Categories
мэдээ цаг-үе

Б.Гийгүүлэн: Ааваас надад хүн инээлгэх дуртай зан нь үлдэж дээ

Б.Бадрууган агсны хүү Б.Гийгүүлэнтэй ярилцлаа.

-Аавын тань талаар хүн бүхэн сайнаар дурсаж ярьдаг. Гэртээ аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ гэдгээр яриагаа эхэлье?

-Ноён нуруутай ханхайсан нөмөр нөөлөгтэй хүн байсан даа. Гэрт орж ирэхээр гэр дүүрээд л явчихна. Гэртээ их л энгийн, жирийн хүн байсан санагддаг. Ер нь хүмүүстэй уулзахдаа, ажлаа хийж байхдаа ч энгийнээрээ элдэв ааш аяггүй хүн. Тийм болохоор хүмүүсийн зүрх сэтгэлд их хоногшоод үлдчихсэн юм болов уу. Аавтай хамт ажиллаж байсан хүмүүс үргэлж сайхнаар дурсдаг.

-Хүүхдүүддээ юу гэж захьдаг байв?

-Ном унш гэдэг байсан. Дандаа би чиний хажууд байхгүй. Юм болгоныг би чамд хэлж өгч чадахгүй. Тийм болохоор чи мэдэхгүй чадахгүй юмаа номноос л олж унших хэрэгтэй. Хорвоо мөнх бус. Эд хөрөнгийг чинь хулгайч хулгайлаад аваад явчихаж болно. Харин чиний сурч мэдсэн зүйлийг хэн ч тархи толгойноос чинь авч чадахгүй. Тиймээс ном их унш. Эрдэм мэдлэгийг шүтэж бай гэдэгсэн. Хорвоо ертөнцийн жам ёс мөн чанар гэх мэт жаахан хүүхдэд ахдахаар том сэдвийг их л ойлгомжтой хэлдэг байсан. Яг юу гэдэг байсныг нь санахгүй ч ойлгочихсон л юм.

-Та аавынхаа захиасаар олон ном уншсан уу?

-Тэр хүмүүжил нь надад үлдчихсэн байна. Учиргүй их ном уншсан гээд байх нь ч хаашаа юм. Гэхдээ ер нь ном их уншихыг хичээдэг. Өвөөгөөс аавд, ааваас надад уламжлагдан ирсэн хамгийн их үнэ цэнтэй бөгөөд үнэлж барамгүй өв хөрөнгө болох хэдэн сайхан ном байна. Аавд өвөө маань би чамд эд хөрөнгө өгч чадахгүй энэ хэдэн номыг л өгье гэсэн юм билээ.

-Өвөөгийнхөө талаар дурсаач ямар хүн байсан бэ?

-Бага байхад ням гариг бүр өвөөгийнд очдог байсан. Очихоор зулай дээр нэг үнсдэг байсан. Намайг уг нь бичгийн талын ажлыг нь үргэлжлүүлэх байх гэж найддаг байсан юм билээ. Өвөө маань бүр бага байхад өөд болсон болохоор хожуу л ямар агуу хүн байсныг нь ойлгосон. Монголчуудын дунд бараг албан бус төрийн дуулал шиг дуулагддаг “Халуун элгэн нутаг” дуугаар нь их бахархдаг. Дууных нь хөшөөнд хүмүүс хүндэтгэл үзүүлж байхтай хааяа таардаг. Сэтгэлд их таатай байдаг.

-Аав тань сайн хүмүүстэй илүү нөхөрлөдөг байсан гэж ярьдаг юм билээ. Найз нөхдийнх нь тухай ярья л даа?

-Аав маань хүнийг дугаарлаж, дэс дараа өгч харьцдаггүй. Найз нөхөд нь ч одоо бидэнтэй холбоотой аавыг дурсаад л явж байна. Аавыг дурсаж ярих найз нөхдийг нь тоочих юм бол барагдахгүй дээ. UBS телевизийн Баяр ахын өрөөнд аавын зураг одоо болтол байдаг. Өрөөнд нь яваад орохоор аавын зураг ширээн дээр нь байхад сайхан л санагддаг юм. Бас Г.Золжаргал ах аавын талаар сайхан дурсамж нийтэлдэг. Тэрийг уншихаар надад аавтайгаа тухайн цаг үед нь очоод уулзсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг юм. Энд тэнд хүмүүстэй уулзаад явж байхад аавын найзууд олон л доо. Бүгдээрээ л Ууганы хүү гээд их сайн байдаг юм.

-Аав тань жүжигчин, дуучин, найруулагч гээд олон төрлийн авьяастай хүн шүү дээ. Алинд нь илүү дуртай байсан юм бол?

-Тийм. Юм юманд адтай хүн байдаг шүү дээ. Аав маань юм юманд оролцож, хийж явсан хүн. Дуучид, ая зохиогчид гээд дуутай холбоотой хүмүүсийн хувьд аав дуучин, киноныхондоо кино найруулагч гэдгээрээ үлдсэн. Би жаахан байсан юм чинь миний хувьд аав гэдэг утгаараа л сэтгэлд үлдсэн байдаг. Аав найруулагч гэж дуудуулах дуртай байсан.

-Таныг аавынхаа мэр­гэжлийг үргэлжлүүлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу. Зураглаачаар ажилладаг байх аа?

-Би 2012 онд Радио телевизийн сургуулийг кино зураглаач мэргэжлээр төгссөн. Тэрнээс өмнө СУИС-д соёл урлагийн удирдлагаар сурч байсан юм. Соёл урлагийн удирдлагаар сурч байснаа гэнэт кино руу өөрийн эрхгүй татагдсан. Би кино урлагаар хоолоо олж идэх ёстой хүн юм байна гэж ойлгосон хэрэг. Одоо кино зураглаачаар ажиллаж байна. Гэхдээ яваандаа найруулагч болох бодол бий.

-Хэдэн кинонд ажилласан бэ?

-Анх “Рашаантын 18” кинонд дууны оператороор ажиллаж эхэлсэн. Дараагаар нь “Помогите нам-3” кинонд мөн ажиллаад, “Улаан Эрэг” телевизийн түүхэн сэдэвт олон ангит кинонд зураглаачаар, “Үхлийн Симфони” УСК-нд анх удаа ерөнхий зураглаачаар Аси найруулагчтай хамтран ажиллаж байсан. Мөн “Эх Орон дуудаж байна” кинонд зураглаачаар, “Хөгжилтэй өдөр” УСК-нд ерөнхий зураг­лаачаар ажилласан байна.

-Бага наснаасаа л урлагаар явъя гэж бодож байсан уу?

-Угаасаа л урлагийн гэр бүлд өссөн хүүхэд болохоор урлагаар л явна гэж боддог байсан. Манай гэрийнхэн аав, ах, эгч, өвөө гээд бүгд л урлагийн хүмүүс шүү дээ.

-Аавынхаа найруулсан кино­ноос онцолж нэр­лээч?

-Аав 1990-ээд онд кино найруулж байсан. Тэр үед одооных шиг олноор нь кино хийдэггүй байлаа. Аавын найруулсан хүмүүсийн мэдэх киноноос илүү мэддэггүй нэг киног нь онцолмоор байна. Тухайн үед олонд хүрч чадалгүй хөрөнгө санхүүгээсээ болоод кино театраар олигтой гараагүй юм. Тэр “Ертөнцийн сүүлчийн чулуу” гэдэг кино Бадрууган гэдэг хүний найруулагч талаасаа өөрийн бодлыг шингээсэн, илүү уран бүтээлч тал руугаа хандсан, ашиг орлогын бус бүтээл. Их цөөхөн жүжигчинтэй. Гол дүрд нь Равдан, Урнаа гэх зэрэг жүжигчид тоглосон юм.

-Дуулж байсан үеийг нь ярь л даа?

-Аавын зарим хуучны сайхан дуунуудыг сүүлд Наранзун, Мөнхгэрэл хоёр ах маань Радиогийн алтан санд хадгалагдсан байсан дуунуудаар нэг цомог гаргасан юм. Тэр цомгоос мэддэггүй сонин содон дуунуудыг сонссон шүү. Аавын дуулж байсан үеийг би сайн мэдэхгүй л дээ. Дуу хуур талаас нь Наранзун ах сайн ярих байх.

-Одоо дууг нь сонсоход ямар санагддаг вэ?

-Сайхан л санагддаг юм. Аавын дуу хоолой тэр хуурцганд хадгалагдаад үлдсэн гэдгээрээ мэдээж их дотно санагддаг.

-“Тунгалаг тамир” киноны туслах дүрд тоглосон хэсгийг ярьж их инээдэг байсан гэдэг юм билээ. Хэдэн кинонд тоглож байсан юм бол?

-Аав “Тууврын замд” кинонд тоглосон байдаг. Бас кино үйлдвэрт туслахаар ажилладаг байхдаа “Тунгалаг тамир” кинон дээр олны хэсэгт тоглосон юм билээ. Дараа нь хойшоо Ленинградад кино найруулагчаар сураад ирсэн байдаг.

-Өөрөө дурсан ярьдаг ярианаас нь санадаг уу?

-Би аавынхаа уран бүтээл талаас нь ярих юм бол миний мэдлэг жулдахаар л даа. Намайг их жаахан байхад аав өнгөрсөн шүү дээ. Би тухайн үед 13 настай байсан.

-Бага байхдаа аавынхаа ажил дээр очиж байв уу?

-“Төрийн сүлд өршөө” киноны зураг авалтан дээр харах хүн байхгүй гээд намайг ганц, хоёр удаа авч явж байсан. Тэрнээс биш киноных нь зураг авалт руу явж байгаагүй. Гэхдээ хэрвээ тэр үед хамт явж байсан бол гэж одоо их боддог. Хэрвээ тэгсэн бол тухайн үедээ ойлгохгүй ч гэсэн аавын жүжигчидтэй ажиллаж байсан арга барилыг одоо эргээд санахад их том гарын авлага болох байж гэж боддог юм. Харамсалтай нь аав намайг дагуулж явж байгаагүй. Очоод үймүүлээд ажлыг нь хийлгэхгүй гэж боддог байсан байх л даа. Хааяа ингээд кинон дээр ажиллаж байхад аавтай хамтарч байсан хүмүүс их хууч хөөрдөг юм. Хүн болгон л магтаж байдаг болохоор бахархам сайхан байдаг.

-Юу гэж магтдаг вэ?

-Ууган найруулагч мундаг хүн, сайхан хүн байсан гэдэг. Зан аашийг нь энгийн сайхан хүн гэж их ярьдаг. Тэгэхээр аав эргэн тойрон, хамт ажилладаг байсан хүмүүсийнхээ сэтгэлд одоо болтол байдаг хэрэг.

-Өөрөө айлын бага хүү шүү дээ. Хэр эрх хүүхэд байв. Аав тань эрхлүүлдэг байв уу?

-Би аюулын эрх хүүхэд байсан шүү. Аав хүний урманд нэг ч удаа надад гар хүрч үзээгүй. Голд ортол цөөн хэдэн үгээр загнана. Жаахан хүүхдэд яаж тааруулж, санаа сэтгэлд нь тэгж шингэтэл хэлдэг байсан юм бол бүү мэд. Одоо болтол зарим нэг загнуулж байсан үе санаанаас гардаггүй юм.

-Юу гэж загнадаг байсан юм бол санаж байна уу?

-Би багаасаа элдэв янзын юманд орооцолдох дургүй, зугтдаг зантай. Тэгсэн аавыг Радио телевизийн сургуулиа байгуулчихсан, захирал болчихсон байхад нь нэг удаа ажил руу нь дагаж явсан юм. Тэгээд л дээгүүр доогуур гүйж байсан чинь Үндэсний телевизийн нэг нэвтрүүлэгт дуу оруулах гэсэн дуу оруулах хүүхэд олдохгүй байж. Би тэгэхэд гуравдугаар ангийн хүүхэд байсан. “Хөөе миний дүү наашаа хүрээд ир. Алив чи энд дуу оруулаатах” гэдэг юм байна. Би “Үгүй ээ, чадахгүй” гэсэн чинь “Зүгээр, зүгээр” гээд намайг чирээд дагуулаад орчихгүй юу. Тэгээд текст өгөөд “Үүнийг уншаад сайн цээжилж бай” гэсэн. Би уншихгүй гэж зөрүүдлээд “Би бичиг үсэг мэдэхгүй” гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь нээрээ юу гэхээр нь “Тийм сургуульд ороогүй, бичиг үсэг мэдэхгүй” гээд нөгөөдөхөөс бултаад байж байсан аав намайг алга болчихлоо гэж хайж яваад олоод ирдэг юм байна. “Хүүе чи энд юу хийж яваа юм” гэхээр нь “Энд харин намайг хүмүүс дуу оруул гээд байна” гээд л ховлочихсон. Тэгсэн чинь аав дагуулж ороод “Манай хүүг дуу оруулаатах гэсэн юм уу” гээд асуучихлаа. Нөгөөдүүл нь “Харин дуу оруулаач гэсэн чинь танай хүү чинь бичиг үсэг мэдэхгүй гэж байна” гэдэг юм байгаа биз дээ. Аав тэрэнд их санаа зовж ичсэн юм шиг байна лээ. Тухайн үед тэр хүмүүстэй инээд наргиа болгож өнгөрөөд гарч ирэхдээ намайг хараад “Бичиг үсэг мэдэхгүй гээд юун элдэв балай юм яриад байгаа юм. Хүний нэр баастаад байгаарай чи” гэж зэмлэсэн. Тэр үед “За ер нь хамаагүй хүн амьтанд муу хэлэгдэхээр байж болохгүй юм байна” гэж бодсон. Одоо бодоод байхад намайг гуравдугаар ангийн аравтай хүүхэд бичиг үсэг мэдэхгүй гэхээр “Бадрууганы хүүхэд бичиг үсэг мэддэггүй” гэж хүмүүс харлаа гэж бодсон байх даа. Тэгж нэг загнуулж байсан юм.

-Аавынхаа ажил дээр л өнждөг хүү байж дээ?

-Манай ээж гадаад руу уран нугаралтаар байнга явчихна. Би багадаа ээжийг дагаад хоёр удаа гадаад явж байсан юм. Бусад үед аав, эгч хоёртой л үлдэнэ. Тэгээд аавыг дагаад ажил дээр нь очоод л гүйж байдагсан.

-Гэрт чинь аавын тань найзууд байнга ирдэг байсан байх. Тухайн үед сонсож байсан дурсамжуудаас яриач?

-Гэрт аавын найзууд байнга ирнэ л дээ. Тухайн үеийн, одоо ч гэсэн урлагийн салбарт нэр хүндтэй толгой цохиж яваа эрхмүүд манай гэрээс салахгүй. Нэг нь гараад явахаар нөгөөдөх нь ороод ирнэ. Ер нь ёс зүй гэрийн хүмүүжил тал дээрээ аав чанга шүү. Том хүний ярианд хамаагүй битгий оролц гэдэг байсан. Одоо бодоод байхад ярьж байсан яриаг нь сонсож байсан үе байхгүй юм. Цаана нь хичээл номоо хийгээд л суудаг байсан байх.

Манайд аавын найзуудаас Жаргалсайхан ах анх орж ирснийг ер мартдаггүй юм. Хүмүүс орж ирэхэд сонин содон зүйлгүй л байсан юм. Гэтэл цаад өрөөнд орчихоод аавыг дуудахаар яваад очтол нэг хүн нь халзан болчихсон сууж байсан. Гайхаад үүдэнд малгай өлгөж үү гээд баахан харж билээ. Тэгээд хэсэг хугацааны дараа хиймэл үстэй гэдгийг ойлгосон.

-Ээжийнхээ талаар яриач. Тэр олон хүн ирж байхад мэдээж цай ундтай байх гээд ажил их шүү дээ?

-Манай ээж уран нугараач хүн л дээ. Наранцэцэг гэдэг юм. Монголд хамгийн анхны хос уран нугаралт хийж байлаа. Уран нугараачид их эрт тэтгэвэрт гарчихдаг шүү дээ. Харин манай ээж тухайн үедээ 44 хүртлээ нугарсан юм. Дээрээс нь уран нугараачид хүүхэд гаргах юм бол дахиж нугарахаа больдог гэж байхад ээж маань эгч бид хоёрыг гаргачихаад эргээд нугараад эхэлж байлаа. Тэр нэг үзэл онолыг буруу гэдгийг биеэрээ баталж харуулсан чадварлаг эмэгтэй. Одоог болтол уран нугаралтын багш хийж байгаа. Мэдээж гэр оронд хүн орж ирэхэд айлын ямар ч эзэгтэй цай унд гэх нь тодорхой л доо.

-Гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн сайхан баяраа дурсвал?

-Ер нь манайд шинэ жилийн баяраар их гоё уур амьсгал ороод сайхан болдог байсан. Аав шинэ жилээр олдохгүй. Янз бүрийн хүлээн авалтад явчихна. Тэгсэн ч гэр бүлээрээ он гаргах сайхан байж.

Би багадаа их сэжигч үнсүүлэхээрээ хацраа арчдаг хүүхэд байсан. Цагаан сарын баярт тухайн үед дуртай биш. Одоо бодоход гэр бүлээрээ цагаан сарыг их л гоё тэмдэглэдэг байж дээ.

-Их алиа хошин мэд­рэмжтэй хүн байсан гэж дурсдаг байх аа?

-Тийм шүү. Онигоо их ярина. Хүн инээлгэх дуртай. Ааваас надад хүн инээлгэх дуртай зан л үлдсэн юм шиг байна. Тэрнээс тэр эрдэм мэдлэг нь бага заяасан юм уу даа. Би өөрийгөө их голдог юм.

-Аавынхаа мэргэжлийг өвлөж авсан юм биш үү?

-Өвлөх гээд л ядаад явна. Гэхдээ урлагт үнэхээр авьяастай бол тодроод гараад ирнэ л дээ. Хэрвээ авьяасгүй бол эртхэн зайгаа тавиад өгсөн нь дээр гэж боддог. Өөрийгөө авьяастай үгүйг шалгах гээд сорьж байна. Үнэхээр аавын авьяас мэдлэгээс жаахан ч атугай үлдсэн бол яваандаа тэр нь харагдах байх.

-Бадрууганы хүү гэхээр их хүндлэл оршдог байх даа?

-Жаахан байхаас минь аав, өвөөгийн нэр нуруун дээр явна гэдэг хүнд ачаа л даа. Өөрөө өөдтэй биш хэрнээ би Бадрууганы хүүхэд гээд чадахгүй байж цам харайгаад явах дургүй. Тийм болохоор Бадрууганы хүү гэдгээрээ хүмүүст танигдаж элдэв янзын хийсэн бүтээснээ гайхуулахаасаа илүү өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээр тодорч хүмүүст танигдахыг хүсдэг.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Авлига гэдэг нуухыг авахын тулд хүний эрх гэдэг нүдээ сохлох гээд байна

УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэлээс дараахь тодруулгыг авлаа.

-УИХ Өршөөлийн
хуульд тавьсан хоригийг хүлээж авсан ч эцэслэн шийдэж чадсангүй. Эцсийн шийд
яаж гарахаар байна?

-Одоохондоо
маргаантай түвшинд байна. Эцсийн байдлаар шийдэгдэх хувилбар бүх гишүүдэд
таалагдах хэмжээнд орж ирсэнгүй. Өнөөдөр (өчигдөр) Өршөөлийн хуульд тавьсан
хоригийг хүлээж авсны дараа ажлын хэсэг хуралдахад хоёр санал орж ирсэн. Нэг
саналыг нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргасан нь Ерөнхийлөгчийн тавьсан хориг
буюу Өршөөлийн хуулийн 4.1 болон долдугаар заалт дээр ямар ч өөрчлөлт байхгүй
хэрнээ 9.1.3 дээр өөрчлөлт орохоор байсан. Харин Р.Гончигдорж даргын хувилбар
нь яг хориг тавьсан заалт дээр өөрчлөлт орох бөгөөд 9.1.3 дээр хөдөлгөөн
орохгүй байдлаар орж ирсэн. Энэ хоёр хувилбар хоёулаа учир дутагдалтай байлаа.
Ингээд бид ажлын хэсэг дээр хэсэг маргалдсаны эцэст хориг тавьсан заалтыг нь
өөрчлөх саналыг дэмжсэн. Асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн ч гишүүдээс
гарсан асуултад АТГ-аас хариулт өгөх хүн байгаагүй учраас түр хойшлууллаа.
Маргааш (өнөөдөр)-ийн байнгын хорооны хуралдаанаар гурав дахь санал гарч
ирэхийг үгүйсгэх газаргүй.

-Р.Гончигдорж
даргын санал байнгын хороо, чуулганаар дэмжигдэж батлагдвал Ерөнхийлөгч дахин
хориг тавих юм уу эсвэл асуудал Үндсэн хуулийн Цэц рүү шилжинэ гэж яриад
эхэллээ?

-Өмнөх
Ерөнхийлөгч нар Өршөөлийн хуульд огт хориг тавьж байгаагүйг одоо л ойлгож
байна. Зовлон дунд нь, хэрүүлийг нь сонсоод сууж байхад их аюултай асуудал
болдог юм байна. Ямар асуудал нь хамгийн аюултай байдаг вэ гэвэл хоригоос болж
процесс их сунжирдаг юм байна. Хэлэлцүүлэг сунжирснаар хорихоос суллагдах ёстой
хүмүүс гарч чадахгүй, хууль бусаар хоригдох байдалд хүрдэг юм байна. Өршөөлийн
хууль гэдэг нэг удаагийн үйлчлэлтэй болохоор хэлэлцвэл хурдан батлаад,
баталчихвал хурдан хэрэгжүүлээд явах ёстой гэдгийг бүх гишүүд ярьж байсан.
Саяын хоригийн асуудал нэлээд олон хүний эрхэд хохиролтой туссан асуудал
болчихлоо гэж л харж байгаа.

-Асуудлыг УИХ
шийдлээ ч гэсэн Ерөнхийлөгч дахин хориг тавих, Цэцэд шилжих магадлал өндөр
байна. Тэгэхээр авлига, албан тушаалаас бусад хэргийг өршөөх ажлыг тусгаарлан
хийх боломж хэр байгаа бол?

-Гишүүд гарц,
гаргалгааг хайя гэж байна. Хууль зүйн байнгын хорооноос ажиллах байх.

Өнөөдрийн ажлын
хэсэг дээр яригдсан саналууд чуулганы дараа яаруу сандруу нөхцөлд гарч ирсэн
учраас дутуу дулимаг болж маргаан үүсчихээд байгаа юм. Дараагийн байнгын
хорооны хуралдаан болох хүртэл ажиллах хугацаа байна. Бид хуулийн ард аль болох
хурдан гарахыг хүсч байгаа. Богино хугацаанд шийдэж байж л хүний эрх бага
зөрчигдөнө.

-Авлига, албан
тушаалын хэргийг өршөөх саналыг хэн гаргав, хуульд яаж тусгав гэдгийг олон
нийтэд нээлттэй болго гэдэг асуудал нэлээд явлаа?

-Хүн бүр өөр, өөр
ойлголттой байгаа. Ялангуяа бид бүгдээрээ авлигачид учраас авлига, албан
тушаалын хэргийг хуульд оруулчихсан юм шигээр хар PR нэлээд явсан. Үнэнийг
хэлэхэд 2-3 жилийн өмнөөс л эдийн засаг чинь болохоо байлаа. Татвар төлөгчид
бүгд шоронд, 11 мянган компанийн захирал цагдаа, АТГ-ын атганд байна. Энэ
хүмүүсээ чөлөөлж, гав гинжнээс нь суллаад эдийн засгаа босгооч гэдэг асуудал
яригдсан. Би энэ асуудлыг зөв гэж үзээд дэмжиж байсан. МАН-ынхан ч маш их
шаардсан. Үнэхээр ч эдийн засгаа босгож ирэхийн тулд тодорхой хэмжээний өршөөл зайлшгүй
шаардагдсан. Энэ өршөөлийг хоёр хэлбэрээр үзүүлье гэдэгт УИХ санал нэгдсэн юм.
Нэгдүгээрт нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргаж татвар,
хөрөнгөө ил тод болгох нөхцөлийг бүрдүүлье. Ингэхийн тулд эрүүгийн хариуцлага
хүлээлгэдэггүй болгоё гээд Өршөөлийн хууль руу давхар орсон. Тэгээд зөвхөн
авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлье гээд ярьж байтал өнөөдрийн
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, өнөөгийн АТГ-ын арга барилд тулгуурлаад нэгэн
дүгнэлт гарсан. Тэр нь хэрвээ бид авлигын нэг талыг өршөөчихөөд нөгөө талыг
үлдээвэл өргөн хүрээний хэлмэгдүүлэлт эхлэх магадлалтай. Энд бидний урьдчилан
таамаглаж байгаагүй хүний эрхийн зөрчил ч гарах нь гээд энэ удаа бүхэлд нь
өршөөе гэсэн. Авлигын нэг зүйл заалтыг өршөөх эдийн засгийн сэдэл байсан гэсэн
үг. Харин нөгөө талыг нь өршөөх сэдэл хүний эрхийн асуудлаас гарч ирсэн. Ингэж
л авлигын зүйл заалт руу орсон. Үүнээс өмнө эрүүгийн өршөөлийг яриа ч үгүй
байлаа. Эдийн засгийн өршөөлийг оруулж ирэхэд МАН-ынхан Эрүүгийн өршөөлгүйгээр
наад эдийн засгийн хууль чинь хууль биш. Ямар ч баталгаагүй байна гэж шаардсаар
байгаад л оруулж ирсэн. Тэгээд асуудал ар араасаа ундарч хаана, юунаас эхлэлтэй
байсан бэ гэдгээ марттал улстөржиж, өөр хэрүүл рүү яваад орчихож.

-Хоригийг
тууштай эсэргүүцсэн, санал хураахад эсрэг санал өгсөн гишүүний нэг нь та.
Гэхдээ хоригийг хүлээж авсан аваагүй онцын ялгаа гарахгүй гэсэн тайлбар бий?

-Хүний эрхийн
үүднээс л хоригийг эсэргүүцсэн. Бид хоригийг хүлээж авлаа. Авсныхаа дараа
хуулиа яаж өөрчлөх юм гэх мэтээр процесс сунжирна. Ингэж өдөр хоног алдах тусам
хүмүүсийг илүү хугацаагаар хорих асуудал гарч ирээд байгаа. Энэ өнцгөөс харвал
хоригийг хүлээж авалгүй явах нь илүү хялбар байсан. Гэхдээ миний санал
дэмжигдсэнгүй. Одоо хоригийг хүлээгээд авчихлаа. Тэгсэн ч асуудлыг аль болох хурдан,
хялбар аргаар шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь аль ч Өршөөлийн
хууль хүн бүрт таалагдахаар гарч байгаагүйг санах ёстой. Үе үеийн Өршөөлийн
хуулийг санаачилсан, баталсан хүмүүс нь муу хэл аманд өртдөг. Гэхдээ л төр
өршөөдөг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх сонгогдчихоод Өршөөлийн хууль санаачилж л
байсан. Долдугаар сарын нэгэнтэй холбоотой гэх мэтээр маргаантай олон асуудал
руу орж бусдад загнуулдаг байсан. Каплаг уучилсныг нь одоо ч ярьсаар байгаа.
Гэхдээ энэ нь үнэхээр зөв шийдвэр байсан. Ийм шийдвэрийг гаргаагүй бол Монгол
орон олон улсын тавцанд яллагдсан хэвээрээ үлдэнэ. Монгол Улсаа хар данснаас
гаргаж ялаас гаргах гэж л өршөөсөн байх. Бид яг үүнтэй адил асуудлыг арай өөр
хэлбэрээр хийж байгаа юм. Эдийн засгаа босгож, аж ахуйн нэгжүүдээ дарамтаас
гаргахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан. Гаргах явцад
эрүүгийн Өршөөлийн хууль нэхэгдсэн. Үндсэндээ эрүүгийн Өршөөлийн хууль бол
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хавсралт. Гол хууль нь асуудалгүй
явсан ч хавсралт нь маргаан үүсгээд байна гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчийн
хориг учир дутагдалтай гэсэн үг үү?

-Үүнд асуудал
байгаа юм биш. Хоригийг хүлээж авбал зохиомол хэрэг маш ихээр нэмэгдэнэ. Авлига
өгсөн нь өршөөгдөх учраас өстнөө, энгийн хүмүүсийг “Би түүнд авлига” өгсөн гэж
гүтгэж хэрэгт унагах орчин үүсчих гээд байгаа юм. Одоо ийм байдал бүрдчихлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль боловсронгуй болгож, авсан өгснийг нотолдог
болсны дараа бид авлигын хэрэг дээр шударга шийдвэр гаргаж чадна. Өнөөдөр
байцаагч үзэмжээрээ бүхнийг шийдэж байна. Ийм үзэмжээр авлигын нэг талыг өршөөх
юм бол Лхүмбийн хэрэг давтагдах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс авлига
гэдэг нуухыг авахын тулд хүний эрх гэдэг нүдээ сохлох гээд байна. Аюул ойрхон
байна. Би Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх байсан. Тиймдээ ч өнөөдөр
Ерөнхийлөгчид хүний эрхийн асуудлаар тулж түших, зөвлөх хүн алга уу даа гэж
харж байгаа.

-Ер нь сүүлдээ
хоригийн маргааныг үүсгэсэн гол байгууллага нь АТГ болж таарав уу. Чуулганы үед
гишүүд бүгдээрээ АТГ-ыг шүүмжилж байлаа?

-Тийм. АТГ улс
төрийн хийгээд олон нийтийн шахалт дарамтыг бий болгосон. Энэ хэрэгт манлайлж
оролцсон. Хуулийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх байгууллагууд хуулийг л хэрэгжүүлэх
ёстой. Түүнээс биш төрийн бус байгууллага хийгээд иргэдийн байр суурийг илэрхийлэх
ямар ч эрхгүй. Саяын Өршөөлийн хууль дээр АТГ төрийн бус байгууллагууд,
иргэдийн өмнөөс ажиллаад байх юм. Яг 1937 оны Онц бөгөөд бүрэн эрхт комисс шиг.
Ардчилал 25 жилийнхээ ойн цаг хугацаанд хүний эрхээ намнадаг үр могой
төрүүлмээргүй байгаа юм. Түүнээс биш өөрийнхөө дэмжиж ажиллаж байсан
Ерөнхийлөгчийг ямар ч санал гаргасан хоёр гараа өргөөд дэмжмээр байна.

-Хоригийг
хүлээгээд авчихлаа. Одоо ямар хохирол учрах гээд байгаа юм?

-Хоригийг хүлээж
авах шаардлага байгаагүй юм. Одоо намайг улстөрчдийн хар жагсаалтад орууллаа
гээд жиргээд эхэлсэн. Нээлттэй. Заавал намайг сонгоорой гэж улайрахгүй. Улс
төрд өөрийнхөө шийдвэрээр л орсон.

Гэхдээ би хүний
эрхийн төлөө л улс төрд орсон юм шүү. Алдах зүйлгүй бол гараа өргөөд л дэмжинэ.
Ганцхан энэ шийдвэрийг гаргаснаар бид асар том зүйлээ алдах гээд байгаа учраас
би бачимдаад байна. Бидний алдах, алдчихаад дахин барьж чадахгүй зүйл бол хүний
эрх.

-УИХ-ын 48
гишүүн хүлээж авсан хоригийг ажлын хэсгийн зургаан хүн утгагүй болголоо гэж
байна. Бас Ерөнхийлөгчийн хориг эрх ашгийн зөрчилтэй байсан учраас УИХ
улстөржсөн шийдвэр гаргахаас өөр аргагүй гэсэн яриа тарлаа. Ингэж дүгнэж болох
уу?

-Яг ямар нөлөөлөл
байгааг би мэдэхгүй. Дүгнэхэд Өршөөлийн хууль дээр бид хүнлэг баймаар юм байна.
Яагаад гэвэл төрийн өршөөл гэдэг нэг удаагийн хүнлэг шийдвэр. Бид муу зүйлийг
өршөөж байгаа хэрэг шүү дээ. Бид тэднийгээ одоо болтол сэтгэл санаандаа
өршөөхгүй улам муу болгох гэж зүтгэсээр байх юм бол өршөөл гэж худлаа яриад яах
юм. Ер нь төр өршөөе гээд Өршөөлийн хуулийг гаргаж байгаа л юм бол хүнлэг ёсны
асуудлыг ярих шаардлага зайлшгүй гарна.

Л.Мөнхөө

Categories
мэдээ цаг-үе

Лханаагийн Мөнхтөр: Тэнгэрт одсон багшаа бодохоор алтан намар налайж, ургацын далай халиурах юм даа

Агаарын долгионоор
“Алтан намар” дуу хангинаад ирэхээр л намар хэдийнэ эх нутагт минь айлчилсныг тодхон
мэдэрнэм. Энэ мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ мэдрэх болоод удсан Монголын радиогийн
тоймч, “Ургацын далай” нэвтрүүлгийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө.

-Монгол орны маань
намрын ургацын байдал ямаршуухан байна. “Ургацын далай” нэвтрүүлгийн гол хөтөч маань
сайн мэдэж байгаа даа?

-Монголын газар тариалангийн
салбарт зарим хүний хэлж байгаагаар сүүлийн хориод жилд тохиолдоогүй байгалийн ширүүн
уур амьсгал нөлөөлж, тариа ид боловсрох үед гантай байснаас улсын хэмжээнд ургацынхаа
тавин таван хувийг авах тооцоотой байна. Үрэндээ аваад, хог хаягдлаа тооцоод, гурил
үйлдвэрлэлд нэг зуун мянган тонн улаан буудай л авах болж байна л даа. Энэ жилийн
хувьд агротехнологи, цаг агаарын хүчин зүйлээ тооцоолсон тариаланчид харьцангуй
гайгүй ургац авах төлөвтэй байгаа. Сайн чанарын уриншид тариалсан талбай гайгүй
ургасан. Арван центнер авах газраас долоо найман центнер авах шинжтэй байна. Өнгөрөгч
долоо хоногт газар тариалангийн гол бүс Дархан, Хонгор, Сэлэнгийн Цагааннуур зэрэг
газарт ажил­лаад ирлээ. Харж байхад Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн гаргасан монгол орны хуурай­­­шилттай нөхцөлд тохир­­сон богино болцтой
“Дархан-144” сортыг тарьсан талбайгаас боломжийн ургац авахаар ургасан байна. Ийм
сайн чанарын сортуудыг Мон­голын газар тариалангийн үйлд­вэрлэлд нийлүүлэхгүй бол
болохгүй нь гэдгийг сануул­­сан зүйл болж байгаа юм.

-Үүлийг цаг
тухайд нь буудаж амжаагүйгээс ган боллоо гээд тариаланчид нэлээд бухимдах шиг
болсон. Ган гачиг ч газар тариаланд ёстой л халгаатай эд юм даа?

-Пуужингийн нөөц
нь дуус­сан байсан гэсэн. Буудах нөхцөл нь бүрдээд зургадугаар сарын эхээр бууд­сан
бол хамаагүй нэмэртэй байх байсан. Үүлгүй хоосон тэнгэр рүү буудаад ямар ч
нэмэргүй шүү дээ. Энэ жил техникийн тохиргоог сайн хийхгүй бол болохгүй жил юм.
Удаан, намхан тохиргоонд тааруулж ажиллавал ургасан жаахан буудайгаа боломжийн
авчихмаар янзтай. Будааны чанарын хувьд жин багатай ч цавуулаг сайтай байгаа нь
анзаарагдсан.

-Агаарын долгионоор
“Ургацын далай” дуу яваад ирэхээр нарийн хялганын орой намилзаад ирэх шиг санагддаг.
Таны хувьд намрын тухай ямархан мэдрэмж төрж эхлэх вэ?

-Монголын радиогоор
энх улирал ханхлахад “Таван эрдэнэ” дуу яваад ирэхээр “Хавар эхэллээ” гэсэн мэд­рэмж
төрж, “Ургацын далай” хангинаад эхлэхээр “За намар боллоо доо” гэж монгол хүн бүхэн
ойлгодог. Ингэж л хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Анхны редактор Дэндэв
гуай “Ургацын далай” дууны үгийг бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддорж
гуайг “Оргил” амралтад амарч байхад З.Далхжав гуай­гаар өгч явуулж, нэг шөнийн
дотор дуутай болж байсан нэвтрүүлэг. Зориулсан дуугүй байхад яруу найрагч
Б.Явуухулан, Ц.Гайтав гуай нараар дөрвөн шүлэг зохиолгоод л тухайн үед нь нэвт­рүүлгийнхээ
өмнө уншуу­лаад явдаг байсан байгаа юм.

-Та “Ургацын
далай”-тай амьдралаа холбоод нэлээд удсан байх аа?

-“Ургацын далай” хэмээх
энэ сайхан буянтай нэвтрүүлгийн алтан тоостой микрофоныг Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн, “Монголын радиогийн бүдүүн дуут” хэмээн олон түмэндээ алдаршсан зохиолч,
сэтгүүлч Базарын Цэдэндамбаа багшаасаа хүлээж авснаас хойш хорин гурав дахь намраа
угтаж байна даа. Хори шарайд Базарын Цэдэндамба хэмээх хаа холоос дуу нь
сонсогдох энэ хүнийг нэгэн үе танихгүй монгол нэгээхэн ч үгүй байсан даа гэж
санадаг юм. Ямартаа л Монголын радиогийн “бүдүүн дуут” гэх вэ дээ. Багш маань
тэнгэрийн орноо залраад хоёр ч жил болж байна. Наадмын маргааш намар гэж монголчууд
бид сүрхий онож хэлсэн шиг байгаа юм. Намар айсуй ийм л гэгээн шаргал өдрүүдэд
багшийгаа дурсан санаж, өөрийн эрхгүй содон сайхан дуу хоолойг нь үгүйлдэг дээ.
Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь
явсан энэ хүний дуу хоолой өдийд л радиогоор хүнгэнэж, эх орон даяар намар
болсныг зарлан тунхагладаг байлаа. Энэ бүдүүн дуутай хүний газар дээрх ганц
шавь нь гэж хорь гаруй жил явсандаа би тун их бэлгэшээдэг. Тэр чинээгээрээ энэ
сайхан хүний тухай бусдаас арай илүү мэддэг юм. Мэдээж насаараа үерхэж явсан
үеийнхнийг нь яаж гүйцэхэв. “Ургацын далай” нэвтрүүлэг цацагдаад тавин нэгэн
жил боллоо доо. Тэрний тэн хагасаас илүү жилд нь багш ажилласан байдаг.

-Таны багшийг тариан
талбай дээр очилгүйгээр угаалгын өрөөндөө оёдлын машин тачигнуулж трактор комбайны
дуу чимээ орлуулаад нэвтрүүлгээ хийчихдэг, бичлэгийн аппаратандаа “ховлуулаад” ажлаасаа
халагдсан ч гэх шиг яриа байдаг. Тэр бүхэн нь үнэн юм болов уу?

-Цэдэндамбаа багш
их хошин шогийн мэдрэмж сайтай мундаг зохиолч, том сэтгүүлч, гайхалтай халуун сэтгэлтэй
найрагч байсан даа. “Эзэн Чингис хаан бид хоёр чинь нэг улсын, нэг аймгийн, нэг
сумын, бүр нэг бригадын хоёр шүү дээ” гэх дуу нь одоо ч чихнээ сонсогдох шиг болж
байна. Хэнтий аймгийн Дадал сумын буриад гэсэн үг л дээ. Их хошин ертөнц шүү дээ.
Тиймээс өөрт нь зориулж л найз нөхөд нь ийм сайхан амьд домог зохиож байсан болов
уу. Газар тариалангийн салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, энэ салбарын жинхэнэ
дууч нь байсан даа. Нэг удаа багш халчихаад “Ардын хянан шалгах хорооныхон нисдэг
тэргээр шалгалтаар явж байна. Миний баруун гар талд Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ардын
хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид, зүүн гар талд Сайд нарын зөвлөлийн орлогч
дарга, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Шаравын
Гунгаадорж, дунд нь би. Бид гурав яг л төрийн далбаа шиг юмнууд явж байна” гэж шууд
тайлбарлаж байснаа ярьж байсан юм. Тэр аппаратандаа ховлуулсан гэдэг чинь бас л
бодит зүйл юм билээ. Аппаратнаас хальсыг нь монтажилтал “Муусайн дарга нар ямар
ч ажил хийдэггүй. Мань мэт л зүтгэх юм” гэж бичээстэй байсныг нэг нөхөр алтан хошуу
өргөж, ажлаасаа хүртэл халагдсан байдаг юм.

-Цэдэндамбаа
гуай нэвтрүүлгээ яаж хийж байсан туршлагаа гарынхаа шавьтай хуваалцана биз?

-Багш маань
радиод орчихоод л нэвтрүүлгээ гялалзуулж өгдөг байж. Тэр үед Хөдөө аж ахуйн
редакцийн хариуцлагатай редактор, алдарт сэтгүүлч Мятавын Цагаан байж л дээ.
Багшийн занг арван хуруу шигээ мэднэ. Жаахан тааруухан нэвтрүүлэг хийчихээрээ
андашгүй гэнэ л дээ. “За, Цагаан дарга аа, алаад өгсөн дөө” гээд л текстээ
ширээн дээр нь тавьдаг гэж байгаа. Сайн нэвтрүүлэг хийчихвэл чимээгүйхэн тавиад
л гардаг байж. Нэг удаа “Алаад өгсөн дөө” гэсэн тодотголтой нэвтрүүлгийнх нь
текстийг уншаад “За Дамбаа ах аа, та ийм ч юм бичих гэж дээ” гээд текстийг
өгтөл багш маань “Харин тийм ээ, амиа хорломоор текст” гэнгүүт урж хогийн сав
руу шидчихээд дахиад л бичгийн машинаараа тачигнуулж өгсөн гэж байгаа. Ийм л
сонин сайхан хууч дүүрэн хүн бол багш маань юм даа. Багш “Ургацын далай”
нэвтрүүлгийн томилолтоор Дорнод аймагт оччихоод дарга нартай нь уулзаж хадлан
өвс бэлтгэх ажлын явцын талаар асууж тодруулжээ. Дарга нар нь баахан хүснэгт
төлөвлөгөө дэлгээд л ярьж өгч. Маргааш нь багш радиогоор “Дорнодынхон
харандаагар хадлан хадаад л сууж байна” гээд ярьсан гэж байгаа. Иймэрхүү цэц
онч, дүр дүрслэл зохиол бүтээлээс нь олоход төвөггүй шүү. Харьцуулал зүйрлэл,
егөөдөл ёжлол дүүрэн түүний бичсэн зүйлийг нэрлээд байвал зөндөө зөндөө.
Үнэхээр л адтай зүйрлэгч дүрслэгч нэгэн л дээ. “Алтан хоргойн өөдөс шиг алаг цоохор
эрвээхий ангас ангас дэвнэ” ч гэх юм уу, “тэнгэрт дүүжлээстэй юм шиг тэр
хөөрхөн болжмор” гээд уншихад мөн ч урамтай сан.

-Алтан намрын
эл сайхан хонгор шаргал өдрүүд аргагүй л багштай чинь холбогдож сэтгэлийг чинь
хөглөдөг юм байна даа?

-Багшийн маань
тухай амтай бүхэн л дурсан ярина. Яруу найрагч Данзангийн Нямаа нэгэн
ярилцлагадаа “Гайхалтай, бадрангуй яруу найрагч. Шүлгийг нь багаасаа л уншдаг
байлаа. Дайчин, давшингуй, сэтгэл хөдлөлтэй хүн. Цаанаасаа л, бурханаас тэр
хүнийг радиогийн сэтгүүлч болгож төрүүлсэн гэмээр. Яриаг нь сонсохоор жигтэйхэн
гоё дүрсэлж ярьдаг хэрнээ бичсэн нь ярьдаг шиг нь сэтгэлд буудаггүй” гэсэн.
Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай багшийн дотно хүмүүсийн нэг байсан.
Тэр нэг удаа “Зохиолчид золигийн улс л даа. Бие биеийнхээ тухай хошин яриа
хөөрөө гаргадаг. Тэр нь заавал нэг учиртай. Дүртэй байснаас биш нэг нэгийгээ
доромжилсон, давхар санаа агуулсан зүйл байхгүй ээ. Ухаан нь зохиолчдыг нохой
болгосон онигоо бий. Тэнд янз янзын нохой гардаг. Зарим нохой Удвал даргын өмнө
дээш харан унаж эрхэлж, зарим нь хэзээ хуцахаа даргаасаа асууж байдаг. Базарын
Цэдэндамба мундаг улаан шар овчарк болчихсон, дээгүүрээ нисэж өнгөрсөн “АН-2”
онгоцны сүүдэртэй хөөцөлдөж, сүүдэр нь туссан газрыг шороотой нь үмхэн авч,
сэгсчиж байгаагаар гардаг. Зохиолчдыг зуух болгосон удаа бас бий. Манай Дамбаа
бас л лут гарна даа. Зуухны бөөр улаан болчихсон, хүнгэнээд л байдаг, тэгсэн
мөртлөө дээрх цай нь ер буцалдаггүй зуух гэж гардаг шиг билээ, манай Дамбаа аа
чинь” гэж дурссан удаатай. Ийм сайхан амттай яриа дурсамж багшийн маань эргэн
тойронд цагийн мөнхөд бүчиж байсан даа. Багш маань Соёлын гавьяат зүтгэлтэн
алдар цолыг хүртээд ярилцлага өгөхдөө “Монголын радиог сонсоогүй чих байхгүй”
гэсэн юм. Энэ бол радиог дээш нь суга татсан реклам юм даа.

-Сайн хүний
тухай дурсамж аяндаа хөврөх юм даа. Та багшийгаа нутагт нь нэг аваачсан гэл үү?

-Балжийн голын
эрэг хөвөө, Ламын хөхүүртийн өвөлжөө бол Цэдэндамбаа багшийн төрсөн тоонот нь.
Ламын хөхүүрт гэдэг нь өвөрмөц сонин домогтой л доо. Нэг лам хөхүүртэй айраг ганзагалж
даваа хөтөл давах гээд унаа морь нь эцэж хөхүүртэй айргаа модонд өлгөж
үлдээгээд явсан гэх юм билээ. Үүнээс хойш тэр газрыг нь Ламын хөхүүрт гэх
болсон домогтой. Хэдэн жилийн өмнө цагаан сарын өмнөхөн багшийгаа нутагт нь
очуулах, төрсөн гэрийн буурин дээр нь аваачих гээд зүтгэлээ. Цас шуурга болсон
цавцайсан цагаан хангай юм. Их сүрлэг. Дадалын төвөөс багшийн маань танил
Чимиддоржтон хэмээх өвгөн буриад газарчлан Балжийн гол тийш явлаа. Сумаас гуч
орчим километр явж хүрэх юм. Багш маань төрсөн буурин дээрээ ирээд их л
сүсэглэн залбирч, “Энэ чинь Ганц улиас, тэр чинь Ламын хөхүүрт шүү дээ” гэж нүд
нь сэргээд ярьж байсан. Тэгээд буцахдаа,

“Эх болсон
тоонот минь ээ

Ижий болсон
газар шороо минь ээ

Зуны аагимд
сэрүүцэж суусан ганц улиас минь

Зудалж үзээгүй
их сайхан хангай дэлхий минь

Эцэг минь энд
ходоог тэрэг дархалж байлаа

Эжий минь энд
мойлтой тос хутгаж байлаа

Эргэж ирж
чадахгүй ээ, нутаг минь

Элбэрэл бүхэн
чинь надтай хамт шүү…”

гээд нулимсаа урсган сөхөрч байсан даа. Энэ мөрүүд багшийн минь цээжнээс урсан
гарч хоолой нь зангиран хэлсэн тэр цагаас хойш үнэхээр нутагтаа явж амжаагүй.
Зөн совингоороо мэдэж л байсан юм байлгүй
дээ. Багш маань нутаг очоод буцах замдаа “Мөнхтөр өө, багш нь мөн ч их
баярлаж байна даа. Хөдсөн дээл хөмөн гутлынхаа мөрийг гаргасан газартаа ирээд
сэтгэл их хөдөллөө. Түүх яримаар санагдлаа 1915 оны гантай зун аав ээж маань
хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин
нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг.
Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос
хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд
Ононы Балж Галттай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн Хорь буриад хүн.
Манайх дөчөөд оны үед хоёр мянгаад хонь, хоёр зуу гаруй үхэр, хоёр азарга адуу,
дөчин хоёр тэмээтэй лут айл болсон байлаа. Нутгийн хөгшчүүд Чингис хааныг
буриад анчдын задгай гал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум
хийж сур харваж явсан гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн болохоор
бардам сайхан л амьдарч явна даа. Ан хийж баавгайнаас бусдыг нь унагаж явлаа.
Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч,
Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд
мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн
насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа мал дагана гэж л боддог байлаа.
Гэвч Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн” гэж дурсамжийн богцоо задалж
байсан даа. Миний багш ийм л хүн байсан юм.

-“Ургацын
далай” хангинасан энэ өдрүүдэд Базарын Цэдэндамба хэмээх тэр том найрагчийн
уран бүтээлийг дурдахгүй өнгөрвөл алдас болох мэт санагдлаа?

-Өөрийнх нь
хэлснээр бол Монголын бүдүүн хоолойтой бүхэн дуулсан “Монголын сайхан орон” дуу
нь байна.

“Эрээлжлэн
эрээлжлэн харагдамтгай

Элгэн сэнхэр
нютаг минь

Эцэг эхээс
заяатай

Эх сайхан
Монгол минь”
. Энэ дуу
үнэхээр л сэтгэл зүрхнээс нь урсан гарсан юм шиг сайхан дуу. Багш маань
дуунуудаа ер тоохгүй. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан
орон” л гэнэ. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн дуу шүү дээ. Үүнийгээ
гурван буриадын дуу л гэнэ. Түүний бичсэн “Ятгын эгшиг”, “Монголын сайхан
орон”, “Улаалзай”, “Алтан намар”, “Хонгор нутгийн жороо”, “Хангайн дуу”, “Эх
орон”, “Сарлагчин”, “Говь хангайн цэнхэр орон”, “Барилгачин хүүхнүүдийн дуу”
зэрэг олон дууг нь уншигч олон сайн мэднэ дээ. Тэнгэрийн оронд заларсан бүдүүн
дуут багшаа бодохоор алтан намар аяндаа налайж, ургацын далай халиурах шиг
болох юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш өссөн нь эх орончид олширсны шагнал

Ам.долларын ханш дахиад л 2000 төгрөг давчихлаа. Дэлхийн эдийн засаг
угаасаа хэцүүдчихсэн, барууныхан хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалтаа татаж
байгаа юм чинь аргагүй шүү дээ гэх мэт
тайлбар хэлж болно л доо. Ер нь бол тийм. Гэхдээ долларын ханш өсөхөөс
аргагүй өөр нэг шалтгаан бий. Сүүлийн
хэдэн жил гадаадын хөрөнгө оруулалтыг адалж хийрхсэний гор өнөөдөр гарч байна.
Яг нарийндаа эх орончид олширсны шагналыг ард түмэн нуруундаа үүрээд явж байна.
Доллар өсөх хэрээр авдаг хэдэн төгрөгийнх нь үнэ цэнэ буурах нь тодорхой. Өмнө
нь сарын хүнсний хэрэглээгээ зуун мянган төгрөгөөр бэлддэг байсан айл одоо бол
хүнсэндээ 150 мянган төгрөг зарахаас наашгүй болчихож байгаа юм. Сүүлийн үеийн
судалгаагаар ядуурлын хувь өндөр гараад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Эх
орончид Оюу толгойгоо “Рио”-д өгөхгүй, Таван толгойгоо Хятад, Япончуудад
алдахгүй, гадаадын хөрөнгө оруулагчид шиг муухай амьтад байхгүй, бид өөрсдөө
бүхнийг чадна гэж цээжээ дэлдсээр байгаад гаднаас орж ирэх долларын урсгалыг
тасалчихсан. Одоо тэд Монголыг итгэж ядсан харцаар харж байна. Заримынх нь
итгэл бүр алдарчихсан. Мяньмараас эхлээд Монгол шиг баялагтай, хөгжиж буй
орнууд “Бид ийм таатай орчин амлая. Манай улсад тавтай морил” гээд байхад тэнэг
л биш бол ямар ч хөрөнгө оруулагч оруулсан доллараа атгаад тийшээ зүглэх нь
ойлгомжтой. Тэд Монголоос доллараа татаад эхэлчихсэн. Гэхдээ нэг нь ч оруулсан
доллараа бүтнээр нь авч чадахгүй
алдагдал хүлээж байгааг саяхан болсон “Дисковер Монголиа” –гийн үеэр судлаачид
иш татан ярина лээ.

Харамсмаар нэг үнэн бий. Доллар улс төрийн зэвсэг болчихсныг сүүлийн үед
өрнөж байгаа үйл явдлууд бэлхнээ хэлээд
өгч байна. Засгаас МАН гарна гэсэн өдөр
долларын ханш өсчихөж байгаа юм. Цаад зорилго нь тодорхой. АН-аас
болж доллар өслөө, засгаас зарим сайд нараа гаргаагүй бол юу гэж ийм юм
болох вэ гэсэн мэссэжийг нийгэмд өгөхийн тулд МАН-ын доллартай нөхдүүд зах
зээлийг удирдсан хэрэг. Эсрэгээрээ засагт МАН нэгдэнэ гэсэн өдөр ам.долларын
ханш унасныг бид бултаараа харсан. Одоо сөрөг хүчин доллар өсөөсэй гэж залбирч
суугаа. Өсөхөд нь дэм болоод явж байгаа. Доллар өсөх хэрээр МАН-ын онилоод буй
АН хохирдог бол хамаа алга. Хохирч байгаа нь жирийн иргэд гэдэгт л хамаг учир
байгаа юм. Уг нь сөрөг хүчнийхэн
иргэдийг төлөөлж тэдний төлөө
ажиллах гэж УИХ-д сонгогдсон. Тэд иргэдийн
халаасан дахь хэдэн төгрөгийг цаас болгохгүйн төлөө, долларын ханшийг барихын
төлөө ажиллах үүрэгтэй.

Өдрөөс өдөрт ханш нь чангарч буй долларын галзуурлыг барих бодитой
ганцхан арга бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л ноён ногоон номхорно.
Энгийн хэн ч ойлгохоор гаргалгаа. Бид ямар доллар үйлдвэрлэх биш, доллартай
хүмүүс л мөнгөө атгаад орж ирвэл төгрөг чангарна. Авдаг хэдэн бор төгрөгийн
маань ханш өсч, амьжиргаанд хүрэлцэхүйц болно. Эдийн засаг өснө. Бүтээн
байгуулалт өрнөнө. Цахилгаан станц, үйлдвэрийн том төслүүд хэрэгжих боломж
нээгдэнэ. Доллартай болж байж л бид хүчирхэгжинэ. Тэгэхээр эх орончид, засагт
багтаагүйдээ шаралхсан намынхан, засаг барьж байгаа нь гээд ялгаагүй бүгдээрээ
гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажиллах учиртай. Гадаадын хөрөнгө
оруулагчид хадны мангаа биш ажлын байр бий болгодог баялаг бүтээгчид гэж
сэтгэж ажиллахгүй бол ам.доллар өндрөө
авсан хэвээр байна. Үр дүн нь тодорхой.
Иргэд туйлдана, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Болдбаатар: Европын сурах бичгүүдэд саяхныг болтол Хубилай хааны хурц ухааныг магтсан шүлэг байсан

Өнөө жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байна. Энэ их хааны талаар түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

Хубилай хааны дэлхийд үлдээсэн өвөөс ярилцлагаа эхэлье?

-Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хэд хэдэн зүтгэлтнүүд байдаг. Тэр дотроо Монголын хаадын түүхэнд дэлхийн хэмжээний хэмээн алдаршсан хоёр агуу их хүн төрсөн. Эхнийх нь Чингис хаан удаах нь түүний ач хүү Хубилай юм. Хүн хичнээн оюун ухаантай байлаа ч оюун ухаанд нь эерэг сөрөг цэнэг хуримтлагдсан байдаг. Түүний аль нь давуу байна вэ гэдгээр төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гавьяаг үнэлдэг. Мэдээж төрийн зүтгэлтэн гээд огт алддаггүй, бурхан багш шиг өө сэвгүй байдаггүй л дээ. Хубилай хаан одоогийн ярьж байгаагаар бол дэлхийн хэмжээний менежмэнт хийж чадсан хүн.

Тодруулбал?

-Гайхамшигтай төрөлх ухаан, авьяас билиг, өргөн боловсрол, өгөөмөр сэтгэлээрээ алдартай. Дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг нь хураангуйлан ярьж л болно. Дорно дахины эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан гэж үздэг. Монголын төрийн зүтгэлтнээс төр ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг байр эзлэх хүн нэг ч гараагүй. Мөн өнөөгийн нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан гэж үзэж болно. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавьяатай хүн юм.

Өнөөдөр энэ Торгоны замын асуудлыг онцгой шинэ байрнаас тавьж байна шүү дээ. Хятадын удирдагч Си Жиньпин бол өнөөгийн торгоны агаарын зам, торгоны төмөр зам, торгоны автозам гээд маш өргөн хэмжээгээр энэ асуудлыг авч үзэж Европ Азийг холбосон худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг тавьж байгаа. Энэ үндсийг анх Хубилай хаан тавьсан түүхтэй. Дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан. Цаасан мөнгө Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Л.Түдэв гуай “долларыг маршал мөнгө” гэж хэлсэн шүү дээ. Түүн шиг тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө яг өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ. Мөн дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих их суурийг тавьсан хүн. Том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан хүн Хубилай хаан байсан.

Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлснийг нь шүүмжлэх нь бий?

-Хуучин тогтолцооны үед бол Монголын төвийг Бээжинд шилжүүлсэн, Монголын түүхэнд сөрөг үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг байсан. Гэтэл Юань улс 100 гаруй жил оршин тогтносон юм шүү дээ. Тэгэхээр мэдээж Хархорумаас дорно дахины хэмжээний улсыг удирдах боломж байгаагүй. Урагшаа асар их нутаг, цөлийг давах болно. Тэр үед одоо шиг шуудан харилцаа гэж байгаагүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдах ёстой гэж үзсэн. Цагаан хэрмийн цаана Бээжин байгаа шүү дээ. Наана нь байгаа Шанду бол Өвөрмонголын нутаг юм. Үүнийг дээд нийслэл гэдэг байсан. Зун цагт Шандундаа ирдэг байж л дээ. Өвөл Бээжинд байдаг байсан. Үндсэндээ Монголоо хөсөр хаясан биш харин ч дорно дахиныг бүхэлд нь захирч байсан хүн. Их засаг хуулийн үзэл санаа зарчмыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан түшмэл томилж түүний дагуу тухайн нийгмийн харилцаа нөхцөл байдлыг тусгасан арав гаруй хуулийг шинэчлэн тогтоосон ийм төрийн тэргүүн. Хаан ширээ залгамжлах хөвгүүнийг заавал Монголд төрөлх нутагтаа боловсруулан өргөмжлөх ёсыг журамласан байдаг. Хубилай хааны дараа эхэн үед заавал төрөлх нутаг Хархорумаар дамжуулж байж эзэн хаан өргөмжлөх байдал байсан шүү дээ.

Дүү Аригбөхтэйгөө хаан ширээний төлөө тулалдсан байдаг. Яг хэн нь хаан болох ёстой байсан хэрэг бол?

-Хубилай хааныг хууль бус хаан ширээнд заларсан гэдэг. Гэвч энэ нь үндэслэл муутай. Мөнх хаан дүү Хубилайдаа цэрэг өгч Сүн улсыг байлдан дагуулахаар явуулсан. Сүн улсыг эзэлж аваад байсан 1259 оны наймдугаар сард Мөнх хааныг тэнгэрт хальсныг мэдсэн байдаг. Их хуралдайд орж гол асуудлыг шийддэг жанжид ноёд нь Сүн улсыг эзлэхээр явсан байсан үе. Ингээд 1260 оны тав болон зургадугаар сарын заагаар Аригбөх Хархорумд их хуралдайг хуралдуулааад өөрийгөө Монголын их хаан гэж зарласан байдаг юм. Хубилай хаан Шандуд хүрч ирээд Кайпин хотод мөн өөрийгөө Монголын хаан гэж зарласан байдаг. Ихэнх жанжид ноёд Хубилайтай цуг явсан болохоор Аригбөхийн хуралдай үндэслэлгүй гэсэн үг. Гэхдээ энэ хоёрын хооронд асуудал байсан ч эцсийн эцэст тулалдаж Хубилайн ялалтаар төгссөн. Тухайн цагийн тоглоомын дүрэм нь тийм. Нэг ёсондоо улс төрийн өрсөлдөөн тэгж л явагддаг байсан хэрэг. Уг өрсөлдөөнд Хубилай хаан ялж их хаан болсон. Үүнийг тэгж нөгөө тал руу гуйвуулах шаардлагагүй.

Газар нутгаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарч байжээ дээ?

-Хубилай хааны том гавьяа бол эхэн үедээ өрнө дорныг бүхэлд нь хамарсан Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улсыг бүхэлд нь гартаа барьж байсан. Түүний дээр нутаг дэвсгэрээ өргөжүүлсэн шүү дээ. Өвөг Чингис хааныхаа бодлогыг маш тууштай үргэлжлүүлсэн. Жишээ нь байлдан эзэлсэн орныхоо шашин суртлыг хүлээн зөвшөөрч байсан. Ромын пап ламтай хүртэл харилцаж байсан. Түүнчлэн католик шашны лам нарыг Бээжинд урьж уулзаж шашных нь үйл ажиллагааг хангаж л байсан байгаа юм. Энэ бүхэн чинь асар том монгол хүлцэл юм даа. Их тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг энэ чанар нь дэлхийг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн.

Монголчуудын олон шашин хүлээн зөвшөөрдөг энэ байдлыг бөө мөргөлтэй холбож тайлбарлах нь бий. Хүн бүр эцэг, өвгөдийнхөө сүнсийг шүтдэг болохоор бусдад хүндэтгэлтэй ханддаг гэж?

-Монгол хүлцэл бол монгол хүний төрөлх чанар. Тэрнээс аль нэг шашинтай холбоогүй. Аль эрт монголчууд юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаж, тунгааж бодож, олон ургальч үзлийн голч тэнхлэгийг олж байсан учраас дэлхий дахиныг гартаа оруулсан байгаа юм. Нэг зүйлдээ туйлшрах ёсгүй. Ер нь туйлширсан хүн агуу байдаггүй юм. Харин туйлшрал нөгөө хоёрын дундах тэр орон зайг нөхөж чадсан хүн ухаалаг байдаг. Тэр ухааныг эзэмшиж Монгол хүлцэмжийг эзэмшсэн хэрэг.

Хубилай хааны бага болон идэр насны талаарх мэдээлэл хэр байдаг бол?

-1219 онд Чингис хаан Дундад Ази руу дайрах үед Хубилай хаан таван настай байжээ. Тэгээд Чингис хаан буцаж ирэхэд Хубилай хаан 11 настай болсон байдаг. Тийм атлаа нум сумаар хэд хэдэн удаа ан агнаж өвөг эцгийгээ ангийн махаар дайлан угтаж байсан гэдэг. Сэргэлэн, сайн дайчин болох шинжийг Чингис хаан таашаан хүлээн авч ач хүүгээ цааш нь их хаан болгохоор бэлтгэсэн байх. Дорно дахины амьдралтай танилцуулна гэдэг Чингис хааны холын бодол байсан байгаа шүү дээ. Ер нь бол дорно дахиныг судалсан хүн хаадын дотор байж дорно дахиныг гартаа оруулна гэдгийг олж харсан. Иймээс Бээжинд боловсрол олгосон. Энэ бол энгийн санамсаргүй тохиолдол биш. Хятадын тэр нөхцөл байдлыг ойлгуулж байна гэдэг алсын бодлоготой холбоотой. Хубилай хаан одон орон, математикийн ухаанд гарамгай, их сонирхдог хүн байсан. Одон орныг маш их дэмжсэн. Хубилай хааныг байхад дундад Ази болон Хятадад одон орны том төвүүд байгуулагдсан байдаг.

Мөн улсын хөвгүүдийн сургуулийг байгуулсан. Үүнийг Германы нэрт монголч эрдэмтэн “Билгийн далай буюу эзэн хааны академи” гэж нэрлэсэн. Түүнчлэн дорно дахинд нээгдсэн анхны сургууль юм. Тэгж боловсрол олгож байсан. Мөн Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолголоо. Гэхдээ эзэнт гүрний хэмжээнд дэлгэрч чадаагүй. Судар бичгийн хүрээлэн байгуулсан. Монголын түүхийн нэрт эрдэмтэн Тогтох Юань улсын түүхийг судалж түүхийн хэдэн боть ном гаргаж байсан. Тэгэхээр өнгөрснийг хөөж өнөөдрийг дүгнэж, ирээдүйг төлөвлөх нь бурхан ухаан гэж үзэж байсан. Тиймээс түүхийг судалж, сургамж авч байж урагшилна гэдгийг мэддэг хүн байж. Түүнчлэн Хубилай хааны ордонд 360 гаруй хүнтэй хөгжмийн оркеструуд, бүжгийн том чуулга ажиллаж байсан. Төрийн шинжтэй уртын дуу маягийн Өвөрмонголчууд дуулдаг цоор дууг сонсдог байжээ. Хубилай хааны ордон урлагийн том тайз байсан гэсэн үг. Гоо сайхны мэдрэмжийг ойлгож чаддаг байсан хүн гэдэг нь олон зүйлээр батлагдаж байгаа юм.

Усан флот байгуулахад нэлээд анхаарч байсан гэдэг?

-Усан флот байгуулахдаа далайн орнуудаар явсан хүмүүсийг их дайчилсан. Усан флотыг байгуулаад армийнхаа нэг чиглэл болгосон шүү дээ. Ингээд Япон руу хэд хэдэн удаа довтолж байсан. Гэвч далайн шуурганаас шалтгаалаад амжилт олоогүй. Одоо Япончууд хоёр хөлөг онгоцыг нь малтаж гаргаад музей байгуулчихсан байна. Харин хоёр дахь довтолгооноор далайн эрэг дээр цөөн хэдэн хүмүүс гарсан байсан гэдэг. Тэгээд цөөхөн хүн гарсан учир Японыг өөрийн хараат болгож чадаагүй л дээ.

Усан флотоор хол аялж болох юм байна гэдгийг Хубилай хаан мэдээд өөрийн онгоцуудаа Номхон далай руу явуулж байжээ. Түүнчлэн усан флотоор хол аялж болдог гэдгийг дэлхий дахинд ойлгуулсан хүмүүс бол Хубилай хааны усан цэргүүд юм.

Улсынхаа хүн амыг дөрвөн ангилалд хуваадаг байжээ. Энэ нь ямар учиртай вэ?

-Эзэнт гүрний хүн амыг дөрвөн зэрэгт хувааж байсан юм. Эхний дээд зэрэглэлийн хүн бол монгол хүн, хоёрдугаар хэсэгт дундад Ази гаралтай Китан, Уйгар зэрэг буюу шар шүдтэн гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт хойд Хятадын хүн. Дөрөвдүгээрт нанхиад гэж ярьдаг өмнөд Сүн улсын хүн гэж зэрэглэж ангилсан юм. Хуулийн хувьд бас энэ ангиллаа хатуу тусгаж байсан гэдэг. Тэгж ангилж байж зуун сая хүн амтай Хятадыг нэг сая орчим монголчууд захирна шүү дээ.

Ангилал дээгүүр хүн илүү давуу эрх эдэлнэ биз?

-Тэгнэ. Юань улсын нэвтэрхий толь бичигт хэд хэдэн хууль бий. Тухайлбал, монгол хүн шоронд суувал улсаас хоол ундыг нь гаргана. Монгол хүний нүүрэнд шивээс хийж болохгүй. Харин хятад хүн шоронд суувал гэрээс нь хоол ундыг гаргуулна. Хятад хүний нүүрэн дээр шивээс хийж болно. Түүнчлэн хятад хүн биедээ зэвсэг авч явж болохгүй. Тэр бүү хэл бор шувуу харвах чавхтай ч байж болохгүй. Олноороо цугларахыг хориглосон байдаг. Мөн тухайн цагт хүний худалдаа байжээ. Гэвч монгол хүнийг гадагш нь худалдсан бол хамгийн дээд зэргийн хууль зөрчигч гэж үздэг байсан байгаа юм. Боолын худалдаанд монгол хүнийг худалдаж болохгүй гэсэн үг. Эргэн тойрны хараат улс орны хүн ам нийлээд олон зуун сая болчихно шүү дээ. Тиймээс л ийм арга хэмжээ авч байж. Хятад хүнээр засаг захиргааны нэгжийг толгойлуулахгүй байсан гэдэг. Олон засаг захиргааны нэгж дотор орлогчийн зиндаанд цөөхөн хятад хүнийг тавьж байсан. Ер нь хятад хүн хамгийн томдоо л зуун айл, тавин айлын дарга болон гацааны дарга болж байсан.

Хубилай хааныг хувь хүн талаас нь дүрсэлсэн мэдээлэл үлдсэн байдаг уу?

-Марко Поло Хубилай хааныг намхан ч биш, өндөр ч биш, царай зүс түвшин сайхан, маш ухаалаг хүн байсан. Гэхдээ насныхаа сүүл рүү жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул ухаантай. Юмыг алс хол харж чаддаг, ер нь бол төвшин хүн гэж бичжээ. Мөн нэг зүйл сонирхуулахад саяхныг хүртэл Европын сурах бичгүүд дээр Хубилай хаан гэдэг шүлэг эртнээс байсан. Намайг Бельгийн нэг сургуульд лекц уншаад явж байхдаа лицейн хүүхдүүдтэй уулзахад нэг хүүхэд надад уншиж өгч байлаа. Би ямар утгатай вэ гэж орчуулагчаар дамжуулж асуусан л даа. Тэгэхэд Хубилай хааны ухаан хурц, цэцэн цэлмэг, алсын харааг нь магтсан шүлэг байна гэж хэлсэн.

Хэдэн хатан, хүүхэдтэй байсан бол?

-Монголын хаад албан ёсны дөрвөн том хатантай байсан. Хубилай хаан ч мөн адил. Тэгээд татвар эм байна. Татвар эмээс эрэгтэй хүүхэд гарвал дагавар хатан болж дэвшиж байсан. Эрэгтэй хүүхэд гарахгүй бол татвар эм хэвээрээ байдаг. Олон хатантай байсан байх. Учир нь Хубилай хаан 25 хүүтэй байжээ. Хорин таван хүү нь муж, том хотын дарга нар байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголын хаадаас хамгийн олон хүүтэй нь Зүчи хаан гэдэг. Зүчи хаан 116 хүүтэй байсан. Дандаа хүүг нь хэлж байгаа шүү дээ. Цаана нь тэр дайны охин байж таарах нь.

Ж.БАЯРСАЙХАН

Н.НОМИН

Categories
мэдээ цаг-үе

Франц үнээнээс өдөрт 30 литр сүү саадаг

Яг хоёр жилийн өмнө манай улс “Монбелъярд” үүлдрийн үхэртэй болж байлаа. Ирснээс нь хойш 14 хоногийн дараа очиход карентинд байсан бөгөөд өдөр бүр усанд оруулдаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байсан. Бүгд чихэндээ таних тэмдэг зүүсэн байх бөгөөд “Лимузин”, “Мерседес”, “Женари”, “Галакси” гэсэн нэртэй байв. Францад төрж, өсөөд манайд ирж байгаа болохоор монгол хэл мэдэхгүй. Хүлээж авсан “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан эхэндээ хэл нэвтрэлцэх гэж сүрхий юм болдог байж. Хөж хөж гэхээр урагшаа ганц ч алхахгүй. Өөв өөв гэж дуудаад ч ирэхгүй болохоор нь франц мэргэжилтнээс зөвлөгөө авч хөж хөж гэхийг то-то то-то гэдгийг мэдэж авчээ. Бас өглөө бүр 07 цагт өвс тавьж өгөхдөө үхэртэйгээ ярилцаж байхыг зөвлөжээ. Тэр цагаас хойш Монголд хоёр жил болох хугацаандаа тун сайхан идээшсэн байна. Энд ирснээс нь хойш төрсөн тугалуудад франц биш монгол нэр өгчээ. Бухнууд л гэхэд “Манлай”, “Түрүүч”, “Хасар”, “Хангал”, “Мянгуудай” гэсэн гоё нэртэй болчихож. Цаашлаад шинээр төрсөн тугалд 21 аймгийн нэр өгөөд дуусчихаар нь сумын нэр рүү оржээ. “Сайхан”, “Булган”, “Мөрөн”, “Эрдэнэ” зэрэг уул ус, аймаг сумын нэр өгчээ. Анх очиж байхад гадны хүн ойртуулахгүй, битүү хашаан дотор байсан бөгөөд өвсөө оросоос авчруулан иддэг эрх амьтад байв. Харин өнгөрсөн долоо хоногт очиход фермийнхээ зэргэлдээх тариан талбайд бэлчиж байлаа. Гэхдээ тэр хавь руу гадны хүн ойртож боломгүй торон хашаа татсан байв. Ферм дээр очвол тэжээлийн технологич Р.Батсүрэн угтаж авч байна. Гал тогоо руу дагуулж ороод шинэхэн уургаар дайллаа. “Үнээнүүд маань ойрд тугаллаж байна. Урьд шөнө л гэхэд бүл нэмсэн” гэв. Эндхийн хүмүүс хэрэгцээндээ зориулж үнээнийхээ сүүнээс авч үлддэг ажээ. Үүдний өрөөнд сүү хөөрүүлж өрөм загсаасан байв. Гал тогоонд ажиллаж буй хүмүүс “Монгол үнээний сүүг бодвол харьцангуй тослог ихтэй” гэж магтах ажээ.

Франц үнээнүүд Монголд ирэхдээ хээлтэй байжээ. Одоогоор хоёр дахь төлөө авч байгаа юм байна. Монголд идээшиж, дасан зохицох бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдсэн болохоор дараагийн 150 үнээгээ өнгөрсөн оны долдугаар сард оруулж иржээ. Ингээд нийт 300 саалийн үнээ, таван бухтай эрчимжсэн мал аж ахуйн фермийнхээ үйл ажиллагааг жигдрүүлжээ. Анх ирэхдээ хээлтэй байсан үнээнүүд үр төлөө өгч эхэлснээр өдгөө тугал, бяруутайгаа нийлсэн 620 толгой малтай болчихож. Зарим нь гурав дахь хээлээ тээж байгаа бөгөөд өвлөөс тугаллаж эхлэх юм байна. Тэгэхээр ирэх хавар гэхэд мянгаад үхэртэй болох төлөвтэй байгаа гэсэн. Түүгээр ч үл барам эхийнхээ гэдсэнд байхдаа Монголд ирсэн тугалууд ирэх хавраас үр төлөө өгч эхлэх юм байна. Тэр үед 400 үнээг тусад нь салгаад жижиг ферм байгуулах бөгөөд хэтдээ гуч, гучин үнээтэй фермтэй болохоор төлөвлөж байгаа юм байна.

“Монбелъярд” үүлдрийн үнээг оруулж ирэхдээ мах, сүүний чиглэлээр ашиглахыг зорьж байжээ. Одоогийн байдлаар зөвхөн сүүг нь сааж байгаа юм байна. Махны чиглэлээр ашиглая гэхээр анхны төлүүд нь одооноос л таваарын хэрэгцээний насанд хүрч байгаа буюу 18-24 сартай болж байгаа гэнэ. Ямар ч байсан монгол үхэртэй харьцуулахад жин ихтэй болохоор махны гарц сайн байх нь гарцаагүй. Гэхдээ одоогийн байдлаар үхрээ нядлан махны чиглэлээр ашиглах болоогүй байгаа юм байна. Нэгдүгээрт, яг ийм махны чиглэлийн үхрийг ялгаж чадах зах зээл хараахан хөгжөөгүй байгаа гэсэн. Учир нь өөх багатай, алагласан махтай махыг “Монбелъярд” үүлдрийнх мөн эсэхийг мэдэх хүн ховор. Тэгэхээр лангууны ард тавиад борлуулахаар махаа таньж авах хэрэглэгч одоохондоо байхгүй гэж болохоор гэнэ. Харин ганц нэг ресторанд туршилтын журмаар мах нийлүүлж буй ажээ. Цаашдаа махаа боловсруулж худалдаанд гаргах уу, үнээнийхээ сүүгээр тараг, бяслаг хийх үү зэрэг олон санаа байгаа бөгөөд одоогоор бизнесийн судалгааныхаа түвшинд явж байгаа юм байна. Харин Хөдөө, аж ахуйн яам болон зарим нэг хувь хүний захиалгаар тодорхой хэмжээний малыг засаатайгаар нь зарсан гэсэн. Ингэж зарах нь бусад үнээний фермийн нутгийн үүлдрийг сайжруулах зорилготой байсан бөгөөд шүдлэн насны 20 гаруй бух заржээ. Гэхдээ мэдээж хэрэг байнга зараад байхгүй. Сүргийн хэрэгцээ хангалттай гэж үзсэн тохиолдолд зардаг бөгөөд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс тун дуртай худалдан авдаг гэсэн. Эднийх нэг бухаа таван сая төгрөгөөр үнэлдэг болохоор дурын хүн худалдаж авах бүрэн боломжтой ажээ.

Франц үнээнүүд Монголд анх ирэхдээ тусгай бэлдмэл хэрэглэдэг, вакцинтай, эм тариатайгаа ирж байсан юм. Тэр үетэй харьцуулбал Монголын хөрсөнд хэдийнэ дасаад бараг л монгол үхэр болчихож. Нэмэлт эм тариа хэрэглээд байхгүй, элдэв витаминаар тордохгүй байсан ч алзахааргүй болсон байна. Бүр хүн ойртуулахгүй гээд тусгай хашаанд маллаж байсан бол өдгөө бэлчээрт гардаг болжээ. Саалийн үнээ, өсвөр насны малаа таримал бэлчээрт гаргадаг болсон гэнэ. Өглөө оройдоо л нэмэлт тэжээл өгчихөд болоод явчихдаг гэсэн. Хуучин 18 цагаас хойш “хоол” иддэггүй байсан бол өдгөө зуны цагийн хуваарийн дагуу тэжээлийг нь өгч байгаа ажээ. Тэр нь яадаг вэ гэхээр саалийн үнээнүүд өглөөний 07 цагт тэжээлтэй. Тэжээлээ идэж байхдаа саалгана. Дуусаад бэлчээртээ гарна. Өдөр 14 цагийн үед бэлчээрт нь очиж услаад орой 17 цагт буцаагаад байранд нь авчирдаг юм байна. Тэр үед олон төрлийн эрдэс бүхий тэжээл өгдөг ажээ. Тэжээлээ идсэнийх нь дараа усалж, хэсэг амрааж байгаад 19 цагт саадаг юм байна. Саалиа авчихаад дахиад бэлчээрт нь гаргачихна. Энэ мэтээр зуны хэдэн сарыг өнгөрөөж байгаа гэсэн. Гол анхаарах ёстой зүйл нь цаг гэж байв. Тэжээл, усыг нь яг тогтсон цагт л өгөхгүй бол сүүний гарцад шууд нөлөөлдөг гэсэн. 17 цагт тэжээл өгөх ёстой байхад арав, хорин минут хоцроход л хэдэн литр сүүний зөрүү гардаг. Олон үнээ сааж байгаа болохоор сүүний гарц илт анзаарагддаг гэж байлаа.

Үнээний сүүний гарц тугаллах бүрт улам нэмэгдэнэ. Анх гэдсэндээ хээлтэй ирж байсан үнээнүүд тугалласан хойноо өдөрт 20 гаруй литр сүү өгдөг байжээ. Хоёр дахь удаагаа тугалласнаас хойш сүүний гарц эрс нэмэгдсэн гэнэ. Хоёр дахиа тугалласан үнээ өдөрт дунджаар 30 гаруй литр сүү өгч байгаа юм байна. Энэ жишгээр тооцохоор жилдээ дөрвөн мянган литр сүү өгдөг үнээ бий. Анх удаа тугаллаж байгаа үнээнээс жилдээ хоёр, гурван мянган литр сүү саадаг ажээ. Ерөнхийдөө үнээний жилийн ашгийг тооцохдоо саалийн 305 хоногоор дүгнэдэг юм байна. Саахдаа автомат саалтуур хэрэглэнэ. Дөрвөн дэлэнгийн аль нэгийнх нь сүү түрүүлээд дууслаа гэхэд автоматаар мэдрэн саахаа зогсоодог гэнэ. Саасан сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлэх гэрээтэй ажээ. “АПУ”-гаас гаргаж байгаа “Сайн” нэрийн бүтээгдэхүүнийг эдний фермийн үнээний сүүгээр хийдэг юм байна. Сүү нь монгол үнээтэй харьцуулбал тослог ихтэй. Дунджаар 3.2-4.0 хувийн тослогтой байдаг гэнэ. Гэхдээ сүүний тослог ямархуу байх нь цаг агаартай шууд холбоотой. Зуны халуун өдрүүдэд сүүгээр гадагшлах ёстой хамаг тослог нь хөлсөөр гараад явчихдаг гэсэн. Харин өвөлдөө нэмэгдэнэ. Гэхдээ аль ч улиралд тослогийг нь тэнцвэржүүлэх үүднээс тусгай нэмэлт тэжээл ашигладаг юм билээ. Харин үнээгээ саахдаа тугалыг нь хөхүүлэхгүй. Дөнгөж төрсөн тугалыг эхээс нь салгаж аваад угжчихдаг юм байна. Ингэж эхээ хөхөх байгалийн зөн мэдрэмжийг нь салгахгүй бол бэлчээрт байх үедээ сүүгээ шавхчих гээд байдаг гэсэн. Бас төрснийх нь дараа хөхүүлчихээр эх үрийн холбоо тогтоод тугалаа л харахгүй бол ивлэхээ больчихдог ажээ. Тиймээс тугал нь эхийгээ хөхөж үзсэн тохиолдол цөөн гэв.

Франц үнээнүүд Монголд ирэхдээ гурван үеийн намтар бүхий бичиг баримттай иржээ. Түүн дээр нь нэр ус байхаас гадна төрсөн он сар байна. Цаашлаад бухны ээж, өөрийнх нь ээж, эмээгийн тухай тэмдэглэсэн байдаг гэнэ. Эмээ нь хэдэн тугал гаргаж байсан, жилийн сүүний гарц ямархуу байсан тухай дэлгэрэнгүй бичиж үлдээх учиртай. Эндээс тухайн үхрийн үүлдэр, гарал угсааны байдал мэдэгдэнэ. Зарах гэж байгаа тохиолдолд худалдан авагч дээрх бичиг баримтыг үзээд сайн удамтай эсэхийг нь мэдэх бүрэн боломжтой юм байна лээ.

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан гурван малын эмч, нэг зоотехникчтэй ажилладаг юм байна. Бусад хүмүүс нь хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн дээд боловсролтой. Нэг ээлжинд арав гаруй хүн ажилладаг бөгөөд өглөө­нөөс үдэш хүртэл борви бохис­хийлгүй ажилладаг гэсэн. Тэд “Манай үхэр их номхон, зөөлөн ааштай” гэж магтана. Анх ирэхдээ их л ажиллагаатай мэт санагдаж байсан бол өдгөө монгол арга барилд дасан зохицжээ. Үгүй ядаж л гадаа өвөлжүүлж сургаж байгаа гэсэн. Өнгөрсөн жил гэхэд хорио цээрийн саравч босгоод шүдлэн, бяруу­нуу­даа байлгасан гэнэ. Харин саалийн үнээ болон нялх тугалуудаа битүү байранд байлгажээ. Гэхдээ ес эхлэхтэй зэрэгцээд байранд оруулсан бөгөөд хоёрдугаар сар дөнгөж өнгөрөөд саравч руу гаргажээ. Тэр үед бээрч янз бүр болоогүй бөгөөд монгол үхрээс дутуугүй тэсвэр тэвчээртэй гэдгээ харуулсан байна.

Харин анхаарах ёстой ганц­хан зүйл байдаг нь бүлээн усаар услах ёстой аж. Хүйтэн ус өгч болох ч ходоодон дахь усаа бүлээсгэх гэж их энерги зарцуулдаг юм байна. Ингэж хэрэггүй зүйлд энергиэ зарцуулахаар сүүний гарц багасдаг ажээ. Бас нэг онцлог нь “Монбелъярд” үүлдрийн үнээний эврийг ургуулдаггүй. Энэ нь бас л хүйтэн цагт эвэр, туурайгаараа дулаан алддагтай холбоотой. Дулаан алдаад л байвал сүүгээ бага өгнө. Тэгэхээр аль болох тав тухтай байлгаж байж зохих нормын дагуу сүү саадаг юм байна. Харин зуны цагт хол явуулж болохгүй. Бэлчээр хол байх тусам явдалдаа энерги зарцуулах учраас аль болох ойрхон явуулдаг юм байна. Ерөнхийдөө амаар орсон бүхнийг сүү болгоно гэсэн зорилготой ажилладаг ажээ. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ерөнхий зар­чим гэсэн. Хэрэв дээрх зүйлийг анхаарахгүй, энерги алдуулаад байвал сүүний гарц л муудаад монгол үнээнээс ялгаагүй болдог гэнэ лээ. Монгол үнээ хол явж бэлчдэг, бас хэт хүйтэнд энерги алдаад байдаг болохоор биеийн өсөлт бага, ашиг шим тааруу байдаг ажээ.

Бэлчээр дээр нь очиж франц үнээнүүдийг харлаа. Хоёр жилийн өмнө эхийнхээ гэдсэнд байсан бяруунууд лагс том биетэй болчихож. Харин өнгө үзэмжийн тухайд монгол үнээнээс ялгарахгүй “халтайчихсан” байна лээ. Өдгөө сүрэгт то-то то-то гэж дуу­дуу­лах үхэр байхгүй болжээ. Хивээд хэвтэж бай­хад нь хөж хөж гэвэл босоод явчихдаг болсон байна. Харин тэндхийн хүмүүс “Одоохондоо монгол үхэр шиг л болчихсон байгаа юм. Франц хүн ирвэл яадаг юм бол” гэлцэн хошигнож байв.

Categories
мэдээ цаг-үе

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн удмынхан

Ц.Юндэн, Ц.Лхамсүрэн нар үр хүүхэд, танил нөхдийнхөө хамт наадам үзэхээр явах гэж буй нь.

“Хичээнгүй сайд” хэмээн олноо алдаршсан Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн удмынхан ямар хүмүүс байдаг бол хэмээн сонирхдог байлаа. Удтал гуйлгасны эцэст түүний ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нартай уулзлаа. Ю.Эрдэнэтуяа “Хичээнгүй сайд” сангийн тэргүүнээр ажилладаг. Б.Цэрэндорж гуай ганц хүүтэй хүн байжээ. “Ганцаас газар дүүрнэ” гэдэгчлэн ганц хүү Юндэн нь найман хүүхдийн аав болжээ. Ордны ойролцоох хуучны нэгэн байранд Ю.Эрдэнэтуяа нөхөр болон Тузик нэртэй хар пудель нохойтойгоо гурвуул амьдардаг. Даруухан мөртлөө нэг л эрхэмсэг аж төрдөг хүмүүс аж. Гэрийн эзэд Москвагийн их сургуулийн нэг ангийн хоёр, хоёулаа сэтгүүлч гэнэ. Ц.Бат-Орших гуай “Улаан од” сонины сэтгүүлч явсан. Сүүлд Монголын сэтгүүлчдийн холбоог тэргүүлж байсан хүн. Ю.Эрдэнэтуяа 1980-аад онд Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж, Монгол телевизийг удирдаж явсан хүн. Ерээд оноос Засгийн газар, УИХ-ын судалгааны төвд судлаачаар ажиллахын зэрэгцээ МУИС-д олон жил багшилсан доктор юм. Багаас сурлага сайтай, нягт нямбай охин байжээ. Аав нь нэг удаа 23-р сургуулийн эцэг, эхийн хуралд суугаад ирэхдээ “Манай шар Жууяа чинь мундаг онц сурдаг юм байна. Би ч Д.Бавуу генералынхаа дэргэд маадгар сууж байгаад ирлээ” гэж ихэд сэтгэл хангалуун хэлжээ. Д.Бавуу генералын охин нь бас тэдний анги байсан аж. Ц.Юндэн гуай орой шугамын радиогоор төрийн сүлд дуулал эгшиглэж дуусахтай зэрэг цэргийн пилотка малгайгаа авч тавиад, унтахаар явдаг зуршилтай байжээ. Мөн Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг тогтмол сонсдог, захидал хүртэл бичдэг байсныг охин нь дурслаа. Хичээнгүй сайдын ганц хүү Юндэн, Сүхбаатар жанжны хүүтэй найз нөхөд явсныг олон хүн ярьдаг. “С.Галсан хурандаа болчихоод байхад намайг болгохгүй байна” гээд гомдоллож явсан удаатай гэнэ. “Цэргийн дээд сургууль төгсөөгүй юм чинь та яаж хурандаа болох юм бэ” гэж охин нь хэлжээ. Уг нь хичээнгүй сайдын хүүг сургуульд явуулах гэсэн юм билээ. Гэтэл Ц.Юндэн маршал Х.Чойбалсан дээр давхиж ороод “Авгай хүүхэдтэй маань хамт явуулахгүй бол явахгүй” гэж томорчээ. Тухайн үед түүний дураар гэр бүлээр нь явуулж сургах боломжгүй байсан болов уу.

Хичээнгүй сайдын ганц хүү Ц.Юндэн 1930-аад онд

Х.Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан П.Шагдарсүрэн “Миний мэдэх Чойбалсан” номондоо Х.Чойбалсан гуайнхаар өөрийнх нь болон Гүндэгмаа гуайн төрөл садан, хүүхдүүд, танил садан их ирнэ. Богдын донир байсан өвгөн Жамбал, хичээнгүй сайдын хүү Юндэн нар тэднийхээр орж гардагсан” хэмээн дурссан байдаг. Үнэндээ хичээнгүй сайдын ганц хүүг Х.Чойбалсан хүлээж авдагт гайхах зүйлгүй ч өөр нэг нарийн холбоо тэдэнд бий. Маршалын анхных нь гэргий Бортолгой бүсгүй Юндэн гуайн эхнэрийн төрсөн эгч нь учир тэр хоёр базууд байсан аж.

Ю.Эрдэнэтуяа эгч гал тогоондоо эргэлдэнэ. Ширээ дүүргэж, төмсний нухаштай зайдас, пирожки зэрэг орос маягийн хоол хийх зуураа амттай яриагаар дайлав. “Эхээс наймуулаа. Таван хүүхэн, гурван хүүтэй айл” гэнэ. Аав Юндэн нь цэргийн хүн, дэд хурандаа цолтой эр явжээ. Ээж Ц.Лхамсүрэн нь насаараа сүүтэй цай уусан бол аав нь байхуу цай л уудаг байж. Аав нь пүүшиг татаж ээж нь ороосон тамхийг илүүд үзнэ. Хэдийгээр цай, тамхины сонголт нь өөр ч эвсэг, халуун дулаан гэр бүл байлаа. “Ээж, аавыг муудалцаж байхыг сонсоогүй. Ээж дуугарна гэж үгүй. Хөлөө ачиж суугаад тамхиа татдаг хүн байсан” хэмээн охин нь дурсав. Юндэн гуай 14 настайдаа ардын хувьсгалтай золгосон учраас хувьсгалын анхны жилүүдэд байгуулагдаж байсан банк, холбоо, гал команд, кино үйлдвэр зэрэг газарт ажиллаж явсан анхны хэмээх тодотгол олонтой хүн. Бас Автономит монголын анхны сургуулийн сурагч байж. Гэхдээ багаа­саа л машин техник сонирхдог хүн байснаас жолооч, механикчаар олон жил ажилласан, тэр бүү хэл хичээнгүй сайд аавынхаа тэргийг ч барьж байсан удаатай гэнэ. Юндэн гуайн гурван хүү Гаалан, Гамшир, Шижир нар ч аавыгаа дуурайсан техникийн сонирхолтой байснаас төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт хүчин зүтгэжээ. Харин Надя (Навчаа), Вера (Итгэл), Эрдэнэцэцэг, Эрдэнэтуяа, Энхтүвшин охид нь эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, оюуны өмчийн мэргэжилтэй, хоёр нь доктор. Хичээнгүй сайдын том ач охин нь болох Навчаа эгч бялуу барьсаар дүүгийндээ зочилж ирсэн юм. Ц.Юндэнгийнх эхэн үедээ хүүхэд харж, гэрийн ажилд тусалдаг хүнтэй байсан ч сүүлдээ дүү нараа харж хандах, ариун цэвэр сахиулах үүрэг том охинд шилжсэн гэнэ. Зусланд гарсан хойно том охиныг гараад ирэх зуур гэрт дэг журам алдагдах нь цөөнгүй.

Хичээнгүй сайдын ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нар

-Би хааяа хот ороод ирэхээр гэснээ Навчаа эгч алга хавсран залбирав “Гэр буулгаад хаясан байна. Ээж гадаа тамхиа татаад сууж байна. “Хавийн хүүхдүүд бужигнаад, гэр буулгачихаж. Та хэлэхэд яадаг юм бэ” гэхээр ээж “За яахав дээ” гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгч пирожки хайрангаа ярианд оролцож “Дүү бид гурвыг гадаа гаргахгүй. Цонхон дээрээ болжмор шиг суугаад гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж атаархдаг байсан” гэв. Хааяа гадаа гарах “виз” өгөхөөрөө эгч нь хамт гараад цаг харж байгаад оруулдаг байсан гэнэ. Хичээнгүй сайдын ач охид өөр хоорондоо их төстэй юм. Навчаа эгч Ленинградад анагаахын сургуульд сурч, цэргийн эмчээр ажиллажээ. Бэлтгэл хошууч цолтой гэнэ шүү. Навчаа өдгөө Австри улсад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Хичээнгүй сайдын ач хөвгүүд нь өөд болж, өдгөө дөрвөн ач охин нь л үлдсэн гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгчийг УИХ-ын тамгын газарт ажиллаж байхад нь л “Удам судрынхаа тухай ярьж өгөөч” гэж хүссэн. “За” гэсэн мөртлөө завгүй гээд хойшлуулаад байдаг хүн. Тэтгэвэрт гар­чихаад яагаад завгүй явдаг юм бол гэж гайхдаг байлаа. Харин тэр өөртөө маш их ажил бий болгожээ. Ю.Эрдэнэтуяа эгч гурван ном бичиж байгаа гэнэ. Түүхч С.Туяатай хамтарч хичээнгүй сайдын тухай намтарчилсан том ном бичиж эхэлжээ. Гадаад, дотоодын номын сан, архивт сууж баримт сэлт цуглуулсан гэв. Бас аав, ээжийнхээ тухай ном бичиж байна. Ю.Эрдэнэтуяа эгч ганц хүүтэй. Хоёр ач охинтой юм. Гадаадад сууж байгаа ач нартаа зориулж, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсан тухай бичжээ

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж байнга тэмдэглэл хөтөлдөг зантай хүн байв. Ганц хүү Ц.Юндэн ч аав шигээ тэмдэглэл хөтөлдөг зуршилтай байжээ. Гэр бүлийн энэ мэт уламжлалыг Ю.Эрдэнэтуяа өвлөсөн бололтой.

“Манай аав нямбай хүн байсан. Тэмдэглэл хөтөлдөг, хуучин монголоор жирийтэл бичдэг хүн байлаа. Бүх тэмдэглэлийг нь хадгалдаг. Жолооны үнэмлэх, мото­цикльч­ний үнэмлэх, 1938 оны гадаад паспорт ч байна хэмээн Ю.Эрдэнэтуяа сонирхуулав. “Ааваасаа юм хадгалахыг сурсан юм. Ээж аавтай хамт амьдарч байсан отгон дүү маань гал голомтоо сахиж үлдсэн. Өвөө хаант оросоос авчирсан ханын цаг, манай ээжийн алдарт эхийн нэгдүгээр одон, М.Дүгэрсүрэн гуайн аавд бэлэглэсэн швейцарь бугуйн цаг ч бий. Аав цаг засдаг хоббитой байсан. Цаг засварын хэрэгслийг нь манай нөхөр өвлөсөн. Хүүхэд бүрийн шүдний ором гарсан дурсгалтай аяга нь ч бас үлдсэн. “Миний бүх хүүхдийн шүдний ором орсон мөнгөн аяга гэж ээж хэлдэг байсан” гэв.

Маршал Х.Чойбалсан, Ц.Бортолгой нар

“Элдэв очир” кино театр буюу одоогийнхоор бол Хөрөнгийн биржийн ар талын байранд Ц.Юндэнгийнх хэмээх өнөр бүл амьдарч байжээ. “Ю.Цэдэнбал дарга аавд өгсөн байр. Энэ байрандаа аав нас барсан. Аав тэтгэвэрт гарчихаад Хувьсгалын музейн архивт эрдэм шинжилгээний ажилтантай нь хамтарч, дээр үеийн хүмүүсийн зураг таних ажил хийж байсан. Их ойтой, нэг харсан хүнээ андахгүй. Сайн дурын ажил байсан даа гэж охин нь дурсав. Ц.Бат Орших гуай энэ үеэр ярианд оролцож, хадам аавынхаа тухай дурсамжид хошуу нэмлээ. “Ийш тийшээ явж амьтан хүнтэй уулзах дуртай хүн байлаа.Партизан Дашзэвэг гуайтай уулзана. Долоо хоногт хоёр, гурван удаа тойрог хийнэ шүү дээ. Чойбалсан гуайн гэргий Гүндэгмаа гуайнхаар орно. Сүхбаатарын Галсан гуай дээр очно. Ширэндэв гуайнхаар орно. Хичээнгүй сайд аавынхаа жолооч байсан. Хичээнгүй сайд “Би улсын ажил хийж байна. Хүү маань миний тэргийг барих нь зохимжгүй” гэсэн байдаг. Тэгээд аавыг П.Гэндэн гуайн жолооч болгожээ” гэв. Харин хичээнгүй сайдынх Улаанбаатар зочид буудлын ард орос маягийн байшинд амьдардаг байжээ. Унгарын зурагчин Гелетагийн авсан Ерөнхий сайдын байшин, гэрийн дотоод байдал, түүнийг оршуулах ёслолыг харуулсан гэрэл зургийн цомгийг эднийх нандигнан хадгалдаг аж. Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн 1928 онд авахуулсан зургийг заагаад “Хацар дээрх мэнгэ нь өмөн үү болоод өвдөж байсан үеийнх нь зураг” гэж ач охин нь тайлбарлав. Туслах нь гарын үсэг зуруулах гэж ороход хацраас нь цус дусалж байсан гэдэг. Н.П.Шастин эмч өвгөнийг үзээд, гадаадад явж эмчлүүлэх хэрэгтэй гэхэд “Үхэх нь болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа гээд улсын сан хөмрөгийг хохироож болохгүй” гэж татгалзсан тухай хичээнгүй сайдын гарын нарийн бичгийн дарга явсан М.Ядамсүрэн дурсамжийн номондоо өгүүлсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 61-тэй нас баржээ. Б.Цэрэндоржийн гэргий Дэлэгжид гэж эмэгтэй байлаа.Түүний садан төрлийнхөн Амгаланбаатар хотноо суудаг, зайсан гаралтай бичгийн хүмүүс ажээ.

Ю.Эрдэнэтуяа эгчийнд цэцэглээд 24 цаг болоод үхдэг кактус байдаг.

-Энэ цэцгийг манай аав цонхон дээрээ тавиад “Зуун жилд нэг удаа цэцэглэдэг гэнэ лээ” гээд хүлээгээд байсан. Аавыг нас барснаас хойш нэлээд сүүлд цэцэглэж эхэлсэн дээ. Энэ кактусыг цэцэглэх болгонд бид тэмдэглэдэг. Бүх өрхөд энэ цэцэг байгаа гэж тэр ярив.

Ю.Навчаа эгчтэй баахан хуучлав.

-Өвөөгийнхөө тухай та юу сонсч байв?

-Би тэр талаар нэг их сонсоогүй. Аавын хэлснийг л мэднэ. Дуугүй, бараг уурлахыг мэдэхгүй. Нэг үг дуугарвал сүрхий жинтэй үг хэлдэг. Хэзээ ч хүнийг хуурч худлаа хэлж болохгүй. Зарчимч байх ёстой гэж хэлдэг гэж ах бид хоёрыг үймүүлээд, шийтгүүлэхэд аав ярина шүү дээ. Тийм учраас та нар би энийг ингэчихлээ гээд хэлж байх хэрэгтэй. Хүн рүү буруугаа тохож болохгүй гэнэ. Хичээнгүй сайдыг хүүхдээ эрдэм номтой хүн болгоход их анхаарч, надад гэрийн багшаар монгол бичиг, орос, хятад хэл заалгаж байсан гэж ярьдаг байлаа.

-Ээжийнхээ тухай яриач?

-Манай ээж Богдын сойвон Цэвээнжалавын таван охины нэг. Ээж дороосоо хоёр дахь нь байсан. Ээжийн дүү Нямаахүүгийн хоёр хүүхэд нь бидэнтэй хамт өссөн юм. Ээж анхны бага сургуульд сурч анхны пионер байсан гэдэг.

Хичээнгүй сайд уг нь бэрээ болгох гэж Тамжав гэж хүүхнийг манай аавд ёсолж авсан юм билээ. Тэгээд манай аав суухгүй гэж давхисан тухай садангийн Бадамханд эмээ ярьж байсан. Ёсолж авсан Тамжавыгаа яв гэж хөөгөөд, гэр тойруулж хөөгөөд ч гэх шиг манай аав дүрсгүй нөхөр байсан шиг байгаа юм. Тэгээд Цэвээнжалав сойвонгийн охинтой суусан гэж ярьсан байдаг. 1921 онд Гуравдугаар сургууль байгуулагдахад хамт анхных нь сурагчид байсан юм билээ. Аав ээжээс жаахан ах. Ээж 1911 онд төрсөн. Аав бол 1907 оны хүн. Автономитын бага сургуульд хэрхэн сурсан тухай аавын дурсамж байдаг. Боорцог өгдөг. Таван хэл, физик, тоо бодлого, дэлхийн түүх үздэг байсан гэдэг. Анх А заалгаж байсан хүүхдийг бодвол бичиг үсэгтэй. Тэгээд аав 1921 онд байгуулагдсан анхны бага сургуульд ороод өөрөө мэддэг байсан учраас хоёр жил сураад сургуулиа орхисон. Тэр хоорондоо манай ээжийг хараад өөрийнхөө авгайг хөөж явуулаад манай ээжтэй суусан гэдэг.

-Маршал таныг өргөж авах гэж байсан гэв үү?

-Гал команд гэж байгаагийн орчимд манайх, Бортолгой эгчийнх, Нямаахүү эгчийнхтэй хамар хашаа байсан. Маршал Бортолгой эгч дээр байнга ирдэг. Маршалыг ирэхэд Долгор эгчийн охин анжаа том тогоонд түүний дуртай хярамцаг хийнэ. Бид гэртээ цай уухгүй. Эгч дээрээ орж цай ууна. Хэдэн хүүхдэд том том мөнгөн аяганд будаа хийгээд тавилчихна. Манай хоёр ах, би, Гарийгаа бид хэд тэнд л иднэ. Эгч дээр хөдөө гадаанаас хүн их ирнэ. Цагаан идээ янз бүрийн юм авчирж өгнө. Манай эгч өөрөө гурван том улаан үнээтэй. Бага тэнгэрийн ам, Арцатын аманд зусланд гарна. Үнээ саадаг хүнтэй. Үнээ саагаад модон аяганд саасан сүүгээ аягалаад “Уу, уу” гэдэг сэн. Би маршалын өвөр дээр гараад суучихна. Сахлыг нь оролдоно. Их л сайхан хүн санагддаг. Намайг хүү байсан бол маршалынх өргөж авна гэдэг байж. Ээж хүүхэн ч гарсан өгчихдөг юм билүү, хөөрхий минь гэж бодсон гэнэ лээ. Тэгсэн Бортолгой эгч “Хэрэггүй, хүүхнээ битгий өг, чи хоёр хүүтэй, хүүхнээ үлдээ. Дараа нь хүү гарвал өг” гэж хэлсэн юм билээ.

-Хичээнгүй сайдын ганц хүү эрх давилуун байсан болов уу?

-Залуудаа эрх танхи байсан гэж байгаа юм. Манай ээж “Энэ цамаан байсан шүү” гэж ярьж байсан. Хутга, сэрээ барьж хооллодог байсан даа. Аавтай сүүлийн гурав дөрвөн жил Улиастайн цэргийн бригадад хамт ажиллаж байлаа. Аав хуягт танкийн инженер хийгээд, би эмнэлгийн албаны дарга байлаа. Хичээл номонд сууна. Сайдын шалгалт гээд буудлаганд явна. “Танай аав чинь 29-өөс доошоо бууддаггүй, онц буудагч шүү. Охин нь ямар болохыг харна даа” гэсэн. Шалгалтын үеэр тэмцээнд ороод 29 буудчихсан. Ж.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайд байв. “Би дээр үед аавыг чинь онц буудахад цагаа өгч байсан юм. Одоо энэ цагаа охинд нь өгье” гээд Лхагвасүрэн генерал бугуйн цагаа бэлэглэж байлаа. С.Янжмаа гуайн ууж байсан мөнгөн аягыг манай том охины нэг насны ойгоор Галсан гуай бас өгч байсан юм гэв.

Ерөнхий сайд Б.Цэрэндорж

Хичээнгүй сайд сангаас удам залгах эрэгтэй хүүхдүүддээ батламж гардуулдаг уламжлалтай. Ю.Шижирийн ач хүү Алтангэрэлийн Тэмүүлд гардуулсан батламжид “Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Цэрэндоржийн тав дахь үеийн хүү болохыг батламжлав” гэж бичжээ. Гурван нас хүрэхээр нь батламж гардуулдаг. Сангаас хичээнгүй сайдын төрсөн нутаг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааныхантай байнгын холбоотой ажилладаг гэнэ.

Ц.Юндэнгийнх хүргэн, бэр сайтай улс гэдэг. Эдний хүргэн ҮХЦ-ийн дарга, академич Ж.Амарсанаа, хүү, дипломатч Төмөрийн хамт хичээнгүй сайдын бүтээлийн тухай ном эмхэтгэн гаргасан байна лээ. Бас Итгэл эгчийн нөхөр Монгол Улсын гавьяат барилгачин, архитекторч Б.Дамбийням гуай хичээнгүй сайдын хөшөөг урласан аж. Бэр Л.Долгорсүрэн, Л.Хишигт нар нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн дархан бэрүүд. Тэдний хүүхдүүд дунд Монгол Улс, ОХУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Энхболд болон Г.Сонсголон, Г.Сэргэлэн, Ш.Гэрэлт-Од, Г.Амгалан нарын инженерүүд бий. Түүнчлэн багш, нисгэгч, орчуулагч, эмч, өмгөөлөгч, эдийн засагч гээд олон мэргэжлийн үр ачтай. Хичээнгүй сайдын удмынхан гадаадын олон оронд сурч, ажиллаж амьдарч буй.

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Ерөнхий сайд асан А.Амар, Х.Чойбалсан нар нөхдийн хамт

Categories
мэдээ цаг-үе

“Марко Поло”-д амжилттай тоглож холливудын улаан хивсний ёслолд оролцохыг мөрөөддөг

“Нэтфликс” компанийн бүтээл “Марко Поло” кино­ны хоёрдугаар
ангийн зу­раг авалт өнгөрсөн зургадугаар сард Унгарт эхэлсэн бөгөөд одоогоор
Европын орнуудын зураг авалт дуусч байгаа аж. “Маркo Поло” киноны хоёрдугаар
ангид олны хэсэгт тоглосон монголчууд саяхан эх орондоо ирсэн. Тус киноны
туслах дүрд сонгогдсон жүжигчин Ц.Цэрэн­болд, Баярцэцэг, Ц.Эрхэмбаяр нар
удахгүй зураг авалтад оролцохоор Малайз улсыг зорих гэж байна. Ингээд тус
киноны Хубилай хааны бага насны дүрд тоглох 11 настай Цогтбаярын Эрхэмбаяр
хүүтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө баяр хүргэе. Өөрөө гадаадын кинонд тэр тусмаа Монголын түүхэн
дэх агуу хааны бага насны дүрийг бүтээх гэж байна. Сэтгэл хэр догдолж байна вэ?

-Маш гоё санагдаж байгаа. Би гайхалтай, эр зоригтой агуу баатрын дүрд
тоглох юмсан гэж боддог байсан.

-Тэгвэл хүсэл нь биелж байна шүү дээ?

-Тийм.

-Анх дүрийн шалгаруулалтад хэрхэн тэнцсэн тухайгаа ярьж өгөөч?

-“Марко поло” киноны хоёрдугаар ангид жүжигчин шалгаруулж авна гэсэн зар
телевизээр явсан. Бас манай дугуйлан дээр зарлал ирсэн. Манай драмын
дугуйлангийн багш Ө.Нямсүрэн 12 настай хүүхдүүдийг МҮОНРТ дээр очиж
шалгаруулалтад оролцоорой гэж захисан. Яг тэгэхэд би 10 настай байсан. Тэгсэн
аав ээж хоёр маань “Юу ч байсан очиж дүрийн шалгаруулалтад оръё” гээд намайг
дагуулж очсон.

-Хэчнээн хүүхэд байсан бэ?

-Зөндөө хүүхэд байсан.Зарим хүүхдүүд багштайгаа хамт ирчихсэн байсан.
Миний өмнө жүжигчин Аглуу ах, Онон ах хамт ирсэн хүүхдүүддээ ингээрэй, тэгээрэй
гээд л яаж жүжиглэхийг зааж өгч байсан.Аав ээжийг дотогш оруулаагүй болохоор би
ганцаараа телевиз рүү орсон байхгүй юу.

-Тэгээд яасан. Цаанаас нь дүр өгсөн юм уу?

-Шалгуулах бүх хүүхдэд цаасан дээр хэвлэсэн өгүүлбэр өгсөн. Тэр
өгүүлбэрийг нь өөрсдийнхөөрөө ойлгож унших ёстой.

-Ямар өгүүлбэр байсан бэ. Уншиж өгч болох уу?

-“Өвөө эднийг яах гэж байгаа юм бэ? Та тэрэгний голоор шийдэх гэж байгаа
юм уу. Энэ хүүхдүүдийг алахгүй биз дээ”
гэх мэт өгүүлбэрүүд байсан. Аглуу ах миний өмнө гарах хүүхдэд энэ хэсэг
дээр нь ингэ, тэг гэж зааж өгч байхыг би харсан. Би тэрийг нь сонсоод ингэх
ёстой юм байна гэж бага зэрэг санаа авч уншсан. Тэгсэн шүүгчид сайн байна
гэсэн.

-Хоёрдугаар шатны шалгаруулалтад юу үзүүлсэн бэ?

-Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор боллоо гэж ээж рүү маань
утасдсан. Тэгээд интернэтээр хэдэн өгүүлбэр англи хэлээр болон монгол орчуулгатай
нь хамт явуулсан. Түүнийгээ аваад драмынхаа багш дээр очиж зөвлөгөө аваад
дуудсан газар нь очиж шалгуулсан. Тэгэхэд гадаадаас “Марко поло” киноны
найруулагч ирсэн байсан.

-Англиар шалгаруулалт өгөх ямар санагдсан. Бас гадаадын хүмүүсийн өмнө
гараад шалгуулахад сандарсан уу?

-Сандарсаан, сандарсандаа үгээ мартчихвий дээ л гэж айж байсан. Уг нь
англиар мундаг ярьдаг нэг хүүхэд байсан. Харин би зөвхөн цээжилсэн
өгүүлбэрээсээ өөр англиар ярьж мэдэхгүй ш дээ.Тэгсэн шүүгчид над руу хараад
эрхий хуруугаа өргөөд good good гээд л.
Хажууд нь байсан монгол ах “хүү минь сайн байна шүү яваад байгаарай” гэсэн.

-Хубилай хааны дүрд тоглохоо хэзээ нь мэдсэн бэ. Танай гэр бүлийнхэн
хэрхэн хүлээж авав?

-Тэр шалгаруулалтаас хойш хоёр сарын дараа бараг хэлсэн байх аа. Манай
аав, ээж хоёр бөөн баяр хөөр болж хүүгээрээ бахархаж байна гэж хэлсэн. Эхлээд
зургадугаар сарын 22-нд явна гэж байгаад дараа нь долдугаар сард наадмын үеэр
явна гээд чимээгүй болчихсон. Манайхан юу болсон юм бол гэж зөндөө хүлээсэн.
Харин саяхан аравдугаар сарын эхээр явна шүү гэж Оргил ах хэлсэн байна лээ.

-Оргил ах гэж хэн бэ?

-“Марко Поло” киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер, том
сайд ах байдаг гэж аав хэлсэн. Оргил ах Иргэний боловсрол төвийн Нарангэрэл эгч
хоёр тэндээс ирж байгаа мэдээлэл мэдээг манай гэр бүлийнхэнд дамжуулдаг юм.

-Одоо хаана зураг авна гэж байна. Зураг авалт хэд хоног үргэлжлэх бол?

-Малайзад 10-14 хоногийн хугацаанд зураг авна гэсэн.

-Гэр бүлээс нь хамт хүн явах уу?

-Аавтайгаа хамт явна. Аав бид хоёрын зардлыг цаанаас нь даана гэсэн.

-Зураг авалтад зориулж хувцас бэлдэж байгаа юу?

-Үгүй. Очоод надад тааруулж бэлдэнэ гэсэн. Харин үсийг чинь хусаж болох
уу гэж асуусан. Би зөвшөөрсөн. Намайг энд иртлээ үсээ сайн ургуулж байгаарай,
засуулж болохгүй шүү гэж захисан.

-Киноны аль хэсэгт нь тоглох бол. Цээжил гэж зохиол өгсөн байгаа юу?

-Шалгаруулалтын үеэр өгсөн зохиолыг уншсан. Тэр байх үгүйг мэдэхгүй
байна. Зохиол дээр Жаха Хамбуу баатар хасаг тэрэгний дугуйнаас дээших хүний
толгойг ав гэдэг хэсэгт тоглох болов уу. Тухайн үед Хубилай хаан хүүхэд байсан.
Түүнийг хараад сууж байгаад их айж байгаа гардаг гэсэн.

-Хубилай хааны том болсон дүрд ямар орны жүжигчин тоглож байгаа бол,
мэдсэн үү?

-Би сайн мэдэхгүй ээ. Би тэр жүжигчинг бас Хубилай хааныг фэйсбүүкээр
харсан. Хубилай хааны зураг дээрх царай нь нээрээ надтай адилхан юм байна лээ.
(инээв)

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Манай аавыг Цогтбаяр, ээжийг Энхжаргал гэдэг.
Манай дунд дүүг Элбэгбаяр, бага дүүг Оюутсэцэн гэдэг. Миний бага дүү охин их
хөөрхөн. Харин эрэгтэй дүү их сахилгагүй. Намайг дагаж хүүхдийн ордонд очсоор
байгаад манай ордныхон бүгд таньдаг болчихсон ш дээ.

-Монголын хүүхдийн ордонд хэзээнээс явж эхэлсэн?

-Би 93 дугаар сургуулийн 6Б ангийн сурагч. Манай ангийн багшийг
Мөнхдаваа гэдэг. Намайг нэгдүгээр ангид ороход л ээж Монголын хүүхдийн ордонд
оруулсан. Би цэцэрлэгт байхдаа бүжиглэдэг
байсан юм. Жалам хар бүжиглээд л Баянгол дүүргийн хүүхдийн арга хэмжээнд их
ордог байлаа. Тэгээд л МХО-ы драм, бүжгийн дугуйланд оруулсан юм. Манай драмын
дугуйлангийн багшийг Ө.Нямсүрэн, бүжгийн дугуйлангийн багшийг Б.Хулан гэдэг.
Надад зөндөө зүйлийг зааж өгсөн.

-Чамайг
жүжигчин гэж бодож байтал бас бүжигчин юм уу?

-Би Хулан багш
дээрээ ирээд “Нарны домог” бүжгэн жүжигт гурван жил бүжиглэсэн. Мөн драмын дугуйлан
дээрээ хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн дүр бүтээж тоглосон.

-Багш нар чинь
Эрхэмбаяр манай хүүхдийн ордны гол сурагч гэж байна лээ. Ямар ямар уралдаан
тэмцээнд оролцож байв?

-Зөндөө орсон. Би
МХО-ы авьяас хүрэл, мөнгө, алтан медальтай. МХО-ыхоо шугамаар гадаадад хүртэл
явж тоглолтод оролцож байсан.

-Чамд өөр
хөгжилтэй явдал, хоч нэр байгаа юу?

– Намайг
дугуйлангийнхан манжин гэхээр андахгүй.

-Яагаад
“манжин” нэртэй болчихов оо?

-Анх дугуйланд
ороход би манжингийн дүрд тоглосон. Хамгийн жижигхэн биетэй байсан болохоор
тэр. “Манжин” гээд л хэлэхээр бүгд инээчихдэг байсан. Яагаад тэгдэг байсан юм
бүү мэд. Тэгсэн дараа жил нь бүжгийн багш Орос ардын үлгэр “Манжин” үлгэрээр
бүжгэн жүжиг тавьсан. Би “Манжин” бүжгийн гол дүрд бүжиглэсэн. Тэгээд л бүр
манжин болчихсон. (инээв)

-Хэд хэдэн
рекламанд тоглож байхыг чинь үзсэн. Бас кинонд тоглосон гэж сонссон?

-Байгаа. Сая
хавар Эрүүл мэндийн яамны төслийн богино хэмжээний кинонд тоглосон. PC тоглоом
их тоглодог хүүхдийн дүрийг бүтээсэн. Надад хичээл, дугуйлан гээд хэзээ ч PC
тоглох зав гарч байгаагүй. PC тоглоом тоглуулдаг газар ч орж үзээгүй гэсэн чинь
найруулагч гайхаад байсан. Хэд хэдэн
рекламанд тоглож үзсэн. Саяхан “Тооцоогүй тоглоом” киноны нэг хэсэгт
орсон.Жаахан байхдаа МҮОНТ-ийн “Ерелаш цуврал” хүүхдийн киноны “Хулгайчийг
барьсан нь” хэсэгт гол дүрд тоглосон.
Бас “Мэргэжил бүхэн сайхан” гээд телевизийн нэвтрүүлгийн одон орон судлаачийн
дүрд тоглосон.

-Ер нь
жүжигчдээс хэнийг шүтдэг вэ?

-Би кино
жүжигчдээс Цэрэнболд ах, “Марко поло” кинонд
тоглосон Амараа ах нар шиг мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мөн манай Хүүхдийн
ордонд жил болгон ирдэг өвлийн өвөө Жагаа ах шигээ мундаг жүжигчин болно. Мөн
хошин урлагийн Бооёо ах, Аглуу ах нартай адилхан ямар ч хамаагүй дүрд сайн
тоглодог болно гэж боддог.

-Эрхэмбаяр өөр
юу сонирхдог вэ?

-Би бүжиглэх
дуртай. Усанд сэлэх, хөлбөмбөг тоглох дуртай. Аялах дуртай. Бас кино үзэх
дуртай.

-Ямар кино
үзэх дуртай вэ?

-Бүх төрлийн кино
үзэх дуртай. “Зүрхээр наадагч” киног үзэх маш дуртай. Дүүтэйгээ хамт зөндөө удаа үзсэн.

-Юу нь тэгж
сонирхлыг нь татсан юм бол?

-Манай
дугуйлангийн найзууд асрамжийн газрын хүүхдүүдэд тоглосон. Уг нь “Хувьсал”
продакшны ах эгч нар дугуйлан дээр ирж дүрийн шалгаруулалт явуулсан юм. Би
шалгаруулалтад орж чадаагүй. Хэрвээ шалгаруулалтад нь тэнцсэн бол би ингэх
байсан даа гэж бодож байн байн үздэг.

-Тэгэхээр
тоглож чадаагүй шарандаа үздэг байх нь ээ?

-Яг тийм. Гэхдээ
багш “Миний хүү байсан ч тэнцэхгүй байсан. Тэр дүрд чинь мяраалаг хүүхэд
авахгүй байсан юм” гэж хэлэхэд л би тайвширсан.

-Амралтаараа
юу хийдэг вэ?

-Хичээлийнхээ
амралтаар дугуйландаа явдаг. Харин зуныхаа амралтаар хөдөө явдаг. Эмээ маань
Төв аймгийн Угтаалцайдам суманд амьдардаг. Эмээ дээрээ очиж хонь хариулж өгч
мөн малынхаа хашаа, хотныхоо баасыг цэвэрлэдэг.

-“Марко поло”
киноны шалгаруулалтаас өмнө жүжигчин Амараатай таарсан, дараа нь киноны
шалгаруулалт эхэлсэн гээд их азтай хувь тохиолууд ар араасаа тохиолдсон гэсэн
байх аа?

-Их азтай
тохиолдол болсон. Хамгийн анх “Чонон сүлд” гээд киноны нээлт дээр гэр бүлээрээ
очиход жүжигчин Амараа ахтай таараад хамт зураг авахуулсан юм. Тэгсэн Амараа ах
намайг харчихаад “Ямар бүдүүн юм бэ. Миний дүү тур тур гэж хэлж байсан. Түүнээс
нэг их удаагүй “Марко поло” киноны сонгон шалгаруулалт явагдана гэсэн зар гарах
болсон. Ямар ч байсан шалгаруулалтад очиж үзье гэж бодож очоод тэнцсэн. Үнэхээр
азтай тохиолдол байсан шүү.

-Эрхэмбаярын
мөрөөдөл?

-Их л олон юм
мөрөөддөг дөө. Тоёото компанийн захирал болж бүх машиныг нь унахыг хүсдэг гээд
л мөрөөдөл дуусахгүй. Бас Улаанбаатар хотынхоо бүх хогийг том тоос сорогчоор
соруулчих юмсан гэж мөрөөддөг. Одоо сүүлийн үед би “Марко поло” кинонд маш сайн
тоглож холливудад болох киноны нээлтэд оролцож улаан хивсний ёслолд алхаж
үзэхийг хамгаас их мөрөөдөж байна.

Монголын Хүүхдийн
ордны захирал П.Анхтуяа багш болон бүх багш, ажилчид, найз нартаа маш их
баярладаг шүү гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөх халим

“Сав шимийн
ертөнц” буланд энэ удаа дэлхийн хамгийн гайхалтай амьтдын нэг болох хөх халимыг
танилцуулж байна. Хөх халим бүх цаг үед амьдарч байсан амьтдын дотроос хамгийн
том нь. Нисэх онгоцтой дүйцэхүйц хэмжээний урттай, гурваас таван давхар
байшинтай адил өндөртэй энэхүү аварга амьтан нь сахалт халимын дэд багт багтдаг
ажээ. Далайн гүнд амьдрах хэдий ч загас биш. Биологичдын үзэж буйгаар 45-50 сая
жилийн өмнө халим хуурай газар амьдардаг байжээ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас
далайд зохицон амьдрах болсон байна.

Эрин галавын
үеийн түүхийг өнөөгийн иргэншилд өртөөлөн авчирсан хамгийн сүүлчийн аварга
амьтан бол чухам энэхүү хөх халим юм. Нас бие гүйцсэн дундаж хөх халим нь ойролцоогоор 25-35 метр хүрч,
100-200 тонн жин татдаг ажээ. Хэрэв хөх халимыг том машинд ачна гэвэл зургаан
тоннын даацтай “3ил-130” машин 20-25 ширхэг хэрэгтэй. Харин ердийн хөсөг болох
тэмээнд ачъя гэвэл 300 кг даах атан тэмээ 400-500 хэрэгтэй болох нь. Бусад
амьтадтай харьцуулаад үзвэл 40 заантай эсвэл
300 кг жинтэй 60 шар үхэртэй, 75 кг жинтэй 2000 ирэг хоньтой тэнцэнэ гэсэн үг.

Түүний зүрх нь л
гэхэд томоороо зургаан хүний аяны майхны хэмжээтэй, хоёр шар үхрийн дайны хүнд.
600-800 кг хүрнэ. Хэл нь 2.7 тонн буюу хоёр зааны хэмжээтэй. Элэг нь 900-1000
кг. Цус нь 8000-9000 литр. Харин судас нь усны хоолой шиг өргөн. Ийм өргөн
судсан дундуур хүн сэлж ч чадна.

Аварга халимны
өлөн гэдэснийх нь урт 5-6 ширхэг их таван ханатай гэрийг бүслэхээр хэмжээний
буюу 250-300 метр урт, ходоод нь 3000 литрийн багтаамжтай.

Хөх халим нэг
удаа амьсгаа авахад уушгинд нь 14000 литр агаар сорогдон орж байдаг бөгөөд
амьсгалах тоолонд далайн ус 12 метр хүртэл өндөрт оргилж байдаг байна. Үлгэр
домог мэт санагдмаар уг амьтны ам нь зургаан метр урт, гурван метр өргөн. Дуу
чимээг 3-5 км холоос тод сонсдог гэнэ. Харин нүд нь энэ аварга биедээ дэндүү
багадсан гэмээр жижигхэн харагдах боловч нэг кг байцаатай тэнцэнэ. Ийм том
амтай, 3000 литрийн багтаамжтай аварга амьтан хоногт хэр их хоол идэх нь
ойлгомжтой. Тэрбээр нэг удаадаа 4-5 тонн далайн амьтдаар хооллодог байна. Гэхдээ
ийм том амьтан гэхэд дэндүү гологдмоор хоолоор хооллодог. Түүний хамгийн дуртай
хоол нь жижигхэн сам хорхой гэнэ. Сам хорхойгоор хооллох нь маш тэжээллэг
байдаг аж. Мөн саяхны судал­гаагаар сардин загас бас иддэг болохыг тогтоожээ.

Хөх халимын талаар
эдгээр харьцуулалтыг үзэхэд “Арал гээд хүн амьтан суурьшсан чинь аварга халим
байсан” тухай гардаг Орос ардын үлгэрийг санагдуулж байгаа биз. Тэрхүү үлгэрийг
үнэн түүхээс сэдэвлэсэн юм биш байгаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Тэр битгий хэл
түүхэнд “Буратино”-гийн үлгэрт гардаг шиг халиманд идүүлээд нэг хоногийн дараа
гэдэснээс нь амьд мэнд гарч ирсэн хүн ч байдаг ажээ.

1981 онд Английн
“Дор­нодын од” гэх усан онгоцны багийнхан халимтай тулалд­жээ. Энэ үеэр
багийнхны хоёр нь жижиг онгоцтойгоо живж халиманд залгиулсан байна. Багийн
үлдсэн гишүүд нь халимаа агнаж чадсан бөгөөд өнөөх аварга олзоо өдөржин,
шөнөжин өвчжээ. Маргааш нь халимаа өвчиж дуусаад ходоодыг нь задалж үзэхэд алга
болсон хоёр хүнийх нь нэг Джеймс Бартли гэгч ухаангүй хэдий ч амьд мэнд байсан
гэнэ. Түүний бүх бие нь түлэгдсэн байсан бөгөөд гурав хоногий дараа бүрэн сэхээ
оржээ. Энэ бол үнэн бодит түүх юм.

Хөх халимны амьдрал, ба
үржил

Үлгэрийн мэт
энэхүү аварга амьтан бүх далайд нүүдэллэн амьдардаг. Зундаа Хойд мөсөн
далайгаар зусч, өвлийн улиралд Антарктидын далай хавиар нутагладаг байх нь.
Ихэнхдээ ганцаараа амьдрах дуртай ч үржлийнхээ үед болон зулзагаа өсгөхдөө
хосоороо явна. Хөх халим 8-10 нас хүрээд нас бие гүйцэх бөгөөд 80 гаруй насалдаг ажээ. Эм халим 11 сар
хээлээ тээж, 2-3 жилд нэг удаа төрнө. Халимны зулзагыг тугал гэнэ. Эх халим
ихэр тугал төрүүлэх нь ховор. Дөнгөж төрсөн тугал нь ойролцоогоор долоон метр
урт, 2700 кг жинтэй байна. Хүн төрөлхтөн бидний хувьд дэндүү аварга мэт
санагдах бяцхан тугал эцэг, эхдээ эрх танхи гэнэ. Тэрбээр эхийнхээ хажууд
наалдаж 7-8 сар хөхөө хөхдөг. Өдөртөө 380-570 л сүү хөхөх бөгөөд үүнийхээ
хүчинд хоногт 90 кг жин нэмдэг байна.

Хөх халим
өөрийнхөө хосыг намар олдог ажээ. Намрын сүүлчээс эхэлсэн үржил, өвөл дуустал
үргэлжилдэг байна. Тэд нэгийгээ олохдоо дуу чимээгээ ашигладаг аж.
Сонирхуулахад эдгээр аварга хөхтөн амьтад биедээ дүйцэхүйц хамгийн чанга дуу
гаргадаг юм. Халим нь хөлөг онгоцны
дуутай адил хэт нам долгионы хүрхэрсэн дуу гаргах бөгөөд 150 км-ын цаанаас ч
тод сонсогддог гэнэ. Тэрбээр 3-4 метр урт сэлүүрээрээ цагт 50 км хүртэл хурдалж
чадна. Гэхдээ төрөлхийн тогтуун ааштай болохоор ерөнхийдөө 20 км/ц хурдтай л
сэлдэг аж.

Дэлхийн хамгийн
том энэ амьтан руу өөр ямар ч амьтан халдан довтолж чадахгүй байх гэж
бодогдохоор. Гэвч тийм биш ажээ. Хөх судалт халимны ганц заналт дайсан нь
алуурчин халим гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн халимны 25 хувь
нь алуурчин халимны дайралтаас авсан шарх, сорвитой байжээ.

Эрин галавын
үеийн энэхүү аварга амьтантай нэгэн ертөнцөд амьдарч буй хүмүүн төрөлхтөн
азтай. Гэвч бид техник технологи илүү төгс болж хөгжихийн хэрээр байгаль эхийн
бүтээсэн гайхамшгуудыг нэг нэгээр нь устган сүйтгэж байна. Дээр үед хурд,
хүчтэй аварга том халимыг агнана гэдэг боломжгүй байжээ. Гэвч том том онгоц,
буу зэвсэг, тэсрэх бөмбөг зэр зэвсэг гарснаар хөх халимыг ихээр нь агнах
болжээ. 1960-аад онд хөх судалт халимыг агнахыг хориглосон хууль гаргасан
ч энэхүү гайхалтай амьтныг хууль бусаар
агнасаар ирсэн байна.

Сүүлд 2002 оны байдлаар гэхэд нийт 5000-12000 орчим хөх судалт халим байгаа
гэсэн тооцоо гаргажээ. Харин өдгөө уг сүүн тэжээлтнийг аврахын тулд дэлхийн
сая, сая хүн нэгдэн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Чоймболын Жумдаан: “Эргүүлэг” маань шуугиан тарьж, “Тэнгэрийн сахил” дэлхийн шилдэг хорин кинонд багтаж байлаа

Кино
найруулагч Чоймболын Жумдаантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр ЗХУ-ын Бүх холбоотын
Кино урлагийн дээд сургуулийг 1980-1985 онд А.А.Алов, В.Н.Наумов нарын урланд найруулагч мэргэжлээр төгсөхдөө бүх шалгалтаа
онц дүнтэй өгч, нэрт зураглаач Д.Баттулгын амжилтыг 20 жилийн дараа давтан
улаан дипломын эзэн болж онцчуудын хүндэтгэлд мөнхөрснийг төрөлх сургуулийнхан
нь эдүгээ ч бахархан дурсдаг аж.

-Монголын кино
урлагтай холбогдсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?

-Төв аймгийн
Дэлгэрхаан сумынхаа бага сургуулийг төгсөөд 24 дүгээр сургуульд суралцаж
байгаад ХБДС-д элсэн орж 1968 онд төгссөн. Тэгээд Улсын филармонид хөгжимчнөөр
ажиллаж байгаад 1971-1975 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр
төгсч “Монголкино” үйлдвэрт 1976 оноос орчуулгын киноны жүжигчнээр ажиллалаа.
Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуульд суралцаж найруулагч, жүжигчин
мэргэжлээр төгссөн минь амьдралын минь сайхан он жилүүд яах аргагүй мөн шүү.
Манай сургуулийг чинь АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган хүртэл төгссөн гээд бод
доо.

-Та анх ямар
кинонд тоглож байв?

-Кинонд намайг
хөтөлж оруулсан хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Доржпалам
багш минь юм. Нэг бэлгэшээлтэй зүйл
хүүрнэхэд “Бушхүүгийн үлгэр” кинонд 1980 онд агуу их ардын жүжигчин Гэндэн
гуайн хүү болж хаан хөвгүүний дүрд тоглосон. “Чимгээгийн төрсөн өдөр”-ийн Бат-Оргил, “Тунгалаг Тамир”-ын Жаргал,
“Хонины найр”-ын Хуяг, “Бушхүүгийн
үлгэр”-ийн хан хүү, “Алтан шонхор”-ын Соривт, “Тод магнай”-гийн түшмэл зэрэг
олон гол, туслах дүрд жүжигчний хувьд авьяас сорьж л явлаа. Орчуулгын хориод
кинонд орчуулгын найруулагчаар ажилласан байдаг юм.

-Таны
найруулсан “Эргүүлэг” уран сайхны кино дэлгэцнээ гарсан даруйдаа нийгэмд их
цочроо өгсөн санагддаг. Өөрчлөн байгуулалт ид яригдаж байсан үед социализмын ёс
суртахууны оршуулгыг та бараг хийчихсэн юм биш үү?

-Хойно сургуулиа
дүүргэж ирээд “Хүний хүн” уран сайхны киног 1987 онд хийсэн. Бурхан болооч
Балжинням найруулагч маань “Ай хөөрхий, чи минь” гэж зохиол бичсэнээ “Энэ киног
ганцхан Жумдаан л хийнэ” гээд надад итгэл хүлээлгэсэн хэрэг. Энэ нь намайг сайн
гэсэн ч үг биш байх. Ингээд 1989 онд “Эргүүлэг” киног тэр үеийн үзэл суртлын их
олон даваа бэрхшээлийг туулж байж хийсэн. Хийсэн хойно ч их хэл ам дагуулсан.
Тухайн үед нийгэмд бугшсан идээ бээрийг гаргаж тавихдаа их хурцаар өгүүлсэн.
Ногоон малгайтнууд хүрч ирээд гэрийг нь буулгахаар тооноо өөрөө хага шидэж
байгаа хэсэг бий. Тангаргын үг энэ тэр ч “Тэнгэрийн сум болъё. Муу муухай
биднээр төгсгөл болог” гэсэн санаатай.

-Та энэ
киногоороо тухайн үеийн нийгэмд ямар дохио өгье гэж бодож байв даа?

-Эхлэл, төгсгөл
дээр Сэлэнгийн их эргүүлгээс хөл алдахгүй гараад явчихаж байгаа монгол морины
зураглал байна. Монгол морь ямар ч их эргүүлэгт живдэггүйтэй адил монгол хүн ч
гэсэн хувь заяаны эргүүлэгт амьдралаа сүйрүүлэхгүй гэсэн ёгт санааг кинонд
зангидаж өгсөн хэрэг л дээ. Ёс заншлаа хаячихсан талаар хөндөж өгсөн. Тухайн
үед төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн “Өшөө”, сэтгүүлч Ц.Балдоржийн
“Хэрээ” ч бил үү, ийм ёс суртахуун хөндсөн мундаг зохиолууд хэвлэлд гарч байсан
нь ч бас нөлөөлсөн гэж болно. Оюутан байхдаа ч адармаатай, зоримог байсан минь
ч нөлөөлсөн л дөө. “Эргүүлэг” киног Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний үеэр
үзүүлж бөөн л юм болж байлаа. Тэр үед Да.Ганболд, Р.Гончигдорж нар улс төрийн
олон эшт үзлийг буулгасан уран бүтээл гэж үнэлсэн л байдаг юм. Энэ кинон дээр
гэхэд тас хар хувцастай рок дуучид цав цагаан хувцастай охинтой төмөр зам дээр
уулзаж байгаа чинь хүний дотоод сэтгэл, нийгмийн мөн чанарын зөрчлийг харуулж
байгаа юм.

-Энэ батламж дээрээс харж байхад та “Мандухай
цэцэн хатан” кинонд орлон тоглогч нарын ахлагчаар оролцож байжээ?

-Монгол киноны
алтан үеийн аваргуудын хийсэн үнэхээр сайхан кино шүү дээ. Ерөнхийдөө дэлгэц
дүүрэн л хүмүүс байлдаад байгаа ч морьтны болон явган сэлэмт тулалдааны хэсэг
гээд зуу хүрэхгүй тамирчны тоглолт байгаа юм. Явган байлдааныг Хаянхярваа
хурандаа удирдаж байсан. Харин аз болоход тамирчид бэртэл гэмтэл аваагүй.
Оюутан цагаасаа л “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл
болно, Чингис хаан”, “Алтан шонхор” зэрэг Монголын болоод гадаадын хамтарсан
хорь гаруй кинонд каскадерын багтайгаа ажилласан байна. Гадаадын уран
бүтээлчидтэй хамтарсан кинонууд дээр морин дээр зэвсгээ эзэмших, морьтойгоо
харьцах талаар ургасан юм шиг зохицолдсон байдаг юм шүү. Монгол морь биеийн
хөдөлгөөнөөр эргэх, тойрохыг мэддэг. Тэгэхэд гадаад үүлдрийн адуу поло тоглоход
хүртэл замынх нь чулууг зайлуулж, нүхийг бөглөх шахдаг гэдэг юм шүү дээ. Алдарт
Хаянхярваа хурандаагаас орлон тоглогчийн уран бүтээлийн сайн сайхныг мэдэрсэн
юм.

-Та Монголд
Японы кендог оруулж ирж байсан гэж сонссон юм байна?

-Анхдагч гэдэг
утгаар 1998 онд Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийн тамирчин дайчидтай
Равдангийн Батжаргал найзынхаа хамт кэндог эхлэн хичээллүүлж, Монголын
кэндогийн холбоог байгуулж байлаа. Цагдаагийн 808 дугаар ангиас гарсан
Ганбаатар, Өсөхөө, Төмөрөө, Сүхээ, Галбаатар нарын шавь нар маань албаа сайхан
хашиж байна. Кэндо бол хулсан сэлмээр тулааны урлагийг эзэмшдэг. Хулс, модон
илдээр эхлээд ган сэлмийг төгс эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Кэндо өнөөдөр сайхан
хөгжиж байгаа. Өнгөрөгч хавар Токиод болсон тэмцээнд Р.Батдорж нарын манай
залуус амжилттай оролцоод ирсэн.

-Морин полог
бас оруулж ирсэн гэл үү?

-Францын
киноныхонтой хамтарч уран бүтээл хийж байхад бас л тэр үед оруулж ирж байсан.
Заан, морин, тэмээн гээд олон поло байдаг. Монголын морин пологийн холбооны
ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лувсанвандангийн Болдхуягтаа баярлаж явдгаа
хэлмээр санагддаг.

-“Тэнгэрийн
сахил” гэдэг киног та найруулаагүй бил үү?

-Миний найруулсан
хандмаа нарын аж төрлийн тухай кино л доо. Найман бүлэг өнгөт энэ киноны
зохиогчоор төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, зураглаачаар Жигжидийн Биндэр,
зураачаар Одонгийн Нямдаваа, хөгжмийн зохиолчоор төрийн шагналт Бямбасүрэнгийн
Шарав ажиллаж, гол дүр Агиймаад жүжигчин Б.Эрдэнэцэцэг маань тоглож байлаа. Энэ
кино 1994 онд Францын Роттердам хотод зохиогдсон олон улсын кино наадмаас
шилдэг хорин киноны нэгээр шалгарч байсан даа.

-Та сүүлийн
үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Францын уран
бүтээлчидтэй хамтарч “Алдас” гэж боксчны амьдралын тухай кино хийж, Барселоны
олимпийн медальт тамирчин Баярсайхан тоглосон. Уг нь би энэ киногоо 1988 оны
Сөүлийн олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбатад зориулж зохиолыг нь бичсэн ч
ичсэн үү, бэлгэшээгээгүй ч юм уу зохиолыг нь уншчихаад бултсан юм даг. (инээв.
сур) Хөдөө нутаг минь хоосорлоо, хүн чанар үгүйрлээ гэсэн утгатай энэ кинонд
ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ их сайхан аялгуу оруулсан даа. Гадны улсын хөрөнгөөр
хийсэн болохоор Монголдоо ч ганц хувь байхгүй шахуу болсон доо. Зах зээлийн
нийгэмд бас хөлөө олохгүй л яваа хүн. Намайг сайн уран бүтээлч гээд мөнгөө
бариад ирэх хүн олдохгүй юм. Гүзээнд наалдсан дэлүү гэгчээр Дамбын Төрбаттайгаа
хамтарч хэд хэдэн кино хийж байна. Гүег хааны тухай “Төрийн мэлмий” гэж зохиол
удахгүй дэлгэцнээ гарна.

-Дэлгэцийн
урлагтай амьдралаа холбосон хүний хувьд хамгийн том шагнал тань юу байв?

-Хоёр залуу
надтай таараад “Эргүүлэг” киног минь нүдэнд харагдтал ярьж өгч байлаа.
Найруулагч хүний хувьд үзэгчдийн энэ их урам эрчис надад уран бүтээлийн амьд
харьцааг хайрлаж, онгодыг минь хөглөсөн. Бас нэг том шагнал маань гэвэл “Мөнх
тэнгэрийн хүчин дор” киног хийж байх үедээ Балжинням найруулагч, Нагнайдорж
хоёр Сэлэнгийн тэнд зургийн газар үзэж явахдаа их өндөр эрэгтэй таараад “Энэ
эрэг рүү сүйх тэрэгтэй хүн үсэргэнэ дээ. Хэнийг үсэргэхэв” гэхэд “Жумдаан л
байна ш дээ” гэлцсэн байгаа юм. Энэ л наддаа том шагнал шүү дээ. Киргизийн нэрт
жүжигчин, нэрт орлон тоглогч Кудабергеновын гарын шавийн хувьд надад энэ үг
хангалттай. Би энэ хүнд шавь орж орлон тоглогчийн гурван сарын дадлага сургууль
хийсэн юм. Багш маань “Юность Гений” кинонд өндөр хясаан дээрээс морьтойгоо
үсэрч, нуур руу орсноо ярьдаг байсан. Морь нь зүрх нь хагарч үхсэн байсан
гэдэг. Одоо ч цахимаар эвлүүлж болж байна. Бидний үед урлагт хүртэл бодит
байдлыг эрхэмлэн харуулна гэсэн үзэлтэй байсан болохоор Москвад суралцаж
байхдаа трамвайн завсраар автомашинтай гарах зэрэг аюултай үзүүлбэрт оролцдог л
байлаа шүү дээ. Энэ мэт уран бүтээлчийн эр зоригийн шалгуурыг мөн ч олон удаа
давлаа даа.