Categories
мэдээ цаг-үе

Д.Самбуу: Засаг солигдоход соёл урлаг руу улстөрчдийн гар орж ирдэг нь үнэхээр муухай

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Ардын жүжигчин Д.Самбуутай ярилцлаа.

-Та ямар уран бүтээл дээр ажиллаж байна, юунд цагаа илүү их зарцуулж байгаа бол?

-Өнгөрсөн жил нэлээд шахуу ажилласан. “Оройн дээд” гээд дуулалт жүжиг манайхан тавьсан шүү дээ. Богд хааны дүрийг гаргах гэж баахан зүтгэлээ. Одоохондоо гайгүй ээ. Чуулгын 65 жилийн ой арванхоёрдугаар сард болох юм. Үүний бэлтгэл ажил гээд жаал жуул юм байна аа. Энэ зуны жуулчны тоглолтынхоо хаалтыг хийж байна.

-Богдын дүрд тоглоход өөр мэдрэмж төрөх юм уу?

-Богд хааныг ерөөсөө ойлгодоггүй явсан юм байна л даа. Судлаад, материал хараад явахаар үнэхээр Монголын төлөө зүтгэсэн хүн л харагдаж байна лээ. Социализмын үед биднийг тэгээд үнэмшүүлчихсэн юм чинь яах вэ дээ. Богд хааны наймдугаар дүр байсан. Тайз дэлгэцийн урлагт би бас Богдын дүрийг бүтээсэн найм дахь уран бүтээлч болсондоо бэлгэшээж байдаг.

-“Үйлсийн сайхан Улаанбаатар” гээд сэтгэлд хоногшсон сайхан дуугаар чинь хүн бүр мэднэ дээ. Нийслэлийн удирдлагууд танд талархаж байсан уу?

-Одоо бол Улаанбаатарын дуу их төрж байна. Олон янзаар дуулж байна. Миний үед Гончигсумлаа гуайн “Улаанбаатарын үдэш”, Оросоогийн дуулж байсан “Миний Улаанбаатар” гэж байлаа. 1974 оноос “Үйлсийн сайхан Улаанбаатар”-ыг дуулсан. Тэгээд түгсэн. Өнөөдөр хүртэл дуулсаар явна. “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аараа бараг хоолоо олоод идчихэж байгаа юм биш үү.

-Тийм сайхан сэтгэлд хоногшсон дуучин одоо яаж амьдарч байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа даа?

-Яахав, зах зээлд шилжихэд манай чуулга бараг хаалгаа барихдаа тулсан. Хэдэн уран бүтээл хөдөө гадаа явж, тав арван төгрөг олж ирнэ. Цалингаа яаж тавих вэ гэдэгтээ тулсан. Дутуу хагас цалин мөнгөө тавина. Тэр үеийг даван туулсан. Энэ чуулгыг 1969 оны сүүлээс сайн мэдэх юм даа. Бүх үеийн аваргуудтай хамт ажиллаж байлаа. Яахав, социализмын үед болж байсан. Соёл урлагаа харж ханддаг. Хоосон хонохгүй хоёр идэхгүй л байсан. Зах зээлийн давалгаанд соёл урлаг үнэхээр ширвэгдсэн. Яам маань ч татан буугдав. Уран бүтээлчдээсээ авахуу­лаад даргыг нь хүртэл яам мэддэг үе бий. Би хүртэл Архангай аймгийн Соёлын ордонд ажиллаж байгаад сайдын тушаалаар татагдаж ирж байсан хүн. 1969 онд Ч.Лодойдамба гуай орлогч сайд байв. Аймгийн захиргаа, намын хороонд хоёр удаа албан бичиг очиж байж намайг наашаа нэг юм явуулсан даа. Яамны томилолт авч, их урлагтай амьдралаа хол­бож байлаа. Одоо бол Үндэсний дуу бүжгийн эрд­мийн чуулгынхныг гадагш нь тоглолт хийлгэх, гэрээ хэлэлцээр хийхэд дэмжлэг үзүүлэх соёл, урлагийн бод­лого үгүйлэгдэж байна даа.

-Жуулчдын тоглолтоос хэр орлого олдог вэ. Жуул­чид их сонирхдог байх?

-Манай тоглолтыг үзсэн харсан гадны зочин огт өөр ертөнцийг хардаг юм шүү дээ. Үндэсний дуу бүжиг, хөөмий, язгуур урлаг, ерөөл магтаал дэлхийд өөр байхгүй урлаг. Муу нэртэй, луу данстай Сосор­барам минь ардын хамтлагуудыг гадагш дотогш нь явуулж, дэлхийд таниулж байдагт баярладаг. Яамны хийх ёстой ажлыг хувь хүн хийгээд явж байна. Уг нь Соёл урлагаа хөгжүүлээд, дэлхийд түүх соёлоо таниулахад бодлого хэрэгтэй.

-Та хэр олон оронд очиж дуулж байв?

-Би олон оронд очсон. Ялангуяа социализмын үед дэлхийн гуч гаруй оронд очсон байдаг. Чуулга Монголын соёл урлагийн нүүр царайг харуулдаг. Манай Ардын дуу бүжгийн чуулга, циркийн тоглолтыг гадаадын үзэгчид дэндүү хүлээж авч байсан. Гучин минут алга ташдаг байлаа. Ардын дуу, зохиолын дуу, уртын дуу ч дуулсан. Очсон орныхоо дууг өглөө нь аваад, орой нь хөгжимтэйгөө нийлээд дуулчихдаг л байсан. Залуу ч байсан, юм тогтоохдоо амархан байж.

-Зүй нь соёлын бодлого яаж явах ёстой гэж та боддог вэ?

-Монголын нүүр царай, түүх соёлыг манайхаар дамжуулах учиртай. “Чуулга биеэ даагаад хошин шогийн хамтлаг шиг гараад явчихаж болохоор ш дээ” гэж нэг дарга хэлж байсан гэнэ лээ. Ямар тэнэг үг вэ. Үндэснийхээ соёлыг түгээдэг, сурталчилдаг ганц газраа тараах нь. Манайх засгаас байр л нэхдэг. Энэ байшинд драмын театр, хүүхэлдэйн театрынхантай хэрэлдээд 50-60 жил амьдар­лаа. Хэдэн жилийн өмнө Үндэсний театр барих төсөв мөнгө нь батлагдаад, барихдаа тулсан ч газар нь олдоогүй. Ганц үндэсний театр барьчих газар Улаанбаатарт баймаар л юм даа. Гадны сүм барих болохоор энд тэндгүй газар олдоод байх юм.

-Урлагт улс төрийн нөлөө орж байна гэж та ярьсан байна лээ?

-Ер нь улс төрийн нөлөө их байна. Засаг солигдоод, нэг нам солигдохоор Дуурийн театр манай хоёрын даргыг заавал солино. Дарга нь хүрч ирээд найруулагчаа, уран сайхны удирдагчаа өөрчилдөг. Хэвийн ажиллаж байсан хамт олны зүтгэж хийх гэж байсан юмыг дундуур нь орж ирээд тас тас татаад бужигнуулж хаяад, өөр өөрсдийнхөө хүнийг нааш нь цааш нь шургуулаад, тэр нь чадаж байна уу, чадахгүй байна уу хамаа байхгүй ээ. Сүүлдээ иймэрхүү маяг руу орчих гээд байна. Үүнд би үнэхээр эмзэглэж байгаа. Соёл урлаг руу хүртэл улстөрчдийн гар орж ирээд байх юм бол үнэхээр муухай хэрэг. Ахиад ямар нэг байдлаар сайд солигдоход бужигнаан үүсгээд энэ хэдэн урлагийн байгууллагуудаар тоглочих вий.

-Та одоо хэн хэнтэйгээ амьдарч байна. Танай хүүхдүүд дунд урлагийн хүн байдаг билүү?

-Эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Нэг нь дипломатч хүн. Дараагийн хүү студитэй. “Малчин” телевизийн захирал хийдэг. Бага охин маань СУИС-д сурч байна.

-Дуулахаа боливол ийм юм хийнэ дээ гэсэн хүсэл байдаг уу?

-Хурим найр, цэнгүүн, шагнал урамшлын мялаалгын үеэр хоёр дуу дуулж, таван төгрөг өгөхөөр нь авдаг. Марзан Шарав нэг монгол кинон дээр “Өгөх хүний сүсэг мэддэг” гэдэг шиг л юм болдог. Дутаж гуцсан юм алга. Овойж оцойсон юм алга. Зах зээлийн үед наймаа хийх гэж үзсэн. Хөрөө рам байгуулж үзээд, банз мод гаргаад, арьс шир урагш нь гаргаж үзсэн. Наймаа гэдэг миний хийх ажил биш юм билээ. Ноднин манай удирдлагууд нэг санал тавьсан юм. Чуулгад нэг студи байгуулъя. Орон нутгийн театр чуулгын дуучдыг авчирч, курс маягаар сургая. Дуулах сонирхолтой залуусыг сургаж, байнгын ажиллагаатай студи байгуулъя гэсэн. Би ч дээр үед курсээр л дуучин болж байлаа.

-Таныг анх олж харсан хүн хэн байсан бэ?

-Алдарт дуучин Ж.Дорж­Дагва гуай, Н.Норовбанзад гуай, Б.Лхамжав гуай байна. Чуулгын дэргэдэх дуулаачийн курст яваад, сайд татах, урлагийн замаар явах асууд­лыг энэ хэд л шийдсэн. Манай чуулгын уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Цэрэндорж гэж агуу хүн байв. Намайг хүн болгосон. Намайг 1970 онд “Энхийн цэрэг” гэж дууг оркестр хоортой гоцлол дуулуулаад, гаргаж ирсэн хүн.

-Та урлагийн сайхан эрчүү­дийн нэг байсан. Шүтэн биш­рэгч их байсан байх?

-Захиа л их ирдэг байсан. Хариуг нь бичиж чаддаггүй. Тэр болгонд яаж хариу бичих вэ.

-Таны дууг сонсох дуртай хүмүүс олон. Хуучны дуучид цомог нэг их гаргадаггүй санагддаг?

-Ноднин “Их урлагт 45” гэсэн концерт хийсэн. Хүүгийн найзууд, манай чуулгын дуучид, орчин үеийн зохиолын дуучид оролцсон. 1994 онд “Цэнхэрийн аялгуу” гэж сумынхаа нэрээр нэрлэ­сэн кино концерт хийсэн. Улаанбаатар телевизийнхэн хийж өгсөн. Баяр өөрөө найруулсан. Тэр үед зах зээл эхэлсэн хэцүү л үе байсан. Найз нөхөд унаа, шатахуун, хоол ундаар тусалсан. Тэгж нэг кино концерттой үлдсэн шүү. Хүүгийнхээ буянаар хийсэн хэдэн клип бий. Ирэх жилээс шинэвтэр тав зургаан дуу, хуучны гайгүй шиг дуунуудаасаа оруулаад ахиад нэг телевизийн концерт арай гайгүй дээрээ хийчих бодол бий.

-Н.Норовбанзад гуайг чадалтай байгаа дээр нь клип хийж авч үлдлээ гээд байсан. “Уяхан замбуу тивийн наран” клипийг нь одоо үзэхэд үнэхээр сайхан санагддаг?

-Норовбанзад гуай чинь бурхан чигээрээ байсаар байгаад бурхан болчихсон хүн шүү дээ.

-Далан насны ойн концертон дээрээ үнэхээр сайхан дуулж байсан даа. Шавь нар ч дуулж л байсан. Хоолойнх нь энг гүйцэхгүй санагдсан?

-Норовоо эгч ханиад ч хүрч байгаагүй хүн. Хоолойгоо ч сайхан хамгаална даа. Яг далан насандаа явсан шүү дээ. Юу ч мэдээгүй байж байгаад Япон руу тоглолтоор явж ирчихээд, хоёрдугаар эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь “Элэг чинь болохоо байчихсан байна” гээд. Японд очиж эмчлүүлэхээр болсон ч хүнд үедээ орчихсон, яах ч боломжгүй гээд, богинохон хугацаанд өвдөөд явчихсан шүү дээ. Түмэндэмбэрэл гуай, Норвоо эгч хоёр бол миний ээж шиг байсан хүмүүс.

-Найзуудынхаа тухай дурсаач?

-Манайд Жадамбаа гэж дуучин байсан. Сүүлд Дарханы театрын дарга олон жил хийсэн. Бурхан болсон л доо. Миний найз Мэнд-Амар гээд хөгжмийн зохиолч манай ёочингийн ганц. Манай чуулгад байсан, “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжиг бичсэн. Бид дэндүү дотно байлаа. Их баярлах, сэтгэл гундуу байх үед найз санаанд орж ирдэг юм шүү. Жаахан тааруухан найруулгатай хөгжим явахаар “Иш, миний Мэндээ байсан бол арай ч ингэж хийхгүй дээ” гэж бодогдоод л.

-Сэтгэлээ онгойлгомоор үедээ хэнд ханддаг вэ?

-За даа, одоо нас ч явж байгаа юм уу. Нэг их сэтгэл нээгээд байх биш дээ. Зожиг ч гэхэд хаашаа юм бэ дээ. Хэдэн хүүхдүүд, хамт олонтойгоо бужигнаад эдэнтэйгээ адилхан дэгж дэрвээд гүйгээд байна даа.

-Та хамрын тамхи их татах юм аа. Ач холбог­долтой эд үү?

-Хамрын тамхи татахаас өмнө их ханиад хүрдэг байсан. Хамрын тамхи татсанаас хойш ханиад хүрээгүй. Дуулахад тээр болоод байдаггүй. Дуулахаа­саа өмнөхөн хамрын тамхи нэг сайн татаж байгаад хамаг юмаа онгойлгочихоод гардаг.

-Хамрын тамхи татдаг хүн хөөрөг сонирхдог байх?

-Аавын минь сайхан халтар манан хөөрөг бий. Ажлын нэг хөөрөг ширээн дээрээ тавьчихдаг юм.

-Өнөөгийн Монголын дүр зургийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Ард түмэн бол үнэхээр хямраад байна. Үнийн өсөлт дэндлээ. Тэр болгон дэлгүүр хоршоогоор явдаггүй л дээ. Муу хөгшин маань гараад бараг юм аваагүй хэдэн төгрөгөө дуусаад орж ирэх юм байна шүү дээ. Дээрээ хямраагүй гэж боддог, үнэндээ. Хоёр нийгмийн солбилцлын хооронд энэ хэд чинь барахааргүй болчихсон юм байна. Тэр суудалдаа суух ямар ч дуртай юм. Түүнийхээ төлөө ямар ч их тэмцдэг юм. Унац сайтай юм шиг байна. Улс орноо гэсэн сэтгэлтэй хүн ээ дээ, цөөхөн байгаа байх аа.

-Та алдар цолондоо сэт­гэл хангалуун байдаг уу?

-Төр түмэн хоёр л өгсөн юм. Одоо бол шагнал урамш­лын талаар сонин юм их дуулдах юм. Мөнгөөр одон авдаг ч гэх шиг. Шагнал арай дэндүү хавтгайрлаа. Дарга энд тэндхийн ой дээр одон тэмдгийг халаасалж аваачаад зүүгээд зүүгээд өгчих юм байна шүү дээ. Салбарын тэргүүн гэдэг ямар амархан болчихсон юм. Наян онд гавьяат авч байхад шалгуур өндөр байлаа. Ар гэр хажуу айлаас хүртэл “Энэ Самбуу гэдэг чинь ямар хүн байна” гээд хороо хориноос хүртэл судалж, жаахан юм гарвал гавьяат байтугай юу ч үгүй үлдэнэ. Маш хяналттай байсан. Тал талаас нь харж байж өгч байсан. Шагнал урамшил дээр шалгуур болзол тавимаар юм шиг. Төр засаг үүнийгээ жаахан цэгцлэх байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Сүндэрмаа: Гэрээ цэвэрлээд, хүүхдээ хараад, нөхрийнхөө хоолыг бэлдэж өгнө гэдэг миний хувьд аз жаргал

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.

Ц.Сарнай та хоёр амаржсанаас хойш танай хамтлагийнхан нам жим байгаа. Уран бүтээлдээ эргэн орох болж байгаа юу?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хамтлагийн уран бүтээлийн тухайд гэвэл маш олон шинэ санаанууд байгаа. Хэд хэдэн сонирхолтой уран бүтээлийн санаа орж ирсэн. Бас тоглолтын саналууд ч ирж байна. Гэхдээ одоохондоо тус, тусынхаа эхлүүлсэн ажлыг жигдрүүлэх бодолтой байгаа. Мэдээж хэрэг уран бүтээлээ орхихгүй. Шинэ санаагаар дүүрэн байгаа болохоор удахгүй уран бүтээлээ сонсогч олондоо хүргэнэ. Одоогоор сүүлд гаргасан “Зүрхэн аялгуу” цомогт орсон 11 дуугаа сонсогч олондоо хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Таны хувьд фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдэд дасгал зааж байгаа. Дуучин хүн гэнэтхэн дасгал заагаад эхлэхээр олон хүн гайхсан байх?

-Яг нэг жилийн өмнө гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд зориулан бие бялдраа хөгжүүлэх дасгал хөдөлгөөн зааж өгөх юмсан гэх бодол төрсөн. Хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа ээжүүд тэр бүр хүссэн цагтаа гэрээсээ гараад байж чаддаггүй шүү дээ. Тиймээс тэдэнд туслах үүднээс өөрийн мэддэг бүхнээ хуваалцахаар шийдсэн юм. Мөн цаг наргүй ажиллаж фитнест явж чаддаггүй бүсгүйчүүд байдаг. Тэдэнд зориулаад гэрийн нөхцөлд, ямар ч дасгалын хэрэгсэлгүйгээр биеэ хөгжүүлэхийг заахыг хүссэн. Түүнийгээ ажил хэрэг болгоод өдөр тутамд хийх анхан шатны дөрвөн цуврал хичээл бэлдлээ. Түүнийгээ “Юнивишн”, “Скай медиа” хоёрт байршуулсан байгаа. Илүү олон хүнд хүргэх үүднээс, басхүү хийж байгаа ажлаа танилцуулахын тулд фэйсбүүк хуудсаа идэвхтэй ажиллуулж байна.

Та өөрөө хэзээнээс эхлэн фитнесээр хичээллэх болсон юм бэ?

-Багаасаа л дасгал, хөдөлгөөн хийх дуртай хүүхэд байлаа. Өсвөр наснаасаа эхлэн тууштай хичээллэж гэртээ дасгал хийдэг байсан. Тэр үед фитнес клубүүд ч цөөхөн байлаа. Миний мэдэхийн “Тайхар” клуб байсан. Уг нь тэнд очоод мэргэжлийн багш нараар заалгах хүсэл их ч амждаггүй байсан юм. Өглөөнөөс орой болтол хичээлтэй учраас гэртээ өөрийгөө хөгжүүлэхээс өөр арга байгаагүй.

Таны төрсний дараах зургийг хараад үнэхээр биширсэн. Хүүхэд төрүүлсэн мөртлөө гэдэсний зургаан булчингаа ийм гоё хадгалж үлдэж болдог юм байхдаа л гэж бодож байлаа?

-Баярлалаа. Зарим хүмүүс зөвхөн тамирчид л гэдэсний булчингаа хөгжүүлсэн байдаг мэтээр ойлгодог. Үнэндээ ямар ч насны хүмүүс гэдэсний булчингаа хөгжүүлэх боломжтой. Миний анзаарснаар дасгал, хөдөлгөөн хийж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Яагаад дасгал хийхийг хүсэж байгаа, юуны тулд хийх хэрэгтэй вэ гэдгээ бүрэн ойлгож ухамсарласны дараа дасгалаа эхэлбэл эрч хүчтэй болж залхуурахгүй. Ер нь гэдэсний булчингаа гаргахад хугацаа их шаарддаг юм байна лээ. Гэхдээ хүн бүрийн бие өөр учраас харилцан адилгүй. Зарим хүнийх маш хурдан гараад ирдэг. Зарим нь туранхай мөртлөө булчин нь удаан ялгардаг. Тэгэхээр хүний биед байгаа өөхний хэмжээ, хооллолт, амьдралын хэв маяг гээд олон зүйл нөлөөлдөг гэсэн үг.

Хүмүүс танаас голдуу ямар зөвлөгөө авдаг вэ?

-Бүсгүйчүүд маань ихэвчлэн жингээ яаж хасах талаар асууна. Бас зөв хооллолт болон биеийнхээ булчинг хэсэгчлэн хөгжүүлэх тухай их асуудаг. Харин сүүлийн үед нялх биетэй ээжүүд маань төрсний дараах дасгал, хөдөлгөөнтэй холбоотой асуулт их тавьж байна. Анзаараад байхад бүсгүйчүүд маань өөртөө маш их анхаарал тавьдаг болжээ. Би ч чадах чинээгээрээ өөрийн туршлагаасаа, мэдэрсэн зүйлээсээ хуваалцаж байгаа. Хүмүүст зөвлөж байгаа болохоор сүүлийн үед нэлээн их зүйл уншиж, судалж байна. Сурсан, мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах маш их таалагдаж байгаа.

Таны зөвлөгөөг уншиж байхад шинэ зүйл их байдаг. Хүүхэд төрүүлсэн ээжүүдийг далайн байцаатай шөл уугаарай гэснийг хараад монгол бүсгүйчүүдэд хэр тохирох юм бол гэж бодсон?

-Дээр хэлсэнчлэн хүүхэд төрүүлсэн ээжүүд маань ихэвчлэн хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар асуудаг. Миний нэг бодол байдаг л даа. Эмэгтэй хүн яагаад хүүхэд гаргасан гээд жин нэмж, өөрийгөө арчилж тордохоо больж, өөртөө цаг гаргахгүй байх ёстой
гэж. Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй шүү дээ. Хүүхэд гаргахаасаа өмнө ямар байсан яг тэр гоо сайхнаа хадгалж үлдэх хэрэгтэй. Гоё ганган хувцасладаг байсан бол тэр хэвээрээ л байвал сайхан. Хүүхэд төрүүлсний дараа улам л гоё болох ёстой гэж боддог. Мэдээж хэрэг хүүхдэдээ анхаарал тавиад завгүй болдог л доо. Дээрээс нь гэр орны ажил, гэрийн эзэгтэйн үүрэг гэж бий. Энэ бүхэн эх хүний, эхнэр хүн болсны аз жаргал шүү дээ. Гэрээ цэвэрлээд, хүүхдээ хараад, нөхрийнхөө хоолыг бэлдэж өгөх
үнэхээр сайхан санагддаг. Амьдралын
хамгийн том аз жаргалыг
мэдэрдэг болохоор тэр. Үүнийхээ хажуугаар
өдөр бүр өөртөө зориулаад
ядаж 30 минут гаргах хэрэгтэй.
Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх ёстой.
Энэ бүхэн бүр цаашлаад
гэр бүлийн тогтвортой байдалтай ч
холбоотой гэж боддог юм.

Хилийн
чанадад амьдарч байгаа бүсгүйчүүдэд зориулан дасгалаа онлайн хэлбэрт оруулсан байна лээ. Олон хүн хандаж байна уу?

-Гадаадад амьдарч байгаа бүсгүйчүүддээ
зориулан “Youtube” сувгаар дасгалаа зааж
эхэлсэн юм. Дасгал хийх
хүсэлтэй бүсгүйчүүд маань тодорхой хэмжээний
төлбөр төлөөд үздэг байсан
юм. Харин яг одоогоор
тодорхой шалтгааны улмаас онлайн хичээл
маань түр завсарласан.

Та өөрийн гэсэн фитнес клуб нээх үү?

-Ийм санаа төлөвлөгөөнд байгаа. Өөрийн гэсэн
фитнес клубтэй болно гээд
бүр төсөөлчихсөн. Иймэрхүү тохижилттой, өнгө төрхтэй байна
гэдгийг нүдэндээ харчихсан.

Миний сургалтад хамрагдсан бүсгүйчүүд маань өөрөө өөртөө
сэтгэл хангалуун, итгэлтэй, амьдралын зөв хэв маягтай,
урам зоригтой байна гэж төсөөлдөг.
Мөрөөдөхөөрөө дандаа инээж явдаг,
аз жаргалтай сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн
байна гэж хардаг юм.

-“Sweetymotion” хамтлагийн
бүсгүйчүүд маш гоё, зөв биетэй. Ийм болоход таны нөлөө байсан л байх даа?

-Магадгүй.
Ер нь бид гурав
бие биедээ зөвөөр нөлөөлж
чаддаг. Хамтлаг гэдгийн гол
үндэс суурь нь нэгийгээ
дэмжиж, урам зориг өгч
дутуугаа нөхөх шүү дээ.

Гэр
бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Миний хувийн амьдрал хүмүүст
тийм ч сонин биш
байлгүй дээ. Нөхөртэйгөө, хоёр
охинтойгоо хамт аз жаргалтай
амьдарч байгаа.

Таныг
хүүхэдтэй болоход гэр бүлийн тань зургийг худалдаж аваад сэтгүүлийн нүүрэнд гаргая гэсэн санал ирж байв уу?

-Тийм санал ирж байгаагүй
юм байна. Тэгээд ч
тийм санал ирэхээс нь
өмнө охиныхоо зургийг фэйсбүүк хуудсандаа
байршуулчихсан.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Базаррагчаа: Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн

Жүжигчин Б.Базарраг­чаат­ай ярилцлаа. Тэрээр “Бид мартахгүй”, “Ирж яваа цаг”, “Мандах нарны туяа”, “Уул усны үр сад” зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн юм. Түүнийг цаг үеийнхээ төлөөлөл болсон уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Б.Базаррагчаа нэлээдгүй хугацаанд харийн нутагт ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Бид мартахгүй”, “Ирж яваа цаг” зэрэг киногоор тань хүмүүс өөрийг тань андахгүй. Эдгээр кинонд тоглож анх жүжигчин болох гараагаа эхэлсэн ч гэдэг. Тухайн үед гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгодог байсан юм бэ?

-Би 1985 оноос кино урлагийн босгыг алхсан хүн. Энэ зам мөрийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин найруулагч нээж өгч байлаа. 1985 онд Х.Дамдин найруулагч “Бид мартахгүй” киногоо хийх гээд дүрээ хайж явахад нь азаар би таарч сонгогдсон юм. Гэхдээ дүр сонгох асуудлыг ганц найруулагч шийдчихдэггүй байсан. Дүрийнхээ ач холбогдлоос хамаараад Монгол кино үйлдвэр, Соёлын яам, Намын төв хороо шийддэг байсан үе. Ямар ч байсан фото шалгаруулалтад орлоо. Олон ч хоног өнгөрлөө. Хүн л юм чинь кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. За кинонд тоглох өнгөрч. Ямар ч байсан цэргийн хувцастай уран сайхны ганц гоё зурагтай болж үлдэх юм байна гэсэн ухааны юм бодож байтал 45 хоногийн дараа дахиад шалгаруулалтад ороодох гээд дууддаг байгаа. Анх удаагаа камерын өмнө гарч байгаа нь тэр. Шалгаруулалтад богино хэмжээний видео тоглолт хийгээд орлоо. Тэгсэн тэнцчихсэн. Ингэж л “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрийг бүтээж байлаа.

Тэр үед та армийн хүн байсан гэв үү?

-Тийм. Иргэний хамгаа­лалт­тай 122 дугаар ангийн офицер байлаа шүү дээ. Дараа нь алдарт найруулагч Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрд тоглох болсон. Үүнтэй зэрэгцээд ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхэлдэг юм байна.

Яагаад?

-Цэргийн хүн урлаг уран сайхан хөөгөөд төрийн ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Би ч нэлээн сахилгагүй офицер байсан (инээв). Ингээд “Ирж яваа цаг” кинонд тоглосныхоо дараа эргэлт буцалтгүй кино урлагийн тогоонд нэгдсэн дээ. Армиасаа хөөгдөхөд Х.Дамдин найруу­лагч мөн л намайг дагуулж Монгол кино үйлдвэрт оруул­сан. Миний өдий зэрэгтэй яваа маань Х.Дамдин найруу­лагчийн гавьяа. Би хэзээ ч мартдаггүй. Цаг ямагт Х.Дамдин найруулагчдаа баярлаж явдаг. Намайг кино үйлдвэрт жүжигчнээр ороход Дамдинбазар гуай, Дагийранз гуай, Карма эгч, Элбэгсайхан, Нэргүйбаатар гуай гээд кино урлагийн аваргууд бүгд п байсан.

Та чинь тэгэхээр мэргэжлийн жүжигчин биш байж таарах нь ээ?

– Хүмүүс надаас асуудаг л даа. Та мэргэжлийн жүжигчин үү, аль сургууль төгссөн гээд л. Надад жаахан эмзэг тусдаг л даа. Мэдээж би хэн бэ гэдгийг үзэгчид, ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Яахав тэр агуу уран бүтээлчдийн дунд шууд усанд хаясан чулуу шиг хаячихаар болгохоос өөр замгүй шүү дээ.

Өмнө нь нэг кинонд тоглоод үзчихсэн учраас “Ирж яваа цаг” киноны Готовт тоглоход нэг их бэрх­­шээл тулгараагүй биз дээ?

-Сандрахаас илүүтэйгээр залуу насны биеэ тоох одооныхоор бол “од”-ын өвчин тусах аядаж байсан юм болов уу. Гэхдээ Лувсан, Дашпэлжээ ахаас эхлээд мундгууд намайг юу гэж давраах вэ. Тухай бүрт нь хандыг маань дардаг байлаа. Одоо бодоход тэр болгон сургалт болдог байж дээ. Энэ кинонд Маралмаа хэлдэг ш дээ. Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би лав аавыгаа асрах минь гээд. Үүгээр үзэгчид сайн мэддэг. Тэр үедээ би мэдээгүй. Сүүлд харж байхад сайн ч болсон, үзэгчдэд ч их хүрсэн байсан.

-“Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн байдаг. Та Д.Сүхбаатар жанжны дүрийг бүтээхдээ судалгаа их хийсэн үү?

-Тухайн үед найруулагч Х.Дамдин гуай намайг урлагт оруулахаас гадна кино урлагт цохих хүч болсон бүтээлүүдийнхээ гол дүрд тоглуулж байсан. Жил бүрийн наадмаар гардаг “Тод магнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” цуврал кино шиг Х.Дамдин гуай Сүхбаатартай холбогдолтой “Үүр цайхын өмнө”, “Тэмцэл”, “Өглөө” гээд цуврал кинонууд хийж байсан юм билээ. Нэг цуврал болох “Мандах нарны туяа” киноныхоо жанжин Сүхбаатарын дүрд тоглуулсан. Түүхэн, тэр дундаа монголын домог болсон агуу жанжны дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдоод байх хувь заяа биш байх. Түүхэн дүрийг бүтээхдээ жүжигчин бүр өөрийн арга барилаар гаргахыг зорьдог. Уулын мод өндөртэй, намтай гэдэг шиг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Тэгээд ч Дамдин гуай надад “Чи Сүхбаатарын тухай нэг ч кино үзэж болохгүй. Сүхбаатарын дүрд тоглосон жүжигчинтэй ч уулзаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр л жанжны дүрийг бүтээ” гэсэн. Яагаад гэвэл ганц хоёрхон кинонд тоглосон хүн бусдын тоглохыг харчихаад дагаж, дуурайх гээд байдаг муу талтай гэж зөвлөсөн. Багшийнхаа дагуу хэрвээ би амьдрал дээр эх орон, ард түмнээ удирдсан жанжин байсан бол гэж бодож тоглосон доо. Эцсийн мөчид сайн тоглосон үгүйг үзэгчид л шүүдэг шүү дээ. Ер нь ямар ч уран бүтээлд тоглосон хүн нийгмээ сайн таних нь чухал. Хулгайч хүн ямар харцтай байх уу, худалч хүн ямар зальтай байх уу гээд мундаг жүжигчдийг хараад байхад нэг ёсондоо сэтгэл зүйч л болчихож байгаа юм шиг.

Эндээс харахад Х.Дамдин найруулагч таны нэг чанарыг нэлээд олзолсон юм шиг. Танд энэ тухайгаа хэлж байсан уу?

-Мэдээж надаас бага ч гэсэн авьяас олж хараад тоосонд үнэхээр баярладаг. Би нэг удаа Дамдин найруу­лагчийг телевизэд ярилцлага өгч байхыг үзсэн. Тэгэхэд “Би ихэнх кинондоо яагаад Базаррагчааг авч явдаг байсан бэ гэвэл түүний нүд их ухаалаг” гэж хэлж байсан. Зурагт үзэж суусан хүн чинь өөрийгөө магтахыг сонсоод их эвгүй болдог юм байна лээ. Ичээд, нүүр улайгаад, ийш тийшээ хүн харчихвий дээ гээд л (инээв).

Таныг жүжигчин Золбоот­той их андуурдаг гэсэн. Үнэн үү?

-Намайг кинонд тоглох болсноос хойш хоёр жилийн дараа Золбоот гэдэг жүжигчин гарч ирсэн. Би нэг удаа Монгол кино үйлдвэрт нэг кинонд дуу оруулангаа телевиз үзэж суутал “Хүүе энэ кинонд чинь би хэзээ тоглолоо” гэж бодсон ш дээ.

Ямар кино юм бэ?

-“Эзэнгүй айл” гээд олон ангит кинонд Золбоот тоглож байсан хэрэг л дээ. Намайг Солонгост байхад Золбоот ирж уулзаж байсан. Би энд ирээд ч түүнтэй уулзсан. Манай хүн “Базаррагчаа, би хоёр хүний хос морьтой явдаг ш дээ. Намайг хөдөөгөөр тоглолтоор явахад хүмүүс нөгөө Аюуш, Готовт тоглосон жүжигчин мөн биз дээ гэдэг. Би мөн гээд л хэлчихдэг” гэж ярьж байсан. Надаас бас зарим хүн “Эзэнгүй айл” кинонд тоглосон биз дээ гэж асуудаг. Залуудаа үнэхээр адилхан төрхтэй байсан санагдсан.

Та аль нутгийн хүн бэ?

-Аавыгаа дагавал Завханы Цагаан­чулуутын хүн болно.Ээж бол Сүхбаатар аймгийн хүн. Аав Л.Бямбажав, ээж Г.Бүлтэн гээд сайхан буурлууд бий.

Нийгэм өөрчлөгдөх үед зөвхөн та гэлтгүй урлагийн олон сайхан авьяаст­нууд амьдралын эрхээр Солонгосыг зорьсон байдаг. Таны хувьд харийн нутагт хэдэн жил болоод ирэв?

-Эх нутгаа орхиод 17 жил болсон. Би 1997 онд эхнэр­тэйгээ хамт хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье гэсэн зорилготой хилийн дээс алхсан. Тэгсэн хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ.(инээв). Монголдоо үнэхээр сайхан байна.

Тэнд ямар ажил хийж байсан бэ?

-Солонгост монголчууд ямар ажил хийдэг үү, тийм л ажил хийнэ.

Хэр мөнгө хураасан бэ?

-Удсан хүмүүсээс мөнгөний талаар битгий асуугаарай. Цөөхөн жил бол хэдэн төг­рөг гүрийгээд цааш нь хий­дэг. Олон жил болоод ирэхээр цалингаа аваад л байр, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гээд л хэрэглээндээ өгөөд таардаг. Хүнээс гуйхгүй болоод л байдаг. Харин тэндээс би ганц авууштай юмтай ирсэн. Би интерьер дизайны чиглэлээр чамгүй юм сурсан.

Барилгын салбарт ажиллаж байжээ?

-Тийм. Миний ажиллаж байсан компани дампуураад гурвуулаа ажлын байр ч үгүй үлдчихсэн. Нөгөө хоёр нь Солонгос. За ингээд яах вэ гэж бодож байтал хоолны газар байгуулах гэсэн юм, танайх энэ чиглэлийн компани биз дээ гээд нэг хүн хүрээд ирлээ. Би чадахгүй мөртлөө “Тийм ээ. Би хийж чадна” гээд хэлээд захиалга авчихсан. Манай нөгөө хоёр Монголд дизайнераар төгссөн хүн гээд намайг хэлчихсэн. Ямар ч байсан зургийг нь гаргаад хийгээд өгсөн чинь санаанд нь нийцсэн. Тэрнээс хойш нэлээн олон хоолны газрын интерьерийн ажлыг гүйцэтгэсэн шүү. Монголд ирээд хүртэл зүгээр явахгүй энэ баганыг нь ингээд, тэр хананд нь ийм өөрчлөлт хийгээд, ингэж гэрэл суурилуулаад гээд бүр хобби болчихсон.

Кино хийхээр Солонгост очсон уран бүтээлчдэд та нэлээн сэтгэл гаргаж тусалж, зарим асуудлыг нь зохицуулж өгдөг байсан гэж ярихыг хэд хэдэн хүнээс сонсч байсан?

-Тэгэлгүй яахав. Урлагийн­хантайгаа холбоо, харилцаатай байсан. Найруу­лагч, жүжигчин О.Бат-Өлзий “Чиний эзгүйд” киноныхоо зураг авалтаар Солонгост очиход эхнэр бид хоёр бага­хан хэсэгт тоглосон. Мөн “Өдөр өдрийн нар” олон ангит киноны­­хон очсон. Ер нь Монголоос мэргэжил нэгт нөхдөө очиход эхнэр бид хоёр банштай цай чанаад халуун саванд хийгээд л хаана зурганд гарч байна тэнд нь яваад л очино. Их гоё халуун уулзалт болдог байлаа.

Одоо юу хийж байна. Эргээд кино урлагтаа иржээ?

-Эхнэр “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Би интерьерийн ажил хаа нэг хийнэ. Ерөнхийдөө ирсэн жилээ ажиглах маягтай байлаа. Яаж, юу хийж амьдар­­вал боломжтой вэ гэж. Киноны тухайд өнгөрсөн хав­раас ганц нэг дүр бүтээлээ. Найруулагч Б.Чингүүний “Учрал” кинонд аавын дүр, Боловсрол телевизийн бүтээл “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кинонд туслах дүр, О.Бат-Өлзийгийн “Маш нууц” киноны хорих ангийн даргын дүрийг бүтээгээд байна. Одоо “ТВ5” телевизийн бүтээж буй хоёр хурандаагийн амьдралыг харуулсан олон ангит киноны гол дүрд тоглож байна. Зураг авалт явагдаж байна.

Олон жилийн дараа эргээд энэ салбарт ирэхэд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Дахиад төрсөн юм шиг л мэдрэмж төрж байна. Өмнө нь би натурт гарахад томчуудад сандлыг нь зөөж, цай хоолыг дөхүүлдэг байлаа. Тэгсэн яг эсрэгээрээ эргэчихэж. Өөрөө цай зөөлгөдөг болж (инээв). Дүрийн хуваарилалт хүртэл шижигнэсэн сайхан залуугийн дүрд тоглодог байсан бол огцом уналт хийж золтой л өвөөгийн дүрд буучихсангүй. Арай гэж л нэг согтуу аавын дүрд буулаа. Ямар сайндаа зарим кино албаны ганц нэг менежер “Та удахгүй “од” болно. Зүтгээд байгаарай” гэдэг. Би ч цаашлуулаад “Ах нь “од” болно гээд их хичээж байгаа шүү” гэнэ. Хуучны зарим нэг жүжигчин нүд ирмээд л. Хөгжилтэй юм их тохиолдож байна (инээв).

Урлагт таны орон зай хэр үгүйлэгдэж вэ?

-Би өөрийгөө тас мартагд­сан гэж бодож байсан. Гэтэл Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн. Яахав танихгүй нь мэдээж танихгүй. Тэр үедээ би жүжигчин хүний мэдэрч чадаагүй зүйлийг мэдрээгүй өнгөрсөн байсан.

Юуг тэр вэ?

-Базаррагчаа гэдэг хувь хүнээс илүүтэйгээр бүтээсэн дүр минь нийтэд хүрч, дүрээрээ ард түмэнд хайрлагдаж явдаг юм байна. Тэрнээс Базаррагчаа хэн байх нь чухал биш.

Энэ олон жил хүний нутагт хар ажил хийхийн оронд урлагтаа зүтгэсэн бол гэсэн харамсал төрдөг үү?

-Ирээд бодогдсон. Гэхдээ би харамсах дургүй. Ер нь хүмүүс гавьяа шагнал талаас нь илүүд харж чи байсан бол өдийд гавьяат болчихсон байхгүй юу гээд ярьж байна. Би гавьяат болох гэж жүжигчин болоогүй. Хүний хорвоо мөнх биш шүү дээ. Хожим үр хүүхэд, нутаг усныхан маань намайг ийм дүр бүтээсэн гээд ярьж байх надад юунаас ч илүү сайхан санагддаг. Тийм л дурсамж үлдээхийг хүсч байна. Тиймээс би өнгөрөөсөн цаг хором бүрээ нөхөж олон сайхан дүр бүтээхийн төлөө эрч хүчээр дүүрэн ажиллах болно.

-“Түмэн эх” чуулгын дуучин Батжаргал гээд дүү тань усанд үйж амиа алдсан гэдэг?

-Би дүүгийнхээ тухай бодох, дурсах бүртээ их эмзэглэдэг. Дүү минь миний сэтгэлд том хэрнээ хоосон орон зайг үлдээгээд одсон. Дүү маань дуучдынхаа дунд өсч өндийж яваад яг эрин үедээ золгүй явдлаар хорвоогийн мөнх бусыг үзсэн нь үнэхээр харамсмаар. Би тухайн үед ирж чадаагүй.

Тухайн үед яг юу болсон юм бол оо?

-Миний дүү чуулгынхан­тай­гаа тоглолтоор Эрдэнэт орчихоод буцах замдаа Орхоны гүүрний ойролцоо саатсан юм билээ. Их халуун байсан гэсэн. Сэрүүцэх гээд голд ороод үйчихсэн гэсэн. Хэрвээ өнөөдөр байсан бол…(хоолой нь зангирч яриагаа өндөрлөв).

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн жишигт нийцсэн номын их дэлгүүр нээлтээ хийлээ

-“Аз хур” номын их дэлгүүр хэрэглэгчдийн шаардлагад
нийцсэн номыг хүргэнэ-

Намрын нартай
дулаахан өдрүүдийн нэг нь өчигдөр
байлаа. Энэ өдрийг гэгээлэг, өнгөлөг болгосон олон үйл явдлаас “Аз хур” номын
их дэлгүүрийн нээлтийг онцолж байна. Сүүлийн үед “Мөнхийн үсэг” группын харьяа “Аз хур”
хувьцаат компани дэлгүүрээ өргөтгөн дэлхийн жишигт нийцсэн номын их дэлгүүр
нээнэ гэсэн зар, мэдээлэл ном сонирхогч, номын хорхойтнуудын анхаарлыг татаж
байсан байх.

Манай нийслэл
хотод “Интер ном”, “Мажестик” зэрэг номын дэлгүүрийг эс тооцвол уншигч,
үйлчлүүлэгч­дийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, номоо үзээд, уншаад авах тав
тух, боломжоор хангасан номын дэлгүүр ховор.
Цөөхөн номын дэлгүүрүүдэд ороход хүмүүс давчуухан зайд, хоорондоо
мөргөлдөн, зогсоогоороо ном уншиж байгаа харагддаг. Түүнчлэн хайсан ном
олдохгүй, номоо тухтайхан уншаад сонгох боломжгүй зэрэг хүндрэл, бэрхшээл
гардаг билээ. Тэгвэл “Аз хур” номын дэлгүүр нь энэ бүх асуудлыг шийдсэн дэлхийн
жишигт нийцсэн номын дэлгүүр болж чаджээ. Дэлгүүрийн нийт талбайн хэмжээ нь
1000 м.кв юм байна. Үндсэн дэлгүүрийн
тасаг, гадаад номын тасаг, хүүхдийн номын хоёр тасаг, бичиг хэргийн худалдааны
тасаг, кафе гэсэн зургаан тасалгаанаас бүрдэнэ. Нарны гүүрийн зам дагуу, Саруул
худалдааны төвийн урд буюу хуучин “Мөнхийн үсэг” группын хэвлэх үйлдвэрийн
байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Анх очиход
“гаднаа ч, дотроо ч их цэвэрхэн, тухтай
юм аа” гэх сэтгэгдэл хамгийн түрүүнд төрлөө. “Мөнхийн үсэг” группын хэвлэх
үйлдвэрийн доод талын хоёр давхарт номын их дэлгүүр нь ажиллаж байгаа юм байна.
Нэгдүгээр давхарт үндсэн худалдааны тасгууд, хоёрдугаар давхарт нь оффис нь
байрлах аж. Дэлгүүр нь нийтдээ зургаан тасалгаатай, 15-20 мянга гаруй нэр
төрлийн номтойгоор нээлтээ хийж байгаа гэнэ.
Тухайлбал, үндсэн номын худалдааны тасаг, хүүхдэд зориулсан хоёр тасаг,
гадаад номын тасаг болон кафе гэсэн зургаан тасагтай.

Үндсэн номын
тасагтаа лангуу, тавиуруудаа номын төрөл жанраар их эмх цэгцтэй байрлуулжээ.
“Гэр бүл хувь хүний хөгжил”, “шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “намтар сургааль,
дурдатгал”, “мэргэжлийн ном, гарын авлага”, “гадаадын уран зохиол”, “Монголын
уран зохиол”, “эдийн засаг”, “соёл уламжлал”, “эрүүл мэнд, хоол”, “сэтгүүл”,
“яруу найраг, шүлэг”, “нийгэм, улс төр”, “шашин, гүн ухаан” гээд арав гаруй
төрөл, жанраар номнуудаа ангилсан байна.

Энд бусад номын
дэлгүүрүүдээр худалдаалаг­даж байдаг Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх”,
“Үллис”, Томас Фридман “Дэл­хий бөөрөнхий биш”, “Дайн ба энх”, “Зуун жилийн
ганцаардал” тэргүүтэй дэлхийн шилдэг зохиолуудаас гадна Монголын нэрт
зохиолчдын бүтээлүүд цөм тавигджээ. Мөн их дэлгүүрийн нээлтийг тохиолдуулан
“Болор судар” хэвлэлийн газраас “20 дугаар зууны шилдэг романууд” цуврал,
“Дэлхийн сонгодог зохиолууд”, “Сонгодог жүж­гийн дээжис” зэрэг олон шинэ
бүтээлүүдийг хэвлэн, уншигч­дадаа бэлэг барьж байна.

“Аз хур” их
дэлгүүр бяцхан үйлчлүүлэгчдээ их анхаарал хандуулсан харагдаж байв. Эднийх
хүүхдүүдэд зориулан 0-6 насны хүүхдийн тасаг, зургаагаас дээш насны хүүхдийн
гэсэн хоёр ч тасаг гаргажээ. Хүүхдэд зориулсан гэдэг утгаараа зургаагаас доош
насныхны тасаг нь багачуудын анхаарлыг татах зураг чимэглэлээр дүүрэн байх
бөгөөд тавиур нь ч гэсэн хүүхдийн гар хүрээд авахаар тохиромжтой юм байна. 0-6 насны
хүүхдийн тасагт голдуу үлгэрийн ном, сонсдог ном, зурагт ном, хүрч мэдэрдэг
ном, буддаг ном гээд балчир насны хүүхдийн хэл, яриа, сэтгэхүйг хөгжүүлэхэд
зориулсан номнууд байгаа бол зургаагаас дээш насны хүүхдийн тасагт сурах бичиг,
танин мэдэхүй, үлгэрийн ном, IQ хөгжүүлэх ном, гадаад хэл дээрх номнууд байлаа.
Энэ хоёр тасагт одоогийн байдлаар 20 гаруй мянган ном байгаа аж.

Бичиг хэргийн
худалдааны тасагт нь бүх төрлийн үзэг, бал харандаа, дэвтэр, хуанли, баллуур,
бичгийн цаас, цавуу гээд бичгийн хэрэгслийн зүйл зарагдаж байна. “Мөнхийн үсэг”
групп нь өөрийн нэрийн тэмдэглэлийн
дэвтрүүдийг олон жил хэвлэн гаргаж байгаа бөгөөд бичиг хэргийн тасагтаа
тэмдэглэлийн дэвтрийн бүхэл бүтэн лангуу нээж өгчээ. Гадаад номын тасаг нь бусад номын
дэлгүүрүүдийн гадаад хэл дээрх номын тасгаас харьцангуй том юм. Эндээс орос,
англи, хятад, япон гээд олон улсын хэл дээр бичигдсэн гадны томоохон ном
зохиолыг олж уншиж болно.

Уг номын их
дэлгүүрийн бас нэгэн онцлог тал нь цахим
ном унших тусгай булантай. Энэ буланд интернет кафе шиг өөд өөдөөсөө
харсан ширээ сандал байрлуулсан байх
бөгөөд цахимаар ном уншихад зориулан ухаалаг гар утас, таблет, I pad зэрэг
хэрэгслүүдийг байршуулжээ. Том ном барьж унших дургүй хүмүүс цахим номноос
дуртай зохиолоо олж уншиж чадах аж. Гэхдээ цахим номыг зөвхөн энд гэлтгүй
ухаалаг утас, таблет барьдаг бүх хүн ямар ч орчинд уншиж чадна. Өөрийн утас,
таблет дээрээ “App store” юм уу “Play store”
цэснээс “Azbooks” аппликейшнийг үнэгүй татсанаар ийм боломж нээгдэх юм.

Номын дэлгүүрт орохоор сууж байгаад номоо уншаад сонгочих сандал
олддоггүй зовлон бий. Харин эднийх энэ асуудлыг бүрэн шийдэж бараг лангуу
болгоны хажууд зөөлөн буйдан тавьжээ.
Мөн худалдан авагчдын тав тухыг хангахад зориулан үндсэн худалдааныхаа
тасгийн дээр жижигхэн кафе нээсэн байна. Энэ кафед кофе ууж суунгаа, сонгосон
номоо гарчиглачих боломжтой аж. “Аз хур” номын их дэлгүүрийн гүйцэтгэх захирал
Б.Энхжаргал “Хичнээн хямралтай үе хэдий
ч төлөвлөгөөнийхөө дагуу их дэлүүрээ нээж хүмүүст хүргэлээ. Номын цагаан буян
түшнэ гэж манайхан ярьдаг болохоор үйл ажиллагаа маань яваандаа жигдрээд явах
байх. Бид гол нь үйлчлүүлэгчдийнхээ тав
тухыг хангаж, үйлчилгээгээ сайжруулан дэлхийн стандартад нийцүүлэхийг зорьсон”
гэдгийг онцоллоо. “Аз хур” номын их
дэлгүүрт 20 гаруй үйлчилгээний ажилтан, зөвлөх ажиллаж байгаа юм байна.

“Хэрэглэгчдийн
зүгээс зарж байгаа номнуудын чинь хуудас салаад байна, найруулга муу байна гэх
санал ирдэг тул цаашдаа зохиолчдодоо
тодорхой шаардлага тавьж, хамтран
ажиллана. Ирсэн ном болгоныг худалдаанд тавихгүй” гэдгийг тус дэлгүүрийн
удирдлагууд хэлж байв. Мөн нээлтийн ажиллагаанд Т.Галсан гуайн “Олон улсын
жишгийг дагаж борлуулалтгүй номыг худалдаанаас гаргах, хувь бууруулах зэрэг
арга хэмжээ авч ажиллуулахыг бодоорой” гэснийг цаашдын үйл ажиллагаандаа тусгах
болно гэсэн юм.

“Аз хур” номын их
дэлгүүрт зохиолчид номоо тавиулахын тулд 20-25 мянган төгрөгийн шимтгэл төлөх
юм байна. “Бид зохиолчдоо дэмжих үүднээс өндөр шимтгэл ноогдуулахгүй. Цаашдаа ч
зохиолчдоо дэмжих үүднээс олон маркетингийн ажил явуулна” гэдгийг мөн тус
компанийн гүйцэтгэх захирал хэлсэн.

Олон улсын номын
томоохон дэлгүүрүүдэд долоо хоног бүрийн шилдэг, хамгийн их борлуулалттай номыг
зарладаг. Манайд “Интер ном” номын дэлгүүр
ийм үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жишгээр “Аз хур” номын дэлгүүр ч
долоо хоногийн хамгийн их уншигчидтай номыг тодруулж байх гэнэ.

Нээлтийн
ажиллагааны тухайд. “Аз хур” номын их дэлгүүрийн нээлт ерөнхийдөө халуун дулаан
уур амьсгалтай болж харагдсан. “Зохиолч бичээч, яруу найрагч уран бүтээлийн анд
нөхөд, номын найзуудыг уулзуулсан, халуун дотно яриа өрнүүлсэн уулзалт болж
байна” хэмээн нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид хөөрөлдөж байв. Нээлтийн
ёслолд “Мөнхийн үсэг” группын дарга Б.Батцэцэг, “Аз хур” компанийн гүйцэтгэх
захирал Б.Энхжаргал тэргүүтэй удирдах зөвлөлийн хүмүүсээс гадна нэрт яруу
найрагч, зохиолч П.Бадарч, Т.Галсан, Б.Баабар, Б.Цэнддоо, яруу найрагч
Ш.Ичинхорлоо, шог зураач С.Цогбаяр тэргүүтэй алдартнууд хүрэлцэн ирсэн юм.

Тус номын их
дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг
Б.Батцэцэг нээлтийн ёслолд үг хэлэхдээ “Аз хур” компаниа байгуулсан
түүхээсээ хуваалцсан. Тэрбээр 2003 онд анх ахтайгаа нийлээд компаниа байгуулж
байжээ. “Тухайн үедээ компанийнхаа
нэрийг сонгох гээд Я.Цэвэл гуайн толь эргүүлж байхдаа анх “аз” гэдэг
үгийг түрүүлж харсан юм. Дахин хуудас эргүүлтэл “хуралдах” гэсэн үг гарч “Аз
хур” гэдэг нэрийг олсон. Энэ нэрийг маань П.Бадарч тэргүүтэй ойр дотно байдаг
яруу найрагчид их бэлгэшээсэн тул компаниа ийн нэрлэхээр болсон. Энэхүү нэрний
маань бэлгэшээлээр компани маань өнөөдөр өргөжин, анхны номын их дэлгүүрээ нээж
та бүхэндээ хүргэж байна” хэмээн тэрээр ярьсан юм.

Түүнчлэн нээлтийн
ёслолын ажиллагаанд анхны номын их дэлгүүрийг сонирхох, ном худалдан авах гэсэн
хүмүүс ч их хүрэлцэн ирсэн байв. Тэр дундаа номын их дэлгүүрийн нээлтийн үеэр
хямдралтай ном худалдаалах байх гэж найдлага тавьж ирсэн хүмүүс багагүй байлаа.
Гэхдээ “Аз хур” номын дэлгүүрийн нээлтэд хямдралтай худалдаа явагдсангүй.

Үнийн хувьд бусад
номын худалдааны газруудтай адил буюу хэвлэх үйлдвэрүүдийн цаанаас тогтоож
өгсөн үнээр худалдаалж байна. Харин өөрийн үйлдвэрээс гаргаж буй номнуудаа
харьцангуй хямдхан худалдаална гэдгээ мэдэгдсэн.

Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Хубилай хааны нэрэмжит
шагналт Ц.Дашдондов:

-“Аз хур”
номын их дэлгүүрийн нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-“Аз хур” номын
их дэлгүүрийн нээлтийн ач холбогдлыг бид сайн ойлгох хэрэгтэй. Номыг хүмүүст
хүргэх гэж гаргадаг. Түүнээс биш агуулахад хадгалаад байхгүй. Номыг хүмүүст
хүргэдэг гол суваг нь номын дэлгүүр юм. Хаа газар гадны номын яармаг худалдаа,
дэлгүүр дээр их ач холбогдол өгч байдаг
нь учиртай. Сая хараад, би ямар их
хөгжсөн хэвлэх үйлдвэр, дэлгүүр вэ гэж бодлоо. Орчин цагийн хэвлэх үйлдвэр ямар
байдаг тэр түвшинд хүрсэн юм шиг байна.
Би эдний хэвлэх үйлдвэрээр 30 гаруй ном хэвлүүлсэн. Гар, сэтгэл нийлсэн
гавшгай хамт олон байгаа юм. Хүнийг харж танихгүй хандаж танина гэсэн үг
байдаг. Хоёрдугаарт, ном бол мөнхийн хөшөө. Айл айлд байдаг, хүний тархинд
хоногшчихдог учраас. Энэ үүднээс “Аз хур” их дэлгүүрийн нээлтийн ач холбогдлыг
дутуу үнэлж яагаад ч болохгүй юм шүү.

-Энэ үйл
ажиллагаа зохиолч, сэтгүүлч, анд нөхдийг уулзуулсан үйл явдал боллоо гэж бас
ярьж байна.

-Нэртэй зохиолч,
том сэхээтэн, том дипломатч, нийгэм улс төрийн хүмүүс их цугласан байна. Энэ
нь өнөөдрийн арга хэмжээ асар чухал ач
холбогдолтой, хүмүүст үр өгөөжтэй зүйл гэдгийг хэлээд байна.

Үйлчлүүлэгч:
М.Энхээ

-Шинэ номын
дэлгүүр ямар санагдаж байна?

– Ер нь их тохь
тухтай, аятайхан юм байна. Таалагдлаа. Гэхдээ миний хайж ирсэн ном алга байна.

-Та ямар ном
хайсан юм бэ?

-Би одон орон
судлалын ном хайж ирсэн юм, алга. Бас ерөнхий боловсролын сургуулийн хэвлэлтээс
гарсан шиэн сурах бичгүүд хараахан ирээгүй байх шиг байна.

-Үнийн хувьд
ямар байна?

-Бусад дэлгүүртэй
адил­хан, дундаж үнэтэй юм. Би хувьдаа их дэлгүүр гэхээр үнэтэй байх болов уу
гэж бодож байлаа. Санал гаргамаар нэг зүйл гэвэл оюутнуудад хөнгөлөлт гаргаж
өгч байх хэрэгтэй юм шиг. Оюутнууд том том судалгааны ном авах гэхээр 60
мянгаас дээш үнэтэй байдаг. Гурван ширхэг ном тутамд тийм хөнгөлөлттэй ч гэх юм
уу, уян хатан бодлого баримталбал зүгээр юм.

“Аз хур” номын их
дэлгүүр нь мөн нээлтийнхээ үйл ажиллагааг угтан, өнгөрсөн долоо хоногт нийтийн
тээврийн хэрэгслүүд дотор болон автобусны буудлуудаар 5000 гаруй ном тараан
хэрэглэгчдэдээ бэлэг барьжээ. Түүнчлэн
цаашдаа ч сар болгон энэ өдөр номын урамшуулалт худалдаа болон хэрэглэгчдийг
дэмжсэн үйл ажиллагаа явуулах юм байна. Тэд маргааш “Номын найзууд” клубээ нээх
гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг: Барилдаан бүрээ төлөвлөж, бүтэн жил хүлээсэн дээ

Саяхан АНУ-ын
Лас Вегас хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өнгөрсөн билээ.
Энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль
хүртэж, олимпийн зургаан эрх авсан. Дэлхийн аваргад амжилттай оролцсон баг
тамирчдыг өчигдөр салбарын сайд болон Монголын чөлөөт бөхийн холбоо­ны
удирдлагууд хүлээн авч алтан медаль хүртсэн С.Батцэцэгт нэг кг алт, мөнгөн
медальт Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт
Э.Бэхбаярт 300 гр алт тус тус бэлэглэв. Мөн “Рио-2016” олимпийн наадамд
зодоглох эрхээ авсан Г.Мандахнаран, Ж.Чулуунбат, О.Насан­бурмаа нарт хоёр сая
төгрөг, дасгалжуулагч багш нарт тус бүр 2000 ам.доллар өгчээ. Ингээд Лондонгийн
олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, “Универсиад” их наадмын алтан
медальт, гавьяат тамичрин С.Батцэцэгтэй ярилсанаа хүргэе.

-Юуны өмнө
дэлхийн хошой аварга болсонд баяр
хүргэе?

-Баярлалаа. Би
дэлхийн хошой аварга болсондоо маш их баяртай байна.

-Аваргын
төлөөх барилдаанд Японы бөхтэй таарч илт давуу буулгаж авсан. Ер нь аварга
болно гэдэгтээ бүрэн итгэлтэй барилдаж харагдсан?

-Тийм ээ. Би
өөртөө бүрэн итгэж байсан. Энэ удаагийн дэлхийн аваргаас заавал алтан медаль
хүртэх төлөвлөгөөтэй эх орноосоо мордсон. Бүтэн жилийн турш дэлхийн аварга
болохын төлөө бэлтгэл хийж, өрсөлдөгчдөө судалж, барилдаан бүрээ төлөвлөж
дэвжээн дээр гарсан. Тиймээс өрсөлдөгчид барилдааны явцад надаас хий олж
хараагүй байх. Тийм боломж ч би өгөөгүй.

-Өнгөрсөн
жилийн дэлхийн аваргын тэмцээн нэлээн сургамж үлдээжээ?

-Би тухайн үед
санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Ташкентад болсон дэлхийн аваргын үеэр
эхний тойрогт Японы бөхтэй барилдаж, дараагийн барилдаанд АНУ-ын бөхөд
ялагдсан.Мөн Латвийн бөхөд дагах барилдаанд харамсалтайгаар өвдөг шороодсон.
Тэр ялагдал надад маш том сургамж болсон. Би ялагдах эрхгүй гэдгээ голдоо ортол
мэдэрсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнээс хойш өнөөдрийг хүртэл
зөвхөн дэлхийн аваргыг мөрөөдөж, хүсч ирсэн. Хамгийн ихээр хүсч байсан
амжилтдаа хүрсэн болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Барилдсан
бөхчүүдээ бүгдийг нь судалсан байсан гэлээ. Өмнө нь барилдаж байсан бөхчүүд хэр
олон байв?

-Би эхний тойрогт
Унгар, хоёрдугаар тойрогт Турк, гуравдугаар тойрогт Латвийн бөхийг ялж хагас
шигшээд үлдсэн. Харин мөнгөн медалийн төлөө Болгарын бөхийг давж аваргын төлөө
Японы бөхийг буулгаж авсан. Японы бөхөөс бусадтай нь ерөнхийдөө өмнө нь
барилдаж байсан. Зарим нь хамтарсан бэлтгэлд ч гарч байсан. Барилдаж байсан
бөхчүүд учраас иймэрхүү тактикаар барилдана гэсэн тооцоололтой дэвжээнд гарсан.

-Аваргын төлөө
Японы Р.Кавайтай барилдаж өвдөг шороодуулсан. Түүнийг олимпоос медальтай ирнэ
гэдэгт япончууд их найдлага тавьж байгаа гэсэн. Өсч яваа залуу сайн бөхчүүдийнх
нь нэг гэх юм билээ?

-Японы бөхтэй анх
удаа таарч барилдсан. Р.Кавай залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн. Ирээдүйд
олимп, дэлхийн аваргын тэмцээнд аваргална гэдэгт найдлага тавьж байгаа
бөхчүүдийнх нь нэг гэдэг нь үнэн. Энэ удаа ч маш сайн барилдаж финалдсан нь
үүний нотолгоо болох байх. Миний хувьд түүнтэй таарч байгаагүй ч олон япон
бөхтэй барилдаж үзсэн. Тэгээд ч бага зэрэг судалгаа хийсэн байсан учраас айх
зүйл байгаагүй.

-Ер нь
барилдааны арга барилын тухайд хэр бөх байв?

-Зөвхөн Кавай
гэлтгүй Японы бөхчүүд сүүлийн жилүүдэд маш сайн барилдаж байгаа. Ерөнхийдөө япончууд хариуцлагатай хий багатай
барилддаг. Хөлд орох мэхэндээ сайн.

-Аварга болох
тэр агшинд юу бодогдох юм?

-Жилийн турш
хүсч, мөрөөдсөн медалиа авсан учраас үнэхээр сайхан байсан. Сэтгэлээс уяатай
хүнд хар чулуу аваад хаячих шиг л болсон. Лас Вегас хотын тэнгэрт эх орныхоо
төрийн дууллыг эгшиглүүлж байх үед өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн шүү.

-Тухайн үед
шүүгч ялалтыг өгөхөд дасгал­жуулагч Батбаяр өөрийг тань мөрөн дээрээ суулгаад
дэвжээг тойрч гүйж байсан. Үнэхээр чөлөөтийн түүхэнд анхдагч гэх олон амжилтыг
гаргалаа шүү дээ?

-Надаас
дутахааргүй манай баг тамирчид, дасгалжуулагч багш нар хөөрч баярласан. Их л
сайхан байсан даа. Манай тамирчдын хувьд ч сайхан амжилт үзүүлсэн. Цагийн
зөрүү, уур амьсгалын өөрчлөлт хүндхэн туссан ч эмч, дасгалжуулагч багш нар
тухай бүрт сайн ажиллаж чадсанд талархмаар байна.

-Барилдааны
үеэр Дүвчин багш ухас ухас хийгээд л хашгирч харагдсан. Багш тань дэвжээний
хажуугаас яаж барилд гэж зөвлөгөө өгч байв?

-Багш илүү юм л
хийж болохгүй шүү гэж захисан. Алдаа гаргаж болохгүй гэсэн. Барилдааны үеэр
идэвхтэй байж угсраа мэхүүдийг маш хурдан хийхийг зөвлөсөн. Би ч багшийнхаа
захиасын дагуу өөр өөр мэх залгуулж хийсэн учраас төвөггүйхэн давсан.

-Дэлхийн
аварга болох үед Монголоос хамгийн түрүүнд хэн баяр хүргэсэн бэ. Аав, ээжтэйгээ
холбогдсон уу?

-Тэгсэн. Гэхдээ
хамгийн түрүүнд Асашёрюү Д.Дагва­дорж ах утсаар холбогдож “Мундаг байлаа.
Дэлхийн аварга болсонд баяр хүргэе” гэж хэлсэн.

-Эцэг, эх тань
Архангай аймгийнх. Дэлхийн аварга охиныхоо баярыг хуваалцахаар хөдөөнөөс ирсэн
байгаа юу?

-Манай аав, ээж
хоёр бөөн хөл хөөр. Намайг онгоцны буудал дээр тоссон. Аав маань “Миний охин
мундаг шүү. Дэлхийн аварга болно гэдэгт чинь итгэж байсан. Яаж барилдах бол гэж
ерөөсөө санаагаа чилээгээгүй” гээд сүү барин угтаад үнссэн. Манай хоёр хөл
газар хүрэхгүй л яваа.

-Ингэхэд
дэлхийн аваргад хэд дэх удаагаа зодоглож байна вэ?

-Анх 2009 онд
Данийн Хернинг хотод болсон дэлхийн аваргад барилдаж байсан. Үүнээс хойш таван
удаа дэлхийн аваргад зодоглосон байна.

-Таны гаргаж
буй амжилт бүхэн гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин багштай холбоотой
болов уу. Анхны багш тань өөрийн биеэр З.Дүвчин багшид шавь оруулж байсан
гэдэг. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-Миний анхны багш
Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Д.Дондов.
Дондов багш намайг анх чөлөөтийн дэвжээ­тэй танилцуулж анхны мэдэгдэхүүнийг
зааж өгсөн. Өсвөрийн улсын аваргад хүртэл түрүүлсэн. 2008 онд дунд сургуулиа
төгсч оюутан болсон. Ингээд “Замчин” спорт клубт гавьяат тамирчин З.Дүвчингийн
удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Тухайн үед Д.Дондов багш
намайг өөрөө дагуулж З.Дүвчин багшийн шавь болгож байсан. Хоёр багш минь миний
өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх гол шат, гүүр минь юм. Харин 2012 оноос “Хилчин”
спорт хорооны тамирчин болсон.

-Амжилтын
буухиа оюутан болсноос хойш эхэлжээ?

-Тийм ээ.
Өсвөрийн улсын аварга байсан бол насанд хүрэгчдийн улсын аварга, залуучуудын
Азийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгө, насанд хүрэгчдийн дэлхийн
аварга, олимпийн хүрэл медаль гээд олон ч тэмцээнд оролцож финалдсан
байна.

-Таны багш
З.Дүвчин алдарт З.Ойдов аваргын дүү. Ер нь
арга барилын хувьд ч тэр дасгалжуулагчдаас арай ангид зүйл зааж өгнө биз?

-Багш их өвөрмөц
барилдаантай. Тиймдээ ч бусад орны бөхчүүд хийгээд дадал болчихсон мэх заагаад
байдаггүй. Хурдан шаламгай барилдахыг илүүд үздэг. Барьцтай барилдахыг
чухалчилдаг. З.Ойдов аваргын гэгдэх олон сайхан мэхнээс ч зааж өгнө. Толгой
уургалаад суйлдаг мэхийг зааж өгсөн.
Миний хувьд даацтай мэх хийж барилдах дуртай болохоор тэр мэхийг нь их
хурдан сурсан. Заримдаа зааж өгсөн мэхийг нь сурахгүй удах тохиолдол ч бий.
Манай багш ер нь их агуу хүн дээ. Багшаасаа сурах зүйл тоймгүй их байна даа.

-З.Дүвчин багш
өөрийн тань тухай “Миний шавь шантарч байсан удаа ховорхон доо” гэж хэлсэн
байсан. Эмэгтэй хүн тэр дундаа бөхөөр хичээллэж амжилтад хүрнэ гэдэг амар­гүй.
Дэвжээгээ орхимоор үе гарч байв уу?

-Мэдээж шантрах
үе гарал­гүй яахав. Гол нь түүнийгээ давж гарч байж л амжилтад хүрэх байх.
Ялангуяа эмэгтэй хүн барилдаж ноцолдоно гэдэг хэцүү. Гэхдээ миний хувьд өөрөө
хүсч тэмүүлж, өмнөө зорилго тавьсан учраас шантрах, ухрах эрх надад байхгүй.
Ялагдах үедээ дасгалжуулагч, багийн нөхдөөсөө урмын үгээр тэжээгдэж хүч
сэлбэдэг. Тэгээд ч ялагдсан тохиолдолд багш
юун дээр алдсан тэр мэх, барилдааныг өөрөө давтан алдаа дутагдлыг
ойлгуулдаг. Ер нь тамирчин болсноор зөв хүмүүжил, тэсвэр тэвчээр, сэтгэлийн
хатуужилтай болдог юм байна.

-Олимпийн
эрхээ өвөртөллөө. Одоо зөвхөн амжилт гаргах л үлдлээ…

-Дэлхийн аваргын
хошой алт, мөнгөн медальтай боллоо. Олимпийн хүрэл медальтай. Тэгэхээр давсан
амжилт үзүүлэх чухал байна. Монголын ард түмэн намайг амжилт гаргаасай гэж хүсч
байгаа. Би ард түмнийхээ итгэлийг алдахгүй.
Миний амжилт бүхний ард гэр бүл, шигшээ багийнхан, багш дасгалжуулагчид,
Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам, Спортын бэлтгэлийн төв, “Хилчин” спорт
хороо, “Хишиг Арвин” компани, “Гацуурт” компани, Үндэсний хөрөнгө оруулалтын
банк зэрэг олны хүч шингэсэн байдаг. Тиймээс энэ завшааныг ашиглаад бүгдэд нь
чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

-Холбооны
зүгээс та бүхнийг хүлээж авч алтаар урамшуулсан гэсэн. Үнэн үү?

-Монголын чөлөөт
бөхийн холбооны удирдлагууд биднийг хүлээж авсан. Надад дэлхийн аваргаас алтан
медаль хүртсэн гээд нэг кг алтаар урамшуулсан.

-Мөн гурван
өрөө байраар мялаасан байсан?

-Гурван өрөө
байрыг ивээн тэтгэгчээр ажилладаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас бэлэглэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Б.Навчаа: Хүнд байдаг ааш бүхэн надаас яагаад гарч болохгүй гэж

Жүжигчин, найруулагч Б.Навчаатай ярилцлаа.

-Нэг их хөрөнгө, сэтгэл зараагүй
арилжааны маягийн, сэдэв нь ч хэцүү хатуу кинонууд ихсээд байх шиг санагддаг.
Уран бүтээлч хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Боолын гэрээ”,
“Бодлын хулгайч”, “Лардьма”, “Үргээлэг” зэрэг цустай кинонууд гарсны дараахан
нэг хэсэг хүмүүст “Ийм кино хийж болдог юм байна” гэсэн бодол төрчихсөн шиг
байгаа юм. Энэ зүгийн агуулгатай кинонуудыг олноор нь хийгээд эхэллээ л дээ.
Хүмүүс байнга ийм кино үзэхийг хүсэхгүй. Тэгэхээр цаг үеэ мэдэрч уран бүтээл
хийх хэрэгтэй. Гэхдээ шинэ кино олноор хийж байгаад би олзуурхдаг. Ингэж байж
кино урлаг хөгжинө. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр киногоор мөнгө олох хэцүү
болчихсон. Долоо, найман жилийн өмнө, кино цөөхөн байх тэр үед бол ашиг хийж
байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хийе гэж
зориод хүссэн хэмжээндээ уран бүтээл хийнэ гэдэг өөр мэдрэмж. Ашиг бага байсан
ч сэтгэл дүүрэн. Тэгээд ч би бизнесмэн хүн биш. Мөнгө цуглуулъя, хурааж
хадгалъя гэж боддоггүй. Хөлсөө гаргаж
олсон мөнгөө бага гэж голсон удаагүй. Магадгүй өнөөдрийн миний олж байгаа мөнгө
зарим хүнд чамлагдахаар санагдаж мэдэх л юм.

-Гэхдээ сайн кино хийвэл зах зээл байх
шиг санагддаг. Ядаж л дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх хэмжээний мөнгө
олдог байх?

-Тийм хэмжээний
мөнгө олно гэж байхгүй л дээ. Жишээ нь энэ жил кино хийх ямар ч боломж
гарсангүй. Байгууллагууд реклам хийлгэхээ больсон. Ямар ч компани ивээн тэтгэе
гэж дуугарахгүй байна. Эдийн засаг хэцүү байгаа нь уран бүтээлчдэд ч мэдрэгдээд
эхэлчихсэн.

-“Би үүнийг л сэтгэлдээ тултал
хийчихлээ дээ” гэсэн мэдрэмж төрүүлсэн кино гэвэл …?

-“Рашаантын 18”,
“Лардьма” хоёртоо дуртай. “Рашаантын 18”-ыгаа үе үе үздэг. Нэлээд олон
хүнээс дахин дахин үзсэн ч уйдамгүй кино
гэсэн үг сонсоод урамшсан шүү.

-“Рашаантын 18” киноны дууг жүжигчин
нь дуулсан шийдэл амьд санагдаад байдаг юм.

-Дуу бичлэгийн
студид ч ороогүй хийчихсэн. Батаагаар дуулуулсан чинь солгойроод болдоггүй.
Гуравдугаар бадаг нь явдаггүй дээ. Сүүлдээ би дуулж өгч, мань хүн дагаж
дуулаад. Юмханаар юм хийнэ гэж ярьдаг даа. Тэгж л хийсэн кино. Сэтгэл, зүтгэл
байсан болохоор санасан хэмжээндээ хийж чадсан. “Рашаантын 18” чинь бас
инээдтэй, нулимстай. Киноны тал хүртэл инээлгэж байгаад сүүл хавьдаа үзэгчид
баригдаад эхэлдэг л дээ. Инээхээ болиод нам суугаад үздэг. Хуучны кинонуудаас
“Тань руу нүүж явна” их сайхан кино. Ая нь, драматур нь гоё санагддаг.

-“Давхар цохилт” кинон дээр та
сэтгүүлчийг цохиж, дарамталж байгаа харагддаг. Сэтгүүлчид дарамттай орчинд
ажилладаг ч юм шиг мэдрэмж төрөхөөр хэсэг гэсэн шүүмжлэл дуулдсан…?

-Тэр цэвэр
найруулагчийн шийдэл л дээ. Миний хувьд дүрээ гаргах л үүрэгтэй. Би тэгж бодсон
учраас тийм дүр бүтээсэн хэрэг огт биш.

-Жүжигчдэд сонгодог жүжигт тоглохсон
гэсэн мөрөөдөл бай­даг шиг санагддаг. Жульетта, Дездемон гээд бүтээхийг хүссэн дүрээ нэрлэж байгаад
ярьсан харагддаг. Танд бүтээхийг хүсдэг дүр бий юу?

-Драмын театрт
ажиллахгүй нь ойлгомжтой учраас тэгж
боддоггүй. Би бодит байдалдаа дасан зохицож амьдрах зарчимтай хүн. Ер нь
сонгодог жүжигт дүр бүтээх мөрөөдөл дээд
сургууль дөнгөж төгссөний дараах хоёр, гурван жилд л төрдөг байх шүү. Тэгж
анзаарагддаг. Гэхдээ жүжигт тоглохыг үгүйсгэхгүй. “ТВ коктейль” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” гээд маш сайн жүжиг
тавьсан. Үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадсан. Тайзны асуудлаас шалтгаалаад тоглож чадахгүй
байгаа тал бол бий. Энэ жүжгийг үзсэн хүн амьдралыг тэр чигт нь ухаарч ойлгоод
гарна. Сэтгэлзүйн, эмгэнэлт жүжиг л дээ.

-“Хоёр
ертөнцийн буудал” жүжигт та цэвэр­лэг­чийн дүр бүтээсэн. Навчаагийн бүтээсэн
өмнөх дүрүүдээс тэс өөр, уянгын дүр. Тухайн үед үзэгчид нэлээд ам сайтай
байсан. Мэргэжлийн улс хэр үнэлсэн бэ?

-Тиймээ, миний
бүтээсэн дүр их цайлган, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, сайхан эмэгтэй.
Өрөвдмөөр бүсгүй. Жүжиг үзчихээд уйлж дуулаад сэтгэгдлээ хэлсэн хүмүүс зөндөө
байсан. Халуун дулаан мэдрэмж төрөөд сайхан байсан шүү. “Гэгээн муза”-г шүүхээр
ирсэн Оросын том шүүгчийн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. “Хоёр ертөнцийн
буудал”-ын эхлэл нь комедический. Хошин шогоос эмгэнэл рүү яаж шилжих бол гэж
гайхсан байгаа юм. Жүжиг дууссаны дараа надад
“Дүрдээ яаж орох бол гэж гайхаж байлаа. Та үнэхээр уусаад орчихлоо” гэж
хэлсэн. Тийм мундаг хүнээс ийм үнэлгээ авах сайхан юм билээ. “Улаанбаатар-Олон
улсын кино наадам” гэж болсон доо. Тэр наадамд ирсэн гадны том найруулагчдаас
бас магтаал сонссон. “Лардьма”-гийн дүрээр. Ганц би ч биш, сайн жүжигчид манайд
олон байгаа.

-Жүжигчид дүр бүтээхдээ цаг зарсан,
олон жил судалсан гэж ирээд ярьдаг. Танд тийм дүр бий юу?

-Үнэнийг хэлэхэд
судалгаа хийх зав гардаггүй. “Лардьма”-гаар жишээлэхэд л гэр бүлийн
хүчирхийллийн сэдвээр кино хийе гэсэн бодол төрөөд санхүүжилт хайж эхэлсэн.
Санхүүжилтээ олонгуут киногоо эхэлчихэж байгаа юм. Дүрээ судлах ямар ч цаг
байхгүй. Мөнгө бүтээгүй үед хүнээр зохиол бичүүлэх аргагүй. Мөнгөө бүтчихээд
байхад дүрээ судална гээд тайван суух боломжгүй. “Лардьма”-г хийхэд Гэр бүлийн
хүчирхийллийн төв дээр очоод хүмүүсийн өргөдөл энэ тэрийг уншихаас эхлээд
судлах зүйл байсан. Гэхдээ тийм урт удаан хугацаагаар биш. “Энэ дүрд тоглохын
тулд би дөрвөн жил бэлдсэн” гэж ярих гоё л доо. Би дүрээ бүтээхдээ, судлахдаа
гэж ярьдаг жүжигчид бий. Дахиад хэлье. Ямар кинонд тоглохоо ид шидийн хүчээр
урьдчилж мэдэхгүй л бол ийм боломж Монголд одоохондоо байхгүй.

-Бүтээсэн дүрүүдийн чинь ихэнх нь
ааштай, авир­тай улс байдаг. “Хоёр ертөнцийн буудал” шиг өөрийгөө эвдсэн дүр
бүтээе гэж бодно биз?

-Жүжигчид
ойролцоо дүрд тоглоод байгаа нь ганцхан шалтгаантай. Найруулагч, жүжигчдийн аль
алинд нь бэлдэх хугацаа байдаггүй. Тийм учраас л тухайн дүрд ойролцоо хүнийг
сонгоод байгаа юм. Энэ дүрд ийм л хүн
тохирно гэж хараад байна. Энэ дүрийг энэ хүн эвдэж тоглоно гэж бодохгүй байна л
даа. Гэхдээ дүрийг эвдэж болдог гэдгийг
“Лардьма” киноны үеэр Гэрэлсүх
дээр хийсэн. Гэрэлсүх өмнө нь цайлган
цагаан сэтгэлтэй сайн хүний дүрд тоглож байсан. Ромеод тоглосон, Монголын
Ромео. Гэрэлсүхийг эсрэг дүр дээр авъя
гэхэд Сэнгэдорж найруулагч эхлээд надтай санал нийлээгүй л дээ. Проб хийгээд
үзсэн, таалагдсан. Тэгж эвдэнэ гэдэг найруулагчийн чадвар. Сэнгэдорж маш сайн
замечание өгсөн. Богино хуга­цаанд ч гэсэн хүнийг эвдэж чаддаг найруулагч
байдгийн нэг жишээ гэж бардам хэлнэ.

-Танай удамд урлагийн хүн бий юу,
багаасаа жүжигчин болъё гэж хүссэн үү?

-Манай удамд
урлагийн хүн байхгүй. Аавын талд бол зохиолч хүн бий. “Би монгол хүн” шүлгийг
бичсэн Чойжилын Чимэд гуай манай эмээгийн төрсөн ахын хүүхэд. Жүжигчин болъё
гэж мөрөөдөж, хүсч байгаагүй. Тохиолдлын сонголт байсан. Жүжигчин болоход
нөлөөлсөн нэг эрхэм хүн бий. Ардын жүжигчин Гантөмөр гуай. Ганаа агаагийн охин
Ганжаа бид хоёр найз л даа. Ганаа агаа намайг хошин урлагийн театр руу анх
хөтөлж аваачсан ачтай хүн. Үнэнийг хэлэхэд би хошин урлагт дургүй, сонирхолгүй.
Амьдралын шаардлагаар, талхны мөнгө хэрэгтэй байсан учраас тоглосон. Мэдээж
ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Үзэгчид нь байхад яах юм. Тэндээс кайф авч, мөнхийн
хөхрөлдөөн дунд амьдардаг хэсэг нийгэмд байна. Харин энэ жанраа арай
боловсронгуй болгож хөгжүүлэх хэрэгтэй. Өмд гутал, авгай хүүхний хэрүүл хийгээд
ч байгаа юм шиг, эсвэл хэн нэгнийг биеийнх нь хэлбэрээр шоолох маягаар хол
явахгүй л дээ. Ер нь бол хошин урлагийн тоглолтыг үздэг улсын тоо багасчихсан.
Тэгэхээр үзэгчдээ алдахгүйн тулд шат ахих хэрэгтэй гэж боддог.

-Олон улсын кино наадамд бүтээлээрээ
өрсөлдье гэж боддог уу?

-Каннын кино
наадамд оролцох арт чигийн кино хийхсэн гэсэн хүсэл бий. Сүүлийн үед ийм чигийн
кино их хийдэг болж. Жүжиглээгүй юм шиг, яг л та бид хоёр яриад сууж байгаа юм
шиг тийм өрнөлтэй кино. Дэлхий энгийн юм
руу эргээд орж байгаагийн тод жишээ л дээ. Монгол гэрээ таниулсан фестивалийн
кино хийхсэн гэсэн бодол бий. Монгол гэрийг гадныханд таниулсан маягтай. Чингис
хааны тухай кино хийх хүсэл байгаа. Гэхдээ тэр кинонд Чингис хаан огт гарахгүй. Бодсон санасан зүйлээ
одоохондоо үүнээс илүү дэлгэрүүлж
яримааргүй байна.

-Та их нээлттэй, илэн далангүй хүн.
Зарим үед энэ чанар чинь шүүмжлэл дагуулаад байх шиг санагддаг. Фэйсбүүкт
оруулсан постоос чинь болж ханилж байсан
хүнээ мууллаа гэж нэг хэсэг шуугисан…?

-Хэн ч миний
гутлыг өмсөөд яг над шиг алхаад энэ амьдралыг туулаагүй. Хүний амьдралыг
гаднаас нь харж, дүгнэж, ярьдаг хүмүүс хөөрхийлөлтэй санагддаг. Би хүн муулах
дургүй. Хүнийг муулсан хүнтэй харилцахыг хүсдэггүй. Тэр хүн намайг байж суух
аргагүй болтол тарчлаасан учраас, шүүхээр хоёр тийшээ болчихоод байхад дөрөв, таван жилийн хугацаанд дарамталсан
болохоор, сүүлдээ эд хөрөнгөнд минь халдаж эхэлсэн учраас тийм алхам хийсэн
удаа бий. Тэвчээрт хязгаар байдаг юм билээ. Тэвчээр алдсан үедээ хэдэн үг постлоод устгах хооронд цахим ертөнцөд
тарчихсан л даа. Тэр хүн огт буруугүй юм
шиг сайхан ярилцлага өгсөн харагдсан. Тэртэй тэргүй шүүх, цагдаа нь тогтоогоод
шийдвэрээ гаргачихсан байхад элдэв тайлбар хэлэх бодол надад алга. Их эвгүй
байдлаас тэр хүнийг аварсан хүн нь Навчаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Шүүгч,
цагдаа, прокурор бид хэдийн л мэдэж байгаа асуудал. Хэрвээ бүх процессыг
дэлгэвэл над шиг сайн хүн энэ орчлонд байхгүй. Гэхдээ тэгж дэлгэх шаардлага
байхгүй л дээ. Миний хувийн амьдрал бусдад сонин сэдэв биш. Миний амьдралыг
мэдэхгүй хэрнээ шүүмжилдэг улсад би ач холбогдол өгдөггүй. Муулж л байг. Би
хуурамч байх дургүй. Бусдад таалагдахын тулд өөрөө өөрөөсөө урвамааргүй байна.
Бусдын үлгэр дуурайл болох ёстой хүн үг хэлээ бодсонгүй гэдэг л юм. Би
гэгээрсэн сод хүн биш шүү дээ. Энгийн л эмэгтэй. Уйлдаг, дуулдаг, инээдэг,
гомддог жирийн л хүн. Онцгойлж битгий хараач гэж хүсмээр үе гардаг шүү. Хүнээс
гардаг ааш бүхэн надаас гарч яагаад болохгүй гэж. Сайхан харагдахын тулд худлаа
байх гоё мэдрэмж биш. Урлагийн зарим
улсад яалт ч үгүй тийм нэг заль
анзаарагддаг л даа. “21 мянга” нэвтрүүлгийн үеэр тод мэдрэгдсэн.

-“21 мянга” гэснээс тэр нэвтрүүлгийн
үеэр дайвар бүтээгдэхүүн бол ядуу улсын хоол гэх маягийн үг хэлсэн гэж нэг
хэсэг шүүмжилсэн. Үнэхээр тэгээд хэлчих­сэн үү, эсвэл бас л буруу ойлгосноос
болсон уу?

-Энгийн үзэгчид
монтажны урлагийг нарийн мэдэхгүй. Кино, нэвтрүүлэг ямар болох нь хэр сайн
эвлүүлснээсээ шалтгаалдаг. Тийм л юм болсон. Би “Үзэгчдийг хүндэтгэх хэрэгтэй.
Хүн гэр орондоо сонирхолтой, сайхан юм үзэх гэж л зурагт үздэг. Арван хоног
цувдайгаар хоол хийгээд байхаар тэдэнд ямар санагдахав. Арван хоног цувдайгаар
хоол хийнэ гэдэг ядуу сэтгэлгээ. Хүн хичнээн ядуу ч сэтгэлгээ нь ийм ядуу байж
болохгүй” л гэж хэлсэн. Энэ үг цувдайтай ямар ч холбоогүй байгаа биз. Гуйвуулж
ойлгосон учраас тийм яриа гарсан. Нэвтрүүлгээ буцаагаад үзсэн л дээ. Бага
зэргийн монтаж ороод утга нь ойлгогдохгүй болсон тал анзаарагдсан. Гэхдээ
анхаараад сонсвол буруугаар ойлгогдохооргүй юм билээ. Нийгэм стресстэй байна л
даа. Мөнгөгүй, сургалтын төлбөргүй, хөдөөнөөс орж ирээд газар авъя гэхэд
олдохгүй гээд өчнөөн асуудал байгаа учраас стресс их байна. Бухимдлаа архи ууж,
уйлж, хүн доромжилж тайлж байна. Над руу чиглэсэн шүүмжлэл, доромжлолыг би энэ
утгаар нь тайван хүлээж авдаг. Тийм ч
учраас нэг их эмзэглэдэггүй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дулмаа: Мянган төгрөгийн хандиваар цэцэрлэг барих санаачилга минь Монгол орон даяар түгээсэй

“Хонгор нутгийн үрс-нийгмийн үйлчилгээ” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Дулмаатай холбогдож хөөрөлдлөө.

-Таныг төрийн бус байгууллага байгуулж, мянган төгрөгийн хандиваар хүүхдийн цэцэрлэг бариулж байгаа гэж сонслоо. Улсын төсөвт хүртэл цэцэрлэг, сургуулийн зардал суулгахад бэрх болчихсон үед ийм сайхан сэтгэл гаргах болсон нь сонирхол татаж байна л даа?

-Баярлалаа. Би Баян­хонгор аймгийн Нэгдсэн эмнэл­гийн дотрын их эмчээр ажилладаг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч жирийн л нэг монгол эх. Монголчууд “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг бэлгэшээлтэй ард түмэн. Манай Баянхонгор аймгийн төвд 2-5 насны 7705 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас зөвхөн 4337 хүүхэд хамрагдаж, 3368 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй байсаар зургаан настайдаа сургуульд орж байгаа юм. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйн улмаас олон эцэг эхчүүд, ялангуяа залуу эмэгтэйчүүд, ээжүүд ажил хийх боломжгүй болж, энэ нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, амьжиргааны түвшин доогуур байх нэг шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаас хүүхдүүд бие биеэ харж гэртээ цоожлогдон үлдсээр ахуйн осол гэмтэлд өртөх, хүчирхийллийн бай болох явдал эмэгтэйчүүд бидний санааг маш их зовоох болсон. Иймээс нутаг орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор улсын төсөв харахгүйгээр хандив цуглуулан 100 хүүхэд хүлээж авах хүүхдийн цэцэрлэг бариулах санаачилгыг 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан л даа.

-Зуун хүүхдийн цэцэрлэг барихад багагүй төсөв шаардагдах байх. Та тийм баян хүн үү?

-Цэцэрлэгийн нийт төсөв 470 сая төгрөг л дөө. Мэдээж над шиг төсвийн байгууллагад ажилладаг жирийн нэг эмч хүний тухайд зүүдэнд ч орохгүй мөнгө л дөө. Гэхдээ багтаж ядсан хөрөнгөлөг хүмүүсийн нэг үдэш казиногийн мөрийд алдаж, бөх, морь байлдаг, аймаг сумын ойгоор ямар ч үр ашиггүй цацдаг тэр их мөнгөний дэргэд үдийн будаа л гэсэн үг шүү дээ. Энэ санал маань маш их бэрхшээлийг туулж явсаар өнөөдрийг хүрч санасандаа хүрч хараахан амжаагүй ч боломжийн хэмжээнд явж байгаа. Тохиолдсон бэрхшээл гэвэл аймгийн Ардчилсан намын хорооны хурал дээр анх танилцуулж ярихад зарим нэг нь шоолж, зарим нь бүтэхгүй сонин зүйл санаачиллаа, хаанаас 500 сая төгрөг босгоно гэж гээд л олон өнцгөөр хүлээж авсан. Намын хорооны наян гишүүний хурал дээр би бүр хоолой зангираад уйлах шахсан. “Би ямар өөртөө гэр орон бариулах гэж байгаа биш дээ. Та нар тэр байтугай гарт баригдаж, нүдэнд харагдахгүй зүйлд мөнгө гаргадаг биз дээ. Яагаад бид хүүхдүүдийн төлөө ийм буяны ажил хийж болдоггүй юм бэ” гэж хэрдээ их бухимдаж байлаа. Харин аймгийн удирдлагууд маань их дэмжсэн болохоор цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Баянхонгор сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа хүртэл “Та нарын өмнөөс ийм ажил санаачилж байхад яагаад дэмжихгүй байгаа юм бэ” гэж тулж олон удаа ятгаж учирлаж явсаар хэсэг дэмжигч нөхдийнхөө хамтаар бас биднийг хамгийн их үгүйсгэж байсан эрэгтэй төлөөлөгчдийг хүртэл үүсгэн санаачилсан ТББ-даа оруулан 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй “Хонгор нутгийн үрс” ТББ байгуулан албан ёсоор улсын бүртгэлтэй болсон.

-Хандивын үйл ажилла­гаагаа яаж эхлэв?

-Хандивын анхны нээлт дээр гудамжинд явж байсан хүүхдүүд хүртэл 100 төгрөгийн хандив өргөж, биднийг дэмжсэн. Аймгийн төвд байршилтай төрийн байгууллагуудад хандан 32 байгууллагын төрийн албан хаагчид зарим нь нэг өдрийн цалингаа, олонхи нь 5000-10000 төгрөгийн хандив өргөж 26 сая төгрөг цугларсан. Эндээс бид “Олны хүч оломгүй далай” гэх ардынхаа үгэнд урамшин зоригжсон гэх үү дээ. Иймээс нийгэмд нөлөө бүхий хүмүүст хандан уриалснаар УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая төгрөг, “Эпидот” компани 10 сая төгрөг, УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг сая төгрөг, Засаг дарга Д.Жаргалсайхан нэг сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгч Дашцэрэн хоёр сая төгрөг, төлөөлөгч Ч.Сайнбилэг нэг сая төгрөг гэхчилэнгээр хандивын үйл ажиллагаа маань бодитой ажил болон өргөжиж эхэлсэн. И.Бум-Эрдэнэ, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, “Эрчим хүч” компанийн дарга М.Батбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Оюутболд гээд нэр тоочихын аргагүй олон хүн хандив өргөсөн. Хандив цуглуулах, мэдээлэл түгээхэд орон нутгийн сайхан сэтгэлт хүмүүс төдийгүй бүхий л иргэд өөрсдийн боломжийн хэрээр дэмжиж байсанд үнэхээр баярласан. Цэцэрлэг барихад шаардлагатай газар, барилгын техникийн зөвшөөрлүүдийг холбогдох газруудаас авахад биднийг дэмжиж ажилласан байгууллагуудад ч талархаад баршгүй.

-Нийт хандив хэр цугларч, цэцэрлэг барих ажил ямар шатандаа явна?

-Зураг төсвөө 12 сая төгрөгөөр хийлгэж, барилгын суурийн ажлыг 44 сая төгрөгөөр хийлгэж дууслаа. Аймгийн ИТХ-ын “2015 онд аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Орон нутгийн хөгжлийн санд 100 сая төгрөг тавиулсан. Үүний тулд эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг хамтран бусад эрэгтэй төлөөлөгчдийн “тархийг угаах” ажлыг бараг найман хурал дамжин үглэсээр батлуулсандаа баяртай байгаа. (инээв) Гэвч одоогоор мөнгө нь орж ирээгүй хүлээгдсээр байна. БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймагт Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд ажлын айлчлал хийхдээ “МАО” банкны захирал Мао Дун Хэ гуайд хүсэлт тавьж хандсаны үр дүнд тэрээр энэ оны тавдугаар сард Баянхонгор аймагт айлчлал хийхдээ 45 сая төгрөгийн хандив өргөсөн. Одоогоор бид “Нүнжигт инженеринг” компанитай гэрээ хийн барилгын зургийн дагуу 200 сая төгрөгийн барилгын бүтээц хэв материалыг БНХАУ-д захиалсан. Захиалгын дагуу материал гарсан гэсэн боловч бид Орон нутаг хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгөө хүлээгээд авч чадалгүй гацаанд орчихоод байгаа. Нийт 470 сая төгрөгийнхөө 200 сая орчмыг нь олчихоод ажлаа гүйцэтгэж байгаа гэхэд болох юм.

-Өөрт ямар ч ашиггүй цэцэрлэг босгох хандив цуглуулах ч амаргүй, “тамын” ажил байх шүү?

-Нэгэнт эхэлсэн ажлаа дуусган, төрөлх аймгийн минь гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгтээ баяртайгаар инээгээд ирж яваа дүр зураг, аав ээжийнх нь аль нэг нь ажил хийгээд гэр дүүрэн инээмсэглэлтэй байх тэр үеийг дүрслэн харж, цэцэрлэгийн барилгын үүдэн дээр тууз хайчлаад зогсож байх тэр мөчийг төсөөлөн өөрийгөө сэргээж явна даа. Ер нь энэ “Нутгийн зөвлөл” гэдэг сүрхий байгууллагын хандлагыг өөрчлөх, нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмнийг сайн үйлст уриалан дуудах үйлс болоосой гэж хүсч явдгаа энэ дашрамд хэлэхэд илүүдэхгүй байх. Бид бөхөө шагнах, хөшөө дурсгал барих, сүм суварга бүтээхэд олон сая төгрөгийг хандивлаж чаддаг. Хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа нэгдэж чадна гэж боддог шүү. Хандивын юм гээд чанаргүй байж болохгүй. Ямартай ч бид цэцэрлэгээ үнэхээр сайхан барьж ашиглалтад оруулна. Цэцэрлэгээ барьж дуусуут ирэх оны хичээлийн жилд багтаан улсад хүлээлгэн өгнө дөө. Мянган төгрөгөөр цэцэрлэг барих санаачилга маань Монгол орон даяар түгж, олон олон цэцэрлэг байгуулагдаасай билээ.

-Энэ сайхан үйлс тань сэтгэлчлэн бүтэж, Монголын түм түмэн хүүхдүүд өргөө цагаан цэцэрлэгтэй болохын ерөөл дэвшүүлье. Хандив өргөхийг хүссэн сайхан сэтгэлтнүүд ямар банкинд хандвал зохилтой бол?

-Төрийн банкны 232100479323, “Хаан” банкны 5225507123, “Хас” банкны 5001206186, “Голомт” банкны 6105100242 тоот данснуудад сэтгэлийн хандиваа өргөж болно. Манай ТББ-ын талаарх мэдээллийг “Хүүхэд бүхний төлөө нэгдэцгээе” хуудсаас харна биз дээ.


Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой, Тавантолгой хоёр зэрэг хөдөлбөл ам.долларын ханш 1550 руу уруудна гэсэн таамаглал гарчээ

“Мандал
даатгал”-ын эрсдэлийн шинжээч Ч.Анхбаяртай ярилцлаа.

-Он дуусахад
богинохон хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдийн засаг ямархуу дүр төрхтэй
үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-Ерөнхий таамгууд
их таагүй гараад байгаа. Эдийн засаг хагас жилээр 3.1 хувийн өсөлттэй гарсан.
Энэ өсөлтийг барьж чадах уу гэдэг нь нэлээд эргэлзээтэй. Валютын ханш энэ
түвшиндээ хадгалагдана. Таагүй үзүүлэлт олон байна л даа. Чанаргүй зээл
хурдацтай нэмэгдэж байна. Тодруулж хэлбэл чанаргүй зээлийн өсөлт 39 хувьтай
байгаа. Оны эцэст 42 хувьд хүрнэ гэсэн таамаг бий. Чанаргүй зээлийн өсөлтийн
бараг 90 орчим хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын чанаргүй зээл. Аж ахуйн
нэгжийн чанаргүй зээл оны эхний найман сарын байдлаар 42 хувийн өсөлттэй
гарсан. Мөнгө санхүүгийн үзүүлэлт дээр ч чамгүй өөрчлөлт гарч байна. Тухайлбал
мөнгөний талын үзүүлэлт нэлээд муудсан дүр зурагтай байна. Мөнгөний нийлүүлэлт
1.7 хувиар буур­чихлаа. Нөөц мөнгө буурч байгаа. Төгрөгийн хадгаламж хүртэл
мэдрэгдэхээр татагдаж эхэллээ. Өмнөх оны өдий үетэй харьцуулахад төгрөгийн
хадгаламж 6.8 хувиар буурчихсан. Энэ янзаараа байвал оны эцэст өмнөх оны мөн
үетэй нь харьцуулахад 12 орчим хувьд хүрэх болов уу. Банк, санхүүгийн байдлын
хувьд ч таагүй байна. Зээл олголт нэлээд хумигдах тал руугаа ороод ирлээ. Зээл
олголтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар буурчихсан.
Банкны актив нэлээд өсч байсан. Өсөлтийн хэмжээ 2014 оны түвшин рүү эргээд
орчихлоо. -Уул уурхайн салбар бол хэцүүдчихсэн. Өөр бусад салбарын хувьд
ямархуу байна?

-Уул уурхайгаас
гадна эдийн засгийн зарим салбарын хүрээнд ч гэсэн нөхцөл байдал хүндэвтэр
байгаа нь ажиглагдаад эхэллээ. Ялангуяа хөдөө аж ахуй. 2014 онд 518 мянган тонн
үр тариа хурааж авч байсан бол энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 60, 70
хувьтай байх болов уу. Гэхдээ эцсийн тоо гараагүйг онцлох хэрэгтэй. Хөдөө аж
ахуйн салбарын өнгөрсөн оны өсөлтөд голлож нөлөөлсөн нь үр тариа. Малын тоо
толгой ч нөлөөлсөн. Энэ оны өвөлжилтийг өмнөх үеийн мичин жилүүдийн зуд шиг
хэцүүхэн гэж төсөөлбөл байдал бүр дордоно. Тээврийн салбаруудын ерөнхий
орлогууд ч бууралттай гарсан. Худалдааны салбарын нөхцөл ч таагүй. Борлуулалт
муудсан. Банкны чанаргүй зээлийн бүтцийг аваад үзвэл 10.3 хувь нь худалдааны
салбараас үүдсэн чанаргүй зээл байх жишээний. Чанаргүй зээлийн харьцааг банк
таван хувь байвал хэвийн гэж үздэг. Гэтэл 10.3 хувь байна гэдэг хэвийн түвшнээс
хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Уул уурхайн салбарын хувьд нийт олгосон зээлийнх
нь 24.2 хувь нь муудчихсан явж байгаа. Энэ хоёр салбарын дараа барилга жагсч
байна. Барилгын салбарын зээлийн чанаргүйдэл 5.2 хувь. Бусад салбаруудын байдал
ч таагүй дүр зураг үзүүлээд эхэллээ.
Салбаруудын нөхцөл байдал дээр үндэслэж дүгнэвэл эдийн засаг 3.1 хувийн өсөлтөөс ч доошоо орох
магадлал өндөр байна.

-Эдийн засгийн
өсөлт бүр доошиллоо гэхэд хэд орчим хувьтай гарах бол. Багцаа таамаг бий юу?

-Багцаа таамгийг
ийм тийм гэж хэлэх боломжгүй. Өсөлт буурах эдийн засгийн нөхцөл байдал нь
бүрдчихсэн гэж хэлэх байна даа.

-Ам.долларын
ханш оны сүүл гэхэд яг одоогийнх дээрээ байна гэж ойлголоо…?

-Яг одоогийнхоос
бол өснө. Бидний хувьд 2030 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргасан. Гэхдээ нааштай
зүйлүүд бий. Есдүгээр сарын 20-ны Худалдаа хөгжлийн банкны 300 сая ам.долларын
бонд, арваннэгдүгээр сарын 17-ны 25 сая ам.долларын бондыг шийдчихвэл өөр. Үүнээс
өөр бонд босгох хувилбарууд эерэгээр шийдэгдвэл найдлага бий. Тэгвэл ханш
өнөөгийн түвшиндөө байна. Манай байгууллагын хувьд Монгол банк энэ янзаараа
интервенцээ хийгээд байвал гэх мэт хэд хэдэн нөхцөлүүд тавьж хараад ийм таамаг
гаргаад байна л даа.

-Долларын
ханшид эерэгээр нөлөөлөхөөр сайн мэдээ үүнээс өөр байна уу?

-Макро том тоо
харъя гэвэл экспортын жилийн өсөлт 16 хувь байгаа. Харин импорт 26 хувиар
буурсан. Наймдугаар сарын гүйцэтгэлээр гадаад худалдаа 704 сая ам.долларын
ашигтай гарсан. Энэ бол яах аргагүй эерэг үзүүлэлт.

-Оюу толгойн
далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт хийгдээд эхэлбэл ам.долларын ханш
буухад эерэгээр нөлөөлж таарах байх?

-Оюу толгой
нэлээд хүлээлт үүсгэж байгаа. Оюу толгойн хувьд Засгийн газар баталгааны гарын
үсэг хийнэ. Оюу толгойн хүлээлтээр дамжаад ханшид хөдөлгөөн орох нь
гарцаагүй. Асуудал нааштайгаар, цаг
алдалгүй шийдэгдвэл эерэг нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалт эхнээсээ ороод ирвэл
ам.долларын ханш буух магадлал өндөр.

-Манай улсын
экспортын гол бүтээгдэхүүн гэвэл нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр. Нүүрсний үнэ
навс уначихлаа. Ирэх саруудад сэргэх найдлага байна уу?

-Суурь нөхцөл
байдлуудад шинжилгээ хийж үзэхэд нааштай дүр зураг бага харагдаж байна.
Нүүрсний хувьд ганц Хятад ч гэлтгүй нүүрс экспортолдог улсуудын зардаг хэмжээ
нь буурсан. Эрэлт тал нь ойлгомжтой. Хятад нүүрсний хэрэглээгээ хумих бодлого
хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нүүрсний хэрэглээг хумихтай холбоотойгоор хоёр бодлого
явж байгаа. Нэг нь агаарын бохирдлыг бууруулах бодлого. Нөгөө нь нүүрсийг орлох
технологийн бодлого. Усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станц зэрэг
нүүрсийг орлох технологиудыг илэрхий дэмжсэн бодлого хэрэгжүүлж байна л даа.
Энэ бодлогынх нь үр дүн тоон үзүүлэлт дээрээ тусгалаа олоод явж байгаа.

-Зэсийн үнэ ч
Хятадын эдийн засгаас хамаараад тааруухан байна гэсэн таамгууд гараад
эхэлчихсэн. Хэр бодитой таамаг вэ?

-Хятадын эдийн
засгийн байдлаас шалтгаалахаас аргагүй. Хятад улс зэсийн 45 хувийг өөрөө
олборлодог. Нийт хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр зэсийн зах
зээлийн гол тоглогч хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Хятад бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих
оролдлогыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрчимтэй хийлээ л дээ. Үүний үр
дүнд нэг жилийн хугацаатай банк хоорондын хүү нь 4.8 хувь болтлоо буурлаа. Гэвч
эдийн засагт нөлөөлж байгаа эффект нь чамлалттай гарсан. Үр дүн муутай байсан
гэсэн үг. Дараагийн хийсэн алхам нь валютын ханшаа суллах гэж үзсэн. Тэглээ
гээд сайн үр дүн гарна гэж хэлэхэд эрт байна.

-Алтны үнэ дажгүй байх нь уу, яах бол?

-Алтны зах зээл дээр өмнө нь нийтлэг ажиглагдаад байсан зүй тогтол
сүүлийн үед ажиглагдахаа больсон. Өнгөрсөн жилээс эхэлсэн дүр зураг л даа.
Жишээ нь Хятадын уламжлалт баярын үеэр алтны үнэ өсдөг байсан. Өсөөгүй.
Энэтхэгт болдог баярын үеэр бас өсдөг байлаа. Гэтэл тэр үеэр өсөөгүй. Ер нь
алтанд итгэх итгэл массаараа муудаж байна. Дэлхийн улсуудын том гэж хэлэхээр
төв банкууд алтныхаа нөөцөөс зарж эхэлсэн. Үр дүнд нь алтны эрэлт буураад
эхэлчихсэн. Алтны нийлүүлэлтийг харьцангуй тогтвортой гэж үздэг. Нөгөө талаас
эрэлт багассанаас үүдэлтэйгээр одоогийн ханш өртгөө нөхөх үнэ биш болсон. Тийм
учраас цаашдаа алтны олборлолт багасах байх. Олон улсын банк санхүүгийн
байгууллагуудын ерөнхий зураглалыг харахаар алтан дээр өөдрөг таамаг тавихгүй
байна л даа.

-Төмрийн хүдрийн зах зээл манайд бол огцом муугаар нөлөөлчихсөн. Цаашдаа
үнэ өсөх магадлал байна уу?

-Нийлүүлэлт давам­гайлсан байдал энэ зах зээл дээр ажиглагдаж байгаа.
Үнийн хувьд өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд уначихсан. Тэгэхээр бизнес
эрхлэгчдэд сануулахад түүхий эдийн үнэ өснө гэж төсөөлөх хэрэггүй болчихоод
байна л даа. Төсөв ч ялгаагүй.

-Энэ оны төсөвт төлөвлөсөн зэсийн үнэ өнөөгийн ханшаас 2000 ам.доллараар
их байгаа нь хэтэрхий бодитой биш тооцоолол. Төсөвт эрдсийн үнийг яаж тооцох
ёстой талаар шинжээчийн хувьд байр сууриа хэлээч?

-Нэгэн үе төсвийн бараг 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байсан.
Энэ хувь хэмжээ буурсаар 16 руу уруудсан л даа. Үүнээс ч бууна. 12-13 хувийг л
эзлэх байх. Голлох түүхий эдийн ханш өсөх найдвар тун бага байгаа талаар та бид
хоёр сая ярилаа. Төсөв дээр сценариудыг манайх нэг их хийдэггүй. Уг нь хэд
хэдэн янзаар хийвэл зүгээр. Муу тохиолдолд гэж бий. Үнэ ханш огт өсөхгүй гэсэн
үг. Арай гайгүй, сайн тохиолдол гэсэн байдлаар тусгаж өгөх учиртай. Өмнөх шигээ
тооцоолоод байвал хэцүү. Өнөөгийн байдлаар гэхэд л төсвийн алдагдал 769 тэрбум
төгрөг болчихоод байна. Энэ янзаараа явбал өлхөн их наяд давах эрсдэлтэй.

-Хөрөнгө оруулалт орж ирж байж л ам.долларын ханш суларна. Гадаадын
хөрөнгө оруулалт хэдийнээс идэвхжих бол. Энэ тал дээр таамаг тооцоо хийсэн үү?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руугаа орж явж байгаад сая нэмэх
рүүгээ орох дүр зураг ажиглагдлаа. Манайхаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын
таамаглалыг хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжих үе 2018 оны зургадугаар
сараас наашгүй гэсэн тоо бий. Тэр болтол гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий
хасах таван хувь хүртэл муудаж магадгүй гэсэн эрсдэл байгаа.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт үргэлжиллээ гэж бодъё. Тэгвэл долларын ханшид шууд
утгаараа эерэг нөлөө үзүүлэх үү?

-Оюу толгойг дэмжсэн ямар нэг хөшүүрэг байгаа тохиолдолд шууд утгаараа
эерэг нөлөө үзүүлнэ. Таван толгой төслийг хөдөлгөх гэх мэт мэдрэгдэхээр алхам
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө
оруулагчдын итгэлийг олж авах болов уу. Хөрөнгө оруулагчид наад зах нь л төр засгийн
шийдвэр тогтвортой байх эсэхийг харж байгаа. Бид хэт өөдрөгөөр таамагласан байж
магадгүй. Нэг гэгээтэй таамаглал бий. Хэрвээ Оюу толгой, Таван толгой хоёр
зэрэг хөдөлбөл, энэ том төслүүдийг дагасан хөрөнгө оруулалтыг нэмээд нийтдээ
2.1 тэрбум ам.доллар Монголд ороод ирвэл ам.долларын ханш 1550 төгрөг хүртэл
бууж болно гэсэн математик тооцоо гаргасан.

-Эсрэгээрээ энэ том хоёр төслийн аль алинд нь ахиц гарахгүй бол
ам.долларын ханш яах бол?

-Байдал энэ янзаараа үргэлжилбэл ам.доллар чангарах оргил үе нь тэд байх
болов уу гэсэн таамаг бий. 2060 гэсэн ханш байгаа. Оргил үедээ хүрээд эдийн
засгийнхаа жамаар аяндаа засагдаж эхлэх болов уу. Өөрөөр хэлбэл ханшийн өндөр
өсөлт үргэлжлээд байвал нэг талаасаа экспортыг дэмжиж байгаа юм. Нөгөө талаасаа
импортын бууралтыг дэмжиж таарна. Үр дүнд нь гадаад худалдааны ашиг ханшийн
өсөлтөөр бага багаар хуримтлагдана гэсэн үг. Сая л гэхэд гадаад худалдааны ашиг
704 сая ам.долларт хүрсэн.

Энэ янзаараа оны эцэс хүртэл явбал нэг тэрбум ам.долларын ашигтай гарах
боломж харагдаад байгаа юм. Гадаад худалдааны ашиг нэмэгдэх хэрээр валютын нөөц
тэр хэмжээгээр өснө. Ханшид ийм маягаар нөлөөлөх бололцоо гарч ирнэ гэсэн үг.

-Тэгэхээр ам.доллар 2060
төгрөгөөс дээшээ гарах боломжгүй гэсэн үг үү?

-Шууд боломжгүй гэж хэлэх аргагүй. Давж болно. Одоогийн нөхцөлийг хараад
гаргасан таамаглалыг би сая хэллээ.

-Ирэх оны эдийн засагт энэ л гэгээтэй
байна даа гэж онцлохоор зүйл байна уу?

-Сонгуультай жил эдийн засгийг таамаглахад хэцүү байдаг. Өмнөх
сонгуулийн жилүүд ч тийм байсан. Сонгуулийн жилд бүх зүйл идэвхгүй төлөв рүү
шилжчихдэг. Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт идэвхгүй болдог. Ийм
идэвхгүй байдалд ийм тийм гэсэн таамаглал гаргах төвөгтэй. Яахав ирэх оны эдийн
засгийн байдлыг арай жаахан өөдрөгөөр харахын тулд бид нэг зүйлийг хүлээгээд
байна л даа. Монгол банк ямар шийдвэр гаргах бол гэдгийг. Бодлогын хүүгээ яах
бол гэдгээс шалтгаалаад байна. Шийдвэр гарчихвал ирэх оны эдийн засгийн ерөнхий дүр зураг
ямархуу байх бол гэдгийг таамаглах боломжтой болно.

-Та бүхэн шиг прогноз таамаг хийдэг улсын хувьд Монгол банк ямар шийдвэр
гаргавал зүгээр бол. Тодорхой төсөөлөл бий байх?

-Мөнгөний нийлүүлэлт хасах руугаа ороод нийт эх үүсвэрүүд маань
хумигдаад ирж буй тохиолдолд эдийн засгийн гурван хувийн өсөлтийг хасах руу
оруулчихгүйн тулд хариу үйлдэл хийх шаардлага Монгол банкинд тулгараад байгаа.

Тэр шаардлага нь юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Товчхон хэлэхэд бодлогын
хүүгээ бууруулах шаардлага гарч ирээд байна л даа. Ингэснээр эдийн засагт
мөнгийг нийлүүлж эхэлнэ гэсэн үг. Зээл олголтын гацчихаад байгаа байдлыг арай
жаахан өөрчилж, сэргээх хандлага руу нь чиглүүлнэ гэсэн үг. Гэхдээ Монгол банк
нэг зүйл хүлээгээд байх шиг байна. Оюу толгойгоос эхлээд бусад дэмжлэг болох
хөшүүргүүдийг хараад байх шиг байна л даа. Тийм хөшүүргүүд найдваргүй байгаа
тохиолдолд Монгол банк бодлогын хүүгээ бууруулах нь эргээд эрсдэл учруулах
магадлалтай.

Categories
мэдээ цаг-үе

”Малайз дахь аллага” нэртэй Ш.Алтантуяагийн үхлийн тухай нэвтрүүлэг дэлхийд дуулиан тарьж байна

-СЭТГҮҮЛЧ МЭРИ ЭНН ЖОЛИГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ, ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН ХЭМЭЭН МАЛАЙЗААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

“Аль жазера” телевиз саяхан манай улсын иргэн, Шаарийбуугийн Алтантуяагийн амь насаа алдсан хэргийг дахин сөхөж, ”Малайз дахь аллага” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн дэлхий даяар цацсан юм. Үүнийгээ цахим хуудастаа тавьсан нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. Малайз улсад бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийг “Аль Жазера” агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч мөрдөж, 26 минутын нэвтрүүлэг хийжээ. Сэтгүүлч Мэри Энн Жоли Ази-Номхон далайн бүс нутаг дахь хурц асуудлыг хөнддөг “101 East” нэвтрүүлгээрээ аллагын тухай дэлгэрэнгүй материалыг ийн үзүүлсэн аж.

Энэ нэвтрүүлгээр “Ш.Алтан­туяа нь 2006 оны аравдугаар сард амиа алдсан юм. Малайзын нөлөө бүхий улстөрчидтэй холбогдож байсан орчуулагч бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон тухай өгүүлжээ. Энэ нь бүсгүйн аминд хүрэх гэсэн харгис аллага байсан гэдгийг онцолсон байна. Мөн есөн жилийн өмнө болсон хүн амины хэрэг Малайзын хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэрэг гэжээ. Тус хэрэгт улс төрийн сөрөг хүчин болон тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакыг олон жил буруутгаж байгаа хэмээн болсон үйл явдлыг хүргэж, Алтантуяагийн аав Шаарийбуугийн охиныхоо амийг Малайзын талаас олон жил нэхэж, уйгагүй хөөцөлдсөн гэдгийг дурдаад түүний сэтгэл өвтгөм яриаг оруулжээ. Залуухан монгол бүсгүйг хөнөөсөн хоёр залуу Нажибтай мөн холбоотой байсан хэмээн 26 минутын хугацаатай, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэгтээ мэдээлжээ.

Мөн бүсгүйн эцэг болох С.Шаарийбуу энэ талаар хүний эрхийн бүхий л байгууллагуудад хандсан боловч тусыг эс олсон байна. Түүний энэхүү гомдлыг сонсч, охиных нь үхлийн үнэн мөнийг олоход тус болохоор шийдсэн хэмээжээ. Энэхүү нэвтрүүлгийг энэ сарын 10-нд цацсан байна.

МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

“Аль Жазера” агентлаг Ш.Алтантуяагийн үхлийн тухай баримтат кино цацсаны дараа Малайзын Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргасан байна. Тэрхүү мэдэгдэлд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак талийгаачийг огт мэдэхгүй бөгөөд хэзээ ч уулзаж, холбогдож байгаагүй хэмээжээ. Түүнчлэн шумбагч онгоц худалдан авах тохиролцоог Малайз ба Францын Засгийн газар хийсэн бөгөөд талийгаачийг худалдан авалтад оролцоогүй хэмээсэн байна. Хүн амины хэрэг үйлдсэн хоёр хүн Ерөнхий сайдын хувийн хамгаалагчид байгаагүй. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд үүнийг үндэслэлгүй хуйвалдааныг даамжруулахад ашиглаж байна. Тэд өндөр дээд хэмжээний зочид болон Засгийн газрын албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг Малайзын цагдаагийн газрын ажилтнууд байсан. Баривчлагдах хүртэл нь тэдний хийсэн үйлдлийн талаар Ерөнхий сайд юу ч мэдээгүй. Цагдаагийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр, тэр дундаа, Малайзын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Холбооны шүүх зэрэг шүүхийн шийдвэрүүд гарсан. Гэм буруутай этгээдүүдэд ял шийтгүүлсэн. Хууль эрх зүйн эдгээр шатанд Ерөнхий сайдын нэр нэг ч холбогдоогүй. Үндэслэлгүйгээр Ерөнхий сайдыг уг хэрэгт холбогдуулсан нэвтрүүлэг Малайзын шүүхийг гутаан доромжилж байна. Малайзын Засгийн газар шумбагч хөлөг онгоц худалдан авахад Ерөнхий сайд ямар ч зөрчил гаргаагүй. Дахин хэлэхэд эдгээр гүжирдлэг нь улс төрийн зорилготой” гэжээ.

Харин нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч Мэри Энн Жолиг худал мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж Малайзаас хөөх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

ТУХАЙН ҮЕД ЮУ БОЛОВ

Шаарийбуугийн Алтанту­яагийн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн так­сины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цаг­даад мэдээлсэн гэдэг. Бүс­гүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суул­ган авч одоход жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт нууц хэвээр байсан гэдэг.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон билээ. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичсэн байдаг. Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байв. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч тэр зугаалгын цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак болон Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст Багинда болон түүний нөхөд төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний “Perimekar” түүнд олгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалз­жээ. Багинда, Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон гэдэг. Учир нь Багиндагийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна. Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхийг шаардсан байдаг. Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байдаг.

Ш.АЛТАНТУЯА ГЭЖ ХЭН БАЙВ

Ш.Алтантуяа англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн. ОХУ-ын Белыйводы, Чимкент, Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд Орос 14, улмаар 84 дүгээр дунд сургуульд суралцсан байна. МУИС-ийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байгаад Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангид орчуулагч, эдийн засагч мэргэжлээр давхар мэргэшсэн гэнэ. Тэнд суралцаж байх хугацаандаа Оросын илгээмжийн нэгэн том компанид орчуулагчаар ажиллаж байжээ. Сургуулиа төгсч ирээд хувиараа гоо сайхны салон байгуулан бизнес эрхлэх болсон аж. Орос, англи хэлийг сайн эзэмшсэн Ш.Алтантуяа хувийн бизнесийн шугамаар олон улс оронд орчуулагчийн ажлаар зорчиж байгаад ийн амиа алдсан юм.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Г.Туулхүү: Өршөөлийн хуульд 100 гаруй мянган хүн хамрагдаж байгаа

Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүүтэй ярилцлаа.

-Өршөөл үзүүлэх
тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтууд хэрэгжиж байгаа юу.
Ерөнхийлөгч хориг тавьчихсан, УИХ-аар хэлэлцэж байгаа учраас ял эдэлж байгаа хүмүүс
суллагдах боломжгүй юу?

-Ерөнхийлөгч Өршөөл
үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1, долдугаар зүйлд хориг тавьсан шүү
дээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх
тухай” заасан байгаа. Энэ зүйлийн 4.1-д Ерөнхийлөгч хориг тавьчихсан учраас ял эдэлж
байгаа хүмүүст хууль үйлчлэхгүй, хүлээгдэж байгаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр
(уржигдар) Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Өнөөдрөөс УИХ-ын байнгын хороо
хуралдаад хуулийн төслийг хэлэлцээд явах байх.

-Хорихоос өөр төр­лийн
ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх тал дээр Ерөнхийлөгч хориг тавиагүй учраас хэрэгжиж
байгаа биз дээ?

-Хуулийн дөрөвдүгээр
зүйлийн 4.2-т “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгээгүй
ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Энэ заалт хэрэгжиж байгаа. Албадан ажил хийлгэх
ял зогссон. Шүүх рүү материалыг шилжүүлж байна. Ерөнхийдөө процессын ажиллагаа зогсоод
бичилбэрийн ажил үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд 1200 орчим хүн хорихоос өөр төрлийн
ялтай байсныг өршөөх ажиллагаа хэрэгжээд явж байгаа.

Мөн Өршөөл үзүүлэх
тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-т захиргааны шийтгэл хүлээсэн хүмүүсийг өршөөх
тухай заасан нь хэрэгжиж байна. Баривчлах шийтгэлтэй байсан хүмүүс суллагдсан. Долдугаар
сарын 1-нээс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянган иргэнд жолооны
үнэмлэх олгох ажиллагаа үргэлжилж байна. Бүгдийнх нь эрх сэргээгдчихсэн байгаа.
Нийтдээ энэ хууль 100 гаруй мянган хүнд үйлчилнэ.

-Тэнсэн харгалзах
ялтай, нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар ял хойшилсон хүмүүс өршөөгдөх үү?

-Өршөөлд хамрагдаж
байгаа. Тэнсэн харгалзах ял, хойшлуулсан ялыг хэрэгсэхгүй болгоно.

-Ял эдэлж байгаа
хичнээн хүн өршөөгдөж, суллагдах вэ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол, аваагүй
бол гэдэг хоёр ялгаатай тоо яригдах байх?

-Нийтдээ 6600 орчим
хоригдол ял эдэлж байна. Тэднээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1700 орчим хоригдол
суллагдана гэж үзэж байгаа. Мөн 600 орчим ялтны эдэлж байгаа ялаас хоёр жил хасагдана.
Бидний судалгаагаар Ерөнхийлөгчийн хориг 161 хүнд үйлчлэх юм. Хорих ангиас 161 хүн
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах байгаад Ерөнхийлөгчийн хоригоор хаагдах нь
гэж ойлгож болно. Тэдний олонхи нь онц, хүнд хор хохирол учруулсан залилангийн хэрэг
буюу Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар ял шийтгүүлсэн иргэд байгаа. Мөн Эрүүгийн
хуулийн 181.3, 147.2, 96.1, 96.2 буюу хүний биед хүнд гэмтэл учруулах, танхай, дээрмийн
хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийн эдлэх ялаас хоёр жил хасах тухай Ерөнхийлөгчийн
хоригт бий. УИХ үүнийг хүлээж аваад баталбал 1700 орчим ялтны эдлэх ялаас хоёр жил
хасагдана.

-Ерөнхийлөгч авлига,
албан тушаалын хэргийг өршөөх тухай заалтууд дээр хориг тавьсан. Тухайлбал, авлигын
хэргээр хичнээн хүн өршөөгдөх гэж байсан бэ?

-Эд хөрөнгө завших,
үрэгдүүлэх, эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх зэрэг Эрүүгийн хуулийн зүйл ангиудад
зааснаар ял эдэлж байгаа 40-өөд хүн байдаг. Хээл хахууль авах, хууль бусаар хөрөнгөжсөн
хэргээр ял эдэлж байгаа арав гаруй хүн бий. Энэ мэтээр 161 хүн хоригт хамаарч байгаа.
Энэ бол шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа хүмүүсийн тоо. Үүнээс гадна энэ төрлийн
гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, АТГ-т шалгагдаж буй хүмүүсийн
тоо нэжгээд байгаа байх. Шүүхийн шийдвэр дээр байхгүй тоог би ярих эрхгүй.

-УИХ-ын гишүүдийг
улстөржиж, намынхаа гишүүдийг хэргээс мултлахын тулд авлига, албан тушаалын хэргүүдийг
өршөөхөөр хуульчилсан гэдэг хардлага бий. Ерөнхийлөгчийн хориг тавьсан албан тушаал,
авлигын хэрэгт холбогдсон хүмүүс дунд улс төрийн алба хашиж байсан, өндөр албан
тушаал эрхэлж байсан хүмүүс хэр олон бол?

-Шоронд ял эдэлж байгаа
хувь хүний талаар ярьж болдоггүй. Ял эдэлж байгаа ч эдлэх эрх гэж тэр хүнд бий.
Ял эдэлж байгаагаа нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байдаг. Өршөөлийн хуулийг батлах
эрх нь УИХ-д л бий. Яаж батлах нь УИХ-ын онцгой эрх. Уучлах эрх Ерөнхийлөгчид бий.
Тиймээс бид хуульд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй. Бид хэрэгжүүлэх л үүрэгтэй.

-Шүүхийн шийдвэртэй
байгаа 161 хүний учруулсан хохирол хэдэн төгрөг байгаа вэ?

-Иргэдэд учруулсан
хохирлын хэмжээг тооцоогүй. Залилан, тэр дундаа онц хүнд гэмт хэргийн хохирол их
байдаг. Эдийн засгийн хэргүүд хохирлоосоо шалтгаалж хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц
хүнд гэсэн зүйл ангиар ялгардаг. Эрүүгийн хуулийн 148.4 онц хүнд гэмт хэрэгт тооцогддог
учраас хохирлын хэмжээ их гэж ойлгож болно.

-Хохирлыг нөхөн
төлсний дараа өршөөх үү, эсвэл бусдад учруулсан хохирлыг нь ч өршөөлд хамруулах
уу?

-Өршөөл үзүүлэх тухай
хуульд хохирлыг нөхөн төлсний дараа гэсэн ойлголт байхгүй. “Хохирлоо нөхөн төлөхийг
илэрхийлсэн бол…” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, шалгагдаж байгаа хүмүүс хохирлоо
нөхөн төлөхөө бичгээр илэрхийлнэ. Өршөөгдсөнийхөө дараа хохирлоо төлөхгүй бол хохирогч
Иргэний шүүхэд хандана. Шүүх дээр өршөөгдсөн иргэний бичиж өгсөн бичиг нь нотлох
баримт болох юм. Харин шүүхийн шийдвэр гарчихсан бол хохирлыг нөхөн төлүүлэхийг
илэрхийлнэ гэдэг ойлголт байхгүй. Таслан шийдвэрлэх тогтоол дээр гэм бурууг тогтоогоод
төлбөрийг нь тавиад өгчихсөн байгаа. Тиймээс эдлэх ялыг өршөөж хохирлыг нөхөн төлүүлэх
ажил шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр үргэлжлээд явах юм.

-Өршөөгдсөн хэдэн
мянган хүн гараад ирэхээр гэмт хэрэг ихэснэ, нийгэм айдаст автана гэх хандлага бас
байгаа. Өмнө нь өршөөгдсөн хүмүүсийн хэдэн хувь нь дахин гэмт хэрэгт холбогдсон
бэ. Суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Зургаа дахь Өршөөлийн
хууль батлагдаж байна. Ер нь өршөөгдөөд гарсан хүмүүсийн 7-8 хувь нь дахин гэмт
хэрэг үйлдсэн судалгаа байдаг. Мянган хүн суллагдаад гарлаа гэхэд есөн зуу нь сайхан
амьдралд хүрч, 100 шахам нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. 90 гаруй хувь нь
сайхан амьдралд хүрч байна гэдэг Өршөөлийн хуулийн давуу тал. “Ийм их хүн гэнэт
гараад ирэх нь” гэж ярих юм. Тэр хүмүүс өмнө нь бидний дунд амьдарч л байсан. Одоо
ч бидэнтэй хамт амьдарч л байгаа. Тэднийг бүгдийг нь муу, муухай хүмүүс гэж нийгэм
хүлээн авч болохгүй. Тэр хүнийг аав ээж, хань ижил, хүүхэд, ах дүү, найз нөхөд нь
хүлээж байгаа. Нэг удаа алдлаа, гараад сайхан амьдрах юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс
олон бий. Өршөөгдсөн хүмүүс айхавтар аюултай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс биш. Өршөөлийн
хууль гараагүй ч бай тэд цувраад гарч ирээд бидний дунд амьдарна. Харин ах дүү,
төрөл садан нь хүнээ хүлээж авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Миний хүү гараад ирэхээр
тэнд амьдруулна, дүүдээ ийм ажил олж өгнө гээд тус бүртээ бэлтгэл хийж байгаа. Түүн
шиг орон нутаг, нийслэл бэлтгэлээ хангаж байх ёстой. Харамсалтай нь Өршөөлийн тухай
хууль хэрэгжүүлэх ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч орохгүй гэсэн мэдэгдэл
хийсэн. Тэр хүний хэн байх нь сонин биш. Нийслэлд 800-900 ялтан суллагдаж ирж байгаа.
Тэднийг аль аль дүүрэгт хүлээж авч, нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх, ажлын байраар
яаж хангах вэ гэдэг асуудал дээр Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан
орлогч оролцох ёстой. Ажлын комисс УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхэд л бэлтгэдэг.
Гэтэл тэр хүн би ялаас хүн чөлөөлөхгүй гээд татгалзчихсан. Тиймээс нийслэлд суллагдаж
ирэх хүмүүсийг хүлээж авахад Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хэрхэн бэлтгэж
байгааг мэдэхгүй байна.

-Суллагдсан хүмүүсийг
гэр, гэрт нь хүргэж өгөх үү. Тахарын алба танай байгууллага хоёр хамтарч ажиллах
болов уу?

-Хорих ангиас суллаад
л орхичихож болохгүй. Орон нутгийн хорихоос суллагдсан хүмүүсийг тэндэхийн цагдаад
хүлээлгэж өгнө. Дарханд ял эдэлж байгаа хоригдол Дундговь аймаг руу явах шаардлагатай
бол Улаанбаатарт авчраад эндээс Дундговь явах бүх хүнийг нэгтгээд хүргэж өгнө.

-Ял эдэлж байгаа
ихэнх хүүхэд суллагдах байх гэсэн таамаг
бий. Үнэн үү. Эмэгтэйчүүд хэр олон бол?

-Хүүхдүүдийн дийлэнх
нь хамрагдана. Өмнөх Өршөөлийн хуулиудыг харж байхад эмэгтэйчүүдийн хорихоос
100 гаруй хүн суллагдаж байсан. Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа хүмүүсийн
ихэнх нь залилан, хүн амины хэрэгтэй байдаг. Тиймээс хаагдаад үлдчихдэг тал бий.
Гэхдээ Өршөөлийн хууль ямар байдлаар эцэслэн батлагдахаас шалтгаална.

-Ямар хэрэг үйлдсэн
хүмүүс өршөөгдөхгүй вэ?

-Цаазаар авах ял шийтгүүлсэн
хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон бол өршөөгдөхгүй. Онц аюултай гэмт хэрэгтнээр
шүүх тооцсон бол өршөөхгүй. Онц аюултай гэмт хэрэгтнээр шүүх тооцсон 200 гаруй хүн
ял эдэлж байгаа. Тэдэнд Өршөөлийн хууль үйлчлэхгүй. Мөн эх орноосоо урвасан, тагнуул
хийсэн, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах гэмт хэрэг үйлдсэн, зэвсэгт үймээн
дэгдээсэн, хорлон сүйтгэсэн, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, хүн хулгайлах,
худалдах гэмт хэрэг үйлдсэн гэх мэт Эрүүгийн хуулийн 29 зүйл ангиар ял шийтгүүлсэн
хүмүүс өршөөгдөхгүй. Өршөөлд хамаарахгүй гэмт хэрэг үйлдсэн 4000 гаруй хүн ял эдэлж
байгаа.

-УИХ-ын чуулганы
хуралдаан дээр Р.Гончигдорж гишүүн өршөөгдсөн хүмүүс шоронд нэг ч хонох ёсгүй гэж
байсан. Ер нь энэ хууль нийгэмд маш их хүлээлттэй байсан. Батлагдсан даруйд олон
хүн суллагдана гэж догдолсон. Үүнээс болж ялтнуудын сэтгэл санаа тогтворгүй болох
асуудал гарч байна уу?

-Хууль хүчин төгөлдөр
болох хугацаа гэж бий. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан л бол хууль
үйлчлэх үйл явц зогсдог. Хоригийг УИХ-аар шийдсэний дараа ял эдэлж байгаа хүмүүсийн
асуудлыг шийднэ. Тиймээс хууль бусаар ял эдэлж байгаа нэг ч хүн байхгүй. Өршөөлийн
хууль батлагдаад л бүх хүн маргааш чөлөөлөгдчихнө гэж ойлгож болохгүй. Хууль батлагдсаны
дараа шоронд хоригдож байгаа хүн тус бүрийн асуудлыг хурлаар оруулдаг. Нэг өдөр
бүх хүний асуудлаар хурал хийчихэж амжихгүй. Суллах ажиллагаа сарын турш үргэлжилнэ.
Хууль хэрэгжиж дуусах хугацаанд амжуулна гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчийн
хоригийг УИХ нэр төдий хүлээж авлаа. Ажлын хэсэг хоригийг гуйвуулсан төслийг байнгын
хороогоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэх шүүмжлэл байна. Ерөнхийлөгч дахиад хориг
тавих боломжтой биз?

-УИХ Өршөөлийн хуулийг
баталсны дараа Ерөнхийлөгч тав хоногийн дотор хориг тавих эрхтэй. Өмнөх Өршөөлийн
хуулийн туршлагыг харахад Ерөнхийлөгч хориг тавиад УИХ хэлэлцээд баталсны дараа
Ерөнхийлөгч дахин хориг тавьж байсан.