Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: “Монгол контент” хөтөлбөр чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилно

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Монгол контент” хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэж байна. Нэвтрүүлэг, уран сайхны киноны 50 хувьд нь үндэсний кино, уран бүтээл байна гээд заасан. Уг хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын тогтоолын хүрээнд “Монгол контент” хөтөлбөрийг гаргаж ирсэн юм болов уу гэж бодоод байгаа. Уг хөтөлбөрийг эргээд харахад бидний явж ирсэн бүхэн сууриараа буруу байгаагийн нотолгоог үүнээс харж болохоор байна. Өнөөдөр хэн дуртай мөнгөтэй нөхөр мэдээллийн хэрэгсэл байгуулаад яваад байгаа нь зөв байсан уу гэдэг дээр суурилж ярих зүйл. Учир нь аливаа юм өөрийн орон зай, зах зээлтэй байдаг. Зах зээлийн хүрээнд нь аваад үзэхээр бидний мэдээллийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээ алдагдчихсан. Тиймээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз болон хэвлэлүүд юу гаргах вэ гээд үндсэндээ сэдэвгүй шахам болчихсон тул юу ч хамаагүй гаргаж байна.

“Монгол контент” хөтөлбөрийг хараад байхад телевизүүдэд хүчээр ийм, тийм нэвтрүүлэг хий, мөнгийг нь өгнө гээд тулгахаар байгаа юм. Энэ нь өөрөө социализмынтогтолцоо руу нь хөтлөөд байна. Нэг сайд юм уу хэн нэгэн хүнээс хамааралтай болчих гээд байгаа биз. Та телевизийнхээ 50 хувьд үндэсний кино, нэвтрүүлэг гарга мөнгө өгнө гээд хэлчихээр чанартай, чанаргүй бүтээлүүд олширно. Энэ нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилж байгаа хэлбэр болно. Улс төрийн товчоонд таалагдсан нэвтрүүлэг хийж байж телевизээр цацагддаг хуучны тогтолцоо руу явах гээд байна л даа. Ингэхээр зах зээлийнхээ замаар чөлөөтэй хөгжиж буй сэтгэлгээнд ихээхэн тушаа болох нь. Бодоод байхад яавч зөв шийдэл биш.

Одоо тэгээд хэрхэх нь зөв бэ?

-Хамгийн эхэнд сууриа зөв болгох хэрэгтэй. Жинхэнэ чөлөөт өрсөлдөөн дундаас гараад ирсэн уран бүтээлийг төр засгаас үнэлж авдаг байж болно. Хүүхэлдэйн кино гэхэд үндэсний хэмжээнд уралдаан зарлаад хамгийн боломжит хувилбаруудыг нь телевизүүд аваад гэрээ хийж нэвтрүүлдэг байж болно шүү дээ. Энэ мэтчилэн арга хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-“Монгол контент” хөтөлбөр буруу биш зөв. Гэхдээ хэт туйлширсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд хандсан юм шиг санагдаад байх юм?

-Тодорхой хүмүүсийн эрх мэдэлд шилжих гээд байгаа гэж дээр хэлсэн дээ.

Тиймээс телевизүүдийг яавч ингэж хязгаарлаж болохгүй. Уран бүтээл зах зээлийнхээ зарчмаар чөлөөтэй яваг л дээ. Төрийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавьдаг шаардлагаа жаахан өндөрсгөхөд л болчих юм. Нийгмийн шаардлагаар аяндаа шалгуурт тэнцэхгүй нь алга болно.

Би Дархан хотод ажиллаж байхдаа хувийн телевизүүд үүдээ нээх гээд тэнтэр тунтар явахад нь чадахаараа тусалж л явсан хүмүүсийн нэг. Анх хүсч байсан хэмжээндээ хүрсэн үү гэж асуувал харин ч бид хэтрүүлэн хүрсэн гэж хэлнэ. Хэвлэл мэдээллийнхэн улс төрчдийн давалгаанаас салах байх гэж найдаж байна. Хэвлэлээр хэдий чинээ их гарч, хэдий чинээ өөрийгөө сурталчилна тэр хүн төдий чинээгээрээ түмэнд танигдсан мундаг хүн болно. Намайг сонгох байх гэсэн улс төрчдийн хийрхлийн үе өнгөрч байна уу даа гэсэн бодол төрж байна. Би ч гэсэн хэвлэл мэдээллээр олон гарчих юмсан гэж хийрхэж явсан цаг үе байсан. Телевизээр олон удаа гарч, их л юм яриад байвал сайн хүн болно гэсэн бодол одоо бодоход андуу байсан юм билээ л дээ. Хүн амьдралд бодитоор хандах ёстой. Улс төрийн намуудын болон Сонгуулийн хууль эмх цэгцэндээ орчихвол телевизүүд өөр өөрсдийнхөө орон зайд очно гэж бодоод байгаа.

Өнөөдөр Монголд 170 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 200 гаруй уран сайхны кинотой манай улс хичнээн удаа монгол киногоо гаргана гэх вэ дээ?

-Өнөөдөр Монгол Улсад 170 гаруй телевиз эфирээ цацаж байна гэв үү. Эдгээрийг би сайн мэдэхгүй. Үндэсний ТВ, Ийгл, Блүүмбэрг, UBS, 25 дугаар суваг тв, ТВ5, ТВ9 гээд цөөхөн хэдэн телевизийг л мэднэ. Телевиз өөрөө өндөр зардалтай. Тиймээс үргүй зардал гаргаад хүмүүст мэдээлэл хүргэх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс байдаг гэвэл би итгэхгүй. Телевизүүдийг энэ хуулиар биш зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй. Монгол Улс 200 гаруй кинотой юм бол 170 гаруй телевиз чинь нэг өдөр л гаргаад дуусах нь л дээ. Цаашид эфирээрээ юу гаргах вэ гээд асуудал байна.

Мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийн тогтолцоо алдагдсаныг дээр хэлсэн. Эрэлт, нийлүүлэлт, үнэ гурвыг хүчээр зохицуулдаггүй гэдэг байх аа. Үнэ эрэлт нийлүүлэлт дээрээ тогтдог гэдэгтэй яг адилхан 170 гаруй телевизээс шалгарлаараа үлдэх нь л үлдэнэ. Нийгэм хөгжихийн хэрээр, улс төр тогтворжихын хэрээр ард түмний амьдрал аяндаа сайжраад ирэхээр үндэсний бахархал нь аяндаа дагаад сэргэж байдаг юм байна гэж ойлгодог хүн. Эдийн засаг нь тогтвортой цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрдэг болчихсон, бид үндэсний бахархлаа бий болгочихсон үед хүссэн хүсээгүй телевизүүд өөрсдөө хийгээд эхэлнэ. Харин хүчээр зохицуулах гэсэн оролдлогууд хол явахгүй.

Цаг нь болоогүй юм уу?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Өмнө нь хэзээ байхдаа хүүхдийн комикс номуудыг өнөөдрийн байгаа шиг хийдэг байлаа. Өнөөдөр харин хүүхдийн комикс номыг хүссэн хүүхэд нь авч чадаж байна уу гэдгийг эргэж харах ёстой. Үүн дээр би нэг жишээ хэлье. Би Дарханд “Ном” хөтөлбөрийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлсэн. Жилд 15-20 сая төгрөгөнд бүгдэд нь хүүхдийн комикс ном худалдан авч оюутнуудыг хөлслөн бүх сумдынхаа гэр хорооллын хүүхдүүдээр уншуулсан. Давхардсан тоогоор 52 мянган хүүхэд ном уншсан дүн гарсан. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүд дунд комикс номыг унших нь байтугай барьж ч үзээгүй хүүхдүүд их байлаа. Номыг нь дамжуулж уншуулъя гэхээр энэ номыг надад үлдээчих гээд уйлаад гуйж байсан тохиолдлууд хүртэл гарч байсан. Тэгэхээр бид үндэсний бахархал төрүүлэх гээд байгаа зүйлсээ, энэ хэмжээнд сэтгүүлье гээд байгаа юмаа өөр арга хэлбэрээр хэрэгжүүлсэн нь зөв. Үүнд бодлогын л буруу байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батчулуун: Үймээний хэргээр цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл

Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилцлаа. ТэрбээрДолдугаар сарын 1″-ний үймээний үеэрДэнжийн мянгадахь Албадан саатуулах, баривчлах төвд юу болж байсан талаар өмнөх дугаарт ярьсан билээ. Ц.Батчулуун хурандаагийн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Долдугаар сарын 2-ны өглөөнөөс байцаалт хийж, зарим хүмүүсийг суллаж эхэлсэн байх аа?

-УМБГ, дүүргүүдийн мөрдөн байцаагчид дайчлагдаж ирээд байцаалт хийгээд хорихыг нь хорьж, суллахыг нь суллаж байсан. Гурав хоногийн дотор Албадан саатуулах, баривчлах төвөөс бүгдийг нь гаргасан.

Хүний эрхийн үндэсний комиссынхон танайд ажиллаадХүний эрх зөрчөөгүйгэдэг дүгнэлт гаргасан. Дараа нь худлаа дүгнэлт гаргасан болж таарсан байх аа. “Эмнести интернэшнлолон улсын байгууллагын тайланд ч олон хүнийг хорьж, эрхийг нь зөрчсөн тухай орсон?

-Хүний эрх зөрчсөн гэдэг өөрөө харьцангуй асуудал. Гадна бороонд суулгасан, наранд удаан зогсоосон, ор дэвсгэрээр хангаагүй, хангалттай хоол хүнс өгөөгүй, бөөнөөр нь хорьсон гэдэг талаас дүгнэвэл хүний эрх зөрчигдсөн. Том утгаараа хүнийг зодож нүдсэн, эрүүдэн шүүсэн асуудал огт байгаагүй. Тийм зүйл байх ч үндэс байгаагүй. Байлгахгүйн төлөө маш сайн зохион байгуулсан. Прокурор хяналтаа тавьсан, Хүний эрхийн үндэсний комиссынхон байн байн ирж байсан. УИХ-ын гишүүдээс Л.Гүндалай хүртэл ирж хоригдсон хүмүүстэй уулзсан. Гараад ар гэрийнхэнд нь “Хүний эрх ноцтой зөрчсөн асуудал алга” гэж мэдэгдэж байлаа.

Танайхаас хүмүүс суллагдсаны дараа алба хаагчдад хариуцлага яригдсан уу. Эсвэл сайн ажилласан гэж магтуулсан уу?

-Би алба хаагчдаа том гавьяа байгуулсан гэж боддог. Дээд удирдлагууд биднийг үүр цайтал зүгээр л орхичихсон. Гуч гаруй эрэгтэй алба хаагчдынхаа малгайг хэдэн янзаар өмсүүлж олон хүн мэтээр харагдуулах гээд янз бүрийн арга зохиож хоносон доо. Тийм ч учраас алба хаагчдад арга хэмжээ авагдаагүй. Харин цөөн хэдэн алба хаагчийг шагнасан. Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагаа ашигласны үр дүнд хамт олон маань хохирол багатай, ял авахгүй салсан шүү дээ. Дараа нь УИХ-ын нээлттэй сонсгол дээр биднийг буруутгах гэж үзсэн бүтээгүй.

Дараа нь та Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилогдсон байх аа?

-Үймээний үеэр Эргүүл хамгаалалтын газрын 180 гаруй цагдаа бэртэж гэмтсэн шүү дээ. Намайг 2008 оны арваннэгдүгээр сарын 26-нд Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилчихсон. Д.Сандаг-Очир генерал дуудаж “Хүмүүсийн сэтгэл санаа, байдал маш хүнд байгаа. Тэнд очиж алба хаагчдын сэтгэл санааг аятайхан болгож, нягтруулахад анхаарч ажилла” гэдэг үүргийг өгсөн. Хамгийн их хохирол амссан, хэцүү хамт олон намайг хүлээж авсан. 400 гаруй алба хаагчийн 180 гаруй нь гэмтэл авчихсан. Олонхи нь сэтгэл санааны гутралд орчихсон. Намайг хоёр жил ажиллах хугацаанд хамт олон маань сэргэлт авч чадсан.

Тэр үед гудамжинд цагдаа хувцастай явбал бариад зодчихдог байсан юм биш үү. Эргүүл хийхэд хэцүү байсан гэх юм билээ?

-Цагдаагийн хувцастай хүмүүсийг иргэд үзэн яддаг үе байв. Алба хаагчдадаа сэтгэлзүйн чиглэлийн сургалт хийж, бие бялдрын хүмүүжил олгох гээд олон ажил зохиосон. Бүх цагдааг шөнийн эргүүлд гаргахад энгийн хувцастай явуулдаг болсон. Шөнө автобусаар чиглэл чиглэлээр гэрт нь хүргэж өгнө. Цагдаа нар ажлаас гарна гэж орж ирнэ.

Эргүүл хамгаалалтын газрын арван цагдааг үймээний үеэр хүн буудсан хэрэгт шалгаж байсан. Тэд одоо ажлаа хийж байгаа болов уу. Гадагшаа сурахаар явчихсан гэх юм билээ?

-Гадагшаа дүрвэсэн, зугтсан хүн байхгүй. Зарим нь тэтгэвэртээ гарсан байх. Нэг хэсэг нь өөр албанд орсон биз.

Хурандаа нарыг хүн буудсан хэргээр шалгаж, баривчлах үед Эргүүл хамгаалалтын газрынхан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг бүчиж, иргэдийг бас л айдаст автуулж байлаа.

-Хэн хэнийг, ямар зэвсгээр буудсаныг одоог хүртэл тогтоогоогүй байж цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл шүү дээ. Улстөржсөн юм бол улстөржөөд л явчихдаг нь тэр хэргээр харагдсан шүү дээ. Хэтэрхий улстөржвөл хэнийг ч буруутгаж, шийтгэж болдгийг харуулсан. Төрд зүтгэсэн нь бие, сэтгэл санаагаараа хохироод үлддэг жишиг тогтчихлоо шүү дээ. Үүний нэг жишээ нь бидний үеийн хурандаа нарт “Хөрөнгөжсөн хурандаа” нэр зүүчихсэн. Хөрөнгөтэй нь байдаг л байх. Гэтэл бүгдийг нь хөрөнгөтэй гэсэн нэр хоч зүүгээд ажлаас нь хөөчихсөн. Төрд зүтгэснийх нь төлөө муу нэр өгөөд хоморголоод хөөгөөд гаргачихсан нь энэ төрийн том хэлмэгдүүлэлт.

Саяхан хурандаа нарын чуулга уулзалт болсон. Тэнд цугласан хурандаа нар үүнийг ихэвчлэн ярьж байна лээ.

-Жишээ нь би хөрөнгөгүй. Хөдөө олон жил ажилласан. Хотод ирээд зээлийн байранд л амьдарч байна. Төрд итгээд ажиллаж байтал нэг өдөр боловсон хүчний нөөц гээчид оруулаад л гаргачихсан. Хоёр, гурван сар хүлээгээд бүгд үг дуугүй гараад явсан. Айсандаа биш “Болъё” л гэж бодсон, юу ч дуугараагүй. Гэтэл дахиад “Ингээд байвал муу муухайг чинь дэлгэнэ шүү” гэж ирээд л чулуу шидээд байсан. Бид цагдаагийн байгууллагаар орохоо ч больсон. Дургүй хүрээд байдаг юм. Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж, хурандаа цол зүүсний хувьд хэн нэгний эсрэг ажиллах ёс зүй бидэнд огт байхгүй.

Цагдаагийн дээд цолонд ойртоод ирэхээр хэн нэгэн улстөрчтэй холбодог, тэрний хүн гэж ярьдаг болох юм.

-Би улстөрчийг дагаагүйдээ алдсан болов уу гэж боддог юм. Тийм боломж байсан ч хэний ч нөлөөнд орж яваагүй. Улс төрд надад найзууд би. Гэхдээ алийг нь дагаж намирч явсангүй.

Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?

-Хувиараа хууль зүйн товчоо ажиллуулж байгаа.

Багануур дүүрэгтАзийн чонокомпанийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдах үед та цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр хэргээс болж танд хариуцлага тооцсон байх аа.

2007 оны сүүл, шинэ жилийн баярын өмнө олон хортой спиртээр архи үйлдвэрлэсэн хэрэг гарч, олон хүний амь эрсэдсэн. Тэр асуудлаас үүдэж эхний ээлжинд цагдаагийн хэлтсийн даргад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж байлаа.

Тэр үедАзийн чонокомпанийн удирдлагууд өөрсдөө архиндаа хордож байсан. Ажилтан нь хувь хүнээс спирт авсан нь метиллийнх болж таарсан. Түүгээр архи үйлдвэрлэснийг компанийнхан тэр чигээрээ мэдээгүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Тэгэхээр архи үйлдвэрлэх үед цагдаагийн байгууллага хяналт тавих боломж байгаагүй болов уу?

-Архи үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниудад нэлээд хатуу хяналт тавьдаг, тэр хэрээр арга хэмжээ тооцдог байсан. “Азийн чоно” компанид ч олон удаа арга хэмжээ авч байсан. Гэхдээ метиллийн спиртээр архи үйлдвэрлэсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэх ямар ч боломж байгаагүй. Гэрээтэй үйлдвэрээс спиртээ авдаг байтал нэг ажилтан нь Налайхаас хувь хүнээс спирт авсан нь үйлдвэрийн дамжлагад орчихсон. Хэн ч мэдээгүй байхад л хортой архи худалдаанд гарчихсан байсан шүү дээ.

Шинэ жилийн баярын өмнө шөнө хордсон хүмүүс эмнэлэгт хүргэгдэж байсан. Хортой архи аймгууд руу ачигдчихсан байсан. Олон хүн баяраар хэрэглэх архи авчихсан байсан үе. Илүү олон хүн хордох эрсдэл байсан гэдэг. Гэхдээ дүүргийн цагдаа, онцгойгийнхон маш сайн ажилласны хүчинд хортой архийг хурааж байсан гэж яригддаг. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Эмнэлэгт хоёр хүн нас барсан тухай мэдээлэл авсан даруйд согтууруулах ундаа худалдаалдаг бүх дэлгүүрүүдийг хааж, ямар архинд хордсон талаар судалгаа хийж эхэлсэн. Ингээд “Азийн чоно” компанийн “Хэрлэн” гэдэг архинд хордсоныг тогтоосны дараа ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хүч дуудсан. Нэмэлт хүч ирэхээс өмнө “Хэрлэн” архи хаана зарагдсан, хаашаа ачиж явсан гэдгийг бүрэн тогтоочихсон байсан. Хөвсгөл аймаг руу авч явсан болохыг тогтоосон даруйд араас нь хүч явуулж хураалгаж байлаа. Ингэж ажилласны дүнд архинд хүн хордсоныг мэдсэнээс хойш дахиж тэр архийг уулгахгүй байх бүх арга хэмжээг авч чадсан.

Тэр үед архи зарахыг хорьж, эргүүл хамгаалалт маш хатуу болчихсон байсан. Худалдаанд гарсан бүхХэрлэнархийг татаж устгасныг ч мэдээлж байлаа. Ингэж ажиллаад байхад хамгийн түрүүнд танд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхөд гомдолтой байв уу?

-Цагдаагийн алба хаагч томилолтоор ажилладаг. Хэвлэлийн хурал дээр “Албаа өг” гэсэн. Өгсөн. Тухайн үед зарим нам, эвслээс “Цагдаагийн дарга буруугүй. Цагдаагийн даргад хариуцлага тооцсон нь эзнээ олоогүй бүдүүлэг асуудал болж байна” гэж мэдэгдэл хүртэл хийж байсан. Миний дараа дүүргийн Засаг даргыг ажлаас чөлөөлж байлаа.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Манай жудочид Токиогийн “Их дуулга”-ын шалыг арчиж байгаад ирлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотод боллоо. Энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээнд 65 орны 470 гаруй жудоч өрсөлдсөн юм. Харин манайхаас үндэсний шигшээ багийн эрэгтэй арван хоёр, эмэгтэй найман тамирчин дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын хамтаар оролцов. Манай улс тив, дэлхийн жудочдыг дийлж барилддаг “дархан аваргууд”-аа уг тэмцээнд явуулсан. Тэднийг татами дээр гарч ирэхэд өрсөлдөгч бөхийн зүрхэнд шар ус хурж байгаа даа гэж аархан бодож байлаа. Учир нь манайд олимпийн аварга, дэлхийн аварга, тивийн аварга гээд спортын төрөлд авч болох бүх дээд амжилтын эзэд бий. Бас дэлхийн чансааг манай бөхчүүд итгэл төгс тэргүүлж байгаа. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, Д.Сумъяа нарын барилдааныг хүлээн, тэдний ялалтыг харж бахархах гэж амралтынхаа хоёр өдөр зурагтынхаа өмнөөс босоогүй хүн олон. Гэвч манайхан шигшээд тунаж медалийн тавцан дээр зогсох бүү хэл тойргоосоо ч гарч дийлсэнгүй. Эхний тойрогтоо ичгэвэртэйгээр ялагдаж “шалны алчуур” болов.

Эхний өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэлсэн. 60 кг-д манайхаас дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж байгаа Г.Болдбаатар, дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшингийн хамтаар зодоглов. Гэвч хоёулаа гуравдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Бүр хоёулаа торгуулиар ялагдсан. Уг нь Г.Болдбаатарыг медалийн салхийг хагална гэж олон хүн итгэл төгс хүлээсэн дээ. Жудо сонирхогчид “Болдоо медалийн тавцанд зогсох нь гарцаагүй. Алт уу, мөнгө үү” л гэж ярьж байлаа. Тэгсэн хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Д.Амартүвшин ч бас барсангүй. Монголчуудыг тэргүүлж барилдсан хоёр бөхийн араас 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглосон. Азийн наадам, Азийн элсний спортын наадам, Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд дараалан аваргалчихсан болохоор түүнээс уран гоё барилдаан, ялалт хүлээх нь зүй ёсны хэрэг байлаа. Гэвч бүр эхний тойрогтоо л өвдөг шороодож зурагтынхаа өмнө суугаа монгол түмний итгэлийг алдав. Ингэж ялагдахдаа өмнө гаргасан алдаагаа яг тэр чигт нь давтлаа. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Челябинскт болсон дэлхийн аваргын тэмцээнд яалаа даа. Хятадын бөхтэй учраа таарч, оноогоор ялж явсан. Барилдааны минут дуусах болоогүй байхад хэзээ язааны ялсан аятай бааварлаж байгаад ялагдсаныг нь мартаагүй байгаа. Токиогийн тэмцээнд ч яг ингэж барилдав. Өрсөлдөгчөө хэт их бассаны улмаас оноогоор илүү явж байснаа эцсийн мөчид яаж ч чадалгүй дийлдлээ. Үнэнхүү гутмаар ялагдал тэр л байсан байх. Ингээд тэмцээний эхний өдөр зодоглосон эрчүүд медалийн тавцанд зогсох бүү хэл хагас шигшээд ч шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг барилдсан. Тус жинд манай улсын нүүрийг тахалдаг дэлхийн аварга М.Уранцэцэг гэмтлийн улмаас зодоглоогүй. Бас гавьяат тамирчин М.Бундмаа дэвжээнд гарсангүй. Мөн л бэртэлтэй гэсэн. Дэлхийн аваргын оронд эх орноо төлөөлсөн Г.Отгонцэцэг өрсөлдөгчдөө хөнгөхөн “зууш” болоод өнгөрлөө. 52, 57 кг-д зодоглосон А.Цолмон, Д.Сумъяа нар ч бас дараалан ялагдав. Манай эмэгтэйчүүд өрсөлдөгч бөхийнхөө эсрэг юу ч хийж чадалгүй яах ийхийн зуургүй ялагдсан нь тун харамсалтай. Илүүрхэж чаддаггүй юмаа гэхэд эн тэнцүүхэн, ана мана үзэлцэж яагаад чадсангүй вэ. Дээрх жинд барилдсан манай гурван эмэгтэй Японы жудочдод ялагдсан. Бүр гурвуулаа шүү. Г.ОтгонцэцэгХарүна Асамид, А.Цолмон Шишимид, Д.Сумъяа Тукаса Ёшидад ялагдав. Тэдний ялагдал спорт сонирхогчдын аманд байдаг “Манай бөхчүүд Япон, Францын жудочдоос айдаг” гэх яриаг баталсан мэт. Япон, Францыг л ялахгүй юм бол дэлхийн хэмжээний гэж яриад яах билээ. Тэднийг л ялж байж олимп, дэлхийн аваргын шагналын тавцанг мөрөөдөх бус уу. Гэтэл манайхан энэ удаагийн тэмцээнд нутгийнх нь нэрнээс сүрдээд ялагдчих шиг боллоо.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийнхээр эхлэв. “За одоо л үзүүлээд өгнө дөө” гэсээр тун чиг итгэлтэйгээр харж байв. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглосон болохоор итгэл төгс байхаас ч аргагүй. Гэтэл бас л хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээж монгол түмний нүүр рүү нулимсан гэж хэлж болно. Хамгийн өндөр амжилт үзүүлэх хоёр тамирчны нэгд зүй ёсоор тооцогдож байсан Х.Цагаанбаатарын ялагдлыг гавьяат тамирчин С.Ням-Очир нөхөх байсан ч тэрээр дэвжээнд гараагүй. Учир нь Токиод очсон хойноо бэлтгэлийн үеэр бэртэл авчээ. Ингээд зоолттой медаль авах байсан 73 кг-ын жингийн барилдаан баяртай болов. 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даваасүрэн нар зодоглоод бас л тойргийн барилдаанаасаа гарч чадсангүй. 62, 70 кг-д барилдсан эмэгтэйчүүд ч бас өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжсэн. Сүүлийн өдрийн ганц гялтайх бөх нь олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Токиогийн “Их дуулга”-ын ганц найдвар болсон тэрээр Чежүгээс мөнгөн медаль хүртээд байсан. Бас бэлтгэл сайтай байгаа гэж явахаасаа өмнө ярьж байлаа. Тиймээс түүнийг барилдахын өмнө “За даа, олимпийн аварга маань л монголчуудынхаа нүүрийг тахлах нь дээ. Арай ч ганзага хоосон буцахгүй биз ээ” гэж байлаа. Гэтэл эхний тойргоосоо ч гарч чадалгүй Монголын жудочдын нэр хүндийг шалан дээр унагаав. Ингэснээр “Их дуулга”-д хорийн хориулаа явсан хэрнээ энгэртээ гялтайх юу ч үгүй ирлээ. Медаль зүүдэггүй юмаа гэхэд шигшээ барилдаанд ч шалгарч чадаагүй мөртлөө цахим ертөнцөөр янз бүрийн шалтаг тоочиж байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “…Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болчихдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь, хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголт. Тэр орон зайг өөрөө эзэлж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60, 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ” гэж бичжээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихсон хүн ингэж гоншигнох хэрэг байсан юм уу. Бас олон хүн намайг зайгаа тавьж өг гээд байгаа, би харин болоогүй гээд биччихэж. Залууст үлгэр дуурайл болж байгаа гэнэ. Дэлхийн чансааг жинхэнэ утгаар нь тэргүүлдэг, өндөр зэрэглэлийн хамгийн гол тэмцээнд тойргоосоо ч гарч чадалгүй барилдчихаад ингэж хэлж болох уу даа. Токиогийн татами дээр шал арчиж залуусын дуурайл болж байгаа гэх нь хэр ёс зүйтэй юм бэ. Амжилт гаргаагүй л бол буруугаа бусдад биш өөртөө тохож гэмээнэ залуу тамирчдад үлгэрлэх бус уу. Бас “Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж, бас тэмцээний заал руу тус бүрт нь нэг цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан” гэж бичжээ. Гэтэл үнэндээ хамгийн их мөнгө зарж байгаа төрөл жудо байж мэднэ. Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олсон хэдэн төгрөгөө жудочдодоо л барьж гүйдэг. Харин сүүлийн хэдэн тэмцээнд тамирчид өөрсдийнхөө зардлаар явсан юм байж. Энэ удаагийн “Их дуулга”-д оролцсон тамирчид хувийнхаа мөнгөөр явжээ. Тийм болохоор л медаль авчраагүй юм байна. Улсаас, жудо бөхийн холбооноос хэдэн төгрөг өгөөд үнэтэй зочид буудалд байрлуулсан бол алт, мөнгө, хүрэл медаль хэдийг л бол хэдийг аваад ирэх байсан бололтой юм. Бас улсын мөнгөөр явчихсан бол тэгж бааварлаад, томроод байлгүй бүх анхаарлаа барилдаандаа хандуулан ялах байжээ. Өөрсдөөсөө мөнгө гаргачихсан болохоор ялна уу, ялагдана уу гэдэг ард түмэнд ямар ч хамаагүй гэж байгаа бололтой. Тэдний ярьж буйгаар ялагдалд Х.Баттулга буруутай юм шиг байна. Х.Баттулга жудо бөхөд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаснаас болоод манай жудочдын амжилт эрс буурсан гэж ойлгууллаа. Харин спорт мэдэх хүмүүс “Чансаанд үл хамаарах жижигхэн тэмцээнд орж байна. Тэр тэмцээнд нь дэлхийн томчуул оролцдоггүй. Гэтэл манайхан очиж түрүүлээд түүнийгээ том амжилт мэтээр ойлгуулдаг. Ингэж жижигхэн тэмцээнд оролцож өөрсдийгөө хэтэрхий их судлуулснаар өндөр зэрэглэлийн тэмцээнд ялагдаад байна. Бас шоу нь ихдээд байгааг саяын тэмцээн харууллаа. Бүгд л биеэ тоон бааварлаж байгаад ялагдлаа шүү дээ” гэж ярьж байна. Хэрэв цаашид энэ янзаараа барилдаад байвал амжилтдаа ханаж, өөрсдөдөө эрдсэн хөгшин “бурхинуудыг” залуу тамирчдаар цус сэлбэх зайлшгүй шаардлагатай болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батчулуун: “Долдугаар сарын 1”-нд офицер, цагдаа нар орж ирээд зэвсэг, тусгай хэрэгсэл шаардаж байлаа

– ХОРИГДСОН ХҮМҮҮСТ ХООРОНДОО ЯРИХ БОЛОМЖ ОЛГОСОН Л БОЛ БОСЛОГО ГАРГАЖ МЭДЭХЭЭР БАЙСАН-

Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилц­лаа. Тэрбээр “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр “Дэнжийн мянга” дахь Албадан саатуулах төвийн даргаар, түүний өмнө Багануур дүүрэгт олон хүн архинд хордож амиа алдахад дүүргийн Цагдаагийн хэлстийн даргаар ажиллаж байсан юм.

-“Долдугаар сарын 1”-ний үймээний үед та “Дэнжийн 1000” дахь Албадан саатуулах төвийн дарга байсан байх аа?

-2008 оны гуравдугаар сард Албадан саатуулах төвийн даргаар томилогдсон. Тэнд арваннэгдүгээр сар хүртэл ажилласан даа.

-Үймээний үеэр Албадан саатуулах төвд 800 гаруй иргэнийг хорьсон. Ер нь юу болсон юм бэ?

-Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс үймээн, шуугиан болж магадгүй гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байлаа. Зургадугаар сарын 30-нд үймээний эхний хүмүүс манай төвд ирсэн шүү дээ. Гудамжинд эмх замбараагүй байдал бий болгохыг оролдсон гэх зэрэг асуудал гаргасан хүмүүс л дээ. Маргааш нь жагсаал, цуглаан хүндрэх байдал руугаа орж 14.00 цагаас хүмүүсийг Албадан саатуулах төв рүү авчирч эхэлсэн.Тухайн үед би дүүргийн прокурорт “Ирж хяналтаа тавь. Эмх замбараагүй байдал бий болбол энд олон хүн саатуулагдах нөхцөл бий болчихлоо. Хууль зөрчигдөж болзошгүй байна” гэж мэдэгдлээ. Орой МАН-ын байр шатлаа, жагсаал, цуглаан нь үймээн боллоо. Тэр үеэс фургон, цагдаагийн машинуудаар дүүрэн, дүүрэн хүн зөөж авчраад буулгаад л байдаг. Сүүлдээ хэн гэдэг хүнийг хэн авчирч, яаж хүлээж аваад байгааг хянах ямар ч боломжгүй болсон.

-Нэг машинд хэдэн хүн авчирч байсан бол?

-10, 15 цаашлаад 20 хүн авчирна шүү дээ. Сүүлдээ хүн нэг бүрт үзлэг хийж хүлээж авах ямар ч боломжгүй болсон. Гэхдээ хууль зөрчихгүй ажиллахыг л хичээж байлаа. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас хүн хүч хүссэн ч гол асуудалдаа анхаарлаа хандуулсан байх, биднийг орхичихсон. Өглөөний 4.00 цаг хүртэл 800 гаруй хүнийг 45-уулаа барьж, хоносон юм шүү дээ.

-Албадан саатуулах төв 45 ажилтантай байсан юм уу?

-Тэдний арваад нь эмэгтэй. Гуч гаруй эрэгтэй алба хаагч байсан. Ачигдаж ирсэн хүмүүсийн олонхи нь согтуу, үймээн самуунд хөөрчихсөн. Эвгүй дуугарвал яаж ч мэдэх нөхцөл байсан. Тэр дунд цагдаагийн гурав, дөрвөн ажилтныг жагсагчид хөнөөсөн байна гэдэг яриа гарчихсан байсан. Үүнээс болж офицер, цагдаа нар хоёр, гурваараа орж ирээд зэвсэг, тусгай хэрэгсэл шаардаж байлаа. Тэр бүрт “Та нар тайван бай. Хүний эрх зөрчиж огт болохгүй. Нэг хүнийг ч зодож болохгүй шүү” гээд гаргаж байсан. Би алба хаагчдаа гав, бороохойгүй ажиллуулж байсан юм шүү дээ. Маргааш нь 04.00 цагт хүмүүстээ бороохой, гав тавьж өгсөн.

-Тэгвэл гар нүцгэн 40 гаруй цагдаа тэр олон хүнийг яаж хонуулсан юм бэ?

-Би алба хаагчдаа үнэхээр гавьяа байгуулсан гэж боддог. 800 шахам хүн суулгачихаад байж байхад “Эд нар цөөхүүлээ байна. Сүйтгээд гарцгаая. Дайралт хийе” гэдэг яриа гарч байсан. Тэгэхэд дөчөөд алба хаагчдаа зохион байгуулаад саатуулагдсан хүмүүст би өөрөө “Бидэнд хүч хангалттай бий. 300, 400 алба хаагч та нарыг хянаж байгаа. Ямар нэгэн хөдөлгөөн хийвэл зэвсэг хэрэглэнэ” гэж зарлаж, сүрдүүлж байлаа. Нөгөө дөчөөд алба хаагчдаа 300 болгож харуулахын тулд хооронд нь сэлгүүлж, янз бүр болж хоносон хэрэг.

-Саатуулагдсан хүмүүсийг хашаанд хэд, хэдээр нь ангилаад явган суулгачихсан байсан нь дээрээс нь харахад олон хайрцаг тавьсан мэт харагдаж байв?

-Тэр үед бороотой, их эвгүй байсан л даа. Согтуу голдуу хүмүүсийг зогсоочих юм бол дайрчих гээд байсан. Гарыг нь хойно нь бариулаад нэг, нэгийнх нь араас суулгаж хонуулсан. Нэгнийхээ нурууг хараад суучихаар хоорондоо нэг их юм яриад байж чадахгүй. Хэрвээ хоорондоо ярих боломж олгосон л бол бослого гаргаж мэдэхээр нөхцөл байсан. Согтуу, сэтгэлийн хөдлөлд автсан тийм олон хүнийг хариуцахдаа хүний эрхийг ноцтой зөрчилгүй, хүний амь настай холбоотой асуудал гаргалгүй хоносон нь тэр шөнө ажилласан дөч гаруй хүний гавьяа байсан гэдгийг дахин хэлье. Бод доо, нэг хүн л орилоод боссон бол бусад нь дагахаар байсан. 800 хүний өөдөөс ямар ч зэвсэггүй 40 хүн яах байсан бол. Би өөрөө л гар буутай, бусад нь бороохой ч үгүй байсан. Гурав, дөрвөн цагдаагийн амь хохирсон гэдэг яриаг сонссон алба хаагчдын сэтгэл санаа сонин болчихсон байсан учраас бороохой ч өгөөгүй. Хэрвээ бороохой өгсөн бол нэгийг нь цохино. Нөгөөдүүл нь хашгираад босно. Юу ч болж мэдэхээр байсан. Ерөөсөө л үүр цайж, гэгээ орохыг хүлээж байгаа юм шүү дээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүд цөөнгүй байсан гэх юм билээ?

-Шуурхай арга хэмжээ авч жирэмсэн эмэгтэйчүүд, гадаадын иргэдийн нэр, хаягийг нь бүртгэж аваад тэр шөнөдөө явуулсан.

-Нэмэгдэл хүч хэзээ нь ирсэн юм бэ?

-Үүр цайж байхад Цагдаагийн академийн сонсогчид ирсэн. Тэднийг ирсний дараа офицер, цагдаа нартаа резинэн бороохой тавьж өгөөд “Хүнд гар хүрвэл хатуу хариуцлага ярина” гэж сануулж байсан. Үүр цайхаас эхлээд хүмүүсээ сэлгэж, байрлуулах ажил эхэлсэн. Ерөөсөө тэнд хүмүүсийг саатуулсан гурав хоногт нэг хүнийг бороохойдсон, зодсон асуудал гараагүй. Удирдлагын хувьд дэд дарга, харуул хамгаалалт хариуцсан ахлах бид гурав гурван хоногийн турш нүд анихгүй ажилласан. Унтаж амрах тухай асуудал огт байгаагүй.

-Танайхаас суллагдсан хүмүүс манай сонинд ярилцлага өгөхдөө нуруугаа харуулахад эрээн алаг болтол нь зодчихсон байсан. Хэзээ нь тэгээд зодуулчихсан байсан юм бол?

-Үймээний үеийн асуудал байх. Албадан саатуулах төвд зодсон, бороохойдсон нэг ч асуудал гараагүй. Энэ тухай “Долдугаар сарын 1”-ний талаарх “Нээлттэй сонсгол” дээр тодорхой ярьсан шүү дээ.

-Тэр олон хүнд ямар хоол, унд өгч байв?

-Албадан саатуулах, баривчлах төв 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл 800 хүн ирчихсэн байдаг. Гадна зуух тавьж завсар зайгүй хар цай чануулж байлаа. Эхний ээлжинд хар цай, усаар таслахгүй байхыг хичээсэн. Бороонд сууж хоносон хүмүүсийн архи үүрээр гарсан байх. Маргааш нь нар шарна, бороо орно. Шартсан хүмүүсийн ам цангаж байгааг бодолцоод цай, усаар таслаж болохгүй шүү гэдэг чиглэлийг алба хаагчдадаа өгч байсан. Маргаашаас нь эхлээд хүмүүнлэгийн байгууллагуудаас багахан хоол хүнс ирсэн. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хоол хүнс авахуулсан. Долдугаар сарын 2-ны үдээс хойш хоол, хүнс тараасан. Гэсэн ч тэр олон хүнд хоол залгуулах дайны л байсан. Түүнээс цадтал хооллох боломж байгаагүй.

-Долдугаар сарын 1-ний шөнө онц байдал зарласан. Маргааш өглөө нь буутай цагдаа нар Албадан саатуулах байрны хашааны өмнө эгнэж зогсоод л. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн бужигнаад л. Сураггүй болчихсон хүнээ хайгаад байгаа хэрэг. Их сүртэй, аймаар байсан санагдана?

-Өглөө нь хүмүүсийн овог нэрийг бичиж авч дууссан. Бичиг баримттай хүн нэг ч байгаагүй. Өөрсдийнх нь хэлснээр л нэр, хаягийг нь авч байгаа юм. Гадна цугласан хүмүүс дайрчих гээд байсан. Албадан саатуулах төвийн хашааны өндөр 1.7 метрийн өндөр. Хашааг нь түлхэж унагаагаад дайрахад байдал хүндрэх л нөхцөл байсан. Тэр хүмүүсийг тайван байлгахын тулд 30 минут тутамд саатуулагдсан хүмүүсийн овог нэрийг би өөрөө нэг бүрчилэн дуудаж байлаа. Тэр үед ар гэрийнхэн нь чулуу нүүлгээд, хашгираад байсан. Би хүртэл шидсэн чулуунд нь оногдож нуруундаа гэмтэл авч байлаа.

-Түргэний машин албадан саатуулах төв рүү ороход л гадна байсан хүмүүс “Гараашид байсан хүн нас барсан гэнэ. Нас барсан хүнээ нуучихлаа” гэсэн яриа гарсан. Хоригдсон хэдэн зуун хүний хань ижил, аав ээж орилолдоод их түгшүүртэй байсан?

-Албадан саатуулах байранд гурван хүн нас барсан гэдэг яриа гарсан байлаа. Тэр яриаг сонсоод ар гэрийнхнээс нь төлөөлөгч болгож дөрөв, таван хүн оруулаад бүх өрөөг харуулсан. Гарааш гээд нүхтэй болгоныг харуулж байж тайвшруулсан. Тэр хүмүүс гарч ирээд “Нас барсан, өвдсөн хүн алга. Зодож нүдсэн асуудал алга. Ямар ч байсан хоол унд залгуулж байгаа юм байна” гэж ярьсны хүчинд бужигнаан намжсан.

-Цагдаа нарын дунд “Онц байдал зарласан учраас буудсан ч бид хариуцлага хүлээхгүй” гэсэн яриа гарсан байсныг сонссон. Цагдаагийн алба хаагчид хонзогносон, сонсогчид хүртэл өс санасан байдалтай байгаа нь ажиглагдсан болов уу?

-Бусад газар ямар байсныг мэдэхгүй. Би гурав хоногийн турш вакумжсан орчинд л ажилласан шүү дээ. Гурав хоног гаднаас ч мэдээлэл байхгүй, сонсох ч завгүй ажиллаж байсан. Ер нь “Долдугаар сарын 1”-ний үймээнд ганц цагдаагийн байгууллага биш нийгэм, төр засаг хүртэл цочирдож, зүг чигээ алдсан шүү дээ. Цагдаагийн байгууллага ч, төр засаг ч юу хийхээ мэдэхээ больчихсон байсан биз дээ. Эмх замбараагүй байдал бий болоход цагдаа ч, төр ч бэлэн байгаагүй. Бүх хүн цочирдсон. Цагдаа нар ч бухимдсан. “Хоёр гурван цагдаа алагдсан. Зуу гаруй нь гэмтсэн” гэдэг яриа ч байсан. Алба хаагчид маань “Манай цагдаа нараас хоёр, гурвыг нь алчихсан байна, дарга аа. Бидэнд зэвсэг өгөхгүй бол энэ зэрлэг хүмүүс юу ч хийж мэднэ” гэж хэд, хэд орж ирсэн. Тэр бүрт “Гадна болж байгаа асуудал бидэнд хамаагүй. Та нар тайван бай. Элдэв асуудалд өөрсдөө холбогдохгүй, энд байгаа хүмүүсийн амь насыг хамгаалж гурав хоног хадгалах ёстой шүү. Хүчирхийлж эхэлбэл та нар өөрсдөө хэрэгтэн болно шүү” гэж ятгаад гаргадаг. Яг л тийм байдлаар хяналт тавьж ажилласан.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Бумрунград эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна

Бумрунград эмнэлэгт эмчлүүлээд ирсэн Удирдлагын академид багш Ё.Батсүхтэй ярилцлаа.

-Та анх ямар оноштой байсан бэ. Монголдоо эмчлүүлж болохгүй байсан уу?

-Миний зүүн хөлний шилбэний гадна талаас товойж гарсан зөөлөн эдийг анх Хавдар судлалын үндэсний төвд “атерома” гэсэн таамаг оноштойгоор биопсийг (3х2х1 см хэмжээтэй) хагалгаа хийж авхуулсан юм. Хагалгаа хийлгэснээс хойш сар гаруй хугацаанд хагалгааны шарх идгэхгүй улмаар шүүс ихээр гарсан. Мөн биопсийн шинжилгээний хариу гарахгүй нэлээд удсан юм. 14-21 хоногийн дотор гардаг эсийн шинжилгээний хариу 36 хоногийн дараа гарсан л даа. 36 хоногийн дараа дермато-фибро-саркома нэртэй хорт хавдрын эс илэрсэн гэсэн. Тухайн үед их гайхсан. Үнэндээ бол итгээгүй. Худлаа юм шиг санагдаад нягталж үзье гэж бодсон.

Нэгэнт ийм онош гарсан учраас энэ талаар би маш олон эмч нартай уулзаж зөвлөлдсөн. Эмч нар энэ төрлийн хорт хавдрыг хэрхэн эмчилдэг тухай дэлхийн стандартыг мэдэх хэрэгтэй, мөн хорт хавдрын эсийг хагалгаагаар бүрэн авсан эсэхийг хэрхэн батлах, хорт хавдар үсэрхийлсэн үү гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Энэ төрлийн хорт хавдрыг эмчлэх дэлхийн стандарт эмчилгээ нь хавдрын эс байгаа үүрнээс эргэн тойрон 4-6 см зайтай эрүүл эсийг хамтад нь авах. Хэрэв үүнээс бага хэмжээтэй авбал хорт хавдар дахих магадлалтай гэсэн. Харин хорт хавдрын эс үлдсэн эсэх, бас үсэрхийлсэн үү гэдгийг мэдэх боломжтой PET/CT гэсэн нэртэй шинжилгээний аппарат дэлхийд байдаг гэж мэдсэн. Гэтэл манай улсад энэ аппарат аль ч эмнэлэгт байхгүй нь харамсалтай.

Ихэнх улс оронд хэрэв хорт хавдрын эс хүний биед үлдсэн бол туяа болон химийн эмчилгээ хийдэг юм байна. Түүнээс гадна туяа эмчилгээ хийхдээ хүний аль хэсэгт, хэдийн хэмжээтэй талбайг, бүр нарийн тодорхойлбол эсийн түвшинд нь хэдэн давтамжтайгаар шарах вэ гэдгийг нарийн тогтоосны дараа эмчилгээгээ хийх ёстой байдаг юм билээ. Монгол улсад энэ боломж нь байхгүй, миний мэдснээр бараг бүтэн биеийг шарчихдаг нь маш том асуудал. Бас химийн эмчилгээний хувьд хорт хавдрын амьд эсийг генийн түвшинд судалж байж химийн тариагаа сонгож, давтамжийг нь тодорхойлоод тарьдаг юм байна лээ. Энэ бас л Монгол улсад байхгүй, хөгжөөгүй, тэр байтугай хорт хавдрын эсийг нарийн тодорхойлох нэмэлт урвалж бодисууд нь байхгүй юм байна лээ. Онош нь тодорхойгүй эргэлзээтэй болохоороо интернэтэд шинжилгээний хариугаа байршуулж, гадаадын эмч нараас асууж оношоо тодруулж эхэлсэн. Гэхдээ энэ гадаадын эмч нартай санал солилцож байгаа нь сайн ч, яг ийм төрлийн хорт хавдар байна гэдгийг тодорхойлоод өгчихдөг урвалж бодис нь Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын лабораторт байхгүй. Ийм шалтгаануудын улмаас л Монголдоо эмчлүүлэх боломж хязгаарлагдмал байлаа.

-Яагаад Бумрунград эмнэлгийг сонгов. Өмнө нь мэддэг байсан юм уу?

-Хорт хавдартай гэсэн оношийг сонсноос хойш монголд байгаа нилээд олон гадаадын нэр хүндтэй эмнэлгүүдийн төлөөлөгчийн газарт хандсан. Эдгээрийн дотроос Бумрунград эмнэлгийг сонгох хэд хэдэн шалтгаан байсан. Эхлээд ямар ямар шинжилгээ болон эмчилгээг хэр хугацаанд хийх вэ. Оношлогоо, эмчилгээний зардал хэд болох вэ. Эмчилгээнээс гадуурх бусад үйлчилгээнүүд, дээрээс нь миний хүсэлтийн талаар хэр хурдан хариу өгч байна вэ гэх мэт үзүүлэлтүүдийг гол болгосон.

Уг эмнэлгээс надад хариу ирэхдээ миний дээр бодож байсан шалгууруудыг хангасан байсан. Өөрөөр хэлбэл, уг өвчний тархац болон үлдэгдлийг оношлох PET/CT болон MRI шинжилгээ, мөн цус болон бусад ерөнхий шинжилгээнүүдийн талаар, түүнээс гадна уг өвчнийг эмчилэх дэлхийн стандарт бүхий хагалгаа хийх санал, хагалгааны дараах нөхцөл байдлын талаар тодорхой бичсэн байсан. Дээрээс нь эмчилгээнээс бусад үйлчилгээнүүд болох нисэх онгоцны буудлаас тосож авах, эмнэлэгтэй ойролцоо байдаг зочин буудлуудад өрөө захиалж өгөх, шаардлагатай гэвэл зочид буудлаас эмнэлэг хүртэл хүргэж өгч авах үйлчилгээ, эмнэлэгт үйлчлүүлэх үед орчуулагч үнэ төлбөргүй, эмчилгээний түүх болон оношлогоо, шинжилгээний хариуг цаасаар болон CD-ээр авах боломжтой зэрэг олон зүйлийг дурьдсан байсан. Бас эмнэлэгт очоод хэзээ, хэдэн цагт эмчтэйгээ уулзахыг хүртэл миний өмнөөс хийж өгсөн.

-Өөр гадаадын эмнэлэг рүү явсан уу. Үнийн хувьд ямар байсан?

-Надад нэг л эмнэлэг сонгож эмчлүүлэх нөхцөл байсан учраас дээрх үзүүлэлтүүдээрээ нэгийг л сонгосон. Бусад эмнэлгүүд хариу ирсэн л дээ гэхдээ зөвхөн оношлогоо хийх зардлаа л бичсэн байсан. Онош хэрхэн гарахаас хамаарч дараагийн эмчилгээ тодорхой болох учраас одоогоор ийм тийм эмчилгээ хийнэ гэж хэлэх боломжгүй гэж байсан л даа. Олон улсын нэр хүндтэй эмнэлэгүүд хэзээ онош нь тодорхой, баталгаатай болоогүй цагт ямар ч эмчилгээ хийдэггүй юм байна лээ. Бумрунградад очиход бас л тийм байсан. Заавал онош тодруулж, баталгаажуулсны дараа эмчилгээ хийсэн. Гэхдээ солонгос эмнэлэг болон Бумрунград эмнэлэгийн оношлогоо өртөг нь ойролцоо юм билээ. Харин Европын орнуудын эмнэлэгүүдийн оношлогооны өртөг нь Азийн орнуудынхаас бараг хоёр дахин өндөр байсан.

-Тайландад хэзээ очсон бэ. Эмчилгээнд хэр хугацаа шаардав. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-Бумрунградаар эмчлүүлэхээр төлөвлөчихөөд бараг бэлтгэл ажил гэж 20-иод хоног зарцуулсан. Тэгээд энэ оны аравдугаар сарын 6-нд яваад 23 хоноод ирсэн. Тэнд очоод эмчтэйгээ уулзах графикийнхаа дагуу уулзаад маргааш өглөө нь PET/CT аппаратаар шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу нь шинжилгээ хийлгэснээс хойш цагийн дараа гарсан. Харин нэг хэрэгтэй зүйл нь эмчтэйгээ уулзаж байхдаа оношлогоо хийлгэсний дараа хэзээ эмчтэйгээ эргэж уулзах вэ гэдгээ тохирч, цаг авч байсан. Манай улсын нэгдсэн эмнэлэгүүд шиг үүр шөнөөр оочирлож, эмчдээ үзүүлэх гэж цаг авахын төлөө тулалдахгүй нь амар. Тэгээд нэг хоноод эмчтэйгээ дахиж уулзаад, эмч шууд хагалгаа хийнэ, хагалгаанд хэзээ хийх боломжтой вэ гэж асуусан. Учир нь оношлогооны аппаратаар зүүн хөлний шилбэний хажуу талд 4.5 см урттай, 1.8 см өргөн, 0.8 см гүн үлдэгдэл байгааг оношилсон.

Хагалгаанд аль болох богино хугацаанд орох санал хэлэхэд шууд маргааш өглөөний зургаан цагт хагалгаа хийхээр болсон. Хагалгаа хийх эмч маань хагалгаа хийхээс өмнө шалгах ёстой нилээн хэдэн зүйлүүдийг шалгаж, мөн хагалгааны дараа хэзээ эмчтэйгээ дахиж уулзах, боолт хэрхэн хийх, ямар хоол, ямар дасгал хөдөлгөөн хийхийг хүртэл зааж өгсөн. Тайландын энэ нэр хүндтэй эмнэлэгт хагалгаа хийхээс өмнө бөглөдөг анкет болон анхааруулах ёстой зүйлүүдийг бичсэн гурван нүүр орчим материалыг хүртэл монгол хэлээр орчуулаад бэлдсэн байсан. Надад эмнэлэгийн нарийн мэргэжлийн нэр томъёо, хэллэгийг хэрхэн ойлгох талаар ямар ч хүндрэл гараагүй. Харин тэр анкет дээр нэг зүйл их сонин байсан. Тамхи татдаг хүн байвал эмч нь хагалгаа хийхээс татгалзах эрхтэй гэсэн байсан. Тамхи хагалгааны дараах шархны эдгэрэлтийг удаашруулдаг учраас хэрэв та тамхи татдаг бол хагалгаа хийхээс өмнө дор хаяж дөрвөн долоо хонгийн өмнө тамхи татахаа зогсоосон байх ёстой гэсэн байсан.

-Эмнэлэгийн үйлчилгээ хэр байв. Хэвтэж эмчлүүлсэн үү?

-Эмнэлэгийн үйлчилгээ бол гайхалтай. Өглөө зургаан цагт хагалгаанд ороод орой найман цагт эмнэлгээсээ гарсан. Зүүн хөлний шилбэний хажууд учраас ямар нэг үйл хөдлөл хийхэд заавал хөлний булчин хөдлөдөг юм байна лээ. Тэгэхээр хагалгааны шарханд цус хурах, хавагнах, чинэрэх сөрөг үзэгдлүүд илэрдэг учраас хөлөө дээш нь сойж, шагайн хэсгээрээ аль болох хөдөлгөөн хийж цусныхаа эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй шүү гэж эмч зөвлөж байсан даа. Тэрнийхээ тусламжтайгаар хагалгааны дараах зовиургүй үндсэндээ дөрөв хоноод шарх эдгэсэн шүү.

-Таягтай очоод таяггүй ирсэн гэсэн. Үр дүнгийн хувьд хэр байв?

-Хагалгааны дараа оёдолтой шарх бүрэн нийлээгүй үед гишгэж явах эрсдэлтэй байдаг учраас монгол эмч нар таяг тулж аль болох хөндөхгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэгээд ч миний шарх эдгэхгүй удаж байсан, гишгэхээр хөндрүүлээд байсан учраас таяг тулах хэрэгтэй болсон л доо. Харин Бумрунградад очоод хагалгааны дараа долоо хоноод бүх оёдолоо авхуулаад, хоёр долоо хонгийн дараа гэхэд гишгээд л явсан. Гишгэхээсээ өмнө нь хөлний цусны эргэлтийг сайжруулах, хөлний булчинг сэргээх дасгалуудыг хэвтэж байхдаа хийсэн. Тэгээд дахиад нэг долоо хоног явж дасгал хийгээд, эмчтэйгээ уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар зөвлөлдөөд ирсэн.

-Одоо биеийн байдал хэр байна. Сэтгэлд нийцсэн эмчилгээ хийсэн үү?

-Одоо биеийн байдал сайн байна. Хөлнийхөө булчингийн үйл ажиллагаагаа сэргээх гэж дасгал хийж байгаа. Таяг тулаад хөдөлгөөн хийхгүй нэг сар болоход хөлний булчин суларчихдаг юм байна. Тайландын эмч нар намайг бараг хоёр сар орчим дасгал хөдөлгөөн хийж байж хуучин хэвэндээ орно гэсэн. Хамгийн чухал зүйл гэвэл хавдрын үсэрхийлэл байхгүй гэдгийг нотолсон явдал. Мөн хагалгаагаар бүрэн авсан учраас химийн болон туяа эмчилгээ хийхгүй нь сайн мэдээ болсон. Тайландын Бумрунград эмнэлэгийн хамт олон, Монгол дахь Бумрунградын төлөөлөгчийн газрын эмч нарт, Arthi Kruavit эмч, Даваасүрэн эмч, монгол орчуулагч нартаа, надад үнэтэй зөвлөгөө өгсөн монголын эмч Анар, Баянмөнх, Энхтуяа, Одонтунгалаг нартаа, миний төлөө санаа зовж, тусалж дэмжсэн Удирдлагын академийн хамт олон, захиргаанд, Хан-Уул дээд сургуулийн ангийн хамт олон болон Дархан-Уул аймгийн арван жилийн ангийн хамт олонд, Ах дүү, хамаатнууд, найз нөхөддөө маш их баярлалаа.

-Давтан үзлэгт орох гэж дахиж явах уу?

-Эмч урт хугацааны хяналтад орох ёстой талаар надад онцолж хэлсэн. Тиймээс зургаан сарын дараа MRI шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн. Үндсэндээ зургаан сарын дараа очиж шинжилгээ хийлгэх төлөвлөгөө байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хавдрыг эсийн түвшинд оношилж, эмчлэх монгол эрдэмтний судалгааны ажлыг европ, америкчууд практикт нэвтрүүлжээ

Дэлхийн болон АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, Академич, доктор, профессор Г.Цэрэнчунттай ярилцлаа.

-Та саяхан Дэлхийн Шинжлэх ухааны Академийн 2014 оны шагналаар шагнагдсан. Юуны өмнө танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны төгссөн сургуулиас яриагаа эхлэх үү?

-Би 2000 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм. Сургуульдаа нэг жил гистологийн багшаар ажиллаад 2001 оноос ХБНГУ-ын Гумболдтын болон Фрии их сургуулиудын докторантурт суралцсан. 2006 оны дөрөвдүгээр сарын 24-нд докторын зэрэг хамгаалсан. Докторантурт суралцаж байх үедээ Гумболдтын Их сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2006 онд Монголдоо ирж ажилласан л даа. Сүүлийн жилүүдэд Европын холбооны улсуудын хэд хэдэн их сургуулиудад олон удаа зочин профессороор уригдан ажилласан.

-Судалгааныхаа ажлын талаар тодруулаач?

– Оюутан байхаасаа л эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг байсан. Миний бие иммуногистохими, молекул биологийн судалгаа, шинжилгээний арга дээр суурилан, хавдар, хавдар төст эмгэг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг бүхэлд нь шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй олон шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

Хавдар, хавдар төст эмгэгийг эсийн түвшинд дөнгөж бүрэлдэж буй үед нь нарийн ялган оношлох иммуногистохимийн маркеруудыг тогтоож, тодорхойлж, нээсэн. Түүнээс гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, Европын Холбооны улс болон Хойд Америкийн анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.

-Манай улсад хавдрын өвчлөл нилээд их байдаг. Таны судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлбэл хүн амын эрүүл мэндэд их хэрэгтэй санагдаж байна?

-Би 2006 онд докторын зэрэг хамгаалчихаад Монголдоо ирснийхээ дараа Германд хийж байсан, бүтээсэн ажлаа эх орондоо нэвтрүүлэх, бий болгох талаар их хичээсэн. Тухайн үед болоогүй. Олон талын шалтгаантай байх л даа. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Нөгөө талаас, бэлтгэгдсэн хэд хэдэн эмч мэргэжилтэн болон туслах ажилтан шаардлагатай. Гэхдээ шаардагдах хөрөнгө мөнгөний зардал улс орны хувьд жижиг асуудал л даа. Засгийн газар, салбарын яам энэ бүхнийг шийдвэл хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийнэ гэж илэрхийлснийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ хүрээнд энэ асуудал шийдэгдэж болох байх. Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л асуудлуудад ажил хэрэгчээр хандан ажиллаж байгаад нь хувь хүнийхээ хувьд талархаж байна.

– Герман, Австри улсуудад таны судалгаа, шинжилгээний ажлын чиглэл өндөр түвшинд хөгжчихсөн үү?

-Тиймээ. Ер нь Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улс бол анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Австри, Швейцарь улсуудын анагаах ухааны салбар Германаас дутахааргүй өндөр түвшинд хөгжсөн. Эдгээр анагаах ухаан өндөр хөгжсөн улс орнуудад, мөн Хойд Америкт бидний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлж, хүлээн зөвшөөрч практикт нэвтрүүлсэн. Тиймээс өнөөдөр, манай улсын хувьд бидний ажлын үр дүнг практикт шууд нэвтрүүлэх нь чухал юм.

-Таны судалгааны олон бүтээл дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гэсэн. Яг ямар сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан бэ?

– Миний бие олон бүтээлээ ХБНГУ, Англи, Польш, АНУ, Англи, Грек, Канад ба ОХУ зэрэг улсуудын Clinical Cancer Research, Journal of clinical pathology, British Journal of Cancer, Folia Histochemica et Cytobiologica, Virchows Arch, Pathology Research and Practice, Anticancer Research, Journal of Orthopedic Research, Histopathology, Pathology & Oncology Research, Oncology reports, Senologie-Zeitschrift fuer Mammadiagnostik und-therapie, Siberian Journal of Medicine, Journal of Histochemistry & Cytochemistry болон Breast Cancer Online зэрэг олон улсын олон нийтийн хяналттай, IF өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Бүтээлүүдээс маань олон зуун ишлэл авсан байдаг. Энэ нь миний судалгааны ажлын үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэж буйн илэрхийлэл юм.

-Таны бодлоор Монголын анагаах ухааны салбар дэлхийн чиг хандлагын хаана яваа бол?

-Ний нуугүй хэлэхэд, баруун Европын анагаах ухааны хөгжилтэй одоохондоо харьцуулах нь утгагүй болов уу. Баруун Европын анагаах ухаан бол асар олон зуун жилийн түүхтэй, өндөр түвшинд хөгжчихсөнийг нь хүн бүхэн мэднэ. Манай Монголын анагаах ухаан сүүлийн жилүүдэд техник технологийн хувьд хурдацтай хөгжиж, мөн эмч, мэргэжилтнүүд маань олон шинэ нарийн мэргэжлийн чиглэлүүдээр мэргэшиж байна. Баруун Европынхоос дутахгүй хөгжих цаг ойрхон байна. Би үүнд итгэлтэй байна.

-Манай улсын эмч мэргэжилтэн бэлтгэдэг анагаахын сургуулиудын чанарын түвшинг юу гэж үздэг вэ?

– Манай улсын анагаахын чиглэлийн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд хангалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ дэлхийн шилдэг Их сургуулиудын түвшинд хүрэхийн төлөө илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд АШУҮИС болон ” АЧ “- Анагаах ухааны Дээд сургуульд багшилж байсан. Энэ хоёр сургууль хоёулаа л чадварлаг багшлах боловсон хүчин сайтай, сайн сургуулиуд. 2013 онд АШУҮИС-н захирлаар профессор Г. Батбаатар багш томилогдсон. Энэ нэг жил гаруйн хугацаанд Г. Батбаатар захирал маш олон бүтээлч ажил хийсэнд миний бие баяртай байна. АШУҮИС маань удахгүй өөрийн гэсэн бааз эмнэлэгтэй болох цаг ойрхон ирснийг та бүхэн сонссон байх.

-Та эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын ШУА-ийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай улсын ШУА маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа үздэг. Төрөөс өгдөг төсвийн хөрөнгө оруулалт маш бага. Гэсэн хэдий ч ШУА-ийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, академийг өдий зэрэгтэй авч яваа нь талархууштай хэрэг. Ер нь Шинжлэх ухааны байгууллагаа төр засгаас маш сайн дэмжмээр байна. Шинжлэх ухааны салбараа тэргүүн эгнээнд тавьсан улс орон хөгждөг шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: МҮХАҮТ хувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг, буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой

Хувийн хэвшил буюу үндэснийүйлдвэрлэл эрх­лэгч аж ахуйн нэгжүүдийг төртэй холбодог гүүр нь Худалдаа аж үйлдвэрийн танхим. Гэвч сүүлийн жи­лүүдэдХудалдаа аж үйлд­вэрийн танхим оны эцсээр шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруу­ла­хаас өөражилбараг хийгээгүй гэж олон нийт шүүмжилдэг. Улсын төс­вийн 70 орчим хувийг бүр­дүүлдэгүндэсний үйлд­вэр­лэгчдээ хамгаалж тэд­ний төлөө дуугардаг байгууллага өнөөдөрду­таж буй нь ийм шүүмж­лэлийггаргахад хүргэ­сэн байх. Улс төрийн хамгаалалтгүйболтухайн аж ахуйн нэгж дампуурдаг, төр компанийг ньдээ­рэмддэг гэсэн ойлголт бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл явдаг бичиг­дээгүй нэгэн хууль бий. Иймд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэж амжилт гаргахаасаа илүүбизнесээ хамгаалахынтулд улс төрд орох гэж, эсвэлаль нэг улс төрчийг дэмжиж гаргаж ирэх сонирхол бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл болсон.

Зүй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамгаалан дуугарч байх ёстой газар нь Худалдаа аж үйлдвэрийн танхим юм. Ирэх жил тус байгууллагын 55 жилийн ой болох гэж буй бөгөөд бизнес эрхлэгчид энэ цаг үед Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ албанд багагүй хүн өрсөлдөх төлөвтэй байгаа аж. Гэхдээ бизнес эрхлэгчид өнгөрснийг яриад шүүмжилж зогсохоо­соо илүүтэйгээр шинэ залуу хүнийсийрэг ухаан, хийж бүтээх эрмэлзэлд ньХудалдаа аж үйлдвэрийн тахимыг даатгах сонирхолтой байна. Олон нийтийн санал асуулгаар ч ийм прогноз гарчээ. Тийм хүмүүсийн нэг нь UFC группын Ерөнхийлөгч, CEO club-ийн Дэд Ерөнхийлөгч О.Амартүвшин юм. Түүнийгбизнесийн хүрээнийхэн “юм хийж чадах залуу” гэж үнэлдэг юм билээ. Иймд түүнтэй уулзаж ярилцлаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX Их хурал болох гэж байна. Танхим өргөн цар хүрээтэй ажиллах ёстой гэж хүлээж байна. Нэг үгээр бол хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй гэх мэтээр шүүмжлэл бий?

-Монголын үндэснийхудалдаа аж үйлдвэрийнтанхимнь төрийн бус байгууллага. Монголын хувийн хэвшлийн ах ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай. Би өөрийн бизнесийг эрхлээд арав гаруй жил болж байна. Бизнесийн салбарт их сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж ирлээ. Үйлчилгээний болон үйлдвэрийн салбарт ч ажиллаж байлаа. Монголын үйлдвэрлэлийн бүхий л салбарт манай UFC групп үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа бизнесийн салбарт тулгараад буй зовлон бэрхшээлийгбодитойгоор мэдэрч байгаа.

Эдийн засаг хүнд байгаа тухай хүн бүр л ярьж байна?

-Бизнесийнорчинхам­гийн хүнд үедээ ирчихлээ. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа. Гэхдээ 2010, 2011 онтой харьцуулахад байж болох хамгийн доод түвшиндээ ирчихлээ. Ту­хайн үед орж ирж байсан хөрөнгө оруулалт 7.5 дахин буурчихлаа гэдэг мэдээлэл бий. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтаас анзаарагдаж байна. Гол, гол сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалт 30 орчим хувиар буурсан байна.

Бид яагаад ийм байдалд орчихов?

-Бизнес эрхлэгчид бид ажилласаар л байна. Ам.долларын ханш нэмэгдэж байна. Гэсэн ч бид үнэ ханшаа өсгөөгүй. Тодорхой хэмжээгээр эргэлт буураад эхлэхээр компаниуд тодорхой хэмжээнд зардлаа танаж эхэлж байна. Байж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танана. Энэ байдал цаашаа үргэлжлээд байвал ажилчид руугаа л орно. Цомхотгол хийж эхэлнэ гэсэн үг.

Монголын үндэснийхудал­даа аж үйлдвэрийнтанхим яагаад дуугарахгүй байна. Ийм үеддуугарч байх ёстой биз дээ?

-Уг нь Худалдаа аж үйлдвэрийн танхим дуугарч байх ёстой. Бид ч гайхаж байна, яагааддуугарахгүй байна вэ. Тэд яагаад ийм үнэтэй болчихвоо. Энэ зөвхөн аж ахуйн нэгжүүдийн асуудал биш. Эдийн засаг, цаашлаадМонгол Улсын эрх ашгийн асуудал шүү дээ. Яагаад гадны хөрөнгө оруулагчидбөөн бөөнөөрөө зугтаад алга болчихов. Хэн үүнд буруутай вэ. Монголынүндэсний үйлдвэрлэл явуулдаг ком­панийн захирлуудын нэгд­дэг “CEO club” гэж бий. Энэ клубын гишүүд энэ талаар олон жилийн өмнө ярьж байсан.Бизнесийн хүрээнийхэн яаж ажиллах ёстой юм. Улс төрчид нь ямар байх юм. Бизнесийнхэн төртэй хэрхэн хамтарч ажиллах ёстой юм гэх мэтээр санаа оноогоо ярьдаг байсан.Гэвч энэ бүхэнийг бид яриад гаргалгаагаа гаргалаач гэсэн “CEO club” дангаараа нөлөөлж чаддаггүй. Энэ ажлыг суурь байгууллага болох Худалдаа аж үйлдвэрийн танхим хийх ёстой байдаг. Гэтэл энэ байгууллага нь унтаа байдалтайбайна. Энэ цаг үетэй давхцаад танхимын ээлжит хурал өнөөдөр буюу даваа гаригт болох гэж байна. Бидний хэсэг залуустанхим унтаа байж болохгүй. Юм хийе үйл ажиллагааг нь арай өргөн цар хүрээтэй болгоё.Өөрсдөө гар биеэ оруулж байж энэ нь хөгжих юм байна гэдэг шийдэлд хүрээд нэрээ дэвшүүлж байгаа юм. Бизнес эрхэлж буй залуу үе шүүмжлэх байдлаар хөндлөнгөөсхандах биш өөрсдөө хийе гэсэн гол зарчмаар энэ асуудалд хандаж буй юм. Миний харж байгаа өнцгөөр одоогийн танхимын удирдлагууд дөрвөн удаа сонгогдоод 17 жил ажиллачихсан юм байна. Ингэж удаан нэг удирдлагатай явсан олон холбоо, ТББ-уудыг бид мэднэ. Хөлбөмбөгийн холбоо, Бөхийн холбоо гэж бий. Тэд анх энэ байгууллагуудыг сайн сайхан зорилго тавьж, сайн ажиллацгаасан байх. Харин он цаг яваад ирэхээр анх тавьж байсан зорилго нь хазайдаг ч юм уу, тухайн ажлыг хийдэг өнцөг нь өөр болдог ч юм уу, ярьж хэлж байсанаасаа зөрөөд явчихдаг юм шиг байгаа юм. Ямар ч сайн хүн нэг байранд удаан байхаар механизм тэр хүнийг өөрчилдөг шүү дээ. Тэгээд гишүүдийнхээ итгэлийг алдаад, үйл ажиллагааны цар хүрээ нь ч тийм дорвитой биш, гол шийдвэр гаргагчид үгийг нь сонсохоо байчихсан ийм нөхцөл байдал руу орчихсон юм л даа.

Танхим ажлаа хийхгүй болохоорбизнесийнхэнхолбоо, төрийн бус байгууллагадор бүрнээ байгуулаад ирж байгаа ньгарц хайж буй гэж хараад байгаа юм та бол юу гэж харж байна?

-Тийм, танхим ажил­лахаа больчихоор тулга­раад байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нийлээд төрийн бус байгууллага байгуулдаг. Жишээ нь, CEO club. Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой хууль боловсруулах ша­танд нөлөөлье гэсэн зорилготойгоор манай ги­шүүд үүн дээр нэлээд цаг заваа гаргаж ажилладаг. Бид хуулийн орчныг л сайж­руулах гэж үзсэн. Ингээд ажиллаад үзсэн чинь бидний дуу хоолой, нөлөөлөл хангалттай түвшинд хүрч чадахгүй байсан тул Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэж байгуулаад арай жаахан өргөтгөөд явж байна. Гэтэл бид нартай адилхан ийм үйл ажиллагаа явуулж байгаа маш олон төрийн бус байгууллага гараад ирчихсэн байна. Хоорондоо уялдаагүй баахан том жижиг олон холбоо, бүлэг бий болчихсон. Энэ байдал нь төртэй ажиллахаар цэгцгүй дор бүрнээ янз бүрийн зүйл яриад нэгдмэл байж чаддаггүй. Үүнээс үүдээд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хаана ч хүрэхээ больчихсон байна. Нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм алга. Үзэл бодлоо нэгдсэн системтэйгээр илэр­хийлж байгаа зүйл алга. Тэгэхээр ерөөсөө бид энэ олон жижиг бүлэг, холбоо биш нэгдэх ёстой юм байна гэж үзсэн юм. Тэгэхээр танхимын асуудлыг шийдэх нь манай клубын болоод Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн гол асуудал юм байна аа гэдэг дээр бид санал нэгдсэн.

Тэгээд арга зам нь юу байх вэ. Төр аж ахуйн нэгжийг дээрэмддэг, дампууруулдаг байдал байсаар л байх уу.Бас дээрээс нь татварын дарамт…?

– Нэгэнт МҮХАҮТ гэж хуулиараа хэм хэмжээ нь тогтоогдчихсон байгууллага байгаа учир эндээ нэгдэж байж баялаг бүтээгчдийн дуу хоолой ямар нэгэн дарамт шахалтгүй үндэсний томоохон компаниудаа дэм­­жээд гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байж одоо үүсээд байгаа хүндрэлээс гарах юм байна гэж бид харсан. Одоо төр засгийн тогтворгүй байдал шийдэгдэж байх шиг байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ядаж нэг, хоёр сонгуулийн мөчлөгт улс төрийн хувьд их сайхан тогтвортой болчихвол их хэрэгтэй байна. Тиймээс бизнес эрхлэгчид үүнд их ач холбогдол өгч тал талаасаа ойлголцож, шинэчилье, өөрчилье гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа юм. МҮХАҮТ-ын үндсэн зорилго нь Монголын бизнесийн байгууллагын хамгийн том төлөөлөл байх ёстой. Гэтэл бид нар түүнд ерөөсөө нөлөөлж чадахгүй байна. Нэг, нэгээрээ дампуураад л эсвэл нэг нэгээрээ шорондоршуулж байна. Хамгийн гол ньхувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой юм. Дээрээс нь одоо байдаг үндэслэлгүй шалгалтууд байна. Данс хаачихна. Зүгээр л нэг байцаагчийн үзэмжээр данс барьчихдаг. Энэ бүх бүтэхгүй асуудлыг Ерөнхий сайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжтэй тулаад саналыг нь сонсох боломжгүй. Яах ёстой вэ гэхээр бидний төлөөлөлтэй нь уулзаж ярих ёстой. Тэр төлөөлөл нь танхим байхгүй юу. Миний хэлээд байгаа санаа ердөө энэ. Бизнесийнхэн нэгдэцгээе. Нэгдэхэд бэлэн байна. Нэгдээд өөрсдийгөө төлөөлж чадах хүмүүсээ сонгоё. Тэр хүмүүс нь засагтайгаа зөв ажилламаар байна. Энэ бол хөгжлийг илүү хурдасгая гэж байгаа болохоос хойш нь татах гэж байгаа нэг ч сонирхол алга. Хүн ер нь бүх зүйл сайхан байх үед муу зүйлийг нэг их боддоггүй. Хүнд байх үедээ л асуудлыг сайн боддог. Урдах ажлаа л сайн хийе. Ингэхийн тулд танхим нэг дуу хоолойтой болох хэрэгтэй.

Хувийн хэвшлийнхэн танхимын хурлаас ер нь юу хүсч байна?

-Анх манайх танхимд гишүүн болоод ороход бид асуудлаа хэлэлцдэг, ярьдаг байсан.Харин одоо ихэнх нь тэнд би үгээ хэлээд хэнд хэрэгтэй юм бэ дээ. Тэрний оронд өөрөө асуудлаа шийдэхийг оролдох нь илүү амар гэдэг зам руу шилжсэн. Энэ өөрөө маш буруу алхмуудыг бий болгосон. Нэг компани асуудлаа шийдэх гээд төртэй ярих нь бидний яриад байдаг ашиг, сонирхол, авлигын асуудал руу хүссэн хүсээгүй түлхчихдэг. Харин бүгдээрээ асуудлыг тавьж чадвал улстөрийн шийдлүүдэд нөлөөлөл үзүүлэх боломж нь бүрдэнэ шүү дээ. Тэгэхээр танхим гэдэг нийт бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Үүнийг удирдаж байгаа хүн зөвхөн энэ бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явж байх ёстой. Дэлхий даяараа тогтчихсон том бүтэц байдаг. Бид энэ жишгээр л ажиллах ёстой. Ядарсан үед бүгд нийлж асуудлаа шийддэг юм байна. Энэ цаг үе нь бизнесийнхэнд ирсэн байна

Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг?

-Эдийн засгийн хүнд­рэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Улстөрчид нь улстөрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй нэг хэсэг сая юу болов. Үйлдвэрчний эвлэл гэж нэг байгууллага гарч ирээд бизнес эрхлэгчдэд заах гээд ч байгаа юм шиг. Баялаг бүтээгчдийн төлсөн татвараар төр ард иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал бүх зүйлийн байр солигдоод хэн хаана байхаа ойлгохоо больчихсон байна. Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Зөвхөн хэдхэн хүнд зориулсан хууль дүрэм гаргаад л. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол үүний л нэг жишээ шүү дээ. Зарим нэг томоохон компани салбараа, өөрийгөө хамгаалахын тулд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлачихсан. Гэтэл энэ нь өөрсдөд нь буцаад ямар их гай болов. Гэх мэт бид ажиллаад л байдаг. Тэгсэн төрийнхөн бид нараас илүү нөхцөлд амьдрах гээд хүсээд байдаг. Хүн болгон дүрмээ ойлгохоо байчихсан байна.

Аж ахуйн нэгжүүдийг харах өнцөг одооноос арай л өөр болж байна. Саяхан шинэ залуу Ерөнхий сайдтай боллоо. Түүний анхны гаргасан шийдвэрүүд хувийн хэвш­лийнхнийг байнга шалгаж дарамтлахгүй байх чиг үүргийгхарьяа байгууллагуудад өглөө. Тухайлбал, хувийн хэвш­лийнхниймөнгөөр улс эх орон хөгждөг, иргэдийн гар дээр очиж буй мөнгө чхувийн хэвшлийнхнээс гардаг гэдгийг төрийн байгууллагынхан ч ойлгож буй юм биш үү?

-Иргэд өөрсдийнхөө асуудлыг төр л шийдээд байна гэж боддог. Үгүй шүү дээ, тэр автобусны мөнгийг чинь төр өгөөд байгаа юм биш. Татвар төлөгчид тэр мөнгийг чинь өгч байгаа шүү дээ. Энэ баялаг бүтээгчид. Төр бол зүгээр л хуваарилалтыг хийж байгаа нөхдүүд шүү дээ. Дээрээс нь төр өөрөө мөнгө олох гээд бизнес хийгээд байдаг. Төр өөрөө өөрийгөө хэзээ ч хянаж чаддаггүй юм. Бизнес эрхлэгч бол алдагдлаа өөрөө хүлээнэ шүү дээ. Төр алдагдлаа хүлээдэггүй байхгүй юу. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг юм. МИАТ алдагдалтай ажилладаг гээд л бид ярьдаг. Тэр алдагдлыг нь хэн нөхөж байгаа юм. Татвар төлөгчдийн л мөнгөөр шүү дээ. Энэ болгоноо зогсооё. Бизнес эрхлэгчидтэй битгий төр өрсөлд гэж хэлээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд залуу Ерөнхий сайд томилогдсон нь бизнес эрхлэгч хүний хувьд сэтгэл хангалуун байгаа. Хүлээлт ч их байна. Яг ийм үед танхим өөрөө шинэчлэгдэх хамгийн зөв цагтаа ирж байна гэж харж байгаа.

Б.ДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байдал

Баасан гаригийн чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр бүтэн өдрийг барав. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орой 21 цаг 30 минутад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцсөн юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг 22 цаг өнгөрч байхад холбогдох Байнгын хороодоор оруулж хэлэлцлээ. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч МАН-ын экс генсек У.Хүрэлсүх, Монгол Улсын сайдад нэр дэвшигч МҮАН-ын даргаМ.Энхсайхан, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Баярцогт, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав,Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ш.Төмөрхүү, Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол,Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр, Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат бүгд байлцсан.Ямартаа ч сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжин гаргаж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Харин МАХН-аас Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамыг хэндээ өгөх нь тодорхойгүй нэлээд удсан. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байнгын хорооны хурал дээр “Та нар манай хоёр яамны сайд нарыг байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй бол завсарлага авна шүү” хэмээн суусан. Угтаа тус намынхан 4-5 цаг орчим Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдсан юм. Тэд Батлан хамгаалахын сайдад Ц.Цолмонг нэр дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн яамаа хэнд өгөх вэ хэмээн удтал мэтгэлцжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгосоос Л.Жамбалжавыг сайд болго хэмээн үүрэгдсэн бол намын дунд болон доод шатныхан нь Ж.Хатанбаатар эмчийгээ сайдад зүтгүүлжээ. Дээрх хоёроос хэнийг нь сайд болгох талаар маргаан удааширсан тул намынхаа генсек Г.Шийлэгдамбыг шууд нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ үед Төрийн ордонд Н.Батбаяр, Б.Наранхүү, Г.Баярсайхан нарын зарим гишүүд нэлээд халамцуу яваа харагдсан. Г.Баярсайхан, Б.Наранхүү нар дөрвөн давхрын шатаар уруудан явахдаа бие биенээ хүзүүдэн явсан нь олны анхаарлыг татсан юм.

Чуулганы нэгдсэн хурал­даан 23:15 цагт эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ танилцуулж, нэр дэвшигчид нь танхимаар хамтран ажиллах чадвартай, ажлын туршлагатай гэдгийг онцлон томилуулах хүсэлтээ илэрхийлэв. Чуулганы хуралдаан Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэхэд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь хамтад нь хэлэлцэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол манай бүлэг завсарлага авах гэж байна. Хэрэв завсарлага өгөхгүй гэвэл сайдад нэр дэвшигчдийн материал чинь шаардлага хангахгүй байна. Үүгээр ч гэсэн завсарлага авч болно шүү” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Цаг хугацаа МАХН-ыг хүлээгээд эцэс төгсгөлгүй байж болохгүй л дээ. Та нарыг хүлээж дөрвөн цагийн турш хуралдсангүй. Та нар нэрсээ өргөн барина гэж байгаа бол хэзээ ч хүлээж авахад бэлэн байна. Хэлэлцүүлэг явж байхад өргөн барих ажлаа хий. Р.Гончигдорж дарга очоод авчих” гэсэн юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы танхимаас гарлаа.

Нэр дэвшигчтэй холбогдуу­лан УИХ-ын гишүүн Г.Уянга “Шөнөөр заавал томилгоо хийх гэж хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би гэхэд юугаа ч мэдэхгүй санал өгөх гээд сууж байна. Шударга ёсыг тогтоох гэж орж ирсэн эвсэл та нарын хэлдгээр Шударга бус эвсэл болох гээд байна. Бүлэг хуралдах ёстой. Завсарлагыг дэмжиж байна” хэмээн ярьж байтал Их хурлын дарга “Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа асуу. Танай намын дотоод асуудлыг энэ танхимд ярихгүй” гээд түүний микрофоныг хаасан юм. Г.Уянга “Та яах гэж хүний микрофон хаагаад байгаа юм. Танд тийм эрх байхгүй. Би асуулт асууж байна” гэв. “Би 120 мянган сонгогчийн саналыг авч гарч ирсэн. Та битгий миний гурав дөрөвхөн минут үгээ хэлэх боломжоос хумсалж бай” гэлээ. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан “Таны оруулж ирж буй бүрэлдэхүүн дотор асуудал байна. Авлигын хэргээс болж албан тушаалаа өгсөн С.Баярцогт гэдэг хүн байна. Энэ бүхэн чинь хуулийн дагуу явж байгаа юм уу” хэмээн асууж байтал З.Энхболд дарга “Энд С.Баярцогт болон бусад хүмүүсийн асуудлыг яриагүй байна” гээд түүний микрофоныг дахин хаасан юм. Энэ үед Г.Уянга гишүүн “Үгээ хэлмээр байна” гэсэн бол чуулганы танхимд согтуу сууж байсан Н.Батбаяр гишүүн “Энхболд оо, чи яагаад байнаа. Чи хэн бэ, бацаанаа. Өвөрхангайгаас чи хоёр сайд оруулж ирж байгаа биз дээ” гэхэд Их хурлын дарга З.Энхболд “Батбаяраа чи архи уусан байна. Гэртээ харьж амар” гэхэд Н.Батбаяр “Аятайхан байгаарай. Өвөр­хан­гайн захын нохой мэднэ шүү. Тийм юм байхгүй” гэхэд бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат аргаа барсан бололтой сууд­лаасаа босч очоод түүнд хандан үг хэлсэн ч тэрбээр харин толгой сэгсрэн хоёр гараа элгэндээ тэвэрсээр суулаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдөр Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүс дотор гэмт хэрэгтэн, эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс байхгүй. Нэг зорилгоор цаашид явж чадна гэсэн хүмүүсээ оруулж ирсэн.

Гүйцэтгэх засаглалд орж ирж буй хүмүүстээ Их хурлын гишүүд маань хүндэтгэлтэй хандаж популист үг хэлэх шаардлагагүй. Шүүхээр гэм бу­руутай нь тогтоогдсон үед гэмт хэрэгтэн болдог шүү. Тий­мээс бие биедээ хүндэтгэлтэй хандахыг Г.Уянга гишүүнээс Ерөнхий сайдын хувьд хи­чээн­­гүйлэн хүсье” гэлээ. Ха­ламцуу гишүүдийн нэг болох Б.Наранхүү С.Дэмбэрэл ги­шүү­нийг үг өдөн зүгээр суул­гах­гүй байлаа. Хажуугаас нь байнга ёворч байсан ч С.Дэмбэрэл гишүүнд тээртэй санагдаагүй бололтой ихэд эелдэгхэн инээмсэглэж ярьж суув. Түүний дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өнөөдөр заавал шөнө дөлөөр хуралдах хэрэг байсан юм уу, Их хурлын даргаа. Өнөөдөр монголчууд эв эеэ хичээх цаг ирсэн. Алийн болгон танай манай, ардчилсан, ардын нам гэж хэрэлдэх юм бэ.

Бид хамтрах цаг болсоон. З.Энхболдоо чи наад дээрээ суучихаад өөрийгөө бүхнийг мэддэг гэж бодоод байгаа бол буруу байна.

Н.Алтанхуягийн ардчилсан Засгийг унагаж хаячихаад” гэхэд Их хурлын дарга “Нэр дэвшигчийн талаар үг хэлнэ” гэхэд “Тийм юм байхгүй. Чамд миний үгийг таслах эрх байхгүй” гэв. Энэ үед Н.Номтойбаяр гишүүн суудлаасаа “Нам доторх хэрүүлээ чуулганы танхимд биш өөр газар очиж хий” гэлээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн хоёр баглаатай цэцэг тэвэрчихсэн түүнийхээ дэлбээг илж суув. Танхимаас нь хоёр эмэгтэй сайд төрөх гэж байгаа тул ийн бэлтгэл хангасан байх гэлцэж байсан. Нойрмоглосон гишүүд шөнөөр заавал хэлэлцэх хэрэгтэй юм уу хэмээн үглэцгээж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эр­дэнэ үг хэлэх гэтэл Н.Бат­баяр “Бат-Эрдэнээ дуугүй бай за юу. Би” гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн “Чи яахаараа миний үгийг хорьдог юм” хэмээн мэтгэлцэж байсан. Н.Батбаяр гишүүн “Аваргаа, аваргаа” гэсээр дуугаа хураав. Шадар сайдаар У.Хүрэлсүхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад ги­шүүдийн олонх болох 98.3 хувь нь дэмсэн. Н.Батбаяр гишүүн “дэн дун” байсан тул кнопоо дарж чадалгүй ганцаараа эсрэг санал өгсөн юм. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо. Гэхдээ бүх сайд нар томилогсдоны дараа нэгдсэн тогтоол гарснаар У.Хүрэлсүх Шадар сайдаар албан ёсоор баталгаажна.

ЗГХЭГ-ын даргаар С.Баяр­цогтыг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын сонголтод гайхаж байна. Мань хүн нэг асуудалд холбогдсон. Орлогоо нуусан. Нэг сая доллар шүү. Одоо Монголд орлогоо нуусан хүнийг яллаж болохгүй. С.Баярцогтод чадвар бий. Түүнийг нь үнэлдэг. Та одоо улсын төлөө зүтгэнэ шүү. Та энэ хүний юунд нь найдав аа, Ерөнхий сайдаа” хэмээж байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Таны асуултан дунд хариулт нь өөрөө гараад ирлээ. Таны хэлсэн шиг энэ хүний чадварыг нь үнэлж байгаа юм. Бидний хүнд хэцүү энэ үед бэрхшээлээс гарахад Баярцогтын хувь нэмэр их байна” гэлээ. Харин нэр дэвшигч С.Баярцогт “Би АТГ-т есөн сар шалгуулсан. Надтай холбоотой бүх мэдээллийг өгсөн. 2014 оны гуравдугаар сарын 12-нд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож дүгнэлтийг гаргаж өгсөн. Намайг буруугүй гэдгийг тогтоосон. Монгол гэдэг үгийн ард Хятад гээд бичсэн байсан. Тухайн компани нь буруу бичсэн байна гээд уучлал хүссэн бичиг нь ирсэн. Бүртгэл хийсэн газрынх нь буруу. Би Оюу толгойн гэрээг Эрдэнэс баялгийн сайд, Байгаль орчны сайдтай хамтарч зурсан. Энэ бол миний Монголынхоо төлөө хийсэн том ажил гэж боддог. ЗГХЭГ-ын дарга уул уурхайтай холбогддоггүй. Би орлогоо нуусан зүйл байхгүй. Бие биенээ харддаг, сэрддэг зүйл надаар дуусгавар болоосой. Ц.Даваасүрэн гишүүн ээ би таны итгэлийг дааж, сонгогчдын итгэлийг дааж ажиллаж чадна” гэлээ.

Х.Болорчулуун гишүүн “Швей­царийн банк Хятадын Монгол гэж анзааргагүйн алдаа гаргахгүй” хэмээн хар унагаж байсан бол С.Баярцогт гишүүн “Үүнд Швейцарийн банк хамаагүй. Бүртгэсэн газрын алдаа байсан” гэсэн юм. Харин гишүүн З.Баянсэлэнгэ “Би таны мэдлэг чадварыг үнэлж байгаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй. Таныг Оюутолгой компанийн гэрээг сайн болсон гэж байгаад гайхаж байна. АН-д С.Баярцогт гишүүнтэй дүйцэхүйц мэдлэг­тэй, боловсролтой хүмүүс бай­гаа. Нэр дэвшигч С.Баярцогт “Оюутолгойн гэрээг хэдхэн хүн хэрэгжүүлсэн юм биш. УИХ-ын тогтоолоор хуулийн дагуу хийгдсэн зүйл. Энэ гэрээг хийсний төлөө сайн ч хэлэгдэнэ. Муу ч хэлэгдэнэ. Ингэж байж ажил явагдана. Би таны үгэнд эмзэглэхгүй байгаа. Үүнийг ажил үйлсээрээ харуулна” итгэл муутай хариулж байв. Тэрээр боловсролтой, ёс зүйгүй хүн юм байх, УИХ-ын гишүүдийн үнэлэмжээр. Улс төрд аль нь чухал байдаг юм болдоо. Чуулганы хуралдаанд сайдад нэр дэвшигчид бүгд суусан. Шөнийн 00 цагт өнгөрч байхад тэдний утсанд зогсоо зайгүй мессэж ирж байгаа бололтой чуулганы танхимд орохоос эхлээд гаран гартлаа гар утсаараа мессэж бичиж байлаа.

Г.Уянга гишүүн Ерөнхий сайд болон С.Баярцогт ги­шүүнд хандан “ЗГХЭГ-ын даргаар оруулчих өөр хүн АН-д байхгүй байсан юм уу. Асуудалтай, олон нийтэд таалагдахгүй байгаа хүнийг оруулж ирүүлсэнд гайхаж байна. Ч.Сайханбилэг дарга намайг популист гэж хэлж байна” хэмээн гомдоллов. УИХ-ын дарга З.Энхболд “Цаг хэтэрхий орой болсон тул хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гаригт үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байна” хэмээснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Монголд хөрөнгө оруулах шинэ боломж харсан ЛИВАН ЭР

Монголд хөрөнгө оруулагчид ихэвчлэн уул уурхай руу шуурдаг. Харин “Танайд өнжье” булангийн маань зочин ливан эр Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх арай өөр боломжийг харжээ. Тэр Улаанбаатарт ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан, түргэн хоолны сүлжээ, Америкийн синнабон нарийн боовны сүлжээг ажиллуулдаг юм байна. “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд Монголд маш том боломж бий. Уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт ихсэх бүрт дагаад хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зах зээл өргөжнө. Тийм боломжийг харсан учраас Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж тэрбээр яриан дундаа онцолсон нь содон байв.

Бүгд Найрамдах Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консул Мохаммед Айтанитай хамт нэг өдрийг өнгөрөөлөө. Баасан гаригийн өглөө гэрт нь уулзахаар товлосны дагуу очиход костюмоо өмсөөд цэмцийтэл суучихаж. Тансаг зэрэглэлийн хоёр өрөө орон сууцанд тун цэмцгэр амьдардаг бололтой. Гал тогоо, ширээний комьютер, зурагт, ор, хувцасны шүүгээ, уулзалтын ширээнээс өөр тавилгагүй. Хүн амьдарч, оролддог юм уу гэмээр эмх цэгцтэй юм. “Танайхан гэртээ ч ийм албаны байдалтай байдаг юм уу. Эсвэл та ажилдаа гарах гэж байв уу” гэж яриа өдвөл “Хамтрагч маань “Монголын хамгийн том сонины сэтгүүлчид очиж сурвалжлага хийнэ” гэж хэлсэн болохоор өглөөнөөс хойш ингэж суулаа (өмссөн хувцас руугаа заав). Танай улсад Ливан улсынхаа нүүр царай болж байгаа хүн учраас бэлтгэлтэй байх ёстой” гэв.

Ливаны баячууд Монголыг сонирхож байгаа гэв

Ойрхи Дорнодын орнуудын нэг Ливаныг газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг орон гэж нэвтэрхий тольд онцолсон байдаг юм билээ. Газар нутгийн хэмжээ нь 10452 кв.метр. Хэдийгээр газар нутаг багатай ч үзэсгэлэнт байгаль, цаг уурын таатай нөхцөл, дэд бүтэц, аж үйлдвэр ихээхэн хөгжсөн, сүүлийн хэдэн жил үсрэнгүй хөгжиж байгаа зэргээр нь аялагчид “Дорнын Швейцарь”, нийслэл Бейрутыг нь “Бага Парис” гэцгээдэг юм билээ. Бас Израйл, Сири, Палестин, Иран гээд бүс нутгийн өрсөлдөөний талбар болж ирсэн улс гэдгээрээ болгоомжилмоор ч юм шиг. Гэхдээ л хүн төрөлхтний сониуч, адал явдал руу хошуурдаг төрөлхийн зан энэ улсын аялал жуулчлалаараа хөгжихөд нөлөөлдөг байх. Ливан-Сирийн хилийн зурвас газарт очиход л 1980-аад оны дайн тулааныг туулаад өнгөрөх мэт болдог гэнэ лээ. Ливан талаарх энэ зэргийн төсөөллөө бататгах санаатай Мохаммедын гэрийг тойруулж нэг харав. Ханан дээр далайн зураг байхаар нь “Танай нутаг уу” гэж лавлатал “Энэ байрыг авахад л байсан. Хаанахын нутаг гэдгийг мэдэхгүй. Би Монгол, Ливаны дунд ирж очин байдаг учраас зураг, дурсгал байхгүй л дээ” гэж хэнэггүй царай гаргах юм. Тэднийд байгаа ганц сувинер нь Ленин, Сталин, Гитлер гурвын толгойн баримал. Тэрэлжид очиход зарж л байдаг эд дээ. Мохаммедынхаас Ливаны талаарх зураг хөрөг, дурсгалын зүйлс олж харахгүйгээс хойш хоёр орны харилцаа ямар түвшинд байдаг, Ливанд Монголыг төлөөлж суудаг хүний үүрэг юу вэ гэхчилэн асууж гарлаа. Ливан Монголын харилцаа 1998 оноос эхтэй. Түүнээс хойш хоёр орныг төлөөлөх Өргөмжит консул томилж иржээ. Ливанд манай улсын хоёр эмэгтэй амьдардаг юм байна. Хориод жилийн өмнө очсон тэд ливан иргэнтэй сууж тэндэхийн иргэншилтэй болжээ. Зах зээлийн эхэн үед наймаа хийж яваад тэнд очиж төвхнөсөн юм уу даа. Тэд одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа гэж Мохаммед ярьсан юм.

Мохаммед хоёр жилийн өмнө Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон аж. Тэрбээр Ливанд бизнес эрхэлдэг, олон улсад хөрөнгө оруулж байсан туршлагатай. Тиймээс ч хөрөнгө оруулалтыг Монголд татах, жуулчдад зуучлах, Ливан дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээжээ. Ливаны баячууд жуулчлах дуртай. Тиймээс Монголыг тэдэнд танилцуулж, жуулчдыг татахын тулд багагүй ажил хийж байгаагаа хэллээ. Энэ сарын дундуур Ливанаас найман сэтгүүлч Монголд ирж жуулчдад зориулсан сэтгүүл хийх гэж байгааг тэрбээр сонирхуулж ярилаа. Мохаммедыг томилогдсноос хойш Ливаны долоон иргэн Монголд бизнес эрхэлж байгаа аж. Тэд барилга, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт түлхүү хөрөнгө оруулж байгааг Мохаммед онцоллоо. Жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулах нь ливан хүний онцлог, давуу тал гэхэд болно. Учир нь ливан хоол дэлхийд алдартай. Ливаныг хоол нь илтгэдэг гэхэд хэтийдсэн болохгүй. Тэр улсын соёл, онцлог, давуу тал хоолоор нь илэрдэг гэх юм билээ. Тиймээс аль ч улсад ливан хоолны газар нээхэд ашгаа өгдөг. Барилга, дэд бүтцийн салбарын стандарт бүс нутагтаа өндөр. Тиймээс ч ливанчууд барилгын салбарт өрсөлдөх давуу талтай гэж өөрсдийгөө үздэг аж. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулахаар, бизнес эрхлэхээр ирсэн долоон ливан иргэнд барилга, хоол үйлдвэрлэлийн салбар хамгийн ойр бас өгөөжтэй харагдсан бололтой юм.

Жижиг газар нутагтай, хөгжиж буй энэ орны иргэд гадаадад хөрөнгө оруулалт хийх боломж байдаг эсэхэд эргэлзэж лавлаж асуувал “Ливан өөрөө 4.2 сая иргэнтэй. Харин гадаад улсад маш олон ливан иргэн амьдарч байгаа. Бразильд гэхэд найман сая ливан амьдарч байна. Бүх улсын ливан иргэд өөрийн гэсэн бизнестэй байдаг. Ливаны баян цагаачид эх орон руугаа маш их мөнгө явуулдаг. Манай улсын банкны салбар маш их хөгжсөн. Дэлхийн номер нэг баян эр Ливаны иргэн. Мексикт амьдардаг ливан иргэн хөрөнгөөрөө Билл Гейтсийг ч ардаа орхисон. Энэ бол ливанчууд гадаад улсуудад амжилттай бизнес эрхэлж байгаагийн жишээ” гэж ярилаа. Ливаныг Арабын ертөнцийн санхүү-банкны нийслэл гэж тооцоолдог, зарим нь “Дорнын Швейцарь” гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой бололтой юм. Дотооддоо хөдөө аж ахуйн салбар нь түлхүү хөгжсөн. Усан үзэм, оливын тос нь олон улсад алдартай гэнэ. “Зах зээлийн хямралд Ливан өртөөгүй. Манайхыг дайн байлдаантай гэж төсөөлдөг ч тийм биш. Эрчимтэй хөгжиж байгаа. Иргэдийн 30 хувь нь баян. Дээр нь гадаадад байгаа ливанчуудаас маш их мөнгө ирдэг” гэж Мохаммед ярилаа. Мөн саяхан далайд газ, газрын тос маш их хэмжээгээр илэрсэн. Энэ нь манай улсын ирээдүйг сайхнаар харагдуулж байгаа гэсэн юм. Гэхдээ Ливаны баячууд Монголд хөрөнгө оруулах нь маш том боломж гэж харж байгааг тэрбээр онцоллоо. Энэ тухайгаа “Монголын зах зээл маш хурдан, хүчтэй хөгжих боломжтой. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын өрсөлдөөн байхгүй” гэж харж байгаагаа ярьсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль тогтоомж ойлгомжгүй, өөрчлөгддөг гэж шүүмжилдэг бол Мохаммед “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхөд асуудалгүй. Хуулийн дагуу ажиллахад саад байхгүйг гурван жил ажиллахдаа мэдэрч байна” гэж ярив.

Ийн ярих зуур Мохаммед биднийг дайлахаар болж гал тогоо руугаа явав. Өөрөө бараг хоол хийдэггүй гэдгээ учирлаж, хөргөгчөө онгойлгоход араб бичигтэй, нэг удаа чанах зориулалттай шөл харагдана. Гэртээ очихоороо хайрцаг, хайрцгаар нь ийм шөл аваад ирдэг гэнэ. Түүнийгээ ливан шөл гэж тайлбарлана. Костюм өмсчихсөн, албаны байдалтай угтсан эрхмээр шөл чануулах эвгүй байсан учраас эелдэгээр татгалзахад жимс, ундаа тэргүүтнээр дайлснаар яриагаа цааш үргэлжлүүлэх болов.

Мохаммед Монголтой холбогдсон түүх

“Та араб хүн үү” гэж асуухад Мохаммед “Үгүй. Цэвэр ливан хүн. Ливан хүмүүс гэр бүлсэг байдгаараа монголчуудтай төстэй” гэж ярилаа. Мохаммедын гэр бүл буюу Айтанийнхан 15 орчим мянгуулаа гэж ярихдаа ихэд бахархалтай байгаа бололтой. Айтанигийн гэр бүл Ливандаа хамгийн том, алдартай юм байна. Манайхаар бол нэг ургийнхан юм уу даа. Айтанигийн гэр бүлийнхнээс арав гаруй жилийн турш Ливаны Засгийн газарт ажиллаж байжээ. Мохаммед өөрөө 11 жилийн турш манайхаар дүүргийн Засаг даргаар ажилласан гэнэ. Тиймээс ливанчууд өөрийг нь андахгүй гэж тайлбарлалаа. Бас олон улсад бизнес эрхэлж байсан, улсынхаа баячуудын тоонд ордог болох нь ярианаас нь ажиглагдав.

Мохаммедийнх гурван охинтой. Эхнэр нь гоо сайханч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа гэнэ. Том охин Данна нь Ливанд Америкийн их сургуульд суралцдаг. Дунд охин Сара нь ахлах сургуульд, бага охин Тала нь зургаан настай, хоёрдугаар анги. “Ер нь Ливанд эмэгтэйчүүд ихэвчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг юм уу” гэж лавлавал “Арабын улсуудтай холбож ингэж асууж байх шиг байна. Манайд эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш, адилхан л ажил хийдэг. Парламентад ч эмэгтэй гишүүд бий. Шүүгч, өмгөөлөгч гээд салбар бүрт эмэгтэйчүүд ажилладаг” гэж тайлбарласан юм.

2010 онд Ливанд жуулчилж очсон монгол эмэгтэйтэй танилцаж, Монголд хөрөнгө оруулах талаар ярилцжээ. Улмаар 2011 онд Монголд анх ирэхэд асар том боломж байгаа нь мэдрэгдсэн гэнэ. Тэр жилдээ хоёр ливан, нэг монгол түнштэйгээ хамтран “Седарс” толгой компаниа байгуулжээ. “Седарс” толгой компани дор барилгын “Седарс Партнерс”, “Анагсархиа”, “Жем Фоунтайн” компани, хүнсний “Седарс Фүүд Энд Бэвэрэж”, “Эмбаси Хаус”, “Султан Махал групп” ажилладаг юм байна.

Ливан хоолны “Em­bassy HouseLebaneseRestaurant”-ны тухай

Мохаммедынхаас гарч ливан хоолны ресторанд нь зочлохоор явлаа. Зам зуур компанийнх нь нэрийн талаар сонирхож явав. Учир нь Седар бол Ливаныг олон улсад таниулдаг алдартай мөнх наст ногоон хуш мод. Улсынх нь далбаан дээр зураг нь ч бий. Зөвхөн Ливанд л ургадаг Седар үнэр, гоо үзэсгэлэнгээрээ жуулчдыг татдаг гэнэ лээ. Нэг ёсондоо энэ улсын бахархал. Гадаадад бизнес эрхэлдэг ливанчууд компанийнхаа нэрэнд заавал шахам Седар гэсэн үг оруулдаг бололтой юм. Мохаммедын компани ч “Седар” гэсэн толгой нэртэй. Мохаммед эх орноосоо хоёр седар авчирсан ч Монголд ургаагүй гэнэ лээ. Седарынхаа тухай ярихад ливан эрийн нүд сэргээд явчихав. Үнэр гэж гайхамшигтай л гэнэ, мөнх настай л гэнэ. Бас гайхамшигтай үзэсгэлэнтэй гэх аж.

Бид ийн ярилцсаар олны нэрлэж заншсанаар Элчингүүдийн хороололд байдаг “Embassy Tower”-ийн нэгдүгээр давхарт “Embassy House Lebanese Restaurant”-нд очлоо. Ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан нь энэ жилээс үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эхэндээ гадаадын жуулчид ихэвчлэн үйлчлүүлдэг байсан бол саяхнаас монголчууд орох нь ихэсчээ. Нэг талаараа нууцлагдмал гэмээр байрлалтай юм. Тиймээс улстөрчид, бизнесменүүд албан бус яриагаа хийх гэж үйлчлүүлдэг тухай үйлчлэгч нь цухас дурдсан. Рестораны тохижилт нь тун сайхан болжээ. Ливан улсыг илтгэх эд зүйлийг хайж, эргэн тойрныг ажиглахад шиша буюу усан тамхины суурь нүдэнд туслаа. Эднийх зуны улиралд гаднаа усан тамхи татах саравч засдаг гэнэ. Харин өвлийн улиралд гадна татах боломжгүй. Дотор Тамхины хууль зөрчих учраас үзүүлэн маягаар байрлуулжээ. Ширээ бүр дээр шилэнд савласан оливын тос, хуурсан буурцаг тавьчихаж. Рестораны хоолны цэс үзвэл махтай голдуу хоол харагдана. Үнийг нь сонирхвол 10-25 орчим мянган төгрөг ажээ. Эднийд ливаны мэргэжлийн тогооч Камил Эссу ажилладаг. Туслах тогооч, зөөгч, үйлчлэгчид нь монголчууд. Камил Эссу ливан үндэсний хоолны цуглуулгаараа дайлж байгаа бололтой. Хамгийн түрүүнд таваг дүүрэн ливан талх авчираад тавьчихлаа. Ливан талх гэдэг нь манайхаар жигнэсэн гамбир юм. Түүн дээрээ хоммус түрхэж иддэг гэнэ. Хоммус нь чанаж нухсан вандуйг гүнждийн үрийн нухаш, оливын тос, лимоны шүүс, сармисаар амталсан нухаш. Амт нь үнэхээр өвөрмөц юм билээ. Ер нь ливан хоолнууд исгэлэн талдаа. Гол амтлагч нь лимон, оливын тос бололтой юм. Гэхдээ манайхан шиг маханд дуртай хүмүүст тун таатай хоол санагдсан. Шинэ ногоон саладанд нь өнөөх ливан талхаа хуураад хийчихсэн бололтой. Амталсан мах, гурилд ороож бяслагаар амталсан мах гээд л махан хоол ихтэй. Харин будаа харагдахгүй юм билээ. Олон улсад ливан үндэсний хоол жимс, ногоог түлхүү ашигладаг эрүүл хоолны тоонд ордог гэнэ лээ. Зөвхөн ливан хоолонд л хэрэглэдэг амтлагч, оливын тос, буурцаг зэргээ Ливанаас авчруулдаг талаараа ярьсан.

Хоол идэх зуурт ус, цай, ундаагаар үйлчлэх янзгүй. Учрыг лавлавал Моххамед “Манайхан ус, ундаа уухгүйгээр хоолловол их хоол иднэ гэж ярьдаг. Тиймээс ч хоол идэхдээ бараг шингэн зүйл хэрэглэдэггүй” гэж тайлбарлалаа. Бас “Хоёр улсыг холбох үүрэг хүлээсэн Өргөмжит консулын хувьд ливан үндэсний хоолыг монголчуудад таниулах нь чухал ажил. Ливан үндэсний хоолонд ливанчуудын ёс заншил, уламжлал тэр чигээрээ хадгалагдаж байдаг. Манайд танайх шиг үндэсний хувцас дэлгэрээгүй. Бас танайх шиг агуу түүх яриад байх боломж үгүй. Харин хоолны соёлоороо дэлхийд алдартай. Ливан хоолонд дургүй хүн бараг байдаггүй” гэлээ. Бизнес эрхлэхэд Өргөмжит консулын албан тушаал нөлөөлөх үү гэж лавлахад “Ливанд очихдоо л би консулын ажлаа хийдэг. Харин Монголд нэг ч өндөр албан тушаалтан танихгүй. Танилцах ч шаардлагагүй. Хуулийн дагуу ажиллахад хэн нэгэн албан тушаалтныг таних шаардлага Монголд байхгүй юм шиг санагддаг. Манайд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж ирдэг. Гэхдээ биднээс зөрчил илрэхгүй учраас болгоомжлох шаардлагагүй” гэж ярив. Манай Засгийн газар солигдож байгааг мэдсэн үү гэж лавлавал “Тэр надад хамаагүй асуудал. Телевиз үзэх зав гардаггүйг ойлгоно биз дээ. Миний эрхэлж байгаа бизнест улс төрийн оролцоо байхгүй учраас сонирхдог ч үгүй” гээд инээв.

Ливан хоолны ресторанаас гадна “Meat&Bread” ливан үндэсний түргэн хоолны газрыг тэдний компани ажиллуулдаг юм байна. Бургер, пицца зэрэг түргэн хоолыг ливан маягаар хийсэн учраас амт нь арай өөр байдаг бололтой юм. “Meat&Bread” түргэн хоолны газар нь Улсын их дэлгүүрийн зүүн талд байдаг юм билээ.

Мохаммед Монголд хоол үйлдвэрлэлийн зах зээлд том боломж байгааг харсан гэдгээ өмнө ярьсан. Тиймээс ч Америкийн нарийн боовны сүлжээ “Cinnabon” брэндийг Монголд нээх зөвшөөрлийг авч, хоёр салбарыг нь зэрэг нээжээ. УИХ дэлгүүрт байдаг Синнавон брэндийн салбарт хүүхэд, багачууд үйлчлүүлэх их дуртай нь ажиглагдсан. Тэнд хүүхдүүдээс ирсэн талархлын захидал нэлээд харагдана лээ.

Хүнсний салбараас гадна барилгын компани нь “Гранд плаза”-гийн зүүн талд үйлчилгээ, офиссын барилга барьж эхэлсэн гэнэ лээ.

Эдгээр бизнесээ эхлүүлэхэд Мохаммед таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ирэх хоёр жилд 20 сая ам.доллар оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Бизнес төлөвлөгөөнийхөө тухайд тэрбээр “Одоохондоо ашиг олох тухай бодох арга байхгүй. Гэхдээ Монгол бол бизнесийн маш том боломжтой. 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ дараа ашиг хүртэж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Эдийн засгийн хямрал бидний бизнест тэгтлээ сөрөг нөлөө үзүүлэхгүй. Байгалийн асар их баялагтай орны хувьд эдийн засаг нь тун удахгүй сэргэнэ. Тэр цагт бид ашгаа хүртэж эхэлнэ” гэж ярьсан юм.

Бага газар нутагтайЫЫЫЫЫЫ, бүс нутгийн мөргөлдөөний гол цэг болсон Ливаны бизнесмэн өмнө нь хэд, хэдэн улсад бизнес эрхэлж байсан туршлагатай гэсэн. Таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ тэрбээр тавь шахам монгол иргэнийг цалинжуулж байгаа гэнэ лээ. Цаашид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэхээр цөөнгүй монгол хүнд ажлын байр гаргаж өгөх янзтай.

Б.Цэцэгдэлгэр

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нөхдөөрөө бахархдаг НЭГ ТӨГСӨЛТИЙНХӨН

1982 оны нийт төгсөгчид 30 жилийн дараа

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нэгдүгээр 10-н жилийн сургуулийн 1982 оны төгсөгчид энэ өдөр уулзацгааж байгаа юм байна. Тухайн үед тус сургуулийг арвын долоон бүлгийн 270 орчим хүүхэд төгсч байжээ. Сурагчийн ширээнээс тал тал тийш салаалцгаасан тэд 32 жилийн дараа цуглаж байгаа нь энэ. Нэг төгсөлтийнхөн ер нь ингэж анги хамт олон шиг бөөгнөрөөд сүйд болоод байх нь тун цөөхөн дөө. Ангийн ойн уулзалтад гэхэд хуруу дарам хүн л ирдэг шүү дээ. Тэгвэл эдний төгсөлтийнхөн жилдээ 1-2 удаа уулзаж, байнга холбоотой байдгаараа онцлог ажээ. Уулзалтыг ангиуд ээлжлэн жил болгон зохион байгуулдаг гэнэ. Өнөө жилийн хувьд төгсөгчдийг цуглуулах үүрэг 10в бүлэгт оногджээ. Ер нь уулзалтад ирэх хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн.

Цэцэрлэг хотын Нэгдүгээр сургуулийн хувьд түүхэн онцлогтой. Монголын ууган сургуулиудын нэг бөгөөд 1923 онд байгуулагдаж байжээ. Математик, физикийн сургалтаар улсдаа толгой цохидог Нэгдүгээр арван жилээс үе үеийн олон эрдэмтэн төрөн гарсан байна. Тус сургуульд хүүхдүүд элсч орох гэж нэлээд ширүүн өрсөлдөөн явагддаг байж. Мөн багш нарыг ч сонгон шалгаруулалтаар авдаг байсан гэнэ. Бүр буриад, орос багш нар ирж хичээл заана гээч. 1982 оны төгсөлтийнхний хувьд дийлэнх нь гадаадын хуваарь авч, бүр барууны орнуудын сургуулийн хуваарь авсан ажээ. Ардын багш Банзрагч, Монгол Улсын гавьяат багш Нямрэнцэн нарын бэлтгэгдсэн шавь гэдгээрээ тэд тун бахархах юм билээ. Сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш Р.Нямдорж агсан байжээ. Өндөр нуруутай, цэмцгэр энэ эрхмээс сурагчид үлгэр дуурайлал авдаг байсан ажээ.

Сурагчид Архангай аймгийн Захиргааны байрны суурийг тавилцав. 1981 он

Анги болгон л онцчуудтай. Орос хэл, математик, физикийн аварга шалгаруулах аймгийн олимпиадад 10а,10д ангиуд ямагт тэргүүлнэ. Нийгмийн идэвх санаачилга сайтай, хөдөлмөрч, эв нэгдэлтэй хамт олон байсан тухайгаа дурсав. Тухайн үед хөвгүүдэд цэрэгжилтийн сургалтыг хичээлийн программаар ордог байжээ. Энэ хүрээнд хээрийн сургууль хийнэ. Алдарт Цагаан давааны ард хөвгүүд хоёр тал болж байгаад дайны цагийн байдлаар сургалт явуулдаг байсан гэнэ. Анги бүрээс хоёр хүүхэд шөнийн харуулд гарна аа. Гэтэл нэг удаа харуулууд нам унтаж орхижээ. Үүнээс болж бүгд шийтгүүлж байжээ.

Мөн хүүхдүүд аж ахуйн ажилд нэлээд дайчлагдана. Булган сум руу явсан хүүхдүүд тав хоног хоол, хүнсгүй зутарч хөгөө чирчээ. Хүүхдүүдийг аваачсан хүмүүс мартаж орхисон байна. Харин тэдэнд нэг шуудай гурил, жаахан тос, элсэн чихэр л үлдсэн байж.

“Ингээд өлсөхийн эрхэнд гурилаа усаар зуурч байгаад л хайрч идсэн нь тун амттай байсан шүү” гэж ирээд л санаанд үлдсэн тод дурсамжаасаа хуваалцсан юм.

Л.Даариймаа багштай 10д-гийнхний хувьд тэд Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг хуваалцсан хэмээн олзуурхав. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Ж.Гүррагчаа сансарт ниссэн гэхээр тэд есдүгээр ангийн сурагчид байлаа. Тухайн үед Цэцэрлэг хотын Нэгдүгээр арван жилийг төгссөн М.Ганзориг сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан гэнэ. Ингээд тус сургуулийн сурагчид бүгд л түүнийг сансарт нисээсэй гэж хүсч байжээ. Гуравдугаар сарын 21-ний шөнө Л.Даариймаа багшийн ангийнхан сургууль дээрээ жижүүрлэж хоносон гэдэг. Тэд хоёр янзын зурагт хуудсыг наахаар бэлтгэсэн байжээ. Тэр нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын зурагтай палкат байв. Аль сансарт ниссэн хүнийх нь зургийг энд тэндгүй алдаршуулан наах үүрэгтэй сурагчид тэрхүү торгон агшныг их л догдлон хүлээж байжээ. Ингээд малчин ардын хүү Ж.Гүррагчаа сансарт нисэхээр болсон тухай мэдээ иржээ. Хэдийгээр сурагчдын найдлага тавьж байсан хүн нь пуужингаар огторгуйд хөөрөөгүй ч монгол хүн анх удаа сансарт ниссэнд маш их омогшиж байцгаасан гэнэ лээ. Сурагчид Ж.Гүррагчаагийн зурагт хуудсыг энд тэндгүй нааж түүхэн үйл явдалд оролцсон хэмээн баярлаж байснаа санан ярилаа.

Тэд наймдугаар ангид байхдаа Ю.А.Гагарины нэрэмжит болохоор сансрын нисгэгчтэй холбоотой зурагт альбом гаргах төлөвлөгөө биелүүлэх учиртай. Ангийн дарга Ш.Гантөмөр тэргүүтэй нөхдүүд аймгийн төв номын сангийн сонингуудыг бүтэн үлдээгээгүй гэдэг. Энэ тухай тэрбээр дурсахдаа “Тухайн үед одоогийнх шиг техник хөгжөөгүй байсан шүү дээ. Хэвлэл гэвэл ганцхан “Үнэн” сонин л байлаа. Ж.Гүррагчаа сансарт ниссэн болохоор дугаар болгон дээр нь л энэ тухай зурагтай нийтлэл гарна. Шүлсээрээ норгосон хуруугаа сонины зураг тойруулж байгаад л урж авна даа. Тэр үеийн бүх сонины сансрын нисгэгчтэй хуудсууд нь цоорхой байгаа” гээд инээв. Түүний хийсэн зурагтай альбом хэд хэдээрээ байжээ. Нөр их хөдөлмөр зарцуулж хийсэн уг бүтээлийг ээж нь шатаачихсанд тун их гомдож уйлж байсан гэнэ. Ээж нь “Шалгалт дөхөөд байхад зурагт хуудас гээд дэмий зүйлд цаг заваа зарцуулаад байх юм. Яадаг моньд вэ” гэж ирээд л галд хийгээд шатааж орхижээ.

10д-гийн Ш.Гантөмөр, С.Отгонбаатар, Б.Отгонбаатар, Ж.Гансүх нар сурлагаараа аймагтаа толгой цохино оо. Ямар сайндаа багшийн самбарт бичсэнийг хүүхдүүд дэвтэртээ хуулж дуусаагүй байхад мань дөрөв хариуг нь шууд хэлдэг байжээ. Бас аймгийн олимпиадад байнга л эхний дөрвөн байрыг авна гээч. Ангийн дарга өгүүлэхдээ “Би их залхуу хүүхэд байсан юм. Олимпиадад нэгдсэн журмаар бэлдэж, давтлага өгч байхад огт очдоггүй байв. Тэгээд ангийн багшийг тэр хүүхдээ олж ир гээд загнаад явуулдаг байсан гэсэн. Нэг удаа багш маань математик, физикийн ном сугавчлаад гэрт уйлчихсан ирж билээ” гэв. Ангийн багш Л.Даариймаа нь их сургуулиа төгсч ирээд анхны дааж авсан бүлэг нь 10д ажээ. Эднийх 40 хүүхэдтэй байснаас 23 нь хөвгүүд гэнэ. Нийгмийн идэвхтэй хүүхдүүд байсан болохоор ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах ажилд хөвгүүд тун ч санаачилгатай оролцдог байсан байна. Ангийн багш тэдэнтэй голдуу тулж ажиллана. Тэгэхээр охидууд “Багш биднийг тоохгүй юм” гэж гомдоллодог байжээ.

Нутгийн олны шүтээн хайрхан Булган баруун зүүн суганаас булаг рашаан ундарна. Урссаар урд Тамирын голтой нийлэлдэх бөгөөд аймгийнхан үүнийг “Бааст гол” гэж нэрлэнэ. Нов ногоон зүлгэн дээр шар цэцэгс налайж, энэ хоёр өнгө тун зохицолтой харагддаг сан. Шалгалт, шүүлгэндээ бэлдэхдээ сурагчид Бааст голынхоо хөвөөн дээр очиж, номоо уншиж, хоорондоо ярилцдаг байлаа гэж тэртээх он цагуудыг дурсан ярилаа. Тухайн цаг үеийн хүүхдүүд багшаасаа л үлгэр дуурайлал авна. Тэдний хэлсэн үг, заасан номыг хууль мэт мөрддөг байжээ. “Бид социализмыг байгуулж байна. 2000-аад онд коммунизмд орно. Тэр үед хүссэн зүйлээ авч болно. Дэлгүүрт ороод дуртайгаа авч болох цаг ирнэ” гэж багш нар нь сургадаг байжээ. Энэ үзэл суртал хүүхдүүдийн мөрөөдлийг оргилуулж, ирээдүй рүү тэмүүлэх хүслийг нь улам бадраадаг байж.

10д-гийнхнээс цэргийн хүн арав төржээ. Мөн инженер, эмч, багш, эдийн засагч гээд нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа хүмүүс олон. Тухайлбал, ЗХЖШ-ын хурандаа Б.Батбаатар, Багануурын нүүрсний уурхайн Засварын хэлтсийн дарга Ш.Гантөмөр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга Г.Батдорж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, тус аймгийн Өгий нуур сумын Эмнэлгийн дарга Д.Галбадрах, түүний нөхөр буюу ангийн хөвгүүн Ц.Ариунболд гээд олон хүнийг дурдаж болно.

Тэгвэл тус сургуулийн Н.Балжинням багштай 10в ангийн хамт олон 37-уулаа төгссөн бөгөөд ихэнх нь их дээд сургуульд элсчээ. Мөн саналаараа долоон хүүхэд цэргийн албанд мордож ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Ангийн дарга Ж.Батсайхан, Эвлэлийн үүрийн дарга Ю.Алтанцэцэг нар анги хамт олноо удирдан зохион байгуулах, тэдний эв нэгдлийг хангахаас өгсүүлээд нийгмийн ажилд тун идэвхтэй оролцдог сурагчид байж. Сургуулиас зохион байгуулагдсан урлаг, спорт, намрын ажилд манлайлан оролцож сургуулийн тэргүүний хамт олон болдог байсан юм байна. Эдний анги хөвгүүд олонтой. Тиймээс дүрсгүйтэж үймүүлэх нь илүү. Өөр ангийн үе тэнгийн охидыг коридороор явуулахгүй бие биерүүгээ түлхэн дэггүйтэж, завсарлагаа бүрийг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. “Одоо манай ангийн хамт олон Төрийн болон бизнесийн байгууллагуудад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж Төрийн одон медалиудаар шагнагдаж нэр төртэй улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэж” ангийн дарга ярилаа.

Харин орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Б.Шуурай багштай 10А ангийн Ц.Нарантунгалаг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Р.Алтантуяа ХУД-ийн Шүүхийн ахлах шүүгч, Ч.Гантулга МХЕГ-ын улсын ахлах байцаагч, Ж.Ариунаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажиллаж байна.

Тэгвэл 10 б-гийнхэн нийгмийн идэвхтэй байсан шигээ нэлээд сайн явцгааж байгаа ажээ. Эдний ангид алдартнууд олон. Сайд нарын II эмнэлгийн Тусгай тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр Д.Долгормаа байна. Тэрбээр багын сурлага сайтай, Эвлэлийн үүрийн дарга хийдэг идэвхтэй сурагч байжээ. “Алтан чагнуур” цолын анхны эзэн юм. Мөн ХААИС-ийн Инженерийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, боловсрол, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Б.Лхагвадорж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ойн мэдээллийн сангийн инженер, Байгаль орчны тэргүүний ажилтан Х.Нарангэрэл байна. Нийслэлийн ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн хариуцлагатай зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Цэрэннадмид, Улсын харцага Б.Жавхлантөгс, Б.Лхагвадорж нарыг ангийнхан нь онцолж байсан шүү.

Тэгвэл 10ё ангийнхан сэтгүүлч Н.Дуламсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар угсралтын цехийн дарга Б.Баасансүрэн нараараа бахархдаг юм лээ. Түүнчлэн “Монкор” компанийн эзэн 10г-ийн Л.Гэрэлт, шилдэг санхүүч 10е-гийн Б.Удвал, “Мандал” интернэйшнлийн захирал С.Намсрайжав, ЗХЖШ-ын хурандаа Р.Болдбаатар 10г ангиас төржээ.

Нэг төгсөлтийнхөн ойн баяраа өнгөрсөн жил нижгэр тэмдэглэжээ. Зохион байгуулсан бүлэг 24 номинациар анги тус бүрээс онцлохыг нь тодотгосон байна. Тухайлбал, шилдэг төрийн ажилтан, эмч, фермерчин, сэтгүүлч, дасгалжуулагч, санхүү гээд мэргэжил болоод, салбартаа амжилт гаргасан нөхдийгөө шалгаруулж, гэнэтийн бэлэг барьжээ. Хамгийн олон хүүхэдтэй ааваар найман хүүхдийн эцэг болсон 10б-гийн Н.Түмэнжаргал тодорсон байна. Олон хүүхэдтэй ээжээр 10е-гийн Р.Эрдэнэтуяа шалгарчээ. Сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суух үеэсээ тоонот гэрт толгой холбосон хосууд ч эдний үеийнхнээс олон төрсөн байна.

Бага насны хөгжилтэй дурсамжуудаа хуваалцах энэ үдшийн уулзалтаа хөөр баяраар дүүрэн өнгөрүүлэхийг хэсэг нөхдөөс нь хүслээ. Мөн тэд уулзалтад ирж амжаагүй, хилийн чанадад болон орон нутагт байгаа төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэхийн сацуу амьдралд нь аж жаргал сайн сайхан бүхнийг дайж байсан шүү.

М.МӨНХЦЭЦЭГ