Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Азийг тэнцвэржүүлэх АНУ-ын бодлогод Япон асар том байр суурь эзэлж байгаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяртай ярилцлаа.

Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын ач холбогдол болоод онцлогийг судлаач хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д долоо хоногийн хугацаатай айлчлал хийлээ. Гол онцлог нь Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн үйл явдалтай давхацсан. Хоёрдугаарт, энэ айлчлал бүс нутгийн хүрээнд олон улсын харилцаанд оролцогч гол гүрнүүдийн анхаарлыг ихэд татаж байна. Хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл бол АНУ, Япон хоёрын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа. Япон бол АНУ-ын Зүүн Ази дахь ойрын холбоотон, стратегийн түнш улс. Үүнд суурилж хоёр орны харилцааны гол онцлог гарч ирж байгаа. Нөгөө талд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Азийг дахин тэнцвэржүүлэх бодлого гаргаж ирсэн. Энд Япон асар том байр суурь эзэлж байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлал үүн дээр төвлөрлөө. Тэрбээр айлчлалаа Бостон хотоос эхэлж, улмаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ явуулсан. Үүний дараа Барак Обама түүнийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, Цагаан ордонд маш том хүлээн авалт болсон. Энэ айлчлал бол сүүлийн жилүүдэд болж байгаагүй нэлээд томоохон онцлогтой боллоо. Хүлээн авалт бол хоёр орон ойр дотно байгааг харуулсан. Хүлээн авалтад Барак Обама Японы алдартай яруу найргийн дөрвөн мөртийг уншиж, Японы үндэсний архи болох сакэгээр хундага өргөлөө. Айлчлалын хүрээнд Шинзо Абэ АНУ-ын Конгресст үг хэлсэн. Тэрбээр юуны өмнө Дэлхийн II дайнд АНУ олон цэрэг эрсээ алдсанд харуусал илэрхийлж буйгаа хэлсэн.

Японы Ерөнхий сайд АНУ-ын парламентад үг хэлж байсан тохиол байхгүй гэх юм билээ. Энэ нь хоёр орны харилцааг эрчимжиж байгааг харуулж байна уу?

-Яг тийм. Юуны өмнө өнөөдөр олон улсын харилцаанд олон туйлт харилцаа бүрэлдэн тогтчихоод байгаа юм. Энэ бол Хятад улсын үсрэнгүй хөгжил ОХУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, БРИКС-ийн орнуудын хүч нөлөө олон улсын харилцаанд шинэ мянган гарснаар хүчний дахин тэнцвэржүүлэлт явагдаж байна л даа. Өөрөөр хэлбэр, бүс нутгийн томоохон гүрнүүдэд Хятад улсын хүч нөлөө ихээхэн эрчимтэй өрнөж байна. Дээрээс нь дэлхийд Хятад эдийн засаг маш эрчтэй нөлөөлж байна. БРИКС-ийн орнуудын хувьд 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай БРИКС-ийн хөгжлийн банкийг байгуулах шийдвэр гарсан. 2016 оноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан. Энэ банк мөн л 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай. Энэ банк ялангуяа Азийн хөгжлийн банктай өрсөлдөнө. Азийн хөгжлийн банк голдуу япон хүнээр удирдлагаа сонгосоор ирсэн. Дэлхийн эдийн засагт нөлөөлөл нь эрс өсч байгаа олон улсын харилцаанд олон туйлт ертөнц нэгэнт бүрэлдэж байна. Нөгөө нэг үйл явц нь Япон Хятад хоёрын харилцаанд байдаг маргаантай хоёр асуудал байдаг. Энэ бол Синкаку арлын маргаан. Нөгөө асуудал нь Дэлхийн II дайны үед амь насаа алдсан Япон цэргүүдийг оршуулсан Ясукуни сүмд Японы төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг. Энэ хоёр асуудлаас болоод Хятад Японы харилцаа нэлээд өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй, ээдрээтэй байгаа. Олон улсын харилцааны ийм нөхцөлд хүчний дахин тэнцвэржүүлэлт гэдэг АНУ-ын гадаад бодлого явж байгаа. Барак Обамагийн Азид явуулж байгаа энэ бодлогын хүрээнд Шинзо Абэгийн айлчлал болсон нь олон улсын харилцаанд ихээхэн анхаарал татсан үйл явдал боллоо.

Энэ айлчлалын хүрээнд хоёр тал батлан хамгаалах хамтын ажиллагааны шинэ удирдамж хэмээх баримт бичиг баталсан байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Маш том, 25 хуудас орчим баримт бичиг баталсан байгаа юм. Үүнд аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цэрэг стратегийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, хоёр тал бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлаж байгаа ийм хүчин зүйлүүдийг энэ баримт бичиг зааж өгсөн. Сүүлийн жилүүдэд бүс нутаг дахь газар нутгийн маргаан иргэний дайн, терроризм гээд олон улсын харилцааны маш ноцтой хүчин зүйлүүдтэй холбогдоод улс орнуудын батлан хамгаалах зардал нэмэгдлээ. Ялангуяа Украины асуудал нөлөөлсөн. Өнөө жил гэхэд АНУ-ын батлан хамгаалах зардал 665 тэрбум ам.доллар болов. Япон бол 42 ам.доллар, Хятад 135 тэрбум ам.доллараар батлан хамгаалахын зардлаа өсгөсөн байгаа. Энэ нь Орос Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа маш эрчимтэй явагдаж байна. Энэ хүчин зүйлүүд Зүүн хойд Ази дахь хүчний балансыг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Америк, Япон хоёр харилцаагаа сайжруулах, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаагаа улам ойртуулах шаардлага байгаа. Зүүн хойд Азид Япон, өмнөд Солонгос бол Америкийн гол түнш. Газар нутгийн маргаантай асуудалд Америк Японы талд зогсч байна гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлалыг Хятад улс анхааралтай ажиглаж байна л даа. Олон улсын харилцааны хүчний тэнцвэр явагдаж байна гэж хэлж болно. Мөн Токиогийн 2020 оны олимпийг Америк улс дэмжиж байна. Эдгээрийг саяын айлчлалын үеэр ярьсан.

Ялалтын 70 жилийн ойд Япон улс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шалтгаан нь юу юм бол?

-Өрнөдийн гол орнууд цэргийн парадад оролцохгүй. ТиймээсЯпон үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ялангуяа Зүүн Украинд болсон үйл явдал Крымын хойгийг ОХУ нэгтгэсэнтэй холбоотойгоор өрнөдийн орнуудын хооронд авсан эдийн засгийн хориг арга хэмжээнд Япон бас зохих хэмжээнд нэгдчихсэн байгаа. Тиймээс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчиж байгаа учраас цэргийн парадад оролцох бол ёс суртахууны үүднээс боломжгүй гэсэн үндэслэлийг өрнөдийнхөн тавиад байгаа.

Бас газар нутгийн маргаан байгаа…

-Ер нь бол ОХУ-ын эсрэг өрнөдийн орнууд гурван удаа эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны наймдугаар сард Курилын арал дээр ОХУ хээрийн сургууль хийсэн. Үүнийг Японы Засгийн газар өдөөн хатгасан шинжтэй гэж мэдэгдэж байсан. Сая гуравдугаар сард ОХУ, Мурманск, ар Кавказаас уралын нуруу, цаашлаад Курилын арал хүртэлх асар том хэмжээний хээрийн сургууль болсон. ЗХУ задарснаас хойших хамгийн өргөн хүрээтэй хээрийн сургууль боллоо. Тэгэхээр хоёр орны газар нутгийн маргаан гэдэг бол Курилын бүлэг арал буюу дөрвөн аралтай холбоотой. Эдгээр нөхцөл байдал бол хоёр орны харилцаанд асуудал болсоор ирсэн. Тиймээс олон улсын харилцаанд олон туйлт систем бүрэлдэн тогтож, ОХУ, Хятад хоёр орны харилцаа идэвхжиж байна. Энэ нөхцөл нь АНУ Японтой батлан хамгаалах салбарын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага болж байгаа юм. АНУ-ын хувьд Азид өөрийнхөө стратегийн бодлогыг дахин тэнцвэржүүлэх хүрээнд Японтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүчин зүйл энэ хоёр улсыг ойр дотно болголоо.

Япон урьд нь Ялалтын баярт оролцож байсан биз дээ?

-Ялалтын баярын 60 жилийн ойн арга хэмжээнд өрнөдийн орнууд оролцож байсан. Жорж Буш болон тэр үеийн Японы Ерөнхий сайд оролцож байсан. Өнөө жилийн тухайд ОХУ олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байгаа учраас Япон энэ баярт оролцохгүй.

Америкийн ятгалга орсон гэж байна. Сая Шинзо Абэ Америкт айлчилсан нь ч олон улсад үүнийг нотлох шиг боллоо?

-Оросууд өөрсдөө тэгж ярьдаг. В.Путин иргэдтэйгээ дөрвөн цаг шахам ярилцлага хийхдээ “Ялалтын парадад оролцъё ч гэсэн АНУ-ын зөвшөөрөлгүйгээр оролцож чадахгүй орнууд байна” гээд хэлчихсэн. Ер нь бол Америк хориглосон гээд Япон оролцохгүй байгаа ч юм биш л дээ. Нэг улсын үгэнд ороод ийм шийдвэр гаргана гэж байхгүй. Өрнөдийн орнууд гадаад бодлогын хувьд уялдуулан зохицуулсан бодлого явуулдаг холбоотнууд. Америк, Япон улс 1951 оны Сан-Францискогийн аюулгүй байдлын гэрээгээр ойр дотно. Японы аюулгүй байдлыг АНУ хангаж байдаг гэсэн үг шүү дээ. Дээрээс нь Япон 2014 оноос Үндсэн хуулийн зарим нэг өөрчлөлтөөр өөрийгөө хамгаалах, Японы хүч хилийн чанадад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Үүнийг АНУ дэмжиж байгаа. Энэ бол гадаад бодлогын бас нэг том илрэл. Дээрх байдлыг Хятад улс нэлээд болгоомжлон анхааралтай ажигладаг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны

дэд сайд, доктор (Ph.D) Я.Төмөрбаатар

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих асуудлаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаадаа таатай байна.

Улс орны хөгжлийн түвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас хүний хүчин зүйлсийн нөлөөллийг чухалчилдаг үзэл баримтлал нийтлэг болсон өнөө үед дэлхийн улс, орнууд хүний хөгжилд онцгой анхаарал хандуулж байна. Иймээс ч хувь хүний болон улс орны хөгжлийг “өрсөлдөх чадвар” хэмээх үзүүлэлт тодорхойлох болсон билээ.

Хүний хөгжлийн асуудлыг эхийн хэвлийд үр хөврөл тогтож эхлэх үеэс анхаарах нь хүүхдийн эсэн мэнд бойжих, хөгжихөд төдийгүй насан туршийн амьдралд нь нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталж байна. Хүний хөгжлийн суурь, эрчимтэй хөгжлийн үе бол 0-6 нас бөгөөд энэ насны бүлгийг “бага насны хүүхэд” хэмээн нэрлэдгийг Та бүхэн мэдэж байгаа.

Тэгвэл бага насны хүүхдийн хөгжил гэж юу вэ? гэсэн асуулт бидний өмнө дэвшигдэн гарч байна. Бага насны хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун, сэтгэлийн нэгдэл буюу хөдөлгөөн, эрүүл мэнд, сэтгэхүй, хэл яриа, харилцаа, зан төлөв нийгэмших үйл явцад гарч буй дэвших хандлагатай чанарын өөрчлөлт гэж тодорхойлж болох юм.

Хүүхэд бүр төрсөн цагаасаа л эхлэн өөр өөрийнхөө орчин ахуйтайгаа харьцан, өөр өөрийнхөөрөө сурч хүмүүншиж хүн болдог. Хүүхэд өөрийн төрөн өсч буй эрүүл хийгээд аюулгүй орчин ахуйгаасаа сурч хүмүүншихүйн үр дүнд бий болдог. Энэ орчин ахуй нь бага насны хүүхдэд хамгийн ойр, анхдагч хэсэг буюу гэр бүл нь юм.

Хүний амьдралын эхний 5 жилд олж эзэмшсэн мэдлэг, чадвар төлөвшил нь тухайн хүнийг хэн болохыг бүрэн тодорхойлдоггүй ч цаг хугацаа урсан өнгөрөх тусам өөрчлөх боломжгүй чиг баримжааг олгож цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй байх аа.

Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох үед улам гүнзгийрдэг бөгөөд хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь нийгэм-ахуйн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бага насны хүүхдийн хөгжилд өрхийн орлогын хүрэлцээ, орон сууцны нөхцөл, эцэг эх, асран хамгаалагчдын боловсролын түвшнээс илүүтэй гэр бүл, эцэг эхийн зүгээс хүүхдэд тавьж буй анхаарал халамж, хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага нэн чухал болохыг манай улс 6 настай хүүхдийг анх удаа сургуульд элсүүлэн сургаж эхэлсэнтэй холбогдуулан хийсэн судалгааны тайланд дурджээ. Судалгааны эдгээр үр дүн нь гэр бүлийн орчин хүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Иймээс ч дэлхий дахинд гэр бүлд төвлөрсөн хүүхдийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна.

Хүүхдийн хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг нь эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хоорондын ээнэгшин дасах холбоо билээ. Хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлд шийдэгддэг тул эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь яаж харилцаж, ажиллах, хүүхдээ юунд сургах, ямар чадвар дадал эзэмшүүлэхийг сайн мэддэг байх ёстой.

Эцэг эх болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл хийгээд аюулгүй байх болтугай, эрдэм номтой хүн болох болтугай, амьдрал ахуйгаа аваад явчих ажилсаг хүн болох болтугай хэмээх нь хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл. Энэхүү нийтлэг хүслийг хангах асуудалд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдаас гадна төр, олон нийт ч тодорхой үүрэг хүлээж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байдаг. Тиймээс улс орнууд бага насны хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд албан ёсоор хамруулах болон албан бусаар гэр бүлийн орчинд хөгжүүлэх гэсэн хоёр арга замыг оновчтой хослуулан тэрхүү нийтлэг хүслийг хангахыг хичээж байна.

Дэлхийн улс орнууд “Боловсролыг нэгдүгээрт” санаачилгад нэгдэж, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна. “Боловсролыг нэгдүгээрт тавьснаар, бид өлсгөлөн ядуурлыг багасгаж, орхигдсон авьяас чадвар, нөөц боломжийг сэргээн, хөгжин цэцэглэсэн, сайн сайхан, хүчтэй нийгмийг бий болгох юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн уг санаачилгыг дэмжигчдэд хандан 2012 онд хэлсэн байдаг. Дэлхий дахинаа хүүхдийн эрхэд суурилсан боловсролын орчин, үйлчилгээг буй болгох, хөгжүүлэх замаар тэдний эрхийг хангах үзэл санааг дэмжин, бүх нийтийн боловсролын зорилтод тунхагласан “бага насны хүүхдэд зориулсан халамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах” зорилтыг хэрэгжүүлэх олон шинэ санаачилга, бүтээлч ажлууд улс орнуудад өрнөж байна.

Тэгвэл манай орны хувьд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр, засгаас ямар бодлого баримтлан ажиллаж ирсэн болох талаар авч үзье.

Нэг. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих талаар баримталж буй бодлого, хэрэгжилт

Байгаль газар зүйн онцлог, эдийн засгийн боломж, нүүдлийн амьдралын хэв маягт нийцүүлэн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх тогтолцоо манай оронд хөгжиж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Хүүхдийн эрхийн конвенц” (1989), Мянганы хөгжлийн зорилт (2000), Боловсролын дээд хэмжээний чуулга (2000)-ны баримт бичигт хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сурч боловсрох болон нийгмийн хэрэгцээг төрсөн цагаас нь эхлэн бүрэн хангах асуудал тусгагдсан байдаг билээ. Эдгээр баримт бичигт тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний суралцах, хөгжих, адил тэгш эрхийн баталгааг хангах, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурласан бодлого баримтлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогоо “Боловсролын тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008)”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995, 2015)”, “Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр (2013)” “Монгол Улсын боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, “Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжилтийг хангаж байна.

Аливаа хөгжлийг тасралтгүй явагддаг үйл явц гэж үзвэл бага насны хүүхдийг системтэй, хэрхэн хөгжүүлэх вэ?, хүүхэд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хувьд хөгжиж байна гэдгийг ямар үзүүлэлтээр хэмжих вэ? хэмээх асуудал бага насны хүүхэдтэй хүн бүхний өмнө төдийгүй төр, засгийн анхаарлын төвд байдаг.

2014 оны байдлаар манай улсын нийт хүн амын 15.8 хувь (463.0 мянга)-ийг 0-6 насны хүүхэд бүрдүүлж байх бөгөөд тэдний 34.8 хувь нь суманд, 20.4 хувь нь аймгийн төвд, 44.7 хувь нь нийслэлд тус тус амьдарч байна. Харин 5 настай нийт хүүхдийн 80.1 хувь (51.5 мянга) нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бол 18.9 хувь (12.8 мянга) нь үйлчилгээний гадна байна. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 85.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагаар дамжин сургуульд элссэн байна. Бид 5 настай хүүхдийг сургуульд элсэхийн өмнө сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж хараахан чадахгүй байгаа болохыг дээрх тоон мэдээлэл харуулж байна.

АНУ-ын Колумбын Их сургуулийн Багшийн коллеж, Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2008 онд хийсэн судалгаагаар хамгийн эмзэг, хүрч үйлчлэх боломж тааруу бүлгийн хүүхдүүдийн дөнгөж 15 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Ялангуяа малчид, шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүд, мөн ядуу өрхүүдэд амьдарч байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдах нь хязгаарлагдмал байна гэж судалгааны тайландаа дурджээ.

Хэдийгээр манай улсад сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмших боловсрол биш ч гэсэн энэ түвшний боловсролд төрөөс онцгой анхаарч, 2014 оны байдлаар боловсролын нийт төсвийн 18.3 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулсан байна.

Хүүхдийг гаднаас нь удирдаж хөгжүүлдэг юм уу? эсвэл хүүхдэд өөрт нь хөгжих боломж байдаг юм уу? хэмээх асуултыг эрдэмтэд дэвшүүлж, “Хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй бөгөөд хүн сурах үйл ажиллагаа явуулж байж л хөгжинө” гэж үзэж суралцахуйн онолуудыг дэвшүүлсэн байдаг. Сурах үйл ажиллагаа нь тодорхой дараалал, хөтөлбөр, төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгждэг бөгөөд манай улс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлэх ажлыг 2000 оноос тасралтгүй хийж, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр (2000)”, “Сургуулийн өмнөх боловсролын стандарт (2004)”, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт (2011)”-ыг тус тус батлан хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэчлэн боловсруулсан цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хот, хөдөөгийн 12 цэцэрлэгт туршиж, түүнийг ирэх хичээлийн жилээс Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.

Мөн цэцэрлэг бүр зөвхөн цэцэрлэгт хамрагддаг төдийгүй цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаггүй эцэг эхийн оролцоог хангах, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус яам улсын хэмжээний бүх цэцэрлэгт эцэг эхийн боловсролыг дэмжихэд чиглэсэн “Цаг гаргаж, хүүхдээ хөгжүүлье” гарын авлага, “Хүүхдийн үлгэр, дууны хос CD”, Багш, эцэг эхийн заавал унших номын катологи, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын зөвлөмж зэрэг гарын авлага, материалыг эцэг эхэд зориулан тус тус боловсруулж хүргүүлснээр, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг 210 гаруй мянган эцэг эхийг хамруулан зохион байгуулсан байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа малчдын хүүхдийг гэрээр сургах, эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтын багц материалуудыг бэлтгэн эцэг эх, хүүхдэд хүргэсэн нь бага насны хүүхдийг хөгжүүлэхэд дэмжлэг болж байна.

Хоёр. Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа

Хүүхдийн хүмүүншин төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-5 нас байдаг. Хүүхэд хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн таван нас хүрэхэд ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг. Энэ нь сургуулийн өмнөх нас хүний төлөвшлийн чухал үе болохыг илтгэнэ. Иймийн тул хүүхдийг аль болох бага наснаас нь асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах нь ийнхүү чухал болох нь харагдаж байна.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд бага насны хүүхдийн бие махбод, сэтгэл санааны байдлыг нас бага, цус шингэн, яс нимгэн, ёс цөөн, судал тамир хөнгөн гэх зэргээр тодорхойлж, хан хөвгүүн мэт асарч хүмүүжүүлэхийг сургамжилсан буй. Инданзанваанжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургааль”-даа асралыг мэдрүүлэх тухай айлдсан нь учиртай. Хүүхдийг нялх балчир насанд нь өсгөж бойжуулахад эцэг эхийн хайр асрал үнэхээр чухал. Манай уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд тав хүртэлх насыг хүүхэд аав, ээж, асран хамгаалагч, насанд хүрэгчдээс энхрий хайр, асран сувилсан ачлал, зөөлөн эвлэг харилцааг хүлээж байдаг үе гэж үздэг. Иймээс энэ насны хүүхдэд үйлчилж буй хүмүүс хүүхэд бүртэй асрахуй, нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж харилцах, хөгжүүлэх нь хамгаас чухал юм.

Эцэг эхчүүд хүүхдээ хооллох, хувцаслах төдийхнөөр тэдэнд анхаарал халамж үзүүлж байна гэж боддог. Гэвч, тэдний хүсэл сонирхлыг мэдэрч, зөв удирдан залж, амьдрах чадвартай, асуудлыг шийдэх, нийгэм, хамт олны идэвхтэй гишүүн, “зөв хүн” болоход нь тусалж дэмжих нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилд гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоо чухал үүрэгтэй.

Бага насны хүүхэд өөртэйгээ хамт байгаа, өөрийнхөө хажууд байгаа орчин ахуйгаасаа сурч хүмүүнших аргад, өөрөө боловсрох үйлд сурдаг, бас хөгждөг, сургуульд ч бэлтгэгддэг. Харин энэ үед нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, хүүхдийнхээ хөгжилд гарч буй ахиц амжилтыг нь сайшаан дэмжиж, буруу гажуу зүйлсийг нь засч залруулж өгч байх нь чухал.

Бага насны хүүхдийн хөгжил нь тэдний эрүүл, эсэн мэнд төрж, бойжих, шаардлагатай хоол тэжээлээр хангагдах, эцэг эх, ойр дотны хүмүүсийн хайр халамж, хамгаалалд өсч хөгжих, сурч боловсрох зэргийг хамарсан өргөн хүрээтэй асуудал тул орчин үед бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээг цогц авч үзэж, харилцан уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх болж байна. Тиймээс орон нутгийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхдийн байгууллага, ажил олгогч албан байгууллага, төрийн бус байгууллага, багш, мэргэжилтнүүд хамтдаа эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь туслах, тэдний оролцоог дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна.

Та бүхэнд бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, насанд хүрэгчдийн дэмжлэг ямар байдаг талаар зарим судалгааны үр дүнгээс танилцуулья.

Японы эрдэмтэн Морияма Мисао¬гийн судалгаагаар эцэг эх¬чүүдийн 80 хувь нь хүүхдээ сайн ойлго¬дог гэж боддог атал хүүхдүүдийн 80 хувь нь биднийг эцэг эхчүүд ойлго¬доггүй, ойшоодоггүй гэж хариулжээ. Нэгэн цаг хугацааны дотор зэрэгцэн амьдарч буй хоёр үеийн ойлголт ийнхүү дэндүү их зөрүүтэй байгаа нь тэдний хоорон¬дын харилцаанд хол¬богдох ажээ. Харилцааны ойлголцол хамаа¬рал нь ойртох тусам итгэлцлийг бий болгож, гэр бүлийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гардаг байна. Үүнээс харахад хүүхдийн хөгжилд эцэг эхийн дэмжлэг оролцоо төдийлөн хангалттай биш байгаа нь харагдаж байгаа бөгөөд хэдийгээр эцэг эхчүүд ажил ихтэй, зав муутай байдаг ч хүүхдийн өсөлт хөгжилд жигд анхаарч, түүнийг хайрлаж энхрийлэх, дэмжиж туслахад цаг зарцуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаач онцолсон байна.

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран 2010 онд хийсэн “Хүүхэд хөгжил” судалгаагаар хүүхдээ хөгжүүлэх, аливаа зүйлийг танин мэдэхэд “эцэг нь дэмжлэг үзүүлдэг” гэж судалгаанд оролцсон нийт хүүхдийн 39 хувь нь үзсэн байна. Мөн хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхэд гэр бүлийн гишүүд, насанд хүрэгчдийн зүгээс анхаарал тавьж дэмжлэг үзүүлэх байдал хотод 54 хувь, хөдөөд 48 хувьтай байна.

Хүүхдийг багаас нь номтой танилцуулах нь тэдний оюун ухааныг хөгжүүлэх гол хэрэгсэл болдог. Монгол улсын хэмжээнд 0-59 сартай нийт хүүхдийн 23 хувь нь гэртээ 3 ба түүнээс олон тооны хүүхдийн номтой байна. Энэ байдал хот, хөдөөд ихээхэн ялгаатай байгааг харж болно.

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо хэдийчинээ их байх тусам тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт нь төдийчинээ сайн байдаг байна.

Иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн үүсгэл санаачилгаар төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулсан хувилбарт сургалтыг өргөжүүлэх, чанаржуулах, шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид ч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, эцэг эх, гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тогтолцоо бий болгох асуудал чухал байна.

Нийгэм эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрөлхийн болон хууль ёсны асрамжлагч байх эрхийг олгодог. Хүүхэд хүртэх эрхтэй хайр халамж, хамгаалал, хоол тэжээл, эрүүл мэндийн асаргаа, сурч боловсрох боломжийг нэн тэргүүнд бүрдүүлэх хамгийн анхдагч орон зай нь гэр бүл гарцаагүй мөн.

Эцэг эх, гэр бүл нь хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах, аливаа үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй байдаг билээ. Энэхүү эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд эцэг эх, гэр бүлд үзүүлэх тусламж, дэмжлэг хангалтгүй байгаагаас бага насны хүүхдийг хөгжүүлж, боловсрол эзэмшүүлэх байгууллагын үйл ажиллагаа гэр бүл, олон нийтээс салангид явагдаж үр дүн нь нийгмийн хөгжлийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн өргөн хүрээтэй оролцоо, идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох нь бага насны хүүхдийн хөгжлийг хангах чухал хөшүүрэг болох юм. Ийм учраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага ба багш, ажиллагчид бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр явуулж буй аливаа үйл ажиллагаандаа эцэг эх, гэр бүлийн оролцох эрхийг хангах, үүргээ ухамсарлан биелүүлэх боломжийг бүрдүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн удирдлага, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, албан байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд бүх түвшинд эцэг эхийн хүүхдээ хөгжүүлэх ойлголт, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд олон талт шинэ хувилбарыг туршин, нэвтрүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ ажилд шинэ боломжийг хайн эрэлхийлж, өнөөдөр бид бүхэнтэй төслийн хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжаасаа хуваалцаж буй Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Дийлэнх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих ур чадвар эзэмшихэд бэрхшээл тохиолддог бөгөөд тэдэнд сурган хүмүүжүүлэх мэдлэг, боловсролоо хөгжүүлэх хэрэгцээ байнга үүсч байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд хийсэн судалгааны үр дүн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдэнд тавих эцэг эхийн хайр, халамжийг чухалчлан үзэх, гэр бүлийн бусад гишүүний хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь чухал байгааг нотолж байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй даяаршсан өнөөгийн нийгэмд хүүхэд цагийг өнгөрөөх өөр ертөнцтэй болсон нь нууц биш ээ. Гар утас, интернет, фэйсбүүк, твиттер, компьютер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр хүүхдийн анхаарлыг яаж татаж, хөгжүүлэх вэ? гэдэг том сорилт боловсролын байгууллага болон эцэг эх, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бага насны хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахад Японы Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дашрамд дурдаж, дээрх байгууллагуудад Монголын нийт хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх чиглэлээр хуримтлуулсан ололт, туршлагаа бататгах, эерэг үр дүнгээ тогтворжуулах, бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд багш, эцэг эх, олон нийт, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Лигийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн баг

Хагас жил үргэлжилсэн үндэсний супер лигийн тэм­цээн өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн. Лиг дуусахад сагсан бөмбөг сонирхогчид “Энэ жилийн арван нэгэн баг тун ширүүн өрсөлдсөн. Ер нь хэн нь ч аварга болж мэдэхээр эн тэнцүү тоглолоо. Энэ нь Монголд сагсан бөмбөг одоо л зөв замаар хөгжиж байгааг илтгэж байна” хэмээн дүгнэж байв. Хүрэл медалийн төлөө “SBL Хасын хүлгүүд” баг “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багтай таарч Хасын хүлгүүдийн хож­лоор дууссан. Харин аваргын төлөө “Дундговь Альянс Тех Харцага” баг “Дорнод Танан гарьд”-тай тоглож Харцагууд тав дахь удаагаа лигийн аваргаар шалгарсан юм. Лигийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлж байгаа “Дундговь Альянс Тех Харцага” багийнхантай уулзлаа.

Б.МӨНХБОЛОР: МАНАЙ БАГИЙНХАН ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТАЙ УУЛЗАНА

Тус багийг “Альянс Тех”, “Дундговь Мөнхболор” сан хамтдаа санхүүжүүлсэн юм. “Дундговь Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор­той уулзлаа.

-Харцагын хоёр ивээн тэтгэгчийн нэг нь “Дундговь Мөнхболор” сан. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн Харцага багтай хэзээнээс хамтарч ажиллаж байна вэ?

-Манай сан Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуул­даг. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, бай­галь орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сангаа 2008 онд байгуулж байлаа. Хөрөнгийн эх үүсвэр нь миний хувийн бизнесээс эхтэй. Бас залуусыг дэмждэг найз нөхдийн минь дэмжлэг бий. Харцага багтайгаа өнгөр­сөн есдүгээр сараас буюу лигийн улирал эхлэхийн өмнө холбогдож хамтран ажил­ласан. Би бага байхын сагсан бөмбөг тоглодог бай­лаа. Долдугаар ангид байх­даа өсвөрийн улсын авар­га шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль авч байсан. Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос маш сайн менежмент явуулж багуудыг чанаржуулж байгаа болохоор дэмжиж оролцлоо. Дээрээс нь манай Дундговь аймгийн иргэд манай багийг сэтгэл зүрхээрээ маш их дэмжсэн. Маргааш (өнөөдөр) бид Дундговь руу явна. Аймгийн удирдлагууд манай багийнхныг урьсан. Тэнд очоод хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортыг сурталчлах юм. Тамирчид маань үзүүлэх тоглолт хийнэ. Бас аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон.

-Өнгөрсөн лигийн ули­ралд танай сангийн зүгээс багаа хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв?

-Ерөнхийдөө манай багийн хувьд өнгөрсөн лигийн улиралд 240 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг ма­най сан “Альянс Тех” ХХК-тай хамтран гаргасан. Бид хахаж цацсан мөнгөтэй биш. Гэлээ ч чадлынхаа хэрээр залуусыгаа дэмжих хэрэгтэй. Энэ дэмжлэгийн үр дүнгээр манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан олон улсад амжилт гаргах байх.

-Дээрх мөнгө голдуу тамирчдын цалинд зарцуу­лаг­дах уу?

-Легионер тамирчин авчра­хад ихэнх мөнгө явчихдаг. Браун гээд NBA-д тоглож байсан тамирчин авчирсан. Гэтэл Монголд ирээд удаагүй байхдаа эрүүгээ хугалчихсан. Тэрний эмчилгээний зардал, гадаад тамирчдын байр, хоол, замын зардал гэсээр ихэнх мөнгө нь явчихдаг. Бас манай баг лигийн эхний тойрогт гадаадаас дасгалжуулагч авчирсан. Тэр бүхэнд маш их хөрөнгө хаясан.

-Легионерууд дунджаар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Бас монгол тамирчдыгаа яаж үнэлдэг вэ?

-Монгол тамирчдын хувьд харилцан адилгүй цалин авч байгаа. Ихэнх багийн тамирчдын дундаж цалин сая гаруй төгрөг байх. Манай багийн Г.Баттөр, Б.Одбаяр нар гадаадад сурч байгаад тэмцээний дундуур ирсэн. Тэгэхээр аль болох боломжийн цалин өгөхийг хичээсэн. Ер нь манай зарим тамирчид легионеруудтай ижил хэмжээний цалин авч байгаа. Легионерууд бол сар бүр 2500-4000 ам.долларын цалинтай. Хамгийн гол нь тамирчдыгаа үнэлдэг, тамир­чид маань өөрсдийн ур чад­вараа үнэлүүлдэг байх ёстой.

А.АЛТАН-ОЧИР: МАНАЙ БАГИЙН ДОТООД УУР АМЬСГАЛ, ЭВ НЭГДЭЛ БИДНИЙГ ЯЛАЛТАД ХҮРГЭСЭН

“Дундговь Альянс Тех Харцага” багийн ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очиртой уулзлаа. Тэрээр өнөө жил 26 настай.

-Тан шиг залуу дасгалжуу­лагчтай баг лигт байхгүй. Гэхдээ л багаа түрүүлүүлж чадлаа шүү.

-Багийнхандаа л их баяр­лаж байна. Бас “Альянс Тех”-ийн Баясгалан захирал, “Дундговь Мөнхболор” сангийн тэр­гүүн Б.Мөнхболор хоёр болон компанийн хамт олонд маш их баярлаж байгаа. Бас туслах дасгалжуулагч Ганхөлөг ахдаа талархаж байна. Миний хувьд лигийн тэмцээн эхлэх үед ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Эхний тойрогт лигийг тэргүүлж бай­лаа. Харин хоёрдугаар тойрог эхлэх үед гаднаас дасгалжуулагч авчирснаар нэг хэсэг хүнд байдалд орсон. Гаднаас дасгалжуулагч авч­рах саналыг би өөрөө багийн эзэддээ тавьсан юм. Би залуу хүн учраас гадны мэргэжилтнээс сурах зүйл их байсан. Хэдийгээр тэр үед гадаад дасгалжуулагчийн цоо шинэ системээр ажиллаад олон удаа дараалж хожигдсон ч гэлээ бидэнд сурсан зүйл их бий.

-Легионер болон монгол тамирчидтай нэгэн зэрэг ажиллах ямар байдаг вэ. Тэр олон эрчүүдийг зангид­сан гар мэт нэгэн цул байлгана гэдэг тийм ч амар биш байх?

-Легионер, монгол тамир­чинтай зэрэг ажиллана гэдэг цэвэр дасгалжуулагчийн арга барилтай холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол манай­хан легионеруудтай ажиллаад сурчихлаа. Харин олон эрчүүдийг нэгтгэх бас тийм ч амар зүйл биш ээ. Ялангуяа залуу хүний хувьд тийм амархан хийх зүйл биш. Манай багийн зарим тамирчин надаас ах. Гэсэн ч дасгалжуулагч гэдэг утгаар манайхан бүгдээрээ надад хүндэтгэлтэй ханддаг. Дээрээс нь залуу дасгалжуулагчтай байна гэдэг багийн дотоод уур амьсгалыг сайжруулдаг байж болох юм. Би багаа бусадтай харьцуулбал коллектив сайтай гэж хэлнэ. Дотоод уур амьсгал сайтай нь биднийг ялалтад хүргэсэн гэж бодож байгаа. Бас хамгаалалтын тал дээр үнэхээр хүчирхэг.

-2014-2015 оны лигийн тэмцээн дуусчихлаа. Дараа­гийн лиг эхэлтэл тамирчид юу хийдэг юм бэ?

-Тамирчид маань нас насны шигшээ багт хувааг­даад явчихдаг. Тэнд хуваа­рилагдаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээн уралдаанд оролцоод явчихдаг. Хамгийн гол үе бол зун шүү дээ. Тэмцээнгүй ч гэлээ тамирчид биеэ бэлддэг. Жин багатай нь жингээ нэмэх, залалт тааруу бол сайжруулах, шидэлтээ улам сайжруулах гээд ид бэлтгэлийн үе одоо л эхэлж байна. Харин лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс эхлэн эрчимжүүлсэн бэлтгэл эхэлдэг юм. Хараад байхад Монголын сагсан бөмбөг хөгжлийнхөө шат руу орчихлоо. Азид бол гараад ирчихлээ шүү дээ. Ер нь тамирчид маань биеийн хөгжил, ур чадвар, техникээрээ гадныхнаас дутахааргүй болчихсон. Одоо гол асуудал нурууны өндөрт л байгаа. Гэхдээ энийг шийдэж болно.

-Яаж?

-Өндөр нуруутай, төвийн легионер тоглогчийг иргэнээ болгоод авч болно. Манайд тоглож байсан Вүүдс, Лавсон зэрэг легионерууд маань Монголын иргэн болъё гэсэн хүсэлтээ гаргаж байлаа. Ер нь гадны тамирчид манай улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлдэг.

-Тэгвэл яагаад одоо болтол Монголын иргэн болсон легионер байхгүй байгаа юм бэ?

-Яг үнэндээ бид нэгэнт л Монгол Улсын иргэн болгож авах гэж байгаа бол маш өндөр зэрэглэлийн тамирчид авмаар байна. Ид өсөж яваа залуу тамирчин байх хэрэгтэй. Олон жил Монголын шигшээд тоглох өндөр ур чадвартай тамирчин хайж байгаа гэсэн үг.

П.БОЛОРТУЛГА: МАНАЙХ ХАМГААЛАЛТ САЙТАЙ

Тус багийн ахлагч П.Болортулгатай уулзав.

-Лигийн хоёрдугаар тойрогт танай баг зургаа дараалж хожигдсон. Тэр үед плэй офф-т шалгарч чадахгүй нь л гэж бодож байлаа шүү?

-Тийм хүнд үе байсан. Манай баг өнгөрсөн жилийн мөнгөн медалийн эзэн. Тэр утгаараа плэй офф-т гарч ирэхгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс сэтгэл санааны хувьд ч тэр хүнд байлаа. Олон дараалсан хожигдол гадаад дасгалжуулагчтай холбоотой байх. Яахав тэмцээн эхлэхээс өмнө ирээд бэлтгэл хийсэн бол бие биетэйгээ ойлголцох байсан болов уу.

-Ирэх жил танай багийн гол цөм болох Б.Одбаяр лигийн тэмцээнд тоглохгүй. Бас Г.Баттөр эзгүй байх шинжтэй. Тэгэхээр голдуу залуу тамирчидтай үлдэх гээд байна уу?

-Сая тэмцээн эхлэхийн өмнө манай хоёр хоёулаа эзгүй байсан шүү дээ. Тиймээс байгаа залуустайгаа тоглоно гэсэн бодолтой, бэлтгэлтэй байсан. Арав гаруй залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр нөөц байгаа гэсэн үг. Б.Одбаяр, Г.Баттөр хоёр маань хэрэгтэй үедээ багтайгаа нийлж ялал­тад хүргэсэн. Харин дараа дараагийн лигийн тэмцээнд тоглох шижигнэсэн залуус бий. Ер нь манай баг багийн тоглолт сайтай.

-Бас хамгаалалт сайтай, давж гарахад хэцүү гэдэг?

-Хамгаалалт бол үнэхээр сайн. Тэр бол манай багт суучихсан, багийн үнэт зүйл. Гэхдээ манай ихэнх тоглогчид хувийн хамгаалалт сайтай. Ерөнхийдөө багууд маань өөрсдийн гэсэн давуу талтай байдаг.

-Ер нь өнгөрсөн улиралд танай багт олон онцлог бай­сан юм шиг байна. Жишээлбэл, хамгийн олон залуу тоглогчтой нь Харцага байлаа?

-Гурван залуу тоглогч бай­сан. Угаасаа багууд хойч үеэ бэлдэж явах ёстой. Шинээр орж байгаа залуучууд маань дөрөв, таван жилийн дараа гараад л ирнэ. Ах нар байж бай гээд л пижигнүүлнэ дээ. Манайд тоглож байгаа хоёр Дөлгөөн, Мишээл гурав бол сурагчийн ширээнээсээ орж ирсэн хүүхдүүд. Одоо ямар сайн тоглож байгааг харж байгаа байх.

-Танай багийн нандин зүйл юу байдаг вэ?

-Дотоод уур амьсгал сайтай гэж хэлнэ. Нэг цөм болж чадсан. Арван хэдэн залууг атгасан гар шиг цул болгож чадсан нь манай хоёр дас­галжуулагчтай холбоотой.

-Талбайд тоглож байхад үзэгчдийн зүгээс орилох сонсогддог уу. Хөөе дамжуул, шидээч гээд янз бүрээр л хашхирдаг даа?

-Сонсогдоно шүү. Гэхдээ айхтар ач холбогдол өгөөд байхгүй. Фанатууд маань аль болох сайн тоглоосой гэж хүсдэг болохоор зарим­даа хэрэгтэй зөвлөгөө ч өгнө. Гэхдээ ер нь хөгжөөн дэмжигчдийн уухай сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Ма­най багийн фанатууд маш мундаг. Тэмцээн болох үед нэг газар цуглаад цуваа болж явах жишээтэй. Сая бид аварга болсныхоо дараа фанатуудтайгаа нэг оройг өнгөрөөсөн. Фанатууд маань бид нартай аваргын цомоо барьж зургаа авахуулаад, ярилцаад нэг оройг дурсамж дүүрэн өнгөрөөсөн.

-Легионер тамирчдыг анх ирж байхад хамт тоглохдоо сүрддэг байв уу?

-Легионерууд 2011 оноос эхэлж ирсэн шүү дээ. Тэр үед бас жаахан биеэ барьсан маягтай тоглодог байлаа. Одоо бол ямар ч асуудалгүй. Яг л ижилхэн түвшинд үзэж байгаа. Легионерууд ирснээр тамирчдын ур чадвар хурдтай өссөн гэж боддог.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Мандах: Аяллын тав тухыг хангах хувцас, хэрэглэл шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжсөн

Хаврын хавсарга ард үлдэж, зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Иргэд амралт, аяллаа төлөвлөн бэлтгэлээ зугуухан хангаж байна. Аялал, зугаалгаа төлөвлөж буй уншигчдынхаа бэлтгэлд дөхөм болох үүднээс “Аянчин Аутфиттерс” компанийн захирал Г.Мандахтай ярилцлаа.

-Аялал, зугаалгын улирал эхэллээ. Манай улс байгалийн үзэсгэлэнгээрээ давтагдашгүй. Гэхдээ зам, дэд бүтэц тааруу гээд аялахад бэрхшээл бас бий. Тохь тухтай аялахад юуг хамгийн түрүүнд чухалчлах шаардлагатай бол?

-Мэдээж аяллынхаа төлөвлөгөөг маш сайн гаргах хэрэгтэй. Хүмүүс төлөвлөж байгаад жилд нэгээс хоёр удаа л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амарч, аяладаг шүү дээ. Дотны хүмүүстэйгээ хамт өнгөрөөх хором мөч бүхэн үнэтэй учраас бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Майхан нь хийсчихлээ гэхэд дахиад угсрах гэж хугацаа алдана. Салхи, бороог даах хэмжээний чанартай эд зүйл хэрэглээд явах сайхан шүү дээ. Гэрээсээ хол явахад тав тух юу, юунаас чухал байдаг.

-Хөдөө явж аялахгүй ч амралтынхаа өдрөөр нийслэлчүүд ууланд алхдаг болсон. Уул руу гарах, явган аялал хийхэд ч тав тухаа хангах чухал болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатарт 15 орчим аяллын клуб байдаг юм байлээ. Өөр, өөрсдийнхөө сонирхлоор нэгдээд амралтын өдөр явган аялал зохион байгуулдаг, уул өөд гардаг болж. Энэ бол эрүүл мэнд, сэтгэл хангалуун амьдрахад ашигтай зуршил шүү дээ. Явган аялал амьдралынх нь нэг хэв маяг болсон учраас аяны пүүз, өмд, цамц байнгын хэрэглээ болчихож. Зориулалтын хувцастай явах нь аяллаас авах сайхан мэдрэмжийн тал хувь нь гэж хүмүүс ярьдаг.

-Сайхан мэдрэмжээс гадна аюулгүй байдлаа хангах нь юу юунаас чухал байх. Заавал аяллын хувцас, хэрэглэлтэй явахын ач тус юу байдаг вэ. Манай уншигчдад зөвлөгөө өгөөч?

-Хөдөө явахад муу сайн хувцсаа өмссөн нь дээр гэдэг ойлголт ард хоцорсон. Аяллын тав тухыг хангах хувцас шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжиж иржээ. Хүний бие тэр чигээрээ судлагдахуун. Ууланд алхахад халууцна, хөлөрнө, төд удалгүй даарна. Тэр бүрт хувцсаа солимоор, нимгэлж, зузаалмаар санагддаг. Олон давхар хувцас өмсөхөөр хүндрээд тухгүй байдаг. Энэ бүхнийг зохицуулж, тав тухыг хангах үүднээс шинжээч, судлаачид олон жил ажиллаж аяллын хувцасны загварыг гаргаж, материалыг сонгодог онцлогтой. Хөлөрлөө гэхэд хүрэмнийхээ цахилгааныг тайлчихдаг, материал нь биеийн хөдөлгөөнөөр сунадаг, нарнаас хамгаалдаг байх жишээтэй. Халууцлаа гэхэд сэрүүцэхээр, даарахад дулааныг гадагшлуулахгүй байх байдлаар хийгддэг. Аяллын брэнд хувцасны материал биед маш тааламжтайгаас гадна загвараараа олон үйлдэлтэй, тав тух хангадаг. Зориулалтын хувцас эрүүл мэндэд тустайгаас гадна тав тухтай байдлыг бий болгодог гэдгээрээ онцлог.

-Ууланд авирах, аялахад гутал халтирах, түүнээс болж гэмтэх тохиолдол цөөнгүй бий. Ямар гутал зохимжтой бол?

-Ууланд аялахад зориулалтын гуталтай алхах нь энгийн гуталтай алхахаас хамаагүй өөр байдаг. Аяллын гутлууд иржгэр ултай байдаг ба энэ нь хад чулуу, нойтон гадаргуу дээр халтирахгүйгээс гадна доргилтоос хамгаалсан байдаг. Үүнээс гадна гутлын түрүү шагайг маш сайн барьж өгснөөр аюулгүй байдал хангагддаг. Мөн ул, улавч хоёрын дунд 0.8мм зөөлөвч орсон байдаг учраас бүтэн өдөр алхсан ч хөлийг тань ядраадаггүй гэх мэт олон сайн талууд байдаг.

-Эдгээр технологийг та аль нэг брэндээр жишээ болгож яриач. Тэгвэл уншигчдад илүү ойр байх болов уу?

-Манай компани “Columbia Sportswear”, “MountainHardwear”, “Merrell”, “Carhartt”, “CAT” брэндүүдийн албан ёсны борлуулагч. “Columbia” гэхэд лабораторитой. Инженер нь технологио боловсруулж, үйлдвэрлэлдээ ашигладаг. Гутлынхаа улнаас эхлээд бүх материалаа лабораторидоо судлаж, байгалийн бүх үзэгдлийг судалж, үйлдвэрлэдэг. Бороо орлоо гэхэд ус нэвтрүүлдэггүй, халууцахад сэрүүцүүлдэг хувцас үйлдвэрлэдэг болсон. Нар, салхинаас хамгаалах технологийг “Columbia” өөрөө бий болгосон. Аяллын брэндийн хувцаснуудад маш олон технологиуд байдаг нь байгалийн олон төрлийн зохицолдолгоонд тааруулж хаана хэрхэн өмсөх, ашиглахаас хамаарч өөр хоорондоо ялгагдаж өгдөг.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Аяллын брэнд Монголд тохирох нь хэр байдаг бол. Танайх аяллын хувцас, хэрэглэлээ нийлүүлэхдээ үүнд хэр анхаардаг вэ?

-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай улс ховор шүү дээ. Монгол хүнд тааламжтай байх, дөрвөн улирлын брэндүүдийг бид оруулж ирдэг. Манайхан багаасаа ноос, ноолуур, даавуун материалтай хувцас өмсөөд дасчихсан. Гэтэл аяллын хувцас ноос ноолууран байх нь ховор. Тиймээс хоёр жилийн өмнөөс “Ugg Australia” брэндийн албан ёсны борлуулагч болсон. “Ugg Australia” брэнд Монголын нөхцөлд хамгийн таарсан гутал. Чийг татахгүй, хөлд эвтэйхэн. “Columbia” брэндийн Omni-Heat өвлийн гутал мөнгөлөг дотортой. Мөнгөлөг дотор биеийн дулааныг 20 хувь илүү хадгалдаг учраас сансарт ниссэн хүмүүс ашигладаг байж. Биеийн дулааныг хадгалахаас гадна илүүдэл чийгийг гадагшлуулж байдаг. Ийм материалаар хийсэн хүрэм, цамц оруулж ирж байгаа. Ноос, ноолуур норчихоороо хатах нь удаан байдаг. Харин аяллын брэнд хувцас тухайн нөхцөлд тохирч, үүргээ гүйцэтгэдгээрээ онцлог. Аяллын өмдтэй өвсөн дээр суухад нэвтэрдэггүй, норвол маш хурдан хугацаанд хатдаг байх жишээтэй.

-Лабораторид туршиж үйлдвэрлэдэг, брэнд гэдэг утгаараа тансаг хэрэглэлд орох уу. Албан ёсны борлуу­лагч байхын ач холбогдол юу вэ?

-Үнэтэй эсвэл тансаг хэрэглээнд тооцогдохгүй. Худалдан авагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тааруулсан хувцас, хэрэглэл оруулж ирдэг. Албан ёсны борлуулагч байгаагийн давуу тал нь хамгийн сүүлийн үеийн загварыг зах зээлд нийлүүлдэг. Размер, өнгөний сонголт дэлхийн аль ч улсад ижил л байдаг. Мөн брэнд гэдэг утгаараа дуураймал бараа гэдэг ойлголт байхгүй. Дэлхийтэй хөл нийлүүлж алхах боломжийг олгож байдгаараа давуу талтай. Бид энэ бизнестээ үнэнч, цаашид тууштай байя гэдэг үүднээс өндөр ашиг хардаггүй. Албан ёсны борлуулагч байхын гол давуу тал нь дэлхийн хаана ч зарагдаж байгаа бараа материалыг хэрэглэгчиддээ адилхан үнээр авах боломжийг олгодог.

-Монголчууд идэвхитэй аяладаг, алхдаг болсонсайн ч бусад улстай харьцуулахад шинэ гээд дүгнэчихэж болмоор. Дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна вэ?

-Зөвхөн төр биш аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бүх компани хувь нэмрээ оруулах ёстой. Манай компани гэхэд дотоодын жуулчдад зориулсан хувцас, хэрэгслээ зөв сонгох талаар сургалт, зөвлөгөө өгөх талаар компанит ажил зохион байгуулж байна. Нийслэлчүүд маань аяладаг уулын жимтэй тэнд аяллын хэрэглэл зардаг дэлгүүр, үйлчилгээний төвүүд бий болоосой гэж хүсдэг. Ойрын жишээ БНСУ байна шүү дээ. Иргэддээ зөв амрах, аялах боломж олгох орчин бий болгохын тулд энэ салбарынхантай төр хамтарч ажиллаасай. Одоо бол иргэд хүслээрээ, бартаатай замаар аялаж байна. Аялал өөрөө эрүүл, бухимдалгүй амьдрах үндэс. Нийгмээрээ эрүүл, тав тухтай, уур бухимдалгүй амьдрахын тулд дотоодын жуулчлалыг хөгжүүлэх нь ач холбогдолтой. Нийтийн алхалт, гүйлт болон авиралт зэргийг сар бүр өдөрлөг маягаар нийслэлдээ тогтмол зохион байгуулж байвал хүмүүс зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэх дагаад дотоодын аялал жуулчлал хурдацтай хөгжих бүрэн боломж байгаа гэж бодож байна.

-Аялагчдаас гадна уул уурхай, геологийн компанийн ажилтнууд чанартай, биед эвтэйхэн хувцас сонгохыг чухалчил­даг. Энэ хэрэгцээг хангах боломж хэр байна вэ?

-“CAT”-ын гутал дэлхийд алдартай. Энэ брэндээс өдөр тутмын болон уул уурхайд зориулсан хоёр төрлийг манайх оруулж ирдэг. Үнийн хувьд харьцангуй хямд учраас уул уурхайн компанийнхан маш их үйлчлүүлдэг. “Carhartt”-ын ажлын хувцас угаах тутам өнгө орж, сайжирдаг. Уул уурхайд ажилладаг хүмүүсийн гол найдвар хувцасны чанар байдаг. Чанараас гадна өнгө үзэмж чухал. Энэ хэрэгцээг “Carhartt” хангадаг учраас дэлхийд дээгүүрт тооцогддог.

-Аялал жуулчлалыг хөгжүү­лэхэд танай компа­нийн оруулсан хувь нэмэр багагүй. Ер нь аялалын хувцас, хэрэглэлийн дэлгүүр нээх санаа хэрхэн төрсөн бэ. Дэлгүүрээ нээхэд манайхан хэр хүлээж авч байв?

-Манай гэр бүл аялах дуртай. Хөдөө явахад хоол хүнсээ хийчих аяны сав, хөнжил, сандал ширээ гээд ховор байлаа. Тиймээс гадаадаас сайн чанартай аяллын хэрэгсэл оруулж ирье гэж ярилцаад 2000 онд дэлгүүрээ нээж байлаа. АНУ-аас аяллын брэнд хувцас, хэрэглэл авчираад “Гутлын 22”-т дэлгүүрээ нээгээд байж байхад хүмүүс орж ирээд “Хөөх яасан өнгөлөг, гоё юм бэ” гэж уулга алдаж байсныг мартдаггүй юм. Брэнд ховор байсан үе шүү дээ. Эхний жилүүдэд ан хийдэг, загасанд явдаг эрчүүд голчилон үйлчлүүлдэг байлаа. Дараа нь уул уурхай, геологийн компанийнхан сав суулга, гар чийдэн, хувцас хэрэглэлээ авдаг болсон. Майхан, аяны хөнжил, гудас, сандал их авдаг байлаа. Манайхыг маш олон хүн мэддэг, үйлчлүүлдэг болсонд сэтгэл хангалуун байгаа. 2000 онд ганц дэлгүүртэй ажлаа эхэлж байсан бол одоо Эрдэнэт хотод нэг, нийслэлд зургаан салбартай болж өргөжлөө. Тавь гаруй залуусыг ажлын байраар хангаж байна. Тэдэнтэйгээ саяхан ярилцахад “Цалингаа тогтсон цагт тавьдаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг яг тооцож өгдөг компанид ажилладаг учраас сэтгэл хангалуун байдаг” гэж хэлсэн нь сайхан санагдсан. Мөн бид улсдаа жил бүр нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төлж байна. Үүнийгээ улсдаа оруулж байгаа бидний багахан хувь нэмэр гэж бодож байгаа.

-Анх эрчүүд их үйлчлүүл­дэг байсан гэлээ. Одоо эмэгтэйчүүд ч их аяладаг болсон. Энэ ажиглагдаж байгаа биз дээ?

-Дэлгүүрээ анх нээж байхад 30-40 насны эрчүүд ихэвчлэн үйлчлүүлдэг. АНУ-аас бараагаа авчирахдаа тээврийн өндөр зардал татвар төлдөг байсан учраас бараа маань энд үнэтэйд тооцогддог байлаа. Сүүлдээ нийтээрээ үйлчлүүлдэг дэлгүүр болсон нь монголчуудын аялах сонирхолтой холбоотой. Гэр бүлээрээ ууланд алхдаг, аялдаг болсон. Эмэгтэйчүүд ууланд авирах, аялах сонирхолтой болсон нь үйлчлүүлэгчдээс маань ажиглагддаг.

-Танай компанийн 15 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойгоороо үйлчлүүлэгчиддээ ямар бэлэг барих вэ?

-Бидний олон жил үр бүтээлтэй ажиллахын үндэс үйлчлүүлэгчид минь шүү дээ. 15 жилийн ойн баяр маань зургадугаар сарын 6-нд болох юм. Ойн баяраараа аюулгүй аяллыг хэрхэн хангах, бараа бүтээгдэхүүнийхээ онцлог давуу тал болон хэрхэн ашиглах зэргийг илүү үйлчлүүлэгчиддээ хүр­гэж хамтдаа 15 жилийн үр дүнгээ харж хуваалцмаар байна. Мэдээж энэ үеэр дэлгүүрүүддээ урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна.

-Аялалд гарах гэж байгаа хүмүүс танай дэлгүүрийн хаяг, байршлыг сонирхож байгаа нь гарцаагүй.

-Манай төв салбар Аянчин Мегастор нь Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн зүүн талд байрладаг. Мөн Хүүхдийн 100-д Аянчин Аутфиттерс, УИД-ын 3-р давхарт, Эрдэнэт хотын Баян их дэлгүүрт, UGG australia-ын албан ёсны дэлгүүр маань Central tower-ын 2 давхарт тус тус байрлаж байна. Утас: 70119211, 319211

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Чайковский

-ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС УЛСЫН ФИЛАРМОНИЙН СИМФОНИ ОРКЕСТР МАРГААШ 19.00 ЦАГТ ЭГШИГЛҮҮЛНЭ-

П.И.Чайковскийн мэндэлс­ний 175 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1840 оны тавдугаар сарын 7-нд хаант Оросын Вотинск хотод мэндэлсэн. Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони их хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийг маргааш үзэгч сонсогчдынхоо хамт тэмдэглэх гэж байна. Их зохиолчид зориулсан угтоглолтын хөтөлбөрт түүний агуу зохиолуудаас “1812” симфони удиртгал тэргүүтэн бүтээлүүдийг нь эгшиглүүлэх юм байна. Чайковский 11 дуурь, гурван балет, найман симфони, дан хөгжмийн олон арван бүтээл, 100 гаруй романс туурвисан. Дэлхийн сонгодгуудаас монголчуудын хамгийн сайн мэдэх хөгжмийн зохиолч гэвэл Чайковский болов уу. Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдахдаа түүний “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байв. Тэгэхээр Монголд дуурийн театрын үүд хаалгыг Чайковский нээжээ гэж бодогдоно.Дараа нь 1980 онд оросууд өөрсдөө ирж энэ дуурийг шинэчлэн тавьж байлаа. Пётр Ильичийн мэндэлсний 170 жилийн ой 2010 онд болоход ДБЭТ “Хунт нуур” балетыг нь Красноярскийн дуурийн театртай хамтран тоглож байсан нь санаанд тод үлджээ. Мөн онд “Нойрссон гүнж” балетын хувцас тайзыг урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн дэмжлэгээр шинэчлэн сэргээж тоглож байв.

“Хунт нуур” бол бас л сонгодог балетуудын дотроос монголчуудын хамгийн сайн мэдэх балет. Энэ балет хэрхэн төрсөн түүхээс сонирхуулъя. Эртний герман үндэстний домог, орос ардын үлгэрээс сэдэвлэсэнэнэ балетын цомнол нь хоёр янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэлтэйгээр бичиж 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тавьж байжээ. Тэгвэл өөр хувилбараар М.Петипа, Лев Иванов нар сэргээн шинэчилж 1895 оны нэгдүгээр сарын 15-нд Марийнскийн театрт тавьсан байна. Энэ удаад Эзэнт гүрний театрын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Рикардо Дриго Чайковскийн зохиолыг хянан засварлаж тавьсан гэдэг билээ. Судлаачид “Хунт нуур” балетын эх сурвалжийг цэвэр орос үндэстний балет гэдэг бол зарим нь герман домгоос сэдэвлэсэн балет гэсэн өөр байр суурьтай байдаг. Дэлхийн сонгодог балетын санд алтан үсгээр бичигдэн үлдсэн “Хунт нуур” бол Чайковскийн анхны балет юм. 1890 оныг хүртэл балетыг дурын хөгжмийн зохиолч бичдэггүй, балетаар мэргэшсэн хүн бичдэг гэсэн ойлголт ноёрхож байж.Маш нарийн чамин тансаг чимэглэлтэй, өндөр хэмжээнд эрэмбэлэгдсэн тухайн цаг үеийн балетын хэм хэмжээг илэрхийлсэн байх ёстой гэж үздэг байжээ. Тиймээс Чайковский “Хунт нуур”-аа бичихийн өмнө тэр “тусгай” мэргэшсэн хөгжмийн зохиолчдоос суралцлаа гэж намтарт нь байдаг юм. Тэрбээр Францын хөгжмийн зохиолч Минкус нарын хөгжмийн зохиолчдын балетын хөгжмийг детальчлан судлах хүртлээ дээрх тогтсон хандлагаас нэлээн өөр байр суурьтай байсан гэдэг. Гэвч юун түрүүн Лео Делиб, А.Адан, дараа нь Дригогийн балетыг үнэнхүү биширч “Би Делибийн “Сильвия” балетыг сонслоо. Аялгуу, хэмнэл, эгшигжүүлэг нь юутай сэтгэл татам, юутай гоё ганган, ялдам, бас юутай баялаг юм бэ. Хэрвээ би “Хунт нуур”-аа бичсэнийхээ дараа эдгээр хөгжмийн ямар агуу их болохыг олж мэдсэн бол яана аа гэж маш ихээр ичлээ” гэж нутаг нэгт хөгжмийн зохиолч нөхөртөө бичсэн байдаг. Тэгээд А.Аданы 1844 онд бичсэн “Жизель” балетын хөгжмөөр бахархаж, арга барилаас нь сэдвүүдийн холбоос, дүрүүд, тэдний араншин, сэтгэл санааны байдал, зарим үндсэн техник зэрэгт суралцаж түүнээ “Хунт нуур” балетдаа хэрэгжүүлжээ. Ийн суралцсанаа сүүлд “Нойрссон гүнж”-дээ ч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн өмнө нь бичиж байсан зохиолуудаасаа ч “Хунт нуур”-ынхаа бүрэн зохиолд оруулж бичжээ. 1868 онд бичиж байгаад гүйцээлгүй орхисон “Воевода” хэмээх дуурийнхаа хөгжмөөс нэлээд хэсгийг загварчлан авч “Хунт нуур”-аа бичсэн байх жишээтэй. “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдэл дэх сүр жавхлант адажио буюу дурлалын дуэтийг дээрх дуурийнхаа хөгжимд суурилан бичсэн бол гуравдугаар үзэгдэл, мөн дөрөвдүгээр үзэгдлийн зарим сэдвүүдийг ийнхүү бичсэн гэдэг. Үндсэндээ дуусгалгүй орхисон “Воевода” дуурь нь “Хунт нуур” балетынх нь загвар болж өгсөн байх юм. Ингээд Хунт нуур 1876 онд бэлэн болж жүжгийн сургуулилт эхэлжээ.“Хунт нуур”-ыг бичиж байхдаа Чайковский сэтгэлийн асар их догдлол хөдөлгөөнөө барьж дийлэхгүй байсан гэдэг. Гэтэл сэтгэлийн тэр их эмоци нь балетыг нэн хурдан хугацаанд бичиж дуусгах хөдөлгүүр болж байсныг тухайн үед найзууд нь, хожмоо судлаачид онцолсон байдаг. Чайковский “Хунт нуур”-аа 1875 оны хавар бичиж эхлээд ганцхан жилийн дотор 1876 оны дөрөвдүгээр сард бүрэн хэмжээгээр бичиж дуусгажээ. Энэ балеттай холбоотой нэгэн сонин баримт бий. “Хунт нуур”-ын эх ноорог гар бичмэлд абстракт шинж цөөнгүй тааралддаг гэж зарим судлаач тэмдэглэсэн байдаг. Гэхдээ эх гар бичмэлийг нь өнөө хэр олоогүй тул энэ нь эргэлзээтэй юм. Харин Чайковский балетын төрлөөр бичиж байхдаа ихэд сэтгэл ханамжтай байсан тухайгаа найзууддаа бичихийн хамт сэтгэлийн хөдөлгөөн нь түүндажлаа урагшлуулахад дэмжлэг болж байгаа ч “Хунт нуур” бол маш хүнд нүсэр зорилт гэдгийг тухайн үедээ бүгд ухаарч байжээ. Балетын анхны тавилт амжилт олоогүй гэдэг. Тайз засал, бүжигчид, найрал хөгжим рүү чиглэсэн сөрөг шүүмжүүд ихээр гарч, олонх нь “Хунт нуур”-ыг ердөө л нэг мелодрам, сайн зохиол болсон ч балет болтлоо хол байна гэцгээж байж. Тэд Чайковскийн анхны, агуу, шинэ балетыг хэтэрхий пижигнэсэн, хэтэрхий вагнерчилсан, хэтэрхий симфонийн шинжтэй болжээ гэцгээжээ. Уг балетын Одеттагийн дүр бол хайр дурлалын гуниг зовлонд хүлэгдсэн, аз жаргалгүй эмэгтэйчүүдийг дүрсэлсэн Чайковскийн хөгжим дэх анхны “зовлонт эмэгтэйн” фигур юм. “Хунт нуур“ анх хилийн чанадад тавигдсан нь 1884 онд Англид, дараа нь 1888 онд Прагвайн Үндэсний театрт тавигджээ. Прагвайд тэрбээр өөрөө удирдан тоглуулсан байдаг. Өдрийн тэмдэглэлдээ энэ тухайгаа “Балет бичсэний минь юутай ч зүйрлэшгүй аз жаргал энэ байлаа” гэж бичжээ. 1880-аад оны сүүл 1890-ээд оны эхээр Петипа, Иванов нар “Хунт нуур”-ыг шинэчлэн засварлаж тавихыг санал болгосон байдаг. Гэвч Чайковский 1893 онд гэнэтийн үхлээр хорвоог орхив. Тэрбээр булчин задрах тахал тусч тэнгэрт хальсан. Гэхдээ нас барахаасаа өмнө аль хэдийнэ шинэчилсэн хувилбараа бичиж амжсан гэдэг боловч Их театрын ерөнхий удирдаач Рикардо Дригог энэ агуу бүтээлийг шинэчилсэн гэж үздэг хүмүүс ч байдаг юм байна. Гэхдээ хэн ч үүнийг нотлоогүй. Олон балетмейструуд, удирдаач нарын янз бүрийн хувилбаруудаас хамгийн сүүлийн хувилбар болох балетмейстр Петипа, удирдаач Дриго нарын 1895 оны тавилтаар Чайковскийн анхны балет, бүжгэн жүжигчдийн мөрөөдөл болсон, романтизмын сод бүтээл, агуу их “Хунт нуур”-ыг бид өдгөө үзэж сонсч байна. “Хунт нуур”-ыг манайд 1975 оны зургадугаар сард балетмейстр Б.Жамьяндагва, удирдаач Ж.Чулуун нар найруулан тавьсан бөгөөд Монголын анхны Одетта нь зууны манлай балетчин Ю.Оюун гуай байв.

Чайковскийн гайхамшигт бүтээлүүдээс манайхан төгөл­дөр хуур симфони оркестрын нэгдүгээр концертыг нь мөн сайн мэднэ. Түүнчлэн хийлийн зохиолууд нь байна. Тухайлбал, Вальс-скерцо нь байна. Энэ нь маш эрч хүчтэй, хурц тод түргэн хэмнэлтэй, яруу тансаг зохиол юм. Хийл, симфони оркестрын энэ зохиолоос Чайковскийн балетын хөгжмийн вальсын характер нэлээд хэмжээгээр сонсогддог. Туйлын сүр жавхлан, тансаг байдал, жигд зөөлөн аялгуу, өвөрмөц төрх, суу билиг энэ бүгд түүний вальс-скерцод маш энгийн хялбарханаар хослон байх ажээ. Чайковский энэ зохиолоо 1877 онд бичсэн бөгөөд бичигдсэн он цагийг нь судлаачид онцолдог. Учир нь зохиогчийн амьдралын хар бараан үе чухамдаа 1877 он байж. Энэ үед тэрбээр Антонина Ивановна Милякова хэмээх эмэгтэйтэй гэрлэсэн нь их зохиолчийн амьдралд тохиолдсон азгүй явдалд тооцогддог. Тэрбээр хамтын амьдралаасаа ихэд ядарч аз жаргалгүй нэгэн болжээ. Гэрлэлт хамтын амьдралдолоохон хоног үргэлжилсэн бөгөөд түүнээс салсныхаа дараа Чайковский нэг хэсэг сэтгэл санааны гүнзгий хямралд орсон байна. Хялбараар хэлбэл, мэдрэлийн ядаргаанд оржээ. Ийнхүү Чайковский вальс скерцогоо хувийн амьдралынхаа хамгийн зовлонтой үед бичсэн боловч уг зохиол хөгжмийн илэрхийллээрээ баяр баясгалан, яруу тод хэллэг, сэтгэлийн их хүч чадал дүүрэн юм. Вальс скерцо нь зохиолчийн бусад гоцлол хөгжмийн бүтээлүүдийн нэгэн адил гурван хэсэгтэй, хоёр дахь хэсэгтээ каденцтай, тоглогчийн өмнө техник, ур чадварын хувьд байж болох хамгийн оргил ачааллыг гаргаж тавьсан зохиол юм. Тухайлбал, маш түргэн хугацаанд сэтгэх чадвар, овсгоо, гурван хэмжээст бүжгийн хурдан шаламгай, уян хатан шилжилт энэ бүхнийг гүйцэтгэх онцгой ур чадварыг тоглогчоос шаарддаг байна. Каденц гэдэг нь хэд хэдэн хэсэгтэй зохиолын тухайн хэсгийг төгсгөж буй онцгой нэгэн арга маяг юм. Уг төгсгөврийн дараа зохиолч шинэ утга санааг дэвшүүлж дараагийн хэсэг эхэлнэ. Ийм зохиомжийн аргыг арванесдүгээр зууны хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээлдээ хэрэглэж төгс хэлбэржүүлжээ. Эцэст нь хэлэхэд, Чайковскийн вальс-скерцо дахь нэн бадрангуй каденц нь тууштай тод томруун бөгөөд сонирхолтой, хувьсамтгай, зоргоороо мөн чанарыг хамтад нь илэрхийлж байдаг. Чайковскийн хийлийн зохиолуудтай холбоотой өөр нэг баримт сонирхуулахад, тэрбээр өөрийн ивээн тэтгэгч баян бэлэвсэн эмэгтэй Надежда Век хэмээх эмэгтэйд зориулан Мэдитэйшн, Скерцо, Мелоди гэсэн гурван богино хэмжээний зохиол бүхий хийл, төгөлдөр хуурт зориулсан гурамсан зураглал бичсэн. Мелоди нь түүний нам гүм тайтгарал, өнгөрснөө эргэн дурсч буй гуниглангуй сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг байх юм. П.И.Чайковскийн мэндэлсэн өдөрт зориулсан Улсын филармонийн симфони оркестрын тоглолт маргааш 19.00 цагт болох юм байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Б.БАЯРЦЭЦЭГ: “Содон аялгуу”,“Дурласан цас” дуунуудаа их хүч зарж байж өөрийн болгосон

-“ЭХО ЛЮБВИ” ТОГЛОЛТОНДОО ӨӨРИЙГӨӨ ЭВДСЭН ДУУНУУДЫГ ЗОРИГТОЙ СОНГОСОН-

Дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.

Өвөөг тань Богдын дуучин байсан гэж сонссон. Танай удамд урлагийн хүмүүс олон бий юу?

– Эмээгийн дүү Өлзий гэж Монголын ганц эмэгтэй туульч ерөөлч бий. “Эртний сайхан“ чуулгад тоглодог юм.Аавын минь уг гарал Баянхонгор аймаг. Аавын аав Равдандорж хошууныхаа сүүлчийн ноён байсан гэдэг.Одоогийнхоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн л дээ. Том хүү нь миний аав. Аавын ээж Цэен гэж хүн байсан юм. Миний эмээ. Эмээгийн аав Дандардоржгэжих сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Богдын туслагч цолтой, Богдын хүсэлтээр ордонд нь очиж дуулдаг байсан гэдэг.Богд хаан хоёрхон хүнд төрийн дуучин цол олгосон байдгийн нэг нь миний элэнц өвөө. Баянхонгор аймгийн Галуут суманд өвөөгийн тахиж байсан овоо бий. Нутгийнхан нь их шүтнэ. Манайхан өвөөгийнхөө тахиж байсан овоог дөрвөн жилд нэг удаа очиж тахидаг юм. Тэр үед найр хэд хоногоор үргэлжилдэг байсан гэж ярьдаг. Элэнц өвөө минь тэр олон өдөр нэг ч дуугаа давталгүй дуулдаг байсан гэдэг. Өвөөгөө дурсахаар уртын дууны сан хөмрөг гэж үнэхээр баялаг юм даа гэсэн бахархах сэтгэл төрдөг.

Дуучин өвөөгийн охин бүр багаасаа л дуулах дуртай байсан уу?

-Би чинь гэртээ соёлын тэргүүний ажилтан нь байлаа шүү дээ (инээв). Манайх гэртээ гэр бүлийн тоглолт хийнэ. Аав баян хуур тоглоно, ээж шүлэг уншина, бүжиглэнэ. Хамгийн авьяасгүй нь ах эгч хоёр. Нөгөө хоёрыгоо хорт зогсоочихно. Би гоцлол дуучин нь болно. Ээж тэр үедахуйн үйлчилгээний цэгийн эрхлэгч байсан юм. Нийгмийн идэвх гэж жигтэйхэн. Хамтарч ажилладаг оёдолчидтойгоо концерт зэрэг элдэв арга хэмжээ зохионо. Би гэдэг хүн тэр болгонд л дуулаад гүйдэг байлаа. Одоо бодох нь ээ дөрөв, тавтай л байсан болов уу.

ХААИС-д тооны чиглэлээр сурч байсан гэж дуулсан юм байна. Яагаад сонирхлоосоо тэс өөр чиглэлээр сурах болов оо. Ээж, аавын нөлөө байв уу?

-Аравдугаар ангиа төгссөний дараа СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй юм. Ээж ч уухайн тас “Харав уу, чи авьяасгүй юм байна. Миний охин урлагаар хол явахгүй” гээд ХААИС-д оруулчихсан. Тухайн үедээ ээждээ, өөртөө гомдоод уйлаад сүйд болж байлаа. Тэгээд л ХААИС-д сурсан нэртэй, СУИС дээр өнждөг ажилтай болсон доо. СУИС-ийн оюутнууд хачин гоё. Энд тэндгүй гамм уншсан хүүхдүүд. Тайзных нь оюутнууд дүрээ бэлдэцгээгээд. Яг л миний хүсч байсан орчин. Нэг их өрөвдмөөр царайлсан хүн тэнд өрнөж байгаа бүхний хараад зогсчихно доо. Би бараг олны танил болсон байх аа (инээв). Ийм маягаар гурван жил орчим явлаа. Сүүлдээ тэсрээд шууд захирлынх нь өрөөнд явж ороод “Би ХААИС-ийн оюутан. Удахгүй төгсөх гэж байгаа. Миний байх ёстой газар энэ” гэж хэлээд уйлаад зогсчихсон. СУИС шалгалтаа аваад дуусчихсан байсан үе. Алтангэрэл багш элсэлтийн шалгалт өнгөрсөн ч гэсэн тусгай комисс гаргуулж намайг шалгуулж байлаа. “Та нар энэ охиныг сонс доо, их хэцүү хүүхэд ирчихлээ” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Улсын филармонийн нэг өрөөнд шалгуулж байлаа.

Тусгай комиссын шалгалтын үеэр ямар дуу дуулаад СУИС-ийн босгыг давчихав?

-Сарантуяа эгчийн “Хайрын бурхан”, “Дурласан сэтгэл” гэсэн хоёр дууг дуулсан юм. Би Сараа эгчийн дууг сонсч өссөн охидын нэг л дээ. Бүх дууг нь мэддэг. Жаахан охинхэрнээ хайрын дууг нь хамаг зүрхээрээ сонсдог байлаа. Ямар сайндаа л хотод анх орж ирээд Сараа эгчийг 69-нд сууж байхыг нь хараад хэдэн өдөртөө аз жаргалтай байхав. Шалгуулахдаа Сараа эгчийг яг дуурайгаад дуулчихлаа. Хөөрхөн сонсголтой, темп, ритм, хоолойны өнгө сайн гэсэн магтаал, хүн дуурайж дуулах хэрэггүй, өөрийн гэсэн өнгөтэй бай гэсэн зөвлөгөө сонсоод хөөр болсон хүн л филармонийн өрөөнөөс гарсан даа. Ийм түүхтэйгээр СУИС-ийн хандивын ангид орж байлаа.

Таны сүүлд дуулсан “Содон аялгуу”-г youtube-ээс харахад хоёрсая хандалт ирсэн байсан. Гурван сая хүнтэй улсад их тоо шүү. Ямар түүхтэй дуу вэ?

-Чука ах бид хоёр аль эртнээс дуутай болно гэж ярьдаг байсан юм. Арван жилийн өмнө нэг уянгын дуу сонсгосон ч дуулж чадахгүй гэдгээ мэдсэн үү ямар ч байсан дуулаагүй өнгөрсөн. Чука ахын тоглолт дөхөж байсан үе л дээ. Нэг өдөр над руу утасдаад “Баяраа чи нэг дуу сонс доо” гэлээ. Яваад очлоо.“Ах нь дууны үгээ ухаж байсан чинь Баярхүүгийн нэг ийм үг гараад ирлээ. Ая хийсэн чинь нэг ч үгэнд нь засвар орсонгүй” гэж байна. Чука ах эхлээд өөртөө бичье гэж бодсон юм билээ. Сүүлд бүтнээр нь сонсоод надаар дуулуулах санаа төрсөн гэсэн. Анх сонссон чинь санаанд буудаггүй ээ. Чука ахын өрөөнд зөндөө бэлдлээ. Сүүлдээ бүр хоолой сөөгөөд. Их өндөр өнгөнөөс эхэлдэг дуу л даа. Гэртээ очоод бэлдлээ. Нэг л болж өгдөггүй. Студи дээр итгэл муутай ирээд дуулсан чинь хүн бүр дуртай сонсч, зарим нь бүр “Шууд хит дуу” гэдэг байгаа. Би нэг дуу барьж авахаараа “нухаад” суучихдаг зантай. “Содон аялгуу” –г нэлээд цаг авч байж өөрийн болгосон шүү.

Хамтран ажиллах дуртай, гар нийлж ажилладаг хөгжмийн зохиолч олон биз?

-Монголчуудын хүндэлж хайрладаг бүх л хөгжмийн зохиолчтой хамтарч ажилласан гэдэг утгаараа би их азтай хүн. Анх удаа Балхаа ахын дууг дуулж байлаа. “Элсний нүүдэл” киноны дууг. Балхаа ах бид хоёр арав гаруй дуутай. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржах байна. Дуу нь их гоё. Чука ахтай удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Сүүлийн үед төгөлдөр хуурч, “Арга билиг” хамтлагийн продюсер Пүрэвсүхтэй түлхүү хамтарч байгаа. Гайхалтай авьяастай залуу.

Хүчээ шавхаж, хөлсөө гаргасан бүтээл гэвэл аль дуугаа онцлох вэ?

-Хайнга хандсан дуу байхгүй шүү. Олон жилийн настай дуу хийхсэн гэж хүсч зорьж ажилладаг. Хамгийн их хүч гаргаж, хөлсөө шавхсан дуу гэвэл “Дурласан цас”-ыг онцолно. Эхлээд дууг нь ойлгож өгөхгүй нэлээд хугацаа авсан л даа. Одоо ч гэсэн гараас гарч өгөхгүй нэг дуу байна. Болор-Эрдэнийн шүлэг, Пүрэвдорж ахын ая “Намайг хүлээсэн эх орон бий” гэдэг дуу. “Дурласан цас” дууны хувьд Пүрэвсүх аяыг нь зохиочихоод шүлгэн дээр нь нэлээд удсан юм билээ. Болор-Эрдэнийн “Цас хүнд дурлажээ” гэдэг өгүүллэг байдаг юм.Тэр өгүүллэгээс санаа авч үгийг нь хийсэн л дээ. Манай Болор-Эрдэнэ хөгжмийн мэдрэмжтэй болохоор үг, ая нь гайхалтай зохицсон. “Дурласан цас” бол романтик дуу. Би өмнө нь ийм дуу дуулж байгаагүй. Зүгээр нэг хайрт минь гэж хандаж дуулаагүй болохоор их хүч шаардсан. Клип нь ч их удсан.

Ялалтын баярын өмнөх өдөр орос дууны концерт тоглоно гэж сонслоо. Хэдэн жилийн өмнө, орос дууны концерт хийсний чинь дараа “Баярцэцэг оросоор их цэвэрхэн дуулах юм” гэсэнмагтаал их сонсогдсон…?

-Манай аав, ээжийн найзууд дандаа оросууд болохоор багаасаа орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Манайд Монгол телевиз гардаггүй байлаа. Дандаа орос суваг үзнэ. Бүр сүүлд ес, аравдугаар ангид байхдаа л Монгол телевиз үзэж байсан санагддаг юм. Орос дууны өмнөх концертын хувьд “Поло артс”-тай байгуулсан гэрээнийхээ дагуу цомог гаргаж, борлуулалттай цомгоор шалгарсны дараа хийсэн л дээ. Тэр тоглолтын дараа хүмүүсээс орос дуугаараа концерт хийгээч гэсэн хүсэлт их ирдэг байсан. Энэ жил эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа болохоор, хүмүүсээс орос дууны тоглолт хийгээч гэсэн хүсэлт их ирдэг учраастоглолт хийе гэж бодсон юм.

-“Поло артс” чинь ямар байгууллага билээ?

-Классик стилийн цомог гаргадаг газар. 2008 онд “Пола артс”-тай гэрээ байгуулж байсан юм. “Поло артс” дан гадаадын уран бүтээлчидтэй хамтардаг. Дэлхийн алдартай хүмүүстэй хамтарч цомог гаргаад Хятадад борлуулдаг байгууллага. “Поло артс”-тай анх удаа хамтарсан монгол уран бүтээлч нь би юм билээ. Цомгоо гаргаад ирэхэд нэг уран бүтээлч “Энэ бол интернэшнл цомог. Жааз дуу, монгол Баярцэцэг, хятад хөгжимчид, орос дуу байна” гэж ярьж байсан. Тэр цомог маань 2008 онд Хятадын хөгжмийн наадмаас хамгийн сайн борлуулалттай цомгоор шалгарсан юм.

Энэ жилийн орос дууны тоглолтын онцлог нь юу вэ?

-Миний хувьд “Bayartsetseg Music Entertainment “ гэдэг энтертайнмент үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж байгаа. Удахгүй болох тоглолт маань энэ компаниас зохиож байгаа хамгийн анхны үйл ажиллагаа нь. Хүмүүс зураг авалтаасаа эхлээд шинэлиг уур амьсгалтай, Баярцэцэгийг өөрөөр харуулсан тоглолт болох нь гэсэн мэссэж авсан байна лээ. Миний тоглолт болох Crocus event hall-ийн интерьер нь жаахан бараандуу. Тэг чигээр нь цав цагаан болгоно. Тайзны хувьд эмэгтэйлиг, классик стильтэй байх юм. Концертоо театральний маягаар найруулж байгаа учраас дуу бүр тайзан дээр өвөрмөц шийдэлтэйгээр хийгдэж байгаа. Хүмүүс намайг уянгын дуугаар минь илүү хүлээж авсан нь анзаарагддаг. Энэ удаагийн тоглолтын үеэр огт өөрБаярцэцэгийг харах болов уу гэж бодож байна. Намайг өөрөөр харуулах болов уу гэсэн дуунуудыг зоригтой сонгосон. 80, 90 оны дискотека хэсэг тоглолтын ихэнх хувийг эзэлж байгаа. Ялалтын баярын өмнөх өдөрболж байгаа учраас эх орны дайны үеийн сэдэвтэй дуунууд дуулна. Наяад онд монголчууд олноороо хойд хөршид сурдаг байсан. Тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулна. Судалгаа хийж, хүмүүсээс санаа оноо сонсч, хамгийн гоё гэсэн дуунуудыг шигшиж оруулж байгаа.

Хүмүүсийн сонсох дуртай ямар дуучны дуунууд эгшиглэх бол?

-Анна Герман, Алла Пугачёва зэрэг мундаг дуучдын дуунуудаас сонгосон. Тоглолтоо Анна Германы “Эхо любви” гэдэг сайхан дуугаар нэрлэлээ. Маш олон хувилбар дундаас сонгосон нэр л дээ. Хайрын чимээ, хайрын дуу, хайрын төвөргөөн гэх мэтээр монголчилж болох байх. Миний цомгоос ганц, хоёрхон дуу орж байгаа. Тоглолтын үеэр нийтдээ25 дуу амьдаар дуулна. “A sound” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Намайг мэдэрдэг, ойлгодог хүмүүсээр багаа бүрдүүлсэн болохоор энэ удаагийн тоглолтыг гайхалтай чадварлаг, нэр төртэйгөөр даваад гарна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Тасалбар худалдаанд гараад эхэлчихсэн үү?

-“Hi Fi рекордс”-ын бүх салбараар худалдаалаад эхэлчихсэн. 1950 үнэгүй хүргэлт хийнэ. Мөн easyticket.mn сайт руу ороод электрон байдлаар захиалах боломжтой. Энэ сайтны 1188 дугаар руу залгаад авч болно. Мөн “Милая” сүлжээ рестораны салбаруудаар борлуулж байна.

Тасалбар энгийн, вип гэсэн ялгаатай юу?

-Хоёр төрлийн тасалбар худалдаанд гарсан. Нэг нь халуун хоол зууштай, тухтай орчинд ширээний ард суугаад үзэх боломжтой тасалбар байгаа. Хоёр дахь ангилал нь энгийн суудал. Ирсэн хүн бүрдарс шимж амрангаа тоглолтдоо сэтгэл санааны хувьд бэлэн болоод орох тухтай орчныг бүрдүүлнэ. Аль ч тасалбарыг нь сонгосон сэтгэл ханамжтай үлдэх бүх л боломжийг ярилцаж ажиллалаа.

Тавдугаар сарын 8-нд л ганц өдөр тоглох уу?

-Тэгнэ. Тавдугаар сарын 8-ны 19.00 цагт Crocus event hall-д ганц удаа болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан

Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүд хүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд эдийн засагт ямар хохирол гараад байна?

-2011, 2012 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоогийнхтой харьцуулахаар ойлгомжтой дүр зураг гарч ирнэ л дээ. Эдийн засаг тэр үеийнхээс эрс муудсан нь шийдвэр гаргагчдын алдаатай бодлого, үг яриа, үйлдэл, хандлагатай шууд холбоотой. Үнийн өсөлт их байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарчихсан. Экспортын голлох барааны үнэ унасан. За тэгээд мөнгөний ханш, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ гээдбүгд таагүй үзүүлэлттэй байгаа. Чихэнд чимэгтэй нэг л мэдээ байна. Инфляци буурсан. Нэг талаараа сайн мэдээ ч гэлээ сөрөг тал бий. Эдийн засаг өсч байгаа үед инфляци нэмэгддэг. Харин эдийн засаг унахаар буурдаг. Худалдан авах чадвар буурсан учраас тэр.

Бас экспорт импортоосоо давсан нь сайн үзүүлэлт гэж яриад байгаа?

-Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарч байгаа нь мөн л хоёр талтай. Оюу толгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюу толгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд.

Оюу толгой төсөл Монголд юу өгсөн гэж та бодож байна?

-Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдаж ажлууд нь 2010, 2011 онд эхэлсэн байдаг. Монголын эдийн засаг 2011 онд оргил цэгтээ хүрч өссөн. Жилдээ 4.6 тэрбум ам.долларын буюу тухайн үедээ манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Монголын Хөрөнгийн биржийн индексүүд өсч байлаа. Гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж доллартай харьцах ханшнь 1400 гараад явж байсан төгрөг 1200 руу орсон. Төгрөг чангарсан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл байсан учраас 2012 оны сүүлээр бид гаднаас мөнгө зээлэх боломжтой болсон. Чингис, Самурай бонд гаргаж мөнгө босгосон гол шалтгаан нь дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжсэнийх. Тийм ч учраас цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр гэхэд гурав дахин нэмэгдсэн. Цалинг хоёр дахин нэмж байлаа.Улсын төсөв 2005 онд хоёр их наяд орчмоос таван их наяд руу өссөн. Наад зах нь Улаанбаатарын гудамжаар алхаад үзэхэд л том төслийн хөрөнгө оруулалтын нөлөө харагдана. Хөдөө аймгууд руу засмал замаар жирийлгэж байна. Өмнө нь ийм байгаагүй.

Оюу толгойн нөлөөгөөр ийм дэвшилд хүрсэн гэж ойлгож болох нь ээ?

-Шууд болон дайвар нөлөө нь гэж харж болно. Том төслийн өгөөжийг өөр олон жишээгээр тодруулах боломжтой. Ажилгүйдлийн тоо, ядуурлын төвшин байна. Манай улсын ядуурлын төвшин гэхэд л өмнө нь 33 хувьтай байсан. Том төсөл хэрэгжсэний нөлөөгөөр 27 хувь болж буурсан. Монголын түүхэнд анх удаа ийм эерэг үзүүлэлт гарч байлаа. Харамсалтай нь сүүлийн гурван жилд ядуурлын төвшин эргээд гуч руугаа дөхчихлөө л дөө.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт саадгүй хийгдсэн бол эдийн засаг өдийд ямар дүр зурагтай байх байсан бол. Хэлэлцээр сунжирсан хоёр жилийн хугацаанд бид ямар боломжуудыг алдчихав?

-Тэр үед Оюу толгойн үр нөлөөний талаар эдийн засагчдын гаргасан прогноз, дүр зураг өчнөөн бий. Хамгийн наад захын том нөлөө гэхэд өнөөдөр бид дунд орлоготой орнуудын төвшинд очих байсан. Бүх аймгууд авто замаар холбогдох байлаа. Улаанбаатар хот дотор засч, янзалж, шинээр барихаар төлөвлөсөн замуудын бүтээн байгуулалт асуудалгүй өрнөх боломж байсан. Агаарын бохирдол ч мэдрэгдэхүйц хэмжээгээр буурах байсан.

Том төслүүдийн шууд орж ирсэн хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн судалгаа, тооцоо бий. Жишээ нь Оюу толгойн үржүүлэгч нөлөөг та яаж харж байна?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын нөлөөг бид амьдралд дээрээ харсан учраас айхтар онол ярих шаардлагагүй. Оюу толгой бол говьд, урд хилийн орчим хэрэгжиж байгаа төсөл. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр Улаанбаатарт барилгын boom болж зочид буудлын бизнес хөгжлөө. Олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт ажиллаж эхэлсэн. Жуулчдын тоо ихэссэн. Наад зах нь хүн бүр “приус” гэдэг машинтай боллоо. Үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ. Оюу толгойг дагаж орж ирсэн бусад хөрөнгө оруулагч байна. Монголчууд ийм том бизнес эхэлсэн юм чинь бидэнд ч ашиг олох боломж байгаа гээд хөрөнгөө оруулсан өчнөөн бизнесмэн бий. Оюу толгой худалдан авалтаа хийж байгаа. Төсөл тойрсон худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид гэж ирээд яривал энэ том төслийн үржүүлэгч нөлөө нь их л дээ.

Оюу толгой төслийн дараагийн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ, хамгийн том эрсдэл нь?

-Өнөөдөр төсвийн байдал хүндэрчихсэн. 90-ээд оны сүүл рүү тэтгэврээ тавьж чадахгүй хоцроож байсан үе бидэнд бий. Төсөв өртэй, данс улайсан үе Монголд байсан. Тэр үеэ дахиад нэг удаа туулах хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулалтын хувьд бүр зогсох байх?

-Гадаад, дотоод гэлтгүй бүгд зогсоно. Гадны хөрөнгө оруулалт өнөөдөр таг зогсчихсон байгаа шүү дээ. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь татагдаж байна. Байдал ийм хэцүү байхад хөрөнгө оруулалтаа үргээсэн, хөрөнгө оруулагчдыг айлгасан алхам хийсээр байна. Саяхны жишээ гэхэд “Хан ресурс” .Арбитрын шүүхээс “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төл гээд байхад л төр төлөөлсөн хүмүүс нь “Төлөх ёсгүй байгаа юм аа” гэж яриад сууж таарахгүй л дээ. Хоёр хүн шатар тоглож байна гэж төсөөлье. Хүүг нь морь шиг нүүгээд байвал тоглоомын дүрэм алга болж, шатар тоглох боломжгүй болж таарна аа даа. Өнөөдөр бид яг л ийм шударга бус үйлдэл гаргаж байна. Лиценз өгч, мөнгийг нь гаргуулж бөөн ажил удчихаад дараа нь “Ерөөсөө та нарт өгөхөө болилоо” гээд өөр хүнд өгөхөөр хэн ч гэсэн зарцуулсан мөнгөө олж авахын төлөө явна. Зарцуулсан мөнгөө авъя гэж олон улсын шүүх дээр очоод шийдвэр гаргуулчихаад байхад “Наадах чинь худлаа” гээд байж таарахгүй.

Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт орж ирж, баялгийнх нь 80 хувь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засаг тийм амархан сэргэх болов уу?

-Ерөөсөө л 2009, 2010, 2011 он давтагдана. Хөрөнгө оруулалт сэргэнэ, эдийн засаг өснө. Бид 2008 онд ядуу буурай улсын тоонд орж байгаад 2012 онд дунд орлоготой орны тоонд багтаж байсан шүү дээ. Оюу толгойн нөлөөгөөр л нийслэлийн дүр төрх өөрчлөгдсөн. Бидний өмсч зүүж, идэж уух хэрэглээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн бидний нулимаад дэвсээд байдаг уул уурхайн л үр нөлөө. Монголын хөгжил уул уурхайтай шууд холбоотой. Эдийн засгаа ногооруулна, солонгоруулна гэхээсээ илүү эхлээд борлуулах хэрэгтэй. Капитализмын зах зээлийг бий болгож,яс махандаа шингэтэл ойлгодог болох учиртай. Яагаа ч үгүй байж ногооруулна гэж ярих утгагүй. Би даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм. УИХ-ын зарим гишүүн хуулинд тэрийг төчнөөн төгрөгөөр даатгана гэж үнийг нь заах санаа оноо гаргаж байна. Хуучин нийгмийн Төлөвлөгөөний комиссоос долоон дор зүйл л дээ. Социализмын үед ядаж л хуулиндаа үнэ заадаггүй байсан. Ийм холимог саармаг системээр хойш, урагшаа, хойшоо алхаж байтал дэлхий биднийг хаяад урагшилж байна. Том төслүүд дээрээ ч капитализмын, чөлөөт зах зээлийн хандлагаар хандах хэрэгтэй.

Эдийн засагч, шинжээчдийн дүгнэлт, уул уурхайгаараа хөгжилд хүрсэн улсуудын жишээг хараад байхад мега төсөлгүйгээр хөгжлийг төсөөлөх аргагүй гэсэн бодол төрдөг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Та бидний хүүхдийн ирээдүйгээр популистууд тоглож байна. Оксфорд, кембриждийг нэвтрүүлье гэхээр хэрэгжүүлэх мөнгө нь байдаггүй. Хэрэгжүүлэх гэсээр байтал миний, таны хүүхэд сургуулиа төгсөнө. Бүхэл бүтэн үеийг хохироогоод байна л даа. Бид Оюу толгойгоос илүү хүнээ бодно гэж ярьсан хэрнээ үнэн хэрэгтээ хүнээ алаад байна. Уг нь Оюу толгойгоос орж ирэх мөнгөөр хүнээ боловсруулж байж эдийн засаг солонгорох процесс явагдана. Хоосон толгойтой баахан улс “Бид Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд хаашаа ч явахгүй. Төв талбайгаасаа холдохгүй. Америк, Европ, Хятадын залуустай “Гүүгл”, “Майкрософт”-ын ажлын байранд өрсөлдөж ялаадгарч ирж чадах хүмүүсийг бэлдье гэвэл өнөөдөр нүүрсээ зарж олсон мөнгөөрөө хүүхдүүддээ өндөр боловсрол олгох хэрэгтэй. Тэгж байж монгол залуус шилдэг компанид ажиллана. Уул уурхайгаас баялгийн санд хуримтлуулсан мөнгөөр технологи боловсруулдаг компаниудын хувьцааг авч тэр том компаниудын төвүүдийг эх орондоо нүүлгэж ирж байж, бид өөрсдөө ТУЗ-д нь сууж байж эдийн засаг солонгорно. Тэгэхгүйгээр зүгээр л цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж, 2000 жилийн өмнө байсан байгаагүй булшны тухай яриад суувал хөгжил ирэхгүй. Байсан байгаагүй булш яриад амьд хүмүүсээ булшлаад байна гэдэг дэндүү харамсмаар зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мэндбаяр: Суллагдаад ирэхэд 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг минь хоёрхон тэрбум болгоод үгүй хийчихэж

-МАРГААШААС ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙН ХААЛГЫГ ӨШИГЛӨӨД ОРНО. ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА НӨХДҮҮД ҮҮДЭЭ НЭЭЖ ӨГӨӨРЭЙ-

Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр суллагдаад арав гаруй хонож байгаа аж. Ж.Мэндбаяртай хамт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлэн шоронд хорьсон бөгөөд хадгаламж зээлийн хоршоотой нь гэрээ байгуулсан хүмүүсийг хүчээр хохирогч болгосон гэж үзэж байгаагаа яриад үүний үр дүнд мянга гаруй айл хүнд байдалд байгааг ярилаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мэндбаяртай ярилцлаа.

Таныг анх баривчлахдаа хадгаламж зээлийн хоршооны хэргээр шалгаагүй гэдэг юм билээ. Ямар үндэслэлээр шалгаж, хорьсон билээ?

-Тухайн үед Монголд анхны 26 давхар орон сууц барихаар ажиллаж байлаа. Гэтэл 2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 02.00 цагийн орчимд УМБГ-аас шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хорьсон шүү дээ. Прокурорын гарын үсэггүй, шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьсон нь Монголын хууль болон олон улсын Хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн ажиллагаа байлаа. Тэгэхдээ надад татварын хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн албан тушаалаа ашиглаж хоршооны мөнгийг өөрийнхөө компанид зээлдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр хэрэг үүсгэж байсан. Үүнээс болоод нэг ч удаа хаалгаа барьж үзээгүй “Глоб кредит” ХЗХ-ны үүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ингэснээр хадгаламж эзэмшигчид бухимдаж, хардах сэрдэх ажиллагаа эхэлсэн. Үүнээс гадна “Глоб” группийн бүх компанийн хөрөнгийг битүүмжилж, бүх үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Эндээс манай харилцагч, хадгаламж эзэмшигч болох 1000 гаруй хүн хохирч үлдэх зам нээгдсэн.

Танд үүсгэсэн эрүүгийн хэрэг юу болсон бэ?

-Би татварын илүү төлөлттэй, өөрөө хоршооны гишүүн байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хадгаламж нэрээр иргэдээс мөнгө татсан, орон сууц барьж өгөх нэрийдлээр захиалагчдаас арван хувийн урьдчилгаа авсан, хаалттай бонд гаргах нэрийдлээр бусдаас мөнгө авч залилсан гэх гурван үйлдэл тулгасан. Ингээд өмнө нь хэрэг үүсгэсэн зүйл ангиа залилан болгож өөрчилсөн. Ингээд 1233 хохирогчийг хүчээр бий болгож, манай группийн бүх үйл ажиллагааг зогсоосон учраас хадгаламжийн мөнгө олгох, барилгын ажил үргэлжлэх боломж олдоогүй. Бондын үйл ажиллагаа ч зогссон. Өөрөөр хэлбэл, группийн үйл ажиллагааг зогсоож, хүчээр хохирогч бий болгох бүдүүлэг алхмыг тухайн үеийн хүчний байгууллага хийсэн. Ингэхдээ хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр “Мэндбаяр олон мянган хүнийг залилсан, Глоб луйврын уул уурхай байсан” гэх мэтээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа идэвхтэй явагдсан. Олон нийтийн санаа бодлыг ингэж угаах нь хэлмэгдүүлэлтийн сонгодог хэлбэр л дээ. Надад арван жил хорих ял онооход нийгмийн бүх давхаргын сэтгэл зүйг бэлтгэчихсэн байлаа. Учир нь тухайн үед олон нийт намайг залилагч, маш олон хүнийг залилсан гэдэг сэтгэл зүйтэй болчихсон байсан. Гэтэл би шоронд явснаар 1233 хохирогч бүрмөсөн хохирч үлдэх зам баталгаажсан.

Хохирогчид таныг батлан даалтан дааж, суллуулах хүсэлт гаргаж байсан байх аа?

-Хохирогчид гэж нэрлэгдсэн хүмүүс намайг батлан даалтад гаргах саналыг удаа дараа гаргаж байсан. Мөн миний саналаар “Глоб”-ыг хувьцаат компани болгож үнэт цаасаар учрах гээд байгаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг хамтарч авах хүсэлтэй байлаа. Энэ саналыг хоршооны нийт гишүүдийн 98 хувь нь дэмжиж байсан ч төр хүлээж аваагүй. Хэрвээ мөрдөн байцаалтын үед ийм арга зам авсан бол хохирогчид өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан. Мэндбаяр яах вэ, арван жилийн ялаа эдлээд явдаг л юм байгаа биз. Хэрвээ тэгж шийдсэн бол Мэндбаярыг шоронд хийх боломжгүй байсан учраас төр анхааралдаа аваагүй. Гадны түншүүд ирж “Мэндбаярын 10 сая ам.долларын хохирлыг төлчихөөд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэхэд хүлээж аваагүй. Тухайн үед Монголд анхны амины сууцны хороолол барихаар гадныхантай төсөл хэрэгжүүлж байлаа. 26 давхар зочид буудал барихаар бэлтгэж байлаа. Нарны гүүрийг жаахан цаагуур тавихаар Хятадын компанитай хамтран ажиллаж байв. “Глоб”-ын ажил үргэлжилж, барилга барьж, хадгаламж олгогдож байсныг манай харилцагчид бүгд мэдэж байсан. Гэнэт хаалгыг нь барьчихаар хүмүүс мөнгөө авна гэх нь аргагүй биз дээ.

Хохирогчид гомдол гаргаагүй, хамтраад хохирлоо барагдуулъя гэж байсан. Ер нь хэний гомдлоор танд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Энэ бол эрүүгийн болон иргэний хэргийн аль нь ч биш. Хууль мэддэг хүн бүр мэддэг ч төрийн машин ажиллаад эхэлсэн учраас асуудал шийдэгдсэн гэж үздэг. Жишээлбэл, Намайг шийтгэсэн шүүхийн шийдвэрт шүүх Иргэний хуулийн мөнгөн хадгаламж гэсэн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т -Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно”, Хоршооны тухай хуулийн хадгаламж, зээлийн хүүний талаарх заалт зэргийг үндэслэн хадгаламж эзэмшигчдэд хүү тогтоосон байдаг. Эндээс би банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, харилцагчидтай эрх зүйн харилцаа тогтоосон зэргээр иргэний үйл ажиллагаа явагдаж байсныг шүүх өөрөө тогтоосон. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад төр дундуур нь орж ирж, хүчээр зогсоогоод “Энэ Мэндбаяр та нарт мөнгө өгөхгүй” гээд нэгийг нь шоронд хийж, нөгөөдөхийг нь үсийг нь зулгаалгаад үлдээсэн. Ийм л зүйл болсон. Хэрвээ эрүүгийн хэрэг мөн байсан бол хүү тогтоох ёсгүй байсан. Зөвхөн иргэний хэрэгт хүү тогтоодог. Шүүх эрүүгийн хэрэг биш гэдгийг тогтоосон нотлох баримт нь харилцагчдад хүү тогтоосон баримт шүү дээ.

Орон сууц захиалагчдыг залилсан гэдэг хэргийн тухайд яриач?

-“Баянгол дүүргийн IV хорооны нутагт 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч албан ёсоор батлагдсан газрын зөвшөөрөл, зураг төсөл, экспертизийн дүгнэлт байхгүй байхад 2007 онд ашиглалтад оруулна гэж зарлан, иргэдээс хууль бусаар захиалга авч залилсан” гэж ялласан. Гэтэл орон сууц барихаар төлөвлөсөн газрыг хууль сахиулагчид битүүмжлэн хурааж аваад 70 сая төгрөгөөр зарсан байдаг. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг 70 сая төгрөгөөр зарсан шүү. Газар байхгүй гэж яллачихаад тэд хаанаас газар гаргаж ирж 70 сая төгрөгөөр зарав. “Хохирогч Дамдинсүрэн барилгын зураг төсөв хүлээлгэн өглөө” гэдэг тодорхойлолт хавтаст хэрэгт байж байдаг. Газрын гэрчилгээ, барилгын зураг төсөв хавтаст хэрэгт бий. Экспертизийн дүгнэлтийг хохирогчид Барилгын өмчлөлийн төвөөс олж авсан байдаг. Гэтэл намайг юу ч байхгүй гээд яллачихсан. Энэ бүхнээс миний хэрэг эрүүгийн хэрэг биш гэдэг нь маш тодорхой. Шүүх ч хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл яагаад иргэний хэрэг биш гэж?

-Хэн нэгэн хүн намайг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний хэрэг үүсдэг. Гэтэл нэг ч хүн гомдол гаргаагүй байсан. Нэг ч өргөдөл, гомдолгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн барьж хориод арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл оноосон. Тэр ялыг би биеэр эдлээд арав гаруй хоногийн өмнө суллагдлаа.

Тухайн үед танай группийн дампуурлыг албан ёсоор зарлаагүй байх аа?

-Үгүй. “Глоб”-ыг дампуурсан гэдгийг шүүх тогтоогоогүй. Мэндбаярыг шоронд хийгээд, “Глоб”-ын хаалгыг хүчээр хаасныгаа дампуурсан гэж нэрлэсэн. Тухайн үед банк хүндэрсэн, хоршоодыг байхгүй болгох сонирхол байсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Төр банкийг аврах нь зүй ёсны хэрэг. Тухайн үед би төрд байсан бол иймэрхүү арга хэмжээ авах л байсан. Гэхдээ өөр аргаар хийх байсан болов уу. Хүчээр баахан хүн орилуулж, томыг нь нураах шаардлага байсан уу, үгүй юу гээд асуудал их бий.

Та ял эдлээд суллагдлаа. Гэтэл хохирогчид хохирлоо барагдуулж чадсангүй. Таны бүх хөрөнгийг битүүмжилчихсэн байдаг. Түүнээс хохирогчдод хэд орчим төгрөг өгсөн юм бэ?

-Хохирогчдоос гадна төр хохирчихож. Төр хохирлын 50 хувийг олгожээ. Энэ хэргийн учир начрыг хайгаад, хөрөнгөө эрээд эхлэхээр төр 50 хувийг олгож ам хаачихаж. Үлдсэн хөрөнгийг борлуулаад 50 хувийг чинь олгоно гэсэн. Мэндбаяр болон “Глоб”-той холбоотой бүх хөрөнгийг хурааж, битүүмжилж авсан. 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө шүү. Гэтэл тэр хөрөнгийг хоёрхон тэрбум төгрөг болгож үгүй хийсэн байна. Явж, явж ирэхэд шүү. Төр тавин хувиараа хохирчихоод нэг ч төгрөг авч чадаагүй. Төр гэдэг нэрээр гурван сая иргэн хохирчихож. Цаана нь албан ёсны 1233 хохирогч, дээр нь Мэндбаяр гэдэг иргэн бас хохирчихсон байна. Би хохирол гэж тогтоосон 11 тэрбум төгрөгийг төлөөд цаана нь дахиад 16 тэрбум төгрөгийн хөрөнгө үлдээгээд шоронд орсон.

Та одоо хохирогчдод мөнгө өгөх үү?

-Би хохирлыг төлөх ёстой. Гэхдээ би бүх ялаа биеэр эдэлсэн учраас төлөхгүй ч байж болно. Хэрвээ хохирлыг төлсөн бол 3.5 жилийн өмнө суллагдчих байсан. Төлөөгүй учраас бүх ялаа биеэр эдэлдэг хуультай. Энэ дунд өлсгөлөн зарласан, дарамтад өртсөн. Сүүлийн хоёр, гурван жил дарамтгүй байсныг нуухгүй. Түүнээс өмнө байнга дарамтад байсныг ч нуухгүй. Одоо би гараад ирлээ. Гараад ирэхэд хэргийн эзэн би, төр, хохирогчид гээд гурван тал 11 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал хэвээрээ байна. Бид хамтарч хохирлыг барагдуулахын тулд зарагдсан, хууль бусаар алга болсон, үрэгдэж алга болсон бүх хөрөнгийнхөө учрыг олох ёстой. Хариуцлагагүй этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль бусаар дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой. “Глоб”-ынхон төрөөс дахиж мөнгө нэхэхгүй, харин хөрөнгөө л авъя. Бидний, миний хөрөнгийг анх ямар байдалтай хурааж авсан тэр чигээр нь өгчих. 47 автомашиныг “Глоб”-оос хураасан. Тэр олон машин хаачив. Амгалангийн хорих ангийн хашаанд ХЗХ-оос хураагдсан машинуудыг тавьчихсан байж байгаад гал алдаад заримыг нь шатаачихсан. Тэрийг хэн төлөх вэ. Арван жил зогссон машиныг хэн худалдаж авах вэ. Гэрэл чийдэн нь тоногдчихсон, элгээрээ хэвтчихсэн машин бол хамгийн жижиг жишээ. Барилга, байшин, газар гээд бүх хөрөнгө тэр машины хувь заяатай ижил болсон. Ганданд шинээр барьсан 1180 метр.кв талбайтай дөрвөн давхар байшинг 254 метр.кв гэж хуурамч тогтоол үйлдээд зарчихсан байдаг. Нэг давхрынх нь талбайн хэмжээгээр зарчихсан гэсэн үг. Үлдсэн гурван давхрыг нь бэлэглэчихсэн. Одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлэг байгаа 4.3 тэрбумаар үнэлсэн барилгыг гурван жил хөлдөөж, балгас болгосныхоо дараа 1.5 тэрбум болгож бууруулж зарсан. Засгийн газрын 247 гэдэг хууль бус тогтоол гаргаад арван жилийн өмнө үнэлсэн үнэлгээгээр есөн жилийн дараа зарж байна. Гэх мэтээр эзнийг нь шоронд хийгээд хөрөнгийг нь идэж, ашигладаг олон арга байдаг юм байна. Одоо энэ хөрөнгийг төртэйгээ нийлээд буцааж аваад зах зээлийн ханшаар нь заръя.

Таны ярьснаар 27 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгөө буцааж авна гэж үү?

-Тэгнэ. Газрын албанаас Мэндбаярын нэр дээр 20 гаруй газар байна гэсэн тодорхойлолт авсан. Тэр олон газар хааччихав. Хоёрхоныг нь зах зээлийн үнээс 25 дахин хямд үнээр зарсан байдаг. Энэ бүхнийг учрыг олмоор байна. Төр өөрөө хохирчихсон учраас төрийн болон хууль, хүчний байгууллага хамтраад ажиллаад өгөөч. Хамтарч ажиллахгүй гэдэг шийдвэрээ зарим байгууллага гаргачихсан байна лээ. Тэгвэл өөрсдөө арга хэмжээ авна. Дөрвөн давхар барилгыг нэг давхар байшингийн үнээр худалдаж авсан хүн түүнийгээ л аваг. Үлдсэн гурван давхар барилгыг надад буцааж өгөх ёстой биз дээ. Тиймээс би хаалгыг нь өшиглөөд орно. Бусдын хөрөнгөд халдаагүй, өөрийнхөө юманд орж байгаа нь тэр. Энэ мэт олон үл хөдлөх хөрөнгийн асуудал бий. Би маргаашаас эхлээд өөрийнхөө хөрөнгийн хаалгыг өшиглөөд орно. Хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүд хаалгаа нээж өгөөрэй. Өөрийнхөө хаалгыг өөрөө эвдээд ороход битгий асуудал үүсгээрэй. Яагаад гэвэл хөрөнгөө авч байгаад энэ олон хүний хохирлыг юун түрүүнд барагдуулъя. Дараа нь энэ хэргийн учрыг олох боломж олдох байх гэж найдаж байна. Ганц сандал, ширээтэй ХЗХ маш олон байсан. Түүнээс юуг нь авна гэж хохирогчдынх нь хохирлын 50 хувийг төр барагдуулсан юм бэ. Энэ сонирхолтой биш гэж үү. Ганц ширээ, сандлыг нь зараад төр мөнгө авна гээд 50 хувийн хохирлыг барагдуулсан утгагүй ажлыг тухайн үеийн төр хийсэн юм шүү.

Одоо хөрөнгөө авъя гэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гээд асуудал бас байгаа байх?

-Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр нь дуусчихсан байдаг юм байна. Гэхдээ дөрвөн давхар байшинг нэг давхар гээд зарчихсан байхад зүгээр хаяж болохгүй.

Танай гэрийн хүн бас ял эдэлсэн байх аа?

-Дөрвөн сар “Ганц худаг”-т хорьж долоон жилийн ял оноосон. Дөрвөн хүүхэд минь гудамжинд үлдсэн. ХЗХ-нд хамааралгүй гэдэг нь нотлогдохоор бонд гаргасан гэдэг шал утгагүй үндэслэл гаргаж ирээд 15 жил хорих ял сонсгоод долоон жилийн ял оноосон.21 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн байх жишээтэй. Хүнлэг биш олон зүйл бий. Гэхдээ энэ миний асуудал учраас энэ удаад ингээд зогсъё.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Хойд шугуйн Батцэцэг

Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ

Манай яруу найргийн түүхнээ 90-ээд оныхон хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийнхэн дотор томоохон байр суурь эзлэх нэгэн яруу найрагч бол Жадамбын Батцэцэг билээ. Ж.Батцэцэг найрагчийн шүлгүүдийн талаар өнөөдөр бичиж байгаа нь харьцангуй оройтсон ч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ яруу найрагчийн бичих он цаг өмнө байгаа гэдэгт итгэнэ.

Яруу найрагч Жадамбын Батцэцэг “Хойд шугуйн жимс” (1991), “Намайг хүлээсэн он жилүүд” (2002), “Амирлан” (2014) яруу найргийн номууд хэвлүүлсэн. “Хойд шугуйн жимс” ном хэвлэгдэж байх үеийн манай яруу найрагт чухам л Жадамбын Батцэцэгийн өнгө аяс үгүйлэгдэж байсан гэлтэй санагддаг. Үзэл суртлын дөнгөнөөс дөнгөж салмар болж байсан тухайн үеийн яруу найрагт дараагийн бас нэгэн үзэл суртал буюу үндсэрхэг үзлийн гал дүрэлзэн байсан буй. Тэр шуурган өдрүүдэд шавилхан цэнхэр хавтсан дээрээ:

Намар оройн цэцэрлэгээр

Надтай хамт алхаач амраг минь гэсэн таталбар бүхий бяцхан түүвэр хэвлэгдсэн нь түүний ном. Тэр өдрүүдэд тийм ном хэвлэж суудаг “тэнэг” хүмүүс байдаг гэж бодохоор яруу найргийн ирээдүйд итгэл төрдөг юм. Алсын гуниг, далдхан баяр, хүлээлт, өнжилт, тунирхал, бодлогоширол, аальгүйтэл.., гээд ер хүүхэн хүнд байж л болох бүхэн байх нь “Хойд шугуйн жимс”.

Яруу найрагч Жадамбын Батцэцэгийн:

Энэ навчис

Юу гэж

Эрээ цээргүй шуугина вэ?

Газрын элэг дэвтэхэд

Тэнгэрийн нулимсанд ургадаг шүү дээ… гэх буюу

…Өвлийг мэдэхгүй ээ навч минь

Өдөн цасаар бүүр ч таалуулахгүй

Тэр тэнгэрийн цагаан дагинас

Чамайг орлож

Хоосон мөчрийн дээр шавж

Өлөн зэлмэн өвөлждөг шүү дээ… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 15) гэж уншихад бас:

…Найман сарын агаар нь царцаахайн шигширгээр дүүрнэ

Бийрээр таталмаар, бишсэн бол согтож унамаар

Ааг аархал нь хоолой, тархинд асна

Намар цагаа гэж

Намуун согтуу үдшүүд…

Бэх хатаж бийр минь хөшвөл

Би өөрөөсөө ч одмоор…(Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 35) гэс­нийг үзвээс чухам энэ найрагчийн өнгөн дээр манай яруу найраг эрийн цээнд хүрч байж шүү дээ гэж эрхгүй санагдана. “Дээш харж тунгалаг сарыг ширтээд, Доош харж төрсөн нутгаа санав” гэх Тан улсын яруу найрагчийн, “Чиний минь үнэр есөн намрын сүмэн өвс адил” гэх эртний бичгийн яруу найргийн орон зайд “намар цагаа гэж намуун согтуу үдшүүд” хэмээн аваачнам бус уу. “Царцаахайн час час гэх төмөрлөг дуун намрыг урин шагширна” гэж Гомбын Сэр-Од найрагч нэгэнтээ дуулсан билээ.

“Арвай буудай мэт”. Яруу найргаар, энгийнээр бас яруугаар философидож болдгийг энэ шүлгээс үзмү.

Арвай буудай мэт олон хүмүүний дунд

Арвай буудайн чинээ байнам.

Арвай буудай мэт

Чийгтэй хөрсөнд хөл хүндэрч

Арвай буудай мэт

Арван зүгтээ соёолном…(Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16)

Амь амьдралын үнэ цэнэ, ирэхүй одохуй хийгээд үлдэхүйн мөн чанар, бахархал, бардамнал, алсын гуниг, томоор үлдэхийн тайтгарал ер юм бүхнийг багтаасан энэ шүлгийг 1990 онд бичиж суужээ.

…Гашуун атал дарсанд хэн хүнгүй хөлчүүрч

Гашуун атал нулимс сэтгэлийг ариулж

Гашуун амт хорвоогийн үнэн байлаа ч

Гашуунд хэн балын зөгий мэт шунах вэ?… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэх буюу

…Судрын үсэг нэг л тийшээ утгаа гүйцээх лугаа адил

Сүмэн өвсний үлгэрээр дээшээ ургаж өөрийгөө бичнэ

Оршихуй үнэн байтал хуурамч

Оорцог бие минь үр ачдаа задарнам… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) хэмээн шүлэглэж хүмүүний амьдрал ирж буцахын жам ёсыг нээсэн нь уг шүлгийн философи.

…Арвай буудай мэт

Арвай буудай мэт олон хүмүүний дунд

Арвай буудайн чинээ байнам

Арвай буудай мэт үр идээгээ орхиод

Арвай буудай мэт ишин дээрээ ганднам (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэсэн нь их Д.Нацагдоржийн “Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн шүлгийн гүн ухааныг нэгэн хүмүүний амьдралаар нотлон илэрхийлсэн нь манай яруу найрагт шинэлэг юм. Эхлэлүүдийн тухай шинжлэх ухаан хэмээгдэх метафизикийн асуудал нь хүний танин мэдэхүй, түүхийн, байгалийн ухаан хүрэхгүй, уусахгүй тунадас болсон тэдгээрт тулгуурлана гэдэг. Тодруулбал ертөнцөд шалтгаан-үрийн холбоо байна гэж үзвэл анхдагч шалтгааныг олохыг шаардах ба тэр нь явсаар тодорхойгүй гэсэн дүгнэлтэд тулахуй юм. Тэгж үзвэл амьд хүн нь таньж болохгүй гайхамшиг хэвээр үлдэнэ гэх үзэлд оршино. Арвай буудай мэт олон хүмүүн бие биедээ шүтэн барилдаж орших хийгээд ганц ганцаараа оршино. Бас ганцаараа эс оршино. Тодорхой орон хийгээд цагт оршиж, арвай буудай мэт үр идээгээ мөн оршоогоод, арвай буудай мэт гандан хагдарна. Энэ мөн чанар нь ороомог хэлбэрээр дахин давтагдсаар байхуйн тухай яруу найрагч Ж.Батцэцэг “Арвай буудай мэт” шүлэгтээ дээрх мэт хэлсэн нь содон буюу.Яруу найраг бол шалтгаангүй цэвэр оршихуй, тэр бол өөрөө өөртөө шалтгаан, өөрөө л байхад хангалттай тийм мөн чанар хэмээн сэтгэгдэх нь “Арвай буудай мэт” шүлгийн оршихуй, мета түвшин нь юм. Ингэж үзвэл Ж.Батцэцэг гэдэг арван зүгт соёолсон, нэгэн ишт буудайн оршихуй нь яруу найраг бөлгөө. Харин яруу найргийн яруугаар оршихуйн шалтгаан нь Батцэцэг бөлгөө гэсэн гаргалгаанд хүрч тайтгарна.

“Хойд шугуйн жимс” номоос арван жилийн дараа хэвлүүлсэн “”Намайг хүлээсэн он жилүүд” түүвэр. Уг номоос ус үнэртэн хавар ирэхийн зөн хийгээд дулаахан мэдрэмж, басөмдөөн хэтэрхий индүүдсэндээ өвдгөөн бохирч эс чадах гэх эрсхэн үг сонстовч:

Цаглашгүй их хүсэл мөрөөдөл

Цаанаа гунигтай байдгийг

Цагийн их орчил дунд

Санахгүй яасан юм бэ? гэх ухаарал нь түлхүү мөрүүд зонхилох нь ханатай. Манай яруу найрагт тогтсон байдаг нэгэн бурангуй ч гэмээр гунигтай ойлголт нь яруу найрагч нас ахиад ирэхээрээ шүлэг бичихээ больдог, эсвэл муу бичдэг гэсэн гэнэн үзэл. Гадныхныг анзаарвал нас нь ахих тусмаа шүлэг нь улам чамбайрдаг мэт. Энэ нь манай уран зохиолын үнэлэмжийн гажуудал байж болох талтай. Тодруулбал яруу найрагчийг шагналаар ачаалж, хоосон алдар нэрээр хөөргөдөг. Тэр нь хувь хүн дээрээ буухдаа өөртөө ханах, уншихаа болих байдал уруу түлхэж мөхөлд хүргэдэг талтай болов уу. Ер нь өөртөө бичихгүй алдар нэр, ашиг хонжооны төлөө бичдэг асан давхаргаас уламжлалтай, яруу найргийн өнцгийн хазайлт нийт уран зохиолд гажуудал авчирсан агаад тэр нь засралыг олтол нэлээд хугацаа орох бололтой юм. 90 оныхон хэмээгдэх холимог давалгаа эдүгээ ялгарч байгаа ч бүрэн тодрох арай болоогүй. Зарим яруу найрагч тартагтаа тулаад үргэлжилсэн үг үрүү ордог бол зарим нь угаасаа яруу найргийн авьяасгүйгээсээ үргэлжилсэн үрүү ордог.

Найрагч Ж.Батцэцэг тэгсэнгүй, гэхдээ яруу найрагч хүнд байж болох хамгийн төвөгтэй замаар буюу сэтгүүлчийн замаар замнасан нь уран бүтээлд нь зарим талаар нөлөөтөл авчирсныг нь “Амирлан” түүврээс нь үзэж сууна. Учир нь сэтгүүл зүй бол хам цагийн шинжтэй, үргэлжилсэн үг цуваа цагийн шинжтэй байдаг бол яруу найраг нь ирээдүй цагийн шинжтэй юм. Яруу найраг чухам тийм ирээдүй цагийн тухай байдаг болохоороо л эрхэм хийгээд таашгүй нандин. Түүний сэтгүүл зүйн нөлөө бүхий шүлгүүдийн жишээг нь:

Сэтгэл ханамжийн баталгаа

Ганц хүн

Таалан таашаагч хүн

Тоотой хэд

Харшил хөдөлгөгч хүн

Хэдэн арав

Холдон зугатмаар хүн

Хорь гуч мэтийн цөөн баримтаар дурдаад орхису.

Хүнд гэгээрэлд хүрэх олон зам байдаг байх. Харин яруу найрагч хүнд гэгээрэх нэг л зам байдаг болов уу, тэр нь шүлгээрээ гэгээрэлд хүрэх буй. Их Д.Нямсүрэнгийн алдарт “Амитаба” шүлгийг нь шүлэг гэхээсээ илүү Д.Нямсүрэн гэх бодгалын гэгээрэлд хүрсэн зам гэлтэй. Их бичээд гэгээрэх, их бодоод гэгээрэх, насжихуйн хэрээр гэгээрэх, нэгэн дүрээр гэгээрэлд хүрэх, нэгэн шүлгээр гэгээрэлд хүрэх, нэгэн шадаар гэгээрэлд хүрэх. Яруу найрагчийн бичихүйн гэгээрэл “Амирлан” шүлгээс нь тодорно.

…Цэнхэр торго дэлгээд ижий минь дээл эсгэх

Цэрд татаад түүнээ хайчлахад торго дуугарах… гэх буюу

…Хэн нэгэнд урам өгч мөрөөдөлд автуулах

Хэзээ ч бүтэхгүй байлаа ч хий хоосон зөгнөх

Хуур урлаж суугаа аав минь хөгийг нь шалган татах

Хүнгэнэн дуугарах чавхдас аавд минь талархахыг сонсох… гэх мөн

...Амирлан амирлан амар мэнд суухыг хүсэх

Амирлан амирлан адын шунал тачаалаас ангид байх

Амирлан амирлан цаг хугацаа нисэн одохыг хүлээн зөвшөөрөх

Амирлан амирлан жам зүйг хүлцэн хүлээн авах дээдийн дээд гэх мөрүүдээр Ж.Батцэцэг найрагч өөрийн гэгээрэхүйн хийгээд арвай буудай мэт үр идээгээ үлдээгээд гандан хагдрахуйн жам ёсыг тунхагласан нь том хийгээд бардам байхыг нь үзэх тусам, түүнийг яруу найрагчийн замд оруулсан Д.Мандахсан багш гэх эрхэм хүнд Монголын яруу найраг талархах учиртайг санана. Ийнхүү 90-ээд оныхны нэгэн болох яруу найрагч Ж.Батцэцэг өөрийн яруу найргийн ертөнцдөө:

Харанхуй түнэр орчныг лаа өөрөө шатан байж гийгүүлдэг шиг

Ханхлам бохир бүхнийг арц өөрөө уугиж байж ариулдаг шиг

Хаврын ногоог бороо өөрөө асгарч байж ургуулдаг шиг

Хачин энэ амьдралд хүн өөрөө үрэгдэж байж сайн сайхныг авчрах юм хэмээн бичсээр суугаа.ХХ зууны сүүл үеийн суут найрагч Эрээнцавын Д.Нямсүрэн “Аясын салхи” хэмээх шүлэгтээ:

Хожид өнгөрүүлсэн өдрүүд минь баясгалант зүүдний мөнгөн шувууд бөлгөө

Баруунаас үлээх цасны салхинд бас нэгэн бээр гуниг ирэх ба,

Арваннэгдүгээр хороол­лын цэнхэр байшингууд хаврын зэрэглээнд хөвөлзөж

Алтанлянхувтай бүсгүй гол уруу алхах нь “Хойт шугуй”-н Батцэцэг ээ гэж бичсэн байдаг билээ. Яруу найрагч Жадамбын Батцэцэг.

2015.03.03

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Таван толгойн хувьцааны асуудлаар иргэдээс гарын үсэг цуглууллаа. Яагаад ингэх болсон юм бэ?

-Таван толгойн гэрээг байгуулах ажлын хэсэг ажиллаж байна. Таван толгойн гэрээнд хоёр, гурван үндсэн чухал асуудал орох ёстой. Нэгдүгээрт гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар нэг ч заалт байхгүй.

Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг оруулъя гэсэн бодолтой байна. Хоёрдугаарт орон нутгийн иргэд, байгаль орчны эрх ашгийн хамгааллын асуудал тусгагдах ёстой. Энэ хоёр асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсч, хотын төв талбай болон хүн ам олноор суурьшдаг газруудаар явж хүмүүсийн байр суурийг сонслоо. Таван толгойн гэрээнд оруулах саналыг нь авлаа.

-Иргэд юу гэж байна вэ?

-Тэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийн талаар гэрээнд тусгуулахыг хүсч байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, тэдний эрх ашиг хөндөгдсөнтохиолдолд хамгаалах механизмыг тодорхой болгох хүсэлтэй байна. Санхүүгийн зохицуулах хороо, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ассосиацитай хамтарч энэ арга хэмжээг явууллаа. Одоогоор (баасан гаригийн байдлаар) 7000 гаруй хүн санал асуулгад оролцоод байна. Амралтын хоёр өдөр ч энэ ажил үргэлжилнэ. Ингээд иргэдийн санал хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ.

-Таван толгойн ажлын хэсэг дээр авч хэлэлцэх юм уу?

-Монголын төр иргэдээ сонсох ёстой. Иргэдийн санаа бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг байх ёстой. Иргэдийн эрх ашигтай холбоотой чухал шийдвэр гаргах гэж байгаа учраас тэднийг сонсохоос өөр арга байхгүй. Нөгөө талаас Монгол Улсын Ашигт малтмалын тухай, Компанийн тухай хуулийн дагуу их хэмжээний, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн байр суурийг сонсч, хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр Таван толгой бол Монголын хоёр сая 100 мянган хувьцаа эзэмшигч, 550 үндэсний аж ахуй нэгжийн эрх ашигтай холбоотой асуудал. Тийм учраас иргэдийн байр суурийг сонсох хэрэгтэй.

-1072 хувьцааг саналын эрхгүй гэж М.Энхсайхан сайд хэлээд байгаа…

-Засгийн газрынхан тэгж хэлээд байгаа. Би өөр байр суурьтай байгаа. Хувьцааг саналын эрхтэй, эрхгүйг Засгийн газар тогтоодоггүй. Хоёрдугаарт хувьцаа гэдэг бол өмч. Та бүхний машин, хотонд байгаа хоньтой адил өмч. Өмчийн эрхийг хуулиар хязгаарлаж болно гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Хуулийг УИХ баталдаг, Засгийн газраас гаргадаггүй. Тэгэхээр өмчлөгчийн эрхийг Засгийн газрын тогтоолоор хязгаарлаж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж харж байна. Засгийн газар энэ алдаагаа засч, иргэдээсээ асууж, Таван толгойн гэрээг байгуулахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай холбоотой зүйлүүдийг тусгаж, ул суурьтай хандах ёстой.

Ер нь аливаа асуудал дээр хүн бүрнэг байр суурьтай байх нь ховор. Гэр бүлийн эхнэр, нөхөр ч санал зөрөлддөг. Тийм учраас Таван толгойн гэрээн дээр олон талын байр суурь байх нь мэдээж. Тийм болохоор асуудлыг олон талаас нь ярих ёстой. Гэрээг заалт бүрээр нь ярьж, Монгол Улсын хуульд нийцүүлж гаргах ёстой гэж бодож байна. Олон талаас нь ярьсны хүчинд нэгдсэн байр суурьт хүрч л таарна.

-Тэгвэл хугацаа алдах биш үү?

-Таван толгойн гэрээг гацаая, зогсооё гэсэн бодолтой нэг ч гишүүн УИХ, Засгийн газарт байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин зөв зүйтэй, монголчуудад ашигтай хэлбэрээр, хуулийн хүрээнд явуулъя гэсэн хүмүүс их байгаа гэж итгэж байна.

-Таван толгойн хувьцаа эзэмшигчдийн хурал саяхан болсон. Танд мэдээлэл байгаа юу?

-Надад тодорхой мэдээлэл алга.

-УИХ-ын зөвлөх Таван толгойн гэрээний төсөлд анализ хийснээс харахад “Энержи ресурс” компанид эрх мэдлийг төвлөрүүлэх гэрээ хийхээр зэхжээ гэж ойлгогдохоор байна лээ. Та төсөлтэй бүрэн танилцсан байх. Ямар байр суурьтай байна вэ?

-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Тийм учраас энэ гэрээнд хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлыг тусгуулахыг хүсч байгаа. Гэрээ олон зүйл заалттай учраас гишүүд тэр бүрийг нарийн судлах цаг хугацаа, боломж хомс байна. Тиймээс чаддаг, мэддэг талаасаа харж санал бодлоо нэмэрлэвэл илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ гэрээтэй ерөнхийд нь танилцсан. Байгаль орчин, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн, орон нутгийн эрх ашгийг нэлээд хөндсөн, ҮАБЗ-ийн үзэл баримтлалд харшлах олон зүйл заалт байна лээ. Төмөр зам, газар эзэмших, өмчлөх асуудалтай холбоотой хүлээн зөвшөөрөмгүй заалтууд байна лээ. Тэр тухай нэг бүрчлэн ярина гэвэр сонины цаас хүрэлцэхгүй байх.

-Таван толгойн ажлын хэсэгт орсон гишүүдийг хүмүүс шүүмжлээд байна. Та юу гэж бодож байна вэ?

-Шүүмжлэл муу зүйл биш. Таван толгойн гэрээ хэлцэлтэй холбоотой шүүмжлэл гарах нь зүй ёсных. Таван толгойн гэрээ битгий хэл таван хуудас хууль батлахын тулд гишүүд нухацтай суудаг. Бид ардчилсан парламентын засаглалтай улс учраас гэрээг нухацтай, олон гаргалгаагаар хэлэлцэх ёстой. Ардчиллын нэг давуу тал бол алдаагаа засаад урагшлахад л байдаг. Тэгэхээр АН Засгийн газар тун удахгүй байр сууриа нэгтгээд Таван толгойгоо урагшлуулна гэдэг итгэж байгаа.

-Магадгүйталбай дээр гарч зогсоод иргэдийнсаналыг авч байгаа процессыг таны ээлжит нэг популизм гэж харах хүмүүс байгаа л байх…

-2004 онд Стратегийн орд газруудаас ард түмэндээ хувьцаа олгоё гэж жагсч явсан хүн. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргын ордуудаас ард түмэнд алтан хувьцаа өгөх ёстой гэдэг саналыг гаргаж, иргэний хөдөлгөөнүүдийн манлайд жагсч явлаа. Энэ бодлого 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. АН сонгуульд орохдоо нэг сая төгрөгийн хувьцаа олгоно гэдэг амлалт өгсөн. Энэ нь 2010 онд С.Батболдын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн. Таван толгойгоос иргэдэд хувьцаа олгох нь баялгийн шударга хуваарилалтын эхлэл болсон зөв зйл гэж боддог. Энэ чиглэлийн бодлогыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг болгох ёсгүй. Хувьцаа бол зүгээр цаас биш юм.

Я.МӨНГӨН