Categories
мэдээ цаг-үе

Монголчууд багийн тоглолтоор амжилт үзүүлэх найдвар байгааг манай сагсчид харууллаа

БНСУ-ын Инчон хотноо Азийн  XVII наадамд оролцож байгаа манай эрэгтэй сагсчид талбайн  эзэн багтай хийсэн тоглолт шуугиан дэгдээж байна. Урд өдөр нь  манай шигшээ баг  хэсгийн эхний тоглолтоо Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Йорданы эсрэг хийж, 84:73-ын харьцаагаар ялалт байгуулсан. Манай сагсчид дэлхийд чансаагаараа 28-д жагсдаг Йорданы багийг ялсан нь монголчуудад урам зориг өглөө. Энэ тоглолтын дараа манай  зарим хөгжөөн дэмжигч  дасгалжуулагчид хандан фейсбүүкээр  зөвлөгөө өгөөд авлаа. Нэгэн хөгжөөн дэмжигч “Манай залуус мундаг байна аа. 

Гэхдээ дасгалжуулагч аа, сүүлийн дөрөвдүгээр үед хоёр ч гол довтлогч таван алдаанаас болж суусан. Тамирчдыг алд­са¬ны дараа загнаад байх юм. Мөн хэтэрхий баярлаад байна аа. Йорданыг хожсон нь том ялалт мөн. Харин хэт баярлачихаар дараагийн тоглолт гарч өгөхгүй шүү дээ” хэмээн сануулсан байна лээ. Үнэхээр манай сагсчид Азийн шилдэг баг болох БНСУ-ын багийг барсангүй юу эсвэл мөнөөх хөгжөөн дэмжигчийн сануулсанчлан өмнөх өдөр нь  хэт баярласнаас болоод тоглолт гарсангүй юу талбайн эздийг сөхрүүлж чадсангүй.   

Ялангуяа Солонгост ажил¬лаж амьдарч буй мон­голчуудын хувьд энэ тоглолт онцгой учир  утгатай байв. Талбайн эзэн багтай тоглохын өмнөхөн  нэтээр Солонгост байгаа монголчуудын дунд өөрийн багаа балиашиглах уриалга эрчтэй түгсэн. “Монголчууд Солонгост мөнгө хураах гэж биш медаль авах гэж ирлээ” гэсэн өгүүлбэр олон монголчуудад  омогшил төрүүлээ дээ. Үнэхээр ч энэ наадамд Монголын баг тамирчид медаль хурааж эхэл­сэн. Манайхан аль хэдийнэ дөрөв дэх алтан  медаль, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. 

Юутай ч манай сагсчид Азийн наадамд амжилт үзүүлж, монголчууд багийн спортод амжилт үзүүлж чадна гэдэг найдвар төрүүллээ. 

Хэрэв манай сагсан бөм­бөгийн баг талбайн эздийг хожвол шөвгийн наймд шал­гарах болзлоо хангах байв. Гэхдээ  шигшээ наймд манайх шал­гарч чадлаа.  Нэтээр явж байгаа уриалгад  “Монгол, Солонгосын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн  маш хариуцлагатай тоглолт маргааш болно. Монгол, Солонгос балиашигуудын хооронд бас давхар тэмцэл болох юм. Нутгийн дэвжээн дээр нь кимчинүүдийг хожиж, тамирчдаа өөрийн оронд байгаа юм шиг халуун дулаанаар угтаж, цагаан хувцсаар жигдэрч, Монголынхоо далбааг авч очоод бөөнөөрөө дэмжицгээе” гэсэн байлаа. Үнэхээр  Монго¬лын хөгжөөн дэмжигчид  хэлэлц¬сэн ёсоороо баг тамирч¬даа талбайд орж ирэхэд дуу шуутайхан угтаж,  танхимыг гайхашруулсан.  Хэлэлцсэн  ёсоороо манай  олонхи хөгжөөн дэмжигчид цагаан футболкоор гангарсан харагдана. Учир нь  манай тамирчид цагаан, БНСУ-ын баг хар өнгийн өмсгөлтэй тоглосон юм.  БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн шилдэг багийн тоонд багтдаг  болохоор манайхан тэднийг шууд буулгаж авах аргагүй л дээ.  Талбайн эзэн багийнхан манайхнаас нуруугаар өндөр байсан нь гол давуу тал гэж үзэгчид байсан. Гэхдээ манай гол тоглогч Б.Билгүүн тэдний өөр нэг давуу талыг ажигласан байна лээ. Тэрбээр  Монгол Улсын шигшээ багт ажиллаж байсан  солонгос дасгалжуулагчийн дэмжлэгтэйгээр  БНСУ-д сагсан бөмбөгийн  сургалтад хоёр жил хамрагдсан  аж.  Б.Билгүүн урьд нь хэвлэлд ярихдаа “Өмнөд Солонгосын баг хурдтай тоглодгоороо онцлогтой. Мөн хүүхдүүдийг 11-12 настайгаас  нь цуг байрлуулж, бэлтгэл хийлгэдэг. Тиймээс  тэд бие биенээ бараг харцаараа ойлголцдог гэж хэлж болно. Энэ нь тэдний давуу тал. Хэрэв манайхан тэдэн шиг бэлтгэл хийвэл хожих боломжтой” гэсэн удаатай.    

Манай баг тамирчид эхний үед ялалт байгуулсан ч сүүлийн үеүдэд хожигдож эхэлсэн. Тоглолтын дөрөв­дүгээр үе шувтрахад онооны харьцаа 67:90 болов. БНСУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид манай сагсчдыг яллаа.  БНСУ-ын баг өнөөдөр  Йорданы багтай тоглоно. 

 Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хувьд  хоёр дахь тоглолтод текникийн хожил авлаа.  Монгол-Катарын тоглолт өчигдөр болох байсан бөгөөд Катарын багийн таван тоглогч гивлүүртэй тогло­хыг хүсчээ. Гэвч зохион байгуулах хорооноос тэднийг талбайд гивлүүртэй тоглохыг зөвшөөрөөгүй байна. Тиймээс манай багт техникийн ялалт өгсөн юм.  Олон улсын сагсан бөмбөгийн холбооны   дүрмийн дагуу ямар ч тамирчин толгой¬доо өмсгөлтэй тоглохыг хориглодог. Энэ нь тамирчдыг шашнаар нь ялгаварласан  хэрэг биш агаад аюулгүй байдлын үүднээс мөрдсөөр ирсэн дүрэм гэнэ. Манай  эмэгтэй багийнхан Казахстаны багийг мөн буулгаж авлаа.  Маргааш Непальтай тоглох юм.

Энэ удаагийн Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн холбоо эрэгтэй, эмэгтэй бүрэлдэхүүнээ илгээсэн билээ. Эрэгтэй баг 12, эмэгтэй багш 11 хүний бүрэлдэхүүнтэй Солонгосыг зорьсон юм. 

Тивийн олимп гэгддэг дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадамд манай улсаас спортын 23 төрөлд 250 тамирчнаа илгээсэн билээ.

Б.ЭГШИГЛЭН 

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогт: Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүгчдийн эрхзүйн байдлыг дордуулсан

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогттой ярилцлаа.

-Та twitter-тээ “Шүүхийн
ерөнхий зөвлөл шүүхийн ерөнхий зовлон боллоо” гэж жиргэсэн байсан. Чухам юу нь зовлон
болоод байна вэ?

-“Дуугүй гүйдэг нохой, тогтоол ус хоёроос болгоомжил” гэдэг үг байдаг
шүү дээ. Шүүхийн шинэтгэлд эхнээс нь оролцсоны хувьд зөв сайн хэрэгжээсэй гэсэн
үүднээс л үгээ хэлсэн хэрэг, зарим нэг дарга их эмзэг хүлээж авсан болтой. Би Үндсэн
хуулийн дагуу байгуулагдсан байгууллагыг төлөөлж ажиллаж байгаа хүмүүсийг хариуцлагаа
ухамсарлаж ажиллаасай л гэж бичсэн. Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийг эргэж ярих
цаг болжээ. Энэ асуудлыг хариуцаж хэрэгжүүлэх ёстой Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад
жил гаруй хугацаа өнгөрчээ. Хараад байхад Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиар хүлээлгэсэн
олон зүйлийг хэрэгжүүлж байгаа ч, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын
асуудлыг шүүхийн шинэтгэлийн хүрээнд арай явцуу байдлаар харж, хэрэгжүүлээд байх
шиг. Шүүхийн шинэтгэлийн асуудал шүүхийн үйлчилгээг хүлээж авдаг, шүүхээр явдаг
хуульчид гээд бүх хүнд хамааралтай болохоос нэг хэсэг хүмүүсийн дүгнэж ярих сэдэв
биш л дээ.  2009 онд шүүхийн шинэтгэл ярьж
эхэлснээс хойш ажлын хэсэгт орж хуулийн төсөл боловсруулсны хувьд бодож, хэлмээр
хэдэн зүйл байгаа.

-Шүүхийн шинэтгэл учир
дутагдалтай байна гэж үү?

-Аливаа байгууллагын үйл ажиллагаан дахь Хууль дээд­лэх зарчмын хэрэгжилтийг
хэмжих шалгууртай байх ёстой. Үүнийг нэг талын шалгуураар хэмжихгүй. Нөгөө талаас
шүүхийн шинэтгэлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ярихаар эсэргүүцэгч
мэтээр хүлээж авч болохгүй л дээ. Үг сөрсөн бүхэн дайсан байдаггүй. Ингэж хүлээж
аваад байвал загас мэт дуугүй байхыг шаардсан байдал үргэлжлэх болчихоод байна.
Өмнө нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар маш хатуу шүүмжлэл хэлдэг байсан.
Тухайн үед ч загас мэт байхыг шаарддаг л байлаа. Загас мэт дуугүй байхыг шаардаж
байгааг адилхан шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гарч ирчихээд
дахиад ийм шаардлага тавьж байгаа нь утгагүй байна.

-Шүүгчдийн хараат бус
байдлыг хангах үндсэн үүрэгтэй байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Гэтэл шүүгчдэд
дуугүй байх шаардлагыг тавьж байгаа нөлөөндөө оруулах гэсэн оролдлого гэж үү?

-Шүүгчдийг нөлөөндөө оруулна ч гэж юу байх билээ. Шүүгчид тийм ч
амар хүмүүсийн нөлөөнд ороод байдаг хүмүүс биш. Гэхдээ шүүмжлэл хэлсэн хүмүүстэй
ёс зүйн асуудал ярина гэдэг ч юм уу, эсхүл бид томилох чөлөөлөх эрхтэй хэн ч гэсэн
энүүгээр дамжих өдөр ирнэ гэсэн шиг хандлага байгаа бол одоо юу хэлэх вэ дээ. Шүүхийн
ерөнхий зөвлөлийн гол чиг үүрэг нь Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн бие даасан,
хараат бус байдлыг л хангах ёстой. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахын
тулд юу хийж чадаж байна вэ гэдгээр л тэр байгууллагын ажлыг дүгнэх учиртай.
2013 онд Украйнд болсон Олон улсын шүүгчдийн хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар
тогтоол гарсан. Үүн дээр энэ байгууллага шүүх, шүүгчдийг гадна болон дотоодын нөлөөллөөс
хамгаалах үндсэн үүрэгтэй гэдгийг тодорхойлж өгсөн. Мөн тус байгууллага нь өөрөө
хараат бус байж, шүүх бусад эрх мэдлийн хооронд уялдуулагч байна гэж тодорхойлсон.
Шүүх гэхээр бүх юмнаас ангид байна гэж байхгүй шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх  чиглэсэн аливаа сөрөг муу зүйлийг сааруулж, зарим
нэгийг нь өөрсдөө шингээж давж гарах ёстой. Тийм ч учраас шүүх, шүүгчийн хараат
бус байдлыг хамгаалж эрх мэдэлтнүүдтэй үзэлцэхэд нь хэрэг болно гэж хуулиар тэднийг
төрийн өндөр албан тушаалтанд хамруулсан. Өөр байгууллагуудын аливаа сонирхол, асуудлыг
шүүгчдэд хүргэх, халдаах ёсгүй. Ийм ч үндэслэлээр бид хуулийн төслөө боловсруулж
батлуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурван гишүүнийг шүүгчдээс бүрдүүлдэг, нэгийг
Хууль зүйн сайдын санал болгосноор, нөгөөг нь Хуульчдын холбооны саналаар бүрдүүлдэг
байхаар хуульчилсан. Гэтэл харамсалтай нь 2013 оны тавдугаар сарын 2-нд шат шатны
шүүгчдээс сонгох сонгуулийн үйл ажиллагаа эмгэнэлтэй болчихлоо. Үүнд тухайн үед
зохион байгуулалт хариуцсан байгууллага, оролцсон хүмүүс тодорхой хэмжээгээр буруутай.

-Шүүхийн ерөнхий зөвлөл
өөрөө шүүгчдийн томилгоог хийхдээ шүүгчдийн хараат бус байдалд халдаад байна гэж
үү?

-Томилогдсон шүүгчдийг Мэргэшлийн хорооны эсвэл Ёс зүйн хорооны шийдвэрээр
л огцруулах, өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлэх ёстой. Түүнээс Шүүхийн ерөнхий зөвлөл
ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа шүүгчдийн
эрх зүйн байдлыг дордуулсан нь тун харамсалтай. Шүүхийн хуулиудад туссан шүүхийн
захиргаа гэдэг нэр томьёо бол шүүх, шүүгчийг захирах гэсэн утга огт агуулаагүй.
Энэ буруу практикийг хэн ч ямар байдлаар ашиглаж, шүүхийн хараат бус байдалд халдах
гэж зорих юм билээ таашгүй шүү дээ ирээдүйд.

-Яг ямар шийдвэрээрээ
шүүгчдийн эрх зүйн байдлыг дордуулчихсан хэрэг вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сард гаргасан шийдвэрээр
Мэргэшлийн хороо, Сахилгын хорооны шийдвэр гараагүй байхад нэр бүхий шүүгчдийг сэлгэн
ажиллуулах шийдвэр гаргачихсан. Шүүгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэлгүүлж байгаа
нь нэг ёсны “чих хатуу нөхдүүдийн чихийг зөөллөж” байгаа хэрэг мөн. Олон улсын практикт
ч буруу гэдгийг нь Африкийн зарим улсуудын жишээгээр тогтоосон. Хоёрдугаарт, шүүгчдийн
томилгоонд шүүгчдийн мэргэшсэн байдлыг маш сайн анхаарах учиртай байсан. Хуульд
энэ талаар хангалттай заасан ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд үзэмжээрээ сонголт
хийгээд байна. Хуульд ил санал хураана гэж заачихаад байхад хэн нь ямар санал өгсөн
нь одоо ч далд байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн шүүгчийг томилсон, эсвэл татгалзсан
шалтгаанаа тайлбарладаг байх ёстой. Шүүхийн шинэчлэлийн нэг чухал хэсэг нь энэ байсан,
өмнө сонгон шалгаруулалт болох дөхөхөөр л яригддаг байсан “Өө тэр болох юм гэнэ
гэж яригдаад, тэгээд л тэр хүн нь болдог байсан” буруу практикийг өөрчилнө л гэж
хууль хийсэн, энэ хүмүүс гарч ирсэн. Одоо тэгээд эргээд хардаа, тэр юм арилаагүй
л байна.

-Таны хэлснээр шүүгчдийн
“чихийг зөөллөж” сэлгүүлэн ажиллуулсан нь, санал нь нууц  байгаа нь иргэдэд ямар хохиролтой юм бэ. Эцсийн
дүндээ шүүх иргэдэд хэр үйлчилж байгаагаар нь дүгнэх байх.

-Шүүгчийн чихийг хатуу байлгахын тулд түүнийг томилдог, дэвшүүлдэг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн чих хатуу байх ёстой. Ийм байж шүүхээр үйлчлүүлж байгаа
иргэд хөндлөнгийн оролцоогүйгээр хэргээ бодитоор хэрэгжүүлж чадна. Шүүгчтэй холбоотой
аливаа шийдвэр гаргахдаа ядаж шүүгчдээс санал авчихдаг байх хэрэгтэй. Шүүхийн ерөнхий
зөвлөлийн эрх мэдэл бол хувь гишүүдийнх нь биш хуулийн эрх мэдэл юм шүү дээ. Яагаад
тийм шийдвэр гаргасан, санал өгсөн нь ил тодорхой биш болохоор хүмүүс таалагдсан
хүнээ гаргадаг гэдэг нөгөө урьдны байдал үргэлжилсээр байна гэж ярих нь зөв ш дээ.
Хуулиар нэр дэвшигч, өрсөлдөгчдийг  сонгохыг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үзэмжид үлдээгээгүй юм шүү.

-Хууль зүйн сайд хуулийн
шинэчлэл ярьж, цагдаагийн байгууллагад сэлгээ хийхэд хурандаа нар эсэргүүцэж, шүүмжилж
байсан. Шүүхэд сэлгээ хийхэд бас шүүх дотор бас ийм хандлага байгаа юм биш биз?

-Шүүх, цагдаа хоёрыг харь­цуулах боломжгүй. Шүүгчид шинэтгэл шаардлагатай
гэж, өөрсдөө төсөл дээр нь сууж хуулийн төсөл боловсруулсан. Нөлөөллийн мэдүүлгийг
шүүгчид өөрсдөө санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байнгын ажиллагаатай болгох
санал гаргаж ажил болгуулсан. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт хуультайгаа наалдах,
хуулийн үзэл баримтлалын дагуу ажил хэрэг болж илрэх ёстой. Гадна байхдаа шүүхийг
болохгүй байна гэж хашгирч хашгирчихаад дотор нь орж ирээд хийхээрээ нөгөө шүүмжилж
байсантайгаа адил ажил хийвэл шал худлаа шүү дээ. Шүүх бие даасан, хариуцлагатай
байх нь монгол гэрийн хоёр багана шиг чухал юм шүү дээ. Энэ тунг тааруулахын тулд
л Шүүхийн ерөнхий зөвлөл ажилладаг байх ёстой. Ингэж ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй
болчихоод байна. Хууль зүйн сайд ч тэр шинэчлэлийг анх санаачилсан хүний нэгийн
хувьд, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхэд хуулиар оролцоотойн хувьд бас эргэж
бодох л хэрэгтэй байх.

-Шүүгчдийн цалин хэдэн
сая төгрөгөөр тоологдох болсон гэсэн. Тиймээс ч хуульчид шүүгч болохыг илүүд үзэж
байгаа болов уу. Үүнтэй холбоотой шүүгчдийн томилгоо хардлага, сэрдлэг дагуулдаг
юм болов уу?

-Бодит байдал дээр шүүгчид тийм өндөр цалин авч эхлээгүй л байна.
Тохирсон цалингүй ажил хулгайчдыг төрүүлдэг гэсэн герман хэлц үг бий. Шүүгч өөр
ажил хийж орлого олж болдоггүй учраас тохирсон цалингаа авах ёстой. Нөгөө талд шүүгчид
зөв шударга ажилласны цаана нийгмээрээ хожих ёстой. Үүгээрээ нийгэмд илүү ашигтай
болдог. Тиймээс Шүүхийн тухай хуулиар шүүгчийн цалинг ямар байхыг шийдчихсэн шүү
дээ, Шүүхийн ерөнхий зөвлөл шийдээд байгаан биш.

-Шүүх шударга байснаас
ухаалаг байсан нь дээр гэж манай сонин бичсэн. Шүүгчид ухаалаг байж, амьдралд ойр
шийдвэр гаргах тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Шүүгчийг хууль баримтлах, хууль хэрэглэхийг шаарддаг. Шүүгч хуулиа
шударга ёсны үнэлэмжид нийцүүлж зөв хэрэглэх нь ухаалаг байх асуудал юм шүү дээ.
Жишээлбэл, Газрын тухай хуулиар гэрчилгээ аваагүй бол газар эзэмших эрхгүй этгээд
болдог. Гэтэл амьдрал дээр гэрчилгээгүй ч 10, 20 жил тэр газар дээр амьдарчихсан.
Засгаас гэрэл цахилгаанаар хангаад өгчихсөн. Тэгтэл 10, 20 жилийн дараа өөр нэг
этгээд уг газрыг эзэмших гэрчилгээ авчихаад шүүхээр явлаа гэж бодъё. Ийм тохиолдолд
шүүгч хуулийн нэг л заалтын дагуу гэрчилгээгүй хүнийг шууд нүү гэвэл ухаалаг биш
шийдвэр болно. Хуулийн бусад заалттай уялдуулж яг ямар заалтыг нь хэрхэн хэрэглэвэл
шударга шийдвэр болох вэ гэдгийг бодох л учиртай.

-Танд Шүүхийн ерөнхий
зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийг шүүмжлэх хувийн ашиг сонирхол байгаа юм биш биз?

-Би тэр хүмүүстэй бүгдтэй шахуу хамт ажиллаж байсан. Гэхдээ би нэг
захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар бухимдах нь хэнд хамаатай билээ.
Эцэст нь Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийгөө өөр талаас нэг хараасай. Эрх мэдэл, хийж
байгаа ажил нь өөрсдийнх нь биш хуулийн хүсэл зорилгоор явах ёстойг ухаараасай гэсэндээ
л ярьж байгаа юм. Шүүхэд доороос нь эхлээд 10 гаруй жил ажилласны хувьд болж бүтэхгүй
байгааг хэлэх нь зөв гэж бодсон юм. Над шиг бодолтой олон шүүгч бий, хэлж байгаа
нь л би байх.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Сири дэх “Лалын улс”-ыг бөмбөгдсөөр байна

Уржигдар буюу өнгөрсөн даваа гаригаас АНУ  холбоотнуудынхаа хамт Сири дэх “Лалын улс” бүлгийнхний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлалын газраас ийм шийдвэр гаргаж, үүнийг Ерөн­хийлөгч Б.Обама дэмжсэн юм. Уг цэргийн ажиллагааны хамгийн гол зорилго нь Сири болон Иракийн газар нутгийн дийлэнх хэсгийг мэдэлдээ авсан “Лалын улс”, “Жебхат ан-Нусра” бүлгийг устгах яв­дал юм. Үүнд АНУ-аас гадна Йордани, Бахрейн, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Арабын таван орон оролцож байгаа билээ. 

Сирийн “Ал-Маядин” телевизийн мэдээлснээр бөмбөгдөлтийн үеэр “Жебхат ан-Нусра” бүлгийн Абу Юсеф ат-Турки хэмээх нөлөө бүхий удирдагчдын нэг амь үрэгдсэн байна.  Тэрээр Сирийн Идлиб хот дахь нэгэн орон сууцны байшинд цэргүүдийнхээ хамт байрлаж байсан гэнэ. Сирийн хүний эрхийн асуудлаарх судалгааны төвийн мэдээлснээр цэргийн ажиллагааны үеэр “Жебхат ан-Нусра” бүлгийн 50 цэрэг амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд гадаадын хөлсний цэргүүд ч байсан гэнэ. Пентагоноос гаргасан мэдэгдэлд агаарын довтолгоонд АНУ-ын Персийн булан болон Улаан тэнгист байрлаж буй усан цэргүүд оролцож, “Raptor” бөмбөгдөгч, сөнөөгчөөс гадна “Tomahawk” пуужин  ашиглаж байгааг дурдсан юм. “Raptor”-ийг тав дахь үеийн бөмбөгдөгч хэмээн нэрлэдэг. Харин “Tomahawk“ пуужинг АНУ цэргийн ажиллагаануудад байга хэрэглэсээр ирсэн юм. 

АНУ-ын эхний бөмбөгдөлт нэг цаг гаруй үргэлжилжээ. Хэсэг завсарласны дараа бөмбөгдөлтийг үргэлжлүүлсэн байна. 

Одоогийн байдлаар лалын бүлгийнхний байгаа 20-иод газарт агаараас цохилт өгчихөөд байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бөмбөгдөлтийн үеэр лалын бүлгийн 40-70 дайчинг устгаснаас гадна тэдний төвлөрч байсан газрууд нь бөмбөгдөлтөд өртөж юу ч үгүй болсон гэнэ. Харин Арабын эх сурвалжууд  30-40 дайчин амь үрэгдэж, 15 зэвсэг техник нь үгүй болсон хэмээн мэдээллээ. Уг ажиллагааны үеэр 24 жирийн иргэд өртөж амь үрэгдсэн байна.  

АНУ нь цэргийн ажилла¬гаагаа эхлүүлэхээсээ өмнө энэ тухай НҮБ болон Сирид урьдчилан мэдэгдсэн юм. Сирийн эрх баригчид үүнийг анхнаасаа эсэргүүцэж байсан  тул АНУ ч хариу тайлбар хийжээ. Сирийн одоогийн эрх баригчдыг  хууль бус хэмээн үзэж байгаа тул тэднээс цэргийн ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл авах шаардлага байгаагүй хэмээн Вашингтон мэдэгдсэн. “Лалын бүлэг” Иракийн газар нутгийг мэдэлдээ аваад зогсохгүй жирийн ард иргэдийн амь насыг хороож байгаа тул үүнийг яаралтай зогсоох шаардлагатай байгаа. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ч зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн  үзсэн байна.

Үүний хариуд “Лалын улс” бүлгийнхэн өөрсдийнхөө радиогоор мэдэгдэл хийхдээ барууны орнууд тэр дундаа АНУ, Франц, Канадын иргэдийг хайр найргүй устгахыг уриалсан байна. Түүнээс гадна хүнийг үй олноор устгадаг зэвсэг хэрэглэх болно хэмээн мэдэгджээ. 

“Лалын улс” буюу “Ирак, Левантын лалын улс” бүлэг нь 2006 онд байгуулагджээ. Ирак дахь 11 лалын бүлэг нэгдэн тэмцэж шариатын хуультай лалын улс байгуулах зорилго тавьсан байна. Тус бүлэг нь 2013 оноос Сирид Ерөнхийлөгч Б.Асадын эсрэг дайн зарласан юм. Өнөөдрийг хүртэл алан хядах ажиллагаа явуулсаар иржээ. Ирак дахь АНУ болон НАТО-гийн цэргүүдийн эсрэг алан хядах ажиллагаа зохион байгуулсаар иржээ.

Categories
мэдээ цаг-үе

Өгөөдэй хааны ордныг судлахад ЮНЕСКО-гийн зарчим хаалт болж байна


Өгөөдэй
хааны ордны туурь олдсон талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдсан. Уг олдворын талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ХБНГУ-ын Воннын их сургуулийн докторант Л.Мөнхбаяр­тай ярилцлаа.

Их
Монгол Улсын нийслэл Хар хорин хотын тухай олон нийт Юань улсын судар юм уу Европын жуулчдын тэмдэглэлээр төсөөлж ирсэн байгаа. Яг бодит судалгаа нь хэдийд яаж эхэлсэн юм бэ. Одоо Өгөөдэй хааны ордонтой холбогдох ямар мэдээлэл танд байна вэ?

-Хамгийн сүүлийн судалгаа гэвэл
доктор Д.Баяр, У.Эрдэнэбат, Т.Батбаяр нарын
судалгаа байна. Ер нь
Өгөөдэй хааны Хар хорин
хотын туурийг олох гэж
олон үеийн судлаачид эрж
хайсан байдаг л даа.
1368 оны
үеэс Хар хорин хотын
судалгааг ерөнхийдөө эхэлдэг. Хотыг хаана байсан,
яасан ийснийг сонирхсон хүмүүс
бол 1700-гаад оны үеэс
эхлээд судалж эхэлсэн байдаг.
Яг малтлага судалгааг Дэлхийн хоёрдугаар дайны
дараахан 1947, 1948 онд Монгол, Зөвлөлтийн
эрдэмтдийн хамтарсан баг анх хийсэн
байдаг юм. Тэнд хамгийн
өндөр байгууламж бол ерөөсөө хоёрхон
газарт олдсон. Нэг нь
одоогийн Мэлхий чулууны ард
байгаа өндөр хэсэг, нөгөө
нь хотын гудамж гэж
нэрлээд байгаа олон гудамжнууд
байгаа газар юм. Тэр
хоёр газарт манай улсын
талаас Пэрлээ, Доржсүрэн гэж
хоёр эрдэмтэн ажилласан байдаг. Тэд нар
Мэлхий чулууны ар талын
хэсэг газарт малтлага хийгээд
Өгөөдэй хааны Түмэн амгалант
ордон гэж түүхэнд тэмдэглэгдсэн
ордон мөн байна гэж
тогтоосон. Нөгөө 64 баганатай Түмэн амгалант гэдэг
ордон гэдэг чинь. Малтах
явцад хамгийн эхэнд дээд
талын хэсгээс нь их
хэмжээний буддын шашны холбогдолтой
олдворууд олдсон байдаг. Тиймээс
Пэрлээ гуай тухайн үедээ
энэ бол Эрдэнэ Зуу
хийдтэй холбоотой юм байна. Доор
нь Өгөөдэй хааны ордон
байж, дараа нь дээр
нь бүтээн байгуулсан Эрдэнэ
зуу хийдээс үлдсэн бурхны
шашны дурсгалууд юм байна гэж
үзсэн. Тэр үзэл баримтлал
үндсэндээ 2000-аад он хүртэл
үргэлжилсэн. Дээр нь Эрдэнэ
зуу байж, доор нь
хааны ордон байж гэсэн
төсөөлөл. 2000 он гарахад Монгол
Германы хамтарсан экспедиц тэр туурин дээр
малтлага хийсэн. Гэхдээ тэр
талбайг бүрэн хэмжээгээр малтаж
дуусгасан. Бүрэн хэмжээгээр малтаж
дуусгасан чинь ерөөсөө Эрдэнэ
зуу гэж хэлэхээргүй, ордон
гэж хэлээд байгаа байгууламжийн
шал хэсэг нь тэр
аяараа бурхад, суваргын зүйлс
байсан. Тэгэхээр нь хамтарсан судалгаа
учраас энэ юу байж
болох вэ гэж хоорондоо
ярилцаад бурхан шашны зүйлсэд
нь он цаг тогтоодог
шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнд
XIII зууных болохыг тогтоосон. Тэр
нь тэгээд Өгөөдэй хааны
ордон биш болж таараад
байгаа юм. Үүнээс гадна,
2003 онд бас Эрдэнэ зуу
хийд дотор малтлага судалгаа
хийсэн. Тэр малтлагын нэг
сонин олдвор гэвэл, тэнд
цогчин дуганы суурь гэж
байгаа. Цогчин дуганы сууринаас
бичигт хөшөө олдсон. Тэр
бичээс нь Чингэс хаан
1220 онд энд нийслэл байгуулав
гэсэн утгатай бичээс байгаа
юм. Гэхдээ тэр бичээс
бол анх удаа олдож
байгаа юм биш л
дээ. 1899 онд ирсэн Радловын
экспедиц Хар хорины Эрдэнэ
зуу хийдээс анх тийм
бичээсүүдийг олсон байхгүй юу.
Тэр бичээсийг олоод судалсан чинь
анх Радловын үед олдсон хөшөөний
бичиг, 1952 онд Америкийн судлаач
Кливз гэдэг хүн судлаад
1346 онд бичигдсэн нэгэн сүмийн пайлуурын
хэсэг гэж тогтоосон тэр
зүйл байсан. Бичээсийг 1952 онд
Кливз уншихдаа хятад сурвалжаас уншсан
байдаг. Яг Эрдэнэ зуугийн
цогчин дуганаас олдсон бичээс нь
жинхэнэ археологийн баримт юм. 

Бичээс
нь ямар бичгээр байна вэ?

-Нэг талд нь хятадаар,
нөгөө талд нь монгол
бичгээр. Энэ бичгийг уншсан
судалгаа 1952 оноос хойш олон
бий. Хамгийн сүүлчийнх нь
2003 онд олж уншсан.  Тэр бичээс юу
вэ гээд хөөгөөд үзэхээр
1436 онд бичсэн “Их асарт”
гэдэг сүмийн бичээс байгаа.
Тэгвэл тэр сүм нь
хаана байна гээд судалгаа
хийгээд үзэхээр дээр хэлсэн
барилга маань бүтэн сүм
болж таараад байгаа байхгүй
юу.  Сүм
урд талдаа Мэлхий чулуутай.
Тэр мэлхий чулуун дээр
бас уг бичээс байсан
нь тодорхой болчихоод байгаа юм. Түүнээс
гадна яаж баталж байгаа
вэ гэхээр, 1984 онд манай Монголын
археологичид малтлага хийсэн. Малтлагын явцад
тэр газрын яг хажуухнаас
нь тэр бичээсийн зургаан
хувилбарыг олсон байдаг. Одоогийн
Мэлхийн чулуун дээрх нэг
том бичээс нь 1346 онд
бичигдсэн. Ингээд энд тэндээс
олдсон ийм бичээс олон
байгаа юм. Ингээд археологийн
баримтаар, бичгийн сурвалжаар хааны
ордон биш буддын шашны
сүм гэдэг нь тодорхой
болчихсон. “Их асарт” сүмийг
Юань улсын сударт тэмдэглэхдээ
эхний таван хаан Чингэс
хаан, Өгөөдэй, Гүег, Мөнх, Хубилай
нарт зориулсан гэж байдаг. Тэгээд
тэр нь сүм болох
нь тодорхой болоод ирэхээр урьд
нь хайж байсан Хар
хорины Түмэн амгалант ордон
хаана байна вэ гэдэг
асуудал гарч ирсэн. Тийм
болохоор Хар хоринд одоо
дахиад ордон гэж хэлж
болохоор тусгайлсан байгууламж байхгүй. Тэгвэл тэр ордон
хаана байна вэ гэдэг
дээр Монгол Германы хамтарсан
экспедиц дараагийн ямар дүгнэлтэд хүрсэн
бэ гэхээр, хамгийн өндөр
магадлалтай нь  Эрдэнэ
зуу хийд гэж үзсэн.
Тэгээд гадна талынх нь
суваргатай хэсгийн доод талд
малтлага хийсэн.

Сүүлийн
малтлага уу?

-Тийм. Хоёр гурван жилийн
өмнө малтсан. Тэр суварга чинь
өөрөө өндөр юман дээр
баригдсан байгаа байхгүй юу.
Тийм учраас доод талд
нь эртний байгууламж байж
магадгүй гэж үзээд сорилтын
малтлага хийж үзсэн. Тэгсэн
чинь бүр чулуугаар барьсан
эртний хэрэм байж таарсан.
Одоогийн судалгааны түвшинд Түмэн амгалант
ордон байх хамгийн өндөр
магадлалтай нь ерөөсөө л
Эрдэнэзуу хийдийн доор байх
магадлалтай юм гэсэн дүгнэлтэд
хүрчихээд байна.

Туршилтын
малтлагаар ийм дүгнэлтэд хүрсэн бол дараагийн малтлагыг яаж хийх, тэндээс хааны ордонтой холбоотой яг ямар мэдээлэл олох төсөөлөл байгаа вэ?

-Дараагийн
алхам их  сонин.
Эрдэнэ зуу, Орхоны хөндий
дэлхийн соёлын өвд бүртгэгдчихсэн.
Хоёрдугаарт Эрдэнэзуу 1500 оны үеийн хамаг
өв соёлыг хадгалж байдаг
газар. Тиймээс тэнд бид
дураараа малтлага хийх боломжгүй болж
байгаа байхгүй юу. Шууд
соёлын өвийн асуудал босч
ирж байна.

Тэгэхээр
бүрэн хэмжээний малтлага судалгаа хийх бололцоогүй гэсэн үг үү?

-Ер нь хэцүү. Жишээ
нь, манай судлаачдын таамаглаж
байгаагаар тэр хэсэгт хэд
хэдэн газар байгаа л
даа. 1600-гаад оны үеийн
Эрдэнзуу хийдийн Гурван сүмийн
доор байна гэж үзэх
юм бол тэрийг нураахгүйгээр
яаж малтах вэ гэдэг
асуудал гарна.

Цэвээндорж
докторын ярианаас бол суваргатай хэрмийн дотор талд малтлага хийх бололцоотой гэж ойлгогдож байгаа?

-Төлөвлөж байгаа юм бол
бид геомагнитикийн судалгаа хэрэглэж болно гэж үзэж
байгаа. Тэр нь доошоо
соронзон орныг судалдаг. Хэрвээ
доор нь байшин барилга
байх юм бол өдөөгдөөд
мэдээллийг дамжуулдаг багаж байдаг юм.
Соронзон хайгуулын багаж. Одоогоор тэгж
л үзэх боломжтой.

Дэлхийн
соёлын  өв
хэмээх статус нь хожим илэрсэн юм уу илрэх өвийг судлахад хаалт саад болох үндэслэл нь яг юу байдаг юм бэ. Жишээ нь, ямар агуулгатай эрх зүйн бичиг баримт саад болдог юм бол?

-Саяхан Орхоны хөндий дээр
нэг соёлын өвийн арван
жилийн ой боллоо. Тэгэхэд
яг энэ асуудал хөндөгдсөн.
ЮНЕСКО-гийн Японыг төлөөлдөг
хүн тэнд оролцсон. ЮНЕСКО-гийн хамгийн гол
зарчим нь, Эрдэнэзуу хийдийг
яг байгаагаар нь хадгалж хамгаалж,
яг хуучин байдлаар нь
хадгалах ёстой гэдэгт байгаа
юм. Хэрвээ ямар нэгэн
өөрчлөлт, ямар нэг юм
хийнэ гэх юм бол
дэлхийн өвөөс хасах ч
юм уу тиймэрхүү асуудал
хөндөгддөг гэж байна лээ.

Гэхдээ
орчин тойронд нь судалгаа хийх хориотой гэсэн үг биш байх л даа. Шинжлэх ухааны судалгааны өчнөөн арга байгаа шүү дээ. Иймэрхүү тохиолдолд  ЮНЕСКО-гоос зөвшөөрөл хүсдэг үү?

-Тийм. Жишээ нь,  Эрдэнзуу дотор цогчин дуганыг
дахин судлах хэрэгтэй боллоо
гэхэд Дэлхийн өвийн хороо
манайх бүртгэж байх үед
энэ цогчин дугана гэж
байгаагүй гэдэг асуудал тавиад,
сүүлд мэдэгдсэн байлаа ч та
нар цогчин дуганыг яг
хуучин байдлаар нь сэргээж чадах
уу, ямар судалгаа байна
гэдэг асуудлууд тулгардаг. Үүнтэй адилхан асуудал
археологийн судалгааг тэр дотор хийхэд
ч тулгарна. Гэхдээ
“энд малтлага хийж болохгүй ээ”
гээд онцгойлоод хориглосон зүйл бол байхгүй
л дээ.

Яг
ийм асуудал дээр зөвшөөрөл авахын тулд хэнд хандах ёстой вэ?

-ЮНЕСКО-гийн Үндэсний комисст
хандана. Тэд цааш нь
хүсэлт тавих байдлаар явах
байх л даа.

Эрдэнэзуу
доор бол эртний байгууламж байгаа нь баттай юм байна тийм ээ?

-Байгаа.

Хожмын
үеийн судалгаанд өмнөх үеийн ямар нэгэн бичиг баримт нөлөөлөх нь хамгийн том асуудал байх нь ээ. Жишээ нь, Өгөөдэй хааны Түмэн амгалант ордны судалгаан дээр?

-Ерөөсөө л энэ. Тийм
учраас бид цаашид хааны
ордон чинь яг энэ
мөн шүү гэдгийг баталчих
тийм баримт гаргаж тавих
шаардлагатай болох байх.

Эртний
хаадын ордны бүтэц, зохион байгуулалт ямар байсан талаар баримтууд хэр байдаг вэ. Хэрвээ байдаг бол одоогийн судалгаанд чиг баримжаа болно биз дээ?

-Ер нь байгаа. Юань
улсыг байгуулж байсан үеийн хааны
ордны стандарт байдаг. Судалгааны хүрээнд
бол ерөнхийдөө тэрний дагуу л
явна.

Н.ПАГМА 

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд хавдрын эсрэг амьтны гаралтай эм гаргаж авчээ



Монос
группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уулзаж хорт хавдрын эсрэг Элиппин хэмээх шинэ эм бүтээсэн талаар нь тодрууллаа.  Тэрбээр
мөн Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлдэг билээ. Улаанбаатар хотноо саяхан болсон Монгол-Америкийн хавдрын эмч судлаачдын олон улсын хурлын үеэр Монос груп­­пийн Эм судлалын хүрээлэнгээс хорт хавд­рын эсрэг үйлдэлтэй  шинэ
эмийн судалгааны дүнг хэлэлцүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татсан талаар мэдээлэгдсэн юм.

Хавдрын  эм
хийхэд урт хугацаа зарцуулах юм аа. Арваад жилийн өмнө л та хорт хавдрын эсрэг эм хийж байгаа гэж ярьж байсан санагдана?

-Ер нь 1996 онд эхэлсэн
юм. Энэ ажилд ганц  Монгол
биш Япон, Хятадын эрдэмтэд
оролцож байгаа. Японы  Акияама хотын их
сургуулийн Хаяаши гэж доктор
байгаа. Далианы их сургуулийн
Зан, Шанхайн их сургуулийн
Ли гэж байгаа. Тэгээд
манай Моносын эрдэмтэд, Биотехнологийн
хүрээлэнгийн эрдэмтэд зэрэг олон эрдэмтдийн
хамтын хөдөлмөрөөр бүтэж байгаа.

Хавдрын
эсрэг эмийг үхрийн элэгнээс гаргаж авдаг гэсэн үү. Үхэр ямар ид шидтэй юм бэ. Идэж уудаг юмтай нь холбоотой юм уу?

-Үхрийн элгийг биотехнологийн аргаар
боловсруулж байгаа юм. Өөрөөр
хэлбэл үхэр нядлахад үхрийн
элэгний эд эс амьдаараа
халуунаараа байдаг. Яг тэр
үед хавдар үүсгэгч бодисоор
өндөр тунгаар нөлөөлөхөөр амьд
эсүүд хавдрын эсрэг  хариу урвал үзүүлдэг.
Тэр бодисуудыг нь биотехнологийн аргаар
ялгаж авдаг. Нарийн  технологитой эд л дээ.

Хавдрын
эсрэг  үйлчлэлтэй
бусад эмүүд байдаг байх. Монголчуудын бүтээсэн энэ эмийг дэлхий хүлээн зөвшөөрөх болов уу?

-Нэгдүгээрт
ганц Монголын биш олон улсын
эрдэмтдийн баг ажиллаж байгаа.
Японд, Хятад, Монгол, Америкт
болсон олон улсын хурлуудад
танилцуулаад илтгэл тавиад яваа.  Тодорхой
хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж яваа
л даа.

Элэгний
С вирусийн эсрэг эм гэхэд л маш үнэтэй. АНУ-д 84 мянган доллараар зарагдаж байгаа юм билээ. Элэгний хавдрын эм ямар үнэтэй байдаг вэ. Танай шинэ эм зах зээлд ямар үнэтэй гарах бол?

-Бид арай өөр аргаар
гаргаж авч байгаа шүү
дээ. Хэрэв энэ арга
бүтвэл боломжийн эм гарч магадгүй.
Үнэ өртөг нь  бас мэдээж хямд
гарахгүй. Технологи нь нарийн, олон
жилийн судалгаа хийж байгаа. Гэхдээ
Европын эмүүдтэй харьцуулахад хамаагүй хямд гарах байх
гэж бодож байна. 

Энэ
эм хэзээ туршилтын хугацаа нь дуусч, хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлд гарах бол?

-1996 оноос
эхлээд амьтан дээр туршилтууд
хийсэн. Дараа нь 2011-2012 онд
эсийн туршилтууд явсан. Одоо хүн
дээрх туршилтууд явж байна. Хүн
дээр бас дөрвөөс таван
жил туршигдах байх. 

Олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүд байхад монголчууд эм гаргах шаардлага байна уу гэж асуух хүн байна?

-Одоо байгаа эмүүд дандаа
хими заслын эмүүд. Химийн
хүчтэй тариагаар хорт хавдрын эсүүдийг
үхүүлж байна л даа.
Тэрнийхээ хажуугаар эрүүл эд эсийг
үхүүлээд байгаа юм. Туяа
эмчилгээний үед цацраг туяагаар
хорт хавдартай хүмүүсийг эмчлэхэд дархлааны эсүүд нь унаад
байдаг. Тэгээд хүний үс
нь унадаг, турдаг. Одоо
орж ирж  байгаа
С вирусийн эсрэг
эмийг интерферонтой тарихад хүн бас
их ядардаг.  Эм
болгон өөрийн давуу сул
талтай. Бидний гаргаж авч
байгаа эм цэвэр амьтны
гаралтай, органик бүтээгдэхүүн 
болохоор гаж нөлөө багатай.

Монголчуудын  уламжлалт
анагаах ухаанд элэгний хавдрыг анагаах хавдрын эсрэг нөлөөлсөн түүх байдаг  уу?

-Бий. Хорт хавдар шинэ
өвчин биш шүү дээ.
Хорт хавдрын эсрэг олон
бэлдмэлүүд хэрэглэж байсан. Ялангуяа эртний
үрлүүд, жорууд байна. Бидний
хийж байгаа эм ч
уламжлалт анагаах ухаанаас гаралтай.  Тийм  учраас
боломжийн эм гарчих болов
уу.

Энэ
бүхэн юунаас эхэлсэн бэ. Хавдрын эсрэг эм гаргах санаа мэргэжлийн хүний амбицаас эхлэлтэй юу. Юу танд сэдэл төрүүлэв?

-Дээр үед алоэ гэж
зуун настын тариа байсан.
Зуун наст халуун газар
наранд ургадаг ургамал. Түүнийг
таслаад, хар цаасанд ороогоод,
хөргөгчинд хийчихэж байгаа юм. Харин
зуун наст зузаан махлаг
ургамал шүү дээ. Бусад
навчийг таслаад  хөргөгчинд
хийвэл дороо үхчихнэ. Зуун
наст нэлээд хонодог. Тэр
хооронд үхэхгүйн тулд тэр ургамал
өөртөө байгаа хүчээ дайчилдаг
шиг байгаа юм. Түүн
дээр нь үндэслээд алоэгийн
тариа гаргаж авч. Манай
ахмад үеийнхэн мэдэж байгаа. Дөчөөс
дээш насныхан бараг бүгдээрээ тариулж
үзсэн.  Үнэхээр
ядаргааны үед сайн, дархлааг
сэргээж өгдөг. Нэгдүгээрт тэрнээс
санаа авсан. Бидний санаа
зуун наст шиг ургамал
биш гэхдээ зуун наст
махлаг ургамал. Үхрийн элэг бол
зузаан махлаг. Амьтныг нядалсны
дараа хурдан үхдэггүй. Элэг
нь халуунаараа байж байдаг. Тэр
үед нь л бид
хавдар үүсгэдэг бодисоор нөлөөлөөд, хавдрын эсрэг үйлдэл
элэгний эд эсүүд дээр
бий болгож байгаа гэж
ойлгож болно.

Бусад
оронд амьтны гаралтай түүхий эдээс хавдрын эсрэг эм гаргаж авсан туршлага байгаа юу?

-За даа ер нь
миний хувьд тийм тохиолдол
мэдэхгүй. Тэгээд яахав ийм
санаа гаргасан. Тэрнийг маань Японы
Хаяаши гэж эрдэмтэн үнэлсэн
юм. Японы  эрдэмтэн
маань Хятадад ЖАЙКА-гийн
төслөөр ажиллаж байхдаа төслийн
мөнгөөр миний нэлээд олон
туршилт судалгааг хийж өгсөн. Энд  асар
их мөнгө зардаг. Манай
компани гэхэд л 18 жилд  8-9 тэрбум
төгрөг зарцууллаа.

Энэ
арга чиглэлийн бусад эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа байх даа?

-Энэ тухай ярихад хоёр
хуваагддаг л даа. Үнэхээр
тийм үйлдэл байж болно
гэдэг.  Нөгөө
хэсэг эрдэмтэд нь “Ийм байх
учиргүй” гээд байдаг. Гэхдээ
бид  саяын
Монгол, Америкийн хавдар судлаачдын олон
улсын хурал дээр илтгэл
тавьсан. Яах аргагүй эсийн
өсгөвөр дээр орчин үеийн
технологиор хийсэн судалгаагаар хорт
хавдрын эсийг зогсоож байна
гэдэг нь нотлогдсон. Энэ
бол бидний олон жилийн
хөдөлмөрийн үр дүн.

Эсийн
шинжилгээний хариу үр дүнтэй гарчээ. Хүн дээр туршихад яах бол?

-Хүн дээр туршихад гаж
нөлөө үзүүлэх болов уу
гэдэг учраас л бид
олон жил амьтан дээр
туршилт хийсэн л дээ.  Амьтан
дээрх туршилтын үр дүн сайн
гарсан.

Хорт
хавдрын эцсийн шатанд байгаа хүмүүс дээр туршиж байна гэх юм. Эхний шатандаа яваа хүмүүс дээр туршиж үзээгүй юм уу?

-Мэдээж хорт хавдрын  эхний шатандаа эмчилгээний
үр нөлөө өндөр байна.
Гэхдээ бидэнд хавдрын гурав,
дөрөвдүгээр шатанд орчихсон өөрөөр
хэлбэл европ эмнэлгээр явлаа,
монгол эмнэлгээр явлаа, найдвар алга
гэсэн хүмүүс байдаг. Тийм
улсууд дээр туршихыг бидэнд
зөвшөөрч байгаа учраас  клиник туршилтын дүн
эерэгээр гарах хэцүү л
дээ. Өөрөөр хэлбэл  шинэ эм учраас
алдах юм байхгүй болчихсон
хүмүүст өгөх зөвшөөрөл өгч
байгаа юм.  Эхний
шатанд байгаа хүмүүс дээр
туршихыг зөвшөөрөхгүй байгаа.  Монголд
хорт хавдрын, хүчтэй үйлчилдэг эм
туршиж байсан тохиолдол байхгүй
учраас болгоомжлол  байна.
Тэрийг нь бид үгүйсгэж
чадахгүй.

Та
эм үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлдэг. Гэтэл фенобарбитал эм тасарчихаад эцэг эхчүүд гадаа­дад захиалахдаа тулаад байгаа гэх юм. ЭМЯ-наас эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг үйлдвэрлэхийг хориглосон учраас олон эмийн үйлдвэр­лэл зогссон гээд байгаа.  Ер
нь хэр олон эм бүртгэлд хамрагдах болоод байна?

 -Эмийн бүртгэлд
бүртгэгдэх шаардлагатай давхардсан тоогоор 2500 нэрийн эм байгаа.
Аспиринийг 14 эмийн үйлдвэр үйлдвэрлэдэг
бол 14 удаа бүртгүүлэх ёстой.
Сүүлийн хоёр жилд Эмийн
зөвлөлөөр 50 эм хэлэлцэж  бүртгэгдсэн. Энэ хурдаар бүртгэвэл
зуун жил болно гэсэн
үг.  Гэхдээ
ЭМЯ анхаарч байгаа. Өмнө
нь улиралд нэг удаа
хуралддаг байсан бол одоо
хоёр сард нэг хийж
байна. Бас дэмжиж л
байна, болох байлгүй дээ. 

Фенобарбитал
сэтгэц нөлөөт хүнд эм гэж зарим нь яриад байна. Тэгсэн мөртлөө нялх хүүхдүүдэд бичиж өгөөд байдаг болж байгаа юм уу?               

-Мансууруулах
эмийн хууль буюу морфины
хууль нөгөөдөх нь Сэтгэц нөлөөт
эмийн хууль гэж хоёр
өөр хууль байдаг. Гэтэл
манайхан их л цөөхөн
хууль батлах гэсэн юм
байлгүй нэгтгэчихсэн. Тэр хуулийн дагуу
сэтгэц нөлөөт эм гэдэгт
фенобарбитал орчихсон юм. Гэтэл муулах
гэсэн хүн боло­хоор
мансууруулах нөлөөт эм, хортой
хүчтэй гээд байдаг. Сэтгэц
нөлөөт эм гэхээр ард
түмэн буруу ойлгоод байгаа.
Яг орчуулбал сэтгэл засах, сэтгэл
тэжээх гэсэн утгатай үгийг
манайхан  сэтгэц
нөлөөт эм гэж буруу
орчуулчихсан юм. Люминал, фенобарбитал
гэдэг эмийг настайчууд бүгдээ­рээ уугаад  үзчихсэн. Настай хүмүүс нойр
хүрэхгүй болохоороо уудаг. Хамгийн гаж
нөлөө багатай гэдэг утгаараа
тархины даралттай хүүхдүүдэд  энэ
эмийг өгч байгаа шүү
дээ.

 

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: ОХУ болон гуравдагч хөршийн хоорондын харилцааны хүндрэл нь манайд гарцаагүй нөлөөлнө

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, Философийн шинжлэх ухааны доктор(Sc.D) Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

Манай улс гуравдагч хөршийн талаар баримталж ирсэн бодлого өнгөрсөн зуунаас улбаатай гэх юм билээ. Та гурав дахь хөршийн ач холбогдлын талаар ярихгүй юу?

-улс төрийн хийгээд гадаад бодлогын баримт бичгүүдэд гуравдагч хөрш гэдэг ойлголтыг хэрэглээд удлаа. Хүйтэн дайн дууссаны дараа манай улсад америкийн төрийн нарийн бичгийн дарга айлчлахдаа “танайх хоёр хөрштэй юм байна. Бид гурав дахь хөрш чинь болъё” гэсэн үг унагасан тал бий. түүний энэ үгтэй холбоотойгоор гуравдагч хөрш гэдэг ойлголт гарч ирсэн. Монгол улсын төрийн бодлогын хувьд XX зууны эхэн үеэс гуравдагч хөрштэй байх сан гэсэн эрмэлзэл, хүсэл мөрөөдөлтэй байсан. Жишээлбэл, Богд хаан болон Монголын уламжлалт төрийн зүтгэлтнүүд Японтой, америктай, Европын улс гүрнүүдтэй холбоо тогтоох гээд үзсэн. энэ бол Монгол орон гадаадын том гүрнүүдтэй хөршийн хэмжээний найрсаг харилцаатай байх гэсэн эрмэлзлийн илрэл байсан юм. Манай орны хувьд гуравдагч хөршийн тухай ойлголт тун чухал, ач холбогдолтой ойлголт гэдгийг хэн ч маргах аргагүй юм. Манайх 90-ээд оноос хойш гуравдагч хөршийн тухай бодлогыг хэрэгжүүлээд дэлхийн том гүрнүүд ялангуяа барууны орнуудтай сайн харилцаатай байна. энэ харилцаагаа цаашид ч хадгалж байх хүсэл эрмэлзэл манай төр Засгийн болоод гадаад бодлогод бий гэж судлаач хүний хувьд харж байна даа.

Гуравдагч хөршийн тухай өнөөдрийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал ямар байна вэ?

-Хүйтэн дайны дараахан үе, 1990 болон 2000-аад оны эхэн үеийн нөхцөл байдлаас өөр болчихлоо. одоо түүхийн хувьд XXI зууны эхний 20-иод он руу явж байна гэж үзэхээр. тэр үеийн улс төрийн харилцаа нэлээд их ээдрээтэй, эгзэгтэй, түвэгтэй байх нь тодорхой болж байна.

Энэ юутай холбоотой юм бол?

-Дэлхийн их гүрнүүд болох ану, Европын холбоо, оХу-ын бодлого зэрэгтэй уялдаж гарч ирж байгаа юм. Манай хоёр хөрш XXI зуунд 1970, 1980-аад оны үеийнх шиг харилцаатай биш байх нь тодорхой боллоо. орос, Хятад хоорондоо найрсаг харилцаатай байх нь нийгмийн байгууллагын шинж чанар чухал үүрэгтэй биш гэдгийг хоёр хөршийн төрийн тэргүүнүүд нь илэрхийлж байна л даа. тэгэхээр нийгмийн ямар тогтолцоотой, хөгжлийн ямар замыг сонгож байгаад харилцан хүндэтгэлтэй хандана гэсэн мэдэгдлийг байнга хийж байна.

гэхдээ манай хойд хөрш болох оХу нь Европын холбоо, нато, ану, барууны орнуудтай харилцаа нь хүндэрч байгаа. Судлаачийн хувьд энд ганц оросын талыг буруутгаж хандвал нэг талыг барьсан хэрэг болно. тиймээс манай орны хувьд их бодитойгоор реалист байр сууринаас хандах ёстой.

Европын холбоо Оростой харилцах харилцаа муудлаа. Худалдааны болон санхүү, технологийн талаар, иргэдийн зорчих эрхэнд нэр заагаад хориг тавьчихлаа. Иймэрхүү байдлаар оХу манай гуравдагч хөршүүдтэй харилцаа нь хүндэрч байна.

Энэ нь гуравдагч хөршийн зүгээс манайхтай харилцах харилцаанд нөлөөлөх үү?

-гарцаагүй нөлөөлөх чиг хандлага гараад байна. Манайд гуравдагч хөршийн орнууд хөрөнгө оруулалт хийхдээ хэр найдвартай вэ гэдгийг харгалзана. Бид хойд хөршөөс олон зүйлээр хараат байдаг. гэтэл оХу тэдгээр орнуудтай сайн харилцаатай биш байдаг. тиймээс гуравдагч хөрш орнуудын манайд хийсэн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд орос руу экспортолж чадахгүй. учир нь манайх руу хөрөнгө оруулж байгаа тэдгээр орнуудын чиглэл, хөрөнгө оруулалтын хандлага зэргийг хойд хөрш харж л таарна. Цаашилбал, ямар зорилго чиглэлтэй хөрөнгө оруулж байна вэ гэдэгт хүртэл тэдгээр орнуудтай зөрчилтэй байгаа оХу анхаарлаа хандуулна. Урд хөрш ч гэсэн оХу-тай сайн харилцаатай байгаа болохоор тус улстай сайнгүй харилцаатай орнуудын хөрөнгө оруулалтад урьднаас өөрөөр хандаж таарна. Бидэнд гуравдагч хөрш хэрэгтэй гэж хичнээн ярихаас хамаарахгүйгээр дэлхийн улс төрийн нөхцөл байдал, бодлогын дэг журам, геополитикийн хүчний харилцаа өөрчлөгдөж байна. тэгэхээр бид улс төрийн бодлогын хувьд ч тун ухаалаг байр сууринаас хандах нь чухал.

Ямар бодлого баримталбал болох вэ?

– гуравдагч хөрш манайд чухал гэж ярих нь мэдээж. гэхдээ бид бодлоготой, их соёлтой, дипломат ухаан зарж ярих болж байна. энгийн монгол үгээр хэлбэл, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх ёстой. Үнээнийхээ сүүг ууж байх хэрэгтэй. гэхдээ сүүг нь хэт аваад байвал тугал турна. Тугалаа бодоод хөхүүлээд байвал халуун зунаар өөрсдөө хар цай ууна. Бусдыг гомдоохгүй, хэт нэгнийг дагаж хөөрцөглөж болохгүй байдал гарч ирж байна. америк, Хятад, Европ, оросыг баримтлагчид “энэ орныг дагах ёстой” гээд хоорондоо хагаралдаад маргалдаад, хэрэлдээд ирвэл нохойн хоол болно.

Манайд хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилсан. Бас саяхан Душанбед манай гурван улсын Ерөнхийлөгч уулзлаа. Энэ үйл явдалд гадны улс орнууд, ялангуяа гурав дахь хөршүүд маань хэрхэн хандаж байгаа бол?

-Янз бүрээр л харж байгаа байх. Одоогоор дэлхийн хэвлэл мэдээллийнхэн нарийн бичихгүй байна. Гэхдээ тэд ойлгож байгаа. Нэгдүгээрт, үүнээс өөр гарц Монголд байхгүй. Нөгөө талаар хэт цаашаа тэднийг дагаад хошуураад явчих нь уу, наанатай цаанатай байх нь уу гэдгийг харж байгаа шүү дээ. Бид асуудалд бодитой хандах байхаа. Жишээлбэл, ШХАБ-ын гишүүн болох шаардлагагүй. Энэ тал дээр судлагчдын санал зөрөлддөг байлаа. Нэг хэсэг судлаач ШХАБ-ын гишүүн болж, эртхэн тэр эвсэлд орж, их зүйлийг эх орондоо авах хэрэгтэй гэж байсан. Ер нь аливаа юманд орж, гар хөлөө хүлүүлэх бол хүч чадал муутай улс оронд дандаа хортой байдаг. Түүнчлэн Евро Азийн холбоотой сайхан хамтарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ л байр суурь тодорхой болгоомжтой байх ёстой. Манайхны зарим нь Монгол НАТО-д элсэх ёстой гэдэг. Хэрэв тэгвэл бас гай чирнэ. НАТО-той муудалцахад өөрийнхөө гишүүн орнуудад зэвсэглээд л оруулдаг шүү дээ. Украйн НАТО-гийн гишүүн биш болохоор арай ч цэргүүдээ оруулчихгүй байгаа юм. Бусад зүүн Европын гишүүн орнуудад НАТО-гийн цэргийн хүчин байрлаж байгаа. Тиймээс аль нэг тал руу хошуурч болохгүй. Гэхдээ нөхцөл байдал тийм ч муудахгүй гэж бодож байгаа. Орос, Япон хэвийн харилцаатай байх эрмэлзэлтэй байгаа. Өмнөд Солонгостой ч ялгаагүй. Гэхдээ энэ хоёр орон барууны орнуудын тэр дундаа Америкийн бодлогыг баримтална. Гэхдээ хамтарч ажиллаж болно шүү дээ. Тиймээс Япон, Солонгостой хоёр хөрш маань хэвийн харилцаатай байхад зүүн Ази руу Монголын хаалга нээлттэй байна гэсэн үг.

Транзит тээврийг хөгжүүлснээр гурав дахь хөрш рүү гарах гарц нээгдэнэ гэж байгаа. Энэ тал дээр судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Одоогоор нэг их өөрчлөлт гараагүй байна. Бид Хятадтай транзит тээврийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ нь батлагдаагүй. Үүнд тодорхой нөхцөлүүд байгаа. Өөрөөр хэлбэл, манайд байгаа байгалийн их баялгийг хоёр хөршийн нутгаар дамжуулж гаргахдаа эцсийн бүтээгдэхүүн болгосон нь дээр. Үүний тулд бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл тийм хөрөнгө оруулалт хийх зоригтой орон цөөхөн байгаа. Цаашдаа Япон Монголын харилцаа сайжрах байх гэж судлаач хүний хувьд хардаг юм. Гэхдээ ийм харилцаа үүсэхэд зарим болгоомжтой хардаг орнууд байна. Гуравдагч хөршийн орнуудын харилцаа сайжрах байх гэдэгт итгэлтэй байгаа.

Манай улс гуравдагч хөршийн асуудалд ямар бодлого баримтлбал дээр вэ?

-Ер нь бид хоёр хөрштэйгээ мэдээжийн хэрэг хүндэтгэлтэйгээр, найрсаг харилцаатай байх ёстой. Гуравдагч орнуудтай хамтран ажиллах боломж байвал бүгдтэй нь ажилласан дээр. Олон оронтой харилцаагаа боломжийн хэрээр өргөжүүлж байж, тэр дундаас ялгарна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч Т.Батцэцэг: Би дэлхийн миссийн тэмцээнд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна

“Miss World
Mongolia-2014” 
тэмцээний үндэс­ний ялагч тодорлоо. Тус тэмцээний тэргүүн байрыг Азийн топ модель Төрбатын Батцэцэг хүртсэн бөгөөд үндэсний ялагч эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс-2014” тэм­цээнд өрсөлдөх юм. Ингээд түүнтэй ярилцлаа.


Юуны
өмнө “Miss World
Mongolia-2014”-
нд ялагч болсонд баяр хүргэе. Тайзан дээр нэрийг тань зарлах мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа.
Ялагчийг зарлах мөчид үзэгчид
хашгиралдаж миний хувийн дугаарыг
хэлж байхад үнэхээр их
сэт­гэл хөдөлсөн. Тэргүүн
байрын титмийг зүүх мөчид
үнэхээр их сэтгэл догдолсон.
Өмнө нь дэлхийн миссийн
тэмцээнд мисс Э.Сэлэнгэ
Г.Оюунгэрэл, Б.Батцэцэг, А.Сарнай, С.Пагмадулам зэрэг есөн сайхан
бүсгүй оролцож байсан. Энэ
удаа би Монголоо төлөөлж
оролцох арав дахь гоо
бүсгүй болж байгаадаа баяртай
байна. Энэ сайхан баярыг
ээж маань хамт байж
хуваалцаж амжсангүй. Гэхдээ мэнд хүргэсэн.

Ээж
тань тэмцээнд явсан гэв үү?

-Тийм ээ. Японд ахмадын
аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа.

Спортын
ямар төрөлд юм бол?

-Хөнгөн атлетикийн төрөлд ээж хүрэл
медаль хүртсэн гэсэн сайхан
мэдээг дуулгасан. Намайг “Miss World
Mongolia-2014”  тэмцээний ялагч
болох үед ээж маань
баяр хүргээд энэ сайхан
мэдээг дуулгасан давхар баяр боллоо.

Эхээс
хэдүүлээ вэ?

-Би айлын отгон хүүхэд.
Хоёр ах, хоёр эгчтэй.

Ээжтэйгээ
амьдарч байгаа гэсэн байх аа?

-Ах, эгч нар тусдаа
гарчихсан. Би ээждээ хань
болоод хамт амьдарч байна.
Миний ээжийг Аюушийн Алтанцэцэг
гэж сайхан эмэгтэй бий.
Залуудаа сагсан бөмбөг, гар
бөмбөг сонирхдог байсан. Сүүлийн жилүүдэд
хөнгөн атлетикаар хичээллэж байгаа тамирчин хүн.
Их хөнгөн хөдөлгөөнтэй.

Ээж
тань таныг шалга­руулалт бүрт дэмжиж дэм өгч байсан нь фэйсбүүк хуудсанд сэтгэгдэл бичсэ­нээс харагдаж байсан. Ер нь хам­гийн дотнын зөвлөх биз?

-Тэгэлгүй яахав. Ээж тэм­цээн­тэй гээд
бэлтгэл сур­гуулилт ихтэй,
би бас тэмцээн гээд
зав муутай байсан. Гэх­дээ ээж минь
сэтгэл зүрхээрээ байн­га охинтойгоо
хамт байсан.

Нутаг
ус хаана вэ?

-Би Дархан хотод өссөн.
Арван жилийн сурагч байхдаа
л Зоригтбаатар багшдаа
шавь орж загвар өмсөгч
болсон. Миний өдий зэрэгтэй,
загварын тайзнаа амжилттай яваа
маань Зоригтбаатар багштай холбоотой. Багшдаа
маш их баярлаж явдгаа
илэрхийлье.

Хэдэн
онд төрсөн билээ?

-Одоо 23 настай.

Биеийн
харьцаа, өндөр хэд байна вэ?

-Биеийн харьцаа 88:60:90. Өндөр 178.

Дэлхийн
миссийн тэм­цээнд зөвхөн хөөрхөн хүүхнүүд очоод түрүүлчихдэггүй гэдэг. Тэгэхээр хичнээн гадаад хэлтэй, ямар мэргэжилтэй эзэмшсэн бэ?

-МУИС-ийг Олон улсын
эдийн засгийн харилцаагаар төгссөн.
Англи, солонгос хэл эзэмшсэн.

Одоо
мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Одоохондоо
“Шилмэл загвар” -ын “Шилмэл модель”
агентлагийн алхааны багшаар ажиллаж
байна.

Тэмцээн
энэ жил олон улсын стандартын дагуу шоу хэлбэрээр зохиогдсон. Гурван сарын турш өрсөлдөх ямар санагдав. Шантрах үе гарч байв уу?

-Ер нь нэг их
хэцүү санагд­сан даалгавар
байгаагүй. Цаг тухайд нь
даалгавраа биелүүлээд явсан болохоор хүндрэл
гараагүй. Олон улсын стандартын
дагуу бүх л шалгуурыг
гүйцэтгэсэн. Өөрөө тэмцээний ялагч
болно гэж зорьж орсон
учраас шантрах эрх ч
надад байгаагүй. Бусад охидын л
адил даалгавраа биелүүлээд ирсэн.

Загвар
өмсөгч Д.Долгионыг түрүүлж магадгүй гэсэн яриа гарсан. Хамгийн чадварлаг гоо бүсгүй хэн байв?

-Д.Долгион надад өрсөлдөгч
гэж харагдаагүй. Харин Төгсөөг миний
өмнө гишгэж магадгүй гэсэн
бодол байсан. Гэхдээ аливаа
уралдаанд ялагдана гэж ордоггүй. Бүгд
л ялахын төлөө
өрсөлдсөн. Би ч гэсэн
зөвхөн ялахыг л хүссэн.

Дэлхийн
гоо бүсгүйчүүд­тэй эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөнө гэдэг  асар
их хариуцлага шүү?

-Тэгэлгүй яахав. Сая бичиг
баримтаа хөөцөлдөөд ирлээ. Цаанаас ямар
шалгуур, даалгавар өгдөг тэр болгоны
дагуу бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө хувийн
бэлтгэлээ хийж эхэлсэн. Завгүй
л явна. Дэлхийн
миссийн тэмцээнд орно гэдэг миний
мөрөөдөл, бас зорилго байсан.
Мэдээж хувь хүн Батцэцэг
гэхээсээ илүүтэйгээр Монголын мисс гэсэн нэр
төр намайг хариуцлагатай байхаас
ч арга­гүй
болгож байна. Тиймээс би
заавал амжилт гаргах болно.

Таны
хувьд маш олон тэмцээнүүдэд орол­­цож байсан. Азийн тод модель, Манжуурын мисс гээд амжилтыг тань дурд­­вал цуварна. Ер нь мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

– Би ӨМӨЗО–ны Манжуур
хотноо жил бүр зохион
байгуулагддаг “Манжуурын мисс 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн
оролцож тэргүүн миссээр тодорч
байсан.  Мөн  “Мисс
Монголиа-2010” тэмцээний дэд байрын шаг­нал, Азийн супер
модель өргөмжлөл, “Краса Бурятия – 2010” олон
улсын тэмцээний “Краса Байкала -2010” гран­­при шагнал, “Гоёл-2012”
тэмцээний “Kerasys-н нэрэмжит “Шилдэг
загвар өмсөгч” шагналыг хүртэж
байсан. Дэлхийн миссийн наадмаас
бусад бүх л олон
улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцлоо. Миний хамгийн том
мөрөөдөл бол дэлхийн миссийн
тэмцээнд өөрийгөө сорих. Энэ тэмцээнд
дэлхийн өнцөг булан бүрээс
гоо үзэсгэлэн, авьяас билэгтэй олон
бүсгүйчүүд ирнэ. Тэр дундаас
би заавал эх орныхоо
нэрийг гаргаж чадна гэдэгт
итгэлтэй байна. Англид болох
“Дэлхийн Мисс-2014” тэмцээн миний хамгийн
сүүлийн тэмцээн байх болно.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

АПУ-гийн борлуулагч сураггүй болоод найм хонож байна

-ХАМГИЙН СҮҮЛД ТҮҮНИЙ УТАСНААС ЭХНЭРИЙНХ НЬ УТАС РУУ “ОДООХОН” ГЭСЭН МЕССЭЖ ИРЖЭЭ-

Нарны зам дагуу байрлах АПУ компанийн
“Ариун алтан тэвш” гэрээт борлуулалтын дэлгүүрийг ажиллуулдаг
Б.Алтанхуяг хэмээх залуу энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болжээ. Тэр
өдөр Хужирбулан, Гачуурт, Налайхын чиглэлд борлуулалт хийхээр ачааны
микроавтобус маркийн машинтайгаа явсан байна. Б.Алтанхуяг машиндаа 7-8
сая төгрөгийн бараатай, биедээ дөрөв орчим сая төгрөгтэй явсан гэж ар
гэрийнхэн нь хэлж байгаа юм. Сураггүй болоод арав орчим хонож буй залууг
хайх ажиллагааг төрийн ямар нэгэн байгууллагаас эхлүүлээгүй байгаа
бөгөөд сураггүй болсон хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

Б.АЛТАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ

АПУ компанид өнгөрсөн хоёрдугаар сарын
29-ний өдөр ажилд оржээ. “Ариун алтан тэвш” нэртэй гэрээт борлуулалтын
дэлгүүрийг нь ажиллуулдаг аж. Долдугаар сараас 29-83 УНК дугаартай
ачааны микроавтобус хувьдаа авч хотын зүүн чиглэлд түгээлт хийх болсон
байна. Дэлгүүрээ ажиллуулаад сууж байснаас давхар борлуулалт хийх нь
ашигтай байсан гэнэ. Борлуулалтынхаа тодорхой хувийг АПУ компаниас авдаг
байжээ. Сураггүй болох үедээ дээрх машинтайгаа явж байсан байна. Энэ
сарын15-ны өдөр машиндаа бараагаа ачаад дэлгүүрээсээ 11.00 цагийн үед
хөдөлжээ. Тэрбээр Хонхорт байрлах хүнсний дөрвөн дэлгүүрээр орж, барааг
нь гурван дэлгүүр авсан аж. Хамгийн сүүлд Хонхорын “Хадагт мянган” гэх
хүнсний дэлгүүрт бараагаа нийлүүлчихээд дэргэд нь байрлах цайны газар
ороод явжээ. Тэндээсээ хот руу хөдөлсөн гэх таамгийг цагдаагийнхан
гаргаж байгаа юм байна. Тэр үед Б.Алтанхуяг ганцаараа явж байсан гэнэ.
Харин нэг гэрчийн хэлж байгаагаар түүнийг өөрийнхөө насны, өөртэйгөө
адилхан нуруутай залуутай инээлдэн юм ярилцаад явсан гэх мэдээлэл байгаа
юм.

“ХАДАГТ МЯНГАН” ДЭЛГҮҮРТ БОРЛУУЛАЛТ ХҮРГЭЖЭЭ

Түүнийг ганцаараа яваад байна гэдгийг
тэр чиглэлд амьдардаг хүмүүс судалсан байх магадлалтай гэдгийг
хуулийнхан үгүйсгэхгүй байна. Учир нь тэрбээр борлуулалтаа ганцаараа
хийдэггүй байж. Эгчийнхээ нэг хүүг байнга авч явж ажилдаа туслуулдаг аж.
Хэрэг гарах үед түүнд тусалдаг байсан хүү хөдөө ажлаар түр явжээ. 4-5
хоног борлуулагч ганцаараа борлуулалт хийх болсон нь бусдын олз болсон
байж болзошгүй гэж таамаглах ч хүн байна.

Нөгөөтэйгүүр Хонхор дахь хүнсний гурван
дэлгүүрт бараа нийлүүлэхдээ хоёрт нь ачаа бараагаа өөрөө буулган өгч
байсан бол гурав дахь буюу “Хадагт мянган” дэлгүүрт бараа буулгахад нь
хүн тусалж байсан байна. Гэхдээ тэр хүн дээр дурдсан өөрийн насны,
өөртэйгөө адилхан нуруутай үл таних залуу гэдгийг ойр хавийнхан хэлж буй
юм.

ЗАМЫН КАМЕРЫН БИЧЛЭГТ ТҮҮНИЙ ДҮРС ҮЛДСЭН БАЙНА

Энэ дэлгүүрийн гаднаас 15.40 цагт
хөдлөөд хотын чиглэлийн авто замын хөдөлгөөнд оролцсон замын камерын
бичлэг олджээ. Камерын бичлэгт Б.Алтанхуяг ганцаараа явж байгаа нь
харагддаг байна. Бичлэгт Б.Алтанхуяг шаргал өнгийн богино хүрэм,
дотуураа энгэрээрээ саарал оруулгатай цэнхэр цамц, шаргал өнгийн өмд,
гутал, саравчтай хар малгайтай явсан байна. 15-ны өдрийн 15.40 цагт
замын камерт үлдсэн энэ дүрснээс өөр зүйл одоогоор олдоогүй байгаа юм.
Унаж явсан машиных нь ул мөр ч олдохгүй байгаа аж.

Энэ талаар Б.Алтанхуягийн үеэл Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та нар хэдний өдрөөс Б.Алтанхуягийг хайж байна?

-Алтанхуяг 36 настай. Түүнийг алга
болсон гэдгийг ар гэрийнхнээс нь сонсоод анхнаасаа би хайлцсан. Энэ
сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түүний сураг гарахгүй хэцүү байна.
Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар унаад бид анхаарал тавихгүй бол
болохгүй юм. Алга болоод олон хонож байгаа ч түүнийг олчих юмсан гэж,
цаг хожимдоогүй байгаасай гээд эрж хайх ажлыг хийж байна. Эхнэр хүүхдэд
нь хэцүү байна.

-Хэдэн хүүхэдтэй юм бэ?

-14-2 насны гурван хүүтэй. Хүүхдүүд нь
аавыгаа нэхээд тэр айлын амьдрал хэцүү байна. Олон ч таамаг гаргаж
байна. Шалгаж байна. Ямар ч сураг алга.

-Төрийн байгууллагуудаас хайх ажлыг хийж байгаа биз дээ?

-Үндсэндээ ах дүү нар нь л хайж байна.
Эхний удаа цагдаагаас хэдэн хүн гаргаж хайсан. Онцгой байдлынхантай
хамтарч хайхаар ном журам албан бичиг гээд хэцүү бололтой юм. Бид нар
хайгаад өгөөч гэж хүсэлт тавиад нэмэргүй юм билээ.

-Эрлийг ямар хүрээнд явуулж байна?

-Гацуурт, Хонхор Төв аймаг, Цайз, Улаанхуаран, Толгойт зэрэг газруудаар болон Богд уулын ам зэргээр хайж байна.

-Налайх руу явсан юм биш биз дээ?

-Тэр өдөр Б.Алтанхуяг Налайх руу яваагүй
юм билээ. Тийм болохоор энэ орчимд л хайж байна. Замын камерт дүрс нь
бичигдээд сураг тасарсан тэр газраас нь. Нийтдээ 70 орчим километрийн
зайд гэсэн үг л дээ.

ТЭР АМЬД Л БАЙГААСАЙ

-Эхнэр нь юу гэж байх юм, гэрээсээ гарахдаа ямар нэгэн анхаарал татмаар зүйл ярьсан байдаг юм болов уу?

-Эхнэр нь эмнэлэгт хэвтэж байсан. Хоёр
бага нь ханиад хүрсэн байсан юм билээ. Тэр өдөр 14.30 минутын үед эхнэр
рүүгээ утсаар ярьсан байдаг. Хонхроос гарах гэж байна. Эндээс гараад
шууд эмнэлгээс нь очиж авъя гэсэн юм билээ. Эхнэр нь гэр рүүгээ яараад
“шууд такси бариад харьж байя” гэсэн юм билээ. Эхнэр нь хямраад энэ
тухай ярьж ч чадахгүй байна.

-Ачааны микроавтобус гэдэг нь ямар машин гэсэн үг вэ?

-Жолоочийн хоёр тал нь цонхтой бусад хэсгээрээ битүү, ачаа ачаад явах зориулалттай машин.

-Энэ АПУ компанийн машин биш юм уу?

-АПУ компанийн борлуулалтын  машин өөр л дөө. Хувиараа авсан машин.

-Б. Алтанхуяг архи уудаг хүн байсан юм уу?

-Архи уудаггүй хүн. Архи уудаг байсан
бол бид уугаад явчихаж гэж санахсан. Гэтэл огт амсдаггүй. Эхлээд бид гэр
рүүгээ ирэхгүй болохоор нь аваар осолд өртчихлөө гэж бодоод эмнэлэг,
машиныг нь журмын хашаанаас хүртэл хайсан.

-14.30 цагт ярьснаас хойш эхнэртэйгээ дахиж холбоо барьсан юм болов уу?

-Эхнэр нь гар утас руу нь залгатал утсаа
аваагүй гэсэн. Тэгээд 16 цагийн үед эхнэрийнхээ утас руу “Одоохон” гэж
мессэж бичсэн байсан. Уг нь мессэж бичдэггүй хүн байгаа юм. Хурдан ир
гэж хэлээгүй байхад яагаад “одоохон” гэж бичсэн юм болоо гэж бид гайхаад
сууж байна. Амьд л байгаасай. Харин түүнийг алга болсныг АПУ
компанийнхан нууцалж байгаа юм

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Уран зурагт хорхойтой ДИПЛОМАТЧИЙНХ

Гадаадын төрийн тэргүү­нүүд хийгээд өндөр албан тушаалт­нуудыг айлчлан
ирэхэд бүхий л арга хэмжээг зохион байгуулж, хагас цэрэг­жилтийн байдалтай ажил­ладаг
хүмүүс бол ёсло­лын албаныхан. Түү­хэнд тэмдэглэгдэн үлдэх тэдгээр үйл явдлыг нарийн
дэг журмын дагуу явуулах учиртай болохоор тэдэнд алдах эрх гэж байхгүй. Олон улсын
төрийн томчуудыг айлчлахад Монголын нүүр царайг улайлгахааргүй ажил­лаж ирсэн хүмүүсийн
нэг бол яах аргагүй Готовдоржийн Луузан гуай юм. Энэ удаа­гийн “Танайд өнжье” брэнд
буландаа тэднийхийг сонго­лоо. Их сургуулиа дүүргэж, мэргэжил эзэмшсэн цагаасаа
Гадаад харилцааны яамтай амьдралаа холбосон энэ эрх­мийг гадна дотнынхон андах­гүй.
Тэрбээр Орос, Франц, Вьетнам улсад суугаа Элчин сайдын яаманд нарийн бич­гийн даргаас
өгсүүлээд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сай­даар ажиллаж байсан юм.

Баялаг түүх намтартай сэхээт­нийд өнжсөн нэгэн өдрийн тэмдэглэлийг
хүргэж байна.

Тэднийх Төрийн ордны чанх ард талын байранд амьдардаг юм билээ. Гэрт
нь очихын тулд Г.Луузан гуайн зааж өгсөн орцоор орж гурван давхарт гарлаа. Хаалганыхаа
гадна талд хөлийн гишгүүр дээр цагаан өнгийн алчуур дэвсчээ. Ингээд хонхыг нь дартал
нүд гялбам цагаан өнгийн хувцастай, буурал үстэй, нүдний шил зүүсэн эрхэм хаалгаа
нээж өгсөн нь Г.Луузан гуай байлаа. Тэрбээр биднийг найрсгаар угтаж, “Алив хүүхдүүдээ,
хөгшин бид хоёр хоёулаа байгаа” гэсээр зочны өрөө рүүгээ хөтөллөө.

Төд удалгүй цаад өрөөнөөс гэрийн эзэгтэй орж ирж, бидэнтэй гар барин
мэндчилээд “Миний нэр Марта” гэж өөрийгөө танилцуулав.

Эднийд орж ирээд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол хананд өлгөсөн
уран зургууд. Олон мундаг зураачийн бүтээл харагдав. Гэрийн эзний сонирхлыг илтгэсэн
тэдгээр нандин цуглуулгууд бидний ярианы сэдэв боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНИРХЛЫГ ТАТСАН БҮТЭЭЛ

“Манайх 50 мянгатад амьдардаг байлаа. Хонх дуугарангуут онгойлгохоор
уран зураг барьчихсан хүн зогсч байдаг байж билээ” гэж гэрийн эзэгтэй өгүүлэв. Г.Луузан
гэдэг хүн тийм л уран зурагт сонирхолтой нэгэн. Тэрбээр “Эхнэр маань намайг галерей
нээх гэж байгаа биш дээ гээд шүүмжлээд байхаар нь сүүлийн үед уран зураг худалдаж
авсангүй. Тэгээд ч тэтгэвэртээ суугаад санхүүгийн байдал нөлөөлсөн” гэв. Ямартай
ч түүнд 20 гаруй сонин содон бүтээл бий. Зураач Г.Баттөмөрийн мууту цаасан дээр
урласан “Богд хаан гадаалахдаа” гэдэг зургийг зочны өрөөндөө өлгөжээ. Богд хааныг
дагаж хичнээн цэрэг, бие хамгаалагч явж байгааг гурван метр гаруй урттай энэ зурган
дээр дүрсэлжээ. Богд хааны музейд хадгалагдаж байдаг уг бүтээлийн эх хувийг Г.Баттөмөр
зураач хуулбарласан нь Г.Луузан гуайд маш их таалагджээ. Морины дэл, сүүл гээд үсний
ширхгийг нарийн чамин гаргаж, хүч хөдөлмөр зарцуулсан энэ бүтээлийг жинхэнээсээ
хамаагүй сайн болсон хэмээн тэрбээр үнэлсэн юм. Мөн энэ зурагны баруун талд нь Өндөр
гэгээн Занабазарын Жанлавцогзол судрыг Төвд хэлнээс хэсэгчлэн орчуулсныг уйгаржин
монголоор бичжээ. Үүнийг Г.Луузан гуай түвэггүйхэн уншиж сонирхууллаа. “Намайг хүүхэд
байхад аав маань монгол бичиг сур гэж загнадаг байлаа. Тэгэхээр уйгаржин бичгийг
гадарлана аа” хэмээв. Энэ зургийн дээд талд нь зураач Хүрэлбаатарын “Удган” нэртэй
бүтээлийг байрлуулжээ. Залгаа хананд зураач Лхагвасүрэнгийн хөдөөгийн монгол айлыг
өнгө будаг хослуулан урласан сайхан зураг өлгөөстэй байв.  Мөн Зураач Эрдэнэ агсны “Уяан дээр” зургийг хоймортоо
байрлуулжээ. “Манай аавд жороо алаг морь байсан юм. Тэр морийг зуруулсан юм” гэж
Г.Луузан гуай хуучин цагаа дурсав. Мөн эдний зочны энэ өрөөнд Төрийн шагналт До.Болдын
абстракт зураг, Мөнхцэцэг зураачийн бүтээл ч харагдлаа. Уран зургаас тухайн зураачийн
сэтгэл санаа ямар байсан нь шууд анзаарагддаг болохыг гэрийн эзэд ярьж байв. Г.Луузан
гуай “Би та нарт нэг сонин юм үзүүлье” гээд цаад өрөө рүүгээ оров. Төд удалгүй жаазалчихсан
эскиз зураг аваад ирлээ. Энэ нь “1921 оны “Бидний анхны бага, дунд сургууль, утасны
хороо” нэртэй Ц.Намхайцэрэн гуайн эх зураг байв. Одоогийн төв шуудан, нэгдүгээр
сургууль зэргийг дүрсэлсэн энэ зураг 1981 оных юм билээ. Г.Луузан гуайн хувьд энэ
зураг нандин эд гэдэг нь ярианаас нь ажиглагдсан юм. Төрийн тэргүүний сонирхлыг
татсан нэг бүтээл эднийд бий. Тэр бол Төрийн соёрхолт барималч Ч.Ганхуягийн дипломын
ажил гэнэ. Хүрлээр хийсэн цутгамал аж. Нарны өөдөөс хараад хүндээр бие засч байгаа
хөдөөгийн хээгүй эрийн хажууд нохой нь хүлээн сууж байх юм. Ч.Ганхуяг энэ бүтээлийнхээ
хэвийг унагаад хагалчихсан болохоор Г.Луузан гуайд байгаа нь дэлхийд цор ганц болж
таарна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл түүний энэ цуглуулгын талаар олж мэджээ.
Тэгээд санал тавьж байсан удаатай гэнэ. Харин Г.Луузан гуай хэзээ ч хэнд ч энэ бүтээлээ
өгөх хүсэлгүй байгаа бололтой.

Тайландын
Элчин сайд Ю.Цэдэнбал даргад итгэмжлэх жуух бичиг барьсны дараа. Арын эгнээ, зүүн
гар талаас эхнийх нь Г.Луузан

 Г.Луузан гуай Францад арав, Орост болон Вьетнамд тус бүр гурван жил
Элчин сайд болон ЭСЯ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тэгсэн атлаа
сууж байсан орнуудынх нь бэлгэ тэмдэг болохуйц зүйл гэрт нь харагдсангүй. Энэ тухай
сонирхоод асуутал “Хүн хүний сонирхол ондоо. Гадаад явсан хүмүүс очсон газрынхаа
сонин содон үзмэрүүдийг авчирдаг. Харин би тэгэх дургүй. Надад байгаа үнэт зүйл
бол Монголын зураачдын уран зураг. Манай зураачид мундаг авьяастай. Сайхан зурдаг
шүү” гэв.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Торгон дээр урласан бурханыг хоймортоо
залжээ. Томдуу хэмжээтэй энэ шүтээн Оюун билгийн Манчир бурхан болохыг Г.Луузан
гуай тодотгов. Түүний ажлын ширээн дээр бичиг цааснууд овоорчээ. Дэргэд нь томоо
гэгч нь чийдэн байрлуулсан харагдав. Харин номын шүүгээнд нь голдуу гадаад хэл дээр
бичигдсэн бүтээлүүд зонхилно. “Нас яваад ирэхээр энэ олон номоо маллаж чадахаа байх
нь. Зусланд ч нэг хэсэг нь бий” гэж Г.Луузан гуайг хэлэхэд гэргий нь “Франц хэл
дээрх номнуудыг хүүхдүүд маань ашиглана биз дээ” гэв.

 “ХЭДИЙГЭЭР ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч ЗҮГЭЭР СУУЖ ЧАДАХГҮЙ НЬ”

“Гадаад яамныхан хүнийг тэтгэвэрт гарахыг андахгүй шүү. Намайг
60 нас хүрэнгүүт байн байн сануулж байгаад л тэтгэвэрт суулгачихсан” гэж Г.Луузан
гуай ёжлонгуй хэлээд биднийг инээлгэв. Тэрбээр Төрийн албанд орж байгаа хүмүүс мэдэхэд
илүүдэхгүй “Этикет” нэртэй ном гаргажээ. Номын зохиогч ярихдаа “Этикет” гэдэг үг
бол ёс жаяг гэсэн утгатай. Монгол орчуулгаар нь номоо нэрлэбэл манайхны толгойд
орж ирэхгүй. Тиймээс “Этикет” гэдэг үгээр нь нэрлэчихсэн юм. Харин дипломат ёслол,
үндэсний ёс заншлын талаар зөндөө ном хэвлэгдсэн болохоор бичсэнгүй” гэлээ. Энэ
номд төрийн албанд ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллах залуус, гадагшаа явах хүмүүст
анхаарвал зохих өдөр тутмын зүйлсийг тусган тайлбарлажээ.

Францын
Ерөнхийлөгч асан Жак Ширакт итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа. 1998.11.16

 “ДИПЛОМАТЧ ХҮН

САЙН ТОГООЧ БАЙХ ЁСТОЙ”

Г.Луузан гуай хоол хийхдээ гаргууд юм билээ. Бидний яриа тэдний гал
тогооны өрөөнд үргэлжлэх болсон шалтгаан нь түүний хоол хийх цаг болсонтой холбоотой.
Тэрбээр хамгийн түрүүнд сонгино арилгаж, хэрчив. Дараа нь хөргөгчнөөс махаа гаргаж
хөшиглөлөө. Мөн савтай будаа гаргаж ирээд шаазан аягаар хэмжин түмпэнд хийж байна.
Ямар хоол хийх гэж байгааг нь сонирхтол будаатай хуурга гэж хариулав. Ер нь ямар
хоол сайн хийдэг болохыг гэргийгээс нь асуутал “Манай хүн плов” сайхан хийдэг дээ
гэв. Эхнэрийгээ ингэж хэлэнгүүт мань эр “Бас шөлтэй хоол сайхан хийнэ. Ер нь материал
нь байвал бүх төрлийн хоолыг хийнэ шүү” гэж үргэлжлүүлэн хэллээ. Тэрбээр плитка
дээр хоолоо хуурангаа “Бид оюутан байхдаа XVII-XVIII дугаар зууны үеийн дипломатуудын
номыг их уншдаг байлаа. Тэдгээр номд зааснаар “Дипломатууд бол сайн тогооч байх
хэрэгтэй” гэдэг байсан. Харин одоо бол өнгөрсөн. Гадуур ресторанд хооллочихоод байна
шүү дээ. Ер нь хятад, франц эрчүүд голдуу хоолоо хийдэг. Харин манай монгол эрчүүд
хоол хийж байгаа эхнэрээ “Алив хурдлаарай, болж байна уу, наад хоол чинь” гээд л
яаруулж, дутуу болсон хоол идэцгээдэг. Тэгээд дараа нь тэр ч өвдлөө, энэ ч өвдлөө,
ёо, ёо гэцгээдэг” гэж хатуу ч гэсэн үнэн үг хэллээ.

Г.Луузан гуайг хоол хийх зуур гэрийн эзэгтэй ойр зуурын юмыг нь дөхүүлэн
туслахын үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хэрхэн танилцаж байсан дурсамжаа хуучлахыг хүсэхэд
Ж.Марта гуай “Би Москвагийн олон улсын харилцааны сургуулийн II дамжааны оюутан
байхад Г.Луузан I курст ирж байлаа” гээд дараагийнхаа үгийг хэлэх гэтэл нөхөр нь
“Тэгээд л надад дурлачихсан байхгүй юу” гээд хошигнов. Тэрбээр “Бид хоёр оюутны
байранд хамт байна гэдэг тухайн үед амаргүй байсан. Учир нь нэг өрөөнд хоёр хүн
оруулдаггүй байлаа. Тэгэхээр нь гадуур хосоороо амьдарч байгаа найзынхаа тоог өөрсөд
дээрээ нэмээд дөрвөн хүн энэ өрөөнд сууна гээд хамт амьдарч билээ” гэв. Оюутан ахуй
цагийнхаа сэтгэлд тод үлдсэн дурсамжаас тэд ийн хуучлав. Мөн Ж.Март гуай “Гадаадад
сурч байгаа оюутнуудыг амьдралд сургаж байгаа нь гээд хөдөө явуулдаг байлаа. Бид
хоёр ч Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд очиж ажилласан. Нэг удаа хашаа барьсан,
бас хонь хяргасан” гэхэд нөхөр нь “Олон малын арьс зумласан байх даа” гэж эхнэрээ
цаашлуулав. Гэргий нь ч хариуг нь дор нь барьж “Тэгвэл дуулдах байлгүй” гээд инээв.

Дипломатч хүний эхнэр гэдэг бол нөхөр хаана очно тэнд дагаад л явж
байдаг улс. Тэр утгаараа Ж.Марта гуай улсад ажилласан жил нь тун цөөн. Гэхдээ тэрбээр
“Туушин” пүүсийг байгуулахад гар бие оролцож явсан нэгэн. “Сургуулиа төгсч ирээд
банкинд хэсэг ажилласан. Луузанг дагаж гадагшаа явчихаад ирэхээд орон тоо байхгүй
болчихдог. Гадаад худалдааны яаманд таван жил ажилласан. Хөрөнгийн биржид Арилжаа
эрхлэгчдийн нарийн бичгээр ажиллаж байлаа” гэж дурсав. Түүнийг ийн хэлэхэд нөхөр
нь “Намайг бодох нь ээ их универсаль хүн байгаа биз” гэв. Г.Луузан гуай эхнэрээ
“Намайг дагаж дэмий тэнэсний хүчинд тэтгэвэр нь 22 мянган төгрөгөөр тогтоолгосон”
гэхэд эзэгтэй “21.800 төгрөг гээч” гээд инээв. Дараа жил нь 10 мянган төгрөг нэмэгдэхэд
золтой л найр хийчихээгүй гэж Луузан гуай хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Манай эхнэр
2003 онд тэтгэвэрт гарахад тийм багаар тогтоож байсан юм. Харин минийхийг 145 мянгаар
тогтоосон юм шүү дээ. Сонин байгаа биз. Одоо нэмэгдээд 385 мянга болсон” гэхэд Ж.Марта
гуай “Минийх Луузангийнхаас 100 мянган төгрөгөөр доогуур” гэлээ. 

Ж.Март  гуай бол сэхээтэн айлын
хүүхэд. Улс төрийн товчооны гишүүн Жамбалдорж гуайн ганц охин. Тэрбээр ижий аавынхаа
талаар ингэж дурсаж байлаа. “Би Төв аймгийн Заамар сумынх. Ээж маань есөн хүүхэд
төрүүлснээс гурван охин нь үлдсэн. Эгч Дарханд, дүү Төв аймгийн Зуун мод хотод ажиллаж
амьдардаг даа. Хөвгүүд нь тогтдоггүй байсан юм билээ. Тэгээд намайг айлд өргүүлчихсэн.
Өргөсөн аав маань Жамбалдорж. Би төрсөн эцэг, эхээ “Аав, ээж” гэж дууддаг. Харин
өргөсөн ижий, аваа “Паап, маам” гэж дуудна. Паап, маам хоёр 1958 оноос хойш энэ
байранд амьдарч байлаа. Тэгээд 1998 онд тэд маань бурханы оронд очоод бидэнд энэ
байр шилжин ирсэн юм даа” гэв. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн гэдэг бол
орчин цагт парламентын гишүүн гэсэн үг. Жамбалдорж гуай ганц охиныхоо боловсролд
ихэд анхаарч байсан бололтой. Ж.Марта гуай англи, орос хэлтэйн дээр нөхрийгөө дагаж
Франц, Вьетнамд хэдэн жил амьдарсан болохоор тухайн орны хэлийг ойлгоно. Тэрбээр
дипломатч хүний гэргий болохоор тэр үү, цаанаа л дэгжин. Алхаа гишгээ, ярьж байгаа
нь хүртэл цэгцтэй, цэмцгэр гэж жигтэйхэн. Тун нямбай нэгэн гэдгийг нь түүний байгаа
байдал, орон гэрээ авч яваа зэрэг нь илтгэх шиг. 

Г.Луузан, Ж.Марта хоёр дөрвөн хүү, таван ачтай. Хөвгүүд нь бүгд тусдаа
гарчихсан болохоор тэднийх нам гүм айл юм билээ. Нэг хүү нь Тайландад амьдардаг
бөгөөд хувийн зөвлөхийн компанитай гэнэ. Бас нэг хүү нь информатикийн мэргэжилтэй
бөгөөд Францад ажиллаж амьдардаг ажээ. “Хөвгүүд нэг бодлын амар л даа. Гэхдээ нас
ахисан хойно бол охид ээж, аавдаа хэрэгтэй юм шиг. Харчууд хүргэн хүү хүчтэй гэгчээр
хадмууддаа хүчээ өгөх гээд байна. Манай хөвгүүд хааяа утасдчихаад байх шиг байна”
гэж Г.Луузан гуай инээж байна. Тэд хэдий тэтгэвэрт суусан ч ач нартайгаа зууралдаад
байхыг хүсдэггүй ажээ. Ж.Марта “Ач нар хааяа өвөө эмээ дээрээ ирнэ. Ойрхон байвал
очоод харж өгнө. Заримдаа өөрсдөө аваад ирдэг юм” гэтэл Г.Луузан “Гэхдээ ач нартайгаа
нялганаад байдаггүй л дээ. Уул усны ойр нь, ураг садангийн хол нь дээр” гэдэг дээ.
Хэзээ нэгэн цагт мажийх болохоор хүүхдүүдтэй зууралдаад юу хийхэв” гэлээ. Гэрийн
эзэгтэй “Хамгийн гол нь дасгаад яахав. Хүүхдүүд дасчихаараа хэцүү байдаг юм билээ”
гэв. 

 МАЛЧНЫ ХОТНООС ДИПЛОМАТЧ БОЛСОН ТҮҮХ

Г.Луузан гуай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Энэ нутагт төрж,
өссөн бөгөөд аав ээж нь малчин хүмүүс байжээ. Арваннэгэн хүүхэдтэй айлын дөрөв дэх
хүү нь гэсэн. Одоо биднээс найм нь үлдэж дээ гэж санаа алдан ярилаа. Г.Луузан
1956 онд сурагч болж байжээ. Хөдөөний сургууль өвөлдөө галлагаа муутай, хүйтэн гэж
жигтэйхэн байв. Тухайн үеийн хүүхдүүд үзэг бэх хэрэглэнэ. “Өвлийн хүйтэнд бэх маань
хөлдчихнө. Хөлдөөхгүйн тулд үзэгнийхээ хошууг байнга амандаа хийгээд гэсгээнэ. Тэгээд
долоо хоногийн дараа үс хусна. Тэр үед зулайд бэхний толбонууд гараад ирчихсэн байдаг
байж билээ. Хуурай бэхэн дээр ус хийгээд, алтан үсэг гаргана гээд хичээнгүй бичдэг
сэн. Бараг л бэхтэй саваа амандаа хийх нь холгүй байж дээ” гэж Г.Луузан гуай хүүхэд
насаа дурсав. 1960-аад оны эхээр тэднийх хотод нүүж иржээ. Ээж нь дунд сургуульд
үйлчлэгч, харин аав нь нэгдүгээр цэцэрлэгт манаач хийж байгаад тэтгэвэртээ гарцгаасан
гэнэ. Харин гол дүрийн маань баатар Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсч, 1966
онд МУИС-ийн Франц хэлний ангид элсчээ. Найман охинтой ангид ганц эрэгтэй нь тэр
байж. Ингээд Гадаад яамны бодлогоор Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд
дипломатч болохоор элсчээ. Энэ сургуулийг 1972 онд төгсч ирээд хоёр жилийн дараа
гадаад томилолт авчээ. Тухайн үеийн ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар
нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Элчин сайдаар Банзрагч гуай ажиллаж байсан
гэнэ. Шинэхэн очсон дипломатч маань Элчин сайдын яам, онгоцны буудал, дарга нарын
байр гэсэн гурвалжинд ажилладаг байжээ. Тодруулбал, ёслолын ажлыг хариуцдаг байсан
гэнэ. Гадагшаа явж байгаа бүх дарга Москвагаар дамждаг байсан тэр цагт Г.Луузан
гуайн ажил ч мунддаггүй. Тэнд ажиллаж байхдаа нэгэн түүхэн үйл явдлын гэрч болсон
тухайгаа ингэж ярилаа. “1976 онд ЗХУ-ын удирдлага Монголын Элчин сайдыг Халимагт
айлчлахыг анх удаа зөвшөөрсөн юм. Коммунизмын үеийн адайр дэглэмтэй байсныг хэлэх
үү. Хааяа зөвлөхүүд л очдог байсан. Тэгээд Банзрагч даргыг гэргийтэйгээ Халимагт  айлчлахад тун сүртэй угтаж авч билээ. Лениний
паркад бидний суулгасан мод байдаг юм” гэлээ.

Г.Луузан гуай ЗХУ-д гурван жил ажиллаад Монголд ирчихээд байтал
1980 онд Франц руу томилжээ. Тэндэхийн Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн
даргаар таван жил, Элчин сайдаар мөн таван жил ажиллаж байжээ. Тухайн үед улс төр,
худалдаа, ЮНЕСКО-гийн зарим зүйлийг хариуцаж байсан гэнэ. Францад “Версалийн хаалга”
гээд том танхимд сар болгон өөр өөр сэдэвтэй үзэсгэлэн гардаг байсан тухай Г.Луузан
гуай хүүрнэв. “Улс ардын аж ахуй гэдэг судалгааг дипломатууд  хийдэг байсан юм. Улс орондоо хэрэгтэй туршлагыг
суугаа орны ЭСЯ-ууд судлах ёстой байв. Тэр үед хөдөө аж ахуйн үзэсгэлэн дээр явж
байхад үхрийн гуур, хонины хувалз, хачгийг зад арилгадаг тариа байж байна. Би тэр
тарианаас хоёрыг аваад  Хөдөө аж ахуйн яаманд
явуулж билээ. Тэр үед хэдийгээр улс ардын аж ахуйд хэрэгтэй зүйлийг судал гэдэг
хэрнээ судалсны дараа хэрэгжүүлдэггүй байсан нь үнэн юм. Нөгөөтэйгүүр хөрөнгөтөн
орныг судалсан хүн олигтой биш болдог байлаа. 1993 онд Вьетнамд ажиллаж байгаад
Монголд ирсэн чинь нөгөө тариаг хүнд тарих нь холгүй болчихсон байна. Францад
1997 онд очиход Малын халдварт өвчний олон улсын товчооных нь захиралтай уулзахад
энэ тарианы талаар монголчуудад тун хэрэгтэй зөвлөгөө өгч байж билээ. “Тариаг яг
тунгаар нь хийх ёстой. Хэтрүүлэх буюу дутаавал үйлчлэхгүй.  Тариулсан малыг тухайн жилдээ идэж болохгүй шүү”
гэж анхааруулж байсан юм даа.

Г.Луузан гуай дээрх улс орнуудад суугаа Элчин сайдын яамдад Монголоо
төлөөлж байсны хажуугаар Гадаад харилцааны яаманд ёслолын хариуцлагатай албыг хашиж
байв. Энэ алба өндөр хариуцлага нэхдэг болохоор өчүүхэн ч алдаа мадаг гаргаж болохгүй.
Хүн л юм чинь алдаа гаргахгүй байна гэж юу байхав.

Нэг удаа Ю.Цэдэнбал дарга Чехийн Элчин сайдыг Ордонд хүлээн авчээ.
Ю.Цэдэнбал дарга босоод үгээ хэлж гэнэ. “Нөхөр Элчин сайд Густов түүний гэргий..”
гээд хэлтэл гэргийнх нь суудал хоосон байжээ. Гэтэл ёслолын алба хариуцсан нөхдүүд
палхийгээд явчихаж. “За болохоо байсан Луузаан. Чехийн Элчин сайдыг гэргийн хамт
ирээрэй гэхдээ урилган дээрээ гээгээд бичсэн байна. Хоол ч орохоо болилоо” гээд
нэгэн настай ажилтан мань эрд хэлж байжээ. Хүлээн авалт тарсны дараа алдаа гаргасан
нөхдүүд Ю.Цэдэнбал даргад бангадуулжээ. Бас нэг хүлээн авалтад Английн Элчин сайд
цагаан архинд өт хийчихээд хүмүүст үзүүлээд явж байжээ. Арга хэмжээний хоол хүнсийг
бэлтгэхдээ салатыг нь нэг өдрийн өмнө бэлдчихэж л дээ. Тэгсэн тэрэнд орсон өт Английн
Элчин сайдад таарчихаж. Мань эр нөгөөхийг харангуутаа олзуурхаж, хүн хүний урд очиж
харуулж байсан гэдэг. Ингээд л  уг хүлээн
авалтыг зохион байгуулагчид бас арга хэмжээ авахуулж байжээ. “Уул нь Английн колониуд
өт байтугай идэж л байсан даа. Тэр үед капитализм, социализмаар хуваагдчихсан байсан
үед Английн Элчин сайдад бөөн олз болсон биз” гээд Г.Луузан гуай инээв.

 

“БИД ШИНЖЛЭХ

УХААНД ИТГЭНЭ”

Тэрбээр тэтгэвэрт суусныхаа дараа Францын “Арева” компанид хэсэг
ажилласан нэгэн. Түүнтэй уулзсаных ураны талаарх маргаан дэгдээдэг энэ асуудлаар
бодлыг нь хуваалцсан юм. “Уран гэдэг бол стратегийн ач холбогдолтой ашигт малтмал.
Энэ материалыг бид хоёр хөршдөө монопольдуулж болохгүй. Үүний тулд гурав дахь хөрштэйгээ
ажиллах ёстой. Ингэхдээ бас бодох хэрэгтэй. Өнөөдөр ураныг газрын доор уусган олборлох
аргаар Франц дэлхий дээр ноёлж байна. “Арева” цөмийн бүхий л салбартаа дэлхийд номер
нэг нь юм. Маш туршлагатай компани. Сүүлийн үеийн аюулгүй техник технологийг хэрэглэж
байгаа. Дээрээс нь Монгол Улсын хууль дүрмийг ягштал баримталж байгаа улс. Үүнийг
шүүмжилж болно. Хорих эрх байхгүй. Гэхдээ мэдлэгтэй шүүмжлэх хэрэгтэй. Одоогийн
хүмүүсийн яриад байгаа цацрагт идэвхт бодис, уран хүдэр гаргаж байгаатай ерөөсөө
хамаагүй. Уран гэдэг юм чинь баяжуулсан хойноо цацраг идэвхт аюултай болдог. Тэрнээс
газар доороос гаргаж ирэхэд ямар ч хор нөлөөгүй. Ямар зорилгоор шуугиан дэгдээгээд
байгааг мэдэхгүй. Мэдээж монголчууд уранаа битгий ашиглаасай гэсэн гадна дотнын
хүмүүсийн янз бүрийн ашиг сонирхол байгаа л даа. Улс үндэстний эрх ашигтай холбоотой
энэ асуудалд бодлоготой хандах ёстой. Бид чинь шинжлэх ухаанд итгэнэ. Тэрнээс ам
дамжсан цуу ярианд итгэж, тэрүүгээр шинжлэх ухааны үндэс болгож болохгүй шүү дээ.
Эрдэмтэд зөв ярьж байгаа” гэв.

Гурав дахь хөршийн асуудлыг анх гаргаж ирсэн цаг үед Гадаад харилцааны
яаманд ажиллаж, энэ бодлогыг боловсруулахад гар бие оролцож явсан хүн бол Г.Луузан
гуай. Тэрбээр гурав дахь хөршийн талаар ямар бодолтой явдгийг сонирхсон юм. Тэрбээр  “Бид гурав дахь хөрш гээд 30, 40 улстай сүжрээд
хэрэггүй. Гурав дахь хөрш гэдэг дотроо Европоос Францыг, Азиас Японыг, бас Америкийг
дагах хэрэгтэй. Тэгээд хоёр хөрш байна. Хэзээ ч хөршөө сонгодоггүй учраас хэзээд
үргэлж найрамдалтай байх ёстой. Агуу хөршүүдийн ая эвийг нь олохгүй бол заанд дэвсүүлбэл
хэцүү. Хоёр хөршийн маань айлчлал сайн байна. Харин нэг хэцүү зүйл нь харилцан тохиролцсон
зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаа. Манайх биелүүлэхдээ тун хойрго улс шүү дээ. Үүндээ
ч анхаарах ёстой. Худлаа хэлдэг хүнтэй гадныхан хэзээ ч ажил явуулдаггүй. Сая хоёр
хөршийн тэргүүн биелүүлэлтдээ анхаарна биз гэж цаад утгаар хэллээ шүү дээ. Төмөр
зам нарийн өргөн гээд маргаад байх юм. Нарийн ч байсан, өргөн ч байсан төмөр замаар
орж ирдэг дайсан гэж XXI зуунд байхгүй. Орчин цагт танк, зэр зэвсгээ тэнэг юм шиг
төмөр замаар зөөж дайнд оролцдог улс хаана байна вэ. Бид Хятадын хилийн дагуу нүүрсээ
гаргах гэж байгаа юм бол төмөр замаа нарийнаар нь тавих ёстой шүү дээ” гэв.

Нар ч жаргаж, цаг ч орой болсон байв. Өдөржин хуучилсан бидний яриа
өндөрлөлөө. Ирсэн зочид буцах болж Г.Луузан, Ж.Марта нар биднийг үдсэн юм. 

 М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монголынхоо бүх амьтны зургийг авна гээд амбицлаад “тэнэж” явна

“Балдорж” сангийн тэргүүн байрын шагналт “Хүрээлэн” төслийн санаачлагч
У.Ганбаяр, Ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцлаа.

-“Балдорж”
шагналын эзнээр шалгарсанд баяр хүргэе. “Хүрээлэн” төсөл хэрэгжүүлж амьд байгалийг
гэрэл зургийн хальснаа үлдээх санаа хэзээнээс төрсөн бэ?

М.Буянбадрах:
-Баярлалаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Г.Батнягт, С.Цацрал, У.Ганбаяр
нартайгаа уулзаж биологчидтой нийлээд “Хүрээлэн” төслөө бичиж эхэллээ. Тэр үед У.Ганбаяр
маань “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг”-ээ байгуулаад, ийм төсөл
хэрэгжүүлэх санаагаа гаргачихсан байсан хэрэг. Ингээд төслөө бариад Ерөнхий сайдтай
уулзлаа. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд “Монгол орны биологийн
олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх тухай” гэсэн гарчиг бүхий
Ерөнхий сайдын захирамж гарсан. Төслийг маань хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарч ахлагчаар
нь Ч.Сайханбилэг ажиллахаар болж гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга орлоо.
Манайхаас У.Ганбаяр, С.Цацралт нар ажлын хэсэгт орохоор болов. Ингээд аравдугаар
сард анхны аялалдаа гарснаас хойш 30 гаруй мянган км зам туулж 13 аймгийн нутагт
200 шахам төрөл зүйлийн амьтны зураг авчээ.

-Засгийн
газраас даалгасан ажлыг хийж эхэлсэн гэсэн үг үү?

-Сурах бичиг, улаан номондоо амьтдын төрөл зүйлийн зургийг оруулдаг,
жуулчдад Монголоо сурталчлахдаа дүрс бичлэгээ үзүүлдэг гээд бодохоор улсын ажил
баймаар санагддаг. Тийм ч учраас Ерөнхий сайд захирамжаа гаргаад л, засаг дэмжихээр
болж байтал эдийн засаг хямраад Засгийн газар бүсээ чангалаад биднийгээ анхаарахаа
больчихсон. Одоогоор ажлын хэсэг нэг ч хуралдаагүй байна.

-Засаг
анхаарахгүй болохоор шарандаа гараад давхичихсан уу?

-Байгаль, орчин ногоон хөгжлийн яам бага зэргийн дэмжлэг үзүүлснийг
үгүйсгэж болохгүй байх. Анх ажлаа эхлэхдээ зарим нь байраа барьцаанд тавьж зээл
авлаа. Нөгөө хэсэг нь машинаа зарлаа. Ингээд замын зардлаа олж аваад гарсан даа.
Одоо бид чинь өртэй хүмүүс шүү дээ. “Балдорж” шагналын 5000 ам.доллараа өрнүүддээ
яаж амсуулах вэ гээд хуралдаж байтал өөрөө ороод ирлээ. Ерөнхийдөө хуваарилаад дуусчихлаа.

-Өр
тавин байж амьд байгаль, амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг хийх гэж зорьсон нь та
бүхний хобби юу эсвэл ирээдүйнхээ төлөөх сэтгэл үү?

-Сэтгэл гэж романтик юм яриад яах билээ. Донтой, өвчтэй л хүмүүс.
Ийм юманд донтсон хүмүүс чинь нэг, хоёр явчихаар дахимаар санагдаад байгууллагуудын
хаалга балбаад мөнгө төгрөг гуйгаад давхичих юм. Байрныхаа гэрчилгээ, машиныхаа
түлхүүрийг бариад л мөнгө хайгаад гүйцгээчихнэ шүү дээ. Оюу толгой, Төрийн банк,
Моннис, Хүннү Эйр, Зиг Заг зэрэг компани, байгууллагууд биднийг ивээн тэтгэдэг.
Хол газар явдаг, зардал ихтэй учраас хандив тусламжаар явахаас аргагүй болдог. Бид
өнөөг хүртэл цалин авч үзээгүй. Хожим баяжна гэсэн бодолтой л давхиад байгаа.

-Юу
нь тэгж донтуулаад байдаг юм бол?

-Амьтан донтуулах юм аа. Мандаж байгаа нарыг, гүйж яваа гөрөөсийг,
хөөрхөн хошгирч байгаа зурмыг, ховор шувуудыг нэг олоод харчихсан, зургийг нь дарчихсан
хүмүүс “Одоо дараагийнхыг нь, бүр ойроос авах юмсан” гээд донтчих юм. Монголд
438  төрлийн шувуу, 138 зүйлийн хөхтөн,  хэвлээр явагч зургаан зүйл, загас 20 гаруй зүйл
гээд тоо байна. Энэ амьтдын бүгдийнх нь зургийг дарах айхавтар зорилго тавьчихсан.
За, бүгдийнх нь зургийг дарчихаад жаргаад хэвтчихье гэхээр бас болохгүй. Өвлийн
зураг байхгүй шүү дээ гээд эхэлнэ. Ингээд бодохоор дуусахгүй ажил эхэлчихжээ.

-Донтсон
гэж өөрсдийгөө нэрлэсэн та бүхний ажил хүмүүст мэдээлэл, мэдлэг олгож, улсад архив
болж байгаагаараа чухал болов уу?

-Монголоо атар онгон байгальтай, араатан жигүүртэн элбэг гэж дуулж,
шүлэглэдэг атлаа тэр байгаль, амьтных нь зураг байдаггүй. Донтчихсон хэдэн нөхөр
ирээдүйгээ танин мэдэхүйн төөрөгдлөөс гаргах, архивтай болгох том зорилго тавьчихсан
байгаа. Аяллаар явж байхдаа сумын сургуульд авсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргаж,
байгаль амьтны гэрэл зураг яаж авах талаар зөвлөгөө өгдөг ажилтай. Тэгэхэд хөдөөний
хүүхдүүд нутгийнхаа амьтдыг зөв нэрлэж чаддаггүй. Танихгүй юмаа хүн хайрлахгүй,
хайрлахгүй болохоор хамгаалахгүй. Тиймээс таниулъя, мэдүүлье гэдэг том зорилготой
яваад байгаа хэрэг. Нөгөө талаар гадныхан биологчид, гэрэл зурагчдыг минь дагууж
яваад атар онгон байгаль, араатан жигүүртний минь зургийг аваад байдаг. Сүүлд сурах
бичиг, ном, архивт маань зураг үлддэггүй. Гадныхны авсан зургийг тэдний оюуны өмч
байдлаар интернэтээс л харах боломжтой. Монгол Улсын тухай гэхээр гадныхны авсан
зургийг худалдаж аваад үзэсгэлэнд оролцоод байгаад дургүй хүрч, амбиц хөдөлчихөөд
яваад байгаа юм. Ийм сул орон зайг ашиглаад хөдөө хээрээр явах дураа хангаж авъя.
Дээрээс нь онгон зэрлэг байгаа дээр нь амьтдаа бүртгээд архив болгоод хадгалуулъя
гэсэн зорилготой.

-Энэ
зорилгоо хэдэн хүн, ямар ямар үүрэгтэйгээр гүйцэтгэж байна вэ?

-Хүн бүр зурагчин болчих янзтай. Ажил үүргийн хуваариар У.Ганбаяр
бид хоёроос гадна Ерөнхий зураглаач Г.Батнягт, гэрэл зурагчин С.Цацралт, гэрэл,
дууны мастер Б.Сэлэнгэ, зургийн дарга Л.Батаа, туслах зураглаач Б.Улсболд, тайлбар
уншигч А.Миеэгомбо, эвлүүлэгч Н.Энхмэнд гэсэн бүрэлдэхүүнтэй. Бүгд зурагчин, тогооч,
жолооч, газарчин, биологч болчихдог.

-Анхны
аяллаа хаанаас эхэлсэн бэ?

-Зардал багатай ойрхоноор нь Чойрын богд руу гараад давхичихсан.
МУИС-ийн багш Батсайханы зааварласнаар янгир аргалийн орооны цагаар зургийг нь дарах
гэж явлаа. Тэр үеийн зургаа одоо харахад инээдтэй л дээ. Анхных гэдэг утгаараа амьтандаа
дөхөх туршлагагүй, талбай дээр бие биенийхээ зургийг дарж байсан аппарат дурантайгаа
байсан үеийг одоогийнхтой харьцуулахад гологдож байгаа хэрэг. Чойрын богд орчихоод
тэр чигээрээ Өмнөговь, Дорноговь ороод улсын хилд тулаад хар сүүлт, хулангийн зураг
аваад 14 хоног яваад ирсэн.

-Явж
байгаад амьтан харахаар бүгд машинаасаа буугаад аппаратаа бариад гүйчихдэг үү. Эсвэл
тактик ярих уу?

-У.Ганбаяр: Амьтныхаа зан байдлыг судалж, яаж ойртох уу гээд тактик
боловсруулна. Машинтайгаа амьтанд ойртохгүй шүү дээ. Бид амьтныг үргээж, айлгахгүйгээр
зан байдлыг нь харуулах, тоглох наадах, гөрөөлөх, идэш тэжээлээ олж идэж байгааг
нь харуулах зорилготой шүү дээ. Хэдэн хоног алхах ч хэрэг гарна.

-Нэг
амьтны зургийг авахад хэр хугацаа орох уу?

-М.Буянбадрах: Амьтнаасаа л болно. Өмнөговь аймагт Тостын нуруунд
очоод ирвэсийн зураг авах гэж солонгос нөхөр 20 гаруй хоног яваад авч чадаагүй байхад
бид хоёр, гурав хоног дагаж алхаад авчих жишээтэй. Саяхан Хөвсгөлийн тайгад морьтой
явж байтал хөл доороос Цагаан ахуй шувуу босч нисээд л энгэр дээрээс Туйлын цагаан
шонхор орж ирээд. Цагаан шонхор ахуйгаа барьж идэх үед Ганбаяр мориноосоо харайж
буугаад л зургийг нь дарчихаж байгаа юм. Зураг дарах нь хэдхэн секундын ажил. Гэхдээ
Улаанбаатараас 800, 900 км яваад, мориор зургаан хоног явж байгаад гэнэт таарч байгаа
нь ховор агшин, бурхан багшийн явуулсан бэлэг шүү дээ.

-Замдаа
төөрч будилах үе байна биз?

-Машинтай, явган төөрнө. Хоол унд дуусна. Геологичдын төөрдөг газар
өнгөрсөн хавар бид төөрлөө. 200 км яваад айл таардаггүй. Шувуу ч нисэхгүй, ус дуусаад
бензиний гэрэл асчихсан. Долоон хүний дунд 1.5 литрийн савтай л ус үлдсэн. Бензин
дууссан бол яах билээ. Азаар сумын төвөө олж очсон л доо.

-Сум
таарахгүй, ус дууссан бол гээд төсөөлөхөөр өнгөрсөн амьдрал нүдэнд харагдана биз?

-Бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Хаана нь ч төөрсөн, даарсан, будилсан
үедээ амьд гарах аргад сайн суралцах ёстой гэж ярьдаг. Цахилгааны эх үүсвэрээ байнга
авч явах ёстой. Цахилгааны эх үүсвэр, цэнэглэгч ажиллахгүй бол GPS ажиллахгүй болно.Заавал
галтай явах ёстой. Шүдэнз, асаагуургүй боллоо гэхэд гал асаадаг аргаа мэдэх учиртай.
Зураг дарахад суралцахаас гадна амьд үлдэх аргад маш сайн суралцах ёстой болдог.
Ийм бэлтгэлтэй явахад амьдрал нүдэнд харагдаж, хойд нас бодогдож сүйд болохгүй дээ.
Энэ далимд GPS хандивлах сайн санаатай хүн байгаа болов уу (инээв).

-Хөдөө
зам муутай. Замын тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Нутгийн хүмүүсээр газарчлуулдаг
уу?

-Хамгийн түрүүнд өөрсдөдөө найдна. Газрын зураг, GPS дээрээ сайн
ажиллаад бензин шатахуун, хоол хүнс, хувцас хунараа бэлтгээд гарна. Дараа нь нутгийн
иргэд, байгаль хамгаалагчид, хилийнхэн том түшиг болно. Өмнө нь тэр хавиар явсан
биологичдын яриа маш чухал мэдээлэл болдог.

-Ганзага
хоосон ирсэн үе байдаг уу?

-Хоосон ирсэн тохиолдол байхгүй. Донтой хэдэн нөхрийг бурхан хардаг
байх. Хар сүүлт зээрийн зураг авахаар Хэрмэнцаваас Баян-Овоо сум руу хоёр өдөр гаруй
хугацаанд найман зуу гаруй км давхихад амьд амьтан тааралддаггүй. Оройн наранд зураг
авах гэтэл хар сүүлт байдаггүй. Урамгүй буцаж явтал яг доороос хар сүүлт гарч гүйгээд
бид зургаа дарж амжсан. Тэр үед нар ч, хөдөлгөөн ч, цаад фон ч яг таарсан. Хар сүүлтийн
хөлөөс босч байгаа тоос, суналт, зургийн өнгө энэ тэр гоё гоё.

-Гоё
зураг дарах гэж байгаад харамсалтайгаар алдсан мөч бий юү?

-У.Ганбаяр:
Бүх зураг харамсалтай. Хүний шунал барагдахгүй гэдэг шиг үүнээс илүү ойртох байсан
юм, бүр илүү гоё авах байсан юм гээд бүх зурагны ард харамсал байдаг. Хандгайн зураг
авахаар явж байтал хос хандгай таарсан. Гэтэл эр хандгай нь модноос гарч ирдэггүй.
Эм нь намайг чиглээд зогсоод байдаг. Чимээ авчих вий гээд эрийг нь хүлээгээд зургаа
авахгүй байгаа юм. Гэтэл гэнэт буцаад гүйчихсэн. Бидний туршлагагүйнх. Морио жалганд
уячихсан байсныг хандгай өндөр дээрээс харчихаад буцаад гүйчихсэн хэрэг. Мөн ч харамсмаар
байсан даа. Бас Л.Батаагаас ердөө 100 метрийн зайд хандгайн хоёр тугал байгаа юм.
Гэтэл манай хүн үргээчих вий гэж хэвтэж байгаад өндийгөөд автал фокус нь таараагүй.
Гэх мэтээр амьтны зураг авахад үнэхээр хүнд. Амьтан таарлаа гэхэд тэр үед нар нь
ямар байх вэ, гэрэл таарах уу, ойртож чадах уу гээд бүх тохироог хүлээх ёстой болдог.

-Амьтанд
ойртохын тулд хувцсаа тааруулж өмсөх, янз бүрийн хөдөлгөөн хийх шаардлага гарах
уу. Тарвага хошгоруулдаг шиг?

-Тухайн амьтны зан байдлаас шалтгаална. Тарваганы зураг авах бол
хошгоруулна. Хустайн нуруунд тарваганы зураг авахын тулд хавар ичээнийх нь өмнө
майхан бариад орхичихсон. Дасгаж байгаад зун нь очиж майхандаа очиж хэвтэж байгаад
ичээнээсээ гарч хошгирч байгаа, мөндөлтэйгээ тоглож байгаа зургийг нь авсан. Хулангийн
зураг авах гээд явж байтал тэмээ тааралдсан. Тэмээнийхээ бөгсөн дээр камераа барьж
дагаж явсаар байгаад их ойроос авч чадсан. Энэ мэт тухайн амьтанд тохируулж арга,
саам зохиох шаардлага гарна. Хамгийн ойрын жишээ гэхэд газрын өнгөтэй хувцас өмсөнө.
Тамхи татахгүй, шүдээ угаахгүй, үнэртэй ус цацахгүй, саван хэрэглэхгүй. Хоорондоо
чанга ярихгүй, огцом хөдлөхгүй. Амьтантайгаа адил үнэртэй нөхдүүд л гэртээ ирнэ
шүү дээ.

-Хоол
ундаа яаж зохицуулдаг бол. Зам дагуух айлууд хотжоод хатуу болсон байна гэж ярих
юм. Ялгаа ажиглагдах юм уу?

-Үндсэн хүнс лаазалсан загас. Snykres өег учраас авч явдаг. Тэгээд
ааруул хүлхээд л явж өгнө дөө. Өглөөд нэг сайн идэж аваад өдөржин явчихдаг. Ихэвчилэн
хээр, гадаа хоночихно. Манай хөдөөнийхөн үнэхээр өөриймсөг. Өвлийн шөнө яваад ороход
л мөс хайлуулаад мах чанаж өгнө. Хаана, хэнийд ч очсон хаяанд нь хөнжлөө нөмрөөд
унтчихна. Бидэнтэй л лав хэцүү хатуу айл таараагүй ээ.

-Зорьсон
зургаа авчихаад баяр тэмдэглэнэ биз. Өөрсдөдөө хэсэг амралт өгөх үү?

-Шууд сумын дэлгүүр орно. Ойлгомжтой. Амралт гэж ярилтгүй. Зорилгоо
биелүүлчихвэл гэр рүүгээ л яарцгаана.

-Зургийг
нь дарах гэж байгаад амьтанд хазуулах, гэмтэж бэртэх үе байв уу?

-Говьд зуны халуунд явахад сэрэмжтэй байх шаардлага гарна. Өглөө
гутлаа сэгсэрч байж өмсөхгүй бол болохгүй. Биеийнхээ 70 хувийг шумууланд хазуулж
ч байлаа. У.Ганбаяр өнгөрсөн жил могой ичиж амжаагүй байхад газрын гүн рүү 15 метрийн
дор үүрэнд нь яваад орчихсон. Азаар хатгуулаагүй гарсан.  У.Ганбаяр: Ирвэст 10 метр ойртож зургийг авахад
“Энэ намайг яаж ч чадахгүй” гэсэн шиг ихэмсэг байгаа юм. Надад ч айдас төрөөгүй.
Нэг үгээр бид хоёр нэгэндээ аюулгүй гэдгээ мэдрээд байгаа юм шиг.

-Зураг
даруулах дуртай амьтан байх юм уу?

-У.Ганбаяр: Зурам, тарвага, хэрэм их хөөрхөн. Шувууд бас гоё. Буянбадрах
анх шувууны зураг авч байхад “Шувуунд дурлах юм байна даа” гэхэд юу гэж дээ л гээд
байсан. Одоо шувуунд дурлачихсан.

М.Буянбадрах:
Тогоруу ямар гоё гээч. Хөөрч байгаа нь, бууж байгаа нь ерөөсөө л балет. Хажууд нь
хун ямар бүдүүлэг, муухай гээч. Паацагнаад л.

-Гадны
баримтат киног үзэхэд амьтны амьдралыг тэр чигт нь харуулдаг. Манайд тийм боломж
бий юү?

-Мөнгө байвал болно шүү дээ. Гэхдээ Монголын амьтад их догшин. Дэлхийн
баавгай хамгаалах сангийн тэргүүн, амьтдын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчтэй
хамт мазаалайн зураг авах гээд явж байхад “Танайхан амьтдаа хөөж буудаад байдаг
юм уу. Ямар үргэмтгий юм бэ” гэж байгаа юм. Африкт 30 жилийн өмнө ийм байсан. Хамгаалах
менежмент хийгээд эхлэхээр үргэхээ больдог юм байна. Хустай одоо тийм болж байгаа
шүү дээ. Манайх асар уудам нутагтай учраас онгон байж магадгүй. Нөгөө талаар манайхан
амьтан харахаар л хөөгөөд давхичихдаг. Амьтан харвал хийморь сэргэдэг гэсэн ойлголттой,
элдээд давхичихдаг.

-Хулгайн
ан хэтэрлээ гэх юм. Та бүхний замд эмзэглэмээр дүр зураг харагдах юм уу?

-Яг хулгайлаад, чив засааг нь авчихсан байгаа нь харагдахгүй юм.
Сумдыг холбосон өндөр хүчдэлд цохиулж үхсэн шонхор их таарлаа. Сум бүрийг цахилгаантай
болгох их ажлын төлөөсөнд шонхор олноороо үрэгдэж байна.

-Аппаратаа
чирээд амьтан хайгаад хөдөө явж байхад хотод үлдсэн ажил, амьдрал бодогдох юм уу?

-Утас дуугарахгүй байна гэдэг амралт болдог юм билээ. 22-ын товчоогоор
ороод ирэхэд л хамаг юм эхэлж байгаа юм шүү дээ. Хотод байхаар ханиад салахгүй.
Хүмүүс айхавтар ууртай царайтай. Ялгаа их мэдрэгдэнэ шүү.

-Одоо
хаашаа явах вэ?

-Дорнод аймаг руу Шивэр Хандгайн зураг авахаар явахаар төлөвлөж байна.
Нийт амьтдынхаа гуравны нэгийнх нь зургийг авчихжээ. Энэ зун гэхэд 70 хоног хөдөө
байжээ.

-Амьтдынхаа
зургийг өөрсдөө архивлаж байна уу?

-Өөрсдөө архивлаж байгаа. Дөрвөн ангитай иж бүрэн баримтат кино хийх
зорилго бий. Бас Монголынхоо амьтдыг харуулсан дөрвөн том катологи хийчих санаатай.
Ерөнхий боловсролын сургуулийн Хүн байгаль номонд фото нийлүүлэх тендерт шалгарсан.
Ирэх жилээс сурах бичигт бидний зураг орох байх.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР