Categories
мэдээ цаг-үе

Төгөлдөр хуурч Ами: “Бөртэ”-г анх сонсоод л би монгол эмэгтэй шүү гэсэн бахархал төрсөн

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаатай ярилцлаа. Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг гай­халтай сайхан тоглож олон нийтэд клипээ хүргэсэн түүний уран бүтээлийн нэр нь Ами. Энэ нэрээр нь хүмүүс сайн мэднэ.

-Монголынхоо хөгжмийн зохиолчдын зохиолуудаас орчин үеийн сонсогчдод да­хин шинээр хүргэж, шинээр нээн харуулсан таны хэд хэдэн клип олны хүртээл боллоо. Эдгээр бүтээлийг та анх хэрхэн сэдэж хийж эхэлсэн юм бэ?

-Анх Хөгжим, бүжгийн сур­гуулиа төгсөөд одоо юу хийх вэ, уран бүтээлээ яаж хийх вэ гэж бодсон л доо. Төгөлдөр хуур гэдэг маань сонгодог хөгжим, бид өөрсдөө тоглоод гоё мэдрэмж баяр баясгаланг аваад яваад байдаг, гэтэл үэзгчдийн тоо маш бага байсан. Тэгээд л хөгжмөөс мэдэрдэг тэр сайхан мэдрэмжүүдийг хүмүүст хүргэх юм сан гэж бодох болсон. Тайзан дээр хар, цагаан даашинзтай гарч ирж тоглоод, ёслоод ор­дог нөгөө л уламжлалаас тат­галзахыг хүссэн л дээ. Сон­годог хөгжмийг орчин үеийн хөгжмөөр нь дамжуулж хү­мүүст хүргэх нь зүгээр юм гэсэн санаагаар уран бүтээлээ хийж эхэлсэн. Эхний ээлжинд З.Хангал гуайн “Тань руу нүүж явна” киноны хөгжим, Рымский Корсаковын “Хэдгэний нисэлт” гэдэг хоёр зохиолыг сонгож авсан. Төгөлдөр хуур гэдэг энэ сонгодог хөгжмийг өөр өнгө аястай орчин үеийн хэмнэлтэй хослуулж болдог юм байна гэдгийг үзүүлж харуулахад клип нь илүү оновчтой шийдэл юм гэж үзсэн. Хөгжим гэдэг маань үггүй. Дуу бол өөр хэрэг. Хэлэх гэсэн санаа, утга агуулгаа үгээрээ илэрхийлчихэж байна. Хөгжим үггүй, сонсогч бүр өөр өөрийнхөө санаа бодлоор хү­лээж авдаг урлаг учраас ерөнхий нэг утга санаагаа харуулж тэр зохиолоо хү­мүүст илүү тодорхой нээж өгөхөд видео дүрс бичлэг илүү өргөн боломжтой юм л даа. Эхлээд Рымский-Кор­саковын “Хэдгэний нисэлт” нэртэй зохиолыг тоглож клип хийлгэлээ. Рымский-Корсаков бол хорьдугаар зууны сонгодог. Орчин үеийн зохиол учраас орчин үеийн хөгжимтэй хослуулж тоглох нь илүү зохимжтой байдаг. Үндсэн зохиол дээр орчин үеийн хөгжмийн найруулга оруулж тоглоход хамгийн гол нь уран бүтээлчийн өөрийнх нь эмоци их үүрэгтэй байдаг. Жишээ нь, нэг зохиолыг яагаад хүн бүр давтаад тоглоод байдаг вэ гэхээр тэр зохиолыг тоглогч бүр өөрийн онцлогоо гаргаж тоглодог учраас тэр. Би өөрөө их дэврүүн, эмоци ихтэй болохоор тоглолтод маань энэ характер илүү тусдаг. Рымский Корсаков “Хэдгэний нисэлт” гэдэг энэ зохиолоо Оросын Салтаан хааны үлгэрээс сэдэвлэж бич­сэн гэдэг юм. Хаад ноёдыг шүүмжилсэн үзэл санаатай, дүрслэл нь зөгийнүүд тэдэн рүү зогсолтгүй дайрч байгаа хэлбэрээр бичсэн зохиол юм. Ая нь ч гэсэн өнгө алгасалгүй зогсолтгүй үргэлжилдэг. Гад­ны нэрд гарсан бүхий л төгөлдөр хуурчид, мөн сонгодог урлагийг орчин үетэй хольж тоглодог уран бүтээлчид энэ зохиолыг тоглосон байдаг. Тэр бүү хэл гитараар тоглосон хувилбар ч бий. Нэг ёсондоо хөгжимчид тоглогчийн техник, уран чадвараа харуулдаг нэг сор бүтээл юм л даа. Үлгэрээс сэдэвлэсэн хэдий ч үеийн үед байсаар ирсэн нийгмийн үзэгдлийг шүүмжилсэн зохиол. Дараа нь “Тань руу нүүж явна” киноны хөгжмөөр клип хийлгэсэн.

-“Тань руу нүүж явна” бол таныг тоглогчийн хувьд олонд таниулсан бүтээл. Б.Шарав гуайн зохиол “Бөртэ” гэж төгөлдөр хуурын дуэтыг бас олны хүртээл болголоо. Энэ зохиолыг та ээжтэйгээ хамт тоглосон нь үнэхээр сэтгэл хөдлөм. Та хоёр энэ зохиолыг хэрхэн хүлээж авч тоглосон бэ?

-Энэ бол Шарав гуайн “Үхэж үл болно, Чингис” киноны Бөртэ хатны хэсгийн хөгжим л дөө. Энэ их гоё түүхтэй. Нэг өдөр Шарав гуай утасдсан юм. Өмнө нь би “Маамуу нааш ир”-ийг гаргачихсан байсан үе. “Маамуу нааш ир”-ийг сонс­лоо, хөгжмийн найруулгаа их гоё сонгосон байна, сайн бүтээл болжээ гэлээ. Тэр агуу хөгжмийн зохиолчоос урмын үг сонсоно гэдэг бол бидэнд маш сайхан зүйл. Тэгж надад урам хайрлаад ”Чи миний зохиолоос тоглохгүй биз” гэсэн. Дараа нь уулзаад гурав дөрвөн зохиол өөрөө тоглож сонсгосон юм. “Бөртэ”-г тоглоод эхэлсэн чинь л гол руу нэг юм зураад явчихсан. Яг тэр мөчид монгол эмэгтэй хүний дүр харагдаж байгаа юм л даа. Би монгол эмэгтэй шүү гэсэн тийм нэг гоё бахархал төрсөн, бас ээж минь бодогдсон. Тэгээд л би ерөөсөө энэ “Бөртэ”-г л тоглоё гэж шийдээд тоглохоор болсон. Ер нь өмнө нь би ээжтэйгээ хамт тоглох юм сан гэж бо­доод явдаг, ээж бид хоёр энэ талаар бас ярьдаг байсан л даа. Удам дамжсан ээж охин хоёр төгөлдөр хуурчид манайд байдаг ч гэсэн нийт хүн амынхаа дунд бол ховор шүү дээ. Тэгээд ийм гоё санаа миний сэтгэлд яваад байсан боловч яг ямар зохиол тоглох вэ гэдгээ олоогүй байсан. Нэг талаар энэ зохиол надад хүнд санагдаж байсан.

-Тухайлбал… ?

-Шарав гуай өөрөө хэлэхдээ энэ бол сэтгэлийн хөгжим юм шүү гэсэн. Энэ чинь их хааны хатны амьдрал. Хэдийгээр наана нь хаан байгаа ч гэсэн хатдын үүрэг ямар чухал бай­сан бэ. Нэгдүгээрт, их баатарлаг зүрх сэтгэл гарч ирнэ, хоёрдугаарт эх хүний тэр гоё дүр. Үүнийг тоглохдоо дотроо би монгол эмэгтэй хүн гэдгээрээ омогшиж байгаа боловч эх хүн гэдэг талаас нь ойлгоход амаргүй байсан. Би өөрөө одоогоор ээж болж амжаагүйг хэлэх үү. Эх хүн болсон хүн л тэр хөгжмийг илүү гаргаж чадна шүү дээ. Хэрэв би ганцаараа тоглосон бол арай л хөнгөдүүлчих байсан байж магадгүй. Гэтэл ээж ороод ирэхээр бүх юм утга учиртай болж ирж байгаа юм л даа. Хөгжмийн найруулгыг нь хийсэн Одбаяр гэж залуу байдаг. Тэр хоёр төгөлдөр хуурт зориулж дуэт болгож найруулсан. Энэ бүтээл юм юмаараа анхдагч болсон л доо. Хоёр төгөлдөр хуураар дуэт гарсан, тэр бүтээлийг ээж охин хоёр тоглосон, дээрээс нь монгол гэрт сонгодог төгөлдөр хуурыг тоглосон гэх мэтчилэн зураг, хөгжим, хүмүүс гээд бүх талаараа анхдагч болсон. Монгол гэрт сонгодог хөгжмийг тоглохдоо бодох юм цөөнгүй гарч байсан л даа. Зүгээр нэг ахуйн илэрхийлэл болсон, хаа сайгүй байдаг гэрт төгөлдөр хуур байж байх нь зохимжгүй. Монгол гэр гэдэг маань өөрөө урлагийн бүтээл, тэр дундаа сонгодог бүтээл юм л даа. Тэрийг нь хөгжимтэйгөө гоё хослуулах хэрэгтэй юм билээ. Тиймээс их олон гэр судалж үзээд арвангуравдугаар зуун цогцолборын хаадын өргөөг сонгосон. Гэр нь тэр чигтээ монгол сийлбэрчдийн бүтээл, монгол урлагийн сонгодог бүтээл юм шүү гэдэг санааг бас давхар шингээхийг хичээсэн.

-Олон талаас нь гүнзгий бодож шийдсэн юм байна. Мэдээж бичлэгээ студид хийж байгаа хэдий ч ер нь стандартаар нь барьсан монгол гэрт төгөлдөр хуур тоглоход дуугаралт (акустик) нь ямархуу байх бол?

-“Бөртэ” дээр хоёр төгөлдөр хуур тоглож байгаа болохоор маш том гэр сонгосон л доо. Миний бодлоор, монгол гэрт тоглоход маш гоё байх болов уу. Дугуй хэлбэртэй учраас акустик нь гоё байх ч юм шиг. Тоглож байгаа хүн чинь сэтгэлийн хөдөлгөөнөө дагаад дээшээ харахад л тооноор нь тэнгэр харагдаад надад үнэхээр гоё санагдаж байсан. Тэр гоё зохиолыг монгол гэрт тоглоод сууж байхад улам сэтгэл хөдлөөд, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ.

-Клипийг нь үзээд Шарав гуай та хоёрт юу гэж хэлсэн бэ?

-Хөгжмөө бичүүлчихээд Шарав гуайд сонсгосон. Ер нь зохиолчтойгоо яриад, сонсгоод хийх нь уран бүтээлд маш үр өгөөжтэй байдаг л даа. Ээж бид хоёрын тоглосныг анх сонсоод Шарав гуай үнэхээр сэтгэл хангалуун байсан. Дараа нь клипээ хийчихээд үзүүлэхэд бас их таалагдсан байна лээ. Хөгжмийн зохиолчид нь хүртэл таалагдсан нь ээж бид хоёрт их урам зориг өгсөн.

-“Бөртэ”-г “сэтгэлийн хөг­­жим” гэж зохиолч нь хэл­сэн гэлээ. Гэхдээ их гүн гүнз­гий, агуулга нь их өргөн, хүнд зохиол сонсогддог шүү дээ. Та түрүүн хэлэхдээ анх сонсоход гол зураад явчихсан гэсэн. Үнэхээр ч энэ зохиолыг сонсоход хал­гамаар, уйлмаар санагдах мөч олон тохиолддог юм шүү?

-Ээж хүн гэдэг ямар ариун нандин билээ, намайг төрүүлж багаас нь минь яаж бүхнээ зориулж өсгөж хүн болгосон билээ, одоо ингээд хамт тоглоод сууж байхад ямар гоё мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, ээжтэйгээ хамт тоглож байгаа болохоор их дэмтэй байсан. Тоглохдоо бол их удаан бодож судалж хийсэн дээ, энэ бүтээлийг. Хөгжмийн найруулга дээрээ жил гаруй ажилласан. Зураг авалтаа хоёр ч удаа хийсэн. Үүнд зургаан сар зарцуулсан. Ер нь жил зургаан сарын хугацаанд бүтсэн дээ. Зохиол нь өөрөө гүнзгий философитой зохиол.

-Таны зургаан клип гарчээ. Нэг тоглосон бүтээл тань хүмүүсийн сэтгэл зүрхэнд их хурдан хүрч байна. Гэтэл тоглогчийнхоо хувьд та уран бүтээлдээ нэг их шунаглан орохгүй байх шиг харагдах юм. Шунахгүйгээр, их тайвнаар хандаж байна уу даа?

-Мэдээж, уран бүтээл хийх шунал асар их байна. Яг бүтээл гармагцаа хүмүүст амархан хүрдэг гэж би харахгүй байгаа. Хүний сэтгэлд хүртлээ их л урт замыг туулдаг юм. Хэрэв сайн бүтээл хийе гэвэл зүгээр нэгэн цагт хит болоод өнгөрөх биш он цагийн шалгуур давах, олон жил амьдрах бүтээл хийх хэрэгтэй. Тийм бүтээл хийхэд цаг хугацаа их ордог. Ер нь хэцүү. Гэхдээ цөөхөн ч гэсэн бүтээлүүдийг маань хүмүүс сонссоор байна. Аль 2009 онд хийсэн бүтээлийг одоо болтол сонссоор, утсан дээрээ ч тавьчихсан байх жишээтэй, энэ бүхэн эргээд надад их урам өгдөг. Харин жаахан удаан ажиллаад байна, шуурхай биш байна гэсэн шүүмжлэл хааяа сонсдог л доо.

Тоглох зохиолууд бол маш их байна. Монголынхоо хөгж­мийн зохиолчдын бүтээлээс аль болох тоглох юмсан гэсэн хүсэл их байдаг. Анх уран бүтээлээ эхэлж байхад өвөө маань надад хэлж байсан юм. “Сайн байна, миний охин, уран бүтээлч сэтгэлгээтэй юм байна. Дэлхийн сонгодгийг хүн бүхэн тоглодог. Монголын хөгжмийн бүтээлүүдээ тог­лохгүй орхиод байна. Монгол бүтээл чинь тоглохгүй орхиод байгаа болохоос хичнээн гайхамшигтай бүтээлүүд билээ. Тэрийг тоглож гаргаж ирж, олонд хүртээх хэрэгтэй юм шүү” гэж хэлж байсан. Үнэхээр ч бид монгол хөгжмөө тоглож хүмүүст хүргэж явах юм бол нэгдүгээрт, улс үндэстнийхээ энэ том соёлыг авч үлдэх, хоёрдугаарт уран бүтээлчдэд маш том өв сан нээгдэж байгаа юм л даа. Хөгжим бүжгийн сургуулийг бид сонгодгоо тоглоод төгсдөг. Гэтэл өөрөө уран бүтээл хийгээд, монгол зохиол руугаа ороод ирэхэд манай Монголын хөгжим үнэхээр гайхамшигтай. Жишээ нь, Хангал гэхэд л Монголын сонгодог. Тэгэхээр бидэнд тоглох зохиол бол маш их. Харин тэр дундаас алийг нь яаж тоглох вэ гэдэгт их хугацаа ордог. Сонгодог хөгжим бол жишээ нь поп ч юм уу бусад арилжааны урлаг шиг хурдан хурдан өдөр болгон гаргаад байх бололцоо байхгүй юм л даа. Сонгодог гэдэг чинь өөрөө жинтэй, цагийн уртыг туулж үлддэг тэр шалгуураараа хийхэд бас маш их хугацаа шаарддаг урлаг юм.

-Д.Лувсаншарав гуай, өвөө тань таны тоглож олонд хүргэсэн бүтээлүүдээс алийг нь илүү тоож, сэтгэл хөдөлж хүлээж авч байв?

-“Тань руу нүүж явна” киноны хөгжим дээр өвөөгийн сэтгэл их хөдөлсөн байх. Маш таашааж хүлээж авч байсан юм. Яг ийм байдлаар, Монголынхоо хөгжмийн бүтээлүүдээс, одоо үед байхгүй ийм хөгжмийн зохиолчдынхоо бүтээлүүдээс цаашид зөндөө олон бүтээл хийгээрэй гэж хэлж байсан.

-Манай Монголын хөгжим бол үнэндээ судлагдаагүй эрдэнэсийн сан байгаа юм аа. Энэ рүү хандаж уран бү­тээлээ хийдэгт тань хүмүүс их таатай байдаг. Харин дэл­хийн сонгодгуудаас яг сонгодог үеэс та хэний хөгжимд илүү татагддаг вэ?

-Мэдээж, хөгжимчин бүр үе үеийн сор болсон бүтээлүүдээс тоглох хүсэл сонирхолтой. Яг сонгодог үеэс гэх юм бол, би Бетховены зохиолд илүү дуртай.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультай танилц

-Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох журмуудын төслийг боловсруулж дуусчээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ наадмын өмнө баталсан. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс буюу ирэх мягмар гаригаас хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам бэлэн эсэхийг Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар батална. Мөн холбогдох байгууллагууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх 25 журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Хууль зүйн сайд журмыг баталснаар цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх юм” гэлээ. Холбогдох дүрэм, журам нь батлагдсан даруйд сүлжээнд мэдээлэл суулгах зэрэг ажлыг хийхэд техникийн ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэнэ. Дүрэмд тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгахаар хуульчилжээ. Мөн Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам, Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам, Жолоодох эрх дуусгавар болох, сэргээх, Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам, Зам тээврийн ослын улмаас нас барсан, гэмтсэн хүнийг бүртгэх заавар зэрэг журам, заавар батлагдах юм байна.

Жолооч зөрчил гаргах бүрт оноо авч “хар дэвтэр”-т бүртгэгдэнэ

Зөрчил гаргасан жолооч, замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зөвхөн бэлэн бус хэлбэрээр торгууль төлнө. Мөн зөрчил гаргасны тоогоор оноо тооцуулж, “хар дэвтэр”-т бүртгүүлнэ. Хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг Хууль зүйн сайд батлах юм. Зөрчлийн оноог тооцохдоо Зам тээврийн осол, хэрэг зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэх юм байна. Зөрчлийн оноо тогтоосон дээд цэгт хүрсэн тохиолдолд жолооны эрхийг нь цуцлах аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан ажиллаж эхэлнэ. Нэгдсэн сан нь дотроо хэд, хэдэн төрөлжсөн сантай. Тээврийн хэрэгсэл болон жолоочийн бүртгэл мэдээллийн сан одоо ч бий. Үүнээс гадна жолооч таны сурсан жолооны курс, хэдэн машин, багштай зэрэг мэдээлэл мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх юм. Хэрвээ суралцсан жолооч нар нь зөрчлийн оноо ихтэй байвал тухайн жолооны курсийн эрхийг цуцлах үндэслэл болох аж.

Налайхын зам, Долоон буудалд осол их гардаг учраас лам нар ном уншиж байна гэсэн яриа гардаг. Тэгвэл аль замд осол их гарч байна, шалтгаан нь юу байгааг мэдээллийн санд албан ёсоор нэгтгэхээр болжээ. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээлэл байх аж.

Гадаадын иргэн олон улсын жолооны үнэмлэхээр нэг жил жолоо барих эрхтэй

Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ойлгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцах юм. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно. Гэхдээ энэ үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй. Зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох юм байна. Дотооддоо жолоо барих эрхийн үнэмлэхийг арав, олон улсын жолооны эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгоно.

Харин олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн манай улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Дараа нь хуулийн дагуу Монгол Улсын жолооны үнэмлэх авах юм байна.

Жолоодох эрхгүй этгээд согтуу машин баривал 768 мянган төгрөгөөр торгуулж, нэг сар баривчлагдана

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан этгээд жолоо барьсан бол 192 мянган төгрөгөөр торгуулна. Мөн ийм хүнд жолоогоо шилжүүлсэн машины эзэн 192 мянган төгрөгөөр торгуулах аж. Одоо мөрдөж байгаа хуулиар согтуу машин баривал эрхийг нь хасдаг. Тэгвэл шинэ хуулиар эрхийг нь хасахаас гадна торгох юм. Согтууруулах ундаанаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоо баривал хариуцлага хүлээнэ. Согтуурлын зэргийг багажаар хэмжчих бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Согтуу, мансуурсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384 мянган төгрөгөөр торгож, жолооны эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийвэл мөн дээрх хариуцлагыг тооцох аж. Хэрвээ ийм зөрчлийг давтан үйлдвэл 30 хоног баривчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах юм байна.

Таны машиныг согтуу, мансуурсан хүн жолоодсон бол та бусдад жолоо шилжүүлсэн гэх үндэслэлээр 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооны эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 768 мянган төгрөгөөр торгож, нэг сар баривчлах шийтгэл онооно.

Ядарсан ажилтнаараа жолоо бариулбал 576 мянган төгрөгөөр торгоно

Хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар үүрэглэж яваад осол гаргах тохиолдол цөөнгүй бий. Орон нутагт гарсан зарим ослын шалтгаан, цаг хугацааг харахад үүрээр, шөнө дунд нойрмоглож явснаас үүдсэн байдаг. Тэгвэл шинэ хуулиар ийм тохиолдолд жолоочоос гадна тухайн иргэнийг ажиллуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээх юм байна. Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000, ийм хүнд жолоогоо шилжүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Ядарсан ажилтнаараа жолоо бариулсан бол хуулийн этгээд 576 мянган төгрөгийн торгууль хүлээх юм байна. Ядарсан эсэхийг хэдэн цаг тасралтгүй машин жолоодсоноор нь тогтоох гэнэ.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48 мянга, ийм хүнд жолоогоо шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгуулах нь.

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй машин жолоодсон бол иргэнийг 96 мянга, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Техникийн үзлэгт ороогүй, тэнцээгүй машин жолоодсон иргэн, хуулийн этгээд дээрх хэмжээний торгууль төлнө.

Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 19200 төгрөгийн торгууль төлнө

Цагдаа, түргэн, галын машин зэрэг тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан машины жолоочид давуу эрх олгоогүй бол 19200 төгрөгөөр торгуулах аж. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад нь тусгай дуут дохио хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ эдгээрээс өөр машинд дуут дохио, гэрлэн дохио суурилуулсан бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн шаардлага биелүүлээгүй, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохио, сигналаа дуугаргах журам зөрчих болон ослын дохио, тэмдэг зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгуулна. Мөн эгнээ байр буруу эзэлсэн, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хориглосон газар эргэсэн, гэрэл шилжүүлээгүй, явган хүний зам эсвэл авто замын гадна талаар явсан бол дээрх торгуулийг төлнө. Харин урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооч жолоо барьж байхдаа утсаар ярих, явган хүнд зам тавьж өгөөгүй, хамгаалах бүс хэрэглээгүй бол 9600 төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Мөн зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол дээрхийн адил хариуцлага хүлээнэ.

Хэт удаан явах, шаардлагагүй үед тормоз гишгэвэл хариуцлага хүлээнэ

Урд явсан машин огцом тормозлосноос болж осол гарахад арын машин зай бариагүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээдэг. Тэгвэл шинэ хуулиар жолооч шаардлагагүй үед хэт удаан явах, огцом тоормозлох эсвэл хурд хэтрүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Хэт хурдан явахдаа зөвшөөрөгдсөн дээд хязгаараас таваас илүү хувиар хэтрүүлсэн бол 48 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

Үүнээс гадна хүн тээвэрлэх журам зөрчвөл 96 мянга, ачаа тээвэрлэх журам зөрчвөл иргэн 96-192 мянга, хуулийн этгээд 576-768 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно

Ирэх мягмар гаригаас эхлэн гарцгүй газраар зам гарвал 19200 төгрөгөөр торгуулна. Явган зорчигч согтуугаар дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгуулах юм байна.

Үүнээс гадна зам тээврийн осол, хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол иргэнд 19200, хуулийн этгээдэд 192 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Оршин байгаа газартаа хамаарах мөс, замын бохирдол цэвэрлээгүй, замын ойролцоо ажил, үйлчилгээ эрхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бол иргэн 48 мянга, хуулийн этгээд 384 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдүүд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орох нь их байдаг. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэлд орсон бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг 192 мянган төгрөгөөр торгох юм.

Эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо нөхөн төлүүлнэ

Траншейны нүх эсвэл эвдэрсэн зам дээр машиныхаа эд ангийг эвдэх тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл шинэ хуулиар зам тавьсан, траншейн хариуцсан нөхдүүд жолоочийг хохиролгүй болгож өөрсдөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, “Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (192 мянга), хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр(960 мянга) торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ. Зам дагуух гэрэлтүүлгийн эвдрэл зам тээврийн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн бол мөн хариуцсан этгээдээр хохирлыг төлүүлж, албан тушаалтныг 384 мянга, аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгох аж.

Үндэсний зөвлөл шинээр байгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг УИХ жил бүрийн нэгдүгээр улиралд хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан, үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд хэрхэн ажилласан талаарх тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Энэ тайланг шинээр байгуулагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл тайлагнана. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийг тэнцүү оролцуулсан, орон тооны бус бүтэцтэй байх аж. Орон тооны ажлын албатай байх уг зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын бичиг баримт боловсруулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, тайлан гаргах үүрэгтэй ажиллана. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ч зам тээврийн ослыг бууруулах, урдчилан сэргийлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үүрэг хүлээжээ. Үндэсний зөвлөлөөс эхлээд орон нутгийн төрийн байгууллага, ИТХ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг байнга зохион байгуулах талаар хуульд тусгасан байна.

Үүнээс гадна зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, тээвэрлэх маргаан байнга шахам гардаг. Тэгвэл харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох үүргийг ИТХ хүлээжээ.

Б.Цэцэгдэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Бүс нутгийн байгууллагуудын чуулганыг удирдсанаар зөвхөн өөрийнхөө биш өрөөлийн төлөө ажиллах боломж бүрдлээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган маргааш (өнөөдөр) Улаанбаатарт эхлэх гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье.

-Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган нь ашгийн бус байгууллага. Бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой энэ байгууллага энэ жил 20 нас хүрлээ. Үүнтэй давхцаад XX бага хурлаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ хурлын хүрээнд нэлээд арга хэмжээ зохион байгуулагдана.

-Энэ байгууллагад манайх хэзээ нэгдсэн бэ. Хурлаараа бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх үү?

-Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд АНДЧ-д гишүүнээр элсэх нь нээлттэй бөгөөд одоогоор 15 бүрэн эрхт гишүүн, долоон харилцагч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн эрхэт гишүүнээр Парисын Зарчимд нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллагыг элсүүлдэг. Бүрэн эрхт гишүүн нь байгууллагыг төлөөлж, АНДЧ-ы шийдвэр гаргах байгууллага болох Чуулганы зөвлөлд санал өгөх эрхтэй зөвлөлийн төлөөлөгчтэй. Манай улсын хувьд бүрэн эрхт гишүүн нь. Энэ удаагийн хуралд бүрэн эрхт, харилцагч гишүүдээс гадна сонирхогч орнууд оролцоно. Эхний хоёр өдөр дотоод асуудлаа хэлэлцэнэ. Гэхдээ эхний өдрийн үдээс хойш хүний эрхийн хамгаалагчдын асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ сарын 28-нд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, эрүү шүүлтийг зогсоох талаар хүний эрхийн байгууллагуудын хийж байгаа ажил, тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар ярилцах юм.

-Манай улсаас ямар сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх вэ. Манай улсад хуралдаж байгаа гэдэг утгаараа энд хүний эрхийн төлөв байдал ямар байгааг хэлэлцэж, шийдвэр гаргах болов уу?

-Манайхаас комиссын гишүүн П.Оюунчимэг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, нэмэлт протоколыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын ололт, амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавина. Эрүүдэн шүүх асуудлаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, УИХ-д хүргүүлсэн зөвлөмж гээд бүх асуудлыг илтгэлдээ тусгасан байгаа.

Гэхдээ хуралдаанаар аль нэг улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэхгүй. Туршлага солилцож, гол нь бүс нутагтаа хүний эрхийн дэвшилттэй тал юу байна вэ, болохгүй нь хаана байгааг хэлэлцэж хамтарч шийдвэрлэх гарц хайх чиглэлээр ажилладаг. 2013 онд Катарт болсон хурлаар дараагийн хуралдааныг Монголд хийх эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы орлогч даргаар ажиллаж, хуралдааны бэлтгэлийг хийлээ. Хуралдаанд хэн илтгэл тавих, ямар дараалалтай байхыг даргалж байгаа Катар шийднэ. Харин Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нөгөөдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд энэ байгууллагыг даргална.

-Энэ байгууллагын гишүүн байх, үйл ажиллагааг нь удирдахын ач холбогдол юу вэ?

-Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцан дээр гаргах, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сурталчлах гээд ач холбогдол их.

Үүнээс гадна байгууллагыг удирдаж байгаа гэдэг утгаараа гишүүн орнуудад тулгарч байгаа асуудал, зорилтыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ. Нэгэнт байгууллага удирдаж байгаагийн хувьд зөвхөн өөрийнхөө биш өрөөлийн төлөө ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын төдийгүй, Хүний эрхийн үндэсний комиссын нэр хүнд өснө.

-Энэ хуралдааны өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард НҮБ манай улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн. Хүний эрхийн байгууллагуудаас хүргүүлсэн илтгэлд Монголд эрүү шүүлт буураагүй, харин ч өссөн талаар тусгасан. НҮБ-аас манай улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа бол?

-Үнэхээр дуулгавартай баймаар байна. НҮБ-аас 2011 онд манай Засгийн газарт өгсөн зөвлөмждөө эрүү шүүлтийн эсрэг авч буй арга хэмжээгээ улам бүр бэхжүүл гэсэн шүү дээ. Гэтэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Өнгөрсөн тавдугаар сард болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулган (UPR)-ы зөвлөмжид эрүү шүүлттэй холбоотой асуудал маш их орсон. Мэдээж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаа дахин байгуул гэхгүй шүү дээ. Өмнө нь үр дүнтэй ажиллаж байсан механизмыг бүрдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой гэдэг асуудлыг тавьсан. UPR-ийн зөвлөмжийг эцэслэн батлах хурал ирэх сард Женев хотноо болно. Хүний эрхийн үндэсний комисс тэр хуралд оролцоно. Засгийн газрын төлөөлөгч оролцож илтгэлээ хамгаална. Тэндээс гарсан зөвлөмжийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой болно.

-Сэжигтэн, яллагдагчийг удаан хугацаанд хорьдог, хорих газар сэлгүүлэн эрүүдэн шүүдэг гэх гомдол танай байгууллагад цөөнгүй ирдэг бололтой. Тухайлбал,ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн гэх зэрэг цөөнгүй хүн гомдол гаргасныг олон нийт мэдэж байгаа.

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд байгаа болон ял эдэлж байгаа хүмүүсээс ирдэг гомдол эрс нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн байдлыг өмнөх үетэй харьцуулахад гомдол тав дахин нэмэгдсэн. Зуны улиралд төрийн байгууллагуудын ажил багасдаг биз дээ. Гэтэл манайд хандах иргэдийн тоо улам бүр өсч байна. Эрүүдэн шүүсэн, мөрдөн байцаалтын шатанд үндэслэлгүйгээр хорьсон гэх гомдол маш их ирж байгаа. Гэхдээ манайд хандсан бүх хүний гомдол үндэслэлтэй гэж хэлж болохгүй. Анхаарал татсан асуудал ч бий. Эрүүдэн шүүсэн, өмгөөлөгчгүй уулзсан, бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан, айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан, гэмтэл учруулсан гэх гомдол олон ирж байгаа. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байхад асуудлыг шийдэхэд амар байсан. Гомдлыг шалгаад тийшээ шилжүүлдэг байж. Одоо цагдаа өөрөө шалгадаг болсон учраас иргэд итгэхгүй юм. “Хамт сууж байгаа цагдаагаар нөгөөхийг нь шалгуулахдаа би итгэхгүй байна” гэж харддаг. Хардлага төрүүлэхээс гадна магадгүй гэдэг байдлыг ч бий болгочихдог. Тиймээс үүнийг цэгцлээч гэдэг асуудал тавьсаар байгаа шүү дээ. Хэрэв хуулийнхныг шалгадаг тусдаа байгууллагатай бол дураараа аашилдаг явдал багасна. Үнэнийг хэлэхэд эрүүдэн шүүх чинь цөөн тооны бүтэлгүй нөхдүүдийн л үйл ажиллагаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчидтай холбоотой гараад байгаа цөөн тооны үзэгдэл байна. Ганц нэг нь тодорхой болоод ажлаасаа ч халагдсан.

-Цөөн тооны нөхдүүдээс шалтгаалаад эрүүдэн шүүдэг, бусдын эрх зөрчдөг гэдэг муухай нэр зүүж байна гэж үү?

-Хэдхэн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчийн муйхар үйлдлийг эс тооцвол Монгол Улсад эрүүдэн шүүх асуудал эрс багассан. Энэ нь бидний нэг ололт, бусдад үзүүлэх баримт. Хамгийн наад зах нь цагдан хорих байрны нөхцөл сайжирсан. 461 дүгээр хорих анги гэхэд Европын стандартад хүрсэн.

-Хүний эрх зөрчдөг, эрүүдэн шүүдэг цөөн тооны нөхдүүд байдаг гэлээ. 2014 оны хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг уншиж байхад эрүүдэн шүүсэн тухай олон баримт байна лээ. Харин бусдыг эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээр ганц, хоёрхон хүнд хариуцлага тооцсон байсан. Хариуцлага нь ихэнхдээ сахилгын шийтгэл төдий байна лээ. Танай байгууллага шалгалт хийгээд хүний эрхийн зөрчил байгааг тогтоодог ч хуулийн байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцдоггүй юм болов уу?

-Одоо ч нөхцөл байдал ийм байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шиг чиг үүрэгтэй байгууллага байгуулсан цагт л нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хууль хяналтынхныг шалгадаг байгууллагатай байхад харин ч хамжааргатай болж байсан шүү.

-ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие тааруу, эмчлүүлж байгаа. Тэр хүн танай байгууллагад хандсан байх аа?

-Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй.

-Зунжин хорихдоо хоёрхон удаа байцаах нь эрүү шүүлтийн хэлбэр биш гэж үү?

-Цагдан хорьчихоод нэг байцаалаа, хоёр асуулаа гэдэг асуудал ярьдаг. Байцаалтаар асуудлыг тодруулдаггүй. Хуулийн байгууллагын арга тактикийн л асуудал. Нэг хэсэг цагдан хорьчихоод байцаадаггүй, бүр таг болчихдог байсан. Одоо тэр байдал арилсан. Хуулийн хугацаанд цагдан хорьж байгааг буруу гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийн дагуух процесс. Түүнээс зодсон, дарамталсан гэх зэрэг зөрчил илрээгүй.

-БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисстой өнөөдөр (өчигдөр) санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хүний эрхийн байгууллагууд хамтарч ажиллахаар болов уу?

-Хоёр улсын хүний эрхийн байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Манай байгууллага БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын хөдөлмөрлөх болон бусад эрхийн талаар 2007 онд тандалт, судалгаа хийж байсан.

Монгол Улсын 30 шахам мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Олон мянган иргэд эмчлүүлэхээр тийшээ явж байгаа. Манай Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахаар тэнд ажиллах боломж байхгүй. Элчин сайдын яам байгаа нь хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүлээж аваад тэр дагуу ажиллаад байх боломж байдаггүй. Үүнээс гадна БНСУ-ын маш олон иргэн Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж байгаа. Тэдний эрх ч зөрчигдөх явдал гардаг. Тиймээс хоёр улсын Хүний эрхийн үндэсний комисс нутаг дэвсгэр дээрээ тухайн улсын иргэний эрх, эрх чөлөөг өөрийн улсын иргэний адил хамгаалж үйл ажиллагаа явуулъя гэдэг дээр тохирлоо.

-Тэгвэл БНСУ-д гэрээгээр болон хараар ажиллаж байгаа хүмүүс эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн байгууллагад нь хандах эрхтэй болсон гэсэн үг үү?

-Хүний эрхийн үндэсний комисс нь гомдлыг өөрийн улсын иргэний адил хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо. Хоёр улсын Хүний эрхийн үндэсний байгууллагууд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түлхүү хамтрахаас гадна бүс нутагтаа үйл ажиллагаагаа уялдуулъя гэж тохирсон. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хороонд бие, биенийхээ үйл ажиллагааг дэмжихээр санамж бичигт тусгасан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнуудыг мэргэшүүлэх, туршлага судлах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.


Categories
мэдээ цаг-үе

П.Цагаан: Чөлөөлөх дайн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, энх амгаланг тогтоохын төлөөх ариун үйлс байсан

Ирэх сарын 3-нд БНХАУ-д болох чөлөөлөх дайны 70 жилийн ойд манай улс хэрхэн оролцох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.

-БНХАУ дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн баярт бэлтгэж байна. Дайныг дуусгахад, ялалт байгуулахад монголчууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг. Бээжинд болох энэ арга хэмжээнд Монгол Улс хэрхэн оролцох вэ?

-БНХАУ энэ түүхэн ойг анх удаа олон улсын түвшинд ийм өргөн хэмжээнд зохион байгуулж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл Тяньянминий талбайд болох цэргийн парадад оролцож, жагсана. Баярын арга хэмжээний үеэр хоёр орны удирдагчид хоёр талын уулзалт хийнэ.

-Бээжинд болох цэргийн парадад хэчнээн орон оролцох бол?

-Дэлхийн 16 орны цэргүүд жагсана гэж сонссон. Парадад оролцох Монголын цэргүүд Бээжинд очиж,бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Дэлхийн II дайн дууссаны баяр гэх юм. Бас Чөлөөлөх дайн ч гэх юм. Аль нь зөв бэ?

-Бидний хувьд аль аль нь зөв.1945 оны есдүгээр сарын 2-нд милитарист Япон үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан гэдэг утгаар дэлхийн II дайн дууссан өдөр. Монгол Улсын хувьд бол 1945 оны наймдугаар сарын 10-нд милитарист Японд дайн зарлаж, чөлөөлөх дайнд оролцсон нь тусгаар тогнолоо бэхжүүлэх, Зүүн хойд Хятад, өвөр монгол ахан дүүсээ харийн дарлалаас чөлөөлөх ариун зорилготой байсан. Чухамдаа энэхүү Чөлөөлөх дайнд оролцсон нь манай улс тусгаар тогтнол, статус кво-гоо тухайн үед дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их гүрнүүдээр зөвшөөрүүлэх болон хоёр хөршөөрөө албан ёсоор баталгаажуулахад чухал түлхэц болсон.

Хорьдугаар зуун бол монголчууд бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн тогтоох, эрх чөлөөгөө бүрэн олох тэмцлийн зуун байсан. Тэрхүү урт, бартаат тэмцэл, түүхийн нэгэн нэн чухал, содон үйл явдал бол чөлөөлөх дайнд оролцсон явдал.

-Энэ хавар Москвад болсон Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч оролцсон. Одоо Бээжинд оролцоно. Чөлөөлөх дайнд монголчууд яг яаж оролцсон бэ. Тоо, баримт дурдаж болох уу?

-Чөлөөлөх дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Монголчууд дэлхийн II дайны бүхий л үед ямар нэг байдлаар маш идэвхтэй оролцож, бараг чадлаасаа ахадсан хувь нэмэр оруулсан гэж боддог. 1941 оны зургадугаар сараас 1945 оны тавдугаар сар хүртэл монголчууд дайны ар талын үүрэг гүйцэтгэж, “Бүхнийг ялалтын төлөө, Бүгдийг фронтод” гэдэг уриан дор өдөр, шөнөгүй ажиллаж, бүр өлсгөлөнд нэрвэгдэн байж, байдаг бүхнээ ЗХУ, Улаан армид зориулж байсан. Ганц жишээ хэлэхэд, Монголын сор болсон хагас сая агт морьд дайн тулааны гал дундуур туулж, зарим нь Берлин хүрсэн түүхтэй. 1945 оны тавдугаар сарын 9-нд Европт дайн дууссан. Түүнээс хойш Холбоотон гүрнүүд Алс дорнодод дайныг дуусгахад шуурхай бэлтгэж эхэлсэн. Манай улс ч ялгаагүй. 35 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт татсан. Ажлын цагийг уртасгаж, ээлжийн амралтыг халсан. Зөвлөлтийн армитай хамт цэрэг дайны бэлтгэлээ базааж, улмаар хилийнхээ дээс алхан өдөрт 80-100 км урагшлан давшиж, Зүүн хойд Хятадыг чөлөөлж, Жанчхүүгийн даваа, Цагаан хэрэм хүрсэн түүхтэй.

Энэ дайнд, манай улс Монгол ардын хувьсгалт цэрэг буюу арми, хилийн цэргийн ангиуд, дотоодыг хамгаалах байгууллагын хөдөлгөөнт отрядууд, ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд гээд тухайн үеийн Зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлийн төлөөлөл болсон 21 мянга гаруй цэрэг, офицер бүхий дөрвөн морьт дивиз, мото-хуягт бригад, танкийн хороо, нисэх анги, мотоциклийн анги, эмнэлэг болон ар талын ангиудыг бэлтгэж оролцсон. Дайны дараа БНМАУ-ын Засгийн газар Өвөр Монголын засаг захиргааг сэргээхэд ч тусалж байсан түүхтэй. Тухайн үед манай улсын хүн ам 700 мянга гаруйхан байсан. Товчхондоо, бидний өвөг дээдэс Хятадын ард түмнийг энх тайван, эрх чөлөөтэй амьдрахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан түүхтэй. Тийм ч учраас 70 жилийн ойн арга хэмжээнд манай улс өндөр дээд хэмжээнд уригдаж байгаа болов уу.

-Халх голын дайн, Чөлөөлөх дайн гээд ярихаар бидний сайн нөхдийн нэг Япон Улс эмзэглэн хүлээн авах тал бий юу. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Түүхийг засварлах боломжгүй. Өмнөх үеийн алдаа оноог одоогийн болон ирээдүй хойчид халдаах нь зохисгүй.Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих үед хамгийн ихээр тусалсан улс орнуудын нэг бол яахын аргагүй Япон бөгөөд өнөөдөр ч энэ хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Монголчууд бид өнгөрснөө бус, ирээдүйгээ харж амьдардаг.


Categories
мэдээ цаг-үе

У.Цасжин: Би хүүхэд бүрийг инээж байгаасай гэж хүсч байна

“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүний бүтээл “A Family Portrait” буюу “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино “London short film awards” наадмын шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус наадамд 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд наадмын шилдэг эмэгтэй гол дүрд Ононгийн дүрд тоглосон У.Цасжин охин нэр дэвшжээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид зургаан хүн нэр дэвшсэнээс хоёр нь охин ажээ. У.Цасжин “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн кинонд тоглосон бөгөөд гурван жилийн өмнө “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт бяцхан охины дүрийг бүтээж байжээ. Ингээд У.Цасжин охинтой ярилцсанаа хүргэе.

-Олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид дэвшжээ. Энэ тухай анх хэнээс дуулсан бэ?

-Б.Чингүүн ах над руу утсаар ярьж хэлсэн. Бас энэ тухай мэдээллийг фэйсбүүкээр шэйрлэсэн байсныг нь би уншсан. “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино 2014 оны тавдугаар сард цацагдсан. Б.Чингүүн ах энэхүү киногоороо дамжуулж бидний харж байгаа болон нүднээс далд байгаа гэр бүлийн хүчирхийллийг гаргахыг хүссэн болов уу гэж боддог.

-Нэр дэвшсэн жүжигч­дийн дунд өөрөөс чинь гадна бас нэг охин байгаа гэв үү?

-Тийм. Миний мэдсэнээр бол зургаан эмэгтэй нэр дэвшсэнээс дөрөв нь насанд хүрсэн хүн, хоёр нь бага насны охин юм билээ.

-Кинон дээр гардаг Онон охины дүрийг тодруулахгүй юу?

-Хойд аавдаа ад үзэгдэж, зодуулдаг хөөрхийлөлтэй охины дүр.

-Киноны үйл явдлаас яриач…?

-Аав нь бурхан болоод ээж нь өөр хүнтэй гэр бүл болдог. Ингээд хойд аавынхаа гэрт ээжтэйгээ хамт амьдрахаар очсон. Тэр айлын аав надад маш дургүй. Намайг их зоддог.

-Өөр хүүхэдтэй юм уу?

-Ээжтэй гэрлээд нэг хүүхэдтэй болдог. Тэгээд гэр бүлийн хөрөг зураг авахуулсан чинь би гай болсон юм шиг байна лээ. Үүнээс болоод үйл явдал өрнөдөг.

-Аав, ээжийнх нь дүрд ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-Ээжийн дүрд тоглосон эгчийг би сайн танихгүй ш дээ. Аавд Болд ах тоглосон.

-Танай аав ээжийг хэн гэдэг вэ. Ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Аав Ууганбаяр зэвсэгт хүчинд алба хаадаг. Ээж Батцэцэг маань Монголын үндэсний радио телевизийн сэтгүүлч. Миний дүү Цэлмүүн зургаан настай.

-Хүчирхийлэлд өртөж аавдаа зодуулж чичлүүлдэг дүрд тоглоход хэцүү байв уу. Ямар санагдсан бэ?

-Үнэхээр аймаар. Уг нь зодуулсан ч уйлахгүй тэвчээртэй, шазруун дүр гаргах ёстой. Гэхдээ яг зоддог хэсэг дээр нь би тэсэхгүй уйлчихсан.

-Тэгээд уйлсан чигээрээ зураг авсан хэрэг үү?

-Тэгсэн. Хэдий намайг хуурамчаар зодсон ч гэсэн би дүрдээ хэт орсон байсан учраас айгаад дахиж зураг авч чадаагүй. Тэгээд кинон дээрээс уйлсан чигээрээ гарсан. Манай эмээ, өвөө хоёр тоглосон киног маань үзээд зөндөө уурласан гэсэн. Өвөө бүр босч ирээд “Энэ нэг юм чинь хүүхэд алаад хаячихлаа” гээд байсан гэж эмээ хэлсэн. Эмээ хүртэл кино үзээд их уйлсан байна лээ. Анх манай аав, ээж хоёр ч гэсэн энэ кинонд тоглохыг эсэргүүцэж байсан.

-Тийм үү?

-Тийм. Найруулагч Б.Чингүүн ахыг санал тавихад бага насны хүүхдэд ахадсан дүр гэж ярьж байсан. Би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн байхгүй юу. Тиймээс би хүүхэд бүхнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

-Аль сургуульд сурдаг билээ?

-Би 48 дугаар сургуулийн 5б ангийг төгссөн. Одоо зургадугаар ангид орно. Сая кино зураг авалтын үеэр би 11 нас хүрсэн. Өдөржингөө зураг авалтад ороод завгүй байсан болохоор төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй. Тэгсэн зураг авалтын дараа найруулагч маань торт авч өгөөд миний төрсөн өдрийг гоё тэмдэглэж өгсөн.

-Саяхан телевизээр цацагдсан “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон. Энэ кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Надад санал тавиагүй. Боловсрол телевизээр дүр шалгаруулах тухай реклам гарсан. Би ээжид хэлээд очиж проб өгсөн. Зөндөө хүүхэд шалгаруулалтад орсон. Хэдэн үе шаттайгаар проб өгсөн. Би тэнцсээр байгаад ганцаараа шалгарч үлдсэн. Тэгээд СТА жүжигчин Д.Энхбаяр ах, Н.Цэнд-Аюуш эгчийн охин Мишээлийн дүрд тоглосон доо.

-“Хөгжилтэй гэр бүл” кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА С.Өлзийхүү зэрэг олон нэртэй жүжигчидтэй хамт тоглоход ямар санагдсан бэ?

-Дандаа л зурагтаар гардаг мундаг жүжигчидтэй тоглосондоо баярлаж байна. Эхлээд жаахан ичээд биеэ барьж байсан. Дараа нь илэн далангүй болсон. Энэ кинонд тоглосноос хойш намайг хүмүүс, хүүхдүүд их таньдаг болсон юм шиг байна лээ. Гадуур явахаар Мишээл гээд байдаг. Надтай хамт энэ кинонд тоглосон Хүслэн бид хоёр сургуулийнхаа 2015 оны шилдэг сурагч болсон ш дээ.

-“Х-ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт тоглохдоо хэдэн настай байсан бэ?

-Есөн настай байсан. Манай дугуйлан дээр Онон ах, Баттулга ах, Одончимэг эгч ирээд шалгаруулж авсан. Зохиолынхоо хэсгээс өгөөд намайг уншаад өөрийнхөө ойлгосноор жүжиглэ гэсэн.

-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?

-Б.Чингүүн ахын найруулсан “Мама миа” кинонд тоглосон. Бас “Миний сарнай” кинонд тоглосон.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Хэн шиг?

-Яг И.Одончимэг эгч шиг. Би Холливудын сургуульд жүжигчний мэргэжлээр сураад Холливудын хэмжээ­ний алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

-Би зуны цагт зусланд амардаг. Би ном унших дуртай. Бас дуулах дуртай.

-Ямар төрлийн ном уншдаг вэ?

-Шекспирийн сонгодог зохиол унших дуртай.

-У.Шекспирийн ямар зохиолыг уншсан бэ?

-“Ромео Жульетта”-г уншсан. Өөр зөндөө зохиол уншсан. Бэрх нэртэй болохоор мартчихжээ.

Дашрамд дуулгахад “London short film awards” шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбадрахын малчид “Малын эрүүл мэнд” төсөлд ам сайтай байна

Монголд малын түргэн тусламжийн үйлчилгээг хоёрхон суманд үзүүлж байна. Нэг нь Дорноговийн Улаанбадрах сум. Улаанбадрахын дөрвөн багийн малчид малдаа асуудал гарангуут утсаараа дуудлага өгөөд үзүүлдэг болчихож. Нөгөө нь Сайншанд сумын Зүүнбаян баг. Зүүнбаян багийн малчин Л.Оюунбилэгийнд очиход “Малын эрүүл мэнд” төсөлд ам сайтай байлаа. “Арева Монгол” компаниас санхүүжүүлж буй “Малын эрүүл мэнд төсөл” хэрэгжиж эхэлснээс хойш малчдад ийм боломж нээгджээ. Төслийг хэрэгжүүлэгчид нь“Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” болон “Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагынхан. “Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын малын хоёр эмчтэй хамт дуудлаганд явсан юм. Дуудлага өгсөн Л.Оюунбилэгийнх Сайншандаас бараг зуун км орчим хол газар хаваржиж байв. Нэг ишгэнд нь шөвөг яр гэдэг өвчний шинж тэмдэг илэрсэн юм байна. Эмч нар тэр даруй өвчилсөн ишгийг үзэж эмчилгээ бичиж, зөвлөгөө өглөө.

Энэ үеэр Л.Оюунбилэгээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Манайх хөдөө гараад 21 жил болж байна. Малаа дуудлагаар үзүүлэхээс өмнө малчид бид чинь мөнгө төгрөгийнхөө боломжоор хэдэн малдаа эм тариа вакцин авдаг байлаа. Одоо тэгэхээ больсон. Эмч нараа дуудаад л үзүүлчихэж байна. Заримдаа хүний өмнөөс малтай байгаа юм шиг санаа зовох үе гарна шүү. Утасдангуут тэр холоос цаг алдахгүй хүрээд ирдэг юм. Би гэхэд л энэ эмч нарыг хоёр гурван удаа дуудсан. Саяхан нэг хурга маань хэвтэрт орчихлоо. Үхэх нь л гэж бодож байлаа. Гэтэл эд нар ирээд нэг тариа хийгээд явсан. Одоо зүв зүгээр. Мал эмнэлгийн ийм буянтай үйлчилгээ байхгүй бол тэр хурга амьд үлдэхгүй байсан. “Арева Монгол” компани малчдын төлөө анхаарал тавьсан их бодитой ажлыг дэмжиж байна. Бидний малыг эрүүлжүүлэхийн төлөө тун буянтай ажлыг санхүүжүүлж эхэлсэнд нь баярлаж сууна. Бидэнд эрүүл мах, эрүүл сүү цагаа идүүлэхийн төлөө зүтгэж байгаа улс эднээс өөр алга. Мал өвдлөө гээд дуудахад л хүрээд ирж байна. Аль зуун км-ын цаанаас хүний түргэнээс хурдан ирж байна шүү дээ” гэж ирээд сэтгэгдлээ хуваалцлаа.“Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”компани саяхан малыг нь угааж туулга хийж өгчээ.Өмнө нь туулга хийж, угааж байгаагүй хэмээн Л.Оюунбилэг ярьж байлаа.

МАЛЫН ЭМЧ НАР ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛДЭГ

“Малын эрүүл мэнд” төсөл энэ оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Энэ төсөл “Арева Монгол” компанийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Малын эмч нар “Энэ төслийг хамрагдаж буй багуудын малыг эрүүлжүүлэх, малд тохиолдож байгаа өвчлөлийн шалтгааныг тодруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа” гэж онцолсон. Тэд төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хоёр сар гаруйн хугацаанд 210 дуудлагад явж, мал эмнэлгийн түргэн тусламжийг хүргэжээ. Дуудлага өгсөн малчид таруу байршилтай учраас талдаа 160 км газар явж хүрэх нь энүүхэнд гэнэ. Зарим тохиолдолд талдаа 180 км зам туулах үе ч гардаг байна. Өдөрт дунджаар таван айлд хүрч үйлчилдэг гэж “Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын малын эмч Э.Майнбаяр сонирхууллаа. Ачаалалтай үед арав хүртэл айлд үйлчилсэн тохиолдол ч гарчээ. Мал ид төллөж байх үед заримдаа бүр шөнийн 10.00 цагт дуудлагаар очиж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байж.

“Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын малын эмч Н.Цолмонхүү “Бид малчдад дуудлагын утсаа тараасан. Малчид манай үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа. Мал эмнэлэг хувьчлагдсанаас хойш малчин хүн ямар ч үйлчилгээ авсан мөнгө төлдөг болсон. Малын эмч дуудах гэхээр хүрч очих шатахууны зардлаас эхлээд эм, тариа, эмчилгээ үйлчилгээний бэлэн мөнгө малчдын гар дээр байдаггүй гэх мэт шалтгаанаас болж мал эмнэлэг, малчин хоёрын харилцаа хөндийрсөн. Мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээ гэж байхгүй болсон учраас малын өвчлөл нэмэгдсэн. Манай төслийн хувьд дуудлагын хөлс гэж авдаггүй. Эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөний хөлс ч гэж авахгүй. Зөвхөн эм, тарианы мөнгийг л малчнаас авдаг. Олон улсын стандартын шаардлага хангасан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй, чанартай эм тариагаар үйлчилдэг” гэж ярилаа.

Үхэж хорогдсон, янз бүрийн шинж тэмдэгтэй, сэжиг таамагтай мал амьтнаас цус, эрхтний эдийн шинжилгээ авч, зарим тохиолдолд задлан шинжилгээ хийн таван цулынх нь дээжийг Дорноговь аймгийн Мал эмнэлгийн төв лабораторид хүргүүлж байгаа аж. Заримыг нь улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж байгаа юм байна. Төсөл хэрэгжих хоёр жилийн хугацаанд Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян багийн малын өвчлөлийн шалтгаан тодорхой болно гэж малын эмч нар онцолж байлаа.

МАЛЫН ӨВЧЛӨЛ, ГАЖИГ ЮУНААС БОЛСНЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙ ТОГТООНО

Малын эмч нарын оффис Сайншандын төв дээр байрлаж байна. Тэд ажлынхаа өрөөнд нэг ишиг, нэг хурга авчирчихаж. Цагийн эмчилгээтэй учраас хотноос нь түр хугацаанд авчраад байгаа гэнэ. “Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын шугамаар Австриас ирсэн малын эмч оффистоо ажиллаж байв. Малын эмчээр 25 жил ажилласан энэ эрхэм “Эхлээд хол газраас дуудлага хүлээж авахад хэцүү байсан шүү. Малчин айлд хүрэх зай нь хол учраас дор хаяж нэгээс хоёр цаг явж хүрч буй нь гол бэрхшээл болж байна. Малчдад дутагддаг гол зүйл бол эм, тариа гэдгийг анзаарлаа. Бид малын өвчлөлийн оношийг тавьж, эмчилж байна. Малчид эхэндээ бидний талаар зөв ойлголттой байгаагүй. Сүүлийн үед хандлага нь их эерэг болсон. Бидэнд ирсэн дуудлагаас харахад ихэнх нь бактерийн гаралтай малд нийтлэг тохиолддог өвчнүүд байна. Тэр дундаа малын ханиад, дотоод болон цусан халдварт өвчнүүд зонхилж байна. Малчдын хувьд шалтгааныг нь ойлгохгүй байгаа учраас хөрс, усны бохирдлоос болсон гэх мэт ташаа байдлаар хүлээж аваад байна л даа. Хэвлэл мэдээллээр ч малын өвчлөлийн шалтгааныг буруу өнцгөөр мэдээлж байгаа нь нөлөөлсөн болов уу. Малчид одооноос л малынхаа өвчлөлийн шалтгааныг ойлгож эхэлж байна” гэж ярилаа.

Австри малын эмчээс мал гажигтай төрдөгийн шалтгааныг сонирхоход “Мал гажигтай төрөх нийтлэг хэд хэдэн шалтгаан дэлхийд байж болох юм. Эхний шалтгаан нь генетикээс үүдэлтэй байж болно. Хоёрдугаарт ямар нэг эрдэс бодис дутагдсанаас болж мал гажигтай төрөх үзэгдэл тохиолддог. Европын жишээнээс харахад ураны үйлдвэрлэлээс болж үүссэн бохирдол ч юм уу ямар нэг үйлдвэрлэлийн бохирдлоос болж малд ямар нэг өвчин үүсэх тохиолдолд гардаг л даа. Ийм бохирдлоос болж үүсдэг өвчин гэвэл ихэвчлэн хавдар байдаг. Гэтэл бидний үйлчилгээ үзүүлж байгаа багуудын малын өвчлөлийг анзаарахад хавдар огт алга. Гажигтай төл цөөхөн анзаарагдсан. Мөн ямар нэг эрдэс бодис биед нь илүүдсэнээс болж гажигтай төл гарах нь бий. Шинжилгээний эцсийн хариу гарахад хэтэрхий эрт байна. Хоёр жилийн турш байнгын ажиглалт хийнэ. Үүний эцэст малын өвчлөл, гажиг юунаас болоод байгааг шинжлэх ухааны үндэстэй тогтооно” гэсэн хариу өглөө.

МАЛЧИН Д.МӨНХСУУРЬ: МАЛАА АНАГААХ УЛАМЖЛАЛТ АРГА БИЙ Ч БИДНИЙ МЭДЭХГҮЙ ӨВЧИН ИХ БАЙНА

Бид Малын эмч нарын оффисоос гарч тэндээс 140 орчим км газарт хаваржиж буй Улаанбадрах сумын малчин Д.Мөнхсуурийнхийг зорив. “Малын эрүүл мэнд” төсөл малчдад хэр хүрч байгааг сонирхох зорилгоор энэ айлыг зорьсон юм. Д.Мөнхсуурь гэр бүлтэйгээ тэмээгээ ноосолж байв. 1999 оноос хойш мал маллаж байгаа гэнэ. Эднийх хавар мал төллөлтийн үеэр хоёр удаа дуудлага өгчээ. Тэрээр “Өмнө нь ийм үйлчилгээ байгаагүй. Малаа анагаах уламжлалт арга байдаг ч бидний мэдэхгүй өвчин их байна. Эмч нарт дуудлага өгөхөөр цаг алдалгүй ирж эмчилгээ хийгээд явдаг. Цагаа олсон үйлчилгээ гэж бодож байгаа” хэмээн ярилаа.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ-ын дарга Ц.Эрхэмболдоос “Малын эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаар сонирхохоор сумын захиргаан дээр нь очлоо. ИТХ-ын дарга “Төсөл дээр ажиллаж байгаа малын эмч нар өнгөрсөн хугацаанд хамрагдсан багуудын малчин өрхөөр явж, дуудлага өгсөн өрхүүдэд үйлчилсэн. Дуудлагын ихэнх нь бэртэл гэмтэл зэрэг ойр зуурын өвчлөл байгаа юм билээ. Малын эмч нар иргэдээс ирэх дуудлагыг цаг алдалгүй авч шуурхай үйлчилж байна. Энэ төслийн хувьд Монгол Улсын хэмжээнд огт хэрэгжиж байгаагүйгээрээ онцлогтой. Орон нутгийн, манай сумын мал сүрэг бүрэн эрүүлжих үр дүн гарна гэдэгт итгэж байгаа. Иргэд ч сэтгэгдэл өндөр байна” гэж ярилаа. Улаанбадрах суманд өнгөрсөн хугацаанд гаж төрөлтийн гурван тохиолдол л ажиглагджээ.

ЗҮҮНБАЯН ТОСГОНЫ ЗАХИРАГЧ Х.ОТГОНБАЯР: МАЛЧИД БОДИТОЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА

Улаанбадрах сумаас гараад Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаян тосгоныг зорилоо. Тус тосгоны захирагч Х.Отгонбаяраас “Малын эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Төслийн хэрэгжилтийн талаар таны сэтгэгдлийг сонсъё?

-Төсөл хэрэгжихээс эхлээд л сэтгэгдэл өндөр байсан. Ийм том хэмжээний хөрөнгө оруулалттай, чадварлаг багтай төсөл хэрэгжинэ гэдэг бидний хувьд их олз. Хөрөнгө оруулалтыг “Арева Монгол” компаниас хийчихэж байгаа нь том боломж. Төсөл эхэлсэн хугацаа ч онцгой үед таарлаа. Мал төллөх үед таарна гэдэг малчдад их нэмэртэй зүйл болсон. Нэг сул тал гэвэл хоёр сумын нутаг дамжиж дуудлагад явж байгаа учраас зарим үед малчдад хүлээлт үүсэх асуудал гарсан. Малын эмч нарын хувьд ачаалал их учраас малчидтайгаа тухтай суугаад ярилцаж, тайлбар зөвлөмж өгөх талаас боломж муу байлаа. Гэхдээ хоёр сумын нутаг дамжиж үйлчилсэн, нэг малчныд гэхэд талдаа 100 гаруй км явж байж хүрдэг гэсэн шалтгаануудыг нь харвал сайн ажилласан гэж дүгнэхээс аргагүй.

-Цаашид юун дээр анхаарвал зүгээр гэж бодож байна вэ?

-Мал эмнэлгийн дуудлага харьцангуй багасч байна. Төллөлт дуусч байгаа учраас дуудлагадаа нэг эмч явуулаад бусад эмч нараа судалгаа шинжилгээ рүү нь түлхүү оруулбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Малчдын дунд гараад байгаа элдэв цуурхал мэдээлэл асуудлыг гүйцэд судлаагүйд л байсан юм. Ганцхан Монголд биш гадны том лабораториудад шинжилгээ хийлгэж, шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт дүгнэлт гаргавал малчдын дунд байгаа төөрөгдөл арилна. Малын өвчлөл, гажиг нэг төрөл биш байгаа нь нэг зүйлээс болоогүй гэдгийг батлаад байна гэдгийг малчид хүртэл ярьж эхэлсэн. Жишээ нь малчид сүүлийн үед уранаас болоогүй юм байна гэдэг асуудлыг ярьж эхэлж байна. Ураны олборлолтын талаар мэдээлэл их өгч байна. Тэр утгаараа малчид маань ч сайн мэдээлэл, судалгаатай болж байгаа. Тэгэхээр малын өвчлөл, гажиг төл яг юунаас болж байгааг бодитойгоор тогтоох цаг ирсэн.

Биднийг Улаанбадрах сум, Зүүнбаянд сурвалжлагаар явах үеэр малчид, сумын иргэдийн зүгээс “Эрүүл мах, эрүүл цагаан идээ идэж, хүнсний аюулгүй байдалдаа анхааръя гэвэл бодлогоор дэмжих нь зүйтэй” гэсэн санал хэлж байсан юм.


Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Болдбаатар: Ээж минь хүүгийнхээ хүссэн мэргэжлийг эзэмшүүлнэ гээд зах дээр өвлийн хүйтэнд ногоо зараад зогсдог байлаа

МУГЖ дуучин Л.Болдбаатартай ярилцлаа.

-Энэ зун хаагуур амрав даа?

-Юуны өмнө уншигч түмэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил миний хувьд их сайхан жил болж байна. Түмэн олны хишиг буян надад ирж сайхан цол авлаа. Энэ зун нутагтаа очиж зүгээр л зүлгэн дээр гэрээ барьж сар шахуу амарсан. Увс нутгийн маань 90 жилийн ой боллоо. Тэнд ах дүү, нутаг усныхантайгаа наадлаа.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авсныхаа дараа та фэйсбүүктээ “Аав, ээждээ баярлалаа” гэж бичсэн байсан. Ер нь төрийн том шагнал хүртээд зогсож байхад юу бодогдох юм?

-Энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа маш баяр­тай байгаа. Намайг энэ эрхэм цолыг авахыг олон хүн хүлээж байж дээ гэж бодогдсон. Үүнийг дагаад том үүрэг хариуцлага надад ирж байна. Долдугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихад надад их сонин үгээр хэлж боломгүй мэдрэмж төрсөн. Ингээд долдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчөөс тэмдгээ гардаж авчихаад гарч ирэнгүүтээ дээшээ хараад аав, ээжтэйгээ хам­гийн түрүүнд мэндэлсэн. Тэд маань дээр байгаа бол намайг харж байгаа даа гэж бодогдсон. Олон хүн дэмжиж, баяр хүргэхээр ирсэн байсан даа. Тэдэн рүүгээ гараа өргөж мэндчилээд буусан. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Би одоо тэр үеийн бичлэгээ эргэж хараагүй л явна. Маш олон сайхан хүмүүс ирж баяр хүргэж байсан. Түүнээс л би өөрийгөө өнгөрсөн амьдралдаа буруу яваагүй олонтой хүн юм байна гэж анзаарч байлаа.

-Нутагтаа очиход хэрхэн хүлээж авав. Адуу мал бэлэглэлээ л гэсэн сураг сонсогдоод байсан. Та ч тоглолтоо хийхдээ хүмүүст адуу бэлэглэх дуртай шиг байдаг?

-“Морин жилийн хийморь” тоглолтоо хийхдээ нэг үзэгчид эмээл хазаартай морь бэлэг­лэж байсан. Адуунд дургүй монгол хүн бараг байхгүй байх. Тэр утгаараа би өөрөө адуунд дуртай, адуу цуглуулах ч дуртай. Нээх тийм морь уяж гавиад байх юмгүй. Гэхдээ бас тэр олон буянууд дотроос хурд гарчих байх л гэж бодож байгаа.

Хэдэн адуутай болж байна?

-Аавын ах дүү нар, нутгийн зон олны өгсөн адууг тоолох юм бол бараг нэг азарга адуу болчихсон.

-Жил бүрийнхээ төрсөн өдрөөр тоглолт хийсээр арван жилийг үджээ. Өнөө жил гавьяат жүжигчин болсон юм чинь мялаалга болгож наана нь тоглолтоо хийх үү?

-Төрсөн өдрөөрөө тоглолт хийдэг уламжлалаараа нэгдүгээр сард тоглолтоо хийнэ дээ. Тайлан гэдгээс илүү талархлын өдөр маягтай, түмэн олондоо баярласнаа илэрхийлсэн тоглолт байна гэж төлөвлөж байгаа. Түмэн олон маань миний дууг сонсож, дэмжээгүй бол би өдий зэрэгтэй явахгүй. Тэгэхээр түмэн олондоо маш их баярлалаа гэдгээ илэрхийлсэн тоглолт хийх юм.

-Та олон нийтийн цахим хуудсуудаа идэвхтэй хөтөлдөг юм билээ. Олны танил зарим хүмүүс фэйс­бүүк хуудас, пэйжээс зай бариад байх шиг санагддаг?

-Сошиал ертөнц, фэйсбүүк пэйж хуудас чинь их амар юм билээ шүү дээ. Үүнийг би идэвхтэй хэрэглэдэг. Надад хүнээс нууж хаагаад байх юм байхгүй. Би өөрийгөө их энгийн хүн гэж боддог. Энгийн ч байсан. Энгийн ч байх болно. Гавьяат боллоо гээд миний нүүр царай өөрчлөгдөхгүй. Л.Болдбаатар тэр хэвээрээ л байна. Миний тухай мэдээллүүд пэйж хуудсанд маань дэлгэрэнгүй байдаг. Одоо хүртэл пэйж хуудсан дээр баяр хүргэсэн мэндчилгээ тасрахгүй байгаа.

-Урлагийн зам руу анх орж байсан үеэ эргэн дурсвал?

-Би 1998 онд Увс аймгийн Улаангом суманд 10 жилээ төгсөөд тэр намраа СУИС-д орсон юм. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байлаа. Тиймээс ч ерөөсөө л СУИС-д орно гэсэн бодолтой байсан. СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь тэр үед Увс аймагт ирээгүй. Тэгээд хотод ирж конкурсдээд эчнээ ангид орж байлаа. Эчнээ ангиасаа нэг жилийн чөлөө аваад 1999 онд өдрийн анги руу ороод 2005 онд төгссөн дөө.

-Яагаад нийтийн дуу дуулж эхэлсэн юм бэ?

-СУИС-д орсноосоо хойш л нийтийн дуу руу орсон доо. Мэргэжлийн сургуулийн багш нар дуучид, шавь нараа нийтийн дуу дуулуулах бодолгүй байдаг. “Сонгодог урлаг, дэлхийн урлагт хүчээ үзье гэж бодож байвал та нар одоо үүндээ тууштай бай” гэж нэг, хоёрдугаар курст хэлдэг байлаа. Багш нартаа “за” гэсэн мөртлөө нууцаар студид очиж дуугаа бичүүлнэ. Сүүлдээ багш нар “За миний хүү сайхан дуулж байна. Үүгээрээ хоол олж идэх юм байна” гээд намайг бүр зоргоор нь хаясан шүү дээ. “Холын тэнгэр аав минь” гэж анхны дуугаа 1999 онд гаргасан. Тэгээд “Бурхан жолооч аав”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Сэм сэмхэн”, “Хүрээ байшин” гэх мэт дуунуудтай анхны цомог маань 100 хувь хит бүтээлээс бүрдэж байлаа.

-Хотод анх хэзээ ирж байв?

-“Бүх ард түмний урлагийн наадам” гээд болдог байсан. Зургадугаар ангид байхдаа түүнээс алтан медаль аваад “Найрамдал” зусланд 21 хоног амрах эрхээр шагнуулж байлаа. Тэгж л нэг ирсэн. Дараа нь оюутан болоод ирж байгаа юм. Түүнээс хойш Улаанбаатартаа л амьдарч байна.

-Таны үеийн оюутнууд хамгийн хүнд байсан гэлцдэг. Та нэг удаа “Ээжийн минь цуцашгүй хөдөлмөрийн үр шимээр л би өдий зэрэгтэй явна” гэж байсан?

-Миний хувьд бол маш хүнд байсан. Аав маань 1997 онд хотод ирж эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь бурхан болсон. Тэр үед би есдүгээр ангийн хүүхэд байлаа. Одоо энэ Баянцогтод хэдэн малтайгаа ирсэн юм байна. Тэгээд нэг жил мал маллах уу, сургуульдаа сурах уу гээд ээжтэйгээ байж байсан. Ээж маань “Чи сургуульдаа яв. Сургуулийнхаа мөрийг хөө” гээд хоёр дүүтэй хамт үлдсэн. Дараа нь ээж ерөөсөө хүүгээ бараадъя гэж шийдээд бүх малаа зараад хот руу ирж байлаа. Миний туулсан амьдрал тийм ч дардан байгаагүй. Уруудаж, доройтсон хүний л адил амьдрал туулсан. Хүн тууштай байх юм бол юунд ч хүрч болно гэдгийн жишээ миний амьдрал дээр харагдана. 2000-2003 онд гурван жил хүндхэн л байсан даа. Намайг СУИС-д ороход ээж их нөлөө үзүүлсэн. Хүүгээ заавал СУИС-д сургана. Заавал хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлнэ гээд өвлийн хүйтэнд зах дээр ногоо зараад сургалтын төлбөрийг минь хийдэг байсан. Тэгэхэд чинь СУИС-ийн төлбөр 490 мянган төгрөг байлаа. Тэр үедээ бас л ланзгар тоо. За тэгээд миний өмсөж зүүх, хоол унд бүх л юмыг ээж олно. Бас хоёр дүү байна. Бид чинь тиймэрхүү л амьдралтай байсан.

-Аав, ээжийн дэмжлэг их байжээ?

-Бага байхаас эхлээд л аав, ээж хоёр минь намайг маш их дэмждэг байсан. Аав маань 1994 онд 1200-гийн магнитофон гэдэг хөгжмийг авч өгөөд “Миний хүү энэ дээр дуугаа сур” гэж байлаа.

-Их сайхан дуулдаг хүмүүс үү?

-Аав, ээж хоёр хоёулаа л их сайхан дуулна. Аав минь тээврийн жолооч хүн байлаа. Холын замд дуулна, исгэрнэ. Аавынхаа хажууд холын тээвэрт явах их дуртай байсан. Заримдаа хичээлээ таслаад ч гэсэн явна.

-Аавын тухай дуу ер нь ховор байдаг. Харин танд нэлээд хэд бий. Тэр тусмаа “Бурхан жолооч аав”-ыг мэдэхгүй хүн үгүй. Захиалж хийлгэж байв уу?

-“Бурхан жолооч аав”-ыг захиалж хийлгээгүй ээ. Дуу болгон маань надад өөрөө хүрч ирсэн. Тэр үед чинь захиалж хийлгэх гээд ч намайг тоож хийж өгөхгүй шүү дээ. Дуунууд минь өөрөө над дээр ирснийг би хувь тавилан гэж ойлгодог. “Бурхан жолооч аав” Л.Галмандах багшийн хөгжим, Пүрэвдорж гээд цагдаагийн хурандаа ах байдаг юм. Түүний шүлэг л дээ. Аав нь бас л тээврийн жолооч байсан юм билээ. Хамгийн амархан бүтсэн дуу. Би нэг сонсоод студид ороод ганц дуулаад л гараад явсан.

-Сэдвийн хувьд танд бас ойр байжээ дээ?

-Надад ойрхон байсан. Аавын тухай дуунууд маань цомог гаргах хэмжээний болчихсон байна. Ер нь Монголын нийтийн дуунд аавын тухай дуу цөөхөн. Би үүнийг нөхөж дандаа аавын тухай дуу дуулна гэж ярьдаг байсан. Тэгээд “Холын тэнгэр аав минь”, “Бурхан жолооч аав”, “Миний буурал аав”, “Аавыгаа санаад л байна”, “Аав минь” гээд арав гаруй дуу байгаа байх. Аавын тухай дуугаар уран бүтээлээ эхлүүлж байсан. Тэгээд дараа нь яахав уран бүтээлч хүн ганцхан сэдэвт баригдаж болохгүй юм байна гэдгийг бас ойлгосон л доо.

-Тэгвэл “Хилийн зас­тавын хар нүдэн бүсгүй”-н хувьд?

-“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-г би чинь наймдугаар ангид байхдаа дуулдаг байсан шүү дээ. Энэ их дээр үеийн дуу шиг байгаа юм.

-Та анх дуулаагүй байх нь ээ дээ?

-Гараагүй дуу байхгүй юу. 1989 оны сүүл, 1990-ээд оны эхээр дууны түүх эхэлдэг. Ш.Дулмаа гуай, хөгжмийн зохиолч Б.Магсаржав хоёр хилийн заставуудаар бригад тоглолтоор явж байж. Тэгэхэд Ш.Дулмаа гуай “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэдэг шүлэг зохиосон юм байна. Түүнийг Б.Магсаржав гуай үзээд “Багш аа, орой үдэшлэг дээр би танд нэг бэлэг баринаа” гэжээ. Орой нь Б.Магсаржав гуай өөрөө баяантай дуулсан юм билээ. Тэгээд заставуудаар ам дам­жаад хүмүүс мэддэг болчихсон дуу байсныг би гаргаж ирсэн хэрэг. Наймдугаар ангид байхдаа цэргийн Лувсанням гэдэг ахаасаа сурч аваад оюутан болоод дуулсан юм.

-Зургуудыг тань харахад хөдөө явах нэлээд дуртай юмаа даа?

-Хөдөө явах дуртай. Харин сүүлийн үед гэрээс гарахаас л дургүй хүрээд гэртээ л гэр бүлийнхэнтэйгээ баймаар санагдаад байдаг болчихсон. Хөдөө гадаа явах дуртай. Монголын маань сайхан байгальтай очиж үзээгүй газрууд зөндөө байна шүү дээ.

-Таныг 21 аймгаар гурван удаа тойрсон гэдэг. Тэгэхээр очиж үзээгүй газар үлдэнэ ээ?

-Зүгээр л аймаг аймгаар нь оччихож байгаа байхгүй юу. Аймаг болгоны үзэсгэлэнт байгалиар явж үзмээр байна шүү дээ. Жишээ нь би нутгийнхаа гурав, дөрөвхөн сумаар л орсон. Өнгөрсөн хавар тойрлоо. Ямар сайхан нутаг юм бэ. Төрсөн нутгийнхаа сумуудаар явж үзээгүй байсан байна шүү дээ, би. Монгол хүн бол Монголынхоо бүх үзэсгэлэнт байгалийг харчихаад дараа нь гадаадын орнуудад явж харьцуулбал зүгээр юм болов уу гэж боддог. Монголд сайхан газар мундахгүй бий. Тухайлбал, Хяргас нуурын Хэцүү хад гэж байна. Зураг хөргийг нь харж байсан. Тийшээ очиж үзээгүй л байна. Энэ зун очих гээд амжсангүй.

-Ангийнхнаа дурсахгүй юу. Дуучдын бүтэн үе гэнэт л гараад ирсэн?

-Тийм мөчлөг л байдаг юм шиг байгаа юм. 2000 оноос манай үеийнхэн түрээд гараад ирсэн шүү дээ. Эхлээд С.Жавхлан, Т.Баясгалан хоёр чинь ерөөсөө бүх дуучдынхаа замыг засаад тавьчихсан. Тэр хоёрыг дуурайж нэг хэсэг хос дуучид ихээр гарч ирсэн. Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ гээд дандаа хос дуучид байгаа биз дээ. Энэ дотроос дангаараа гарч ирсэн дуучин гэвэл би бас Л.Чулуунбаатар байна.

-С.Жавхлантай ах дүүгийн хүүхдүүд гэсэн. Бас нэг үеийн оюутнууд. Бие биеэ хэр дэмждэг байсан бэ?

-Бид хоёр үеэлүүд л дээ. Оюутан байхдаа С.Жавхлан бид хоёр Арслантай гүүрний тэнд гэрт байдаг байлаа. С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын “Хонгорхон үр минь” дууг би багадаа дуулдаг байсан л даа. Хамгийн анхны уран бүтээлийг С.Жавхлан надад авчирсан. “Холын тэнгэр аав”-ыг авчраад миний найз дуул гээд өгч байлаа. Тэгээд “Хонгорхон үр минь”-ийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дуулж байгаа юм. Би ганцаараа яваад амжилтад хүрсэн юм биш. С.Жавхлан “Сэм сэмхэн” дууг “Болдоо чи л дуулах дуу байна даа” гээд авчирч өгч байлаа. Мөн “Хүрээ байшин” дуу байна. Би бас дуу олж өгнө. Ингээд дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг л явж байлаа. Ер нь бол тэр их гоё үе байсан. Ямар ч хар, цагаан зүйлгүй бүгдээрээ л дээшээ гарах ёстой гэж явсан даа. Одоо ч тэр хэвээрээ.

-Гэр бүлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Таныг олон эмэгтэйчүүдтэй холбосон мэдээлэл байдаг?

-Би нэг л эхнэртэй. UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийг хийдэг Мөнхгэрэл гэдэг сэтгүүлч бүсгүй бий. Гэр бүл зохиогоод зургаан жил болсон байна. Ганбат, Чинхүү гэдэг хоёр хүүтэй. Манай эхнэр говийн хүн. Сая гэр бүлээрээ Увсад очиж сайхан амарлаа. Миний хань Увс руу их элэгтэй болчихсон.

-Анх гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв?

-Яахав учрах ёстой хоёр хүн л учирсан. Манай хүн гадаадад олон жил амьдарсан л даа. Тэгэхдээ нийтийн дуу их сонсдог байсан юм билээ. Энд ирээд UB паласт маркетингийн менежер хийж байсан. Тэгээд түүгээр эргэлдэж байгаад хоёр биенээ сонирхоод л гэр бүл болсон доо. Эхнэртэйгээ танилцсаны дараа намар нь “Хайр татсан бүсгүй” гээд ятгатай тоглолтоо хийж байсан. Тэр тоглолт сэтгэлээс гардаггүй ш дээ. Түмэн олон ч их мэддэг. Тийм сайхан тоглолт болсон юм.

Ж.Баярсайхан

Categories
мэдээ цаг-үе

Эгшиг яруу дууны хорвоог эрхшээн соёрхсон Чинжиг

Одоогоос жаран жилийн тэртээ 1955 оны ээжүүдийн баярын өдөр Булган аймгийн Могод сумын Дэрстийн гүвээ хэмээх газар малчин Цэдэн-Иш гуайнд нэгэн хүү төрсөн нь ирээдүйн Монголын хөгжмийн их суу билигтэн Чинзориг байлаа. Тэр хөвүүн тэнгэрээс сарны гэрэл дамжин тооноор буугаад орж ирсэн ид шидтэн биш, жирийн монгол эцэг эхийнхээ хайраас мэндэлсэн нэгэн байж. Энэ тухай хөгж­мийн зохиолчийн эжий Дэндэвийн Намжилцэрэн гуай “Хүүг маань Хишигт гэж аавынх нь эгч эх барьж, тогоонд хөмөрч аваад, дээс татаж хөл хорьж байсан. Дээр нь хоёр ч хүүхэд эндсэн болохоор тэр. Тэгээд Хишигт эгч Төмөртогоо гэсэн нэр хайрласан. Хүү маань сургуульд орсон хойноо “Төмөртогоо гэж муухай нэр юм. Хүүхдүүд шоолоод байна” гэсээр нэрээ сольсон. Чинзориг гэдэг нэрийг нэг ангид байсан манай хамаатны хүүхэд өгч байсан санагддаг” гэж хуучилсан байдаг. Айлын энхрий ганц хүү гурван настайгаасаа л тухайн үеийн хөдөөгийн хүмүүсийн мэддэг дуу бүхний үгийг нь сайн хэлж чадахгүй мөртлөө босон суун байнга аялдаг, тавхан настайдаа ээжийнхээ урлаж өгсөн саарал пүүсүү дээлээр гоён Могод сумын концертод дуулж байсан гэхээр ямархан авьяастан мэндэлснийг таамаг­лаж болох мэт санаг­дана. Аав нь хүүгээ сургуульд ороогүй байхад мориор дүүрч Хишиг-Өндөр орж концертод дуулуулж дээл, арван төг­рөгийн шагнал авчирч бай­сан гэдэг. Тиймээс аав нь бригадын агентад ирсэн хоёр гармон хөгжмийн нэгийг авч өгөөд “Миний хүү энүүгээр хоолоо олж иднэ” гэж байсан нь урлагийн бурхны хайрласан заяа хишгийг эцгийн зөн билгээр эрт таньсныг гэрчилнэ. Булган хангай айраг идээ, найр наадам дэлгэр нутаг. Шаггүй дууч нагац ах Шагдар зааныг шөнөжин дуулсан ч бяцхан хүү хажууд нь суугаад хонодог байжээ.

Хөдөөгийн дууч хөвүүн Булган аймгийнхаа төвийн нэг, хоёрдугаар найман жилийн сургуулийг 1971 онд дүүргэн Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэлтийн шалгалт өгчээ. Түүний багш Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Чинзориг шал­гуулахдаа Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” дууг дуулсан нь миний сэтгэлийг ёстой нэг “бөмбөрүүлсэн” билээ. Дууны оргил хэсгийг хийсэн хоолойн тэр донж маяг дахин давтагдах аргагүй авьяастай хүүхэд юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Ингэж миний ангийн хүүхэд болж долоон эгшиг заалгаж эхэлсэн дээ. Хэдийд л бол хэдийд төгөлдөр хуурын ард суучихсан мэдэх, мэдэхгүй дуугаа оролдон өөрөө дуулж суух нь хэн нэгнийг дуурайх биш өөрийнхөө сэтгэлийг л илэрхийлж байгаа хэрэг байлаа. Би 1972 онд “Уран гоо” дууны ая зохиож , сургуулийн тавин жилийн ойн баярт Чинзориг дуулсан юм. Түүний дуулахыг сонссон гавьяат жүжигчин Банзрагч надаас дуулах зөвшөөрөл авч радиогийн урын санд оруулснаар миний хувьд ч “нэр алдраа мандуулах” завшаантай хэрэг болсон. Тэр үнэхээр дуучин хүү байсан. Дууны хорвоод их удаан амьдрахыг хүсч тэр цагаас л ноот холбон, ая зохион давтагдашгүй олон сайхан дуу туурвисан. Түүний аялгууны мэдрэмж нь унаган сайхан хоолой, хөдөө нутгийн байгаль, хүний араншинг танин барьсан ухаан, сод билиг төгөлдөр авьяасыг нь төрөлх нутаг, эжий аав нь цогц болгосон болов уу” хэмээсэн байдаг. Ингэж л хоёр зуун дамнан алдаршсан хоёр их суу билигтэн багш, шавь барилдлагаар учирсан ажгуу.

Сургуулиа төгсөөд Багшийн сургуульдаа хөгж­мийн багшаар ажиллаж байх үед нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өрөөнд нь үе үехэн очдог байж. Тухайн үеийн Ой мод, аж үйлдвэрийн яамнаас уран бүтээлчдийн дунд зарласан “Ой мод хамгаалах” сэдэвт дууны уралдаанд Лхагвасүрэн найрагч

“Үүл гижигдэн найгах

Арын номин шугуй

Үрэл бурман жимс нь

Атганд унадаг хангай…

Өглөө дуулсан дуу минь

Өдөржин хургадаг шугуй

Нөмгөн цагаан манан

Нөмөрт нь хоргоддог хангай” гэсэн утга төгөлдөр “Үүлэн цэнхэр хангай” шүлэг бичин, арван жилийн хүүхэд шиг анхил залуухан Чинзориг аялгуу зохион оролцож дөнгөн данган тусгай шагнал аван, тавин төгрөгөөр шагнуулж дуулсан дуучин, тоглосон хөгжимчдөө “Туул” зоогойд дайлан хөөрхөн баярлацгаажээ. Тухайн уралдаанд түрүүлсэн “Ойн цагдаа” өнөө сураггүй болсон байхад хоёр залуухан уран бүтээлчийн туурвил өнөө ч ард түмний дунд амьдарсаар байгаа нь үг, аялгуу зохирсны шинж билээ л. Үүнээс хойш Чинжиг хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Сурагчийн хувцсаар ижилсэн гоёсон

Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ” (“Учран золгохын ерөөл”) дуугаа зохиож, Б.Лхагвасүрэнтэй “Зүүдний говь”-ио амилуулж жинхэнэ тэнгэрлиг хөгжмийн зохиолчийн онгодоор туурвиж эхлэн хожим ардын эрхэм уран зохиолчтой “Илдэн уулын цуурай” оратори бичин, ЮНЕСКО-гийн алтан фондод хадгалуулах хувь ерөөлтэй байж. Бавуугийн хүүтэй тэрээр “Жамын цаана нуугдах газаргүй”, “Бэрийн өглөө”, “Хожуу хайрын дуу” зэрэг утга-уянга төгөлдөр дуунууд бүтээсэн байдаг.

Монголын хөгжмийн урлагийн наяад оны төлөө­лөл болсон Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг хэмээх аялгуу эгшгийн гур­вал­сан хүлэг морьд байдаг. Чинжигээ, Шарав хоёр Орост Уралын хөгжмийн дээд сур­гуульд сурч ахуйдаа цонхтой тасагт толгой холбож, цоожтой хаалганд түлхүүр нэгтгэж авьяас авьяасынхаа нөмөрт аж төрсөн гэнэм. Эхэндээ Чинжиг нь “Би ахгүй юм чинь таныг ахыгаа болгоно” гэсхийж байснаа зан зангаа аваад найзууд болов гэх. Оюутан хоёр ээлжилж хоолоо хийнэ. Чинжиг айлын эрх ганц хүү болохоор будаа, давс, мах, аль бэлэн бүхнээ нэг тогоолж орхичихоод алга болчихдог гэж байгаа. Нөгөө мундаг “Илдэн уулын цуурай”-гаа тэр үед бичжээ. “Чинжигээ дууг их хурдан хийдэг, шүлгээ хараа л шууд аялаад явчихдаг. Сэлэнгийн нутгийн дууны уралдаанд З.Түмэнжаргалын шүлэг “Ус мөрөн олон чиг” дуу хийж очоод тэндээ “Сэлүүн дэнжийн яргуй”-гаа хийгээд ирсэн. Би мэргэжил нэгтний хувьд Чинзоригийг “Ная, ерээд оны нийтийн дууны уянгын оргил байсан” гэж нэг л үгээр тодорхойлж чадна. Ардын хөгжмийн эх суурь дээр тулгуурласан дан хөгжмийн бүтээлүүд нь ч Монголын хөгжмийн урлагт том байр суурь эзэлнэ” гэж уран бүтээ­лийн их анд Шарав нь өгүүлж байна. Тэдний бүтээл нэгэн зохиролд орсон тохиол ч бий. Төрийн ордонд Хан хуур залах ёслолын уралдаанд Уралын оюутан ахуйн хоёр анд оролцож. Уралдааны дүн гарахад шүүгчээр ажилласан тэдний багш, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн аугаа төлөөлөгч Л.Мөрдорж хөгжмийн зохиолч “Чинзоригийн зохиолын эхний хэсэг, Шаравын бүтээлийн төгсгөл хэсэг хоёрыг нийлүүл­чихье” гэснээр “Хан хуурын сүлд аялгуу” хэмээх бүтээл одоо ч цагаан сар, наадмаар хамт­даа эгшиг­лэсээр байдаг аж.

Нэрт хөгжмийн зохиолч маань дууны шүлгийн гайхамшигтай мэдрэмжтэй нэгэн байсан бөгөөд нүдийг нь олсон ганц үгийг шуудхан олоод шигтгэчихдэг байж. Тиймээс ч дууны шүлгийн мастер, соёлын гавьяат зүт­гэл­тэн, яруу найрагч Загдын Түмэнжаргалтай хамтарч “Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм” (“Дууны хорвоо”) дуу туурвиж “Морин хуур-94” наадмын тэргүүн шагнал хүртсэн удаатай. Энэ дуу яагаад ч юм, Монголын гайхамшигт эл хоёр эрхэм хүмүүний богинохон амьд­ралын мөрийн хөтөлбөр мэт эмзэгхэн, гунигламаар, өр зүрх шимшрүүлэм сонсогддог юм. Хүүхдийн “Тэмүжин” дуурийг Монголд анх бичилцсэн яруу найрагч Шагдарын Уянга, Чинжиг хоёр жигтэйхэн найз байсан улс. Уянга, Болд-Эрдэнэ нарын найрагч ах нарын амнаас анх “Чинжиг Мөөеө багшийн төгөлдөр хуурыг өвлөж авсан. Чинжиг маань өөртөө онигоо зохиож” гэх мэтийг сонссоор эчнээ танил болсон хүн олон байдаг байх. Ш.Уянга агсан Чинжигийнхээ тухай “Түүний уран бүтээл хийгээд амьдралын зам үргэлж дардан байсангүй. Түүнд доройтон гутарсан өдрүүд олон байсан. Сар хүртэл хомстохоороо гутардаг. Алгаа цэврүүттэл халгай зулгааж, ажилгүй явсан он өдрүүд, ганц биеэр Баянхонгор аймагт ажиллаж амьдарсан хоёр жил…түүнд их хүнд байсан. Гэвч, тэр уйлалгүй, “дуулж” явсаар амьдралын замаа өөд татсан юм. Хонгор нутагт ажиллаж байхдаа “Эгшгийн хүлгээ эмээллэн мордоод

Эрлийн холоос яаран хүрээлж

Ивээл хайраа дэлгэсэн нутаг минь

Хонгор нутаг минь, Хонгор нутгийнхан минь

Холдоод явчихаж чадалгүй

Холбоотой шүү, та нартайгаа…” хэмээх дууг Ванхүүгийн Батбаяртайгаа тэр бичсэн юм. Баянхонгорт тэрээр өөрийн нь нэрлэснээр “ёотон цагаан” гэгдэх байшингийн нэг өрөөнд төгөлдөр хуур, төмөр цагаан ор, Чинзориг гурав хоёр жил амьдрахдаа авьяасыг хайрлаж чаддаг нөхөр, атаа санаж цааш түлхдэг дайсан хоёрыг ялгаж ухаарсан” гэсэн байдаг. Яруу найрагч Ш.Уянга Чинжигтэйгээ уран бүтээлийн дөрөө харшиж хэд хоноход “Миний сэтгэлийн зовлонг ойлгодог нэг л сайн хүн байдаг. Чамайг танилцуулъя” гэж аймгийн төвийн наад бие доор урсах тунгалаг булаг дээр дагуулан очиж мэлмэрүүлсэн гэдэг. Тиймээс ч найрагч анд нь нутгийн олны “Оготнотой булаг” хэмээх эл рашааныг хожим “Чинзоригийн ганцаардлын булаг” хэмээн хайрлан нэрлэсэн байдаг. Чинжиг энэ л ганцаардлын булгаасаа онгодын эх авч зохиолч Намжимын Сүхбат андтайгаа “Намираа цэнхэр бороо”-гоо хүний орчлонгийн хайрын шиврээ болгон шүншиглэсэн билээ. Хожим энэ сайхан дуу гэргийтэй нь танилцуулах гэгээн түүхийн ундарга болжээ. Ганмягмар хэмээх Могодын айраг шиг исгэлэн залуу тэр л ариухан анхилтайгаа үүлэн чөлөөний наран шиг л богинохон жаргал амсах хувьтай байж, Сувд-Эрдэнэ, Номин-Эрдэнэ хоёр ихэр охиныхоо дүрийг харж амжилгүй дөчин тавхан насандаа тэнгэр зүг оджээ.

Сэтгэл гэгэлзүүлсэн олон сайхан дуу бүтээгч Чинзориг агсан “Хорвоод ганцхан ээждээ”

“Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг чинь

Ариун гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулах сан” гэж яруухан гунигшиж, “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач” гэж шимширч явсан юм. Саяхан түүний “Уйлж дуулах хорвоо” хэмээх шилдэг жаран дууны эмхэтгэл-дурсамжийн номыг хайрт гэргий Д.Ганмягмар нь эрхлэн хэвлүүлсэн нь уран бүтээлчийн амьдаас амьд хөшөө гэлтэй. Удахгүй төрөлх Булган хангайд нь түүний нэрэмжит “Дууны хорвоо” уралдаан болно. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж, өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон хоногшин үлдсэн эрхэм хүн, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан нь ямархан их авьяаслаг нэгэн байсныг илтгэнэ. Эгшиг яруухан дууны хорвоог эрхшээсэн Чинжигийн бүтээлүүд монгол түмнийхээ сэтгэлд үеийн үед дуурссаар, дурсагдсаар, дуулагдсаар байх бүлгээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдоржийн хэлэхийг нь хориглосон илтгэлийг “Өдрийн сонин” бүрэн эхээр нь нийтэллээ

-МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛ-

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал болж байна. Уг хуралд 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцож хүний эрх, эрх чөлөө, түүнийг тойрсон асуудлаар чуулах юм.

Манай орны хувьд Ази номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Тэр тусмаа Монголын талаас төлөөлөл оролцуулж Ардчилсан Монгол оронд хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгаа талаар илтгэл тавих нь амин чухал асуудал байв. Гэсэн ч Монгол Улс дахь хүний эрхийн байдлын тухай илтгэл тавих байсан УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн хүсэлтийг хүлээн аваагүй байна. Тус бага хуралд тавихаар бэлтгэсэн түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дэлхийн 70 шахам гэрээнд нэгдэн орсон, ардчилсан орон. Бид 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа хүний салшгүй эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалж хэрэгжүүлэхээ тунхаглаж Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ баталгаажуулсан юм.

Ийм алхам хийснээр Монгол Улс нь ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалж хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэх, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенци, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлэх, үнэн зөв шударгаар тайлагнах өндөр үүрэг хүлээж ажиллана гэсэн үг. Үүнийг дэлхий нийт, түүний дотроос НҮБ харж, ажиглаж байдаг гэдэгт итгэж байна.

Монгол Улс Хүний эрх, эрх чөлөөг хангах талаар зарим арга хэмжээг авч, бас тодорхой үр дүнд хүрч байгаа боловч, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай биелүүлж чадахгүй байна.

“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа” сэдвийн дор явагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хүний эрхийн Үндэсний чуулганы XX Бага хурлыг Улаанбаатар хотноо хийж байгаа нь завшаантай хэрэг боловч өнөөдөр Монгол Улсын дотоодод хүний эрхийн байдал бодит амьдрал ямар байгааг чин үнэнээр, бүрэн дүүрэн харуулна гэдэгт илтгэлгүй байна. Учир нь өнөөгийн Монголын төрийн эрх баригчид манай оронд аймшигтай хэлмэгдүүлэлт, тэгш бус байдал бий болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Үүнийг манай ард түмэн нүдээрээ харж, биеээрээ амсч байгаа бөгөөд“ардчиллын хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэдэг боллоо.

Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага, “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенци батлагдаад 30 жил өнгөрсөн ч Монголд эрүү шүүлт улам газар авч байгаа нь илэрхий байна. Дур зоргоор баривчлан, хорьж байгаа практик үргэлжилж байгаад санаа зовниж байна” гэсэн дүгнэлт хийсэн нь тохиолдлын зүйл биш.

Монгол дахь хэт улстөржилт, олигархуудын эрх ашиг, фракци бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл, өрсөлдөөнөөс болж хуулийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой хэлбэрээр зөрчиж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг хамгийн ноцтой зөрчих хэлбэр болох хэлмэгдүүлэлт, “эрүүдэн шүүх” явдал бодитой оршиж, төрөл бүрээр хэрэгжиж байна. Тэр байтугай, нас барсан хүнд шүүхээс эрүүгийн ял оногдуулсан эмгэнэлтэй явдал ч гарсан.

Энэ бүгдийг батлах олон жишээн дотроос би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Ерөнхий сайд асан Намбарын Энхбаяр болон түүнтэй хамсаатуулан олон хүнийг зохиомол хэрэгт хүчээр шийтгэсэн явдлыг тодорхой жишээн дээр танилцуулахыг хүсч байна.

Олон улсын практикаас үзэхэд, хагас цэрэгжсэн бүлгээс гүйцэтгэсэн баривчилгааг хуулиас гадуурхи баривчилгаанд тооцдог ажээ. Харин, Н.Энхбаярыг дур мэдэн баривчлах ажиллагааг шөнийн 04 цагт цагдаагийн 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арми гардан хэрэгжүүлж, бүлэглэн зодож, хамт байсан хүмүүст хэрцгий догшин хандсаныг олон нийтийн хэвлэл мэдээллээр харуулсан юм. Энэ ажиллагааг Авилгалтай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллага, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны удирдлага гардан гүйцэтгэсэн бөгөөд нийт монголчуудад аймшиг, түгшүүр төрүүлсэн үйл явдал болсон юм.

Урьд нь нэг ч удаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хуулийн байгууллагаас оргон зайлаагүй, Улаанбаатар хотод байнга амьдарч, тэр ч байтугай баривчилгаа явуулсан тэр өдөр ч Төрийн ордонд ажлын өрөөндөө хүмүүстэй уулзаад байж байсан хүнийг хүч хэрэглэн, яаран баривчлах ямар ч шаардлага байгаагүй гэдэг нь тодорхой.

Түүнийг баривчлах тухай шүүгчийн тогтоол гараагүй байхад асар их хүч хэрэглэсэн баривчлагааны үеэр зодуулж гэмтэл авсан Н.Энхбаяр ухаан алдсан байхад нь толгойг нь доош харуулан дамжилж гэрээс нь авч явсан юм. Энэ бол харгис хэрцгий хандсан эрүүдэн шүүлтийн илэрхий нотолгоо яах аргагүй мөн.

Баривчилгааны үеэр хуулийнханд зодуулж гэмтсэн, хохирсон 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулахад, тэдний 86,5 хувь нь, тархины доргилт, зөөлөн эдийн няцралт, цээж, нуруу, гуяны хэсгээр хөхрөлт, хавантай ба дийлэнх хүмүүс бүх биеийн битүү гэмтэл авсан байсан бөгөөд хоёр хүний хавирга цуурсан, нэг хүний шүд булгарсан нь тогтоогдсон. Энэ нь нэг хүнийг биш, нийтэд хүч хэрэглэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна.

Мөн Н.Энхбаярт эрүү шүүлт тулгасны бас нэг нотолгоо бол, түүнийг баривчилсны дараа Төв аймгийн урьдчилан хорих, Зайсангийн хорих газарт шилжүүлэн хорьж, гэр бүл, төрөл төрөгсөдтэй нь уулзуулахгүй, гагцхүү өөрсдийн тулгасан үндэсгүй ялыг тулгаж, хүчээр хүлээлгэхийг оролдож байв.

Н.Энхбаяр өөрийг нь хилс хэрэгт ял тулгаж, эрүүдэн шүүж байгааг эсэргүүцэж арга буюу 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, өөрийн эрх эрх чөлөө, нэр төрийг хамгаалахын төлөө тэмцэж амь насанд нь бодитой аюул тулгарсан нэн эгзэгтэй үед “МальтынТунхаглал”-ын заалтыг зөрчин “албадан хооллолт” хийх шийдвэр гаргасан юм. Мөн Н.Энхбаяр шаардлага тавьж өлсгөлөн зарлаад ес хонож байхад эрх баригчдаас ямар ч хариу өгөхгүй байсан нь өөрөө хүний эрхийн маш ноцтой зөрчил мөн.

Зөвхөн Н.Энхбаярт биш, энэ хэрэгт хилсээр холбогдож ял шийтгүүлсэн бусад хүмүүстэй зүй бусаар харьцах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан нь олон баримтаар батлагдан тогтоогдож байна.

Хилсээр шийтгэгдсэн иргэн Д.Дуламсүрэн ярихдаа: “Энэ бол улстөрийн зохиомол хэрэг. Намайг энэ хэрэгт татан оруулж, ял шийтгэл оногдуулах нь Н.Энхбаяр, түүний гэр бүлийг улс төрд оруулахгүй байх, нийгэмд муухай харагдуулах гэсэн зорилготой байсан гэж боддог. АТГ-ын байцаагчид, чи Энхбаярын гэргий О.Цолмонтой хамт ажиллаж байсан юм чинь, чи үйлчилсэн байж таарна, тэд чамд ямар чиглэл өгсөн, хэзээ утсаар ярьсан, хаана уулзаж байсан бэ гэх зэргээр байцааж байсан.

Мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчдийн байдлаас харахад ямар ч хамаагүй аргаар Энхбаяр гэдэг хүнийг яллах зорилготой ажилласан юм билээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд намайг болон иргэн Д.Чулуунбаатарыг зүгээр золиос болгосон юм шүү. Ганцхан жишээ хэлэхэд, Нийслэлийн СБД-ийн шүүхийн шүүгч Соёмбо- Эрдэнэ бид нартай маш бүдүүлэг харьцаж байсан. Би өдөр болгон шүүх дээр 9-10 цагт өөрийн биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй байсан ба ажил, замын түгжрэл зэргээс шалтгаалан 2-3 удаа 5-10 минут хоцорч бүртгүүлэхэд, шууд л дүүргийн шүүхийн камерт оруулаад хорьчихно, өрөөндөө оруулж загнана, чичлэнэ. Чи гараад сонин хэвлэлд яриад үзээрэй, сайнаа үзэхгүй шүү гээд сүрдүүлдэг байлаа” гэжээ.

Н.Энхбаяр нарт хүчээр ял тулгаж хилс хэрэгт ял шийтгэхэд чиглэсэн зорилготой үйл ажиллагаа шүүхийн шатанд ч явагдсан байна. Шүүх хурлаар Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150 дүгээр зүйлээр ялласан боловч энэ зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн Н.Энхбаярын үйлдэлд байхгүй юм.

Хуулийг илтэд буруу хэрэглэсэн, шүүхийн шинжээчийг зориуд тусгай хүмүүсээр томилж, захиалгаар дүгнэлт гаргуулж ял тулгах үндэслэл болгосон, шүүх хуралд оролцуулахаар хүсэлт гаргасан 16 гэрчээс зөвхөн хоёр хүнийг байлцуулсан, шүүгчээс татгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, өмгөөлөгч нарт хэрэгтэй танилцах боломжтой хугацаа өгөөгүй, танилцаж амжаагүй байхад буцаан хурааж авдаг байсан, шүүх хуралдаанд мэтгэлцээнийг хориглосон, шинжлэн судлаагүй зүйлийг яллах нотлох баримт болгосон, шүүх хурлын үеэр өмгөөлөгчийн асуулт тавих эрхийг хаасан зэрэг үй олон жишээ татаж болно.

Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн До.Чулуунбаатар ярихдаа: “Би энэ хэргийг ер ойлгодоггүй юм. Шүүх хурал дээр бидэнд тулгаж байгаа ялын тухайд асууж, юугаар нотлогдож байгаа юм бэ? гэхэд энэ гүйцэтгэх ажлын материал гэдэг. Түүнийг нь бид ч, бидний өмгөөлөгч нар ч үзээгүй, үзүүлээгүй. Шүүх хурал дээр цагаан цаасанд боосон юм харуулаад гүйцэтгэх ажлын материал гээд байсан. Тэр харуулаад байсан юм нь үнэхээр юу байсан бүү мэд. Ямар ч л байсан бидний хараагүй, мэдээгүй бөгөөд Монгол Улсын хуулиар нотлох баримтад тооцогдоггүй “гүйцэтгэх ажлын материал” гэдэг зүйлээр биднийг ялласан нь үнэн.

Мөрдөн байцаагч хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө надтай уулзаад, “таныг бүр шагнамаар хүн байх юм, маш их юм хийсэн, элдэв хууль зөрчсөн юм байхгүй, гэтэл АТГ заавал ял төлөвлөж өг гээд шахаад байна. Таныг шүүхийн шатнаас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байхаа, тийм бүрэн үндэстэй” гэж байсан.

Миний холбогдсон хэрэг гэгчид хохирол байхгүй, хохирогч бас байхгүй. Бид тухайн обьектыг хувьчлаад авчихсан, зохих хэмжээний мөнгө төлсөн байсан. Гэтэл хувьчлалыг хүчингүй болгоод нийслэлийн өмчид авсан. Хувьчлалд төлсөн мөнгийг улс бидэнд буцааж төлөөгүй, шууд л хураагаад авсан. Дараа нь шинэ хүмүүст бас хувьчлаад өгчихсөн. Бид болдоггүй, тэр хүмүүс болдог байна” гэж байгаа нь болсон үйл явдлын үнэн мөнийг дэндүү бодитойгоор харуулж байгаа бусуу.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаярыг Улсын Их Хуралд нэр дэвших эрхийг нь хаахдаа “боловсрол, ажлын чадвараар УИХ-ын гишүүн байх боломжгүй” гэж Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзаж байсан нь түүний улстөрийн эрхийг хязгаарласан захиалгат үйл ажиллагаа байв.

Энэ бол Н.Энхбаярыг МАХН-ын даргын нь хувьд, мөн улстөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нь хувьд улстөрийн сэдэлтээр бий болгосон зохиомол хэрэг бөгөөд Н.Энхбаярыг улстөрөөс шахан зайлуулах, түүнтэй улстөрийн тооцоо хийж алагчилахад чиглэсэн тодорхой зорилготой, улс төрийн хүчний зөвшөөрөл, үүрэг даалгавраар хуулийн байгууллагууд гардан хэрэгжүүлсэн зохион байгуулалттай, урьдаас тооцож бэлтгэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна. Н.Энхбаярыг одоо ч мөрдөн мөшгисөн хэвээр байна.

Ийм байдлаар хэлмэгдүүлэлт явагдаж, эрүү шүүлт газар авч, хүний эрх, эрх чөлөөг хэмжээ хязгааргүй зөрчих явдал газар авч байна. Үүний золиос болсон хохирогчид гомдол гаргах боломж туйлын хязгаарлагдмал, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох, хохирогчид айдаст авсан тул юм хэлж чадахгүй, эсхүл шударга үнэн үр дүн гарна гэдэгт ямар ч итгэлгүй болсон байна.

Эрүүдэн шүүгдэж, хүнлэг бусаар харьцаж шийтгэсэн хэргийн бүх хохирогчид гэмт хэргийн золиос болсныхоо төлөө нөхөн олговор авах, нэр төрөө сэргээлгэх, шударга үнэнийг тогтоолгох болон бусад хэлбэрээр хохирлыг барагдуулах ёстой.

Өнөөгийн ардчилсан Монгол Улсад хууль ёсыг сахих, биелүүлэх, хүний эрхийг хангаж байгаа нь бодит байдалд ийм байна. Хууль бус үйл ажиллагааны золиос болж олон хүн хохирч байгааг тодорхой баримт жишээн дээр сонордууллаа.

Иймээс,Монгол Улсад төрийн эрх баригчдын зүгээс явуулж байгаа хүний эрх зөрчсөн ноцтой үйл ажиллагааг таслан зогсоох эрс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Энэ асуудлаар НҮБ-ын Тусгай Илтгэгч, Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооны шинжээчдийг томилж ирүүлэхийг хүсч байна.

Энэхүү илтгэлийн материалтай хамт Н.Энхбаярыг хүч хэтрүүлэн, хууль бусаар баривчилсан ажиллагааны бичлэгийг хүргүүлэв.

ЦЭРЭНХҮҮГИЙН ШАРАВДОРЖ

/Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч/

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд хязгаарын хилчин гэр бүл

Урагшлах тусам уул толгод нь намсан, өвс ургамал нь тачирдан,хар шороон хөрс бор элсээр өнгөө хувиргана. Зам дагуух ногоон торгон дээрх дусал сүү мэт хөврөх зуслангийн хот айлууд цөөрч, хаа нэг тэртээ холд ганц гэр зэрэглээтэн үзэгдэнэ. Хотоос хөдөлсөн даруйдаа саахалтын дайтай яваад л хурдаа хасч, өмнүүрээ мал хуй, морь, мотоцикльтой малчдыг өнгөрүүлж асан жолооч одоо бол тогтмол хурдаар довтолгоно. Бөөгнөрөн хуйлрах үүлс ч замхран, халуун салхи өөдөөс үлээнэ. Бид Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу буюу хангайгаас говийг чиглэн яваа минь энэ. Зорьсон газар, өнжих айл эх орны минь өмнөд хязгаарыг сахин хамгаалж буй Хилийн 0121 дүгээр салбар болох Жаал шандын заставын дарга, хошууч Л.Түвшинтулгынх. Даланзадгадаас урагш чиглэн хагас өдөр хэртэй явсны эцэст намхан толгодын өвөрт улаан хүрэн чулуун хашаа харагдлаа. Түүн доторх байшингуудын ногоон дээвэр наранд гялбан тод гэгч нь үзэгдэнэ. Хилийн цэргийн албаныхантай хамт явсан учраас заставын харуул биднийг зогсоон, цэргийн ёсоор шалгалгүй дотогш нэвтрүүллээ.

Заставын дарга, хошууч Л.Түвшинтулга тэргүүтэй албаныхан биднийг угтан авав. Хошууч Л.Түвшинтулга энэ албанд томилогдоод хоёр гуравхан хонож байсан хэдий ч газар орон, заставын бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл зэрэгтэй аль хэдийнэ танилцчихсан байлаа. Тэрээр 1996 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсч, ажлынхаа гарааг хилийн 0131 дүгээр ангид бэлэн байдлын ахлах, шуурхай жижүүрээс эхлүүлж байжээ. Харин 2004 оноос Өмнөговь аймгийн Бүдүүн мод, Улаан хошуу зэрэг хилийн заставуудад алба хааж байсан бөгөөд энэ удаад Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм баг дахь Жаал шандын заставт томилогдон ирсэн нь энэ аж. Хошууч Л.Түвшинтулга “Энд нүүж ирээд хоёр гуравхан хонож байна. Албаа хүлээлцэж авах гээд гэрийн бараа харалгүй хэд хонолоо. Эхнэр заставын зочид буудлын эрхлэгчээс гадна тогооч хийдэг учраас бас завгүй. Гэр орноо засч янзалж амжаагүй болохоор жаахан замбараагүй л байгаа даа” гэв. “Хээрийн улс хээгүй гэдэг дээ, тийм ээ” гэвэл над руу нэг их сүрхий гайхсан янзаар харснаа “Нэгдүгээрт бид хээр биш, хилийн заставт байна. Хоёрдугаарт цэргийн анги нэгтгэл, тэр дундаа хилийн цэргийн албаны юм бүхэн эмх замбараа, дэс дараалалтай байх ёстой. Тийм ч байсаар ирсэн, тийм ч байх ёстой. Хэдий гэр орноо хэрхэн засч тохижуулж, эмх замбараатай байх эсэх нь ажил төрөлтэй холбоогүй, хувь хүний хэрэг мэт боловч үнэндээ тийм биш. Гэртээ оронгуутаа гутлаа тайлаад хоймор руугаа шидлээд, гадуур өмдөө зогссон газраа тайлаад хаячихдаг нөхөр ажилдаа ч мөн тэгж салан задгай, хамаа замбараагүй хандана. Бүр зарим хүмүүс гэр орон, албан газар нь нэг хашаанд байрладаг болохоор хувийн ахуй, албаны ажил нь хутгалдчихсан мэтээр эндүүрдэг. Бодит байдал дээр ямар болохыг өөрийн биеэр үз дээ” гэсээр заставын хашааны зүүн хойд булангийн дүнзэн байшин руу чиглэн алхав. Энэ байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг юм байна гэж бодсоор үүдний хэсгээр оруут хоёр хаалга байх. Учир нь энэ байшинд заставын даргынхаас гадна ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм байна. Хошууч Л.Түвшинтулга “Энэ манайх, орцгоо” гэсээр урд талын хаалгыг нь нээлээ. Ханан пийшингээр тусгаарлагдсан хоёр өрөөтэй бөгөөд үүдэн талын, жижиг өрөөнд гаазаар ажилладаг аяны плитка, дотор нь аяга таваг зэрэг сав суулга бүхий гал тогооны жижиг тавилга харагдав. Өмнө нь энд амьдарч байсан хүн зуухаа аваад явсан бололтой, яндангийн дайтай дугуй хар нүх пийшингийн хананд үлджээ. Тус пийшингийн хажууханд хоёр хүн зэрэгцэж суух багтаамжтай ширээ байрлуулчихсан учраас уг өрөөнд өөр эд хогшил агуулахаар зайгүй харагдав. Гэрийн эзэгтэй Т.Урангоо шинэхэн ингэний хоормог, ямааны ааруул, өрмөөр дайлахын сацуу сүүтэй цай аягалав. Биднийг ирэх замд, заставын ойр орчимд хоёр гуравхан сүрэг тэмээ таарснаас бус өөр мал амьтан тааралдаагүй учраас хаанаас шинэхэн сүү цагаан идээ авсныг асуувал “Та нарын ирсэн зүгээс эсрэг талд манай заставын үхэр, ямаан сүрэг бий. Эндээс 10 гаруйхан км-ийн зайтай учраас өдөр бүр шинэхэн цагаан идээ авчирдаг юм. Бас махны хэрэгцээгээ ч тэндээсээ хангачихдаг” хэмээн хариулав. Жаал шандын заставын данстай 500-гаад ямаа, 80 гаруй тэмээн сүрэг байдаг юм байна.

Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн бүлээн цайг залгилснаа цэцгэн толгойтой апьтийрк бариад “Салаад уначихсан нэг хаалгыг нь тогтоочихъё” гэсээр гал тогооны аяга сав суулга бүхий тавилгын өмнө очлоо. Т.Урангоо “Зочид ирчихсэн байхад засч янзлах юмаа дараа болооч, хө” гэвэл “Хоорондоо ярихад гарын хэрэг гэж юу байхав. Тэглээ ч хөгшин нь буцаад ажилдаа гарлаа. Төв анги руу цагийн мэдээгээ өгчихөөд, хилийн багануудаар явах бэлтгэлээ базаасан эсэхийг шалгана. Ажлаа дуусгачихаад тухтай буу халж болно шүү дээ” гэв. Т.Урангоо “Тушаал авч, тангараг өргөсөн болохоор цагийн ажлыг цагт нь амжуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд дарга гэлтгүй зэвсгээ үүрээд хилийн харуулд олон хоногоор явна шүү дээ” гэсэн юм. Эднийх ам бүл тавуулаа бөгөөд гурван охинтой юм байна. Хичээл нь орох дөхсөн учраас хүүхдүүд нь аймгийн төв рүү явцгаасан байлаа. Том охин Т.Насанцэцэг нь энэ жил аравдугаар ангид элсэн орох бол дунд охин Т.Насанжаргал нь долдугаар ангид орох аж. Харин отгон охин Т.Нандинтүшиг таван настай аж.

Хошууч Л.Түвшинтулгын үүрэгт ажил дуусах хүртэл заставын орчин тойронг сонирхохоор гадагш гарав. Заставын захиргааны байрыг шинэчлэн, зай талбайг нь ч томсгожээ. Радио холбоо, заставын дарга, хошууч нарын албаны өрөөнөөс гадна хүүхдийн болон эмчийн үзлэг хийдэг өрөө болон томоо гэгчийн алдрын танхимыг шинээр байгуулжээ. Энд хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчаас бусад ахмад, ахлах дэслэгч нарыг тогтвортой, удаан хугацаанд ажиллуулахын тулд гэр бүлээр нь заставт байршуулах чигийг Хил хамгаалах ерөнхий газраас баримталдаг гэнэ. Тийм ч учраас сургуулийн өмнөх насны хүүхдэд нь зориулсан хүүхдийн өрөөг байгуулж, иж бүрэн тохижуулжээ. Улаанбаатарт хэр баргийн цэцэрлэгт байдаггүй тоглоом, буддаг ном сэлт тэнд харагдсан. Гэхдээ өнгийн харандаа, дэвтэр зэрэг хичээлийн хэрэгсэл, зарим сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг нэмж авах шаардлагатай байгаа гэдгийг тэд хэлсэн. Харин алдрын танхимын нэг талын ханыг уг заставын гавьяа шагналууд элбэгхэн дүүргэсэн харагдав. Эсрэг талын хананд хуучны банзан гитар өлгөөтэй байснаас гадна шалнаас хагас тохой хэртэй өндөрлөж, багахан тайз зассан харагдлаа. Өмнө нь хуваарилагдан ирсэн гитар тоглодог, дуулах авьяастай цэргүүд сардаа ганц хоёр удаа хүндэтгэлийн өргөөнөө тоглолт хийчихдэг байсан гэнэ. Тус өргөөнд дөрөв таван алд хэрийн урттай номын тавиураар дүүрэн батлан хамгаалах салбарын түүхэн хөгжил, хил хамгаалах албаны цэрэг дайчдын баатарлаг түүх намтар зэргийг харуулсан ном товхимол, сэтгүүлүүд өрөөтэй байв. Түүнээс гадна “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг үндэсний өдөр тутмын томоохон сонингууд өрөөтэй байлаа. Дээрх өдөр тутмын сонингуудын хамгийн сүүлийн дугаар нь долдугаар сарын 28-ны мягмар гаригийнх байсан бөгөөд сардаа хоёроос гурван удаа сонин хэвлэлээ татдаг аж. Гэхдээ тэд дэлхий дахинд болон дотоодод өрнөсөн үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг зөвхөн сониноос бус интернэтээс цаг алдалгүй авчихдаг юм байна. Застав хоёр гурван жилийн өмнөөс утасгүй интернэтийн сүлжээнд холбогджээ. Үүний хажуугаар агаарын олон сувагт телевизор үзчихдэг учраас нэг үеэ бодвол өмнөд хилийн аглаг буйд заставт алба хаагчид уйдахааргүй болжээ. Заставт суурилуулсан Жи мобайлын утсаар гэрийнхэн, ойр дотныхонтойгоо хүссэн үедээ холбоо тогтоох бололцоо ч бүрджээ. Т.Урангоо “Бид хоёрыг 2004 онд Өмнөговь аймгийн Бүдүүн модны заставт ирж байхад оросын хуучны радио станцаас өөр цахилгаан хэрэгсэл байгаагүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийнх шиг өдөр тутмын сонин хэвлэл, телевиз, интернэт гэдэг бол зүүд зэрэглээ мэт хол байсан. Тэгэхээр түүнээс өмнө ямар байсан нь ойлгомжтой. Цэргийн сургуулиа дөнгөж төгссөн залуусыг тийш томилоод явуулчихаар тийм орчинд их уйддаг бололтой юм билээ. Тэгээд л аймгийн төв, Улаанбаатар хотоо бараадна. Бүр хилийн цэргийн албаа орхисон ч тохиолдол бий. Хамгийн гол нь залуу гэр бүлүүдэд хэцүүхэн байсан. Бид хоёр ч мөн тэр үеийн зах зухыг тойроогүй биш дайраад өнгөрсөн. Том охиноо гуравдугаар курстээ төрүүлсэн учраас би нэг жилийн чөлөө авсан. Тэгээд нөхрөө төгсөөд, хилийн цэрэгт ажилд орсноос нэг жилийн дараа би сургуулиа дүүргэсэн. Тэр үед нөхрийн минь бичсэн захидал сарын дараа надад ирнэ. Захидлынхаа завсар цалингаа хавчуулчихсан байдагсан. Захиа авсан өдрөө л захисан, хэрэгтэй зүйлсийг нь шуудангаар явуулахад хоёр долоо хоногийн дараа очдог байсан. Ингэж л хэл амаа авалцаж, мэнд усаа мэдэлцдэг байлаа. Сургуулиа төгсөж ирээд заставт орос хэлний багш мэргэжилтэй надад тохирох ажлын байр байхгүй учраас хоёр жил гаруй Номгон сумын төвд багшилсан. Гэр бүл болоод, том охин минь мэндлээд гурав дөрвөн жил тусдаа амьдарсан. Харин 2000-аад оны сүүлээр хилийн заставын албан хаагчдын эхнэрүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлснээр залуус эндээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж би боддог. Эндхийн албан хаагчийн эхнэр нь цэргийн цолгүй байлаа ч радио холбоочин, тогооч, зохион байгуулагч, угаагч, оёдолчин, саальчин зэрэг албыг тогтмол цалинтай хийж болохоороо давуу” гэсэн юм. Заставын зүүн урд буланд халуун усны газар байгуулжээ. Нарны эрчим хүчээр усаа халаах төхөөрөмж суурилуулжээ. Энэ бол бүхий л алслагдмал хилийн заставуудын нийтлэг дүр төрх гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хошууч Л.Түвшинтулга гэртээ үдээс хойш орж ирүүтээ, Мухар хулсангийн хилийн харуулаар орж, хил орчмын дугаар баганыг эргэнэ гэдгээ дуулгав. Би ч мөн тэднийг дагаж явахаар болов. Сардаа хоёроос гурван удаа ийн хилийн баганаа тойрч, шалгадаг аж. Заставын дарга, жолоочоос гадна дөрөв таван ч цэрэг буу, хантааз тэргүүтэй хэрэглэгдэх эд зүйлсээ аваад албаны давхар кабинтай, олны нэрлэж заншсанаар аавын цээж машинд суулаа. Бас хилч нохойгоо ч дагуулжээ. Бид цаг гаруй яваад Мухар хулсангийн хилийн харуулын байранд ирлээ. Энд байрлан, үүрэг гүйцэтгэж буй цэргүүд хилийн зөрчил гарч болзошгүй хилийн дугаар тэмдэгтийн хооронд 20-иод км газрыг хамгаалдаг аж. Энэ бүс нутаг нь өндөр уулс, хяр толгод зонхилсон, байгалийн дурсгалт олон газартай онцгой бүс аж. Сайр чулуурхаг хөрстэй бөгөөд хайлаас тоорой, заг, сухай, харгана, хар шаваг, бударгана зэрэг бутлаг ургамал ургана. Бас хулан, зээр, чоно, шилүүс, хярс үнэг, аргаль, туулай зэрэг ан амьтад элбэгтэй гэдгийг цэргүүд хэлж байлаа. Бид цааш явсаар хилийн дугаар тэмдэгт дээр очлоо. Монголын талаас өндөрлөг газрууд дээрээ багана босгож, хилээ манасан бол Хятадын тал хоёр метр шахуу өндөр, торон хашаа татжээ. Хятадын тал дан ганц энэ хэсгээр бус манай улстай хиллэдэг нийт хилийн дагуу буюу 4700 гаруй км ийм торон хашаа татжээ. Уг торон хашаагаа дагуулан сайжруулсан шороон зам тавьчихаж. Хилчид маань хил дагуух мөр шалгах зурвасаа эргэчихээд дараагийн дугаар хилийн баганын зүг хөдөллөө. Ийн хэд хэдэн дугаар багана дээр очин, үзлэг, шалгалт хийсэн юм. Хилийн байдал тайван байснаас гадна мөр шалгах зурваст хүн малын мөр үзэгдсэнгүй. Ийн хилчин маань шалгах ёстой сүүлийн дугаар багана руугаа зүглэв. Хаа холын газраас өндөр дээр далайн харуулын цамхаг мэт өндөр, дугариг хэлбэрийн байгууламжийн бараа нь харагдав. Тэр бол 1970-аад онд баригдсан Хятадын харуулын цамхаг бөгөөд барагцаалбал арван давхар барилгатай дүйхээр өндөр аж. Орой дээр нь гэрэлтүүлэг, дуран сэлтийг өвч байрлуулснаас гадна цамхгийн эргэн тойронд нь жижиг нүх гаргасан байх бөгөөд үүгээр дөрвөн зүгт чөлөөтэй харуул хийдэг байна. Өндөрлөг газарт байрлуулсан учраас хоёр орны хил дагуух нэлээд урт зурваст хяналт тавих бололцоо бүрджээ. Хятадын талаас 2002-оос 2005 оны хооронд хил дагуух тороо шинэчлэн татсан учраас мал хуй салхинд уруудан, ан амьтан өвч бэлчээр хөөн хил давах, төөрч будилсан хүн санамсаргүйгээр хил давах зэрэг зөрчлүүд гарахаа больсон байна. Гэсэн хэдий ч өөр зорилго өвөртлөн хууль бусаар хил давах тохиолдол багассанаас бус ор мөргүй алга болоогүй гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хамгийн хачирхалтай нь Хятадын талаас Солонгос иргэд хил зөрчин орж ирдэг байжээ. Энэ талаар хошууч Л.Түвшинтулга “Хоёр Солонгосын харилцаа хурцадсан 2005-аас 2008 оны хооронд Хятадаар дамжин Монголд хууль бусаар орж ирэхийг завдсан нэлээд олон солонгос иргэдийг бид саатуулж байсан. Тэд Хятадаар дамжин, Монголд дүрвэх гэсэн хэрэг биш л дээ. Хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад манайханд баригдвал дүрвэгсдийг хойд Солонгост бус өмнөд Солонгост Монголын талаас хүлээлгэн өгдөг байсанд хамаг учир байгаа юм. Яагаад гэвэл тухайн үед хойд Солонгос ганц Монголтой бус дэлхийн бусад улс орнуудтай харилцаа холбоо тааруу байсан. Ийм учраас өмнөд Солонгос руу дүрвэж, хамаатан садан дээрээ очих гэсэн зорилготой хойд солонгосчууд ингэж манай хилийг зөрчдөг байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2007 онд Улаанхошууны заставын хариуцсан хилийн зурвас газраар хойд Солонгосын нэгэн гэр бүл болох залуухан хосууд хоёр настай нярай хүүхэд, өндөр настай ээжийгээ дагуулаад хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон. Бүр дүн өвлийн хүйтэн тачигнаж байсан нэгдүгээр сард шүү дээ. Тэднийг бид хилийн зурвас дагуух 20 км газарт гурав хоног хайсны эцэст олж, саатуулсан. Мөрөөр нь мөшгөтөл сүүл рүүгээ тэдний гуталны мөр алга болчихсон. Тэгсэн чинь өвлийн шөнө заг түлж, хөлөө дулаацуулах гэж халуун үнсэн дээр нь гишгэсээр байгаад гутлынхаа улыг хайлуулчихсан байсан. Өвлийн зузаан ултай гутал биш хавар намрын пүүз байсан учраас ул нь амархан хайлж урсах нь арга ч үгүй биз дээ. Тэд дээгүүрээ зузаан хувцасласан хэрнээ доогуураа дан өмдтэй л явж байсан. Бид саатуулаад, застав дээрээ авчрахад нялх хүүхдээ нуруундаа үүрсэн эмэгтэйн сүүж нь цоорчихсон байсан. Бодвол үүргэвчиндээ холгосон байх. Нэгжлэг хийхэд цүнхнээс нь хэд хэдэн боодол эм, гурав дөрөвхөн сав цэвэр ус, ганц годгор хиам, гар чийдэн, чүдэнз л гарч ирсэн. Бас улаан чинжүү байсан. Өвлийн хүйтэнд дангаар нь залгихад дотроос нь халуу шатаад, даардаггүй байсан байх. Түүнээс биш дулаалж өмсөх хувцас, доороо дэвсэх гудас ч байгаагүй. Бас цагаан болон улаан гоёо, чихэр өвс, лидэр зэрэг эмийн ургамал түүх гэж Хятадууд хууль бусаар хилээр нэвтрэхийг оролдох хандлага их гардаг байсан ч хилчдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн дүнд сүүлийн хэдэн жилд энэ төрлийн зөрчил гараагүй” гэсэн юм. Мөн тус онд нэгэн монгол залуу Өвөрмонголоос хоёр морь худалдаж аваад, түүнийгээ унаад хилийн дугаар баганаар хууль бусаар нэвтрээд ороод иржээ. Мөрийг нь мөшгөсөөр явтал хулангийн сүргийн явж өнгөрсөн газартай огтлолцжээ. Гэсэн хэдий ч хилчид энд тэндгүй гишгэлсэн, сүрэг хулангийн мөрнөөс хоёр адууны туурайн мөрийг алдалгүй дагасаар явтал хил зөрчигч мориноосоо бууж хүндэрсэн байжээ. Ингээд өнөөх дагасан мөр нь хулангийнх биш хөтөлгөө мориных болох нь баталгаажин эрлийн ажлыг эрчимжүүлжээ. Түүнчлэн 2002 оны зуднаар хошууч Л.Түвшинтулгын алба хааж асан Улаанхошууны заставын хариуцсан хилийн шугамаар шуурганд уруудсан 500 гаруй адууг хил давах гэж байсныг тогтоон, барьж чаджээ. Хошууч Л.Түвшинтулга “Үе үеийн хилчдийн ам дамжин ярилцдаг баатарлаг нэгэн гавьяа бий. Тэр нь бага дэслэгч З.Жигжидсүрэн ахлагчтай манааны гурван цэрэг буун дуу гаргалгүй, хил зөрчигчид болох хоёр машин дүүрэн хятадын цэргүүдийг буулган авсан байдаг. Энэ бол одоогоос 60, 70-аад жилийн өмнө болсон хэрэг л дээ. Өнгөрсөн тавдугаар сард энэхүү баатарлаг гавъяанд зориулсан хөшөөг байгуулсан. Ам мэхээр буулган авсан байдаг” гэв.

Л.Түвшинтулга бол 12 хүүхэдтэй айлын отгон нь. Гэсэн ч би аав, ээждээ эрхлэлгүй ах эгч нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж, хэлсэн бүхнийг нь хийж явсан нь хилийн цэргийн хүндхэн албыг түүртэлгүй хаах амьдралын сургууль болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.

Жаал шанд застав нь 1966 оны долдугаар сарын 11-нд тухайн үеийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны шийдвэрээр НАХЯ-ны тушаалаар байгуулагдаж байсан бөгөөд ирэх онд 50 жилийнх нь ой тохиох гэнэ.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Дашчойнхор