Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвадорж: Цонхны ирмэг дээр сууж байгаа хүүхэд хүүтэй минь адилхан харагдаад аврах ёстой гэж бодогдсон

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутагт байдаг 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхон дээр өнгөрсөн баасан гаригт бага насны хүүхэд гараад суучихсан нь тэр хавийнхныг сандаргав. 25 дугаар байрныхан болон тэр хавьд явж байсан хүмүүс цуглаж хүүг аврахаар зарим нь онцгой байдлын газрын болон цагдаад дуудлага өгч, нөгөө хэсэг нь дор нь хөнжил барьж байсан тухай хүмүүс ярьсан. Нэг залуу доод давхрын тагтаар дамжиж байрных нь цонхыг хагалж, хүүг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас энэ тухай “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны тавдугаар давхарт бага насны хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна” гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Аврах ангийн зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход таван давхрын цонхны тавцан дээр Б (дөрвөн настай, эрэгтэй) гарсан байсныг иргэн Л буулгасан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ахлах ахлагчид хүлээлгэн өглөө” гэсэн мэдээллийг ирүүллээ.

Өчигдөр 25 дугаар байранд очиход хэрэг тарих шахсан хүүгийн гэр эзэнгүй байлаа. Хөрш эмэгтэй нь “Сүрхий юм болох шахлаа. Өнгөрсөн баасан гаригт ажлаа тараад иртэл байрны өмнө олон хүн цуглачихсан хашгиралдаад байсан. Дээшээ хартал жаахан хүүхэд цонхны ирмэг дээр суучихсан, уйлж байсан. Тэнд байсан хүмүүс сандарч, хашгиралдаад байхаар хүүхэд айж, улам чанга орилоод болдоггүй. Тэнд байсан залуучууд дор нь хөнжил барьчихаад “Миний хүү хөдөлж болохгүй шүү” гээд л орилоод байлаа. Унавал тосч авах гэж байгаа нь тэр. Хүү хөдөлсөн л бол унах гээд байсан. Тэгтэл азаар нэг залуу дөрөвдүгээр давхрын тагтаар дамжиж, нөгөө айлын цонхыг хагалж ороод хүүг дотроос нь татаж авсан. Сэтгэл цэлмэх шиг л болсон шүү. Тэр хүүхэд цонхныхоо салхивчаар гараад ирмэг дээр нь суучихсан байгаа юм. Дүү нь цонхоор харчихсан зогсч байсан. Аав, ээж нь нэлээд хожуу ирэх шиг болсон” гэлээ.

Дөрөвдүгээр давхрын айлд ороход гэрийн эзэн “Манай дүү ирчихсэн байж таараад тэр хүүг аварсан юм билээ. Манайх эзгүй байсан бол тагтаар дамжиж дээш гарах тун хэцүү байсан. Азаар дүү минь байж таараад хүүг аварсанд баяртай байгаа” гэв.

Ингээд хүүгийн амийг аварсан залуутай ярилцлаа. Түүнийг Б.Лхагвадорж гэдэг. “Тохилог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг юм байна.

-Дөрвөн настай хүүгийн амь аварсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Хүүхэдтэй хүн бүр тэр хүүг аврахын төлөө чадах бүхнээ хийх байсан. Аав хүний хувьд үүргээ л гүйцэтгэсэн гэж бодож байгаа.

-Азаар та тухайн үед доод давхрынх нь айлд байж таарчээ?

-Манай ахынх дөрөвдүгээр давхарт нь амьдардаг юм. Эхнэр хүүхэдтэйгээ ахындаа иртэл дээд давхрын айлд хүүхдүүд уйлалдаад байсан. Гэр бүлийн маргаан гарсан юм болов уу, хүүхдээ яагаад уйлуулаад байгаа юм бол гэж бодоод ахындаа яваад орсон. Гэтэл байрны гадаа хүмүүс шуугилдаад эхлэв. Цонхоороо хартал яг манай цонхны доор олон хүн цуглачихсан, дээшээ хараад орилолдоод байсан. Дээшээ хартал жаахан хүү цонхны ирмэг дээр хөлөө унжуулчихаж. “Намайг авраарай” гэж орилоод байсан нь л санагдаж байна. Би гэдэг хүн нэг мэдэхэд хүүгээ дагуулаад байрны гадаа гарчихсан байсан. Гаднаас нэг харчихаад ахынх руугаа гүйлээ. Тэгэхэд миний хүү “Ааваа хаачих гээд байгаа юм бэ” гэж орилоод үлдсэн. Хүүгээ орхиод гүйчихэж байгаа нь тэр. Ахынд ороод шууд тагтаар дамжиж дээшээ гарсан. Тэгтэл нөгөө айлын тагт нь бас цоожтой.

-Тагтны хаалт нь жижиг нүхтэй юм билээ. Та яаж багтав?

-Ядаж байхад хаалт цонх нь жижиг зайтай. Нэг нүхнийх нь цонхыг хагалаад орсон санагдаж байна. Тухайн үед юу хийгээд байгаагаа мэдэхээ больчихдог юм билээ. Ямар ч байсан тэр айлд хурдан орох ёстой гэдгээ мэдэрч байсан. Гэрт нь ороод салхивчаар хүүг татаж оруулахад хүмүүс алга ташаад байсныг сайн санадаг юм. Кинонд тоглоод байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Хүүг тэврээд тайвшруулахад яг миний хүүгийн үнэр үнэртсэн. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.

-Таныг ороход хэр хугацаа өнгөрсөн бол?

-Хүүг татаж гаргахад 30-аад секунд л болсон байх.

-Тэр хүү яагаад цонхоороо гараад ирмэг дээр суучихсан юм бол?

-Аавыгаа ирэхгүй болохоор айгаад цонхоор үсрэх гэж байсан гэж ярьсан. Хүүхдийн л бодол шүү дээ. Цонхоор үсэрвэл айхавтар юм болно гэдгийг мэдэхгүй байгаа хэрэг. Хүүхдүүдээ харгалзах хүнгүй битгий үлдээж байгаач гэж гуймаар байна. Аргагүйдээд гарлаа гэхэд цонхоо сайн бэхэлж баймаар байна. Гай гэдэг хэлж ирэх биш. Хоромхон зуурын л асуудал шүү дээ.

-Хүүгийн аав ээж нь хэзээ ирсэн бэ?

-Аав ээж нь гарахдаа хаалгаа гаднаас нь түгжчихсэн учраас бид гарч чадаагүй. 20-иод минутын дараа аав нь орж ирсэн. Сандарчихсан явна лээ. “Баярлалаа хөгшөөн” гээд гар барьсан. Хүнээс юм авах гэж гарахдаа хоёр хүүдээ хүүхэлдэйн кино тавьж өгчихөөд явсан гэсэн.

-Айхавтар юм болох гэж байсныг аав нь мэдсэн болов уу?

-Гадна байсан хүмүүс хороо, хэсэг рүү нь бас ярьж хэлсэн юм билээ. Цагдаа, хороогоор дамжиж байж ээжтэй нь холбогдож чадсан гэсэн. Тэгээд аав нь сандарч ирсэн нь тэр.

-Онцгойгийнхон хэр удаж ирсэн бэ?

-Намайг орсны дараа цагдаа нар ирсэн гэсэн. Төд удалгүй онцгойгийнхон ирсэн байна лээ.

-Хүүгийн аав, ээжтэй дахин холбогдсон уу?

-Үгүй. Аавыг нь ирэхээр л гараад явсан шүү дээ. Гараад иртэл хүү минь ээжтэйгээ уйлчихсан зогсч байсан. Хүү минь таван настай. Тэр хүү яг л миний үртэй адилхан харагдсан. Хэрвээ тухайн үед би алхам хийж чадаагүй бол хүүгийнхээ өмнө ямар их гэмших байсан бол гэж бодогдоод байгаа. Би бас “Тохилог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллахын хажуугаар “Универсаль систем” компанид холбоо дохиоллын инженер хийдэг. Камер суурилуулахаар хэд, хэдэн удаа өндөрт гарч байсан туршлага минь их хэрэг боллоо.

Б.Цэцэгдэлгэр

Гэрэл зургийг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Хайрын хүч

Цас хаялсан өвлийн үдэш тэр хоёрын хайрын түүх эхэлжээ. Бүсгүй өөрийн гэсэн орлоготой болохын зэрэгцээ бизнес хийж үзэх залуу хүний эрч хүч дүүрэн тэмүүллээр нэгэн жижигхэн кафе ажиллуулаад удаагүй байв. Охин өнөөх кафег түрээсээр ажлуулж байгаа болохоор олон хүн зэрэг цалинжуулж чаддаггүй, тиймээс ганцаараа л зүтгэнэ. Аягаа угаагаад, орж ирсэн хүмүүсийг угтаж аваад, захиалгыг нь хүргэж өгөн завсар чөлөөгүй гүйж байсан жирийн л нэг өдөр ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Шинэхэн цасны жаварт бээрсэн залуу аяга халуун кофе уухаар кафед ортол зүүн хацар дээрээ содон мэнгэтэй, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан охин үйлчилж байх нь тэр. Цаанаа л нэг сэтгэлд дотно санагдах охиныг хараад суугаад л байж. Залуугийн ширээг тойрч гүйгээд байхаар нь “Халуун кофе уух гэж орж ирсэн юм” гээд аяархан хэлчихэв. Тэгсэн охин инээд алдан гүйж ирснээр залуу хос анх удаа харц тулгарчээ. Б.Тамир, С.Болормаа хоёрын танилцсан түүхийн эхний хуудас нэг иймэрхүү. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй байсан залуу хайртай бүсгүйгээ харж сэтгэл алдарсан цагаас хойш тэдний ажлаас салсангүй. Өглөө гэрээсээ гарахдаа түүндээ яаж сайхан харагдах вэ гээд аль ганган хувцсаа өмсөж гарна. Өдөр цайны цагаар ажлынхаа хамт олныг дагуулан очиж өдрийнхөө хоолыг иднэ. Байнгын үйлчлүүлэгч болсон хойноо С.Болормааг эргүүлж талтай гэдгээ илэрхийлсэн хойноо залуу орой ажлаа тараад кафед очдог болов. Зөөгч, бармен хийж ажилд нь тусалж байгаад оройд гэрт нь хүргэж өгнө. Сэтгэл гэгэлзүүлсэн хаврын орой ажлыг нь тарахыг хүлээж байгаад хотын төвөөр алхаж байхдаа үерхэх санал тавьж хосууд болцгоожээ. Нинжин сэтгэлтэй, тусч, үзэсгэлэнтэй түүнтэйгээ үерхэхийг гуйж байхдаа л сэтгэл дотроо “Чамайгаа насан туршдаа үүрд хайрлана” гэж шивнэж байсан гэдэг. Болороо ч ажилсаг, нөхөрсөг Тамирынхаа гуйлтыг баярлан догдолж хүлээж авчээ.

Б.Тамир хэвлэл мэдээллийн салбарын хүн. “ETV”, “Боловсрол” зэрэг телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Мэдээний албаны сэтгүүлчээс гараагаа эхэлсэн тэрээр өдгөө “6500 mile” нэртэй нэвтрүүлгийг АНУ-аас бэлтгэн үзэгч олондоо хүргэж байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй болохоор гэргийтэйгээ нийлээд “Хоёулаа өөрсдийн гэсэн телевизтэй болно” гэж ирээд л мөрөөднө. Мөрөөдлөө бүр биелчихсэн юм шиг хоорондоо ярилцана. Мэдээний хөтлөгч хэн байх вэ, программын албаны даргад хэн тохирох вэ гээд ярилцаж суух нь тэдний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Бас ээж шигээ хөөрхөн охинтой, аав шигээ халамжтай хүүтэй болох тухай ярилцаж байсан нь саяхан. Чемодантай хувцастайгаа айлын хажуу өрөө түрээслэн аз жаргалтай амьдарч байхдаа орой бүр мөрөөдлөө баяжуулан төлөвлөдөг байв. Удалгүй хосууд ажилдаа шамдан цалингаа нэмүүлээд өөрсдийн гэсэн унаатай боллоо. Өмнө нь цалин буусны дараахь хэд хоног таксидаж үлдсэн өдрүүдэд хөтлөлцөн алхдаг байсан тухайгаа тэд мартсангүй. Хааяа ажлаа тараад харих замд нь хүүхдээ тэвэрсэн юмуу, өндөр настай хүн гар өргөөд зогсож байвал очих ёстой газар руу нь дөхүүлээд өгнө. Мөнгө төгрөг гэж авахгүй бусдад бага ч болтугай тусалсандаа баярлаад буцдаг байв. Харин өөрсдийн гэсэн машинтай болчихоод “Өмчтэй боллоо” гэлцэн хүүхэд шиг баярлаж байжээ.

Нэгэнт хоёр биенээ олсон хосууд аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт олноо баярлуулан гэрлэлтээ батлуулан Б.Тамирынх гэж айлын өрхийг татсан нь 2013 оны зургадугаар сар. Хуримын ордонд гэрлэлтээ батлуулаад, талбай дээр очиж зургаа авахуулаад, Ганданд очиж ирээдүйгээ даатган сүслэн залбирсан тэр өдөр аз жаргалаар бялхаж байлаа. Бас хүндтэй зочдоо ресторанд урин найрлаж дуусчихаад “Одоо хаачих вэ” гэж өөдөө өөдөөсөө ширтэлцэн инээмсэглэж зогсож байсан үеэ Б.Тамир нандигнан хайрладаг. Тухайн үед өөрсдийн гэсэн гэр оронгүй байсан болохоор тэгж тээнэгэлзсэн хэрэг. Харин хурим хийснийхээ дараахан найман хувийн зээлд хамрагдаж хоёр өрөө байр худалдан авчээ. Бал сараа Америкт очиж тэмдэглэсэн дурлалт хос эх орондоо ирээд удаагүй байв. С.Болормаа уул уурхайн компанийн нарийн бичгээр ажиллана. Ажил ихтэй, заримдаа уртасгасан цагаар ажиллан өөрийгөө дайчилдаг байжээ. “Ажил ихтэй болохоор намайг тоохгүй юм” гэж хүүхэд адил хошуугаа цорвойлгон эрхлэх нөхөр рүүгээ яарах тэр нэгэн өдөр баруун хөл нь гэнэтхэн өвдсөн гэнэ. Ажил ихтэй байсан болохоор л ингэж өвдөж байгаа юм байх даа гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл нэг л биш ээ. Аль сайн гэсэн эмнэлэг болгонд очиж үзүүлэв. Онош нь тодрохгүй л байлаа. Эмч нар өвчин намдаах тариа хийж өгөхөөс өөрөөр тусалж чадсангүй. Гэвч баруун хөл нь тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлжээ. Бүр өөрийн мэдэлгүй болж суга таягтай эмчилгээ хийлгэн явдаг боллоо. Эмч нар тийм өвчин байна, ингэвэл эдгэнэ гээд оношилж чадсангүй. Ямар ч байсан ясандаа л өвчин нь байна гэдгийг мэдээд Хавдар судлалын үндэсний төвийн Өвчин хөнгөвчлөх төвд яс хамгаалах тариа хийлгэж эхлэв. Эмч нар “Монголд оношлох боломжгүй байна. Эртхэн өндөр хөгжилтэй улсын эмнэлэг бараад” гэж зөвлөжээ. Ингээд Б.Тамир АНУ-д очиж эмч нартай уулзаад гэргийгээ нэн ховорт тооцогддог ясны хорт хавдартай болохыг мэдсэн байна. Хайр дурлалдаа умбан аз жаргалаар бялхаж байсан хосууд өдгөө АНУ-ын Лас Вегас хотод байгаа. Эмч нар С.Болормааг анх үзээд “Хэрэв одоо мэс засалд орвол суумгай болно. Тиймээс химийн эмчилгээнд оруулах нь зүйтэй” гэжээ. Хосууд химийн эмчилгээ хийлгэн аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэсэн итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч зургаан сарын турш таван удаагийн курс эмчилгээнд ороод нааштай үр дүнд хүрээгүй л байна. Нэгэнт химийн эмчилгээ өвчнийг дийлэхгүй байгаа болохоор мэс засал хийлгэхээр болжээ. Төлбөр нь хэдэн ам.доллар болохыг урьдчилж хэлж мэдэхгүй гэсэн. Яагаад гэхээр ийм төрлийн хорт хавдар тун ховор болохоор мэс засал тогтмол хийдэггүй юм байна. Тэгэхээр төдөн ам.доллар болно гэсэн ханш байхгүй ажээ. Эмч нарын урьдчилан таамаглаж буйгаар хавдрыг аарцагны ястай хамт тайрч авахад 40-50 мянган ам.доллар болно гэнэ. Бас нэг боломж байгаа нь ясыг тайрч аваад металлаар орлуулбал хоёр хөл дээрээ зогсох боломжтой. Ийм төрлийн мэс засалд ойролцоогоор 80-100 мянган ам.доллар хэрэгтэй ажээ.

Одоогоор бүх химийн эмчилгээг зогсоож зөвхөн өвчин намдаах тариа хэрэглэж байгаа юм байна. Хавдар маш хурдацтай томрохын зэрэгцээ уушги руу нь үсэрхийлчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр эмч нар яаралтай мэс засалд орохыг зөвлөж байгаа ажээ. Харин уушгинд үсэрхийлснийг химийн эмчилгээгээр тогтоох боломжтой гэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл холын Америкт эмчлүүлэх зардлыг ар гэрийнхэн нь чадах чинээгээрээ бүрдүүлж байгаа. Бас хосууд гал голомтоо бадраасан хоёр өрөө орон сууцаа барьцаалан зээл аваад явжээ. Одоо харин мэс заслын төлбөр дээр тун аргагүйдэж байгаа юм байна. Тиймээс С.Болормаа, Б.Тамир нарын найзууд нийлэн хандивын тоглолт зохион байгуулж залуу хосод сэтгэлийн дэм өгөхөөр болсон. Тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа С.Болормаагийн ангийнхантай уулзахад “Яаж ийж байгаад хэдэн төгрөг цуглуулаад туслах юмсан гээд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна” гэж байлаа. С.Болормаа 2009 онд “Зохиомж” дээд сургуулийн Гаалийн удирдлагын 505.1 ангийг төгсчээ. Оюутан байхаасаа л бусдадаа тус болохыг хичээдэг байсан болохоор хүнд өвчтэй үед ангийнхан нь зүгээр өнгөрөхийг тэвчээгүй гэсэн. Тиймээс хамтлаг, дуучдыг нэгтгэн “Хайрын хүч” нэртэй хандивын тоглолт зохион байгуулж буй ажээ. Тоглолт энэ сарын 20-ны өдөр “UB Palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас болно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Уг тоглолтыг үзсэнээр хүнд өвчнөөр шаналж байгаа С.Болормаад бүсгүйд туслах юм. Бас ХААН банкин дахь түүний 5116016163 дансанд хандив өргөж болох юм байна. Тэрээр энэ сарын 22-нд мэс засалд орохоор төлөвлөжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн “Чанарын тэмдэг”-ийн эзэн “Тэнүүн-Огоо”

“Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон улсын өндөр жишигт хүргэн стандартын тэргүүлэгч байхад оршино”. Энэ бол том оврын автобусны үйл ажиллагаа эрхлэгч “Тэнүүн-Огоо” компанийн тэр­гүүн зорилго юм. Тиймдээ ч тус компанийн нийтийн тээв­рийн шинэчлэлийн төлөө гэсэн сэтгэл, хийж бүтээж буй үйлс арвин.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” брэнд буландаа ний­гэмд нэр хүнд, ажил үйл­сээрээ манлайлагчид, үлгэр жишээ хамт олон, эрдэм бо­ловс­ролтой элит эрх­мүү­дийг сонгож, оролцуулдаг уламжлалтай. Энэ удаад бид Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиол­дуулаад салбартаа чанарыг эрхэмлэгч, баялаг бүтээгчийнд өнжихөөр шийдлээ.Тэр хамт олон бол нийслэлчүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүл­дэг “Тэнүүн-Огоо” ком­­па­ни. Хэн бүхэнд том оврын ав­то­бусны талаар таатай ойлголт төрдөггүй. Ааш муутай мөнгө хураагч, тос маслодоо хутгалдсан жо­лооч, энд тэндгүй хөглөрөх эмх замбараагүй байдал гэх­чилэнгээр нийтийн тээврийнх­нийг төсөөл­дөг. Тэгвэл “Тэнүүн-Огоо” ком­панид өнгө­рүүлсэн нэг өдөр энэ бодлоо таягдан хаясан гэдгийг юун түрүүнд тодотгомоор байна.

NBA ШИГ СУПЕР СПОРТ ЗААЛТАЙ 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТГӨӨР БАЙГУУЛСАН БААЗ

А.Ганхуяг захиралтай “Тэнүүн-Огоо” компани нийтийн тээврийн салбарын өнгө төрхийг өөрчилж, хийж, бүтээе гэсэн тэмүүлэлтэй ес дэх жилдээ зүтгэж байна. Энэхүү богино хугацаанд эднийх өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварын төвтэй гурван ч автобус бааз байгуулжээ.Төв бааз нь Гурвалжингийн гүүрний орчимд байрладаг. Автобусны салбар паркаа Дамбадаржаа, Улаанхуаранд өргөтгөжээ. Өнгөрсөн жил эхэлсэн Улаанхуаран дахь III баазын бүтээн байгуулалтын ажил саяхан дууссан байна. Одоо гаднах ногоон байгууламж, зам тавих ажил нь хийгдэж байгаа юм. Ирэх сард албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа уг баазад дэлхийн стандартыг нэвтрүүлжээ. Нийтдээ 11 тэрбум төгрөгөөр нүсэр бүтээн байгуулалт хийснээрээ нийтийн тээврийн салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгосон хувьсал хийж чадсан байна. Улс орны эдийн засаг хэцүүдээд байгаа өнөө үед хэн ч ингэж зориглож чадахгүй байгаа. Тэгвэл “Тэнүүн-Огоо” компани хямралыг сөрж, их хэмжээний хөрөнгө мөнгийг нийтийн тээвэрт зарцуулж буй нь энэ салбараа дэлхийн жишигт хүргэх гэсэн том хүсэл зорилгынх нь нэг ажээ. Шинээр баригдсан энэхүү III баазыг “Тулга-Огоо” гэж нэрлэсэн байна. Тэнд очсон хэн ч гэсэн автобусны бааз гэж хэлэхээргүй. Будаг нь ханхалсан цэвэр цэмцгэр уг бааз хоёр давхар оффис, дулаан гарааш, спорт заал, ажилчдын амралтын байртай.

Өндөр хөгжилтэй орнуудын автобус баазны стандарт л яг ийм байдаг байх. Нийтдээ 130 том оврын автобусны багтаамжтай цэлгэр дулаан гарааш тэнд бий. Мөн ажилчдын автомашины зогсоолыг оффисын байрныхаа хонгилд байгуулжээ. Энэ баазын бас нэг обьект нь Ашиглалтын албаны байр. Тэнд эмч, шалгах механик, касс нар байрлахаас гадна ажилчдын амралтын өрөөнүүдтэй. Амралтын өрөөнүүдэд эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа байрлачихна. Дотроо ор, хөнжил, душ, ариун цэврийн өрөө, гал тогоо гээд яг л айл шиг. Орой буусан жолооч, мөнгө хураагч нар бусдынхаа оронд зайлшгүй өглөө эрт ээлжлэхээр болбол тэнд байрлаж амарна. Хамгийн гол нь автобусууд шугамандаа тасалдахгүй зорчиж, иргэдэд саадгүй үйлчилдэг байх олон улсын жишиг ийм л байдаг аж. “Тэнүүн-Огоо” компанийн хувьд үнэхээр үйлчлүүлэгчээ гэсэн сэтгэл ажилчдаа ая тухтай, таатай байх тэр боломж бололцоог бүрэн хангажээ. Нөгөө талаар нийтийн тээврийнхэн гэхээр тос масло, шороо тоосондоо хутгалдаад явдагхэмээн ад үзэгддэг цаг ард хоцорч байна.

“Тэнүүн-Огоо” компанийн байгуулсан спорт заал бол хамгийн супер. Ингэж тодотгохын учир нь Монголдоо ганц нь. Өнөөдөр манай спортынхон ч ийм заалтай болж чадаагүй. Тэгвэл нийтийн тээвэрт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн компани өөрийнхөө хөрөнгөөр ажилчдадаа зориулан спорт заал байгуулсныгхарсан хэн ч гэсэн бахархмаар. Нийтдээ 700 хүний суудалтай энэ заалны шал, шийт гээд тоног төхөөрөмжүүдийг АНУ-аас захиалж авчруулж байгаа гэсэн. NBA-тай эн зэрэгцэнэ. Зөөлөвчтэй шал, цахилгаан шийт, үзэгчдийн суудал зэрэг цөм дэлхийн стандарт.Спорт зааланд хүмүүс байнгын гүйж, харайж байдаг болохоор бөөр өвдөхөөс авахуулаад унаж, бэртэх аюултай. Тэгвэл зөөлөвчтэй, зориулалтын шал ийм эрсдлээс сэргийлж чадна. Энэ бүгдийг А.Ганхуяг захирал бүрэн тооцоолж, 300 сая төгрөгийг зөвхөн заалны шал худалдан авахад зарцуулжээ. Заалны зохион байгуулатын хувьд гурван давхар суудалтай, тамирчдын тоглолтыг өндрөөс харах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн тэнд тамирчдын ам­ралтын өрөөнүүдтэй. Тэм­цээн уралдааны шүүгчид, зохион байгуулагчдад зориулсан VIP өрөөнүүд ч бий. Спорт зааланд цугларсан олны хөлс эвгүй үнэр ялгаруулдаг. “Тулга-Огоо” баазын энэ заал бүрэн агааржуулалтын системтэй болохоор үүнд санаа зовох зүйлгүй аж. Түүнчлэн дуу чимээ тусгаарлагчтай, цуурайтна гэсэн ойлголт байхгүй. Цэлгэр том заалны хажууд тамирчдын хувцас солих өрөөтэй. Энэ нь гадаадын кинонд гардаг шиг эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа бөгөөд хувцасны шүүгээнүүдтэй.

Тамирчдын хувцас сольдог өрөө тус бүрдээ шүршүүртэй. Бас спорт заал нь дэргэдээ теннис, бялдаржуулах танхимтай. Спорт заалыг ингэж жинхэнэ утгаар нь байгуулсан явдал бол “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуяг спортод хорхойтой нэгэн болох нь эндээс тод харагдаж байв. Тэрбээр “Манай авто тээврийн салбарынхан 90 жилийн хугацаанд анх удаа ийм спорт заалтай болж байна. Одоо энд уралдаан, тэмцээнүүдээ зохион байгуулна. Мөн ажилчид маань ч чөлөөт цагаараа зааландаа хөлсөө гаргаж, бэлтгэл сургуулилтаа хийнэ” гэж их л сэтгэл хангалуун өгүүлж байлаа. “Тулга-Огоо” баазын оффист захиргааны ажилтнууд байрлана. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон гал тогоо нэгдүгээрт давхарт нь байгуулжээ. Компани ажилчдынхаа өдрийн хоёр хоолыг хариуцдаг юм билээ.

ДЭЛХИЙН “ЧАНАРЫН ТЭМДЭГ”-ИЙН ЭЗЭН “ТЭНҮҮН-ОГОО”

Шинэ бааз дахь захирлын өрөөг сонирхлоо. Хананд байрлуулсан дэлгэцүүд дээр бусад баазуудын үйл ажллагааг хянахын зэрэгцээ онлайнаар хурал зөвлөгөөнөө хийчихдэг юм байна. Өнгөрсөн жил хотын дарга ам гараад байсан өнөөх GPS төхөөрөмжийг нийтийн тээврийнхэнд суурилуулчихвал дээрх дэлгэцээр шугаманд явж байгаа автобусуудыг ч хянах бүрэн боломжтой ажээ. А.Ганхуяг захирлын цуглуулга нүдэнд туслаа. Түүнд бүх төрлийн автобусны загварууд байна лээ. Тэрбээр гадаадад орнуудаар туршлага судалж явахдаа эдгээр жижиг автобусуудыг үйлдвэрээс нь худалдаж авдаг гэсэн. Нэг нь л гэхэд 450 ам.долларын үнэтэй. Өөрөө ч үүнийг цуглуулах хоббитой бололтой юм. Мөн түүний номын санд голдуу түүх, спорттой холбоотой ном харагдав. А.Ганхуяг захирал нийтийн тээврийн салбарт 20 гаруй жил зүтгэж яваа Монгол Улсын зөвлөх инженер. Хуучнаар ЗХУ-д суралцаж, энэхүү мэргэжлийг эзэмшжээ. Түүнтэй ярилцаж байхад нийтийн тээврийн салбар хөгждөггүйн гол шалтгаан зайлшгүй бодлого, бас дахин бодлого үгүйлэгдэж байгааг онцолж байв. Манай хувийн хэвшлийнхэн хичнээн зүтгээд ч төрийн зүгээс бодлого дутагдаж байна. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврийн салбар нь хэрхэн системтэй болсон түүх, туршлагыг сонсоод байх нь ээ, манай төр хийж ядаад байх юмгүй санагдлаа. Дэлхийн улс орнууд, тэр дундаа нийтийн тээвэр нь манайх шиг замбараагүй зураглалтай байсан Солонгос улс богино хугацаанд энэ зовлонгоосоо ангижирч чадсан нь хотын удирдлагуудын зөв бодлого зохион байгуулалт нөлөөлжээ. Ннийслэл хотын маань шүдний өвчин болсон нийтийн тээврээ хөгжүүлэх гарц суваг олон байгааг энэ салбарын мэргэжилтнүүд түвэггүйхэн шийдчихэж дөнгөнө. Гэтэл төр хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцоод л байвал асуудал хүнд хэвээрээ байж, улам дордохыг ч үгүйсгэхгүй.

“Тэнүүн-Огоо” компанийн хувьд бас ч гэж салбартаа хайртай, мэргэжлийн хүн удирддаг болохоор бусдаасаа ялгардаг. Автобусны компаниуд өнөөдрийнхөө орлогоор эднийх шиг бүтээн байгуулалт байгуулна гэвэл үлгэр. Алдагдлаа нөхөж ч чадахгүй шахам, өдөр хоногийг залгуулдаг тэд мөрөөдөөд ч биелэхгүй. Харин “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг бусад салбарт бизнес эрхэлдэг бөгөөд тэндээсээ орж ирсэн орлогыг нийтийн тээвэртээ зориулчихдаг нэгэн. Ямар сайндаа эдийн засаг хямарчихаад байхад бүхэл бүтэн автобус бааз байгуулсныг нь найз нөхөд, ойрын хүрээнийхэн нь шүүмжилж, түүнийг мулгуугаар нь дуудаж байхав дээ. Салбартаа гэгээ татуулсан А.Ганхуягийн энэ хөдөлмөрийг дэлхий дахин өндрөөр үнэлжээ. Албан өрөөнд нь олон, олон шагналын цом, дурсгал байснаас нэгэн өвөрмөц хийцтэй өргөмжлөл анхаарал татлаа. Энэ бол дэлхийн “Чанарын тэмдэг” аж. Женевээс жил бүр дэлхийн улс орнуудын шилдэг бизнес эрхлэгчдийг зарладаг уламжлалтай. Анхныхыг нь Монгол Улс өнөө жил хүртсэн бөгөөд “Тэнүүн-Огоо” компани болзол бүрэн хангаж чаджээ. Тэрхүү чанар стандартын баталгаа болсон шагналыг тодруулахдаа зохион байгуулагчид нь улс орон очиж бодит байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Тэд манай улсад ирээд олон компанид очиж, өөрсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу болзол хангаж байгаа эсэхийг нягталжээ. Тэр дундаас “Тэнүүн-Огоо” компанийг сонгож, салбартаа хийж бүтээсэн ажлуудаар нь үнэхээр их бахархсан байна. Зах зээлгүй, ядуу буурай оронд нийтийн тээвэр нь ямар ч бодлогогүй энэ салбарт хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгө хүчээр мундаг бүтээн байгуулалт босгосныг нь сайшаажээ. Бас ажилчдынхаа төлөө тус компанийн хийсэн бүхнийг нь үнэлж, дэлхийн “Чанарын эзэн”-ээр өргөмжилсөн байна. Бөмбөрцөгийн 55 улсын 100 аж ахуй нэгжид энэ шагналыг гардуулснаас Азиас Монгол, Хонгконг, Сингапур тодорсон байна. Ер нь “Тэнүүн-Огоо” компани байнга л ТОП-150 аж ахуй шалгардаг бөгөөд жил бүр байраа ахиулсаар ирсэн нь хамт олны хичээл зүтгэлийн үнэлгээ юм.

ЗАЛЬЖИН “ТУУЛАЙ”-НУУД

“Тэнүүн-Огоо” компани 800 гаруй ажилтантай өнөр бүл. Шинээр гуравдугаар баазаа байгуулж, үүнээс 300 хүний ажлын байр шинээр бий болгожээ. Автобусны компанийн ажил хэрхэн явагддагийг сурвалжлахаар Улаанхуаран дахь “Тулга-Огоо” баазад баасан гаригийн 05.40 цагт очлоо. Аль хэдийнэ ажилчид цуглачихсан бужигнаж байв. “Тэнүүн-Огоо” гэж бичсэн логотой хувцас дарга, цэрэггүй нэгэн жигд өмсдөг юм байна. Ерөнхий захирал А.Ганхуяг биднийг угтан авав. 130 автобусны багтаамжтай энэ баазад одоогоор 60 автобус байгаа аж. Дотно, гаднагүй угааж цэвэрлэсэн тэдгээр автобусууд ажилдаа гарахад бэлэн болцгоожээ. Үүнийг өөрсдийнх нь хэлж заншсанаар өглөөний гаралт гэж нэрлэдэг байна. Тэднийг ажилдаа гарах эсэхийг Шалгах механик шийддэг аж. Цагдаа, мэргэжлийн хяналт л гэсэн үг. Тэр өдрийн Шалгах механик Д.Мөнгөндалай өглөөний гаралтын автобусуудыг “байцаана”. Согтолтын хэмжээ тодорхойлдог багаж руу жолооч нарыг үлээлгэв. Жолооч нараас ямар ч зөрчил илрээгүй юм. Хэрэв асуудалтай байвал тэр өдөр шугамд гарахыг шууд л хориглоно. Мөн Шалгах механик автобусны гэрэл дохио бүрэн бүтэн, тоормос ямар байгааг шалгаж үйлчилгээнд гаргах зөвшөөрөл өгөх эсэхээ шийднэ.

Эхэнд нь М:1 буюу “Улаан­­хуа­­ран-III, IV хороо­лол” чиглэлийн автобус ажилдаа гарлаа. Дараагаар нь Т.Амарбат жолоочтой “Шархад-Зунжин” чиглэлийн автобус Шалгах механикийн “шалгалт”-ыг амжилттай даваад хөдөллөө. Д.Мөнгөндалай механик тун ч гярхай ажиглаж, урт жагсаалт бүхий хуудсаа бөглөж дууссаны дараа автобусуудаа үйлчилгээнд гаргаж байв. Гуравдугаар баазаас хөдөлсөн автобусууд “Ургах наран” хорооллоос эхлээд хотын төвийг чиглэнэ. Эхний автобус 06.00 цаг гэхэд шугамандаа гарахад нь манай сурвалжлах баг хамт суугаад хөдөллөө. Ургах наран хороолол орох замд хотын хөдөлгөөн сийрэг байв. Хотын зүүн зүгийг чиглэн явахад автобусны буудлууд хүнгүй шахам байлаа. Ингээд Ургах наран хорооллын эцсийн зогсоол дээр ирэхэд зорчигчид хүлээж байв. Голдуу л оюутан, сурагчид сууцгаана. Буудал болгоноос зорчигчид нэмэгдсээр дүүрэн хүнтэй автобус Офицеруудын ордон руу орж ирэв. Тэндээс зарим нь бууж овоо шингэрлээ гэж бодож байтал ялгаагүй зөрөөд тэр хэмжээний хүн суув. “Цүнх саваа хямгадаарай” гэж кондуктор зорчигчдыг хулгайчаас сэрэмжлүүлнэ. Автобусанд нэг дор олон хүн ороод ирэнгүүт мань мэт бол тэдний хэн нь мөнгөө төлж, хэн нь өгөөгүйг ялгаж чадахгүй. Харин кондукторууд нэг гүйлгэж хараад л зорчигчдоо нүдэлчихдэг гэнэ. Тухайлбал, энд нэг хүнд билет тасалж байх зуураа тэр, тэрнээс мөнгөө аваагүй байгаа гээд содон зүйлээр нь тогтоочихдог байна. Энэ янзаараа “Туулай”-чдыг бол гаргаахгүй. Офицеруудаас хөдлөөд явж байтал кондуктор эгч уурлаад явчихав. “Ямар ч орлогогүй сурагчид 200 төгрөг төлөөд зорчиж байхад та нар улсаас 70 мянган төгрөг авдаг байж 500-хан төгрөг төлөөд явчихаж чадахгүй байна уу” гээд л бухимдлаа. Хуурамч виза картаар үйлчлүүлэх гэж оролдсон оюутныг ёстой нэг зад загнаж байна аа. Өнөөх оюутан их зальжин арга хэрэглэжээ. Оюутны виза картныхаа ард сурагчийн үнэмлэх бариад скочдсон байв. Кондукторт оюутны визагаа харуулчихаад далд хийх гэтэл гярхай билет таслагч скочны наалтыганзаарчээ. Ингээд шалгаад үзтэл тэр зорчигч залуугийн зурагтай сурагчийн үнэмлэх байх нь тэр. Мань эр хоёуланг нь хуурамчаар үйлджээ.

Ажлын өдрүүдэд оюутны визагаар үнэгүй зорчино. Амралтын өдрүүдэд виза үйлчлэхгүй болохоор 200 төгрөг төлөөд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд явдаг байжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр энэ мэтчилэн хуурамч үнэмлэх ашиглаж байгаад баригдсан хүмүүс зөндөө гэнэ. Ерөнхийдөө 10.00 цаг хүртэл автобусууд дүүрэн хүнтэй зорчих юм. Харин түүнээс хойш 16.30 цаг хүртэл автобус заалан дахь суудлаа дүүрэх үү үгүй юу хүнтэй маршрутаараа зорчсоор өдрийг авдаг бололтой юм. Ажил цуглаж, тарах үеэр л автобус орлоготой байна. Өглөөгүүр ажил албандаа яарсан хүмүүс орж ирэх бол өдөр голдуу хог түүдэг, согтуу хөлчүү нөхдүүд зорчино. Тэд мөнгөө төлөхгүй гэж кондукторуудын уурыг хүргэнэ. “Хог түүдэг хүмүүсийг мөнгөө өг гэж шаардаад ч нэмэргүй. Урдаас хэл амаар доромжлох юу ч биш. Тэгэхээр хурдан буугаасай гээд дуугүйхэн шиг явуулж байдаг” гэж хаширсан кондуктор эгч хэлэв. Тэрбээр “Албатай юм шиг архи уучихаад үнэгүй зорчихоосоо ичихгүй байна уу. Наад архи ууж байх мөнгөө автобусандаа өгч чадахгүй юм бол ядаж талхаа аваад идээсэй” гэж үглэнэ. Энэ мэтчилэн том оврын автобусны жолооч, кондукторын ажил амаргүй юм. Орлого биелүүлэх гэж хотын түгжрэлд цагтай уралдан яалт ч үгүй давхих болно. Дээр нь мөнгөө төлөхгүй хүмүүстэй муудалцсанаас болоод бусдад уураа гаргана.

Өглөө баазын дулаан гараашаас нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийгээд гарсан автобусууд үд дунд гэхэд бөмбөгдчихсөн юм шиг новшиндоо дарагдах юм билээ. Автобус эцсийн зогсоолд түр саатах үед кондуктор заалаа шүүрдэж, цэвэрлэнгээ “Манайхан хачин улс шүү. Гэр орондоо хогоо ингэж хаяхгүй дээ” гэж амандаа бувтнаж байв.

ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХУРАЛДДАГ ӨГЛӨӨ БОЛГОНЫ ШУУРХАЙ

“Тэнүүн-Огоо” компанийн удирдлагын түвшний шуурхай өглөө тогтмол 09.00 цагт эхэлдэг байна. Гэхдээ 20 минутын өмнө бүгд цугларна. Тэд 15 минутын турш дасгал хийснийхээ дараа хурлаа эхлүүлдэг тогтсон уламжлалтай юм билээ. Энэ нь нэг талаар байгууллагын соёл, нөгөөтэйгүүр ажилтнууд хөдөлгөөн хийснээр хуралд идэвхтэй оролцох үндэс болдог ажээ. Шуурхай Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Хамгаалалтын албаны дарга Т.Цогтбаатар, Төв инженер Э.Мөнхбат, Засварын төвийн инженер М.Мэнд-Амар, Хоёрдугаар хэсгийн дарга Н.Батбаяр, Гуравдугаар хэсгийн дарга А.Батбаяр, Дөрөвдүгээр хэсгийн дарга М.Анхбаяр, Төв баазын Шалгах механик Э.Билгээ, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй хуралддаг юм байна. Хурлын эхэнд Ерөнхий захирлын туслах Б.Уянга өмнөх хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хариуцсан алба, хэлтсийн дарга нар өдөр тутмынхаа үйл ажиллагааг тайлагналаа. Автобусны гаралт, оройн буулт, ажилласан цаг, ямарваа нэгэн техникийн доголдол, угаалга цэвэрлэгээ, орлого, зарлага гээд бүхий л хүрээнд хуралддаг ажээ. Орлогын хувьд төлөвлөгөөг 50-60 хувьтай биелүүлдэг бололтой юм. “Тэнүүн-Огоо” компанийн өглөөний шуурхай өргөн бүрэлдэхүүнтэй хуралддаг байна. Төв баазынхаа хурлын танхимаас бусад баазтайгаа цахимаар холбогдож видео хурал хийдэг юм билээ. Энэ өдөр Дамбадаржаа дахь баазын Шалгах инженер С.Баяржаргал, Улаанхуаран дахь “Тулга-Огоо” баазын Шалгах механик Д.Мөнгөндалай, Хяналтын ажилтан Т.Цогтсайхан нар мэдээ, тайлангаа танилцуулж байсан. Холбогдох үүрэг даалгаврыг удирдлагууд нь өгч, цаг ямагт анхаарал, болгоомжтой, хянамгай ажиллахыг хариуцсан алба, хэлтсийн дарга нарт сануулж байлаа. Шуурхайгаар ажилд шинээр орж байгаа хүмүүсийг авч хэлэлцэнэ. Жолооч болох хүмүүсийг тогтмол даваа болон лхагва гаригийн шуурхайгаар оруулдаг байна. Харин баасан гаригт Хамгаалалтын албанд ажиллах хүсэлт гаргасан залууг оруулж ирэв. Энэ сарын 1-нд цэргээс халагдсан түүнийг хоёр өдөр дагалдангаар явуулсан гэнэ. Ерөнхий захирал А.Ганхуяг нь “Хамгаалалтын албаны ажил үүрэгтэй бүрэн гүйцэд танилцаж чадсан уу. Ажиллах байдлыг харгалзсан уу” гэж богино хугацаанд дагалдан хийгээд ажилд орж байгаа түүний талаар хамгаалалтын албаны дарга Т.Цогтбаатараас тодруулав. Хариуд нь “Энэ хүн цэргийн албанд байхдаа харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ч цэргээс халагдаад удаагүй, байнгын бэлтгэлтэй байгаа. Тиймээс ажилд авах шаардлага хан­гаж байгаа” гэлээ. Ха­рин Гүйцэтгэх захирал Ж.Эр­дэнэбат шинэ хүндээ ажлын онцлогоо танилцуулж хурдан дадлагажуулах үүрэг өгнө лээ. Ийнхүү “Тэнүүн-Огоо” компанийн хамгаалалтын алба 39 хүнтэй болж бүл нэмэв.

ОЁДЛЫН ЦЕХ, ЭКО УГААЛГА, ИЖ БҮРЭН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨВТЭЙ АВТОБУСНЫ БААЗ

“Тэнүүн-Огоо” компани нийслэлийн найман чиглэлд өдөр тутамдаа тогтмол 167 автобус үйлчилгээнд гаргаж байна. Зарим автобусны компаниуд өөрийн гэсэн баазгүй, бусдын гараашийг түрээслэн амьдарч байхад “Тэнүүн-Огоо” хотын захын гурван бүсэд бүхэл бүтэн иж бүрэн тоноглогдсон баазтай байгаа нь олон давуу талтай аж. Зорчих маршрутын чиглэлийн дагуу бүсчлээд баазууддаа байрладаг аж. Нэг ёсондоо сул гүйлт хийхгүй гэнэ. Ингэснээр нэг автобус 20-30 литр шатахуун хэмнэдэг ажээ. Гурвалжингийн гүүрний урдхан талд байрлах “Тэнүүн-Огоо” төв баазын хашааны гаднах зам талбайгаа өөрсдийн хөрөнгөөр асфальтаж тохижуулжээ. Харамсалтай нь эднийхтэй зэрэгцээд үйл ажиллагаа явуулдаг хүнд даацын тэрэгнүүд зассан замыг нь эвдчихээд байдаг бололтой юм. Шороо татуулаад л өдөрт хэд хэдэн удаа өнгөрөх ажээ. Төв бааздаа ногоон байгууламж хийж эхэлжээ. Улиас мод тарьсан байв. Баазын үүдэнд харуул хамгаалалтын байр бий. Шалган нэвтрэхээр дотор ормогц цагаан хоолойгоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байв. Өглөө ажилчид цуглах 06.00 цагаас эхэлж, 10.30 цаг хүртэл давтамжтайгаар ингэж зааварчилгаа өгдөг байна. Мөн том гэгч нь электрон самбар дээр бүх чиглэл, маршрутыг байрлуулжээ. Жолооч нар орой буухдаа эндээс маргааш өглөөнийхөө хуваарийг хараад хэд дэх гаралт болохоо мэдэж авдаг байна.

Төв баазад эмч, оёдлын цех байдаг. Мөн хяналтын алба, хамгаалалтын алба, засвар үйлчилгээний төв, эко угаалгын газартай, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Гараашийн тухай 120 автобусны багтаамжтай ч 60 автобус энд байрлана. Тус компанийн оёдлын цех гэхэд нийт ажилчдынхаа өвөл зуны бүх хувцсыг оёно. Тэдгээр хувцсаа нэг хүн нэг жил өмсөөд акталдаг аж. Биднийг очиход үйлчин бүсгүйчүүд Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан сагсан бөмбөг болон волейболын тэмцээний хөгжөөн дэмжигчдийн хувцсыг урласан гэнэ. Улаан, цагаан өнгө алагласан энэ өмсгөл Албар спорт хороонд болсон тэмцээний үеэр өвөрмөц бас олны дундаас содон харагдаж байсан. Тус компани “Тэнүүн-Огоо” спорт клубтай. Эдний тамирчид сагс болон волейволоор улсдаа төдийгүй олон улсын тэмцээнд амжилт­тай оролцдог чанга баг. Буянт-Ухаа цогцолборт таван өдрийн турш үргэлжилсэн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Тэнүүн-Огоо” волейболын эрэгтэй баг ширүүн өрсөлдөгчдийн нэг байсан бөгөөд дөрөвдүгээр байрт орсон юм.

“Тэнүүн-Огоо”-гийн Авто­бусны засвар үйлчилгээний төв нь дотроо хэд хэдэн хэсэгтэй. Том оврын авто­бусны засварын төв атлаа шал нь нүүр харагдмаар өнгө­лөг. Учир нь арван жилийн баталгаатай резинэн будгаар буджээ. Гол нь тэрэндээ ч биш, засварын төв нь стандартын дагуу болохоор бохир нь хөглөрөөд байхгүй. Автобус гараашид асаалттай байхаар түлшнийх нь утаа тэнд байхын аргагүй болгодог. Тэгвэл эдний засварын төв дэх автобусны утааг зориулалтын сорогчоор гадагшлуулдаг болохоор орчин нь цэвэр, саруулхан байх бас нэг үндэс нь болдог ажээ. Мөн засварын төв токарь, цахилгаан, механик, мотор гэсэн цехүүдтэй. Бүгдийг эдний инженерүүд гардан хийдэг байна. “Тэнүүн-Огоо” компаниМонгол Улсын хоёр зөвлөх инженертэй. Ерөнхий захирлаас гадна Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат мөн л Монгол Улсын зөвлөх инженер юм билээ. Одоо Монголд явж байгаа эдгээр автобусууд тухайн улсдаа “тэтгэвэрт” гараад манайд ирсэн “өндөр настнууд”. Тус компани дэргэдээ автобусны засвар үйлчилгээний төвтэй болохоор мэргэжлийн инженерүүд нь тээврийн хэрэгслүүддээ тогтмол засвар үйлчилгээг 32-34 хоногт хийдэг байна.Бас өнгө зүсэд нь анхаарч, будаг, шунхаа ч хийчихнэ. Засварын төвийн хоёр давхарт сургалтын танхимтай. Тэндээ шинээр жолооч болохоор ирсэн хүмүүст сургалт явуулдаг байна. Хажуудаа номын сантай. “Тэнүүн-Огоо”-гийн бүх ажилтнууд ном сангаа баяжуулжээ. Тэнд ховор содон 3000 гаруй ном бий гэнэ.

Эдний Эко угаалгын төвийг магтахгүй өнгөрч болохгүй. Зөөлөвчтэй угаалгын сэгсүүргээр хормын төдийд автобусыг өнгө оруулна. Эко угаалгыг нэг удаадаа гурван тн усаар цэнэглэчихсэн байхад бүхэл бүтэн гурван сар тэрийгээ ашигладаг байна. Автобус угаасан усаа цэвэршүүлээд дахин ашигладаг гэсэн үг.

“Тэнүүн-Огоо” компанийн­хан орой үүрийн таван жингээр нэг бужигнадаг бол үдшийн бүрийд хөл хөдөлгөөнтэй байдаг ажээ. Орой автобус шугамнаасаа 22-23 цагийн хооронд бууна. Гарааш руу орохын өмнө эко угаалгаар заавал дамжина.Шалгах механик автобусуудаа хүлээж авна. Халтайсан автобусууд эко угаалгад ороод гарч ирэхдээ нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө орох гэж жигтэйхэн. Харин автобусны дотор талыг кондукторууд нь өөрсдөө цэвэрлэчихдэг юм билээ. Угаалгаас гарч ирсэн автобусууд шатахуунаа авчихаад гарааш руу орно. Ингээд өглөө эрлэн ажилдаа гарахад бэлэн боллоо. Жолооч нар автобусаа гараашид байрлуулж байх зуур кондукторууд орлогоо тушаачихаад гэрийн зүг хөдөлнө. Ажилчдын автобус тэдэндөглөө, оройдоо үйлчилдэг байна.

Тун удахгүй эх үрсийн баяр болно. Ажилчид энэ баярыг хоног тоолон хүлээж байгаагаа сонирхуулж байв. Учир нь энэ өдөр бүх ажилчдын 2000 гаруй хүүхэд хотоос зайдуу гарч баяраа нүсэр тэмдэглэдэг байна. Тэдний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг нижгэр өнгөрүүлдэг ажээ. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанид өнгөрүүлсэн нэг өдөр ийм байлаа. Зангидсан гар шиг хүчтэй, бас эвтэй ийм хамт олныг бүрдүүлэх гол түлхүүр нь байгууллагын өрхийн тэргүүнд байгаа нь анзаарагдсан юм.Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж, дэлхийн стандартад хүргэх гэсэн чин хүсэлтэй тэдний зам нь зөв болохоор дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан амжилтын эзэд бол чаджээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Хэрвээ бид ажиллаж байсан бол тэр хүүхдүүдийг харсаар байгаад үхүүлчихгүй л байсан даа

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ариун-Эрдэнэ: Бид барьсан барилгадаа єєрсдєє амьдардаг учраас єєрийнхєє гэр орныг босгож байгаа сэтгэлээр ханддаг

Монгол улсын эдийн засгийн байдал хүндрээд бүтэн нэг жилийн нүүр үзэж хаа сайгүй л хямралд өртөөд хэцүү байна гэх үг сонсогдох болж. Гэхдээ мэдээж сайн сайхан зүйлс олон байна. Энэхүү эдийн засгийн хүндрэлтэй үедХямралыг хамт туулах ухаалаг алхамхэмээх нэртэй аяныг хэрэгжүүлээд ажиллаж буй Люкс Комфорт ХХКийн гүйцэтгэх захирал, “Люкс ХаусХХКийн төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.АриунЭрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад уншигч олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

Барилгын салбар бусадтай­гаа харьцуулахад харьцангуй өсөлттэй, өрсөлдөөн ихтэй салбар. Танай компани бусдаас юугаар ялгарч байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Тэгье. Манай компани 2005 онд байгуулагдсан. Байгуу­лагдсанаасаа хойш 4 барилгын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Одоо тав дахь бүтээн байгуулалт болох 104 айлын стандарт сайн зэрэглэлийн орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ орон сууц маань одоо сарын дараа ашиглалтанд орно.

Люкс хаус ХХК-ийн ашиглал­танд оруулсан барилгуудад манай захирал, инженер гээд бүх ажилчид маань өөрсдөө амьдардаг. Бидний хувьд ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдэхийн тулд аль нэг хямдхан барилга, орон сууцнаас худалдаж авч өгөхийг урьтал болгодоггүй. Харин чи өөрөө барьсан барилгадаа амьдрах учир “өөрийнхөө гэр орныг босгож байгаа сэтгэлээр барилгадаа хандах хэрэгтэй шүү” гэдэг. Өөрийн амьдрах өргөө гэрийг хэн ч муу хийхийг бодохгүй, тэр ч утгаараа манай хамт олон энэ сэтгэлийн үүднээс ажилдаа хандацгаадаг. Манай гэр бүл ч мөн Lux-5 residence орон сууцанд амьдарна. Энэхүү төслийн ажлыг хоосон газар байхаас нь эхлээд өнөөдрийг хүртэлх бүтээн байгуулалт бүрийг маш сайн мэдэж байгаагийн хувьд өөр барилгаас орон сууцаа сонгох шаардлага бидэнд гардаггүй.

Та барилгын салбарт ажиллаж байгаа хүний хувьд орон сууц худалдаж авахаар хайж байгаа уншигчдад маань зориулаад сонголтоо хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөөч

-Барилгын үнэ цэнийг өсгөдөг 2 үндсэн хүчин зүйлс бий. Барих, ашиглах гэсэн ойлголт. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд та бүхэн хэнд зориулсан барилга вэ? тухайн барилгыг хэрхэн яаж барьсан юм бэ? ямар материал ашигласан юм бэ? ямар шинэ технологи нэвтрүүлсэн юм бэ? дараа нь ашиглалтыг нь хэн хариуцах юм бэ? гээд их олон зүйлсийг харьцуулан судалж байж сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг тухайн барилга барьж байгаа хүмүүсээс ганцхан асуулт асуугаад өөрсдөө барьж байгаа барилгадаа хэр итгэлтэй байгааг нь мэдчихэж болно. “Та болон танай удирдлагууд хаана амьдардаг вэ?” “Энэ барилгад танай хүмүүсээс амьдрах уу?” гээд л асуучих. Хэрэв өөрийнхөө барьсан барилгын чанарт үнэхээрийн итгэлтэй байгаа бол тэр байрандаа л амьдарна шүү дээ. Харин үгүй бол өөрсдөө хүртэл итгэл муутай байгаа байрнаас нь та яагаад сонгох ёстой гэж? тийм биз дээ. Худалдан авагчдын асуудаг чанар, барилгын материал, бүтэц зохион байгуулалт гээд олон асуултад тухайн компанийн борлуулагчид хэдийнэ үгээ бэлдчихсэн байгаа. Байраа зарах гэж байгаа хүн бүх зүйлийг онц сайн л гэж хариулна. Мөн үл хөдлөх хөрөнгө сонгохдоо бид аль болох ирээдүйгээ харах хэрэгтэй. Чиний худалдаж авсан орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалж үлдэх яс чанар сайтай орон сууцыг сонгохын тулд хэд хэдэн хүчин зүйлийг харах хэрэгтэй. Өнөөдөр нийслэлд баригдаж байгаа зарим орон сууцны үнэ анх худалдаж авснаасаа хямдхан зарагдах тохиолдол олон байгаа. Гэтэл орон сууц гэдэг бол тухайн хүний хөрөнгийн баталгаа. Эдийн засгийн суурь болдог.

Таны ярьсан зүйлсийг өөртөө шингээсэн болон мөн шингээгээгүй орон сууцны талаар та уншигчдад хэлж өгөөч.

-Би бусад барилгуудын сайн мууг шинжиж ярих нь тийм ч зохимжтой биш. Адилхан барилгачин хүн. Харин өөрийн компанийн барьж байгаа LUX-5-ын жишээг авч ярья. Түүнээс биш хүний хийсэн зүйлийг би сайн ярьж чадахгүй шүү дээ.

Бид LUX-5 төслийн барилгын ажлыг ноднин өдийг эхэлж байсан. 1 жилийн дуусгахаар төлөвлөж яг л хугацаанд нь ашиглалтанд оруулах гэж байна. LUX-5 барилга бол манай өмнөх төслүүдэд хэрэгжсэн амьдрал дээр баталгаажсан зүйлсийг шингээсэн, өнөө үеийн барилгын хамгийн шилдэг технологиор баригдаж буй барилга гэж хэлж болно. Тухайлбал газар сонголтоос эхлээд архитектур шийдэл, шилдэг технологи, ашиглалт үйлчилгээ гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ бүхнийг дурдаад байгаа нь хэрэглэгчид орон сууц сонгохдоо энэ бүгдийг хардаг байх ёстой учраас тэр юм. Бид компанийнхаа нэрийг сайнаар дуурсгах бүтээн байгуулалтыг хийх ёстой гэж үздэг. Энэ төсөл маань 16 давхар хос барилга бөгөөд доороо 5000 м.кв талбай бүхий гурван давхар худалдаа үйлчилгээний төвөөр хоорондоо холбогдсон. Тус төвийнхөө дээр хүүхдийн тоглоомын талбайг хотын төвийн орон сууцнуудтай харьцуулахад 3 дахин томоор төлөвлөж өгсөн бөгөөд гэрийнхээ домофоноор гадна орчин, автомашины зогсоол, тоглоомын талбай, орцны үүд зэргийг камераараа хянах боломжтой. Мөн -1, -2 давхаруудад автомашины хангалттай дулаан зогсоол, гаднаа 50-60 авто машины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.

Барилгын зүрх судас болсон инженерийн шугам сүлжээ сайн байх нь барилгын үнэ цэнийг илэрхийлэх чухал зүйлсийн нэг. Тэр дундаа өвлийн цагт дулаан хангамж найдвартай байх ёстой. Тэр утгаараа бид энэ удаагийн төсөл дээр шалны халаалтын системийг цогцоор нь шийдсэн. Бидний хувьд шалны халаалтын системийг Lux house-4 төсөл дээрээ ашигласан бөгөөд энэ нь эрчим хүч хэмнэлтийн талаасаа шалгарсан технологи байсан учраас шинэ төсөл дээрээ ч бас ашиглахаар төлөвлөсөн. Нэг жишээ хэлэхэд 8000 м.кв талбайтай барилгыг өвлийн ид хүйтэнд халаахад сарын төлбөр нь 7 сая орчим төгрөг төлөх тооцоо гардаг. Гэтэл Lux house-4 барилга 2 жил дараалан сард 2.5-3 сая төгрөг л төлсөн. Дулааны шугам сүлжээний газраас удаа дараа шалгалт хийж байсан юмдаг. Тоолуур эвдэрсэн байж магадгүй гэсэн боловч яах аргагүй дээрх тооцоо л гарсан. Эндээс харахаар шалны халаалтын систем оршин суугчиддаа ашигтай байгаа юм. Нөгөө талдаа барилга дулаахан байх үндсэн нөхцөл бол тухайн барилгын дулааны алдагдал маш бага байх ёстой.Энэ нь цонхтой шууд холбоотой. Бидний хувьд Германы VEKA брэндийн Сибирийн технологиор хийгддэг, 3 давхар резинтэй, сайн чанарын цонхыг хийсэн. Тус цонхны хувьд дулаан алдалт маш бага байдаг. Өөр нэг чухал асуудал бол зуны улиралд Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК болон ТЭЦ-үүдээс хийгддэг их засварын ажилтай холбоотой хэрэгцээний халуун ус нэлээд хэдэн хоногоор тасардаг. Энэ нь хүмүүст их төвөгтэй байдлыг бий болгодгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл манай барилга дээр хамгийн сүүлийн үеийн ус халаах Heat pump технологи ашиглан халуун устай байх нөхцлийг хангаж байна.

Та төслийнхөө архитектур төлөвлөлтийн талаар бидэнд тодруулаач.

-Бид 4 архитетороос барилгын төлөвлөлтийн зураг гаргуулж авсан. Тэдний дундаас Энхбаатар архитекторын зураг бидний зорилго болоод зарчимтай нийцэж байсан тул түүний гаргасан төлөвлөлтийг хийхээр болсон. Манай хэрэгжүүлж байгаа төслийн эзэмшил талбай 4200 ам метр бөгөөд нийтлэг төлөвлөлтөөр бол энд хамгийн багадаа 300 гаруй айлын орон сууц барих бүрэн боломжтой, бид тэнд амьдрах хүнээ бодолгүй, оршин суугчдынхаа ая тухыг бодолцолгүй орлогоо, ашгаа бодсон бол тийм төлөвлөтийг хийж болох л байсан. Гэхдээ бид 104 айлтай хоёр хос 16 давхар барилга барих нь хамгийн тохиромжтой гэж шийдсэн. Хамгийн түрүүнд дурдах ёстой зүйл бол цонхны нар үзэх цаг. Альч улсад барилгын үнийг тодорхойлдог нэг чухал хүчин зүйл бол цонхны байршил байдаг. Тухайлбал, далай руу харсан цонхтой барилга хамгийн үнэ цэнэтэй байдаг. Манай улсын хувьд наран талдаа цонхтой бол барилгын үнэ цэнийг илэрхийлдэг. Манай төслийн хувьд бүх орон сууцнуудын цонх нь хамгийн багадаа 4 цаг нартай байна. Дараагийн дурдах ёстой зүйлийн нэг бол хүүхдийн тоглоомын талбай ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг жишиг болгох үүднээс ажиллаж байгаа. Мөн борлуулахад хамгийн ашигтай орон сууц бол 40-50 ам метр талбай байдаг. Гэхдээ энэ төлөвлөлтийг хийхээр нөгөө л “Чи өөрөө энэ орон сууцанд амьдрах уу” гэдэг асуултыг өөртөө тавихаар “үгүй” гэдэг хариулт гарч ирээд байсан юм. Олон улсын жишгээр бол гурван ам бүлтэй айлд оногдох дундаж талбай хэдээс эхэлдэг вэ гэдгийг судлаад үзэхээр 75 м2 талбайгаас эхэлдэг юм билээ. Энэ нь нэг хүнд ногдох талбайгаас эхлээд эрүүл ахуй, тав тухтай байх орчинг бүрдүүлэхийн тулд дунджаар 75 м2 талбай байх ёстой гэсэн үг. LUX зэрэглэлийн орон сууцны барилга учраас энэ дундаж хэмжээг сонгосон.

Барилга ашиглалтанд орсны дараа СӨХ гэж чухал асуудал болдог. Сүүлийн үед оршин суугчдыг их бухимдуулдаг асуудал болоод байгаа.

-Яг энэ асуудлыг арилгах үүднээс LUX-5 барилгын ашиглалт, үйлчилгээг манай Люкс Комфорт ХХК хариуцан ажиллах болно. Би худалдан авагч, оршин суугчдад хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Бидний ихэнх нь орон сууцаа сонгоод, байраа захиаллаа, ашиглалтанд орох үед нь тавилгаа тавиад хаалгаа хаагаад манайх гэдэг ойлголттой байдаг. Бид бодох ёстой барилгын гадна зам талбайнаас эхлээд хүүхдийн тоглоомын талбай, орцны үүд, шат, лифт гээд хаалга тань онгойх хүртэл танайх гэдгийг ойлгох хэрэгтэй. Та шинэ байранд ороод 5 жилийн дараа байраа зарах үед танайхыг сонирхоод ирж байгаа хүн байрны тань гадна талаар алхана, орцоор чинь орно, лифтэнд сууна. Барилгын ашиглалт үйлчилгээ гэдэг бол таны байрыг урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байх, таныг аятай тухтай, цэвэр цэмцэр, аюулгүй орчинд амьдрах тэр нөхцлийг бүрдүүлж ажиллахад л гол зорилго нь оршиж байгаа юм. Миний хувьд өөрөө ч энэ байрандаа амьдрах тул болохоор өөрийнхөө ч, таны ч үл хөдлөхийн үнэ цэнийг хадгалахын төлөө тууштай ажиллах болно.

Эдийн засгийн ийм уналттай үед та бүхэн борлуулалт хийж байна. Худалдан авагчдыг дэмжих тал дээр?

-Бидний өмнөх төслүүдийн борлуулалт өнөөдрийнх шиг эдийн засгийн хүнд хэцүү цаг үеүүдэд хийгдэж байсан бөгөөд борлуулалтын хувьд ямар нэг хүндрэл гардаггүй байсан нь орон сууцны төлөвлөлт, чанартай холбоотой. Шинэ төслийн маань борлуулалт өнгөрсөн оны 8 сард эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9 сарын хугацаанд нийт орон сууцны 85%-ийн борлуулалт хийгдсэн байна. Бид энэхүү төслөө ашиглалтанд орох болж байгаатай холбогдуулан “Хямралыг хамт туулах ухаалаг алхам” нэртэй 1 сарын хугацаатай аяныг эхлүүлээд явж байна. Энэхүү аян маань 5 сарыг дуустал хэрэгжих бөгөөд худалдан авагчдын төлөх урьдчилгаа төлбөрөөс хамаарсан олон сонирхолтой урамшууллуудыг санал болгож байгаа. Үнэ төлбөрийн уян хатан нөхцлөөр байраа захиалаад үнийн дүнгээсээ хөнгөлөлт эдлэхээс гадна шинэ байрандаа “Шинэ Сонголт” тавилгын дэлгүүрээс бараа сонгох эрхийн бичиг бэлгэнд авах, зогсоолын үнийн дүнгээс хасуулах гэх мэт олон боломжуудыг олгож байгаа.

Түүнээс гадна манай шинэ төслийг сонгож байр захиалсан нийт захиалагчдынхаа хувь нэмрийг дурдах нь зүйтэй болов уу. Бид энэхүү төслийн борлуулалтын дүнгийн тодорхой хэсгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх сайн үйлсэд хандив болгохоор шийдсэн. Энэхүү төвийн тоног төхөөрөмж нэлээдгүй хуучирч солих яаралтай шаардлага байгаа тул хандив тусламж үзүүлэх санал тавьсаныг нь бид эргэлзэлгүйгээр хүлээн авсан.

Categories
мэдээ цаг-үе

ОРОС ШКОЛТОЙ нэг ангийнхан

Ю.А.Гагарины нэрэмжит 23 дугаар сургуулийн нэг ангийнхан 1977 онд нэгдүгээр ангид элсч, 1987 онд мөнгөн хонхны дуу сонсчээ.

Ангийн дарга Г.Тогтуунаа хар нялхаараа дарга хийсэн нэгэн. Өнөөгийн хүүхдүүд бол “Хэн ангийн дарга болох вэ” гэхээр “Би, би”гэцгээдэг бол Г.Тогтуунааг “Ангийн дарга бол” гэжбагш нь хэлэхэд “Болохгүй” гээд уйлж байжээ.М.Баярмаа, Д.Жигүүр нар цэцэрлэгээсээ хамт явсан найзууд. Д.Жигүүр сайхан дуулдаг, ангийн хамтлагийн дуучин охин. Д.Дэлгэрмаа орос хэлээр шүлэг зохиох авьяастай. Ангийнхандаа өчнөөн хуудас шүлэг зориулсан гэнэ. Б.Одончимэг балетад дуртай. Ангийн охидоо уруу татаж балет үздэг байжээ. Ангийн зарим охид нь хүүхдийнхээ тоог бодож хүчрэхээ байхаараа ангийн дарга руу утас цохиж, тусламж авдаг гэж байгаа.Тэд долоо, найм, есдүгээр ангийнхаа зуны амралтаар хөдөлмөр зусланд явж, талбайн зэрлэг зулгаах, ногоо тарих, ногоон талбайны хашаа барихажилтай байжээ. Баянчандмань суманд ногооны талбайд ажиллаж хөдөлмөрийн амтыг мэдэрсэн байна. “Ямар ч байсан сайртдаг байсан” гэж М.Энхбат хэлсэн. Ангийнхан нь түүний “Амарбаясгалант” зоогийн газар цуглаж хөөрөлдлөө. Тохилог, цэвэрхэн, бас амттай хоолтой энэ газар нэг ангийнхан үе, үе цуглах дуртай.М.Энхбатаас хөдөлмөр зусланд хийдэг байсанүндсэн ажлыг нь сонирхвол “Үдээс өмнө ажиллаад, үдээс хойш охидуудаа эргүүлэх ажилтай. Баянчандманийн атамануудаас ангийн охидоо хамгаалдаг байлаа” хэмээн дурсав. Ангиараа Сүхбаатар дүүргийн цэнгээнт бүжгийн улсын аварга болж байсан гэж байгаа. Эдний ангийн “МИАТ”-ийн хэмээх Д.Ганбат онгоцны ахлах үйлчлэгч.Монголд анх олон улсын нислэгийн онгоц авсан үеэс л нисч эхэлжээ. Дунд сургуулиа төгсөөд Д.Отгон, Д.Ганбатхоёр Москвад зургаан сар курст суугаад нисч эхэлсэн байна. Д.Ганбат, Ш.Баярсайхан хоёр Алтан гадастай гэж ангийн охид бахархдаг аж. Д.Ганбатангийнхны уулзалтад оролцохоор нислэгээс буунгуутаа цүнхээ чирээд орж ирсэн удаатай. Эдний ангийн хүүхдүүдээс олны танил нь “Номин”-гийн босс Ш.Баярсайхан, чекист Б.Хурц нар.

“Номин”-гоор овоглогддог Ш.Баярсайханыг ангийн охид “Сахилгагүй байсан” хэмээн тодорхойлов. Тухайн үед хөвгүүд охидын үсийг сандалтай уях, суудал дээр нь кноп тавих зэргээр зүггүйтдэг байжээ. Харин Ш.Баярсайхан ангийн даргын улаан бүчийг үзэгнийхээ үзүүрээр хатгаж бэхний толбо болгож байсан удаатай.Бага ангидаа Ш.Баярсайхантай нэг ширээнд сууж байсан гэх Д.Мөнхдэлгэр “Бамбарууштай чихэр өгч байсныг нь сайн санаж байна” гэлээ. Ш.Баярсайхан “Номин”-гийн боссын нүнжигийг ангийнхандаа нэг бус удаа үзүүлжээ. “Мартын 8”-ны баяраар тэрээр нэгэнтээ ангийнхаа охид, хөвгүүдийг сэтгэл гарган урьж, сайхан баярлацгаасан удаатай. Төгсөлтийнхөө 25 жилийн ойгоор 1987 оны төгсөгчдийнхөө өмнөөсмань эр сургуульдаа проектор бэлэглэж байсан гэнэ.Тухайн үед түүний аав Шагдарсүрэн гуай Ажилчны дүүргийн намын хорооны дарга байжээ. Мөөеө аваргын том хүү Батхуяг эдний ангидтавдугаар анги хүртлээ сурчээ.Бөх шинжгүй харагддаг энэ эр тухайн үедээ өсвөрийн бөхчүүдийн барилдаанд зодоглодог байсныг ангийнхан нь гэрчилнэ. Рекламны ассоциацийн гэдгээр нь хүмүүс мэдэх Ж.Буд-Эрдэнэ зохиолч Д.Нямаа гуайн хүү Тэмүүжинтэй “Бага өргөө” гэдэг хамтлагт тоглож байсан гэнэ. ШУА-ийн Б.Чадраа гуайн хүү Чинбаяр мөн л эдний ангийн нөхөр. Эрчүүд Б.Чадраа гуайн гэрт ном зөөж авчирч номын сан байгуулсан түүхтэй. Хотын орлогч байсан Л.Энэбишийн хүү Мөнхбаяр эдний ангийнх. Гэрийн эзэн завгүй учраас хөвгүүд эзгүйчилдэг байжээ.М.Энхбат харин хотын даргаар ажиллаж байсан Мөнхжаргалын хүү. “Манай аав гэртээ том хөгжим авчихсан чинь ангийнхаа Соёл урлагийн секторын дарга болсон. Ганц үүрэг нь хөгжмөө авчирч диско зохион байгуулна. Хөгжим байгаагүй бол тийм албан тушаалд очихгүй байсан” гэж М.Энхбат наргиа болгов. Ангийн соёл урлаг хариуцсан дарга байсан тэрбээр одоо ч ангийнхны уулзалтыг зохион байгуулсан хэвээрээ. Ш.Баярсайхан заримдаа “Яаж дандаа Энхбатыг дараад байх вэ” гээд ачаа үүрэлцдэг гэж охид ярилаа. Харин тагнуулч Б.Хурц ангийнхны уулзалтад ирдэг үү гэсэн асуултад?

-Одоо бол зав чөлөөгүй хүн. Өвлийн нийллэгт ирсэн. Мэнд мэдээд явсан гэж М.Энхбаттайлбарлав. “Б.Хурцын тухай ярих юм байхгүй. Тэгж алуулахаа больё. Хамгийн мундаг хүн байсан” гэж Д.Бэх-Очир хаяагаа манав. Харин Хурцтай нэг ширээнд суудаг байсан Х.Энхтуяа “Ширээний найзууд их л дэггүйтдэг байж билээ” гэж инээв. Ангийн дарга Г.Тогтуунмань эрийг “Их сэргэлэн, ямар ч юмыг зохицуулдаг байсан” хэмээн тодорхойлсон. “Хайрыг хайрла” жүжгийн билетолдохгүй бөөн юм болж байхад мань Б.Хурц ангийн гурван охиндоо, бас найз охиндоо өөрийгөө оролцуулаад таван билет олж өгч байсныг тэр дурслаа.

Охид ам халаад, хэн хэнд сайн байсан талаар бурлаа. “Жил ахих тусам ангийнхны тухай шинэ юм олж сонсоод шоконд орох юм. Би дунд сургуульд байхдаа үнэхээр тэнэг явжээ” гэж М.Энхбат хэлнэ лээ. Ю.Таня, М.Энхтөр эдний ангийнхос. Ерээд онд ангийн хоёр хуримлаж, ангийн хүүхдүүд олуулаа хуримын зочидболжээ. Рекламчин Ж.Буд-Эрдэнэ харин гэм хоргүйхэн дурлалын түүх ярилаа. Мань эр “Нохойтой дөрвөн танкчин” киноны хонгор бүсгүй Марусяд дурлаж байсан гэнэ. Ангийн сайхан бүсгүй Н.Буянхишиг “Ангийн мисс байснаа 40 насандаа мэдсэн” гэсэн. Эдний ангийнхан төгсөөд найман жилийн дараа уулзаж байсан бол төгсөлтийн 25 жилийн ойгоо олуулаа тэмдэглэжээ. Хорвоогийн жамаар эхнээсээ эмээ өвөө болжээ. Анхны өвөө Л.Мөнхбаатар.

Ангийн хөвгүүдийн штабын тухай М.Энхбат хуучиллаа. Баянголын хажууд 33 дугаар байрны подвалийг тохижуулаад хөвгүүд Нууц штаб болгож авчээ. Штабаа баахан сонингоор чимэглэж, гудамжны сандал авчирч тавьжээ. Хичээлээ тараадгэртээ цайгаа уучихаад эрчүүд нууц штабтаа ирж, тухайн үедээ моодонд орж байсан брейк бүжиг хийж, гитар дарж, Битлзийн дуу дуулцгаана. Рекламчин Ж.Буд-ЭрдэнэБитлзээр өвчилсөн хүүхэд байжээ. Тэрбээр хожимБитлзийн дуунуудыг монгол хэлнээ орчуулж цомог гаргасан.Харин Ш.Баярсайхан монгол Майкл Жексон аж. Тэр “Хэн Майкл Жексон шиг бүжиглэх вэ” уралдаанд түрүүлсэн удаатай. Хөвгүүд брейк гаргууд бүжиглэж, өөр сургуульд, цэргийн ангид урилгаар бүжиглэсэн гэнэ. Ангийн эрчүүд хөл бөмбөг тоглох хоббитой. Л.Хатанбаатар бүр Пеле хочтой байжээ. Сүүлд тэр МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон байна.

Тэднийг наймдугаар ангид дааж авсан ангийн багш нь дээд сургуулиа дөнгөж дүүргэж ирсэн Энх-Амгалан багш байлаа. Социализмын үед орос дэлгүүрт тусгай үнэмлэхээрордог байж. Юутай ч нэг удаа Д.Бэх-Очир хүү“Я киргиз” гэж байгаад орос дэлгүүрт орж баахан юм авч чадсан гэнэ. Мань Д.Бэх-Очир нэг удаа түүхийн хичээл дээр зарга хийжээ. Ангийн охинД.Мөнхдэлгэртонц, өөрт нь сайн дүн тавьсанд эгдүүцсэн Бэхээ “за красивые глаза что ли” хэмээн заргалдаж багшийгаа балмагдуулжээ. Сайн хариулсан болохоороо л ийнхүү хэл ам хийгээ биз. Ангийн толгойтой сурагчид болох Д.Бэх-Очир, Ц.Хандтүмэн Германд суралцсан аж.

Социализмын оргил үед сурч байсан учраас хүүхдүүд субботник хийж, яс, шил, хаягдал цаас цуглуулах ажилд идэвхийлэн оролцоно. Хаягдал цаасанд хуучин ном, дэвтэр, сонингууд орно. “Аав ээж нар нь сонин их уншдаг. Бид ч “Пионерийн үнэн” захиалдаг байлаа” гэцгээв.

Ж.Буд-Эрдэнэ өөрсдийгөө орхигдсон үеийнхэн хэмээн тодорхойлсон.Тэдний өмнөх төгсөлтийнхөн нийгэм шилжихээс өмнө их сургуулиа төгсч ажилд орж хөлөө олж амжсан бол эдний төгсөлтийнхөн зах зээлд хөл алдаж тэвдэцгээсэн гэнэ. Олон хүүхэд гадаадад сургуульд явсан ч цөөнгүй нь буцаж иржээ. Тэдний үед Москва, Беларусь, Санкт-Петербургээс уригдаж ирсэн өндөр боловсролтой орос багш нар ирж хичээл заадаг байсан гэнэ.Ж.Буд-Эрдэнэ ангийнхандаа зориулж “Арван жилийн найз минь” хэмээх шүлэг бичжээ.

Арван жилийн найз минь хаана явна вэ?

Аль байгаа газраасаа надад хэл дуулгаач.

Алдаж онодог энэ хорвоод алийг тэр гэхэв

Санаж байна уу найз минь Сансарт нэг охинд

Сайн болчихоод хоёулаа хамтдаа очдог байж

Байрных нь орцонд гитартай дуу дуулдагсан

Бас ч тэгээд болоогүй тамхи татдаг байж

Хамгийн сүүлд чамтай би хаана ч билээ хальт таарч

Харин чи тэгэхэд халамцуухан явж

Хаа байгаа газраасаа хэл дуулгана гэчихээд

Харин тэр цагаас хойш олон жил өнгөрч

Өчигдөр чамaйг би зүүдэлж хонолоо

Алс холын нутагт амьдарч байна уу даа

Арван жилийн найз минь хоёул нэг уулзахсан

Зовлон жаргалаа ярьж жаал хуучлах юмсан

“Зоргоороо хүүхэд насандаа нэг очихсон” гэж уншихад ангийнхан нь эргээд сурагч насандаа очсон мэт сэтгэл зүрх нь догдолдог гэсэн.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: АСЕМ-ийн хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд өсч, шинэ түншүүдтэй болно

Ирэх 2016 онд Ази Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт манай улсад зохион байгуулагдана. АСЕМ-ийн хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-АСЕМ гэж ямар бай­гууллага болох талаар та эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Олон улсын бусад байгууллагуудаас үйл ажиллагаагаараа хэрхэн ялгардаг вэ?

-АСЕМ нь анх 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ийн яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөдулс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. АСЕМ-ийн үйл ажиллагаа нь бусад олон улсын байгууллагуудаас хэд хэдэн онцлог давуу талтай л даа.Нэгдүгээрт, албан бус нийтлэг сонирхол бүхий улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг бодлого боловсруулагчид болон албаны хүмүүс хоорондоо ярилцан хэлэлцэх чөлөөт индэр нь болно. Хоёр талын болон олон талын хэмжээнд урьд хэлэлцэн тохирсон, шийдсэн ажлыг улам урагшлуулах, бэхжүүлэх зорилготой. Хоёрдугаарт, хоёр бүс нутгийн харилцааны бүхий л чиглэл, салбарыг хамарсан асуудлаар яриа хэлэлцээ, мэтгэлцээн өрнүүлэх бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбарт адил тэгшээр хандана. Гуравдугаарт, эрх тэгш түншлэлийн зарчим буюу харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлана. Дөрөвдүгээрт, дээд түвшний төдийгүй хүмүүс хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ. Хоёр бүс нутгийн төр, засгийн тэргүүн төдийгүй нийгмийн бүхий л давхаргын хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид санал бодлоо чөлөөтэй солилцож, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжийг олгоно. Нөгөө талаар АСЕМ нь гишүүн орнуудын харилцаа, хамтын ажиллагааны бодлого боловсруулах лабораторийн үүрэг гүйцэтгэсээр байна. Онцлоход АСЕМ нь улам бүр өргөжин бэхжиж буй Европ-Азийн харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж Ази-Европын хоорондын түншлэлийг эрчимжүүлэх шинэ үйл явц болоод байна.

-АСЕМ-ийн үйл ажиллагаагаа ямар, ямар чиглэлээр өрнүүлж байна вэ?

-АСЕМ-ийн үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэг. Улс төрийн яриа хэлэлцээний хувьд төр засгийн тэргүүнүүдийн Дээд түвшний уулзалт нь Европ, Ази тивийн улс орнуудад ээлжлэн чуулдаг. Италийн Милан хотноо 2014 онд болсон 10 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 11 дэх чуулга уулзалтыг хуралдуулахаар товлосон.

-АСЕМ-ийн үйл ажиллагаанд Монгол Улс хэдийнээс, ямар түвшинд оролцож ирсэн бэ. Ер нь манай орны оролцоо, идэвхийг та хэрхэн үнэлэх вэ?

-Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний долоо дахь удаагийн чуулга уулзалтаар гишүүнээр элссэн. Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа оролцсон. 2008 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулсан Дээд түвшний гурван удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсоор ирлээ. Дээд түвшний ес дэх удаагийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдийн засаг, санхүүгийн асуудлууд”, “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Нийгэм, соёлын хамтын ажиллагаа”, “Бүс нутгийн асуудлууд”, “АСЕМ-ийн цаашдын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь манай улсын идэвхтэй оролцоог харуулсан. Мөн АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон. Тун удахгүй Улаанбаатар хотноо 2015 оны тавдугаар сарын 22-23-нд Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар АСЕМ-ийн семинар зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Түүнчлэн энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Чончун хотноо болох Дэд бүтцийн хамтын ажиллагааны уулзалтад Монгол Улс өндөр хэмжээнд оролцох нь зүйтэй гэж үзэж байна.Мөн ирэх 11 дүгээр сарын 3-4-нд Люксембургт чуулах АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Л.Пүрэвсүрэн сайд оролцох бөгөөд энэ уулзалтаар ирэх жилийн 11 дүгээр Дээд түвшний уулзалтын бэлтгэлийн талаар ярилцах юм.

-Монгол Улсын хувьд АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Олон орны төр, засгийн тэргүүнүүдийн оролцуулсан ийм том хэмжээний олон улсын чуулганыг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байна. Ардчилал, зах зээлд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа өөрчлөн шинэчилснээс хойшхи 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагаандаа манай улсын олж буй ололт, амжилтын оргил нь АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг эх орондоо хийх нэр хүндтэй, хариуцлагатай эрхийг авсан явдал гэж үзэх бүрэн үндэстэй. Энэ эрхийг Монгол Улсад өгсөн нь сүүлийн 25 жилийн дотор манай олон улсын нэр хүнд дэлхий дахинд тасралтгүй улам өссөөр байгаагийн баталгаа юм. Манай гадаад бодлогын үзэл баримтлал, идэвхтэй үйл ажиллагааг олон улсын тавцанд өндрөөр үнэлж байгаагийн нотолгоо гэж ойлгож болох юм. АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь улс төр, эдийн засаг, нийгэм соёл, хүмүүс хоорондын харилцаанд онцгой их ач холбогдолтой. Улс төрийн хувьд гэхэдМонгол Улсын нэр хүнд улам өсөн бэхжиж, манай гадаад үйл ажиллагааг олон улсын хэмжээнд улам дэмжих, хүндэтгэх, өргөнөөр хамтран ажиллах үндэслэл урьд урьдаас нэмэгдэнэ. Цаашид олон улсын хэмжээний хурал, семинар, уулзалтыг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж АСЕМ-ийн хүрээний төдийгүй олон улсын асуудлыг хамарсан бусад томоохон арга хэмжээг Монгол Улсад хийх бүрэн боломжтой болно. Эдийн засгийн ач холбогдлын тухайд АСЕМ-ийн Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад тухайн зохион байгуулагч улс нэлээд хөрөнгө оруулж бүтээн байгуулалтын ажлууд хийдэг жишигтэй. Манай хувьд ирэх жилийн арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангахын тулд Улаанбаатар хотын зочид буудлуудаа өөд нь татах, олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, хотын авто тээврийн дамжин өнгөрүүлэх чадлыг нэмэгдүүлэх үүднээс зам, гүүр шинээр барих, өргөжүүлэх, засч сайжруулна. Мөн соёл, урлагийн үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах, шинэ техник, технологи эзэмших, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэх гээд хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн олон ажил хийгдэнэ. Уулзалттай холбоотойгоор 2016 оны тавдугаар сарын эхнээс долдугаар сар дуустал Монгол Улсад ирэх гадаадын албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, жуулчдын тоо тасрахгүй. Улаанбаатарын зочид буудал, үзвэр, үйлчилгээ, худалдааны газрууд, компани, ажил хэрэгч хүмүүсийн орлого нэмэгдэж, шинэ түнштэй болох, бизнесийн урт, богино хугацааны гэрээ, хэлцэл байгуулах боломжууд бий болно гэдэгт итгэлтэй байна. Дээд түвшний уулзалтын үр дүнд бизнесийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эргэж ирэхэд эерэгээр нөлөөлнө. Энэ мэтчилэн АСЕМ-ийн хурлыг өөрийн орондоо зохион байгуулахын ач холбогдолөндөр л дөө.

-Ингэхэд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа вэ?

-Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалах олон бэлтгэл ажлуудыг бид хийж гүйцэтгэх шаардлагатай. НҮБ болон олон улсын бусад байгууллагууд шиг байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газар АСЕМ-ийн бүтцэд үгүй тул энэ уулзалтыг зохион байгуулахад манай орны зүгээс ихээхэн идэвхтэй дипломат үйл ажиллагаа өрнүүлэх шаардлагатай. Гишүүн, түнш орон бүртэй хамтарч ажиллах хэрэгтэй. Манай тал ЕХ, ЕК, АСЕАН-ны НБДНГ, АСЕФ-тэй хоёр талын уулзалт хийснээс гадна, Итали, Герман, Франц, БНХАУ, Солонгос, Сингапурын холбогдох яамд газруудтай уулзаж, хамтын ажиллагааны хүрээг тохиролцож, туршлага судалж байна. БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авсан. Удахгүй АСЕФ, ЕК-ийн төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Гишүүн орнуудыг мэдээллээр хангах, байнгын холбоо харилцаатай байхад анхаарах болно. Ирэх жилийн 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтын гол онцлог нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. Тэгэхээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндтэй үүрэг мөн манай улсад ноогдож буй юм. АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэх стратеги, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий 15 гишүүнээс бүрдсэн АСЕМ-ийн ажлын хэсгийг Монгол Улс даргалахаар болсон. Мөн АСЕМ-ийн даргыг дэмжих хэсгийн ажлыг сэргээж, эхний уулзалтуудыг хийж байна. Даргыг дэмжих ажлын хэсэгт Европын Холбоо, Латви, Монгол, Мьянмар болон АСЕФ-ын төлөөлөгчид орж байгаа.

Дээд түвшний уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийг АСЕМ-ийн гишүүн орнуудын саналыг тусган боловсруулах нь уулзалтын гол ажлын нэг. 2016 оны уулзалтын үр дүнгээр Уулзалт даргалагчийн Мэдэгдэл болон Улаанбаатарын Тунхаглал гэсэн хоёр баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээр баримт бичиг болон Дээд хэмжээний уулзалтын бусад дагалдах арга хэмжээний хэлэлцэх асуудлыг боловсруулахад тухайн улсын АСЕМ-ийн асуудал хариуцсан Ахлах албан тушаалтан чухал үүрэг гүйцэтгэнэ. 2016 оны Дээд түвшний уулзалтын хувьд арав гаруй дагалдах арга хэмжээ зохион байгуулахаар болж байгаа. Үүднээс манай зүгээс хоёр талын болон олон талын түвшинд идэвхтэй дипломат үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд ГХЯ шургуу ажиллаж байна. Харин дотоод бэлтгэл үйл ажиллагааны хүрээнд АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл байгуулагданзургаан ажлын хэсэгтэйгээр бэлтгэл ажилдаа ороод байна.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Улаан талбайд манай цэргийн бие бүрэлдэхүүн “День победы”-г дуулж алхсан

Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцоод ирсэн дэслэгч Дамбадаржаагийн Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

-Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн парад энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болоход оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газрын нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Улаан талбайн ялалтын парадад оролцоод ирлээ. Бид дөрөвдүгээр сарын 27-нд яваад энэ сарын 12-нд ирсэн.

-Парадын бэлтгэл хэд хоног хийв?

-Очоод өөрсдийнхөө цэргийн багийн болон ОХУ-ын, бусад улсын цэргүүдийн нэгдсэн бэлтгэлээр шөнийн парадад хоёр удаа, өөрсдийн бэлтгэлээ багийн удирдлагынхаа өгсөн даалгаврын хэмжээнд байнга хийж байсан.

-Москвад өмнө нь очиж байв уу. Улаан талбайд хөл тавихад ямаршуухан байв?

-Москвад анх удаа очихдоо түүхэн ялалтын ойд зориулсан парадад Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцсондоо бахархалтай байлаа. Улаан талбайг кино, зурагтаас харж байхад тэв тэгшхэн гадаргуутай юм шиг харагдаад байдаг. Яг алхах үед байгалийн чулууг засаж хийсэн, онхол донхолтой ов тов зам талбайтай юм байна. Парадад алхахдаа бид “День победы” дууг жагсаалаараа орос хэлээр дуулж өнгөрөхөд ард иргэд нь үнэхээр өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Ялалтын парадад нийт 11 улс орны цэрэг дайчид оролцсон. БНХАУ-ын цэргүүд “Катюша” дууг хятад хэлээр дуулж байсан.

-Цэрэг хүний нүдээр харахад парадад оролцож буй ОХУ-ын зэвсэг техникийн хүчин чадал, сүр жавхаа ямар санагдах юм?

-Зэвсэг техникийн парадыг бид хараахан харж амжаагүй. Яагаад гэвэл бид өөрсдөө парадад жагсаж байсан учраас тэгж ажиглах боломж тааруухан байсан. Нэгдсэн бэлтгэлийн үед онгоцны парад үнэхээр гайхамшигтай санагдаж байсан. Сүүлд зурагтаар харахад танк, зэр зэвсэг нь үнэхээр сүрлэг сайхан байна лээ.

-Парадад оролцоход сонгон шалгаруулалт хийсэн байх даа?

-Миний хувьд Зэвсэгт хүчний З11 дүгээр ангийн буудлагын талбайн даргын албан тушаалтай, дэслэгч цолтой хүн. Батлан хамгаа­лахын их сургууль төгсөөд ажил албанд хуваарилагдсанаас хойш дөрвөн жил орчим болж байгаа. Парадад 180 сантиметрээс, дээш өндөртэй, биеийн өндөртэй харьцуулсан жинтэй цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авсан л даа. Мөн жагсаалын шалгалтхарсан. Манай ангиас гэхэд дөрвөн албан хаагч парадад оролцлоо. Парад өндөрлөсний хойно ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөллүүд манай цэргийн багийнханд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулахад сайхан санагдаж, ар гэрийнхэн маань биднийг зурагтаар харсан даа гэж бахархах сэтгэл төрж байлаа.

-Бусад улсын цэргийн жагсаал аль хэр сонирхолтой харагдаж байна?

-Улс улсын цэргийн жагсаалын алхаа ондоо байдаг нь анзаарагдаж байсан. Манайх чинь орос школтой шүү дээ. Энэтхэгчүүд гэхэд манайхаар бол “номхон, зэрэгц дундаа” команд авсныхаа дараа зүүн гараа хязгааргүй тултлаа хаяад, өсгийдөж алхдаг юм билээ. Сербүүд гэхэд манайхны дороо алхаж байгаа юм шиг өвдгөө нугалж алхдаг юм байна.

-Тавдугаар сарын Москва ч ялалтын баяраа тэмдэглээд янзтай уянгалаг байна уу?

-Москва дулаахан, чийглэг амьсгалтай, өглөөгүүрээ манантай хот юм. Манай орныг бодоход их эрт дулаардаг, хөрс нь намгархаг, ой модтой газар байгуулсан хот юм билээ. Гудамж талбай нь маш их модтой. Хар мод, хус голдуу байдаг юм байна. Тиймээс Оросын яруу найрагчид хусныхаа тухай их бичдэг юм байна гэж бодсон. Өвс ногоо нь ч янзын сайхан ургасан байна лээ. Москвагийн энгийн ард олон бидэнтэй хамт зургаа авахуулж сэтгэгдэл их л өндөр байсан.

-Москвагаар ганц хоёр хоног чөлөөт зугаалга хийв үү?

-Бидэнд Цэргийн музей, Кремлийн ордон үзүүлэх зэрэг соёлын арга хэмжээнүүдэд оролцсон.

-Парадад оролцохдоо та нарын барьсан буу зэвсэг чинь хаанахын ямар буу байлаа?

-Оросын армийн зэвсэг­лэлд байгаа 5.45 милиметрийн“АК-74” буу. Манай зэвсэглэлд байгаа “АК-47” буутай харьцуулахад арай хөнгөхөн буу байна лээ. Бид зэвсгээ барьж парадад алхчихаад буцаагаад хүлээлгэж өгсөн.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу

Болгар Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлаад буцлаа. “Энэхүү айлчлал нь эдийн засаг болон бизнесийн салбартхамтран ажиллах өргөнболомжийг авчирлаа” хэмээн эдийн засагчид олзуурхаж байна. Харин улс төр судлаачид“Хоёр орны өмнөх үеийнхнийсуурийг тавьсан харилцаагаа шинэ түвшинд авчрах түүхэн айлчлал боллоо” хэмээж буй юм. Учир нь Болгар Улсаас Европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах таатай боломж харагдаж байгаа юм. Нөгөөталаараа Монголд хамтарсан эмийн үйлдвэр байгуулах тухай яригдсан нь энэ салбарт нэг дэвшил болно гэдгийг онцолж байгаа билээ. Мөн Болгар Улс нар, салхи, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрлэлийн салбартарвин туршлагатай.Тиймээс хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулж Хятадын зах зээлд гаргахөргөн боломж бий гэж олон улсын ажиглагчид үзэж буй.

Хуучин социалист системтэй гэгдэж байсан 16 орон байв. Тэдгээр орнуудынтоондБолгар болон манай улс багтаж байлаа. Тэр үеэсманай хоёр улсын найрамдалт харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж эхэлсэн юм. 1950 онд анхдипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагааг 1960-1990 онд бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлжиржээ. Тус улсын их, дээд сургуульдманай урлагийнавьяастнууд,геологичид, эмч, эрдэмтэд гээд нийтдээ 5000 гаруй хүнмэргэжил эзэмшсэн байдаг. Болгар Улсын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр байгуулагдсан нь хоёр талын харилцаанд чухал хөшүүрэг болж ирсэн бөгөөд болгар барилгачид ирж бүтээн байгуулалтад оролцож байсан түүхтэй. Харинардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд хоёр улсын харилцааны түвшин буурч зогсонги байдалд орсон хэдий ч 1994 оноос уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэхээр талууд санал, санаачилга гаргаж эхэлсэннь бий.

Болгар Улсын их хурал Монгол Улс болон Европын холбоотой харилцах гэрээг баталсан. Нэг үгээр хэлбэл Болгар Улс ЕАБХАБ-ыг даргалж байх үед буюу 2004 онд тус улсын ГХЯ-ны шууд дэмжлэгээр Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны Азийн түншлэлийн гишүүн болж, улмаар 2012 онд 57 дахь гишүүнээр элссэн түүх ч бий. Иймд Болгар, Монголын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдгийг төр засгийн тэргүүнүүд онцолж байсан билээ. Айлчлалын хүрээнд ирээдүйд олонажлыг хийхээр болсон юм. Энэ тухай тоймлон хүргэе.

Тухайлбал, Улаанбаатар хотноо хоёр талын бизнес форум болсон билээ. Энэ үеэр нэг сая ам. долларын өртөгтэй ногооны хүлэмжийг Монгол Улсад байгуулахаар харилцан тохиролцсон юм. Ногооны хүлэмж байгуулах туршилтын технологи нь хөдөө аж ахуй хөгжсөн тус улсын технологийн дагуу байгуулагдах юм. Үүнээс гадна манай аж ахуй эрхлэгчид мал аж ахуйн фермерийн хяналтын систем болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах стандартыг Монголд нутагшуулах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ тухай асуудлыг ирэх есдүгээр сард Болгар улсад МонголынХүнс, хөдөө аж ахуйн сайд, албаны төлөөлөгчдийн айлчлалын үеэр хэлэлцэхээр болсон юм. Цаашид Монгол улс Болгарт өргөн хэрэглэгдэж байгааавтомашины зогсоолын текст мессежийн үйлчилгээ, олон нийтийн тээврийн шинэчлэлт, автозамын хөдөлгөөнийг зохицуулах ухаалаг гэрлэн дохионы систем зэргийг нэвтрүүлэхээр болж байгаа юм. Энэ мэт олон томоохон асуудалшийдвэрлэгдэх түвшиндхүрсэн билээ.

Хуучин үеийн түншүүдтэйгээ ийн харилцаагаа сэргээх ньМонгол Улсадашигтай. Тэдэнд ч мөн ашигтай. Яагаад ашигтай вэ гэхээр Орос, Хятад гэсэн хоёрдалайгаар хүрээлүүлсэн арал гэж Монгол Улсыг хэлж болно. Ийм аварга гүрнүүдээр хүрээлэгдсэн бидэнд нэг боломж гарц байна. Тэр болЕвропын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнтатваргүй нийлүүлэх эрх. Энэ 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж дэлхийн шаардлага хангаж нийлүүлэх вэ. Үүнийггол зангилаа ньЕвропын түнш орнуудтай бараа бүтээгдэхүүнээ хамтран хийх явдал. Энэ бол эдийн засгийн том гарц буцаадмонголчуудад эдийнзасгийн томоохон хөшүүрэгболох юм. Нэгэнт татваргүй нийлүүлэхболомж, бүтээгдэхүүн ньзах зээл нь байхадтүүхий эдээ боловсруулжЕвропын холбооны түнш орнуудтайгаа түншлэх нь илүү боломжтой юм. Ийм боломж байхад Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойгоо тойрчэргэлдээд байх хэрэг бидэнд байна уу. Хоёр толгойноосоо өөр хөрөнгөгүй, тэр хөрөнгийгхөдөлгөж байж лэдийн засгийн эрх чөлөөнд хүрэх юм шигүхэж алдаад байх юм үнэндээмонголчуудад алга. Европ гэсэн гарц бэлэн байхад эдийн засгаа сэхээж чадна гэсэн үг. Харин тэр үйлдвэрлэлийгЕвропын түнш орнуудынтоног төхөөрөмж дээр суурилан боловсруулах хэрэгтэй. Үүнийг дагааджижиг дунд үйлдвэрүүдэд ч хөл дээрээ босохнь дамжиггүй.

Өнөөдөр болгарчуудын алс Дорнод руу болон Хятад руу гарах хамгийн том зах зээл нь Монгол өөрөө болж байгаа юм. Харин Монголчуудын хувьд Болгар ньЕвропын холбоо руу гарах гарц. Европын холбоо руу гарах, түүний стандартыг нэвтрүүлэх гарц гэж харж байна гэдгийг олон хүн хэлж байгаа.Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг юм. Тэрбээр хэлэхдээ ”Монголчууд Европын холбооны улс руу 7200 бүтээгдэхүүнийг татваргүйгаргах нөхцөлөө бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна. Тийм учраас болгар нөхөдтэйгээ нийлж, энэ боломжоо ашиглаж чадах юм бол, энэ стандартаа хүлээн зөвшөөрүүлж ашиглаж чадах аваас монголчууд Европын холбооны зах зээл рүү, Болгарын зах зээл рүү амжилттай гарах нөхцөл бүрдэнэ” гэж байсан юм. Харин Ерөнийлөгч Ц.Элбэгдорж “Манай хоёр улсын төрд нь мөнгө бага, хувийн хэвшлийнхэнд мөнгө байдгаараа адил төстэй. Бас хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Эндээс хамтарсан үйлдвэр, бизнесийн харилцаа үүснэ гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бий.Болгар улсаас Европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж харагдаж байна” гэж хэлж байсан билээ.

БидЕвропын холбоотой хэлэлцээр байгуулсны дагуу Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европын орнууд руу татваргүй гарах ёстой. Гэтэл бид энэ том давуу талаа ашиглаж чадахгүй байсаар өдий хүрсэн. Ноолууран бүтээгдэхүүнээс өөр гарч байгаа юм үнэндээ байхгүй. Ядаж машины жолооны хүрднийх нь ширэн бүрээсийг хийгээд өгчих хэрэгтэй байна хэмээн нэгэн бизнесмэн хэлж байсныг сонсож ч байлаа. Манайд хамгийн тохиромжтой түүхий эд, материал нь байна. Түүхий эд нь байгаа болохоор түнш орнуудаа түших нь дээр гэдгийгэдийн засагч нар хэлж байгаа юм.Хятадын юмуу эсвэл Оросын хуучин технологи ашиглаж түүхий эд боловсруулдаг учраас Европт очоодбараа бүтээгдэхүүнүүдөнөөдөр чанарын шаардлага хангадаггүй нь нууц биш юм. Тэгэхээр Европын холбооны түнш орнуудын техник технологийг ашиглаж тэднийг түших нь бидэнд дэвшил авчрах нь дамжиггүй.

Г.Дэлгэрцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Монголчууд өөрсдөө л хямралаас гарах аргаа олох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай ярилцлаа.

-Таван толгойн асуудал ид яригдаж байна. Таны байр суурийг сонсъё?

-Таван толгойн орд газар бол гайхалтай их баялаг нөөцтэй. Монголчууд бидэнд хөгжил дэвшил авч ирж, сайн сайхан амьдрах мөрөөдлийг биелүүлэхүйц баялагтай орд. Тийм учраас стратегийн ач холбогдолтой орд гэж үздэг. Эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Хамгийн гол ньэдийн засгийн хувьд үр ашигтай хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Ер нь Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах төрийн бодлого 2008 онд батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор тодорхой болчихсон юм шүү дээ. Тэр тогтоолоор арван зүйл заалттай чиглэл удирдамж батлагдсан. Таван толгойг ашиглахын тулд энэ бодлогыг мөрдөөд гол шалгуур, зарчмаа тодорхой болгоод л явахад болно.

Тодруулбал гурван үндсэн зарчмыг гол шалгуураа болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчтай хамтрах бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид захирагдах ёстой. Үнэхээр энэ орд Монголын газар нутагт оршдог, ард түмний өмч мөн юм бол ийм л байх учиртай. Хоёрдугаарт орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулагч болон манай талдхарилцан ашигтай байх нөхцөлийг гэрээнд тусгах ёстой. Гуравдугаарт баялгийн эзэн буюу Монголын ард түмэндөгөөжтэй байх ёстой.Ердөө л энэ гурван зарчмыг хангаж байвал бусад ямар ч асуудлыг шийдэж болно.Үнэндээ энэ зарчим Оюу толгойн гэрээнд тусгагдаагүйучраас өнөөдөролон асуудал үүсчихээд байна.Тухайлбал, Оюу толгой “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн борлуулчихсан хэрнээ хоёр дахин бага татвар төлж байна шүү дээ. Тиймээс энэ алдааг Таван толгойн төсөлд давтаж болохгүй. Яг энэ байр сууринаас өнөөдөр УИХ-д өргөн барьсан Таван толгойн төслийг авч үзвэл засч сайжруулах заалтууд олонбайна лээ.

-Тухайлбал…

-Стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах тухай асуудлыг албан ёсоор, ажил хэрэгчээр хэлэлцэж дүгнэж, засаж сайжруулах ёстой юм л даа. УИХ-аар албан ёсоор хэлэлцэж эхлээгүй учраас тэр тухай дэлгэрүүлж яримааргүй байна. Тэртэй тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай олон мэдээ, мэдээлэл цацагдажбайна шүү дээ. Энэ бол гэрээний төслийг хэлэлцэхэд харгалзан үзэх ёстой зүйлүүд мөн гэж бодож байна. Хамгийн гол нь УИХ төслийг хэлэлцэхгүй удах нь буруу. Засгийн газрын зүгээс гэрээний төслийг14 хоногийн дотор шийдэж өгөөч ээ гэдэг саналыг УИХ-даа тавьсан. Ерөнхий сайд зүгээр ч нэг ийм санал тавиагүй байх. Яарах учир шалтгаан байгаа биз. Ард түмний сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, төрөөс барьж байгаа бодлого энэ гэрээний төсөлд хэрхэн тусгалаа олж вэ гэдгийг УИХ нухацтайүнэлж, дүгнээд шаардлага хангаагүй гэж үзвэл засч сайжруулах ажлыг түргэн хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэлэлцэх үгүй нь мэдэгдэхгүй болчихлоо. Ер нь бол Таван толгойн гэ­рээ­ний төсөл одоогийнхувил­бараараа бидний хүсэл зо­рилгоос хол. Тэгэхээр өөрчлөх шаардлагатай гэдэг нь ойл­гомжтой байна.

-Таван толгойг нэг бол түргэн шийдэх хэрэгтэй гэж нэг хэсэг нь яарах юм. Нөгөө хэсэг нь заавал Таван толгой гэлтгүй амьдарч болно л гэх юм…

-Асуудал явж явж улам ойлгомжгүй байдал руу орж байна. Мэдээж Таван толгойг түргэвчлэх хэрэгцээ бий. Гэлээ гэхдээ хөнгөн гоомой хандаж болмооргүй байна.Монголын эдийн засаг амаргүй, хүнд сорилттой тулгарчихсан, валютын хомсдолтой, төлбөрийн балансын хямралтай ийм үед ямар ч нөхцөлөөр хамаагүйорд газраа ашиглуулах гэрээ байгуулбал бидэнд л ашиггүй болно.Хүн гуйж юмаа өгөхөөр чинь ямар үнэ цэнэ хүрэх билээ дээ. Тийм учрааснухацтай хандаж, ул суурьтай ярих хэрэгтэй. Улс төржилгүйгээрцэвэр эдийн засаг талаас нь асуудалд хандах ёстой. Таван толгойн орд газрыг ашиглахгүй бол бидний хүнд байдал нэлээд урт хугацаатай үргэлжлэх болно. Стратегийн эн том ордоо эдийн засгийн үр ашиггүй, өгөөжгүй ашиглабал туйлын хариуцлагагүй явдал болно.

-Таван толгойн тойрсон ямар улс төр, эрх ашгууд “яваад” байна гэж та харж байна вэ. Телевизээр янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага нэлээд явж байх шиг байна…

-Наадах янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага чинь л улс төр шүү дээ. Аливааг таагаад, зохиогоод, хардаж сэрдээд, дуулиан шуугиан тараагаад эхэлж байгаа ньөөрөө утга учир муутай, бидний хийж сурсан улс төр. Ийм л байдлаас ангид байж,зөвхөн эдийн засгийнүр ашиг талаас нь асуудалд хандах нь чухал байна.

-Таван толгойн ажлын хэсгийг нэр төдий байгуулагдсан гэдэг шүүмжлэл ч байх юм. Ер нь ажлын хэсэг ямар зарчмаар ажиллаад УИХ ньяаж хэлэлцэх юм бол.Процесс нь яаж явагдах тухайасуугаад байна л даа…

-Ажлын хэсэгт нь ороогүй учраас ажил нь яаж явагдаж байгааг сайн мэдэхгүй. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэхээ шийдээгүй байхад ажлын хэсэг байгуулдаг нь ямар ч учиртай юм. Уг нь хэлэлцэх асуудлаа тогтчихсоны дарааэдийн засагч, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж,тал талаас нь харсан ажил хэрэгч дүгнэлт, сайжруулах санаатайгаар УИХхэлэлцсэн бол үр дүнтэй болох байсан.Орд газрыг ашиглахад баримтлах төрийн бодлоготой Таван толгойн гэрээний төсөл нийцэж байна уу гэдгийг УИХ л дүгнэх ёстой. Хэлэлцэхгүй гэж буцаавал учир утгагүй зүйл болно.

-Бидний эзэмшиж байгаа 1072хувьцааны асуудал юу болох юм бол?

-Гэрээний төсөлд энэ талаар тусгаагүй юм билээ. Нэгэнт ард түмэндээ хувьцаа олгосонюм бол үр өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар заавал тусгасан байх учиртай гэж үзэж байна.

-“Рио Тинто”-гийн удирдлагууд манайд ирнэ гэсэн.Тэглээ гээд Оюу толгойн асуудлыгшийдэж чадах юм болов уу. Тэдний хувьд манайд анх удаа ирж байгаа юм биш л байх…

-Тэд ирж байгаа нь шинэ юм биш. Шинэчлэлийн Засгийн газрын үед Оюу толгойн хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулагчидхуралддаг журам тогтчихсон. Ер нь хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ойр ойрхон уулзаж,асуудлаа шийддэг байх нь зөв. “Рио Тинто”-гийнхан ч ирж байгаа нь зөв. Гэхдээ ирэх, очих гэхээсээ илүү асуудлаа яаж шийдэх гэж байгаа нь чухал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюу толгойн талаар зарчмын тодорхой байр суурь баримталж байлаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын нэгдүгээршатны үйл ажиллагаанд үнэлэлт өгье. Гэрээний хэрэгжилтийг дүгнэе. Гажуудал, алдаа байвал засъя. Үүний дараа хоёр дахь үе шатны санхүүжилтийн асуудлыг шийдье гэдэг нээлттэй байр суурьтай байлаа. Бодитойгоор авч үзвэл эхний үе шатны хөрөнгө оруулалтын явцад ойлгомжгүй зүйлүүд нэлээд бий болжээ.Хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдсөн. Монгол Улсын хууль бүрэн төгс үйлчилдэггүй,ТЭЗҮ-д заасан зардал нь хэтэрчихсэн.ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулж дуусаагүй гэх зэрэг асуудал гарсан. Харин одоо энэ асуудлуудыг яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй байна.

Салан баавгайн үлгэр шиг энэ бүхнийг болсон болоогүй тэр чигээр нь ор тас хаяад дараагийнхаа шат руу шууд орох гэж байгаа биз дээ. Асуудлыг ийм маягаар шийднэ гэвэл буруу л даа.Ер нь сүүлийн үед эвлэрлийн гэрээ гэх мэтийн зүйл дуулдах боллоо. Хэн нь хэнтэйгээ юун дээрбуулт хийж эвлэрэх гээд байна вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Монголдоо ашигтай нөхцөлөөр эвлэрэх гэж байгаа бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Харинөмнө нь баримталжбайсан байр сууринаас ухарч, нөгөө талдаа буулт хийх гэж байгаа бол огт зөвшөөрөхгүй.

-Жишээ нь юун дээр буулт хийж болохгүй гэж…

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын эрх ашиг ноцтой зөрчигдсөн олон зүйл заалт бий.

-Буулт хийхгүй болохоор эдийн засгийн хоригт орчихоод, Оюу толгойгоос хамааралтайгаар хөрөнгө оруулалт нь нэмэгдэхгүй байна л гэх юм…

-Ямар ч байсан ард түмний эрх ашигт харшбуулт хийхийг зөвшөөрөхгүй.

Угаасаа ч Оюу толгойн Оюу толгойн гэрэнд хөрөнгө оруулагч тал онцгой эрх мэдэлтэй байхаар тусгагдсан учир бууж өгөх шаардлага бидэнд байхгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр дахьшатны санхүүжилтийг эхний үе шатны үр дүнгээр санхүүжүүлнэ гээд заачихсан байдаг.Одоо нэмэлт эх үүсвэр татах тухай асуудал яригдаж байгаа.Энэ нь ТЭЗҮ-д үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчлөх тухай шүү дээ. Үүний тулд өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтаа дүгнэж баталгаажуулах тухай ярихгүйгээрэвлэрч байна гээд гүйгээд байж болохгүй биз дээ. Ямар үнээр олдох “эвлэрэл”вэ гэдгийг ярих л учиртай.

-Оюу толгойн асуудал шийдэгдчихвэлгэсэн хүлээлт эдийн засагт байна л даа?

-Энэ төслийн асуудал харилцан ашигтай монголчуудад өгөөжтэй шийдэгдвэл эдийн засагт их чухал. Олон талын үр дүн гарна.Оюу толгой төсөл яаж хэрэгжихийг гадаадын хөрөнгө оруулагчид харж байгаа нь үнэн.Оюу толгой төслийн гэрээнд харилцан ашигтай өгөөжтэй байх зарчмыг тусгаж чадвал цаашид бүх гэрээ, хэлцэлд ийм л жишиг тогтоно.Оюу толгой хөрөнгө оруулалтын зардлаа ТЭЗҮ-д зааснаасаа 30 хувиар хэтрүүлчихсэн байна.Чингэс бондын хөрөнгөөс ч их хэмжээниймөнгийг санхүүгийн баримтаар нотолж чадахгүй. Хоосон бичилт хийчихсэн байна. Монголчуудын өгөөж үр дүн хүртэх хугацаа 30 жилээр хойшилчихсон, Монголын өр төлбөр бидэнд мэдэгдэхгүй, биднээс хамаарахгүйгээр өсөж байдаг жишиг тогтчихсон байна.Ийм байдлыг нь зөвшөөрөөд эвлэрээд байвал цаашид бүх гэрээ хэлцэл энэ жишгээр явна. Энэ хоёр замын алинаар нь ява гэдгийг одоо л шийдэх болоод байна.

-Эдийн засаг өөдлөхгүй нь. Энэ байдлаас гарах ямар гарц байна вэ?

-Эдийн засгийн ирээдүй туйлын бүрхэг болж байна. Энэ хүнд байдлаас гарах хоёр гарц байна. Гаднаас хөрөнгө оруулагчдыг урьж дуудаж тэдний хөрөнгө мөнгөний тусламжтайгаар хүнд байдлаас гарах нэг арга байна.Бүгдээрээ л энэ замыг сонгохын төлөө зүтгэж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх орчин нөхцөл, боломж нь эргэлзээтэй болчихлоо. АНУ-аас Монголд суугаа Элчин сайдАмерикийн хөрөнгө оруулагчдын хуралд хэлсэн үгийг сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулах нөхцөл бүрдээгүй, эрсдэлтэй гэдгийг дэлхий дахинаа зарлачихлаа. Ийм үед гаднаас хөрөнгө оруулагчид уралдан ирнэ гэдэг итгэхэд бэрх. Хэрэв хөрөнгө оруулагч орж ирнэ гэвэл биднээс илүү хөнгөлөлттэй нөхцөл баталгаа шаардах нь ойлгомжтой.

-Ямар хөнгөлөлт…

-Түрүүнд ярьсан шиг нэлээд асуудлаар буулт хийх л хэрэг гарна байх. Ингэж буулт хийх нь бидний язгуур эрх ашигт нийцэх үү.Би лав нийцэхгүй гэж бодож байна. Ийм учраас гаднаасхөрөнгө оруулалт татахарга найдваргүй талдаа байна.Дээрээс нь Оюу толгойд ахиц алга. Тиймээс ойрын үед гаднаас мөнгө орж ирээд манай эдийн засаг сайжирна гэж итгэхэд бэрх байна. Одоо нэг л арга үлдэж байна. Шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэдэг жамтай.Өөрөөр хэлбэл монголчуудөөрсдөө хямралаас гарах ёстой гэсэн үг. Ингэхийн тулд гаднаас мөнгө олох арга замаа хайхын хамт байгаабагахан мөнгөө зөв зохистой зарцуулъя.Хямралын хүнд үед тохирсон бодлого боловсруулъя.Хүсэл мөрөөдлөө хязгаарлаж, бүсээ чангалахаасөөр арга бидэнд үлдсэнгүй.

-Мөнгө яаж олох юм бэ?

-Дотоотын үйлдвэрлэлээ, уламжлалт салбаруудаанэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Ямар үйлдвэрлэл…

-Хөдөө аж ахуй тухайлбал, мал аж ахуй,газар тариалангийн салбарбайна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийг аваад үз. Уул уурхайн салбар нь уналттай. Хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбар өсөлттэй байна. Өнөөхэдэн мал, газар тариаланмаань аминд орж байна.Тийм учраас хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй уул уурхайн салбар бол дэлхийн зах зээлээс ямагт хамааралтай байдаг нь тодорхой. Зөвхөн энэ замаар явбалашиг тус багатай юм.

-Гол нь мөнгөгүй болохоор үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэрх байх л даа?

-Материал баялаг үйлдвэрлэж, олсон орлогоо зөв зарцуулж байж л мөнгөтэй болдог юм.Амар хялбар зорилт биш л дээ. Гэхдээ хямралыг “боломж” болгожэдийн засаг, санхүүжилтийн бодлого үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бүхий л боломжийг дайчлах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгээд байнааа…

-Уг нь миний яриад байгаа зүйлүүд энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байх ёстой. Үр дүнд нь эдийн засаг сэргэж байх учиртай. Гэтэл харагдаж байгаа зүйл бага л байна.

-Төсвийн байдал ямар байгаа вэ. Данс улайж байгаа л гэлцэх юм…

-Төсвийн орлогын төвлөрөлтийг сайжруулж чадахгүй,тасалдсан байдал нь энэ хэвээрээ үргэлжилбэл байдал улам хүндэрнэ. Өмнөх жилүүдэд төсвийн орлого тасраад байсан учраас энэ оны төсвийг багасгаж баталж өгсөн.Гэтэл оны эхнээс төсөв дахиад л тасалдалтай явна. Үүнийг нөхөхийн тулд зарлагаа бууруулахгүй бол зургадугаар сарын эхээр Төрийн сан гүйлгээ хийх чадваргүй болж болзошгүй байна.

-Цалингаа тавьж чадахгүй гэсэн үг үү. Та бодитой зүйл ярьж байгаа биз дээ…

-Би эдийн засагч, санхүүч хүн учраас ярьж байгаа тооныхоо үнэн эсэхийг хариуцдаг юм шүү. Амьдрал үнэний шалгуур гэдэг.Үнэндээ энэ байдлаараа явбалтөрийн сан санхүүжилт хийх бололцоогүй болох нь үнэн шүү.

-Та тодорхой үзүүлэлттэй, баримттайхэлж болох уу?

-Энэ хэвээрээ байдал үргэлжилбэл өнөө жилбатлагдсан төсөв наад зах нь500 гаруй тэрбум төгрөгөөр тасрах болно.Төсвийн алдагдал ДНБ-ий долоон хувьд хүрч болзошгүй байна. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл хасах руу орчихлоо. Төрийн сан хэвийн үедээ сард 300 гаруйтэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг. Гэтэл өнөөдөр Төрийн сангийнгүйлгээ хийх боломжит хэмжээ нь 150 тэрбум төгрөгөөс ч бага байна. Тэгэхээр байдал тодорхой биз дээ.

-Одоо тэгээд төсвөө яаж аврах вэ?

-Төсөвтөө тодотгол хийж, хэмнэлт, хязгаарлалтын хатуу бодлогод шилжихээс өөр арга байхгүй. Улстөржиж эхлүүлээддутуу орхичихсон барилгуудаазогсоохоос өөр арга байхгүй. Зардлаа бууруулах нийгмийн халамжаа зорилтот бүлэгт төвлөрүүлж, сахилга хяналтаа сайжруулах шаардлага тулгарч байна.

-Жишээ нь ямар зардлуудыг бууруулах юм…

-Төрийн албаны орон тоо, зардлаа бууруулахаас эхлээд зөндөө л боломж байна шүү дээ.

-Бүх нам хамтраад засаг барьчихсан, албан тушаалын төлөө оочер дугаар пиг байгаа үед хэцүү л байх даа…

-Эерэг гэхээсээ олон сөрөг дагавартай. Гэхдээ ингэхээс өөр арга зам бидэнд үлдсэнгүй.

-Татварын реформ хийхийг хүлээж, татвар төлөлт багассан. Үүнээс үүдэлтэй төсвийн орлого тасалдаж байна гэх юм. Үнэн үү?

-Татварын өршөөлийн хууль гарах юм гэдэг цуу яриа ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн шүү. Нөгөө талаар Засгийн газар татварын аливаа хяналт, шалгалтаа зогсоогэсэн ньбайцаагчид хуулийн дагуу төлөх татвараа хөөцөлдөхгүй, хөөцөлдөөд ч үр дүнгүй байдлыг бий болгосон нь төсвийн орлого тасалдалтад нөлөөлсөн байх үндэстэй.

-Одоо татварын шинэчлэлийг яаж хийх ёстой юм. Энэ чиглэлээр өргөн барьсан хуулийн төслүүд ямар шатандаа яваа вэ?

-Миний өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлээгүй байж л байна. УИХ хэлэлцэхгүй байна. Уг нь хэлэлцсэн бол эдийн засагт тус нэмэр болох л байсан. Харин одоо ийм хүнд нөхцөлдтатварын шинэчлэл гэдэг нь элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт өгнө гэхээсээ татварыг жигд шударгаар төлдөг байх, татвараас зайлсхийх боломжийг хаах, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд л яригдах болно шүү дээ.Зайлшгүй үед татварыг нэмэгдүүлэх асуудал ч яригдахаас өөр гарцгүй болох нь ч бий.

-Тэгвэл нийслэлийн татварыг яагаад дэмжээгүй юм бэ?

-Тэр бол өөр агуулгатай татвар байсан. Одоо манайд үйлчилж байгаа татварын системтэй нийцэхгүй байгаа тал бий. Хотын татварбайх нь зүйтэй. Гэхдээ хэлбэрээзөв олж, оновчтой шийдвэрлэх учиртай.

-Гэхдээ амьдралаа яая гэж байгаа хүмүүс нэмж татвар төлөхболов уу. Хямралын үед тохирохгүй арга биш үү?

-Үйлдвэрлэл эрхлэхийг нь дэмжээд татвараа төлөхийг шаардахаасөөр яах юм. Тулсан үед орлогоонэмэгдүүлж чадахгүй бол хэрэглээгээ багасгаж зохицуулдаг олон арга бий. Дээр хэлсэн хөрөнгө оруулалт, удирдлагын зардлыг танаад болохгүй бол халамжаа багасгахад хүрдэг.Цалин, тэтгэвэр нэмэхээс татгалзах болдог.

-Төсвийн тасалдлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх боломж байхгүй юм уу?

-Олон хуулийг эргэж харах хэрэгтэй болно доо. Зардал өссөн,орон тоо нэмэгдээд байгаа асуудлууд аяндаа гараад ирсэн юм биш. Өнгөрсөн хугацаанд баталсанхуулиудыг дагаж гарч байгаа үр дагавар юм. Тиймээс энэ бүхнийг эргэж харах шаардлага үүснэ.

-Сая Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх төслийг УИХ дэмжээгүй. Мөрийн хөтөлбөргүй Засгийн газартай яваад байна уу?

-Угаасаа энэ Засгийн газар чинь мөрийн хөтөлбөргүйшүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зогссон гэж үзэж болно. Мэдээж дараагийн шинэ Засгийн газар нь өмнө Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн утгаар нь өвлөж аваад хэрэгжүүлэхгүй нь тодорхой. Тэгж хэрэгжүүлэх байсан юм бол Засгийн газрыг солих шаардлага байхгүй шүү дээ.Шийдлийн Засгийн газарөөрийн гэсэн хөтөлбөрөөгаргаж УИХ-аар батлуулах ёстой байсан ч батлуулаагүй. 1990 оноос хойш мөрийн хөтөлбөргүй яваа долоо дахь Засгийн газар нь энэ. Ийм л гажуудал манайд бий болсныг өөрчлөх хэрэгтэй байна.

-Танай намын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна гээд мэдэгдээд эхэллээ. Та санал нэг байгаа юу. Таны намынхан энэ асуудлыг өргөн барих юм уу?

-Одоохондоо хувь гишүүнийбайр суурь гэж үзэж байна. Намын бодлогын түвшинд яригдаагүй асуудал байна

Я.Мөнгөнцэцэг