Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан байдаг

Цагаан сарын баяртай холбоотой олон сайхан дурсамж бий шүү. Баян-Өлгий аймагт төрж өссөн болохоор тэндхийн цагаан сарыг арван нас хүртлээ үзсэн гэсэн үг. Урианхай эрчүүд шинийн нэгний өглөө үүр хаяарах үеэр ойролцоох тахилгатай хайрхан, овоондоо гарч Алтайн 13 сан тавина. Үүнийг балинд гарах гэнэ. Шашны сударт лам хуврагууд болон сvсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээсэн байдаг. Дээр нь өвчүү шатаах тавцан байрлуулсан, дөрвөн талтай чулуугаар хийсэн зүйлийг балин гэж ойлгож болно. Идээ шүүсээ тэнгэр хангайдаа өргөж, арц хүж уугиулж балингаа гороолно. Эрчүүл балингаас бууж ирснээр цагаан сарын золголт эхэлдэг. Гүрмэл боовоор тавга а засна. Энэ нь урт удаан наслах, идээ унд элбэг дүүрэн байхын бэлгэдэлтэй. Цагаан сарын шинийн нэгний өглөө гэрийн тооноор гурван сум тавих ёслол үйлдэнэ. Тухайн гаргаж буй сумаар тэр айл, ургийнхны муу муухай бүхэн хамт оддог хэмээж тайлдаг. Багадаа энэ бүх үйлийг харж өссөн болохоор цагаан сарын баяр гэдэг зүйлийг тэр чигээрээ зан заншлын баяр юм байна гэж л ойлгодог байлаа. Хүүхдүүдэд элдэв төрлийн эрээн мяраан юм өгөхөөс илүүтэй цуулсан цагаан давуу бэлэглэнэ. Хадаг шиг хэлбэртэй болохоор хүүхдүүд цагаан давуу бэлгэнд авах дуртай. Олон айлаар хэсч олныг цуглуулснаараа бахархаж бүгдийг нь дээлнийхээ бүсэнд хавчуулдаг байлаа. Ийм өнгө аястай цагаан сарын баярыг үзэж байгаад Төв аймагт шилжин ирээд бас өөр цагаан сарыг мэдэрсэн юм. Мэдээж ерөнхий зан үйл нь ижилхэн ч зарим талаараа өөр л дөө. Цагаан сарын зан заншил бага байхаас сонирхлыг минь татсаар ирсэн. Гэхдээ эргээд харахад тэр бүхнээс илүүтэй өвөөгийнх рүүгээ, ахан дүүсийнхээрээ очиж золголт хийхээр явж байсан мөчүүд илүү дурсамж үлдээжээ. Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан санагддаг юм.

Өвөөгийнх рүүгээ цуван уван очихгүй, аль болох бөөнөөрөө очихын тулд аавын “Портер”-т сууцгаана. Настай хүмүүс нялх хүүхдүүдээ өвөр дээрээ авч бүхээгт чихэлдэнэ. Харин томхон хүүхдүүд, залуус нь тэвшин дээр сууна. Бүгд сандалтайгаа сууна л даа. Өвөөгийнд очихоор сандал хүрэлцэхгүй, босч зогсох юм болно. Тийм болохоор урьд жилүүдийнхээ “туршлага” дээр үндэслээд ийн сандалтайгаа ачааны машин дээр гарна. Хэдий хаврын сар ирж буйг бэлгэдсэн баяр ч гэлээ тэвшин дээр ил суугаад явахад Зуунмод голын жавар хацар, чих хайрна шүү. Өвөөгийн гадаа буухад төвд байдаг үр хүүхдүүд нь хэдийнээ ирчихсэн цайлж сууцгаана. Өвөөгийн гэрт бүгд багтахгүй учир цай ууж, тавгийн идээнээс амссан хүүхдүүд гадаа гарч барилдаж ноцолдоно. Ингэж байтал хотоос өвөөгийн хүүхдүүд нь нэмж ирнэ. Түрүүлээд ирчихсэн дүү нар нь босч ах, эгчтэйгээ золгоод суудал тавьж өгнө. Бүгд өвөө, эмээтэй золгох гэж хоймор руу зүтгэцгээнэ. Өвөө маань 14 хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн байсан юм. Хүргэн, бэр, хүүхдүүдийнх нь хүүхдүүд гээд тоймгүй олуул. Золголтын үеэр нэг хүнтэйгээ хоёр золгох, ахмад нь дүү хүнийхээ тохойг түших гээд андуурах, будилах зүйл гарна. Зарим нь би ах, би тэдэн оных гээд насаа хуруу дарж тоолж, хэн нь хэнийгээ үнсэхээ “шийднэ”. Бүх хүмүүс золгоод суудлаа эзлэхэд бараг арваад минут зарцуулна шүү. Бүгдэд нь цай аялгаад суулгах гэхээр сандал хүрэлцэхгүй. Тэгэхээр ээлжилж таарна. Эсвэл өнөө машин дээрээс сандлаа буулгаж ирнэ.

Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг мөч буюу бэлэг авах цаг ирнэ. “Өвөө бэлэг өгч байна” гэх үг чихний үзүүрт дуулдангуут балчрууд ар араасаа жагсаад өвөөгөөс бэлэг авна даа. Өвөө дэргэдээ бараг шуудайны тал хэртэй чихэр тавьчихсан, шинэ мөнгөн дэвсгэртүүдээ гаргаж ирнэ. Том хүүхдүүдэд шинэ мянган төгрөг, атга чихэр, багачуулд нь таван зуун төгрөгтэй чихэр бэлэглэнэ. Өвөө мунгинаад нэг хүүхдэд хоёр удаа бэлэг өгч бөөн инээдэм болцгоодог байж билээ. Өвөө, эмээгээсээ авдаг тэр бэлгийг гүйцэх тийм сайхан бэлэг одоо хаана байх вэ дээ.

Дараа жил нь өвөө маань хүүхдүүддээ ойрхон амьдарна гээд манай хойд гудамжинд нүүж ирж билээ. Хэдий том саруулхан байшинд амьдрах болсон ч бид мөн л шинийн нэгний өглөө өвөөгийнх рүүгээ сандалтайгаа очдог хэвээрээ. Жил ирэх бүр л үр хүүхдүүд нь өсч нэмэгдсээр, шинийн нэгний өглөө өвөөгийнд багтахаа байж билээ. Тэгээд бага зэргийн зохицуулалт хийж, ойр байх хүүхдүүд нь өглөө эрт ирж золгосны дараа хотоос хүүхдүүд нь ирэхдээ цагаа зөрүүлдэг болж билээ.

Тэр үед манайханд машин тэрэгтэй хүн ховор байлаа. Хотод байх ахан дүүс рүүгээ ирэхийн тулд өнөө ганц цагаан портер дээрээ ярайтал суултай биш. Цагаан сарын шинийн нэгэн, хоёронд аймгийн төвөөс хот орох унаа олно гэдэг тун чиг хэцүү даваа шүү. Нэг микро ирнэ, хүмүүс гүйлдэж очоод суучихна. Хөгшин хүн, хүүхдэд суудал олдоно гэж үгүй. Тийм болохоор таван айл нийлээд микро автобус хөлсөлнө дөө. Хамгийн том ахынх нэгдүгээр хороололд юм чинь тэднийх рүү шууд очно. Бөөнөөрөө орно доо. Бэр эгч “Олон том хүний дунд хүүхдүүд орхигдоод, юм идэж чадахгүй үлдчихдэг юм. Алив нааш ир” гээд хүүхдүүдэд тусгайлан ширээ засч чацарганын шүүс, салат, амттанаар дайлна. Бас тавганд бууз тавьж өгнө. Эднийх дэлгүүртэй болохоор хамгийн гоё бэлэг өгдөг гэж хүүхдүүд хоорондоо ярилцаж, буузаа хурдан идэхийг хичээнэ. Бууз идвэл бэлэг араас нь ирдэг юм хойно. Бэлгээ авангуутаа хармаалж болохыг хармаандаа хийчихээд багтахгүйг нь ээжийн торонд хадгалуулна. Ингээд хотын ахан дүүсээрээ иймэрхүү байдалтай золгоцгоож, бууз идэж, бэлгээ авсаар явтал нар жаргачихна. Буцах унаа олох ажил эхэлнэ дээ. Манай аав л голдуу унаа зохицуулна. Зам дээр гар өргөөд “Төв аймаг явах гэсэн юм. Хэдээр явах вэ” гэж асууна. Гайгүй жолооч таарвал “Төв аймаг хүртэл хэд билээ. Буцахад хүн олдох уу” гэж асууна.

Ямартай ч унаа олоод бүгдээрээ чихэлдэж аваад аймаг руу жирийлгэж гарна даа. Тэгж байтал “Зогсоорой, жижиг Ганаа бөөлжих гээд байна. Уут олдохгүй байна” гэж аавын отгон дүү Бэлэг эгч хойноос хашгирна. Манайх их олон Ганаатай л даа. Хооронд нь ялгаж Эрдээгийн Ганаа, том Ганаа, жижиг Ганаа гэж дуудна. Микро зогсч жижиг Ганааг гаргаж бөөлжүүлж, салхилуулна. Тэгтэл жижиг Ганааг бөөлжихийг хараад надаас эхлээд дотор муутай хүүхдүүд бүгд дагаж бөөлжинө дөө. Ээжүүд нь нурууг нь илэхийн оронд “Хэлсэн биш билүү. Бага ид гээд байхад. Хүйтэн ундааг амаа олохгүй уугаад байсан юм. Дотор чинь зайлагдаад тэгж байгаа юм” гэж үглэцгээнэ. Дотор муу хүүхдүүдээ ээжүүд нь дэргэдээ суулгаад айлуудын бэлэг сэлтийг хийсэн торнуудаа суллаад юмыг яаж мэдэх вэ, дахиад бөөлжиж магадгүй гэж сэргийлнэ. Тэгж байтал дахиад л “Жолооч оо зогсоорой” гэж нэг нь хашгирна. Яав ийв болоод явчихна. Эмээ, авга эгч, манай ээж мэтийн цайнд дуртай эмэгтэйчүүлд бие засах шаардлага тулгарна шүү. “Давсаг чинэрээд байна. Тэсэшгүй нь” гэсээр микроноос гүйлдэж гараад замын цаад руу орцгооно. За нэг иймэрхүү байдалтай явсаар Төв аймагт ирж хүмүүсийг гэр гэрт нь буулгана даа. Цагаан сарын хамгийн том золголт ийн өндөрлөнө. Өдөржингөө айл хэссэндээ ядарч, хоолоо ихдүүлснээс дотор жаахан муу байгаа нь мэдрэгдэнэ. Гэсэн ч айлуудын өгсөн бэлэгнүүдээ хараад сэтгэл сэргээд л явчихна. Өмсч болохоор юмнуудыг нь өмсч, задалж идэж болохоор чихэр шоколадыг нь задална. Бэлгэнд авсан хөзрөө гаргаж ирээд ах, хоёр дүүтэйгээ тоглоно доо. Айлуудын бэлэглэсэн мөнгөөрөө мөрийтэй үзнэ. Отгон дүү маань хамаг мөнгөө алдчихаад ёс юм шиг уйлдаг хүүхэд байж билээ. Аав ах бид гурвыг загнаж “Бага дүүгээ юм мэдэхгүйг нь далимдуулж мөнгийг нь авлаа” гэж зэмлээд мөнгийг нь буцааж өг гэнэ. Тэгээд яахав дүүгээс шулсан мөнгөө буцааж өгснөөр бидний тоглоом өндөрлөнө. Шинийн хоёрны орой ах дүү бид дөрөв ингэж хөзөр тоглодог уламжлал одоо ч бий л дээ. Энэ жил ч бас тоглоно оо, харин дүү минь уйлахааргүй том эр болсон шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.БЯМБАЖАРГАЛ: Хөдөө өссөн минь уртын дуучин болох гол түлхүүр болсон

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа. Түүнийг телевизийн цагаан сарын баярт зориулсан нэвтрүүлэгт оролцох үеэр нь ийн уулзсан юм.

Цагаан сар дөхөөд таны ажил ундарч байна уу даа?

-Ид ачаалалтай үе шүү дээ, уртын дуучдын хувьд. Цагаан сар, наадмаар үндэсний урлаг хэрэгтэй болдог учраас бид их ачаалалтай байдаг. Телевиз, радио ч олон болж. Оролцох нэвтрүүлэг ч мундахгүй. Тэр болгонд очиж мэдээлэл өгч, уран бүтээлээ хүргэж байгаадаа баяртай байдаг ч нөгөө талаараа их завгүй болно.

Монголчууд шинийн нэгэнд морин хуур татаж гэрийнхээ жаврыг үргээдэг. Таныг цагаан сараар гэрийн жавар үргээгээд өгнө үү гээд дуулуулдаг л байлгүй?

-Шинийн нэгэнд золголтоо хийгээд явж байхад ах дүүс маань дуулуулна даа. Нэг жил дуулуулсан бол хоёр, гурван жил завсарлуулчихаад “За, одоо нэг дуулна байх аа” гэцгээгээд л дуулна.

Хэдэн хүртэл тэгж дуулдаг вэ?

-Шинэ дуустал шүү. Шинийн 15 хүртэл дуулдаг юм. Манай ард түмэн уртын дууг аливаа юмны мууг зайлуулдаг гэж бэлгэшээдэг шүү дээ.

Ямарваа нэгэн урлагийн үйл ажиллагаан дээр уртын дуучин, морин хуурч орж ирэхэд хамгийн эхэлж гардаг. Монголчууд уртын дуу, морин хуураа ингэж хүндэтгэдэг?

-Бидний хэл ус, ёсыг мэддэггүй гадаадад очоод дуулахад ч яалтгүй хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Би нэг сонин юм хэлье л дээ. Хоёр жилийн өмнө Сан-Франциско хотод амьдардаг дүүгийндээ ээжтэйгээ очлоо. Ээжийгээ тэнд үлдээчихлээ. Тэгээд буцаад ээжийгээ авах гээд хил гаалиар нэвтрэх юм болов. Тэндхийн гаалийн ажилтан “Та яагаад дахин дахин орж гараад байгаа юм. Ямар учраас манай нутгийг дахин зориод ирэв” гэж асууж байна. Би ч учраа хэлж дүүгийнхнээсээ ээжийгээ авах гэж байгаагаа тайлбарлав. Тэгтэл “Та өөрийгөө дуучин гэж танилцуулсан байна. Монголоос ирсэн юм байна. Дуучин юм бол дуулаад үзүүлнэ үү” гэдэг юм байна. Намайг хянаж шалгадаг өрөө рүүгээ орууллаа. Би ч дотроо “Эд намайг гаднаас хараад дуучин биш бололтой гэж бодож байна. Тэгэхээр ерөөсөө том, хүчтэй дуу дуулъя” гэж бодоод “Жаргалтайн дэлгэр”-ийг дууллаа даа. Гаалийн ажилтнууд “Болно, болно. Та биднийг уучлаарай. Үргэлжлүүлээд дуулбал тань бид таны тоглолтын тасалбарыг таслаад зогсох юм болох нь дээ” гээд сандраад бичиг баримтыг минь өгөөд гаргаж байлаа.

Монгол ардын уртын дуу гэдэг бол аугаа урлаг. Үндэсний хувцастайгаа гадаадад явахаар хүмүүс шаваад “Ямар гоё юм бэ. Тантай зураг авахуулж болох уу” гээд салахгүй шүү. Сонин содон, гоё харагддаг юм шиг байгаа юм, манай үндэсний хувцаснууд. Үнэхээр ч баялаг хувцастай л даа. Гадныхан тэгж хүлээж авч байгаа юм чинь манай монголчууд бүр ч илүү сэтгэл зүрхээрээ хүлээн авдаг. Улсын баяр наадам, цагаан сарын баяраар бүгд үндэсний хувцсаараа гоёдог боллоо шүү дээ. Тэгэхээр уртын болон ардын дуучин хүн дуугаа хүнд хүргэхээс гадна дээл хувцсаа дээр үеийн жаягаар нь өмсөх юм бол орчин үеийн залууст үлгэр дуурайлал болдог гэж боддог.

Таны аав Ховдын Эрдэнэбүрэнгийнх, ээж тань Увсын Тэс сумынх. Ингэхээр та бага залуугаасаа л баруун Монгол ардын дуу хууранд өлгийдүүлж өссөн байж таарна. Өссөн орчин тань уртын дуучин болоход нөлөөлсөн болов уу?

-Тийм. Ерөөсөө хөдөө өссөн маань ийм мэргэжил уртын дуучин болох гол түлхүүр болсон. Би эхлээд Соёл, урлагийн их сургуульд элсэхдээ дуурийн дуучны ангид орсон юм шүү дээ. Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн удирдлага дор хичээллэж байгаа нэг сарын дараа Норовоо (Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуайг хэлэв. сурв) багшид хэлсэн юм. Дуурийн энэ дасгалууд миний ой тойнд ерөөсөө хүрэхгүй байна. Би уртын дууны ангид ормоор байна гэж хэлж байлаа. Тэр үе чинь ардчилал гарахын өмнөхөн 1980-аад оны сүүлч шүү дээ. Уртын дуу, ардын дуу гэж бараг мартагдахаа дөхсөн байлаа. Баруун монголчууд маань уртын дуундаа муухан байсан үе. Нутгийнхаа дуунуудыгдуулна л даа. Түүнээс биш төв халхын уртын дууг дуулдаггүй байсан юм. Тийм болохоор уртын дуучин болоход надад анхандаа хэцүү байсан ч дуурийн дуунаас илүү монгол ахуйтай ойрхон байсан учир уртын дууны ангид орж байлаа. Ингэж би уртын дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, “Зууны манлай уртын дуучин” Намжилын Норовбанзад, ардын багш, гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшаараа заалгасан юм.

Зах зээлийн тэр үед юун ардын урлаг, уртын дуу вэ, талх, гурилаа яана даа гэж байсан хэцүү цаг байлаа шүү дээ?

-Дэлгүүрийн лангуун дээр улаан, цагаан давснаас өөр юм байдаггүй байлаа. Оюутан байхдаа өглөө таван цагт босоод зургаа гээд картынхаа талханд оочерлодог байв. Манайх чинь олон оюутантай байлаа. Дүү нар маань оюутан, манай нөхөр оюутан. Зургаа, долоон оюутантай байсан юм. Өглөөд өнөө талхаа хувааж идээд хар цайгаараа даруулаад л хичээлдээ явдаг байлаа. Тийм л хэцүү үе. Манайхан “Чи юун сонин ангид орчихов оо. Ямар ч ирээдүйгүй, юун уртын дуучин бэ. Хээ, хээ… гээд зогсч байдаг яасан хачин юманд орчихсон юм” гэдэг байсан. Миний шийдвэрийг манайхан анхандаа ингэж эсэргүүцдэг байснаа жилийн дараанаас ойлгож эхэлсэн. Бүгдээрээ намайг дагаж “Эрдэнэ засгийн унага”-ыг аялдаг боллоо. Бүтэн жилийн турш уртын дуу сурч давтаж дөртэй болсон минь гэрийнхнийг маань зөвөөр ойлгоход хүргэж хүлээн зөвшөөрүүлсөн гэж боддог. Одоо бол миний гэр бүл ахан дүүс бүгд хүлээн зөвшөөрөөд намайг уртын дууг сайхан дуулж байна гэдэг юм.

Таныг Монголын ард түмэн хэдийнэ хүлээн зөвшөөрсөн болов уу гэж боддог. Аль л 1990-ээд оны эхнээс л дуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ урлагтаа үнэнч зүтгэсээр яваа шүү дээ?

-Аливаа мэргэжлийг төгссөн хүнд мэргэжлээрээ мэргэшинэ гэдэг чухал. Мэргэштэлээ маш олон жил явдаг. Дуулж байхдаа алдаа гаргах тал бий. Тэр алдаагаа байнга гаргадаг байсан бол тоог нь цөөрүүлсээр л явдаг. Ард түмэнд танигдсан, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ сурах юм их бий. Мэргэжил дээрээ боловсрох хэрэгтэй гэж боддог.

Уртын дуучин гэгдэхийн сайхан нь юунд байнам?

-Дуугаа дуулаад дууссаны дараа тэнд суусан хүмүүс, орчны уур амьсгал мэдэгддэг юм. Хүлээн зөвшөөрөөд, сэтгэлээсээ алга ташиж, үнэнээсээ баярлаж байгаа хүмүүсийн харцыг хараад мэргэжлээрээ омогшдог. Түүнээс гадна гадаадад явж байхад “Миний орны дууг би л дуулж чадна” гэж маш их бахархдаг. Хэлийг маань мэдэхгүй хүмүүсийн өмнө үндэсний хувцастайгаа дуулаад нижигнэсэн алга ташилтыг сонсох хамгийн бахархалтай.

Таныг хөдөөтэйгээ ойрхон, Монгол ахуйгаа эрхэмлэдэг болов уу гэж боддог юм. Танайхыг таван хошуу малтай гэж сонссон?

-(Инээв).

Танай чуулгынхан хэзээ амардаг юм бэ?

-11 дүгээр сард амардаг ш дээ. Зунжингаа ажиллана. Манай чуулгын онцлог гэвэл аялал жуулчлалын оргил үеэр үндэснийхээ урлагийг жуулчдад хүргэдэг. Тийм болохоор бид зуны дэлгэр цагт тийм ч сайн амарч чаддаггүй. Гэхдээ яахав дээ, ажил төрлөө тодорхой хэмжээгээр зохицуулаад зун ийш тийш явна аа.

Манай гэр бүлийн хүн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгээд арав гаруй жил болж байна.

Илүү нугаламтай хонь үржүүлдэг гэв үү?

-(Инээв). Илүү нугаламтай хонины аж ахуйтай. Төв аймагт байдаг юм. Бас тэмээ үржүүлдэг. Тэмээд маань Увс аймгийн Завхан суманд байдаг. Аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд малчдад уналгын морь хэрэг болж таарна. Тийм болохоор хоёр, гурван азарга адуу хэрэг болно. Малчид маань хар цай уугаад байж болохгүй. Тэгэхээр саалийн хэдэн үнээтэй байх жишээтэй. Тийм болохоор энэ бүхэн хоорондоо уялдаад яалтгүй ч таван хошуу малтай болчихсон. Үүнийхээ хажуугаар газар тариалан эрхэлнэ ээ. Тэр олон малд өвөл өвс, тэжээл хэрэг болж таарна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй чинь ингэж хоорондоо холбогддог юм билээ. Манай гэр бүлийн хүн чинь хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй л дээ. Би чинь “Манай Энхбаярын мал”, “Манай Энхбаярын хонь” гэж ярина. Тэгэхээр найзууд шоолно. “Энхбаярын л мал гэх юм. Манай мал гээч. Танай мал шүү дээ” гэнэ. Би тэнд нь ямар нэгэн хөрөнгө оруулалт хийдэггүй, миний оролцоо төдийлөн байдаггүй юм чинь тэр хүний хөдөлмөрийг хүндэтгээд тэгдэг юм гэчихдэг.

Та овор багатай юм. Наснаасаа харьцангуй залуу харагддаг?

-Хүмүүс намайг овор багатай гэдэг. Миний ууган хүү 21 настай, одоо Токиогийн их сургуульд сурч байсан шүү дээ. Оюутан байхдаа төрүүлсэн юм. Дундах нь “Сант” сургуульд сурч байна. Отгон нь долоон настай.

Танд олон дээл байдаг биз?

-Олон байлгүй яахав. Үндэснийхээ хувцсыг би л өмсөх юм чинь. Жил бүр дээлээ шинэчилнэ. Тоглолтын хувцаснаас гадна цагаан сар, наадмаар өмсдөг дээлүүдээ ч шинэчилнэ.

Дуулчихаар сэтгэл тань тайтгардаг сайхан дуунууд бий дээ?

-“Сэтэрт баахан шарга”-ыг дуулах дуртай. Энэ дууг хоолой ямар ч байсан, ямар ч нөхцөлд дуулчихдаг юм. Найзууд маань “Сэрүүн сайхан хангай”-д дуртай. Нутгийнхан маань “Хартай сарлаг”-т дуртай.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Саусгоби Ресурс” компанийн гүйцэтгэх захирал С.ЭНХ-АМГАЛАН: Бид хууль зөрчөөгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна

Саусгоби Ресурс” компа­нийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Саусгоби сэндс” компа­нид ажиллаж байсан гадны гурван иргэн Монголын шүүхээс ял сонслоо. Энэ нөхцөл байдалд ямар тайлбар хийх вэ?

-Хэрэг гээд байгаа энэ асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Бид 31 дэх сардаа буюу бараг гурван жил явлаа. Анх асуудал эхлэхэд би байгаагүй ч “авлига өгсөн гэж” Авлигатай тэмцэх газраар шалгагдаж эхэлсэн байдаг. Авлигын хэрэгт манайх холбогдолгүй нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болсон. Тэгээд Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй гэж үргэлжлүүлэн шалгасан ч хэрэгсэхгүй болгосон. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь 6.1 их наяд төгрөг буюу тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний мөнгө шүү. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй бол­гох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Харин татварын хэрэг нь үргэлжлэн яригдсаар өнөөдрийг хүрлээ. Эхлээд 234 тэрбум төгрөгийн тухай ярьж эхэлсэн. Ер нь 2007-2011 оны хооронд манай компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг. Гэтэл үүн дээр яриад байгаа 234 тэрбум төгрөгийг нь нэмж тооцохоор 300 гаруй тэрбум төгрөг буюу манай компанийн нийт орлогын 75 хувийг нь татварт авна гэсэн үг.

Тэгэхээр ямар нэгэн тооцоололгүй, зохиомол тоо гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа болов уу. Манай компанийн зайлсхийсэн гэх татварын хэмжээ хэд хэдэн шинжээчдийн дүгнэлтээр тус тус буурсаар байсан. Нийтдээ дөрвөн удаа шинжээчийн баг орж ажилласнаас хамгийн сүүлд 35 тэрбум төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн. Манай компани олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэл­тэй, нээлттэй компани. Нээлт­тэй компаниудын хувьд тавигд­даг гол шаардлага бол хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгуул­лагаар жил бүр шалгуулж байх. Хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар нь дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг.

Эдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй. “Саусгоби сэндс” компанид хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд энэ бүх тайлантай танилцдаг.

Тэгэхээр бид Татварын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж ирсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс компанийн байр суурь бол 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг огт үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

НӨАТ, Татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гарчихаад байгаа. Хуулийнхан ямар заалтыг зөрчсөн гээд, та бүхэн ямар тайлбар хийгээд байгаа вэ?

-Монголд жил бүр хэдэн мянган татварын маргаан өрнөж байдаг. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ аж ахуйн нэгжүүдтэй холбоотой татварын маргаан тодорхой хугацаанд өрнөөд, шийдэгдээд явж байдаг. Татварын маргаан үүсэхэд Татварын маргаан таслах зөвлөлөөр орж шийдэгдэх учиртай. Энэ зөвлөлөөр асуудал шийдэгдэхгүй бол дараа нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг.Ер нь энэ төрлийн хэрэгт татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд акт үйлдэх ёстой байдаг. Тэр актыг үндэслээд татварын маргааныг эхлүүлнэ. Гэтэл манай компани дээр татварын шалгалтыг хийгээгүй. Яагаад татварын байгууллага нь шалгалт хийж акт үйлдээгүй байхад татварын хэрэг үүсч байгаа юм бэ гэдэг нэг асуудал босч байгааюм. Тэгэхээр Мөрдөн байцаах газар, прокурор бол татварын шалгалт хийх эрх бүхий субъект биш. Гэтэл ийм байгууллагууд хөндлөнгийн шинжээч томилсон гээд асуудлыг шүүрч аваад яваад байна. Хөндлөнгийн шинжээч гэдгийг би бие даасан дүн шинжилгээ хийх чадвартай байх ёстой гэж ойлгож байгаа. Жишээ нь хоёр хүн хоорондоо өр зээлийн асуудлаар маргахад өөрийнхөө дүүгээр маргааныг таслаад өгөөч гэж болохгүй биз дээ. Дүү нь мэдээж ахынхаа талд асуудлыг шийдэх нь ойлгомжтой. Үүнтэй ижил хэргийн нэхэмжлэгч тал болж байгаа төрийн байгууллагын буюу агентлагийн албан хаагчид нь хөндлөнгийн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах боломжгүй. Тиймдээ ч тухайн шинжээчдийг бие даасан дүгнэлт гаргасан гэж үзэж болохгүй юм. Ямар нэгэн байдлаар компанийг буруутгасан шийдвэрүүдийг өөрсдийн хөндлөнгийн бус нөхцөл байдалд уялдуулан гаргажээ л гэж харж байна.

Одоо яригдаад байгаа 35 тэрбум төгрөгийг татвараас ямар замаар бултуулсан гэж үзээд байгаа бол?

-Үндсэндээ 35 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь ханшийн зөрүүний бодит бус алдагдал. Монгол орон бол импортлогч. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас аж ахуйн нэгжүүд гадаадаас худалдан авалт хийхийн тулд гадаад валют ашигладаг. Ам.доллар, юань гэх мэтээр. Үүнийг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүд валютаа хөрөнгө оруулалт юм уу зээл хэлбэрээр олж ирдэг. Эсвэл өөрт байгаа төгрөгөө валютаар солино. Тэгэхээр ийм ханшийн зөрүү Саусгоби сэндс компани толгой компаниасаа авсан зээлийн бодит бус алдагдлыг үүсгэж байгаа. 2007-2011 оны хооронд мэдээж төгрөг байнга суларч ирсэн. Тэр хугацаанд бид баланс дээрээ төгрөгөөр бичдэг учраас ам.доллараар авсан зээлээ төгрөгт хөрвүүлээд тэр нь жил жилдээ төгрөг суларч байгаагаас шалтгаалаад өсч бичигддэг. Түүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Бид үүнийг нь гайхаж байгаа. Жишээ нь Чингис бондыг босгосноос хойш төгрөг суларсаар өнөөдөр бараг 300 тэрбум төгрөгийн зөрүү гарчихаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Чингис бондыг босгосон хүмүүсийг хуурамчаар өглөг өсгөсөн гээд барьж аваад шийтгэх үү.Монголын олон мянган аж ахуйн нэгжүүдийг мөн адил шийтгэх үү. Дээр нь бид хуулийн дагуу хоёр өөр төрлийн тайлан өгч байдаг. Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхүүгийн тайланг өгнө гэсэн үг. Санхүүгийн тайланг Монгол Улс олон улсын нябо бүртгэлийн стандартын дагуу хүлээж авдаг. Манайх хоёр тайланг бодох ёстой аргачлалаар бодож өгдөг. Аль аль нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу. Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр буруутгах гэж зүтгээд байгаа нь заавал буруутгах сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэдэг.Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр дүгнэлт гаргаж, буруутгах гэж зүтгээд байгаа нь сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэж байна.

-25 тэрбум нь ийм учиртай байж. Тэгвэл үлдсэн 10 тэрбум төгрөгийг нь шинжээчид юу гэж үзээд та бүхэн ямар тайлбар хийж байгаа юм бэ?

-Манай компанийг бусдад бараа бүтээгдэхүүн үнэ төлбөргүй шилжүүлж татвараас зугтаасан гэж буруутгасан. Гэтэл энэ нь гал гарсны улмаас шатсан 17 тэрбум төгрөгний үнэ бүхий экскаватор, 1.5 тэрбум төгрөгийн орон нутгийн сургууль цэцэрлэг, малчдад өгсөн өвс, нүүрсний үнэ зэрэг байгууллагад өгсөн мөнгөн хандив байгаа. Шатсан экскаваторыг Авлигатай тэмцэх газраас газар дээр нь очиж үзээд лацадсан, манай уурхайн талбай дээр байж байгаа. Тэрийг бид ямар нэг байдлаар зарж үрээгүй, ашиглах боломжгүй. Гэтэл яагаад НӨАТ ногдуулж, бид түүнийг төлөх ёстой вэ гэж. Энэ мэтээр элэгдэлд орж балансаас хасагдсан дугуйнууд бас байна.

Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтаа дэмжлэг үзүүлэх нь бараг ёс болоод хэвшчихлээ. Сургууль, цэцэрлэг, зам, зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байдаг. Үүнтэй ижлээр бид Гурвантэс суманд багагүй ажил хийж өгсний дотор цэцэрлэг барьж өгсөн. Энэ бүхэн дээр буюу хандиваас хүртэл татвар авах тухай асуудал тавиад байгаа. Бид үүнийг нь сайн ойлгохгүй л байна. Тиймдээ ч бид болон манайд хөндлөнгийн аудит хийдэг олон улсын аудитын байгууллагууд ямар ч төрлийн татварыг нэмж төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Анх авлига өгсөн гэд­гээр эхэлсэн энэ хэ­рэг яагаад сүүлд нь татва­раас зайлхийсэн гэдэг зүйлчлэлээр ял онооход хүргэв. Цаана нь ашиг со­нир­хол нуугдаж байна уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч энэ асуудал авлигын хэргээр анх төрийн албан хаагчид шалгагдахад хэд хэдэн компанийг татан оролцуулж байсан юм билээ. Тэр нь явцдаа нотлогдоогүй бөгөөд харин ч төрийн албан хаагчид албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж компаниудыг дарамталсан нь нотлогдсон. Энэ нь явсаар мөнгө угаасан гэгдсэн бол мөнгөний хэмжээ нь улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцүү хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгээд тэр нь яваандаа 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байхад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар авах тухай асуудал болсныг би ойлгодоггүй. Яагаад ингэж урт хугацаанд шалгагдсан юм, гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг мэргэжлийн битгий хэл энгийн хүн ойлгохоор байхад шийтгэж байгаа нь гайхашруулж байна.

Ер нь гурван жилийн явцад ойлголцох боломж гараагүй юм уу?

-Бид өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай нь хэн ямар материал хүснэ түүнийг нь өгөөд хамтарч ажиллаад л яваад байсан. Бид татварын шалгалт хийгээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Актаа өгчихвөл маргах үндэс нь тогтоно гэдгийг ярьсан. Гэтэл энэ хүсэлтэд татварынхан “Мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас бид татварын шалгалт хийхгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Бид үүнийг нь гайхаад л байгаа. Мөрдөн байцаалт явагдах татварын шалгалт хийх хоёр хоорондоо ямар хамаатай юм. Өөр өөрсдийнхөө ажлыг л хийж байна гэсэн үг биз дээ.

Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн асуудлыг та гайхаж байгаа ч шүүхийн шийдвэр нэгэнт гарчихлаа. Танай компанид ажиллаж байсан гурван ч хүн ял сонсч танай компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх шийдвэр хүчин төгөлдөр болсон?

-Бид урт хугацаанд энэ байр сууриа илэрхийлж ирсэн дээ. “Монголын хууль тогтоомж, процессийн дагуу энэ асуудал явах ёстой. Та бүхний яриад байгаа нөхөн татварыг чинь та нар тогтоодог юм биш. Татварын мэргэжлийн байгууллага нь тогтоох учиртай. Тиймээс Татварын ерөнхий газар нь шалгаад асуудал байвал акт тавих ёстой. Процессийн дагуу асуудал явсангүй. Хөнд­лөнгийн гэсэн нэртэй хөндлөнгийн бус шинжээч­дийн тавь­сан дүгнэлтүүд л бий” гэж. Татварын хэрэг захиргааны журмаар бү­рэн шийд­вэрлэгддэг. Ийм асуудлыг зориудаар хүндрүүлээд эрүү­гийн хэрэг болгон гадаадын гурван иргэнийг хорьж байгаа нь маш харамсалтай. 2011 оны сүүлийн хагаст Жастин Капла 6 сар, Кажуком 4 сар ажилласан хүмүүс. Тэр хүмүүсийн ажиллаж байгаагүй хугацааны асуудлыг энэ хүмүүст зориудаар холбож байгаа юм. Ер нь ийм хэргээр, Эрүүгийн хуулийн 166-гаар хоригдох ял авсан Монгол хүн байдагт ч би эргэлзэж байна. Гэтэл ийм хэрэг өдүүлсэн гэх ямар ч үндэслэл байхгүй байхад гадны гурван иргэнийг хорьчихлоо.

Зайлсхийсэн гэх 35 тэрбум төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байсан. Гэтэл яагаад нэгдүгээр сарын 30-нд гэнэт хорих ял сонсгосон юм бол?

-Прокурорын ялын санал торгох байсан юм билээ. Гэтэл ялын саналаа сүүлийн өдөр нь өөрчилсөн байна. Уг нь ялын саналыг эхнээс нь прокурор хэлээд өмгөөлөгчид түүнийг нь үгүйсгэж мэтгэлцдэг.

Мэтгэлцээний зарчмын бүх зүйл дуусчихсан хойно прокурор нь ялын саналаа өөрчлөхөөр бүх зүйл буруу болж байгаа юм. Үндсэндээ өмгөөлөгч талд хамгаалалт хийх боломжийг нь олголгүйгээр ялын саналаа өөрчлөөд түүн дээр нь шүүгч шийдвэрээ гаргасанд бид их гайхаж байгаа. Шүүх хурал хууль тогтоомжийнхоо дагуу явж чадсан уу гэдэг асуулт бас л урган гарч байна. Асуудлын талаар хуульчидтайгаа зөвлөлдөж байна. Тэгээд ч та бүхэн шүүхийн дүрс бичлэг, тэмдэглэлтэй өөрсдөө олж танилцаад энэ бүхэн үнэн эсэхийг харж болно.

Хоригдох ял сонссон гурван хүн танай компанид ажиллаж байсан. Өнөөдөр ямар хамааралтай байгаа вэ?

-Өнөөдөр бол шууд хамааралгүй. Тухайн үедээ гэрээгээр манайд ажиллаж байсан. Гурвуулаа гадаадын иргэн. Нэг нь 2007-2011 оныг хүртэл, нөгөө хоёр нь 2011 оны дундаас эцэс хүртэл ажиллаж байсан.

Эдгээр хүмүүсийн намтар хэр цэвэр вэ. Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлж байсан нөхөд юм биш биз?

-Тийм зүйл байхгүй. Санхүүгийн хоёр мэргэжилтэн нь Филиппин улсын иргэн. Тэд нутагтаа нэр хүндтэй олон улсын компаниудад мөн бусад улсад мэргэжлээрээ ажиллаж байсан. Саусгоби сэндсийн захирлаар ажиллаж байсан Америкийн иргэн бол уул уурхайн мэргэжилтэй. Мэргэжлээрээ Монголд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2011 оны сүүлээр компанийн захирлаар ажиллаж байсан. Бас л мэргэжлийн ур чадвартай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй ийм хүмүүс бий.

Энэ хүмүүс бараг гурван жил Монголын хилээр гарч чадсангүй?

-Өөрсдийнх нь ярьдагаар гурван зул сарын баярыг үдсэн. Энэ хугацаанд ар гэрт нь олон гачигдал гарсан. Ойр дотны хүмүүс нь нас барсан. Энэ бүхэн дээр гэртээ очиж чадаагүй. Тиймээс эдгээр хүмүүсийн хүний эрхийн асуудлыг нэлээд хөндөж байгаа. Бидний хэн нь ч байсан гадаадад явж байгаад хилээр нэвтрэх боломжгүй болчихсон үед ар гэрт нь асуудал гарахад очиж чадахгүй байна гэдэг хүний ёсонд хэцүү шүү дээ. Энэ хүмүүсийг эхлээд гэрч гэсэн статустайгаар мэдүүлэг авч байгаад яваандаа сэжигтэн болгож сүүлдээ ялтан болгоод хувиргачихлаа.

Жастин Капла гэдэг хүн нь Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн байна. Үнэхээр буруутай болоод өршөөл хүсээд байна уу гэж харахаар байгаа?

-Энэ гурван хүнийг гурвуулаа Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэсэн мэдээлэл авсан. Мэдээж хэнд ч гэсэн шоронд хоригдох хүсэл байхгүй. Тиймээс хурдан гарах нэг боломж нь Ерөнхийлөгчийн уучлал юм бол тийшээ хандах нь тэр хүмүүсийн хуулиар олгогдсон эрх л дээ. Нэгэнт анхан шатны шүүхээс шудрага бус шийдвэр гарсан тул дараагийн шатны шүүхэд итгэх итгэл тэдэнд үлдээгүй байлгүй дээ.

Энэ гурван хүн сүүлийн гурван жил Монголд яажшуухан амьдарч байсан юм бол. Жилийн ихэнх өдөрт мөрдөн байцаагчийн хаалгыг сахиж таарсан байх?

-Хоёр нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Цагдаагийн байгууллагад тогтмол бүртгүүлдэг. Мөн Улаанбаатараас гарах тохиолдолд хэлж бүртгүүлдэг. 60 настай хүн ч бий. Бие муутай ч хүн бий. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнгөрсөн гурван жил тийм амар байгаагүй нь ойлгомжтой.

Энэ нөхцөлд хүний эрх хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг юм бол?. Судалж үзсэн үү?

-Энэ талаар нарийн судалж мэдсэн зүйл надад байхгүй. Жастин Капла бол өөрийнхөө өмгөөлөгчдөөр дамжуулаад НҮБ-ын Хүний эрхийн комисст өргөдөл гаргасан юм билээ. Зүй бусаар урт хугацаанд хилийн хориг тогтоон хохироож байна гэж. Түүний дагуу НҮБ-ын холбогдох байгууллагаас асуулга ирүүлсэн гэсэн. Би түрүүн хэлсэн дээ. Татварын маргаан бизнес эрхэлж байгаа хүмүүст тохиолддог л зүйл. Түүний төлөө хүмүүсийн чөлөөтэй байх эрхийг нь ийм урт хугацаанд хязгаарлах шаардлага байсан уу гэдэг дээр л хүний эрхийн асуудал яригдаж байгаа байх. Үүний сацуу ар гэрт нь гачигдал тохиолдол гарах бүрт хилийн хоригоор цагдах шаардлага байсан уу гэх асуулт байгаа юм билээ.

Америкийн тал хүнийхээ хойноос нэлээд хөөцөлдөж байна. Танайхтай уулзав уу?

-Хоёр орон хоёулаа л хүнийхээ хойноос, иргэнийхээ эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа. Филиппинээс Монголд Элчин сайдын яам байхгүй. Бээжингээс консул нь ирж нэлээд хэд хоног ажилласан. Байнга л өмгөөлөгчтэй нь холбоотой байгаа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллээр бичсэн, сэтгэгдэл үлдээсэн, зарим хүмүүсийн ярьж байгааг сонсоход америкчууд даварч байна гэж байна. Аль ч улсын иргэн хаана ч асуудалд ороход иргэнийхээ эрхийг нь хамгаалахын төлөө явж байвал сайн биз дээ. Манайхнаас ч гэлээ гадаадад явж байгаад асуудалд орооцолдоход манай Элчингийнхэн эргэж тойроод, юу болов гээд явж байвал баярлана биз дээ. Тэр ажлаа хийснийх нь төлөө бид “Том гүрний дээрэнгүй зан гаргаж байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болов уу. Элчин сайд нь байна уу, консул нь ч байна уу “хүнийхээ асуудлыг шүүхээр үнэн зөв шийдүүлье” гэж ярьж байгаа болохоос “хүнээ авч явмаар байна. Энэ хэргийг танай шүүхээр шийдүүлэхгүй” гэж хэлээгүй шүү дээ. Бас “Шүүгчийн тавьсан асуултыг зөв ойлгосон уу. Өөрийнх нь хэлсэн үгийг зөв орчуулсан уу” гэдэг асуудлыг Элчин сайдын яамныхан нь хөндөж байгаа нь их энгийн ойлголт гэж бодож байгаа. Хүнлэг ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой байх ёстой. “Тэр эрх нь хангагдсан байна уу. Энэ хүнийг Монголын хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байна уу. Шүүх хур­лын явц хуулийнхаа хүрээнд процедурын дагуу явж чадаж байна уу” гэдэгт аль ч орны Элчин сайд санаа зовних нь энгийн л ойлголт. Тэгээд ч Америкийн ЭСЯ-ныхан өөрсдөө шүүх хуралд бүтэн 3 өдөр суусан бүхнийг харсан. Филиппин Улсын тухайд Элчин сайдын яамны зүгээс хэвлэлтэй ажиллаагүй. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэлээ ч ялгаагүй л хүмүүстэйгээ уулзаад, тэднийхээ эрхийг хангахаар явж байгаа. Түүнээс биш америкчууд нь давуу эрх эдэлж филиппинчүүд нь дутуу эрх эдлээд байгаа юм биш.

Одоо танай байгуул­лагын зүгээс хэрхэх бол. Мэдээж давж заалдах уу?

-Давж заалдана гэж байгаа. Ялын тогтоолоо хүлээж аваад удаагүй байна. Тогтоолтой танилцаад, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаад 14 хоногтоо багтаагаад давж заалдах өргөдлөө өгнө.

Компанийн эзэд гэдэг юм уу, хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа бол?

-Манай компанийн хувьд Канадад бүртгэлтэй. Монгол дахь Саусгоби сэндс гэдэг нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Сүүлийн үед хүмүүсийн дунд сонин үзэл газар авч байх шиг байна. “Гадаад хүмүүс Монголын баялгийг зөөж байна” гэж. Тэгэхээр зарим тоон дээр түшиглээд ярихад манай компанийн гадны хөрөнгө оруулагчид гээд байгаа хүмүүс 1.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шууд оруулчихсан. Энэ компани ажиллах хугацаандаа 1.2 их наяд төгрөгийн дотоод худалдан авалт хийсэн. Уул уурхайг дагасан олон бизнес байдаг даа. Тоног төхөөрөмжөөс эхлээд ажилчдын хувцас, хоол хүртэл. Уул уурхайн салбар Монголд хүчтэй хөгжиж байх үед буюу 2010-2011 онд шилдэг татвар төлөгч байсан. Үүний зэрэгцээ энэ компанид сайн үед 700 гаруй хүн ажиллаж байсан бол өнөөдөр 400 хүн хөдөлмөрлөж байна. Энэ компанийн ажилчин 400-гаар яригдаж байгаа ч харилцан хамааралтай байдаг бусад компаниудыг оруулж тоолбол хэдэн мянган айлын амьжиргаа Саусгоби сэндсийн үйл хэрэгтэй хамааралтай. Мэдээж энэ компанид хөрөнгөө оруулсан тэдгээрийг төлөөлсөн ТУЗ-ийн байр суурь тодорхой. “Бид ямар нэгэн хууль зөрчөөгүй л юм бол давж заалдах нь зүйтэй” гэж. Хууль зөрчөөгүй гэдгийг юунд үндэслэж хэлж байгаа вэ гэхээр жинхэнэ утгаараа хөндлөнгийн аудитын тайлагнасны дагуу. Энэ аудитын байгууллагууд яагаад худлаа ярихгүй вэ гэвэл тэдний бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагч мөнгөөр нь бизнес хийж байгаа менежментийн ажлыг дүгнүүлж өөрийнхөө мөнгийг зохистой зарцуулж байна уу гэдгийг шалгуулахын тулд тэднийг хөлсөлдөг. Хэрвээ энэ байгууллагууд худлаа хэлдэг бол тэднээр шалгуулах хүн олдохгүй. Нэг л худлаа дүн гаргадаг гэсэн муу нэрийг аудитын байгууллага зүүвэл дампуураад л алга болдог. Тэгэхээр аудиторуудын хоолоо олж иддэг хэрэгсэл нь аудит. Харин манайхны шинжээч гэж нэрлээд байгаа хүмүүсийн хоолоо олж иддэг арга нь аудит биш. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчдын хувьд хоолоо олж иддэг хүмүүс үнэн хэлэх үү, ямар нэгэн байдлаар томилогдсон хүмүүс үнэн хэлэх үү гэдэг асуултын хариулт ойлгомжтой байх. Урт хугацаанд энэ аргаар хоолоо олж идье гэсэн хүмүүс л үнэн хэлнэ биз дээ. Тиймээс манай компанийн дээд удирдлагууд нэгэнт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй юм чинь давж заалдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Энэ асуудлыг гадаад ертөнц ихээхэн сонирхож байгаа бололтой. Ер нь Монгол гэдэг орон гадны хөрөнгө оруулалт, гадаад иргэдэд халтай гэж бичиж, нийтлэгдээд байх шиг байна?

-Манай компани гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай ч 99 хувь нь монголчууд ажиллаж байна. Бид Монгол хүн байж Монголынхоо нэр хүндийг унагаах сонирхолгүй. Биднээс болж Монголын нэр хүнд унаж байна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Шалгагдаж байгаа хүмүүс гадаадын иргэд байж таарсан. Гадаадын иргэд мэдээж эрх ашгаа хамгаална. Тэдний ар гэрийнхэн хийгээд бүр Америкийн зарим мужийн сенаторууд нь иргэнийхээ эрхийг хамгаалахад ихэд анхаарч байна. Тэд асуудлыг илүү өргөн хүрээнд том тавцанд гаргаад тавьчихаж байгаа юм. Тиймээс дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Гадаад хүмүүсийг нь цагдахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэдэг аудитын дүгнэлт манай дотоодын шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөд байгаа учраас ямар зүйлд үндэслэж ял оноосон бэ гэдэгт эргэлзэж байна. Дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхлын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү л гэсэн асуудал. Ийм учраас мэдээж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага сенсаци хөөж мэдээлж байгаа. Мэдээлэх эрх нь тэднийх. Энэ компанид хөрөнгө оруулагчид болоод хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн хаана ярилцлага өгөөд явах вэ гэдэг нь тэдний эрх чөлөөний асуудал байх. Манайх харин компанийнхаа байр сууринаас нэг мэдэгдэл гаргасан. Өнөөдрийг хүртэл би гадны хэвлэлд ярилцлага өгөөгүй. Монголынхоо хэвлэлд энэ тухай ярих бодолтой байсан учраас “Өдрийн сонин”-д энэ бүхнийг ярьж байна.

Гол нь хөрөнгө оруулалт буурсан, хямарсан энэ үед шүүхийн шийдвэр ухаалаг бус байлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа юм л даа?

-Анх Монголын Эзэнт гүр­ний үед Pax Mongolica тогтоож эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр гадны худалдаачид хэнээс ч айхгүйгээр, манайхаас өгсөн пайзаар худалдаа наймаагаа чөлөөтэй эрхлээд явж байсан. Үүнийг анх монголчууд санаачилсны ачаар өрнө, дорнын хооронд технологийн нээлт ололтууд чөлөөтэй солилцогдож дэлхий дахины хөгжил хурдассан гэж ярьдаг. Гэтэл чөлөөт худалдааг мянгаад жилийн тэртээ эхлүүлж, зарлан тунхаглаж байсан монголчууд өнөөдөр яг эсрэгээрээ гадны хөрөнгө оруулагчдаа хөөж тууж байгаа нь их харамсалтай юм даа.

Танай компанийг авах цаад санаатай явуулга үргэлжлээд байна гэх таамаглал ч гарах болж?

-Би “Саусгоби сэндс”-ийн захирлаар 2013 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод жилийн дараа 2013 оноос үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг юм. Миний гол зорилго бол компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахадтөвлөрч ажилласан. Би улстөрч биш. Ямар нэг улс төрийн ажил хийж үзээгүй. Цэвэр бизнесийн чиглэлээр Монголын томоохон компаниудад ажиллаж байсан. Нүүрсний салбар ихээхэн хүндэрсэн учраас компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой явуулахыг эрмэлзэж ирлээ. Толгой компани болох “Саусгоби Ресурс” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогдлоо. Тэр цагаас хойш энэ ажилд илүү их оролцоод эхэлж байна. Хэн юу сонирхож байсан бэ гэдгийг хэрэг анх үүсэхэд байгаагүй учраас хэлэхэд хэцүү. Өнөөдрөөс хараад дүгнэхэд ч бас хэцүү. Гэхдээ миний бодлоор энэ хувь хүмүүсийн хоорондын асуудал байна уу, бизнес хоорондын асуудал байна уу тэр нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол Монгол Улсын шүүх яаж ажиллах ёстой юм бэ. Үнэхээр дотоодын болон гадаадын иргэдэд тэгш хандаж чадаж байгаа юу. Гадаадын компани, дотоодын компанийн хэргийг шударгаар шүүж чадаж байна уу гэдэг асуудал л их чухал. Тийм ч учраас шинжээчид гээд байгаа хүмүүсийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Яагаад ийм дүгнэлт гаргачихав. Миний өмнө байгаа асуудал бол ерөөсөө л энэ. 35 тэрбум төгрөгийн зохиомол дүнгийн асуудлыг шийдэх нь илүү чухал байна.

Асуудал урт хугацаанд үргэлжилсэн, бас ч үгүй ихээхэн ээдрээтэй байна. Шат шатны шүүх одоогийн ялын нөхцөлийг хэвээр нь үлдээгээд байх юм биш биз?

-Бид энэ асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэхийн тулд эцсийг нь хүртэл явна. Давж заалдах хоёр шат байна. Тэнд үнэн мөн нь тогтоогддоггүй юм бол хаана ярих боломжтой байна тийшээ хандах байх.

Маргааны тухайд ийм тайлбартай байна. Тэгвэл эцэст нь нэг зүйлийг тодруулахад хямарсан, эрдэс баялгийн үнэ буурсан энэ үед Саусгоби сэндс компанийн нөхцөл байдал ямар байна?

-2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд 200 тэрбум төгрөгийн татварыг улсын орлогод төвлөрүүлсэн. Бидний төлсөн татвараар бүрэн хэмжээний 200 сургууль барьж болох мөнгө. Хэлсэнчлэн 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн байдаг. Энэ нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулсан гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ найман тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд зориулсан байдаг. Нүүрс олборлож, борлуулж байгаа хэмжээгээрээ ч тэр эхний 4 уул уурхайн компанийн нэг юм. 2013 онд манайх 3.2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 2.1 сая тонн болж буурсан. Гэхдээ үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Харин өнөө жил төлөвлөгөө зорилтоо өндөр тавиад ажиллаж байна. Ингээд эцэст нь нэг зүйлийг хэлэхэд нэгэнт 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихсан байж юу гэж л хууль зөрчих бодол өвөрлөх вэ дээ. Тийм тэнэг хүн байхгүй биз дээ.

Л.МӨНХТӨР

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Суудал олдоогүй нь зогсох болно


-2015 оны суудлын зурхай-
Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ. Гэтэл “согтуурагч” хэмээх хонин жилийн “шороон улс төр” нь согтуурагч гэхэд хэтэрхий босоо, хэвтэх байтугаа хазайх шинжгүй гозолзоно. Үхэр хариулаач нь Япон руу айл хэсэхээр одсон тул эзгүй аж.


Энэ бүхнийг үзвэл дээдэс буюу өвгөдөд маш инээдтэй, дундчуул буюу залууст улам хөгжилтэй, доодос буюу нялхаст бөөн наргиантай, элэг хөшөөм жил гарах бололтой. Цаг, агаарын зурхай нь УЦУХ-ын прогнозтой мөргөх ба хааяа нэг хий мөргөнө. Тариа таривал ургах ба тарихгүй бол ерөөсөө ургахгүй аж. Харин тариаланчид аль ч тохиолдолд мөнгөө авах юм байна. Суудлын зурхай зөвхөн эрчүүдэд хамаатай болохыг анхаарна уу! (Гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхрийнхээ өвөр дээр суусан байна. Хадамд гараагүй охид болохлоор эцэг, эхийн зурхайд хамаарна)

Хулгана жилтнүүд. (суудал давхардсан тул зохион байгуулагчтай холбоо барина уу. Хэл ам гаргахгүй зохицоно гэвэл ирэх жил лоожинд суудал өгч болно)

Үхэр жилтнүүд. Энэ жил танд суудал олдоогүй тул зогсох л болж дээ. Гомдоллох хэрэггүй. Хөлөө дагаад хиймор лундаа бас бус юмс босоо оршино гэдгийг ч зурхай хэлж байна.

Бар жилтнүүд. Таны суудал партерт таарсан байна.

Туулай жилтнүүд. Танд дуулгах нэг баярт мэдээ, хоёрын зэрэг “гэвч”, хэд хэдэн сайхан гарц байна. Баяртай мэдээ нь таны суудал лоожинд таарчээ. Гэвч чонотой суудал давхцсан тул дараагийн суудал руу явах боломжтой. Гэвч дараагийн суудал дээр нь гичий чоно байна. Иймээс засал хэрэгтэй. Чоно оо засах уу, өөрийгээ засах уу, гэсэн хоёр сонголт байна. Чоныг засч гэмээнэ гичийнд нь бариулах, өөрийгээ засвал авгайдаа “бариулах” гэсэн хоёр үр дүн байна. Хойтонгийн зурхайд таны суудал зурагдсан хэвээр байгаа нь юм нэгээр дуусахгүй гэдгийг өгүүлэх мэт.

Луу жилтнүүд. Таны суудал Бельэтажинд байна. Тэндээ байх нь ч дээр бололтой.

Могой жилтнүүд. Та энэ жил гэртээ суусан байна. (Авгайн чинь хийсэн ажил шиг байна лээ, энүүхэндээ хэлэхэд)

Морь жилтнүүд. Та энэ жил…уучлаарай, хэлэх үү, яах вэ.Та чинь айлдаа суусан байх юм. Нэгэнт ороод суучихснаас хойш яах гэхэв дээ. Энүүхэндээ хэлэхэд, харьсан нь ч дээр байж магадгүй.

Хонь жилтнүүд. Хадмындаа суусан байна. “Найман хувь”-ийн зээл хөөцөлдөхгүй бол хойтон ч бас наанаа сууна гэдгийг од эрхисийн байрлал хэлж байна.

Бич жилтнүүд. Хэ хэ, троллейбусанд суусан амьтныг чинь юу ч гэмээр юм бэ дээ. Суух ч гэж дээ, троллейбусны эврээс зүүгдээстэй байдлаар зурагдсан байх юм. Сайн нь гэвэл, наанаасаа унахгүй юм байна аа.

Тахиа жилтнүүд. Тахиа жилтнүүд энэ жил өндөгөн дээрээ суужээ. Ямар ч учиртай юм бэ, бүү мэд!

Нохой жилтнүүд. Танд хоёр суудал таарсан байна.(нэгийг нь зарахгүй биз)
Гахай жилтнүүд. Суудал захиалсан юм уу…хөөе! Жилийн жилд л ингэж ажил уддагаа боливол таарна…Тэрийгээ мэдэхгүй бөөн хэл ам. Яршиг, шатан дээр суугаарай…он дуусахаас өмнө босно шүү, амьтны замд тээглэж, түвэг удаад байгуузай….

Categories
мэдээ цаг-үе

“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зүг, мөр гаргах зурхай

XVII жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.

Энэ жилийн шороон үхрийн зурлага

Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч” хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна.

Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмэээн буужээ.

Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд

Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг 48 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

Та энэ жил аль суудалд суусан бэ?

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ

Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ.“Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.

УС СУУДАЛ

Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ.“Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ

Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ

Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мягмаржав: “Би хадагтай мод”-оо “Болор цом”-д зориулж бичээгүй

Болор цом-32″ яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Баттөрийн Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын хүрээнийхэн дунд эртнээс танигдсан энэ найрагч өмнө нь “Болор цом”-д аман хүзүүдэж байсан юм.

Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар энэ жилийн “Болор цом” наадмын дэд байрыг эзэлжээ. Гуравдугаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт я руу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц нар шалгарчээ.

Болор цом-32″ наад­мын тэргүүн байрын шагналт Б.Мягмаржавтай ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд баяр хүргэе. “Болор цом” наадамд хэчнээн жил оролцчихов оо?

-Би “Болор цом” наадамд 20 гаруй жил уралджээ.Тэгэхээр жил бүр цагаан сар болдог шиг “Болор цом” маань болоод л өнгөрдөг. Нэг хэсэгтээ дуулиан тарьдаг. Мөн нутагтаа очоод тэр нутгийн тэр авчихлаа гэж ихээхэн ярьдаг. Явган яриа, хов жив байдаг. Үүнийг бичдэг хүмүүс нь манайхан өөрсдөө л юм. “Болор цом” наадмыг мэргэжлийн хүрээнд янз бүрээр ярьдаг. Энэ нь байх ёстой наадам юм шүү. Би 1990-ээд оноос хойш тасралтгүй оролцож байна. Бүр унших эрхгүйгээр ч хасагдаж байлаа. Мориор бол хоёр үзүүрлэж нэг айрагдаж, нэг дөрөвлөсөн. Тэр минь энэ минь гэж элэг бөөрөө таталцсангүй сайхан боллоо. Урьд өмнө нь хэрүүл зодоон гардаг л байлаа. Энэ миний муугийнх байх даа.

Хөвсгөл аймгийн Дархадын хотгороос анх удаа авч байна. Хоймрын хоймроос шүү. Одоо хөл хөдөлгөөн ихтэй л байна.

Дараа дараагийн Болор цомд яаж оролцох вэ?

-Хүчээ үзнэ. Нэг түрүүл­чихээд бод идсэн боохой шиг хэвтэхгүй шүү. Тайз, ард түмэн, уншигчдаа хүндэтгэх ёстой. Яруу найрагч хүнд бол тэр нь залуу энэ нь хөгшин гэх юм байхгүй. Бичиж эхэлсэн л бол яруу найрагч эцсийн эцэст зуун жилийн дараа шүлгийг чинь уншиж байгаа бол тэгээд л яруу найрагч шүү дээ.

-“Болор цом” үзэж байсан хамгийн дурсамжтай үеэсээ уншигчидтайгаа хуваалцаач?

-Өөрийнхөө оролцсоныг би хэлэхгүй ээ. Тээр жил ерэн хэдэн онд юм даа, Д.Цоодол ах шүлэг уншиж байхгүй юу. Тэгсэн үзэгчдийн суудлаас нэг хүн “Хөөе Цооодол оо чи юу юм бэ, чиний шүлэг бичдэг гэж юу байсан юм бэ” гээд л орилж байлаа. Ерээд оны “Болор цом” тийм гоё халуухан болдог байсан байхгүй юу.

Тэр орилоод байсан хүн нь хэн байсан юм бэ?

-Шар Мийгаа ах. Тэгсэн Д.Цоодол ах шүлгийнхээ дундуур агсам тавиад эхэллээ. Нэлээн юм ярьж байснаа “Оо манай Шар Мийгаа л байна шүү дээ” гээд санаа нь амарсан мэт шүлгээ үргэлжлүүлэн дуудаж эхэллээ. Үзэгчид ч юу болчихов гэсэн шиг гайхаад эхэлмэгц би уриалан алга ташиж, намайг дагаад бүгд алга ташсан. Тэр жилийн наадам халуухан болсон доо.

Таны шинэ уран бүтээл ер нь юу болж байна аа. Ер нь уншигч түмэндээ хэчнээн ном барьчихав аа?

-Би нэг 12-ийн мөнгөний дэвтэр шиг дөрвөн ном гаргасан байдаг юм. Тэр бүхнээ нэгтгээд, дээр нь шинэ бүтээлээ нэмээд нэг боть гаргах гэж байна. “Хөх Монгол” принтинг өнөө маргаашгүй хэвлээд авчирж өгнө гэсэн. Тэр бол хатуу хавтастай нэлээд чамбай юм болох юм. Гэхдээ миний 30 жилийн яруу найргийн хөдөлмөрийг үнэлдэг хүнд бол нэг хуудас цаас ч байсан үнэ цэнтэй юм. Харин үнэлдэггүй хүнд бол нэг тоосгоны төдий л юм байх шиг байна. Бараагаар нь үнэлээрэй гэж бодож байна. Тэр минь тэгээд цагаан сараас өмнө ирэх гэж байна. Цагаан сарын дараа нэг номын ахан дүүсээ цай уулгадаг юм билүү гэж бодож байгаа.

-“Болор цом”-ын шүлгээ ер нь яаж бичдэг вэ, зарим нь наадам дөхөөд ирэхээр зориулж бичдэг, биччихсэн байдаг. Мөн энэ жил “Хадагтай мод” гэж сайхан шүлэг уншлаа?

-“Хадагтай мод” бол яах вэ дээ монголчуудын шашны зан үйл байгальдаа хэтэрхий харгис хандаж байгаа тухай бичсэн. Би бас муугүй фэйсбүүкчин. Нэг удаа манай нутгийн хүн өөрийн фэйсбүүк хуудсандаа хадганд боогдсон модны зургийг оруулсан байсан. Хүмүүс өөрсдийгөө л агуу гэж бопох юм. Гэтэл хурьцаж амьдрах, ханьлан амьдрах өгөгдлийг байгаль зөвхөн хүнд бус амьтан ургамалд ч заяачихсан байсан шүү дээ. Тэгтэл 13-тайдаа хэвлийгээрээ татаж бүслүүлсэн хадагтай мод 23-тай амаржих гэж байгаа эх шиг болсон үед нь хэрхэн тарчлаан зовоож байгааг зүрх сэтгэлээрээ би мэдэрсэн юм. Болор цомд зориулж бичээд байсан юм байхгүй ээ.

Энэ эрхэм хүндтэй наадмын тайзан дээрээс тэргүүн шагнал хүртэхэд хамгийн түүрүүнд ижий аавыгаа л боддог байх гэж санагддаг юм. Та бас энэ мөчид ижий авынхаа тухай дурсахгүй юу?

-Тиймээ, хамгийн түрүүнд ижийгээ л бодно доо. Би нэг шүлэг бичье гэж бодож байсан юм. Ер нь тэгээд ижийгээ алдсан хүн хэцүү л байдаг юм билээ. Даанч тэр шүлгийн маань санаа боловсорч өгөөгүй учраас энэ жил наадамд уншаагүй. Яагаад гэвэл өөрийн ээж үгүй болсон хойно өрөөлийн бүх ээжүүд миний ижий боллоо гэсэн санаатай шүлэг л дээ. Тэгээд яахав ухаан сууж, тавьтар тогтлоо гэж бодсон учраас л энэ эрхэм шагналыг надад өгсөн байх л даа.

-“Болор цом”-ын эзэн болчихоод байж байхад ер нь юу бодогддог юм байна. Та одоо ер нь юу бодож байна?

-Юу бодох вэ дээ, байгаагаараа л байж байна. Намайг таньж мэддэг олон хүмүүс мэнд мэдэж, баяр хүргэж байна. Цагаан сарын бэлтгэл угаалга хийгээд л сууж байна даа. Ер нь манай ерээд оныхноос Янжинлхам бурхнаа гэр хороололд залж байгаа нь би л болж байх шиг байна.

ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм
Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би
Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм
Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм
Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын сайн малчин Ч.Галсандоржийнд өнжлөө

Уул худгийн энгэрт наран тийшээ харсан нөмөр нөөлөгтэй болов уу гэмээрөвөлжөө байх. Чандманилан буусан гурван гэрийн яндангаар аргалын хөх утаа суунаглах ажээ. Өвөлжөөний баруун энгэрийг их хонин сүрэг бүрхэж байна уу гэлтэй налайн бэлчих. Харин зүүн дор поолины захад данайсан эвэртэй, нас бие гүйцсэн данагаршартайүхэр гэрийн зүг уван цувж байлаа. Уул худгийн энгэрийн өвөлжөөнд хүрэхэд бэрх аж. Машинаа хаазлан зүтгүүлсээр өнжих гэж байгаа айлынхаа гадаа ирлээ. Хондлой нь цантаж,үс нь сорлосон морьд уяан дээр эгнэжээ. Гэрийн эзэн Ч.Галсандорж гэрээс гарч ирэн угтлаа. Хотоос гарахдаа “Одоо очлоо” гээд суурин утас руу нь залгаад хэлчихсэн болохоор гэрийн эзэд “Удахгүй ирэх байх” гээд машины бараа харанхүлээгээд байсан гэнэ. Ч.Галсандорж гуайтай мэнд мэдэлцээд гэрт нь орлоо.

Гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам “За сайн байна уу. Сайн явж ирсэн үү, миний хүү” гэж хүрч ирэн үнсээд сүйд.Одоогоос хоёр жилийн өмнө сониныхоо редакциас малчин айлд очоод төлчин болж, сурвалжлага бэлтгэх томилолт өвөртлөөд Ч.Галсандоржийнд ирж байсан билээ.

Өнжиж байгаа айлынхан бүгд л баяр хөөрөөр дүүрэн угтсан юм. Тэд хэдхэн хоногийн өмнө баярт мэдээ дуулжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг мал хариулж өнгөрүүлсэн түүнд Засгийн газрын шийдвэрээр цагаан сарын босгон дээр “Улсын сайн малчин” хэмээх эрхэм цолыг хүртээх шийдвэр гарсан юм. Төв аймгийн Эрдэнэсант сумаас сүүлийн жилүүдэд Улсын сайн малчид ар араасаа цувран төрөх болсон. Улсдаа малаараа хоёр, гуравдугаар байрт ордог сум. Аймагтаа малынхаа тоогоор хол илүү түрүүлчихсэн, дал гаруй мянгат малчинтай, хорь орчим улсын сайн малчинтай сум юм. Харин энэ жил Ч.Галсандорж гуай улсын сайн малчин болжээ. Гэрийн эзэд баяр хөөрөөр дүүрэн байхаас гадна завгүй ажилтай байв. Хотоос зочид төлөөлөгч ирж, улсын сайн малчин цол тэмдгийг нь гардуулж өгөх гэж байгаатай холбоотойгоор гэрээ янзлах, хот хороогоо цэвэрлэх, бууз хийх,хонины ууц, мах чанах хөлдөөсөн поошигтой айргаа бага гэрт зуухны хажууд тавьж гэсгээх гээд ажил мундахгүй их байв.Их ажлын хажуугаар гэрийн эздийн удам судраас яриагаа эхлэв.

ГЭРИЙН ЭЗЭН ХУВИЛГААН, ЭЗЭГТЭЙ НЬ ТАЙЖ УДАМТАЙ

Гэрийн эзэн Ч.Галсандорж хуучин засаг захиргаагаар Зоригт Вангийн хошууны хүн гэнэ. Харин орчин цагийнхаар Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Эрдэнэсант сумын Цахирын Цагаан нуур, Мөөрсийн голоор үе удмаараа нутаглаж иржээ. Гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам мөн л энэ сумын уугуул иргэн. Бадын гол, Савангийн гол, Аргал угалзат уулаар нутагтай Цэдэн-Иш гэх хүний охин юм байна. Тэд 1971 онд айл гэр болж, гал голомтоо бадрааж байжээ. Гурван хүү, гурван охин, ач, зээ, зээнцэр гээд өдгөө өнөр өтгөн айл болжээ. Том охин Г.Лхагва нь сумын сургуульд ажилладаг байна. Харин том хүү Г.Бархасбаатар нь нутагтаа малчин. Охин Г.Ганпүрэв нь хотод аж төрдөг байна. Отгон охин Г.Хишигдэлгэр нь мөн л тусдаа гарчээ. Одоо хоёр хөгшин, хүү Г.Баасанжаргал, Г.Мягмаржаргал нартайгаа аж төрж байгаа аж. Г.Галсандорж гуай удам гарвалынхааталаар ингэж ярив. “Ах нь өвөг эцгээрээ овоглосон хүн. Миний өвөг эцэг Ожийн Чимид гэж хүн байсан юм. Өвөөгийн минь аав Ож гэж хүн байсан. Ож гэдэг хүний ойр төрлийн хүн Долцон хувилгаан гэж мундаг эрдэм номтой хүн байсан гэнэ билээ. Мөн их Оргиочийн хувилгаан Цэрэндорж гэх хүн ч манай удмын хүн гэдэг. Би өвөө талынхаа удам угсааг хөөвөл хувилгаан хүний удам. Хувилгаан Долцон гэдэг хүн их чадалтай, номтой хүн байсан гэж нутгийн хөгшчүүл бага байхад ярьдаг байлаа. Газар тэнгэртэй харилцдаг. Бороо оруулдаг. Булаг шанд ундруулдаг. Нэг удаа арван хошуу даншигийн наадамд очсон гэдэг. Умгар жижиг гэртэй, бор авдартай, гэрийнхээ баруун талын хатавчинд борви айраг өлгөчихсөн. Долцон хувилгаан ирсэн гэх сургаар хүрээний баячууд умгар гэрт нь ирцгээж. Хүн болгонд хул дүүрэн айраг мэлтэлзүүлээд өгөөд байхад борвитой айраг нь дундардаггүй байсан гэх домог мэт яриа байдаг юм. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ дээр үед эрдэм чадалтай хүн олон байсан гэдэг. Харин аав Чанцал гэх хүний үр удам болоод явчихна. Чанцал гэж хүн Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн аав. Мөөеө аварга миний авга ах байгаа юм. Монгол Улсын начин Б.Бадам-Очир бид хоёр нэг эцэгтэй улсууд” гэлээ. Харин гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам гуай тайж удамтай гэнэ. Түүний аав Т.Цэдэн-Иш гэх хүний эцэг Тогтох тайж гэдэг хүн байсан гэнэ. Харин аав Т.Цэдэн-Иш нь мужаан мэргэжилтэй, шагай харваагаараа алдартай хүн байжээ.Шагайн харвааны Арван эрхий цолтой, аль ч хуруугаараа харвасан алдахгүй онодог цэцтэй нэгэн байсан гэнэ.

ХОЁР ЗУУН ХОНЬ ХОЁР МЯНГА ГАРУЙ БОЛЖ УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛСОН ТҮҮХ

Ч.Галсандорж Эрдэнэсант сумыг Баян-Уул сум байхад бага сургуулиа төгсөж байжээ. Үүнийхээ дараа Лүн сумын долоон жилийн сургуулийг төгссөн байна. Сургуулиа төгсөөд хоёр жил мал маллаж байгаад нэгдлийн Цаг уурын шинжилгээний зургаан сарын курст сурахаар явжээ. Ингээд төгсөж ирээд сумын цаг уурын газарт 18 жил ажилласан гэнэ. Дараа нь сум нэгдлийн тоо бүртгэгч гэх зэргээр янз бүрийн ажил хийсээр улсад 29 жил ажиллаад малчин болсон байна. Харин Ц.Цэрэндулам гуай 20 гаруй жил сумын Тэжээлийн үйлдвэрт ажилласан гэв. Ингээд 1991 онд тэднийх нэгдэлд түрээсийн мал хариулахаар хөдөө гарчээ. Тэдний буянт мал хариулсан түүх эндээс эхтэй юм байна. Түрээсийн мал хариулж байгаад мал хувьчлагдах үед 200 хонь, арав гаруй үхэр, цөөн азарга адуутай болжээ. Мал нь өсч, хоёр мянга хол даваад байгаа шалтгаан нь гурван зудыг тэсч гарсантай холбоотой хэмээн бахдангуй ярив. Тэднийх 1999 оны зудтай жил Булган аймгийн Баяннуур суманд өвөлжсөн байна. Сумын малчид хотоо харлуулж, малаа үрж байхад тэднийх хэдэн туранхай борлонгийн гарзтай ширүүн цагийг давжээ. 2000 ондхавраас эхлэн бороо хур орохгүй, өвс ургахгүй байхаар нь зуны адаг сард Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум руу отроор яваад өгчээ. Хоёр гурван унага хээрийн амьтанд өгснөөс өөр малын гарз гараагүй байна. Ингээд Сэргэлэн суманд хэдэн жил нутаглаж байгаад нутагтаа, Цахирынхаа голд нүүж иржээ. Нутагтаа ирсэн жил мал муудаад байхаар нь өвсний сортойг даган залгаа сумын нутаг Дашинчилэнд өвөлжсөн гэнэ. Ингэж гурван зуднаас “зугтааж” тээж малын хорогдолгүй өдий хүрчээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэсант суманд өвөл өнтэй сайхан болж байгаа юм. Малын тоо толгой ч нэмэгдэжбайгаа гэнэ. Тодруулбал, ойролцоогоор хоёр мянгаад хонь, 500 гаруй ямаа, 300-гаад үхэр, 600-аад адуутай гэнэ. Дунд хүү Г.Баасанжаргал нь адуугаа хариулдаг бол бага хүү Г.Мягмаржаргал нь хонио хариулдаг аж. Харин отгон охин Г.Хишигдэлгэрийн нөхөр Ж.Мандахбаатар нь үхрийг нь хариулдаг гэнэ. Тэд өглөө гараад орой л гэртээ ирцгээдэг юм билээ. Г.Баасанжаргал өдөрт 15 азарга адуу цуглуулдаг болохоор өдөржин давхиад орой ирдэг байна. Ч.Галсандорж гуай 2007 онд Төв аймгийн сайн малчин болжээ. Харин өнөө жилМонгол Улсын сайн малчин болоод байгаа нь энэ. Хүргэн Ж.Мандахбаатар нь үхрээ эргүүлчихээд иржээ. Хар үнээ нь хээр тугаллачихсан байна гэнэ. Ийнхүү энэ жилийн ууган төлөө авчээ. Цаг агаар дулаахан байсан болохоор тугал хайрагдаагүй гэнэ. Уг нь өдийд үнээ хээр тугаллах юм бол хөлдөөд үхчихдэг юм. Энэ жил хаа сайгүй гойд дулаахан жил учраас мал муудаагүй тарганаараа байна хэмээв.

Бага хүү Г.Мягмаржаргал орж ирлээ. Тэднийх аавынхаа өвөлжөөний ард талд, Хөөстийн энгэрт тусдаа өвөлжиж байгаа аж. Хонь, үхрийнхээ талыг тасдан маллаж байгаа гэнэ. Олон мал өвөлжөөнд байхаар хэвтэр муудаад, мал тураад байдаг аж. Иймд малаа хоёр хуваадаг болсон байна. Мөн Г.Мягмаржаргал тэндээ цагаан сарын өвлийн уралдаанд морь уяж байгаа гэсэн. Жил болгоны цагаан сараар Эрдэнэсант сумын хоёрдугаар багийнхан Ханангийн энгэрт хурдан морь уралдуулдаг. Өнгөрсөн жил Г.Мягмаржаргалын зээрд морь аман хүзүүджээ. Ингээд ирэх жилийн их насны морийг уралдуулж, бай шагналыг өгөххадаг авчээ. Биднийг ирэхээс өмнөхөн Уул худгийн ойролцоо өвөлжиж байгаа айлууд морьдоо сунгасан гэнэ. Тэдний хурдан зээрд морь өнгөнд ирсэн байна. Уяаг нь сүүлийн жилүүдэд олдог болсон гэдгээ Г.Мягмаржаргал хэлж байв.

Нар баруун тийшээ хэвийх алдаддундхүү Г.Баасанжаргал адуунаасаа ирэв.15 азарга адуугаа хураачихаад улсын сайн малчин шагнал гардуулах үеэр уяан дээрээ уях морьдоо бариад ирсэн байв. Сор нь гялалзсан сайхан арван морь эгнүүлээд уях гэнэ. Өнгөрсөн зун дэлийг нь авсан морьдын дэл нь ургаад ахар болчихсон байв. Г.Баасанжаргал бидэнтэй мэндэлж, гэртээ цай уучихаад хайч бариад гарав. Морьдынхоо дэлийг хяргаж, өнгө зүс нэмж байгаа нь тэр. Хэдэн сайхан бор морь байна. Хийц хэлбэр сайтай, хондлой нь ховилтсон тарган амьтад байх. Г.Баасанжаргал “Ах нь хэдэн адуугаа зүүн чигийн угшилтай болгох гээд хэдэн азарга худалдаж авсан. Адууны цус холдоод их аятайхан цэвэрхэн хийцтэй адуутай болоод байгаа. Манайх аавын ах Р.Дашдондог гэх хүний бий болгосон угшлын адуутай. Удмынхаа хэдэн адууг тусад нь азарга тавиад угшлыг нь хадгалж байгаа” гэж ярилаа. Харин гэрт нь сумын төвөөс том охин Г.Лхагвасүрэнхотоос дунд охин Г.Ганпүрэв нар ирчихсэн “Улсын сайн малчин”-г нь гардуулж өгөх зочид төлөөлөгчдийг хүлээн авахад бэлдэж, гэр орныг нь цэвэрлэж байлаа. Унь, тооно угаахаас эхлээд аав, ээжийнхээ өмсөх дээлийг бэлтгэх гэх мэт олон ажил амжуулж байна. Отгон охин Г.Хишигдэлгэрийн хүүхдүүдтэр хавиар тоглож, хотон дотор гүйх аж. Өнөө жил Ч.Гандоржийнх гурван наадам хийхээр болоод байгаа гэнэ. Ханангийн энгэрт болдог хадаг шилжүүлэх уралдааны дараа Улсын сайн малчны баяр хийх гэнэ. Зунаас 500 адууны баяр тэмдэглэхээр болжээ. Хурдан морины бай, шагналд зориулан Г.Баасанжаргал хотоос42 инчийн өнгөт телевизор, мөнгөн аяга, хивс худалдаж авчээ. Үүнийг нь ах Г.Бархасбаатар, Г.Мягмаржаргал нар бага байна хэмээн ярилцаад адуу нэмж өгөхөөр болсон гэв.Бид ийн хууч хөөрсөөр байтал үдшийн бүрий болсон байлаа. Зорьж ирсэн айлдаа хоноод явахаар болсон юм.Тэнгэр баруун хойноосоо бүүдийж, цас ганц нэг хаялж эхлэв. Ойрд цас ороогүй, дулаахан байсан болохоор өвөл орсон жаахан цас хайлчихсан байна.Мал усгүйдээд хэцүү болоод ирэх үед ашгүй цас ийн оржээ. Мөндөр шиг цав цагаан хонь бууцны хөлд тэрийгээд хэвтчихсэнбайв. Гэдсээ дүүртэл идсэн хоньдын яраглах дуу тодхон. Мөн уяан дээрх морьд айсуй баярын зөнг хөндий дүүрэн дуулгах шиг янцгаана.

ГУРВАН ХАЙРХАН РУУ ДУРАНДАХАД ТУНГАЛАГ БАЙВАЛ ӨНТЭЙ ЖИЛ БОЛДОГ

Гэрийн эзэнтэй тэнгэр хангай их муудах шинжтэй байна шүү гээд яриа өдлөө. Тэгсэн өөдөөс “Ах нь олон жил мал дагаж, тэнгэр хангай ажиглаж байна. Мөн цаг уурын газар ажиллаж байсан болохоор тэнгэр хэзээ муудах, сайдахыг андахгүй” гэв. Эндээс бидний цаг агаарын хэрхэн шинжиж талаарх хөөрөлдөөн эхлэв. Ч.Галсандорж гуай өвөлжөөнийхөө хойд талын уулан дээр гараад дуранддаг. Булган аймгийн Авзага хайрхан, Бүрэгхангай, Заамар хайрханы орой руу дурандахад манантаад байвал тэр жилдээ цаг агаар таагүй. Харин тунгалаг харагдвал өнтэй өвөл болдог гэнэ. Мөн намар усны шувуу буцахдаа тэнгэрт дээгүүр нисээд, хулгана хөеөгөө адууны хомоол, чулуугаар дарчихсан байвал тэр жилд өнтэй сайхан өвөл болдог нь ажиглагдсан талаарярилаа.Үүнээс бидний ярианы сэдэв малч ухааны талаар цаашлаад сүүлийн үед залуус хөдөөг орхиж, хотыг зорих нь ихэссэн талаар өрнөв. Гэрийн эздийн хэлж буйгаар Монголын хөдөөд сайхан амьдрах боломж байгаа гэнэ. Сайн малчин болж, малаа өсгөж үржүүлж, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал хэдхэн жилийн дотор хотод байртай, үнэтэй машин унаад юугаар ч дутахгүй амьдрах боломж бүрэн байгааг хэлж байв.Түүнчлэн тэрбээр “Сайхан нутагт төрж өссөн. Энэ өвөлжөөн дээр хүн болсон болохоор ээлтэй байдаг” гэлээ. 1920 оны үед хүргэн ах Раднаа нь Уул худгийн энгэрийн өвөлжөөн дээрээс мянган хонь бэлчээдэг байжээ. Харин одоо Ч.Галсандорж гурван мянган мал энэ өвөлжөөн дээрээс бэлчээж байгаа гэнэ. Мөн баяжих айлын бяруу нь хүртэл тугалладаг гэдэг шиг сүүлийн хэдэн жилд бяруун гунж нь хүртэл тугаллаад эхэлсэн гэнэ.

Үүрийнгэгээн туяа тусч байхад босов. Үхрээ бэлчээгээд, хонио хотноос нь гаргаад үхрийн баас зэргийг цэвэрлэх ажилд бүлээрээ орцгоолоо. Хөдөөний ажил дуусах биш, энд тэндээс ажил ундарч гарсаар.Морьдоо барих, идээ, мах шүүс засах гээд л гэрийн эзэд ажлаа амжууллаа. Монгол Улсын сайн малчин цол тэмдгээ гардаж авахын өмнөхөн Ч.Галсандорж гуайтай хамт хонь эргүүлэхэд нь хамт явахаар болов. Хонины бэлчээр дээр зураг хөрөг авахуулна гээд хүүхдүүд нь аавынхаа гоё хувцсыг өмсүүлэх юм болов. Тэгсэн Ч.Галсандорж гуай “Сүүлийн үед зурагтаар булган малгай тавиад, үйтэн хуар дээл өмссөн малчин л гараад байх юм. Хэзээ байтлаа малчин малдаа тэгж явдаг байлаа. Хонинд өмсдөг хувцсаа өмсөөд явна. Үнэн зүйлийг үнэнээр нь харуулах хэрэг. Сонин уншсан хүмүүс муухай хувцастай байна гэж хэлбэл хэлнэ биз” гээд бэлдсэн хувцсыг нь өмссөнгүй. Бид хоёр адилхан зүсмийн хөх бор морь унасаар хонь руу явлаа. Замдаа хонин сүргийн талаар ярьсаар явав. Тэднийх ямаа цөөхөн байлгах гэж хичээдэг гэнэ. Мөн Баянцагаан сумын илүү нугаламт, казахын ууцан сүүлтээр хуц тавьдаг гэнэ.Ямаандаа Эрдэнэсант сумын ноолуур сайтай ухна, Баянхонгор, Сүхбаатар аймгаас хуц авчирч тавьжээ.Харин адуундаа зүүн аймгуудын угшил сайтай адуу авчирсан гэсэн. Хонь ч холдоогүй, тэрүүхэн зүүн дор нөмөр газар бараадсан байна. Хаашаа л харна цавцайсан цагаан цас.

Хоёр жилийн өмнө сурвалжлагч миний бие ирж, төл авч байгаа талаар нь сурвалжлага бэлтгэсэн талаар дурсав. Дунд хүү Г.Баасанжаргал нь хотод “Нарантуул” зах дээр явж байтал өөрийнх нь тухай бичсэн сонинг лангууны худалдагч уншаад сууж байсан гэнэ. “Наад сонин дээр чинь манайх гарсанюм” гэхэд худалдагч “Танайхан их ажилтай хүмүүс байна лээ” гээд танилцаж авсан гэнэ. Хот орохоороо тэд уулздаг болжээ. Мөн хотоос“Танай тухай сонин дээр гарсан байна лээ” гээд олон хүн утасдсан байна. Энэ талаар “Сонин дээр гарах их дурсгалтай сайхан юм билээ. Сонингоо хадгалаад, зургийн жаазандаа хийчихсэн. Хөдөөний айлд ганц хадгалж болох газар тэр. Хүүхдүүддээ “Аав нь сонин дээр ингэж гарч байсан юм” гэж хожим үзүүлэх гэж байгаа юм” хэмээв.

Хөөстийн аманд байгаа бага хүү Г.Мягмаржаргалын гэр рүү очлоо. Өглөө эрт морьдоо барьчихсан байна. Сумын төвөөс найз Д.Пүрэв нь ирчихжээ. Морьдоо ачаад Оорцогийн аманд очиж морио уралдуулахаар хөдлөх гэж байв. Жижигхэн биетэй бор азарга, босоо ястай биерхүү хээр морь, хийц сайтай зээрд морь уясан байна. Г.Мягмаржаргал зээрд морио айрагдчих болов уу гэж хүлээж байгаа гэнэ. Үнэхээр хээр мориных нь уяа нь таарчихсан гэмээр юм. Торгонир нь орчихсон, хоол нь яг сайхан таархсан харагдлаа. Үүнээс илүү уяазасал хийхээргүй харагдаж байв. Яаж давхихыг унах хүүхдийн авхаалж самбаа л мэдэх хэрэг. Соёолондоо өвлийн уралдаанд айрагдаж байсан хээр морь ч өнгөтэй харагдаж байв.Тэд морьдоо ачаад хөдөллөө. Харин бид морины бай шагналыг нь аваад араас нь төд удалгүй гарлаа.

Нутгийнхан машин, мотоцикль, морио унаад ирцгээжээ. Ихэнх нь морьдоо уралдуулахаар зорьжээ. Цөөн хэд нь цагаан сарын уралдаанаас өмнө хэний морь түрүүлэхийг үзэж, морь шинжиж, хийморио сэргээхээр иржээ. Хүүхдүүдийн гийнгоо хөндий талд цуурайтан, цавцайсан цагаан талд зөөлөн салхи сэр сэрхийнэ. Уяа нь орсон морьд хазаар даран тэмүүлэх юм. Азарганы уралдаан өглөө эрт болчихсон байлаа. Их насны морьд бүртгүүлээд гарааны зүг хөдөллөө. Хашир хүүхдүүд морь тууж яваа хүмүүст тулж зогсчихоод ерөөсөө урагшлахгүй юм. Будлиантуулж, замын дундаас эргүүлэх гэж оролдож байна шүү. Гүүглэж хашгираад, эргэж зугтаах гэж оролдоод янз янз л болж байна. Бага байхад хурдан морьдын уралдааны үеэр хүүхдүүд ийм авир гаргадаг байсан нь санаанд буув. Ингээд эргэх газраа ирээд хоржийлоо. Гараатай хэдэн бараан морьд цээжинд заргалдаж эхлэв. Араас ньхэсэг морьд нэхэж байна. Ингэж явсаар газрын тэхий дундаас зул задарч, сайхан цуваад эхэллээ. Цээжний морьд их хол тасарчихжээ. Ингэж явсаар бариа руу их насны хурдан морьд орлоо. Өнгөнд Төв аймгийн Лүн сумын уяач Н.Эрхэмтөрийн буурал зүсмийн морь, аман хүзүүнд Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Б.Буянбаатарын халтар, айргийн гуравт Эрдэнэсант сумын уяач Б.Энхманлайн хүрэн, дөрөвт Булган аймгийн Рашаант сумын уяач Г.Баяржаргалын саарал, айргийн тавд Булганы Баяннуур сумын уяач Д.Тайванжаргалынзээрд халзан хурдаллаа. Наадмыг зохион байгуулсан Г.Мягмаржаргалын зээрд морь зургаад давхилаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат,ХХААЯ-ны хэлтсийн дарга Н.Цолмон, Эрдэнэсант сумын Засаг дарга Б.Буяндалай тэргүүтэй зочид ирчихсэн шагналыг нь гардуулахад бэлэн болсон байлаа. 2007 онд УИХ-ын гишүүн Н.Энхболд аймгийн аварга малчин болоход нь ирж шагналыг нь гардуулж байжээ. Энэ жилУлсын сайн малчин болоход нь иржээ. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан болохоор гэрийн эзэнтэй ихэд танимхайрч, ойр зуурын зүйлсийг хуучлах аж.Ингээд Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэсант сумын хоёрдугаар багийн малчин Ч.Галсандоржид Монгол Улсын сайн малчин хэмээх хүндэт цолыг гардуулан өглөө. Н.Энхболд “Ч.Галсандорж гуайн олон жилийн хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаад баяртай байна. Нүдээ олсон шагнал гэж үүнийг хэлэх байх” хэмээн онцолж байсан юм. Улсын сайн малчин болсон баяраа тэмдэглэж, хот, сумаас ирсэн хамаатан садан, дотно танилууд нь ар араасаа цувран ирэв. Хул дүүрэн мэлтэлзүүлэн айраг сөгнөөд “Тогоотой сүүгээ нартай дэвэргэсэн…” гээд

“Малчин заяа” дууг дуулснаар хөгжүүхэн найр гэрт эхлэв.

Нар баруун тийш хэвийсэн байхад гэрийн эзэдтэй дахин уулзах ерөөл тавин хөдөлсөн юм. Монгол Улсын сайн малчин Ч.Галсандорж төр засгаар хөдөлмөрөө үнэлүүлж, ихэд баяр хөөртэй сууж байна лээ. Тэднийх тун удахгүй буурь сэлгэж, хаваржаандаа бууна гэсэн.Удахгүй тэдний хотонд нялх төлийн дуу цангинана.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Түүхэн хэлэлцээрийн эргэн тойронд…

-ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЯПОНД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд болоод анхны айлчлалаа Япон улсад хийж байгаа нь энэ юм. Хэдийгээр хоёрхон өдрийн хугацаанд цаг давчуу байсан ч чамгүй олон уулзалтуудыг хийж, түүхэн томоохон хэлэлцээр дээр үзэглэж, гэрээ байгуулаад ирсэн. Түүний айлчлалын эргэн тойронд чухам ямар яриа болж, юу өрнөснийг тоймлон хүргэе.

МОНГОЛТОЙ ХОЛБООТОЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙДАД БАРААЛХАВ

Ерөнхий сайд Японд газардсаныхаа дараа эхний уулзалтаа “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаитай хийсэн юм. Азидаа нэртэй компанид тооцогддог “Номура холдингс” нь олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани гэгддэг билээ. Бас Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог газар аж. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийлж байлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжима Ч.Сайханбилэг сайдад бараалхсан бөгөөд Ерөнхий сайд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэг рүүгээ чиглэсэн зээл тусламж хэлбэртэй явж ирснийг цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа болгоно гэж хэлсэн нь дандаа мөнгө гаргаж байдаг банкны удирдлагад таатай сонсогдсон биз ээ. 2013 оны зургадугаар сард манайх анх удаа JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингэснээр Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд найман тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгох үүрэг бидэнд байгаа юм. Ерөнхий сайд төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд К.Яжима туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн хэмээсэн юм. Ерөнхий сайдтай уулзсан эрхмүүдээс анхаарал татаж байсан нэгэн бол Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура байлаа. Энэ корпораци нь 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа чухам манайхныг япон, монгол төрийн далбаатай тусламжийн хуурай сүүг ууж байхаас л Монголтой холбогдсон байгууллага ажээ. Тэд 1995 онд “Мобиком” компанийг байгуулахад хөрөнгө оруулж яах аргагүй манай анхдагч гадаад хөрөнгө оруулагчдын нэг болсон. Харин одоо Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд багтсан гурвын нэг болж байгаа билээ. Тэд хоёр гол чиглэлд ажиллана гэдгийг К.Накамура сан онцолж байсан бөгөөд хөрөнгө оруулалт болон маркетинг дээр голлон ажиллах юм байна.

Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки тэргүүтэй Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзсан арга хэмжээ элэгсэг дотно болсон. Эртний хийц, өнгө будаг гүн шингэсэн модон хана, тавилгатай өрөөндөө нас өндөр ч хөнгөн шингэн алхаатай парламентчид залуу Ерөнхий сайдыг хүлээж авсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг чухалчлан тэмдэглээд Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг хэлсэн билээ. Энэ үеэр тэд ярианы үеэр төлөвлөөгүй байсан визний асуудлыг хүртэл хөндсөн бөгөөд нааштай хариу удахгүй сонстох биз ээ.

АНХ УДАА МОНГОЛ ХҮН УЛСАА ТӨЛӨӨЛЖ СОЁЛЫН ЭЛЧ БОЛОВ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалынхаа үеэр Японы сумо бөхийн түүхэн амжилтыг эвдэж, 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын соёлын элчээр томилж, дипломат паспорт олгосон арга хэмжээ болсон юм. Их аварга, өөрийг нь дагалдан явах даруухан япон эхнэрээ дагуулан иржээ. Монгол Улсын соёлын элч нь Монголыг хилийн чинадад сурталчлах, соёл, урлаг түүх спорт цаашлаад хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг аж. Урьд өмнө нь гадны улс орнуудын иргэдэд энэ элчийн өргөмжлөлийг хүртээж байсан бол анх удаа монгол хүн энэ үүргийг хүлээж байна. Хакухо М.Даваажаргал “Эх орныхоо соёлын элчээр томилогдсондоо баяртай байна. Улам сайн барилдаж, амжилтаа ахиулна. Би азтай хүн. Монгол Улсад төрж, өсч, Япон улсад өдий зэрэгтэй яваа минь сүмод барилдаж байгаагийн минь хүч юм. Хоёр орныхоо гүүр болж, зүтгэх болно” гэж хэлж байлаа. Бас их аваргад дипломат паспорт олгохдоо манайхан 33 тоотыг олгосон нь дээд амжилт эвдсэн түрүүний тоо нь ажээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮРТГҮҮЛСНЭЭСЭЭ ОЛНООР ИРЖ, АСУУЛТ ТАВИХ ХҮМҮҮС ДУУССАНГҮЙ

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) Токио дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд Монголыг сонирхож байгаа байгууллагуудаас 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй хүн иржээ. Өөрөөр хэлбэл, Монголыг тэд сонирхож байна гэсэн үг. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж, нээлттэй ажиллахаа илэрхийлсэн Засаглалын тэргүүн ирж байгаа болохоор тэгж олноор ирсэн байж ч болох юм. Бас Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал салбар салбарынхаа тухай мэдээлэл өгсөн нь тэдэнд таатай санагдаж байх шиг анзаарагдсан. Манайхан яг таг, тоо хэмжээ, цаг хугацаа мэдэх дуртай япончуудын чанарт тааруулж мэдээллээ өгөхөө бас тооцоолжээ. Бас Ерөнхий сайд нь суугаад ярихаар арын хүмүүст харагдахгүй байж магад гээд өөрөө босч ирээд энгийнээр асуудлаа ярьж, асуултад хариулсан нь тэдэнд ойр санагдсан байх. Тэрбээр “Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа.Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улс төрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ” гэж Ерөнхий сайд хэлсэн. Түүнээс асуулт асуух гэсэн хүмүүс дуусахгүй байсан бөгөөд япончууд цаг барихдаа яс хүмүүс тул товлосон цаг дуусахад хаагаад л орхисон.

МОНГОЛЧУУД ТҮҮХЭН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЯПОНЧУУДТАЙ ХИЙЛЭЭ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болчихоод хийсэн мэдэгдэлдээ “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэсэнчлэн энэ удаагийн айлчлалын гол цөм, үр дүн, зорилго нь нэг хоёр гуравтаа бүгд Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байлаа. Түүнтэй энэ гэрээг албажуулж, гарын үсэг зурсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манай улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сумогийн их аварга Хакухо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм. Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна” хэмээсэн билээ. Үнэхээр гурван жил гаруйн хугацаанд хоёр талаас маш олон удаагийн уулзалт хэлцээ, маш олон хүний хүч хөдөлмөр гарсны үр дүнд энэ гэрээ байгуулагдаж байгаа юм. Манай улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр нь энэ бөгөөд япончууд биднээс өмнө 14 оронтой байгуулжээ. Энэ гэрээний гол мөн чанар бол хоёр тал харилцан ашигтайгаар эдийн засгийн хувьд түншлэх явдал гэж ойлгож болох юм. Үнэндээ гурван сая хүнтэй Монгол тэдний хувьд анхаарал татаж чадах хамтрагч мөн болов уу. Монголын хүн ам бол Токиогийн нэг дүүрэг л гэсэн үг. Манай бүтэн жилийн дотоодын нэг бүтээгдэхүүнтэй тэнцэх хөрөнгийг Япон 16 цагийн дотор бүтээж байдаг гэсэн тооцоо бий. 365 хоногийн 16 өдөр биш. 365 хоногийн нэг өдрийнх нь 16 цаг шүү дээ. Гэхдээ Монголд ашигт малмтал бий, япончуудад түүнийг боловсруулах технологи, мэргэжилтэн бас хөрөнгө оруулагчид байгаа. Харилцан нэг нэгнээ нөхөж харилцан ашигтай байх нь энэ гэрээний зорилго. Монголтой хийх энэ гэрээг Японы талаас анх удаа улстөрч хүн удирдсан гэнэ лээ. Өмнө нь дандаа эдийн засаг, бизнесийн хүн гарддаг байж. Тэгэхээр энэ гэрээ тэдний хувьд улс төрийн шийдвэр болж байгаа хэрэг.

Тус хэлэлцээр нь нийт 1200 гаруй хуудастай маш том гэрээ. Өргөн агуулга, үйл явдлыг багтаасан гэж болно. Гэхдээ манайхны хувьд хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйл бол гаалийн татваргүй болох явдал. Ингээд сонсохоор манайханд машин татваргүй орж ирэх нь гэж хамгийн түрүүнд бодогдоно. Бас зарим хүмүүс япончууд манайханд хуучин машинаа шахах гэж л энэ гэрээг байгуулж байгаа гэж мэдэмхийрч байгаа нь ч дуулдаж байна. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Үнэндээ япончуудын хувьд шинэ машинаа зарах нь л хэрэгтэй болохоос хуучин машинаа зарах тэдэнд асуудал биш. Өөрөөр хэлбэл тэд шинийг зарж ашгаа олдгоос хуучнаа зарж ашиг олно гэж байхгүй. Тэр ашиг нь машины наймаа хийдэг пакистан, монголчуудад ирэхээс Японд хамаагүй л дээ. Үнэхээр хүмүүсийн хүлээж байгаа шиг машины үнэ буурах болов уу. Машинууд гаалийн татваргүй болох ч онцгой албан татвар байна гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Арваас дээш жил ашигласан хуучин машин бас 4500-гаас дээш мотортой үнэтэй машинууд татвараас чөлөөлөгдөхгүй. Харин жирийн иргэдийн унадаг дундаж машинууд хямдарна л гэсэн үг. Энэ хэлэлцээрийг Японтой хийсэн улс орнуудад хөрөнгө оруулалт дандаа нэмэгдэж байсан юм байна. Хамгийн их нь Мехсикт 70 хувиар хөрөнгө оруулалт нь нэмэгджээ. Харин бага нь Сингапурт 4 хувь гэнэ. Мехсикийн хувьд япончууд машины үйлдвэрээ тэнд байгуулжээ. Мехсикчүүдийн хувьд гаднаас хөрөнгө оруулалт орж ирнэ, хүмүүс нь ажилтай, машин хийж чаддаг болно харин япончууд Хойд Америк руу машин нийлүүлэхэд ойрхон, бас элдэв татварын хувьд давуу талтай. Энэ мэтээр харилцан ашигтай явж ирдэг гээд ойлгочиход болох бололтой. Өөрөөр хэлбэл, Японы аж үйлдвэрийн олон улсын сүлжээнд орж байна. Нэг газарт нэг үйлдвэр биш, нэг бүтээгдэхүүний эд хэрэгслийг нь үйлдвэрлэх газар нэг орон болдог учраас бүх орнууд нь нийлээд хамтын эрх ашигтай болж байна гэж ч болох юм. Тоглоомын нэгдсэн дүрэм бий болж байна. Ланд круйзер машины шилийг нь Малайзид, чийдэнг нь Филиппинд үйлдвэрлээд явчихаж байгаа хэрэг шүү дээ.

Манайх шиг байгаагаа түүхий эдээр нь гаргаж байсан оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах ухаанд суралцахад том боломж гарна. Бас хүнийг нь сургаад өгөх нь давуу тал. Япончуудын хувьд технологио харамгүй хуваалцдагаараа алдартай. Солонгосын Хюьндэй бол Тоёото, Самсунг бол Тошиба гэдэг шүү дээ. Тэгж л үлдээж чаддаг байна. Тэгэхээр энэ хэлэлцээрийг Японтой баталсан нь бидэнд том боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын чуулганаар манайх энэ хэлэлцээрээ соёрхон батлах асуудлаа шийдэнэ. Харин япончуудын хувьд дарааллын хувьд ямар байдаг юм, ойрын үед шийдэх биз ээ. Гэхдээ тэдний парламентад Ш.Абэгийн нам олонхи байгаа учраас асуудал гарахгүй нь ойлгомжтой. Гишүүд гэснээс энэ хэлэлцээрийн төсөл яригдаж байхад манай түшээд төслийг сошиалаар сонирхуулах маягаар тавьчихсан асуудал гарч байсан. Японы хувьд ганц манайтай биш хэд хэдэн оронтой хэлэлцээрийн төслийн хэмжээнд явж байсан учраас монголчууд хачин хүмүүс гэж бодсон л байж таарна. Учир нь манайх шиг зөөлөн, хөнгөлөлттэй нөхцөлийг тэр бүр улсуудад хангаагүй л байгаа. Юутай ч монголчууд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрээ Японтой байгуулж чадлаа. Одоо албан ёсных болчихвол. Энэхүү хэлэлцээр нь бидэнд, хоёр талд өгөөжөө өгч, дараа дараагийн ашигтай хэлэлцээрүүдийг ч байгуулж, дэлхийн эдийн засгийн сүлжээний нэгээхэн хэсэг болох эхлэл нь амжилттай байх болтугай гэж хүсэх л үлдлээ.

Токио-Улаанбаатар

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Сэрчмаа: Би одоо цахим ертөнцөөр л аялж амьдарч байна шүү дээ

Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.

-Та мэргэжлийн хөгжимчин хүн. Яагаад хийл хөгжмийг сонгон суралцах болсон бэ?

-Би хийлч, дуучин мэргэжилтэй. Хөгжим бүжгийн дунд сургуульд анх хийл хөгжмийн ангид элсэн сурч байлаа. Багаасаа урлагт дуртай байсан минь нөлөөлсөн болов уу. Аав минь урлагт хайртай хүн болохоор намайг тийм сонголт хийхэд тусалсан хэрэг.

-Анх тайзан дээр гарч байсан сэтгэгдэл ямар байсныг эргэж дурсана уу. Таныг оюутан байхдаа цэнгээний газар дуулдаг байсан гэх юм билээ?

-Хөгжмийн сургуульд суралцдаг болохоор тэр үү анх зургаан настайгаасаа тайзан дээр гарсан л даа. Яг дуулж гарсан тайз гэвэл тавдугаар ангидаа ая дуу зохиогч багачуудын уралдаанд хөгжмийн аялгуу, дуу зохиож нэгдүгээр байр эзэлж байсан юм. Энэ уралдаанаас би их урам авч байсан нь саяхан мэт л санагдаж байна. Түүнээс хойш дуулах сонирхол минь ихэссэн. Оюутан байхдаа цэнгээний газар дуулж байгаагүй. Харин дуучин болоод амьд хөгжмийн амтанд хорхойсч өөрийн багш хөгжмийн зохиолч Пүрэвдорж гуайн хамтлаг болох “Black and White jazz” хамтлагтай “River sound” амьд хөгжмийн клубт дуулдаг байлаа.

-“Sally & NB” нэвтрүүлэгт яагаад ажиллахаар болов?

-Нэг жилийн өмнө сэтгүүлч Нямбаяр надад анх ийм өнгө аястай, иймэрхүү нэвтрүүлэг хийх гэсэн юм хамтарч ажилах уу гэсэн санал тавьж байсан. Бодож үзээд сэтгүүл зүйд шинэлэг өнгө аяс оруулж ирэх нэвтрүүлэг болохоор дэмжиж ажилласан. Хөтлөгч хүн хүнээ сайн мэдэж, судалж байж яриулах болохоор их судалгаа хийдэг. Хөтлөгч байх сонирхолтой санагдсан. Оролцож байгаа зочин хүний ертөнцийг хөгжилтэйгөөр үзэгчдэдээ харуулахыг хичээж ажиллаж байна. Анхны нэвтрүүлэг гарснаас хойш одоо нийт 50 дугаарын ард гаржээ.

-Цахим ертөнцөд нэлээд идэвхтэй гишүүдийн нэг. Фенүүдээсээ санаа авах зүйл байдаг уу?

-Би одоо цахим ертөнцөөр л аялж амьдарч байна шүү дээ. Фэйсбүүк найзуудаасаа санаа авах зүйл маш их байдаг. Илэн далангүй сэтгэгдлээ хуваалцдаг.

-Анх нэрд гарсан дуу. Хамгийн хайртай дуугаа нэрлэвэл. Одоогоор хичээн цомогтой болсон билээ?

-Би бүх дуундаа хайртай. Хамгийн анх олонд танигдсан дуу бол “Би явлаа”, “Торойсоор үлддэг миний ээж” дуунууд маань байгаа юм. Би одоогоор нийтдээ зургаан цомог гаргаж, урын сандаа 100 гаруй дуутай болжээ.

-Цагаан сараа яаж тэмдэглэдэг вэ. Ямар хувцасаар гангарах гэж байна?

-Цагаан сараар дандаа л үндэснийхээ дээлээр гангардаг. Ер нь бол элдэв загварын биш энгийн эсгэлттэй дээлэнд маш их дуртай. Энэ жил манайх цагаан сар хийхгүй. Аав дараа жил хийнэ гэсэн. Энэ жилдээ бид бүгдээрээ ээжийгээ үгүйлээд цагаан сараа өнгөрөөнө дөө.

-Та ээжийн тухай сайхан дуунууд дуулсан байдаг. Ээжийн тань захиас бий юу. Таныхаар эмэгтэй хүн, эх хүн ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүн эрхэмсэг итгэлтэй, ухаалаг үрдээ энэрэлтэй ханьдаа халамжтай байхад л зөв гэж ээж минь захидаг байсан. Тэрийг л бодож явдаг даа.

-Таны хувьд ээж болох ямар байсан бэ?

-Ээж болох үнэхээр агуу зүйл юм байна лээ. Ээж болоод өөрийнхөө ээжийг хайрлаж мөн энэ дэлхийн бүхий л ээжүүд, бүсгүйчүүдээ хайрлах нинжин сэтгэл асгардаг юм байна лээ.

-Та охиноо яаж хүмүүжүүлж байна?

-Охиноо бусдын адил хүмүүжүүлэхийг бодож хичээж байна. Охин маань сургуульд орох нас нь арай болоогүй байна. Одоо хараад байхад урлагт их хайртай охин шүү.

-Тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар яриач багахан нууцаасаа задалбал?

-Тоглолтоо гуравдугаар сарын 7-нд 19.00 цагаас Blue sky tower-ын “Vegas night” клубт 100 хувь амьд хөгжмийн unplugget тоглолт болно. “Vip” тоглолт учраас цөөхөн хүний хүрээнд тоглолтоо хийнэ. Дууны ертөнцөөр сонсогч фенүүдтэйгээ хамтдаа нэг үдшийг өнгөрүүлье гэдэг үүднээс тоглолтоо хийхээр шийдсэн. Энэ үдэш миний хит хайрын дуунууд, ээжийн дуунууд эгшиглэх болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хүмүүс гэнэтийн бэлгийг маань харах боломжтой.

-Танд цуглуулдаг сонин зүйл бий юу?

-Сүүлийн үед төрөл бүрийн аяга цуглуулах дуртай болсон. Мэдээж бас хэрэглэх дуртай. Гоё аяга хэрэглэх надад ч, манайд ирсэн хүмүүст ч таатай шүү дээ.

-Өөрийн амьдралаас сэдэвлэсэн кино гаргах гэж байгаа гээд байсан яагаад нам гүм болчихов?

-Уг нь кино хийгдсэн. Одоогоор кино ч үгүй, мөнгө ч үгүй л сууж байна. Орчин цагт хүнд итгэх хэцүү болсон байна. Найруулагч гэх С.Батмөнхтэй шүүхдэлцэж байгаа. Хууль хяналтын байгууллага маань киноны асуудлыг минь үнэн зөв шийдэж өгөхийг хүлээж байна даа.

-Одоогийн нийгэмд байгаа залуус маань ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Орчин үеийн залуус маань маш чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чаддаг болсон харагдсан. Мэдээж улсаа, хотоо, соёлоо гэсэн сэтгэлтэй үндэснийхээ ёс заншил хэв маягийг үргэлж мэдэрч, судалж мартахгүй яваасай гэж хүсдэг.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Сүүлийн үед “Хайрын тэнгэр”, “Сэтгэлийн тэнгис” дуунуудаа дуулж клипжүүлээд байна. Мөн удахгүй дэлгэцнээ гарах шинэ киноны дууг дуулсан шүү.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уртнасан: Өрхийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг өвдсөн нэгэндээ шилжүүлэн зарцуулах боломжтой

Саяхан шинээр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Уг хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасантай ярилцлаа.

Шинэ гарсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ач холбогдлыг эхлээд тодруулмаар байна. Өмнөхөөсөө ямар онцлог, давуу талтай заалтуудыг тусгаж өгөв?

-Манай улс 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоог сонгож авч, хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлтийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг бие даасан тогтолцоог бид бүрдүүлж чадсан. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын санд жилдээ 280 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, мөн хэмжээний санхүүжилтийг олгож байна. Ингэж эрүүл мэндийн даатгалын сан нь эрүүл мэндийн байгууллагын найдвартай санхүүжилтийн эх үүсвэр болж, даатгуулагчдад эрүүл мэндэд нь эрсдэл тохиолдсон үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг саадгүй, шуурхай олгох бололцоотой даатгалын сан болон хөгжиж байна. Үүгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлсний нийгэм, эдийн засгийн бодит үр дүнг товчоор үнэлж болох юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн 40-70 хувийг эзэлж байна. Шинэ хуулиар Даатгуулагчдын авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, сайжруулах талаар олон зохицуулалтыг тусгаж өгсөн. Нэг үгээр хэлбэл даатгуулагчаа эрхэмлэсэн хууль болж чадсан гэж үзэж байна. Тухайлбал, өрхийн даатгалын үйлчилгээг шинээр хуульчиллаа. Төр хариуцан төлдөг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг бас нэмэгдүүллээ.

Тодруулж асуухад манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар зарчмаар явдаг юм бэ. Даатгалын шимтгэл төлөөд байдаг хэрнээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй иргэд олон бий. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулсан юм бол?

-Манай Эрүүл мэндийн даатгал нь эв санааны нэгдлийн зарчим дээр үндэслэсэн тогтолцоо л доо. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хүний даатгуулагчдын төлсөн шимтгэлээр орлого бүрдүүлж нэгдсэн сан бий болгоод уг сангаас тохиолдсон эрсдэлдээ ногдох төлбөр авч, эрсдэлээ хуваалцдаг зарчимтай тогтолцоо. Олон арван эрүүл саруул даатгуулагч нь өвчин зовлонд өртсөн даатгуулагчаа эдгэж, илааршихад нь дэмжлэг үзүүлдэг, хүмүүнлэг тогтолцоо гэвэл илүү ойлгомжтой байх болов уу. Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ.

Нэг даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах зардлын нийт хэмжээ жилд 1.8 сая төгрөг байгаа. Одоогийн хуулиар төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд сар тутамд 670 төгрөг, жилдээ 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд өгдөг л дөө. Ийм хэмжээний мөнгө төлснийхөө хариуд 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах бололцоо нээж байгаа юм. Хорвоод нэг нь өвдөж байхад, нөгөө нь эрүүлсаруул байдаг. Хэрэв эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлээгүй бол хүн бүр 1.8 сая төгрөг болоод түүнээс их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулна гэвэл хүндрэлтэй. Эв санааны нэгдлийн даатгалын тогтолцооны давуу тал энэ л дээ. Ингэж эв санааны нэгдлийн зарчмаар бүрдүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас бид 20 гаруй жилийн хугацаанд эмнэлгийн байгууллагуудынхаа тогтвортой үйл ажиллагааг хангаж, олон зуун иргэдийнхээ эрүүл мэндэд тохиолдсон эрсдлийг хуваалцаж ирлээ.

Давхардсан тоогоор 4.4 сая иргэн 2014 онд эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлаа гаргуулсан байна. Хэрэв энэ даатгалын тогтолцоо байгаагүй бол эдгээр тохиолдлыг эрүүлжүүлэхэд их хэмжээний зардал гарна. Гэтэл “Би эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Энэ мөнгөө буцааж авмаар байна” гэдэг бол үнэхээр хувиа хичээсэн явдал. Өнөө биш ч хэзээ нэгэнтээ өөрт эрсдэл тохиолдоно. Тэр үед хамтын сангаас мөн ногдох төлбөрөө гаргуулж таарна. Бид чинь бүгдээрээ бие биенийхээ дэм, харилцан уялдаатай зохицуулалт бүхий хүний нийгэмд амьдарч байна. Шинэ хуулиар ч эв санааны нэгдлийн энэ зарчмаа хадгалсан.

Төр өөрийн хариуцсан иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалд төлдөг шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлсэн гэж та дээр хэллээ. Хуульд орсон өөрчлөлтийг танилцуулахгүй юу?

-Манай улсын нийт хүн амын 50 орчим хувийнх нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж ирсэн. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчид, цэргийн албан хаагчид, оюутан сурагчид, 16 хүртэлх насны хүүхдүүд, хүүхдээ асарч байгаа эцэг эх багтана. Ингээд аваад үзэхээр эрүүл мэндийн даатгалд даатгагдсан хүмүүсийн олонхи нь бага шимтгэл буюу сард ердөө 670 төгрөг төлдөг. Гэтэл өнөөдөр өндөр өртөгтэй эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай хүмүүс олон болсоор байна. Иргэн сард 670 төгрөг төлөөд хорт хавдрын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэх, өндөр үнэтэй мэс засал, эм, эмнэлгийн хэрэгсэлд эрүүл мэндийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний төлбөр гаргуулна гэдэг боломжгүй зүйл. Шинэ хуулиар төр хариуцаж байгаа иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг, хоёр хувиас багагүй байхаар тогтоосон. Одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.0 мянган төгрөг. Үүний хоёр хувь нь сард 3840 төгрөг болж байна. Төр хариуцах иргэдийнхээ шимтгэлд Засгийн газар ийм хэмжээний мөнгө сардаа төлөхөөр хуульчилсан.

Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг тусламж, үйлчигээний нэр төрөл нэмэгдсэн гэсэн үг үү?

-Тиймээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлсэн байгаа. Тухайлбал, хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнэ, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засварлах зориулалтаар хийгдэх хэрэгслийн үнийг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох боллоо. Хорт хавдрын өдрийн болон химийн туяаны эмчилгээ, түүнчлэн жирэмсний 37 долоо хоногоос өмнөх, төрсний дараах үеийн эмгэгийг эмчлэх тусламж, үйлчилгээг хамруулахаар хуульд тусгасан байгаа. Бүхэлдээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчигээний цар хүрээ өргөжсөн.

Өрхийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ямар онцлогтой юм бэ. Энэ даатгалын иргэндээ хүрэх давуу тал нь юу юм бол?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийнтусламж, үйлчилгээ авах эрхтэй, нэг өрх ам бүл дөрвүүлээ гэж үзвэл гэр бүлийн гишүүд бүгдээрээ нийлээд жилд 7.2 сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрх нээгдэнэ. Гэр бүлийн гишүүдийн нэг нь өвдсөн тохиолдолд нөгөө нэг гишүүний зөвшөөрснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах төлбөрийг шилжүүлж болно гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулах эрхээ гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнд жилд нэг удаа шилжүүлэн зарцуулах эрхтэй болох юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар иргэд эмчилгээ хийлгэснийх нь дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт нь шилждэг. Тэгвэл иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хийх боломжийг хуульд тусгасан болов уу?

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтойболж байна. Заавал өвдсөн хойно нь үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх биш, эрүүл саруул байхад нь чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд даатгуулагчийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааралтайгаар товлолт хугацаанд оруулж, уг зардлыг даатгалын сангаас төлөх юм.

Мөн энэ хуулиар Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх, үүрэг, эмнэлгийн байгууллагын үүрэг хариуцлагыг маш тодорхой тусгаж өгсөн. Нэг эмнэлэгт очоод үзүүлсэн болдог, тэрнийх нь төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг практикийг халах зорилт тавьсан. Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчид чанартай, сэтгэл ханамжид нь нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ийм байдлыг даатгуулагчийн өмнөөс худалдан авч, төлбөр төлдөг харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд орсон байгаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх, мэдээллээр хангах цахим картыг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим сангийн тогтолцоог бүрдүүлснээр даатгуулагчид санхүүгийн хяналт тавих бололцоо бүрдэх юм.

Эрүүл мэндийн даатгалаар үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлсэн үү. Санхүүжилт дуусчихсан гээд эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр эм өгдөггүй бэрхшээл бий. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

– Эм өвчин эдгээх шидтэй ч бас хортой зүйл. Зүй зохистой эмийн хэрэглээг төлөвшүүлэх, харилцан хяналт бүхий тогтолцоог хөгжүүлэх, нэгэнт хүрсэн үйлчилгээний түвшинг бууруулахгүй байхаар холбогдох зохицуулалт хийсэн. Одоогийн хуулиар зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа бол шинэ хуулиар үүн дээр нэмээд аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй хүнийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж, урамшуулахаар журам баталсан байна лээ.Ийм иргэд цөөнгүй бий. Тэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд хаана, хэрхэн хандах вэ?

-Энэ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол төлсөн боловч дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамруулж урамшуулах тусламж, үйлчилгээ юм. Нэг даатгуулагчид даатгалын сангаас төлөх урамшууллын зардлын хэмжээ 80 мянган төгрөг бөгөөд даатгуулагч оношилгоо, шинжилгээний гурван төрлийн багцаас сонгон үйлчлүүлэх боломж бий. Даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагаас сонгосон лаборатори бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс өөрөө сонгон урамшууллын үйлчилгээгээ авах боломжтой. Даатгуулагч урамшууллын тусламж, үйлчилгээнд хамрагдахын тулд НДЕГ-ын цахим хуудас (www.ndaatgal.mn)-аас, эсхүл нийгмийн даатгалын байгууллага дээр очиж урамшууллын эрхтэй эсэхээ шалгуулаад Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ тэмдэглэл хийлгэж, дээрх оношилгооны багцаас сонгож хуудсаа авна. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, оношилгооны хуудсын хамт нийгмийн даатгалын байгууллагатай урамшууллын үйлчилгээ үзүүлэх гэрээт эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлж болно. Гэрээт эмнэлгүүдийн талаарх мэдээллийг мөн манай цахим хуудаснаас авч болно.

Урамшууллын үйлчилгээнд 10,5 мянган даатгуулагч хамрагдаж, тэдний зардалд даатгалын сангаас 841,0 сая төгрөг зарцуулсан.

М.МӨНХЦЭЦЭГ