Categories
мэдээ цаг-үе

З.Батбаяр: Хуулийг улс төрийн хэлмэгдүүлэлт болгож ашиглахаа зогсоохгүй бол 1937 он давтагдаж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар тус намын нарийн бичгийн дарга
З.Батбаяртай ярилцлаа.

-Танай
намаар сонин сайхан юу байна. Дарга чинь хэзээ Монголд ирэх вэ?

-МАХН-ын үйл ажиллагаа хэвийн явж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын
хувьд биеэ эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд БНСУ-д эмчлүүлж
байна.  Яг одоо  манай нам УИХ-ын намрын чуулганы өмнө, 2012 оны
УИХ-ын сонгуульд оролцохын тулд амлаж байсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх цаг хугацааны
дунд үед ирж байгаа тул  бүсүүдийн  чуулган зохион байгуулж байна. Төвийн, хангайн,
баруун бүсийн чуулган  саяхан боллоо. Би уржигдар
хангайн бүсийн чуулганаас   ирлээ. Ерөнхийдөө
орон нутгийн намын байгууллагынхаа үйл ажиллагаа, иргэдийн санаа бодол,  өнөөгийн УИХ, Засгийн газрын явуулж буй бодлого
тэр дундаа манай намын бүлэг, МАХН-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцсон гишүүдийн
ажил ямар байна. Цаашдаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ямар ажлыг эрчимжүүлэх
шаардлагатай байна гэдэг талаараа гишүүд дэмжигчидтэйгээ ярилцаад ирлээ.

-МАХН-ынхан
Н.Энхбаяр даргатайгаа холбоотой байгаа байх. Сүүлийн үед Н.Энхбаярт эрүүгийн хэрэг
үүсгэлээ гэх мэтээр янз бүрийн мэдээлэл  гарах
болж. Энэ талаар байр суурийг тань сонсох гэсэн юм?

-Н.Энхбаяр даргатай өдөр тутмын биш гэхэд  байнгын холбоотой байгаа.  Сүүлийн үед манай намын даргатай холбоотойгоор
МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ эсвэл сэжигтнээр тогтоолоо гэх
мэтээр мэдээлэл гарч байна. Үүнийг бид хоёр янзаар харж байгаа. Нэгдүгээрт нь
1937 оноос эхэлсэн тэр улс төрийн их хэлмэгдүүлэлт Монгол Улсад дуусаагүй үргэлжилж
байна. Хэлмэгдүүлэлтийн шинэ үе Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тулгаснаар үргэлжилж  байна гэж 
харж байна. Хоёрдугаарт худал зүйлийг олон удаа ярих юм бол үнэн болгож харагдуулдаг
юм байна гэдгийг орчин үеийн хэлмэгдүүлэлтийг хар PR-аар  хийж  байн
байн хэвлэлээр гаргаж  тавьдаг болж. Өмнө
нь Монголын төрд зүтгэж явсан энэ хүнийг яаж хорьж, ямар болгосон байлаа. Үүнийг
монголчууд харж байсан, халаглаж байсан. Дахин хэрэгт буруутгах гэж оролдож байна.

-Та
нар албан ёсоор МАХН-ын даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээллийг авсан уу?

-Ийм хэрэгт ингэж шалгаад эрүүгийн хэрэг үүсгэлээ гэдэг мэдээллийг
бид албан ёсоор аваагүй. МАХН-ын удирдлагуудад албан ёсоор мэдэгдсэн зүйл ч байхгүй.

-Н.Энхбаяр
даргатай холбоотой байгаа гэсэн. Тэгэхээр Н.Энхбаяр Монголд юу болж өөрийнх нь талаар
ямар мэдээлэл явж байгааг мэдэх байх. Энэ асуудалд өөрөө ямар байр сууринаас хандаж
байгаа бол?

-Н.Энхбаяр даргын нэг хэлсэн үг бий. “Би айхгүй. Бид нар айхгүй.
Хэрвээ  бид айгаад эхлэх юм бол энэ нь айлгахыг
хүсч байгаа, ард түмнийг баялгийг гартаа 
оруулахыг  хүсч байгаа,  тэр хүмүүс хожих болноо” гэж хэлж байсан. Тэр
байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа. Ямар нэгэн байдлаар айж ичих юм уу эсвэл
урдаа тавьсан зорилгоосоо  няцах зүйл огт
байхгүй. Эцсийн эцэст үнэн ялна гэсэн байр сууринаас бүх асуудалд дарга хандаж байгаа.
Одоогийн энэ мэт хэвлэлээр гарч байгаа асуудлыг тайвнаар хүлээж авч байгаа байх.
Харин манай намын гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг бус намын удирдах албан тушаалтан
биднийг хэтэрхий тайвнаар  асуудлыг хүлээж
авч байна. Ингэж  болохгүй. МАХН нэрээ дахин
сэргээж авсных МАХН энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой байсан. Таслан зогсоох
үйл ажиллагаанд төдийлөн идэвхтэй хандахгүй байна гэж шүүмжилж байна. Энэ шүүмжлэлийг
ч бид хүлээж авч байгаа.

-Шүүмжлэлийг
хүлээж авч байгаа юм бол ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг үү?

-Тухайн  хэрэгт холбогдож буй
хүн нь улс төрийн шалтгаанаар өөрийгөө гэж хэлэх болсон хэргүүд сүүлийн үед шил
даран гарах боллоо. Ерөөсөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг
хүнээс эхлүүлээд УИХ-ын гишүүн байсан хэдэн хүн аавын хаалга татав. Хэдэн хүнд эрүүгийн
хэрэг үүсгэж шалгав гээд үзэх юм бол хэлмэгдүүлэлтийн цоо шинэ давалгаа үүсчихжээ
гэдгийг харж болохоор байгаа юм. Тэр хэлмэгдүүлэлтүүдийг аваад үзэх юм бол  гуравхан зүйл ангиар буруутган шалгасан байдаг.
Эрүүгийн хуулийн 148 буюу бусдын эд хөрөнгийг 
завшсан, 150 буюу өөрийн хариуцсан эд хөрөнгийг завшсан, 263 буюу албан тушаалын
байдлаа урвуулан ашигласан.

 Хүн болгон адилгүй хүлэг болгон
жороогүй гэгчээр хүн бүр адилхан зүйл ангиар зүйлчлэгдэнэ гэдэг бас л нөгөө хэлмэгдүүлэлт
байна гэдгийг харуулж байгаа хэрэг. 1937 онд бол ганцхан Маршалын тушаалаар хэнийг
ч баривчилж болно гэдэгтэй адилхан, агаар нэг сонсогдож байна. Тийм учраас энэ шинэ
хэлмэгдүүлэлтийг бид таслан зогсоох Монгол Улсын төр засгийн эрхийг барих эрхийг
зөвхөн ардчиллын зарчим, шударга ёсонд нийцүүлж, нээлттэй явуулах ёстой гэсэн зарчим
дээр хатуу зогсох учиртай юм.  Ийм байхыг
манай намын гишүүд, дэмжигчид ч шаардаж байна. Цаашдаа МАХН-ын үйл ажиллагаа ч  хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тууштай
явна.

-Өмнө
нь  хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгээд одоо
дахиад яагаад бас нэгэн хэрэг үүсгээд гаргаад ирэв. Учир шалтгаан нь юундаа байна?

-Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ. МАХН-ын
байрыг хураалаа битүүмжиллээ гэдэг энэ яриа нэг талдаа хэнд хэрэгтэй вэ. Нөгөө талдаа
хэнд ашигтай вэ гэдэгт дүн шинжилгээ хийгээд үзэх хэрэгтэй.

-Хэн
ашигтай байхав?

-Хөдөө орон нутагт бүсийн чуулган хийж явахад ч иргэд Н.Энхбаяр даргатай
холбоотой гарч буй мэдээллүүдийг авсан байна. Тэдний ярьж байгаагаар бол ерөөсөө
2011 оноос яригдаж эхэлсэн улс төрийн бүлэглэл МАНАН-д ашигтай гэнэ. Энэ МАНАН сарнихын
даваанд ирээд байгаа юм байна. Үүнийг  улс
төрийн намуудын судалгаануудаас  харж болох
юм. Иргэд аль ч намд итгэхээ больсон гэдгийг тэр судалгаануудаас харж болохоор болсон
байна. Энэ тохиолдолд улс төрийн гуравдагч хүчнийг дэмжих, шинэ эсвэл хуучин лидерийг
эргэж авчрах дохио байдаг.  Тийм ч учраас
хөдөө орон нутагт МАХН-ын нэр хүнд өсч байна. Намын нэр хүнд өсөхийн хажуугаар МАХН-ын
дарга Н.Энхбаярыг эргэн ирүүлэхийг иргэд хүсч байгаа нь харагдсан.  Иргэдийн энэ итгэл, намын нэр хүндийг унагаах  зорилгоор Н.Энхбаяр гэдэг хүнийг дахиад оролдож
эхэлж байна. Болж буй үйл явдлууд үүнийг л харуулж байна.

-Танай
намын байртай холбоотой хэрэг мандлаа ч энэ нь иргэний журмаар маргаан үүсгээд шийдэж
болох асуудал. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ямар учиртай вэ гэдэг асуудлыг олон
хүн ярьж байна. Та юу гэж харж байна?

-Дотор нь ангилаад үзье л дээ. Одоогоос хоёр жилийн өмнө юм шиг байгаа
юм. Монголын хөрөнгө оруулалт­тай нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалттай хоёр компани
хоорондоо гэрээ байгуулаад худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэг байшинг
худалдаж авчээ. Энэ гэрээнд ямар маргаан гарч болох вэ. Гэрээгээр худалдаж авсан
мөнгөө төлсөн төлөөгүй гэсэн асуудал л гарч болох юм. Нөгөөтэйгүүр гэрээнд заасан
үүргээ биелүүлсэн биелүүлээгүй гэдэг маргаан гарч болно. Үүнийг иргэний хэргээр
шийдэх учиртай. Гэтэл нэг гадаадын иргэний гомдлоор гэрээнд заасан мөнгөө авсан
нь үнэн, гэхдээ дээрээс нь тэдий хэрийн мөнгө өгөх ёстой байсан гэдэг гомдлоор эрүүгийн
хэрэг үүсгэнээ гэдэг нь хэрхэн хуулийг уландаа гишгэж байгааг харуулж байгаа юм.
Нэгдүгээрт хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү гэдэг тал дээр дүгнэлт
гаргах ёстой. Үүнд  шүүхийн байгууллага эсвэл
арбитрын шүүх дүгнэлт гаргадаг. Цагдаагийн байгууллага ямар үед эрүүгийн хэрэг үүсгэх
боломжтой вэ гэхээр шүүхээс эсвэл Монгол Улсын Эрүүгийн хуульд хийж болохгүй гэсэн
үйлдлүүдийг хийсэн тохиолдолд  хэрэг үүсгэдэг.
Гэвч гэрээгээр заасан үүргээ биелүүлсэн компани дээр улс төрийн намын лидерийг татан
оролцуулаад эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь ерөөсөө л улс төрийн зорилготой юм.

-Н.Энхбаярыг
сэжигтнээр яг тооцсон юм уу?

-Үнэхээр сэжигтнээр тооцсон юм уу гэдэг нь ч өнөөдөр бүрхэг байна
л даа. Тийм мэдээлэл гараад байгаа болохоос хаана тэр хэрэг нь байна гэдгийг ч мэдэхгүй
байна. Нэгэнт уучлал үзүүлсэн тохиолдолд өмнө нь хийсэн хэргийг нь дахин шалгах
ёсгүй байдаг. Тэр уучлал гарсан өдрийг улс төрийн хэлмэгдүүлэлт дууссан өдөр болгон
тэмдэглэе гэж бодож байтал араасаа ийм зүйлсийг дагуулах боллоо. Боловсрол нимгэн  зарим хуульчид  уучлалыг өршөөлтэйгөө адилтгаж үзээд байна.

-МАХН-ын
байрыг тэгээд  хуулийн байгууллагынхан битүүмжилсэн
юм уу?

-Би намынхаа байрнаас сая ирлээ. Намайг гарахад байрыг маань битүүмжилсэн.  Хураасан зүйл болоогүй. Ийм зүйл болно эсвэл болох
гэж байгаа талаар өнөөдрийг хүртэл ямар ч газраас албан ёсоор хандаагүй.

-Байр
хураасан гэдгээс гадна Н.Энхбаяр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилна гэх
яриа ч тэнэж явна. Удаан хугацаагаар гадаадад эмчлүүлж байгаа болохоор ийм яриа
гараад байна уу?

-2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол төрийн уучлалыг Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт үзүүлсэн. Дахин тодорхойлж хэлэхэд Монгол
төрийн уучлалыг үзүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан ч
энэ бол Монгол төрийн уучлал. Тэгээд Н.Энхбаяр дарга эсийн задрал гэдэг оноштойгоор
БНСУ руу явсан.  Хэдийгээр жил гаруй эмчилгээ
сувилгаа хийгээд тодорхой хугацаа өнгөрч биеийн байдал нь сайжирсан ч гэсэн эмч
нараас өгч байгаа зөвлөгөөний дагуу ирэхгүй байна. Н.Энхбаяр дарга өөрөө бол гадаадад
байгаа монгол хүн учраас ирэхийг яарч байгаа. Улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил
цэцэглэлтэд оролцохыг хүсдэг. Тэр тусмаа 
Н.Энхбаяр дарга шиг өөрийн ухамсарт амьдралынхаа 25  жилийг Монгол Улсын төлөө зориулсан хүнд тэвчиж
суухын аргагүй байгаа. Өөрөө ч Монголдоо хурдан очих юмсан гэж  хэлдэг. 
Нэгдүгээрт эмч нарын зөвлөгөөг дагаж байна. Хоёрдугаарт энэ хэлмэгдүүлэлтээ
үргэлжлүүлчих вий гэдэг эмзэглэл МАХН-ын бидэнд бас байна.

-Хэлмэгдүүлэлт
үргэлжлүүлчих вий гэдэг эмзэглэл зөвхөн Н.Энхбаяртай холбоотой утгаар нь та хэлэв
үү?

-Н.Энхбаяр гэдэг хүнийг  зөвхөн
хэлмэгдүүлээд байна гэдэг зүйл биш. Ерөөсөө л шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлчихэж.
Агуу хүнийг хорих нь хүртэл ард түмэнд хэрэгтэй байдаг гэдэг шиг. Зөвхөн Н.Энхбаярыг
хэлмэгдүүлэх биш. Хуулийг   улс төрийн хэлмэгдүүлэлт
болгож ашиглахаа  зогсоохгүй бол 1937 он давтагдаж
эхэллээ.

-МАХН-ын
дарга  тэдийд ирнэ гэсэн таамаг байна уу?

-Н.Энхбаяр ирнэ. Түүнийг ирэхтэй хамт Монгол Улсад айдасгүй амьдрах
орчин, сайн сайхан амьдрах иргэдийн  итгэл
хамт ирнэ гэж хэлэх байна. Эмч нар нь  зөвшөөрвөл
дарга маргааш ч ирэхэд бэлэн. Миний ойлгосноор бол хэд хэдэн удаагийн шинжилгээ,
эмчилгээ дутуу байгаа.

-БНСУ-д
эмчилгээнээс өөр юу хийж байгаа вэ, МАХН-ын дарга?

-Би хэд хэдэн удаа очиж уулзсан. Бурханы шашинтай холбоотой судалгаа
хийж байгаа юм билээ. Ганжуур Данжуурын судар хэдэн хэл дээр орчуулагдсан байна.  Орчуулагдсан орчин цагийн тухайн улсын хэлээр
хэрхэн буусан байна. 16 настай хүү  сонирхоод
уншихад ойлгомжтой байж чадаж байна уу гэдэг дээр судалгаа хийж байна лээ. Ярилцаад
сууж байхдаа Монгол Улсын хөгжлийн гарц чухам юу юм бэ гэдэг асуудал дээр маш том
судалгаа хийгээд эхэлсэн гэдгийг нь олж мэдсэн. Хотуудыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ
гэх мэтээр олон даацтай судалгааны ажлуудыг хийж байна.

-Орчин
үеийн улс төр гэж юу юм бэ. Энэ талаар бид бас бодох ёстой болчихсон мэт санагддаг
л даа. Та  энэ бүх үйл явдлуудаас орчин үеийн
улс төрийг арай өөр хэв маягтай болгох гэдэг ч юм уу санаа оноо бодож явдаг зүйл
бий юү?

-Улс төр гэдэг бол судалгаан дээр үндэслэсэн байх ёстой. Түүнээс
төрийн эрх мэдлийг өөртөө авах гэсэн. Сонгуульд ялахын тулд эсвэл улс төрийн намууд
нь Засгийн эрхийг авахын тулд оршин тогтнодог сонгуулийг бид хаах ёстой. Улс төрийн
намуудын үндсэн зорилго нь Монголын ард түмэн дээр очдог, тэднийг  амар тайван сайхан амьдруулахад чиглэх ёстой.
Гэтэл улс төрийн намууд сонгуульд яаж ялах вэ гэдгээ л боддог болсон.

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Хууль, дүрмээ зөрчдөг даргатай, ийм Ерөнхий сайдтай улс өөдөлнө гэдэгт би итгэхгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Таны
хувьд байнгын хорооны мэдээлэл сонсч байхад цэцэрлэгийн асуудал дээр нэлээдгүй бухимдаж
байгаагаа илэрхийлж байсан. Тавь гаруй мянган хүүхэд одоогоор цэцэрлэггүй байгаа
гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс хэлж байсан?

-Өнөөдөр манай улсад гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж
чадахгүй байна. Социализмын үед Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг байсан.
Зах зээлийн шилжилтийн үед цэцэрлэг барьж чадахгүй 10 гаруй жил болсон. Хүн амын
тоо нэмэгдэж, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан. Сүүлийн тав, зургаан жил Монгол Улсын
эдийн засаг харьцангуй дээшилсэн. Энэ нь хүүхдийнхээ, цэцэрлэгийнхээ, сургуулийнхаа
асуудлыг шийдэх боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа гэж бид харж
байна. УИХ-аас багагүй мөнгийг цэцэрлэг, сургууль барихад тавьж байгаа. Энэ жил
149 барилгын ажлыг эхлүүлэхээр байсан ч 95 нь санхүүжилт аваагүй. 42 барилга эхлүүлэх
байсан ч 40 нь эхлээгүй байна. Сангийн яаман дээр тавигдсан, төсөвт суусан мөнгийг
манай яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар ашигласангүй. Цэцэрлэг, сургуулийг ганц
төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн хөрөнгөөр, концессоор олон улсын банк санхүүгийн
байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах бололцоо хангалттай байна. Өнөөдрийн байдлаар
гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. 27 цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн,
32 цэцэрлэгийн барилгын тендер зарлагдсан гэсэн байдалтай явна. Концессоор хийгдэх
ёстой барилгын ажил нэг нь ч хийгдээгүй байна даа. Зарим нь газар чөлөөлөлтөөс болж
зогссон тул олон мянган эцэг эхчүүд бухимдаж, олон хүүхдүүд энэ жил цэцэрлэггүй
үлдэх нь. УИХ-ын цөөнгүй гишүүд гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг
санаачилсан боловч өнөөдрийг хүртэл УИХ батлахгүй байгаа.

-Уг
хуулийн төслийг гишүүд эргүүлэн татаад Засгийн газраас дахин өргөн барихаар болсон
шүү дээ?

-Засгийн газар нь ч энэ хуулийнхаа араас эрчимтэй хөөцөлдөхгүй байгаа.
Хэдхэн хүүхдийнхээ асуудлыг шийдэх боломж, бололцоо хангалттай байна. Харамсалтай
нь дүнхүү, увайгүй Засгийн газраас болж энэ асуудал шийдэгдэлгүй хоёр жил боллоо.

-Хэдий
хугацааны дараа Монголын хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох вэ. Таны
хувьд мэдээлэл сонсч байхдаа салбарын сайдыг ажлаа хийгээчээ гэдгийг нэлээд ширүүхэн
хэлж байгаа харагдсан?

-Монгол Улсад төсвийн хөрөнгөөр барих барилгын зураг, төсөв Эдийн
засгийн хөгжлийн яаман дээр бараг ашиглагдахгүй хэвтэж байна. Сангийн яаман дээр
хөрөнгө нь байгаа. Харамсалтай нь байгаа нөөц бололцоогоо салбарын сайд, салбар
яам нь орон нутгийн удирдлагуудтайгаа хамт бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл удирдлага зохион байгуулалт муугаас болоод цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг
сайжруулах ажил тааруу явж байна гэдгийг л хэлээд байгаа юм. Тиймээс би Л.Гантөмөр
сайдад хандаж “Ажлаа сайн хий. Монгол орны хөгжилд хурд шаардагдаж байна. Таны хурдаар
биш хөгжлийн хурдаар Монгол орон урагшлах ёстой” гэдгийг хэлмээр байна.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. 100 хоногийн
хугацаа дууссан ч үүн дээр дорвитой тайлбар өгчих хүн гарахгүй юм…

-Албан ёсны үнэлэлт, дүгнэлтийг УИХ өгнө. Ард түмний амьдрал улам
бүр хүндэрч байна гэдэг нь тодорхой. Олон компани хаалгаа барьж олон хүн ажилгүй
болж байна. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн зорилго нь энэ байсан гэж бодохгүй байна.

-Ямар
үр дүн гарав?

-Олон мянган хүн ажилгүй боллоо. Монгол төгрөг үнэгүйдлээ.

-Ам.долларын
ханш 1905 төгрөгөөс 1830 төгрөг руу орсон байна. Ам.долларын ханш өсөх, буурах болсон
шалтгаан юу байсан юм бол. Засгийн газар анхаарал хандуулж, Монголбанк интервенци
хийсний үр дүн мөн үү. Эсвэл Хятадаас валют орж ирэх сургаар буугаад эхлэв үү?

-Ам.долларын ханшийн өөрчлөлтөд
хэд хэдэн зүйл нөлөөлдөг. Сураг ажиг, реклам сурталчилгаа бага зэрэг нөлөөлнө. Хамгийн
их нөлөөлөл үзүүлэх зүйл нь эдийн засгийн өсөлт, бүтээмж байдаг. Монголд эдийн засгийн
өсөлт, бүтээмж харагдахгүй байгаа юм. Энэ тохиолдолд ам.долларын ханш цаашид тогтвортой
бууна гэдэгт би итгэхгүй байна.

-Түр зуурын үзэгдэл гэж ойлгож болох уу?

-Түр зуурын л үзэгдэл. Бид зөв
бодлого явуулахгүй бол төгрөгийн ханшаа алдана. Эдийн засаг улам хүндэрнэ. Хятадтай
байгуулсан хэдхэн гэрээний үр дүн амьдрал дээр бодитоор гарах хүртэл гурваас таван
жилийн зай бий.

-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Монголын эдийн засаг
жижигхэн тул хагас жилийн дотор сэргэх боломжтой гэдгийг хэлж байсан. Таны харж
байгаагаар хэр хугацаа бидэнд хэрэгтэй байна вэ. Оюутолгой, Тавантолгойн гэрээний
асуудал чимээгүй байсаар байна?

-Бид баялгийн хуваарилалтаа зөв
хийх хэрэгтэй. Зах зээл эдийн засгийн шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих ёстой.
Монголын зах зээл дээрх хэдхэн компанийн монопольчлолыг таслан зогсоох шаардлагатай.
Тэгвэл Монгол Улс хөгжинө. Монополь, олигархиудад дарлуулсан эдийн засаг хэзээ ч
өөдлөхгүй. Мөнгө хүүлдэг хэдэн банкуудаа татан буулгах хэрэгтэй. Банкны зах зээлийн
чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Дэлхийн дундаж зээлийн хүү таван хувь байна.
Харин Монголд 20 хувь байдаг. Ийм байхад эдийн засаг, бизнес хөгжих боломж байхгүй.
Мэдээж уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Үүний тулд гадаадын
хөрөнгө орууралтыг дээд зэргээр дэмжих шаардлагатай юм. Гадаадынхныг хөөдөг, тэднийг
ирэхээр бөө мөргөл ярьдаг хэдэн сайд нараасаа салах хэрэгтэй. Тэгж байж л Монгол
өөрчлөгдөнө. Эдийн засгийг эрүүл сэтгэлгээтэй хүмүүс авч явдаг. Түүнээс биш эргүү
солиотой нь мэдэгдэхгүй, бөө мөргөл шашин шүтлэгтээ автчихсан хүн улс орныг удирддаггүй
гэдгийг хэлмээр байна.

-Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирэх
боломж байна уу. Саяхан Тавантолгойн цахилгаан станцын төсөл дээр Оюутолгой, Монголын
Засгийн газар хоёр гарын үсэг зурлаа. Үүнийг харсан хүмүүс Оюутолгой наашилж байна
гэж бодоод байна?

-Оюутолгойн асуудлаар бид хангалттай ярьж байгаа. Энэ хүрээнд Засгийн
газарт үүрэг чиглэл өгсөн.

Ямар ч Засгийн газар төрийн бодлогын үргэлжлэлийг хангах ёстой байдаг.
Өмнөх Засгийн газрынхаа сайныг нь үргэлжлүүлж, алдааг нь засч явах үүрэгтэй. Н.Алтанхуягийн
Засгийн газраар Монголын амьдрал эхлээгүй, дуусаагүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.
Оюутолгой хөдлөх ёстой. Тавантолгой эргэлтэд орох ёстой. Асгат, Цагаан суварга гэсэн
ордыг стратегийн эргэлтэд оруулахыг цаг үе, нөхцөл байдал биднээс шаардаж байгаа.
УИХ-аас уул уурхайг дэмжсэн хөрөнгө оруулалтуудынхаа шийдвэрүүдээ гаргасан.

Хэрэгжилтийг Засгийн газар хангах ёстой.

-Үр
дүн гарахгүй л байна даа?

-Засгийн газар 100 хоногийн дотор үр дүн гарганаа гэж УИХ-д амласан.
Өнөөдөр хараахан нааштай үр дүн ажиглагдахгүй байна. Гэхдээ ирээдүйдээ итгэхгүйгээр,
ирээдүйгээ гэгээлгээр төсөөлөхгүйгээр улс орон хөгжихгүй. Би Монголын ирээдүйд итгэж
байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газраас өөр Монголыг аваад явчих боловсролтой,
сэхээтэн шинэ Засгийн газар байгуулагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Засгийн
газар солигдлоо гэхэд гадны хөрөнгө оруулагчид тогтворгүй төр засагтай улсад хөрөнгө
оруулах юм уу?

-Японд Засгийн газраа хоёр жил болоод сольдог. Дэлхийн ардчилсан
улс орнууд ажил хийж чадахгүй Засгийн газартаа тогтмол хариуцлага тооцдог. Хариуцлага
шударга ёс байгаа газар хөгжил ирдэг. Хариуцлагаа нөхдүүдээ хаацайлдаг, хамгаалдаг,
шударга ёсыг уландаа гишгэдэг газар улс орон хэзээ ч хөгжихгүй.

-Хаврын
чуулганы үеэр танай бүлгийн дарга “Дорвитой ажил хийхгүй бол бүлгийн зүгээс Засгийн
газарт хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдэж байсан. Ардчилсан намын бүлэг хариуцлага
тооцох уу?

-Манай бүлгийн дарга бол бөөрөнхий хүн. Өөрийн толгойгүй хүн. Тэр
хүний үгэнд итгэх хэрэггүй.

-Цаашид
бид хэрхэх ёстой вэ. Гарц юу байна?

-Ардчилсан нам УИХ, Засгийн газрын олонхийг бүрдүүлж байгаа. Ардчилсан
нам дотоод шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ардчилсан намд ардчилал байхгүй болсон. Ардчилсан
нам дотооддоо ялзарч дууссан. Их хурал, ҮЗХ-гоо хуралдуулах ёстой. Тулгамдаж буй
улс орны нийгэм, эдийн засгийн асуудлуудыг, намынхаа асуудлуудыг ил тод ярих хэрэгтэй
гэж зөвлөмөөр байна.

-ҮЗХ
хуралдалгүй нэлээд хугацааг ардаа үлдээлээ. Уг нь жилд хоёр удаа хуралдах ёстой
байдаг биз дээ?

-Ардчилсан намын их хурал дөрвөн жил тутам хуралдах ёстой байтал
зургаа, долоон жилд нэг ч хуралдсангүй. ҮЗХ жилд хоёр удаа хуралдах ёстой. Хуралдалгүй
хоёр, гурван жил боллоо. Хууль, дүрмээ зөрчдөг ийм даргатай, ийм Ерөнхий сайдтай
улс орон өөдөлнө гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс Ардчилсан намын гишүүд хөдөлгөөнд
орох шаардлагатай. Энэ ганцхан намын асуудал биш. Улс орны асуудал. Хоёрхон жилийн
дараа биднийг сонгосон хүмүүс Ардчилсан намд дүнгээ тавина. Тиймээс намын шинэчлэлээ
одоо хийхгүй бол цаг биднийг хүлээхгүй.

-ҮЗХ
удахгүй хуралдах байх гэсэн хүлээлт байна. Танд мэдсэн зүйл байна уу. Мөн Ардчилсан
намын журмын нөхдөөс гээд Төрийн гурван өндөрлөгт хандсан мэдэгдэл хүртэл гарсан
шүү дээ?

-Барууны орнуудад дүрмээ зөрчдөг улс төрийн намуудыг татан буулгадаг.
Дүрмээ зөрчдөг намын даргыг шүүхийн шийдвэрээр шууд огцруулдаг. Энэ маягаар Ардчилсан
намын дарга намынхаа дүрмийг зөрчөөд явах юм бол, энэ ялзрал удаан үргэлжлэх юм
бол Ардчилсан намын гишүүд бид шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг
хэлмээр байна.

-Та
Ардчилсан намын гишүүн. Тэгсэн хэрнээ намаа багагүй шүүмжилдэг. Танд ямар нэгэн
дарамт шахалт ирдэггүй юм уу?

-Намайг дарамталж чадахгүй.

-2016
оны сонгуульд ядахнаа нэр дэвшүүлэхгүй гэвэл яах юм бэ?

-Амь биш заяа биш дэвшүүлэхгүй байсан ч болно. Заавал дэвших алба
ч бас байхгүй.

-Тантай
ингээд ярилцаад сууж байхад нэлээд бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Таны бухимдал
юунаас үүдэлтэй вэ?

-Надад бухимдаад байх юм алга. Дэлхий уужим. Монголчууд эрүүл саруул
ухаантай. Асуудлыг шийдэж чадна. Гэхдээ бухимддаггүй хүн гээд улс орны амьдрал хүнд
байхад инээгээд явах эрх надад алга. Инээхгүй байгаа нь зарим хүмүүсийн хувьд бухимдалтай
байгаа мэт харагдаж магадгүй. Нийгмийн амьдрал, ард түмний амьдрал хэцүү байхад
худал маасайтал инээх шаардлага надад байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Малчин сумын анхны нэг ангийнхан

“Манай ангийн дарга яг л хэвээрээ шив дээ. Багын л нямбай шар охин байсан сан” хэмээн хоорондоо ярилцаж “Батхүрэлийнхээ ачаар бид хэд ингэж уулздаг байжээ” гэж ирээд л хөгшчүүд гар барин мэндэлнэ. Энэ бол Увс аймгийн Малчин сумын анхны сурагчид болох “1а” ангийнхан. Тэд сургуулиа төгссөнөөсөө хойш 50 гаруй жилийн дараа анх удаа ангиараа уулзаж байгаа нь энэ. Нэг ангийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах цахилгаан шуудангийн гадаа уулзав. Ангийн дарга Л.Батхүрэл ангийнхантайгаа холбоо тогтоож өглөө 08.00 цаг гэхэд бэлэн байхаар үүрэг өгсөн бололтой. Харин хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй уулзалтынхаа хугацаанаас цаг гаруйн өмнө ирж ийн дуу шуу болсон хэрэг. Ихэнх нь үр, хүүхдээрээ унаа тэргээр хүргүүлж ирж харагдав. Ингээд арваад хүн цугларлаа. Ангийн дарга Л.Батхүрэл гэх 60 гаруй насны шав хийсэн хөдөлгөөнтэй хөгшин автобусны жолоочид хөдлөхийг үүрэгдэв. Замаараа Чингэсийн талбайгаас ангийнхаа хэсэг нөхдийг аваад Тэрэлж орох юм гэнэ. Учир нь Тэрэлжид бага ангийн багш Басангийн Пэлжээ 85 насныхаа ойг тэмдэглэж байгаа аж. Ингээд багшийнхаа баяраас хоцорч болохгүй гэсээр хөгшчүүл яаран хөдлөв. Машин хөдлөө юу үгүй юу хоорондоо шуугилдах агаад шуугилдсан анги дунд яваад орчихсон мэт санагдав. Нэг нэгнийгээ ануухан, залуухан хэвээрээ байна гэж байнга л магтана. Автобусны арын суудалд суусан хоёр эрэгтэй “Манай Сэрчмаа, Н.Огоо ирсэн үү, одоо хэдэн хүн талбай дээрээс суух юм бэ” гэж ангийн даргыгаа шалгаана. Энэ зуурыг хөөрөлдсөөр талбай хүрлээ. Автобусны буудлын сандал дээр сууж байсан зургаа долоон хүн шуугилдсаар автобусанд орж ирэв.

Цэнхэр дээл өмсч, жанжин малгай тавьсан уяач болов уу гэмээр 70 орчим насны эрэгтэй их л хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аж. Хүн бүр дэргэд нь очиж гар барин, хөөрөг зөрүүлээд “Үгүй ээ мөн ийм сайхан өдөр ирдэг ээ” гэсээр хөлсөө арчих аж. Тэрээр хөдөөнөөс иржээ. Хөдөөнөөс ирсэн гэх тав зургаан хүн байлаа. 50 гаруй жилийн дараа ангийнхантай уулзаж байгаа болохоор ч тэр үү сэтгэл хөдлөөд ойрын гурван хоног нойргүй хонолоо гэх хүмүүс ч байв. Зарим нь нэгнийгээ танихгүй бишүүрхэж хэсэг зогсонгоо “Чамайг гэж таньсангүй ш дээ. Эвий минь бие нь сайн уу, хаана амьдарч байна” гээд л тэврэлдэж хоолой нь зангиран, нулимс унагаж харагдав. Харин насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх офицер эр “За хөвгүүд минь мэнд мэдээд охидоо үнсэхдээ үнсэлцэхгүй шүү” хэмээн хошигноод авав. Ингээд мэнд усаа мэдэлцэж аваад багшийнхаа зүг яаравчлан хөдөллөө. 

Хэдий 70 дөхөж яваа ч инээд цалгисан их өргөөндөө, хүүхэд ахуй цагтаа эргээд оччихсон юм шиг л хоорондоо хөгжилдөж, хөөр баяраар бялхсан инээд автобусаар нэг цангинана. Эрчүүд нь “Манай ангийн охид”, эмэгтэйчүүд нь “Хөвгүүд ээ” гэж дуудах аж. Тэгсэн хэрнээ хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач, зээтэй болсон гэж ирээд л яриа дэлгэнэ. Барилгын инженер О.Базар “Миний багш 20-хон настай, хонгор зүстэй байхад бид сэвлэг даахиа ч авахуулаагүй үе байсан. Тийм л залуугаараа биднийг хорвоотой танилцуулсан хүн дээ. Хичээлийн анхны өдөр 1958 оны есдүгээр сарын 25-нд манай ангийнхнаас хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн болохыг асуулаа. Хэн ч төрсөн өдрөө мэддэггүй. Тухайн үед аав, ээж чи хавар, намар төрсөн л гэж хэлэхээс биш нарийвчилж хэлэх биш. Тэгсэн багш та нарын хорвоод шинэ хүн болж мэндэлсэн өдөр энэ өдөр байх болно гэж хэлж билээ. Одоо бидний ихэнхийнх нь иргэний үнэмлэх дээр төрсөн өдөр нь 1958 оны есдүгээр сарын 25 гэсэн байдаг” гэж ярив. Тэрээр ангийнхаа хамгийн үг яриа хурц, уран цэцэн үгтэй нэгэн гэнэ. Бусад нь ч ам булаацалдан “Багш ёстой л шинэ хүн болгосон” гэх. Ингээд зорьсон газраа ирлээ. Нэг ангийнхан багштайгаа уулзана гэхээс их л догдолж харагдана. Автобусны хаалгаар эрчүүд нь эхэлж буулаа. Харин эмэгтэйчүүд цүнхнээсээ гоёлын дээл гаргаж өмсөцгөөв. Бүгд л дээлийнхээ энгэрт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулж, зарим нь тэргүүний ажилтан зэрэг хэд хэдэн тэмдгээр гоёжээ. Автобусны хаалгаар буунгуут эрчүүд нь “Манай хэд чинь нөгөө хувцсаа өмсөөд нүүрээ будчихаараа дажгүй харагдаж байна” гэж ангийнхаа охидыг цаашлуулна. Багшдаа өгөхөөр хөдөөнөөс айраг, цагаа хүртэл авчирсан байв. Бага ангийн багш Басангийн Пэлжээ нь өдгөө 85 нас зооглож яваа бөгөөд жаахан чих хатууг эс тооцвол ануухнаараа байна. Тэрээр 400 гаруй шавь нартай хүн аж. Нэг ангийнхан багшдаа хадаг барин золгож үнсүүлнэ. Багш “Миний анхны шавь нар. Ширээ сандал дээрээ ч яаж суухаа мэдэхгүй будилж явсан үрс одоо намайг дагаад өтөлжээ” гэсээр нулимс унагаж сүйд болов. Пэлжээ 30 гаруй жил багшилсан нэгэн, 400 гаруй шавьтай гэнэ. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмгөөлөгч Монгол зэрэг улс төр, нийгэмдээ танигдсан олон хүн бий.  

Түүнийг 14 настай байхад анх крилл үсэг гарч “шинэ үсгийн багш”-аар хөдөө томилжээ. Хөдөө айлуудаар явж малчдад бичиг үсэг заана. Ингээд 1955-1958 оны хооронд Багшийн их сургуульд сурч ирэхэд шинэ сургууль ч нээгдэж анхны ангийг нь дааж авчээ. 

Пэлжээ багш нь морьтой явж ангийнхаа хүүхэд бүрийн гэрээр орж сургуульдаа явахыг шаарддаг байсан гэнэ. Шинэ залуу багшийн ангийнханд ч “Хорвоотой анх танилцсан нь”  зохиол дээр гардаг шиг  бүх зүйл ховор, сонин, содон харагддаг байж. О.Базар “Багийн даргын балыг харж байснаас гарнаас нь авч барьж үзээгүй байсан үе” хэмээн тухайн цаг үеэ тодотгоно. “1а” ангийнхан хоёрдугаар ангид ороход  сургуулийн хамгийн том ах эгч нар болж хувирахын зэрэгцээ доод ангийнхнаа асрах ажил гүйцэтгэдэг байжээ. Одоогийнх шиг паартай байшин, паалантай жорлон байх биш үүрийн 05 цагт босч хоёр хоёроороо сургууль дээрээ ирж жижүүрлэдэг байсан аж. Гал түлнэ, ангиараа мод хөрөөднө гээд аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан багачуудын хувьд ахадсан ажил байсан нь тодорхой. Харин тэдний хувьд хамт олонтойгоо хөгжилдөж, эрдэм ном сурна гэдэг дээдийн жаргал байсан гэнэ. Нэг удаа М.Жөвжөө гэх охин ангийнхаа цоожийг хөшөөд эвдчихэж. Эрт ирээд ангидаа орох санаатай явсан нь тэр. Цоож онгойлгох гэж байгаад багшийнхаа хайчийг хүртэл хугалж байсан паянгаа ярьж “Тэр үед чинь хайч ховор байсан байхгүй юу” хэмээн ангийнхандаа хэлж инээлдэв. Мөн ангийнхаа зуухан дээр мөнгөлөг цаас тавьж байгаад элсэн чихэр хайлуулж иддэг байснаа дурсав. Бас болоогүй тэрийгээ булаацалдаж байгаад нэгнийхээ гарыг түлэх энүүхэнд байж. 

Тэд ангийнхаа даргыг сонгохдоо сумын төвийн цагаан охин гэх шалтгаанаар Л.Батхүрэлийг сонгосон гэнэ. Бүгд л малчдын хүүхэд байсан болохоор сумын төвийн хүүхэд арай өөр байх гээд шууд л гар өргөж сонгожээ. Харин ангийн дарга нь “Тухайн үед би сумын төвийнх гэлтгүй адилхан хөдөөний л хүүхэд байж таарна ш дээ” хэмээн даруухан инээнэ. Олон жил уулзалдаагүй ангийн нөхөд энэ мэт олон дурсамж хүүрнэж багшдаа “Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан … Бага ангийн багшдаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай аялж өгч Ц.Гунгаа, М.Жөвжөө, Н.Огоо, П.Долгор, Ц.Батчулуун, О.Базар, О.Хартолгой, Ж.Улаантолгой, Ц.Сэржмаа, И.Бат-Очир, С.Дэмбэрэл, Н.Лхагваа, Н.Дүүрэн, Л.Батхүрэл, Д.Дэмбэрэл гэж нэрээ бичсэн дурсгалын зүйлс гардуулав. Ингээд нар ч шингэж, нэг ангийнхан ч яарсаар хотын зүг хүлгийн жолоо залав. Буцах зуур нь нэг нь  “Энэ бидний ангиараа цугларсан сүүлчийн уулзалт байх даа” гэж гунигтайхан хэлэхэд нөгөө нь “Яалаа гэж багш минь буянтай хүн юм биднийг уулзуулаад. Үүнээс хойш холбоотой байж байнга уулзана шүү” гэсээр салцгаав.

Д.ДАВААСҮРЭН   

Categories
мэдээ цаг-үе

“Нарантуул”-ын наймаачдын өдрийн орлого саяар тоологдож байна

-“СКАЙ“ ИХ ДЭЛГҮҮРЭЭС ЦҮНХ, ХИЧЭЭЛИЙН
ХЭРЭГСЛИЙГ Л 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА-

Хичээлийн шинэ жил эхлэх гээд нийслэл хот маань хөл ихтэй өдрүүдийг
үдэж байна. Дэлгүүр, худалдааны төвүүд, зах гээд хаа сайгүй л “хүүдээ, охиндоо”
гэсэн хүмүүс холхиж байна. Тиймээс энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа худалдааны
газруудаас бэлтгэлээ. Ингэхдээ иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг гэгддэг “Нарантуул”,
“Сандэй” худалдааны төв болон харьцангуй боломжтой хүмүүсийн үйлчлүүлдэг гэх “Скай”
их дэлгүүрийг тус тус зорьсон юм.   

 

ЧАНАР НЬ ГАЙГҮЙ БАЙХ ГЭЖ БОДСОНДОО “СКАЙ” ИХ ДЭЛГҮҮРИЙГ ЗОРЬЖ ИРЛЭЭ

Сурвалжлага хийхээр очсон эхний газар бол “Скай” худалдааны төв.
Тус худалдааны төвийн гадна энэ сарын эхээр нээгдсэн “Сэлэнгийн намрын ногоон өдрүүд”
үргэлжлэн гарч байна. Монгол ургацын шинэхэн ногоо худалдаалж буй болохоор худалдан
авагч ч чамгүй олон байгаа харагдана лээ. Харин үүдний хэсэгт нь “Columbia” брэндийн
аяллын хувцасны хямдралтай худалдаа гарчихсан байна лээ. Эдгээр бараанууд 10-35
хүртэл хувиар хямдарсан ажээ.

Харин дэлгүүрийн дотор ормогц “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”
ажиллаж байна. Биднийг очих үед буюу өчигдөр 13 цагийн орчимд тус дэлгүүр ер нь
хөл хөдөлгөөн багатай, дуу шуугиан ч нам жимхэн байна лээ. Хичээлийн хэрэгслийн
та­сагт нь л хэдэн хүн харагдахаас бэлэн хувцасны тасагт нэг ч хүнгүй, худалдагч
нар нь тойрч суугаад яриа өрнүүлж буй харагдсан.

Тус дэлгүүрт худалдаалж буй хичээлийн хэрэгслийн тухайд үнийн хувьд
тийм ч өндөр биш юм. Гэхдээ бас бусад үзэсгэлэн худалдаа, дэлгүүрүүдээс арай өндөр
өртөгтэй юм билээ.

Тухайлбал, энд худалдаж буй дэвтрүүдийн хувьд Польшийн “Campap”,
“Unipap”, Монголын “Аз хур” үйлдвэрүүдийнх. Эдгээр нь хоорондоо үнээрээ ялгаатай.
“Campap”-ын 24 хуудастай дэвтэр 370 төгрөг байхад “Unipap”-ын 470 төгрөг байх юм.
Харин “Аз хур”-ынх 390 төгрөг байна. Түүнчлэн 60 хуудастай “Campap” 720 төгрөг байхад
“Unipap” үйлдвэрийнх 850 төгрөг, Монголынх 820 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, “Скай”-д
худалдаалж буй дэвтрүүдийн хамгийн хямд нь “Campap”, өндөр үнэтэй нь “Unipap” байгаа
бол дундаж нь дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн дэвтрүүд байна лээ.

Бал, үзэг, харандаа гэх мэт хэрэгслүүд нь өнгө үзэмж, тоо ширхэг,
чанараасаа хамаараад янз бүр байв. Тухайлбал, гортиг гэхэд 1800-8000 төгрөгийн хооронд
байгаа бол харандааг 1500-22000 төгрөгөөр худалдаж байна. Мөн сурагчийн цүнх 69
мянган төгрөгөөс эхэлж, материал, хийцээсээ хамаарч 100 гаруй мянган төгрөгт багтаж
байв.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүддээ зөвхөн хичээлийн хэрэгсэл
төдийгүй ботинк, пүүзнээс авахуулаад гадуур өмсөх куртик шинээр авах болдог. Тэгвэл
тус худалдааны төв бэлэн хувцсандаа 10-30 хувийн хямдрал зарлажээ. Эдгээрээс хүүхдийн
жижиг ботинк 35 мянган төгрөгөөс эхэлж, 200 мянган төгрөгт хүрсэн байв.

“Скай”-д худалдаалж буй хичээлийн хэрэгслийг ийн ажиглаж явах зуур
нэг жилийн зайтай төрсөн эгч, дүү хоёр хичээлийн хэрэгслээ бэлдэж явахтай таарсан
юм. Өнөө жил 44 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид орох П.Энхжин, П.Энхгэрэл хоёр
ээжтэйгээ хамт жил бүр “Скай”-аас хичээлийн бэлтгэлээ хангадаг ажээ. Өнгөрсөн жил
сурагчийн дүрэмт хувцсаа авчихсан тул өнөө жил зөвхөн хичээлийн хэрэгслээ л авахаар
ирсэн нь энэ. Тэдний ээжийн хэлснээр хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхээс
харьцангуй өсчихсөн байгаа тул 500 мянган төгрөгт багтаан бэлтгэлээ хангах аж. Тэдний
“Скай” их дэлгүүрийг сонгодог шалтгаан нь хүүхдийн дур сонирхлыг татах өнгө, хэлбэр
хийц бүхий бүтээгдэхүүн, хамгийн гол нь бусад дэлгүүрүүдийг бодоход Хятадын бараа
байдаггүй болов уу гэж найдсандаа ирдэг гэлээ.

Цэцэрлэгийн бага ангид орох, хоёр настай ач хүүдээ хичээлийн хэрэгслийг
нь авч яваа эмэгтэйтэй таарсан юм. Тэрээр Дундговь аймгаас түр ирээд байгаа ажээ.
Н.Урнаа хэмээн өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй “Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2011 оны долдугаар сарын 1-ны өдрийн тушаал…” гэсэн толгойтой, цэцэрлэгийн бага
бүлгийн сурагчдын хичээлийн хэрэгслийн жагсаалт барьжээ. Тэр гуаш гэсэн хэсэгт очиж,
кодыг нь нарийвчлан харж буй нь анхаарал татсан юм. Дөхөж очоод лавлавал “Барааны
код нь 400-500-аар эхэлсэн байвал Оросынх байдаг юм. Энэ 410 гэж байна, Оросынх
л бололтой” хэмээлээ. Гэвч тэрээр “Хоёрхон настай хүүхэд ийм их хичээлийн хэрэгслийг
хэрэглэж барах уу, ямар их юм авдаг юм бэ” хэмээн бухимдангуй байна лээ. Түүний
хэлснээр зургаан өнгийн гуаш хоёр ширхгийг өгөх ёстой аж. Нэгнийх нь үнэ 7000 төгрөг
учир зөвхөн гуашинд л гэхэд 14 мянган төгрөг зарцуулж таарах нь. Энэ мэт нэмэгдсээр
цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг “Скай” их дэлгүүрээс бэлдэх юм бол нийт
300 гаруй мянган төгрөг шаардлагатай болохыг Н.Урнаа гуайн тооцоолсноос харж болохоор
ажээ. Тэрээр мөн ачийнхаа эрүүл мэндийг бодолцон тэртээ холоос тус дэлгүүрийг зорьж
ирснээ учирлаж байсан юм.

Ач охиноо дагуулан яваа өөр нэг эмэгтэй бол Д.Дариймаа. Түүний ач
охин А.Намуунаа өнөө жил Багануур дүүргээс нийслэлийн 106 дугаар сургуульд шилжин
ирж байгаа гэнэ. Эмээ, охин хоёр сурагчийн дүрэмт хувцас болон ботинк, хичээлийн
хэрэгсэл гээд бүгдийг нь 500 мянган төгрөгт багтааж авахаар гэрээс гарчээ. Үүнээс
өмнөхөн бэлэн хувцасны тасгаас 55 мянган төгрөгөөр ботинкоо худалдаж авчээ. Харин
одоо цүнх, хичээлийн хэрэгслээ авчихвал бэлтгэл бүрэн хангагдчихаж байгаа гэсэн.
Ер нь бол авсан юмнуудынх нь өртөг эмээ, охин хоёрын тооцож байсантай дүйж байгаа
аж.

Ийнхүү ээжийгээ, эмээгээ даган яваа охидтой уулзсан юм. Тус дэлгүүрт
байх цаг гаруйн хугацаанд үүгээр үйлчлүүлж буй хүмүүс бараг бүгдээрээ жаахан хүүхдүүдээ
дагуулсан байсан. Ахлах анги эсвэл оюутан бололтой үйлчлүүлэгч тун цөөн байна лээ.

 

“НАРАНТУУЛ”-ЫН НАЙМААЧДЫН ӨДРИЙН ОРЛОГО САЯАР ТООЛОГДОЖ БАЙНА

Бидний очсон дараагийн газар бол ёстой л нөгөө бум бужигнаж, түм
түжигнэх гэдэг нь болов уу гэмээр бодогдох “Нарантуул” худалдааны төв. Замын түгжрэлээсээ
авахуулаад л олон холхиж байгаа нь мэдэгдэх тус худалдааны төвийнхөн ашиг орлого
арвин байгаа бололтой. Бүр үүднээсээ авахуулаад л олны хөлөөс хэдэн төгрөгтэй хоцрох
гэсэн хүмүүс тус бүртээ завгүй “ажиллана”. Худалдааны төвийн үүдэнд эгч дүү хоёр
болов уу гэмээр хоёр эмэгтэй дуулахад гурав, эсвэл дөрөвдүгээр ангийнх болов уу
гэмээр охин аянд нь бүжиглэнэ. Кассет хийдэг жижиг хар хөгжимнөөс ая дуугарахад
хоёр эгч нь “…Энхэрхэн дэлбээг чинь тааланхан…” хэмээн хоолой нийлүүлнэ. Харин
бяцхан охин тэдний дууны аянд хэдэн ширхэг хиймэл цэцэг барин эв хав муутайхан бүжих
юм. Бас ч үгүй урлагийн хувцсаар гоёсон тэднийг олон хүн тойрон харж зогсох зуураа
“Сэтгэлийн эгшиг” хэмээсэн хайрцагт тавь, зуутын төгрөг хийж буй нь харагдсан.

Дотогш орлоо. Энд хүүхэдгүй яваа хүн бараг байхгүй байсан болов уу.
Бүгд л гараасаа хүү, охиноо хөтөлсөн харагдсан. Хөлс нь урсаж, ядарсан царайтай
жаахан хүүхдүүд яах гэж яваагаа ч бараг ойлгохгүй байгаа бололтой төвөгшөөн шахцалдах
нь харагдана. Энд ер нь зөвхөн тэр, энэ илүү зарагдаж байна гэх зүйл алга. Оймс,
дотуур хувцаснаас авахуулаад дэвтэр, үзэг, бал, гутал, пүүз ер нь юу эс байх вэ,
хаа сайгүй л “хэд вэ, авъя, доошоо хэд вэ” гэсэн яриа өрнөх аж.

“Нарантуул” худалдааны төвд байгаа бараа бүтээгдэхүүний хувьд энд
ирэхээсээ өмнө “Скай” их дэлгүүрээр орсон болоод ч тэр үү харьцангуй хямд үнэтэй
юм. Тухайлбал, “Скай” их дэлгүүрт 24 хуудастай дэвтэр 370-470 төгрөгийн хооронд
байсан бол “Нарантуул”-д 300 төгрөг байна. 60 хуудастай дэвтэр 720-820 байхад энд
580 төгрөг байна. Дэвтрийн наймаачдын хэлснээр энэ бол томоохон дэлгүүрүүдэд худалддаг
л польш дэвтэр гэсэн. “Зөвхөн тансаг орчинд очихоороо л ийм өндөр үнэтэй болчихдог
юм ш дээ” хэмээн тэд инээлдэж байв.

Сүүлийн гурван жил хичээлийн хэрэгслийн наймаа эрхэлж буй Г.Орхон
хэмээх бүсгүй “Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл хэтэрхий олон байна. Хүмүүс
зарж байгаа бидэн рүү л уурлах юм. Энэ жил цэцэрлэгийн бага ангийн хүүхдэд зөвхөн
хичээлийн хэрэгсэлд 25 мянган төгрөг, ахлах ангийнханд 50 мянган төгрөг, ахуйн хэрэглээний
юмнуудыг нь нийлүүлбэл 80 гаруй мянган төгрөг болж байгаа. Энэ жил цэцэрлэгээс нэхдэг
юмнуудын нэр төрөл нь бүр их болсон юм шиг байна лээ. Хүмүүс ер нь хамгийн хямдаас
нь л түүж байна даа. Тэгэхэд л нэг хүүхдэд 80 мянган төгрөг болж байна шүү дээ”
хэмээж байв. Түүний нэмж хэлснээр сүүлийн гурав хоногт худалдан авагчид эрс ихэсчээ.
Тиймээс ойрын өдрүүдэд Г.Орхон өдөртөө нэг сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж
байгаа гэсэн. Гэхдээ энэ нь өмнөх жилийнхийг бодвол ашиг орлого нь харьцангуй буурчихаад
байгаа нь энэ гэсэн шүү. 

Харин  “Өмнөх жилийнхийг бодвол
ашиг ихтэй байгаа, долоо хоногтоо хоёр удаа урагшаа явж, бараа татаж байгаа ш дээ”
гэсээр яриагаа эхэлсэн хүн бол хүүхдийн дүрэмт хувцасны наймаачин Ц.Золбаяр. Тэрээр
12 жил наймаа хийж байгаа гэсэн. Түүний худалдаж буй дүрэмт хувцаснууд бага ангийнх
нь 50 мянган төгрөг, ахлах анги нь 62 мянган төгрөг гэсэн. Гэтэл дотоодын үйлдвэрийн
дүрэмт хувцас бага анги нь 90 мянга, ахлах анги нь 92 мянган төгрөг байгаа аж. Тиймээс
иргэд хямдыг нь бодож захыг зорих нь олонтаа байгаа гэсэн. Учир нь өнгөрсөн жилийн
өдийд эцэг, эхчүүд хүүхдээ ямар дүрэмт хувцас өмсөхийг мэдэхгүй байсан тул орлого
тааруу байжээ. Харин энэ жил дотоодод үйлдвэрлэж буй дүрэмт хувцаснуудын хангалт
тааруу, материалын чанар ижил байгаа зэрэг шалтгааны улмаас хямдыг нь харж “Нарантуул”-аас
худалдан авах нь элбэг байгаа гэсэн.

Ц.Золбаярын лангуунаас хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар ирсэн Г.Должингийн
хэлснээр “Дүнжингарав” худалдааны төв дэх “Төмөр трейд” компанийн борлуулалтын цэгт
байгаа дүрэмт хувцас нь размергүй болсон тул худалдагч нар нь “Нарантуул” явахыг
санал болгосон гэнэ. Үүнийг нь сонссон худалдагч Ц.Золбаяр ч “Тэртэй тэргүй хужаагийн
даавуугаар хийж байгаа юм чинь яг адилхан” гэх нь дуулдсан. Түүний хэлснээр дотоодын
үйлдвэрүүд Солонгосын даавуугаар дүрэмт хувцас хийж байгаа нь худал гэнэ. Учир нь
Эрээний зах дээр яг тэр даавуу нь байдаг ажээ. Тиймээс ч даавууг нь авчраад яг ижил
загвараар оёдолчдод өгч дүрэмт хувцас оёулдаг байна. Өмд, хүрмийг ийн оёулдаг бол
цамцыг нь Эрээнээс долоо хоногтоо 300-400 ширхэгийг авчраад л дуусч байгаа ажээ.

Тэрээр өнгөрсөн жилийн өдийд 700 мянган төгрөгийн ашиг олж байсан
бол өнөө жил өдөрт хоёр сая төгрөгийн ашиг олж буйгаа ч нуусангүй. Бүр энэ сарын
10-наас эхлээд л хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч, ашиг орлого нь арвин болсон аж.
Тэрээр жирийн үед 14 хоногтоо нэг удаа бараа татдаг байсан бол ойрын үед долоо хоногтоо
1-2 удаа “урагшаа” явж байгаа гэнэ лээ.

Наймаачдын хувьд иймэрхүү яриа хөөрөөтэй байна. Харин худалдан авагчдын
хувьд өмнөх жилийнхээс үнэ нь нэлээд нэмэгджээ гэх хүн цөөнгүй байна. Тэдний нэг
нь Б.Саранчимэг. Тэрээр  н.Цацрал, н.Тэргэл
хэмээх ихэр охидоо дагуулжээ. Охид “kitty” муурны зураг бүхий ягаан цүнхийг ижилсэн
үүрчээ. Одоо харин дэвтэр, үзэг, балаа сонгохоор зогсож байгаа аж. Гуравдугаар ангид
орох ихэр охидын дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл нь нийтдээ 350 орчим мянган төгрөгт
багтсан гэнэ лээ.

“Есдүгээр сарын нэгэнд өмсөх гэж байгаа юм” хэмээн хар юбканы үнийг
асууж байгаа охин бол Г.Нандин-Эрдэнэ. Тэрээр дүрэмт хувцастай ч гэсэн хичээлийн
анхны өдрөө хар юбка, цагаан цамц өмсөхөөр ангийнхантайгаа ярилцжээ. Тэрээр өнөө
жил 100 гаруй мянган төгрөгөөр л хичээлийн бэлтгэлээ базаасан байна.

Ахуйн хэрэглээний 00 цаас, угаалгын нунтаг авч буй гурван охинтой
тааралдав. Тэд Архангай аймгийн төвийн арван жилийн сургуулийг хавар төгсч, шинэхэн
оюутнууд болсон гэнэ. Охид хэдийгээр нэг их сургуульд ороогүй ч суух айлгүй тул
гурвуулаа хамтарч нийтийн байр хөлслөхөөр болжээ. Тиймээс хамтарч хэрэглэх зүйлсээ
ийн цуглуулж яваа гэнэ. Тэд тус бүртээ 25 мянган төгрөг гаргаж, ахуй болон хоол
хүнсээ базаахаар яваа нь энэ ажээ.

 

“САНДЭЙ”-Н ИХЭНХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ОЮУТНУУД БАЙВ

“Нарантуул” худалдааны төвөөс гаруутаа ойролцоох “Сандэй” худалдааны
төвийг зорилоо. Үүдээр ормогц давчуухан агаар, чихцэлдсэн хүмүүс угтав. Энд харин
“Нарантуул” худалдааны төвийг бодвол жаахан хүүхэд дагуулсан хүн цөөн байлаа. Голдуу
их сургуулийн оюутнууд болов уу гэмээр залуус эсвэл бүр нялх хүүхдээ тэвэрсэн ээж,
аавууд олон байв. Задгай захыг бодвол арай тухтайг бодолцон ийн нялх үрсээ авч гарсан
бололтой. Тус дэлгүүрийн нэгдүгээр давхар төдийлөн хүнгүй, харин дээшлэх тусам хүн
нь олширч байлаа. Тус худалдааны төвд хичээлийн хэрэгслийн худалдаа тун цөөн юм.
Харин бэлэн хувцас, цүнх, гутлын давхрууд ачаалал ихтэй байна лээ.

Өнөө жил ХААИС-ийн нэгдүгээр курст элссэн О.Очгэрэл охин “Захыг бодвол
арай гайгүй бараатай” гэж эгч нь хэлсэн тул “Сандэй”-г сонгожээ. Тэрээр сургалтын
төлбөр болох 1.200.000 мянган төгрөгөөс гадна хувцас, хичээлийн хэрэгсэл авах гэж
500 мянган төгрөгтэй Говь-Алтай аймгаас ирсэн гэнэ. Шинэ оюутан болж, нийслэлийнхэнтэй
“хөл нийлүүлэх” болсон тул чамгүй олон хувцас шинээр авч байгаа гэнэ. Тиймээс мөнгө
нь жаахан хүрэлцээ муутай байгаа гэж учирлаж байсан юм.

Т.ГЭРЭЛМАА

О.АНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ төвхнүүлэхээр ирсэн хөдөөх ээж

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас оюутан болон ирж байгаа оюутнуудын эцэг эхчүүдээс өдрийн зочноор урилаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын оршин суугч Б.Алтантуяатай МУИС-д элсч буй охиноо сургуульд нь бүртгүүлэх, орон байр олж төвхнүүлэхээр нутгаасаа ирээд байхад нь уулзсан юм. 

Тэрбээр охинтойгоо өнгөрсөн мягмар гаригт хотод иржээ. Сургууль соёлд нь бүртгүүлэх гэж гурван өдөр зарцуулсан гэнэ. “МУИС энэ жил нэмэлт элсэлтээ их сайхан шударга явууллаа” хэмээн яриагаа эхэллээ. Мөн охиноо дотуур байранд оруулах талаар бодохын ч хэрэггүй нөхцөл энд угтжээ. “Хүүхэд дотуур байранд орно гэдэг маш хэцүү болсон юм байна. Байр нь хүртээмжгүйгээс гадна төлбөр нь өндөр юм. Жилийн төлбөр 400 мянгаас 450 мянган төгрөг гэж байна” хэмээв. Тиймээс сургуульд нь ойр орон сууц хөлслөхөөр шийджээ. Хоёр өрөө орон сууц сарын 800 мянган төгрөг байна гэж сонсчээ. Нэг өрөө орон сууцны түрээс чухам хэд байгааг сайн мэдэхгүй байгаа ч ямар ч гэсэн дөрөв таван зууд олдох биз, түрээслэхээс өөр аргагүй гэсэн бодолтой яваа гэнэ. Өнгөрсөн жил нэг хүү нь сургууль төгсч, нийслэлийн нэгэн сургуульд багшлахаар ажилд орсон тул энэ жил сууц түрээслээд охин, хүү хоёроо нэг дор төвхнүүлэхээр шийдсэн байна. Сургуулийнх нь жилийн төлбөрийг мөн тодорхой мэдэхгүй яваа ажээ. “Сургалтын төлбөрийг кредит цагаараа тооцдог гэнэ. Эхлээд суралцах хичээлээ сонгох юм байна, сонголтоо хийчихээд хэдэн цагийн хичээлд суух, төлбөрийн хэмжээ зэрэг мэдээллийг сургуулийнхаа вэб хуудаснаас олж мэдэх юм байна. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль нь нэг сая 960 мянган төгрөг гэж байна лээ. Манай охины элсч байгаа Байгалийн ухааных нь төлбөр хэд юм мэдэхгүй” гэж байв. Байгалийн ухааны сургуульд нь ороод багш, инженер гэх мэт чиглэлээр мэргэжил эзэмших байх гэсэн бодолтой байгаа юм байна. Эднийх зургаан хүүхэдтэй, энэ намар оюутны амьдралд хөл тавьж буй охин нь тав дахь хүүхэд нь гэнэ. Нөхөр нь насаараа тээврийн байгууллагад ажиллаж, 39 жил  хот хоорондын тээвэр хийсэн, одоо хувийн байгууллагад жолооч хийдэг юм байна. Тээврийн салбарт ажиллагсад ажилласан жилээсээ үл хамааран заавал 60 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгодог учир тэтгэврийн насаа хүлээх зуураа хувийн компанид машин барьж буй гэнэ. Тэрбээр “Хувийн байгууллага хэцүү. Цалин авахтай үгүйтэй юм. Би өөрөө ногоо тарьдаг. Манайх ер нь ногоогоороо л амьдарч ирсэн” гэв. Өмнө нь хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг ногоогоо зараад олчихдог байсан бол энэ жил ногооны үнэ ихээр унасан тул амаргүй сорилттой тулгарч байгаа гэнэ. Эднийх таван га газартай, тэндээ байцаа, төмс, манжин, шийгуа, мөн чацаргана тарьдаг, ургацаа хураагаад Дархан-Уул аймгийн төвд аваачиж бөөний үнээр худалддаг юм байна. Саяхны хэдэн өдөр байцаагаа хурааж эхэлжээ. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг босгохоор нэлээд хэмжээний байцаа хурааж Дархан орсон боловч худалдаачид нэг килограмм байцааг 210 төгрөгөөр авч байгаа нь ээж, охин хоёрт багагүй цохилт болжээ. “Гучин долоон килограммаар савласан нэг шуудай байцааг ердөө 8000 төгрөгөөр авч байна, килограммд хуваагаад бодохоор нэг кило нь ердөө 210 төгрөг болж байна. Ингээд хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд маш хүнд болчихлоо” хэмээн энэ ээж ихэд гонсгор байлаа. Ногоочин эгчийн бүтэн жилийн хөдөлмөр үр шимээ өгөх хараахан болоогүй байгаа болохоор шинэхэн оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд нэг сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээл авч байгаа гэнэ. Гэхдээ банкнаас биш, хувь хүмүүсээс. “Банк, санхүү нь бидэнд одоо зээл өгөхгүй шүү дээ. Хурааж авах ногоогоо барьцаалж байж хувь хүмүүсээс хугацаа давчуу, хүү өндөр зээл авахаас аргагүйд хүрч байна. Өөрөөр яах билээ” гэж энэ ээж ярьсан юм. “Энэ намар таван тонн байцаа хурааж авна, үгүй юм гэхэд наад зах нь дөрвөн тонныг хурааж авна гэж төлөвлөөд, түүгээрээ оюутан охиныхоо сургалтын төлбөрийг хийнэ гэж бодож байсан юм. Бодсон төлөвлөсөн минь одоо өнгөрлөө л дөө” гэж байв. Нэг килограмм байцааг 800 төгрөгөөр худалдана гэж тооцож байжээ. Өнгөрсөн жилийн ханшаар тэгж тооцоолсон гэнэ. Гэвч жилийн өмнө бөөний үнэ нь 800 төгрөг байсан ханш өнөөдөр 210 төгрөг болтлоо унасан аж. “Юмны үнэ өссөөр байхад ногооны үнэ эсрэгээрээ, унаж байна. Хятадын ногоо түрж орж ирээд манай үнийг унагаж байна. Дарханы зах дээр нэг килограмм нь 300, 500 төгрөг гээд байгаа байцаа бүгд Хятадаас оруулж ирсэн байцаа. Бидний  тарьсан байцааны дэргэд үнэхээр муу. Даанч хүмүүс тэрийг нь мэдэхгүй авах л юм даа. Хүний сонголт юм чинь, яах вэ дээ” гэж энэ эмэгтэй ярьсан. Нийслэлд ногооны үнэ өндөр байлаа ч тээврийн зардал өндөр тул Сэлэнгэ аймгаас энд авчирч худалдаалах боломжгүй гэнэ. Эднийх байцаа, манжин, шийгуагаас гадна хоёр га газарт төмс, мөн өргөст хэмх ч тарьсан байна. Төмсөө хураах цаг болоогүй, Есдүгээр сарын хорьдоор хурааж авдаг гэнэ. Чийглэг, сэрүүвтэр нутаг учир төмсний болц оройтдог гэж тайлбарлав. “Өдийд ногоо зарагддаггүй. Тийм учраас талбай дахь ногоогоо барьцаалж хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлчихдөг, удалгүй зээлээ ч төлчихдөг юм. Ногоочдын амьдрал үнэхээр хэцүү байна” гэж Б.Алтантуяа гуай ярилаа. “Ирэх хавар хүртэл байр түрээслэхэд наад зах нь гурван сая зургаан зуун мянган төгрөг, дээр нь сургуулийн төлбөрийг нь хоёр саяар бодоход зургаан сая төгрөг болж байна” гэсэн тооцоо бодож яваа хөдөөх энэ ээж нэгдүгээр дамжаанд элсэн орж буй оюутан охиноо нийслэлд төвхнүүлэх ажлаа төвөг чирэгдэл багатайхан амжуулаад, гэртээ сэтгэл өег хариасай даа.

Н.ПАГМА                

Categories
мэдээ цаг-үе

З.Баасандорж: Манай компани бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгөө авч чадахгүй дампуурахдаа тулаад байна

Зураг дээр
баруун гар талаас гурав дахь нь З.Баасандорж. “Шинэ төмөр зам” төслийн нээлтийн
үеэр

-Танай
компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн мөртлөө санхүүжилтээ авч чадаагүй гэсэн.
Яг ямар үйл явдал болсон юм бэ?

-Манай компани зуун хувь үндэсний хөрөнгө оруулалттай Монголын анхны
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Үндсэн болон салбар төмөр зам шинээр барих, засвар
арчлалт хийх, төмөр замын доод бүтэц угсрах, хоолой угсрах чиглэлээр ажилладаг юм.
Бүтээн байгуулалтад оролцож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ч өнөө хэр санхүүжилтээ
авч чадсангүй. Санхүүгийн хувьд шалдаа буучихаад аргагүйдсэндээ төрийнхөө тэргүүн,
Ерөнхий сайд болон салбарын сайддаа хэвлэлээр хандсан юм.

-Яг
ямар ажил гүйцэтгээд ийм хэцүү байдалд орчихов?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Төмөр замын талаар төрөөс баримтлах
бодлого батлагдсан юм. Энэ бодлогын баримт бичгийн эхний үе шатны ажлын хүрээнд
2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай
нэг гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан
чиглэлийн 50 км туршилтын хөрс хуулалтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

-Улсаас
хичнээн хэмжээний мөнгө авах ёстой вэ, ямар ч санхүүжилт хийгдээгүй хэрэг үү?

-Энэ ажлын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийх ёстой юм. Манай компанийн
хувьд нийтдээ 4.8 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг авч
чадаагүй сууж байна. Гэрээ ёсоор ажлын хөлс нь дөрвөн тэрбум найман зуун дөчин есөн
сая хоёр зуун наян есөн мянга есөн зуун хорин долоон  төгрөг болсон юм. Уг нь гучин хувийн урьдчилгаа
төлбөр төлөхөөр тогтсон л доо. Гэсэн ч бид ажлаа хийж дууссан мөртлөө өнөөг хүртэл
нэг ч төгрөг аваагүй л байна. Ийм шалтгаанаар компанийн санхүү маш хүнд байдалд
ороод байна.

-Засгийн
газарт хандаж үзсэн үү, мэдсэн хэрнээ засгаас хүртэл арга хэмжээ авахгүй байгаа
юм уу?

-Засгийн газраас энэ мөнгийг олгох талаар удаа дараа тогтоол гарсан
ч харамсалтай нь манай компани 2011 онд гүйцэтгэсэн ажлын хөлсөө өнөөг хүртэл аваагүй.
Аваагүйгээс болж үүдсэн хохирол зургаан тэрбум гаруй төгрөг болчихсон. Ингээд ч
зогсохгүй  шүүхийн өчнөөн шийдвэр ширээн дээр
минь овоолоостой байна. Миний хувьд байдал тун хэцүү байна. Эрүүгийн гэмт хэрэгтэн
болохдоо тулж, цагдаа, хуулийн байгууллагад байнга дуудагдаад хэцүүхэн байдалд амьдарч
явна. Улсынхаа бүтээн байгуулалтад оролцчихоод ийм байдалд орсондоо эмзэглэхгүй
байж чадахгүй нь.

-Бүхэл
бүтэн  улс байж гурван жилийн өмнө хийлгэсэн
ажлынхаа хөлсийг төлж чадахгүй бизнес эрхлэгчээ хохироосон гэхээр санаанд нэг л
багтахгүй юм. Танай компани яагаад тухайн үед асуудлаа гаргаж тавиагүй юм бэ?

-Би сая хэлсэн дээ. Өмнө нь Засгийн газраас энэ мөнгийг олгоё гэсэн
шийдвэр удаа дараа гарсан гэж. Одоо миний гарт Ерөнхий сайд С.Батболдын үеийн
2011 оны 266 дугаар тогтоол, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны
нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолууд байна. Сүүлд гаргасан тогтоолоор
бол манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохыг Хөгжлийн банкны
Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасан. Жагсаалтад нь манай компанийн
хийсэн ажил, гэрээний дугаар, мөнгөн дүнгийнхээ хамт туссан байгаа. Бид Зам тээврийн
яам, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид хандан санхүүжилтээ удаа дараа хүссэн
ч шийдэж өгөөгүй л байна.

-Ямар
шалтгаан хэлж байх юм?

-Хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаан хэлдэг.
Удахгүй шийдэгдэнэ гэсээр байгаад өнөөдрийг хүрчихээд байна. Төрийн байгууллагуудын
бие бие рүүгээ чихсэн ийм байдлаас болж бид хэцүү  байдалд орчихлоо. Хөгжлийн банкнаас төмөр замын
бүтээн байгуулалтад зориулан 2013 оныг хүртэл санхүүжилт олгохгүй байсан тухай хэвлэлээр
мэдээлэл авч байсан л даа. Гэхдээ 2013 оноос удаа дараа олон зуун сая доллар шийдэгдсэн.
Гэсэн хэдий ч  бидний асуудал шийдэгдсэнгүй.

-Хөгжлийн
банкны зүгээс танай компанид  ямар хариу өгсөн
бэ?

-Манай компани дөнгөж сар гаруйн өмнө Хөгжлийн банкинд санхүүжилт
хүссэн албан бичиг дахин өгсөн боловч “Зам тээврийн яам, Монголын төмөр зам компаниас
ажил хүлээн авч санхүүжилт олгох тухай хүсэлтийг  өнөөг хүртэл ирүүлээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.
Гэтэл миний өмнө 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар бүхий
“санхүүжилт шийдвэрлүүлэх тухай” албан тоот байна.  Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга
Б.Батзаяагаас Хөгжлийн банкны захирал Ким Жанг Жинд явуулсан албан бичиг.

-Таны
яриаг сонсохоор хууль номоороо шийдэгдчих л асуудал шиг байх юм?

-Өөрсдөө ч гайхшаа бараад байна. Мөнгийг нь авчихсан хэрнээ улсын
ажлыг  хийгээгүй компаниудын тухай өчнөөн
мэдээлэл хөврөх юм. Гэтэл манай компани хийсэн ажлынхаа төлөө ялд унах гэж  байна. Төр засагтаа үнэхээр гомдож  харамсаж байна. Бид уг нь улс орныхоо томоохон
бүтээн байгуулалтад оролцох нь, улсынхаа түүхийг бичилцэх нь гэж олзуурхаж  урам зоригоор дүүрэн ажилласаар гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлсэн. Энэ ажлаас өмнө бид нүүр бардам, хангалттай түвшинд ажиллаж байлаа.

-Төмөр
замынхаа чиглэлээр үү?

-Тэгэхээр барах уу. Манайх энэ чиглэлийн мэргэжлийн анхдагч үндэсний
компани.  “Петровис”, “Эрдэнэт үйлдвэр”,
“Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Таван богд трейд”, “Номин холдинг” ХХК-иудын төмөр
замыг барьж, засвар арчлалтыг нь хийж байсан юм. Компанийн үйл ажиллагаатай яамныхнаас
гадна Монголын төмөр зам төрийн өмчит компанийн нөхөд танилцаад “Монголд бас ингэж
төмөр зам тавьдаг компани байдаг юм уу” гэж гайхаж байсан юм. Манай компанийн ажилтай
танилцсаны дараа  бидэнд  бүтээн байгуулалтад орж ажиллаач гэсэн санал тавьсан.
Түүнээс бид хэн нэгэн улс төрчийн, шийдвэр гаргагчийн халаасны компани биш. Үүнийг
би бүр цохож хэлж байна.

-Төмөр
замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон компаниудыг тухайн үед сайд хийж байсан
Х.Баттулгын нэртэй холбож хардсан мэдээллүүд гарч байсныг санаж байна?

-Тухайн үеийн сайд бүү хэл өнөөгийн сайд дарга нар нь ч бидний асуудалд
анхаарал хандуулахаа больчихоод байна. Монголын төр үндэсний компаниудаа бүх талын
бодлогоор дэмжинэ гэсэн сайхан уриа лоозон их гаргах юм. Учиргүй дэмждэггүй юм гэхэд
усан балчигт унагачихаад битгий орхиоч гэж төр засагтаа аврал эрэн хандаж байна
даа.

-Аврал
биш хариуцлага нэхэх ёстой юм биш үү?

-Тийм ээ, Монголын төрөөс аврал, хариуцлага аль алиныг нь асууж байна.
Бид энэ ажлаас өмнө хангалттай түвшинд ажиллаж байсан. Зүгээр ч нэг компани биш,
сайн компаниудын нэг байсан гэж бодохоор яах аргагүй хариуцлага нэхэх учиртай л
даа. 

-“Вагнер
Ази”-аас лизингээр авсан техник тоног төхөөрөмжөө, урьдчилгаанд өгсөн тэрбум шахам
төгрөгөөрөө бас хохирсон гэл үү?

-Яригдаж буй ажлын гэрээгээ хийнгүүтээ бид тэрбум шахам төгрөг төлж,
“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас хоёр тэрбум гаруй төгрөгийн цөөнгүй тооны тоног
төхөөрөмж лизингээр авсан юм. Гэтэл хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүйгээс
болж урьдчилгаанд өгсөн мөнгөө ч, тоног төхөөрөмжөө ч алдахад хүрсэн. За тэгээд
энэ ажлын ард богино хугацаанд гарахын тулд санхүүгийн болоод шатах тослох материалын
гэх мэт нилээд зээл авсны хохирол зургаан тэрбум гаруй төгрөг болж байна. Эцэст
нь өөрөө хууль, цагдаагийн байгууллагын үүд сахихад хүрээд байна даа. Төр засаг
үндэсний компанидаа ингэж төмөр нүүр гаргаж буйн хариуцлагыг хэн үүрэх ёстой юм
бэ гэж асуумаар байна. Энэ ажлын хөлсний цаана олон арван техник, түрээс, харилцагч
компаниуд болоод олон зуун ажилчид, ар гэрийнхэн нь хохироод явж байна.

-Та
Ерөнхий сайдад хэвлэлээр дамжуулан ил захидал хүргэсэн. Манай сониноор дамжуулж
ямар үг даймаар байна?

-Төрөөс үндэсний компаниудаа дэмжинэ гэж ярьж хэлж, лоозогнодог.
Тэгвэл төрийн байгууллагуудын бие бие рүүгээ 
асуудлыг чихсэн явдлаас болж бүхэн бүтэн нэг компани сүйрэх дээрээ тулаад
байна. Монгол Улсын Ерөнхий сайд та энэ асуудалд онцгой анхаарал хандуулан шийдвэрлэж
өгөөч. Ерөнхий сайдаас  хичээнгүйлэн хүсэх
зүйл гэвэл энэ л байна.

 Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн хорин жилд хүүхдэд зориулсан ганц бүтээн байгуулалт Ажиа гэгээний эмнэлэг байлаа

Нэр төр, хүнлэг нигүүл­сэн­гүй сэтгэл, итгэл бишрэлийн хүчээр ямар
том бүтээн бай­гуу­лалтын ажил хийж бол­дгийг Ажиа гэгээнтэн харууллаа. Ажиа гэгээний
эмнэлэг хэмээн хүмүүс хэлж заншаад буй зургаан давхар  хүүхдийн эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хашаанд үүдээ нээлээ.
Түүнээс гадна сургалт, хурлын гэх тодотголтой гурван давхар байшин мөн боссон байлаа.
Сүүлийн хорин жилд монголчууд хүүхдэд зориулсан ийм том бүтээн босголтын ажлыг хараагүй
билээ.  Эмнэлгийн нээлтэд Ажиа гэгээн өөрийн
биеэр залрав. Ажиа гэгээн ирсэн болохоор Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц,
Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нараас авахуулаад Монголын  том сүм хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Зөвхөн энэ эмнэлгийн нээлтэд оролцохоор Япон, Тайвань, Хятадаас хандив өргөсөн хүмүүс
ирсэн байсныг яана.  Эмнэлгийн Нээлтийн ёслолд
УИХ-ын дарга З.Энхболд оролцож, нээлтийн үг хэлж, Ажиа гэгээнд дурсгалын зүйл гардуулсан
юм. 

УИХ-ын дарга хэлэхдээ “2011 онд “Энэрэл нигүү­сэл оюун билгийн төв”
ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн гуай мон­гол­чуудынхаа эрүүл мэндэд буян
болох санаачилга гаргаж, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан
Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэг барих болсон билээ.

Гурван сая гаруй ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж, энэ сайхан эмнэлгийг
барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажиа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн
буянтай үйлс билээ.

Ажиа гэгээнтний энэхүү буянтай үйлсийг УИХ-ын гишүүд дэмжиж, барилгын
дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг төсвөөс баталж өгсөн юм. Мөн Ерөнхий сай­дын
санаачилгаар, Монгол Улсын Засгийн газрын хөрөн­гө оруулалтаар хамгийн сүү­лийн
үеийн “Siemens” брэн­дийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг
байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр Компьютер томографийн тоног
төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл
мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, ард түмэн мартахгүй”
гэж онцлов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар мөн ирсэн
байна лээ. Ажиа гэгээнд өөрийн биеэр хандив гар­дуулж, зургаа хамт авахуу­ла­хыг
хүссэн хүмүүс ч байлаа.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий  захирал
Ш.Энхтөр нээлтийн үеэр “Энэхүү барилга  үйлч­лүү­лэгчийн
хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Тав тухтай орчин бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг
хангасан. Хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн системтэй  баригдсан юм. Давхар бүрт хүлээлгийн өрөө, уулзалтын
өрөөнүүдээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулсан бүх л нөхцөл хангасан.   ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн гаднах зам талбай, машины
зогсоолыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн
хамт олон тохижуулж өгсөн. Эмнэлгийн ачаалал ихдэж, нэг өвчтөнд ногдох талбайн хэмжээ
багас­сан үед энэхүү барилга богино хугацаанд баригдсан нь манай эрүүл мэндийн салбарт
үлэмж ач холбогдолтой  үйл явдал боллоо. Эзэн
хүний ёсоор хайр гамтай хандана” гэж амлав.

Ажиа гэгээнд хэлж ярих юм зөндөө байлаа. Тэрээр “Гурван жилийн хугацаанд
буяны ажил үйлийг сайхан бүтээгээд, өнөөдөр сайхан эмнэлэг боссонд би их баяртай
байна. 2011 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Эх нялхсын төвд хүүхдийн хавдрын асуудал
хэцүү байна. Та  энд нэмэр болбол их сайн
байна. Энд гурван давхар байшин бариад өгвөл хоёр давхрыг нь эмнэлэгт бэлэглээд,
нэг давхарт нь та буяны ажил явуул гэсэн юм. 2012 оноос эхлээд энэ барилгыг эхэлсэн
дээ. Судалгаа хийж үзэхэд Монголын хүүхдийн хавдрын өвчлөл их байсан. Гурван давхар
биш зургаан давхар байшин барихаар болоод ажлаа эхэлсэн юм. Гурван жилийн дараа
зургаан давхар, суурьтайгаа долоон давхар болоод нэг байшин барих гэж байснаа хоёр
байшин сайхан бүтлээ” гэлээ. Ажиа гэгээн Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл
байх ёстой гэж онцлоод гадаадад сурч төгссөн сайн эмч нар Монголдоо ажиллаасай гэж
хүсдэгээ илэрхийлсэн.    Гурван давхар бөмбөгөр
оройтой байшинг гадаадаас ирсэн зочин эмч нар амьдарч болохоор тохижуулжээ. Мөн  ээж, аав нар өвчтэй хүүхдийнхээ төлөө залбирч
бясалгал хийх боломжтой  Манал бурханы өрөөг
бий болгосон гэнэ. “Бурхан бүтээх, суварга босговол их буян гэж би өөрөө итгэдэг
юм. Сургууль босгоод, эмнэлэг барих бас адилхан буян гэж боддог. Тайванийн найз
нар, Сингапурийн шавь нар, хятад, япон, америк олон шавь, найз нар мөнгө хандив
оруулсан” гэж Ажиа гэгээн ярьсан юм. Цаашид ч хандив хэрэгтэй гэдгийг тэр илэн далангүй
хэлж байна. “Зуун мянган төгрөгийн хандив өргөхөд Сүмбэр уултай адилтгаж, нэг төгрөгийн
хандив өргөсөн ч Сүн далайд дусал буяны сан боллоо гэж ерөөж байгаа” гэнэ. “Мөнгө
өгсөн хүмүүст баярлаж байгаа. Мөнгө өгнө гэчихээд өгөөгүй хүмүүс хурдан өгөөрэй”
гэж Ажиа гэгээн айлдахад цугласан хүмүүс инээцгээж байв. Том компаниуд, үйлдвэр
аж ахуйн газрынхан  нэг өдрийн цалингаа буяны
үйлст хандивлахыг Ажиа гэгээн уриалж байна лээ. Дахин хандив цуглавал юунд зарцуулах
талаар Ажиа гэгээнээс тодруулав.   

-Энэ байранд бие засдаг газар, телевиз, тоног төхөөрөмж бүгд байгаа.  Мөн бид компьютер, MRI оруу­лах гэж байгаа. Нэг
MRI сая доллар байгаа даа. Тэгвэл их мөнгө хэрэгтэй. Бас хан­див цуглуулж байж дутуу
үлд­сэн ажлуудаа сайхан дуусгаад, сүүлд буяны ажил их явуулахыг бодож байгаа. Яваандаа
бид  хөдөөгүүр явж  эмчлэх хөтөлбөр бодож байгаа гэж Ажиа гэгээн ярилаа.

Хүүхдийн хавдрын тасагт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ  ч үзүүлэх аж. Хүнд өвчтэй хүүхэд гэрийнхэнтэйгээ
байхыг бодолцож гал тогооны өрөө ч  бэлтгэсэн
гэнэ.

Шинэхэн зургаан давхар эмнэлэг хэзээ хүүхдүүдээ хүлээж авах талаар
Ш.Энхтөр захирлаас асуулаа. 

-Энэ долоо хоногт дутуу ажлуудаа хийж гүйцээчихнэ. Бүх тавилга, тоног
төхөөрөм­жүүдээ оруулна. Хуучин эмнэ­лэгт байсан зарим тасгууд ийшээ орж ирэх юм.
Нярайн тасаг, зарим өндөр технологи шаардсан мэс заслууд энд хийгдэнэ. Цусны эмгэг
хавдар судлалын тасгийн өвчтөнүүд ийшээ орно. Одоо бид хүзүүвч бариад эхэлсэн. Есдүгээр
сарын 18-нд хүлээлгэж өгөх ёстой. Өргөтгөлөө үндсэн эмнэлэгтэйгээ холбож байж, хүзүүвчээрээ
өвчтөнүүдээ зөөнө. Бас мэргэжлийн хяналт энэ тэрээс зөвшөөрөл авна шүү дээ.

Манай Цусны эмгэг, хавдар судлалын тасгаар жилд 800-900 хүүхэд эмчлүүлдэг
юм. Одоо 50 ортой болсон. Хуучин 23 ортой байлаа. Дээрээс нь 2016 оны нэгдүгээр
сарын 1-нээс эхлээд бүх төрлийн хавдартай хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төвөөс
манай эмнэлэг шилжүүлж авах юм. Хавдартай хүүхдүүдийг хүүхдийн эмнэлэгт эмчилдэг
дэлхийн тогтолцоо руу орж байгаа юм. Ямар ч байсан байртай болчихлоо. Эм тариаг
төсвөөс хангадаг болсон. Лабораторийн иж бүрэн шинэчлэл хийчихсэн. Маш олон эмч
сургасан даа.

-Эмч
хүрэлцээтэй юу?

-Нарийн мэргэжлийн эмч нарыг нэмж сургах шаард­лагатай. Нөөц мэргэжилтэн
байх ёстой. Тэр утгаараа бид зөндөө сургасан.

-Эмнэлгийн
хүчин чадал хэр нэмэгдэв?

-Шинэ эмнэлэг 75 ортой. Гамшгийн үед 200 ортой эмнэлэг болгон дэлгэх
хангалт­тай нөөц талбайтай. Нярайн сэхээн амьдруулах тасаг 25 ортой. Өмнө нь мэс
заслын өвчтэй нярай, дотрын өвчтэй нярай холилддог байсан. Мэс засалд орсон хүүхэд
нь ханиадтай хүүхдээс халдвар аваад хүндрэх тохиолдол ч гарна. Одоо бид тусад нь
байлгах өрөөтэй болсон учраас нярайн аюулгүй бай­далд чухал алхам боллоо. Сэхээнд
байнга арван орон дээр 20 орчим хүүхэд байдаг бол одоо 25 ортой, хангалттай нөөц
талбайтай гэсэн үг. 

-Ангиографийн
аппарат­тай болсон болохоор урьд нь хийж байгаагүй ямар шинэ үйлчилгээ үзүүлэх вэ?

-Зүрхний хагалгаа хоёр янз байдаг. Нэг нь цээжийг нь нээж байгаад
хагалгаа хийдэг.  Нөгөө дэх нь судсаар гуурс
оруулаад, төрөлхийн  хөгжлийн гажиг таславч
хоорондын цоорхойг тусгай бодисоор бөглөдөг хагалгааг Монголд хийх юм. Урьд нь энэ
хагалгааг гадагшаа явж хийлгэдэг байсан. Нэг хүүхдийн эмчилгээний өртөг 100 орчим
сая төгрөг байдаг. Одоо Монголдоо үнэгүй хийх юм. Есдүгээр сард энэ хагалгааг гурваас
дөрвөн хүүхдэд хийнэ. Одоо бид Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван
сая ам.доллартай тэнцэх тоног төхөөрөмжийн захиалга өгсөн. Дараа жилийн дөрөвдүгээр
сар гэхэд суурилагдаад дуусна. Дандаа сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хагалгааны
өрөөний тоног төхөөрөмжүүд л дээ. Дутагдаад байдаг амьс­галын аппаратууд орж ирнэ.
Рентген аппарат гэхэд ерээд оны аппарат байгаа, түүнийгээ шинэчилнэ. Бид тоног төхөөрөмжийн
илүүдлээ анх удаа хөдөө орон нутгийн эмнэлэг бусад газарт шилжүү­лэх боломжтой болох
нь. Нэг хэсэг өндөр хөгжсөн орнуудаас дандаа хуучин тоног төхөөрөмж гуйлгаар авдаг
байсан. Одоо бусад эмнэлгүүддээ өгөх цаг ойрхон байна гэж ЭХЭМҮТ-ийн захирал ярилаа.

Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч 
Д.Малчинхүү Эх нялхсын эрдэм шин­жилгээний төвийн нүсэр том барилга үүдээ
нээж байх үеийн гэрч. 50 шахам жил  хүүхэд
чагнаж буй тэрбээр “Ажиа гэгээн санаачилж, олон түмний буянаар бүтсэн энэ сайхан
эмнэлэг Монголын ард түмэнд олдож байгаа их аз завшаан” гэлээ.  “Өнөөдөр 
хүүхдийг анагаах салбарт шинэ хуудас нээгдэж байна.  Цаашдаа сургалт эрдэм шинжилгээ цогцоороо хөгжих
боломжтой. Орчин үеийн дэлхийн шилдэг технологиуд нэвтэрч байна. Хүмүүсээ сайн бэлтгэвэл
дэлхийд өрсөлдөх ирээдүй байна” гэж өвгөн эмч бахархаж байна лээ.

 Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ардчилсан намаас сонгогдсон сайд иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг эмгэнэл

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Салбарынхаа дотоодод болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг олон нийтэд дэлгэж,  “Шүгэл үлээгч” болсон танай дүү Ц.Батыг 100 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Төрийн эрх барьж байгаа А.Гансүх сайдын иргэнтэйгээ ингэж сөргөлдөж буй үйл явдлыг хүмүүс янз бүрээр харж, тайлбарлаж байна. Хүний эрхийн төлөө байнга дуугардаг таны хувьд үйл явдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Миний хувьд олон нийтэд хандах үйл явдал юунаас эхэлсэн бэ гэхээр манай дүүг хорихоос эхэлсэн. Хорих хүртлээ олон сар хууль зүйн процесс явагдсан. Тэр бүх үйл явдалд би оролцоо ч үгүй, дуугараа ч үгүй. Тухайн үед манай дүүг ажлаас нь халж, цалинг нь бууруулж, эдийн засгийн шийтгэлүүдийг авч л байсан. Би мөн л дуугараагүй. Жирийн нэгэн иргэн хүн эрх мэдэлтнийг эрх мэдлээ яаж ашиглаж байгаа талаар нь санал бодол, хардлага сэрдлэгээ бичсэнийхээ төлөө эдийн засаг болоод ажил албаараа хохирлоо. Одоо эрх чөлөөгөөрөө хохирчихоод байна. Энэ бүх цуврал үйл явдал болсны дараа би дуугарлаа. Эрх мэдэлтнийг шүүмжилснийхээ төлөө манай дүү шоронд хоригдох ёсгүй. Нэр төрийн асуудал байдаг юм бол яамны, сайдын, төрийн нэр төр биш, энэ бол зөвхөн хувь хүний нэр төр байхгүй юу. 

Хэрвээ  хувь хүн хувь хүнийхээ нэр төрд хохиролтой байгаа бол иргэний шугамаар шүүхэд хандах ёстой байсан. Тод жишээ гэвэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нар хоорондоо эцэс төгсгөлгүй заргалддаг байлаа шүү дээ. Бие биеийнхээ нэр төрийг гутааж, гүтгэцгээсэн.  Эцсийн шийтгэл нь ялагдсан Ц.Нямдорж нь ялсан Х.Баттулгаас уучлал гуй гэдэг шийдвэр гарсан. Нэг ч төгрөг нэхээгүй, тэр хүнийг нэг ч хоног шоронд хорь гээгүй. Тэрэнтэй адил Ц.Бат, А.Гансүх гэдэг хоёр хүний хоорондох асуудлыг ийм жишгээр шийдэх  байсан. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн ял оноолгож, асуудлыг хүндрүүллээ. Энэ бол эрх барьж байгаа улстөрч хүний хувьд зохимжгүй зүйл гэж дүгнэж байна. 

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд таны дүү Ц.Бат А.Гансүх сайдыг 5700 гаруй удаа твиттерээр дайрч доромжилсон гэсэн. Энэ хугацаанд А.Гансүх нэг л удаа хариу өгсөн нь “Намайг шалгуулж болно” гэсэн тухайгаа телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Түүнийг шалгуулж болоогүй юм уу?

-Ер нь эрх барьж байгаа хүнийг хашиж байгаа албан тушаалтай нь холбогдуулаад тав шүүмжилнэ үү, 5000 шүүмжилсэн ч бай тэр бүгдэд няцаалт өгөх ёстой байсан юм. Телевизээр өчигдөр (уржигдар) гарсан шиг. Гэтэл хоёр жилийн хугацаанд тэр хүнд тайлбар хийх, няцаалт хийх боломж байсан. Энэ асуудалд дуугүй явж байгаад гэнэт хүнийг шоронд хийдэг нь буруу. Харин ч олон удаа дуугарах ёстой байсан. А.Гансүх сайд тэр болгонд ингээд няцаалт өгөөд яваад байсан бол гомдох ч үгүй. Хэрэв гомдлоо гэхэд хүний эрх чөлөөг хасдаг харгис хүн болж хувирахгүй байсан юм. Зүгээр энэрэнгүй сайхан няцаалт, тайлбараа хийчихдэг цагаан цайлган тийм л улстөрч болох ёстой. Гэтэл гомдож бөглөрч явж явж байгаад гэнэт хүнийг шоронд хийчихэж байгаа нь буруу байхгүй юу. А.Гансүх бол ярих хэмжээндээ ярьсангүй, тайлбарлах хэмжээндээ тайлбарласангүй. Өөрийг нь шүүмжлэх эрхтэй иргэн хүнийг энгийн үгээр няцаахын оронд эрүүдэн шүүж, түүнд гомдох хэрэггүй. Тэрбээр улстөрч хүний гаргадаг хэвийн зангаас илүү зуумтгай, илүү ардчилалд хортой авир гаргасан нь дараа хохирол авчирна. Өнөөдөр Ц.Бат гэдэг хүн хохирч байна. Дараа нь түүний араас олон Бат явуулахгүйн тулд зогсоох ёстой. Зогсоож байгаа нь энэ гээд би болон Ц.Бат А.Гансүхийг цагдаад өгөхгүй. 

-Тэгээд яаж зогсоох ёстой юм бэ?

-Бид хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Өнөөдрийн байгаа хууль эрх зүйн орчин, түүнд байгаа эрүүгийн замаар явах гарцыг сонгон авч тэрүүгээр үйлчлүүлж байна. Энэ нь өнөөгийн хууль эрх зүйн гарцанд иргэнийг эрх мэдэлтэн яаж ч болох гаргалгаа байсаар байгаагийн илрэл. Тиймээс үүнийг хаахын тулд эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Та байгууллага аж ахуй, салбарын доторх “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хуулийн төсөл санаачилсан гэл үү. Ямар хууль болж төрөх вэ?

-Байгууллага аж ахуйн нэгж салбарын доторх шүүмжлэгч мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Хамтран өргөн барих гишүүдтэйгээ уулзаж танилцуулах хэмжээнд 20-иод хоногийн дараа гарч бэлэн болно. Үүний дараа хамтарч өргөн барих гишүүдийнхээ хүрээнд танилцуулаад, хуулийнхаа анхны гар бичмэлийг шүүмжлүүлээд саналыг нь аваад олон нийтээр хэлэлцүүлье гэж бодож байна. Тэгсний дараа УИХ-д өргөн барья гэж бодож байгаа.

-Энэ хуулийг санаачлахад мэдээж, таны түүнд тохиолдсон явдал нөлөөлсөн байх?

-Мэдээллийн эх сурвалж гэдэг бол зөвхөн твиттерт юмуу зөвхөн сонинд ч бичих албагүй. Хуулийн байгууллагад ч мэдээлэл гаргаж өгсөн байж болно. Эсвэл хэрэг дээр очоод байцаагдсан ч хүн байж болно. Ямар нэгэн байдлаар байгууллагын доторх мэдээллийг гаргасныхаа төлөө шоронд ордоггүй, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг түгээснийхээ төлөө ажлаасаа халагддаггүй байх тогтолцоог бий болгохын тулд ийм хууль санаачилж байна. Ингэж байж хувьсгалаас сэргийлнэ. А.Гансүхийн схемээр явах юм бол зайлшгүй пролетарийн хувьсгал гардаг. Яагаад гэвэл А.Гансүх шиг хүмүүс салбар дотор “Шүгэл үлээгч”-ээ нам нам дараад байх юм бол  салбар дотроос үгээ хэлж чадах хүн гарч ирэхгүй.  Бүх салбарт ийм байдал үүсвэл нийгэм өөрөө өөрийгөө засч чадахгүй байдалд ордог. Ингэсний дараа хувьсгалын тохироо бүрэлдээд, ардчилсан нийгэм байхгүй болж, тэсрээд хувьсгал гэдэг зүйл гардаг. А.Гансүхийн явж байгаа замаар төрийн бүх албан хаагч явах юм бол гарцаагүй энэ бол хувьсгалд хүргэдэг. Зүгээр л үймээн самуунд хүргэнэ. Харин А.Гансүх эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд, салбар дотор “Шүгэл үлээгч” нараа сонсоод, хэлэх үгийг нь хэлүүлээд, хэлснийх нь дараа өөрөө тайлбараа өгч, няцаалтаа өгөөд нийгэмтэйгээ амьд харилцаатай байх хэрэгтэй. Энэ харилцаа нийгмийг сайжруулж өгдөг. Тэгэхээр Ц.Батын жиргээ хэд байсныг би үнэхээр мэдэх ч үгүй. Тоолоо ч үгүй. Надад тийм зав байхгүй. Ямартай ч жиргээг тоолсон байлаа гэж бодъё. Тэр жиргээг тоолоод тодорхой хэмжээний жиргээг уншсан байлаа гэж төсөөлье. Энэ бүгдийг уншчихаад хэдэн удаа олон нийтэд гарч тайлбар, няцаалт өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Яагаад гэвэл тэр тайлбар олон нийтэд хэрэгтэй учраас жиргээд байгаа юм. Энэ төрийн албан хаагч нар бидэнд ярьж, хийж байгаа ажлаа тайлбарлаасай, тэнд сэжиг бүхий гэрээ байгуулагдчихлаа. Тэр нь зөв юм уу, буруу юм уу, тайлбарлаасай, тийм гэрээ явж байна шүү нөхдөө гээд л жиргэчихдэг шүү дээ. Тэгэхээр улстөрчид иргэддээ илүү олон удаа ханддаг байх тусам, тэр хэмжээгээр шүүмжид хариу өгдөг байх тусам, илүү олон салбар доторх  асуудал ард түмэнд, нийтэд ил тод байх тусам нийгэм эрүүл болно. Нийгмийг засч сайжруулах боломж гарна. 

-А.Гансүх сайд тантай Засгийн газрын хуралдааны үеэр уулзахдаа “Дүүгийнхээ хийж байгаа үйлдлийг болиулаач” гэж хэлэхэд “Үгүй” гэж хариулсан гэлүү. Яагаад тэгсэн  юм бэ. Та дүүдээ түүний хэлсэн үгийг дамжуулсан уу?

-Надад А.Гансүх хэлсэн юм аа. “Чи дүүгээ дуугүй болгоод өгөөч” гэхээр нь “Би хүн дуугүй болгож чаддаггүй. Хүний үг хэлэх эрхийн төлөө явдаг хүн болохоор би угаасаа дуугүй болгож чаддаггүй юмаа. Би дүүгээ байтугай хэнийг ч дуугүй болгож чадахгүй. Харин чи сайд юм чинь тайлбараа өгөөд яваач дээ. Сайдыг иргэд шүүмжилдэг шүү дээ” гээд л өнгөрсөн. 

-Ц.Батын жиргээнд эрүүгийн ял авч, гэмт хэрэгт тооцогдохоор текст байсан юм уу. Та дүүгийнхээ жиргээг уншсан л биз дээ?

-Би уншиж үзсэн. А.Гансүхийг гомдоомоор шүүмжилсэн юм бага юм билээ. Тэгж их эмзэглээд гомдоод хүнийг торны ард суулгах гээд байх хэмжээний сүрхий доромжлол бараг харагдаагүй. Миний хувьд гэхэд  маш олон жил эвгүй үгээр хэдэн талаасаа доромжлуулж үзсэн хүн л дээ. Тэглээ гээд би нэг ч иргэнд гомдож үзээгүй. Яагаад гэвэл “За би тэр хүнд таалагдаагүй үг хэлчихэж дээ, таалагдаагүй гарын үсэг зурчихаж дээ, таалагдаагүй томилгоо хийчихэж дээ” гээд өөртөө дүгнэлт хийдэг. Яагаад гэвэл хийсэн ажил бүхэн ард түмэнд таалагддаггүй учраас тэрийг өөр дээрээ эмзэг хүлээж аваад байх хэрэггүй гэж хэлмээр байна. Дээр нь нэг хүн олон жиргэх нь гэмт хэрэг юм шиг ярьж болохгүй. Яагаад хүн интернэтийн хязгааргүй орон зайд 10 мянга, тэр байтугай 100 мянган удаа ч жиргэж болно шүү дээ. Жиргээ гэдэг чинь амнаас гаргадаг үг шиг зүйл. “Чи өдөрт арван өгүүлбэр хэлэх ёстой. Хэрэв 100 өгүүлбэр хэлбэл гэмт хэрэгтэн” гэж хэн ч хэлдэггүй биз дээ. Жиргээ бол тэрэнтэй яг л адилхан. Сэтгэл, санаа, толгойд орсон зүйлээ бусадтай хуваалцаж байдаг. Тэгэхээр хүн олон жиргэсэн нь гэмт хэрэг юм шиг ерөөсөө ярьж болохгүй. Олон жиргэсэнд нь ач холбогдол өгөөд байх ч шаардлагагүй. Тэр олон жиргээнд А.Гансүхийн тухай юм цөөхөн юм билээ. Голдуу салбарынх нь тухай бичсэн байсан. Зам тээврийн салбар гэдэг нь ганц А.Гансүхийнх биш л дээ. Ц.Бат салбартаа хайртай хүн болохоор шүүмжлэх зүйлүүдээ бичнэ шүү дээ. Жишээлбэл, миний хувьд хүний эрх, эрх чөлөөний тухай 100 мянган удаа ч жиргэж магадгүй. Хүний өөрийнх нь санаа зовдог зүйл нь, эрхэмлэж явдаг зүйл нь эрсдэлд ороод байвал хэдэн ч удаа ингэж жиргэнэ шүү дээ. 

-Албан тушаалтныхаа хувьд доромжлуулсан учраас таны дүүд эрүү үүсгүүлсэн гэсэн. Тиймээс шүүх Ц.Батыг хорих шийдвэр гаргасан байх гэсэн утгатай үгийг А.Гансүх сайд унагаж байсан. Та дээр энэ хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж хэллээ. Ц.Батыг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэсэн нь А.Гансүхийн нөлөө орсон гэж бодож байна уу?

-Ц.Бат гэдэг хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө өөрөө шийтгэл хүлээсэн хүн. Ажлаасаа халууллаа. “Дахиад ажилд нь хэзээ ч битгий ав гэсэн  дээд газрын захиастай” гээд буцааж ажилд нь аваагүй. Тэгээд цагдаад очлоо. Прокурорт очлоо. Шүүхэд очсон чинь хэрэг нээхгүй байсан. “Таны энэ хэрэг биш байна” гэж хавтаст хэрэг нээхгүй байсан байцаагчийг нь хүртэл шийтгэж, арга хэмжээ авсан. Гомдлыг өөр байцаагчид шилжүүлж байгаад хавтаст хэрэг нээлгэлээ. Ц.Батаа үг хэлснийхээ төлөө ийм олон шат дамжлагаар шийтгүүлж болдог юм байна гэдэг энэ жишгийг тогтоовол нийгэмд үг хэлэх хүн олдохгүй. Энэ салбар Ц.Батаа гэдэг хүнийг шоронд хорьсноор нисэхийн салбарт дотроос юу болж байгааг хэлэх хүн олдохоо болилоо. А.Гансүх жиргээ болгонд няцаалтаа, тайлбараа хийхийн оронд намайг хуулийн байгууллагад өгчих л дөө гэдэг байхгүй юу. Яагаад гэвэл хуулийн байгууллагаар дүүрэн танилтай юм чинь.

-А.Гансүхийн дүү АТГ-ын хөрөнгө оруулалтын хэлтэст ажилладаг гэдгээ хэлсэн. Гэхдээ өөр хэлтсүүдтэй хамаагүй болохоор хэрэгт нөлөөлөхгүй гэж байгаа л даа.

-Итгэхгүй байх эрхтэй бид. АТГ ажилладаг л бол ажилладаг. Тэр газарт нөлөөлдөг байна уу, нөлөөлдөггүй байна уу гэдгийг А.Гансүх шийдэхгүй. Нэг дүү нь шүүгч, нөгөө дүү нь АТГ-т ажилладаг. Өөрөө хуульч, ангийнхан нь хуульч. Бүгдээрээ хуулийн бүх тогтолцоонд явж байна. 

Ерөөсөө Гансүхийг хуулийн байгууллагад өгөх нь бидний зорилго биш. Хэн ч түүнийг, хаана ч өгөх шаардлагагүй. Гагцхүү иргэдийнхээ өмнө улаан нүүрээрээ сууж байгаад тайлбарөө өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн байхад А.Гансүх хэнийг ч шоронд хийх шаардлагагүй болох юм. А.Гансүх Даваапил гээд дараагийн хүнийг шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил гэдэг залуу анхан шатны шүүхээр давж заалдаад гарчихсан байдаг. Давж заалдах шатанд нь А.Гансүх  түүнийг заавал шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил цагаадчихлаа. Гэтэл А.Гансүх цаашаа бүх шатаар яваад байдаг нь ямар учиртай юм бэ. Заавал хуулийн механизмыг ашиглах гээд, заавал хуулийн бүх шатаар явж байж түүний нэр цагаадна гэж байхгүй. Улстөрч хүний алдар нэрийг ард түмэн л өгч, үнэлдэг. Шүүх тогтоосноор тэр хүн цагаан цайлган болчихгүй. Шүүх буруутай гэж үзсэнээр хар хэрээ болчихгүй. А.Гансүх бол УИХ-д өрсөлдөөд явж байсан хүн шүү дээ. Энэ жил Ардчиллын 25 жилийн ой болж байна. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон сайд нь иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг бол эмгэнэл. Ядахдаа ардчиллынхаа ойг бодоод өргөдлүүдээ татаж авч болно шүү дээ. Ц.Батаа, Даваапилд гомдсон хэвээр байж болно. Гэхдээ ардчилалд гомдож болохгүй. Тэрийгээ хүндэтгээд Үндсэн хуулиа хүндэтгээд өргөдлөө татах ёстой. 

-А.Гансүх сайд телевизээр өгсөн ярилцлагадаа таныг дүүтэйгээ хамт албан тушаал гуйж уулзсан гэлээ. Үнэхээр тэгсэн юм уу?

-Болсон явдлыг албан ёсоор тайлбарлая. Юуны өмнө ИНЕГ-ын даргад сонгон шалгаруулалт зарлагдаагүй. А.Гансүхийг сайд болсны дараа шүү дээ. Тэгэхээр албан тушаалтныг сонгох юм билээ гэдэг яриа салбар дотор сонсогдоно шүү дээ. Ингээд сонгон шалгаруулалт зарлагддаггүй ийм үед хүмүүс сайдтай уулзаж, өөрийгөө танилцуулъя гэж боддог юм байна л даа. Тэр үед манай дүү Ц.Бат “Намайг А.Гансүх сайдтай уулзуулахад туслаач” гэж хэлсэн. Тэд манай өрөөнд уулзсан. Би А.Гансүх сайдын хэлсэн шиг хоёр удаа уулзсанаа санахгүй байна. Нэг л удаа уулзсанаа санаж байна. Тэр үед Ц.Батаа бол амбицаа хэлсэн. “Би ИНЕГ-ыг авч явж чадна. Би мэргэжлийн хүн. Энэ салбарт олон жил ажилласан, туршлагатай. Хуулийн рефорум хийсэн. Цаашдаа ч хийж чадна” гэж Ц.Бат тайлбарласан. Гэтэл А.Гансүх сайд өөдөөс нь “Чи тэгвэл МИАТ-ийн бизнес планы тухай олон нийтэд яриад байхаа боль” гэж хэлсэн. МИАТ-ийн бизнес план гэдэг нь 1.2 сая ам.долларын мөнгөтэй холбоотой гэрээ байдаг юм байна. МИАТ-ийн данснаас Хонконгийн Сибури гэдэг компани Монголын Либертир партнес гэдэг хоёр компанийн л хийсэн ажлын хөлсийг төлсөн юм байна. Тэр ажлын хөлс төлсөн нь буруу гэдэг нь аудитын шалгалтаар тогтоогдож л дээ. Гэхдээ аудитын шалгалт орохоос өмнө Ц.Батаа энэ тухай бичдэг байсан юм байна. Тодруулбал, АНУ энэ бизнес планыг үнэ төлбөргүй хийж өгөх гээд МИАТ-тэй гэрээ хийгээд зурчихсан. Тэгэхэд МИАТ үнэгүй авах гэж байгаа бизнес планыхаа давхар зардлыг Сибури компанид төлж болохгүй гэж 2011 оноос бичээд байдаг байсан юм байна. Би тэрийг сайн мэдэхгүй л дээ. 2012 онд А.Гансүх манай өрөөнд Ц.Батааг өөрийнхөө амбицийг илэрхийлэх үед сөргүүлээд наймаа ярьсан. Тэр хоёрын яриа нэг л эвгүй болчих шиг болсныг анзаарч, тэрнээс хойш би ийм уулзалтыг зуучлаагүй. Эргээд харсан чинь А.Гансүх нь Ц.Батааг ажилд томилоогүй. Ц.Батаа нь ч бичихээ зогсоогоогүй. Ингээд тэрээр шүүмжилдгээрээ шүүмжилж, А.Гансүх тэр шүүмжилсний дараа Ц.Батааг ажилд авах хүнийхээ жагсаалтаас хассан байх л даа. Ямар ч байсан би үйл явдал цаашаа хэрхэн өрнөснийг мэдэхгүй. Миний хувьд цочирдож сонсч байсан зүйл бол А.Гансүх сайд манай дүүг “Чи тэр шүүмжилж байсан зүйлээ дуугүй болчих” гэж хэлсэн. А.Гансүхийн тэр ханд¬лага миний мэддэгээс шал өөр байсан. Тиймээс би тэр цагаас хойш А.Гансүхтэй юм ярьж чаддаггүй, зайгаа барьчихсан. Яагаад гэвэл их наймаа ярьдаг хүн байна лээ.

-А.Гансүх сайд танай дүүгийн тухай хэлэхдээ “Ичсэн хүн ална гэдэг шиг над руу дайраад байна” гэсэн. Түүний хэлсэн шиг Ц.Батад ичихээр “но” байна уу?

-Ц.Батаа юунаас ичих юм бэ. Албан тушаалд очъё гэж хүссэн хүн хууль бус зүйл огт биш. Ичмээр ч зүйл биш. Салбартаа 20 жил ажилласан мэргэжлийн хүний хувьд иргэний нисэхийн хууль, шинэ дүрэм журам, МИАТ-ийн хүнд байдлыг удирдъя гэж хэлсэн ч ичих ёсгүй. Харин тэр ичих ёстой зүйл юу байсан юм бэ гэвэл тэр Сибури гэдэг компани юу хийснийг мэдмээр байна. Би үүнийг яриад байх тусам анх сонирхдоггүй байсан юм. Ц.Батаа А.Гансүх хоёрын хоорондын шүүмж байна гээд тоодоггүй бай­лаа. Одоо харахад манай дүү эрх чөлөөгөө хасуулан, хасуулан зуулгаад байхыг бодоход их ноцтой юмыг яриад байгаа юм биш биз гэж боддог болоод байна. Тиймээс түүний жиргээнүүдийг уншиж үзэж байна. Ц.Батаа нэлээд олон зүйлийг баримттай тавьсан байдаг юм билээ. Тэгэхээр тэр баримттай тавиад байгаа зүйлүүдийг олон нийт мэдэх л ёстой. Жишээлбэл, Солонгосын компанитай МИАТ компани агентын гэрээ байгуулж байгаа нь буруу гэсэн байна. Үнэхээр Ц.Батаагийн бичсэний дараа шалгагдаад тогтоогдоод, агентын гэрээ байгуулсан нь буруу болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Батын бичсэн зүйлүүд хүнд хэрэгтэй л юм билээ. Тэгэхээр Ц.Бат хүн алтлаа ичмээр юм хийгээгүй. 

-Би төрийн албан хаагч төрийн дархлааг хамгаалахын тулд чин сэтгэлээсээ тэмцэж байна гэж Зам тээврийн сайд онцолсон. Энэ нь төрийн дархлааг хамгаалах арга хэлбэр мөн үү?

-Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттер бичээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно. Тэрээр шоронд байгаад байвал төрийн дархлаа муудна. 

-Шүүхийн өмнөх шатанд танай дүү А.Ган¬сүх сайд руу хоёр хүн явуулаад хэргээ татаач гэж гуйсан юм биш үү. Хариуд нь сайд “Твит­терээр уучлал гуйвал болно” гэтэл Ц.Бат “Үгүй,  харин ч булхайг чинь шүүх хурал дээр дэлгэнэ” гэсэн юм уу. А.Гансүх сайдын ярианаас танай дүү үнэхээр дэлгэх баримтгүй болчихоод ял авлаа гэсэн агуулгатай зүйл ажиглагдлаа.  Хэрэв баримт байгаа бол шүүхэд өгчихөж болоогүй юм уу?

-Одоо тэрийг өмгөө¬лөгч нь мэдэх байх. Би хэргийн дотоод нарийн ширийнийг мэдэхгүй байна. Тэгэхээр давж заалдах гомдлын үеэр анхан шатны шүүх хурал ямар болсныг өмгөөлчид нь тайлбарлах байх. Иргэн төрөө шүүмжилж болно, сайдаа шүүмжилж болно. Үүнийхээ хариуд шоронд орох ёсгүй. Энэ бол ардчиллын энгийн зарчим. 

-Дүүгийн чинь биеийн байдал ямар бай­гаа вэ. Уулзаж байгаа биз дээ?

-Хоригдоод найм хонож байна. Өнөөдөр(өчигдөр) эргэж очсон. Биеийн бай­дал нь харьцангуй гайгүй байна лээ. Манай дүү надад нэг л зүйл захиад байгаа. “АН-ын засаг барьж байгаа үед ардчиллаа унагааж онигоо болов, энэ үед хэвлэлийн эрх чөлөөгөө боомилж, өөрөө өөрийнхөө хийсэн ажлыг дэвслэв. Би энд 100 хоног суух яахав. Ардчиллаа бодоорой” гэсэн. Би үүнийг дүү дээрээ очих болгондоо сонсч байгаа. Ц.Бат “Үүнээс хойш хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн хүн хэзээ ч битгий торны цаана орог” гэж хүсч байгаа. Та үнэхээр УИХ-ын гишүүн юм бол үүний төлөө ажиллаарай гэж захиж байсан. Дүүд маань тохиолдсон явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага сонсвол бүгд Ц.Батыг өмөөрнө. Тэд хэзээ ч А.Гансүхийг ойлгохгүй. 

-Ц.Бат хоригдож байгаа хэрнээ жиргээд байна гэсэн?

-Тэр бол манай дүү. Хоригдож байгаа хүн жиргэх ямар ч боломжгүй. Твиттерийнх нь паспортыг нь мэддэг хэн ч жиргэж болно шүү дээ. А.Гансүх “Ц.Бат намайг 5700 удаа шүүмжиллээ” гэдэг чинь үндэслэлгүй л байхгүй юу. Нэг акаунтын ард чинь заримдаа компани ажилладаг гэж байгаа ш дээ. Нэг хүн 100-аад акаунттай байдаг. Дэлхий даяар 30 сая хуурамч акаунт явж байгаа. Бие биенээсээ акаунт худал­даад авчихдаг юм байна. Худалдаад авчихсан аканут дотор өөр хүн байж болдог. Тэр бол нэг хүн юм уу, хэд ч юм мэдэхгүй. Тэгэхээр Ц.Батыг дэмждэг хүн тэнд юм бичээд сууж байна ш дээ. 

-Энэ үйл явдал өрнөс­нөөс хойш та А.Гансүх сайдтай уулзсан уу?

-Тэрээр хүнтэй уулзангуутаа бичлэг хийдэг, тагнуул шиг. Ийм хүнтэй хэн илэн далангүй юм ярьж чадах вэ. Засгийн газрын хурал дээр гэнэт бичлэг авчираад сонсгодог. Ер нь их зайтай байдаг. 

-Ардчилсан нам төрийн эрхэнд гарснаас хойш байнга дотроо зөр­чилдөх боллоо. Энэ нь Засаг унагах нэг үндэс болох вий гэсэн болгоомж иргэдэд бий.

-Үнэт зүйлийн төлөө тэмцэл явж байна. Зарчмаа авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Би Баабарын жиргээг үзсэн. Энэ бол албан тушаалын суудлын төлөө биш, мөнгө төгрөгийн төлөө ч тэмцэл биш. Хүний эрх гэдэг зүйл дээр тэмцэл явж байна. Ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж үүнийг авчирсан нам юм бол энийгээ хамгаалдаг нам байх ёстой. Тэгэхээр бид хүссэн ч хүсээгүй, үүнийг зөрчөөд байгаа хүний өмнөөс дуугарахаас өөр аргагүй болж байна. Харамсалтай нь тэр нь манай намын хүн. Гэхдээ аль ч намын хүн хүний эрхийг зөрчиж байх ёсгүй. Тиймээс хүнд хагаралтай харагдаж байгаа бол уучлаарай. Гэхдээ бидний энэ өнөөдрийн маргаан олон хүнд тус болно. Олон хүнийг эрхээ хамгаалж авч үлдэхэд, олон салбарыг таг дуугүй дарангуйлалд орохоос нь хамгаална. Тиймээс олон “Шүгэл үлээгч” нарыг хамгаалдаг хуультай болох хэрэгтэй. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Эдийн засаг, улс төрийн шинэ түвшний харилцааг нээлээ

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад
харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-БНХАУ-ын
дарга Си Жиньпиний айлчлалын улс төрийн агуулга, ач холбогдлыг монголчууд төдийгүй
дэлхий дахин анхааралтай ажиглаж, хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөр дүгнэн бичиж байна.
Гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж буй сайдын хувьд та айлчлалын үр дүнг хэрхэн
томьёолох вэ?

-БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн
дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг
бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн
түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг
тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд
оршиж байв. Айлчлал амжилттай болж, энэ зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал
санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд
өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо
биелүүлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга
Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ, УИХ-ын дарга З.Энхболд,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг
хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад  асуудлаар харилцан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг
айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм.

-Тухайлбал,
ямар асуудал дээр харилцан тохиролцсоныг тодруулж болох уу. Мөн ярианд дурдагдсан
тэдгээр асуудлыг хууль эрхзүйн хүрээнд ямар бичиг баримтаар баталгаажуулж, хэрэгжүүлэх
юм бол?

-Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү,  соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц
гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээнд өрнөсөн. Тэдгээрт дурдагдсан
олон ажил хэрэгч санал санаачилгыг хэрэгжүүлэх, бодитой болгох талаар хоёр талын
холбогдох албаны хүмүүс анхаарал, чармайлт тавьж ажиллах нь дараагийн шатны чухал
ажил болж байна. Юуны өмнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр
шийдвэрлэж гэрээ байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтуудад
хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн
үнийг эрс хямд, онцгой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм.

Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой
өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоорондох ачаа эргэлтийг Монголоор дамжуулж
байх, эрчим хүчийг экспортлох зэрэг зорилтууд байгаа юм. Эдгээр асуудлаар хамтын
ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хөндөж ярилцсан. Түүнчлэн манай Ерөнхийлөгч Монголд
үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа,
бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал
санал гэж үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл
манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдөхүйц экспортын үйлдвэрлэл
хөгжих ирээдүй харагдаж байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох,
нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа
ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм. Мөн хоёр
орны Засгийн газар хооронд “Нүүрснээс
синтетик хий боловсруулах, экспортлох төсөл” хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсныг
та бүхэн мэдэж байгаа. Энэ нь уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх,
эцсийн бүтээгдэхүүн гаргах бололцоог нээж байгаа юм. БНХАУ дотоодын эрчим хүчний
хэрэгцээгээ хангахын тулд нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх технологийг гарган авах
технологи, үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа юм билээ. Энэхүү
дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн арга туршлагаа хуваалцах, боловсруулах үйлдвэрлэл
хөгжүүлэхэд бидэнд туслахаар болж байна. Газрын баялгаа түүхийгээр нь зөөх биш нэмүү
өртөг шингээх үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийг мөн л багагүй хугацаанд ярьсан ч ямарваа
шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар
хамтын ажиллагааны олон чиглэлд бодитой гарцыг тодорхойлсон нь том алхам юм.

-Олон нийт аливаа айлчлалын үр дүнгээс тодорхой зээл, тусламжийн
хэмжээ, мөнгөн дүнг илүүтэй сонирхдог? 

-Монгол Улсад 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор БНХАУ-ын төр засаг шийдвэрлэснийг айлчлалын үеэр албан ёсоор
зарласны зэрэгцээ ирэх гурван жилийн хугацаанд нэмж нэг тэрбум юанийн буцалтгүй
тусламж, мөн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.
Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний
хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон
тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм. Тэдгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжээд
эхэлбэл үүнийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт, эдийн засагт эргэлдэх мөнгөний
хэмжээг тоогоор илэрхийлбэл чамгүй өндөр тоо гарч байна. Хувийн хэвшлийн хооронд
л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх
гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд
урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллар болохоор байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс, БНХАУ-ын
хооронд хийгдэх худалдааны эргэлтийг өнөөдрийнхөөс бараг хоёр дахин нэмэгдүүлж,
10 тэрбум ам.долларт хүргэхээр болсон. Худалдааны эргэлт ийн нэмэгдсэнээр манай
бизнес эрхлэгчид худалдаачид, жижиг, дунд, үйлдвэрлэгчдийн бизнесийн эргэлт тэр
хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэсэн үг юм. Үүнийг дагаад иргэд, үйлдвэрлэгчдийн
ашиг орлого нэмэгдэх, татвар, төсөв, банк санхүү салбарын үзүүлэлт өсөх нь тодорхой
юм.

Өнөөдөр хоёр орны хооронд хийгдэж
байгаа худалдааны 60-70 хувь нь юаниар төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг. Цаашид худалдааны
эргэлтийг дагаад юаниар хийх төлбөрийн хэмжээ ч нэмэгдэж таарна. Энэ удаад Монголбанк,
Хятадын Ардын банк хооронд шинэ гэрээ байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт солилцох
своп хэлцлийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлж 15 тэрбум юань болголоо.  Худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр хоёр талын
хооронд хийх төлбөр тооцоо нэмэгдэнэ, мөнгөн тэмдэгт хоорондоо түргэн шуурхай хөрвөх шаардлага ч улам бүр
нэмэгдэнэ. Тиймээс уг хэлцэл нь ам.долларын эрэлт хэрэгцээг бууруулах замаар ханшийн
өсөлтийг барих, үнийн өсөлтийг хязгаарлах санхүүгийн чухал арга хэрэгсэл болно.
Тэгэхээр үр дүн гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих нь өрөөсгөл. Эдийн засгийн утга агуулгаараа
эрс шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүлэх айлчлал боллоо гэж дүгнэвэл болох байх.
Харин үүнийг ухаалгаар удирдах, үр шимийг нь баялаг бүтээгч бүр, иргэн бүр хүртэх,
оролцох бодит нөхцөлийг төр засгийн бодлогын түвшинд бий болгох нь чухал. Энэ бол
бидний хийх ёстой үндсэн ажил юм.

-Монгол
Улс хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог. Мөн эдийн засгийн хувьд импорт, экспорт
маань хөршүүдээс ихээхэн хамааралтай байна. Цаашид өмнөд хөрштэйгээ эдийн засгийн
эрчимтэй харилцаанд орох, хил залгаа боомтуудаа бүрэн ашиглах, чөлөөт бүс байгуулах,
төмөр замаар шууд ачаа тээвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирлоо. Үүнийг дагалдаад зарим
нэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд бас байна. Энэ талаар
та юу хэлэх вэ?

-Хятад улс ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засаг болох нь
тодорхой байна. Үүнийгээ бүх шатанд ил тод илэрхийлж ч байна. Хөрш орнуудын хувьд
үүнийг боломж, бололцоо гэж харж, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлье гэж уриалж  байна. Энэ санаагаа тус улсын дарга Си Жиньпин
манай улсад хийсэн  айлчлалынхаа үеэр ч дахин
нотоллоо. Хөгжлийн хурдан гэлт тэргэнд маань хамтдаа суугаач гэсэн урилга өглөө.
Харилцан ашигтай стратегийн түншлэл, тэр дундаа иж бүрэн түншлэлийг хөгжүүлнэ гэж
тунхаглаж байгаагийн цаана их утга бий юм. Бид өөрсдийн эрх ашгаа илэрхийлэх, хамгаалах,
харилцан ашигтай нөхцөлийг ямар ч үед баримтлах бүрэн бололцоо бий шүү гэдгийг л
хэлээд байгаа юм.

Хятадын эдийн засаг томорч, хөгжлийн хурд эрчимжиж байгаагаас үүдээд
учирч болох эрсдэл, заналхийллээс эмээж байгаа улс орнууд байгаа нь үнэн. Монгол
Улс, БНХАУ-ын хооронд түүхийн маргаантай асуудлууд байсан нь үнэн. Үүнийг бид төрийн
ой санамжинд хадгалж байх ёстой. Гэхдээ миний харж буй өнцөг гэвэл БНХАУ бол хариуцлагатай
хөрш юм. Хойд хөрш ОХУ мөн адил дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Бидний аз завшаан
гэвэл хэдийгээр хоёрхон хөршийн дунд оршдог ч
гэлээ хариуцлагатай хөршүүдийн дунд оршдог. Өнөөдөр дэлхий дээр цөөнгүй улс
орнууд үймээн самуунтай бүс нутагт, янз бүрийн хөршүүдтэй хил залгаа оршиж байна.
Үүнээсээ болоод хөгжлийн боломжоо алдаж байна. Гэтэл бидэнд тийм саад бэрхшээл алга,
харин ч боломжоо хуваалцъя гэж урьж байна. Одоо хоёр том зах зээл, хоёр том үйлдвэрлэгчийн
дунд оршиж байгаагаа давуу тал болгон ашиглах ёстой. Бид аливаа асуудалд эрсдлийг
тооцох нь зөв ч гэлээ давуу тал, сайн талыг бодитоор үнэлж дүгнэж, түүнийгээ бодлогынхоо
үндэс болгож байж л хожно.

Энд өөр нэг зүйлийг зориуд тодотгон хэлэхэд БНХАУ-ын зүгээс зөвхөн
өөрийн улстай нь биш бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, бүс
нутгийн интеграцид байр сууриа бэхжүүлэх тал дээр Монгол улсыг дэмжиж байгаа нь
олзуурхууштай. Тухайлбал манай улс элсэх хүсэлтээ гаргаад 20 жил өнгөрчихөөд байгаа
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд
хэмжээний уулзалтад анх удаа дарга орны зочны хувиар оролцох урилгыг Си Жиньпин
дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сая өглөө.

-Та
“Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм” гэж нэгэн ярилцлагадаа
онцолсон байсан. Энэ үгийг дахин нотолсон айлчлалын нэг нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний
айлчлал гэж хэлж болно биз дээ?

-Өнөөдрийн дэлхий дахинд улс орнуудын гадаад харилцаа нь эдийн засгийн
харилцаа гэдэг утгаараа түлхүү хөгжиж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлж байж л
эдийн засгаа хөгжүүлнэ, хүчирхэгжүүлнэ. Мөн нөгөө талаас гадаад харилцаа гэдэг эдийн
засгаа хүчирхэгжүүлэх бодлого төдийгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах
цэрэг, батлан хамгаалахын маш чухал бодлого юм. Энэ ч утгаар гадаад бодлогын нэгдмэл
байдлыг хангах, айл өрх, аймаг сум, яам агентлаг, компани байгууллага бүхэн өөр
өөрийн гадаад бодлоготой ч нэг цонхоор хэрэгждэг байхыг шинэчлэлийн Засгийн газар
үйл ажиллагааны зарчмаа болгож ирсэн. Энэ чиглэлд хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй
болгох ажил УИХ-ын холбогдох байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байна.

-Удахгүй
хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Энэ айлчлалын ач холбогдол өмнөд
хөршийн айлчлалтай эн зэрэгцэн яригдах ёстой байх.

-Тийм ээ. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал таван жилийн дараа Монголд
хэрэгжих гэж байгаа бол өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлал 11 жилийн дараа хийгдсэн
айлчлал байлаа. Улс төр, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, агуулгаараа бол аль
аль нь манай улсад маш чухал нөлөөтэй юм. Манай гадаад бодлого, тэр дундаа тэргүүлэх
чиглэлдээ тасралтгүй амжилттай хөгжиж байгааг шил шилээ дарсан энэхүү хоёр айлчлал
харуулж буй юм.  ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иргэд,
аж ахуйн нэгж, төр засгийн түвшинд улам бүр ойртуулна гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн
хамгийн ихээр сонирхдог нэг асуулт бий. Тийм ээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-д Монгол
Улсын иргэд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ам.долларын ханш 1800 дээр тогтворжино гэв

Ам.долларын ханш сүү­лийн өдрүүдэд эрчимтэй уруу­даж байна. Хэдхэн
хоно­гийн өмнө 1900 гарч “галзуур­сан” ногоон валют өчигдрийн үдээс хойш гэхэд
1820 хүрсэн байлаа. Энэ бол “Найман шарга” валютын захын ам.доллар зарж байсан ханш.
Тэнд долларыг 1815 төгрөгөөр худалдан авч 1820 төгрөгөөр зарж байв. Энэ удаа ам.долларын
ханш ямар шалтгаанаар суларч байгааг сонирхлоо. Мөн ирэх өдрүүдэд суларсан хэвээр
байх эсэхийг ч тандсан юм.

Долларын ханш суларсан шалтгааныг сонирхохоор зорьсон эхний газар
маань “Найман шарга” валютын зах. Биднийг очиход валютын зах хөл хөдөлгөөн багатай
байв. Валютын ченжүүд “ногоон 19-д авна”, “ам.доллар 17-д авъя, юань 294” хэмээн
гудам­жаар яваа хүмүүсийг хоргоох аж. “Найман шарга”-д байрлах банк бус санхүүгийн
байгууллагуудын үнэ өөр хоорондоо нэг  их
зөрүүгүй байлаа. Үдээс өмнө ам.долларыг  зарах  ханш 
1825 төгрөг байсан бол үдээс хойш 1820 төгрөг хүртэл буусан юм.

Урт цагааны “Голомт банк”-тай байранд байрлах банк бус санхүүгийн
байгууллагуудаар орж валютын ханш сонирхлоо. Ногоон валютын хувьд их, бага мөнгө
солиулахаас хамаараад үнийн хувьд хэлбэлзэлтэй байв. Ам.доллар авах нь 1815 төгрөг
байсан бол зарах нь 1820-1823 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Ингээд нэгэн банк
бус санхүүгийн байгууллагын ажилтантай цөөн хором ярилцлаа.

-Ам.доллар
авах нь хэдэн төгрөг байна вэ?

-Хичнээнийг солиулахаас л шалтгаална даа. Одоо бол 1815 төгрөгөөр
авна. Их хэмжээгээр бол 1817 төгрөгөөр авъя.

-Зарах
нь?

-1824 төгрөг.  Доошоо ярина
шүү.

-Сүүлийн
өдрүүдэд дол­ларын ханш нэлээд хэдэн төгрөгөөр буулаа. Энэ ямар учиртай юм бол оо?

-Засгийн газраас арга хэм­жээ авч зохицуулалт хийгээд байгаа гэж
сонссон. Шалт­гаа­ныг нь нарийн мэдэхгүй байна. 

-Өдөрт
хэдэн төгрөгөөр бууж байна?

-Өчигдөр манайх 1829 төгрөгөөр авч байсан. Өнөөдөр 1815 төгрөг гээд
бодохоор 14 төгрөгөөр буусан байгаа биз. Ер нь сүүлийн өдрүүдэд ханш огцом унаж
байна. -Цаашдаа
яах бол?

-Мэдэхгүй. Буух л ханд­лагатай байна. Энэ хавийн ченжүүдийн яриагаар
бол 1800 хүрэх юм биш үү гэв.

Ингээд хажуугийнх нь банк бус санхүүгийн байгууллагаар орлоо. Тавь
орчим насны хижээл эр үг хэлэхийн  завдал
өгөлгүй “Юу байгаа юм. Ам.доллар уу, гайгүй үнээр авна шүү” гэж шавдуулав.  “Долларын ханш өдөр өдрөөр суларч байна. Цаашдаа
унасаар байх болов уу. Та юу гэж бодож байна” гэж сонирхоход “Би яаж мэдэх юм. Монголбанкнаас
очиж асуухгүй юу” гэж уцаарлав. Уулзсан ченж болгон л бухимдалтай байсан нь цаанаа
шалтгаантай аж. “Ханш өсөөд байхаар нь хэдэн ногоон дарчихсан чинь шатчихлаа” гэж
ярих хүн цөөнгүй таарсан юм. Ченжүүдийн дунд “Монголбанк ямар зохицуулалт хийгээд
байна аа” гэсэн яриа ч гарч байна. Хадгалсан хэдэн төгрөгөө ам.доллараар солиулсан
иргэд ханш дахин унахаас өмнө төгрөг болгох сонирхолтой байгаа бололтой. Доллар
солиулж байгаа хүмүүсийн олонхи нь ийм шалтгаанаар валютын захад иржээ. Зарим нь
солиулах эсэхээ шийдэж ядацгааж байгаа нь илт. Доллар дахиад өсөх болов уу гэж валют
арилжаалагчдаас лавлацгаана. Валют солиулж байсан 40 орчим насны эрэгтэй 4500 ам.доллартай
иржээ. “Хүнд мөнгө зээлүүлсэн байсан юм. Тэгээд хэд хоногийн өмнө ам.доллараар бодоод
авсан чинь ханш уначихаж. Би бүр алдагдалд орчихоод байна. Хэд хоног ханш харвал
нэмэгдэх болов уу, яах бол гээд эргэлзээд хугацаа алдчихлаа” гэж ярив.   “Найман шарга” захын гадуур явуулын ченжүүд гэж
байдаг. Тэд ам.долларыг  зах доторхоос
10-20 төгрөгийн зөрүүтэй авч, зарж байлаа. 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэгээс ам.доллар
ямар шалтгаанаар суларсныг сонирхоход “Долларын ханшаар өмнө нь улсын хэмжээнд судалгаа
явуулсан юм. Тэр судалгаагаар ханш 1800 дээр очих болов уу гэсэн хүлээлт байгаа
нь ажиглагдсан. Хүлээлтийн түвшин рүү ойртож яваа юм болов уу гэсэн таамаглал байна.
Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа. Хатуу бодлого явуулахаар төгрөгийн
нийлүүлэлт буурна. Тэр утгаараа ханшид нөлөө үзүүлэх учиртай. Гэхдээ ийм бодлого
хэрэгжүүлэнгүүт ханшид шууд нөлөөлөөд эхэллээ гэж хэлэхэд эрт. Яваандаа бол нөлөө
үзүүлэх бодлого. Оны эцсээр бодит нөлөөлөл нь гарах байх. Экспорт өсч, импорт хумигдсан
нь валютын ханш буурах нэг шалтгаан болсон гэж бодож байна. Долларын эрэлт багассан
гэсэн үг л дээ” гэсэн хариу өгөв. “БНХАУ-ын дарга айлчилж төгрөг юань харилцан солилцох
своп хэлцэл хийсэн. Энэ шийдвэр нөлөөлсөн тал байж болох уу” гэж тодруулахад “Нөлөөлсөн
байж болох талтай. Мөн Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулах байх гэсэн хүлээлт
үүссэн байж болох юм” гэж хариуллаа. Б.Алтанцэцэг доктор валютын ханш алсдаа тогтворжино
гэж үзэж байна. Монголбанкнаас явуулж буй мөнгөний хатуу бодлого оны сүүлээр валютын
ханшид  бодитой эерэг нөлөө үзүүлж магадгүй
гэсэн үгийг хэд хэдэн эдийн засагчид онцолж байв.

“Мандал ассет менеж­мент”-ээс эдийн засгийн шинэ­чилсэн таамаглал
гаргажээ. Тэд ч гэсэн “Мөнгөний бод­логыг чангаруулах шийдвэр долдугаар сарын сүүлээр
гарсан. Үүний нөлөө эдийн засагт, тодруулж хэлбэл инфляци, валютын ханшид тодорхой
хугацааны хоц­ролттойгоор илэрнэ. Тодруулж хэлбэл энэ шийдвэрийн үр дүн оны сүүл
рүү мэдрэгдэнэ” гэж байна. “Мандал ассет менежмент”-ийнхэн шинэчилсэн таамаглалдаа
“Экспортын бүтээгдэхүүний эргэлт сайжраагүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ
нэмэгдэхгүй байгаа тул ам.долларын дотогш чиглэсэн урсгал тоймтой байдлаар нэмэгдэж
өсч чадахгүй. Ийм шалтгаанаар ам.долларын ханш үргэлжлүүлэн чангарах төлөвтэй байна.
Гэхдээ БНХАУ-ын Төв банктай своп хэлцэл амжилттай хийгдвэл тренд өөрчлөгдөх боломжтой”
гэж онцолсон байсан юм.  Сая Хятадын дарга
айлчлах үеэр хоёр улсын төв банкны хооронд 15 тэрбум төгрөг юань харилцан солилцох
своп хэлцэл хийсэн билээ. “Мандал ассет менежмент”-ийн  Л.Бямбаагаас энэ талаар тодруулахад “Юаниар хийсэн
учраас долларын эрэлтийг багасгаж байгаа гэсэн үг. Гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэн
гэж ойлгож болно. Тэр утгаараа валютын захад эерэг мэдээ авчирсан байх” гэж ярив.
Тэрээр  импорт буурсан нь долларын эрэлтэд
нөлөөлснийг ч онцолж байлаа. “Мандал”-ынхан ам.долларыг 1800 хүртлээ уруудаад цаашдаа
тогтворжино гэсэн өөдрөг таамаг хэлэв.

Бид Статистикийн хорооноос гадаад худалдааны тоон мэдээлэл авсан
юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 208 сая ам.доллар
болжээ.  Өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 дахин,
2012 оны мөн үеэс 6.9 дахин буурсан үзүүлэлт гэнэ. Гадаад худалдааны алдагдал ингэж  огцом буурсан нь валютын эрэлтийг бууруулах нэг
суурь хүчин зүйл болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Валютын ханшид шууд
нөлөөлдөг нэг зүйл бол импорт, экспорт. Энэ оны эхний долоон сарын байдлаар экспорт
өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Харин импорт 15 хувиар буурсан байна. Доллараар
авдаг нь багасч, доллар олдог нь ихэссэн гэсэн үг. Ногоон валютийн ханш суларсны
нэг том шалтгааныг эдийн засагчид ингэж тайлбарлаж байлаа.

Хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын ханш сулрах бодитой нэг шалтгаан
болно гэж эдийн засагчид онцолж байна. Нэмэгдэхгүй өнөөг хүрсэн гол шалтгаан нь
Оюу толгой төсөл гэж тэд ам нийлүүлцгээв. “Мандал ассет менежмент”-ийнхний хувьд
ч адил байр суурьтай байна. “Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй байгаа
нь бодит эдийн засагт шууд утгаар нөлөөлөхгүй. Гэхдээ гадаад хөрөнгө оруулагчдын
итгэл сэргэхэд гол тээглүүр болж байгаа учир сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан хэвээр
байгаа. Хууль эрх зүйн орчин, татварын дэглэм зэрэг олон нааштай өөрчлөлт гарч байгаа
ч гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгойн шийдвэрийг хүлээж хөрөнгө оруулахаар яарахгүй
байна. Энэ онд хамгийн их нөлөө үзүүлэх байсан Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн
хэлцэл зургадугаар сард хийгдэх байсан ч дахин хойшиллоо. Энэ нь Монголын эдийн
засаг дахь эмзэг байдлыг даамжруулж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд оын сүүл гэхэд
төдийлөн сайн гарч чадахгүйд хүрлээ” гэж онцлов. Тэд шинэчилсэн таамаглалдаа
“2014 оны ДНБ-ий өсөлт бидний өнгөрсөн оны сүүлээр таамаглаж байснаас бага гарах
нь. Тодруулж хэлбэл 6.3 хувь руу уруудахаар байна. Инфляцийг өсөлтийг зогсоож ханшийг
тогтворжуулах зорилгоор Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлсэн.
Гэхдээ инцфляцийн бүтцээс харахад нийлүүлэлт талын буюу долларын ханшаар дамжсан
инфляци давамгайлж байгаа. Тийм учраас хүчтэй үр нөлөө үзүүлж чадахгүй байх магадлалтай.
Харин эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг бууруулбал зээлийн олдоц буурах, зээлийн
хүү нэмэгдэх сөрөг тал гарч мэднэ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд
нэлээд олон арга хэмжээ авагдаж, татвар, хуулийн орчинд өөрчлөлт орж байгаа ч нөлөөлөл
нь энэ оны хоёрдугаар хагаст бодит бизнесийн секторт мэдрэгдэж амжихааргүй байна”
хэмээн онцолжээ.

Засгийн газрын зүгээс Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг ирэх
сардаа багтаж эхлүүлэх сонирхолтой гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байгаа. Тэдний
яриа, мэдэгдэл ажил болвол хөрөнгө оруулалт нэмэгдэж  ам.долларын ханш  одоогийнхоос ч сулрах боломжтой гэсэн таамгийг
эдийн засагчид хэлж байна. Бидний уулзсан эдийн засагчид далд уурхайн санхүүжилт
шийдэгдэхгүй байлаа ч ам.долларын ханш оны сүүлээр 1800 дээр тогтворжино гэж онцолж
байсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Д.ДАВААСҮРЭН

 Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ