Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдлээ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар жил гаруйн хугацаанд хүлээгдэж байсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнийг нь АНУ-ын Элчин сайдын яам талархан хүлээж авсан байна. Энэхүү хэлэлцээрийг өнгөрөгч оны есдүгээр сард Нью-Иорк хотноо АНУ-ын Худалдааны төлөөлөгч Майкл Фроман, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар үзэглээд байсан юм. Тэгвэл тус хэлэлцээрт УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг сайд өөрийнхөө Засгийн газрын нэн тэргүүний зорилтыг тодорхойлохдоо нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэж тодорхой хэлсэн.

Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг Их хурал хэлэлцэн, соёрхон баталснаар парламент ч гэсэн хөрөнгө оруулалтыг татах асуудал дээр тууштай үүрэг хүлээж байгаа гэдгээ нотолсон чухал алхам боллоо” гэсэн юм. Түүнчлэн АНУ болон Монгол Улсын бизнесийн хүрээнийхэн бизнесээ хийхэд илүү дөхөм болно гэлээ. Хэлэлцээрийг соёрхон батлахын өөр нэг давуу тал нь худалдааны чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомжийг гадны хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид хуулийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр төсөл хэлбэрээр нь харах боломж бүрдэж байгаа гэнэ. Хуулийн төсөл дээр бизнесийнхэн өөрсдийн саналыг хэлж болох бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх явцад тэдний гаргасан саналаас тусгах боломж бүрдэж байгаа юм байна. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр авлига буурна гэж үзэж байгаа гэдгийг хэлж байсан юм. АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдэж байгаа бөгөөд манайхан ч гэсэн АНУ-д хөрөнгө оруулах боломж нээгдэж байна.

Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллээс дараахь тодруулгыг авлаа.

-Та саяхан ярилцлага­даа АНУ-ын компаниуд Монгол Улсад бизнес хийх сонирхолтой байдаг гэсэн. Ил тод байдлын хэлэлцээр соёрхон батлагдсанаар АНУ-ын аль салбарын бизнес эрхлэгчид орж ирэх бол?

-Салбар салбарын компаниуд Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой байдаг. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт ялангуяа түлхүү анхаарч байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний компаниуд ч сонирхож байгаа. Өнгөрөгч есдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Америкийн өдрүүд” гэсэн үзэсгэлэнг зохион байгуулсан. Тухайн үед аль аль талын бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгаа нь анзаарагдсан.

-Ил тод байдлын хэлэл­цээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж чадах уу?

-Бид авлигатай тэмцэж чадна гэж бодож байгаа. Учир нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаарх заалтууд уг хэлэл­цээрт маш тодорхой туссан. Түүнчлэн авлигын талаар эхэлж мэдээлсэн хүнийг хамгаалах заалт орсон.

-Хэлэлцээрийг соёрхон баталсан юм чинь чөлөөт бүсийн худалдааны гэрээг хэзээ байгуулах вэ?

-Өмнө АНУ, Монгол Улсын хооронд жил бүр Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байнга уулзалт хийдэг байсан. Зөвлөлдөх уулзалтын үеэр ил тод байдлын асуудлаар ярилцан хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Одоо хэлэлцээрээ соёрхон баталсан юм чинь Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтуудаа үргэлжлүүлэн хийх болно. Яваандаа худалдааны нэмэлт гэрээ байгуулах арга замыг эрэлхийлнэ. Хэлэлцээрийг соёрхон батлахын тулд байнгын хороод дээр нэлээд удаан явсан. Намрын чуулган эхлэх үед УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулган эхлэх үед асуудлуудын дотор байгаа гэсэн. Даруйхан ингэж баталсан нь анхаарлын төвд байна гэдгийг илэрхийлж байгаа үйлдэл юм.

-Ил тод байдлын хэлэл­цээ­рийг соёрхон баталснаар хоёр орны бизнесийнхэн ха­рилцан тэгш эрхтэй оролцох байх. Гэхдээ Монголын талд ямар боломж, давуу тал байгаа бол?

-Бизнес эрхлэгчид төсөл хэлбэрээр хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр өөрсдийн саналыг илэрхийлэх механизмыг бүрдүүлж өгсөн. Хууль батлагдсаны дараа түүнийхээ үр шимийг хүртэх боломж нээгдэнэ. Аль аль орны бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэлэлцээрээр хууль тогтоомжийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр болгох үүргийг мөн хүлээж байгаа. Ганцхан АНУ гэлтгүй Канад, Япон зэрэг олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуулийг төсөл хэлбэрээр байхад нь уншиж танилцах нь илүү өгөөжтэй гэж байсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд байдаг концепциудыг тусгасан. Яг тийм бизнесийг дэмжинэ гэдэг ч юм уу тодорхой заалт байхгүй. Тэдгээр асуудлуудыг дараа дараагийн бичиг баримтууддаа тусгах байх.

-Монголын талаас АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн хэр олон байдаг вэ. Байдаг бол ямар ямар салбарт бол?

-АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн байдаг. Өнгөрөгч долоо хоногт гэхэд АНУ-д өөрийн бизнесийг аль хэдийнэ эхлүүлсэн бизнесийнхэнтэй уулзсан. Хоёр тал руугаа чиглэсэн бизнес хийх сонирхол байдаг нь анзаарагддаг.

Хөрөнгө оруулалт, худалдаа хоёрыг салгаж авч үзвэл хөрөнгө оруулалт нь үнэт цаасны тал дээр чиглэсэн. Худалдааны тал дээр түүхий эдийн худалдааны сонирхол байдаг.

-Хэлэлцээр маань зөвхөн бизнес эрхлэгчдэд хамаатай юу. Том жижиг бизнес гэж ялгах уу?

-Ил тод байдлын тухай хэлэлцээр маань худалдаатай холбоотой хууль тогтоомжийн асуудлууд руу чиглэгдэж байгаа. Үүнд том, жижиг бизнес гэх ялгаа байхгүй. Адилхан үйлчилнэ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

Шинээр эмхлэн байгуу­лагдаж байгаа засгийн бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Эвслийн Засгийн газар үлдсэн 1.6 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил авчирч, эдийн засгийн хүрээнд юу хийж чадна гэж итгэл хүлээлгэж байна?

-Эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн үл ойлголцол газар авчихсан ийм цаг үед УИХ-д суудалтай бүх нам нийлээд их эвслийн Засгийн газар байгуулж байна. Миний хувьд энэ үйл явдлыг хоёр зорилготой гэж харж байгаа. Эхнийх нь Үндсэн хуулийн зохицуулалтад зарим нэг өөрчлөлт, засвар хийх шаардлагатай юм. Наад зах нь Засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Нэг сум хэдэн хүн амтай билээ дээ. Тэгвэл хамгийн бага хүн амтай дүүрэг гэхэд л 100 мянган хүнтэй байна. Бүр 4-5 аймаг нийлүүлсэн юм шиг том дүүргүүд байгаа. Монгол Улсын хүн амын 50-60 хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хот нийслэлийн статусын нэг түвшинтэй. Өөрчлөх гэхээр Үндсэн хуулийн зохицуулалттай болохоор болдоггүй. Энэчлэн олон зүйлээс улбаалан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Тиймээс Шийдлийн Засгийн газрын хүрээнд боломж гарах юм болов уу гэж харж байна. 2000 оных шиг дордуулсан долоон өөрчлөлт хэрэггүй л дээ. Зөв өөрчлөлт хийгээд явах юм бол улс орны ирээдүйн хөгжилд маш чухал гэж харж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай энэ цаг үед бэрхшээлээс яаж эрсдэл багатай давж гарах вэ. Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад ард нь гарах хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн л хожно. Энэ үүднээс одоогийн байгуулагдаж байгаа Засгийн газрыг буруутгахгүй. Дэмжиж байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахдаа яамдын тоог хэтэрхий олон байна гээд 13 болгож цөөлсөн. Гэтэл сая намуудын зөвшилцлийн хүрээнд буцаагаад 15 болгохоор төсөл өргөн барилаа. АН фракцийнхаа эрх ашигт хөтлөгдөөд яамдын тоог нэмчихэв үү гэх хардлага дагуулаад байгаа л даа?

-Асуудал яамныхаа тоонд байгаа юм шиг манайхан ярьдаг. Цөөхөн яам байгаад төрийн үйл ажиллагаа амжилттай болчихгүй. Үр дүн л чухал. Харин тэр тодорхой боломжит түвшинд нь засгаа байгуулаад ажиллавал ямар үр дүн өгөхийг бодох ёстой. Одоо байгуулагдаж байгаа бүтэц боломжийн түвшинд байна. Өмнө ес болон 11 яамтай байсан гээд ярих юм. Тэр үеийн нийгмийн цар хүрээ, хүн амын тоо ямар байлаа даа. Одоо хэдэн хүн амтай болж, эдийн засаг яаж өргөжлөө дөө. Гадаад харилцаа хэрхэн хүрээгээ өсгөв гээд энэ бүгдийг бодоод үзвэл Засаг захиргааны хувьд тэлэх ёстой. Илүү хүчирхэгжиж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байна. Манайхан хийе бүтээе, урагшилъя гэхээсээ илүү шүүмжилсэн, үгүйсгэсэн, хардсан, сэрдсэн, гүтгэсэн, доромжилсон зүйл гаргаж тавих юм. Энэ буруу. Улс оронд аль нь ашигтай юм, яавал түргэн хөгжих вэ гэдгийг л харах ёстой. Өнөөдөр Украин шинэ Засгийн газраа байгуулж байна. Юун яамны тоо байтугай гадаад иргэдийг хүртэл Засгийн газартаа орууллаа. Украин чинь хямралаас гарах гэж бүхий л арга чаргаа хайж байна. Ганц Монголын төр хямарчихаад байгаа юм биш. Хэд хэдэн улсын Засгийн газар өөрчлөгдөж байна. Япон улс гэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраа хэд дахин сольчихов доо. Ингээд яриад байвал асуудал мундахгүй. Дэлхий нийтээр эдийн засаг улс төрийн хямралтай байна. Тогтуун боломжийн нөхцөл байдал үүсэх байх. Дандаа муу байна гэж юу байхав. Ашигт малтмал, уул уурхайн түүхий эд тогтворжоод ирэхээр манай улсын эдийн засаг сэргэнэ. Бид эрх зүйн зөв орчноо бүрдүүлээд явбал, улс орон эерэг тал руугаа явах цаг хол биш. Иймд монголчууд дотроо эв зүйгээ олсон байх ёстой. Тэгэхийн тулд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Монголчууд хэдэн үеэрээ хоорондоо байлдаж, талцсаар ирсэн. Ингэснээр хүч нь суларч, хөгжлийн замд том саад болж байгаа юм. Тэгэхээр одоо бие биенээ хүлээн зөвшөөрөх хандлагыг дэмжих ёстой. Хамтраад эдийн засгийн эрдслээ давъя гэж байхад яагаад МАНАН гээд байна вэ?

Өмнө хамтраад үр дүнд хүрч чадаагүй алдаа бий?

-Тэр үнэн. Гэхдээ л дандаа муу юм байна гэж юу байхав. Бид оролдох л хэрэгтэй. Нэг удаа чадаагүй байж болно. Хоёр дахиа амжилт олоогүй байг. Гурав дахь удаагаа үр дүнд яагаад хүрч болдоггүй юм бэ. Уйгагүй оролдлого л үр дүнд хүргэнэ биз дээ. Бид Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхний эвслийг байгуулж үзсэн. Дараа нь С.Баярыг Засаг толгойлж байх үед бас нэг эвсэл байгуулсан. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед их эвсэл байгуулж үзье л дээ. Тууштай оролдлогын үр дүнд амжилт олохыг хэн байг гэх юм бэ.

Яамдын тоог хоёроор нэмж, хэд хэдэн агентлагуудыг татан буулгахаар УИХ хэлэлцэж байна. Тахарын албыг гэхэд саяхан байгуулчихаад татан буулгаж байх шив дээ…

-Зарим шаардлагагүй агентлагуудыг нь татан буулгах, төсөв орон тоогоо үр дүнтэй зохицуулах асуудал гэж ойлгож байгаа. Нэг их эмзэглээд байх асуудал биш юм. Шинэ Ерөнхий сайддаа боломжийг нь олгоё л доо. Идэвх зүтгэлийг нь нээж өгье л дөө. Гэтэл манайхан тал талаас нь шүүрэн шанага болтол нь балбадаг. Тэгсээр байгаад хэн ч биш болгоод хаядаг. Нэг удаа ч гэсэн боломжийг нь олгоод, дэмжээд яагаад болохгүй гэж. Юм болгоныг нь яагаад үгүйсгэж эсэргүүцэж байх ёстой юм бэ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхэд “Шонхор” фракцийнхан хурал хаяад гарсан. Ямар тохиролцоо явчихав аа,эсвэл үл ойлголцол байсан уу?

-Ямар нэгэн хор найруулаад хуйвалдаад явсан юм байхгүй. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандсан. Манай хүмүүс ч тэгж хандсан байх. Эцсийн дүндээ би хэн нэгнээс урваад явах үйлдэл байтугай санаа ч байгаагүй. Улс орныхоо болоод намынхаа эрх ашгийг бодсон юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Украин шиг Засгийн газартаа америк мэргэжилтнээр сайд тавья

Украин улс шинэ Засгийн газраа байгууллаа. Тэд гүн хямралаа давахын тулд гадаадын өндөр боловсон хүчинд итгэл хүлээлгэж байна. Америк, Гүрж, Литви улсын иргэнд улсынхаа иргэншлийг олгож, гол, гол салбаруудаа удирдуулахаар боллоо. Ингэвэл улс нь хүнд байдлаас гарна гэдгийг харж зөв шийдвэр гаргажээ.

Манайх социализм бай­гуулж байхдаа ЗХУ-аас хоёр, гурван зуугаар нь мэргэжилтэн авдаг байлаа. Тэгвэл одоо капитализм байгуулж бай­гаа юм чинь Америкаас мэргэшсэн хүн авчирч сайд тавимаар байна. Өнөөдөр Их хурлын гишүүн болгон сайдын сэнтийд санаархан уйлалдан гүйлдэж байгаа. Та нарт л гэхэд сайд хийж, улсаа толгойлж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Үүний нэг тод жишээ бол сүүлийн 25 жил өөрсдөө ганц ч гэсэн эмнэлэг босгосонгүй. Япончууд барьж өгснийг нь эс тооцвол сургууль ч барьчихаагүй шүү дээ. Хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарсан бүтээн байгуулалтаас өгсүүлээд энэ мэтчилэнгээр юу ч хийсэнгүй. Манай дарга нарт улс орноо аваад явах чадамж алга даа. Харин сайд болсон хүн, түүнийг дагагчид л баяжаад байдаг.

Тэгвэл хамгийн их шинэч­лэл хийх шаардлагатайХууль зүйн яамыг америк мэргэжилтнээр удирдуулъя л даа. Мөн Уул уурхайн яа­мыг ч бас гадаадын өн­дөр боловсон хүчнээр толгойлуул­маар байна. Зарим га­зар, агентлагийн дарга нарыг ч гадны мэргэжилтнээр тавьчихъя. Энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэх уян хатан хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.

Америкийн дэлхийд гайхуулсан боловсон хүчин бэлтгэдэг сургуулийг төгссөн чадварлаг хүмүүсийн дунд дөрвөн жил гүйцэтгэх сайдын тендер зарлаж болно шүү дээ. Өндөр цалин хөлс амлаад ч болтугай тэднийг авчиръя л даа. Юуны тулд өргөн уудам газар нутагтай билээ дээ, 20-30 га эдлэн газар эзэмшүүлсэн ч яадаг юм.

Гадаадын боловсон хүчнээр улсаа удирдуулж байгаа Украинаас жишээлж байгаагийн учир нь манай хоёр улс яг адилхан болохоор тэр. Украины улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчилдөөн дайн дажны хэмжээнд хүрч улсаа нурааж байгаа. Үүн шиг Монголын улс төрийн хүчнүүд хийгээд фракцын тэмцэл хэрээс хэтэрсэн. Тийм болохоор тэд эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, улсаа жолоодож чадахгүй байгаа юм. Тиймээс Украин шиг америк мэргэжилтнээр сайд тавья.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Х.Бадамгэрэл: Топ модель гэх цолыг өндөрт өргөж явна аа

Гоёл-2015″ наадам уржигдар Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд загвар зохион бүтээх 22 салон, шилдэг 50 загвар өмсөгч оролцсон. Дэлхийн супер модель Ирина Пантаева урилгаар ирж оролцсон нь наадмын чимэг болж байлаа. Тус наадамд үе, үеийн топ моделиудаас Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг, Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг нар оролцсон. Харин Э.Одгэрэл тайзан дээр алхалгүйгээр шилдэг загвар өмсөгчид шагнал гардуулан өгсөн юм. Дизайнеруудын гранпри шагналыг “Говь” компанийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, шилдэг эмэгтэй загвар өмсөгч П.Халиунаа, дэд байрт М.Наранмандах, шилдэг загварын товчоогоор “Монголжингоо”, шилдэг нүүр хувиргагчаар Наранмандах, шилдэг үсчнээр Баярчимэг, шилдэг дизайнераар үндэсний хувцасны төрөлд “Шилмэл загвар”-ын Өнөболор, уран сэтгэмжтэй төрөлд Энхсайхан, өдөр тутмын хувцасны төрөлд Батзогсоол, ирээдүйтэй залуу дизайнераар Томи, тусгай байрын шагналт дизайнераар Хоролмаа, Эрдэнэзул, Бямбацэрэн нар тус тус шалгарлаа. Энэ үеэр “Гоёл-2015″ наадмын топ моделиор шалгарсан Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.

-“Гоёл” наадмын отгон топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Маш их догдолж байх шиг харагдлаа?

-Үнэхээр их баяртай байна. Наадам эхлэхээс л миний сэтгэл их догдолж байсан. Нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байлаа. Эцсийн мөчид “Гоёл-2015” наадмын топ модель Х.Бадамгэрэл гээд зарлахад өөрийн эрхгүй нулимс унагасан. Нулимсаа барих тийм ч амар биш юм.

Гэр бүлийн хүн тань тайзан дээр гарч ирж баяр хүргээд нэлээн удаан тэвэрч зогссон. Бас чихэнд чинь юм хэлээд байх шиг байсан. Юу гэсэн бол?

-Топ моделийн шагналыг дэлхийн супер модель Ирина Пантаевагаас гардаж авлаа. Энэ хүн Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй топ модель. Ийм хүнээс шагнал авсандаа бэлгэшээж байгаа. Топын цомоо аваад үзэгч олондоо мэхийн ёслоод зогсож байтал хань минь тайзан дээр гараад ирсэн. Тэвэрч аваад үнсэхэд нь бас л уйлчихсан. Чамаараа их бахархаж байна, дэндүү их хайртай шүү гэж чихэнд минь шивнэлээ. Хайртаасаа өдөр бүр сайхан үг сонсдог ч гэлээ тайзан дээр гүйж гарч ирээд хайртай гэдгээ хэлэхэд нь бүр их баярлаж байлаа.

Таныг топ модель болохыг мэдсэн юм шиг сагс дүүрэн цэцэгтэй ирсэн нь бас л содон харагдаж байна лээ?

-Тайзан дээр гарч ирэхдээ сагс дүүрэн сарнай барьчихсан зогсож байсан. Уг нь өдөржин миний арын ажлыг зохицуулж гүйсэн юм. Хэдий завандаа авсан юм бол доо гэж бодоод хайр хүрч байв.

Та хоёр хүүхэдтэй болсон байх аа?

-Нэг хүүхэдтэй. Хүү минь одоо ой гарантай. Эмээ өвөөтэйгээ гэртээ үлдсэн.

Таныг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөртөө итгэлтэй байв уу?

-Яг топ модель болно гэсэн бүрэн дүүрэн итгэл байгаагүй. “Гоёл” наадамдаа амжилттай оролцъё гэж бодсон. Тайзан дээр гараад алхаж байхад олон хүн алга ташиж байсанд их урамшсан. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авч өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж байлаа.

Энэ жил Х.Бадамгэрэл топ болно гэх яриа наадмын өмнө гарч байлаа. Та анзаарсан уу?

-“Гоёл” наадам дөхөөд ирэхээр тиймэрхүү яриа гардаг. Олон түмэн биднийг харж байгаа. Тэгэхээр хэн нь ямар байгааг гадарладаг биз. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс л миний нэр яригдаж эхэлсэн. Өнгөрсөн жил би хүүгээ төрүүлчихээд удаагүй байхдаа “Гоёл”-ын тайзан дээр гарч ирсэн. Үзэгчдээ, тайзаа хүндэтгээд оролцсон. Нөгөө талаар ээж болсон олон эмэгтэйд урам зориг итгэл найдвар өгөх болов уу гэсэн зорилго байлаа. Мөн миний ард олон хүний хөдөлмөр байдаг. Хайрт хань, ээж, хүү болон “Andra model management” агентлагийн хамт олон минь бий.

Таны хувьд загварын тайзнаа хэдэн жил гарч байна вэ?

-Би 2004 онд загварын ертөнцөд хөл тавьж байлаа. Харин “Гоёл”-д оролцож эхэлсэн нь 2006 он. Тэр үеэс хойш “Гоёл” наадмыг алгасаагүй. Жил бүр л арванхоёрдугаар сарыг догдлон хүлээж наадамдаа бэлддэг. Загвар зохион бүтээгчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг бид үзэгчдэд хүргэдэг. Тэр утгаараа хариуцлагатай байх ёстой. Дизайнеруудынхаа хөдөлмөрийг харуулж тэднийхээ урласан хувцсыг амилуулах юмсан гэх итгэлээр өнөөдрийг хүртэл тайзан дээр гарлаа. Хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа ч баяртай байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын дизайнеруудын холбоо, үе үеийн топ моделиуд, тайзнаа өрсөлдсөн загвар өмсөгчдөдөө баярлалаа гэдгээ хэлмээр байна. Жил бүр шилдгээр шалгардаг топ моделиудаас үлгэр дууриалал авдаг болохоор загварын тайзнаа амжилттай алхаж байгаа гэж боддог. Одоо өөрөө топ модель болчихлоо. Энэ том нэр хүндийг өндөрт өргөж явна аа.

Загвар өмсөгч болгосон багш тань хэн байв?

-Миний хамгийн анхны багш Халиунаа. Багш минь өнөөдөр шилдэг загвар өмсөгчийн шагнал авлаа. Би багшаасаа алхаа гишгээ, хувийн зохион байгуулалт гээд бүх зүйлийг сурсан. Манай багшийн онцлог гэвэл дэндүү сайхан сэтгэлтэй. Ийм мундаг хүний шавь болсондоо маш их талархдаг. Багш минь надад тус дэм урам зориг өгдөг. Амьдралын минь амжилтын эхлэлийг тавьж өгсөн багшдаа маш их баярлалаа гэж хэлье.

Багш шавь хоёр нэгэн уралдаанаас хамтдаа шагнал авна гэдэг бас сайхан тохиол байна шүү?

-Тийм ээ. Багштайгаа шагналын тавцанд хамтдаа зогсох сайхан байлаа. Бас эрэгтэй шилдэг загвар өмсөгч Болор-Эрдэнэ миний хар багын найз байгаа юм. Бид хоёр 2004 оноос эхлэн Халиунаа багшийнхаа дамжаанд бүртгүүлэн суралцаж байлаа. Тэр үед манай багш “Шилмэл загвар” агентлагийн модель байсан. Тиймээс би бас тэндхийн модель болж байжээ. Өнөөдрийн миний амжилт “Шилмэл загвар” агентлагтай салшгүй холбоотой.

Энэ жилийн хөтлөгч Э.Ууганбаяр таны сайн найзуудын нэг. Тэгэхээр тайзан дээр ер нь л ойр дотныхонтойгоо байжээ дээ?

-Бас л аз завшаанаар тэгээд таарчихлаа. Э.Ууганбаяр бид хэд гэр бүлийн найзууд. Намайг топ модель болоход бас их баярласан байх. Ханийг минь тайзан дээр гарч ирж надад баяр хүргэхэд гар утсаараа бичлэг хийж байх шиг харагдсан.

Таны нүүрний будалт их өвөрмөц харагдаж байна лээ. Ямар хүмүүстэй хамтарч ажиллав?

-Миний өнөөдрийн үсний засалт, өнгийг “Жей” салоны үсчин Хосоо, Ганаа хоёр маань хариуцаж ажилласан. Харин нүүр будалтыг Эрдэнэсувд, Отгоо эгч нар хийсэн. “Говь” компанийн загварын үзүүлбэр дээр урууландаа шигтгээ нааж гарахад үзэгчид алга нижигнүүлэн ташсан. Бас “Bess tailor” салоны цагаан даашинз их таалагдсан. Биндэрьяа дизайнер надад итгэл хүлээлгэсэн болохоор энэхүү даашинзыг сэтгэлд хүртэл нь амилуулахыг хичээсэн. Ер нь “Гоёл” наадмын дизайнеруудын бүтээл жилээс жилд гайхалтай болж байгаа. Дизайнеруудын бүтээл яах аргагүй том урлаг. Энэхүү урлаг шингэсэн бүтээлийг өмсч байгаадаа загвар өмсөгч бидний хувьд асар их сэтгэлийн таашаалыг амсдаг.

Та өмнө нь бас “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болж байсан байх аа?

-“Гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Би нэгэнт хийж бүтээж, хөдөлмөрлөж л байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүмүүс миний хөдөлмөрийг үнэлэх байх гэж боддог байлаа. Топ модель гэдэг чинь загварын салбарын оргил шүү дээ. Би энэ оргил өөд тэмүүлж байлаа. Гэхдээ цаг нь ирэхээр бүх зүйл сайхан болдог учраас тэгтлээ яараагүй.

ДУУЧИН БЭКИ: ХАНИЙГАА ТОП МОДЕЛЬ БОЛЧИХ БАЙХ ГЭСЭН ЗӨН СОВИН НАДАД БАЙСАН

Гоёл-2015″ наадмын топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэкитэй уулзав.

Таны гэргий Монголын загварын хамгийн том цолыг хүртсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Бас ханиараа их бахархаж байна. Би урлагийн хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. “Гоёл-2015” наадам эхлэхээс л гарын алга хөлрөөд сандраад байсан. Одоо хүртэл хөвөөд байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна.

Х.Бадамгэрэлийг тайзан дээр гарч ирэхэд шүгэлдээд, алгаа ташаад их дэмжиж байсан. Танаас гадна ямар хүмүүс байв?

-Тайзны араас миний хайр гараад ирэх тэр мөчид үлгэрийн дагина амилав уу гэлтэй харагдаж байсан. Нэг насаараа үнэнч хайрлах хүн минь юм шүү дээ. Бахархаад ханашгүй байна.

Ер нь энэ жил топ модель болчих болов уу гэж бодож байсан уу?

-Ханийгаа топ моделиор шалгарчих авчих болов уу гэсэн зөн совин надад байсан. Гурван жил нэр нь яригдаж байгаа шүү дээ. Тиймээс энэ жил хоосонгүй болов уу гэж бодож байлаа. Гэхдээ дотроо л бодоод байсан хэрэг. Харин манай хүн чив чимээгүй л байгаад байсан. Бэлтгэл ажилдаа л анхаарна уу гэхээс шагналын тухай бид хоёрын хэн нь ч ам нээгээгүй. Гэхдээ миний хань наддаа дэлхийн супер модель л гэсэн үг.

Загвар өмсөгч хүний нөхөр байх хэцүү юу. Нарийн дэглэм барихаас эхлээд янз бүрийн залуусаас харамлана биз?

-Манайх урлагийн гэр бүл. Тиймээс хэн хэнийгээ ойлгоно. Миний хань ажлаа л хийж яваа хүн. Тиймээс эрчүүд харж байгаа болов уу гэж хардаад байх утгагүй. Харин хоол ундны тухайд тэгтлээ намайг залхаагаад байдаггүй. Идэх үедээ хүссэн зүйлээ идчихнэ. Гэртээ бол аль болох эрүүл, органик бүтээгдэхүүн сонгохыг чухалчилдаг юм.

Одоо яаж баярлуулъя гэж бодож байна вэ?

-Бодсон зүйл одоохондоо алга. Ямар ч байсан нэг сайхан гэнэтийн бэлэг барина даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Д.ДОРЖДЭРЭМ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Түмэнжаргалын Дүүрэн: Аав маань миний нэрийг дуундаа их оруулсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсныг монгол түмэн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлээр нь сайн танина. Найрагчийн хүү, “UFC” группын хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Түмэнжаргалын Дүүрэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.

Түмээ найрагчийгМонголын ард түмэн уран бүтээлчийнх нь хувьд дэндүү сайн мэднэ. Та аавынхаа тухай сайхан дурсамжуудаас хуваалцаач?

-Миний аав 1953 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд мэндэлсэн. Арван хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү л дээ. Нэг эгчтэй. Сумынхаа долоон жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцсан. Аав байгалиас заяасан унаган авьяастай, бичгийн их хүн байжээ гэдгийг нэгдүгээр ангид байхдаа сайхан бичгийн аварга болж байснаас нь харахад ч тодорхой байгаа юм. Их нямбай хүн учраас сайхан бичгийн аварга болж байсан хуудсаа хүртэл хавтсанд хадгалчихсан байсныг би сүүлд хараад бахархсан. Бичгийн цаасан дээр шугам татчихсан юм шиг бичсэн байгаа биз. Хэвлэлд гарсан анхны шүлгүүд нь байж байна. Арван таван насандаа Москвагийн радиод захидал хүртэл бичижбайсан хэнхэгдүү ч гэмээр тийм л бадрангуй нэгэн байж дээ. Наймдугаар ангидаа сургуулийнхаа математикийн аварга болсон гэрчилгээ нь ч бий. Тэр бүхнээ нямбай хадгалсан нь хожим үр хүүхдэд нь үлгэр дуурайл болно гэж боддог байж. Багшийн сургуулийн оюутан байхдаа төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ахтай хамт “Пионер” хэмээх анхны дуугаа зохиож уралдаанд оролцож хоёрдугаар байр эзлэн Филатова гуайн гараас шагналаа гардаж байсан байдаг. Филатова шагнал гардуулахдаа мань хоёрыг “Ийм балчирхан мөртлөө ямар гайхамшигтай авьяастай юм бэ” гэж дуу алдаж байсныг ээж маань дурсдаг юм.

Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бол?

-Багшийн сургуулиа дүүргээд нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж, даасан ангид нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хүү Амараа, их эрдэмтэн Чой.Лувсанжав гуайн хүү Өлзийт нар суралцаж байсан байдаг. Энд нэг инээдтэй юм ярихад аавын уран бүтээлийн багш Явуу найрагч хүүгийнхээ өмнөөс хоёр удаа бичгээр чөлөө гуйсан нь хүртэл баримтаараа байж байна. Тэр үеийн хүмүүс ийм гайхамшигтай ёс зүйтэй байсан байгаа юм. Аав маань сургуулийнхаа тэргүүний бага ангийн багшаар хүртэл шалгарч байсан гээд бод доо. Дараа нь МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1980 онд улаан дипломтой дүүргэсэн юм билээ. Их сургуулийн онц төгсөгчдийн самбарт нэр нь байдаг юм.

Их л энгийн хүн байсан санагддаг?

-Аав өөрөө хөдөөний хүүхэд болохоор ч тэр юм уу монгол ахуйг ойлгуулах гэж намайг дөрвөн настайгаас наймдугаар анги төгстөл зуны амралтаар хөдөө явуулдаг байсан. Би нэг зун “Найрамдал” зусланд амарч ирээд аавыг “Юу сурав” гэхээр нь

Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна.

Цэгээн туйлын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай”,

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн

Монгол наадмын тэнгэр дор

Эв найрамдал дүүрэн, дүүрэн

Инээд баясал тодхон, тодхон

Бөөн баяр аа

Бөөн баяр аа” зэрэг зуслан дээр байнга дуулдаг дуунуудыг сурснаа хэллээ. Манай аав чинь ямар ч хүнтэй наргиад байгаа нь ч мэдэгдэхгүй, хошиндуу ч гэмээр харьцдаг хүн ш дээ. Тэгсэн мань эр “Миний зохиосон дуу ш дээ” гэж байна. “Аав аа, та худлаа яриад байгаа юм биш үү” гэсэн чинь шөнө хэрэг болгож босож ирээд баахан бичиг цаас үзүүлж, ямар уралдаанд хэддүгээр байр эзэлснийг хүртэл баярын бичигтэй нь харуулж байна. Аавыгаа тэр гайхамшигтай дуунуудыг бичсэн найрагч гэж бодсон чинь бахдал төрөөд цонхоор тусах сарны гэрэлд нэг л гайхамшигтай мэдрэмж төрж, даль жигүүртэй ч болчихсон юм шиг санагдаж, нойргүй хонож байж билээ.

Таны нэрийг мэдээж аав тань өгөө байлгүй?

-Нэрийг маань аавын амьдралын ч, яруу найргийн ч багш Тангадын Галсан гуай өгсөн байдаг. Аав дүү Дөлгөөн бид хоёрын тухай бүхнийг нялх үстэй нойтон зүстэйгээс бичсэн дэвтэр одоо ч ээжид минь байгаа. Аж төрөлдөө бүхий л зүйлээр дүүрэн байг гэсэн утгатай шүлэглэж бичсэн ерөөл тэнд бий. Зулай дээр минь гишгэж төрсөн ах минь ой хүрэлгүй өөд болсон болохоор аав ээж хоёр минь дүүрэн жаргалтай байхыг хүсэж байсан нь лавтай. Манайх миний нэр шиг ёстой дүүрэн халгиж цалгисан айл байлаа. “Хонх”-ын Цогтсайхан манай хоёрынх хөрш. Цогоо ах гитараа үүрээд ороод ирнэ. Аав “Рашаантын-18”-ыг нь дуулуулна. Шог зохиолч Ж.Барамсай, яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, хүүхдийн зохиолч Даваашарав, зохиолч Ж.Зана ах нар мөн ирж уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг сэн. Ардын уран зохиолч Б.Догмид ах намайг бага байхад их хардаг байлаа. Төрийн сүлд зурсан төрийн шагналт зураач Ц.Ойдов ах аавтай их дотно. Аав “Ажнай”-н Бат-Эрдэнэ ахад их баярлаж явдаг байсан. Уран бүтээлийн тоглолтоо хийх гээд мачийж явахад гар сунгаж, ажлыг нь амжуулж өгсөн юм билээ. Уран бүтээлч хүн урмаар л урагшаа явдаг шүү дээ.

Аав чинь бүтээж туурвихаас гадна ямар битүү авьяастай хүн байсан бол?

-Баян хуур дарна, аман хуур үлээнэ. Хүүхэд байхад аав гэртээ өөрийнхөө дуунуудыг баян хуурдан тоглож, дуулдаг байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тухайн үеийнхээ гайхамшигтай дуучдын хуурцагийг сонсоно. Дуучин Адарсүрэн гуайн дууг хэдэн зуун удаа сонсоо л “Өнгө нь ингэж орж ирж байна, дээд өнгөнд нь хоолой хүрэхгүй нь” гэх мэтээр нэг хоббийтохоороо шөнөжингөө дуугаа давтчихдаг байсан. Би харжээ суусаар нөгөө дууг нь сурчихна. Нэг зүйл сонирхохоороо түүнийхээ эцсийг үзэх гээд зүтгэдэг тэр чанар нь надад бас өвлөгдсөн дөө. Ааваас өмнө дөрвөн хүү нь хүн болоогүй болохоор өвөө эмээ маань буруу энгэртэй дээл өмсүүлж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн юм билээ. Тиймдээ ч тэр үү дүү бид хоёрыг эрхлүүлэх гэж жигтэйхэн хүн байлаа. Намайг дөрөвдүгээр ангидаа гэрэл зургийн дугуйланд ороход аав Москва явж долоон зуун рублиэр “Зенит” аппарат авчирч өглөө. Уг нь сонирхогч хүүхдэд 16 рублийн ердийн аппарат байхад л болоо шүү дээ. Тэгэхэд хүүдээ хэдэн сарынхаа ч цалингаар ийм их үнэ цэнэтэй зүйл авчирч өгч байсан юм, хөөрхий. Би энэ аппаратаар олон ч зураг дарж, угааж сурсан даа.

Аавтайгаа авахуулсан зураг уул овоо шиг л олон байгаа юм байна даа, тэгвэл?

-Харамсалтай нь аавтайгаа авахуулсан зураг надад байдаггүй юм. Парист амьдарч байхад нь авахуулсан зургийг эс тооцвол. Би аавыгаа дуурайсан сониуч хүүхэд байлаа. Нөгөө “Зенит”-ийг задалж үзчихээд яг байгаагаар нь эвлүүлчихье гээд задалчихсан чинь дахин угсарч чадаагүй.

Алган боовыг ч хүртээ биз?

-Өө ёстой яагаа ч үгүй. “Задалж үзэв үү, дотоод ажиллагаатай нь танилцсан биз. За тэгвэл яахав яахав” гээд тоогоо ч үгүй. Ер нь их сонин хүн дээ. Хүүхдийн паркаар хамт явж байгаад намайг хөөсөн чихэр сонирхохоор “Аманд ороод хоол болохгүй араанд ч үлдэцгүй юмаар яах гэсэн юм бэ” гэснээ намайг авахуулсны дараа “Аав нь нэг амсаадахъя” гэснээ амтанд нь ороод бүгдийг нь идчихээд “Энэ чинь харин зүгээр юм байна ш дээ” гэж жишээтэй. Хүүдээ боловсрол эзэмшүүлэх гэж орос сургалттай сургуульд оруулж, Боловсролын яаманд нэр хүндтэй мэргэжилтний ажлаа хүртэл хүлээлгэж өгөөд Орел хотод ажиллаж байсныг нь бодохоор сэтгэлд нэг л өег гэгээн байдаг юм.

Найрагчийн хүү болохоор уран бүтээл төрөхийн жаргал зовлонг дэндүү мэдэрч өсөө дөө?

-“Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм

Ийм сайхан

Тийм сайхан

Бага насаа би

Хайрлаж явнаа” гэсэн дууг хүн бүхэн мэднэ. Энгийн үгтэй мөртлөө миний ааваас өөр хэн ч бичиж чадаагүй дуу л даа. Хүүхдийн сэтгэхүйд үүнээс илүү яаж ойлгомжтой хэлэх вэ дээ. Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирлаар ажиллаж байхдаа ээжийг хот руу ажлаар явахад “Бага насаа хайрлаж явна би”, “Амгалан цэнхэр дэлхий” гэсэн хоёр шүлгийг Л.Галмандах ахад явуулж дуу болгосон түүхтэй. “Америк сөнөтүгэй” гэж үзэл сурталжсан тэр бэрх цагт “Москва, Дели, Нью-Йорк хаана ч гэсэн хүүхэд бүхэн адилхан байна” гэж хэлж чадсан нь ертөнцийн бүх хүүхдэд хайртай, тэднийг өмөөрөх нинжин сэтгэлтэй найрагч байсан гэхээс аргагүй. Аав маань унаган монгол уламжлалаа дээдэлсэн, төгс төгөлдөрт тэмүүлсэн уран бүтээлч байж. Төгс төгөлдөр гэдэг ойлголт маань маш энгийн байна гэсэн үг биз дээ. Хүн муулах ясны дургүй. Харин хүнийг магтах, өөрөө ч магтуулах дуртай өөдрөг, юмыг дандаа сайн талаас нь харж, хийж бүтээдэг хүнийг дэмжээд явчихдаг хүн байсан. Тэр нь уран бүтээлд нь ч тусгалаа олсон. Дуучин Сэрчмаагийн тоглолт болоход сонин хэвлэл рүү утасдаад их тус болсон гэж манай найз Тэмүүлэн хэлдэг юм.

Мөн ч өргөн олон сэдвээр дууны уран бүтээл туурвисан даа?

-Сургууль төгсөх үеэр жил болгон оюутан сурагчид “Уяхан цэнхэр хавар”, “Салаа хархан гэзгэн дээр чинь” гээд дуулахад би саатаж сонсдог. Хүүхдийн баяраар “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр” гээд дуунууд заавал хангинана. Тэр үед би хүүхдүүддээ та нар ийм мундаг өвөөгийн удам юм шүү гэж хэлэх дуртай. Аав “Миний өвөө Богдын Мөрцэрэн жаа лам гэж мундаг эрдэмтэй хүн байсан. Аав нь удмынхаа сайн сайхныг өргөж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Ямар ч байсан өвөөгийнхөө хүрсэн өндөрлөгийг уруудуулсангүй” гэдэг байсан нь үр хүүхдүүдэд нь гэрээс болон үлдсэн дээ. Би хэдийгээр шүлэг найраг бичээгүй ч “Интернэтийн цагаан толгой” гаргаж, орчуулгыг бол өөрийн хэмжээнд хийчихнэ шүү.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хир халдаахгүй биз?

-Н.Энхбаяр гуайн орчуулгын анхны бүтээлийн редактороор ажиллаж энэ хоёр анд бололцсон түүхтэй юм билээ. Намайг Энэтхэг рүү сургуульд явах болоход Энхбаяр ах Соёлын сайд байсан. Би уг нь бор зүрхээрээ сургууль авсан ч заавал ч үгүй нэг яамны нэр дээр явах ёстой гэсэн шаардлага тавиад аав намайг дагуулж орсноор миний эрдмийн гараа эхэлсэн. Аав ер нь нөхөрлөлдөө үнэнч, хүнд туслахын одонд төрсөн хүн байсан ч өөрөө их даруу, гавьяа шагналын хувьд их ичимхий хүн байсан. “Та яруу найрагч л юм бол “Болор цом”-д нь ороод түрүүлчих л дээ, Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь Төрийн шагналаа авчих л даа” гэж намайг хорыг нь маажихад “Өө тэр дэмий зүйл, битгий ийм зүйл ярьж бай” гээд ер тоодоггүй байсан даа.

Аавынхаа уран бүтээлээс хамгийн дуртай нь?

-Их олон бүтээлээ албаар бүр хүүхдүүддээ ухаарал хайрлахуйцаар бичдэг байсан юм. Галхүү ахын ая “Цэцгэн зүйрлэл” чинь ээжид зориулсан дуу шүү дээ. “Очоод золгоно доо”, “Халтар манан хөөрөг”, “Багш та”, “Баярлалаа”, “Сургууль минь баяртай”, “Алтан нар”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Мөнгө” гээд бичээгүй сэдэв үнэндээ байхгүй. “Баярлалаа” дууг гэхэд өөрийн дотнын анд, соёлыг гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж ахад зориулж бичсэн шүү дээ. Танай “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, МонголУлсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн ахын гэрэлт сайхан сэтгэлд үргэлж талархаж явдаг байсан. Хүний ачийг санаж явахыг аав минь амьдралынхаа алтан мөрдлөг болгосон олонтой хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй явах үед минь аав “Дууны хорвоо” гэдэг дуундаа:

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л бил үү.

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л бил үү” гээд биччихсэн байсан нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд “Миний хувьд энэ таны топ дуу” гэсэн чинь аав “Ямар сонин юм, хүн болгон л “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ”-г л агуу гэдэг, чамд л тэгж санагдсан юм байлгүй” гэж билээ. Миний нэрийг дуундаа бас их хавчуулна аа.

Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгаа авахад” гэдэг дууг намайг Энэтхэгт сургууль төгсөж ирээд “Монголын агаар сайхан шүү” гэж ярьж байсныг тусгаж бичсэн. Нэг талаасаа цээж дүүрэн амьсгаа гээд байгаа юм шиг нөгөө талаасаа Дүүрэн, хүү нь амьсгаа аваад байгаа биз. Янзтай биз.”Эрдмийг сураад буцна гэхээр

Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэж байна.

Та ойрд отгон дүүтэйгээ уулзсан уу?

-Зун Парис орохдоо Тэнгис дүүтэйгээ уулзсан. Канад явчихсан байсан ч хүлээж байгаад уулзлаа. Миний дүү чинь манай бага хүүтэй чацуу. Манайх ер нь хөвүүдээр л баян айл юм. Манай хоёр, Дөлгөөний хоёр, Тэнгис гээд үе тэнгийн таван хүү байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид хүйтэнд зутруухан сууж байна

Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн эхний хүйтэн өдрүүдэд эдгээр барилгуудын “тар” нь танигдаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр 25 барилгын цонх нь гаднах орчин харагдахгүй болтлоо цантаж, зарим хэсэгтээ овойж, товойсон мөс болон хөлдөж байгаа юм байна. Энэ талаар манай сонинд оршин суугчдын зүгээс гомдол ирсний дагуу “Буянт-Ухаа” хорооллыг зорилоо.

Хорооллын орчимд очвол байрныхаа гадна нарлаж буй өвгөд хөгшид олонтаа сууж байна. Хөгшдийн хувьд эдгээр барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа тухай ч ярьж байлаа. Эдгээр байрууд нь хүйтэн, дулаан нь харилцан адилгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, захын байрууд нь хүйтэн, дунд талын байрууд нь харьцангуй дулаан байдаг аж. Хүйтэн байрууд дотроо найм, есдүгээр давхар нь л ихэвчлэн хүйтэн байгаа тухай оршин суугчид хэлж байлаа.

ШИНЭ БАЙРАНД ОРСОН ГЭСЭН НЭРТЭЙ Л БАЙНА”

Ингээд хөгшдийн зөвлөсний дагуу хамгийн захын буюу 726, 727, 728 дугаар байрууд руу орлоо. Эдгээр байрны онцлог нь нэг блок байр гурван орцтой бөгөөд орц бүрийг нэг байр хэмээн нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, бидний орсон гурван байр нь тус хорооллын нэг л блок гэсэн үг юм.

Эхлээд орсон айл бол 726 дугаар байрны есөн давхарт оршин суух Ц.Шижирийнх юм. Эднийх өнгөрөгч аравдугаар сард, бусдын л адил найман хувийн зээлд хамрагдан тус байранд оржээ. Залуу гэр бүл маань бага насны хоёр жаахан хүүхэдтэй юм. Ц.Шижирийнд ороход өөдөөс пүн хийсэн дулаан агаар угтсангүй. Бид гадуур хувцастай байсан болоод ч тэр үү, эсвэл гэрийн эзэд өөрсдөө зузаан ноосон цамц, монгол үйлдвэрийн эсгий шаахай өмссөн болоод ч тэр үү нэг л тух муутай байцгаана. Хэдийгээр гал тогоондоо ямар нэг хоол, унд хийгээгүй байсан ч гэсэн том болон жижиг өрөөний цонх нь битүү цан болсон байв. “Харин ч өдөр болоод жаахан онгойчихоод байна” хэмээн тэд хэлэх ажээ. Өглөө, оройд хоол унд хийх үед бүр битүү цан цохидог байна. Тэр ч бүү хэл хоол хийгээгүй үед, гэрийн гишүүд бүгд цуглараад халуун амьсгал олшроод ирэхийн цагт л цонх нь цантаж эхэлдэг ажээ. Эдний жижиг өрөөнийх нь цонхноос цангийн хайлсан ус гоожсоор тавцангийнх нь доод талын обой нь хууларчихсан байна. Үүн дээрээс паар нь дөнгөж амь төдий л дулаантай. Гэрийн эзэд үүнийг тайлбарлахдаа “Есөн давхар барилгын дулаан нь дээрээсээ доошоо явдаг. Гэтэл энэ барилгынх доороос дээшээ явдаг юм шиг байгаа юм. Манай нэг давхрын айлууд их дулаахан. Паар нь сайн халдаг. Тийм болохоор бидний хэл ам хийж байгааг дэмждэггүй” гэсэн юм. Үнэхээр ч гэрийн эзэн Ц.Шижир тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-д олон удаа хандаж, асуудлыг хэлж байжээ. Тэр болгонд нь “Танайхыг тэмдэглээд авчихлаа. Удахгүй хүн очиж үзнэ. Гэхдээ ер нь гадаа нэг их хүйтрээгүй байгаа болохоор халаалт тийм ч сайн биш байгаа шүү дээ. Ес эхлэхээр дулаан жигдэрнэ” гэсэн тайлбар сонсдог байна.

Эднийх өмнө нь мөн л Нисэхдээ есөн давхар байрны есдүгээр давхарт байсан бөгөөд өвөл ч гэсэн гэртээ майктай, тэр ч бүү хэл хөл нүцгэн байдаг байжээ.

Агааржуулагч нь огт ажилладаггүй хэмээн гэрийн эзэгтэй мөн ярьсан. Хэрэв агааржуулагч нь ажиллачихвал хоол хийсэн уур нь сорогдож, уур цан болохгүй байх ёстой гэнэ. Бүр агаар сорох нь байтугай хүйтнээр үлээдэг гэх нь ч дуулдлаа.

Паар ажиллахгүйн дээр ийм хүйтэн байгаа өөр нэг шалтгаан нь цонх муугийнх. Нүүж ирсэн даруйд гадаах температур дулаан байсан учир гэрт ч мөн тийм байлаа. Харин хүйтрэх тусам цонхны жийргэвч резин нь хөлдөж, булан тохойноосоо авахуулаад наалт нь хуурч эхэлсэн байна. Үүний улмаас цоож нь барихгүй байх үе ч олонтаа тохиолдох болжээ.

Ийн залуу гэр бүл өвлийн улиралд зутарч буйгаа нэгд нэгэнгүй учирлалаа. Тэд “Том хүмүүс бид ч яахав. Хүүхдүүд маань л ханиад, шуухинаанаас салахаа байлаа. Алсдаа энэ нь бүр том өвчний эхлэл болчих вий дээ л гэж санаа зовж байна” гэж байв.

Ц.Шижирийнхээс гараад оршин суугчдын дулаан гэж яриад буй гурав, дөрөвдүгээр давхрын айлууд руу орлоо. Ингэхдээ тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугчийнд орсон юм. Эдний хувьд өглөө, оройдоо цонх нь жаахан цантаж, ус гоождог ч тийм их айхтар биш гэнэ. Есөн давхрын айлыг бодвол тэд гэртээ нимгэн цамц, футболктойгоо сууж байна лээ. Паар нь ч тийм муу биш халаалттай юм билээ.

ОРШИН СУУГЧДЫН ОЛОНХИ АМ МУУТАЙ БАЙНА

726 дугаар байрнаас гараад 721, 715 гээд хэд хэдэн байрны есөн давхрын айлуудын хаалгыг цохиж үзлээ. Ингэхэд тэдгээр айлууд их хүйтэн, дандаа зузаан цамц, өмдтэй байдаг тухайгаа учирлаж байлаа. Бага насны хүүхдүүдтэй айлууд нь даарснаас болж ханиад хүрсэн хүүхдэдээ элдэв янзын эм өгсөөр зарим нь хордлогод орж байгаа тухайгаа ч хэлж байсан билээ.

724 дүгээр байрны найман давхрын оршин суугч Г.Цэцэгээ гуай гэхэд “Дөнгөж сая байрнуудын дунд байх ТОСК-д хандаад ирлээ” гэсээр сууж байв. Учир нь эдний паарны дулаан хангалттай биш байгаагийн дээр мөн л цонхноос нь салхи сийгэж, уур, цан болж ус гоожсоор доод хэсгээрээ овгор, товгор мөс болсон байв. Г.Цэцэгээ гуай өдөр бүр шахам ТОСК-д ханддаг бөгөөд дээрх оршин суугчийн адил “Таныг тэмдэглээд авлаа. Удахгүй хүн очиж үзнэ” гэсэн үгсийг л сонсдог байна. Эдний агааржуулагч нь мөн ажилладаггүй. Үүнийг хэлэхээр “Та лаа асаагаад эсвэл шүдэнз зураад үз. Тэгэхэд дөл нь татагдаж байвал ажиллаж байгаа гэсэн үг” хэмээн утсаар зөвлөгөө өгдөг гэнэ. Г.Цэцэгээ гуай хэлснийх нь дагуу үзэхээр агааржуулагч нь огт сордоггүй байна. Тэр мөн л орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан тус байранд орсон. Тиймээс “Олон жилийн өр тавьж ийм байранд орох ч гэж дээ” хэмээн халаглаж сууна лээ.

Байрны гадна байх хүүхдээ агаарт гаргаж буй бүсгүйтэй хэсэг ярилцлаа. Тэрээр тус байрнууд ерөнхийдөө хүйтэн гэдэгтэй санал нэг байв. Нялх хүүхдээ усанд оруулахад их хүндрэлтэй байдаг тухай хэлж байлаа. Түүний хэлснээр заримдаа саван зуурчихсан юм шиг зунгааралдсан ус гоожих үе ч бий гэнэ. Мөн халуун усны крантнаас баахан хүйтэн ус гоожиж байж халуун ус нь гарч эхэлдэг аж. Түүнчлэн нарлаж байсан хөгшид болон энэ эмэгтэйн хэлснээр СӨХ-ны мөнгө нь хэтэрхий их гэнэ. Ам бүл хоёулаа залуу гэр бүлийг сардаа 30 мянган литр ус хэрэглэдэг хэмээн мөнгө авсан тохиолдол бий тухай тэд ярьж байв. Мөн 66 мкв талбайтай айлаас 35 мянган төгрөг үргэлж авдаг гэдгийг ч хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй СӨХ нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын талд үйлчилдэг хэмээн хэлэх хүн ч байсан юм.

АМЬДАРЧ БАЙГАА ГАЗРАА МУУЛААД ЯАХАВ”

Оршин суугчидтай ийн уулзаад эргэх зуурт нэг давхрын, цонхоо дулаалж буй хоёр залуутай тааралдав. Залуу гэр бүл маань өнгөрөгч сарын 6-нд түлхүүрээ авчээ. Гэсэн ч байрандаа бүрэн нүүж ирэхгүй байсаар арав хоногийн өмнө ирсэн байна. 722 дугаар байрны нэг давхрын оршин суугч залуу хосынд орвол бүрэн нүүж ирээгүй байгаа тул тавилга сав гэхээр зүйлгүй юм. Тиймээс ч орой ажлаа тарж ирээд газар ор засаад хэвтэхэд цонхноос нь салхи сийгээд байдаг ажээ. Худалч хүнд бол хөшиг нь хийсэх нь холгүй байдаг гэнэ. Эдний паарны хувьд маш сайн халдаг аж. Гол асуудал цонхонд байгаа тул ийнхүү хоёр залуу цонхоо дулаалж зогсоо гэнэ. Байрны засвар үйлчилгээг хариуцах хүмүүст олонтаа хэлсэн ч мөд ирэх шинжгүй байгаа тул “Нэг цагийн өмнө ч гэсэн дулаан байх минь” гэцгээж өөрсдөө барилгын материал худалдан авч дулаалж байгаа нь энэ аж. Эдний тагтны хаалт нь гаднах орчин харагдахгүй болтлоо цан болжээ. Гэрийн эзэн шилэн дээр нь “Цан” хэмээн бичиж үзүүлэх аж.

Цонхоо дулаалахын тулд энэ гэр бүл 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргажээ. Чигжээс парлон, цацдаг хөөс гээд олон зүйл харагдаж байв. Залуусын хувьд “Энэ байр бүхэлдээ ийм биш. Дөрвөн давхарт байдаг манай найзынх бол янзын дулаахан. Гэтэл бид л азгүй тохиолдлоор ч юм уу ийм байртай болчихжээ. Гэхдээ амьдарч байгаа газраа муулаад яахав. Өөрсдөө засаад л авчихъя. Манай цонхыг хийсэн компани л ажилдаа хариуцлагагүй хандсан бололтой” хэмээн уужуу сэтгэлээр хандах ажээ.

ОРШИН СУУГЧИД АГААР СЭЛГЭЛТ ХИЙДЭГГҮЙН УЛМААС УУР, ЦАН БОЛДОГ ГЭВ

Ийнхүү оршин суугчидтай уулзаж, хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ирж буй бэрхшээлийн талаар сонссоныхоо дараа тус байрнуудын барилга угсралтын ажлыг хариуцан ажилласан Үндэсний бүтээн байгуулалтын корпораци руу орлоо. Тус корпорацид таван компани багтдаг бөгөөд “Буянт-Ухаа” хорооллын угсралтын ажлыг бүрэн хариуцаж хийжээ. Тиймээс тус корпорацийн ашиглалтын баг болон Опен хаус СӨХ, борлуулалт хариуцах үүрэг бүхий ТОСК-ийн салбар зэрэг байгууллагууд хорооллынхоо дунд нь хоёр давхар, тусгай байранд байрлаж байдаг юм байна. Ашиглалтын багийн хувьд бүрэн ашиглалтад ороогүй байгаа хорооллынхоо ашиглалтын өмнөх засвар үйлчилгээг хийж, шинэ оршин суугчдадаа хүлээлгэн өгдөг юм байна. Бүрэн ашиглалтад ороогүй гэдэг нь тус хорооллын 25 барилгын 1575 айл байх ёстойгоос өдгөө 1250 айл л байгаа юм байна. Тиймээс байранд бүх айлууд нүүж ортол тус баг ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ. Дээр уулзсан иргэд ТОСК-д хандаад ирлээ гэцгээж байсан. Гэтэл үнэндээ тус багийнхантай уулздаг байжээ.

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн айлуудаас халаалт, цонх гэсэн гомдол олонтаа ирэх болжээ. Тиймээс өнгөрөгч мягмар гаригт тус корпорацийн зөвлөл хуралдаж, долоо хоногийн онцгой байдал зарлаад байгаа юм байна. Энэ хугацаанд угсралтын ажилд оролцсон таван компани тус бүртээ “асуудал” үүссэн болон үүсээгүй айлаар орж, засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тодруулж, улмаар шаардлагатай бол газар дээр нь засах арга хэмжээ авч байгаа юм байна.

Биднийг тус корпорацид орох үед инженерүүдийн утас чөлөө завгүй дуугарч, ихэвчлэн “Цонх сийгээд байна” гэх дуудлага ирж байв. Инженерүүд ч тэмдэглэн авч утсаа салгаад засварчин бололтой хүмүүстээ “Тэдийн тэдэн тоот, цонх сийгсэн гэж байна. Яаралтай очоорой” хэмээн үүрэг өгч байгаа нь дуулдана.

Энд ажиллаж буй инженер н.Цогбадрах болон бусад инженерүүд ийн ярьж байв.

Айлуудаар ороход ихэвчлэн цонх сийгэж байгаа тухай хэлж байна. Танай зүгээс хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид газар дээр нь янзалж байгаа. Өөрөөр хэлбэл, корпорацийн таван компани бүрээс тусгай баг гарч ажиллаж байна. Одоогоор 100 гаруй айлын цонхны резинийг солиод байна.

Гэхдээ цонхны хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Манайх бол шинэ байр. Ийм байранд барилгын чийг гэж байдаг. Тиймээс өдөрт 4-5 удаа таван минутаар агаар сэлгэлт заавал хийх ёстой. Гэтэл айлууд огт агаар оруулахгүйгээр, хоол унд хийж, юм угааж, уур савсуулдаг учир цонх нь цантаад байгаа юм. Зарим хүмүүс “Яагаад өвлийн улиралд цонх онгойлгох ёстой юм, даарч байна гэдэг”. Гэхдээ тийм биш, агаар сэлгэлт ямар ч үед байх ёстой. Бүр бариулаа аваад скочидчихсон айлууд ч бий шүү.

Танай байрнуудын агааржуулагч ажиллахгүй байгаа юм биш үү. Агааржуулагч байвал тийм уурыг сороод авчихна биз дээ?

-Зарим айлууд өөрсдөө агааржуулагчийн нүхэн дээрээ тавилга тавьчихдаг. Жишээлбэл, гурван өрөөтэй айл зөвхөн зочны өрөөндөө агааржуулагчтай атлаа түүнийгээ бөглөчихдөг. Хиншүү сорогчоо холбочихдог айлууд ч бий. Барилгын чийг хамгийн хүйтэн хэсэг болох шилэн дээр л гарч ирдэг. Гаднаа хүйтэн агаартай байгаа учир ус нь урсаж орж ирээд байгаа нь цонхон дээр л гол асуудал байгаа мэт харагдаад байгаа юм. Хэрэв агаар сэлгэлт хийдэг бол тийм асуудал байхгүй л байна шүү дээ.

Есөн давхрын айлууд халаалт нь нэг давхраас явж байгаа тул дээд давхрууд нь муу халж байна гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Есөн давхрын айл дээрээ айлгүй учир тааз байгаа, яавч л хүйтэн байж таарна гэж сэтгэлээрээ бодоод байгаа болов уу. Түүнээс бус халаалт яг жигд байгаа.

Паарыг нь барьж үзсэн шүү дээ. Үнэхээр амьтай төдий л байна лээ?

-Бид айлуудад ороод дулаан хэмжигчээр үзэж байгаа. Таазан дээр нь барихад 17, 18 градус буюу хэвийн л байгаа.

Нөгөө талаас даваа гаригаас эхлэн манай энэ хавиар тог тасарсан. Өчигдөр гэхэд бүтэн өдөржин тоггүй өнжсөн. Тиймээс халаалт доголдолтой байгаа юм. Манай узель мотор буюу цахилгаанаар ажилладаг. Тиймээс тог тасрах үед ийм асуудал үүсдэг.

Танай байруудыг Мэргэжлийн хяналт хэзээ хүлээж авсан юм бэ?

-Долдугаар сарын эхээр хүлээж авсан.

Танай зарим байрнаас шаардлага хангахгүй ус гардаг тухай нэг оршин суугч хэлж байна лээ?

-Одоогоор тийм гомдол ирээгүй байна.

Өнөөдөр нэлээд дуудлага ирж байх шиг байна. Одоогоор хичнээн айл танайд хандаад байна вэ?

-Бид гомдол ирсэн, ирээгүй айл бүртээ орж үзэж байгаа. Тог, цахилгаан гэх мэт бүх зүйлсийг нь шалгаж байгаа.

Ер нь анхнаасаа яагаад ийм шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг компани корпорацийн бүрэлдэхүүнд орчихсон юм бэ. Жишээлбэл, гол асуудал үүсгээд буй цонхыг “И Си Си” зэрэг компани хийсэн юм байна. Хариуцлагын тухай ярих уу?

-Бид хариуцлага гэхээсээ өмнө алдаагаа засах талаар ажиллаж байна. Асуудлыг тухай бүрт нь шийдэхээр манай корпорацийн 20 гаруй хүн ажиллаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Э.ТӨРМАНДАХ: Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохыг хүсдэг

Соёлын тэргүүний ажил­­тан дуучин Э.Төрман­дахтай ярилцлаа.

-“Аархал”, “Тайжийн хурд”, “Хурмастын хүлэг” зэрэг таны морины тухай сайхан дуунууд бий. Бүгд одоо ч хит. Ер нь морины тухай уран бүтээл танд илүү ойр санагддаг юм шиг?

-Миний хоолойтой холбоотой байх гэж боддог. Морины болон эр хүний гал цог, хийморьтой дуунууд надад илүү зохидог, тэр нь сонсогчдод хүрдэг санагддаг. Хүмүүс ч хэлдэг юм. Хоолойны онцлогоос шалтгаалдаг байх л даа. Эх орон, нутаг усны хурц өнгө аястай дуу бас их зохидог шүү. Хөдөөгийн байгалийн сайхан, монгол ахуйтай бага нас минь ойр өссөн болохоор морины тухай дуунд их дурладаг.

-Хүүхэд байхдаа морь унадаг байв уу?

-Манайх Дундговь аймгийн Дэлгэрхаан сумынх. Би зуны амралт эхлэнгүүт л хөдөө явж морь унана. Дөрөв, таван жил хурдан морь унасан. Гэхдээ ах нар намайг хурдны моринд хүнддэнэ гээд тэр болгон унуулж байгаагүй.

-Хэр их айраг, түрүү хүртэж байв?

-Айрагдаж үзээгүй ээ (инээв). Зүгээр л дундуур сайхан давхичихдаг байсан. Харин айргийн тавд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байлаа. Миний наадам мориор дуусахгүй ээ. Бас барилдана. Сургуулийнхаа 80 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд түрүүлж даага, дугуй бас нэг хөгжмөөр шагнуулж байлаа. Ёстой магнайгаа тэнийтэл баярласандаа. Ахлах ангид байхдаа наадмаар сумын зааныг давж бүр их урам орж бөх болно гэж нэг хэсэг шийдчихсэн явлаа.

-Танай эцэг, эхийн удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн удамд Монгол Улсын заан хүн байсан гэж ярьдаг.

-Тэгээд бөх болох мө­рөөд­лөө яагаад орхичихсон юм бэ. Дуучин болоход хэн нэгэн их нөлөөлжээ?

-Тийм ээ. Манай аав ардын болон уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Аймгийн аварга дуучин Шархүү гэвэл Дундговийнхон андахгүй. Миний дуучин болох замыг аав минь хөтөлсөн гэхэд болно. Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохоор шийдсэн. Сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй олон шагнал авсан. Хүүхэд болохоор тэрнээсээ их урам авна. Тэгээд ч ээж маань намайг хүүхэд байхад ах, эгч нарт “Дүүгээрээ хар бор ажил битгий хийлгэ. Манайхаас урлагийн хүн болох ганц хүү. Хуруу, гар нь эвдэрчихнэ” гэдэг байсныг би одоо ч санадаг. Тэгэхээр ээж маань намайг дуучин болно гэдгийг эртнээс зөгнөж байсан санагддаг. Ээжийг хүнд өвчтэй хэвтэрт байхад ээждээ зориулж дуу дуулж өгдөг байсан. Тухайн үед би сурагч байсан. Харин ээжийнхээ хүслийг биелүүлж СУИС-д ороход ээж минь аль хэдийнэ бурхан болсон. Би ээжийнхээ амьд сэрүүн үед “Хүү нь дуучин боллоо” гээд дуугаа сонсгож чадаагүйдээ битүүхэн гунигтай явдаг. Би гурван ах, нэг эгчтэй. Манайхан бүгд л уран бүтээлийг минь дэмжиж, санаа бодлоо хуваалцаж явна.

-Аавыг тань таксины жолооч байсан гэж ярьдаг. Одоо нутагтаа амьдарч байна уу?

-Миний аав насаараа эмнэлгийн жолооч хийсэн хүн. Одоо харин надтай хамт хотод манайд амьдарч байна. Би байсхийгээд тоглолт гээд хөдөө, гадаа явна. Энэ хойгуур эхнэр хүүхдүүдэд маань хань болдог ганц хүн шүү дээ.

-Таны гэргий бас дуучин байх аа?

-Тийм ээ. Гансувд гээд дуучин бүсгүй байгаа. Эхнэр маань манай дээд ангийн оюутан байсан. Бид хоёр оюутан ахуй цагаасаа л үерхэж, одоо урлагийн гэр бүл гэж ард түмэндээ хүндлэгдэж, уран бүтээл хамт хийгээд сайхан л амьдарч байна.

-Та саяхан хөдөөгүүр тоглолттой яваад ирсэн гэсэн. Хаагуур явав?

-Зөвхөн Хэнтий аймгийн сумдаар тоглолт хийгээд ирлээ. 18 сумын иргэдэд ая дуугаа өргөнгөө хөдөө агаар салхинд яваад ирсэн. Би Монголынхоо бүх сумаар орж ард түмэндээ ая дуугаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар 160 орчим суманд очсон байна. Он гаргаад нэгдүгээр сараас баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтий, Сүхбаатар, Булган гээд зүүн болон төвийн аймгуудаар тоглолтоор очоод үзчихсэн шүү.

-Таныг бас дөрвөн улирал зүгээр суудаггүй дуучин гэж найз нөхөд тань үнэлдэг юм билээ?

-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. Миний мэргэжил дуучин. Тиймээс би сонсогчдодоо үргэлж шинэ, сэргэг уран бүтээл хүргэж байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө миний онцлог бол улирал болгонд нь тааруулаад шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг. Өнгөрсөн есдүгээр сард “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. “Намайгаа дурсаарай” гээд шинэ уран бүтээл гаргасан. Зун урин дулаан цагийг харуулсан “Жаргалтай явна хоёулаа” гээд монгол ахуйг тусгасан дууг бас гаргалаа. Одоо харин шинэ жилийн уран бүтээл гээд завгүй болно доо.

-“Аархал” дууг таны брэнд дуу гэхэд болно. Эрчүүд ёстой цөс хөөр­гөсөн дуу болсон гэж ярьдаг. Энэ дуу өөрийг тань анх олонд таниулсан дуу байх шүү?

-Би 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хамгийн анх хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дууг дуулсан. Мөн яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Харин “Аархал” дууг яруу найрагч Н.Баянмөнх бичсэн. Аяыг А.Анхбаяр найз маань бичсэн. Анхбаяр найзтайгаа олонд хүрсэн сайхан уран бүтээл хийх юмсан, олны танил болчихоод тэгж дуулж байна гээд л мөрөөддөг байлаа. Тэгж ярьж байгаад

Ембүү мөнгөн сарнаар нь

Ажнайн салхинд исгэрээд

Есөн булгийн усыг ээ

Цалгиулж явсан хийморь байна аа

Тэсийн гол Галшарын

Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна

Алтан Дарьганга, Говьшанхын

Арагмагийн тоос дээлэнд минь байна гэсэн үгтэй “Аархал” дуу төрсөн. Баянмөнх ах омогшмоор, ёстой л цөс хөөрмөөр сайхан үгтэй шүлэг бичиж өгсөн дөө. Үнэндээ мөрөөдөл минь биелэлээ олж “Аархал” дуу ард түмний сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг. “Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй” зэрэг миний дуунууд байдаг л даа. Гэхдээ би “Аархал”, “Тайжийн хурд” зэрэг морины дуундаа илүү хайртай.

-Дуулсан дуу бүхэн хит болно гэдэг дуучин хүн болгонд олдоод байх хувь биш биз?

-Тэгэлгүй яахав. Дуу хит болоход надад заяасан хувь тавилан гэж би хүлээж авдаг. Мэдээж хэрэг нэг дуулахдаа хит болгоно, хүн бүхэнд хүргэнэ гээд мөнгө цацах гол биш. Хэрвээ хоолойндоо тохирохгүй дуу дуулбал хүн хүлээж авахгүй. Ер нь уран бүтээлийг хамгийн шударгаар үнэлдэг хүмүүс бол ард түмэн, сонсогч байдаг. Миний хувьд дуу хуурын өлгий Дундговийн хүү болж төрсөндөө их баярладаг. Ялангуяа манай Дэлгэрхаан сумаас 29 гавьяат төрсөн байдаг. Ард олны хайр хүндлэлийг хүлээж өдий зэрэгтэй яваа маань нутгийн буян, урлагийн буян гэж боддог. Тиймээс би нутагтаа очих бүртээ Дэлгэрхаан ууландаа мөргөдөг.

-Та чинь сургуулиа төгсөөд л СТА цол авсан билүү?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байтал “Монгол үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдаан болж би түрүүлж гран при хүртсэн. Тэгж анх Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Тэмцээнд 800 гаруй дуучин оролцож байсан. Тухайн үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр СТА цолыг, автомашины хамт гардуулж өгч байлаа. Тухайн жилдээ би “Сайхан” цомгоо гаргаж, анхныхаа бие даасан тоглолтоо хийж байсан юм. Тиймээс энэ цолоо хүндэлж явдаг. Тэрнээс биш ганц, хоёр тоглолт хийгээд СТА болоогүй. Сүүлийн үед энэ цолны нэр хүнд их унасан болохоор би жаахан эмзэглэж явдаг, уран бүтээлч хүнийхээ хувьд.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ

УИХ-аар “Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Соёлын тухай хуульд нэмэлтээр орж буй “Монгол контент” хөтөлбөр батлагдвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж, боомилсон явдал болно. Таны хувьд энэ хуулийн төсөлд ямар байр сууртай байна?

-Монголын төр аливаа бизнест оролцохгүй байхыг хаа хаанаа ярьж байгаа. Тиймээс миний хувьд “Монгол контент” хөтөлбөрийг дэмжихгүй. Хувийн телевиз, хэвлэлүүд өнөөдөр төрөөс ямар ч татаас авалгүйгээр өөрсдийгөө авч яваа салбар. Өнөөдөр 140 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Өрсөлдөөн дундаас сайн телевизүүд нь шалгараад л гараад ирнэ. Тиймээс төрийн оролцоо заавал байх шаардлагагүй гэж бодож байгаа. “Монгол контент” хөтөлбөр нь нэг ёсондоо редакцийн бодлогод шууд нөлөөлж байна шүү дээ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь эх оронч үзэл, хүмүүжил, монгол ёс заншил, өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй гэж байна л даа. Үүнийг телевизээр нэвтрүүлснээс ард түмнээс сонгогдсон улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт асар их холбогдож байна. УИХ-ын гишүүд ёс зүйтэй баймаар байна. Аливаа асуудлыг нам болоод албан тушаал харгалзахгүй шийдэж байх хэрэгтэй л дээ. Гэтэл найзан дундаа, нам дундаа хийгээд явж байгаа тохиолдолд Монголын ёс суртахуун, хүмүүжлийн талаар телевизээр ухуулна гэж хичнээн яриад ч нэмэргүй. Тиймээс төр биелэгдэхгүй хуулийг гаргах шаардлагагүй юм.

-Телевизүүдэд гадаадын кино, нэвтрүүлэг зонхилж, тархи угаалт явагдаж байна, гадны нөлөөнд орлоо гэхчилэн Ц.Оюунгэрэл сайд “Монгол контент”-оо батлуулахаар тэмцэж байгаа шүү дээ…

-Гадаадын кино үзээд тархи угаагдана гэж ойлгохгүй байна. Харин ч чөлөөтэй байх ёстой. Тэгж байж монголчууд бидний оюун ухаан дархлаатай болно. Хойт Солонгос шиг бүх юмыг хорьчихоод нэг тавибал юу болох нь тодорхой. Өнөөдөр сайн муугаараа дуудуулдаг телевизүүдийн чанар сайжирч байгаа. Бүх телевиз хүүхдэд зориулсан өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болсон байна. Монгол ёс заншлыг сурталчилсан, үлгэр домгийн цаг, нэвтрүүлгийн цагтай. Өөрийнхөө зах зээлийн жамаар явж байгаа энэ салбарт төр оролцоод хэрэггүй гэдгийг дахин хэлмээр байна.

Бид гадны нөлөөнд орлоо гээд байгааг ойлгохгүй юм. “Компьютер”-ийг дэлхий нийтээр ингэж л нэрлэдэг. Бид ч адилхан “компьютер” гэдэг шүү дээ. Өөрөөр юу гэж хэлэх вэ. Үүнийг тэгээд гадны нөлөөнд орж байна гэх үү. Туйлшрахдаа хэмжээндээ л туйлшрах хэрэгтэй.

-Харин ч манайхны хийдэг кино харгис хэрцгий балмад үйлдэлтэй байдаг. Тэгсэн атал эфирийн 50 хувийг заавал үндэсний нэвтрүүлэг байхаар төсөлд тусгасан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжийг нь та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол ёс заншил, ахуй соёл монголчууд бидний цусанд, генд бий. Тиймээс телевизээр тэгтэл нь гаргаад байх шаардлагагүй. Харин ч бид дэлхийн сонгодог урлаг, кино бүтээл, уран зохиол зэргийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй. Дэлхий нийт хоног цаг хугацаагаар хөгжиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлмээр байна.

-Дэлхий чигтээ даяар­шиж байхад манай телевизүүдийн нэвтрүүлгийн тэн хагас нь монгол агуулгатай болбол бид хөгжлөөс ухарч байгаа хэрэг юм биш үү?

-Даяаршлын үед бид дэлхий нийттэйгээ улам ойртох ёстой. Ц.Оюунгэрэл сайд хэвлэлийн салбар руу биш жуулчдыг хэрхэн эх орондоо татаж, тэдний ая тухыг хангахад анхаараасай. Тухайлбал, Оросын жуулчид манайд ихээр ирж байна. Адаглаад л тэднийг дэлгүүр ороход нь хөтөч байх хэрэгтэй. Энэ бүгдийг салбарын сайд нь анхаарч, зохицуулах ёстой баймаар.

-Ямартай ч ирэх оны төсөвт “Монгол контент” хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дүнг 140 телевизэд хуваахаар юу ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр олигтой уран бүтээл гарах уу гэдэг асуудал байна?

-Уран бүтээлчдийг чөлөө­тэй орхичихвол тэднээс олон сайхан бүтээл төрнө. Ингэж телевизүүдийн эфирийн цагаас хугаслаж байхаар харин ч Монголын урлаг соёлыг гадаадад сурталчлаад ирсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ ажлыг салбарын яам нь хиймээр байна. Ерөнхийлөгч олимпод түрүүлсэн тамирчдад насан туршид нь мөнгөн дэмжлэг үүзүүлдэг болсон. Үүн шиг л эх орныхоо соёл урлагийг дэлхий дахинд таниулж, амжилт гаргасан уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлмээр байгаа юм.

-Ц.Оюунгэрэл сайд телевизүүдтэй таван тэрбумаар хаалтын гэрээ хийх гэлээ гэж шүүмжлэлд өртөж байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Төрөөс мөнгө авсан телевиз чинь төрийн заавраар явахаас өөр аргагүй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ. Эрх баригч нам нь телевизийн эфирийг хянаад байхаар тухайн хэвлэлийн байгууллага амаа бариулна. Нөгөөтэйгүүр тухайн намын мэдэлд байдаг телевизүүд ч тэр мөнгийг авах гэж зүтгэнэ. Энэ зэргээс “Монгол контент” төсөл орж ирсэн нь угаасаа буруу. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод нь асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр Телевизүүдийн холбоо өөрсдийнхөө үйл ажиллагааг мэдэг л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тендер зарлавал тэнд жинхэнэ авлига хээл хахууль явагдана. Тиймээс энэ салбарыг зүгээр л орхичих гэж хэлмээр байна. Ёс суртахууныг Монголын ард түмэн өөрсдөө шүүнэ.

-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал манайд үйл ажиллагаа явуулж буй CNN, Bloomberg гэх мэт гадаадын томоохон телевизүүд мөрдөхгүй нь ойлгомжтой. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төсөлд уг асуудлыг хэрхэн тусгасан юм бол?

-Ер нь хуулийн төсөлд ойлгомжгүй асуудлууд байна л даа. Хуулийг баримтлахгүй байгаа телевизийг яах ёстойг төсөлд тусгаагүй байна лээ. Тухайн телевизийн эрхийг нь хаах юм уу, тун ойлгомжгүй байгаа юм. Хэрэв хууль мөрдөөгүй телевизийн үйл ажиллагааг зогсоовол хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг болно.

Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй CNN зэрэг гадны томоохон телевизүүд хууль батлагдлаа гэхэд дагахгүй нь тодорхой. Ер нь таван тэрбум төгрөгийг хэдэн телевизэд тарааж өгч байхаар гадаадын нэр хүндтэй телевизүүдэд Монголоо сурталчлахад зарцуулах ёстой санагдаж байна. Монгол ёс заншлыг ингэж л сурталчилмаар байгаа юм.

-Ер нь АН гарснаас хойш ХМХ-ийг хааж боож, өөрсдийнхөө хувийн эрхшээлд байлгах гэсэн, бизнес эрхлэгчид рүү халдаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оорлцсон хуулийн төслүүд орж ирж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-АН гараад ард түмний нуруун дээрээс ачаа авдаг гэж ойлгогддог байсан. 1996 онд үнэхээр бид ачааг нь авсан. Харин 2012 оноос хойш намтайгаа олон зүйл дээр санал нийлэхгүй байна л даа. Ялангуяа хэвлэл мэдээлэл дээр авч байгаа арга хэмжээний хувьд Засаг хийх ажлаа л хийж, бизнест бага оролцооч ээ. Нэг ёсондоо тэд хэвлэлийн мэдээлэл түгээх эрхэнд халдах гэж байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэгчид

Ажил хэрэгч эрхэм та гар утасгүй, интернэтгүй, телевизгүй хэд хонож чадах вэ? Энэ нь ус уухгүйгээр хэр удаан тэсэх вэ гэдэгтэй ижил шахам сонсогддог болж. Өнөөдөр дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, технологийн шинэ дэвшил хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй олон боломжуудыг олгосоор бай­на. Харин мэдээллийн зуу­ны энэ их хурд, хувь­сал өөрчлөлттэй хөл ний­лүүлэн алхах боломжийг Монголчууддаа олгож байгаа Юнител группыг онцлон танилцуулж байна.

Үндэсний үйлдвэрлэл гэхээр зөвхөн гар урлал эсвэл архи, идээ ундаа гэсэн материаллаг зүйлс бидний санаанд илүүтэй бууж Юнителийн харилцаа холбоо, мэдээллийн техно­логийн салбарт хийсэн хувьслыг төдийлөн анзаа­рахгүй байх шиг. Арав хүрэхгүй жилийн өмнө бид ямаршуухан хурдаар цахим ертөнцөд холбогдож, зурагтын гаргасан нэвтрүүлэг бүрийг үздэг байв? Хуучин нэвтрүүлгүүдийг ухраан үзэж болно гэж төсөөлж байсан гэж үү? Хамгийн сүүлийн үеийн Холливудын киног эх хэл дээрээ, дуртай үедээ гэрээсээ үзэж болно гэж бодож бас байл уу? Гэтэл одоо энэ бүхэн бидний энгийн хэрэглээ болж үргэлж ийм байсан мэт хэдийн дасал болжээ. Тиймээс энэ группын үүсэл хөгжил, брэндээ хэрхэн бий болгосон, технологийн ямар шинэчлэл хийсэн талаар уншигчдадаа танилцуулахыг хичээлээ.

Дэлхийн хөгжлийн ирээ­­дүй “Ногоон” өнгөөр илэр­хийлэгдэнэ гэдгийг тэртээ найман жилийн өмнө Юни­телийнхэн гярхай ажиглаж эерэг бүхний бэлгэ тэмдэг болсон цайвар ногоон өн­гийг имижээ болгон анх компаниа байгуулж байжээ. Өнгөний маркетингийг үл­гэр жишээ хийж чадсан хэмээн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан тэдний бизнесийн кэйс 2010 оны бизнесийн шилдэг номоор шалгарч байсан, ШУТИС-КТМС-ийн багш Д.Баярмаагийн “Маркетингийн Онол Хэрэг­лээ” сурах бичигт орсон байдаг юм байна. Ногоон өнгийг шуудхан л Юнителээр төсөөлдөг болтол бидний амьдралын салшгүй хэсэг болсон, ICT-ийн №1 энэхүү групп компанийг Р.Ганболд хэмээх эрхэм удирддаг. Тэрбээр хэзээнээсээ ажилласан сал­барынхаа шинэчлэгч ман­лайлагч нь байж. ШУТИС-ийн харьяа хуучнаар КТМС-ийг анх үүсгэн байгуулалцаж, сургуульдаа багшилж байгаад мэдээлэл технологийн “Интерактив” компанийг байгуулан хэдэн жил удирджээ. 2004 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар” гэх төрийн агентлаг байгуулагдахад сал­барынхаа хөгжилд бодлогын түвшинд хувь нэмрээ оруу­лахаар удирдах ажил эрхэлж, “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Улмаар үүрэн холбооны салбар луу шилжиж өдгөөг хүртэл үүрэн холбооны операторын бизнесийг удир­­­даж иржээ. Тэр үеийн ЗХУ болон Тайланд улсад сургууль төгссөн, мэдээлэл тооцооллын инженер мэргэ­жилтэй тэрээр ярихаасаа илүү хийхийг эрхэм болгодог, ганц хүний эрдэм чадлаас илүү багийн тоглолтыг эрхэмлэдэг нэгэн аж.

Үүрэн холбооны зах зээлд Мобиком, Скайтел гэсэн хоёр хүчирхэг компани ноёрхож байсан 2006 онд гурав дахь оператор болон гарч ирсэн тэднийг яах аргагүй технологийн эр зоригтонгууд гэж хэлж болно. Анх бүх ажилчид нь нийлээд нэг фургонд багтдаг байсан компани өнөөдөр үүрэн харилцаа холбооноос гадна дотоодын болон дэлхий дахины мэдээ, мэдээллийг Монголчууддаа цаг алдалгүй хүргэдэг, 1388 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн улсынхаа эдийн засаг, бизнест нөлөө бүхий, мэдээллийн техно­логи, харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн шилдэг групп компани болон өргөжсөн байна. 2013 онд Монгол улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны сүлжээгээ 100 хувь, 2014 оны байдлаар нийслэлд харилцаа холбооны суурин холбооны сүлжээг 100 хувь оруулж, хэрэглэгчдэдээ байн­гын харилцаа холбоотой амьдрах боломжоор хангасан тус групп улсын хэмжээнд нийт 64 салбар, 10,000 гаруй гэрээт борлуулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсөвт нийт 73.6 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа энэ компани найман жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна.

Юнител групп удирдах, гүйцэтгэх аль аль түвшиндээ ч Монгол хүмүүсийн ур ухаан, авьяас чадвараар ажлаа явуулдаг. Тус групп наймхан жилийн хугацаанд яаж ийм өндөрлөгт хүрч чадсаныг асуухад Р.Ганболд захирал “Манай ажилтнууд, манай залуус. Компанийн уур амьсгал, орчин нөхцөл” хэмээн бодож түгдрэлгүй хариулсан юм. “Багийн тоглолт”, “хамтдаа” зэрэг үгсийг олонтаа дурдах түүний яриа “Энэ группын засаглал, хүний нөөцийн бодлого амжилтынх нь салшгүй хэсэг байж дээ” гэсэн бодлыг эрхгүй төрүүлнэ. Группын олон арван инженер залуучууд нь Р.Ганболд захирлын үүсгэн байгуулалцаж явсан КТМС болон бусад их дээд сургуулиудыг төгссөн байдаг бөгөөд компанийг инновацилаг, IT-лаг байлгах гол хүчин зүйл нь болдог ажээ. Тэд гаднын хэн нэгэн мэргэжилтэнгээр бүхнээ хийлгэнэ гэж гар хумхин суусангүй. Бараг бүх инже­нерүүд нь гадаадад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж, гадаадын технологийн том том компаниудтай өөрсдөө очин танилцаж “ноу хау” технологийг суралцаж байсан гэнэ. Анх 2006 онд Юнител групп байгуулагдах үед ажилтнуудын дийлэнх нь 20-иод насны залуучууд байсан гэдэг. Залуучууд гэдэг асар их эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй, аливаа өөрчлөлтөд дасан зохицомтгой, шинийг санаач­лагчид байдаг учраас тэд өнөөдрийн “Юнител” группыг байгуулж чадсан хэмээн онцолж байлаа. Одоо ч группын ажилтнуудын дун­­даж нас нь 27 бөгөөд тэд хоорондоо найзалж нөхөрлөж, шударгаар өр­сөл­­дөж, компаниа урагш­­луулж явна. Мөн тэдний ажлын орчин мэргэж­лээсээ шалтгаалаад өөр өөр. Инженер техникийн ажилчид дуу шуу багатай, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой өрөөнд суудаг бол маркетинг, контент хариуцсан мэргэжилтэнгүүд эрээвэр цоохор ханатай, хүн хөдөлгөөн ихтэй амралтын гэмээр өрөөнд суудаг нь чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог байна.

“Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч хожих ёстой” гэсэн тэдний зарчим зүгээр нэг уриа төдийхөн бус бидний өдөр тутмын амьдралд мэдрэгдэж байдгийг Юнивишнийн хэ­рэг­лэгч миний бие бардам хэлж чадах юм. Сүүлийн үед хүмүүсийн хошуураад байгаа GG-г мөн хурдан шуурхай “customer service”-ийг нь онцолж болно. Тэгвэл Юнивишнийн гурвалсан үйлчилгээг хэрхэн бий болсон талаар товч өгүүлье.

2011 онд Юнител групп Монголд байгаагүй нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ бол харилцаа холбоо, мэдээллийн технологи, ме­диа гурвыг нэгэн дор цогцло­осон гурвалсан үйл­­чилгээ байв. IPTV, интернэт, суурин утаснаас бүрдэх энэ үйлчилгээг тухайн үед Европын зарим улс, Хятадын зарим муж, Солонгос, Тайвань зэрэг хэдхэн улсад л ашигладаг байж. Р.Ганболд захирал энэ тухай “Гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх нь асар их хөрөнгө оруулалт шаардсан ажил байсан юм. Ямар нэг өрсөлдөгчгүй ажиллалаа гэхэд 7-8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх төлөв харагдаж байсан ч бид аливаа зүйлд анхны алхмыг нь хийхийг зорьдгийн хувьд зориглон Монголдоо энэ үйлчилгээг анхлан оруулж ирсэн” хэмээн ярилаа. Тийнхүү 2011 онд “Юнивишн” ХХК байгуулагдаж 444,700 метрийн урттай шилэн кабелийг газар доогуур татаж шилэн кабелийн анхны дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд нийт зуу гаруй компани туслан гүйцэтгэгчээр оролцсон ба ойролцоогоор 3000-аад хүн ажилласан байна. Гурвалсан үйлчилгээ гарснаас хойш интернэт хэрэглэгчдийн тоо зургаа дахин өссөн гэнэ. Одоо Юнившнийн гурвалсан үйлчилгээг 80-аад мянган өрх ашиглаж байгаа нь тэднийг “гол тоглогч” болсныг гэрчилнэ.

Маркетингийн зөв ший­дэл, технологийн дэвшлийг хос­луулж чадсан энэхүү групп улсын төсөвт төлдөг татвараас гадна өөрсдийн санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Төслүүдээс нь цухас дурдахад “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг санаачлан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Уг төслийн хүрээнд хуучны Монгол кинонуудыг HD формат руу шилжүүлэн засварласан байна. Нэг ёсондоо Монголын хэл, соёлын өв болсон хуучин кинонуудыг мөнхөд хадгалах боломжтой болгож Архивын Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна Юнител групп “Таван байр” хөтөлбөрийг гурван үе шат­тайгаар хэрэгжүүлж, 15 хэрэглэгчээ өөрийн гэсэн байртай болгожээ. Мөн өнгөрсөн хугацаанд улсын эмнэлгүүдэд иж бүрэн компьютер, сүүлийн үеийн программ хангамжууд бэ­лэг­лэж, мэдээллийн тех­нологийн олон улсын тэмцээнүүдэд Монголын их дээд сургуулийн оюутнуудыг спонсорлож оролцуулах, Европын хөл бөмбөгийн авар­га шалгаруулах тэм­цээн, Английн премьер лигийг шууд дамжуулах зэрэг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарт олон арван үлгэр жишээ ажлуудыг тус групп санаачлан хэрэгжүүлжээ.

Юнител групп оюуны өмчийг дээдлэх, кино урлагийг шинэ түвшинд гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын киночид одоо Юнивишнийн кино сув­гаар өөрсдийн уран бү­тээлийг байршуулж тө­сөөлж байснаасаа их ашиг олж байна хэмээн киноны мэргэжилтнүүд ам сайтай байдаг юм билээ. Мөн тэдний продюсерээр ажилласан “Үргээлэг” кино маш амжилттай болж ашиг орлогоороо дээд амжилтыг тогтоожээ. Цаашдаа ч энэ чиглэлээр илүү дорвитой ажлууд хийнэ хэмээн Р. Ганболд захирал хэллээ. Мөн тэд зөвшөөрөлгүй, хууль бус кино гаргах байдлыг цэгцлэх үүднээс Холливудын зургаан том студитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, бүх л киног нь албан ёсны эрхтэйгээр дамжуулах эрхийг өндөр үнээр худалдан авчээ. Гадаадын үнэтэй контентыг авах болсон нь оюун өмчийг дээдлэх сэтгэлгээг хэрэглэгчиддээ болон бусад компани байгууллагуудад харуулсан, удаан хугацаанд орхигдож ирсэн энэ салбарыг зөв замаар хөгжих эхлэлийг тавьж өгсөн явдал юм.

Энэ жил УИХ-аар батлагдсан, хэрэглэгчид үүрэн холбооны операторууд хооронд дугаараа хадгалан шилжих тухай хуулийн төсөл Юнителд ямар нөлөө үзүүлэх бол хэмээн асуухад Р.Ганболд захирал “Энэ асуудлыг төр засаг үүрэн холбооны компаниудын санал бодлыг авалгүйгээр шийдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Тэр мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй. Гэхдээ тэр бүхэн шийдэгдэж хэрэгжлээ гэхэд Юнител группын хувьд энэ өөрчлөлтийг боломж хэмээн харж, эерэгээр хүлээн авна” хэмээн хариулсан юм.

“Зорилго тодорхой бол зам шулуун” гэдэг шиг тэд урдах ажлаа хийж явсаар төсөөлж байснаасаа ч илүү амжилтад хүрч чаджээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл ажээ. Нэг зорилго биелэхэд дараагийн зорилго дахиад л гараад ирнэ. Юнител групп ойрын ирээдүйд хэрэглэгчийнхээ авсан өмнөх үйлчилгээнүүдэд үндэслэн хэрэглэгч бүрт тухайлсан үйлчилгээ санал болгох зорилготой аж. Хамгийн энгийн жишээ гэвэл, та Юнивишнийн кино сангаас уран зөгнөлт кино түлхүү үздэг бол энэ төрлийн шинэ кино нэмэгдэхэд гар утсанд тань мессеж явуулах гэнэ. Ерөөс ирээдүйд компаниуд CRM буюу хэрэглэгчээ таних энэ технологийг өргөнөөр ашиглах төлөвтэй байгаа бөгөөд энэ үйл явцад Юнител групп бусдыгаа түүчээлэхээр хэдийн бэлтгэж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: АН хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал шинэ Засгийн газартхамтрах шийдвэрээ гаргаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өчигдөр сэтгүүлчид дараахь ярилцлагыг авлаа. Түүнийг бүлгийн хурлаасаа гарч ирэхийг Төрийн ордонд ажилладаг бүх хэвлэлийн сэтгүүлчид хүлээж байв. Ярилцлага авах үед ордны хоёр давхрын баруун жигүүрт түгжрэл үүсч байлаа.

-“МАНАН” байгуулсан тохиолдолд намаасаа гарна гэсэн мэдээлэл гарсан байсан.МАН Бага хурлаараа Засгийн газарт хамтрах шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр та намаасаа гарна гэсэн үг үү?

-Би Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болгох юм бол энэ намаас чинь гарна гэж хэлсэн. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үеийн яриа л даа. Тэгээд сүүлд нь энийг гуйвуулаад Засгийн газар хамтарч байгуулах юм бол намаас гарна гэж хэлсэн болгоод яваад байгаа юм. Хэрэв үнэхээр Н.Алтанхуягийг огцруулаад оронд нь Х.Баттулгыг Ерөнхий сайд болгосон бол намаасаа гарах л байсан.

Та Засгийн газарт хамтрахыг дэмжиж байгаа юу?

-Би хамтрахын хувьд анхнаасаа л эсрэг байсан. Бага хурал дээр ч гэсэн хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болох аюул байна. Хоёрдугаарт, 2012 онд эвсэл байгуулсан нам, бүлгүүд дөрвөн жилийнхээ хугацаанд ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Гуравдугаарт, энэ Засгийн газар хэр удаан тогтоо ч билээ гэдэг зүйл бодогдоод байгаа.

Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол та Засагт хамтрахыг дэмжих байсан уу?

-АН-тай хамтарч ажиллахад амаргүй. Дандаа хуурдаг, засгаас гардаг, хариуцлагаа бусад руу чихдэг улс төрийн хүчин учраас хамтрахад хэцүү. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч ажиллах вэ гэсэн өөр өнцгөөс харах юм бол жишээ нь миний хувьд яриа байсан. Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол хамтарч болох юм болов уу даа гэж бодож байлаа. Яагаад гэхээр нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их яваад байдаггүй. МАН-тай хамтраад засаг төрийн үйл ажиллагааг гайгүй аваад явчих байх гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэтийн шалтгаанаар би эсрэг байр суурьтай байсан. Би үүнийгээ Бага хурал дээр илэрхийлсэн. Бага хурал дээр олонхиороо шийдвэр гаргасан учраас миний ярьж байсан зүйл төгсгөл болж байна гэж ойлгож байна.

Таныг Засгийн газарт Хууль зүйн сайд болооч гэсэн санал тавибал яах вэ?

-Болохгүй ээ.

Засгийн газрын бүтэц, орон тоон дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Н.Алтанхуягийн цөөрүүлсэн бүтцийн тоогоор цааш явах шаардлагатай гэж бодож байна. Сайд болон яамдын тоог нэмж болохгүй. Зарим нэг яамыг нь байхгүй болгоод зарим нэг зайлшгүй шаардлагатай бүтцийг нэмэх хэрэгтэй. Угаасаа 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одоо цалин тэтгэвэр тавих чадавхи нь нэлээд хумигдсан зүйл рүү явж байна. Бүтэн хоёр жил данхайсан Засгийн газар байгууллаа. Орон тоог нь цөөл гэсэн шаардлага тавьчихаад өөрсдөө Засагт орохоороо яамд, сайдын тоог нэмээд эхэлбэл муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны асуудал байна. Тийм учраас одоо байгаа төсөв, орон тоондоо багтаагаад л төсвөө ярих хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн орон нутгийн түвшин дэх хэрэггүй зардлуудыг танах хэрэгтэй. Жишээ нь Улаанбаатар хот гэхэд дөрвөн орлогчтой. Сонгуулийн үеэр тусалсан хүмүүсээ ажилтай болгохын тулд баахан зохиомол орон тоо гаргаж ирээд 140 мянга байсан төрийн албан хаагчдын тоог 180-аад мянгад хүргэчихсэн. Орон тоог ингээд нэмээд байхаар энэ төсөв гээч чинь хүндрэх нь аргагүй. Тэгэхээр одоо нэгэнт миний эсэргүүцэл өнгөрч байх шиг байна. Хэд хэдэн зарчмын шинжтэй зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, энэ орон тоо яамд нэмэхгүй байх. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн байнга яриад байгаа, сайд нарыг гаднаас томилох асуудал бол зайлшгүй чухал. Гуравдугаарт, болж өгвөл дөрөө даах салбараа сайн мэддэг, салбараа аваад явах чадвартай сайд нартай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг дагаад хөөрцөглөөд байдаггүй цэвэр мэргэжлийн хүмүүсээр засгаа бүрдүүлээсэй гэсэн мөрөөдөл байна. Мөрөөдөл гэж хэлж байгаа нь учиртай. Дахиад л “Манай дотоод хэрэгт бүү оролц” гээд чагтлаад эхэлбэл чанартай юм харагдахгүй л байх. Уг нь болдогсон бол яам тамгын газраас Төрийн нарийн бичгийн даргаас дэд сайд хүртлээ 10-аад жил ажилласан. Мэргэжлийн, улстөрчидтэй хутгалдаад байдаггүй, төрийн ажлыг төрийн маягаар аваад явчих чадвартай хүмүүсээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадвал ахиц гарна. Үгүй бол азаар Их хурлын гишүүн болчихсон салбараа мэдэхгүй, нэг олигархийг сайдад томилчих юм бол ажилтайгаа танилцах гэсээр бүрэн эрхийн хугацаа нь дуусна.

Таны санаа зовж байсан өрийн доод таазыг нэмэгдүүлэх эсэх, Таван толгой, Оюу толгойтой холбоотойасуудлаар яг ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Өрийн доод нэмэгдүү­лэхгүй гэдэг үг баримт бичигт нь орсон байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болчихсон байна. 49 дээрээ барих юм байлгүй. Оюу толгойн асуудлыг урьд байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголд ашигтай байх хувилбараар зохицуулалт хийнэ гэсэн үг явж байна лээ. Таван толгойн хувьд мөн дээрх зарчмыг баримтална гэсэн зүйл явж байна лээ. Таван толгойн талаар УИХ-аас гарсан хоёр гурван тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана гэсэн битүү үгтэй явж байсан. Амьдрал яаж өрнөхийг би сайн мэдэхгүй байна.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхэд дахин багасгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Одоо засагт хамтрахаар боллоо. Тэгэхээр энэ байр сууриа бататгах уу?

-Мэдэхгүй байна. Эдний яриад байгаагаар цоохор засаг л болох гээд байна. Ийм сонин засаг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Миний эсэргүүцээд байгаа зүйлийн нэг нь энэ. Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа, үнэн биз. МАН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд. Дөрвөн айлаас бэр гуйчихаар зовлонтой юм болдог юм байгаа биз дээ. Уг нь нэгнээс нь л “бэр гуйсан” бол болох байсан юм. Өмнөхтэй нь болоогүй юм бол одоо болно гэж үзэж байгаадаа нэг хадаг тавьсан бол ёс суртахууны талаасаа ч тэр төрийн хуулийн зарчим талаасаа ч тэр зөв зураг тэнд харагдаад байсан юм.Юмыг яаж мэдэхэв гээд МАН-ынхан Ч.Сайханбилэгийг томилох хуралд ороогүй. Би орчих гээд ятгаад байсан. Иймэрхүү зүйл болох юм байна гэдэг зургийг би тавдугаар сард харсан хүн шүү дээ. С.Баярцогт гарч ирээд МАН-тай хамтарч Засаг байгуулъя гэж үг хэлсэн дээ. Энэ үеэс одоогийн засаг цухалзаж байсан үе. Үүний өмнө хэд хэдэн уулзалт болсныг ч би мэднэ.

МАН ямар, ямар яам авахаар тохиролцоонд хүрчихээд байна вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Би хамтарсан засгийн эсрэг байгаа хүн. Тэртэй тэргүй хамтрахдаа хүрчихсэн тул ямар яаман дээр ямар хүн байх вэ гэдгийг ярилцаад эхэлнэ. Засгийн газрын бүтцийг өргөн барьдаг хүн нь Ерөнхий сайд. Ч.Сайханбилэг ямар бодолтой байгааг би мэдэхгүй. Засгийн ажил сайн, муу явах эсэх нь томилогдох хүмүүсээсээ хамаарна. Салбартаа толгой цохисон, улс төрөөс холхондуу сайн ажиллаж чадах чадвартай хүмүүсээр танхимаа бүрдүүлбэл нэгч өдөр болох нь ээ хожно. Харин мэдлэг чадвар муутай, мэргэжлийн бус хүн тавьчихвал эргүүтсээр байгаад зургаан сарын хугацаа дуусгана. Үнэхээр чадалтай Засгийн газар байлгая гэвэл мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. АН-ын фракцууд л хамгийн гол зовлон байна. Хуучинтайгаа адилхан олигархиудаа зүтгүүлээд төрийн ажлаа умартаад явбал сайн Засгийн газар гарч ирж чадахгүй. Монголын төлөө нэг ч удаа болов АН фракцынхаа зарчмаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Нам санаатай юм чинь АН-д мэргэжлийн хүмүүс байгаа байлгүй дээ.

Сайдад нэр нь дэвших магадлалтай яригдаж байгаа хүмүүсийг та юу гэж үзэж байна вэ?

-Яамдын тоог хуваагаагүй, хүмүүсийн нэр нь тодроогүй учраас хэвлэлд захиалгат юмнууд гараад байна.

Засгийн газрын бүтцийг цөөлөх тал дээр ямар бодолтой яваа бол?

-Би ямар ч тохиолдолд бүтцийг цөөлөх зарчимтай хүн. Жишээлбэл, Боомтын захиргааны хууль гаргаад бөөн будилаан тарилаа. Замын-Үүдээр явж байхад боомтын ажиллагаа бүр дордоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Боомтын хуулийг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. Тахарын албыг нэн яаралтай байхгүй болгох хэрэгтэй. Дээр үед нэг суманд ганц ойн цагдаа байгаадбүх зүйлийг зохицуулж болдог байсан. Одоо байгаль хамгаалагч нэртэй дөрвөн ойн цагдаа байна. Тэд хийх ажилгүй. Өөрөөр хэлбэл сумын захиргаанаас Засгийн түвшинд хүртэл бүх орон тоогоо дахиж нэг бүрчлэн шүүрдээд үзэх хэрэгтэйМиний үед Цагдаагийн Ерөнхий газар85 хүнтэй байсан. Одоо 152 хүнтэй болсон. Зардал, төсөв хэд дахин нэмэгдсэн. Миний Хуульзүйн сайд байх үеийн төсөв 200 гаруй тэрбум төгрөг байсан. Энэ жил бараг 380 орчим тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн. Ийм учраас зардлын асуудлыг Сангийн яам нэг бүрчлэн хянах хэрэгтэй. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд дүүрэг бүрт явж байна. Дүүргийн зохион байгуулалт хэвээрээ байж байхад хажуугаар нь нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд явж байгаа. Хамтарсан Засгийн газар ийм асуудал дээрээ анхаарч, данхайсан төсвөө дахиж авч үзэхгүй бол эдийн засгийн байдал маш амаргүй байгаа. Цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээр асуудал тулсан, заримзүйлээ нуугаад явж байгаа нь үнэн ш дээ. Энэ Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллана шүү.

Олон намууд хамтарч байгаа нь Засгийн газрын бүтэц, төсвийг данхайлгах хэмжээнд байна гэсэн болгоомжлол байна?

-Ямар ч тохиолдолд Н.Алтанхуягийн сүүлд батлуулсан бүтцээр ажиллах хэрэгтэй. Дахиад нэг хоёр яамыг татан буулгасан ч яадаг юм.

Парламент сөрөг хүчингүй боллоо. Хяналт сулрах байх даа?

-Би лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ. Ер нь анхнаасаа л 2012 онд ингэж хамтраад явсан бол зүгээр байсан юм. Бүтэн хоёр жил талцаж, бужигнаад хамаг юмаа унагаж аваад эдийн засгаа хямраасан. АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо. 2012 онд ингэж шогшох байсан юм. Улс төрийн чинь бааз суурь дэндүү хэврэг, унана даа, бөөр рүү чинь юм явна даагэж би хэлээд л байсан. Хохирол их байгаа биз.

Бага хурлын гишүүдийн дийлэнх Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан. Энэ нь МАН дахь фракц, тэр дундаа намын даргын хотын фракц дийлэнх нь болсонтой холбоотой гэж зарим хүмүүс ярьж байна?

-Наана чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй. Харъя. Таван сард ийм шийдвэр гаргах нь надад ойлгомжтой болсон юм.

Э.ЭНХБОЛД