Categories
мэдээ цаг-үе

Оролцогчдоороо бахархаж нулимс дуслуулж байлаа

Монгол HD телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу нэвт­рүүлгийн шүүг­чээр ажиллаж буй “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаттай ярилцлаа.

-Та олон улсад нэртэй энтертайнмент шоу болох “Авьяаслаг мон­гол­чууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр сонгогдсон. Шоу саяхнаас эфирээр цацагдсан ч ажил нэлээд эртнээс эхэлсэн дуулдсан. Одоо яг ямар шатандаа яваа вэ?

-Шүүгчийн шатны шалга­руулалт явагдаж байна даа.

-Танд анх шүүгч хийх саналыг хэрхэн тавьсан бэ. Та бас яаж хүлээж авав?

-Авьяастныг тодруулах шоуны шүүгчээр ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй саналыг тавьсан. Би энэ шоуны олон улс дахь форматыг мэдэж байсан учраас, хийх ёстой ажил минь байна гэж бодож хүлээн авсан даа.

-“Авьяаслаг мон­гол­чууд” шоу өмнө гарч байсан шоу нэвтрүүлгүүдээс илүү шинэлэг байна. Анхны дугаараас л үзэгч ихтэй байсан. Үзэгчдийг байлдан дагуулж буй гол хүчин зүйл нь юунд байна вэ?

-Маш олон зүйл нөлөөлсөн. Хамгийн түрүүнд би шоуны баг хамт олны багаар ажиллах чадварыг хэлмээр байна. Тэд маш нарийн зохион байгуулалттай ажиллаж байгаа. Олон цагаар ажиллаж байгаа ч тэр хамт олноос сөрөг уур амьсгал мэдрэгдээгүй. Зөрсөн хүн бүр инээмсэглэл тодруулсан, уриалгахан залуус байдаг. Би тэднээс эрч хүч авч ажиллаж байсан гэж хэлж болно шүү. Дараагийн онцлох зүйл бол мэдээж авьяастнууд маань шүү дээ.

-Америкийн болон бусад орны яг адил шоу нэвтрүүлгийг хэт дуурайсан гэх хүмүүс бас байна. Үндэсний хэв маягаа агуулах ёстой юм уу, яг стандартаар хийх ёстой байдаг юм уу?

– Албан ёсны эрхийг авсан учраас тусгай стандартын дагуу хийх ёстой. Энэ шоу бол аль ч улсад нэг л стандарт форматаар хийгддэг. Үүнийг манайхан хараахан сайн ойлгохгүй л байх шиг байна. Харин оролцож байгаа авьяастнуудын хувьд үндэсний хэв шинжээ хадгалсан үзүүлбэр үзүүлэх нь нээлттэй шүү дээ. Тэр тусмаа үндэсний өв соёл, язгуур урлагтай гэдгээрээ манай орны авьяастнууд бусад улс орнуудаас онцлог.

-Нэвтрүүлэгт нийт хичнээн хүн оролцсон бэ. Түүнээс хэд нь хоёрдугаар шатанд тунаж үлдэв?

-Нээлттэй шатны шалгаруулалтад Монгол орны өнцөг булан бүрээс хоёр мянга гаруй оролцогч оролцсон гэж байсан. Үүнээс бид эхний шатандаа 250 орчмыг нь үзсэн. Энэ шатнаас тэнцүүлсэн нийт оролцогчдоо дахин шигшиж хагас шигшээд үлдэх 32-ыг шалгаруулдаг журамтай. Энэ зарчмаар л явна даа.

-Таныг гайхшруулж, инээлгэж, уяраасан үзүүлбэр хэр их гарав?

-Зөндөө байсан. Хамгийн том жишээ бол хоёрдугаарт оролцсон Дарханы дуучин хүү, барилгачин мэргэжилтэй Отгонбаяр байв. Маш сайхан хоолойтой хүү. Би бүр хамтарч ажилламаар байна гэдгээ ч хэлээд авсныг үзэгчид мэдэж байгаа байх. Онцлоод яривал олон хүн бий.

-Шүүгчээр суухдаа уярч уйлсан тохиолдол байгаа юу?

– Өө байлгүй яахав. Гэхдээ уярч гэхээсээ илүү бахархаж нулимс дуслуулж байлаа.

-Гарсан даруйдаа үзэгчдийн дэмжлэгийг олж чадсан оролцогчдын нэг нь Ховдын Чойсүрэн гэж сошиалаар их бичигдэж байна. Та энэ залууг тайзан дээр гарч ирэхэд ямар сэтгэгдэлтэй байв?

-За энэ залуу ч дээ гэж бодож байсан нь үнэн (инээв). Шүлэг нь нэг их онцгой байгаагүй. Гэхдээ өөрийн гэсэн хүн татах увдис түүнд байна лээ. Өөрийнхөөрөө байж чадсан.

-Мөн түргэн хэллэг хэлдэг Пунсалдулам эгчийн үзүүлбэр сонирхолтой санагдаж байсан. Ардын язгуур урлагаа түгээх том боломж энэ тайз мөн үү?

-Мэдээж мөнөөсөө мөн. Түргэн хэллэгийн уралдаан болж байна гэж ойр хавьд сонссонгүй. Тэгэхээр тэр хүн “Авьяаслаг монголчууд”-ын шоуны тайзыг зорихоос яах вэ. Энэ л манай шоуны гол онцлог. Зөвхөн энэ тайзан дээр л тэр хүн өөрийгөө харуулах боломж нь нээгдсэн.

-Таны хувьд шүүгчээр ажиллах хүнд байна уу. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Хүнд гэж хэлэхэд хэцүү. Би түрүүн хэлсэн. Өөрийн минь хийх ёстой ажил гэж бодож байгаа учраас би ажлаа чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Тиймдээ ч тэр эрчээрээ явна. Гэхдээ урьд өмнө нь ийм урт цагаар телевизийн бичлэгт орж байгаагүй юм билээ. Энэ л хүндэвтэр санагдаж байгаа даа. Гэхдээ зүгээр ээ, нэг л мэдэхэд цаг өнгөрсөн байдаг.

-Бусад шүүгчидтэйгээ маргалдсан гэж дуулсан. Санал нийлэхгүй зөрөлдөх тохиолдол их гардаг уу?

-Мэдээж зөндөө гарна шүү дээ. Заримдаа шүүгчдийн дийлэнх саналаар дийлэгдэх үе байна. Гэхдээ дөрвөн өөр өнцөг, дөрвөн өөр үзэл бодол байж жинхэнэ авьяасыг нээх болов уу. Мөн эцсийн мөчид бид дөрөв санал нэгтэйгээр л дуусдаг даа.

-Оролцогчид юун дээр их алдаж байсан бэ?

-Шоу явагдах дүрэм журмаа сайн ойлгохгүй, дараагийн шатанд гэж үзүүлбэрээ нөөж байгаад тэнцэхгүй гарсан оролцогчид олон байгаа. Мөн хийж байгаа үзүүлбэрээ сэтгэлээсээ бүр эмоцио гаргаж чадахгүй байгаад алдаж байсан. Бас үзүүлбэрээ буруу сонгох нь оролцогчдын нийтлэг алдаа болж байгаа даа.

-Нэвтрүүлгийн хамгийн залуу болон хамгийн настай оролцогчид хэд хэдэн настай вэ?

-80 гарсан авьяастан байсан. Хамгийн залуу нь зургаан настай охин байсан.

-Энэ нэвтрүүлгийн ач холбогдлыг хэрхэн харж байна. Дэлхийн хэмжээний одыг гаргаж ирэх боломж хэр байна?

-Мэдээж байгаа. Энэ л шоуны гол мөн чанар.

-Нэвтрүүлгийн тайзны үзэгчээр оролцох хүсэлтэй хүмүүс яаж холбогдох вэ?

-Би сайн мэдэхгүй юм. Зохион байгуулагчдаас асуусан нь дээр болов уу. Монгол HD телевизийн фэйсбүүк хуудас энэ талын мэдээллийг маш сайн өгдөг.

-Та оролцогчдодоо юу гэж зөвлөх вэ?

-Өөрийнхөөрөө л бай гэж хэлмээр байдаг. Одоо ч тэгж хэлмээр байна. Мөн үнэхээр сайхан авьяастай оролцогчид сандарснаасаа болоод бүдэрдэг. Тэр үед нь хайран юм л гэж боддог доо. Тайзан дээр гарсан тэр мөчдөө бүх зүйлээ тултал нь гарга, бүх боломжоо бүрэн ашигла гэж хэлмээр байна.

-Энэ шоуны зардал тэрбум төгрөгөөс даваад явсан тухай сонсогдож байсан. Ийм зарлагыг энэ салбараас нөхнө гэж байхгүй байх?

-Гэр бүлээрээ үзээд суух зүйлгүй байгаа өнөө үед энэ шоу цагаа олж хийгдсэн. Нийгэмд баяр баясал бэлэглэж байна. Тиймээс гэр бүлийн тэр сайхан уур амьсгалыг, монголчуудын тэр их авьяасыг тэд эд гэж мөнгөөр хэмжих учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр телевизийн шоуг хэрхэн яаж хийхийн тод жишээ болсон байх. Бас нэг зорилго нь монгол авьяасыг дэлхийд таниулах боломж шүү дээ. Энэ шоунд цаг нар, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа хүмүүс зөв зүйл хийж байгаад 100 хувь итгэлтэй байна.

-Гадаадын ийм шоуны шүүгчид хамгийн нэр хүндтэй хүмүүс байдаг. Бас тэдний цалин пүнлүүний асуудал дандаа бичигддэг. Тэгэхээр танаас энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй болов уу?

-Гэрээний дагуу би үүнийг нууцлах ёстой. Гэхдээ оюуны өмчийг дээдэлдэг, авьяасыг үнэлж чаддаг хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байна. Тэд миний авьяасыг үнэлж цалин пүнлүүгээ тогтоосон биз. Тэдний өгч байгаа хөлс мөнгөнд би сэтгэл хангалуун байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ (II)

Түрүүч нь №243 (5195) дугаарт

Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ фото модель, загвар өмсөгч болгоно хэмээн харилцаа тогтоож, зургийг нь авсныхаа дараа эрхшээлдээ оруулж секс сүрдүүлэг хийсэн гэх үндэслэлээр гэрэл зурагчин Ө-г цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Хэрэгт гурван эмэгтэй хохирогчоор тогтоогдсон. Мөн цөөнгүй гэрч байгаа аж.

“НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ИНТЕРНЭТЭЭР ЦАЦЛАА ГЭЖ ДАРАМТАЛНА”

Ө-ийн сүрдүүлэгт өртсөн ч, гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байгаа цөөнгүй бүсгүй байдаг юм байна. Ар гэрийнхэндээ мэдэгдэх хүсэлгүй, хуулийн байгууллагаар явах сонирхолгүй байгаа учраас тэд гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэжээ. Гэхдээ цахим ертөнцөд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл ойр байдаг гэдгийг бусдад ойлгуулах, сэрэмжлүүлэх хүсэл тэдэнд байгааг ярьсан. Тэдний нэгтэй холбогдож ярилцлаа.

-Уучлаарай, та хэд орчим настай вэ. Фэйсбүүк, твиттерийн идэвхтэй хэрэглэгч үү?

-Хорь гаруй настай. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч байсан ч одоо маш болгоомжтой ханддаг болсон. Би хүүхэд байхдаа загвар өмсдөг, загварын чиглэлээр дагнан явахыг хүсдэг байсан. Охид өөрийгөө хөөрхөн, гоё гэдгийг мэдрэхийг хүсдэг шүү дээ. Тийм үедээ фэйсбүүкт зургаа их оруулдаг байлаа. Одоо би ээж болох гэж байгаа. Тэгээд ч гэнэн зангаасаа болж насан туршдаа мартахгүй асуудалд орж байсан учраас бараг зураг хийдэггүй. Зөвхөн хүмүүсийн бичсэнийг л уншдаг.

-Та секс сүрдүүлгийн хохирогч болсон ч хуулийн байгууллагад хандахыг хүсэхгүй байгаа гэсэн. Юу болсныг товч яриач?

-Хоёр жилийн өмнөх явдал. “Chingis ….” хаягтай хүнээс найзлах хүсэлт ирснийг санаандгүй хүлээгээд авчихсан. Тэгтэл өнөөх хаягаас өдөр бүр шахам захидал ирдэг болсон. “Баяжихыг хүсч байвал найзтайгаа холбогдоорой”, “Чи утсаа л үлдээчих. Найз нь өөрөө ярья”, “Чиний зурагнуудыг харлаа. Фото модель болох төрх байна”, “Найзынхаа фэйсбүүк хаяг руу ороод бүх мэдээллийг уншаарай”, “Манай компанитай хамтарч ажиллавал маш том боломж нээгдэнэ шүү” гэх мэтээр тасралтгүй захидал явуулдаг байсан. Хаягаар нь орж үзэхэд найз гэхээргүй, нас тогтсон хүний зураг байсан. Тэр үед л би сэжиг авах ёстой байсан юм билээ. Цааш нь үзтэл загварын бололтой охидуудын үнэхээр гоё зураг байсан. Бас гадаадын компанийн Монгол дахь захирал гэж ойлгогдохоор мэдээллүүд байсан. Хүмүүс зураг бүхэн дээр нь амжилт хүссэн сэтгэгдэл үлдээсэн байгааг хараад итгэл төрсөн байх. Нэг удаа “Таны явуулаад байгаа мэдээллийг ойлгохгүй байна. Яагаад над руу захидал бичээд байгаа юм бэ” гээд хариу биччихсэн. Гэтэл өөрийгөө топ модель Одгэрэл, Содтуяа нартай хамтран ажиллаж байсан. Тэдний зурагчин гэх мэтээр ярьж эхэлсэн. Өөрийнхөө сонинд өгсөн ярилцлагыг хүртэл цахим шуудангаар харуулсан. Намайг фото модель болох төрхтэй ч, мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй гэж зөвлөсөн. Хариу бичихгүй болохоор 9911… –тэй дугаараас залгана. Хоолойг нь сонсоход их аядуухан хүн шиг санагдсан. Бас загвар өмсөгч, миссүүдийн талаар ярихдаа яг л таньдаг, дотно найзынхаа тухай ярьж байгаа мэт мэддэг байсан.

-Үнэхээр загварын­хантай ажилладаг юм байна гэж итгэсэн үү?

-Итгэл төрүүлдэг юм билээ. Загварын нарийн мэдрэмжтэй юм шиг ярина. Миний авсан зураг гээд үзүүлсэн зурагнууд нь их гоё санагдсан. Тэгээд л зургаа авахуулъя гэж шийдсэн. Тухайн үед ямар ч эргэлзээ төрөөгүй. Чингэлтэй дүүрэгт байдаг студид нь яваад очсон. Намайг ороход нэг хүнтэй сууж байсан. “Эхлээд манай компанитай танилц” гээд гэрэл зураг дардаг болов уу гэмээр харанхуй шахам өрөөнд оруулсан. Шууд хаалгаа дотроос нь түгжихэд эвгүй санагдсан ч итгэл төрчихсөн байсан болохоор нэг их юм бодоогүй.

-Орой болчихсон байсан юм уу?

-Өдөр очсон. Очиход компанийнхаа тухай ярьсаар байгаад харанхуй болгочихсон. Гар утас зурдаг, интернэтийн үйлчилгээ явуулдаг компанийн тухай танилцуулаад байсан. Хамтарч ажиллавал гадаадад аялуулна гэх мэт сайхан, сайхан л юм яриад байсан. Тэгснээ “Орой боллоо. Хоёулаа зургаа авъя” гээд босоод ирсэн. Тэгснээ намайг ор руу түлхээд “Хувцсаа тайл” гэсэн. Эсэргүүцтэл “Фото модель чинь нүцгэн биеийн гоо сайхнаа харуулдаг юм. Хувцастай эмэгтэйн зураг хаа сайгүй байгаа” гэх мэтээр загнаж, сүрдүүлж эхэлсэн. Тэгсээр хүчээр шахуу хувцас тайлсан. Хувцас тайлах бүртээ зураг аваад байсан. Үүнээс цаашаа юу болсныг үнэхээр яримааргүй байна.

-Тусламж дуудах, орилох боломж байгаагүй юу?

-Хаалга түгжээтэй, би ганцаараа очсон болохоор айгаад хэлснийг нь л хийсэн. Миний авсан зураг компьютерт нууц байгаа. Кодтой болохоор надаас өөр хүн орох боломжгүй. Санаа зоволтгүй гэсэн. Айчихсан байсан болохоор юу болсныг ч сайн санадаггүй юм билээ. Гарах гэтэл надад 60 мянган төгрөг өгсөн. Авахгүй гэсэн ч хүчээр халаасанд хийчихсэн. Үнэндээ юу ч хийж чадаагүй. Уйлаад л тэндээс гарсан.

-Тэгээд холбоогоо тасалсан уу?

-Үгүй. Байнга шахам дуудна. Очихгүй гэхээр нүцгэн зургийг чинь сайтад өглөө, интернэтээр цацлаа гэж дарамтална. Тэр үед би найз залуутай болж байсан учраас хэлснээр нь байхаас өөр аргагүй болсон. Сүүлдээ фэйсбүүк хаягаа хааж, гар утсаа хүртэл сольсон. Одоо хүртэл тэр хүнд миний зураг байгаа. Хэзээ нэгэн цагт ил гарч, гэр бүл минь сүйрэхвий гэхээс маш их айдаг.

-Цагдаагийн байгууллага тэр хүнийг шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр комьютерийг нь шалгахад маш олон эмэгтэй хүний зураг байсан гэсэн. Нэгэнт цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгож авсан болохоор айлтгүй болов уу?

-Тэр хүнийг шалгаж байгааг сонсоод ямар их баярласныг та нар төсөөлөхгүй л дээ. Энэ тухай мэдээлэл гарсны дараа надтай адил маш олон эмэгтэй байгааг олж мэдсэн. Заримтай нь холбоо тогтоосон. Тэр хүн өөрийнхөө эрхшээлд оруулаад зогсохгүй, нөлөө бүхий хүмүүст зуучилдаг гэх мэдээлэл ч олдсон. Зарим охид мөнгийг нь аваад хүссэнээр нь байдаг тухай ч сонссон. Гэхдээ энэ бол хүний сонголт учраас би энд ярих утгагүй.

Би цагдаагийн байгууллагаар явмааргүй байна. Гэрч болбол ар гэрийнхэн минь ямар нэгэн байдлаар мэднэ. Ээж болохоо хүлээж байгаа надад бүр хүнд байна. Над шиг байдалд олон хүн битгий ороосой гэсэндээ өөрийн чинь ярилцлага хийх хүсэлтийг хүлээж авсан юм шүү.

-Цахим хуудастаа хувийн мэдээллээ оруулдаг, алхам тутамд юу бодож, юу хийж байгаагаа бичдэг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Гоё гарсан зургаа тавиад бусдаар магтуулах сайхан. Гэвч атгаг сэтгэлээр зургийг чинь хараандаа авчихсан хүн бас байдаг юм шүү. Тийм хүмүүс яаж ийж байгаад холбоо тогтоодог. Холбоо тогтоосон л бол аргандаа оруулдаг. Ашигладаг. Арганд нь нэг л удаа орсон бол яаж ч мултарч чаддаггүй юм билээ. Тиймээс уулзаж байгаагүй, таньдаггүй хүмүүстэйгээ цахим хуудаст битгий найз болооч, найзын хүсэлт ирвэл шууд хаачихаж байгаач гэж гуймаар байна. Бас өөрийгөө ганц бие, найз залуугүйг илчлэх мэдээлэл огт битгий оруулж байгаарай. Мөн хамтран ажиллах, элдэв бараа зарах саналыг битгий сонирхож байгаарай гэж зөвлөмөөр байна. Найз нөхдийнхөө зургийг ч цахим хуудастаа тавихдаа болгоомжтой байхгүй бол чамаар дамжуулж, найз чинь эрсдэлд ордог юм шүү гэв.

“НОТЛОХ БАРИМТГҮЙ, ЦАГДААД ӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ ГЭСЭН”

Өөр нэг эмэгтэй “Би олон жилийн өмнө тэр хүнээр зургаа авахуулсан. Нөхөртэй болсны дараа “Танай нөхөрт зургийг чинь явууллаа” гэж дарамталдаг болсон. Би маш хүнд байдалд орж байсан. Гэхдээ цагдаад очиж мэдүүлэг өгөх завгүй” гэсэн юм.

Нэгэн бүсгүй ингэж ярилаа. “Би ажил дээр нь очоод тэр хүний дарамтад орж байсан. Хүн мөнгө аваад ир гэхээр нь очтол “Би тэр хүнд чинь ир гэж хэлээгүй. Нэгэнт ирчихсэн юм чинь манай компанийн үйл ажиллагаатай танилц гээд комьютер, гар утасны танилцуулга үзүүлсэн. Их бүдүүлэг. Танилцуулгаас нь юм асуухаар “Мэдрэл юм уу. Нүд чинь юугаа хардаг юм бэ. Хүн юм үзүүлээд байхад” гэж загнасан. Тэгээд надад хүч хэрэглэсэн. Цагдаад өгнө гэтэл “Нотлох баримт байхгүй юм чинь. Чи намайг цагдаад өгвөл би хүн гүтгэсэн хэргээр цагдаад хандана” гэж дарамталсан. Би нөхөр хүүхэдтэй хүн. Тэр хүнээр зургаа авахуулаагүй. Интернэтээр ч танилцаагүй. Хүний гуйлгаар ажил дээр нь очоод л дарамтад орчихсон. Гэрийнхэндээ мэдэгдмээргүй байна” гэв.

“ЧИ НӨХӨР НЬ ГЭЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ” ГЭЖ ДОРОМЖИЛСОН

Сэжигтэн Ө-ийн талаар цагдаад нэгэн залуу гомдол гаргасан байдаг. Тэрбээр мөн цахим сүлжээгээр Ө-ийн талаар мэдээлэл тавьж, тэр дагуу нь олон эмэгтэй түүнтэй холбогдсон баримт байна. Тэр залуутай ярилцлаа.

-Та яагаад Ө-тэй холбогдсон юм бэ?

-Манай эхнэр рүү захидал бичээд байсан. Холбогдоорой гэсэн утас руу нь “Би нөхөр нь байна” гээд ярьтал “Чиний нөхөр нь байх надад хамаагүй. Чи яаж ч чадахгүй” гэх мэтээр доромжилсон. Би тэр хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй юм болов уу гэж бодоод фэйсбүүк хуудастаа сэрэмжлүүлэг бичсэн юм. “Ийм хаягтай хүн манай эхнэр рүү захидал бичээд салахаа болилоо. Болгоомжтой байгаарай” гэсэн. Тэгтэл 600 гаруй хүн сэтгэгдэл бичсэн. Аймаар нь сэтгэгдэл бичсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь Ө захидал бичиж, хамтран ажиллах санал тавьсан байсан. Бичиж байсныг нь зураг болгоод над руу явуулж байсан. Нэг өдөр надад долоо, найман зуун захидал ирсэн. Хүчирхийлэл, дарамтад орсон маш олон эмэгтэй PM-ээр холбогдож, болсон явдлыг ярьсан.

-Тийм учраас цагдаад хандсан уу?

-Нэг охин цагдаад хандахаар шийдчихсэн байсан. Түүнтэй хамт бүх баримтаа аваад Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Надад маш ноцтой мэдээллүүд ирсэн. Тэр хүн царайлаг охидын нүцгэн зургийг дөрөв, таван жилийн өмнө ч авдаг байсан юм билээ. Тэгээд өөрийнх нь хүслээр байгаагүй хүмүүсийн зургийг интернэтээр тараадаг. Зургаа авахуулсан охин телевизэд ажилд орох зэргээр карьерээ хөөхөд “Зургийг чинь олон нийтэд тараалаа” гэж сүрдүүлдэг. Ийм харамсалтай зүйл ч болж байсан гэв.

СҮРДҮҮЛЭГЧ, ХҮЧИРХИЙЛЭГЧ ТАНЫ ХҮҮХДИЙН ГАР УТСАНД НУУГДАЖ БАЙХ ВИЙ

Сүүлийн үед манай улсад цахим гэмт хэрэг өсч байгаа. Секс сүрдүүлэг буюу онлайн дарамтын гэмт хэргийн тогтсон хэлбэр бол фэйсбүүкээр харилцаа тогтоож, нүцгэн зургийг нь аваад түүнийг нь интернэтээр тараана гэж сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг. Бүр мөнгө нэхдэг. Ийм гэмт хэрэг үйлдэгчид таны хүүхдийн гар утсанд нуугдаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд байдаг. Фэйсбүүкээр хэнтэй харилцаж, юу ярьж байгааг нь эцэг, эхчүүд анзаарч хяналт тавьж байхыг анхааруулсан. Мөн онлайнаар бусадтай харилцахдаа анхааралтай байхыг сануулсан. Хэрвээ ийм төрлийн дарамтад өртсөн бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны cybercrime@police.gov.mn хаягаар хандах боломжтой. Мөн 51-265727 утсаар мэдээлэл өгч болох аж.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Аззаяа: Миний амжилт бүхний цаана ээж маань байдаг

“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний ялагчаар Ц.Аззаяа тодорлоо. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Баяр хүргэе. “Мисс Мон­голиа” тэмцээнд хичнээн мисс өрсөлдсөн бэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 8-нд эхний шалгаруулалт болсон. Эхний шатанд нийт бүртгүүлсэн охидоос 20 нь тэнцсэн. Дараагийн шат бүрт хасагдсаар байгаад шилдэг 11 охин финалын төлөө өрсөлдсөн. Зарим охид тэмцээний үеэр шантарч замаасаа гарч байсан.

-Өмнө нь энэ тэмцээнд оролцож байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би 2013 онд анх оролцсон. Тэмцээн мисс фото, мисс авьяас, мисс биккини, мисс спорт, мисс оюунлаг, модель гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулдаг. Би анх оролцохдоо тусгай байранд орсон. Мөн мисс авьяас шагналыг хүртэж байсан.

-Тэгвэл сая зөвхөн түрүүлэхийн төлөө зүтгэжээ?

-Тэгэлгүй яахав. Энэ жилийн “Мисс Монголиа” зохион байгуулалтын хувьд ч маш сайн боллоо. Миний хувьд зөвхөн шилдгийн төлөө өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчилж бүх шалгаруулалтад шилдэг нь болно гэж өөртөө зорилго тавьсан байсан.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Хоёрдугаар байранд орсон Энхжин гээд охин бие хаа, гоо үзэсгэлэн, мэдлэг оюунаараа үнэхээр тодорч байсан. Мундаг өрсөлдөгчтэй болохоор өөрийгөө илүү их дайчилдаг юм билээ. Англид төгссөн. Унаган англи хэлтэй. Би “Радуга” Орос сургуулийг төгссөн болохоор орос хэлтэй, мөн англи хэл сайн эзэмшсэн. Гэхдээ л шүүгч нар Энхжинг магтахаар шар хөдлөөд би юугаараа дутах вэ гэж бодож илүү их хичээсэн. Үүний үр дүнд тэргүүн миссээр шалгараад зогсохгүй биккини, фото, авьяас гэсэн төрөлд шилдэг гуравт орсон байгаа. Надаас өөр олон төрөлд жигд амжилт үзүүлсэн охин байхгүй.

-Эртнээс бэлдэж, зорьж оролцсон тэмцээндээ түрүүлж, тэргүүн миссээр тодрох агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж төрсөн. Үүл мэт хөвөх мэдрэмж төрсөн. Хэдий би түрүүлнэ гэсэн өөртөө итгэх итгэл маань бардам байсан ч яг тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо гэж зарлах тэр агшинд ёстой мэлмэрүүлсэн дээ. Уг нь өөрийгөө их барьж байсан. Тэгсэн үзэгчдийн дунд суугаа ээж рүүгээ хартал доошоо харчихсан нулимсаа арчиж байхыг хараад өөрийн эрхгүй нулимс урсаад ирсэн.

-Хэр сандарч байв?

-Ер нь гайгүй шүү. Анх 2013 онд би тэмцээнд оролцоход насаар хамгийн бага байсан. Тухайн үед хамаг бие салганаж, гишгэхэд хүртэл бие хөшчихөөд сандарч байсан.Харин энэ удаа бол илүү туршлагатай болоод ч тэр үү огт сандраагүй. Тайзны ард миний хажууд зогсч байсан оролцогч нар хэлэх үгээ мартаж, хоолой нь зангирч ирээд л сандарч байгаа нь анзаарагдсан.

-Энэ тэмцээнд түрүүлс­нээр өмнө чинь ямар боломж нээгдэж байна вэ?

-Энэ сарын 16-нд Японы Токио хотод болох “Мисс Интернэшнл” тэмцээнд материалаа явуулчихлаа. Одоо урилга ирэхийг хүлээж байна. Тус тэмцээн дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг. “Дэлхийн мисс”, “Оюутны мисс” тэмцээний дараа ордог. Тиймээс эх орноо төлөөлөн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ нэг талаараа өндөр хариуцлага.

-Өөрийнхөө ямар давуу талыг илүүд гаргана гэж бодож байна?

-“Мисс Монголиа” тэмцээнд авьяасын төрөлд Кармен дуурийн Хабанерагийн ариг дуулж, бас танго бүжиглэсэн. Одоо хамтрагчгүй болохоор яах ийхээ багш нартайгаа ярилцана даа.

-Өмнө нь ямар нэгэн тэмцээнд оролцож байсан уу?

-Үгүй.

-“Miss world Mongolia” тэмцээнд оролцож үзсэн үү?

-“Miss world Mongolia” тэмцээн мисс болох хүсэлтэй охин бүрийн мөрөөдөл. Энэ тэмцээний ялагч эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй энх тайван, эв найрамдлын төлөө өрсөлддөг. Миний хувьд энэ тэмцээнд ороход хараахан бэлэн биш байна. Өөрийгөө илүү их бэлдэж, цэнэглэх ёстой. Ганц тэмцээнд түрүүлсэн гээд өөрийгөө шилдэг гэж бодож дутуу дулимаг хандахыг хүсэхгүй байна. Өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн цагтаа би оролцох болно.

-Одоо хэдэн настай вэ?

-Би 20 настай. “Miss world” тэмцээнд 18-25 насны гоо бүсгүйчүүд ордог. Тиймээс “Miss world Mongolia” тэмцээнд оролцоход надад цаг хугацаа байна.

-Биеийн харьцаа хэд вэ?

-88:59:91. Өндөр 180 см.

-СУИС-ийн оюутан гэсэн. Хэддүгээр курс вэ?

-Би СУИС-ийн Мюзиклийн төгсөх курс. “АСА” циркийн ерөнхий найруулагч Батнайрамдал багшийн шавь. Миний мэргэжил жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн гурван мэргэжлийн хослол. Энэ нь надад тэмцээнд түрүүлэхэд маш том давуу тал байсан болов уу. Тайзны алхаа, тайзан дээр үзэгчдийн анхаарлыг татах зэрэгт мэргэжлийн онцлог бусад охидоос арай илүү байсан гэж бодож байгаа.

-Таны ээжийг гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа гэж сонссон?

-Тийм ээ. Миний ээж Булган аймгийн уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Ширмэнтуяа.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би хоёр дүүтэй. Дүү нар маань гурав, хоёрдугаар ангид сурдаг.

-Тэмцээний турш ээж тань хамгийн үнэнч шүтэн бишрэгч, дэмжигч тань байсан болов уу. Тайзан дээр гарахын өмнө ээж тань юу гэж захиж байв?

-Тэгэлгүй яахав. Намайг түрүүлсэн чинь найзууд нь утсаар яриад надад гэхээсээ ээжид маань илүү их баяр хүргэж байгаа. “Мундаг охин төрүүлсэнд баяр хүргэе” гэж ирээд л. Урлагийнхан маш их сэтгэл хөдлөлтэй байдаг шүү дээ. Миний ээж ч бас л тийм. Ямар нэгэн тэмцээнд орохоор гэрээсээ гарах болгонд ээж маань бурхандаа залбирдаг. Тэмцээний өглөө ээждээ үнсүүлээд гарсан. Ээждээ үнсүүлээд гарахад ямар ч тэмцээнд амжилт гаргаж чаддаг. Энэ завшааныг ашиглаад ээждээ маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Миний ээж их ухаалаг, мундаг эмэгтэй. Миний амжилт бүхний цаана ээжийн минь хатан ухаан бий.

-Ээж тань Монголын чадалтай дуучдын нэг. Ер нь бага нас тань урлагийн ертөнцөд л өнгөрсөн биз?

-Чуулгад өссөн гэхэд болно. Миний ээж СУИС-ийг төгсөөгүй байхдаа л Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин болсон. Чуулга, драмын театр хоёр нэг дор байрладаг болохоор миний бага нас тэр хоёр тайзны ард л өнгөрсөн дөө. Тийм ч учраас өөр мэргэжилтэй болно гэсэн ойлголт ч байгаагүй. Зөвхөн урлагийн хүн, ээж шигээ мундаг хүн болно гэж мөрөөддөг байсан.

Азаар СУИС Мюзиклийн ангидаа найман жилийн дараа буюу хоёр дахь элсэлт авахад нь шалгалт өгч тэнцсэн. Бага байхдаа ээжийнхээ урлагийн гоё гялтганасан даашинз, гялалзсан өндөр өсгийтийг өмсч үзээд л тольдоод зогсдогсон. Хурдан том болж, энэ хувцаснуудыг нь өмсөх юмсан гэж боддог байсан. Урлагийн хүмүүс чинь их ганган чамин зүйл хэрэглэдэг болохоор нүдэнд тусдаг байсан байх л даа. Одоо харин зарим нэг хувцсыг нь дуулж, бүжиглэх үедээ өмсдөг болсон шүү/инээв/. Ер нь ээжийн хувцас их эмх цэгцтэй нямбай байдаг байсан. Их олон дээлтэй.

-Дээлээ өөрөө урладаг уу?

-Тэгнэ. Өөрөө л оёдог. Ээж загварын дээлийг нэг их таашаадаггүй. Халх загварын үндэсний дээлийг л өмсөх дуртай. Аливаа арга хэмжээнд оролцохдоо ч дээлээ өмсөнө. Дээл ч ээжид их сайхан зохидог. Би хүүхэд байхдаа дээлнүүдээс нь мөн ч их өмссөн дөө. Одоо ч гэсэн. Зарим нэг тэмцээний үеэр ганц нэгийг нь өмсдөг.

-Ээжийнхээ дуулсан ямар дуунд нь илүү дуртай вэ?

-За бүх л дуунд нь дуртай. Тэр дундаас гавьяат Ө.Уянгаа эгчтэй хамтарч дуулсан “Эжий улирал” дуунд маш их дуртай. Нэг талаараа дуурийн дуучин, уртын дуучин хоёрын хоолойны гайхалтай зохицол нь намайг өөрийн эрхгүй гайхшруулдаг. Нөгөө талаараа дууны ая, үгний хувьд маш сайхан утгатай. Дахин дахин сонсоод л баймаар. Хэд дахин сонсоод ч уйддаггүй. Улам л сонсох хүсэл дэвэрдэг.

-Ээж тань юуг хамгийн ихээр захиж зөвлөдөг бол?

-Төлөв даруу байхыг л хамгийн их захьдаг. Урлагийн хүн хөдөлгөөнтэй, галзуу байхаасаа илүүтэйгээр даруухан байж олны хүндэтгэлийг хүлээх нь чухал гэж байнга захидаг. Ер нь ээж бид хоёр яг л найзууд шиг элэн далангүй харилцаатай. Аливаа зүйлд байнга л хамтарч ярьж шийдвэр гаргадаг. Би ээжийнхээ хатан ухаанаар ихэд бахархаж явдаг.

-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Мэргэжлээрээ зөвхөн Монгол төдийгүй дэлхийд танигдсан мюзиклийн жүжигчин болохыг хүсч байна.

-Ямар нэг клип, кинонд тоглож байсан уу?

-Тоглож байгаагаагүй. Манай анги бусдаас илүү чанга. Гуравдугаар курсээс ганц нэг клип, кинонд тоглохыг зөвшөөрдөг. Тэгээд ч манай эмээ намайг хамаагүй уран бүтээлд тоглохыг хориглодог.

-Яагаад. Танай эмээ Мон­гол Улсын гавьяат жүжигчин Чаминчулуун гэдгийг хүмүүс мэдэх байх?

-Хоёрын хооронд уран бүтээлд тоглож болохгүй гэдэг. Жүжигчин хүн сайн уран бүтээлээс гараагаа эхлэх ёстой гэж эмээ зөвлөдөг. Тиймээс ямар нэг уран бүтээлд тоглох бол эмээтэйгээ, ээжтэйгээ их ярьдаг. Энэ тал дээр ер нь эмээ л хамгийн их анхаарал тавина шүү дээ.

-Танайх урлагийн гэр бүл гэдэг утгаараа гэртээ ч гэсэн дуу, хуур дүүрэн байдаг биз?

-Хааяа найзуудындаа очихоор нэг их намбалаг ч юм уу уйтгартай ч юм шиг санагддаг. Харин манайх бол эсрэгээрээ шүү дээ. Бөөн хөгжөөн, наадам. Ямар сайндаа намайг сая тэргүүн мисс болсон гээд хамаатнууд цугларч бараг л найр болсон ш дээ. /инээв/

-Загвар өмсөгч хүүхнүүд биедээ их анхаарал тавьдаг. Зарим нь цагаан хоолтой гэж ч ярьдаг. Таны хувьд хэрхэн жингээ хадгалдаг вэ?

-Зөв хооллоод байхад хоолоо сойх шаардлагагүй. Зарим бүсгүйчүүд завгүй гээд гадуур хооллодог, түргэн хоол хэрэглэдэг. Хоол түргэн болсныхоо хэрээр хүний биед сөрөг нөлөөтэй юм шиг. Тиймээс аль болох гэртээ хоол идэхийг хүсдэг.

-Ээжийнхээ хийсэн ямар хоолонд илүү дуртай вэ?

-Манай ээж чинь бүх хоолыг сайхан хийнэ шүү дээ. Муухан тогоочоос илүү. Би ногоотой шөлөнд илүү дуртай. Манай гэрийнхэн болохоор гурилтай шөлөнд илүү дуртай. Би “Ээж та ногоотой шөл хийгээд өгөөч” гэхээр “Ёо дахиад л уу” гээд инээгээд хийгээд өгдөг. Бараг өдөр болгон ээжийнхээ хийсэн ногоотой шөлтэй хоол иддэг ш дээ.

-Таны багш “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэг гэсэн үү?

-Би топ модель Х.Бадамцэцэг багшийн “Андра модель” загварын агентлагт ороод хоёр жил болж байна. Би багшаараа үнэхээр бахархдаг, мундаг бүсгүй. Надаас таван насаар л эгч. Тэгэхэд тэр эмэгтэйгээс авах зүйл их. Ийм залуудаа Монголын топ модель болчихлоо, гэр бүл нь тэнцвэртэй, бусдад үлгэр дуурайл болж яваа гээд олон давуу зүйлийг багшаасаа би хардаг.

Топ модель болох үед нь би багшийнхаа солих даашинзыг бариад л гүйж байсан. Харин сая тэмцээнд багш миний даашинзны бараг нэг зангилаа бүрт анхаарал тавьж “Энийг ингэ. Яг одоо янзлуул. Тэгвэл л гоё харагдана” гэж зөвлөгөө өгч байлаа. Ер нь их хариуцлагатай хүн л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Централ тауэр

Тэнгэр баганадсан сүрлэг цамхгуудыг босгоно гэдэг бизнесмэнүүдийн хувьд эр зориг байдаг. Асар их хөрөнгө оруулалт, хүн хүчний боломж, төлөвлөлт, дэлхийд шалгарсан шилдгүүдийг татан оролцуулах гээд нөр их ажил тэнд өрнөж байдаг.

Олон улсын жишигт нийцсэн архитектурын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн тансаг барилгууд богинохон хугацаанд шил шилээ даран сүндэрлэж нийслэл хотын өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмэх боллоо. Улаанбаатар хот дахь хамгийн өндөр барилгуудыг манай сонин цувралаар хүргэж байна. Эхний дугаартаа бид тансаг зэрэглэлийн шилэн барилгуудын анхдагч гэж хэлж болох “Централ тауэр”-ыг онцоллоо. Нийслэл хот маань гадна дотнын зочдын нүүр тахлах томоохон худалдааны төв, барилга хомс байсан тэр үед зоригтой бас нүдээ олсон шийдэл гаргаж хотын зүрхэн хэсэгт тансаг зэрэглэлийн харш босгож чадсан эрхмүүд бол “МCS” группын эзэд болох Ж.Од, болон түүний дүү Ж.Оджаргал нар билээ.

Тэд энэхүү бүтээн байгуулалтаа Кока-Колагийн гурван том үйлдвэрлэгчийн нэг “Шангрила” зочид буудлын сүлжээгээрээ дэлхийд алдаршсан “Кэрри” групптай хамтран бүтээн босгосон юм.

“Централ тауэр” барилгын бүтээн байгуулалтын ажлын гол гүйцэтгэгчээр Хятадын “Beijing Construction Engineering Group” компани ажилласан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд барьж, 2009 онд анх ашиглалтад оруулсан.

Харин зураг төсөл дээр нь олон улсын хэмжээнд хот төлөвлөлт, усан хангамж, гео техник, архитектур, төслийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АЕСOM” корпораци болон DLN компани хамтран ажиллажээ.

Шилэн хананых нь цаанаас нэвт гэрэлтэх байгалийн гэрэл тус барилга доторх тансаг гэрлэн чимэглэлүүдтэй гайхалтай зохицно. Үүдээр нь оронгуут шил толь болсон шал, байгалийн уур амьсгал шингээсэн усан хөшиг бүхий хана, тансаг гэрэл зэрэг нь хүний сэтгэлийг татах увдистай.

Тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан тус барилга газар доорх хоёр давхартайгаа нийлээд нийтдээ 19 давхар. Өнөөдрийн байдлаар тэнд 100 гаруй дэлгүүр, ресторан банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.

Гадна болон дотор талдаа нийтдээ 140 автомашины зогсоолтой.

Ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахад тухайн газрын тав тух, аюулгүй байдал түрээслэгч, үйлчлүүлэгчдэд нэн чухал байдаг. Тэгвэл “Централ тауэр” орчны аюулгүй байдал, тав тух дээрээ тун их анхаарал хандуулдаг байна.

“Централ тауэр” гадна, дотно тохижилтоороо үйлчлүүлэгчдийн ая тухыг дээд зэргээр хангаж өгчээ. Нийтдээ 30000 ам.метр талбайг түрээслүүлдэг. Оффисын хамгийн бага талбайтай өрөө нь 110м2, нэг давхрынх нь нийт талбай 1700м2. Давхар бүрдээ цэвэр тохилог цайны өрөө, ариун цэврийн өрөөтэй. Тус байгууллага нь Улаанбаатар хотод анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө гаргаснаараа талархал хүлээж байв. Мөн мэдрэгчтэй суултуур, угаалтуурыг анх удаа суурилуулж байсан нь тухайн үедээ ихээхэн сонирхол татаж байлаа. “Коне” брэндийн өндөр хурдны зорчигчийн зургаан лифттэй бөгөөд лифт бүр нь 21 хүний даацтай аж. Мөн 1800 кг-ын даацтай ачааны нэг лифттэй.

Аюулгүй байдлын хувьд барилгыг бүхэлд нь хамарсан +68 хэмд идэвхждэг дулаан мэдрэгч бүхий автомат спринклерийн системтэй, галын анхны дохиоллыг мэдээллэх утаа мэдрэгчүүдийг барилгын нийтийн эзэмшлийн талбайд суурилуулжээ. Түүнчлэн аюул ослын үед нийтэд мэдээлэх зарлан мэдээлэх нэгдсэн систем, галын системийн усны нөөцийн танк, камерын хяналтын системээр ханган бүрэн тоногложээ. Хөрөнгийн менежментийн газар нь шаардлагатай тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийдэг бөгөөд жилдээ хоёроос доошгүй удаа сургуулилт хийдэг гэнэ. Шаадлагатай үед барилгыг цахилгаанаар хангах өөрсдийн үүсгүүртэй. Нийт хүмүүсийн дунд сүүлийн үеийн барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй, найдваргүй болсон гэх үнэлэлт байдаг. Харин “Централ тауэр”-ийн барилга нь найман баллын газар хөдлөлтөд ажрахгүй гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Хамгаалалтын баг бүрэлдэхүүний хувьд 11 мэргэжлийн хамгаалагч өдрийн дөрвөн ээлжээр ажилладаг байна.

ЦЕНТРАЛ ТАУЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ДЭЛГҮҮР БОЛОН РЕСТОРАНУУД

Энэхүү оффисын зориулалттай барилга нь дэлхийн шилдэг брэнд дэлгүүрүүд, олон улсын тансаг ресторан банк, санхүү, үйлчилгээний байгууллагуудыг нэг дор цогцлоож чадсан.

Уг байгууллагын нэг, хоёрдугаар давхарт үнэртэн, гоо сайхан, хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Bishrelt beauty, Shiseido, L’Occitane, Louis Vuitton, Ermenegildo Zegna, Weitzman, Burberry, Versace, Hugo boss, Weitzman, Карен Миллен, Petit Bateua брэнд дэлгүүрүүдээс гадна Монголын “Гоёо”, “Blue sky cashmere” гэх мэт томоохон брэнд дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар энд нийтдээ 98 дэлгүүр үйл ажиллагаа эрхэлж байна.

Харин гуравдугаар давхарт нь тав тухтай, тансаг хоолтой дээд зэрэглэлийн ресторан, кофе шофууд таныг угтах болно. Энд Япон үндэсний Акамарү, Солонгосын “Бивон”, европ хоолоороо алдартай Централ гарден, Sky lounge зэрэг ресторануудаас гадна Bugis, Mania зэрэг кофе шоп, оргилуун дарс виноны чиглэлээр төрөлжсөн World wine паб байрладаг. Томоохон хэмжээний найман ресторан энд амтат зоогоороо үйлчлүүлэгчдээ дайлж байна. Дөрөвдүгээр давхарт үйлчилгээний чиглэлийн Юнител, Голомт банк, Ард даатгал, Air trans, Хаан банкны салбарууд байрлан үйл ажиллагаа явуулдаг бол тавдугаар давхарт нь 60 хүний багтаамжтай хурлын танхим байна. Тус хурлын танхим нь VGA/HDMI/ Wireless холболттой проектор, удирдлагатай проекторын дэлгэц, утасгүй микрофон гэх мэт сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Нэг ёсондоо та мөнгөтэй л бол тус байгууллагад ороод бүх төрлийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэсэн үг.

Централ тауэр гадна тохижилтоороо хотын төвийн өнгө үзэмжид яах аргагүй гэрэл гэгээ нэмсэн гэдэгтэй санал нийлэх биз. Жилийн дөрвөн улирлын алинд ч ялгалгүй Централ тауэрийн цэцэрлэгт хүрээлэнд оюутан залуус, залуу хосууд, хүүхэд хөгшчүүд салхилна. Гаднах ногоон байгууламжаараа тус байгууллага нь орчин үеийн барилгуудыг байлдан дагуулж чадсан. Централ тауэрийн цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 11.300 ам дөрвөлжин метр талбайг хамарна.

Цэцэрлэгжүүлэлт нь төвд байрлах гэрэлтүүлэг бүхий усан оргилуур, эргэн тойрондох зүлэгжүүлэлт, 30 гаруй сандал, хөшөө дурсгалаас бүрдэнэ.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ

Олон нийтийн сүлжээг ашиглан сүрдүүлсэн, дарамталсан, хүчирхийлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад олон ирэх болжээ. Facebook хуудсаараа хэн нэгэнтэй холбогдож, харилцаа тогтоодог, үүнээсээ болж хохирогч болох тохиолдол ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, Монголд шинэ төрлийн гэгдэж байсан секс сүрдүүлгийн гэмт хэрэг аль хэдийнэ дэлгэрчихжээ. Цахим хуудастаа хувийн мэдээллээ дэлгэдэг, хаана яваагаа зарладаг нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөхөн олз болчихдог аж. Он гарсаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн шинжтэй 15 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эл хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн секс сүрдүүлэгт өртсөн, дарамтлуулсан олон эмэгтэй бидэнтэй холбогдсон юм. Шалгуулж байгаа иргэний гэм бурууг шүүх тогтоогоогүй байгаа учраас цахим гэмт хэргийн шинжтэй гэж онцоллоо.

ОХИД, БҮСГҮЙЧҮҮД РҮҮ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСНААР ХОЛБОО ТОГТООДОГ

Сэжигтэн Ө facebook-т хоёр, гурван хаягтай. Мөн эрхэлсэн ажил, бизнестэй нэгэн. Тэрбээр арав гаруй жил гэрэл зурагчнаар ажиллаж буй. Өөрийгөө “Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч”, “Хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн Asmo press компанийн захирал”, “Ардын язгуур урлагийн чуулгын дарга”, “Сайдын зөвлөх” гэж танилцуулдаг байжээ. Мөн “World Global Network” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг хариуцдаг гэх аж.

Манай сонинд мэдээлэл өгсөн хүмүүсийн ярьснаар 2006, 2007 оны үед Төв шуудангийн ойролцоох гэрэл зургийн газарт ажилладаг. Тэнд ажиллаж байхдаа зураг авахуулахаар ирсэн бүсгүйчүүдэд нүцгэн зургаа авахуулахыг санал болгодог, үгүй гэвэл элдвээр зүхдэг байсан гэнэ. Хүмүүс facebook ашиглаж эхлэх үеэс залуу бүсгүйчүүд рүү хандаж, хамтран ажиллах санал тавьдаг болжээ. Түүний охид, эмэгтэйчүүд рүү хандаж бичсэн захидлыг уншихад эхэндээ энгийн л бизнесийн санал мэт харагдана. Харин захидалд нь хариу бичсэнээс хойших нь дотно харилцаа тогтоох, од болгож өгөх зэрэг амлалтууд хөврөх юм. Тэр амлалтад нь итгэж уулзсан бүсгүйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан.

Тэрбээр охид бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар 9911…. дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Өөрийнх нь санал болгосон хаяг руу хандахад өнөөх гар утасны мэдээллээс гадна модель болов уу гэмээр маш олон охидын зураг байдаг. Нэгэн эмэгтэй “Санал болгосон хаягаар нь ороход нүцгэн зургаа хүртэл тавьчихсан байсан. Эвгүй санагдаад facebook-т найз байхаа больсон” гэсэн юм.

“ОДГЭРЭЛ МИНИЙ ШАВЬ. ТҮҮН ШИГ ОД БОЛГОЖ ӨГНӨ”

Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж, дараа нь нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид мэдүүлжээ.

Ө-тэй холбогдож, хохирогч болсон гэх бүсгүй олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл тавьжээ. Тэрбээр “Би одоо 20 настай. Одоогоос гурван жилийн өмнө бусад охидын л адил загвар өмсөгч болно гэсэн цагаахан мөрөөдөлтэй байсан. Гэтэл нэг өдөр гэрэл зургийн студийн захирал ах намайг элдвээр магтаж, миний гэгээхэн хүслийг минь гэрэлтүүлэх шиг л санал тавьсан. Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Ажил дээр нь очтол, жижиг харанхуй хүйтэн нэг л тийм сонин өрөөнд орж хаалгаа түгжсэн. Зураг дарах талаар ярилцаж “Гоё гарвал сэтгүүлд тавина” гэх яриагаа итгүүлж чадсан. Би эхлээд хувцастайгаа зургаа даруулж байсан. “Миний дүү жаахан нимгэл” гэж дээгүүрх цамыг минь тайлуулж, эцэст нь бүх хувцсаа тайлахыг шаардсан. “Уучлаарай би тэгмээргүй байна” гэхэд “Яаж чи модел болох гэж байгаа юм бэ”? гэж загнаж, хайран цаг зав гэх яриагаараа ятгаж, бүтэн нүцгэн зургийг минь хүчээр шахуу дарсан. Хэсэг дарсны дараа, биеийн нууц хэсгүүдэд хүрч эхэлсэн. Тэгснээ гэнэт шууд “Хайраа” гэж дуудахад хэрэг бишдэж байгааг ойлгож хувцсаа өмсөх гэтэл, жижиг буйдан руу чирж, 17-хон настай намайг хүчиндсэн. Энэ үйлдлийг би мартахыг хичээсэн, гараад цагдаад хандвал дурандаа чи очсон гэж загнуулах гэхээс айж, хэнд ч хэлэхгүйгээр шийдсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, тэр дурсамж үнэхээр эмэгтэй хүний зүрх сэтгэлд маш муухай айдсыг мэдрүүлдэг. Би нүдээ аньж нүүрээ угааж чаддаггүй, харанхуй орцоор орж чаддаггүй. Урьд нь би ийм байгаагүй одоо маш аймхай, эрэгтэй хүнийг зүрх сэтгэлдээ маш муухайгаар хардаг болсон. Бүх эрчүүд ийм биш л байх. Цаг хугацаа өнгөрөхөд нөгөө ах “Чи надтай ирж … .Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь сайтуудаар тараана” гэж айлгадаг байсан. Надтай адил яг ийм зовлонтой олон эмэгтэй байгаа гэж би бодож байна. Намайг очиход, тэр ахын РС дээр маш олон охины шалдан зураг байсан” гэжээ.

Ё.Лхагвасүрэн: СЕКС СҮРДҮҮЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэрэл зурагчин Ө-тэй холбогдож, зургаа авахуулаад хохирогч болсон гэх эмэгтэй олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьсан байсан. Түүний бичсэн зүйлд айлган сүрдүүлсэн, хүчирхийлсэн байж болох мэдээлэл байсан учраас Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ө-г шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад секс сүрдүүлгийн шинжтэй баримт олдсон учраас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн” гэлээ. Гэрэл зурагчин Ө-ийн сүрдүүлэгт өртсөн гэх гурван эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ. Тэдний нэг нь насанд хүрээгүй охин аж. Мөн гэр бүлийнхнээсээ нууж байсан, хамт олноосоо ичсэн гэх мэт шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаагүй олон хохирогч байгааг эх сурвалж мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад дээрх охид, бүсгүйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэнэ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Шаамар сумынхан хар манжин, артишок, гишүүнэ тарьдаг болжээ

-ТУС СУМ ОДООГИЙН БАЙДЛААР 1992 ТОНН ХҮНСНИЙ НОГОО ХУРААГААД БАЙНА-

Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг хүнсний ногооны өлгий нутаг гээд хэлчихэж болно. Ялангуяа төмсөөрөө алдартай. Бүр Шаамарын төмс шал өөр амттай гэх яриа хүртэл байдгийг сумын төвд орж ирээд мэдэв. сэлэнгийн төв рүү явах замаас салаад сайжруулсан шороон замаар арав гаруй км давхих замд гар өргөн суусан өвөө ингэж хэлсэн юм. Өвөө машинд суусан хойноо ямар ажлаар хаа хүрч явааг асуухад нь танай нутгийн хүнсний ногоог сонирхож явна гэж хэлсэн хэрэг. Тэр үед өвөөгийн нүд сэргээд яг зөв газраа ирсэн байна гэж магтсан юм. Бас “Төмс тэргүүтэй хүнсний ногоогоороо алдартай нь ховд, манай хоёр. харин ховдчууд төмс, тарвас хоёроосоо арвин ургац хураахын тулд янз бүрийн хүний биед ашиггүй бордоо хэрэглэдэг болсон байна лээ. Муу золигнууд амны хишгээ ар дээрээ гаргах гэж байгаа юм. Харин манай нутаг жинхэнэ монгол ногоо тарьдаг” гээд өөд уруугүй магтаж байна. бас “хотод хямрал нүүрлээд байгаа гэсэн үү. монголчууд өлсөж үхэх хаа байсан юм” гэсээр баахан улс төр ярив. Өвөөгөөс хашаа дүүрэн хүнсний ногоо тарьдаг айл зааж өгөөч гэхэд “манай сумын нохой хүртэл ногоочин, эсвэл зөгийчин гээд хэлчихвэл арай л дэгсдүүлсэн болчих уу” гээд хөхөрч байна. Тэгснээ “Манай суманд зүгээр суудаг, ажилгүй айл байхгүй. Өвөө нь хүртэл байшингийнхаа урд хэдэн төмс суулгасан. худлаа гэвэл манай сумын хөдөө аж ахуйн тасгийн даргатай уулз” гэсээр захиргаа руу дагуулан орлоо. Тасгийн дарга Ж.баярсайхан энэ жил хэдэн га талбайд хүнсний ногоо тарьсан болон бусад мэдээлэл өгсөн юм. Сэлэнгэ аймгийн Шаамар сум нийт 3600 га эргэлтийн талбайтай ажээ. аймгийнх нь бусад сум голлон үр, тариа тарьж байхад Шаамарынхан хүнсний ногоогоор дагнадаг. Уг нь зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө хадлан сайн авдгаараа алдартай байж.

Сүүлд 1990 оноос хойш хувьчлал эхлэх үед иргэд нь өөрсдийнхөө сонирхлоор хүнсний ногоо, тэр дундаа төмс тарьж эхэлсэн байна. Өдгөө сумын 1100 өрх айлаас 420 гаруй нь хүнсний ногоо тарьдаг болжээ. Үлдсэн айлууд нэг бол зөгийн аж ахуйтай, эсвэл мал аж ахуй эрхэлдэг гэсэн. Ер нь ямар нэгэн аж ахуйгүй айл Шаамараас олохгүй гэж нутгийн олон сайрхана. Энэ жил тус сум нийт 64 га талбайд төмс тарьжээ. 187 га-д бусад төрлийн хүнсний ногоо тарьсан гэнэ. Төмсний хураалт 90 орчим хувьтай байгаа, нэг га талбайгаас 110-120 цн төмс авч эцсийн мэдээгээ гаргахаар төлөвлөжээ. Бусад төрлийн хүнсний ногоог 187 га-д тарьсан бөгөөд одоогоор 1992 тонн ургац хураагаад байгаа юм байна.

Эндхийн нэг онцлог нь эрт ургацын ногоо. Өнөө жил ихэнх нутгаар гандуу байна, үр тарианы ургалт муу гэх янз бүрийн шалтгаан байсан болохоор хүнсний ногооны үнэ тэнгэрт хаджээ. “Хотод эрт ургацын төмс 1500 гэж байна” гэх яриа амнаас ам дамжсаар ихэнх хүмүүс ургац хураалтаа идэвхжүүлжээ. Бүр есдүгээр сарын дунд үеэс ургацаа хураана гэж байсан ногоочид төмс, хүнсний ногоогоо түүврийн аргаар хугацаанаас нь өмнө хураажээ. Угаасаа хүнсний ногоо наймдугаар сард үнэд орно гэдэг тэр бүр олдоод байх боломж биш учраас ийн идэвхийлсэн байна. Уг нь ногоочид жил бүрийн эрт ургацын төмсөө 500-800 төгрөгөөр зардаг байсан бол өнөө жил 1500 төгрөг хүргэжээ. Худалдан авалт ч сайн байсан болохоор Шаамарын ихэнх ногоочид нийслэлийг зорьсон гэнэ. Тиймээс өдгөө намрын ургац хураалт бага хувьтай байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Шаамар суманд очих үеэр тэндхийн ногоочид бас л эзгүй шахуу байсан. Учир нь жил бүрийн есдүгээр сард болдог “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцохоор явжээ. Уг нь есдүгээр сарын эхээр буюу 10 гэхэд эхэлчихсэн байдаг намрын ногоон өдрүүд энэ жил орой болж байгаа нь цаг агаартай холбоотой гэсэн. Долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр бороо орж эхэлсэн болохоор хүнсний ногооны болц оройтжээ. Ногоочид ургацаа оройхон авсан болохоор “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаа есдүгээр сарын 28-наас “Мишээл экспо”-д эхлүүлсэн байна. Уг үзэсгэлэн худалдаанд оролцогчид бүгдээрээ өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс. Том хэмжээний аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Тэднээс ногоо худалдаж авснаар аль нэг компанийг биш, жирийн ногоочдод орлого оруулна гэсэн үг. Шаамарчууд жил бүрийн намар болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд тун дуртай оролцдог гэнэ. Бүр долоохон хоногийн дотор бүтэн жилийнхээ ашиг, орлогыг хийдэг сүйхээтэй ногоочид ч бий. Өөрсдийнхөө тарьсан ногоог өөрөө борлуулдаг болохоор нийслэлчүүд ч таатай ханддаг ажээ. Энэ жилийн тухайд тус үзэсгэлэн худалдаанд 30 гаруй өрхийн 40 орчим ногоочин оролцож байгаа юм билээ. Нэг өрх доод тал нь гурван тонн хүнсний ногоо борлуулахаар төлөвлөн Улаанбаатарыг зорьдог гэсэн. Нутгаасаа гарахдаа “Портер”, “Бонго” тэргүүтэй ачааны машин хөлслөн явах бөгөөд энэ жил нийт 100 гаруй тонн хүнсний ногоотой нийслэлд иржээ. Тэдэнтэй хамт зөгийн аж ахуй эрхэлдэг 12 өрх айл ирсэн. Нэг өрх дунджаар 50 кг зөгийн бал борлуулахыг зорьжээ. Үзэсгэлэн худалдаанаас бусад үед нийслэлийн дөрвөн дүүргийн таван цэгт Шаамарын 27 ногоочин борлуулалт хийдэг юм байна. Хуучин “Барс” захын арын талбайд ногоогоо бөөндөж өгчихөөд буцдаг байсан бол сүүлийн гурав, дөрвөн жил өөрсдөө лангуу түрээслээд ч болтугай жижиглэнгээр зарах сонирхолтой болжээ. Ченжүүдэд бөөндөж зарахаар ашиггүй биш ч гэлээ лангууны ард зогсохоос бага мөнгө олдог гэсэн. Тиймээс жил бүрийн намар зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа хэзээ болохыг чих тавин хүлээдэг болсон байна.

Шаамарын ногоочид өнгөрсөн жилээс эхлэн тарьж буй хүнсний ногооныхоо нэр төрлийг олшруулах үүднээс хар манжин, артишок, гишүүнэ тарьж эхэлжээ. Хар манжин шар, хүрэн хоёрыгоо бодвол илүү чихэрлэг амттай. Гаднах хальс нь тас хар өнгөтэй, доторх нь цагаан гэсэн. Шарж, хуурахаас илүүтэй шөлтэй хоолонд хийгээд идэхээр витаминлаг чанар нь илүү. Харин гишүүнийг ихэнх хүмүүс айраг гэх нэрээр нь мэднэ. Өндөрлөг газар, ууланд ургаж байгаа байгалийн зэрлэг гишүүнийг түүж авчирч үрийг нь салгаж авснаар шаамарчууд гишүүнэ тарих болжээ. Түүгээрээ чанамал, компот хийнэ. Гишүүнээр хийсэн чанамал бусад төрлийн жимснийхийг бодвол өтгөнөөс гадна хэт нялуун амтгүй гэсэн. Чихрийн шижинтэй хүмүүс гишүүнийг ямар ч чихэртэй холилгүй чанамал хийж идэхэд нэн тохиромжтой гэж байлаа. Бас усанд хийж буцалгаад уувал хорт хавдрын эд эсийг үхүүлдэг шидтэй юм байна. Үхүүлдэггүй юмаа гэхэд цааш үсэрхийлэхээс сэргийлдэг болохоор Шаамарын ногоочид тарьж эхэлсэн гэнэ. Энэ мэт Монголд урьд өмнө ургаж байгаагүй шинэ төрлийн ногоо тарих боломжийг ногоочид хэдийнэ эрэлхийлдэг болжээ. Тэгээд ч гаднаас янз бүрийн нарийн ногоо их орж ирж байгаа болохоор зах зээлээ алдахгүйн тулд байнга шинэ зүйл сэдэж, туршиж үзэж байгаа гэсэн. Мөн нарийн ногоо тарих арга барилаараа бусад газрын ногоочдыг бодвол арвин туршлагатай болохоор хүнсний ногооныхоо нэр төрлийг улам олшруулна гэж байв.

Өнөө жилийн ургацад цаг агаар гойд нөлөө үзүүлсэн гэсэн. Есдүгээр сарын сүүлээр орсон цас, мөндөр ургац хураалтыг удаашруулж байгаа ажээ. Төмс цасанд хайрагдаж байгаа болохоор нартай хэдэн өдрийг ашиглан ургац хураалтаа түргэсгэж байв. Төмснөөс гадна бусад төрлийн нарийн ногоо ч хяруунд хайрагджээ. Мөндөр, цасны дараа төмсөө хураах гэхээр талбай шавар ихтэй байсан учраас ялгах ажил давхар нэмэгдсэн гэсэн.

Энэ сумын тухайд өнөө жил таван мянган тонн хадлан бэлтгэнэ гэж төлөвлөжээ. Гэвч хэт халсны улмаас хадлан төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй ч 3500-4000 тонн хадлан бэлтгэж сумынхаа хэрэгцээг бүрэн хангах юм байна. Улаан буудайны тухайд энэ жил 1405 га талбайд тариалалт хийсэн ч ургацынхаа ихэнхийг алдаж байгаа юм билээ. Мөн 980 га-д рапс, 505 га-д малын тэжээл тарьсан ч урьдчилсан байдлаар ургацынхаа 50 гаруй хувийг алдсан гэнэ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүний ёсноос гадуур хүчирхийлэн доромжилжээ (II)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №240 (5192) дугаарт


-ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.АРИУНБОЛДЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАСАН АЖ-

Баянчандмань сумын Засаг даргын орлогч, МАН-ын дэд дарга Б.Ханбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Б.Ханбаатараас хэд хэдэн удаа хэргийн талаар байцаалт авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн тус сумын Тамгын газрын дарга Г.Ариунболдыг хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж 72 цаг саатуулаад батлан даалтад гаргасан гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарт Баянчандмань сумын иргэдээс “Хохирогч Б гэх бүсгүй хүчирхийлэлд өртөхөөсөө өмнө ажлын байрны бэлгийн дарамтад орж байсан гэдэг. Сумын Засаг даргын орлогч, МАН-ын дэд дарга Б.Ханбаатар Б-г дөнгөж ажилд ороод удаагүй байхад хүчирхийлж байсан гэх яриа суманд гарч байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг өгч байгаа гэнэ. Хохирогч эмэгтэй Б-гийн биеийн байдал тааруу байгаа учир хэргийг шалгаж байгаа цагдаа нар одоогоор мэдүүлэг аваагүй байгаа гэнэ. Б гэх бүсгүйн биеийн байдал дээрдэж цагдаа нарт мэдүүлэг өгөөд эхэлбэл бүх зүйлс тодорхой болох аж. Тухайлбал, Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан уу. Малчин Ганзоригийнд хуурч дуудаж ирээд юу ярьсан. Г.Ариунболд, Эрхэмтөр, Ганзориг нар түүнд туслах боломж байсан уу гэдгийг хуулийнхан тодорхой болгох ажээ.

Тамгын газрын дарга Г.Ариунболд батлан даалтад гарч ирсний дараа сумынхаа ахмадын баярт оролцсон байна. Тэрбээр өөрийгөө “Энэ хэрэгт огт холбогдолгүй. Цагдаа нар ч холбогдолгүй гэдгийг тогтоосон. Хэрэгт гэрчээр оролцох гэж байгаа” гэх зүйлсийг ярьж явсан байна. Сумын иргэд “Г.Ариунболд хэрэгт огт холбогдолгүй гэж ярьж байна. Үнэндээ хэрэгт холбоотой гол хүмүүсийн нэг нь Г.Ариунболд. Хохирогч Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай байсан. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Ганзоригийн малд гоц халдварт өвчин туссан байна. Хурдан ир” гэж худлаа ярьж дуудаагүй байсан бол ийм жигшүүрт зүйл болохгүй байсан. Г.Ариунболд яагаад худлаа ярих болсныг шалгах хэрэгтэй. Дарга нь мэргэжилтэндээ худлаа ярьж, гэмт хэрэгтний гарт хүргэж өгнө гэдэг юу гэсэн үг вэ” хэмээн халаглаж сууна. Төрийн удирдах албан тушаалтан мэргэжилтэндээ “Гоц халдварт өвчин гарлаа” гэж дуудлага өгсөн нь цаанаа ямар учиртай вэ. Биднийг Баянчандмань суманд очих үед Г.Ариунболд сумын банкнаас их хэмжээний мөнгө зээлэх гэж бичиг баримт цуглуулан хөөцөлдөж байгаа гэх яриа гарсан байв. Бүр банкнаас зээлсэн мөнгөө хохирогч эмэгтэйн эмчилгээний зардалд өгч магадгүй гэх мэдээлэл байлаа.

ХОЁР ХҮҮХДИЙН ААВ, БАЯНЧАНДМАНЬ СУМЫН МАН-ЫН ДЭД ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ХАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Уншигч та бүхэнд Б гэх бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлж амь насанд нь аюул учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Ханбаатар, хэрэгт гэрчээр татагдаад байгаа Тамгын газрын дарга Г.Ариунболд, түүний найз Эрхэмтөр нарыг хэн бэ гэдгийг хүргэж байна. Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн нэгэн. Баянчандмань сумын МСҮТ-д олон жил багшилсан, мастер багш Бямбаа гэх хүний хүүхэд юм байна. Баянчандмань сумын дунд сургуулийг төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангид суралцаж, амжилттай төгсчээ. Сургуулиа төгсөөд нэгэн цэргийн ангид ажилд орсон байна. Гэвч удалгүй хүн зодож гэмтээсэн хэргээр шийтгэгдэж, ажлаасаа халагдсан гэх.

Ингээд дээд сургууль төгсөж, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд О гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна. Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин О нь сумын төвд үсчин ажиллуулж амьдралаа болгодог байжээ. Гэвч Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан гэнэ. Бүр өвлийн хүйтэнд О-г нүцгэлж, гэрээсээ хөөж гаргаж байсан удаатай гэнэ. Б.Ханбаатар О-г хүүхдийнхээ хамт гэрээсээ хөөж гаргажээ. Орох оронгүй болж, нөхөртөө хөөгдсөн О бага насны хүүхдийн хамт Баянчандмань сумын айлуудын байшинг бага мөнгөөр хөлсөлж, хэдэн сар амьдарчээ. Ингээд Улаанбаатар хотод амьдрахаар явсан байна. Эхнэрээ хөөж явуулсан Б.Ханбаатар одоогийн эхнэртэйгээ хэдэн жилийн өмнө танилцаж нэг гэрт орцгоосон байна.

Эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж. Баянчандмань суманд 2012 оны орон нутгийн сонгуулиар МАН ялсан байна. МАН-ынхан өөрсдийн хойч үе болсон залуу боловсон хүчнээ дэмжиж ажиллажээ. Ингэхдээ МАН-ын гишүүн Бямбаагийн хүү Ханбаатарыг ихэд дэмжсэн гэнэ. БХИС-ийг төгссөн, цэргийн ангид мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор аливаа зүйлд шударгаар хандах байх. Өндөр боловсролтой залуус суманд эргэж ирэх нь ховор. Б.Ханбаатарыг түшиж дэмжээд дээш нь гаргаад ирэх юм бол сумаа аваад явах юм гэж үзжээ. Ингээд орон нутгийн сонгуулийн дараа Баянчандмань сумынхаа Засаг даргын орлогч гэх том албан тушаалд томилжээ. Бүр сумын МАН-ын дэд дарга болгожээ. Сумын удирдах албан тушаалд томилогдсон Б.Ханбаатар бусадтайгаа их дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон гэж нутгийнхан нь ярьж байв. Архи уухаараа найз нөхөд, анги хамт олондоо агсам тавьдаг байжээ. Архи уучих юм бол хэнд ч дийлдэхгүй болчихдог тухай ч ярьж байв. Нутгийнхаа шаргаа Ганболд гэгчийг олны өмнө зодож байсан гэж нутгийн иргэд ярив.

Г.АРИУНБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Ариунболдын аав Ганболд Баянчандмань сумын МАН-ын даргаар олон жил ажиллаж байсан нэгэн. Г.Ариунболд 1984 онд төрсөн. Багын найз Б.Ханбаатартайгаа дунд сургууль, БХИС-ийн нэг ангид сурч, хамт төгсөж байсан түүхтэй. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаад мөн л бусдыг зодож гэмтээсэн гэж ажлаасаа хөөгдсөн байна. Улмаар аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж МАН-д орсон байна. Нутгийнхан нь ч дээд боловсролтой, залуу боловсон хүчин, аавынхаа шийрийг хатаах улстөрч болно хэмээн үзэж сумын Тамгын газрын дарга гэх албан тушаалд томилжээ. Г.Ариунболд гэр бүлтэй болж амжаагүй яваа юм байна. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан учир танил тал ихтэй гэсэн. Бусдаас нуруу өндөртэй, бие хамгаалах урлагаар олон жил тууштай хичээллэж байсан болохоор суманд түүний өөдөөс үг хэлэх хүн бараг байдаггүй гэнэ. Үүнийгээ мэддэг болоод ч тэр үү ямар ч асуудалд хүчээр ханддаг нь түүний нэр хүндийг багагүй унагаад байсан аж. Сумын цагдаа Батцэрэнтэй муудалцаж, цохиод авсан гэнэ. Сумандаа том байшин барьж, хашааныхаа хаалгыг бусдад үлгэр дуурайл болгон чимэглэж хөдөлмөрч гэдгээ харуулсан гэгдэх Г.Ариунболдыг иймэрхүү зан чанартай хүн гэж нутгийнхан нь тодорхойлж байна лээ. Бидний уулзсан хүн болгон Г.Ариунболд, Б.Ханбаатар нарын талаар “Аав ээж нь хүн сайтай, хөдөлмөрч улс. Хүүхдүүд нь ийм болж өсөж, хүмүүжсэн гэхэд итгэмээргүй юм” гэж байв.

АМЬДРАЛ ХӨӨЖ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ИРСЭН ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙН ТУХАЙ

Б-гийн биеийн байдал маш хүнд байгаа талаар уншигч та бүхэнд бид хүргэсэн билээ. Борнуур суманд төрж өссөн Б ХААИС-ийг онц дүнтэй төгссөн аж. Гурван жилийн өмнө хүүхдийнхээ ааваас салсан байна. Залуу насандаа алдаж, хүүхдээ аавгүй өсгөх болсон Б-д Борнуур суманд мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй байна. Харин хажуу залгаа суманд мэргэжлээрээ ажиллах боломж гарч. Баянчандмань суманд хүүхдээ тэвэрсээр ирсэн байна. Б аавдаа “Охин нь амьдралдаа том өөрчлөлт хийнэ. Баянчандмань суманд очоод мэргэжлээрээ ажиллаад сайхан амьдарна” гэж хэлээд гарсан гэх. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй бололтой. Ажлаасаа халагдчихгүй үлдэхийн тулд дарга нарынхаа ая зан, ааш авирыг тэвчиж байсан бололтой. Хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөж том болгох гэж бүх зүйлсийг тэвчиж байжээ, тэр. Гэхдээ арай ч бусдад хүчиндүүлж, ухаан алдатлаа зодуулж, олон хоног үхэлтэй тэмцэлдэн эмнэлгийн орон дээр тарчилж хэвтэнэ гэж бодоогүй байх. Сумын МСҮТ-ийн байранд хүүхэдтэйгээ амьдарч байсан Б-г харж хамгаалах хүн, хажууд нь хань түшиг болох нөхөргүйгээр нь далимдуулах гэсэн хүн олон байсан гэдгийг түүнтэй ойр байсан хүмүүс хэлж байна лээ. Түүнээс зах замбараагүй явдалтай нэгэн биш гэдгийг батлан ярих хүн олон байв. Б өөрөө эмэгтэй хүн, хүүхэд нь аавгүй энэ хорвоог туулж байгаа болохоор эхнэрээс нь нөхрийг нь, хүүхдүүдээс нь аавыг нь булаах хар сэтгэлтэн биш гэж зөөлөрье. Б-гийн хүүхэд ээжийгээ санаж бэтгэрээд хэцүү байгаа гэдгийг ар гэрийнхэн нь ярин уйлж байв.

Хэрэг юунаас болж гарсан, Б.Ханбаатар, Г.Ариунболд, хохирогч эмэгтэй Б нарын дунд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг хохирогч Б удахгүй тэнхэрч, ил болгох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Монголын найман Богдын хөргийг анх удаа олны хүртээл болгов

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан “Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл” үзэсгэлэн өнгөрсөн 29-ний өдрөөс Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн юм.

Үзэсгэлэнд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын ном бүтээлүүд, түүний хойт дүрийн Богдууд болон тэдний багш, шавь нарын 200 орчим ном, бүтээл, уран баримал, хөрөг зургийг дэлгэжээ. Тухайлбал, Өндөр Гэгээний өөрийн зохиосон “Сүнбүм” бүтээлийн эмхэтгэл, төрөл бүрийн магтаал, дуулал, соёмбо, дөрвөлжин үсгийн цагаан толгой, “Монгол шаазан ваар” үйлдвэрт 1955 онд урласан Өндөр гэгээн Занабазарын таван төрлийн шаазан баримал үзмэрүүд дэлгэгдсэн аж.

Эдгээр үзмэрүүд нь бүгд Польшийн Варшав хотын дорно дахины их сургуулийн багш Б.Рагчаагийн хувийн цуглуулга юм. Тэрбээр Өндөр гэгээн Занабазар болон түүний хойд дүрүүдийн талаар 30 гаруй жил судалгаа хийж, эдгээр үнэт зүйлсийг цуглуулжээ.

Мөн “Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл” үзэсгэлэнд Халхын Богд Жавзундамба хутагтын найман дүрийн хөргийг анх удаагаа дэлгэснээрээ онцлог.

Манай сонин тус үзэсгэлэнгээс Өндөр гэгээн Занабазар болон түүний хойд дүрийн хөргүүдийн зургийг тайлбарын хамт хүргэж байна.

Анхдугаар Богд Жавзундамба хутагт Лувсандамбийжалцан буюу ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР /1635-1723/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 62*51

Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь XI жарны хөхөгчин модон гахай жил буюу 1635 оны есдүгээр сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг “Усан зүйл” хэмээх газар эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан хоёрын хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1647 онд 13 настайдаа Баруун хүрээг, 1654 онд Их хүрээг, 1702 онд Зүүн хүрээг байгуулсан юм.

II Богд Жавзундамба хутагт ЛУВСАНДАНБИЙДОМИ

/1727-1757/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 62*52

II Богд Жавзундамба XII жарны модон луу жил буюу 1724 оны хоёрдугаар сарын шинийн нэгэнд Түшээт хан аймгийн Эфү Чин Ван Дондовдорж, эх Баярт нарын хүү болон Өгөөмөр гэх га­зар мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд II Богдоор тодруулсан байна. 1757 онд 34 настайд нь Манжийн дар­лалыг эсэргүүцэн Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж байсан тул нууцаар амь насыг нь бүрэлгэсэн гэж үздэг.


III Богд Жавзундамба хутагт ИШДАНБИЙНЯМ /1758-1773/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 61.5*51.5

III Богд Ишданбийням нь XIII жарны шороон барс жил буюу 1758 оны аравдугаар сарын эхэнд Төвдийн Хамын Литанд эцэг Данзингомбо, эх Норзинванмо нарын хүү болон мэндэлжээ. XIII жарны харагчин хонин жилд буюу зургаан настайд нь Халхын Богд Жавзундамба III дүрд өргөмжлөн Богдын ширээнд залж урд дүрийн бүх хэргэм цол ямбыг өгсөн байна.



IV Богд Жавзундам­ба хутагт ЛУВСАНТҮВ­ДАНВАНЧҮГЖИГМЭД­ЖАМЦБАЛСАНБУУ /1775-1813/

Шаргал муутуу цаасан дээр хар бэхээр барласан.

Хэмжээ: 35.5*27.5

IV Богд Жавзундамба XIII жарны хөхөгчин хонин жил буюу 1775 оны хоёрдугаар сарын 27-нд үүрээр Лхасад VIII Далай лам Жамбалжамцын ойрын садан Содномдаш, Янжинбалмо нарын хүү болон мэндэлсэн. Тэрээр 1781 онд долоон настайдаа Халхад заларч, тэр жилийн өвлийн тэргүүн сарын 24-нд Богд Жавзундамбын IV дүрд өргөмжлөгдөн, Богдын ширээнээ заларсан.


V Богд Жавзундамба хутагт ЛУВСАНЦҮЛТИМ­ЖИГМЭДДАН­БИЙЖАЛЦАНБАЛСАНБУУ /1815-1841/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 62*47

V Богд Жавзундамба хутагт нь XIV жарны хөхөгчин гахай жил буюу 1815 оны тавдугаар сарын шинийн 8-нд Төвдийн Зан мужийн Гэдинхансор гэх газар эцэг Гомбодондүв, эх Ригзинбүтэд нарын хүү болон мэндэлсэн. Түүнийг 1820 онд зургаан настайд нь Халхад залж Богдын ширээнд суулгасан.




VI Богд Жавзундамба хутагт ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН /1843-1848/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 62*47

VI Богд Жавзундамба хутагт XIV жарны харагчин туулай жил буюу 1843 оны нэгдүгээр сарын 25-нд Төвдийн Лхасын умар зүгт эцэг Соном, эх Ачог хоёрын хүү болон мэндэлсэн. 1848 оны есдүгээр сарын 7-нд Халхад залж Богд Жавзундамбын VI дүрээр өргөмжилсөн. Ширээнд залснаас хойш сарын дараа цэцэг өвчнөөр өвчлөн өвлийн тэргүүн сарын 20-нд таалал төгсчээ.



VII Богд Жавзундамба хутагт АГВААНЧОЙЖИВАН­ЧҮГПРИН­ЛАЙЖАМЦ /1849-1868/

Хөх муутуу цаасан дээр хар бэхээр зурсан

Хэмжээ: 62*52

VII Богд Жавзундамба 1850 онд Лхасын ойролцоо мэндэлжээ. 1855 онд түүнийг зургаан настайд нь Их Хүрээнд залж намрын дунд сарын шинийн 17-нд Богд Жавзундамба VII дүрд өргөмжлөн Богдын ширээнд залсан. Тэрбээр 1868 онд 19 настайдаа таалал төгсчээ.





VIII Богд Жавзундамба хутагт АГВААНЛУВСАНЧОЙ­ЖИНЯМАДАН­ЗИНВАНЧҮГ /1871-1927/

Шаргал даавуун дээр хар бэхээр модон бараар барласан

Хэмжээ: 49.5*35.5

VIII Богд Жавзундамба 1869 онд Төвдийн Лхасын ойролцоо Гончигцэрэн, Ойдүвдолма нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. 1875 оны хөхөгчин гахай жил Халхад залж, Богд Жавзундамбын VIII дүрээр өргөмжилжээ. Түүнийг 1911 оны арваннэг­дүгээр сарын 29-нд Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн.

Categories
мэдээ цаг-үе

Шагдарын ДУЛМАА: Би цэцэг, нар хоёрын дунд хүн болсон яруу найрагч

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаагийн гучаад жилийн тэртээ бичсэн “Алтан зул” дууны хөшөө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны өмнөх Эх үрсийн цогцолборт өчигдөр сүндэрлэлээ.

“Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр

Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай” гэсэн утгын яруу үгтэй, ухаарлын гэгээн хэмнэлтэй энэ дууг хүн бүхэн мэдэх байх. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Болоож аялгууг нь зохиосон “Алтан зул” дууны шүлгийг дэлгээтэй номын хуудасны хэлбэрээр цагаан гантиг чулуун дээр сийлбэрлэжээ. Ш.Дулмаа найрагч Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг бөгөөд бүтээлийг нь хөшөөнд мөнхлөх хүсэлтийг хүлээж авснаар нэгэн сайхан дурсгал түмний мэлмийг мялаах болж байгаа юм. Хөшөөний нээлтэд “Өргөө” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирцгээн хүндэтгэл үзүүлж, гавьяат жүжигчин С.Бархас “Алтан зул” дууг дуулсан. Энэ үеэр яруу найрагч Шагдарын Дулмаатай уулзаж хөөрөлдлөө.

-Та Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан дуутай найрагч. Хөшөөнд мөнхөрсөн нь хэдэн дуу байна?

-“Алтан зул” дуунд минь анх удаа хөшөө босгосон бэлгэ дэмбэрэлтэй явдал болж байна. Миний зохиосон олон дуу гуч дөчин жил дуулагдсаар байгаа. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” гээд ард түмний дунд дуулагддаг дуунууд бий. Энэ бүхэн хүмүүсийн зүрхэнд хүрсэнд л баяртай байдаг. Дуу болгон хөшөө болж чаддаггүй. Тиймээс би маш их баяртай байна. Би байхгүй болсон ч энэ дуун хөшөө үлдэх болно. Ард түмэн үгийг нь цээжлээд дуулж л байх болно. Хүний уран бүтээл мөнхөд үлддэг. Жамцын Бадраа гуай, Намсрайжав гуай байхгүй байхад дууных нь хөшөө байж л байна. Орчлонд дуу мөнхөрнө гэдэг их хувь ерөөлтэй зүйл. Аж төрдөг хороо хориноос минь санаачлаад дууны минь хөшөөг босгож өгсөнд баярлалаа. Олон уран бүтээлчийн гайхамшигтай дуунууд газар газарт хөшөө болон сүндэрлээсэй, ард түмний зүрхэнд ойр байж мөнхөрч байвал сайхан юм.

-“Алтан зул” дуу төрсөн түүхээс хуваалцаач!

-Наад дуу чинь наян онд л анх гарсан дуу. Алтан зул хэмээх цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг онцлогтой. Тийм учраас Монголын ард түмнийг мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог гэж энэ дууг хийсэн юм. Гучин таван жил дуулагдсан ч залуучууд өнөө ч дуулаад бүжиглээд байх юм. Цэнгүүний газар их л дуулагддаг юм билээ. Өнө мөнх оршихуйн бэлгэдлээс гадна байгаль хамгаалахад чиглэсэн дуу. “Хүн та өөрөө хөндөж битгий тасдаарай” гээд байгаа биз. Мөнх оршдог үндэс, ишийг газраас нь битгий тасдаарай гэсэн санаатай.

-Та алтан зул цэцгийг багадаа түүж үзсэн үү?

-Түүж барьж үзээгүй ээ. Харин харж л байлаа. Би алтан зул цэцгэн хээтэй дээлээр гоёх дуртай. Алтан зул цэцэг миний бэлгэдэл байгаа юм.

-Бямбын Ринчен “Бэр цэцэг”-ийг, Бэгзийн Явуухулан “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг”-ийг, та “Алтан зул”-ыг өөрсдийн шүтээнээ болгосон уран бүтээлчид юм аа даа?

-Ямар цэцгийг шүтэх нь хамаагүй мөнхөд үр нь цэцэглэдэг тийм л бэлгэшээл байгаад байдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Дурсамжаа бичээд, гүйцэгдэхгүй их ажилтай зүйл юм. Ер нь барж хийхгүй ажил шиг байна. Яруу найрагч Р.Чойномоос надад шоронгоос бичиж байсан захидлуудыг гар бичмэлтэй нь ном болгож хэвлүүлсэн. Өв, үнэний тэнгэр гэж хэзээд байх л хэрэгтэй. Чойномын тэр захидлуудад амьдралын үнэн, зовсон үеийн нөхдөдөө хандах хандлага, уран бүтээлчийн гал халуун сэтгэл, утга уянгын халгиа цалгиа гээд хүн тунгааж унших зүйл маш их бий.

-Хүн бүхэнд хүүхэд нас шиг нь сайхан зүйл байдаггүй болов уу?

-Миний хүүхэд нас хөдөөд л цэцэг, нар хоёрын дунд өссөн дөө. Байгалийн тэр сайхан ахуйд аав ээжээс заяасан алд биеийг минь дээрээс нарны эрчис ивээж, газрын цэцгийн шим тэтгэж намайг найрагч болгосон доо. Хургаа эргүүлнэ, тугалаа хариулна, үхрээ хураана, тэр бүхэнд л цэцэг нар хоёртой үргэлж хамт байна. Морь унасан ч, явган явсан ч цэцэг, нар хоёртойгоо л өссөн. Нарны амиар ургасан тэр олон цэцгээс би хүн байхын утга, уянгын өнгөө, сэтгэлийн сайхныг олж авсан болов уу гэж боддог. Миний Авдарбаян нутаг сүрлэг хөглөгөр ой модгүй тийм л газар. “Таанын цагаан цэцэгнээс өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь” гэж Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Манай хоёрын нутаг зэргэлдээ юм чинь бас л ялгаагүй нүцгэн тал. Тэгсэн мөртлөө дэлгэрэхийн цагтаа төрөл бүрийн цэцэг ургадаг. Бяцхан жаахан горхи нь түмэн янзаар хөгжимдөн урсдаг ийм л сайхан нутаг. Тэр бяцхан горхийг хөвөөлдөн айлууд бөмбийн цайрна. Тэр айл бүхэнд амьдрал буцална. Би тийм л сайхан амьд байгальд хүн болсон яруу найрагч.

-Та өссөн төрөлх нутгаасаа нар, цэцгийн ариун цагаан эрчис, эрчим авч хүн-хөгжим болсон уран бүтээлч юм байна. Харин өнөөгийн нийгэмд хүүхэд залууст маань сэтгэлийн уянга, хүн чанар, хүн байхын мөн чанар дутаад байх шиг санагдах юм?

-Би Утга зохиолын дээд сургуульд багшилж, зургаан зуу гаруй шавь төрүүлсэн хүн. Анзаарч байхад хотын хүүхэд шүлэг бичиж чаддаггүй, хөдөөгийн хүүхэд л уянгатай сайхан шүлэг бичээд байдаг юм. Тэрийг би их гайхдаг. Байгалийн их хишиг буян хүний сэтгэлд уянгын их сэрэл мэдрэмжийг хайрладаг юм байна гэж боддог. Хүн чинь байгалийн бүтээл. Байгалийнхаа тэр сайханд л хүн уянгаа олж, ухаанаа тэлдэг юм байна. “Хоцрогдсон хөдөө” гэж манай зарим хүмүүс ярвайж байхыг олонтаа харсан. Миний хувьд хөдөө шиг ариун, хүний мөс чанарыг шалгадаг тийм сайхан газар байхгүй гэж боддог. Ямар ч хүн орж ирсэн үүдээ дэлгэн, халуун хоол цайгаа барин угтдаг халуун сэтгэлтэн хөдөөд л ганцхан бий. Хөлдөж үхэх гээд орж ирсэн эрлийн хүн халуун хоол цай ууж идээд хэчнээн их баярлах вэ. Одоо манай хотынхон ядарсан хэн нэгнийг гэртээ оруулж хооллож ундлах уу. Халуун сэтгэлээ гаргах уу. Харин ч гэртээ оруулах нь бүү хэл хөөгөөд гаргах байх. Би шавь нартаа “Яруу найраг бичихээсээ өмнө хүн шиг сэтгэлтэй хүн л байгаарай” гэж захьдаг. Муу үйл хийдэг хүнээс сайн яруу найраг хэзээ ч төрөхгүй шүү дээ. Явуухулан багш маань “Сайн яруу найраг бичиж чадахгүй бол сайн хүн байгаарай” гэж хэлдэг байсан. (Явуу багшийнхаа дуу хоолойг элэглэн дуурайв. сур)

“Чиний шүлэг бичих гэж юу байсан юм” гэж доромжлох ч хүн байлаа

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаатай ярилцлаа.

-Олон эрэгтэй яруу найрагчийн дунд хорь гаруй жил ганцаардаж явсан гэдэг бил үү?

-Үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч нэлээд байсан. Шүлэг бичдэг бүсгүй намайг уран бүтээлийн ертөнцөд орж ирэхэд байгаагүй. Хорин жил ганцаараа торойж явтал далан хоёр онд яруу найрагч С.Оюун маань орж ирсэн. Тэрнээс хойш олон сайхан яруу найрагч бүсгүй гарч ирж өнөр бүлтэй болсон доо.

-Монголын утга зохиолын ертөнцөд өнөөдөр яруу найрагч бүсгүйчүүд шөнийн одноос ч олон болсон байгаа биз?

-Эмэгтэйчүүд уран бүтээлийн орчинд их орж ирж байна. Тэр муу юм биш. Эмэгтэй хүний сэтгэл амьдралын их нарийн нандин юмыг олж хардаг. Ухаандаа, Цоодолын Хулангийн “Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ” гэдэг чинь бүсгүй хүнээс л гарах нарийн мяндсан мэдрэмж шүү дээ. Д.Сумьяа, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шагдарын Лхамноржмаа, Ц.Оюундэлгэр, Ширнэнгийн Анхтуяа нарын олон эмэгтэй шүлэгч байна. Эдний шүлгийг уншаад үзвэл нарийн юм их байдаг юм. Эмэгтэй хүн шүлэг бичихэд зарим хүмүүс их дургүй байдаг юм. Намайг анх шүлэг бичиж байхад “Чиний шүлэг бичих гэж юу байдаг юм. Хүүхдээ бүүвэйлээд гэртээ сууж байвал барав” гэж байсан хүн өөрөө олигтой шүлэг бичиж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Хүн юу ч гэж доромжилж байсан өөрийнхөөрөө явсан хүн л хожно. Тэр үед би “Шүлэг бичээд чиг яахав, багшлах ч юм уу, эвлэлийн ажлаа хийгээд явж байя” гээд хаячихсан бол их хайран авьяасаа булшлах байж дээ гэж боддог юм. Хүн зорьсондоо хүрэхийн тулд тэмцэж амьдрах л хэрэгтэй. Би шүлэг бичихийн тулд эрэгтэйчүүдийн доромжлолыг ч их амслаа, эмэгтэйчүүдийн атаархлыг ч бишгүй хүргэж явлаа. Олон л юмыг тууллаа. Энэ бүхний эцэст найрагч хэвээрээ л үлдлээ.

-Жараад оны Чойном, Пүрэвжавын Пүрэвсүрэн нарын мундаг найрагчид таныг бүгд л халуун дотноор хайрлаж, уран бүтээлийн ганзага нийлснээ дурссан байдаг. Монгол бүсгүйчүүд их бүрэг ичимтгий байсан тэр үед олон эрийн дунд ад үзэгдэн шүлэг бичнэ гэдэг тун ч хэцүү л байсан байх даа?

-Тийм ч амар даваа байгаагүй шүү. Эрэгтэй хүн бол эр хүйстэн, эмэгтэй хүн бол эм л хүн шүү дээ. Тийм учраас олон эрийн дунд ганц эмэгтэй хүн байна гэдэг тийм ч сайхан юм биш. Гэхдээ манай уран бүтээлчид бол ямар ч нөхцөлд биднийг эргүүлж өмнө хойно орж гүйдэггүй онцлогтой. Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Цогт, Р.Чойном, сүүлийн үеийн Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нартай нэг баг болоод саалийн ферм, үнээн зэл гээд яваагүй газар байхгүй. Миний үеийнхэн уран бүтээлдээ бүхнээ зориулсан гайхамшигтай хүмүүс байсан. Хүүхэн шууханд дурлаж байсан тохиолдол байсан л байлгүй. Тэрийг нь би сайн мэдэхгүй. Уран бүтээлчийг хайрлах сэтгэлтэй, мөнхийн сайхан нөхөрлөлтэй найз нараараа би бахархдаг. Манай энэ найз нар ямар их түшигтэй гэж санана. Эд нар минь байгаагүй бол би ардын уран зохиолчийн өндөр хэргэмд хүрч өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү.

-Чойном найрагчийг гэргийгээ төрчихсөн байхад эргэхгүйгээр долоо хоногоор архидаад явчихдаг байсан л гэдэг. Зарим нь огт архи уудаггүй хүн байсан л гэх юм. Энэ олон ярианы аль нь чухам үнэн юм бэ?

-Чойном тийм архичин хүн байгаагүй. Уух идэхээ мэддэг, уусан ч согтдог хүн байгаагүй. Амслаа ч гэсэн шүлгээ гайхамшигтай бичдэг найрагч байсан. Тэр хүний толгой бол шүлэг найрагт заяасан тэргүүн гэж би дээдэлдэг.

-Монголоо муулах гэсэн өвчин орчин үед газар аваад байх шиг санагдах юм?

-Би гуч гаруй улс оронд очиж үзсэн хүн. Тэгэхэд миний ард түмэн шиг жудагтай улс хорвоод ховорхон юм билээ. Өндөр хөгжилтэй улс олон л бий байх. Хөгжилтэй байлаа гээд хүнлэг чанар нь бий юү, үгүй юү. Өндөр сайхан барилга, зөөлөн буйдантай байлаа гээд хүнээ хаячихсан бол юуных нь хөгжил байх вэ дээ. Манайхан одоо охиноо баян айлын хүүтэй суулгана гэх болцгоож. Гэрт байгаа гоёмсог мебельтэй нь охиноо суулгадаггүй, хүнтэй л нэг гэрт амьдруулдаг юм байгаа биз дээ. Баян байлаа ч сэтгэлгүй нэг хүйтэн амьтантай суулгачихвал насны арандаг биз дээ. “Мөнгөтэй л бол юуг ч бүтээнэ, хүнийг ч худалдаад авч болно” гэж байгаа хүнд л би их гомддог юм. Хүний сэтгэл дээр л амьдрал тогтдог болохоос мөнгөн дээр тогтохгүй ш дээ. Мөнгө ер нь юу юм бэ. Өнөөдөр байлаа, маргааш үрэгддэг л цаас ш дээ. Халуун сэтгэл байж байж л амьдрал сайхан болно доо.

-Таныг “амьдралаа хайр дээр тогтоож”, “Хүүгийн эцэг”-т захиа бичиж байх үед хайрын захидал их ирдэг байв уу?

-Зөндөө л ирдэг байсан. Манай Нямбуугийн Нямдорж

“Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг” хэмээн бичсэнчлэн тэр олон хүнийг бүгдийг нь хүлээгээд авч болохгүй биз дээ. Тиймээс “Танд баярлалаа” гэсэн хариу бичээд явуулдаг байлаа. Зарим нь гэрт оруулахгүй энэ тэр гэж хоргоох үе ч байлаа. Тэр бүхнийг аятайхан аргалаад явуулна. Бидний үед сайхан залуус ч зөндөө байсан. Одоо харин сайхан залуу тийм ч их харагдахгүй юм аа.

-Нүд унахаар залуу ердөө харагдахгүй юм уу?

-Ховор юм. Ажил төрөлдөө дарагдаад бүрсийцгээчихдэг юм уу. Эсвэл хүний залуу насны үе тэнгийнхэн тийм сайхан харагддаг байсан юм болов уу. Миний нөхөр гэхэд ийм сайхан сэхээтэн залуу байлаа. (Найрагч маань ханийнхаа жаазтай зургийг удаан ширтэн санаашрав. сурв) Тэгэхэд одооны залуус чинь яавал мөнгө олчих вэ гэж шүлсээ үсэргэсэн л хүмүүс байх юм байна.

-“Хүнийг худалдаад авчихаж ч болно” гэсэн муухай үзэл дэлгэрч гэж та хэллээ. Таны үед баячууд нь хөрөнгөөрөө зодох ч юм уу, эвгүйхэн хэлэхэд биеэ үнэлэгч маягийн хүмүүс огт байгаагүй юм уу?

-Улаанбаатарт тийм ёс бус юм их дуулддаггүй л байсан. Зарим нэг хүнийг гадаадынхантай явалддаг гэнэ л гэж сураг төдий ярих. Тийм хүн өдрийн од шиг ганц нэг.

-Яруу найргийн олон номтойг тань уншигчид сайн мэднэ. Хүүрнэл төрлөөр та уран бүтээл хэр их туурвисан билээ?

-Яруу найргийн гучаад номоо хэвлүүлсэн. Хоёр гурван кино бичсэн ч одоо хүртэл гар бичмэлээрээ хадгалагдаж л байна. Найруулагч ч хайж явсангүй. Үргэлжилсэн үгээр нэг жижиг роман, тууж, жижиг өгүүллэгүүд нэлээд бичсэн дээ.

-Хүнд аав, ээжээс илүү бурхан хаа ч байхгүй юм аа?

-Миний төрсөн аав Зана гэж монгол бичиг, түвд номонд цагааширсан мундаг хүн байсан. Өргөж авсан аав, ээж хоёр минь намайг ажил амьдрал сургасан агуу их хүмүүс байсан. Оёж шидэх бүхий л ажлыг ээжээсээ би сурсан. Аав минь ямар ч бичиг үсэггүй төрийн хар хүн байсан ч зүйр цэцэн үгээр л намайг хүн болгосон. “Аргалдаа яв” гэж аашлахын оронд “Залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй” гэхэд л араг шээзгийгээ үүрээд гарахгүй яадаг юм. Аав маань их сайхан дуулна. “Шивээ Хиагт”, “Улаан туг” эднийг бүүр сургуульд орохоосоо өмнө сурчихсан байсан. Миний ардын уран зохиолч болсон чинь аав ээж хоёрын минь надад өгсөн агуу их ухаан юм. Хүний төлөө гэсэн сэтгэл нь үргэлж бодогдоно гээч. Хүний хайр гэдэг уран сайхны соёлыг хүнд хайрладаг байх.

-Та багадаа ямар мөрөө­дөлтэй хүүхэд байв?

-Би сайхан эмэгтэй хүн болох юмсан л гэж их боддог байсан. Аавын төрсөн дүү нар гээд долоон сайхан эгч, миний өөрийн зургаан эгч их гоё хүүхнүүд байлаа. Эдэн шигээ сайхан хүн болохыг мөрөөднө. Их сургуульд орсноос хойш Цогзолмаа гуай шиг сайхан хүүхэн болохыг, Удвал гуай шиг ухаантай хүн болохыг бодно. Сүүлдээ сайхан хүн болохоос илүү сайн хүн байхын чухлыг мэдэрсэн дээ. Хөдөөнөөс анх хөх даалимбан тэрлэгтэй, монгол гуталтай хөгийн юм л ирсэн. Шинэ жилээр дотоод үйлдвэрийн туфльтэй ороход багш нарын авгай нар бололтой сайхан хүүхнүүд шоолж сүйд боллоо. Би ч ичсэндээ уйлж эгч дээрээ гүйж хүрсэн чинь “Тэд чинь хүнийг дотоод үйлдвэрийн гуталтай гэж шоолдог хэн юм бэ. Өөрсдөө гадаад үйлдвэрийн толгойтой юм уу” гэснээс хойш хүнд эрдэм мэдлэг чухал юм гэдгийг ухаарсан даа.

Categories
мэдээ цаг-үе

Ототакэ Хиротада: Хүмүүс биенээ нарийн, бүдүүн гэж хачирхаж адалдаггүйтэй адил би зүгээр л хүн

Ототакэ
Хиротадаг ганц Япон ч биш дэлхий андахгүй. “Амьдрал ямар сайхан гээч” ном нь
Япондоо гэхэд л зургаан саяас дээш хувиар хэвлэгдэж бестселлер болжээ. Дэлхийн
дөчөөд оронд номынхоо шугамаар зочилж байж. Түүний ном арваад оронд
орчуулагджээ. Энэ эрхмийн ном монгол хэлнээ орчуулагдаад байна. “Амьдрах ямар
сайхан гээч” номыг Монголд хэвлүүлэх эрхийг авсан “Аз хур” компани Ототакэ Хиротаг номынх нь
нээлтэд урьжээ. Дэлхийд бестселлер
болсон энэ номын нээлтийн дараа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таныг анх
төрөхөд ээжид чинь харуулаагүй сар болсон гэл үү?

-Тиймээ, би тетра
амелия синдром буюу хөл гаргүй төрсөн юм. Намайг дөнгөж төрсний дараа хэт
цочролд орно гээд ээжид харуулаагүй юм билээ. Хэт шарлалттай тул жаахан харзнах
хэрэгтэй гээд байж. Тэгж байгаад сарын дараа эмнэлгийнхэн намайг харуулахдаа их
бэлдсэн байгаа юм. Цусны даралтыг нь үзэж, ухаан алдах байх гэж болгоомжилж ор
хүртэл бэлдсэн гэдэг. Гэтэл санаанд оромгүй юм болж. Ээж намайг харангуутаа
“Ямар хөөрхөн юм бэ” гэж дуу алдаж л дээ. Тэнд байсан хүн бүр л гайхсан гэж
аав, ээж хоёр хожим ярьдаг байсан. Мэдээж төрүүлсэн хүүхэд нь хөл, гаргүй,
хөгжлийн бэрхшээлтэй төрвөл хэн л баяртай байв гэж. Ихэнх ээжүүд шоконд орох
байх. Гэтэл ээж минь “Ямар хөөрхөн юм бэ” гэж дуу алдан хүлээж авсан нь миний
амьдралын зөв, гоё эхлэл байсан. Миний ном хэвлэлтэд гарснаас хойш ээжийг их
олон хүн магтдаг юм. Ээж магтаал бүрд их даруухан хариу өгнө. “Би тийм
гайхамшигтай, тусгай хүн биш ээ. Зүгээр л чи бид хоёрын дунд эх, үрийн нандин
холбоо байсан учраас л тэр. Ямар ч ээж үрээ хайрлаж угтана” гэхээс өөр үг
унагахгүй шүү. Ээж минь өнөөдөр ч энх тунх амьдарч байгаа.

-Аав тань бас
гайхалтай хүн байсан байх?

-Миний аав
биширмээр сайхан хүн байсан. Одоо аавыгаа боджээ суухад тэр үеийн япон
хүмүүстэй харьцуулах аргагүй өөр хүн байсан санагддаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө
хачин гоё илэрхийлнэ. Аав ээж бид хоёрт өглөө орой бүр хайраа илчилдэг байсан
юм. Аав минь надад хайртай гэдгийг хүчтэйгээр мэдэрч өссөндөө баярладаг. Тэр
мэдрэмж намайг зоримог дайчин болгосон байх шүү. Намайг бага байхад хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй айлууд хүүхдээ гэрээсээ гаргахгүй, зарим нь бүр нуудаг
байсан гэдэг. Аав, ээж хоёр харин тэгэхгүй. Намайг хүн бүртэй танилцуулах гэж
гудамжаар дагуулан явна. Би дөрөвтэйдөө цэцэрлэгт орсон юм. Жирийн хүүхдийн
цэцэрлэг л дээ. Автомат тэргэнцэртэй надад мангасаас зугтдаг тоглоом гунигтай
санагддаг байж билээ. Өнөөдүүлээ гүйцэхгүй. Гэхдээ их зальтай. Тэргэнцэр дээрээ
суучихаад “Элсэн дээр тоглох нь наашаа” гэхээр ангийнхан маань бүгдээрээ хүрээд
ирнэ. Гаргүй болохоор найзууддаа “Цайз барь” гэж “тушаана”. Зарим нь үгүй ээ
өөр юм барья гэвэл “Цайз барь гэсэн биз дээ, чадахгүй бол тэнд очоод ганцаараа
тогло” гэнэ. Гайхалтай нь миний үгнээс хэн ч гарахгүй. Дураараа ааштай гээд
найзлахаас татгалзахгүй.

-Их зөрүүд
нөхөр байж. Ангийнхнаа ингэж командалсаар байгаад цэцэрлэгээ төгссөн үү?

-Арай ч үгүй ээ
(инээв). Ангийнхнаа, багшийгаа гээд бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн дураараа
хүүдээ ээж, аав хоёр санаа зовж байсан гэдэг. Гэхдээ нэг явдлын дараа тэд маань
санаа зовохоо больсон л доо. Цэцэрлэгийн ахлах ангид жүжигчилсэн тайлан тоглолт
хийх болов оо. Машин засварын газрын өвөөгийн дүрд тоглох хүүхэд олдоггүй.
Голоод байхгүй юу. Гэтэл тэр үед миний сайн найз Шинго “Би тоглоё” гэдэг
байгаа. Сүртэй харагдаж байна гэж жигтэйхэн. Найзтайгаа өөрийгөө харьцуулаад их
ичиж билээ. Би цэцэрлэгт ангийнхантайгаа тоглож, бужигнаж, өөрийгөө жирийн л
хүүхдүүдийн нэг гэдгээ мэдэрч хүмүүжсэн.

-Хөл гаргүй
хүүхдийг энгийн сургуульд авахгүй ч гэдэг юм уу, тийм хандлага байсан уу?

-Аав, ээж хоёр
хүүгээ цэцэрлэгт дажгүй явчихаар энгийн сургуульд оруулъя гэж хичээж зүтгэсэн
байдаг. Мэдээж ямар ч сургууль хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахыг хүсэхгүй. Татгалзсан
хариу өчнөөн сонссон ч шантраагүйд нь аав, ээждээ баярладаг юм. Эцэст нь нэг
сургууль асран хамгаалагч дагалдуулбал сургая гэсэн хариу өгсөн дөө. Бага
ангийн Такаги багш намайг ангийнхаа ердийн л нэг хүүхэд гэж үзнэ. Хэцүү үе байсан
ч багш тоохгүй. “Ототакэд аймаар багш гэж бодогдуулж байсандаа ч зүгээр. Такаги
багшийн гараар орсондоо баярладаг гэж хэлбэл болох нь тэр” гэж хэлдэг байлаа.
Одоо багшийгаа дурсахаар жинхэнэ хатуу байна гэдэг хүнлэг байхын нэр гэдэг
үгийн үнэ цэнийг мэдэрдэг шүү. Би спортод их дуртай хүүхэд байлаа. Тэр дундаа
бейсболд. Хөл, гаргүй байж яаж тоглох вэ гэж гайхах байх л даа. Мэдээж надад
тохирсон онцгой дүрэм байсан. Бейсболын цохиурыг салтаандаа хавчуулаад биеэ
хөдөлгөж цохих нь миний савалт. Тэгж шидэхээрээ ононо гэж янзтай.

-Бейсболоос
өөр ямар спортоор хичээллэдэг байв?

-Сагсан
бөмбөгөөр. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг л даа. Дунд сургуульд ороод спортын
аль нэг клубыг сонгох хэрэг гарсан юм. Би ч эргэлзэлгүйгээр “сагсан бөмбөг”
гэчихлээ. Баргийн зүйлд намайг дэмждэг аав минь
“пөөх яадаг билээ” гэж дуу алдсан юмдаг. Ээж ч их гайхсан. Энэ талаар
бүр багштай ярилцсан байсан. Эцэст нь би ялсан л даа. Ингээд ярихаар
тэргэнцэртэй сагсан бөмбөг гэж төсөөлж магадгүй. Тэргэнцрээсээ буугаад булцуут
хөлөөрөө гүйж, өөрөө бөмбөгөө залж жинхэнэ сагс тоглосон. Сүүлдээ баруун
зүүнээрээ залдаг болж, сагсан бөмбөгийн тэмцээнд дамжуулагчаар оролцож байлаа.
Ингээд ярихаар хүмүүст төсөөлөгдөхгүй байх. Гайхсан хүн бүрд сагс тоглож
чаддагаа үзүүлж чадах боломжоор тааруу байгаа нь харамсалтай хэрэг. Ахлах
сургуульдаа америк хөлбөмбөгийн клубт орсон.

-Америк
хөлбөмбөгийн клуб ээ. Том биетэй нөхдүүд мөргөлдөж тоглодог спортыг хэлээд байна уу…?

-Хүмүүс их
гайхдаг юм. Сүүлдээ ч таны яг одоо над руу ширтэж байгаа харцыг хараад дасчихжээ(инээв). Би 1992 онд Токиогийн Рицү Тояма ахлах
сургуульд орсон юм. Манай сургууль клубээрээ их алдартай. Тоямагийн америк
хөлбөмбөгийн клубт дандаа сүрхий хүүхдүүд цуглардаг гэж хот даяар яригддаг
байсан цаг. Таны гайхдаг үнэн л дээ, америк хөлбөмбөг бол сагсан бөмбөгөөс илүү
мөргөлдөж гүйх шаардлагатай спорт. Ер нь хүмүүс америк хөл бөмбөг гэхээр том
биетэй хүмүүс хоорондоо мөргөлддөг спорт мэтээр төсөөлдөг. Тийм байх. Би багтаа
мэдээллийн бааз үүсгэх үүрэгтэй. Миний үүсгэсэн мэдээллийн баазыг дараа
дараагийн тэмцээнд ашигладаг байсан юм.
Баруун талын тоглогч төчнөөн хувь, зүүн талынх нь тэдэн хувь, энэ үед
дамжуулагч төчнөөн хувь байсан гэж ирээд
тооцно. Зарим үед эсрэг багийнхаа бичлэгийг үзэж нойргүй хононо, дасгалын үеэр
зааварчилгаа өгөх тохиолдол ч олон гарна. Америк хөлбөмбөгийг сайн мэдэрдэгтээ
биш, зарим үед тамирчдаасаа илүү мэдрэх тохиолдол гардаг болохоор тэр л дээ.

-Багаасаа
спортод дуртай болохоороо л спортын сэтгүүлч болж, Сидней, Афины олимпийг
сурвалжилсан байх нь. Таныг тамирчин хүнийг мэдэрч бичдэгээрээ алдартай гэж
дуулсан. Нууц нь юундаа байна?

-Алдартай
тамирчдын талаар хүмүүст тодорхой төсөөлөл байдаг даа. Энэ хүн ийм л байх гэсэн
төсөөллийг дотроо бүтээчихдэг. Мундаг л бол мундаг, амжилт гаргах нь тодорхой ч
гэдэг юм уу нэг тийм шууд мэдрэмж байдаг. Миний хувьд олонхийн таамаг,
төсөөллөөс өөр өнцгөөс тамирчдыг харахыг эрмэлздэг. Олимпийг, ДАШТ-үүдийг сурвалжилж бичихдээ яг ийм зарчим барьдаг
байсан. Японы нэг алдартай жудогийн бөх
байдаг юм. 2000 онд алт авсан сайн тамирчин. 2004 онд ч алт авах магадлалтай
гэж яригдаж байсан. Гэтэл тэр тамирчин 2004 оны олимпийн үеэр хоёрдугаар шатанд
уначихдаг байгаа. Хүн бүр л гарцаагүй алдаа байна гэж харцгаасан. Тэр үед
хэчнээн сайн тамирчин байгаад заавал ялна гэж үгүй, тааруу даа энэ гэж харсан
нь ялахыг үгүйсгэхгүй гэсэн мэдрэмж хүчтэй төрж билээ. Спортоос ийм агшнууд
зөндөө мэдрэгддэг. Бидэнд ч ялгаагүй. Бэрхшээл, зовлонтой ч гэсэн хүн бүрд боломж байдгийг мартаж болохгүй. Тэр боломжоо
бүрэн дүүрэн ашиглая гэвэл өөртөө
итгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог.

-Та өнөө орой
(өчигдөр) “Амьдрах ямар сайхан гээч” сэдвээр монголчуудад лекц уншина. Японд
бол лекц таны амьдралын нэг хэсэг. Ямар хүмүүст лекц унших илүү сайхан мэдрэмж
төрүүлдэг вэ?

-Хүүхдүүдэд.
Тэдэнтэй байх их хөгжилтэй. Үргэлж гайхшруулж, инээд хүргэнэ. Би хүүхдүүдэд лекц уншихаараа хагас цагаас
нэг цаг хэртэй яриад асуулт тавих цаг гаргадаг юм. Цагаан цайлган, харах өнцөг
нь их сонирхолтой санагддаг. Нэг удаа Токиогийн бага сургуульд лекц уншлаа.
Гэтэл нэг хүү гараа өргөөд “Та нүдний шилээ яаж авдаг вэ” гэж асууж байна. Би
жижигхэн хоёр гараараа нүдний шилнийхээ бариулаас авч, зүүж үзүүлсэн юм.
Өнөөдүүл чинь шуугилдаад сүйд. Бүгд л аман дотроо хөөх ямар мундаг ах вэ
гэцгээгээд. Токиогийн бас нэг сургууль дээр лекц унштал хүүхдүүд асуултаар булж
гардаг юм. Сүүлдээ багш нь “За хүүхдүүдээ цаг дуусч байна. Зайлшгүй чухал гэсэн
ганц асуулт авъя” гэлээ. Нэг хүү гараа өргөөд жигтэйхэн. Багш нь асуух
зөвшөөрөл өгтөл өнөө хүү хэсэг гацаж байснаа “Дрифтерчдээс хэнд нь хамгийн
дуртай вэ” гэдэг байгаа. Багшийг нь хартал микрофонтой гар нь чичирч байсан шүү
(инээв). Би их сургуульд байхаасаа л
лекц уншиж эхэлсэн. Сард хамгийн ихдээ арван лекц уншсан үе ч бий.

-Ном бичих
санаа яаж төрсөн бэ?

-Би оюутан
байхдаа сайн дурын үйл ажиллагаа их зохиодог байсан л даа. Сая хэлсэн дээ, энд тэнд очиж илтгэл тавина. Миний хийдэг
ажил цахим ертөнц, телевиз сониноор гарч олны анхаарлыг татаж эхэлсэн л дээ.
Тэр үед танил маань амьдралаараа ном
бичвэл ямар вэ гэсэн санаа өгсөн. Ном маань ингэтлээ зарагдана гэж төсөөлөөгүй.
Хүмүүст хүрэх болов уу гэж эмээж байсан шүү. Гэтэл ном гарсаны дараа миний
амьдрал өөрчлөгдсөн. Өмнө нь зүгээр нэг энгийн оюутан сургууль хичээлдээ яваад
дажгүй амьдарч байсан чинь ном гарснаас хойш гудамжинд хүмүүс зүгээр явуулахаа
байсан. Хамт зургаа татуулъя, гарын үсгээ өгөөч гэж хүсэх болсон. Танихгүй
хүмүүс хүртэл ирээд ярилцана. Гэр рүүгээ орох гэхээр фото зураг авдаг улс
хөлхөөд. Хэрэггүй ч ном гаргав уу даа
гэж харамсах тохиолдол ч байсан. Одоо
бол өөр л дөө. Номынхоо ачаар олон сайхан хүнтэй уулзсан. Дөчөөд улсад
очлоо. Өнгөрсөн жил Өмнөд Африкт очсон юм. Нельсон Манделагийн нас барсан үе
таарсан л даа. Тэр хүн хар, цагаан арьсаар ялгарсан нийгмийн хандлагыг өөрчлөх
гэж насаараа зүтгэсэн. Би нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх гэж, иргэнийхээ хувьд
хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа. Яагаад ч юм энэ талаараа төстэй юм шиг
санагдсан шүү.

-Эхнэртэйгээ
танилцсан түүхээ сонирхуулаач?

-Би Васадагийн их
сургууль төгссөн юм. Эхнэр маань манай доод курсийн оюутан байлаа. Төгсөхөд нь
гэрлэсэн. 15 жил хамтдаа амьдарч байна. Гурван хүүхэдтэй.

-Та зарим
асуултад их товч хариулах юм. Лавлаад асуухаар бас л товч хариу өгөөд. ..?

– Япончууд ямар
нэг юмыг шууд ийм тийм гэхээс илүү “намайг хэлээгүй байсан ч ойлгоосой” гэж
боддог улс. Нас ахих тусам энэ хандлага нь хүчтэй болдог. Тэр тусмаа эрэгтэй
хүнд.

-Таны номыг
Японы нийгмийг өөрчилсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчилсөн
гэж үнэлдэг юм билээ. Монголын хувьд ийм өөрчлөлт хийхийн тулд яах ёстой вэ?

-Ер нь хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүстэй нэг газар амьдрах, хамтдаа байх давтамжийг ойртуулмаар
санагддаг. Жишээ нь би өөрийгөө хэзээ ч өрөвдөж, өөртөө хэзээ ч гутарч
байгаагүй. Хүмүүс биенээ өндөр, нам, нарийн, бүдүүн гэж хачирхаж адалдаггүйтэй
л адилхан, би зүгээр л хөл, гаргүй хүн. Би жирийн хүмүүстэй ойр амьдарч, жирийн
сургууль, цэцэрлэгт хүмүүжиж сурсан учраас хүмүүст өөрийгөө ойлгуулж мэдрүүлж
чадсан. Надад ямар асуудал байгааг ангийнхан маань, намайг хүрээлсэн хүмүүс,
япончууд мэдэрсэн учраас ийм хүмүүсийн
төлөө юу хийхээ мэдсэн. Бүх зүйл ийм энгийн зүйлээс эхэлнэ. Би нэг зүйлд их
олзуурхаж байгаа. Миний номыг Монголд худалдах эрх авсан компани
борлуулалтынхаа арван хувийн орлогоор хараагүйчүүдэд зориулсан брайл үсгийн ном
хэвлэх юм билээ. Бас л гоё эхлэл.