Categories
мэдээ цаг-үе

Нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын ач охин Булганы Сарнайцэцэг: Өвөөгийн хөгжим уянгын хэрнээ баатарлаг шинжтэй байдаг

Монголын нэрт хөгжмийн зохиолч, төрийн шагналт З.Хангалын ач охин, хөгжмийн зохиолч Х.Булганы охин Сарнайцэцэгийн ярилцлагыг хүргэе. Түүний эмээ нь Монголын Циркийн хөгжлийн оргил үеийн циркчин, гавьяат жүжигчин Ягаанцэцэг, ээж нь мөн циркчин СТА Д.Оюунчулуун юм.

-Таны өвөө Зундуйн Хангал бол Монголын XX зууны хөгжмийн онцгой бөгөөд маш хүчирхэг фигур. Аав тань ч хөгжмийн зохиолч байв. Харин та хөгжмийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ?

-Аав минь намайг Хөгжим бүжгийн сургуульд хөтөлж оруулсан юм. Анх хийлийн ангид орсон л доо. 2004 онд. Амарсанаа багшийн удирлагад суралцаж эхэлсэн. Аав өөрөө төгөлдөр хуурч учраас төгөлдөр хуурыг өөрөө заачихна гэж үзээд охиноо хийлээр суралцуулъя гэж л шийдсэн юм билээ. Дараа жил нь аав минь өөд болж, би хоёр мэргэжлээр суралцъя гэж шийдээд төгөлдөр хуурч мэргэжлээр давхар суралцах болсон. Миний мэргэжлийн багш СТА Д.Бурмаа гэж хүн бий.

-“Тань руу нүүж явна” киноны хөгжим, “Салхит шувуун” симфони удиртгал гээд л Хангал гуайн хөгжмийг мэдэхгүй хүн үгүй. Өвөөтэйгөө та хэр ойр байв?

-Өвөө маань намайг төрөхөөс нэг жилийн өмнө өөд болсон болохоор өдөр тутмын амьдрал дээрээ яг ямар хүн байсныг нь би мэддэггүй. Эмээ, аав, ээж гурвынхаа яриагаар л мэддэг. Өвөөгийн хөгжмийн гол характер нь уянгын хэрнээ урагшаа давшсан, эр зоригтой баатарлаг байдаг. Өвөө, их шулуухан зантай хүн байсан гэж эмээ ярьдаг юм. Харин аав минь их зөөлөн хүн байсан. Тэгээд ч тэр үү бүтээлүүд нь их аялгуулаг, зөөлөн, дөлгөөн талдаа. Энэ чанараараа өвөө, аав хоёрын хөгжим нэлээн ялгаатай. Аав маань их зөөлөн хэрнээ бас л их шулуун шударга хүн байсан. Циркийн хөгжим, драмын жүжгийн, киноны хөгжим, эстрад поп хөгжим, сонгодог дан хөгжмийн чиглэлээр олон бүтээл хийсэн хүн шүү дээ.

-Та багадаа ээжийнхээ тоглолтыг үзэж өссөн байх. Хүүхдийн ой дурсамж маш хурц тод үлддэг дээ?

-Байнга үздэг байсан. Ээжийн хийдэг шидэлтийн акробат, агаарын номеруудыг нь би сайн мэднэ. Намайг бага байхад ээж энэ номеруудаараа Япон улсад байн байн очиж тоглолт хийдэг байсан юм.

-Аавынхаа тухай сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манайх 2000 онд гэр бүлээрээ АНУ-д нэг жил амьдарсан. Тэгэхэд би дөнгөж гуравхан настай жаахан байсан хэдий ч бидний амьдралын хамгийн аз жаргалтай үеийг тэр л үе гэж боддог. Эмээ маань тэндхийн циркт багшаар, аав хөгжмийн зохиолчоор, ээж жүжигчнээр ажиллаж байсан юм. Эхэндээ би эмээ ээж хоёрыгоо дагаад циркчин болохыг их хүсдэг байлаа л даа. Америкийн циркийн орчин нь намайг циркэд дурлахад хүргэсэн байх. Би жаахан байсан хэрнээ л нэг жижигхэн номерт нь оролцдог байв. Энэ үе надад маш гоё дурсамж үлдээсэн дээ. Америкт нэг жил болоод аав ээж бид гурав Монголдоо эргэж ирсэн. Америкт хэдий сайхан байсан ч гэлээ аавын маань сэтгэл нь Монгол руугаа тэмүүлж, Монголдоо уран бүтээлээ хийх хүсэлтэй байсан юм билээ. Ирээд аав олон жүжиг, киноны хөгжим бичсэн л дээ. “Мөрөөдлийн хөлөг онгоц” гээд телевизийн 20 ангит кино нэг хэсэг гарсан даа. Тэр киноны хөгжим, “Ганцаардлын зовлон” уран сайхны киноны хөгжим бичсэн. Мөн Драмын театрт У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр” жүжгийг Ч.Найдандорж найруулагч тавихад аав хөгжмийг нь бичсэн юм.

-Эстрадад таны аавын зохиосон дуунууд олон. Хамтарч ажиллаж байсан хамтлагуудынх нь талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аав “Соёл Эрдэнэ” хамтлагаас гадна сүүлд “Харанга” хамтлагийн хөгжимч­нөөр ажиллаж байсан болохоор “Харанга” хамтлаг миний сэт­гэлд их ойр дотно байдаг. Харанга хамтлагийн “Гэгээ”, “Зүүд”, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Алтан Богд”, гавьяат жүжигчин Ц.Энх­манлай ахын дуулсан “Зэрэглээ” гээд аавын олон дуу бий. “Зэрэглээ” гэдэг дууг аав маань ээжид зориулж бичсэн гэдэг юм.

-Хүмүүс “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг төгөлдөр хуурч Амигийн тоглосноор нэг хэсэг нэлээн их сонслоо. Та энэ зохиолыг төгөлдөр хуурчийнхаа хувьд тоглоно биз дээ?

-Энэ зохиолыг Ами эгч аавын найруулгаар тоглосон байна лээ. Аавын маань орчин үед нийцүүлж найруулсан найруулга юм. Ами эгч хүмүүст нэлээн сайн хүргэсэн, сайхан ч тоглосон. Миний хувьд, тавдугаар ангиасаа энэ зохиолыг хийлээр тоглож эхэлсэн л дээ. Төгөлдөр хуураар бол аавынхаа дан хөгжмийн бүтээлүүдийг тоглож байна. Харин өвөөгийн Төгөлдөр хуурын нэг, хоёрдугаар концертыг гавьяат жүжигчин Цолмон багш тоглосон байдаг. Энэ хүн аавын маань мэргэжлийн багш нь юм. Харин одоо би энэ хоёр концертыг тоглоно гэсэн зорилготой байгаа. Өвөө, аав хоёрынхоо зохиолыг үргэлжлүүлэн тоглох нь мэдээж миний үүрэг. Гэхдээ би өөрөө шинэ зүйлийг сэдэж, цаашид хөгжмийн зохиолчоор суралцах хүсэлтэй байгаа.

-Өвөөгийнхөө зохиолуу­даас ямар зохиолд нь хамгийн дуртай вэ?

-Өвөөгийн “Салхит шувуу”, Морин хуур симфони оркестрын концерт, “Сарнайцэцэг” дуу энэ гуравт нь их дуртай. Эмээ маань энэ дууны нэрийг бодож надад Сарнайцэцэг гэдэг нэр өгсөн гэж ярьдаг юм.

-“Аяны шувууд” гээд бас хэзээ ч хуучирдаггүй дуу байна?

-Өвөө маань “Аяны шувууд” дуугаа эмээд зориулж зохиосон гэдэг юм. 2010 онд эмээ маань Америкт “Аяны шувууд” тоглолтыг Чикаго, Вашингтон хотуудад хийж, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол хөгжимчдийг оролцуулсан л даа. Тэр тоглолтоор өвөө, аав хоёрын гол, гол зохиолуудыг тоглосон. Өвөөгийн “Эрдэнэсийн уулс” балетын хэсгээс, аавын Төгөлдөр хуурын аяз гэхчлэн. Энэ Төгөлдөр хуурын аязыг аав ээждээ буюу миний эмээд зориулж бичсэн зохиол юм.

-Аав хүү хоёр хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн сан одоо танайд бий юу?

-Өвөөгийн бүтээлийн эх бичвэрүүд ихэнх нь манайд, зарим нэг нь эмээд хадгалагдаж байгаа. Аавынх бол ноотлоод үлдээснээсээ илүү дуу бичлэгээр үлдсэн л дээ. Тийм болохоор бичлэгүүдийг сонсч байж ноотолж бичих боломжтой. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн нэг кино байдаг. Өвөө, аав хоёрын тухай хоёр хэсэгтэй бүрэн хэмжээний баримтат кино. Үнэхээр гоё кино бий. Хүмүүсийн дурсамж ярианаас гадна өвөөгийн Гончигсумлаа гуайтай гэртээ ярилцаж байгаа яриа, зохиолынхоо хэсгээс тоглож байгаа зэрэг ховор нандин баримтууд орсон байна лээ. Аавын ярьсан хоёр яриа, киноны хөгжмүүдээс нь оруулсан байсан.

Н.ПАГМА


Categories
мэдээ цаг-үе

Монголын хөрөнгийн бирж түүхэн дэх хамгийн дээд арилжаагаа хийжээ

Монголын Хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5041 дэх ээлжит арилжаагаар 10 тэрбум төгрөгний арилжаа хийгдсэн нь 2015 он гарсаар хийгдсэн нийт арилжааны дүн 356 тэрбум төгрөгт хүрсэн нь Монголын Хөрөнгийн биржийн 25 жилийн түүхэн дэх хамгийн дээд арилжаа болсон байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч оргилдоо хүрээд байсан 2011 онд Монголын Хөрөнгийн бирж нь 350.3 тэрбум төгрөгийн арилжаа хийснээр түүхэндээ хамгийн өндөр арилжааг хийж байсан бол үүнээс хойш 3 жил дараалан арилжаа нь буурч, үйл ажиллагаа нь доголдсоноор системийн эрсдэлд орж Монголын Хөрөнгийн бирж нь дампуурлын ирмэгт тулаад байв. Сүүлийн гурван жил лангуун дээрээ бүтээгдэхүүнгүй, унтаа байдалд байна хэмээн шүүмжлэгдэж байсан Хөрөнгийн биржийг Сангийн Яамны мэдэлд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш зах зээл дэх итгэлцлийг нэмэгдүүлэх талаар шинэ олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгийн зах зээлд сэргэлт гарч эхэлжээ.

Тухайлбал өмнө нь Монголбанкаар дамжуулан зөвхөн цөөн тооны арилжааны банкуудад хаалттай байдлаар арилжиж байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг нээлттэй ил тод болгож зарим хэсгийг нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж эхэлснээр олон нийтийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо огцом нэмэгдэхийн хирээр сүүлийн 9 сарын хугацаанд 24 орчим тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар хүртэх боломжтой болжээ. Мөн Монголын Хөрөнгийн бирж Засгийн газрын үнэт цаасны арилжаанд орж эхлэснээс хойш бондын хүү 1.5-2 орчим хувиар буурсан нь улсын төсөвт хэдэн арван тэрбум төгрөгний хүүгийн зардлын хэмнэлт гарах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн энэ он гарсаар 12 мянга орчим хөрөнгө оруулагчдын данс зах зээлд шинээр нээгдсэнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгджээ.

Монголын Хөрөнгийн биржийн зүгээс Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 1 дүгээр сард олон улсын стандарт жишгийн дагуу үнэт цаасны итгэмжлэгдсэн дилер (market makers)-ийн тогтолцооны хамт хэрэгжүүлж эхлэснээр хөрөнгө оруулагч нар Засгийн газрын үнэт цаасыг хүссэн үедээ хоёрдогч зах зээлээс худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж мөнгөжүүлэх боломжтой болжээ.

Мөн Монголын Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо хэмжээг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын сонголтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон ажлыг зорьж эхлүүлснээс Бинсэ ХК-ийн анхдагч зах зээлд нэмэлт хувьцаа гаргах болон Эрчим Инженеринг ХХК-ийн даатгагдсан корпорацийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Хөрөнгө оруулагчдын итгэлцэл нэмэгдэж Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сэргэж эхлэхийн хирээр зах зээлд бусад шинэ бүтээгдэхүүн нэвтрэн орж ирэх таатай суурь бүрдэж буйг онцлоод Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар “Энэ онд 10 орчим хуулийн этгээдийг хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгуулах зорилт тавин ажиллаж байгаа, цаашдаа Монголын ТОП-100 компаниуд бүгдээрээ дотоодын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, харилцагч байх нөхцлийг бүрдүүлж ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монголын Хөрөнгийн биржийн зүгээс компанийн засаглалын асуудлыг чухлаар авч үзэж мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, компанийн санхүүгийн тайланг үнэн зөв, хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох, бусад холбогдох мэдээллийг хөрөнгө оруулагчдад цаг алдалгүй хүргэж байх зорилтыг тавьснаар хувьцаат компаниудын тайлангаа биржид ирүүлэх ирц өмнөх онуудтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгджээ. Мөн төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг, улсын төсвөөс татаас авдаг гэсэн ойлголтыг халж Монголын хөрөнгийн бирж нь сүүлийн 3 жил дараалан санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны эхний хагаст үндсэн үйл ажиллагаагаар 200 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 19.8 сая төгрөгийн татвар төлсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх 4-р шатны бүртгэл эхлэхэд бэлэн боллоо

Энэ удаад БЗД, СХД, ХУД гэсэн төвийн 3-н дүүргийн нийт 22 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажил зохион байгуулагдана.

4-р ээлжийн ажлын хүрээнд 2015 оны 08-р сарын 25-ны өдрийн 12 цагаас цахим системийг нээж, газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч эхлэнэ.

Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11319215, 11315334 дугааруудаас лавлана уу.

Систем байрших сайт: WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Улс орныг хувийн ашиг сонирхол, өш хонзонгоор удирдах ямар ч боломжгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсад ирснээс улс төр идэвхжиж эхэллээ. Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулан гаргалаа гээд хэл ам гарахтай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдсэн. Энэ бүх улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал энэ бүхэн 2012 онд олонхгүй парламент бүрдсэнтэй холбоотой гэж харж байна. Ардчилсан нам 35, Ардын нам 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авсан. Тиймээс аль ч нам олонх болж чадаагүй. Олонхгүй парламентын үед олон суудалтай нам бусад нам эвслүүдтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Ардчилсан намд хоёрхон сонголт байгаа. Нэг бол МАН-тай хамтарч засаглах, нөгөөх нь “Шударга ёс” эвсэлтэй хамтрах.

Ардын намтай хамтрах боломжгүй гэдгээ Ардчилсан нам албан ёсоор илэрхийлсэн тул “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр сонголт үлдээгүй. Ер нь бол хүссэн хүсээгүй “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлж цаашаа явна гэсэн үг. Эс тэгвэл Монгол Улс улс төрийн хямрал руу буюу засаглалын хямрал руу орно. Байдал амаргүй байгаа. Энэ нөхцөл байдлыг ашиглан “Шударга ёс” эвслийн бүлгийн нөхдүүд шударга бус шаардлага, нөхцөлүүд бага тавиасай гэж хүсч байна.

-Ер нь бол шударга бус шаардлагаа тавиад эхэлчихсэн юм биш үү. “Тэр яамыг манайх авна, дөрвөн сайдаа манайх томилно” гэсэн яриа байна. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол сайд нарыг томилно ч гэдэг юм уу шантаажны маягийн зүйл яваад байгаа. Шударга бус шаардлага гэж яг ямар шаардлагыг хэлээд байгаа юм бол?

-Шударга шаардлага, шударга хүсэлт гэдэг бол хуулийн хүрээнд нийцсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн байх ёстой. Хуулиас хальсан, манай нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэсэн шаардлага хамтрагч талуудаас гарч болохгүй. Би намынхаа даргад нэг зүйлийг хэлсэн.

-Тэр нь юу гэж?

-Засаглавал шударгаар зарчимтай засаглая. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд ээлжит бус сонгуулиа зарлаад явъя гэсэн өөрийн саналаа намын дарга болон намын удирдлагуудад хэлсэн байгаа.

-Ээлжит бус сонгууль зарлах цаг үе мөн үү. Хэдхэн сарын дараа тэртэй тэргүй ээлжит сонгууль болно. Ээлжит бус сонгууль зарлая гэдэг дээр танаас өөр ийм саналтай гишүүд хэр олон байгаа юм бэ. Ер нь ээлжит бус сонгууль явуулъя гээд хэлчих зориг зүрхтэй гишүүд байгаа юм уу?

-Энэ бол миний санал. Тиймээс надтай хэдэн гишүүн санал нэг байгаа нь тийм ч чухал биш. Миний хэлсэн уг санал улс төрийн нэг гаргалгаа юм. Дэлхийн олон орныг харж байхад засаглах чадамжаа алдсан тохиолдолд ээлжит бус сонгууль зарладаг. Япон улсыг хар л даа. Бодит жишээ байж л байна. Ээлжит бус сонгуулиар ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явдаг. Парламент олонхгүй болсны улмаас боломжгүй болчихлоо гэдгээ ард түмэндээ хэлээд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Биднийг олонх болгож өгвөл засаглая. Аль эсвэл парламентад олонхийг бүрдүүлэх хүчнийг сонгож өгөөчээ гэдэг хүсэлтээ ард түмэндээ тавьдаг.

УИХ-ын гишүүдийн болон манай намын гишүүдийн хэд нь миний энэ саналыг дэмжихийг би мэдэхгүй. Шударга бусаар засагласнаас засаглаагүй нь дээр. Зарчимгүй засагласнаас засаглаагүй нь дээр. Энэ л миний байр суурь.

-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулиа баталж байж сонгуулиа явуулж таарах байх. Тэгэхгүйгээр аль ч нам нь олонх болоогүй өнөөдрийн нөхцөл байдал дахиад ирэх юм биш үү. Улс төрийн энэ гацаанаас гарах боломж байна уу?

-Гацаанаас гарах хамгийн дөт зам бол “Шударга ёс” эвсэлтэйгээ хамтраад явах л зам юм. Бид МАН-тай хамтрах замаа хаасан. Тус намтай хамтрах боломжгүй гэдэг дээр манай нам шийдвэрээ гаргасан. Энэ үед “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр ямар ч гарц байхгүй. МАН-ыг оролцуулалгүйгээр уг эвслээс өөр парламентад бүлэг байгуулах хэмжээний улс төрийн хүчин өнөөдрийн хувьд алга. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам, эвслүүд хамтарч парламентыг бүрдүүлнэ гэсэн тодорхой заалт бий. Хуулийнхаа хүрээнд явахаас өөр зам алга.

-Засгийн газрын суларсан орон тоог нөхөх асуудал хэзээ тодорхой болох вэ. Ээлжит бус чуулганы сураг байна уу. Ардчилсан намынхан дарга, гишүүдгүй Увсад яваа сурагтай. Үүнээс улбаалан асуудал хойшилж байна гэх юм?

-“Шударга ёс” эвсэл Ардчилсан намын нэр дэвшигчид тодорсны дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа гэж бий. Энэ хугацаа дууссаны дараа УИХ ээлжит бусаар хуралдаж Засгийн газрын зургаан сайдыг хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Тэр хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явах шаардлагатай.

-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч ямар хориг тавих вэ гэдгээс шалтгаалан улс төрийн дараагийн нүүдлүүд гарч ирэх гээд байна. Н.Энхбаяр даргыгаа өршөөлд баттай хамрагдуулсны дараа сайд нарынхаа нэрийг тодорхой болгоно ч гэдэг юм уу асуудлууд байх шиг. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавилаа гэхэд юу болох юм. Хориг тавихгүй байлаа гэхэд юу болох бол?

-Миний бодлоор Өршөөлийн хуульд тавьсан хориг, түүний үр дүнгээс үл хамаарч Засгийн газрын асуудал явдгаараа явна. Үүнийг шийдэх ёстой. Түүнээс биш хоригийг хүлээж авахаар ингэж засгаа байгуулна. Хүлээж авахгүй бол тэгж Засгийн газраа байгуулна гэсэн жижиг тоглоом байж болохгүй.

Өөрөөр хэлбэл Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэлд эрүүл хүмүүс олон байгаа. Улс орныг удирдах, төр засгийг авч явна гэдэг чинь нэг хуулиас хамаараад байдаг эд биш. Ялангуяа нэг хоригоос хамаардаггүй байгаасай.

Манай улс төрийн тогтолцоонд “Check and bаlance”-ийн зарчим үйлчилдэг. Монгол Улсын Үндсэн хууль энэ зарчим дээр тулгуурладаг. Ерөнхийлөгчөө УИХ шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянадаг. Харилцан бие биенийхээ алдааг засдаг тогтолцоотой.

Өөрөөр хэлбэл засаглал хоорондын балансын тэнцвэр чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавьсныг зөв зүйл гэж үзэж байгаа. Ганц Өршөөлийн хуульд биш бусад олон хуульд хориг тавьдаг. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хэлэлцээд явдаг дүрэм, журам, дэг гэж бий. Тиймээс үүний дагуу УИХ хэлэлцээд явна.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын ойн хуралд хэлсэн үгийг хүмүүс хоёр янзаар хүлээн авч байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч авлигачдыг өршөөхийн эсрэг хэсэгчлэн хориг тавих нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь Н.Энхбаяр гэдэг хүнд хандан үг хэллээ. Тийм болохоор энэ хэлсэн үг сонин биш гэж байна…

-Намбарын Энхбаяр гэдэг хүний гэмт үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилсан. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. УИХ өршөөл үзүүлэх эрхтэй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлж буй үг, хийж байгаа үйлдлийг УИХ-ын гишүүд бид шүүмжлээд байдаггүй. Төрийн тэргүүн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Каплад ч мөн уучлал үзүүлсэн. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд УИХ маш хүндэтгэлтэй ханддаг. Цаашид ч гэсэн хүндэтгэлтэй хандана. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангахын тулд үг хэлэх ёстой.

-Таны хувьд Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдана гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хичнээн хүн гарч ирэх гээд байна вэ. Галт зэвсэг агссан гээд хэл ам дагуулсан хүн шүү дээ гэсэн хүмүүсийн сэтгэгдэл ч их байна?

-Ц.Мөнхбаярын хэрэг 177.1, 185.1 гэсэн хоёр зүйл ангитай. 177.1 нь өршөөлд хамрагдаж байгаа. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. Тэр утгаараа хүнд ял нь өршөөлд хамрагдаж байгаа учраас 185.1 нь 177.1-дээ орчихно гэж харж байгаа юм. Байгаль хамгаалагч Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Тиймээс энэ хүнийг хорих газраас гаргаж эрх чөлөөг олгох нь зөв зүйтэй алхам гэж харж байна.

-Сүүлийн үед Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Таныг ч мөн нэгдэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг яриа гараад байгаа. Та үнэхээр гарын үсэг зурж Ерөнхий сайдаа огцруулах гэж байгаа юм уу?

-Би гарын үсэг зураагүй. Учир нь АН-ын гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тал дээр нягт хамтран ажиллана. Ерөнхий сайдын явуулж байгаа бодлогыг дэмжиж ажиллана гэдэг дээр нэг ойлголцолд хүрч чадсан.

-Ерөнхий сайдын зүгээс намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд нь намын даргаа авъя. Эхсүл намын дарга нь Ерөнхий сайд бол гэсэн. Уг шаардлагыг та юу гэж хүлээж авсан бэ?

-Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан улстөрчид цочир мэдэгдэл хийх, эрүүл ухаантай гэхээсээ илүүтэйгээр улс төрийн сонирхлоор асуудалд хандах явдал цөөнгүй байна. Тэгэхээр намын гаргасан шийдвэрийн эсрэг намын хэн нэгэн гишүүн улс төрийн хандлагаар асуудал тавих нь зөв зүйтэй алхам биш. АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, бүлэг нь шийдвэрээ гаргасан. Тиймээс үлдэж буй хугацаандаа АН илүү тогтвортой байдал руу явах ёстой. Намын байгууллагынхаа гаргасан шийдвэрийг илүүтэй хүндэтгэн дагах нь зүйтэй. Иргэд ч мөн тогтвортой засаглалыг хүлээж байна.

-Гол хуулиуд болох Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад хугацаа маш давчуу болчихлоо. Намрын чуулганы эхний хагаст энэ бүгдийгээ цэгцэлж ард нь гарч чадах уу. Төсвийн тодотгол гээд чухал асуудлууд мөн л хэлэлцэгдэх тул амжих болов уу гэдэг эргэлзээ үүсчихлээ…

-Энэ парламент үлдэж буй цөөхөн сарын хугацаанд олон асуудлыг шийдэж чадахгүй. Тийм хугацаа ч байхгүй. Харин Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хямралтай тэмцэх бодлогуудыг эрчимжүүлэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал ганцхан Монгол Улсад биш дэлхий даяар хүнд байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгууд шил шилээ даран дампуурч байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг нэлээд хүнд байдалд орж байгаа юм. 2015, 2016, 2017 он бидний хувьд нэлээд хүнд он жилүүд байх болно. Учир нь манай эдийн засгийн голлох суурь салбарууд уналттай байна. Барилга, зам, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд уналттай байгаа тул уналтыг сааруулах эдийн засгийн эрчимжлийг нэмэх бодлого энэ Засгийн газар явуулах ёстой. УИХ Засгийн газрын эдийн засгийн хямралын эсрэг явуулах бүх бодлогыг дэмжих шаардлагатай. Эдийн засгийн хямралын үед улс төр дагаад хямарч болохгүй. Харин ч эсрэгээрээ бид тогтвортой байх хэрэгтэй. Улс төр тогтвортой байж бид эдийн засгийн хямралаас гарна. Бид дагаад хямрах юм бол засаглалын хямрал руу орох аюултай. Энэ цаг үе монголчуудаас, улс төрчдөөс маш их уужуу ухаан, алсын хараа, тэвчээр, хүлээц шаардсан он жилүүд байх болно.

-МАН-ын зургаан сайдыг огцруулснаар улс төрийн тогтворгүй байдал Монгол Улсад нүүрлэчихлээ гээд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулж, Монголд итгэх жаахан итгэл алга боллоо гэдгийг МАН-ынхан мэдэгдээд байгаа. Эдийн засаг ийм хүнд үед эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх гол хүчин зүйл нь мэдээж гадны хөрөнгө оруулалт шүү дээ?

-Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал маш чухал. Нэг хуулийг нөгөө хуулиар барьцаалж асуудалд ханддагаа улстөрчид болон улс төрийн намууд больчих хэрэгтэй. Нөгөө талаас том улс төрийн бодлогыг хувь хүнтэй холбон явуулдгаа манай улстөрчид больчих. Аливаа том бодлогыг хувь хүнтэй холбох л юм бол тэр нь бодлого биш хувийн асуудал болж хувирдаг. Улс орныг хувийн ашиг сонирхол, өшөө хонзонгоор удирдах ямар ч боломжгүй. Улстөрчдөд хандаж нэг зүйлийг хэлье. Хувийн сэдэл, өш хонзон хувийн эрх ашгаа хойш нь тавихыг эдийн засгийн хямрал улс орны нөхцөл байдал шаардаж байна.

Ардын намын зургаан сайдыг хөөснөөс болж гадны хөрөнгө оруулагчид үргэж байна гэдэг бол үндэслэлгүй өнгөц дүгнэлт юм. Зах зээлийн хямрал гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан гадны хөрөнгө оруулалт эрс буурсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Их хурал олон сайн хуулийг батлан гаргасан. Татварын орчин, хөрөнгө оруулалтын орчны хувьд ч тэр сайн бодлогуудыг Их хурал баталсан. Бодлого гараад тэр дороо хэрэгжиж, маргааш нь үр дүн гарна гэж байхгүй. 3-5 жилийн дараа сайн үр дүнгүүд гарч эхэлнэ. Гадаад талдаа Монголын төр засаг зөв сигналуудаа ээлж дараатай өгч байх нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Эзэнбат: Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь хамгийн сайхан дурсамж юм даа

Амбий хэмээх нэрээрээ олонд танигдсан жүжигчин Ц.Батхуяг агсны хүү Эзэнбаттай хэдэн хором ярилцсан юм. Тэрбээр Солонгосын Кёонги их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч байгаа.

-Аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчний мэргэжил сонгосон байх. Яагаад Солонгосыг сонгосон бэ?

-Миний бодлоор Солонгос Азидаа кино урлагаар дээгүүрт бичигддэг. Миний сонирхолд нийцсэн болохоор Солонгос руу явахаар шийдсэн. Тэнд манай эгч байдаг болохоор ер нь боломжийн санагдсан л даа. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд Солонгост хоёр дахь жилдээ сурч байгаа.

-Өөрөө хятад хэлтэй юм билээ. Энэ аавын чинь сонголт уу?

-Тийм ээ, аавд алсын бодол байсан шиг байгаа юм. “Хүүгээ заавал ч үгүй хятад хэлний сургуульд өгнө” гэсээр байгаад “Үй цай”-д анх орсон доо. Хятад манай хөрш орон, бизнес худалдаа наймаа өргөжнө гээд хятад хэл сураасай гэж бодсон байхаа даа.

-Хятад хэлээр ус цас уу?

-Яахав. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Жаахан чалчаа ч гэх юм уу, яриасаг болохоор яриандаа гайгүй л гэж боддог ш дээ.

-Солонгост сурч байгаа болохоор амаараа дүүрэн хэлтэй жүжигчин болох нь ээ?

-Миний олж мэдсэнээр Солонгос хэлэнд хятад хэлтэй ойролцоо юм маш олон. Үг дүрэм төстэй юм их. Хятад хэл сурч байсан болохоор солонгос хэл сурахад дөхөмтэй байлаа.

-Эхээсээ хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Би айлын том хүү. Би Эзэнбат, дунд охин дүү маань Эзэнбулаг, хамгийн бага дүү маань Эзэнтулга гэдэг.

-Өвөрмөц нэртэй юм аа, хэн нэр өгсөн бэ?

-Хамгийн анх өвөө надад нэр өгсөн. Бусад хүүхдээ ч аав юмны эзэн байхыг бэлгэдээд эзэнтэй нэр өгсөн.

-Ээжийнхээ тухай яриач?

-Ээж маань мэргэжлийн жүжигчин. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.

-Манайхан Солонгос кинонд их автдаг. Газар нутаг дээр нь сурахаар ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Яахав, миний хувийн бодол. Солонгос улс кино хийхдээ сайн ч Монголын СУИС-ийг муу гэж болохгүй. Сургалтын хөтөлбөр нь адилхан. Гадаадад сурах юугаараа сайн гэхээр гэрээсээ хол бие дааж сурна. Завсар зайгаар нь ажил сурна. Ажлын амт, мөнгөний үнэ цэнийг ойлгоно. Улс орны хөгжлийн ялгаанаас болж Солонгос киног шимтэн үздэг болов уу. Манай Монголын жүжигчид дэлхийд хамгийн сайн нь л гэж боддог.

-Солонгос кинонд тоглох боломж гарах болов уу?

-Дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна.

-Солонгост оюутны амьдрал яаж өрнөдөг вэ?

-Солонгост ихэнх оюутан сурахын зэрэгцээ ажил хийнэ. Би амралтын өдрүүдээр хоолны мөнгөө олно. Гэрээсээ байнга мөнгө татахгүйгээр хэдэн цаас хийх гэж үзнэ. Янз бүрийн л ажил хийнэ.

-Хятад хоолны газар ажиллаж байна уу?

-Хятад хоолны газар зөөгч хийдэг. Хятад, солонгос хэлээр ярихаар хүмүүс их сонирхоно. Янз бүрийн л ажил хийнэ дээ.

-Ирээдүйгээ төлөвлөдөг үү?

-Сургууль соёлоо сайн төгсөөд, хүссэндээ хүрнэ. Дүү нараа харна. Дүү нараа сайн хүн болгоно. Гэрээ авч явна. Амьдрал үргэлжилнэ шүү дээ.

-Багадаа аавтайгаа тог­лолтод орж байсан уу?

-Аавтайгаа хамт хошин шогийн тоглолтод хэдэн удаа орж байсан.

-Аав тань хүүгээ жүжигчний авьяастай гэдэг байсан уу?

-Ний нуугүй хэлэхэд аав намайг жүжигчин болох хэрэггүй гэдэг байсан. Яагаад гэхээр өөрөө урлаг хатууг мэдэрдэгтээ ч тэр үү хүүгээ энэ хатуу замаар битгий яваасай гэсэндээ ч тэр үү намайг жүжигчний мэргэжил сонгохыг дэмжээгүй. Гэхдээ мэдээж хүний эцэг юм чинь “Миний хүү чадна” л гэдэг байсан. Би зөрүүдэлсээр байгаад жүжигчин болохоор зорьсон доо.

-Солонгост монгол­чуудтай хэр таардаг вэ?

-Тааралдана. Монголчууд олон. Манай монголчууд сэтгэлээрээ, биенээ дэмжээд сайхан л байдаг.

-Сагс тоглодог юм байна. Бие хамгаалах урлагаар хичээллэж байсан гэсэн үү?

-Тийм. Нарантунгалаг гэж алдарт тамирчны гар дор хоёр жил хичээллэж байсан. Спортын сүртэй авьяас байхгүй. Хальт хальт бүгдийг нь оролддог гэх үү дээ. Зүгээр байхгүй.

-Ямар хоббитой вэ?

-Миний хобби гэвэл кино үзэх. Гол хобби гэвэл хөгжилтэй байх, хүн инээлгэх. Яагаад ч юм дунд сургуульдаа ангийнхнаа их инээлгэдэг байлаа. Олныг зохион байгуулж хөгжилтэй байлгах, хүн инээлгэх дуртай.

-Дунд сургууль өөрт чинь юу үлдээв?

-“Үй цай” хятад сургууль болохоор хатуу дэгтэй. Хүүхдийг математикаар, хятад хэлээр зодохгүй, сонирхлыг нь дэмждэг нь таалагддаг.

-Аав тань хүүхдүүддээ юуг захидаг байв?

-Манай аав Цэвэгсүрэнгийн Батхуяг. Олонд танигдсан нэр нь Амбий. Дорнодын Чойбалсанд төрсөн. Айлын бага хүү. Аав “Юмыг сайн бод” гэж их хэлдэг байсан. “Юманд нухацтай хандаж бай. Хайнга, салан палан байж болохгүй” гэдэг байсан.

-Сэтгэлд үлдсэн багын дурсамж гэвэл?

-12-13-тай байхдаа тайзан дээр аав хүү болоод жүжигт тоглож байсан. Миний дүр нэг их сүртэй биш л дээ. Зүгээр л нэг жаахан хүүхдийн дүр. Хөтлүүлээд л гарч ирдэг. Тэр үеэ бодохоор аав намайг урлагийн замд хөтөлж оруулж дээ гэж санадаг. Аав бид хоёр цуг суугаад кино үзэх дуртай. Аав киноны алдааг хэлдэг. Би түүнийг нь сонсож суух дуртай. Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь миний хамгийн сайхан дурсамж юм даа.

-Танай гэр бүл ямар баярт онцгой ач холбогдол өгдөг вэ?

-Манай гэрийнхэн баяр сайн тэмдэглэнэ. Хамгийн дуртай баяр гэвэл аавын төрсөн өдөр гуравдугаар сарын 27, минийх гуравдугаар сарын 31, дүүгийнх дөрөвдүгээр сарын 7 гээд гурав, дөрөвдүгээр сар манай гэр бүлийн хамгийн их ачаалалтай баярын үе. Энэ үеэр байнга л баяр наадам үргэлжилдэг. Төрсөн өдрүүд хамгийн гоё. Шинэ жил их гоё байдаг байсан. Аав оргилуун дарсаа буудуулаад үг хэлээд, гэр бүлээрээ тойрч сууцгаана. Аав уран цэцэн үгтэй, их хөгжилтэй. Аав байхад манай гэрийнхэн байнга л инээж байдаг. Төрсөн өдрөөр аав хамгийн түрүүнд намайг үнсдэг. Тэр нь л хамгийн сайхан дурсамж юм даа.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч цөөн оюутантай байна

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас их, дээд сургуулиуд ерөнхийдөө хөл ихтэй байдаг. Учир нь ихэнх их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь ямар нэг их, дээд сургуульд элсч чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж, аль сургуульд ямар ангид элсэхээ аль хэдийнэ төлөвлөчихсөн байдаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан горьдлого тээсээр явж өгнө. Ялангуяа орон нутгаас ирж буй шинэхэн оюутнууд эцэг, эхээсээ гадна яриа хөөрөөтэй, сургуулийн захиргаанд ажилладаг, эсвэл таньдаг мэддэг хүнээ дагуулж явдаг. Эцэг, эхчүүд ч үр хүүхдээ гайгүй сургууль бараадуулахын тулд байгаа хэдэн төгрөгөө халааслаад явдаг нь үнэн. Ийм л дүр зураг жилийн жилд ажиглагддаг.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураглал харагдах боллоо. Энэ жил 19 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 25 мянга гаруй хүүхэд л Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хүсэлт гаргасан гэнэ. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 101 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгчид дээрх сургуулиудад хуваагдаад орох нь тодорхой. АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон улсын сургуулиудад дийлэнх төгсөгчид нь орчихно. Тэгэхээр хувийн сургуулиуд яах вэ? Ямартай ч бид нөхцөл байдалтай танилцахаар зарим их, дээд сургуулиар орлоо.

Төгсөгч бага байгаа нь төрийн сургуулиудад мэдрэгдэхгүй

МУИС-ийн хичээлийн I, II байраар орлоо. Ерөнхийдөө хүн багатай байв. Сургуулийн жижүүр л орсон гарсан ганц нэг хүнийг хаашаа орох гэж байгааг асууж, шалгааж байгаа харагдав. Тус сургуулийн хувьд элсэгчдээ өнгөрсөн долдугаар сарын 2-н хүртэл бүртгээд дуусчихсан. Сургалтын албаны мэдээлснээр бол энэ жилийн элсэгчийн хяналтын тоо аль хэдийнэ гүйцчихсэн учраас нэмэлт элсэлт авахгүй гэнэ. Сургуулийн хонгилд нэгдүгээр курст орж байгаа болов уу гэмээр хоёр охинтой таарлаа. Тэд мэдээллийн самбар уншиж байв.

-Та хоёр энэ сургуулийн оюутнууд уу?

-Тийм. Нэгдүгээр курст орно.

-Ямар мэргэжлээр суралцах оюутнууд вэ?

-Эрх зүй. Бид дунд сургуулийн нэг ангийн найзууд.

-Танай ангийнхан бүгд их, дээд сургуульд орчихсон уу?

-Хоёр хүүхэд гадагшаа сургуульд сурна гээд явчихсан. Аав ээж нь гадаадад амьдардаг гэсэн. Нэг охин ажил хийж байгаа. Олон дүүтэй, тааруухан амьдралтай болохоор сургалтын төлбөр олоогүй байх. Уг нь онц сурдаг. Хувийн сургууль гэсэн байх аа урилга өгсөн юм билээ. Бас л ороогүй. Бусад нь бүгд сургуульд орсон.

-Хичнээн хүүхэд төгссөн юм бэ?

-37 хүүхэд.

-Бүгд улсын сургуульд орсон уу?

-Тэгсэн гэв. Эдгээр охид хичээл эхлэхээс өмнө сургуультайгаа танилцаж яваа юм байна. Ингээд тус сургуулиас гарч Хүмүүнлэгийн ухааны их сургуулиар оров. Мөн л нам жим. Гурав, дөрөвдүгээр ангийн бололтой хэсэг залуус хоёр давхрын цонхон дээр суучихсан юм ярьж байна. Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлснээ ам уралдан ярьцгаах. Элсэлт авч байгаа эсэхийг асуухад нэг залуу “Манай элсэлт дуусчихсан ш дээ” гээд цааш харан “Нээрээ энэ жил нэгийн бацаанууд бага байгаа гэсэн ш дээ. Чи мэдсэн үү Алдараагийн сургууль бүр нэг ч оюутан элсээгүй гэсэн” гэхэд хажууд нь зогссон охин “За битгий худлаа бураад бай. Алдараа чинь аль сургууль билээ” гэхэд өнөөх залуу “За сураггүй сургуулиа” гэх нь сонстов. Ярианаас нь ажвал тэд төгсөх курсийн оюутан бололтой. МУБИС-ийн хичээлийн “А” байраар харин хөл ихтэй байна. Тус сургуулийн нэмэлт элсэлт энэ сарын 15-наас эхэлжээ. Мөн шинэ оюутнууд сургуулийнхаа дотуур байр, сургалтын төлбөрийн талаар сураглаж яваа гэнэ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн болов уу гэмээр аав, ээжийгээ дагуулсан оюутнууд харагдана. Зарим нь хүрч ирээд “Сургалтын алба нь хаана юм бол”, “Хичээлийн дөрөвдүгээр байр нь хаана байдаг вэ” гэж асууцгаана. Тус сургуулийн хувьд элсэгчдийн дийлэнх хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Элсэгчдийн тоо өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага хэдий ч салбар сургуулиудын элсэгчдийн хяналтын тоо ихэнх нь гүйцэж байгаа талаар холбогдох хүмүүс хэлэв. Санхүү эдийн засгийн дээд сургууль мөн л эл хуль байсан. Энэ жилийн төгсөгчдөөс нэлээд хувь нь Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элссэн гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч бага оноо авсан, их, дээд сургуулиудын босго оноо давахгүй төгсөгчид ч энэ жил улсын сургууль бараадах нь баараггүй гэсэн яриа олны дунд явна. Тиймээс нэгэнт л оноо багатай байсан ч улсын сургуульд орох нь баараггүй хойно “босго өндөртэй” гэгддэг АШУҮИС руу зүтгэж байгаа сурагтай. Иймэрхүү тохиолдол олон байгааг эцэг, эхчүүд ч ярьж байсан. Бүр “Өнгөрсөн жил манай дүү Анагаахад орно гээд чадаагүй. Оноо нь хүрээгүй. Хувийн сургуульд орсон. Нэг жил өнжүүлдэг байж. Тэгсэн бол энэ жил орчих боломж бүрэн байсан байна” гэж сургуулийн үүдэнд суусан нэгэн эмэгтэй ярив.

Ямартай ч төрийн өмчит сургуулиуд элсэгчдийн тоонд санаагаа чилээхгүй байгаа нь харагдаж байна. Өмнөх жилүүдээс бага зэрэг л буурсан үзүүлэлт байхаас биш анги дүүргэхгүй хэмжээний цөөрчихөөгүй гэнэ.

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч хүнгүй байна

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хувийн хэвш­лийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөн данган 50 хувь хүргэж байгаа сураг байна. Гэхдээ энэ бол баттай тоо биш. Ихэнх сургуулиуд элсэгчдээ алдахгүйн тулд нэр хүндэд нөлөөлнө гээд баттай тоо хэлэхгүй байна. “Этүгэн”, “Чингис хаан”, “Засагт хаан”, “Газарчин”, “Монгол дээд” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа нь ховор бололтой. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан аж. Тэгвэл өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Элсэгчдийн тоо сүүлийн хоёр жил огцом буурсан

Нэг судалгаа дурдъя. 2012 онд улсын хэмжээнд 39 мянга 200 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд элсэлтийн шалгалт өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлсэн байна. Харин 2013 онд 43 мянга 864 хүүхэд шалгалт өгчээ. Ингээд харахад 2012-2013 онд элсэгчдийн тоо бага зэрэг өссөн хандлага харагдаж байна. Харин сүүлийн хоёр жилд огцом буурчээ. Тодруулбал, 2014-2015 оны хичээлийн жилд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгссөн байна. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөх хүсэлт гаргажээ. Харин энэ жил ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор анхны 12 дугаар анги төгсч байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийг хамгийн цөөхөн буюу 19300 сурагч төгсөж байгаа жил. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлээд ердөө 25813 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байх юм. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Хувийн сургуулиуд элсэгчгүй хэрнээ сургалтын төлбөрөө нэмснээр төгсөгчдийг үргээж байна

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоо­той асуудлууд зэрэгцээд яригдаж эхэллээ. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-30 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Одоохондоо хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна. Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариу өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.200.000-2300.000 хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ. Гэвч “Отгонтэнгэр”, “Газарчин”, “Монголын үндэсний их сургууль” зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиас дээш нэмсэн байна. “Отгонтэнгэр” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н “Манай сургуулийн төлбөр 1.700.000 төгрөг байсан. Энэ жил 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж болно шүү дээ” гэв. Оюутнуудын хэлж байгаагаар бол шинээр их, дээд сургуульд элсэхдээ мэргэжлээс илүүтэйгээр төлбөрийг анхаардаг бололтой.

Харин зарим сургуулиуд элсэгчдийнхээ тооноос хамаарч төлбөрийн асуудал ярих бөгөөд аль болох уян хатан нөхцөлтэйгөөр элсэгчдээ авах талаар ярилцаж байгаа бололтой. Мөн оюутны дотуур байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг зэрэг олон тал дээр хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.

Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд өнөө маргаашдаа хүн багатай байна. Энэ сарын 25-наас амарсан оюутнууд ирж, багш ажилчид ажилдаа орж, хөл хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй. Улсын сургуулиудын дотуур байр сураглах оюутнууд ч мэр сэр таарч байсан. Дотуур байр мөн л энэ сарын 25-наас үнэ төлбөрөө шийдэж, оюутнуудаа хэзээ хүлээж авах нь шийдэгдэх бололтой.

Д.Сүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг

“Паанан”, “Соёо” зэрэг туужуудаараа нэгэн үеийн уншигчдыг байлдан дагуулсан МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдтой уулзаж хөөрөлдлөө.

-Та нэг л нам гүм суугаад байх шиг. Энд тэнд болж байгаа хурал цуглаан уулзалт үдэшлэг, номын нээлт зэрэгт харагдахгүй юм?

-Хэрэндээ яваад л байгаа шүү дээ. Н.Банзрагч гуайн “Зам” романы нээлтэд очсон. П.Батхуягийн номын баярт очсон. Номын үзэсгэлэн худалдаанд оролцсон, Өгий нуурын хөвөөнөө болсон яруу найргийн наадам үзсэн. Гэхдээ залуудаа их нийтэч байсан хүн нас ахиад ирэхээр зожиг болдог бололтой юм. Хэтрүүлсний гор байх л даа. Залуудаа жаахан зожигдуу байсан бол өнөөдөр гүймхий болчихсон дэгдэж байж мэдэх л юм.

-Нас ахиад намба суух нь тэр үү?

-Үгүй юм байна. Хүн нас ахиад намба суудаг бол надад тийм өм алга. Улам л хөнгөрөөд хүнээс өрсөөд ярьж ч байх шиг, хүүхэд шиг зан гаргаад ч байх шиг эвгүй гэдгийг нь мэдсээр л хэрнээ ийм нэг зангаа засаж залруулж чадахгүй юм. Үүндээ их шаналдаг. Үг гэдэг тархи сэтгэлд хэдий чинээ олон эргэж хөрвөнөв төдий чинээ амт шимттэй болдог гэдгийг уг нь ойлгоод байх шиг байгаа юм, харин яг тухайн мөчид тэр үнэт эрдэнийг тархи сэтгэлдээ тэгж олон эргүүлж хоргоож чадалгүй чинагш алддаг миний гол дутагдал.

-Үгүй байх аа, та харин ч их өмчилдөг юм шиг санагддаг шүү. Аль хавар л өгүүллэгийн чинь номын сураг гараад байсан өнөө болтол уншигчдын гар дээр очсонгүй.

-Бэл дутаад гаргаж чадахгүй байна л даа.

-Ивээн тэтгэгч олдохгүй байгаа юм уу?

-Үгүй ээ тэр утгаар биш. Ном хэвлүүлчих дайны хөрөнгө мөнгийг хэдэн дүү нар маань ч эвлүүлж дэвлүүлээд гаргаад өгчихнө л дөө. Миний өөрийн сэтгэлийн бэл дутаад болохгүй байна. Өгүүллэгүүд маань яг дангаараа ном болж гарах бойжилт нь дутуу юм шиг санагдаад л.

-Цөөдөж байна гэсэн үг үү?

– Тооны хувьд ч боломжийн л доо. Би өмнө нь яг ингэж төрөлжүүлж гаргаж үзээгүй юм. Хэд хэдэн өгүүллэг нэг туужтай тэгнээд гаргачихдаг байж л дээ. Гэтэл дан өгүүллэг гаргана гэдэг чинь огт өөр юм байна. Одоо ер нь болж байгаа байх гэсэн шүү юм бодоод хэд хоног дарж байгаад үзэхээр исэлт нь дутуу оргиод хэвлүүлж чадахгүй удчихлаа.

-Та чинь өгүүллэгүүдээ арай тав арван жилээр хорьж шийтгэх гээгүй биз дээ?

-Арай тэгж удахгүй байх аа.

-Ер нь таныг утга зохиол руу юу хөтөлсөн гэж боддог вэ. Ижий ааваасаа өвлөсөн удам байна уу, уран зохиолын багш уу, нутаг усны өнгө үзэмж үү?

-Шунал. Би ер нь хэмжээ хязгаараа мэдэхгүй шуналтай хүн шиг байгаа юм. Хэрэв би уурхайчин болсон бол Тавантолгойг ч юм уу, Оюутолгойг гав ганцаараа хүрздээд Хятад руу хил давуулаад чулуудчих дайны шуналтан байсан байх. Бурхан түүнийг мэдээд үгийн эрэлд явуулчихсан бололтой юм билээ. Тэгээд магадгүй хэзээ ч олж чадахгүй үгээ энд л байж магадгүй гэж эрж бэдэрч явах одонд оногдчихсон бололтой. (инээв)

-Гэхдээ таны аав тань сэтгүүлч байхаа?

-Үгүй ээ, аав минь малын эмч. Харин идэвхтэн бичигч. Дээр үеийн төвийн хэдэн сонинд найруулал, тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага их бичдэг байсан. Харамсалтай нь бид тэр хайчилбаруудыг нь ариглаж чадаагүй ухаан дутсан даа.

-Та ер нь хэдийнээс бичиж эхэлсэн юм бэ?

-Нэгдүгээр ангид ороод л, А, Б гээд бичээд эхэлсэн л дээ.

-Цаашлуулаад л…

-Аравтай байсан юм уу, арван нэгтэй байсан юм уу “Говийн мэдээ” сонинд анхны мэдээ минь гарч шагналд нь гурван төгрөг далан зургаан мөнгө авсан юм. Түүнийхээ хоёр төгрөгөөр ангийнхаа Шинэхүү, Батантулга, Батжаргал, Зоригт дөрвийг дагуулан сумын дэлгүүрээс молоко авч хувааж сороод л юм бичихийн амтанд орсон л доо. Яг үнэндээ молокогоор тасрахгүй байх санаа л буйллаад ийш нь хөтөлчихсөн байх. “Говийн мэдээ” сониныхоо буянаар олон шинэ танилтай болж заримтай нь нэлээн зузаан нөхөрлөсөн л дөө. Тереска, шпрот гээд л тэр үедээ л тансаг идээтэй нөхөрлөсөн.

-Яваандаа шүлэг яруу найраг руу орсон байлгүй. Таныг Б.Лхагвасүрэн гуай шүлгээр жирэмслээд туужаар төрлөө гэж хэлсэн гэдэг байхаа.

-Дөрөвдүгээр ангид байхдаа анхныхаа шүлгийг бичсэн.

“Үй түмэн тэмээтэй Өндөр өндөр байшинтай

Өмнөговь сайхан аймаг” гээд л авч өгсөн, гэм нь хэвлэгдээгүй ээ. Говийн мэдээгээс маань миний дүү мэдээгээ л сайн бич гэсэн хариу ирсэн. Зургадугаар ангид орсон цагаасаа ах нарын захиаг харин хангалттай бичсэн. Нөгөө алдарт “Сэсээр улсаас гаралтай

Сэмжин цагаан цаастыг” чинь харин ч нэг үйлдвэрлэсэн дээ. Найм, ес, аравдугаар ангийн охидуудаар чинь өрхний оосор даялуулаад л авч өгнө шүү дээ. Миний бичсэн тэр захидлууд хэн хэнд очдогийг ч мэддэг байсан. Учир нь захидал бүр дурлан шатагч түүнээс дурлалт хонгор түүндээ дурсгаж бичсэн захидлын дугаар ноймор төд гээд дуусдаг байсан л даа.

-Хоёр гурван жилийн дараа өөрөө өөрийнхөө захиаг бичсэн биз?

-Загасчны морь усгүй гэдэг ёстой үнэн үг. Захидалчин хүн өөртөө хоосон төрдөг юм байна лээ.

-Та Эрка эгчээс айдаг юм байна.

-Яаж байна?

-Захидал бичиж байснаа ярихгүй л байгаа биз дээ.

-Бодит үнэн л тэр.

-Эрка эгч Говь-Алтайнх байхаа?

-Тийм. Говь-Алтайн Тонхил сумынх. Тоомойн Очирхүү гуайн нутаг. Нэг багийнхан.

-Чардаг найрагчийн нутгийнх юм байна шүү дээ.

-Тийм.

-За тэгээд оюутан болоод л онгодоор халгиж гарав уу?

-Яг ч бас тэгээгүй ээ. Есдүгээр анги төгссөн зунаа Сүрэнжав найрагчийн барааг нь харах нь байтугай бараг найзалсан. Тэднийх манайх хоёр Толгойтын баруун салаа гэдэг зусланд гарсан юм. Нэг удаа их олон найрагч тэднийд очсон юмдаг. Лав л Явуу гуай харагдсан, бас нэг сахалтай хүн байсан аягүй бол Цэдэндорж гуай байсан байх. Тэд байшинд шүлэг уншилцаад би байшингийнх нь ард чихээ наачихаад сонсож сонсож тэр шөнөө л хорь гаруй шүлэг биччихсэн юм. Ш.Сүрэнжав гуай хүн голдоггүй нэг сайхан дутагдалтай. Ойн цоорхой руу гудас сугавчлаад намайг дагуулаад явна л даа. Тэнд очоод надад шүлгээ уншиж өгнө. Ямар болж вэ гэж асууна. Би гэж дотроо том горьдлого тээчихсэн амьтан өнөөх олон шүлгээ дотуур халаасандаа хийчихсэн хэнгэнэтэл санаа алдаад л суухаас Сүрэнжав гуайд юугаа зөвлөх вэ дээ. Зусангаа тэгж яваад зуслан буухын босгон дээр үзүүлчихлээ. “Би монгол хүн” энэ тэр гэсэн шүлгүүд л байсан юм. Тэгсэн найрагч маань амьд хүн талийгаач хоёр ямар ялгаатай вэ гэж асууж байна. Талийгаач амьсгалахгүй гэлээ. Яг зөв. Чиний энэ шүлгүүдэд амьсгаа алга. Үг бол байна. Даанч амьсгалахгүй байна. Одоо ойлгов уу гэсэн юм. Би ч ерөнхийд нь ойлгосон. Тэгээд оюутан болсон хойноо хичээлийн хоёрдугаар байранд оюутнууд шүлэг зохиол уншдаг утга зохиолын нэгдэл байдаг гэж сонссон ч амьсгаагүй шүлгээсээ ичээд очиж чадалгүй явсаар гуравдугаар курсэд орсон хойноо зориглож очсон л доо. Нөгөө талд арван жилийн ангийнхан маань утга зохиолд их элэгтэй хүүхдүүд байсан. М.Цэдэндорж гуайн эхнэр Лхагважав багш уран зохиол заадаг байсан нь ч нөлөөлсөн байх. Ц.Цэнгэл, М.Гантулга хоёр маань Эрхүүгээс амралтаараа ирэхдээ уншиж байсан номуудаа авчирч өгнө. Куприн, Чехов, Нагибин, Рожденственский, Рэтхүү, Евтушенко, Айтматов, Гамзатов, Есенин, Фет, Распутин нар ирнэ шүү дээ. Тэгээд л гучин мянгатаа бариад тэдэнтэй нойр хоолгүй зууралдчихна. Дээр нь манай ихэнх хичээл орос хэл дээр явна. Анхныхаа лекцээс

“Кристаллография это наука” гэсэн гуравхан үгтэй гарч байсан хүн чинь хагас жилийн дараа юутай ч лекцээ алдалгүй тэмдэглэдэг болсон. Энэ нь нөгөө номуудтай зууралдсаны л ач. Ц.Цэнгэл маань өнөөдөр орчуулсаар л яваа. Хоёр нөхрийн минь нөлөө надад ингэж туссан. Тэр үед наяад оныхон маань ид бойжиж байсан үе л дээ. Утга зохиолын нэгдэл дээр уншигддаг бүтээлүүдийг ёстой нэг онгичдог байсан л даа. Тэгээд л үеийнхэнтэйгээ тачигналдаад л зохиолчдын өргөөний их хаалгаар орж явчихсан.

-Тэр хаалгаар бараг загнаж байгаад орчихсон гэдэг байх аа?

-Тийм ч юм болоогүй ээ. Нэг гомдсон хүүхэд яваад байхгүй юу. Тууж биччихсэн байдаг. Уг нь томчууд ам амандаа боломжийн болж гэлцээд байдаг хэвлэж өгдөггүй. Тэд маань намайг л хайрлаж өрөвдсөндөө тэгдэг байж л дээ. Гэтэл үзэл сурталд таарахгүй юм хийчихсэн яваагаа өнөөх нь ойлгодоггүй. Тэсэлгүй их хурал дээр гомдлоо хэлээд тавьчихгүй хаачихав дээ. Тэр маань ч аз шүргэхэд оносон л доо. Цаг зөөлөрсний л ач. Анхны тэр номыг минь “Соёмбо” хэвлэлийн газар хэвлэж өгсөн л дөө.

-Таныг утга зохиолд хөтөлж оруулсан багш чинь яг хэн юм бэ?

-Ш.Сүрэнжав гуай, Б.Лхагвасүрэн ах хоёрыг нэг үе их дагадаг байсан. Гэхдээ ухаан мөхөстөөд шавь нь болж чадаагүй юм. Хадаг барьж шавь ордог ёс мэдэхгүй зүүлэгтэхгүй юу.

-Онгод гэж яг юу юм бол та энэ талаар боддог уу?

-Бодох нь боддог юм аа. Даанч бодол богинодоод тэр онгод хаанаас хөвөрч ирдгийн учрыг сайн олдоггүй юм. Ер нь бол эрчим байх аа.

-Магадгүй шүү?

-Од гаригс харагдаад байна гэдэг чинь ямар нэг эрчим бидэн рүү ирж байна гэсэн үг мөн биз. Хүний матери руу хийсэн эхний алхмыг энэ эрчим л өгсөн гэж би бодоод байдаг юм. Хүн гэдэг идеал, матери хоёрын цогц шүү дээ. Гэтэл энэ хоёрыгоо салангид авч үзсээр хоёр зуугаад жил болж одоо хэтэрхий эмпирик гэх үү ер нь л материаллаг болчихоод байна л даа. Үүнийг би алдаа л гэж ойлгодог. Дахин сэргэлтийн урлагийг би идеаллаг зүйлсийг материаллаг болгосон алдааны эх гэж боддог. Бид үндсэндээ далан жил материалист философийг цорын ганц үнэн гэж итгэж явсан. 90 онд энэ маань нурангуут үүссэн орон зай руу нь юу чихэж орох гэж зүтгэж байгааг одоо энэ олон лекцчингүүдээс харж байна л даа. Гэхдээ энэ хөөс олон жил наслахгүй. Нүүдэлчдийн олон мянган жил тээж ирсэн жинхэнэ идеал цухалзаж эхэлж байна. Социализмын хүнд жилүүдэд энэ холбоог зохиолчид таслалгүй үргэлжлүүлж ирсэн юм болов уу гэж боддог. Түүнийгээ л онгод гэж нэрлэсэн байх гэж таадаг. Тархи сэтгэлээс ундарч байгаа их эрчмийг гар гүйцэж бичиж чаддаггүй үе байдаг шүү дээ. Хэн түүнийг бидэнд тийм их хурдтай яриад байна. Амьдрал уу. Тийм ч байж болно, бас нөгөө ерэн есөн тэнгэр ч байж болно шүү дээ. За тэгээд тийшээгээ их тэмүүлэхээрээ хадуураад тэнээд явчихдаг юм. Ингэсгээд зогсох уу.

-Та ер нь ахмад үеийнхнийхээ талаар юу гэж боддог вэ?

-Юу бодохов дээ. Тэд чинь биднийг бодохоос өмнө хийдгээ хийчихсэн улс. Тэгэхээр хүндлэх гэдэг ухагдахуун л үлдэж байгаа биз дээ.

-Тэгвэл өөрийнхөө үеийнхний талаар?

-Хайрладаг. Ялангуяа өндөр Баярсайхан,Соргодгийн Жаргалсайхан, Д.Норов, Л.Мягмарсүрэн, Ц.Чимиддорж, Ч.Мягмарсүрэн, Бя.Энхтуяа, С.Батмөнх Ц.Түмэнбаяр, Дан.Нямаа, Д.Төрбат, Д.Галбаатар за тэгээд танай сонины том дарга Б.Цэнддоо нарыг хайрлахгүй байж болно гэж үү. Цэнддоо, Долгорын Батжаргал бид хэд нэгдлээсээ тараад явж байхдаа шүлэг унших хүсэлдээ халуураад их дэлгүүрт очоод шүлэг уншиж явлаа шүү дээ.

-Үргэлжилсэн үг бичих залуу хүн харагдана уу танд?

-Бүжинлхам гэж охин бий.

-Та итгэлтэй байна уу?

-Итгэдэг.

-Та АНУ-д байхдаа тэндхийн утга зохиолыг хэр зэрэг уншсан бэ?

-Маш бага. Бараг үгүйтэй адил.

-Яагаад, хэл дутсан уу?

-Монгол утга зохиол гэдэг өмчтэйдөө эрдээд гэх үү дээ. Нөгөөтэйгүүр нөлөөнд нь автчих байх гэж айсан.

-Та чинь ирэнгүүтээ л телевизийн олон ангит киноны зохиол биччихлээ шүү дээ. Ажилсаг байна шүү.

-С.Эрдэнэ сайдыг дэмжих болов уу гэж горьдоод Америкт байхдаа санал тавьсан чинь маш сайхан урам өгч дэмжсэн л дээ. Урлаг, утга зохиол их ойлгодог, тэр дундаа кино урлагийг дэндүү сайн ойлгодог хүн юм билээ. Түүнд нь зоригжоод ер нь харья гэж бодож явсан болохоор бушуухан хүрээд ирсэн. Үзэгчид маань ч гололгүй сайн үзсэн гэсэн судалгаа гарсан байна билээ. Энэ киног үзэгчдэд хүргэснийхээ дараа нийгэм маань ямархуу түвшний хатигжилттай байгааг маш сайн ойлгож авсан.

-Дахиад кино бичих үү?

-Д.Төрмөнх “Кино зовлонтой урлаг, мөнгөнөөс уяатай нохой л гэсэн үг” гэж хэлсэн нь их үнэн санагдсан. Мөнгө олдвол бичмээр санагдаад л сэтгэл загатнуулаад яваа хэд хэдэн сэдэв байгаа. Бичигдчихсэн бэлэн зохиол ч байгаа л даа.

-Би ч бас “Хоймор өнжих нар” киног анги алгасалгүй үзсэн л дээ. Ний нуугүй хэлэхэд хэтэрхий цагаан юм шиг санагдсан.

-Бид багаар бодоход дөчин жил нам төрийн магтуу хийсэн. Сайн ч хийсэн. Бараг хамгийн сайн хийсэн ажил маань үзэл суртал байсан байх. Гэтэл сүүлийн хорин таван жил нөгөө цагаан тоосгоноосоо хариугаа авч байгаа юм шиг л хар багс бариад дайрчихлаа. Яг үнэндээ өнөөдөр нийгэм маань юу нь мэдэгдэхгүй шингэн дунд шүдээ хавиран хөлбөрч байна. Ямар ч юмыг нүцгэлчихээд хараад суух нь наанадаж хэлэхэд гунигтай. Тэгээд түүнийгээ өдөр бүр хэдэн арван сонин, телевиз, радиогоор занчиж суух ер нь ямар байхав. Хамгийн номхон ямааг ч хэд ороолгоход л эргээд мөргөнө. Бид нийгмээ тийм л болгож байна. Өнөөгийн үзэгчид кино театрт ороод нэг бол нүүрээ хэтрүүлж будсан марзганал, үгүй бол зовиуртай зодоон цохион аллага таллага үзэж байна. Бидний хамгийн үзэл сурталжаагүй нийгэм гэж боддог Америкт энэ талаар цэгцтэй бодлого байдаг юм билээ. Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг. Би ч ийм л хүслээр энэ зохиолыг бичсэн. Дахиад ч байгаа. Ер нь ямар ч хэлийн зохиолч хүчирхийлэл сурталчилдаггүй.

-Яагаад?

-Зохиолч учраас.

-Та ер нь хэний зохиолыг унших дуртай вэ?

-Эрдэнэ баавай, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Б.Галсансүх, Т.Бум-Эрдэнэ.

-Гадаадынхнаас?

-Чехов, Хэмингуэй, Фолкнэр, Шолохов.

-Достоевскийг уншдаггүй гэж үү?

-Унших нь уншинаа. Гэхдээ би адуу, тэр тэмээ шиг санагдаад байдаг юм. Өөр төрлийнхөн гэх үү дээ.

-Өө нэг юм мартах шахлаа таны ном Герман хэл рүү орчуулагдаж байгаа гэж фэйсээс уншлаа хэдийд гарах бол?

-Ренатэ Баувэ гэдэг монголч эрдэмтэн Герман хэл рүү хөрвүүлсэн юм. Ном маань гүйцэтгэлээрээ гуравт яваа гэсэн. Япон зохиолч, Латин Америкийн зохиолч хоёрын ард яваа юм билээ. Ирэх хавар гарчих байх аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“Арслан”-гийн гөжүүд шавь

Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.

Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.

За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.

“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.

Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.

Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.

“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.

Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.

Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.

“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.

Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.

Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.

Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.

Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.

“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жаргалсайхан: Таггүй траншейнд машинаа эвдсэн бол цагдаагийн байгууллага гомдлыг барагдуулна

Ирэх сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдлээ. Ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль анх 1996 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тэр болгон хангаж чадахгүй байгаагаас өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хууль шаардлага хангаж байсан бол олон хүний амь нас, эрүүл мэнд аврагдах ёстой. Гэтэл жил ирэх бүр ослын тоо өсч байна. Үүнийг зөвхөн автомашины өсөлттэй холбохоос илүү Монгол Улсын эрх бүхий албан тушаалтан, яам, байгууллагууд хамтарч байж бууруулж болох юм гэдэг нь харагддаг. Өнөөдрийг хүртэл замын аюулгүй байдлыг хэдэн цагдаа гудамжинд зогсоод зохицуулаад, торгоод болчих мэтээр хүн болгон ханддаг болчихсон. Гэтэл замын хөдөлгөөний аюулгүй байдал бол олон байгууллагын уялдаа холбоо, хариуцлагатай холбоотой зүйл. Хуучин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэн юу хийх, хариуцах нь тодорхойгүй тунхгийн шинж чанартай байсан. Харин одоо Засгийн газар, дүүрэг, аймгийн Засаг дарга нар, цагдаагийн байгууллага, харьяа яам, агентлаг, Эрүүл мэндийн яам ямар ажил, үүрэг хариуцахыг тус тусад нь тодорхой болгож өгсөн.

-Журам нь батлагдсан уу?

-Хуулийг дагаад нийтдээ 26 журам батлагдах ёстой. Үүн дотор замын хөдөлгөөний дүрэм, ачиж зөөвөрлөх журам, бэлэн бусаар замын хөдөлгөөнийг хянах журам, жолооч бэлтгэх шалгалт авах, зам тээврийн осол хэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх журам гэх мэт орно. Есдүгээр сарын 1-нээс өмнө бүгд батлагдах юм. Энэ батлагдаад ирэхээр хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн орчин нөхцөл байдалдаа тохирсон, ажил хэрэгч болох байх аа гэж бодож байгаа.

-Ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулбал цаад байгууллагыг нь торгоно гээд байгаа?

-Хот хооронд тээвэр хийдэг компанийн эзэн зорчигч тээврийн хэрэгсэл дээрээ ганц жолооч ажиллуулдаг гэж бодъё. Энэ нь ээлжийн жолоочийн цалинг хэмнэж байгаа ч хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй алхам. Тийм учраас заавал ээлжийн жолоочтой байлгах, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг хангах ёстой. Жишээлбэл, Ховд руу явж байгаа автобус байлаа гэхэд жолооч нь зургаагаас найман цаг яваад амрах ёстой. Зогсоод ээлжийн жолооч нь солигдож нөгөөх нь амрах учиртай. Тэгэлгүй баазын захирал зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодвол жолооч зүүрмэглээд зүв зүгээр хөдөлгөөнд оролцож байсан нэг хүн, тээврийн хэрэгслийг мөргөж дайрах эрсдэл үүснэ. Тиймээс мөнгө олохоос илүү хүний амь нас, эрүүл мэндийн төлөө анхаарлаа тавьдаг байх ёстой гэсэн сэтгэлгээ, харилцаа, хариуцлага тогтох зарчмыг хуулиараа гаргаж ирсэн.

-Явган зорчигчдод бас хариуцлага үүрүүлэх болсон байна лээ. Ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд ганцаараа зам гарах хориотой болж байгаа юм байна?

-Зарим улсад зам тээврийн ослоор хүүхэд нас барахгүй, гэмтэхгүй болчихоод байна. Яагаад хүүхэд нас бардаггүй юм гээд аваад үзсэн чинь ерөөсөө л тодорхой хэдэн ажлыг л хийсэн байна. Тухайлбал, тээврийн хэрэгслээр зорчихдоо тусгай сандлыг, тодорхой насны хүүхдүүдэд хэрэглэх ёстой. Мөн манайхан үр хүүхдүүдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохыг хэвийн үзэгдэл шиг хараад байх юм. Энэ бол аюултай зүйл. Замын хөдөлгөөнд оролцох дадал зуршил, өөрийгөө аюулаас хамгаалах сэтгэлгээ, арга барил суугаагүй хүүхдүүдийг хэн ч харгалзахгүй хаячихна гэдэг бол үхэл рүү аваачаад түлхэж байна гэсэн үг. Тийм учраас 10 нас хүртэлх хүүхдийг бүх хүмүүс анхааралдаа авмаар байна. Манай цагдаа нар ч гудамжинд хүүхэд явж байвал анхаарал тавьдаг болно. Сургуулийн захирал, эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нь бүгдээрээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцох байдлыг цэгцлэх хэрэгтэй. Тийм учраас энэ хуульд хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглож байна.

-Согтуугаар жолоо барьсан тохиолдолд хариуцлагыг нь чангаруулж байгаа юм билээ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох бол ерөөсөө л аймшигтай үзэгдэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ байдал буурдаггүй. Тиймээс хариуцлагыг чангатгаж өгнө. Энэ удаагийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр мөнгөн торгууль нэмэгдсэн хэмжээтэй байна. Ер нь бол Зөрчлийн хууль дээр явж байгаагаар бол үүнээс хүндрүүлэх нөхцөлтэй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцно гэсэн зарчмын зүйл явж байгаа. Тэгэхээр Зөрчлийн хуулийг батлагдсаны дараагаар энэ талаар ярья. Одоо байгаагаар бол тодорхой хэмжээний мөнгөн торгуулиар торгодог. Мөн эрхийг нь хасдаг. Гэхдээ аль нэгийг нь хэрэглэдэг биш шүү. Хуулиараа зэрэг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эрхийг нь хасаад торгоно гэсэн үг. Одоогийн байдлаар 384 мянган төгрөгөөр анх удаа ийм зөрчил гаргасан бол торгож байгаа. Давтан үйлдэлтэй тохиолдолд мөнгөн торгуулийн хэмжээ нь өсөх, эрхийг хасах хугацааг нэмэгдүүлэх ийм зүйл заалттайгаар байж байна.

-Мөн замын эвдрэл, арчилгаанаас болж осол гарвал хариуцсан компаниас нь зардлыг гаргана гэсэн байсан?

-Хөдөлгөөнд оролцогчид зам тээврийн осолд өртөхөөрөө зөвхөн жолоочийн буруутай үйл ажиллагаа гээд байдаг. Тиймээс бид хуульд тухайн зам, гэрэлтүүлэг, явган хүний замын хальтиргаа мөсийг цэвэрлэх энэ ажлуудыг огт хийгээгүйгээс болоод зам тээврийн осол гарсан нөхцөлд энэ нөхцөлийг бий болгосон албан тушаалтнуудад хариуцлага оноох заалтыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр зам эзэнтэй болох ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотод худгийн таг гэхэд дулааных, усных, холбооных гээд их тоо гардаг. Эдгээр худгууд таггүйгээс осол, эвдрэл гарвал зохих байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага оноодог болж байгаа. Гэрэлтүүлэг муугаас болоод тухайн зам дээр осол гарвал гэрэлтүүлэг хариуцсан албан тушаалтанд бид хариуцлага тооцно гэсэн үг.

-Хяналтан дээрээ хэрхэн анхаарах вэ. Тамхины хяналтын тухай хууль шиг болох вий гэсэн яриа байна?

-Энэ ажлыг нэг хүний удирдлагаар зангидахгүй бол байгууллага албан тушаалтан болгон тус тусдаа ажлаа хийцгээгээрэй гэж хэлчихээд орхих нь утгагүй. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хариуцна. Энэ хүн үндэсний зөвлөл байгуулж ажиллана. Зам тээврийн ослыг 50 хувиар бууруулна гээд бүх л орнууд зорилт тавьчихаад ажиллаж байна. Манай улс түүнд нэгдье гэдгээ одоогоос тав зургаан жилийн өмнө амласан. Гэхдээ таван жил юу ч хийсэнгүй. Сая л хуулиа баталлаа. Тэгвэл бусад орнуудын үндэсний зөвлөлийн найман сайд эрчимтэй ажиллаж байна шүү дээ.

-Тухайлбал зөвлөлийн сайдууд юу хийх вэ?

-Манай Эрүүл мэндийн сайд статистик гаргахаас өөр юу хийж байгаа юм. Бусад оронд зам дээр осол гарвал тэр квадратыг хариуцсан эмч нь очиж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр та нар анзаарч байгаа бол манай эмнэлгүүд ингэхгүй байна. Госпитал буюу Цэргийн нэгдсэн эмнэлгийн хажууд аваар гарахад тэр эмнэлгээс хүн гарч ирэхгүй. Гэмтлийнхэн л ирж авна. Ийм бүдүүлэг тогтолцоотой байгаа. Бусад оронд бол өрхийн эмч байсан ч энэ квадрат дотор осол гарах юм бол чи гүйгээд очих ёстой гэсэн үүрэгтэй байдаг. Ямар ч байсан хүнийхээ амийг аварч байгаа юм. Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд “Ийм зам тээврийн осол болоод байна, халдварт бус өвчлөлийн гуравдугаар зэрэгт манай орон байна” гэж дэлхий дахинд мэдээлэл өгөхөөс зохион байгуулж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, ийм эм хэрэглэсэн бол хөдөлгөөнд оролцож болохгүй аюултай гэсэн жагсаалт байдаг. Гэтэл түүнийгээ сурталчлахгүй байна. Наад зах нь харшлын хлорфенамин гэдэг тайвшруулах эмийг уучихаад зүүрмэглээд машин бариад явж байна. Тэгээд урдуур нь хүн гүйхэд эрүүл хүн тоормоз гишгээд зогсчих газар дайрчихаж байх жишээтэй. Ийм эм бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд та хөдөлгөөнд оролцож болохгүй шүү гэдэг юмыг ЭМЯ тувт ярьж олон түмэнд ойлгуулж байх ёстой. Түүнчлэн жолооч бэлтгэх үйл ажиллагаан дээр хараа нь болж байна уу, өөрөө автомашин жолоодож болохгүй өвчтөн байна гээд хязгаарлаж байгаа юм алга. Тэгэхэд бусад оронд жолоодох үнэмлэхтэй байх эсэх асуудлыг ЭМЯ нь хариуцаж байна шүү дээ. Манайх уг нь замын хөдөлгөөний стратегиа баталсан орон. Түүнийг хариуцсан дэд бүтцийн сайд нэг ч удаа хурал хийсэнгүй. Тэр сайд яг Сангийн сайд шиг зам барих гэдэг зүйлээ л анхаарахаас биш хөдөлгөөний аюулгүй байдлаа хариуцахгүй байна. Одоо бол Ерөнхий сайд ганцхан зам тээврийг биш ерөөсөө л замын бодлого, хөдөлгөөн зохион байгуулалтын бодлого гээд энэ бүгдийг ажлын аппаратуудаараа бүгдээр нь хийлгэх юм. Эрх мэдлүүдийг орон нутагт өгнө гэдэг үүднээсээ Засаг дарга нарт нэлээд эрх өгсөн.

-Тухайбал, хотын дарга ямар эрх мэдэлтэй байгаа вэ?

-Түгжрэлийн асуудал, осол аваарыг бууруулах чиглэлээр хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийн дагуу ажлуудаа хийж зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах ажлыг цэвэр ИТХ, Засаг даргад үүргийг нь өгчихсөн шүү дээ. Аймгуудад бол ихэнхдээ хот хоорондын замд осол гардаг. Улаанбаатарт болохоор явган зорчигчид дайруулах нь их байна. Тэгвэл дайруулаад байгаа газар нь хайс хашлага, гэрэлтүүлэг, явган хүний гүүрэн гарц бүгдийг нь хийж өгөх юм. Тэгвэл нас баралт буурна шүү дээ.

-Онооны системтэй болж байгаа гэсэн?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хоёр машин мөргөлдөхийг манай иргэд хэвийн юм шиг ойлгодог болсон. Бид саяхан нэг статистик гаргасан чинь жилдээ нэг хүн дунджаар 100 удаа дүрэм зөрчсөн байна. Энэ арай дэндэж байна шүү дээ. Огт зөрчил гаргадаггүй хүмүүс байхад хэдэн зуугаар нь зөрчил гаргадаг хүмүүс байна. Зөрчил гаргаад байгаа хүмүүсийг болиулах талаар ажил хийх ёстой. Мөнгөтэй бол зөрчил гаргаад байж болох нь ээ дээ. Нэг өдөр хүн дайрах, машинтай мөргөлдөх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ хүмүүсийн зөрчлийн тоог хязгаарлахын тулд онооны систем гэдэг зүйлийг оруулж ирж байгаа. Онооны систем бусад оронд байдаг л зүйл шүү дээ. Тэдэн удаа зөрчил гаргах юм бол тэр хүний эрх цуцлагддаг. Тэгээд хууль дүрэм судлуулдаг. Ийм юмтай болж байгаа. Энэ бол шинэчилсэн хуульд гарч ирсэн томоохон зүйл.

-Зам тавьсан компанийн буруугаас болоод ч юмуу, траншейны таг руу ороод машинаа эвдсэн бол гомдлоо хаана гаргах вэ?

-Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж асуудлаа шийдүүлнэ. “Миний машин ингэж эвдэрлээ, худаг яагаад онгорхой байсан бэ. Төлүүлмээр байна. Зорчих хэсэг бүрэн бүтэн байх ёстой хуультай” гээд гомдлоо гаргана. Нийтийн эзэмшлийн замыг Улаанбаатар нэгтгэл хариуцдаг. Орон сууцны замыг СӨХ нь хариуцдаг. Бүгд л эзэнтэй байна шүү дээ. Тэр болгоны эзнийг олж бид хариуцлага тооцож байх ёстой.

-Явган зорчигч гарцгүй газраар гарах зэрэг зөрчил гаргавал замын цагдаа торгох уу, эргүүлийн цагдаа арга хэмжээ авах уу?

-Цагдаагийн албан хаагч хэн нь ч торгоно шүү дээ. Аль ч зөрчил дээр торгох эрхийг цагдаагийн албан хаагч бол хэн нь ч эдэлнэ.

-Малгайгаа дарж өмсөөд замаар хөндлөн гүйж гараад танигдахгүй өнгөрчихвөл яах вэ?

-Хэн байсныг тогтоож торгох ёстой.

-Орон тооны хувьд хангалттай хяналт тавих хэмжээний цагдаа байна уу?

-Засгийн газрын 153 дугаар тогтоол норм тогтоосон байдаг юм. Түүгээр бол суурин газар тээврийн хэрэгслийн тооноос хамаараад 350 тээврийн хэрэгсэл тутамд нэг гудамж, замын ажилтан байх ёстой. Тэгж тооцвол өнөөдөр манайд багаар бодоход 1200 цагдаа байх ёстой байтал 300 гаруй цагдаа л байна. Замын цагдаагийн одоогийн байгаа орон тоо бол 1990 оны тэр хэвээрээ байгаа. Нэг цагдаа дөрвөн хүний ажил хийж байна. Энэ байдал цагдаагийн бусад албадууд дээр мөн л байгаа. 150 км тутамд цагдаагийн байнгын постууд байж тэнд ажлын цагаар 8-9 хүнтэй баг ажиллаж байх ёстой. Гэтэл орон нутагт бас л дөрвөн цагдаагийн ажлыг нэг цагдаа хийж байна. Ихэнх замууд эзгүй байна.

-Есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Цагдаагийн албан хаагчдадаа хууль дүрмээ сурталчилж, ойлгуулах сургалт явагдаж байна. Улаанбаатар хотод хууль хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг бүх л агентлаг газруудад хүргэх, танилцуулах, бүтэц зохион байгуулалтаа яаж хийхээ ярилцаж байна. Энэ болгоныг хийж хэрэгжүүлэх зөвхөн цагдаагийн байгууллага биш нэлээд олон байгууллага тодорхой ажлууд хийж эхлэх байх аа.

-Гарцгүй газраар гарахад торгууль төлөх хуультай боллоо. Торгууль төлөх чадваргүй хүн байвал яах вэ?

-Бэлэн бусаар Улаанбаатар хотод торгоод эхэлчихсэн шүү дээ. Тэр цаг үед мөнгөгүй байлаа гэхэд тодорхой хугацааны дараа төлөх эрх байгаа. Тэгээд төлөхгүй бол бид шүүх шийдвэрийн газраар л дамжуулж явна. Шүүхэд асуудал тавихад захиргааны зөрчлийг биелүүлээгүй субъектыг бол албадан ажил хийлгэх, яах ийх шийдвэрийг шүүх гаргана. Цагдаа төлүүлэх ажлыг хариуцахгүй. Төлөхгүй яваад байгаа хүмүүс бүртгэгдээд яваад байна гэсэн үг. Дараа нь шүүхэд өгчихнө.

-Торгуулийн хэмжээг ихээр тогтоосон юм биш үү?

-Ерөөсөө эдийн засагтай нь ярих бол олон улсад шалгарсан арга. Бидний зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг сая төгрөгөөр торгох санал өгч байсан шүү дээ. Үүнийг хууль санаачлагчид бага болгосон. Гэхдээ давтан буюу хоёр гурав дахь удаагаас ихэснэ. Өмнө нь байсан торгууль анх гарч байсан үедээ их байсан ч одоогийн байдалтай харьцуулахад бага болчихсон байсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Галт зэвсэг, сумыг импортлох, худалдах байгууллагыг сонгон шалгаруулна

Ээлжит бус чуулганы хуралдааны хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг, Б.Наранхүү, Ш.Түвдэндорж нарын өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Сүүлийн жилүүдэд галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй гэмт хэргийн тоо ихэсч, хууль бусаар галт зэвсэг хилээр оруулах явдал нэмэгдсэн тул уг хуулийг шинэчлэн батлахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм билээ. Түүнчлэн энэ онд манай оронд олон улсын буудлагын тэмцээн болох тул тэмцээнд оролцогчдын галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах асуудлыг шийдэх үүднээс ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг оруулсан болохыг хууль санаачлагчид тайлбарлаж байсан.

Манай улсад галт зэвсэг хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь тодорхой бус, хариуцлагын хэмжээ сул байдаг тул галт зэвсгийг зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэсэн төрлүүдээр уг хуульд зохицуулан өгчээ. Ингэхдээ иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Иргэний галт зэвсэг гэдэгт ан агнах, спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг хамаарах аж. Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар эсвэл ээлжээр буудах боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байхаар тусгажээ. Гэхдээ сум нь зүрхэвчгүй байх ёстой гэнэ. Мөн спорт-сургалтын чиглэлээр ашиглах галт зэвсгийн сумны хошуу мөн л зүрхэвчгүй байхаар туссан байна.

Харин харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу хамгаалалтын алба, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэж нэрлэж байгаа юм билээ. Уг галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байх гэнэ. Хууль сахиулагчийн болон байлдааны зориулалттай галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулахаар болжээ.

Уг хуульд 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүн галт зэвсэг өмчилж болох юм байна. Мөн дээрх шаардлагыг хангаснаас гадна байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд галт зэвсгийг эзэмшүүлэхээр тусгажээ. Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших журмыг Хууль зүйн сайд батлахаар болжээ.

Харин иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулах бөгөөд сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн байна.

Галт зэвсгийг ямар хүмүүс ашиглаж болох талаар өгүүлье. Мэдээж галт зэвсгийг ашиглах этгээд нь Монгол Улсын иргэн байх шаардлагатай. Хуулийн этгээдийн өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Гэхдээ иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ өөрийн амийг бусдын зэвсэгт халдлага, амь бие, эд хөрөнгийг зэрлэг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болохоор хуульд тусгасан аж.

Галт зэвсгээ бүртгүүлэх иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой юм байна. Эхний ээлжинд галт зэвсэг худалдан авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын 10 хоногийн дотор байнга оршин суугаа газрынхаа цагдаагийнхаа байгууллагад бүртгүүлнэ. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрынхаа Засаг даргын тодорхойлолт, гурван хувь цээж зураг, галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмчлөх галт зэвсгийнхээ сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт, галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан гэрчилгээ, ямар нэгэн өвчин, согоггүй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолт хуудас авч ирэх шаардлагатай юм байна. Галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар хот болон суурин газар ашиглахыг хориглох гэнэ. Өмнө нь галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэж байсан хүн галт зэвсэг ашиглах эрхгүй байхаар хуульд заасан байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах асуудлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хийхээр болжээ. Ингэхдээ хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зөвшөөрөл олгох аж. Галт зэвсгийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл зургаан жил байх ч тусгай зөвшөөрлийг сунгаж болно гэжээ. Галт зэвсэг, сум худалдаж авч байгаа бол тухайн иргэн хуулийн этгээд борлуулагчаас галт зэвсэг худалдан авч буй хүсэлтийг цагдаагийн байгууллагад бичгээр гаргана. Харин цагдаагийн төв байгууллага хүсэлт хүлээн авснаас хойш ажлын тав хоногт иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн олгох юм. Харин галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэхээр болсон бол худалдсан, өвлүүлсэн, бэлэглэсэн тухайгаа ажлын 10 хоногт багтаан цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулах юм байна. Түүнчлэн галт зэвсэг эзэмшихгүй гээд иргэн, хуулийн этгээд өөрийн сайн дураар галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлж болох гэнэ.

Галт зэвсгийн тухай хуульд галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулэх эрхтэй. Гэсэн ч гурван жилийн дотор хэн нэгэнд худалдан борлуулахыг хуулиар хоригложээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох юм.

Хот, суурин газарт, эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, замгийг цоожилж, сумыг тусад нь байлгах ёстой бөгөөд зориулалтын сав хайрцагт аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх юм байна. Ингэхдээ мэдээж галт зэвсгийн үнэмлэхийг давхар авч явах шаардлагатай.

Өвчин, согогтой хүн галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон, хуулиар хориглосон иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон, эрэн сурвалжилж байгаа галт зэвсэг бол, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, галт зэвсгийн үйлдвэрийн хийцийг өөрчилсөн, хууль бусаар ашигласан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан галт зэвсэг сумыг хурааж, ажлын тав хоногийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ. Түүнчлэн галт зэвсэг эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан бол галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хураах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэжээ.

Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хуулиар ял оногдуулахгүй бол зөрчлийн шинж, чанараас хамаарч цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан иргэнийг 40.0-200 мянган төгрөгөөр торгох, галт зэвсгийг хураах юм байна. Мөн хуулийн этгээдийг 150.0-1 сая төгрөгөөр торгох, галт зэвсгийг хураах, албан тушаалтныг 80.0-200 мянган төгрөгөөр торгох, галт зэвсэг борлуулагчийг 40.0-80 мянган төгрөгөөр торгохыг эрх бүхий ажилтан зохион байгуулж шийтгэл ногдуулах ажээ.

Э.ЭНХ