Categories
мэдээ цаг-үе

Зуун зуунаар мөнхөрч үлдэх “БИТЛЗ” хамтлаг

Хэдэн зуун мянган жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид домог гэж ярьдаг. Ингэж дэлхийн зургаан миллиард хүний оюун санаанд үлдэж, жинхэнэ амьд домог болсон Их Британийн нэгдсэн вант улсын “Beatles” хамтлаг, тэдний уран бүтээлийн талаар товчхон дурсъя. Энэ агуу хамтлагийн талаар бичихэд нэг нүүр битгий хэл, нэг бүтэн ном ч багадах билээ.

XX зууны поп хөгжмийн амьд домгийн түүх 1957 онд 16 настай хүү Жонн Леннон болон 14 настай Пол Маккартни нарын танилцаж нөхөрлөснөөс эхлэлтэй. Сонирхол, хобби нэгтэй найзууд удалгүй хамтлагийн гуравдагч гишүүн Жорж Харрисонтой танилцаж поп рок урсгалийн хамтлаг байгуулжээ. Хамтлагийн хамгийн анхны нэр нь “The Quarrymen” байв. Үүний дараа тэд хэд хэдэн удаа нэрээ сольсон. “Long John and Silver Beatles” гэж байснаа бага зэрэг товчилж “The Silver Beatles”, сvvлдээ “The Beatles” болжээ. Түүхэнд үлдэх энэ нэрийг Жон Леннон, Льюиса Кэроллын “Алиса vлгэрийн оронд” гэдэг багынхаа дуртай номноос санаа авч өгсөн байна. “Beat­les” гэдэг үг нь англиар “Beat”-цохилт, “Beetles”-цохнууд гэсэн хоёр vгийн товчлол аж. Нэрэндээ “цохнууд” гэдэг үгийг оруулах болсон нь хамтлагийн гитарчин Жорж Харрисон болон Полл Маккартни нарын гитараа тоглох байдлаас болсон хэрэг. Солгой гартай Полл Маккартни баруун гар талдаа, зөв гартай Жорж Харрисон зүүн гар талдаа зэрэгцэж зогсоод хөгжим тоглоход гитарнуудынх нь хоёр гар цохын эвэр шиг хоёр тийшээ сэрийж харагддаг байсан тул ийн нэрлэсэн гэдэг.

Хэдийгээр 1957 онд хамтлагийн үндэс суурь тавигдсан ч 1960 онд дуучин, гитарчин Жон Леннон, гитарчин Пол Маккартни, гоцлол гитарчин Жорж Харрисон, басс гитарчин Стюарт Сатклифф, бөмбөрчин Пит Бест нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хамтлаг байгуулагдаж байсан. Гэвч Ливерпүүл хотдоо алдаршаад төд удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гарч бөмбөрчнөөр Ринго Старр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. “Битлз” хамтлаг таран тартлаа энэ гишүүнээрээ явсан билээ.

XX зууны хөгжмийн хөгжилд хүчтэй нөлөөлж “Рок хөгжмийн Моцартууд” гэгдэх болсон энэ хамтлагийн нэг ч гишүүн хөгжмийн боловсрол эзэмшээгvй юм. Дээд байтугай анхан шатны боловсрол ч байхгүй. Хөгжим болоод урлагийн талаар “А” үсгийн ч мэдлэггүй хөвгүүд цэвэр мэдрэмж, авьяасаарааа гитар сурч, дуу зохиож эхэлжээ. Энэ vед тэдэнд дуурайгаад сургуулилчих юу ч байгаагүй гэдэг.

“Битлз” хамтлагийг жинхэнэ амжилт руу хөтөлж чадсан хүн бол Брайн Эпстайн гэгч менежер байв. Түүнгүйгээр “Битлз” хамтлаг хөгжмийн олимпийн оргилд хүрч чадахгүй байсан гэдэг. 1961 онд Брайн Эпстайны хөгжмийн дэлгvvрээс худалдан авагчид “Битлз” гэдэг vл мэдэгдэх хамтлагийн “Му Bonnie” пянзыг олонтаа асуусан гэдэг. Брайн ч пянзны эзэд болох хамтлагийг хайж, лавлах эргvvлсээр ойролцоох нэгэн клубт “Битлз” гэдэг хамтлага тоглодгийг мэджээ. Сонирхолдоо хөтлөгдөж ирсэн тэр ганцхан минутын дотор “Cavern” клубт сэтгэл татагдсан гэдэг. Клубын уур амьсгал, “Битлз”- ийн цогтой дуунуудад цочирдсон Эпстайн, энэ хамтлагийн ирээдvйг цогцлоохоор шийдсэн байна.

“Битлз” хамтлагийн жинхэнэ амжилт, уртаас урт алдрын жагсаалт 1962 оны арваннэгдүгээр сарын 26-нд бичүүлсэн “Please please me” дуунаас эхлэлтэй. Энэ нь тэдний хоёр дахь сингл байв. Энэхүү дуу тухайн жилдээ Их Британийн албан ёсны хит парадад хоёрдугаар байр эзэлж, NME жагсаалтад нэгдүгээр байрт жагсч байжээ. Үүнээс хойш гурван сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж амжилтын эхлэл болсон “Please please me” дуугаараа цомгоо овоглож байжээ.

Тус цомгийн дараа амжилт, алдар нэр үргэлж дагалдах болж, уртаас урт цол, шагналын гуншин үргэлжилнэ. Тэдний зөвхөн нэгдүгээр байранд жагсч, тэргүүлж байсан сингл, альбомууд нь 40 хол давна. Нэгдсэн вант улсын түүхэнд гэлтгүй хөгжлөөрөө тэргүүлэгч ихэнх орнуудад тэд энэхүү амжилтаа баталж, хөгжмийн ертөнц дэх хаанчлалаа тогтоож чадсан юм. Их Британийн хөгжмийн “EMI” компани 1985 оны нэгэн мэдэгдэлдээ “Битлз” хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон хуурцгийг зарсан гэж байв. Дэлхийн нийт хүн амын зургаан хүн тутмын нэгд хуурцгаа түгээж чадах ийм агуу хамтлаг, дуучин ховорхон биз ээ.

Гайхамшигт “Битлз” хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа арван жилийн дараа буюу 1970 онд тарсан билээ. Тэдний хамгийн сүүлчийн цомог бол алдарт дуугаар нэрлэгдсэн ” Let It Be” цомог юм. Хамтлагийн гишүүд тарснаасаа хойш ч хувь, хувийн уран бүтээлээ туурвиж амжилттай ажилласаар байсан.

Тэдний амжилт, хөгжмийн урлаг дахь нэр нөлөө одоо ч хуучраагүй нь энэ хамтлагийг амьд домог гэдгийг батална.

Тухайлбал, 2004 онд Роулинг Стоун сэтгүүлээс гаргасан “Бүх цаг үеийн шилдэг 100 Хамтлаг” жагсаалтад нэгдүгээр байрт жагссан бол, 2013 онд “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг тодруулахад мөн л нэгдүгээр байрт жагссан юм.

“Битлз” хамтлагийн нэрийн хуудас болсон, хамтлагаасаа дутуугүй нэр хүнд олсон хоёр уран бүтээлийнх нь орчуулгыг хүргэж байна.

“Битлз” хамтлагийн хамгийн сүүлчин ” Let It Be” цомог 1970 оны тавдугаар сарын 8-нд Их Британид гарсан юм. Мөн оны тавдугаар сарын 13-нд Америкийн нэрт продюсер “Фил Спекторын бvтээсэн Let it be” кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарч эхлэхэд “Битлз” хамтлаг хэдийнэ тарчихсан байлаа.

“Ийм л байдаг”

Хүнд хэцүү цагт өөрийгөө олоход

Хүндэт Мэри эх над дээр ирээд

“Хорвоо ийм л байдаг” гэж мэргэн үгээр итгэл хайрлана

Хар дарсан зүүд шиг үед ч

Хажууд минь тэр ирж зогсоод

“Болох л юм болж байна” гэж тэвчээр хайрлана

Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм

Амьдрал ийм л байдаг юм гэж ухаан хайрлана

Зүрх нь эмтэрсэн хүмүүс гудмаар нэг холхивч

Сэтгэлээ нэгтгэж чадвал хариулт нь олдоно оо “ийм л байдаг юм, ийм л байдаг юм”

Салсан бүхэн уулзах л болно, заавал уулзана

Санаагаар болдоггүй хорвоо доо гэж гэмшил хайрлана

Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм

Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана

Үүл нөмөрсөн харанхуй шөнө ирлээ ч

Үүрийн гэгээ гийнэ

Өдөржин нар мандана

Үнэний жамтай хорвоо ийм л байдаг юм гэж урам хайрлана

Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана

“Yesterday” дуу 1965 оны есдүгээр сард төрсөн юм. Энэ дуу Их Британи болон Америкийн шилдэг дууны жагсаалтад гурван сарын турш тэргүүлж байв. Энэ дууны 2200 гаруй ковер байдаг. “Битлз” хамтлагийн “Yesterday” буюу “Өчигдөр” дууг Монголын “Битлз”-ийн фэн клубын гишүүн, продюсер Ж.Буд-Эрдэнийн орчуулснаар хүргэж байна.

Өчигдөр

Өчигдөр зовлон жаргалаа ухаарсангүй

Өчигдар чамтай анх учирснаа би

Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ

Бүсгүй чиний ариухан сэтгэлд чинь уярчээ

Дурлалын үгээ

Дурлалын үгээ чамд хэлюү гээд

Би өчигдөр хэлж амжсангүй ээ

Яагаад чи намайг үүрд орхиод явсан юм бэ

Хайрт минь, өчигдөр чи бидэнд эргэж ирэхгүй ээ

Амьдрал минь өчигдөрхөн аз жаргалтай байж

Өчигдөр чамтай анх учирснаа би

Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ

Categories
мэдээ цаг-үе

Малчид 109 дугаарт залгаж бүх төрлийн мэдээллийг үнэгүй авах боломжтой боллоо

Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд “Малчны лавлах 109” мэдээллийн төв нээгджээ. Ялангуяа малчид энэхүү төвийн 109 дугаарын лавлах утсанд холбогдож бүх төрлийн мэдээллийг авах боломж бүрджээ. Тус лавлахад очиход нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. Нийслэл болон хөдөө орон нутгаас малчид холбогдож ихэнхдээ алдагдсан малын зар өгдөг байна. Одоогийн байдлаар зургаан оператортой ажиллаж байгаа аж.

“Малчны лавлах 109” төвийн гүйцэтгэх захирал Б.Дэшигсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Лавлахынхаа үйл ажиллагааны онцлогоос танилцуулахгүй юу?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа “Малчны лавлах 109” мэдээллийн төв нь малчдад зориулсан нэгдсэн мэдээ мэдээллийн сан бий болгож байгаагаараа онцлогтой. Малчдын тулгамдсан асуудлыг шийдэхэд манай лавлах бодитой хувь нэмэр оруулж, туслах зорилготой юм.

-Яг ямар төрлийн мэдээллийг ихэвчлэн хүргэж байна вэ?

-Цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж малчид малаа хаана явааг ч мэдэж чадахгүй хяналтаас гардаг. Түүнчлэн хулгайд малаа алдаж, хэнд хандаж яаж олж авахаа тэр болгон мэддэггүй. Мэдээлэл хомс байдаг. Тиймээс алдсан болон олдсон малын мэдээллийг нэгтгэж малчдад хүргэх үүрэгтэй ажиллаж байна. Мөн малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг авч холбогдох газруудад хүргэж, олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацаж ард иргэдийг сэрэмжлүүлэх болно.

-Малын тэжээл, мах, арьс ширний үнэ зэргийг ч лавлаж болох нь ээ?

-Бололгүй яахав. Малчдын лавласан бүх асуултад хариулт өгөх болно. Ер нь бүх төрлийн хэрэгцээт мэдээллийг мэдээллийн сандаа оруулсан байгаа.

-Үнэхээр шуурхай ажиллаж чадвал малын хулгай буурахад бодитой хувь нэмэр оруулах байх?

-Мэдээж гол зорилго бол газар аваад байгаа малын хулгайг бууруулах шүү дээ. Малчдын хувьд малаа эзэнгүй орхиж, эсвэл хүн хүчний дутмагаас болж, эсвэл шөнө оройн цагаар малын хулгайд өртдөг гэсэн судалгаа бий. Малын хулгай ихэнхдээ анхнаасаа төлөвлөгдсөн байдаг. Тухайн айлаа судалчихсан гэсэн үг. Тиймээс энэ тал дээр малчдын оролцоо маш чухал. Малаа алдсан даруйдаа малчид манай лавлах руу утасдаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид мэдээллийг хүлээж авангуутаа холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бусад хэвлэл мэдээллээр давхар зарлана. Энэ мэтчилэн зөвхөн манайх гэлтгүй олон талын хамтын хүчээр асуудлыг шийдэх юм. Товчхондоо хэлэхэд малчид алдсан нэг малынхаа араас цаг зав, бензин тос, мөнгө төгрөгөө гарздаж хий дэмий давхих шаардлагагүй боллоо гэсэн үг.

-109 дугаарын утсанд залгахад төлбөртэй юу?

-Манай 109 дугаарын утсанд залгасан хэрэглэгч танаас нэгж унахгүй. Аль ч үүрэн телефоны утаснаас залгасан үнэ төлбөргүй. Түүнчлэн 24 цагийн турш та мэдээлэл өгч, мэдээлэл авч болно гэдгийг хэлэхэд таатай байна.

Малчны лавлах өнгөрсөн зун туршилт хийсэн бөгөөд өдгөө үйл ажиллагаа нь жигдэрч байнгын үйлчлүүлэгчтэй хүртэл болжээ. Биднийг байх үеэр хэд хэдэн дуудлага ирэв. Мэдээллийн ажилтан буюу оператор тэмдэглэгч авч байна. “Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас 2015 оны аравдугаар сарын 21-нд хүрэн азаргатай унага, гүү нийлсэн 30-аад тооны адуу алдлаа” гэсэн зарыг хүлээж авав. Удсан ч үгүй дахин дуудлага ирлээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин холбогдож “Өглөө адуундаа очтол зээрд гүү алга болчихож. Бие томтой гүү байгаа юм” гэсэн мэдээллийг өгөв. Ихэнхдээ хөдөө орон нутгийн малчид тийм, ийм зүсний мал алдчихлаа гэж зар өгдөг юм байна. Мөн тус төвд одоогоор олдсон малын дөрвөн зар байлаа. Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гармын орчмоос сартай хүрэн морь, Төв аймгийн нутгаас 2015 оны тавдугаар сарын сүүлчээр гурван тооны адуу олдсон зар ирсэн байв. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Бичигтийн задгайгаас зүүн урд гуяндаа дээшээ харсан саран тамгатай 16 тооны адуу олдлоо гэсэн зар мэдээллийн санд байв. Тус 16 тооны адуу өнгөрсөн сарын 30-нд олдсон бөгөөд хонгор халзан, хээр зэрэг зүсмийн хэмээн нэг бүрчлэн тэмдэглэжээ. Төв аймгийн Баянцагаан сумаас хоёр тооны адуу олдсон гэсэн зар ирж байв. Учир нь цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг тул цагдаад тэмгдэглүүлсэн алдсан болон олдсон малын зар шууд тус төвд ирдэг юм байна. Урт хөлийн мал гэдэг утгаараа ихэвчлэн адуу алдагдсан зар ирдэг болохыг мэдээллийн ажилтнууд хэлсэн. Ингэхдээ хурдан удмын хүлэг алдагдсан дуудлага дийлэнх хувийг эзэлдэг байна. Харин олон тооны мал алдсан мэдээллийг малчид өгчихөөд олдсон тохиолдолд нь эргэж мэдэгдэхгүй явдаг байна. Хэрвээ лавлахад зарлаж тэмдэглүүлсэн бол олсон хугацаандаа ч мөн хэлж мэдээлж байх нь зүйтэй аж. ХХААЯ-ны малын мэдээллийн санд бүх зар бүртгэгддэг байна. Сүүлийн үед малчид эзэнгүй хээр яваа малыг өөрийн хот, мал сүрэгтээ нийлүүлчихээд харьяа орон нутгийнхаа цагдаагийн хэлтэст мэдэгддэг хэрнээ цааш мэдээллийг дамжуулдаг тохиолдол их болсон талаар Б.Дэшигсүрэн захирал анхааруулсан. Учир нь хуульдаа хэрвээ олсон малыг нэг жилийн хугацаанд эзэн нь ирж авахгүй бол тухайн малчинд болон орон нутгийн засаг захиргаанд тус малыг захиран зарцуулах эрх очдог байна. Үүнтэй холбоотойгоор малчид хүний малыг олсон ч цагдаад мэдэгдсэн нэрийдлээр цааш иргэдэд олсон талаарх мэдээллийг дамжуулахгүй, нууцаар маллах, мал хайж ирсэн хүнд худлаа ярьж улмаар өөрийн мал болгодог тохиолдол ихэсчээ. Тиймээс уг лавлах бий болсноор энэ байдал арилах гэнэ. Цагдаагийн ажилтанд өгсөн малтай холбоотой мэдээлэл уг лавлахад шууд ирэх юм байна. Тус мэдээллийг хүлээж аваад “Молор” телевиз, “Тодсураг.mn” сайтад зар өгч байршуулах аж. “Тодсураг.mn” сайтад байршсан мэдээлэл малынхаа зурагтай байх бөгөөд аль аймгийн аль суманд хичнээн тооны мал алдагдсан болохыг дэлгэрэнгүй тавьдаг байна. Одоогийн байдлаар тус лавлахад алдсан малын 100 гаруй зар, олдсон гэх таван зар ирээд байгаа юм байна.

Иргэд гал командын 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 дугаарын утсанд үнэгүй хандаж мэдээлэл өгч, авдаг байсан. Яг үүнтэй адил 109 дугаарын утас руу залгаж өөрт хэрэгцээтэй мал аж ахуйтай холбоотой мэдээллийг авч болох юм байна. Лавлахад хандаж буй иргэдийн мэдээлэл тухайн улирал, цаг үеийн нөхцөл байдлаас шууд хамааралтай гэнэ. Тухайлбал, тэнгэр муухайрсан өдрүүдэд малчид холбогдож хэзээ, хаана цас орох, салхи хэр хүчтэй байх зэрэг мэдээллийг авдаг бол одоо өвс тэжээлтэй холбоотой мэдээллийг их залгаж асуух болжээ. Хивэг, өвс, сайн чанарын эм тариа хэдэн төгрөг, хаанаас авч болохыг асуудаг байна. Зарим нь бүр хонины бэлчээр дээрээсээ залгаж маргааш цаг агаар ямар төлөвтэй байхыг асуугаад “Махны үнэ ханш хэдэн төгрөг байна” гэсэн асуулт хүртэл тавив. Хариуд нь мэдээллийн ажилтан “Үхрийн мах 5500 төгрөг” хэмээн асуулт бүрт нь холбогдох мэдээллийг өгч байлаа. Лавлахад хандсан хэрэглэгчид ч малын тухай мэдээллийг нэг дороос авч байх болсондоо сэтгэл хангалуун байгаа бололтой. Зарим хэрэглэгчид бүр өглөө болгон залгаж цаг агаарын мэдээлэл авдаг тухай ч ярьсан. Үүнээс гадна малын гоц халдварт өвчин, тус өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд зарлуулахыг анхааруулж байсан. Ингэснээр олон тооны малыг аюулаас гаргаад зогсохгүй цаг тухайд нь холбогдох арга хэмжээ авч болохыг онцолж байна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээллийг хүргээд зогсохгүй мэргэжлийн зөвлөгөө хүртэл өгөх аж.

Categories
мэдээ цаг-үе

Гацууртын ордын “нинжа” нарыг нэр бүхий начин удирддаг гэнэ

-ТЭНД БАЙГАА 300 ОРЧИМ ХҮН ӨМНӨ НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН АЖ-

Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга оролцож, “Гацууртын ордод хууль бусаар нинжа нар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан гурван мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Мөн “Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байгаа” хэмээсэн юм. Дээрх анхаарал татсан мэдээллийн араас нэхэн сурвалжиллаа.

ДИЙЛЭНХ НЬ ЗҮҮН ХАРААГИЙН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ГЭНЭ

Тус ордод хууль бусаар алт олборлож буй “нинжа” нарыг манай нэр бүхий улсын начин цолтой бөх толгойлдог гэнэ. Түүний удирдлага дор ажилладаг хүмүүс нь рецидив гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд тэд нүх амуудыг хуваарилах ажлыг хийдэг аж. Ухсан нүхнээс нь алтны судал гарч ирэх юм бол тэд бусдад зарах, өөрсдөө ухах эсэхээ шийддэг. Энэ хүмүүсийн дийлэнх нь хоёр, гурван удаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн. Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байсан хүмүүс тэдэн дунд их байдаг гэнэ. Хэдийгээр энгийн иргэд байгаа ч тэд рецидивүүдийн үгнээс гардаггүй юм байна. 1800 орчим “нинжа” байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний 300 орчим нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс аж. Гацууртын ордод “нинжа” халдлаа гэх боловч үнэндээ тэр хавийг дээрх начны удирдлага дор ажилладаг хүмүүс нь хянадаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АЙМААР НАЧНЫ СУРАГ

Энэ начин хэн болохыг бид албаны болон орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад “Нэг начин бий. Аймаар начин, нэрийг нь хэлчих юм бол хоёр, гурван хүн дагуулж ирээд юутай хийтэй нь түйвээчихдэг. Хэн хэлснийг дор нь мэдчихдэг. Хуулийн нэгэн байгууллагад ороод “Та нар харсан юм уу. Нотлоотох” гэж хэлээд хариу ч сонсолгүй шанаадаж унагахыг нь унагаад, орсон өрөөгөө түйвээгээд гарсан түүхтэй.Тийм хэрэг хийснийх нь төлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Нөгөө хүмүүс хохироод үлдэж байсан” гэв. Өөр нэг эх сурвалж “Түүний нэрийг мэдээд хэрэггүй, цагдаагийнхан ч мэдэж байгаа атлаа дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Манайдаа бол рецидив бөх. Түүнийг андахгүй. Улс төрийн нэг том албан тушаалтны халхавчинд байдаг. Хүргэн ах нь манай спортын нэртэй тамирчин” гэж хэлэв. Энэ мэтээр начны тухай ярьж чадаж байгаа мөртлөө түүний нэрийг хэлэх зүрх зоригтой хүн олдсонгүй. Тэр аймаар начны нэрийг хэн ч хэлж өгч чадахгүй байсан учир нэрийг нь мэдэж чадсангүй. Юутай ч аймаар л начин Гацууртын ордод хууль бусаар алт олборлож байгаа “нинжа” нарыг толгойлж, алсаас удирддаг юм байна. Сураг сонсохнээ тэр начин нутаг орондоо ч рекет гэдгээрээ алдартай гэнэ. Мандал сумын нэгэн иргэн ярихдаа “Бөхчүүд болон рецидив гэмт хэрэгтнүүд алт ухдаг болсон гэж дуулсан. Алт ухахаар очсон нутгийн иргэдийг тийшээ ойртох юм бол “бялба” нүдээд явуулчихдаг. Тийшээ ойртож очдог ч хүн байхгүй болсон. Тэд дийлэнхдээ шөнийн цагаар алт хууль бусаар олборлодог. Сум дундын цагдаагийн тасгийнхан ч өөрснөө тийшээ очихоосоо эмээдэг. Нэг начин тэр “нинжа” нарыг толгойлдог гэж дуулсан. Үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа. Холоос дурандахад ургаа мод, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаж харагддаг. Нүх хоорондын зай метр орчим л байх. Зарим нь 20 см-ээс хэтрэхгүй ойрхон байж мэднэ. Гүн нь 5- 6 метр гэнэ лээ. Ухсан нүхний дэргэдүүр үүргэлсэн нэг нь өнхөрч, шороонд дарагдсан гэж ярих юм билээ. Тэр хавийн газар шуудайтай шороо үүрсэн хүнийг даалгүй цөмөрдөг” гэж ярьсан юм.

НҮХ, ШОРОО БУЛААЛДСАНААС НЭГНЭЭ ХУТГАЛЖ ГЭМТЭЭСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

Энэ ордод нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч байсан аж. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдол ч хэд хэд гарчээ. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрдаг гэнэ. Энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон байна. Гацууртын ордоос алт олборлохоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 500 орчим нинжа цуглаад байсан ч одоо 1800-д хүрсэн байна. Цагдаагийнхан 25 удаа очиж ажиллан иргэдийг тараасан ч хамгаалалтын бүс рүү дайран орох явдал даамжирсаар байгаа юм байна. Өнгөрсөн сарын 11-ний үүрийн 04:00 цагт 300 гаруй нинжа 50 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр Гацууртын орд руу дайрсан байдаг. Харамсалтай нь энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, УБТЗ ангийн гэрээт харуул О.Амаржаргал гэх 26 настай залуу шороонд дарагдсан. Азаар тэр үед “нинжа” нарыг уулнаас буулгаж явсан дохиолол, харуул хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-ийн хамгаалагч нар 04:30 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл дарсан шороог нь ухсаар таван метрийн гүнээс гарган авч, сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч байсан удаатай. Одоохондоо хүн амины хэрэг гараагүй хэдий ч байдал өдөр бүр хүндэрч байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

ХАМГААЛАХ АЖИЛД 20-30 САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГАДЖЭЭ

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваагийн хэлж буйгаар “Гацууртын орд руу “нинжа” нар бүлэглэн дайрах явдал олон гарч байна. Энэ өвлөөс хойш 10 орчим удаа орд руу дайрсан. “Нинжа” нараас ордыг хамгаалах ажилд бараг 20-30 сая төгрөг зарлагадсан. Гацууртын ордын нөөцийн хэмжээг сонссон “нинжа” нар байнга нууцаар ухах гэж ирдэг болжээ. Ихэнхдээ Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Заамар сумаас “нинжа” нар хулгайгаар газар ухахаар ирдэг. Тэдний хэд нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болохыг мэдэхгүй байна. Гэмт хэрэгтнүүд цуглаж байна гэсэн ам дамжсан яриа бол байдаг. “Нинжа” нарын дунд судалгаа хийгээгүй болохоор хэн нь ямар ял шийтгэлтэйг мэдэх юм алга. Мандал сумын Засаг даргын Тамгын газар, цагдаагийн газар, “Ойн сан” нөхөрлөл зэрэг байгууллагуудтай хамтран байнгын бэлэн байдалд, хамгаалалтад ажиллаж байгаа. Сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн дарга удирдлагуудтайгаа нийлээд 40. Хамгаалалтын албаныхантай нийлээд 50 болж байгаа юм. Ийм бие бүрэлдэхүүнтэйгээр 300 нинжагийн эсрэг тэмцээд хүч хүрэхгүй байна. Тэгээд ч хамгаалалтын алба галт зэвсэг ашиглах хориотой байдгийг “нинжа” нар мэддэг учраас айдаггүй. Тэд цагдаагийн дүрэмт хувцастай, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг ашиглах эрх бүхий цагдаагийн албан хаагчаас эмээдэг. Тиймээс ЦЕГ-т албан тоот илгээн хүч нэмэгдүүлэхийг хүссэн” гээд арга нь барагдсан шинжтэй өгүүлнэ лээ. Нутгийн “индианууд”-ын тухайд бусад нинжа нараас ялгагдах юмгүй, харин ч энд тэнд алт ухаад сурсны дээр газар нутгийн онцлогийг мэддэг, хаагуур яаж зугтахаа андахгүй, Ланд-80, 200, портероор унаажсан, мэргэшсэн нөхдүүд байдаг юм билээ” гэв.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

​Өвөрмөц шийдэлтэй “Blue sky”

Энэ удаагийн бүтээн байгуулалт буландаа бид “Blue Sky” буюу “Хөх Тэнгэр Цамхаг”-ийг онцоллоо. Тэнгэрийг бэлгэдсэн нэртэй, тэнгэр адил өнгөтэй энэхүү барилгыг нийслэл хотод үзээгүй, хараагүй хүн үгүй биз. Энэ аварга барилгаараа нийслэл хотынхоо өнгө төрхийг чимж, улс орондоо том хөрөнгө оруулалт хийсэн гавьяатнууд бол “Чоно групп”-ийнхэн юм. Тэд зүгээр ч нэг өндөр барилга бус өмнө нь баригдаж байгаагүй өвөрмөц архитектуртай, дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн Монгол Улсын хамгийн өндөр барилга барихаар зорьсон нь биеллээ амжилттай олсон билээ. Бүтээн байгуулагчид хамгийн өндөр барилгад хамгийн гоё үзэмжийг шингээхийн тулд гадаад, дотоодын олон архитекторчдоос санал авч, улмаар БНСУ-ын архитектурын “A Групп” компаниар цогцолборынхоо зураг төслийг гаргуулсан байна. Барилгын ажлыг 2006 оны долдугаар сараас эхлүүлж 2010 онд ашиглалтад оруулж байв.

Ашиглалтад орсон даруйдаа мөн оныхоо есдүгээр сард АНУ-ын “Council on High Buildings and Urban Habitat” буюу “Өндөр барилга, хот төлөвлөлтийн зөвлөл” хүрээлэнгийн “Дэлхийн улс орнуудын хамгийн өндөр барилгууд”-ын жагсаалтад Монгол Улсаа төлөөлөн орж олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш өдгөө таван жил өнгөрсөн хэдий ч энэ нэр хүндээ алдалгүй, хамгийн өвөрмөц шийдэлтэй, өндөр барилгын жагсаалтад тэргүүлсээр байна. Нэртэйгээ адил мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн өнгөтэй “Blue Sky” цогцолбор нь нийтдээ 105 метр өндөр, 25 давхартай. Гаднах фасад нь нэлэнхүйдээ шилээр бүрхэгдсэн энэхүү барилгын хамгийн дээд давхарт шөнийн одод бариад авмаар ойрхон харагддаг гэлцдэг. Дээд давхарт нь гарах хүсэлтэй хүмүүс ч олон байдаг биз. Хэлбэрээс нь үндэслэн манайхан “Blue Sky” цогцолборыг заазууран барилга, хуушууран, сэлмэн, цүдгэр гэх зэргээр янз бүрээр хошигнон нэрлэдэг.

Дарвуулт усан онгоцны хэлбэр бүхий “Blue Sky” цогцолборын архитектурын шийдэлд үндэсний хэв шинж болоод олон улсын онцлогийг нэг дор цогцлоож өгснөөрөө онцлог аж. Төв хаалгаар нь ороход монгол гэрийн баганыг санагдуулам хоёр багана бүхий цэлгэр танхим угтан авна.

“Blue Sky” ЦОГЦОЛБОРЫН ДОТОР ЮУ, ЮУ БАЙДАГ ВЭ?

Тус барилга нь зочид буудал, орон сууц, оффисын зориулалтаар баригдсан бөгөөд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

•Дээд зэрэглэлийн зочид буудлууд

“Blue Sky” цогцолбор нь дотроо хамгийн орчин үеийн интерьер дизайны засал тохижилттой таван одтой зочид буудлын 200 гаруй өрөөтэй. Зочид буудал нь барилгын 9-18 давхрыг бүхэлд нь эзэлнэ. Өрөөнүүд нь дотроо хамгийн дээд зэрэглэлийн буюу ерөнхийлөгчийн гэх тодотголтой “Presidential suite” өрөө нэг, “Blue sky suite” өрөө найм, “Mountain suite” өрөө гурав, “Plaza suite” өрөө долоо, “Urban suite” өрөө 14, “Sky corner deluxe” өрөө 16 “Sky deluxe K” өрөө 17 “Sky deluxe F” өрөө найм, хамгийн энгийн буюу “Sky superior F” өрөө 72 байдаг. Өрөө болгон өргөн тухлаг ор, 32-42 инчийн LCD зурагт болоод сүүлийн үеийн загварын тавилгуудаар иж бүрэн тохижсон.

Энд зочдын тав тухыг дээд зэргээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд VIP зочдод экспресс үйлчилгээ үзүүлэх “Executive Club Lounge”-тай юм. Манайд гадны улс төр, урлаг спортын томоохон зочдоо энэ л зочид буудалд байрлуулдаг заншил аль хэдийнэ тогтоод байгаа билээ.

Зочид буудлын хамгийн энгийн өрөөний үнэ нь хоногийн 300 мянган төгрөг ажээ.

•Пентхаус орон сууцнууд

Цамхгийн 19-23 дугаар давхрыг тансаг зэрэглэлийн пентхаус орон сууцнууд эзэлнэ. Эдгээр нь зөвхөн дэлхийд ховор, өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг мэдрэх цөөн тооны хүмүүст зориулагдсан. Шалнаас тааз хүрэх өргөн уудам цонх, гайхалтай сайн зохион байгуулалт, хээнцэр тансаг дотоод засал тохижилтоос гадна орон сууцны оршин суугчид “Blue Sky” цогцолборт явуулж буй бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. Эдгээр давхрууд руу гадны хүн битгий хэл доторхи ажилчид ч орж болдоггүй гэсэн. Пентхаусын дотоод заслын тухайд бүх айлын гал тогоо нь брэндийн дарсны хөргөгч, аяга таваг угаагч, хөргөгч, плитка, утаа шүүгчээр тоноглогдсон. Тансаг жакуззи ванн бүхий том угаалгын өрөө, том хувцасны өрөөтэйгөөс гадна камин зуух болон уурын саунтай. Мэдээж орчин үеийн автомат гэрийн удирдлагын системтэй гээд тоочоод барамгүй олон давуу талтай ажээ.

•Тансаг зоогийн газар, брэндийн дэлгүүрүүд

“Blue Sky” цамхгийн 1-4 дүгээр давхарт дэлгүүр, ресторан, фитнес клуб, саун гээд бүхэлдээ үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр давхарт нийт 730 метр ам дөрвөлжин талбайд үнэтэй брэндийн дэлгүүрүүд, хоёрдугаар давхарт баар, ресторан, зоогийн газрууд нэг дор байрлана. Бүр тодруулбал, ази, европ хоолны ресторанууд тэр дундаа “All Day Dining Restaurant” болон хятад, япон үндэсний тансаг зэрэглэлийн зоогийн газрууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зоогийн газрууд нь өргөн уудам танхимтайгаас гадна тусгай зочдод зориулсан VIP танхимуудтай.

•Цэлгэр уудам хурлын танхим

Тус байгууллагын гуравдугаар давхарт хурлын болон хүлээн авалтын танхимууд байрлана. Хурлын их танхимдаа 240 хүн зэрэг хүлээн авах боломжтой бөгөөд албаны хурал цуглаан, хүлээн авалт, гэр бүлийн хурим найр, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний нээлт гээд бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж болдгоороо давуу юм. Их танхимаас гадна тус бүр 14-20 хүн зэрэг хүлээн авах боломжтой гурван жижиг танхим байна. Эдгээр нь мөн л бүх төрлийн төнөг төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажээ.

•Бусад үйлчилгээ

“Blue Sky” цогцолбор дотор мөн өвөрмөц архитектур, дизайнтай тансаг зэрэглэлийн “Lobby Lounge”,” Blue Sky lounge”, нэг дор 1000 гаруй хүн хүлээн авах боломжтой “Vegas” шөнийн клуб, спа, саун, жакуззи, фитнес заал, 20 метр урт зургаан метр өргөнтэй усан сан гээд маш олон төрлийн үйлчилгээний газруудтай.

Хамгийн доод талын В2, давхарт тус байгууллагын бүхий л сантехник, цахилгааны сүлжээ байрлах ажээ. Өнөөх нийслэлийнхний яриад байдаг хонгилын системийн жижигрүүлсэн хувилбар. Харин В1 давхарт цамхгийн бүхий л ахуйн үйлчилгээний газрууд байрлаж байгаа аж. “Vegas” шөнийн клубээс эхлээд буудлын цагаан хэрэглэлийг угааж, индүүдэх цех, хоол ундыг бэлтгэх гал тогоо гээд л.

“Blue Sky” ЦОГЦОЛБОРЫГ ЯМАР МАТЕРИАЛААР ХЭРХЭН БАРЬСАН БЭ?

Энэхүү аварга цогцолбор барилгын 1-25 давхар хүртэлх талбайн нийт хэмжээ 40 мянган метр ам дөрвөлжин. Өндөр, сүрлэг барилга бүтээхэд хамгийн чанартай материал, технологийн шилдэг шийдлүүдийг ашиглахаас өөр аргагүй байдаг. “Чоно групп”-ийн инженерүүд дэлхийн өндөр барилгуудад ашиглагдаж байгаа технологи болон барилгын материалуудыг судалсны үндсэн дээр SRC, RC хэмээх ган карказ болон ган төмөр бетонон угсралт хослуулах аргыг сонгожээ. Барилгыг галаас хамгаалах Excoat CF систем, агааржуулалтын халаах, хөргөх төхөөрөмж суурилуулсан аж. Эдгээр технологийг Монголд анх удаа хэрэглэсэн гэдгээрээ тэд бахархдаг.

“Blue Sky”-ийн ганжуулсан шилэн фасадыг АНУ-ын барилгын материал туршилтын холбооны гишүүн байгууллага “Architectural Testing Asia” компани хагачиж, хэмхлэх гэж үзжээ. Салхины даралт болон цохилт, агаар нэвтрэлт, дулаан алдалт зэргийг нь нарийвчлан хэмжихэд уг шил 35 м/сек хурдтай салхины цохилтыг өлхөн тэсвэрлэж байжээ. Ийм агуу сүрлэг цамхгийг “Чоно групп”-ийнхэн бүтээн байгуулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

“Арсенал”-ын анхны ялалт, азтай “Ман Сити” болон хаалгачдын амжилтууд

-АВАРГУУДЫН ЛИГИЙН ГУРАВДУГААР ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУД ӨНДӨРЛӨЛӨӨ-

“Арсенал”-“Бавари” Мюнхен 2:0

Европын хөлбөмбөгийн шилдэг баг “Бавари”-г нутагтаа хүлээн авч тоглосон энэ тулаанд Англиин баг хожигдсон бол хэсгээсээ шалгарах мөрөөдөлдөө цэг тавьж болохоор байв. Тийм учраас “Арсенал” бүхий л авьяасаа дайчлан гайхалтай тоглолоо. Гэхдээ ахлах дасгалжуулагч Венгерийн үгээр бол ялалтын гол суурь нь хаалгач Петр Чехийн найдвартай тоглолт байсан гэх юм. Харин Германы “машин” улирлынхаа анхны ялагдлыг амсаж байна. Нойер зарим тохиолдолд багаа аварч байсан ч гэлээ эхний гоолыг түүний алдаанаас болж өрсөлдөгчид нь оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

“Байер”Л-“Рома” 4:4

Асар өндөр өрсөлдөөнтэй, үйл явдал нь санаанд багтамгүй өөрчлөгдсөн ийм тоглолт тэр бүр тохиолдоод байдаггүй.Германы баг тоглолтын эхэнд хоёр гоолоор илүү явсан ч дараалан дөрвөн бөмбөг алдаж тэмцээний төгсгөлд талбайд оруулсан сэлгээний тамирчдынхаа ачаар тооны харьцааг тэнцүүлж чадсан энэ тоглолт үзэгчдэд нэлээн таалагдсан байх. Харин хоёр багийн дасгалжуулагчид дуу нэгтэйгээр хамгаалалтын албаа муулсаар хэвлэлийн хурлын өрөөнөөс гарцгаав.

“Порту”-“Маккаби” 2:0

Португалын баг нутагтаа израилчуудыг хожно гэдгийг хэн хүнгүй таамаглаж байсан нь ойлгомжтой. Тэд ч хожсон. Гэхдээ энэ тоглолтыг онцлохын учир нь алдарт хаалгач Икер Касильясын Аваргуудын лигийн хүрээнд 51 дэх тоглолтдоо хаалгандаа бөмбөг алдаагүй гэх үнэмлэхүй амжилтыг тодотгох гэсэн юм. Түүнчлэн “Порту”-гийн багийн ахлагч Невеш 18 насандаа багаа удирдан талбайд гарснаар хамгийн залуу багийн ахлагч хэмээн бичигдэхээр боллоо.

ПСЖ-“Реал”Мадрид

Франц, Испанийн хоёр супер баг аль алиныхаа хаалганд бөмбөг оруулж чадсангүй, оруулах сонирхол ч байхгүй мэт уйтгартай тоглолтыг үзүүллээ. Испаничуудын хувьд 2008 оноос хойш анх удаа хэсгийн тоглолтдоо нэг ч гоол хийлгүйгээр өнгөрөөсөн анхны тоглолт нь энэ боллоо. Лоран Блан “эдний багийн зарим шилдэг хөлбөмбөгчид нь бэртэлтэй, тоглож чадахгүй байгаа үед нь бид хожих ёстой байсан юм. Гэхдээ “Реал”-тай тэнцэнэ гэдэг тийм ч муу биш шүү” гэв.

“Ювэнтүүс”-“Борусси”М 0:0

Дотоодынхоо тэмцээнд энэ жил нэг л үлбэгэр байгаа туринчууд хаа очиж гадагшлахаараа гайгүй тоглоод байгаа. Тэд Германы багийг хожиход жаахан л аз дутсан ч гэлээ тэнцээнийхээ ачаар долоон оноотой хэсгээ хошуучилж байна. Өдгөө 37 настай Буффон хайртай багийнхаа хаалгыг манасаар 48839 минутыг өнгөрөөсөн гэх тоонд хүрснээр “Ювэнтүүс”-ийн эгнээнд хамгийн удаан тоглосон “өвөө” болж байна.

“Ман Сити”- “Севилья” 2:1

Арабын баян шейхийн баг “Ман Сити” нутагтаа бараг л оноо алдах шахав. Агуаро байхгүй бол тэдний багт гоол оруулах “зоригтой” хөлбөмбөгч алга болчихдог бололтой. Испанийн багийн хөлбөмбөгчдийн хүний, өөрийн хаалганд хийсэн хоёр гоолоор тэмцээн дуусах шахаж байхад Де Брюйне авралын гоолыг хийж баян багийн нэр хүндийг аврах шив дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ цаг-үе

Л.Хайсандай: Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх хуралдаанд Хятадын төлөөлөгчид оролцоогүй юм

НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандайтай ярилцлаа.

-Энэ сарын 24-нд НҮБ-ын, мөн сарын 27-нд манай улс НҮБ-ын гишүүнээр элссэн өдөр тохиож байна. Энэ хоёр түүхэн үйл явдлын ач холбогдлын талаар та тодруулж өгнө үү?

-Жил бүрийн аравдугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр хэмээн дэлхийн улс орон бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд НҮБ-ын 70 жилийн ой тохиож байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны хар утаа бүрхсэн 1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Атлантын далайд байлдааны хөлөг онгоцон дээр тусгайлан уулзаж ярилцсан байдаг. Тэд дэлхий дахинд энх тайвныг тогтоон сахиулахад туслах олон улсыг хамарсан байгууллага байгуулах төлөвлөгөө хэлэлцэж тохиролцсон байдаг. Энэ яриа хэлэлцээнийхээ дагуу тэд хожим 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын нутаг Ялтад болзон очиж ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинтай уулзаж ярилцсан. Дээрх уулзалтуудын дүнд 1945 оны зургадугаар сард АНУ-ын Сан-Франциско хотод олон улсын бага хурал хуралдуулахаар болсноо зарлажээ. Тус бага хурал тухайн олон улсын байгууллагын дүрмийн төслийг боловсруулан дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий АНУ, ЗХУ, Их Британи, Хятад, Франц болон өөр бусад 46 улсыг оролцуулан нэг бүрчлэн нухацтай олон дахин хэлэлцсэний дүнд 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр бүх оролцогсод гарын үсэг зурж баталснаар НҮБ-ыг байгуулсан юм. Энэ өдрийг НҮБ-ын төрсөн өдөр хэмээн бүх гишүүн улс орон тэмдэглэдэг. НҮБ-ын хамгийн гол чухал үндсэн дөрвөн зорилт гэвэл даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, ядуу зүдүү хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлж сайжруулахад туслах, бие хүн бүрийн эрх чөлөө, эрхийг хүндэтгэж, өмгөөлж хамгаалахын төлөө тэмцэх, бодитой үйл ажил явуулах, дөрөвдүгээрт, дээрх бүх зорилтод хүрэхэд нь улс орнуудад туслах гол төв байх явдал мөн хэмээн дүрмэндээ тод томруун тодорхойлсон байдаг. Эдгээр зорилт нь НҮБ-ын бүхий л үеийн үйл ажиллагааны гол чиг баримтлал болж ирсэн, цаашид ч байх болно.

-Манай улс НҮБ-д элсэхийн тулд олон жилийн турш уйгагүй хөөцөлдсөн байдаг шүү дээ?

-Манай улс НҮБ-ын гишүүн болсон зам шулуун дардан байгаагүй. Бүүр 1946 онд НҮБ-д гишүүнээр элсэх өргөдөл хүсэлтээ албан ёсоор гаргаж өгсөн байдаг. Манай улсын хүсэлтийг НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар 1946 оны зургадугаар сарын 27-нд хэвлэлд нийтэлж, Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүн элсүүлэх асуудал эрхэлсэн комисс мөн оны наймдугаар сарын 8-ны өдөр авч хэлэлцсэн байдаг. Ийнхүү хэлэлцэх үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх АНУ болон Их Британийн төлөөлөгчид “Бидэнд байгаа мэдээллээр БНМАУ нь НҮБ-ын дүрмийн дагуу хүлээх үүргээ хэрэгжүүлэх чадвартай гэдгээ хангалттай харуулж чадахгүй байна” гээд нотлох баримт хангалттай болтол уг хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулах санал тавьж байсан гэдэг. Харин ЗХУ энэ асуудлаар санал хураахыг тулгаж шаардсан. Аюулгүйн зөвлөлийн аль нэгэн гишүүн татгалзсан нөхцөлд түүний шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй тул манай улсыг тэр үед НҮБ-д элсүүлээгүй юм.

1946 оноос хойш манай улс бараг жил бүр гишүүнээр элсэх өргөдлөө хэлэлцүүлдэг байсан. Тийнхүү манай улс НҮБ-ын гишүүн болох асуудлаа НҮБ-д энэ хугацаанд 13 удаа ямар нэгэн хэлбэрээр хэлэлцүүлсэн. Тэр бүр Ерөнхий Ассамблейн чуулган дээр улс орнуудын анхаарал сонирхлыг татаж ирсэн түүхтэй. Гэвч энэ асуудал нь тухайн үед ноёлж байсан хүйтэн дайны уур амьсгал болон социалист, капиталист орнуудын хоорондын үзэл суртлын дайсагнасан тэмцэл сөргөлдөөнөөс шалтгаалж тухай бүр амжилтгүй болж байсан. Үүний улмаас Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэх асуудал 15 жилээр буюу 1961 он хүртэл хойшлогдож байв.

Чухамхүү тэр үед буюу 1961 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулган болж, Аюулгүйн зөвлөл манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцсэн юм. 1961 оны аравдугаар сарын 25-ны өдөр болсон хуралдаанд өмнө нь энэ асуудлаар ямагт хориг тавьдаг байсан Хятадын төлөөлөгчид тэр удаад оролцоогүй. Бусад байнгын гишүүдээс ч хориг тавиагүй. Аюулгүйн зөвлөл Ерөнхий Ассамблейд Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг зөвлөмж болгосон шийдвэр гаргасан. Тийнхүү 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тэр үеийн ЗХУ, Энэтхэг, Чехословак, Куба, Индонез, Мали, Бирм зэрэг төр засаг, газар зүйн хувьд харилцан адилгүй 36 орон уг шийдвэрийг дэмжиж, Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы даргад өргөн барьсан. Тэр шийдвэрийг Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон бүх гишүүн улс санал нэгтэй алга ташин хүлээн авснаар манай улс НҮБ-ын 101 дэх гишүүн болж баталгаажсан билээ.

-НҮБ-Монголын хамтын ажиллагааны үр ашиг, тухайлан НҮБ, түүний системийн байгууллагуудаас Монголд үзүүлсэн тусламж дэмжлэгийг та тоймлон товч дурдана уу?

-НҮБ-д элссэнээр тус байгууллагын хүрээнд Монгол Улс бусад орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын системийн бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ болон түүний харьяа байгууллагуудаас санхүү, техник технологи болон мэргэжлийн асар их хэмжээний тусламж дэмжлэг авсан нь тус орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгсөн юм. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсаны дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам.доллар, 2007-2011 онд 40 сая.долларын тусламж үзүүлээд байна.

“НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам.долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдаад байна. Монголын эдийн засаг хямраад байсан 1990-ээд оны эхний хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам.долларын мөнгөн болон эд материалын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Товчоор дүгнэхэд НҮБ-Монголын хамтын ажиллагаа өнөөг хүртэл ашиг тусаа өгч, харилцан үр өгөөжтэй байгаа гэж баттай хэлэх байна.

-Сүүлийн жилүүдэд НҮБ болоод дэлхий нийт Монгол Улсын нэр хүндийг өргөсөн ямар үйл явдлуудад ач холбогдол өгч байгаа бол?

-Монгол Улс дэлхийн томоохон орнуудтай харьцуулахад жижиг хэмжээний армитай хэдий ч НҮБ-ын гишүүний хувьд олон улсын энх тайвныг бэхжүүлэх, терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодитой хувь нэмэр оруулж, 2000 оноос хойш дотооддоо хямралтай байгаа улс орнууд руу энхийг сахиулагчдаа илгээсээр ирлээ. Монгол Улсын Засгийн газар 1999 онд НҮБ-ын Бэлэн байдлын арга хэмжээнд хувь нэмэр оруулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 2002 онд Монгол Улсын парламент “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оролцуулах тухай” хуулийг баталсан нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох эрх зүйн үндсийг тавьсан байна. Өнөөгийн байдлаар Монголын олон зуун цэрэг дэлхийн халуун цэгүүдэд алба хаасан, одоо ч хааж байна. Энэ нь манай улсын НҮБ дахь байр суурь улам бэхжиж буйн нэг илрэл.

-Манай улс 2022 онд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр, 2015 онд хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн?

-Тийм ээ. Манай улс 2022 оны Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гол байгууллагуудын гишүүнээр сонгогдож, хэлэлцэж буй асуудалд Монгол Улсын байр суурийг илэрхийлээд, дэлхийн улс орнуудаас тэргүүн туршлага судлах боломж олдох юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль энэ аравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр болох юм. Эгнээндээ дэлхийн 47 улсыг нэгтгэсэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь Аюулгүйн зөвлөлийн дараа эрэмбэлэгдэх чухал байгууллагуудын нэг.

Гурван жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүний ердийн олонхи буюу наанадаж 98 улсын саналаар сонгодог. Манай улс 54 гишүүнтэй Ази-Номхон далайн орнуудын бүлэгт харьяалагддаг. Энэ бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудлын квоттой. Жил бүр 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. Энэ оны сонгуульд манай бүлэгт таван суудал ногдож байгаа бөгөөд Монгол Улс, Лаос, Кыргыз, Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ болон Филиппин нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Өрсөлдөж байгаа орнуудаас Пакистан, БНСУ, Филлипин улс гурван удаа ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. Харин Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ-ын хувьд одоо гишүүн орноор ажиллаж байгаа. Кыргыз бас нэг удаа гишүүн орноор ажилласан. Лаос болон Монгол Улс анх удаа нэр дэвшиж байгаа.

-Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг юм бэ?

-Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шийдвэр гаргах боломжтой болно. Харин хариуцлага үүргийн тухайд Монгол Улс хүний эрхийн чиглэлээр үлгэр жишээ байх ёстой. Түүнээс биш ийм, тийм үүрэг хүлээнэ гэж албан ёсоор хуульчилсан зүйл байхгүй. Аливаа Олон улсын байгууллагын удирдлагаар томилогдоно гэдэг нь өөрөө нэр хүндийн асуудал юм. Тийнхүү хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор манай улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжих болно. Гишүүнээр сонгогдох бүх бэлтгэл ажлыг манай ГХЯ амжилттай сайн хангасан гэж үзэж болно. Үр дүн нь удахгүй гарна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Аграмба Р.Санжайжавын шүтээн Итгэлт хамбынхаас илүү увдистай гэв

Буриад улсад байгаа Итгэлт хамба хэмээх амьд бурханд очиж мөргөвөл буян арвижиж, ажил үйлс бүтэн, хийморь лундаа сэргэдэг хэмээн ярилцдаг. Манай улсаас ч очиж мөргөөгүй хүн бараг л байхгүй байх. Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй гоц үзэгдэл Буриадад болж, эрдэмтэд хамба лам Итгэлтийн бие хорвоогийн жам ёсоор элэгдэн муудаагүй, энерги дамжуулж байдаг тухай ярьсаар манайхан зайгүй цувсаар…

Итгэлт Хамба 1927 оны зургадугаар сарын 15-нд баясалгал үйлдэн, лянхуа суудлаар завилан сууж, өөрийн хойтхыг уншсаар нирваан дүрийг үзүүлсэн гэдэг. Харин манай Монголд Итгэлт хамбатай дүйх багш, шавь хоёрын лагшин шүтээн бий гэдгийг өчигдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй хүмүүс онцоллоо.

1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан лагшин шүтээний нэг нь алдагдаж, энэ үеэс олон нийт 200 орчим жилийн түүхтэй, лагшин шүтээний талаар мэдэх болсон байна. Энэ онгоныг Цэвээнраашийн Чүлтэмжамц буюу “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгааны баруун гарын шавь цорж аграмба Р.Санжайжав болохыг тогтоожээ. Алдагдсан нэг аграмба Р.Санжайжавын лагшин шүтээнийг Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас арван сарын өмнө олж, сэргээн засварлах ажил дуусчээ. Энэ лагшин шүтээнийг өчигдрөөс Гандантэгчэнлин хийдэд залж сүсэгтэн олонд таниулж, мөргөх боломжийг олгоод буй юм. Архангай аймгийн Цахир сумын нутгийн зөвлөлийн дарга Т.Халтар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс улсын бүртгэлийнхэнтэй “Шүтээнийг MRI хийж үзэхэд уураг, тархи нь хатаагүй байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй” гэж үзсэн. Энэ нь бусад эрхтэн байгаа гэж үзсэн хэрэг” хэмээсэн юм. Эдгээр лам нар нь эрдэм ухаан увдисаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан гэх. Харин “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын лагшин шүтээн нь бурхан шашны хэлээр гүдэн гэдэг бөгөөд одоогоор Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа байгаа юм. Тус уул далайн түвшнээс дээш 2733 метрийн өндөрт байрладаг аглаг уул аж. “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын шавь цорж аграмба Р.Санжайжавын гүдэнг маргааш Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа залах юм байна. Уржигдар шөнө ихэнх нутгийг хамарч цас орох үед эндээс дуган барьж байгаа хүмүүс рүү залгахад Содномдаржаа уулыг тойроод цас ороод байна хэмээсэн байна. Мөн 1960, 2000, 2002 онд багш, шавь хоёрын лагшин шүтээн байрлаж байсан Содномдаржаа уул нэлэнхүйдээ түймэрт автжээ. Хачирхалтай нь, түймэр шүтээн бие байсан газраас нэг төө хэмжээтэй холуур дайрч өнгөрсөн гэдэг. Энэ мэт олныг гайхшруулсан үйл явдал олон болдог бөгөөд сүсэгтнүүд тэднийг амьд бурхад хэмээн тахин шүтдэг байна. Тус хоёр лагшин шүтээнийг үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчлэхэд зориулж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дуган босгосон ажээ. Хойшдоо Итгэлт хамбын хэмжээнд хүрэхүйц бурхан шашны цогцолбор болгон хөгжүүлэхээр бэлтгээд буй юм.

Багш, шавийн бясалгалын тухай

“Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нарын лагшин нь занданшуулсан шарил биш бөгөөд бясалгалын (самади) түвшинд өөрийгөө занданшуулсан шүтээн аж. Аграмба Р.Санжайжавийн нас өндөр гарсан хойноо шавь нараасаа багшийнхаа дэргэд аваачиж өгөхийг хүсчээ. Аграмба Р.Санжайжав таван мэдрэхүйг хаах бясалгал хийж лагшин шүтээн болсон байна. Таван мэдрэхүйгээ хаах бясалгалыг бурхан шашны хэлээр гогьнямба гэдэг аж. Бясалгалын тухай тодруулбал, хүний биеийг бүдүүн, нарийн гэдэг бөгөөд нарийн биед биеийн мэдлүүд багтдаг байна. Харин бүдүүн бие таван мэдрэхүйг хэлдэг аж. Энэ бясалгалыг сэтгэл маш амгалан, бие ямар ч зовлон мэдрэхгүйгээр лагшин шүтээн болдог байна.

Өвгөн Гэсэр лам” хэмээх Цэвээнраашийн чүлтэмжамц

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Жагарын наян нэгэн дөвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц зуунаас зуун дамжин түмэн олонд шүтэгдэж байгаа эгэл бус хүн гэх. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй (Очирхайрхан) уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлжээ. Ная гаруй наслаад XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар одоог болтол ам дамжин ярилцдаг байна.

Чүлтэмжамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээн өгөөж баян хангайд суурьшин, зуны цагт нагац нарынхаа мал, идээнд туслалцан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцах болсон байна. Тийнхүү Тариатын хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн ид шидтэй болох нь мэдрэгдэж, номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Багш нь нэг шөнө сэрээд Чүлтэм чинь үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул гэсэн яриа сонсчээ. Багш Чүлтэм байна уу гээд гэрэл гаргаад хартал, байх шиг байна гэнэ. Босож очоод хартал, өшиглүүрэндээ дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн нь, өөрөө шажигнан эргэж байв. Багш нь суун тусан залбирч, би ямар заяагаар ийм ид шидтэй хүнтэй учирваа гэж бодоод, эрихээс нь адис авч, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр бүдэг бадаг хаяарах үед, хаалганы оньс мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ. Үүр цайнгуут багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм багш аа, би түлье, та яахав гэж хэлтэл, багш нь, үгүй, зүгээр багш нь түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш. Би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь гэжээ. Чүлтэм яалаа гэж номынхоо багшид адис тавих вэ гэхэд багш нь чиний ид шидийг хэдэн шөнө дагаж, бүгдийг үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг. Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг “Гэсэр лам” хэмээн нэрлэн хот, саахалтаараа байтугай жалга ус, хотлоороо хүндэтгэн хүрээлж, эрдэм номд сургах, эгэл бусын гайхамшгийг нь хөгжөөн хөхиүлэх болсон байна. Гэсэр сүмд 1842 онд “Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олонд улам хүндэтгэгдэж, “Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна.

Гэсэр ламын олон шавь нарын дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжайжав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг, Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.

Гэсэр ламын гэрээслэл

Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой Аграмба Санжжав ламтныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар, салхи, бороо цасанд гандаж, элэгдээгүй мөнхрөн оршиж байна.

Аграмба Равсалын Санжайжав

Аграмба Р.Санжайжав Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхэд тайж Равсалынд XIV жарны Баршгүй хэмээх улаан нохой жил (1826 онд) төрж, өсөж, бага наснаасаа шашин номын мөр хөөж, Буддын шашны таван дээд ухааны оргилд хүрсэн эрдэмтэн юм. Р.Санжайжав Тариатын хүрээнд шавилан суралцаж, түвд, монгол үсгийн анхны мэдэгдэхүүн олж, улмаар Ард олноо “Гэсэр лам” хэмээн алдаршсан хувилгаан Ц.Чүлтэмжамцын гарын шавь болж, Буддийн шашны таван их ухаанд суралцан төгс эзэмшжээ. Тэрээр Буддын шашны хамгийн дээд цол болох Аграмба цол хүртэж, Цорж цолтой шашны зүтгэлтэн байсан төдийгүй судас барьж оношилдог, засал ном хийж, эм тан барьдаг олныг бишрүүлсэн оточ маарамба байжээ. Р.Санжайжав маарамба судас барьж хүн эмчлэхийн зэрэгцээ өвс ургамал таньж бэлтгэн, эм тан хийх, эмгэг оношлох, эмчлэх зэрэг анагаахуйн бүх төрлөөр олон арван шавь бэлтгэж байсны дотор Лүнрэг Дандар, Шаравжин зэрэг олон алдартай оточ маарамба төрсөн байна. Тэрээр анагаах ухааныг бүх талаас нь судалж, сайтар эзэмшсэн нэгэн байсан нь одоо ч яригдсаар, бишрэгдсээр байдаг аж. Түүний энэ их эрдэм боловсрол, буддын шашны таван ухаанд төгс гэгээрсэн үйл мөр нь өдгөө асар их энергийн төвлөрлийг өөрөө цацруулсан шүтээн болжээ хэмээн үзэж буй аж. Үүнийг бататган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц бээр “Аграмба Р.Санжайжавын шүтээн Итгэлт хамбынхаас илүү увдистай шүү” хэмээн сүсэгтэн олонд хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудыг хорт хавдраар үхүүлэх далд бодлого явж байна уу

-Монголд хорт хавдраар жилд3000 гаруй хүн нас бардаг-

Хорт хавдрын өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлэх боллоо. Монгол Улс хорт хавдрын өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлэх болсон талаар бид өмнө мэдээлж байсан. Одоогоор дэлхийд хорт хавдраар өвчилсөн 32.6 сая хүн амьдарч байна. Харин Монголд 14 мянган хорт хавдартай хүн амьдарч байгаа бөгөөд тэдний цаана хичнээн мянган хүн давхар сэтгэлийн шаналлаар эмтэрч байгааг тоолж баршгүй. Үнэндээ энэ тоо бол гурван сая хүн амтай монголчуудын хувьд ахадсан тоо юм. 2014 оны байдлаар жилд 5000 хүн шинээр хорт хавдраар өвчилдөг бол 3000 хүн уг өвчний улмаас хорвоогоос хальж байгаа судалгаа хүртэл бий. 2025 он гэхэд дэлхийд хорт хавдраар өвчлөгсдийн тоо 19 сая болж буурах бол манай улсын хувьд жилд 7500 хүн шинээр хорт хавдраар өвчлөх тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Энэ нь бусад оронтой харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл хорт хавдартай тэмцэж энэ тоог хэрхэн буруулах вэ. Нэн тэргүүнд төрийн зөв бодлого хэрэгтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Манай улсад хорт хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц Хавдар судлалын үндэсний төв.

Ингээд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатараас зарим зүйлийг тодрууллаа. -Танай төвд нэн тэргүүнд тулгамдсан асуудал нь өргөтгөлийн барилга гэсэн. Өргөтгөл барих шийдвэрийг хэдэн онд анх гаргасан бэ?

-Захиалагч нь Эрүүл мэнд, спортын яам, ашиглагч нь Хавдар судлалын үндэсний төв болох уг өргөтгөлийн шавыг анх 2010 онд тавьсан. 2011, 2012 онд өргөтгөл баригдаад энэ хэмжээнд хүрчихээд байгаа. 2013, 2014 онд үндсэндээ барилгын ажил зогссон байсан. Харин энэ оны төсөвт өргөтгөлийн барилгад шаардлагатай хөрөнгийг суулгаж өгсөн.

-Өргөтгөлийн барилга нийтдээ хичнээн төгрөгөөр босохоор төлөвлөгдсөн юм бэ?

-Өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.5 орчим тэрбум төгрөг. Үүнээс 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдчихээд байна. Энэ онд 1.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж өгсөн. Санхүүжилт нь яаманд ороод ирчихсэн байгаа учраас барилгын ажлаа гүйцэтгээд явж байна.

-Тэгэхээр үлдэгдэл хөрөнгийг л ирэх оны төсөвт суулгаад өгчихвөл өргөтгөл ашиглалтад орчих юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. 2016 онд тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдээд өгчихвөл бидний зүгээс ирэх оны зургадугаар сард бүрэн ашиглалтад орчих байх гэсэн тооцоолол бий. Ерөнхийдөө барилгын заслын ажил хийгдэх явцад шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжөө суулгаад ажиллах боломжтой.

-Яагаад 2013, 2014 онд барилгын хөрөнгийг төсөвт суулгаагүй юм бэ?

-Өмнөх засгийн газрын үе шүү дээ. Энэ жилүүдэд эдийн засгийн байдал хүндэрсэн гэх шалтгаанаар санхүүжилтгүй олон барилга царцаагдсан байдгийн нэг нь манай эмнэлгийн өргөтгөлийн барилга.

-Саяхан УИХ-ын зарим гишүүн шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөхөө амласан. Амлалт аль шатандаа явж байгаа бол?

-УИХ-ын зарим гишүүд манай эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан. Үнэндээ хорт хавдрын өвчлөл газар авчихаад байгааг бид ч хэлж танилцуулсан. Өнөөдөр манай улсад хорт хавдартай 14 мянган хүн амьдарч байна. Бараг айл өрх бүрт хорт хавдраар өвчилсөн хүн байна гэж хэлж болно. Ямартай ч сэтгүүлч Мөнхбаясгалан хавдрын эсрэг нэгдэхийг уриалж бодитой алхам хийж байгаад бидний зүгээс талархах нь зүйтэй. Бидний энэхүү ажлыг дэмжиж ажиллахаа УИХ-ын нэлээд хэдэн гишүүн мэдэгдээд байгаа. Тодруулбал, Х.Баттулга, Сарангэрэл, Одонтуяа, Даваасүрэн, Бат-Эрдэнэ, Тэрбишдагва, С.Батболд, Ж.Энхбаяр, Телейхан зэрэг гишүүнээс гадна их олон хүн нааштайгаар хүлээж авч байгаа. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт дээр орсон. УИХ-ын байнгын хороогоор дэмжээд цааш нь явуулъя гэж хэлсэн.

-Ажлын хэсэгт 4.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Өргөтгөлийн барилгын ажилд шаардлагатай хөрөнгөөс гадна сүүлийн үеийн компьютер томографийн аппарат болон өргөтгөлд тавигдах зарим тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдэхэд гээд нийтдээ 4.5 тэрбум төгрөг үндсэндээ шаардлагатай байгаа юм. Үүнийгээ УИХ-ын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэгт танилцуулж өгсөн хэрэг л дээ. Харин эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноос хойш боловсон хүчин, эм тарианы хангамж зэрэг урсгал зардлын асуудал яаман дээр шийдэгдээд тусгагдчихсан байгаа.

-Өргөтгөлд суурилуулах тоног төхөөрөмж бэлэн гэж сонссон?

-Монгол Улсын Засгийн газар Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд долоон сая еврогийн санхүүжилтээр тоног төхөөрөмж авч байгаа. Эхний ээлжийн төхөөрөмж өнөөдрийн байдлаар ирчихээд байна. Харамсалтай нь байр нь бэлэн болоогүйг та бүхэн харж байгаа байх.

-Жил бүр “Хавдрын эсрэг үндэсний аян” зохион байгуулдаг. Аяны үр дүн хэр бодитой вэ?

– Түүнчлэн сүүлийн таван жил “Хавдрын эсрэг” үндэсний аянг зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт, алслагдсан аймгуудад хүрч ажилладаг. Жил болгон 10-13 аймагт ажилладаг. Хавдартай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Нарийн мэргэжлийн шинжилгээ, оношлогоонд хамрагдаж буй хоёр хүн тутмын нэг нь хавдрын эрт үедээ илэрдэг. Аяны хүрээнд 400 гаруй хүний хавдрыг эрт үед нь илрүүлсэн байх жишээтэй. Нэг ёсондоо хавдрыг нэг, хоёрдугаар үед нь илрүүлбэл эмчлэгдэх, амь насыг нь аврах магадлал 50 хувьтай байдаг. Хүний амь насыг мөнгөөр хэмжих аргагүй. Нэг хүний амийг аварснаар цаана нь хичнээн хүний зовлонг нимгэлж, гэр бүлд нь аз жаргал бэлэглэж байна гээд бодохоор ямар сайхан буян болж байгаа нь ойлгомжтой шүү дээ. “Хавдрын эсрэг” үндэсний аянг жилдээ 10-13 аймагт хэрэгжүүлдэг.

-Аяныг хаанаас санхүүжүүлдэг вэ?

-“Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сан, “Хаан банк” сангийн санхүүжилтийн тусламжтайгаар аяныг зохион байгуулдаг. Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилгаар хорт хавдартай тэмцэх “Итгэл” Хавдаргүй монгол Үндэсний сан байгуулагдсан. Энэ сан хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр том ажил хийж байгаа. Тухайлбал, аймаг болгонд дөрвөн ортой тасаг байгуулж тоног төхөөрөмжөөр хангаж, энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургахад хүртэл туслалцаа үзүүлсэн. Мөн “Хаан банк”-ны ажилтнууд эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар нэгддэг. Одоо Л.Мөнхбаясгалан сэтгүүлч, цаашлаад хэвлэл мэдээллийнхэн гээд хавдрын талаар ярьж хэлж байгаа бүхэн ард түмэнд хүрч байна. Энэ нь эргээд хавдраас урьдчилан сэргийлэхээс эхлээд маш том хувь нэмэр оруулж байгаа явдал юм гэв.

Ер нь эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор Хавдар судлалын төвийн ачаалал 50 хувь буурна гэсэн тооцоо бий. Учир нь өргөтгөлд элэгний мэс засал, хими эмчилгээ, туяа эмчилгээний тасгууд байрлах бөгөөд үүнтэй холбоотойгоор оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж суурилуулна. Өргөтгөл 5200 метр квадрат талбай бүхий гурван давхар барилга байхаар зураг төслийг гаргажээ. Ингэхдээ зоорийн давхрыг мөн ашиглах бөгөөд дөрвөн давхар гэж ойлгож болно. Тодруулбал, өргөтгөлийн барилгад зайн туяа эмчилгээний шугаман хурдасгуур, туяа эмчилгээний төлөвлөлтийн КТГ симулятор, дүрслэлд суурилсан дотуур туяа эмчилгээний аппликаторын иж бүрдэл, дозиметрийн систем, дотуур туяа эмчилгээний төлөвлөлтийн системийн программ хангамж, бусад дагалдах тоног төхөөрөмжүүд, дижитал рентген аппарат, ангиографи аппарат, хагалгааны өрөө дагалдах эрчимт эмчилгээний өрөөний тоног төхөөрөмж цогцоор суурилагдах юм байна. Ерөнхийдөө туяа эмчилгээ орчин үеийн түвшинд хүрэх юм байна. Энэ чинээгээр хорт хавдрыг эмчлэх, эхний шатанд нь оношлох асуудал бодитой явагдах талаар эмч нар онцолж байлаа. Тус эмнэлгийн дээрх асуудлыг сэтгүүлч Мөнхбаясгалан хөндсөн нь шийдвэрлэх түвшний хүмүүст нэлээд хүрч байгаа гэдгийг тус төвийнхөн хэлж байсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл нэг сарын цалингаа хандивлаад байгаа аж. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг барьж дуусгахад шаардлагатай мөнгийг 2016 оны төсөвт оруулж өгөхийг л хүсч байна. Хэрвээ энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орчихвол эмнэлгийн ачаалал 50 хувиар буурах судалгаа бий. УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилогдоод эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан. Ирэх оны төсөвт шингээж өгье гэж дээрх таван гишүүн амласан. Бас нэг асуудал нь компьютер томографийн аппарат. Хэрвээ ХСҮТ ийм аппараттай болчихвол мянга мянган хүн аврагдаж, өвчнөө эхний шатанд нь эмчлүүлэх боломж бүрдэх юм. Миний захианы үр дүн заавал гарна гэдэгт итгэж байна” гэж ярьсан.

100.000 хүн ам тутамд гаргасан судалгаа

ӨВЧЛӨЛТ

НАС БАРАЛТ

2013, 2014 оны хооронд улсын хэмжээнд нийт нийгмийн салбарын 325 барилга царцаагдсан байдаг. Үүнээс Эрүүл мэнд, спортын яамны харьяа 40 эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлээд дутуу орхисон байна. Нийслэлд гэхэд нийтдээ ийм 11 барилга байдаг бөгөөд үүний нэг нь тус төвийн өргөтгөлийн барилга юм. УИХ-ын гишүүд тойрогтоо зориулсан гурван зуу гаруй барилгад ийнхүү баахан мөнгө цацаж сүүлд нь царцааж байснаас монголчуудын амь насыг хэдэн мянгаар нь авч одож буй хавдрын эсрэг ажиллах ганц төвийнхөө барилгад байгаа жаахан мөнгөө зарцуулж болмоор. Ерөөсөө сүүлийн үеийн бүх Засгийн газрууд Монголын эрүүл мэндийн салбарыг хөсөр хаясан. Энэ нь монголчуудыг үхүүлээд байх далд бодлого ч юм шиг. Улс төрийн хүчнүүд албан тушаал хуваах болохоороо дандаа завсрын хүмүүст Эрүүл мэндийн сайдын суудлыг өгдөг. Сайдаар ажилласан хүмүүсийг харахад Шархадны эмнэлэгт эмчлүүлэхээр эсвэл лам, ажлаа хаяад тэнээд явчихдаг нөхөр…гэх мэт улс төр дэх хэвийн биш нөхдүүдээр монголчуудыг эрүүл байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байх Эрүүл мэндийн яамыг толгойлуулж ирсэн нь эцэстээ монголчуудыг хорт хавдраар үхүүлж дуусгах тийм үндэсний хэмжээний эмгэнэлд авчирлаа.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Тэмүүллээр хөглөгдсөн ЛИМБЭЧИН

Өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол HD” телевизээр “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн тав дахь дугаар цацагдсан билээ. Энэхүү дугаараар шүүгчдийг төдийгүй үзэгчдийг лимбэ хөгжмийн тоглолтоороо уярааж, гайхшруулж чадсан оролцогч бол 0819 дугаартай Т.Пүрэвбаатар байсан юм. Т.Пүрэвбаатар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тодруулбал, хоёр хөлгүй, нэг гаргүй бөгөөд насан туршдаа тэргэнцэртэй яваа хүн. Гэвч шоуны шүүгчид түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж өрөвдөхөөс илүүтэйгээр лимбэ хөгжмийг хэрхэн эзэмшиж, түүгээр ямар сайхан аялгуу тоглож чадаж байгааг олж харсан юм. Тиймээс шүүгчид дуу нэгтэй тэнцэх товчийг дарсан. Тэрээр тайзан дээр “Үүрд хамт байгаач ээж ээ” дууны аяыг эгшиглүүлэхэд үзэгчдийн дунд нулимсаа барьж чадалгүй уйлж суугаа олон ч хүн харагдсан. Телевизээр үзсэн хүмүүс ч өөрийн эрхгүй нулимс унагасан талаар гадуур ярих боллоо. Түүний авьяасыг бахдаж шоуны шүүгч хийлч Ч.Дэлгэрцэцэг “Энэ тайзан дээр ийм л авьяастнуудыг гаргаж ирэхийн төлөө бид энд сууж байгаа” хэмээн дуу алдсан бол шүүгч ая зохиогч, дуучин Ц.Чулуунбат “Би чамайг ерөөсөө ч өрөвдөхгүй байна. Харин чамаар бахархаж байна. Эхнэрээр чинь бүр их бахархаж байна” гэж хэлээд авсан. Харин үзэгчид сэтгэлээсээ хөглөсөн лимбэ хөгжмөөр ямар гайхалтай аялгууг гаргаж байгааг ихэд бахдаж байлаа. Мэдээж түүний авьяас тэргүүн зэргийн онцлох. Харин Т.Пүрэвбаатараас амьдралын үнэ цэн, итгэх итгэл, хайр сэтгэл, хүсэл тэмүүлэл гэрэлтэж байсан нь тэр чигээрээ гайхамшиг байлаа. Тэрээр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож ийн тайзан дээр гарч олны өмнө зогссон нь ч түүний бас нэгэн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байсан юм. Шоуны шүүгч залуу дуучин, реппер Rokit Bay буюу О.Баярсайхан “Та амьдралд юу чухал, юу үнэтэй вэ гэдгийг өнөөгийн залууст харуулж чадлаа. Хүн төрөлхтөнд итгэх итгэл минь сэргэлээ гэдэг үг энэ л байх даа” гэсэн нь үзэгчдийг ч нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн болов уу. Энэ эрхмийн амьдрал ихэд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн. Насаараа био үйлдвэрт ажилласан Д.Бизъяа болон Ж.Төмөрчөдөр нар долоон хүүхэдтэй. Нэг нь Т.Пүрэвбаатар. Хүү нь хорвоод мэндлэхдээ л хоёр хөл, нэг гаргүй төрсөнд эцэг, эх нь ихэд сэтгэлээр унаж байсан ч нэгэнт бурханаас заяасан үрээ ямар хаялтай биш гээд бусад хүүхдийнхээ л адил юугаар ч дутаалгүй өсгөж өндийлгөжээ. Хүүгээ бусдад адлагдах вий гэж сургуульд хүртэл оруулахгүй гэсэн бодлоо ч эцэг, эх нь өөрчилж түүнийг боловсролтой, мэргэжилтэй нэгэн болгож нийгмийн дунд оруулсан байна.

ХУВЬ ТАВИЛАН

Амьдралд эрээнтэй, бараантай зүйл олон тохиолддог боловч тэр болгонд зовлон тоочиж, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ шалтаглаж хүний гар харж суусангүй. Найзынхаа гэрээр орж, гарах болгонд тусалж, дэмжиж, хүссэн газарт нь хүргэж өгдөг охин хожмоо хорвоог хамт туулах хань, хүч, хөдөлгүүр нь байсныг хэн мэдэхэв. Мөнхтуул гэх бүсгүй өөрт нь дурлаж, үрийн зулай үнэрлүүлж, бүр өдийг хүртэл асарч халамжилж байгааг Т.Пүрэвбаатар ёстой л бурханы зурсан зураг, хувь тавилан гэж бодож талархаж явдаг тухайгаа нэгэн ярицлагадаа хэлсэн байдаг. Үхлээс өөр юу ч биднийг салгаж чадахгүй хэмээн ам гарч явсан хосууд нэгийгээ осолд ороод тахир, дутуу болонгуут хумсын чинээ ч нинжин сэтгэл гаргалгүй хаяад оддог нь ч бий. Тийм атал Пүрэвбаатар шиг хувьтай хүн ховор шүү гэх хүн олон байна. Ёстой л зурсан хувь тавилан гэдэг энэ байх. Анх эхнэртэйгээ суухад хадмууд нь Т.Пүрэвбаатарыг эрс эсэргүүцэж байсан гэдэг. Тэрээр “Яаж ийм хүнд охиноо даатгаад өгөөд явуулахав. Хэн ч байсан л тэгнэ. Гэхдээ одоо над шиг сайн хүргэн байхгүй шүү” хэмээн хошигнож байсан удаатай. Аав, ээж нь зөвшөөрөхгүй болохоор охиныг нь аваад оргож, мар­гааш нь эгчийгээ дагуулаад хадаг тавьж эхнэрээ болгож байсан сайхан түүх тэдэнд бий. Энэ бол 1999 он. Гэвч хайр, дурлалаар жигүүрлэсэн хосуудын амьдралд ууган үрээ мэндлэх үеэр нэгэн зүйл ихэд сэтгэл зовоож байсан аж. Учир нь хүүгээ өөртэйгөө адилхан төрөх вий гэж хэдэн ч өдөр, хэдэн ч шөнө нойргүй хоносон юм бүү мэд. Харин одоо эрүүл саруул П.Амартүвшин, П.Энхтүвшин гэх хоёр хүү, П.Цэлмүүн гэх нэг охинтой эцэг хүн болжээ. Пүрэвбаатар өнгөрсөн жил нэгэн нэвтрүүлгээр “Миний хань зөөлөн сайхан сэтгэлтэй, тусч, ажилч хичээнгүй сайхан эмэгтэй. Би том хүүхэд нь шүү дээ. Дөрвөн хүнийг халамжилж, хайрлана гэдэг амаргүй ажил. Би үнэхээр азтай хүн” хэмээн эхнэрээрээ бахархан ярьж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр түүний эхнэрээр монголчууд бахархаж байна. Үнэхээр энэ олон жил ханийнхаа дэргэдээс алхам ч холдолгүй, урам зориг хайрлаж бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлж амьдрах итгэлийг нь бадрааж яваа эмэгтэй.

УУЛ ШИГ НӨМӨРТЭЙ ААВ

Түүний аав, ээж өөд болоод олон жил өнгөрч байгаа аж. Тиймээс анх эхнэртэйгээ өрх тусгаарлахдаа л дүү нарыгаа хажуудаа авчээ. Хадмынхаа хашаан дахь хуучин амбаарт гал голомтоо бадрааж байсан залуу хосууд хүүхдүүддээ санаа тавихын зэрэгцээ дүү нараа хүний зэрэгтэй амьдруулах гэж их л хичээж, ажиллаж байсан аж. Эхнэр нь гурван хүүхдээсээ гадна нөхрөө халамжлах чухал үүрэгтэй учраас өөр ажил хийгээд явах зав байсангүй. Тиймээс гэр бүлээ тэжээхийн тулд мэргэжлээрээ ажиллахаас өөр зам байсангүй. Тиймээс хүний хөрөг зэрэг олон төрлийн зураг зурж хэдэн төгрөг олдог байж. Мөн “Меркури” захын гадаа долоо хоногийн 2-3 өдөр зогсч нэг ёсондоо гудамжинд лимбэ хөгжмийн тоглолт хийдэг байжээ. Хоногийн хоолоо залгуулахаас гадна дүү нарынхаа сурч боловсроход анхаарал тавина. Ингэж явсаар дүү нарынхаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит том ах юм. Тиймээс дүү нар нь түүнийг тулж түших аав гэж хүндэтгэдэг байна.

МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ

Тэрээр 2002-2007 онд ДУДС-ийг дүүргэсэн мэргэжлийн зураач. Харин лимбэ бол түүний хобби. Хүүхэд байхын л лимбэ тоглох хорхойтой байсан гэдэг. Түүний сурагч ахуй цагт “Хонгилдон” кино ид хүчээ авч, хүүхэд бүр түүн шиг зодоонч болохыг хүсдэг байсан бол Т.Пүрэвбаатар кинонд гардаг лимбэ хөгж­мийг ихэд сонирхож, өнөөг хүртэл энэ сонирхлоо хөгжүүлж яваа нэгэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох өөрийнхөө лимбийг дурсгаж байсан удаатай гэсэн. Түүнчлэн лимбэ хөгжмийн аялгуутай “Хэрвээ хүмүүс” хэмээх цомог хүртэл гаргаж байсан аж. Өдгөө 39 настай залуу хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, өөрийгөө алхам бүрт хөгжүүлж яваа бололтой. Гэр бүл нь түүний хувьд амьдрах утга учир, шалтгаан. Харин зураг зурна гэдэг амьдралынх нь баяр баясал гээд хэлчихэж болно. Тэрээр 2013 онд бие даасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Энэхүү үзэсгэлэнгээ гаргахад нь багын найз Баатар гэх залуу тусалсан байдаг. Ихэнхдээ авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр уран бүтээлээ туурвидаг аж. Сумогийн их аварга Д.Дагвадоржоос эхлээд олон нэр алдартай хүний хөргийг зурсан байна.

ОД ГИЙСЭН ОН ЖИЛҮҮД

Өнгөрсөн 2014 он түүний амьдралд олон дэвшил гарсан нь уран бүтээлийн цомог, үзэсгэлэн байсан. Үүнээс гадна А.Гантулга, Т.Гэрэлт-Од хэмээх сайн санаат хүмүүсийн ачаар лимбэчин гэр бүлийнхэнтэйгээ тохилог дулаахан орон сууцанд амьдрах болжээ. Учир нь түүний гэр бүлд “Буянт-Ухаа” хороололд хоёр өрөө байр авч өгсөн байна. Мөн “Айст Монголиа” телевиз 2014 оны “Онцлох” мэдээгээр түүний тухай мэдээллийг нэрлэжээ. Энэхүү шалгаруулалтыг Оросын үзэгчдийн хандалтаар тодруулдаг юм байна. Ер нь түүний ойр дотнынхон Пүрэвбаатарыг их бүтээлч, өөдрөг үзэлтэй нэгэн болохыг ярьж байсан. Ямартай ч амжилт бүтээлээр дүүрэн яваа Т.Пүрэвбаатар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор өөрийн болоод бусдын амьдралд сайн сайхан олон өөрчлөлт авчирч, мянга мянган залуу гэр бүлд үлгэр дуурайл болж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй рүү аялсан нь” кинонд мөнхлөгдсөн өдөр

Америкийн нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нарын найруулсан “Back to the Future буюу “Ирээдүй рүү аялсан нь” гэх уран сайхны киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Гэр бүлийн, зөгнөлт, адал явдалт болон инээдмийн гээд аль аль жанрт багтах уг киноны нэгдүгээр ангийг 1985 онд хийсэн бөгөөд тухайн үедээ кино шүүмжлэгчид, үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авч байсан гэдэг. Гучин жилийн өмнө бүтээгдсэн хэдий ч ирээдүй рүү аялагчдын үнэ цэн өдгөө ч хуучраагүй хэвээр үзэгчдийн хамгийн дуртай кинонуудын жагсаалтад багтсаар байна. Энэхүү киноны хоёрдугаар ангийг 1989 онд гаргасан бол 1990 онд гуравдугаар ангийг хийж үзэгчдийн хүртээл болгосон юм.

Алдартай киноны гол дүрүүдэд Майкл Джей Фокс, Кристофер Ллойд нар тоглосон юм. Киноны нэгдүгээр ангид залуу хүү Мартин Макфлай хөгшин найз доктор Брауны цаг хугацааны машинд санамсаргүй сууж 1985 оноос 1955 он буюу өнгөрсөн үе рүү буцсанаар эхэлдэг. Тэрбээр эцэг эхийгээ өсвөр насны охид, хөвгүүд байх үед ирнэ. Аавыг нь санамсаргүй машинаар мөргөж танилцан, түүнд дурлаж өөрийг нь төрүүлэх ёстой байсан ээж нь ирээдүйн хүүтэйгээ түрүүлж танилцан дурласнаар киноны адал явдал цааш үргэлжилдэг билээ.

Харин хоёрдугаар ангид цаг хугацаагаар аялагч хөгшин, залуу хоёр найз 1955 оноос техник технологи өндөр хөгжсөн ирээдүй рүү буюу 2015 оны аравдугаар сарын 21-ний өдөр рүү ирдэг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд тэмдэглэн мөнхлөн үлдээсэн энэ өдөр өнөөдөр болж байгаа юм.

Нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нар 2015 оныг тухайн үедээ хэрхэн төсөөлж, зөгнөн бичиж найруулсныг эргэн нэг дурсацгаая. “Ирээдүй рүү аялсан нь” кинон дээрх 2015 он бодит байдал дээр өнөөгийн цаг үе, нийгэмтэй хэрхэн нийцэж, тохирч байна вэ?

Тус киноны хоёрдугаар ангид өсвөр насны хөвгүүнээс залуу эр болсон Мартин Макфлай болон түүний найз охиныг галзуу доктор Эммет Браун цаг хугацааны машинаараа дагуулан ирээдүй рүү очдог. Энэ удаад тэд хөгширсөн Мартин болон түүний гэр бүлийнхнийг аврахаар ирнэ. Гэвч дунд сургуульд байхаасаа Макфлайд дургүйлхэн гадуурхдаг байсан дээрэнгүй Бифф Таннен хөгширсөн хэдий ч залуу Макфлайг таньж түүнийг яагаад 60 жилийн өмнөх шигээ залуу болсон учрыг олохоор мөрдөж эхэлдэг. Үүний учир нь цаг хугацааны машинд байгааг Бифф ойлгож мэдээд уг машиныг хулгайлж өнгөрсөн үе рүү очино. Ингэснээр үйл явдал цааш өрнөдөг билээ.

Кинон дээр 2015 онд ирсэн Мартин Макфлай болон түүний найзууд жинхэнэ “соёлын шок”-нд ордог. Тэднийг ирээдүйд ирэхэд автозам үгүй болж бүх машинууд тэнгэрээр сүлжилдэн ниснэ. Хүмүүс нь сансрын нисгэгч юм уу жидайн баатрууд шиг сонин хувцас өмссөн байх бөгөөд янз бүрийн бэлдмэлийн хүчээр супер хүчтэй болсон байна. Гэр орон, ахуйн хэрэглэлүүд нь бүхэлдээ автоматжуулсан байх бөгөөд хаалгаа онгойлгох, хог соруулах, зурагт, гэрэл асааж унтраах, хувцас угаах тэр битгий хэл нохойгоо ч хөтөлж салхилуулах шаардлагагүй болсон байдаг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд зөгнөснөөр нохойнд тань зүүсэн автомат хүзүүвч агаарт хөөрөн явж нохойг чинь салхилуулах болно. Хоол хүнс хүртэл өөрч­лөгдөж аяга шиг жижигхэн пиццаг халаагчид хийхэд энгийн том пицца болон гарч ирнэ.

Ямар ч хүн өмссөн таардаг, өөрийгөө хатаадаг өмд, цамц, өөрөө үдэгддэг гутал, дэлгэцэн дээр зам заадаг шил, малгай гээд бүх хувцас ухаалаг болно хэмээн “Ирээдүй рүү аялсан нь” киноны зохиолч, найруулагчид төсөөлөн бичиж байжээ. Түүнчлэн алхаж явах ч шаардлагагүй болж агаар дээр хөөрдөг скэйбоардаар залуус нь зугаалж байх аж. Энэ мэтчилэн Стивен Спилберг болон Роберт Земекис нарын уран төсөөллөөр 2015 оны аравдугаар сарын 21 гэхэд хүмүүсийн хэрэглэж буй бүхий л эд зүйлс, хувцас хэрэглэл, хоол хүнс ухаалаг, технологижсон болсон байх юм.

Өнөөдрийн нийгэмд “Ирээдүй рүү аялсан нь” кинонд гардаг шиг нийтээрээ нисдэг машин унадаг, бүрэн технологижсон байшинд амьдрах хараахан болоогүй байна. Гэвч ийм нийгэм тун удахгүй ирэхийг асар хурдацтай өөрчлөгдөж буй техник технологийн хөгжлөөс харж болно. Тус кинон дээр гардаг шиг эд зүйлсийг бүгдийг нь хийх боломжтойг эрдэмтэд, зохион бүтээгчид аль хэдийнэ баталчихсан. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад янз бүрийн ухаалаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа билээ.

Тухайлбал, саяхан л гэхэд Японд ямар ч хүний хөлд таардаг гутал, хамгийн жижиг тээврийн хэрэгсэл болох “walk car“ буюу явдаг хавтан хийж танилцуулж байсан. Энэхүү хавтан нь “Ирээдүй рүү буцсан нь” кинон дээр гардаг нисдэг скэйбоардтай бараг адил гэж хэлж болно. Мөн “Apple”, “Samsung” тэргүүтэй олон улсын томоохон компани, корпорациуд янз бүрийн чадамжтай, хүний ажлыг хөнгөвчилсөн ухаалаг утас, цаг, таблет зэргээ танилцуулсан бол хүний биеийн халуун хэмжиж, сахарын хэмжээ, физиологийн онцлогийг тодорхойлдог ухаалаг ор, нисдэг машин, жолоочгүй онгоц болон машин, хүн шиг сэтгэл хөдлөлтэй роботууд, ургамал, ногоог автоматаар ургуулдаг кабин гэх зэргээр тоолж барамгүй олон шинэ технологийн бүтээлүүд гарч байгаа.

Мөн ирээдүйд анагаах ухааны салбар нано­технологи, биотехнологийн хүчээр илүү хөгжиж хүмүүс хөгширдөггүй болно гэж яригдах болжээ. Эдгээр шинэ төхөөрөмжүүдийг цөөн ширхгээр үйлдвэрлэж, үнэтэй худалдаалж байгаа учраас нийтийн хүртээл болж чаддаггүй гэж ярьдаг. Гэхдээ зөгнөлт кинон дээр гардаг шиг агаараар нь машин сүлжилдсэн, робот хүн хоёр хамтран ажилласан нийгэм удахгүй ирэх нь цаг хугацааны л асуудал билээ.