Categories
мэдээ цаг-үе

Ц.Сэр-Од: Ходоодны шархтай хүн хеликобактериа заавал эмчлүүлэх шаардлагатай

“Анжел” эмнэлгийн дотрын их эмч Ц.Сэр-Одтой ходоодны шарх яаж үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө авлаа.

-Ходоодны шархаар хэр олон хүн өвддөг юм бол, өвчлөлийн шалтгаан юу вэ?

-Ходоодны шархлаа, ходоодны хеликобактерийн халдвар буюу хеликобактерийн үрэвсэл Монголд тархалт ихтэй өвчний тоонд ордог. Хеликобактери ходоодны үрэвсэл болоод цаашлаад ходоодны шарх үүсгэх аюултай. Энэ өвчин тодорхой үүсгэгчтэй учраас халдварын гаралтай өвчинд тооцогддог. Эрүүл хүн хеликобактеритэй хүнээс халдвар авдаг гэсэн үг. Халдвар наад зах нь бидний амьдралын буруу зуршил буюу хүүхдээ амнаасаа хооллосноос болж халдварлана. Мөн нэг алчуураар арчих, нэг аяга тавагнаас хооллох, гар угаах, бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг байна. Хеликобактери ходоодонд ормогцоо идэвхтэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг.

-Ходоодны шархтай бол шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ?

-Ихэнх үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатдаг байна. Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуун хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож ходоод гэдэсний хямрал үүсдэг. Хүмүүст илрэх шинж нь ходоод гэдэсний хямрал гэхээсээ илүү зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Ямар хоол хүнс ходоодны шарх үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг вэ?

-Мах махан бүтээгдэхүүн, хиам, сосиск, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, архи, тамхи хэрэглэх нь ходоодыг цочроож ходоодны салст бүрхэвчний хамгаалалтыг бууруулдаг. Ходоодонд хэт их цочрол өгснөөр энэ өвчнийг үүсгэх гол нөлөөлөл болно.

-Ходоодны шарх бүрэн эдгэрдэг үү?

-Ходоодны шарх эдгэрдэг өвчин. Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрэх тохиолдол бий. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтад байх хэрэгтэй. Оношилгоо, эмчилгээ эмчтэй холбоотой ч бусад бүх зүйл эмчлүүлэгчээс хамаардаг. Хувь хүнээс болдог учраас хоолны дэгийг сайн барих хэрэгтэй.

-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал ямар эрсдэлтэй вэ?

-Шархаа удаан эмчлүүлэхгүй явбал хавдар болох аюултай. Мөн ходоодны шарх задарч цус алдах уршиг бий.

-Ходоодны шархтай болсон бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Хамгийн түрүүнд хеликобактерийн шинжилгээ өгч, эмчлүүлэх шаардлагатай. Түүний дараа ходоодны шархны эмчилгээг хийнэ гэсэн үг. Эмчлүүлэгчийн шарх том, багаас шалтгаалж эмчилгээ өөр өөр байна. Хүмүүс өөрсдөө эмийн сангаас хеликобактерийн эм дур мэдэн авч ууснаас бактер нь эмэндээ дасал болчихдог. Тэрнээс болоод эмэнд дарагдахгүй сөрөг нөлөө гардаг.

-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?

-Дээр үед нэг хүн нэг аяга, халбагатай байдаг байсан нь хеликобактери дамжихаас сэргийлдэг байж. Харин одоо энэ байдал алдагдсан учир аяга, тавгаа сайн ариутгаж, цэвэрлэх шаардлагатай болсон. Хамгийн чухал нь зөв хооллох шаардлагатай. Архи, дарс, өөх тос, хайрч шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.

-Ходоодны шархаа яаж оношлуулдаг вэ?

-Ходоодны шархыг дурангаар оношилно. Мөн сүүлийн үед эхогоор хардаг болсон байна лээ. Гэхдээ түүнийг туршлагатай эмч нар харах байх. Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь худлаа зүйл. Олон улсад 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд 20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухаанаар шархыг анагаах нь

Уламжлалт анагаах ухааны эмч нар эмчлүүлэгчдэдээ ургамлын тан өгдөг бөгөөд хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг байна. Тухайлбал, исгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьдог ажээ. Мөн хоолны хэмжээг тохируулж, бага багаар идэхийг зөвлөдөг байна. Уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийхэд махан хоол идэхийг хорихгүй ч өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлдэг байна. Мөн эмчилгээ хийх үед оюун санаагаа тайван байлгахыг зөвлөдөг байна.

Зөгийн балтай ширгээсэн усны шид

Эмчилгээний хувьд хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд нэг халбага хийж уухыг зөвлөдөг аж. Энэ бэлдмэлийг өдөрт гурван удаа 14 хоног уухад нөлөөлдөг байна. Мөн манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг гэнэ. Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэр хүлхдэг байна. Түүнийгээ залгиж болохгүй бөгөөд 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлдаг байна. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.

Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болдог ажээ. Энэ мэт ардын эмчилгээнд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг юм байна.

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

Олны дунд дэлгэрсэн ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх аргыг хүргэж байна. Эм бэлтгэх жор, арга: – 20 гр нунтаг хушга – 1/2 стакан, буцламгай усанд нэг ц/х зөгийн бал хийнэ. Хандлах хугацаа 30 минут байхад болно. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертний (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэснээр ходоодны шархыг сайн аниулна, ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг байна. Мөн цусны шүүрлийг зогсоож, ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг аж. Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай байдаг ажээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Хувь хүний хийх улс төрөөс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж байна

Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхтэй уулзаж ярилцлаа.

-Сайдын ажлаа өгснөөс хойш хэвлэлд огт ярьсангүй. Энэ хооронд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдсон, бас Хонконгийн арбитрийн шүүхэд заргаа авлаа, АН-ын генсек болох гэж байна, дахиад Зам, тээврийн сайдаар томилогдох гэнэ, ЗГХЭГ-ын дарга болох гэнэ гэх мэт олон мэдээлэл сонсогдсон. Ярих зүйл ихтэй л байгаа биз дээ?

-Сайдын ажлыг өгөөд нэг жил болж байна. Ярья гэвэл ярих зүйл байна аа. Арбитрийн шүүхийн ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.

-Тэгвэл АН-ын генсект өрсөлдсөн талаар чинь сонирхмоор байна л даа. Ямар нэг улс төр орчихов уу, яг юу болсон бэ?

-Би энэ албан тушаалд өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.

– Яагаад?

-Би ажилтай хүн. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын даргын хуулийн бодлогын зөвлөх гэдэг бол их чухал ажил. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй хийх нь зүйтэй гэж үзсэн. -Таныг дахиад Зам, тээврийн сайдаар томилох нь гэж бодож байлаа. Танай салбарынхан ч гэсэн тэгж ярьж, хүлээлт үүссэн байсан. Гэтэл үгүй байжээ?

-Таны энэ асуултанд би хариулт өгчихсөн.

-Би ажилтай хүн гээд үү. УИХ-ын даргын зөвлөх хүн ямар зөвлөгөө өгдөг вэ?

-УИХ-ын даргад өгдөг зөвлөгөөг хэвлэлд ярих боломжгүй. Ажлын онцлог тийм. Харин Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн талаар асуувал яасан юм бэ.

-За тэгье. Та Зам, тээврийн сайдаас огцорч ажлаа өглөө. Өөрийгөө зам, тээврийн салбарт юу бүтээсэн гэж дүгнэх вэ?

-Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ бол зарчмын ялгаа. Нөгөө талаар би хийсэн ажлаа тайлагнах нь л зүйтэй болов уу. Сайдын ажлыг УИХ дүгнэдэг. Харамсалтай нь ажлаа өгөхдөө УИХ дээр ажлаа тайлагнах боломж гарсангүй.

-Та салбарын сайдаар ирэхдээ ийм, тийм юм хийе гэсэн бодол, төлөвлөгөөтэй л байсан биз….

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснийхээ дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олон нийтэд хийсэн мэдэгдэлд зам, тээврийн салбарын амжилтын тухай тодорхой дурдсан. Эндээс харахад миний удирдсан яамны ажил гайгүй дүгнэгдээд байх шиг байгаа юм.

-Тухайлбал…

Тэр бүхнийг багтааж ярина гэвэл сонины зай хүрэхгүй л болов уу. Ганцхан жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол Улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай авто зам баригдсан. Үүнээс Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд 28 сум хатуу хучилттай замаар гол замтайгаа холбогдсон. Ингэснээр Монгол Улсын хатуу хучилттай авто замын нийт урт нь 5354 км болсон. Түүхэн амжилт шүү.

-Таныг ажил авах үед Монгол Улс 2699 км хатуу хучилттай замтай байж. Таныг сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд 2655 км зам баригдаж гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, манай замчид үнэхээр хичээж хөдөлмөрлөсөн. Хоёрт, ЗТЯ-наас долоо хоног тутам зам дээр очиж байнгын хяналт тавьж ажилласан. Би л гэхэд өөрөө сар тутам бүх замын ажлыг биечлэн очиж шалгаж байсан. Гуравт, санхүүжилтийг богино хугацаанд шийдэж, ЭЗХЯ, Сангийн яам, Хөгжлийн банктай нягт хамтран ажилласан. Дөрөвт, нэг компани чадахгүй байж урт замын ажил гэрээлж авчихаад энд тэндгүй дуусаагүй ажилтай олон жил болдог байсныг болиулж техникийн хүчин чадалд нь таарсан ажлыг өгөх болсон. Тавд, хугацаандаа замаа барьж дуусахгүй нь тодорхой болсон компанийн гэрээг хугацаа алдахгүй цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай оруулдаг зохицуулалтыг хийсэн. Хамгийн гол нь надад 2008 оноос хойш хамт явсан ажлаа мэддэг мэргэжлийн баг байсан. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.

-Яагаад?

-Өөрөө харж байгаа биз дээ. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто зам барьж чадсангүй. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан. Манай баг 2008 оноос ажиллаж хүрсэн амжилтаа 2012 оноос ахиулаад цаашаа явсан. Бусад яам харьцангуй шинээр эхэлж байсан.

-Танай баг ЗТЯ-нд буцаж ирлээ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид шүү дээ. Н.Төмөрхүү сайдын үед ажлаас чөлөөлсөн байсныг М.Зоригт сайд буцааж томилсон байна лээ. Буруу биш биз дээ. Тэдгээр хүмүүс ямар ч улс төрийн намын гишүүн биш, тэгээд ч хамгийн сайн ажиллаж байсан. Тэд муу ажиллаад халагдсан биш, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан байсан. Тийм чадварлаг багтай ажиллаж байсандаа бахархдаг. М.Зоригт сайд болон энэ мэргэшсэн баг ирээд замын ажил эрчимжиж байна. Одоо аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох замын ажил эрчимжиж, баригдана гэсэн итгэл төрж байна. М.Зоригт сайд өөрөө биечлэн замаар явж шалгаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Энэ их чухал.

-Авто зам ийм байдаг юм байж, МИАТ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг?

-МИАТ-ийн удирдлагыг нь олон жилийн турш улс төрийн бялуу хуваах зарчмаар дарга нь томилдог байсан. Энэ л шүүмжлэл үүсгэдэг шалтгаан. Зөвхөн 2005-2012 онуудад “МИАТ” ХК-ийн ТУЗ нь 5-6 удаа өөрчлөгдсөн бөгөөд дээрх хугацаанд компанийн бүтцийг 12 удаа, гүйцэтгэх захирлыг зургаан удаа өөрчилж байсан байна. Би сайд болоод улс төрийн бус мэргэжлийн шалгуураар үе дамжсан гавьяат нисгэгч хүнийг захирлаар томилсон. Ашгүй одоо ч ажлаа хийж байна. Энэ нь “МИАТ” компанийг улс төрийн томилгооноос салгах гэсэн оролдлого юм. Төрийн өмч буюу ард түмний өмч болсон “МИАТ” компанийн үйл ажиллагааг дэмжиж, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх олон ажил хийгдсэн. Засгийн газар албан ёсоор тогтоол гаргаж үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Мөн 2013 оны нэгдүгээр сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Английн “Skytrax” байгууллагын үнэлгээгээр “МИАТ” компанийн үйлчилгээ гурван одын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ үнэлгээг гаргахын тулд 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын үнэлгээ хийж зэрэглэл тогтоодог. Амжилт байгаа, түүнийг олж харах хэрэгтэй. Гэхдээ МИАТ бол агаарын тээврийн салбарын нэг хэсэг. Энэ салбарт олон шинэчлэл хийгдсэн. Агаарын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого баримт бичгийг 2011 онд ЗТБХБ-ын дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахлан боловсруулсан бөгөөд салбар хариуцсан сайдын ажлыг аваад УИХ-аар 2013 оны нэгдүгээр сард батлуулсан. Энэ бодлого батлагдсанаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Ингэхэд авто замаас гадна агаарын шинэ замууд тавигдсан шүү дээ.

-Агаарын зам гэдгээ тайлбарлаач?

-2012 онд намайг сайд болоход Монгол Улсаас найман чиглэлд (Москва, Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Осака, Берлин, Хөх хот, Иркутск) нислэг үйлдэж байсан бол 2013-2014 онд Монгол Улсаас нэмж найман чиглэлд (Шанхай, Бангкок, Сингапур, Франкфурт, Парис, Манжуур, Хайлаар, Эрээн) олон улсын нислэгийн шугам нээсэн. Өөрөөр хэлбэл, агаарт найман чиглэлд шинэ зам тавьсан гэж бас хэлж болно. Гэхдээ эдийн засгийн шалтгаанаар эхнээсээ зогсч байх шиг байна. Дандаа ийм байхгүй биз дээ. Агаарын тээвэр бол ирээдүйгээ олон жилийн өмнөөс бэлтгэдэг онцлогтой салбар. Дэлхийн бусад оронтой агаарт хийсэн өрсөлдөөн гэж хэлж болно.

-Сингапурын нислэг нээгдлээ гэсэн, удалгүй зогсоосон байсан. Та их л ажил болж байж энэ эрхийг авсан гэсэн?

-Намайг ажлаа өгснөөс хойш зогсоосон байна лээ. Харамсалтай шийдвэр. Нэгд, Сингапур ниснэ гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт байсан. Хоёрт, Засгийн газар ч аялал жуулчлалыг дэмжинэ гэдэг бодлого барьж байсантай уялдаж байсан. Гуравт, Бээжингээс зорчигч авах эрхтэй нислэг байсан. Үүнийг тавдугаар эрх гэдэг. Тэгээд ч 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ийн маркетинг муу байна л гэсэн үг. Бурууг бид өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй.

-МИАТ дахиад хоёр шинэ онгоц авна гэсэн юу болж байгаа бол?

-Би авна гэдэг байр суурьтай байсан. Одоо харин яах гэж байгаа юм бол доо. Шинэ сайдаас нь асуух хэрэгтэй байх. Дашрамд шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр авсан гэдэг ташаа ойлголтыг залруулах нь зүйтэй байх. Уг онгоцыг АНУ-ын “ЭКЗИМ” банкны урт хугацааны зээлээр авсан. Энэ зээлийг авахад АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд, хатагтай А.Кэмпбэлл улс төрийн асар их дэмжлэг үзүүлснийг дурдах нь шударга болно.

-Төмөр замын асуудлаар улстөржсөн шүүмжлэл, улс төрийн тоглолт маш их хийгдэж байна. Та тайлбар хэлэх үү?

-Өнөөдрийг хүртэл хийгдсэн ажил нүдэнд ил учир шууд хэлье. Баримт нотолгоо нь байгаа учир гүтгээд ч нэмэргүй биз ээ. Төмөр зам бариагүй зургаан жил боллоо гэдэг. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан. 2010 оны арваннэгдүгээр сард төмөр зам барих эрхийг Монголын төмөр зам ХК (МТЗ)-д олгосон. 2011 оны наймдугаар сард 55 сая долларыг Хөгжлийн банкнаас олгох шийдвэр гарсан ч энэ мөнгө олгогдоогүй. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь өгнө гээд өгөөгүй 55 сая долларыг олгохоор 2013 оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн. Дараа нь 2013 оны гуравдугаар сард ЗГ тогтоол гарган Чингис бондоос 400 сая доллар олгохоор шийдвэрлэн мөн оны тавдугаар сараас эхлэн 200 сая долларыг үе шаттай олгож эхэлсэн. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш гурван жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн гээд бод доо. Энэ мөнгөөр нэг жилийн хугацаанд шинээр барих нийт 1800 км шинэ төмөр замын ажлын зургийг бүрэн хийлгэж дуусгалаа. Намайг 2014 оны аравдугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажлын 77.3 хувийг хийсэн.

-Өнгөрсөн онд болсон хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын чухал сэдэв нь төмөр замын салбартай холбоотой байлаа. Хоёр хөршийн айлчлалаар та чухал гэрээнүүд байгуулсан тухай сонирхмоор байна л даа…

-Тийм ээ. Тэр гэрээнүүд чинь одоо манай дарга нарын хаана ч очсон ярьдаг сэдэв болоод байгаа. Харин онцлон хэлэхэд төмөр замын салбар нь зөвхөн эдийн засгийн агуулгатай биш, улс орны ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй геополитикийн салбар гээд ярихаар намайг мөн ч олон хүн шүүмжилж байсан даа. Гэхдээ хоёр хөршийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын гол сэдэв төмөр зам байсан, улс гүрний тэргүүнүүд нүүр тулан уулзаж зөвшилцөлд хүрч байж шийдэгдэж байгаа нь би буруу яриагүйн баталгаа болсон болов уу. Ер нь юм юм л болсон доо.

-Ер нь юу болсон гэж? Одоо тэр талаараа ярьж болох уу?

-Улс орны эрх ашигтай холбоотой ярьж болох болохгүй зүйл, ярих цаг хугацаа гэдэг нэг зүйл байна.

-Гэхдээ болоод өнгөрсөн зарим зүйлийг тайлбарлахгүй бол мушгин гуйвуулах, буруу ойлголт өгөхөөс эхлээд асуудал бий шүү дээ. Тэгэхээр ярих боломжтойгоос нь ярьчихаж болохгүй юу?

-За яахав. Жишээ нь, Хоёр хөрштэйгөө төмөр зам, транзит тээвэр талаар баримтлах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс (ҮАБЗ) тогтоож хэлэлцээр хийх үүргийг надад өгсөн байсан. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэлтэй нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улстөрчид байсан нь харамсалтай. Тэд хэлэлцээрт улс төрийн дэмжлэг үзүүлээгүй атлаа саад болж байсан нь хамгийн их урам хугалж байсан. Гэхдээ би болон манай баг байр сууриа хатуу хамгаалж чадсан. Үр дүнд нь ҮАБЗ-ийн удирдамжийг хэрэгжүүлж Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангасан хэлэлцээрүүд хоёр хөрштэй байгуулж чадсан.

Энэ хэлэлцээрүүдийг хийх боломжийн төлөө ямар тэмцэл болсныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ЭЗБХ-ны гишүүд, УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн чуулганы хаалттай хуралдаанд оролцсон Их хурлын гишүүд мэдэж байгаа. Хоёр хөрштэй гэрээ хэлэлцээрийг хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхийлөгчийн баг болох П.Цагаан, Зөвлөх Л.Пүрэвсүрэн (одоо ГХ-ийн сайд) ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ажлын албаны дарга О.Очиржав, референт Ё.Жаргалсайхан, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг (одоо ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга), Бээжин дэх элчин сайд Ц.Сүхбаатар нарын дэмжлэг болон чуулган дээр байр сууриа илэрхийлж үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Л. Цог, Н.Энхболд, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүдийн дэмжлэг үнэлж баршгүй тус болсон болохыг онцлон тэмдэглэе. Ямар ч байсан Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг УИХ баталсан. Чуулганд оролцсон нийт 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.

-УИХ урд чиглэлийн төмөр замын царигаа нарийн байхаар шийдсэн. Ер нь энэ царигийн маргааны талаар та байр сууриа илэрхийлээч..

-Би олон удаа хэлсэн. Одоо дахин хэлье. Энэ асуудлаар хэн нэгэн улстөрчийн, аль нэг намын байр суурь гэж байх ёсгүй. Төрийн бодлого байх ёстой гэж би үздэг. Учир нь улс орны ирээдүйн урт хугацааны хөгжлийн маш чухал асуудал. Тийм ч учраас би Зам, тээврийн сайд байхдаа баримтлах удирдамж боловсруулж ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ хаалттай хэлэлцээд дэмжиж, маш тодорхой удирдамж гарсан байгаа. Хэвлэлээр олон нийтэд мэдээлэх боломжгүй.

-Та бас өмнө нь хэвлэлд иймэрхүү хариулт өгч байсан. УИХ-ын хаалттай хуралдаан дээр яригдсан гээд тодорхой бус байдаг.

-Мэдээж яригдсан. Mанай хоёр хөрш их гүрнүүд, улс төр, эдийн засгийн тодорхой бодлоготой. Тиймээс бид ч бас төрийн бодлоготой байх ёстой. “Хар хайрцагны бодлого” ч гэдэг. Тэр бодлогын дагуу бүх шийдвэр гарч байгаа. Тэр тухай та асуугаад ч би хариулахгүй.

-Та УИХ-д өргөн барьсан төмөр замын тогтоолд гарын үсэг зурахгүй гэсэн гээд тухайн үед шуугьж байсан. Тэр шалтгаанаа одоо хэлж болох уу?

-Энэ асуудлыг мартаагүй байгаа юм уу? Маш ойлгомжтой шалтгаантай. 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ҮАБЗ хуралдаж, төмөр замын асуудлаар хоёр хөрштэй хэлэлцээр хийхэд баримтлах чиглэл удирдамж баталсан. Түүнийг хэрэгжүүлэх үүргийг надад даалгасан. Үүний дагуу хоёр хөрштэй хэлэлцээр хийж эхэлсэн. Гэтэл хэлэлцээр дуусаагүй байхад буюу 2014 оны зургадугаар сард Ерөнхий сайд асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр намайг гарын үсэг зур гэсэн. Гэтэл ҮАБЗ-өөс болохоор хэлэлцээрийн үр дүнд үндэслэн УИХ-д өргөн мэдүүл гэдэг чиглэл өгсөн байсан. ҮАБЗ-өөс өгсөн чиглэл, удирдамж зөрчигдөх учраас би өргөн мэдүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй. Учир нь хоёр хөрштэй хийж байгаа хэлэлцээр дуусаагүй байсан.

-Тэр үед таныг танхимынхаа эсрэг ажилладаг, үгэнд ордоггүй гэх шүүмжлэл нэлээд явсан байх аа?

-Би хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажилласан. Салбар хариуцсан сайдын хувьд яагаад гарын үсэг зурахгүй шалтгаан, түүний хуулийн үндэслэл, цаашид гарах үр дагаврыг Ерөнхий сайдад баримт, нотолгоотой тайлбарлаж хэлсэн. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан. Тэгээд ч хууль зөрчиж шийдвэр гарга гэдэг шахалтыг хүлээж авахгүй, тиймээс үгэнд ордоггүй байсан гэвэл үнэн.

-Энэ хугацаанд бэрхшээл нэлээд байжээ гэж ойлголоо…

-Бэрхшээл үргэлж байдаг л юм. Харин зохион байгуулалттай дарамт, шахалт, эсэргүүцэл байсан нь харамсалтай. Тэр ч бүү хэл сайдын албан тушаалаасаа огцор гэдэг дарамт ирж байсан. Гэхдээ төмөр замын асуудал яригдаж байх 2013 он болон 2014 оны эхний хагаст болсон үйл явдлууд, зарим нэг улстөрчдийн хандлага надад эргэлзээ, болгоомжлол төрүүлж, зүгээр орхиод явж болохгүй юм байна гэж бодох болсон. Тийм ч учраас 2014 оноос эхэлсэн олон удаагийн дарамт, шаардлагад автаж сайн дураараа чөлөөлөгдөх огцрох өргөдөл өгөөгүй юм.

-Улс төрийн дэмжлэг үзүүлээгүй гэж ойлгогдож байна?

-Ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар салбарын ажилд саад учруулж эхэлсэн.

-Тодорхой жишээ хэлж болох уу?

-Засгийн газраас шинэ төмөр замыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 400 сая долларын үлдэгдэл 200 сая долларыг өгөхгүй байгаагаас шалтгаалан төмөр замын барилгын ажил зогссон. Мөн шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны зургадугаар сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй.

-Мөнгө олоод ирж байхад уу?

-Баримт нь байгаа. Хэрэв Засгийн газар бондын санхүүжилтийн үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байлаа.

-Төмөр замыг гацаасан, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан гэдэг хардлага байдаг?

-Улс төрийн зорилготой зориуд тарааж байгаа хар пиар. Гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н.Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ. Гэтэл нэг хүрз шороо ч нэмэрлэж чадаагүй. Н.Төмөрхүү сайдын буруу биш. Төмөр замын ажлыг гацаах эрх мэдэл нь Зам тээврийн яам дээр байхгүй. Гацаа нь өөр газар буюу Засгийн газар дээр байсан. Хэн, яагаад гэдгийг ч хэлж чадна. Хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлыг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Гэхдээ миний өөрийн хүсэлтээр шалгасан. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан. Ер нь төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг. Тэгээд ч миний дараа 2014 оны аравдугаар сараас хойш өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ. Миний сонссон дам яриагаар бол Н.Төмөрхүү сайдыг томилогдсоны дараа Их хурлын зарим гишүүн төмөр замтай холбоотой бүх материалыг хуулбар хийж авч тэр луйврыг хайсан гэсэн. Тэгж тэгж мухардсан. Луйвар хийсэн бол би ингээд байж байх уу.

-Төмөр зам барина гээд шороон далан барьсан гэдэгт тайлбар өгнө үү?

-Юуны өмнө даланг шороогоор барьдаг гэдгийг хэлье. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан. Тиймээс ямар ч алдаа гараагүй, олон улсын түвшинд хийгдсэн. Ямар ч луйвар байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд Н. Алтанхуяг газар дээр нь очиж үзсэн. УИХын дарга бас очсон. Саяхан шинэ сайд М. Зоригт очсон байсан. 1000 сонсохоор нэг очиж үзэх нь зүйтэй. Энэ асуудлаар хаана ч, хэний ч өмнө би шалгуулахад бэлэн гэдгийг хариуцлагатай хэлье.

-Таван толгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний талаар та дүгнэлт бичиж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Яагаад?

-Миний бичсэн санал, дүгнэлтийг дахиад уншаад үзвэл та яагаад гэдэг асуултын хариултаа олно доо. Маш товч хэлье. Учир нь энэ талаар маш их зүйл ярьж болно. УИХын 10 гишүүнтэй ажлын хэсгийн гаргасан 90 хуудас дүгнэлтэд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэрээг бэлтгэсэн хүмүүс Монгол Улсын эрх ашгаас урвасан гэж УИХын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би санал нийлж байгаа.

-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?

-УИХ-ын 10 гишүүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэлсэн үг шүү дээ. Үгүй гэдгээ тэгвэл тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Тавантолгойн ордыг авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол Улс өөрөө энэ төмөр замыг барьж эзэмших боломжийг л зогсоох үйл ажиллагааг тэд л явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард олон улсын санхүүгийн байгууллагаас миний босгосон 600 сая ам. долларын зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд дуусах байсан гэдгийг дахин онцлон хэлье.

-Төмөр замын хувьд ямар байх нь зүйтэй вэ?

-Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг төрийн өмчит Монголын төмөр зам компани өмчлөх ёстой гэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010, 2011 онд төмөр замын асуудлаар гаргасан зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолтой нийцэж байгаа. Монгол төрийн эдгээр шийдвэрүүдийг би сайд байхдаа хийж гүйцэтгэсэн. Н.Төмөрхүү сайд үргэлжлүүлсэн. Одоо шинэ сайд М.Зоригт ч бас үргэлжлүүлэх ёстой.

АН-ын Н. Төмөрхүү сайд зам бариагүй гэдэг шүүмжлэл гарсан?

-Аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замтай холбоотой яригдсан байх. Энэ яахав ээ, барьж болно. Гэхдээ төмөр замын асуудлаар Н.Төмөрхүү сайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, удирдамжийг баримтлан улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй. Зарим нэг сонирхлын бүлэг бодохдоо Н.Төмөрхүү сайдыг ятгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодсон байх.

-Ямар эрх ашиг?

-Хууль зөрчсөн гэрээгээр Тавантолгойн ордыг төмөр замтай нь авах гэсэн эрх ашиг.

-Төмөр замд аудит оруулж шалгах хэрэгтэй, гэтэл шалгуулахгүй байна гэдэг шүүмжлэл байгаа. Та юу гэх вэ?

-Шалгуулсан. Би хоёр жил сайд хийхэд ЗТЯыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан. Одоо ч шалгаж байгаа. Хэн ч саад хийгээгүй. Үндэсний аудитын газраас очоод мэдээлэл авахад нээлттэй.

-Та тэгээд тухай бүр тайлбар хийхгүй, удаан дуугүй явж хардуулж, элдвээрээ хэлүүлэх хэрэг байсан юм уу. Өөрийгөө хамгаалсан улс төрөө хийж шуугиан тарьж болох л байсан юм биш үү?

-Миний улс төр хийх нь зөвхөн хувь хүний хэрэг. Гэтэл түүнээс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж чухал зүйл бас байна. Хэвлэлийнхэн та нар олон зүйлийг мэдэхгүй, шуудхан хэлэхэд мөсөн уулын оройг л харж байгаа.

-Та тэгвэл хэлээд өг л дөө?

-Надад тийм эрх байхгүй. Ингээд яриагаа дуусгая. Цагийн юм цагтаа гэдэг байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Монголын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу 10 орныхтой ижил байна

Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-МУИС-ийн багш нар судалгаа хийгээд манай улсын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой адил байна гэж дүгнэсэн. Ямар үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа вэ?

-МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар дэлхийн хамгийн баян болон ядуу орны улс төрийн тогтолцоонд дүгнэлт хийсэн. Судалгааны явцад манай улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой ижил байгаа нь анзаарагдлаа. Манай төрийн бодлого яагаад ард түмний талд гарахгүй байна вэ, яагаад хөгжил дэвшилд хөтлөхгүй байна вэ зэрэг асуудлын учир шалтгааныг судлаач бүр өөр өөрийн өнцгөөс олж харахыг хичээдэг. Улс төрд манлайлж байгаа хүмүүсийн чадвараас уу, элит бүлэглэлийн амиа хичээсэн байдлаас уу, эсвэл ард түмний улс төрийн соёлоос болж байна уу гэх мэтээр янз бүрийн талаас нь л харж байна. Ер нь бол улс төрийн тогтолцоог харьцуулан авч үзэх явдал бол улс төрийн шинжлэх ухаанд өргөн хийгддэг судалгаа. Харин хамгийн ядуу, хамгийн баян орнуудын улс төрийн тогтолцоог сонгож улсынхаа төрийн тогтолцоотой харьцуулсан судалгааг өнөө хэр хийгээгүй байсан. Төрийн бодлогын хувьд анализ хийх нь улс төр судлаач бүрийн л хийж байдаг ажил. Үндсэн ажлаа хийх явцад аяндаа энэ асуудал руу орсон. Жишээ нь, улс төр судлалд либерал, консерватив, социал демократ гэх мэт үзлүүдийн онцлог, түүхэнд хэрэгжиж ирсэн байдал манай улсын онцлогт тохирох уу гэдгийг судалдаг. Тэгэхээр манай төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орнуудын тогтолцоотой адилхан гэдэг нь яах аргагүй үнэн. Яахав зарим нэг ялгаа байх нь байгаа. Гэхдээ л ерөнхий байдлаараа их төстэй.

-Улс төрийн тогтолцоо сайтай улс орнууд ямар байдаг вэ. Манайх яг юугаараа ингэж доогуур үнэлэгдэж байна вэ?

-Дэлхий дээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Катар, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Норвеги, Сингапур, АНУ, Швейцарь, Нидерланд, Ирланд, Австри зэрэг улс эхний аравт жагсаж байгаа. Эдгээр улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 91-39 мянган ам.доллар. Дээрх улсыг харахаар талаас илүү нь эзэн хаантай, тэдгээр нь удам угсаагаараа улс орон ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж эзний ёсоор улс орноо удирдаж байдаг. Заримд нь хааныхаа эрх мэдлийг Үндсэн хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарласан, зарим нь хэмжээгүй эрхт хаант засаглалтай орон. Хаанд нь хэн нэг бизнесмэн, үндэстэн дамнасан корпораци хахууль өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулна гэх ойлголтгүй болтлоо хөгжсөн тогтолцоотой. Нөгөө нэг хэсэг баян улс нь хоёр танхимтай парламенттай, дээд танхим нь хууль тогтоох доод танхимаа хянаж байдаг. Швейцарь гэхэд хоёр танхимтай мөртлөө ард нийтийн санал асуулгаар хуулийг өөрчлөх, батлуулах боломжтой. Ерөөсөө улс төрийн тогтолцоо нь ийм байгаа юм. Гэхдээ заавал ардчилсан системтэй улс баян байгаад байгаа хэрэг биш. Катар, Арабын нэгдсэн Эмитарад өнөөдрийн бидний ардчилал гэж яриад байдаг зүйл байхгүй. Сонгуулийн эрхийг хязгаарласан, улс төрийн бодлогыг шүүмжлэх эрхгүй байдаг. Сингапур гэхэд хөгжлийн өндөрлөгт хүрэхдээ авторитари буюу улс төр судлалын үүднээс бол дарангуйлал бүхий улс төрийн системээр дамжин хөгжсөн байдаг. Юутай ч энэ улсууд нэг бол эзэнтэй, нэг бол парламентын гишүүддээ авлига өгч шийдвэр гаргуулж чадахгүй хэмжээнд хүрсэн олон парламентын гишүүнтэй байгаа нь үнэн.

Манай улсын тухайд 1992 онд Үндсэн хуулиа батлах үедээ бид өөрсдөө ийм сонголт хийсэн үү, эсвэл гадны нөлөөллөөр ийм хууль баталчихав уу гэдгийг судалж байна. Тухайн үед гадныхнаас зөвлөгөө их авсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн хэмжүүрээр шүүмжлэх нь буруу байх. Бид ардчилсан төр засгийг эмхлэн байгуулах гэж нэгэнт шийдсэн учраас туршлага, зөвлөгөө хэрэгтэй байсан. Харин улс орныхоо хэтийг, өнө удаан хугацааны хөгжил дэвшлийг урьдчилан харж чадаагүй нь монголчууд бидний буруу. Одоо ч гэсэн бид манайх жижиг улс учраас ийм, тийм бодлоготой байх ёстой гэж ярьцгаадаг. Гэтэл улс орон том жижгээсээ үл хамааран аюулгүй оршин тогтнох, өөрсдийн хөгжил дэвшлийг баталгаатай хангах бодлогыг зөв сонгох гэсэн адилхан зорилготой байдаг шүү дээ.

-Улс төрийн буруу тогтолцоотой, манайхтай ижил түвшинд үнэлэгдэж байгаа ямар улсууд байна вэ?

-Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн улсуудыг тэргүүлж байгаа улс болон хамгийн хүчирхэг том эдийн засагтай улс орнуудын төрийн тогтолцоотой манай улсынх адилгүй. Бүр ойр гээд хэлчихээр зүйлгүй байдаг. АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Энэтхэг, Бразил, Итали, Канад улсууд бас л хаантай эсвэл хоёр танхимтай, олон гишүүдтэй парламенттай учраас лоббид өртөх магадлал багатай нь анзаарагддаг. Газар нутгийн хувьд манайхаас том ч байна, жижиг ч улс байна. Гэхдээ л биднээс өөр, хариуцах эзэнтэй, авлигад өртөх магадлалыг багасгасан тогтолцоотой. Харин Монгол Улсын сонгож авсан төрийн тогтолцоо нь дэлхийн хамгийн ядуу 10 орны наймтай нь тун адилхан байгаа. Энэ 10 улсын хоёр нь буюу Буркина Фасо, Бурунди хоёр нийгмийн хямралт байдалтай байж, байж саяхнаас л шилжилтийн үеийн засаг төрөө байгуулж байгаа улс. Хаа очиж тэр хоёр улс нь хоёр танхимтай парламенттай тогтолцоог авсан юм билээ. Үр дүн нь ямар байхыг одоогоор хэлэхэд хэцүү ч, ямартай ч хяналтын тогтолцоог бий болгох чиглэлд зөв алхам хийсэн нь харагдаж байна.

-Харин бусад орнуудын тухайд?

-Харин Конго, Нигери, Мозамбек, Чад, Либери, Сьерра Леон, Төв Африкийн БНУ, Гвиней зэрэг хамгийн ядуу орнууд буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн улс орны сүүлийг мушгиж байгаа. Тэд манай улсын төрийн тогтолцоотой адилхан нэг танхимтай парламенттай. Тэр нь цөөхөн хүнтэй, парламентын гишүүдийн шийдвэр гаргах хэмжээний хүмүүсийг худалдан авчихаж болохуйц тоотой харагдаж байна. Эдгээр улс байгалийн баялаг ихтэй мөртлөө ард түмэн нь урт удаан хугацаанд ядуу дорой амьдардаг, авлигад идэгдчихсэн, гадаад өр зээлийн хэмжээ нь их гэхчилэн байдлыг нь авч үзвэл манай улсын өнөөдөр болон ирээдүйтэй төстэй дүр төрх харагдаад байгаа юм. Манай улс эдгээр улстай төстэй тогтолцоогоор явж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж, санааг зовоож байна. Ашигт малтмалын тухайд баримталж буй бодлого, хуулийн заалтууд, ард түмний өнөөгийн амьдрал, гадаад өрийн хэмжээ зэрэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Өрийн тухайд ядуу дорой улс дундаас өрнөөсөө арайхийж салсан нь хөгжлийн замд илүү хурдан гарч ирдэг. Манайхны яриад байгаа шиг нэг өр шинээр авч нөгөөгөө дардаг нь улам хүнд байдалд шилжиж байгаа нь анзаарагдаж байна. Уг нь улс төрийн эдийн засгийн сонгодог төлөөлөгчид өрх гэрийн хувьд ойлгомжтой бодлоготой, төрийн бодлого адилхан явагдах ёстой гэж үзсэн байдаг юм билээ. Манай улстөрчид эсрэгээр нь яваад байдаг. Улс орны эдийн засаг улам муудаад, өөрсдийнх нь амьжиргаа дэлхийн баячуудын түвшинд хүрч байгаа нь яалт ч үгүй буруу тогтолцоотой холбоотой.

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: Монгол яруу найрагч, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо дуулах гэдэг өөр

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд
2015” тайлан
тоглолт ирэх 22
24ний өдрүүдэд “UB palace”ийн концертийн
их танхимд болно. Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хөгжмийн
зохиолчтой ярилцлага хийлээ.

-Та “Миний дуунууд” тоглолтоо
17 дахь жилдээ үзэгч, сонсогч түмэндээ хүргэх гэж байна. Энэ оны тоглолт юугаараа
онцлог байх вэ?

-Жил жилийн тоглолт бүр онцлогтой.
Энэ жилийн хувьд “Ахмадын Золбоо”, “Харанга”, “Хурд” тэргүүтэй амьд хөгжмийн хамтлагууд
түлхүү оролцож байна. Дээрээс нь ОХУ-ын Буриадаас Чингис Раднаев, урд хөршөөс Б.Цэцэгмаа
гээд хоёр том дуучин төлөөлөл болон оролцож байгаагаараа онцлог юм уу даа.

-Энэ тоглолтод хамтлаг дуучид зөвхөн
таны дуунуудыг дуулдгаараа онцлог байдаг. Чингис Раднаев, Б.Цэцэгмаа хоёр ямар дуунуудыг
тань дуулах бол?

-Б.Цэцэгмаа маань урд нь “Зүүдэнд
ирсэн хонгорхон ижий”, “Талын монгол айл”, “Монгол эх орон” гээд дуунууд дуулж байсан.
Харин энэ жил “Хатан тэнгэр ижий” гээд цоо шинэ уран бүтээлийг маань дуулж хүргэнэ.
Чингис Раднаев “Улаанбаатарын дагина” гээд шинэ дуугаараа оролцох гэж байна.

-“Сэтгэлийн хөг” нэртэй анхны уран
бүтээлийн тайлан тоглолт тань өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болсон гэлээ.
Анхны тоглолтынхоо талаар дурсаач?

-Миний хамгийн анхны дуу 1977 онд
зохиосон “Амин нутаг” дуу байгаа юм. Уран бүтээлээ туурвиж эхэлсэн анхны он жилүүд
бол хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан тэр үе. Тэрнээс хойш 20 гаруй жилийн
турш уран бүтээлээ хийж, нөөцөлж яваад найз нөхөд, дүү нарынхаа санаачилгаар
1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Маш олон хүний сэтгэлийн хөг орсон сайхан тоглолт болж байв. Өнөөдрийн олон гавьяатууд,
төрийн соёрхолтууд тэр үед бүгдээрээ уран бүтээлээ дөнгөж эхэлж байгаа залуус байсан.
Мөн тэр үеийн Монголын сор болсон уран бүтээлчид анхны тоглолтод орж байснаас зарим
нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тухайлбал, манай нэрт хөтлөгч, сэтгүүлч,
найруулагч, дуучин агсан Б.Бадрууган, Болгарт дөнгөж сургууль төгсч ирчихээд уран
бүтээлээ хийж байсан нэрт рок попын дуучин агсан Эрдэнэцэцэг оролцож байлаа. Одоо
ч эдгээр алдартнуудын уран бүтээл ард түмний сэтгэлд эгшиглэж байгаа.

-Тухайн үед хичнээн дуучин оролцож
байсан нь өнөөдөр хэд болтлоо өсөөд байна?

-“Сэтгэлийн хөг” тоглолтод оролцож
байсан дуучид, хамтлагуудыг би тодоос тод санаж байна. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ
Т.Ариунаа, МУГЖ Сарантуяа, “Камертон”, “Хурд”, “Чингис хаан” гээд тэр үеийнхээ бүхий
л шилдэг хамтлаг дуучид оролцож байсан. Эд нар маань өнөөдөр ч оролцож байна. Миний
тоглолтод 17 жил тасралтгүй оролцож, би эд нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж уран
бүтээлээ туурвиж байна.

-Хэзээнээс “My songs” буюу “Миний
дуунууд” гэж нэрлэх болов. Яагаад ингэж нэрлэх болов?

-2008 оноос “My songs” гэж нэрлээд
явчихсан юм. Өмнө нь “Сэтгэлийн хөг”, “Цагаан шөнө”, “Best and New” гэх маягаар
жил бүрийнхээ онцлогийг тусгасан нэрээр нэрлэж байсан. Жил бүр олон шинэ дуу нэмэгдээд
ирэхээр ерөөсөө оноороо нэрлээд явчихъя гэж шийдсэн. Нэгэнт 1999 оноос хойш
2007 он хүртэл тогтмол тоглоод явчихсан, цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой байсан.
Оноороо нэрлэснээр нөгөө талаар жил бүр шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх, гаргах
том хариуцлагыг шаардаж байгаа юм.

-Энэ жилийн тоглолтод зориулж хичнээн
шинэ уран бүтээл хийгээд байна?

-Тоглолтын бараг 50-60 хувь нь шинэ
уран бүтээл.

-Сая Жи энтертайментын продюссер
Д.Ганболд “Энэ хүн 17 жил тоглолтоо хийхдээ нэг ч удаа өөрөө үзэгчдийн танхимаас
үзэж байгаагүй нь хамгийн бахархалтай хэдий ч харамсалтай хэрэг юм” гэж хэллээ.
Таны хувьд өөрөө өмнө нь суугаад үзэх юмсан гэх хүсэл хэр төрж байв?

-Миний тэвчээр хүрэхгүй босч харайгаад,
хүмүүсийн дургүйг хүргэх байх. /инээв/ Түүний оронд хөшигний ард уран бүтээлчидтэйгээ
хамтдаа цэнэглэгдээд нэг агаараар амьсгалж байсан нь дээр. Бүгдээрээ л уран бүтээлээ
тайлагнаж байгаа юм чинь өөрөө үзэгч болж гол дүрд нь тоглоод яахав.

-Мөн зөвхөн таны дуугаар хийж буй
“Му voice” гээд шоу нэвтрүүлэг гарч байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болов?

-Энэ нэвтрүүлгийг 2004 онд анх
“Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New star” нэртэй зохион байгуулж байсан.
Тэр уламжлалаараа зохион байгуулж байгаа. Онцлог нь “Му voice” нэрээр гурав дахиа
зохион байгуулж байна. Уран бүтээлийн сан хөмрөг мэдээж 2004, 2007 оноос өнөөдрийг
хүртэл нэмэгдсэн.

-Энэ жилийн хувьд хичнээн хүн бүртгүүлж,
оролцоод байна. Тэдгээрээс хэд нь хоёрдугаар шатанд үлдээд байна вэ?

-300 гаруй залуус оролцсоноос хоёрдугаар
шатанд 130 хүүхэд үлдсэн байгаа.

-Нэвтрүүлгийг үзэж байхад тэр болгон
олны хүртээл болж танигдаагүй дуунууд их гарч байна. Та ер нь урын сандаа нийт хэчнээн
бүтээлтэй вэ?

-Давхардсан тоогоор зөвхөн дууны
ая нь 800 гараад явчихдаг юм. Дээрээс нь аяз, киноны хөгжим, морин хуурын чуулгатай
хамтарсан уран бүтээлүүд, симфони, хөгжмийн номеруудтайгаа мянга дөхчих байхаа.
Мэдээж дуу болгон бүгд аманд орохгүй. Шилдэг гэсэн 240 дуугаараа “Миний дуунууд”
нэртэй дууны үгтэй, ноттой ном гаргасан. Цаашид цуврал болгох зорилготой.

-“Му voice” тэмцээний ялагчийг ямар
ирээдүй хүлээж байгаа бол?

-Дууны тэмцээн учраас ялагчийг дууны
эрдэмд суралцуулж, нэртэй сайн дуучин болгох ирээдүй л хүлээж байгаа. Шүүгч нартаа
их баярлаж байгаа. Н.Ганхуяг, Ч.Ичинхорлоо, Б.Чинбат гээд Монголын орчин үеийн хөгжмийн
урлагийг нуруун дээрээ авч явж байгаа, телевизийн урлагийн нүүр царай болсон хүмүүс
шүүж байгаа учраас жинхэнэ авьяастныг тодруулж чадна гэж бодож байна. Шалгарсан
хүүхдийг “World Korea” групп Солонгосын Соёлын дээд сургуулийнхаа дуулаачийн ангид
үнэ төлбөргүй гурван жил байр, хоолтой нь дааж сургана.

-”Universe best songs”-ийн ялагч,
“My voice” хоёрын ялагч юугаараа ялгаатай байх бол?

-“Му voice” анх зохиогдохдоо л Балхжавын
уран бүтээлийн сангаас хийнэ гэснээрээ уламжлал болоод явж байна. Би үүндээ харамсдаггүй.
Миний уран бүтээлийн 50-60 хувь нь эх орны сэдэвтэй дуу байдаг. Хэрвээ монголынхоо
гайхалтай яруу найрагчдын зохиосон эх орноо бахдан дуулсан шүлгийг миний аялгуугаар
амилуулснаар дуулах юм бол нэг ч гэсэн залуу эх оронч сэтгэлгээгээр хүмүүжиж, эх
орноороо бахархах сэтгэл төрөх болов уу. Ингэж байвал энэ уралдааны үр дүн юм. Гадаад
дууг сайхан дуулна гэдэг бол даяаршсан ертөнцөд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж
байна гэсэн үг. Монголынхоо яруу найрагчийн, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо
дуулна гэдэг бол цаанаасаа өөр л дөө.

-“Universe best songs” олон жил
дараалж, өдөр болгон цацагдаад ирэхээр үзэгчид цөөрч эхэлсэн. Харин “Мy voice” шоу
нэвтрүүлгийг үзэгчдийг уйдаахгүй шинэлэг түвшинд гаргахын тулд ямар арга хэмжээ
авсан бэ. “Авьяаслаг монголчууд” шоунаас санаа авсан байна гэх хүн ч байна?

-Телевизийн олон гоё нэвтрүүлэг
өөр өөрийн хувь заяагаар төрөөд л явдаг. Энэ тэмцээн маань анхны удаа зохиогдсон
бол янз янзын яриа гарч магадгүй. Бүр 2003 оноос санаачлаад гарчихсан учраас эргээд
өмнөх нэвтрүүлгээ үзэх юм бол яг л энэ маягаар явж байгаа. Ингэж л хийдэг байсан.
Тэгэхээр бүх телевизийн контент брэндүүд өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн сэтгэлгээрээр
явж байгаа.

-Тэмцээний явцад таны сонирхлыг
илт татсан, өөд нь татаад явчих юмсан гэсэн оролцогч гарч ирэв үү?

-Улсын наадамд түрүүлчихсэн морийг
Их хурдад яах бол гэх сонирхол үзэгчдэд байдаг. “Universe best songs”-ийн гран при
авчихсан Билгүүн гээд хүүхэд оролцож байна, шилдэг 25-д орсон хүүхдүүд эргээд уралдаж
байна. Мэдээж үнэхээр хурдтай бол ямар ч наадамд ороод түрүүлдэг, аман хүзүүддэг
чадвартай л байх ёстой. Анх удаа оролцож байгаа, өмнө нь ороод ялж байсан хүүхэд
хоёрын дунд их зай байгаа ч гэсэн зохиогчийн хувьд бүх хүүхдийг дуулахад нь сэтгэл
хөдлөөд, баярлаад, доголон нулимстай харж сууна.

-Дуу уушиг эрүүл болгож, хоолой
чангалж, зүрхний цохилтыг хэвийн байлгадаг гэх мэт олон сайн талтай гэж хурлын үеэр
сонирхууллаа. Та насаараа дуу дуулж, дуучдыг төрүүлж байгаа хүний хувьд дууны ач
гавьяаг юу гэж үнэлдэг вэ?

-Гадна талаасаа хүнийг хөгшрүүлдэггүй
гэх юм бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан дуу хууртай ойртсон хүмүүсийн сэтгэлгээ
залуу байж чаддаг. Дуу дуулснаар бурууддаг юм огт байхгүй. Б.Явуухулан гуай
“…Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь
vзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг
мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах
гэсэн юм би…
” гэж шүлэглэсэн байдаг. Амьдралын хүнд жилүүд байдаг бол дуу хөгжмийн
ачаар давж байсан гэхэд тэрэнд би зуун хувь итгэнэ. Хүүхдээ бүүвэйлэх, малд явахаас
авахуулаад л Монголын ард түмэн дуугаар хүмүүжиж, дуунд уярдаг. Адуунд явахдаа исгэрнэ,
найр хурим, ялалт гээд дуу хуургүй юм байхгүй. Ялалт байгуулчихаад уухайлна гэдэг
чинь л дууны нэг элемент. Дуу хөгжмийн ач холбогдол маш их.

-“Миний дуунууд” тоглолт цаашид
хичнээн жил үргэлжлэх бол?

-Хичнээн жил үргэлжлэх талаар өмнө
нь нэг хариулт хэлээд загнуулсан. Цаашид хичнээн жил үргэлжлэхийг би үнэндээ таашгүй.
Хэрвээ үнэхээр том жигүүртэй, сайн уран бүтээл бол ардын дуу болтлоо ард түмэнд
үлддэг. Өнөөдрийн дуулаад байгаа ардын дуу хэн нэгэн зохиогоод зохиогч нь мартчихсан
дуу л байгаа. Ний нуугүй хэлэхэд “Талын Монгол айл”-ыг 50 жилийн дараа ардын дуу
гээд дуулж байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь үе үеэрээ уран бүтээлийнхээ түүхийг
бичээд л явж байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хосбаяр: Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенци зөрчсөн

Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай ярьсан билээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай хэлж байсан. Та уг шүүх хуралд илтгэгчээр орсон. Чухам ямар гэрээ, конвенциудыг зөрчихөөр байгаа юм бол?

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өнгөрөгч лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Өршөөлийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны 2015 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийсэн. 28 дугаар тогтоол бүрэн эхээрээ шүүхийн цахим хуудсанд тавигдсан байгаа боловч Өршөөл үзүүлэх тухай хууль олон улсын ямар гэрээ, конвенци зөрчсөн талаар олон нийт тодорхой ойлголтгүй байх шиг байна. Би энэ талаар тайлбар хийе л дээ.

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж буй онц ноцтой хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгтэй ганц улс үндэстэн биш дэлхийн хэмжээнд улс үндэстнээрээ тэмцье, аль аль тал нь дээрх төрлийн гэмт хэргийг өршөөж уучилдаггүй, хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй байх олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон.

Нэгдүгээрт, 1958 онд Женевийн 1,3,4 дүгээр конвенци, 1966 онд “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай” конвенци, 2002 оны дөрөвдүгээр сард Ромын дүрэм гэдэг олон улсын конвенцид тус тус нэгдэн орсон. Ромын дүрэм нь олон улсын Эрүүгийн шүүхийн дүрэм л дээ. Уг дүрэмд мөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд орсон байдаг. Ромын дүрмийн удиртгал хэсэгт ”Тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал, сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явцыг хангах арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж ийм хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэлгүй байх явдлыг эцэс болгосон. Ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урдьчилан сэргийлэх талаар тус тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүхийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж” гэж заасан байдаг.

Гэтэл Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 297, 298, 299, 300, 301, 302 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд, Цэргийн албаны эсрэг Эрүүгийн хуулийн 293, 296 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хүнийг энэ Өршөөлийн хуулиар бүрэн өршөөн хэлтрүүлэхээр болчихоод байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол Улс нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенци, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын нэгдсэн конвенци, 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” нэгдсэн конвенцид тус тус нэгдэн орсон бөгөөд гишүүн улсууд нь 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцийн гуравдугаар зүйлд заасан тодорхой үйлдлүүдийг үндэсний хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үүрэг хүлээсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэгт заасан хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөлд бүрэн хамрагдахаар байна.

Гуравдугаарт, Монгол Улс 2003 онд Терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэн орсон ба 2004 онд Ази Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэгт /APG/ элсэн орсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байгаа юм.

-Хүн төрөлхтний аюулгүй байдал болон цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдээр манайд шийтгүүлсэн хүмүүс байдаг юм уу?

-Яг энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хүн байхгүй. Тэр утгаараа манайхан энэ тал дээр тайван хандаад байгаа юм. Дээр дурдсан гэмт хэргүүд нь universal jurisdic­tion буюу гэмт хэрэг гарсан газар, холбогдсон этгээдийн харьяаллаас үл хамаарч аль ч улсын үндэсний шүүх шууд харьяалан шийдвэрлэх “түгээмэл харьяалалтай бөгөөд Монгол Улсын шүүх энэ харьяаллын үүргийг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг үйлдсэн хүн манай улсад баригдсан тохиолдолд Монголын шүүх тухайн хүнийг өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлэх нөхцөл бүрдчихээд байгаа юм.

-Хэрэв Өршөөлийн хууль энэ чигтээ батлагдаад явчих юм бол цаашдаа ямар, ямар хориг тавигдах юм бэ?

-Нэгэнт гэрээгээ зөрчсөн бол гэрээнд заасан хариуцлагаа хүлээнэ. Үүнийгээ кодолсон байдаг тул ямар ч хариуцлага хүлээж болно. Олон улсын хориг арга хэмжээнд янз бүрийн хариуцлага байдаг. Эхний ээлжинд гэрээ, конвенцийн дагуу өршөөлд хамруулахгүй байх талаар хуулиа шинэчилж тогтоох шаардлагыг ирүүлж болох юм. Биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авч болно. Хатуу дипломат бодлого ч хэрэгжүүлж болох юм. Үүгээр зээл тусламж үзүүлэхээ больж, хориг тавьж ч болно. Авлигатай тэмцэх үүргээ хангалтгүй биелүүлбэл магадгүй хар жагсаалтад бүртгэж болно. Авлигын индексжүүлэлтээс эхлээд олон арга хэмжээ байгаа.

-Өршөөлийн хуульд ноцтой заалтууд орсон гэдгийг Улсын дээд шүүх хэзээ мэдсэн юм бэ. Хууль хэрэглэж эхлэх үед мэдсэн үү. Одоо бол Улсын дээд шүүх эртхэн үүнийгээ мэдээлэх байсан юм гэдэг зүйл яригдаад байгаа?

-Хууль албан ёсоор нийтлэгдсэний дараа шүүх хэрэглэж эхэлдэг. Шүүх хууль санаачилж, хуулийн төсөл өргөн барих эрхгүй. Тодорхой хэргийг шийдвэрлэх үед Өршөөлийн хуулийн зарим заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байсан. Анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд явж байхад, удаа дараа ял шийтгүүлж байсан, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөгдөхөөр нөхцөл бий болсон. Хүн бүр шүүх хуулийн өмнө эрх тэгш байх, шударга ёсонд нийцсэн эсэх талаар асуудал сөхөгдсөн. Өршөөлийн хуулийг олон цаг сууж нэгд нэгэнгүй үзтэл олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц зөрчсөн байсан.

-Өршөөлийн хууль батлагдвал мөн ялтан солилцох гэрээг хэрэглэх боломжгүй болно гэсэн…

– Одоогоор манай улс БНСУ, БНХАУ, Канад, ОХУ, Польш, Турк, Куба зэрэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Гэрээ мэдээж удаан хугацаанд түвэгтэй байдалд үргэлжилдэг.

Дээрх улсуудтай хийсэн гэрээний хоёр, гурав дахь заалтад тухайн улс оронд үйлдсэн гэмт хэргээр Өршөөлийн хууль гарсан эсхүл Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа бол ялтныг буцаан улс оронд нь өгөхгүй гээд заачихсан. Жишээлбэл БНХАУ-тай 1997 оноос хойш ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар хоёр тал хэлэлцээр хийсээр байгаад 2015 онд байгуулсан. Энэ гэрээний гуравдугаар зүйлийн шилжүүлэх өгөхөөс татгалзах үндэслэлд хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжийн дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөгдсөн зэрэг эрх зүйн үндэслэлээр шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг хариуцлага, эсхүл ял шийтгэлээс чөлөөлсөн бол өгөхгүй гээд заачихсан. Тиймээс гадаадад ял эдлэж байгаа монгол иргэнээ ялтан шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авах боломжгүй болчихоод байна. Өмнөх Өршөөлийн хуулиуд гарахад ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байсан. Одоо бол харин нөхцөл байдал өөр болсон. Хэрэв ялтнаа өгчихвөл тэр хүн нутагтаа очоод ял эдлэхгүй шууд гарчих байхгүй юу. Тиймээс тухайн улсдаа ялаа эдэлнэ гэсэн үг.

-Европын зөвлөлд элсэхэд хүндрэл учирч болзошгүй талаар ярьсан. Энэ талаар тодруулна уу?

Монгол Улсын Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэж Улсын Их Хуралд танилцуулснаар 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурал Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох нь ач холбогдолтой гэж үзэн, саналыг дэмжиж хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Монгол Улс энэ конвенцид нэгдсэнээр Европын зөвлөлийн 47 улс, гишүүн бус 19 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй болж эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдээ шилжүүлэх эрх зүйн үндэс бий болох юм. Конвенцийн хоёрдугаар заалтад ялтныг хүлээн авахыг хүссэн улсад тухайн гэмт хэрэгт өршөөл үзүүлсэн бол ялтныг шилжүүлэхгүй гээд заасан тул Өршөөл үзүүлэх тухай хууль нь энэ чигээрээ батлагдвал Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орох эсэх асуудал дээр хүндрэл гарахыг үгүйсгэхгүй л дээ.

-Өршөөлийн хуулийг санаачлан Их хуралд өргөн барьсан Ц.Оюунбаатар гишүүний хувьд Улсын дээд шүүх Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна гэсэн өнгө аяс бүхий зүйл ярьсан. Мөн хар тамхины хэргийг өршөөлд хамруулаагүй байхад хамруулчихлаа гээд байна гэдэг зүйл ярьсан?

– Өршөөлийн хууль хүний эрхийг хамгаалах хүрээнд гарч байгаа болохоор шүүх хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ үргэлж дэмжинэ. Ганцхан Үндсэн хууль зөрчсөн болохоор хүндрэл гарч байна. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм.

-О.Баасанхүү гишүүн Улсын дээд шүүх хууль хэрэглэх үүрэгтэй болохоос ҮХЦ-д гомдол гаргах эрхгүй гэдэг зүйлийг ярьсан. Үүн дээр тайлбар хийгээч?

-Шүүх хууль хэрэглэх үүрэгтэй нь үнэн. Гэхдээ шүүх Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргана гэж хуулиар зохицуулсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

О.Дөлгөөн: Жульеттагийн дүрд тоглох мөрөөдөл маань биелж байна

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл “Single Ladies 2” кино өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн юм. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсероор нь жүжигчин Г.Ундармаа ажилласан байна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-“Single Ladies 2” киноны нээлт амжилттай боллоо баяр хүргэе. Өмнөх ангиасаа юугаар ялгаатай вэ?

-Баярлалаа. Киноны багийнхан маань нэгдүгээр ангиасаа туршлагажиж, өмнөх амжилтаа ахиулахыг хичээсэн. Гурван эмэгтэй анх яаж танилцаж байсан гээд хоёрдугаар анги маань нэгдүгээр ангийнхаа өмнөх хэсгийг сонирхолтой байдлаар харуулна. Энэ кинонд инээдмийн, аймшгийн, уянгын, адал явдалт, тулаантай хэсэг гээд бүх л төрөл гардгаараа онцлог.

-Анх яагаад энэ кинонд тоглохоор болсон юм бэ?

-Г.Ундармаа эгч маань анх санал тавьж байсан. Энэ кинонд 20, 30, 40 насны үе үеийн гурван бүсгүйн хайр сэтгэлийн талаар өгүүлдэг шүү дээ. Над руу залгаад “20 насны эмэгтэйд нь хэнийг тоглуулах вэ гэж бодсон чи л санаанд буулаа. Чи заавал ороорой” гэсэн. Би Г.Ундармаа жүжигчинтэй өмнө нь нэг кинонд хамтарч ажиллаж байсан болохоор зөвшөөрсөн. Их түшигтэй байдаг болохоор хамтарч ажиллах сайхан байдаг. Би энэ кинонд 20 насны эмэгтэйн дүрд тоглосон. Энэ дүр сэргэлэн цовоо, нүүрэмгий, өөртөө итгэлтэй охины дүрийг илтгэсэн байдаг.

-Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг гэж ярьж байсныг чинь санаж байна. Мөрөөдлөө удахгүй биелүүлэх нь байна. Ямар санагдаж байна вэ?

-19 жилийн дараа Монголын гурав дахь Жульетта болно гэж бодохоор сайхан байна. Би СУИС-д орохоосоо өмнө төгсөх курсийнхэн дипломын ажлаа шалгуулж байгааг харж байлаа. Тэр үед “Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан юм л даа. Тэгэхэд Жульеттагийн дүрд тоглох юмсан гэж хүссэн учраас СУИС-д орсон хэрэг. Миний мөрөөдөл биелж байх шиг байна. Хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд шат ахиж явдаг. Би анхнаасаа мөрөөдлөө зөв чиглүүлсэн юм болов уу. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өмнөө зорилго тавиад алхам алхмаар ойртсоор л байна.

-Анхны алхам мэдээж зөв байвал цаашдаа том зүйл рүү чиглээд явах байх. Яагаад “Мөрөөдлийн театр”-аас гарсан юм бэ?

-Тэгэлгүй яахав. Анх гуравдугаар курст байхад “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал аваад орсон байдаг юм. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. УДЭТ-т орсон маань сонгодог урлагт хүч үзье гэж бодож гаргасан шийдвэр. Энэ шийдвэрээ хамтлагийнхандаа хэлсэн л дээ. “Мөрөөдлийн театр”-ынхан миний саналыг дэмжсэн. Тэд дэмжсэн учраас УДЭТ-т шалгалт өгөөд тэнцчихээд мөрөөдлөө биелүүлэх гэж байна.

-УДЭТ-т орохын өмнө тоглосон “Учрал” киног “Ромео Жульетта” гэж нэрлэж байсан байх аа?

-Би “Учрал” киног орчин цагийн “Ромео Жульетта” гэж боддог. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон шүү. Кинондоо Намуун гэдэг охины дүрд тоглож байсан. “Аврора” филмсийн залуустай хамтарч ажиллах сайхан байсан.

-Дөлгөөн хэзээ сургуулиа төгссөн юм бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийнхандаа маш их баярлаж явдаг. Энэ кинонд тоглосноор “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбож байсан.

-Анхны тоглосон дүрүүд жүжигчдэд хэцүү байдаг. Харин таны хувьд ямар байв?

-Миний хөлс хүч бүх уран бүтээлд маань шингэсэн учраас би бүх дүрдээ хайртай. Хамгийн анхны тоглож байсан дүр гэвэл долдугаар ангидаа “Хана” аймшгийн кинонд тоглосон байдаг юм.

Миний анхны тайзны уран бүтээл бол Мөрөөдлийн театрын “Миний нууц хүү” жүжиг. Тус жүжигт тоглохдоо би оюутан байсан. Анх удаа том тайзан дээр гараад мэргэжлийн жүжигчидтэй хамт тоглоно гэдэг амаргүй байсан. Маш олон үзэгч намайг хараад сууж байхад нэг л сонин мэдрэмж төрж ичих шиг болдог юм билээ. Хүмүүс сайхан зүйл үзэхийг л хүсч ирсэн болохоор хэдий сандарсан ч хичээсэн. Микрофон байхгүй тайзан дээр гараад юу болоод байгаагаа мэдэхгүй салганасаар байгаад эхний нээлтийн тоглолтыг дуусгаж байлаа. Тоглолтын дараа урмын үг их ирж байсан ч шүүмжлэх хүмүүс олон гарсан. Энэ шүүмжүүд нь бүгдээрээ миний төлөө байсан болохоор цаашдын дүрүүдэд минь сургамж болсон байдаг юм.

-Хүмүүст танигдсаны дараа гудамжаар явахдаа хүртэл өөрийгөө цэнэж эхлэх байх. Өөрөө биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол их. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болчихжээ. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүн надаас юм асуудаг. Тэр болгонтой уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-Уншигчдадаа нөхөр, хүү хоёроо танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилладаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгч байсан.

-Нөхөртэйгөө анх яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч. Охид биедээ их анхаардаг болсон шүү дээ?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгааг юу гэж боддог вэ?

-Киноны зураг авалтын үеэр алдаа гаргахад дахин зураг авч болдог. Харин тайзан дээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Хэрвээ ямар нэг алдаа гаргахад дахин тавих боломжгүй учраас жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг юм болов уу. Гэхдээ энэ нь дэлгэцийн бүтээл муу тайзных сайн гэж хэлж байгаа юм биш л дээ. Тайзан дээр гарсан тохиолдолд жүжигчин тухайн дүрээ амилуулах, амьдруулахын тулд бүхий л авьяас чадвараа гаргадаг. Тиймээс илүү чадварлаг уран бүтээлчид тайзны бүтээлд тоглодог гэж боддог юм. Мэргэжлийн бус жүжигчид тайзны бүтээлд тоглодоггүй шүү дээ.

-Залуу хүний хувьд үеийнхнийгээ ямар байгаасай гэж боддог вэ?

-Залуу байгаа дээрээ завгүй байгаасай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-УДЭТ-т ороод өөр жүжигт тоглов уу?

-Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй” жүжигт Хулан эгчийн

тоглодог хэсэгт оролцсон.

Мөн хөдөө болсон бригадад энэ дүрд тоглосон. Арваннэгдүгээр сарын эхээр “Ромео Жульетта” жүжиг маань нээлтээ хийх байх. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод явж байна.

Categories
мэдээ цаг-үе

Төсвийн мөнгөөр баригдаж байгаа дутуу барилгууд

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч, дэлхий сөнөх гэж байгаа тухай коммунистууд шуугьж байна. Баабарын хэлснээр бол гадаад нөхцөл монголын эдийн засагт гай тариагүй. Бид өөрсдөдөө л уршиг учруулж байна. Саяхан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо цалин нэмэх шаардлага тавьжээ. Сонгууль дөхсөн болохоор энэ шаардлага хүний чихэнд таатай тусна. Энэ байгууллагын хөрөнгийг 3.8 тэрбум гээд гээд сонссоноо хэлтэл учир мэдэх хүмүүс “Тийм ядуу байгууллага юм уу” гэж асуув. Сонирхолтой нь энэ байгууллагын хөрөнгийн хэмжээ нууц юм байна. Барилга хот байгуулалтын яамнаас энэ тухай асуухад “Мэдэхгүй” гэв . Төр хэр хэмжээний өмчтэй тухай хэн ч мэдэхгүй. Харин Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв гэдэг байгууллагаас Барилгын мэдээллийн эмхэтгэлийн 2015 оны VII сарын тусгай дугаарт Эрүүл мэнд спортын яам,Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яамны харьяа дутуу барилгуудын жагсаалтыг ажлын явц, хөрөнгө оруулалт, байршил зэргийг зурагтай хаягтай, гүйцэтгэгчтэй нь нийтэлжээ. Эндээс харвал БСШУЯ-ны харьяа 218, БХБЯ-ны 39, ЭМСЯ-ны 68 дутуу барилга байна. Энэ нь VII сарын мэдээ тул үүнээс хойш ганц барилга ашиглалтад орсон байж магадгүй юм. Мөн ЭМСЯ, БСШУЯ-ны харьяа байсан барилгууд БХБЯ-нд шилжиж ирсэн. Нийт 325 дутуу барилгаас 283 нь ямар нэгэн хэмжээгээр баригдаж байгаа, 34 нь орон нутагт эрх шилжсэн, 42 нь энэ онд санхүүжилт зогссон байна.

Мөн эдгээрээс 131 нь сургууль цэцэрлэгийн барилга, өргөтгөл, 72 соёлын төв, спорт цогцолбор, спорт танхим, 66 дотуур байр, эмнэлэг, нэг номын сан, хоёр усан бассейн зэрэг барилгууд байна. Улсын хэмжээнд нийт 69 цэцэрлэгийн, 36 соёлын төвийн дутуу барилга байх юм. Эндээс харвал 69 цэцэрлэгээ бариагүй байж 36 соёлын төв бариад эхэлсэн байх жишээтэй. Мөн 41 эмнэлгийн дутуу байшин байхад 72 соёлын төв, спорт цогцолбор эхлүүлсэн байна. Энэ удаад спортын салбарт оруулсан зарим хөрөнгө оруулалтыг танилцуулж байна.

Жишээлбэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд баригдаж байгаа Усан бассейны барилга 2014 оны долдугаар сарын 5-наас 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд баригдаж дууссан байх төлөвлөгөөтэй. Энэ барилгын захиалагч нь ЭМСЯ, гүйцэтгэгч нь “Сайн констракшн” ХХК. Өнөөгийн байдлаар ажлын гүйцэтгэл 55 хувьтай байгаа аж. 3.75 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ төсөлд 1.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн техник хяналтын зардал гэж 27 шахам сая төгрөг шилжүүлсэн байх юм. Энэ жилийн төсөвт тэрбум шахам төгрөг төсөвлөсөн. Гэхдээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Шинжээчдийн багийн гаргасан санал нь үлдсэн санхүүжилтийг 2016 оны төсөвт суулгах.

Дээрх суманд баригдаж байгаа бас нэг барилга бол 700 хүний суудалтай, 1.3 төрбум төгрөгийн төсөвтэй Соёл, спорт цогцолборын барилга. Ажлын гүйцэтгэл 40 хувьтай ч санхүүжилтийнхээ 89 хувийг авчихсан. 2010-2012 онд баригдах ёстой энэ барилгыг “Лайт капитал хаус” ХХК барьж байгаа. Шинжээчдийн дүгнэлтээр барилгын нэгдүгээр давхрын хучилтыг борооны уснаас хамгаалаагүй тул их хэмжээгээр ус хуримтлагдан доошоо нэвтэрч мөөгөнцөртсөн. Барилгын суурийн хөрсний суултыг тооцоолоогүйгээс шал цөмөрсөн. Барилга угсралтын ажил зогссон. Шинжээчдийн дүгнэлтээр бол дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж байгаа Усан бассейны барилга 70 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон байна. Гүйцэтгэгч нь “Жаанар” ХХК. Энэ барилга нь 5.6 тэрбумын төсөвтэй. Техник хяналтын зардалд 45 сая төгрөг гаргасан. 2011-2014 онд баригдах төлөвлөгөөтэй ч 2015 оны тавдугаар сард ажлаа эхлүүлсэн. 3.1 тэрбум төгрөгөө авчихсан. Шинжээчдийн дүгнэлтээр барилгын бодит гүйцэтгэл төсвөөсөө 15 хувиар нэмэгдсэн. Одоо төсвөөс дахин 3.1 тэрбум төгрөгийг шийдэж дуусгах.

Бас нэг сонирхолтой төсөл бол Ховд аймгийн Манхан суманд баригдаж байгаа хагас тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй Соёл, спорт цогцолборын барилга. Энэ сум дөрвөн мянга гаруйхан хүн амтай. Энэ барилгыг барьж байгаа компани нь “Жаргалант луу”. Төлөвлөгөөгөөр бол 2012 оны наймдугаар сарын 7-ноос 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад орох учиртай. Хугацааны хувьд хэвлэлийн алдаа байх. Төсвийнхөө 92 хувийг авсан боловч ажил 25 хувьтай.Инээдтэй нь шинжээчид 2015 онд төсөвт суулгасан 800 шахам сая төгрөгийг олгож ажлыг дуусгах санал тавьжээ. Ингэсэн тохиолдолд тус барилгын төсөв гурав дахин нэмэгдэнэ. Барилга 1.4 төгрөгөөр баригдаж дуусна. Энэ Манхан сумын нэг иргэнийг соёлжуулж, спортжуулахын тулд татвар төлөгчид 3.5 сая төгрөг гаргасан гэсэн үг юм.

Гэхдээ дээрх барилгууд 325 дутуу барилгын нэг хувь нь гэсэн үг. Төсөвт суулгасан мөнгө нь 11 тэрбум. Дахиад хагас тэрбумыг нэхэж байгаа. Дутуу барилгын нэг хувь нь 11 тэрбум бол 100 хувь нь нэг их наяд гаруй төгрөг байж болох юм. Энэ нь өнөө жилийн төсөвт сох дутаж байгаа нэг их наяд төгрөгтэй тэнцэх мөнгө.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Дэжидийн Жигжид агсны охин Навч: аавыг минь монгол киноны тэргүүн жанжин гэдэг дээ

Монгол Улсын тєрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид агсны охин Навчтай ярилцсанаа хүргэж байна.

-Танай аав Дархадын хотгороос тодорсон нэрт найруулагч. Хэдэн жилийн өмнө танай гэр бүлийнхэн 90 насных нь ойг нэр төртэй тэмдэглэж байсан санагдана?

-Тэр чинь 2009 он шүү дээ. Ерэн насных нь ойг амьхандаа л өргөн дэлгэр тэмдэглэх гэж багагүй зүтгэцгээсэн. “Аавын минь нөмөр” хэмээх ном бичиж хэвлүүлсэн. Манай аав чинь 1919 онд төрсөн хүн юм. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынх. Миний бие аавынхаа нутагт хэд хэдэн удаа очиж байлаа. Харин аавтайгаа хамт очиж байгаагүй. Хорьдол Сарьдагийн нуруу, Шишгэдийн гол зэрэг дархад зоны нутаг, олон уул даваагаа кинонууддаа үлдээсэн байдаг. Радиогоор дархад дуу явахад “Алив миний охин чангалаарай” гэдэгсэн. Өөрөө бол дуу хуурт тааруу. Аав минь ээжээрээ овоглосон. Аавыгаа огт мэддэггүй гэдэг. Манай эмээ таван хүүхэд төрүүлсэн юм билээ. Тэгээд гурвыг нь амьдралын эрхээр хүнд өргүүлжээ. Аав отгон нь. Би эмээгээ үзээгүй. Ээж ч үзээгүй. Эр хүн шиг гүжирмэг, бяр чадалтай, шулуун шударга зоримог зантай хүн байсан гэж аав ээжид ярьж байхыг нь сонссон. Аавын ямар ч ажлын цаана гарах гэж шантаршгүй зүтгэдэг дайчин, зоримог чанар эмээгээс эхтэй болов уу.

-Хэдэн онд нутгаасаа гарч, сургууль соёлын мөр хөөсөн бэ?

-Сумынхаа бага сургуулийг дүүргээд хот руу багшийн сургуульд явах болжээ. Эмээ авдраа уудалж, эвхэж хадгалсан тавьтын хуучин дэвсгэрт гаргаж ирэн аавд өгөөд “Миний хүү аян замдаа сайн явж, эрдэм ном сураад ирээрэй” хэмээгээд баруун хацрыг нь үнсээд хоцорсон гэдэг. Хотод нэг жил суралцахдаа аав нөгөө мөнгөндөө гар хүрэлгүй байсаар зуны амралтаар нутаг буцахдаа гэрийн цагаан бүрээс худалдаж аваад явж байсан тухайгаа хуучилдаг юм. Тухайн үеийн багш бэлтгэх сургуулийн оюутан байхад нь Монголкино үйлдвэр анх байгуулагдаж, оросын мэргэжилтнүүд үйлдвэрт ажиллах авьяастай хүүхдүүдийг сонгон авахад аав багтсан юм билээ. Ингэж аав минь 16 настайгаасаа Монголкино үйлдвэрийн босгыг алхаж, алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй.

-Анхны бүтээл нь “Цогт тайж” гэдэг байх аа, Тарич гэж алдарт найруулагчтай хамтарч ажилласнаа Жигжид гуай дурссан нь бий?

-Аав зураг зурах дуртай, үсэг дармалдан бичих авьяастай, ялангуяа монгол бичгээр сайхан бичдэг байсан. Тиймээс кино үйлдвэрт анх зураглаачаар орсон байдаг. Анхны бүтээл нь “Цогт тайж” кино юм. Өмнө нь “Норжмаагийн зам” анхны монгол кинонд туслах оператороор ажиллаж байгаад 1945 онд “Цогт тайж” кинонд ерөнхий оператороор ажилласан . Оросын шилдэг найруулагч Юрий Тарич гуайтай аав гар нийлж ажилласан. Тэрхүү түүхэн кинонд алтан үеийн бүх сайхан жүжигчид хамт ажиллаад 24 насандаа урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байв. Дараа нь “Сэрэлт” кинонд мөн ерөнхий оператороор ажилласан. Анхны найруулсан кино нь “Ардын элч”. 1959 онд дэлгэцэнд гарсан бүтээл шүү дээ. Түүнээс хойш “Үер”, “Хөдөөгийн баясгалан”, “Өглөө”, “Өнөр бүл”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Хөх ногооны униар”, “Жаргал даахгүй зовлон”, “Ард Аюуш” гээд 20 гаруй уран сайхны кино, 70 гаруй баримтат кино бүтээсэн байдаг. Монгол киноны түүх яалт ч үгүй аавтай минь холбоотой. Аав минь хэрхэн цар хүрээтэй, мундаг найруулагч байсныг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ. Монголын кино урлагийн жинхэнэ сод бүтээлүүд аавын минь гараас гарсан. Гэвч мэргэжлийн дипломгүй хүн. “Аав нь киноны сургуульд явж болох л байсан. Гэвч та нарыг л бодоод яваагүй” гэдэг байсан. Өөрөө мэргэжлийн сургууль төгсөөгүй болоод тэр үү, дүүг минь (УГЗ Биндэрийг хэлж байна) Москвагийн киноны дээд сургуулийг төгсөөд ирэхэд аав ихэд баярлаж билээ.

-Нэг кино бүтээгээд хэдэн төгрөг авдаг байсан бол. Ер нь аавынхаа нөмөрт эрхэлж явсан дурсамж гэвэл барагдахгүй дээ?

-Чухам хэдэн төгрөг авдаг байсныг сайн мэдэхгүй байна.”Аав нь сайдын хэмжээний цалинтай хүн шүү” гэдэг байв. Тэгэхээр их л мөнгө авдаг байсан байх. Киноны мөнгө бид хэдийн хувцас хунар, хоол хүнсэнд л таардаг байсан биз ээ. Өнөөдөр манайх гурван хүүхдээ амьдралтай залгуулах гэж сандарч л байна.Тэгтэл ижий аав хоёр минь арван хэдэн хүүхдийг бүрэн бүтэн явуулах гэж бусдын хэлдгээр “хуруу хумсаа хуйхалж” байж өдий зэрэгт хүргэсэн нь мэдээж. 1970 онд “Үер”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн юм. Шагналынхаа мөнгөөр дэлгүүрээс хоёр гоё хивс аваад үүрээд ирж байсныг санаж байна. Харин идэх дуртай зүйлийнх нь нэг жимс байсан. Алимыг том томоор нь хазаж, амтархан иднэ. Их сайхан шүдтэй хүн байсан шүү дээ. Насан туршдаа тэрхүү сайхан шүдтэйгээ байсаар өнгөрсөн. Нэг удаа Ардчилсан Солонгос улс руу яваад ирэхдээ том авдраар дүүрэн алим авчирч, айл айл руу бид хэдээр тараалгаж байсан юм. Ээжтэй нийлэхээс өмнө гэр бүлтэй байсан юм билээ. Найман жил болоход хүүхэд гараагүй гэдэг. Тэгээд ээжтэй нийлээд би төржээ. Намайг анхны үр гээд амь шигээ л хайрладаг байв. Гэхдээ надад эрхлэх хугацаа бага олдсон. Араас олон дүү нар минь залгаж төрөөд.

-Хүүхдүүддээ хэр ширүүн ханддаг байв. Зураг авалтын үеэр нэртэй жүжигчид Жигжид гуайгаас айдаг байсан тухайгаа дурсдаг?

-Ээж минь 12 хүүхэд төрүүлснээс нэг дүү маань багадаа эндчихсэн. Бид арваннэгүүлээ өссөн дөө. Олуулаа өсөх бужигналдаад сайхан ч хоол унд, хувцас хунар нь дийлдэхгүй хэцүү. Аав үдэш хүүхдүүдийнхээ өрөөстэй гутлуудыг хараад нэг хэсэг шинжинэ. Тэр бол нэгд, хэн гэртээ байгаа, хэн эзгүй байгааг бүртгэж байгаа хэрэг. Энэ үед байгаагүй бол яггүй асуудалтай тулгардаг байв. Хоёрт, хэний гутал муу тослогдсоныг шалгаж байгаа хэрэг. Хэн нь заваан залхуугаа шалгуулчихна. Хамгийн гол нь хэний гутал муудсан, хэнд гутал авах шаардлагатайг үзэж байгаа хэрэг. Энэ үед гутал нь муудсан хүний нүүрэнд баясал тодорно шүү дээ. Аав ээжийг гэртээ байхад манайх нам гүм, эзэнгүй юм шиг байдагсан. Аав минь хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйл дээр хэнтэй ч хамаагүй маргана. Тийм шударга, зарчимч, аливаа зүйлийн үнэний талд зогсож чадаж байснаараа аав минь өөрийнхөө хүрэх ёстой өндөрлөгт хүрсэн гэж боддог. Гэхдээ аавд шударга бус зүйлийн өмнө сөхөрч байсан үе бий. Нэг удаа аав ээж хоёр аминчхан яриа өрнүүлж суусныг би чих тавин сонссон юм. Ээж “Чамайг шоронд хийчихгүй байгаа даа” гэхэд нь би ихэд гайхан цочиж билээ.

-Юунаас үүдэн тийм яриа гарав?

-Хожим ойлгох нь ээ, “Түмний нэг” киноны хоёрдугаар ангиас болсон юм билээ. Энэ тухай сэтгүүлч Д.Хатанбаатарын “Монгол киноны тэргүүн жанжин” номонд тодорхой бий. “Түмний нэг” киноны хоёрдугаар анги “Хүний мөр” гарсны дараа 1963 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Намын төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан түүнийг уран бүтээлч нөхдийн нь хамт дуудан “Уран бүтээлдээ улс төрийн алдаа гаргасан тул арга хэмжээ авч, төлбөр төлүүлнэ” хэмээн түгшээж байжээ. Хуралдаан дээр үг хэлсэн дарга болгон аавын шинэ киног амьдралаас тасархай болсон, намын удирдах роль харагдахгүй байна, үндэсний үзлийг номлосон байна, “Нууц товчоо”-г харуулсан байна. Гол дүрийг гаднаас нь харахад Б.Ринченг санагдуулаад байна. Энэ киног ер нь ямар санаатай хийсэн юм гэцгээж байв гэнэ. Харин Цэдэнбал дарга дуугүй сууж байснаа “Жигжээд танайх хэдэн хүүхэдтэй болж байна” гээд зохиолоо өөрчлөх, дахиад батлуулах, хоёрдмол утгатай санааг цөмийг нь хасахыг үүрэгджээ. Аав энэ тухайгаа хэзээ хойно бидэнд цухас дурдахдаа “та нар минь л намайг аварсан шүү” гэдэг байлаа. Аливаад шударга, үнэнч байхыг өөрөөрөө үлгэрлэн алхам тутам сургаж байсан нь өнөө ч үр хүүхдүүдийнх нь ажил амьдралын мөрдлөг болж явна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ард түмэн ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголт хийж болзошгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-аар ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлнэ. Ямархуу төсөв болно гэж төсөөлж байгаа вэ. Сангийн сайдын хувьд танаж болох бүхий л урсгал зардлуудаа танасан гэж байсан?

-Шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тэр талаас нь харвал зарим дэвшилттэй хандлага энэ төсөв дээр байгаа. Б.Болор сайд сүүлийн жилүүдэд манай байнгын хорооны төсвийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд төсөв дээр ямар асуудал байгааг мэдэж байгаа. Тэр талаасаа хандсан байх. Зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь сайн зүйл. Харин хэр оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээ нь, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай яривал хүн зөв ойлгоно, үр дүн гарна. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй шинэ барилга байгууламж, арга хэмжээ харагдаж байна лээ. Тиймээс УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз. Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдээд хүүхдийн тоо өсөөд шинэ сургууль, цэцэрлэг хэрэгтэй болж тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш.

-МАН-ын бүлэг ирэх жилийн төсвийн орлогыг бодитой биш гэж дүгнэсэн. Орлого зохиомол гэдэг нь үнэн үү. Бидэнд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ямар, ямар боломж байгаа вэ?

-Манайд орлого нэмэгдүүлэх асар их бодит боломж байгаа. Гадагш ачуулж буй баялгаа, экспортын орлогын өсөлтөө харъя л даа. Тухайлбал, экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам.доллар байсан бол 2014 онд 5774 сая.ам доллар болж өссөн байна. Тэгвэл яагаад экспорт өсөөд байхад валютын нөөц буурч, ханш өсөж, эдийн засаг хямарч өр зээлдээ баригдав. Шалтгаан нь маш энгийн. Экспортод ачуулсан баялгийнхаа 5-24 хувийг л бид буцааж хүртэж байна. Оюу толгой дээр орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л бид авч үлдэж байгаа. Түүхий нефть дээр дөнгөж хорь гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм байхад бид яаж ч зардлаа хасаж тэвчээд хямралаас гарч чадахгүй. Харин энэ томоохон ордуудынхаа гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ харилцан үр ашигтай болгож алдаж байгаа орлогоо олж авч байж бид хямралгүй амьдарна.

-Өнгөрсөн жил та манай сонинд ярилцлага өгөхдөө хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ жил нөхцөл байдал арай л өөр байх шиг?

-2011-2012 онуудаас төсвийг үндэслэлгүйгээр хэт тэлснээс болж 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн юм. Сүүлийн хоёр жилд төсвийг өмнөх онтой нь харьцуулахад бууруулж баталж ирлээ. Тодруулбал, төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан. 2010-2012 оны төсвийг харахаар урсгал зардал жилд дунджаар 22-43 хувиар өсөж байсан бол 2013 оноос 10 хувь болтлоо буурсан байна. Тухайлбал, 2014 оны төсөв өмнөх жилийн тодотгосон төсөвтэйгөө харьцуулахад өсөлтгүй, тэр түвшинд батлагдсан. 2015 оны төсөвт урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр бууруулан баталж илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарт их засварын зардлыг нэг жилээр тэвчсэн гээд зардал бууруулсан олон жишээг дурдаж болно. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг хязгаарласан. Дээрээс нь урсгал зардлыг хэт тэлж байгаа зүйл бол салбар салбараар нь нэмэгдүүлж байгаа яамдын төсөв. Эвслийн нэртэй Засгийн газарт хэрэггүй, зардал нэмэгдүүлсэн, ач холбогдолгүй яамд олноор бий болсны хамгийн тод жишээ бол Дэд бүтцийн яам дөрөв болж задарсан явдал юм. Улс төрийн шийдэл учраас хамгаалагдаад өнөөг хүртэл яаж ч чадахгүй явна. Жишээ нь, өнгөрсөн жил яамдын тоог бууруулчихаад 14 хоногийн дараа МАНАН-гийн Засгийн газар гарч ирэнгүүтээ буцаагаад нэмсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах тухай яригдаж байна. Цалин бууруулахгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаа юу?

-Наадах чинь ёстой популист хандлага юм биш үү. Улстөрчдийн цалин гэхээр гоё сонсогдоно гэсэн шиг. Харин тэр бялуу хуваарилалтаар бий болсон яамдыг сонгуулийн дараа гэхгүйгээр татан буулгаад орон тоо хэмнэвэл дор хаяж дөрвөн тэрбум төгрөг хэмнэнэ.

-Мөн ДНБ буюу эдийн засаг, экспорт ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө гэж хэлж байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт гурав орчим хувь байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-2014 онд манай улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний тавд багтсан. Гэтэл өрийн эрсдэлээр хамгийн өндөр 10 улсаар нэрлэгдсэн. Ирэх онд ч гэсэн эдийн засаг өсөхөөр байна. Гэтэл яагаад хямраад байна вэ. Хоёулаа үүнийг тайлбарлавал бүх зүйл тодорхой болж чиний асуултын хариу гарна. Тэгэхээр түрүүн бид хоёр экспорт өсөж байгаа талаар ярилаа. 2014 онд экспорт 5.7 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Энэ чинь Оюу толгой ашиглалтад орж Эрдэнэтээс 2-3 дахин их баяжмал экспортолж Тамсагийн нефтийн экспортлох хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд гээд бодъё. Гэтэл Оюу толгойн борлуулалт 3.9 их наяд гэдэг чинь манай төсвийн 56 хувьтай дүйцэж байна. Гэтэл энэ их орлогын дөнгөж таван хувь нь л Монголдоо үлдэж байгаа. Жишээ нь, 2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л Оюу толгой бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ бол хангалттай тайлбар байх.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах саналд та гарын үсгээ зурсан. Уг нь бид байж болох бүх хувилбараар Засгийн газраа бүрдүүлж үзсэн. Хэрэв одоогийн Засгийн газрыг огцруулбал дараа нь хэрхэн бүрдүүлэх вэ?

-Саяхан Шийдлийн Засгийн газрын зургаан сайдыг бүрдүүлэхэд сайд болох сонирхолтой хүмүүс мундахгүй юм байна гэдгийг та, бид хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл, дараагийн хоолонд орох сонирхолтой хүмүүс гараад л ирнэ.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэнд ашигтай вэ. Монголчуудад ямар ашигтай вэ?

-Бидний хэсэг гишүүдийн хувьд Дубайн гэрээг залруулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн энэ Засгийн газар нь дараагийн Дубайн хувилбар гаргаж ирэх магадлалтай байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байх нь сайн зүйл биш.

-Та өмч хувьчлалыг эсэргүүцдэг. Ямар учиртай вэ?

-Улс орноо тэжээж байгаа, стратегийн ач холбогдол бүхий томоохон объектуудыг хувьчлахыг би дэмждэггүй. Харийнхан үүнийг худалдаад авчихвал эдийн засгийн эрх чөлөө боймлогдож эхэлнэ биз дээ. Ер нь одоо цэрэг, танк орж ирүүлэхээсээ илүүтэй үнэ цэнтэй зүйл, амьдралын эх үүсвэрийг чинь худалдаад авчихна шүү.

-Ирэх жилийн сонгуулиар аль нэг намд элсэх үү. Эсвэл бие даагч статусаараа цаашид улс төрд хүч үзнэ гэж бодож байгаа юу?

-Одоогоор сонгогч түмний итгэлийг биелүүлж бие даагчийн үүргээ гүйцэтгээд явж байна. Цаашид хэрхэх талаар тэднээсээ асууна. Түүний дараа сонголтоо хийнэ.

-Ирэх жилийн сонгуулиар аль нам ялалт байгуулах магадлал өндөр вэ?

-Одоогийн улс төрийн намууд олон түмний итгэлийг алдсан байна. Ялангуяа энэ Засгийн газарт оролцож байгаа улс төрийн намуудын хувьд хүнд болж байх шиг байна. Хариуцлагыг хамтарч л хүлээж таарна. Хоёр том улс төрийн хүчний аль нэг нь нөхцөл байдлыг ухаараад, олон түмнээсээ уучлалт гуйгаад, амжиж шинэчлэлт хийж, олны итгэлийг олж чадвал ялалт байгуулах боломжтой. Гэхдээ ийм алхам бараг л хийж чадахгүй биз. Тиймээс ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголтыг ард түмэн хийж болзошгүй.

-Та энэ сонгуулийн жилд тойрогтоо ямар, ямар томоохон ажил хийв. Ард түмэн хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Бие даагчийн хөтөлбөрөө хэрэгжүүлчихсэн. Аймаг маань нийслэлтэй засмал замаар холбогдчихлоо. Дулааны станц ашиглалтад орж орон сууцжуулалтыг эхлүүлэх дэд бүтэц бүрдлээ. Иж бүрэн оношлогооны төв, 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн шинэ төв, багшийн хөгжлийн ордонтой болсон гээд олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд боловсролын салбарт 30 орчим шинэ объектын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна лээ. Энэ бүхэн 120 мянга гаруй хүнийг төлөөлж буй миний үүрэг. Зарим нь албан тушаал ашиглаж нутагтаа хөрөнгө оруулалт хийлээ гээд шүүмжилж л байдаг юм. Сонгуулиар бүгд л тэгж амладаг хойно өөр яах ч билээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Өрсөлдөгчтэйгөө нийлж өөрийнхнөө намнадаг улс төр л явж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2000 гаруй иргэн Өршөөлийн хуулийг хүлээсээр байна. Гэвч УИХ асуудлаа шийдэлгүй хүлээлт үүсгээд байгаа. Хуулийн төсөл тойрсон хэтэрхий их улстөржилт нь иргэддээ шийтгэл болж очоод байгаа юм биш үү. Зарим гишүүд он гартал энэ чигээрээ явна гэсэн зүйл ярих юм?

-Өршөөлийн хуулийн гацаа арилна гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Хууль зүйн байнгын хороо хуралдаад талуудын маргаантай байсан асуудлууд шийдэгдчихлээ. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг оруулах ёстой байсан ч нэмэлт, өөрчлөлтийг ямар хэмжээнд оруулах, саналаа ямар хэлбэрээр хураах вэ гэдэг дээр маргаан гарсан. Энэ маргаан хэт сунжирчихлаа. Гэхдээ шийдэгдсэн. Өршөөлийн хууль Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хураагдсан саналын хэлбэрээрээ бүхэлдээ чуулганы нэгдсэн хуралдаан руу орж байгаа. Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан тодорхой зүйл заалтуудаар тус тусад нь санал хураалт явуулах байх. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг 98 хувьтай дэмжиж байгаа.

-Яагаад 98 хувь гэж?

-Нэг гэмт хэргийг хаалтын хэсэг рүү оруулах шаардлагагүй. Тэр нь 150.3 дугаар зүйл. Энэ бол хуулийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг өлгөх гол гох дэгээгээ болгодог, хэрэг үүсгэж шантааж хийх маягаар бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг, хувийн өсөө тайлчих гээд байдаг зүйл байгаа юм. Түүнийг хаалтын хэсэг рүү оруулах шаардлагагүй гэж би үзэж байгаа. Ерөнхийлөгчийн хоригт заагдсан бусад гэмт хэрэг болох албан тушаалаа хэтрүүлэх, авлига авах, үндэслэлгүй хөрөнгөжих, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт гэмт хэргүүдийг өршөөхгүй, Өршөөлийн хуулийн хаалтын хэсэгт оруулах ёстой. Түрүүч нь I нүүрт

-Гэвч өмнөх удаа Байнгын хороон дээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг зүйл заалтуудыг өршөөнө, бусдыг нь өршөөлд хамруулахгүй гэсэн. Байнгын хороон дээр олонхи болсон МАН-ын бүлгийн гишүүд кноп андуурч дарсан гээд байгаад итгэх хүн алга…

-Байнгын хороон дээр кноп яаж дарагдсанаас үл хамаарч чуулган дээр кнопоо яаж дарах нь хоригийн хувь заяанд чухал. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэрхэн саналаа өгч байгаагаар нь хэн нь хэвлэлээр хэлсэн үг, олон нийтэд харуулсан нүүрээрээ байж, байр суурь, зарчим дээрээ хатуу зогсож байна гэдгийг харчих боломжтой.

-Үнэндээ авлига, албан тушаалын гээд байгаа хэрэгт нягтлан бодогч голдуу 100 гаруй хүн шалгагдаж байгаа юм билээ. Авлигачдыг өршөөхгүй гэж байгаа бол цаад эздийг нь олох ёстой юм биш үү. Энэ 100 гаруй хүнээс болж өршөөлд хамрагдах ёстой 2000 гаруй хүний асуудал хүлээгдээд байна?

-Үүн дээр бол Өршөөлийн хууль уу, Эрүүгийн хууль уу гэдгээс илүүтэй мөрдөн шалгах үйл ажиллагааны ур чадварын асуудал яригдах байх. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой маргааны хил хязгаар хоёр тийшээ саваад байгаа нь ч үүнтэй холбоотой. Нэг талаасаа төрийн үйлчилгээний чанар, шийдвэрийг хар зах дээр зарж байгаа юм шиг үнэ хаялцуулж, нийтийн ашиг сонирхлыг худалдан борлуулах замаар хувийн ашиг сонирхлоо ханган баяжиж байгаа хүмүүс бий. Үүнээс болоод төрийн болон хуулийн нэр хүнд унаж байгаа. Үнэндээ тогтолцоо бүхэлдээ сууриараа ганхахад хүрч байгаа. Энэ сорилтыг бид сөрж зогсох ёстой. Нөгөө талд нь процессын шударга ёс хангагдаагүй, мөрдөн шалгах үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүй, шүүх тогтолцоо шударга ёсны хэмжүүртээ орж ирээгүй үед “авлига” гэдэг энэ үг хий хоосон популизм, нөгөө талаасаа хүн хэлмэгдүүлэх хэрэгсэл болчих гээд байгаа. Үүнийгээ дэнсэлж үзэх хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэх нэрийн доор хүн хэлмэгдүүлээд, өш хонзон аваад, өрсөлдөгчдөө намнаад байна гэсэн шүүмжлэл байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд Өршөөлийн хууль гарч хууль ёсыг үнэгүйдүүлж, шударга ёсны тогтолцоог бүхэлд нь нулимахыг бас дэмжмээргүй байна. Асуудлыг шийдэхийн тулд хууль тогтоомжоо сайжруул, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн хуулиа өөрчил л дөө. Хуульч, хууль сахиулагчдын гарт хутга болж очоод байгаа тэр зохисгүй эрх мэдлүүдийг нь хуулиараа засаач ээ, процессын шударга ёс гээд байгаа шаардлагуудаа тавиач ээ гэж байгаа юм. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэгчээр улс төрийн өшөө авалтыг зогсоохын тулд авлигачдыг өршөөх нь төрд итгэх иргэдийн итгэл, хуульд захирагдах нийтийн ёс суртахууныг үгүй хийнэ гэсэн үг болно. Дээр байгаа хүмүүс нь өөрөө өөрсдийнхөө гэмт хэргийг өршөөчих юм чинь дор байгаа иргэдэд хууль байгаад ч яах юм, төр засагт захирагдаад ч юу хийх юм гэдэг болчих гээд байна. Ингэж хоёр туйл руу ээлжлэн савж болохгүй. Харин шийдлээ зөв гаргаж том дүр зургаар нь хараад хүн хэлмэгдүүлээд, өрсөлдөгчөө намнаад, тийм боломж олгоод байгаа хуулийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Хуулиа л сайжруул.

-Өршөөлийн хуулиас өмнө Эрүү болон Зөрчлийн хуулиа батлах ёстой гэдгийг ээлжит бус чуулганы үеэр ч ярьж байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Энэ нь Өршөөлийн хуульдаа нөлөөлөөд байна аа даа, тийм үү?

-Эрүү болон Зөрчлийн тухай хуулиа баталъя гэж нэлээд эрчимтэй түлхсэн боловч зөрчил үүссэн. Эдгээр хуулиуд суурь шинжтэй л дээ. Хүн бүрийн амьдралд нөлөө үзүүлж, нийгмийг бүхэлд нь хамардаг хууль. Ийм хуулийг түргэн шуурхай хэлэлцэхгүй, сайн ярилцаж дундын ойлголцолд хүрч батлах ёстой гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа учраас хүлээзнэх байдалд орсон. Энэ хүлээлт нөгөө талдаа иргэдээ хэт дорд үзсэн, шоронжсон, хууль хяналтынханд хууль бус зүйл хийх боломжийг нь олгодог өнөөгийн алдаатай тогтолцоог хүчин төгөлдөр үргэлжлэх боломж олгоод байна. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд нь цогц маягийн хамтдаа үйлчлэх бодлого юм ш дээ. Таны асуусанчлан Зөрчил, Эрүүгийн хуулийг батлагдахыг хүлээхээр нөгөө талд нь баялаг бүтээгч, бизнесийнхэн, жирийн иргэд хохирогч болсоор. Хуулийн болхи тогтолцооны дүнд өдөржин, шөнөжин хардуулж, мөрдүүлж, бизнесээ хийж чадахгүй, хөрөнгөө ч гаргаж чаддаггүй тийм байдалд хүрсээр. Гэтэл гадна, дотно хөрөнгө оруулалт “0” зааж, эдийн засаг унасаар, хүмүүсийн халаасан дахь мөнгө багассаар л байна. Үүнийг хараад л суугаад байх уу. Миний итгэл үнэмшил бол Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хуулиа ядаж жил хагасын өмнө гаргачихсан бол эдийн засгийн хүндрэл харьцангуй гайгүй байх байсан болов уу гэж боддог.

-Жил хагасын өмнө гаргах боломж байсан юм уу?

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хоёр ч удаа өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцээгүй л дээ. Хэлэлцээгүй шалтгаанууд нь тодорхой. Мэдээж улс төр байсан. Н.Алтанхуягийг унагаахын тулд эдийн засгийн шинэ боломжуудыг нээхгүй байх нь тэдэнд ашигтай байсан байх. Түүнээс болж хэлэлцээгүй. Хэлэлцээгүйгээс болж маш олон боломжуудыг алдсан. Алдсан боломжуудын үнэ цэнийг бид тооцож сураагүй тул ийм байдалд хүрсэн. Мөн том төслүүдээ явуулаагүйгээс болж эдийн засаг, төсөв улам л хэцүү болсон. Энэ нь иргэдийн амьдралд их л хүнд тусна байх даа.

-Иргэдийн дунд “Тэмүүжин сайдын хуулийн шинэчлэлт” гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон байв. Гэтэл таны өргөн барьсан хуулиудыг дараагийн сайд нь эргүүлэн татаад, заримыг нь дахиж өргөн бариад явж байгаа. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хууль… Ямар ахиц гарсан юм бэ?

-Хуулийн салбарын шинэчлэл олон хүчин зүйлээс хамааралтай ч суурь хүчин зүйл нь улс төрийн тогтвортой байдал. Улс төрд тогтвортой байдал хангагдаагүй газар хуулийн шинэтгэл явагдахгүй. Улс төр тогтворгүй, шинэчлэлийн талаарх тууштай байр суурь байхгүй байгаа газар шинэчлэлийг эсэргүүцэгчид, хуулийн гажиг тогтолцооноос шимж амьдрагсад хүч орж, шинэчлэлийг санаачлагчдыг эргээд буруутгаж, хэрчдэг тийм л дүр зураг байдаг. Энэ дүр зураг манайд ч харагдаж байна. Шинэтгэлийн зорилтууд бол 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдан, сонгогчдодоо амласан зүйл. Шинэчлэл болон түүний эргэн тойрон болж байгаа үйл явцыг хэд хэдэн талаас харах ёстой. Нэгдүгээрт, хуулийн салбарын шинэчлэл бол Тэмүүжингийн асуудал биш. Ардчилсан нам амласнаа хийж чаддаг уу гэдэг л асуудал. Хоёрдугаарт, энэ олон хуулийн үзэл санаа чинь 2000 оноос яригдаж байсан зүйл. Тэмүүжин мундагтаа олоод сэдчихсэн ч юм биш. Өмнө нь зүрхэлж барьж авдаг хүн нь цөөн байсан байж магадгүй. Тиймээс энэ шинэчлэл тодорхой цаг хугацааны дараа дахиад л яригдана, хийгдэнэ. Үүнд би санаа зовохгүй байна. Харин хойшлогдож байгаа хугацаа нь таван жил үү, найман жил үү гэдэг л байна.

Цагдаагийн байгууллагыг иргэнд үйлчилдэг, үйл ажиллагаагаа олон нийтэд түшиглэсэн, хаалттай биш нээлттэй, даргад биш хуульд захирагддаг байгууллага болгох уу гэвэл болгоно. Олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааны хүрээнд оюутан цагдаа, school police, олон нийтийн цагдаа гэх мэтчилэн иргэдтэйгээ хамтран хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг шинэ арга хэлбэрүүд бий болсон. Цагдаагийн байгууллагын аюулгүй байдлыг хүртээмжтэй болгоё гээд Улаанбаатар хотод зургаахан байсан цагдаагийн хэлтсийг 14 болголоо. Хүртээмж нь хамаагүй сайжирч байгаа биз дээ. Цагдааг даргынхаа үгээр ажиллах биш, хуулийн дагуу иргэнд үйлчилдэг болгоё, иргэнээ хүндэтгэсэн харьцааны соёлтой болгоё гэсэн зорилго тавьсан. Алдаг оног зарим нь ажиллаж эхэлсэн. Нэгэнт иргэнд үйлчилдэг хууль сахиулагч байхын тулд иргэний хяналтад цагдаагийн үйл ажиллагааг оруулж, тайлагнах тогтолцоотой болгох ёстой. Үүнийг хийхэд цэрэгжсэн, хаалттай зохион байгуулалт садаа болоод байгаа тул түүнийг өөрчилж иргэншүүлэх шаардлагатай. Энэ бүхэн чинь бүгд л хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. Нөгөө талд нь цагдаагийн жирийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилтууд байсан. Суманд ажиллаж байгаа цагдаагийн нийгмийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тэгээд энэ зүйлс яагаад буруу байсан юм гэхээр хэн ч дуугардаггүй. Зүгээр л гомдсон гээд байгаа цагдаагийн хэдэн дарга, цолоо хураалгасан хэдэн нөхдүүд л байгаа шүү дээ. Иргэнд зориулсан энэ шинэтгэл өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой. Түүнийг нь дөвийлгөн гаргаж ирээд шинэтгэлийг баллуурдаж байна л даа.

-Гэлээ ч гэсэн хуулийг нь хүртэл буцаах байдлаар ингэж баллуурдахын эцсийн зорилго нь юу гэж?

-Эцсийн зорилго нь зүгээр л сандал ширээний хэрүүл. Эргээд харахаар тэр зорилт, шинэтгэлүүдийг ухрааж байгаа алхмууд нь хэн нэгэнд өр төлсөн, сандал ширээний төлөөх хэрүүл байсан гэж харагдаж байгаа учраас миний дургүй хүрч байна. Гэхдээ энэ чинь ирж яваа цаг. Хэн нэгний өр төлөөд дуусах бол дөрвөн жилийн л асуудал. Ирж яваа цаг гэдэг 40 жилийн асуудал юм. Хүссэн хүсээгүй хүмүүс юу нь зөв, буруу байсан гэдгийг ялгадаг болчихсон.

-Гэвч тэр ирж яваа цаг хэр удаан хүлээлгэх юм бол. Лав ирэх дөрвөн жилээр хэмжигдэхгүй нь бололтой. АН доторх фракциудын зөрчил, хэрүүл, хагарлыг хараад байхад тэгж харагдаж байна?

-Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй юм аа. Усны түрлэгийг юугаар ч хаасан зад тавьдаг…

-Хараад байхад Д.Дорлигжав сайд та хоёрын дунд ямар нэг хувийн өс хонзон гэхээр зүйл байдаг уу?

-Хувь хүн гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол нь бодлогын зөрчил байдаг. Явж байгаа бодлогыг нурааж байгаа хүнийг хувь хүний талаасаа зөрчилгүй байлаа ч яаж таатай хүлээж авах юм. Хэцүү ш дээ. Тэр хүн Ерөнхий прокурор байхдаа хамгаалж, хоохойлсон цагдаагийн гүйцэтгэх ажлууд байна. Эхлээд хар тамхины хэрэгт холбох гэж, дараа нь албан тушаалын хэрэгт оруулах гэж оролдсон. Эцэст нь нэг эмэгтэйтэй унтуулсан. Хэвлэлээр захиалж бичүүлсэн зүйлээ УИХ-д “маш нууц” гэсэн тамгатай бичгээр явуулаад, чуулганы хуралдаан дээр орж ирж өөрсдөө тэрийгээ хаалттай ярьсан болоод, олон нийтэд аймшгийн гэмт хэрэгтэн болгож харагдуулах гээд яаж л явлаа. Сайдын суудлын төлөө эхийгээ ч зарахад бэлэн ийм хүмүүсийг харах таатай биш л дээ. Түүнээс болоод тэвчихгүй хэлэх үг бас байна.

-Энгийн хүмүүс шиг уулзаад ярилцаж болоогүй юм уу?

-Өмнө нь уулзаад энгийн сайхан ярьдаг л байсан. Одоо бол хэт өндөр дээрээс шүлсээ хаяж байгаа хүний өөдөөс ам ангайх дэмий биз дээ.

-Хуулийн салбарын шинэчлэлд цаашид юу тулгарах бол? Үргэлжлэх үү, эсвэл үгүй юу?

-Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Тэр галт тэрэг эхлээд хурдаа авч хүрэх ёстой газраа дөхөх боломж байсан бол одоо замынхаа дунд очоод зогсчих магадлалтай болчихлоо. Одоохондоо галт тэрэг зогсоогүй. Хүмүүс амьдарч буй нийгмээ, тогтолцоогоо байнга сайжруулахын төлөө явдаг. Байнгын сайжруулалтын үр дүнд л тайван сайхан амьдрал бий болдог. Түүнээс ганц төгс зүйл хийчихээд болчихлоо гээд сууж болохгүй. Хүн л болсон хойно алдана, ононо. Тиймээс энэ шинэтгэлийг байнга сайжруулах ухаалаг хүмүүс цаг цагтаа гарч ирээд, хийгээд л явна. Сайжирсан тогтолцооны үр шимийг олон мянган хүн хүртсээр байх болно. Энэ бол хэн нэг хүнд хаяглагддаг зүйл биш. Амьд үргэлжилдэг процесс.

-Сүүлийн үед Ардчилсан намынхан хоорондоо таарамжгүй байгаа дүр зураг ажиглагдах боллоо. Энэ нь бүлэг дээр ялангуяа илүү тодорч байна. АН-ын залуу гишүүний хувьд өрнөж буй эдгээр процессуудыг хэрхэн харж байгаа вэ?

-Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг. Гэхдээ энэ нь намтай холбоогүй л дээ. Намын удирдлагын түвшний хүмүүс болон лидерүүдтэй холбоотой асуудал. Эсвэл намаар дамжиж өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хийдэг ажил. 1996-2000 онд ийм л байсан. Үүний дүнд С.Зориг нас барсан. Маш олон хүн хэлмэгдэж, зарим нэг нь амьдралаараа хохирсон. Зарим нь шоронгоос гарч ирээд амь насаа алдаж байсан тохиолдол хүртэл бий. Нэг нэгэндээ хэтэрхий гүн сорви үлдээдэг муу зуршил өнөөдөр ч арилахгүй байна. Ний нуугүй хэлэхэд өрсөлдөгч намынхаа бодлого зөрүүтэй улстөрчдөөс хавьгүй илүүгээр өөрөө өөрсдийгөө үзэн ядах юм. Өш хонзон санах юм. Хүнд үзэл бодлын зөрүү байж болно. Үзэл бодол өөр байлаа гээд ардчилсан зарчмаар олонхийнхоо саналыг дагахын оронд хууль хүчний байгууллагыг оруулж ирээд нэг нь нэгийгээ шоронд хийчих юм. Нэгнийхээ амьдралаар тоглох гэж оролдох юм. Энэ нь эцсийн дүндээ эдгэшгүй шарх сорви үлдээж байна. Мэсний сорви арилдаг, үгийн сорви арилдаггүй гэдэг. Ярилцаж байгаад хэрэлдэж шүүмжлээд, ширээ шаагаад босч явах бол улс төрд байдаг л зүйл. Харин эсрэгээрээ өөрийнхөө удирдлага доор байгаа хууль хүчний байгууллагыг хөдөлгөөд гэр бүл, амьдралаар нь тоглох гэж оролдоно гэдэг дэндүү л дээ. Тэр шарх чинь аньдаггүй байхгүй юу. Ардчилсан намын энэ үзэгдэл 1996-2000 онд ч байсан. 2012-2016 онд ч энэ үзэгдэл давтагдаж байна. Энэ нь АН-ыг муухай харагдуулж байгаа. Уг нь нэг намд байгаа болохоор үзэл баримтлал, үнэт зүйл нэг гэж харж болохоор хүмүүс атал авсан шарх, өгсөн сорвиосоо болоод нэг намд зэрэгцэн оршиж чадахгүй хэмжээнд хүртлээ үзэн ядалцаж байна. Үүнээсээ болоод эв түнжингүй болчихоод байна. Хамгийн аймшигтай нь гудамжинд байхдаа зүв зүгээр байсан хүмүүс эрх мэдэлд очихоороо эвдэрчих юм. Энэ хамгийн том аюул. Үүнд намын жирийн гишүүд огт хамаагүй. Тэр тусмаа АН-ыг дэмждэг ардчиллын төлөө яваа хүмүүс бүр ч хамаагүй. Тэнгэрийн суудалтай юм шиг дээр гарчихаад байгаа цөөхөн хүмүүсийн л асуудал.

25 жилийн өмнө ардчиллыг эхлүүлсэн хүмүүс дотор лидер шиг лидер яваа хүмүүс бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Үнэт зүйлээ гээгээгүй, итгэл үнэмшилтэй, тулхтай, асуудлыг ноён нуруутай шийддэг, залуусаа дэмждэг хүмүүс ч байдаг. Гэхдээ тэр дунд анхны үзэл баримтлалаасаа ухарч, үнэт зүйлээ гээчихээд, шүүмжилж байсан хүмүүсийнхээ дараагийн дүр төрх болоод хувирчихсан хүмүүс их болчих гээд байгаад жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлээ шууд хэлчих зориг, тэвчээр ч байх хэрэгтэй. Бүгдийг нь зулгуйдаад явна гэж байхгүй.

-Намын лидерүүд гэхээр 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж явж байсан нөгөө л хэдэн хүн. Одоо ч гэсэн эрх мэдлийн оройд хэвээрээ. Залуучууд хаана байна?

-Манай намын хуучин лидерүүдийн цөөнгүй хэсэгт нэг хатуу итгэл үнэмшил байдаг юм. “Залуучууд чадалтай бол хаалгаа өшиглөөд ороод ир” гэдэг. Тийм учраас залуус өөрийнхөөрөө байвал хүнд сорилт, таагүй нөхцөл дундаас олон шарх авч шовойж гарч ирнэ. Тэгэхгүй гэвэл хэн нэг лидерийн цүнхийг барьж, араас нь гүйж, зарим газар түрийвч, зарим газар улаан хамгаалагч нь болж байж эдэлбэр газарт нь хурган дарга хийнэ. Тэгэхээр эрүүл саруул бодол алга болчихдог. Энэ бол ганц Ардчилсан намд биш, бусад намуудад ч байгаа түгээмэл үзэгдэл. Улс төрийн намуудад дотоод ардчилал байхгүйтэй холбоотой. Намуудын санхүүжилт ил тод биш байгаатай холбоотой. Бодлогын эрүүл саруул өрсөлдөөн биш албан тушаал, эд хөрөнгөө яаж хуваалцах вэ гэдэг өөр уралдаан руу орсноос улбаатай. Үүнийг өөрчлөхийн тулд улс төрийн намуудаа өөрчлөх ёстой. Ерөнхийлөгч ч энэ цэгийг олж харсан учраас улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр шийдсэн хэрэг.

-Ирэх жил сонгууль болно. Гэвч Улс төрийн намуудын болон Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх асуудлын дараалалт багтсангүй. Энэ бүгдийгээ өөрчлөх юм уу, үгүй юу?

-Өргөн баригдаагүй хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд бичдэггүй. Өргөн баригдаад явчихвал яаралтай хэлэлцэх ёстой хуулиуд л даа. Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих гээд дуншиж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч хангалттай хийлээ. Албан ёсоор хууль тогтоох байгууллагад оруулаад хэлэлцүүлэх цаг нь болсон.

-Яг ямар хуулиуд гараасай гэж бодож байгаа вэ?

-Өмнөх хуулиудаасаа сургамж аваад урагшаа алхсан хууль л гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр юун дээр итгэл үнэмшилтэй байна вэ гэхээр хүчтэй Ерөнхий сайдтай болох ёстой. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн өөртөө авч чаддаг парламентын засаглал бүхий улс болох шаардлага байна. УИХ нь УИХ шиг ажиллаж, Засгийн газартаа хяналтаа тавьсан шиг тавьдаг, гэхдээ гүйцэтгэх эрх мэдэл рүү ороод эрх мэдэл булаацалдаад байдаггүй. Ерөнхий сайд нь кабинетаа бүрэн мэдэж ажилладаг, хариуцлагаа бүрэн хүлээдэг, ажил хийдэг, мэргэшсэн захиргаатай байх ёстой. Түүнээс биш фракциудын төлөөлөл гээд УИХ-ын жижигрүүлсэн хувилбар болчихоод улстөржөөд суугаад байж болохгүй. Улс төр хийх нь УИХ дээрээ л байдаг юм байгаа биз. Эрх мэдлийн хуваарилалтын энэ гажгаа засах хэрэгтэй. Улстөржих газраа улстөржихгүй болохоор Засгийн газрын кабинет дотроо хүртэл талцаад улстөрждөг боллоо. Яам, агентлагуудыг фракц бүү хэл хувь хүн эзэмшээд эхэлчихлээ. Энэ чинь Засгийн газрын кабинетын зарчим, гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдал гэх ойлголтууд байхгүй гэдгийг харуулаад байна. Монгол Улсыг нэгдмэл улс гэчихээд аймгуудаараа хуваагдаж, салбараараа өмчлөгддөг энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай. Тэгэхгүй бол энэ үзэгдэл Монгол Улсын суурь аюулгүй байдалд заналхийлээд эхэллээ. Монгол Улс нэгдсэн улс боловч “нэгдмэл бус улс”-ын шинж рүү явчихлаа. Холбооны улсад ч ийм систем байхгүй. Фракц, хувь хүн, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг салбараар нь эзэмшинэ гэдэг нь бүрэн бүтэн тусгаар, бүгд найрамдах улсын суурь эвдэгдэж байна гэсэн үг. Энэ бол аюул. Энэ аюулаас бид салахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.

Манайх шиг парламентын засаглалтай улсад байж боломгүй нэг алхам хийсэн нь намын дарга, Ерөнхий сайд хоёр тусдаа байгаа явдал. УИХ-ын дарга намын дарга байна гэдэг ч бас том зөрчил. Бусад орнуудад намаас түдгэлздэг албан тушаал дээр бид бүүр нөгөө тийш нь саваад намын дарга тавьчихаад байгаа. Үнэн чанартаа УИХ-ын дарга нь хоёр дахь Ерөнхий сайдыг бий болгочихож байгаа юм. Ингээд эрх мэдлийн давхар хуваарилалт үүсч, нам доторх зөрчил, тэмцэл бий болж байна. Нэг нь нэгийгээ хэмлэдэг, хэлмэгдүүлдэг, заримдаа төмөр шиг хатуу өширхсөн энэ зөрчлийн үртэс нь энгийн хүний амьдралд овоолсон хог болж, үр хүүхдийнхээ ирээдүйг олж харах нүдийг сохолж байна шүү дээ. Уг нь эрх мэдлийн хуваарилалт эрэг шураг нь зөв таарсан машин шиг Монгол Улсыг хөгжил рүү хөтлөх ёстой.

-Засгийн газрыг огцруулна, Засгийн газрын гишүүнийг огцруулна л гэх юм. Гэтэл ҮХЦ “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэж шийдвэр гаргасан. Харин УИХ хүлээж аваагүй. Үүний үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог, өөрчилдөг тэр тогтолцоо руу очих ёстой гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль тийм боломж олгохгүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болно. Үндсэн хуулиар боломжтой зүйлийг Цэц боломжгүй мэт тайлбарлан “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэдэг дүгнэлт гаргасан нь алдаа л гэж би харж байна. Үндсэн хуульд цагаан дээр хараар биччихсэн зүйл, заалтуудыг нүдээ аниад байхгүй мэт явж болохгүй байх. Түүнээс биш Цэц Засгийн газраас авлига авч, шийдвэр гаргасан энэ тэрийг бол би мэдэхгүй. Энэ байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төр хариуцдаг. Үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай санхүү болон техник, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар хуулийн хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж байгаа бол буруутгах шаардлагагүй.

-Сүүлийн үед таныг хамаатан садандаа орон сууц өгсөн талаар мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Хэвлэлээр хар тамхины хэрэгт гүтгэж, хүүхэнтэй унтуулж, ямар ч үнээр хамаагүй нэрийг нь бохирдуулаад үлдээе гэсэн өмнөх технологитой л адилхан байхгүй юу. Баахан хамаатан садандаа байр өгсөн гэж хэвлэлээр цуураад, дараа нь сэтгүүлчдийг дуудаад, Хууль зүйн яамны тамгын газрын дарга нь “Сэтгүүлчид асуусан болохоор хэлж байгаа юм. Тэмүүжин ер нь хууль зөрчсөн байж болзошгүй” гэх ухааны юм хэлээд сууж байдаг. Яахав дээ, хүн бусдыг өөрөөрөө л хэмждэг юм. Өөр шигээ л бодсон биз. Захын хуульч хэдий шуналтай байлаа ч ийм гэнэн, тэнэг зүйл хийхгүй. Малын эмч хүн хуулийн ажил хийвэл харин магадгүй л юм. Би энэ асуудлыг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ хүргүүлчихсэн. Тэд шалгаад тодруулаад гаргаад ирэг. Тэр дунд ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч гэсэн хамаатан гараад ирээсэй билээ. Шинэ хамаатантайгаа танилцчихмаар л байна шүү.

-Гэхдээ энэ бүх мэдээллүүд бүгд таны ойр орчин, нэг намынхнаас гараад байна. Гомдолтой биш үү?

-Урагшаа гараад тулааны талбарт өрсөлдөгчидтэйгөө ширүүхэн үзэж чаддаггүй хэрнээ окопон дотроо дэргэдэх хүмүүсээ “Түгжилдээд” суудаг хүмүүс манай намд олон бий. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалд намын нэрээр байнга очдог нь ч нэг бус бий. Тэр хүмүүстэй хэл ам хийгээд явна гэхээр намын нэр хүнд уначих гээд. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гээд хүлцэнгүй яваад байтал энэ бүхэн хэрээс хэтэрлээ. Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо гэдэг шиг намынхаа “Түгжилүүд”-ийн хийдэг ажлыг дэлхийгээр нэг зарлаад яахав гээд чимээгүй тэвчээд байтал тэр нь энэ хэмжээнд ирж байгаа юм бол хагарвал ч хагараг л дээ. Өрсөлдөгчидтэйгөө ханилж, өөрсдийнхнөө намнадаг энэ байдал чинь бүр 1996-2000 оноос эхтэй. Тэр үеийн улс төрийн туршлагаараа өнөөдөр амьдрах гэж оролдож байгаа энэ хүмүүс бол АН доторх томоохон хорт хавдар л даа.