Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав: Далай ламтай дөчин минут уулзаад гарахад хавийн улс гайхаад байсан

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №236 (5188) дугаарт

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай ярилцсанаа үргэлжлүүлэн хүргэж байна.

-“Торгон хилийн зүг” дууны тань хөгжмийг хэн бичлээ?

-УГЗ Т.Чимэддорж гуай хийсэн юм. Сүүлд бид хоёр “Гурван зуун хүүхэн” гэж дуурь хийж байлаа. Таалагдаагүй юм уу яасан юм бүү мэд, больчихсон юм.

-Гурван зуун хүүхэн…?

-Тийм ээ. Яагаав дээ, олон залуучууд атарт очоод майхан саванд гэр оронгүй байдаг. Энд эмэгтэй хүн их хэрэгтэй байна гээд зуун хүүхэн яаралтай явуул гэж бичсэнийг нь гурван зуун хүүхэн гэж гаргаад хотын Эвлэлийн хороо баахан хүүхэн явуулчихаад сандарч байгаа тухай хошин дуурь бичсэн юм л даа. Уг нь батлагдчихаад яагаад ч юм тоглогдоогүй юм. Дуурь бичихээр би арай том болчих гээд байсан уу яасан юутай ч тоглуулаагүй. Тэгээд дуурь бичдэг том хүн болоод ч яахав. Кино бичээд гайгүй шиг болсон. Тиймэрхүү л намтар паянтай явлаа.

-Таны төрсөн нутагт Цантын гол гэж их гоё, сонин тогтоцтой гол байдаг байх аа. Нутаг устайгаа холбоотой сонин сайхан домог хууч бишгүй л сонсч байсан байлгүй, та. Энэ тухай бас таны дуу бий бил үү?

-Солийн Цоодол бид хоёр халамцуухан, хотоос гарав аа. Хоёр охиноо хөтлөөд. Би Хишигсүрэнгээ хөтөлчихсөн, Цоодол бас нэг хүүхдээ хөтлөөд Төв аймгаа дайраад Баянд очсон. Тэгээд гэнэт нэг өдөр зохиосон дуу шүү дээ. Бас зүгээр ч байгаагүй. Ганц хоёр шил юм янзалсан. Танай энд ямар гол байдаг вэ гэж байна. Цант, Хоолт хоёроо би мэднэ. Нөгөө хуучин Баянгаас ямар гол байдаг вэ. Уртын гол гэж байдаг. Тэгээд хэдхэн минутад зохиочихлоо. “Цантын минь гол цалгиатайяа хө” гэж эхэлдэг дуу бий. Цантын гол бол өвөл хөлддөггүй, цантаад л байж байдаг. Зун уснаас нь уухаар хага ташаад байдаг. Жижигхээн горхи. Мянган адуу ундаалж байсан гол доо. Нөгөөх нь Хоолтын гол.

Хоолтын маань гол хоттойёо хө

Хойтынхоо ариун заяанд холбоотойёо хө

Хорвоо чиг уужрах тэнгэрийн дор

Хоёулаа чиг ижилдэнхэн жаргаж сууна аа хө гэж бичлээ. Харин Уртын голыг үзээгүй. Хөдөө нутгийн гол ус ямархан байдгийг санаж байгаад

Уртын маань гол униартай даа хө

Учралынхаа арвин заяанд уулзаатайяа хө.. гэхчилэн бичээд Солийн Цоодол бид хоёр ийм дуу хийсэн юм. Сүүлд Алтантуул жаахан түргэн аятай болгоод шанзаар тоглосон. Хөдөөний уран сайханчдыг цуглуулаад Цоодол маань загнаад байдаг. Би бас нутгийнхнаа өмөөрч Цоодолтойгоо хэрэлдэж байлаа. Тэгж зохиосон дуу юм. Манай нутгийн хуучны улс дуулаад л байдаг юм. Би ганц роман бичсэн. “Хэрлэнгийн барьяа” гэж. Нутгийн хууччуул маань улаан гуталт Жанчивдорж заан суугаад Жаран хэнгэргийн хур гэдэг нь тэр Өрөмт гэдэг энэ гэж зааж өгөөд Намхай аварга тэндээс гараад хурган Дэмчиг эндээс гараад ингэж барилдаж байсан гээд цөмийг нь ярьж өгч байсан юм. Би Буянтогтох гуайг нэг удаа харсан юм. Буянтогтох гуай юу гэж ярьсан бэ гэвэл, “Бидний дөрвөн мөчинд дөрвөн бодын тэнхээ байсан бол Намхайн дөрвөн мөчинд дөрвөн барын тэнхээ байсан юм шүү” гэж ярьж байсан. Эгнэшгүй хүчтэй байж. Тийм учраас арван зургаатайдаа даншигт ороод барилдаж байж. Тэгэхээр Намхай аваргын тухай хаа байсан Булганд сонссон юмаа нутагтаа шингээж аваачиж нутгийнхаа өвгөдтэй хуучилж байгаагаа, монгол ахуй байдлаа бичсэн. Манай нутгийнхан өвөл нь хүйтэн болохоор Хэрлэнбаян Улаанд гарч өвөлждөг. Хэрлэн намартаа хөлдөөд хонь мал халтираад арайхийж л гардаг. Хавар нь цэлэлзээд сайхан байдаг, мөн л малаа туугаад нутаг руугаа харьдаг. Монголын ард түмний түүх, соёл, түүхэн домогт явдлуудыг түүгээд нэг жижигхэн роман бичсэн минь тэр. Ер нь роман биш ч байж мэднэ. Юу байх нь хамаагүй. Сүүлд Цоодол уншчихаад, их ухаантай хүн санаа аваад Бүрэнгийнхээ явдлуудыг жижиг жижгээр өгүүллэг болгож бичээд саяхан дөрвөн ботидоо оруулсан байна лээ.

-Та Лхаст очъё гэж бодож байгаад очсон гэлээ. Тэндээс ирээд юу бичив?

-Нэг их шүлэг бичээгүй. Би ерэн онд Энэтхэг явсан. Монгол хүн ер нь Энэтхэгт очиж үзмээр байгаа юм. Өөх, мах алаглаж байдаг шиг зовлон жаргал хоёр нь алаглаж байдаг. Хувь заяатайгаа эвлэрчихсэн. Манай энд бол босоод тэмцээд сүйд болно байх. Тэнд тэмцэхгүй. Ядуу нь би ийм ядуу гуйлгачин байх заяатай хүн гээд тэр заяандаа гөлрөөд, би ийм баян байх ёстой хүн гээд гартаа байтугай хөлдөө алтан бугуйвч зүүчихсэн хүн хажуугаар гишгээд. Ингээд баян хоосон хоёр нь зэрэгцсэн, зовлон жаргал хоёр нь дэндчихсэн, хувь заяатайгаа эвлэрч сүжирсэн юм шиг. Манайхан шиг Европ маягаар сэтгэж бослого гаргах, ажил хаях тийм зүйл тэнд бага. Яахав, шашны хоорондын зөрчил байдаг л байх. Таж Махалыг үзлээ. Ай даа, сайхан. Ер нь сайхан юм үзээд баясдаггүй хүн, сайхан хүүхэн хараад баясдаггүй яруу найрагч гэж байхгүй. Тэгээд “Таж Махал”, “Энэтхэг бүсгүй” гэж шүлэг бичсэн. Энэтхэгийн тухай тав зургаан шүлэг бичсэн шүү би. Пүрэвдорж ч, Явуу ч очоод бичсэн байдаг. Би гурван зорилготой Энэтхэгт очсон юм. Нэгд, Гималайн уулыг харна, хоёрт, Далай ламтай уулзана, гуравт, Таж Махал тэргүүт сайхан юмнуудыг нь үзнэ гэсэн бодолтой явсан. Далай ламтай уулзъя гэсэн чинь хаа хол Дармасалад Чойнхорын ван хурж байгаа гэнэ. Танайх бурханы шашинтай, манайх бас шүтдэг. Тэгээд Далай ламыг орой дээрээ залдаг. Би хадаг юмаа аваад Далай ламтай уулзана гэж гарсан. Нэгэнт би тэгж бодож байгаа учраас ямар ч тотгор надад саад болохгүй гэж бодож байна гэсэн. Номыг нь мэддэг улс чинь юу ч хэлэлгүй замыг нь заагаад өгсөн. Вагонд суугаад хонуут яваад маргааш нь үд хэвийх үед Дармасалад очлоо. Дахин нэг хоноод үд дундын 12 цаг буюу морин цагт Далай ламтай нүүр тулж учирсан.

-Далай лам та хоёр юу ярилцав?

-Хавийн улс гайхаад байсан. Далай лам багш хүнтэй арваад минут л уулздаг юм, тантай дөчин минут уулзлаа гэж гайхацгааж байсан. Далай ламтай уулзсан чинь эхлээд бие баригдаад хэлэх үг олдохгүй оргиод байлаа. Би чинь багадаа Гомбожав хамбаар түвд ном заалгасан хүн шүү. Одоо нэг их алдаг оног уншдаг гэж худлаа хэлээд яахав, гэхдээ уншлагатай. Тэгээд Далай ламын тухай Гомбожав багшийн дөрвөн мөртийг түвдээр нь хэлэв ээ. Далай лам дор нь ойлгоод “Тийм ээ, Далай лам гэдэг нэрийг надад монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би үүгээрээ л дэлхийд нэршлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь сая бие тавираад сайхан боллоо. Хотоос гараад хориод хоносон юм чинь сонсоогүй юм “Шеварднадзе Гадаад яамны сайдаас огцрох болж гэнэ” гэж Далай ламаас сонсоод, манайд бас ардчилал гэдэг юм гараад бурхан шашнаа сэргээж байгаа гэж хэллээ. Энэчлэн харилцан дөчин минут ярилцсан. Тэр үед монгол хүн Энэтхэгт очоод Далай ламтай уулзаж байсан нь ховор байсан юм уу, эсвэл депутат байсан минь ч нөлөөлсөн юм уу мэдэхгүй, надад бурхан багшийн дэлгэмэл хөрөг, цагаан хадаг өгсөн. Цагаан хадгийг нь Гүрбазар “За та нартаа өргөе, ард түмээн” гээд амьтанд өгчихсөн. Өгсөн ч юу байхав, телевизээр л тэгж харуулж байхгүй юу. Бас маанийн үрэл эрдэнийн эм өгснийг нь би одоо ч хадгалдаг. Өвдөж зовбол хэрэглээрэй гэсэн юм. Бурханы хөрөг дээрээ түвдээр “Сүрэнжавын сүжиг ихтэй нь авралын сахиус мэт ээ. Бурханы шавь Данзанжамц” гэж бичээд надад өгсөн. Тэндээс ирээд би элдэв эм тан хэрэглэлгүй, архинаас болж хүнд загнуулалгүй хорин хэдэн жил болж байна.

-Анх уулзахдаа бие баригдаад байхаар нь түвдээр хэлсэн дөрвөн мөртөө монголчилбол юу гэсэн үг байв?

Эгшиглэнт Манзуширийн гол аялгуу нь гойд мэргэн

Эрдэнэт богдсын шашныг баригчдын гол мод болсон

Элдэв үйлийн сайн хөвдлийг өөрөөсөө төрүүлэн гаргасан

Эрдэмтэй Далай ламдаа сүслэн мөргөюү гэсэн үг юм. Миний багш Гомбожав хамбын Далай ламд зориулж зохиосон шүлэг л дээ.

-Та бөх болох мөрөөдөлтэй байсан ч болоогүй, сүүлд нь нэг цагдаа тонгороод хоёр зуугаар торгуулсан гэдэг хөгжилтэй явдлыг санахаар инээд хүрдэг. Ингэхэд таны багын мөрөөдлөөс биелсэн нь хэр олон бэ?

-Би нутагтаа байхдаа ерөөсөө гурван юм л мөрөөддөг байлаа. Миний бага залууд гурван юм л домогтой байлаа л даа. Нутгийнхаа хамгийн өндөр уул өндөр дэнж дээр гарна. Тээр хойно тэнгэрийн хаяанд Богд уул их зад үзсэн хангарьд шиг цэнхэртээд л харагдана. Энэ сайхан их Богд уулын ард нэг очих юмсан. Их аварга Түвдэндоржийн барааг нэг харах юмсан. Дандар баатар гэж биеийг нь бууны сум даадаггүй, дайнаас ирээд хувцсаа тайлахад сум шархийтэл асгардаг юм гэнэ лээ. Дандар баатартай танилцах юмсан. Цогзолмаа гэж аюулын сайхан хүүхэн дуулдаад байх юм. Төв театрт ороод тэрийг нь шилэн фордод суулгаад ирвэл багийн дарга Дорж гуай мөн сүйд болно доо гэж хүүхэд байхын мөрөөддөг байлаа. Тэгсэн чинь бурхан тэнгэр миний мөрөөдлийг биелүүлж өгсөн. Дандар гуай 1964 онд баатар цол хүртэв. Би тэгэхэд Радиод ажиллаж байсан юм. Телевиз гараагүй үе. 1964 он чинь Халх голын 25 ч билүү жилийн ой. Тэр шөнө сэтгэл хөдлөөд би шөнөдөө суугаад “Алаг морьтой хүн” гэдэг найраглал бичлээ. Цэвээндорж, Чулуунбат хоёр өглөө нь радиогоор уншсан. Гэтэл арван жилийн ял аваад шийтгүүлж байсан хүн чинь улсын радио хангинаад Дандарын тухай ярихаар их өөр сэтгэгдэл төрсөн байх. Тэгээд

Зүү шиг балчир хүүхэд Авдарбаяны

Зүлгэн дээр нь мөлхөж явахад

Зүр шиг шалмаг эр Халх голын

Элсэн дээр нь торойж байж дээ.

Давс чихэр хоёрын амтыг даанч ялгаагүй балчихан уруулаар ч

Дандар гээд уншиж байна

Дарь хүхэр хоёрын үнэрийг аваагүй уруулаар ч

Дандар гэж уншиж байна гээд ийм мөрүүдтэй бичсэн. Тэгэхэд Дандар гуай хошууч цолтой, авто батальоны орлогч дарга байхдаа яруу найрагч, сэтгүүлч Батсуурийн Халтараар газарчлуулж ирж танилцаад хорь гаруй насны зөрүүтэй бид хоёр найз болж байлаа. Их сургуульд оюутан болоод очсон чинь найруулагчийн анги нээгдсэн, өнөөх Цогзолмаа гэдэг хүүхэн чинь гуч шүргэж яваа юм уу үгүй юм уу гэмээр, Рэнцэнноров тэр хоёр найруулагчийн ангид оржээ. Нийтийн лекцэнд цуг ордог, тохой зэрэгцэн суудаг. Цогзолмаа Рэнцэнноровтой их дотно үерхэнэ. Биеийн тамирт гарна. “Ишш үхснээ хийж тэр сайхан театраасаа гарав аа, би. Одоо энэ тайзны ард Гомбосүрэн багш гүйж ирж багтарч унаад үхэх байх аа” гэж тэр хоёр ярьж байх, оюутан л болсон хойно цуг гүйж цуйван энэ тэр иднэ. Тэгээд бид найз болоод сүүлд нас ахисан хойноо “Эртний сайхан” гэж чуулга байгуулаад түүндээ намайг оруулсан. Одоо ч би хааяа уулздаг шүү, найзтайгаа. Багадаа мөрөөдөж явсан гурван хүсэл гурвуулаа биелсэн. Сүрхий бөх болоогүй ч гэсэн бөхийн тухай кино хийчихсэн.

-Горькийн сургуульд байсан үеэ санавал…?

-Горькийд би нас дөч шүргэж яваад Добролюбовын гудамжны есдүгээр байшингийн долоон давхарт нь долоон зуун гурван тоот өрөөнд нь амьдарсан. Урьд нь залуудаа Москваг нэг үзчихээд ийм сайхан газар авгайгаа авчраад хоёулаа хөтлөлцөөд явж байх юмсан гэж бодож байсан. Энэ бодлоо сүүлд дөч шахсан хойноо биелүүлсэн. Би их азтай. Наян нэгэн онд Горькийн сургуулийн дээд курс төгсөхөд Гүррагчаа сансарт нислээ. Монголын талаас нэвтрүүлэг хөтлөх үүргийг надад өглөө. Би юу ярих вэ Чойжил дарга аа гэсэн чинь “Чиний өмнө их гүнзгий гол байна. Гэхдээ чи живээд үхэхгүй ээ, дажгүй. Ор, ор” гээд намайг түлхэж оруулсан. Бичиг цаас юу ч үгүй орж байгаа юм. Миний өмнө Монголын далбаа соёмбо нь гялалзаж харагдана, нөгөө оросын өмнө Оросын далбаа тавьчихаж. Гэнэт омогшил төрөөд “Өнөөдөр морин дэл дээр өссөн монгол хүү сансрын мөнгөн хөлөг дөрөөлөөд сансарт нисч байхад Монгол орон бас тэнгэрт нисч байна” гэхчилэн аяндаа хэлэх үг урсаад ороод ирлээ. Яг тэр үед бас хармаандаа улаан мөнгөгүй гадаадад явж барилддаг өнөө хэдэн бөхчүүдийг өрөвдөж бодож билээ. Энэ далимд хэлэхэд, шинэ үсгийг сурснаараа би Европ болоод дэлхийг өөртөө нээсэн юм. Би 2001 онд Францын нийслэл Парист Улаан сайдтай очоод Монмартрын Булоны ойд ирээд байна уу, Елисейн тал энэ байна уу гэж асуухад та Парист ирж байсан юм уу гэж байсан. Би бол сэтгэлээрээ зуун удаа ирсэн, биеэрээ анх л ирж байна гэсэн. Шинэ үсгийн л ач байхгүй юу. Гэтэл одоо монгол бичиг хэрэглэнэ гэдэг чинь урд том гүрний алсын бодлого байж мэднэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнх төрийн наадмын түрүү авах үүдтэй айл

Улсын арслан Э.Оюунболдын төрсөн гэрээс сурвалжлага бэлдэхээр өнгөрсөн долоо хоногт түүний аав аймгийн начин Д.Энхтөгсийнхийг зорилоо. Тэднийх Өмнөлдэлгэртээ намаржиж буй. Чингис хот хүрэх засмал замаар 240, шороон замаар 50 гаруй километр довтолгож Өмнөдэлгэрт хүрнэ. Энэ намар, дунд сардаа хур тунадасын буулттай цас, бороо, солигдмол үүл, жаварлаг сэрүүн өдрүүдээр үргэлжилж байгаа. Хэнтий нутагт намрын энэ эгшин ялгалгүй иржээ. Шөнөдөө буусан хяруу бага үд хөдлөх хэртэйд арилж, урсгал ус захаараа, тогтоол ус энгээрээ зайрмагтан хонож байна. Сүүлийн өдрүүдэд Хэнтий нутагт Улаанбаатараас ч ахиу бороо орж, бүр ч сэрүүн байгаа бололтой. Хадланчид бууж, малчид энгэр ээвэр газар бараалан намаржаалж, шороон замын хонхор бүрт ус тогтож, тойром бүрт нуур мэлтийжээ. Жижиг тэрэг бүү хэл жийпийн тэнхээ шалгам балчигтай байна билээ, тэнд. Замд таарсан морьтон, мотоцикльтонгуудаас Энхтөгсийнх хэмээн асуухад “Арслангийн аавынх уу”, “Өө манай Төгсөөгийнх”, “Начингийнх” гэх мэтээр өөриймсөг зам заана. Замд таарсан хүмүүсийн яриагаар улсын арслан Оюунболдын аавынх хот хөдөөтэй айл гэдэг шиг сумын төв дээр нэг гэр нь байдаг бол Хэнтий багтаа мал аж ахуй нь байдаг ажээ. Засмалаар довтолгосноос ч удаан хугацаанд балчиг шавар туучсаар Өмнөдэлгэр сумын чанх урд толгодыг тойрон ороход сум суурингаас түрүүнд Хэнтийн нурууны салбар уулс нүднээ тусна. Өмнөдэлгэрийн төвийн иргэд урт урт гудам болон бууж улаан хүрэн гудамж олныг үүсгэсэн нь тун ч цэвэрхэн харагдах. Төв хэсэгтээ ёотон цагаан байшингууд эгнэсэн нь сургууль цэцэрлэг, сумын захиргаа, хүн эмнэлэг гээд бусдын л жишигтэй. Өмнөдэлгэр суман дахь гэрийг нь хэлд орсон хүүхэд ч хуруу гозойлгон төвөггүйхэн заана. Өмнөдэлгэрийн өмнөд хорооллын дугаар тоот Д.Энхтөгсийн үүдэнд хүрч зогсоход бага ангийн охин дагуулсан хижээл насны эмэгтэй зэрэгцэн ирсэн нь улсын арслан Э.Оюунболдын ээж Алимаасүрэн, дүү Оюунсувд хоёр нь байлаа. Өмнөдэлгэрийн бага сургуулийн нэгдүгээр ангийн пүрэв гаригийн хичээл тарж буй нь энэ.

Хашааны үүднээс урилгагүй гийчид гэрийн эзэгтэй Алимаасүрэнгийн урилгыг авч улсын арслан Д.Оюунболдын төрсөн гэрт хөл тавилаа. Элдэв хогшилгүй цээлхэн хашааг томоос том канад технологийн сууц чимнэ. Энэхүү сууцыг хүү нь улсын харцага цол хүртсэн намраа аав, ээждээ бариулж өгснийг сүүлд хуучилж суухдаа мэдэж авсан юм. Гэрт нь гэр бүлийн гэхээсээ илүүтэй Оюунболд арслангийн амжилт үзүүлсэн түүхэн зургууд их. Аймгийн начин Д.Энхтөгс мал аж ахуйгаа эргэхээр яваад эзгүй байж таарав. Алимаасүрэн гуай идээ будаа болох зуураа ханьтайгаа холбоо тогтооход Хэнтий багаас дугуйгаараа сумын төв рүү хөдөлж байна гэжээ. Дугуй гэдэг нь унадаг дугуй биш. Мотоциклийг энэ нутгийнхан ийн нэрлэдэг юм байна. 30 километрийн цаанаас хөдөлсөн мотоцикльтон ч төд удалгүй давхиад ирлээ.

Д.Энхтөгс, А.Алимаасүрэн, Э.Оюунболд, Э.Оюунсувд нарын гишүүдтэй энэ гэр бүлийн намтар түүх, угсаа гарал, аж амьдрал, амжилт бүтээлийн тухай яриа эндээс хөврөв. Улсын арслан Э.Оюунболдын аавын талыг Дашдоржийнхон гэнэ. Дашдоржийнхон үеэс үед, үүх түүхэндээ ч Өмнөдэлгэрийн иргэд. Есөн хүүтэй айлын дундах нь аймгийн начин Д.Энхтөгс аж. Аав нь буюу Дашдорж гуай залуу насандаа барилдаж ноцолддог нэгэн байсан бөгөөд сум нэгдлийн адуучин байжээ. Ер нь хөлөө гэмтээгээгүй бол улс, аймгийн цолонд ойрхон хүн байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Учир нь залуу халуундаа хөлөө хугалж хагалгаа хийлгэн хадаас тавиулжээ. Эргээд хадаасаа авахуулах гэтэл тийм хэмжээний мэс ажилбар хийчих эмч олдоогүйгээс зөнд нь орхин бөхийн хорхойгоо дарж сум нэгдлийн адуу маллаж эхэлсэн гэж байгаа. Хэдий тийм ч сум нэгдэлдээ бүү хэл аймагтаа зартай уран уургач болон мандаж явсан үе бас бий гэх.

Авга талаас нь сүүлийн үеийн бөх бас нэг байгааг дурдвал Хэнтий аймгийн арслан ачаа хэмээх Лхажав. Ачих мэхийг даанч уртай, хурдтай хийдэг учраас нутгийнхан нь Лхажав гэхээсээ илүүтэй “Ачаа” хэмээн нэрлэх болсон түүхтэй юм байна. Тэрээр цэрэгт байхдаа 1960-аад оны орчимд улсын наадамд дөрөв даван улсын начин цолны босгонд тулж ирсэн байгаа юм. Залуу хүн болсон хойно ам гарч “Улсын цол ийм ойрхон, ийм амархан байдаг юм уу” хэмээн он жавуудтайгаа ярьж инээлдэж байсан нь алдаа болсон гэж сүүлд харамсан ярьсан гэдэг. Учир нь улсын заан том хэмээх Ц.Санжаа “Энэ муу Хэнтийн хурайсан хар юм чинь яасан олон үгтэй юм. Нэг өрж үзвэл яадаг бол” гээд амлаж аван барилдаж давсан түүхтэй ажээ. Эднийхэн бүр дээд үедээ ч бөхийн удамтай байсан бөгөөд Дашдорж гуайн ээж нутаг орондоо тэнхээтэйгээрээ танигдсан нэлээд бүлэрхүү хүн байж. Тэгээд ч Д.Энхтөгс гуайг ээжийн буюу нагац талаасаа бөхийн орцтой гээд тодорхойлчихож болохоор юм билээ. Учир нь Д.Энхтөгс начингийн ээж нь Бадмаанямбуу гуайнхантай буюу Б.Бат-Эрдэнэ аваргатай холуур төрөлсдөг ажээ.

Дашдоржийнхон бөхтэй шигээ адуутай, хурдтай. Гэхдээ хэзээ ч барилдахаар очихдоо хусуур бүсэлж очдоггүй сүсэгтэй. Яагаад гэвэл авга талын Балдан Барайвин хийдийн хамба лам “Морь, бөх хоёр зэрэг амжилтад хүрдэггүй юм. Хүрлээ гэхэд хар цагаан хэл ам их дагуулна. Барилдах жилээ хусуураа далд хийж бай” хэмээн Д.Энхтөгс начинд захиж байжээ. Харин төрсөн ах Д.Энх-Амар нь морь сонирхож нэлээд хурдтай болсон хүн аж. Аймагтаа хэд хэдэн удаа айраг түрүү авч Их хурдад ч амжилт үзүүлж явжээ. Бас өвөөгийнхөө шийрийг хатаах уран уургач хүү энэ удмаас төрөөд байгаа сурагтай. Өнгөрсөн жилийн улсын баяраар Монгол адуучин тэмцээнд том ахынх нь хүү Бат-Эрдэнэ оролцжээ. Тэрээр бас л улсын аварга адуучин болж Өмнөдэлгэртээ ирсэн байна. Эмнэг булгиулах, уурга, ташуур шүүрэх, шургуу хийх гэх зэрэг бүхий л үзүүлбэрт даанч жавхаатай оролцсон гэнэ. Энэ удам угсааныхан улсын түрүү хүртэх амжилт ийнхүү өртөөлсөөр.

Харин гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн аав талаараа Дадалын буриад бол ээж талаараа Цэнхэрмандал сумын харьяалалтай ажээ. Түүний аавыг Александр гэх бөгөөд бас л удам угсаагаараа биерхүү, нутаг орондоо сайхан адуутай айл байсан гэнэ. Александр гэх хүний удам угсааныхны гал шарын угшилтай адуун сүрэг одоо ч нутаг усны хүн ардын нүдийг хужирладаг гэдгийг хүмүүс хамгийн түрүүнд өгүүлцгээх. Дашдорж, Александр гэх худ ураг хоёр айлын шигшмэл адуун сүрэг Өмнөдэлгэрт цус сэлбэж улам ч хурдтай болсныг нутгийн иргэд ийнхүү хуучилж байна. Ийм л угшилтай адуун сүрэгт улсын наадмын түрүү “Гоё халиун” төрсөн ч зарагджээ. Хэдийгээр унаган зэлнээсээ зарагдаж алдарт уяач Т.Энхтайваны наадмын малгайг мялаасан ч “Гоё халиун” гэх хурдан буяны гаргасан амжилт энэ хот айлтай ийн холбогддог байна. Гал шарын угшил сүргээсээ өөрсдөө төдийлөн уяж уралдуулдаггүй учраас нэртэй уяачид ирж адуун сүргээс худалдан авах нь олонтаа бөгөөд улс, аймагт уралдаж хурдалсан тохиолдол Гоё халиунаас гадна олон байдаг бололтой.

Ийм л үүх түүх, удам судартай Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар 1990 оны тэртээд Өмнөдэлгэр сумандаа танилцаж дотноссон байгаа юм. Д.Энхтөгс адуучин, А.Алимаасүрэн нь малын эмч. Нэг нь адуугаа хариулж нөгөө нь малын тарилга, туулга гэж явахдаа танилцсан түүхээ одоо жаргалтай хуучилна. Шинэхэн гэр бүл 1993 оны гуравдугаар сарын 12-нд ууган үрээ өлгийдсөн нь өнөөдрийн улсын арслан Э.Оюунболд байжээ.

Хуучилсаар харуй бүрий буухад гадаа бороо орж улмаар мөндөр болон ширүүсч цас болон лавслаа. Энэ үед гудамжнаа “Хатан дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан монгол морь минь ээ” хэмээн эвлэгхэн хоолойгоор дуулах сонстож цааш урсгасаар гэрт хэн нэгэн дөхөн ирж буй нь мэдэгдлээ. Үүд сэвхийтэл татан орж ирсэн нь гэрийн эзний ангижав байв. Нэр нь Жав. Үл мэдэг бүлэмцүү Жав ангижав руугаа дөхөн очиж “Өмнөдэлгэрийн бас нэг аварга, аварга. Улсын түрүү бөх болсноос нь хойш хоёр сарын дараа ирж байгаа найзыгаа уучлаарай. Хундан цагаан хонь хүүд чинь амлаяа” хэмээн завсар зайгүй ярин тэвэрснийхээ дараа л мэнд мэдэлцлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №234 (5186) дугаарт>>

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хоригдсон. Улмаар мөн оны тавдугаар сарын 13-ны өдөр хорих ангийн эргэлтийн өрөөнд нас барсан билээ.

Сэжигтнийг эмнэлэгтээ хэвтүүлэх эсэхийг АТГ-аас асуусан гэв үү

Хяналтын прокурорын оргон зайлж болзошгүй гэсэн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр талийгаачийг цагдан хорьсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг талаар өмгөөлөгч нь долоо найман удаа холбогдох албан тушаалтнуудад хүсэлт өгсөн ч батлан даалтад гаргаагүй. Батлан даалтад гаргахгүй бол хорих ангийнхаа эмнэлэгт хэвтүүлээд эмчилж өгөөч гэдэг хүсэлтийг ч өгч байжээ. Үүний хариу болгож Урьдчилан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс 2014 оны тавдугаар сарын 9-ний өдөр “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэсэн бичгийг өгч байсан баримт байна. Тэгвэл эмч нар хорих ангид саатуулагдаж байгаа хүмүүсийг үзэх бүртээ талийгаачид үзлэг хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хоригдсон хүмүүсийг үзсэн нэрсийн жагсаалтад Д.Амарсайхан гэдэг нэр байхгүй, дөрөвдүгээр сарын 24-ний жагсаалт дээр нэг хүний нэрийг штрихээр арилгаж байгаад дээр нь талийгаачийн нэрийг бичжээ. Тавдугаар сарын 5-ны өдрийн жагсаалтад мөн л ийм засвар оруулж талийгаачийн нэрийг бичсэн байх юм. Үүнээс хоёр хоногийн дараа хоригдсон иргэдийг үзэхдээ талийгаачид огт үзлэг хийгээгүй байна. Нөгөөдөр нь өмгөөлөгчид “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэдэг хариуг өгсөн байдаг. Гэхдээ урд өдөр нь талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн бичгийг хорих ангийн ерөнхий эмч гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүйг хорих ангийн эмч нар батлаад, хэвтэх бичиг хийчихсэн байж. Тэгсэн атлаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн даргаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийн нэр дээр нэгэн албан бичиг очсон баримт байна. “Д.Амарсайханы бие муу байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд таны л зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий бичиг. Тухайн үед хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх рүү шилжчихсэн байсан. Тэгэхээр Д.Амарсайхан агсныг суллах, хориход АТГ огт хамаагүй гэсэн үг. АТГ шалгадгаа шалгаад хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлчихсэн байсан үе. Гэтэл яагаад огт хамааралгүй хүнээс зөвшөөрөл хүссэн байх вэ. Энд эмч нарын “Дээрээс чиглэл өгсөн” гэдгийн учиг тайлагдаж байх шиг. Хуулийн байгууллагын эмч хүртэл үйлчлүүлэгчээ эмчлэх зөвшөөрлийг АТГ-аас авдаг болж таарах нь. Дээрх албан бичгийн агуулгаар шүү дээ. “АТГ-ын дээр юу ч гарахаа больсон. АТГ-ынхныг шалгах эрхтэй байгууллага байхгүй. Дархан эрхтэй хүмүүс” гэж ярьж бичээд байдаг нь хоосонгүй бололтой. Тодруулбал, хорих ангийн эмч нар хэвтүүлэх бичиг хийснээс тав хоногийн дараа буюу 2014 оны тавдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрд 4/105 тоот албан бичиг явуулсан баримт олдлоо. Түүнд “Тус ангид цагдан хоригдож буй Д.Амарсайхан нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, толгойн талласан өвдөлт оноштой хорих өрөөнд эмийн эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Иймд цаашид тус ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхэд мөрдөн шалгах ажиллагаанд саад учрах эсэх талаар манай байгууллагад хариу мэдэгдэнэ үү” гэж бичжээ. Энэ бичгийг явуулснаас нэг хоногийн дараа талийгаач нас барсан юм.

Даралт багатай хүнд даралт бууруулах үйлчилгээтэй эм өгчээ

Талийгаач Д.Амарсайхан нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ. Өвчин сэдэрсэн үед эсийн үйл ажиллагаа алдагдаж, шинжилгээгээр онош хангалттай тодрохгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна талийгаач ходоодны архаг үрэвсэлтэй байсан аж. Хоолны дэглэм алдагдах үед ходоодноос нь цус алдах магадлалтай байж. Энэ бүхэн нь эмч нарын үзлэг, шинжилгээний дүнгээс ч тодорхой харагдаж байжээ. Гэтэл талийгаачид зөвхөн эмийн эмчилгээ хийж байсан баримт байна. Тухайлбал, талийгаачийн өмгөөлөгч манай сонинд ярилцлага өгөхдөө “Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан” гэж ярьж байсан. Гаднаас оруулсан эмийг өгөхгүй байхаас гадна эм сольж өгсөн асуудал ч гарч байжээ. Тодруулбал, хорих ангид хоригдож байсан эмэгтэйд ар гэрийнхнээс нь явуулсан “Цитромон П”, цусны даралт бууруулах үйлчилгээтэй “Энап” гэдэг эмийг талийгаачид андуурч өгчээ. Талийгаач дээрх хоёр эмнээс даралт буулгах үйлчилгээтэйг нь нас барсан өдрийн өглөө уусан байна. Гэтэл тухайн үед талийгаачийн цусны даралт бага байжээ. Угаасаа ч даралт багатай хүн аж. Өөрөөр хэлбэл, даралт багатай хүн даралтны эм ууснаар даралт нь улам бүр унаж, шоконд орсон байх магадлалтай.

Эмч нар анхны тусламж хэрхэн үзүүлэв

Д.Амарсайхан агсан нас барахынхаа өмнө ахтайгаа эргэлтийн өрөөнд уулзчихаад инээгээд орж байгаа дүрс бичлэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан үзүүлж байсан. Дараа нь буюу 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзах гээд эргэлтийн өрөөнд хүлээж байхдаа гэнэт “Ёо ёо” гээд унасан гэдэг. Тэрбээр аймшигтай өвдөж байгаагаа үхлээ гэж илэрхийлсэн тухай эргэлтийн өрөөнд хамт байсан хүмүүс ярьдаг. Хорих ангийн эмнэлгийн эмч нар зургаан минутын дотор өвчтөн дээр ирж, тусламж үзүүлсэн гэдэг. Тэгэхдээ талийгаачид массаж хийсэн тухай тэнд байсан хүмүүс ярьсан юм. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн өвчүү дээд хэсгээрээ хугарсан, зүүн талын тавдугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарчээ. Эмч нарын таамаглаж байгаагаар анхны тусламж үзүүлж, массаж хийж байхдаа өвчүү, хавиргыг хугалсан байх магадлалтай гэнэ. Хэрвээ тийм бол хүчтэй өвдөлттэй байсан хүнд өвчүү, хавиргыг хугартал массаж хийсэн гэхээр улам бүр шоконд орсон байж таарах нь. Массаж хийснээр өвдөлт хурдан бууруулах тариа хийгээгүй, харин цусны даралт бууруулах үйлчилгээтэй магнизм тарьжээ. Талийгаач даралт багатай гэж дээр дурьдсан. Дээр нь өвдөлтийн шокны улмаас даралт нь уначихсан байсан үед даралт буулгах үйлчилгээтэй тариа хийсэн нь эмнэлгийн мэргэжлийн бус хүнд ч ойлгомжгүй байгаа юм. Нөгөө талаар магнизм таталтын эсрэг үйлчилгээтэй. Энэ үүднээс тарьсан байж болох ч даралт буулгах давхар үйлчилгээг эмч нар тооцсон эсэх нь эргэлзээтэй.

Үүнээс гадна 103-т залгаж түргэн тусламж дуудсан байдаг. Гэтэл хорих ангийн бүсэд гадны машин оруулахгүй гэж маргаснаар цаг алдсан тухай тухайн үед өмгөөлөгч нь ярьж байсан.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав: Би говийн хүн хэрнээ уул харахаараа ухаанаа алдчихдаг

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай аж амьдрал, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Тэрбээр өмнө нь манай сониноор уншигчидтайгаа олонтаа ярилцаж байсан ч энгийн сайхан яриа нь дуусашгүй.

-Та өмнө нь манай сонинд зохиолч анд нөхдийнхөө тухай, Монголын утга зохиолын ертөнцийн шуугиантай он жилүүдийнхээ тухай дурсамжаа уншигчидтайгаа хуваалцсан. Ойрдоо та юу хийж, ямар сонинтой байна даа?

-Би саяхан нэг нэвтрүүлэг үзлээ. Тэгээд нэг юм хэлмээр байна. Дан ганц Цаянжамцын “Янагийн дуулал”-ыг явуулахдаа Ц.Дамдинсүрэн гуайг нэг ч удаа дурссангүй. Шагдарсүрэнгийн орчуулга явж байна. Шагдарсүрэн бол элэгний л эмч. Сайн эмч. Одоо орчуулга хийж байгаа юм. Залуучууд үнэмшихгүй байх, гэвч хуучин уламжлалыг дурсах хэрэгтэй. Шагдарсүрэнгийн орчуулга бол үг утга нь зөв буусан боловч гол нь шүлэглэл нь зөв биш. Жишээ нь, Дамдинсүрэн гуай орчуулгадаа их өөрөөр хэлсэн байдаг.

Аадрын үүл хуралдаад ирвэл

Аюулт мөндөр буухын шинж

Асман банди нар олшроод ирвэл

Ариун ёсон буурахын шинж… гэж орчуулсан. Монгол хүнд яаж буух талаас нь ингэж орчуулсан. Эмэгтэй хүнийг давардаг гэдгийг Дамдинсүрэн гуай хэлэхдээ

Нэг гэрийн нохой хав үртэс өгсөн ч долоочихно, гэтэл чи юу яаж байна ч гэдэг юм тийм утгатай мөрүүдийг Дамдинсүрэн гуай орчуулахдаа

Эрээн барс цоохор ирвэсийг

Энгийн аргаар номхруулж болно

Эхнэр гэдэг гэзэгтэй барсыг

Энхрийлэх тусам дошгин болно гэж. Тэгэхээр ер нь, бодлын ордонд бодолдоо оршихын цагт бол зүгээр Цаянжамц лам, гадна нь гараад явахын цагт би дураар аялаагүй гэсэн маягтай шүлэг уг нь бичсэн байгаа юм. Үгчилбэл. Гэтэл Дамдинсүрэн гуай энийг шүлэглэхдээ

Тансаг бодлын дотоод ордонд

Тарнийг бясалгасан Цаянжамц

Тагтат тайзны гадна талд

Тачаалыг бясалгасан танхай банди… гэж бичсэн. “Тагтат тайзны” гэхээр Түвдийн барилгууд санаанд бууж байгаа юм. Би Цастын оронд хөгшинтэйгөө, хоёр охинтойгоо очиж үзэх аз завшаан тохиож байлаа. Яг дөрвөлжин дөрвөлжин барилгууд байдаг юм. Одоогийн энэ сүм хийдүүд чинь түвд хийц маягтай дөрвөлжин барилгууд байгаа. “Тагтат тайз” гэхээр Түвдийн төрх нь онож буугаад байгаа юм. “Тагтат” гэдэг үг шүлэг дотор нь байхгүй ч гэсэн Дамдинсүрэн гуай нэмж ийнхүү шүлэглэсэн байдаг. Бодлын ордонд би зүүн талаас нь орж нар зөв тойроод баруун талаар нь гарсан. Өлзий хадаг нь энэ байна. (Хадаг харуулав).Энэ бодлын ордон дотор би “Тансаг бодлын дотоод ордонд

Тарнийг бясалгасан Цаянжамц” гэж хэлээд харахад Бодлын ордны дотоод жавхлан, тансаг байдал нь харагдаж байгаа юм. Зүйрлэвэл, ингэж яруу сайхан шүлэглэх ур гол нь юм. Жишээ нь, Омар Хаияамыг Цоодол ч орчуулсан, Цэрэндэндэв ч орчуулсан. Цэвээн гуай ч дээр үед орчуулсан. Цөмөөрөө Явуухулангаас тойроод байдаг. Явуухулан залхуурсан ч юм уу архиа уугаад явчихсан юм уу зав нь ч болоогүй юмуу цөөхөн шүлэг орчуулсан. Гэхдээ Явуухулангийн шүлэглэсэн нь санаанд үлдсэн. Юу хэлсэн бэ гэхээр

Дуулим энэ хорвоо дээр шүлэгч байх зовлонтой

Дурлал дарс хоёргүйгээр насыг барвал нүгэлтэй

Мөнгөн сартай орчлонд бүгдээрээ л оршдогоос хойш

Мөнхрөх эсэхийн тухай ярих нь илүү ажил гэлтэй… гэсэн. Шүлэглэчихсэн. Утга нь байна уу байна. Яг л яруу найрагч хүн бол хүүхэн дарс хоёргүйгээр хол явахгүй. Тэрийг монгол хүний сэтгэлд буухаар ийм сайхан хэлсэн. Бид бол үүгээр хүмүүжсэн улс. Түүнээ жаахан нэхэх маягтай. Шинийг нь голоод хуучныг нь үгүйлээд байгаа ч юм биш. Би бол улс төр ярихгүй, ярьдаг ч үгүй. Ярих ч үгүй. Гэхдээ хуучны социалист нийгэмд сайн юм бишгүй л байсан. Цаг барихаас эхлээд. Одоо чинь цаг барьдаг хүн, цагтаа эхэлдэг юм гэж бараг алга болоо шив дээ. Театр ердөө хонх гурвантаа цохиход яг эхэлдэг л байсан юм. Ямар ч том даргыг хүлээлгүй яг л цагтаа эхэлдэг байсан. Би 2006 онд цэнгүүн хийсэн. Багабанди гуай ирсэн. Би хамгаалагчид нь хэлсэн, яг цагтаа ирүүлээрэй, таван минут л хүлээнэ, тэгээд би эхэлнэ шүү гэж хэлсэн.

-Цагтаа ирсэн үү?

-Тэгсэн. Зарим нь тоодоггүй юм. Зарим нь ч яг цагаа барьдаг. Миний тэр цэнгүүн дээр Багабанди гуай ч цагтаа ирсэн, Жасрай гуай ч авгайтайгаа цагтаа ирсэн. Би хоёрхон удаа л цэнгүүн хийсэн. Сосорбарам надад “Та цэнгүүнээ хийгээч ээ, танаас байтугай нь хийгээд байна. Би сайхан найруулаад өгье” гэсэн. Найруулахдаа гол нь биш юм. Гэтэл Данзангийн Нямаа надад хэлэхдээ, би тасалбарыг тань заралцаад өгье, та цэнгүүнээ хийгээч гэхээр нь сая за гэж хэлсэн юм. Бөхийн ордныхон надад, “Амьтан их цуглуулаад ордон хэмхэлчихэв дээ” гээд байсан. Тэгээд Нямдоржоос гуйгаад хоёр сая төгрөг өгч чадахгүй ээ, нэг л саяыг нь өгье гэж тохирлоо. Тэгээд яахав, миний хувьд бас хэдэн төгрөг орж ирсээн, хөөрхий. Хүн олон цуглараад бүр дотор талаар нь сандал тавиулаад, дөрвөн талд хаалган дээр нь дотор гаднагүй дөрвөн цаг босоо зогсч үзэж байсан. Багабанди гуай Дорнодод уулзаад “Сүрэнжав гуай, таны цэнгүүн дээр зөвхөн таны үеийнхэн биш бүх үеийнхнээс ирсэн байна шүү” гэж хэлсэн. Дуустал нь суугаад байсан, айхтар хүн харсан байх. Энийг би яагаад хэлэв гэхээр, юмыг цагтаа эхлээд цагтаа дуусгаж байх. Социализмд муу юм ч их, сайн юм ч их байлаа. Сайныг нь авах хэрэгтэй шүү дээ. Биднийг цаг бариад сургачихсан юм, ажлын хариуцлагад сургасан юм. Одоо хэн ч хариуцахгүй, би мэдэхгүй тэр мэднэ, тэр мэдэхгүй энэ мэднэ гээд бие бие рүүгээ юмаа зувчуулаад юмаа бүтээж чадахгүй. Хичнээн тэрбумаар залгиж идэж ууж байна вэ.

-Яагаад ч юм нанчидтай нөхөрлөж өөрийгөө үрж яваа өнөөгийн зарим яруу найрагч дүү нартаа чин сэтгэлээсээ нэг үг хэлээч. Ингэхэд таныг халамцуу явахыг хараагүй юм байна, сархад таашаахаа болиод удаж байна уу?

-Далай ламын үгэнд ороод би архийг орхисон юм. 1990 онд XIV Далай ламтай уулзаж ирээд орхисон. Ардын уран зохиолч, төрийн шагналтай хүнийг хэн загнахав. Тэгээд яваад байтал архи ч зохихоо байгаад ирнэ? Тэрнээс биш тааруулж ууна, тааруулаад болино энэ тэр гэдэг бол худлаа. Өөрийгөө ч хуурсан, хүнийг ч хуурсан хэрэг. Тэгээд шууд орхисон. Би архийг ууж явсаан. Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэдэг шиг одоо хамаагүй муулдаггүй юм. Сайн тал нь хүний зиндааг арилгаад ойртуулдаг. Тийм учраас Чимэд, Эрдэнэ эд нартай бид ойртож заримтай нь бүр хүнд ярьдаггүй юмаа ч ярьж явлаа шүү дээ. Сайн тал нь тэр. Муу тал нь их. Сүүлдээ шартдаг барьдаг, ажил тасалдаг, амьтанд загнуулдаг, бараг чи өчигдөр хүн алчихсан гэвэл тийм юм байх гэж бодох жишээтэй. Их хорлонтой л доо. Энэ далимд улс төрийн маягийн юм хэлье. Багачууд та нар минь сайн, мууг, авах, гээхийн ялгалыг мэдэрч, хариуцлага хүлээж сурмаар байна шүү.

-Орчин үеийн яруу найрагч та тэртээх дундад зууны их шүлэгч Цаянжамцтай оюун сэтгэлээр төрөлсөн шадарлаж тансаг бодлын ордон сэлтээр зочлонгоо Түвдэд зорчсон сайхан дурсамжаасаа энэ мөчид хуваалцаач?

-1990 он. Би мэс засал хийлгээд. Арай л үхчихсэнгүй. Сайн эмч нарын ачаар боссон. Тэгж эдгэрч аваад Цастад нэг очъё гэж бодоод ойр дотно байдаг болохоор Чой хамбаар тэр жил нэг мэргэлүүллээ. Энэ жил та яваад тусгүй гэсэн. Дараа нь мэргэлүүлсэнд одоо явбал ёстой сайхан бүтэх юм байна гээд, нэг охин маань Бээжинд багшилдаг юм. Хэлтэй устай юм болохоор Бээжинд багшилдаг охин, эмч охин хоёрыгоо дагуулаад хөгшин бид хоёр галт тэргээр хоёр шөнө, хоёр өдөр яваад хоёр дахь өдрийнхөө орой нар гудайж байх үес Лхаст очсон. Би бас муу санаатай, люкс вагон авчихаад тэндээсээ гараагүй. Гарч ярих болохоор хятад хэлтэй охиноо гаргаж яриулчихаад. Миний хүсэл бол ерөөсөө Лхаст очоод Далай ламын суудаг Бодлын ордонд очих. Энэ зураг нь байна, бариад үз дээ. Дээр нь цагаан алтаар ирийтэл нь бичсэн бичигтэй. Энэ далимд хэлье. Манай Авдарбаян сум хоёр баг барга нартай, зургаан баг нь цэвэр халхууд. Би бол Дархан чин вангийн хошуу, Бамбар эрдэнэ хувилгааны шавь. Урдуураа говьтой, хойгуураа Авдар уултай тал нутаг шүү дээ. Тэгээд би говийн хүн хэрнээ уул харахаараа ухаанаа алдчихдаг.

-Яагаад тэр вэ?

-Ямар сайхан санагддаг гэх вэ. Одоо энд хойморт минь Отгонтэнгэр уул, хажууд нь Гималай байна. Гималай Бодлын ордон хоёрын дундаас Далай лам ургаж байна. (Хойморт нь залаастай уран зургуудыг хэлэв). Тэгээд би гайхдаг юм. Тал нутгийн хүн уул харахаараа баясдаг, онгоцоор нисэхээр бол онгод ороод сайхан. Зарим хүмүүс айдаг биз. Би бол онгоцоор нисэхээр омогшил бахархал төрөөд байдаг. Тэгээд би гайхаад Чой хамбаас асуусан чинь таны урд үетэй л холбоотой байх гэсэн. Түвд хэл мэддэг их ном үзсэн хүн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар доктороос асуусан. Таны аав ээж аль хүрээнд харьяалагддаг вэ гэж байна. Бамбар эрдэнэ хувилгааны хүмүүс гэсэн чинь өө тэгвэл аргагүй шүү дээ, Бамбар эрдэнэ хувилгааны гол шүтээнийг Энэтхэгийн чулуун хороот газар бүтээж өгч аравнайлсан байдаг юм. Энэтхэг зүгийн хүн аравнайлсан учраас шижмээр ууланд их баясдаг гэсэн утгатай юм хэлсэн. Тэр үнэн байх. Есдүгээр богдын хүү манайд нэг ирээд цаад талд нь Гималайн уулс наад талд нь бодлын ордон, дундаас нь ургасан Далай ламын дүрийг хараад бараг л нулимсаа арчиж байсан. Одоо би нэрэлхэж өөрийгөө магтдаг цаг ч биш, нас ч биш.Залуу байхад жаахан хөөрүү онгироо байсан л байлгүй дээ. Далай лам надад юу ойлгуулсан бэ гэхээр, хүн ерөөсөө төрөлхийн шунахай амьтан. Алт мөнгөнд шунана, алдар нэрэнд шунана, авгай хүүхэнд шунана. Энэ бүх шуналыг сэтгэлээсээ аваад хаячих. Сэтгэлийг чинь өөртөө хадгалж авч яваа бие чинь амарна. Тэгээд бие сэтгэл хоёр чинь амраад та амар амгаланг олно гэдгийг ойлгуулсан. Ийм энгийн.

-Буддизм их энгийн хэр нь тайлбар нь түвэгтэй хүнд тэр чигийнхээ бичгийн хэлээр бичсэн байдаг болохоор хүмүүс ихэнхдээ ойлгодоггүй шиг?

-Нэг их философидож хэлэхгүй хэрнээ энгийн үгээр би хэлье. Монголын ард түмэн “Санаа сайн бол заяа сайн” гээд хоёрхон мөрөөр энэ философийг хэлчихсэн. Би эмээ дээрээ өссөн хүн. Гуравтайдаа эмээ дээрээ ирсэн. Ээж маань хөдөөний л нэг авгай. Миний дүү нар өөр овогтой. Нэг эхийн, өөр эцгийн хүүхдүүд. Миний удаахь дүү бол төрийн шагналт Пүрэвсүх гэж зураач байсан. “Мандухай цэцэн хатан” киноны ерөнхий зураач. Тэгэхээр ээж нар шүлэгч яруу найрагчдаа биш юм. Тэр сургаалууд бол Чингисийн үеэсээ дамжаад үр хүүхдэдээ хэлээд сургаад ирсэн. Мунхгийн санаа хожуу гэж их хожуу, зарим нь бараг дөч тавь, зарим нь бүр дал хүрч байж ойлгодог. Миний багад эмээ минь дандаа хэлдэг байсан. За чи худлаа хий битгий амьсгал, амьсгалын чинь тоо гүйцчихнэ. Битгий олон юм өмсөөд бай, өмсгөлийн чинь тоо гүйцчихнэ, юм гэдэг тоо хэмжээтэй. Өглөөний нарыг нар гэж бодож болдоггүй, өсөхийн жаргалыг жаргал гэж бүү бод гэхчилэн. Ерэн он гараад миний найз Самбуугийн Сүрэнжав траншейнд үхэхэд би ойлгосон шүү дээ. Ёстой л хотыг доргитол хуримлаж долоо найман авгайтай гэрлэсэн хүн байлаа. Их сайхан цагаан сэтгэлтэй хүн байсан юм. Гагцхүү, хааны хүү траншейнд үхэх ёсгүй юм. Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү бод гэж үнэн үг болохыг тэр хойно л ойлгож байна шүү дээ, би. Монгол хүн жар хүрч ухаан ороод жаран нэгтэйдээ үхдэг гэж их хоржоонтой хэлсэн.

-Хэзээ тэр вэ?

-Энэ бол сүүлд том болоод зохиолчидтой танилцаад Намдаг гуайтай Өвөрхангайд нэг гэрт хоёулхнаа байж байхад ярьсан яриа. Намдаг гуай шоронгоос гарсан өдөр юм уу даа. Ер нь юмаа ярилаа. Би дөчин нэгэн онд хоёр дахь удаагаа шоронд ороод найман жил зургаан сар хорин гурав хоноод гарсан. Шоронд байхад дайны жил юм ховор хэцүү үе. Намдаг чи лоозон наа гээд цагаан гурилын жонхуу өгсөн. Би гоожсоноос нь долоогоод ясны хөлс чийхарч байсан гэж. Нээрээ ч цадахад цагаан хурганы сүүл пир пирхийгээд хатуу, өлсөхөд өөхөн цагаан чулуу ч зөөлөн. Ийм уран ухаантай ард түмний үр сад мөн юм бол бид бас муу л шүлэг бичээд байгаа юм. Хүн ойлгох, ойлгохгүй юм их байна. Би гурван кино хийсэн. Цагаан сар, шинэ жилээр “Гарьд магнай”, “Тод магнай” гээд гардаг. Жараад оны хэдэн дуунаас маань “Миний ардын сэтгэл цагаан” гэхчилэн ганц нэг нь одоо яваад байдаг чинь энгийн ойлгомжтой учраас хүнд хүрээд байдаг бололтой. Их философиддоггүй, энгийн үгээр бичихээр ойлгогдоод байдаг. Грекийн мэргэн ухаантан Сократ хэлэхдээ “Цэцэн мунхаг хоёрын завсрын хүн философич болдог” гэж хэлсэн байдаг. Энэчлэн би юмыг их хожуу ойлгож байгаа.

-Нээрээ ч “Гарьд магнай”, “Тод магнай” хоёр кино дэлгэцээс буухгүй байна. Элдэв маяггүй энгийн сайхан амьдрал гардгийнх байх л даа?

-Жанцанноров эртээд хэллээ. Урьд нь “Мандухай цэцэн хатан” гэхчилэн түүхэн кино их хийлээ. Ганцхан монгол ахуй байдлыг харуулсан кино урьд нь гараагүй. “Гарьд магнай”-г гарахаар би мэдлээ гэж хэлсэн. Миний гурван киноны хөгжмийг бичсэн төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров хэлэхээр нь би сая анзаарч байгаа юм. Монгол ахуй байдлыг сайн харуулсан байна. Тэдгээр киноны нэг дуу нь “Аавын оронд аав болсон ард түмнээ хайрлаж яваарай, асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай гээд байгаа чинь толгой холбосон цэцэн үг биш. Энэ аз жаргал гэдэг чинь цэцэгнээс дэлбээлээд тэнгэрээс буугаад ирээгүй. Энэ урд үеийнхний хөлс цус. Хичнээн их зүтгэлээ. Тийм учраас би буруу зөв хийснийг нь гайхаж явснаа тэр “Торгон хилийн зүг” дуу хийсэн. “Торгон хилийн зүг”-ийг бичихэд чинь би шартчихсан байсан шүү дээ. Гэрээсээ гараад ирсэн чинь Энхтайвны гүүрний энэтээ олон машин гэрлээ унтраагаад хил рүү явж байгаа юм. Тэгтэл дотор нэг л эвгүй болоод, зарим нь аз жаргалдаа ташуураад шартаад явж байдаг гэж бодогдоод л. Тэгээд

Хилийн зүг юуны тулд

Хэний төлөө цэрэг эрчүүд

Бүхээгтэй ногоон машинаараа

Бүрэнхий үдшээр аялна вэ.. гэж бичээд

Дархан орныг минь хамгаалан босч

Даяар олныг минь өмгөөлөн босч

Атаат дайсныг өвдөглөн дарахаар

Анд Зөвлөлтийн арми ирж явна… гээд

Зуун зуунаар байлдааныг хийгээд

Монгол Орос мөр зэрэгцээд

Морин атак шуугин ороод

Молцог элс улайран байсныг

Халхын гол мартаагүй гээд буцаад ардчилал гарч ирж Зөвлөлтийн цэргийг буцаахаас өмнө би тэр дуугаар Умар зүг Сибирийн замд

Урт цуваа үелэн хөврөөд

Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд

Дуугаа дуулсаар хаачна вэ

Дархан орныг минь хамгаалан босч

Даяар олныг минь өмгөөлөн зогсч

Атаат дайсныг өвдөглөн дарсан

Анд нөхөд минь буцаж явна гэж бичсэн. Тэгэхээр түүхэн үнэнийг санасан, монгол ахуй байдлаа санасан, өссөн төрсөн байгальдаа ойр байдаг. Бидний үед айл нүүхдээ гадасны нүхийг чулуугаар чигжээд орхидог байлаа шүү дээ.

Үргэлжлэл бий>

Categories
мэдээ цаг-үе

Айргаараа алдартай ХОТОНТ

Хангайн нурууны их уулсын зүүн захын шувтарга, Орхон голын хөндий дэх байгалийн хосгүй өвөрмөц, нандин тогтоц бүхий Жарантайн голын сав газар засаг захиргааны нэгжийн хувьд Архангай аймгийн Хотонт сум харьяалагддаг юм. Чухам энэ л газар шороонд тарьсан бүхэн нь ургаж, энд идээшилсэн мал хуй түм бумаараа өсдөг. Сүрлэг уулс, уужим тал, ногоон ой төгөл, тунгалаг гол мөрнүүд ингэж нэг дор цогцолсон сум суурин тун ховор.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг С.Данзан Хотонт сумын уугуул

Сумын төвийн хамгийн өндөр барилга нь хоёр давхар сургууль юм. Тийм ч болохоор өөр сум орон нутгаас хүн ирэхэд гэр орноо эсвэл дэлгүүр хоршоо зааж өгөхдөө “Тэр өндөр барилгын баруун доод буланд бий”, “Өндөөр гэгчийн цагаан барилга харагдаж байгаа биз. Энэ чинь манай сургууль. Манайх сургуулийн урд талын гудамж” гэх зэргээр ярьж байхыг би нэг бус удаа сонсож байсан. Сургууль, захиргаа, эмнэлэг, дотуур байр, цагдаагийн хэлтсийн эргэн тойронд сумынхан хашаа хатгаад, төвхнөжээ. Миний мэдэхийн сүүлийн арав гаруй жил сумын төвд хүнсний дэлгүүр л шинээр баригдсанаас бус өөр “барилгажилт” явагдаагүй. Сургуулийн өмнөх талбайд төрийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга С.Данзангийн хөшөөг 2000 оны эхээр босгосон юм. С.Данзан бол Хотонт сумын уугуул бөгөөд 1885 онд хуучнаар Сайн Ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуунд мэндэлсэн байдаг. Хөшөө босгосны дараахан монгол хэл уран зохиолын багш С.Уранчимэг сурагчдадаа “Хичээл номдоо шамдаж, сайн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь сурч мэдсэнээ сайн сайхны төлөө, зөв зүйлд зарцуулах ёстой. Ингэвэл өөрийн нэртэй хөшөөг, төрсөн нутагтаа сүндэрлүүлж, алдар гавьяагаа мөнхөлж болдгийн тод жишээ бидний хажууханд байна. Тэгэхээр энэ хөшөө зүгээр ч нэг амьгүй хүрэл биш болж таарч байгаа биз” гэж билээ. Үүний дараагаас ангийнхан маань хичээл номдоо маш сайн шамдацгаах болсон сон.

Хотонт хэмээсний учир

Сумын төвийн зүүн хойхно дүнхийх, ой мод бүхий уулыг Хотонт хэмээн нэрийднэ. Сумынхан уулаа жил бүр тахина. Сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр Хотонт уулын эртний нэршил нь Дулаан уул юм. Уулынхаа араар шигүү ой модтой, орой хэсэгтээ үхэр чулуу, хадат хавцалтай бол өвөр хэсэг нь эгц доош уруудсан тогтоцтой юм. Тухайн бүс нутагт өвөл болон хаврын эхэн сард ихэвчлэн зүүн хойноос салхитай байх тул уулын урд хэсэгт нөмөртэй дулаан байдаг аж. Тиймээс ч нутгийн ардууд Дулаан уул хэмээж, нөмөрт нь олон зууны турш өнтэй өвөлжиж, хаваржсаар өнөөг хүрсэн. Харин манай эриний долдугаар зуунд Уйгарын есөн овог аймаг нэгдэж, Түрэгийн эсрэг тууштай тэмцэн, ялалт байгуулж улмаар МЭ 745 онд өөрийн хаант улсыг төвхнүүлсэн байдаг. Үүнээс 100 гаруй жилийн дараа Уйгар зэргэлдээх нүүдэлчин киргизүүдэд ялагдаж нийслэл болох Ордубалыкаа шатаалган, сүйтгүүлжээ. Тус Ордубалык хотын туурь бол өнөөдрийн Хотонт сумын нутаг дахь Хар балгас юм. Уйгарын ихэнх иргэд баруун зүгт зугтсан боловч ганц хоёрхон овог аймаг киргизүүдийн харгис дарлалыг үл ажран буйраа сахиж үлдсэн гэдэг. Тэд ухаан төгс Дой хатнаар удирдуулсны хүчинд тодорхой хэмжээний алба татвар өгөхөөр киргизүүдтэй тохиролцон, мал хуйгаа хураалгаж, хүн ардаа сүйтгүүлэлгүйгээр зэрэгцэн аж төрсөн аж. Тийм ч учраас харь солгой дайсан нь Дой хатныг хүндэлж, нэгэн нуурын хөвөөн дэх орд харшид амьдруулж байжээ. Хожим тэрхүү нуурыг Дойтын цагаан нуур гэх болжээ. Хатныг тэнгэрт халихад ойр хавийн хамгийн өндөрлөг газар болох Дулаан ууланд оршуулсан гэнэ. Үүний дараагаар дулаан уулыг Хатант хэмээх болсон аж. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатант уул хэмээх нэршил Хотонт болж өөрчлөгдсөн гэдэг. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд Хотонт уул сумынхаа төв хэсэгт байрладаг нь ийн нэрлэхэд багагүй нөлөөлсөн болов уу. Хотонт уулаас гадна Дэлгэр Хайрхан, Цагаан Уул, Сант-Уул зэрэг нутгийн олны сүслэн тахьдаг уулс олон бий.

Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн зэрэг эрдэм төгс хутагт хувилгаад энэ нутгаас л төрөн гарсан

Шарын шашин Монголд ид дэлгэрч байх үед Хотонт суманд олон ч хутагт хувилгаан тодорч, сүм хийдүүд шинээр баригдаж байжээ. Энэ нь тухайн үеийн шашин мөргөлийн гол төв болох Эрдэнэзуу хийд хаяа залган оршиж байсантай ч холбоотой байж болох. Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн нар нь хүүхэд ахуйдаа Эрдэнэзуу хийдэд шавилж, ухаан мэдлэгээрээ онцгойрон шалгарч, хожмоо Түвдийн Далай ламтай ном хаялцаж явсан гэдэг. Арванесдүгээр зууны үед гэдэс дотор, үе мөчний өвчинд тустай нэгэн рашааны эхэнд томоохон эргэл мөргөлийн хийд болох Цагаан сүмийг байгуулж байсан ч харамсалтай нь их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тус сүмийг нурааж, лам нарыг нь буудан хороосон талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараагаар нэр нь тодорхойгүй өнөөх халуун рашааныг Цагаан сүмийн хэмээн нэрлэх болжээ. 1980-аад оны дундуур сүмийн тууринаас цан хэц, хэнгэрэг, лам нарын хэрэглэж байсан мөнгөн домбо, аяга, үнэт хаш чулуун хөөрөг тэргүүтэй эд өлгийн зүйлс олдсон байна. Харамсалтай нь ихэнх эд хогшлыг нь ойр хавийн иргэд тоноод дуусгасан гэдэг. Харин сумын төв дэх хийдийн балгасыг 1990-ээд онд хамба лам Д.Доржцэвээн сэргээн босгож, хуучин нэрээр нь буюу Дашгэмпэлийн хэмээн нэрлэж, өнөөдрийг хүртэл сүсэгтэн олны чуулдаг буяны өргөө хэвээр. Энэ тухайд миний өвөө Д.Дэмбэрэлнямбуу “Сүрэг хонио гэхээсээ атганд багтах мөнгөн бурханаа эрхэмлэн, гэрийн хогоо шүүрдэхээс урьдаж бурханыхаа тоосыг арчдаг байлаа даа. Амьтны амь хороох, бусдад гэм учруулах, хуурч мэхлэх, худлаа ярьж, хулгай хийнэ гэдгийг бурханы шашинд байж боломгүй нүгэл гэж номлосон учраас элэнц өвөө, эмээ минь бид нарт үргэлж л нүглээс хол явахыг сануулна. Бид ч үгнээс нь гарахгүй. Үүний хүчинд элдэв хэрэг төвөг гарахгүй, амар амгалан аж төрдөг байсан сан. Өөр сум оронд бусдын аминд хүрсэн гэнэ ээ гэх жигшүүрт явдлыг явуулын хүнээс дуулаад “Ээ бүү үзэгд, бурхан гончигсум минь” гээд алгаа хавсраад духандаа хүргэнэ. Хэрэв ингэх л юм бол дөнгөж хэлд орсон хүүхэд ч хүртэл жижигхэн бумбагар гараа хавсарч нийлүүлээд духандаа хүргэнэ. Нарийн учрыг нь мэдэхгүй ч цаагуураа болохгүй, бүтэхгүй зүйл тохиолдсон болохыг зөнгөөрөө мэдэрдэг. Харин томроод ухаан суугаад ирэхээр багадаа зөнгөөрөө мэдэрч асан тэр зүйл нь санаа сэтгэлээс нь ер арчигддаггүй. Ингэж л бидний үеийнхнийг номхон хүлцэнгүй болгосон. Үүнд оносон нь ч бий, алдсан нь ч бий. Гэхдээ оносон нь хавьгүй их” хэмээн хуучилж билээ.

Гантай зун Цагаан сүмийн голын хөндий, зудтай өвөл Цохиот ууландаа малаа бэлчээдэг

Хотонт сумын Хүйсийн овооноос эхтэй горхи Цагаан сүмийн голтой нийлж, сумын төвийн урдуур урсана. Тус голын эрэг дагуух ногоон ширх, зүлгэнд жилийн аль ч улиралд мал тааваараа идээшилнэ. Барагцаалбал 50 гаруй км үргэлжлэх учраас зэргэлдээх сумдын мал хуй ч орж ирэх нь бий. Зун ган болсон ч энд хүмүүл, хүнхээл, зэрлэг жууцай зэрэг шим тэжээлт төрөл бүрийн ургамал ногоо өтгөн ургана. Тиймдээ ч нутгийн уугуул малчид цагаан сүмийн голыг “Ногоон үелзээ” гэх нь ч бий. Хатсан өвс, гандуу цэцэгс бүхий шаргал хөндийгөөр ногоон зураас татуулан өвс ургамал нь халиурдаг болохоор тэгээ биз. Харин өвөл цас их унасан ч дэрс нь халиурч, зэгс нь ногоорох Цохиот уул гэж бий. Бэлээрээ эгц өндөр хэдий ч орой хэсэгтээ ширээ мэт тэгшхэн тал бүхий энэхүү ууланд ой модноос гадна хад асга, эгц цохио элбэг. Тийм учраас ч өвлийн их цас, тэсгим жавраас өвс ногоог нөмөрлөдөг биз. Гэхдээ өнтэй өвөл тэнд малаа хонио хариулах нь бүү хэл адуугаа туугаад ч дайрч өнгөрдөггүй санагдана. Нагац ахын “Жил бүр тийш нь малаа тууж гаргачихаад, гэртээ гэдсээ илээд хэвтвэл ирэх онд нь модоо барихын цондон” гэж хэлсэн нь угтаа бэлчээрээ сэлгэж, үржил шимийг нь алдагдуулахгүй гэх малчдын ухааныг энгийнээр тайлбарласан нь тэр байж. Өнөөх арав гаруй жилийн өмнө тохиосон айхтар мичин жилийн зуднаар Цохиот, түүний салбар уулсаар малаа хариулсан тулдаа хохирол багатай давсан гэдэгсэн. Бүр доголон хурганы гарзгүй, зудыг сөрөн гарсан малчид цөөнгүй байсан аж. Энэ тухайд манай эмээ “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг нь чухам байгалийн онц аюултай үзэгдэл тулгарахад нэгдэн нийлэхийг хэлж байгаа хэрэг. Мэдээж мал хуйгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө. Арав гаруй жилийн өмнөх мичин жилийн зуднаар гэрийн ханатай чацуу цас орж, тооноороо гэр лүүгээ орж, гарч байлаа. Тийм байхад бэлчээрт гаргалгүй хадлангийн өвсөөр хашаанд нь тэжээнэ гэвэл ганц сараас хэтрэхгүй. Өвлийн сар нэг биш шүү дээ. Үргэлжлүүлээд хаврын гурван сар байдаг. Нэг орой саахалт өвөлжиж байсан айлын хүн манайд ирээд “Хамтын хүчээр зудыг давахгүй бол горьгүй нь. Самдан, Тоорил хоёрынд сая очоод ирлээ. Тэр хоёр энэ хавийн хотныхныхоо малыг бөөгнүүлж, Цохиот уул руу гаргая гэж байна. Адуу үхрээ урд нь гаргаж туугаад мөрөөр нь шүдлэнгээс дээш насны хонь ямаагаа туугаад явъя. Харин төлөг, борлон, бяруу, даага болон зарим тамир муутай малаа хотондоо үлдээчихье. Тэднийгээ өвсөөрөө тэжээгээд хавартай золгочихно. Цохиот ууланд гаргасан хойно малаа ээлжлээд хариулчихъя. Чи юу гэж бодож байна” гэж өвөөгөөс чинь асуухад “Тэгэлгүй яахав дээ. Юуны тулд айл саахалт билээ дээ. Маргааш хажуухан энгэр дээр малтсан цасан дотор зогсоо морьдоо хотондоо оруулъя. Дунд жалгын цасыг ч дээрээс нимгэлж байя. Урд талын цагаан хошууны үзүүр хүртэл цас нь арай нимгэн юм билээ. Тэнд нөгөөдөр үдээс хойш малаа бөөгнүүлье” гэснийг би тодхон санадаг юм” гэсэн юм. Хоёр гурван сарын турш зарим малаа Цохиот уул, түүний салбар уул нуруудаар хариулсны хүчинд цөөн мал хорогдсон. Цагаан сүмийн голоос гадна Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэр газарт хүнсний ногоо, үр тариа тариалахад бүрэн тохиромжтой. Тиймдээ ч Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг. XX зууны сүүлийн хагаст сумын хэмжээнд 5,5 га-д тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт. 1958 оноос төвийн эрчим хүчний системд холбогдсон. Төд удалгүй Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжихөд гол түлхэц болсон юм. Эрдэнэзуу хийдийг үзсэн гадаад дотоодын олон жуулчин цааш 20 гаруйхан км яваад Хотонт сум орж, тэндээсээ Төвхөн хийд, Улаан цутгалан, Орхоны хүрхрээ, Хоргын тогоо ордог “нэгдсэн маршрут” хэдийнэ тогтжээ.

Архангай аймаг, тэр дундаа Хотонт сум уруул чимчигнүүлж, аяганд шар тос хөвсөн айргаараа алдартай. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зун Өндөр гэгээн Занабазар мэндэлсний ойд зориулсан даншиг наадмын үеэр зохиогдсон айрагны баярт Хотонт сум түрүүлсэн. Бүр тодруулбал “Хөхүүрийн монгол айрагны дээжээр мялаалга өргөмүй” мялаалгын наадам болж, Өвөрхангай, Төв, Булган, Архангай зэрэг аймгийн 30 гаруй сумын төлөөлөл оролцсон юм. Бүр удаахь байранд нь Булган аймгийн Могод сумын айраг шалгарсан юм шүү. Бас жил бүрийн намраар сумынхаа айрагны баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Айрагны хөрөнгөө жил дамнуулан сэрүүн газарт сайтар хадгалдгаас гадна хавар бүрсэн таргийг гүүний саамаар шингэлж хөрөнгө гаргах нарийн ухаанд гарамгай суралцсан малчид олон учраас айраг нь амттай байдаг биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”

Манай зарим тариаланчид “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэнтэй адил үйлдэл олныг гаргах болжээ. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байгаа тэд тарьсан, тариагүй буудайдаа урамшууллыг татвар төлөгчдөөс нэхэж авна. Тарьсан буудай нь ургаагүйн хариуцлагыг төрөөс шаарддаг. Чанаргүй буудайг нь авсангүй гэж гурилын үйлдвэрүүдийг дарамтална. “Импортоор буудай авчирвал бид сүйрлээ”гэж салбар яамаа айлгана. Бороо ороогүйгээс тариа нь ургаагүйн хохирлоо төрөөр төлүүлэхийг шаардана.

Бизнес эрхэлж байгаа нэрээр төр, татвар төлөгчдөөр тэтгүүлж байгаа зарим нэг тариаланчдын луйврын шинжтэй хууль бус үйлдлийг тодорхой хүрээнд “Буудай ажиллагаа” хэмээн хэдүйн нэрших болжээ. Энэ үйлдлийнх нь талаар эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайлаа.

ХУРААСНААСАА ИЛҮҮГ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Өнгөрсөн жил манай улс түүхэндээ байгаагүй их ургац авсан гэж дээр, дооргүй хөөрцөглөсөн. Гэтэл өнөөдөр гурилын үйлдвэрүүд агуулахдаа буудайгүй болчихсон тухайгаа ярьж байна. Тэгвэл өнгөрсөн жил хураасан буудай хаачив гэдэг асуудал гарч ирнэ.

Манай улсын ургацын тайлант хугацаа аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ныг хүртэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, ургацын нэг жилийн тайлант хугацаа дуусах гэж байна. Өнгөрсөн жил буудай хурааж эхлэхийн өмнө гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн улаан буудайн үлдэгдэл дууссан. Ингээд тайлант жилийн хугацаа эхлэхэд манай улс 488 мянган тонн улаан буудай хураан авч, түүхэнд шинэ амжилт тогтоосон тухайгаа мэдээлсэн билээ. Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан 354 мянган тонн улаан буудайн урамшуулал болгож тариаланчдад төрөөс 25 тэрбум төгрөгийг олгосон. Нэг тонн буудайд 70 мянган төгрөгөөр тооцож дээрх урамшууллыг 908 иргэн, аж ахуйн нэгжид тараасан юм. Хүнсний шаардлага хангасан гэх 354 мянган тонн улаан буудай үүргээ гүйцэтгэж гурил болж чадсан уу гэдэг асуудал гарна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2014 оны аравдугаар сарын 1-нээс он дуустал улсын хэмжээнд 60 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31 хүртэл дотоодын гурилын үйлдвэрүүд 120 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш 180 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Олон жилийн дунджаар тооцвол энэ сард 13 мянган тонн гурил үйлдвэрлэх судалгаа бий. Ингэхээр 193 мянган тонн гурилыг дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг. Ийм хэмжээний гурилыг 257 мянган тонн улаан буудайг тээрэмдэж хийсэн аж. Үүний 13 мянган тонн буудайг импортоор оруулж иржээ. Импортоор оруулж ирснийг нь хасвал 245 мянган тонн буудайгаар гурил үйлдвэрлэжээ. Гэтэл 354 мянган тонн улаан буудайд урамшуулал олгочихсон байгаа. Урамшуулал авсан, гурил үйлдвэрлэсэн буудайн зөрүү болох 110 мянган тонн буудай хаачив. Одоогоор гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудайн үлдэгдэлгүй шахам байгаа аж. Шахам гэхийн учир нь 18-20 мянган тонн буудайн үлдэгдэл байгааг есдүгээр сард үйлдвэрлэх 13 мянган тонн гурилд зориулна гэж тооцжээ. “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинзориг дөрөвдүгээр сард буудайн нөөц дууссан гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал авчихсан, гурил болох учиртай 110 мянган тонн буудай яагаад сох дутчихав. Эх сурвалжуудын мэдээлснээр тариаланчид урамшуулал авахын тулд ургацаа өндрөөр мэдээлж, гурилын үйлдвэрүүдтэй тохиролцож, хуурамч баримт бүрдүүлж урамшуулал авдаг гэнэ. Жил бүр буудайн тариалалтын болон ургацын баланс зөрдөг нь бас үүнтэй холбоотой. Тариаланчид нэг тоо, салбарын яам өөр тоо мэдээлдэг. Иргэд тэг дундуур нь барагцаалаад мэдээлэл авчихдаг. Гэтэл оны сүүл рүү буудайгүй болж, үйлдвэрүүд зогсонги байдалд орон гурилын хомсдолд орж, үнийн хөөрөгдөл үүсдэг. Хомсдолд орсноос үүдэж энэ сард гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9-1.8 хувь нэмэгдчихсэн байгаа. Тариаланчдын энэ урамшуулал авах гэж ургацын хэмжээгээ нэмж мэдээлдэг талаар анх удаа ч нийтэд ил болгож байгаа хэрэг биш. Энэ талаар олны дунд сүүлийн хэдэн жил яригдсаар ирсэн.

ГУРИЛ БОЛОХ УЧИРТАЙ БУУДАЙ ДАМЛАГДАЖ СПИРТИЙН ҮЙЛДВЭРТ ОЧДОГ

Арав гаруй жилийн өмнө УИХ-ын 23 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын зорилт нь “Хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулан, экспортыг нэмэгдүүлэх”-д чиглэгдсэн. Бодлогын хүрээнд тариаланчдыг дэмжиж, гурилынхаа хэрэгцээг дотооддоо хангахын тулд тариаланчдаас гадна гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн. Хариуд нь дотооддоо үйлдвэрлэсэн буудай авч, гурилаа хямд өртгөөр зарах шаардлагыг салбарын яам тавьж ирсэн. Өнгөрсөн жилийн тухайд буудайгаа 550 мянган төгрөгөөр авч, гурилаа нэг кг-ыг 850 төгрөгөөс дээшгүй үнээр зарах гэрээ хэлцэл хийсэн байдаг.

Гэтэл гурил үйлдвэрлэх буудай дууссан гэдэг шалтгаанаар өнөөдөр нэг кг гурилын үнэ мянга гаруй төгрөг болчихсон байгаа.

Гурилын үйлдвэрүүд үнэхээр буудайгүй болсон уу гэвэл бас үгүй. Монголд гурил үйлдвэрлэдэг 70-аад аж ахуйн нэгж байдаг гэх боловч тоног төхөөрөмжийн хувьд хангалттай, өндөр хүчин чадалтай арван үйлдвэр ажилладаг юм байна. Тэдний агуулахад яг хэдийд хэр хэмжээний буудай байгааг салбарын яам нарийн тогтоож чаддаггүй бололтой. Учир нь үйлдвэрүүд санхүүгийн тайлан, үйлдвэрлэлийн мэ­дээ­гээ цаг тухайд нь гаргаж өгдөггүй учраас нарийн мэдээ­лэл байхгүй гэдгийг холбогдох байгууллагууд хэлсэн.

Ийм байдлаас гурилын үйлдвэрүүд авсан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд борлуулдаг гэх мэдээлэл ирэв. Өөрөөр хэлбэл, урамшуулалд тодорхойлж өгсөн буудайгаар гурилын үйлдвэрүүд гурилаа үйлдвэрлэхгүй, спиртийн үйлдвэрүүдэд дамлаад зарчихдаг аж. 2014 оны аравдугаар сард “Эрдэнэт фүүдс” компани буудайг “Аровона” спиртийн үйлдвэрт нийлүүлсэн баримт байна. Мөн тус компани Зүүнхараагийн спиртийн үйлдвэрт 1200-гаад тонн улаанбуудайг нийлүүлжээ. Тус компани 57 аж ахуйн нэгжээс 33.1 тонн буудай хүлээн авсан байдаг. Мөн “Сайхан хүнс“, “Орбит” зэрэг гурилын үйлдвэрүүд ч спиртийн үйлдвэрүүдэд буудай дамлаж зарсан баримт байна. “Сайхан хүнс” компани гэхэд 10 аж ахуйн нэгжээс 3.5 тонн буудай авсныхаа нэлээдийг спиртийн үйлдвэрт дамлажээ. “Орбит” компанийн тухайд 56 тариаланчаас 12.5 тонн буудай авсан байдаг. Үүнийхээ багагүй хэсгийг мөн л зарчихсан байна. Спиртийн үйлдвэрт албан ёсоор тушаагддаг буудайн хэмжээ гурилын үйлдвэрүүдэд өгдгөөс бага атлаа спирт үйлдвэрлэлийн хэмжээ буурахгүй байгаагийн нууц энэ. Өөрөөр хэлбэл, гурил болох учиртай буудай эсрэгээрээ спирт болж үйлдвэрлэгдээд байгаа хэрэг. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэх буудайны нөөц байхгүй, гурилын нийлүүлэлт тасарч, хомсдол үүсэх нь гэдэг мэдээлэл тарааж, үнээ хөөрөгддөг аргатай аж. Зөвхөн гурилын үйлдвэр ч биш тариалсан буудайныхаа тонн тутмаас 70 мянган төгрөгийн урамшуулал авсан тариалангийн компани буудайгаа гурилын үйлдвэрт биш спиртийн үйлдвэрт тушаажээ. Тухайлбал, буудайн урамшуулал авсан “Гацуурт” компани өнгөрсөн наймдугаар сард Сэлэнгэ аймгаас АПУ компанид 5000 тонн улаан буудайг нийлүүлсэн байна.

Тариалангийн салбар дахь “БУУДАЙ АЖИЛЛАГАА

-2007 ОНООС ХОЙШ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР 130 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАРИАЛАНЧДАД УРАМШУУЛАЛ БОЛГОЖ ӨГСӨН-

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2007 оноос стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож байгаа. Өөрөөр хэлбэл, талбай дээрээ тариа тарьж, түүнийгээ гурилын үйлдвэрт тушаасан тариаланчид жил бүр урамшуулал авч ирсэн. 2007 онд 217 аж ахуйн нэгж, иргэнд нэг тонныг 60 мянган төгрөгөөр тооцож дөрвөн тэрбум төгрөг олгосон байдаг. Дараа жил нь нэг тонн улаан буудайд 80 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 393 иргэн, аж ахуйн нэгж 11.1 тэрбум төгрөг авсан. 2009-2011 он хүртэл нэг тонн улаан буудайд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Ингэхдээ 2009 онд 10.5, 2010 онд 10.9, 2011 онд 14.5 тэрбум төгрөгийн урамшууллыг тариаланчдад олгожээ. 2012 онд нэг тонн улаан буудайн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөг болсон бол дараа жил нь 150 мянган төгрөг болсон. Зуун мянган төгрөгийн урамшуулал олгох үед 794 аж ахуйн нэгж 27.9, 150 мянга олгох үед 808 тариаланч 25.3 тэрбум төгрөг авсан байдаг. Харин өнгөрсөн жил 908 иргэн, аж ахуйн нэгжид нэг тонн улаан буудайд 70 мянган төгрөгөөр тооцож 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Ингээд найман жилийн хугацаанд 5517 аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Үүн дээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газраас улаан буудайн урьдчилгаа 20-30 хувь, шатахууны урьдчилгаа 50 хувь, ургамал хамгааллын бодис, уриншийн гербицид гэх мэтээр дэмжлэг авдаг.

Татвар төлөгчдөөс 130 шахам тэрбум төгрөгийн урамшуулал олгосны хариуд хямд, чанартай улаан буудай нийлүүлэх шаардлагыг төрөөс тавьсан. Үр дүнд нь иргэд хямд гурил идэх байлаа. Гэтэл урамшуулал авсан тариаланчид маань тасралтгүй үнээ нэмж ирсэн. 2012 онд тонн улаан буудай 350 мянга, дараа жил нь 420 мянга, өнгөрсөн жил 550 мянган төгрөг болсон. Одоо зарим компани буудайгаа 630 мянган төгрөгөөр зарж байгаа мэдээлэл байна. Үүнийг дагаад нэг кг нь 550 төгрөг байхаар тооцсон гурил аль хэдийнэ 1000, 1600 төгрөгт хүрчихсэн юм.

Бодит байдал ийм байхад татвар төлөгчдийн мөнгөөр тариаланчдыг харамгүй “халамжилсан” Хүнс, хөдөө аж ахуйн яам эхлүүлсэн хөтөлбөртөө хяналт тавьж, үр дүнд нь дүгнэлт хийж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Манай сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”-гаар хэд, хэдэн аргаар мөнгө завшиж болдгийг тайлбарласан. Хамгийн ноцтой нь тариаланчид, гурил үйлдвэрлэгчид дээрх аргыг нэг бүрчлэн тайлбарлаж, ярьж өгсөн юм шүү. Мэдээлэл сонсохоор бүгд л байж болох арга юм. Байж болох гэхийн учир нь салбарын яамнаас мэдээлэл хүсэхээр “тодорхойгүй” гэдэг хариултыг өгч байв. Өөрөөр хэлбэл, салбарын яам тодорхойгүй баримт үндэслээд урам­шуулал өгчихдөг, түүнийгээ хянадаггүй. Тариалангийн компани яг хэдэн тонн буудай тарьсан, буудайг нь авсан үйлдвэрүүд хичнээн хэмжээний гурил үйлдвэрлэсэн зэрэг бодит баримт салбарын яаманд байдаггүй юм байна. Бидний татварт төлсөн мөнгө төрийн нэрээр ингэж л урсаж байна.

Эх сурвалж болсон зарим тариаланч, гурилын үйлдвэрүүдийн мэдээллийн мөрөөр “Буудай ажиллагаа”-ны аргуудыг тоймлон хүргэе.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ КОМПАНИУД Ч УРАМШУУЛЛЫН БУУДАЙ АВДАГ

Гурилын үйлдвэрүүдээс гэрээ, баримт аваад огт тариагүй буудайд урамшуулал авах арга байдаг гэнэ. Урамшууллын буудай авсан 50-60 гурилын үйлдвэрээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь ердөө л арав. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэдэггүй компани арав, хорин тонн буудай авчихсан байх юм. 2013 оны ургацаас хүнсний буудай хүлээн авсан 48 гурилын үйлдвэр байна. Өнгөрсөн онд 46 гурилын үйлдвэр 318.9 мянган тонн улаанбуудай авчээ. Тэдэнд улаанбуудай нийлүүлсэн 908 иргэн, аж ахуйн нэгж тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал авсан. Гэтэл буудай авсан гэж салбар яаманд баримт бүрдүүлж өгсөн компаниудын цөөнгүй нь өнгөрсөн жил огт гурил үйлдвэрлээгүй байна. Тэгэхээр тэд тариаланчдаас буудай авсан гэх хуурамч баримт бүрдүүлж, урамшууллаас ашиг хүртсэн байх магадлалтай. Зарим нь бүр авсан буудайгаа спиртийн үйлдвэрт дамлаж зарсан тухай өчигдрийн дугаартаа нийтэлсэн. “Эрдэнэт фүүдс”, “Хангай хүнс” зэрэг олон компанийн нэр энэ ажиллагаанд яригддаг юм билээ. Өнгөрсөн жилийн ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрт 317.8 мянган тонн буудай, спиртийн үйлдвэрт 25 мянган тонн буудай хуваарилсан баримт байдаг. Гэтэл спиртийн үйлдвэр авсан түүхий эдээсээ хэд дахин илүү бүтээгдэхүүн гаргасан, гурилын үйлдвэрүүд төлөвлөснөөсөө бага гурил үйлдвэрлэсний учир энэ.

Мөн өөрөө буудайгаа тарьсан гэж мэдүүлээд хэд, хэдэн гурилын үйлдвэр урамшуулал авчээ. Гэхдээ тэдгээр үйлдвэрүүд хэр хэмжээний гурил үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг аж.

Эх сурвалжийн өгсөн дээрх мэдээллийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулга авахад тоймтой хариу өгсөнгүй. Урамшуулал авах гэж материал бүрдүү­лэхдээ гурилын үйлдвэр тариалангийн компаниас тэдэн тонн улаан буудай авсан гэдэг баримт салбарын яамдаа өгдөг аж. Түүн дээр нь үндэслээд урамшуулал олгодог. Түүнээс яг үйлдвэрт хэдэн тонн буудай очсоныг хянадаггүй өнөөг хүрчээ. Эргээд буудай авсан үйлдвэрүүд тэдэн тонн гурил үйлдвэрлэлээ гэсэн цаасан баримт авчраад хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Тэр баримт нь мөн л баталгаагүй. Учир нь салбарын яамандаа 700 тонн гурил үйлдвэрлэсэн гэдэг баримт бүрдүүлж өгсөн компани татварын тайландаа 500 тонн гурил хийсэн гэж мэдүүлдэг юм байна. Татварын тайланг салбарын яам нь огт үндэслэдэггүй аж. Өөрөөр хэлбэл, урамшууллыг ч хөнгөлөлттэй зээлийг ч хяналтгүйгээр “найзан дундаа” олгосоор хэдэн жилийг өнгөрөөжээ. Тухайлбал, “Барил трейд” гурилын үйлдвэр 17 аж ахуйн нэгж, компаниас 14.687 мянган тонн буудай худалдаж авсан гэх баримт Хүнс, хөдөө аж ахуйн яамны судалгаан дээр байна. Өөрөөр хэлбэл, 17 аж ахуйн нэгж 14.687 мянган тонн буудайн урамшуулал авчээ. Гэтэл тус үйлдвэр “Ургац хүдэр”, “Гацуурт-Номгон буудай”, “Гацуурт-Сэлэнгэ хүнс”, “Гацуурт-Скрин”, “Гацуурт-Арго”, “Гацуурт-Монгол ногоо” зэрэг тариалангийн компаниудаас 10280 тонн буудай авсан гэдэг мэдээг хожим гаргажээ. Эндээс дөрвөн мянган тонн буудайн зөрүү гарч байна. Эндээс 280 сая гаруй төгрөгийн урамшууллын зөрүү гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, авсан буудайныхаа хэмжээг нэмж бичиж, тариаланчдад урамшуулал олгожээ.

ҮРИЙН БУУДАЙГАА ХҮРТЭЛ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Зарим тариаланчдын өгсөн мэдээллээр компаниуд ирэх жил тарихаар хадгалж байгаа үрийн буудайгаа урамшуулалд хамруулдаг “Буудай ажиллагаа” байдгийг ярьж өглөө. Үрийн буудайгаа гурилын үйлдвэрт тушаах улаан буудайн хэмжээндээ давхар тооцож үйлдвэртэй гэрээ байгуулдаг, тэр баримтаа салбарын яаманд өгч урамшуулал авдаг юм байна. Бүр өмнөх жилд ургацын балансдаа оруулаад хэдийнэ урамшуулал авчихсан атлаа буудайгаа үйлдвэрт өгөлгүй өөрсдөө хадгалж байгаад ирэх жил дахиад давхар урамшуулал авах арга байдаг гэнэ. Үүнээс гадна тэжээлийн үзүүлэлт бүхий буудайгаа хүнсний буудайд оруулан тооцуулаад урамшуулал авах арга байдгийг зарим тариаланч ярилаа. Хуультай, хяналттай, хариуцсан яамтай улсад ийм арга байх учиргүй мэт санагдаж байгаа биз. Гэтэл салбарын яам нь үүнийг үгүйсгэсэн хариулт өгч чадсангүй. 2007 оноос хойш тариаланчдад урамшуулал олгож ирэхдээ аль компани ямар талбайд буудай тарьсан, түүнийхээ хэдэн хувийг хурааж авсан, хичнээнийг нь гурилын үйлдвэрийн агуулахад хүргэж буулгасан зэргийг салбарын яам хянаж чадаагүй гэв. Тийм боломж ч байгаагүй юм байх. Дөнгөж энэ жилээс сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар ургацын талбайг хянаж эхлэх юм байна.

Салбар яамныхаа толгой дээр гарсан, “Эрх” тариланчдаа хянах, тэдний үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд нь бүрэн хяналт тавьдаг, болохгүй байгааг нь дараа жилийн урамшууллаас хасдаг, хэлсэндээ хүрээгүй бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо сул байгаагийн үр дүнд татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаад байдаг бололтой. Гэхдээ бүх тариаланч, гурилын үйлдвэр дээр дурдсанчлан заль, бохир аргыг хэрэглэдэг, төрөө хуурдаг гэсэн үг биш. Тэдэн дунд хөдөлмөр зүтгэлээр ажиллаж, өөрийнхөө компанид болоод орон нутагтаа хөрөнгө оруулж, хөгжилд нь хувь нэмэр болсоор ирсэн, хүмүүс олон. Тэд шударгаар хөдөлмөрлөөд авч, хүртэж чадахгүй байгаа урамшуулал, дэмжлэгийг цөөн хэдэн “сүйхээтэй” нөхөд хуваан хүртчихээд, нийт тариалангийн болон гурилын үйлдвэрлэгчдийн нэрийг унагаад яваад сэтгэл нь эмзэглэж, санаа зовж явдаг тариаланч, гурил үйлдвэрлэгчид нийт компаниудын дүн мэдээ, санхүүгийн тайланд шалгалт оруулж, үнэн зөв мэдээлж, шударгаар урамшууллаа авч байгаа эсэхийг шалгуулахаар салбар яамандаа шаардлага хүргүүлж, мөн хянах шалгах эрхтэй байгууллагад хандсанаа бас ярьсан. Улсын мөнгө гэдгийг “урамшуулал, дэмжлэг” гэх нэрийн дор цөөн хэдэн хүмүүст өгдөг шударга бус байдлыг хянах, болохгүй байгааг нь зогсоох шаардлага, цаг үе нь ирсэн бололтой.


Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан

“Нүүрс” хөтөлбөрийн
гэх хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх
нарыг таван өдрийн турш шүүлээ. Шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж, үзсэн
хүн бүр дүгнэлтээ хийсэн биз. Шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй ч таван өдрийн турш
шүүх хуралдааныг үзэж, ажигласан хүмүүс хуулийн байгууллага хэрхэн иргэний нэр төр,
эрүүл мэнд, ар амьдралыг нь орхигдуулдгийг сонсч, мэдэрч хуулийн байгууллагынхан
хүний эрхийг зөрчдөг гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрснээ илэрхийлж байна. Тэр хэрээр
Л.Гансүх нарын хэрэг нийгмийн анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа.

Тэгвэл одоогоос жил
таван сарын өмнө нийгэм яг ийм айдаст автаж, дээр дооргүй шуугиж байлаа. Төрийн
хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг
сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа
батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан “Дээрээс
чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй
үйл явдал болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Бямбацогт
нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв.
Шаардлагын нэг үндэслэлд “Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан
цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний
байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан
хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын
Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар
ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээ­хэд бэлэн гэдгээ мэдэг­дэж байлаа. Бүр
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж,
хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд
танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан
нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр
хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан
ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.

Талийгаач Д.Амарсайхан
юуны учир амиа алдсан, эмнэл­гийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа
хүлээсээр бай­гаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус
яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны
мэдээлэл өгөөгүй.

Цаг хугацаа өнгөрөх
тусам мартагнуулах санаархал хуулийнханд ч, намынх нь нөхдөд ч байгаа гэж талийгаачийн
ойрын хүмүүс харддаг юм билээ. Гэвч “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед
болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Энэ удаад ч бид Д.Амарсайхан агсан
ямар оноштой байсан, эмч нар хэрхэн тусламж үзүүлсэн, шүүх эмнэлгийнхэн яаж дүгнэлт
гаргасан зэргийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт,
талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж
байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн
үг. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр баримт цуглуулж явахад эрүүл мэндийн салбарынхан,
мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг
эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан “Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих
вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд
зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ. Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг
оношоо тавьсан байсан. Энэ онош үндэслэлтэй эсэх нь бас эргэлзээтэй.

Д.АМАРСАЙХАН АГСНЫ ТУХАЙД

МАН-ын Бага хурлын
гишүүн Дашзэвэгийн Амарсайхан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Улаанбаатар
хотын лаборатори нэгдүгээр дунд сургууль, 1988 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн
дээд сургууль, 1999-2001 онд ХБНГУ-д дээд курст тус тус суралцаж төгссөн байна.
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991
онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд “Адистат” ХХК-ийн
захирал, 1995-1999 онд “Шинжээч-XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал,
2001-2003 онд “Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын
тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Газрын тосны салбарын үйл ажиллагааг
эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан шилдэг
сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг олон хүн ярьдаг. Тууштай, хүн чанартай эрхэм байсан
гэж ойрынхон нь дурсдаг.

ТАЛИЙГААЧИЙГ ЮУНЫ
УЧИР ЦАГДАН ХОРИВ

Д.Амарсайхан агсныг
анх 50 тэрбум төгрөгийг гадаадад байдаг “Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа
завшсан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх яриа сонсогдож эхэлсэн. Тодруулбал,
Засгийн газраас “Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах
гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан
хэрэгт холбогдсон гэж мэдээлэгдэж байлаа. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. АТГ-аас үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй
болсны дараа Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр дахь хэрэг гарч ирсэн нь бусдаас
авлига авсан гэх үндэслэл байв. Өөрөөр хэлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн АТГ-аас
Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар
2013 оны арванхоёрдугаар сарын 18-наас цагдан хорьсон. Талийгаачийн өмгөөлөгчийн
зүгээс тухайн үед үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муу байгаа учраас батлан даалтад
гаргах хүсэлтийг тавьж байжээ. Хүсэлтээ “Д.Амарсайхан олон дахилттай нойр булчирхайн
архаг үрэвслийн улмаас байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай,
дэглэм алдагдсан тохиолдолд өвчин сэдэрдэг.

Тархины судасны агшилтаас
хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг болон ходоод, элэгний архаг үрэвслийн
улмаас эмийн хамаарал ихтэй. Даарч хөрөх, хүйтэн чийгтэй нөхцөлд байх боломжгүй”
гээд эмч нарын онош, эмнэлзүйг хавсаргаж байсан баримт байна. Ийм оноштойгоор батлан
даалтад гаргах хүсэлтээ хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар
Э.Бямбажав, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар
Б.Хурц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, орлогч прокурор
Ц.Батболд нарт өгч байжээ. Өөрөөр хэлбэл,
Д.Амарсайхан агсан архаг хүнд өвчтэй, байнга эмчийн хяналтад байж, хоолны дэглэм
сахьдаг байжээ. Ийм учраас тухайн үед талийгаачийг батлан даалтад гаргаж эмнэлэгт
хэвтүүлсэн байна. Гэтэл зургаа хоногийн дараа дахин цагдан хорьжээ. Тухайн үед хорих
ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч Урьдчилан хорих
461 дүгээр ангийнхан зөвшөөрөөгүй аж. Ингээд 18 хоног хоригдсоны дараа талийгаачийн
архаг өвчин сэдэрч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
өөрөө цуцалж байсан баримт байна.

ЭМЧЛҮҮЛЖ БАЙХАД
НЬ ОРГОЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХОРЬЖЭЭ

Түүнээс хойш талийгаач
эмнэлэгт хэвтэж, байнга эмчилгээ хийлгэж байжээ. Гэтэл О.Сарангэрэл прокурор “Д.Амарсайхан
хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр
цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн
45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн,
өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай
нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн
прокурорын газрын орлогч прокурорт “…Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт
тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан
хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар
амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад
гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ. Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын
гарын үсэгтэй “Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна.
Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ.

Прокуророос ямар нэгэн
хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр,
Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад “Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ,
ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих
захирамжийг хэвээр үлдээж байжээ.

“ДЭЭРЭЭС ЭМЧИЛГЭЭ
ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН”

Урьдчилан хорих
461 дүгээр анги өөрөө эмнэлэгтэй, тэнд эмчлүүл гээд шүүхээс батлан даалтад гаргаагүй
тухай дээр өгүүлсэн. Тэгвэл архаг өвчин нь хөдөлчихсөн байсан Д.Амарсайхан агсныг
461 дүгээр ангийн эмнэлэгт нэг хоног ч хэвтүүлээгүй аж. Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлж
өгөөч гэдэг хүсэлтийг мөн л удаа дараа тавьж байжээ. Үүнийгээ хорих ангийн эмнэлгийн
эмч нар “Дээрээс чиг үүрэг өгсөн, эмчилж болохгүй” гэж тайлбарлаж байсан тухай яриа
өнгөрсөн жил гарч байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримт орж, Хүний эрхийн дэд
хорооны хурал дээр яригдаж байсан. Талийгаач хоригдож байх хугацаандаа ар гэрийнхнийхээ
явуулсан эмийг алдаг оног ууж байснаас өөр эмнэлгийн тусламж аваагүй. Ингээд
2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр 12.00 цагт эргэлтээр ирсэн төрсөн ахтайгаа уулзжээ.
Үдээс хойш 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзахаар эргэлтийн өрөөнд сууж байгаад
гэнэт “Үхлээ, ёо ёо” гэж хэлээд ухаан алдсан гэдэг. Тухайн үед уулзалтын өрөөнд
Ц.Чандмань, Х.Анхбаяр, н.Энхбат нар байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудсан гэдэг.
Талийгаач сэргэхдээ “Ёо ёо, үхлээ шүү дээ, өвдөөд байна” гэж орилж байжээ. Хорих
ангийн эмч нар дөрвөн минутын дотор очсон гэдэг. Улмаар талийгаачид массаж, хиймэл
амьсгал хийсэн гэдэг. Мөн 103 дугаарт дуудлага өгчээ. Анхны тусламж үзүүлсэн эмч
нар талийгаачийн өв­чүү, хавиргыг хугалсан, даралт багатай хүнд даралт бууруулах
тариа хийсэн, 103-ын эмч нарыг хорих ангид оруулахгүй цаг алдсан гэх мэт олон баримт
бий. Энэ тухай дараагийн дугаарт үргэлж­лүүлэн мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Монголын цагдаад дэслэгчээс хурандаа болтлоо зүтгэсэн нэг ангийнхан

“Цагдаагийн
дээд сургуулийг 1995 оны хавар шижигнэсэн 20 залуу төгсөж байлаа. Сургуулийнхаа
захирлаас дипломоо гардаж авчихаад цагдаагийн шинэхэн форм өмсч, дэслэгч цол тэмдгээ
мөрөндөө зүүчихсэн, ёстой будаг нь ханхалсан шинэ машин гэдэг шиг шинэхэн офицерууд
хөөрч явлаа. Тоондоо алхаж байх үе үнэхээр сайхан байжээ” гэж Монголын цагдаагийн
20 жилийн түүхийг бичилцэж, өнөө цагт шинэ залуу цагдаа нарын өмөг түшиг, багана
болж яваа хурандаа нар хоорондоо ярилцах ажээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа
Цагдаагийн дээд сургуулийг 1995 онд төгссөн алба хаагчид 20 жилийн дараа ангиараа
уулзаж байхад нь уулзаж, онцоллоо.

Шилдгүүд цугларсан 4д

Монгол Улс
ардчилсан нийгэмд шилжээд дөнгөж жил болж байсан хүнд хэцүү цаг үед цагдаагийн алба
хаагч болохоор сэтгэл шулуудсан 30 гаруй залуу нэг анги болсон түүх ингэж эхэлсэн
байна. Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн 4д ангид нийслэлийн цагдаагийн хэлтсийн
болоод хөдөө, орон нутгийн шилдэг алба хаагчид суралцахаар элсч байжээ.

Тэдний дунд
Цагдаагийн дунд сургуулиас урилгаар А.Отгонбаатар, Г.Буянхишиг нар ирж байж. Д.Эрдэнэпүрэв
гэж хүн буудаж хөнөөчихөөд хотын төвөөр буутай явж байсан, яахаас ч буцахгүй шийдчихсэн
гэмт этгээдийг барьж, нийгэм даяар дуулиан тарьсан нөхөр ч ирсэн байна. Найрамдлын
районы цагдаагийн алба хаагч н.Бат-Амгалан, Д.Ганболд, Ховдоос Б.Энхбат, Сэлэнгийн
цагдаагаас Пүрэвдагва, Сүхбаатар аймгаас Нямхүү Өвөрхангай аймгаас Хуягсүрэн, Булганаас
Болдсайхан зэрэг залуус цугларчээ. Тэдний дунд аравдугаар ангиа төгссөн хоёр хүүхэд
л байсан гэнэ. Залуус хэдийгээр цагдаагийн алба хаагчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж
байсан ч энэ өдрөөс тохой нийлүүлэн суусан оюутнууд болжээ.

Төр засаг
тогтворгүй, хямралтай үе байсан болохоор сонсогч нарт дүрэмт хувцас өгч чадахгүй,
хоол унд хомс учир сургуулийн хуаранд бус гэрээр нь байлгадаг гээд л хүнд асуудал
олон байсан гэнэ. Зургадугаар сард Цагдаагийн дээд сургуулийн бүх сонсогчийг Төв
аймгийн Баянчандмань суманд байх Цагдаагийн сургалтын төвд аваачсан байна. Дандаа
цагдаад ажиллаж байгаад ирсэн нөхдүүд нэг анги болсон учир 14 хоногийн карентинд
шууд явуулах шийдвэр гаргажээ. Ингээд 4д ангийнхан карентинд очтол бусад ангийнхан
олон хоног жагсаал сургуулилт хийгээд хөл гараа хэдийнэ олчихсон байж. Нөгөөдүүл
ч бусдаас юугаараа дутах вэ гээд шаргуу хичээллэж, жагсаалд алхаж эхэлсэн байна.
Ингээд сонсогч нарын бага наадам Марш тактикийн тэмцээн эхэлжээ. Энэ үед нэгэн хөгжилтэй
үйл явдал болж байсан гэнэ. Энэ тухай сонирхлоо. Аравдугаар ангиа төгсөөд ирсэн
н.Нармандах гүйх үеэр бусдаасаа ихэвчлэн хоцордог байсан аж. Түүнээс болж бусдаасаа
түрүүлээд адуу шиг гүйгээд алга болчихсон Б.Энхбат зэрэг сонсогчид тээр ард үлдсэн
нөхөд рүү буцаж гүйж ирээд хайрцагтаа ордог байсан аж. Нэг удаа бүрий болсон хойно
бусдаасаа сүүлдэж хоцорсон н.Нармандах гал тогоо руу ортол шанагатай цай байж. Аваад
уучихаж. Гэтэл төмс угаасан усыг хар цай гэж андуураад залгилчихсан гэнэ. Маргааш
нь Марш тактикийн уралдаан болж байтал нөгөө Нармандах чинь бэлтгэлийн үеийнхээсээ
ч удаан гүйгээд байсан гэнэ. Түрүүлж гүйсэн хэд нь буцаж гүйж хайрцагтаа орж байтал
Нармандах гэнэт хайрцагнаасаа гараад өөр зүг рүү харайлгаж гарсан байна. Тэгснээ
хамгийн түрүүнд таарсан бутны араар ороод шууд бие зассан гэнэ. Сургагч багш Төрмөнх
дээр Эрдэнэболд дарга гүйж ирээд “Энэ чинь юу болж байна вэ” гэж асуутал “Би сонсогч
Нармандахыг бие засуулж байна” гэж илтгээд бөөн инээдэм болж байсан гэнэ. Энэ мэт
хөгжөөнтэй, дурсамжтай зүйл тэдний нөхөрлөлд өч төчнөөн бий.

Цагдаагийн дээд сургуульд
ардчилал авчирсан нь

Цагдаагийн
бие бүрэлдэхүүнд цөөнгүй жил ажиллаж байгаад ирсэн болохоор тэдний ангийнханд дээд
курсийнхэн нь оны ялгаа гаргаж амжилгүй төгссөн гэдэг. Эхэндээ тэднийг ажлын талбараас
ирсэн мундгууд гэдгийг мэдэлгүй оны ялгаа гаргах гэж үзсэн гэнэ. Ангиараа нөгөөдүүлтэйгээ
гар зөрүүлэх тохиолдол ч гарсан байна. Бүр Говь-Алтай аймгаас ирсэн Энхбаатар дээд
курсийнхээ нөхдүүдийг айлгах гэж балиус гутлынхаа түрийд хийж ирээд “Балиус” Энхбаатар
гэдэг хочтой болж байж. Гэсэн ч дээд, доод курсийн ялгаа газар авалгүй тэгсхийгээд
намжжээ. Цагдаагийн дээд сургуульд 4д ангийнхан тухайн үеийг оны ялгаа гаргахгүй
болтол нь нам дарж чадсан байна.

Үүний дараа
тэд “Бид Ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ” гээд
багш нартайгаа оюун ухаанаараа мэтгэлцдэг болжээ. Энэ нь тухайн цаг үедээ шинэ содон
үйл явдал байсан төдийгүй настай багш нарын хувьд эвэртэй туулай үзсэн юм шиг сэтгэгдэл
төрүүлдэг байж. Өөрөөр хэлбэл, ардчиллын үнэт зүйлийн эхлэлийг энэ ангийнхан мөн
тавилцсан гэсэн үг. Тэд зүгээр нэг мэтгэлцээд зогсохгүй хичээлийн явц, сургалтын
талаар “Энэ сургалт буруу явагдаад байна. Үүнийг ингэж өөрчлөх хэрэгтэй” гээд шүүмжилж,
байр суурин дээрээ бат зогсох болжээ. Нэргүй гэх багш нь хичээл тарсны дараа гүйлгэж,
бэлтгэл хийлгээд тараахгүй байсан аж. Нөгөөдүүл ч энэхүү зүй бус харилцааг эсэргүүцжээ.
Энэ үеэр сонсогч Д.Ганболд “Та биднийг тамлаж байна. Бэлтгэлийг хийх цагтаа хийе.
Бид хичээлээ тараад гэртээ харимаар байна. Би нөлөөтэй сонсогч, хэрэв сонсогч нарыг
таныг эсрэг хөдөлгөх юм бол чадна шүү” гэж хэлээд авч. Үүнээс болоод “нөлөө Ганболд”
гэдэг хочтой болжээ.

Мөн Сургалтын
төвийн захирагч Төрмөнхөд хандаж “Бид нар цэргийн мэдлэгтэй. Энэ шороон дээр элэг
дөрвөөрөө мөлхөж чадахгүй” гээд өөрийг нь мөлхүүлсэн байна. Сургуулийн орлогч захирал
Батаа нэг удаа хурал хийж дуусаад “Сонсогч нарт асуух асуулт байна уу” гэж асуужээ.
Гэтэл ангийнх нь нэг сонсогч “Надад нэг хүсэлт байна” гээд боссон байна. “Аль анги
вэ” гэж эргүүлэн асуутал буруу сонсоод “Би архи уугаагүй” гэж хариулж байсан аж.
Аль анги вэ гэснийг архи уучихсан юм уу гэж сонссон байна. Энэ мэт Ардчилсан улсад
амьдарч байгаагаа тэд тухайн цаг үедээ ойр орчнынхондоо мэдрүүлж чадсан байна. Бүр
анги дундаас “Ардчилал” Цолмон гэсэн хочтой болсон байна. Энэ мэт хөгжилтэй дурсамж
ар араасаа цуврах ажээ. 20 гаруйхан настайгаасаа санчигны үсээ буурал болтол цагдаагийн
албанд зүтгэсэн хурандаа нар 25 жилийн өмнөх цэл залуухан сонсогч байсан цаг үедээ
очсон юм шиг л байв. Нүд нь гэрэлтээд л залуу насныхаа гэгээн дурсамжийг ярин инээлдэх
ажээ.

АТГ-т Ц.Шинэбаяр
Х.Баярцогт нар ажиллаж байгаа гэнэ. Налайх, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар
ажиллаж байсан Г.Буянхишиг төгссөн сургуульдаа олон жил багшилжээ. Одоо Баянзүрх
дүүргийн гуравдугаар хэлтэст Тасгийн даргаар ажиллаж байгаа аж. Ангийн дарга Б.Бат-Амгалан
Цагдаагийн ерөнхий газарт Хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан Сонгинохайрхан
дүүрэгт Тасгийн даргаар очжээ. Ангийн “од”, буутай гэмт хэрэгтнийг хотын төвөөс
баривчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одон авч байсан Д.Эрдэнэпүрэв Хөвсгөл аймгаас
гавьяаны амралтдаа гарсан байна. Цагдаа нар дундаа эрэнгийн хэмээн алдаршсан Б.Энхбат
Цагдаагийн ерөнхий газарт, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж
байсан Д.Ганболд Нийслэлийн цагдаад ажиллаж байгаа гээд бүгд өндөр цолтой, удирдах
албан тушаалтнууд болсон байна. Бүгд л дэд хурандаагаас дээш цолтой болжээ.

Тэд жил бүр
уулздаг гэсэн. Дарга болсон нэгэндээ мөнгө нийлүүлж байгаад сэлэм, шонхор шувууны
баримал авч өгдөг гэнэ. Гэр бүлээрээ Монголынхоо үзэсгэлэнт газраар аялж, амьдралын
жаргал зовлонгоо хамтдаа элээж байгаагаа хэлж байлаа. 20 жилийнхээ ойн уулзалтад
ирсэн 4д ангийнхан одон тэмдгээ зүүж, жагсаалын хувцсаа өмсөөд сүр хийморьтой харагдаж
байв. Тэд гэрэл зургаа авахуулсаны дараа нэгэн буйдхан газар очиж залуу насаа дурсахаар
гарч одсон юм.

Шилдэг мөрдөгч
болох гэж мөрөөдөж, хэрэг илрүүлж байна гэж зүүдэлж явсан тэд “Ийм сайхан өдөр гэмт
хэрэг ярихгүй шүү” гээд инээлдэж байлаа. Тэд ард түмнийхээ сайн сайхны төлөөх энхийн
манаанд 20 жил бат зогсож чадсан гавьяатнууд билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бүжиг, дархан, жимсээрээ алдаршсан Хаш чулууны хот буюу КАШГАР

<Түрүүч нь 229,230(5181,5182) дугаарт>

Үрүмчи хотноо тав хоног үргэлжилсэн “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” форум өндөрлөсний дараа бид Кашгарыг зорилоо.

Кашгар бол уйгаруудын эх нутаг. Үрүмчийн нисэх онгоцны буудал дээр шалган нэвтрүүлэх газарт урт дараалалд өдрийн хагасыг барах дөхөв. Дарааллын уртыг хэлэх үү, хилийн нэвтрэх шалгалтын удааныг хэлэх үү. Үрүмчиэс Кашгар хүртэл онгоцоор хоёр цаг нислээ. Кашгар руу ойртох тусам онгоцны цонхоор харагдах өндөр уулс, хөвөн мэт хөвсийх үүлс нь урьд үзээгүй сонин дүрсээр хийсч нүд баясгана. Нисэх онгоцны буудлаас хотын төв рүү автобусаар явах замд “Хэрэв та Кашгарт очоогүй бол Шинжаан-Уйгарыг үзээгүй, Шинжаан-Уйгарт очоогүй бол Хятадыг үзээгүй гэсэн үг” гэж бичсэн самбар нүднээ тусав.

Шинжаан-Уйгарын хоёр дахь том хот Кашгар нь оюун, шашин, соёлын том төв нь. Торгоны замын гол зангилаа, худалдааны хот. Кашгарт уйгар, хан үндэстнээс гадна хуэй, узбек, киргиз, тажик болон нийт 31 үндэстэн аж төрнө. Кашгарын үндсэн хүн ам нь уйгарчууд буюу лалын шашинтан. Кашгар гэдэг нь уйгар хэл дээр Хаш чулууны хот гэсэн утгыг илэрхийлнэ. Кашгар Энэтхэг, Пакистан, Киргизстан, Тажикстан, Афганистан гэсэн таван улстай хиллэнэ. Өнгө алагласан Дундад Азийн зах, урлагийн бүтээлийг тусгасан дархны газруудыг эндээс л жинхэнэ төрхөөр нь харна. 2000 гаруй жилийн түүхтэй тус хот нь өөрийн өнгө үзэмж, амьдралын хэв маяг, зан заншлаараа жуулчдыг татдаг. Хэдэн зууны турш торгоны замын уулзвар болж байсан тус хотод алдарт аялагч Марко Поло XIII зуунд зочилж байсан түүхтэй. Тэрээр энэ хотын талаар номондоо бичиж үлдээсэн нь түүхийн төдийгүй судалгааны үнэлж баршгүй баримт болсон гэдэг юм билээ. Эрт үеэс гадныхантай худалдаа наймаа эрхэлж ирсэн нутгийн иргэдийн хувьд аль ч орны ямар ч хүнтэй панз үсэргэх чадвартай бөгөөд хэнийг ч элэгсгээр угтана.

Кашгарыг Хятад, Энэтхэг, Пакистан, Төвд, Афганистан, Дундад Азид хүрэх хаалга хэмээдэг. Тиймээс ч өдгөө тус газар нь олон үндэстэн ястны холимог соёл, уламжлалыг шингээсэн нь эргэн тойрны бүхий л зүйлсээс нь анзаарагдана. Тус хот 570 мянга гаруй хүн амтай. Хүн амын дийлэнх нь уйгар үндэстэн. Сонирхолтой нь энд уйгарчууд хятад хүнтэй барагтай бол гэр бүл болдоггүй гэнэ.

Кашга рт ирсний маргааш өглөө эртлэн босоцгоож, Эртний хотод нь очив. Цайзын ханан дээр цэргүүд бүрээ үлээж, эрээвэр хураавар хувцастай бүсгүйчүүд, залуус, хөгшчүүл бүжин бүжсээр биднийг угтлаа. Хэд хэдэн хорооллоос бүрдэх тус газрын оршин суугчид эртний амьдарч байсан хэв маягаа хадгалан үлджээ. Анх очсон хүн Эртний хотоор ганцаар явдаггүй гэнэ. Толгой эргэм тойрог, эргэлт, мухар гудам бүхий тус хотын зохион байгуулалтыг бүрэн ойлгоход сарын хугацаа зарцуулдаг гэсэн. Хоорондоо төстэй өндөр шавар ханан цайзаар хүрээлээстэй. Хятадын эрх баригчид уг хотыг хуучин хэвээр нь үлдээж, жуулчдын анхаарал татах үүднээс нэлээд хөрөнгө зарцуулаад байгаа юм билээ. Зарим хэсэгт нь сэргээн засах ажил ид өрнөж байхтай таарлаа. Нарийн гудамжуудаас бүрдсэн хорооллын гудамж бүр худалдааны захтай.

Наймаа арилжаа хийдэг хүмүүс кашгарын хутга, хивс, хас, арьс шир болон шавраар хийсэн эд зүйлсийг худалдаж авдаг бөгөөд хамгийн чанартай бөс даавуу Кашгарт л бий гэдэг юм байна. Дархны урлал, бүжиг, жимс нь Кашгарыг алдаршуулжээ. Гар хийцийн дархны урлалын эд зүйлс нь захууд дээр ил байх тул түүнийг рекламдах шаардлагагүй. Мөн бэлэг дурсгалын зүйл ч олноороо ярайна. Зах нь “Кашгарчуудын амьдралын эрч хүч, зүрх сэтгэл нь” гэж хэлсэн үг байдгийг нутгийнхан ярьж байлаа.

Ид Ках лалын сүм бол энэ хотын түүхийн гол дурсгалуудын нэг. 1442 онд анх баригдсан тус сүмийг нэг бус удаа шинэчилсэн юм байна. Сүмд өдөрт доод тал нь 2000-3000 хүн цуглардаг бол баасан гаригт 10 мянган хүн ирж мөргөл үйлдэнэ. Уг сүм хэмжээгээрээ Хятаддаа томд тооцогдох агаад мөргөлийн үеэр дотогш хүн амьтан нэвтрүүлэхгүй ч завсарлагааны үеэр жуулчдад нээлттэй. Эмэгтэйчүүд толгойгоо алчуураар боосон байх бөгөөд хэт ил задгай хувцас өмсөөгүй бол орж үзэж болдог.

Кашгар хотыг мопед хөлөглөсөн бүсгүйчүүд нь чимнэ. Хятадын бусад нутгаас ялгаатай нь энд мопед гол унаа нь. Ялангуяа эмэгтэйчүүд энэ унааг их түгээмэл унана. Уг тээврийн хэрэгслийг энгийн цахилгааны залгуурт холбоод л цэнэглэдэг гэсэн. Нэг сайн цэнэглээд авбал 40-60 км явчихдаг гэж хотын бүсгүйчүүд ярьж байлаа. Охид бүсгүйчүүд нь замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас барьж хүнтэй ярингаа жимстэй уут барьсан нөгөө гараараа мопедоо эвлэгхэн жолоодон явж буй дүр зургийг олонтаа харав. Мөн нөхөр нь жолоо барьж, эхнэр нь ард нь хөлөө унжуулан сундална. Харин дугуй унасан хүн нэг ч тааралдаагүй юм.

“Шапка базар”-т биднийг аваачив. Тэнд тоорцгон малгай буюу уйгарчуудын хэлдгээр доппа малгай олон загвар байх аж. Уг малгай нь дотроо олон төрөл байх бөгөөд дөрвөлжин, пирамид, дугуй оройтой. Мөн үндэсний хэв маягийг шингээсэн, чулуу, элдэв өнгийн даавуугаар чимсэн, хээ хуар угалзаар урласан байх юм. Эмэгтэй хүний малгайны хэв маяг нь илүү тод өнгөтэй байх бол эрэгтэйчүүдийнх сонгодог, энгийн байх жишээтэй. Харин залуучууд, охид хурц өнгийн малгай сонгоно. Уйгарын доппа малгай нь уйгар үндэсний зан заншлыг өөртөө шингээсэн байдаг бөгөөд зөвхөн ахуйн хэрэглээ төдийгүй Эртний хотын урлаг, соёлыг давхар илтгэдэг.

Абах Хожи бунхан. Энэ бунхныг л зорьж ирдэг хүмүүс байдаг гэнэ билээ. Дундад Азийн хэв маягийг шингээсэн энэ газарт Юсуф Хожи Эзэн хаанаас авахуулан таван үеийн удирдагчдыг нутаглуулсан гэдэг. Нийт 72 хүнийг ийн оршуулсан байдаг аж. Тэнд ард түмнийхээ дунд төдийгүй түүхэнд нэрээ үлдээсэн Юсуф Хожигийн хүү Абах, домог болсон Ипархан гүнжийг нутаглуулжээ.

Кашгарыг жимс ногооны орон гэнэ. Пайзиватын амтлаг гуа, анар, чацаргана, усан үзэм, бүйлс, жодоо, инжир зэргээрээ алдартай. Мөн Турк, Киргизстан, Саудын Аравиас авчирсан хуурай жимсийг энд төрөл төрлөөр нь худалдаална.

Уйгар үндэстний эртний цайны газарт орлоо. Торгоны замын соёлын өв хэмээн тооцогдох уг цайны газар нь тус хотын соёлын үнэт өвүүдийн нэг. Хүмүүс чөлөөт цаг, амралтын өдөр, баяр ёслолоор энд ирж цай ууж, боов идэнгээ ярилцан хөөрөлддөг заншилтай.

Шэнжэнь хотхон. Кашгарын эдийн засгийн гол хөгжлийн бүс болгохоор зорьж буй хотхонд хотын удирдлагууд ихэд анхаарал хандуулдаг ажээ. Хотхонд ойролцоогоор 31 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, олон улсын худалдааны цогцолбор дүүрэг барихаар ажиллаж байгаа юм байна. Мөн аж үйлдвэрийн хот болгохоор дэд бүтцэд нь 4.3 тэрбум юань зарцуулаад байгаа бөгөөд нийтдээ 222 барилга баригдахаас 118 нь худалдааны төв байх юм гэсэн.

Орон орны сэтгүүлчидтэй хамт эртний торгоны замын улбаа болсон, өнөө ч тэр төрхөө гээлгүй сүндэрлэж хөгжсөөр буй өрнө, дорнын өнгө аяс сүлэлдсэн Шинжаан-Уйгарын Үрүмчи, Кашгараар аялсан тэмдэглэлээ ийнхүү жаргаая.

Categories
мэдээ цаг-үе

Д.МАНДАХСАН: Сансрын нисгэгчийн ангийн багш гэхээр би их өндөр заяатай хүн юм

Монгол
Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч
Дамдинсүрэнгийн Мандахсангийн Эрдэнэт хот дахь гэрт нь зочилж хөөрөлдөв.

-Таныг Булган,
Эрдэнэтийн утга зохиолын хүрээнийхний оюун санааны эцэг гэлцдэг. Тиймдээ ч танд
Монголын төр гавьяат багш хэмээх эрхэм сайхан алдраа хүртээсэн болов уу?

-Би Булган
нутгийн хүн. Аймгийнхаа арван жилийн сургууль дүүргээд Улсын багшийн дээд
сургуульд элсэн төгсөөд л дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар
тасралтгүй ажилласан даа. Багшийн институтыг 1957 онд төгсөж байлаа. Энэ
ангийнхнаас минь одоо тоотойхон хэдэн хүн үлдсэн байна. Орчуулагч, зохиолч
Хөвсгөлийн Балжинням, Баянхонгорт насаараа багшилсан Түнтгэр нарын мундаг
оюутнууд манай ангид байлаа. Багшийн ажлын гараагаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал
сумын Хөдөө аж ахуйн техникумд багшилснаар эхэллээ. Тэнд нэг жил багшлаад,
Дорнодын техникумд ажиллаж, нийслэлийн арванзургадугаар дунд сургуульд пионерын
удирдагч хийж байгаад 1964 онд Булгандаа ирээд насаараа багшиллаа даа.

-Шавь нарынхаа
тоог алдсан юм байна даа?

-Дөч гаруй жил
багшийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийснийх овоо тоо гаралгүй яахав. Даасан
ангиас маань найм төгсгөсөн Монгол Улсын гавьяат багш Ганчимэг, аравдугаар
ангийн төгсөлтөөс ОХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын тэргүүтэй эрдэмтэн, эмч, багш нар олон төрөн
гарсан даа. Монголд сансрын нисгэгч төрсөн нь нэг юм. Сансрын нисгэгчийн ангийн
багш гэхээр би их азтай, өндөр заяатай хүн юм. Энэ олон хүүхдийн буян намайг
алдрын зэрэгт өргөлөө.

-Монголын их
утга зохиолд нэртэй мөртэй яваа олон сайхан зохиолч, яруу найрагчдыг төрүүлсэн
биз?

-Хүүхдийн гэрэлт
ертөнцөд ажиллаж байсан болохоор уран зохиолын ажилд өөрийн эрхгүй татагдан
орсон. Уран зохиолын дугуйлан удирдан ажиллаж байгаад нэг л мэдэхэд өөрөө
зохиолч болсон байсан. “Уран-Өд” дугуйлан маань одоо тавин тав дахь жилдээ явж
байна. Өдий олон жил хичээллэж байгаа гэхээр хүмүүс тэгтлээ үнэмшдэггүй юм.
Миний залуу настай хамт төрсөн дугуйлан даа. Миний дугуйлангаас сэтгүүлч,
зохиолч, яруу найрагчаас гадна эмч-эрдэмтэд олон төрөн гарсан. Хүүхэд насны
дэврүүн жигүүрийг дэлгэж өгсөн өвгөн багш би азтай хүн юм гэж он жилүүдийн өндөрлөг
дээрээс бахархаж явдаг даа. Дугуйлангийн шавь нараа би эхэн, дунд, залуу үеийн
гэж гурав ангилдаг юм.

-За эхэн
үеийнхэд нь ямар шавь нар байна?

-Эхэн үеийн шавь
нараас хурандаа Баасай маань одоо надтай нэг хотод аж төрж байна. Соёлын
гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Санжжавын Оюуныг та бүхэн
сайн танина. “Тан руу нүүж явна” гэж ямар сайхан кинотой билээ. “Хорвоод
ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа үнсье”, “Харанга” хамтлагийн дуулдаг “Санана
даа” зэрэг олон дуугаар нь уншигчид түүнийг андахгүй. Шавийн минь анх долдугаар
ангид байхдаа бичсэн шүлэгтэй сургуулийн ханын сонин одоо ч надад байдаг. Оюун
маань бүх хичээлдээ жигд онц сурдаг хүүхэд байсан болохоор багш болгон
булаацалдана. Онигордуу нүдтэй болохоор би шавиа “Онин бууз” гэж өхөөрддөг
байлаа. МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг гэж тун чиг тунгалаг гэгээн яруу найрагч
бас миний шавь. Б.Цэрэнжамц анх надад дагуулж ирснээр миний гэрийн, гарын шавь
болсон доо. Булганд байхад нь хоёулаа нэг нэгэндээ шүлэг зохиолоо үзүүлэх гэж
шөнө дүлээр ч гүйдэг байсан сан. Эхэн үеийн шавь нарт Монголын радиогийн нэрт
сэтгүүлч Н.Хишигдорж, С.Оюунчимэг, “Аарцны чулуу” хэмээх гайхамшигтай шүлэг
туурвисан яруу найрагч Ц.Чинбат, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан,
Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, яруу найрагч
Данзангийн Ганчимэг нарын олон сайхан шавь нар маань өнөөдөр Монголын утга
зохиолын их ертөнцөд уран бүтээлээ туурвиж явцгаана.

-Дунд үеийн
шавь нар тань хэн хэн билээ?

-Дунд үеийн шавь
нарын маань оргил нь “Хойд шугуйн жимс” шүлгийн түүврээрээ Монголын утга
зохиолын ерээд оныхон дунд байраа эзэлсэн яруу найрагч Жадамбын Батцэцэг,
талийгаач шавь, гэгээн уянгын яруу найрагч Дорждамбын Баттогтох, МЗЭ-ийн
удирдах зөвлөлийн дарга, зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, сэтгүүлч,
яруу найрагч Б.Эрдэнэсолонго, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа нар маань байна. Толгой сүүл
холбосон цагаан магтаал, ерөөлийн шүлэг бичдэг байсан үед Батцэцэгийн шүлэг
шинэ сэрэл мэдрэмж, сэтгэлгээг бий болгосныг номыг нь уншаад мэдэх биз.

-Бурхан болооч
Тогтохоо найрагчийн танд хаяглан бичсэн захидлууд тусдаа ном болон хэвлэгдсэн
дээ?

-Хөөрхий минь
дээ, тэр сайхан найрагч шавь маань даанч насыг насалсангүй. Надад өгөх гэж
бичсэн захидлуудыг нь одоо уншихад аймаар хүнд. Багшийнхаа сэтгэлийг зовоохгүй
гэж бичсэн захидлаа дарж дарж надад хүнээр бөөнд нь явуулсан байдаг юм.

-Сүүл үеийн
шавиудаа нэрлэвэл…

-Яруу найрагч
М.Хангал, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам, Лхагвасүрэн нарын олон шавь
бий. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийнхний хэд хэд нь миний шавь нар гэхээр сайхан
санагддаг. Монголын радиогийн сэтгүүлч, хүүхдийн зохиолч Пүрэвсүрэн манай
дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэхдээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс түүний
нэг өд нь Мандахсан багшийн төрүүлсэн “Уран-Өд” дугуйлан юм“ гэж тодорхойлсон
нь сэтгэлд тод байдаг.

-Ломбын Нямаа
гэдэг мундаг сэтгэгч зохиолч Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль гэдгийг бий
болгосон байдаг даа. Таныг бас Эрдэнэтийнхний дэг сургуулийг тэргүүлэгч гэж
хэлж болно биз?

-Ломбын Нямаа
маань маш олон шавь төрүүлсэн аргагүй л түүчээлэгч зохиолч. Их соён
гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн хэлсэн “Шинэ зохиолч төрүүлнэ гэдэг шинэ тив
нээсэнтэй адилхан” гэсэн үг надад их гоё санагддаг юм.

-Утга зохиолын
аваргуудтай аль хэр ойр байна даа?

-Эрдэмтэн зохиолч
Лувсандамбын Дашням, их найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав нартайгаа сэтгэл
ойрхон л байдаг. Сүүлийн үед Сүхбаатарын яруу найрагч Амартайван, соёлын
гавьяат зүтгэлтэн адуун хийморьтой найрагч Ай.Төмөр-Очир нартайгаа ойрхон байна
даа.

-Сансрын
нисгэгч Гүррагчаа баатар маань ангийн багшийндаа их ирнэ биз?

-Ирнээ ирнэ. Энэ
жил гэхэд хоёр гурван ч удаа уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө гэхэд багштайгаа
авахуулсан баахан зургийг угаалгаад бие хүнээр өгөөд явуулж. Монгол хүн сансарт
ниссэний 30 жилийн ой дөрвөн жилийн өмнө болоход Оросын болон бэлтгэл монгол
нисгэгч андуудаа бүгдийг дагуулаад муу багшдаа ирсэн. Монголд байтугай дэлхийд
нэрээ гаргасан шавийнхаа буянд тэр олон гайхамшигтай уулзаж учирна гэдэг
үнэхээр сайхан байсан. Юмны учрал ерөөл гэдэг ийм гоё юм.

-Хөгжмийн
зохиолч Ц.Чинзориг агсныг таны шавь гэж сонсож байсан юм байна. Та хоёр хэр
ойрхон байв?

-Шавиар барахав,
бурхан минь. Тэр хүнтэй чинь багш шавь гэхээсээ илүү бүүр ойрхон, бараг ах дүү
шиг явсан. Чинжигийн эгч Цэнд-Аюуш гэж хэл-уран зохиолын багш бид нэг сургуульд
хамт ажиллаж байсан. Чинзориг багаасаа л шүлэг зохиол сонирхож манайхаар их
ирнэ. Хойно оюутан байхдаа авахуулсан гоё зургаа гарын үсэг зурж бэлэглэсэн нь
одоо надад байдаг юм. Тэр жил нэг зуны амралтаараа давхиж ирээд “Багш аа, би
хөгжмийн зохиолч болсон шүү. Танд дуу болчихоор шүлэг зохиол байна уу” гэлээ.
Би шүлэг найргийн баахан гар бичмэлээ үзүүллээ. Тэрэн дотроос “Хонхот
хүүхэлдэй” шүлгийг аваад “Энэнд л ая хиймээр байна, хөгжим байна уу” гэж байна.
“Ямар юмных нь хөгжим байхав” гэсэн чинь манай баруун айлын Мооёо эмчийн
хүүхдүүдийн гитарыг гуйж авчраад пингийн үүдэнд товшоод байсан юм. Тэгсэн
удалгүй “Багш аа, ая хийчихлээ, хүрч ирээд сонс доо” гэлээ. Яваад очвол
гудамжинд тоглож байсан хүүхдүүд нөгөө Чинжигийг чинь тойроод суучихсан

“Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулаад

Хоёр тийшээ
найган ганханаа

Жин жин жин
жин жин жингэнээхэй

Бөн бөн бөн
бөн бөн бөндөгнөөхөй

Дон дон дон
дон…

Жин жин жин
жин…

Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулахаар

Хойд айлын
хүүхдүүд цугларнаа…”

гээд аль хэдийнэ сурчихсан дуулж байдаг юм. Тухайн үед ч “Хөөрхөн болж л” гэж
бодож байлаа. Анх Могодод дуулагдаж байгаад хожим хотод түгсэн дээ. Түүнээс
хойш “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” дуунууд нь гараад ирэхээр л
үнэхээр мундаг хөгжмийн зохиолч юм байна гэж бодож эхэлсэн дээ. “Зүүдний говь”
дуу нь гэхэд байгалийн гоо сайхнаас илүү хүний дотоод сэтгэлийг ямар яруухан
гаргасан гэж санана. Яг л үүлэн дээгүүр нисэж буй мэт сэтгэгдэл төрдөг юм шүү.
Чинжигийг дагаж яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Сүхбаатарын Батмөнх,
Шагдарын Уянга, хөгжмийн зохиолч Б.Шарав, Баттөмөр нар Эрдэнэтэд манайд ирж
байсан.

-Та олон ном
хэвлүүлсэн байх аа?

-“Могойт голын
модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг
яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин
болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн
хэд хэдэн дуутай шүү. Одоо “Үггүй зүг” гэж яруу найргийн номоо хэвлэлд бэлдсэн.
Миний хувьд уран бүтээлийн өөдрөг бодлоор “Мандахсан гэж тэмүүлэхээс намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өөрийгөө
өдөөж хатгадаг нэгэн юм даа.

-Монголын
өнөөгийн утга зохиолын тухай санаа бодлоо хуваалцаач?

-Яруу найргийн
эрлийн олон бүлгэмүүдээс “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”-ийнхэн нэлээд
зүгширчихлээ. Би энэ Гунаажавын Аюурзана гэдэг хүнийг Монголын утга зохиолд их
буянтай үйл хийсэн хүн гэж бодож явдаг. Зогсонги байдалд орчихсон утга зохиолыг
тэр л урагшлуулж, араасаа олон залуусыг дагуулахын тулд өөрөө их гэгээрч яваа хүн
юм.