бичиг хэргийн тасаг үйлчлүүлэгч ихтэй байв. Ихэвчлэн ээжүүд хүүхдүүдээ дагуулж яваа харагдав. 

Хичээлийн хэрэглэлийн хувьд өргөн сонголттой байна. Гуравдугаар ангийн хүүгээ дагуулж яваа М.Туул аль болох чанартай, удаан хэрэглэх үзэгний сав, баллуур, цавуу зэрэг хичээлийн дагалдах хэрэгсэл авч өгөхийг хүсч байгаагаа ярив. Харин хүү нь дэвтэр, бал, баллууран дээрх зургийг харж сонголтоо хийлээ. Ээж хүү хоёр “Улаанбаатар принт” үйлдвэрийн 24 хуудастай дэвтрээс 20 ширхэг, хоёр зургийн дэвтэр, баллуур, үзгэн бал, балны запас нэг хайрцаг, цавуу, 12 өнгийн харандаа худалдаж авлаа. Ойролцоогоор 20 мянга орчим төгрөг болов. Ингээд бүсгүй хүүдээ хар ботинк худалдаж авахаар гутлын тасаг руу явав. Үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй дэвтэр хуудаснаасаа хамаарч дунджаар 150-1200 төгрөгийн үнэтэй байна. Харин зургийн дэвтэр хуудаснаасаа хамаарч 800-4500 төгрөг бол А4-ийн дэвтэр хуудаснаасаа хамаарч 1200-2000 төгрөгөөр зарагдаж байна. Польш дэвтэр Монголд үйлд­вэрлэсэн дэвтрээс хуу­дас хамаарахгүйгээр 200 төг­рөгөөр илүү үнэтэй юм байна. Нэг ялгаа нь гэвэл “Улаанбаатар принт”-ийн дэвтрүүд сурагчдад мэдлэг олгох мэдээлэлтэйгээрээ ялгарч байна лээ. Тухайлбал, бага ангийн сурагчдын дэвтрийн ард “Найз гэж хэнийг хэлэх вэ” зэрэг харилцаа холбоо, орчин тойрны үзэгдэл юмсыг таниулах мэдээллийг оруулсан бол ахлах ангийн сурагчдад зориулсан дэвтрийн ард дэлхийн гайхамшигт хотууд, спорт, байгаль зэрэг танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүд их оржээ. Балны хувьд үнэ нь янз бүр байна. Тосон бал 100-300 төгрөг бол үзгэн бал 600 төгрөг. Үзгэн балны запас ширхэг нь 100 төгрөг.

Бас дэвтэр дээрээ бичээд арилгадаг үзгэн бал 2000 төгрөг гэсэн. Хичээлд хэрэглэгддэг дагалдах хэрэгслүүд болох баримлын шавар, усан будаг, олон өнгийн харандаа 1500-4500 төгрөгийн үнэтэй байна. Гортиг 500-6000 төгрөгөөр зарагдаж байв. Гэхдээ “Maped” фермийн хичээлийн хэрэглэл 500-2000 төгрөгийн үнэтэй аж. Үзэсгэлэнд оролцож буй наймаачдын хувьд бараагаа Эрээнээс татахаас гадна ихэвчлэн Бээжин, Гуанжоугаас авчирсан гэсэн.

Ингээд дараагийн лангуу руу очлоо. Энэ бол цүнхний төрөлжсөн лангуу. Худалдагч бүсгүйн ярьж буйгаар өнөө жилийн нэгдүгээр ангийн сурагчид ямар ч зураггүй цүнх их авч байгаа гэнэ. Эцэг, эхчүүд ч хүүхдээ зураггүй энгийн өнгөтэй цүнх авахыг санал болгож байгаа бололтой. Худалдагчтай ярих зуур тавдугаар ангийн охин ээжтэйгээ хөтлөлцөн цүнх авахаар хүрч ирлээ. Тэрээр ганц хадаасан чимэглэлтэй үүргэвч авах гэнэ. Харин ээж нь барбитай ягаан цүнх заасан боловч “Би одоо бага ангийн хүүхэд биш. Ээжээ манай найзууд энэ жил бүгд хадаастай цүнхээр хосолно гэж ярьсан” гэв. Ээж нь худалдагч руу харж инээмсэглээд “Одоо ч хүүхдүүд сонголтоо өөрсдөө хийнэ гэдэг болж дээ. Би мөнгийг нь төлөх л үүрэгтэй болох шив дээ” гэв. Охины сонгосон цүнх 30 мянган төгрөг юм байна. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн баатартай цүнх гялгар, ус нэвтрэхгүй зэрэг материалаасаа хамаарч 20-35 мянган төгрөг. Харин ахлах ангийнханд зориулсан даавуун материалтай, гялтгар чимэглэлтэй цүнхнүүд 25-45 мянган төгрөг аж. Энэ лангуунд дандаа үүргэвч харагдсан. Учир нь энэ жил нэг талдаа үүрдэг мөртэй цүнх бараг зарагдахгүй байгаа гэсэн. Эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн хувьд мөр унжуу, бөгтөр болно гээд авахаа байжээ. Эрэгтэй цүнхний хувьд мөн л өргөн сонголттой аж. Үнийн хувьд охидын цүнхтэй адил гэнэ. Харин пүүзний уут даавуу 2000 төгрөг, ус бороо нэвтрэхгүй материалтай нь 10000 төгрөг гэсэн. Ингээд хувцасны тасгийг зорив. Үзэсгэлэн худалдаанд зориулсан сурагчдын дүрэмт хувцас одоохондоо гараагүй байв. Уг нь нэгдсэн журмаар нэг газар зарагдах юм гэнэ. Ямартай ч зарын самбар дээр байсан 75755353 гэсэн утсыг эцэг, эхчүүд их тэмдэглэж авч харагдав. Үнэ ханшийг нь судлах гэж байгаа бололтой. Тиймээс тус худалдааны төвийн хувцасны лангуугаар явж цагаан цамц, костюмны өмд сонирхов. Бээжингээс авчирсан гэх эрэгтэй, эмэгтэй цагаан цамц 10-15 мянган төгрөг бол костюмны хар өмд 20 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Цамцны дотуур өмсөх цагаан майк 5-10 мянган төгрөг аж. Харин эрэгтэй хар ботинк 28 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв. Тэгвэл эмэгтэй ботинк 25 төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Биеийн тамирын хослолын хувьд насны ангиллаас хамаарч мөн л үнийн хувьд зөрүүтэй. Дунджаар 25-70 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ер нь эцэг, эхчүүд дундаж үнээр нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэхэд 150 мянган төгрөг шаардлагатай аж. 

Энэ нь сурагчийн дүрэмт хувцас оролгүйгээр гарч буй тооцоо юм. Хэрвээ арай чанартай бараа сонговол үүнээс илүү өртөг гарах болно гэсэн үг.  

Дэвтэр

“Ulaanbaatar print”   

12 хуудас-150 төг

24 хуудас-300 төг

36 хуудас-400 төг

48 хуудас-500 төг

60 хуудас-650 төг

96 хуудас-1000 төг

“Польш”

32 хуудас-550 төг

48 хуудас-750 төг

60 хуудас-850 төг

96 хуудас-1150 төг

Дагалдах хэрэгсэл

Үзгэн бал-600 төг

Тосон бал-100-300 төг

Олон өнгийн бал-1000-1500 төг

12 өнгийн харандаа -2000-2500 төг

Гортик-2500-6000 төг

Баллуур-500-1000 төг

Үзүүрлэгч-400-1200 төг

Хайч -1000-2000 төг

Усан будаг-2500-3000 төг

Цавуу-600-1500 төг

Шугам-800-3500 төг

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хужиртын “гүнзгий” ангийнхан

 “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт Хужиртын “Гүнзгийгийнхэн” уригдлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуулийг 1991 онд Л.Дашням багштай төгссөн тус ангийг багш нар болон үе тэнгийнхэн нь “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг, дууддаг байсан учраас энэ удаа ч гэсэн “Гүнзгийгийнхэн” хэмээн нэрлэлээ. Тэдний төгсдөг жил тус сургуулийг Д.Баяндуулдах багштай 10а, Д.Санжаа багштай 10б, Л.Дашням багштай 10в, Г.Адъяадолгор багштай 10г гэсэн дөрвөн ангийн 100-аад сурагч төгсч байж.  

1989 онд сургалтын чанарыг сайжруулах тухай шинэ төлөвлөгөө гарч, ойр орчмын сумдаас бүсийн математикийн олимпиадуудад нэг, хоёрдугаар байрт орсон сурагчдыг нэгтгэн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээхээр болжээ. Ингэж Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Зүйл, Өлзийт сумдаас шилэгдсэн 22 хүүхдээс бүрдсэн Л.Дашням багштай 8в анги байсан гэдэг. Ангийн багш Л.Дашнямын хувьд өдгөө ч төрөлх сургуульдаа багшлан, олон арван шавь нартаа математикийн хичээл заасаар байгаа гэсэн.

8в-гийнхан шилэгдэж нийлсэн анги болоод ч тэрүү 10в анги болж төгстөлөө зөвхөн математик гэлтгүй сургууль, сум, бүс, бүр аймгийн хэмжээнд зохиогдсон бүхий л уралдаан тэмцээнд үргэлж тэргүүн байрт явна. Эдний ангийн олонхи нь багш нарын хүүхдүүд гэдгээрээ мөн онцлогтой юм билээ. Энэ нь ч тэдний сурлагын чанар, амжилтад нөлөөлдөг байсан биз ээ. 

Математикийн хичээлийг нөгөө ангийнхнаасаа хавьгүй хүнд программаар гурван жил үзсэн учир төгсөх шалгалт болон их сургуульд элсэх конкурсын шалгалт болоход багш, сургууль, эцэг эхчүүд нь тэднээс их зүйл хүлээж байсан нь мэдээж. Тухайн үед улс орон даяар ардчиллын хөдөлгөөн өрнөж, хаа хаанаа л эмх замбараагүй байхтай зэрэгцэн эдний ангийнхан ч бүгдээрээ их сургуулийн оюутнууд болж чадсан байна. 

Өдгөө тус ангиас их эмч хоёр, багш дөрөв, инженер тав, санхүүч найм зэрэг улс, нийгмийнхээ тэргүүлэх мэргэжилтэй боловсон хүчин болж амжжээ. Тухайлбал, Г.Амарбаясгалан тухайн үеийн АУИС-ийг төгсч их эмч мэргэжил эзэмшин, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн ажил эрхэлжээ. Гэхдээ өдгөө тэрээр Норвеги Улсад Монгол, Норвегийн хамтарсан нэгэн эрүүл мэндийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ лээ.

1991 оны хавар. Сургуулиа төгслөө

Сум, нэгдлийн дарга асан н.Дамдинпүрэвийн охин Тунгалаг тэр үеийн УБИС-ийг философич, түүхч, эрхзүйч мэргэжлээр төгсөн одоо ХААИС-д мэргэжлээрээ багшилж байна. Харин ангийн хөвгүүн Л.Лханаран ШУТИС-ийн холбооны инженерийн сургууль төгсч, Англи Улсад мөн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалжээ.

Тухайн үед ангийнхаа хичээлээс гадуурх бүхий л ажлыг зохион байгуулдаг өдгөө ч тэр “үүргээ” огт умартаагүй үргэлжлүүлж байгаа хүн бол ангийн эвлэлийн үүрийн дарга Ц.Лхагвадулам. Тэрээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн багш, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн багш, “Монгол бизнес” дээд сургуульд багш зэрэг олон албыг нэгэн зэрэг хашдаг. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэсэн “цол, хэргэмтэй” юм билээ. 

Энэ ангиас цэргийн нэг хүн төрсөн нь дэд хурандаа Б.Дорждэрэм. Тэрээр Батлан хамгаалахын их сургуулийг төгсч, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгч хийж байгаад өдгөө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн орлогч болжээ.   

Ангийн нөхөд нь “чимээгүй од” хэмээн нэрлэдэг хүн бол Б.Энхтайван. Тэрээр “Анандын зам” компанид ажилладаг ч үүрэгт ажлынхаа хажуугаар өөр олон зүйлийг хэдийнэ амжуулчихсан явдаг гэсэн. Хэзээний л дуу цөөтэй тэрээр өнгөрөгч долдугаар сард болсон ангийн уулзалтын үеэр сумынхаа шинэ зах, зочид буудал барьсан бригадыг ахалсан гэсэн сайхан мэдээг дуулгажээ. Үүнийг ч ангийнхан нь “Ёстой л манай чимээгүй од шүү” хэмээн инээлдэж хүлээн авчээ.

Ангийн багшаараа “чихдүүлж” ирсэн нь

10в-гийнхэн наймдугаар ангийн намраас эхлэн намрын ажилд явж эхэлжээ. Сумын төвөөс баруун тийш байх Жамбалын тариалангийн талбайд намар бүр ажиллана. Хэдийгээр 22 хүүхэдтэй ч гэсэн 30 хүүхэдтэй ангиас хийсэн ажлаараа тэргүүлээд л гараад ирдэг гэж байгаа. Хариуцуулсан ажлыг эцэст нь тултал, эсвэл бүр илүү гартал хийх ажлыг хөвгүүд нь ахална. Тэд “22-уулахнаа ч гэсэн 30-ын дор орохгүй шүү. Тэр, тэр үүнийг хий. Хэрэв чадахгүй бол тэрнийг дуудаад туслуулаарай. Бүр болохгүй бол бүгдээрээ хамтраад хийчихье” л гэнэ. Ингэж зохион байгуулснаар ч зарласан уралдаан бүрт тэргүүлнэ. 

Намрын ажил зөвхөн уралдаан тэмцээн төдийгүй гэгээн сайхан дурсамж, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн өнгөрдөг байжээ. 1990 оны намар намрын ажил дээр ажиллаж байхдаа ангийн охин Д.Цолмонгарав бухлынхаа хажууд ухаан алдчихсан хэвтэж байна гэнэ. Ангийн хөвгүүд тусламж энэ тэр дуудах болж нааш цааш сандралдан гүйлдэхэд ангийн охид нь харин хэзээний гашуудаж байгаа мэт уйлан зогсож байна гэнэ. Энэ үед ангийн багш болон хариуцан ажиллаж байгаа томчууд ч ирж, Д.Цолмонгаравыг өргөх гэтэл тэрээр инээсээр босоод иржээ. Ангийн хөвгүүд болон багш нарыгаа айлгасан энэ үйл явдал нь охидын зохион байгуулсан хөгжилтэй явдал байжээ. Гэхдээ охид нь хүмүүсийг “маш ихээр айлгасан” хэрэгт орж, тэр өдөртөө хэдэн бухал өвс илүү овоолох ажилд “томилогдсон” гэдэг. 

2014 оны долдугаар сар. 23 жилийн дараа уулзсан нь

Ангийнхан бие биенээрээ их тоглоно. Хариуд нь нөгөөдүүл нь тоглоом даана ч гэж жигтэйхэн. Гадаад төрх, нүүрний өнгө, хэлбэр хэмжээгээрээ бүгдээрээ нэр хочтой. Ямаа Нямзориг, вагон Энхбаатар, машин Ганболд, дэлдэн Дэрэм, Шоохой Бат-Эрдэнэ, шар шувууны үүр Лхагваа гээд л нэрлээд байвал үргэлжлээд л байна. Бүр машин Ганболдыгоо “Маяглаад байвал сэлбэгэнд өгнө шүү” гэж хүртэл хэлж үзнэ. Шар төрхтэй нэгнийгээ Орос явах болоход “Нутаг буцлаа юу” ч гэж хэлэх нь энүүхэнд.

Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхныг “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг тухай дээр хэлсэн. Тэгсэн нэг өдөр ангийн хүү н.Дамбийнямын дүү нь ангийн хаалгаар шагайснаа “Гүнзгий, гүнзгий л гээд байсан үгүй л юм байна ш дээ” гээд хаачихсан удаа ч бий. Балчир дүү нь гүнзгийгийнхэн гээд байхаар ангийнх нь голд гүн нүх ухчихсан байх юм гэж бодож л дээ.

Ангийн олонхи нь буюу 13 нь эрэгтэй. Тэд завсарлагааны үеэр сав л хийвэл сургуулиас гарч тэвэг тоглоно эсвэл биеийн тамирын талбай дээрх труник руу гүйчихнэ. Харин буцахдаа Л.Дашням багшаараа чихдүүлчихсэн ирнэ дээ. Энэ мэтчилэн гэнэн бага насны хөгжөөнт үйл явдлууд арван жилийн сурагч насанд тун ч олон тохиолдоно. 

“Ном, дэвтрээ аваад яваарай”

Ангийн олонхи нь Хужиртынх ч гэлээ тэд энд, тэндээс ирсэн гэдгээрээ хэзээ ч ялгарч, эсвэл нэгнийгээ илүүд, дорд үзэж байгаагүй гэсэн. Ямартаа л төгсөөд 23 жилийн дараа буюу өнөө жилийн зун төрөлх сургууль байгуулагдсаны 90 жилийн ойгоор уулзахад 20-уулаа цуглаж байхав дээ. Гэхдээ тэд зөвхөн төгсөлтийн ой, сумын ойн үеэр уулзалддаггүй. Томоохон баяр, тэмдэглэлт өдрүүд тэр бүү хэл нэгнийхээ хүүхдийн үсний найрны үеэр ч уулзалдацгаадаг аж. Хамгийн гол нь ингэж уулзах бүртээ хүн бүр заавал нэг сайн сайхан, дэвжин дээшилсэн тухай мэдээтэй уулзахыг хичээдэг нь хамгийн бахархууштай гэж ангийнхныгаа төлөөлж ирсэн нөхөд нь ярьж байна лээ. 

Нэг ангийнхны гэр бүлийнхэн нь хэдийнэ энэ ангид уусчихжээ. Бүр хамгийн үлгэр жишээ бэр, хүргэнээ ч тодруулчихаж. Эдний ангийн үлгэр жишээ бэр нь н.Дамбийнямын эхнэр В.Март аж. В.Март Төв аймгийн хүн. Тэнд арван жилийн сургуулиа төгссөн ч Хужиртад төгссөн юм шиг л уулзалт бүрийг зохион байгуулдаг гэсэн. 

Дээр хэлсэнчлэн ангийнхан үргэлж холбоотой байж, тэмдэглэлт өдрүүдэд уулзалдацгаана. Харин удаа дараагийн уулзалтад ирэхгүй нэгэндээ шийтгэлтэй. Ингэхдээ ирээгүй нэгэн рүүгээ “Үнэхээр хүндэтгэх шалтгаангүйгээр уулзалтдаа ирэхгүй бол ном, дэвтрээ аваад ангиас яваарай” хэмээн бүгдээрээ мессэж биччихдэг гэж байгаа. Ийм мессэж 20 удаа ирвэл тун ч хэцүү байдалд орох тул хэн ч ээлжит уулзалтаас сугарч үлдэхгүйг хичээнэ.

Ийнхүү арван жилийн дурсамжаа хүүрнэсэн нэг ангийнхантай уулзсан билээ. Тэдний ажил, амьдралын цаашдын аялал олон олон адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн байх биз ээ.  

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Ардын намынхан МАХН-ыг намнахаар орон нутагт яваа юу

Засгийн газрыг толгойноос нь хөл хүртэл муу муухайгаар нь дуудаж, удахгүй “дүүжилнэ” хэмээн мэдэгдэж байсан Ардын намынхан хаана явна вэ. “Ард түмнийхээ өмнөөс ажиллаж чадахгүй байгаа Засгийн газрын ташуур болно” хэмээн ангалзаж явсан нөхдүүд бүгд таг чиг. Ардын намын байраар орлоо. Ардын намынхантай холбоотой хүмүүсийн үс ч алга. Фитнессээр хичээллэхээр ирж буй хэдэн хүн, үүдний харуулаас өөр хүн харагдсангүй. Ард түмнийхээ төлөө ясаа цайтал үзнэ гэсэн уулгамч нөхөд ойрын хэдэн сардаа үзэгдээгүй тухай харуул нь хэлж байв. Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд “Бид “ЭЗЭН” биш “АРД” хэмээн Засгийн газрын хөтөлбөрийг хянах үүднээс “АРД 100” аяныг хэрэгжүүлж эхэлсэн” гэдгээ УИХ дахь МАН-ын дэд дарга Н.Номтойбаяр чуулганы танхимд зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ханатлаа л өөрсдийгөө рекламдсан. Засгийн газраа хянаж буй “АРД 100”-гийнхан хаачив. Амлалтыг нэхнэ, ажлыг хийлгэнэ гэсэн тус намынхан хаврын чуулган завсарласнаас хойш сураг алдарчээ. Аргаа барсан зарим нэг нь “Хаана яваа юм бол. Утас нь ч холбогдохгүй юм” хэмээн шогшрох аж. Ардын намынхан Тусгаар тогтнолынхоо ордонд байдаггүй юм бол ядаж гишүүд нь Төрийн ордондоо байгаа байлгүй гэтэл бас л алга. Ямартай ч бүлгийн дарга С.Бямбацогт АНУ-д очиж журмын нөхөр Г.Занданшатараа эргээд ирсэн нь тодорхой болсон. Тэгвэл Ардын намын ганц нэг гишүүд нь “Орон нутагт ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж явна. Үнэхээр хүнд байна” гэхчилэн цөөн үг хэлэхээс хэтэрсэнгүй. 

Ж.Мөнхбат генсекээрээ толгойлуулсан Ардын намынхан орон нутагт МАХН-ын гишүүд, дэмжигчдийг намнахаар, намдаа эргэн элсүүлэх кампанит ажил өрнүүлж байгаа бололтой. “Танай нам улс төрийн тавцнаас арчигдана. Амьтай голтой дээрээ Ардын намаа бараадаа хө. Тэртэй тэргүй МАХН Засгаас гарч бид хамтарч Засгийн эрх барина” ухааны юм ярьж яваа гэнэ. Энэ парламентад сөрөг хүчний байр сууриар сууж буй тус намынхан эрх баригч мэт аяглан “Ардын намдаа орвол албан тушаал өгнө” гээд зарим хүмүүсийн нэрсийг бүртгэж яваа сурагтай. Хүний тархи угаах ухаанд харин ч сайн суралцсан Ардын намынхны үгэнд итгэсэн МАХН-ын зарим гишүүн намаасаа нүүр буруулж эхэлсэн тухай учир мэдэх хүн хэлж байсан юм. МАХН-ын зарим гишүүд ацан шалаанд ороод байгаа тухайгаа нуулгүй ярьцгааж байгаа аж.  

Монгол Ардын намынхан өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлаас илүүтэй 2016 оны парламентын сонгуульд санаа тавьж байна. Тус намын гэгдэх твиттерчид нь “Ам.долларын ханш 1900 хүрлээ. Удахгүй 2000 хүрнэ” гээд сууж байх юм. Тус намын томчууд нь гадаад, дотоодод зугаалж, МАХН-аа бөөрлөж яваа энэ үед твиттерчид нь үндсэн ажлыг нь хийж байгаа харагдана. Сайн сайхан зүйл ярьж явсан Ардын намынхан минь хаана явна вэ. Ард түмнийхээ амьдрал ахуйд санаа тавихгүй юм уу. Эсвэл 2016 оны дараагийн сонгуульдаа бэлдэж МАХН-аас гишүүд урвуулах ажлаа үргэлжлүүлсээр байх уу. 

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

“VIP” такси үйлчилгээнд гарчээ

 “VIP taxi service” гэсэн хаяг бүхий тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлжээ. Монголд дээд зэрэглэлийн таксины үйлчилгээ нэвтэрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү тансаг зэрэглэлийн такси үйлчилгээг сонирхохоор зорчигчдод нь саад бололгүйгээр өдрийн турш үйлчилгээнд хамт явахаар жолоочид нь учирлав. 11.15 цаг: Ингээд бидний суусан таксины жолооч эхний дуудлагаа хүлээж авав. Таксины жолоочийг Ц.Сономцэрэн гэдэг аж. Түүнд төв удирдлагаас нь дуудлагын захиалга өглөө. Учир нь энэ үйлчилгээг “VIP taxi service” ХХК явуулж байгаа аж. Одоохондоо үйлчилгээгээ эхлээд удаагүй байгаа бөгөөд ирэх сараас үйл ажиллагаа нь жигдрэх талаар жолооч ярьж байсан. “Тэнгис” кино театраас “Гранд плаза” төвийн урд буух зорчигч такси дууджээ. Тэрээр дуудлагын дагуу зорчигчоо авах газраасаа суулгаад замдаа гарав. Зорчигчийг машинд суулгаж өгөхөөс эхлээд “VIP” үйлчилгээ ямар байх ёстой түүнийг гүйцэтгэж харагдав. Зорчигч гэрээсээ гарч ирэнгүүт таксины жолооч маань угтаж аваад шаламгай гэгч нь хаалга онгойлгож өгөв. Хаалга онгойлгож өгөхөд хүртэл олон улсад хэрэглэгддэг стандарт гэж байдаг аж. Тэрээр хаалга онгойлгоод нэг гараараа үйлчлүүлэгчээ суухыг урьж нөгөө гар нь хаалганы дээд хэсэгт зорчигч толгойгоо цохихоос нь сэргийлж гараараа барив. Энэ нь үйлчлүүлэгчид ч ихэд таалагдсан бололтой жолооч руу харж инээмсэглээд “Баярлалаа. Яасан сүрхий хүү вэ” гээд суув. Энэ зорчигч 40 орчим насны эмэгтэй байлаа. Тэрээр төмөр замд байрлах хүүгийндээ очих гэнэ. Таксинд суунгуут арын суудалд нойтон сальфетик, хуурай сальфетик, бакус, цэвэр ус зэрэг шаардлагатай үед хэрэглэх ахуйн зүйлсийг зорчигчид зориулж бэлджээ. Үүнийг тухайн зорчигч үнэгүй хэрэглэх гэнэ. Нэг удаа уг таксинд зорчигч суухад нь “Хэрвээ шаардлагатай бол эдгээр зүйлсийг үнэгүй хэрэглэж болно” гэсэн чинь “Нээрээ үнэгүй юм уу” гээд бүгдийг нь аваад цүнхэлчихсэн гэнэ. Бас нэгэн үйлчлүүлэгч “Цэвэр усныхаа мөнгийг таксиныхаа төлбөр дээр нэмээд авчих. Хүний юмыг яаж үнэгүй авах юм” гэх хүн ч таарчээ. Харин жолооч энэ бол таньд зориулсан үйлчилгээний нэг хэсэг” хэмээн тайлбарласан байна. Ийн хөөрөлдсөөр зорчигчийнхоо хүрэх газарт ирэв.

Жолооч өмнө суурилуулсан тоолуураас хичнээн км гарсан гэсэн баримт буюу тооцооны хуулгыг гаргаж үйлчлүүлэгчид өглөө. 5200 төгрөг гарсан байв. Өнөөх 50 орчим насны эмэгтэй 10000 төгрөг өгөөд 4800 төгрөгийн хариултаа аваад “Баярлалаа. Эгч нь найдвартай унааг эрхэмлэдэг. Би замын нөгөө талд гарахдаа ч такси барьдаг. Тэгэхгүй бол хэдэн төгрөг өөрөөсөө харамлаж байж амиа алдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай таксины жолоочид замын нөгөө талд эргээд буухад “Та яасан ямбатай юм. Юун ойрхон явдаг юм” гэсэн янзтай уурлаж загнах тохиолдол гардаг. Харин танайх ёстой иргэддээ хүрч ажилладаг юм байна” гээд буув. Жолооч мөн л өмнөх шиг шаламгай гэгч нь бууж хаалгыг нь онгойлгож өгөв. Ингээд дараагийн дуудлага ирлээ. Тус такси тарифаа километр бус метрээр тооцдог юм билээ. Тодруулбал, 100 метр газар явахад 300 төгрөг гэсэн үг. Нэг км явахад 3000 төгрөг аж. Тансаг зэрэглэлийн үйлчилгээний хувьд боломжийн үнэ аж. Үйлчлүүлэгчид нь үнэтэй байна гэсэн зүйл ярьдаггүй гэсэн. Харин ч үйлчилгээнд сэтгэл хангалуун үлддэг бололтой. Дараагийн дуудлага Aндуудаас Бөхийн өргөө хүрэх байв. Тав орчим насны хүүхэдтэй эмэгтэй суулаа. Хүүхэд нь таксины жолоочийн өмссөн хувцсыг ихэд гайхаж сонирхоно. Учир нь тус компанийн жолооч нар бүгд нэг өнгийн хувцсаар жигдэрсэн байна. Цагдаагийн малгайтай төстэй хар цагаан өнгийн оруулгатай малгай өмсч, хар өнгийн хослол, цагаан бээлий өмссөн байв. Мөнгөн завъяа орчмын хэсэгт 10 минут түгжрэв. Энэ хооронд жолооч тоолуурын “хүлээлгэ” гэсэн товчлуур дээр дарж км-ын мөнгийг  зогсоож харагдав. Түгжирсэн тохиолдолд км-ын мөнгө гүйхгүй  гэсэн үг. Ингээд төв замаар түгжрээ ихтэй байсан учраас жолооч зорчигчийн хүсэлтээр удирдлагын төвтэйгөө холбогдож хаагуур явбал хамгийн хурдан хүрэх газартаа очих талаар зам асуулаа. Ингээд зорчигчийг хүссэн цагт хүрэх газарт нь буулгалаа. Тус компанийн таксинууд бүгд GPS буюу байршил тогтоох төхөөрөмжтэй гэнэ. Мөн дугуйнд нь тусгай мэдрэгч төхөөрөмж суулгасан учраас жолооч тоолуураас илүү мөнгө зорчигчдоос авах ямар ч боломжгүй гэнэ. Ухаалаг тоолуур суулгасан аж. 

Заримдаа бид цүнхэндээ бэлэн мөнгөгүй тохиолдолд АТМ хайн таксинаасаа бууж мөнгөө авч өгдөг. Тэгвэл ийм тохиолдолд сандрах хэрэггүй болжээ. Тус такси карт уншигч суурилуулсан юм байна. Удахгүй “WiFi” суурилуулахаар бэлтгэж байгаа аж. Ц.Сономцэрэн жолооч тогтмол цалинтай ажилтан. Зарим таксины жолооч нар шиг таксигаа түрээсээр авчихаад тэр мөнгөө хийхийн тулд хүнээ булаацалдаж, зорчигчийнхоо төлбөр дээр мөнгө нэмж хэлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн. Удахгүй тус компани хүүхдэд зориулсан “Kids taxi”, эмэгтэйчүүдэд зориулсан “Pink taxi” үйлчилгээнд гаргах юм байна. Таксигаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан тохижилттой, итгэл төрүүлэхүйц эмэгтэй жолоочтой байх аж. Харин хүүхдэд зориулсан такси нь ажлаа амжихгүй эцэг, эхчүүдийн дуудлагаар хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс эхлээд хүссэн газар нь найдвартай хүргэж өгөх юм байх. 

Ингэхдээ эцэг, эхчүүд гэрээ байгуулж болох ба гар утас дээрээ хүүхдийг нь авч яваа такси хаана явж байгааг GPS-ийн тусламжтайгаар харж болох гэнэ. Ийм үйлчилгээ удахгүй нэвтрэх аж. Ер нь үйлчлүүлэгчдийн хувьд тав тухыг дээд зэргээр төрүүлэхүйц үйлчилгээтэй юм. “VIP” таксинууд бүгд тас хар өнгийн “соната-7” маркийн машин. Тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Зарим зорчигчид үйлчилгээг үнэхээр мэдрүүллээ хэмээн жолооч нарт гарын мөнгө хүртэл өгдөг гэсэн. “VIP taxi service” компани амралтын газар болон нисэхийн урьдчилсан захиалгат дуудлага, дуудлагын жолооч, албан уулзалт болон хуримын цуваанд үйлчлэх машины түрээс зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргээд эхэлжээ. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН