Categories
мэдээ цаг-үе

Сайд, төрийн соёрхолт, ардын уран зохиолчтой нэг төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан”
булангийн энэ удаагийн зочноор Монголын эрүүл мэндийн салбарт үеийн үед
дурсагдах түүхэн гавьяа байгуулсан хамт олон уригдсан юм. Монгол Улсын их
сургуулийн хүн эмнэлгийн ангид 1950 онд анх удаа олон оюутан элсүүлэхээр болж
нийт таван бүлгийг нэгтгэн 150 оюутан нэг ангид хуваарилжээ. Тухайн үед
сургуулийн ректорын албыг Б.Ширэндэв хашиж байсан аж. Орос оюутнууд, Офицерын
сургуулийнхан гээд таван бүлгээс бүрдсэн хүн эмнэлгийн анхны олон төгсөгчтэй
анги сургуулиа дүүргээд өдгөө 60 жилийн ойтой­гоо золгож байна. Зуун тавин оюут­наас
ар гэрийн гачигдал болон шалгалтдаа унаж улирсан зэрэг олон шалтгаа­ны улмаас
хасагд­саар 93 оюутан 1955 онд хүн эмнэлгийн мэргэжил эзэмшин амьдралд хөл
тавьж байжээ.

Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, эрдэмтэн Л.Буджав, Монгол Улсын гавьяат
багш профессор Т.Батсүх нар “Биднийг төгсөх үед Намын төв хорооноос шууд томилж
бүгд л хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвд хуваарилагдсан. Манай ангийнхан Монголын
эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өдгөө бидний
шавь нар энэ салбарыг авч явж байна. Яахав эмч гэдэг хүний алтан амийг аюулаас аврах
тангараг өргөсөн юм хойно ямар бид тэгсэн ингэсэн гээд нэг бүрчлэн ярих биш. Эргээд
харахад эмч мэргэжлээрээ бахархах сэтгэл хаа нэг төрнө” хэмээн даруухан өгүүлсэн
юм. Үнэндээ тус ангиас төрсөн алдартай төр нийгмийн зүтгэлтнүүд олон билээ. Эдний
ангиас Эрүүлийг хамгаалахын сайд асан Ч.Цэрэннадмид, дэд сайд С.Дүгэржав, хэлтсийн
дарга Л.Буджав, Т.Гомбосүрэн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрөн гарсан
бол Төрийн соёрхолт дөрвөн хүн байдаг аж. Тодруулбал, Төрийн соёрхолт ардын уран
зохиолч С.Эрдэнэ, эмнэлгийн анхны Ардын эмч Р.Пүрэв, дэд профессор Г.Дэмид, эрдэмтэн
Ё.Бодьхүү нар юм. Мөн профессор Т.Батсүх, доктор профессор А.Өлзийхутаг, ардын эмч
Ч.Цэрэннадмид, Д.Бадарчин, О.Лхамсүрэн зэрэг таван гавьяат эмч, 18 эрдэмтэн, профессор,
дэд профессор долоон хүн энэ ангиас мэндэлжээ. Түүнчлэн нийслэл болоод орон нутгийн
эрүүл мэндийн байгууллагын даргаар ихэвчлэн ажиллаж байсан туршлагатай, манлайлагч
анги юм. МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг 1955 онд төгссөн тэд улс эх орныхоо эрүүл
мэндийн салбарт хэрхэн гар бие оролцож явснаа үечлэн дурсав. Тухайлбал,
1950-1960 оны үед нийслэл болоод аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг их эмчтэй болгож бэхжүүлэхэд
Намын төв хорооноос даалган тэднийг орон нутагт томилж байжээ. Тэдний төгсөлтийнхөн
орон нутгийн эмнэлгүүдэд томилогдсоноор аймгийн эмнэлгүүд анх удаа их эмчтэй болж
бүтцийн хувьд жигдэрсэн гэсэн үг. Ингээд 1970-1980 оны хооронд улсын нарийн мэргэжлийн
эмнэлэг төвүүдийг байгуулахад, сум дундын эмнэлгүүдийг байгуулахад гар бие оролцон
боловсон хүчний чухал суурь бааз болж өгсөн гэдэг. Үүнээс хойш эдний ангийн төгсөгчид
сурсан мэдсэн зүйлээ залуу үе, ирээдүй хойчдоо зааж сургах, өвлүүлэх ажилд түлхүү
анхаарлаа хандуулах болсон талаар ахмад эмч нар ярьж байлаа.

Учир нь тэдний туршлага
өнөөдрийн эрүүл мэндийн салбарт дахин давтагдашгүй үнэт өв болох юм. 1955 онд Монголын
эрүүл мэндийн салбарт ханцуй шамлан орж ирж байсан залуусаас өдгөө 16 нь л ажиллаж,
зарим нь тэтгэвэртээ гарчээ. Одоогоор АШУҮИС-д Л.Буджав, Т.Батсүх, Ч.Цэрэннадмид,
А.Өлзийхутаг, Ц.Тажаа зэрэг таван багш зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Оюутны
ширээнд мөр зэрэгцэн суух нандин үеэ тэд дурсахдаа “Тухайн үед өнөөдрийн залуус
шиг бүх зүйл нь бэлэн, нээлттэй байгаагүй. Техникийн хөгжил дэвшил ч маруухан байлаа.
Бид сургууль, номын сан, оюутны байр хооронд л таван жил жирийлгэсэн дээ. Европ
хувцас мода болж байсан үе. Саравчтай малгай, дан хослолтой л өвөлждөг байлаа шүү
дээ. Даарч хөрөхийг мэдэхгүй. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй
байж дээ” хэмээн хуучилж нэгнээ цаашлуулан ёжтойхон инээнэ. Тэр үед сар бүр оюутны
тэтгэлэг өгдөг байж. Эцэг, эх нь оюутан хүүхдээ тэр болгон эргээд байх биш. Улирлын
амралтаараа л гэрийнхэнтэйгээ уулзана. Тийм болохоор оюутны тэтгэлгээрээ амьдарна.
Хичээлдээ онц сурвал сардаа 200 орчим төгрөгийн тэтгэлэг авчихна. Түүгээрээ сургуулийнхаа
ард байрлах хятад хоолны газарт орж хуйцаа, цуйван, хуушуур авч иднэ. Мөн хятад
дэлгүүр их байсан үе гэнэ. Ангийн хүүхдүүдийн 60 хувь нь хөвгүүд. Тиймээс ангийн
цөөнх охидоо бусад ангийнхнаас их өмгөөлж, хамгаална. Хааяа хөвгүүд охин найрахдаа
сургуулийн ойролцоох хятад дэлгүүрээс талх, нарийн боов авч өгдөг байжээ. Мэдээж
оюутнууд болсон хойно чөлөөт цагаа аль болох зугаатай өнгөрүүлэхийг хичээж Лениний
клубт очиж бүжигт ордог байж. Мөн “Улаанбаатар”, “Элдэв-Очир”, “Ард”, “Дека” гээд кино театрт шинэ кино ирэх
болгонд очиж үздэг байсан тухайгаа гавьяат эмч Т.Батсүх хэлэв. Ихэвчлэн Оросын кино
үзнэ. Намын түүх, нийгмийн ухааны хичээлээс бусад бүх хичээл орос хэл дээр орох
бөгөөд монгол багш нартайгаа ч оросоор харилцдаг байсан болоод тэр үү ангиараа оросоор
маш сайн ярьдаг гэнэ. Тухайн үеийн оюутнуудын бас нэг очдог газар нь Дотоод яам,
Улаанхуарангийн халуун усны газар. Эдний ангийнхан нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй
оролцдог байжээ. Тухайн үед улс нийгмийн асуудал хүнд байсан. Арьс өнгө, сүрьеэ
эмчлэхээр ажиллаж өвчилсөн хүн амын 80 хувийг эрүүлжүүлсэн гэнэ. Уг ажиллагаанд
ангиараа дайчлагдаж Оросын эмч нартай хамтарч ажиллаж байжээ. Мөн тарваган тахлын
голомтод ажилласан гэж ангийн нөхөр Ц.Чулуунбаатар “Шударга журам” медалиар шагнуулж
байсан бол Баянхонгор аймагт болсон газар хөдлөлтийн голомтод мөн л тус ангийн Ё.Бодьхүү,
Т.Гомбосүрэн, Ч.Цэрэннадмид, Г.Данзан нар ажиллаж хүн малд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Үүнийг нь төр засаг үнэлж эдгээр оюутныг “Алтан гадас” одонгоор шагнаж байсан тухай
ярив. Хичээл сурлагадаа ч манлайлагч байсан байна. Хэрвээ хоёр шалгалтад унах л
юм бол одоогийнх шиг дахин шалгалт гэсэн ойлголтгүй учраас шууд л улирна. Тиймээс
ч бүгд л хичээнэ. Ямар сайндаа л практикт хэрэглэж байсан хүний гавлын ясыг гэр
рүүгээ авч яваад гэрийнхнийхээ зүрхийг зогсоох шахна. Эсвэл оюутны байрныхаа орон
доогуур хүний араг яс аваачаад хийчихнэ. Түүнийг нь цэвэрлэгээ хийж явсан жижүүр
хараад ухаан алдахаас эхлээд олон ч хөгтэй явдал тохиолддог байж. Бүр анх өөрсдөө
ч хүний цогцос дээр ажиллаж чадахгүй уйлж байсан тухайгаа ярив. Түүнчлэн Ч.Шарав
анатомийн хичээл дээр шалгалт өгч байх үедээ азаар онц, авсан тухай ангийн нөхөд
нь хуучлав. Багш нь шалгалт авч латинаар эрүүний ясыг юу гэж нэрлэдэг вэ гэж асуухад хашир
“Энэ моньдийг юу гэж хэлдэг билээ” гэсэн чинь багш нь онц суу гэжээ. Учир нь латинаар
эрүний ясыг “мандивул” гэдэг юмсанж. Энэ мэт хөгтэй явдал их гэнэ.

Энэхүү төгсөлтийнхөн
монголын эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж байсан талаар дээр дурдсан. Төрийн
соёрхолт, ардын эмч Р.Пүрэв энэ ангийн төгсөгч. Тэрээр Монголд анх томографикийн
шинжилгээ, оношилгоог нэвтрүүлсэн төдийгүй рентгений чиглэлээр гаргууд мэргэшсэн
нэгэн. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь тархи нүд нь яг л “Компьютер” шиг гэж шагшдаг
байжээ. Мөн мэс заслын Б.Доржготов, Д.Жодов,
Г.Дэгмид, халдвар судлалын Т.Гомбосүрэн, Н.Багаажав, эх барихын Б.Лувсан-Ёндов,
эрүүл ахуйн Ц.Тажаа, хоол судлалын Ш.Чадраабал, био анаагах эмгэг судлалч Б.Гомбо,
хүүхдийн Ж.Самданцоодол, сэтгэц судлалын Б.Чойдог, цус судлалын Ч.Шарав нар эрдмийн
зэрэг хамгаалсан байдаг бол зүрх судлалаар
Ч.Дондог, Ч.Норовдорж, физик эмчилгээгээр
А.Уазера, А.Цэцэгдарь, гоц халдварт чиглэлээр Л.Даваа, Ц.Чулуунбаатар, Б.Цэцэг,
хүүхэд, эх барих чиглэлээр П.Ядмаа болон Н.Цэрэндулам, Ж.Аюушжав, Х.Дулмаа, Р.Ядамсүрэн,
Д.Цэрэндаш, Б.Жамсран, А.Пагма нараас гадна энд нэр нь дурдаагүй ард түмэнд танигдсан
эмч нар олон. Мөн гадаадад урилгаар ажилласан
эмч цөөнгүй бий гэсэн. Зүү төөнүүрийн мэргэжилтэй Д.Бадарч Оросын Кремлийн эмнэлэгт
уригдаж байсан гээд ангийнхны алдрыг дурдвал их ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн баяжмал, газрын тос, алтны экспорт нэмэгдэж, үйлдвэрлэл 33 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өчигдөр танилцуулав. Уруудсан үзүүлэлт байгаа ч ирээдүйд эдийн засаг сайжрах суурь бүтэц тавигдаж байгаа нь ч тоон баримтаас харагдлаа. Жишээлбэл, дотоодын аж үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 33.4 хувиар өсчээ. Түүн дотроо импортыг орлох бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлнэ. Энэ хэрээр гадаад худалдааны балансад эерэгээр нөлөөлж байна. Халдварт өвчин, бүлэглэн, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурчээ.

Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд бүртгэл­тэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт улсын дунджаас 0.2-15.9 пунктээр илүү байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 2015 оны наймдугаар сарын эцэст 43 мянга болсны 23 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажил хайгчдын 30 мянга нь ажилгүй иргэн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар буурсан үзүүлэлт аж.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны хоёрдугаар улиралд нийт 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Эдгээр байгууллагын ажилч­дын сарын дундаж цалин 853 мянга, үүнээс эмэгтэйчүүдийнх 804 мянга, эрэгтэйчүүдийнх 903 мянган төгрөг байна.

Ажилчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 889 тэрбум, зарлага 1.020 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс орлого дөрөв, зарлага 21 хувиар өслөө.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 53872 эх амаржиж, эсэн мэнд төрсөн хүүхдийн тоо 54197 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2015 оны эхний найман сард 45691 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24089 тохиолдол буюу 2.1 дахин нэмэгдэхэд вируст гепатитаар өвчлөгчид 188 буюу 24.7 хувь, гахайн хавдраар өвчлөгчид 283 буюу 73.1 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 22009 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид наймдугаар сард 2797 болж, өмнөх сарынхаас 4348 буюу 61 хувиар буурчээ.

Боловсрол

Бүх шатны сургуулийг 2014/2015 оны хичээлийн жилд 127.7 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургуулийг 73.5 мянган сурагч (9-р ангийг 53.8 мянга, 12-р ангийг 19.7 мянга), мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.0 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 35.2 мянган оюутан төгсчээ.

Гэмт хэрэг

Улсын хэмжээнд 19007 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1392 хэрэг буюу найман хувиар өсчээ. Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 38 буюу 5.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 244 буюу 10 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 189 буюу 11 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 496 буюу 11 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3576.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4345.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Гадаад худалдаа

Монгол Улс дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5798.4 сая ам.доллар, үүнээс экспорт 3251.6 сая ам.доллар, импорт 2546.8 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1353.0 сая ам.доллар буюу 18.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 324.2 сая ам.доллар буюу 9.1 хувь, импортын хэмжээ 1028.9 сая ам.доллар буюу 28.8 хувиар буурчээ. Өмнөх оны эхний найман сард экспорт, импорт тэнцүү гарч, гадаад худалдааны тэнцэл тэг байсан бол 704.8 сая ам.долларын ашигтай гарлаа.

Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн, эхний найман сарын байдлаар, мянган төгрөг

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Өдөр шиг гэрэлтүүлэх “СУПЕР САР”

Монголчууд бид
тэнгэр эрхэс, нар, сарыг ажиглан харах дуртай улс. Зурхай мэддэг ч бай,
мэддэггүй ч бай манай малчин ардууд эртнээс тэнгэрээ шинжиж, нар сарандаа
мөргөж залбирч, од эрхсийг бишрэн харсаар ирсэн.

… Арван тавны
сар нь

Агаартаа дэнлүү
дээ хө…хэмээн аялан дуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 28-ны өдөр жинхэнэ дэнлүү
болсон сар агаар тэнгэртээ гийх гэж байна. Эл өдөр сар дэлхийд хамгийн дөт зайд
тулж ирнэ. Ийнхүү дэлхийд ойртон ирэх сарыг олон улсын одон орон судлаач,
зурхайчдын дунд “супер сар” хэмээн нэрлэдэг аж. Энэхүү нэршлийг анх 1979 онд
АНУ-ын зурхайч Ричард Нолле хэрэглэжээ. Сар нь дэлхийг тойрохдоо өөрийн зүй
тогтолтой харилцан адилгүй зуйван тойрог замаар явдаг. Ингэхдээ дунджаар 14
билгийн сарын дараа дэлхийтэй хамгийн
дөт цэгт ирдэг байна. Өөрөөр хэлбэл тэргэл сар 14 удаа гарсны дараа “Супер сар”
гарна гэсэн үг. Харин энэ удаа хамгийн ойрын цэгт ирэх юм гэнэ. Олон улсын сансар судлалын сайтуудад
мэдээлснээр энэхүү үзэгдлийг өнгөрсөн 20 жил тохиогоогүй гэж буй. 1900 оноос
хойш гэхэд л нийтдээ таван удаа “супер сар” гарчээ. Тухайлбал, 1910, 1928,
1946, 1964, 1982 онуудад сар дэлхийтэй хамгийн ойр орших тойрог замаар явж
өнгөрсөн байх нь.

Ер нь дэлхийгээс
сар хүрэх зай дунджаар 384000-384600 км.
Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36300 км, алсрахдаа 405696 км болдог байна. Тэгвэл есдүгээр сарын
28-ны шөнө 356880 км болж дэлхийд дөхөж
ирэх гэнэ. Энэ нь сар дэлхийд дөт цэгт ирэх бусад үеийнхээс 6120 гаруй км-ээр
илүү ойртоно гэсэн үг. Ийм ойр зайд
ирэхэд манай гаригийн дагуул энгийнээсээ 14 хувиар том, 30 хувиар тод гэрэлтэй
харагдах юм байна. Ёстой л нөгөө романтик ном зохиол дээр гардаг сарыг
оосорлоод татчихдаг шиг юм болох нь.

“Цуст сар” гэж юу вэ?

Мөн есдүгээр
сарын 28-ны өдөр сар хиртэж, цусан улаан өнгөтэй харагдана хэмээн гадна дотнын
хэвлэлийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байна. Энэ талаар Одон орон, геофизик
судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа. Тэрээр “15-ны сартай
үед сар хиртэх үзэгдэл тохиох нь бий. Сар дэлхийд ойртох үед дэлхийн сүүдэр
саран дээр тусна. Нар, дэлхий, сар гурав нэгэн шугамд байрлаж, дэлхий нар сарны
хоорондуур орсон үед сар хиртэх үзэгдэл гардаг. Энэ үеэр нарны гэрэл дэлхийн
агаар мандлын давхаргад тусч хугараад
хамгийн улаан туяатай хэсэг нь сарны гадаргууд ойдог. Ингэхээрээ улаан сар гарч
байгаа юм” хэмээн тайлбарлалаа. Ерөнхийдөө сар хиртэхээрээ энгийн нүдээр бараг
харагддаггүй. Харин нарны гэрлийн хугарлын нөлөөллөөр хиртсэн ч гэсэн улаанаар
харагддаг ажээ. Клизмыг нарны гэрэлд барихад гэрэл хугарч өөр өөр өнгө болгож
харагдуулдагтай адил үүргийг дэлхий гүйцэтгэдэг байх нь. Дэлхийг асар том клизм
байна гэж бодохоор хэнд ч сонирхолтой байх нь дамжиггүй.

Гэхдээ есдүгээр
сарын 28-ны “цуст сар” нь манай энд үзэгдэхгүй аж. Бид том тэргэл сараа харж
чадна. Харин Европ, Зүүн болон Өмнөд Ази, Африк, Хойд мөсөн далай, Номхон
далай, Атлантын, Энэтхэгийн далайд оршдог улс орнуудад “цусан улаан сар” маш
тод харагдах ажээ. Эдгээр бүсүүдэд сар ийн улаанаар хиртэх үзэгдэл ойролцоогоор 72 минут хиртэй үргэлжилнэ.
Хэрвээ “цуст сар” үзэхийг хүсвэл Лондон, Вашингтон хотыг зоривол хамгийн сайн
харагдах аж.

Есдүгээр сарын
28-ны тэргэл сар шиг том сар ойрын 20 жил дахиж үзэгдэхгүй хэмээн зарим
сайтуудад бичжээ. Гэхдээ тийм биш аж. 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр
дахин “супер сар” гарна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал
С.Дэмбэрэл ярилаа. Энэ талаар мөн “NASA” болон сансар судлалын Тimeanddate.сom,
Earthsky.org зэрэг сайтуудад ирэх оны арваннэгдүгээр сарын 14-нд сар дэлхийд
365,536 км ойртож ирнэ” хэмээн тэмдэглэсэн байна.

“Супер сар”
дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ?

“Супер сар”,
“цуст сар” зэрэг нь хүн, амьтанд шууд нөлөөлөх юм байхгүй гэнэ. Гэхдээ сар
дэлхийд ойртоход татах хүч нь ихэсч далайн татлага, түрлэг нэмэгдэнэ. Далайн
татлага, түрлэг нэмэгдсэнээр байгалийн элдэв үзэгдэл гарах магадлал ихэсдэг аж.
Гэхдээ энэ нь шууд тийм ийм байгалийн гамшиг болно гэж нотолсон үг биш юм.

Сарны тухай
сонин хачнаас

Сар анх хаанаас
үүссэн талаар та урьд нь бодож байв уу? Дэлхий эрт дээр цагт ямар нэгэн солир,
гаригтай мөргөлджээ. Түүний хэлтэрхийнүүдийн бөөгнөрөл нэгдэж цул биет болсон
байна. Улмаар нягтаршин бөөгнөрч, бага багаар холдсоор өнөөгийн сар бий болжээ.

Сар дэлхийгээс
дунджаар жилд 3.8 см-ээр холддог аж. Тэгэхээр мянган жилийн өмнө сар бидэнд
3800 см ойрхон байсан гэсэн үг.

Сар дэлхийгээс
81.56 дахин хөнгөн.

Сарны гадарга 14
хоногийн турш наранд ээгдэн +130 хүртэл халж, сүүдэртэй 14 хоногтоо -150 градус
хөрдөг.

Сарны хөдөлгөөнд
нар, дэлхийгээс гадна нарны аймгийн бусад гаригууд шууд нөлөөлж байдаг.

Сар агаар
мандалгүй тул тэнгэр нь гүн харанхуй байх бөгөөд тэндээс тэнгэрийн од, эрхэс
өдөр шөнийн алинд ч харагдана.

Сарны өөрийн
тэнхлэгээ эргэх хугацаа нь түүний дэлхийг тойрон эргэх хугацаатай адил байдаг
тул бид сарны цаад талыг хэзээ ч харж байгаагүй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Монгол классик биш хөрөнгө оруулалт хийдэг Хятад, Орос зэрэг улсад л таатай болж байж магадгүй

Монголын
уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Зэсийн үнэ
огцом уруудсан, нүүрсний үнэ ч уруудсан хэвээр гэж ирээд яривал уул уурхай
хэцүүхэн байна. Бодит байдал яг ямар байна вэ?

-Уул уурхайн
бодит байдал гэхээр салбарын яам, АМГ-аас төчнөөн тонныг олборлолоо, тэдийг нь
борлууллаа гэх мэт статистик голдуу мэдээлэл өгдөг л дөө. Тоо нь их бол сайн,
бага бол муу гэсэн хэмжүүртэй. Яг энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд ажиллахад хэр байгаа вэ гэдгээр л нөхцөл
байдал нь илүү бодитой гарч ирэх болов уу. Саяхан нэг сэтгүүлч надаас зэсийн
үнэ буурсаар байгаад Эрдэнэт, Оюу толгой зогсолт хийхдээ тулбал яах вэ гэж
асуусан л даа. Том төслүүд зогсоно гэж байхгүй. Эрдэнэт өртгөө нөхсөн. Бас ч
гэж амиа аваад яваад байна. Оюу толгой асуудалтай ч зогсвол бүр их алдагдал
хүлээнэ. Байнга ажиллахаас аргагүй. Одоогийн байдлаар голлох ганц бүтээгдэхүүн
зэс л байна. Гурван жилийн өмнө нүүрсний зах зээл гэнэт сайхан болсон. Хятадын
гол нийлүүлэгч Австралид үер болж, манай нүүрс үнэд орсон хэрэг. Ёстой
сохорсон биш завшив гээч л болсон. Тэр үеэр улай үзсэн хэрээ шиг хоорондоо
баахан толхилцож, овоо хэдэн төгрөг олсноо улс даяараа хувааж идээд дууссан л
даа. Нүүрсний үнэ үргэлж өндөр байх юм шиг санаж буруу бодлого явуулсан, буруу
нөлөөнд автсан.

-Буруу нөлөөнд
автсан гэдгийг төмөр зам барих ажлыг дундаас нь гацаасан явдлыг хэлж байна уу?

-Ер нь бол тийм.
2008 онд төмөр замын анхны зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн. Тухайн үед нүүрсний
үнэ 2011 оных шиг сайн байгаагүй. Нарийн, өргөн
ямар цариг нь хамаагүй, уурхайгаас төмөр замаа барь гэж байсан. Гэтэл
нүүрсний үнэ дараа жилээс нь аажмаар биш огцом өсөөд эхэлсэн. Төмөр замаа бас л
нэг бизнес гэж хараад зогсонги байдалд оруулчихсан л даа. Үүнийхээ горыг одоо
амсаж байна. Тухайн үед төмөр замаа барьсансан бол нүүрс олборлолт,
тээвэрлэлтийн өртөг огт өөр, илүү хямд байх байсан. Өнөөдрийнх шиг нүүрсний
хэдэн уурхайгаа нам зогсоохгүй боломж байсан.

-Нүүрсний
олборлолт бүр таг зогсчихсон уу?

-Олборлолт хийж
байгаа ганц ч компани алга. Олборлосон овоолгоо энэ жилдээ ачаад дуусгах байх.
Дараа жилээс ямар нэг гайхамшиг,
Австрали шиг нүүрсний гол нийлүүлэгч улсад байгалийн гамшиг болохгүй л
бол нүүрсний үнэ өсөхгүй. Хятадад сар бүр нүүрсний мэдээ гэж гардаг. Эрчим
хүчний нүүрсэн дээр илүү анхаардаг. Гэхдээ коксжих нүүрсний мэдээлэл ч явуулдаг
юм. Тэр мэдээнээс харж суухад коксжих нүүрсний үнэ сард 1.4-1.9 хувийн уналттай
байна. Энэ байдал тогтворжвол сайн мэдээ. Харамсалтай нь нүүрсний үнэ цаашдаа ч унах магадлалтай гэсэн
таамаг санаа зовоож байна.

-Алт арай
гайгүй байна уу, татварыг нь хөнгөлчихсөн, одоо зээл өгнө гэж яриад байгаа…?

-Алтан дээр бид
нүүрс шиг мөн л алдаатай бодлого явуулсан.
2006 оноос эхлээд алтны үнэ гайхалтай гэмээр өссөн. Гэтэл манайханд гэнэтхэн нэг гоё санаа төрчихсөн. Тэр санаа
нь 68 хувийн татвар авах хууль. Гэнэтийн ашгийн татвар гэсэн айхавтар нэртэй.
Дараахан нь урт нэртэй хууль гээд баталчихсан. Монголын алтны салбар нэг
онцлогтой. Үндсэн ордын илэрц маш ховор. Ихэнх нь шороон орд байсан. Урт нэртэй
хууль гэж гаргаад 2009 онд хэдэн шороон
ордоо тэр чигт нь нам зогсоосон. Тэгээд ч хуулиа хэрэгжүүлж чадаагүй. Сүүлдээ
бүр түдгэлзүүлсэн л дээ. Ийм шийдвэр гарангуут өнөө лицензтэй талбайнууд
компани, улсын алиных нь ч биш болчихсон. Байгаль орчныг хамгаалах биш
сүйтгэдэг хуультай болсон доо. Энэ жилээс урт нэртэй хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хууль гэж гаргасан. Удаан хугацаанд зогсолт хийж, үндсэн хөрөнгө
нь бараг үгүй болсон компаниудад улсаас зээлийн дэмжлэг үзүүлнэ гэж амлаад
байгаа. Ингэж ярьж байгаа ч ажил болсон
нь бага. Үүнээс ч том асуудал байна. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын
дагуу лицензээ сэргээх гэсэн компаниуд өнөөдөр яах ч аргагүй байдалд орчихлоо.
Тэд БОНХАЖЯ дээр очоод гацчихсан. Координатын зөрүү гараад байна гэсэн ганц
тайлбартай. Засгийн газар, УИХ-аас уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдлыг бодолцоод
хөрөнгө оруулагчдад таатай, ажиллахад
дөхөм орчин бүрдүүлэхийг хичээж байгаа ч процедурын хувьд бодитой үр дүн
гарахгүй байна л даа. Хууль, журам, дүрэм гардаг ч хэрэгжих явцад хүнд суртал
их байна. Хүнд суртлаас гадна үл ойлголцол гэж том шалтгаан бий.

-Жишээ нь ямар
үл ойлголцол гараад байна вэ?

-Саяны онцолсон
координатын зөрүүний асуудал. АМГ, БОНХАЖЯ-ны кадастрын координатын зөрүүг
хэлээд байна л даа. Миний сонссоноор аль өнгөрсөн жил л нэгдсэн системтэй болох
гэж байгаа дуулдсан. Удаан хугацааны ажил байх. Гэхдээ энэ маягаар компаниудын
ажилд саад тушаа болоод байгаа нь цаанаа том
хохиролтой.

-Төмрийн
хүдрийн зах зээл ямар байгаа вэ?

-Жилд ганц, хоёр
зуун мянган тонныг гаргадаг байснаа хоёр сая тонн болтлоо өссөн үе бий. Гэхдээ
одоо буцаад зогсч байна. Төмрийн хүдэр дэлхийн зах зээл дээр байхгүй болж байна
л даа. Манайхан нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Эрдсийн үнэ сайн байхад
маргалдаж, элдэв янз болж байгаад татварыг нь нэмчихдэг. Үнэ буурангуут болохоо
байлаа гэж сандралдаад татвараа буцаагаад буулгадаг. Бидний гол алдаа энэ.
Ашигт малтмалын үнэ өгсөж уруудсаар өнөөг хүрсэн. Манай эрх зүйн орчин ашигт
малтмалын үнийн өөрчлөлтийг дагаж явдаг хошин шог шиг хандлага байна. Үүндээ
анхаарах цаг болсон.

-Шинээр лиценз
олгож эхэлсний дараахан салбарын яамнаас хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт
нэмэгдэнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгаж байсан. Ер нь лиценз олголт ямаршуухан
байна?

-Эдийн засгийн
сайн мэдээний нэг л дээ. Гацдаг нь яахав, техникийн асуудал байх. Хоёрдугаарт
лиценз өгч байгаа онлайн процедур олон хүнд сэжигтэй харагдаж байж магадгүй.
Нэг минут 12 секундэд 120 лицензийг бүгдийг нь аваад дуусчихсан гээд бодохоор
санаанд багтамгүй л дээ. Хэчнээн хурдан шивээд ой тойнд багтахгүй хугацаа.
Манай ассоциаци АМГ-аас тайлбар авсан. Бүртгэл эхлээгүй байхад систем рүү нь
нэвтрээд, мэдээллээ хийж хакердахгүй л бол хууль бус гэж тооцохгүй гэсэн хариу
өгсөн. Зэрлэг ч гэсэн шууд хэлчихсэн нь их юм даа гэж бодоод сууж байна. Нөгөө
талаас компаниуд АМГ-аас онлайн эрх авах гэж мөнгө төлдөг. Өнөө эрхээ сар бүр
сунгуулахдаа бас мөнгө төлнө. Мөнгөн тоогоор яривал хэдэн тэрбумаар тоологдох
байх. Мөнгөө төлсөөр байгаад эрхээ авчихвал өөр хэрэг. Гэтэл Ашигт малтмалын
хуульд шинээр орсон “Орон нутгаас санал асууна” гэсэн заалт асуудал үүсгэж
байна. Орон нутгийн саналыг авъя гээд 150 хүсэлт явуулахаар 149-ийг нь
татгалзчихдаг. Орон нутгийнхан татгалзсан хариу бичингүүтээ маргааш нь тухайн
талбайг тусгай хэрэгцээнд авна гэсэн тушаал гаргачих жишээний. Дээрээ сайн
сайхан шийдвэр гаргалаа ч доороо ийм л байна.

-Аймаг, сумын
дарга нар нь ийм хандлага гаргадаг юм байж, гэхдээ төрийн бодлого гэдэг утгаар
нь Засгийн газраас ямар нэг алхам хийх ёстой байх…?

-Бид Засгийн
газарт хандсан. Засгаас чиглэл өгнө гээд удаж байна. Хуульдаа орон нутгийн
саналыг авна гээд заачихсан учраас засаг нөлөөлөхөд хэцүү. Хуулийнхаа дагуу
саналаа өгсөн, татгалзсан.

– Мөнгө босгох
боломжтой, туршлагатай компанид лиценз ирэхгүй байна, дандаа шинэ компаниудын
нэр байна гэсэн шүүмжлэл бий. Энэ хэр
ортой шүүмжлэл вэ?

-Лиценз авсан
компаниудын дунд хэвлэлийн компани ч явж байх шиг. Хамгийн гол нь бараг 99 хувь
нь огт мэдэхгүй компани байна. Тэгэхээр лиценз наймаалцах явдал гарч магадгүй.
Гэхдээ тэглээ гээд буруу юмгүй л дээ.
Үнэхээр нөөцтэй газрыг АМГ-ынхан мэдэж байгаа. Тэд мэдээллийн асар их суурин
дээр сууж байгаа. Тийм учраас “Хэрэгтэй лицензүүдээ өөрсдөө хуваагаад авчихаж
байгаа юм биш үү” гэсэн хардлага төрж байгааг үгүйсгэх аргагүй. Эцэст нь хэлэхэд УИХ, Засгийн газраас эрх
зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихлөө. Одоо хэрэгжүүлэх асуудал л байна. Гацууртыг стратегийн ордод
оруулсан ч хувь дээрээ тохирч чадахгүй гацаанд оруулчихлаа. Оюу толгой, Таван
толгойн асуудал байна. Ер нь бол нэгэнт эхэлсэн ажлаа бодит болгомоор байна.
Том төслүүдийн ийм асуудал хэмжээгээрээ бага боловч бусад төсөл дээр бууж ирээд
байна л даа.

-Хөрөнгө
оруулалт сэргэх найдвар байна уу. Дэлхийн ихэнх хөрөнгө хөгжиж буй орнуудаас
хөгжилтэй орнууд руу татагдаж байна гэх юм?

-Хөрөнгө
оруулалтын хувьд оройтсон бороо гэдэг шиг юм болоод байна л даа. Эдийн засгийн
бүх л хямралын үед дэлхийн ихэнх хөрөнгө илүү суурьтай эдийн засагтай орнууд
руу татагддаг. Монголын хувьд Мьянмар гэх мэт Африкийн улсуудад хаягдчихсан.
Өмнө нь тэднийг тэргүүлж, тэдэнд жишиг болохуйц хэмжээнд байсан. Харин одоо
манай улс найдваргүй гэсэн жагсаалтад орчихлоо. Европ, Хойд Америк зэрэг
классик маягаар хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг компаниудын хар
жагсаалтад Монгол орсон нь харамсалтай хэрэг. Манай улсын хувьд классик биш,
уламжлалт бус аргаар хөрөнгө оруулалт хийдэг Хятад, Орос зэрэг улсад таатай
болж байж магадгүй. Гэхдээ бас ч гэж
найдвар байгаа. Хойд Америкийн хувьд Монголыг хөрөнгө оруулах ямар ч найдваргүй
гэж үзээгүй. Европын хувьд үргэлж болгоомжтой хандаж ирсэн. Хятадын эдийн засаг
удааширч байна. Бэлэн мөнгөний илүүдэл болж байгаа. Тэр мөнгийг хаашаа хийх вэ
гэж бодож байгаа нь тодорхой. Сүүлийн хоёр, гурван жил Африк руу асар их
хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хүрээнд манай улс руу ч хөрөнгө оруулалт хийж
таарах байх. Гэхдээ Орос, Хятадын харилцаан дунд манайх бараг л хаягдаж эхэлснийг
бүгд харж байгаа. Казахстаны хувьд хоёр орны хооронд гүүр болоод явчихлаа. Хийн
хоолойг анх ярьж эхлэхэд л манайхан улс төр хийж, бөөн юм болсон. Тэгсээр
байгаад Монголын газар нутаг дээгүүр хийн хоолой тавих Оросын сонирхол
багассан. Зах зээл рүү хий нийлүүлэх гэж байгаа бол гуравдагч орноор хоолойгоо
дамжуулах хэрэггүй гэсэн жишээ Украйнаас эхлээд гараад ирчихсэн. Тийм учраас
Монголын газар нутгаар хийн хоолой тавих асуудал бараг л байхгүй болсон болов
уу.

-Хятадын шинэ
торгоны замд манайх дажгүй оролцоотой байж чадах болов уу?

-Хятадын шинэ
торгоны зам төсөлд Монгол үндсэндээ байхгүй. Одоо яриад байгаа нь ердөө салбар
төсөл нь. Үндсэн улс нь Казахстан, тэгээд бага Ази шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Бөх судлаач Б.Цогтбаатар: Цэрэнтогтох аварга монгол бөхийн барилдааны гайхамшгийг үзүүлсэн домогт бөх

Угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох юм. Хүчит аваргын тухай бөх судлаач, бөхийн тайлбарлагч Бямба­доржийн Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.

-“Хоёр Мөнх”-ийн араас залгаж төрсөн хүчит аваргуудын нэгэн бол яах аргагүй Дашдоржийн Цэрэнтогтох аварга. Монгол бөхөд уран хурц барилдаан, мэхний олон хувилбарыг оруулж ирсэн гэж бөх судлаачид үздэг юм билээ?

-Бөхийн түүхэнд “Хоёр Мөнх”-ийн араас залгаж гарч ирсэн хоёр хүчтэн бол Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Цэрэнтогтох аваргын барилдаан эхнээсээ л бөхөд хайртай олны сонирхлыг татсан байдаг.

Барилдааны явцад угсраа олон мэхний хувилбар гаргаж болдгийг биеэрээ үзүүлж, монгол бөхийн барилдааны гайхамшгийг, жинхэнэ мөн чанарыг нь бодитойгоор үзүүлсэн хүн. Үүнийг миний бие тодорхойлж хэлж байгаа юм биш. Бөх судлаачид, олон түмэн далаад оны сүүл үеэс л ингэж ярьж, бичиж эхэлсэн байдаг. Их аварга маань хувь хүнийхээ талаас цөлх монгол ухаантай, бөхийн ёс жудаг, эрэмбэ дарааг машид баримталж хадгалж ирсэн. Гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн гярхай хүн байсан. Тэр нь барилдаанд нь нөлөөлдөг байж. Уран дайчин, иртэй зоримог барилдаан гаргаж байж л “Хоёр Мөнх”, Хадаа, Дагвасүрэн, Мөнгөн гээд тэр олон хүчтэнүүдийн дундаас цойлж гарч ирнэ шүү дээ. Далан найман онд дархан аварга Д.Дамдингаар долоо, Х.Баянмөнхөөр найм, Ж.Мөнхбатаар ес давж түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гэнэт ингээд гараад ирэв дээ” гэж гайхсан, эргэлзсэн, баярласан байртай асууж байсан гэдэг. Үнэхээр Цэрэнтогтох аварга бол далаад оны дунд үеэс монгол бөхийн дэвжээнд дуулиан шуугиантай гарч ирсэн. Түүний барилдааныг харах гэж, тухайн цагт хэнбугайд ч тахимаа өгч, элэг бүсээ тайлаагүй байсан хоёр Мөнхтэй хэрхэн барилдахыг нь үзэх гэж наадамчин олон тэсэн ядан хүлээдэг байсан. Мөнхбат, Баянмөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн бол Цэрэнтогтох аварга шүү дээ.

-Зүүнбаянгийн цэрэг төрийн наадамд шууд зургаа давж байв. Бас луугаруудыг унагаж байсан түүх бий?

-Далан нэгэн онд Зүүнбаянд цэрэгт татагдаад дараа нь “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх алтан медаль авч байсан. 1980 оны Москвагийн олимпод тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлж байсан амжилтыг нь бахдаад барамгүй. Далан хоёр оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг шууд зургаа давж заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Тэгээд дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан байна. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө.

Ингээд Зүүнбаянгийн цэрэг Цэрэнтогтохыг тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаж барилдаад унасан байдаг. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан, ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлсан нь энгүй их хүчтэн Цэрэнтогтох аварга байжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг мөн л ид үед нь хаясан. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртайсан. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очихсон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй” гэж байлаа.

-Мөөеөгөөс өөр бөхөд барагтай бол тахимаа өгөөгүй босоо байсан Баянааг Цэрэнтогтох аварга хэд хэдэн удаа унагасан. Тэр тухайгаа өөрөө ч ярьдаг байсан?

-Цэрэнтогтох аварга Баянаа аваргатай барилдаж байхдаа ямар мэхэнд яагаад уначихав гэдгээ эхэн үедээ сайн мэддэггүй байж л дээ. Аваргатай барилдах учраа олохгүй байсан хэрэг. Тэгээд яавал би Баянаа аваргыг унагаж болох вэ гэдгээ маш их бодсон байгаа юм. Янз бүрийн мэхний хувилбар бодож боловсруулж, түүнийгээ өөр бөх дээр туршиж, давтаад байж. Ерөөсөө л Баянаа аваргыг давна гэсэн зорилго тээж бэлтгэл сургуулилтаа хийсэн байна. Түүнийх нь үр дүн гаралгүй яахав. Улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин, Цэрэнтогтох аварга гурав үлджээ. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тэгэхэд Баянаа аваргыг маш өвөрмөц сонин мэхээр унагасан байдаг юм. Өөрийнх нь хэлснээр бол тал хутгаа гэж ойлгогдоод байгаа. Тэр нь самбо барилдааны мэх юм байна. Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэж байв.

-Заан болдог жилээ түрүүлчих боломж байсан гэдэг юм?

-Улсад зургаа давж одоогийнхоор бол харцага цол хүртсэний дараахь он жилүүдэд буюу 1974-1976 онд төрийн наадамд зодоглоогүй өнжсөн байдаг. Тухайн үед улсын шигшээ багийн тамирчин байсан. Олон улсын тэмцээнүүдэд яваад наадамд зодоглох боломж олдохгүй байсан нь мэдээж. Улсад зодоглоогүй тэр он жилүүдэд би Хадыгаа гүйцэхээргүй хол алдсан гэж аварга хэлдэг байсан. Өнөө Хадбаатараа хэлж байгаа хэрэг. Хадаа нь далан таван онд Мядагийн Мөнгөн, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Донровын Долгорсүрэн нарын хүчтэнүүдийг тав, зургаа, долоогийн даваанд тунаж орхисноор заан цол, дараа жил нь П.Дагвасүрэнтэй үлдэж түрүүлэн арслан цол хүртсэн. Нэг жил начин цолыг хамт хүртэж байсан Хад нь төрийн наадмын түрүү бөх болчихсон мандаж байхыг харах Цэрэнтогтоход нь хэцүү байж. Түүнийг яаж гүйцнэ дээ гэж боддог байж л дээ. Ингээд далан долоон онтой золгосон байна. Тэгтэл ашгүй чөлөөтөөс түр хугацаагаар завсарлуулсан байна. Үндэсний бөхийн бэлтгэлдээ шамдаж тэр жилээ Мөнгөн, Дасрангийн Мягмар нараар тунаж тав, зургаа даван зааны даваанд Хадбаатартайгаа тунаж барилдан давснаар заан цолонд хүрсэн. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амласнаар Баянаа Цэрэнтогтох хоёр тунасан байдаг.

“Баянаа аваргыг хаях боломж байсан. Гэвч би арай л яарчихсан юм. Их ч ядарч билээ” гэж харамсч байсан удаатай. 1978 онд наадмын манлай гурван дархан аваргыг дараалуулж орхин улсад түрүүлж, арслан цол авч Бал даргыг гайхшруулж байсныг нь дээр өгүүлсэн. Харин 1979 оны улсын наадмын өмнө болсон Монголын бүх ард түмний зургадугаар спартакиадад 31 бөх тойргоор барилдсанаас нэг ч уналгүй 30 давж түрүүлэн Монгол Улсын аварга цол хүртсэн түүхтэй. Хадаа, Цэрэнтогтох хоёрын хэн нь давахыг үзэхээр очсон хүмүүс спортын төв ордонд багтахгүй, гадуур нь пиг дүүрэн, сонсоод зогсож байсан гэдэг шүү. Цэрэнтогтох аварга Монгол бөхийн дээд цол болох улсын заан, арслан, аварга, даян аварга, дархан аваргыг таван жилийн хугацаанд жил дараалан хүртсэн бөх юм. Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын алдарт аваргууд ингэж жил дараалан цол хүртсэн гэж өөрөө бахархалтайгаар хэлдэг байсан. Дамдин, Мөнхбат, Баянмөнх нарын алдарт аваргуудын халааг авч, ерээд оны эхэн үед цагийг эзэлсэн их хүчтэн Бат-Эрдэнэ аваргад монгол бөхийн өндөрлөгийг хүлээлгэж өгөх ховор хувь тавилан Цэрэнтогтох аваргад тохиосон нь гайхмаар.

-Та бол Халхын их хүчит аваргатай ойр дотно явсан хүний нэг. Мөн нутаг ус ч нэг дорынх гэж хэлж болох юм. Цэрэнтогтох аварга Өвөрхангайн Нарийнтээл сумынх, та зэргэлдээ Хайрхандулааных?

-Миний сэтгэлдээ бишрэн дээдэлж хадгалж явдаг хүмүүсийн нэг бол их аварга маань байлаа. Урт холын аянд явчихсаныг нь сонсоод сэтгэл эзгүйрэх шиг л болсон. Гэхдээ монгол бөхөд уран дайчин барилдаан, угсраа олон мэх, цөлх сайхан ухаан, ёс жудаг, эрэмбэ дараа гэдгийг дархлан үлдээснийг нь бодохоор өег дулаан санагдах юм. Аварга бол Нарийнтээлийн хангай, говь хосолсон үзэсгэлэнт нутаг Ханхөгшин хайрханы өвөр бэлд төрсөн хүн л дээ. Аав нь “хөл” Дашдорж гэж барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байж. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан юм билээ. Тэр хүн л аваргыг багад нь хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг. Бөх барилдана гэдэг бяр тэнхээнээс гадна тухайн хүнээс их авьяас, мэдрэмж шаарддаг зүйл л дээ. Халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргад тэрхүү авьяас мэдрэмж илүү их заяажээ гэж бодогддог юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батмэнд: Наадмын хаалтан дээр “Халуун элгэн нутаг” дууг 13 жил дуулж байна

-“Бодлын хулгайч” киноны зохиолч нь мэргэжлийн
жүжигчин сонгосонгүй гэж намайг голж л байлаа-

“Бодлын
хулгайч” киноны Төмөр болон дэлгэцийн олон дүрээр нь хүмүүс мэдэх болсон дуучин
Б.Батмэндтэй ярилцлаа.

-Таны тоглосон
“Босуул” киноны нээлт саяхан боллоо. Энэ киноныхоо талаар үзэгчдэд
сонирхуулаач. Зураг авалтаа хаана авсан бэ. Хэцүү зүйл байв уу?

-Найруулагч
Ж.Сэнгэдоржийн “Босуул” кинонд хамгийн сүүлд тоглоод байна. Киногоо нээлт дээр
нь л анх үзсэн. Сайн кино болсон санагдсан. “Sun” продакшны залуусын хийсэн
кино л доо. Тв коктейлийнхон продюсероор ажилласан. “Босуул” киног хүмүүс үзчихэд гэмгүй. 1930
оны үйл явдлыг орчин үеийн шийдэлд оруулж сонирхолтойгоор гаргаж байгаа юм. Энэ
кинонд 60-70 хүнтэй том багтай хамтарч ажилласан. Хэнтийн нуруунд зураг авалтаа
хийсэн. Өглөө болгон үүрийн таван цагт босч уул руу мацаад зураг авалтад ордог
байлаа. Хоёрдугаар сард зураг авалт нь болсон болохоор их зутарсан. Үстэй
зузаан дээл өмссөн ч уулын таг дээр мөн ч хүйтэн байдаг шүү. Шөнийн зураг л
хэцүү байсан даа. Хамгийн сүүлчийн зураг авалтыг бүр хол авсан юм. Өндөр уулын
эгц өөд арав гаруй километр алхаж орой дээр нь гарсан. Дунд нь цуцаад ийм газар
сонгоод байхдаа яахав дээ гэж уур хүрч л байлаа. Орой дээр нь гараад харахад их
сайхан харагддаг юм билээ. Хийморь сэргээд гайхалтай байсан.

-Таныг дуучин
гэдгээр тань хүмүүс мэднэ. Сүүлд кинонд тоглоод байгаа учраас жүжигчин гэж
ойлгоод байгаа. Та хэзээ ямар мэргэжлээр сургуулиа төгсөж байв?

-Би анхнаасаа
СУИС-д ороод жүжигчин болох бодолтой байсан л даа. 1994 онд СУИС-д анх шалгалт
өгөөд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн шавь болж байлаа. Урлагийн гавьяат
зүтгэлтэн Н.Ганхуяг багш манай ангийг дааж авсан юм. Тухайн үед кино драмын
ангид дуулаачийн хичээл ордог байсан. Тэр хичээлийг гавьяат жүжигчин Д.Банди
орно. Тухайн үед Д.Банди багш маань надад хоёр мэргэжилтэй болох санал тавиад
дуулаачийн ангид давхар мэргэжлийн шалгалт өгсөн. Гуравдугаар курсээс кино
драмаас илүү дуулаач руугаа чиглэсэн юм.
Д.Банди багш маань дуулаачийн тэнхимийн багш болохоор нь багшийгаа дагаад
дуулаачийн анги руу шилжчихсэн. Тэгээд л 2000 онд дуурийн дуучнаар төгсөж байлаа.

-Сургуулиа
төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сургуулиа
төгсөөд дуурийн театрт гоцлол дуучнаар орсон. Дуурийн театрт есөн жил ажилласан
даа. Ажиллаж байх хугацаандаа арав гаран дуурьд дуулсан байдаг юм. Би төгсөх
курст байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн гуравдугаар уралдаанд
Д.Банди багштайгаа бэлдэж орсон. Балганы дүрээр тэргүүн байр эзэлж байлаа. Анх
удаа оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг театрын тайзан дээр дуулж
үзсэн нь тэр. Д.Банди багшийнхаа буянаар шууд дуурийн гоцлол дуучнаар орсон.

-Анхны
дэлгэцийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Дуурийн театрт
ажиллаж байхад “Миний хөрш” чөтгөр кинонд тоглооч гэж “Х түц”-ийнхэн санал
тавихад ямар ч дүрийг нь мэдээгүй байж зөвшөөрчихсөн. Компанийн захирлын туслах
дүрд тоглосон. Анхны гайгүй болсон дүр маань “Бодлын хулгайч” киноны дүр юм уу
даа гэж боддог. 2009 онд дууриас гараад өөр ажил хийгээд явж байлаа. Тухайн үед
манай доод үеийн төгсөгч жүжигчин Б.Амарсайхан найз маань Ж.Сэнгэдорж
найруулагч бид хоёр кино хийх гэж байгаа юм чи орооч гэсэн. Зохиолыг нь уншсан
чинь айхтар хэсэгтэй байсан юм. Хэллэг нь ч их хэцүүхэн. Тухайн үедээ хоорондоо
ярилцаад зассан. “Бодлын хулгайч” кино Д.Төрмөнх ахын зохиол шүү дээ. Д.Төрмөнх
ах Ж.Сэнгэдорж найруулагчид “Би уг нь наад дүрийг чинь нэлээн тодотгож бичсэн
юм шүү дээ. Дуурийн дуучинд өгчих юм даа. Мэргэжлийн жүжигчинд өгчихгүй” гэж
голж байсан гэсэн. Сүүлд нь “Ах нь чамайг анх голж байсан юм. Киногоо үзсэн
чинь харин буруу бодож байж, санаснаар боллоо” гэсэн.

-Хэдэн
дэлгэцийн уран бүтээлд ажиллаад байна вэ?

-“Бодлын хулгайч”
киноны дараа найруулагч Т.Алтантуяагийн “Эх орон дуудаж байна” кинонд тоглосон.
Аятайхан кино болсон гэхдээ удаан гарсангүй. Халх голын дайны, цэргийн даргын
дүрд тоглосон юм. Тулгаа гэдэг залуугийн “Өнөөдөр” кинонд тоглолоо. Ангийн найз
У.Уранчимэг маань “Зүрхээр наадагч” кинонд оролцооч гээд нэг туслах дүрд
тоглосон. “Made in Ulanbaatar” кинонд бас тоглосон юм байна.

-Хүмүүс таныг
дуучнаар нь таньдаг уу. Жүжигчнээр чинь таньж байна уу?

-Дуурийн дуучдыг
хүмүүс сайн танихгүй шүү дээ. Дуурь үздэг хэсэг хүмүүс л таньдаг. Энгийн үед
концертод “Халуун элгэн нутаг”, “Монголын сайхан нутаг” дууг дуулдаг болохоор
ард түмэн сайн танихгүй л дээ. “Бодлын
хулгайч” кинонд тоглосноор хүмүүс ийм жүжигчин байдаг юм байна гэж мэдсэн байх.

-Дуурийн театр
таныг байх үед ямар байсан бэ?

-Зах зээлийн үед
хэцүү байсан юм шиг байгаа юм. Алтан үеийнхэн нь тэтгэвэрт гарчихсан. Биднийг
дуурьд орж байхад цөөхөн хүн байдаг байсан. Тенор хоолой гэхэд Баясгалан ах,
Ганхуяг багш. Басс хоолой гэхэд Баянбилэг, Пүрэвсүрэн ах нар байсан. Баритонд
Гантөмөр гавьяат. Эмэгтэйчүүдээс Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам,
Гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ж.Цэцэгээ нар л байлаа.

Тухайн үед дуурь
үзэх хүн бага. Ажил ихтэй, авсан цалин байхгүй. Өдөр бүр дасгал, сургуулилттай.
Итали, герман, англи, орос хэлээр дуулна. Мэдэхгүй хэлээрээ гальгилж цээжлээд
дуулна шүү дээ. Орос, италийг нь ойлгож байгаа ч герман, англи хэлийг хүмүүсээр
орчуулуулж утгыг нь ойлгож аваад л цээжилнэ. Гол дүр бол нэг, хоёр цаг тасралтгүй
дуулна гээд амар биш. Төр засаг нь анхаарахгүй хаягдчихсан байлаа. Одооны
дуурийн дуучид, гоцлол дуучдыг хараад байхад ер нь их шинэчлэгдсэн байна лээ.
Сайхан ч дуулж байна. Хэн ч яваад тэмцээнд ороход байр эзэлчихээд байна.

-Тэр үед олон
улсын тэмцээнд явах боломж хэр байсан юм бол?

-Байсан. Гэхдээ
бид олон тэмцээн мэдэхгүй. Орост болдог хэдийг л мэднэ. Тэр рүү уг нь явах
ёстой л байсан байх даа. Зардал бололцоо
нь хэцүү. Тухайн үед нийгэм ч тийм сайн байгаагүй. Хүмүүс сонгодог урлагийг
айхтар дэмждэггүй байлаа. Есөн жил дуулаад эргээд харахад хэдхэн дуурь
дуулчихсан. Олигтой гийгүүлсэн юм ч байхгүй. Соёлын тэргүүний ажилтан гэсэн
цолтой хадмынхаа хаяанд байж байсан. Авсан цалин нь гурван зуу гаруй мянган
төгрөгийн цалинтай. Хүндхэн л байлаа.

-Та одоо хаана
ажиллаж байгаа вэ. Киноны санал их ирж байна уу. Голдуу ямар дүрд сонгогдож
байна?

-Би урлагийн
байгууллагад харьялагдахгүй, өөр зүйл хийж байгаа. Дуртай болохоороо урлагаас
холдож чадахгүй байна. Киноны санал ирдэг юм аа. Ажлынхаа цаг завыг харж, зохиолыг
нь уншиж байгаад сонгодог. Бас олон кинонд туслах дүр бүтээмээргүй байдаг юм.
Одоо нэг киноны санал ирээд байгаа. Өвөл зураг авалт нь болно. Кино урлаг руу
эргэлт буцалтгүй орчихлоо л доо. “Бодлын хулгайч” кинонд тоглосноос хойш
найруулагч нар жаахан эвгүй дүрд л сонгоод байна. Ширүүн царайтай харагддаг юм
болов уу.

-Та амьдрал
дээрээ ямар зантай хүн бэ?

-Уг нь би их
зөөлөн хүн ш дээ.

-Та жүжигчин л
болох байж дээ?

-Анхнаасаа миний
бодож байсан мэргэжил жүжигчин. Манай ангид Драмын театрын найруулагч
Н.Наранбаатар, гавьяат жүжигчин У.Уранчимэг, “Шинэ үе”-ийн Аси нар байсан.
Гэхдээ дуурийн дуучин болсноороо алдсан юм байхгүй л дээ. Сайхан л мэргэжил.

-Аав, ээжийгээ
танилцуулаач. Таныг урлагаар явна гэж сонгоход хэр дэмжиж байв?

-Би Ховд аймагт
төрсөн. Манай аав Ховдын Булган сумын харьяат Алтайн торгууд хүн. Манай аав,
ээж хоёр их гоё дуулдаг хүмүүс. Манай аав заримдаа мань мэтийгээ ичтэл дуулна.
Одоо 80 хүрч байгаа хөгшин бий. Манай аав намайг багаас минь урлагийн хүн болно
гэдгийг мэдэж байсан юм шиг байгаа юм. Анх намайг наймдугаар анги төгсөхөд
Соёлын дунд сургуульд явуулж байсан. Би хоёрдугаар курсээсээ хаячихсан юм. Тэр
нь хөгжмийн багшийн анги л даа. Би түүндээ сонирхолгүй. Нутаг буцаад тэндээ
арван жилээ төгссөн.

-Та айлын хэд
дэх хүүхэд вэ?

-Би айлын хоёр
дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. Доороо дөрвөн дүүтэй. Би араасаа бас хоёр
дүүгээ урлаг руу чирсэн хүн. Батбаяр гээд Ардын дуу бүжигт ажиллаж байсан
дуучин залуу бий. Сая “247 градус” уран сайхны киноны продюсероор ажилласан
Батболд бас манай дүү.

-Жүжигчин
хүмүүс түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны Чингис хааны дүрд тоглосон зургийг
харсан. Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Нэг баримтат
уран сайхны кинонд Чингис хааны дүрд тоглох завшаан тохиосон юм. Сахал тавиад,
хувцсыг нь өмсөхөөр зураг дээрхтэй нь төстэй юм шиг харагдаж байна лээ. Батболд
гэдэг найруулагчийн Төрийн ордны музейд л гардаг богино хэмжээний баримтат
кино.

Хүн болгон цаанаа
нэг мөрөөдөлтэй. Монгол жүжигчид маань ер нь түүхэн дүр их сонирхдог юм байна
шүү. Би ч мөн адил. Ер нь жүжигчин хүн чинь дүр нь аятайхан болоод хүмүүст хүрч
байвал тэрнээсээ кайф авна.

-Гэр бүлийнхээ
талаар яриач. Эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?

-Манай эхнэр
нягтлан мэргэжилтэй. Эхнэртэйгээ анх 2005 онд төгсөлтийнх нь үдэшлэг дээр дуулж
байхдаа танилцсан юм. Хүүг маань Дөлгөөн, охиныг маань Мөнхжин гэдэг. Өвөө нь
их л орчин үеийн нэр өгч байгаа юм гэсэн. Хүү маань Хөх хотод сурч байгаа.
Арван дөрвөн настай. Бага нь одоо найман настай. Гуравдугаар ангид сурдаг.

-Та хэр
халамжтай аав бэ?

-Гайгүй аав гэж
боддог шүү. Амралтын өдрүүдээр гэртээ хоол хийх дуртай. Ер нь гэр
бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Манай хэд аавын хоолыг идэх
дуртай шүү. Манай охин аав амьтай, кинонд яваад удахаар санаад аюул болдог юм.

-Таны үеийнхэн
буюу жүжигчин Ц.Цэрэнболд Холливудын кинонд тоглоод байна. Танд тийм бодол бий
юу?

-Өнгөрсөн жил
Америк руу зураглаач Ангарагтай явсан. Тэнд кино урлагийн семинар болсон юм.
Урьд нь Ангараг явахдаа “Бодлын хулгайч” киног тэнд байдаг операторуудад
үзүүлсэн юм билээ. Тэд нар нь намайг жаахан
тоосон юм шиг байна лээ. Тэгээд хоёр дахь семинар дээр нь би дагаж яваад тэр
хэдтэй танилцсан юм. Хэлний баялаг дутсан даа. Сүрхий ярьж эхлээд хэдэн үг
солиод л англи хэлгүй байсан эргээд явчихдаг юм билээ. Уг нь жаахан хэлтэй бол
явчихаар санагдсан. Англи хэл би ерөөсөө үзэж байгаагүй юм чинь. Арван жилд
орос хэл, СУИС-д итали хэл үзэж байсан. Тэгээд л өөрийгөө жаахан зүхэж байгаад
л буцсан даа. Оскарын шагналтай том том хүмүүстэй танилцчихаад буцах
харамсалтай л байсан. Тэнд нь нэг, хоёр жил болчихвол хэлтэй болоод гайгүй л юм
шиг байна лээ. Энд амьдрал байгаа юм чинь бас хэцүү л дээ.

-Дуурийн
театрт байхдаа сэтгэлд хоногштол дуулсан дуурь бий юу?

-П.И.Чайковскийн
“Евгений Онегин” дуурийн Греминий дүрд их олон жил бэлдсэн юм. Даанч дуулж
чадаагүй. Өөрийгөө жаахан чамлаад тайзан дээр гарч чаддаггүй юм. 5-6 минутын
нэг л том ари шүү дээ. Оюутан цагаасаа эхэлж бэлдээд дийлээгүй л юм даа. Хоёрын
хооронд чадахгүй юм чинь тайзан дээр гараад яахав дээ. Би басс баритон
хоолойтой. “Учиртай гурван толгой” дуурийн Балганыг хамгийн олон дуулсан. 40
гаран удаа дуулсан байдаг юм.

-Хөдөө зураг
авалтаар явахдаа хувийн зүгээс юу базаадаг вэ?

-Хөдөө олон хоног
зурганд явахад амттай юм идчихмээр байдаг. Би чихрэнд их дуртай. Хайрцаг
чихэртэй л явдаг хүн. Компот, чихэр аваад л зурганд гарна даа. Нөгөөдүүл маань
намайг хараад шоолоод байдаг юм. Сая “Босуул” кинон дээрээ бол дурантай л хүн
яваад байсан. Тэр саванд нь дүүрэн чихэр, алим байсан шүү дээ.

-Гэр бүлээрээ
тэмдэглэдэг хамгийн сайхан баяр юу вэ?

-Жил бүрийн
нэгдүгээр сарын 21-нд эхнэртэйгээ танилцсан өдрөө заавал тэмдэглэдэг юм. Тэгээд
голдуу хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг дээ. Цагаан сараар
хөгшчүүл дээрээ очиж золгоно. Аав, ээж хоёр маань хоёр жилийн өмнө хотод
нүүгээд ирсэн. Эмээлтэд байгаа. Мөн жил болгоны наадмаар Төв цэнгэлдэх орж бөх
үздэг. Наадмын хаалтан дээр 13 жил “Халуун элгэн нутаг” дууг дуулж байна.
Тэрэндээ дасал болчихсон. Жил болгон л зохион байгуулж байгаа хүн нь дууддаг
юм.

-Та чөлөөт
цагаараа юу хийдэг вэ?

-Сүүлийн үед
фитнесст донтож байгаа. Чөлөөт цаг гарвал л фитнесс рүү явна. Клубынхэнтэйгээ
их найзална. Зун нь амралт гээд хаячих юм. Өвөлдөө их идэвхтэй явдаг. Заримдаа
донтоод долоо хоногт зургаан удаа явах үе бий.

-Бага насаа
дурсаач?

-Аав маань
аймгийн алдарт уяач л даа. Аавыгаа дагаж морь уяна. Багадаа морь их унадаг
байсан юм. Ховдынхон эмээлгүй тохом тавиад л морио унана. 11-нд 2,3 морь сэлгэж
унахаар орой бөгс шалбарчихсан, ядарсан амьтан маргааш нь унтаад өнжинө. Бага
байхад тийм маягтай нааддаг байлаа. Буянт голын хөвөөнд л өнждөг байв. Өвөлдөө
хичээлдээ яваад зундаа Буянт гол дээр эсвэл мал дээр байна. Зун бол хувцас
өмсөхөө мэдэхгүй шүү дээ. Хөлийн булчин хагартал усанд ордог байлаа. Орой ирж хоол идэж аваад
зүлгэн дээр гараад бөх барилдана. Тэр үеийн тоглоом чинь барилдах, ноцолдох
гээд дандаа л бие бялдрын юм байдаг байж дээ.

-Одоо та бүр
дуулахгүй байгаа юу?

-Дуулахгүй
байгаа. Ганц, нэг хуримын урилга ирдэг юм. Драмд байсан юм болохоор бас арай
дөхөм. Жилдээ арав гаруй хурим хөтөлчихдөг.

Амьдралын маань
замыг зааж сургасан багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Аав, ээж,
ханьдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулаад уламжилъя.

Categories
мэдээ цаг-үе

Солонгос, афган хүүхдүүдийг асарсан шигээ Сирийн өнчин жаалуудыг ч өсгөж өгье

Гэрэл зурагчны аппаратыг хараад буу гэж андуурч гараа өргөсөн сири охин

Сирийн энгийн иргэд мөргөлдөөн, буудалцааны дунд амьд үлдэхийн төлөө тэмцэлдсээр эцэст нь эх орноосоо дүрвэсээр байгаа. Хурцадмал байдал намжихгүй улам хүндэрч, иргэд нь хөрш зэргэлдээ орнууд руу зугтан гарч, замдаа харамсалтайгаар амиа алдаж байна. Европ Сирийн дүрвэгчдэд “живж”, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгчдэд туслахыг дэлхий нийтээс дахин дахин хүсч байгаа юм. Гурван настай сири хүү Айлан Курдийн үхэл дэлхий нийтийг цочроож, үнэхээр Сирид юу болоод байна вэ, тэнд хүүхдүүд ямар хүнд нөхцөлд амь зууж байгаа вэ гэдгийг харуулав. Айлан хүү үхлээрээ дэлхий нийтийн анхаарлыг Сирид хандуулсан. Сирид амьдарна гэдэг тамаас дутахгүй болжээ гэдэгт хүн бүр итгэлээ. Барууны орнууд Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эх орондоо цагаачлах зөвшөөрөл олгож эхлэв.

Монгол Улсын хувьд дайн самууны хөлд ядарч зүдэрч байгаа улс, байгалийн гамшигт өртөн зовж шаналж байгаа хүмүүст тусламжийн гараа сунгадаг хүмүүнлэг үйлстэй. Монголчууд Солонгосын дайны үед 1953 онд Хойд Солонгосоос 200 гаруй хүүхэд авчирч асарч байсан түүхтэй. Дайны хөлд эцэг эхээ алдан өнчирсөн хүүхдүүдийг сувилан хүмүүжүүлж өсгөснийг тухайн үед гадны улсууд онцгойлон анхаарч баяр хүргэж байсан гэдэг. Дараа нь 1988 онд дайн байлдаантай байсан Афганистанаас 27 хүүхэд авчирч, 58 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлж, хоёр жилийн дараа нутаг руу нь буцааж байсан.

Тэдгээр афган хүүхдүүд Монголоос явахдаа цэцэрлэгийн багш нараасаа салж чадахгүй уйлалдаж, монголоор шулганалдсаар онгоцонд сууж байсан тухай хүмүүс ярьдаг. Одоо тэдгээр афган хүүхдүүд 30-33 настай бүсгүйчүүл, харчуул болцгоож, эх орондоо амьдарч байгаа.

Үүгээрээ Монгол Улс дайнтай орны өнчин хүүхдүүдийг асарч тойлж бойжуулаад өгдөг туршлагатай улс гэгддэг. Одоо дахин тийм сайн үйлс хийх цаг нь ирчихлээ. Сирийн олон мянган хүүхэд эцэг эх, ахан дүүсээ даган дүрвэж, байгалийн янз бүрийн нөхцөлд хөл нүцгэн гүйж, хээр хонож, хэлэн дээрээ юм тавилгүй өлмөн зэлмэн амьдарч, нулимстай нүдээр горьдлого тээн биднийг харж байна. Олон мянган хүүхэд өнчрөн хоцорч, амьдын тамыг биеэрээ мэдрэн уйлж байна.

Бид солонгос, афган хүүхдүүдийг асарч өсгөөд нутагт нь буцаан хүлээлгэж өгсөн шигээ энэ удаад сири хүүхдүүдэд тусламжийн гараа сунгая. Нэг дэлхийд айлсан амьдарч байгаа улс орнууд ийм л үед нэгнээ түшиж, биедээ халуун сэтгэлээр хандах учиртай. Манай улсын хувьд гадны хүүхдүүдийг асардаг туршлагатай учир энэ удаад Сирийн багачуулаас аль болох олныг чадлынхаа хэрээр авчирч тойлон айдас хүйдэст чичрэн хатуурсан зүрхийг нь тайвшруулж, аллага, цус харж цочирдсон нүдийг нь аз жаргалтайгаар дахин гэрэлтүүлье. Лалын шашинтай улсын хүүхдүүдийг авчраад яах юм гэж цээрлэхээ түр азнаад хүний нялх үр гэдэг талаас нь өрөвдөн энэрэх нь зүйтэй юм. Учраа мэдэхгүй тэр жаалуудад ямар буруу байх вэ. Эцэг, эх, эх орноо сонгож төрдөггүйн хойно хэнд ч хэзээ ч юу ч тохиолдоо билээ. Улс орных нь байдал намжтал эх орондоо байлгаж асарч тэтгээд өгчихөд биднээс юу ч унахгүй. Нялх амьтдад туслахад тэр шашин өөр, хэл яриа өөр энэ тэр нь огт хамаагүй. Нулимсаа хатаж ч амжаагүй байхад гэнэнээр инээдэг хүүхдүүдэд бид хатуу хандах ёсгүй. 200-300 сири хүүхэд авчраад өсгөж өндийлгөөд өгөхөд манайхан, түмэн олон тусалж дэмжээд болох л байх. Сирийн хүүхдүүдэд тусалж байгаа нь хүмүүнлэгийн үйлс ч гэлээ нөгөө талдаа хүн төрөлхтөн гэх нэг айлын нэгэн гишүүн болсон Монгол Улсын хувьд гүйцэтгэх ёстой нэг үүрэг нь юм. Бид үүнийг үүрэг хэмээн харж, айдастай нүдээр бүлтийтэл ширтэн, тусламж эрэн хүний гар харан суугаа өнчин жаалуудад сэтгэлийн дэм өгөх нь хүний ёсон.

Хүний хүүхэд гэж бөөрөлхөлгүй тэднийг бойжуулаад өгчихвөл буруудах зүйлгүй. Монголчууд бид хүүхдэд хүний өөрийнх гэж хандалгүй урдуураа өнгөрснийг ундалж, хойгуур өнгөрснийг хооллодог өгөөмөр сэтгэлтэй ард түмэн шүү дээ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Үс, нүүр хоёр маань телевизийн өмч

“Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Хонгорзултай ярилцлаа.

-Өглөө бүр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо мэндлэх сайхан хэрэг. “Өнөө өглөө” хөтөлбөртэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихгүй юу?

-Би 2013 онд СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн хөтлөгч, сэтгүүлчийн ангийг төгссөн юм. Уг нь сургуулиа 2009 онд төгсөх ёстой байсан ч хэсэг хугацаанд охиноо эмчлүүлэх хэрэг гараад дөрвөн жилийн чөлөө авсан. Харин төгссөнийхөө дараахан “Монгол ТВ”-ийнхээ үүдийг татсан даа. Гэхдээ хөтлөгчөөр биш. Танил ахтайгаа хамтраад хоёр төрлийн танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг хийж, шинэ контент төрүүлэх санал тавьж байлаа. Удирдлагуудад шинэ нэвтрүүлгийн санаагаа танилцуулахаар очсон. Тэр үед манайхан нэг их анзаарахгүй байгаа юм шиг санагдаж байлаа. Харин маргааш нь “Өнөө өглөө” хөтөлбөрийн продюссер Саруул эгч маань залгасан. Нэвтрүүлэг маань дэмжигдэж гээд бөөн баяр очтол “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаач гэх санал тавьсан юм. Сүүлд бодох нь ээ, шинэ нэвтрүүлгээс илүүтэй намайг сонирхож байсан юм болов уу. Телевизтэйгээ холбогдсон түүх гэвэл ийм.

-Шалгалтгүй орсон хэрэг үү?

-Яалаа гэж. Пробонд ороод үзээрэй гэсэн. Хэлснийх нь дагуу пробонд ортол болж байна, авъя гэлээ. Шууд нэвтрүүлгийн хөтлөгч амаргүй шүү дээ. Тиймээс эмээж л байлаа. Гэртээ хариад нөхөр болон аав, ээжтэйгээ нэлээн сайн ярилцсан. Өмнө нь өглөө босоод нөхөртөө өглөөний цай бэлдэж өгөөд ажилд нь явуулна, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд ажил ихтэй байсан болохоор зөв шийдвэр гаргах ёстой байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр “Залуу байна, хийгээд үзэх хэрэгтэй” гэж зөвлөлөө. Уг нь би хэзээ ч телевизийн хүн болно гэж байгаагүй. Радиогийн нэвтрүүлэгч болно гэж мөрөөддөг байлаа. Өөрийнхөө хоолойг тодорхой хэмжээгээр радиод тохирно гэж боддог байсан. Яг шийдээ гаргах үедээ аавдаа хэлтэл “Миний охинд том боломж гарч ирж байна. Маш гоё телевизийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана гэдэг сайхан шүү дээ” гэсэн. Ингээд л “Өнөө өглөө” хөтөлбөртэйгөө холбогдсон доо.

-Дөнгөж телевизэд ороод шууд нэвтрүүлэг хөтөлнө гэдэг тийм амар биш байлгүй?

-Тэгэлгүй яахав. Манай “Өнөө өглөө” хөтөл­бөрт ажиллаж байгаа хүмүүст зориулан гадны мэргэжилтнүүд ирж сургалт явуулдаг. Яг намайг ажилд орох үед Д.Бум-Очир нэвтрүүлгээ ганцаараа хөтөлдөг байлаа. Хоёр долоо хоногийн турш дагалдаж байгаад эфирт гарсан. Тэгсэн Д.Бум-Очир маань хоёрхон өдөр надтай хамт ажиллаад Англи руу яваад өгсөн. Тэнд доктор хамгаалаад ирсэн юм. Ингээд ганцаараа нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн дээ. Юм болгоныг эхлэхэд амаргүй байдаг шүү дээ. Яг л тийм байсан. Эфирт сандарна, шинэ орчинд дасахгүй. Гэхдээ хамт олондоо маш хурдан дассан шүү. Одоо бол Д.Бум-Очирыг эрдмийн ажлаар гадагшаа явсан хойгуур ганцаараа л эфирт гарна. Анх хөтлөгч болж байсан үетэйгээ харьцуулбал багагүй туршлагажсан байна. Ирэх арванхоёрдугаар сард “Өнөө өглөө” хөтөлбөртөө ирсний хоёр жилийн ой болно. Энэ хугацаанд 1000 гаруй сэдвийн дагуу ийм тооны хүмүүстэй уулзаж ярилцжээ.

-Өглөө хэдэн цагт босдог вэ. Ажлын цагийн хуваарь хэдээс хэдэн цаг хүртэл үргэлжлэх үү?

-Манай байгууллагын зүгээс ажилчдаа өглөө эрт унаагаар авдаг юм. Баруун талаасаа эхэлж авсаар манай гэрийн гадаа 05 цагт ирнэ. Тэгэхээр би 04 цаг өнгөрөөгөөд босдог гэсэн үг. Нэвтрүүлэг маань 06.30 цагт эхлээд 09.30-д дуусна. Бямба гаригт амардаг. Орой харин 23 цагт унтчихсан байдаг. Заримдаа найз нөхөдтэйгөө уулзах, гадуур гарах үе байна. Шөнө 01, 02 цаг хүртэл явж байгаад харьчихаад нүдээ амраагаад буцаад гардаг.

-Эрт босоод эфирт гарахад өөрийгөө бэлдэх хэцүү юу. Нүүрээ будах, үсээ янзлахаас эхлээд ажил ихтэй шүү дээ?

-Өглөө ирэхэд нүүр хувиргагч маань ирчихсэн байдаг. Өглөө гэрээсээ шууд гараад ирчихэж байгаа болохоор нүүрээ будуулаад, үсээ янзлуулна. Гэхдээ айхтар хүнд будаж болохгүй. Ерөнхийдөө цэвэрхэн харагдахаар тооцоолж нүүрээ будуулдаг.

-Телевизийн зүгээс үсээ ингэж тайруул, нүүрээ ингэж буд гэх зэргээр шаардлага тавьдаг уу?

-Эфирийн соёл гэж том зүйл байна. Үгүй ядаж л үсээ шараар будаж болохгүй. Хүний анхаарлыг татахуйц том ээмэг, зүүлт зүүхгүй гэхчлэн зарчмууд байдаг. Хөтлөгчид нүүрээ хэрхэн будах, ямар хувцас өмсөх вэ гэдэг дээр телевизийнхэн маань маш сайн анхаарч зөвлөгөө өгнө. Ер нь үс, нүүр хоёр телевизийн өмч. Үсээ тайруулмаар байвал албаныхаа даргад мэдэгдэх ёстой. Барагтай л зөвшөөрөхгүй дээ. Дээрээс нь нүүр хувиргагч нартайгаа зөвлөнө. Тэд нар маань “Хонгор оо, үсээ жаахан тайруулъя. Чёлкоо жаахан богиносгоё” гээд үсчин рүү дагуулж явдаг. Арьс арчилгааны тал дээр ч гэсэн сайхан амраарай, арьсаа гоё байлгаарай гээд маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгнө. Гэхдээ би айхтар ач холбогдол өгөөд хэдэн цагаар нүүрээ илээд суугаад байдаггүй юмаа. Ерөнхийдөө цаанаасаа ивээгээд байх шиг байдаг юм.

-Хувцас яадаг вэ. Танай телевизийнхэн “Хөтлөгчийн хувцсыг тэр дэлгүүр ивээн тэтгэв” гэж харагддаггүй юм?

-Хувцсыг бас л телевизээс маань өгнө. Албаны маш олон хувцас өгсөн. Долоо хоногийн зургаан өдөр эфирт гарч байгаа. Тэгэхээр хувцас олон байх хэрэгтэй. Үүн дээр манай телевиз маш сайн анхаардаг. Зөвхөн надад зориулаад, миний хэмжээг аваад захиалгаар хийлгэнэ.

-Хэдэн ээлжийн хувцастай бол?

-Шүүгээ дүүрэн хувцастай. Телевизээс авч өгсөн зөвхөн эфирт өмсөх хувцас гэхэд 60, 70 гаруй байгаа байх шүү. Дээрээс нь миний хувийн хувцас тусдаа. Тэгэхээр нэлээн олон ээлжийн хувцастай болчихдог.

-Эрт босох залуу хүний хувьд амархан биш. Нойроо харамлах үе байдаг уу?

-Яг үнэнийг хэлэхэд өмнө нь нойрондоо их харам байсан. Гэхдээ энэ ажил миний хувьд албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийсэн анхны ажил. Тиймээс өөрөө өөртөө “Надад үүрэг хариуцлага оногдож байна. Би хоцрох эрхгүй” гэсэн шаардлага тавьчихсан. Дээрээс нь шууд эфир гэх ойлголтыг толгойндоо бат суулгачихсан. Тэнд нэг л хүн байхгүй бол яах билээ гэдгийг ухамсарладаг болохоор эрт босох хэцүү санагдахаа больсон. Тэгээд ч олон давуу талтай шүү дээ. Өглөө эрт ажлаа хийгээд 11 цагт гэртээ харьчихсан байдаг. Өдрийн цагаар завтай болчихоор гэр бүлдээ хангалттай цаг гаргаж байна. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлнэ. Би морин хуур тоглох дуртай. Тэрийгээ давтана. Мөн англи хэлээ сайжруулна гээд олон зүйлийг амжуулдаг юм.

-Гэрээсээ гарахдаа цай чанаж амжих уу?

-Шууд босоод л гардаг юм. Цай чанах, нөхрийн өглөөний хоолыг бэлдэж өгөх, хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гэх зэрэг ажилд хадам ээж маань тусална. Ерөнхийдөө манай гэрийн арыг даадаг гэж хэлж болно. Сайн хадам ээжийн ачаар ямар ч зүйлд санаа зовохгүйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг юм.

-Ажлаа хийж байхдаа өлсдөг үү?

-Гайгүй ээ. Ажил дээрээ ирэхэд өглөөний цай бэлдчих­сэн байдаг юм. Тэрийгээ уугаад ажилдаа гарна.

-Дуучид өглөөгүүр хоолой сэрдэггүй гэж ярь­даг юм байна лээ. Та нарын хувьд яадаг вэ?

-Үнэн шүү. Хоолой сэрэхгүй байна гэж байдаг. Миний хувьд ажил дээрээ ирээд нүүрээ будуулж байхдаа дуулчихдаг юм. Хэд сайн чангахан шиг дуулчихад хоолой сэргэчихнэ.

-Шууд нэвтрүүлгийн үеэр янз бүрийн зүйл тохиолддог байх. Эфирт тохиолдож байсан хөгжилтэй зүйлээсээ ярихгүй юу?

-Янз бүрийн хөгжилтэй зүйл их гарна. Анх пробонд орж байх үедээ сандраад “Сайн байцгаана уу, өглөө өнөө хөтөлбөр эхэлж байна” гээд хэлчих жишээтэй. Хөндлөнгөөс харахад амархан санагддаг байж мэднэ. Хөгжилтэй зүйл олон тохиолдож байсан ч яг одоо санаанд орж ирэхгүй байна.

-Эфирт гарсан хойно гэнэт найтаах ч юмуу өөрөөс тань хамаарахгүй зүйл тохиолдвол яадаг вэ?

-Найтаана. Үзэгчдээсээ уучлал гуйгаад өнгөрнө. Боломж байвал найруулагч руугаа сэмхэн дохьчихно. Тэгэхээр камер өөр тийшээ шилжчихдэг юм. Тэр үед дууны найруулагч миний микрофоныг хаачихдаг. Энэ хооронд нь гялс амжуулж аваад юу ч болоогүй юм шиг сууж байх жишээтэй.

-Уригдсан зочин хоцрох тохиолдол гарах уу?

-Гаралгүй яахав. Хүндэтгэх шалтгаан хэлэхгүйгээр утсаа салгаад алга болсон тохиолдолд эфирээрээ шууд хэлчихдэг юм. Ийм зочин урьсан юм, харамсалтай нь ирсэнгүй гэнэ. Ирэхгүй гэдгээ ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тэр дор нь арга хэмжээ аваад явчихдаг юм. Дээрээс нь чөлөөт нэвтрүүлэг учраас хөтлөгчид хоорондоо ярьж болно. Тэгэхээр цаг яах бол гэж санаа зовдоггүй. Манай сэтгүүлч, продюссерууд үнэхээр мундаг. Ажлаа сайн хийнэ. Тиймээс санаа зовох зүйл бараг гарахгүй дээ.

-Телевизийн хөтлөгч нарыг сайхан царайнаас цаашгүй гэж шүүмжлэх нь бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ёстой хатуу шүүмжилмээр байдаг. Хүнийг сайн ч, муу ч зүйл хийсэн шүүмжилдэг нь манайхны зан юм шиг байгаа юм. Уг нь айлын охин хүүхдийг тэгж хэлээд байж болохгүй л дээ. Нэг их хөөрхөндөө, царайлагтаа очоод суучихдаг гэвэл эндүүрэл. Албан байгууллага нь тодорхой хэмжээгээр шалгаж авна. Сурна, сургуулилна. Шаардлага биелүүлнэ. Тэнд зүв зүгээр очоод суучихдаггүй болохоор өмөөрмөөр санагддаг юм. Яахав мэр сэр алдаа гаргаж байгаа хөтлөгч байдаг л байх.

-Гэр бүлээ танилцуулах­гүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай нөхрийг Б.Эрдэнэ­бат гэдэг. Уг нь Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. Харин сүүлийн үед урлагт орчихоод байгаа. Анх “Оюутны нууц амраг” гэж киноны туслах дүрд тоглож байсан. Тэрнээс хойш хэд хэдэн клип, сурталчилгаанд тоглосон. Сүүлд МҮОНТ-ийн “Нарны жим” олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Одоо харин “Улаанбаатар, би чамд хайртай” гээд 20 ангит киноны продюссероор ажиллаж байна. Манайх нэг хүүхэдтэй. Номин гэж таван настай охин бий. Намайг ажилд ороод удаагүй байхад “Өнөө өглөө” хөтөлбөрийн давталтыг үзэж байгаа охин маань их гайхдаг байсан. Давталт гарч байх үед би гэртээ байж байдаг. Тэгэхээр зурагт руу нэг хараад л, гэртээ байгаа ээжийгээ нэг хараад л. Юу болоод байна вэ гэсэн шинжтэй. Одоо бол тоохоо больсон.

-Ээж шигээ телевизийн хөтлөгч болно гэж ярих уу?

-Гурван настайгаасаа л хүүхэд барьдаг эмч болно гэж ярьдаг байсан юм. Одоо хэр нь хэвээрээ. Харин намайг харчихаад “Чиний үс ямар гоё юм бэ. Минийхийг бас ингээд буржийлгаад өг” гэх юмуу “Нүдээ ямар гоё будсан юм бэ, одоо минийхийг будаарай” гэдэг болсон.

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд юунд зорьдог вэ?

-Жүжигчин болохыг хүсдэг. 30, 40, 50 настай болсон ч хамаагүй жүжигчин болно гэж мөрөөддөг юм.

-Удамд тань урлагийн хүн бий юу?

-Манай аав Ганхуяг гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин. Аав маань эхээс наймуул. Бүгдээрээ урлагийн авьяастай. Бага байхдаа наймуулаа тайзан дээр гарч тоглолт хийдэг байсан гэсэн. Тэднээс манай аав л жүжигчин болж урлагтай амьдралаа холбосон ч гэлээ бусад нь бас л урлагт элэгтэй хүмүүс шүү.

Categories
мэдээ цаг-үе

Шагдаржавын Нацагдорж агсны охин Ариунгуа: Аав маань харгис Чингисийг магтан дуулсан ял сонсч байсан

Монгол Улсын
төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Шагдаржавын Нацагдорж
агсны охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуатай ярилцсанаа хүргэе.

-Аавыг тань “Мандухай цэцэн хатан” түүхэн
киноны зохиолч гэдгээр нь манайхан сайн мэднэ.
Эрдэмтэд бол “Халхын түүх”, “Хубилай хаан” номуудыг нь ихэвчлэн ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Манай
аавын туурвисан “Халхын түүх”, “Чингис хааны цадиг”, “Монголын феодализмын
үндсэн замнал”, “Хубилай сэцэн” нэгэн сэдэвт зохиолууд нь нэгэнт Монголын түүхийн сонгодог зохиолууд болжээ.
Манай аав 28 настайдаа “Сүхбаатарын намтар”
бүтээлээр 1946 онд төрийн шагнал болох Чойбалсангийн шагнал хүртсэн.
Тэрхүү зохиол нь англи хэлээр орчуулагдан АНУ-д Конгрессийн номын санд байдаг.
Ц.Дамдинсүрэн гуай, Б.Ренчин, Э.Оюун нарын эрдэмтэдтэй аав тухайн үед төрийн
шагнал хүртсэн гэдэг. Тэр тухай нь би сайн мэдэхгүй юм даа.

-Нацагдорж гуай 1930-аад оны эхэн үеэс
хойших Монголын бүх л сэхээтнүүдтэй ойр дотно байж хамтран ажиллаж, бүтээн туурвиж
ирсэн. Өнөөдөр домог мэт яригддаг эрхмүүдтэй зорилго нэг явсан алтан үеийн гавьяатнуудын
нэгэн?

-Аав маань
Монголын түүх судлалын ажлыг 17 наснаасаа эхлэн хийж улмаар энэхүү судалгаанд
бүх амьдралаа зориулсан хүн юм. Тэрээр ХХ зууны 30-аад оны үед 17 настайдаа манай улсын анхны эрдэм
шинжилгээний байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн Түүхийн тэнхимд
ажиллаж манай орчин үеийн утга зохиолын үндэслэгч Д.Нацагдорж болон Өвөр
Монголоос ирсэн түүхч Буянчуулганы хамт гурвуулаа шинэ цагийн Монголын түүх
судлалын үндсийг тавьж эхэлсэн билээ. Удалгүй Д.Нацагдорж нас барж Буянчуулган
гуай хэлмэгдэн баривчлагдаж миний аав 19
настайдаа Түүхийн тэнхимийн эрхлэгч болсноос хойш 50 гаруй жил Монголын орчин
үеийн түүхийн шинжлэх ухааныг толгойлон хөл дээр нь босгосон гавьяатан билээ.
Тэрээр Монголын ХХ зууны 40-өөд оны үед
хөсөр хаягдсан Монголын эртний сүм хийд, түүхийн дурсгал болох Хархорины
балгас, Гандан Тэгчинлэн хийд, Орхоны бичээс, Түргийн үеийн дурсгал зэрэг манай
улсын олон арван хөшөө дурсгал, орон хийдийг аврах, хамгаалах ажлыг санаачлан
зохион байгуулж, гар бие оролцсон юм. Аав Д.Нацагдоржтой бүтэн хоёр жил хамт
ажиллаж түүнээс ихийг сурсан ба Д.Нацагдорж
манай аавыг “Үндсэн ажилтан болгон авбаас тэр авьяас бүхий тул яван
явсаар их л хэрэгтэй хүн болох болов уу” хэмээн тодорхойлсон байсныг аав хожим
архиваас олж мэдсэн байдаг.

-Та бол аавынхаа үндэс суурийг нь тавьсан
түүхийн шинжлэх ухааныг үргэлжлүүлж судалж яваа эрдэмтэн. Тэгэхээр “Чингис хааны
цадиг”, “Хубилай хаан”, “Мандухай цэцэн хатан” гээд алдарт түүхэн бүтээлүүдийнх
нь үнэ цэнийн талаар ярихгүй юу. Өнөө жил Хубилай хааны өндөр ой тохиож байгаа.
Үүнд аавын тань гавьяа их байгаа нь мэдээж?

-Би аавтайгаа
адил түүхийн мэргэжилтэй. Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины
факультетийн Хятадын түүхийн ангийг дүүргэсэн. Тэр үед чинь Их сургуулийг таван
жил сурч байгаад төгсдөг байлаа. Төгсөж
ирээд ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнд
(одоогийн ОУХХ) ороод одоог хүртэл ажиллаж байна. Миний судалгааны сэдэв
бол эрт дундад зууны болон орчин үеийн Монгол-Хятадын харилцаа. Тухайн сэдвээр
монографи зохиол бичсэнээс гадна Улсын таван боть түүхийн гуравдугаар ботийн
зохиогчийн нэг. Чан Чунь бумбын Өрнө зүгт зорчсон тэмдэглэл хэмээх хятад
сурвалжийг орчуулсан. Орчин үеийн
судлалаар олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн дээ. Би эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор.

Дээр дурдсан
зохиолуу­дыг нэг бүрчлэн дүгнэн ярихад их цаг хугацаа орох тул базаж хэлэхэд
манай аавын судалгааны гол зорилго бол Монголын нүүдлийн нийгмийн хөгжлийн зүй
тогтлыг илрүүлэхэд чиглэгдэж байсан.
Тухайлбал “Чингис хааны цадиг” хэмээх зохиолд Монголын нийгмийн
байгууламжийн онцлог юунд байсан, Чингисийн аян дайны шалтгаан, түүний хийсэн
аян дайн Монголын нийгэм болон дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөөний талаархи фундаментал судалгаа юм. “Халхын түүх”-ийн
хувьд гэвэл Манжийн үеийн түүхийг бүхэлд нь дүгнэн бичсэн зохиол бөгөөд дэлхийн монгол судлалд Манжийн
үеийн Монголын түүхийн судлалаар тэрхүү зохиолыг давж гарсан зохиол хараахан
үгүй гэж гадаад дотоодын түүхчид хүлээн
зөвшөөрдөг. Манай Монголын түүх судлалд Хубилай хааны талаар түүхчид янз бүрийн байр суурьтай байдаг
бөгөөд түүнийг Юань гүрний нийслэлийг
Хятадад шилжүүлснээр Хятадын хаан болж
Монголоо орхисон гэх мэтээр бичдэг нь нууц биш юм. Энэхүү байр суурийг манай
аав ер хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд үүнийг маш ухвар мөчид дүгнэлт хэмээн
үзэж байсан юм. Хубилайн сүр хүч Хятад орныг голлон тулгуурлаж байсан төдий
биш, харин юуны урьд Монгол орноо эзэгнэн захирч байсанд шууд дулдуйдаж байв
гэдгийг онцлон тэмдэглэсээр байсан юм. Тэрээр Хубилайтай тэнцэх эзэн хаан
ертөнцийн түүхэнд урьд хожид гарсангүй. Хубилай бол Дорно, Өрнийг холбосон,
нүүдэл, суурин иргэншлийг хослон хөгжүүлэхийг оролдсон түүхийн асар том бодгаль, дэлхий нийтийн
түүхэнд тодорсон үлэмжийн том эзэн хаан хэмээн тодорхойлсон нь зөвхөн Монголын
их хааныг монгол түүхч л тийнхүү тодорхойлон хэлэх билээ.

-Шавь нар гэвэл ямар хүмүүс байна?

-Шавь нар гэвэл
тухайн үед Түүхийн хүрээлэнд манай аавтай хамт ажиллаж байсан бүх л судлаачид мөн хэл, философийн эрдэмтэд бүгд л аавыг багшаа гэдэг байсан. Гарын шавь
нар гэвэл доктор С.Цолмон, М.Ринчин,Ц.Ишдорж, Ч.Даш­даваа, Ц.Энхээ, А.Очир,
Д.Дашбадрах, Ж.Гэрэлбадрах, Т.Мөнхцэцэг гэх олон сайхан эрдэмтдийг дурдаж
болно.

-“Мандухай цэцэн хатан” киноны түүх янз
бүрээр л яригддаг. Зохиолыг нь нам төрийн зүгээс хорьж байсан гэдэг.

-Тийм ээ. Ганцхан
“Мандухай цэцэн” зохиол ч биш. Манай аавыг хэлмэгдүү­лэлтийн хар сүүдэр байнга
дагалдаж явсан ба тэр үед түүхийн зохиолыг туурвих нь амаргүй
байсан юм. Аав маань Чингис хааны судлалд өөрийн оюун ухаан, эрүүл мэнд,
нэр төрөө зориулсан хүн юм. Миний аавын амьдарч, туурвиж байсан үе бол манай
улсад эв хамтын ёс (коммунист үзэл) ноёрхож Чингис хааны түүхийг судлах цээртэй
байсан юм. Хэдий тийм боловч Монголын түүхч нар бололцооны хэрээр эзэн
Чингисийнхээ талаар судалгаа хийж, түүхийг үнэнээр өгүүлэхийг чармайн иргэний
болон түүхч хүний эр зоригийг гаргасаар ирсэн билээ. Тэдний нэг нь яах аргагүй
миний аав байсан бөгөөд алдарт “Нууц товчоо”-г Ц.Дамдинсүрэн гуай анх удаа
орчин цагийн хэлнээ хөрвүүлэхэд аав маань тус зохиолын оршлыг бичихдээ “Халуун амь бүлээн цусаа үл хайхран эх
орныхоо төлөө тэмцэж байсан Чингис хааны үеийн монгол хүний эр зориг, баатарлаг шинж чанарыг дурдан
магтаж, улмаар тухайн үеийн Монголын төрөөс “Харгис Чингисийг магтан дуулсан” ял
сонсож хатуу зэмлэл хүртсэн түүхтэй. Хэдий тийм боловч аав мань огт шантралгүй Чингис хааны 800
жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргаж
ойн хурал дээр үндсэн илтгэлийг нь
тавьсан юм. Үүнийхээ дараа хатуу зэмлэл хүртэж оюун санаа, эрүүл
мэндээрээ маш их хохирсон билээ. Чингис хааны түүхийг судлахад миний аавд учирч
байсан бэрхшээл, зовлон нь түүний хувь
хүний амьдралыг болон Монголын нийгмийн хувь заяаг тусгасан
бүхэл бүтэн өвөрмөц түүх юм.

-Танайхаар үе үеийн мэргэд орж гарч, бүтээл
туурвил, түүх соёлын талаар ярьж байсан нь дамжиггүй. Сүүл үеийн эрдэмтдээс Нацагдорж
гуайтай хэн хэн их ойр байсан бол?

-Сүүлийн үед үзэл
бодлоороо манай аавтай хамгийн ойр байсан хүн бол доктор, төвд судлаач Ү.Хүрэлбаатар
агсан юм. Тэр хоёр Монголын шашны тэргүүн Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийн
талаар санаа маш нийлдэг байсан бөгөөд урьд аав маань Өндөр гэгээнийг янз
бүрийн дайралтаас ганцаар бөөцийлөн хамгаалж байсан бол залуу төвд судлаач Ү.Хүрэлбаатар
гарч ханьтай болов гэж байсан. Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийг зөвөөр гаргахын тулд түүхэн сурвалжийн мэдээ хангалтгүй учир
тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг тодруулахад төвд хэл дээрх данс харааг
судлах хэрэгтэй гэж үзэж байсан ба энэ талаар Хүрэл­баатар доктор их зүйлийг
хийсэн байх. Харин манай аав монгол хэл
дээрх данс харааг судласны үндсэн дээр “Галдан бошигт аврагч биш, Өндөр гэгээн
урвагч биш” хэмээн хэдхэн үгээр Манжийн дарлалд орж байсан Монголын түүхэн
нөхцөл байдлыг гярхай тодорхойлсон нь
бодит үнэнд туйлын нийцэх болов
уу.

-Үр хүүхдүүддээ захиж хэлж байсан зүйл
гэвэл юу байна. Ухаантай, амьдрал туулсан хүний үг гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам
үнэтэй санагддаг даа?

-Хүүхэд бид нарт
хар багаас минь сургамжийн үг хэлдэг байсан. Зориуд цаг зав гаргаад ярьдаггүй өдөр тутмын яриан дундаа л зэрвэсхэн хэлээд
өнгөрдөг байсан боловч бид сургамжтай үгийг
нь маш ойр тусган хүлээж авч, өөрсдийнхөө амьдралд мөрдлөг болгохыг дор бүрнээ
хичээсээр ирсэн. Хамгийн их хэлдэг үг нь уурын мунхаг хэцүү. Хэдхэн хором л
биеэ бариад тэвччих хэрэгтэй, ууртай байхдаа хэзээ ч битгий шийдвэр гаргаж бай.
Маргааш өглөө асуудал өөр өнцгөөс харагдана. Заль бол нэг хэсэг хугацаанд л
үйлчилнэ. Харин ухаан бол хэзээд ялна” гэж ярьдагсан. Туйлшрахаас их
болгоомжлох хэрэгтэй, хүнтэй хэзээ ч битгий зүй бусаар харьц, хүнд муу юм бүү
хий. Нөгөө хүнийхээ нүд рүү хожмын өдөр бардам харах нүүртэй бай гэж сургадаг
байсан. Ер нь тэгээд ном л унш, ном уншваас оюун ухаан чинь задарна, тэлнэ
гэж сургадаг байсан. Чамайг хүн юу ч гэж
хэлсэн бүү тоо харин чи өөрөө л хүний тухай муу юм ярихгүй бол боллоо гээд
их сургамжилдаг байсан. Одоо бодох нь ээ өөрийн туулсан амьдрал,
туршлагаасаа улбаалан ийнхүү ярьдаг байсан байх. Хааяа алтан дундаж чинь их зөв
үзэл юм шүү гэдэг сэн. Хичээлдээ гурав аваад ирэхэд эх орны алтан гурав уу гээд
их инээдэгсэн. Та алтан дундаж их зөв
үзэл гэдэг биз дээ гэж хэлээд зэмлүүлж байсан.

-Аядуу зөөлөн, ихэд зарчимч хүн байсан
болов уу. Хувь хүн талаас нь, аав гэдэг талаас нь дурсахгүй юу?

-Манай аав
жинхэнэ сэхээтэн хүн байсан. Гарал
угсаагаараа ч гэсэн гурав дахь үеийн сэхээтэн. Энэ бол нүүдлийн Монголын
нийгэмд ховор тохиолдол. Эртний сэхээтэн номын хүмүүс ямар овор төрхийг хадгалж
байдаг бүх л тэр шинжийг хадгалсан хүн байв. Гүн ухаантай,
онцгой авьяастай, их мэдлэгтэй, ухаалаг зан чанартай, их энгийн, зөөлөн уян
сэтгэлтэй, маш өрөвч хүн байсан. Маш их тэвчээртэй. Эгэл жирийн хүмүүст их
хайртай, их ардач үзэлтэй. Царай зүсний хувьд их сайхан, дэгжин ганган хүн байлаа.

-Эцэг эхээс хэдүүлээ байв. Удам гарлынх
нь тухайд та хэр мэдэх вэ?

-Дамбадорж гэдэг
нэг дүүтэй байсан боловч тэр нь бага сургуульд байхдаа ертөнцийн мөнх бусыг
үзүүлсэн гэдэг. Манай аавын өвөө Ө.Балданцэрэн гүн гэж хүн байсан. Тэрээр Богд
хааны ордонд хүмүүжсэн хятад, манж хэлтэй. Их бичгийн хүн байсан. Богд хаан
түүнд “билигт” хэмээн цол өгсөн гэдэг. Хятадын эртний сонгодог зохиол, Манжийн
“Энх-Амгалан хааны бодлогын бичгийг” Богд гэгээний зарлигаар монгол хэлнээ
буулгасан. Эдгээр нь бүгд Улсын номын сангийн ховор номын санд хадгалагдаж
байдаг. Манай өвөө бичгийн хүн байхаас
гадна Богд хааны тагнуулын албыг хариуцаж байсан. Энэ тухай архивуудад баримт
бий.1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд биечлэн оролцож явсан, Богдын
өргөөний хашаа руу хатираагаараа орж явчихдаг ганц хүн байсан гэж эмээ маань
надад их л аминчлан ярьдаг байж билээ. “Эрүү цагаан болжмор
шувуу” дууны зохиогч. Аавын аав Шагдаржав бол бас бичиг үсэгтэй, гэрийн боловсролтой. Цэргийн яаманд
Д.Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав нарын гарын нарийн бичгийн даргаар ажиллаж
байсан.

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Халх голын газраас сөөмийг ч гадныханд өгөөгүй

УИХ-ын
гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Засгийн
газрын хуралдаанаар Тариалангийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн
мэдүүлэхээр болжээ?

-Амралтын
өдрүүдээр Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Даваа
гаригийн Засгийн газрын хурлаар Тарилангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн барихаар болоод байна. Тариалангийн тухай
хуулийн хувьд өнгөрсөн хавар нэлээд олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Тариаланчид,
эрдэмтэн, судлаачид, орон нутагт ажиллаж байгаа салбарынхны дунд хэлэлцүүлэг
хийж саналыг нь авсан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж,
яамдаас өөрчлөлт чиглэл өгсөн байгаа. Нэмж оруулах шаардлагатай нэмэлтүүдийг
оруулаад Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

-Халх голын
сав газрын асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудалтай холбогдуулан таныг
болон УИХ-ын даргыг АТГ-д шалгуулахаар өгсөн гэх юм?

-Харин тийм.
Гайхаад л байна. Өвөлжилт нэлээд хүндрэх нь малчдын малыг цөөлөх, малчдаа
мөнгөжүүлэх, махыг экспортод гаргах асуудлыг эрчимтэй хөөцөлд, үүн дээр ажилла
гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу Хятад улсад ажиллаад ирлээ. Ирснийхээ
маргааш залгаад тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Гадагшаа томилолтоор
явахаасаа өмнө ч тариалангийн нутгуудаар явсан. Хэвлэл унших завгүй байсан л
даа. Ирээд хартал тиймэрхүү мэдээллүүд гарсан байна. Нэгдүгээрт, Халх голын
чөлөөт бүсийг хаалттай, нууц хуралдаанаар шийдчихсэн мэт мэдээлэл өгч байна.
Тийм юм байхгүй. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны мэдээллүүд
нээлттэй, хэн ч авах боломжтой. Хоёрдугаарт, гадаадынханд газар өглөө, өгөх гэж
байна гэсэн мэдээллүүд тарж байна. Эдгээр мэдээллүүдийг өгч байгаа хүмүүсийг
ерөнхийд нь харах юм бол сонгуульд нэр дэвших гэж сонгуулийн шоу болгож олон
түмний анхаарлыг татах гэсэн оролдлогууд хийж байна. Нөгөө талаар тариалан
эрхлэхдээ технологио алдаад хөрсөө муутгачихаад одоо болохоор Халх голын сайхан
хөрсөнд санаархсан, тийшээ газар авчих юмсан, дарамт шахалт үзүүлж байгаад тэнд
эрх авахсан гэж санагалзсан зарим нэг хүмүүсийн сонирхол байна.

Энэ бүхэнд би
хариуцлагатайгаар хэлэхэд, Халх голын 500 мянган га газраас нэг сөөмийг ч
гадаадын иргэд, байгууллагад өгөөгүй. Тийм зүйл байхгүй.

Өнгөрсөн
долдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын тогтоолоор энэ 500 мянган га газарт Хорио
цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах
шийдвэр гарсан байгаа.

-Хүмүүсийн
анхаарал баяр наадам, морь мал дээр төвлөрчихсөн үед сэмхэн ийм шийдвэр
гаргалаа гэж хардаж байна?

-Долдугаар сарын
9-нд шийдвэр гарсан ч хэлэлцүүлэг нь өмнө нь олон хоног явсан шүү дээ. Ганцхан
өдрийн дотор шийдвэр гардаггүй.
Хэлэлцэх, нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлэг тэгээд эцсийн хэлэлцүүлэг
гээд олон хоног үргэлжилдэг. Эцсийн хэлэлцүүлэг нь тэр өдөр таарсан.

-Халх голын
сав газарт одоогоор хичнээн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-“Петрочайна
Дачин тамсаг” компани долоон цооног, Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа
явуулдаг байсан. Энэ компанийн мэдэлд 700 гаруй мянган га газар долоон жилийн
турш явж байхад хэн ч, юу ч дуугараагүй мөртлөө монголчууд өөрсдөө хөдөө аж
ахуйн бүтээн байгуулалт хийе гэхэд эсэргүүцэж байгааг гайхаж байна. Тэнд нэг ч
га газар нь гадныханд байхгүй. Харин аймаг болон сумаас захирамжаар олгосон
тариалангийн талбай байдаг юм билээ. 49266 га газар өгсөн юм байна. Тэгэхээр
манай яам тэр газрыг өгөөгүй байх нь, өмнө нь өгчихсөн байж. Гэхдээ тэнд
Монголын компаниуд байна. “Соёмбо буудай” компани 1631 га, “Халх буудай”
компани 3000 га, “БД” компани 300 га, “Үйзэн тал” компани 3537 га, “Нью ариг
ус”, “Мак”, “Алтай групп”, “Мөнхтал”, “Дорнод гурил”, “Бэрх цагаан”, мал аж
ахуйн хүрээлэн гэсэн Монголын компаниуд 49266 га-д одоо ч газар тариалан
эрхлээд явж байна. Энэ талбай нь Халх голын 500 мянган га-д орчихсон байгаа.

Сая л хөдөө аж
ахуйн чөлөөт бүс байгуулах гээд эдгээр газрын зөвшөөрлийг өгчихсөн юм биш.
Аймаг, сумд нь газар өгчихсөн байдаг юм билээ.

Хөдөө аж ахуйн
чөлөөт бүсийг хаана байгуулах вэ гэдэг дээр долоон газрыг судалснаас хамгийн
тааламжтай, чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой нь Халх гол гэж гарсан. Энэ бүхнийг
харж байж УИХ-аас шийдвэр гарсан.

-Хорио цээр,
технологийн дэглэм бүхий бүс гэхээр?

-Тэнд тариалан
эрхлэн, эрчимжсэн мал ахуйгаа ч хөгжүүлэхэд маш нарийн шалгуур, технологийн
шаардлагууд тавина. Тэндхийн хөрс эмзэг. Газар тариалан эрхэлнэ гэвэл ямар
таримлыг, ямар технологиор тарих вэ. Хөрсөө муутгахгүй байх шаардлагатай гэх
мэт маш өндөр шаардлагуудыг тавина. Энэ технологийн дэглэмд нийцэж ажиллаж
чадах аж ахуйн нэгжүүд л тэнд үйл ажиллагаагаа явуулна.

-Хөдөө аж
ахуйн бүсэд солонгосчууд орж ирж тариагаа тарьчихаад түүнийгээ ямар нэг
татваргүйгээр аваад явчихна гэж ойлгоод байгаа?

-Тэндхийн нэг сөөм
ч газар солонгосчуудад байхгүй. Хятадууд, япончуудад ч тэр. Солонгосчууд манай
яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Зуун
үхрийн эрчимжсэн фермийн аж ахуй, 50 үнээний ферм байгуулж, 200 га газарт
усалгааны тоног төхөөрөмж суурилуулж өгсөн. Энэ бүхнийг Халх голд хөдөө аж
ахуйн эрчимжсэн загвар аж ахуй болог гээд тэд өөрсдийн хөрөнгөөрөө босгоод
Монголын талд өгөх гэж байна. Тэрийг нь монгол компани бариад хоёр тал өгөлцөж
авалцах ажил нь үлдэж байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш
солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээ татваргүйгээр аваад
гарна гэсэн зүйл байхгүй.

Тэгэхээр энэ
бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь
сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн
улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал.
Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн
чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна.

Өмнө нь
“Петрочайна Дачин тамсаг” компани долоон жил болж байхад тэд хаагуур нь явж
байсан юм. Өнөөдөр монголчууд бид аваад татварын тааламжтай нөхцөлд, хөдөө аж
ахуйн бүтээн байгуулалт, уул уурхайгаас илүү баялгийг бий болгож чаддаг гэдгийг
харуулах загвар үзүүлж, бүтээн байгуулалт хийе гэхэд юунд нь хорсоод байгаа юм.
Бид нар чадна шүү дээ. Монголчууд үе үеэрээ хөдөө аж ахуйгаар улс орноо
тэжээгээд л ирсэн. Малаа маллаж, тариалангаа эрхэлж чадна. Гагцхүү тэнд
гадаадын өндөр технологи, инновацийн мэдлэгийг оруулна.

-Өвөлжилт
хүндрэх учир малчдыг малаа борлуулахыг зөвлөсөн. Төрөөс ч энэ талд анхаарч мах
экспортлох ажлыг эрчимжүүлж байна?

-Чөлөөт бүс гэдэг
газрыг яагаад байгуулах болов оо гэхээр, манай мал ихээхэн хэмжээгээр өсч
байна. Өнөө жил 18 сая төл хүлээж авлаа.

Бэлчээрийн даац
хэтэрлээ. Өвөл хүндрэх нь малаа цөөлье, мах, махан бүтээгдэхүүн болгоё, малчдаа мөнгөтэй болгоё гэж ярьж байна. Махаа экспортолъё
гэтэл шүлхий, гоц халдварт өвчнүүдээс болоод махаа гаргаж чадахгүй байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд хоёр хөрштэйгөө хэлэлцээр хийхээр маш идэвхтэй
ажиллаж байгаа. Би сая Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хөдөө, аж ахуйн сайд,
Хорио цээрийн дэд сайд нартай уулзаж мах экспортлох асуудлаар хэлэлцээр, ажлын
уулзалтууд хийгээд ирлээ. Бид ямар санал тавив гэхээр, малаа эрүүл байлгах
хорио цээрийн дэглэм бүхий тусгай газраас гаргая, мах махан бүтээгдэхүүнээ ч
тэндээс экспортолъё гэсэн саналуудыг тавьсан. Харин тэд бусад асуудлаа түр
хойшлуулж байгаад танай энэ саналуудыг онцгойлон үзэж, өвөлжилт хүндрэх гэж
байгаа асуудалд чинь анхаарч ажиллая гэдэг хэлэлцээрт хүрсэн.

-Гантай байгаа нутгуудаар явахад ургац хэр хурааж авах шинжтэй байна.
Өнөө жил ургацынхаа дийлэнхийг алдана гэж зарим хүмүүс таамаглаад байгаа. Газар
дээр нь очоод ажиллаад ирсэн хүний хувьд илүү бодит зүйл хэлэх байх?

-Гантай байгаа газар нутгуудаар яваад ирлээ. Орхон аймагт гурван аж ахуйн
нэгж байна. Тэг элдэншүүлэлтээр тарьсан, сэлгээ, уриншаа зөв хийчихсэн,
бордоогоо сайн хийчихсэн талбайнууд ургацаа хэвийн авч байна. Долдугаар сарын наймнаас
өмнө ерөөсөө бороо ороогүй, 13-наас хойш хэвийн орсон гэж байсан. Тэдгээр аж
ахуйн нэгжүүд га-гаас 20 центнер авч байна шүү дээ. Үүний цаана технологи,
сүүлийн үеийн тоног төхөөрөмж, менежментээ сайн хийж байгаа хүмүүс л байгаа.
Царцаагаа устгаж байна, ургамал хамгааллын бодисуудаа зөв хэрэглэж байна.
Уриншаа зөв хийсэн байна. Гантай ч га-гаас 20 центнер аваад үйл ажиллагаагаа
хэвийн явуулж байна.

-Та хаагуур явав?

-Халх гол, Төв, Дархан, Орхон, Сэлэнгээр яваад ирсэн. Халх голын чөлөөт
бүсэд дан гадаадынхан орж ирээд ажиллах юм шиг, газраа аваад онгоц хөлөглөөд
явж байгаа гэх мэт цуу яриа яваад байна. Уучлаарай, Монгол Улс чинь тусгаар
тогтносон улс. Хил, цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дүрэм журам гэж бий. Хэн ч
хамаагүй, юу дуртайгаа хийгээд яваад байдаг улс биш. Үндсэн хууль болон Газрын
тухай хуулиар гадаадын иргэн, байгууллага газрыг өмчлөх, эзэмших нь хориотой.

-Ургацаа алдах нь тодорхой болсон. Бүр 80 хувь алдана гэв үү?

-Нэг нөхөр гарч ирээд 80 хувь ургацаа алдана гээд хэлчихлээ. Тэгтэл тэрний
цаана авч үлдсэн улаанбуудайгаа үнэд хүргэх гэсэн тийм л бодлого байгаад байх
шиг. Бодит байдал дээр 80 хувь ургац алдахгүй. Урьдчилсан балансаар нийт
гурилын хэрэглээ, хүнсний улаан буудайнхаа хэрэглээний 58 хувийг авах прогноз
байгаа. Ургацаа хураагаад авахаар энэ хувь өөрчлөгдөх магадлалтай. Тэгэхээр
бидэнд хагас жилийн улаанбуудайн хэрэгцээ дутах нь. Тийм учраас бид импортоор
оруулж ирэхээс өөр аргагүй. Гаднаас буудай худалдаж авахад мөнгө хөрөнгө
хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтыг нь хийгээд Засгийн газар төсөв баталж
өгсөн. Тэгтэл нэг нөхөр буудай оруулж ирнэ гэдгийг дуулаад тэгвэл би наад ажилд
чинь бас оролцоноо гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс өөр сонирхол харагдаад
байгаа биз. Бид нар тэгэхгүй. Өмнө нь улаанбуудай оруулж ирэх квотыг тараагаад
өгчихөөр чанартай, чанаргүй буудай ирдэг байсан. Цаана нь элдэв хэл ам гардаг.
Эргээд энэ улаанбуудай чинь бидний л хоол хүнс. Үүний чанар, найдвартай байдалд
нь манай яам өөрөө хариуцлагатайгаар анхаарал тавьж ажиллана. Бид өөрсдөө
импортолж оруулж ирнэ. Тийм болохоор гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Тэгэхээр
чанартай буудайг хямд импортолно.

Гурван сая хэрэглэгчийн эрх ашиг бидэнд чухал. Өвөлжилт хүндэрч магадгүй
нөхцөлд мах, гурил, талхны нөөцөө хангасан байх ёстой. Үнэ нь тогтвортой,
өсөхгүй байх ёстой. Энэ нь бидний хамгийн том анхаарах асуудал. Тийм учраас бид
гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийж байгаа.
Нэгдүгээрт гурилын бөөний үнийг 850 төгрөг, талх 1100 төгрөгөөр барих юм
бол бид нар импортоор хямд орж ирэх буудайгаа нийлүүлнэ. Үнэ тогтворжуулах
хүрээнд өмнө нь авсан зээлийн үлдэгдэл нь арилжааны зээл рүү орж байсан бол
тэрийг чинь нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бүтэн жил сунгаж өгнө. Тэгэхээр
бид мөнгө төгрөг тараахгүйгээр бодлогоор гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр
хийгээд Монголын тариаланчдынхаа тарьсан стандарт хангасан буудайг ав гэсэн
талыг нь хөшүүрэгдэж байна. Дотоодын тариаланчид болон гурилын үйлдвэрийн
хооронд тогтох үнэд манай яам нөлөөлөхгүй.

-Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг авахыг хүсдэг ч чанар,
цавуулаг нь асуудал дагуулдаг. Тиймээс гадны өндөр цавуулагтай буудайтай хольж
гурил хийхээс өөр аргагүй гэдэг. Харин үүнтэй тариаланчид санал нийлдэггүй?

-Өнгөрсөн жил буудайн цавуулгаас болоод нэлээд маргаан гарсан. Өнгөрсөн
жил бороо хур ихтэй, ургац арвин авсан. Тонн тутамд нь 100 мянган төгрөг өгдөг
байсан нь өөрөө тоог шүтсэн бодлого болж хувирсан. Чанартай, цавуулаг өндөртэй
буудай тарихаас илүүтэй олон тооны буудай ургуулах нь ашигтай байсан.
Хатуулагтай, сайн чанарын буудай таривал урамшуулал нь арай илүү байх атал
чанар биш тоонд шүтсэн бодлого нь тариаланчдыг чанар харгалзахгүй байдал руу
оруулсан.

Тариаланчид, яамны хооронд гарсан маргааныг сайн талаас нь харсан л даа.
Тариаланчид жагсаал цуглаан хийж, буудайгаа асгасны цаана юу харав гэхээр бид
тариаланчдын тушаасан буудай, гурилын үйлдвэрүүдийн цавуулаг нь хүрэхгүй байна
гэсэн буудайнд шалгалт хийсэн. Тэгэхэд 23-аас дээш цавуулагтай гэж тушаасан
буудай түүндээ хүрээгүй. Тухайлбал, Л.Цандэлэг гэдэг хүний 23-аас дээш
цавуулагтай буудай нь 19-тэй гэж гарч байсан. Хүнсний улаанбуудайнд тэнцэхгүй
буудайг тушаасан гэсэн үг. Тэнцэнэ гэж бичиг аваад татвар төлөгчдийн мөнгөнөөс
урамшууллын мөнгөө гаргуулаад авчихсан. Яагаад цавуулаг муу байна вэ гэдгийг
судлахаар бордоо хэрэглэдэггүй, хөрсөө хайхардаггүй, хөрсний асуудалд төр нь
шаардлага тавихгүй, зүгээр л хичнээн тонныг хураав. Тэрийг чинь л урамшуулна
гэдэг бодлогын доголдол байсан.

-Ган болохыг урьдаар мэдэж байсан. Гэтэл салбарын яам үүн дээр анхаарал
хандуулж үүл буудуулж хур оруулаагүй. Үр соёолох цагаар бороо оруулаагүйгээс
ургац алдаж байна гэдгийг тариаланчид онцлоод буй?

-Үүлэнд нөлөөлөх, цаг уурын станц, Цаг уурын хүрээлэн зэрэг чинь Байгаль
орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа асуудал. Манай яамны харьяа
гэж ойлгоод зориудаар ийм гуйвуулсан мэдээлэл тараагаад байна л даа. Тэр
төхөөрөмжийг нь эвдчихэж, төхөөрөмж нь байхгүй гэнэ, хүрэлцээгүй юм байна, тэнд
ажиллаж байсан мэргэжлийн алба, хүмүүсийг нь халчихсан гэнэ. Үүл бууддаг сумынх
нь мөнгийг аваад хэрэглэчихэж гэнэ гэх мэт элдэв яриа тараагаад байгаа юм.

Нэгдүгээрт, миний харьяалах асуудал биш. Өөр яамны харьяа байгууллага
дээр очоод халж солиод нааш цааш нь өөрчлөөд байх боломжгүй. БОНХАЖЯ-ны харьяа
Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээллийг хэрэглэдэг. Иргэд, байгууллага,
хувь хүмүүстэй л адил тэдний гаргасан мэдээг хэрэглэдэг хэрэглэгч тал. Гэхдээ
бид өөрсдөдөө хамаагүй гээгүй. Хэт халалт болно гэдэг мэдээлэл нэг хоногийн
өмнө ирсэн. Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээлэл бидний хүссэн хэмжээнд
байхгүй байна. Гэвч бид зөвхөн цаг уурын мэдээг хараад байлгүй, Ургацын
комиссоор дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдээсээ мэдээлэл авдаг юм.

Байдал хүндрэх төлөвтэй гэдэг мэдээллийг газар дээрээс нь авч байсан л
даа. Бид үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийнхөө сумыг орон нутгаас татаад тариалангийн
бүс нутгууддаа ирүүлээчээ гэдэг хүсэлтийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Тус яамныхан
үлдэгдэл пуужингуудаа шуурхай татсан. Үлдэгдэл пуужингууд долдугаар сард
хүрэлцэнэ гэж байсан. Манай хоёр яамны хувьд энэ тал дээр бие биеэ дэмжээд
хамтраад ажилласан. Гэтэл энэ зун их даралтын орон гэдэг нь Байгаль нуур орчимд
үүссэн. Үүнээс болоод борооны үүл манайх руу орж ирээгүй. Ийм нөхцөл байдал
үүссэн гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд ч мэдээлсэн байгаа. Байгаль нуурын орчим
их түймэртэй байгаа, хур бороогүй онцгой жил болж байна.

Их даралтын орны тэр нөлөө манай Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн
нутгуудыг хамарсан. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан байгалийн онцгой нөхцөл
байдал үүссэн. Үүл бууддаг төхөөрөмж улсын хэмжээнд хоёрхон байдаг гэдэг нь цуу
яриа. 21 аймагт 35 экспедици, 36 генератор ажилладаг. Эд нар хэвийн үйл
ажиллагаа явуулж байна. Үүлэнд нөлөөлөх сум, пуужин нь хангалттай байсан.
Гагцхүү тэр үүл нь гарахгүй байхад яалтай билээ.

Үүн дээр хувийн сонирхлоор, өмнө нь сайдад нөлөөлөх замаар нойтон,
цавуулаг нь хүрдэггүй буудайгаа хүчээр шахдаг, бизнесийн ашиг хийдэг тэр давуу
эрх нь алдагдчихаар хорсоод намайг гүтгэх, доромжлох янз бүрийн арга хэрэглэж
байна. Сүүлдээ газар худалдлаа гэх онц ноцтой хэрэгт гүтгэж, надаас гадна
Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл хамруулан гүтгэх үйл ажиллагааг явуулж
байна. Энэ бүхэн байж боломгүй. Энэ улс орон чинь хуультай. Хэн нэгэн тэдний
ярьж байгаа шиг юу хүссэнээ хийдэггүй юм. Энэ чинь хуультай, тусгаар тогносон
улс.