Categories
мэдээ цаг-үе

Э.Дагиймаа: Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэл мэдээллийг боомилвол бид тэмцэнэ

“Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн ноцтой заалтуудыг Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэж байгаа. Энэ сэдвээр“ТВ-5” телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаатай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэлийн эрхэнд улмаар энэ салбарыг үгүй хийхээр санаархсан тогтоолын төсөл УИХ-д явж байна. Төслийн эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй сурталчлах ёстой гэж үүрэгдсэн маягийн заалт бий. Үүнийг биелүүлэх боломж хувийн хэвшлийн сонин хэвлэл, телевиз, радиод байгаа юу?

-Төрийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилна гэдэг асуудал УИХ-ын түвшинд яригдаад, улстөрчид өөрсдөө үнэгүй сурталчлуулах гарцаа хайж байсныг манай уншигч, үзэгчид бүгд мэдэж байгаа. Улстөрчид сонгуульд өрсөлддөг, ялсан нам нь засаглалаа бүрдүүлдэг. Тэр хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн хүчээр магтан дуул гэдэг тулгалт байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр чөлөөт хэвлэл үүссэн процессыг харахаар энэ салбарт хайртай хүмүүс л авч үлдсэн байдаг. Герман болон Америкийн жишээг харъя л даа. Сэхээтнүүд нь хэвлэл мэдээлэлтэйгээ үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонин гэхэд элит гэр бүлийн өвлөгдөж ирсэн өмч хөрөнгө. Хэвлэл мэдээллийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалдмаш томбааз суурь болдог. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчөөр бий болсон хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Манай иргэд мэдэж байгаа, бүгд хувийн өмч шүү дээ. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө зарцуулж байсан түүх байхгүй. Тухайлбал, ТВ-5 телевиз гэхэд өөрсдөө хөдөлмөрлөөд бүх зүйлээ хийсээр өдий зэрэгт хүрсэн. Түүнээс төр манай телевизийг мөнгөөр тэтгээд сайхан хөгжсөн үү гэвэл үгүй гэж хариулна. Энэ засаг өнөөдөр хөгжлийнхөө гольдролоор явж байгаа байгууллагууд руу үсрээд байгаа нь харамсалтай. Ингэж болохгүй. Төр өөрөө ажлаа ард түмэнд ил тод хүргэх ёстой. Гэтэл төр өөрийнхөө ажлыг хийж чадахгүй мөртлөө нийт эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хааж, бооно, шалгана гэдэг. Үүгээр зогсохгүй төр хувийн бизнест хувь хэмжээгээ оруулна гэх зэрэг тулгалт явуулж байгаад харамсаж байгаа.

Авлига гэж юу юм бэ. АТГ юу шалгах ёстой юм бэ гэвэлэнэ байгууллага татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулж, албан тушаалаа хэтрүүлж, төсвийн хөрөнгийг идэж, шамшигдуулж байгааг авлига гэж хардаг. Энэ утгаараа тэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг авлига гэж хараад байгаа юм уу, ойлгохгүй байна. Бид өнөөдөр реклам, зар сурталчилгааныхаа орлогоор санхүүждэг. Хэн нэгнээс авлига авдаггүй. Бид бизнесийн компаниудаа, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаг.

-Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд улсаас чамгүй мөнгө төсөвлөдөг. Тэгсэн хэрнээ хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүйсурталчлуулах гээд байна?

-АТГ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэзээ ч явуулдаггүй. Тэгвэл энэ ажлаа сайн хийгээрэй гэж улсаас мөнгө төсөвлөдөг юм байна. Тэр төсвөө юунд зарцуулдгаа тэд тайлагнамаар юм. Бараг хэдэн товхимол, каталоги, цаас хэвлээд дуусдаг байх л даа. Миний хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн цуврал нэвтрүүлэг,нийтлэл үзэж, уншиж байгаагүй юм байна. Дэлхийн жишигт авлигатай тэмцэх хамгийн гол ажил нь ард түмнээ авлигын эсрэг мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх. Харин манай АТГ хүмүүсийг барьж, хорьж айлгах маягаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Авлигаас эмээж, айдастай байх нь зөв. Гэхдээ хүмүүсийг дарамталж, авлигын эсрэг тэмцэж байна. Арай сардаа нэг хэвлэлийн бага хурал хийснээ соён гэгээрүүлэх ажил гэж бодохгүй байх.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрийг нь үнэ төлбөргүй нийтэлж, нэвтрүүлдэг шүү дээ. Харин төсөвлөчихсөн мөнгөөрөө АТГ нь ажлаа хийж чадахгүй байхад бид өмнөөс нь тэдний ажлыг хийнэ гэж юу байхав дээ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байгуулсан хувийн хэвшил, иргэн аж ахуй нэгжүүдийн гэрээг ил тод болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Хэвлэлийг дампууруулах гэсэн бас нэг ийм заалт тогтоолын төсөлд байгаа?

-Төрд, хувь хүнд ч нууц гэж байх ёстой. Тиймдээ ч дотоод журам гэж байна. Хувь хүний нууцад бүр ч халдаж болохгүй. УИХ-ын гишүүд гэхэд бүгд халдашгүй дархан эрхтэй. Тэднийг ямар нэгэн асуудалд холбогдохоор прокурор шалгаж чаддаггүй биз дээ. Гэтэл ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй атлаа ард түмэн хэврэг байж болохгүй. Ардчиллын үнэ цэн алдагдана. Яахав хэвлэлтэй байгуулсан иргэн аж ахуй нэгжийн гэрээ хэрэгтэй гэвэл шалгаж болно. Бид хуулийн байгууллагаас нуугаад явахгүй. Гэхдээ гэрээ болгоноо гаргаад тайлагнаад байх уу. Энэ бол бизнесийн зарчим. Өнөөдөр чөлөөт зах зээлд өрсөлдөөн гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд арилжааны 16 телевиз өрсөлдөөд явж байна. Манайх “Номин” компанитай байгуулсан гэрээгээ ил тод болгох ёсгүй. Магадгүй бид хамгийн доод үнэ өгсөн байж болно. Тэрийгээ зарлаж болохгүй. Хэрэв ил болголоо гэхэд “Номин” компани бидэнтэй гэрээ хийсний нэмэргүй. Тэгвэл бид өрсөлдөөд яах юм бэ. Ямар ч үнэ цэн байхгүй болж байгаа биз дээ.

Монгол Улс өнөөдөр ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болсныхоо ойн баярыг сүр дуулиантай зарлаж, тунхагласан. Гэтэл ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг шат дараатайгаар боомилж, хаахыг оролдсоор ирсэн. Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьж, баталсан улстөрчид тэнд байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлээс өгсүүлээд тухайн үедээ “Ардчиллын үнэ цэн хэвлэлийн эрх чөлөөнд байдаг” гэж хэлж байсан. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөг байхгүй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр өөрөө цензурддаг тогтолцоо руу орох нь ээ. Мэдээж, төрийнхнийг АТГ шалгалгүй яахав. Манай хэвлэлийнхэн авлигатай тэмцэхийг уухайлан дэмжээд хамгийн тэргүүн фронтод явж байгаа. Давс нь хэтэрсэн хоол шоврог болдогтой адил тийм гашуун хоолыг идээд явах хүн өнөөдөр байхгүй. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийд байнга ухарсан үзүүлэлттэй байгаа. Ялангуяа ардчилсан засаглалын үед үүнийг харах ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль зөвхөн авлигатай тэмцэх тогтоолын төслөөр хязгаарлагдахгүй. Олон хууль байна. Хууль санаачилсан УИХ-ын гишүүн заавал хэвлэл мэдээллийн салбартай холбоотой заалт хийдэг. Энэ салбарыг оролдохгүй бол болдоггүй юм шиг л байдагт гайхдаг.

-Сэмхэн өөр хуультай хамааруулаад оруулж ирдэг зальжин арга бас байна…

-Томоохон баяр ёслолоор хүмүүсийн анхаарал өөр тийшээ хандсан байхадхууль баталдаг муу зуршил УИХ-д байдаг. Төр энэ муу зуршлаасаа салах ёстой. Бид хуульгүй байя гэж ерөөсөө хэлээгүй. Хууль баталж болно. Гэхдээ энэ салбарын төлөөллийг хэлэлцүүлэгтээ оролцуулаад санаа оноог нь тусгаад сайн хууль гаргавал шүүмжлээд байхгүй. Тэрнээс хэвлэл мэдээллийн салбар бол бүх хуулийн төсөлд шигтгэгдээд ордог зүйл биш. Үүнийг манай улстөрчид анхаараасай. Тэд сонгогчдын саналаар төрд гарч ирдэг. Дараагийн сонгуулийн уухайн дуу ойртож байгаа. Улстөрчдийн нүдэнд хамгийн гоё болоодмуухай харагдаж байгаа хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. “Хэвлэлийнхнийг л дарж байвал өөрсдийгөө амь бөхтэй төрд байна” гэж тэд бодож байгаа бололтой. Манай хэвлэл мэдээллийнхэн энэрэнгүй, дандаа хүний төлөө явдаг. Хэзээ ч өөрсдийнхөө асуудлыг тавьдаггүй. Барилга хазайлаа гэхэд оршин суугчид хохирч, гэмтэх вий гэж болгоомжилно. Эмнэлгийн барилга хүрэлцэхгүй байхад өвчтөнүүд нь шалан дээр унтаж байна гэж санаа зовдог. Тэгсэн атлаа өөрсдийнхөө асуудлыг үргэлж хойш нь тавьсаар ирсэн. Номхон тэмээг ноолоход амар гэдэг дээ. Тийм болохоор манай салбарыг байнга оролддог байх. Харин хэвлэл мэдээллийнхэн номхон тэмээ шиг дарлуулаад суугаад байдаг хүмүүс биш.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хэвлэлийн эрхийг хааж, боомилсон хууль батлахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл энэ хаврын чуулганаар энэ хуулийг зөрчсөн хэд хэдэн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийнхөө төлөө хэрхэн нэгдэх шаардлагатай вэ?

-Удахгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Энэ салбарынхан эрх чөлөөнийхөө төлөө дуугарна. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай, ганц хуудас. Энэ бол хууль 1998-2015 он хүртэл биднийг зохицуулаад ирсэн. Монголын хэвлэлмэдээллийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадсан хууль. Үүнд төр хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогод оролцохгүй гэдгийг заачихсан. Төрийг хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах, боох ямарваа нэгэн заалтыг хуулинд оруулж болохгүй гэдгийг тодорхой заасан хууль өнөөдөр хүчин төгөлдөр байна. Гэтэл манай улстөрчид ямар нэгэн байдлаар хэвлэлийг хаана, бооно гэж бичээд явдаг. Тэд нэгэнт энэ салбарын тухай хууль хийх гэж байгаа болсалбарынх нь тухай хэрэгжээд явж байгаа хуулийг унших хэрэгтэй. Бидэнд олон хууль хэрэггүй. “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” гэх УИХ-ын тогтоолын төслөөр хэвлэл мэдээллийн салбарыг боомилж, хаах асуудал яригдах юм бол бид босч, тэмцэнэ.

-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго, хөрөнгө оруулагчдыг нь зарла гэсэн заалт бүхий хуулийн төсөл байсхийгээд л орж ирэх юм. Энэ удаад ч авлигаас ангижрах халхавчийн дор өргөн баригдлаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго гэж хэн эрж хайгаад юм бэ. Иргэд бол аль сонин, телевизийг хэн өмчилж, эзэмшдэгийг мэддэг. Хамгийн ил тод байгаа хөрөнгийг ил тод байлга гэж шоудаад байх хэрэггүй. Хууль зүйн яаманд бүгд бүртгэлтэй. Зарламаар байгаа юм бол хариуцсан яам нь дэлгэ л дээ. Манай хэвлэлмэдээллийнхэрэгслүүдэд айж сандраад байхаар Барак Обама, В.Путин нарын хөрөнгө оруулалт байхгүй. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асар их орлого олоод байдаггүй. Энэ чинь оёдлын үйлдвэр, нарийн боовны цех ч биш. Үнэнийг хэлэхэд салбартаахайртай, үүнийгээ бөхөөчихгүй юм сан гэсэн сэтгэлээр ажиллаад явж байна.

Ер нь бол “Би тэр телевизийн хувьцаа эзэмшигч” гээд зарлачихсан хүн ч байгаа. Улстөрч хүн хэвлэл мэдээлэлгүй байх ёстой гээд байдаг. Яагаад ингэж хүний эрхийг боож байгаа юм бэ. Хүн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, хэвлэн нийтлэхэрхтэй шүү дээ. Харин ч улс төрд манай сэтгүүлчид лидер явдаг. Ерөнхийлөгч, Ерөнхийсайдаасаа авахуулаад сэтгүүлч байсан. Магадгүй сэтгүүлчид муу байсан бол элитүүд төрөхгүй. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөрөнгө оруулагчдыг зарлахыг шаардаад байгаа юм бол бусад компаниуд ч хөрөнгө оруулагчдаа ил тод болгох ёстой. Тийм л юм бол өнөөдөр “АПУ”, “Женко” компаниуд хичнээн хувьцаа эзэмшигтэйгээ нийтэд танилцуулж, тэднийг ил тод болго. Бид мэдэхгүй байна шүү дээ.

-Улстөрчид өөрсдийгөө тандах гэж иймэрхүү увайгүй аргаар хууль, тогтоолын төсөл санаачилж, хэвлэлийн эрх чөлөөг хумих гээд шиг. Тэд “Энэ хэвлэлийн цаана ямар улстөрч байна, хэн удирдаад байна” гэж бие биенээ илрүүлэх зорилготой гэж харагдахаар байгаа…

-Манай хэвлэл мэдээллийн салбарынхан юманд туйлшраад нэг талыг бариад явдаггүй. Хэвлэлмэдээлэл үргэлж ард түмнийг улстөрчдөөс дээгүүр тавьсаар ирсэн. Тэнд нэг хувь хүн, эзний эрх ашиг хэзээ ч үйлчилдэггүй. Харин улстөрчид өөрсөд шигээ санаж харддаг. Бид улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьдаг бол улстөрчид хувийнхаа эрх ашгийг тэргүүнд болгодог. Үүнд л том ялгаа бий. Үнэнийг хэлэхэд сонгууль дөхөөд, улстөрчдөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд муухай харагдаад байгаа. Нэг хэсэг хэвлэлүүд хаалтын гэрээ хийсэн гээд л тэд баахан шуурцгаасан. Тэр хаалтын гэрээ хаана байна, тийм л юм бол гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс энэ салбарыг нэлэнхүйд нь харлуулаад хэрэггүй. Харин ч хаалтын гэрээ гэж ярьсан гишүүдээс АТГ тэр хүнийг нь хайж олоод шалга л даа. Тэгэхгүй байж авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг санаархаж болохгүй.

-Уг тогтоолын төсөлд “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн утгагүй заалт бий. Таны байр суурийг сонсъё?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хэзээ ч редакцийн бодлогод оролцдоггүй. Телевизийн эфирт бүх хувьцаа эзэмшигчид нь суугаад л гарах гэж байгаа мэдээ, нэвтрүүлэг болгоныг хянаад суудаггүй. Энэ бол сэтгүүлчдийн хөдөлмөр байдаг. Харин улстөрчид нийгэмд өөрсдийгөө гоё харагдуулах гэж, сонгогчдоос санал авахыг хичээн хэзээ ч хэрэгжихгүй эсвэл хэрэгжиж байгаа хууль ярьдаг болов уу.

Хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлье гэсэн нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс л сонин, телевиз байгуулж, бизнест хамтарна шүү дээ. Үнэн хэрэгтээ улс төрийн намууд нэгдмэл үзэл санаагаар нэгдсэн. Улс төрийн нам байгуулж,төрд гарч болдог мөртлөө хоёр найз нийлээд сонин, сэтгүүл хийхийг хуулиар хориглож болохгүй. Магадгүй энэ төслийг санаачлах хууль боловсруулагчид асуудлаа ойлгоогүй байх. Тэгвэл Монголд хүмүүс нийлээд, хамтраад бизнес хийж болохгүй байх нь ээ. Одоохондоо хэвлэл мэдээллийн салбарт хамаатай заалт гэж харагдаж байгаа ч цаашдаа бизнес компанийнханд хүнд асуудал болно. Тэгэхээр ах, дүү гурав нийлээд компани байгуулж болохгүй гэсэн үг үү. Бүгд тус тусдаа бизнес эрхэл гэж хуульчилж байгаагаас ялгаагүй.

Бид өнөөдөр хамгийн хүнд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Гэвч төр үнэлдэггүй. Гэтэл өнөөдөр танай байгууллага цаад эздээ зарлаад, бүх хувь хэмжээгээ ил тод болгоо гэж хуульчлах гэж санаархаж буйд харамсаж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх хууль Монголд хэрэгтэй. Гэтэл савнаасаа хазайгаад даваад явахаараа олон нийтийн дэмжлэгийг биш тэдний дургүйцлийг хүргэдэг гэдгийг санах ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Харцага цувралыг тэнцүүллээ

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Спрайт брэндийн хамтран ажилладаг Мон­голын Үндэсний Супер ли­гийн энэ улирлын финалын тог­лолтууд ширүүхэн өр­сөл­дөөн дунд үргэлжилж байна. Финалын шатанд Цогийн Чинбат эзэнтэй, Үнэн­батын Давхарбаяр дас­галжуулагчтай Танан Гарьд болон Б.Баясгалан, Б.Мөнхболор эзэнтэй лигийн дөрвөн удаагийн аварга Харцага багуудын цувралын дөрөв дэхь тог­лолт даваа гаригт Спортын төв ордонд боллоо. Хоёр багийн тоглолтын харьцаанаас хамаарч хүрэл медалийн төлөө шалгаран үлдсэн Хасын Хүлэгүүд бо­лон Эрдэнэдрийлинг Ригс багуудын тоглолт үргэл­жилэх юм. Аваргын төлөө шалгарсан багуудаас түрүүлж дөрөв хожсон нь Үндэсний аварга цол хүртэх бол хүрэл медалийн төлөө Хүлэгүүд болон Ригсийнхэн шийдвэрлэх ганцхан тоглолт хийх учиртай.

Монголын спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Спрайт брэндийн хувьд залуучуудын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд ихээхэн анхаарч байгаа билээ. Су­пер лигийн хөгжлийн түүхийг эргэн сөхвөл “Эрч хүчний тэсрэлт” уриатай Спрайт брэнд нь “Спрайт Cup” өсвөрийн Улсын авар­га шалгаруулах тэмцээн, “Спрайт 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн халз тулаан, Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лиг, Үндэсний Супер лиг зэ­рэг сагсан бөмбөгийн хам­гийн ач холбогдолтой, сонир­холтой лиг болон арга хэмжээнүүдийг жил бүр ивээн тэт­гэн системтэйгээр зохион байгуулж ирсэн юм. “Спрайт Cup” тэмцээн өсвөрийн авьяаслаг тамирчдыг нээн хөгжүүлдэг бол, “Спрайт 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн халз тулаанаас өдгөө Хөгжлийн лиг болон Спрайт дээд лигийн тамирчид төрөн гарсан байдаг.

Аваргын төлөө тоглож буй Харцага, Танан Гарьд багуудын тоглолтын эхний оноог Танангаас М.Дорждагва авсан бол төд удалгүй Харцага багийн ахлагч Б.Одбаяр алсын зайн шидэлтээ амжилттай болгосноор тоглолтыг тэргүүлж эхэллээ. Домогт Майкл Жорданы баз гэгддэг Танангийн легионер Антонио Жонс холын зайн шидэлтээрээ Харцагад хариуг нь барилаа. Энэ тоглолтын эхний гайхалтай слэм данкийг Танангийн Мичель Андерсон үзүүлснээр фанатуудаа суудлаас нь босгож чадлаа.

Тоглолтын эхлэлийг хоёр баг тэнцүүхэн хийснээр оноо ойролцоо явсаар байв. Харцагаас Б.Одбаяр, Стив П леджер нарын довтолгоонууд оновчтой болж оноо тасраад эхлэх үед Гарьдууд тэр дор нь хариуг нь барьж, оноог ойртуулсаар байсан юм. Сэлгээнээс орж ирсэн олон улсын хэмжээний мастер Г.Ихбаяр хоёр оноо авснаар багаа сэргээж чадсан. Энэ удаагийн тоглолтод Танан Гарьд багаас багийн ахлагч Батаагийн Мөнхболд үзэгчдийн суудлаас тоглолтыг үзсэн тул түүний орон зай илтэд үгүйлэгдэж байв. Учир нь хоёр багийн цувралын гурав дахь тоглолтод тэрбээр хоёр удаа санаатай алдаа хийж талбайгаас хөөгдсөн тул нэг тоглолт өнжих шийтгэл аваад байсан юм.

Хоёр багийн эхний үе 21:19 харьцаатай Харцагын давуу байдлаар өндөрлөсөн.

Улмаар хоёрдугаар үеийн эхлэлийг Харцага сайн хийж, энэ үеийн анхны оноог Харцагын шилдэг залуу тоглогч Энхцогтын Дөлгөөн авч чадлаа. Стив Пледжер алсын зайн шидэлтээ оновчтой болгосноор долоо дахь оноогоо авч Харцагын давуу байдал үргэлжилсэн. Харцагуудын дундын зайн шидэлтүүд оновчтой болж байсан ч Танан Гарьдаас Цэрэндагвын Азбаярын алсын зайн шидэлтүүд цагирагтаа тусч хариуг нь барьж байсан юм. Харцага 11 онооны зөрүүг үүсгэж чадсан ч эхний хагасын төгсгөлийг Гарьдууд сайн хийж чадсан. Тэр дундаа Мичель Андерсон довтолгоонд идэвхтэй байснаар эхний хагас 39:39 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт 51:51-ийн харьцаатай өндөрлөж байсан билээ. Энэ өдрийн тоглолтыг үзэхээр Улсын арслан Д.Ганхуяг, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ш.Шинэбаяр тэргүүтэй бөхчүүд их ирсэн байлаа. Харин хоёр багийн фанатууд мэдээж талбайн баруун зүүн хэсэгт хоёр хуваагдан багаа дэмжиж байв. Мэдээж фанатуудын сэтгэлзүй 100 хувь дээд цэгтээ хүрсэн байгааг Супер лигийн финалын тоглолтоос харж болно.

Тоглолтын гуравдугаар үед багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч Харцагаас Доманик Рэнбогийн дундын болон алсын зайн шидэлтүүд амжилттай болсноор онооны давуу байдлыг бий болгож чадлаа. Энэ тооны зөрүүг Гарьдууд барьж чадалгүй, будагтай талбайн шидэлт, хамгаалалт тааруу байж оноо ахиулах боломжуудаа алдсаар байлаа. Энэ үед самбар дор ширүүн тэмцэл өрнөж байсан ч Харцагын ихэр цамхаг хэмээн нэрлэгддэг Б.Одбаяр, П.Болортулга нар тун сайн байсныг дурдах хэрэгтэй. Мөн хамгаалагч О.Золзаяа хамгаалалт, довтолгоонд тун сайн оролцож, өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж чадсан. Энэ үеийг 57:61-ийн харьцаатай Харцагууд тэргүүлсэн юм.

Хоёр багийн өмнөх тоглолтууд дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдэж байсан бол энэ тоглолт ч мөн тэгж шийдэгдэхээр байлаа. Харцага багаас өмнөх хоёр тоглолтод Нэмэхбаяр, Э.Дөлгөөн нар хариуцлагагүй байж багаа ялагдалд хөтөлсөн бол энэ удаа Харцагынхан алдах эрхгүй хариуцлагатай тулаанд ийнхүү нисээд байсан юм.

Танан гарьд багийн дасгалжуулагч Ү.Давхарбаяр тамирчнаа өмөөрөн шүүгчтэй маргасан тул шүүгчдийн зүгээс сануулга өгч харагдсан. Хоёр багийн шийдвэрлэх сүүлийн үед хоёр баг тэнцүүхэн тоглолтыг үзүүлж Харцага баг долоон онооны давуу байдалтай үргэлжилсээр байсан юм. Шийдвэрлэх мөчид хожигдож буй багийн монгол тамирчид уураа барьж чаддаггүйн улмаас алдаа гаргадаг Танан Гарьд, Харцага багуудын дөрөвдүгээр үеийн төгсгөлд Стив Пледжерийн хоёр ч дараалсан алсын зайн шидэлт цагирагтаа тусч 49.7 секунд дутуу байхад Харцага 68:80-ийн харьцаатай тэргүүллийг авснаар ялагч бараг тодорхой болсон. Үлдсэн минут хүрэхгүй хугацаанд Танан гарьд хоёр оноо авсан бол Харцагаа мөн л Стивын дундын зайн шидэлт байндаа тусч 70:82-ын харьцаатай Харцагуудын ялалтаар өндөрлөсөн. Гарьдууд дөрөвдүгээр үед олон торгуулийн шидэлт алдсан нь хожигдлын шалтгаан болсон гэхэд болно. Хамгийн найдвартай шидэгч гэгддэг Жонс гэхэд таван шидэлтээ алдсан. Хоёр багийн цувралд Харцага хожсоноор цувралыг 2:2 болгон тэнцүүллээ. Уг тоглолтод Стив Пледжер багаа тэргүүлэн 26 оноо, 13 самбар авсан бол Доманик Рэнбо 18 оноо, найман оновчтой дамжуулалт дамжуулалт, Б.Одбаяр 11 оноо, 17 самбар, П.Болортулга 11 оноо, 16 самбар авч, жигд тоглолт үзүүллээ. Харин Гарьдуудаас Мичель Андерсон 23 оноо, 16 самбар, А.Jones 18 оноо авч багаа тэргүүлсэн.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ улиралд Спрайт Хөгжлийн лигийн тэргүүн баг Үндэсний Супер лигт дэвшин тоглох юм. Хөгжлийн лигийн хувьд сагсан бөмбөг тоглох дуртай ч ажилтай завгүй залууст зориулан амралтын өдрүүдээр хагас жилийн турш үргэлжлэн явагддаг, нийт 64 багийн 1500 гаруй тамирчин, дасгалжуулагч, багийн эзэд, менежерүүдийг хамардаг Монголын хамгийн том сагсан бөмбөгийн лиг болтлоо өргөжиж чадсан билээ. Спрайт Супер лиг ес дэх жилдээ болж байгаа бөгөөд, жил бүрийн хавар болдог Спрайт Супер лигийн бүх оддын тоглолт нь өдгөө сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсан юм. Хаврын энэ өдрүүдэд спортын төв ордон сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Даваа, лхагва, баасан гаригуудад Үндэсний Супер лигийн финалын тоглолтууд болж буй бол, амралтын өдрүүдээр Спрайт Супер лигийн плей оффын гал гарсан ширүүн тоглолтууд үргэлжилсээр байгаа юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Тэтгэврийн насыг нэмэхгүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай салбар өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан байна. Одоо ямар асуудлуудад анхаарч ажиллаж байна вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрүүд тохиож байна. Тиймээс “Өдрийн сонин”-оор дамжуулаад салбарынхаа нийт ажилтан, албан хаагчдадаа мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Өнгөрсөн хугацаанд хамгийн их ачаалалтай ажилласан салбарын нэг нь манайх. Хүн амын хөгжлийн бодлогын асуудал өмнө нь төрийн түвшинд тавигддаггүй, зөвхөн хүүхдийн тухай Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд яриад өнгөрдөг байсан. Бусад асуудал нь төрийн бус байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилга, тэдний оролцоо, тэдний нуруун дээр явж ирсэн. Энэ ч утгаараа аливаа улс орон хөгжлөө хүн амын, нийгэм эдийн засгийн гэж хувааж үздэг. Гэтэл манайх өрөөсөн далавчгүй юм шиг явсаар иржээ. Шууд хэлбэл хүн амын хөгжлийн бодлогоо орхигдуулаад нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалтдаа хэт анхаарч байж. Салбар яамыг тусад нь байгуулснаар хүн амын бүлгүүдийн чиглэлээр зонхилон ажиллаж байна. Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг өргөн барьчихлаа. Мөн хүүхэд, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн тэднийг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлууд ч хийгдэж байгаа. Энэ он гарсаар хүн амын бүлгүүдээр Хүн амын үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Азийн форумыг ч анх удаа Монголд зохион байгуулж 23 орон оролцохоор болчихоод байна. Ингээд ирэх намар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргана. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль зэргийг боловсруулж, заримыг нь УИХ-аар хэлэлцүүлээд эхэлчихсэн байгаа.

-Нийгмийн хамгааллын тухайд ямар дэвшил гарсан бол?

-Нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр гэвэл ха­ламж, үйлчилгээний зорилт юу байх вэ гэдгийг дүгнэсэн. Зорилтотбүлгээ зөв тодорхойлох механизм, хууль эрх зүйн орчинг бий болгоё гэж үзсэн. Ингээгүй тохиолдолд яг зорилтот бүлэгт нийгмийн халамж хүрдэггүй байсан нь үнэн. Тэгэхээр иргэний амьжиргааны түвшинг тогтоох судалгаа орон даяар явагдлаа. Нийт өрхийн 86 орчим хувь нь хамрагдсан. Үүнд тулгуурлаж иргэдийн мэдээллийн санг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Салбар дундын мэдээллийн санг ашиглах журмыг ч Засгийн газрын хуралдаанаар баталж өгсөн. Одоо Дорнод аймгийн иргэн Дулмаагийн амьжиргааны түвшин ямар вэ гэдгийг судалгаанаас шууд харж, мэдээлэл авах боломжтой болно.

-Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой олон л асуудал байгаа бололтой. Тэтгэврийн насыг нэмэх тухай ч яригдаж байна…

-Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сантай холбоотой нэлээд олон өөрчлөлтийг орууллаа. Бид 2012 оны аравдугаар сард нийгмийн даатгалын ажилчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж тогтолцооны шинэчлэлийг хийе гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ямартаа ч эрүүл мэндийн даатгалыг бие даалгах хууль эрх зүйн орчинтой болж чадлаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын орчинд их том өөрчлөлт хийгдэхээр болсон. Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх 30 гаруй дүрэм, журмыг гаргаж байна. Бас нэг асуудал нь тэтгэврийн тухай. Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулъя. Тэтгэврийн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоог өөрчилье гэж байгаа. Энэ дотор юу шинэчлэгдэх вэ, ямар ажил хийгдэх вэ гэх мэтээр асуудлууд орно. Түүний нэг нь “2017-2030 онд эмэгтэй тэтгэврийн насыг 58, эрэгтэй тэтгэврийн насыг 62 болгох боломжийг судлах” гэж оруулсан. Энэ бол төрөөс баримтлах бодлого. Бид бодлого дотроо юуг ч судалж болно. Гэтэл улс төр оруулж эмэгтэй тэтгэврийн насыг 60, эрэгтэй тэтгэврийн насыг 65 болгох гэж байна гээд шуугиад эхэллээ. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Гуравдугаарт тэтгэмжийн олон сан, үйлчилгээг нэгтгээд нэгдсэн тогтолцоотой болъё гэж шийдсэн.

-Өнөөдрийн хувьд эдийн засаг таагүй байна. Тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт орох уу?

-Нийгмийн сэтгэл зүйгээр хамаа намаагүй тоглодог улсууд олон байна. Илэн далангүй хэлэхэд эдийн засгийн хүндрэлтэй байна. Манай салбарын хувьд он гараад инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлсэн. Байгаа мөнгөндөө тааруулсныг бас хэлэх хэрэгтэй байх. Мэдээж тэтгэвэр авагчдын хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Тэр бүхнийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Цаашдаа энэ шаардлагыг хангахын төлөө ажиллана. Ер нь бол тэтгэвэр тэтгэмж тасраад, тэтгэмж доголдохгүй гэдгийг хэлье.

-Танай намын зарим ги­шүүн 2013 онд ахмадууд 180 мянган төгрөгийн тэт­гэврээрээ 300 талх авч байсан бол өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч 200 талх авах болсон гэдгийг хэлж байгаа шүү дээ?

-Хувь гишүүдийн төсөөлөл л байх.Ер нь бол 180 мянган төгрөг байсан тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөгт хүрсэн. Тодруулбал, 2012 онтой харьцуулахад нийт тэтгэврийн гуравны нэг хувиар нэмэгдсэн. Бидний эдийн засгийн чадавхи гэж нэг зүйл бий. Хүсэл байвч хийж чаддаггүй зүйл олон. Гэхдээ гараа хумхиад суугаад байж болохгүй. Аль болох амьжиргааных нь боломжит түвшинг ахиулах чиглэл рүү л хамаг анхаарлаа хандуулсан.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ямар өөрчлөлтийг хийж байгаа юм бэ. Гэр бүл доторх асуудлыг хуульчлах хэцүү гэдгийг хүмүүс ярьдаг?

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдэхэд хүнд. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүд нь дандаа ойр дотнын хүмүүс нь байдаг. Түүнийгээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Ил гаргахаар эргээд гэр бүл нь уначих гээд байдаг. Наад зах нь гэр бүл салахаас эхлээд олон сөрөг үр дагавартай. Нэг талаас нь хараад хүчирхийлэгчийг нь шоронд хий, хүчирхийлүүлж байгааг нь хамгаалалтад ав гээд байдаг. Ярих амар ч хийх ямар хэцүү вэ гэдгийг энэ салбарт ажиллаж үзсэн хүн л мэднэ. Өнөөдөр гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийг барьж хориод, авгай хүүхдийг нь хамгаалалтын байранд аваачсанаар асуудал шийдэгдчихдэг бол хийчихэж болно. Гэхдээ энэ асуудлын ард өрхийн бүхэл бүтэн амьдрал байдаг. Хүчирхийлэгч этгээд согтуу байхаасаа бусад цаг үед гэр бүлийнхээ ноён нуруу, гол санхүүжүүлэгч байдгаас эхлээд асуудал их. Хамгаалалтын байранд очсон хүчирхийлүүлэгч ч тэндээ насаараа амьдрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрх зүйн орчинг их зөв оновчтой шийдэхгүй бол хүмүүсийн сэтгэлийн хөөрлөөр шийдэх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллээс өмнө гэр бүлийн боловсрол олгох шаардлага байна. Аавыгаа, ээжийгээ, эмэгтэй хүнийг яаж хайрлаж, хамгаалах вэ гэдэг боловсролыг олгодоггүй учраас гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Хоёрдугаарт хүн амын бүлэг тус бүрээр хамгааллын асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага болон иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоог өргөжүүлэх ёстой. Тэдэнд онцгой эрх олгосон эрхзүйн орчинг бий болгох шаардлагатай. Манайд хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хүүхдийг хүчирхийлэлд өртөөд байгааг мэддэг ч бодит арга хэмжээ авч чаддаггүй. Жишээ нь цэцэрлэгт нэвтэрч хүүхэдтэй буруу харьцдаг багшийн үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байна. Гэтэл АНУ-д айлд нэвтэрч ороод хүчирхийлэлд өртөх нь бүү хэл тэр хүүхдийн амьдрах стандарт орчинг шалгадаг. Энэ өндөр хөгжсөн орны стандарт ч гэлээ мэргэжилтнүүд ядаж байнга хүүхдээ хүчирхийлдэг айлд ороод шаардлага тавьдаг, торгууль тавьчихдаг болох хэрэгтэй. Тэгээд болохгүй бол хүүхдийн нэрийн өмнөөс шүүхэд гомдол гаргаж эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлдэг ийм эрхтэй байвал гэмт нөхдүүд салбарын ажилтнуудтай арай өөр харьцаж эхэлнэ. Энэ нөхцөлүүдийг зөв тодорхойлж УИХ-ын гишүүд саналаа оруулж, шийдвэрээ гаргаасай. Хүүхдийг тэнэмэл болчихсон хойно нь цуглуулж халуун хоол өгөөд ямар ч нэмэргүй. Ийм болохоос нь өмнө урьдчилан сэргийлдэг, эрхийг нь хамгаалдаг байх ёстой.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хуулиар хаалт тавих байх

Авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн УИХ-ын тогтоолын төслийг ирэх баасан гаригийн чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийн талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөөнд чөдөр болсон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-т хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн заалт тусгагджээ. Тухайлбал, сонин, телевиз авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулахыг үүрэгдсэн байна?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол өөр. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж үүрэгжүүлж болохгүй.Тулган хүлээлгэх, үүрэгжүүлэхээс илүүтэйгээр ийм соёл бий болгохыг уриалж, шаардаж, харилцан тохиролцсон байдлаар хийх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбар бол жижиг зах зээлд ашиг багатай ажилладаг. Эрсдэл өндөртэй салбар учраас их хэмжээний эфирийн цаг, сонины зай талбайг үнэгүй мэдээллээр дүүргээд байх юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хөгжиж, дэвжих зам нь хаагдана гэсэн үг.

-Авлигын эсрэг мэдээ, мэдээллийг нийтэл гэж байгаа ньяваандаа төрийн байгууллагын бүх мэдээ тайланг үнэ төлбөргүй нийтэд түгээ гэж тулгах бололтой?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр, гамшиг тохиолдсон онцгой байдлын нөхцөлд хэвлэлүүд сайн санааны үүднээс нийтэд түгээх соёл байх ёстой. Харин тэрийг төрөөс албажуулж, үүрэгжүүлнэ гэдэг бол ойлгомжгүй асуудал л даа. Энэ нь өөрөө салбарын хөгжлийн явцад зайлшгүй бий болох ёстой соёл болохоос хуулийн дарангуйллын аргаар шийдэх асуудал биш. Хуучин тэр даргын илтгэлийг тавь гээд долоо, найман хуудас материал сонинд өгчихдөг байсан. Тэрэнтэй ялгаагүй юм болоод хувирчихвал утгагүй. “Та нар үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй,тиймээс баярын хурал дээр тавьсан манай даргын илтгэлийг нийтэл” гээд сонинд хоёр нүүр материал нийтлэхийг тулгавал эдийн засгийн хувьд хохирол хүлээнэ, борлуулалт муудна. Үүнд бас уян хатан хандах ёстой. Тэрнээс төрийн мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэгүй цацна гэвэл бүтэхгүй. Манай салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэх байх гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгохыг төсөлд тусгасан байна. Хэрэв бүх гэрээ ил болчихвол хэвлэлтэй гэрээ байгуулах аж ахуй нэгж, хувь хүн олдохгүй байх?

-Үүнд наанатай, цаанатай хандах болов уу. Мэдээлэл сурталчилгаатай холбогдсон төсвийн гүйцэтгэл, байгуулсан гэрээг ил тод болгох заалт Шилэн дансныхаа хуулиар хүссэн ч хүсээгүй хэрэгжээд явах ёстой. Тиймээс төрийн байгууллага болоод хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын байгуулсан гэрээ нь ил тод байх зарчим нь зүйтэй. Бидний, иргэдийн татвараас бүрдсэн төсвөөр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ гэрээг шударгаар байгуулахын тулд сонгон шалгаруулалт зарладаг, шаардлага хангасан үнэхээрийн топ гэсэн нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байгаа ХМХ-үүд гэрээг ил тодоор гүйцэтгэдэг тогтолцоо байх юм бол хэн хэндээ харгүй, хариуцлагатай байх.

Тэгэхээр бидний зайлшгүй хянах ёстой хэсэг бол төр. Харин хувийн хэвшлийнхэн, иргэд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлахын тулд ямар гэрээ хийснийг зайлшгүй ил тод байхыг шаардаад байх зүйл биш. Үүнд хэтрүүлэн хичээх гэдэг юм харагдаад байна. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байхыг тодорхой болгох нь чухал. Харин хувийн хэвшлүүд ямархуу харьцаатай байх нь төрд тийм ч чухал биш. Үүнийг хуульчлан баталгаажуулаад байх албагүй. Энэ өөрөө бизнесийнхээ, нийгмийн хариуцлага гэдэг утгаар хэрэгжээд явчих ийм асуудалд дахин дахин бичиг цаас болгож, давхардуулан хүндрэл үүсгэдэг байдлаасаа татгалзсан нь дээр.

-Хэвлэлийн салбарын хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлана гэж төсөлд заажээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Нээлттэй зарлахад аймшигтай юм байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны сайт руу ороод харахад телевизийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулагчдын хувь оролцоо, овог, нэр, хаяг гээд бүгд тодорхой байгаа. Ингэлээ гээд телевизийнхэнд харш нөлөө үүсч, бизнест нь хохирол учирсан юм огт байхгүй. Энэ бол зүгээр л соёлын асуудал. Монгол бол жижигхэн. Бүгд нээлттэй л байдаг шүү дээ. Ач холбогдолтой ч юм биш. Үүнийг хэлэлцээд байх шаардлага алга. Зүгээр л явдаг журмаар нь явмаар байна.

-Ер нь аливаа бизнес итгэлцэл дээр явагддаг. Тиймээс итгэсэн хүнтэйгээ хамтарч, хөрөнгө оруулдаг. Үүнийг нь хэвлэлүүд ил болгоод зарлачихаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурах юм биш үү?

-Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн барууны том зах зээлтэй орнууд шиг тэрбумтнууд төрчихсөн, монопольдоод байгаа юм алга. Зүгээр л оршин тогтнох гэж оролдсон, хичээсэн, энэ мэргэжилд хайртай, дуртайдаа үйлээ үзэж байгаа нэг хэсэг байна. Үүнийг босгочих юм сан гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан, одоо эргэж буцахаасаа нэгэнт өнгөрчихсөн учраас тэр чигээрээ зүтгэж байгаа хэсэг ч байна. Мөн мундаг чухал салбар гэж бодож орж ирээд ямар адармаатай хэцүү болохыг нь ойлгочихоод яаж ч чадахгүй байж байгаа хэсэг бас байна. Хэвлэл мэдээллийн салбар эмзэг байгаа. Ялангуяа 2014 оны эдийн засгийн хямрал манай салбарт маш хүндээр туссан. Төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Өөрийн гэсэн яам байхгүй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үндсэндээ энэ салбарын яамны үүргийг гүйцэтгэж байна. Өөрийн мөнгөгүй төрийн бус байгууллага. Ийм байгаа нөхцөлд янз янзын хаалт хоригоор битгий дарамт болоосой гэж хүсч байна. Дарамт хангалттай байгаа. Өнөөдөр эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг болсон. Үүнд төр засаг анхаарлаа хандуулахгүй байгаа мөртлөө зүгээр мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд явж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажллаж байгаа учраас эрх ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн ийм байдлаар хандах нь утгагүй асуудал. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээчихсэн онцгой энэ бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй болгоно. Дахиад энэ салбар руу дорвитой хөрөнгө оруулалт ч орохгүй шүү дээ. Ер нь энэ салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд иймэрхүү хаалт хориг тавих байх даа.

-Үндсэн хуулинд хүн бүр тусдаа хуулийн этгээд байна гэж заасан.Гэтэл авлигатай тэмцэх тогтоолын төсөлд нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтооно гэж тусгасан байх юм…

-Энэ зүйл заалт өнөөдөр манайд үйлчлэхгүй. Яагаад гэвэл хэвлэлийн салбарыг 20 гаруй жил дандаа хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ авч явсан. Энэ салбарт угаасаа Монголын төдийгүй, дэлхий нийтийн жишгийг харахад гэр бүлийн бизнес явдаг. Мөн энд олон нийтийн бизнес явдаг. Бусад улс оронд болоод явж л байгаа юмыг бид өнөөдөр хязгаарлах гээд байгаа нь сонин биш. Хөрөнгө оруулагч угаасаа ашиг муутай, багтаамж муутай, энэ зах зээл рүү ялангуяа эдийн засгийн хямралтай өнөө үед хөрөнгө оруулна гэдэг байхгүйтэй адил болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, эрсдэлд хамгийн түрүүнд өртдөг эмзэг салбар. Гэтэл нийгэмд хамгийн хэрэгтэй чухал салбар байдаг. Нэгэнт төр мөнгө өгч дэмжээд, хэвлэл мэдээллийн салбарыг хөл дээр нь босгож чадахгүй юм бол тэртэй тэргүй аваад явж байгаа хувийн хэвшлийг оролдоод байх шаардлагагүй. Мөр мөрөөрөө л явцгаая. Төр нь төрөөрөө. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээрээ. Өнгөрсөн 25 жилд өчнөөн л ахиц ололт, сайн сайхан зүйл манай салбарт бий болж л байна. Мэдээж, салбар томорч байна, ач холбогдол нэмэгдэж байгаа учраас алдаа оноо, сүүдэртэй тал нь нийгэмд тод харагддаг. Бид бүхний өмнө нээлттэй ажилладаг. Тиймээс бидний алдаа оноо болгон нээлттэй байдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжлэх эрх нь ч иргэдэд нээлттэй. Шүүмжлэлийн бай болох боломж нь ч илүү. Ийм л орчинд бид ажиллаж байгаа. Төр дааж ажиллаж чадахгүйгээс хойш зөнд нь орхиосой гэж хүсмээр байна.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр удахгүй болох гэж байна. Манай улсын хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдсаар байна гэсэн судалгаа байдаг. Энэ салбарын гал тогоог хариуцаад явж байгаа хүний хувьд та бодлоо хуваалцахгүй юу?

-Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн бус байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2015 оны индексээрманайх 30 гаруй байраар урагшилсан. Тэрийг анзаарахгүй хойшилсон, ухарсан гээд байгаа нь зайлшгүй цаг хугацаа шаардагдсан хүнд асуудлууд байна. Тухайн үедээ шийдэгдээд, сайжраад явж байгаа зүйл байна л даа. Тэрнээс салбар бүхэлдээ болохоо байчихсан гэж хэлэхгүй. Олон сэтгүүлч ял аваад л айдас хүйдэстэй байсан тэр үе ард үлдсэн. Одоо хэлье гэснээ хэлдэг, шүүмжилье гэснээ шүүмжилдэг боллоо. Төрийн зүгээс зохицуулалт, хязгаарлалт хийх гэж янз янзаар оролдож байгаа. Гэвч тэр болгонд дуу хоолойгоо сонсгох, эсэргүүцэх, ойлголцох боломжууд нь нээлттэй. Харьцангуй ойлголцоод, асуудлаа ойлгуулж чадвал энэ салбарыг эрх зүйн хувьд гайгүй аваад явах боломжтой цаг үе ирж байгаа. Хувь сэтгүүлч, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өөрсдийнх нь оролцоо чухал. Ялангуяа хууль тогтоох, шийдвэр гаргах үед та бидний дуу хоолой ойлгуулах, оролцуулах, эрх ашгаа урьдчилан хамгаалах нь чухал. Одоо яалт ч үгүй хэд хэдэн хууль дээр анхааруулах, тэр битгий хэл нэлээд болгоомжлуулах, хаалт хориг төслийн хэмжээнд явж л байна. Гэхдээ үүнийг бид цаг тухайд нь ойлгуулаад, байж болохгүй гэдгийг түвшин түвшинд нь авч явж болно. Мэдээж мэргэжлийн байгууллагын хувьд дуугүй байхгүй. Дүгнэлтээ гаргуулах, саналаа хүргүүлэх янз янзын арга хэмжээнүүд бий. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, сэтгүүлчид хүртэл өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэх байх. Тавдугаар сарын 3-ндасуудлаа ярьдаг. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой болох болохгүйасуудлыг дэлхий даяар шүүн хэлэлцдэг өдөр шүү дээ. Тийм учраас энэ өдрийг тохиолдуулаад манайхан салбар доторх чиглэл чиглэлийнасуудлаа хөндөн тавьж, дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Н.Нацагням: Ирэх сонгуулиар Итгэлт баян шиг үндэсний лордуудаа гаргаж ирцгээе

Төрийн шагналт инженер Н.Нацагнямд Азийн бүтээмжийн байгууллагаас “Үндэсний бүтээмжийн шагнал 2015”-ыг гардуул­сан. Уг шагналтай холбог­дуулан Н.Нацагням өчигдөр ШУТИС-ийн хурлын тан­химд хүндэтгэлийн лекц тавьсан юм. Тэрээр лекцийн эхэнд өөрийнхөө бүтээлийг товчхон танилцуулж, давуу талуудыг нь дурдаж байлаа.

Эл лекцийг тоймлон хүргэж байна.

Бидний бүтээсэн бүтээлүүдийг ашигласнаар импортоор юу ч авалгүй бүхнийг Монголдоо хийх боломжтой. Би англи аргаар NaNyam стандартаа гаргасан. Энэ стандартаар хийсэн цахим төхөөрөмжийг л Монголд оруулна гээд хууль гаргачихвал импортоо хамгаалж чадна. Тэгэхээр электрон бараа гаднаас орж ирж чадахгүй. Энэ нь англичуудын өнөөдөр хэрэглэж байгаа арга байхгүй юу. “Sony” телевизор, “Nokia” гар утас англид байна. “Nokia”-гийн их том, манай саарал ордон шиг барилга Англид бий. Юу хийдэг вэ гэхээр Английн стандартаар зарим юмыг нь өөрчилж зах зээл дээрээ зардаг. Тэр ашгийг англи хүн олох ёстой. Гадаадын хүн авах ёсгүй. Гадаадын хүн ашиг оллоо гэхэд тэр мөнгөө гадагшаа авч явж чаддаггүй. Байшин, машин авах замаар тэр мөнгө нь Англид л шингэж байх ёстой. Би монополь компанид нь ажиллаад ирлээ шүү дээ. Бодит амьдрал ийм байдаг юм гэдгийг нь харлаа. Дээд сургууль нь чөлөөт өрсөлдөөн гэж шал худлаа юм заагаад. Тэр хүмүүс нь Орос, зүүн Европт ирж төр бариад, чөлөөт өрсөлдөөний бүх зах зээлээ алдсан. Зүүн Европ нь баруун Европынхоо хэрэглэгч нь болчихсон. Тэр битгий хэл Европын холбоо гээд Грек, Латин улсууд Германы хэрэглэгч болоод ядуурчихсан. Ядуурахаар яах вэ гэхээр үйлдвэрийн эзэд нь амиа хорлочихсон, Италид. Амиа хорлосон эздийн эхнэрүүд нь Бэлэвсэн эхнэрүүдийн холбоо байгуулаад ажиллаж байна. Үндэсний стандартаар импортоо хамгаална гэдэг маш их ач холбогдолтой. Тэр улсын амьдрах арга нь. Түүнээс биш чөлөөт өрсөлдөөнөөр хөгжсөн улс дэлхийн хаана ч байхгүй. Харин чөлөөт өрсөлдөөн гэж молигодуулаад дампуурч байгаа улс гэвэл Зүүн Европ байна. IT-гийн цахим төхөөрөмж, бүх юмыг Монголдоо хийе. Англичууд металл тросс, металл хайлуулах зэрэг бүх хар ажлаа дайны дараа Энэтхэг рүү нүүлгэсэн. Дараа нь 1990 оноос Хятад руу нүүлгэсэн. Хятадын голууд улаанаар урсдаг болсон. Химийн хортой үйлдвэрүүд ашиг багатай хэрнээ өрсөлдөөн ихтэй. Англид бол зөвхөн ширээ сандалдаа суугаад л зохион бүтээх ажлаа хийдэг. Хар ажлаа хятадуудаар хийлгээд дэлхийд байхгүй хямд зардлаар энэ төхөөрөмжүүдээ үйлдвэрлэж байна.

Би хэд хэдэн төхөөрөмж хийе гэж бодоод байгаа юм (Ямар төхөөрөмжүүд хийх гэж буйгаа дэлгэцэнд зургаар харуулав.сурв) Гэтэл үүнийг хийе гэхээр манайхан ойлгохгүй байгаа юм. Үүнийг хятадууд, англичууд яаж хийдэг вэ гэхээр гучин жилийн захиалга авдаг юм байна. Хэдэн ширхгийг яаж авах вэ гэдгийг тогтоогоод тоог нь гаргасны дараа энэ бизнесийг эхэлдэг. Над шиг захиалга нь байхгүй байхад NaNyam төхөөрөмжийг хийсэн хүн дэлхийд ганц ч алга. Миний таньдаг англи инженер “Чам шиг тэнэг хүн дэлхийд байхгүй” гэж дооглосон. Би үүнийг мөнгөний төлөө биш, улс төрийн зорилгоор хийсэн юм. Монголчуудын төлөө. Монгол хүн үүнийг баталдаг гэдгийг харуулахгүй бол насан туршдаа импортоор аваад, насан туршдаа гуйлгачин шиг амьдрах ёстой гэдэг лоозон байлаа шүү дээ. Үүнийг би сөрж зогсоод дөрвөн жилийн турш цалингүй ажилласан. Анх ТЭЦ II-той гэрээ хийхэд 15 саяын гэрээ хийсэн. Гэтэл тэр төхөөрөмжийг 800 саяар авсан. Тийм зургаан машин авсан нь одоо ажиллахгүй байна. 4.8 тэрбум төгрөгийг аваад хаячихаад одоо болохоор NaNyam-аар хийлгэнэ гээд надтай гэрээ хийж байна. Таван тэрбумыг хаяхаас нь өмнө би хэлээд байхад надад итгээгүй. Тэгээд дөрөв, таван жил ажиллаад баталсны дараа “Өө, за за чамаар хийлгэе” гэж улсын мөнгөөр тоглодог болж. Таван тэрбум төгрөг юу ч биш болж байгаа биз.

(Процессорын зураг харуулав.сурв) Та нар процессор харж байна шүү дээ. Энэ бол 1-10 сая төгрөгөөр борлогддог. Хэрвээ би нийт 18 аймгаас захиалга авбал энэ процессорыг 10 ам.доллараар хийж болох байхгүй юу. Өөрийн өртөг нь 5-6 ам.доллар л гарна. Гаднах гэрийг нь биш, зөвхөн боардыг нь хийхэд. Английн зах зээл дээр 20 фаундаар зарсан ш дээ. Би үүнийг 20 ам.доллараар хийгээд зарахад хангалттай байхгүй юу. Доторх материал нь үнэндээ хямдхан. Юу үнэтэй вэ гэхээр та нарын цаг хугацаа, тархи. Би энэ бүхнийг ганцаараа хийхгүй. Захиалга авбал IT-гийн инженерүүд, энэ чиглэлээр сурдаг бүх оюутныг ажлаар хангана. Эхний ээлжинд ингэж ажиллах оюутнууд хэдийнэ бэлэн болчихсон.

Монголд нөөц нь байгаад байдаг. Гол нь зохион байгуулалтын ажил. Ерөнхий сайд миний төрсөн аав байгаад ч надад тусалж чадахгүй болчихоод байна. Яагаад гэвэл манай энэ төр чинь чөлөөт өрсөлдөөний дүрмээр байгуулагдсан. Агуулахаас худалдаж авахгүй бол багтахгүй болчихсон. Надаас болж Ерөнхий сайд шоронд орчих болчихоод байгаа байхгүй юу. Тэр хүнийг би шаналгаж болохгүй (инээв). Ийм гарцаагүй, сонин байдалд орчихоод байна шүү дээ. Үүнийг дээр, дооргүй “Яаж засах вэ” гэж ярьж байна. Дараачийн сонгуулиар засчихна гэж харж байгаа юм.

Англи, Америкт төрд гарч байгаа хүмүүс нь ард түмнээ тэжээж байна шүү дээ. Би тийм олигархи компанид нь ажиллаж байгаад ирлээ, “Alstom”-д. Тэр бол ард түмнээ тэжээдэг, ард түмэн нь шүтдэг. Гэтэл бид олигархиуд гээд л хараагаад занаад зүхдэг. Үүгээрээ бид монголоо алдаад байгаа байхгүй юу. 100 жилийн өмнө бид Итгэлт баяныг шүтэж амьдарч байсан. “Зэрэг нэмэхийн өмнө” киног манай өвөө, эмээ нар харчихаад уурладаг байсан, монголчууд хэзээ ч ийм байгаагүй гэж. Худлаа үзэл, суртлаар та нарыг молигодож байна гэж уурладаг байсан. Бид 100 жилийн тэр сэтгэхүйдээ эргэж очиж олигархиудаа хайрлаж, тэд биднийг ажлаар хангах нь байна шүү. Бид ийм байдалд хүрэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй. Тийм болохоор дараачийн сонгуулиар бизнес хийдэг хүмүүс нь төрдөө гараад, импортыг орлоё гэж худлаа ярьдаг нь биш импортоо орлочихсон хүмүүс нь дээр гараад, зах зээл болгоныг эзэнтэй болговол бид Итгэлт баяны дүрмээр явна. Азийн барууд ингэж явсан, Англи, Америк ингэж л хөгжсөн. Бид өнөөдөр нэг юмнаас, коммунист дүрмээс айгаад байгаа байхгүй юу. Айх хэрэггүй. Бид нар өнөөдөр зоригтой л байх ёстой.

Гадны төхөөрөмж суурилуулчихаар өнөөх нь паспорт нэхдэг. Паспортыг нь тайлуулах гэж Англиас хоёр инженер ирээд долоо хоноод явахад 200 мянган фаунт авсан гэж байгаа юм. Гэх мэт дарамт ихтэй. Нэг юм нь эвдэрчихээр засахад хэцүү. Бүхлээр нь солихоос өөр аргагүй. Тийм болохоор “Гок” NaNyam-ийг авах санал тавьсан. “Гок” дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүх юмаа шинэчилчихсэн байна лээ. Троллейбуснуудад NaNyam төхөөрөмжийг тавих гэсэн чинь жилдээ тавхан ширхгийг авна гэж байгаа юм. Тийм л жаахан захиалгатай. Таван саяын захиалгаар хөгждөг нийгэм байхад бид яах болж байна. Гэтэл тэр таван захиалга нь одоо бүр тэг болчихсон.

Капитализм байгуулах дүрэм нь дэлхийн ямар ч засаглалтай улсад адилхан байдаг юм байна. Монгол гэрийн ерөнхий анатомтой адил. Тооно байхгүй бол бид униа хатгаж чадахгүй. Тэрэнтэй адилхан монополь эдийн засаг байхгүй бол чөлөөт өрсөлдөөн, жижиг дунд үйлдвэрлэл гэж байдаггүй юм байна. Үүнийг Америк цус нөжөөр хийсэн. Бусад улсууд хуулиар хийсэн. Социализмд бүх юм монополь байлаа. Фашист нийгэмд “Бенз” гэж машиныг хүчээр гаргаж ирсэн. Ийм байдаг юм байна.

Монгол Улс чөлөөт өрсөлдөөнөөр явна гэсэн сонин хуультай болохоор юмыг өөрийн өртгийг нь багасгаж, оюуны өмчийг нь хамгаалж хийе гэхээр болохгүй байна л даа. Бүх зах зээлийг манай төр барьж байгаа томчуул хувааж аваад, бие биенээсээ худалдаж аваад битүү орчин үүсгэчихсэн. Гар утасны зах зээлийг монополь нэг компани авлаа гэхэд тэрэн дээр нь дөрөв юм уу, дөчин компани чөлөөт өрсөлдөөнөөр гар утасны программыг нь сайжруулдаг. Анхны монополь компани нь үйлдлийн системийн захиалгаа өнөөдүүлдээ өгнө. Тэр компанийн технологийг сурсан дөрөв, таван компани захиалгыг хийж нөгөөдөх нь зардаг. “Samsung” бол өөрөө бүх юмыг хийхгүй. Солонгосын бүх оюунлаг ард түмнийг тэжээж байгаа бурхан шиг монополь компани юм байна. Тэгэхээр бид энэ зарчмаар хөгжье. Ерөөсөө маргаад байх юм байхгүй. Капитализм байгуулах технологи бол дэлхийд батлагдчихсан. Өнөөдөр манайд бизнес хийж байгаа хүмүүс амиа хорлох хэмжээнд хүрээд байгаа. Яагаад гэхээр зах зээлийг нь хамгаалж өгөхгүй, шууд зээл өгөөд хий гэхээр нөгөө хүн нь зээлийн хүүндээ баригдана.Дээрээс нь импортыг нь хорьж өгөхгүй болохоор борлуулалтгүй болчихно. Тэгэхээр энэ хүмүүс чинь амиа хорлох хэмжээнд хүрээд байна. Зээл төлсөн нэг ч байгууллага байдаггүй юм байна, бизнес хийж байгаа энэ компаниуд дунд. Бүгд амиа хорлоход бэлэн явж байна. Монополь борлуулалтыг социализмын үед төр хийж өгдөг байсан. Өнөөдөр Англи, Америкийн томчуул тэгж борлуулалт хийж явдаг юм байна. Барак Обама “Хөөе би тэнд очихдоо таван “Бойнг” зарсан шүү” гэж ард түмэндээ зарладаг. Үндэсний борлуулалтаа ийн хийж явдаг.

Монополь байж байж Америкийг бүтээсэн гэж ярьдаг. Монополь компаниуд нь байгаагүйсэн бол Америк хэзээ ч хөгжихгүй байсан. “Gucci” компанийг хар л даа. Тэд “Баячууд байгаагүй бол бид гарч ирэхгүй байсан” гэж ярьдаг.

NaNyam төхөөрөмж ТЭЦ-II, ТЭЦ-III дээр ажиллаж байна. Нэг аз болоход гоё туршилтууд зун болдог юм. Зун болохоор шувууд шугам дээр буухад түр хугацаанд тасраад оросоос залгахад Орос, Англи, Шведээс авсан өдөөлтийн системүүд генераторыг савлуулаад доргилтод оруулаад зарим тохиолдолд зуухууд зогсдог. Гэтэл NaNyam мэдэрч байгаа генераторууд амьд үлддэг. Энэ туршилтаар манай үндэсний инженерүүдийн нэр хүнд өсч байгаа.

Би нэг гарц хэлье. Англи, Америк гээд монгол дүрмээр хөгжсөн орнуудад популист сонгуулийг явуулахаас өмнө Итгэл баяны сонгуулийг явуулчихдаг юм байна. Үйлдвэрийн эздийн сонгууль яваад дээр төр барьчихдаг. Инженерийн яам, авлигатай тэмцэх газрын ч хэрэггүй. Эрүүл систем юм. Модунь Шаньюйгийн үед ийм систем байжээ. Коммунизмд ороод үүнийгээ бид алдчихсан. Гэтэл дэлхийн хөгжсөн бүхий л орон энэ дүрмээр хөгжсөн юм байна. Жишээ нь Английг харъя л даа. 1200 оноос хойш зөвхөн Лордын засаглалаар Итгэлт баяны дүрмээр төр барьдаг байсан. Дараа нь 1341 онд хоёр танхимтай болж, популистууд энэ үед гарч ирсэн. Популистуудыг хар л даа. (Зураг харуулав.сурв). Энэ өвөө бол маш сайхан сэтгэлтэй, үнэхээр тийм ч түүнд Итгэлт баяных шиг төрөлхийн мэдлэг байхгүй. Тэгэхээр энэ хүн капитализмийг байгуулж чадахгүй. Тэгэхээр Итгэлт баянуудыг сонгож сонгуульд оруулъя гэдэг юмыг би биш ээ дээр, дооргүй бүгд ярьж байна. Лордын систем, олигархийн системийн сайн талыг мэддэг хүмүүс л төр барья. Түүнээс биш коммунистаараа сэтгээд олигархиудаа үзэн ядаад байвал бид хэзээ ч бүтэхгүй.

Популизм орж ирснээр хууль нь гууль болоод 1920 онд Герман, Англид нэг пиво авч уугаад дараачийн пиво авахад үнэ нь хоёр дахин өсч байсан. Энэ популист үзэгдэл Монголд гарч ирээгүй байна. Болоогүй байна. Эхний ээлжийн популистууд сэтгэлийн дуудлагаар хувьсгалаа хийдэг юм байна. Хоёрдугаар ээлжийн популистууд мөнгөний дуудлагаар гарч ирж иргэний дайн үүсдэг. Ийм аюултай. Тэгэхээр сонгуульд орж ирж байгаа хүмүүстээ шалгуур тавих хэрэгтэй. Популистуудыг биш лордуудыг. Итгэлт баян шиг юмаа хийчихсэн хүмүүсийг гаргая.

Энэ хэдэн олигархиудаас л болоод байна гэж хүн бүр үзэн ядаад дайн хийхэд бэлэн болчихоод байна. Дайн бидэнд зохихгүй. Дайнаас аврах арга нь лордын сонгууль. Баялаг бүтээсэн хүмүүсээ дээшээ гаргах. Ингэж гарцаа харж байгаа. Энэ бол байгалийн хууль юм байна лээ шүү. Ардчилалд орлоо, хоёрдугаар популистууд гарч ирлээ, дайн болно. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь зөв сонголт. Тайванийг харцгаа. Тайвань Монголоос илүү дампуурч байгаад баруунд ажиллаж байсан инженерүүд нь сонгуулиар ялаад тэнд электроникийн хувьсгал гарсан чинь тэр нь олигархийн хувийн л бизнес байсан шүү дээ, Ерөнхий сайдынх нь. Ингэж л ард түмнээ ядуурлаас аварсан. Нөгөө нэг гарц бол дарангуйлал. Энэ нь манайд таарахгүй, хоёр том хөрш байна. Тэд ороод ирнэ.

Нэг хүний засаглал дампуураад, парламент засаглал руу орно. Нөгөөх нь дампуураад ардчилал буюу популизм руу орно. Тэр нь дампуураад нэг хүний засаглал руу ордог. Энэ гурван засаглал ингэж гурван мянган жилд нэг эргэдэг. Ийм л зүй тогтолтой байна. Нэг хүний засаглал нь ойролцоогоор 2000 жил байна. Лордын засаглал 500 жил, популист буюу ардчилсан засаглал 200 жил. Ингэж эргэж байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл дараагийн сонгуульд үндэсний лордуудаа гаргаж ирж дэмжихийг хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Адуун хийморьтой тавилан

ЛУС”-ЫН ДААЛТТАЙ УДАМ

Сэцэнхан аймгийн Боржгин сэцэн вангийн хошууны баруун Чойрын Ловон отгийн малчин ард Амгалангийнд 1896 оны нохой жил хоёр ихэр хүү төржээ. Тэднийх жирийн л нэг бор айл байв.Төрөөд хоёр хоноод байтал тэднийд ногоон дээлтэй, хоёр хар морьтой огт танихгүй хүн бууж. Тэр хүн орж ирээд “Танай хоёр ихэр хүүхдэд нэр өгөх гэж ирлээ” гэж хэлж. Ирсэн зочныг хүндлээд л, хэмжээндээ цайлж дайлаад лүгий нь сонсож л дээ. Тэр хүн “За хоёр хүүд Галт, Цогт гэж нэр өглөө. Эд нар есөн үеэрээ сайн сайхан явна аа” гэж айлдсан гэнэ. Ирсэн хүний гуяан дээр дагаж очин моринд нь мордуулан гаргаж өгч л дээ. Гэтэл өнөө хүн мордож хэд алхуулаад л харагдахгүй болчихсон гэдэг.Түүнийг одоо хүртэл “лус хүрч ирээд нэр өгөөд яваад өгсөн” гэцгээн удам дамжин ярьсаар байдаг.

Энэ бол одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт болсон явдал байв. Өнөөгийн Баянцагаан суманд Галтынхан гэдэг нь МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат, зууны тод манлай уяач Д.Даваахүүгийн талынхан, Цогтынхон гэдэг нь Улсын начин “цагаан” Бадарчийн талынхныг хэлдэг аж. Эрт дээр үеэсээ Баянцагааны настангууд эднийхнийг “лусын даалттай” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байсан хэрэг. Амгалангийн ихэр хоёр хүү Галтынхан, Цогтынхны удам сайн сайхан явдаг нь ч үнэн ажээ. Эдний удамд бусдаас ялгаатай бахархам онцлог онцгой сонинзүйл олон бий.

Зөвхөн монгол үндэсний морин уралдааны түүхэнд монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлсэн нь 20-р зуунд Хардэл жанжин бэйсийн дараагийнх нь Галтынхны удам болж байгаа юм. Тодруулж хэлбэл Мөнхийн Данзаннямын “ажнай” хүрэн, Данзаннямын Даваахүүгийн “цолмон” халтар, Даваахүүгийн Баянбатын “наран” хонгор азарганууд төрийн наадмын түрүү магнай түмэн эхүүд билээ. Үндэсний морин уралдааны өв их соёлын гайхамшгийг зуун дамжиналд аршуулсан гурван үеийнхний адуун тэнгэртэй амьдрал түүхийг сургаал хэмээн хүндлэн залмой.

МОРИН ЭРДЭНИЙН СҮНШИГДАЛЛАГА

Долоон настай Данзанням хүүгийн шахалтаар аав Мөнх морь уяж эхэлсэн ажээ. Уяачид морьдоо уяад ирэхээр Данзанням хүүморь унана гээд хэнийг ч хамаагүй дагаж явчих гээд зовоодог байж. Тэр үед Мөнх хүүтэйн хэрэг юу билээ мориор наадъя, хүүгээрээ унуулж уралдах ч эр хүний нэг цэнгэл гэж монгол эрчүүдийн нэгэн адил бодсон л байж таараа. 1932 оны улсын баяр наадамд Дундговь аймгийн Баянжаргалангийн Борнойн Жамъянгийн цоохор даага аман хүзүүнд хурдалсан гэж бий. Энэ уяач бол Боржигны “баян” Борнойн том хүү Жамъян юм. Тэр зун Борнойн Жамъянг улсын наадамд тэдний нутгаар дамжин өнгөрөх үед нь Мөнх зориуд угтан уулзаад сайхан хусран хээр даагыг нь гуйсаар байгаад авчихсан гэдэг. Хээр даагыг гурван жил дараалан Баянцагаанд түрүүлгэн азарга тавьснаар эднийхэнд анхны хурд уриншжээ.

Энэ үед шинэ цагийн ардын засаг тогтож нийслэлд ардын баяр, эрийн гурван наадмыг хөхүүлэн дэмжиж өргөн хийдэг болов. 1940-өөд он гэхэд улс орон даяар Галшарын хурд танигдан магтагдаж байсан үе. Галшараас адуу залах хүсэлтэй сүйхээтэй эрчүүд ховор байж. Тийм ховор хүмүүсийн анхных нь Баянцагаан сумын уяач Галт байв.

Галт 1944 оны мичин жилийн намар зүүн тийшоторт явах үедээ адууны эрэлд Галшараар явж байгаад Ван ноён Доржцэрэнгийн уяач байсан “гожигодой” хэмээх Лувсанцэндийн хээр буув. “Монхор” Халтар гуай босоо улаан морьтойгоо явж тааралдаад таргалчих гээд байна, зээрэнд явах гэж байгаа юм гэж байжээ. Лувсанцэндийн хурдан халиун морь нь хөл муудсан гээд тэргэнд уяатай байж. Тэд хоорондоо танилцаж Галтаар халиун морины хөлийг хатгуулаад үлджээ. Галт 1945 оны тахиа жилийн намар тахиа өсч өндөглөнө гэж бэлгэдэн адуу залахаар адуучин зээ дүү Мөнхийн Данзаннямыг дагуулан хурдны өлгий Галшарыг зорьжээ. Тэд арваад хоног яваад Галшарын Сүм гурван булагт иржих уяач “монхор” Халтар гуайнд бууж тэнд адууны наймаа хийсэн байна. Данзанням гуай залуухан хорьтой явж. Адуунд эртэй, уурганд ч, эмнэгт ч идсайн, багтаж ядсан залуу явж. Их уяач Халтар гуай “Хүү чи уургал” гэж саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай буурал зээрд морь барьж өгөөд, орон дороосоо бургас гаргаж уурганд нь цээж татуулж мордуулжээ.

Дагмид адууны азарга гээдих манхин, бага манхин гэж хоёр халзан азаргатай адуу байснаас их манхин азарганаас саарал даага барив. Энэ саарал даагыг бас нэг улаан үрээтэй Данзанням хүү авч. Галт болохоор орлойнхоны угшилтай гэх дугуй тамгатай хонгор үрээ, Содномын улаан гэж улсад 1938 онд аман хүзүүдсэн улаан азарганы төл бор үрээ авчээ. Данзанням хүү ч адуунд ямар залуу болохоо ч үзүүлсэн хэрэг. Эндээс дамжаад их уяач “гожигодой” Лувсанцэндийн хээр ирэхэд ээж нь настай хөгшин хэвтэрт байх үе таарч. Урьд намар нь Галтаар хатгуулсан халиун морь хөл ороод сумандаа түрүүлсэн байв. Тиймээс тэр хөгшин Галтыг таниад “Чи их сайн хүү. Би нас өндөр болсон хүн чамд цайгий чинь сүлэх даага өгнө өө? аваад яваарай хүү минь. Жаахан гэж голох хэрэггүй шүү. Дамар хонгорын үр юм шүү. Хөхтэй юм зайлуул гэхдээ хөтөлгөө даах байлгүй дээ” гэж хэлээд охин цавьдар даага хөтлүүлжээ. Ингээд нутаг буцах болоход гаргаж өгөхдөө их уяач “монхор” Халтар гуай Данзанням хүүг ихээр тоож “За чи адуунд дуртай ч хүн юм, адуунаас салах ч үгүй хүн юм байна. Уяач ч болох хүү байна. Манай нутгаас сайн ч адуунууд аваачлаа даа” гэжмагтаад “За хүү минь малгайгаа ар шилэндээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлээд буцжээ. Энэ тухай Данзанням гуай өвөөдөө ирж намайг ингэж магтсан гээд л ярьсан юм билээ. Харин их уяачийн“За чи малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай миний хүү” гэж хэлснийг ойлголгүй гайхаад өнгөрчээ. Үүний нарийн учир нь гэвэл “Тарган морьтой хүн давхидгүй учраас малгай нь толгой дээрээ явдаг, эцэнхий морьтой хүн давхиж явдаг учраас малгай нь ар шилэн дээрээ явдаг нь монголчуудын араншин. Морин эрдэнийн заяа, заслыг шууд хэлдэггүй, дөхүүлэн ойртуулан сануулж хэлэх нь Хар дэлийн хэний соёл. Тиймээс Халтар гуай Данзанням хүүд “Морио сайн эцээж уяж байгаарай” гэж давхар үгээр аминчилж захиж хэлсэн хэрэг. Ойртуулан хэлсэн үгийг огт ойлголгүй явсаар 20 жилийн дараа ухаарсан гэдэг юм.

Ингээд нутгийн зүгүдүүлээд нутаг буцахаар саахалтаас хол зайд гараад явж байтал Монхор халтар гуай дуудаад даллаад байж. Галт гайхаад бор үрээгээ буцаахын биш байгаа гэх бодол ч орж гарч байж. Гэтэл хүрч ирээд Галтад “Чамд нэг юм хэлэхээ мартчихаж айлын адуу долоо хүрэхээр эвгүйтээд байдаг юм. Манай адуу найм хүрэхээр эвгүйтээд байдаг юм шүү? Найман настай болгоомжтой байгаарай. Болж өгвөл өнжөөчихөөрэй. Үүнийг захих гэсэн юм… за сайн явцгаагаарай гэж хэлээд үлдээд хоцорсон байна.

Ингэж нагац ах Галт, зээ дүү Данзанням хоёрын их газраас залж авчирсан энэ хэдэн адуу Мөнхийнхнийг хурдтай болгоод тогтохгүй Баянцагаан болон ойр залгаа сумдын хурдыг сайжруулсан нэгэн түрлэг болсон юм.

Галт бор үрээгээрээ азарга тавив. Галтын бор Данзанням гуайгаас өөрхүн эдэлж чаддаггүй догшин азарга гарчээ. Соёолонд нь эдэлсээр байж цагаашруулж аваад хавчиг азарга Дундговийн Цагаандэлгэрт анх уяж уралдаад гуравт хурдалсан байна. Ааш зан нь болохоос хурд нь ч тодорхой болов. Намар нь Авдар баян суманд Баянцагааны Гомбодоржийн, Нэрэнжимээгийн гээд нэрээ олсон даалуу хэдэн сайн азаргануудтай уралдаадахсан чинь хол түрүүлэх нь тэр.

1949 онд Галтын бор азарга 7 настай улсад уралдаад алдарт Санжаабүүргийн цавьдартай уралдаж байгаад айргийн тавд хурдалжээ.1950 онд Дундговьд байсан Галтын том ах Данзандаржаа өвгөн дээр очоод тэр нутагт уралдаад ахаж. Гараанаасаа ганцаараа тасарч газ-67 машинтай уралдаж яваад хөлөө авчих нь тэр. Өнөөх их уяач “монхор” Халтар гуайн хэрэг болгон ирж хэлсэн” манай адуу 8 настай эмзэг шүү, болбол өнжөөчихөөрэй” гэсэн үгийг хөлий нь авчихаад л санасан гэдэг. Ингэж өөрөө уралдахаа больсон ч гэсэн Галтын борын үр төл, удам угшил олон хүнийг баярлуулсан нь түүх болон үлджээ.

Галт бор азаргандаа хамт авчирсан цавьдар даагаар гүү хийж нийлүүлснээр сайхан зээрд гүү гарч. Зээрд гүүг “өвгөний” Батбуянгийн хонгор халзангийн үр Совд гэдэг хүний (шүдлэн хязаалан улсад түрүүлээд хөлгүй болсон) зээрд азаргыг Галт авч хураалгаад байж байв. Гэтэл Дэрэнгийн Товуу гэж наймаачин хүн зээрд гүүг авъя гээд шалаад байхаар нь зарчихаж. Товуугаас Баян-Өнжүүлийн “буурал морьт” Балбар өвгөн өвөл нь дахиад худалдаад авчихаж. Хавар нь хонгор халзан унага гарч. Тэр хонгор халзан унагаүрээ болоод уяанд байхад нь Ханддорж гуай Балбарын уяан дээгүүр явж байгаад харчихаад энэ хонгор халзан үрээг чинь авъя гэж байгаад авчихжээ. Ханддорж гуай түүнийг азарга болгоод, уяж улсад айрагдуулснаас гадна , арваадаар хэд оруулсан гэдэг юм. Түүний төл Ханддорж гуайн улсад гурав түрүүлсэн алдарт хонгор халзан морь төрсөн гээд угшил түүх нь үргэлжилдэг юм.

Адуучин залуу Мөнхийн Данзанням авчирсан улаан үрээгээ морь болгоод Дундговь Төв аймгийн ойрын сумдаар нилээд хурдлуулсан байдаг. Харин саарал даагаараа азарга тавьсан нь соёолон болтлоо хөхрөөд уягдалгүй өнжжээ. 1951 ондулсын 30 жилээр уяад саарал азаргаа 17-д , булагт хээр гэдэг морио 11-д оруулж л дээ. Гэтэл Донойн Цэгмэд гуайн саарал азарга түрүүлээд ирсэн чинь Баянцагааныхан Данзанням гуайн саарлыг түрүүллээ гэж андуурцгааж гүйн очиж бөөн инээдэм болцгоосон гэдэг. Дээд гарал нь нэг удамтай болохоор адилхан байх нь аргагүй л юм. Данзанням гуай нас залуу уяаны мэдлэг тааруу байсан үедээсаарал азаргаа таргадуулжхадуурдаг болгочихсон гэдэг.Сүүлд энэ тухайгаа хээ мөн хөдөлгөөнтэй хайран адууг хадууртал нь л уядаг хүн шүү дээ би …гэж өөрийгөө голон харамсанярьдаг байж. Малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай гэхийг ойлгосон бол ч ингэхгүй л байсан хэрэг. Саарлын төл бага саарал гэж хурдан азарга ч төрж.

Данзанням гуай “өвгөний” Батбуянгийн хөх цавьдарын үр “тэмээн хээр” гэдэг азарганд (Галшараас ирсэн Дамар хонгорын үр хэвтэрт байсан хөгшний өгсөн) хүрэн цавьдар гүүг хураалгаад гарсан хар гүү нь “түмэн эх” цолмон халтарын эхийн эх ажээ. Энэ хар гүүнээс өмнө бас нэг хар гүү гарсныг Галт Дундговийн Бадарч гэдэг хүнд арилжсан гэдэг. Түүнээс гарсан охин байдсыг “мантын хүрэн” гэдэг азарганд хураалгаад Дундговийн Содномпэлийн улсын наадмын түрүү их хүрэн азарга гарсаны дээр түүний угшил анхны их хурдын аман хүзүү Лүнгийн Жамъяндоржийн буурал духт Борнуурын Гончигдоржийн хонгор азарга гээд одоог хүртэл хурд тасралгүй үргэлжилсээр байгаа юм билээ.

Мөнхийн Данзанням гуай бол аргагүй угшилтай эр охин адууг нийлүүлж адууны угшлыг хадгалж, чангаруулж байх ухааныг эрт ухаарсан хүн.

Баянцагааны Даваанэрэн, Данзанням хоёр дотно найзалж нөхөрлөдөг улс байж. Даваан эрэнг дээр үед багадаа Галшараас ирсэн хүн ч гэж ярьдаг байв. Өвгөний Батбуян гуайн хөх цавьдрын үр “тэмээн хээр” гэдэг азаргыг Даваанэрэн худалдаж аваад хавчигт нь гуравт оруулаад долоотой уяад уралдаадахсан чинь уяа уруугаа хадуурч давхиад хөлөө эвгүй болгочихсон гэдэг. Хойтон жил нь залуу уяач Данзанням уяач хүний алсын бодлоор өөрөө шийдэн хөлөө авсан“ тэмээн хээрийг” тэр үеийн өндөр үнээр 1500 төгрөгөөр аваад ирэхэд ах дүү нар нь хэн нь ч дуугарахгүй хялалзацгаан дургүйгээ илэрхийлж байв. Тэр үеэр Бадамдорж шанзавын уяач байсан огтной Мөр зэвэгтэй насаараа хамт явсан Мөр зэвгийн шавь уяач шоовой Очир айраг уухаар эднийхээр буух таарч. Залуу уяач Данзанням хэрэгтэй хүн ирсэнд дотроо талархаж“ Би ийм азарга авчихлаа гэж” үзүүлсэнд “Чи мөн сайн азарга авч. Чамд сайн их насны морь гаргаж өгнө дөө. Эр хоёр засаатай юм байна шүү дээ гэж магтаж гэнэ. Данзанням хүү “Эр засаа гэж юуг хэлдэг юм бэ? гэхэд “шоовой” Очир хойшоо харсан жижигхэн шовх засааг хэлдэг юм гэж хэлэнгээ хөлий нь барьж үзээд өө энд жоохон юм байна. Чи тарвага алаад ир. Би хөлий нь янзалж өгье гэв.Тэр дороо мордож гүвээ тонгойн тарвага алжавчраад арьсаар нь хэд хоног боож байгаад хатгаж өгөөд явж. Ирэх жилээс хөл нь гайгүй болохоор нь уяад1962 оны зун Баянцагааны Нэрэнжимээгийн гээд даалуу хэдэн азаргатай уралдаад хол түрүүлжээ.

1963 онд Төв аймгийн 40 жилээр сунгаанд хол түрүүлж байсан боловч 9-д орсон байна. Их уяачийн саарал азарга, үнэтэй авсан “тэмээн хээр” азарганы удам угшил одоо хүртэл тасралгүй үргэлжилсээр байгаа ажээ. Үүн дээр Баянцагааныхны дээд талын угшил Баастын ногоон, Өлзий өвгөний хулын угшил, өвгөн лам Цэгмэдийн даншигт түрүүлсэн азарганы удам орж ирсэн зэрэг нь удамт монгол адууг шижир алт лугаа тунгаан эзэмшдэгийн жишээг эндээс харж болно.

Данзанням гуай Өлзий өвгөний хул азарганы төлийн төл хул хязаалан гүүгавч Даваахүүгээр хөтлүүлэн авчирч “тэмээн хээр” гэдэг азаргандаа нийлүүлснээр алдарт хурдан хээр морь төрсөн байдаг. Яс үеийнь харагдтал уясан хээр морины зураг сонин сэтгүүл дээр гарсанийг үзсэн өвгөн уяачид уясан эзэн нь ч шидтэй юм, уягдсан морь нь ч хүлэг юм гэдэг байж билээ. Үнэндээ хээр морь ч ховор төрсөн буян ажээ.

Төрийн наадамд гурав түрүүлсэн Данзанням гуайн “ажнай” хүрэн азаргыг дээд талдаа Баянцагааны “өвгөн лам” Цэгмэдийн Даншигт түрүүлсэн алаг азарганы угшилтай “Өвгөний” Батбуянгийн төрсөн дүү Аривдахын адууных гэдэг. Эднийхэн олон үедээ морь айрагдуулж хурдлуулсан түүхтэй улс. Эдгээрээс гадна “өвгөний” Батбуянгийн хөх цавьдрын төл цавьдар азарга Данзанням гуайн авга ах Намжилаар дамжин орж ирж эднийд давтан сүлэлдсэн байдаг. Хурдан адуу тэр нутгийн өмч болдог жамтай. Баянцагааны хурд гэж алдаршсан адуун сүргийг бий болгосон алдартнуудад Мөнхийн Данзанням гуайн байр суурь өндөрт харагдах бизээ.

Ийнхүү балчир багаасаа эцэг Мөнхийг хурдан моринд татан оруулсан хурдны сүншигтэй М.Данзанням хүүгийн хувь заяа адуун сүргийн эзэн байж морин эрдэнийн заяа, заслын эрдэмд гэгээрсээр жилд ганцхан болдог монгол төрийн наадмаас таван түрүү 11 айргийг хүртсэн нь эрдэмт уяачийн эгнээнд алтан үсгээр бичигджээ.

Өнөөгийн цаг үеэс эргэн дурсахад Данзанням гуайн хэрсүү хөх монгол өвгөний хөрөг дүрс кино дэлгэцнээ мөнхөрчээ. Чин сэтгэл, шударгуу зан, санаснаа хэлчихдэг араншин зэрэгт монгол уяачийн жудаг, өв их соёл, сургааль тэнд л мөнхөрдөг жамтай.

Буянт буурлын хишигтэн, эрдэм соёлыг өвлөн тээгчидхүү Монгол Улсын зууны манлай уяач, гавъяат, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү , ач хүү Даваахүүгийн Баянбат нараар 21-р зуунд тодорсоор удамшин үргэлжилсээр авай.

Намсрайцэрэнгийн САНЖААДОРЖ

2015.03.05

Categories
мэдээ цаг-үе

Авлигаас ангижрах нэрээр дахиад л хэвлэлийг боомилох гэж байна

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гал тогоо руу төр хөндлөнгөөс өнгийж, өөрсдийн ноёрхлоо тогтоохыг санаархсан бас нэг төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Энэ бол “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм.

Уг нь энэ төслийн гол үзэл баримтлал нь авлигатай тэмцэх. Гэтэл авлигаас ангижрах нэрээр хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, боомилсон хэд хэдэн заалт тусгасан байх юм. Төслийн 4.8-д “Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёсзүй, хариуцлагыг сайжруулах хэсэгт иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэжээ. Үүндээ, хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулах тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж тусгасан байна.Энэ заалт зөвхөн олон нийтийн статустай, радио, телевизэд л хэрэгжих боломжтой. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ингэж үүрэгдэж болохгүй. Дэлхийн улс орнууд авлигатай тэмцэхийн тулд асар их хөрөнгө, мөнгө зарж байгаа. Тэр нь соён гэгээрүүлэх ажилд зарцуулагддаг. Харин манай улс эсрэгээрээ хувийн хэвшлийнхнээр үнэ төлбөргүй авлигын эсрэг нийтлэл, нэвтрүүлэг нийтэд түгээхийг хуульчлах гэж байна. Цаашлаад бүх төрийн байгууллагууд тайлан балансаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлуулдаг болох гэж зүтгэнэ. Энэ нь нэг ёсондоо хэвлэлийн бизнесийг төр бодлогоор удирдах гэж тулгаж буйн нэг санаа гэж харагдаж байна.

Авлигатай тэмцэх энэхүү төслийн 4.8.6-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнтөрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгож, урамшуулна” гэжээ. Зах зээлийн энэ нийгэмд аль ч орны хэвлэл мэдээллийн салбарт ийм практик байж болохгүй гэдгийг сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байсныг энд тэмдэглэе. Харин төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулсан бол тэрийг нь олон нийтэд дэлгэж болно. Учир нь татвар төлөгчдийн мөнгө энд яригдаж байгаа болохоор төрийн байгууллагуудын тайлан баланс, гэрээ контрактаа бүгдийг нийтэд дэлгэх боломжтой. Тэрнээс хувийн хэвшлүүдийн, иргэн хүний хэвлэлтэй байгуулсан гэрээг ил тод байлгах ёсгүй. Хэн хэвлэлтэй ямар гэрээ хийж байгааг тагнаж, мэдэх гэсэн энэ хуулийн заалтаар хэвлэлийн үйл ажиллагааг боомилж байна. Улс төрийн намын нэг нөхөр хэвлэлтэй гэрээ байгуулчихлаа гэж бодъё л доо. Хэрэв сонин, телевизээр нөгөө намын талаарх сөрөг мэдээлэл гарвал түүнийгл хардана. Эсвэл тэдний намын бодлогыг эсэргүүцсэн нийтлэл, нэвтрүүлэг түгвэл өнөөх гэрээ байгуулсан нөхрийг намынхан нь сэрдэнэ. Үүнээс болоод хэвлэлтэй байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр аргаүй болно. Улстөрчид, томоохон албан тушаалтнууд бие биеэ тагнаж, мэдэх гэсэн энэ хуулийн заалт хэвлэлийн салбарыг унагах аюултай.

Мөн төслийн “4.8.9.Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эзэн буюу ахиу хувь эзэмшигч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод оролцохыг хориглож байгаа юм. Дэлхийн жишигт бол Австри, Америк зэрэг хөгжсөн улс орнуудад хуулийн ийм заалт үйлчилдэг. Гэхдээ тухайн улсын нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн арваасилүүгүй хувийг эзэмшиж байгаа тохиолдолд хэвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог юм билээ. Хэвлэлийн зах зээл гээд өргөн хүрээгээр нь хуульчилдаг болохоос манайх шиг ганц хэвлэлд гэж тусгайлдаггүй. Тэгэхээр Монгол шиг хөгжиж буй орнуудад дээрх хуулийн заалт хэрэгждэггүй бөгөөд тохиромжгүй юм.

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор ороод бүдэрсэн. Авлигаас ангижрах нэрээр хэвлэлийг боомилох энэхүү төсөл баасан гаригийн чуулганы хуваарьт багтжээ.

М.МӨНХ

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо

“Аврора” энтертайнментийн уран бүтээлчдийг бид “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь таньдаг болсон. Тэгвэл тус хамт олон залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байна. Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичсэн бол гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ. “Учрал” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Чингүүнтэй цөөн хором ярилцлаа.

-Киноныхоо санааг хэзээ олов?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын үед бид шинэ кино хийе гэж төлөвлөөд “Учрал” киноны зохиолыг бичиж эхэлсэн. Тухайн үед “Танхай тээгч” бэлэн болгосон байсан. Нэгдүгээр сард “Танай тээгч” уран сайхны киног нээсний дараахан киноны зураг авалтанд орсон.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Сар гарангийн хугацаанд зураг аваад дууссан.

-“Учрал” киноны зохиолын хувьд яриач. Нийгэмд юу үзүүлэхийг зорив?

-Зохиолоо ямар нэг ном, зохиолоос сэдэвлээгүй. Энгийн амьдралаас урган гарсан. Ямар ч хүний амьдралд хайр оршин тогтносоор л байдаг шүү дээ. Тэр утгаараа хайр бол мөнхийн сэдэв. Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх.

-Дүр сонголтын хувьд … ?

-Дүр сонголтын хувьд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч кинонд дүр чухал шүү дээ. Киноны гол дүрд О.Дөлгөөн, Т.Баттулга буюу Батуушка, Г.Анхмаа, Э.Алдар гэсэн дөрвөн залуу тоглосон. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байгаа.

УЧРАЛ КИНОНООС РОМАНТИК МЭДРЭМЖҮҮДИЙГ МЭДЭРСЭН

“Учрал” киноны гол дүрийн залуу Ивээлийн дүрд тоглосон жүжигчин Т.Баттулгатай ярилцлаа.

-Киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Киноны баг хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Ямар нэг урлагийн ажил дандаа хамтын бүтээл байдаг.

-Яагаад энэ кинонд тоглохоор болов?

-Дөнгөж он гарах үед киноны найруулагч Чингүүн маань надад санал тавьсан. Очиж уулзаад зохиолоо уншихад үйл явдал нь нүдэнд их гоё буусан л даа. Тэгээд тоглоё гэж бодсон. Миний хувьд 2015 оны анхны маань кино. Мөн хайр дурлалын кинонд анх удаа тоглолоо. Энэ жил уран бүтээлийн олз омог их байх нь гэж бэлгэшээж байгаа.

-Хайр дурлалын кинонд тоглох ямар байсан бэ?

-Мэдээж их гоё байсан. Ер нь дурлалт залуугийн дүрд тоглоё гэж боддог байлаа. Би найз охингүй болоод ч тэр үү бүтэн хоёр сар дурлалт бүсгүйтэй юм шиг явахад сэтгэлд их сайхан байлаа. Манай хамтлагийн дүү Дөлгөөн миний портнер болж тоглосон. Киноноос романтик мэдрэмжүүдийг маш сайхан мэдэрлээ дээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Хэн хэнтэй суралцаж байсан бэ?

-2006 онд СУИС-ийг Н.Ганхуяг багшийн ангийг төгссөн. Манай ангийн олон залуус мэргэжлээрээ ажиллаж байгаа. Алтаншагай байна. Шинэ үеийн Ганбаа, Отгоо, Пароди хамтлагийн Нямка, “Х-түц”-д байсан Хулан гээд бүгд манай анги.

-Ажлын гараа хаанаас эхэлж байв?

-Ажлын гараа “Шинэ үе” продакшнаас эхэлж байсан. Оюутан байхдаа төгсөх курсэд ороод анхны жүжгэнд гарч байлаа. “Буруу эргэлт” гээд анхны кино маань мөн л “Шинэ үе”-ээс эхэлсэн. Миний анхны гэсэн бүх зүйл “Шинэ үе” хамтлагтай салшгүй холбоотой. Энэ дашрамд хэлэхэд Бооёо ахдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Бооёо ахаасаа их юм сурсан шүү. Одоо ч гэсэн сурсаар л явна.

-Танд амьдралд баримталдаг зарчим бий юу?

-Амьдралд стресстээд байдаггүй минь миний давуу тал юм уу даа. Аль болох стрессгүй хөнгөн байдаг. Хямарсан ч аль болох өөр тийшээ өөрийгөө эргүүлж чаддаг.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Адилхан залуу хүн юм чинь шүүмжлэл бол хэлмээргүй байна. Одооны залуус мундаг байна л даа. Анзаараад байхад залуус бие хаандаа ихээхэн анхаарал тавьж фитнесст явдаг болж. Архи дарснаас ч хол байдаг болсон байна.

-Та өөрөө хэр шоучин бэ?

-Би чухал гэсэн хүлээн авалт, хурим найранд гарч оролгүй яахав. Хүн л болсон хойно хааяа өөрийгөө тэгж баясгана шүү дээ. Зав гаргаад бүжиглэнэ, дуулна гээд хааяахан гарах үе бий.

-Таны өндөр, жин, дуртай өнгө гээд близ асуултанд хариулаач?

-Өндөр 182 см, жин 81 кг. Тэнгэр лүү харахад сэтгэл сэргээд сайхан байдаг учраас би “тэнгэр шиг” усан цэнхэр өнгөнд дуртай.

-Сүүлийн үед юу хийгээд байна?

-Манай Мөрөөдлийн театр хамтлагийнхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гээд шоу ид дундаа тоглогдоод явж байна. Сүүлийн үед кино гэж яваад хамтлагийнхаа ажлыг жаахан цалгардуулсан. Одоо хамтлагийнхаа ажилд түлхүү анхаарч байгаа.

ЭНЭ КИНОГ ОРЧИН ЦАГИЙН РОМЕО ЖУЛЛьЕТтА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Учрал киноны Намууны дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Учрал кино таны хэд дахь уран бүтээл вэ?

-Миний зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино байх. Би энэ киног орчин цагийн Ромео Жульетта гэж үзээд байгаа. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон. Энэ удаад Намуун гээд гол дүрийн охинд тоглолоо. Би Аврора филмсийн залуустай анх удаа хамтарч ажиллаж байна л даа. Чадварлаг хамт олонтой хамтарч ажиллахад маш их таалагдсан шүү. Дээрээс нь дандаа залуу хүмүүс учраас илүү шинэ сэтгэлгээтэй санагдсан. Сар гаруй хугацаанд хамт байна гэдэг бага хугацаа биш. Бүгдээрээ хамт байгаад дассан байна лээ.

-Киноны санал тавьсан уу, зохиол нь ямар санагдсан бэ?

-Чингүүнээ ахыг ер нь богино хэмжээний киногоор мэддэг байсан л даа. Кинонууд нь өөрийн гэсэн өнгө, шийдлүүдийг чадварлагаар гаргаж байгаа харагддаг. Чингүүнээ ахыг “Учрал” кинонд тоглооч гэсэн санал тавихад их баярласан. Зохиолоо уншаад бүх их таалагдсан.

-Хэзээ сургуулиа төгссөн бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийхандаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна. Цаашлаад “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбосон. Хамтлагтаа ажиллаж байхдаа голоор нь хэд хэдэн уран сайхны кинонуудад тоглочихоод байна.

-Олны танил хүнээс охид үлгэрлэл авдаг байх. Биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Фэйсбүүк хуудас руу маань жаахан охид их юм бичдэг. Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол зөндөө. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Урлагийн хүнд өөрийн чинь ажлыг ойлгох хань чухал. Уншигчдадаа нөхрөө танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилдаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа. Бид хоёр одоо хөөрхөн хүүтэй болсон.

-Хүүхэд чинь их содон нэртэй юм билээ. Нэрийг нь хэн өгч байв?

-Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгсөн. Одоо миний хүү нэг ой өнгөрч байгаа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Залуусын амьдралын хэмнэл ямар байгаа юм шиг санагдаж байна?

-Залуустаа хэлэхэд ид залуу байгаа дээрээ завгүй байгаарай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болж. Тэрийгээ л харахгүй бол болохгүй ч юм шиг болчихож. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүмүүс надаас юм асуудаг. Тэр болгонд уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-“Халз нүүрээ угаая аян” яваад байгаа. Өөрөө тэрэнд орсон байна лээ?

-Хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ, арьсаа яаж арчилдаг вэ гэж фэйсбүүк, аск.мн-ээс их асуусан. Би хангуг косметикийн Монгол дахь нүүр царай болоод бүтээгдэхүүнийг нь хэрэглээд жил гаруй болж байна л даа. Үнэхээр миний арьсанд таардаг юм. Тиймээс тэр асуултуудад хариу өгч “Халз нүүрээ угаая аян”-д орж бичлэг хийж фэйсбүүктээ тавьсан. Бичлэгтээ өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнээр нүүрээ яаж буддагаа үзүүлсэн. Тэрийг сонирхсон хүн л үзэх байх л даа.

-Яагаад Мөрөөдлийн театрт оров?

-Энэ бол хувь хүний сонголт л доо. Гуравдугаар күрсэд байхад минь “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал тавьсан. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. Тэр утгаараа надад их үүрэг хариуцлага ирсэн л дээ. Бүтэн драмын жүжгийг хүмүүс үзэх гэж ирнэ шүү дээ. Оюутан байсан учраас би тэр дүрд тоглож чадах болов уу гэсэн айдас байдаг байсан. .

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Жүжигчний мэргэжлээр төгссөн охидууд Жульеттад тоглохыг мөрөөддөг. Миний мөрөөдөл бол драмын театрт Жульеттагийн дүрд тоглох.

-Сүүлийн үед юу хийж байна?

-Хамтлагийнхаа шинэ тог­лол­тод оролцож байгаа. Мөн ирэх зунаас шинэ киноны зураг авалтад орох гэж байгаа.

С.Ариунжаргал

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монголын төр жайжийчихлаа

Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байна. Хонзогнон халж байна ч гэж болно. Аль яамнаас, аль агентлагаас хэдэн хүн халагдсан нарийн тоо гарах боломжгүй байна. Өдөр өнжихгүй үргэлжилж буй порцесс учраас. Тоймлож мэдээлэхэд ГХЯ-аас лав одоогоор 32 төрийн албан хаагч, Хөдөлмөрийн яамнаас 72 төрийн албан хаагч, МХЕГ-аас 59 төрийн албан хаагч халагдсан… гэх тоо цааш үргэлжилнэ. ГХЯ гэхэд Консулын газрын дарга, цэрэг, жолооч юутай хээтэй нь халснаар эхэлсэн. Энэ яамны халаа сэлгээ хил даван үргэлжлэх шинжтэй болсон нь сайд Л.Пүрэвсүрэнгийн зүгээс гадаадад суугаа 43 дипломат ажилтнаа өөрсдийн зардлаар ирж, ажлаа өгөхийг шаардсан мэдээлэл юм. Үүгээр зогсохгүй өөр улсад байгаа хэд хэдэн консулын газрыг татан буулгахаар болсон гэсэн. Тэгэхээр дээрх 32 гэсэн тоо хоног хоногоор нэмэгдэх бололтой. ГХЯ-ны халагдаж байгаа албан хаагчдын үед л хоёр хөршийн төрийн тэргүүнүүд шил шилээ даран айлчилснаас эхлээд гадаадад ертөнцөд явуулсан үйл ажиллагааг нь муугаар дүгнэх аргагүй. АН-ын гишүүн сайдаас АН-ын гишүүн сайд халааг нь авсан яам. Гэтэл сонгуулийн дараахь үр дүн шиг, засаглал солигдсон үеийнхэнтэй адилтгамаар халаа сэлгээ явагдаж байгаа нь АН-ын нэр хүндийг ахиад л гишүүд, дэмжигсэдийнх нь дунд унагасан үйл явдал боллоо. Намын өнцгөөр харвал ийм. Харин монгол төрийн ноён нуруу, төрийн потенциал талаасаа бол хамгийн мэргэшсэн боловсон хүчинтэй ГХЯ ингэж суларснаар Монголын төр гадаад харилцаа талдаа лав жайжийчихлаа.

Монгол Улсыг ажилтай-орлоготой байх бодлогыг боловсруулж, шийдвэрийг нь хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн яам албан хаагчдаа бас л хуйгаар нь халж байгаа нь хэвлэл мэдээллээс харагдаж байна. Иргэдээ ажилтай орлоготой байлгах үүрэг хүлээсэн төрийн яам нь ажилчдаа ажилгүй орлогогүй болгох үйл ажиллагааг үлгэрлэн харуулж байгаа нь төр яйжийсных.Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв гэж байгуулснаар Хөдөлмөрийн яамны 25 албан хаагч, хуучин ажиллаж байсан байгууллагуудаас 47-н ажилтан (жирэмсний амралттай байсан зургаан хүнд ажлын бус амралтын өдрөөр, оройн цагаар утасдаж хэлжээ) нийт 72 төрийн албан хаагчийг нэг өдөр, нэг тушаалаар, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр заалтуудыг Хөдөлмөрийн яам нь өөрөө үл тоожээ. Дээрх халагдсан хүмүүсийн оронд Д.Амгалан нарын хоёр дэд дарга, 7 газрын дарга, 10 хэлтсийн дарга гэсэн албан тушаалыг бий болгож МАН-ын гишүүн 20 хүнийг даргаар томилсон нь улс төрийн зорилготой харагдана. Хөдөлмөрийн яаман дахь хоморголон халалт дээрхээр дуусаагүй юм билээ яамныхаа удирдлагад байсан төрийн албан хаагчдыг 100 хувь халж, улмаар 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг бүгдийг нь, МСҮТ-үүд, барилга техникийн коллежийн захирлуудыг 100 хувь халжээ.

МХЕГ бол иргэдийн хувьд аюулгүй амьдрах нийгмийн баталгаа болсон газар. Нарийн мэргэшсэн, тусгай үүргийн албан хаагчидтай, хуулиар олгогдсон эрх үүрэгтэй төрийн бүтэц юм. Тэнд сая шинэ дарга очсоноор төрийн энэ эрх үүрэг мөн л яйрч жайрч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МХЕГ-аас нийт 11 албан хаагч халагдах тушаалаа авчээ. Хөдөө орон нутгийн МХГ-аас 35 төрийн албан хаагч, улсын байцаагч халагдсан албан мэдээлэл ирлээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар бүгд төрийн албанаас нохой шиг хөөгдсөн байна. Аймгуудын МХГ-ын дарга нарын 80 хувийг халжээ. Энэ бүхэн Монголын төр жайжийж суларсны шинж биш үү.

Энэ мэтээр төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа үйл явц өнөөдөр төрийн бүх яам, тамга, газар хэлтэс, агентлагууд дээр явж байгааг ҮАБЗ анхааралдаа авч Монгол төрийн дархлаанд, цаашилбал аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгааг ярилцсан бололтой. Яахыг нь, ямар арга хэмжээ авахыг нь харж байя.

Төрийн ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм. Хүссэн хүн бүр яваад орчихдог орчин биш. Одоо үлдсэн цөөн төрийн албан хаагчид нь хэзээ намайг бусадтай маань адил нохой шиг хөөх бол хэмээн айдас дунд ажлаа хийсэн болж байна. Ганц эдгээр ч бус шинээр очсонууд нь ч цаашид ажиллах итгэлгүй, нэг дарга нь ирээд л халах биз дээ гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Төрийн ажил өдөр хоног өнгөрөөсөн байдлаар явах ажил биш. Энэ нь Монгол төрийн дархлаа суларч, төрийн багана жайжийсных. Төрийн албан хаагчдын эрхэнд улс төрийн нам солигдвол халддаг байсан бол одоо нам доторх фракциуд халддаг болсон нь ГХЯ-ны ав хоморголлоос харж болно. Монгол төрийн албан хаагчид очсон дарга сайд бүрийнхээ таалалд нийцэх гэж өмнө нь бөхөлзөж, өвдгөнд нь мөргөж, хойно урд нь нахилзаж, гөлөлзөж байдаг. Монголын төрийн албан хаагчдыг хэн ийм болгож байна гэхээр Төрийн албаны тухай хууль нь ийм байдалд оруулж байгаа юм. Төрийн албан хаагчдад хамаатай, зориулагдсан бүх хууль эрх зүйн орчин нь Монгол төрийн албан хаагчдыг дарамталж байна. Тэднийг ийм хүнд, ичгэвтэр байдалд оруулж байна. Хуулиараа төрийн албан хаагч баяжвал шоронд, ямар бандаашиг авч өмссөнөө хүртэл тайлагнахгүй бол шоронд, хамаатан садан, хань ижил, үр хүүхдүүдийнхээ бизнесийг хүртэл хэлэхгүй бол шоронд. Тэрбайтугай таньдаг, итгэдэг хүмүүсээ ажилд авах юм бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн болж шоронд орох нь. Энэ бүх хуулийн нээнтэгээр төрийн албан хаагчдын нурууг бөхийлгөх гэж шүдээ тачигнуулж, нүдээ гялалзуулсан хүмүүс олон боллоо. Энэ нь Монголын төрийг занаж, дорд үзэж байгаа хэлбэр. Төр засгаа ийм хүчгүй болгосон улс оронд л Боко харам бүлэглэлүүд үүсдэгийг бид олон улсаас харж байна. Монголын төрд өстэй хүмүүс одоо үед ямар их бий болов оо.

Монгол төрийн албан хаагчид хэний ч өмнө, ялангуяа очсон дарга бүрийн өмнө солонгос баарны үйлчлэгч шиг үүднээсээ эхлээд бөхөлзөх ёстой болж байна. Өвдгийг нь үнсээд, ширээндээ түшиж суулгаад, эрх хав шиг аяглаж байх шаардлага яригдаад байгаа юм. Тэгвэл Монголын төр хэний ч өмнө бөхөлзөх ёсгүй. Харин Монголын төрийн өмнө хүн бүр бөхөлзөх ёстой. Монголын төр тэнд байна гэж дуулдахад л энд бүгдээрээ навтасхийж байх ёстой. Монголын төр захын хүний өмнө бөхөлзөж байвал Монгол шиг ийм жижиг орны тусгаар тогтнол эргэлзээтэй болно. Монголын төрөөр хэн дуртай нь юу ч хийлгэж чаддаг болно. Харин Монголын төрийн түшмэдийн гарын арван хуруунд ажил нь орчихсон, төр нь иргэдээ дарамталдаггүй, бөхөлздөггүй, гаргах ёстой шийдвэрээ гаргаж, хэнээс ч айлгүй хэрэгжүүлдэг болж байж тусгаар тогтнол маань үнэ цэнтэй, баталгаатай байна. Харин төрийн бүх шатандаа дарамттай, төрийн мэргэшсэн албан хаагчгүй, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс орж гарсан, бөхөлзсөн хүмүүсээр дүүрсэн үед л мэргэжлийн бус төрийн бүтэц бий болдог. Өнөөдөр Монголын төр яг ийм байдал руу орж жайжийчихлаа. Ийм төр ард түмэнд ямар хортой байдгийг өнөөдөр бид харж эхэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нэг оролцогчийнх нь материалыг бусад оролцогчдод дамжуулж ашиглуулсан тендерийн тухай хэлэлцээд шүүхээс хохирлыг захиалагч хариуцахгүй гэжээ

Монголын барилгын зөвлөх зэрэгтэй инженерийн холбооны дэд тэргүүн, “ОСОХХКны захирал, доктор Д.Очирбаттай ярилцлаа.

Монголын барилгын зөвхөн зэрэгтэй инженерийн холбооноос тендертэй холбоотой хууль бус үйлдлийн талаар таныг ярилцлага хийлгэхээр манайд албан тоот ирүүлжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү.

-Энэ ийм учиртай юмаа. Би “Өргөө” сонины 1990 оны 14 дугээртанх “Тендер гэж юу вэ?” гэсэн танин мэдэхүйн бэсрэг өгүүлэл нийтлүүлж байсан. Энэ үеэсажил үүргийн дагуу олон тендерийн үнэлгээн дээр ажиллалаа, тендерийн гомдлын маргаан шийдвэрлэх шинжээчээр ажиллаж байлаа, бизнес эрхлэх болсноос хойш олон ч тендерт оролцож наснаасаа олон ялагдаж үзлээ. Шалгарсангүй гээд нэг чудаа гомдол гаргаж байсангүй. Гэтэл сүүлийн үед захиалагчийн зүгээс хууль бус үйлдэл хийх, дураар аашлах явдал хэрээс хэтэрлээ. Эзэнтэй тендер, чулуу хөөлгөх, өндөгнөөс өө хайх,авилгалын 10 хувь гэсэн нэр томъёо байнга хэрэглэгдэх болов. Сүүлийн хоёр жилээс арван хувь нь 20 хувь болоод байна. Тайлбар маш энгийн, төсөвт нь суулгасан гэдэг. Тендерийн зохион байгуулалтад ноцтой алдаа гаргалаа гэхэд ёс төдий хариуцлага тооцохоос хэтрэхгүй байна. Тендерт оролцогчийн тухайд алдаа гаргасан байхад шууд ялагдал, гаргасан зардлын хохирлоо хүлээж байна. Хууран мэхлэх асуудал гаргавал бүртгэлд оруулж бүтэн гурван жилээр тендерт оролцох эрхийг нь хасаж нийтэд мэдээлдэг. Барилгын салбарын хувьд гурван жил завсарласны дараа дахин гарч ирнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Гэтэл захиалагчийн хувьд өчүүхэн эрх ашгийн төлөө ч гэх юмуу, тендерийг яаж завхруулж болдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас (хуучин нэрээр) 2013.07.08-нд зарласан “Төв аймгийн Угтаал цайдам сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Угтаал” салбарын 3 давхар оффисын барилгын их засвар, элеваторийн хашаа, харуулын байр барих ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах тендерийн жишээн дээр харуулахыг зорьсон юм.

Ямар хууль бус үйлдэл, алдаа гарсан байх билээ?

-Нийтдээ арав гаруй. Нэгд, тендерийн урилгын агуулга буруу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид тендерийн хууль гэх)–ийн 21.5.2-г зөрчсөн.Урилгад зөвхөн барилгын ажил гүйцэтгэхээр заасан байдаг. Тендерийн баримт бичгийг худалдаж аваад үзэхээр, барилгын ажил гүйцэтгэх төдийгүй, гурвын гурван объектийн зураг төсөл боловсруулах шаардлагатай буюу түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй тендер болж хувирдаг. Барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах гэдэг нь хоорондоо эрс ялгаатай тусдаа асуудал юм. Энэ талаар дээрхи хуулийн 5.1.12., 5.1.16-д нэн тодорхой заасан. Хоёрт, тендерийг нэг сарын хугацаатай зарласан мэт харагдавч наадам тааруулсан, зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, хянах, батлах, барилгын ажлын тендер бэлтгэх ажлуудыг дээрхи хуульд заасан хамгийн бага хугацаагаар тогтоосон, инженер-неологийн судалгаа явуулах, хэмжилт хийх, ажлын талбайтай танилцах зайлшгүй шаардлагатай байтал уг хугацааг оруулалгүй, тендерийн хуулийн 24.4-г зөрчсөн. Гуравт, зургийн болон технологийн даалгавар байхгүй, өөрөөр хэлбэл, оффисийн барилгад хэдэн ажилтан суух, ямар ямар өрөө тасалгаа байх талаар дурдсан ганц ч үг байхгүй. Үүгээрээ Барилгын тухай хуулийн 10.1 болон барилгын захиалагчийн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн. Дөрөвт, техникийн нөхцөлгүй буюу халуун хүйтэн, бохир ус, дулааны эх үүсвэрийн талаар огт дурьдаагүй. Энэ нь Барилгын тухай хуулийн 10.1, 15.1 болон Барилгын захиалагчийн дүрмийн заалтуудыг зөрчсөн. Тавд, инженер-геологийн судалгааны дүгнэлт байхгүй, энэ нь Барилгын тухай хуулийн 10.1, 15.1 болон Барилгын захиалагчийн дүрмийн заалтуудыг зөрчсөн. Зургаад, зураг төсөл ирүүлээгүй, энэ нь Тендерийн хуулийн 11.1.1., Барилгын тухай хуулийн 15.1.1., 15.2-г зөрчсөн. Долоод, гүйцэтгэх ажлын тоо хэмжээ байхгүй, энэ нь Тендерийн хуулийн 11.1.1-г мөн зөрчсөн. Наймд, хөрөнгийн хэмжээг буруу тооцоолсон. Өөрөөр хэлбэл, ямарч зураг төсөвгүйгээр хэдэн төгрөг таамгаар батлуулж төсөвт суулгуулсан байх бүрэн магадлалтай бөгөөд бодит байдал дээр энэ хөрөнгө нь зарласан ажлуудыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй нь тодорхой байсаар байтал нээлттэй тендер зарлаж чирэгдэл бий болгосон. Яаж ч хэмнээд 1000 төгрөгөөр хийх ажлыг би 500 төгрөг л гаргаж чадна, чи түүнд багтааж хийж өг гэвэл хэн ч энэ болзлыг биелүүлж чадахгүй биздээ. Дээрхи бүх байдлыг судалж мэдсэн ч юмуу, барилгын 3000 шахам компаниас ердөө ганц “ОСО” ХХКуг ажлыг гүйцэтгэхээр тендер ирүүлсэн байх бөгөөд зураг төсөв боловсруулж, шаардагдах хөрөнгийн хэмжээг бодитоор тооцож гаргасан үнийн санал нь захиалагчийн батлуулсан хөрөнгөөс илүү гарах нь хэнд ч ойлгомжтой тул тус компани тендерийн бүх болзол, нөхцлийг бүрэн болон давуулан биелүүлэх тендер ирүүлсэн ч үнийн санал хэтэрсэн гэсэн үндэслэлээр шалгарахгүй ньхожим тодорхой болсон. ҮХААЯ-ны үнэлгээний хороо ч үнэ хэтэрсэн гэсэн шийдвэр гаргасан. Энд зуун хувь захиалагчаас хамааралтайгаар уг тендер хүчин болж байгаа бөгөөд хэрэв ганц биш олон оролцогчтой байсан болмөн ч их зардал чирэгдэл гарнаа даа.

Энэ тохиолдолд захиалагчид хүлээх хариуцлага гэж байх уу?

-Тендерийн хуулийн 30.1.4-д “шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс таваас дээш хувиар хэтэрсэн” бол захиалагч бүх тендерээс татгалзана гэсэн заалттай. Тайлбар хэлэхэд энд байгаа захиалагчийн тооцсон төсөвт өртөг нь гэдэг ажлын зургаас үндэслэн гаргасан ажлын тоо хэмжээний дагуу эрх бүхий төсөвчний батлагдсан төсвийн программаар тухайн жилийн зарласан үнэ тафифаар тооцож гаргасан үнийг хэлж байгаа болохоос биш ямарч зураг төсөвгүйгээр хэн нэгний тааж тавьсан тоог хэлэхгүй шүүдээ. Энэ мэт зааг ялгааг ойлгуулахад бэрхтэй. Захиалагч төсөв хөрөнгөө нягтлалгүйгээр шууд л хэтэрсэн гэдэг байдлаар хандаж тендер хүчингүй болгож байгаа хэрэг. Мөн хуулийн 30.4.2 дах захиалагчийн хариуцлагагүй үйлдлийг хөхүүлэн дэмжсэн, ажлын тоо хэмжээ, цар хүрээ ихэдсэн бол түүнийг нь багасгаж хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулж болох тухай заалт юм. Эзэнтэй тендер гэгчид хамаарагсад энэ заалтыг тун овжин ашиглаж байгаа гэж ойлгож болно. Эхний нээлттэй шалгаруулалтад өөрийнх нь хүссэн компани шалгарах боломжгүй бол бусад оролцогчдоос өө хайна. 200-300 хуудас материалын ганц хуудас дээр гарын үсэг зуралгүй алгассан байх юм бол дуусаа гэсэн үг. Үүнийг өндөгнөөс өө олох гэж нэрийдэнэ. Хуульд зааснаар тендерийн бүх нөхцлийг нэгэн зэрэг хангаагүй гэж үзнэ. Захиалагчид уг тендерийг дахин зарлах боломж гарлаа. Хөзөр дэлгэгдсэн. Цааш нь тайлбар хэрэггүй бизээ.

Өмнөх тендерчинь яасан хэрэг вэ. Дахин зарлагдсанюмуу?

-Яг тийм. 2013.08.29-нд хязгаарлагдмал тендерийг 18 хоногийн хугацаатайдахин зарласан. Өмнө нь хөрөнгийн хэмжээг буруу тооцоолсноо залруулж урьд ньяг тийм хөрөнгөөр 27 нэр төрлийн ажилхийлгэхээр зарлаж байсан бол энэ удаад бараг 40 хувийг нь буюу 10 нэр төрлийн ажлыг хасчуг хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр зарласан. Гэвчзахиалагч өмнөх бусадбүх алдаануудаа залруулаагүй, давтсан төдийгүй гурван ноцтой үйлдэл хийсэн. Засгийн газрын 2013 оны 324 дүгээр тогтоолын “Төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан 2013 оны наймдугаар сарын 23-ны байдлаар хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоох” гэсэн заалтыг зөрчсөн тул уг тендер анхнаасаа хүчинтэй тендер биш байсан. Хоёрт, тендерийн үнэлгээ бодитой бус, өөрөөр хэлбэл манай тендерийг үнэлэхдээ, машин механизмын түрээсийн гэрээний хугацаа дууссан, машин механизмын техникийн үзүүлэлт байхгүй зэрэг тендерийн баримт бичигт огт дурьдагдаагүй үзүүлэлтийг гэнэт гарган ирж бусад хоёр оролцогчоос бага үнийн санал гаргасан байсан ч чадавхийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шалгаруулаагүй. Иймд үнэлгээ бодитой бус талаар холбогдох хууль, журмын дагуу Сангийн яаманд манайхаас гомдол гаргахад удаан хугацааны туршид нягталж шалгаад гомдол үндэслэлтэй болохыг тогтоож “55.3.1-д заасны дагуу уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн 57.1.10 дахь хэсэгт заасны дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлагын арга хэмжээ авах болохыг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн. Гуравт, захиалагч тендерийн явцад манай анхны тендерт оролцохдоо хүргүүлсэн зураг төсөв тооцоог хоёр дахь тендерт оролцсон хоёр компанид дамжуулж өгөөд ашиглуулчихсан юм билээ. Энэ нь ажлын тоо хэмжээ болон бусад үйлдлээр батлагддаг. Энэ хоёр компани нь тендерийн баримт бичгийг тендер нээхээс нэг нь тав хоног, нөгөө нь 10 хоногийн өмнө авсан байдаг. Ямар ч хүчирхэг компани байлаа гээд өмнөх дурьдсан олон ажлыг 5-10-хан хоногт хийх ямарч боломжгүй. Бас аль нь ч газар дээр очиж үзээгүй байдаг. Талын салхины амтосгуулж барих 1350 м-ийн урттай, олон өнцөг догол бүхий том хавтгаалжин төмөр бетон хашааны зураг төсөл, 20 жилийн өмнө дуусгаагүй орхиж балгас болгож мал хашдаг байсан барилгыг нүдээр харалгүйгээр зураг хийнэ, ажлынтоо хэмжээ гаргана гэж байх уу? Хашаа барих газар нь элс, эсвэл намаг байвал яах билээ? Барилгын хана цуурсан байвал яах билээ? Суулгах хаалганы хэмжээ 137,2 м2, цонхных 190,4 м2 гээд хоёр өөр компани хоёул яг адил тоо тавьсанбайх жишээтэй. Энэ нь манай 2013.07.08-нд зарласан тендерт оролцохдоо гаргасан тоо хэмжээ байж байдаг. Тэгэхээр нэгнийнх материаллыг нөгөөд нь өгөөд ашиглуулчихсан тендерийн тухайд үнэлгээ бодитой, бодитой бус гэж маргах нь цагийн гарц биздээ.

Өрсөлдсөн хоёр компаныхаа нэрийг нууцлаад байх шалтаг байна уу?

-Үйл явдлын өрнөлтөөс харахад, мөрөөрөө явж байсан тэдэнд сайхан юм амлаж өөрсдөөс нь давсан юм рүү оруулсан нь харагддаг. Нэг нь бүр тусгай зөвшөөрөл ч үгүй юм билээ. Ямар сайндаа л хүний юм хуулж байхав. Энэ байдлаа ойлгосон биз, нөгөө нь шууд гэрээний шийдийг ч хүлээлгүйгээр тендерийн баталгаагаа цуцалж байсан.

Энэ бүхнийг хэн зохион байгуулав. Шан харамч авсан болов уу?

-Ёстой мэдэхгүй юм. Үнэгүй юм гэж байдагюмуу. Үнэлгээний хорооныхонл гэж хардах байна. Уг хорооны нарийн бичгийн дарга байсан М.Ариунболд л сайн мэдэх учиртай.

Хоёр дахь тендерийн тухайд хуулийн олон заалт зөрчигдсөн байж. ҮХААЯны өөрсдийнх нь шийдвэрлэснээр цааш явлаа гэхэд шууд гэрээ байгуулах хангалттай хугацаа байсан байна. Тариаланчдад агуулах сав нэн хэрэгцээтэй гэж ойлгодог. Танайх хамгийн бага үнийн санал өгсөн гээд байгаа. Гэрээ байгуулаагүйн шалтгаан юунд байх вэ?

-Сайнмэдэхгүй байна. 2013.09.24-нд ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал үнэлгээний хорооныхоо зөвлөмжийг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэншууд гэрээ байгуулах эрхийг ТЭДС-ийн захирал Д.Одод даалгасан боловч тэрээр хуулийн хугацаанд гэрээ байгуулаагүй тул Сангийн яамнаас хугацааг 30 хоногоор сунгасан ч энэ хугацаанд гэрээ байгуулаагүй.

Шалтгаант холбооны талаас нь авч үзвэл шууд гэрээг манайхтай байгуулахаас өөр сонголт байхгүй байсан. Нөгөө оролцсон хоёр компаний тухайд үнийн санал өндөр, хоёул харуулын байр шинээр барихыг бүр мөссөн орхигдуулсан дутуу юм ихтэй, олон үзүүлэлтээрээ манайхаас илт доогуур юм билээ. Эсхүл тендерийг хоёр удаа зарлаад байхад огт оролцоогүй, оролцохыг хүсээгүй, ямарч бэлтгэлгүй байгаа аль нэг компани тайшууд гэрээ байгуулах уу. Манайх дээрхи бүх ажлыг зураг төслийн хамтаар 369 600 000 төгрөгөөр ажлын 40 хоногт гүйцэтгэх санал өгсөн. Манайхтай шууд гэрээ байгуулсан бол 2013 оны 11 дүгээр сар гэхэд 36000 тн буюу 600 вагон үр тариа хадгалах багтаамжтай элеваторын томоохон аж ахуйн ажил их л цэгцрэх байсан байх. Манайх чинь бас ч гэж 1992 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани. Нөгөө хоёр шиг нялх бишээ.Яагаад бага үнэ, хугацааны санал өгсөн гэхээр анхны нээлттай тендертнэг ч оролцогч ороогүй юм чинь дахин зарласан хязгаарлагдмал буюу нэндавчуу хугацаатай тендерт оролцогч бараг гарахгүй гэдэгт итгэлтэй байсан тул зунжингаа бэлтгэлээ базаасан. Угтаал цайдам ч олон удаа явсан. Шууд гэрээ байгуулаагүйтэй холбоотой нэг л зүйл тодорхой байгаа нь улсын эрх ашиг эхний ээлжинд тавигдаагүй нь харагддаг.

Сангийн яамнаас танай гомдлыг хянажүзээд тендерийг хэсэгчилж биш бүхэлд нь хүчингүй болгож холбогдох албан тушаалтанд аргахэмжээ авах шийдвэр гаргажээ. Тендерийн урилгаас эхлээд таны дээр дурьдсан өчнөөн зөрчил байхаар тэгэхээс ч өөр аргагүй байсан биз. Тэгээд хариуцлагын арга хэмжээ ч авсан байна. Шүүхэд хандах шалтгаан юу байв?

-Бизнес эрхлэгчийн хувьд хэнд хариуцлага тооцох, эсэх нь чухал биш юмаа. Энэ нь тэр байгууллагын дотоод асуудал биз. Үнэхээр л хариуцлага тооцож байгаа бол бидэнд учирсан хохирлоо барагдуулах нь гол юм. Бид чинь татвар, торгууль, алдангийн байнгын дарамтанд байдаг улс. Ийм ч учраас бид тендерт оролцох явцад гарсан хохирол болох 22 598 700 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн холбогдох заалтындагуу Дүүргийн иргэнийхэргийн анхан шатны 1-р шүүхэд хандахад шүүгч Б.Цолмонбаатар даргалж хийлгэсэн шүүх хуралдаанаас “… ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2013.09.24-ний өдрийн “Бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах эрх олгох тухай” А/357 дугаар тушаалаар ТЭДС-ийн “Угтаал” салбарын оффисийн барилгын засвар, элеваторын хашаа барих ажлыг гүйцэтгэх этгээдтэй шууд гэрээ байгуулах эрхийг ТЭДС-ийн захиралд олгосон байх бөгөөд хуульд заасны дагуу ТЭДС нь зохих этгээдтэй гэрээ байгуулаагүй нь хариуцагч ҮХААЯ-нд хамааралгүй байна” гээд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хохирлын дийлэнхи нь зураг төслийн үнэ байгаа ба бид бүгдийг баримтжуулж шүүхэд өгсөн. Шүүхийн энэ шийдвэр бидний гайхашралыг төрүүлээд байгаа юм. Тендерийн хуулийн 30.4.3-д шууд гэрээ байгуулахыг захиалагчид даалгасан байх бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг захиалагч нь хариуцах болохоос өөр хэн хариуцах билээ. ТЭДС чинь чинь бие даасан хуулийн этгээд биш. Манай байгууллагын хувьд ҮХААЯ-наас зарласан тендерт оролцсон болохоос ТЭДС-аас зарласан тендерт оролцоогүй. Доржоос түүндзээлүүлсэн 1000 төгрөгөө авах гэхэд чамд өгөөрэй гээд би дүүдээ өгсөн. Түүнтэй тооцоо хий, одоо надад хамаагүй гэдэггүй биздээ. Дээрхи шүүх бол: Дорж чамд өргүй, чи дүүг нь шүүхэд өг гэх юм байна л даа. Давж заалдсан аль ч шатны шүүхэд ер нь л эднийх ердийн журмаар ялагдчихаад гаргасан зардлаа гаргуулах гээд байна гэдэг юмуу эсхүл хариуцагчийн төлөөлөгчБ.Ариунболдын манайх стандартын дагуу тендерийг зохион байгуулсан гэсэн удаа дараагийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасанюмуу бүү мэд. Дашрамд ХХААЯ-ны шинэ сайд Р.Бурмаа Танаас тендерт оролцогчийн нэгнийх нь материалыг задруулж нөгөөд нь ашиглуулдагаа стандарт гэж ойлгодог ажилтандаа алдааг нь ойлгуулаасай гэжхүсэх байна.

Гурван шатны шүүхээр ороод хохирлоо барагдуулж чадаагүйгээр уг асуудал хаагдаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Цааш яаж сунжрахыг мэдэхгүй байна. Тендерийн материалыг бусдад дамжуулан ашиглуулсан үйлдлийг бүр сүүлд буюу иргэний хэргийн шүүх ажиллагааны явцад л олж мэдэх боломж бидэнд олдсон шүүдээ. Саяхан Дээд шүүхийн магадлангаар ороход манай нэхэмжлэлийг хэрэгссэхгүй болгосон ч шийдвэрийг албан ёсоор гардажаваагүй байгаа. Хугацаа байна.Албан тушаалдаа хайнга хандсан, урвуулан ашигласан үндэслэлээр хуулийн байгууллагад хандах боломж бидэндбайгаа.

Манай холбооны зүгээс Тендерийн хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд барилгачдын саналыг хүлээн авч нэгтгэж байгааг эцэст нь дуулгая.

Ш.ГОМБОСҮРЭН