Categories
мэдээ цаг-үе

Дисковер Монголиа” нүүрс, алтыг онцлов

– “ОЮУ ТОЛГОЙКОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД

ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын оргил үед оролцогч нь мянгаар тоологддог байсан “Дисковер Монголиа”-г энэ удаа 300 гаруй хөрөнгө оруулагч зорьж иржээ. Уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч “рио” өнөө жилийн “Дисковер”-ийг алгасахаар шийдсэн байна. “Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээний асуудал шийдэгдэхгүй эргэлзээ үүсчихээд байсан 2009 онд мөн оролцоогүй юм. Энэ удаа оролцоогүй шалтгаан нь мөн л гэрээтэй холбоотой бололтой. Засаг, рио хоёр гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээр эхлүүлсэн ч өнөө хэр дуусаагүй үргэлжилсээр байгаа. Барууны том хөрөнгө оруулагчдаас “Англо Американ”-ыхан л харагдав. Монгол дахь ерөнхийлөгч нь энэ өдрийн “Хууль эрх зүйн орчин” сэдэвт хуралдааныг даргалсан юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн уул уурхай хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Грэм Хэнкок “Англо Американ”-ы Монгол дахь дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа билээ. Сонирхуулж хэлэхэд “China
mining” клубээс арав орчим бизнесмэн иржээ.

“Монголиа”-гийн зохион байгуулах хорооны дарга п.Очирбатын өөдрөг үгээр чуулга уулзалт эхлэв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “Энэ жилийн чуулга уулзалт маань Welcome
back буюу Эргэж ирээрэй гэсэн уриатай. Хөрөнгө оруулагчид бүр явчихаагүй. Орчныг нь сайжруулж, хөрөнгөө оруулах таатай нөхцөл бий болговол эргэж ирэх нь эргэлзээгүй Монголын төр хөрөнгө оруулалтыг татах алхмаа хийгээд эхэлчихсэн ” гэсэн бол Уул уурхайн сайд д.Ганхуяг “Монголын төр хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо чанд сахина” гэж амлав. Уул уурхайн сайдын ярианаас “Монгол банкинд алт тушаавал татварыг нь хөнгөлөх шийдвэр гарснаас хойш алт тушаалт огцом нэмэгдлээ. Одоогийн байдлаар 7.2 тонн алт тушаасан. Өнгөрсөн жилийнхээс хоёр гаруй дахин нэмэгдсэн гэсэн үг. Татварын хөнгөлөлт үзүүлэх таван жилийн хугацаанд валютын нөөц 8.5-10 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөл гарсан” гэж онцоллоо. Д.Ганхуяг сайд АМГ-ын экс даргын авлигын хэргээс болж цуцлагдсан 106 лицензийн сонгон шалгаруулалтад шударга хандана гэж хөрөнгө оруулагчдад хэллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдааны анхаарал татсан илтгэлийг “MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн тавьсан юм. Тэрээр “Сүүлийн хэдхэн жилд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр дахь удаагаа өөрчилье гэлээ. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан жил буюу 2009 онд хайгуулд 124 сая ам.доллар зарцуулсан гэх статистик бий. Энэ бол зөвхөн хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардал. 2010 онд 173 сая ам.доллар болж нэмэгдсэн байдаг. Оюу толгойд эргэлзээтэй байдал үүсээд эхлэнгүүт гадны хөрөнгийн бирж дээрх бусад хувьцаа дагаад уначихсан. TRQ-гийн хувьцаа гэхэд л зургаа дахин унасан. Гэхдээ ганцхан манай улсад эдийн засаг хүнд байгаа биш л дээ. Манайх шиг уран, газрын тостой казахстан, зэстэй Чили, нүүрстэй Индонезийн эдийн засаг ч сүүлийн хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй гарсан” гэж ярив. Дэлхийн банкнаас алтны үнэ бага зэрэг буурна, бусад эрдсийн үнэ ирэх жилүүдэд дажгүй байна гэсэн судалгаа гарсан гэнэ. MIBG компанийнхан эдийн засгийн өсөлт 2016 он хүртэл удаашралтай байна гэсэн прогноз гаргажээ. Одоо хэрэгжиж буй хайгуулын хоёр, гурван том төсөл амжилттай үргэлжилбэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн өөдрөг таамаг ч бий аж. “Хууль эрх зүйн орчин” сэдэвт хуралдааны оролцогчдоор “Дисковер Монголиа”-г зохион байгуулагч Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, “Минтер Элисон” хуулийн фирмийн ахлах мэргэжилтэн Сибастиан рошолт, Эдийн засагч н.Эрдэнэбилгүүн, “MBS” хуулийн фирмийн хуульч Б.Цэцэнбилэг нарыг сонгожээ. Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч “Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт” сэдвээр илтгэл бэлджээ. Тэрээр 1996 оны Ашигт малтмалын хуулийг “либериал” гэж үнэлсэн бол 2006 оныхыг “Төрийн оролцоог хуульчилсан. Тусгай зөвшөөрлийн эрхийн хамгаалалт суларсан” гэж дүгнэв.

Хуульч Б.Цэцэнбилэг “Тусгай зөвшөөрлийн эрхийн баталгаа, шүүхийн практик сэдвээр илтгэл тавилаа.Төрөөс гаргасан хууль, шийдвэртэй маргаан Үндсэн хуулийн цэцэд очоод хэрхэн шийдэгдсэнийг бодитой жишээгээр тайлбарласан нь сонирхолтой санагдав. Урт нэртэй хууль батлагдсаны дараа ажлаа үргэлжлүүлж байсан компаниудад эрүү үүсгэсэн нь түүнийхээр хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Ашигт малтмалын хуулинд “Нөхөн олговор олготол тухайн орд газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно” гэсэн агуулгатай заалт байдаг аж. Төр урт нэртэй хуульд заасан газруудад ажиллаж байсан уул уурхайн компаниудад өнөөдрийг хүртэл нөхөн олговор өгч чадаагүй хэр нь хувийн компанийн өмчид хууль зөрчин халдаж болохгүй гэж Б.Цэцэнбилэг ярив. Хэсэг иргэн төрийн өмчид халдсан энэ үйлдлийг “Өмчлөх эрхийг хуулиар хамгаална”, “Төрөөс хувийн өмчийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор олгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн цэцэд ханджээ. Цэц “засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Б.Цэцэнбилэг илтгэлийнхээ төгсгөлд “Ямар тохиолдолд төрөөс хувийн өмчид халдсан гэж үзэх шалгуур улам бүдгэрсээр байна. Үндсэн хуулийн цэц ийм эрсдэл дагуулсан дүгнэлт гаргачихаад тодорхой тайлбар өгдөггүй. Төрөөс хууль батлах замаар өмчлөх эрх рүү халдах вий гэсэн болгоомжлол төрж байна. Төрийн албан хаагчийн авлигын хэргээс болж цуцлагдсан 106 лицензийн асуудал байна. Нэг шинжээчийн дүгнэлтээр л компанийн өмчид, тусгай зөвшөөрлийн эрхэнд халдсан үйлдэл. Бас нэг жишээ хэлье. ҮАБз-ийн нарийн бичгийн дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн албан бичиг явуулангуут АМГ цуцалчихаж байна. Үүнийг нь ч цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэчихэж байгаа юм. Уг нь бид өмчлөх эрхийг хамгаална гээд Үндсэн хуулиндаа заасан орон. Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсаар ирлээ” хэмээн ярьсан юм.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан нүүрс, алтыг онцлов. Уул уурхайн яамны Түлшний бодлогын газрын дарга л.раднаасүрэн нүүрсийг онцолсон хуралдааны гол илтгэгч байлаа. Монголд 1950 орд, 8150 илэрц байдгаас 300 ордыг нь л ашигладаг юм байна. Хангай, баруун бүс руу хайгуул бараг хийгдээгүй, хийгдвэл орд, илэрцийн хэмжээ нэмэгдэнэ гэж газрын дарга ярив. Нүүрсний геологийн нөөц 175.5 тэрбум тонн аж. Манай улс алт, зэс, нүүрс, жоншны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг юм байна. Нэг гэгээтэй мэдээ дуулгахад боловсруулсан нүүрсний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. 2011 онд олборлосон нүүрснийхээ 6.8 хувийг боловсруулж байсан бол 2013 онд 32 хувь болтлоо нэмэгджээ. Монгол Улсын нүүрсний экспорт” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт нүүрс экспортолдог хувийн компанийн төлөөллүүд иржээ. Харин төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-гоос хэн ч ирсэнгүй. Зохион байгуулагчдын зүгээс урилга явуулсан гэнэ. “Хувийн компаниудтайгаа өрсөлдөж үнийг нь буулгаж хэцүү байдалд оруулчихаад ирсэнгүй” гэсэн агуулгатай хатуу үг унагах бизнесмэн ч байв.

“МАк” компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт, “Энержи ресурс”-ийн Г.Энхтүвшин, “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч С.Энх-Амгалан нар панелистаар оролцсон энэ хурлыг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран даргалсан юм. Модератор “Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлт хүндэрсэн. Нүүрс нийлүүлдэг компаниуд сүүлийн жилүүдэд хямд үнээр өрсөлдөж байна. “Эрдэнэс Таван толгой” баруун, зүүн Цанхиасаа зэрэг олборлолт хийж байгаа учраас экспорт нэмэгдсэн гэж ярьж байгаа. Харин хувийн хэвшлийн компаниудын хувьд экспортоо нэмж чадаагүй. Хувийн бүх компани алдагдалтай ажиллаж байгаа. Гол зах зээл дээрх хэрэглэгчдээ алдахгүй, дэлхийн зах зээлд бүрдүүлсэн орон зайгаа тавьж өгөхгүй гэж хичээсэндээ л алдагдалтай ч гэсэн нүүрс нийлүүлж байна. Гэхдээ нэг өөдрөг таамаг гарсан байна лээ. Нүүрсний үнийн уналт энэ онд доод цэгтээ хүрээд тогтворжино, алсдаа бага багаар нэмэгдэж магадгүй гэсэн” үгээр хэлэлцүүлгийг эхлүүллээ. Манайх Хятадын коксжих нүүрсний зах зээлд Австралитай өрсөлдөж байгаа гэнэ. Орос, канад, Америк улсууд үнийн уналтаас болоод нийлүүлэлтээ багасгажээ.

Ийм хэцүү үед компаниуд бүсээ чангалж эхэлснээ ярилаа. “МАк” компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт “Манай компани зардлаа бууруулах арга хэмжээ авч байна. Зардлаа илүү сайн буулгахын тулд хамгийн түрүүнд царигийн асуудлыг намрын чуулганаар цаг алдалгүй шийдмээр байна. Сая Хятадын дарга ирж транзит тээвэр дээр нааштай шийд гарлаа. Хятад улс бидэнд далайд хүрэх боломжийг нээж өгч байна. Энэ боломжийг нь алдалгүй ашиглах хэрэгтэй” гэж байлаа. Харин “Энержи ресурс”-ийн төлөөлөл “Манай компани олборлолтын зардлаа 20, ложистикийн зардлаа 30, тээвэрлэлтийн зардлаа 17 хувиар багасгалаа. Дахиад ч бууруулна. Төмөр замтай болчихвол зардал эрс багасна гэдэгтэй санал нэг байна” гэж онцолсон. Төмөр замын асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэдэг дээр “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч С.Энх-Амгалан ч адил байр суурьтай байв. Тэрээр “Энэ жилийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой болсон. Манай компани өмнө нь нүүрсээ 280-300
юаниар зардаг байсан. Одоо 180-190
юаниар зарж байна. Монголын нүүрсний үнэ дөрөвдүгээр сард доод цэгтээ хүрсэн. Тэр үеэс хойш дахиад 20-30 хувиар уначихлаа” гэж ярилаа. “Саусгоби сэндс” олборлолтын зардлаа 40 хувиар бууруулжээ. “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Энэ өдрийн хуралдаанаар геологи хайгуул, уурхайн төслийн санхүүжилт, Монголын газрын ховор элемент гэсэн сэдвийг онцлох юм байна. “Азийн зах зээл дэх Монголын өрсөлдөх чадвар”, “Монголын эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тавигдах юм билээ. Мөн Монголд хайгуулын том төсөл хэрэгжүүлж буй “Занаду майнз”, “Эрдэнэ ресурс” компаниуд төслөө танилцуулахаар болжээ.

Ц.Баасансүрэн

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Болд: Халх голын дайн үүссэн шалтгаан их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам тавих орон зай гэж үзсэнтэй холбоотой

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын байранд хийлээ. Уг хурлыг ШУА-ийн олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Олон улсын эрдэмтэд энэ удаа Халх голын дайн эхлэх болсон шалтгааныг эдийн засгийн талаас нь тайлбарласан нь содон байлаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд Халх голын дайныг төмөр замтай холбож тайлбарласан сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнээс энэ талаар тодруулав.

Халх голын дайнд төмөр зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Миний хийж байгаа дүгнэлт Халх голын дайн байлдаан үүссэн шалтгаан нь их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам шинээр тавих орон зай гэж үзэж байсантай холбоотой. Одоо хүртэл бид Халх голын байлдаан хилийн зөрчил, хилийн шугам тодорхойгүй байснаас үүдэлтэй гэдэг ойлголттой явж ирлээ. Тэр бол нэг талын асуудал. Асуудлын мөн чанарыг сайтар ухвал төмөр замтай холбоотойгоор Халх голын байлдаан эхэлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Халх голын байлдаан болсон газар нутаг 1939 онд алслагдсан, зэлүүд цэрэг стратеги, эдийн засгийн ач холбогдолтой ямар нэг бүтэц байхгүй. Хамгийн ойрхон нь Хянганы нурууны баруун, Манжуурын гүнээс Халуун рашаан хүртэл татсан төмөр зам байсан. Хамгийн ойрхон хот суурин гэвэл 3000 хүнтэй Баянтүмэн хот байсан. Гэтэл яагаад тэнд Япон, Манж Гогийн тал байлдааны ажиллагаа явуулав гэдэг асуултанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд их эргэлзэж байсан байгаа юм. Хэрэв анзаарсан бол Зөвлөлтийн түүх бичлэгт япончууд Халх голын байлдаан эхлэхдээ зориуд төмөр замаас алслагдсан газрыг сонгож авсан гэдэг. Гэтэл Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг 1939 оны тавдугаар сарын 11-нд хилийн ойролцоо Манж Гогийн ч тэр Зөвлөлт, Монголын ч тэр цэргийн томоохон ач холбогдол байгаагүй.
1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхээс Халх голын хэрэг явдал бол БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг Квантуны армиас явуулсан цэргийн түрэмгий дайн байсан гэж дүгнэсэн. Тэгсэн мөртлөө дайн явуулахад Японы Засгийн газрын оролцоог нотолж чадсангүй гээд шүүх өөрөө зөрчилтэй дүгнэлт хийсэн байдаг. Халхын сүмийн хэрэг явдал 1935 оны нэгдүгээр сард гарахад Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэргийн байгууллагаас Сталинд юу гэж илтгэсэн гэхээр Халхын сүмийн хэрэг явдал нь яагаад Япон, Манж Гог өдөөн хатгав гэхээр Солонаас Халуун рашаан хүртэл төмөр зам тавьж байна. Төмөр зам цаашаа Халх голын хөндийгөөр Хайлаар хүртэл үргэлжлэх юм. Тэгэхээр энийгээ халхлахын тулд Халх голын хөндийг өөртөө авахын тулд энэ өдөөн хатгалгыг хийжээ гэдэг анхны дүгнэлт, танилцуулгыг хийсэн байх юм. 1939 оны таван сард түрүүний хэлдэг Халх голын байлдаан эхлэхэд Монголд байлдаж байсан 57 дугаар армийн корпусын удирдлага Москвад илтгэхдээ Япон Манж Гогийн тал Халх голд ойрхон тавьж байгаа төмөр замаа халхлахын тулд байлдааны ажиллагаа эхэлжээ гэсэн байр сууриа танилцуулж байсан. Гуравдугаарт 1939 оны долдугаар сарын 14-нд тухайн үеийн Коммунист намын Улстөрийн товчооноос Монголын цэрэг, эдийн засгийг бэхжүүлэх хэд хэдэн заалттай тогтоол гаргасан юм. Дайны үед шүү дээ.

Тийм үү. Энэ тухайгаа тодруулаач?

-Үүний нэг нь Совольёвск өртөөнөөс Баянтүмэн хүртэл төмөр зам тавина. Баянтүмэнгээс Тамсагбулаг хүртэл нарийн төмөр зам тавих шийдвэр гаргаад ажилдаа орсон. Энэ байлдааны ажиллагаа шууд төмөр зам эхлүүлэхэд нөлөөлсөн. Үүнээс өмнө төмөр зам тавих саналыг БНМАУ-ын удирдагчид Зөвлөлтийн талд 1937 оны дөрөвдүгээр сард тавьсан л даа. Зөвлөлтийн тал “Маш зүйтэй санал байна” гэж хүлээж авсан. Яагаад зүүн талын төмөр зам тавих саналыг Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар гаргаж байсан нь бас учиртай. 1937 оны наймдугаар сарын 14-нд 57 дугаар онцгой корпусыг Монголд байрлуулах шийдвэрийг Зөвлөлтийн тал гаргахдаа Совольёвскоос Баянтүмэн хүртэл төмөр зам тавь. Үүнийг Монголын Засгийн газартай ярьж шийд гэсэн заалттай явсан. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан Фриновский, Смирнов гээд Оросын коммунист намын төв хорооны комиссийнхон Монголд ажиллаад 1937 оны арван сарын дундуур буцаж очоод Сталинд танилцуулсан саналдаа юу гэсэн гэхээр Монголыг түшиц газар болго. Монголд өгсөн бүх тусламж энд чиглэгдэнэ гэсэн заавар өгсөн байсан. Япон, Хятадын дайн тухайн үед эхэлчихсэн байсан. Сталин ч гэсэн Зөвлөлтийн цэргийг Монголд томилох болсон шалтгаанаа Японы цэрэг урдаас нэвтрээд Монголоор дамжаад Өвөр байгалийн төмөр замыг таслах гэж байна. Үүнээс сэргийлэх зорилготой цэргээ орууллаа гэж байсан. Фриновский, Смирнов нар танилцуулгадаа юу гэж дурдсан гэхээр Монголд ойрхон чиглэлд төмөр зам тавих талаар бид Японоос хоцорчихжээ. Ийм учраас гүйцэх хэрэгтэй гэсэн. Энэ нь Монголын эдийн засаг хөгжилд нэмэртэй. Ингээд Наушикаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавья гэсэн ч Зөвлөлтийн дотоод байдлын улмаас энэ саналаа бас хэрэгжүүлж чадаагүй. 1938 онд маршал Чойбалсан ЗХУ-д очоод Сталинтай уулзахдаа мөн Наушик Улаанбаатарын төмөр зам тавих саналыг тавьсан л даа. Түрүүн анзаарсан байх. Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар зүүн хэсгээр төмөр зам тавья гэсэн. Чойбалсан болохоор Улаанбаатар-Наушикаар төмөр зам тавья гэсэн. Тэр үед засгийн эрхийн төлөө тэмцэл явж байж. Төмөр зам тавих төслийн гаргалгаа нь бас өөр өөр. Дотоод бодлогын асуудал бас тухайн үед байж. Ингээд дайны үед төмөр зам тавих шийдвэр гаргаад төмөр зам эхэлсэн. Дайн дуусаад, Халхын голын гэрээ хэлэлцээр Москвад явах үед Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдтай гал зогсоох гэрээ хэлцэл хийж байхдаа гэнэтхэн пал хийтэл “Танай Хянганы нурууны баруугаар тавьж байгаа төмөр зам чинь Монголын хилд ойрхон учраас байлдааны ажиллагаа эхлүүлсэн биз дээ. Танай төмөр замын ажилд саад болохгүйн тулд Нөмрөгийн голын сав газрыг танайд өгчихье. Оронд нь та нар Манж Гогийн нутгаас тэрэнтэй адил газрыг Монголын талд өг” ингээд асуудлаа түргэн шийдье гэсэн санал тавьсан. Ингээд тохиролцсон. Зөвлөлтийн удирдагчдын толгойд энэ байлдааныг япончууд төмөр замаас эхлэлтэй явуулсан гэсэн дүгнэлт байж. Дараа нь 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт, Япон хоёр төвийг сахих гэрээ байгуулахын өмнөхөн Японы тал мэдэгдэл хийсэн. Халуун рашаанаас Хайлаар хүртэл төмөр зам тавих гэж байсан. Тэрийгээ зогсоолоо гэсэн. Зөвлөлтийг өдөөхгүйн тулд стратегийн хувьд аюул учруулсан төмөр замаа зогсоолоо гэсэн. Дээр нь Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг 1934 онд хийж байжээ. Тэр үед Япон манж го-гийн тал БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийж байсан. Японы жанжин штабын зүгээс төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч. Хилийн шугамыг яагаад өөрчилсөн гэхээр төмөр зам барихад садаа болгохгүйн тулд тийм шийдвэр гаргаж байж. Харилцан уялдаатай эдгээр зүйлсийг аваад үзэхээр Халх голын байлдаан төмөр замаас болсон юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Төмөр замын эрх ашиг тухайн улсын ашиг сонирхол болж XX зууны дайны үндсэн шалтгаан болсон гэж Японы их сургуулийн судлаач Бүрэнсайхан дүгнэж байсан. Төмөр замаар ер нь юу зөөх гээд тэмцээд байсан юм бол?

-XIX зууны дундаас эхлээд төмөр зам бол эдийн засгийн хөгжлийг хурдасгах үндсэн хүчин зүйл болж байсан. Төмөр зам бол бусдыг колончлох хэрэгсэл. Төмөр зам бол бусдын нөлөөнд цөмрөх стратегийн хэрэгсэл, зах зээлээ өргөжүүлэх хэрэгсэл байсан. Төмөр зам бол эдийн засгийн утгаараа бүтээн байгуулалтын ажил. Төмөр замыг зөвхөн ашигт малтмал зөөхөөр, цэрэг, танк зөөхөөр гэж хийдэггүй. Төмөр замыг хэрэгтэй үед юунд ч ашиглаж болно. Тухайн үед Японы тал төмөр замыг цэвэр цэрэг стратегийн зорилгоор барьж байсан. Зөвлөлтийн тал ч бас тийм зорилгоор барьж байсан. Энхийн цагт бол төмөр зам энхийн бүтээн байгуулалтын зорилгоор л ашиглагдана шүү дээ.

Одоо ч гэсэн манайд нарийн өргөн цариг гэсэн маргаан яваад байдаг төмөр замыг дагасан том гүрнүүдийн ашиг сонирхол яваад байна гэсэн үг үү?

-2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа хөндлөн шугамаа барьчихъя. Хоёрдугаар ээлжинд нарийн шугамаа барьчихъя гэсэн. Тэр баримт бичигт хоёулаа байж байгаа. Яагаад ингээд хоёр тийш нь талцуулаад байгааг би мэдэхгүй.

Том гүрнүүдийн эрх ашиг яваад байгаа гэж ойлгож болох уу?

-(толгой сэгсрэв) Төрийн бодлого нь гарчихлаа. Төрийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалдаа зохицуулаад аль алиныхаа эрх ашийг бодолцоод явна биз дээ. Нэг онцлох юм манай улсын Орос, Хятадыг холбосон хөндлөн төмөр замыг давхар л болгох ёстой. Өнөөдөр энэ дан шугамаар асуудал шийдэгдэхгүй. Өргөн нарийн төмөр замын талаар маргалдах нь ач холбогдол багатай. Хэн үүнийг яриад байна гэхээр зүгээр л ойлгохгүй улсууд яриад байгаа юм.

Б.Янжмаа

 

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Муу хэлүүлэхээс айж, хийх зүйлээсээ ухрахгүй

Бид ямар гудамжны хүмүүс биш яалаа гэж барьцалдаж авах вэ?

Та сайхан намаржиж байна уу. Энэ зуны ажил хэр байв. Ид ажил алба цуглаад хот даяараа бужигнаж байна. Өвөлжилтийн бэлтгэл гээд зав муутай л байна уу?

-Мэдээж энэ зун ажил ихтэй өнгөрлөө. Зам засах, орон сууц барих гэх мэтийн ажлууд ундарсан. Хийсэн ажлууд цөм хүмүүсийн нүдэнд ил харагдаж байгаа учраас энд нуршаад юу хийхэв. Харин Монгол Улс эдийн засгийн хямралтай нүүр тулсан гэх боловч хотын бүтээн байгуулалт энэ шуурганд нэрвэгдэх нь бага байсныг онцолж болно шүү.

Гэхдээ эдийн засгийн хямрал ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байлгүй дээ?

-Тэр ойлгомжтой. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдгийг харуулж байлаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Хотод хураагддаг газрын төлбөрийн орлого тасалдсан. Хүн амын орлого буурсан зэргээс харвал мэдээж хямралтай байсан нь тодорхой. Гэсэн ч Улаанбаатарын бүтээн байгуулалтын эрч хүч буураагүй шүү. Тийм учраас нийслэл хот хямралд харьцангуй зөөлөн өртлөө. Одоо өвөлжилтийн бэлтгэл гээд мундахгүй их ажилтай л сууна.

Дулаан, цахилгааны засвар үйлчилгээнээс эхлээд төвхнүүлэх зүйл олон байна. энэ тухайгаа саяхан удирдлагын зөвлөл дээрээ ярилаа. Өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь амжуулахаар зүтгэж байна. Явц нь ахицтай, одоогийн байдлаар 80 хувьтай байна. тэгэхээр ажил хугацаандаа амжина.

-“Гудамжтөслийн санхүүжилт зогсох нь. Үүнээс болоод Э.БатҮүл дарга Н.Батбаяр сайдыг шанаадчихлаа гэх мэтийн явган яриа нэг хэсэг гарсан даа?

-Бид ямар гудамжны хүмүүс биш яалаа гэж барьцалдаж авах вэ. н.Батбаярын хувьд бол улаанбаатар хотын гудамж, талбайг сайжруулах тал дээр үнэхээр идэвх зүтгэл гаргасан хүн шүү. Өнөөдөр үр дүнд нь хотын гудамж, замуудын засварын ажил эрчимтэй явлаа. Хэд хэдэн уулзварыг заслаа. ажил хийж байгаа хүмүүст замаа үүгээр, түүгээр тавина гэх мэтийн маргаан, зөрөлдөөн үүсэлгүй яахав. “гудамж” төслийн санхүүжилт хэвийн. учирч байгаа нэг л бэрхшээл бий.

Юу юм?

-Урьд нь дутуу орхисныг нь нөхөж хийх ажил гараад байх юм. Жишээ нь Яармаг руу тавьсан замын зургийг гаргахдаа ухаан, санаа нь хаана явсан юм, бүү мэд. Ямар ч гарц, гэрлэн дохиогүй. Үүнээс нь болоод зам дээр дөрвөн ч хүн осолдлоо шүү дээ. Ингээд тэр замд нэмж гарц, гэрлэн дохио хийж, төлөвлөөгүй зардал гаргах юм.

Хариуцлага ч давхар яригдана биз?

-Хариуцлага тооцоход их төвөгтэй. замын зургийг анх гаргасан нөхдүүд “өгсөн мөнгөнд нь тааруулж зурсан шүү дээ” гэнэ. Мөнгө олгосон газар нь “Байгаа мөнгө чинь энэ” гэдэг юм. Ийм учраас хариуцлага хүлээх эзэн олдоход туйлын төвөгтэй. Үнэхээр байгаа мөнгөндөө тааруулж, зураг зурсан юм байж, тэр дагуу нь барилгын компани ажлаа хийж. тэгэхээр бас буруутгахын аргагүй.

Мөнгөгүйдээ муу ажил хийгээд байна гэдэгтэй эвлэрч болохгүй байх аа?

-Мэдээж мөнгөгүйдээ муу ажил хийгээд байна гэдэг худлаа л даа. Ямар ч хүн мөнгөндөө харам хандах нь жам ёсны хэрэг. татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацах ёсгүй. гэхдээ мөнгөө хэмнэлээ гээд иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болохгүй. Хүн алдаг зам хийчихэж болохгүй шүү дээ. тэгвэл тэр замаар яах юм. Үүнийгээ л боддог сэтгэл байх хэрэгтэй байна.

ӨНӨӨ жил зургаан мянган айлын орон сууц ашиглалтанд орно

Та хотын дарга болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацааг эргээд харахад юу амжуулсан бол. Дүгнэж, цэгнэж үзэв үү?

-Үнэнийг хэлэхэд энэ их ажлын дунд өөрөө ч заримдаа хөл алдаж байна. нэгдүгээрт, хоёрдугаарт гээд эхнээс нь жагсаавал их л юм ярих байх. гэхдээ бид хоёрын ярилцлагын цаг хүрэхгүй биз. Жишээ болгоод хэлэхэд гэр хороолол түрүүчээсээ орон сууцаар солигдож байна. зам барилгын ажлуудыг урьд хожид байгаагүйгээр хийлээ. Инженерийн бүтцийг шинэчиллээ. сургууль, эмнэлгүүдийг барьж байна.

-“Э.БатҮүл урьд хожид байгаагүйгээр ажиллалаа л гэх юм. Энэ бүхэн чинь бидний үед гаргасан төлөвлөгөө, зургийн дагуу явж байгаа ажилгэж өмнөх засгийнхан ярих юм.

-наадах чинь хаана ч, ямар ч улсад болдог яриа. Миний үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. хожид байгаагүйгээр ажиллалаа гэдэг нь эрч хүч, хурдны тухай яриа шүү дээ. Бид урьд хожид байгаагүйгээр хурдтай ажиллаж байна. зам засварын ажлыг ямар шуурхай хийдэг болсныг бүгд харж байгаа биз дээ. энэ хотод хийж байгаа бүхэн хүн бүрийн нүдэнд ил байна. тийм ч учраас шүүмжлэлд өртөж байгаа байх. ажил хийгээгүй бол өнөөдөр ийм шүүмжлэл өрнөхгүй.

угаасаа өмнөх засгийн хийсэн зүйлийг дараагийн засаг нь үргэлжлүүлээд явдаг нь жам ёс. Жараад онд баригдсан хотыг өдгөө бид өргөжүүлэн хөгжүүлэхээр зүтгэж байгаа нь үнэн шүү дээ. Хамгийн гол нь ажлаа хэн нь сэтгэлээсээ хийж байгаад нь асуудал оршиж байна. улаанбаатар бол бидний гэр орон гэдэг үүднээс өөриймсөг хандах ёстой. тэгж байж хотоо хот шиг хөгжүүлнэ. Гэр орноо тохижуулж, ая тухтай байлгахын төлөө явдаг шигээ амьдарч байгаа нийслэлээ хөгжүүлэхийн төлөө сэтгэл гаргах нь чухал байна. Үр хүүхдүүд минь өндөр хөгжилтэй хотод очоод “Манай нийслэл хэзээ ийм болох юм бэ” гэж дуу алдалгүй амьдраасай л гэж хүсч байна. Үр хойчдоо бид гоё хот үлдээх хэрэгтэй. Би ажилтнууддаа “Хүүхэд, ач, зээ нарынхаа зургийг жаазлаад ширээн дээрээ тавиарай. тэднийгээ харж, хэнд юу үлдээхийн төлөө ажиллаж байгаагаа байнга санаж бай” гэж хэлдэг юм. Бид ингэж л энэ хотыг сайхан болгоно. Ажилгүй, архи уусан хүнтэй таарахгүй, соёлтой, цэвэр цэмцгэр гудамжаар үр хүүхдүүдтэйгээ алхаж явбал сайхан биз дээ. Бид цөм ийм л хотын төлөө аль ч үед ажилласан.

Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах ажил хэр ахицтай байгаа вэ?

-зуун айлд орон сууцны хороолол бариад эхэлчихсэн байна. Энэ бол гэр хорооллыг орон сууцжуулах ажлын эхлэл. анх иргэдтэй уулзаад гэр хорооллыг орон сууцжуулна, хашаа руу нь шугам татна гэхэд яаж хүлээж авч байлаа. Бүтэшгүй санаа, үл гүйцэлдэх юм ярилаа гээд л. одоо бол иргэд “Манайх дахин төлөвлөлтөд хамрагдмаар байна” гэдэг хүсэлтээр биднийг булж байна. Магадгүй дахиад хоёр жилийн дараа иргэдийн хандлага 100 хувь өөрчлөгдөнө. “Би чинь газрын эзэн юм байна. Хөрөнгө оруулагч олж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм байна. нийтийн орон сууц эсвэл хаус бариулъя” гэдэг сэтгэлгээтэй болно.

Таныг анх ярьснаасаа хазайлаа. иргэдийн газрыг хэдхэн метр квадрат байраар сольж, дээрэмдлээ гэдэг шүүмжлэл дагаад байгаа шүү?

-анх сонгуульд оролцохдоо гэр хорооллыг хаус хороолол руу шилжүүлнэ гэж ярьсан нь үнэн. энэ байр суурь хэвээрээ байгаа. Энэ ажлыг эхлүүлэхээр улсын үйлдвэрийн газар ч байгуулсан. Одоо газар дээрээ хаус бариулах саналтай иргэдийн хүсэлтийг авч байгаа. Өнгөрсөн долдугаар сард өгсөн мэдээллээр хорин мянган өрх хаус бариулах санал тавьсан байна лээ. гэхдээ газраа чөлөөлж нийтийн орон сууцанд ормоор байна гэдэг хүсэлтэй иргэд их байна. газрын эзэд л бүгдийг шийднэ. надад тэдний газрыг дур мэдэн шийдэх эрх мэдэл байхгүй. газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийг нь олж өгөх л үүрэг бий. тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу ажлаа хийж байна.

Хаус хороолол руу шилжүүлэх ажил хэзээнээс бодитоор хэрэгжих юм бэ?

-Хөрөнгө босгох асуудал бий. Үүнийг шийдчихвэл иргэдтэй тохирно. Хашаагаа шахаж, гудамжнаасаа хандивын газар гаргаад өгөөч. Тэнд цэцэрлэг, сургууль барья гэдэг зарчмаар л явна. Иргэд тохирч өгдөггүй тал байгаа. Үүнээс болж ажил удаашрах хандлага гардаг. Жишээ нь гандангийн айлуудыг дахин төлөвлөлтөд оруулж, хаус хороолол бий болгоё гэж гуйгаад бүтэхгүй байна. Иргэд нь дөрөв хуваагдаад өөр өөр юм яриад суучихсан. аргаа барахдаа зөвхөн нэг гудамжийг нь загвар болгон засч “Ийм л болгоно шүү дээ” гээд харуулж байх жишээтэй. Өнөөдөр улаанбаатар хотын нийт суурьшлын бүсийн 78 хувь нь гэр хороолол. Үүнийг дэд бүтцээр хангахад асар их хөрөнгө шаардлагатай. Үүнийг шийдчихвэл энэ ажил эхлэх боломжтой. уг нь иргэд заавал биднийг харалгүй өөрсдөө хөрөнгө оруулагч хайж, газар дээрээ хаус бариулах боломж ч бий. Хэд хэдээрээ нийлж дундаасаа хандивын газар гаргаад хөрөнгө оруулагчдаа санал болгож болно шүү дээ. Харин одоо засгийн газраар нэг асуудлыг шийдүүлэх хэрэгтэй байна.

Юу билээ?

-аймаг, сумын иргэд хашааны газраа барьцаалж орон сууцны зээл авч болно гэдэг шийдвэр гарсан. гэтэл хотод үүнийг зөвшөөрдөггүй шүү дээ. Үүнийг л шийдүүлэх хэрэгтэй байна. Өнөө жил манай хэсэг сэтгүүлч нийлээд Америк стандартаар “Эрх чөлөө” гэдэг хотхон босгосон. газраа барьцаалж зээл авдаг болчихвол иргэдээ энэ загвараар хаустай болгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж бид шугамыг нь тавиад өгнө. Сургууль, цэцэрлэгийг нь байгуулчихна шүү дээ.

Яг одоогийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууц бариад эхэлсэн хичнээн хэсэг байна вэ?

-надад өгсөн мэдээллээр өнөө жил зургаан мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Аль аль хэсэгт вэ?

-энэ ондоо багтаагаад бидний нэрлэдгээр зуун айл болон Сонгинохайрхан дүүрэг гээд хэд хэдэн хэсэгт орон сууцнууд ашиглалтад орно. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг Баттулга болон очирбат дарга хариуцдаг учраас тэд илүү мэдээлэл өгнө.

Хотын захиргааг нүүлгэх асуудал юу болж байгаа вэ?

-Хотын захиргааг нүүлгэх бэлтгэл хангагдчихсан. Бид газраа чөлөөлчихсөн, барилгын зургийг гаргаж байна. Ирэх хавраас ажил эхэлнэ.

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг дөрөвдгээр сараас мөрдүүлнэ

Нийтийн тээврийн асуудал руу оръё. Бүтэн өдөржин 500 төгрөгөөр автобусанд суух нь сайхан ч төөрч будилаад нэг хэсэг хүмүүс бухимдах шиг боллоо. Автомашинуудыг улсын дугаарынх тэгш, сондгойгоор ангилан явуулахад түгжрэлгүй болсон нь авууштай. Гэсэн ч хүний машин унах эрхэд халдлаа гэх зэргээр таныг сайн, муугаар нэлээд ярилаа. Та өөрөө нэг тайлбар өгөөч?

-Автомашиныг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор явуулах аргыг бид өнгөрсөн жил ч хэрэглэсэн. Үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан шүү дээ. Есдүгээр 1-нээс өмнөх долоо хоногт улаанбаатар хотын түгжрэл хэрээс хэтэрч, тэг зогсолт хийхдээ тулдаг. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэх гэсэн эцэг, эхчүүд хөдөөнөөс цувдаг. Оюутнууд ч хотод орж ирдэг цаг. Ийм үед энэ арга хэмжээг авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ энэ хязгаарлалтыг хийхэд нэг хангалтгүй зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Машин нь явдаггүй өдөр хүмүүс автобусанд сууна. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгцээг нь хангаж чадахааргүй байлаа. Үүнийг бодолцож, нийтийн тээврийн шинэ үйлчилгээг автомашины хязгаарлаттай зэрэг нэвтрүүлж, туршиж үзсэн юм.

Үр дүнг нь яаж дүгнэж байгаа вэ?

-Сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэн хүний төлөө бус ашгийн төлөө давхидаг гэсэн муу нэр зүүдэг. Үүнийг залруулж, автобуснуудыг тодорхой стандарт хуваарийн дагуу явуулдаг болох л санаачилга байсан. Яагаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээний үүрэг нь иргэдээ ая тухтай байлгаж, түргэн шуурхай үйлчлэх шүү дээ. Нэг хүнтэй ч бай нийтийн тээвэр тогтсон цаг, хуваарийн дагуу маршрутаараа явж байх ёстой. түүнээс биш автобусаа дүүрэхийг хүлээж, зогсдог байж таарахгүй. Гэтэл манай нийтийн тээврийн үйлчилгээ яг ийм болчихоод зах зээлийнхээ замаас хазайгаад байна. Тиймээс бид орлого хөөсөн нийтийн тээврийн үйлчилгээнээс иргэддээ үйлчлэх нийтийн тээвэр рүү шилжих туршилтыг хийсэн юм. Мэдээж аливаа шинэ зүйлийг туршихад ямагт бэрхшээл шүүмжлэлтэй тулгарна. Бид саяын туршилтаас юу нь алдаа байсныг олж харсан. Яаж боловсронгуй болгохоо ч ойлгосон. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлж болох юм байна гэдгийг харлаа.

-Саяын туршилтын үеэр зарим чиглэлд явах автобус олдохгүй, хүмүүс яахаа мэдэхгүй будилаад байх шиг харагдсан…

-Маршрут дээр алдсан байж магадгүй. Үүнийгээ засч сайжруулна. Ер нь аливаа зүйлийг хийхдээ гарах алдаа дутагдлыг нь урьдчилж харах боломжгүй шүү дээ. Тиймээс л туршилт хийдэг юм. Уг нь бид нийтийн тээврийн туршилтыг явуулахдаа иргэдэд зөндөө хэлж, анхааруулсан. Гэвч цагаа тулахад бөөн асуудал бухимдал үүссэн. Нэг том хотын туршлагатай дарга надад “Хүмүүст ийм юм болно шүү гэдгийг яаж ч хэлээд нэмэргүй. Тэд өөрсдийн биеэр үзэж байж учрыг нь олдог юм. Тийм учраас нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг тоглоом биш шүү” гэж байсан юм. Түүний үг үнэн. Гэхдээ бусдад муу хэлүүлэхээс айж, хийх зүйлээсээ ухрахгүй. Хүмүүсийн төлөө зөв гэж бодсон болгоноо хийх л болно. Намайг муулж, сайлах нь сонин биш. Яагаад гэвэл би 1980-аад онд ухуулах хуудас нааж гүйхээсээ эхлээд өнөөг хүртэл бусдаас сайн үг дуулаагүй хүн. Муулуулсаар байгаад бүр дөжирчихсөн юм.

Гэхдээ сая болсон нийтийн тээврийн шинэ үйлчилгээний туршилтад хэрсүү хандсан иргэд ч олон. “Маш зөв юм боллоо. Өдөрт нийтийн тээвэр, унаж байгаа машиндаа ямар их мөнгө зарцуулдаг байснаа сая ойлголоо” гэж ярих хүмүүс байна. Автобус хооронд шилжин суух нь иргэдийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэн. Үүнээс болж жин хаслаа гэх хүнтэй ч таарч байлаа. Түгжрэлд зогсч, шатахуунаа хий шатаадаг байсан асуудал ч багаслаа гэж олзуурхах хүмүүс бий.

-Автобус нь тухтай, нийтийн тээврийн маршрут нь тодорхой, 500 төгрөгийн тасалбар тараалт боловсронгуй болбол ч хамаа алга…

-Яг өөрийн чинь хэлж байгаагаар бэлтгэлээ базаагаад ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн шинэ үйлчилгээг мөрдүүлж эхлэх санаатай байна. Зорчигч болгон автобусанд суухдаа карт уншуулж төлбөрөө хийдэг болно. Нэг, зургаан сар болон гэр бүлийн багцын тасалбар гаргана. Маршрутаа тодорхой болгоно. Автобуснуудыг ая тухтай болгоно. Сөүл юм уу гадны хотуудад үйлчилдэг автобуснууд манай жуулчдад үйлчилдэг унаатай адил ая тухтай байдаг. Хүмүүс нь тухтай суугаад явдаг шүү дээ. Нийтийн тээврийн үйлчилгээ ийм л стандарттай байх ёстой. Түүнээс биш манайхан шиг гулууз мах аччихсан аятай явдаггүй. Хэрэв дэлхийн бусад хотуудад манайхан шиг тэгж явбал хориотой. Цагдаа нар явуулахгүй. Ийм учраас 20 тэрбум төгрөг гаргаж, автобус нэмж авна. Урт сунадаг автобус оруулж ирэх гэж байна. Манай тээврийн газрынхны өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод 2500 автобус шаардлагатай. Тэгж байж бүх хүнд хүрэлцэнэ. Гэтэл одоо 800 автобус үйлчилж байгаа.

20 тэрбум төгрөгөөр хэрэгцээгээ бүрэн хангах автобус авч чадах юм уу?

-Яалаа гэж. Энэ бол нэг удаа авах автобусанд зарцуулах мөнгө. Бид жил бүр автобус худалдаж авна. Ингээд таван жилийн дараа автобусны хэрэгцээг бүрэн хангахаар тооцоолж байна.

Автомашинуудыг тэгш, сондгойгоор нь явуулах аргыг цаашид мөрдүүлэх юм уу?

-Мөрдүүлэхгүй. Энэ аргыг удаан хэрэглэвэл алдагдалтай. Хүмүүст ч хүндрэлтэй. Харин зарим иргэдийн зүгээс хотын төвөөр машинтайгаа явахын тулд төлбөр төлье гэдэг санал гаргаад байгаа. Тэндээс хураасан мөнгөө орлого багатай иргэд рүүгээ чиглүүлье.

Хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ?

-Санал асуулга явуулна. Хэрэв ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж, бүтэн өдөр 500 төгрөгөөр зорчдог болбол нийтийн тээвэрт 17 тэрбум төгрөгийн алдагдал гарна.

Энэ алдагдлыг нөхөхийн тулд хотын төвөөр явах машинаас 50 мянган төгрөгийн татвар авах гээд байгаа юм уу?

-Ингэж нөхөхөөс өөр арга байхгүй. Төсвөөс нөхөх ямар ч боломжгүй. Нөгөө талаар 50 мянган төгрөгийн татвар бол түгжрэлгүй үйлчилгээний төлбөр шүү дээ. Энэ бол дэлхийн жишиг. Лондон, Парис, Сингапурт ч байдаг зүйл. Бүх хот түгжрэлээ ийм аргаар шийддэг. Тэгж ярих юм бол Парис хотын архитектороор 35 жил ажилласан хүн хувьдаа машингүй байна. Яагаад гэвэл ая тухтай, түргэн шуурхай үйлчилгээтэй нийтийн тээвэртэй учраас тэр хүнд машин унах шаардлага алга. Бид ийм л болмоор байна.

-Наад саналыг чинь хүмүүс дуулахгүй байх даа. Энэ тухай сонсоод жагсана, цуглана гээд бухимдаад байсан л даа?

-Дэмжүүлэхийн тулд бүх л тайлбараа хэлнэ дээ. Хамаг байдгаараа ухуулж сурталчилна. Ач холбогдлыг нь ойлгуулна. Ер нь аливаа оронд чинээлэг хэсэг нь ядуучуудын нийгмийн дарамтыг багасгаж өгөхөд тусалдаг. Үүнийг шударга ёс гэж үздэг юм. Чинээлэг иргэд нь орлого багатайгаа дэмжиж, нийгмийн зөвшилцлөөр амьдармаар байна шүү дээ.

Таныг ийм зүйлүүд яриад байгаа учраас дарангуйлагчаар өргөмжлөөд эхэлсэн байна. Бин Ладен шиг сахал зүүлгэсэн зургийн эвлүүлэг интернэтэд тарчихаж…

-Үнэнийг хэлэхэд би хийе гэснээ хэнээс ч дальдчихгүй хийнэ. Хариуцлагаа ч үүрнэ. Манай улстөрчид зоригтой шийдвэр гаргаж чадахгүй, олон түмнээс айж эмээсээр яваад өнөөдөр улс орныг сайн ч биш, муу ч биш хоёрын хооронд байдалд оруулчихсан байна. Ингэхгүйн тулд хотын хөгжилд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргана. Шийдвэл шийдсэн шиг шийдэж, шийдэж чадахгүй бол ажлаа өгнө.

-Тэгэхээр энэ зун шуугисан бас нэг зүйл нь цахимаар газар эзэмшүүлэх асуудал байлаа. “Миний ойр тойрны хүмүүст газар эзэмших эрхтэй боллоо гэдэг мессеж ирсэнгүй, тэгэхээр шударга бус байна” гэх хэл ам гараад байна…

-Бид хүмүүсээ ямар итгэлгүй, хар санаатай болгочихсон юм бэ. Бүхнийг хараар боддог хүмүүс их байх шиг байна. Газар авсандаа баярлаад гүйж яваа хүн олон шүү дээ. Нялх хүүхдэд ч газар таарсан байна лээ. Арай тэр нялх хүүхдэд арын хаалгадаагүй байлгүй дээ. Үнэнийг хэлэхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гаргаж, 0.07 га газар өмчлүүлнэ гээд хэдэн жил яриад амжаагүй шүү дээ. Нэг сая 100 мянга гаруй иргэн газраа өмчлөөгүй үлдсэн. Тэдэнд газар өмчлүүлэхийн тулд бид энэ арга хэмжээг авч байна. Үнэндээ иргэн бүрт газар оноож өгнө гэдэг хүнд асуудал. Өнгөрсөн хугацаанд энэ ажлыг яаж хийх техникийн шийдлээ олоогүй байсан. Харин манай газрын албаныхан нойр хоолгүй сууж, программ хийгээд 15 мянга гаруй иргэнд агшин зуурын хугацаанд газар өмчлүүлэх ажлыг зохион байгууллаа. Уучлаарай энэ бол маш шударга болсон гэдэгт итгэлтэй байна. 15 мянган иргэнд газар өмчлүүлэхийн тулд найраа хийгээд явах уу. Санаанд багтамгүй шүү дээ. Хоёрдугаарт тэр оноолтыг хүн хийгээгүй. Компьютер хийсэн. Нэг хүнд арын хаалгаар газар өгөх гээд явж байдаг компьютер байх уу. Тийм учраас шударга бус болсон гэдэг яриа зүгээр л хий хоосон хардлага.

-Бүртгүүлсэн хүмүүсээс хичнээн нь газраа өмчилж авсан бэ?

-280-аад мянган хүн бүртгүүлснээс 15 мянган иргэн эхний ээлжинд газар өмчлөх эрхтэй болсон. Хачирхалтай нь 4000 иргэн газрын гэрчилгээгээ авахыг хүсэхгүй байна. Үүнийг гайхаад барахгүй юм. Эхний ээлжинд иргэдэд өмчлүүлж байгаа таван байршлын газрууд ямар сайхан гээч. Жишээ нь Улиастайн Хожуулын ам руу төсвийн мөнгөөр засмал зам тавина. Бохир дулааны шугам татна. Канад маягийн хаус хороолол бий болно шүү дээ. Гэтэл яагаад иргэд газрын гэрчилгээгээ авахгүй байгаа юм бэ. Энэ тухай бид учрыг нь олохоор хуралдсан. Тэгтэл манай нэг мэргэжилтэн “Зүгээр сугалаанд ороод үзье гэсэн хүмүүс бүртгүүлсэн байна” гэж хэлж байна. Үнэхээр тэгж саваагүйтсэн хүмүүс байгаа бол шууд хасъя. Тэдний аваагүй газар дээр дахин сугалаа явуулъя.

-Ер нь газар аваагүй бүх иргэнээ цахим сугалаагаар газартай болгоно биз дээ?

-Мэдээж. 0.07 га газраа аваагүй сая нэг зуун мянган иргэнээ бүгдийг нь газартай болгоно. Саяын сугалаанаас үлдсэн хүмүүс дараагийн ээлж рүү шилжинэ. Сая туршилтын маягаар эхний таван байршилд сугалаа явуулж үзлээ. Одоо цаашлаад бусад байршлуудад сугалааг үргэлжлүүлнэ.

Хууль бусаар газар өмчилсөн байгууллагуудаас газрыг нь буцааж авсан. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Зарим нь шүүхэд очсон. Зарим газруудыг төрийн өмчид буцаагаад авчихсан байгаа. Урьдчилсан байдлаар 65 газрыг дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байна. Гэхдээ зүгээр хоосон газрыг дуудлага худалдаанд оруулахгүй. Барилга барих зөвшөөрөлтэй, техникийн нөхцөл нь батлагдсан газрыг бид дуудлага худалдаанд оруулна. Хүн юу худалдаж авч байгаагаа мэдэх ёстой шүү дээ.

-Дуудлага худалдааны мөнгөөр юу хийх вэ?

-Иргэдээ орон сууцжуулах төсөлд зарцуулна.

-НОСК-т хөрөнгө оруулах юм уу?

-Тийм.

-НОСК-ийн ажил ямар явцтай байгаа вэ?

-Бэлтгэлээ үндсэндээ хангачихсан байна.

-Ингэхэд Улаанбаатар хот бонд гаргах уу?

-Бэлтгэж л байна. Эргэж төлөх баталгаагаа бид гаргаад өгчихвөл манай бондыг булаацалдаад л авна.

-Бондын мөнгийг юунд зарцуулах юм?

-Орон сууцжуулах төсөлд зарцуулна.

-Өнгөрсөн хавар Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкнаас зээл авсан. Юу хийж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банкнаас олон шатлалт зээл авсан. Ер нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад олон улсын байгууллагууд, Засгийн газар ихээхэн хувь нэмэр оруулж байна. Азийн хөгжлийн банк 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж, Улаанбаатар хотод хоёр дэд төв байгуулахаар ажиллаж байна. Баянхошуу, Чингэлтэй дүүргийг хот доторх хот болгоно. Дэлхийн банкнаас цэвэр усны хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлээд дуусч байна. Мөн сургууль, цэцэрлэг барьж байна. Азийн хөгжлийн банкны тусламжтай эмнэлэг барьж байна. Засгийн газар хөрөнгө оруулж, “Гудамж” төслийг хэрэгжүүлж байна. Хятадын Засгийн газрын тусламжтайгаар орон сууцны барилга барьж байгаа. Японы Засгийн газрын тусламжаар гүүр барилаа, одоо метроны ажил руу орж байна.

-Метрог хэзээнээс барьж эхлэх юм бэ?

-2016 оноос метро барих ажил эхэлнэ.

-Ингээд хараад байхад өнгөрсөн хугацаанд Засгийн газар, та хоёр л шүүмжлэлд их өртөж байх шиг байна шүү…

-Миний ажил яахав, бүхний нүдэн дээр ил байдаг юм. Би муу ажиллабал өөрийгөө мянга сайлаад нэмэргүй, ард түмэн дүгнэнэ. Мэдээж сөрөг хүчний хийх ажил нь шүүмжлэл өрнүүлэх шүү дээ. Тиймээс л сөрөг хүчин бачуурч байна. Тэгэхгүй гээд ч яах юм. Эрх баригчид ямар мундаг юм бэ гээд гүйгээд байлтай биш. Тэгвэл тэнэг болж хувирна биз дээ.

-Харин Засгийн газрын тухайд та ямар бодолтой сууна…

-Үнэнийг хэлэхэд бидэнд тогтвортой байдал хэрэгтэй. Нэн ялангуяа эдийн засгийн ийм хямралтай үед хоосон улстөржилт дэмий. Олон улсын практикт ч хямрал ойртох тусам улстөрчид нь илүү зөвшилцдөг шүү дээ. Давагдашгүй хүчин зүйлийг хамтдаа л даван туулах ёстой. Хямралаар далимдуулж нэгийгээ цохиж унагаагаад байвал байдлыг бүр дордуулна. Украиныг хар л даа. Хоорондоо ноцолдсоор байгаад улсаа дуусгаад авлаа. Одоо дэлхийг дайн руу түлхэхдээ тулчихлаа. Үнэндээ Украин бол авлигад идэгдсэн улстөрчид улсаараа яаж тоглодгийн тод жишээг харууллаа. Авлига авч, түүндээ амташсан сүргийн удирдагчдын зодоон Украинд болсон шүү дээ. Монголыг ийм болгож болохгүй.

-Сүүлийн өдрүүдэд явж байгаа нэг шүүмжлэл байна. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайд яагаад байр өгчихөв өө гэж. Хүмүүс жиргээд, буруутгаад л байна. Энэ тал дээр та нэг тайлбар хийгээч?

-Л.Цогзолмаа гуай хүсэлт тавьсан юм. Тэр хүнд үгүй гэж хэлэх эрх надад байхгүй биз дээ. Ер нь ганцхан Цогзолмаа гуай биш. Арван мянга гаруй ахмад бий. Тэднийг бүгдийг нь байртай болгоно. Тэр ахмадуудад үгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Зүгээр л аливаа юм дэс дараагаараа явдаг. Тэр зарчмаараа л явж байна.

-Ер нь таныг жиргээчдийн үгээр үг хийдэг гэх зэмлэл бий. Үнэхээр ч тэдний үгээр хогийн ногоон уутыг асуудал болгоод авсан байх…

-Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байх даа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг билээ.

Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Гэтэл интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй.

-Жиргээчдийг доромжиллоо гээд таны эсрэг бослого маягийн юм гарах байх даа?

-Тэгж л байг. Би хэлсэн байх аа. Элдвээр хэлүүлсээр байгаад дөжирчихсөн хүн гэж. Бат-Үүл үхээсэй гэж өнөөдрийг хүртэл бодож, залбирдаг хичнээн хүн бий гээч, цаана чинь. Надад хүндрэл тохиолдоход хоорондоо хундага тулгадаг нөхдүүд байгаа. Тийм учраас би юунд ч доргихоо больчихсон. Ертөнцийн бүх хараалыг овоолоод байгаа хүмүүс чинь галзуу байж таарна биз дээ. Тэгээд ч аймхай хүн үгээр өс хонзон авахдаа сайн байдаг юм шүү дээ. Монголчуудын нэр хүндийг унагаад яваа бүтэхгүй хүмүүсийг Баабар сүгсэлзүүр гэдэг юм. Бидний үед тэднийг лалрууд гэдэг байлаа. Нэг орос хүн надад ингэж хэлж билээ. “Танай монголчууд бие биедээ ямар дээрэлхүү юм бэ. Бусад үндэстэн тэгдэггүй. Бие биедээ тусалдаггүй юмаа гэхэд гай болохгүй явж болдоггүй юм уу” гэж. Тэгэхээр нь “Наадах чинь монголчуудын төрөлх араншин биш ээ. Бид оготнын хамраас цус гаргалгүйгээр ардчилал тогтоосныг харсан биз дээ. Харин нэг ийм хэсэг лалрууд байдаг юм. Тэднээс болж манай нэр хүнд гутаад байна. Гайтай нь тэр адгийн юмнууд гадаадад гарчихаад монголчуудын нэр хүндийг унагаад байна” гэж хэлсэн дээ. Намайг гадны улсад айлчлаад явж байхад гурван монгол залуу архи ууж байгаад хоёр нь нэгийгээ хүчиндчихсэн гэдэг мэдээ дуулгаж байлаа. Ийм юм сонсч суух ямар гутамшигтай, нүүр улаймаар байсан гээч. Яг тэдэн шиг лалрууд жиргээчдийн дунд зөндөө байна. Эмэгтэй хүний эсрэг жиргэхээрээ ямар бузартай муухайгаар хэлнэ гээч. Аманд багтахгүй үгээр тэднийг хараана. Ардчилал бол та галзуу байх эрхтэй гэсэн үг мөн. Галзуу хүн галзуу байх эрхтэй. Гэхдээ бусдад гай болох ёсгүй. Та өөрөө өөртөө л галзуу бай. Энэ л ардчилал гэдгийг ойлгоосой.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ цаг-үе

Чимэдийн Минжин: Хүүхдүүд намайг минж гэж дуудахад аав эмзэглэдэг байсан

Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн гавьяат жүжигчин, дуурийн дуучин П.Цэвэлсүрэн ээжтэй, төрийн шагналт зохиолч Чойжилын Чимэд аавтай Минжинтэй уулзлаа.

П.Цэвэлсүрэн гуайг сайхан монгол эмэгтэйн дүр төрх гэдэг. Чойжилын Чимэд гуай мөн домог болсон зохиолч. Ийм мундаг хоёр хүний дундаас төрсөн хүүхэд ямар хүн байдаг бол гэж  сонирхож
байлаа?

– Аль ч авьяас нь
надад байхгүй. Зүгээр  жирийн
л нэг хүн.
Солгой хоолойтой, дуулж ёстой чаддаггүй.

Та
аавыгаа хэдтэй байхад төрсөн бэ?

-Би 1971 онд төрсөн.44-тэй
байхад нь төрсөн юм
уу даа.

Хэнз
хүүхдэдээ хүмүүс амь байдаг даа?

-Хамгийн хайртай хүүхэд нь
байсан байх. Жаахан байхдаа
эрх байсан. Аав юмыг
ойлгуулдаг хүн байсан санагддаг.
Тэр үед ананансны лаазтай
компот гэж байлаа. Түүнийг
ганцаараа иднэ гэж зүтгээд.
Ээж болохоор гурвуулаа байгаа юм чинь
гурвуулаа л хувааж идэх
ёстой гэсэн. Аав харин
“Ид ид миний охин.
Бүгдийг нь идчих” гэсэн.
Мэдээж хүүхэд бүгдийг нь
идэж чадахгүй. Амьдралд зөв хандах хандлагыг
зааж өгч байсан юм
шиг санагддаг. Аавыг өөд болоход
найман настай байсан болохоор
үнэндээ сайн мэдэхгүй. Их
л өндөр хүн
байсан санагддаг. Заримдаа өндөр эр хүн
дотно санагддаг юм.  Эгч
нар маань аавыг зөөлөн
хүн байсан гэж ярьдаг
юм. Нэгдүгээр ангид байхдаа нэг
өдөр маш том лент
үсэндээ зүүчихсэн. Түүнийгээ муухай болгочихно гээд
малгай өмсөхгүй гэж зүтгэсэн. Аав
маань сургууль хүртэл хоёр чихийг
маань алгаараа  дулаацуулж  явж
билээ.

Хаана
сурдаг байв?

-Зөвлөлтийн
нэгдүгээр сургуульд. Аав маань тэр
сургуулийг төгссөн юм. Аав
монгол лавшаа гэж их
ярьдаг. Мах, гурилаас өөр
юм хийдэггүй лавшаанд дуртай. Худал хуурмагтай
эвлэрч чаддаггүй хүн байж дээ.
“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дууг дуулсан
хүн аавд таалагдахгүй байж.
Тэгээд жүжигчин Дамчаа гуайг дуул
гэхэд нь татгалзаад байж
л дээ. Тэгэхээр
нь “Би чамд намын
даалгавар өгч байна” гэж
байгаад дуулуулахад ганцхан удаа бичлэг
хийгээд л болчихсон гэдэг.
Тэр дуу нь олонд
хүрсэн. Энэ түүхийг Энхээ
ах ярьж өгсөн юм.
Аав урлагийн тал дээр ч
хүний тал дээр ч
торгон мэдрэмжтэй  байсан
болов уу гэж сүүлд
нь л дүгнэж байгаа
юм. В.Шекспирийн “Гамлет”
жүжгийн зохиолыг орчуулж дуусаад Ардын
жүжигчин Жамсранжав гуайд орчуулга өгөхдөө
‘’Миний хийх ажил дууслаа.
Одоо чиний хийх ажил
үлдсэн гэж бичсэн байсан’’
хэмээн Жамсранжав гуай надад ярьж
билээ. Сонирхолтой нь Гамлетийн дүрд
хэн тоглох нь мэдэгдээгүй
байсан үед шүү дээ.

Ээж
тань бас олны танил хүн. “Ардын элч”-ийн Ариунаа, Тунгалаг Тамирын Долгор гэхээр нэг л сайхан монгол эмэгтэйн дүр сэтгэлд буудаг.  Алдартай
хүний хүүхдээс хүмүүс илүү ихийг хүлээгээд байдаг шиг санагддаг?

-Надад тэгж санагддаг байсан.
Аав намайг наймтай байхад
нас бараад ээж  19-тэй байхад өнгөрчихсөн
шүү дээ. Би сүүлд
урлагийн сургуульд найруулагчийн ангид орсон. Багш
нар намайг шалгалт өгөхөөр
надаас илүү ихийг шаардаад
байсан гэдгийг сүүлд л
ойлгосон л доо.  Гэхдээ жаахан байхад
“Өө энэ тэрний хүүхэд
шүү дээ” гэхээр хүмүүс
өөрөөр хараад эхэлдэг. Тэр
нь надад эмзэг тусдаг
байсан. Би чинь бас
өөр хүн шүү дээ.
Би чинь Минжин гэдэг
хүн. Ээж, аав бол
ээж, аав шүү дээ.
Минжин гэхээсээ надаас ээжийг, аавыг
олж харах гээд байдаг
байсан.

Олны
танил ээж, аав  хүүхдээ
яаж сургадаг байсан юм бол?

-Миний ээж ухаантай эмэгтэй
байсан. Ээж  “Миний
охин ингэчихвэл зүгээр юм уу
даа. Гэхдээ чи өөрөө
л мэд” гэдэг.
Ээжийн талаас надад үнэхээр
дарамт шахалт байгаагүй. Тэр
ч хэрээрээ би
жаргалтай бага насыг өнгөрөөсөн.

Цэвэлсүрэн
гуайг дэлгэцийн дүрээр нь хүмүүс сайн мэддэг. Гэртээ ямар ээж, эзэгтэй байв?

-“Уулзалт”
гэж киног санаж байна
уу. Лхасүрэн гуайн хүүхдийн хойд
ээж болж тоглодог шүү
дээ. Тэр киног үзэхээр
миний ээж яг энэ
дээ гэж бодогддог юм.
Миний ээж их зөөлөн
зантай. Амттай хоол хийдэг.  Намайг
өвдөхөөр хуушуур хайрч, том
том хэрчсэн байцааны салат
хийгээд гарт атгуулдаг байлаа.
Одоо өвдөхөөрөө хуушуур идэх юм
сан гэж санагддаг.

Зохиолчид
их ирэх үү?

-Би сайн санахгүй байна.
Гэхдээ Х.Зандраабайды гуай,
Д.Батбаяр, С.Эрдэнэ, Л.Хуушаан
гуай их ирдэг байсан.  Ээж  дээр
дараа нь Х.Уртнасан
гуай, В.Сүрэнхорлоо гуай
гээд ихэвчлэн дуурийн дуучид ирдэг
байсан.

Минжин
гэдэг нэрийг хэн өгсөн бол, ямар утгатай вэ?

-Аав өгсөн гэдэг.  Жаахан байхад хүүхдүүд
намайг минж гэж дуудахад,
эсвэл манжаан гэж  хочлоход аав эмзэглэдэг байсан.
“Минж байна уу” гээд
хүүхдүүд намайг асуухаар “Манайд
тийм хүн байдаггүй. Минжин
гэж байдаг” гэдэг. Заавал
ч үгүй бүтэн
нэрээр маань дуудуулах сонирхолтой
байдаг сан. Миний хүүг
Тулга гэдэг. Хүмүүс Тулгаа
гээд өөрөөр дуудахад  би ч дургүй.

Минжин
жүжигчин мэргэжилтэй юу?

-Үгүй ээ  найруулагч.
СУИС-д сурч байгаад
Кино урлагийн дээд сургууль байгуулагдахад
ангиараа тийшээ шилжсэн. Гэхдээ
мэргэжлээрээ  ажиллаагүй.

Мэргэжлээ
сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Ээж. Есдүгээр ангиа төгсөөд ээжтэйгээ
кино зурагт явсан. Тэгээд
ерөөсөө урлагийн мэргэжил гоё юм байна
гэдэг ойлголт аваад. Эхлээд
жүжигчин болно гэж боддог
байлаа. Сүүлдээ хүүхэд гаргаад,
нас яваад, “За за
найруулагчийн ангид орчихъё” гээд
найруулагчийн ангид орсон юм.

Одоо
юу хийдэг вэ?

-Одоо бол ерөнхийдөө эгчдээ
туслаад байж байгаа. Яг
бие даасан  ажил
хийгээгүй.

Багадаа
охид их л юм мөрөөддөг. Та тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Үгүй хүрээгүй.

Яг
юу хүсдэг байв?

-Би   нэг
их том мөрөөдөлтэй байгаагүй.
Зүгээр л  сайн
ханьтай, гоё гэртэй, хүүхдүүдтэй
болно гэсэн тиймэрхүү л
мөрөөдөлтэй байсан. Тэрнээс биш
тугаа мандуулаад, хувьсгал хийгээд явна гэсэн
мөрөөдөл надад байгаагүй. Залуу
байхад амбиц ихтэй л
байсан байх. Одоо бол
харьцангуй тийм юм нь
дарагдсан. Арай өөрөөр хардаг
болсон гэх юм уу
даа.

Хэдэн
хүүхэдтэй вэ?

-Ганц хүүтэй. Хүүгээ л
сайн хүн болоосой гэж
хүсч байна даа. Би
24 настай дээд сургуульд ороод,
тэр мэргэжлээрээ ажиллаагүй.  Хүүгээ
ажил хийж үзэг гэж
боддог. Миний хүү хорь
хүрч байгаа. “Ямар мэргэжилтэй болмоор
байна” гэсэн чинь “Мэдэхгүй
байна” гэхээр нь “За
тэгвэл ахиад нэг жил
ажил хий дээ” гээд
орхичихсон шүү дээ.  Одоо бол хүн
хоббигоороо сурч,  ажил
хийх хэрэгтэй. Дуртай ажлаараа мөнгө
олох нь зөв гэж
боддог. Учир нь дуртай
байвал шинийг сэдэж, амжилтанд
хүрэхэд дөхөм юм уу.
Тийм болохоороо хүүгээ тэг ингэ
гэж хүчилдэггүй.

Та
сүүлийн үед юунд цагаа зарцуулж байгаа вэ?

-Би ном унших дуртай.
Бас кино, жүжиг  үзэх дуртай. Гэхдээ
би одоо харахад өөрийгөө
шүүмжлэгч хийсэн бол илүү
чадвартай байх байсан гэж
боддог.  Саяхан
юм бичих гэж оролдсоон
оролдсон. (Инээв)

Юу
тэр вэ?

-Үгүй яах вэ, өгүүллэг
маркийн юм. Мэдээж хэрэг
амжилттай болоогүй. Гэхдээ би олон
нийтэд дэлгээгүй. Өөрөө өөртөө л
бичиж байгаа юм. Юм
бичих гэж  оролдвол  зүгээр
юм болов уу гэсэн  бодол
төрсөн.

Зохиолч
аавтай хүн авьяастай байж мэднэ?

-Саяхан нэг жил сурсан  юм
аа. Эссэ бичих болоход
гэнэтхэн надад таалагдаж эхлэхгүй
юу.  Хүүш,
энэ чинь их сонирхолтой
юм байна гэж бодогдоод,
дараа нь түүнийгээ хөгжүүлэх
гэж жаахан оролдсон л
доо, өөртөө. Гэхдээ оновчтой
үг олно гэдэг маш
хэцүү юм билээ.

Толгой
холбож шүлэг бичээгүй хүүхэд байхгүй л гэдэг. Таны хувьд ямар байсан бэ?

-Би ерөөсөө шүлэг бичиж
байгаагүй. Мөнхдорж найруулагчийн Театр студи гэж
байсан шүү дээ. Тэнд
сурч байсан.  Тэнд
дууны багш  Лхагвасүрэн
гуай байсан. Тэр багш
л “Та нар төмсөн
толгойгоо ажиллуул” гэдэг. Тэр үед
даалгаварын дагуу жаахан бичдэг
байсан л даа. Манай
найз нар тэрийг уншчихаад
намайг шоолдог юм. “Чи
гадаад хүн монголоор бичиж
байгаа юм шиг байх
юм аа” гэдэг.

Багаасаа
гадаад хэл сурчихаар монголоор яруу сэтгэхэд хэцүү юм шиг байгаа юм аа?

-Гайгүй ээ. Би орос
сургууль төгссөн. Гэхдээ монгол хүн
юм чинь сурна шүү
дээ. Хүмүүс орос сургуульд
хүүхдээ сургасан, монгол хэлээр бичиж
чадахаа байчих вий гэж
санаа зовдог. Яалт ч
үгүй угсаа үндэс нь
монгол юм чинь сурч
л таарна.

Дунд
сургуульд ямар хичээлд сайн байв?

– Ер нь би биеийн
тамирын хичээлд л сайн
байсан даа.

Хүүхэд
бүр “Аргалын утаа боргилсон, малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг уншдаг. Энэ шүлгийг уншихад аавын минь шүлэг гэсэн өвөрмөц сэтгэгдэл төрдөг үү?

-Өвөр Монголын дуучин Тэнгэрийн дуулсан
“Би монгол хүн” дуу
нь илүүтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Аав,
ээжээс үлдсэн үнэт зүйл байдаг уу?

-Ээжийн бугуйвч бий.Аав
Египетээс ээжид авчирч байсан
гэдэг.  14 нас
хүрэхэд маань ээж бэлэглэж
байсан юм аа. Тэр
бугуйвчаа жилдээ ганц, хоёр
удаа төрсөн өдрөөрөө, шинэ
жилээр ч юм уу
зүүдэг.  Ааваас  бол
надад номууд л үлдсэн
дээ. Дэлхийн 200 боть гэж байдаг
шүү дээ. Тэр нь  үлдсэн.
Зохиолчид бие биедээ номоо
дурсгадаг байсан болохоор их
номтой .

Та
ээжийгээ дуурайсан уу, аавыгаа дуурайсан уу?

-Царай зүсээрээ аавыгаа дуурайсан гэдэг
юм. Одоо манай эгч
нар “Хөдөлж, явж байгаа
нь ээжтэй их адилхан”
гэдэг юм.

Эгч
нар гэснээс эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс дөрвүүлээ. Гурван  эгчтэй.

Ч.Чимэд гуайн өмнөх эхнэрийн хүүхдүүдтэй холбоотой байдаг уу?

-Би саяхан Энхээ ахтай
уулзсаан. Энхээ ахтай уулзахад
дотно сайхан санагдаж байна
лээ.

Багадаа
холбоотой байсан уу?

-Ер нь нэг их
холбоотой байгаагүй. Гэхдээ Энхээ ах
аавыг байхад манайхаар орж
гардаг байсан санагддаг.  Энхээ ахыг л
мэднэ. Бусдыг нь сайн
мэдэхгүй.

Хүмүүс
Чимэдийн Энхээ гэж мэддэг?

-Энхээ ах авьяастай. Юм
бичдэг, зурдаг.  Мундаг
хуульч гэж би сонссон.
Удахгүй зургийн үзэсгэлэн нь
гарна, надад урилга өгнө
гэж ярьж байсан.

Минжин
цаашдаа юу хийхийг хүсч байгаа вэ?

-Намайг эмзэглүүлдэг асуудлууд бий. Аль болох
өнөө үед үүрч байгаа
эмэгтэйчүүдийн  ачаанаас
жаахан ч гэсэн хөнгөвчлөх
юмсан, эмэгтэйчүүдийг дэмжих сэн  гэж бодогддог. Үүнийхээ
төлөө алхмууд хийж эхэлж
байгаа.

Эгч
нар  чинь
ээжийнхээ авьяасыг өвлөсөн үү?

-Манайхан урлагийн хүмүүс биш. Нэг
эгч маань  өнгөрчихсөн
л дөө. Миний
хоёр эгч бизнес хийдэг.
Би ч тэр тал
руугаа ажиллаж байгаа. Миний
дээд талын эгч ээжтэй
их адилхан.

Ээж
аавын танилцсан түүхийг танай гэрийнхэн ярьдаг уу?

-Ярьдаг байсан байж магадгүй.
Гэхдээ би санахгүй байна.
Ээж  дуурьт
ажилладаг. Аав орой болгон
тосно. Би заримдаа хамт
тосдог байсан. Нэг оройг
яг санадаг. Аав бид хоёр
хамт очсон. Тайзны хөшиг
буулгадаг том төмөрт  аав цохиулаад, толгойгоо
хагалж байсан. Мэс засалч
Нинжин гэдэг ах манай
гэрт ирээд, аавын толгойд
оёо тавьж байж билээ.
Аав, ээж хоёр сайхан
хосууд байсан.

Б.ЯНЖМАА

 

Categories
мэдээ цаг-үе

Онцгой байдлын дөрвөн албан хаагч автомашины ослоор амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын
нутаг Баяндавааны ар гэдэг газарт
автомашины ноцтой осол гарч
Багануур дүүргийн онцгой байдлын дөрвөн
алба хаагч амь насаа
алдсан харамсалтай хэрэг энэ сарын
1-нд гарчээ. Албаны эх
сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн
цагдаагийн шуурхай удирдлагын төвд
19:30 цагийн орчимд осол гарсан
талаарх мэдээлэл ирсэн гэнэ. Ирсэн
дуудлагын дагуу Төв аймгийн
Эрдэнэ сумын замын цагдаа
нар “Цонжин болдог” цогцолбор
газрын цагдаагийн постноос  очсон
байна. Цагдаа нарыг осол
болсон газарт очиход “Соната
6” маркийн автомашин “Форд” маркийн автомашинтай
мөргөлдөж дөрвөн хүн ослын
газарт амь насаа алдаж
гурван хүн хүнд бэртэл
авсан байжээ. Ослын улмаас
“Соната 6” машинд сууж явсан
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
дарга, онцгой байдлын хурандаа
С.Цэндсүрэн, гамшгаас
хамгаалах улсын хяналтын байцаагч,
онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын
ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан
бодогч, онцгой байдлын ахмад
Б.Намжилмаа нар
харамсалтайгаар амиа алдсан байна.
Амь насаа алдсан албан
хаагчид сар бүрийн 1-ний
өдөр болдог  Нийслэлийн
онцгой байдлын газрын зөвлөлийн
хуралд оролцоод буцаж явахдаа ийнхүү
осолдсон байна. Энэ талаар
сурвалжлахаар осол болсон Төв
аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа,
Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс
рүү явсан юм. Энэ
үед Улсын онцгой комисс
хуралдаж осол болсонтой холбогдуулан
ажлын хэсэг байгуулан ажиллаж
эхэлсэн байв. Ажлын хэсгийг
ОБЕГ-ын дэд дарга
Т.Бадрал ахалж
байлаа. Улсын онцгой комиссын
шийдвэрээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
бие бүрэлдэхүүнийг Багануур дүүрэгт ээлж ээлжээр
72 цаг ажиллуулах шийдвэр гарч замд
явж байсантай тааралдав. Бид Төв аймгийн
Эрдэнэ сумын нутаг Баяндавааны
ар гэх газарт бага
үдийн алдад очсон юм.
Осол болсон газарт очих
үед Төв аймгийн Замын  цагдаагийн
хэлтсийн албан хаагчид,  замын шинжээчийн багийнхан
хэргийн газарт  хэмжилт
хийгээд дууссан байв.  Албаны эх сурвалжаас
авсан мэдээллээр Онцгой байдлын хэлтсийн
алба хаагч нар нийслэл
хотоос Багануур дүүрэг рүү буюу
Баяндавааг уруудаж явсан байна.

 Давааг уруудаж
явахдаа хурд хэтрүүлсэн байна
гэж хэргийг мөрдөж байгаа
цагдаа нар таамаглаж буй
гэнэ. Харин Төв аймгийн
Баяндэлгэр сумаас хөдөлсөн “Форд”
маркийн автомашин Баяндавааг өгсөж явахдаа   хурд хэтрүүлэн явсан
байжээ. Гэхдээ Онцгой байдлын
албан хаагч нарын зорчиж
явсан автомашин эсрэг талынхаа замаар
буюу урсгал сөрсөн  бололтой. Осолдохдоо замын хойд хэсэг
рүү шидэгдсэн байжээ. Цагдаа нар
“Соната 6” маркийн автомашины жолооч  гүйцэж
түрүүлэх үйлдэл хийж урсгал
сөрсөн байж магадгүй гэж
үзэж буй гэнэ. Мөн
тормос­ны мөр нь
эсрэг талын замд тод
гарсан байна. Гэхдээ осолдсон
машины жолооч нар хоёр
талаас тулж ирээд тоормос
гишгэсэн ул мөр үлд­сэн байжээ. Ослын
газарт энд тэндгүй автомашины
эд ангийн хэлтэрхий байх
аж. Мөн хагарсан тоглоом,
цус тунарч газарт шингэсэн
бай­дал, цустай алчуур,
бээ­лий, гарын саван
зэрэг үлджээ.

Харин урсгал сөрж явсан
машины байсан тэр хавьд
цусан дээр цагаан идээ
асгарсан бололтой харагдав. Баяндэлгэр сумаас гарсан жолооч
болон түүний найз нар
авч явсан бололтой ундааны
савтай  айраг,
сүү, цагаан идээ тэр
хавиар цацагджээ.   Ундааны
савтай сүү ослын улмаас
бөөрөөрөө задарсан байв. 

ФОРДМАРКИЙН АВТОМАШИНЫ
ЖОЛООЧ СОГТУУ БАЙСАН ГЭВ

 

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
дарга, онцгой байдлын хурандаа
С.Цэндсүрэнгийн 
жолооч амьд үлджээ.  Тэрбээр ослын улмаас
хүнд гэмтэл авч ухаан
алдсан байсан гэнэ. Түүнийг
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Эмч нар “Биеийн байдал
маш хүнд байгаа. Тархи,
нуруу, нугасны яаралтай хагалгаа
хийнэ. Гэхдээ өвчтөн ухаан
орсны дараа мэс заслын
ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Харин
осолдсон улаан хүрэн өнгийн
“Форд” маркийн автомашины жолооч
болон түүнтэй хамт хүний
бие хүнд байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж
байгаа гэнэ. Тэд ослын
улмаас ухаан алдсан, өчигдөр
орой ухаан оржээ. Төв
аймгийн Замын цагдаагийн хэлтсээс
“Форд” маркийн автомашины жолооч
Б-д Эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн
аж. Тэднээс ослын талаарх
эхний тайлбарыг авсан байна. Б
нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах
ундаа хэрэглэсэн өндөр хувийн согтолттой
байсан гэнэ. Согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодож явснаас болж осол
гарсан бололтой.  Цагдаа
болон шинжээч энэ долоо
хоногтоо багтаан  ослын
талаарх урьдчилсан  дүгнэлтийг
гаргах гэнэ. Баяндавааны ар
гэх газарт байрлах цайны
газарт очиж  ослын
талаар тодруулсан юм. Автобусны буудал
бүхий цайны газрын ажилчид
энэ сарын 1-нд гарсан
энэ ноцтой ослыг харсан
гэнэ. Тэд “Автомашины ослоор
Онцгой байдлын газрын дүрэмт
хувцастай дөрвөн хүн амиа
алдсан. Тэд хүн харахын
аргагүй болсон байсан. Гар,
хөл нь хугарч, тархины
яс нь цөмөрсөн. Тэр
хавиар дүүрэн цус болчихсон
байсан. Япончуудын барьж өгсөн замаар
машины жолооч нар нисэж
байгаа юм шиг л
хурдан давхидаг. Засмал замд хагархай,
нүх гээд бартаа саад
болох зүйл байхгүй. Толь
шиг тэгшхэн зам болохоор
замаар явж байгаа машин
120 километр цагийн хурдтай давхидаг.
Үүнээс болоод олон автомашины
осол гарч байсан” гэв.
Бид ослын газраас Багануур
дүүрэг рүү хөдөллөө. ОБЕГ-ын дэд дарга
Т.Бадрал тэргүүтэй
ажлын хэсгийнхэн явж байсан юм.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст
очих үед Баянзүрх дүүргийн
Онгой байдлын 63 дугаар ангийн  албан хаагчид ээлж
хүлээн авч байлаа. Дарга
болон мөр зэрэгцэж явсан
алба хаагч нараа харамсалтайгаар
алдсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн
72 цаг амрахаар болжээ. Гэхдээ онцгой
байдлын аврагч нар талийгаач
нарын ар гэрийнхэнтэй уулзахаар
явсан юм. Мөн  Нийслэлээс ирэх лам нарыг
тосч авахаар болжээ. Харамсалтайгаар
амиа алдсан төрийн алба
хаагч нарын ар гэрийнхнийг
Багануур дүүрэгт авчрах аж­лыг Улсын онцгой
комиссын хуралдаанаар шийдвэрлэжээ. Талийгаач Ж.Эрдэнэбаярын ар
гэрийнхнийг Өмнөговь аймгийн Гурван тэс
сумаас авчирч байв. Автома-ахмад Б.Намжилмаа
нар гурав, дөрвөн хүүхэдтэй
юм байна. Талийгаач нарын  ар  гэрийнхэн
сэтгэл санааны хувьд хүнд
байдалтай байна лээ. Талийгаач
нарын эхнэр, нөхөр, хүүхдүүдийн
биеийн байдал муудаж Багануур
дүүргийн эмнэлэгт очиж тайвшруулах тариа,
эмчилгээ хийлгэсэн аж.

 

ИРЭХ ЖИЛИЙН ЕСДҮГЭЭР
САРЫН 1-НД  ААВ НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ СУРГУУЛЬ,
ЦЭЦЭРЛЭГТ НЬ ЗААВАЛ ХҮРГЭЖ ӨГНӨ

Талийгаач  Багануур
дүүр­гийн Онцгой байдлын
хэлтсийн дарга, онцгой байдлын
хурандаа С.Цэндсүрэнгийн хувьд
Онцгой байдлын газар, хэлтэст
гал сөнөөгчөөс эхлэн ажилласан нэгэн
гэнэ. Олон хүний амь
насыг аварч байсан аж.
Мөн хэлтсийн даргаар олон жил
ажилласан чадварлаг удирдагч байсан гэдгийг  түүнтэй мөр зэргэцэн
ажиллаж байсан Онцгой байдлын
албан хаагчид хэлж байв.
Харин онцгой байдлын ахмад
Ж.Эрдэнэбаяр, нягтлан
бодогч, онцгой байдлын ахмад
Б.Намжилмаа нар
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст
олон жил ажиллажээ. Гамшгаас
хамгаалах улсын хяналтын байцаагч,
онцгой байдлын ахмад Ч.Ганхүүгийн хувьд чадварлаг боловсон
хүчин байсан гэнэ. Тэрбээр
гурван хүүхэдтэй гэнэ. Энэ талаар
түүний найз “Найз минь
харамсалтайгаар амиа алдлаа. Талийгаач
маань онцгой байдлын шилдэг
алба хаагч нарын нэг
байсан. Ажлаа хийж яваад
осолдож цэл залуугаараа бурхан
болчихлоо. Ар гэрийнхэн нь
сэтгэл санааны цочролд ороод
хэцүү байна. Талийгаач есдүгээр
сарын 1-ний өглөө 06:00 цагт
гэрээсээ гарсан байна лээ.
Хамгийн сүүлд  эхнэртэйгээ
“Орой ирэх байх. Хүүхдүүдээ
сургууль цэцэрлэгт нь хүргэж  өгөөрэй. Орой хотоос ирээд  хичээлийн
шинэ жил тэмдэглэж гэр
бүлээрээ хоолонд орно шүү.
Ирэх жилийн есдүгээр сарын
1-нд аав нь хүүхдүүдээ
сургууль, цэцэрлэгт нь заавал хүргэж
өгнө гэж хэлээрэй гэж
хэлээд  гэрээсээ
гарсан байна лээ” гэв.

Э.ХҮРЭЛБААТАР

 

Гэрэл
зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Орос, Хятад хоёрын эдийн засаг, санхүүгийн нягт хамтарч байгааг бид ашиглах хэрэгтэй

Шинжлэх ухааны ака­демийн ерөнхийлөгч асан,
Дэлхийн болон Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, академич Б.Чадраа гуайтай
ярилцлаа.

 -Монголчууд бид сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний талаар
ихэд ярих боллоо. Зарим төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Гэвч нэг л бодитой
үр дүнд хүрэхгүй байх шиг байна?

-Элбэг дэлбэг эрчим хүчтэй бол
хоол хүнс, ажил, үйлдвэрлэл, ус, эрүүл мэнд, боловсрол бүгдийг хангаж болдог жамтай.
Хөгжил гэдэг нь юуны түрүүнд энэ зорилтыг биелүүлэхийн төлөөх тэмцэл юм. Дэлхийн
олон орон сүүлийн арван жилд хөгжихийн тулд юу хийх вэ гэдэг эрэл хайгуулыг идэвхтэй
хийсний үр дүнд юуны өмнө эрчим хүчтэй болох зорилт тавьж  эхэллээ. 
Нефтийн асар их баялагтай Арабын улсууд олон арван жилийг эрчим хүчээр хангах
найдвартай эрчим хүчтэй болохын тулд хамгийн том хэмжээний 10 гаруй цөмийн цахилгаан
станц барихаар шийдэн ажлаа эхлүүлээд байна. Вьетнам, Бангладеш, БНХАУ гээд ийм
жишээ олныг дурдаж болно. Манай Монгол улс хөгжин дэвшихийн тулд өөрийн гэсэн найдвартай
эрчим хүчний эх үүсвэртэй болохоос өөр хувилбар байхгүй гэж би боддог.

-Үүнийг хэрхэн бий болгох вэ?

-Юуны өмнө, бурхны хайрласан тэр  их нүүрсээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж дотоодын
хэрэгцээгээ хангаад  гадаадад экспортлох зорилт
тавих нь маргашгүй хувилбар. Гагцхүү онгон байгаль, газар нутаг маань нүүрснээс
гарах их хэмжээний хорт утаа, химийн бодисыг дааж чадах уу, үгүй юу. Өөрөөр хэлбэл,  нутгийн минь даац, тэнхээ хүрэлцэх үү, үгүй юу
гэдэгт л асуудал байгаа юм.

-Нүүрсээ ашиглах гэхээр цөлжилт гэх аюул бас бий?

-Одоо газар нутгийн минь 73 хувь
цөлжчихөөд байна.  Энэ байдал цаашид ч нэмэгдэх
хандлагатай. Бэлчээргүй бол малгүй гэсэн үг. Малгүй Монголыг Монгол гэх үү. Хүн
ард нь янз бүрийн өвчинд нэрвэгдвэл бүр ч хэцүүднэ. Үүнийг одоо Улаанбаатар хотын
утаа харуулаад байна шүү дээ. Хотынхны нэлээд хэсэг нь хорт хавдар гэдэг эмчилгээгүй
өвчнөөр өвчилчихсөн. Энэ өвчин дарга, цэрэг хэнийг ч ялгадаггүй.

Бид хэдийгээр байгалийн ихээхэн
нөөц баялагтай гэх боловч эрчим хүчний ихээхэн хомсдол, дутагдалтай учраас гуравхан
сая хүнээ олигтойхон хувцаслаж, хоол хүнсээр хангаж чадахгүй л байна. Үйлдвэр хөгжихгүйгээс
ажилгүйдэл ихсэж, идэр залуус хойч үеийнхэн минь эцэг эх, гэр орноо орхиж харийн
оронд, хүний нутагт ажил хийж амьдарч байна. Энэ бол шившигт явдал. Эрчим хүч хариуцсан
сүүлийн таван сайд энэ талаар юу ч хийсэнгүй. Харин одоогийн сайд М.Сономпил овоо
юм амжуулж эхэлсэнд аргагүй баярлахаас яахав.

-Одоо ер нь гарц бий юу?

-Үүнийг эртхэн шийдэх алтан мөч
бидэнд ирээд байна. Энэ нь БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал юм. Монголын нутаг
дэвсгэр дээгүүр ОХУ-ын хий, нефтийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах
шугам дайрч өнгөрүүлэх шийдвэр гаргуулж чадвал богино хугацаанд үйлдвэр хөгжиж эхэлнэ.
Бүх юмыг хүссэний дагуу хийх боломж бүрдэнэ. Богино хугацаанд байгальд ээлтэй хийн
хүчтэй зуухууд баригдаж цахилгаан дулааныхаа хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэрлэл
энд тэндгүй явагдаж, ажил төрөл ундарна, хүн ардын амьдрал сайжирч, долларын ханш
унана, инфляци багасч, юмны үнэ хямдарч, элбэг дэлбэг гээд тоочоод байвал маш олон
давуу талууд гарч ирнэ.

-Манайх өөрсдөө нүүрсээ боловсруулж шингэрүүлсэн хий гаргаж
авах үйлдвэр барих гээд байгаа. Тэр нь хэр амжилттай болно гэж та бодож байна вэ?

-37 тэрбум ам.долларын хийжүүлэх,
шингэрүүлэх мөрөөдөл болсон төслийнхөө хувь заяаг хэрэгжүүлчихэж ч магадгүй л юм.
Олон арван жил ярьж байгаа ОХУ-ын Байгаль далайн усны эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөн
дээр 300 мвт-ийн хүчин чадалтай УЦС-ийг барих ажлыг хэрэгжүүлж болох л юм. Хэрвээ
хийн шугамыг оросууд зөвшөөрвөл нэг хоёр жилийн дараа хэрэгжүүлж ч мэднэ.

Харин манай орны  200-аад тэрбум тонн нүүрсний нөөцийг ашиглаж Тавантолгой,
Шивээ-Овоот, Багануур, Ухаа-худаг, Хөшөөт, Адуунчулуун, Баян-тээг, Могойн гол зэрэг
олон нүүрсний уурхайд хятадууд өндөр үнээр цахилгаан гаргах, гаргасан цахилгаанаа
өөрсдөө худалдан авах цахилгаан станциуд барих нь үнэн болох байх шүү.

Тэдгээрээс гарсан утаа хорт хий
нь байгаль, хүн амыг яаж сүйтгэх бол. Бид тэсэж үлдэж чадах эсэх талаар ямар ч тооцоо
алга. Ийм станц барихыг дэлхий даяар сүрхий хориглож, агаарт нүүрсний ялгарах нүүрс
хүчлийн хийг багасгах асуудал даян дэлхийн асуудал болж бүх дэлхийн улс орнуудын
тэргүүн нар үе үе цугларч ярьдаг болсныг манай ерөнхийлөгч нар тогтмол оролцдогийн
хувьд сайн мэдэх байлгүй дээ.

-Та “Зүүн хойд Азийн эрчим  хүчний ойрын болон хэтийн төлөв” төсөл дээр ажиллаад
нэлээд удаж байна. Ямар ахиц байгаа вэ?

-Нүүрсний станц нь адил чадлын
атомын цахилгаан станцынхаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг тухай тооцоо
бий. Нобелийн шагналт,  АНУ-ын цөмийн энергийн
дарга Степан Чу эрчим хүчний салбарт ажиллагсдын нас баралт 1-4-900-4000 гэсэн харьцаатай
байна гэж тооцоолсон байна лээ. 1-цөм, 4-нар, 900-нефть, 4000-нүүрсний салбарынх
юм. Нүүрстэй болгоомжтой хандахын бас нэг шалтгаан нь энэ болно. БНХАУ-ын Засгийн
газар нь Шинжаан Уйгар, Өвөр монголын нутагт ийм аюул үүсэхээс урьдчилан сэргийлэх,
ногоон эрчим хүчийг хөгжүүлэх их зорилтын үүднээс янз бүрийн арга хэмжээ авч байгаагийн
ганц жишээ нь саяхан 900-аад жижиг, дунд нүүрсний уурхайг хааж, 700-аад уулыг нурааж
турших шийдвэр гаргасан. Үүнийг бас анхаарах шаардлагатай болов уу. ШУТИС-ийн профессор
С.Батхуяг бид нар сүүлийн 10 жилд “Зүүн хойд Азийн эрчим  хүчний ойрын болон хэтийн төлөв” төсөлд хэлэлцэх
асуудалд оролцож жил бүр илтгэл айлтгал тавьж буй учир бас ч гэж энэ бүсийн эрчим
хүчний хөгжлийн төлөвийг гадарлах болсон юм.

-Манай улсын хувьд усан цахилгаан станцаас эрчим хүч гаргаж
авах боломж хэр бий вэ?

-Яагаад ч юм, өргөн уудам нутагтай,
хүн ам сийрэг гэдгээр нь Монголд нүүрсний станц бариад цахилгааныг худалдан авч
хэрэглэх нь нөгөө талд ашигтай ч байж мэдэх юм. Юутай ч болов, нүүрсний станц барихдаа
агаарын бохирдол, цөлжилтийн уршиг, үр дагаврыг бодож үнэ хөлсөнд нь оруулах хэрэгтэй.
Харин усан цахилгаан станц бол өөр. Ямар ч байтугай эрчим хүчний тогтвортой байдлыг
хангах, хүчдэлийн савалгааг багасгах зэрэг олон талын ашигтай л гэдгийг хэлэх байна.

Байгаль орчинд эерэг, цэвэр усны
сан бий болгодог зэргийг нь бас дурдах нь зүйтэй.

-Та дээр хэлэхдээ хөрш хоёр улсын тэргүүнүүд манайд айлчилж
байгаа нь алтан мөч гэсэн. Тэдний айлчлалын завшааныг хэрхэн ашиглана гэж?

-Монголчууд бид бас ч гэж азтай
хүмүүс шүү. Дэлхийн хамгийн баян хоёр их гүрний дунд хаяа нэг оршдог. Энэ их баян
орнуудаас яавал жаахан ашигтайгаар олз хүртчих вэ, юу сурч авах вэ, шинжлэх ухаан,
технологийн ололтыг нь амьдралдаа хүртэх юмсан гэдгийг бодох нь өлзийтэй гэж би
хувьдаа боддог юм.

Энэ хоёр их гүрний удирдагч В.Путин,
Си Жиньпин нар бараг нэгэн зэрэг манай нутагт ирж байгаа нь ховор үзэгдэл. Дахин
ийм үйл явдал хэзээ дахин давтагдахыг хэн ч хэлж чадахгүй, үгүй ч байж магадгүй.
БНХАУ гэдэг бол одоохон 2015-2021 онд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хөгжилтэй
орон болох гэж байгаа. Үйлдвэрлэж байгаа машиныхаа тоогоор АНУ, Япон хоёрын нийлээд
гаргадгаас ч илүү олныг зах зээлд нийлүүлж байна.

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн
жилүүдэд 10 гаруй хувиар өсч, түүгээр ч барахгүй дэлхийн эдийн засгийн хямралын
үед  7.8 хувиар өссөн гэсэн статистик үзүүлэлт
гарсан байна лээ. Түүгээр ч зогсохгүй ДНБ нь сүүлийн таван жилд 4.48 их наядаас
7.8 хувиар өсч, 7.3 их наяд ам.долларт хүрсэн байна. Бидний хувьд толгой эргэмээр
тоо. Бас дэлхийн валютын нөөцийн тэн хагасыг эзэмшдэг. Эрчим хүчний хэрэглээний
нэг жилийн өсөлт нь Франц улсын нэг жилийн хэрэглээтэй тэнцдэг гээд бод доо. Энэ
орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгд, газрын тос шатдаг хийн нөөцөөрөө ч дээгүүрт
ордог. Бид энэ талаар жаахан буруу ойлголттой хүмүүс шүү дээ. Заримдаа бараг биднээс
хамаарах шахам үг хэлдэг улс төрчид ч дайралддаг нь нууц биш шүү дээ.

-Тэгвэл ОХУ-тай хөрш байгаагийн давуу тал юунд байна вэ. Тухайлбал,
дээр ярьсанчлан эрчим хүчний асуудалд ямар нөлөө үзүүлж чадах бол?

-Манай хойд хөрш ОХУ-ын хүчин
чадал, бяр үнэхээрийн дэлхийг донсолгож чадаж байна. Зөвхөн эрчим хүчний нөөц, менежментээр
хуучин ЗХУ-ын улсууд одоо Европыг цаашид Азийг ч барьж чадаж байсан, одоо ч барих  их гүрэн. ОХУ, БНХАУ шатдаг хийн хоолойг баруун
чиглэлээр БНХАУ руу явуулах маршрутыг хэлэлцэж байгаа энэ үед манайхан туйлын идэвхтэй
оролцож Монголын “тал” нутгаар дайран өнгөрүүлэх асуудлыг зөвшөөрүүлэх шаардлагатай
байна. Хийн үнэ нь нүүрсний үнээс 6-7 дахин бага зэрэг олон давуу талтай. Эрхүү
хотоос холгүй зайд шатдаг  хийн асар их нөөц
бүхий орд нээгдсэн зэргээр ОХУ-ын хийн болон нефтийн нөөц, олборлолт үйлдвэрлэл
тасралтгүй нэмэгдсээр байна. Дээр дурдсан бидний оролцдог төслийн баг хий, нефтийн
хоолойг Монголоор дамжуулах хэд хэдэн хувилбар хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг
төлөвлөсөн юм. Угтаа бол Орос Хятад хоёр дотносон ойртож эдийн засаг, санхүүгийн
хувьд нягт хамтран ажиллах болсныг бид ашиглах хэрэгтэй.

Эдгээрээс гадна, манай хоёр хөрш
цөм, нар салхи, усны эрчим хүчийг ашиглах талаар дэлхийд дээгүүрт ордог.

-Үүнийг нь улсынхаа талд ашигтайгаар эргүүлж чадах болов уу?

-Үүнийг л анхааралдаа авч  цаашдын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх яриа
хэлэлцээрийг өрнүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Ялангуяа, асар их хүчин чадалтай
цахилгаан дамжуулах шугам, нарны эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудын цахилгааны
хэрэгцээг хангах, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан Байгал-Хөвсгөлийн сав газрын
хамгаалалтын бүсийг ашиглах, түүн дундаа дунд чадлын нарны эрчим хүчний төслүүдийг
хэрэгжүүлэх асуудал зэрэг болно.  Манайхан
нарны эрчим хүчийг ашиглая хэмээн ихээхэн ярьдаг боловч яг амьдрал дээр очихоор
захиргаадалтын үеийн хүнд суртлаар хандаж орчин цагийн дэмжиж туслах сэтгэл гаргах
хэмжээнд хүрээгүй байгаа нь харамсалтайг бид өөрсдийн ажил амьдрал дээр харж байна.
Үүний нэг жишээ нь, Тайшир, Дөргөний нарны эрчим хүчний мега төслийн ажлыг энэ онд
ашиглалтад оруулах боломжтой байсан боловч ялихгүй шалтгаанаар өнөөг хүртэл
хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрээд байгааг дурдаж болно.

-Манай
улс нар салхинаас эрчим хүч гарган авах ажил хэзээ биелэлээ олох бол?

Энэ ажил эхлээд нэлээд амжилттай явж байна. Бид хөдөөгийн 100
000 айлын ахуйн хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд 50 000 КВт-ын салхин цахилгаан станцыг байгуулаад
одоо ашиглаж эхэлж байна. Энэ он буюу ирэх оноос Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд
аймгийн Дөргөн суманд тус бүр 10 000 КВт-ын хүчин чадалтай нарны томоохон цахилгаан
станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэ чиглэлээр томоохон төслүүдийг
хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Тэгвэл
занараас эрчим хүч гарган авахын тухайд?

Энэ ажил нэлээд эрч хүчтэйгээр төр засгийн дэмжлэгтэйгээр эхлээд
байгаа билээ. Үүнийг хэрэгжүүлэх манай урдаа барьдаг эрдэмтэн инженерүүдийн томоохон
баг байгуулагдан ажиллаж байна.

-Манай
улс өвлийн улиралд нэлээд хүйтэн байдаг. Ер нь хүйтнийг бууруулах технологи бий
болов уу?

-Өвлийн улирлын хүйтнийг бууруулах технологи бараг байхгүй дээ. Харин
дулаан алдагдал багатай гэр орон сууцыг байгуулах замаар хүйтнийг даван туулах технологийг
бид хийж байгаа. Ер нь халуун орнуудад эрчим хүчнийхээ ихэнхийг хүйтэн нөхцөлийг
бий болгоход зориулан зарцуулдаг  юм.

-Ер
нь шинжлэх ухааны дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ?

Шинжлэх ухааны дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох  талаар НҮБ-ын далбаан доор ихээхэн ажил хийгдэж
байгаа. Үндсэн чиг хандлага нь бага  буурай
ч ялгаагүй, хөгжсөн ч ялгаагүй өөрийн гэсэн шинэ бүтээгдэхүүн, технологи бүтээж  дэлхийн зах зээл дээр гаргахад шинжлэх ухааныг
ашиглах зорилт тавьж байна. Үүнийг шийдэхийн тулд суурь судалгааг хөгжүүлж, өөрийн
гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж чадна. Өөр хувилбар бараг байхгүй. Ийм учраас дэлхий
нийтийн шинжлэх ухааны чиг хандлага нь суурь судалгааг хөгжүүлэх, түүнийг хийж гүйцэтгэх
өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.

-Манай
улс энэ бүгдэд ойртох, улмаар гүйцэж очих чадал бий юу?

-Манай ШУА гэдэг бол өндөр боловсролтой дэлхийн аль ч орны эрдэмтэдтэй
мөр зэрэгцэн ажиллаж чадах, цомхон, чадварлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны
хамт олон.  Хэрвээ төрөөс хөрөнгө зардлаас
эхлээд бүхий л нөхцөлөөр хангаж өгч чадвал гүйцэж очих төдийгүй түрүүлэх ч боломжтой
гэж би боддог.

 Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

ШТС-ын түгээгч эмэгтэйг хөнөөсөн этгээд Бугатай хөтөл дээрээс замын унаанд дайгдсан байна

-ДАХИН ШТС-ЫГ ДЭЭРЭМДЭЖ, ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

Төв аймгийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн сарын 17-нд гарсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хааг¬чид шалгаж байгаа. Гэмт хэрэгт¬нийг улс даяар эрэн сурвалжилж, хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгнө гэдгээ цагдаа нар мэдэгдээд байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээд хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн байж магадгүй гэх таамаглал дэв­шүү¬¬лээд байгаа юм байна.  Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр “Шунхлай” шата¬хуун түгээх станцад  зургаан сая орчим төгрөг байсан гэнэ. Хоёр сейфэнд хоёр, гурван сая төгрөг тус тусдаа хадгалсан байжээ. Гэмт хэрэгтэн тухайн өдрийн орлого болох 1.2 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэнэ. Шинжээч нарын үзэж буйгаар их хэмжээний мөнгөтэй сейфийг онгойлгох гэж огт оролдоогүй байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний шилдэг, туршлагатай шин­жээч­дийг хэргийн газарт ажиллуул¬сан байна. Шинжээч нарын хэргийн газарт хийсэн үзлэгээр гэмт хэрэгтний гутлын мөр, хурууны хээ, өмсөж явсан цамцны урагдаж үлдсэн хэсэг зэргийг бэхжүүлэн авсан байна. Эд мөрийн баримтаар дээрх зүйлсийг хавтаст хэрэгт хавсаргасан гэнэ. 

ГЭМТ ХЭРЭГТНИЙ ХУРУУНЫ ХЭЭ, ГУТЛЫН МӨР, ШҮЛС ЗЭРГИЙГ ШИНЖЭЭЧИД ТОГТООЖЭЭ 

Гэмт хэрэгтэн шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсний дараа касснаас мөнгө авахдаа хурууныхаа хээг үлдээжээ. Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг салгахдаа залгуур хэсэгт мөн л гарынхаа хээг үлдээсэн байсан гэнэ. Гарын хээ тодорхой байгаа боловч гэмт хэрэгтэн  иргэний шинэчилсэн бүртгэлд бүрт-гүүлж, хурууныхаа хээг цахим бүртгэлийн санд оруулаагүй болохыг тог­тоо­жээ. Гэмт хэрэгтэн хэр­гийг үйлдсэний дараа  Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг авч яван хэргийн газраас холгүй байх байшингийн цонхыг нь  хагалж орсон байна. Тэр хавийн зус­лан­гийн байшингуудад Төв аймгийн шүүх, цагдаагийн дарга нар амьдардаг аж. Гэмт хэрэгтний орсон байшин Төв аймгийн нэгэн шүүгчийн байшин гэнэ. Хэрэгтэн байшинд орж компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад явсан ул мөр үлджээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид  ЦЕГ-ын үнэрч нохойг гэмт хэрэгтэн явсан мөрийн дагуу мөрдүүлсэн байна. Гэмт хэрэгтэн компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад хэргийн газраас зүүн хойд зүг рүү алхсан байжээ. Бугын сангийн аж ахуй буюу дархан аварга А.Сүхбатын эдлэн газраар явсаар Бугатай даваан дээрээс машинд суун Багахангай дүүргийн нутаг дэвсгэр төв зам руу явсан байна. Таван километр орчим явган алхаж, замдаа хэвтэж, сууж байсан ул мөр үлдсэн байна. Сууж амарч байхдаа тамхи татсан бололтой үнс нь үлдсэн байжээ. Гэхдээ тамхины ишээ үлдээгээгүй гэнэ. Мөн шүлс, цэрээ хаясан ул мөр байгаа юм байна. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар гэмт хэрэгтний үлдээсэн ул мөрийг энэ хүргээд алджээ. Хэрэв гэмт этгээд баригдвал нотлох баримт хангалттай байгаа аж. Шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр цагдаа нар өргөн хүрээтэй зохион байгуулалт бүхий ажиллагаа хийж байна лээ. Хэрэг гарсан өдөр хот руу орж ирсэн   бүх тээврийн хэрэгслийг шалгаж байгаа юм байна. Хэргийг мөрдөх ажил үргэлжилж байгаа. Одоогоор цагдаа нарт хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах ажил удааширсан байдалтай байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. 

БАТСҮМБЭРТ ГАРСАН ХЭРЭГТЭЙ  ИЖИЛ ТӨСТЭЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙГАА ГЭНЭ 

Төв аймагт шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг хөнөөж кассын мөнгийг дээрэмд¬сэн хэрэг 2011 оны арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу  дээрэмдэж, “ТОЗ 8” маркийн буугаар 37 настай Далай гэх эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд  хутгалж, гэмтээсэн гэх эдгээр хэргүүдэд ижил төстэй зүйлс олон байгаа гэнэ. Хэргийг үйлдсэнийхээ дараа компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад ул мөрөө баллаж үлдээх, мөн гэрт байсан их хэмжээний мөнгийг бүгдийг нь авалгүй орхих, 41 размерийн гутлын мөр. Хүний хөлөөс зайдуу газарт байрлах шатахуун түгээх станцыг сонгож дээрэм хийж байгаа гээд хэргийг үйлдсэн арга гээд дээрх хоёр хэрэг хоорондоо  ижил төстэй зүйлс олон байгаа юм байна. Батсүмбэр суманд гарсан хэрэг одоог хүртэл илрээгүй байгаа. Цагдаа нар хэрэгтний үлдээсэн ул мөрийн дагуу шуурхай эрэн сурвалжилсан боловч одоог хүртэл хэргийг илрүүлж чадаагүй юм. Батсүмбэр суманд гарсан хэргийг талийгаач эмэгтэйн нөхөр үйлдсэн байж магадгүй хэмээн шалгасан. Тэр хэргийг сүүлийн хоёр жил цагдаа нар дорвитой хөөцөлдөж мөрдөх ажил хийгээгүй байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан дээрх хоёр хэрэг ямар учраас илрэхгүй удааширч байгаа шалтгаан нь хүний хөлөөс зайдуу газарт шатахуун түгээх станц байршуулж байгаатай холбоотой гэж цагдаа нар үзэж байна. Шатахуун түгээх станцуудад хамгаалалтын албатай гэрээ байгуулж ямар нэгэн гэмт халдлагад өртлөө гэхэд тусламж дуудах дохиоллын систем нэвтрүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Мөн ил камераас гадна нууц камер байршуулах хэрэгтэй гэнэ. Шатахуун түгээх станцуудад дээрх аргыг нэвтрүүлэхгүй бол дахин гэмт хэрэг гарахад мөн л илрүүлж чадахгүй гацаанд орсоор байх болно гэдгийг эх сурвалж онцолж байсан юм. Гэхдээ хэрэг гарсан хойно дор нь илрүүлэх бус хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хамгийн их бэлэн мөнгөний орлоготой байдаг шатахууны компаниуд юу ч хийхгүй байгаад онцгой анхаарах цаг болжээ. Шатахуун түгээгчид амиа алдсаар байх уу. 

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Л.Хангай: Хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  тун  удахгүй манай оронд айлчилна.  Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайтай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсан юм. 

-Та хэдээс хэдэн онд Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Тэр үед манай хоёр орны харилцаа ялангуяа эдийн засгийн салбарт ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?

-Би 2004-2009 онд Элчин сайдаар ажилласан. Энэ үед Оросын томоохон компаниуд Монгол орныг нэлээд сонирхох болсон юм. Яагаад гэвэл чухам энэ үед тэд нэлээд хүчирхэгжиж гадаад зах зээлд ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж ирсэн бөгөөд нөгөө талаасаа гэвэл Монголд гадны томоохон компаниудад санал болгох Таван толгой, Оюун толгой, Асгатын орд зэрэгтэй холбоотой төслүүд боловсрогдож бэлэн болоод байлаа, мөн эдгээртэй холбоотой дэд бүтэц шинээр барих асуудал ч бас гарч ирсэн. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийд өндөр байсан, Хятадын аварга зах зээл ойрхон зэрэг нь бас мэдээж нөлөөлсөн биз. Оросын бизнесмэнүүд Монголыг ихэд сонирхож байсны жишээ гэвэл 2007 онд Улаанбаатарт Монгол-Оросын эдийн засгийн бизнес форум зохион байгуулахад Оросын төр, хувийн хэвшлийн бизнесийн 200 орчим төлөөлөгч хэд хэдэн онгоц хөлөглөн ирж оролцож байлаа. 

Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хоёр талдаа өндөр дээд хэмжээний айлчлал 10 гаруй удаа болсон. Зөвхөн 2009 онд л гэхэд манайд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин, Холбооны Зөвлөлийн Дээд танхимын дарга С.М.Миронов, Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар айлчлан ирж билээ. 

-Хоёр орны харилцааны өнөөгийн түвшин, байдлыг та хэрхэн харж байна вэ? 

-Улс төр, батлан хамгаалах, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, соёл, боловсролын зэрэг салбарт маш сайн байгаа гэж хэлэх байна. Гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэлээр уулзалт, айлчлалыг байнга хийж төрөл бүрийн хамтарсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Боловсролын салбарт гэхэд манайхаас жил бүр 1500 гаруй хүүхэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэдний их, дээд сургуульд суралцахаар явж байна. Тодотгон хэлэхэд манайх тэтгэлгийн хамгийн өндөр квоттой орон юм.

Онцгой анхаарах салбар гэвэл худалдаа-эдийн засгийн салбар байна. Манай улс ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хиллэдэг тул тэдэнтэй зөв харилцах нь манай орны хөгжил, цаашдын хувь заяатай холбоотой маш чухал асуудал. Монгол Улс хоёр хөрштэйгээ найрсаг, стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоогоод байгаа хэдий ч эдийн засгийн салбарт тэдэнтэй тэнцүү харилцаж чадахгүй байна. Жишээ нь, манай экспортын 90 гаруй хувь БНХАУ-д оногдож байхад ОХУ-д ердөө хэдхэн хувь оногдож байна. Гадаад худалдаанд ийм байх нь бас байж болох асуудал гэж үзэж болох боловч хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Оросын талаас манайд оруулсан хөрөнгө оруулалт Хятадынхаас хэдэн арав дахин бага байгаад үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл байхгүй байна. Шинэ төмөр зам барих, уран олборлох, боловсруулахад хамтарч ажиллахаар ярьж ажил болгож эхлүүлэх талаар В.В.Путин, Д.А.Медведев нарын 2009 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан хэдий ч аль алиныг нь бодитой ажил болгоогүй байгаа. 

-Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж тодорхой тохиролцоонд хүрч, олон баримт бичгүүдэд гарын үсэг зурах байх. Энэ талаар та бодлоосоо хуваалцахгүй юу?

-Мэдээж айлчлалын үеэр эдгээр асуудлыг ярилцаж таарна. Гэхдээ Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлал БНХАУ-ын дарга Си Жиньпинийхтэй адил төрийн өндөр хэмжээний айлчлал биш богино хугацаатай ажлын айлчлал учир эдийн засгийн хамтын ажиллагааны шинжтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурж амжихгүй л болов уу. 

Энэ айлчлалын үеэр гарын үсэг зурах гол баримт бичиг нь олон жил яригдсан харилцан визгүй зорчих болон реадмисс (өөрийн иргэдийг нутагтаа эргүүлэн татаж авах)-ийн тухай хэлэлцээр байх болов уу гэж би ойлгож байна. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсноор эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагаа идэвхжих нь дамжиггүй. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа онцгой өргөжинө гэдэгт итгэлтэй байж болно. 

За тэгээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал Халхын голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойн үеэр болж байгаа нь уламжлалт харилцаа хэвээр хадгалагдан үлдсэнийг харуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 

-Нээрээ харилцан визгүй зорчих тухай асуудал олон жил яригдсан байх шүү. Яагаад ингэж удсан юм бол? 

-Бодох асуудал олон бий л дээ. Жишээ нь, манайхаас хэдэн зуу дахин их хүн амтай хоёр дахь хөрш маань бас харилцан визгүй зорчих асуудал тавибал яах вэ гэдэг ч юм уу. Эдгээр асуудлыг ярих, тохироход мэдээж цаг хугацаа хэрэгтэй биз дээ. 

-Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудал руугаа эргэн оръё. Уул уурхайд Оросын талын сонирхол ямар байдаг юм бол? 

-Ер нь Орос орон байгалийн асар их баялагтай гэдгийг санах хэрэгтэй. Экспортын бүтцийг нь аваад үзвэл байгалийн хий, нефть, нүүрс, мод давамгайлдаг. Иймд тэднийд ураныг эс тооцвол манайхаас авах уул уурхайн бүтээгдэхүүн бараг байхгүй. Ураны хувьд гэвэл Оросын ураны илрүүлсэн гол нөөц нь манай Дорнод аймгийн хилийн залгаа нутагт байдаг бөгөөд энэ нөөц нь дуусах дөхөж байгаа учир өмнө нь ашиглаж байсан Мардайн уурхайг сэргээн хамтран ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл тодорхой учир шалтгааны улмаас түүнийг Оросын талтай хамтран ашиглах бололцоогүй болоод байгаа юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бодож байна. 

Таван толгойн нүүрсний ордыг яагаад сонирхоод байгаа юм бэ гэхээр анх төмөр зам хамтран барихтай холбогдож энэ асуудал хөндөгдсөн юм. Одоо манай төр, засгаас гарах шийдвэрийг хүлээсэн байдалтай байгаа. 

-Төмөр замын асуудлаар Оросын тал ямар бодлого баримталдаг вэ? 

-ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 2009 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Уг Тунхаглалд “Тээврийн дэд бүтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах салбарын хамтарсан төслүүдийг зохих ёсоор урагшлуулах шаардлагатай”-г тэмдэглээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (“УБТЗ” ХНН) нийгэмлэгийг далайцтай шинэчлэх, түүний дотор “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу шинэчлэн байгуулах нь хамтын тулгамдсан зорилт” гэж тодорхойлоод Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирсон бөгөөд энэ зорилгоор “Дэд бүтцийн хөгжил” гэдэг хамтарсан компани байгуулсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдсэнгүй. 

“Улаанбаатар төмөр зам” нь Орос, Хятад гэсэн хоёр аварга зах зээлийг холбоод зогсохгүй ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятадыг Европтой холбож байна. Иймд бид “Улаанбаатар төмөр зам”-аа хос замтай болгож цахилгаанжуулах ажлаа яаралтай хийж транзит тээврээ нэмэгдүүлж чадвал том уурхайнуудаас илүү ашиг олохоос гадна Евроазийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлж авна гэдгийг бодох хэрэгтэй юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай нутгаар дамжин өнгөрөх ачааг ойрын хугацаанд жилд 40 сая тонн, алсдаа 100 сая тонн ч хүргэх бололцоотой юм билээ.

-Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр их хэмжээний байгалийн хий нийлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Хийн хоолойг манай улсын нутгаар тавих асуудлын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хоёр хөршийн эдийн засгийн харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн 2013 онд хоёр орны худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байсныг 2020 он гэхэд, өөрөөр хэлбэл ердөө зургаан жилийн дараа 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий авах гэрээнд гарын үсэг зурлаа. ОХУ байгалийн хийн томоохон ордуудыг ашиглах “Сила Сибири” гэдэг нэртэй төслийг эхлүүлж байгаа бөгөөд 2017 он гэхэд Эрхүү хүртэл хийн хоолой тавихаар төлөвлөөд байна. Хэрэв Эрхүү хот хүртэл хийн хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар Хятад хүртэл тавих асуудлыг яг одоо ярих цаг нь мөн. Ер нь Монгол Улсын баруун болоод зүүнээр гэсэн ойролцоо урттай хоёр маршрут яригдаж байгаа. Баруун маршрут нь байгалийн саад бэрхшээлээс гадна дархан цаазтай газар болон улс төрийн хувьд тогтворгүй Шиньжаан-Уйгурын нутгаар өнгөрөхөөр байгаа тул нэлээд эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Иймд бид манайхаар хоолой тавих нь ашигтай гэдэг үндэслэл, аргументаа зөв гаргах нь чухал. Хийн гол хэрэглэгч нь Бээжин болоод түүний ойр орчмын район гэж үзэх юм бол манайхаар тавих нь хоёр дахин илүү дөт учир зардал нь мөн тэр хэмжээгээр хямд байхын дээр хоёр дахин хурдан тавих боломжтой. Хамгийн гол нь манайх Украинтай адил хийн том хэрэглэгч (манайхаас хүн ам нь 15 дахин их, хими, металлургийн аж үйлдвэр хөгжсөн) биш учраас манай тал транзит тээврийг саатуулах асуудал гаргахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манай нутгаар хийн хоолой тавих нь бидэнд ямар ашигтайг энд дурьдах нь илүү биз ээ. 

-Нефтийн хоолойн хувьд та юу гэж хэлмээр байна?

-Нефтийн хоолойн хувьд гэвэл Оросын талаас манайхаас хоолой тавьж Хятадад нэгэнт нийлүүлээд эхэлчихсэн тул Монголын нутгаар дахин шинээр хоолой тавих магадлал багатай болов уу гэж бодож байна. Харин тодорхой хэмжээний нефть төмөр замаар зөөвөрлөж байх санал тавьж магадгүй юм. 

-Хоёр орны гадаад худалдааны тэнцвэргүй байдлын талаар та дээр хэллээ. Манайхаас экспортолдог бүтээгдэхүүнд Оросын тал татвараа бууруулах бодлого байгаа болов уу?

-Манайх ОХУ-аас өөрийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүний дийлэнхийг авдаг. Жилдээ нэг сая гаруй тонн бүтээгдэхүүн авч түүндээ 1.5 тэрбум орчим ам.доллар төлдөг юм билээ. Авч байгаа өөр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй бага. Нөгөө талаасаа бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн нийлээд 100 сая ам.долларт ч хүрдэггүй. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий. Оросын талд хэрэгцээтэй савхин, ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах хүсэл байвч энэ төрлийн бүтээгдэхүүнд оногдуулдаг тэдний татварын хэмжээ өндөр байдаг. Үүнийг бууруулах талаар олон жил ярьж байгаа ч харамсалтай нь тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Татварыг бууруулах талаар цаашид үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ өртөг шингэсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар бас эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Оросоос шатахууны хараат байдлаас гарахын тулд өөрсдөө түүхий нефть авч боловсруулна гэж ярьдаг. Энэ талаарх таны бодол? 

-Би  эдийн засагч биш. Гэхдээ хар ухаанаар бодоход эргээд түүхий нефтийн хувьд хараат байдалд орно биз дээ. За тэгээд нефть боловсруулах үйлдвэр өөрөө өндөр өртөгтэй, дээр нь нефть болоод бензин, дизель зөөх хэдэн мянган вагон, хадгалах сав хэрэгтэй. Бас тэгээд одоогийн төмөр зам маань ачаалал даах уу, ажиллах боловсон хүч нь хаана байна гээд олон асуудал гарна. Ер нь нефть боловсруулах үйлдвэрийг орд газрын ойролцоо эсхүл далайн боомт, нефть хоолойг түшиглэн барьдаг юм билээ. Энэ тухай Баабар гуай бичсэн санагдана. Иймээс ер нь ашигтай эсэхийг сайтар бодох нь зүйтэй байх. 

-Өөр ямар чиглэлээр, ямар төсөл дээр Оросын талтай хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байна? 

-Оросын талд дээрх асуудлуудаас гадна бас цоо шинэ чиглэл, төслүүдийг санал болгох хэрэгтэй. Жишээлэхэд Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барина гэж бид яриад байгаа, энэ цогцолборын ямар нэгэн томоохон обьектод хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгож болох юм. Хэрэв хайгуул амжилттай болбол Хятадад нийлүүлэх зорилгоор манайд нефтийн хайгуул хийхийг санал болгож болно. Нефтийн хайгуулын талаар Оросын компаниуд ихээхэн туршлагатай тул сонирхож магадгүй. Эрхүү муж эрчим хүчний илүүдэлтэй байдаг учраас манай нутгаар дамжуулан Хятад руу эрчим хүч дамжуулах шугам тавих асуудлыг нэлээд ярьдаг. Мөн манайх ч хэд хэдэн дулааны цахилгаан станц  шинээр барих төсөл эхлүүлэх гэж байгаа учраас Орос-Монгол-Хятадыг холбосон цахилгаан дамжуулах шугам тавих асуудлыг сэргээж идэвхтэй ярих хэрэгтэй. Энэ мэт өөр төслүүдийг санал болгож болно л доо. 

-Хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна?

-Өнөөдөр манай хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцааг идэвхжүүлж шинэ шатанд гаргах асуудлыг хөндөж ярих таатай нөхцөл бүрдээд байна. Украины асуудлаас болоод барууны зарим оронтой харилцахад тодорхой хэмжээний саад, бэрхшээл учирч байгаа тул хойд хөрш маань Азийн орнуудтай, ялангуяа БНХАУ-тай харилцаагаа идэвхжүүлэх бодлого баримталж байна. Энэ нөхцөл байдлыг бид ашиглаж хойд хөрштэй харилцах идэвхтэй бодлого явуулах хэрэгтэй бөгөөд үүнийг мэдээж манай тал анхаарч байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

А.Ганчимэг: Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл юм байна

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл
үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол
Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний
ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн
байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны
өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр
хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?

-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл
болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол
бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”
киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан
хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр
наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх
киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд
яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг
нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг
нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын
бүтээл.

-Таны
хувьд энэ удаа ямар дүр бүтээв?

-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн
хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно. 

-Кинонд
яг юуны тухай өгүүлэх вэ?

-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг.
Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран
оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг
хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар
өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн
ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал
нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.

-Киноны
зураг авалтыг хаана авсан бэ?

-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл
явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг
Улаанбаатар хотод авсан.

-Зураг
авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад
олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад
манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй
хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар
“UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй
зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг
цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран
бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн
гэж хэлэхэд таатай байна.

-Кино
хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны
аяыг хэн бичсэн бэ?

-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах
бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар,
дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп  дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё
дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ,
өвөрмөц санагдаж байгаа.

-Жүжигчид
кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа
ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг
авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие
оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо
зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан.
Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.

-Залуу
уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад
төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?

-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд
продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс
шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс
би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн
гэж боддог.

-Нэг
нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр
өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?

-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа
уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.

-Та
ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг
тийм ч амаргүй байсан болов уу?  

-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ
миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад
л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад
байхгүй.

-Одоо
таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?

-Охин. Одоо гурван сартай.

-Ээж
болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар
л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.

-Таны
нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх
байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?

-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг
зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг.
Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд
би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л
байна.

-Кино
хэзээ нээлтээ хийх билээ?

-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн
бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч 
байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь
юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик,
физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан
медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр
зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд
ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө
үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа
байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн.
“Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй
хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд
хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар
ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд
төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг
ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх
гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө
үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар.
Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа
гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож
өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр
сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ.
Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ
хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж
байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор
гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх,
бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав.
Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын
газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ.
Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай
болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн 
хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль
болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн
олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг
гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх
нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк
цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл
“Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын
шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд
баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө
гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах
яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан 
хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр
тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн
цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л
буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн.
Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон
эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай
сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ. 
Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас,
гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж
тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан
хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан
улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр
үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа
шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол
болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт
л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад
бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга 
М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг
хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж
бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр
нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг…” гэж
байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж
инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин
үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж
ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн
сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын
тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг
дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг
ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа
Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд
есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам
багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар
ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам
болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн
зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад
дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа.
Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн
Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад
орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн
хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их
сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв
хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх
курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр
жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд
очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн
дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт
нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр
гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн
зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль
байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав
4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд
жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй”
гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын
гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар
ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна. 
Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн
баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ.
Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их
сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга
байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж
дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай
яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ
гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар
хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ.
Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад
бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн.
За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн
тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод
байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд
хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам
ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй
бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан
уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай,
улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ.
Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал
тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм
шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм
өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас
гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх
соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн
шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал
бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын
уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж.
Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч
өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ
“Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний
эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа
залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан
шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ.
Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ.
Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн
газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их
л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн
үзүүлж ажилласан явдалд…” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар
сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа
гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь
бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм
биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын
дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал
“Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны
тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа
гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн
аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг
зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний
ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа
үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч
байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж
ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний
төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг
мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган
охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал
урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг
төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл 
ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг
гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ.
Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь
Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн, 
хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин,
нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн.
Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа
болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр
монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах
маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна”
гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд,
сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь,
“Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ
бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк,
санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань
харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод
сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л
халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд
зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх
шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр
юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж
хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ,
гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд
орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст
гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс
нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв.
Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим
цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн
дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах
боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт,
энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг”
хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд
бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн
байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг
нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш
гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам
багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот
руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй
харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо.
Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж
бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой
лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж
үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан
ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан
сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь
зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН