Categories
мэдээ цаг-үе

“Утгын чимэг” наадамд Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн” өгүүллэг түрүүллээ

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2014″ богино өгүүллэгийн наадмын сүүлийн шатанд Н.Бадамжавын “Гудамжаар…”, Т.Баянсангийн “Таалагдах өвчин”, Т.Бум-Эрдэнийн “Сонин зүүд”, Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Гичий чонын гиншээ”, зохиолч Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн”, Я.Мөнхжаргалын “Нүд”, Б.Пүрэвдашийн “Зээрээ, Зүрхээ хоёр”, Ц.Түмэнбаярын “Нангиад хатан”, залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Цоожтой гүүр”, М.Энхболдын “Хандгайн уруул” зэрэг арван өгүүллэг шалгараад байсан билээ. Улсын драмын эрдмийн театрт өчигдөр “Утгын чимэг” наадам болж тэргүүн байрт зохиолч Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн” өгүүллэг тодорч, хоёрдугаар байрт Ц.Түмэнбаярын “Нангиад хатан”,гуравдугаар байрт Б.Пүрэвдашийн “Зээрээ, Зүрхээ хоёр” өгүүллэгүүд шалгарлаа. Уншигч та бүхэнд тэргүүн байрт шалгарсан өгүүллэгийг толилуулж байна.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.ЗОЛБАЯР

ЦООЖНЫ НЭГ ШҮДЛЭН

(ӨГҮҮЛЛЭГ)

Хэтний уул аяндаа ноцчихоор их халуунд хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэж,омруу, цавь руу нь зээтүүлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины түрүүч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргүүлэнхарайж хүрчээ. Эзгүй хэдэн байшин суурь богийн хөл аяс, чимээ шуугианд цуурайтан тэрүүхэндээ суурин газрын цуурай хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бүгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хүн ер нь усанд орсон юм уу, үгүй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна.

Ар хойтоод нь ялимгүй гүдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхүү уйтгар гуниг, хүлээлт, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгаслан урсаад, мэлмэгнэн гүймэгтэх нь чив чимээгүй. Өдөр өдөрт гүнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бүлээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа. Хярын борог хөвдөд эрүү чилж, махан тараг лаглайсан хонь ямаа таван үе илүү ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийх тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын түүс ээ. Аргагүй л зуныхэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.

-“Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сүүмэлзэгч гэр лүү дөхөж очвол, сүүлний хонхорцог нь ширэлдсэн доожоогүй хөгшин банхар сүрхий духайн харснаа хуцсан ч үгүй шогшин ирж дагав. Нүдээрээ дүүрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгүй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л үлджээ.Өглөөн сэрүүнд явсаны ортой багахан үүрэг хуурай шар харгана, уутны ихэнх тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хүн гарч ирэх нь гэрийн эзээн.

-Өчигдөр ар луу хонь дарж яваа хүн харагдсан. Та байж л дээ. Бөөрийн хөл рүү хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгүй асуув.

-Жаахан хөх хомоол унгасгасны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгүй байна шүү. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?

-Зусахгүй гээд яахбилээ. Цоожны нэг шүдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та!гэхийнөнгө нь хүнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зүүн хаяагаар сүйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хүрсэн хүүгээ үлгүүлж нялхамссан эхнэр хүн орж ирүүт залхуутайхан өндийж, хүүгээ түлхэн энгэрээ хумисхийв.

-Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ дээ?

Хар хүн толгойгоо боосон дайртай ямбуу ороолтоо авч, нүүрээ тойруулан арчаад,

-Нэг , хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгүй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, үгүй юм үү, бүү мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шүдлэн барьж өгсөн гэж манай энүүнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндүүлээстэй эхнэр рүүгээ дохиод,

-Үгүй ээ, чи!, хүнд аяганы амсар зуулгаач! гэлээ. Чухам ганц аж амьжиргааны ньтухай ярьсанаас уу, хавь ойртоо хүн орж ирээгүйгээс үү, угаас сэхээ сийрэг мөхөсийнх үү, үүлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхүүлэв.

-Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу!

Цоожийг нь бүтэн байлгахыг манаж байвал барав биш үү? гэтэл, эзэгтэй хар хүнээсээ өрсөн,

-Хө-ш,Та минь, хэлээд юүхэв ээ. Ядруу улсыг чинь амьтан хүмүүс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн энэ муу сайнууд яав л гэж боддог шиг байна гээд суудлаа засан, үгтэж цухалдсанаа мөнөөх “элэг баригсаддаа” хэлсэн юм шиг аминдаа шилбэлзлээ.

-Эрх биш нэг булгийн амьтан, ах дүү байна. Цоожныхоо нэг нэг юм бариад өгнө байлгүй дээ.

-Аа-аа.., мэдэхгүй. Хоёр дугуйт зайдалсан, хонио ч мориор хариулахаа байчихсан улс харагдах юм. Моторт нь байтугай морь ч үгүй айлд атга ноолуур нь аштай юу гээд элгэмсэх сэтгэлтэн байна уу даа, ер нь гээд өнөөнөөс нааш сонинд ороож шүлсдэж шүлдсэн тамхиа асаав. Авгай нь залгуулан,

-Манай энэ гэж нэг л их тамхи татаж өдөр сар өнгөрөөсөн хүн. Салхигүй энэ халуунд эсгийний ноос хатаагаад савбал болмоор. Тоож ноосоо саваадуулах хүн алга гэх юм. Хаашаа ч болсон түмэн олон юм бэ дээ! гэж цөхрөл үнэртүүлэн үглэв.

Ингэж ярихад нь эхнэр рүүгээ нүдээ цавчлан, сүрхий уурлах нь уу гэмээр харж суусан нөхөр “Гээд одоо яахав дээ” гэсэн аятай инээмсэрч сууна. Гэтэл, чимээ авиагүй багийн төвөөс гэнэт хоёр дугуйтын мотор хавь ойрыг дэргэлзтэл цочоон асч хөдлөөд, төдхөнөө алсран холдлоо. Харин мөн чигээс ойрхоон, яаж яваад байгаа нь тойм тэмдэггүй хүний явдал, бас амандаа юм үглэмэглээд байх нь тодорч, “Ойлон толгойтой ч аавын хүү, өвлөх хөрөнгөгүй ч хүний хүү-ээ..,” хэмээн ээдэгнэж хэлгийтсэн цаанаа бядгүй агсамнал наашилсаар гадаа ирэв.

Аав ээж хүү гурав агшин зуур нэг нэгнээдээ түгшүүртэй хараад, босон харайцгааж сарампай хаалгаараа босгоны тоос манаруулан чихэлдэн гарав.

-Хэдүйдээ ямар гай нь бас хүрч ирээд, хэдүйдээ манай энэ үйлсгүй гуйлгачин очоод бас уучихдаг байна аа! гэж авгай гасалж байна. Айлын том хүү дайвлан, хоёр хөл дээрээ илтэд биеэ даахааргүй болжээ. Гэрийн зүүн ор, эргэнэг эргүүлдэж яваад, ил элбэг данхтай шимийн архинаас балгачихсан жаал хүүхдээс ер ялгаагүй тультираатан хэвлүүтэж,

-Баячуудын архийг балга балгаар ууна аа. Өнжөөд л сав саваар авчраад хурааж байна. Энэ хэдэн цоожнуудын чинь цаана архи гэж нуур далай. Хусам долоогоогүй зусч байгаа хүн, малын буян байна, уучих! гээд байхаар нь уучихлаа. Архи чинь рашаан биз дээ, аав аа..? гэж бузгай үг сөргөснөө хүү газарт ялчгасхийтэл суулаа.

-Хусамтай хусамгүй чамайг хүн болгосон. Аагаа багтааж ядсан улсын бахыг хангаж байдаг чи бид хоёр мөн заяасанаав хүү хоёр шүү. Алив одоо гэрийн сүүдэрт унт!

-Унтахгүй ээ, халуун газар их унтахаар харангадаж үхдэг гэж та хэлсэн. Би үхмээргүй байна. Цэрэгт л явмаар байна.

-Нас чинь болоогүй. Зарлан нь ирэхээр явуулна. Одоо унт аа, унт!

-Би хэзээ ирэх нь мэдэхгүй хэдэн шүдлэнгийн хий хошного сахиж, нар сар сарласан навсархай дөрвөн ханатад гандаж суумааргүй байна. Хар цай хатсан гамбиртай энэ халуунд шатаж үхлээ. Ойлон толгойтой , оочих аягагүй, өвлөх хөрөнгөгүй хүний хүү гэдэг хэцүү юм аа. Уут дүнхүүтэй ноос ноолуур, урсгачихвал энэ булгийн уснаас ч их архи ааруул хураасан энэ олон шавар амбаар сахиж сууна гэдэг гутамшигтай байна. Нэг шүдлэнгийн цоожны цаана та нар юу байдаг гэж санана! гээд агсарсан хүүгийн үг аргагүй идээний дээж хүртэж, цээж бодол чинэсэн хүн шиг цэцэн ажээ. Эрүүл согтуу хоёрынхоо яриаг сонсч, нүүрээ мэнчийлгэн зогссон эхнэр,

– Юу байна тэгээд? гэж балчир хүүхэд нь архи уусанд уурсаж гэмшсэн, бахардан аюусанаасаа тун ангид, тун сониучаар асуулаа. Хүү бүүр нэг давилуутсан согтуу өнгөөр ханхалзан:

-Ишш.., ээж минь юм юм байна. Хураасан эсгий, элдсэн сэгсүүрэг, эмээл хазаар.., тэр битгий хэл тэмээний бөх.., гэснээ гэнэт огиулан бөөлжлөө. Тэгээд амнаасаа шүлс бөөлжис савируулан,

-Ээж таны барааг нь хараад үхвэл барав гэдэг чинь ч байдаг юм.

Ээж нүдээ гялалзуулсан гайхалзаж, хомхойхон “-Юу тэр вэ” гэхдээ хамар духны нь хөлс бөнжигнөжээ.

-Яагаав дээ, яагаав, аав тууварт яваад ирэхэд богцноос нь гоожоод гээгдчихсэн гэж ярьдаг гоё даавуу. Би Амбаагийн амбаарыг ганцхан хөшчихөөд авчихсан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй, их гоё. Өчигдөр таныг түлээнд явсны ард авчираад авдрын танагаа мялаачихсан шүү, муухай хүү нь. Та ороод үз дээ. Нэг шүдлэнгээр тийм даавууг солиод яасан ч яадаг юм гээд хөлчиж согтсоноос сүүмгэртсэн гэнэхэн нүдээрээ их хэрэг бүтээсэн хүн шиг, баярлаж байна уу гэсэн шиг ээжээдээн тогтоож харав.

Энэ үгийг сонссон ээж их л уярангуйгаар хүүгийнхээ амны шүлсийг арчиж байснаа, гэнэт байдгаараа далайн алгадаж,

-Үгүй ээ, юу гэнэв ээ, ороолон чинь, энэ хэдэн цоожийг онгойлгоод, хамаг амьтны юм онгичиж байгаа юм байна шүү дээ. Ээ-ээ, үйл гэж. Шоронгийн хадаас болох нь уу чи, яав даа даанч, яав даа даанч! хэмээн орилон хашгирсанаа суунтусч, гаслан уйлж эхэллээ.

Эхийгээ хүчтэй алгадахад бөөлжсөндөө нүүр шааж унасан хүүгээ эцэг нь гэрийн сүүдэр рүү чирж, бага хүү ээжийнхээ нулимсыг арчин, эздийнхээ амьдралын гашууныг шингээсэн гулгидас бөөлжсийг хөгшин банхар урт улаан хэл гарган шалир булир долоолоо. Үд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалганы босгон дээр самардаж гарсан гүрвэл амныхаа энгээр аахилах ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголын сэтгүүлзүйн түүчээ болсон хамт олон

Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангийн 1996 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. “Хэдийгээр нийгэм эдийн засгийн шилжилтийн хүндхэн үетэй бидний оюутан ахуй цаг давхацсан хэдий ч эргээд бодоход жаргалтай байж ээ. Картын бараанд олон цагаар дугаарлан зогсч, мөнгө төгрөггүй, өлсөж цангаж байсан ч тухайн үедээ зовж, зүдэрч байна гэж огт бодогддоггүйсэн. Нэгэнт л дээд боловсрол эзэмших гэж хэн нэгний дарамт шахалтаар биш өөрийн чин хүсэл эрмэлзлээр их сургуульд элсэн суралцаж байгаа болохоор хэндээ ч гомдоллох билээ. Даваад, туулаад л гарсан. Нийгмийн хүндхэн шалгуур, амьдралын хатуу ширүүнийг хамтдаа туулаад гарсан учраас манай ангийнхан атгасан гар шиг эв нэгдэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Зовлонд нүүр буруулаагүй андууд насан туршийн түшиг гэдэг дээ” хэмээн ярилцах тэд хэдэн жилээр уулзаагүй ч өнгөрсөн хугацаанд үргэлж хамт байсан мэт тийм л нэг халуун дулаан уур амьсгал уулзалтын эхнээс дорхноо бүрдэв.

“Нийгмийн ороо бусгаа үе гэснээс би нэг хөгтэй явдал саначихлаа” гэсээр Д.Дагиймаа яриа эхлүүлэв. Бусад нь “Юу юм бэ? Ярь л даа” гээд түүн рүү анхаарлаа хандуулав. “Бид чинь аравдугаар ангидаа картын бараанд жагсдаг байсан бол дараа жил нь оюутан болоод шууд картын бараагаар амьдарч эхэллээ шүү дээ. Мөн ч их өлсдөг байж билээ. Ямар сайндаа дотуур байранд амьдарч байхдаа Н.Хажидсүрэнтэйгээ бүтэн сар цагаан будаа идэх билээ. Цагаан будаанаас өөр хүнсгүй болсон хоёр чинь будаагаа л агшааж иднэ. Тэгсэн Н.Хажидсүрэнгийн маань шөрмөс татаад эхэлдэг байгаа. Туниа муутай амьтан шөнө дунд “Дагий” гээд дөнгөж сонстохоор намайг дуудна. Бөх унтдаг хүн бол сэрэхгүй ээ. “Яасан” гэхээр “Хөлийн шөрмөс татчихлаа” гэнэ. Би хөлийг нь илж бариад зүгээр болгоно. Сүүлдээ ч би бараг сурчихсан, муухан бариачаас л мундаг болсондог. Тэгсэн нэг удаа хоёулаа эртхэн амаръя гээд орондоо ороод удаагүй байтал “Дагий” гээд л дуудлаа шүү. Би ч орноосоо босч очоод “Аль хөл чинь юм” гэтэл “Үгүй ээ нуруу” гэдэг байгаа. Нүдээ ч нээлгүй хажууд нь нойрмоглон зогсч байсан би айх гайхах зэрэгцэн “Юу гэнээ, эмнэлэг дуудъя” гээд л ухасхийлээ. Түргэн тусламж дуудчихаад хүлээгээд, ирдэггүй. Нурууг нь яаж ч бариад зүгээр болдоггүй.

Буцалгасан ус өгвөл зүгээр болж магад гэж бодоод ариун цэврийн өрөө рүү усанд явж байтал хажуу өрөөнийхөн талх идэж байдаг байгаа. Намхан шар шүүгээн дээрээ талхаа тавьчихаад, тал талаас нь зулгааж аваад бор цайгаараа даруулан идэж байна. Хольж идэх масло, элсэн чихэргүй юм чинь зүсээд ч яах билээ. “Өрөөгөө хурдхан түгжчих гээд байхад чинь” гээд нэгэн рүүгээ ёворсноо дуу муутайхан “Талх идэх үү” гэж байна. Дотроо “Идэлгүй яах юм” гэж бодсон мөртлөө “Жаахан л амсъя” гээд атгасан гарын дайтайг зулгааж аваад өрөөндөө орж ирлээ. Өөрөө ч идэлгүй Хажаадаа өнөөх талхаа бүгдийг нь өгсөн. “Чи ид л дээ” гэнгүүт нь “Үгүй ээ, би идчихсэн” гэж худлаа хэлж билээ. Түргэн тусламжийнхан ч ирсэнгүй, Хажаа маань ч тэгсгээд зүгээр болсон” гэв. Тэгтэл Н.Хажидсүрэн “Тэр талхны амттай байсан гэж жигтэйхэн. Би одоо ч тэр талхны амтыг мартдаггүй. Гэхдээ би найзуудыг чинь манай дотуур байранд ирэхэд хажуу дээд давхрынхнаасаа тал талх зээлж ирээд “өрөө” төлсөн шүү. Талх зээлэхэд тийм амархан байсан гэж бодож байна уу? Бусад үед нь хаалганых нь нугасыг хугалчих шахам хаалгыг нь дэлгээд орж ирдэг хүн чинь хаалгыг нь аяархан нээснээ “Уучлаарай орж болох уу?” гэнгүүт бүгд гайхдаг юм байгаа биз дээ. Сэмээрхэн өрөө рүү нь ороод хоолойгоо засч байгаад “Танайд талх байвал зээлээч. Дараа талхыг нь талхаар нь өгье” гэх жишээтэй” гээд бөөн инээдэм болцгоов.

О.Болормаа “Одоогийн 64 дүгээр дэлгүүрээс картын бараагаа авахын тулд ээлжилж хичээлээ тасалдаг байсан гэвэл одоогийн хүүхдүүдэд үлгэр шиг л санагдана. Гэхдээ 1000 төгрөгийн тэтгэлгээ ном, сэтгүүл, хичээлийн хэрэгсэл худалдаж авахад гар татахгүй зарцуулдаг байсан нь их сонин шүү. За тэр яах вэ, Чингисийн талбайд (тухайн үеийн Сүхбаатарын талбай) цугласан жагсагчдыг хүчээр тараана гэснийг дуулаад дотуур байрныхаа балконоор дамжаад шөнө дөлөөр нууцаар гарч байснаа санаж байна уу?” гэвэл Н.Туул “Нээрээ тийм ш дээ. Жагсаал яаж тараадгийг үзье гээд ангийнхаа хэсэг охидтой байрнаасаа нууцаар гараад талбай дээр очсон чинь Гончигдорж төрийн ордноос гарч ирээд жагсаалыг тараах нь бүү хэл өөрөө дунд нь ороод суучихсан ш дээ. Сэтгүүлчдийн сониуч зан байх даа” гэв.

Нэгдүгээр дамжаанд элсэн орсон жилээ есдүгээр сарын 1-нд нь ангиараа кино үзэх гэтэл хөдөөнөөс ирсэн хүүхдүүдээс нэг нь ч ирээгүй гэнэ. Тэгтэл хөдөөнөөс ирсэн ангийнхан нь “Ялалт” кино театрыг хаана байдгийг мэдэхгүй учраас хүн бүрээс асуугаад л яваад байж. Зарим нь гэрээсээ гарахдаа ах эгчээрээ зуруулж аваад гарсан ч ололгүй будилжээ. Харих замаа арайхийн олж, гадаа хонох шахсан тухайгаа хотынхондоо учирлажээ. Үүнээс хоёр гуравхан долоо хоногийн дараа санамсаргүй байдлаар бүгдээрээ цугларч, одоогийнхоор бол танилцах үдэшлэг хийжээ. Угтаа бол намрын ажилд явна гэж сургуулийнхаа үүдэнд бүгд цугларчээ. Ангиудыг жагсааж байгаад нэг захаас нь машинд суулгатал тэдний ангийнхан дээр иртэл бүх машины тэвш дүүрчихэж. Нэгэнт тэднийг ачиж явах унаагүй болсон учраас тэд намрын ажлаас чөлөөлөгджээ. Явуулахаа болилоо гэнгүүт нь шуудайтай боорцог, хувцсаа үүрээд 120 луу ангиараа явжээ. Тэнд нэг өрөө байранд Д.Гантуг ганцаараа амьдардаг байж. Залуучууд нь шуудайтай боорцгоо дэлгүүрт хиам, талх, утсан загас, дарсаар сольж, түүгээр нь тэд танилцах үдэшлэгээ хийсэн гэдэг. Б.Ханддолгор нь шүлэг бичээд, Д.Дашмөнх нь Монголын уран зохиолын сор болсон шүлгүүдийг цээжээрээ уншаад, зарим нь дуулаад л нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлцгээж. Ч.Мөнхзул “Тэд нар чинь хотын хүүхдүүд. Тэгтэл хөдөөгийн мань мэт нь зэрэгцээд хөшөө шиг сууцгаачихаад тэд нарыг хараад жигтэйхэн их гайхацгааж билээ. Кино үзэж байгаа аятай л байсан. Бяцхан соёлын шоконд орж байгаа хэрэг юм болов уу?” гэсэн юм.

Уралдаант шалгалтанд аймаг, дүүрэгтээ эхний нэг, хоёрдугаар байраар шалгарсан хүүхдүүд МУИС-ийн босгоор алхдаг. Эдний ангийнхан ч мөн ялгаагүй, хичээл номондоо жигд сайн байж. Тиймдээ ч Б.Цагаанбаатар, Д.Дагиймаа, Ч.Мөнхзул зэрэг гурвын гурван оюутан улаан дипломтой төгсчээ. Зарим нь бүр оюутан болох үеэсээ сэтгүүл зүйн аль чиглэлээр дагнан бичихээ хүртэл тодорхойлчихсон байж. Монголын триатлоны холбооны тэргүүн Б.Цагаанбаатар оюутан ахуйгаасаа газарзүйн өргөн мэдлэгтэйгээс гадна спортод дур сонирхолтой учраас спортын сэтгүүлч болно гэж бусдадаа хэлдэг байж. Наад зах нь тэрээр спортын төрөл тус бүрийн тамирчдын дэлхийд гаргасан дээд амжилтуудыг минут секундтэй нь цээжээр мэддэг байсан гэнэ. Тэрээр олон жил тасралтгүй “Таван цагираг” сонинд ажилласан бөгөөд өдгөө түүнд дэлхийн өнцөг булан бүрт очоогүй газар, уулзаагүй спортын од байхгүй гэдгийг ангийнхан нь хэлсэн юм. Ангийн дарга Д.Гантуг “Ийгл” телевизийг 1996 онд байгуулагдахад тэнд ажилд оржээ. Тухайн үедээ мэдээг барууны төрөл жанраар буюу үйл явдал өрнөсөн халуун цэг дээрээс шууд дамжуулах, олон эх сурвалжаас мэдээлэл авах зэргээр маш хурдтай, даацтай мэдээ мэдээллүүдийг бэлтгэж байжээ. Өдгөө тэрээр сэтгүүлчийн мэргэжлээрээ Канадад ажиллаж амьдарч байгаа аж. Тэрээр ангийн охин Ч.Энхтуяатай гэр бүл болж, ангиасаа төрсөн хосууд юм байна. Мөн эхнэрийнхээ хамтаар “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг хийж багагүй шуугиан тарьж байсныг хүн бүхэн мэдэх биз.

Сэтгүүлч өргөн мэдлэгтэй байх ёстой гэсэн үүднээс мал аж ахуй, шашин, газар тариалан, улс төр, гоо зүй, урлаг судлал гээд маш олон төрлийн мэргэжлийн бус хичээл үздэг байжээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн зөвлөх А.Ганбаатар нэг удаа мал аж ахуйн хичээл завсарлах дөхөж байтал том үүргэвчээ тэвэрсээр л орж ирлээ л дээ. Тухайн үед ангийн ихэнх хөвгүүд нь эцэг эхээсээ мөнгө нэхээд суулгүй, хэр чинээгээрээ хөдөлмөрлөж, наймаа сэлт хүртэл хийдэг байж. Наймаагаа хийж яваад хичээлээсээ хоцроод ирсэн А.Ганбаатарыг Жамсрансүрэн багш нь “За бос, Алив семинар ярь” гэж. А.Ганбаатар босч зогсоод “Төл малыг өсгөн хүмүүжүүлэх нь төрөл бүрийн ач холбогдолтой” гээд толгой холбоод гудиггүй туучихаж. Цагийн зүүний цохилт сонсдож байсан ангид гар бөмбөг тэсэрчихэв үү гэлтэй бүгд нирхийтэл инээлдсэн гэдэг.

Эдний анги хоёр Дагиймаа, хоёр Болормаа, хоёр Туултай. Олны танил болсон туршлагатай сэтгүүлч “TV 5” телевизийн редактор Э.Дагиймаагаас гадна ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, сэтгүүлзүйн доктор, профессор Д.Дагиймаа гэж бий. Н.Болормаа Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн захирал бол О.Болормаа орон нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлзүйгээс гадна урлагийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Улсын Бүжгийн Драмын Эрдмийн театрын дарга Ч.Мөнхзул мөн л эдний ангийнх. Харин Н.Хажидсүрэн “Үнэн” сонины гадаад мэдээний редактороос хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө МАН-ын УИХ дахь бүлгийн хэвлэлийн ажилтан аж. Эдгээрээс гадна Д.Ганчимэг, Туул зэрэг орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчид ч бий. Э.Эрдэнэбаяр, Р.Мөнхбат, Д.Дашмөнх, Д.Сувд, Ш.Отгончимэг гээд хилийн чанадад сэтгүүлзүйн бүтээл хөрвүүлэхийн хажуугаар гэрэл зураг авдаг сэтгүүлчид хүртэл байдаг аж.

Сонирхолгүй хичээл дээр Д.Дашмөнхийгөө багшийнхаа өөдөөс харуулаад суулгачихдаг байж. Багш нартайгаа жигтэйхэн буу халдаг байсан учраас тэр. Бусад нь тэр хооронд нь ирцээ бүртгүүлчихээд багшийнхаа нүдийг хариулж байгаад ширээн доогуураа мөлхөөд гарцгаачихдаг байсан гэнэ лээ. Хичээл дуусах мөчид Д.Дашмөнх, хажууд нь суусан охин, арын ширээний хүүхдүүдээс өөр хэн ч ангид нь үлдээгүй байсан гэдэг.

МУИС-ийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ Болгарт төгсч ирүүтээ тэд нарт хичээл ордог байж. Тэдний ангид нэгэн өдөр хичээл зааж байхад нь Б.Ханддолгор “Багшаа та гэр бүлтэй юү” гэж л дээ. Эхэндээ багш нь тоосон шинжгүй хичээлээ заасаар байтал ахиад асуужээ. “Байгаа” гэтэл ангийн ихэнх охидын царай хачин болчихож. Тэгсэн хамгийн арын ширээнд суусан Б.Энхсайхан “Охидуудын концерт ингээд дууслаа” гэсэн гэдэг. Тэд М.Зулькафил, Т.Баасансүрэн, Монголын радиогийн зөөлөн дуут Б.Энхтуяа, “Их монгол” дээд сургуулийн захирал агсан Батмөнх, нийтлэлч Д.Баярхүү зэрэг чадварлаг багш нараар хичээл заалгуулж байснаараа бахархан дурссан юм.

Тэд “Бид МУИС-ийн төгсөгчилд гэдгээрээ бахархдаг шүү. Монголын маргаашийг бүтээх залуусын оюуныг цогцлооход багагүй хувь нэмэр оруулсан. Наад зах нь нийгмийн шинжлэх ухааны “Хүрэл тогоот” хэмээх залуу эрдэмтдийн хуралд оролцогсод бүгд МУИС-ийн төгсөгчид байх жишээтэй” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаад дууслаа

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Түрүүч нь 295, 296, 297 (4935, 4936, 4937) дугаарт

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500 мянган төгрөг, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг хоёроос дөрөв дахин өсгөж торгоно гэж Ан агнуурын тухай хуульд заасан байдаг аж. Хууль батлагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч огт хэрэгжихгүй өдий хүрч байна. Монголын зүүн хязгаар нутагт хэн дуртай нь цагаан зээрийг буудаж, машины тэвш дүүргээд ачаад явж байхад тоож байгаа газар алга байна. Цагаан зээрийг сүүлийн жилүүдэд огт тоолоогүй юм байна. Арав гаруй жилийн өмнө Монголд хоёр сая орчим цагаан зээр байна гэх тоог гаргасан байна. Сүүлийн жилүүдэд их хядлагаас болоод цагаан зээрийн тоо толгой эрс багасч цөөрөөд байгаа гэдгийг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн иргэд хэлж байв. Хөдөө талыг тэр чигт нь бүрхэж газар буцалж байна уу гэлтэй харагддаг байсан бол одоо тийм байхаа больжээ. Монгол нутагт тарвага гэдэг амьтны хувь заяа ямархан эмгэнэлтэйгээр мөхлийн ирмэгт ирснийг цагаан зээрийн хувь заяа давтах шиг.

300 АДУУТАЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АДУУЧИНДАА ЗЭЭРИЙН МАХ БЭЛТГЭЖ БАЙЛАА

Бид Дорнод аймгийн зүүн захын сумдын цагаан зээрийн бүс нутгаар явлаа. Сүхбаатар аймгаас ялгагдах зүйл огт алга байв. Энд тэндгүй л автомашинууд сүлжилдэн давхих юм. Бүгд цагаан зээр агнаж байлаа. Ихэнх цагаан зээр агнагчид “Ланд” 200 зэрэг үнэтэй автомашин унасан байх ажээ. Цагаан, хар өнгийн “жийп-тэй хижээл насны эрчүүд ан хийж байхтай тааралдлаа. Бүгд сүүлийн үеийн автомат буу агссан байгаа харагдана. Мэнд мэдэлцээд цагаан зээр яагаад агнах болсон талаар яриа өдөв. Тэгсэн өөдөөс “Хэдэн адуучин их идэх юм аа. Өвөл гурав дөрвөн даага идчихээд байх юм. Адууны махны хачир болгоод хэдэн зээрийн мах өгөх санаатай л явж байна. Бас чоныг нь чадахгүй юм аа. Зээрийн цусаар шинэ буугаа мялааж байна даа” гэв. Тэд улсын алдарт уяачтай нэг гал болдог компанийн захирлууд гэсэн. Хоёр машинд байгаа эрчүүд их олон адуутай гэнэ. Тал дүүрсэн олон адуугаа Сүхбаатар, Дорнодын отрын бүс нутагт өвөлжүүлж байгаа юм байна. Тэд цагаан зээрийг машинаар элдэж байгаад араас нь шүршчихэж байна. Намар хэнзэлж төрсөн янзагыг хүртэл буудчихсан байлаа. Тэдэнд амьтныг хайрлаж өрөвдөж энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь гаргаж байгаа авир, үйлдлээс нь тодоос тод харагдах юм. Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт адуугаа оторлож байгаа алдарт уяачид, компанийн захирлууд олон байна лээ. Бүгд л адуучин залуустаа зээрийн мах бэлтгэж өгдөг байна. Олдохоороо өлдөнө, түмэн хоньтой айлд шөлний хонь олдохоо байдаг гэж хуучны үг байдаг. Гурван мянган хонь гэрийнхээ гадаа хотлуулчихаад тураг зээрийн мах чанаж идээд сууж байгаа айл. Хонож байгаа зочдодоо түмпэн дүүрэн зээрийн мах чанаад өгч байгаа аймгийн мянгат малчин айл арга ядсандаа цагаан зээрийн махаар бор ходоодоо дүүргээгүй байлтай. 300-400 гаруй адуутай мөртлөө гадаа гандаж хөдөө хөхөрч байгаа адуучин залуусаас гурван сарваа харамлаад зээрийн мах идүүлэх гээд бөөн бөөнөөр нь амийг нь тасалж байгаа аархсан баячуудыг юу гэж ойлгох вэ. Үнэхээр л сувдаг шунахай сэтгэлтнүүдээр зүүн гурван аймаг дүүрээ юу гэж бодоход хүргэлээ. Юу гэсэн үг вэ. Гурван мянган хониноос хагалаад идэх хонь олдохгүй байна гэж үү. Ганц үхэр, таван хонь өвлийн идшиндээ төхөөрч чадахгүй юм бол тал дүүрсэн малаар ч яах юм билээ. “Сувдаг сэтгэлтнүүдээс болж үндэстэн мөхдөг” гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн аж. Шунахай сэтгэлээсээ болоод гурван мянган хонио идэж чадахгүй байгаа хүн цагаан зээрийг хядаж дуусгаад маргааш нь хоттой хонио биш өөр нэг амьтан руу буу шагайна шүү дээ. Ингээд л нутаг орныхоо баялаг болгоныг цөлмөж орь ганцаараа баяжихыг хүснэ.

ОРОО НЬ ОРСОН ООНЫН ЗАСАА ИДЭХ ГЭЭД…

Дахиад л үнэтэй машин унаж, уусан архиндаа халамцсан залуустай таралдлаа. Тэдэнд нэг найз нь оонын засаа чалханд сайн гээд хэлчихсэн юм байна. Тэгээд л хэдэн найзуудаараа нийлж ороо нь орж байгаа оонын засаа идэхээр ирцгээжээ. Зөвхөн засааг нь идэхийн төлөө хамгийн том биетэй, тарга тэвээрэг сайн авсан ооныг хөөлөө. Сүргийн манлай амьтан юм гэсэн дээ үхлээс зугтааж гарахын тулд том том харайгаад л цахилж одох. Даанч машины хурднаас илүү гарч чадахгүй. Удалгүй суманд оногдон цусандаа будагдаж тэрий хадан унав. Бууны сумны халуун тугалга далыг нь хавсарч оноод унагажээ. Хоёр залуу машинаас огло харайн бууж очоод үхэж амжаагүй байгаа зээрийг дээш нь харуулаад тэлээнийхээ хуйнаас иртэй тонгорго гаргаж ирээд засааг нь угаар нь тас огтолчих юм. Хоорондоо “Ямар том засаатай п…. вэ. Сайхан үнэртэж байна. Машинаас даруулах архи аваад ир” гээд яах ийхийн зуургүй залгичих юм. Араас нь аяга дүүрэн архи хөнтөрч орхиод инээд алдах. Бусад нь шоолж инээлдээд “Өнөө шөнө аймгийн төв орж нутгийн хүүхэнд оонын засаа залгисныхаа ид шидийг ёстой нэг үзүүлнэ” гээд л тас тас хөхөрцгөөх юм. Сүүлийн үед ороо нь орсон оонын засаа чалханд сайн гээд зөвхөн засааг нь идэх гэж цагаан зээрийн амийг тасалдаг болжээ.

Дорнод аймгийн нутагт хэдэн жилийн өмнө цагаан зээрийг үй олноор нь хядаж зугаагаа гаргаад хот руу буцаж явсан дөрвөн залуу осолдож бүгд амиа алдаж байсан гашуун түүх бий. Тэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын орчмоос автомат бууныхаа ид шидийг үзэх гээд цагаан зээрийг хядчихсан байна. Хайр найргүй шүршиж шаргал талыг цус нөжиндөө холилдсон үхсэн зээрээр дүүргэсэн гэнэ. Янзагалаад удаагүй туранхай шаргачинг хүртэл дал хавсран буудаж зугаацаж байжээ. Тэгээд л хот руу очиж зээр хядсан баяраа тэмдэглэх гэж яваад л замын хажуу руу машин нь унаад хэд хэдэн удаа хөрвөөгөөд нэг нь ч амьд гараагүй байна. Цагаан зээр үй олноор нь хядаж байгаа хүмүүс амьтны амь бүрэлгээд дараа нь үүсэх үйлийн үрийг яах вэ гэдгээ огт бодохгүй байна. Үйлийн үр заавал ирдэг. Монголчууд урт насалдаг болсон. Хийсэн үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа эдэлдэг болсныг олон жишээнээс харж болохоор байна. Бурхан хүнийг ч зээрийг ч адилхан бүтээсэн. Адилхан л бодгаль, байгалийн бүтээл.

Ийм домог яриа байдаг. Бурхан энэ дэлхий дээр ямар ч гэм зэмгүй амьдардаг амьтныг бий болгохоор олон сар жилээр бодсон гэнэ. Тэг тэгж цагаан зээрийг ямар ч гэм зэмгүй, бусдад хор хөнөөлгүй амьтан болгож бүтээсэн гэдэг. Үнэхээр л цагаан зээр бусдад огт гай болдоггүй мөрөөрөө байдаг. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс тааралдвал талыг нь идчихээд л хатирчихдаг гэгддэг. Гэтэл бусдад ямар ч гэм хоргүй, бүх зүйлсээс айж, үргэж амьдардаг цагаан зээрийг махчин амьтнаас эхлээд оюун ухаант хүмүүс цаг үргэлж л устгаж үгүй хийж байна. Хавар дөнгөж янзагалсан шаргачин үнэг, хярс, чоно дээрэлхэнэ. Нүдэн дээр нь л янзагыг нь идчихдэг. Эх шаргачин яаж ч чадахгүй харсаар дөнгөж төрүүлсэн янзагаа амьтны хоол болгодог.

Зээрийн хядлага зүүн гур­ван аймагт хавтгайрч байна. Буутай болгон л мотоцикль, машинаа унаад гарч байна. Хоёр сая тоо толгойгоор тоологдож байсан цагаан зээр өдгөө хэд болж үлдсэнийг мэдэх газар алга. НҮБ, Дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд амьтны амь хөнөөхийг үзэхээ байсан. Эдгээр байгуууллагууд сүү­лийн үед амьтны эрхийг хам­гаалах талаар томоохон ажил олон хийдэг болсон байна. Цагаан зэрээ хядаад дуусгаж байгаа зүүн гурван аймгийнхныг баруун аймаг руу нүүлгэчих чадалтай, эрх мэдэлтэй болсон. Гурван айм­гийн иргэдийг баруун тийш нь нүүлгэчихээд цагаан зээрийг үлдээж чадна. Энэ янзаараа цагаан зээрээ хя­даад байвал эрхийг нь хам­гаалахаар дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд Мон­­голд ирж мэдэхээр байна.

ЦАЙНЫ ГАЗАР, МАХ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЙЛУУД ЗЭЭРИЙН МАХ ХУДАЛДАН АВЧ БАЙНА ГЭВ

Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын “жийп” уначихсан явж байв. Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав.

-Цагаан зээр агнах зөвшөөрөл авсан уу?

-20 зээр агнах зөвшөөрөл хоёр сая төгрөгөөр авсан. 20 зээр агнах зөвшөөрлөө үзүүлээд л хот орохдоо 200-300 зээрийн махтай орж байна. Хотод худалдан авах хүн олон байна. Хэдэн төгрөг олох гээд л цагаан зээрээ буудаад явж байна даа.

-Цагдаа энэ тэр зогсоож шалгахгүй байна уу?

-Яг өдийд цагаан зээрийн ан дууссан гээд огт шалгахгүй байгаа. Гэхдээ бид чинь ардаа хамгаалах хүнтэй хүмүүс шүү дээ. Нэг зээрийн махыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ихэвчлэн цайны газар, борц хийж зардаг хүмүүс л худалдаж аваад байна. Зээрийн махаар хоногийн хоолныхоо махыг худалдаж авч чадахгүй байгаа айлууд л авч байна шүү дээ. Тэд төлөг зуун мянган төгрөгөөр худалдаж авч байхаар зээрийн дөрвөн гулууз мах авчихвал олон хоног идэж байна гээд их ам сайтай байгаа. Дорнод, Сүхбаатар аймаг хар замтай болсон болохоор бензин тос гарздаад байхгүй. Засмал замаар давхиж ирээд зээрээ аваад явж байна гэлээ.

Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн араас хөдөллөө. Урд талын хөндийд дүүрэн цагаан зээр байв. Нэг нь шүршээд нөгөө хоёр нь гэдсийг нь гаргаад, хөл толгойг нь тасдаад машин руугаа ачив. Бүрэнхий байсан учир машины гэрлээс цагаан зээр бултаж чадахгүй буудуулан унаж байв. Харин араас нь ачааны машинтай хэд нь цустайгаа холилдон унасан зээрийн хүзүүг нь хуга дараад машиныхаа тэвш рүү үхэж амжаагүй байхад нь шидчих ажээ. Үхэж дуусаагүй амьтныг битүү тэвшнийхээ хаалгыг онгойлгож байгаад л “нээг хоёрын гурав аа” гээд л чулуудчих юм. Үхэдхийн унах зээрийн дүр зургийг нүднээс огт салахгүй явахын зуурт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимэддоржийн “Би цагаан зээр” гэх

Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж

Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан

Шар талын шаналан

Ээрэм газрын энэлэн

Би-Цагаан зээр

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж

Бүхний нүдэн дээр яс минь хэрзийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносоон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэрэлздэг ооноо үгүйлэн

Ганц хоёр шарагчин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь гэгээн сүнс

Хялганат талаар зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг

Шөргөн эврээрээ сэжилж байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулсанаас

Хөх чонын хоол болсон нь дээрээ…

Би

Цуутай дорнын цагаан зээр

Би цусаа үзсэн улаан зээр гэх алдарт шүлэг са­наанд буух ажээ. Дээрх ал­дарт шүлгийн мөр болгоны дүрслэл ээрэм шаргал талд үй олноор харагдах нь даанч харамсалтай.

Э.ХҮРЭЛБААТАР

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм. МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн бөх аймгийн хурц арслан Б.Ганхуяг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Шүүх хурал хоёр хоногийн өмнө болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Аймгийн хурц арслан Б.Ганхуягаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр өнөө жил Хөвсгөл аймгийнхаа наадмаар үзүүрлэж хурц арслан чимэг хүртсэн билээ.

-Та Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэсэн. Яагаад эсэргүүцэх болов?

-МҮБХ-ноос Говь-Алтай, Хөвсгөл аймаг баяр наадмын тухай хуулийг зөрчиж 512 бөх барилдуулсан учраас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 512 бөх барилдаад цол олгоод явсан тохиолдол 2011 оноос эхэлсэн байдаг. 2011 онд Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баяр наадмаар 512 бөх барилдаад цол чимгээ аваад монгол бөхийн эрэмбэд ороод явж байна. Бид бүгд л мэдэж байгаа. Гэтэл намайг одоо болтол эрэмбэд оруулахгүй гээд байгаа. Цол авсан бүх бөхчүүд шүүхдэхийг хүсч байгаа. Над руу утасдаад “Таны асуудал юу болж байна” гэж асуудаг. Намайг шүүхэд хандсан учраас миний хариу ямар гарахыг хүлээгээд байх шиг байна.

-Таны хэлснээр бол хууль зөрчсөн гэвэл өнгөрсөн наадмуудыг ч сөхөх болох нь ээ?

-Тийм. Намайг амжилтаа бүртгүүлээд монгол бөхийн эрэмбэд оръё гэсэн чинь холбооны зүгээс “Танайх хуулинд байхгүй наадам хийсэн” гэж хэлсэн. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр үүнийг үндэслэлгүй гэж хэлсэн. Би нэг юм ойлгохгүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан төрийн бус байгууллага. Өнөөдөр бөхчүүдийнхээ гаргасан амжилт, сайн сайхныг түгээн дэлгэрүүлж, тэднийхээ төлөө явах байтал энэ мэтээр үгүйсгээд байгааг би ойлгодоггүй. Мөн хуулинд байхгүй наадам гээд байгаа. Баяр наадмын тухай хуулинаас үзвэл суманд 64 бөх, аймагт 128 бөх, улсад 512 бөх барилдана гэж заасан. Тэгш ой буюу ой давхацсан жил суманд 128, аймагт 256, улсад 1024 бөх барилдуулж болно гээд заачихсан байгаа. Гэтэл 2008 оноос хойш бүх аймгийн наадамд 256 бөх, суманд 128 бөх барилдаж байгаа. Тэгш ой биш байсан ч ингэж барилдаж байгаа байхгүй юу, тогтмол. Эндээс цол хүртсэн бөхчүүд амжилтаа үнэлүүлээд эрэмбэлэгдээд явж байна. Тэгэхэд Монголын үндэсний бөхийн холбоо үүнийгээ мэдэхгүй үгүйсгээд байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Өнөөдөр дэлхий дахин даяарчлагдаж байна. Энэ үед бид монголоороо байх, монголоо авч үлдэх зүйл бол монгол наадам буюу үндэсний спорт. Олон морь уралдаж, олон хүн сураа харваж, олон бөх барилдаж цэнгэг л дээ. Муу нь юу байна. Би тэр эрэмбэд орлоо гээд болохгүй нь юу байгаа юм. Бусад бөхчүүд ороод болоод байна ш дээ. Маш их гомдолтой байна. Би эрэмбэд орлоо гээд улсаас нэг ч төгрөгийн цалин хөлс авахгүй. Зөвхөн би хоёр удаа аймгийн наадамд найм давсан, хоёр удаа зургаа давж шөвгөрсөн. Тиймээс 2007 оны Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх эрэмбэд оруулж өгөхийг хүсч байгаа юм. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гээд заачихсан юм бол тав, зургаа, долоо, найм давах нь бөхчүүдийн хувьд амжилт мөн үү, мөн. Гэтэл бид яагаад орохгүй байгаа юм бэ. 2011 онд Ховдын наадамд О.Гантулга аймгийн харцага цолтой очиж түрүүлээд ес даваад аймгийн хурц арслан болсон. Одоо амжилтаараа нэлээд дээгүүр эрэмбэд явж байх жишээтэй. Өвөрхангай аймагт аймгийн начин Чимэддорж найм давж үзүүрлээд арслан болсон. Одоо бөхийн өргөөнд барилдаж л байна. 2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд Батжаргал гээд надтай адилхан аймгийн арслан цолтой бөх барилдаад Санжаадамбад унаж үзүүрлээд хурц арслан чимэг хүртсэн. Амжилтын эрэмбээрээ тэргүүнд бичигдэж байна. Гэтэл дээрх наадмуудад манай аймагтай адил 512 бөх барилдсан. Би үнэхээр гайхаж байна.

-Хоёр хоногийн өмнө шүүх хурал болох байсан ч хойшлогдсон. Ямар шалтгааны улмаас хойшлогдсон юм бэ?

-Миний зүгээс хэрвээ манай аймгийн наадмыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол 2008 оноос хойш наадам хийж, цолоо өгөөд явсан бүх аймаг хуулиа зөрчсөн болж таарч байна. Тэгш ойтой наадмаар барилдуулах ёстой 256 бөхийг тэгш ой бус үед ч барилдуулаад цолоо өгөөд явсан байна. Тиймээс эдгээр наадмаас цол хүртсэн бөхчүүдийн тоог гаргах хэрэгтэй, хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл надтай адилхан л цолыг нь тооцохгүй байх гэсэн асуудлыг ярьсан. Шүүх хурал ингэх нь зөв гэж үзээд дээрх аймгуудын Засаг дарга нарт 2008 оноос хойш наадмаар цол авсан бөхчүүдийн нэрийг албан бичгээр хариу явуулах хүсэлт хүргүүлэхээр шийдсэн. Шүүхээс холбоо үүнд буруутай болохыг хэлж байгаа.

-Тэгэхээр маш олон бөхчүүдийн цолны асуудал хөндөгдөнө. Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Шүүх хурал тодорхой хугацаагүйгээр хойшилсон. Тэр албан бичиг хэдий хугацаанд ирэхийг би мэдэхгүй байна. Тоймгүй олон бөх байгаа нь тодорхой. Бөхийн холбоо өөрсдөө хуулиа мэдэхгүй ийм л замбараагүй юм болгочихоод байна. Мэдээж тэр олон бөхчүүдийн цолыг тооцохгүй болно гэдэг худлаа. Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийнхөө бурууг мэдрээд асуудлыг шийдэж болохоор л асуудал шүү дээ. Ерөөсөө наадамд барилдах бөхчүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага үүсчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын наадмаар эд өсөж яваа аймгийн арслан мөн эд үе дээрээ гарч ирж байгаа улсын начинтай таардаг. Хоёрын даваанд. Хоёрын даваа дуусахад аймгийн арслан цолтой цөөнгүй бөх унаж байх жишээтэй. Шинэчлэл хийх цаг нь ирчихжээ гэдгийг бөхчүүд хэлж байгаа.

-Таны хувьд шүүх хурлын хариу нааштай гарна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэлтэй байгаа. Ганцхан би ч биш олон бөхчүүд эерэг хариулт хүлээж байгаа. Учир нь Хөвсгөлийн 130 мянган ард түмний нүдэн дээр болсон наадам. Дээр нь TV5 телевизээр шууд дамжуулсан. Монголын ард түмэн энэ наадмыг үзэж тэнд цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг хүлээн зөвшөөрчихсөн наадам. Олон ч найз нөхөд, ах дүү нар утасдаж баяр хүргэсэн. Бусад бөхчүүд ч гэсэн адилхан байх. Гэтэл үүнийг өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэсэн нас нэлээн дээр гарчихсан найман хүнээс гурав нь дэмжсэн, тав нь дэмжээгүй байдаг. Энэ таван хүн үгүйсгэж байгаа нь харамсалтай байхгүй юу.

-Тэр таван хүний нэрийг хэлж болох уу?

-Холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, зохиолч яруу найрагч Ү.Хүрэл­баатар, улсын харцага Д.Сэрээтэр байсан.

-Цолыг нь тооцохгүй байгааг эсэргүүцэн Хөвсгөл болон Говь-Алтай аймгийн бөхчүүд намраас хойш ямар ч барилдаанд зодоглохгүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Үнэн. 20-иод бөхөөс ганц, хоёрхон бөх л барилдаж байгаа. Ихэнх нь барилдахгүй байна. Нуулгүй хэлэхэд энэ бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоонд гомдож байгаа. Аргагүй ш дээ. Эдгээр хүмүүс ганц барилдаад амжилт гаргачихдаг юм биш. Бүгд л мэднэ. Би гэхэд л 2003 онд сумын наадамд тав давж анхныхаа цолыг авч байсан. 2008 онд хамгийн анхны аймгийн харцага цол батлагдахад анх хүртэж байсан. 2011онд Орхон аймгийн 35 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Өнөөдөр аймгийн хурц арслан гэсэн цолонд хүрэхэд би 10 жилийн хүч, хөдөлмөр, амьдралаа зориулсан байна. Яг үүнтэй адилхан бусад бөхчүүд ч гэсэн дор хаяж таван жил хөдөлмөрлөж, бэртэж гэмтэж сая нэг юм цолонд хүрч аав, ээж, нутаг усаа баярлуулахад нь Монголын үндэсний бөхийн холбоо ингэж муйхарлаж хуулиа мэдэхгүй бөхчүүдийн эсрэг зогсоно гэдэг маш харамсалтай зүйл. Монголын үндэсний бөхийн холбоо байхгүй байхад монгол бөхчүүд барилдаад болоод л байсан. Өнөөдөр монгол бөх байгаа учраас энэ холбоо оршин тогтноод байгаа юм биш үү. Тэрнээс Монголын үндэсний бөхийн холбоо байгаа учраас бөхчүүд бид байгаа юм биш. Үүнийг холбоо даанч ойлгохгүй байх шиг. Монгол бөх бол мөнх настай.

-Бөхчүүдийн хувьд заал, дэвжээний явцын барилдаануудад оролцохгүй байна гэдэг том хохирол биз?

-Тэгэлгүй яахав. Хоёрын хооронд ийм шийдвэрээс болж барилдахгүй байгаа нь бөхчүүд бидний хувьд маш их хохиролтой зүйл. Энэ олон заал, дэвжээний барилдаанд ид барилдаж байх ёстой. Спортын нас богинохон. Анхандаа хүн цол хэргэмээ авчих юмсан гэж боддог юм билээ. Барилдчихмаар байдаг болдоггүй, холбоонд гомдоод их бачимддаг юм байна. Сүүлдээ цайчихна гэдэг шиг барилдах юмсан гэсэн сэтгэл ч төрөхөө байчихсан. Шийд гарвал барилдъя даа гэж бодох болсон. Залуу хүний хийж бүтээе, чадах зүйлээ бусдад харуулъя гэсэн тэр үе дээр нь сэтгэл рүү нэг ёсондоо ус цацчихлаа.

-Монголын үндэсний бөхийн холбоог бөхчүүддээ элэггүй ханддаг, мөнгө хүүлэгч гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би ганцхан жишээ дурдъя. Улсын харцага Даваабаатар маш сайн барилддаг бөх. Ёстой л үзэгч олныг уран барилдаанаараа шуугиулж гарч ирсэн. Гэтэл хөлөндөө бэртэл аваад барилдаж чадахгүй болж байсан. Бөхчүүдийн зүгээс тусалж дэмжээд эмчилгээнд нь шаардлагатай мөнгө, төгрөгийг нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэл байсан. Зөвхөн Даваабаатарын барилдааныг үзэхийн тулд мөнгө төлж Бөхийн өргөөнд ирдэг хүмүүс байсан. Тэгэхэд бөхийн холбоо яагаад дуугүй суугаад байна вэ. Холбоо иймэрхүү нийгмийн асуудлыг зохион байгуулаад бөхчүүдийнхээ төлөө жинхэнэ ёсоор ажиллах хэрэгтэй ш дээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн асуудалд холбоотой ийм аян өрнүүллээ, тэгж сайн үйлсийн аян зохион байгууллаа гэж сонсоогүй. Та нар ч сонсоогүй. Гэтэл 20 жил болж байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг. Тэгвэл энэ холбооны тэргүүн таван сонгууль дараалан суудлаасаа ховхроогүй. Хааны алба хүртэл ээлжтэй байдаг бус уу. Одоо болно ш дээ.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна. Бөхийн тогоонд байдаг хүний хувьд олон зүйл л харагддаг байх?

-Бөхийн өргөө бөхчүүдэд зориулсан өмч. Гэтэл бид бэлтгэл хийх газаргүй Бөхийн өргөөнд очиж бэлтгэлээ хийе гэвэл шууд хөөнө.

-Яагаад?

-Тэнд зай завсаргүй урлагийн тоглолт болж байна. Бидэнд бэлтгэл хийх боломж олдохгүй. Бөхийн өргөө урлагийн тайз биш. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд усанд ороод гэртээ байгаа юм шиг л байх ёстой. Хэн ч бодсон тийм биз дээ. Ингэж Нямдорж тэргүүнд хэлэхээр “Чи залуу хүн байж ийм боловсролгүй байж болохгүй. Би чамайг бодвол хэдэн дээд сургууль төгссөн” гэж ирээд загнадаг. Ер нь боловсролтой, мэдлэгтэй гэж бөхчүүдийг дарамталж, үл ойшоож, ингэлээ гээд эд нар яахын гэсэн байдалтай дээрэнхүү харьцдаг. Би гайхдаг. Ер нь тэгээд барилдахад боловсрол хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Бас нэг зүйл хэлье. Өнөөдөр сумын заан цолтой 640 залуу барилдаж байна. Эдгээр бөхчүүд барилдаан болгонд 3000 төгрөгийн хураамж төлдөг. Гурав давж байж 3000 төгрөгөө буцааж авдаг гэж байгаа. Энэ нь чинь юу гэсэн үг вэ. Би холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар ахад хэлсэн. Тэр залуучууд чинь бөх болох гээд хөдөө байсан таван малаа зараад хот хүрээ зорьж ирж байгаа. Гурав давна гэдэг чинь хэцүү. 3000 төгрөгөө авч чадалгүй автобусны мөнгөгүй гэрийн зүг нулимстай алхаж байгаа өчнөөн залуу бий. Би бөхийн тогоонд байгаа учраас ийм байдаг гэж мэдэж байна. Ингэж хэлэхээр урдаас “Олимп, дэлхийн аваргаас гуравхан хүн л шагнал авдаг. Бусад нь хоосон хоцордог ш дээ” гэж тавлангуй хариулсан. Аль ч спорт тэмцэл нь үнэн. Тэр хүн дэвжээн дээр гараад давж чадахгүй бол хохь. Гэхдээ монгол бөх үндэсний спорт. Үндэснийхээ спортыг хөгжүүлэхийн тулд, авч үлдэхийн тулд бид мөнгө төлөх учиргүй.

-Монгол бөхтэй холбоо­той олон асуудал яригддаг хэрнээ бөхчүүд яагаад хэлж, ярьж дуугардаггүй юм бэ. Холбооны зүгээс дарамт, шахалт үзүүлээд байдаг нь үнэн юм уу?

-Манай монголчууд хүлцэнгүй, сонин болчихож. Өөрсдөө болохгүй байна, бүтэхгүй байна гээд дотроо л яриад байдаг тэрнээс эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдэх гарц бөхчүүдэд, ард түмэнд ч алга. Гэр гэртээ л тэр ингэж идэж уусан гээд байхаас биш арав, хориулаа суугаад өөрчилье гэсэн юм алга. Яахав надад эрэмбэд ороод, цаашдаа улсын цол хүртэх үгүй нь сонин биш. Гол нь бөхчүүдийн ирээдүйд хаалт тавьж, өөрсдийгөө дээгүүрт тавьж байгаа барилдаж ч үзээгүй хүмүүсийг бодохоор үнэхээр надад харамсалтай байна. Ингээд хэлчихвэл намайг яах бол гээд амаа хумхиад сууж би үнэндээ чадахгүй нь. Өнөөдөр бодит байдал ийм байгаа нь үнэн. Наад зах нь Бөхийн өргөөнд ганц том дэлгэц суурилуулаад камер зоочихгүй л байна. Барилдаан болохоор л чи давсан, би давсан гэсэн бөөн маргалдаан үүсдэг. Ядаж бөхчүүдийн барилдах орчин нөхцлийг нь бүрдүүлчих хэрэгтэй ш дээ.

-Таны хувьд энэ жил нэлээн адармаатай байх шиг. Наймын даваанд харцага болсон Ховдын Ууганбаяртай таарсан. Улсын харцага Содномдорж та хоёрын барилдааныг нэлээд бусниулсан гэх?

-Содномдорж харцагын хувьд Ууганбаярыг авчирч барилдуулсан нь ард түмнийг бухимдуулсан байх. Ямартай ч тухайн үед намайг давахад уухайлж, дэмжиж байсан түмэн олны баясал одоо ч миний сэтгэлд тод санагддаг. Би ганцаардах үедээ ч боддог. Би ганцаараа биш шүү. Намайг дэмждэг олон мянган хүн уухайлж байсан шүү гэж. Бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Харамсалтай нь би энэ амжилтаа өнөөдөр ч үнэлүүлж чадахгүй байна.

-Ганхуяг харцагыг Содномдорж харцагатай нударга зөрүүлсэн гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хэрүүл, зодоон болж байгааг би лав хараагүй.

-Одоо та бэлтгэл хийж байна уу?

-Яг эрчимтэй бэлтгэл хийж чадахгүй байна. Хүн чинь дараа долоо хоногт барилдаантай шүү гэхээр илүү махарч бэлтгэлдээ анхаарал тавьдаг. Нэгэнт барилдахгүй гэж бодохоор нэг их хичээдэггүй юм байна.

-Хаана бэлтгэлээ хангаж байна. Таны гарын багш гэж ямар хүн байна?

-Би хүчнийхээ бэлтгэлийг спортын төв ордонд Хосбаяр багшийн удирдлага дор, үндэсний бөхийн бэлтгэлээ “Их шавь” дээд сургууль дээр Элбэг багшийнхаа удирдлага дор хийж байгаа. Миний хувьд олон сайхан багш нарын гар дамжсан. Хамгийн анх Сумын заан Ганзориг багшид шавь орж байлаа. Дараа нь аймгийн арслан Батпүрэв, чөлөөт бөхийн ази тивийн аварга аймгийн арслан Баярмагнай, улсын харцага Сэрээтэр гээд багш нараар бөхийн эрдэм заалгаж байлаа. Элбэг харцага бол Эрхэмбаяр аваргыг төрүүлсэн мундаг хүн. Эрхэмбаяр аварга ямар сайхан жудагтай, тайван бөх билээ.

-Таныг улсын арслан Мөнхбаатарын садан төрөл гэдэг. Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд насаараа ажилласан Бадамсамбуу гэж хүн бий. Ээж Чинбат. Одоо тэтгэвэртээ суусан. Би эхээс тавуулаа. Улсын арслан Мөнхбаатар ээжийн талаас хамаатан. Өмнөхийг би сайн үе гүйцэж мэдэхгүй байна.

-Та чинь эрх зүйч мэргэжилтэй байх аа?

-Тийм ээ. Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн коллежийг төгссөн. Мөн хууль сахиулах их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ай.Төмөр-Очир: Намайг чинь “Алтан-Овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэдэг дээ

Хөдөө орон нутагт бүтээлээ туурвиж буй зохиолч найрагчдын дурсамж, дурдатгал яриа хөөрөөг манай сонин цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаа наран ургах зүг Сүхбаатарын Баруун-Уртад сууж шүлэг найргаа туурвин байгаа Дарьгангын хийморь лундаатай найрагч АйлтгүйнТөмөр-Очиртой ярилцсан юм.

-Та Алтан-Овоо, Дарьганга, Баруун-Уртаасаа Улаанбаатарт үе үехэн ирдэг дээ. Хулан найрагчийн хэлснээр хөлөрчихсөн борлог морь шиг хүрээд ирэх нь бий. Он он жилд хөдөөдөө сууж салхи савир ханхлуулсан найрагчаас хөдөөгийнх нь тухай л яриа дэлгэе дээ?

-Наран ургах зүгийг монголчууд билгэшээдэг. Тэр дундаа Монголын оюуны том ертөнц “Өдрийн сонин” наран зүгийн найрагчийг онцолж яриа хөөрөө дэлгэж буйд талархаж байна. Монголчууд малгай тавибал манайх гэдэг. Би бол малгай тавибал манайхаас гадна толгой тайрсан ч танайх гэж өөрийгөө боддог юм. Миний бие “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллаж байлаа.

Ерэн онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад нь оных нь шагналыг Пүрэвбаатар доктор, Их сургуулийн багш Хатантөмөр нартай хамт хүртэж мандаж байлаа. 2000 онд “Хилийн уул Шилийн Богд минь түймэрт идүүлчихлээ” зэрэг олон нийтлэл хэвлүүлж “Өдрийн сонин”-ы шагналыг хоёр дахиа хүртэж байв.

Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн байдаг. Дарьгангын найрагч би танай сонины шагналыг арван жилийн зайтай хоёр хүртсэн түүхтэй. Тэгэхээр би өөрийгөө “Өдрийн сонин”-ы бүтээгдэхүүн гэж боддог, ингэж халуун сэтгэлээр хандаж явдгийн хувьд яриа хөөрөө дэлгэе гэхээр чинь хөөрч даргиад л ирлээ.

Пунсалмаагийн Очирбат гуай төрийн тэргүүнээр сонгогдчихоод хөдөө орон нутагт хийсэн анхны томилолтоо манай нутгаас эхэлсэн. Тэгэхэд миний бие залуухан дарга Наран сумаас хөтөлгөө морьтой давхиад Дарьгангад очиж уулзаж байлаа. Очирбат гуай наран зүгээс анхны томилолтоо эхэлсэн нь надад утга төгөлдөр санагдаж билээ. Аугаа их Дарьгангаас тодорсон авьяас билэгтнүүдийн хажуу хавирганд, салхин дор нь явжээ. Утгын их мэргэдийн гал голомтыг сахиж, үгээ хэлж үзгээ хурцалж суугаадаа баярладаг. Дарьгангын дэг сургууль гэж Доржийн Гомбожаваас улбаалсан их айлын гал голомтыг найрагч Амартайван бид хоёр сахиад үлдлээ дээ. Шинэ сайхан авьяастнууд олныг төрүүлж, дараа дараагийн үедээ өвлүүлж өгөх том үүрэг хүлээсэн байна.

-Дарьгангаас олон авьяас билэгтнүүд тодорсон. Тэр бүгдтэй та ах дүү, анд нөхөд, багш шавь явсан нь мэдээж?

-Дарьгангын найман жилийн дунд сургууль гэж байлаа. Жижигхэн шоо дөрвөлжин ёотон цагаан байшин одоо ч бий. Тэр навтгар цагаан байшингаас л суу билгийн аваргууд төрсөн юм. Би гэдэг хүн тэднийгээ бодоод, Алтан-Овооныхооо бэлд шүлэг найргаа дуудан, Дарьгангын шар торго шиг талаар хамтдаа галигуулж явснаа бодоод онгирдог, омогшдог.

“Догшин Балбарын баруун суганд

Дорнын Нямсүрэнгийн зүүн суганд

Дэлхийд данстай Мэнд-Ооёогийн

Дээлний нөмөрт багтаж

Их бичээч Ишийн Батсүхийн

Идүүрийг нь долоож

Барсын хэвнэгт баатар Доржийн Гомбожавын

Бар мөр дээр гишгэж ирсэн юм аа” гэж шүлэглэдэг. Тэгснээ

“Дүүлж цамнаж явсан залуу насандаа

Дүгэржавын Маамын архинд нь гүйж

Дүүгүүрийн чулуу шиг явлаа” гээд цааш нь урсгана. Залуу халуун үедээ онгирч сагаж явжээ. Уран бүтээлч хүн онгирох омогших, үүх түүхээ санаж явах учиртай. Сүүлийн үед бие чилээрхүүгээс болоод онгирч чадахаа больжээ. Ард олон минь намайг гадарлаж байгаа байх. Энэтхэгт очиж элгээ солиулаад ирсэн. Яагаав, Энэтхэг рүү морддогийн даваан дээр та хэддээ “Элгээ солиулахаас эх орноо солих гэж байгаа биш дээ” гэж хэлээд явсан. Дарьгангынхаа хэдийн тухай ярья. Жаран таван онд манайх шинэ гэр барьж найр наадам үүсгэсэн юм. Тэгэхэд би долоон настай байжээ. Доржийн Гомбожав багшийг ганцхан удаа буюу тэрхүү найрын хойморт халамцуухан суухад нь харсан. Олны дунд арай л өөр хүн байжээ гэж бодогддог. Тэр хүнийг олж харснаараа би бас өөр хүүхэд байж. Гомбожав бол “Барсын хэвнэгт баатар”-ыг орчуулсан тухайн цаг үедээ шуугиулж явсан эр. Тэртээ гучаад оны эхээр Алтан овооны ар шилэн дээр төрсөн хүн юм. Түүний тухай Монголын утга соёлын түүхэнд алтан үсгээр бичээд үлдээсэн байхад би юу хэлэх билээ. Уран бүтээлчийн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч түүний хажууд жижигдэнэ.

-Баруун-Уртын тэнгэр дор найраг шүлгэндээ асч бадарч явахад хотоос Ооёо чинь, Эрээнцаваас Нямсүрэн чинь ирнэ. Балбар гэж “улаан галзуу амьтан” очно. Тэрхүү дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ганц сайхан шүлэг биччихээд өнөө хэдийг чинь догдлон хүлээнэ. Гэхдээ энэ хэдтэйгээ би зиндаархаж явсангүй. Хөдөөдөө суугаа минь, Алтан-Овоонд Ай минь бий шүү гэх сэтгэл өвөрлөж өнөө хэд чинь очих нь мэдээж. Тэр жил Мэнд-Ооёогийн төрсөн нутаг Шар бүрдэнд яруу найргийн баяр хийхээр боллоо. Хотоос Мэнд-Ооёо, Дашбалбар, ардын жүжигчин Чимэдцэеэ нар очлоо. Эрээнцаваас Нямсүрэн ирлээ. Нөгөө хэдийг чинь “жаран ес”-ийнхээ бүхээгт суулгаж аваад Шар бүрдний уянгын тойром руу хөдөллөө. Тэгтэл манай хэд Баруун-Уртаас холгүйхэн очиж зогсоод жүнз харшуулж, шүлгээ дуудаад явдаггүй. Эхлээд яахав, би гэдэг хүн дунд нь орчихсон шүлэг найргаа дуудаад л сүйд байлаа. Гэвч жолоочийн хариуцлага гэдэг юм бодогдоно биз дээ.

Нөгөө хэддээ “Одоо та нар боль. Би таван тонн алт юм уу, нүүрс ачаад явж байсан бол санаа зовох юм алга. Энэ хавиар наргиж цэнгээд явж болно. Та тавыг аччихаад би яаж сэтгэл амар явах юм. Айж байна” гэж хэлээд Шар бүрд рүүгээ хөдөлж билээ. Надад бол Ооёо, Нямсүрэн, Балбар минь тийм л үнэ цэнэтэй, шүр сувд, шижир шиг хайрлагддаг байхгүй юу. Тэр сайхан амьтдын цүнхийг бариад, түнхийг налаад явжээ. Алганых нь хээг уншиж, авьяас билгийг нь биширч явж.

Энэ л надад онгод хийморийг хайрлаж дээ гэж бодогддог. “Авьяас эзнээ олдоггүй, эзэн нь авьяасаа голдоггүй” гэж би нэгэнтээ хэлсэн. Манай нутагт хараа муутай, шар сахалтай хань ижилгүй нэг хөгшин байлаа. Сайхан дуулна. Айлуудын үнсийг ачсан тэмээгээ хөтлөөд Дарьгангын шар талд “Жаахан шарга”-ыг дуулаад явж байдаг сан. Ёстой л нэг зүрх рүү ортол дуулна. Түүний дуулахыг сонсоод зарим нь шоолно, зарим нь уйлна. Одоо тийм хүн алга. Балбарыгаа, Нямсүрэнгээ дурсахад “Жаахан шарга”-ыг дуулдаг хөгшин гээд олон л хүмүүс санаа бодолд бууж байна.

-“Догшин Балбарын баруун суганд” гэдэг шиг түүнтэй ойр явсан хүмүүсийн нэг та…?

-Балбарыг зүрх зүсэгдэм иртэй шүлгүүдээ уншиж талын чоно мэт явахад нь дэргэд байжээ. Ерэн зургаан оны сонгуулиар Балбарын эрхэм дүү Л.Төрбаяр бид Сүхбаатарын арваад сумдаар хэрэн явж билээ. Ёстой л “ам ангаж, хэл хэвтэнэ” гэдэг шиг ядарч цуцталаа явсан. 1996 оны зургадугаар сарын 18-ны өдөр сонгууль дуусч Балбар бид Түмэнцогтын баруун урд талын Баян-Овоо гэж уулан дээр хамтдаа гарч талынхаа салхийг залгилж зогсчээ. Манай хүн нэг их том бөгжтэй гараараа намайг тэврээд зургаа татуулсан юм. “Эмнэг хар азарга” номынхоо эхний нүүрэн дээр би тэр зургийг хэвлэж байлаа. “Хар нохойгоо тавих уу, яах уу” гэж байгаа хүн шиг зогсч буй тэр зурганд хайртай. Би гэдэг хүн арзгар үстэй хар юм л байгаа. Сайн морь, сайн эр хоёр их том эрсдэл туулдаг юм байна гэдгийг би Балбараасаа ойлгосон.

-Дарьгангынхаа хэдтэй даргиж даргиж хот руу буцаагаад байж байтал зөрөөд л зохиолч нөхдөөс чинь ирнэ биз дээ?

-Түүнийг ярих юм биш. Баахан л туучиж туучиж, хэд хоног шүлэг зохиол, архи дарс, инээд наргиан болж нэг хэсгийг нь явуулаад дахиад л нэг хэсэг нь давхиад ирнэ. Бас л ерээд оны эхээр Ооёо, Нямсүрэн, Балбарыгаа гаргаж өгөөд байж байтал Бавуугийн Лхагвасүрэн найрагч зөрөөд очиж байгаа юм. Уран бүтээлийн тоглолт хийх гээд. Би мөн л морин жолооч нь бололгүй хаачихав. Өнөө муу ногоон “жаран ес”-тэйгээ хоёулаа Асгат сум руу гарлаа. Оройн зургаан цагт Лхагвасүрэн найрагчийн уран бүтээлийн үдэшлэг Асгатад болно гэж байгаа. Бид хоёр таван цаг гучин минутад Баруун-Уртаас хөдөлж байгаа. Тоглолт эхлэхэд ердөө 30 минут дутуу байдаг. Асгат сум 45 километрийн зайтай. Ингээд л санд мэндхэн хөдлөөд явж байтал Лхагвасүрэн найрагч яарч адгаад эхэлдэг юм. Намайг чинь дээд зэргийн хурдаар давхи гэж тэвдүүлээд. Гэзэг үсээ шидлээд сүйд боллоо. Би ч бас мөчөөгөө өгөлгүй “Та жаахан тайвшир, тайван бай. Би хамгийн хурдаараа л явж байна. Ингэж яарч яваад ямар нэгэн юм болбол яахын. Та бол агуу хүн дээ” гэсэн юм хэлээд хоёулаа бараг хэрэлдэх дээрээ тулдаг юм аа. Тэгэхэд Лхагвасүрэн багш их гоё үг хэлж билээ. “Төмөр-Очир оо, чи бид хоёрыг бурхан харж байгаа. Шүлэг найргийн буян гэж том юм байдаг. Би тайзаа, шүлгийг минь сонсох гэж яарч байгаа ард түмнээ хүндэтгэнэ” гэж билээ. Лхагвасүрэн багшийн тэр оройны үдэшлэг хачин сайхан болсон. Мань хүн “Боржгины бор тал”-аас аваад өнөө сайхан шүлгүүдээ дуудаад. “Алтан-Овооны бэлээр Ай.Төмөр-Очирыг хөлөглөж явах ч сайхан даа” гэж зам зуур намайгаа бас явуулаад.

-Хоёр мянгаад оны эхээр байна уу даа, Бавуудорж, Эрдэнэ-Очир, Чилаажав нарын найрагчид мөн л Амартайван ах та хоёрыг зорьж очиж танай нутгаар хэд хоног туучсаныг санаж байна?

-Бавуу, Эрдэнэ-Очир, Чилаа энэ хэд бас л очлоо. Өмнө нь Балбар, Бавуугийн Лхагвасүрэн гээд л сэгсийсэн үстэй “галзуу” амьтдыг очиход би гэдэг хүн бас л гэзэг үсээ намируулаад явж байсан. Тэгтэл Бавуу, Эрдэнэ-Очир гээд бас сэгсгэрүүд очиж байгаа юм. Чилаа Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байсан үе шүү дээ. Баруун-Уртад яруу найргийн үдэшлэг зохиож, хэзээнээсээ л шүлэг найрагт умбаж байдаг манайхан шавайгаа ханатал шүлэг сонсч, тэр үеэр надад нутгийн минь тэнгэр дор Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг хүртээж байлаа. Ингээд Шилийн Богд, Алтан-Овоо, Дарьганга, Зотол хаан уул, Ганга нуур, Дуут нуур, Хатгины шар талаар дуу шуутайхан явж тал нутгийнхны сэтгэлийн чавхадсыг хөдөлгөсөн дөө. Ооёогийнхоо уянгын тойром Шар бүрдэнд дэлхийн яруу найргийн баярыг тэмдэглэж байснаа мартдаггүй. Тэр тухай Бавуу “Дарьгангын тэмдэглэл” хэмээх гайхам бүтээл хэвлүүлж байсан. Ийн аяны дөрөө нийлэхэд уран бүтээлч нөхөд минь надад “Алтан овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэх алдрыг хүртээж билээ. Тэр багаас Бавуу төрийн соёрхол, Чилаа Соёлын гавьяат боллоо. Эрдэнэ-Очирын энгэрт удахгүй нэг “юм” ирэх биз. Хунгийн чуулган үзэх гэж бас л уран бүтээлч нөхөд намрын сард намайг амраана гэж байхгүй. Алтан-Овоо руу аваад л давхина. Ганга нуурандаа хөгжмийн зохиолчид дагуулж очоод симфони бичүүлэхсэн. Буцах шувууны ганганаа гэдэг элэг зүрх хөндүүрлүүлсэн их том уй.

-Хөдөө суугаа зохиолчид хоорондоо бас амь байдаг шиг. Ухаандаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч та хоёр их дотно санагдана?

-Би гэдэг хүн Тоорой бандийн садан болоод ч тэрүү хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явжээ. Эрдэнэбаатарыгаа дурсах дуртай. Урианхайн хөх уулс урагдах учиргүй гэж санадаг. Тэр хүн баруун Алтайн уулсаа манаж суугаа хувилгаан найрагч. Бид хоёр идэр есийн жавар тачигнасан цагаар их хотын үймээнт гудманд “Болор цом”-оор л таардаг. Зүүн баруун хоёр Монголын зүр гур байхгүй. Баруун зүүн хоёр Монголын бар арслан байх учиртай шүү гэж нэг нэгэндээ хэлнэ. Би наран дор, Хөөдөө минь саран дор сууж байна. Хан уулын ар, хатан Туулын хөвөөнд хамаг ухаантнууд цуглачихаагүй юм. Хөдөөд ч эрдэмтэн мэргэд байгаад л байгаа. Төмөр-Очирын ард төр олж хараагүй түмэн амьтад байна шүү дээ, цаана чинь. Зах газар суугаад найрагчид тэмцэгч байдаг юм уу даа. Түүнийг нь мэдээд тэр үү бурхан Хөшөөтийн уурхайг Хөөдөөд, Төмөртийн уурхайг Төмөр-Очирт хариуцуулаад хэрэлдүүлж байна. Яруу найрагчид эх орончид, тусгаар тогтнолчид байх ёстой гэж би боддог.

-Алтан-Овоо, Дарьгангаараа галигуулсаар байгаад хоёулаа ном бүтээлийн тань тухай бага ярилаа?

– Их утга зохиолын нөмөрт, билгүүн найрагчдын салхинд яваагийн хувьд айргийн таван морь шиг найргийн таван номтой. Анхны ном “Адууны нутаг Дарьганга”-ыг “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимэддорж минь оршоож үг бичиж байлаа. Дараагийн бүтээл “Эмнэг хар азарга”-ыг Дөнгөтийн Цоодол, “Азын дөрвөн морь”-ийг Тангадын Галсан, “Эмээлтэй мөндөр”-ийг Бавуугийн Лхагвасүрэн өмнөтгөл бичсэн. Энэ аваргуудыг би бүгдийг нь багшаа гэж боддог юм аа.

Надад Дарьгангын минь салхийг залгилж Алтан-Овооноос аршаалсан нь байтугай нутагт минь дөрөө мултлаагүй нь хүртэл баярладаг. Долгорын Нямаа гуай “Чи л тэнд байж очсон амьтдын нүд харааг тэлдэг байна. Бүгд л чам дээр очиж бужигналдгийг би мэднэ. Олон жил очоогүй хэрнээ надад нэг л сайхан санагдаж үсний минь буурал цөөрч, үгний минь аялгуу ярууслаа” гэж билээ. Ингэж л их утга зохиолын буурлууд, үе үеийнхэн намайг хайрладаг юм шүү. Хөдөөнөө сууж бүтээлээ туурвиж яваагийн минь буян биз ээ.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Энэ хууль гараад хатуугаар хэрэгжвэл телевизүүдийг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй

Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наран­жаргалтай ярилцлаа.

Телевизүүдийг үндэсний агуулгатай уран бүтээл нэвтрүүлдэг болгохоор Соёлын тухай хуульд “Монгол контент” хөтөлбөрийг нэмэлтээр оруулах төсөл УИХ дээр явж байгаа. Үүнд та ямар бодолтой байна?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд батлагдаж, үндэсний соёл, нийтийн эрх ашгийг хамгаалах тухай зүйл заалт нэлээд орсон л доо. Тиймээс Соёлын тухай хууль бодлогын бичиг баримтыг дагаж гарч байгаа хуулиудын нэг юм болов уу гэж харагдаж байгаа. Ер нь телевизтэй холбоотой хоёр хуулийн төсөл явагдаж байна. “Монгол контент”-оос гадна Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг Мэдээлэл технологи шуудангийн газар боловсруулж байгаа. Телевизийн агуулгад хязгаарлалт тогтоодог нийтийн жишиг байгаа юм. Энэ утгаар зохистой хязгаарлалт гэж үздэг л дээ. Харин “Монгол контент” хөтөлбөр батлагдвал арилжааны телевизүүдэд нэлээд хүнд тусахаар байгаа юм.

Яаж?

-Энэ хөтөлбөрийн дагуу үндэсний агуулгатай кино, уран сайхны бүтээл үйлдвэрлэх тухай яригдаж байгаа нь сайшаалтай. Үүнд улсаас таван тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байгаа юм. Харамсалтай нь энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Уран сайхны кино, бүтээл хийх бааз суурь нь манайд алга. 1997 онд бид “Халтар царайт ” киноны нэг ангийг нь 100 ам.доллараар худалдаж авч байлаа. Өнөөдөр гадаадын хамгийн хямд кино 500 ам.долларын үнэтэй байна. Тэгвэл бид үндэсний сериал кино хийе гэж бодоход нэг анги нь 500 ам.доллараар бүтэхгүй л дээ. Тиймээс энэ хууль гарлаа гэхэд хэрэгжилт нь асуудалтай. Мөн ойлгомжгүй хэдхэдэн зүйл заалт байна лээ. Уран бүтээлчдийнх нь, зураг авалтын багийн нэг нь монгол хүн бол үндэсний контент гэж үзнэ гэсэн тодорхойлолт байгаа. Жишээлбэл, “Марка поло” бол гадаадын кино. Үүнийг бид дэлгэцээр гаргая гэвэл монгол жүжигчин Амарсайхан тоглож байгаа учраас энэ хуулиар үндэсний контент гэж үзэх талтай болчихоод байгаа юм.

Эфирийн 50 хувь нь үндэсний агуулгатай уран бүтээл байна гэж хуульчилбал төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцож байгаа хэлбэр болно. Давхар үзэгчдийн эрхэнд халдсан явдал болно байх аа?

-Телевизүүд өөрсдөө олон нийтийн өмч болсон долгионыг ашигладаг. Тэд тусгай зөвшөөрөл аваад бидний өмчийг ашиглаж байгаа учраас үзэгчдийн эрэлт хэрэгцээ, таашаалд нийцсэн үйл ажиллагаа явуулж таарах болоод байна. Энэ хуулийг боловсруулахдаа яг телевизийн үзэгчид юухүсээд байгаа вэ гэдэгт нарийвчилсан судалгаа хийсэн эсэх ньасуудалтай байгаа юм. Хэт хатуу хязгаарлалт болбол жижиг зах зээлдөрсөлдөж буй энэ олон тооны телевизүүдийг шударгаар бизнес хийхэд нь ямар нэгэн дарамт болж мэдэхээр харагдаад байгаа юм. Тэгэхээр арилжааны телевиз гэдэг бол уран бүтээл хийж, хүмүүст таниулж, зар сурталчилгаанаасаа ашиг олдог бизнес шүү дээ. Энэ бол хүний хувийн бизнес. Энэ хууль гараад хатуугаар хэрэгжээд ирвэл олон бизнесийн байгууллагыг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй юм.

Дэлхий нийтдаяаршиж байхад дандаа л монгол кино, уран бүтээл үзээд байвал үзэгчид таашаахгүй байх л даа?

-Гадаадаас юм худалдаж авах нь Монголд хийснээс хямдхан байгаад байгаа юм. Зарим үнэтэйг нь дийлэхгүй болохоор хулгайлж, зохиогчийн эрхэнд халдсан явдал болж байна. Тэр таван тэрбум төгрөг болох нийтийн хөрөнгийг яаж телевизүүдэд хуваарилах нь одоогоор ойлгомжгүй байгаа юм. Тэр мөнгийг гайгүй уран бүтээл хийдэг туршлагатай телевизүүд нь авах юм бол нөгөө жижиг телевизүүд тэдний хийсэн уран бүтээлийг дамжуулах болно. 20 ангит кино хийлээ гэхэд бүх сувгаар гарах болж таарах нь. Хэрэв тэгвэл утгагүй. Энэ өөрөө зохицуулалтын хувьдтодорхой бус. Эргээд бизнес эрхэлж байгаа хүмүүст ямар нэгэн дарамт болоод эцсийнхээ дүнд үзэгчид хохирох вий.Тэгэхээр үзэгчид юу сонирхоод байгаа юм бэ гэдгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Зарим хүмүүс телевизүүдийн оргил цагийг зохицуулна гээд байдаг. Тэр оргил цагийг өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Хэрэв оргил цагаар монгол уран сайхны кино гаргаад тэрийг нь хүмүүс шүтээд реклам тэр хэмжээгээр нэмэгдвэл бизнесийнхээ хувьд хамгийн сайхан зарчим болно л доо.

Гадны телевизүүд мэдээж эфирийнхээ цагийг хугаслаж Монгол агуулгатай бүтээлүүд нэвтрүүлэхгүй байх?

-Телевизүүд өөрөө дотроо төрөлждөг. BBC гэхэд мэдээний суваг. Тэгэхээр заавал уран сайхны нэвтрүүлэг хий гэвэл утгагүй болно шүү дээ.

-“Монгол контент” хөтөлбөр зэрэг янз бүрийн хуулийн зохицуулалтаар төрөөс хэвлэлд хяналт тавиад байх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг?

-Төрөөставьж байгаа хяналт, магадгүй эрх баригчдыг дандаа шүүмжилдэг, тэдний дургүй телевизийн сувгийг үүгээр далимдуулж хааж боох асуудал үүсч болно. Өнөөдөр Монголын харилцаа холбооны зохицуулах хороо бол агуулга зохицуулдаг цорын ганц байгууллага. Агуулгад нь дандаа төрийн байгууллага хяналт тавьдаг. Төрийн байгууллага хяналт тавих нь зонхилж байгаа үед эрх баригчдад таалагдахгүй телевизийг үүгээр далимдуулж, хааж боох хэрэгсэл болоод хувирчих юм бол өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудал болно. Аливаа ийм хязгаарлалтыг нухацтай бодож хийхгүй бол болохгүй. Бэлтгэл ажил хийх хэрэгтэй.

Эрх баригчид өөрсдийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа?

-Тэгж харж болно. Яагаад гэвэл аливаа ХМХ-тэй холбоотой, агуулгын хувьд хязгаарлалт тавьж байгаа нөхцөлд хүмүүсийн дунд хардагдаж болно. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тэнцвэртэй сурталчилгаа гэдэг заалтад төрийн байгууллага буюу ШӨХТГ хяналт тавиад байгаа. Тус байгууллагын мэдэгдлийг үндэслээд телевиз сайтуудын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зогсоох хууль гараад ирж байгаа юм. Тэгэхээр Соёлын тухай хууль яг үүнтэй адилхан зохицуулалттай гараад ирэхийг үгүйсгэхгүй.

АН эрх баригчид болсоноос хойш хувийн хэвшил рүү, тэр дундаа хэвлэл рүү дайрч байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг оролдсон шийдвэрүүд гаргах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-ХМХ рүү дайрч байна гэж харахад энэ нь зорилготой, зорилгогүй гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн хоёр, гурван жилд илүү түгшүүртэй болж байна. Энэ телевизийн асуудал бол Соёлын хуулийн ч асуудал биш. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм журмууд байж байна. Тэр дүрэм журмаар ерөнхийдөө НҮБ-аас гаргасан Олон улсын хэм хэмжээ, стандартыг зөрчсөн зүйлүүд гараад байна. Дээрээс нь 2005-2012 оны хооронд шүүхээр шийдвэрлэгдсэн нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг 37 байсан.Жилд 3-4 хэрэг гарсан байгаа юм. Гэтэл 2014 он дуусаагүй байхад ийм хэрэг бидний бүртгэлээр 13 гарсан.Ганцхан жилд энэ нь хэд дахин өссөн байна вэ. Мөн “Amjilt.com” сайт, “Гэрэгэ” сэтгүүлтэй холбоотой гарсан асуудал байна. Түүнчлэн сошиалд нэрээ нууцлаад хандсан хүмүүсийн комментыг илчлэх гэх мэт асуудал байна л даа. Одоо асуудал улам хэцүү болох байх. Их эвсэл гэж байгуулагдлаа. Бүгд зөвшилцөж байж ХМХ-ийн зарчмууддаа тогтож авах байх. Эсвэл нийлж эсэргүүцээд улам хатуу болгох ийм л хоёр хувилбар байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Уянга: Шударга ёс “МАНАН”-д төөрчихлөө

УИХын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

АН, МАН, МАХНМҮАН хамтран Засгийн газар байгуулж байна. Ингэж бүгдээрээ хамтрах нь улс орныг өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлаас гаргана гэж яриад байгаа. Та яаж харж байна вэ?

-Би итгэхгүй байна. Энэ засаг бол өмнөх МАНАН-гийн нэг хувилбар. Эдийн засгийг өөд татах тухайд энэ Засгийн газар хэдхэн тодорхой алхам хийх гэж байна. “Оюу толгой”, “Таван толгойг” зарах нь. Засгийн газрын өрийн босгыг нэмээгүй ч хувийн компаниудадЗасгийн газраас баталгаа гаргаж өгөх болж байна. Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэхгүй ч улсын өр нэмэгдэнэ. Одоо ч манай улсын өрийн гуравны хоёр нь хувийнхны өр, үлдсэн нь Засгийн газрын өр. Хэдхэн том компанид Засгийн газар өрийн баталгаа гаргаж өгөөд тэднээр дамжуулж зээл авна. Тэр нь мэдээж уул уурхайтай холбоотой компаниуд, банкныхан л байна шүү дээ. Тэдний асуудлыг л шийдэх гэж байна. Байгаа нөхцөл байдал нь бахь байдгаараа, олсон мөнгөө тэрүүхэндээ эргэлдүүлээд, төсвөө хэдхэн том компанийн өрийн барьцаанд тавьчихаар босч чадахгүй.

Манай эдийн засгийн цусны эргэлт банкуудад очоод бөглөрчихдөг юм. Систем энэ бөглөөсийг гаргаж чадахгүй байгаа учраас тэрүүхэн тэндээ цус нь нөжрөөд, хөл гар нь хөрөөд хөшчихсөн өвчтэй хүн шиг эдийн засагтай байгаа юм.

Засгийн газар өрийн баталгаа гаргаснаа өр биш зүтгэнэ гэдэг жаахан хүүхэд нүдээ аньчихаад бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил инээдэмтэй л хэрэг болж байгаа юм даа. Одоо МАНАН-гийн олигархиудаа тэтгэсэн, тэдэнд үйлчилдэг эдийн засгийг л эндээс харж болно. Өөр юу ч хүлээх хэрэггүй, эдийн засаг улам бүр олигархжина.

Засгийн газрын бүтэц ойлгомжтой боллоо.Бүрэлдэхүүнд нь орж ажиллах сайд нар тодорхой болчихлоо. Хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?

-Ерөнхийдөө хийх ажлыг нь сая хэллээ, түүндээ хэрэгтэй гэж үзсэн хүмүүсээ л сонгож авлаа. Гэхдээ энд тэнд нь гоёл чимэг наахаа наадуул чинь андахгүй л дээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХын үйл ажиллагаа бараг шөнийн 1.00 цаг хүртэл үргэлжиллээ. Та нэлээд бухимдалтай байсан. Гэхдээ бүлгийнхээ асуудлыг тэнд тавих шаардлага байсан уу гэж шүүмжлэх хүмүүс байлаа

-Энэ бол Монгол Улсын их хурал. Энэ дотор болж байгаа бүхнийг мэдэх эрх олон нийтэд бий. Ингэснээрээ Монголын төр хэрхэн ялзарч дуусч байгааг, зайлшгүй өөрчлөх шаардлагатайг мэдэж, үүний төлөө юу хэрэгтэй талаар хэлэлцүүлэг нийгэмд өрнөөсэй гэж хүсч байсан. Эцсийн дүндээ нийгэм ч Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй гэдгийг олж мэдвэл энэ зовлонт үеийг хурдан гэтлэхэд нэмэртэй болов уу гэж бодох юм. Бүлгүүдэд байгаа талцал хуваагдал, зовлон ч бас л Монголын зовлон. Энэ бүхнийг анатомоор нь мэдэж байж зөв шийдэл олно шүү дээ.

Шөнө дөлөөр хуралддаг дүрэм журмын талаар та асуусан. Гэхдээ Шударга ёс эвслийн бүлгээс болж чуулган орой хуралдахдаа хүрсэн гэлцэж байгаа

-Хэнээс нь ч болсон юм, бүү мэд. Бүлэг юу байхав, МАХН өөртөө оногдсон сайд нараа томилох гээд л удсан бололтой юм.

Парламентад суудалтай намууд эвсээд, хамтдаа улс орноо аваад явъя гэж байхад ганцаараа утоп зүйл ярих нь онцгүй байна гэж таныг дүгнэх хүмүүс ч байна

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж улс төрөө цэгцлээд улс орноо зөвөөр цааш авч явах тухай миний яриа тийм үл гүйцэлдэх мөрөөдөл үү, одоогийнхоо энэ байдлаар явсаар цэнгэлийн манлайд хүрнэ гэж итгэх нь үл гүйцэлдэх мөрөөдөл үү? Та юу гэж бодож байна. Би ямар ч утоп юм яриагүй. Бодит байдлыг хэлсэн, бодит гарцыг санал болгож байгаа. Одоо тэгээд хамтраад улс орныг хааш нь чирэхийг харцгаая л даа. Би бол буруу гэдгийг нь хэлж өөрөөс шалтгаалах бүхнээ л хийлээ.

Үнэндээ таны чуулган дээр үг хэлсэн үйлдлийг популизм хийж байна гэдэг утгаар харах хүмүүс байсан. Та юу хэлэх вэ?

-Популизм гэдэг үг л чөтгөр дарах тарни нь болж дээ. Зарим нь энэ үгээ ч сайн мэдэхгүй, аягүй бол популизм гэдэг нь нэг иймэрхүү жижигхэн шар чөтгөрийг хэлдэг гэж боддог болсон бололтой. Би популизм биш бодит байдлыг ярьдаг. Харин манайхан өөрсдөө амьдралаас тасарчихаад миний ярьж байгааг популизм гэж бодоод байна. Энэ виртуаль сэтгэлгээ дээрээсээ доороо хүртэл, ялангуяа цахим орчинд түгээмэл байна. Монголд хоёр өөр ертөнц зэрэгцэн оршиж байгаа ч нэгнээ мэдэхгүй байна. Нэг дэх нь миний хэлдэг баруун зүүн дөрвөн зам, ордон-зайсан гэсэн тойрог, энэ тойрогт виртуал сэтгэлгээ ноёлсон, нөгөөх нь бодат ертөнц түүнийг бүслээд оршиж байгаа шүү.

Эмнэлгээр яваад шалан дээр хүүхдээ тэврээд хэвтэж байгаа ээжүүдийг харсан хүн энэрэнгүй нийгэм амжилттай байгуулж байна гэж итгэх үү? Цэцэрлэгээр орвол, захын хорооллоор явж үзвэл, сургуулиар орж үзсэн хүнд энэнийгэм хүмүүнлэг санагдах уу? Энэ чуулганы хуралдааныг цаг алгасалгүй үзсэн хүмүүс ардчилсан нийгэмд байгаа гэж ойлгох болж байна уу? Ийм орчинд миний хэлж байгаа бүхэн популизм биш бодат байдал юм байна гэдгийг тэд биш ч олон нийт ойлгож байгаа. 25 жилийн эрх чөлөө, хүмүүнлэг нийгэм, энэрэнгүй нийгэм, ардчиллын тухай популизм нь “хий үзэгдэл” болох нь батлагдаж, ирээдүй нь харагдахгүй, өтгөн мананд төөрөлдсөн өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг ойлго. МАНАН-гийнхан манан дотроо гэрэл гэгээтэй амьдарч байна гэж бодож байна. Харин би МАНАН-тай байна л гэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон бодат байдлыг ярьж, гарах гарцыг санал болгоод, хамтарч хийе гэж байгаа хүнийг ойлгохгүй, буруу цоллоод байна.

Оноо авах гэж энэ бүхнийг яриагүй, бусдыг өөрсөд шигээ бодох хэрэггүй л дээ. Би хуурч санал авдаг тэдэнтэй адил хүн биш. Шийдэл гарцаа олоод, гацаа Үндсэн хуульд байна шүү гэдгийг байнга хэлж байгаа. Энэ бол популизм бүүр ч биш. Харин ч сүүлийн үед улам олон хүн энэ гацааг олж харж байх шиг байна, С.Баяр ч гэсэн ярилцлагадаа хэлж л байна билээ. Энэ маш сайн хэрэг.

Та ЗГХЭГын даргад нэр дэвшсэн УИХын гишүүн С.Баярцогтыг эсэргүүцэж байх шиг байна. Гэхдээ Н.Алтанхуяг огцорч, оронд нь Ч.Сайханбилэг боллоо л бол С.Баярцогт нарын хүмүүс засагт орж ирэх нь тодорхой байсан байх. Тэгэхээр С.Баярцогтыг эсэргүүцэх байсан бол яах гэж Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан юм бэ гэдэг асуулт танд ирэх байх

-Эхлээд наадахиа Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй. Миний хувьд Н.Алтанхуягийг огцруулахаар Ч.Сайханбилэг болно гэж лав төлөвлөөгүй. Харин Р.Амаржаргал болох гэж байсан санагдаж байна. Гэтэл парламентын бүлгийн гаргасан шийдвэрийг нам нь татаж аваад, ҮЗХ нь өөрчилсөн. Энэ үед төрийн эрх мэдэл хаана байсан бэ. ТэгээдАН-ын парламентын гишүүд нь ясаа булаалгасан нохой шиг гаслан, сүүлээ хавчиж ирээд намын шийдвэрийг парламентад тулгасан.

Үр дүн нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэдэг “МХЗЭ-ийн сиамын ихэр”. Энэ миний зуурсан бантан биш шүү. Нөгөө ариун нандин ардчилсан Үндсэн хууль нь хаана байна. Нэг нам л уландаа гишгэж байна. Дараа нь МАН-ын бүлэг яг ийм байдлаар өөрсдөө МАНАН-тсан муу нэр дуулахаас айж бас л Бага хурлаараа эвсэх шийдвэр гаргуулсан.

Миний бүхий л үйлдэл одоо байгаа Үндсэн хуулийг мөрдөхгүй байгааг илчлэх, хэн ч тоохгүй тэр тусмаа өмчилдөг АН нь нулимдаг энэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийгмийг өөрчлөх ёстойг харуулахад чиглэсэн. Шинэчлэлийн Засгийн газар л гэсэн, юу шинэчлэв?, одоо шийдлийн Засгийн газар л гэнэ, юу шийдэх юм. Засгийн газрын нэр хоч нь хүртэл харин ч популист санагдахгүй байна гэж үү.

Ер нь Ардын намаас сайдад нэр дэвшигчдийг та яаж харж байна. Үнэндээ өнгөрсөн 2012 оны сонгуулийн дуулианаар Өвөрхангайн хоёр гэдэг нэр автлаа алдаршсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ороод ирлээ. Ардын нам тэдний гомдлыг ингэж л тайлж байхшиг байна

-МАНАН-гийн л идэвхтнүүд гэж харж байна.

Гомдлыг нь АН тайлж байгаа юм биш үү. Гишүүнийг чинь авчихсан учраас сайд бол гэж. Наад хоёр намыг чинь салгаж ойлгох ямар ч аргагүй болсон.

Нөгөө талаар У.Хүрэлсүхийг сайд болгох гэж Ардын нам Засгийн газрыг огцруулсан ч юм шиг болчихлоо. Нөгөө УИХын гишүүнээсээ татгалзаад явсан хүнийг эргээд сайд болгох нь хэр нийцтэй юм бол. Та юу хэлэх вэ?

-Одоо үйлчилж байгаа системээр нам, фракцаас хэн ч ямар ч арга замаар орж ирж сайд болох бололцоотой, тэр ёсоор л явж байна. Тийм л учраас Үндсэн хуулиа өөрчилье, төрөө зөв болгоё гээд байгаа юм. Нам, фракцын систем бол магадгүй хамгийн адгийн амьтныг ч төрийн толгойд гаргаж ирнэ. Яг жинхэнээсээ Монголд нам байхгүй. Жишээ нь АН бол фракцуудын нэгдэл. Аль нэг фракцад орохгүйгээр жинхэнэ намын, үзэл санааны, үндэсний эрх ашгийг ярьж тэнд оршин тогтнох аргагүй. Фракцдаа үнэнч байж, тэндээ нөхөрсөг байж чадвал л дараагийн сонгуульд тойргоо авч чадна, сайд болж болно, албан тушаалд очиж чадна. Хамгийн энгийн дүрэм. Хэн түүнийг гаргаж ирсэн, түүнд үнэнч байх адгуусны энгийн зарчим. Өнөөдөр З.Энхболдод, Ц.Элбэгдоржид гэх мэтээр хувь заяагаа, бооцоогоо энэ хүмүүст тавьсан хүмүүс л байгаа. Нөгөө талаасаа тойрсон хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй бол дээрх нь бас яг Н.Алтанхуяг шиг тасчуулна л гэсэн үг. Ийм л намууд төр барьж байна даа. Тийм л учраас дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьцгаая. У.Хүрэлсүхийн тухайд фракцгүй гэж бахархдаг МАН-ын “Зүүний хүчний холбоо” гэдэг фракц хүчтэйг харуулж байна. Гэхдээ ялаагүй, МАН, АН-ын фракц гэж байхгүй, харин МАНАН-гийн фракц гэвэл оновчтой.

Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандах хүмүүс нэр дэвшигчид дунд байгаа. Гэлээ ч тэднийг нэгэнт дэмжээд томилоод явах нь тодорхой болж байх шиг байна. Энэ тохиолдолд таны хувьд цаашид ямар байр суурь баримталж явах бол?

-“Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна.

МагадгүйШударга ёсэвслээсээ гарах хэмжээнд хүрч магадгүй ч болчихсон юм шиг хандлага танаас сүүлийн үед харагдах боллоо?

-Гарах бол хамгийн амар­хан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад Шударга ёс байхгүй болчихоод байнаа, наана чинь.

Шударга ёс эвслийн бүлэг дотооддоо үл ойлголцол ихтэй байгаа гэсэн. Чухам ямар асуудал байгаа юм бэ?

-Дотооддоо их сайхан ойлголцолтой эвийн цавуу шиг нам эвсэл энэ парламентад бас байна уу.

Танай эвслээс сайдад нэр дэвшсэн гурван хүний талаар ямар байр суурьтай байна. Үнэхээр хариуцсан салбартаа сэтгэлд хүртэл ажиллаж чадахболов уу?

-Удахгүй харуулах биз дээ, надад одоо хэлэх зүйл алга.

-“Шударга ёсэвсэл М.Энхсайханаас гадна хоёр сайдаа нэр дэвшүүлэх гэж бөөн юм болсон тухай сураг сонсогдох юм. Бүгд л албан тушаалын төлөө зүтгээд, зарим нь уйлж дуулсан тухай ч жиг жуг бий. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-М.Энхсайхан даргыг МҮАН-ын дийлэнх олонх дэмжиж нэр дэвшүүлсэн, МАХН-ын тухайд нэр дэвшигчдээ яаж гаргаж ирснийг мэдэхгүй юм.

М.Энхсайхан даргын хувьд томоохон төслүүдийг хариуцан ажиллахаар болж байна. Таны шүүмжлэлтэй хандаад байдагОюу толгой“, “Таван толгойтөслийг сайжруулах болов уу?

-Одоогоор М.Энхсайхан дар­га хуулиар юу хийх нь тодор­хойгүй, ямар ч эрх мэдэлгүй байна. Төсөвгүй, аппаратгүй, оффисгүй, тамгагүй. Мантуун бууз гэж бодсон чинь мантуу авчих шиг л боллоо. Ер нь бол энэ үйл явц нэг хүнээс шалтгаалахаасаа өнгөрсөн. Тэгээд ч М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болоогүй уч­раас юу ч өөрчлөхгүй л бо­лов уу. Оюутолгойг чадвал сайжруулаасай, чадахгүй бол хийх нүгэлд нь битгий орол­цоосой л гэж бодож байна. Муу үйлийн баг болох хэрэггүй бизээ.

Танай бүлгийн дарга яамгүй сайд бий болгох гэлээ гээд шүүмжлээд байсан. Гэтэл бүр МҮАНын даргыг яамгүй сайд болгочихлоо?

-Энэ Засгийн газар ч зүйрлэвэл нэг хуйцайрхуу л юм юмны холимог маягтай болчих шиг боллоо. Ингэвэл дагуулж өгдөг талх, мантуу нь манай дарга бололтой юм уу даа.

Эцэст нь асуухад ямар ч байлаа гэсэн шинээр бүрдэх шийдлийн гэж нэрлээд бай­гаа эвслийн Засгийн газар бүрдчихлээ. Үлдсэн хоёр жилийн хугацаанд яаж ажил­лаасай гэж хүсч байна вэ?

-“Оюу толгой”, “Таван толгой”-г битгий тавиад туучихаасай гэж чин сэтгэлээсээ залбирч сууна, харин тэнгэр миний энэ залбирлыг энэ манан, хэрүүл дундаас харж, сонсохгүй байх шиг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ орж улс төрийн гацаанаас гарах ажлаа шуурхай эхлээсэй гэж бодож байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн шаргал тал нутагт үнэндээ цагаан зээрийн цусан мөр татуулсан их хядлага болж байна лээ. Хэн ч цагаан зээрийг өмөөрч хамгаалдаггүй болохоор дуртай нь АК-гаар шүршчихэж байна. Зээр хядаж байгаа хүмүүст амьтныг хайрлах энэрэх гэсэн ойлголт огт алга. Уусан архиндаа халамцаж, улаан зээрд болсоняахаас ч буцахааргүй дүр төрхтэй хэдэн нөхдүүд хуульгүй юм шиг л аашилж байна, зүүн аймгуудад. Хууль хяналтынхан дур зоргоороо аашилж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг өрөөндөө шигдэн, бичиг цаастай зууралдан сууж байна. Хараа гүйцэмгүй тал нутагт мотоцикльтой, машинтай, хүнд даацын машинтай хүмүүс энд тэндгүй л зээр хядаж байлаа. Биднээс холгүйхэнӨглөө эрт чоно авлахаар хотоос ирсэн, гадна төрх байдлыг харахад томоохон албан тушаал хашдаг болов уу гэмээр арав гаруй залуус цагаан зээрийг буудаж байхтай нь таарсан юм. Сүрэг цагаан зээрийг хуйлруулан элдэж, араас нь автомат буугаар шүршиж байна. Биднийг ирэх бараанаар зээрийн аллагаа ашгүй зогсоолоо. Тэднээс “Цагаан чоно таарсан уу” гэж асуулаа. Хэн нэг нь “Нэг ч харагдсангүй. Маргааш өглөө дахиад нэг үзнэ дээ. Ядаж нэгийг унагах байлгүй” гэж хариулав. “Зээрийн махны хэрэг гараа юу” гээд дахиад л яриа өдвөл тэд өөдөөс шоолсон байдалтайгаар инээлдэж “Цагаан зээрийн махаар ч яах вэ дээ.

Иддэг нь л иддэг юм байгаа биз. Бууныхаа цэцийг үзэж байна” гэлээ. Тэд чоно авлаж чадаагүй уураа ямар ч гэм зэмгүй цагаан зээрт гаргаж байгаа нь энэ аж. Махыг нь идэхгүй мөртлөө зугаагаа гаргаж хайр найргүй суман бороо оруулж байлаа. Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн аллагаа үргэлжлүүлэхээр хөдөллөө. Тун удалгүй амьсгаагаа дарж амжаагүй зээрийн сүргийг бужигнуулаад автомат буугаа тачигнуулж гарлаа. Аавтайгаа хамт яваа арав гаруй насныхүү машиныхаа лүүкийг онгойлгочихсон шүршээд байх. Бууны суманд оногдсон зээр тэрий хадан хамраараа газар шаан унаад тэр хавийн цас, өвсцусанд будагдах ажээ. Тэр хүүгийн нүдэнд бууны суманд оногдон унах цустайгаа холилдсон цагаан зээрийг харах үнэхээр бахдалтай байгаа бололтой. Хүүд амьтныг хайрлах энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь харамсалтай. Түүнд “Цагаан зээр ч амьтан хүн ч гэсэн амьтан. Бурхан, байгаль хоёр наад цагаан зээрийг чинь сая сая жилээр бий болгосоор өдий зэрэгт хүргэсэн юм шүү” гэж хэлмээр санагдаж байлаа. Зугаагаа гаргасан машинтай нөхөд төд удалгүй давхиад явчихлаа. Аавынхаа мөнгөнд эрхэлсэн хүү РС тоглоомынrestal ертөнц дэх дайсны талаа устгаж байгаа юм шиг амьд амьтны амиар хайр найргүй тоглов. Restal ертөнц дэх тоглоом шигээ санаж огт цус гаргахгүй, хэнд ч гэм хор болохгүйюм шиг л ойлгож байна уу гэлтэй хүйс тэмтэрчихээд, юу ч болоогүй юм шиг давхин одлоо. Тэдний зугаанд 20гаруй зээр буудуулжээ. Суманд оногдсон чүхлийн шарх авалгүй давхин одсон хэдэн зээр байгааг мэдэх аргагүй. Баруун хойд хөлөө хуга буудуулсан зээр хөлөө санжгануулан сүргийнхээ араас одох. Харин урд хоёр хөлөө тас буудуулсан зээр мухар болсон хөлөө урьдынх шигээ гишгүүлэх гэж үзээд газар шаан унахыг харах өр зүрх өмөрнө. Цээжиндээ буудуулсан цагаан зээрийн цус тунарч, бүртийх ч үүлгүй хөх тэнгэр өөд ширтсэн чигтээ сүүлчийн амьсгал татжээ. Гуя, хондлойдоо буудуулаад цус нь цавиа дагаад урсчихсан, шархаа дааж ядан зогсох, хэлээ унжуулаад хэвтчихсэн гээд их хядлагад өртсөн зээрийн сүрэг хөндий талд дахин өндийхөөргүйгээр хоцорлоо. Бууны сум тачигнаж, хүний хашгиран гуугчих дуу хадаж байсан тал нутаг юу болов гэмээр нам гүм боллоо.

АМЬДААР НЬ ГЭДСИЙГ НЬ ХҮҮ ТАТАЖ, ТОЛГОЙГ НЬ ТАСДАВ

Баруун хойноос зээр агнахыг дурандаж байсан хүмүүс машинаа асаагаад давхиад ирлээ. Тэрбээр буудуулсан зээрийг машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, биднийг зорин ирэв. Тэгээд “Аймгийн төв оруулж, зээрийн махны ченжид 20 мянган төгрөгөөр өгч, шатахууны мөнгөтэй болох тухайгаа инээд алдан ярив. Биднийг ийн ярилцаж байтал түүнтэй хамт явсан хоёр залуу урд хөлөө тас буудуулж шилбэнийхээ ясаар газар гишгэлэн догонцож явсан зээрийн араас нь гүйж очоод хүзүүг нь нужигнатал хуга дарлаа. Дутуу үхэн татганаж байхад нь дээш өргөлөө. Тэгсэн бидэнтэй хамт зогсож байсан нөхөр гутлынхаа түрийнээс хутга суга татан гүйж очоод өвчүүний бүдэрхийнээс цавийг нь хүртэл хүү татав. Гэдэс цус, эд эрхтэн нь гоожиход өргөж зогссон хоёр хэд хэд сэгсрээд цас руу чулуудчихав. Тэгснээ дөрвөн хөл, толгойг нь яах ийхийн зуургүйтасдаад машиныхаа тэвшин дээр шидчихлээ. Гэдсээ хүү татуулж толгойгоо тасдуулсан зээрийн дутуу үхсэн бие татганахыг нүд халтираад харж чадсангүй. Цагаан зээрийг дутуу буудаад ингэж л зэрлэгээр аминд нь хүрдэг юм байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт буугүй айл ховор юм. АК буугаар бүрэн зэвсэглэсэн хүмүүс олон байна. Орсон айл болгон л орон доороосоо АК, Винтов, Калибр буу гаргаад ирнэ. Зүүн аймгуудад цэргийн анги олонтой, Дорнод аймагт эх орны чөлөөлөх дайн болж их хэмжээний буу зэвсэг ирсэн. Дайны үеийн буу зэвсэг бүгд л энэ аймгийн иргэдийн гар дээр ирсэн байх юм. Буу хэрхэн олж авсан түүхийг асуухаар “Хэдэн жилийн өмнө нэг хониор авсан, төдөн шил архи өгөөд буутай болсон” гээд л ярьж байсан юм.

Ширээтийн өврийн хөндийд мөн л “фронттир” маркийн автомашинтай хүмүүс зээр агнаж байлаа. Тэвш дүүрэн гэдсээ амьд байхдаа гэдсээ хүү татуулан толгой, дөрвөн шийрээ тасдуулсан зээрээр дүүрчээ. Тэвшин дээр дутуу үхэн татганах зээр ч байна лээ. Өмнөговь аймгаас ирсэн гэнэ. Энэ бүрэнхий болохоос өмнө машиныхаа тэвшийг дүүргэж аваад нутгийн зүг хөдлөх гэнэ.Дараагийн зээрийн анчидтай тааралдлаа. Дандаа ооныг нь шилж бууджээ. Аймгийн төв зээрийн махны ченж хийдэг хүмүүс гэж өөрсдийгөө хэлж байна лээ. Тэднээс их хэмжээний мах бэлтгэж өгч чадах уу гэж асуутал “Нэг гулууз махыг 15 мянгаар бөөндөөд өгч болно. Хэд хэрэгтэй юм. Бензин тосыг нь хийвэл хотод оруулаад өгье. Ногоон гэрлээр л цагдаа нарын дундуур давхиад л хүрнэ шүү дээ” гэв.

ГУРВАН МЯНГАН ХОНЬТОЙ АЙЛ ЗЭЭРИЙН МАХ ИДЭЖ БАЙНА

Тал нутагт эрт харанхуй болох юм, нар баруунтаа хэвийжээ. Сумын төв явах гэхээр цаг оройтжээ. Нутгийн айлд хоног төөрүүлэхээр болов. Гаднаа их олон хонь бэлчсэнхоёр гэрээр айлсан буусан айлыг сонгож очлоо. Гэрийн эзэн гэж 50 гаруй насны эр байлаа. Харин эхнэр нь нэлээд нүүрэмгий болов уу гэмээр хижээл насны эмэгтэй цай хийж өгч, тавагтай идээ дөхүүлэхдээ элдвийг шалгаах юм. Хажуу талын жижиг гэрт малчных нь амьдардаг гэнэ. Ингээд бид ч хонохоор ирсэн гэдгээ гэрийн эздэд хэлээд тухаллаа. Гэрийн эзэгтэй дээлийн хормой дүүрэн мах оруулж ирээд тогоонд үйж байгаа харагдана. Хоёр мянга хол давсан малтай гэнэ. Сүүлийн хэдэн жил төл сайн авсан болохоор малын тоо толгой ч нэлээд нэмэгдсэн тухай ярьж байна. Хотоос яваа бидэнтэй “Манай энд хонь, ямааны махыг их хямд үнээр авах юм. Энэ хэдэн ченж дундаас нь мөнгө идээд хэрэг алга. Эндээс хямдхан авчихсан мөртлөө хотынхонд өндөр үнээр зарах юм. Манайх барга, үзэмчин хуц тавиад хонины яс томорсон. Зүүн аймгууд адуу цөөрч, хамаг хурдаа зарчихсан. Одоо бараг зүүн аймгийнхан эргүүлээд бусад аймгаас адуу худалдаж авдаг болсон” гээд ярьж гарлаа. Төд удалгүй биднийг түмпэн дүүрэн цагаан зээрийн махаар дайллаа. Гэрийн эзэн хутгаа гарган хэд огтлоод, бидэн рүү түмпэнтэйгээ дөхүүлээд “Сайхан тарган, зөөлхөн байна. Залуу улсууд цохиод байж дээ” гэв. Хотоороо дүүрэн хоньтой байж цагаан зээрийн мах идэх нь сонин. Бүр хотод байгаа хүүхдүүд нь хүртэл цагаан зээрийн махаар өвлийг давдаг гэж ярих юм. Манай нутагт зээр, гөрөөс, тэмээний мах идсэн айлыг муу хэлдэгсэн. Бүр ийм яриа ч байдаг. Манай нутгийн Дашпэлжээ гуайн хүү Дондог гэх тал дүүрэн малтай баян айлын ганц охинтой суух дээрээ тулсан гэдэг. Тэгээд Дашпэлжээ гуай бэр гуйхаар хэдэн хүнтэй худ болох айлдаа очиж. Нөгөөдүүл нь ч цай, идээ, ундаа болоод хачин сайхан хүлээж авсан байна. Тэгсэн Дашпэлжээ гуай хэсэг сууж байгаад “За хөдөлцгөөх үү” гээд гараад явчихсан байна. Хамт явсан хүмүүс нь гайхаж, “Бэрээ гуйхгүй яаж байгаа юм бэ” гэсэн юу ч хэлээгүй гэнэ. Бүр өөр хүний охин гуйгаад “Ааваасаа зөрөлгүй энэ хүнтэй суу. Эднийх нуруутай, хүний голтой айл байгаа юм” гээд, хүүгийнхээ хуримыг дэнж хотойтол хийсэн гэдэг. Дашпэлжээ гуай сүүлд “Хараа Дондогийнх биднийг очиход тэмээний мах идэж байсан. Хотоороо дүүрэн хоньтой юм байж өндрийн мах идээд сууж байхаар нь сэжиг төрөөд. Хүүгээ “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй” айлын хүргэн болгохгүй. Болгоогүй нь ч оносон байх” гэж нутгийнхны амнаас ам дамжиж ирсэн яриа санаанд буулаа. Хонож байгаа айлаа зээрийн мах өглөө гээд муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хот дүүрэн хоньтой айл зээрийн мах идээд сууж байгаа нь “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй айл” гэх хуучны үгсийг эрхгүй санагдуулсан юм аа. Бидний хоносон н.Батсүрэн, н.Намжилдорж нарынх “Цагаан зээр байхад малаа идээд яах вэ. Мөнгө болгосон нь дээр” гээд зээрийн мах иддэгээ хэлж байлаа.

Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд амар амгалангийн орон гэлтэй. Бүх зүйлс амар амгалан ч цагаан зээр аль нэг газарт хядуулж байгаа даа гэж бодогдох нь хэцүү. Хонох айлынхаа зүүн талын хамар дээр гарлаа. Машины гэрэл сүлжилдэн харагдлаа. Барагцаалбал 10 орчим машин байгааг гэрлээр нь тоолов. Өвлийн харанхуй шөнө замгүй газраар машин явж байгааг хараад цагаан зээр хядахаар ирсэн болохыг төвөггүй мэдэх ажээ.

Хөдөө талд нь зээрийн хядлага болж байхад Дорнод аймгийнхан “Юун зээр. Тэр муу зээр яадаг юм буудуулж үхээл биз. Энд Засаг даргаа огцруулах гээд жинхэнэ хор найрагдаж байхад” гэцгээгээд тоох хүүхэд ч алга, тэнд.Бүгд л сандал ширээнийхээ төлөө “алалцаад” улс төрийн хор найруулаад, хууль бус антай манатай байна лээ. Харин Сүхбаатар аймгийнхан “Бид хоёр ч удаа хөдөөгүүр яваад шалгасан. Цагаан зээрийн хядлага гэж байхаа больсон” гээд л сууж байх. Хэнтийнхэн ч мөн ялгаа байхгүй. “Өгөр цагаан зээрийг алж л байдаг юм. Төрд гарсан хэд нь улс эх орноо худалдаж байхад борчуудын тогоонд цагаан зээрийн мах буцалж яагаад болохгүй гэж” гээд огт тоохгүй байна.

Малчид нь цагаан зээрийг ад шоо үзээд огт хамгаалахгүй. Уул уурхайн компаниуд, хорих, цэргийн ангийн дарга нарын халаас зузаарч, хоригдол, цэргүүд зээрийн мах идэж байна. Нийслэлийн цайны газруудын ихэнх нь хямд үнэтэй гээд зээрийн махыг хонины сүүлтэй холиод “Хонь, үхрийн махаар хийсэн хоол” гээд худалдаалж байна. Түүнийг нь бэлтгэж, хүргэдэг сүлжээ ч байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Улстөрч хүн доромжлолыг сөрж, зөв шүүмжлэлийг хүлээж авдаг чадвартай байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Буриадын нийгмийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Ямар учраас энэ хүндтэй шагналын эзэн болсон гэж бодож байгаа вэ?

-Баярлалаа. УИХ-д Орос-Монголын парламентын бүлэг гэж байдаг юм. Энэ нь Буриад- Монголын парламентын дэд бүлэгтэй. Миний бие уг бүлгийн даргаар 12 жил ажилласан байна. Ер нь бол буриадууд бидний яс, махны тасархай шүү дээ. Нэг улс болж уудам тал нутагт амьдарч явсан ахан дүү минь. Энэ утгаараа буриад зон олныг хүндэтгэж явдаг. Зөвхөн буриад зон гэлтгүй Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа бид хүндэтгэлтэй хандаж, элгэмсүү байх ёстой гэж боддог. Мөн хил залгаа хөрш улсуудтайгаа ч эвтэй найртай, сайн харилцаатай байхыг туйлаас эрмэлздэг. Урд, хойд хоёр хөрштэйгээ тэр энэ гэж ялгалгүй харилцах хэрэгтэй. Урд хөрш Хятадыг ч бид муулах ёсгүй. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа энэ гүрнээс бид туршлагыг нь судалж, сайныг нь дуурайн хөгжих ёстой болохоос муулж, өөрсдөөсөө түлхэх хэрэггүй. Энэ зарчмынхаа дагуу Орос, Монголын парламентын бүлгийн ажилд би идэвхтэй оролцдог.

Харамсалтай нь үнэнийг хэлэхэд сүүлийн 20 жилд Орос, Монголын харилцаанд сэв суусан гэхэд болно. Биднийг хүнд үед тусалж явсан энэ улстай муу харилцаа тогтоох ёсгүй. Энэ утгаараа хойд хөрштэй харилцах харилцааг сайжруулахын төлөө анхаарч явдаг. Тухайлбал, Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг 24 цаг болгоё, хоёр улсын иргэдийг визгүй зорчдог болгоё гэх зэргийн саналуудыг үргэлж ярьсаар ирсэн юм. Визтэй зорчдог асуудал нь хоёр орны ард түмний харилцаанд хүндрэл учруулж байгааг байнга хэлдэг байлаа. Үнэндээ шувуу бүхэнд үг дайж, шуудан болгоноор захиа илгээнэ гэгчээр очсон хурал чуулган болгондоо үүнийг ярьж явсан шүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн үед визгүй зорчих асуудал шийдэгдлээ. Буриад, Монголын парламентын бү­лэг, эмэгтэйчүүд, ахмадын уулзалтууд дээр уг асуудлыг хөндөж тавьдаг байлаа. Мон­голоос шагнал авах хүсэлт илгээсэн буриад хүмүүсийн асуудлыг шийдэхийн төлөө хичээдэг байв. Буриад-Монголтой холбоотой олон ажлыг зохион байгуулж явлаа. Энэ бүхнийг маань үнэлж, Буриад улсын Ерөнхийлөгч надад нийгмийн гавьяат ажилтан цол олгосон болов уу. Үнэхээр талархан бэлгэшээж байна.

-Орос, Монголын ард түмэн визгүй зорчдог болоход таны нөлөө байжээ?

-Яалаа гэж. Мэдээж хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үр дүнд асуудал шийдэгдэж, миний хүсэл биеллээ оллоо. Миний хувьд визгүй болгох хэрэгтэй гэдэг саналтай явдаг байсан юм. Хамгийн сүүлд ОХУ-ын дээд танхимын Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд оролцож, үг хэлэх завшаан олдоход “Хоёр улсын ард түмэн визтэй зорчиж байхад ямар юмныхаа найрамдалт харилцаа хөгжих юм бэ. Визгүй болсны дараа л хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа эхэлнэ шүү дээ” гэж хэлж байлаа даа. Өмнөх парламентын үед үнэндээ визгүй болгох асуудлыг шийдэж өгдөггүй байсан юм. “Оросын мафи ороод ирнэ, манай зах зээлийг эзэлнэ” гэх зэргийн зүйлүүд ярьдаг байлаа. Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатараас эхлээд эсэргүүцэгч ихтэй. МАН-ын Удирдах зөвлөл дээр Орос руу визгүй болох тухай ярилаа гээд надад таатай ханддаггүй байсан.

-Буриадын нийгмийн гавьяат ажилтан гэдэг цол хүртсэн танаас өөр монгол хүн байдаг юм уу?

-Тэр талаар сайн мэдэхгүй юм. Соёл, урлагийн салбарт Буриадын гавьяат, ардын жүжигчин гэх зэрэг цол авсан хүн зөндөө л байдаг шүү дээ. Миний хувьд ганцхан Буриадаас гэлтгүй олон шагнал авч байлаа. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Коммунист намын дарга Зюгонов шинээр гаргасан Сталин одонгийн дээжээс явуулж байсан. 2009 онд Олон улсын олимпийн хорооноос таван тивээс спортыг дэмжигч эмэгтэйг шалгаруулсан юм. Тэгэхэд Азийн 42 орноос намайг шалгаруулж, шагнал гардуулж байв. Гэх мэтээр яриад байвал шагнал бий.

-Сая авсан шагнал бол нийгмийн гэдэг тодотголоороо бусдаас ялгарч байх шиг байна…

-Нийгмийн сайн сайхан, бусдын төлөө сэтгэл тавьж ажилладаг гэдэг утгаар нь ийм цол олгодог юм шиг байна лээ. Би Хэнтий аймгийн тойргоос сонгогдож УИХ-ын гишүүн болохдоо маш олон хүнийг Буриадад аваачиж, харилцан туршлага судлуулж, олон салбарын харилцааг өргөжүүлсэн. Энэ утгаар нь шагнасан байх.

-Хэнтийн буриад гэдэг утгаараа таныг энэ шагналыг авсан байх гэдэг яриа ч гарчихсан байна лээ…

-Би буриад биш ээ. Миний ээж Завхан аймгийн хүн. Аав маань Хэнтий аймгийн Гурванбаян сумынх. Одоогийн Биндэр сум. Хэнтийд гурван буриад сум байдаг. Тэр сумдаас сонгогдож парламентын гишүүн болж байлаа. Ер нь бол буриадууд маш их хэлмэгдсэн ард түмэн. Тийм учраас энэ зон олны төлөө сэтгэл гаргаж ажиллах ёстой гэж боддог. Тийм ч учраас “Алтаргана” наадмыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Байгал далай, Хөвсгөл далайд хамтарсан аялал жуулчлалын байгууллага бий болгоход нь УИХ-аас төсөвт мөнгө суулгуулж л байв. Тэр үед гишүүд “Чи Улаан-Үдийн хүн юм уу, Монгол хүн юм уу” гэж намайг шүүмжилж л байсан. Заавал буриад хүн тэдний төлөө зүтгэх албагүй. Бид бүгдээрээ нэг цустай, элэг нэгт монголчууд. Би өвөрмонголчуудад ч анхаарал тавьдаг. Яагаад гэвэл тэд бидний үсэрсэн цус, тасарсан мах шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа ижил сэтгэлээр элгэмсүү хандаж туслахыг хичээдэг. Монгол цустай хүн болгоныг хүндэлдэг. Ахан дүүс хилийн наана, цаана амьдрах шиг хэцүү юм байхгүй. Тийм учраас бид бие биедээ туслах ёстой.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган шөнө дөл хүртэл хуралдлаа. Тэр үеэр та Ч.Хүрэлбаатар гишүүнтэй ам мурийгаад авсан. Юу таныг тэгтлээ бухимдуулсан юм бэ?

-УИХ-ын чуулган дээр бухимдах зүйл их байдаг. Хэн нэгэн гишүүнийг нэр зааж, шүүмжлэх асуудал байдаг шүү дээ. Тэр бол тогоон дотроо болоод өнгөрдөг зүйл. Гэхдээ УИХ-ын гишүүд юу ярьж хэлж байгаагаа ойлгодог байх ёстой. Ер нь бол Ч.Хүрэлбаатар гишүүн намайг өөрөө өдсөн. Миний хувьд Ерөнхий сайдад хандаж “Хэт их цомхотгол явуулж болохгүй. Ажилгүйдэл ихэснэ шүү” гэдэг утгатай зүйл хэслэн шүү дээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүн тэндээс “Танай олонхи чинь цөөнх болчихсон таны эсрэг яриад байна” гэхээр нь хариу өгсөн юм. Би Ардын намынхнаар хэлэх үгээ заалгахгүй. Түрүүчийн парламентад яадаг байсан гээч.

-Яасан гэж?

-АН, МАН хоёр нийлж Засгийн газраа байгуулчихаад гишүүдээр үг хэлүүлдэггүй байсан юм. Үг хэлсэн гишүүнийг түлхэж, нухчин дардаг байлаа. Үүн шигээ нөхцөл байдлыг өнөөдөр үүсгэх гэж Ардын намынхан оролдож байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүнийг үг хэлүүлдэггүй, тагнаж чагнадгаараа Ардын нам алдартай л даа. Намайг яалаа. 2012 оны сонгуулийн үеэр зовоосон шүү дээ. Гэр орныг минь тагнаж, чагнаад, үр хүүхдээр минь оролдсон. Тэгчихээд өнөөдөр тэд “Та яагаад нам руугаа дайраад байгаа юм бэ” гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр нь “Та нар намайг дорд үзсэнийхээ уучлалт гуйх ёстой” гэж С.Бямбацогт гишүүнд хэлсэн.

2012 оны сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн Ардын намын тэргүүлэгчдийн хурал Д.Арвинг дэмжихгүй шүү гэдэг шийдвэр гаргачихаад уншиж байхад хэн ч намайг өмөөрөөгүй. Тэнд Ардын намын дарга нар Сү.Батболд, УИХ-ын дарга асан Дэмбэрэл гээд бүгд байсан. Өөрөө үг хэлэх гэтэл микрофон хаасан. Ийм байсан учраас өнөөдөр Ардын намд хатуу хандсан. Гурван удаа сонгогдож намын хүнд үед нь тусалж явсан Намын удирдах зөвлөлийн гишүүн намайг үнэндээ буланд гаргасан. Р.Амаржаргал гишүүн намаасаа гаръя гэхэд АН-ынхан явуулахгүй гээд аваад үлдэж байгаа биз дээ. Гэтэл тэр үед Ардын намаас гарах өргөдлөө өгсөн надаас хэн ч “ямар учир шалтгаанаар ийм шийдвэр өгөв” гэж асуугаагүй. Харин өргөдөл гэдэг үгийг буруу биччихэж гэж даапаалаад өнгөрсөн шүү дээ. Ийм балиар юм хийчихээд өнөөдөр намайг гоочлох эрх тэдэнд байхгүй. Үнэндээ би АН-д орсноор муу хүмүүсээс л салсан. Эмэгтэй улстөрчийнхөө хувьд ганцаардаж, бусдад адлуулж, дээрэлхүүлж явах үед минь УИХ-ын дарга З.Энхболд тусалсан. Тиймээс энэ хүнийг бараадъя гэдэг шийдвэрт хүрсэн.

-Та өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг дэмжиж үг хэлсэн. Н.Алтанхуяг сайдыг огцруулах үед С.Баярцогтыг шүүмжлээд байсан хэрнээ өнөөдөр яагаад ийм байр суурьтай болчихов оо гэж хэлэх хүмүүс байна л даа?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажлыг Шонхор фракц зохион байгуулсан гэдэг асуудал яригдсан учраас тэр үед тийм зүйл ярьсан шүү дээ. Тэр бол өөр асуудал. Одоо яагаад С.Баярцогтыг дэмжээд байна вэ гэвэл шүүмжлэл шударга байх ёстой гэдэг үүднээс асуудалд хандаад байна. Оюу толгойн гэрээг С.Баярцогт гэдэг хүн ганцаараа хийгээгүй. Оюу толгойн гэрээ буруу юм байж. Тэгвэл тэр үед засаг барьж байсан Ардын намынхныг яагаад ярихгүй байгаа юм. Оюу толгойг эргэлтэд оруулах шийдвэрийг Ардын намынхан гаргасан.Оюу толгойн гэрээн дээр ажилласан хүмүүсийн дийлэнх нь Ардын намынхан байна. Гэтэл тэд бүх зүйлийг Баярцогт руу түлхчихээд өөрсдөө шүүмжлэлд өртөхгүй суугаад байна шүү дээ. С.Баярцогтыг шүүмжлээд байгаа хүмүүс үүнийг ойлгоосой гэсэндээ тэр үгийг хэлсэн юм. Хамгийн гол нь шударга шүүмжлэл өрнөөсэй гэдэг үүднээс хэлсэн хэрэг.Парламентад дөрвөн удаа сонгогдож, энэ хугацаанд элдвээр доромжлуулж, гүтгүүлж явсан улстөрчийнхөө хувьд С.Баярцогт гэдэг хүнийг ойлгож байна. Одоо түүнд Оюу толгойн гэрээг засах хувь заяа оногдлоо. Монголын төрд таван удаа сонгогдсон туршлагатай хүн. Тийм учраас бүх галыг өөр дээрээ татаж, хариуцлагаа үүрээд гаръя гэдэг итгэлтэй байх шиг байна. Ийм үе дээр түүнийг нухчин дарах хэрэггүй. Ер нь улстөрч хүн доромжлолыг сөрж, зөв шүүмжлэлийг хүлээж авах чадвартай байх ёстой. Би ч энэ л зарчмаар өдий хүртэл явж ирсэн хүн.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр зарим гишүүд халамцуу байсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Тэр өдөр таны гавьяатын тэмдгийг угаасан гэсэн яриа байна….

-Яалаа гэж дээ. Юу гэж надаас болж архи уухав. Тэр өдөр манай эмэгтэй гишүүд надад баяр хүргэж, өдрийн хоол хамт идэцгээснээс өөр юм байхгүй.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

Ө.Энхтүвшин: Намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй

МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин одоогийн намын дарга М.Энхболдод хаягласан шүүмжлэл захидал олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Ө.Энхтүвшин гишүүнээс тодрууллаа.

-Та намын даргадаа хаягласан ил захидал илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн гэсэн…

-Манайх бүлэг дээрээ ярьсан. Намын даргадаа ийм захидал бичсэн гэдгээ хэлж өчигдөр (уржигдар) гардуулан өгсөн. Намын даргыг энэ талаар ярилцах болов уу гэж хүлээсэн ч уулзсангүй. Ажил ихтэй байгаад уулзаж чадаагүй биз дээ гэж бодлоо. Гэхдээ энэ талаар уулзах байх гэдэгт найдаж байна. Захидалд нууцлаад байхаар ноцтой, намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй.

-Таны захидал дээр МАН-аас оруулж ирсэн сайдуудын чадварыг харсангүй гэдэг утгагүй зүйлс ажиглагдсан. МАН сонголтоо буруу хийчихсэн юм уу?

-МАН-ын XXVII Их хурал нэг жилийн өмнө болсон. Тус хурлаас гарсан томоохон шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний асуудал байсан. Хүнийг мэддэг, чаддаг, шударга, дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй гэсэн шалгуурыг гол болгоод үүнийг хангаж байна уу гэдгийг нухацтай ярих ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижиг хүрээнээс хайдгаа больё. Аль болох намын гишүүдээсээ, олон түмнээсээ хайя. Энэ талаар судалгаа гаргаж, бүртгэл бий болгон чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэдгийг тунхагласан. Намын боловсон хүчний түвшнийг өөр хэмжээнд аваачна гэсэн шийдвэрийг Их хурал гаргасан. Их хурлаас хойш МАН төр засагт орох анхны томилгоогоо хийж байна. Энэ ямар замаар хийгдсэн бэ гээд үзэхээр өнөө Их хурлын шийдвэрээс гарсан зүйлс байхгүй байгаа юм. Өрсөлдөөн байхгүй, намын Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан болоод шөнө болгосон. Ингээд шөнөөр шийдчихэж байна.

-Өдөр шөнийн хооронд ялгаа байсан юм уу. Эртхэн томилгоо хийж Засгийн ажлыг явуулах санаа байсан юм биш үү?

-14 хоногт багтаан шийднэ гэсэн нь яахав. З.Энхболд дарга хойшлуулъя гэсэн бол хойшлуулж л байгаа биз дээ. Тиймээс ийм тохиролцоо хийгдлээ гэдгээ намын бүлэг, Удирдах зөвлөлөөрөө хонон өнжин ярьж байгаад шийдэх байсан юм. Айхтар яараад байх шаардлага байхгүй. Манайх ийм яам авах юм байна. Бүлгийн гишүүд дотор хариуцаад явчих тийм гишүүн байна, бүлгийн гадна талд байгаа гишүүдээс ажил хийгээд явчих ямар хүмүүс байна гэдэг судалгаагаа гаргаж уриад, ярилцлага хийх хэрэгтэй гэж би хувьдаа бодож хүлээсэн. Гэтэл шууд чуулганаар орчихоор би эгдүүцэж байгаа юм.

-МАН шийдвэрээ Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордны хоёр гурван давхарт болж байна гэсэн байна лээ. МАН-ын бодлогод АН-ын оролцоо их байгаа гэсэн үг үү?

-Манай нам зургаан сайдтай засагт орж байна гээд үүндээ уусчихаж болохгүй. Том намын хажууд цөөхөн сайд дагаж орж байгаа үед ерөнхийдөө тэдэндээ хөтлөгдөнө гэсэн үг л дээ. Анхны шинж тэмдэг нь харагдаж байна.

-Ямар шинж тэмдэг?

-Яагаад бүлэг дээрээ намынхаа асуудлуудыг сайн ярихгүйгээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ярингуутаа чуулган руу оруулчихаж байгаа юм. Үүнээс харахад зарчимгүй байдал цаашид үргэлжлээд явах нь дээ гэсэн сэжиг төрж байна. Тиймээс өнгөрсөн хойно нь хашгирч байснаас томилгоо хийгдэж байгаа үед нь намынхаа XVII Их хурлын шийдвэрийг хэлж байх ёстой гэж бодсон. МАН-ын дарга байсан хүний хувьд иймэрхүү зүйлийг хэлэхгүй юм бол, намынхаа Их хурлын шийдвэрийг сануулж байхгүй юм бол намын дарга байсны хэрэг юу байнаа. Хамтарсан засагт орсон гээд бүгдээрээ амаа хамхиад суучих юм бол ямар ч зарчимгүй, нам нь ч нам биш болж улс орны хувь заяа хөөрхий болно.

-Таныг намаа хамтарсан засагт орох тал дээр эсрэг саналтай байсан гэсэн. Тэр үүднээсээ энэ бүгдийг гаргаж тавиад байгаа юм уу?

-Тиймээ, би засагт хамтарч орохыг эсэргүүцсэн. Учир нь 1.5 жилд нь бид хамтраад юу хийх юм. Хэрэв ингэж орох л байсан юм бол 2012 оны сонгуулийн дараагаас хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тухайн үед АН-ын даргатай санал солилцож байсан юм. “Та нар цаашид яаж улс орныг авч явна гэж бодож байгаа юм. Эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бид аваад явна. Бидэнд боломж байгаа. Бид “Шударга ёс” эвсэлтэйгээ нийлээд явна. Ардын намтай яасан ч эвсэхгүй. Манай ҮЗХ 80 хувиар шийдсэн” гэж байсан юм. Үнэхээр АН чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь “За за” гээд хамтарсан засагт орно гэвэл эртэдсэн шийдвэр гэж хэлнэ. Хэрэв хамтрах гэж байгаа бол их л бодох хэрэгтэй. Яах гэж засагт орж байгаа юм. Чадахгүй бол яах юм. Манай намыг ингээд орчихвол эрх баригч л гэж харна. Хариуцлагаа яаж хүлээх юм. Үүнийг ард түмэн хэрхэн хүлээж авах юм. 2016 оны сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярихгүйгээр шууд энэ сайд, тэр сайд гээд явчихаж байгаа нь буруу. Нэгдүгээр зорилгоо уг нь бүлэг дээрээ ярьчих байсан юм.

-Таны захидлыг харахад МАН-ын хагарал одоо л ил болж байна гэж харахад хүргэлээ?

-Энэ бол хагарал биш. Үнэн бодит зүйл. Өмнө нь иймэрхүү зүйл олон болж байгаагүй тул содон харагдаад байх шиг байна. Болохгүй зүйлийг нь хэлээд, захидал бичиж л байх ёстой. Тэгж байж манай нам ардчилалтай байх юм. Эв нэгдэл гэдэг нэрийн доор үгээ хэлж чадахгүй юм бол энэ бүхэн цаашаа явсаар дэлбэрнэ. Тиймээс үүнийг эртхэн сануулж байгаа хэрэг.

-Таныг МАН-ын дар­га байхад АН-ынхан тохи­рооноосоо буцаж байсан…

-Тийм ээ. Сайхан тэврэлдэж гар бариад “Цаашид ингэж явахаар боллоо” гэчихээд маргааш нь “Тийм биш юм байна. Хууль ингэж зөрчих юм байна” гээд бултчихдаг.

Хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудал. Уг нь манай хоёр хоёулаа л тангараг өргөх ёстой байхгүй юу. Сүүлд нь арга байхгүй хүчиндээд байхаар нь “тэгвэл ядаж нэг нэгээр нь намуудаасаа оруулъя” гэхэд “тэгье” гээд гар хөлийн үсэг зурахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат байсан. Тиймээс маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. “Одоо яах вэ” гэхэд “Наадах чинь Их хурлын асуудал. З.Энхболд дарга дээр оч. Сонгуулийн Ерөнхий хороо руу оч. Тэндээс ийм шийдвэр гарсан гэсэн.

СЕХ руу очихоор Шүүхээс ийм шийдвэр гарсан” гэдэг. Би иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д хууртаж байсан. Тийм болохоор дэмжихгүй байгаа юм.

-Намаасаа сонгогдсон сайд нарт дургүй байгаа юм уу?

-Уг нь намаараа нухацтай хэлэлцээд хэрэв ажиллахаар бол захиасаа хэлээд “сайн ажиллаарай” гээд духан дээр нь үнсээд, дөрөөнд нь сүү дусаагаад явуулах байсан. Гэтэл харамсалтай нь бүлэгтэйгээ ярилгүйгээр асуудлыг оруулчихлаа. Өөр нэг санаа зовж байгаа зүйлээ хэлье. Уг нь манай нам 100 хувь гадна талаас УИХ-ын гишүүн биш хүмүүсээсээ сайд болгох ёстой байсан. Учир нь энэ талаар бид хоёр жил ярьсан. 1.5 жилийн хугацаанд зарим цагийг нь УИХ дээр өнгөрөөдөг, зарим цагийг нь яаман дээр өнгөрүүлдэг сайд хэрэггүй. Өнөөдрийн хямралын үед тэндээ сууж ажилладаг сайд хэрэгтэй байна. Тиймээс үр өгөөжтэй байж чадах уу. Тухайн салбартаа нэр хүндтэй, салбараа мэддэг яаман дээрээ үргэлж байдаг хүнийг тавьсан бол төрд илүү их хэрэгтэй байсан.

-АН, МАН эвслийн Засгийн газар байгуулж байгаач АН амлалтаасаа ухарсан талаар мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн маргаантай тойргууд дээр ямар шийдвэр гаргахаар тохиролцоод байсан бэ?

-Одоогоор гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурахын өмнө ажиглахад өмнөх амлалтуудаасаа буцсан нь харагдлаа. Гэхдээ түүнийгээ өөрчилсөн байж магадгүй.

-Гурван аймаг, хоёр дүүрэг дээр маргаантай байгаа. Эдгээрийн Засаг дарга нарыг МАН авах юм уу?

-2012 оны орон нутгийн сонгуулийн дүн тодорхой байгаа. АН аль аймаг, дүүрэгт ялсан, Ардын нам хаана хаана ялсан бэ гэдэг ард түмний өгсөн сонгуулийн дүнг л баталгаажуулъя гэсэн зүйлийг тавьсан. МАН Сонгинохайрхан, Багануур дүүрэг дээр ялсан ч Ардчилсан нам булаагаад авчихсан. Хэрэв АН, МАН зөвшилцье гэж байгаа бол ард түмний сонголтыг хүндэтгэн байр байрандаа тавих ёстой л гэсэн шаардлагыг бид тавьсан. Гэхдээ яг юу болох нь вэ. Ер нь л явдалтай байна.

-Амлалтаасаа ухарсан гэдгийг та яаж мэдэж байгаа юм уу. Ардчилсан намынхан өөрсдөө хэлээд байгаа юм уу?

-Гарын үсэг зурах үед өөрчлөгдсөн байвал би гарын үсэг зурахгүй. Шаардлагыг хүлээж авсан бол гарын үсэг зурна.

-Сая гарын үсэг зурчихлаа шүү дээ?

-Тэр чинь өөр баримт бичиг.

-Та шинэ Засгийн газрын чадамж хийгээд, шинэ сайдуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би томилогдож буй сайд нарын талаар юм ярихгүй. Учир нь тэд дөнгөж томилогдож байна. Үнэхээр чадалтай мундаг хүн мөн үү гэдэг нь удахгүй ажил дээр гараад ирэхээр харагдана. Магадгүй үүнийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш энэ муу, тэр чадахгүй гэдгийг ярьж болохгүй. Бүгдээрээ харцгааж л байя.

Э.ЭНХБОЛД