Categories
мэдээ цаг-үе

“Рио”-гийн зэсийн группын захирал Оюу толгойн талаар ингэж ярьжээ

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак саяхан гадны сэтгүүлчид ярилцлага өгчээ. Тэрээр “The Australian”-д “Бид зээлийн баталгааны хугацааг сунгах хүсэлтээ банкуудад тавиагүй. Засаг ямар алхам хийхээс бүх зүйл хамаарна. Бид дараагийн алхмыг харж байж хугацааг сунгах хүсэлт тавих эсэхээ шийднэ. Монголын тал энэ санхүүжилтийг авах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Бөмбөг Монголын Засгийн газрын талд байна. Рио тинтогийн хувьд өөрсдийн зүгээс шийдэх асуудлуудаа шийдвэрлэсэн” гэсэн агуулгатай зүйл ярьсан нь олны анхаарлыг татсан хэрэг. Энэ мэдэгдлийн дараахан “Рио Оюу толгойг орхих юм биш үү” гэсэн мэссэж хүчтэй явж эхэллээ. Зэсийн группын захирлын мэдэгдэл ямар утгатай, Рио дэлхийд томд орох энэ төслийг үнэхээр орхиж явах эсэхийн тухай ярихаас өмнө багахан оршил хэлье.

Оюу толгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах дээр TRQ буюу Туркойз хиллс гэсэн нэрийн дор арилжаалагддаг. Туркойз хиллс гэдэг нь хуучнаар бол Айвенхоу майнз. Туркойз хилссийн гол хувьцаа эзэмшигч нь Рио тинто. Рио тинто энэ компанийн хувьцааны ихэнх хувийг эзэмшигч. Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй, дэлхийн алт, зэсийн томоохон ордыг эзэмшдэг Монголын Оюу толгой компанийн хувьд хоёр хувь эзэмшигчтэй. Нэг нь “Эрдэнэс Оюу толгой”. Энэ компанийн эзэмшигч нь Засгийн газар. Нөгөө нь Туркойз хиллс. Энэ компанийн гол хувьцаа эзэмшигч нь Рио. Монголын Засгийн газар Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшдэг. Харин Туркойз хиллс 66 хувийг нь эзэмшдэг. Туркойз хилссийн хувь­цааны ихэнхийг Рио эзэмш­дэг гэдэг утгаараа Оюу толгой компанитай холбоотой асуудалд Засгийн газартай нүүр тулж ажилладаг. Оюу толгой компанийн ТУЗ-д Риогийн зургаан хүн ажилладаг. Давуу эрхтэй ажилладаг гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагч тал Оюу толгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаад буй. Өнгөрсөн оны зунаас зэсийн баяж­малаа экспортолж эхэлсэн. Ил уурхайн дараа өрнүүлсэн бүтээн байгуулалт бол далд уурхай. Хөрөнгө оруулагч тал далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч үргэлжлүүлэх мөнгөгүй болсон юм. Туркойз хиллс ийм шалтгаанаар төслийн санхүүжилт хийхээр олон улсын банк санхүүгийн 15 бай­гууллагатай хэлэл­цээ эхлүүлж байв. Олон улсын банк, сан­хүүгийнхэн зээл өгөх сонирхлоо илэрхийлсэн ч Оюу толгойн Монголын талын хувь эзэмшигчийн зүгээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр эхлүүл­сэн учраас хөрөн­гө оруулагч тал санхүүжилтийн хугацааг хойшлуулсаар байгаа юм. Рио тинто компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын сан­хүүжилт болон холбогдох бүх ажлыг хойшлуулах болсноо өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд мэдэгдсэн. Оюу толгой төсөлтэй холбоотой сүүлийн үеийн сонин гэвэл борлуулалт нь үйлдвэрлэлээсээ давсан гэх мэдээлэл.

Одоо Жан Себастиан Жакийн ярилцлага өгөх үедээ анхаарал татахаар ямар мэдэгдлүүд хийснийг дэлгэрүүлж сонирхуулъя. Тэрээр “Манай компанийн зүгээс Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн бай­гуулалтад зарах зээлийн баталгааны хугацааг сунгах хүсэлтээ банкуудад тавиагүй. Бид Монголын Засгийн газрын байр суурь ямар байгааг ойлгомоор байна” гэжээ. Эндээс хэн ч Засгийн газар яаж хандахаас хамаарч санхүүжилтийн хугацааг сунгах хүсэлт явуулах эсэхээ шийднэ гэсэн агуулгыг төвөггүй уншчихна.

Оюу толгой төслийн үнэ цэн буюу нийт нөөцийн 80 хувь нь газрын гүндээ бий. Өөрөөр хэлбэл далд уурхайг ажиллуулж байж энэ ордын гол өгөөжийг хүртэнэ. Төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд 4.2 тэрбум ам.доллар хэрэг болж байгаа. Энэ мөнгийг олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагаас авах яриа хөөрөөг хөрөнгө оруулагч тал буюу “Рио тинто” эхлүүлээд байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан зарим асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрэх, төслийн санхүүжилттэй холбогдуулж зээлийн нөхцөл, шаардлага гэх мэт зүйлийг лавлаж тодруулах хэрэгтэй гэсэн шалтгаануудаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн “Эрдэнэс Оюу толгой”, Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч Рио тинто хоёр хэлэлцээр эхлүүлээд буй.

Хоёр тал эцсийн тохиролцоонд хүрээгүй учраас зээлийн баталгааны хугацааг хоёр удаа сунгасан. Баталгааны хугацаа өнгөрсөн есдүгээр сарын 30-нд дууссан юм. Риогийн хувьд гурав дахиа сунгах эсэхээ шийдээгүй байгаагаа сая дуулгачихлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд төслийн санхүүжилтийн хугацааг сунгах боломжтой гэсэн мэдэгдэл хийсэн. Бусад банкуудын хувьд зээлийн баталгааныхаа хугацааг сунгах тал дээр албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Оюу толгой ашигтай, ирээдүйтэй төсөл учраас энэ төслийг санхүүжүүлэх сонирхлоосоо банкууд буцахгүй гэж ярих хүмүүс бий. Энэ эрхмийг ярилцлага өгөхийн өмнө “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Төслийн санхүүжилтийн гол зохион байгуулагч, хөтлөн явуулагч нь Туркойз хиллс гэж бид ойлгодог. Туркойз хилсс компанийн гол хувьцаа эзэмшигч нь Рио тинто. Гэрээгээр бол аль ч хэл­бэрээр төслийг сан­хүүжүүллээ гэхэд Туркойз хиллс үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Төслийн санхүү­жилт буюу гуравдагч этгээдээс авах хэлбэр бол цэвэр банкны зээл. Хүү нь бага байх ёстой, эсхүл ядаж хувь нийлүүлэгчдийн санхүүжилтийн хүүгийн хэмжээнээс илүүгүй байх ёстой, компанид үр ашигтай байх ёстой гэж бид ойлгодог. Оюу толгойн ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалт, тоног төхөө­рөмж, баяжмалын овоолго шороо, төслийн гэрээнүүд, тодруулж хэл­бэл хөрөнгө оруу­лал­тын болон хувь нийлүү­лэгчдийн гэрээ болон борлуулалтын гэрээнүүд барь­цаалагдана. Арил­жаа­ны банкны зээл учраас эрсдэл өндөртэй гээд байгаа нь ийм учир­тай. Энэ зээлийг авлаа гэхэд хөрөнгө оруулагч аль нэг тал нь ямар нэгэн байдлаар өөртөө ашигтай нөхцөл байдал бий болгох, ашиг хийх, Оюу толгой ХХК-д нэмэлт зардал гарах эсэх асуудлууд үүсэх магадлалтай” гэж мэдэгдсэн. Магадгүй энэ мэдэгдлүүд Зэсийн группын гүйцэтгэх захир­лыг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байж мэднэ.

Засгийн газар, хөрөнгө оруулагч талын хийсэн гэрээ ёсоор бол Туркойз Хиллс 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Оюу толгой төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн өнцөг ч бас бий.

Дараагийн анхаарал татсан мэдэгдлийг сий­рүүлье. Жан Себастиан Жак “Бид Монголын Зас­гийн газартай 18 сарын турш ярилцлаа. Ширээн дээр нь саналаа тавьсан. Хоёр талд харилцан ашиг­тай санал гэж ойлгож байгаа” гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Хөрөнгө оруулалтын гэрээг өөрч­лөх санаагаа Монголын талд тулгаж байна гэж хардах хүмүүс ч байна. Уг нь хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнд заа­сан нөхцөлийн хүрээнд хамтран ажиллах үүрэг­тэй. Шинэ санал гэхээс илүү гэрээнд заасан нөх­цөлийн хүрээнд яаж хамтрах талаараа яриа хөөрөө өрнүүлэх учиртай. Хоёр талын бүх харилцаа хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдахаас өөр гарц байхгүй гэх гээд байна л даа. Магадгүй энэ өнцгөөс харахад дээрх хардлага үнэний ортой байж мэдэх юм. Риогийн зүгээс Засгийн газарт тавьсан ашигтай шинэ санал юу гэдэг нь тодорхойгүй байна.

Рио Монголыг орхиж магадгүй гэсэн хар дагуулсан мэдэгдлийг одоо онцолъё. “Уурхайн нийт үр өгөөжийн 80 хувь нь далд уурхайд бий. Риогийн далд уурхайг ашиглах эсэх нь нэг л зүйлээс хамаарна. Тодруулж хэлбэл манай хувь нийлүүлэгчдэд ашигтай байх эсэхээс хамаарах асуудал… Бид нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа. Одоо тэдний хувьд хүссэнээ хийх л үлдсэн. Бүх зүйл Засгийн газраас шалтгаална” гэсэн мэдэгдлийг Риогийн Зэсийн группын гүйцэтгэх захирал хийгээд байна. Хөрөнгө оруулагчид Оюу толгой төсөлд одоогоор хэдэн тэрбумаар яригдах ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй далд уурхайг ашиглахгүй бол Оюу толгой төсөлд ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний ашиг гарахгүй. Тэгэхээр Рио Оюу толгойг орхино гэдэг яаж ч бодсон үндэслэл тооцоогүй, эдийн засаг талаас нь хараагүй гаргалгаа. Харин улстөрчдийн ирэх хавраас эхэлнэ гэж мэдэгдээд буй далд уурхайн бүтээн байгуулалт түр хугацаагаар хойшлох эрсдэл гарч мэднэ. Энэ мэдэгдэлд анхаарал татахаар өөр нэг үг бий. “Манай талын хувь нийлүүлэгчдэд ашигтай бол…” гэсэн үг. Риог төлөөлсөн эрхэм ингээд хэлчихээр Рио-гийн хувь нийлүүлэгчдэд л ашигтай бол гэсэн утга хүссэн хүсээгүй гараад ирж байна. Уг нь Монголын Засгийн газар, Оюу толгойн хөрөнгө оруулагчдын байгуулсан гэрээгээр бол “Хоёр талд харилцан ашигтай” гэсэн үндсэн зарчим үйлчлэх учиртай. Зүй нь Риогийн зэсийн группын гүйцэтгэх захирал “хоёр талд ашигтай тохиолдолд” гэж тодотгох учиртай байв. Магадгүй санаандгүй унагасан үг байж болох. Гэхдээ яах аргагүй л ийм утга уншигдахаар мэдэгдэл болжээ.

Ноён Себастиан ярианыхаа төгсгөлд “Зээлийн санхүүжилтийн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын сүүл хүртэл сунгах бүрэн боломжтой. Бид наад зах нь энэ үе хүртэл сунгаж чадна. Гэхдээ Монголын засаг яаж хандахаас хамаарна” гэж хэлжээ. Хоёр талын яриа хэлэлцээ эхлэх үед ойлголцолд хүрээгүй том, жижиг 30 гаруй асуудал байсан юм. Одоо зарчмын гурав, дөрөвхөн асуудал үлдсэн гэх мэдээллийг “Эрдэнэс Оюу толгой” компани өгөөд байгаа. ТЭЗҮ болон бүлэг ордын нөөцийн тодотголыг хүлээж авах, бүртгүүлэх, төслийн санхүүжилттэй холбоотойгоор санхүү­жилтийн нөхцөлүүдийг нарийвчлан судлах, зард­лын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягт­лах гэсэн асуудлууд үлдсэн гэсэн засаг талын мэдээллээс өөр мэдээ одоохондоо алга.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хонконгийн зуу зуун мянган тэмцэгчдийн тэргүүн- ЖОШУА ВОНГ

Хар өнгийн богино цамц­ныхаа энгэр дээр “Түүнийг хөөж явуул” (Лянь хэмээх Хонконгийн захирагчид зориулсан үг) гэсэн бичээстэй, зузаан нүдний шилтэй, царай муутай, пинтүү халимагтай хүүтэй уулзаж ярилцлаа. 18 нас хүрээд хэдхэн хонож байгаа тэрбээр зогсоо зайгүй хэн нэгэнтэй утсаар ярьж мессеж бичих юм. Хэн ч энэ хүүг анхлан хараад Хонконгт өрнөөд буй оюутны бослогыг санаачлагч, “Csholarism”(сколаризм-мэдлэг,боловсрол) хөдөлгөөний удирдагч гэвээс итгэхэд бэрх аж. Шашны сургуулийн 14 настай сурагч байхдаа хичээлийн хөтөлбөрт коммунист үзэл суртал ханхалсан хөтөлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн 120 мянган хүүхдийг жагсааж эцэстээ амжилтад хүрч байсан гээд бодохоор биедээ тохирохооргүй том “тархитай” нэгэн болж таарах нь. Түүнтэй Оросын “Новая газета”-ын сурвалжлагч ярилцсаныг хүргэж байна.

-Чи өнөөдөр унтаж амарсан уу?

-Замд явахдаа хоёр гурван цаг нойр авсаан.

-Лонг-во өргөн чөлөөг эзэлье гэдэг санаа урьдчилсан төлөвлөгөөний дагуу бус урсгалаараа гэнэт л шийдэгдсэн эсэргүүцэл гэдэг үнэн үү?

-Би сайн мэдэхгүй байна аа. Уг нь бид Иргэний талбайг эзэлж аваад тэндээ цаашид юу хийх вэ гэдгээ ярьж тохирно гэж байсан юм. Даанч талбайд цугларах үед намайг баривчилчихсан.

-Тэгэхэд анх удаа баригдсан билүү.

-Өө тийм. Өөрийгөө хориг­дох юм гэж ч төсөөлөөгүй. 46 цаг саатуулаад есдүгээр сарын 28-нд сулласан. Гарч ирээд хартал Ван-Чай, Козвэй-бэй гээд л төвийн бүх гудамж хүмүүсээр дүүрчихсэн байв. Ингэнэ гэж төсөөлөө ч үгүй.

-Яг одоо хувьсгал өрнөөд байна уу үгүй юу?

-Миний бодлоор л лав хувьсгал биш юм даг. Бид ижил хувцас өмсөөд зэвсэг бариад хүчнийхний эсрэг тэмцээгүй шүү дээ. Ер нь бол хүч хэрэглэхийн эсрэг л байгаа. Манай нөхцөлд ийм байж гэмээнэ иргэдийн дэмжлэгийг авах байх.

-Гэхдээ танай зарим залуус шийдэмгий тэмцэхийг уриалж байгаа сурагтай.

-Манай хөдөлгөөнд хэн ч бай хамаагүй бие дааж үйлдэл шийдвэр гаргаж болдог юм шүү дээ. Яагаад гээч. Анх энд цугларахдаа Засгийн газарт анхааруулга өгөөд л тарах юм бодож байлаа. Гэтэл суллагдаад гараад иртэл пиг дүүрэн хүмүүс бужигнаад гар бариад л.

-Энэ үйл ажиллагааг эхэлүүлсэндээ харамсах юм уу?

-Үгүй. Би өөрийхөө үйлдлийг хэзээ нэгэн цагт эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг. Хонконгийн оршин суугчид, иргэд бид ирээдүйнхээ төлөө тэмцэх үүрэгтэй гэдгээ тогтмол өөртөө сануулж байх ёстой.

-Гэхдээ энэ үүрэг хариуц­ла­гыг оюутан сурагчид бус томчууд үүрэх ёстой бус уу?

-Магадгүй л юм. Тэд чинь ажил төрөл, гэр бүлдээ анхаарал тавиад завгүй байх шиг байна.

-Хонконг Хятадын салшгүй нэг хэсэг мөн үү?

-Би л бас тэгж боддог. Гэхдээ эх газрынхны дэмждэггүй зүйлс энд илүү үнэ цэнтэй байдгийг мартаж болохгүй шүү дээ. Сонгох сонгогдох эрх, арга зүй Хятадад өөрчлөгддөггүй юм гэхэд энд Хонконгт өөрчлөх боломжийг хайх л хэрэгтэй.

-Энд цугларсан олон зуун мянган хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээж буй гэд­гээ ойлгож байна уу?

-За даа үгүй л гэж хэлнэ дээ. Энд цугларсан хүн бүр тусдаа, хэн нь ч одоо босоод явж болно.

-Хэн нэгнийг нь хороовол яана?

-“Сколаризм” юу хийж ча­дах юм бэ. Хүмүүсээ замаас холдоо­рой, тэнд аюулгүй байна гэх ёстой юм уу.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?

-Хонконгийн ирээдүйгээс л шалтгаална даа. Улс төрийн өөрчлөлт, иргэний эрх, засаг захиргаа зэрэг нь хэр хэмжээтэй өөрчлөгдөх нь вэ гэдгээс миний ирээдүй шалтгаална.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Д.Цогтбаатарыг мөрдөн шалгах явцад эрхийг нь зөрчсөн гэх гомдол ирвэл бид шалгах үүрэгтэй

Хүнийн эрхийн үндэс­ний комиссын дарга Ж.Бямба­доржтой ярилцлаа.

-Монголд хүний эрхийн байдал ямар байна. Ялан­гуяа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаал­тын явцад сэжигтэн болоод саатуулагдаж бай­гаа хүмүүсийн эрх хэр зөр­чиг­дөж байна вэ?

-Хүний нийгэм байгаа цагт аливаа зөрчил байдаг. Үүний адил хүний эрхийн зөрчил байж л байдаг. Гагцхүү ардчилсан нийгэмтэй улс юм бол хүний эрхийг дордуулсан хуультай байж болохгүйг дэлхий нийтээрээ шаарддаг л даа. Төрийн байгууллага нь хүний эрхийг зөрчиж болохгүй. Зөрчсөн тохиолдолд тэрийгээ нэн даруй арилгадаг байх хэрэгтэй. Арилгасныхаа дараа хохирсон бол нөхөн олговрыг олгодог байх ёстой. Тиймээс Хүний эрхийн үндэсний комисс хууль бусаар хоригдож, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн өмнөөс хуулийн байгууллагад төлөөлөн нэхэмжлэл гаргаад нөхөн төлбөрийг нь олгуулж байгаа. Хамгийн сүүлд гэхэд хүн амины хэрэгт сэжиглэгдэж 570 хоног хоригдсон хүнд манайх төлөөлөн нэхэмжлэл гаргаад, хоёр шатны шүүхээр 81 сая төгрөгийн нөхөн олго­вор олгуулсан. Ер нь жилд 2-3 гурван хүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаад нөхөн олговор олгуулж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагч болоод цагдан хоригдож байгаа хүмүүсийн эрхийн асуудал олны анхаа­рал татаж, байнга яригдаж, хэл ам дагуулсаар байна. Хүн хэрэг хийсэн бол хуулинд заасан ял шийтгэлээ эдлэх л ёстой. Харин тухайн хэр­гийг нь шалгах явцдаа, ял шийт­гэл оногдуулахдаа, эдлүүлэхдээ хүний эрхийг өчүүхэн ч зөрчиж болохгүй. Хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээс биш хүний нэр төрд халдах, зодож, зовоох, төрөл төрөгсөд хамаатан саданд нь халдаан хэрэглэх зэрэг зүйл ардчилсан Монгол Улсад хэрхэвч байж таарахгүй.

-Сэжигтнүүдийг урт хуга­цаанд саатуулах, цагдан хорих анги дамжуулан хорьдог явдал хүний эрх зөрчсөн асуудал уу?

-Энэ бол хоёр талтай л асуудал. Өнөөдөр шинжлэх ухаан техникийн ололтыг тэр болгон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ашиглаж чадахгүй байна. Нөгөө талаас гэмт хэргийн гаралт их байна. Ялангуяа хулгай, дээрмийн хэрэг дий­лэнх хувийг эзэлдэг. Ийм нөхцөлд нэг хүнийг тодорхой хугацаа­гаар хорьдог. Тодорхой нотлох баримттайгаар бариад авахаар хулгай, дээр­мийн хэрэг дээр цаана цаанаасаа олон хэрэг дам­жаад гараад байдаг. Үүнээс болж тухайн хүн удаан хуга­цаа­гаар хоригддог. Мөн томоо­хон дуулиантай авлигын хэрэг дээр удаан хугацаагаар хорих асуудал ч байна. Түүнчлэн мөрдөн байцаагчдыг хэрэг илрүүлэхийг дээр дороос шаар­дах, шахалт үзүүлэх явдал их байна. Мөрдөн байцаалтад саад учруулах, нотлох баримтаа устгах, мэдүүлгээ үгсэн нэгтгэх гэх зэрэг шаардлагын үүднээс хорьдог шиг байгаа юм. Аль болох цагдан хорих аргыг хэрэглэхгүй, гадуур батлан даалтад байлгаж, мөрдөн шалгах ажиллагаагаа явуул­даг болох чиглэлийг түлхүү баримталмаар байна. Улсын хэмжээнд тоо аваад үзэхээр цагдан хорих асуудал багасч байгаа юм. Өмнө нь аймгуудын цагдан хорих байранд 30-50 хүн цагдан хоригддог байсан. Өнгөрсөн тав, зургаан сард баруун гурван аймгаар явахад энэ тоо эрс буурсан үзүүлэлт харагдаж байна лээ.

Эрүүдэн шүүх гэдгийг манай УИХ-ын зарим гишүүн шал өөрөөр ойлгодог юм байна. Хүнийг улаадсан төм­рөөр хайраад л, Солонгосын түүхэн кинон дээр гарч байгаа шиг хүнийг тамлан зовоож, орилуулаад л, манай түүхэн дэх Манжийн үеийн есөн эрүү тулгаад л байвал эрүү шүүлт гэж үздэг юм шиг ойлголт одоо хаана ч байхгүй. Олон улсын конвенцийн агуулга чинь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхгүй байлгахад чиглэгдсэн байдаг шүү дээ. Энэ ойлголтуудыг чинь олон улсын гэрээ конвенциор тогтоогоод өгчихсөн юм. Энэ дагуугаа нэгдэн орсон улс орнуудаас биелүүлэхийг шаарддаг. Манайд нилээд түгээмэл байгаа хэлбэрүүд бол айлган сүрдүүлдэг, эрх чөлөөнд нь халдаж зоддог, сэтгэл зүйн дарамтад оруулдаг, удаан хугацаагаар хорьдог, цагдан хорих анги дамжуулдаг, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, нийгмийн уур амьсгал бүрдүүлдэг, гэр бүлд нь халдахыг оролддог зэрэг болно.

Монгол Улсын хуулинд ч байгаа. Олон улсын гэрээнд ч тусгасан. Тэр хүн чинь тухайн хэрэг үйлдсэн газраа гэр бүл төрөл төрөгсөдтэйгээ ойрхон цагдан хоригдож, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдтэйгээ байнга харьцаж байх эрхтэй. Бас хүмүүсийн сэтгэл зүйд Төв аймаг, Зүүн хараагийн цагдан хорих гэж аймаар газар байдаг шиг ойлголт төрүүлээд байх юм. Тийм биш. Нөхцөлийн хувьд харьцангуйгаар адилхан болгох шаардлагыг тавиад захаасаа гайгүй болж байгаа. Гагцхүү нөгөө хүмүүс өмгөөлөгчтэйгээ тэр болгон уулзаад байх боломжгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй учраас ар гэрийн эргэлт авч байх ёстой. Тэр боломж нь хязгаарлагдмал болчихдог. Тийм л шаардлагын үүднээс тухайн нутаг дэвсгэр дээр нь тухайн цагдан хорих байранд байлгах ёстой гэдэг шаардлагыг бид тавьдаг. ХЭҮК-оос УИХ-д өргөн мэдүүлсэн 13 дахь илтгэлдээ ч бид зөвлөмж болгосон байх жишээтэй.

-Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан саатуулагдаж байгаад амиа алдсанаас хойш хорих байранд хоригдож буй хүн нас барах тохиолдол удаа дараа гарлаа. Хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр биз дээ?

-Ер нь хорих ангид хүн нас барах тохиолдол гардаг. Тэр нь ямар нэгэн хорих байгууллагын буруутай үйл ажиллагаанаас юм уу, эсвэл эрүү шүүлт, хууль бус үйл ажиллагаанаас болж хүн нас барсан тохиолдол нэг ч байхгүй. Гагцхүү суурь өвчнөөс болж байна. Харин Амарсайханы хувьд хүний эрхийн том зөрчил болсон гэдгийг хавар болсон Хүний эрхийн дэд хорооны хурал дээр тодорхой ярьсан шүү дээ.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байдлаас болж нас барж байгаа юм биш үү?

-Тийм зүйл огт байхгүй. Эмнэлгийн тусламж үзүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бол өөрийн том эмнэлэгтэй. Хорих ангиу­дад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой. Бүр болохгүй тохиолдолд гурав дахь шатны эмнэлгүүдэд харгалзагчтайгаа харуул хамгаалалтын дор хэвтэж эмчлүүлэх шаардлага гарч байгаа.

-Ерөнхий сайдын туслах Тулгын асуудал юу болсон бэ. Тэрээр хорих ангид саатуулагдаж байх хугацаандаа эмнэлгийн тусламж авахын тулд танай байгууллагад үүрүүлж ирсэн гэсэн. Энэ тухай Байнгын хорооны хурал дээр хэлж таны байсныг сонслоо л доо. Үүнийг тодруулах гэсэн юм?

-Тулгын тухайд ээж нь хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа манайд гомдол гаргасан. Бид газар дээр нь очиж шалгасан. Эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Гурав дахь шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой гэж. Тэгээд явж чадахгүй, 461 дүгээр ангийн эмнэлгээс үүрч авчран манай ажилтантай уулзалтын өрөөнд уулзуулсан байсан. Бид энэ асуудлыг Ерөнхий прокурорт хандаж, нэн яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн л дээ. Энэ асуудлыг Ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна лээ. Ингээд Нийслэлийн прокурорын газраас арга хэмжээ аваад Тулгыг Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн хариу бидэнд мягмар гаригийн өглөө ирсэн. Асуудал ингэж л шийдэгдээд явж байх ёстой. Өөрөөр хэлбэл, харуул хамгаалалтын дор зайлшгүй шаардлагатай эмчилгээг нь хийлгээд явах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс тэр хүний хэрэг хийсэн эсэх нь бидний асуудал биш. Харин төрийн тодорхой албадлагын арга хэмжээнд орсон үедээ эрх чөлөө нь зөрчигдөж байна уу гэдэгт бид анхаарч байгаа юм.

-ТЕГ-ын Сөрөх тагнуулын дарга асан Д.Цогтбаатарын хэрэг олны анхаарлын төвд орсон. Танайд хоёр ч удаа захидал өгсөн боловч хариу өгөхгүй байна гэж байна лээ. Та түүний захидалтай танилцаж үзэв үү?

-Д.Цогтбаатарын тухайд хэргийн асуудлаар бичээд байгаа. Бид түүний хэрэг хийсэн, хийгээгүй тухайд нь оролцох ёсгүй. Харин хэрэг мөрдөн шалгах явцдаа түүний эрхийг зөрчсөн үү, эрүү шүүлтэд өртүүлсэн үү гэдэг талаас нь л гомдлыг нь шалгах үүрэгтэй. Найруулагч Бадамрагчаа нарын гурван иргэнийг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан тухай кино хийж байсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан шүү дээ. Д.Цогтбаатарын хэрэг үүнээс үүдэлтэй юм билээ. Бадамрагчаагийн хэрэг цагаадангуут эргүүлээд тэр үед тагнуулын албанд ажиллаж байсан хүмүүст эрүү үүсгээд шалгаж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Хэргийн асуудал бидэнд огт хамаагүй. Гагцхүү хүнийг эрүүдэн шүүж, тарчлаан зовоож болохгүй.

-АТГ-ын дэд дарга Б.Хурц хувийн өс хонзонгийн улмаас өөрийг нь удаан хугацаагаар хорьж, хууль зөрчөөд байгаа талаар Д.Цогтбаатар захидалдаа бичсэн байсан л даа. Энэ нь түүний эрх зөрчигдөөд байгааг хэлээд байгаа юм биш үү?

-Тэрийг тогтоох боломж бидэнд байхгүй. Үүрэг ч байхгүй. Манай ХЭҮК-ын тухай хуулинд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авахгүй гээд тодорхой заасан. Харин тухайн иргэн хоригдох явцад эрх нь зөрчигдөж байвал бид хүлээж авдаг.

-Манай улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэх тухай Байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ конвенцид манайх нэгдэж ороод 10 гаруй жил болж байна. Харин одоо нэмэлт протоколд орж байгаа юм. Үүний гол ач холбогдол нь гэвэл эрүүдэн шүүхийн эсрэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцох үндэсний байгууллагыг байгуулах асуудал байгаа юм. Тэр нь Монгол Улсад ХЭҮК байхаар оруулж байгаа. Гэхдээ ганц хорих ангид биш. Ерөөсөө эрх нь хязгаарлагдсан хүмүүст хамаатай. Энд хорих газрууд, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмчилгээ сувлигааны газар, тухайн улсад нэвтэрч чадахгүй байгаа визийн зөрчилтэй ч юм уу асуудалтай иргэдийг түр саатуулдаг байр зэрэгт чөлөөтэй нэвтэрч хяналт шалгалт хийдэг болох юм. Хорих ангиудад энэ үйл ажиллагааг ХЭҮК одоо ч хэрэгжүүлж байгаа.

-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар багц хуулиудыг хэлэлцэж байна. Эдгээр хуулиуд батлагдан гарвал ач холбогдлыг нь та хэрхэн харж байна?

-Юуны төлөө байнгын ажиллагаатай парламенттай билээ дээ. Яаралтай энэ олон хуулиудыг иж бүрнээр нь гаргах хэрэгтэй байна. Ингэхгүйгээс болоод нөгөө шинэчлэл хийсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхгүй, харин ч буруу ойлголт өгөөд байна. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль гэх мэт хуулиудыг нэн яаралтай гаргахгүй бол болохгүй байна. Монгол Улс 2012 оны 12 дугаар сард цаазаар авах ялыг халж, конвенцио баталсан. Урьд нь Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн тохиолдолд хуулинд зааснаар 30 жилийн хорих ялаар сольдог байсан. Харин одоо нэгэнт цаазаар авах ялгүй болсон болохоор 25 жилийн ял оногдуулдаг болсон. Уг нь үүний оронд хугацаагүй хорих ял хэрэглэх тухай яригдаж байсан. Энэ хуулийг яаралтай оруулж ирэх ёстой байтал Гэмт хэргийн тухай хууль нэг мөсөн оруулж ирнэ гээд хоёр жил боллоо. Үүнээс болоод олон хүндрэлтэй асуудал гарч ирж байна. Нэг хэсэг хүн 30 жилтэй сууж байна. Нөгөө хэсэг нь 25 жил авсан байдаг. Цаазаар авах ялыг халсан нь зөв. Харин ихэнх орнууд хугацаагүй хорьдог. Тухайн хүний ялыг тодорхой хугацааны дараа эргэж хараад, бололцоотой бол сулладаг хуультай. Манайх ч тэр концепцоор санал оруулсан. Одоог хүртэл УИХ энэ талаар хуулийг батлах үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээс хүний эрх зөрчигдсөөр байна.

-Хэрэгт холбогдсон хүмүүс саатуулагдаж байх хугацаандаа өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй ярилцаж байх өрөөтэй болсон нь хүний эрхийг дээдлэх нэг том ажил гэж байсан байх аа. Үр дүнгээ яаж өгөх вэ?

-Энэ бол хэдэн жил хөөцөлдөж явж байгаад хийж байгаа ажил юм. Нэг ийм яриа байдаг юм. Хэргээ таслуулсан хүнд хандаж “Төгсгөлийн хэлэх үг байна уу” гэж асуухад “Одоо юу байхав дээ, хэлэхгүй байя гэсэн болгоныг прокурор хэлчихлээ. Хэлье гэсэн болгоныг өмгөөлөгч хэлчихлээ” гэсэн байгаа юм. Ийм л байх ёстой. Тиймээс өмгөөлөгч нь утсаар яриад, нарийн ширийн юмаа ярьж чаддаггүй. Харин прокурор бол хуулийн дагуу бүхий л үйл ажиллагаагаа ямар ч аргаар хийж болдог. Ийм байж таарахгүй. Тэр хүнийг хамгаалах ганц хүн бол өмгөөлөгч байгаа юм. Илэн далангүй ярьж, уулзах боломжийг бүрдүүлэх ёстой. Жишээлбэл, тэнд бид ямар шаардлага тавьдаг вэ гэвэл тусгай өрөөнд уулздаг байх ёстой. Сонсч чагнадаг төхөөрөмж байх ёсгүй. Харин аюулгүй байдлыг нь хянах шаардлагын үүднээс видео бичлэг хийж болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Болдбаатар: Иргэд цагдаагийн ажлыг үнэлгээний хуудсаар дүгнэдэг болно

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нээлттэй, иргэдийн оролцоотойгоор анх удаа сонгон шалгарууллаа. Та уг шалгаруулалтад найман зорилтот бүхий “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөлбөр дэвшүүлсэн. Яагаад найрсаг цагдаа гэх хөтөлбөр гаргав?

-Цагдаагийн албаны тухай хууль шинээр гарч мөрдөгдөж байгаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллагыг бий болгох. Ийм үндсэн зарчмын хүрээнд цагдаагийн байгууллага, тэр дундаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрыг байгуулсан. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үндсэн үүрэг чиглэл бол Улаанбаатар хотын иргэдийн амгалан тайван байдлыг хангах. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн оролцоотой буюу иргэдээс ирсэн бүх санал хүсэлтийг цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн цагдаагийн байгууллагуудын хөгжсөн үндсэн зам нь иргэдийнхээ итгэлийг олсон явдал. Иргэдийнхээ итгэлийг олж байж л цагдаагийн байгууллага хөгждөг. Улаанбаатар хотод гарч байгаа нийт гэмт хэргийн тодорхой хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлдэг. Үүнийг багасгахад эргүүлийн болон иргэдтэй нүүр тулж уулздаг хэв журмын цагдаагийн үүрэг оролцоо их. Иргэд хохирсон болон цагдаагийн байгууллагад бусад зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргахад хамгийн түрүүнд очиж байгаа нь цагдаагийн байгууллагын ажилтан. Тийм учраас үүргээ зохих ёсны дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Цагдаагийн албаны үйл ажиллагааны журмаар зохицуулагдчихсан.

-Иргэдтэйгээ яаж ойртож ажиллах вэ. Иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллага гэж та дээр ярилаа?

-Эхний ээлжинд бид цагдаагийн байгууллагад хандсан бүх санал, гомдол, өргөдөл дээр ажиллана. Одоо ч ингэж ажиллаж байна. Зөвхөн утсаар мэдээлэл аваад зогсохгүй бусад бүх мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл авна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал, мэдээлэл дээр ажилласан цагдаа нарыг иргэдээр үнэлүүлдэг үнэлгээний хуудас гэдэг зүйлийг гаргаж ирж байна. Дуудлагад очсон цагдаа тухайн иргэнээр үйл ажиллагаагаа үнэлүүлэх юм. Үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үнэлүүлнэ гэсэн үг. Иргэн болгон цагдаагийн байгууллагад хандаж, гудамж талбайд гарсан зөрчлийг мэдээлэх бүх сувгийг нь нээлттэй болгох бэлтгэл ажил нь хангаагдаад явж байна.

Бид иргэдээс ирсэн дуудлага болгонд хүртээмжээ хүргэхийн тулд ажиллаж байна. Улаанбаатарт 69 машин 24 цагаар зөвхөн иргэдийн дуудлага болон тухайн нутаг дэвсгэр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилладаг, машинтай эргүүлүүд шүү дээ. Дээр нь явган эргүүлүүд бас ажилладаг. Урьд шөнийн байдлаар гэхэд цагдаагийн байгууллагад 4968 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүний 1776 нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байжээ. Энэ болгон дээр цагдаа нар ажилладаг.

-Цагдаа нарын зан харилцаан дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ байдал сүүлийн үед багасч байна уу даа гэж харагдаж байгаа?

-Ноднин бид судалгааны байгууллагуудаар цагдаагийн албан хаагчдын зан харьцаанд судалгаа хийлгэж үзсэн л дээ. Нийт иргэдийн жар орчим хувь нь цагдаагийн алба хаагчдын харьцаанд шүүмжлэлтэй хандсан. Үүнийгээ бид засч залруулах ёстой гэж үзэж байна. Тэгэхийн тулд бид нэгдүгээрт ажлын ачаалал болон хөдөлмөрийн үр бүтээлийг нь зөв дүгнэдэг болж тухайн алба хаагчийнхаа ажилдаа хандах итгэлийг нь дээшлүүлж байгаа. Тухайн алба хаагч өөрийн хувийн гэсэн ямар нэгэн стрессгүй, элдэв янзын зөрчилгүй болоод ирвэл аяндаа иргэдтэйгээ тэр хэмжээгээр харьцаад эхэлнэ.

Гэхдээ цагдаа хуулийн хүрээнд үйлчилгээгээ албадах журмаар ч хэрэгжүүлж болно. Яагаад гэвэл цаана нь иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас зөрчиж байгаа иргэнд хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээ авна.

-Нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр Улаанбаатар хотод согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрс өссөн талаар ярьж байна лээ. Ийм төрлийн гэмт хэргийг багасгахад яаж ажиллабал дээр вэ?

-Нийт гэмт хэргийн жараад хувь нь согтуугаар үйлдэгддэг. Бусдын бие махбодид гэмтэл учруулах болон танхайн гэмт хэргүүд голчилж байна. Тийм болохоор архидан согтууралтай тэмцэх, архины зөв хэрэглээг төлөвшүүлэх зэрэг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд зөвхөн цагдаагийн байгууллага биш төрийн болон төрийн бус бусад байгууллагууд ч ажлаа чиглүүлэх шаардлага гарч ирж байна. Гэвч энэ нь нийгмийн янз бүрийн шалтгаанаас болоод биелэгдэх нь удаашралтай байна. Гэсэн ч бид цаашид бүх ажиллагаагаа ийшээ чиглүүлэхээс өөр арга байхгүй. Ер нь урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн ажил. Хэрэг гарсны дараа хөөцөлдөх биш урьдчилан сэргийлж, шалтгаан нөхцөлийг нь тогтоогоод, түүнийг нь арилгуулах талаар бид ажиллаж байгаа.

-Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгож өөрчиллөө. Дотоод бүтцэд нь ямар өөрчлөлт оров?

-Бид цаашид хороо болон анхан шатны нэгж дээр байдаг буюу хорооны хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа, эргүүлийн офицеруудынхаа үйл ажиллагааг илүү нягтаршуулъя гэсэн бодлогыг баримталж байгаа. Орон тоог нь нэмж, ачааллыг нь багасгана.

Одоо 167 олон нийтийн цагдаагийн албан хаагч дүүргүүдэд ажиллаж байгаа. Эхний ээлжинд гэрээгээр ажилласан. Өнөөдөр бид энэ үйл ажиллагааныхаа нээлтийг хийнэ. Нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлах гэсэн ийм үндсэн гурван чиглэлээр эдгээр албан хаагчид маань ажилладаг.

-Улаанбаатар хотын Цагдаагийн даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн хөтөлбөрийг тань иргэд ихэд дэмжсэн байна лээ?

-Иргэдийн зүгээс өөрийгөө хамгаалуулах гэсэн дуудлага өгөхөөс гадна ойр орчныхоо гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллэх тоо өсөөд байна. Өөрөө холбогдоогүй ч гэсэн миний хажууд ийм зөрчил байна шүү, энийг ирж шалгаарай. Энд нэг согтуу хүн унтаж байна, тэнд тийм хүн явж байна, манай хажуу айлын хаалга онгорхой байна гэдэг ч юм уу энэ мэтээр хандах хандлага их өсөөд байгаа. Үүнийг бид иргэдийн цагдаад итгэх итгэл гээд байгаа юм. Хоёрдугаарт, цагдаагийн албан хаагчид талархсан, магтсан магтаал ирэх нь өссөн байгаа. Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн зөв үйлдлүүдийг ч сайшаасан, нийтэд түгээсэн мэдээлэл их явж байна. Үүнээс үзэхэд иргэд бидэнд итгэж байна гэж ойлгож байгаа.

-Иргэд цагдааг өөрт нь хэр үйлчилснээр нь дүгнэж, үнэлгээний хуудас бичдэг болж байгаа нь сонирхолтой дуулдаж байна?

-Үнэлгээг янз бүрийн хэлбэрээр авна. Дуудлагаар очсон бол цагдаа үүргийнхээ дагуу үйлчилнэ. Иргэд үнэлгээгээ цаас болон бусад сүлжээг ашиглаж өгөх юм. Эхний ээлжинд цаасаар үнэлгээг нь авна. Сэтгэл ханамж, хүсэлт зэргийг нь хүлээж авах юм. Иргэдийн санал бидэнд маш чухал шүү дээ. Иргэдээс ирсэн үнэлгээг харгалзаад алба хаагчдаа зөв үнэлдэг, дүгнэдэг болно.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: АН-д хэзээнээсээ л улс төрийн хүчнүүд нэгдсээр ирсэн шүү дээ


УИХ-ын гишүүн Д.Арвин­тай ярилцлаа.

Улс төр нэлээд бужигнаж байна. АН МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь араасаа ихээхэн шуугиан дагуулж байна. Э.Бат-Үүл дарга чхатуухан мэдэгдэл хийлээ. Энэ намын ги­шүү­ний хувиар та ямар байр суурьтай байна вэ?

-Хотын төсөвтэй хол­боо­тойгоор Э.Бат-Үүл дарга сүүлийн үед маш их бухимдалтай яваа байх. Монгол Улсын хүн амын бараг 50 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгэхээр хот бол хүн ам олонтой,ачаалал ихтэй хүндрэлтэй бүсэд тооцогдож байгаа.Яалт ч үгүй хөдөө орон нутгийнхан хот суурин газар бараадаж, энэ ачааллыг үүсгэж байна л даа. Гэтэл ийм байхад хотын төсөвт байж боломгүй зүйл тусгагдсан нь Э.Бат-Үүл даргын бухимдлыг төрүүлсэн биз.Энэ бухимдлаасаа гараагүй явсан учраас АН-ын МАХН-тай хийсэн гэрээ хүндээр туссан байж магадгүй.Гэхдээ энэ бол АН-д байдаг л үзэгдэл. Шүүмжлэлтэй хандсан зүйлээ хэнээс ч айж эмээлгүй хэлж чаддаг чанар бол АН-ын гишүүдэд л байдаг. Ардын намынхан шигингээд хэлчихвэл хөөгдчих болов уу гэж даргынхаа амыг харж, амаа хумхиж явдаггүй хүмүүс шүү дээ. Тэр л чанараараа асуудалд хандаж байна гэж ойлгосон.

Гэхдээ ҮЗХ-гоор хэлэл­цээ­гүй байж, Н.Алтанхуяг дарга дур мэдэн гэрээнд гарын үсэг зурлаа гэдэг зэмлэл бий. Тэр нь алдаа болсон гэж ойлгосон…

-ҮЗХ-ны тэргүүлэгчдийн 2014 оны тавдугаар сарын хурлаар энэгэрээний асуудлыг хэдийнэ шийдвэрлэсэн юм билээ.Өөрөөр хэлбэл “МАХН болон бусад намтай гэрээ хийж хамтарч ажиллана” гэдэг шийдвэрийг ҮЗХ-ны тэргүүлэгчдийн хурлаар гаргасан юм байна. Үүнийхээдагуу явуулж байгаа ажил гэж ойлгосон. Тэрнээс биш Н.Алтанхуяг даргын ганцаараа шийдээд байгуулчихсан гэрээ биш юм билээ.

Ямар ч байлаа гэсэн энэ нь АН-ынхныг хооронд нь зөрчилдүүлээд,хагарал­дуулаад эхлэх шиг боллоо. Магад­гүй үүнээс болж Засгийн газраа огц­руулж, АН-ын нэр хүндийг унагаж, 1996-2000 оны үеийг ч давтах юм биш биз дээ гэсэн таамаглал ч байна…

-МАХН-тай хамтарч ажил­лах гэрээ байгууллаа гээд эсэргүүцэх хүн АН-д олон байхгүй болов уу.Бусад намууд АН-тай хамтарч нэгдэж байгаа процессыг хараад надад тэс өөр бодол төрж байгаа. Монголд өнөөдөрэв нэгдэл бий болох нь гэдэг бодол төрж байна.

Бид сүүлийн 20 жил тэмцэлдлээ. Намаар ялгарч, нэг нэгийгээ элдвээр цоллож, хэрэлдлээ шүү дээ.Мэдээж нэг нийгмээс нөгөөнийгэм рүү шилжиж байгаа шилжилтийн үед гарч болох л үзэгдэл гэж үүнийг зөвтгөж болох юм. Тэгвэл одоо энэ циклиэсээ бид гарч, шинэ шатанд шилжиж байна. Тэр ньэвсэн нэгдэх процесс. Ардчиллыг хүн болгон хүлээн зөвшөөрч байна, үр дүнд нь улс төрийн намууд хамтач, хүчээ нэгтгэх шийдвэрүүд гаргаад эхэллээ. Үүний нэг илрэл нь МАХН, АН-ын сая байгуулсан гэрээ шүү дээ. Тэр дундаа Н.Энхбаяр дарга улс төрийн нэг хүчинтэй хамтарч ажиллая, улсаа хөгжүүлье, нэг баг болъё гээд ирж байхад түлхэж болохгүй. Яагаад хамтарч болохгүй гэж. АН хэзээнээсээ хэдхэн хүний нэгдэл байгаагүй. Миний мэдэхээсМоАХ, МҮДН гэх мэтээр маш олон улс төрийн байгууллага нэгдэж АН-ыг бий болгосон.Энэ үүднээс нь харвал өнөөдөр эв нэгдлийн цөм нь өөрөө болчихсон байна.Одоо удахгүй ИЗНН, МҮАН ч гэсэн АН-тай хамтран ажиллах гэрээ хийх гэжбайгаа юм билээ. Бүгд л тохирчихсон шүү дээ.

Тэгэхээр АН-ын явуулж байгаа бодлого зөв гэж үү?

-Тийм. Улс төрд зөв голдирлоо олохын тулд хэнтэй хамтарч, улс орноо хөгжүүлж чадах вэ гэдгээ л хардаг. Тэгж харах юм бол эвсч, нэгдэж болох хүчин нь өнөөдөр АН л байна шүү дээ. Тийм учраас энэ намд хүмүүс элсч, нэгдэх процесс өрнөж байна. Яг 13 дугаар зуунд Чингэс хаантай олон овог аймаг нэгдэж, нийлж хүчээ нэгтгэж байсантай адил.Өнөөдөр хар л даа. МҮАН-аас Д.Батцогт гишүүн АН-д ороод ирлээ. Би ч энэ намын гишүүн болсон. Намайг дагаад дөрөв, таван зуун хүн АН-ыг сонгосон шүү дээ. Үнэндээ МАН ч өнөөдөр АН-тай хамтарч ажиллах гээд гүйлдээд байгаа нь нууц биш. Тийм л учраас улс төрийн үйл ажиллагааг хурцатгаж, элдэв аргаар үзэж байгаа.Хамтарч ажиллая, Засгийн газарт чинь оръё, нэг хоёр сайдын суудал авъя гээд гүйлдэж л байгаа гэж бодож байна.

Монгол Улс өнөөдөр дэлхийн сонирхлын төвд орлоо. Энэ бол мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавьяа. Гадна талд Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдсэн бол дотооддоо АН-тай хамтрах хүсэл эрмэлзэл өссөн байна.Ийм үе яах аргагүй иржээ. Мэдээж биднийг нэгдэж нягтруулах дургүй гадны нөлөөлөл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эцэс төгсгөлгүй хэрүүл, тэмцлээс ард түмэн залхаж байна. Гадаа гудамжинд өдөр шөнөгүй цагаан хоолойгоор орилж, иргэдийн тархийг угаадаг байдлаас залхаж байна. Ард түмэн аяндаа ялгаж, салгадаг болсон байна шүү дээ.

-2012 оны сонгуулиар олгогдсон бүрэн эрх нь дуусахад ердөө хоёр жил үлдчихсэн байхад Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн нь өөрөө хий хоосон улстөржилтийг бий болгож,ажил гацаах үндэс боллоо гэж харах хүмүүс ч байгаа…

-Өнөөдөр үйлчилж байгаа хууль дүрэм нь энэ гацааг үүсгэх механизмыг бий болгочихсон байна. Ингээд бодохоор парламентын засаглал гэж хашгичиж байснаас нэгмөсөн Ерөнхийлөгчийн засаглалтай болоод,чаддаг аавын хүү нь гарч ирээд бүгдийг нь базаж, эвэнд нь оруулаасай гэж заримдаабодогдох үе гардаг. Гэхдээ монголчууд хэдийнэ сонголтоо хийсэн. Бид парламентын засаглалтай улс. Тиймээс үүнийгээ төгс болгох хэрэгтэй.

Харамсалтай нь өнөөдөр улс төрийн бүдүүлэг “авир” хэрээс хэтэрлээ. Сайд, дарга болсон нэгийгээ үзэж чаддаггүй соёл улс төрийн хүрээнд үйлчилж байна.Жишээ нь, өнөөдөр улстөрчид М.Сономпил сайдыг хараад “Та сайдаасаа буугаад ирсэн чинь гоё харагдаж байна.

Сайд байхдаа зэвүүн бай­сан шүү” гэж хэлж бай­на. Тэгэхээр сайд гэдэг ал­бан тушаал сонирхлын төв, хүн болгоны мөрөөдөл болчихсон юм байна.Өөрөө сайд болоогүй бол сайд болсон нэгнийг үзэн яддаг, огцруулахын төлөө улайрдаг болчихож. Үүнийг л хараад харамсч байна.Сайн ажиглаарай, одоо сай­дын алба хашиж байгаа хэн нэгнийг огцруулахын төлөө өмнөх засагт сайд хийж явсан нөхдүүд илүүтэй улайрч, тэмцдэг. Өнөөдөр сайдаа ч томилж чадахгүй, оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтөө хийж чадахгүй, улс орны ажлыг гацааж байгаа нь Монголын улс төр хэр бохирдож, доройтсоныг тод томруун харуулаад байна даа.

Улс төрийн намуудын сайдын суудлын төлөөх ашиг сонирхол нь эцэстээ төрийн ажлыг гацаачихлаа. Ингэж байснаас бүгдийнх ньхүсэл сонирхлыг хангаад ажлаа гацаагүй явуулбал ард түмэнд хэрэгтэй ч юм шиг…

-Хэт тэгж болохгүй л дээ.Үндсэн хуульдсонгуулиар олонхийн санал авсан нам үзэл онолоо хэрэгжүүлж, бусадтай эвсэх хамтрах эсэхээ шийдэх эрхтэй байдаг.Тиймээс одоо шинэ бүтцээр ажиллах гэж байгаа юм бол бүрэлдэхүүнээ хурдан бүрдүүлээд хөлөө олоод явах ньард түмэнд хэрэгтэй. Ер нь АН төрд гарч ирээд олон зүйл хийсэн. Хэзээ гэр хорооллыг төлөвлөж байсан юм, хэзээ дулааны станц барьж байлаа даа. Аливаа төсөв төлөвлөгөөг өөрөөр явуулах гэж хичээж байна. Хүн болгонд май гээд арван мянган төгрөг өгөх биш. Шинэ урсгал, арга барил нэвтрүүлэхээрзорьж байна. Харамсалтай нь өөрчилж, шинэчилж байгаа энэ орчинд дасахгүй хүмүүс бий. Хуучин шигээ бодоод яваа нэг хэсэг байна. Тэдний ярьдаг зүйл нь гадны хөрөнгө оруулалт зогслоо гэдэг үг. Айл гэрээртөсөөлөөд үз. Гадны хүн гэрт нь суучихаад өдөр болгон мөнгө өгөөд байвал сайхан л байх. Гэвч удаан үргэлжилбэл гэр бүлийн уур амьсгал таагүй болж эхэлнэ биз дээ.

Үүнтэй адил шүү дээ. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт байх ёстой. Гэхдээ зохистой хэмжээнд, аль салбарт яаж оруулах вэ гэдэг нь бидний өөрсдийн бодлого байх ёстой. Түүнээс бишхавтгайруулж, юм болгон дээр гадныхны гарыг харж сууна гэдэг утгагагүй. Гадныхан Монголд их хөрөнгө оруулалт хийж,тийм их мөнгөтэй байх үед тэгвэл Монгол Улс яагаад хөгжөөгүй юм бэ.Харин өнөөдөр бидөөрсдөө хөгжлөө түргэтгэхийн төлөө илүү их хичээл, зүтгэл гаргаад байгаа юм биш үү.

МАХН-тай байгуулсан гэрээг АН-ын зарим хэсэг нь хүчтэй эсэргүүцээд байгаа нь намд нь биш Н.Энхбаяр гэдэг хүнд нь дургүйдээ байна уу гэж бодогдохоор байна…

-Явуулга их байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр гэдэг хүн алдаа дутагдлаа тунгааж үзсэн байх. Тийм ч учраас гарч ирсэн болов уу. Ийм байхад нь энэ хүнийг улам гишгэлэх хэрэггүй.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчөө уучилсан. АН-ыг ойлгоод дэмжээд хамтраад ажиллая гэж ирж байхад нь бусад шиг аваад явах л хэрэгтэй. Ингэлээ гээд намын дүрмийг зөрчсөн асуудал байхгүй. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарлаа гээд эсэргүүцэж байгаа бол социализмын үеийн хоцрогдсон сэтгэлгээгээрээ явж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Алдсан дээр нь дөрөөлж хүнийг улам дардаг, булшилдаг, харгисаар шийтгэдэг гашуун туршлага тэр үедээ л үлдэг.АН ийм зүйл хийхгүй болов уу гэж харж байна.

Таныг Ардын намд байх цагаас л Н.Энхбаярын хүн гэлцдэг байлаа.Одоо ингээд ярихаарН.Энхбаярын талд бат зогсогчдын нэг хэвээрээ юм байна гэж хэлэх байх?

-Хэрэв би Н.Энхбаярын хүн байсан бол МАН задарч МАХН салахад Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дагаж явах байлаа. Гэвч тэгээгүй. АН-ыг сонголоо шүү дээ. Өнөөдөр миний араас Ш.Адьшаагаас эхлээд маш олон хүн АН-ын батлахыг авахаар зэхэж байна. Н.Энхбаяр ч бай хэн ч бай наашаа тэмүүлж байгаа тэднийг дэмжих нь миний үүрэг. Зөв хүчнийг сонгож ирж байна гэдэг утгаар нь дэмжиж байгаа юм.

Н.Энхбаяр улс төрдэр­гэн ирсэн нь Ардын намынх­ныг сандралд оруулж байх шиг байна.МАХН ч хоёр хуваагдсан мэт дүр зураг харагдаад эхэллээ. Та энэ тал дээр юу харж байна вэ?

-МАХН-ын хувьд дотоод асуудал нь байх. Нам дотроо муудалцах, маргалдахасуудал байдаг шүү дээ.МАН-ынхны хувьд мэдээж болгоомжилж байгаа нь ойлгомжтой. Ер нь Н.Энхбаяр дарга албан тушаалтай байх хугацаандаа Ардын намын бүх хүнийг хөтөлж аваачиж ажилтай болгосон шүү дээ.

Ер нь хэн байх нь хамаагүй ядарсан зовсон хүн бүрийг өрөвдөж, туслах юмсан гэж боддог миний зан юм шиг байна лээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Оргосон сэжигтнүүд үнэт эдлэл хулгайлж, хотын төвөөр сэлгүүцэж байжээ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн есдүгээр сарын 4-ний үүрээр 22 настай “Дэлдээ” хочит Б.Амарбаясгалан, 23 настай Э.Вантөмөр нар оргосон билээ. Хууль хянал­тынхан оргосон хоригд­луудыг хаана бай­гааг тогтоож чадалгүй 20 гаруй хоносон юм.ХаринБ.Амарбаясгаланг”Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд явж бай­хад нь барьсан юм. Мөн Э.Вантөмөрийг найз охины­хоо гэрт орогнож бай­хад нь барьсан. Тэд цагдан хорих төвөөс ямар учраас оргосон, 23 хоног хаана бүгсэн талаар нэхэн сурвалжиллаа.

ЕСДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ШӨНӨЦАГДАН ХОРИХ ТӨВӨӨС ИНГЭЖ ОРГОСОН БАЙНА

Б.Амарбаясгалан, Э.Ван­төмөр нар цагдан хорих төвийн гуравдугаар давхарт байх камерт хамт хоригдож байсан гэнэ. Цагдан хорих төвд саа­туу­лагдахдаа танилцаж найзууд болцгоосон байна. Тэд оргохоор эртнээс бэлтгэж эхэлсэн байжээ. Оргох санааг Б.Амарбаясгалан гаргасан гэнэ. Тэрбээр Э.Вантөмөрт хандан “Энд хоригдож байгаад шүүхээр таслагдаад шоронд хэдэн жил суух юм байна. Шүүх хэдэн ч жилийн хорих ял өгөх юм билээ. Ингэж байж байхаар оргоё. Тэгээд мөнгөтэй болж байгаад гадаад руу гарчих юм бол хэдэн жил тэндээ амьдарч байгаад эргээд ороод ирнэ шүү дээ. Хамт оргох уу” гэж хэлсэн гэнэ. Ингээд ар гэрийнхэн нь эргэлтээр ирэхэд “Солих хувцас хэрэг­тэй байна” хэмээн өмд, цамц зэргийг авчруулжээ. Б.Амарбаясгалан нь эргэл­тээр ирсэн гэрийнхэндээ хутга захиж нууцаар дотогш нэвтрүүлсэн байна. Тэд оргох бэлтгэлээ эртнээс хангаад бэлэн болгосон байжээ. Бүр хоригдож байгаа камерны нарлагааны сараалжин төм­рийг хөшиж гагнаасыг нь сал­гаад гурван давхраас доош буухаар тохиролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлах үеэр нийслэлийн хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авсан аж. Өндөржүүлсэн хам­гаа­лалт шөнө буусан байна. Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг хэрхэн оргож байгаа нь цагдан хорих төвийн хяналтын камерт бичигдсэн байжээ. Хорих ангид хийгдсэн өндөржүүлсэн хамгаалалт буусны дараа орондоо хэвтэж байхдаа гэрийнхэн нь авчирч өгсөн цамц, өмд зэргийг дав­хар­лаж өмссөн байна.Б.Амарбаясгалан нааран орны гудсан доогуураа нуусан хутгаа авч халаасандаа хий­гээд орныхоо даавууг хөнж­лөөс нь салгаж авсан байна. Тэгээд нарлагааны цонхны сараалжин төмрийг нэг нэгээр нь салгаж эхэлсэн байна. Тэд хөнжлийн даавуугаар битүү ороож байгаад хүчтэй татаж гагнаасыг нь салгаад байжээ. Ингэж цонхны хаалтыг нэг нэгээр нь салгаж дуусаад гурван давхраас доош буусан байна. Тэд жижигхэн биетэй, туранхай учраас хорих ангийн стандартын дагуу хийсэн нарлагааны цонхоор багтаад гарчихсан гэнэ. Ор, хөнжлийнхөө даавууг нийлүүлж зангидаад гурван давхраас буусан байжээ. Тэднийг хорих ангиас ийн оргож байхад хуяг болон хяналтын камер дээр ажиллаж байсан хоёр албан хаагч унтаж байсан гэнэ. Туулын хөвөөн дээр их хэмжээний хөрөнгөөр баригдсан цагдан хорих төвөөс сэжигтэн оргох ямар ч боломж байхгүй гэж ШШГЕГ-ынхан байгуулагдсан цагаас нь ам бардам хэлж ирсэн. Тэдний энэ бардамнасан байдал хоёр сэжигтэн оргох боломжийг олгосон байна.

Гурван давхраас доош буусан хоёр Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар хорих ангийн барилгын сүүдэр хэсгийг дагаж явсаар хашаа даван алга болжээ. Ингээд цагдан хорих төвөөс оргосон хоёр хоригдол усанд хаясан чулуу шиг л алга болчихсон байна. Тэднийг оргосон гэдгийг өглөөний ээлж ирж ажлаа хүлээж авах гэж байх үед мэдсэн байна. Ингээд залилан хийсэн, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт холбогдож гүйцэтгэх ажиллагааны дагуу цагдан хоригдсон Э.Вантөмөр, хэд, хэдэн удаа хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байсан Б.Амарбаясгалан нарыг улс даяар эрэн сурвалжлах болжээ. Бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрэл хийж байсан. Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нарын ар гэрийнхэн хамаатан садан, найз нөхөд гээд холбогдож болох бүх хүмүүст анхааруулга өгчхолбоо барихыг нь хүлээж байжээ.

НАЙЗААСАА МӨНГӨ ЗЭЭЛЖ ӨЛ ЗАЛГАВ

Хууль хяналтынхан ингэж ажиллаж байхад Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар хаана байсан, юу хийж явсан талаараа хэргийг мөрдөж байгаа албан хаагч нарт ийн ярьсан байна. Тэд хорих ангиас оргоод шууд урд зүгийг чиглэн явсан байна. Дархан цаазат Богдхан уулынЗалаатын аманд очжээ. Уулын модтой гүн рүү орсон байна. Тэнд байхдаа Б.Амарбаясгалангийн холын хамаатан болох Б-тэй холбогдож сүх, хийн буу, хутга, гар утас, хоол хүнстэй болжээ. Намрын сэрүүн орсон болохоор ууланд хүйтэн хонож, даарсан гэнэ. Хэдийгээр давхар өмд, цамцтай ч гэсэн анхны хоносон шөнөө даарчээ. Ингээд газар ухаж оромж барихаар ярилцаж, ууланд хаягдсан төмөр, сүх зэргийг ашиглан газар ухаж эхэлсэн байна. Ингээд хоёр хүн багтахаар нүх ухаад тэндээ дулаахан хонох болжээ. Ингэж хоёр хоноод “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлдэг найзтайгаа холбогдож мөнгө зээлж авахаар болсон байна. Б.Амарбаясгалан ганцаараа явжээ. Найзаасаа 150 орчим мянган төгрөг зээлээд оргож яваагаа хэлсэн байна. Мөн “Надтай уулзсан гэдгээ хэндч битгий хэлээрэй. Зээлсэн мөнгөө удахгүй эргүүлэн өгнө” гэж хэлээд явжээ. Тэрбээр 150 мянган төгрөгөөрөө хямдхан утас худалдан аваад хоол хүнс, идэж уух зүйлс аваад ууландаа иржээ. Ингээд тэндээ долоо хоног бүгсэн байна. Тэд ууланд байхдаа шөнө уулнаас бууж тэр хавийн айлуудыг судалдаг байсан гэнэ. Хир болоогүй хувцастай, халимаг үстэй болохоор хүн таарсан чсэжиг авдаггүй байжээ.

НҮХТИЙН АМНЫ АЙЛУУДЫН ГЭРЭЭС ҮНЭТ ЭДЛЭЛХУЛГАЙЛАВ

Найзаасаа зээлсэн мөнгө дуусч хоол хүнсгүй болж эхэлсэн байна. Мөн найзаасаа зээлсэн мөнгөө өгөхгүй бол цагдаад хэлчихэж магадгүй гэж бодсон гэнэ. Ингээдхолын хамаатантайгаа холбогдож, улс даяар эрэн сурвалжилж, нийслэл хотын булан тохой, хүнсний дэлгүүр, олон нийтийн газарт зургийг нь наасан гэдгийг мэджээ. Хоол хүнсээ барж өлсөж эхэлсэн байна. Мөн ууланд сэрүү унасан учир шөнө жиндэж даарах болжээ. Ингээд айл ухаж мөнгөтэй болохоор шийдэж Нүхтийн аманд байх хаустай эзэнгүй айлуудыг судалж эхэлжээ. Улмаар гэрийн эзэд нь байхгүй гурван ч айлын хаусны цонхыг нь эвдлэн ороод үнэт эдлэлийг нь хулгайлжээ. Том оврын зүйлс авалгүй үнэт эдлэл, өвлийн куртик, гутал авсан байна. Гурван айлаасмөнгөн аяга, алт, монетон ээмэг бөгж, гинж зэргийг хулгайлжээ. Айлуудаас үнэт эдлэл хулгайлаад уул руу эргэн гарч зарим эд зүйлсээ нуучихаад хотын төв рүү явжээ. Зам дээрээстакси бариадхотын төв орсон байна. “Бөмбөгөр” худалдааны төв ороод найз дээрээ очиж хулгайлсанүнэт эдлэлээ “Борлуулаад өг” хэмээн гуйгаад мөн мөнгө аваад явсан байна. Тэд хувцсаа сольж өмсөөд ресторанд орж хоол унд идээд зочид буудалд хоног төөрүүлэх болсон байна. Зочид буудалд байхдаа хүүхнүүдтэй уулзаж, гаднаас архи, хоол, унд зөөлгөж идэж байжээ. Ингээд хэд хоног зочид буудалд хоноод эргээд Залаатын аманд байхоромжиндоо очсон байна.Тэндээ гал түлж хоол, цай хийж идэн хэд хоножээ.

ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАД ХЭН Ч АНЗААРАХГҮЙ БАЙСАН ГЭНЭ

Цагдаа нар ч эрж хайх, гэр орноор нь орохоо болих үед дахиад хулгайлсан эд зүйлсээ аваад хот руу оржээ.Тэгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн доод талын хонгилд хоносон гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус худалдааны төвийн доорхи хонгилд тав хоносон гэх мэдээлэл ч бий. Энэ хугацаандхулгайлсан үнэт эдлэлээ борлуулаад мөнгөө хувааж авсан байна. Өдөр болон оройхотын төвөөр явахад хэн ч анзаарахгүй байсан гэнэ. Иймдсалж явахаар тохиролцоодхэн нэгэн нь баригдсан тохиолдолд нэгнийгээ хаана байгааг хэлэхгүйгээр зөвхөн утсаар ярьж уулзаж байхаар тохиролцоод салан явсан аж. Мөн хэсэг хугацааны дараа мөнгө олоод хил нэвтрэх талаараа ч ярьсан байна.

ХУЛГАЙЛСАН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ “БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВ ДЭЭР ХУДАЛДААЛАХ ГЭЖ ИРЭЭД БАРИГДЖЭЭ

Тэд хоорондоо утсаар байнга холбогдож байсан гэнэ. “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгч нарт хямд үнэтэй алт, монетон ээмэг, бөгж зэрэг зарагдаж байгаа гэх мэдээлэл цагдаа нарт ирсэн байна. Үүний дагуу цагдаа нар мөрдлөг явуулжээ. Оргосон хоригдлуудын талаарх мэдээллийг сая төгрөгөөр үнэлсэн юм. Энэ хугацаанд иргэдээс 300 гаруй мэдээлэл ирсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийг дагуу шалгаж үзэхэд Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нартай төстэй царайтай залуус байдаг бай­сан гэнэ. Цагдаа нар “Бөм­бөгөр” худалдааны төвийн түрээслэгч нараас мэдүүлэг авсаарБ.Амарбаясгалангийн найзыг үнэт эдлэл зараад байгааг тогтоосон байна. Тэр­бээр “Цагдаа нарт Б.Амарбаясгалан гэрээсээ авсан эд зүйлсээ зарж бай­гаа гэдэг байсан. Мөн надтай уулзсан гэдгийг хэн нэгэнд хэлэх юм бол ална гэж сүрдүүлсэн. Би айгаад л үнэт эдлэлийг нь зарж өгсөн юм” гэж мэдүүлжээ. Ингээд Б.Амарбаясгалан руу холбогдож “Ээмэг бөгж авах хүн байна. Чамд зарах юм байна уу. Бэлэн мөнгөөр авна гэнэ” гэж утсаар яриулсан байна. Ингээд тухайн өд­рийн орой 18:05 цагийн ор­чимд Б.Амарбаясгалан хулгайлсан зарим эд зүйлсээ халаасандаа хийгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалган дээр ирэхэд нь баривчилжээ.

ӨДӨРЖИН ХОРИГДООД СУУНА ГЭХЭЭР БАЙЖ СУУХ ГАЗАР ОЛДОХГЙ ХЭЦҮҮ БАЙСАН”

Б.Амарбаясгалан зугтаах гэж оролдсон боловч цагдаа нар бүсэлсэн учир арга буюу баригдсан байна. Ингээд түүнийг Цагдан хорих төвд аваачин Э.Вантөмөр хаана байгааг асууж эхэлсэн байна. Тэрбээр эхлээд хаана байгааг мэдэхгүй гэж байсан боловч сэтгэлзүйч болоод хэргийг мөрдөж байгаа цагдаа нарт хаана байгааг зааж өгөхөөр болжээ. Ингээд Э.Вантөмөр рүү утасдаж маргааш нь нэгдүгээр хорооллын XIбайрны гуравдугаар орцны үүдэнд уулзахаар болжээ. Мөн Э.Вантөмөр Б.Амарбаясгалан руу хэд хэдэн удаа залгахад нь яриулсан байна. Ингээд Э.Вантөмөрийг оргоод 23 хоносны дараа баривчилжээ. Б.Амарбаясгалан хамаатны­хаа гэрт, Э.Вантөмөр найз охиныхоо гэрт бүгж байсан гэдгээ хэлжээ. Иймд хуулийн дагуу Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тэд оргосон хуга­цаандаа ар гэрийнхэнтэйгээ холбогддог байсан гэнэ. Тэд “Нэг өрөөнд өдөржин хоригдоод сууна гэхээр байж суух газар олдохгүй хэцүү байсан. Мөн хулгай, танхайн хэргээр ял сонсож хэдэн жилдээ эрх чөлөөтэй байхгүй гэж бодоод л оргосон” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна лээ.Б.Амарбаясгалан давтан хулгай хийсэн хэргээр 10-15 жил хоригдох зүйл ангитай, Э.Вантөмөр залилангийн хэргээр шүүгдэх зүйл анги нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай байсан юм байна. Харин хэрэгт сэжиглэгдэн шалгагдажбайхдаа цагдан хорих төвөөс оргосон зүйл ангиар 5-10 жил хорих ял эдлэх зүйн ангихэрэг бүр дээр нь нэмэгдсэн.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Д.БАТСҮХ: Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан

Номинталст” хамт­лагийн ахлагч Д.Батсүхтэй ярилцлаа.

Удахгүй болох тоглол­тынхоо үеэр шинэ цомгоо танилцуулна гэсэн. Тоглол­тынхоо сонин хачнаас сонирхуулаач?

-Юуны өмнө манай хамт­лаг тоглолт хийх болсон шалт­гаанаа үзэгчдэдээ тайл­барласан нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай хамтлагийн шинэ цомгийн ажил дууссантай холбоотойгоор “Strings” клуб цомхон хүрээнд тоглолт хийхийг бидэнд санал болгосон. 2012 оны тоглолтоос хойш манай хамтлагийг тоглол­тоо хийхгүй юм байх даа гэсэн хүлээлт фэнүүдийн маань дунд байсан. Биднээс ч тоглолтын талаар асуудаг байлаа. Бид жил болгон цомог гаргаад, тоглолт хийхийг хүсээд байдаггүй. Тодорхой хэмжээний цаг хугацааны шалгуурыг уран бүтээлдээ тавьдаг. Харин энэ удаа шинэ цомгоо үзэгчдэдээ танилцуулахын зэрэгцээ “Номин талст”-ыг сонсох дуртай үзэгч фэнүүдтэйгээ дуу хуураа хуваалцъя гэсэн үүднээс цомхон хүрээнд фэн уулзалт маягаар тоглолтоо зохион байгуулах саналыг хүлээж авсан.

-“Мишээл экспо” төвд бол­но гэхээр үзэгчид босоо байдлаас үзнэ гэсэн үг үү. Хичнээн хүн танай тоглол­тыг үзэх боломжтой вэ?

-Заалны зохион байгуу­лалтын хувьд үзэгчид босоо байдлаас тоглолтыг үзэх бөгөөд бид тайзаа заалны голд байрлуулах болно. Ингэснээр тойрон хүрээлж буй үзэгчидтэйгээ илүү амьд харилцаатай байх болов уу. 1000-2000 хүн тоглолтод ирэх байх гэсэн тооцоолол байна. Тоглолт дуусаад үргэлжлээд шоу арга хэмжээтэй болохоор энгийн тоглолтоос арай өвөр­мөц болно гэдэгт итгэлтэй байна.

Тоглолтын тасалбарыг 1000 ам.доллар гэсэн яриа байна?

-Тоглолт энэ сарын 29-нд болно. Зохион байгуулагчийн зүгээс заалны зохион байгуу­лалт, тасалбарыг хариуцаж ажиллаж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн уран бүтээлээ л хариуцаж байна. Тасалбарын тухайд 40 мянган төгрөгийн үнэтэй. Сууж үзэх цөөхөн хэсэг бий. Ширээ тойроод. Тэр нь 100 мянган төгрөг. VIP өрөө нь 1000 ам.доллар юм билээ. Энэ дотроо идэх уух бүх зүйл багтсан багцын үнэ гэсэн. Найз нөхдөөрөө, хамт олноороо ч юм уу арваад хүн нийлээд л багцын сонголтыг хийж болох юм билээ. Бид өөрсдийгөө нэг их айхтар үнэлээд тавьчихаад байгаа гэж ойлгож болохгүй. Мэдээж багц дотроо орсон хоол унд нь хэр үнэтэй зэргээс хамаараад ийм тарифтай байгаа болов уу. Ер нь тэгээд манайхан урлагийг арай өөр өнцгөөс хардаг болчихсон байна шүү дээ.

Шинэ цомогт хичнээн дуу багтсан бэ. Мэдээж анх гаргаж байсан дуунуудыг бодвол энэ олон жилийн дараа дуулах дууны өнгө аяс, илэрхийлэх санаа хүртэл өөр болсон байлгүй…

-Тэгэлгүй яахав. Бидний найм дахь цомог. Цомгийн ажлыг нэлээд удаан гүйцэт­гэлээ. Шинэ цомогт ямар уран бүтээл оруулах, шинэ уран бүтээлээ хэрхэн сонсогч­додоо хүргэх гээд тал талаас нь бодолцож хоёр жилийн хугацаанд хийсэн. Цомог “Чамайг санахдаа” дууг эс тооцвол бүгд шинэ уран бүтээлээс бүрдсэн бай­гаа. Уран бүтээлийн чанар, хөгжмийн дуугаралт, найруулгын хувьд олон шинэ шийдлийг илэрхийлсэн, мэр­гэжлийн өндөр түвшинд бүт­сэн гэж болохоор дуунууд бий. Өмнөх уран бүтээлүүдийг бодвол өвөрмөц илэрхийлэлтэйгээс гадна хоолойны тавилтаас эхлээд их сайн ажилласан. Хөгжмийн найруулгын хувьд мэргэжлийн өндөр шаардлага хангасан. Хөгжмийн дуугаралтууд дээр дандаа амьд филорманийн хөгжимчид ажилласан, амьд хөгжимтэй. Манай цом­гийн хөгжмийн найруул­гыг гитар­чин Өөжгий ах хийсэн бол ая зохиогчоор Болорхүү гээд залуу ажил­ласан. Тиймээс энэ хоёр уран бүтээлчдээ талархсанаа илэрхийлье.

Цомгийн нэр юу билээ?

-Шинэ цомогтоо “2014” гэсэн нэр өгсөн. Маш энгийн байдлаар тухайн цомог бүтсэн он цагийг илтгэх үүднээс ийм нэр өгсөн. Ер нь цомогт багтсан дөрөв, таван дууны видео клип үзэгчдэд аль хэдийнэ хүрчихсэн байгаа.”Намайг”, “Чинийх” дуунаас гадна “Бид” дууны шинэчилсэн хувилбар гээд хүмүүс санаж байгаа байх.

Танай хамтлаг сүүлийн үед аливаа тоглолтод дуу­лахдаа тайзан дээр гурван гишүүнтэй гардаг болж. Сонсох нь ээ хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаагийн ажилтай холбоотой гэх?

-“Номинталст” хамтлаг гурван гишүүнтэйгээр яагаад дуулаад байгаа талаараа өмнө нь ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Харин энэ удаа танай сониноор дамжуулаад сонсогч, үзэгчдэдээ тайлбар хийсэн нь зүйтэй байх гэж бодлоо. Хаазаагийн хувьд төрийн алба хашиж байгаа учраас тэр болгон бэлтгэл сургуулилт дээр ирээд байх боломж гардаггүй. Төрийн алба бол хариуцлагатай ажил. Төрийн ажлыг алдагдуулахгүйн тулд хамтлагаасаа албан ёсоор чөлөө авсан байгаа.

Хамтлагаасаа гарчихсан юм биш үү?

-Түр хугацаагаар чөлөө авсан. Тэрнээс хамтлагаас гарсан юм бол байхгүй.

Тэгвэл шинэ цом­гийн дуунууд гурван гишүүн­тэй­гээр бичигдсэн байгаа юу?

-Бүх дуугаа бүрэн бүрэл­дэхүүнээрээ дуулж бичүүлсэн. Зөвхөн тоглолтод л оролцохгүй байгаа. Нэг гишүүн дутуу байлаа гээд бидэнд нэг их хүндрэлтэй зүйл тулгарахгүй байна. Харин үзэгчдийн хувьд дөрвөн гишүүнтэйгээр хүлээж аваад сурчихсан болохоор эвгүй харагдаж байгаа байх. Магадгүй гурвуулаа дуулна гэдэг илүү их хичээл зүтгэл шаардаж байна. Нэг гишүүнээ завгүй гээд бид гурваас чанаргүй уран бүтээл гарах ёсгүй. Биднийг сонсох дуртай фэнүүдийнхээ итгэлийг алдахгүй. Гэхдээ бид харьцангуй шинэ залуу хамтлаг биш. Тодорхой хэмжээний туршлага байна. Цаашид урлагт хүчин зүтгэх цаг хугацаа ч бидэнд байна.

Дөнгөж өсч яваа дөрвөн хүү хамтлаг байгуулж, урла­гийн тогоонд орох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваал­цахгүй юу. Энэ тухай өнөө­дөр ч та бүхэн дурсдаг байх?

-Манай хамтлаг чинь “Номин” гээд дууны, “Талст” гээд бүжгийн хамтлагаас бүрд­сэн гэдгийг хүмүүс ихэнх нь мэднэ. Тухайн үед Дэлгэрмөрөн, Хаянхярваа, Хан­гэрэл бид дөрөв “Номинталст” гээд хамтлаг байгуул­чихаад хамтлаг хаана, хэзээ ямар амжилтад хүрэхээ мэдэхгүй догдолж байлаа. Магадгүй өнөөдрийнх шиг олон мянган сонсогчидтой, фэнүүдтэй болж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрнэ гэж зүүдлээ ч үгүй. Тийм боломж ч бага байсан. Хамтлаг байгуулаад дуу дуулж тайзан дээр гарна гэхээр л баярлаж байж дээ. Гэхдээ бид “Номинталст”-ыг хүн бүхний сонсох дуртай хамтлаг болгохын тулд зорил­гоо нэгтгэж, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Харин бид зорьсондоо хүрсэн. Цаашдаа ч хамтлагийнхаа төлөө бүх сэтгэл зүрхээ зориулсан хэвээр байх болно.

Мэдээж нэртэй хамтлаг болохоос гадна олон ч хүсэл мөрөөдлөө хоорондоо хуваалц­даг байсан биз. Одоог хүртэл санаанаас гар­даг­гүй дурсамж бий юу?

-Маш олон сайхан дурсамж бидэнд бий. Гэнэн томоогүй хүүхдүүд юм хойно бүтэх, бүтэхгүй олон зүйл мөрөөднө. Ихэвчлэн материаллаг буюу санхүүгийн асуудал их тулгардаг байсан. Тухайн үед нэрээ дуурсгасан мундаг хамтлаг болохоос гадна жижиг мөрөөдлүүд байнаа. 1997 онд анх гар утас орж ирж байлаа. Биднээс арай ах хамтлагийнхан гар утас барихыг хараад “Дөрвүүлээ хэзээ гар утастай болох юм бол. Гар утастай болох юмсан” гэж ирээд л хоорондоо ярина. Бас өөрсдийн гэсэн хөгжимтэй болох юмсан гэж мөрөөднө. Тухайн үед тоглолтын хувцсаа ч авах мөнгөгүй болох үе байсан. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Бидний зорилго харин жижиг байгаагүй, том байсан даа/инээв/. Хэдий мөнгөгүй ч гэсэн Энх-Манлай, Хоовон, Өөжгий зэрэг ах нар их тусална. Бид нар гуйж дуугаа бичүүлнэ. Ононбат ах гэхэд л манай хамтлагийн анхны цомгийг хандив маягаар зүгээр хийж өгч байлаа. Ингээд л хүмүүст танигдаад ирэхээр аяндаа ивээн тэтгэгч нар ч гараад ирдэг юм билээ.

Хэн ч мэдэхгүй байсан хөвгүүд олонд танигдаад ирэхээр биеэ тоохоос эхлээд их өөрчлөлттэй тулгарна биз?

-Сэтгэл зүйд маш том өөрчлөлт гардаг юм билээ. Хүмүүсийн хандлагыг буруу хүлээж авбал эвдрэх амархан санагдсан. Хоёрхон жилийн хугацаанд олонд танигдаад амжилт гаргаад ирэхээрээ зан араншин эвдрэх зүйл хэн хэнд нь ажиглагддаг байсан. Хамтлагийн гишүүд хоорондоо ч тэр, өөр хүмүүстээ харилцахдаа ч тэр биеэ тоох, нялх одын өвчин тусч эхэлдэг юм билээ. Гэхдээ энэ дундаас өөрийн­хөөрөө үлдэнэ гэдэг суурь хүмүүжилтэй холбоотой байх.

Бас амжилт гаргана гэдэг сайн өрсөлдөгчтэйн шинж байдаг уу. Ялангуяа “Камертон” хамтлагтай танай­хыг байнга харьцуулж, хоорон­доо өрсөлдөж ирсэн гэдэг?

-Сайн өрсөлдөгч амжилтын үндэс гэдэгтэй санал нийлж байна. Манай хамтлагийг гарч ирэхэд “Сүнс”, “Камертон” хоёр хамтлаг байсан. Тиймээс бид энэ хоёр хамтлагийн амжилтыг давахын тулд араас нь их л хөдөлмөрлөж,хөөж, өрсөлдөж явсан юм уу даа. Тухайн цаг үедээ нэгнийгээ эрчлээд хор шарыг нь малтаад явж байсан нь үнэн. Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан байх. Гэхдээ хүмүүс дэндүү дөвийлгөж, харьцуулж яриад сурчихсан зан манайханд ажиглагддаг. Хаа нэг уран бүтээлийн хувьд ч юм уу, гишүүдийн хооронд үл ойлголцох муудалцах зүйл бол гардаг л байсан. Тэрнээс насаараа тэмцэлдээд ирчихсэн юм биш шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Шар нар ээж, зөгий дүнгэнэсэн ШААМАРЫН СУРВАЛЖЛАГА (I)

Зөгийчин, тариачин, ногоочдын өлгий нутаг Шаамарт жинхэнэ алтан намар болж байна. Тэндхийн хавар, зуны нөр их ажил үндсэндээ шувтарчээ. Ногоочид хүнсний ногоо, жимс жимсгэнээ, зөгийчид зөгийн балаа, тариаланчид амуу буудайгаа борлуулан хөдөлмөрийнхөө шимийг хүртээд магнай тэнэгэр байна. Шаамар ногоочдын өлгий нутаг. Бас зөгийн балны эх орон. Нарсан ойн дундах нам гүмхэн энэ л суманд зөгийг анхлан тэжээж эхэлсэн. Тэр нь 1957 он. Тухайн үед Оросоос хэдэн бүл зөгий авчрахад Монголд идээшихгүй гэж байсан бол өнөөдөр Шаамарынхныг тэжээж байгаа ганц амьтан болжээ. Бүр зөгийг төрөлжүүлэн тэжээдэг болсон байна. Зохиомлоор хатан зөгий гарган авч тэжээдэг хүн ч бий ажээ. Шаамартаа төдийгүй энд тэндхийн зөгийчдөд хатан зөгийчин гэдгэээрээ алдаршсан Д.Эрдэнэчимэгийнд очлоо. Суманд ямар газар олдохгүйн зовлон байх биш, эднийх томоо хашаатай юм.

Байшингийнхаа хоёр та­лаар зөгийн үүрээ эгнүүлчихэж. Ягаан, цэнхэр, шар гээд аль болох тод өнгөөр зөгийн үүрээ буддаг ажээ. Ногоон юмуу бараанаар будчихвал зөгий үүрээ андуураад байдаг гэнэ. Хөлийн өвдгөөр татахуйц өндөртэй үүрийг тод өнгөөр алаглуулан будчихаар байгалийн өнгө гандсан ч гэлээ зуныг санагдуулам ажээ. Түрүүн хашааны үүдээр ороход боргоод байсан нохой эзнээ хараад чимээгүй болов. Энэ үед зөгийн дүнгэнээ сонсогдож эхэлсэн юм. Д.Эрдэнэчимэг “Манай хашаанд Улаанбаатар хотын хүн амаас олон зөгий байгаа даа” гэж байна. Тэрээр 100 бүл зөгий тэжээдэг ажээ. Дунджаар 15 мянган зөгий нэг бүл болдог. Тэгэхээр эднийх 1.5 сая гаруй зөгийтэй гэсэн үг. Үүрэндээ байгаа болохоор дүнгэнээн бага байгаа гэнэ. Ид зуны улиралд нар мандах, эсвэл жаргах үед олон зөгий үүрнээсээ гарч орохдоо дүнгэнээ ихтэй. Бэлчээрт гарахгүй бол үүрэндээ буюу тэрүүхэн тэндээ дүнгэнэдэг юм байна. Гэхдээ сайн сонсвол усны урсгал шиг. Голын эрэг дээр чимээ гаргалгүй суугаад л байвал усны урсгал улам тод сонсогддогтой адил. Хашаанд ганцаараа үлдэн зөгийн үүрний дэргэд ганцаараа хэсэг зогсов. Намрын шар нар илч муутайхан ээж байна. Зөгийн дүнгэнээ улам тод болохын зэрэгцээ тэртээ холоос тог, тог хийх алхны чимээ сонсогдоно. Бас хааяа нэг айлын үхэр мөөрч, нохой хуцах чимээ гарна. Түүнээс өөр чимээгүй болохоор ганцаараа зогсоод л баймаар нам гүмхэн юм. Мэдрэлийн ядаргаа ийм л орчинд тайлагдах байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Гэрт нь орвол зөгийн балыг шингэн, царцуугаар нь таваглаад тавьчихаж. Зөгийн бал шингэн байснаа жаахан удаад ирэхээр царцаад цагаан шаргал өнгөтэй болдог ажээ. Шингэн нь гадуур худалдаанд байдгийг бодвол хамаагүй өтгөн. Царцуу нь харин арай шаргал өнгөтэй ч юм шиг. Сэтгэл дагаад ч тэр үү амт, үнэр, өнгө нь арай л өөр байх шиг санагдсан. “Дэлгүүрт зардгаас арай өөр байх шиг ээ” гэвэл “Хүмүүс тэгдэг л юм. Наймаачид зөгийн бал худалдаж аваад усаар шингэрүүлэн зардаг байж мэдэх юм. Яг зөгийчид бол балаа устай холихгүй” гэж байна. Тэрээр өнгөрсөн сард балныхаа дээжийг лабораторид өгөн шинжлүүлэхэд хоёр зуугаас дээш ургамлын найрлагатай гэдгийг нь тогтоож өгчээ. Д.Эрдэнэчимэг сүүлийн 30 гаруй жил зөгий тэжээж байгаа. Олон жилийн амьдралаа зөгийтэй холбосон гэдэг нь тэднийхээс шууд харагдаж байв. Цайны аяга нь зөгийн зурагтай, давс, элсэн чихрийн сав нь сархиаг шиг хээтэй, гэрлийн бүрхүүл нь зөгийн хэлбэртэй гээд нэг ёсондоо зөгийг шүтчихэж. Тэрээр 1980 онд бригад, фермерт дарга бэлтгэх 45 хоногийн курст суун зөгийчин болжээ. “Анх зөгийд хатгуулахад жигтэйхэн өвддөг байсан. Тэр хавиар дуу шуу татуулан хэсэгтээ л сүржин юм болно. Яана даа л гэж боддог байлаа. Одоо харин тоохоо больсон. Хааяа нэг хатгахаар нь өө гэчихээд л өнгөрнө. Дасчихдаг юм” гэж байна. Хатгалт гэснээс сүүлийн үед эднийхээс хүний хөл тасрахаа байжээ.

Тэнд ч өвдөөд байна, энд ч болохоо байлаа ганц хатгуулаад өгөөч гэсэн хүмүүс хэзээ л бол хэзээ хүрээд ирнэ. Д.Эрдэнэчимэг анагаахын мэргэжлийн хүн биш болохоор эхэндээ цааргалдаг байсан ч одоо бол гуйгаад ирвэл зөгийгөөрөө хатгаад өгдөг болжээ. Хуян хөөрлөө, үе мөч өвдлөө, хүзүү хөшөөд байна гээд янз бүрийн хүн ирнэ. Өвдөж байгаа газар нь хатгаад өгөхөөр ямар ч байсан үр дүнгээ өгдөг ажээ. Бүр хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс ч ирдэг гэсэн. Зөгийгөөр хатгуулсны дараа жирэмсэн болсон тохиолдол ч бий ажээ. Д.Эрдэнэчимэг “Би эмнэлгийн мэргэжилтэй хүн биш, нөгөө хүн маань ч зөгийчин гэдгийг минь мэдэж байгаа. Хоёулаа ярилцаж байгаад л хатгуулчихдаг. Хэдэн өдөр байтугай сар, жил болсон ч дахиж өвдөхгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр зөгийнд хатгуулах ашиг тус ихтэй шиг байгаа юм” гэв. Тэрээр өөрөө ямар нэгэн өвчин хуучгүй гэсэн. Зөгийд хатгуулсны үр дүн юм байлгүй гэж байна. Ер нь зөгий олон талын ашигтай амьтан. Лавыг нь гоо сайханд, жилийг нь хавдрын эсрэг, тоосормогийг нь дархлаа сайжруулахад хэрэглэнэ. Зөгийн хор харин маш ховор. Гурван мянган бүл зөгийнөөс нэг кг хор гаргаж авдаг. Өвчин намдаахад хэрэглэдэг уг хорны наймаа мафийн хэмжээнд явагддаг гэсэн. Харин манайхан тэр бүр хорыг нь гаргаж авдаггүй гэнэ. Мөн зөгийн сүүнцэр гэж бий. Сүүнцэр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд байнга л сүүнцэр сурагладаг болжээ. Түүнчлэн гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнийхээ найрлагад сүүнцэр оруулж байгаа гэнэ. Зөгий өдөржин бэлчээрт гараад орой ирэхдээ хоёр сагсандаа цэцгийн тоостой ирдэг ажээ. Хойд хоёр хөлийнх нь хажууд байх уут шиг зүйлийг сагс гэдэг юм байна. Түүндээ өдөр бүр цэцгийн тоостой ирнэ. Шар будааны чинээ цэцгийн тоос хүний биеийн дархлааг сайжруулдаг, ядаргаанд сайн. Усанд хутгаад тогтмол ууж чадвал элдэв өвчин тусахгүй, ядрахгүй гэсэн. Зөгийн үүрэнд байх сархиагийг балтай нь холиод зажилж болно. Амны хөндийн үрэвсэлд тустай. Хоолойн ангиныг ч арилгах ид шидтэй ажээ. Амьд зөгийн ач тус иймэрхүү. Бүр үхсэн хойно нь ч ашиглаж болно. Үүрэндээ үхсэн зөгийг хатаачихдаг. Үүнийг эрэгтэй хүмүүс архинд хандлаад өдөрт нэг халбагыг уугаад байвал түрүү булчирхайн өвчнөөс айлтгүй. Бас бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэж байгаа. Ингээд үндсэндээ зөгий гэдэг амьтнаас хаях юм үлддэггүй ажээ.

Гэхдээ зөгий богино нас­тай. Хатан зөгий л хамгийн урт буюу таван жил насладаг. Идэвхтэй амьдрал нь гурван жил үргэлжилнэ. Эр зөгий гурван сар амьдарна. Амьдрах хугацаан дахь гол ажил нь хатан зөгийг хээлтүүлэх. Гэх­дээ ганцаараа биш. Үүрнийхээ бу­сад эр зөгийтэй нийлж аваад хатан зөгийн хамт агаарт гарна. Агаарт гарсан бүх эр зөгий хатан зөгийтэйгээ үржилд ордог. Үндсэн ажил, амьдралынх нь гол зорилго ингээд дуусна. Нэгэнт хатан зөгийг хээлтүүлсэн бол эр зөгийн хэрэг тэр бүлд байхгүй. Тиймээс намар хүйт орох үед хатан зөгий эрийгээ хөөнө. Эр зөгий ажил хийдэггүй учраас “хоолны сав” гэж үздэг ажээ. Үүрнээсээ хөөгдсөн эр зөгий төд удалгүй үхдэг гэсэн. Харин ажилч зөгий 45 хоногийн настай. Төрсөн цагаасаа л үүрээ барих, бал цуглуулах, цэцгийн тоос олж ирэх гэж өдөр шөнөгүй ажиллана. Бүлийнхээ төлөө ингэж ажиллаад төд удалгүй үхчихнэ. Харин хатан зөгий онцгой эрхтэй. Бусад шигээ гадуур гарч идэш тэжээл хайхгүй. Ажилч зөгийнөөс ялгарах сүүнцэрээр л хоол­лоно. Тэр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тийм ч учраас хатан зөгий урт на­салдаг биз. Биеийн хувьд ажилч зөгийнөөс том. Эр зө­гийтэй харьцуулбал бөгс томтой. Хатан зөгий насан туршдаа ганцхан удаа хээл­тэх ба 21 хоногт 1000-1500 авгалдай гаргадаг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

<<Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

С.Шаарийбуу: Хүн өөрт нь ирээгүй бол зовлонг тэр бүр мэддэггүй юм билээ

Одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсан билээ. Тодруулбал, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силан­гор мужийн Субан Дам хэмээх ойгоос түүний цогц­сыг онц хэрцгийгээр хөнөөсөн байсныг олсон байдаг. Хэрэг гараад най­ман жил өнгөрсөн ч одоог хүр­тэл Малайз улсаас уг хэргийг эцэслэн шийд­вэр­лээгүй байгаа юм. Энэ талаар Талийгаач Ш.Алтан­туяагийн аав С.Шаарий­буутай ярилцлаа.

-Таны охин Малайз улсад амиа алдаад найман жил гаруй боллоо. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч.

-Энэ сарын 19-ний өдөр Лалын шашинтнууд аллах тэнгэртээ үнэнчээ үзүүлж, мацаг барьсны тайлал буюу шашных нь баярын өдөр. Энэ өдөр тэдний хувьд нүгэл бүхнийг цээрлэж, дараа жилийн энэ цаг хүртэл буян үйлдэнэ гэж тангараг тавьдаг чухал өдөр. 2006 оны энэ өдөр Малайз улсын төрийн эрх мэдэл бүхий хүмүүс энэ­хүү аллагын ажиллагааг үйлдэхдээ эртнээс бэлтгэн, хуйвалдаж миний охин, монгол эх Алтантуяаг шашны энэ баяртаа оролцуулах урилга өгч, хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй зэрлэг аргаар амь насыг нь бүрэлгэснээс хойш найман жил өнгөрлөө. Эцэг хүний хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө хөлийг хүрэх газар бүрт очиж, хэр­гийг эцэслүүлэхийг хичээ­сэн ч одоог хүртэл гэмт этгээ­дүүд сул чөлөөтэй явж байна. Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг маань зэрлэгээр хөнөөсөн нь бараг тогтоогдсон. Гэвч Малайзын тал энэ хэргийг шийдвэрлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрч бүрийг устгаж, өнгөрсөн дөрөв­дүгээр сард үнэний төлөө тэмцэж явсан өмгөөлөгч Карпал Сингх гуайг автын осол гэсэн шалтгаанаар хорвоогоос явуулчихлаа.

-Энэ хэрэг дээр манай улсын төр засаг хэрхэн ажил­ласан бэ. Мэдээж энэ хуга­цаанд зүгээр суугаагүй байх?

-Тэгсэн. Монголын төр, засаг их “зүтгэсэн”. Хэрэг гарсны дараа анх нот бичиг явуулж, дараа нь холбогдох дөрвөн байгууллагад захидал бичиг явуулсан байдаг. Үүнд нь Малайзын талаас нэг ч хариу ирүүлээгүй. Монголын төр засаг ингэж л ажилласан.

-Харин та хэрэг гарснаас хойш хөлөө хүрэх газраа хүртэл явж олон газрын хаалгыг татсан байлгүй. Энэ талаараа яривал?

-Харин би хэрэг гарснаас өдий хүртэлх хугацаанд 80 гаруй захидал, өргөдөл бичиж, арав гаруй удаа Малайз улс руу явж төрийн яамд, хүний эрхийн байгууллагуудын жижүүрт 300-гаад удаа иргэ­ний цахим үнэмлэхээ шалгуулсан байна. НҮБ-ын Хүний эрхийн хороо, Лондон дахь төв, Ази, Номхон далайн Хүний эрхийн газар болон Монгол дахь НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч зэрэг олон газарт хандсан. Тэд бүгд “Энэ бол танай улсын төр, засгийн хөөцөлдөх асуудал. Та төрдөө ханд” гэдэг нэг л хариу өгдөг.

-Та тэгээд төр засагтаа олон удаа хандсан биз дээ?

-Өөрийнхөө хүч чадлаар л явсан. УИХ-ын эмэгтэй гишүүн бүртэй эх хүмүүс юм чинь арай өөрөөр хандах болов уу гэж тусгайлан уулзаж үзсэн. Одоогоор тэдний зүгээс ямар нэг хариу ирээгүй байна. Харин ГХЯ-ны Консулын газар чамгүй ажил хийж бай­санд баярладаг. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрөө санаачлан Малайз нөхдүүдэд асуу­дал тавьж, надтай уулзаж, санал солилцсон. Бас ч гэж цөстэй л эр, ийм хүн өдрийн од шиг цөөн ч байдаг л юм билээ.Төрийн өндөрлөгүүдэд олон удаа хандаж, хэвлэлээр дам­жуулан ил захидал илгээж байсан. Ажил ихтэй болохоороо надтай уулзаж завддаггүй байлгүй дээ, тэд.

-Малайзын хаанд манай улсын элчин сайд итгэмжлэх жуух бичиг өргөн барьсны дараа­хан талийгаачийн хэрэгт холбоотой хоёр офице­рийг сулласан байдаг байх аа?

-Тийм. Манай элчин сайд Малайзын хаанд итгэмжлэх жуух бичгээ барьснаас хоёр хоногийн дараа цаазын ял сонсоод байсан “алуурчин” хоёр офицероо сулласан. Ингэснээр Малайзын төр монгол хүнийг яаж ч байсан малайзчуудад хууль үйлч­лэхгүй гэсэн жишгийг тогтоо­сон гэж би ойлгож байгаа. Дэлхийн талыг эзэлж явсан монголчуудыг хэн дуртай нь доромжилдог болоо юу хэмээн харуусах сэтгэл төрж байна. Гэтэл саяхан Их Британийн иргэнийг хороосных нь төлөө Исламын улсыг Англи агаараас цохилт өгч, иргэнийхээ гэр бүлд хүмүүнлэгийн тусламж харамгүй өгч байна. Гэтэл манайхан юу ч болоогүй юм шиг л сууж байна.

-Цаашид таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Таны охиныг хэрцгий­гээр хөнөөсөн хэрэг шийдэг­дэлгүй замхраад алга болчих юм биш биз дээ?

-Их хэлмэгдүүлэлтийн үед хүний эрхийг буудаж хороож шийдвэрлэдэг байж. Харин одоо цагт чимээгүй байж эвийг сахигчийн дүрээр хүний эрх, амь насаар тоглогчдыг үл огоорон өнгөрүүлдэг шинэ тогтолцоотой болоод байх шиг байна. Хүний эрхийн байгууллагууд арай өөр арга барилтай, шинэ түвшинд гарч ажилладаг болоосой гэж хүсч байна. Охиноо талийгаач болсноос хойш Монголчуудын эрхийн тухай ойр зуурыг мэддэг боллоо. Цаашид тууштай, бүр хүчтэй дуугарах болно.

-Талийгаачийн хүүхдүүд одоо хэрхэн амьдарч байна. Нэг үеэ бодвол овоо том болцгоочихсон байх?

-Зөгийд хатгуулж үзээгүй хүн зөгий хатгадаг гэдгийг мэддэггүй юм гэсэн. Хүн өөрт нь ирээгүй бол зовлонг тэр бүр мэддэггүй юм билээ. Хүүх­дийн баяр бусад тэмдэглэлт өдрүүдээр би дэлгүүрээс бэлэг худалдаж аваад “Том дарга миний хүүд бэлэг явуулжээ” гэж дээдсүүдийн нэрийг зээлддэг дээ. Одоо овоо том болж байна. Гэхдээ хэзээ “Учрыг нь яагаад олоогүй юм бэ. Гэмт хэрэгтнүүдийг яагаад шийтгээгүй юм бэ” гэж асуух бол гэж айдаг.

-Та Малайз руу цөөнгүй удаа явсан. Тэнд ажиллаж, сурч, амьдарч байгаа мон­гол­чуудтай уулзаж, амьдрал ахуйтай нь нэг биш удаа танилцсан тухай цухас дурддаг. Энэ талаар дэл­гэрэнгүй ярих боломж байна уу?

-Монголчууд тэнд хэрхэн амьдарч, амь зууж байгаа тухай үнэнийг би мэднэ. Заримынх нь тухай бодохоос ч ой гутмаар юм бий. Малайз 27 сая хүн амтай ч дийлэнх нь ширэнгэд зэрлэгээр амьдардаг юм билээ. Азийн бар орон гээд л монголчууд гоё, тансаг юм яриад байдаг. Үнэндээ бол өдөр болгон ордог ширүүн бороо хотыг нь угаачихдаг учраас цэвэрхэн харагддаг болохоос биш хотоос хэдхэн бээр яваад үнэн төрх нь харагдана. Манай хөдөөнийхөн ядуу, буурай гэгддэг ч хот дүүрэн малтай, бичиг үсэгтэй тэдний хажууд баян, эрдэмтэд гэсэн үг. Хамгийн гол нь эдийн засгийн чөлөөт байдалд олон жил болчихсон, хувийн хэвшлийнхэн нь хэнээс ч хамааралгүй улсаа аваад явчихдагт л учир нь байгаа юм. Улстөрчид буюу даргад дуртай хэд нь сандал суудал, засаглалын төлөө юу ч хийхээс буцдаггүй юм билээ. Шүүх хурал дээрээ шууд л дугтуйтай мөнгө авч, өгөлцдөг гээд бод л доо. Миний охины аминд хүрсэн хоёр офицероо үндэсний баатар мэтээр шагна­лаа гэж тэндхийн хэвлэлд бичсэн байна лээ. Алуурчин офицерын нэг нь “Би олон хүн захиалгаар цааш нь харуулсан туршлагатай хүн. Гагцхүү тохиролцсон мөнгөө л өгөөрэй” гэж Багиндад хэлж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Ийм л хүн Ерөнхий сайдынх нь бие хам­гаалах албаны ахлах офицероор олон жил ажиллаж байна шүү дээ.

-Хүмүүс Малайзад сурч, амьдрахаар явсан хүүхдүүд, хамаатан садныхнаа сураг­гүй болчихлоо гэх мэтээр танд ханддаг гэж байсан. Ихэвчлэн ийм шалтгаанаар ханддаг уу, өөр зүйл бас байдаг уу?

-Янз янзын асуудал бий. Монголчууд хүний наймаанд хэрхэн оролцох вэ, яаж золиос нь болох вэ гэдэг туршилтад өнгөрсөн жилүүдэд хангалттай оролцож, сургамж авлаа шүү дээ. Ийм газар руу монгол охид, залуус явах гэж хошуурах, дурлахын хэрэг байхгүй. Амь нас, эрүүл мэндэд нь ямар ч баталгаа байхгүй. Хамгийн гол нь Малайзад монголчууд эзэнгүй байдаг. Тэнд хэдэн мянгаар тоологдох монголчууд ажиллаж, сурч байна. Энэ нь визгүй болгосны уршиг шүү дээ. Малайз, Хонконг,Сингапур, Тайланд, Тайвань зэрэг дандаа бар нэртэй хүний наймаа, хар тамхины хамаг мафи нь өндөр хөгжсөн улсууд руу визгүй зорчдог болсон нь цаанаа том улс төр. Бусдын зовлон, муу муухайг ярих сонирхол надад алга.

-Та охиндоо зориулж өгүүл­лэг бичиж байгаа гэсэн үү?

-Талийгаач охиныхоо гэгээн дурсгалд зориулан “Цэнхэр дурдан алчуур” гэдэг өгүүллэгийг зураглал байдлаар бичсэн. Амьдрал гэгчийн мөн чанарыг бүтэн таньж амжаагүй гэнэн цайлган 20 гаруйхан настай бүсгүй үрээ эрүүл саруул болгох гэж харийн оронд ажиллаж яваад бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн явдал бол зөвхөн манай гэр бүлийн уй гашуу, сургамж бус монголчуудын уй гашуу, монгол иргэн бүрийн харь тэр тусмаа эрсдэл өндөр­тэй орнуудад учирч болох сургамж юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодсон.

-Таныг уншигчдын олонх нь талийгаач Алтантуяагийн аав гэдгээр нь мэдэхээс хэл бичгийн багш гэдгийг мэдэх нь цөөн байх. Таныг гавьяат багш болох дөхсөн гэх яриа гарсан байсан.

-Одоогоос хэдэн жилийн өмнө МУИС-д олон жил ажилласан Манж судлаач, нэрт эрдэмтэн Я.Шаарийбуу багшид гавьяат цол олгосон юм. Тэр үеэр би нэр нэгт багшийнхаа шагнал авч байгаа бичлэгийг хийж байсныг үзсэн шавь нар маань намайг гавьяат болж гэж андуураад, цэцэг барьж угтсан юм. Ийм л андуурал болсон. Гэхдээ би багийн бага сургуулиас эхлээд МУИС хүртэл боловсролын бүх салбарт 40 гаруй жил багшилж, Монголын түүх, соёлын нэрт эрдэмтдийн тухай 80-аад баримтат кино бүтээсэн хүн шүү.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна

Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлт­сийн дарга О.Энхбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн Ханбогдын “Галба 11” талбайд хийсэн 14 өрөмний 13-т нь газрын тос илэрсэн гэх мэдээлэл бай­на. Энэ ордын талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөөч?

-“Галба 11” бол өмнө хийгд­сэн судалгааны үр дүнд газрын тос байх магадлалтай гэж үзэж,1992 онд олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбайн нэг л дээ. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн Юу Тиан” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. 2009 онд анх гэрээ байгуулж байсан юм. Галба 11-ийн байршил гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатан­булаг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ талбайн 90 хувь нь Ханбогд сумын нутагт хамаардаг. Энд хайгуулын 14 цооног өрөмдсөн юм. Бүх цооногт нь тосны шинж тэмдэг тогтоогдсон. Үүнээс гурван цооногт нь 20 орчим хоног туршилт хийж, 1500 метр куб түүхий тос олборлосон байгаа.

-Тэгэхээр тэнд хайгуулаас гадна олборлолт явагдаж байж. Олборлолтыг нь яагаад үргэлжлүүлээгүй юм бол?

-“Галба 11” талбай болон тос гарсан блокийн хувьд үнэлгээ хийгдээгүй, нөөц тогтоогдоогүй, олборлосон тосоо хэрхэн борлуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн шалтгаанаар олборлолтыг зогсоосон юм. 2012-2013 оны тухайд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй удсан тал бий. Компанийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн асуудал ч байсан. Энэ мэт шалтгаанаас болж хайгуулын ажил зогсонги байдалд орсон хэрэг. Харин 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хууль батлагдаж, газрын тосны салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсон л доо. Нэгэнт орчин нь бүрдсэн учраас “Галба 11” талбайд газрын тос үүсэх боломжтой тогтоц, өрөмдөх цооногийн байршлыг тогтооход чухал ач холбогдолтой гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор 358.9 км.квадрат талбайд чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Манай газраас саяхан газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Ажил нь 50 гаруй хувьтай явж байна. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг “Зон Хэн Юу Тиан” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “ВGP” компанийн мэргэжилтнүүд танилцуулж байсан.

-Өмнөговийн “Галба 11”-ийг Тамсагтай эн зэрэгцэхээр орд гэж яриад байгаа. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-“Галба-11” талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй байна. “Зон Хэн Юу Тиан” компанийн судлаачид Тамсагаас дутахгүй орд илэрнэ гэж үзэж байгаа. Бид ч “Галба 11” талбайд Тамсагийн ордтой дүйцэхүйц хэмжээний нөөц илэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та нарыг очих үеэр хөрөнгө оруулагч компанийн зүгээс тодорхой ямар ямар мэдээллүүд өгсөн бэ?

-Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт уулзалтад “Зон Хэн Юу Тиан” компанийн хайгуул хариуцсан захирал оролцохоор ирсэн л дээ. Тэр хүн “Галба 11” талбайн ирээдүйн талаар маш сонирхолтой мэдээлэл өгч байсан. Одоо хийгдэж байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэж ярьсан. Бас дараа жил томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмдсөн блок дээрээ үнэлгээний зургаан цооног өрөмдөнө гэж байна лээ. Үнэлгээний ажил үр дүнтэй болчихвол тухайн блокыийн нөөцийг бодож, олборлолтод шилжүүлнэ гэж байна. Ашиглалтын 20 орчим цооног өрөмдөнө, мөн энэ жилийн гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийсэн талбайд хайгуулын зургаан цооног өрөмдөнө гэж төлөвлөж байгаагаа ярьсан. Гэхдээ ажлын төлөвлөгөө нь албан ёсоор батлагдаагүй байгаа.

-Хайгуулын явцад сонирхолтой хотгор газар олсон гэж компанийнхан мэдээлсэн юм байна. Хотгор газар гэдгийг энгийнээр тайлбарлаач. Нөөц нь илүү гүндээ байна гэсэн үг үү?

-1940-1960 онуудад газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгаанд үндэслэн хотгоруудын талбайн хэмжээ 500 000 км.квадрат, тунамал хурдаст зузаан нь 4500 метр хүртэл гээд тунамал хурдаст хотгоруудыг ялгасан байдаг л даа. Хотгор гээд байгаа нь тунамал хурдасыг хэлж байгаа юм. Хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ хотгор бүрт тос байна гэж ойлгож болохгүй л дээ. Монголын геологийн нөхцөл маш төвөгтэй. Тосны хураагуурууд нь нимгэн. Тектоникийн хагарлын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөнд их өртсөн байдаг. Тийм учраас газрын тосыг олж, илрүүлэхэд маш хүндрэлтэй. Тос олборлож байгаа цооногийн яг хажууд нь өрөмдөхөд л тос илрэхгүй байх жишээтэй.

-Тос агуулсан хэсгийн гүн аймаг аймгаараа ялгаатай байх уу?

-Тос агуулсан хурдасын гүн нь янз бүр л дээ. Дорноговийн сав газарт 1200-1800 метр, Тамсагийн сав газарт 2300-3200 метр, Өмнөговийн сав газарт 800-1200 метр байна.

-“Галба 11” талбайд хэчнээн ам.долларын хайгуул хийсэн бэ?

-“Зон Хэн Юу Тиан” компани 2009-2012 онд 36.7 сая ам.долларыг хайгуулд зарсан байдаг. Энэ онд хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын өртөгтэй нийлүүлж тооцвол 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд газрын тосны хайгуулын ажил маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ дурьдахад, гурван хэмжээст чичирхийллийн судалгааны нэг км.квадрат ажлын өртөг гэхэд л 30000-35000 ам доллар байдаг юм. Ажлынх нь хэмжээгээр үржүүлэхээр 10 орчим сая ам.доллар болж байгаа юм.

-Нэг өрөм тавихад хичнээн ам.доллар зарцуулдаг вэ?

-Геологийн тогтоцоос шалтгаалаад өөр өөр байдаг. Дунджаар хоёр сая орчим ам.доллар зарцуулдаг.

-Газрын тосны хууль шинэчлэгдэхээс өмнө компаниуд хүлээлтийн байдалтай байсан гэж та ярилаа. Өмнөговьд одоо хайгуулын ажил ид өрнөж байна уу?

-Тиймээ. Хайгуулын ажил боломжийн хэмжээнд явагдаж байна. Дараа жилээс улам эрчимжинэ. “Магнай трейд” компани “Баянтүмэн 17” талбайд 523 тууш км-т хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, “Эн Пи Ай” ХХК “Хөхнуур 18” талбайд нэг хайгуулын цооног өрөмдсөн. “Сансрын геологи хайгуул” ХХК “Цайдам 26” талбайд нэг цооног өрөмдсөн бол “Зон Хэн Юу Тиан” 358 км.квадрат талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийгээд байна. Мөн “Импайр газ” ХХК “Борзон 7” талбайд, “Шунхлай Энержи” компани “Сулинхээр 23” талбайд энэ ондоо багтаан хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

-Газрын тосны хайгуулын ажил хийдэг Монгол компаниуд бий юу?

-Газрын тосны хайгуулын гурван хэмжээст чичирхийллийн ажил, өрөмдлөг, каротаж, туршилт зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг компани одоохондоо Монголд байхгүй. Эдгээр ажлуудыг газар нутгийн хувьд хамгийн ойрхон БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа. Хайгуулын бэлтгэл ажлыг хангахад маш их цаг хугацаа шаардагддаг. Гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрөл, тоног төхөөрөмж оруулж ирэх гэх мэт өчнөөн ажил бий. Нэг өрөм тээвэрлэхэд 70-80 машин ачаа болдог. Өрөмдлөгийн ажлыг гэхэд л 50-60 хүн гүйцэтгэдэг. Галба 11 талбайд гүйцэтгэж буй гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 330 орчим хүн гүйцэтгэж байгаагаас 153 нь тухайн орон нутгийн иргэд ажиллаж байх жишээний. Хятад ажилчдад зөвшөөрөл авч оруулж ирэх, монгол ажилчдыг цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулахад багагүй цаг хугацаа шаардагддаг.

-Өмнөговьд яг хичнээн компани хайгуул хийж байгаа вэ. Хайгуулын үр дүн хэр байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. “Борзон 7” талбайд “Импайр газ” ХХК ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын шийдвэрээр “М Си Эс” ХХК-иас эрх үүргийг нь шилжүүлжавсан юм. “Номгон-9” талбайд “Сансрын геологи хайгуул” ХХК, “Төхөм 10” талбайд Монголын алт ХХК, “Галба 11” талбайд “Зон Хэн Юу Тиан” ХХК ажиллаж байна. Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсанаар огт судлагдаагүй талбайд эрлийн ажил гүйцэтгэх эрхзүйн орчин бүрдсэн. “Эрдэнэс таван толгой ХХК, “Монголын Алт” ХХК-иуд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээ байгуулаад байгаа. Эрэл, хайгуулын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаа тул үр дүнгийнх нь талаар ярихад эрт байна.

-Манай улсын газрын тосны нөөц хэр бол. Хайгуул хийх бололцоотой байршлуудыг тогтоочихсон байдаг уу?

-1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан юм. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 31 талбай байна.

-Хичнээн талбай нь олборлолтод шилжээд байгаа вэ, удахгүй олборлолтод шилжих талбай лав л “Галба 11” байх шиг байна?

-21 талбайд нь гэрээ байгуулсаны гурван талбай нь олборлолтод шилжээд байгаа. Дараагийн олборлолтод шилжих магадлалтай талбай гэвэл мэдээж “Галба 11” байна.Мөн “Хөх нуур 18” талбайд таван цооног өрөмдсөнөөс дөрөвт нь тосны шинж тэмдэг илэрсэн. Энэ онд нэг цооногт туршилт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын үр дүн маш чухал байна. Бусад талбайн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний ажил хийж байж л тос байгаа үгүйг тогтооно. “ПетроЧайна Дачин” компани хоёр талбайд хоёр тэрбум орчим ам.доллар зарцуулсны үр дүнд олборлолтод шилжсэн. 19, 21, БХГ-97 талбайнх нь хувьд баталгаат нөөцийн хэмжээ 332.64 сая тонн байна. Үүнээс ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээ нь 43.2 сая тонн байгаа. Нөөц өсгөх аргуудыг хэрэглэснээр нөөц нь тодорхой хэмжээгээр өсөх боломжтой.

-Хайгуул хийгээд амжилтгүй болсон жишээ байна уу?

-Газрын тосны хайгуул маш эрсдэлтэй. Тариач 15 талбайд 21 цооног өрөмдсөнөөс хоёр цооногт тосны шинж тэмдэг илэрсэн төдий байна.Матад 20 талбайд 11 цооног өрөмдсөн ч үйлдвэрлэлийн ач холбогдолтой тос илрээгүй. Энэ хоёр компани хоёулаа л хайгуулд 60 орчим сая ам.доллар зарцуулсан. Газрын тосны хувьд тос илрэх тийм ч том амжилт биш. Ийм их хөрөнгө зарчихаад үйлдвэрлэлийн ач холбогдолтой орд илрүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд маш том эрсдэл. Монголын хувьд эрсдэл өндөртэй хайгуулын ажлаа гэрээлэгчдийн хөрөнгөөр хийлгэчихдэг. Тос олдохгүй бол ямар ч эрсдэл үүрэхгүй. Харин тос олдвол олборлолт явагдаж, борлуулалт хийгдсэн өдрөөс нь л ашгаа хүртэж эхэлдэг.

Ц.БААСАНСҮРЭН