Categories
мэдээ цаг-үе

С.Боргил: Дагуул хотуудыг шинээр бий болгох нь хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэлээс гарах арга зам

Хөдөлмөрийн үндэсний нам өчигдөр гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус намын дарга С.Боргилтой ярилцлаа.

-ХҮН намд шинээр гишүүд элссэн гэж байна. Хичнээн хүн элссэн бэ. Танай намынхан боловсрол өндөртэй хүмүүс болохоор боловсролтой залуусаар хүрээгээ тэлсэн байх?

-ХҮН нам өдөр бүр шинэ гишүүдээр эгнээгээ бэхжүүлж байна. Хөдөлмөрийн үндэсний намд шинээр гишүүд элсүүлэх арга хэмжээ намын байранд тогтмол явагдаж байгаа бөгөөд энэ нь манай өдөр тутмын үйл ажиллагааны нэг юм. Зөвхөн өнөөдөр гэхэд 20 орчим хүн шинээр гишүүний батлахаа авлаа. Бидэнтэй үзэл санаа нэгтэй, эх орон улс үндэстнийхээ төлөө чин санаатай хүмүүст манай нам нээлттэй. Манай намд ямар ч насны, бүх ажил мэргэжлийн хүмүүс ханддаг. ХҮН намын гишүүнчлэл нь нас, боловсролоор ямар нэгэн хязгаар тавьдаггүй. Одоогоор манай дэмжигч гишүүд 10 мянга хол давсан. Нийт гишүүд маань 2000 гараад явж байна.

-Танай нам цаашид ямар зорилт тавьж ажиллах вэ?

-Бидний эхний зорилт бол намын анхан шатны нэгжүүд, намын үүрүүдийг нийслэл болон хөдөө орон нутагт байгуулах явдал. Энэ ажил эхлээд явж байна. наймдугаар сар гараад манай гишүүд хөдөө орон нутагт ажиллаж эхэлнэ. Намын гишүүнчлэлээ өргөжүүлэх, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж гаргах, хөгжлийн болон нийгмийн бусад асуудлаар хөтөлбөр, бодлого, шийдлээ олон нийтэд таниулах нь манай цаашдын үйл ажиллагааны гол зорилт.

-Манайхан эдийн засаг хүндэрчихлээ гэж байгаа ч маш олон сумд ойгоо тэмдэглэж байна. Нэг талаас ингээд харахаар эдийн засаг хямраагүй ч юм шиг санагдах боллоо?

-Бидний хийж сураад байгаа ганц зүйл бол наадам шүү дээ. Бүтээн байгуулалт ид өрнөх ёстой маш богинохон зуны саруудыг наадаж өнгөрөөсөөр ямар ч бэлтгэлгүй өвлийг угтдаг. Саяхан манай намын гишүүд хөдөө орон нутгаар явж малчид, тариаланчидтай уулзсан. Энэ жил хүндхэн байх дүр зураг гарч байна. Ургац алдах нь бараг тодорхой болж байна. Энэ нь эдийн засагт хүнсний хомсдол, үнийн өсөлт авчрахаар болоод байна. Зуншлага их оройтсон, гантай нутгуудаар мал тарга авахгүй байгаа талаар бүгд ярьж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн манай ДНБ-ий 30 орчим хувийг эзэлдэг.

Нэгэнт хямраад байгаа эдийн засаг дээр ийм хүндрэлүүд нэмэгдэхээр ДНБ дахин уналтад орох, одоогийн төлөвлөөд байгаа эдийн засгийн долоон хувийн өсөлт гарахгүй нь тодорхой болж байна.

-Энэ жил манай улс нэлээд ургац алдах нь хэмээн халаглаж байна. Тариаланчид нь яамныхаа эсрэг нэлээд тэмцсэн. Хэн нь ч үнэндээ хожсонгүй. Гарц юу байна?

-Ургацын тухайд тариаланчид аль эртнээс ярьсан. Засаглалын хямрал болоод юун ургац манатай байсан байх. Дотооддоо нөөцийн будаа байхгүйгээс хойш эртхэн импортоор будаа оруулах гэрээ хийж хүнсний хомсдол, үнийн хэт хөөрөгдөл үүсгэхгүй байх арга хэмжээг урьдчилан авах нь чухал. Нэгэнт хямарсан эдийн засаг дээр хүнсний хямрал нэмэгдвэл бүр л хэцүүднэ дээ.

-Нийслэл хот өвөлжилтөд бэлэн байна уу. Өнөө л гамшиг болсон утааны улирал эхэллээ. Шинэ дулааны станцууд ашиглалтад орно гэж байна. Цэвэр бохирын шугамаас эхлээд Улаанбаатарт асуудал их байх юм?

-Энэ жил утаа гэдэг сэдэв дээр цэвэр бохирын шугам гэсэн шинэ сэдэв нэмэгдсэн. Олон жил ямар ч шийдэлгүй ярьсаар байгаа учраас гамшгийн хэмжээнд очтолоо муудсан эдгээр асуудлууд ердөө л сэдэв болоод байна. Нийслэл хот маань нэг сая гаруй хүнтэй болж өргөжөөд байхад эрх баригчид ямар ч шийдэлгүй сууж байна.

Дагуул хотуудыг шинээр бий болгох нь хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэлээс гарах арга зам. Түүнээс биш нэгэнт багтаамж нь хүрэхгүй болсон нийслэлийн хэмжээнд асуудлыг шийдэх бололцоогүй.

Categories
мэдээ цаг-үе

Түүнийг дэлхийн аварга, цаашлаад олимп хүлээж байгаа

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Тюмень хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Тюмень хотоос цорын ганц алтан медаль авчирсан тамирчин бол 63 кг-ын жинд зодоглосон Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа байлаа. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа 1986 онд төрсөн бөгөөд жүдо бөхөөр олон жил уйгагүй хичээллэж буй шилдэг тамирчдын нэг яах аргагүй мөн. Өнгөрсөн хугацаанд тэрээр олон сайхан амжилт үзүүлж улсынхаа төрийн дууллыг харийн тэнгэрт олон ч удаа эгшиглүүлсэн Монголын нүүр царай болсон жүдоч. Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, “Их дуулга” тэмцээний аварга гээд бараг олимпоос бусад тэмцээний медалийг хамсан гэхэд болно. Гэхдээ түүнд олимпийн туршлага бий. “Лондон-2012” олимпод зодоглож байсан түүний барилдааныг ард түмэн одоо хэр мартаагүй. Сийрүүлбэл, ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдахдаа хагас шигшээд гарч Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Словенийн Урска Золниртой барилдаж цэвэр ялагдсан. Хоёр бөхийн хүч чадал, барилдаан эн тэнцүүхэн байсан хэдий ч шүүгчид манай бөхөд ялагдал хүлээлгэсэн гашуун түүх бий. Гэвч манай бөх хэнд ч ялагдашгүй гэдгээ цуврал тэмцээнүүдэд харуулж байна. Үүний тод жишээ бол өнөө жилийн Кувейтэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан тохиолдол юм. Тэрээр Кувейтийн татамид жинхэнэ ясны тамирчин, мятрашгүй монгол бөх гэдгээ харуулж, бусад орны тамирчдын зүрхэнд шар ус хуруулаад авсан.

Учир юу гэвэл 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж, вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга болсон. Барилдааны үед манай жүдоч зүүн мөрөндөө бэртэл авч, мөрөө мулталчихсан. Гэсэн хэдий ч бэртэл авлаа гээд унжийж суухын оронд харин ч баргийн эр хүнээс гарамгүй зориг, тэсвэр тэвчээр заан барилдааныг дуусгасан юм. Тиймээс Азийн аваргын алтан медаль түүнд, монголчуудад хамгийн үнэ цэнтэй байлаа. Арга ч үгүй биз, Монголын эмэгтэй жүдочдыг нэгэн үе дэлхийн жүдогийн дэвжээнд гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од дасгалжуулж байгаа шүү дээ.

Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа зэрэг дасгалжуулагчдын шавь нар энэ цаг үеийг эзэгнэсэн баатрууд болж яваа гэхэд хилсдэхгүй байх. Нарийн яривал Ц.Мөнхзаяагийн гарын багш хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох. Дэлхийн аварга Ш.Чанарав, олимпийн анхны медальт Ц.Дамдин, Р.Даваадалай, 1989 оны дэлхийн аварга Х.Баттулга, О.Балжинням, олимпийн аварга Н.Тvвшинбаяр, олимпийн хvрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Х.Эрдэнэт-Од гээд дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид бүгд түүний шавь гэдэг. Тэгэхээр төгс бэлтгэгдсэн мэргэжлийн жүдоч юм.

Ц.Мөнхзаяагийн амжилтын бас нэг үндэс бол яах аргагүй гэр бүлийн хүн нь. Түүний нөхрийг Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гэдгийг мэдэх биз ээ. 73 кг-ын жинд Х.Болдбаатартай дүйх тамирчин ховор байсан үе саяхан. Тэрээр өөрийнхөө үлдээсэн орон зайг эхнэрийнхээ амжилтаар дүүргэхээр зүтгэж явна. Жүдогийн төлөө, эх орныхоо төлөө хорвоод амьдрах хоног өдрүүдээ элээж яваа хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. Удахгүй болох ДАШТ-д Ц.Мөнхзаяа зодоглоно. Тиймээс дэлхийн татамигаас ганзага дүүрэн ирэх байх гэж найдаж байна, монголчууд итгэл хүлээлгэж байна. Тэр чадна. Түүний дараа Мөнхзаяаг олимп хүлээж байгаа…

Д.Давааүрэн

Э.Анужин

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх зураглалыг тохиролцсон

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарьтай ярилцлаа.

-Уфад болсон Монгол, Орос, Хятад гурван орны төрийн
тэргүүнүүдийн уулзалтын тухай яриа намжаагүй байна. Уг уулзалтын үеэр яг ямар
гол асуудлуудыг шийдсэн бэ. Ерөнхийдөө бол эдийн засгийн коридор байгуулах
саналыг талууд дэмжсэн гэсэн?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын
9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн
тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдаан болон БРИКС, Евразийн эдийн засгийн
холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын
хамтарсан уулзалтад ажиглагч орны төрийн тэргүүний хувьд оролцсон.

Энэ удаагийн гурван талт уулзалтын үеэр гурван улсын
төрийн тэргүүн нар Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд
хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг тохиролцсон тухайгаа хэлсэн үгэндээ
нотолж, гурван талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх баримт
бичгүүдэд гарын үсэг зурагдсан нь уг дээд түвшний уулзалтын гол үр дүн болсон.
Тухайлбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах
хөтөлбөр боловсруулах тухай санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд
худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын
Холбооны гаалийн алба хоорондын санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Хилийн
боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий
газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийг тохижуулах алба хоорондын
ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээврийн гаалийн
бүрдүүлэлтийг хялбаршуулах чухал ач холбогдолтой юм.

-Манай орноор дамжих транзит тээврийн асуудал хэрхэн
шийдэгдсэн бол. Зам дагаж хөгжил гэдэг утгаараа авто замын болон төмөр замын
асуудал олны анхаарал татсан сэдвийн нэг хэвээр байна?

-Бид гурван талын тээврийн салбарын хамтын ажиллагааг
“Талын зам”, “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транс-Евразийн коридор” зэрэг
гурван талын санаачлагын хүрээнд уялдуулж, өргөжүүлэн хөгжүүлэхээр санал
нэгдсэн. Мөн Монгол, Орос, Хятадын хамтарсан тээвэр-логистикийн компани
байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх бодит ажлыг ойрын хугацаанд
хэрэгжүүлэх шаардлагатайг гурван улсын төрийн тэргүүн нар Уфад болсон уулзалтын
үеэр тэмдэглэсэн байгаа.

-Уг уулзалтын үеэр Монголын талаас ямар ямар саналуудыг
тавьсан бэ. Хөрш орнуудын төрийн тэргүүнүүд хэрхэн хүлээж авсан бол?

-Гурван талт уулзалтын үеэр Монголын тал гурван улсын
хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн
техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг
бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавьсан. Манай түнш
улсууд манай саналыг судлан үзнэ гэж найдаж байгаа. Мөн байгалийн хий, газрын тос
дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, Монгол
Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан
эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах
чиглэлд хамтран ажиллах талд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн Монголын уул
уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос,
Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон
асуудлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг манай талаас
илэрхийлсэн.

-Уфа-гийн уулзалтын өмнө гурван орны Гадаад хэргийн дэд
сайд нарын уулзалт болсон. Манай зүгээс тавьсан саналууд саяын уулзалтаар хэдэн
хувь нь биелэлээ олсон бэ?

-Уфагийн дээд түвшний уулзалтын өмнө буюу энэ оны зургадугаар
сард гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалт Москва хотноо
болсон. Энэ удаагийн уулзалтаар гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь
удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах, энэ үеэр байгуулах Монгол Улс, ОХУ,
БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, гурван
улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулах тухай Санамж
бичиг болон хил, гаалийн салбарын хоёр баримт бичгийг тохиролцсон. Үндсэндээ
гурван талт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна.

-ШХАБ болон БРИКС-ийн уулзалтын үр дүнг та хэрхэн
тодорхойлох вэ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг өндөр ашиг сонирхол бүхий
орнууд бүгд өөрсдөдөө ашигтай хувилбарыг нэрлэсэн байх?

-ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн
энэ удаагийн хуралдааныг анх удаа БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын
уулзалттай хамтатган зохион байгуулснаар онцлог болсон. Энэхүү дээд хэмжээний
уулзалтууд нь дэлхийн хүчний тэнцэл өөрчлөгдөх эхлэлийг тавьж, олон улсын
харилцаанд шинэ нөхцөл байдал үүсгэх магадлалтай чухал үйл явдал боллоо гэж
олон улсын судлаачид мөн үзэж байгаа.

БРИКС-ийн орнуудын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын
дүнд Уфагийн тунхаглал, Эдийн засгийн түншлэлийн стратеги, үйл ажиллагааны
төлөвлөгөө зэрэг чухал баримт бичгүүдийг тус бүлгийн гишүүн орнуудын төрийн
тэргүүн нар баталж, БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах эхлэлийг тавьсан
чухал уулзалт болсон гэхэд болно.

-Зарим орнууд ШХАБ-ын гишүүн орон болох нөхцөл бүрдсэн гэж
дуулсан?

-ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн
хуралдааны үеэр 15 жилийн хугацаанд анх удаа бүл нэмж, Энэтхэг, Пакистан улсыг
эгнээндээ элсүүлэх үйл явцыг эхлүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн
Беларусь улсын статусыг ажиглагч болгон ахиулж, Армени, Азербайжан, Камбож,
Балба улс яриа хэлэлцээний түнш орнууд боллоо. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын
гол үр дүн нь ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн ойрын 10 жилийн чиг хандлагыг
тодорхойлох “2025 он хүртэлх хөгжлийн стратеги”, Дэлхийн хоёрдугаар дайны
ялалтын 70 жилийн ойн мэдэгдэл болон Уфагийн мэдэгдэл байлаа.

-Удахгүй Монгол Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25
жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд гадны төлөөлөгчид ирэх сураг байна.
Ямар асуудлуудын хүрээнд хуралдах бол?

-Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд үлэмж
нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол манай улсын ардчилсан үзэл санаа, хүний эрх,
эрх чөлөөний үнэт зүйл, суурь зарчмыг богино хугацаанд нийгэмдээ амжилттай
нэвтрүүлсэн явдал.

Тиймээс энэ талаар түлхүү яригдана. Мөн Монгол Улс
ардчиллын ногоон арал болж, ардчиллын үнэт зүйлсийг дээдлэн хөгжүүлж байгаа гэж
гадныхан хүлээж авдаг. Тиймээс энэ нь биднийг гуравдагч хөршүүдтэй холбож буй
чухал холбоос мөнөөсөө мөн. Энэ тухай ч хэлэлцэнэ.

Энэ үеэр Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль
явуулсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойг долдугаар сарын 29-30-нд улс орон
даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
захирамж гарсныг зарлана гээд маш олон хөтөлбөрийн хүрээнд ойг тэмдэглэнэ.

-Гадна ямар төлөөлөгчид ирэх вэ?

-Ойг тэмдэглэх хүрээнд олон улсын Чехийн Парламентын
төлөөлөгчдийн танхимын дарга Яан Хамачек, Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мен
Баг, Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтман, Ардчилал, сонгуулийн
туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм
ирнэ. Мөн Америкийн төрийн департаментын туслах төрийн нарийн бичгийн орлогч
Сузан Торнтон, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе зэрэг
төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа. Мөн Польшийн ардчиллын домогт удирдагч
Лех Валенса оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Түүнчлэн биечлэн ирж чадахгүй
тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын Комиссын
Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, ХНБГУ-ын Канцлер
Ангела Меркел, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Тони Аббот, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улсын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аунг Сан Сү Чи
зэрэг дэлхийн хэмжээний улс төрчид, удирдагчид, төр засгийн тэргүүн нар видео
мэндчилгээ дэвшүүлнэ.


Categories
мэдээ цаг-үе

О.Батгэрэл: Бид японоос чанартай, хятадаас хямд гэсэн уриатай

О.Батгэрэл
“Санко Солар Монголиа” компанийн ерөнхий менежер ажилтай, Японд сэргээгдэх
эрчим хүчний инженерийн мэргэжил эзэмшсэн. Тус компани нь Монголд нарны зай
үйлдвэрлэж Японд гаргадаг аж.

-Нарны
зайн үйлдвэрээ танилцуулахгүй юу?

-Манай
компани 2011 оны нэгдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдсан. “Санко” группын
салбар компани. “Санко” групп монголд гурван салбар компанитай. “Санко солар
Монголиа”, “Санко тек Монголиа”, “Санко Маркетинг Монголиа” зэрэг компаниуд
байна.

-Хаанахын
компани вэ?

-Манай
толгой компани Япон улсын Сайтама мужид байрладаг. Роботын эд ангиудыг
үйлдвэрлэж, боловсруулдаг. Мөн нарны зайн худалдаа, угсралт, суурилуулалт
хийдэг.

-Энд
байгаа үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Манай
үйлдвэр жилдээ арван МВт үйлдвэрлэх чадалтай.

-Арван
мвт гэдэг маань?

-200
МВт-ын хүчин чадалтай дэлгэцээр ярих юм бол жилдээ 50,000 ширхэг нарны зайн
үүсгэвэр үйлвэрлэх чадалтай гэсэн үг.

-Бүтээгдэхүүнийхээ
хэдэн хувийг нь Япон руу гаргадаг вэ?

-Бид
байгуулагдсанаасаа хойш 8,5 мвт бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байна.
Ойролцоогоор 95-96 хувийг Япон руу гаргаж байна.

-Үйлдвэрийн
боловсон хүчин ямар бүтэцтэй байдаг вэ?

-Манай
компани нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй. Нийт ажилчдын дундаж нас 24. Тэд Герман,
Япон улсад сэргээгдэх эрчим хүчний инженерээр төгссөн. Мөн дотооддоо сэргээгдэх
эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг
ШУТИС, МУИС, Хүрээ дээд сургуулийн төгсөгчид ажилладаг. Ажилчдаа жил бүр төлөвлөгөөний дагуу Тайвань,
Япон улсын ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажуулдаг.

-Япон
руу бүтээгдэхүүн гаргахад маш өндөр стандарттай байдаг. Яаж Японы компанитай
холбоо тогтоож, үйлдвэр байгуулав?

-Манай
компанийн захирал Хүрэлбаатар, “Санко Тек Монголиа” компанийн захирал Цэндээхүү
нар 2001 онд Япон улсад дадлагажигчаар гурван жилийн хугацаатай ажилласан. Эх
орондоо эргэн ирэхдээ наадмаар “Санко сэки” компанийн захирал Шимизү Такаши
гуайд эх орноо танилцуулсан. Ингэж Монголд 2005 онд “Санко Тек Монголиа”
компанийг байгуулсан. Энэ жил манай группын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой
болж байна.

-Хөрөнгө
оруулаад та нар эндээ яадаг вэ?

-“Санко
Тек Монголиа” компани маань роботын болон суурь машины эд ангиудыг орчин үеийн
машинаар боловсруулаад Япон руу гаргадаг. Мөн Японы “Коника Минолта” компаний
хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийг монголд борлуулж, засвар үйлчилгээг
хариуцдаг.

-Экспорт
хийх шаардлагыг хэрхэн хангасан бэ?

-Манай
Санко Солар компани нь 2012 оны арваннэгдүгээр сард анхны экспортоо хийсэн.
Японы стандартыг хангахын тулд маш их бэлтгэл ажил шаардсан. Эхлээд Монголынхоо
ISO9001 стандартыг хангасан. Дараа нь 2012 оны наймдугаар сард Япон улсын нарны
зайн үүсгэвэрт тавигддаг TUV стандартыг хангаж, сертификат авсан. Ийнхүү
сертификат авснаар олон улсад гаргах боломж нээгдсэн.

-Япон
руу гаргаж байгаа юм чинь өөр бусад орнуудад гаргахад нээлттэй биз?

-Тийм.
Бид TUV стандартыг таван жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.

-Танай
барааны стандарт герман юмуу америкийн стандарттай нийцэх үү?

-Манай
бараа тухайн орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөнө. Бид бараандаа 25 жилийн
баталгаа өгдөг.

-Ажилчдын
цалин хэр байна?

-Цалингийн
хувьд монгол улсын дундаж. Ажилчид маань тогтвортой ажилладаг.

-Ямар
бүтээгдэхүүнүүд гаргаж байна?

-Нарны
зай. Япон улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг маш сайн дэмждэг. Сэргээгдэх
эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээг энгийн иргэдтэй хийдэг. Жишээлбэл:
сэргээгдэх эрчим хүч гаргаад тэрийгээ эрчим хүчний компаниудад зарах эрх нь
нээлттэй байдаг. Энэ тал дээрээ эрх зүйн зохицуулалт нь маш сайн хөгжсөн. Японд
сэргээгдэх эрчим хүчний эрэлт их. Тийм учраас манай нарны зайн борлуулалт өндөр
байгаа.

-Юунд
хэрэглэж байна?

-Японд
ерөнхийдөө хоёр төрлийн хэрэглээ байна. Айл өрхийн систем болон дунд оврын их
чадлын нарны цахилгаан станцууд байна. Мөн хөдөө аж ахуйд хэрэглэж байна. Айл
өрхийн систем нь таваас арван квт-ын өрхүүдэд зориулсан системүүд байна. Олон
МВт-ын том нарны цахилгаан станцууд японд үйлдвэрлэгдэж байгаа.

-Энэ
нь бидний ярьдгаар хавтгай дэлгэцийг хэрэглээд байна гэсэн үг үү?

-Тийм.
Манайх зөвхөн панел үйлдвэрлэдэг. Манай компанийн үйлдвэрлэсэн панел японд
нарны цахилгаан станц болж боссон. Манай компани өөрсдийн хүчин чадлаар хоёр мвт-ын чадалтай станцыг Японы Сайтома
мужид оруулсан. Станцад Монгол залуусын хөдөлмөр шингэсэн.

-Ямар
нэгэн гомдол ирсэн үү?

-Үйлдвэрлэж
эхэлснээс хойш ямар нэгэн гомдол ирээгүй. Бид үйлдвэрлэлдээ тэргүүлэгч
компаниудын материалыг хэрэглэдэг.

-Түүхий
эд монголоосоо авч байна уу?

-Нарны
зайнд үндсэн 11 төрлийн материал ордог. Монголоос түүхий эдээ авдаггүй, дандаа
гадны орнуудаас авч байна. Япон, Тайвань, Сингапур, Герман, Хятад зэрэг
орнуудаас авч байгаа.

-Энд
угсарсан нь ямар давуу талтай вэ?

-Ажиллах
хүчний зардал буюу урсгал зардал бага. Мөн монгол залуучуудын хөдөлмөрлөх
чадамж өндөр.

-Монголчууд
юунд хэрэглэх боломжтой вэ?

-Монголд
нарны зайн хэрэглээ өндөр байгаа. Ялангуяа хөдөөгийн малчид бараг 100 хувь
хэрэглэж байгаа гэж хэлж болно. Зуун мянган нарны гэрэл, Буман нарны гэрэл
зэрэг төслүүд хэрэгжиж малчид мэдээлэл сайтай болсон. Алслагдсан газрууд болон
төвийн эрчим хүчинд холбогдоогүй газруудад нарны зайн бага, дунд болон их
чадлын станцууд байршуулахад тохиромжтой. Үнэ нь хэдийгээр өндөр байсан ч
яваандаа нүүрсэн цахилгаан станцуудтай өрсөлдөх хэмжээнд очих ирээдүйтэй. Нарны
цахилгаан станц маань олон давуу талтай. Дуу чимээ багатай, агаарын
бохирдолгүй, бүтээн байгуулалтын хугацаа бага, станц боссоны дараа ашиглалтын
зардал бага гэх мэт. Мөн монгол орон маань нарны радиац ихтэй, ашигт үйлийн
коэфициент өндөртэй зэрэг давуу тал байна.

-Хөдөө
орон нутгаар явж байхад ихэнх айлууд хятадаас оруулж ирсэн нарны зайг хэрэглэж
байна. Тэр нь эдэлгээ бага, хурдан эвдэрдэг. Засах боломжгүй гэдэг. Хэрэв
танайхаас авсан нарны зай эвдэрвэл засуулах боломжтой юу?

-Энэ
асуудал хэрэглэгчдийн хувьд хүндрэлтэй байгаа. Импортоор орж ирж байгаа нарны
зайнууд нэрлэсэн чадалдаа хүрдэггүй. Хэрэглэгчид манайд нарны зай засуулахаар
авч ирдэг. Тэдгээр зай нь шошгон дээрээ 100 ватт гэсэн мөртлөө шалгаад үзэхээр
чадалдаа хүрдэггүй. Ийм асуудлууд ихээр гарч хэрэглэгчдийг хохироож байна.
Манайх бүтээгдэхүүнийхээ чадлын гаралтад 10 жилийн баталгаа өгч байгаа. Манай
бүтээгдэхүүн 100 ватт гэсэн бол 10 жил чадлын гаралтаа барина. Ер нь монголын
нөхцөлд нарны зай жилдээ нэг хувиар унадаг гэсэн тооцоо байгаа. Манай
бүтээгдэхүүний хүчин чадал арван жилийн хугацаанд 90 ваттаас доош унахгүй.

-Танай
бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналт ч юмуу мэддэг хүмүүс нь шалгадаг байх. Хил
дээр ийм төрлийн бүтээгдэхүүнийг шалгадаг уу?

-Хилээр
шалгалтгүй оруулж байгаа. Манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмждэг
болсноор хилээр оруулж ирж буй импортын бүтээгдэхүүнүүдээс нэмүү өртгийн,
гаалийн татвар авахаа больсон. Харин манай компани нарны зайнд хэрэглэгдэх
материалаа оруулж ирэхэд татвар төлдөг. Ингэснээр бид импортын бүтээгдэхүүнтэй
өрсөлдөхөд хэцүү болж байна. Тийм болохоор импортын бүтээгдэхүүн хямдхан, хараа
хяналт муутай байна. Харин одооноос эхлэн стандарт хэмжил зүйн газар, их
сургууль, яам, физик технологийн хүрээлэн зэрэг газрууд нийлж стандарттай болох
гэж байна. Энэ чиглэл дээр манай үйлдвэр голлох байр эзэлж бусад мэргэжлийн
байгууллагуудтайгаа хамтарч нэгдмэл үндэсний нарны зайн MNS стандарттай болох
гэж байна.

-Төрөөс
хэр дэмжиж байна?

-Анх
үйлдвэр байгуулагд­санаас татварын, гаалийн хөнгөлөлт зэрэг үзүүлж байгаа. Бид
яамтайгаа хамтарч ажилладаг.

-Цаашид
өргөжүүлэх талаар ямар төлөвлөгөө байна?

-Ирээдүйн
хувьд гадаад захиалга болон монголын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх
бодлогоос шууд хамааралтай болох байх.
Улаанбаатрын агаарын бохирдол, эрчим хүчний дутагдал,эрчим хүчний тархай
систем зэргээс хамаараад энэ технологийг монголд цаашдаа хөгжих нь зайлшгүй гэж
үзэж байна.

-Та
нар төрөөс эрчим хүчний талаар барих бодлогод хамрагдаагүй байна уу?

-Ерөнхий
бодлого УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа байх. Бодлогод худалдах болон худалдан
авах тариф шинэчилж зааж өгсөн байна
лээ. Тэр маань гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эсэх нь цаг
хугацааны асуудал болж байна.

-Танай
бүтээгдэхүүний үнэд төрөөс оролцож байна уу?

-Бид
үнээ өөрсдөө тогтоодог. Зах зээл дээр бол үнэтэй биш, ерөнхийдөө хямд.

-Танай
бүтээгдэхүүн Японд хэр танигдсан бэ? Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг манай
иргэд гадаадад гаргаж зарах боломж байна уу?

-Японы
зах зээлд өрсөлдөгч их байна. Тайвань болон Хятад гэх мэт орнууд Япон руу
бүтээгдэхүүнээ гаргадаг. Манайх хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн гаргахыг
эрмэлзэж байгаа учир чанараараа японд танигдсан. Японоос илүү чанартайг
хятадаас бага зардлаар гэсэн уриаг бид тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм

-Дүүгээ хайж цагдаад хандчихаад байхад амиа алдсаныг нь мэдэгдээгүй-

Энэ сарын 13-ны өдөр ажилдаа яваад сураггүй болсон эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа тухай зар facebook-ээр тарсан. Харамсалтай нь тэр эмэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь долдугаар сарын 17-ны орой мэджээ. Цагдаагийнхан талийгаачийн цогцсыг энэ сарын 14-ний үүрээр олсон ч гурван хоногийн турш хэн болохыг нь тогтоож чадаагүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан. Талийгаач Д-ийн ах Э.Өрнүүн-Ундрахтай ярилцлаа.

-Дүүгээ хайж байгаа талаар зарыг facebook хуудсаар олон хүн түгээсэн байсан. Харамсалтай мэдээ сонслоо.

-Манай гэр бүлд маш хүнд байна. Гэхдээ гэмт этгээдийг илрүүлж үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгээсэй гэдэг үүднээс танай сонинд хандаж байна. Дүү минь 19 настай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн хоёрдугаар курс төгссөн. Гурван ахтай, айлын бага охин. Хичээлдээ сайн. Гэр, сургууль хоёрын дунд явдаг даруухан охин байсан юм, миний дүү.

Зуны амралтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тасалбар тасладаг цагийн ажил хийж байсан юм. Энэ сарын 13-ны өглөө ажилдаа яваад эргэж ирсэнгүй. Бид гурав хоногийн турш хайж, сураглаж яваад 17-ны орой амиа алдсаныг нь мэдлээ.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ гэрийнхэнтэйгээ холбоо барьсан бэ. Энэ сарын 13-нд ажил нь орой­тож тарсан юм болов уу?

-Цагийн ажил нь ихэвчлэн орой тардаг. Хажуу талын байранд байдаг охинтойгоо хамт ирдэг байсан юм. Аав гэрийнхээ гадаа тосдог. 13-ны шөнө аав гэрийн гадна хүлээгээд ирээгүй. Хажуу байрны охинтой хамт яваагүй байсан. Миний дээд талын ах шөнийн 1.40 цагт гар утас руу нь залгахад “20 минутын дараа очлоо” гэж ярьсан. 20 минутын дараа залгахад гар утсаа тасалчихсан. Дахиад залгасан утас нь салчихсан байсан.

-Хэзээнээс хайж эхэлсэн бэ?

-14-ний үдээс хойш хүртэл утсаар сураглаж байсан. Наадмаар найз нөхөдтэйгөө уулзсан юм болов уу гэж найдаж байлаа. Гэсэн ч гар утас нь салчихсан, огт сураг гарахгүй болохоор санаа зовоод 14-ний 17.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт залгаж мэдэгдсэн. Дараа нь 19.00 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Дүү минь сураггүй болсныг цагдаагийн байгууллага 14-ний орой мэдсэн гэсэн үг. Гэтэл гурвалжингийн гүүрний доод талаас эмэгтэй хүний цогцос 14-ний өглөөний 05.00 цагийн орчимд олдсон байсан. Цагдаа жаахан л анхаарал хандуулсан байсан бол бидний хайгаад байгаа хүн нас барсан гэдгийг мэдэх байсан. Өргөдөл авснаас хойш 17-ныг хүртэл цагдаагийн байгууллагаас бидэнд ямар ч сураг өгөөгүй.

-Танайхан дүүгээ хайсаар л байсан уу?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр очиж хамт ажиллаж байсан, ажлаасаа хамт гарсан байж болох хүмүүсийн утасны дугаар авсан. Тэр байгууллага оюутнуудыг шөнө дүл хүртэл ажиллуулчихаад гаргаад явуулчихдаг. Ядаж чиглэл чиглэлд нь нэгдсэн унаа явуулдаг байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж харамссан. Тэндээс сураглаж байгаад дүүгээ нэг эмэгтэйтэй хамт явсныг олж мэдсэн. Тэр эмэгтэйтэй уулзахад “Бид хоёр манай гэр хүртэл алхаад Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас танай дүү таксинд суусан. Бараан өнгийн машин байсан. Машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэж ярьсан.

-Замын хяналтын камер шүүлгэсэн үү?

-Хоёр удаа очиж шүүлгэсэн. Гэтэл талийгаачийн таксинд суусан гэх газраас цаадах нь харагдаад яг тэр хэсэг камерт ороогүй байсан. Бид гурав хоногийн хугацаанд хайж, сураглаж болох бүхий л аргыг хэрэглэсэн. Гэмтлийн эмнэлэг, цогцос хадгалах байраар хүртэл явъя гэж ярьж байсан. Тэгтэл 17-нд таньдаг цагдаа маань ярьсан. Танил цагдаагийнхаа компьютерээс цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр эрэн сурвалжилж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон хүмүү­сийн мэдээллийг шүүсэн. Гэтэл 14-ний 05.50 цагийн орчим үл танигдах эмэгтэй хүн галт тэргэнд мөргүүлж амиа алдсан гэсэн мэдээлэл байсан. Зургийг нь хартал дүү минь байсан.

-Цагдаагийн байгуул­ла­гаас танайхад хэл хүрээгүй. Хувийн шугамаар мэдсэн юм байна. Тийм үү?

-Танил цагдаагаа гуйж байж мэдээллийн санг шүүлгэж олсон хэрэг. Гурав хоногийн турш цагдаагийн байгууллага юу хийж байсныг мэдэхгүй. Цагдаагийн мэдээллийн сангаас тэр мэдээллийг авсан даруйдаа Төмөр замын цагдаагийн хэлтэст 17-ны орой очиход цагдаа нь “Маргааш цагдаагийн баяртай. Энд унаа, машинтай хүн алга” гээд халгаагаагүй. Тэгээд өөрсдөө очиж үзэхэд дүү минь мөн байсан.

-Гурван хоногийн хугацаанд талийгаачийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй юм болов уу?

-Ерөөсөө оролдлого хийгээгүй. Бид дүүгээ хайж байна гээд цагдаагийн байгууллагад хандчихсан. Хайж байгаа хүнтэй төстэй эмэгтэй амиа алдчихсан байхад харьцуулж болдоггүй юм уу. Тэр өдөр дүү минь иргэний үнэмлэх, гар утастайгаа явсан. Гэтэл цогцсыг олоход юу ч байгаагүй гэсэн. Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ариунтунгалаг гэдэг эмэгтэй хариуцаж байсан. Тэр хүний ярьснаар иргэний бүртгэлээс дүүгийн минь мэдээлэл гарахгүй байсан гэсэн. 16 настай иргэний үнэмлэх авсан хүний мэдээлэл яагаад байхгүй гэж. Хэргийг илрүүлье гэсэн сэтгэлгүй, зөвхөн цагдаагийн баяртаа сатаарч байсны илрэл. Хэрвээ бид хувийн шугамаар мэдээгүй бол 18-нд цагдаагийн баяр, маргааш нь амралтын өдөр гээд өнгөрсөн даваа гаригт л мэдэх байж. Цагдаа нар баяраа тэмдэглэхээр хүлээсэн үүргээ мартчихдаг юм болов уу.

-Талийгаач мөнгөтэй явж байсан уу. Мөргөсөн галт тэрэгний ажилчид юу гэж мэдүүлсэн бол?

-Samsung маркийн гар утас, 10-20 мянган төгрөгтэй л гэрээсээ гарсан. Төмөр замын ажилчид “Хажуугаар явж байгаад гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс болоод талийгаачийг амиа хорлосон гэж таамаглаад, хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол цагдаад байгаа. 01.40 цагт ахтайгаа “Очиж байна” гэж ярьсан хүн 05.50 цагийн орчимд амиа хорлотол хаагуур явсан нь сэжигтэй. Мөн ах нь дахиад залгахад утсаа таслаад, салгасан нь бас сэжигтэй байгаа. Гадны нөлөөтэй нас барсан гэж бид таамаглаж байгаа. Дүү минь амиа хорлох хүн биш. Найз залуугүй. Гэрийнхэнтэйгээ ч түр тар хийгээгүй. Ганц охин дүүгээ ах нар нь дарамтална гэж юу байх билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ ирэх намар тийм хичээл сонгон, ийм дүнтэй суралцана гээд ирээдүйгээ төлөвлөөд биччихсэн байсан. Магадгүй хүчинд автаж шоконд орсон явж байсныг ч үгүйсгэхгүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй биз дээ?

-14 хоногийн дараа гардаг гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач хүчинд автсан уу, гадны нөлөө байсан уу гэдэг нь тодорхой болно гэж найдаж байна.

-Хамт явсан эмэгтэйгээс мөрдөн байцаагч мэдүүлэг авсан болов уу?

-Уг нь замын камер шүүлгэх, хамт явсан охиноос мэдүүлэг авах гээд бүх ажлыг цагдаагийнхан хийх үүрэгтэй. Гэтэл бид л хийгээд байсан. Тэр хооронд цагдаа нар баяраа л тэмдэглэж явсан байх. Баярын дараа 14-ний үүрээр хотын төвөөр цөөн машин явж байсан. Замын камерт багтсан машинуудыг шүүчихэд асуудалгүй баймаар юм. Мөн хамт явсан эмэгтэйгээс мэдүүлэг аваад өгөөч гэж хэсгийн байцаагчид 16-ны орой утасных нь дугаарыг өгсөн. Тэр өдөр хэсгийн байцаагч тэр эмэгтэйгээс мэдүүлэг авсан гэсэн. Төмөр замын цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлсний дараа Ариунтунгалаг байцаагчид мөн л нөгөө эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Гэтэл өнөө өглөө л мэдүүлэг авч байна. Ингэж хугацаа алдахаар хэрэг илрэх магадлал улам бүр багасна биз дээ. Өмгөөлөгчтэйгөө хүсэлт гаргаад очтол Ариунтунгалаг байцаагч өнөөдөр үдээс хойш эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Талийгаачийн хэрэг Мөнхсайхан гэдэг байцаагчид шилжсэн гэнэ. Мөнхсайхан байцаагчтай уулзахад “Ер нь ийм хэрэг болсныг мэдэж байгаа. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байна. Албан ёсоор намайг ав гэж хэлээгүй. Тэгж байгаад хэрэгтэй танилцана” л гэсэн. Тэгж байгаад гэдэг нь хэзээ гэдгийг мэдэхгүй. Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм. Төмөр замын цагдаагийн хэлтэс ачаалал багатай. Гэтэл энэ хэрэг дээр үнэхээр хойрго, хайнга хандаж байгаад гомдолтой байна.

-Талийгаачтай хамт явсан эмэгтэйгээс өөр гэрч байгаа юу?

-Бид тэр эмэгтэйтэй хэд, хэд уулзсан. Эхлээд уулзахад талийгаачтай хоёулахнаа байсан гэсэн. Дараа нь уулзахад “Бид хоёр манай гэрийн ойролцоох пабад орж жаахан суусан. Тэнд үйлчлэгч, түүний найз хоёр хүн л байсан. Гарахад үйлчлэгчийн найз нь бид хоёрыг гаргаж өгсөн” гэж ярьсан. Ард кино театрын хавиар хайж байгаад орсон пабыг нь олсон. Тэнд байсан залуу “Би талийгаачийг таксинд суулгаж өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Талийгаачийг машинд суулгаж явуулчихаад хамт явсан эмэгтэйг гэрт нь хүргэсэн” гэж ярьсан. Тэр залуугаас гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж цагдаад бас хүсэлт гаргасан. Мөрдөн байцаагч энэ хэрэг дээр анхаарал хандуулахгүй, цаг алдсаар байна. Энэ хойгуур гэмт этгээд ул мөрөө баллах вий, хэргээс яаж мултрахаа төлөвлөчихсөн байх вий гэж айж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болчихлоо

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болсон гэж дууллаа. Ургац хэцүүхэн байгаа талаар ярьцгаав уу?

-Манай холбооны Удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 21-нд боллоо. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэгтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна. Настайчууд хэлж байна л даа. Ийм ган гачиг үзээгүй гэж. Зүгээр нэг ган биш онцгой нөхцөл байдал үүсчээ гэцгээж байна.

-Улсын хэмжээнд ургацынхаа хэчнээн хувийг алдчихаад байна?

-Ная орчим хувиа алдчихсан. Ямар ч найдвар байхгүй.

-Цочирдмоор тоо байна. Иймдээ тулчихаад байхад засгийн түвшинд дуугүй суумааргүй санагдах юм…?

-Үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. Ер нь улс болгон маш хурдан хугацаанд хэцүү байгаагаа зарладаг. ОХУ гэхэд зургадугаар сарын аравдаар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна. Гантай, гэхдээ бороо орж эхэлсэн учраас сэргэнэ гэцгээж байна л даа. Амны бэлгээс ашдын бэлгэ, битгий муу амла гэсэн улс л байна. Үнэн хэрэгтээ аргацаасан л яриа.

-Наадмаас хойш багагүй хур орж байгаа. Сэргэх найдвар үнэхээр алга уу?

-Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй.

-Тэгээд яагаад мэдээлэхгүй таг чиг байгаа юм бол?

-Энэ яриа үнэн эсэхийг газар дээр нь үзүүлэхэд асуудал байхгүй. Телевизийнхэн лав эхнээсээ байдлыг газар дээрээс нь хүргэхээр явсан дуулдсан.

-Ургац гайгүй авчихаар хэсэг хаагуур байна?

-Үнэнийг хэлэхэд зүүн бүсийн, Халх голын хэдэн сумд жаахан тариатай байна. Булганы арын хэсэг бага зэрэг, Сэлэнгийн хойд буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр хоосонгүй. Төв аймаг маш хүнд байгаа. Сая дурдсан газраас өөр тариа авчихаар хэсэг алга.

-Яамнаас комисс гараад ажиллахгүй бол болохгүй нь дээ?

-Зүгээр нэг комисс биш, бүр онцгой байдлын комисс гаргаж яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна.

-Тариаланчид хэчнээн төгрөгөө газар булаад алдчихаж байна вэ. Танай холбооноос тооцоо гаргаж үзэв үү?

-Техник худалдан авалтын зардлыг оруулахгүйгээр зөвхөн бордоо, түлш, цалин гээд урсгал зардлыг тооцоход л 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Булганы Хутаг-Өндөр сумаас эхлээд тарьсан талбайдаа уринш хийгээд эхэлчихлээ. Юу ч авахгүй нь гээд ирэх жилдээ бэлдэж эхэлсэн гэсэн үг.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулаад ургацаа авч үлдэх боломж байгаагүй хэрэг үү?

-Орчин үед ган гачгийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ үүлэнд нөлөөлөх байдлаар бороо оруулах технологийг ашиглаж байгаа. Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв, мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан. Хавар Дорнодод гарсан түймэрт байгаа сумныхаа бараг 80 хувийг зарцуулсан. Тэнд үүлэнд нөлөөлж бороо оруулсан юм. Үлдсэн сумнуудаа бүр болохоо байлаа гээд зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгууд руу татсан. Харамсалтай нь тавдугаар сар, зургадугаар сарын эхийн их хэмжээний масс үүлийг алдсан. Яг манайтай адилхан гантай Орос, Хятад хоёр ургацынхаа 20-25 хувийг алдаж байна. Гэтэл манайх 80 хувиа алдаж байна гэдэг бодох л асуудал.

-Үүлэнд нөлөөлөөд бороо оруулж эхэлсэн юм байна. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй нь үү?

-Сүүлийн үед үүлэнд нөлөөлж бороо оруулаад байна л даа. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх учиртай. Салхины чиг энэ тэрээ маш зөв тооцоолохгүй бол үр дүнгүй болчихдог. Сүүлд гэхэд Төв аймагт үүл буудахад Улаанбаатарт бороо орох жишээний. Мэргэжлийн компани, мэргэжлийн хүмүүст нь даатгаж өгмөөр байна.

-Хэн дуртай нь үүл буудаж үр дүнгүй газар бороо оруулаад байгаа гэсэн үг үү?

-Өмнө нь байсан хүмүүсийг тэр чигт нь сольсон. Одоо бол маш хариуцлагагүй улс буудаж байна. Салхины чиг гэдэг чинь их нарийн эд юм билээ.

-Тариа ургах боломжтой хугацаа ер нь хэдийд байдаг вэ. Хэзээ бороо оруулсан бол ургацаа алдахгүй аваад үлдэх боломж байв?

-Зургадугаар сарын эхний арав хоногт орсон бол боломж байсан. Бутлалтын үедээ гэсэн үг л дээ. Тариад,соёолоод, бутлаад, гол хатгаад, түрийлнэ гэж ярьдаг. Хамгийн их анхаарах хугацаа нь бутлалтын үе. Бутлалтынх нь үед бороо ороогүй.

-Таны ярианаас анзаарахад салбарын чинь яам нэлээд сэтгэлгүй ажиллажээ дээ?

-Шуудхан хэлэхэд тийм. Тариаг тархиндаа ургуул гэдэг. Ний нуугүй хэлэхэд тариаг эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр ургуулмаар байна. Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамандаа өнгөрсөн хавраас л сануулсан. Ган гачиг болдгоороо болно, улсын хэмжээний хэрэглээний тооцоо, авах үнээ гаргаад, захиалгаа өгөөч гэж хэлсэн. Ганц улаанбуудай ч биш малын тэжээлээс эхлээд тарьж болох зөндөө зүйл бий. Яг юу нь хэчнээн хэмжээгээр хэрэгтэй байгаа талаар захиалгаа өгөх хэрэгтэй. Сэлгээний ургамал гэдэг газар тариаланд хэрэгтэй эд. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яам үүнд огт анхаараагүй.

-Ган гачиг болох нь, бороо оруулахгүй л бол хэцүүднэ гэж хэлэхээр яамнаас ямар хариу өгч байсан бэ?

-Төсөв мөнгө ярина. Ган гачиг болох мөчлөг нь ирсэн гэхээр “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та нар битгий муу юм яриад бай” гэдэг.

-Тариаланчид лав л хаврын тариалалт хүртэл буудайгаа борлуулж чадахгүй байна гэцгээсэн. Тэгэхээр буудайн нөөц байгаа гэж ойлгож болох уу?

-Түрүү жил буудай маш их байсан нь үнэн. 17 жилийн түүхэнд аваагүй өндөр ургац хураасан. Яамандаа “Аж ахуйн нэгжүүдэд байгаа буудайг улсын нөөцөнд авчихвал алсдаа хэрэгтэй” гэж хэлсэн. Том гүрнүүд шиг дөрөв, таваар нь байг гэхэд ядаж нэг жилийн нөөцтэй байх учиртай. Гэтэл яам тоогоогүй. Нөөцгүй улс ямар байдгийг хүмүүс энэ намар л мэдэрнэ. Эхнээсээ ийш тийшээ буудай, гуриланд явж байна. Түрүү жил аж ахуйн нэгжүүдэд байсан буудай спирт рүү явсан. Жар, далан мянган тонн буудайтай байснаа спиртийнхэнд зарсан нь үнэн. Гэтэл өнөөдөр Тариалан дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Ядаж зуун мянган тонныг нөөцөлсөн бол энэ жилийн ургацтай залгаад гал алдчихгүй байсан. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан, 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна.

-Улсын хэмжээнд ийм их хувиар ургац алдчихаар дараа жилийн тариалалт, ирэх өдрүүдийн нөөц гээд өчнөөн асуудал гарах нь дээ. Хэцүү байдлаас гарахын тулд Засгийн газар, салбарынхаа яаманд тариаланчдын зүгээс ямар санал тавья гэж бодож байна?

-Өмнө нь гаргалгаа гаргаж асуудлыг шийдсэн тохиолдол бий. Тариаланчдын газар булаад шатаж байгаа 150 тэрбум төгрөг бол бүгд банкны өр. Банкны үндсэн зээлийг тодорхой хугацаанд хойш нь тавиад хүүгийн алдагдлыг нь улсаас өгч газар тариалангийн салбараа авч үлдсэн түүх байгаа. 2001, 2002 оны гангийн үеэр зээл хойшлуулах аргаар тариаланчдаа аварч байсан. Зээлийн хүүгийн дарамтаас хамтарч байж л гарна. Монгол банкны зүгээс оролцох болов уу гэж найдаж байна.

-Зээлийг чинь хойшлуулж, хүүг чинь төлж чадахгүй гэвэл яах вэ?

-Төр засгаас ингэж чадахгүй гээд орхивол олон компани элгээрээ хэвтэнэ. Ирэх жил хэн тариа тарих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тариа тарина гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Асар их хөрөнгө оруулалт, туршлага шаарддаг. Газар тариалангийн салбарт олон мянган хүний ажлын байр бий. Салбар нь унавал хэчнээн мянган хүн ажилгүй болно. Ганц тариа тарьдаг компани ч биш, түлшний, сэлбэг нийлүүлдэг гээд өчнөөн компани дагаад унах эрсдэлтэй. Ийм байдалд хүрчихсэн. Ноцтойгийн ноцтой байдал үүссэн гэдгийг л хэлмээр байна.

-Тариаланчдын тарьсан тариаг яаж ч ашиглах боломжгүй болчихсон уу?

-Тариа хэнзэрнэ гэж ярьдаг юм даа. Хэнзрээд, оройтоод гараад ирдэг юм. Үр суухгүй. Гэхдээ ногоон масс бэлдэж болно. Малын тэжээл гэсэн үг. Малын тэжээл бэлдэхийн тулд тодорхой хэмжээний техник хүч, хөрөнгө зардал хэрэгтэй. Төр засгаас тодорхой зардал мөнгө гаргаад ядаж малын тэжээл болгочихмоор байгаа юм. Яаманд санал тавьсан. Тариа тарьсан энэ их талбай уринш болох гээд байна, уринш болгохгүйгээр, тариагүй боллоо ч ядаж малтайгаа үлдэх боломжоо ашиглаач гэж байгаа. Хамтраад тэжээл бэлдье гэсэн. Гэхдээ тэжээл бэлдэхийн тулд бидэнд зардал байхгүй гэдгээ ч хэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд улсын ургацын комисс гардаг юм. Цаг алдалгүй хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Бичин жил ирнэ, хавар нь айхтар гэж ярьдаг. Ядаж малаа авч үлдэх хэрэгтэй л дээ. Яамнаас одоогоор ямар ч хариу алга байна.

-Хэрвээ засгаас анхаарч ургац авахааргүй болсон талбайгаас малын тэжээл бэлдвэл тариаланчдад бага ч гэсэн мөнгө орж ирэх нь ээ?

-Мөнгө ч бараг олохгүй дээ. Тариаланчдын хувьд бүх юм өнгөрсөн. Нэгэнт ургац авахгүй талбайгаас сайхан ногоон масс хураагаад аваасай л гэж бодож байна. Саяны борооноор бэлчээр жаахан сэргэсэн ч малд махан тарга өгөхгүй. Өөхөн тарга л өгөх өвс. Хадлан авах газар алга. Тэгэхээр байгаа тариагаа тэжээл болгоё гэвэл тариаланчид үгүй гэхгүй. Нэгэнт алдчихсан юм чинь. Дэм дэмэндээ явах нэг ийм хувилбар бий.

-Байдал хэцүүдчихлээ шүү гэж Засгийн газарт албан ёсоор хандсан уу?

-Яам руугаа байнга л хандаж байна. Бэлгэгүй юм ярилаа, сайн сайхан юм бод гэсэн юм л өөдөөс ярьдаг. Тариаг эхлээд яаман дээр ургуулах хэрэгтэй байна гэдгийн учир энэ. Энэ жилийн тариа тарьсан газар бол түрүү жилийн уриншилж өнжөөсөн газар. Талбайгаа өнжүүлэхийн тулд хор цацахаас эхлээд маш их зардал гаргадаг. Энэ жил дахиад уринш болгож өнжөөж байна гэсэн үг. Тэгэхээр зардал нь хоёр дахин нэмэгдэж таарна аа даа. Хоёр жил дараалаад уринш хийсэн гэсэн үг. Гурав дахь жилдээ буюу ирэх онд тэр талбайд тариа ургуулахаар нэг тонн буудайны үнэ хэд болох вэ. Зардал нь хоёр дахин нэмэгдсэн учраас буудайны үнэ маш өндөр гарна. Буудайгаа тохиролцоод зарах гэхээр яамнаас импортоор хямдхан буудай оруулж ирээд өгчихдөг. Ийм үед нийгэм биднийг яаж ойлгох нь тодорхой. Тариаланчид гэж шуналтай улс, дэлхийд ийм хямд байхад илүү үнээр өгөх гээд байна гэж хардаг. Угтаа бид ийм л хэцүү амьдралтай улс. Нэг жил 80 хувийн ургац алдчихаар дараа жил тариалан сэхэхэд хэцүү байдаг. Хүүгийн дарамтаас эхлээд өчнөөн алдагдалд ордог. Аажмаар, дөрөв, таван жил тогтвортой ургац авбал арай гайгүй болно. Тэгээд зургаа дахь жилд нь гангийн циклтэй.

-Усалгаатай тариалан л хөгжүүлмээр юм байна даа?

-Санал нэг байна. Монгол гол мөрөн ихтэй. Гол мөрний эрэг дагасан тариан талбай ихтэй. Гадагшаа гараад явчихдаг мөрнүүдийн усаа хөрсөнд нь шингээж авч үлдэх хэрэгтэй. Усалгаатай тариа гэдэг бол тогтвортой, баталгаатай. Монгол улсын хэмжээнд ядаж 50 мянган га талбай усалгаатай байсан бол бид огт өөр юм яриад суух байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил усалгаатай тариалан шиг хэрэггүй юм байхаа больсон. Усалгаатай тариалан эрхэлдэг улсаас усны төлбөр гэж дааж давшгүй их мөнгө нэхдэг. Ингээд бүгд татвар дээр асуудалтай болсон.

-Циклээрээ ган болсон гэж та хэллээ. Ирэх жил яах бол, гангийн давтамж гэж байх уу?

-Гангийн давтамж гэж бий. Хоёроос гурван жил гэж ярьдаг. Ирэх жил хүнд байна. Тийм учраас тариалангийн компаниуд тарилтаа их хэмжээгээр багасгана.

-Танай компани хаагуур тариа тарьсан бэ. Ургацаа алдчихсан уу, эсвэл жаахан ч гэсэн юм авах нь уу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Сант суманд 2000 га-д тариалсан. Хуурайшилт хамгийн өндөр байсан сумдын нэг гэхээр байдал ямархуу гэдэг нь ойлгомжтой байх.


Categories
мэдээ цаг-үе

Г.Шийлэгдамба: Эмнэлгүүдийн захирлыг сайд биш удирдах зөвлөл нь сонгодог болно

Эрүүл
мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Манайхан
эрүүл мэндийн салбарыг чухал гэдэг. Эрүүл мэндийн салбарын төсөв ямархуу
байдалтай байгаа бол. Салбарын ажил хэр урагштай байна?

-2015
оны төсөв аль салбарт тэр дундаа хөрөнгө оруулалтын хувьд нэлээдгүй танаж
батлагдсан. Төсөв танагдсан энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэнд,
спортын салбарт 2015 оны төсөвтэй холбоотой хамгийн гол тулгамдаж буй асуудал
бол эмийн төсөв л дөө. Эмийн төсөв, хүрэлцээ жилээс жилд хүрэлцэхээ больж
байна. 2015 оны төсвийг батлахдаа 2014 оны төсвийн гүйцэтгэлээс 20 орчим хувь
багаар эмийн төсвийг баталсан юм. Тиймээс 2015 оны төсвийг тодотгоход эмийн
төсвийг нэмж тодотгох шаардлага гарч байгаа. Үүний дагуу ирэх намар хийх
төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын төсвийн зарим нэг асуудлаар
тодотгохыг Засгийн газар дээр яриад үндсэндээ шийдэгдсэн. 2015 оны төсөвт 60
тэрбум төгрөг батлагдсан. 2014 оныхтой харьцуулахад найман тэрбум төгрөгөөр
бага байгаа юм. Үүнийг Засгийн газар дээр шийдээд 2015 оны сүүлийн улирлын
төсвийг хоёр гуравдугаар улиралтай зохицуулалт хийх маягаар шийдсэн.

-Хөрөнгө
оруулалтын тал дээр яриандаа онцолсон. Хөрөнгө оруулалт муу байгаа хэрэг үү.
Тэгэхээр ашиглалтад орох эмнэлэг гэж байна уу?

-Бүх
салбарын төсөв оны дараа хийгдсэн төсвийн тодотголоор 50 хувь болж буурч
батлагдсан. Тиймээс эрүүл мэндийн салбар, тэр тусмаа дуулиан дагуулдаг
царцаагдсан эмнэлгүүдийн барилгуудыг гүйцээн барих асуудлууд дээр хүндрэл гарсан.
Ялангуяа хүүхдийн болон төрөх эмнэлгийн асуудлыг концессын гэрээгээр хэд хэдэн
обьектын асуудлыг шийдэж байгаа. Төрийн албан хаагчдын хуучин эмнэлгийг нэгдсэн
эмнэлгийн зориулалтаар барьж, ашиглах шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ хийгдэн явж
байна. 2015 оны төгсгөлд эхний шатны үйл ажиллагаа явагдах бололцоотой болох
юм. Ирэх оны эхний хагас жилд энэ эмнэлэг бүрэн ашиглалтад орно.

-Өнөө Яармагийн дэнжийн төрөх эмнэлэг яахаар болсон бэ?

-Яармагийн дэнжийн төрөх эмнэлгийг мөн л концессийн
гэрээг барьж ашиглалтад оруулахаар болсон. Эмнэлгийг бүрэн гүйцэт ашиглалтад
оруулахад 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээгээр
шийдэж байгаа.

Мөн оношилгоо шинжилгээ хийхэд шаардлагатай тоног
төхөөрөмж, түргэний машины асуудлуудыг төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй
байсан тул БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжаас 50 сая
ам.долларыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Үүний бэлтгэл ажлыг
хангах гээд явж байна.

-Засгийн газарт ямар ямар хуулийн төслүүдийг өргөн барьж
хэлэлцүүлэхээр болов. Хуулиудынхаа талаар мэдээлэл өгөөч. Эмнэлгийн салбаруудыг
хувьчилна гэж байгаад үлдээсэн билүү?

-Манай яамны зүгээс Эм, эмийн хэрэгслийн тухай хууль,
Эрүүл ахуйн тухай хууль, Эмнэлгийн зохион байгуулалтын тухай хууль зэрэг таван
хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газарт хэлэлцүүлээд явж байна. Эдгээрээс
хоёр хуулийн төслийг онцлон хэлэхийг хүсч байна. Эхнийх нь Эмнэлгийн зохион
байгуулалтын тухай хууль юм. Уг хуулийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа
гол реформ гэж үзэж байгаа. Улсын томоохон эмнэлгийн засаглалыг уг хуулиар
өөрчилнө. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт шууд хувьчлалыг явуулах боломжгүй.
Яагаад гэвэл эрүүл мэндийн гол ачааг төр нуруундаа үүрэхээс өөр аргагүй.
Иргэдийн амьдрал ахуй хүнд, ядуурал нэмэгдэж амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур байгаа нөхцөлд тусламж үйлчилгээнд хамрагдаж иргэдийн дийлэнх нь хүнд
байна. Тиймээс төр өөрөө хариуцахаас өөр замгүй. Ийм нөхцөлд эрүүл мэндийн
салбарыг хувьчилна гэдэг зүйлийг ярьж болохгүй. Хувьчлахгүй ч гэсэн бид
засаглалыг нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд статусыг нь өөрчилнө.

-Яаж өөрчлөх юм?

-Төсөвт байгууллагын санхүүжилтын хуулийн дагуу тухайн
жилд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тухайн эмнэлэг
ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж олсон орлогоо эмнэлгийн хөрөнгө
оруулалт маягаар ашиглах, эмч албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх
боломжгүй. Тийм болохоор Төрийн өмчит улсын эмнэлэг гэсэн статустай болгох гэж
байгаа юм. Ингэхээр нэг талаасаа төсөвт байгууллага болохоор санхүүжилтээ авна.
Нөгөө талдаа үйл ажиллагааныхаа орлогоор өөрсдийн үйл ажиллагааг цаашид
сайжруулах бололцоотой. Ийм боломж бүрдэхээр хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй адил
бие дааж, өөрсдийн үйл ажиллагааг чанаржуулж өрсөлдөх боломж бүрдэх юм. Одоо
бол үнэндээ ганц цонхны шилээ ч сольж чадахгүй хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа
явагдаж байгаа тул чанартай сайн эмчилгээ үйлчилгээг бүрдүүлэх ямар ч боломжгүй
байна. Энэ асуудал шийдэгдсэн.

Тэгвэл нөгөөх нэг давуу тал нь эмнэлгийг Удирдах
зөвлөлтэй болгоно. Өнөөдөр сайд эмнэлгийн даргыг томилж байгаа бол эмнэлгийн
Удирдах зөвлөл удирдлагуудаа сонгохоор хуулийн төсөлд туссан.

-Эмнэлэг бүр дээр Удирдах зөвлөл байгуулагдах уу. Тэгээд
Удирдах зөвлөлөө яаж сонгох юм?

-Эмнэлэг тус бүрдээ Удирдах зөвлөлтэй байна. Энд
үйлчлүүлэгчийн төлөөлөл, эмнэлгийн албан хаагчдын төлөөлөл, өмч хариуцаж байгаа
буюу төрийн өмчийн холбогдох байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл буву
ИТХ-ын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй байх юм. Эмнэлгийн салбар
цаашид бие дааж явах бүтэц зохион байгуулалтаар хангахад энэ хуулийн чиг
хандлага оршино. Сайд эмнэлгийн даргыг томилохгүй болохоор сайдын шийдвэрийг
хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй болчихно. Сайд өөрөө улс
төрийн томилгооны хүн байдаг тул тэр хүний гаргасан шийдвэр улс төрийн шийдвэр
болж цаанаа буугаад байдаг юм.

Бид нэг хоёр эмнэлгийн дарга, эмийн санг өөрчилснөөр
асуудлыг шийдэж чадахгүй. Харин иймэрхүү эрх зүйн зохицуулалт хийж орчныг
өөрчилж байж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа харилцаа муутай байна,
эмнэлгийн үйлчилгээ муу байна гэдэг ярианаас гарна.

Мөн эмч нар нь давхар дээлтэй байх боломжийг хуулиар хасч
өгнө. Үдээс өмнө улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт эмч нарыг ажилладаг
гэдэг. Засаглалыг нь өөрчилж өгснөөр эмч нар тэгж чадахаа болино. Эмнэлэг ашигтай
ажиллах боломж бүрдээд ирэхээр эмчид улсын эмнэлэгтээ ажиллах уу, хувийн
эмнэлэгтээ ажиллах уу гэдэг сонголт үлдэнэ. Эцсийн бүлэгт эмнэлэг гэдэг
үйлчилгээний байгууллага гэдгийг тэнд тогтоож өгөх ёстой.

Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн талаар ярих уу.

-Болноо…

-Манайд чанартай, чанаргүй эм мөн хуурамч эмүүд орж ирдэг
гээд асуудал бий. Үүнийг эрх зүйн хувьд зохицуулалт хийж зөв зүйтэй болгохоор
сая батлагдсан журмаар өндөр өртөгтэй гадаад улсад үйлдвэрлэгдсэн эмийг шууд
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд эмчилгээнд ашиглах бололцоотой болсон.
Үүний хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн анагаахын шинжлэх ухааны орчин үеийн
элэгний С вирусын эм болон бусад эмүүдийг ашиглахаар боллоо. Нөгөөтэйгүүр
тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эм ханган нийлүүлэх байгууллагыг маш
нарийн эрх зүйн зохицуулалтаар шийдэж байгаа. Жишээлбэл гаднаас орж ирж буй
эмүүд дээр тавих хяналт сул байна. Нэг эм эмнэлэг тус бүр дээр өөр өөр үнэтэй
байдаг. Манайхан эмийг гаднаас цүнхэн дотроо нуугаад оруулж ирж байна л даа.
Үүнээс болоод иргэдийн дунд айдас бий болдог. Далд байгаа эмийн урсгалыг яаж ил
болгох вэ. Чанартай, чанаргүй, өөр өөр үнэтэй байгаад байгаа эмийг нэгдсэн үнэд
оруулах нь асуудал болоод байна. Тиймээс эрх зүйн зохицуулалтын хүрээнд эмийн
ерөнхий худалдан авалт гэдэг зүйлтэй болно.

Төрийн худалдан авалтыг зохион байгуулах эрх бүхий
байгууллага ерөнхий худалдан авалтыг хийнэ гэдэг нь эмийн зах зээл дээр хамгийн
их борлогддог эмийг ерөнхийд нь тэр байгууллага хийнэ. Энэ хүрээнд нийлүүлэгч
талтай тогтвортой байх хүрээнд гурван жилийн хугацаанд нийлүүлэхээр тусгасан.
Тэгж чадвал валютын ханшийн савлагаанд өртөхгүй. Дараа нь бүх эмнэлгүүдэд
тогтсон нэг үнээр нийлүүлэх юм. Эмнэлгүүд дээр цаашид хувийн эмийн сангууд
ажиллах бололцоогүй болно. Улсын эмнэлэгт зөвхөн улсын эмийн сан ажиллана.
Ингээд ирэхээр хувийн эмийн сангуудад өндөр үнээр зарагддаг эмүүдийн үнийн
түвшин тэр хэмжээнд тогтох боломжтой болно л доо. Ингэснээр эцэст нь
баталгаатай эмийг хамгийн хямд үнээр авах боломж иргэдэд бүрдэх юм. Тэгэхгүй
бол эмнэлгүүд дээр эмийг тойрсон сүлжээ гэх мэт асуудлууд байсаар байна. Миний
ярьсан бүхэн цоо шинэ зүйл биш. Шийлэгдамба гэдэг хүн ирээд хийчихээд байгаа юм
биш. Маш олон жил ярьж, хийх нь зүйтэй гэж явсаар ирсэн. Харамсалтай нь
өнөөдрийг хүртэл хийж чадаагүй явсан юм.

-Эрүүл мэндийн салбарт иймэрхүү зүйл явагдаж байгаа юм
байна. Харин спортын салбарын хувьд ямар бодлого барих вэ. Ирэх онд гэхэд
Рио-гийн олимп болох гэж байна?

-Спортыг мэргэжлийн спорт, нийтийн биеийн тамир гэсэн
хоёр төрөлд хөгжүүлэх зорилготой байгаа. Нийтийн биеийн тамир бол тэргүүлэх
чиглэл юм. Спортын салбарт өмнө нь хэрэгжүүлж ирсэн алхмаасаа ухарсан тал бий.
Тухайлбал, хоёр жилийн өмнө бүтэц нь өөрчлөгдөж биеийн тамирын асуудал Эрүүл
мэндийн яаманд харьяалагдаж байсан. Тэр үед яамны харьяа Улсын биеийн тамир
спортын хороо гэж байгаад хөдөө орон нутгийнхаа байгууллагуудыг босоо
удирдлагаар хангаж ажилласан. Дараа нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам
байгуулагдаж бүтэц өөрчлөгдөн агентлаг нь татан буугдаж хөдөө орон нутагт
спортын бодлого хэрэгжүүлдэг байсан бүтэц задарч соёл урлагийн бодлоготой
нэгтгэгдсэн. Хэвтээ удирдлагатай болоод ирэхээр орон нутгийн спортын
салбарынхан маш шүүмжлэлтэй хандсан. Харин Шийдлийн Засгийн газар байгуулагдаад
үүнийг өөрчилж спортын асуудал эргээд Эрүүл мэндийн яаманд харьяалагдах болсон
юм. Тиймээс өмнөх бүтцийг шууд хийх боломжгүй ч гэсэн аймгуудын спортын
хороодыг дахин өмнөх нэршлээр нь бий болгож зохион байгуулалтыг өөрчилсөн.
Спортын бодлого нь тусдаа явахаар өөрчлөлт орсон.

Төвөө удирдлага арга зүйгээр хангадаг байгууллага нь
Спорт бэлтгэлийн төв нэртэй байсан. Тэнд бодлогыг хэрэгжүүлдэг үйл ажиллагаа
алдагдсан тул Биеийн тамир спортын хөгжлийн төв болгон өөрчлөөд спортыг
хөгжүүлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлдэг бүтэцтэй болгосон.

-Тамирчдын витамин энэ тэрийн мөнгө шийдэгдэхгүй байна
гээд л тамирчид нь гомдол мэдүүлээд байдаг биз дээ?

-Спортын салбарт анхаарал татаж буй өөр нэг асуудал нь
2000 оноос хойш өмнө нь үзүүлж байгаагүй тусламж дэмжлэгийг тамирчдад үзүүлдэг
болсон. Томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж тамирчин, дасгалжуулагч, холбоодыг
урамшуулдаг боллоо. Төрөөс спортын салбарт үзүүлж буй том дэмжлэг мөн үү гэвэл
мөн.

Нөгөө талд нь сайны хажуугаар саар гэгчээр ямар
хүндрэлтэй асуудал үүссэн гэхээр хоорондын зөрчил хурцадсан. Үүний цаана мэдээж
мөнгө төгрөгтэй холбоотой асуудал хөндөгдөж эрх мэдлийн төлөөх ширүүхэн
тэмцлүүд эхэлсэн. Мөнгө тойрсон, бие биенийхээ эсрэг хандсан, цаг хугацаа
хэрүүл зарга болсон асуудал спортын нэлээд байгууллага дээр бий болоод байгаа.
Эцэст нь багш нь багш шиг, шавь нь шавь шиг юунд зүрх сэтгэлээ гаргасан юм,
түүндээ л зүрх сэтгэлээ гарга гэж байгаа юм. Мөнгөний хойноос өмнө нь гаргасан
амжилтыг нурааж, ард түмнээрээ хайрлагдсан нэрийг сэвтээдэг байдлыг спортын
салбараас ангид байлгах шаардлагатай. Спортын салбарыг хариуцсан сайдын хувьд
хариуцлагатай, сахилга баттай, эв нэгдэлтэй байлгаж байж Рио-гийн олимпод орох
ёстой гэж үзэж байна. 2015 онд ч гэсэн олимпийн эрх авах томоохон тэмцээн
уралдаан болох тул эв нэгдэлтэй байх ёстой. Зарим нэг спорт холбоодыг эс
тооцвол өмнө яригддаг байсан асуудал харьцангуй намжиж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Грекийн төлөө тэмцэгч

Грек улс олон улсын санхүүгийн байгууллагуудад 323 тэрбум еврогийн өртэй. Товлосон хугацаандаа зээлээ төлж чадаагүй тул дампуурлаа зарлах дөхсөн. Грекийн эрх баригчид Европын комисс, Европын төв банк болон ОУВС-тай хэлэлцээ хийсний эцэст тавьсан шаардлагыг нь хүлээн авахаар болж хариуд нь яаралтай тусламж авсан юм. Өчигдөр ОУВС-нд зээлийнхээ эхний хэсэг болох хоёр тэрбум еврог төлжээ. Өрийн асуудлаар тохиролцоонд хүрч, еврогийн бүсээс гарахгүй болсон хэдий ч Грекийн эдийн засаг олон улсын байгууллагын хяналтад бүрэн орчихоод байна.

Энэ амаргүй үед Ерөнхий сайд Алексис Ципраст улс орноо хүнд байдлаас авч гарах амаргүй үүрэг ноогджээ. Тэрээр зүүний үзлийг баримтлагч “Синампизмос” намын дарга, “СИРИЗА” эвслийн тэргүүн. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болсон сонгуулийн дүн гарсны дараахан Засгийн газрын тэргүүнээр томилогдсон. Энэ жил 41 нас хүрэх тэрээр Грекийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Афины үндэсний техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр дүүргэж дараа нь аспирантурт суралцсан. Алексис Ципрас дунд сургуульд байхдаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. 1980 онд Грекийн коммунист залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, их сургуульд орсноосоо хойш оюутны хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тиймээс ч удалгүй Грекийн үндэсний оюутнуудын холбооны төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Удалгүй “Синампизмос” намын гишүүн 1980 онд Грекийн коммунист залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, их сургуульд орсноосоо хойш оюутны хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тиймээс ч удалгүй Грекийн үндэсний оюутнуудын холбооны төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Удалгүй “Синампизмос” намын гишүүн мууд Европын Комиссын тэргүүнд хүртэл дэвшүүлж байсан удаатай. Энэ оны эхээр болсон парламентын сонгуульд түүний тэргүүлсэн “СИРИЗА” эвсэл нь маш том амжилт гаргасан юм. Парламентын сонгуульд ялалт байгуулснаар Алексис Ципрас Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Сүүлийн саруудад А.Цип рас Европын комисс, Европын төв банк, ОУВС-гийн төлөөлөгчидтэй өрийн асуудлаар нэлээд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. Улс орныхоо эрх ашгийг тууштай хамгаалж, Грекийг еврогийн бүсээс гар-гахгүй байж, өрийг нь хүчингүй болгох байр сууриа тууштай хамгаалсан юм. Эцэс сүүлд нь грекчүүдийн дунд бүх ний-тийн санал асуулга явуулж А.Ципрасыг ард иргэд нь ч дэмжсэн юм. Энэ асуудал Ерөнхий сайдын тэргүүлдэг эвсэлд хагарал гаргах шах сан. Түүний Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүнүүдтэй хийсэн хамгийн сүүлчийн хэлэлцээ 17 цаг үргэлжилсэн билээ. Грекийн Ерөнхий сайдад шаардлагыг хүлээн авахаас өөр арга бай-гаагүй. Түүний хувьд энэ нь доромжлол байсан гэдэг. Учир нь грекчүүдын нийгмийн халамж, тэтгэврийг хасч, татварыг нэмэгдүүлэхээр бол сон. Тиймээс ч пар ла-мен таар уг асуудлыг хэ-лэлцүүлэхдээ яагаад хүлээн авсан гэдгээ Ерөнхий сайд тайлбарлажээ. Ийнхүү эдийн засгийн шинэчлэлийг хэ-рэг жүүлж эхлэхээсээ өмнө А.Ципрас Засгийн газрын бүрэлдэхүүүнд өөрчлөлт хийж есөн сайдыг ажлаас нь халсан. Ингэхдээ олон улсын санхүүгийн байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн авахгүй хэмээн эсэргүүцсэн сайдуудыг явуулжээ. Энэ нь Европын комисс зэрэг олон улсын байгууллагуудаас үзүүлсэн шахалт байсан гэ-хэд хилсдэхгүй. Халагдсан сайдуудын дийлэнх нь түү-ний үзэл бодол нэгт нөх-дүүд байсан. Хямралд авт сан Грекийн ард иргэд А.Ципрасын талаар янз бүрээр ярьж байгаа. Ямар ч байсан залуухан Ерөнхий сайд улс орныхоо эрх ашгийн төлөө чадлаараа тэмцсэн. Цаашид ч тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй. А.Ципрасын ээж нэгэн сонинд ярилцлага өгөхдөө хямралаас болж хүү нь маш их зовж байгаа тухай ярьжээ. Ээж нь хүүгээ сүүлийн үед унтаж, хоол идэх завгүй ажиллаж байгаа гээд “Даанч түүнд өөр сонголт байхгүй. Миний хүү өөрт нь итгэсэн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүн” гэжээ. А.Ципрас хүүхдүүдийнхээ барааг ч харж амжихгүй ажиллаж байгаа аж.

Залуухан Ерөнхий сайд нь Эрнесто Че Геварын шүтэн бишрэгч. Тиймээс отгон хүүдээ Эрнесто гэдэг нэр хайрлажээ. А.Ципрас барагтаа хяналт алддаггүй хэмээн түүнийг сайн мэддэг хүмүүс ярьдаг гэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд бүх л анхаарлаа төвлөрүүлж чаддаг, уурладаггүй, хувийн-хаа амьдралыг олны өмнө дэлгээд байх дургүй нэгэн аж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: “Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулахаар Зас­гийн газрын даваа гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийн нэгжийг байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн аялал жуулч­лалын байгууллагаас “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийн хүрээнд бидэнд санал тавьсан юм. Тодруулбал, “Монгол Улс нүүдэлчдийн замаар аялахуй” гэдэг шинэ аялал жуулчлалын брэнд бий болгооч гэсэн л дээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон “Торгоны зам” олон улсын хуралд оролцож байх үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн аль нэг орон Монгол Улсын өмнөөс нүүдэлчдийн тэр арвин соёлын өвийг сурталчилж чадахгүй. Тэгэхээр танай улс эдийн засгийн агуулгаар нь мөнгө болгож хөгжүүлэх гарц болгох хэрэгтэй” гэж бидэнд хандан уриалж байлаа. Тиймээс энэ ажлыг бид шуурхай зохион байгуулж, “Торгоны зам аялал жуулчлал”-ын төслийн нэгж байгууллаа. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялахуй маршрутыг бий болгож, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Миний өмнө Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дөнгөж сая ирсэн захидал байна. Ноён Талиб Рифайн гарын үсэгтэй уг захидалд “Үнэхээр танай улс Торгоны зам аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулж байгаа бол Дэлхийн аялал жуулчлалын байгууллага НҮБ-аас дэмжинэ” гэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын байгууллагыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно. Өнөөдөр БНХАУ-д 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Торгоны замын аялал жуулчлалын фонд бий болсон. Ер нь Торгоны замын аялал жуулчлал, дэд бүтцийг бий болгох чиглэлээр улс хоорондын эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр дэлхий нийт идэвхтэй ажиллаж байна. Энэ том арга хэмжээнд Монгол Улс хамтран оролцож, өөрийнхөө улс орныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулъя гэж Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа.

-Манай улсын тухайд ямар маршрут гаргах боломжтой вэ?

-Одоо аялал жуулчлалын комисс байгуулаад байна. Ямар замаар аяллын маршрут гаргах вэ гэдгээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. Ингэхийн тулд бид төслийн нэгж байгуулж, энэ асуудлуудыг ярих боломж бүрдэж байна.

-Өнөө жил Монгол оронд зочлох жуулчдын тоо урьд жилүүдийнхээс илүү байна гэсэн хүлээлт бий. Учир нь манай улс “ITB-2015” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд салбарын яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь бол аялал жуулчлал ямар нэг хэмжээгээр өссөн тоог аяллын компаниуд өгч байгаа. Яагаад гэвэл зочид буудлуудын ор хоногийнх нь тоо дүүрэн хүнтэй, тэдний үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Гэвч өнөөдөр аялал жуулчлалын салбарт шийдвэрлэгдэж чадаагүй олон асуудал бий. Үүнийг бүгд мэднэ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам багагүй ажлуудыг хийж амжуулж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улс анх удаа үндэсний хөтөлбөр боловсруулж, зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар аялал жуулчлалын салбарын өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэнэ. Тэгэхээр салбарын асуудлуудаа эрэмбэ дараатай, цэгцтэй болгоё. Зөвхөн аялал жуулчлалын салбарын хүнд ачааг хувийн хэвшлийн хэдэн аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлээд яваад байж болохгүй. Дэлхийн олон улс орон өөрийнхөө эдийн засгийн салбарыг хөгжүүлэх нэг гол хөлийг аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Бид бусад оронтой харьцуулахад илүү материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход, эдийн засгийнхаа гол брэндийг, бүтээгдэхүүнийг бий болгож, дэд бүтцийг нь сайжруулж, аялал жуулчлалынхаа салбар руу тодорхой хөрөнгө зарцуулж байж эргээд мөнгө олох боломжтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Олон хүнийг ажилгүйдэл ядуурлаас гаргахад тус дэм болно. Бидэнд гадаадаас ирж байгаа жуулчдаа яаж татах уу, тэдэнд хэрхэн шуурхай үйлчлэх үү, сэтгэл ханамжийн баталгааг яаж үзүүлж чадах вэ гээд маш олон асуудал байгаа. Үүнийг аялал жуулчлалын компаниуд дангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс бид үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадаагүй гацсан гол шалтгаан нь төрийн ямар ч дэмжлэггүйгээр хувийн хэвшлийнхэн маань хүнд ачааг нуруун дээрээ үүрч явсантай холбоотой. Тийм учраас бүх юмыг хувийн хэвшилдээ үүрүүлээд байх биш, Монголын нэр нүүрийг авч гарах ёстой асуудал болгонд төр анхаарлаа хандуулан ажиллая гэж үндэсний хөтөлбөрийг баталсан.

-Аялал жуулчлалын компаниудын нуруун дээрх хүнд ачааг хөнгөвчлөхөд төр ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Хувийн хэвшлийнхэн дангаараа шийдэх боломжгүй байгаа асуудлуудыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалтуудыг хийж өгөх хөрөнгө оруулалтын асуудлыг бололцоогүй байгаа салбаруудад нь татах ёстой. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Эдийн засгийн таатай орчин бүрдэхээс гадна орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол гадаадын болон дотоодын жуулчдын асуудал хуримтлагдсан байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар цаашдаа аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай.

-Дотоодын аялал нэмэгдэж байна. Ялангуяа Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд хүний хөлд дарагдлаа. Тэнд нөхцөл байдал хүнд байсан тухай амрагчид гомдоллож байгаа. Энэ нь эргээд жуулчдыг үргээж болзошгүй. Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хөвсгөл далайд жуулчны тоо багтахгүй, кэмп олдохгүй байгаа асуудлууд үүссэн. Бидэнд бодлого хэрэгтэй. Илүү их байгаа материалаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг болж буй үйл явдлууд хэлээд байна. Хөвсгөл орчимд байгаа бүх аялал жуулчлалын компаниудыг 00-ийн асуудлаа шийдвэрлэж, ирсэн зочдоо халуун усанд орох боломжоор нь хангадаг зэрэг аяллын стандартыг биелүүлэх шаардлагыг бид тавьж эхэлсэн байгаа.

Дотоодын аялал жуулчлал маш идэвхтэй хөгжиж байгааг наадмын үйл ажиллагаа, Хөвсгөлд амрагчдын дүр төрх харуулсан. Тэнд буудал, гэр, ариун цэврийн өрөө олдохгүй, асуудал маш хүнд байсан. Тиймээс Засгийн газраас цаашид аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд байгаа Аглаг бүтээлийн хийдийг манай Г.Пүрэвбат лам маш сайхан байгуулсан. “Нэг км бурхны замаар аялахуй” маршрутыг бий болгосон энэхүү хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр анхаарлаа хандуулсан. Хүн яаж уул ус, байгаль эх дэлхийгээ хамгаалдгийг харуулж, гайхамшигтай үзмэрүүдийг Г.Пүрэвбат лам бий болгож чадсан. Тэрбээр буддын шашны эрхэм төв нь бол Монгол орон байсан юм гэдгийг харуулж чадахуйц урлагийн бүтээлүүдийг хийсэн. Тийшээ жуулчид хэдэн мянгаараа очиж байгаа. Аялагчдыг тав тухтай зорчуулахад зам дэд бүтцийн асуудлыг зөвхөн Г.Пүрэвбат лам өөрөө хийх ёстой мэтээр бид хардаг байсан. Тэгвэл тийм биш. Сүсэгтэн олон хийгээд жуулчдын мөргөж, залбирахаар зорьж байгаа тэр чиглэлийн нийтийн эзэмшлийн замын асуудлыг төр шийдээд өгчих юм бол бужигнаж байгаа шороо тоос нь алга болно. Энэ нь хүмүүсийг ая тухтай амрахад, нөгөө талаас эрүүл мэндэд нь тустай. Мөн тэнд нь ариун цэврийн өрөөний хувьсгал хийж, боловсон 00-уудыг байгуулж, тохижуулсан. Богино хугацаанд алхам алхмаар урагшилж л байна.

-Сэдвээсээ жаахан хазайя. Улс төрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах тухай наадмын өмнөхөн хөндөгдсөн. Туршлагатай улстөрчийн хувьд асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ээлжит бус чуулган зарлах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Үнэхээр хэлэлцэх асуудал нь өргөн баригдвал хурал зарлагдана. Ирц хүрвэл ээлжит бус чуулган хуралддаг. Зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаараа хуралддаг. Улс төрд 16 жил зүтгэж яваа улстөрчийн хувьд Монгол Улсын улс төр, эдийн засаг нь тогтвортой хөгжөөсэй гэж боддог. Улс төр эв нэгдэлтэй, тогтвортой тайван байвал ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд үр шимээ өгнө. Дээрээ эв нэгдлээ олж чадахгүй бол, доороо суудлаа олж чадахгүй байх нь ойлгомжтой. Тиймээс эцсийн дүнд улстөрчид Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн хариуцлагатай үйлдлээсээ няцах ёсгүй. Ямар ч улс төрийн нүүдэл хийхэд түүний ялагч нь ард түмэн байгаасай гэж хүсдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Сонгодог хөгжмийн Суу билэгт хөвгүүн БАХ

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн суут эрхэм бол хөгжмийн агуу их зохиолч Иоханн Себастьян Бах билээ. 1685 оны гуравдугаар сарын адгаар хөгжимчин Амбросиус Бахын гэрт нэгэн хөвүүн отголж мэндэлсэн нь ирээдүйн агуу суутан байлаа. Бага ахуйд нь буюу есөн нас дөнгөж хүрч байхад нь ээж нь, удалгүй жилийн дараа эцэг нь нас баржээ. Харин өнчирч үлдсэн бяцхан Бахыг ах нь өөр дээрээ авсан гэдэг. Ах нь бадралт бишгүүрчин байсан тул түүнд бишгүүр зааж, Бах ч гимназид элсэн суралцав. Тэрбээр хөгжимд үнэн сэтгэлээсээ шунан дурлаж ихэд хичээнгүйлэн суралцан бусад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж байв. Бах бүх л амьдралынхаа туршид Германаас хэзээ ч гарч үзээгүй боловч зохиол бүтээлүүдэд нь гүн ухааны утга санаа ихэд агуулагдсан байдаг гэж судлаачид үздэг аж. Түүний зохиолын агуулга нь хүний тухай, нинжин сэтгэл, хүн чанарын үзлээр оргилж байдаг ажээ. Хүний сэтгэл хөдлөл, шаналан, сэтгэл санааны хямрал, уруудалт зэргийг бүтээлүүддээ гайхамшигтайгаар дүрсэлж чаддаг суу билгийн оргил байв. Хэдий Бахын амьдарч байсан үе нь туйлын ядуу зүдүү, сүм хийдийн ноёрхол хүчтэй байсан, хөгжил дэвшлийг уландаа гишгэсэн үе ч гэлээ бүтээлүүддээ аль болох дэвшилтэт байдлыг тусгаж байсан нь өнөө үед өвлөгдөж ирсэн зохиолуудаас нь харагддаг. Бахын суут зохиолуудыг тухайн үедээ ойлгож мэдэрч чадалгүй өнгөрсөн ч гэлээ зуу орчим жилийн дараа л үнэхээр гайхамшиг юм аа гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон билээ. Бахын зохиол, бүтээлүүд түүнийг амьд ахуйд хэвлэгдээгүй шахуу. Амьдарч байсан цаг үед нь түүнийг зүгээр л гайхамшигтай хөгжимчин гэж үнэлж байснаас биш дахин үл давтагдах агуу их хөгжмийн зохиолч гэж үзэж байгаагүй юм. Иймэрхүү шалтгаанаас болж тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг их л гундуухан, сэтгэл санааны уналтын байдалтай, бүүдгэр өнгөрөөсөн гэдэг.

Бах 15 орчим настайдаа гэгээн Михайлын найрал дууны сургуульд сурч, энэ хугацаандаа Германы томоохон хотуудаар аялахын зэрэгцээ тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчдын туурвил бүтээлүүдийг шимтэн сонирхон судалж байлаа. Чухам энэ үеэс л Бах бишгүүр болон төгөлдөр хуурт зориулсан анхны бүтээлүүдээ туурвиж эхэлсэн юм. Суралцах хугацаандаа латин, франц хэл, түүх, газарзүй зэргийг сонирхон судалж бас ч гэж боломжийн боловсрол олж авсан байна. Тухайн үеийнхээ дээдэс язгууртны хүүхдүүдтэй дотно нөхөрлөж, тэднийхээ дэмжлэгээр бүтээлээ бичих тун аятайхан боломж бүрдэв. 1700-гаад оны эхээр сургуулиа дүүргэж герцог Эрнестийн ордны хөгжимчнөөр долоон сар орчим ажиллахдаа суу билэг нь шагшигдаж улмаар гэгээн Бонифацийн сүмд бадралт бишгүүрчнээр ажиллах урилга хүртэл хүлээн авч, долоо хоногт гурван удаа тоглодог болов. Яг энэ үедээ Бах сүмийн бадралт бишгүүрт зориулсан бүтээлүүдээ бичсэн юм.

Хорин хоёр насандаа Мэри Барбара хэмээх бүсгүйтэй дотносон гэр бүл болж зургаан хүүхэд төрүүлсэн ч гурав нь хүн болох хувь байсангүй. Гэсэн хэдий ч гурван хүүхэд нь эсэн мэнд бойжиж ирээдүйд мөн л тухайн үедээ суу алдраа дуурсгасан шилдэг хөгжимчид болсон гэдэг. Бах аргон, симфони дуулаачийн хосолсон олон зохиолоо чуулбар, магтуу гэх мэт хөгжмийн олон төрлөөр туурвиж өнөө үед үнэт өв болгон үлдээсэн юм. Ер нь түүний бүтээлүүд дэлхийн сонгодог хөгжмийн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн. Магтуу, симфони дуулаачийн бүтээлүүдэд нь хожмоо дуурийн урлагт загвар болсон бодрол дуун, чуулга, үглэл зэрэг хэлбэрүүдийг бий болгон хөгжүүлсэн юм. Мөн олон хоолойн зохиол, аялгууг баяжуулан арга барилыг нь улам төгөлдөржүүлэн боловсруулсан ажээ. Эдгээр нь ирээдүй хойчийн суу билэгт хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилд уламжлан үлдсэн нь Бахын юугаар ч эс үнэлэм гавьяа билээ.

Бахыг олон хоолойн хөгжмийн онцгой авьяастан, агуу билэгтэн хэмээн хөгжмийн түүхнээ ихэд тодоор тэмдэглэн бичдэг. Сонгодог хөгжмийн олон хоолойн хэлбэр нь Бахын туурвилуудаар хөгжлийнхөө оргилд хүрсэн хэмээн хөгжим судлаачид үздэг. Зохирлын ухааны анхдагч, эгшиглэлт хөгийн харьцаа, хам эгшгийн зүй тогтол, хоорондын эрэмбэ дарааллын хөгжилд зүйргүй их хувь нэмрээ оруулж, тэр хэрээр өөрийн бүтээлүүддээ үүнийгээ баталсан юм. 1723 онд Лейпцигт байх гэгээн Фомын сүмд ”Иоаннын энэлэн” хэмээх бүтээлээ тавьсан бөгөөд тэндээ сүмийн найрал дууны багш болжээ. Бас хотын гол сүмүүд болох гэгээн Фом, гэгээн Николайн сүмд долоо хоног тутамд найрал дууны тоглолт хийх болсон юм.

Ер нь Лейпциг хотод байх хугацаагаа их л үр бүтээлтэй өнгөрөөсөн бөгөөд энэ үед бичсэн бүх л бүтээл нь сүмийн найрал дуунд зориулагдсан байлаа.

Бах Арншдатд хотод очихоосоо өмнө хийлч, органч гэгдэж байсан бол энэ хотод ирээд хөгжмийн зохиолч хэмээн нэрлэгдэж том хэлбэрийн анхны зохиолуудаа бичжээ. Жишээ нь, 1704 оны эхээр тоглогдсон “Магтуу”, “Ахыгаа явахад зориулсан Капричио” зэрэг бүтээлүүд юм. Энэ мэт зохиолдоо хүний дотоод сэтгэл, догдлол зэргийг яруу төгсөөр илэрхийлж чаддаг зохиолч гэдгээ давхар харуулсан гэдэг. Мэдээж түүний амьдралд олон бэрхшээл саад гарч байсан. Ядаж л сүмийн эрх мэдэлтнүүд, цол мяндагтнууд, язгууртнууд түүний билэг авьяасыг ихэд гадуурхан шахаж байсан гэдэг. Ихэс дээдсийн энэ мэт увайгүй үйлдэлд тэрбээр ихэд дургүйцдэг, чадлынхаа хэрээр эсэргүүцдэг байж. 1707 онд Мюльхаузн гэдэг хотод органчаар ажиллах болсон ч тэндээ нэг их удсангүй. Жил гаруй л болж. Тэндхийн эвдэрхий хөгжим, зөвхөн дуулж л чадахаас өөр ямар ч хөгжмийн боловсролгүй найрал дуучидтай ажиллаж чадсангүй. Харин 1708 оны хавьд Ваймарт хотод ирж тэндээ арав гаруй жилийг өнгөрүүлжээ. Энэ хотод байх нь түүнд зохиол бүтээлээ нийтэд харуулах бололцоог олгож байсан юм. Симфони найрал хөгжим, найрал дуучдын чуулга зэрэг нь ихээхэн дэм болжээ. Ваймар хотод бичсэн бүтээлүүд нь голдуухан орган хөгжимд зориулсан зохиолууд байжээ. Бах тухайн үеийн Германы нэртэй цуутай органч, хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээл туурвилуудыг судалж, Итали, Францын хөгжмийн дэвшилтэт санааг ашиглан өөрийн бүтээлийнхээ арга хэлбэрээр баяжуулан органыхаа бүтээлүүдээ хийсэн билээ. Бах хөгжмийн зохиол бичихийн хажуугаар концертын шилдэг гарамгай хөгжимчин гэгдэн муугүй алдаршиж байлаа.

1717 оны сүүлчээр тэр Киетин хотод иржээ. Энэ хотод орган хөгжим байсангүй. Ваймер хотод байхдаа эхэлсэн, бичихээр санаж бодож явсан бүтээлүүдээ бичиж гүйцээх бололцоо Киетэн хотод бүрдэв.

Ер нь түүний энэ хотод байсан зурвас үеийг хөгжмийн түүхэнд бичихдээ “Клавесиний уран бүтээлийн үе” гэж нэрлэдэг. Бах энэ хотод амьдрах хугацаандаа клавесинд зориулж “Сайтар жигдэрсэн даруул”, Фугийн тэргүүн дэвтэр, хийлд зориулсан зургаан сонат, Брандэнбургийн зургаан концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдээ туурвисан юм. Бах нийтдээ 300 орчим магтуу бичиж үлдээжээ. Тэрээр амьдарч байсан бүх л хотдоо хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн боловсрол, соён гэгээрлийн ажилд идэвхийлэн зүтгэж байсан юм. Түүний бичиж үлдээсэн магтуу бараг бүгд сүмийн, шашны сэдэвтэй байсан. Гэвч тухайн цаг үеийнхээ хүний дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэл, хэн бүхэнд байх сэтгэлийн ертөнцийг гайхамшигтайгаар дүрсэлж чадсан реалист бүтээл болсон нь сүм хийдийнхний багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

1750 оны наймдугаар сард Германы агуу хөгжмийн зохиолч, суу билэгт хөвгүүдийн нэг болон мөнхөрсөн Иохан Себастиан Бах таалал төгсчээ. Түүнийг гэгээн Иоаннын сүмийн ойролцоо оршуулсан гэдэг ч шарил нь олдохгүй байсаар 1894 онд барилгачид санамсаргүйгээр олж, 1900 онд дахин оршуулсан түүхтэй. Дэлхийн II дайны хөлд тухайн сүм сүйдэхэд шарилыг нь дахин зөөж гэгээн Фомын сүмд аваачжээ. Герман үндэстний дуу хөгжмийн асар баялаг өв уламжлалд түшиглэн өрнө дахины сонгодог хөгжмийн шилээвэр гэх бүгдийг өөрийн уран бүтээлдээ шингээн авч, реалист шинэчлэлийн үндсийг тавьсан их хүн бол Бах юм. Туулан өнгөрүүлсэн амьдрал нь саад бэрхшээлтэй байсан ч гэлээ хөгжмийн болон хүн төрөлхтний түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэн мөнхрөх гайхамшигт өвийг хойч үедээ үлдээж чадсан, сонгодог хөгжмийн шинэ хуудсыг нээн өгсөн тэрээр эгнэгт алтан гадас лугаа гялалзан байх билээ. 1723 онд “Иоанн”, “Магнификат” 1727 онд “Эмгэнэлийн магтаал”, 1729 онд “Матфэй”, морин хийл, лимбэ, хийл болон бусад хөгжимд зориулсан суут бүтээлүүд өдгөөг хүртэл хүн төрөлхтний сонор юуг мялаасаар байна.

Я.Баярбаатар