Categories
мэдээ цаг-үе

Хайртай бүсгүйдээ дөрвөн машин цэцэг бэлэглэжээ

Хурим найрын улирал эхэлсэнтэй холбогдуулан хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хөл ихтэй байна. Сүүлийн үед хосууд хуримаа хийхдээ мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхийг илүүд үзэх болжээ.

Учир нь хосуудын ярьж буйгаар бол хуримын даашинз, хослол, машин, ресторан, зурагчин гээд бүхий л зүйлийг нэг дороос хөлслөх нь цаг хугацаа алдахгүй, хийх ажлыг нь хөнгөвчилдөг байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ч олон болжээ. Бид шинээр гал голомтоо бадраахаар зэхэж буй хосууддаа зориулж хэд хэдэн газраар орлоо. “Best event” студи, “Жакс” энтертаймент групп, “Me” энтертаймент, “Crocus event hall” зэрэг олон газар хуримын цогц үйлчилгээг зохион байгуулдаг юм байна. “Crocus event hall” гэхэд л саяхан хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зориулж хуримын нээлттэй өдөрлөг хүртэл зарласан байна. “Таны хуримын хамгийн жаргалтай мөч бүхнийг бид сэтгэлд тань мөнхөлнө” уриатай ажилладаг “Me marketing” энтертайментаар орлоо. Тус газарт хуримын захиалга өгөхөөр 25 орчим насны хоёр хос уулзаж байв. Тэд энэ сарын дундуур хуримаа хийх гэнэ. Сүйт залуу тус газрын видео бичлэг, зурагчин, гэнэтийн бэлэг зэрэг үйлчилгээг сонгохоор төлөвлөж байгаа юм байна. Харин сүйт бүсгүй даашинз, хослолоо өөр салонд захиалж хийлгэж байгаа талаараа ярив. Тэд хуримаа хийхэд хичнээн төгрөг зарцуулж болох талаар олон талаас нь судалгаа хийжээ. Дунджаар 15 сая төгрөгөөр хурим хийхээр төлөвлөсөн гэнэ. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг бөгөөд хуримаа хийхийн тулд 10 орчим сая төгрөгийн цалингийн зээл авсан байна. Үлдсэн мөнгийг хоёр талын аав, ээж нэмэрлэжээ. Өөрсдөө бүх зүйлээ худалдаж аваад, зохион байгуулна гэхээр явдал ихтэйгээс гадна насан туршид нь дурсагдах ганц аз жаргалтай мөч нь учраас аль болох дурсгалтай хийхийг хүссэн гэнэ. Тиймээс ийн мэргэжлийн байгууллагад хандаж байгаа юм байна.

Ингээд “Me marketing” энтертайментын захирал Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хичнээн жил болж байна вэ?

-Манайх үүсэн байгуулаг­даад зургаан жил болж байна. Анх найзтайгаа хамтарч хуримын видео бичлэг хийж гүйцэтгэдэг байсан. Эхэндээ хурим зохион байгуулахдаа нийтлэг энгийн маягаар л хийдэг байлаа. Яваандаа илүү туршлага суусан. Ер нь хосуудын амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг дахин давтагдашгүй гайхамшигтай зохион байгуулвал үйлчлүүлж буй хүмүүст ч үлдэцтэй, хэзээ ч мартагдахааргүй байх болно шүү дээ. Тиймээс арай шинэлэг санаа, шийдлийг илэрхийлж, аль болох өвөрмөц байдлаар хийхийг хичээдэг болсон. Өнгөрсөн хугацаанд 80 гаруй хуримыг бие даан зохион байгуулсан бол 200 гаруй хуримыг хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хийсэн байна.

-Танайд хуримын захиалга хэр байна?

-Энэ наймдугаар сард манай байгууллага таван хурим зохион байгуулахаар захиалга авчихаад байна. Бид аль болох чанарын өндөр түвшинд хурим зохион байгуулахыг хүсдэг. Тиймээс давхцаж захиалга авдаггүй. Хурим зохион байгуулна гэдэг маш нямбай, хариуцлагатай ажил. Шинэ гэр бүл болж буй хосуудад сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хосууд мэргэжлийн байгууллагад хандах нь эрс ихэссэн.

-Сүүлийн үед хосууд ямар хэлбэрээр хурим хийхийг илүүд үзэж байна. Ерөнхийдөө европ маягийн хурим хийх хандлагатай болсон юм шиг?

-Тийм. Үзэгдэх байдлаараа европ хандлагатай болчихсон. Гэхдээ хуримын агуулга нь үндэсний хэв шинжийг илэрхийлдэг. Жишээ нь ураг батжих үйлийг хийхдээ мөнгөн аяганд сүү хийгээд хосууд солилцож уудаг. Сүүлийн үед олон давхар хундганд хийдэг мода дэлгэрч байгаа. Мөн фэйсбүүк, твиттер гээд сошиал медиа орчноос хүмүүс олон санаа авч түүнийгээ бодит амьдралд ашигладаг болж. Олон сайхан санаагаар хурим хийж болно. Бид ашгийн төлөө байгууллага хэдий ч үндэсний ёс заншил, уламжлалаа хадгалсан хурим зохион байгуулахыг хичээдэг. Тийм санал үйлчлүүлэгчидээ тавьдаг. Өнгөрсөн жил XIII зууны үеийг харуулсан хурим зохион байгуулсан чинь “Соронз” сэтгүүл дээр гарсан Монголын топ 12 хуримын нэгээр шалгарч зураг нь тавигдсан байсан. Ер нь л хуримыг илүү өвөрмөц, энтертаймент байдлаар хийх нь хосуудад илүү сэтгэгдэл үлдээдэг.

-Танайхаар хуримаа зохион байгуулуулхаар гадаадаас хүртэл санал ирдэг гэж сонссон?

-Тийм ээ. Манай хаягаар холбогдоод хуримаа зохион байгуулахыг хүсдэг. Гадаадаас эх орондоо ирээд хуримаа хийнэ гээд хугацаагаа хэлээд захиалга өгдөг. Манайх зөвхөн хурим гэлтгүй хайр сэтгэлээ илэрхийлсэн олон гэнэтийн бэлэг барих үйлчилгээг явуулдаг. Гэхдээ зарим тохиолдолд үйлчлүүлэгчид эхнэрээ гомдоочихоод гэр бүл салах хэмжээнд тулсан үедээ эхнэртээ гэнэтийн бэлэг барихыг хүсдэг. Тийм тохиолдолд би арай өөр зөвлөгөө өгдөг. Асуудал хурцадсан үед ганц гэнэтийн бэлэг бариад хүний сэтгэл өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Бид яахав орлогоо бодоод хийж өгч болно. Гэвч миний хувьд мөнгөнөөс илүүтэйгээр хосуудын аз жаргалын төлөө ажиллахыг хүсдэг. Хэрвээ хайртай л бол эхнэртээ, нөхөртөө өдөр болгон хайртайгаа илчилж өөрөө хичээх ёстой шүү дээ.

Мэргэжлийн байгуул­лагуудын хуримын цогц үйлчилгээ дунджаар 20-40 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Цогц үйлчилгээнд хуримын бөгжнөөс бусад бүх зүйл багтсан гэсэн үг. Тухайлбал, хуримын чимэглэл, гоёлын нүүр будалт, мастер үсчний гоёлын үс засалт, уран сайхны найруулгатай видео цомог, мэргэжлийн гэрэл зурагчин, хөтлөгч, хамтлаг дуучид, сюрприз бүхий эвэнтүүд, хүлээн авалтын ресторан зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн сүүлийн үед хосууд бүрэн хэмжээний баримтат кино хийлгэх захиалга их өгдөг болж. Мөн хуримын өмнөх гэрлэх санал тавих үйлчилгээ их эрэлттэй болсон гэнэ. Саяхан нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үйлчилгээ авчээ. Энэ үйлчилгээнд дөрвөн портер машин цэцэг орсон байна. Ер нь залуус илүү өвөрмөц байдлаар хайр сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг болсон талаар мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон, автомашины үйлчилгээ үзүүлдэг газрууд ч олон байдаг юм байна. Хуримын даашинз дунджаар 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй бол нэг удаагийн түрээс буюу прокатын үнэ нь 200 мянган төгрөг байдаг аж. Мэдээж өнгө дизайн, хэлбэр хийцийн хувьд өргөн сонголттой. Загварын хувьд сиси болон нуруу нь ил гардаг торон даашинз моданд орж байгаа гэнэ.

Харин автомашины цуваа сонирхвол ”Lexus” 470, 570 ”Ланд-200” машинуудыг 150 мянган төгрөгөөр түрээсэлж болох бол Лимузин зэрэг тансаг зэрэглэлийн машин цаг нь 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга М.Гонгор

Эх оронд
маань анх удаа зохиогдож буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин
М.Гонгор аваргалжээ. F1B буюу резинэн хөдөлгүүрт төрөлд Япон, Өмнөд болон Хойд
Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 30 гаруй орны
тамирчид өрсөлдсөнөөс долоон нислэгийн нийлбэр дүнгээр тэрбээр тэргүүлж,
дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Харин хоёр, гуравдугаар байрт Украйны тамирчин
Стефанчик Стефан, Кулаковски Олег нар шалгарчээ.

М.Гонгор
1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө 47 настай хэдий ч залуустай мөр
зэрэгцэн нисэх загварын онгоц зохион бүтээж, дэлхийн чансаатай тэмцээнд ийн
амжилт гаргажээ. Тэрээр 13 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагч
байхаасаа л тухайн үеийн Залуу техникчдийн ордонд хичээллэдэг байж. Харамсалтай
нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны нийгэм эдийн засгийн шилжилтийн үед ихэнх
дугуйлан, ордон үүдээ барьсан агаад тэдгээрийн тоонд Залуу техникчдийн ордон ч
мөн багтжээ. Энэ нь хийж бүтээх ирмүүн хүсэл зорилготой, зохион бүтээх
авьяастай түүнд хүндхэн цохилт болсон гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр хэсэг нөхдийн
хамт 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулжээ. М.Гонгор
“Хүүхэд ахуй цагаасаа энэ спортоор чин сэтгэлээсээ хорхойсон хичээллэж байсан
учраас дугуйлан татан буугдлаа гээд энэ спортоо орхиогүй. Нисэх загвараа хэсэг
хугацаанд гэртээ хийсэн. Ганцаараа учраас тэр бүр шинэ санаа орж ирэхгүйгээс
гадна бусад зохион бүтээгчидтэй харьцуулахад өөрийгөө ямархуу түвшинд явааг
мэдэхээ больдог. Тиймээс Б.Амарсайхан тэргүүтэй найзуудтайгаа нийлээд Монголын
нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулсан. Нийгэмлэгийн зүгээс идэвх
санаачлагатай ажилласны үр дүнд 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын
цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болсон. Эдгээр
тэмцээнүүд 2011 оноос дэлхийн цомын тэмцээний ангилалтай болсон. Бас 2012 онд
чөлөөт нислэгийн Азийн аварга, 2014 онд Ази Номхон далайн бүсийн орны аварга
шалгаруулах тэмцээнийг Монголдоо тус тус амжилттай зохиолоо. Харин энэ жил
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хийж, дуусах шатандаа орлоо.
Хоёр жил тутам зохиогддог энэхүү тэмцээнийг энэ онд Монголд хийх эрхийн төлөө
Итали, Серби гэсэн улстай өрсөлдсөн. Эдгээр орнууд бол Европ тивтэй ойр, замын
зардал бага, аялал жуулчлал хөгжсөн. Гэсэн хэдий ч манай тамирчдын өсөн
нэмэгдэж буй ур чадвараас гадна Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн
хугацаанд хийсэн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт зэргийг үндэслэн Дэлхийн
агаарын спортын холбоо манайхыг сонгосон болов уу.

Дэлхийн
аваргын тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват
Улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16
дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг
хувийн амжилтаараа дөрөвдүгээрт шалгарсан. 2013 онд Францын тэмцээний резинэн
хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа мөн дөрөвдүгээр байрт орсон. Харин энэ
жил буюу Монголд нисэх загварын спорт үүссэний 50 жилийн ойгоор би эх нутагтаа
дэлхийн аварга боллоо. Энэ бол ганц би гэлтгүй Монголын нийт тамирчдын ур
чадвар, амжилт тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн илрэл” гэсэн юм.

Дэлхийн
агаарын спортын дүрмийн дагуу резинэн хөдөлгүүрт төрөлд оролцох онгоцыг 200
граммаас багагүй жинтэй, 19 дм-ээс ихгүй хэмжээтэй байхаар зохион бүтээх ёстой
аж. Энэ шаардлагын дагуу тэрээр Бразилд ургадаг бальза хэмээх хөнгөн хэрнээ бат
бөх мод, карбон зэрэг материалаар онгоцоо хийжээ. Онгоцыг агаарт хөөргөсний
дараа удирддаггүй онцлогтой учраас тамирчид салхины хурд, чиг, газрын тогтоц
зэргийг сайтар тооцоолж, онгоцоо хөөргөдөг байна. Ийнхүү тус төрөлд 30 гаруй
орны тамирчид хүч үзсэнээс финалын шатанд 14 нь үлджээ. Эхний удаад дөрвөн
минут, дараагийн зургаан удаад тус бүр гурван минутаар нислэг хийлгэж чадсан нь
финалд шалгарсан байна. Финалд үлдсэн тамирчид онгоцоо таван минутаар нисгэжээ.
Цөөн хэдэн зохион бүтээгч энэ босгыг давсан агаад тэдгээрээс ганцхан М.Гонгор
дараагийн шат буюу долоон минутын чөлөөт нислэгийг хийж чадсанаар дэлхийн
аварга болжээ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Л.Цандэлэг намайг авлига авсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуулах гээд АТГ-т өгсөн юм

Хүнс, хөдөө
аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцов. Тэрбээр сэтгүүлч­дийн
сонирхсон асуултад хариулахаасаа өмнө салбарынхаа асууд­лаар дэлгэрэнгүй мэдээлэл
өглөө. Юун түрүүнд ургацын төлөв байдал, өвөлжилтөд хэрхэн бэлт­гэж байгааг онцолсон
юм.

“Мах гурилын үнийг
нэмэхгүй байх бодлого баримтална”

Өнөө жил 300 мянган га газарт улаан буудай тариалахаар
төлөвлөсөн байснаас 359 га газарт суулгасан байна. Зургадугаар сард хэт халалттай,
бороо­гүй, хуурай байснаас таримлын өсөлт зогсчээ. Урьд­чилсан байдлаар ургацын
дүн мэдээгээр 40-өөд хувийг алдах янзтай байна гэж Р.Бурмаа сайд дурдав. Дорнод,
Архангай, Өвөрхангайд нийт талбайн ургац хэвийн байгаа гэнэ. Тариалалтын нэлээд газар нутгийг хамардаг Сэлэнгэ
орчимд 65 орчим хувийн ургац авах урьдчилсан мэдээ байгаа бол 8-10 хувь нь уриншид
шилжих бололтой. Сүүлийн өдрүүдэд бороо хуртай
байгаа болохоор үлдсэн 30-аад хувьд нь тариаланчид найдвар тавьж буйгаа салбарын
яамдаа уламжилсан гэнэ. Төв аймгийн тухайд ургацын 60 орчим хувийг нь хураах тооцоо
гарчээ. Хамгийн хүнд байгаа нутаг нь Увс, Хэнтий аж. Хэнтийд 30 хувийн ургац авахаар
төлөв ажиглагджээ. Тус аймгийн Дадал, Норвилонд зуншлага сайн байгаа бол Хурах,
Биндэрт 80 хувийн ургац алдах аюул нүүрлэсэн байна.

Энэ жилээс буудайн
цавуулгийн хэмжээ сайжрах төлөвтэй байгаа гэнэ. Нийт 465 мянган тн улаан буудай
хурааж авахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 280 орчим мянган тн-ыг авах урьдчилсан
тооцоо хийсэн байна. Энэ өвөл хүндэрч болзошгүй учир хүнсний гол бүтээгдэхүүн болох
мах, гурилынхаа үнийг нэмэхгүй байх бодлогыг салбарын яам баримталж байгаа аж. Тиймээс
дотоодын хэрэглээгээ хангах, ирэх онд тариалан хийхэд үр хэлбэрээр ашиглах зорилгоор
150 мянган тонн буудай импортлох шаардлага гарчээ. Үүний хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг
ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно гэж Р.Бурмаа сайд өгүүллээ.

Тариаланчдыг дэмжих
зорилгоор хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж нийлүүлэх ажил зохион байгуулж байгааг
ч энд онцлов. Нийт 3000 гаруй бага оврын тракторыг урьдчилгаа төлбөргүй нийлүүлсэн
байна. Ингэснээр тариаланчдын техникийн чадвар таван хувиар, зүтгэх хүчний чадвар
найман хувиар өссөн гэлээ.

“МОНГОЛ УЛСЫН
БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 20 САЯ ТОЛГОЙ МАЛААР ХЭТЭРСЭН”

ХХААЯ-наас Бэлчээрийн
тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Монголын бэлчээрийн даац
20 сая малаар хэтэрчээ. Сэлэнгэ, Дархан, Төв, Архангай болон Өвөрхангай аймгуудад
бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн аж. Үүнийг малын хөлийн татвар зэргээр зохицуулах
хэрэгтэй. Ингэхгүй бол хөдөө аж ахуйн газар төрийн өмч гээд эзэнгүй орхих тохиолдол
байна. Бэлчээрийн газрыг хамгаалах асуудал нь БОНХАЖЯ, бүртгэх нь Хот байгуулалт,
хяналт нь Шадар сайд дээр байдаг. Мөн хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Уул уурхайн яам
шийддэг. Энэ мэт олон салбарт хамааралтай тул хөдөө аж ахуйн газрыг хамгаалах ажил
цалгардаад байна. Тиймээс Бэлчээрийн тухай хуулиар энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ
гэдгийг Р.Бурмаа сайд хэллээ. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад
хариулав.

-Дорнод аймагт
рапс их хэмжээгээр тариалж байгаа гэж орон нутгийн иргэдээс мэдээлж байна. Хөрсөнд
муугаар нөлөөлдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг энэ ургамлын тариалалтад яамны зүгээс
ямар бодлого барьж байгаа вэ?

-Рапсын тухайд бол
нийт талбайн 15 хувиас илүүгүй байх гэсэн бодлоготой. Гол шаардлага бол стандартын
дагуу, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарих ёстой. Гэтэл нууцаар оруулж ирж,
зөвшөөрөлгүй үрээр рапс тарьж байна гэсэн мэдээллүүд байгаад байгаа. Тиймээс бид
үүнийг зөвхөн зөвшөөрөгдсөн үрээр сэлгээнд тарина. Хэрэв жил дараалан тариад байвал
хөрсөнд халтай. Зөвхөн зөвшөөрөгдсөн хэмжээг зааж өгч байгаа. Цаашид рапсын тариалалт
дээр дотоодын ургамлын тосны үйлдвэрт нийлүүлэхэд зориулж, үндэсний үйлдвэрлэлээ
дэмжье гэж байгаа. Тэрнээс гадагшаа экспортлохын тулд тариалах асуудалд хязгаарлах бодлоготой ажиллаж байгаа.

-Өнөө жил их хэмжээний
ургац алдах нь тодорхой болсон мэдээллийг та сая өглөө. Тав, зургадугаар сарын цаг
агаарын дүн мэдээ зөрсөн гэлээ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Цаг уурын мэдээ бол
урьдчилсан мэдээ байдлаар гардаг. Тэгэхээр урьдчилсан мэдээгээс гадна үечлэл, цаг
уурын нөхцөл байдал, бусад улс оронд гарч байгаа дүн мэдээ зэрэг олон талыг харгалзан
үзнэ. Бас газар дээр нь шуурхай авч ажиллах хэрэгтэй. Хэн нэгэнд хариуцлага тооцъё
гэхээс илүүтэй хэрхэн яаж сайжруулах вэ гэдэгт анхаарч ажиллах нь зүйтэй.

-Ноосны урамшуулал
зөвхөн энэ жилдээ хэрэгжих үү?

-Хуульд хоршоог дэмжсэн
бодлого байгаа. Энэ жилдээ өвөлжилт хүндрэхтэй холбогдуулан хоршооны гишүүн гэлгүйгээр
ноосны урамшууллын мөнгийг олгоё гэж байгаа. Малаа эргэлтэд оруулж, малчнаа дэмжсэн
бодлого явуулна. Хоршооны гишүүн байж заавал урамшуулал авна гэдэг нь учир дутагдалтай
гэсэн хуулийн заалтыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцээд хуульд өөрчлөлт оруулахаар
төсөл өргөн барьсан байна лээ. Тэрийг даруй шийдээд өөрчлөлт оруулах юм бол хуулийнхаа
дагуу явна.

-Өнөө жил ургацаа
80 хувь алдана гэсэн мэдээлэл гарснаар гурилын үйлдвэрүүд нэг кг тутамдаа
80-100 төгрөг нэмчихлээ. Тэгэхээр цаашдаа гурилын үйлдвэрүүд үнэ нэмбэл яах вэ?

-Ургац алдана гэдэг
яриаг ямар нэгэн албан ёсны мэдээ дүн гараагүй байхад хариуцлагагүйгээр тараасан.
Нийт тариаланч биш хоёр, гуравхан хүн ийм мэдээлэл тарааснаар гурилын үнэ нэмэгдсэн.
Эргээд гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэс рүү түлхэж байна. Тэгэхээр ургацын
мэдээ бол наймдугаар сарын 25-нд гарна. Жилд нийт 350 мянган тн улаан буудай хэрэглэнэ
гэвэл тэрний 200-230 тн-ыг дотоодынхоо хэрэгцээнээс хангах нь ээ. Цаана нь дутагдаж
байгаа үрэн буудайтайгаа нийлээд 150 мянган тн-ын нөөц хэрэгтэй.

-Тэгэхээр гадаадаас
150 мянган тн улаан буудай авна гэсэн үг үү?

-Эхлээд нөөцийнхөө
мөнгийг бэлдэж байна. Тэгээд дотоодоосоо наймдугаар сарын 25 гэхэд багцаа харна.
Аль болох хүнсэнд нийцэхийг нь ялгаж авна. Эндээс гурилын үйлдвэрийнхэн ч авна.
Малын тэжээлд очиж байгаа хэсэгт нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Бүр уринш болсон
бол тариаланчдын ургацаа алдсан хувь хэмжээнд нь тохируулан зээлийг нь хойшлуулах
байдлаар дэмжлэг үзүүлнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас бага хувийн урьдчилгаа
төлөөд зээл авчихсан тариаланчид бий. Энэ ажлыг амаар явуулахгүй. Үнэхээр ургацаа
алдаж уу гэдэг тооцоогоор дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь өвөл хүндэрч байгаа нөхцөлд
мах, гурилынхаа үнийг барина. Тиймээс хэн нэгний цуу үгэнд итгэж, үүний дагуу үнэ
хөөрөгдсөн бодлого байж болохгүй.

-Гурил үйлдвэрлэгчид
тариаланчдынхаа улаан буудайг чанаргүй гээд голдог асуудал гардаг. Үүнээс болж маргаан
үүсэх нь элбэг. Та дээр гурил, махны үнийг өсгөхгүй байх бодлого баримтална гэлээ.
Хэрэв гадаадаас улаан буудай импортолбол гурилын үнэ өсөх юм биш үү?

-Хамгийн их хэл ам
хийгээд байгаа хүмүүсийн улаан буудай дээр очоод үзэхээр 19 хувийн цавуулагтай гэдэг
дүн мэдээ гарсан. Тухайлбал, Л.Цандэлэгийн компани байна. Уг нь цавуулгийн хэмжээ
23 хувиас илүү байвал хүнсний үйлдвэрт тэнцэнэ. Тэгсэн атлаа “Миний буудайг гурилын
үйлдвэр авахгүй байна” гээд зарга хийдэг. Цаад гурилын үйлдвэр нь яаж авах вэ дээ.
Цавуулгийн асуудлын маргааныг сайн талаас нь харж байна. Энэ цавуулгийг сайжруулахын
тулд тариаланчдадаа ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа. Гангийн
асуудалтай холбоотойгоор хүнсэнд нийцэхгүй буудайгаа малын бэлчээр хэцүүдсэн газруудад
тарааж, татварынх нь хөнгөлөлтийг өгье гэсэн зохицуулалтыг хийгээд явж байна. Үнэ
тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан гурилын үйлдвэрүүд маань нэгдүгээр
гурилыг 850 төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн. Сая үнэ тогтворжуулах хөтөлбөрт оролцоогүй
зарим компани ургац алдах сургаар гурилын үнийг 80-100 төгрөгөөр нэмсэн явдал бий.

-Импортоор улаан
буудай авна гэлээ. Хоёр хөршийн хувьд ургацаа 20-30 хувь алдсан гэж байна шүү дээ.
Өөр ямар улс орноос импортын буудай авахаар судалж байгаа вэ?

-Хоёр хөршөөс гадна
ургац сайн авсан улсуудтай эртнээс гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Цагийг нь
тулгавал улаан буудайн үнэ өснө. Тиймээс наймдугаар сарын 25-нд хэдэн хувийн улаан
буудай хурааж, хэдэн хувийг нь нөөцлөх шаардлага гарах вэ гэдэг дүн мэдээ гарна.
Юутай ч тэрнээс өмнө хүн хүч, хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг болоод өвөлжилтөд бусад
яамдтайгаа хамтарч бэлтгээд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Монголын үр тариа
эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг та яг ямар үндэслэлээр
шүүхэд өгсөн юм бэ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө
салбарын сайд шүүхэд хандчихлаа” гэсэн тайлбарыг өгөөд байгаа?

-Л.Цандэлэг “Сошиалаар
мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг цагдаад өглөө” гэдэг тайлбар өгч
байна. Тийм зүйл байхгүй. Миний хувьд хувийн фэйсбүүк, твиттер хуудасгүй. Албан
ажлынхаа мэдээллийг олон түмэнд хүргэхэд л зориулсан фэйбүүк, твиттертэй. Тэнд албан
ёсны мэдээлэл гаргадаг. Би хувьдаа сошиал сүлжээ мэдээллийг хурдан, шуурхай харилцан
бие биедээ хүргэдэг хэрэгсэл гэж ойлгодог. Тиймээс фэйсбүүк, твиттерт ярьж байгаа
асуудалд хариу тайлбар гаргах, шүүмжлэлтэй эсэргүүцэх зүйл гаргадаггүй. Хүн хүнээ
элдвээр доромжилж, гүтгэлэг, эвлүүлэг хийх зэрэг байдалд тэвчээртэй байгаа. Ямар
нэгэн гомдол гаргаагүй. Харин Л.Цандэлэг
”Асар их авлигыг импортын будаа оруулж ирэх явцдаа авлаа”, “Пуужингийн мөнгийг аваад
идчихэж”, “Халх голыг хятадуудад зарчихаж гэнэ” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд, тэр дундаа өдөр тутмын сонинуудаар маш олон давталттайгаар гаргасан.
Би төрийн алба эрхэлж байгаа хүний хувьд маш их хүндэтгэлтэй ханддаг. Намайг асар
их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл гарсантай нь холбогдуулан өөрийгөө АТГ-д
шалгуулахаар өгсөн юм. Энэ дагуу АТГ шалгаад “Үндэслэлгүй мэдээлэл байна” гэж үзээд
гүтгэлэг хийсэн асуудлыг цагдаагийн газарт шилжүүлсэн. Би өөрөө ч тэнд очиж мэдүүлэг
өгч байгаа. Аливаа асуудал хууль эрх зүйт оронд амьдарч байгаа юм бол хуулийн дагуу
шийдэгдэх ёстой гэдэгт итгэдэг. Миний хувьд жирийн иргэн байхдаа хууль зөрчсөн байх
гэдэг мэдээллийн дагуу УИХ-ын болон СЕХ-ны даргыг хуулийн байгууллагаар шалгуулж
байсан. Жирийн иргэн миний талд шийдвэр гарч байсан. Тиймээс энэ асуудал хуулийн
дагуу шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Би бол хэн нэгэн иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх
нь төлөө хуулийн байгууллагад хандаагүй. Төрийн алба хашиж байгаа хүний хувьд албан
тушаалаа урвуулан ашигласан гэсэн мэдээллийн дагуу холбогдох газарт нь хандсан гэдгээ
дахин хэлье.

-Халх голд анхны
чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолын төсөл гарсан. Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах
вэ?

-Үүн дээр загвар аж
ахуй байгуулах чиглэл дээр олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн судалгааны
чиглэлийн ажлууд байдаг. Цаашид хичнээн га газарт тариалалт эрхлэх үү, зохистой
ямар техник, технологийг хэрэглэх үү гэдэг нарийвчилсан журмыг бид гаргаж мөрдүүлнэ.
Тэрнээс хэн нэгэн гадаадын байгууллагад олон мянган га газар эзэмшүүлэх асуудал
огт байхгүй. Энд зөвхөн Монголын иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна.

-Энэ жил хэдий
хэмжээний мах экспортлохоор төлөвлөж байгаа юм бол?

-64 мянган тн махны
квот байгаа. Өнөө жил мал их өссөн. Өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа болохоор
нэмж мах экспортлох судалгааг хийж байна. Ингэснээр энэ квот нэмэгдэх бололцоо бий.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Онон: Хакухо аваргад төрийн наадмын аман хүзүү хавчиг зээрд үрээгээ өглөө

Д.Онон манлай их аваргад зээрд үрээгээ бэлэглэхээр алхаж буй нь.

Төв аймаг Зуунмод хотын цэнгэлдэх. 2015.07.29-ний өдөрМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Шёо М.Даваажаргалын төрийн дээд шагналдаа хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам уржигдар Төв аймгийн Зуунмод хотноо болсон. Энэ үеэр Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой уулзаж хөөрөлдлөө.

-Энэ жил та аль хэр наадав. Морь их хурдлав уу?

-Улсын наадмаас манай “Түмний эх” галаас нэг түрүү, таван айраг авсан. Өндөр гэгээний наадамд нэг түрүү, долоон айраг авлаа. Морь мал маань тэнэгэр сайхан уралдлаа. Энэ маань уяач бидний бүхэл бүтэн жилийн хөдөлмөр юм даа. Морь, хүү­хэд эндэлгүй сайхан уралдах шиг энх жаргал хаа байх вэ. Энэ жил төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд “Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд гуравт хурдал­лаа” гэхийг миний дүү сонсоогүй юу. (инээв. сур) Эрлийз дунд насанд миний хүү, Монгол Улсын манлай уяач О.Батбилэгийн маань үзмэн бор түрүүлсэн.

-Төрийнхөө их баяр наадамд олон жил айраг, түрүү авсан болохоор наад­маар сэтгэл их догдолно биз?

-Морь уралдуулж түрүү­лүүлнэ гэж бүгдээрээ л нэг ижил сэтгэлтэй явж байж болж бүтдэг зүйл шүү дээ. Тэрнээс биш захын хүн бүхний санаагаар ч болдог эд биш. Заримдаа сайхан давхина, заримдаа мод ч үгүй давхихыг алийг тэр гэх вэ. Наадам гэдэг наргиантай, ээлж дугараатай эд шүү дээ. Заавал ч үгүй түрүүлэх гээд зүтгээд бай­хын ч хэрэг байхгүй. Ээлж дугараатай энэ сайхан цэн­гэлээр чинь наадаж наргиж л яваа болохоос тэмцэлдээд тэрсэлдээд байхаар алаан хядааны юм биш. Олон түмнээ сайхан цэнгүүлж, төр түмнээ хүндэтгэж явбал болох нь тэр. Тэгэхэд зарим улс нэг нэгэндээ атаа жөтөө санаж, элдэв янзын юм яриад бие биенийхээ морийг хасуулах гээд давхиад байдаг. Энэ чинь маш буруу зүйл шүү.

-Таны морийг эрлийз энэ тэр гэж энэ жил хассан юм уу?

-Сая Халхын анхдугаар богд, Өндөр гэгээн Зана­базарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх даншиг, “Төвийн бүсийн их хурд-2015” наадам Монголын эртний нийслэл Хархорин, Орхоны хөндийн Харганын дэнж хотойтол өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ наадамд аваачсан миний уяаны морьдыг тамгаар нь ялгаж бариад авна лээ. Тэгэхээр нь зарим морьдоо зурхайд гаргасангүй.

-Унаач хүүхдүүдийн тухайд та ямар бодол санаатай байна?

-Монголын унаач хүүхдүүд хар багаасаа л морь малаа унаж, монгол ахуйдаа ойрхон өсдөг. Даяаршиж дэлхийшиж буй энэ цаг үед монгол ахуйгаа хадгалж байж л монгол хэвээрээ үлдэнэ. Ер нь хотын хүн хэзээ ч хөдөөний хүн болж чаддаггүй. Хөдөөний хүн бол хот газар ирээд суурин иргэншилд дасан зохицож чаддаг. Хөдөөний хүн америк, англи хаа ч амьдарч, хаанахын ч хүн болж болно. Унаач хүүхдүүд багаасаа амьдрал ахуй эрхэлж, мал сүргээ өсгө­хөд гар бие оролцож сур­­даг. Хүн гэдэг чинь хэлээд байхад ойлгодоггүй, биеэрээ үзэж байж ухаардаг. Тиймээс биеэрээ үзэж байж л юмыг мэдэрч авна шүү дээ. Ийм хүмүүжлийг жинхэнэ амьдралын гүнээс монгол ахуйгаасаа олж авдаг юм. Энэ хүүхдүүдийг чинь тэсвэр тэвчээртэй, юм ойлгодог болгохын тулд морь малтай ойрхон байлгаж, сургавал шал өөр хүн болдог юм даа.

-Хүүхдүүдэд насны хяз­гаар зааж эхэлсэн. Үүнийг юу гэж бодож байна даа?

-Уг нь унаач хүүхдүүд гурав дөрвөн наснаас эхлээд морь унахад долоон настай болоход нэлээд туршлага суугаад, морь сайн унах дадал зуршилтай болно оо доо. Багаасаа л хурдан хүлгийн нуруунаа дарцаг шиг дэрвэж өсвөл тэр л хүүхдийн хийморь цог улам сэргэнэ ээ дээ. Дээхнэ, биднийг хүүхэд байх үед ч юм уу таван настай хүүхдээр хурдан морь унуулдаг байсан. Таван настай хүүхэд ч юмны учрыг арай л сайн мэдэхгүй байдаг байсан юм. Гэхдээ тэр үеийн тавтай хүүхдүүд одооны балчруудтай огт адилгүй байсан шүү. Би өөрийн хоёр хүүгээ таван настайгаас нь хурдан морь унуулаад, төрийнхөө их баяр наадамд уралдуулж л байсан. Энэ жил хоёрт давхидаг хээр азаргыг маань арван настай Гүндэгмаагийн Отгонбаяр, янзага зээрдийг минь Отгон­баяр хүүтэй нас чацуу миний ач хүү, Батбилэгийн Буяндэлгэр унаж хурд­лууллаа. Унаач хүүх­дүүддээ баярлаж л байна.

-Та Хакухо аваргад унаган хүрэн морио бэлэглэлээ. Ямар ямар амжилт үзүүлж байсан морь билээ?

-Ноднин улсад соёолон насандаа аман хүзүүдэж байсан үрээ. Бага насандаа улсад арав хорийн дотор давхиад байсан л адуу шүү. Бүдүүрээд ирэхээрээ сайн давхилтай л морь болох шинжийн адуу. Хакухо их аварга дүүдээ нутгийнхаа ард түмнийг, Төв аймгийнхнаа төлөөлөөд өгч байгаа юм. Би ганцаараа ч өгч байгаа хурдан буян юм биш шүү.

-Их аварга удахгүй нэг наадамд сойно гэж ярьж байсан?

-Тийм шүү. Ирэх найм­дугаар сарын 7-нд Уяачдын холбооны 20 жилийн ой болох юм. Тэр наадамд уралдуулна. Сая төрийнхөө их баяр наадамд уралдуултал эхний гурав дөрөв дээр өнгөлөн давхиж байсан. Гэдэс нь жаахан эвгүйтээд байх шиг болохоор нь татуулаад авчих­сан. Хүрэн морь минь энэ жил хавчиг юм шүү дээ. Дөнгөж нялх амьтан. Миний энэ хурдан буянг хүн болгон мэднэ дээ, угаасаа сайн эхсийн удмын адуу гэдгийг.

-Одоо танд энэ жилдээ уралдах өөр наадам юу байгаа билээ?

-Монголын морин, спорт уяачдын холбооны ойд зориулсан наадам л байна даа. Түүнээс хойш ч намар, өвлийнхөө ажлыг бодохгүй бол болохгүй. Энэ жил мичин жил болно гээд байна. Манайхны хувьд өвсөө хадуулдаг хүмүүс байдаг юм. Тэдэнд захиалгаа өгөөд байж байна.

-Өмнөх жилүүдээс хатуу­хан өвөл болж магад гэж Ерөнхийлөгч хүртэл сануулаад байсан байх шүү?

-Мичин жил гэхээр хатуу­хан болдог давтамжууд байдаг. Тиймээс хатуухан хайрхан болж мэдэх л юм. Үүнийг малтай хүн болгон л бодож байгаа. Дотроо бодолтой, доороо суурьтай байхгүй бол болохгүй. Одоо ургасан энэ сармигар жаахан өвс чинь хатангуутаа л малын хөлөөр хугараад алга болно шүү дээ. Одоо өвлөө л бодох хэрэгтэй болоод байна.

-Та “Морийг уяхаасаа тавих нь чухал ” гэж нэгэнтээ хэлж байсан. Энэ ер нь ямар учиртай үг юм бэ?

-Уясан морьдыг, тэр тусмаа их насны морийг наадмын дараа хорон хөлсийг авч, булчинг нь гүйцэд суллаж, мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй юм. Хойтонгийн уяаны ажил бол ерөөсөө тэр. “Уяхаасаа тавих нь чухал ” гэдэг үгний утга учир ч тэр. Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа. Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй. Уяач хүн наадмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлддэг юм шүү дээ.

-Цаг улирал урьдынхаас огт өөр болж байна. Адуу малын иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн байх. Үүнийг дагаад уяа засал ч их өөрчлөгдөв үү?

-Одооны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгаад тэжээгээд байна гэж ойлгож бас болох­гүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж бай­гаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш. Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуу­нууд бараг л тийм. Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг.

-Монгол Улсын тод манлай уяач хэмээх алдарт хүргэсэн замналаасаа та жаахан хуучлаач?

-Би Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул хүн. Хөдөөний хүүхдүүд хэрхэн бага насаа өнгөрүүлдэг вэ түүний л адилаар морь мал дагаж бага нас минь өнгөрсөн. Одоо миний амьдарч байгаа Гавжийн шанд чинь манай сумын л нутаг байгаа юм. Би айлын ганц хүү. Аав, ээжийн талаас хурдан буян унаж, уяж явсан хүмүүс байсангүй. Хурдан буянд дурлах болсон түүх минь долдугаар ангиас эхлэлтэй. Сургуулиа төгсч мал дээр нэг хэсэг гарсан. Үүний дараагаар цэрэгт явж ирээд жинхэнэ малчин болж, хурдан морины үнэхээрийн хорхойтон болсон. Ер нь сургуульд сурахаас эхлээд л явган явж үзээгүй шүү. Төв аймгийн урд талд тавдугаар хороо гэж байсан. Тэнд амьдардаг ажаа маань өвөл болохоор морио тэжээнэ. Намайг эрхлүүлж байгаа нь тэр. Цэрэгт явтлаа сумынхаа Гомбожав, Дожоо нарын сайн адуучдын малд их явдаг байлаа. Ингэж явсаар цэрэгт явсан.

-Цэргээс ирээд нэгдлийн суурь адууг арваад жил дагасан гэл үү?

-Тийм ээ. Арав гаруй жил адуу маллаж байтал мал хувьч­лал ч таарсан. Хуу­чин цагийн сайн адуучид бүгд манай суманд байлаа. Уяачийн эрдэм, соёлоор ма­най нутаг чинь бусад аймгаас ер нь л илүү. Тухайн үед сум, аймгийн наадам гэж бол­дог­гүй, байнга л улсын наадамд хурдан хүлгээ сойдог байсан.

-Таныг төрийн баяр наадамд олон амжилт гаргаж явсныг тань түмэн олон мэднэ. Тэр дундаас одоо болтол мартагддаггүй ямар наадам байна?

-Том хүү Батбилэг маань улсын баяр наадамд аман хүзүүдсэн 1989 оны баяр наадам л сэтгэлд үргэлж хадаатай явдаг даа. Шинэхэн уяачийн хувьд баяр наадмын түрүү хүртэх эхлэл минь байсан бол эцэг хүний хувьд хүү минь барианы зурхайд орж ирж байгаа дүр зураг сэтгэлээс минь одоо ч гардаггүй юм шүү. Одоо ач хүү маань аавынхаа уясан морийг унаж хурдлуулж байна. Хүний амьдрал гэдэг чинь ингээд л баяр хөөрөөр ээлжлэн эргэж байдаг юм байна даа.

-Батбилэг хүү тань хэдэн наснаасаа хурдны морь унаж эхэлсэн юм бэ?

-Таван наснаасаа л хурдан буян унаж эхэлсэн. Нэгдлийн ажил гээд түмэн завгүй. Тухайн үед морь бугуйлддаг эрлийз халтар морь байсан юм. Хүү минь унаад явж бай­даг. Агт ялгаад сууж байтал дунд сунгаа болдог юм байна. Хашааны хойгуур морь дав­хилаа. Тэгсэн манай хүү “Ааваа би уралдмаар байна” гээд болдоггүй. Тэгэхээр нь Сугар дүүдээ “Дүүгээ эргүүлж өгөөд, тоос багасахаар нь тавьж өгчихөөд хүрээд ир” гээд явууллаа. Удалгүй санаа зовоод араас нь мотоцикльтой давхиад очтол гараанаас гарчихаж. Араас нь дагатал ерөөсөө уралддаггүй морь маань сунгааны морьдыг гүйцээд түрүүлж байна. Ингэж л хүү минь унаач болж, одоо надтай хамт морь уях ажилд шамдаж явна даа. Тэр жилийн наадмаас хойш төрийн наадмын дөч гаруй түрүү, ная гаруй айраг хүртлээ дээ.


Categories
мэдээ цаг-үе

Зуун дамжсан аав, хүү хоёр аварга хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг нижгэр тэмдэглэлээ

Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их
аварга Хакухо Шёо М.Даваажаргалын баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг
наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо дэлгэр сайхан боллоо. Наадмын нээлт
Зуунмод хотын цэнгэлдэх хүрээлэнд бага үдэд Төв аймгаас гаралтай урлаг
соёлынхны тоглолтоор эхэлсэн. Цэнгэлдэхийн төв асарт Төв аймгийн удирдлагууд,
олны танил хүмүүс байраа эзэлж, асрыг голлуулан зассан угалзтай түшлэгт сандалд
аав, хүү хоёр их аварга ханхайж түмэн олны хайр талархлыг өөрийн эрхгүй татаж
байв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах далай даян дархан
аварга Ж.Мөнхбат 1973 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөхийн
төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, 1963-1967 онд дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд амжилттай оролцон, 1967 онд Энэтхэгийн Дели хотноо болсон ДАШТ-ээс
хүрэл медаль хүртэн, 1968 оны Мехикогийн зуны олимпийн чөлөөт бөхийн төрөлд
Монголоосоо анх мөнгөн медаль авчирсан дэлхийн хэмжээний хүчтэн гэдгийг
манайхан сайн мэднэ.

Тэрээр сар шинийн барилдаанд зургаан удаа, төрийнхөө их
наадамд 1963-1967 он хүртэл завсаргүй таван удаа түрүүлж, мөн 1974 онд түрүүлэн
алдар цолоо дуудуулж явсан домогт монгол бөх билээ. Мөөеө аварга ид барилдаж
байх үедээ “Давах би яараагүй байхад унах чи юундаа яарсан юм” гэж учраа бөхдөө
хэлдэг байсан нь эдүгээ өөртөө итгэлтэй хүний хэлц үг болж үлджээ. Түүний хүү
М.Даваажаргал тэгвэл японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд нийтдээ 35 удаа
түрүүлж, амжилтаараа сумогийн түүхэнд нэгдүгээрт бичигдэж байгаа энгүй их
хүчтэн. Тэрчлэн жилийн зургаан башёд хамгийн олон давсан давааны тоогоор найман
жил дараалан түрүүлсэн, жилд 86 давсан үзүүлэлтээр бас л сумогийн ертөнцийг
тэргүүлж яваа. Мөн 2010 оны гуравдугаар сараас 2011 оны тавдугаар сарын башё
хүртэл нийтдээ долоон удаа дараалан түрүүлснээр түүний өмнө бичигдэх алдартан
үгүй болсон агаад ёкозуна цолтойгоор 720 удаа дараалан барилдсан үзүүлэлтээр
түүхэнд нэрээ мөнхлөөд байгаа юм. Мөн дээд зиндаанд 11 удаа уналгүй түрүүлсэн
гээд түүний амжилтын буухиа цаг үргэлж тасралтгүй өөдөө дэвшин үргэлжилж иржээ.

Арлын орны
үндэсний бөхөөр ааг бяр, авхаалж самбаагаа гайхуулж яваа нутгийн хүүгээ Төв
аймгийнхан гүн хүндэтгэж аав, хүү хөдөлмөрийн баатруудын амжилтын товчооныг
гавьяат жүжигчин Отгон, хөтлөгч Цоодол нар танилцуулахад хурсан олон хурайлан
баяр хүргэцгээж байлаа. Хүндэтгэлийн наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх
барилдаж Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, Монгол Улсын гарьд Д.Гончигдамба
түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба
үзүүрлэн, их шөвгийн дөрөвт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Батчулуун нар
үлдсэн юм. Түрүү бөхийг таван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг гурван сая
төгрөгөөр байлав. Наадмын үеэр их аваргын
гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт
бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх ёслол болсон. Хакухо аваргыг дагалдан
Японоос 140 гаруй хүн ирснээс өөрийнх нь дэвжээний 28 хүн байгаа гэсэн. Аваргын
ууган охин Д.Юнрэнцоо, хүү Д.Мөнхжаргал нар өвөө, эмээгийнхээ энд тэнд гарч их
л жаргалтай харагдсан. Харин балчирхан Мааяа охиныг нь их аваргын туслах сумоч
энгэрээсээ салгахгүй үргэлжид маллаж байсан. Наадмын төв асрын хүндэтгэлийн
суудалд хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Давааням, тод манлай
уяач Д.Онон, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Монголын
олимпийн хорооны дарга асан Жамц нарын алдартнууд одон медалиа гялалзуулан,
өнгийн дээлээр хээ хуарлан сууцгаасан.

Хакухо аваргын хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн их
насны морьдын уралдаанд 151 хурдан буян шандас сорьсноос Төв аймгийн Сэргэлэн
сумын харьяат, тод манлай уяач Д.Ононгийн зээрд түрүүлж, “Босоо хүлэг” галын
уяач, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ц.Бат-Энхийн бор, Дорнод аймгийн Хөлөнбуйр
сумын харьяат Будхангайн хүрэн, Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Эрдэнэбаатарын
цавьдар, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Б.Цэрэнбаатарын бор айргийн тавд
хурдаллаа. Зуун найман хурдан дааганаас Завхан аймгийн уяач Галбадрахын буурал
түрүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Санчирболдын зээрд халзан,
Төв аймгийн Цээл сумын Манахүүгийн Ганбатын сартай хээр, Сэргэлэн сумын уяач
Ононгийн Батбилэгийн зээрд халзан, Баян сумын уяач Ж.Довдонбалжирын хул зүсмийн
дааганууд айргийн тавд торгон жолоогоо өргүүллээ. Хакухо өөрийнхөө ёкозуна
цолны бэлгэдлээр 69 дүгээрт давхисан морьд, баян ходоодонд давхисан даагыг
байлсан. Морьдын цолыг цэнгэлдэхэд дуудах үеэр Д.Онон манлай их аваргад ноднин
жилийн улсын наадамд аман хүзүүдсэн хавчиг зээрдээ бэлэглэж, ирэх сарын 7-нд
болох Монголын морин спорт, уяачдын холбооны ойн наадамд нутгийнхаа хүүгийн нэр
дээр уралдуулахаа амлаад авсан. Төв аймгийнхан аав, хүү хоёр баатарт бүрэн
тоног бүхий эмээл хазаартай морь тус бүр нэжгээдийг цулбуурдуулж, монгол нум
сум өргөн барьсан нь бэлгэшээлтэй санагдаж байлаа. Одоогоос гучин таван жилийн
тэртээ дархан аварга Ж.Мөнхбат төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгээ сойж,
түрүү магнай авч байсан түүхтэй юм байна. Наадмын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай уулзаж
хөөрөлдлөө.

Хакухо
М.Даваажаргал:
Таван жил сайхан барилдахыг л
мөрөөдөж байна

-Таны баатар цолны найр, хүндэтгэлийн наадам сайхан болж
байна. Манай уншигчдад сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэргэжлийн сумод үзүүлсэн амжилтыг минь засаг төр үнэлж
хөдөлмөрийн баатар гэдэг хүндтэй сайхан цолоо хүртээлээ. Нутгийнхаа ард
түмэнтэй наадмаа хийгээд, ойрхноос гар барилцаад, золгоод үнэхээр сайхан байна.
Наадам маань сайхан ч өдөр болж, нутаг ус минь ивээж, сэтгэл туйлын өндөр
байна.

-Нэг гэрээс аав, хүү хөдөлмөрийн баатрууд боллоо. Өнөөдөр
зэрэгцэж суугаад баяраа тэмдэглэж байгаа нь бас л бахадмаар сайхан байна шүү?

-Найз нөхөд минь биднийг “Зуун дамжсан аав, хүү аваргууд”
гэж ярьдаг. Би ч ингэж хэлүүлэх их дуртай, үүнд нь ч дасч байна. Яагаад ч юм
сайхан сэтгэгдэл төрж, омогшмоор санагддаг. Миний хувьд нутагтаа байнга ирэх
хүсэл байдаг ч бэлтгэл ихтэй, цаг давчуу болохоор тэр бүрий ирээд байхгүй юм.

-Нагоя башёд түрүүлж гучин тав дахь түрүүгээ авч түүхэн
амжилтаа ахиуллаа. Таны амжилтын нууц юунд байна вэ?

-Нагоя башё миний хувьд мартагдахааргүй сайхан болсон.
Миний хайрлаж хүндэтгэж явдаг хоёр аварга байдаг. Нэг нь 69 дараалан давсан
Футаяама их аварга. Нөгөөх нь, хамгийн олон буюу 32 удаа түрүүлсэн Тайхо
аварга. Тайхо аваргатайгаа амьд сэрүүн байхад нь гэр бүлийн дотно харилцаатай
байж, олон сайхан зөвлөгөөг нь авч байсандаа маш их баярлаж явдаг. Энэ сарын
башёд Тайхо аваргынхаа амжилтыг 44 жилийн дараа эвдэж, ачийг нь хариулсандаа
баяртай байна.

-Танд тод манлай уяач Д.Онон унаган хурдан морио
бэлэглэлээ. Морио өөрөө сойх уу?

-Онон ах маань
ноднингийн наадамд аман хүзүүнд давхисан морио миний хөдөлмөрийн баатар цолыг
мялааж бэлэглэсэнд их л бэлгэшээж баярлаж байна даа, дүү нь. Наймдугаар сарын
эхээр уяачдын холбооны наадам болох юм байна. “Тэр наадамд өөрийн чинь нэр дээр
уралдуулна” гэж Онон ах хэлсэн.

-Сумогийн ертөнцөд монгол бөхчүүдийнхээ түүчээ болсон
Цэвэгням маань зодог тайлахаа мэдэгдсэн нь танд ямар санагдав?

-Манай анхны сумоч Цэвэгням ахын маань сүүлийн башё
боллоо. Сүүлийн башёд нь ахынхаа хамт нэг машинд сууж парадад хамт явсан тэр
дурсгалт мөчүүдийг би хэзээ ч мартахгүй. Цэвэгням ах минь хэдийгээр нүдэндээ
нулимстай дэвжээнээс буусан ч сумогийнхоо төлөө олон сайхан үйлс бүтээнэ гэж
бодож байгаа.

-Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт таны гэргий тоёота маркийн
машин бэлэглэлээ. Танд харин нутгийнхан чинь ямар бэлэг барьж байх юм?

-Төв аймагт өөрийн
гэсэн үзэсгэлэнгээ байгуулаарай гэж ихээхэн хэмжээний газар бэлгэнд өгч
байгаагаа мэдэгдсэн. Энэ сайхан нутгийнхаа зон олны сайн сайхны төлөө
аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хувь нэмэр
оруулах төлөвлөгөөтэй байгаа шүү.

-Та ингэхэд өөрийнхөө наадамд яаж наадаж байна?

-Нум эвшээлгэж, сум тавилаа. Даага дагалаа. Миний
Монголын унаач хүүхдүүд юутай сэргэлэн, гайхалтай мэдрэмжтэй юм бэ. Бүүр өөрийн
эрхгүй огшоод нүдний нулимс цийлэгнэж байна лээ шүү.

-Японоос олон зочин ирэв үү?

-Зуу гаруй хүн ирсэн. Жилийн дөрвөн улиралд башё болдог
хотуудад миний фен клубүүд байдаг. Тэдний төлөөллүүд ч хүрэлцэн ирсэнд сэтгэл
их өндөр байна даа.

-Та мэргэжлийн сумогийн олон рекордыг эвдлээ. Эвдэхээр
рекордууд олон байгаа юу?

-Монгол Улсын тамирчид олимпод оролцоод аав минь хамгийн
анхны мөнгөн медалийг авсан. Мөрөөдөл минь 2020 оны олимп хүртэл зодог
тайлахгүй сайхан барилдах л санаа байна шүү. Монгол хэмээх энэ сайхан улсад төрж,
өсөөд, Япон хэмээх арлын сайхан оронд өдий зэрэгт хүрснээ уул усны минь буян,
олон түмний минь хайр халамж л гэж сүслэн биширч явдаг даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг
Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Өөлд: Ургац алдсан учраас нуугаад, хаагаад, хүлээгээд байх юм байхгүй

Хүнс,
хөдөө аж ахуйн сайд асан, Монгол Улсын гавьяат агрономич Ц.Өөлдтэй ургац тойрсон сэдвээр ярилцлаа.

-Хэт
халалтын дараа Монгол Улс ургац хурааж
авах болов уу, танд ямархуу төсөөлөл бууж байх юм бэ?

-Би
хөдөө гадаа яваагүй, ерөнхий мэдээлэлтэй байгаа. Гэхдээ зургадугаар сарын
сүүлч, долдугаар сарын эхээр айхавтар
халсан. Ялангуяа Булган, Төв, Сэлэнгийн нутгаар 38 хэм хүртэл халсан, тэгэхээр
газартаа 50-60 хэм халсан байх ёстой. Энэ агуулгаараа энэ жил ургац муу авна.
Миний ойлгож байгаагаар ямар ч байсан 60 хувийн ургац алдсан. Одоо бол тариа
түрий багатай, торчийсон жижигхэн намхан юм байгаа. Тэрнийг хурааж авахад
хэцүү. Тариаланчид бол шууд хурааж авах бэлтгэлээ хангах хэрэгтэй. Бага ч гэсэн
тариагаа хаягдалгүй хурааж авах учиртай.

-Шууд
хураана гэхээр яана гэсэн үг вэ?

-Ангилна
гэдэг нь эхэлж хадчихаад, балан дээр нь байлгаж байгаад дараа нь цайруулдаг.
Одоо бол шууд цайруулаад явна. Тариа нэг их өндөр ургаагүй, тарианы болц нэг их
оройтохгүй байх, зүгээр их намхан байна. Най­ман сардаа бороо их орвол хэцүү.
Бороо орвол ногоон тариа дороосоо ургаж гарч ирдэг. Тэр бол тариа болохгүй.
Тэжээл л болно. Тийм учраас тариаланчдадаа хэлэхэд үндсэн намханыгаа харж л
хураах учиртай. Өндөр ногоон нь тариа болохгүй, яахав сүрэлтэйгээ холиод малын тэжээл болно. Үр тариа алдлаа гэхэд
малын тэжээл аваад, түүнийгээ сайхан боогоод, малчдад зарвал тариаланчдад
боломж бий.

-Одооны бороо тариа ургахад нэмэргүй гээд байгаа нь үнэн үү?

-Одооны бороо тарианы болцод ямар ч нэмэргүй. Харин ч
тариа нялхруулаад, ургац хураахад хүндрүүлнэ. Яахав одооны орж байгаа бороо
бэлчээрийн ургамлыг жаахан сэргээх байх. Гэхдээ
энэ жил хадлан авч чадахгүй дээ. Гантай байсан учраас Төв, Сэлэнгийнхэн
хадлангүй болчихож байгаа юм. Малчдад хүнд тусна. Нөхцөл байдлыг судалж үзэж байгаа л гэж Хүнс хөдөө
аж ахуйн яамнаас мэдээлж байх шиг байна лээ. Тэртэй тэргүй нийт хэрэгцээт
гурилынхаа 30-40 хувийг авч чадах уу,
үгүй юу. 60-70 хувийг гаднаас л авч
таарна. Гаднаас авах асуудлаа одоо хөөцөлдөж байх учиртай. Хятадаас авах уу, Оросоос авах уу, оронд нь
юу гаргах вэ.

-Орос, Хятад бас гантай байгаа юм биш үү?

-Гантай. Гэхдээ том гүрэн 20-30 мянган тонн юм
гаргахад гайгүй л дээ. Махаа гаргах л
хэрэгтэй байгаа юм. Махаа гаргаад гурил авна. Тийм байдлаар бодитой алхам хийх ёстой.

-Орос, Хятад ургацынхаа төчнөөн хувийг алдана гээд
мэдээлээд байх юм. Монголчууд яагаад мэдээлэхгүй байгаа юм бол. Мэдээлэхгүй
байсан нь дээр гэж үзсэн юм болов уу, мэдэхгүй байгаа юм болов уу?

-Мэдэхгүй, төр засаг нь юу гэж үзэж байгаа юм. Ер нь
мэдээлж, ил тод байх нь л зөв. Бодит байдлыг мэдээлвэл компаниуд гурил, будаагаа оруулж ирнэ. Бизнесийнхэндээ
дохио өгөх ёстой. Тэгэхгүйгээр болох байх гээд байвал болох ч үгүй л дээ.

-Харин болоод байгаа нь ч мэдэгдэхгүй, болохгүй байгаа нь
ч мэдэгдэхгүй чимээгүй байх юм даа?

-Тариагаа бол энэ
жил үндсэндээ алдсан. Тариагаа алдсан учраас нуугаад хаагаад, хүлээгээд байх юм
байхгүй. Ерөөсөө мэдээллээ шууд цацах хэрэгтэй.

-Зургадугаар сарын хэт халалт ургац алдахад нөлөөлчихөв
үү?

-Зургадугаар сарын халалт, долдугаар сарын эхний халалт
нөлөөллөө. Үр тариаг жинхэнэ буталж байх үед л тийм их халалт таарсан. Хуучин
бол бутлах үед нэг үрнээс дөрөв, таван иш гардаг. Энэ жилийнх бол нэг үрнээс нэг л иш байгаа. Тийм учраас ургац тачир байна.

-Жаргалант суманд тариан талбайд очиж үзсэн. Ишний өндөр нь 40-60 см байна
лээ?

-Өдийд бол 80 см-ээс метр 20 см байх ёстой.

-Өдийд тариа сайхан халиурч байх нь ээ?

-Сайхан халиурч байдаг үе. Өдийд үр цутгаж байгаа үе л
дээ.

-Өмнө нь ийм ган хэр тохиолдож байв?

-Зургаа, долдугаар сарын ган 1969 онд тохиолдож байсан
даа. 1982 оны үед байх аа, нэг гантай жил болсон. Тэгэхэд бас харьцангуй гайгүй
л дээ. Тэжээлийн үйлдвэрүүд ажиллаж байсан. Гурилын жаахан нөөцтэй байлаа. ЗХУ задраагүй байсан болохоор тэндээс тусламж
авч байв. Одоо улсын гурилын нөөц гэж байгаа юм уу, үгүй юм уу. Социализмаа магтаад яах вэ, тэр үед тарих үрээ гурван жил хүрэлцэхүйц нөөцтэй
байлгахын төлөө ажиллаж байсан. Энэ жил ядаж хойтон жил тарих үрээ хураагаад,
багахан ч гэсэн тариагаа хурааж авах байх гэсэн бодол байна.

-Бусад орнууд ч гантай болохоор үр тарианы үнэ өснө гэсэн
үг үү?

-Өснө, гурилын үнэ нэмэгдэнэ, гаднаас авах тарианы үнэ
нэмэгдэнэ. Тиймэрхүү л хандлага ажиглагдаж байна. Муу амлаж байна даа, одоо яая
гэх вэ.

Дэлхий дулаарч байна гэдэг. Цаашдаа ганд тэсвэртэй
сортын үр тариалах хэрэгтэй байх, өөр яах ёстой вэ?

-Аль алиныг нь авах л чухал, ганд тэсвэртэй, нэг их
түргэн болдоггүй, дунд болцын
сортуудыг олж тарих ёстой.
Хоёрдугаарт дулаарал тэртэй тэргүй болно гээд байгаа юм чинь услалтын
системүүдийг нэлээд барьж байгуулах хэрэгтэй.

Манай ус мөрнүүд гадагшаа гараад явчихаж байна. Сэлэнгэ,
Орхоны дэргэд цүнхээл гаргаад, нуур тойром бий болгоод, илүү сайхнаар мөрөөдөх
юм бол загас үржүүлээд, хүнд эзэмшүүлж өгөхгүй бол гадагш нь хамаг усаа гаргачихаж байна.

-Усалгаатай тариалан үнэтэй тусна даа. Монголд усалгаатай тариалан бий болгох боломж байдаг
уу?

-Бодлогоор хийх ёстой. Засгийн газар хөрөнгө гаргаж, зээл өгч, төчнөөн жилийн дараа
эргүүлж авна гэж бодлогоор хийхгүй бол болохгүй.

-Урьд нь яагаад томоохон усалгааны систем байгуулах
дорвитой алхам хийж чадаагүй юм бол?

-Өмнө нь 120 гаруй услалтын систем байсан. Жижиг, том.

-Тэр нь нийт
тариалан­гийн талбайн хэдэн хувь гэсэн үг вэ?

-Нийт тариалангийн талбайн арван хэдхэн хувь л даа. Гол
төлөв баруун аймгуудад жижиг услалтын систем барьж байсан. Баруун аймгуудад үндсэндээ
Монголын малын 40-50 хувь нь байсан.
Түүнд чиглүүлж малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жижиг услалтын систем барьсан
даа. Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч сайд байсан Т.Рагчаа гуай л энэ
ажлыг сайн зохион байгуулсан хүн. Услалтын систем барих хэрэгтэй. Орчин үед
Хятад, Оросын услалтын систем бидний үеийнх шиг биш дуслын системтэй. Ургамлын
үндэс рүү нь л дуслаад байдаг систем бий болсон. Дуслын услалтын системийг
оруулж ирсэн газар бий байх аа.

-Хэт халах нь гэдгийг урьдчилж мэдэх боломж байсан юм
болов уу?

-Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж л байсан байх. Гэхдээ
энэ жил үүл нь гараагүй юм уу, үүл рүү буудаж, бороо оруулах ажил амжилттай
болсонгүй. Дарханд үүл буудсан чинь хотод бороо оруулчихлаа гээд байсан. Үүл
буудаж бороо оруулах шинэ технологи л доо. Хятадаас сум авчирч чадахгүй байсаар
өнгөрсөн бололтой юм.

-Тариаланчдаа дэмжихийн тулд төрөөс ямар бодлого
баримтлах ёстой вэ?

-Одоо нэг жаахан дэмжлэг бий л дээ. Тушаасан буудайнд
урамшуулал өгдөг. Уриншид гарах зардлыг төр даагаад, эсвэл урт хугацааны зээл
өгөөд, хойтон жилийн ургацаас нь авдаг
байж болно. Жилийн хугацаатай бага хүүтэй
зээл өгч газар тариаланг өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Төрөөс бага хүүтэй зээл өгөх боломж хэр байдаг вэ?

-Ер нь тэгээд газар тариалангаа дэмжихгүй бол Монгол Улс
хоёр гүрний хараат болно. Монгол хүн гурилгүйгээр долоо хонож чадахгүй шүү дээ. Жимс
идэхгүйгээр жил ч болж чадна. Тариа бол
стратегийн бүтээгдэхүүн. Стратегийн бүтээгдэхүүн учраас засаг төр гурилынхаа
нөөцийг бодож зохих арга хэмжээ авч байх
учиртай. Тэгэхгүй бол хэдэн тариаланчдадаа найдчихаад, нөгөө хэд нь
мөнгөгүй жилээс жилд тариалах талбайгаа
багасгаад байвал Монгол Улс гурилаа
гаднаас худалдаж авч иднэ л гэсэн үг. Одоо бол гаднаас гурил авах хөрөнгө мөнгө
хүрдэггүй юм бол 60 сая хүрсэн гээд
байгаа малаасаа гаргах хэрэгтэй. Өмнө нь ОХУ-тай гэрээ хийгээд мал гаргаад л
байсан шүү дээ. Мал 25 саяас дээш өсдөггүй байсан гээд өнөөдөр ярьж байна лээ.
Тэр үед Орос руу жилд арав гаруй мянган
тонн мах гаргадаг байсан байхгүй юу. Одоо тийм юм байхгүй. Малыг эргэлтэд оруулж, малчдаа хөрөнгөтэй болгож, малчид
нь хөрөнгөтэй болж байж тэжээлээ бэлтгэх учиртай.

-Тариаланчид малын тэжээл бэлтгэлээ гэхэд малчид тэр их
тэжээлийг худалдаж авах чадал байна уу гэдэг асуудалтай?

-Асуудалтай. Гэхдээ малаараа солино биз.

-Та тариаланчдын хэлээд байгаа гомдол, яамнаас өгч байгаа
хариуг анзаарч байгаа юу?

-Сонсч суудаг.

-Зүй нь яах ёстой юм бол?

-Яамны зөвлөхөөр Ерөнхий сайд байсан Гунгаадорж ажиллаж
байгаа. Тэд зөвлөгөө өгдөг байлгүй дээ.

-Төрийн бодлого хүнс хөдөө аж ахуйн салбарт байгаа онож
байна уу?

-Байгаа онохгүй, хажуугаар нь, амьдралаас хөндийдүү бодлогууд яваад байна шүү дээ. Бодлогууд бол байна. Хэрэгжиж байгаа юм
байхгүй. Тиймэрхүү л байна.

-Зарим улс орнуудад бордоог үнэгүй өгч тариаланчдаа дэмждэг
гэх юм?

-Гаднаас бордоог нь авчирч өгч болно. Бордоогоо зээлээр
өгөөд, тариаланчдыг бордоогоор хангавал газар тариалангаа дэмжих нэг арга.
Хоёрдугаарт түрүүн ярьдаг услалтын систем. Услалтын системд төр мөнгөтэй болж
байж л зээл өгөх байх даа. Одоогийнх шиг цалингаа тавьж чадахгүй төр юу хийх
вэ. Ер нь талбайгаа бордох чиглэл барих нь хөрсөө хамгаалах, ургацыг
нэмэгдүүлэх бололцоог олгоно. Тийм учраас бордоо гэдэг чинь зөв л агуулга.

-Мал тариан талбай руу ордог гэж тариаланчид байнга гомдоллох юм. Ядаж үүнийг
шийдэж болдоггүй юм байх даа?

-Зах зээлээ дагаж Төв, Сэлэнгэд баруун аймгуудын олон
малчид суурьшсан. Төв, Сэлэнгэ зэрэг
тариатай газруудад бэлчээрийн мал аж ахуйг байлгахгүй гэсэн шийдвэр л
ерөнхийдөө гаргах ёстой. Эрчимжсэн мал аж ахуй, саалийн ферм, мал бордох аж
ахуйгаа байгуулаад тэжээл нийлүүлж болно. Эрчимжсэн мал аж ахуй
л тариалангийн бүс нутагт байх ёстой.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Ш.НАРАНЧИМЭГ: Би 2007 оны тэргүүн Нансалмаа болж Байлаа

Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан
Ш.Наранчимэгтэй ярилцлаа.

-Наадмаар
Чингисийн талбай дээр “Учиртай гурван толгой” дуурь тавиг­даж та Нансалмаагийн
дүрд тоглосон. Өмнө нь Нансалмаагийн дүрд тоглож байсан уу?

-Өмнө нь
Нансалмаагийн дүрд дуулж байсан. 2007 оны тэргүүн Нансалмаа болж байлаа. Талбай
дээр тоглогдох “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн сонгон
шалгаруулалт болоод би сонгогдсон. Дуулж байсан болохоор нэг их хэцүү
байгаагүй. Ялгаа нь гэвэл тайз том байсан учраас жаахан эвгүй байсан л даа.
Мэдээж анх удаа гадаа тоглож байгаа болохоор микрофон маань дуугарах болов уу,
морь маань үргэчих юм биш байгаа, тайзан дээр алдаа гарах вий гэсэн эмээлт
байсан. Мөн тайз тойрч гүйж байгаад амьсгаадах вий дээ гэж бодож байлаа. Мэдээж
үүнийг жүжигчин хүн учраас бүгдийг зохицуулах ёстой байдаг. Тоглолт маань их
сайхан болж өнгөрсөн.

-Олон
удаа Нансалмаад тоглоход хамтрагчид чинь өөрчлөгдөж байсан байх?

-Би их
олон Юндэнтэй дуулсан. МУАЖ А.Дашпэлжээ, МУГЖ М.Болд нартай дуулж байсан юм
байна. Сая талбай дээр тоглогдсон “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ
Э.Амартүвшин тоглосон.

-Гэр
бүлд чинь урлагийн хүн бий юу. Яагаад урлагийн хүн болсон бэ?

-Би
Баянхонгорын Богд сумын хүн. Аав, ээж маань нутагтаа сайхан дуулдаг хүмүүс.
Гэхдээ яг урлагаар явсан хүн байхгүй. Би анх удаагаа гэр бүл, хамаатан садныхаа
хувьд дуучин болсон хүн. Ёстой л бор зүрхээрээ олон жил хичээсний эцэст л энэ
зэрэгт хүрсэн дээ. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-т суралцаж төгсөөд Итали руу
мэргэжил дээшлүүлээд ирсэн. Энэ мэргэжлээрээ тууштай явж байна даа.

-Их
дурлаж орж дээ?

-Дурлалгүй
яахав. Хүүхэд байхдаа л урлагийн үзлэгт ороод тэргүүн байрыг нь авчихдаг
байсан. Жаахан дуулчихдаг хүүхэд байлаа. 1995 онд аав минь хөтөлж авчраад
Хөгжим бүжгийн коллежид оруулж байсан. Яг дуурийн дуучин болно гэж бодоогүй
байсан юм. Өөрөө дуулаачаар олон жил сурсан учраас мэргэжлийн дуучин л болох
ёстой юм байна гэж бодсон. Долоо найман жил сурчихаад зүгээр нэг дуу дуулах надад
нэг л чамлалттай байгаад дуурийн урлагт хүчээ сорьж үзмээр санагдсан. Дээрээс
нь Баянхонгороос Дуурийн театрын тайзнаа дуурь дуулж байсан хүн бараг байхгүй.
Би анхны гэдэг утгаараа нутаг орныхоо нэр усыг гаргая гэж бодсон. Баянхонгороос
ийм дуурийн дуучин төрсөн шүү гэж нутаг орныхон минь яриг гэж бодоод дуурийн
урлагт хүчээ сорьсон доо.

-Одоо
нутгийнхан чинь бүгд мэднэ биз дээ?

-Тийм.
Эхлээд л хамаатан садангууд маань чи ер
нь юу дуулдаг юм бэ ерөөсөө дуулж харагдахгүй юм гэдэг байсан. Аав, ээж хоёр маань
намайг өмөөрөнгүй манай охин өөр юм дуулдаг гэдэг байлаа. Би болохоор ажлаа
хийж байгаа л гэдэг байсан. Одоо бүгд мэддэг болчихсон. Их сайн ойлгоно. Чи ч
шантрахгүй явсаар байгаад л гараад ирлээ дээ. Их хэцүү мэргэжил юм. Ар гэр
хамаг амьдралаа хаяад явна гэдэг хэцүү шүү дээ гэдэг байсан. Үнэхээр л гэрийн
эзэгтэй хүн гэртээ хоол хийх ёстой байтал Дуурийн театрт тоглолттой, ажилтай
байж байдаг. Аав, ээжийнхээ буянд ар гэрийнхээ бүх ажлыг даатгачихаад л ажлаа
хийгээд явж байна.

-Урлагийн
хүнд гэр бүлийн хүн чухал. Гэр бүлийнхнээ танил­цуу­лаач?

-Би нэг
хүүтэй. Амьдрал маань жаахан хэцүү байсан. Одоо шинэ амьдрал эхлүүл­чихсэн.
Хоёр дахь амьдрал маань сайхан байна. Гэхдээ ажлаа хийгээд дахиад хүүхэд гаргаж
амжаагүй байна.

-Та
хэзээ сургуулиа төгссөн бэ. Хэдэн дуурийн гол болон туслах дүрд тоглосон байна
вэ?

-Хөгжим
бүжгийн коллежийг 1999 онд төгссөн. 2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн
мэргэжлээр төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орж байлаа. Театрт хоёр
жил ажилласны дараа Итали руу мэргэжил дээшлүүлэхээр зургаан сар явж ирээд
одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Теарт ороод олон жил болсон болохоор
20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээжээ.

-Монголын
сонго­дог урлаг дэлхийд танигд­чих­лаа. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин хоёр өөрс­дийгөө
харууллаа. Эмэгтэй дуучдад энэ боломж хэр байдаг вэ?

-Боломж
байлгүй яахав. Миний уралдаанд ордог нас маань өнгөрсөн. Дэлхийн том
уралдаанууд 30, 33 гээд нас заачихсан байдаг юм. Ажлаа хийгээд дууриа дуулж явж
байгаад хоцорчихсон. Дуурийнхаа театрт дуулаад явж байгаа болохоор би тэрэнд
нэг их харамсаад байдаггүй л дээ. Монголын дуурийн урлаг, балетын урлаг дэлхийд
их мундаг байр суурьтай байдаг. Монгол Улс гэхээр нүүдэлчин цыганууд шиг сонин
амьдардаг хүмүүс гэж боддог юм шиг байна лээ. Италид суралцдаг байхад Монгол
гэхээр ямар ч мэдэгдэхүүн байхгүй байсан. Монгол гэж ямар улс байдаг юм гээд
гайхахаар нь Чингис хаан гэхээр аан гэх жишээтэй л байлаа. Одоо бол Монгол Улс
тийм биш. 300 гаран жил дуурийн урлаг хөгжсөн газрыг бодвол манайх 40-50 жил
хөгжиж байгаа ч гэсэн өндөр хөгжилтэйд тооцогддог. Тэр дундаа СУИС, Хөгжим
бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд том шагнал авч байна шүү дээ. Г.Ариунбаатар
Чаяковскийн нэрэмжит шагнал, гранприг аваад ирлээ. Э.Амартүвшин Кардифаас
гранпри авлаа. Кардиф бол дэлхийн залуу дуурийн дуучдын тэмцээн шүү дээ.
Монголын Дуурийн урлаг дэлхийд гарчихлаа. Ийм амжилт гаргасанд дуурийн театрын
хамт олон маань маш их баяртай байгаа. Дуучдаараа бахархаж, омогших сэтгэл төрж
байгаа.

-Таны
хувьд ямар дуурьд тоглохыг мөрөөддөг байв?

-Миний
мөрөөдөл “Аида” дуурь байсан. “Аида” маань тоглогдож би дуулсан. Монголын
дууриудаас “Ламбугайн нулимс” дуурь надад их сайхан санагддаг. Бас “Учиртай
гурван толгой”, “Чингис хаан” дуурь гээд сайхан дууриуд бий. Би бүгдийг нь
дуулсандаа сэтгэл хангалуун байдаг. Одоо надад хоёр мөрөөдөл байна. Ойрын үед
“Турандот”, “Тоска” дуурь хоёрт л тоглочихмоор байна. Хүсэж мөрөөдөж байгаа
зүйл тэр л байна.

-Урлагийн
хүнд үзэгч­дийн алга ташилт урам болдог. Таныг анх орох үетэй харьцуулахад
одоогийн үзэгчдийн ялгаа юу байна?

-Ерээд
онд дуурь тоглог­дох гээд бэлэн болчихоод байхад үзэгчдийн суудал дээр дөрөв,
тавхан хүнтэй байдаг байсан. Цөөхөн хүнтэй байна өнөөдөртөө больё гээд болих үе
ч байлаа. Цаг үеэ дагаад улс орон маань хөгжиж байгаагийн хэрээр хүмүүс маань ч
гэсэн сонгодог урлагийг их сайхан ойлгодог болсон шүү. Одоо Дуурийн театр
үзэгчдийн суудал дүүрэн тоглолт хийдэг болсон.

-Дуурийн
дуучид нэлээд залуужсан уу?

-Нэг
үеийн дуучид солиг­доод өөр нэг үеийн сайхан залуу дуучдаар сэлгэгдчихсэн
байна. Бүгдээрээ сонсголонтой сайхан хоолойтой залуус бий. Цаг үеэ дагаад бүх
хүмүүсийн чадвар дээшилж байна. Монголын Дуурийн театр сайхан хоолойтой, мундаг
залуусаар хахчихсан байна.

-Та
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ороод хэнээс үлгэр дуурайл авдаг байв?

-Намайг
анх ороход ардын жүжигчин А.Долгор, Б.Жав­зандулам, А.Даш­пэлжээ, Ч.Мөнхшүр,
гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ц.Түвшин­төгс, Х.Үнэн­хүү нарын мунд­гууд байсан.
Дөнгөж орчихсон хувцсаа ч өмсөж чадахгүй, хөмсгөө ч зурж чадахгүй, яаж будахаа
ч мэдэхгүй байсан үе саяхан. Намайг ороход байсан мундгуудаас бүгдээс нь
суралцсан. Тийм дуурь ингэж тоглогдох учраас ингэж буд гэж зөвлөхөөс эхлээд
суралцаж байлаа.

Нүүр
будаг, хувцас өмсүүлэх, үс янзлах гээд бүгд тусдаа хүмүүс байдаг ч гэсэн айж,
эмээгээд өөрөө хийх гэж хичээнэ. Яарсан сандарсан үед бас өөрөө хийж чаддаг
байх ёстой л доо. Мундаг хүмүүсээс маш их үлгэр дуурайл авдаг байсан. Тэрнийхээ
ачаар Дуурийн театрт одоог хүртэл дуулаад явж байна.

-Дуурийн
дуучид ямар хэлтэй байх ёстой вэ. Сонгодог дууриуд голдуу итали хэл дээр байдаг
байх аа?

-Голдуу
итали хэл дээр дуулагддаг болохоор бүгд итали хэлний суурьтай. Зуны амралтаараа
хүртэл итали хэлний сургалтад сууж л байдаг. Өөрийнхөө дуулж байгаа дууриа
ойлгодог байх ёстой шүү дээ. Европт очоод дуулахаар бүх хүмүүс англиар ярина,
англи хэл хэрэгтэй. “Евгений Онегин” гээд орос дуурь тавьдаг учраас орос хэл
мэдэх шаардлагатай. Монгол дуучид хэл маш сайн сурдаг итали хүмүүсээс
дутахааргүй ярьдаг. Орос, Солонгос, Хятадууд “л”, “т” үсэг хэлж чадахгүй жаахан
аялгатай хэлээд байдаг юм.

-Багшийнхаа
талаар яриач?

-Би
гавьяат А.Бүтэдийн шавь. Багш маань яг л миний ээж шиг хүн. Би 16 насандаа
Хөгжим бүжгийн коллежид багш дээрээ ирж байсан. Саяхныг хүртэл манай багш Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрт дасгалжуулагч багш хийсэн. Одоо 70 хүрсэн хүн бий.
Шавь нараа өөрийнхөө хүүхэд шиг хайрлана. Оюутан байхдаа ч гэрт нь очоод
хичээлээ заалгаад хоол хийлгэж иддэг байлаа. Багш маань дуулахаас гадна
амьдралыг хүртэл заана шүү. Гэртээ хариад ээжийнхээ хоолыг идээд, ажил дээрээ
ирээд багшийнхаа хоолыг иднэ. Өнөөдөр багшийнхаа заасан замаар л ажиллаж байна.
Багшийнхаа суудаг өрөөнд, хэрэглэж байсан дээл хувцсыг нь өмсөөд ажиллах сайхан
байдаг.

-Та
өөрөө багшлах уу?

-Тав,
зургаан жилийн дараа багшилна гэж бодож байгаа. Одоо надад эрчимтэй арван жил
дуулах нас байна. Арван жил сайхан дуулчихаад багшилна даа. Би амралтынхаа хоёр
өдөр Хөгжим бүжгийн коллежид очиж хөгжимчин хүн дуучин хүнтэй яаж харьцах вэ
гэдэг хичээл заадаг. Ерөнхийдөө багшлах сууриа тавиад Хөгжим бүжгийн коллежид
очиж багшилдаг юм.

-Дуучин
хүнд хоолой чухал. Та хоолойгоо яаж хамгаалдаг вэ. Хэдэн цаг бэлтгэл хийх вэ?

-Бид
дандаа л бэлтгэл сургуулилттай байдаг. Ачаалал их үед маш сайн унтаж амрах
ёстой. Хүйтэн юм идэхгүй. Агаар, салхинд гарч даарч болохгүй. Өдөрт дуурь ихтэй
үед өглөө 10-13 цаг хүртэл. 13-14 цагийн хооронд завсарлаад орой 18 цаг хүртэл
бэлтгэл хийнэ. Заримдаа үдээс хойш бэлтгэлтэй. Өдөржин сургуулилттай байх үе ч
бий.

-Өөртөө
хэр цаг зав гаргадаг вэ?

-Гаргана
шүү. Урлагийн хүн гоё, сайхан байх ёстой шүү дээ.

-Дуурийн
дуучин хүн төгс эмэгтэй хүнийг харуулдаг. Энгийн байх үедээ ямар болдог вэ?

-Бид нар
тайзан дээр байнга гоёно. Хүлээн авалт дээр байнга гоёж очиж хүмүүсийн өмнө
гардаг учраас тэр болгондоо анхаардаг. Тиймээс энгийн байх үедээ бүр энгийн
болно. Жинсэн өмд, цамц, намхан гутал, сандаал өмсчихнө. Хүмүүс намайг ерөөсөө
таньдаггүй юм. Чи Дуурийн театрын хүн мөн юм уу, чамайг өндөр том биетэй гэж
төсөөлдөг байсан ийм жижигхэн байсан юм уу гэдэг юм.

-“Учиртай
гурван толгой” дуурийг талбай дээр тог­лоход хүмүүс сонго­­дог урлагийг гудам­жинд
гаргачихлаа гэж шүүмжилсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Гудамжинд
гаргачихлаа гэж хэлж болохгүй. Дэлхийн “Турандот”, “Аида” гэх том том дууриуд
гадаа гудамжинд тоглогддог шүү дээ. Мундаг том дуучид Улаан талбай дээр тоглож
л байна. Энэ бол том сурталчилгаа, байх л ёстой зүйл. Улсын дуурь бүжгийн
эрдмийн театр 500 хүний суудалтай. Гэтэл талбай дээр тоглогдсон “Учиртай гурван
толгой” дуурийг 48 мянган хүн үзсэн тоо гарсан. Энэ бол маш том сурталчилгаа.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дуурийн театрын удирдлагууд болон
өнгөрсөн наадмын хөтөлбөрийг бэлтгэсэн хүмүүст Дуурийн театрын хамт олон бид
бүхэн маш их баярлаж байгаа. Нэг ч гэсэн удаа бүх хүмүүс үзэг л дээ. Дуурь гэж
юу байдгийг мэдэхгүй явж байгаа хүмүүс бий шүү дээ. Дуурийн театрт орж ирэх
боломжгүй хүмүүс нь ядаж дуурь гэдгийг ойлгох маш сайхан арга хэмжээ долдугаар
сарын 10-нд болсон. Наадмын арга хэмжээ зохион байгуулсан хүмүүс надад маш их
таалагдсан. Хэзээ ч ийм арга хэмжээ болж байгаагүй шүү дээ. Талбай дээр 10-14-нийг
дуустал тав хоног дандаа арга хэмжээтэй байлаа. Залуус эстрадын дуугаа сонсож,
“Дээлтэй Монгол”-д оролцоод, “Учиртай гурван толгой” дууриа үзээд, хүндэтгэлийн
концертоо үзээд явж байгаа хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун буцаж байгаа юм шиг
санагдсан. Манайхан талбай дээрээ ирээд шөнийн нэг, хоёр цаг хүртэл дууриа үзэж
байгаад баяртай буцаж байхыг харсан.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад: Намайг “Тунгалаг Буянт”-тай золгуулсан хїн агуу их Лувсаншарав юм

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай ярилцсанаа хүргэе.

-Наадмын босгон дээр та хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Таны дуулахыг жар гаруй жил сонсож, сэтгэлийн цэнгэл эдэлж ирсэн ард түмэн өөрөөс тань дутуугүй баярлаж байна даа?

-Монголын төр хөдөл­мөрийн баатар цолоо хүртээнэ гэдэг их том хүндэтгэл юм. Миний бие баярлалгүй яахав. Их урлагт хөл тавьсан хувь заяагаа бодож, төрүүлж өсгөсөн ижий аав, төрж өссөн ус нутгаа хамгийн түрүүнд боддог юм билээ. Урлагийн алтан харгуйд хөтөлсөн ачит багш нараа, алтан үеийн бурхадтай ойр дотно явсан он цагаа эрхгүй санадаг юм байна. Гэр бүлийнхэн, үр хүүхэд, ач зээ нар маань, баруун Алтай нутгийн олон, мянга мянган шавь нар, их урлагт хамт зүтгэсэн мэргэжил нэгт нөхөд гээд бүх л хүн баярыг минь хуваалцсан. Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг энгэртээ гялалзуулаад төрийн ордноос гараад ирэхэд шавь нарын минь төлөөлөл “Тунгалаг Буянт”-ыг минь дуулж угтаад намайг уйлуулчихсан. Олон түмэн надаас дутуугүй баярласныг мэдэж байна. Одоо хэр нь уулзсан бүхэн халуун сэтгэлээ дэлгэн хүндэтгэл үзүүлэх юм. Энэ их өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн чинь дуулж амьдарсан он жилүүдээ эргэж боддог юм байна. Миний нэрийн хуудас болсон дуу бол яалт ч үгүй “Тунгалаг Буянт” юм. Уг бүтээлтэй намайг золгуулсан хүн төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав багш маань юм. Миний анх сонссон дуу хийгээд алдрын дэвжээнд гарсан түүх Лувсаншарав багштай минь холбоотой. Аймгийн клубт хүүхэд нэг төгрөгөөр орно. Би хоёрдугаар ангид байжээ. Хэн гээч юун тухай дуулаад байгааг тэр цагтаа яаж мэдэхэв. Сүүлд нь мэдэх нь ээ, Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцсон жүжигчид орон нутгаар явж тоглолтоо сонирхуулж байсан юм билээ. Анх сонссон дуу маань Лувсаншарав багшийн зохиосон “Талын бэлчээр”. Дуулж байсан хүн нь “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр хот хөдөөгүй алдаршсан гавьяат жүжигчин Ванчигданзангийн Сүрэнхорлоо гуай байжээ.

-Лувсаншарав гуай таныг “Тунгалаг Буянт”-тай золгуулсан түүх маань юу билээ?

-“Тунгалаг Буянт” дууг Чимидлхагвын Балдан, Довчингийн Лхашид гэж эгэл жирийн хоёр хүн зохиосон байдаг. Жирийн олны зохиосон тэрхүү бүтээл жаран дамжигдан дуулагдана гэдэг гайхамшиг. Ховд аймгийн соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотноо болох гээд хөл хөгжөөнтэй байлаа. Нэг өдөр аймгийн театрт дуудагддаг юм. Тэр дороо гүйгээд очно биз дээ. Дагвын Лувсаншарав, Ламзавын Ванган гээд нэр алдар нь холоос дуулддаг хүмүүс хотоос ирж аймгийнхныг шалгаад бөөн ажил болж байна. Нөгөө агуу их Лувсаншарав чинь “Танай аймгийн соёл урлагийн арав хоног болох гэж байна. Энэ бол том арга хэмжээ. Энэхүү тоглолтод нутаг усаа магтсан сайхан дуу заавал оруулах ёстой. Нэг дуу байна аа. Үгийг нь Д.Лхашид, аяыг нь Ч.Балдан бичсэн. Одоо чи амилуулна. Чиний хоолойд яг тохирно” гэдэг юм. Үүнийг сонсоод айдас ч төрөх шиг. Гэхдээ тэр том аварга хүний өмнөөс юу хэлэх билээ. “За” гэж сулхан дуугараад л гарсан. Тэгээд битүүдээ бэлтгэл хийж эхэллээ. Одоо бодоход уран бүтээлийнхээ хувь тавилантай уулзсан нь тэр байжээ. Дараа нь энэ дуугаа нийслэлд дуулсан. Варшавт дуулсан. Москвагийн хөгжмийн их сургуульд элсэлтийн шалгалт өгч байхдаа дуулсан. Амьдралын минь зүг чигийг заасан дуу. Сурагчаас гавьяат дараа нь ардын жүжигчин, тэгээд хөдөлмөрийн баатар болтлоо жар гаруй жил дуулж байна даа. Энэ дуутай холбоотой бас нэг түүх хэлье.

“Мөнгөн давалгаа хаялсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай” гэж дуулах цээл хоолойн яруу сайхан эгшгийг театрт дүүрэн суусан олон амьсгаа даран чагнаж, тайзан дээр арван найм орчим насны цогтой залууг бахархан ширтэж байлаа. Тунгалаг сайхан Буянт голын мяралзах урсгал, Алтайн цаст ноён оргилыг үзэх мэт залуугийн нүд баясгалантайгаар гялалзан түүний яруу тунгалаг аялгуу нь нэг үе цогтой цээлхэн, нэг үе намуухан ялдамхан эгшиглэхийг бахдаж баршгүй ээ. Үзэгч олны баяр талархлын илэрхийлэл болох алга ташилтын чимээ дахиад л нижигнэв. Оросын нэрт хөгжмийн зохиолч Гурилевийн зохиол “Гурвалсан морьд” хэмээх дууг тэр залуу орос хэлээр цэвэр сайхан дуулав. Энэ бол Ховд аймгийн дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Зангад байлаа” гэж 1954 оны “Залуучуудын үнэн” сонинд бичсэн байдаг юм. Ингэж л би гэдэг хүн энэ сайхан дууны буянд баруун Алтайн хол нутгийн ангийнхаа хүүхдүүд дундаас Улаанбаатарт түрүүлж ирэн, улсын хэмжээний сонинд бичүүлж орон даяар мандаж байлаа.

1951 онд Ховд аймгийн Жаргалант хотын театрын нэгдсэн концертод оролцож улмаар ардын хувьсгалын гучин жилийн ойгоор урлагийн үзлэгт шалгаран эх орныхоо нийслэлд уригдан ирсэн. Тэгээд баярын концертод оролцож арван таван настайдаа Улсын хөгжимт драмын тайзан дээр дуулж эхэлсэн байна. Түүнээс хойш нэгэн жарныг их урлагийн алтан харгуйд элээжээ. Самбын Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав, Эрэгзэнгийн Чойдог, Цэгмидийн Намсрайжав, Жамьянгийн Чулуун гээд ХХ зууны Монголын хөгжмийн урлагийн их хүмүүстэй нэгэн үед амьдарч, зохиосон дуунуудыг нь анх амьдруулна гэдэг аз завшаан, нэр төр, басхүү өндөр хариуцлага байлаа. Үүгээрээ миний бие шинэ зуунд хуучин цагийн бурхдын нэгэн болж таарах нь. Одоо эргээд бодох нь ээ, олны зүрх сэтгэлд хоногшсон бүтээлүүдийнхээ ихэнхийг жараад оны тэртээд дуулсан байх юм. Тухайлбал, жаран хоёр онд “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, жаран гурван онд “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу”, “Чиний минь хайр”, “Намрын шөнө”, “Хар ус нуурын шагшуурга”, “Гоёхон ч чимэг юм уу даа”, “Өссөн нутаг” дуунуудаа, жаран дөрвөн онд “Чамдаа дуулъя”, “Ятгын эгшиг” тэргүүтнээ дуулсан байна.

-Гончигсумлаа гуай “Жаргаах зүрхэн” дуугаа таны хоолойд зориулж бичсэн гэдэг. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүний ёсны ойр дотно харилцаатай явснаа санах бүр надад бахархах сэтгэл аандаа төрдөг. Жаран хоёр оны өвөл шинэ жил болох гээд хөл хөдөлгөөн орох үед “Сүлд модны наадмын дуу”-гаа надаар анх дуулуулсан. Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтарч дуулуулахаар тогтсон юм. Т.Григорьева багш (гавьяат жүжигчин Бандийн гэргий төгөлдөр хуурын багш) анх удаа хөгжимдөж арванхоёрдугаар сарын хорин есөнд радиогийн бичлэг хийлгэж бай.. “Жаргаах зүрхэн” дуугаа жаран гурван онд туурвисан. Мөн л Бадраа гуайн шүлэг. Авьяас билэг, эрдэм чадал нь ид жагсаж байсан хоёр эрхэм дуугаа надад өгсөн бас л хувь заяа юм. Уг дууныхаа гар бичмэлийн эхэнд худам монгол бичгээр “Авьяас билэгт дүү, нэрт дуучин Зангадын хоолойд зориулан бичсэн болно. Гончигсумлаа” гээд гарын үсгээ зурсан нь одоо ч надад хадгалагддаг. Гончигсумлаа багшаас аваад олон гайхалтай хөгжмийн зохиолчийн сод бүтээлүүдийг амьдруулах хувь надад оногдсон байна. “Миний зохиосон дууг бараг бүгдийг нь манай Зангад дуулсан юм шүү дээ” гэж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Гончигийн Бирваа агсан дурсдаг байсан. Бирваа гуайн хөгжим “Гоёхон ч чимэг юм уу даа” гэдэг дуу бас л миний брэнд бүтээлүүдийн нэг. Төрийн шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмид “Гоёхон ч чимэг юм уу даа” дууг Зангадын солонгорсон цээлхэн аялгуугаар сонсоод тэрхүү аялгуунд миний хөл орооцолдох шиг болсон гэж миний тухай бичсэн “Алтан одны аялгуу” хөрөг нийтлэлдээ өгүүлсэн байдаг.

1964 оны зун юмдаг. Дундговь ороод буцаж явлаа. Зам зуураа Төв аймагт буудаллав. Аймгийн зочид буудалд амарч байхдаа Г.Бирваа гуайн дан хөгжмийн нэг сайхан аялгуу радиогоор эгшиглэхийг сонслоо. Нэг л сайхан дуу баймаар. Дараа нь би бодсоор яваад нэг өдөр “Та үүнийгээ дуу болгож өгөөч” гэж хүссэн юм. Бирваа гуай ч уриалгахан хүлээн авсан. Тэгээд Жамцын Бадраа гуайгаар үгийг нь зохиолгож зохируулсан дуу болгосон нь “Гоёхон ч чимэг юм уу даа”. Тэр намартаа радиод бичүүлж олны хүртээл болгосон. Сонсогчдын хүсэлтээр радиогоор хүртэл зааж байлаа. Миний дуулсан олон сайхан дуунуудаас нийтийн дунд тэгж хурдан түгсэн бүтээл. Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун гуай цөөхөн дуутай. Тэгэхдээ дуу болгон нь содон. “Хонины найр” киноны Барсын дуу, “Талын дуу”-гаа надаар дуулуулахдаа симфони найрал хөгжмөө өөрөө удирдаж байсан нь сэтгэлд хоногшин үлджээ. Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн гуай “Хаврын шувуу ирлээ”, “Улаанбаатарын тухай дуу” тэргүүт гурван бүтээлээ өөрөө бичиж өгсөн. Тэгэхдээ төгөлдөр хууртай дуулж радиод бичүүлж байсан юм даг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”, Мооёобуугийн Булганы “Насны баясгалан”, мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуйн Батсүх, Дашдаваагийн Баттөмөр, Чойгивын Сангидорж гээд үе үеийн олон сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулан амьдруулжээ.

-Таны шавь төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноровын “Алтан намар” дууг бас л ярихгүй өнгөрч боломгүй?

-1982 онд “Алтан намар” наадам анх удаа зохиогдсон санагдана. Уг наадмыг өөрийн сүлд дуутай болгох тухай намын төв хорооны тогтоол гарсан гэдэг. Тэгээд хөгжмийн зохиолч нарын дунд уралдаан зарлагджээ. Л.Мөрдорж гуай “Намрын баяр” гэсэн дуугаа чамаар л дуулуулна гэсээр ноотыг нь авчираад өгчихлөө. Уг уралдаанаас гарын шавь нарын нэг алдарт хөгжмийн зохиолч Жанцанноровын хөгжим, Дожоогийн Цэдэвийн шүлэг “Алтан намар” дуу шилдгээр шалгарсан. Тэр л цагаас хойш жил жилийн “Алтан намар”-ыг миний бие нээсэн түүхтэй юмаа.

-Нэрт сэтгүүлч Даваасамбуугийн Хатанбаатарын эрхлэн гаргадаг “Билгийн чуулган” цувралаар таны тухай бүтээл гарч байсан. Тэрхүү бүтээлд та өвөг эцэг болоод аавынхаа тухай ярьсан байдаг?

-Тийм л дээ. Миний өвөг эцэг Юнрин төрөлхийн ядуу тариачин гаралтай хүн байсан гэхээс өөрийг мэдэхгүй. Харин аав Баартуу 1895 онд Хятадын Сянши мужид ядуу тариачин Юнрингийн нэгдүгээр хүү болон төржээ. 16 нас хүртлээ эцэг эхийн ядуу амьдралд туслалцаж байтал эцэг, эх нь нас барж амьдрал нь улам хүнд болсон байна. Энэ үеэс Монголд ирж Даашинхүүгийн пүүсэнд тэмээ, мал хариулж хар бор ажил хийж амьдарсан байдаг. 1930-аад оны үед анх байгуулагдсан Ховдын сангийн тариаланд усан тээрмийн эрхлэгч, нярав хийж байгаад гучаад оны дунд үеэс аймгийн эмнэлэгт тогоочоор ажилласан. Аав минь 40 гарауй жил ард түмний эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл даруухан нэгэн байлаа. Ховдын гол Монгол Алтайн нуруунаас, Буянт гол Хөх Сэрхийн нуруунаас эх авч урсаад Хар Ус нуурт цутгадаг. Гадагшаагаа бус дотогшоогоо урсч уул нутгийнхаа сүр чимэг болж байдаг тул уугуул түмэн нь өөрсдийнхөөрөө “Эх оронч гол” гэж өргөмжилсөн байдаг. Олноо ундаалсан өндөр өргөмжлөлтэй, энэ хоёр голын бэлчир Шар харганы баруун хаяанд би гэдэг хүн дуугаа хадааж төрсөн түүхтэй.

-Монголын урлагийн ажилтны холбоо гэх байгууллагыг та олон жил удирдсан. Тэр тухай сонирхвол?

-Энэ айлыг 1975 онд анх гал голомтоо бадрааж байхад нарийн бичгийн дарга нь сонгогдсоноос хойш дөчөөд жил зүтгэсэн. Анх нарийн бичгийн дарга гэсэн нэрийн дор босгоор нь алхаж дараа нь орлогч дарга бүр цаашлаад “том” дарга нь болж хэсэг зүтгэсэн. Халуун ам бүлийн өрхийн тэргүүн нь Э.Оюун багш минь байлаа. Оюун багшаараа удирдуулж, Ц.Сэвжид, Д.Лхасүрэн, Д.Норовцэрэн, Р.Доржпалам гээд урлагийн томчуудаар зүг чигээ заалгаж явж өдий хүрчээ. 1990-ээд оны их савалгааны үед энэ айлыг авч явна гэдэг амаргүй байлаа. Урлаг соёлын олон ч газар үүд хаалгаа барьсан. “Огцор” гэдэг үг моодонд ороод байсан үе шүү дээ. Харин Монголын урлагийн ажилтны холбоонд тийм өргөх бичиг ирж үймээн шуугиан болж байгаагүй. Төрийн соёлын бодлого алдагдсан тэр үед уран бүтээлчдийн ханддаг газар нь манайх л байлаа шүү дээ. Тэр үед Э.Оюун багш минь их түшиг болсон доо. Бид Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааныг анх зохион байгуулсан. Түүнээс хойш С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуурч, чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын, Д.Лувсаншарав багшийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол цөөхүүл бүжигчдийн , Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдаан гээд уламжлал болгон зохиогддог олон тэмцээн уралдааныг санаачилж, явуулсан байна.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Р.Эрдэнэцэцэг: Түрээсийн орон сууцны төлбөр нь тухайн өрхийн сарын орлогын 25 хувиас ихгүй байна

Зорилтот
бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах үүднээс “Түрээсийн орон сууц”
хөтөлбөрийг Засгийн газар баталсан билээ. Уг хөтөлбөрийн талаар Барилга, хот
байгуулалтын яамны Барилга нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга
Р.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Орон сууцны талбай
хэмжээ хэр зэрэг байх уу, санг нь ямар журмаар бүрдүүлэх вэ?

-Төрөөс
орон сууцны талаар баримтлах бодлого нь өөрөө нийгмийн халамжийн бодлогын
салшгүй нэг хэсэг байна гээд заачихсан. Энэ дагуу бид тодорхой үе шаттай арга
хэмжээнүүдийг аваад явж байгаа. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт түрээсийн 1000 айлын орон сууцыг барих тухай заалт
тусгагдсан. Энэ арга хэмжээний хүрээнд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг
гаргаад Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хөтөлбөрт
тусгагдсанаар Төрийн өмчийн орон сууцны сан байх бөгөөд ТОСК-ын дэргэд
бүрдүүлнэ. Мөн Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан гэж байна. Үүнийг
аймаг, нийслэлийн Засаг дарга бүрдүүлнэ. Түрээсийн сууц нь барилгын норм дүрэм,
шаардлагыг хангасан 30-50 метр квадрат талбайтай байна. Хэрэв хувийн
байгууллагууд өрсдөө, түрээсийн орон сууц барих юм бол өрөөний доод хязгаар нь
30 метр квадратаас багагүй байна. Яагаад гэвэл, сүүлийн үеийн орон сууцнууд хүн
ая тухтай амьдарч болохооргүй, хэтэрхий жижигхэн байна. Тиймээс доод хязгаарыг
нь ингэж тогтоосон.

-Түрээсийн
орон сууцанд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-ТОСК,
Төрийн өмчит үйлдвэрийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар түрээсийн орон
сууцанд хамрагдах шаардлага хангасан нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийн
тодорхойлолтыг гаргах юм. Тухайн байр тэр иргэний өмч биш. Тиймээс хувийн орон
сууцтай адил бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, өв залгамжлуулах эрхгүй.
Өөр хэн нэгэнд ч дамжуулж түрээслэх асуудал байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл тухайн зорилтот бүлэг өөрөө л орон сууцандаа
амьдрах ёстой гэж зааж өгч байгаа. Салбарын яам бол бодлогынхоо хүрээнд
түрээсийн орон сууц хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Орон сууцны тухай хуульд
түрээсийн орон сууц гэдэг ойлголтыг оруулж өгөх ёстой. Бидэнд өмнө ийм ойлголт
байгаагүй шүү дээ. Дээрээс нь ямар хүмүүст хөнгөлөлт үзүүлж, түрээсийн орон
сууцанд хамруулах талаар нарийн журам гаргана. Тэгэхгүй бол бүгдээрээ
хавтгайраад хямд үнэтэй түрээсийн орон сууцанд амьдраад байж болохгүй.

-Сарын
түрээсийн төлбөр нь хэд байх вэ. Эндээс орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулах
уу?

-Энэ
бүгдийг журмаар зохицуулна. Түрээсийн орон сууцанд хамруулахын тулд Үндэсний
статистикийн хорооноос гаргадаг өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд
тулгуурлана. Түрээсийн орон сууцны сарын төлбөр тухайн өрхийн дундаж
орлогын 25 хувиас хэтрэхгүй байх ёстой.
Тэгэхээр тэр тооцоо судалгаануудыг яам хийнэ гэж үзэж байгаа. Нэг метр
квадратын үнийн бодит өртгийг нь тооцож гаргаад, жил бүр индексжүүлэх замаар
тооцно. Ингээд барилгын үнэ бүрдлийн тогтолцоог нь бүрдүүлж явна гэж үзэж
байгаа. Тухайн иргэн амьдарч буй сууцынхаа ус, цахилгаан, дулааныг төлөхөөс
гадна түрээсийнхээ бага хэмжээний мөнгө төлөх ёстой. Тэгэхээр тэр мөнгийг хэд
байхыг индексжүүлэх замаар бид статистикийн газартай тогтоогоод явна. Тэр нь
ашиглалтын зардлаасаа гадна сард 100 мянгыг төлөөд явна гэдэг ч юмуу. Ингээд
явах боломжийг нь бас харгалзах ёстой.

-Түрээсийн
орон сууцыг яаж бүрдүүлэх вэ?

-Улсын төсөвт тусгаж нэг түрээсийн орон сууц
барьж болно. Дээрээс нь хувь хүмүүс буюу компаниуд барих нь нээлттэй. Хэрэв
компаниуд түрээсийн орон сууц барих юм бол газар, дэд бүтэц дээр нь хөнгөлөлт
үзүүлье гэж байгаа юм. Өмнө нь явж байсан журмынхаа дагуу тухайн барьсан
барилгын талбайн хоёр хувийг төр аваад иргэдэд түрээсийн орон сууцын сан
бүрдүүлэх журмаар олгож болох санааг өгсөн.

-Түрээсийн
орон сууцны хороолол гэж тусдаа байхгүй, шинээр баригдсан байрнуудад хуваарилна
гэж дуулдаж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Бидний
барьж байгаа нэг зарчим бол түрээсийн орон сууцыг хорооллоор байлгахыг бодохгүй
байгаа. Нийгмийн зорилтот бүлгийнхнийг ялгасан асуудал үүсэх вий гэхээс
болгоомжилж байгаа юм. Нэг хорооллын 2-3 орон сууц нь түрээсийнх байхаар
зохицуулж байгаа.

-Одоо
бэлэн болсон байр бий юу?

-Нийслэлээс
Зуун айлын орчимд 300 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан.
Одоо Баянзүрх дүүрэгт 1300 айлын түрээсийн орон сууцыг барьж байна. Барилга,
хот байгуулалтын яам, хотын захиргаа, “Гангар Инвест” компанитай хамтраад гурвалсан гэрээ хийгээд
явж байна. Өнөө жил эхний ээлжинд 168 айлыг оруулахаар төлөвлөж байгаа. Аймаг
орон нутагт ч гэсэн өөрсдөө түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулах
боломж нь бүрдэж байгаа гэж хэлж болно.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хичнээн айлын орон сууц барих шаардлагатай
байгаа вэ?

-Түрээсийн
орон сууцны сан бүрдүүлээд, эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр нийслэлд 16
мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдэж болох юмаа
гэж тооцож байгаа. Цааш цаашдаа энэ их ач хобогдолтой гэж үзэж байгаа. Гэр хорооллын
дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түр суурьшуулах орон сууцыг бий болгож байна.
Дээрээс нь ипотекийн зээлд хамрагдах зорилготой залуу гэр бүлүүд хямд үнэтэй
түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа хуримтлал үүсгэх боломжтой. Одоо бид
зөвхөн агаарын бохирдол гээд хөрсний бохирдлыг ярихгүй байна. Гэр хороолол
тэлэх тусам хөрсний бохирдол тэр хэмжээгээр үүсээд байна гэсэн үг. Яагаад гэвэл
айл болгон хашаандаа нойл барьж байгаа. Хэрэв бид орон сууц бариад эсвэл гэр
хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, нэгдсэн цэвэр, бохир усны сүлжээтэй болвол
агаарын бохирдол буурахаас гадна хөрсний бохирдол буурч эрүүл ахуйн нөхцөл
сайжрах ач холбогдолтой. Тиймээс бид үүнийг ч гэсэн судалж үзэж тооцсон байгаа.
Мөн Засгийн газрын тогтоолоор хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөг
баталсан. Иймд журмаа аль болох боловсруулж гаргана.

-Манай
улсад хичнээн өрх орон сууц хөлслөн амьдардаг юм бол?

-Судалгаагаар
2013 онд 18.4 мянган өрх байсан. 2014 онд 22.6 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
Энэ бол зайлшгүй энэ хөтөлбөр гарах үндэслэл болсон. Бид эрэлт нийлүүлэлтийн
судалгааны үндсэн дээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг гаргаж байна.

-Түрээсийн
орон сууцанд орсон өрх тэндээ хэдэн жил амьдарч болох вэ?

-Яг
хэдэн жил гэдгийг хөтөлбөр дээр заагаагүй. Гэхдээ тэр хүн насаараа байх нь
хэцүү болохоор аль болох хуримтлалаа үүсгээд өөрийн гэсэн орон сууцтай болохыг
хичээх хэрэгтэй. Яагаад бид талбайн хэмжээ зааж өгч байгаа вэ гэвэл тансаг
зэрэглэлийн байр биш шүү дээ. 80 мкв-аас дээш түрээсийн байр байна гэвэл энэ
чинь утгагүй асуудал. Энд аль болохоор
залуу гэр бүл, ахмад настан, нийгмийн боломжгүй хэсгийг хамруулах зорилготой
учраас ингэж талбайн хязгаар заасан.

-Манайхан
гадаадын иргэдэд гэхээр байраа өндөр үнээс түрээсэлдэг. Тэгвэл төрөөс явуулж
байгаа түрээсийн орон сууцанд гадаадын иргэд хамрагдаж болох уу?

-Монголд
ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд энэ нь нээлттэй. Эрх зүйн орчин нь
байж байгаа. Тэгээд ч түрээсийн орон сууцыг төр дангаараа бариад ашиглуулах
тухай хөтөлбөрт тусгаагүй. Хувийн хэвшлийнхэн ч оролцож болно. Тиймээс тэдэнд
түрээслүүлэх эрх нь байгаа.

-Ер
нь энэ хөтөлбөрийг барилгын компаниуд хэр зэрэг сонирхож байна вэ. Тэдний
барьсан түрээсийн орон сууцны үнийг яаж тогтоох юм бол?

-Одоо
бид метр квадратыг нь зааж өгч байгаа. Түрээсийн үнийг гэрээгээр зохицуулах
асуудлыг журмаар зохицуулна. Зах зээлийг хэт хумиад байж болохгүй. Сарын
түрээсийн төлбөрийг 200 мянган төгрөгөөр тохирчихоод байхад нь төр хөндлөнгөөс
оролцож, 100 мянгад барина гээд тулгаад байж болохгүй. Тиймээс ТОСК-ын
түрээсийн орон сууц дээр бид журмын дагуу хязгаар тавина.

Ер нь
бол барилгын компаниуд энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа.

-Өмнө
ипотекийн зээлд хамрагдаж байсан болон байртай иргэдэд түрээсийн орон сууцанд
орох эрх бий юу?

-Ерөнхийдөө
бид орлогын түвшинг хараад зорилтот бүлгийг тодорхойлно. Өөрийнхөө байрыг
үнэтэй түрээслээд оронд нь хямд түрээсийн байранд орох ийм асуудал байж
болохгүй. Судалгаагаар Монголд 50, 60 байртай ч хүмүүс байгаа шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ээж охин хоёрын ижил хувь заяа

Нэрт дуучин Уитни Хьюстоны гэр бүлд бас нэгэн эмгэнэлт явдал тохиолоо. Талийгаачийн цорын ганц охин Бобби Кристина Браун эмнэлэгт зургаан сар ухаангүй байсаар өнгөрсөн ням гаригт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ оны нэгдүгээр сард түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байсныг найз залуу Ник Гордон олсон. Тэр даруйд эмнэлэгт хандахад хүнд бэртлийн улмаас тархи нь урссаныг эмч нар тогтоосон юм. Эмчлэгдэхгүй гэдгийг эмч нар хэлж байжээ. Бобби Кристинад ээж нь бүх хөрөнгөө өвлүүлсэн. Харин найз залуу нь түүнээс хувь хүртэх сонирхолтой байсан хэмээн тэднийг таньдаг хүмүүс ярьсан байдаг. Энэ нь муудалцах шалтгаан болсон гэдэг. Ам мурийсан үедээ Ник Гордон найз бүсгүйдээ нэг бус удаа гар хүрч байсныг үеэл эгч нь харсан байна. Бүсгүйг ухаан алдсан тэр өдөр ч хосууд муудалцсан. Тиймээс ч Бобби Кристинагийн эмээ нь Фултон дүүргийн Дээд шүүхэд гомдол гаргаж Ник Гордоноос бие болон сэтгэл санааны асар их хохирол учруулсан хэмээн нөхөн төлбөрт 10 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Зээ охинд нь гар хүрснийг гэрчлэх баримтыг гомдолдоо хавсаргасан аж. Түүгээр зогсохгүй Бобби Кристинаг эмнэлэгт байхад найз залуу нь данснаас нь 11 мянган ам.доллар хулгайлсан байна.

Дашрамд дурдахад Ник Гордон нь Уитни Хьюстоны өргөмөл хүү. Гэвч охинтой нь учир ургуулж нэрт дуучныг нас барсны дараахан тэд гэр бүл болсноо зарласан. Үнэндээ бол албан ёсоор батлуулаагүй байсан. Шүүхэд гаргасан гомдлын дагуу хууль сахиулах байгууллага талийгаачийн найз залууг шалгажээ. Хэрэг дээр ажил­ласан цагдаа нар ээж охин хоёрын хувь заяа дэндүү адил­хан хэмээн ярьсан байдаг. Бобби Кристинаг зайлуулах нь хэнд ашигтай байсан юм бол. Нэрт дуучин охиндоо 20-100 сая ам.доллартай тэн­цэх хөрөнгө өвлүүлсэн юм. Бобби Кристина 21 нас хү­рээд түүнээс арван хувийг нь эзэмших эрхийг авчээ. 25 нас хүрэхээрээ 20 хувь, 30 настайдаа бүх хөрөнгө түүний мэдэлд очих ёстой байсан. Хосууд гэрлэлтээ албан ёсоор бат­луу­лаагүй тул Ник Гордонд юу ч оногдохгүй. Тиймээс талийгаачийн найз залуу энэ хэрэгт буруутай гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд ч батлах баримт олдоогүй. Ямар ч байсан Бобби Кристинагийн эмээ, хамаатнууд нь Ник Гор­доныг огтхон ч таашаадаггүй байсан тул эмнэлэгт эргэж очихыг нь хүртэл зөвшөөрөөгүй. Тэд залууг хэргийн буруутан гэ­дэгт одоо болтол эргэлзэхгүй бай­­гаа. Дашрамд дурдахад Уитни Хьюстоны үхэлд түүний нөхөр, рэп дуучин Бобби Брауныг одоо ч буруутгадаг.

Нэрт дуучин зочид буудлын өрөөнд усан онгоцонд живсний улмаас амиа алдсан хэ­мээн хууль сахиулах бай­гууллагынхан мэдэгдсэн. Гэх­дээ мансууруулах бо­дис хэрэглэсэн гэдэг нь ч батлагдсан. Бобби Крис­тина ч ээж, аав хоёр шигээ мансууруулах бодис хэрэглэдэг байсан хэмээн Америкийн хэвлэлүүдэд бич­жээ. Нэрт дуучин амьд сэрүүн байхдаа өгсөн ярилцлагадаа охинтойгоо маш ойр дотно харилцаатай гэдгээ нэг бус удаа хэлсэн байдаг. Бобби Кристинаг 18 настай байхад ээж нь гэнэт нас барсан нь маш том цохилт болжээ. Тиймээс хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг болсон гэдэг. Түүнийг ухаан алдсан тухай сонссон танилууд нь хүртэл хар тамхинаас боллоо хэмээн ярьцгааж байжээ. Энэ хэрэгт цагдаа нар Максвелл Ломас гэгч бас нэгэн залууг сэжиглэж бай­гаа. Талийгаачийг ухаангүй хэвтэж байхад найз гэх 24 настай залуу гэрт нь очсон байдаг. Тэрээр хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаад баригдаж байсан удаатай.

Бобби Кристина ээж шигээ дуучин болохыг мөрөөддөг байсан. Тэрээр урлагийн ер­төн­цөд хөл тавих гэж үзсэн боловч бүтээгүй. Түүндээ жаахан гутардаг байсан гэ­нэ. Талийгаачид задлан шин­­­­­­­жилгээ хийсэн боловч тархиндаа бэртэл авснаас өөр ноцтой гэмтэл байгаагүй хэмээн өчигдөр Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Ийн­­хүү түүний үх­­лийн шалтгааныг тогтоож чадсангүй. Зарим нь Хьюстоныхонд аймшигтай хараал хүрсэн хэмээн ярьсаар байна.

Ю.ДЭЛГЭР