Categories
мэдээ цаг-үе

Хөгжмийн импрессионизмын эцэг Клод Дебюсси

“Хөгжим бол ноотуудын хоорондох орон зай юм”

Импрессионизмын загалмайлсан эцэг Францын хөгжмийн зохиолч Клод Дебюссийн мэндэлсний 151 жилийн ой, түүний төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиож дэлхий нийтээрээ түүнийг дурсав. Тэрбээр 1862 оны наймдугаар сарын 22-нд Парис хотын дагуул хот Сен Жерменд төрсөн. Дээрх алдартай ишлэл бол түүний хэлсэн үг. Хөгжмийг байж болох хамгийн өргөн хүрээнд авч үзсэн байхын хамт Дебюссийн хөгжмийн хэв шинжийг бүхэлд нь илэрхийлэх шиг. “Гүүгл” компани ойрын өдрүүдэд түүний “Сарны гэрэл” төгөлдөр хуурын зохиолоор сарны туяанд булхсан голын тохойг дүрсэлсэн энимэшн хийж нүүр хуудсаа чимлээ. “Сарны гэрэл” зохиол нь 1890-1905 онд бичсэн “Сюит Баргамаска” хэмээх симфони чуулбарынх нь гуравдугаар анги, Францын их яруу найрагч Поль Верлений “Сарны гэрэл” нэртэй яруу шүлгээс сэдэвлэсэн төгөлдөр хуурын зураглал юм. Дебюссийн нэр яагаад хөгжмийн импрессионизмтой нэгэн нэр мэт сонсогддог вэ. Тэрбээр сонгодог хөгжимд эргэлт, хувьсгал хийж, өнгө зохирлын шинэ концепцийг үндэслэн хорьдугаар зууны цоо шинэ хөгжмийг бүтээсэн хүн юм. Түүнчлэн төгөлдөр хуурын зохиолд прелюди зэрэг зохиолын хэд хэдэн хэлбэрийг бий болгожээ. Сэтгэл татам уран дүрслэл, хурц тод мэдрэмжээр амилсан уламжлалт бус өнгө зохирлын шинэ концепц нь хорьдугаар зууны хөгжмийн үндсэн хүч, суурь болж өгчээ. Дебюсси хөгжмийн зохиолын байгууламж, хөг эгшиглэгээний системийг өндөр түвшинд хөгжүүлсэн нь хөгжимд хийсэн эрс эргэлт байв. Энэ эргэлтээр дэлхийн хөгжим романтизмаас модернизмд шилжив. Ийнхүү эрс өөрчлөлтийг хийхдээ хэмнэлийг баяжуулж, эгшгийн өгүүлэх хүрээг өргөтгөв. Тухайн үеийн шинэчлэгч зураачид Клод Монэ, Дега нарын сэтгэлгээ Дебюссийн сэтгэлийг ихэд татаж байв. Францын уран зурагт гарсан шинэчлэл хөгжимд мэдээжээр нөлөөлжээ. Гэхдээ Дебюссийн уран бүтээлийг импрессионизмаас ч өргөн хүрээтэй гэж үздэг. Тэрбээр маш өндөр боловсролтой нэгэн байжээ. Дебюссийн хөгжимд сэтгэл хөдлөм ер бусын өөдрөг бадрангуй романсууд нь мартахын аргагүй. Тэдгээр романсаа Францын яруу найргаас сэдэвлэсэн байх бөгөөд Поль Верлений шүлгүүдээр хэд хэдэн романс бичсэн. Жишээ нь, “Мандолин”, “Сарны гэрэл”, “Нам гүм дунд” гэхчлэн. Дебюссийн романсууд нь төгөлдөр хуурын дуурьслын зарчмыг шинэчилсэн гэдэг бөгөөд романсуудаа оюутан байхаасаа бичиж эхэлсэн байх аж. Түүний дөчөөд романс нь дуулаачдын урын сангийн эрдэнэс болон үлджээ. Дебюсси хөгжмийн амьдралаа нэн багаасаа эхэлсэн байдаг. Арван настайдаа Парисын консерваторт элсэн орсон байна. Яруу найрагчдын уран уншлагын үдэшлэгт байнга очдог байсных, Маллермогийн зохиолоор “Дагинасын үдшийн амралт” зохиолынхоо удиртгалыг бичсэн. 1892-1894 онд бичсэн энэ бүтээл нь машид алдартай юм. Түүний симфони зохиолууд нь санаанд оромгүй чамин тансаг зураглал, өвөрмөц сонин зохиомж найралжуулгаараа бусдаас эрс ялгаатай. 1903-1905 онд “Тэнгис” байгалийн зураглалаа, 1908 онд ”Иберия” симфони чуулбараа бичжээ. 1902 онд “Пеллиас Мелизанда хоёр” дууриа бичиж тайзнаа тавьжээ. Дуурийн анхны тоглолтын дараа “Яруу найргийн сэтгэл булаам увдис, давтагдашгүй зохиомжийн шинэ арга маяг бий боллоо. Энэ бол дэлхийн дуурийн импрессионист чиглэлийн агуу суут бүтээл болжээ” гэж тухайн үеийн хөгжмийн нэрт зохиолчид үнэлж байжээ. Улмаар энэ дуурь нь түүний дараагийн бараг бүх зохиолуудад гүнзгий нөлөө үзүүлсэн байдаг. “Пеллиас Мелизанда хоёр”-ыг 1893-1902 онд бичсэн. Дуурийн анхны тоглолтоос мэргэжил нэгтнүүд нь импрессионизмын агуу бүтээл төрлөө гэж дуу алдаж байсны хамт нийгэмд ихээхэн сенсаац дэгдэв. Нэг хэсэг нь шүүмжилж, нөгөө хэсэг нь биширчээ. Дуурийн цомнолыг алдарт “”Цэнхэр шувуу”-гийн зохиолч Метерлинк бичсэн. Гэтэл тэрбээр хөгжмийн зохиолчтой санал зөрөлдөн анхны тоглолтын дараа бараг л буудалцахдаа тулсан байдаг. Гэсэн ч Метерлинк ч, Дебюсси ч үүгээр хайр дурлалын сэдвийг гайхалтай яруу сайхнаар амилуулжээ. Дебюсси энэ дуурийнхаа талаар “Би хөгжмийн сэтгэл хөдлөл, тоглогчийн хувийн сэтгэл хөдлөл хоёрыг тасралтгүй үргэлжийн, нэгэн бүхэл цогц байлгах гэсэн юм” хэмээн дараа нь өгүүлжээ. Тэрбээр энэ дуурьтаа яруу найргийн символизмын аргыг ашигласан байх аж. Дуулаачдын тал дээр, гоцлон дуулаач найрал хөгжим хоёрын харьцааг ч шинэчлэхийг хүсчээ. Тиймээс харилцан яриа, хүүрнэл, үглэн дуулах хэлбэрийг ихэнхдээ оруулж ирсэн байх ажээ. Дебюссийг зохиолоо бичихдээ хөгжим дээр удтал тоглон найруулан хөгжимдөж байж бичдэг байсан гэдэг. Игорь Стравинскийн хэлснээр Дебюссийн хөгжим нь “хорьдугаар зууны хөгжмийн эхлэх цэг” нь болжээ. Дебюсси хөгжмийн зохиолчоос гадна удирдаач, төгөлдөр хуурч байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Европын орнуудаар аялан тоглолт хийсний хамгийн сүүлийнхийг нь 1913-1915 онд Москва, Петрбургт хийжээ.

Хувийн амьдралдаа амаргүй сорилтыг туулав

Одоо Дебюссийн хувийн амьдралаас товчхон сонирхъё. Хувийн амьдрал нь байнгын адармаатай байв. 18 настайдаа Парисын албан хаагч Генри гэгчийн эхнэр хэмээх дуучин эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж найман жилийн турш амрагийн харилцаатай байв.1884 онд тэд саллаа. Римийн дээд шагнал хүртсэний учир Италид хоёр жил амьдрах шаардлагатай болов. Ингээд тэд салжээ. Уг шагнал нь ийм болзолтойгоор олгогддог байжээ. Гэвч Дебюсси үүнд тийм ч таатай байсангүй. 1888 онд тэрбээр хожим ногоон нүдэн Габи хэмээн алдаршсан Габриель Дюфонттой танилцаж удалгүй хамт амьдрах болов. Гэсэн ч удалгүй түүнээс “чөлөөлөгдөх”-ийг хичээх болжээ. Энэ хоорондоо дуучин Тереза Ружер гэгчтэй амрагийн холбоотой болов. Тэд маш богино хугацаанд дотносон сүй тавихдаа тулав. Эцэст нь тэр Дюфонтын найз загвар өмсөгч Розали Тексьертэй танилцаж 1899 онд тэд гэрлэв. Розалигийн эелдэг, илэн далангүй зан, Дебюссийн найз нөхөд, ер бүх хүмүүст ихэд таалагддаг байсан хэдий ч,энэ бүхэн нэг л худал хуурмаг болохыг мэдэрч, мөн хөгжмийн мэдрэмжгүй байдал зэрэг нь Дебюссийн уурыг бардаг болов. Тэр ч бүү хэл Розалигийн царай зүс нь хүртэл цагаасаа эрт өтлөхийн дээр, хүүхэд төрүүлэх чадваргүй байв. 1904 онд Дебюсси нэгэн шавийнхаа ээж Эмма Бардактай учрав. Парисын банкны эзэн Зигсмунд Бардакийн эхнэр энэ эмэгтэй хоёр хүүтэй байсан бөгөөд том хүү нь Дебюссийн шавь нарын нэг байв. Эмма үүнээс өмнө Францын нэрт хөгжмийн зохиолч Габриель Фюретэй мөн амрагийн харилцаатай байжээ. Эмма авьяаслаг дуучин, бас гайхалтай сайн харилцан ярилцагч байв. Эммад зориулж Габриель Фюре Поль Верлений шүлгээр «La bonne chanson» нэртэй дуулаачийн цуврал бүтээл туурвисан нь маш алдартай. 1905 оны тавдугаар сард Зигсмунд Эмма нар салав. Мөн оны аравдугаар сард Эмма Дебюссигийн охиныг төрүүлэв. Тэд охиноо Клод-Эмма хэмээн нэрлэв. Эцэст нь 1908 онд Дебюсси Эмма хоёр гэрлэв. Дебюсси охиндоо зориулж 1909 онд “Хүүхдийн булан” цуврал аяз бичлээ. Дебюсси Розалид үнэнийг бичжээ. Гэрлэлт нь бүтэлгүйтсэн загвар өмсөгч бүсгүй өөрийгөө буудаж амиа хорлохыг завдав. Сумны шархнаас болж тэрбээр насан туршдаа суумгай болжээ. Үүнээс үүдсэн шуугиан дуулианы улмаас олон найз нөхөд нь Дебюссигээс холджээ. Эммаг гэрлэлтээ цуцлуулснаар тэр хоёр Англид богино хугацааны аялал хийж тэнд түр амьдрав. Энэ үед Дебюсси “Тэнгис” хэмээх симфони сюитээ бичсэн. Энэ бол машид алдаршсан бүтээл. Тэд Англиас Парист буцаж ирэн байшин худалдан авч энэ байшиндаа хөгжмийн их зохиолч насан туршдаа амьдрав. Энэ байшинд хөгжмийн их зохиолчийн цорын ганц хүүхэд болох Клод-Эмма нь мэндлэв. Дебюсси Эмма хоёрын амьдрал амаргүй сорилтыг туулан давж хэцүүхэн нөхцөлд үргэлжилсэн ч хөгжмийн зохиолчийг 1918 онд нас барах хүртэл нь тогтвортой үргэлжилсэн юм. Охин Клод-Эмма нь түүнд хөгжмийн оргилсон их онгод тэмүүллийг хайрлажээ. Харамсалтай нь охин аавыгаа өөд болсны дараа жил эмч нарын буруу эмчилгээнээс болж нас баржээ. Дебюсси 55 настайдаа тэнгэрт хальсан. Францын засгийн газар Дебюссиг 1903 онд Францын үндэсний баатар одонгоор шагнаж байв.

Н.Пагма

Categories
мэдээ цаг-үе

Саят Исембаев: Саян эцэг, эх гэр бүлийнхээ төлөө эргэж ирсэн

Казахстаны “Рэкетир” киноны хоёрдугаар анги өнгөрсөн баасан гаригт Монголд нээлтээ хийлээ. Нээлт “Өргөө” кино театрт болсон бөгөөд уг киноны нэгдүгээр ангийн гол дүр Русланд тоглосон Мурат Бисенбин, Саянд тоглосон Саят Исембаев нар болон “Сатай фильм”-ийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар иржээ. “Рэкетир” киноны уран бүтээлчдийг “Тэнгэрийн Модун” ТББ урьж авчирсан бөгөөд цаашид “Сатай фильм”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор Монгол болон Казахстаны кино контентуудыг хоорондоо солилцохоор болсон аж. Тус киноны нэгдүгээр анги 2007 онд нээлтээ хийж байжээ. Харин “Рэкетир-2” кино ийнхүү Монголд нээлтээ хийлээ. Уг киноны дууг реппер GEE, Desant нар хамтран дуулжээ. Ингээд “Рэкетир” киноны уран бүтээлчид нээлтийн үеэр сэтгүүлчидтэй цөөн хором ярилцсаныг хүргэе.

-“Рэкетир” киноны гол дүр бодит дүр гэсэн байх аа?

Саят Исембаев: Энэ киног ЗХУ задарснаас хойших үеийн энгийн ардын амьдралыг харуулахаар Саяна Беккаримова гэх тамирчин залуугийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээсэн.

-Хоёрдугаар ангид Саян яах бол?

Саят Исембаев: Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Энэ ертөнцөд үнэгүй зүйл байдаггүйг Саян ойлгож байгаагаар хоёрдугаар анги эхлэх болно. Хүнд ганц л амьдрал заяадаг. Тэгвэл Саянд хувь заяа нь хоёр дахь амьдралыг бэлэглэнэ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинээр эхэлсэн. Гэвч нэг өдөр талийгаачийн дүү өс хонзонд автсан Була гарч ирнэ. Ингээд дахин түүний амьдрал ээдрээтэй болж байгаагаар кино маань үргэлжилдэг.

-“Рэкетир”-ээр дамжуулж үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бол?

Саят Исембаев: Гол зорилго нь залууст гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн хор уршгийг ойлгуулах, мэдрүүлэх.

-Киноны нэгдүгээр ангид ямар үйл явдал өрнөснийг товчхон сэргээж өгөөч?

-Мурат Бисенбин:Киноны нэгдүгээр ангид тэртээх 1990-ээд оны үед Алма-Атад өсөж торнисон авьяаслаг боксчин Саяны тухай гардаг. Түүний хувьд амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй уусан орж буй үйл явц сонирхолтой адал явдлаар өрнөдөг.

-Киног үзсэн хүн бүхэн түүнийг үхсэн гэж бодож байсан байх?

-Мурат Бисенбин:Тэгж бодож байна. Энэ эргэлзээг тайлахын тулд хоёрдугаар анги хийгдсэн. Руслан нас бараад арван жил өнгөрсөн байна. Харин Саян эргэн ирснийг монголчууд та бүхэн манай “Рэкетир-2” киноноос үзэх болно.

-Гуравдугаар анги хийгдэх болов уу?

Мурат Бисенбин: Одоохондоо хэлж мэдэхгүй байна.

-Монголын кино урлагийг сонирхож үзэв үү. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монголчууд маш элгэмсэг хүмүүс санагдлаа. Ямартай ч танай улсад зочилсондоо баяртай байна. Монголын кино урлаг цаашид өргөжиж хөгжинө гэдэгт тун итгэлтэй байна. Бид цус нэгтэй хүмүүс. Тиймээс хамтдаа олон уран бүтээл дээр амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.

Ингээд Монголын бүх кино театруудаар гарч буй “Рэкетир-2” киноны жүжигчдийг танилцуулж байна.

Саят Исембаев

1975.10.14-нд төрсөн 1993 Селезневийн нэрэмжит Хореографын сургууль төгссөн. 2000 оноос Урлагт хөл тавьсан нэгэн. Казахстаны урдаа барьдаг жүжигчдийн нэг.

“Рэкетир-2”-д гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа Саяны дүрийг бүтээсэн.

Асель Сагатова

“Рэкетир-2”-д Саяны эхнэр Аселийн дүрийг бүтээсэн. Тэрээр 1984 оны тавдугаар сарын 5-нд Семипалатинское-д төрсөн . 2000 онд “Мисс 31” канал өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд 2004 оноос кино урлагт хөл тавьжээ.

Жан Байжанбаев

1961.1.5-нд төрсөн.1984оноос “Казах Фильм”-д жүжигчнээр ажиллаж байна.

“Рэкетир-2” кинонд Жаны дүрийг бүтээсэн. Жан бол бизнесийн өндөрлөгт бохир заваан замаар хүрсэн нэгэн. Мөнгө нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй, нэгдүгээр ангид нэгэн цагт нөмөр нөөлөгт нь багтаж явсан Русланыг хөлсний алуурчнаар алуулсан билээ.

Аружан Джазильбекова

1986.2.25-нд Алма-Атад төрсөн. 2004 онд Ford Models Supermodel of the Kazakhstan миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. “Рэкетир-2” кинонд Альбина буюу (Жаны) баян айлын эрх дураараа ч нөгөө талаараа гэнэн шударга охины дүр бүтээсэн.

Д.Даваасүрэн

Г.Даваамаа

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнх-Эрдэнэ: Сонинд гарсан хоолны жоруудыг цуглуулдаг байсан

Энэ сарын 11-16-нд Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн олимп Бразилийн Сан Пауло хотод болж өнгөрсөн. Үүнд манай улсаас есөн мэргэжилтэн оролцсон юм. Уг тэмцээний тогоочийн мэргэжлийн төрөлд 479 оноо авч оролцоод ирсэн Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дэлхийн ур чадварын тэмцээнд улсаа төлөөлж оролцохоор хэрхэн сонгогдож байв?

-Би өнгөрсөн хавар Техник технологийн дээд сургуулийг төгссөн. Энэ оны гуравдугаар сард дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүүхдийг шалгаруулахад сургуульдаа түрүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Ингээд бүх аймаг, дүүргүүдээс төлөөлөл оролцсон тэмцээнд түрүүлээд Бразил явах болсон доо. Нэг улсаас нэг л мэргэжилтэн оролцдог юм билээ. Тийм болохоор шалгарсныхаа дараа сургуулиас гадна “Тэрэлж”, “Ханддоржийн өргөө”, “Таби”, “Хаши” зэрэг ресторануудад бэлтгэл хийж ахлах тогооч нараас хоол хийхийг суралцсан. Дэлхийн ур чадварын тэмцээнд 35 орноос төлөөлөл байсан. Нийтдээ 50 гаруй мэргэжлээр уралдсан юм. Бүх тэмцээнд Бразилаас оролцож байсан. Мөн Япон, Солонгосын баг бараг бүх тэмцээнд оролцох нэлээд том бүрэлдэхүүнтэй ирсэн.

-Тогоочийн төрөлд аль улс түрүүлсэн бэ?

-Манай мэргэжлээр алтан медалийг 545 оноогоор Хятад, мөнгөн медалийг 520 оноогоор Солонгос, хүрлийг 510 оноогоор Бразилийн оролцогч хүртсэн. Миний хувьд 479 оноо авсан. Бүх оролцогч адил хоол хийгээд түүнээс нь олон зүйлийг нь харж оноо өгдөг. Ерөнхийдөө ариун цэврийн байдлыг 60 хувьд анхаардаг юм билээ. Хоол хийх үйл явцад нийт онооны 40 хувь л байна гэсэн үг. Ногооны зутан шөл, тахиагаар хийх хоол, үхрийн махан стейк, паста, фингэрфүүд, кэкс гээд долоон төрлийн хоол хийх даалгавар өгсөн.

-Шинэ мэдэхгүй юм байв уу?

-Янз бүрийн сортын мэдэхгүй ногоонууд олон байдаг юм билээ. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд судалж байгаад л орсон. Тоног төхөөрөмжийн ялгаа их байсан. Шарах шүүгээнүүд нь бүгд мэдрэгчтэй. Ямар хоолыг хэрхэн хийхийг тохируулдаг ухаалаг байсан л даа. Тийм шарах шүүгээ манайд цөөхөн байдаг юм билээ. Би явахаасаа өмнө хайгаад олоогүй юм. Тэгээд тэмцээний эхний өдөр тоног төхөөрөмжтэйгөө танилцаж ажиллуулж байж мэдсэн.

-Ариун цэврийг 60 хувь анхаардаг гэдгийг тодруулахгүй юу. Манай хоолны нэвтрүүлгүүдэд тогооч нар малгай өмсөөгүй харагддаг бас гар хуруугаараа амсаад байгаа харагддаг?

-Тогооч хүн цэвэрхэн байж хоол нь эрүүл гарна шүү дээ. Тэмцээний хувьд ширээ, түмпэн саваа зөв угааж байгааг болон дарааллыг нь анхаарч байсан. Мөн ширээний эмх цэгц, ногоогоо хэрхэн хальсалж байгаа, хоол амсахдаа нэг удаагийн халбагаар эсвэл амссан бол шууд халбагаа угаах зэргийг хүртэл анхаардаг. Мах барьсан болон ногоо хальсалсан бол шууд гараа угаах ёстой. Хоолны орцуудыг хэрчих хавтангууд нь ч тусдаа. Тавгаа халааж байгаад хоолоо таваглах ёстой. Мөн тавганд хурууны хээгээ гаргасан байвал шууд л оноо хасна.

-Тэмцээн болсон газарзүйн онцлогоос шалтгаалж хоол хийхэд анхаарах зүйл байсан уу?

-Арай нам дор газар болохоор ч юм уу өөрчлөлт байсан. Тухайлбал, манайд лууванг 10 минут буцалгаж байж болгодог. Харин тэнд хоёрхон минут буцалгаад болдог байх жишээтэй.

-Танай гэр бүлд тогооч хүн бий юу. Яагаад тогооч болсон бэ?

-Манай ээж оёдолчин, аав цахилгаанчин хүн бий. Би яагаад ч юм багаасаа л тогооч болно гэж боддог байлаа. Тэгээд зурагтаар хоолны нэвтрүүлэг гарвал үзэж, сонин дээр нийтлэгдсэн хоолны жоруудаар хайчилбар хийж цуглуулдаг байсан.

-Гэрийнхэндээ ямар хоол хийж өгөх дуртай вэ?

-Европ талын хоол хийх сонирхолтой. Би Мөнхгэрэл, Сарантуяа, Сарангэрэл гээд гурван дүүтэй айлын том хүүхэд л дээ. Дүү нар цуйван хийлгэх дуртай.

Ж.Баярсайхан

Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй-XXI” зуун сургуулийн амь нэгтэй ангийнхан

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Ирээдүй-XXI зуун” ахлах цогцолбор сургуулийг 2007 онд төгсөж байжээ. Сургууль маань 2000 онд ЗДТГ-ын ард талын урт цагаан байшинд байгуулагдаж байсан болохоор ингэж нэрлэсэн байх л даа. Өнгөрсөн зун 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Сургуулийн ууган сурагчдын нэг гэгдэх ер нь сайхан шүү. Анх байгуулагдахдаа бусад сургуулиудаас нэг нэг анги татаж авсан юм. Тийм болохоор ч зургаа болон гуравдугаар хорооныхон III арван жилд, дөрөв, хоёрдугаар хорооныхон II арван жилд, долоо, наймдугаар хорооныхон I сургуульд сурдаг байтал манай ангийнхан Мөрөнгийн төвийн өнцөг булан бүрт гэртэйгээрээ онцлог. Тал талд гэртэй шиг өөр өөр сонирхолтой хүүхдүүд байжээ. Өнөөдөр Н.Бямбабаяр Анагаах ухааны үндэсний их сургуульд багш, А.Нандинцэцэг NTV телевизэд найруулагч, Ч.Чойжамц “Хас” банкинд эдийн засагч, Ж.Лхагважаргал Мөрөнгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучин, П.Ууганбаяр аймгийн ЗДТГ-т жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Ж.Даваахүү Арбулаг суманд газарзүйн багш, Г.Эрдэнэбаатар Гэмтлийн эмнэлэгт эмч гээд үргэлжилнэ. Энд тэнд төрөл бүрийн л ажил хийцгээж байна. Бүгдийг нь бичвэл дэндүү нуршуу болох байх л даа.

Манай ангийнхны хамгийн их хүлээдэг зүйл нь спортын тэмцээнүүд байж. Б.Мөнхсүлд, Пүрэв-Очир, Н.Түмэнцэнгэл, Д.Ганзориг гээд ангийн хөвгүүдийн бараг тал нь сагс, волейбол, жүдо, чөлөөт бөхийн дугуйланд явна. Хаана л тэмцээн уралдаан болно сайн оролцдог болохоор ангийнхан спортын уралдаануудыг алгасалгүй үзнэ. Бүүр бардаад бусад багийнхны хөгжөөн дэмжигчид дунд очиж суудаг л байлаа. Аминдаа илүүрхэж байгаа юм. Өнөөдүүлийн дэмжиж байгаа багийг хожиж байхад нь ганцаараа орилж дэмжээд л, баахан хорссон харц өөр дээрээ тусгаад сууж байна. Одоо бодоход ичмээр ч хүүхдийн л зан байж дээ. Спортод дуртай болцгоосон нь ч учиртай. Жүдогийн дугуйланд манайхан ч тавдугаар ангиасаа ихэнх нь явсан даа. Учир нь Цэрэннадмид багш хичээл заадаг байсан болохоор тэр байх. Бэлтгэл хийхээр очих бүрт л хавчуургатай гурилан боов өгнө.

Идэх юм өгдөг байсан нь ч биш ерөөс тэр сэтгэл нь татаад байдаг байсан юм. “За жаахан юм идчихээд биеэ халаа. Өлөн ходоодтой бэлтгэл хийвэл олигтой болохгүй. Тэгээд булчин чинь ч томрохгүй” гэнэ. Өнөөхийг нь идчихээд хувцсаа солиод гүйж өгнө дөө. Үнэхээр л хүч чадал ороод ирэх шиг л санагддаг байсан юм. Бид жүдогийн дугуйланд явахын тулд комиссын бараан дээрээс таеквондогийн кимоно авч өмсдөг байжээ. Тэр үеийн зурагнууд байдаг л юм. Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл тавьж чаддаг багш ганцаар тогтохгүй л дээ. Монгол хэлний Хишигжаргал багш байна. Бүгдийг нь ном уншуулж байж санаа амардаг хүн байсан байх аа. Сургуулийн байтугай аймгийн төв номын санд карт нээлгээд ном уншихыг шаардана. Өөрөө долоо хоног бүр аймгийн номын сан дээр очиж картыг нь шүүж биднийг ямар ном авч уншсаныг үздэг байж билээ. Бид ч багшийн хичээлийг тасална гэж үгүй. Хэн ямар ном уншсаныг хэлээд тэр номных нь тухай яриулна. Өөрөө уран зохиолын талаар хачин гоё ишлэлүүд хэлэх. Үүнээс ч үүдсэн үү монгол хэлний бүсийн олимпиадад манай анги ангиараа гуравдугаар байрт шалгарч байсан юм. Одоо ч идэх юм зөөж, амралтынхаа өдрөөр номын сангийн тэр олон картыг шүүж, тэмдэглэл хийж суугаа биз дээ, багш нар маань.

Тавдугаар ангиас наймдугаар анги хүртэл Нарангэрэл багшийн удирдлага дор суралцсан. Багш орос хэлний хичээл заана. Бие жаахан муутай хүн л дээ. Тийм болохоор ангийнхан чив чимээгүй л сууцгаадаг байсан. Хэрвээ шуугилдаад багшийг орилуулбал ухаан алдаад уначихна гэж айдаг байсан юм. Нэг удаа ухаан алдаад сэргэхгүй хэдэн минут болоход нь ангиараа бөөн уйлаан майлаан болж байлаа. Тэгж хаширсан хүмүүс ер нь үймүүлэхгүй л дээ. Сонин нь багшийн биеийг бодож үймүүлэхгүй суух нь хичээлийн ахицад нөлөөлж байлаа. Харин наймдугаар ангиас технологийн Дүүрэнжаргал, шугам зургийн Уужимбаяр, газарзүйн Батлхагва, Уранбилэг гэж баахан анги даасан багш нар солигдлоо. Тэгсээр нийгмийн ажилтан Ю.Цэнгэлмөрөн багш дээр тогтсон.

Бид чинь наймдугаар ангиас аравдугаар ангид шууд ороод арваннэгдүгээр анги гэж төгсөж байсан юм. Сүүлийн хоёр жилд нь Цэнгэлмөрөн багш л биднийг чиглүүлнэ. Чанга дуугаар ярьдаггүй, сайхан инээмсэглэдэг багш. Багш шавь гээд баахан ёс суртахуун дамжихгүй амар хүн дээ. Сурагчдынхаа найз шиг л явж байна. Нөгөө хэдийнхээ дурлалын асуудлыг ч сонсоод л зөвлөөд явдаг байсан байх. Өнөө Боловсролын яамныхны яриад байдаг “Багш хүн сурагчтайгаа найз, зөвлөгч байх ёстой” гэсэн үг багшийг л санагдуулаад байдаг юм. Тийм ч болохоор нэг л мэдэхэд үгэнд нь орчихсон элдвийн ажил хийгээд явж байдаг байлаа. Мөрөнгийн төвийнхөн нүүрс түлнэ гэж үгүй. Намар болохоор дэнэгэр дэнэгэр нойтон гуалингууд “Зил-130” машины тэвшээр аваад хашаандаа хураачихдаг байлаа. Одоо энэ ойн байцаагчид харвал бараг цус харвах байх. Тэр түлээнээс хөрөөдөцгөөнө дөө. Хүүхдүүд л болсон хойно цугларах боломжийг алдахыг хүсэхгүй. Ангиараа хэн нэгнийхээ эмээ, өвөөгийн түлээг хөрөөдөж, хагалж, хурааж өгнө. Мөн зарим айлд очиж тогтсон хөлсөөр түлээг нь янзална. Гэр гэрээсээ цүдгэр хөрөө, сүх, балт авчраад нэг л амралтынхаа өдөр түжигнүүлж орхидог байлаа. Түүнээс авсан мөнгөө ангийн дарга Нандинцэцэгт хадгалуулна. Өнөөх нь баасан гариг бүр хичээлийн дараа болдог ангийн хурал дээр “Ангийн угаалтуурын хагарсан толийг сэлбэж тэдэн төгрөгөөр авлаа. Тэрийг эмнэлэгт хэвтэхэд нь ангийн өмнөөс эргэж ийм ийм гурилан боовыг тэдэн төгрөгөөр авч аваачиж өгсөн. Одоо тэд үлдээд байна” гээд тайлагнана. Түүнийгээ “ангийн мөнгө” гэж нэрлэнэ.

Хичээл бүртээ сайн сурагчтай. Бямбасүрэн гэхэд монгол бичгийн аймгийн гурван удаагийн аварга. Ердөө гурван удаа л орсон гэж байгаа. Өнөртогос, Чойжамц нар алгебрын хичээлийн аваргууд гэгдэнэ. Аваргуудыг харин Ууганбаяр, Бямбабаяр, Хосбаяр нарын нөхөд зөвшөөрдөггүй байсан байх аа. “Өөнөөгийн ард сууж л хуулахгүй бол алгебрын шалгалтад балрах байх” гээд хамаг нууцаа ярихад өнөө амбангийн Жигмэд “Молиго Очир, молиго Очир гэнэ. Ямар гар зөрүүлж үзсэн биш” гэдэг шиг хариу хэлнэ.

Хоч нэр ч зөндөө. Бүр бүтэн өгүүлбэрээр ч хоч өгчихнө. Бор царайтайгаа Цагаанаа гэж дуудна. Үүрийнтуяагаа “хүүрийнтуяа” гэж байж баахан гомдоогоод больцгоосон юм. Нэг хэсэг Д.Отгонбаяр “крант” гэдэг хочтой болчихвоо. Мөрөнгийн тал бүрд гэртэй хүмүүс байдаг болохоор яахав гэрийн зүг явдаг явдгаараа л үлдэж ангиа цэвэрлэдэг байлаа. Цэвэрлэхдээ сургуулийн өлгүүрийн дэргэдэх паарнаас усаа авна. Гэтэл нэг удаа паарнаас ус авдаг крантны түлхүүрийг жижүүр аваад явчихаж. Ёрдойсон нарийхан шон нь үлдчихсэн хэрэг. Ангиа цэвэрлэхээр үлдсэн баахан хүүхэд шаваастай. Тэгтэл манай Отгоо хувингаа барьж очоод мойног хуруугаараа өнөө шонг нь мушгиж усаа авчихаад буцааж хаагаад явчихсан гэж байгаа. Ангийн үүдэнд баахан охидууд дагаж ирээд “ус авах гэсэн юм” гээд зогсчихсон байж билээ. Булчин шөрмөс сайтай хэрнээ уяхан гэж жигтэйхэн. Түмэнцэнгэл нэг удаа цуг явж байгаад болжмор алсан байгаа юм. Өнөө “крант” маань “Энэ болжмор алчихаад нис нис гээд шидээд байсан” гээд уйлчихсан явсан юм даа. Гэхдээ нунж дорой, маанаг эр ч биш шүү. Аливаа юм болоход Отгоогийн амыг дагах нь олон байсан даа. Одоо харин ангийн охин Уранчимэгтэй хуримлаад хоёр хөөрхөн хүүхдийн ээж, аав болоод хувиараа бизнес хийгээд л гялалзаад явж байгаа.

Зугаалга хийх гэж хавар бүр л юм юм болно. Ээж, аавууд тэр бүр явуулахгүй дээ. Багш ч “Эцэг, эх чинь дургүйцнэ” гээд халгаахгүй. Өнөө хэд нь гэр гэртээ очоод “Надаас бусад нь явах гэж байна” гэж гоншгонодог. Тэгээд өөрсдөө хуйвалдаад эцэг, эхийнхээ өмнөөс багшдаа захиа бичсэн гээд цаас авчирцгаана. Багш юу гэж итгэх вэ дээ. Гэхдээ л эцэг, эхчүүдийн төлөөлөл, багш зэргээ аваад явцгаадаг байлаа. Дандаа л дөрөв хоног зугаална гэж гараад үсрээд хоёр хоночихоод ирдэг байсан юм. Одооных шиг бүхээгтэй машинууд ч ховор байж. “Зил-130” машинтай л явцгаана. Бороо орвол норцгоогоод л, дуулалдаад л. Наранбумбатын рашаан дээр нэг удаа зугаалгаар оччихоод байж байтал хоригдол шоронгоос оргоод ууланд бүгчихсэн гэсэн яриа гарчихваа. Хөвгүүдэд баатарлагаа харуулах алтан боломж шүү дээ. Майхнуудын өмнө сүх барьчихсан ээлжээр жижүүрлээд л. Уул руу ганцаараа явангуут араас охидууд бөөнөөрөө хашгиралдахад нь “Намайг яаж л чадав гэж” гэж хариулах гэх мэт. Өнөө оргодол нь ирсэн бол яах ч байсан юм. Галын наадам хийж байгаа нь энэ гээд баахан мод овоолж шатаагаад тэр хавиар нэг оч үсэргээд салхи майхан руу эргээд баахан цоохор, цоорхой майхантай болж байлаа. Гэнэт бороо орж л баярлуулсан даа. Хамаг майхнаа шатаачихсан бороонд эрүү шүдээ зодолдуулсан хүмүүс гал тавиагүй азтайгаа гайхацгаагаад гэртээ харьтлаа л ярилцсан юм даг.

Дурлалын явдлууд ч бишгүй. Өнөө хэд чинь хоорондоо дурлалцаад л байна. Аравдугаар ангид Ж.Азжаргал гээд охин шилжээд ирэв ээ. Хөвгүүд их сонирхоно. Охидууд ч гадуурхах маягтай. Золжаргалын төрөл юм болохоор өнөөх нь л хамт явж харагдана. Бүр Мөнхсүлд далан дээрээ “Азжаргал” гээд шивээс хийлгэчихсэн байсан юм. Хамгийн сенсацитай дурлал тэр байсан байх. Сүүлд нь дурлал нь бөхөөд шивээсээ дарах гээд баахан эрээччихсэн нь бэхтэй алгаар дарчихсан мэт дал мөртэй болгосон доо. Тэгээд ч удаагүй хөвгүүдийн сонирхол буурч ангид ад үзэх асуудалд ч цэг тавигдаж байлаа.

Жил бүрийн намар “Алтан намар” кросс уралдаан гээд Дулаан хан уулын өвөр лүү сурагчдыг жагсаалаар гүйлгэнэ. Замдаа бахардсаныгаа чирээд л гүйлддэг байлаа. Тэндээ очоод төрөл бүрийн спортын арга хэмжээнүүд байгуулна. Нэг сургуулийн 2000 шахуу сурагч очихоор наадам болж байгаа дайны л зүйл болно. Хуушуур, ундаа зардаг хүмүүс ч оччихсон байх. Анги бүр өөр өнгийн хувцсаар жигдрэх ёстой. Манай анги нэг жил улаан хувцсаар жигдэрвээ. Яагаад ч юм улаан хувцас их цөөхөн байж. Ингээд Мөрөнгийн захыг тойроод харьж байгаа юм. Маргааш нь Ганзориг нээх том улаан ноосон, хоолойтой цамц нүцгэн бие дээрээ өмсчихсөн ирлээ. Тэгээд бүх л тэмцээнд түүнтэйгээ оролцоод их төвөгтэй харагдаж байж билээ.

Сургуулиа төгсөцгөөгөөд монтаж хийлгэхдээ яагаад ч юм арван жилийн хойно буюу “2017 онд төрөлх ангидаа уулзацгаая, найзууд аа” гэсэн бичигтэй байсан. Одоо хэд гурваараа тааралдах болгонд л “Ямар тэнэг нь арван жилийн дараа уулзах тов бичүүлчихсэн байна аа” гээд шогширцгоодог юм. Арай наана уулзаад сунгаад явах байсан юм байна л даа.

Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал ангийнхны тухай дурсамж хөврөөд л байх болов уу. Нэгийгээ эмнэлэгт хэвтвэл ээлжээр эргэдэг. Нэг нь шүлэг бичвэл бусад нь хуулаад цээжилдэг. Сайхан дуулдгийгаа тэмцээн бүрт оруулж дэмжих гэдэг. Спортын тэмцээнүүд дээр алгасалгүй очиж дэмжицгээдэг. Амь нэгтэй анги явжээ. Сайхан байгальтай газар, сайн багш нарын нөлөөн дор хүүхэд нас өнгөрсөн нь эргээд бодоход үлгэр мэт аятайхан.

Өнөө ч гэсэн аливаа хэрэг гараад юм асуухад хэн нэг нь түүнийг мэддэг мэргэжлээр ажиллаж байгаа нь сайхан байдаг юм. Ангийнхаа андуудын нэрсийг бүгдийг нь оруулж ч чадсангүй. Үлдсэн нь сэтгэлийн өвөрт дурсамжийн дотор байж байг дээ. Мөрөнгийн хөндийд мөр мөрөө түшиж явсан найзуудаа дурсахад ийм байна. Сургууль маань байраа сэлгэж Дэлгэрмөрөнгийн хөвөөн дээр дөрвөн давхар дэнхэр цагаан байшинд суурьшсан байна лээ. Өнөө 2017 он ч одоо ойрхон байна даа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

ШАТАР ЗААЛГАХГҮЙ МОНГОЛЫГ шалах дулахын учир

Авьяас билиг бол:
хэн хүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн алба тушаал, эд хөрөнгийн арвисыг нь үл харгалзан туурвин бүтээх гэдэг тамын
ажилд боолын ёсоор зүтгүүлж, энхжингийн жаргалд умбуулж, алдрын жигүүр
ургуулдаг чанад жаягтай.

Тийм нэг хүний
тухай, түүний олон талт туурвил дундаас зөвхөн яруу найргийн нэгэн номынх нь
тухай энд ө өгүүлье.

Тэрхүү эрхмийн
нэрийг Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагынхан бол андахгүй. Учир нь тэрбээр
тэрхүү том байгууллагын Зүүн Азийн бүсийн товчоонд хориод жил дэд захирал
хүртэл дээд алба хашсан ганц монгол хүн. Нутаг усаар бол Монголын Швейцарь
хэмээн алдаршсан хоймор нутгийн хийморь төгөлдөр ард халх, мэргэжлээрээ бол
цагаан нөмрөгт оточ маналын бүрэлбаа.

Хэрвээ тэр бээр
яруу найраг, их утга зохиолын омголон хөлгийн дэл сүүлнээс атгаж аваагүйсэн
бол, мэргэжил нэгт С.Эрдэнэ, Ж.Аминдаваа, Ш.Ванчаарай, Ц.Мухар нар шигээ
хүүрнэл зохиолоор амьдралыг оношлон роман туужис хэвлүүлээгүйсэн бол,
Т.Очирхүү, Л.Лувсандорж, Л.Одончимэд, С.Оюун, Л.Мягмарсүрэн шиг яруу найраг
хэмээх мөнхийн усыг хүмүүст хүртээгээгүйсэн бол, “Соёл эрдэнэ”, “Идэр жинчин”,
“Үхэрчин хүвүүн Цэрэндорж” зэрэг олон дуугаар алдраа мөнхөлсөн Н.Наваан-Юндэн
маарамба шиг дуу гэдэг олон гэрэлт шувуу нисгээгүйсэн бол: төрд хэрэгтэй
зайран, төвхнөсөн сайн амьдралтай, жирийн л монгол эрийн нэг байх байлаа.

Юм үзэж, ном
судалж, нүд нээсэн тэрбээр: хөдөлгөөнөөр өлсөх дургүйчүүдийн нэг болохын учир
миний урланд ирж ёндгойг ёвруураар ёвчиж, ёнхлой руу нь ёндгос хийлгэж, өөрөөр
хэлбэл ёворцог наадсаар танилцсан бүлгээ. Би хожигдохдоо “Жиримэн сүлжээ”,
“Монгол ертөнцийн гурав”, “Монгол Жангар”, “Монгол бэлгэ үг”- ийн ботиуд өгдөг.
Тэрбээр бас “Ухааны есөн цацал”, “Бурхан ухааны дээжис”, “Таж Махал”, “Учиг
ухаан, сэжим үг” шүлэг найраглалын ном бас “Бүдэг улаан од”, “Хэлтгий тавилан” зэрэг роман өгдөг юм байна.

Тэрбээр хоёр өөр
нийгэмт улс гүрэнд нүд нээсэн, хорвоо авхайн нүүрийг энгэсэггүй харж таньсан
сэхээтний ухааны цараагаар булдан амьдралыг арай өөр өнцгөөс дурандан бичдэг
туурвилын эзний нэг ажээ. Түүгээр ч үл барам Бурхан багшийн 423 шад сургаал
“Дхармапада” -г “Буддын ухаарлын зам” хэмээн эх хэлээрээ эвлэгхэн шүлэглэн
буулгасан нь хэн бүхний хийчих ажил биш. Нойроо хулжаахгүйгээр, харь хэлд
цагаашрахгүйгээр, номд зарцлагдаж ухаантны цээнд хүрэхгүйгээр, чөмгөө дундартал
суухгүйгээр өдий олон ном ард түмнийхээ алганаа тавьж чадахгүй гээд бодохлоор
их утга зохиолд маань нэгэн зөв, төв бас ч товхийсэн зохиолч, найрагч,
орчуулагч нэмэгдсэн нь илэрхий.

Усныхаа хөөсийг
уянга гэж андуурдаг, ялааныхаа жингэнээг яруу гэж эндүүр­дэг шүлгэнцэр бишийг
түүний “Шатар заалгахгүй Монгол” шүлгийн түүвэр батлах мэт…

Цагаан цаасанд

Ухааны нь барж
буулгаагүй

Цагийн урт

Уургы нь халж
хүчрээгүй

Нүүр бардам
түүхтэй

Сүүрс алдам
нутагтай…

Босоо түүхтэй
Монголын

Нисээ золтой
түмэн-

Нүүдэлчин
Монголд Та нар

Нүүдэл заах ч
юм уу даа!

Нүүдлий нь
мэддэггүй хүн уул нь

Шатар
заадаггүй л гэдэгсэн…

(45-49 хуудас) хэмээн агсарч элэг буруу харь улс гүрний бараан санаархлын сүүдэрт ганхан гуйван яваа ард түмэн, улс
орноо өмөөрөн хашгирсан сэтгэлийн үгээрээ номоо нэрлэсэн нь найрагч маань гоё
чамин үгийн үер буулгагч бус голч үнэний гүн рүү өнгийн хашгирагч санагдав.

Уншихаар шийдлээ.
Хайр дурлал, хань ижлийн тухай халуун сэтгэлийн дулаан шүлэг цөөнгүй байна.
Залуу найрагчдын уянгалуулж чадах шүлгээс гадна дуртай хүн болгон бичиж чадамгүй сэрэмж, сэтгэмж, сэтгэлийн
хайлан мөрүүд нь цээжнээ үлдэх аж.

Дэрлэсэн дэрий
чинь нүүрэндээ нааж

Дэндүү дассан
үнэрий нь цээжиндээ юүлж

***

Хяруу цохиогүй
анхны хайраа

Харамлаа нь
үгүй чи минь наддаа

Буурал хорвоон
жаврыг үргээсэн

Буянтай ханийн
тэнгэр билээ

***

Сайхнаас
сайхан сайхан чинь

Буруу бишээ
бүсгүй минь

Саран атаархам
царайгаа

Нууж хаалтай ч
биш дээ

***

Дэрэнд толгой
холбоотой ч

Зүрх ондоод
цохилдог

Дэндүү
гэгэлгэн хорвоог

Зүхээд,
зөвтгөөд ч нэмэргүй

***

Уйтай шөнийг
цэлмээж

Зүүдэнд гийсэн
царай чинь

Унаган хайрыг
цалгиаж

Зүрхэнд
хайлсан шивнээ чинь

Уулын цэнхэр яргуй
шиг

Сэтгэлд
хагдран гандаагүй ээ

Уран ганган
зэрэглээ шиг

Сэмэрч бодлоос
арилаагүй ээ…

Уянга яруу юу,
яруу. Утга чамбай юу, чамбай. Урлал өрлөг жигд үү, жигд. Хамгийн гол нь найрагт
амин сүнс, шүншиг нь болдог: хүн сэтгэл энд үерлэж байна. Өвөрлөгчийн их
найрагч Л.Одчар “Цагаан шүлэг бүр ус биш, эрээн шүлэг бүр тос бус” гэж
айлдсантай би санаа нийлдэг.

***

Шувуун сүүдэр
тооноор

Дайрахын
төдийд хөвөлзөн

Шулга шаазгай
гадаа

Дагшихын
тоогоор дэгэлзэн

Голоос ундрах
хайраа

Хоолой юундаа
зангируулан

Говийн Лха бурхандаа

Хүүгээ
залбиран сууна уу даа ээж минь Та….

***

Мянганы
цаанаас хүүгээ

Ирэх нь үү дээ
гэж

Мэргийн дөрвөн
шагаагаа

Шигшиж суугаа
даа аав минь.

Эдгээр нь
хэдийгээр цагаан шүлэг боловч усан эрвинтэй биш, тосон хүрээтэйд нь би олзуурхав.

Яруу найраг бол:
хүний хэлээгүйг хэлж чадах урлаг. Элэгдсэн пянзны гуншаа үглэлээс дээрх бадгууд
онхи өөр учир би олзуурхав. Тэгээд ч энэ номонд
“Сүүгээр цавдсан ерөөл буюу өмнөтгөл” хэмээх мялаалга үгэндээ Бавуугийн
Лхагвасүрэн “Уншигдах мөрүүдийн чанад дахь баяр шаналан хоёр нь хэм
хэмжээнээсээ илүү мэдрэгдэж байгаад нь баярлавч ханаш­гүй… Бие ухааныхаа дээж
сэтгэлгээг хүмүүний төлөө өргөсөн “Сүүдэргүй зул” гэж нэрийдмээр байна хэмээн
үнэлсэн байна. Түүний амнаас иймэрхүү магтаалын жинтэй үг ховорхон гардгийг би
яахан эс андах билээ. Бавуугийн бавгар яахаараа ийм алтан магтаал амнаасаа
асгав гээд содон нэрт номыг сонжингуйхан уншлаа.

Тасан
харанхуйд буяны мэлмий хаагдахад

Тасарсан амь
шороонд мааньгүй булагдахад…

тэр бээр тамд унасан шиг тарчилдаг сэтгэлтэн болохоо илтээр илэрхийлжээ. Өрөвч
сэтгэл бол: яруу найргийн алтан амь. Буяны мэлмий тас харанхуйд хаагдахыг ч,
булхир шороонд тасарсан амь булагдахыг ч билигүүн нүдтэн л, өрөвч сэтгэлтэн л
олж үзнэ. Нас барсан хөөрхөс мааньгүй буцах шиг эмгэнэл хаа байх билээ. Ийм л
сэрлийг, тийм л сэтгэлийг хүмүүст хүргэсэн шүлгийг найраг гэдэг.

***

Эмээлтэй морио
хөлстэй нь нугаслан

Эрээн банзлаар
солихоос буцахгүй

Ивээлт ханиа
харь хүмүүний

Энгэрт түлхэж
хөлжихөөс сийхгүй

Монгол цус
гашилж байна

Монгол ёс
гасалж байна…

Энэ бол: манай
зохиолч найрагчдын хэн нь ч олж хэлээгүй: нийгмийн, оюун сэтгэлгээний өвчлөл,
доройтлыг эгээрэн зовнисон гаслал,
гансрал биш гэж үү! Ардчиллаа эрэггүй эрх болгон төөрөлдөж, амьдралаа эрээгүй
шалиглал болгон бузарлаж буйг энэ цагийн элдэв олон Нам олж үзсэн үү!? Гурван
саяын халдашгүй өмчийг гурван зуун хулгайч дээрэмдсэнээр:

Монгол цус гашилж

Монгол ёс гасалж

байгааг нотолсон
гэрчийн өчиг үүгээр дууссангүй. Эмээлтэй морио хөлстэй нь нугасалдаг эрлэгийн
элч хэн бэ гэж асуухад эзэн нь олдоно доо. Морь сойдог хятад: монгол хүн мөн үү
гэж асуухад шадар сайд сандарна даа.

Жадамбын хамгаас
их хөндөх дуртай сэдэв нь: эгээрэл,
гэгээрэл. Эгээрсэн сэтгэлээс гэгээрэл, гэгээрсэн тархинаас гэгээн эгээрэл
сацрах жамтай.

Ардын уран
зохиолч буурал Бадарч Бурханы сургаалыг шүлэглэн сүжиг­тэнд сүсэглүүлж, хамбад
хайр­лагдсан нь буддын ухааныг монгол найргаар сондорлох эгээрлийн цээнд
хүрсний туяа. П.Бадарч шиг ард түмний танил болоогүй, алдар цолын оргилд
хүрээгүй байгаа нь үнэн боловч, авьяасыг ариунаар охилж, гэгээрлээр сэтгэлийн
харанхуйг сэмлэж яваа монгол хүмүүний
хувьд З.Жадамба:

Хүн:

Эхийн хэвлийд
ургаж

Дэлхийн
хэвлийд жаргадаг.,

Бурхан чөтгөр
хоёрын

Буудал сэлгэх
бэлчир…
гэж
шүлэглэжээ.

Энэ бол: эжийгээ
эх орон, эх дэлхий шигээ хайрлахын сургаал, эх дэлхий, эх орноо ижий шигээ
хамгаалахын ухаарал юм даа. Түүгээр үл барам ямар ч хүний сэтгэлийн гүнд буяны
гэгээ, бузрын сүүдэр сүлбэлдэн оршдогийг яруухнаар гарган хэлж чаджээ.

Нэг л удаа
гүйлгэж уншаад цааш нь түлхчих сувсан шүлэг биш, харин унших бүр утгын солонго
нь алаглан сацрах найргийн увдис нэг бус
тааралдана.

Хаа нэгтэйгээс
харах

Бурхан ч гэж байхгүй

Харанхуй даган
бүртэлзэх

Буг ч гэж
байхгүй

Биширч шүтэж
явбаас

Бурхан өөрт
чинь хурна.

Бэргэж айж
явбаас

Буг өвөрт чинь
шургана.

“Бурхан ч сэтгэлээс
гарна, буг ч сэтгэлээс бүт­нэ” гэж айлдсан Ноён хутагт Равжаагийн томъёололтой
агаар нэгэн буй нь олзуур­халтай. Тэр мэтээр олонхи уншигчийн танил бус энэ
яруу найрагчийн асааж барьсан зул нь ойрын төдийгүй холын хүнд ч гэрэл болж
харагдахуйц байгааг би олзуурхнам.

***

Мөнхийн юм шиг
амьдралд шунах

Хүний хүсэл
хязгааргүй ч

Мөчийн дараа
байхын барилгүй

Хөөрхий бие нь
хэврэг…

Энэ бадаг эгэлгүй
шунал хүсэлдээ шатан: эх орон газар шороогоо араг яс болтол мөлжин хоосолж, ард
олноо ядуурлын өвдөгт сөхрүүлэн буй хэн хүний сэтгэлд ухаарал цацахгүй гэж
үү!

Ер нь авьяас
билигтэн бүхний амжилт нь: миний бахархал, алдас эндэс нь миний гоморхол
болдгийг цухас дурдсу. Дээр дурдсан олон ном, роман, найргийн түүвэр, Бурхан
ухааны судрын орчуулгыг бидэнд өгсөн, халуун элгэндээ ч, харь газарт ч
Монголынхоо нэрийг халтартуулаагүй, эх орноо эндүүрээгүй, эрдэнэс алт, олох
шуналаар ээж нутгийнхаа элгийг ухаагүй чанадын сэтгэлт эрхэм бол Олхонууд овогт
Замбалгарав хэмээх ачтан маарамбын хүү
Жадамба болой.

***

…Сайхан
Монгол орныхоо

Салхи шороог
үнэрлэхүйд

Хилийн чанадад “жаргасны”

Хий хуй
минь дарагдана

…Урсах цус
минь

Онон, Туулын
ундраа учир

Урагдах бие
минь

Алтай, Хангайн
шороо учир

Хатан дэлхийг
сөгдүүлсэн

Эзэн тэнгэр
эцгийнхээ

Хазайх ёсгүй
тугийг түшиж явах зарлигтай би…

гэж омгорхсон монгол шүншигтэй, монгол шүлэгтэй

Жадамба:

Хангалын
туурай мэт зүрхэнд төвөргөөтсөн

Харангын
цуурай мэт дотор сэртхийлгэсэн

Янагийн шивнээ
мэт сэтгэлд хоногшсон

Ялын зарлиг
мэт тархинд тас хийсэн

Хумсны толион
чинээхэн ном

Хурмастын доор
ганцханыг туурвих юмсан…
хэмээн
харанхуй шөнө зүүдээ манаж, гэгээн өдөр зүрхэндээ шивнэн, үсээ шингэлж явдаг
нь: гурван сая ардаа тамлаж, гуч ачаа өрөнд унагааж яваа гурван зуугаад
дээрэмчдийн бодол сэтгэлээс юутай тэнгэрлэг.

УИХ-ын индэрт ч,
утга соёлын энгэрт ч голтой галтай үгээ хэлдэг манай ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн Жадамбын “Хэлтгий тавилан” романыг “Бидний амьдран буй
өнөөдрийн нийгмийн гэрэл сүүдэр, бузар ариун хоёрын үнэн дүрийг машид энгийн
агаад ээдрээтэйгээр дүрсэлсэн нь чухам л зохиогчийн гэгээн чадавхи гэж хэлмээр”
хэмээн магтсан бол “Бүдэг улаан од” романыг нь “Зохиогч маань сэтгэлгээний,
хүмүүний ухааны хязгааргүй чадавхи, зургаа дахь мэдрэхүйн ид шидийг өнөөдрийн
амьдралын бүхий л гэрэл сүүдэртэй холбон үгүүлж эгэл амьдралд оюуны таагдашгүй
хүчин чадал хэрхэн зэрэгцэн оршиж буйг тод томруун харуулсныг бахархан
тэмдэглэмээр” хэмээн үнэлсэн байна лээ шүү.

Харин би зөвхөн
яруу найргийн нэгэн номынх нь тухайд урмын гийнгоогоо өргөж буй нь энэ. Ер нь ч
өөлд өвгөн бол: хүүхдэд бурам, хүнд урам өгөх дуртай монгол өтгөсийн нэг.
Монголын энэ жудгийг аялдсанаа ч бус, ном дотроос ухаан авьяас олсондоо
сэтгэлийг гэрлээр сүлэм, сэжиг хилэнцийг үргээм, тэр ч байтугай шигтгээ болгон
эшлэм мөр бадаг цээжний харанхуйг цуулан зуралзсанд нь талархлын үгээ хэлэв
шүү. Сүүлийн 30 жилд Монголыг мөхөөсөн эрэггүй эрх чөлөөний үерийн үед: хэлэхэд
цээж уужирмаар эрх чөлөөг магнай тэниймээр зөв эдэлж буй ганц салбар бол утга
зохиол. Утга зохиолынхон газар ухдаггүй, оюун ухаанаа ухдаг. Утга зохиолынхон
гадаадынхны гар хөл болдоггүй монгол сэтгэлгээгээ дээдлэн монгол бичиг, монгол
соёлоо хамгаалдаг. Энэ зүгт эрхэм нөхөр идэвхийлэн орно гэдэгт итгэе.

Ургацаа хураах
улирлын сайхан нь намар билээ

Ухаанаа ботилох
насны намар нь идэр нас бүлгээ.

Миний багш эх
оронч, интернациональч, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен Жагарын оронд Жадамба
чамтай уулзсан бол:

Бум наслах бус,
хүүхээ

Бушуухан гүйцээ
гэж урмаар ташуурдах байсан буй за.

Харин төрийн
гурван удаагийн шагналт, эрдэмтэн, их багштан, зохиолч, яруу найрагч
Ц.Дамдинсүрэн чиний номыг уншсан бол

Хөвсгөл нутагт
Швейцари бий

Хөвч тайгад
цаатан бий

Халзан Жадамба-д
авьяас бий

Хамаагүй басаж
болохгүй ээ гээд жиг жуг инээх байсан буй за.

Гэвч энэ бүхэн
бол таныг өндөр Цоодолоос өндөр боллоо, “Өндөр Хүрлээгээс (Лхамсүрэнгийн
Хүрэлбаатар) илүү үгүүлэхүйн арслан
болжээ” гэсэн үнэлгээ бус.

Харин “Алтай”
Ч.Лодой­дамба, Л.Түдэв, “Хангай” Явуухулан, “Хэнтий” С.Эрдэнэ, Н.Нямдорж,
“говь” С.Дашдооров, До.Цэнджав нарын араас улам бүр хурдалж, ухаанаа уудлан
уухайлах аваас Хорьдол сарьдгийнхаа тэргүүн дээр найраг бүтээлийнхээ сүрлэг
сайхан овоог заламлана гэсэн итгэлээр шандаст хүлгийн гийнгоо, шатрын нүүдлийн
ШАЛАА, ДУЛАА болгон ташуурдаж буй минь энэ бүлгээ…

Туульч өөлд, тэмээчин

Т.Галсан

Categories
мэдээ цаг-үе

Их нүүдэл

Зөвлөлтийн зохиолч Анатолий Буйловын “Их нүүдэл” хэмээх роман бий. Түүний бичсэн “Их нүүдэл” романы ялгарах онцлог нь дэлхий дээр дэндүү цөөхүүлээ оршин буй цаатан иргэдийн тухай өгүүлснийх. Тэр дундаа тундрын хатуу ширүүн цаг уур дор Ази гарвалт цаатнууд хэрхэн аж төрдөг, социализмын үед цааны аж ахуй ямар байсныг тодоор тусгасан. Тодруулбал, 3өвлөлтийн үеийн хамгийн сайхан, хамгийн догшин нутгийн нэг Алс Дорнодод номын үйл явдал өрнөнө. Ер нь А.Буйлов тус номыг бичихээсээ өмнө “Лениний туг” хамтралд долоон жил цаа маллан, ан гөрөө хөөж явсан нэгэн гэдэг. Тэрээр Монгол угсааны хүн гэдгээрээ Зөвлөлтийн үед бардамнадаг байсныг өгүүлэх хүн цөөнгүй. “Их нүүдэл” роман А.Буйловын төрсөн хот болох Хабаровскийн комсомолын шагнал, Бүх Холбоотны уран зохиолын М.Горькийн нэрэмжит уралдааны нэгдүгээр зэргийн шагналыг хүртсэн байдаг.

Ингээд бараг мянган хуудас үргэлжлэх “Их нүүдэл” романы тухай товч өгүүлье. Гол дүрийн баатар болох Николка цаатан иргэд, тундрыг зорьж байгаагаар эхэлнэ. Энэ тухай зохиолч “Онгоцны цонхонд Николка наалдан доошоо хүчлэн харваас цасанд хучаастай байшингийн дөрвөлжин цагаан дээврүүд далавчин доогуур жирэлзэн өнгөрч байна. Мотор чих дөжрөм нүргэлж хөнгөхөн онгоц үл мэдэг чичирхийлэн, Николкаг энэ л номин хөх тэнгэр мэт уудам бөгөөд үл таних ертөнц рүү төрсөн гэрээс нь салган одох бүлгээ.

Тариалангийн талбай дэвтрийн хуудас мэт жижигхэн болж тэртээ ард цайран хоцроход Николка өөрийнхөө байшинг ялгах битгий хэл бүхэл тосгоноо арай ядан олж харав. Хэсэгхэн зуурын дараа тэрхүү бараа ч цэнхэр униарт уусан хараанаас алдрахуйяа мань хүн ганцаараа, ор ганцаараа үлдэнэ дээ” хэмээн дүрсэлжээ.

Николка цаатан иргэдийг зорих болсон нь ийм шалтгаантай. Хойт эцэгтэйгээ таарч тохирохоо больсон тэрээр хүнд өвчтэй эхийнхээ эмчилгээний мөнгийг цуглуулахын тулд ийнхүү хамтралд элсч бүр алс хол цаатан иргэдийг зорьсон. Арав гаруйхан настай ч хойд эцгийн чанга гараар хүмүүжиж аль хэдийнэ том хүний төрх суусан нь эл номонд бичигдэж уншихад дэргэд байгаа мэт дүрслэгдэнэ.

Харин Николка хэмээх Орос эр цаатнууд гэх тэс өөр соёл иргэншилд хөл тавьж буйг нь зохиолч “Цайвалзах шовх уулсын цаанаас хараа алдаж нүд гялбам уудам цагаан цөл мэлтийн гарч ирлээ. Тундр, жинхэнэ тундр ч лав энэ мөн гэж Николка таамаглав. Тэрээр энэ цаст хөндийгөөс бугын сүрэг, нохойн хөсөг эсвэл үгүй ядахдаа мал амьтны ямар нэг мөр олж үзэх санаатай сэтгэл догдлон сониучирхаж, орчныг эргүүлж тойруулж харсан боловч цэлгэр уудам тундр цэвэрхэн цагаан цаас шиг гялалзан цайраад мань хүн хурц хараагаа дэмий хүчлэн ядрааснаас цаашгүй. Хориод минутын дараа ганц нэг өнчин мод арзайн үзэгдэж эхэлснээ цаашлаад хэсэг бусаг, төгөл төглөөрөө нэмэгдэн тодорсоор төдөлгүй цагааран туузрах голоор хоёр хуваагдсан өтгөн ойн өргөн зурвас тодорлоо. Тэгтэл ч газар тэнгэрийн савслагад тэнгисийн ус бараантан гялалзлаа. Онгоц алгуурхнаа доошлоход зорчигчид суудал дээрээ яаран өндөлзөв. Николкагийн зүрх догдлон дэлсэж эхэллээ. Онгоц улам улам доошилсоор. Цана чарганы мөр сүлжилдсэн урт эгц дэнжийн дээгүүр өнгөртөл онгоцны далавчин дороос сүрэг бор шувуу дүрхийн нисэв үү гэлтэй бяцхан суурин гараад ирэх нь тэр. Онгоцны далавч далбилзан нэг огцом эргээд газардахаар шулуудлаа. Жижигхэн талбайн захад төмөр торхнуудын ойролцоо хүмүүс бужигналдах агаад тэднээс холгүйхэн чарга хөллөсөн хул морь зогсоно. Цаахантай нь нарийхан урт чарга, хөллөгөөний сахлаг ноход цасан дээр хэвтэнэ. Хүмүүсийн нэг хэсэг нь угтах хүнээ угтчихаад тосгоны зүг хэдийнэ хөдөлсөн байхад олонх нь Николкаг сониучирхан харж тэндээ зогссон хэвээр ажээ. Мань хүн ичингүйрэн зогтусаж, тэднийг яахаа мэдэхгүй тойруулан харна” хэмээн дүрсэлжээ.

Эндээс л мянган хуудаст “Их нүүдэл” роман эхэлж цааш хөвөрнө. Тэрээр Дархадын хонхорын Тува цаатан иргэдийнх лугаа амьдралд эргэлт буцалтгүйгээр хөл тавьж тэрхүү амьдралд улам бүр шунан дурлаж байгаа нь гарна. Цаатан иргэдийн хамгийн ахмад Аханя бөгөөд Костя, Шумков гэх мэтээр 20 гаруй хүний дүр номонд бууна. Цаатнууд орос хэлэндээ тун маруухан учраас номын орчуулагч ч үүнийг монгол хэлнээ яг байгаагаар нь буулгасан нь улам ч сонирхолтой болгосон мэт. Ер нь бол тундрын цаатан иргэдийн амьдрал монголчуудынхтай их төстэй гэдэг нь эдэлгээний сур элдэх, баавгай агнах, ангийн мөрөөр мөшгих гэх мэтээр номонд гарч буй олон зүйлээс ажиглагдана. Ер нь бол хатуу ширүүн уур амьсгалтай орчинд хэрхэн аж төрөхийг заасан гарын авлага роман гээд нэрэлчихсэн ч болно. Өөрөөр эшилбэл эл романыг уншсанаар тундр, тундрын цаатан иргэдийн дунд аялаад ирснээс ч тод сэтгэгдэлтэй үлдэж болох. Эл роман дэлхийн хүмүүсийн заавал унших номын нэгд зүй ёсоор орсон байдаг юм билээ. Энэ роман шуургатай үед толгой хоргодох оромж босгохоос эхлээд тогоогүй үед цай чанах, шүдэнзгүй үед гал гаргах, хоолгүй газраас идэш нөөцлөх гэх мэтээр олон зүйлийг зааж сургана. Энэ бүх зүйлийг номын адал явдалд буулган гол дүрүүдийн дүрслэлтэйгээр хүргэсэн нь уншигч та бүхнийг уйдаахгүй буй за.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Г.Баяртогтох: Би энэ тулааны дараа Ази, цаашлаад дэлхийн аварга болох зорилготой байна

Мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтохтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 23-нд “Буянт-Ухаа” цогцолборт Солонгосын боксчинтой халз тулаан хийхээр болжээ.

-Энэ удаагийн өрсөлдөгч тань хэн гэдэг боксчин бэ?

-Ирэх ням гаригийн 16.00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт Солонгосын мэргэжлийн боксчин Ан Жи Хёнтой халз тулаан хийх гэж байна.

-Хүнд жинд гэсэн. Хэдэн кг-д вэ?

-80-90 кг-ын хооронд. Хагас хүнд жин гэсэн үг л дээ.

-Халз тулаанд хэн дуудсан бэ. Та юу?

-Хоёр талаас гэх үү дээ. Бид хоёрт хоёуланд нь тулалдах сонирхол байна.

-Тэгэхээр өрсөлдөгчөө сайн мэддэг байх нь ээ?

-Өрсөлдөгч маань намайг сайн судалсан байх. Би түүний үзүүлэлт, зураг хоёроос өөр зүйлийг мэдэхгүй. 187 см өндөр. Надаас 17 см өндөр юм билээ. Ерөнхийдөө надтай тулалдах тактикийг нь гадарлаж байгаа.

-Өрсөлдөгч чинь танаас өнгөрсөн тулалдааны хариуг авах зорилготой байгаа гэж сонссон. Үнэн үү?

-Тиймээ. Өнгөрсөн жил АСА циркт Солонгосын шилдэг боксчдын нэг Кым Кы Намтай халз тулалдсан. Кым Кы Намыг таван үеийн турш хүнд цохилтоор буулгаж авсан юм. Энэ удаа Ан Жи Хён надаас түүний хариуг авна гэж мэдэгдсэн.

-Өрсөлдөгч тань танаас дүү юу?

-Би 1980 онд төрсөн. Өрсөлдөгч надаас дөрвөн насаар дүү юм билээ.

-Таны хувьд энэ удаа ч ялалтын цохилтуудыг гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ?

-Надад сул өрсөлдөгчтэй тулалдах хүсэл сонирхол байхгүй. Сайн тамирчидтай л зодолддог. Тиймээс өрсөлдөгч хэдий чинээ хүчтэй байна намайг төдий чинээ хурцлах болно.

-Та мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга. Ер нь хэдэн оноос боксоор хичээллэж эхлэв?

– Би 1994 онд Дорнод аймгаас боксын спортын гараагаа эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлагад боксын спортоор анх хичээллэсэн.

-Нэг хэсэг улсын шигшээ багийн тамирчин байсан гэсэн. Яагаад мэргэжлийн боксыг сонгосон юм бэ?

-1997-2000 онд улсын шигшээ багийн тамирчин байсан. Хорин настайдаа мэргэжлийн бокс руу орсон. Америк, англи, солонгос, япон багш дасгалжуулагчидтай хамтарч ажиллаж байлаа. Мэргэжлийн бокс 12 раунд тулалддаг хүнд спорт. Тэсвэр тэвчээр ч их шаарддаг. Эрсдэл өндөр. Мэргэжлийн боксоор тулалдаж, тив, дэлхийн жинхэнэ тулаанчидтай рингэнд гарч байж жинхэнэ тулаанч боллоо гэж үздэг ийм л спорт. Би мэргэжлийн боксын 1998 оны дэлхийн залуучуудын аварга, 2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга. 2002-2007 оны өмнөд Солонгосын хоёр жингийн аварга. 2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол 1-3 дугаар байрт явж ирсэн. Америкийн Лас Вегасаас эхлээд дэлхийн олон оронд тэмцээнд орж байлаа. Гадны орнуудаас олон ч санал ирж байсан. Гэхдээ би эх орныхоо нэрийн өмнөөс тулалдах дуртай. Монголынхоо нэрийг хаана ч явсан эрхэмлэдэг хүн. Одоо 23-нд мэргэжлийн боксын 31 дэх тулаанаа хийх гээд хүлээж байна. Би сонирхогчийн боксыг орхисондоо харамсдаггүй.

-Таны эхнэр бас тулаанч бүсгүй. Манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн боксын спортын мастер, дасгалжуулагч, шүүгч Л.Мандах гэж бүсгүй бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг. Одоо шавь нар нь шигшээ багт хүч үзэж л явна.

-Аав тань бас боксчин. Танай удам ер нь боксчид ихтэй гэдэг юм билээ?

-Тиймээ. Манай аавын тал олон боксчинтой шүү. Аав маань чөлөөт бөхийн ОУХМ, хоёр олимпод оролцсон тамирчин, 52-ын Ганбат гэхээр хүмүүс андахгүй. Миний авга ах МУ-ын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг гэж боксчин хүн бий. Мөн Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер Хосбаяр, Ольга нарын сайн боксчин олон бий.

-Та хэдий нас явж байгаа ч ойрын дөрөв таван жилдээ л зодог тайлахгүй гэж ярьсан байсан. Тэгэхээр их зүйл төлөвлөжээ?

– Би хагас хүнд жинд дэлхийн аварга болох зорилго тавиад байгаа. Энэ тэмцээн миний дэлхийн аварга болох замд гэрэл гэгээ татуулж өгөх юм. Энэ тэмцээний дараа Азийн аваргын төлөө тулалдана гэж төлөвлөсөн байгаа.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбаатар: Дуурийг талбай дээр гаргана гэдэг ямар ч үнэ цэнгүй болгож байгаа хэрэг

Найруулагч Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Найруулагчийнхаа хувиар, театраас гарснаасаа хойш та юу хийж байна вэ. Уран бүтээлийнхээ сониноос хуваалцахгүй юу?

-Би сүүлийн хоёр жилд жил дараалан нэг нэг дуурь тавилаа. Жишээ нь “Сарьсан багваахай” опереттаг хөдөө орон нутагт тавьсан. Яагаад энэ опереттаг сонгов гэхээр, өнөөгийн сонсогч үзэгчид бүрэн хэмжээний дууриас ер нь татгалзаж байна. Бүрэн хэмжээний дуурь гэдэг бол цэвэр хөгжмийн драматург дээр явдаг. Гурав дөрвөн зуун жил өнгөрлөө, ерөнхийдөө дууриас дэлхий татгалзаж байна л даа. Дуурийг хүлээн зөвшөөрдөг газар бол дэлхийн том сүлжээний маркетинг байдаг юм. Жишээ нь, Италид Ла Скала байна, Америкт Метрополитан,Орост Большой театр байж байна, Австрид Штат опера гээд Австрийн дуурийн театр байж байна. Лондонд Рояль театр, Австралид Сиднейн дуурийн театр байж байна. Ердөө арав дотор багтах дэлхийн том театруудад л дуурь хийж байна. Эдгээрт дэлхийн сүлжээний уран бүтээлчид очиж ажиллаж байгаа болохоос биш нэг газрыг хөгжүүлэх гээд явж байгаа асуудал биш. Үе дамжин олон зуун жил яваад ирчихсэн, хаад ноёдоос гаралтай элитийн хүрээнд энэ том дууриудыг дэлхийн уран бүтээлчдийн сүлжээ хийж байгаа байхгүй юу.

-Энэ сүлжээний талаар дэлгэрүүлэхгүй юу. Өнөөдөр хөрөнгө оруулалт ашиг орлого талаа барьж байгаа юу, урлагийнхаа эрх ашгийг барьж явдаг уу?

-Орлого талаа барьж явж байгаа. Орлого талаа барихдаа харьцангуй байна. Америкт нэг дуурь тавигдлаа гэхэд зөвхөн тэр Америкийн театрын хэдэн удирдлага зовох биш Австрали, баруун Европын гэхчлэн том орнууд хоорондоо холбоотой, манайд ийм дуурийг тавих гэж байна, танайхаас ийм уран бүтээлч, тэндээс ийм уран бүтээлч гэрээ хийх гэж байна гэх мэтчилэн бүх уран бүтээлчид нь тодорхой болчихсон байдаг. Тэр хүмүүсийг сонсох гэж өндөр зиндааны элитүүд цугладаг. Билет нь гэхэд 500 доллараас доош үнэтэй билет байхгүй. Хамгийн доод тал нь 500 долларын суудал байдаг. Үүний хажуугаар дуурийг хөгжүүлэх гэж яваа орнууд бий л дээ. Манайх болохоор дотоодын зах зээл муу байгаа учраас дуурийн урлаг урагштай явахгүй байна. Баруун Европ ч юм уу, Солонгос ч юм уу Зүүн Азийн том орнууд хүн ам олонтой, зах зээл нь том. Тэр олон хүн ам дотроос яг цэвэр дуурь руу анхаарлаа хандуулж байгаа нь манайх мэтийн орнуудыг бодвол харьцангуй олон. Тийм учраас сонгодог дуурийн үнэ цэн улам өндөр болоод улам чангараад үнэ нь улам нэмэгдэж байна. Дэлхийн энэ том сүлжээнд байхгүй байгаа орнуудад бас л дуурь байгаад байна. Гэхдээ мюзикл гэдэг төрлийг өнөөдөр жирийн олон нийт маш их хүлээж авч байна л даа. Мюзикл гэдэг бол бас л дуурь шүү дээ. Орчин үеийн техник технологийн чадваруудыг ашиглаад хийж байгаа дуурийн хэлбэр юм. Манайд мюзиклийг рок попын ертөнцтэй хольж буруу ойлгоод байдаг.

-Ердөө Америкийн Бродвейн жишгээр ойлгоод хүлээгээд авчихсан харагддаг шүү дээ?

-Тийм. Гэтэл Бродвей бол орчин үеийн бизнесийн урлаг хийдэг байхгүй юу. Тэнд мюзикл явдаг. Мюзикл анх гарч ирсэн голомт нь Бродвей боловч мюзикл нь Бродвейдээ таарахгүй байгаа юм. Тэгээд ч дэлхийд хэдхээн мюзикл байна. Тэр мюзиклүүдийг хийж байгаа хүн нь Андрей Вибер гэж англи хүн байдаг. Хийсэн мюзиклүүд нь дэлхийгээр тарчихсан, тэр нь асар том орлогын эх үүсвэр болчихсон ийм хөгжмийн зохиолч. Гэтэл одоо дэлхий мюзиклийг яг мөн чанараар нь хийх гэж, Андрей Виберийн мюзиклүүдийн туршлага дээр түүний урд гарах мюзикл хийхийн төлөө явж байна.

-Саяхан болсон Чайковс­кийн нэрэмжит залуу дуурийн дуучдын урал­дааныг та хэрхэн харав?

-Үнэнийг хэлэхэд, өнөөдөр Оросын том том тэмцээнүүдийн чансаа дээр үеийнх шигээ тийм өндөр хэмжээнд байхаа больсон юм уу гэж харагдаж байна. Жаахан суларсан гэх юм уу. Чайковскийн уралдааныг зөвхөн Оросынх нь хувьд харахад, өмнөх нэгдмэл байсан үеийнх шигээ хүчтэй биш, жаахан сарнисан маягтай болж. Зах зээлийн хувьд хуваагдаад задраад ирэнгүүт ерөнхийдөө сарнисан, шигшмэлүүд нь тийшээгээ нэг их орж ирэхээ байчихсан ч юм шиг надад мэдрэгдээд байгаа юм. Харин манай Монгол Улсын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Тэр том урлагийн олимпод очоод түрүү магнайг нь аваад ирнэ гэдэг бол энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Энэ том үзэгдлийг Ариунбаатар хийсэн. Үүгээр бид бахархах ёстой. Хэдийгээр уралдаан Оросынхоо хувьд жаахан чансаа суларсан тал ажиглагдаж байгаа боловч олон улс оролцсон хэвээрээ байна. Харин энэ уралдаанд орж байгаа Орос, баруун Европын дуучдын чансаа ерөнхийдөө муудаж байгаа юм уу гэж ажиглагдсан. Дуучдын чансаа Ази руугаа эргэж байгаа юм уу даа гэсэн бодол надад төрсөн шүү. Гэхдээ муудахдаа бүр дор орчихсон юм биш шүү дээ. Оросуудын хувьд цаг үеийн хямралаасаа болоод том том тэмцээнүүдээ нэг их хайхрахгүй байгаа байж магадгүй. Энэ нь Ариунбаатарыг чансаа муутай тэмцээнд түрүүлээд ирлээ гэсэн үг биш юм шүү. Дэлхий ордгоороо орж байгаа. Чайковскийн дайтай том тэмцээнүүд ч бас бий. Америкт ч байдаг, Солонгост ч байдаг. Хятадад ч болдог. Чансааны хувьд Чайковскийн хэмжээний болчихсон. Гэхдээ тэр тэмцээнүүд бидэнд нэг их танил биш учраас мэдэхгүй байгаа юм. Амартүвшингийн авдаг Английн “Кардиф” бол бас л чансаа том. Тэнд дэлхий тэр чигээрээ ордог. Би мэргэжлийн дуурийн найруулагчийнхаа хувьд энэ хоёр дуучнаар асар их бахархаж байгаа. Мэдээжийн хэрэг, уран бүтээлчдэд байх тайзны имиж дээрээ маш их анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа Ариунбаатар бол ямар ч туршлагагүй явж байгаа. Ариунбаатарт бүх юм байгаа. Нуруу туруу, царай зүс бүгд байгаа. Хоолой нь байна. Гагцхүү туршлага багатай.

-Буриадын театрт ажиллаж байгаа байх аа?

-Тийм ээ, Улаан-Үдэд ажиллаж байгаа. Тэнд ганц хоёр дуурьт гараад толгой руугаа ганц нэг “цохиулаад” ирэхээрээ залуу хүн мэдэрч л таарна. Амартүвшингийн хувьд бол, тайзан дээр гадаад үзэгдэх байдлаа тодорхой хэмжээгээр анхаарах хэрэгтэй. Биеийн жин ихтэй байна. Тайзны үзэгдэх стандарт гэж байдаг. Түрүүний яриад байгаа дэлхийн том сүлжээний театрууд бол бие хаа, нуруу туруу гээд тайзны үзэгдэх стандартаас эхлээд бүгдийг маш нарийн авч үздэг. Манай Амараа арай л жин ихтэй байгаа юм. Спортын бөх шиг харагдаад байгаа. Амартүвшин бол ухаалаг залуу. Ухаанаа гэхдээ өөртөө шүүмжлэлтэй хандаж ашиглахгүй бол, буруу тийшээ ухаарах юм бол урлагийн хүнд том аюул гэж үздэг. Болоогүй байхад өөрийгөө буруугаар ойлгоод буруу тийшээ явах тийм аюулыг Амартүвшин одоогоор мэдээгүй явж байгаа. Залуу хүн гэнэдэж болох ч ухаантай байх хэрэгтэй.

-Тайзан дээр үзэгдэх стандарт гэдгийг манай дуучид нэг их анхаардаггүй юм шиг ээ?

-Манай дуучид анхаар­даггүй байлаа ч дэлхий анхаардаг болчихоод байна шүү дээ. Дэлхийн дуучид гол нь үүнд их анхаарч байна. Дуучин хүн масс ихтэй жин ихтэй байх ёстой, тэгэхгүй бол дуугардаггүй юм гэсэн худлаа онол өөртөө зохиож яриад яваад байж болохгүй юм. Царай зүс бол тайзан дээр хамгийн их хэрэгтэй. Биеийн ерөнхий байдал, анатомын зохицол, хөл гарын урт, өндрийн хэмжээ, хүзүүний урт богино гэхчлэн.

-Г.Ариунбаатар Улаан-Үдэд хэзээнээс ажиллах болсон юм бэ?

-Өнгөрсөн жилээс. Ноднин Дуурийн театрт ирэхэд нь орон тоо байхгүй гээд аваагүй юм билээ. Цагдаагийн “Сүлд” чуулгад ажиллаж байхдаа Глинкийн тэмцээнд тэргүүн байр эзэлж ирээд, чуулга нь татан буугдахад театрт ирэх гэсэн ч болоогүй. Улаан-Үдийн театрын Дарийма гээд мундаг том концертмейстр байдаг юм. Тэр хүн бол манай олон дуучинг нээсэн хүн. Линховойн гэж тэндхийн дуурь бүжгийн театрыг үүсгэн байгуулсан, Буриадын нэртэй том дуучны охин л доо. Өнгөрсөн жил Санкт-Петербургт төгссөн Цэрэнчунт гэдэг залуу бас Улаан-Үдэд ажиллаж байна. Уг нь манай Дуурийн театрт ирсэн чинь бас л орон тоо байхгүй гээд, дээрээс нь их таагүй хандсан юм билээ. Италид Олон улсын залуу дуучдын театр маягийн нэг байгууллага байгуулагдаж байгаа юм байна лээ. Олон улсын залуу дуучидтай цахимаар харьцаад уран бүтээлийг нь хүлээж аван шалгаруулж байгаа юм байна. Түүнд Цэрэнчунт бүртгүүлсэн байна лээ. Тэнцвэл Улаан-Үдээсээ тийшээ явах байх л даа. Ер нь орчин үед өндөр зиндааныхан дуурийг өндөрт нь байлгаад, дэлхий нийт болохоор массаараа татгалзчихаад байгаа юм. Тэгэхээр дуурь нь яваандаа дэлхийн байгууллага болох шинжтэй харагдаж байна л даа. Магадгүй дөч тавин жилийн дараа ч юм уу аль нэг цаг агаар уур амьсгалын таатай нөхцөл дотор Дэлхийн дуурийн байгууллага гэдэг нэг байгууллага бий болж мэдэх л юм.

-Учиртай гурван толгой дуурийг наадмаар талбай дээр тоглуулсан. Олон нийтэд их таалагдлаа гэж ярьцгааж байсан. Ер нь наадмаар талбай дээр хийсэн тоглолтуудад та хэрхэн хандаж байгаа вэ?

-Мэдэхгүй хүмүүст таалагдалгүй яахав дээ. Дөч тавин мянган хүнд тоглосон гэж сурталчилгаа хийгээд л байна. Дуурийг талбай дээр гаргана гэдэг чинь ямар ч үнэ цэнгүй болгож байгаа хэрэг шүү дээ. Дэлхийд хаана ч дуурийг гадаа гаргаж байгаагүй. Гаргах тохиолдолд маш хүчтэй менежментийн баг ажиллаж байж хийдэг. Италид Арена де Верона гээд задгай амфитеатр байдаг юм. Дээр үед амфитеатр байж байгаад нураад олон зуун жилийн туршид дайнд өртөж сөнөөд, тэгээд засаад яг тэр хэвээр нь хад чулууг нь тэр чигээр нь үлдээгээд хажуугаар нь мод тарьж ойжуулаад акустикийг нь шийдчихсан. Бороо ордоггүй шороо тавьдаггүй тийм нөхцөлтэй газрыг амфитеатр болгоод дэлхийн том том фестивалиуд болдог, дэлхийн сонгодог урлагийн группууд очиж тоглодог тийм задгай орчинг бий болгосон байдаг юм. Акустикийг нь шийдсэн байлаа ч гэсэн тээр хол хэдэн километрт сууж байгаа үзэгчдэд техникийн хүчээр хүргэдэг. Италийн гурван тенор микрофонтой дуулж байлаа шүү дээ. Орчин үеийн хүчтэй орнууд нөхцөлийг нь тэгж шийдчихээд тоглодог. Гэхдээ байнга тоглоод байдаггүй, томоохон дэлхийн арга хэмжээ болсон үед л тэнд тоглоно. Дуурийн тоглолт гэдэг бол асар үнэ цэнтэй, хэдэн зуун дамжиж ирсэн нэр хүндтэй урлаг гэдгийг ойлгох чадваргүйгээс өнөөдөр ард түмний нэрийг барьж сүүлийн хорин жил үзээгүй юмыг нь үзүүллээ гэцгээж байна л даа. Хорин жил ингээд талбай дээр тоглочих юм бол Монголд Дуурийн театр хэрэггүй болно. Зүгээр л талбай дээр гараад ирдэг юмыг хэн ч сонирхохгүй. Талбай дээр тоглодог урлаг гэж бий. Талбайн урлаг. Тэр нь тусдаа.

-Жишээ нь…?

-Бүжгийг талбай дээр тоглож болно. Гэхдээ балетыг биш. Орчин үеийн бүжиг, ардын бүжиг, модерн янз бүрийн юмыг талбай дээр тоглож болно. Морин хуурыг талбай дээр тоглуулж болно. Манай монголчууд хөдөө хээр хониныхоо дэргэд ч тоглож ирсэн. Морин хуур бол цаг агаар шаарддаггүй хөгжим. Үндэсний хөгжмийг талбай дээр гаргаж болно. Яагаад гэвэл үндэсний хөгжим бол манай цаг агаарт тохирч хийгдсэн байдаг. Дээр үеэсээ л гадаа наадмаа хийгээд гүүн зэлэн дээрээ тоглоод ирсэн хөгжмүүд юм. Эстрад жазз хөгжим бол техникээрээ гараад явчихаж байгаа учраас талбай дээр гараад том том техникээ зоогоод тоглочихно. Өмнөх өдөр нь болсон тоглолтууд, дараагийн өдөр нь болсон жазз тоглолт зэрэг нь бүгд талбайн урлаг. “Бэст оф классик” гэж муухай орилоод байсныг санаж байна уу. Сонгодгийг тэр чигээр нь оркестртой нь, хувцастай тайзтай нь гаргана гэдэг бол манай нөхцөлд болохгүй. Манайд хөгжил байхгүй, нөхцөл байхгүй учраас тэр. Гэтэл Хятад улс Тян Ань Миний талбай дээрээ Италийн гурван тенорын тоглолтыг хийж байсан. Хятадад том дуурийн театр байгаагүй. Тэр бол нөхцөл нь бүрдчихсэн талбай. Мөн “Турандот” дуурийг тоглож байсан. “Турандот” бол Хятадын гүнжийн тухай өгүүлдэг дэлхийн сонгодог дуурь. Тийм учраас хятадууд бүх нөхцөлийг бүрдүүлээд, хамгийн наад зах нь нэг дуучинд асуудал гарлаа гэхэд л эмчийг нь бэлэн байлгаж байгаад олон улсын түвшинд нэр төрөө хамгаалах үүднээс маш том зохион байгуулалтыг хийсний үндсэн дээр гадаа тоглож байсан. Солонгост талбай дээр тоглуулж байсан тохиолдол бий. Солонгос бол манайх шиг уур амьсгалтай газар биш шүү дээ. Баруун Европын орнуудад эстрадаа талбай дээр тоглодог, дуурь тоглодоггүй. Орост дуурийг талбайд тоглосон тохиолдол бий. Гэхдээ Улаан талбай дээр дуурь тоглоогүй. Улаан талбай дээр зүгээр шоун дотор симфони оркестр орж тоглосон тохиолдол бий. Гэхдээ хоёр минут тоглоод л гараад явчихаж байсан. Оросын бусад хотуудад дуурь тоглосон тохиолдол байдаг. Улсын том арга хэмжээний үеэр сүмийн хашаан дотор тоглосон байдаг. Сүм гэдэг бол өөрөө акустикийн орон зай байдаг. Сүмийн хашаа бол байгалийн ямар нэгэн асуудал үүсдэггүй газар. Цас, бороо, салхи шороо аль нь ч хүрдэггүй тэгж хамгаалагдсан газар юм.

-Яагаад. Архитекторын шийдэл нь тийм юм уу?

-Тэгж барьсан байдаг. Манай Монголын сүм хийдийн хашаа ч тийм. Сүүлийн үед сүм хийдийг хаа хамаагүй барьдаг болчихоод байгаа болохоос дээр үеийн сүмүүд бол бороо цас орлоо гэхэд сүмийн хашааг тойроод орж байх жишээтэй, байгалийн үзэгдлүүд тойроод явчихдаг газар байхгүй юу. “Аида” дуурийг анх гарсан орон нутагт нь, Перст юм уу Египетэд, ялангуяа нил мөрний хавийн орнуудад гадаа тоглож болно. “Аида” өөрөө тэнд бий болсон дуурь. Дэлхийн цаг агаарын орчин нөхцөлийг үзэхэд хамгийн таатай орчин нөхцөл бол Өмнөд Европ, Дундад Азид байна. Итали, Франц байгаа газар, Египет, Болгар байгаа газар. Бороо шороо гэнэтийн аюул байдаггүй, хамгийн таатай. Хөгжихөд хамгийн таатай нөхцөлтэй баруун Европын орнууд бол өөрийнхөө хөгжүүлсэн үндэсний урлагаа гадаа тоглох бололцоотой. Тэрийг манайхан барьж аваад өөрсдийгөө хамгаалж байгаа харагдах юм. Гурав дөрвөн зуун жилийн турш баруун Европын орнууд энэ их үнэ цэнтэй урлагаа, Моцарт, Гайдн, Бетховеноо, бүх хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг яагаад гадаа тоглохгүй явж ирсэн юм. Учир шалтгаан нь тэр оюуных нь үнэ цэнд байдаг. Тэгж үнэ цэнийг нь хадгалдаг, дэлхий тэр үнэ цэнийг нь улам дээшээ аваад явдаг.

-Та бас хамтлаг байгуулж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Акапелла хамтлаг. Наад зах нь жаран хүнтэй байхаар төлөвлөөд эхнээсээ хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Акапелла гэдэг бол найрал дуу шүү дээ.

Н.Пагма

Categories
мэдээ цаг-үе

“My car” авто засварын газрын захирлыг амиа хорлоогүй гэв

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “My car” авто засварын төвд өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд эмэгтэй хүн хутгалуулж, нэг эрэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, “My car” авто засварын төвийн захирал Ч.Батболд хадам эгчийгээ хутгалаад, өөрийгөө хут­галж амиа хорлосон байдал­тай нас барсан бай­сан гэдэг. Цагдаагийн байгууллага хэргийг шал­гаад талийгаачийг амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан. Харин ах дүү нар нь талийгаачийг бусдын гарт амиа алдсан гэж үзэж байгаа аж. Энэ та­лаар талийгаачийн дүү Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Тухайн үед юу болсон талаар товч яриач?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд бүх нийтээрээ амарч байсан шүү дээ. Тэр өдөр хэн нэг нь ахыг минь компани дээрээ ирэхийг дуудсан юм билээ. Тэгэхээр хэсэг хү­мүүс урьдаас төлөвлөж, санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн гэж хардаж байгаа.

-Талийгаачийг хэн дуудсан гэж?

-Тухайн үед би талийгаач ах болон ээжтэйгээ хамт амьдарч байсан юм. Хэрэг гардаг өглөө ах минь “Ажил дээр хүн дуудаад байна. Ах нь ажил руугаа явчихаад ирье” гээд гарсан. Гэтэл 11.00 цагийн орчимд том эгч Ч.Сувданцэцэг над руу утсаар ярьж “Чи ахынхаа компани дээр хурдан оч. Би Налайхаас очиж явна” гэсэн. Учрыг асуутал талийгаачийн эхнэр, манай бэр А.Уранцэцэг эгч рүү залгаж “Танай дүү Батболд чинь миний эгчийг алчихлаа” гэж ярьсан гэсэн. Ингээд ахын ажил дээр очтол Чингэлтэй дүүргийн цагдаа нар, түргэний машин ирчихсэн байсан. Орох гэтэл хэргийн газрыг хамгаалалтад авсан гээд оруулаагүй. Худалдагч залуу “Захирал нас барсан” гэхийг сонсоод шууд шоконд орчихсон. Хэргийн газрын үзлэгийн зургаас харахад ахыг минь нас барсан өрөөнөөс нь гаргаад машин засдаг засварын газар оруулаад тавьчихсан байсан.

-Талийгаачид хутга­луулсан гэх эмэгтэй бас бий. Тэр хүн юу ярьсан бол?

-Ахын компанид нягтлан бодогч хийдэг байсан юм. Эхний хавтаст хэрэгт мэдүүлэг өгөхдөө “Намайг компьютер дээр юм шивээд сууж байтал захирал орж ирээд миний үснээс татаад, миний хоолойг хутгаар зүсээд тэгээд би үхлүүт шархтай ухаан алдаад унасан” гэсэн байсан.

Энэ хэргийн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөд байгаа. Зарим нь талийгаачийг эрүүл саруул, цонх руу хараад зогсож байсан гэсэн. Ресепшн болох Саруулын хэлснээр талийгаач ах маань Болормаагийн дээр суучихсан хутгаар бүлж байсан гэсэн. Хэрвээ Саруулын хэлсэн үнэн бол манай ах амьд, Болормаа үхсэн байхаар байгаа биз дээ. Бас Болормаагийн гар утаснаас 51 минутын дуудлага хийгдсэн байсан. Тэр өдөр Саруул дөрвөн машиныг ахын компаниас гаргасан байсан. Энэ дөрвөн машинд алуурчид нь суугаад явсан байх гэж би бодож байгаа. Юу гэж амралтын өдрөөр засварын газар машинаа янзлуулах гэж дөрвөн машин очих вэ дээ.

-Хэрэг гарсан газар хяналтын камер байгаагүй юм уу?

-Камер нь ажиллахгүй байсан гэсэн. Камер ажиллаж байгаа эсэхийг хянадаг хүн ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа нь сэжигтэй байгаа юм. Ерөөсөө л ахыг минь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг хаах санаа А.Уранцэцэг нарт бий.

-Та нар энэ хэрэгт талий­гаачийн эхнэрийг сэжиглээд байгаа юм уу?

-Тэр эмэгтэй дандаа эд хөрөнгө, өмч ярьж байдаг. Өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд “My car” компанийн 29.9 хувийг өгөхгүй чамаас сална гэж ахыг сүрдүүлээд хувьцааг авсан байсан. Мөн ахаас салахаар өргөдөл өгөхдөө хүүхдүүдийнхээ тоогоор нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байсан. Мөн ахад “Модыг чинь бариулна”, “Амаар чинь шороо үмхүүлнэ” гэж хэлдэг байсан. Талийгаачийн оршуулгын үеэр ч ирээгүй. Ахыг минь оршуулсан газрыг ч мэдэхгүй. Шуналын сэдэлтэйгээр энэ хэргийг хийсэн болов уу гэж хардаж байгаа.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт яаж гарсан бэ?

-Шүүх эмнэлэг хоёр удаа дүгнэлт гаргасан. Хамгийн сүүлд гурван шинжээч ажиллаад 607 тоот дүгнэлт гаргасан. Ингэхдээ хоёр шинжээч талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан гэж дүгнэсэн. Талийгаачийн хоолойд гурав, хэвлийд хоёр удаа хутгалсан байсан.

-Талийгаач эхнэрээсээ тусдаа амьдарч байсан юм уу?

-А.Уранцэцэг өөрөө салах өргөдөл гаргасан. 2014 оны арваннэгдүгээр сараас тусдаа амьдрах болсон. Тэр хоёр ихэвчлэн өмч хөрөнгөөс болж маргалддаг байсан. “My car” компанид ахын хадмууд голдуу ажилладаг. Манай эгч Ч.Сувданцэцэг ахынд хэсэг хугацаанд амьдарсан. Тэр үед А.Уранцэцэг ахыг минь элдвээр доромжилж, бүр “Надаас салбал наадах чинь үхнэ” гэж хүртэл дарамталж байсан.

-Цагдаагийн байгууллага хоёр ч удаа талийгаачийг амиа хорлосон гэдгийг тогтоож, хэргийг хаасан биз дээ?

-Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаад хоёр удаа хаасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тодорхой болчихоод байхад цагдаагийнхан амиа хорлосон гээд байгаа нь эргэлзээтэй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэвлийдээ хут­галуулсан нь үхлийн шалтгаан болсон гэсэн. Гэтэл хэвлийгээ тэгж хүчтэй хутгалсан хүн яаж хоолойгоо хутгалж чадах билээ. Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 9-нд хэргийг хаасан. Бид гомдол гаргасны үр дүнд дахин шалгаад мөн л амиа хорлосон гэдэг шалтгаанаар долдугаар сарын 29-нд хаачихлаа. Одоо хэргийг шалгах харьяаллыг өөрчлүүлэх хүсэлтэй байна.

-Хэрэг гарснаас хойш талийгаачийн эхнэртэй, дүү нартайгаа холбоо барьсан уу?

-Уулзаагүй. Ээж минь элэгний хорт хавдартай. Эмнэлэгт хэвтэж байхдаа дөрвөн ачтайгаа уулзмаар байна гэхээр нь Уранцэцэг рүү залгасан ч утсаа аваагүй. Ач нарыг минь оршуулганд ч оролцуулаагүй. Ахынхаа 49 хоногоор компани дээр нь очиж зул хүж асааж, зургийг нь тавих гэтэл эгч бид хоёрыг оруулаагүй. Хамгаалагчид нь Уранцэцэг рүү утсаар ярьчихаад бид нарыг зодож хөөсөн. Дараа нь талийгаачийн амиа алдсан газрыг хүртэл нураачихсан байна лээ. Гуравдугаар сарын 9-нд хавтаст хэргийг нь анх хаасны дараа Уранцэцэг манай гэрийнхний нэр дээр хэрэг үүсгэсэн байсан. Оршуулгын зардал болох 14 сая төгрөгийг луйвардаж, айлгаж, булааж авсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Саяхан буюу наймдугаар сарын 13-нд намайг ээжтэйгээ цуг гэртээ байхад гаднаас Чингэлтэй дүүргийн дэслэгч Батсайхан нарын найман хүн орж ирээд гэрээс минь хөөсөн. Ээжийг маань буланд шахаж мөн миний араас дагаад байсан. Тэд “Байрнаасаа гар. Бид нар ажлаа хийж байна. Хурдан гар” гэж хэлсэн. Үүний дараа гэрийн түлхүүрийг маань авчихсан байсан. Тэр өдрөө ээжийн маань бие муудаж эмнэлэгт хэвтсэн. Наймдугаар сарын 17-нд прокурорт өргөдөл гаргачихаад гэртээ иртэл гэрийн маань хаалга онгойчихсон, гэрт байсан зүйлсийн байрлал өөрчлөгдсөн байсан. Ах маань багагүй хөрөнгөтэй байсан. “My car” засварын төвийн газрыг гэхэд таван тэрбум төгрөгөөр авах санал ирж байсан. Алтанбулаг чөлөөт бүс, Замын-Үүд, Эрдэнэтэд засварын төв, сэлбэгийн дэлгүүртэй байсан. Одоо бүх хөрөнгийг А.Уранцэцэг эзэмшиж байгаа. Бид нар ахынхаа амь насны төлөө явж байгаа болохоос хөрөнгөнд нь болоогүй. Гэтэл эд хөрөнгийг нь авах гээд ингээд байна гэсэн яриа хүртэл гаргасан байна лээ. Бид нар хөрөнгө мөнгөний шуналтай байсан бол анхнаасаа л ахынхаа компанид ороод л ажиллах байсан шүү дээ гэв.

Бид мэдээллийг тэнц­вэртэй хүргэх үүднээс А.Уранцэцэгийн хуулийн зөв­лөхтэй холбогдоход “Миний үйлчлүүлэгч талийгаач Ч.Бат­болдын хууль ёсны эхнэр нь. 2-16 насны дөрвөн охинтой. Гэтэл эд хөрөнгийг нь авах гэж байна гэхээс эхлээд хүн амины хэрэгт хүртэл гүтгэж байна. Тиймээс бид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу талийгаачийн ах, дүү нар болох гурван хүнд бусдыг гүтгэсэн, эд хөрөнгийг нь авахаар далайлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага шал­гаад амиа хорлосон гэдэг үндэслэлээр удаа дараа хэр­гийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутай мэтээр гүтгээд байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан. Талийгаачид хутгалуулсан эмэгтэй таван удаа мэс засал хийлгэсэн. Солонгос явж маш хүнд мэс засалд орсон. Бие нь тааруу байгаа. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ

Г.ДАВААМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Засгийн газрын үнэт цаасан дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж байна

Монголын Хөрөнгийн
биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Хөрөнгийн бирж
түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй арилжаагаа хийлээ гэсэн мэдээ эдийн засаг хэцүү
байгаа энэ үед таатай сонсогдож байна. Өмнө нь үүнтэй дөхүү арилжаа хийсэн жил бий
юу?

-Мягмар гариг бүр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн
арилжаа явж байгаа. Уржигдрынх ээлжит арилжаа байсан л даа. 5041 дэх нь. Арван тэрбум
төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалагдсан. Энэ он гарсаар нийт арилжааны
дүн 356 тэрбум боллоо. Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсанаас хойших дүнтэй харьцуулахад
хамгийн өндөр нь болж байгаа юм. Хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр арилжааг энэ
жил хийсэн нь дөнгөж эхлэл. Хөрөнгийн зах зээл цаашдаа улам хөгжих, дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг татах бололцоотой. Дөхүү арилжаа хийсэн жил гэвэл 2011 он байна. Тэр үед Монгол Улс дэлхийн гэж хэлж болохоор анхаарлын
төвд байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтаас эхлээд бүх талаараа. Улс төр нь тогтвортой,
эдийн засгийн орчин дажгүй байсан. 2011 онд
350.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байдаг.

-Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн орж ирээд бараг жил болж байна уу?

-Найм, есөн сар болж
байна. Үнэнийг хэлэхэд манай зах зээлийнхэн ч тухайн үедээ таашаалтай хүлээж аваагүй.
Манай зах зээлийн гол бүтээгдэхүүн бол хувьцаа. Засгийн газрын үнэт цаас Монгол
банкин дээр байхад л болно гэсэн хандлага давамгайлж байсан. Гэтэл Засгийн газрын
үнэт цаас зах зээлд бусад шинэ боломжуудыг нээж өгсөн.

-Компанийн бонд
арил­жаалахаар болсныг хэлж байна уу?

-Тийм.

-Ингэхэд компанийн
бонд гаргах ажил хэр амжилттай байгаа вэ?

-Засгийн газрын бонд
зарагдсанаар бусад санхүүгийн хэрэгсэл, ту­хайлбал, компаниуд бонд гаргах боломж
нээгдсэн. Ер нь Хөрөнгийн бирж гэдэг чинь дэлгүүр. Өмнө нь хүн ордоггүй, харанхуй,
авахаар бараагүй дэлгүүр байсан. Гэтэл одоо Засгийн газрын үнэт цаас зарагдсанаар
байнгын хүнтэй, байнгын эргэлттэй, үе үе том хэмжээний арилжаа хийчихдэг дэлгүүр
боллоо.

Энэ дэлгүүрийг бараагаа тавих, худалдан авалт хийх хүмүүсийн
аль аль нь сонирхдог. Анхны даатгагдсан корпорацийн бонд болох “Эрчим” бонд өнгөрсөн
долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ баасан гаригт захиалга нь хаагдах гээд байж байна.
500 орчим сая төгрөгийн бонд гаргах юм.
“Эрчим инженеринг” компани тендерийн баталгаа гаргах зорилгоор гаргаж байгаа юм
билээ. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн бүртгэлийн бүх шаардлагыг
хангаад олон нийтэд зарагдах нөхцөл нь бүрдсэн.

-Энэ бондыг худалдаж авах хүмүүсийн сонирхол
хэр байна?

-Захиалгын сан нээгдээд дөнгөж нэг цаг болоход 500 сая төгрөгөөс
дээш хэмжээний захиалга ир­чихсэн. Одоогийн байд­лаар анх төлөвлөснөөс хоёр, гурав
дахин их хэмжээний захиалга ирээд байна. Баасан гариг хүртэл нэмж захиалга орж ирэх
байх. Бидний харж байгаагаар дор хаяж хоёр тэрбум төгрөгийн захиалга ирэхээр байна.
Бусад компанийн хувьд хувьцаагаа биш юм гэхэд ямар ч байсан Хөрөнгийн зах зээл дээр
бонд гаргаж хөрөнгө татах боломж нээгдлээ. Ер нь бонд гэдэг тухайн компанийн нэрийн
хуудас байдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүжилт нь зөв байх ёстой.
Компаниуд хэн хамгийн урт хугацаатай, бага хүүтэй бондыг хам­гийн хурдан хугацаанд
гаргаж байна вэ гэдгээрээ өрсөлддөг. Дахин хэлэхэд энэ бол тухайн компанийн санхүүгийн
зах зээл дэх нэрийн хуудас нь. Зээлжих зэрэглэл нь AAA үнэлгээтэй “Apple”,
“Coca cola” зэрэг компани гэхэд л
500 тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээний санхүүжилтийг нэг сарын дотор 3-5 хувийн
хүүтэй босгоно гэдгээрээ өрсөлдөнө гэсэн үг. Үүнийг л Монголын хөрөнгийн зах зээл
дээр ажил болгоё гэж байгаа юм. Эхлэл нь “Эрчим” бонд.

-Тэгэхээр компаниудын хувьд банкны богино
хугацаатай зээлээс гадна урт хугацаатай, хүү багатай мөнгийг хөрөнгийн захаас босгох
боломж нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Компаниудын санхүү­жилтийн зам сүүлийн
25 жилд нэг л байсан. Тэр нь аль нэг арилжааны банкин дээр очиж зээл хүсэх. Цаашаа
явахгүй зам л даа. Банкны системийн гаргадаг бүтээгдэхүүн нь урт хугацаатай биш.
Дэлхий нийтийн жишиг нь ч тийм. Манайд бусад зах зээл нь хөгжиж амжаагүй учраас
ямар нэг өөрчлөлтгүй яваад байгаа. Уг нь санхүүгийн зах зээл нь хөгжсөн бусад улсын хувьд богино хугацаатай санхүүжилтээ банкнаас,
урт хугацаатайг нь хөрөнгийн зах зээлээс босгодог. Энэ бол тогтсон зарчим. Бид ч
гэсэн ийм чигээр явахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Ингэлээ гээд банкны систем муудна гэсэн үг биш.
Хө­рөнгийн зах зээл, банкны зах зээл хамтдаа хөгжиж байж, эдийн засгийнхаа тулгуур
болох ёстой. Гэтэл өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк гэчихээр
эдийн засгийнхаа нийт хөгжлийг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм. Өөрөө ч хөгжихгүй,
бусдыг ч хөгжүүлэхгүй яваад байна. Тэгэхээр юуны өмнө санхүүгийн гажуудлаа засах
ёстой. Засах арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Цаашлаад үе шаттайгаар бусад
зах зээл­дээ анхаарах учиртай. Жишээ нь даатгал байна. Даатгагдсан бонд гаргана
гээд байгаа нь ийм учиртай. Хөгжиж чадахгүй байгаа хоёр зах зээл дундаасаа бүтээгдэхүүн
гаргаж ирж байгаа хэрэг. Төрөөс ч бод­логоор дэмжих ёстой.

-Компанийн бондыг компаниуд хэр сонирхож
байна вэ?

-Маш их сонирхож бай­на.

-Аль салбарынхан голч­лон сонирхож байгаа
вэ, лав л барилгын сал­барынхан сонирхлоо
илэр­­хийлчихсэн…?

-Үйлдвэрлэл явуулдаг компаниуд их сонирхож байгаа.

-Ер нь ойрын үед ком­­панийн даатгагдсан
бондоор хэчнээн төгрөг босгох боломж харагдаж байгаа вэ?

-Ирэх нэгээс хоёр сарын дотор таваас арван тэрбум төгрөгийн
бонд гаргачих болов уу. Эрчимтэй судалгаа хийгээд явж байна. Бидний зорилго бол
ТОП-100 ком­пани. “Эм Си Эс”, “МАК”, “Петровис”, “Моннис” зэрэг компаниуд
бүгд хөрөнгийн зах зээл рүү орж ирэх ёстой. Бонд гаргаж, бондынхоо өгөөжөөр өрсөлдөж,
хам­гийн бага хүүтэй хамгийн найдвартай гэсэн нэрийн хуудсаа гаргах цаг ирсэн. Бонд
гаргаж байгаа компани муу гэсэн үг биш. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын
итгэлийг хүлээж байгаа л гэсэн үг. Банкнаас зээл авах нь зөвхөн хоёр талын нуугдмал
харилцаа учраас ямар хүүтэй, хэр итгэлцэл үүсэх нь мэдэгддэггүй. Олон нийтэд зарж
байгаа тохиолдолд өөр. Олон нийт таны гаргасан үнэт цаасыг авч байна гэдэг ондоо
зүйл. Тэд танд итгэж байгаа гэсэн үг. Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсын гол үзүүлэлт
энэ л дээ.

-Хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хэт
цөөн, арилжаа нь хяз­гаарлагдмал хүрээнд эргэлддэг гэдэг. Үнэт цаасны захиалагч
эрс өссөн гэхээр энэ зах зээл дээр тоглох сонирхолтой хүмүүс нэмэгджээ дээ?

-Байдал өөрчлөгдөж байна. Цаашдаа ч тоглогчид нэмэгдэнэ гэж
харж байгаа. Өмнө нь хөрөнгийн зах зээл рүү орох гэхээр бү­тээг­дэхүүнгүй гэсэн
шалтгаан байсан. Ягаан, цэнхэр та­салбараар үүссэн хувьцаа л гэж байсан. 400 гаруй
компанийн хувьцаа. Энэ хувьцааг махаар зүйрлэж яривал хүмүүс сайныг нь сорчилсоор
байгаад хэдхэн яс үлдчихсэн. Тэр хувьцаануудаас нэмж харах юм байхгүй гэсэн үг.
Хөрөнгийн зах зээл мөлжөөд дууссан яс буюу хөрвөх чадвар багатай хувьцаа зардаг
учраас хөрөнгө оруулагчид сонирхох боломжгүй байсан юм. Одоо бол өөр. Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн байна. Компанийн бонд гэсэн бүтээгдэхүүн ороод ирлээ.

-Компанийн бонд хөг­жих ирээдүй манайд хэр байна?

-Компанийн бондын хувьд ойрын тав хүртэл жилийн хугацаанд маш
хурдацтай хөгжинө. Хаалттай байгаа Монголын топ 100 компаниуд дунд хугацаандаа хувьцаат
компани болох зорилгын эхлэл нь бонд. Эхлээд бондоо гаргаад сурчих хэрэгтэй. Хөрөнгө
оруулагчтайгаа шууд харилцана гэсэн үг. Түрүүн
хэлсэн дээ. Сүүлийн 25 жилд ямар ч том компани зээлээ банкнаас л авдаг байсан учраас
олон нийтийн санхүүгийн харилцаа үүсч эхлээгүй. Хөрөнгийн зах зээл рүү энэ компаниудыг
оруулаад ирэхээр хөрөнгө оруулагчид хүссэн хүсээгүй олон сонголттой болоод ирж байгаа
юм. Дэлгүүрээр зүйрлэж яривал олон бү­тээгдэхүүнтэй болсон хэрэг. Засгийн газрын
үнэт цаас, компанийн бонд сайн хөгжвөл бусад үүсмэл үнэт цааснууд үүсч эхэлнэ. Өөрөөр
хэлбэл санхүүгийн бусад шинэ хэрэгсэл үүсэх боломж нээгдэнэ. Бонд, хувьцаа, өгөөж
дээр суурилсан ч байдаг юм уу. Хөрөнгө оруулагчдын сонирхол ондоо. Зарим нь эрсдэл
багатай хөрөнгө оруулалтыг сонирхдог. Нөгөө хэсэг нь эрсдэл ихтэй, өндөр өгөөжтэйг
нь илүүд үздэг. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл хүн бүрийн онцлогт тохирсон
олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Тоглох талбарыг нь өргөсгөөд өгчихвөл хө­рөнгө
оруулагчид аяндаа сонирхоод ирнэ. Учир нь хөрөнгийн зах зээл гэдэг дэлхийн санхүүгийн
200, 300 жилийн түүхэнд бат­лагдсан систем. Хөрөнгө оруулагчдын хувьд мөнгөө өсгөх
таатай боломж.

-Банкинд мөнгөө хад­галуулснаас юугаараа
давуу гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Банкинд зургаан сарын хугацаатай хадгаламж бай­даг байх. Гэхдээ
хүү нь бага. Жилийн 10, 12 хувийн л хүүтэй байгаа. Банкинд мөнгөө хадгалуулчихаар
хугацаанаас нь өмнө авч болдоггүй. “Эрчим” бондын хувьд бол өөр. Зуун мянган төгрөгөөр
бонд худалдаж авлаа гэж бодъё. Зургаан сарын дараа 9000 төгрөгийн хүүгийн ашиг гээд
ороод ирнэ. Ийм л боломж байгаа юм. Иргэд ихэвчлэн улс төр яриад байдаг. Н.Энхбаяр,
Ерөнхийлөгчийн хориг, авлига, шинэ сайдуудын таамаг яриад байна л даа. Яахав улс
төр ярьж болно, гэхдээ амьдралдаа хэрэг болохоор ийм зүйлийг со­нирхмоор, яримаар
бай­гаа юм. Ядаж л өөрт нь хэдэн төгрөг ороод ирнэ. Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөөрөө
хөрөнгийн зах зээл дээр тоглоод сурчихвал сар бүр хөрөнгө нь нэмэгдэнэ. Үүнийг л
“Эрчим” бонд нээж өгч байна.

-Хөрөнгийн зах зээл рүү оръё гэхээр өчнөөн
ажил болно гэж төвөгшөөдөг байж мэдэх юм?

-Маш энгийн процесс шүү дээ. Брокер дээр очиж дансаа нээлгэнэ. Үсрээд л 5000 төгрөг өгнө. Банкнаас үнэт цаасны
данс руугаа мөнгө шилжүүлэх нь хэдхэн минутын ажил. Захиалга өгөх нь хоёрхон минутын
ажил. Ингээд л хөрөнгийн бирж дээр идэвхтэй тоглогч байх боломж үүсчихнэ.

-Засгийн газрын бондын эрэлт өсөөд байгаа
ийм үед хязгаарыг нь нэмж болдоггүй юм уу?

-Сангийн яамны мэдэх асуудал л даа. Ямартай ч зах зээлийн эрэлт
их байна. Хөрөнгийн бирж дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж
байна. Зөвхөн Засгийн газрын үнэт цаасан дээр гэхээр өндөр тоо байгаа биз. Сангийн
яамны хувьд зөвхөн арван тэрбумыг нийлүүлнэ
гэсэн хязгаар тавьж байгаа. Тийм учраас хүү нь буураад байна. Хөрөнгийн бирж рүү
орж ирэхээс өмнө Засгийн газрын үнэт цаасыг дөрөвхөн банкинд зардаг байсан. Нөгөө
хэд нь хүүгээ тогтоодог байсан учраас хүү нь 9-16 хувь хүртэл хяналтгүй өсч байсан.
Хөрөнгийн бирж орж ирснээр өнөөдрийн байдлаар гэхэд хүү нь хоёр хувиар буураад байна.
16 байсан хүү 14 хувь болсон гэсэн үг. Мэдээ тайлан нь, хэн авсан нь ил болоод өрсөлдөөн
үүсэхээр эрэлт нь нэмэгдэж хүү нь буурч байгаа хэрэг. Ач холбогдол нь энэ. Энэ бол
зөвхөн Хөрөнгийн бирж дээр гарч байгаа үнэт цаасан дээр яригдахгүй. Нийт зах зээлд
нөлөөлнө. Засгийн газар 16 хувиар гаргана гэхээр компани 18 хувиар гаргана гэсэн
үг. Засгийн газрын үнэт цаасны хүү 14 болонгуут компани 16 хувиар гаргах боломж
нээгдэж байгаа юм. Компаниудад санхүүжилт олдохгүй байгаагийн шалтгаан нь Засгийн
газ­рын үнэт цаас өндөр хүү­тэй болсных. 14 бол буурсан байгаа ч бага гэж хэлэхээргүй
хүү. Цаашдаа ч хүү буурах боломж бий.

Ц.БААСАНСҮРЭН