Categories
мэдээ цаг-үе

СОНИН гэрт байвал гамшгийн үед хэрэг болно гэв

НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн
шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос
хойш жил бүрийн аравдугаар сарын 13-нд тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхий даяар
“Аюулгүй амьдрах мэдлэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Уг өдрийн хүрээнд
гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас
урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн
дарга Н.Болормаа нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр ОБЕГ-ын
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн үед чичиргээнийх
нь үеэр гүйж болохгүй. Чичиргээ дууссаны дараа барилгаас гарах ёстой. Мөн гэр ахуйдаа
тавилга сонгохдоо бөх батыг нь харж байх нь зүйтэй юм. Газар хөдлөлтийн үед хамгийн
түрүүнд ширээн доогуураа орох хэрэгтэй. Эсвэл тавцан нь хангалттай даацтай бол орон
доогуураа орсон ч болно. Хана нурлаа гэхэд ширээ, оронд тулж гурвалжин зай гарна.
Энэ зайг амьдралын гурвалжин ч гэдэг” хэмээн ярив. Түүнчлэн “Байгалийн гамшгийн
үед 15 төрлийн эд зүйл байх ёстой. Цэвэр ус, долоо хоног хэрэглэх хоол унд, гар
чийдэн, батерей хэрэгтэй. Мөн айлд сонин, гялгар уут, тор байх ёстой. Тухайлбал,
аюул гамшгийн дараа хүмүүст халуун шөл тараалаа гэхэд сониноо гурвалжилж нугалан
аяга хийж болно. Түүн дотроо жижиг гялгар уут хийгээд халуун шөл, цай зэргийг ууж
болох юм. Сонингийн цаасыг хуйлахад хатуурдаг. Түүгээр хэрэв гар хугарсан бол чиг
тавиад мөн л гялгар уутаар боочихно. Гялгар торыг ч сэнжнээс эхэлж цуулаад сойлт
болгон ашигладаг. Энэ мэтчилэн газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед гар доорх материалыг
ашиглахад анхаарах хэрэгтэй” хэмээв.

Харин бусад шаардлагатай
эд зүйлсийн талаар “Газар нурангид дарагдлаа гэхэд шүдэнз зураад гал гаргаж болохгүй
шүү дээ. Галын аюулгүй байдлаа бодсон ч тэр. Тиймээс гар чийдэн зайлшгүй хэрэгтэй
юм. Мөн гэрлээр нь дохио ч өгч болно. Нөөцний хоол ундаа ч аль болох муудахгүйг
сонгох нь чухал. Бичиг баримтаа нэг гялгар уутанд хийж хадгалах ёстой. Газар хөдлөхөд
тэнд байгаа эрүүл мэндийн дэвтэр, өөр газар байгаа үнэмлэхээ хайгаад байж болохгүй
шүү дээ. Барилга байшин дор дарагдсан тохиолдолд шүдээ тогшсон ч болно. Орчин үеийн
аврах хайгуулын багаж хэрэгсэл их доор байгаа дуу чимээг ч мэдэрдэг болсон. Гэртээ
хатуу цаасан хайрцаг хадгалж байгаад тавилгынхаа дээд талаар нугалаад хийчихвэл
чичирхийллийн үед унахгүй зэрэг олон зүйл бий” хэмээн сонирхуулав.

Мэдээллийн үеэр “Иргэд
аюулт үзэгдэл, осол, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг
байна” хэмээн онцолж байлаа. Зөвхөн энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар манай
улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож түүний улмаас 170 хүн
амь насаа алдан 49.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ОБЕГ-аас төв, орон
нутгийн Онцгой байдлын анги байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран үйл
ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн www.ontsgoi.cov.mn сайтад, иргэдийн болзошгүй
аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл байршуулж эхэлжээ. Түүнчлэн газар
хөдлөлтийн үеийн сургалтыг явуулж байгаа аж. Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс
“Өвөлд бэлэн үү” нэг сарын аяныг зохион байгуулж байгаа юм байна.

ЦАС ИХ ОРСОН ҮЕД:

Хэрвээ хээр талд эсвэл ойд байхад
цас орвол намдахыг нь хүлээх, ойролцоох тодорхой шинж тэмдэг бүхий зүйлээр баримжаалан
зүг чигээ олох хэрэгтэй. Түүнчлэн аюулгүй газар очих боломжгүй тохиолдолд цас ухаж
түр хорогдох байр нүх, хонгил, агуй, овоохой зэргийг хийж хорогдох нь салхи, хүйтэн,
цасны хунгараас хамгаалдаг. Цасанд удаан хугацаагаар гадаа байхад хүний нүд гэмтэж
болзошгүй учраас нарны шилтэй явахад илүүдэхгүй.

ЦАСАН ШУУРГЫН
ҮЕД:

Өвлийн улиралд хол замд гарахдаа
цаг агаарын мэдээ харж хэвших нь чухал юм. Харин замд гарсан тохиолдолд чухал бичиг
баримт, хоёроос дээш хоног хадгалж болох илчлэг хоол, хүнс, ус, түлш, анхны тусламжийн
болон ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, гар чийдэн, холбооны хэрэгсэл авч гарах
хэрэгтэй юм. Хэрэв автомашинтай явж байхдаа цасан шуургатай таарсан бол тусламж
иртэл машинаасаа буухгүй байх хэрэгтэй. Машин эвдэрч саатсан бол антенндаа тод өнгийн
даавуу уях, дуут дохио дуугаргах, гэрэл асаах зэргээр дохио, тэмдэг өгөх нь чухал.
Нойтон хувцас нь дулаан хадгалах шинж чанараа алдаж, биеийн дулаан алдагдуулдгийг
санаарай. Тиймээс осголт хөлдөлтийн шинж илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаж,
норсон хувцсийг сольж, биеийн дулаан алдагдахаас сэргийлэх хэрэгтэй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэцэг: Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн билээ

Үндэсний
кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн нээлттэй өдөрлөгийн үеэр “Гэрлэж
амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог” зэрэг олон сайхан
киноны дүрээрээ үзэгчдийн сэт­гэлд хоногшсон Монгол Улсын гавьяат
жүжигчин, “Монгол­жин” студийн захирал Н.Батцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүс Богд, хатан хоёртой зургаа
авахуулж, гарын үсгийг нь авах гэж дараалалд зогслоо. Та­ны хувцас Богдын
музейд бай­даг жинхэнэ хувцастайгаа адилхан харагдаж байна шүү?

-Кино хүнд хүчтэй
хүрдэг урлаг. Хоёрдугаарт хувцас, биднийг чимээд хүмүүсийн сонирхлыг илүү их
татаад байна. Түүнээс биш намайг гудамжинд явж байхад оволзоод байхгүй шүү дээ.
Богд хаантан маань хажууд сууж байна. Хэзээнээсээ манайхан төр засаг, дуучид
киноныхноо хүндэлдэг. Бидний хувцсыг “Уран гоёл” гэдэг компани урласан. Дэлгэцэнд юм олон дахин томорч харагддаг.
Тийм учраас жинхэнэ хэрэглэж байсан эд зүйлстэй нь маш адилхан хийхгүй бол
гологдоно. “Уран гоёл”-ынхон их
гялалзаад байхгүй хэрнээ алтан утастай
юм шиг материал олох гэж их зовсон гэсэн. Товч нь алт шиг байх
учиртай. Богд хаантных шүр шиг том.
Хэмжээ нь ч нарийн байх ёстой. Малгайны
орой дээрх очир энэ тэрийг ч дүйцүүлсэн. Донж тун нь таарна гэдэг их учиртай
шүү. Хувцас энэ бүхэн амилсан өдөр байлаа. Дөнгөж зүүнээсээ гарсан хувцас
өмсөөд, киноныхоо 80 жилийн өдөрлөгт оролцох сайхан байна. “Монгол кино
нэгтгэл” ойдоо зориулаад олон арга хэмжээ хийж байгаа. Тэрний нэг нь нээлттэй
өдөрлөг. Монгол киноны дуу ямар сайхан билээ гэдгийг эргэж санаад, сэтгэл нь
хөглөгдөж, хичнээн сайхан жүжигчид байдаг билээ гэдгийг харж нүд хужирласан сайхан өдөр байлаа. Хүмүүс ч маш их ирсэн байна.

-Та зохион байгуулалтын ажилд оролцож
байгаа юм уу?

-Би Кино урлагийн
дээд сургуульд багшилж байгаа. Уран бүтээлч хүний хувьд зүрх сэтгэлээрээ
жигүүрлээд, эрвийх дэрвийхээрээ энд
гүйж байгаа шүү дээ, бид.
Уран бүтээлийн үед, ойн үеэр бие биетэйгээ уулзана гэдэг бидэнд давхар
баяр байдаг. Жишээлбэл гавьяат жүжигчин
Ш.Дэлгэржаргал эгч миний тоглосон анхны кинонуудын дууг хийсэн. Би чинь дуу
хийх чадваргүй нөхөр орж ирж байлаа.
(Н.Батцэцэг гавьяатыг ингэж хэлэхэд дэргэд нь сууж байсан Тунгалаг Тамирын Дулмаа эгч “Наадах чинь өөр мэргэжил
эзэмшсэн, Улсын их сургуулийн Орос хэлний ангийн оюутан байсан юм чинь” хэмээн
тайлбарлав) Киноны дуу оруулалт гэдэг
тухайн дүрийн 50 хувийг шийддэг гэдэг. Амилуулж өгнө гэсэн үг. Эднийгээ харах надад давхар баяр
болдог.

-Өдөрлөгийн үеэр таны тоглосон олон
киноны хэсэг дэлгэцэнд гарлаа. “Гэрлэж амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”
гээд хуучны сайхан кинонуудын хэсгээс эргэн харахад сайхан байлаа. Ялангуяа та
сурвалжлагч эмэгтэйн дүр бүтээсэн хүн. Сурвалжлагч Солонго “Хунгийн дуу” дуулдаг хэсэг байдаг. Амьдрал
дээр та хэр дуучин бэ?

-Би дуучин. Гэхдээ хоолойгоороо биш сэтгэлээрээ.
Миний дотор дандаа аз жаргалын сайхан аялгуу эгшиглэж байдаг. Тэр киноноос эхлэлтэй. Дэргэд маань намайг
сайхан хөг аялгуугаар цэнэглэдэг уран бүтээлчид маань байдаг. Зарим өдөр гуньдаг. Энд ороод
ирэхэд баяр баясгалан эрч хүч авдаг.

-Сурвалжлагч Солонгын дүрээр зарим хүн
сэтгүүлчдийг төсөөлөөд байдаг. Та сурвалжлагчийн ажил амьдралыг хэр судалж
байв?

-Багадаа сэтгүүлч юм уу хэлмэрч болно гэж боддог
байлаа. Багаасаа дүр төрхийг нь гадна
талаас нь төсөөлдөг. Яг хийдэг ажлыг нь сайн ухамсарлаагүй байлаа. Кинонд
тоглох болсноороо сурвалжлагчийн
хөдөлмөрийг жаахан гадарлах болсон. Хүн
байнга л суралцаж байдаг. Одоо ч би тантай ярилцаж байхдаа сурвалжлагчийн ажил
ямар их тэвчээр шаарддагийг мэдэрч
байна. Яагаад гэвэл та намайг түрүүнээс хойш
удаан хүлээлээ.

-Таныг
хатны хувцастай алхахыг хараад Богдын хатан ингэж л намс намс алхдаг
байсан болов уу гэж санагдсан. Та угийн
ингэж алхдаг уу. Эсвэл хатны алхааг өөртөө суулгасан уу?

-Би чинь өглөө босуутаа тогонд залгасан юм шиг гүйдэг хүн
шүү дээ. Ажил ундарч байдаг учраас амжихын тулд
биед амар хувцас өмсөөд, машиндаа год хийж гүйж ороод хурдхан шиг
асаагаад алга болно. Өнөөдөр Богдынхоо дэргэд яваа хатан юм чинь яалаа гэж
хурдлах вэ.

-Гэнэнпил Богдын хат­наар шилэгдэж,
тэнгэрийн од шүүрсэн юм шиг мөртлөө
эмгэнэлтэй төгссөн бүсгүй. Тэр эмэгтэйн хувь заяаны талаар та
эрэгцүүлсэн байх?

-Тэр бол асаж
дүрэлзээд унтарсан гал. Бусдыг гэрэл­түүлье гэвэл өөрөө дүрэлз гэдэг. Хүч­тэй эр хүний дэргэдэх эмэгтэй
чухал үүрэгтэй байдаг. Тэр эр хүн тодорсны
нууц нь дэргэдэх эмэгтэйдээ ч
байж магадгүй. Богино хугацаанд асаад өнгөрсөн гал дөл, гэрэл гэгээг харуулахад
хажууд байсан уран бүтээлчид маань нөмөр нөөлөг болсон. “Хааны сүүлчийн хатан” гэдэг бол “Монгол кино
нэгтгэл”-ийн захирал Ж.Солонгын бүтээл.
2000 онд бүтээгдсэн, хальсны бөгөөд хамгийн олон мэргэжлийн уран бүтээлчийг
нэгтгэсэн кино байлаа. Энэ кинон дээр Гэнэнпил хатан хэлдэг юм. “Би юу эсийг
үзэж, юу эсийг эдэлсэн гэх билээ” гэдэг. Тийм залуухандаа буцаж байгаа ч
амьдралд сэтгэл нь ханачихсан. Харамсах юмгүйгээр явж байгаа хүн. Энэ үгэнд их дуртай.
Амьдралд, өөртөө өег байх хэрэгтэй.

-“Эх бүрдийн домог” киноны
Нарангарвуу хэмээх эмзэг танхил охиноос
авахуулаад хэчнээн олон эмэгтэйн дүрд та хувирав. Энэ бүхний эцэст та юутай
үлдсэн бол?

-Амьдралын баялаг
туршлага үлдсэн. Зөөлөн сэтгэл, гэгээрэл
үлдсэн. Хүүхэд байхдаа гэнэн томоогүй, юмыг өөрийнхөө бодсоноор шийддэг нөхөр
явлаа. Амьдрал надад маш их ухаарал өгсөн.

-Нарангарвуугаа одоо харахад юу бодогдох вэ?

-Миний 18 нас.
Хамгийн томоогүй, юу ч хийж чадахаар
гэнэн дүр төрх үлдсэн. Би маш их
өөрчлөгдсөн. Миний залуу нас үлдсэн дэлгэцэндээ хайртай байлгүй яахав.

-Одоо бол та ямар уран бүтээл хийхийг
хүсч байна вэ?

-Үр хүүхдээ зөв
гишгэж, сайн уран бүтээл хийхэд нь ивж, түшиж явна. Нас ахиад ирэхээр би тийм уран бүтээл хийнэ
гээд асаасан танк шиг явдаг маань жаахан саарч байна. Кинондоо хайртай. Энэ
тойргоос нүд аньтлаа гарч чадахгүй. Манай гэрт гурван найруулагч байна. Би
ганцхан эмэгтэй жүжигчин. Уран бүтээлч гэр бүл дэх ганц Гэнэнпил хатан нь.

– Та
олон дүрд хувирлаа. Харин хэзээ өөрийгөө олсон бэ?

-Кинон дотроос би өөрийгөө олж авсан. Кино
намайг зүлгүүрдэж, уран бүтээлчийн хувьд
ирлэсэн ч миний өөг мөлийлгөж өгсөн.
Цаашдаа хүүхдүүдээ сайн уран бүтээлч болгоод, тоогдсоор байх юм бол
кинондоо чадах хэрээрээ оролцож явна. Энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.

-Сайхан бүсгүй байх хэцүү юу?

-Баярлалаа. Бүтэн
нэртэй, бүлээн зүстэй явна гэдэг сайхан.
Бусдын хайр хүндлэлийг хүлээж, сайхан үг
сонсч явна гэдэг сайхан. Энэ бол киноны хишиг.

-Дэлгэцийн сайхан бүсгүйг харж байхдаа
хүмүүс “Энэ сайхан бүсгүйн араас эрчүүд
хуйлардаг байх” гэж боддог байх. Амьдрал дээр ямар байсан бэ?

– Амьдрал дээр
бол хүн намайг эргүүлж байгааг мэддэггүй. Хүнээс захиа авна гэж мэддэггүй байсан. Тэр үед нарийн ширийн юм мэддэггүй. Одоогийнх
шиг мессеж, интернэт гэж байсан биш. Миний хойноос амьтан
нэг их сүрхий яваад шаваад байсныг мэдэхгүй.

-“Анхны амьдрал нь бүтээгүй юм гэнэ
лээ” гэж хүмүүс ярьж байхыг сонссон?

-Миний анхны хань
сайн залуу таарсан. Одоо бурхан болсон. Бид хоёр ерөөлгүй л байсан. Түүнээс биш
хоёр биендээ сайн байлаа. Ажил явдал дээр нь очсон. Ивээл жилтэй төрсөн ч,
ижилсэхийн заяагүй амраг минь гэдэг шиг л хамт амьдрах хувьгүй байсан юм
билээ. Сайхан андууд болоод үлдсэн дээ.
Амьдралд ийм юм байдаг юм байна. Амьдрал сайхан л байна. Бурхан сайхан зурсан
байна. Намайг ухаажуулах эхний алхмуудыг хийж өгсөн.

-Яаж сайхан хэвээрээ залуу нас, гоо
үзэсгэлэнгээ хадгалж үлдэх вэ гэдэг бүсгүй болгоны хүсэл байх. Та энэ талаар
зөвлөөч?

-Юугаа хэлдэг юм
бэ. (Инээв) Хүмүүс ярих нь “Бүтэн
нойртой, сэтгэл амар бай” л гэдэг. Сэтгэл амар байх хэрэгтэй. Сайн унтаж байх
хэрэгтэй. Сайхан унтаад босоод ирэхээр
зан хүртэл сайхан болчихдог. Царай тунгалаг болчихдог.

-Та нэг хэсэг гадаадад амьдарч байсан.
Гадаадад амьдарч байхад эх орноо ямраар
мэдэрдэг вэ?

-“Элэг зүрхнээс
уяатай”-г сонсоод нулимс бөмбөрөөд
байдаг. Гадагшаа очоод удахаар ертөнцийн жижигхэн буланд байгаа халуун
дулаан хайртай улсуудаа мөрөөддөг.

Categories
мэдээ цаг-үе

“Макс”-ын Д.Ганбаатарын сарт хээр АНУ-д болох дэлхийн аваргад уралдана

“БРИДЕРС КАП”-ИЙН
ТҮРҮҮ ХҮЛЭГ ДУНДЖААР 1-6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛТАЙ

Монгол Улсын тод ман­лай
уяач Дагвадоржийн Ган­баатарын цэвэр англи цусны сартай хээр зүсмийн ажнай хүлэг
Америкт болох дэлхийн аваргын дэвжээнд тоосоо өргөх гэж байна. Тодруулбал энэ сарын
30, 31-нд Америкийн Кентаки мужийн Лэксинтон хотод морин урал­дааны дэлхийн аварга
шалгаруулах “Бридерс кап” тэмцээн болох юм. Наяад оны эхэн үеэс дэлхийн аваргын
уг тэмцээн АНУ-д зохиогдож ирсэн бөгөөд Францын Триумфальная Арка, Арабын
Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Эпсомийн Дебри, Японы цом зэрэг
уралдаануудад бахдам амжилт гаргасан дэлхийн шилмэл хурдан хүлгүүд хурд хүч, ир
бяраа сорьдог ажээ.

Дээрх цомын тэмцээнүүдэд
түрүүлсэн моринд дунджаар 1-6 сая ам.долларын шагнал олгодог байна. Энэ нь өндөр
шагналд тооцогдох нь мэдээж. Мөн цэнгэлдэх хүрээлэнд морин уралдааныг үзэн сонирхож
буй бизнесмэн, тив, дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, моринд хорхойтой үзэгчид бооцоо
тавьж сэтгэ­лийн цэнгэл эдэлдгийг бид мэдэх юм. “Бридерс кап” морин уралдааны дэлхийн
аваргын дэвжээнд өмнө нь араб, будённый, тракен, ахал­тек, дон, кабардин,
орловын хатирч, англи-араб, англи-будённы, англи-кабардин, англи-крачеев,
англи-тракен, англи-терский үүлдрийн шил­мэл хүлгүүд шандсаа сорьж ирсэн түүхтэй
юм. Одоогоос гурван жилийн өмнөх намар “Бридерс кап” уралдаан АНУ-ын Калифорни
мужийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан. Тэрхүү уралдаанд хурдан морь
сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг таван сая долларын шагна­лын сантай классик
гараанд төдийлөн нэрд гараагүй Форт Ланед гэдэг америкийн халтар соёолон гараан
дээрээс өнгөлсөөр түрүү маг­найд хурдалж спортын нэвтрүүлгийн олон улсын сувгаар
хүн төрөлхтөнд хүрч байсан удаатай. Энэ удаагийн “Бридерс кап” тэмцээнд хоёр өдрийн
турш нийт 13 төрөлд ажнай хүлгүүд уралдах гэнэ. Нийт шагналын сан нь 26 сая ам.доллар
аж. Монгол Улсын нэрийн өмнөөс уралдаж байгаа тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian saturday” морины уралдах turf
sprint буюу богино зайн төрлийн шагналын сан нь нэг сая ам.доллар юм байна.

“МАКС” ГАНБААГИЙН
“Mongolian saturday” БУЮУ САРТАЙ ХЭЭР ТАВАН НАСТАЙ АДУУ

Д.Ганбаатар манлайн
дэлхийн дэвжээнд тоосоо өргөх гэж буй сартай хээр морь өнөө жил таван нас хүрч байгаа
аж. Уг ажнайг дааган настай байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын
тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар цаашид хурдлах
зартай хүлэг болно гэх эрмэлзлээр авч байсан гэдэг. Онон манлай монгол угшлын адуунаас
гадна цэвэр цусны эрлийз адууг хүртэл гарамгай таньдаг гэдгээ “Макс” Ганбаагийн
сарт хээр дээр нотолсон гэж хэлж болох юм. Биеийн хийц галбир сайтай, тухайлбал,
эрүү түүш урт, магнай тэнэгэр, дөрвөн мөч
тэгш, гол ясны бяртай гэх онцгой хурдан адуунд байх олон шинж зэрэг бүрдсэн хэмээх
яриа тухайн үед уяачдын дунд хөвөрч байв. “Америкийн уралдаануудад удахгүй Монголын
нэрийг гаргасан адуу дуурсагдана. Онон манлайгаар шинжүүлж Максын Ганбаа дэлхийн
баячууд үнэ хаялцдаг талбараас хурдын удмын адуу худалдаж авчээ. Дэлхийн зангарагтай эрчүүдтэй Монголын
уяачид эн зэрэгцэж эхэллээ” хэмээх жиг жуг дуулдаж л байсан. Д.Ганбаатар манлай
эртнээсээ л хурдан адууны үүлдэр угсааг сонирхож, төрсөн ах тод манлай уяач Цэрэнжигмэдийн
хамтаар Макс угшил гэдгийг бий болгохоор зорьсон. Түүний хүсэл мөрөөдөл ийнхүү эхнээсээ
биелж “Макс”-аар нь овоглосон, Монголын нэрийг дуурс­гасан ажнай хүлэг тив, дэлхийн
шилдгүүдтэй Америкийн хамгийн алдартай уралдаанд ийнхүү шандсаа сорих гэж байна.
“Mongolian saturday” хэмээх нэртэй сарт хээр морь өнөө жил арваад тэмцээнд уралдахдаа
хоёр удаа түрүү магнай болж, гурван удаа аман хүзүүнд давхиж, мөн хоёр удаа гурвалсан
амжилтаар “Бридерс кап”-ийн ойрын зайн төрөлд дэлхийн алтан тууртуудтай хүч үзэх
болзлыг хангасан байна.

“Mongolian
saturday” буюу сарт хээрийн албан ёсны хуудсанд ингэж бичсэн байна. Түүний эцэг
нь “any given saturday” аж. Үүнийг монголчилбол байдаг л нэгэн бямба гариг гэсэн
утгатай үг болно. Харин эх нь “miss hot salsa” гэж байгаа. Мөн л хошин маягаар монголчилбол
“Хатагтай, халуухан салса” гэж бууна. Тэгэхээр “Макс” Ганбаагийн сарт хээр халуухан
Салса “хатагтай”-гаас төрсөн, байдаг л нэгэн “бямба гариг”-ийн үр төл ажээ. Байдаг
л нэгэн бямбын үр төл ийнхүү “Монголын бямба” болж, Чингисийн удмынхны өмнөөс Америкийн
дэвжээнд шандсаа сорихоор болсон түүх энэ буюу.

“МАКС”-ЫН УГШЛЫН
АДУУНУУД ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАВ

Шинэ монгол адуу
үүсэж хөгжихөд үлэмж хувь нэмрээ оруулж яваа ах дүү тод манлай уяачдыг бид
“Жигүүр хул”, “Асгат саарал”, “Зандан хүрэн”, “Дэлт хээр” зэрэг энэ цагийн
хурдан хүлгүүдээр нь мэднэ. “Макс”
угшлын бага насны адуунууд 2006 оны
“Тамирын хурд”-д онцгой амжилт гарган хээр даага, халтар шүдлэн, сартай зээрд
соёолонгууд тус тус түрүүлж байсан. Цэрэнжигмэд манлайн зээрд үрээ тэр жил Алтан-Овооны
тахилгад айрагдаж байсан удаатай. Шинэ монгол
адууны гол төлөөлөл болох уг зээрд үрээний эцэг
нь ОХУ-аас авчирсан Будённый азарга бөгөөд эх нь 2003 оны улсын их баяр
наадамд зургаагаар давхиж, Архангайн 80 жилийн ойн даншиг, 2004 онд болсон
“Монгол азарганы бооцоот уралдаан”-д тус тус түрүүлсэн алдарт Зандан хүрэн
азарганы дүү гүү юм. Зээрд үрээ ардын
хувьсгалын 88 жилийн ой төрийнхөө их баяр наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүдэж , Ламын гэгээн
Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн Хангайн бүсийн даншиг
наадамд магнайдаа тоосгүй ирж олныг гайхшруулж байсан. Америкийн морин тойруулгын
шилдэг хүлгүүдийг нэг хэсэг Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг
сойж байсан удаатай. Түүнийг эрлийз морьдын уяагаар гаршсан нэгэн гэдэг.

Тэрээр “Макс” үүлдрийн
шинэ монгол адууг бий болгоход хувь нэмрээ оруул­сан. Хоёр жилийн өмнө хурдан морьдын
дуудлага худалдаа зохион байгуулагдахад тод манлай уяач С.Ганхуяг өнөө жилийн дэлхийн
аваргын тэмцээн болох гэж байгаа АНУ-ын Кентаки мужийн дуудлага худалдаанаас авч
Монголд оруулж ирсэн цэвэр цусны англи үүлдрийн “Withheld” нэртэй гүүг зарахаар
болсон. Түүний санал болгосон гүү 35
мянган америк доллараар анх дуудуулж, моринд дуртай олны дунд шуугиан тарьж байсан
түүх бий. Гэвч Ганхуяг манлайн 35 мянган ам.долларын үнэтэй англи цусныг гүүг үнэ
цохиж авах хүн тухайн цагт гараагүй юм.

Монголын уяачид дундаас
олон улсад морь уях албан ёсны эрхийг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Монгол
Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат авсан байдаг. Тэрээр С.Ганхуяг манлайтай хамт
нэг хэсэг “Макс” Ганбаагийн морьдыг Америкт уяж байсан юм. Тэрээр “Дэлхий дээр
цэвэр цусны Англи адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий
болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн
түүхтэй. Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид
өөрсдийнхөө таван үеэ мэдэхгүй байхад англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна.
Цэвэр цусны англи адууг зөвхөн уралдуулах зорилгоор олон жилийн үржил селекцийн
нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Уналга, ачлага, ан гөрөө, мал
хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махыг нь хүнсэнд
ашигладаггүй. Энэ адуу чухам ямархуу үнэ
цэнтэйг дараахь жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга нэг сая долларын
ханштайгаар гүү гишгэдэг байсан. Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай
давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхиж байна. Англи адуу 200
метрийн таранд 75 км/цаг хурдтай, 2400 метрийн уралдаанд 60 км/цаг хурдтай
давхидаг” хэмээн өгүүлж байсныг энд сонирхуулахад илүүдэхгүй биз ээ. Э.Ганбат уяач
албан ёсны эрхийнхээ дагуу эдүгээ Америкт ажиллаж амьдарч морин тойруулгын морьдыг
сойж байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн бяцхан мисс М.ГЭРЭЛТЭХ: Том болоод Содтуяа багш шигээ мисс болно

Турк улсын Анатолий хотноо 2015 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны өдрүүдэд зохиогдсон дэлхийн 55 улс орон оролцсон Олон улсын “Little miss world-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Гэрэлтэх, Б.Одмаа нар оролцсон билээ. Бага насны төрөлд оролцсон зургаан настай М.Гэрэлтэх охин Дэлхийн бяцхан мисс болж, алмаазан шигтгээтэй алтан эрдэнийн титмийн эзэн болсон юм. Тэрээр “Үйцай” ЕБС-ийн 1а ангид суралцдаг аж. Сургууль нь тарсан байсан учир түүний гэрт очлоо. Бяцхан мисс маань ээж Ө.Оюунцэцэгийн хамт байсан юм.

Дэлхийн мисс болсон баяр хүргэе. Ямар санагдаж байв?

-Баярлалаа. Гоё байсан.

Бяцхан миссийн тэмцээнд ямар үзүүлбэрүүд үзүүлсэн бэ?

-Ганцаарчилсан Англи дууны төрөлд “Дэгдээхэй” дууг англиар орчуулж дуулсан юм. Монгол дээлтэй загвар өмсөж алхсан. “Байгаль орчин эх дэлхийгээ хайрлах” сэдэвтэй англи хэлээр илтгэл тавьсан.

Илтгэлээ ямар сэдвээр тавьсан бэ?

-Би аав, ээжтэйгээ Богд хан ууланд гардаг юм. Богд уулаар илтгэл тавивал яах вэ гэж аав, ээжтэй ярилцсан чинь их дэмжсэн. Аав, ээжтэйгээ ууланд гарч хэрэм тэжээдэг. Уулнаас буухдаа хогоо түүж буудаг талаар англи хэлээр хоёр минутын илтгэл тавьсан.

Англи хэл хэзээнээс сурсан юм бэ. Бас сургуульдаа хятад хэл сурч байгаа юм байна?

-Англи хэл сураад 20 хоног л болж байна. Хятад хэлийг бэлтгэл ангид байхдаа сурсан.

Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?

-2014 оны Монголын бяцхан мисс болж байсан. Тэгээд энэ жил Туркт болох олон улсын бяцхан мисс тэмцээнд оролцооч гэсэн.

Хэнтэй хамт Турк явсан бэ?

-Аавтайгаа. Аав намайг их дэмждэг л дээ. Манай аавыг Д.Мандах гэдэг. МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал.

Бага насны ангилалд орсон уу?

-Монголд 6-8 насны ангилалд оролцсон. Харин Туркт 4-6 насны ангилалд оролцсон.

Бүжиг дуунд дуртай байх нь ээ?

-Өнгөрсөн хавар 12 дуутай “Цэцэрлэг минь сайн байна уу” цомог гаргасан. Бүжиглэх дуртай. Цэцэрлэгтээ чача бүжгээр хичээллэдэг байсан юм. Маргааш (өнөөдөр) манай сургуулийн урлагийн үзлэг болно. Би монгол бүжиг бүжиглэх гэж байгаа.

Бас загвар өмсөх дуртай юу. Дээл өмсөж загварын алхаагаар алхсан юм байна?

-Тийм. Ч.Содтуяа багшийн “Азийн модель” агентлагт очиж тайзан дээр биеэ зөв авч явах, зөв алхах зэргийг сурсан. Том болоод багш шигээ загвар өмсөгч болно гэж боддог.

Олон улсын тэмцээнд очоод охидтой уулзаад ойлголцож байв уу. Ямар байсан бэ?

-Гоё байсан. Жаахан л ойлголцож байсан. Тайландаар Сайн байна уу, Баярлалаа гэж хэлж сурсан.

Ямар орны найзуудтай болсон?

-Тайланд, Хятад, Казахстан.

Ямар хувцас өмссөн бэ?

-Гал, ус, агаар салхи, дэлхий гэсэн дөрвөн төрөлд хувцсыг насны ангилалд хувааж өгсөн. Миний насныхан усыг төлөөлсөн цэнхэр даашинз өмссөн. Бас үндэсний хувцас гээд дээлээр гангарсан.

Олон даашинзтай юу?

-Олон байгаа. Зарим нь багадаад хураачихсан. Миний шүүгээгээр дүүрэн байгаа. Бас би өсгийтэй гуталд дуртай.

Хэрэм тэжээсэн гэсэн. Амьтанд хайртай юм уу?

-Тийм. Туркт зоопаркад очиж туулай, чоно, янзага тэжээж үзсэн.

Олон улсын тэмцээний сүүлийн өдөр өөрийнх нь нэрийг дуудаад титэм гардуулахад ямар санагдав?

-Үнэхээр гоё санагдсан.

Тэр үед аавыгаа олж харсан уу?

-Харсан. Аав миний зургийг авч байсан.

Дараа дахиж тэмцээнд оролцох уу?

-Орно. Дараа явахдаа аав, ээжтэйгээ гурвуулаа явна.

ЭЭЖ Ө.ОЮУНЦЭЦЭГ: МИНИЙ ОХИН ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ

Охиноо явуулахад хэр бэлдэж өгөв дөө?

-Хэрдээ л сайн бэлдсэн. Ерөнхийлөгчийн хувцсыг оёдог оёдолчин дээр очиж дээлийг нь тусгайлан оёулсан юм. Оёдолчин маань холоос олон хүүхдийн дундаас тодорч харагдах тод, ягаан, хөх өнгийг оруулж хийсэн. Олон улсын тэмцээн чинь хүүхдийг хүүхдээр нь харагдуулж илүү өхөөрдөм дүр төрхийг гаргах зорилготой байсан гэсэн. Охиндоо найман даашинз бэлдэж явуулсан.

Ямар шалгуураар тэнцсэн юм бол?

-Тэндхийн зоопаркад амьтад тэжээсэн гэсэн. Бас хүүхдийн паркад, усан санд очиж тоглуулсан юм билээ. Хүүхдүүдийг баг болгочихоод биеэ хэрхэн авч явж байгааг нь алхам тутамд нь харж байсан гэсэн.

Охин чинь нэлээд сэргэлэн нүдтэй юм аа?

-Тийм шүү. Манай охин ой тогтоолт сайтай. Юм цээжлэхдээ хурдан. Англи хэлийг 20 гаруйхан хоногт сурсан ч дуудлага сайн байна гэж магтаж байна лээ. Бас Үйцай сургуулийн бэлтгэлд явж байхад хятад хэлээ их хурдан сурсан. Олон улсын тэмцээнд оролцож байхдаа хятад охинтой мэндлээд ойр зуурын юм ярьчихаж байна гэсэн шүү. Бас хавар гаргасан цомгийнхоо зарим дууг дорхноо цээжилчихээд “Би нэг дуулна шүү” гэж студид ороод нэгхэн дуулаад л бичүүлчихсэн. Ер нь юманд их хурдан дасдаг. Тэр тэмцээнд очих үед насны ангиллаар бүжгийн хөдөлгөөн заасан юм байна. Охин маань нэг бүжиглээд л сурчихсан гэсэн.

Та хэр догдолж хүлээж байв?

-Байнга л нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Манай нөхөр одоо охин нь тэгж байна гээд яриад байсан юм. Тэмцээний сүүлийн өдөр цагийн зөрүүтэй учраас охиноо яах бол гээд шөнийн 01.00 цаг хүртэл нойр хүрэхгүй хүлээсэн. Тэгсэн нөхөр маань “Амарч бай. Би хэлье” гэхээр нь унтчихаад үүрээр 06.00 цагт сэрээд харсан “Охин чинь Дэлхийн мисс тэмцээнд өөрийнхөө төрөлд бяцхан мисс болчихлоо” гэсэн. Үнэхээр сайхан санагдсан. Бүх номинаци дээр тэргүүн байр эзлээд Дэлхийн бяцхан мисс болж, 5000 еврогийн алмаазан титэм, цом өгсөн байна лээ.

Багаас нь дэмждэг байв уу?

-Тэгэлгүй яахав. Цэцэрлэгт байхдаа олон төрлийн дугуйланд явдаг байсан. Хүүхдийн ордонд Хулан багш дээр бүжгэнд явдаг байсан. Ганчимэг багш дээр бас дуулж сурсан. Дуулж, бүжиглэх дуртай шүү.

Аль цэцэрлэгт явдаг байсан бэ?

-Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгт явдаг байсан. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн шилдэг хүүхэд болсон. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шилдэг хүүхэд болсон.

Охиндоо дандаа даашинз авч өгдөг үү?

-Энд тэнд явахдаа өөрийн эрхгүй даашинз авчихдаг. Бага байхдаа миний өсгийтэй гутлыг өмсөнө гээд байдаг байсан. Одоо даашинзныхаа өнгөнд таарсан олон өсгийттэй болсон. Бас надаас их цүнх, зүүлт гээд гоёлтой шүү. Өрөөгөөр нь дүүрэн чихмэл тоглоом, барбинууд бий.

Охиныг чинь ирснээс хойш хүмүүс их ирж байна уу?

-Ч.Содтуяа багш, цэцэрлэг, сургуулийн ангийнхан нь онгоцны буудалд тоссон юм. Ер нь ирснээс нь хойш манайд цэцэг тасрахгүй байна. Бас охиныг маань Naran lifestyle, Naran cosmetics, Kinder брэндийн рекламанд тоглох нэг сарын эрхийн бичиг хүртэл өгсөн шүү.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Транс өөх түрүү булчирхай, хөхний хавдар үүсгэж үргүйдэлд хүргэдэг

Хүнсэнд хэрэглэж буй өөх тосыг биед үзүүлэх нөлөөллөөр нь ашигтай, муу, аюултай тос гэж ангилдаг. Эдгээрээс ямар ч сайн үр нөлөөгүй, хамгийн хортой нь транс өөх юм. Транс өөхний хор хөнөөлийн талаар эрүүл хооллолтын эмч мэргэжилтнүүд сүүлийн үед анхааруулах болсон. Энэ талаар “Wikipedia” цахим хуудас болон Эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос дараахь мэдээллийг авсан юм.

Транс өөх гэж юу вэ, түүний үүсэл гарал

“Trans fat” гэдэг нэрийг хэл шинжлэлийн үүднээс задлан орчуулбал “Transfer-шилжүүлэх, хөрвүүлэх, хувиргах Fat-тос” буюу “хувиргасан тос” гэж хар ухаанаар буулгаж болно. Нэрнээс нь харахад л энэ төрлийн тос буюу өөхийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш гэдгийг шууд ойлгож болно. Транс тос гаргах аргыг анх 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер гэгч хүн нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулан гаргаж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ.

Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул хөнгөвчлөх үүднээс үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл транс өөх гэдэг нь ургамлын тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмж хатууруулсан масло, маргарин зэрэг ханасан тос юм. Цөцгийн тосны орлуулагч гэж ойлгож болох аж.

Эдгээр нь тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн байна. 1950 оны үеэс хүнсний судлаачид ханасан өөх тос муу, ханаагүй өөх тос сайн гэж ярих болсон бөгөөд транс тос нь ханаагүй тосноос гаралтай учраас биед сайн гэж ойлгож байсан аж. Дээр нь өртөг бага, мууддаггүй, үнэ хямд байсан тул түлхүү хэрэглэх болжээ. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед хортой болохыг тогтоосон юм.

Биед ямар хор нөлөөтэй вэ?

Транс өөх хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг баталсан маш олон судалгаа бий. Зүрхний титэм судасны өвчлөл үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдгийг АНУ-ын Шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна. Энэхүү ханасан өөх тосны хор нөлөөллийг 1990 оны үеэс эхлэн таньж мэдэх болжээ.

АНУ-д 1994 он гэхэд транс тосны хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчнөөр 20,000 гаруй хүн нас барсан нь судалгаагаар батлагджээ. Харин 2006 он гэхэд 100,000 болтлоо өссөн байна.

Мөн АНУ-ын Зүрхний холбооноос транс өөхний хэрэглээ хүний бие дэх ашигтай холестеринийг бууруулж, муу холестериний түвшинг нэмэгдүүлдгийг онцолж байв.

Эмч нар бүх төрлийн ургамлын гаралтай шингэн тос буюу ханаагүй өөх тосыг биед сайн, амьтны гаралтай өөхөн тос буюу ханасан өөх тосыг муу гэж зөвлөдөг. Ханасан өөх тос нь хүний бие махбодид маш бага нягтшилтай липопротеин, их нягтшилтай липопротейныг хоёуланг үүсгэдэг аж. Липопротеин нь уургийн нэгдэл юм. Маш бага нягтшилтай липопротеин нь судасны хананд өнгөр болон тогтож, бөглөрөл үүсгэн судасны ханыг нарийсгадаг хор нөлөөтэй. Харин өндөр нягтшилтай липопротеин нь тэрхүү наалдамхай өнгөрийг арилгаж байдаг. Ингэхээр амьтны гаралтай өөх тос буюу бидний хэрэглэдэг дотор гэдэсний өөх, өөхөн тос зэрэг нь сул болон давуу талтай. Харин транс тосонд судасны ханыг бөглөх үйлчилгээтэй бага нягтшилтай липопротеин л дангаараа агууллагддаг бөгөөд биед хайлж шингэлгүй судасны хананд очиж наалдана. Ингэснээрээ зүрх судасны бүхий л өвчин, титэм судасны нарийсал бий болгож, хэт өөхлөлт, альцгеймрийн өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, хөхний хавдар, тархины үйл ажиллагаа алдагдуулж, чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, элэгний гажуудал, үргүйдэл үүсгэдэг байна.

Транс өөхтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Транс өөх нь ханасан өөх тостой адил химийн элементтэй тул лабораторийн шинжилгээгээр ч ялган танихад бэрх байдаг гэнэ. Иймд транс тос тухайн бүтээгдэхүүнд байгаа гэдгийг мэдэхийн тулд үйлдвэрлэгчээс тодруулах буюу бүтээгдэхүүний шошгын стандартыг маш сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг илүү сайжруулах үүднээс үндэсний стандарчлал хэмжил зүйн газар болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байгаа аж. Манай улс 2001 оны хүнсний шошгоны стандартыг барьж байгаа. “Монголд үйлдвэрлэсэн ихэнх хүнсний бүтээгдэхүүнд транс өөх байтугай нийт өөхний хэмжээг ч тодорхой тавиагүй байдаг” гэдгийг мэргэжилтэн Д.Ганзориг онцолж байв.

Харин шошгоны шаардлагыг маш өндөр тавьдаг орнуудын хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Trans fat” юм уу, “Hydrogenated Oil” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Хэрвээ таны авах бүтээгдэхүүн дээр “Trans fat” юм уу “Hydrogenated Oil” тэгээс дээш хувь зааж өгсөн байвал худалдан авахаас татгалзах нь зүйтэй.

Ямар бүтээгдэхүүнд агуулагдах вэ?

Транс тос нь бүх төрлийн боловсруулсан хүнс буюу бэлэн бүтээгдэхүүнүүдэд орно. Үүнд: Чихэр, шоколад, бүх төрлийн жигнэмэг, бялуу, кекс, нарийн боов, чипс, шарсан төмс, масло, маргарин орсон бүх төрлийн бүтээгдэхүүн, шарсан, хуурсан хоол, гамбургер, хотдог, бэлэн гоймон зэрэг түргэн хоолонд агуулагдана. Харин малын сүүнээс гаралтай монгол цөцгийн тос, зөөхийнд агуулагдахгүй.

Биед хэр удаан шингэх вэ?

Энэхүү хиймэл ханасан тос нь биеэс хоёр жилийн дараа гадагшилна гэж буй. Гэвч судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг учраас хэрэглэх тусам улам бэхжиж хэдэн жилдээ судасны хананд ойр орчны нян бактерыг хуримтлуулан байдаг аж.

Транс тосноос хэрхэн сэргийлэх вэ?

Худалдаж авах бүтээгдэхүүнийхээ шошгыг маш сайн шалгаж авах. Транс тос 0 гр агуулсан байх шаардлагатай. Хоол худалдан авч буй газраасаа транс тостой эсэхийг нь лавлаж асуудаг байх шаардлагатай. Хүүхдүүддээ ийм тос агуулсан бүтээгдэхүүн, гурилан боов, чихэр, шоколад авч өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Олон улс дахь транс тосны хэрэглээ

Өндөр хөгжилтэй орнуудад 2006 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартад транс өөхний хэмжээг заавал тавихыг хуульчилсан байдаг.

Дани: 2003 оны гуравдугаар сараас эхлэн транс өөхний хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан хамгийн анхны орон. Ингэснээр тус улсын Засгийн газар зүрхний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь хүртэл багасгана гэсэн зорилго тавьжээ.

Исланд: 2010 оноос транс тосны хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчлан баталсан.

Европын холбоо: Тус холбооны Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэлтсээс 2004 оноос транс тос хэрэглэхийг хориглосон уриалгыг гаргасан.

Швейцарь: 2008 оны дөрөвдүгээр сараас транс тосны хэрэглээнээс татгалзах бодлого барих болсон. Мөн Бразил, Канад, Швед, Их Британид транс тосны агууламжийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заавал тэмдэглэсэн байхыг шаарддаг.

Израил: 2014 оноос хойш найрлагандаа 0.2 хувиас илүү транс тос агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр заавал тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн хууль, журамтай болжээ.

АНУ: АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын газраас 2018 он хүртэлх гурван жилийн хугацаанд транс өөхний хэрэглээг үгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ирэх 20 жилд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал 140 орчим тэрбум доллараар буурах тооцоо гарчээ.Одоогийн байдлаар тус улсын томоохон мужууд транс өөхний хэрэглээг хуульчилсан бөгөөд Калифорниа мужийн хувьд бүх ресторануудад транс өөх хэрэглэхгүй байх шаардлагыг 2010 онд анх тавьж байжээ.

Бэлтгэсэн Э.Номин-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Балетаас бусдыг найруулсан Б.БААТАРЫНХ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарынд өнжлөө. Өнгөрсөн баасан гаригт бага үдийн хэрд утсаар холбогдтол УДЭТ-т хүрээд ирээ л гэж байна. Театрынхаа гуравдугаар давхарт Ч.Найдандорж найруулагчтай нэг өрөөнд суудаг аж. Өрөөнөөс нь “Аав” киноны зохиолыг бичсэн М.Энхдалай гарч таарлаа. Б.Баатар найруулагчийн шавь гэнэ. Тэд хамтран гавьяат жүжигчин С.Дамдин гуайн намтраар уран сайхны кино хийх гэж байгаа юм байна. Б.Баатар найруулагч “Хөх чоно Дамдины амьдралаар уран сайхны кино хийнэ гэсэн мэдээлэл л өгье дөө. Бусад нь одоохондоо нууц байг” гэв. С.Дамдин гуай ч өрөөнд нь ороод ирлээ. Тэгээд “Энэ Баатар бид хоёр жаахан насны зөрүүтэй найзууд. Бас сөрөг хүчин” гээд нүд ирмэж байна. Б.Баатар найруулагч бодсон санаснаа ил шууд хэлчихдэг, бас нэлээд хөгжөөнтэй, шооч хүн юм.

Зургаан найруулагчийн ганц туслах байжээ

Б.Баатар найруулагч “Би чинь Улаанбаатарын нэгдүгээр төрөхөд төрсөн хүн. Нутаг ус гээд ярихад дуртай биш. Бүгдээрээ л монголчууд биз дээ.

Аав ээжийн нутгаар хөөвөл Увсын улс юм. Аав инженер, ээж эмч хүн. Ээж намайг оюутан байхдаа төрүүлсэн байдаг. Тэгээд л эмээ, өвөө хоёрынхоо гар дээр очсон. Одоо энэ 17 дугаар цэцэрлэгт ажилладаг хүмүүс байлаа. Цэцэрлэгийн түлээ хөрөөднө. Зуурчихсан байхад нь ус хийх үү, ямар үед дээр нь сүх хавчуулах вэ. Далий хөрөөдвөл яах вэ гээд мэргэшиж байгаа юм. Ямар түлээний гадна талд бохь байна гэдгийг ч мэднэ шүү дээ” хэмээв. Харин кино урлагтай холбогдсон талаараа “Ер нь найруулагч, жүжигчин болъё гэж боддоггүй байсан юм. Харин аравдугаар ангиа төгссөний дараа Телекино үйлдвэрт ажилд орлоо. Дандаа пилонкоор баримтат кино хийдэг. Тухайн үеийн камерууд чинь их том бас ард талд нь бүдүүн том утас татдаг байхгүй юу. Тэр холбооснуудыг чирж явсаар байгаад туслах найруулагч болж байгаа юм. Бүр доод шатнаас эхэлсэн хэрэг” хэмээлээ.

Арван жилд байхдаа шүлэг зохиол уран уншдаг хүү байж. Үндэсний телевизэд “Болжмор” сэтгүүл уншдаг байснаа сонирхуулав. Мөн радиогийн хөгжмийн редакцад “Хөгжмийн оньс тайлагч” нэвтрүүлгийг хөтөлдөг байж. Сургуульд байхын л телевизийн талаар жаахан мэдлэгтэй болчихсон гэнэ. Ингээд сургуулиа төгссөнийхөө дараа өөрийнх нь хэлснээр бол сахилгагүйгээсээ болоод сургуульд яваагүй аж. Телекино үйлдвэрт туслах найруулагч болсон нь ийм учиртай аж. Тэнд ажиллах хугацаандаа 15 баримтат кинонд туслах найруулагч, зургийн дарга зэргийг хийсэн байна. Содном, Жамьян, Долгор, Юндэндорж, Хишигт зэрэг зургаан найруулагчийн ганц туслах байсан гэнэ. Хаана зураг авахыг шийдэх, жүжигчид олж ирэх, зохиолыг Уран сайхны зөвлөлд тараах, хар монтаж хийх, найруулагчийн шил юманд нь гүйх гээд гүйхгүй ажил байхгүй байсан аж.

Тэр үед тохиолдсон хөгтэй явдлуудаа баахан ярив. Б.Баатар найруулагч “Нэг удаа Дожоодорж гуайн “Туулсан замын эхэнд” гээд олон цуврал баримтат киног Филатова ирж үзнэ гээд Кино үйлдвэр тэр чигээрээ оволзлоо. Одоо “ХИД-2” байна шүү дээ. Тэр дөнгөж нээгдсэн. Монголд хамгийн анх бараагаа аваад бичүүлдэг болсон хэрэг. Өмнө нь эхэлж бичүүлчихээд дараа нь бараагаа авдаг байсан юм. Ажлаас нэлээд зайтай газар л даа. Тэр лүү “Ундаа аваад ир” гээд явууллаа. Зөвхөн дарга нар ганц нэг машин унадаг байсан үе. Би дэлгүүрт очоод авдар ундаа үүрээд ирсэн чинь “Үгүй ээ. Филатова ирэх гэж байгаа учраас та заавал Тэрэлж ундаа авчир” гэв. Шинээр гараад байсан газтай ундаа. Буцаад ундаагаа үүрч очоод худалдагчийг панаалдаж байгаад ундаагаа буцааж оронд нь Тэрэлж ундаанаас 20 шилийг авлаа. Тэгээд ширээн дээр өрөөд тавьчихлаа. Кино гараад дууссан чинь Филатова гуай нэг ч ундаа уугаагүй явчихсан байна. Задалсан хоёр ундааг нь тэнд байсан дарга нар ууна. Би бол амсах ч үгүй шүү дээ. Тэгээд үлдсэнийг нь буцаагаад аваачаад өг гэж байна. Ундааг хамаагүй уувал шалгалтад алуулна гэж дарга нар айсан байгаа юм. Би буцаад нөгөө ундаагаа үүрээд аваачаад өгч байгаа юм. Дахиад худалдагчтай учраа олох болно. Одоо инээдтэй юм шиг боловч тэр үедээ гурван удаа явган туучихна гэдэг дэглүүлсэн хэрэг. Тэгж ядрахгүй үнэнч гүйсний хүчинд энэ Баатар чинь юм хийж чадах нь, нэг гүрийчихвэл дажгүй эр байх нь гэсэн үнэлэлт ирж байгаа юм” хэмээв.

Мөн тэрээр “Соёл-Эрдэнэ хамтлагийн Б.Наранбаатар нарын “Учралын уянга”, “Цэнхэр залаа” зэргийг өнөө циркийн тэнд тоглодог доо. Түүнд туслах найруулагчаар явж байсан юм. Монгол телевизийн гэрэлтүүлэгч Пэрэнлэй гээд сахалтай өвгөн байлаа. Тэр үед Дружба гээд 70 кг аппарат хэрэглэдэг байсан. Томчууд өдрийн хоол идэхээр Туяа ресторан явлаа. Тэгэхдээ намайг асфальтан дээр дөрвөн хөллүүлж байгаад Дружба аппаратаа нуруун дээр тавьчихлаа. Шөрмөстэй байсан даа. Унагах юм бол насаараа төлөхгүй өрөнд орно. Тэгээд шоронд явна шүү гэчихээд яваад өгч байгаа юм. Хоол идээд иртэл нь гүрийхээс аргагүй. Доороос асфальт халаад гар түлэгдчих гээд байдаг. Тэгсэн нэг хүн хүрч ирээд хоёр уранхай даавуу алган дор тавьж өгсөн. Гэхдээ дэглүүлсэн нь сүүлд хэрэгтэй л байдаг юм даа” хэмээн хуучиллаа.

Хоёр жил орчим ажиллаж байтал нь Телекино студи, телевизэд ажиллаж байсан туслах найруулагчдын дунд конкурс зарлажээ. Түүнд нь орж шалгарсан байна. Соёлын яам, Багшийн дээд хоёр дээр шалгалт өгч байж Киевийн театр урлагийн дээд сургуульд явах эрхтэй болжээ. Б.Баатар найруулагч “Дизайнер Соёлмаа, найруулагч Биндэр, оператор Лхагвадорж бид нэг жилийнх. Тэр жил хамгийн сонин нь урлагийн улсуудаас математикийн шалгалт авсан юм. Яг тэр жил нь таараад би гайгүй үнэлгээ авчихсан. Миний тоондоо сайн гэж юу байхав. Гэхдээ тэдэн дотроо сарнай” гэв. Тухайн үед жүжигчин, судлаачдын ангид шууд элсэлт авдаг боловч найруулагчийн ангид заавал хоёроос гурван жил ажилласан хүмүүсийг авдаг байжээ.

Нүдэнд дулаахан сайхан охин харснаа марталгүй явсаар гэргийгээ болгожээ

Ийн хэсэг хөөрөлдсөний дараа гэрт нь очлоо. Тэднийх Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоох 37 дугаар байранд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Баярсайхан хаалга тайлж өгөөд “Манай хүний ажил нь ямар барагдах биш, та нарт ер нь яаж баригдсан юм дээ” хэмээн инээвхийлсээр угтав. Тэд 1983 онд Киевт танилцжээ. Б.Баатар найруулагч Киевийн Театр урлагийн дээд сургууль, харин Н.Баярсайхан Киевийн Хөнгөн Үйлдвэрийн Дээд Сургуулийн оюутан байж. Хоёул гуравдугаар анги. Гэхдээ Баатар найруулагч гэргийтэйгээ нүүр учирч танилцахаас өмнө эгчийгээ гаргаж өгч явсан нүдэнд дулаахан сайхан охиныг анх харснаа сүүлд нь хэлж байжээ. Б.Баатар найруулагч сургуульдаа нэр хүндтэй, тэр бүү хэл хэд хэдэн жүжиг найруулан тавьчихсан сүрхий сэргэлэн хархүү байжээ. Киевт жүжиг, кино үзэж явсаар дотнос­сон тухай гэргий Н.Баяр­сайхан нь дурсан ярилаа. Тэд 1985 онд нутагтаа ирсэн хойноо хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Ууган охин Б.Маралгоо нь 1987 онд төрж, дараа нь хүү Б.Энхжин мэндэлжээ. Б.Баатар найруулагч “Урлагийн хүний ар гэр түшиг нөмөртэй байж л сайн явдаг юм даа” хэмээн ярив.

Өдгөө хүүхдүүд нь хоёул гадаадад суралцаж байгаа юм байна. Хүү Б.Энхжин нь Солонгосын Сөүл хотын Урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж байгаа бол, охин Б.Маралгоо нь МУИС-ийн Герман хэлний ангийг төгсөөд АНУ-ын Вашингтон хотод олон улсын харилцааны чиглэлээр мөн магистр хамгаалан суралцаж байгаа юм байна. Гэргий Н.Баярсайхан гурван хүү, нэг охинтой айлын отгон охин бол Б.Баатар найруулагч дөрвөн хүүхэдтэй айлын том хүү гэнэ. Гэрийн эзэгтэйн аав Ш.Нямаа гэж БХЯ-ны арын албыг хариуцсан цэргийн хүн байжээ. Харин ээж нь Цэргийн Госпитальд сувилагч байсан гэнэ. Гэрийн эзэгтэйн бага нас 14 дүгээр сургууль, Кино үйлдвэр, Офицеруудын ордон хавиар өнгөрсөн бол Б.Баатар найруулагч Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Монгол гуравдугаар сургууль, “100 айл” орчимд өсөж торнижээ.

Гэрийн хойморт өлгөөтэй нэгэн зураг нүд булаана. Тэр бол Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Атга нөж” жүжгийг найруулан тавьсных нь дараа театрын хамт олноос нь Б.Баатар найруулагчид өгсөн бэлэг гэнэ. “Атга нөж” жүжигт оролцон тоглосон бүх уран бүтээлчид театрынхаа тайзан дээр цугласан тэр гэрэл зураг гэрт үзэмж нэмэх ажээ. Мөн зочны өрөөнийх нь зүүн хоймрын авдар дээр “Гоо марал”, “Мөнгөн мод”, дөрвөн ч “Гэгээн муза” шагналын цом үзэгдэнэ. 1996 онд Б.Баатар найруулагч телевизийн нэвтрүүлэгт анх удаа “Хүннү” хэмээх теле дуурь найруулан тавьж, “Хүннү” дууриараа тухайн жилийн шилдэг бүтээлийн эзэнд олгодог “Гоо марал” шагналыг хүртэж байжээ. Харин “Мөнгөн мод” цомыг нэлээд хожуу буюу 2013 онд “Кихот ноён” жүжгийг найруулан тавьсныхаа дараа авчээ.

Энэ зуур гэргий Н.Баярсайхан “Найруулагчийн мэргэжлийг төгс эзэмшсэн хүн гэвэл Баатарыг гэж би боддог. Ажилдаа бүхий л сэтгэл зүрхээ зориулна. Би нөхрийгөө нүүрэн дээр нь магтаж байгаа ч юм биш. Баатар Киевт байхаасаа л энэ мэргэжлээр өвчилсөн, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээсээр ирсэн. Тийм ч болохоор найруулан тавьсан бүтээл бүр нь амжилт дагуулдаг. Харин зан чанарын хувьд хурц, шулуун шударга, нууж хаах юмгүй шууд хэлчихдэг зантай хүн. Маш их сэтгэлийн хаттай. Баатарыг би ер нь гутарч гуньж байхыг нь мэдэхгүй юм. Эрүүл мэнд нь хүндхэн байдалтай байхад ч нэг өдөр гутарч гуньж суухыг нь хараагүй” хэмээн ярьж байлаа. Харин хөлийнх нь гэмтлийн талаар “2013 онд Солонгост эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байхад УДЭТ хамаг хүчээрээ бидэнд тусалсан. Цэрэнсамбуу даргад талархаж явдаг даа. Театрын уран бүтээлчид ч хандивын тоглолт хийж бидэнд тусалсанд баярлаж талархаж явдаг юм” гэв. Тэднийх Б.Мөнхдорж найруулагч, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, мөн С.Дамдин гуайтай гэр бүлийн найзууд гэнэ. Харин Цагаан сараар театрынхны хөлд дарагдсан их золгуут хийдэг тухайгаа гэргий Н.Баярсайхан хуучиллаа. Гэрийн эзэгтэй өдгөө Кино урлагийн дээд сургуульд багшилдаг юм байна.

Араб оюутанд гар хүрсэн хэмээн нэг жил слесарь хийжээ

Украинд оюутан болоод очиход нь найруулагч Б.Жаргал, Г.Доржсамбуу хоёр төгсөх курст байж. Доржсамбуу агсныг гадаад оюутны нийтийн байр руу ороход гадаадын оюутнууд айгаад хана налаад зогсдог байсан гэнэ. Тэр талаараа “Элдвийн юм болно. Гадны оюутнуудтай Доржсамбуу зодолдож байхад гадаа үүдийг нь дарж зогсоно. Өөрсдөө Доржсамбуудаа шанаадуулна. Хойд дэлгүүр рүү нь гүйж өгнө. Оюутнуудын үздэг бүх л юмыг үзнэ шүү дээ. Хөрөнгөтөн орнуудаас ч манай сургуульд сурдаг байлаа. Латин америкчууд, германчууд, арабууд гээд байх­гүй юм байхгүй дээ” хэмээв.

Г.Доржсамбуу агсны талаар “Оюутны нийтийн байр 00:00 цагт хаалгаа бариад хүн оруулдаггүй байсан. Манай хүн хаагуур тэнэж явсан юм бүү мэд. Шөнө хоёр цагт ирэхгүй юу. Үүдний жижүүр Шура гээд еврей авгай байсан юм. Тэр цонхоор “Самбуу чамайг оруулахгүй” гээд орилж байна. Тэгсэн өвлийн хүйтэнд манай хүн пальтогоо дэвсээд бүх хувцсаа тайлаад захиа бичиж байгаа юм. Хэрвээ би үхэх юм бол энэ Шуратай миний амийг тооцоорой гэсэн утгатай. Нээх том хар бандааштайгаа хэвтээд өглөө. Тэгсэн нөгөө авгай чинь цонхоо онгойлгоод “Боль оо, Доржсамбуу” гэж орилоод л. Бараг Доржсамбуу найруулагчаас ч бүдүүн эмэгтэй байсан. Гараад пальтоных нь захнаас чирээд, настайвтар хүн болохоор даахгүй байгаа юм чинь. Нөгөөх нь босохгүй үхлээ гээд хэвтээд байдаг. Сүүлдээ Шура эгч оруулахгүй гэж байсан хүнээ үнсэж аргадаж байж оруулж байгаа юм. Тийм л улсуудтай цуг сурлаа шүү дээ” хэмээн ярив.

Мөн “Тэр үед жинс бүр бохь хүртэл ховор байлаа. Түүнийг авчирна. Анх очиход Доржсамбуу найруулагч биднийг хүлээж аваад сургууль, нийтийн байраа хэрхэн олох зэргийг заав. Бид бас чемодандаа юмтай. Түүнийгээ ууцгаах болтол стакан байдаггүй. Гэтэл Доржсамбуу яваад стакан аваад ир л гэж байна. Гурван копек хийгээд уудаг автомат ус байдаг. Би ч хүн харж байгаад копек хийгээд уугаад л байлаа. Хүн хараад болдоггүй дээ. Цэрийтлээ хэдэн стакан ус уугаад нэг боломж гарахаар нь стакан авчихаж байсан юм. Эрдэм сурахаасаа өмнө Доржсамбуу найруулагчийн зараалаар хулгай хийгээд үзчихэж байгаа нь тэр. Тухайн үед бас Вьетнамаас дандаа дайнд оролцсон баатрууд сургуульд явдаг байлаа. Бид өрөөндөө дөрвүүлээ байдаг бол тэд баатар болохоор нэг нэгээрээ. 33-аас дээш настай л хүмүүс байх. Нэг удаа Вьетнамын баатар “Танай Чингис хаан дэлхийг эзэлсэн мөртлөө манайхтай байлдалгүй хил дээрээс буцчихсан юм” гэтэл манай шар Хүрэлбаатар гэж нөхөр “Манайхан байлдах гээд очтол та нар модноос нэг гараараа зуураад нөгөө гар нь газар унжаад байж байсан гэсэн. Хүнтэй байлдах гэж очсон болохоор буцаад явчихсан хэрэг” гээд мад тавьчихаж. Гэтэл өнөө баатар нь Элчин сайдынхаа яаманд матаад манай хүн сургуулиас хөөгдөж ажил төрөлд ч орж чадахгүй насаараа хохирсон юм даа” хэмээн ярилаа.

Б.Баатар найруулагч ч нэлээд хөдөлгөөнтэй байсан аж. Нэг араб оюутанд гар хүрсэн хэрэгтэй бүтэн жил сургуулиас хөөгдөж байжээ. Энэ тухайгаа “Улаанбаатарт ирчихээд эмээ дээрээ очиж байгаа юм. Тэр хаалганы гадаа зогсчихоод хаалга тогших хэцүү л байгаа байхгүй юу. Яаж орохоо мэдэхгүй, хөөгдөөд ирсэн гэвэл харваад уначихна шүү дээ. Намайг хараад л хошуу дэвсээд миний хүү гээд л явчихна гэдгийг мэдэж байсан. Орцон дотор хэдэн ч цаг зогссон юм бүү мэд. Хамгийн хэцүү нь тэр. Тэгээд л амралтаараа ирсэн гээд л худлаа яриад орж байгаа юм” хэмээнэ. Тухайн үед нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх шийтгэл авч нэг жил Кино үйлдвэрт сантехникийн слесарь хийжээ. Нэг удаа жорлонгийн суултуур бөглөрөхөд нь гал командын шаланкийг дэлгэж байгаад хүчтэй даралттай ус тавьчихсан гэнэ. Тэгтэл олон жил хэрэглээгүй хоолой нугалаасаараа ус цацруулаад хамаг юмыг нь норгочихож. Ингээд бангадуулна гэж айж байтал нь сантехникийн бөглөөс гаргасан гээд шинэ жилээр баярын бичиг 10 төгрөгөөр шагнаж байжээ.

“Б.Баатар аймаар гэсэн цуу үг тарчихсан байна лээ”

Сургуулиа төгсөж ирээд Радиод 12 жил уран сайхны удирдагч хийжээ. Дараа нь МҮОНРТ-д программын ерөнхий найруулагч, ерөнхий найруулагчаар зургаан жил ажилласан аж. Тэр үед нь УДЭТ-ын дарга Зориг, найруулагч Ч.Найдандорж хоёр ажил дээр нь очоод УДЭТ-т ажиллах санал тавьжээ. Ингээд мэргэжлийнхээ ажлыг хийхээр УДЭТ-т иржээ. Гэхдээ радио, телевизэд ажиллаж байсан ч драмын театраас хөндийрөөгүй явсан гэнэ. “Гургалдайн дуут шөнө” жүжгээр дипломынхоо ажлыг хийж байжээ. Дараа нь “Гарваа” жүжгээ тавьж байснаа хуучлав. Мөн Цэргийн театрыг байгуулалцан манаргаж явжээ. Цэргийн театрт тав зургаан ч жүжиг тавьж байсан гэнэ. Жил бүр хоёр жүжиг найруулж байсан гэнэ.

“Харшийн ёлка”-ийг найруулж, “Хүннү” теле дуурь хийж байж. Мөн наадмын нээлтийг гурван удаа найруулсан. “Халтар царайт” киноны гол дүрийн жүжигчид ирэхэд тоглолтыг нь найруулсан аж. Жүжигчнээ хэрхэн сонгодог талаар нь сонирхоход “Яг тэгнэ гэсэн найруулагчийн жор байхгүй. Баатар юм хийлээ гэхэд зохиол бүхэн өөр. Түүхэн, орчин үеийн, эмгэнэлт, сэтгэхүйн драм, детектив ч гэдэг юм уу. Түүнээс шалтгаалж жүжигчдээ сонгоно шүү дээ. Тэгэхгүй инээдмийн дүрд байсан улсууд гэнэт серьёзный дүрд орвол болохгүй болчихно. Театр гаднаас хүн авч болдоггүй. Дотоод бүрэлдэхүүн бол янз бүрийн жүжигчид байх ёстой. Жишээ нь эр зоригийн дуультай жүжигт С.Дамдин гэж хүн байхгүй бол дуусаа. Дон Кихот дээр Жаргалсайхан байгаа учраас болчихно. Өөр хүн тоглуулаад яаж ч хичээгээд үзэгчдэд хүрэхгүй. Авьяасгүйдээ биш. Жүжигчний онцлогоос болж байгаа юм. “Адууны түүх” гээд Толстойн зохиол дээр адууны дүрд тоглох хүн манай театрт байхгүй бол энэ жүжиг юу ч биш болно. Миний хувьд нэг жүжгийг сонгож авахдаа энэ намайг өвтгөж байна уу, надад харагдаж байна уу гэж өөрийгөө тольдоно. Олон зохиол уншина шүү дээ. Тэгээд үүнийг би тавьж чадах юм байна гэвэл яг үүнд тоглож чадах жүжигчин байна уу гээд эрэх нь байна. Эхний нэг хоёр нь байхад болчихно шүү дээ” хэмээн ярилаа.

Б.Баатар гэхээр айхтар, хүн загнадаг гэсэн яриа бий. Яагаад ийм яриа гараад байдгийг сонирхоход “Тийм цуу л тарчихаад байгаа юм. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Зарим хүмүүс найруулагчийн роль гэхээр л ааштай, өвчтэй гэж ойлгодог. Тийм юм байдаггүй байхгүй юу. Зарим жүжигчний шарыг малтаж уурыг нь хүргэж, гозойлгож байж юм гаргадаг. Тэгэхээр хөндлөнгийн хүн бол мөн аймаар загнадаг хүн байна гэж боддог байх. Найруулагч зүгээр гөлийгөөд усны тогтсон мандал шиг яваад байж болдоггүй. Заримыг нь аргадна. Заримыг нь “Чи мундаг шүү. Чамаас өөр хүн тоглохгүй дээ” гээд магтана. Түүнээс харьцахын хувьд том жижиг, гавьяатай, гавьяагүй, ардын энэ тэр гэж ялгаж болохгүй. Дүр бүтээж байгаа үед чарлаж орилох бол наагуур зүйл шүү. Манай урлаг өөр шүү дээ. Тайзан дээр гарч байгаа хүний нэг нь байхгүй бол нөгөөдүүл нь таг зогсдог. Тэр хүнийг хоцроод ирэхээр нь “Их баярлалаа. Таны зөв өө” гэх үү. Болохгүй шүү дээ. Цагийн хувьд хатуу ажил байдаг. Түүнийг нь мэргэжлийн юмтай холиод буруу ойлгоод байж болохгүй. Нэг жүжигчин оёдолчинд “Би ийм хувцас өмсөхгүй” гэж томорч байхад нь орчихлоо. Тэр хүн өөрийнхөө хувцсыг бодоод жүжгийг яагаад томоор нь харахгүй байгаа юм. Тэгэхээр нь хал, хөөж явуул гээд эхэлдэг. Энэ л намайг аймаар хүн гэсэн цуу тарахад нөлөөлсөн байх” хэмээж байв.

“Төрөл төрлөөрөө том байх ёстой л доо”

Жүжгийн зохиолч ховордож байгаа талаар “Би 1996 онд олон улсын фестивальд шүүгчээр явсан. Тэнд зөвхөн Радио жүжгийн зохиол бичдэг мэргэшсэн зохиолч байсан. Кино зохиолч гэж байна. Би бүдүүн тоймоор яриад байна. Дахиад ч нарийсна. Ингэж мэргэшсэн нь манайд алга. Яаж байна гэхээр Монголын зохиолчдын хорооны гишүүн зохиолч, Чөлөөт зохиолчдын хорооны гишүүн зохиолч гээд яваад байх юм. Нэг ч юм чадахгүй. Энэ чинь мэргэжлээ олохгүй байна гэсэн үг. Л.Ванган, Д.Намдаг гэж хүмүүс байлаа. Уул нь төрөл төрлөөрөө том байх ёстой л доо. Манайд одоо мэргэжлийн жүжгийн зохиолч байхгүй гэж хэлээд байгаа юм. Сүүлдээ “Танай театрт жүжгийн зохиол өгвөл хэдэн төгрөг өгөх вэ” гэж байна. Ийм зохиолчидтой ажиллана гэдэг хэцүүеэ” хэмээн ярих аж.

Түүхэн жүжиг олноор гардаг болсон талаар асуухад “2002 оноос эхэлсэн л дээ. Энэ нийгмийн захиалга юм. Гэнэт үндэсний үзэл, түүх сэргэсэн шүү дээ. Гэхдээ одоо анзаарвал түүхийн тухай бичнэ гэхэд дургүй хүрмээр санагдаж байгаа биз. Хүмүүс ичиж эхэлж байна. Ил дол болж эхэлсэн гэсэн үг. Хүмүүс уйдчихсан. Энэ хоолыг түмэнд түгээ гээд л. “Always”-аас бусад дээр түүхээ ашиглачихлаа даа хө. Гэхдээ сэдэв дахиад л хуучирна. Анх би түүхэн жүжиг тавих гээд хөхөл үлдээгээд үсээ хусахыг жүжигчдээсээ шаардсан юм. Яг энэ зургаар үсээ хусаарай гэсэн өнөөдүүл чинь үгэнд ордоггүй дээ. Сосорбарам энэ тэр жүжигт тоглож байсан. Тэгсэн Сосорбарам хусаад хаячихлаа. Нэг өдөр ирсэн бүгдээрээ л хусуулчихсан байна. Хүн тийм сонин. Тийм үс моодонд орж байх жишээтэй. Тэгж түүхэндээ дурлаж байсан байхгүй юу. Одоо тийм үстэй гудамжаар явбал өвчтэй хог вэ л гэнэ шүү дээ” гэлээ.

“Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн киногоо гаргаагүй

Б.Баатар найруулагч таван кино хийжээ. Тэдгээр киноны нэг нь гараагүй нь Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн кино аж. “Хөгшин чоно ульсан нь” нь кинондоо нэлээд хэдэн чоно тоглуулж байжээ. Тэрээр “Бид арваад чоно оруулж ирсэн. Одоо энэ Зохиомж сургуулийн захирал Цогтбаяр тэр үед санхүүжилт хийх компани олж байсан юм. Ингээд Д.Намдаг гуайн шавь Дарамын Батбаяраар кино зохиолыг бичүүллээ. Цэдэн-Иш гэж кино үйлдвэрийн бүхий л чонотой кинонд чоныг нь бэлдэж байсан өвгөн байсан. Түүнийг аваад Угтаалын сангийн аж ахуйн цаашаа гарлаа. Таван бэлтрэгэн чоно, хоёр гичий, азарган чонотой явж байгаа юм. Чоныг машин дээрээ торонд хийчихнэ. Тэр хавийн нохойнууд ачсан машиныг дагаад хуцаад давхина. Зургийг нь аваад иртэл ивээн тэтгэнэ гэсэн компанийн захирал нь солигдож ажил нь зогсчихсон байсан. Одоо киноны хальс лабораторид байгаа. Уг нь зураг нэмж авахгүй болохоор жаахан юм хийхэд л болчих кино бий” хэмээн ярилаа.

Тэрээр “Хадагтай ембүү”, “Соёо”, “Икар” зэрэг кино бүтээжээ. “Икар” киноны хувьд өөрөө зохиолоо захиалж Ш.Гүрбазараар бичүүлж байсан байна. 1960-аад онд дэлхийг Икар гэх солир мөргөж сөнөөх гэж байна гэсэн цуу тарсан үе гэнэ. Б.Баатар найруулагчийн нэг мөрдөгч найз нь гурван гэр бүл амарч байгаад Икар дэлхийг мөргөх сургаар авдар архи авч уугаад сүүлдээ үхэхийн хооронд яадаг юм гээд бие биенийхээ эхнэртэй самуурсан талаар ярьжээ. Харин дараа нь дэлхий сөнөхөө больчихлоор “Чи манай авгайг эргүүлсэн. Би танай авгайг эргүүлсэн” гэж хоорондоо муудалцаж хавтаст хэрэг хүртэл үүсгэсэн ажээ. Тэгэхээр нь кино хийхээр шийдсэн байна.

1996 онд хийсэн энэ кино­ных нь гол дүрд Л.Жамсранжав, П.Цэрэндагва, Гэлэгбаатарт тоглодог Ганболд гээд том том жүжигчид тогложээ. Тэр киногоороо олон улсын фестивальд ч оролцож байж. Мөн “Соёо” киногоороо Японд болсон фестивальд орж байсан гэнэ. Тэрээр “Тиймэрхүү кинонууд гаргаж намирч явлаа нэг хэсэг. Балетаас бусдыг хийсэн дээ” хэмээн ярив. Ингээд өдөржин хөөрөлдсөний эцэст гэрээс нь гарахад гадаа од түгсэн байв.

Ж.Баярсайхан

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: “Бондын мөнгө хаачив” гэж худлаа эрэл сурал болох хэрэггүй. Ганцхан алхмын цаана харагдаж байгаа

УИХ-ын
гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн дарга Б.Гарамгай­баатартай цаг үеийн
асуудлуудаар ярилцлаа.

-Сүүлийн үед
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоорон­­доо толхилцоод эхэл­сэн талаарх мэдээлэл
гарч байна. Бүлгийн хурал дээрээ ч нэлээд ширүү­хэн үгс унагаж байгаа сураг­­тай.
Д.Ганбат гишүүн гэхэд Хуульзүйн байнгын хороо­ны даргад бүлэг дээрээ дэмжлэг
авсан ч байнгын хорооны хурал дээр Ш.Түвдэн­дорж гишүүн нэрээ дэвшүүлэн
бүлгийнхээ саналын эсрэг явсан гээд янз бүрийн л зүйл яригдаж байна. Үнэхээр
бүлэг дот­роо таарамжгүй зүйлс байгаа юм уу?

-Манайхан бүлэг
дотроо таарамжгүй, хоорондоо толхилцоод байгаа зүйл байхгүй. Бүлгийн хуралдааны
үеэр ёс зүй, сахилга, хариуцлагын талаарх асуудал сөхөгдсөн үү гэвэл тийм.
Ардчилсан нам бол бүлгийн зохион байгуулалттай. Ухаан­даа багийн тоглолт хийж
бай­гаа гэж ойлгох хэрэгтэй. Олонхийг бүрдүүлж байгаа хариуцлагатай нам гэдэг
утгаараа бүлэг доторх ёс зүйгүй асуудлуудыг цэгцлэх талаар бид ярилцаж шийд­вэр
гаргасан. Тэр утгаараа тодорхой гишүүдэд хариуцлага тооцсон. Зарим гишүүдэд нь
сануулга өгөх зэрэг ажил хийгдсэн.

-Ш.Түвдэндорж
гишүүнд бүлгийн зүгээс хариуцлага тооцож бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн
байна лээ. Тэгэхээр Ш.Түвдэндорж гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга болоод
явна гэсэн үг үү?

-Ардчилсан намын
бүлгийн дүрмийн хүрээнд асуудал шийдэгдэнэ. Тэр утгаараа бүлэг хуралдаад
Д.Ганбат гишүүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар улираан сонгох нь зөв
гэдэг шийдвэр гаргасан. Нэгэнт бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд дэмжиж
ажиллах үүрэгтэй. Гишүүд бүлгийн шийдвэрээ биелүүлэх ухамсраас болоод АН-ын
бүлгээс гаргасан шийдвэр Хуульзүйн байнгын хороон дээр унасан. Тиймээс АН-ын
бүлэг дахин хуралдаж энэ асуудлыг бүлгийн хурлын шийдвэрийн дагуу явуулахаар
шийдвэрлэсэн. Нэг ёсондоо бүлгийн шийдвэрийг зөрчиж, бүлгээс гарсан шийдвэрээс
өөр байр суурь хадгалсан гишүүн Байнгын хороон дээр дэмжигдсэн ч гэсэн саналаа
татаж авах ёстой. Тэр утгаараа Ш.Түвдэндорж гишүүн саналаа татаж авах
шаардлагатай.

-Ш.Түвдэндорж гишүүн бүлгийнхээ хурал дээр саналаа татаж авахгүй гэдгээ
мэдэгдчихсэн юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Даваа гаригт Ш.Түвдэндорж гишүүн эцсийн шийдвэрээ
гаргана.

-УИХ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байна.
Танаж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танасан гэдгийг Сангийн сайд
мэдэгдсэн. Эдийн засагч гишүүний хувьд төсвийн төслийг хэрхэн харж байгаа вэ?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Чуулганы уур амьсгалыг ажиглаад байхад гишүүд олон жил алдсан алдаагаа
залруулах хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн өнгө аяс харагдаж байна л даа. Зарим
нэг гишүүн өөр өнцөг, байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Бид
өнөөдрийг хүртэл хөөсөрсөн төсөв баталж ирсэн. Дахин УИХ-ын гишүүн болохын тулд
сонгогчдодоо тал зассан байдлаар улс орноо бодолгүй хувийн болон намын эрх
ашгийн үүднээс хөөсөрсөн төсөв баталдаг. Шийдлийн Засгийн газрын зүгээс оруулж
ирсэн төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөл тэр бүхнээс зайлсхийсэн,
салах оролдлого хийж байна. Өмнө нь УИХ дээр ийм оролдлого хийж байсан боловч
харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдийн дураар авирладаг байдлаас болж төсөв
буруу явж ирсэн. Одоо харин гишүүд хичнээн
дураараа авирлах гэж оролдсон ч нөхцөл байдал нь тийм байж болохгүй
хэмжээнд хүрчихсэн байна. Гишүүд үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Тэр утгаараа гишүүд
төсөв хэлэлцэх үед аль болох аядуу тайван байдалтай хэлэлцэж байна гэж хувьдаа
харж байгаа. Төсвийн тодотгол, улсын төсөв тооцоо судалгааны үндсэн дээрээс
хийгдэж байна. Түүнээс биш 2012 оноос шууд өөр төсөв хийж эхэлсэн юм биш. Үе
үеийн Засгийн газрын бодлого, тэр бодлогын хүрээнд хийж байсан ажлын үргэлжлэл
явагдаж байгаагаас биш шинэ зүйл гарч ирээд байгаа юм байхгүй. Үүн дээр зарим
нэг шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийг гайхах хэрэгтэй.

-Юуг нь гайхна гэж?

-Тэр хүмүүс хуучнаараа сэтгэж байна. Мөн намуудын үзэл бодол өөр байдаг.
Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлал хоорондоо тэс өөр. Энэ утгаар нь авч үзвэл
тухайн намуудын үзэл баримтлалын хүрээнд тооцоолдог аргачлалууд нь өөр байхгүй
юу. Тиймээс энэ намууд эсрэг тэсрэг байр суурьтай, янз бүрийн өнцгөөс
тайлбарладаг. Мэдээж энэ нь эрүүл үзэгдэл. Энэ мэтгэлцээний дүнд 2015 оны
төсвийн тодотгол, 2016 оны төсөв хамгийн бодитойгоор гарах байх гэж бодож
байна. Гишүүдийн байр суурийг хараад байхад тэр чиглэл рүү явж байгаа нь
анзаарагдаж байна шүү. Хаа очиж 2016 оны сонгуулийг харж улсын төсвөө ярихгүй
байгааг анзаарч байгаа байх.

-Ирэх онд Монгол Улс 4.4 их наядын өр төлнө гэдгийг чуулган дээр
Ч.Хүрэлбаатар гишүүн хэлж байна лээ. Ирэх онд улам л их бүсээ чангалах нь дээ.
Ирэх оны улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Гадна, дотнын эдийн зас­гийн судалгаа хийдэг байгууллагуудын дүн гарч
байна. Тэндээс харахад 2016 оны эдийн засгийн өсөлт гурав орчим хувьтай байх
болов уу гэдэг ерөнхий төлөв гарчихлаа. Гишүүдийн ярианаас харахад тийм зүйлийг
хэлж байна. Миний хувьд ч гэсэн мөн адил тийм бодолтой яваа.

Нэг зүйлийг тодруулан хэлэхэд өнгөрөгч гурван жилийн хугацаанд бид маш
олон тооны дэд бүтэц, үйлдвэрийн асуудлыг шийдсэн. Үүн дээр маргах аргагүй үнэн
шүү. Хичнээн ч булах гээд нэмэр байхгүй. Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд нь
ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхэлчихлээ. Үүнийгээ дагаад дотоод эдийн засгийн
нөхцөл байдал сайжрах байх. Ганцхан гадна талд л асуудал үүснэ гэсэн үг.
Дотоодын эдийн засгийн нөхцөл сайжрахын хэрээр сахилга батын асуудал яригдах
ёстой. Гишүүдийн ярианы өнгийг харж байхад яамдыг цөөлье, хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлагуудыг тодорхой түвшинд зохион байгуулъя гэсэн асуудлууд
яригдаж байна.

-Зарим яамдыг нэгтгэх, зарим агентлагуудыг татан буулгахыг та дэмжиж
байгаа юм уу…

-Бүлгийн даргын хувьд хэлэхэд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төсвийн
тодотгол, 2016 оны төсвийн төслийг дэмжих ёстой. Үүнийг гишүүд болон бүлгийн
саналаар өнөөдөртөө өөрчлөх шаардлагагүй. Манайхан бүгд нөхцөл байдлыг мэдэрч
байгаа тул улстөржүүлж, ард түмний дунд тайван бус байдал үүсгэх шаардлага огт
байхгүй. Тиймээс бид төсвөө шуурхай батлаад хариуцлагыг нь Засгийн газарт нь
өгөх ёстой. УИХ-ын гишүүд төсөв мэддэг, нэмдэг, танадаг, хасдаг байдлаас болж
энэ хүндрэлүүд үүсдэг. Энэ хүрээнд ч гэдэг юм уу Үндсэн хуулийг өөрчлөх асуудал
яригдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуультай
холбоотой асуудлуудыг иргэдээс сайн асууж байж түүнтэйгээ уялдсан бүтцийн
өөрчлөлт хийх нь зайлшгүй асуудал. Ямартай ч Шийдлийн Засгийн газар эхний
алхмуудаа оруулж ирж байна. Үүн дээр 2016 оны УИХ, Засгийн газар бүтэц
бүрэлдэхүүнээ шийднэ гэдэг нь нэг талаараа зөв боловч, нөгөө талдаа энэ
алхмуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг. Одоо бол оруулж ирсэн
төсвийг дэмжээд явах нь аль аль талдаа ашигтай.

-Чингис, Самурай бондын мөнгө хаачив гэдэг эрэл сурал болж байх шиг
байна. Бондоос санхүүжсэн компаниуд нээлтээ хийгээд эхэлчихсэн мэдээлэл гарч
байгаа. Бондын эргэн төлөлт ямархуу байгаа бол. Эдийн засагт нөлөөлөл үзүүлэх
цаг хугацааны хувьд хэзээ вэ?

-Ганцхан жишээ хэлье. Оюу толгой, Таван толгойгоос 600 орчим сая
ам.долларыг урьдчилж аваад иргэдэд тараасан. Одоо үлдсэн байна. Үүн дээр
хариулт байгаа юм уу. Энэ бол энгийн жишээ.

Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад
үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой
харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын
мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л
чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа
эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхамын цаана харагдаж байгаа
шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.

-Таныг ам.долларын ханшийн талаар ярих дургүйг мэднэ. Гэхдээ ирэх оны
төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан байна. Энэ тал дээр
саналаа хуваалцаач?

-Үүнийг бид мэдэж ярьдаг зүйл биш. Монгол бол тусгаар тогтносон улс. Тэр
утгаараа Сангийн яам, Монголбанктай. Валютын ханшийг санхүүгийн байгууллагууд
олон жилийн дунджаар тооцож байж гаргадаг. Тэр дагуу л гарч ирж байгаа дүн.
Үүнийг хэн нэгэн гишүүн өөрчлөхгүй. Хэн нэгэн хүн таамаглах нь утгагүй асуудал.
Энэ нь хэн нэгнийхээ амыг баалсан асуудал болохоос өөр зүйл биш. Зах зээл
өөрийнхөө дэг жамаар явж байгаа нь үнэн л юм бол зах зээл нь өөрөө зохицуулж
таарна.

Төсөв хаанаас бүрддэг вэ гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Төсвийг
бүрдүүлдэг гол хүч нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийнхний нуруун дээр өнөөдрийг
хүртэл үүнээс өмнөх үе үеийн Засгийн газар ачааг нь үүрүүлж явсан. Энэ ачааг
хөнгөлөх гэж төсвийн тодотгол, төсвийн хэмнэлтүүдийг хийх гээд оролдоод байгаа
юм. Тэдгээр бизнесийнхнийхээ нурууг амраачихвал дараа нь тэр хүмүүс чинь хариу
үйлдэл хийхдээ дутагдаад, хүрэлцэхгүй байгаа төсвийн бүрдүүлэлт улам сайжирна
гэсэн үг. Энэ утгаар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон
бусад олон гарцыг бид хайж байгаа юм. Нэг талаараа эсэргүүцэлтэй тулж байгаа
боловч зайлшгүй хийх ёстой зүйлсээ хийгээд явж байна. Ийм зүйлийг бид ойлгох
цаг болсон.

-Зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг зурж
байна. ҮХЦ-ээс Засгийн газрын гишүүдийг шүд сугалах маягаар огцруулах нь буруу
гэдэг шийдвэр гаргасан. Гэвч Их хурал хүлээж авсангүй. Цэцийн их суудлын
хуралдаанаар асуудал орох байх. Цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр
гэдгийг хуульчид хэлж байна. Эцсийн шийдвэр гартал Цэцийн гаргасан шийдвэр
түдгэлзсэн хэлбэртэй байдаг. Энэ утгаараа ямар нэгэн Засгийн газрын гишүүнийг
огцруулах асуудал яригдах ёсгүй. Үүнийг гишүүд өөр өөрсдийнхөө сонирхлоор
тайлбарлаад байна.

Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулахаар Г.Уянга гишүүн
гарын үсэг зуруулаад яваад байгаа л даа. Г.Уянга гишүүний хийж байгаа энэ
үйлдлийг харахаар нэг бол их шударга ажил хийгээд байгаа юм шиг боловч улс
орноороо өөрсдөө тоглоод байгаа юм шүү дээ. УИХ-ын 76 гишүүн дотор Засгийн
газраараа тоглодог нэг хэсэг гишүүн бий болчихлоо. Нөгөө нэг хэсэг нь улс
орныхоо төлөө ажил явуулах хүсэлтэй байна. Өөр нэг хэсэг нь аль аль талыг нь
харж байгаад ялах магадлалтайд нь ордог бүлэг бий болчихсон. Өнөөдрийн УИХ-аас
ийм л дүр төрхийг харж болно. УИХ, Засгийн газраар нь тоглож хэн нэгэн хүнийг
нь унагааж бах таваа хангах юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүс аль аль намд бий.

-Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой байх ёстой гэдэг
дээр санал нэгдсэн гэдгийг дээр хэлж байсан. Энэ зарчмаасаа ухраагүй биз дээ?

-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраа унагаахгүйн төлөө ажиллана. Тухайн
Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын нэрээр сонгуульд орсон, Ардчилсан намын
бүлэгт харьяалагддаг гишүүд олонхийн буюу бүлгийн шийдвэрийг дагах үүрэгтэй.
Энэ үүргээ умартаж байгаагаасаа болж арга хэмжээ авахуулж байгаа учраас дараа
дараагийн арга хэмжээг бүлэг цаг алдахгүйгээр авна. Үүн дээр гишүүд нэг
ойлголттой болж байгаа гэж бодож байна. Мэдээж хувь хүмүүст таалагдахгүй
асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч улс төр гэдэг бол багийн тоглолт. Олонхийн
шийдвэрээ дагаж явах ёстой. Хэрвээ дагах хүсэлгүй бол сонголтоо хийх эрх нь
бий.

-Сүүлийн үед ҮХЦ-ийг “Лексус 570” машинаар авлигадсан гэдэг
зүйлийг ярих боллоо. Төсвийн мөнгөөр аваагүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн…

-УИХ хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа оноог нь
засч залруулдаг газар. Түүнээс хэн нэгнийг шүүдэг, ялгадаг газар биш. Өнөөдрийн
дүр төрх Ц.Нямдорж, Г.Уянга, О.Баасанхүү гишүүний ч бай өөрсдийнх нь хүсэл
сонирхлын үүднээс хийж байгаа ажил болохоос тэдний хийж байгаа үйлдэл улс эх
оронд хэрэгтэй зүйл гэж байхгүй. Нэг талаасаа УИХ-ын гишүүнийхээ эрх үүргээс
давсан ажил хийж байгаа юм.

-Хоёр толгойн асуудал ёстой л улс төрийн мөнхийн сэдэв болчихлоо. Оюу
толгой нь оны төгсгөлөөр шийдэгдэх сурагтай. Таван толгойн асуудал харин
гацаанд орчихлоо. Хэтэрхий их улстөржилтөөсөө яаж салах вэ?

-Тухайн салбараа мэддэг, тухайн салбартаа үйл ажиллагаа явуулдаг
хүмүүсийн шийдвэр голлох учиртай. Гэтэл энэ шийдвэрийг нь улстөрчид татаж авч ирээд
нэг танхимд өөд өөдөөсөө харж суугаад мэддэг юм шиг яриад суучихдаг. Үүнээс
болоод дээшилсэн зүйл ч байхгүй, иргэдийн ухамсарт өөрчлөлт хийгээд байна. Энэ
асуудлыг засах цаг болсон. Одоогийн Их хуралд уул уурхайгаар мэргэшсэн хүн
цөөхөн байгаа.

УИХ-ын гишүүн болчихсон юм чинь би бүхнийг мэддэг гэж ойлгодог хүмүүс
дэндүү олон болчихсон. Харин УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө мэргэшсэн салбараа л
мэддэг байх ёстой. Түүнээс бусад салбарууд дээр мэргэжлийн хүмүүсийн үгийг
сонсоод явах хэрэгтэй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд бүхнийг мэддэг гэж
эндүүрдэг. Их хурлын гишүүн болчихоороо тэнгэрийн дээгүүр нисдэг гэж өөрсдийгөө
төсөөлдөг байдал бодитоор харагдаж байна.

-АН олонхи болсон үед Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн нь нэлээд
баалуулах шалтгаан болж байх шиг байна. Шилэн дансны хуулийн тал дээр ямар
бодолтой явна вэ?

-Шилэн дансны тухай хууль нь л
АН олонхи болсон үед гарсан.
Шилэн дансны хууль гарсан нь ихээхэн ач холбогдолтой. Энэ хууль гарахаас өмнө
байсан булхайтай болгон өнөөдөр илэрч байгаа юм. Тэр булхай болгоноо Ардчилсан
нам руу чихнэ гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Энэ булхай чинь 2012 оноос
хойш АН Засаг барьж байгаа үед гарч байгаа юм биш. Шилэн дансны хуультай
болсноор өнөөдөр хүмүүсийг шүүмжилж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь булхайг ил
болгож байгаа.

Бид өнөөдөр загасны л ой санамжтай байна. Мөнгөний төлөө явдаг хэдэн
залууг ашиглан янз бүрийн юм хийлгээд, түүнийгээ жигтэйхэн том юм хийж байна
гэж хүмүүсийн тархи толгойг угаадаг тийм л зам руу явж байгаа л даа. Өөр юу
хэлэх вэ дээ. Мөнгөтэй холбоотой бүхэн өмнө нь байсан. Өнөөдөр харин засарч
байгаа юм. Шилэн дансны хууль гарснаар тэр нь тод болсныг нь гаргаж ирчихээд
“Бид хийлээ” гэж ярих хэрэггүй. Толгой дээрх бухлаа харахгүй байж хүний толгой
дээрх өвсийг хараад байх шаардлага ч байхгүй.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл асуухад сүүлийн хэд хоног цахим орчинд
“Б.Гарамгайбаатар даргын Монроуд компани Хөгжлийн банкнаас зээлсэн 4.4 тэрбум
төгрөгөө өгөхгүй байна” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар
хийхгүй юу?

-Өмнө нь би хангалттай тайлбар хийсэн дээ. Одоо би УИХ-ын гишүүн.
“Монроуд” компани тусдаа удирдлагатай тул тэндээс очиж асуусан нь
дээр. Өнөөдрийн нөхцөлд шударга, зарчмаар нь ажиллаж байгаа. Түүнээс биш хэн
нэгний үгийн олз болж явмааргүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Беларусийн зохиолч Светлана Алексиевичид олгохоор болов. Беларусийн иргэн анх удаагаа энэ хүндтэй шагналыг хүртсэн юм. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Өөрийн уран бүтээлийн ер бусын аргаар хүний дотоод дуу хоолойг гаргасан. Светлана Алексиевич нь энэ цаг үеийг маш гүнзгий мэдрэн харуулсан” хэмээн дурдсан байна. Нобелийн хорооноос мэдэгдэл хийсний маргааш нь буюу энэ сарын 10-ны өдөр Светлана Алексиевич Берлинд очиж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сэтгүүлчид түүнд ихэвчлэн улс төрийн өнгө аястай асуултууд тавьжээ. Энэ шагналыг өөрт нь олгосноор Нобелийн шагналын нэр хүнд өсөх үү, Беларусь, Европын Холбоо хоёрын харилцааг хэрхэн сайжруулах вэ, В.Путины эсрэг байр суурь баримталдаг тул энэ шагналыг олгосон хэмээн оросууд бичиж байгаа гээд л асуултаар бөмбөгдсөн байна.

Түүний бичсэн “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном аль хэдийнэ сонгодог бүтээлд тооцогдох болсон бөгөөд түүний зохиолуудаас хамгийн их нэрд гарсан нь. Светлана Алексиевич энэ номоо бүр 1983 онд бичсэн боловч тухайн үед хэвлэхээс татгалзсан байна. Зөвлөлтийн утга зохиол шүүмжлэгчид энэ бүтээлийг пацифизм буюу хүчирхийллийг эсэргүүцсэн үзэлд автсан, юмыг хэтэрхий бодитоор харуулж Зөвлөлтийн баатарлаг эмэгтэйн дүрийг саармагжуулсан хэмээн буруутгасан. Гэвч удалгүй “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном уншигчдын хүртээл болж 1985 онд хоёр сая хувиар хэвлэгджээ. Светлана Алексиевичийн 1989 онд хэвлүүлсэн “Цайрын хүүхдүүд” хэмээх Афганистаны дайны тухай өгүүллэгүүдийн эмхэтгэл мөн л нэлээд шуугиан тарьсан. Дашрамд дурдахад түүний бүх ном герман зэрэг нэлээд хэдэн хэл дээр орчуулагдсан. Беларусийн зохиолчын бичдэг гол сэдэв нь хүний зовлон шаналал, дайн. Зохиолч эмэгтэй маань 1948 онд төрсөн, өөрөөр хэлбэл өөрөө дайныг үзээгүй. Гэхдээ судалгааны ажил хийх, тэр дундаа баримт цуглуулахдаа гарамгай гэдэг. Түүн дээр тулгуурууласан нэлээд хэдэн бүтээл туурвисан байна. “Чернобылийн залбирал” бүтээлийг нь ч дурдахгүй байхын аргагүй юм.

Светлана Алексиевич нь Украины баруун хэсэгт орших Станислав хотод төрсөн. Аав нь беларусь, ээж нь украин үндэстэн байсан бөгөөд хожим нь гэр бүлээрээ аавынх нь төрсөн нутагт шилжин суурьшжээ. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, түүх, герман хэлний багш, хожим нь “Прыпяцгая прауда” сонинд сурвалжлагч гээд янз бүрийн ажил эрхэлж байсан. 1972 онд Беларусь Улсын их сургуулийн сэтгүүлчийн факультетийг дүүргэснийхээ дараа сонины газар ажиллаж байхдаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Амьдарч байсан нийгмийнхээ үзэл суртлыг хүлээн зөвшөөрч чадаагүй тул 2000 оны эхээр тэрээр баруун Европыг зорьсон. Ингэхдээ Герман, Франц, Итали, Швед зэрэг орнуудад өөрийн үзэл бодол нэгт уран бүтээлч нөхдүүдээ олж авсан гэдэг.

Одоогоос хоёр жилийн өмнө Минскт буцаж ирэх­дээ “Дарангуйлагч А.Лукашен­когийн үеийг өнгөрөхөөр ирнэ хэмээн тооцоолж байсан боловч бүтсэнгүй” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл хүлээж дийлсэнгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч А.Лукашенко түүнд нэр хүндтэй шагналд хүртсэнд нь баяр хүргэсэн юм.

Нутагтаа ирснийхээ дараа “Секонд хэндийн үе” номоо уншигчдын хүртээл болгосон. Энэ бүтээлдээ Зөвлөлтийн болон түүний дараахь үеийн хүмүүсийн ялгааны онцлогийг харуулахыг хичээжээ. Ингэхдээ нийгэмд гарсан өөрчлөлтийн улмаас өөрөө ч маш ихээр өөрчлөгдсөн гэдгээ харуулсан хэмээн шүүмжлэгчид бичсэн байдаг.

Светлана Алексиевич нь өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвихдаа олон улсын нэр хүндтэй шагналуудыг нэг бус удаа хүртсэн. 2001 онд Ремаркийн шагнал, 2006 онд АНУ-ын үндэсний шүүмжлэгчдийн шагнал, 2013 од Лайпцигийн номын яармагаас “Европын харилцан ойлголцолд хувь нэмэр оруулсны төлөө” шагнал, Германы “Улс төрийн шилдэг ном” шагналуудын эзэн болсон. Түүний бүтээлээр кино, жүжиг хийсэн гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Зарим хэвлэлд Светлана Алексиевичийг Нобелийн шагналыг хүртэхэд хамгийн тохиромжтой хүн гээд дэлхийн иргэн хэмээн тодорхойлжээ. Беларусь-украины гэр бүл Украинд төрсөн тэрээр Беларусьт өсөж том болсон. Хожим нь Итали, Герман, Францад нэлээд удаан амьдарсан. Светлана өөрийгөө чих шиг соргог хэмээн тодорхойлсон байдаг. Тэр бусдын ярихыг анхааралтай сонсож, тэмдэглэж, боловсруулж, тунгаан бодно, дараа нь уншигчдад хүргэнэ. 1990-ээд оны үеийн амьдралыг харуулсан “Секонд хэндийн үе” зохиолын агуулгыг товч өгүүлье. Нэгэн эмгэн нас барахад охин, ач хоёр нь талийгаачийг оршуулах мөнгөгүйгээс долоо хоног шарилыг гэртээ байлгана. Ингэхдээ өмхийрүүлэхгүйн тулд янз бүрийн арга хэмжээ авна. Эцэстээ дээрэмчид тэдэнд мөнгө өгч оронд нь байрыг нь авна. Ингээд ээж, охин хоёр гудамжинд гарна. Беларусийн зохиолч бүсгүй энэ бүтээлээрээ нэлээд хэдэн шагнал хүртсэн юм.

2015 оны Нобелийн утга зохиолын шагналтан маань дахин хоёр ном бичих хүсэлтэй гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна. Нэг нь хайр дурлал, нөгөө нь хөгшрөлтийн тухай аж. Гэхдээ уншихад тийм ч сайхан санагдахгүй болов уу гэжээ:.

Светлана Алексиевичийг хүний зовлонг судлаач ч гэдэг. Авторитар дэглэм, дайны золиос болсон хүмүүсийн талаар өгүүлдэг. Түүнийг зовлонгоос зугтагч бус харин ч түүнтэй халз тулж, түүнд нэрвэгдсэн хүмүүстэй ярилцаж сэтгэлийг нь ойлгохыг хичээдэг. Түүний бичдэг жанрыг вербатим хэмээн нэрлэдэг. Энэ нэр томъёог утга зохиолд сүүлийн үед хэрэглэх болсон. Харин Светлана Алексиевич энэ томъёолол гарахаас өмнө уг жанраар бичиж, түүнийг хөгжүүлсэн гэж болно.


Categories
мэдээ цаг-үе

Нацагийн ТАРВАА: Домог болсон таван генералыг захирч явлаа

Өдгөө ерэн насны сүү­дэр зэрэгцэж буй Нацагийн Тарваа гуайтай ярилцлаа. Тэрээр спортын анхдагч эмч нарын нэгэн юм. Бүр тодруулбал, Монголд спор­тын эмнэлэг бай­гуу­­лагдахад даргаар нь ажил­­лаж байж. 1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцоход Тарваа гуай эмчээр явж байсан. Жаран найман оны Мехикогийн олимпод мөн л эмчээр явж Ж.Мөнхбат аваргыг мөнгөн медаль хүртэхэд гавьяа байгуулсан гэдэг. Хөнгөн атлетикийн анхны шигшээ багийн тамирчин, цанын спортын ууган мастеруудын нэгэн гээд түүний тухай өгүүлбэл барагдахгүй түүх хөврөх ажгуу.

-Монголд спортын эмнэлэг байгуулагдаж, биеийн тамирын эмч гэх алдрыг анхлан хүртсэн хүн бол та. Үүнээс улбаалаад тантай олон сэдвээр ярьж болно. Офицерийн сургуульд суралцаж байсан үеэс тань яриагаа эхэлье гэж бодлоо л доо?

-Өвгөн миний ажлын гараа бол яалт ч үгүй их жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулиас эхэлсэн түүхтэй. Тэртээ дөчин гурван онд Офицерийн сургуулийн долдугаар ангид элсэн орж байлаа. Тус сургуулийн тавдугаар ангид хожим ардын уран зохиолч болсон Сэнгийн Эрдэнэ гэж хүү байлаа. Манай сургуулиас олон алдар суутнууд төрсөн юм. Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зүтгэлтэн П.Хаянхярваа байна. Мөн ардын эмч, хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла байна. Тэд надаас ганц нэг дүү хүмүүс л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа манай сургуулийн хөгжмийн багш байлаа. Монголын анхны долоон генералын нэг Гончигийн Дагдан хурандаа цолтой захирал нь байлаа. Батлан хамгаалах яамны сайд байсан Монголын домог болсон генералуудын нэг Лувсангийн Моломжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, хошууч генерал Донойн Бямбаа, Сэнгийн Гомбосүрэн, Гэндэнпил гээд аваргуудын салаан захирагч нь би байлаа. Домог болсон таван генералыг захирч явсан гэхээр сайхан санагддаг. Саяхан Молом (Моломжамц генералыг хэлж байна) бид хоёр эмнэлэгт хамт хэвтээд гарсан.

Офицерийн сургуулийг Маршал Чойбалсан байгуулсан гэдэг. Та Мар­шалыг олонтаа харсан нь мэдээж. Танай сургуулиар ирж байсан уу?

-Тийм ээ, Маршал өөрөө байгуулсан сургууль юм. Анх Гандангийн тэнд дан цагаан байшинд байсан. Маршал өөрөө байгуулсан учир манай сургуулиар хааяа ирнэ. Сүх жанжны гэргий Янжмаа гуай мөн ирнэ. Залуу жанжин гэгддэг Жамьяангийн Лхагвасүрэн ирнэ. Энэ гурван хүн их ирдэг байсан. Сүхбаатар жанжны хүү Галсан нэг хэсэг манай сургуулийн захирал байлаа. Тэр үед Янжмаа гуай байнга ирдэг байсан. 1953 онд сургуулийн 10 жилийн ойгоор бид Маршалын өрөөнд очлоо. Тэр үед Засгийн газрын ордон одоогийн Боловсролын их сургуулийн байранд байсан санагдана. Маршалын өрөөнд орлоо. Хурлын өрөөнийх нь модон ширээнүүдийг улаан одончуу даавуугаар бүтээчихсэн харагдсан. Одоо эргээд санах нь ээ, Маршалын өрөө бусдаас онцгойрох зүйлгүй байсан. Сонсогч хүүхдүүдээ, өнөө хэдэн генерал, хожмын ардын цолтон, хөдөлмөрийн баатруудыг чинь би дагуулж орсон хэрэг л дээ. Тэднийгээ ахалж явсны хувьд Маршалын өмнө номхон зогсоод рапорт өглөө. Чойбалсан гуай товчхон үг хэлсэн. Түүнийг нь би хуучин монгол бичгээр тэр даруй нь буулгаж авсан юм. Маршалын хэлсэн, миний буулгаж авсан тэр үгийг манай сургууль үг, үсэг орхилгүй бичээд ханандаа хадчихсан, хүүхэд бүр цээжилж байсан юм даг. Ингэхэд би Маршалыг 1939 онд Дорноговь аймгийн бага сургуульд байхдаа харж байсан хүн.

Тэр тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Дорноговийн бага сургуульд Маршал зочилж очсон хэрэг. Урьд өмнө хараагүй гоё хар машинтай хүмүүс очлоо. Сурагч биднийг гэрээс гаргадаггүй. Хүүхдүүд болсон хойно сонирхож гэрийнхээ тотгоор өнөө хар машинтай хүмүүсийг сонирхон харж, Маршалыгаа анх гэрийн тотгоор шагайж харсан түүх тэр. Бүрээ дуугарсны дараа гарна шүү гээд сургуулийн захирал мэдэгдсэн байв. Удаа ч үгүй бүрээн дуу тасхийлээ. Бид ч гүйлдээд гарав. Маршал хүүхэд бүртэй дотночилж гар барьж байсан. Зүгээр гар бариад өнгөрөх биш хүүхдүүдийг нарийн гярхай харж, хувцас хунарыг нь ажиглаж байсан. Маршалын нүдэнд хэд хэдэн хүүхэд өртсөн юм. Тэдний эсгий гутал цоорч жийрэг нь цувсан байсныг Маршал анзаарч, сургуулийн захирлыг загналаа. Тэгээд Сүрэнжав гэдэг хүнд хандан гутал нь цоорхой хүүхдүүдийн тоо аваадах гэв. Өнөө Сүрэнжав нь нэг, хоёр гээд гараараа дохиод тоолж эхэлтэл Маршал “Чи ямар мал тоолж байгаа юу. Командалж зогсоогоод өөрсдөөр нь тоолуулаач” гэж сүрхий уурлаж билээ. Бидний зургийг Дэмбэрэл гэж алдартай кино оператор авч байсныг сүүлд мэдсээн. Тэр зураг кино хальсанд үлдсэн байдаг. Маршалын тухай түүхэн кино зураг гарахад дорно дахины нэртэй академич болсон Ишжамцын дүр сүрхий тод харагддаг юм. Хүү нь Сэргэлэн гээд Архивын газрын дарга байсныг хүмүүс мэднэ байх.

-1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцсон түүхтэй. Та тэрхүү багийн бүрэлдэхүүнд спортын эмчээр явж байсан гэдэг?

-Анагаахын сургууль одоогийн Их сургуулийн харьяа Хүн эмнэлгийн факультет гэж байхад нь би суралцаж байсан. Офицерийн сургуульд байж байгаад орсон учир хөгшин оюутан байсан. Манай ангиас хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав тэргүүтэй Монголын анагаах ухааны нэртэй эмч нар төрсөн байдаг. Тус сургуулийн гуравдугаар ангид байхад Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гэж хүн “Нөхөр минь чи спортын хүн. Спортын эмнэлгээр дагнан, сурч боловсрох хэрэгтэй байна” гээд юугаа ч мэдэхгүй оюутныг Москвад болсон дэлхийн биеийн тамирын эмч нарын курст улсын зардлаар явуулчихдаг юм.Ингээд тус курсыг төгсч ирээд биеийн тамирын төв зөвлөлд эмчээр ажилласан.

Токио, Мехико, Мюнхений гурван олимпод Монголын баг тамирчдын эмчээр ажиллах алтан хувь заяа надад тохиосон юм. Тэдгээрийг он дарааллаар нь ярина гэвэл урт түүх болно. Жаран дөрвөн оны Токиогийн олимпод манайх чөлөөт бөх, дугуйн спорт, хөнгөн атлетик, буудлага, гимнастик гэсэн төрлүүдээр оролцож байсан. Чөлөөт бөхөд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа нарын нэртэй тамирчид оролцож байсан. Тэдэнд би ойр зуурын эм тариа өгнө, иллэг массаж хийнэ. Бусад төрлийн тамирчдад ч ялгаагүй эрүүл мэндийн ямар үйлчилгээ хэрэгтэй байна, түүнийг нь хийнэ. Нэг инээдтэй гэмээр дурсамж хэлье л дээ.

Тэгээч хө?

-Жаран найман оны Мехикогийн олимпийн үе. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтэн Богданов гэж эмч манай тамирчидтай хэсэг хугацаанд ажилласан юм. Мань нөхөр зөвлөлтөөс нэг ч эм тариатай ирээгүй. Харин гаднын үзэгдэж харагдаагүй витамины гоёмсог хайрцаг хэд хэдийг авчирсныг нь би мэднэ л дээ. Богданов надаас C витамин авч тэдгээр хайцагнуудад хувааж хийснээ “Гагарин сансарт нисэхдээ энэ эмийг ууж байсан юм гэдэг” гээд манай хэдэд өгдөг байгаа. Би ч учрыг нь мэдээд чимээгүй байлаа. Ингээд олимпод оролцохоор Мехикод ирчихлээ, Мөнхбат маргааш нь барилдах гээд байж байтал өнөө “Гагарины эм” нь алга болчихож. Бөөн уур бухимдал. Нэг нь хусчихгүй юу. Манай хүн чинь уурлахаараа хамар дээр нь хэд хэдэн атираа үүсээд сүртэй шүү дээ. Маргааш барилдана гэж байтал эм алга гээд сүйд. Тэгэхээр нь би Мөнхбатад “Богданов буцахдаа надад хэдийг үлдээсэн юм. Хэрэгтэй үед наад хэддээ өгөөрэй гэсэн юм” гээд C витаминаас хэдийг өгчихлөө. Ингээд Мөнхбат маань Америкийн алдарт бөх Пэкхэмийг ялж мөнгөн медалийн эзэн боллоо. Эх орондоо анхны мөнгөн медалийг авчирлаа гээд бид бөөн баяр хөөр болсон нь мэдээж. Барилдаан дууссаны дараа аварга хэлж байна. “Тарваа эмч ээ таны өгсөн эмийн хүчинд л яллаа шүү дээ” гэв. Сүүлд би Мөнхбатад учрыг нь хэлээд сүвээ рүүгээ нэг айхтар хатгуулсан даа.

Сайнцог хурандаа нэгэнтээ “Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн Тарваа гуайг хайрлан хүндэтгэдэг. Энэ хүн миний хүүхэд ахуй цагийн шүтээн. 1958 онд 10 мянган метрийн холын зайн гүйлтэд түүний тогтоосон рекордыг наяад оны дунд үед л эвдсэн. Нэртэй тамирчнаас гадна спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гарамгай зүтгэлтэн” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр та олон хүний шүтээн болсон хүн. Цана, хөнгөн атлетикийн спортод үзүүлсэн амжилтаасаа дурдахгүй юу?

-Ерэн насны өндөрлөгт хүртлээ зүтгэхдээ спортоос бие, сэтгэл салгасангүй. Чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, цана, дугуй, гимнастикийн алтан үеийн тамирчид намайг багш аа, эмч ээ, зарим нь дасгалжуулагчаа гэдэг. Би чинь 1943 оноос хөнгөн атлетикаар хи­чээл­лэж эхэлсэн. Б.Даш, Ж.Гом­босүрэн, Л.Чимиддорж, Ч.Най­дан гээд нэртэй дасгал­жуулагчдын удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг байв. Хөнгөн атлетикийн төрөлд 30 шахам удаа рекорд шинэчлэн тогтоосон. 1953 онд холын зайн 10 мянган метрийн төрөлд 31 минут гүйсэн амжилт үзүүлж, улсын рекордыг шинэчилсэн. Энэ амжилтыг 1983 он хүртэл Монголын шигшээгийн тамирчид эвдээгүй юм. Харин Сэрээтэр гэж хүн 30 минут болгож эвдсэн бол сүүлд Сэр-Од гавьяат маань 29 минут болгож дэлхийн жишигт хүргэсэн. Хөнгөний анхны шигшээ багт дархан аварга Ш.Батсуурь, хурц арслан Ц.Бадамсэрээжид нар байсан. Шидэлтийн тамирчид юм. 1948-1962 он хүртэл цанын спортод тасралтгүй амжилт үзүүлсэн. Ууган мастеруудын нэг л дээ. Зундаа хөнгөнөөр гүйгээд намрын улиралд дугуй, өвөл цана, бусад үед нь гимнастикаар хичээллээд жилийн дөрвөн улиралд өөрийгөө сорино. Түүний буян юм байлгүй, ерэн настай надад өвдөх өвчин гэж алга. Одоо мөн ялгаагүй жуулчидтай дугуй болон мотоциклийн аялал хийгээд явж байна.

Монголын дугуйчид Бээжинд анх очиж Майн баярын жагсаалд ороход та явсан түүхтэй?

-200 гаруй хүн явна гэж өргөдөл гаргаснаас 12 хүн явж байлаа.Төв хорооны орчуулагч Тэшээжалбуу, Лувсанчүлтэм, Дотоод явдлын яамны Бат-Очир гээд албаны хүмүүс байсан. 1953 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Хоолтын давааны наахна хоноглолоо. Тэгтэл шөнөдөө битүү цас дараад хонодог байгаа. Босоо орхисон дугуйнууд бүгд унаад зөвхөн бариул нь харагдаж байж билээ. Буцъя гэхэд буцаж болохгүй. Биеийн тамир спортын хорооны дарга Жигмэддорж машинтай араас давхиж очин яв гэсэн тушаал өгсөн. Хоол хүнс ачсан ГАЗ-53 машин биднийг дагана. Монгол Хятадын хооронд биеийн тамирын найрамдалт харилцаа тогтоосны анхны уулзалт тэр юм. Хятадын Соёлын хувьсгал гараагүй байсан үе шүү дээ. Замын-Үүдийн хил дээр хүрээд очлоо. Хилийн баганын наана Монголын нутагт ганцхан бор гэр бөөвийтөл байж байна. Харин хилийн цаана эмнэлгийн тэрэг, усны машин гээд арав гаруй машин эгнээд зогсож байна. Хуучин манай нутагт байсан Цагаан-Овооны сүмийн үүдэнд хятадууд биднийг найрсгаар угтсан. Цагаан хэрэм, Жанчхүүгийн давааг тэгж л дугуйгаар давж байлаа. Майн баяраар Хятадын төв талбайд бид дугуйтайгаа жагссан. Монголын дугуйчид жагсаалд оролцож байна гэж зарлахад Мао Зедун дарга бидэн рүү гараараа даллаад элгэмсгээр мэндчилж байлаа. Мөн далан зургаан оны өвөл Хиагтаас Улаанбаатар руу цанаар явж байсан түүх ч бий. Энэ мэт Монголын спортын хөгжил дэвшлийн замд олон түүхийн гэрч болж дээ, өвгөн ах нь.

Categories
мэдээ цаг-үе

Бүгдээрээ хочтой 4в-гийнхэн

Цагдаагийн академийн 1998-2002 оны 4в ангийнхныг “Нэг анги” буландаа урилаа. 4в ангид Булган, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл гээд ихэвчлэн орон нутгаас ирсэн 29 залуус нэгджээ. Цагдаагийн академид ороход өндөр 165-аас дээш, жин 60 кг-аас дээш гээд шалгуур өндөр учир шижигнэсэн залуус цугласан нь ойлгомжтой. Цэргийн сургууль дотроо сонсогч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой. Нэг ангид хоёр дэд түрүүч байдаг ёсоор 4в ангид Ж.Пунцаг, Н.Баттөмөр нар байжээ. Тэд Иргэний хамгаалалтын 102 буюу одоо Онцгой байдлын аврах тусгай ангийн хашаанд нэг сар карантинд гарч байжээ. Карантины үед л цэрэг хүний дэг журам, тэсвэр хатуужлыг олж авсан талаар ярьж байлаа. Карантинд байхдаа өглөө зургаан цагаас босоод шөнө 12 цагт унтана. Өдөр нэг цаг амраад бусад цагт нь байнгын хөдөлгөөнтэй гүйж, харайж, маршанд алхах, наранд цэх зогсож сурна гээд цэрэг хүний дэгийг ойлгожээ. Ж.Пунцаг “Карантинд анх очихдоо би боксоор хичээллэдэг, жаахан пээдгэрдүү, халаасандаа гараа хийж явдаг хүү байсан. Тэгсэн харин халаасанд чулуу хийж дүүргээд оёчихдог юм байна. Цэргийн дэг журмыг тэр үед их сайн ойлгосон доо” гэж ярих зуур Т.Мөнхсоёл “Саяхан гарсан ”Маш нууц” кино бидний карантины үеийг санагдуулж байна лээ. Хүмүүс цэргүүдийг их дэглүүлж байсан гэж ойлгоод байгаа юм. Тэр олон сахилгагүй хүүхдийг тэгж л сургахгүй бол болохгүй шүү дээ. Харин ч хатуужна, тэсвэр тэвчээртэй болно. Эр хүн болоход тэр байтугай л юм үзнэ шүү дээ” гэж ярив. Бид оройн зугаалга гэхээр гараад тэнээд явчихдаг юм байх гэсэн чинь жагсаалын талбай тойроод дуулаад алхдаг юм билээ гээд цэргийн дэгд яаж суралцсанаа ам уралдан ярьж байна.

Бид нэгдүгээр курсэд ороод л барилдаад ноцолдоод явна. Уг нь цэргийн сургууль учраас эрэмбэтэй. Дээд курсийн ах нар зогсож байвал доод курсийнхэн үзэгдэхгүй шүү. Бид нар төгсөх курсдээ хүртэл коридортоо ноцолдоод л гүйж байдагсан гэж намба суусан офицерууд хуучнаа дурсан хууч хөөрөлдөнө. Ангийн дарга буюу дэд түрүүч Ж.Пунцаг “Цагдаагийн дээдийнхэн эрчүүд голдуу учраас хөдөлгөөнтэй хүүхдүүд их байсан. Олон эрэгтэй хүн байгаа газар хөгтэй явдал их. Бие биенийгээ байнга шоглоно. Хамгийн их онигоонд ордог нь би, даруухан нь Л.Цэлмэг, М.Ням-Очир. Хамгийн сахилгагүй нь гэвэл Г.Галбадрах, Н.Баттөмөр, Ж.Оргилсайхан” гэж нэрлэж байснаа “За ер нь даруухнуудаа бичсэн нь дээр юм байна” гээд инээлдлээ.

4в ангийнхан нэг нэгнийгээ бүгдийг нь хочилдог юм байна. Оюутан цагийн хоч нь одоо ч хүчинтэй хэвээр. Л.Цэлмэг “Хааяахан бид нар амьтны хүрээлэнд байгаа юм шиг санагддаг шүү” гэж инээлдэв.

Нэгдүгээр ангид дөнгөж ороод байхад нь бүгдийнх нь үсийг хусчихаад ургац хураалтад вагоноор авч явжээ. Ж.Пунцаг “Ногоонд явах гэж байгаа учраас сонсогчийн цэрэг хувцас өмсөхгүй бүгдээрээ энгийн хувцас өмсчихсөн байсан. Вагонд суухад цагдаа нар гарч ирээд л командлаад байдаг юм байгаа биз дээ. Тэгсэн хүмүүс энэ хоригдлууд юм байх даа гэж бодчихож. Вагонд ороод явж байсан нэг ах манай ангийн хүүг дуудаад ах нь ч бас алдаж явсан. Сэтгэлээр битгий унаарай гээд дайлж байсан шүү” гэж ярив. Ногооноос ирээд нэгдүгээр курсэд нэг жил сургуулийнхаа казарамд байрлажээ. Тэдний үеийнхэн хамгийн сүүлд казарамд байрласан юм байна.

Г.Дуламсүрэн “Казарамд байхад 300 гаруй сонсогч, ажилчин байрладаг байсан юм. 300 орчим хүн байрладаг учраас халбага, сэрээ тарааж өгөхгүй. Өөрсдөө халбагануудаа энгэрийнхээ халаасанд хийчихдэг байсан. Жагсаж орж ирээд хоол ирэнгүүт халааснаасаа халбагаа гаргаж ирээд хоолоо иднэ. Халбагаа бид нар хүрз гээд нэрлэчихсэн. Өдөр болгон тэгсээр байгаад рефлекс болчихсон. Амралтын өдрүүдээр хоёр долоо хоногт нэг удаа гадагшаа гаргадаг байсан юм. Тэр үеэр гэртээ харина, хөдөө байдаг нь хамаатныдаа очно. Би Сэлэнгээс ирсэн учраас нэг удаа найзындаа очлоо. Цэргийн формтойгоо сууж байсан юм. Айлд ортол хоол хийж өгчихөөд халбагаа авчрах хооронд нь халааснаасаа мангар том халбага гаргаж ирээд идэж гарахад айлынхан нь гайхдаг юм байгаа биз дээ. Би ч өөрөө санаа зовоод “Эгч ээ бид нар хүрзтэйгээ явдаг юм аа гэж билээ” хэмээн яриад бөөн инээдэм болов.

Цагдаагийн академийнхан тухайн үед охид ихтэй сургуулийнхантай шефэлдэг байжээ. Ангиас шефийн төлөөлөгчөөр хотын яриа гайгүйтэй хэд нь яваад охидод санал тавиад зөвшөөрөл авдаг байжээ. Бид сургуулиасаа гардаггүй учраас охидоо шинэ жилээр авчирдаг байсан юм. В.Алтантүлхүүр “Анагаахын нэг ангитай шефэлсэн чинь тэдний анги нэг бандитай юм байна. Тэр нь юу ч бодоод ороод ирсэн юм. Бид ч миний найз одоо харихгүй юу даа гээд улайн цайм жийгээд гаргачихсан” гээд инээд алдаж байна. Эдний ангийн хоёр залуу шефэлсэн ангиасаа ханиа сонгожээ. Н.Баттөмөр Испани хэлний Говь дээд сургуулиас, Т.Хаш-Эрдэнэ ХААИС-иас гэргийгээ сонгож өнөр өтгөн айл гэр болжээ.

Цагдаагийн дээд курсийн оюутан жилд 14 хоног л амрах эрхтэй байдаг байж. Бусад үед дадлага хийх хуваарьтай. Нэгдүгээр курст цагдаагийн амьдрал үзээгүй оюутнуудыг цагдаагийн дадлага хийлгэнэ. Хоёрдугаар курст хэсгийн байцаагчийн дадлага гээд хороон дээр захиргааны хэрэг, зөрчил шийдвэрлэнэ. Гуравдугаар курст хэрэг бүртгэх мөрдөн байцаах дадлага. Төгсөх курст уртын дадлага буюу эрүүгийн албаны гүйцэтгэх албаны дадлага хийдэг байжээ. Ж.Пунцаг “Би 13-р хорооллын цагдаагийн хэсэгт дадлага хийсэн. Намайг дөнгөж очих үед эхнэр нөхөр хоёр зодолдоод, нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирлээ. Би хорооны цагдаа нараа дагаад явсан юм. Тэр үед эргүүлийн цагдаа гэж байгаагүй. Машин тэрэггүй хэцүү үед цагдаа нар дуудлагадаа алхаад явна. Би чинь дөнгөж оччихсон, гүйгээд очмоор санагдаад л байна. Тэр олон дуудлага ирж байхад ядарсан цагдаа нар юун тэгж гүйх. Тэгж л цагдаагийн амьдралын амтыг мэдэрч байсан” хэмээн ярив.

Ангийнхан Дэд хурандаа Бат-Эрдэнэ багшдаа их хайртай байжээ. Тухайн үед сургуульдаа шинжилгээний хичээл ордог байж. Ж.Пунцаг “Нэг удаа намайг дэд түрүүч учраас итгээд өрөөнийхөө түлхүүрийг өгөөд шохой аваад ир гэсэн юм. Би өрөөнд нь ороод компьютер дээр шалгалтын асуултууд байхаар нь принтерлээд ангиараа асуултуудаа нэг нэгээр нь аваад бэлдчихсэн юм. Шалгалтын үеэр билет тараачихаад буцаагаад авчихна. Тэр үед нь хүүхдүүд авсан билетээ биш бэлдсэн билетээ биччихсэн. Тэгээд ангиараа онц авч байлаа. Тухайн үед багш маань их баярлаж байсан юм. Уучлаарай багшаа гэж хэлье” хэмээн олон жилийн нууцаа задаллаа.

Эдний ангийнхны хамгийн идэвхтэй, спортлог нь Ж.Пунцаг ажээ. Оюутан байхдаа спортын мастер цолтой байж. Гардан тулаан, боксын тэмцээнд голдуу ордог том биетэй залуу байжээ. Г.Ганбат “Сонсогчийн алдраар гардан тулааны тэмцээнд манай Пунцаг ороод бид дэмжих гэж спортын ордонд очсон юм. Тэгсэн манай хүн “Чингисийн цавчилт”-аараа алдартай Нарантунгалагтай таарчихлаа. Уг нь гайгүй хожоод явж байсан чинь Нарантунгалаг “Чингисийн цавчилт”-аа хийгээд нам унагаачихсан. Накаутанд ороод шүүгч тооллоо. Бид чимээгүй л байгаад байсан. Ашгүй найз маань босч ирээд тоглолтоо дуусгасан” гэж ярих зуур Ж.Пунцаг “Би овоо амжилт гаргачихсан учраас өөрөө их сагсуурч байсан үе. Ангийхан намайг их шоолно. Тухайн үедээ их эмзэглэдэг байлаа. Одоо бодоод байхад ангийнхан маань намайг их дардаг байж. Сагсуураад яаж хүн амьтан зодоод явдаггүй байсан юм. Тэгж унасан байхад зүүдэн дунд ангийнхан шоолоод инээж байгаа нь сонсогдож сандраад босоод ирсэн шүүгч тоолж байсан. Манай ангийнхан шоолдоггүй байсан бол би босч ирэхгүй тэмцээн дуусах байсан байх” гэж ярив.

Дөрвөн жил мөр зэрэгцэн сурсан залуусын хонхны баяр их дуулиантай болж байжээ. Тэд Сүхбаатарын талбай дээр задгай УАЗ 469 машинаар байлдааны цуваа шиг цувж очоод хөндлөн сүлжиж давхилдав. Тэр үед талбай дээр машин гардаггүй байсан үе. Тухайн үед төрийн ордноос цагдаагийн академийн захирал хурандаа М.Батаев руу залгаад “Чи Төрийн эргэлт хийх гээд байна уу” гэж байсан аж. А.Баттөмөр “Хонхны баярын дараа төгсөлтын баяр дээр жинхэнэ ромбо, диплом цолоо авна. Тэр олон жил мөрөөдсөн учраас төгсөлтийн баяраар цагдаа хувцсаа өмсөхийн дон болчихсон залуус дэслэгч цол тэмдгээ аваад сургуулийнхаа туганд хүндэтгэл үзүүлж байлаа. Огшоод л сайхан байдаг юм билээ” гэж дурслаа.

4в ангйинхан төгсөөд бүгд хөдөө орон нутагт томилогджээ. Одоогоор Төрийн албанд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүгчээр Г.Баясгалан, Орхон аймгийн Цагдаагийн газарт дэд даргаар хошууч В.Алтантүлхүүр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэд дарга хошууч Т.Мөнхсоёл, Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа Ю.Чулуунбаатар, Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн газрын даргаар Л.Цэлмэг, Тагнуулын ерөнхий газрын .. дугаар газарт орлогч даргаар дэд хурандаа Б.Мэгзэр, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар дэд хурандаа Б.Баатарзориг, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар Нямдаваа, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар хошууч Н.Төмөрбаатар, хошууч Г.Золжаргал, Тахарын ерөнхий газарт ахлах ажилтнаар Д.Батгэрэл нар ажиллаж байна.

Бизнесийн салбарт “Алтан ноёд трейд” компанийн захирал Ж.Пунцаг, Г.Дуламсүрэн “Oriflame” компанийн топ лидер. “Түшиг багана” ХХК-ийн захирал Г.Ганбат, “Сайран булган” ХХК-ийн захирал Т.Хаш-Эрдэнэ нар явна.

Эдний ангийнхан төгсөөд 13 жил болж байгаа юм байна. Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр ангиараа уулзалддаг уламжлалтай аж. Тэр өдөр цагдаагийнхан цол шагналаа авна. Ерөнхийдөө цуглаж цагдаагийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Эдний ангийхан одоо ч бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаж, асуудал гарсан үед хэдэн талаас цуглан нэгнийхээ түшиг тулгуур нь болдог юм байна. Ангийнхаа 10 жилийн уулзалт дээр фэйсбүүк хуудас нээж салшгүй эргэх холбоотой болжээ.

4в ангийнхан хоёр дэд түрүүчтэй байсан ч харамсалтайгаар Ц.Хангал гэх залуугаа алджээ. Дэд түрүүч Ц.Пунцаг “Ангийн анд Ц.Хангал маань Дундговь аймгийн цагдаагийн газар, тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан хөдөлмөрч залуу байсан. Хүнд өвчний улмаас бурхан болсон. Андын минь цог золбоотой гялалзсан инээд бидний сэтгэл зүрхэнд үргэлж дуурсагдах болно” гээд ангийнхан дэд түрүүчдээ хүндэтгэл үзүүлэв.