Categories
мэдээ цаг-үе

Дуудлагаар дугуйгаа засуулахад 10000-15000 төгрөгийн үнэтэй

Саяхнаас “Дуудлагын дугуй засвар” гэсэн хаягтай шар өнгийн автомашин хотын төвөөр үзэгдэх болсон. Тодруулбал, таны автомашины дугуйтай холбоотой бүхий л асуудлыг дуудлагын дагуу очиж засварлана гэсэн үг. Энэхүү үйлчилгээг “Бат сервис” компани нэвтрүүлжээ. Дуудлагаар дугуй засах үйлчилгээг явуулаад долоо л хонож байгаа юм байна. Тус компанийнхантай 11.30 цагийн орчимд холбогдоход Баянзүрх дүүргийн XIII хороололд дуудлагатай явж байна гэсэн юм. Дараагийн дуудлага нь Сүхбаатар дүүргийн XI хороололд гэв. Ингээд 12.30 цагийн орчимд XI хорооллын есдүгээр байрны гадаа уулзлаа. Учир нь тус байрны оршин суугч машиныхаа дугуйг солиулахаар дуудлага өгчээ. Дуудлагын ажилчид үйлчлүүлэгчдэдээ хандан “Сая дөрөв, таван дуудлагын дагуу очиж үйлчлээд ирлээ.Зам мөстчихсөн гулгаатай байгаа учраас бага зэрэг түгжрэлтэй байна. Жаахан хүлээлгэсэн бол хүлцэл өчье” гэсээр ирцгээв. Гурван ажилтан хамт явдаг юм байна. Уг нь 24 цагийн турш гурван хүн ээлжээр ажиллаж дуудлагын үйлчилгээг үзүүлэх төлөвлөгөөтэй боловч одоохондоо хамт явж байгаа гэнэ. Дуудлага өгсөн үйлчлүүлэгчийн “Ford expedi­tion” машины урд талын нэг дугуйны хий гарсан юм байна. Залуус машинаасаа багажаа гаргаж ирээд хэдхэн минутын дотор хийлээд өгчихөв. Үйлчилгээний хөлстэйгөө нийлээд 15 мянган төгрөг боллоо. Жийп машины нэг дугуйг хийлэх, солих, засахад 10000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Үйлчлүүлэгч ч “Машиныхаа дугуйг хийлүүлж чадахгүй байсан юм. Бидний ажлыг хялбарчилсан сайхан үйлчилгээ үзүүлж яваа залуус байна” гээд ихэд сэтгэл хангалуун үлдэв. Дуудлагын засварчид дараагийн захиалгадаа гарав. Шадивлангийн зусланд амьдардаг хүн “Өглөө босоод харсан чинь машины дугуйны хий гарчихаж” гээд дуудлага өгчээ. Харин Шадивлангаас Төмөр зам, Нэгдүгээр эмнэлэг, Зайсанд гурван ч машины дугуй засварлах дуудлагатай явж байв. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл нэг захаас нөгөө зах руу хүрнэ гэдэг асар их хугацаа ордог учраас аль болох ойрхон газруудыг нэгтгээд захиалгын дагуу очоод үйлчилдэг байна. Дуудлагын машины кабинд дугуй засваруудад байдаг бүхий л багаж хэрэгсэл харагдав. Түүнчлэн дугуйгаа нөхүүлэх дуудлагын дагуу очиход машинд нь өөр янз бүрийн гэмтэл гарсан байх тохиолдол их гардаг гэнэ. Тиймээс аль болох гэмтлийн оношийг тогтоож засч өгдөг гэж тус компанийн захирал Г.Батболд хэлж байсан. Мөн энэ үйлчилгээг явуулахын тулд Хятадын Эрээн хотоос шаардлагатай гэсэн хамгийн сүүлийн үеийн техник, хэрэгсэл оруулж ирсэн тухайгаа ч ярьсан.

Ихэвчлэн залуучууд дуудлага өгдөг аж

Ингээд дуудлагын үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг “Бат сервис” компанийн захирал Г.Батболдоос тодрууллаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би техникийн инженер. Тиймээс автомашины талаар багагүй мэдлэгтэй. Үүн дээрээ түшиглээд дуудлагын засварын үйлчилгээ явуулъя гэж шийдсэн.

-Дугуй засварын дуудлагын үйлчилгээ нэвтрүүлэх сэдэл хэзээнээс төрсөн бэ?

-Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг болно гэж эрт бодсон. Харин одоо л биеллээ олж байна.Өнөөдөр нийслэлд дуудлага, хүргэлтийн үйлчилгээ маш хэрэгтэй. Хүмүүс завгүй байдаг болсон. Нийслэлийн түгжрэлээс болж нэг ажил амжуулах гэж цаг заваа маш их алддаг. Харин дугуй засварын үйлчилгээ хотын төвд тэр бүр байдаггүй. Хүмүүс дугуйгаа засуулахын тулд хотын зах руу явах болдог. Тиймээс ганц дугуй нөхүүлэх, солиулахын тулд хотын зах руу явах хэрэггүй болсон. Бид таны машины дугуйг сольж, засч хурдан шуурхай үйлчлэх болно.

-Цаашдаа бизнесээ өргөжүүлэх бодол байна уу?

-Захиалга аваад зургаа хонож байна. Энэ хугацаанд маш их дуудлага ирж байна. Заримдаа бид ачааллаа дийлэхгүй ганц нэг холын дуудлагыг цуцалдаг. Уг нь ийм асуудал гаргамааргүй байна. Бүх хүнд хүрч үйлчилмээр байна. Одоо ганцхан машинтай дуудлагадаа гардаг. Цаашид нийслэлийн таван дүүрэгт таван машин явуулахыг хүсч байна.

-Иргэд ихэвчлэн ямар дуудлага өгч байна?

-Одоогийн байдлаар зуны улирал дуусч өвөл эхэлж байгаа учраас иргэд дугуйгаа солиулах дуудлага их өгч байна. Бид дөрвөн дугуй сольж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа. Хэрвээ дөрвөн дугуйгаа солиулбал азотоор хийлдэг үйлчилгээгээ үнэгүй хийж өгч үйлчилнэ. Мөн баланс тохируулах, дугуй нөхөх, пүрш агшаах, наклад солих, цав солих зэрэг үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

-Эмэгтэй жолооч нар дугуйгаагаа солиулах, нөхүүлэх зэрэг дуудлага их өгч байна уу?

-Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ яг ийм бодолтой байсан. Эмэгтэй жолооч нар л их дуудлага өгөх байх гэж. Тэгсэн ихэнхдээ эрэгтэй жолооч нар дуудлага өгч байна. Залуу жолооч нар “Өглөө боссон чинь дугуй хагарчихаж, дугуйгаа нөхөх гэсэн юм” гээд манайд ханддаг.Ихэвчлэн яаралтай дуудлагууд ирдэг. Одоохондоо нийслэлийн замын түгжрэлийг тооцоолж бид үйлчлүүлэгчидтэйгээ цагаа тохирдог. Хэрвээ хотын нэг захад дуудлагатай явж байвал нөгөө зах руу очих гэсээр үйлчлүүлэгчээ маш их хүлээлгэж, урмыг нь хугалах болно. Тиймээс ихэвчлэн орон сууц, ажлын газрынх нь гадаа машиных нь дугуй нь хагарчихсан зогсч байгаа, дугуйгаа солиулах, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд яаралтай биш үйлчлүүлэгчдээс цаг авч, төлөвлөн үйлчилж байна.

Үйлчилгээний хөлс 5000-10000 төгрөг

Суудлын жижиг тэрэг, том оврын тэрэг зэргээсээ хамаараад үйлчилгээний хөлс янз бүр. Дунджаар суудлын машины нэг дугуйг хийлэх, засах, солих зэрэг үйлчилгээ 5000 төгрөг бол том оврын хүнд даацын машин, жийп машин зэргийн нэг дугуйг 10000 төгрөгөөр засварладаг байна. Харин нийслэлийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хуваагаад Таван шараас Офицер, 32-ын тойргоос 120 хүртэлх нутаг дэвсгэрт өглөөний 08.00-22.00 цаг хүртэл дуудлагын хөлс 5000 төгрөг, 22.00-08.00 цаг хүртэл дуудлагын хөлс 10.000 төгрөг аж. Мэдээж дээр нь үйлчилгээний хөлсөө нэмж төлнө гэсэн үг. Түүнчлэн азотын хийг том оврын машинд 4000 төгрөгөөр, жижиг тэргэнд 3000 төгрөгөөр хийж үйлчилж байна. Балансыг 8000 төгрөгөөр тохируулах бол бусад засвар гэмтэлтэй холбоотой үйлчилгээг зохих хэмжээний өртгөөр хийдэг юм байна.

Цасан шуургатай өдөр дуудлага тасраагүй гэв

Өдөрт дунджаар дугуйтай холбоотой 15 дуудлагын дагуу хүрч үйлчилдэг байна. Өдөрт маш олон дуудлага ирдэг бөгөөд хамгийн хурдан шуурхай ажилалаа гэхэд л 15 дуудлагын ард гардаг байна. Өнгөрсөн амралтын өдрөөр цасан шуургатай, зам халтиргаа гулгаатай байсан учраас иргэдээс маш олон дуудлага ирсэн байна. Ихэнхдээ машиныхаа зуны дугуйг солиулахаар дуудлага өгчээ. 80250250 гэсэн утсанд тасралтгүй дуудлага иржээ. Дээрх дуудлагаас аль болох ойрхон газруудад олон машинд үйлчилгээ үзүүлж чадах байдлаар захиалга авчээ. Иргэд ч дуудлагаар үйлчилгээ авахдаа сэтгэл хангалуун байдаг талаар ярьж байлаа.

Автомашинтай холбоотой бүхий л үйлчилгээг дуудлагаар авах боломжтой болжээ

Сүүлийн үед хэрэглэгчдэд хүрч үйлчлэх, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс олон төрлийн шуурхай үйлчилгээ нэвтрэх болсон. Тэгвэл жолооч нар автомашинтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг заавал засварын төв орохгүйгээр гэрийнхээ гадна авах боломжтой болжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон ч газар нээгдсэн байна. Тухайлбал, автомашины дуудлагын засвар, авто ачлага, дуудлагын жолооч зэрэг олон үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг “Шуурхай туслагч”компани байна. Дугуй засах, нөхөхөөс гадна автомат кроп засвар, их гэрэл өнгөлгөө хийх бөгөөд дуудлагаар танд хэрэгтэй сэлбэгийг хүртэл хүргэж өгөх юм байна. Шатахуун дууссан тохиолдолд хүртэл дуудлага өгч болох нь. Мөн 24 цагийн турш дуудлага хүлээн авна. Өнгөрсөн амралтын өдрөөр тус компани мөн л ачаалал ихтэй ажиллажээ. Ихэвчлэн хотын зах, хөдөө орон нутагт цасанд суусан машинаа татаж гаргуулах дуудлага ирсэн гэнэ. Учир нь тус компани цас болон шаварт суусан машиныг татаж гаргах зориулалттай хоёр жийптэй аж. Компанийн дугуй засварын үнэ үйлчилгээний хөлстэй нийлээд 15 мянган төгрөг. Бусад үйлчилгээний хувьд төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй байна.

Шуурхай туслагч компанийн дуудлагын утас нь 70120120 аж.

“Акума” төв 09.00-21.00 цагийн хооронд бүх төрлийн аккумуляторыг дуудлагаар хүргэж өгч үйлчилдэг байна. Хүргэлтийн үйлчилгээний үнэ 5000 төгрөг. Харин аккумулятор 97-350 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Тус төв рүү хандахыг хүсвэл 99905082 утас руу залгана уу.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Шинзо Абэ хоёр чухал асуудал дээр ач холбогдол өгчихөөд явчихлаа

МУИС-ийн Улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбаттай ярилцлаа.

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал болон сүүлийн үед тус улсын илэрхийлж байгаа байр суурь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Түүний энэ удаагийн айлчлалыг та улс төр судлаачийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Япон бол манай маш найрсаг харилцаатай гуравдагч хөрш шүү дээ. 1990 онд нийгмийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан шилжилтийг хийсэн тэр хүнд цаг үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан орон бол Япон. Америк тусламжийн гараа сунгаагүй, Европын холбоо ч туслаагүй. Тэгэхэд бидэнд тэр цагт эдийн засгийн болон материаллаг, санхүүгийн анхны тусламжийг Азиас Япон орон л үзүүлж байсан. Энэ утгаараа сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол, Японы эдийн засаг, улс төр, соёлын харилцаа маш эрчимтэй хөгжиж байгаа. Ази тивд манайтай эдийн засаг, улс төр, соёлын харилцаагаараа хамгийн найрсаг байгаа орон нь яах аргагүй Япон. Бид Японы ард түмэн, Японы Засгийн газрыг буруушаах гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар тэдний явуулж байгаа бодлого, Японтой харилцаж байгаа харилцаагаа буруу гэж тодорхойлох нь зохисгүй, тиймэрхүү ёсзүй бидэнд байх ёсгүй.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлал дөрөвхөн цаг үргэлжиллээ. Шинзо Абэ саяхан батлан хамгаалахынхаа бодлогод томоохон эргэлт хийчихсэн. Хуучин бол төвийг сахьсан, энхийг эрхэмлэсэн, ямар нэгэн бие даасан батлан хамгаалах бодлогыг бүс нутаг болон дэлхийн хэмжээнд явуулахгүй гэсэн тийм бодлоготой байсан. Гэтэл Япон орон бүс нутаг, аливаа зүйлд заналхийлэл болох юм бол цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулна гэж батлан хамгаалахын номлолоо өөрчилчихлөө.

Япон дэлхийн гурав дахь томоохон эдийн засаг, Азидаа Хятадын дараа орох том эдийн засагтай орон. Энэ утгаараа ярих юм бол бүс нутгийн хэмжээнд цаашлаад дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засаг, геополитик, цэргийн байр сууриа бэхжүүлэх ийм алхмуудыг хийх ёстой. Үүнийг эхлүүлэх ажлын эхлэл нь Шинзо Абэгийн айлчлалууд байсан болов уу гэж бодож байна. Тэрээр Төв Азийн орнуудаар айлчилж байна. Энэ хүрээнд Монголд дөрвөн цаг айлчиллаа. Энэ хугацаанд Монголтой олон асуудал ярьсангүй. Уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах саналуудаа илэрхийллээ. Мөн зүүн чиглэлд тавигдах төмөр замын асуудлыг ярилаа.

Япон бол том эдийн засагтай, хөгжингүй орон учраас манайхан юуг сонирхож байна вэ гэхээр уул уурхайн баялагт хамтарсан хөрөнгө оруулалт хийх. Дээрээс нь Монголын нэг давуу талыг япончууд ойшоож үздэг. Тэр нь юу гэхээр Хойд Солонгостой харилцахдаа Монголын аялал жуулчлалыг ашиглах гэдэг асуудал. Хойд Солонгос Монгол хоёр бол улс төрийн хувьд ойр харилцаатай орнууд. Социализмын үеэс эхлээд өнөө хүртэл тэр харилцаа нь хэвээр байгаа. Гэтэл Хойд Солонгос, Японы харилцаа төдийлөн таатай биш. Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар Монгол Улсыг татаж оролцуулах, манай аялал жуулчлалыг ашиглах нь улс төрийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ хоёр асуудал дээр ач холбогдол өгчихөөд явчихлаа л даа.

-Шинзо Абэ Ерөнхий сайд манайд хоёр дахь удаагаа айлчиллаа. Өмнө нь 2013 онд ирсэн. Ер нь Японы Ерөнхий сайд нэг улс руу ингэж ойр ойрхон айлчилдаг юм уу?

-Шинзо Абэ хоёр дахь удаагаа айлчиллаа. Ер нь ингэж түүн шиг ойр ойрхон айлчилсан Ерөнхий сайд байхгүй л дээ. Японы хөгжлийн бодлого бол бүс нутаг, дэлхийд байр сууриа эзэлсэн, улам илүү хөгжингүй орон болж хөгжих гэсэн зорилттой. Монголд юу байна вэ гэхээр түүхий эд, Японд юу байна вэ гэвэл технологи. Энэ хоёрыг нийлүүлж аль аль талдаа ашигтай ажиллах гэдэг хувилбар дээр тогтож байна. Ер нь Японтой эдийн засаг, улс төрийн хүрээнд нягт хамтраад ажиллахад бидэнд алдах юм байхгүй. Тэдний технологи бидэнд хэрэгтэй. Бид газар доорх баялгаа өндөр технологид суурилсан байдлаар ашиглаж чадахгүй байгаа тохиолдолд гадны технологийг л авна шүү дээ. Тэгж авна гэвэл Японы технологийг сонгоход алдах юм байхгүй. Төмөр зам барих асуудал мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудал тэр чигээрээ Японы хөрөнгө мөнгө, технологи, стандартаар баригдаж байгаа зүйлүүд. Тийм учраас Японы технологийг Монголд суурьшуулах асуудал бол манай хувийн хэвшилд төдийгүй төрийн бодлогын чиглэл болбол үр дүнтэй байх болов уу гэж судлаач хүний хувьд боддог юм.

-Япончууд зүүн аймгууд руу зам барьдаг. Энэ удаад зүүн чиглэлийн төмөр замын асуудлыг хөндлөө. Үүнээс үзэхэд Япон улс зам тээврийн харилцаагаа өөр рүүгээ ойртуулж, хөгжүүлж байна гэж харж болох уу?

-Мэдээж шүү дээ. Ямар ч улс аливаа улс оронтой харилцахдаа аль аль талдаа ашигтай хувилбарыг бодно уу гэхээс биш харилцагч талдаа зуун хувийн ашигтай, өөртөө ашиггүй гэрээ, бодлого явуулна гэж байхгүй. Тийм улс хаана ч байдаггүй. Харин тэр бодлогыг хөгжил болгож хувиргах ухаан манай төрд байх ёстой.

-Японы тал Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад цаашид ч хамтарч ажиллана. Мөн олимпийн бүтээн байгуулалтад ажиллах хүч илгээх манай саналд хүндэтгэлтэй хандана гэж илэрхийлж байсан. Дипломат ёсонд нөгөө талынхаа саналд хүндэтгэлтэй хандана гэдгийг юу гэж ойлговол зохистой байдаг юм бэ?

-Япон улсын хувьд ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улс, улс хоорондын харилцаанд өөрөө их хүлээцтэй бодлого явуулж ирсэн. Тэр бодлого нь одоо ч илэрдэг. Японы ард түмэн, Засгийн газрынх нь улс орнуудтай харилцаж байгаа харилцаа нь хүлээцтэй, аливаа асуудлыг тал талаас нь шинжилсэн өнгө аястай бодлого явуулдаг орон байхгүй юу. Шинэ нисэх онгоцны буудал ч юм уу, тухайн байгууллагыг авч явдаг удирдлагын менежмент, зохион байгуулалтын аргыг нь бид нэвтрүүлж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидний хөгжиж чадахгүй байгаа дутагдалтай тал бол удирдлага, зохион байгуулалтын сайн менежментийг төрийнхөө түвшинд ч, хувийн хэвшлийн түвшинд ч, төр хувийн хэвшлийн харилцаанд ч хийж чадахгүй байгаа явдал шүү дээ. Япончуудаас бид аль аль түвшин, салбартаа суралцах, мэдэх зүйл асар их байгаа юм. Японтой харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлэх, дээд түвшинд гаргах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа олон салбар, чиглэлд өргөжүүлэх ажилд анхаарах нь зүйтэй.

-Зарим айлчлал хоёр, гурван өдөр үргэлжилдэг. Гэтэл дөрөвхөн цаг айлчилсан нь зарим хүнд чамлахаар хугацаа санагдсан байх?

-Айлчилж байгаа зочны цагийн тухайд төрийн том айлчлал чинь цаанаа төлөвлөгдчихсөн байгаа шүү дээ. Тэрэн дээр тэглээ, ингэлээ гэх нь гоомой зүйл болно.

Categories
мэдээ цаг-үе

“20 настай” тэд юу ярив?

Одоогоос 20 жилийн өмнө Монголын рок попын урлагт хувьсал хийж өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан хамтлаг бол “Камертон”. Монголын хөвгүүдийн хамтлагийн дундаас “Камертон”-ы залуус хөдөлмөрч, чадварлаг уран бүтээлч гэдгээрээ аргагүй ялгардаг билээ. Анх “18 нас” дуугаараа олонд танигдаж чадсан хөвгүүдийн хамтлаг өдгөө 20 нас хүрч байна. Тун удахгүй тус хамтлагийнхан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингээд “Камертон” хамтлагийн гишүүд доорх асуултад өөр өөрийнхөө өнцгөөс хариулсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Монголын рок, попын амьдрал “Камертон” хамтлагаар бүл нэмээд 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд та бүхэн юу амжиж бүтээв?

-Анх хамтлаг байгуулж байхад өмнөө томоохон зорилго тавьж байсан нь мэдээж. Тэр зорилгодоо хүрсэн үү. Хийсэн, бүтээсэндээ хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-“Маамуу нааш ир”, “Хэн ч уйдаагүй хайр”, “18 нас” дуугаа дуулж байх үеийг өнөөдрийн амьдрал, үзэл бодол, нийгэмд эзлэх байр суурьтай харьцуулахад ямар зөрүү гарч ирэх бол?

-Мэдээж хэрэг охидын шүтээн байсан хамтлагийнхан гэр бүл зохионо гэдэг тухайн үедээ олны сонирхлыг татаж байлаа. Одоо харин урлагийн хамгийн сайхан гэр бүл болсон шиг санагддаг. Тэгэхээр гэр бүл, үр хүүхдийнхээ тухай товчхон танилцуулахгүй юу?

Д.Болд:

-Чанартай уран бүтээл хийхийн тулд манай хамтлаг зүтгэж ирсэн. Анх дөрвөн хоолойгоор дуулах стилийг гаргаж ирсэн гээд мэдээж яривал маш их юм ярина л даа. Цаашид ч манай хамтлаг сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллах болно. Миний хувьд 2006 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эхэл­сэн. “Хайрын хүч” цомгоос эхлээд нэлээд уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэсэн. “Be” продакшн байгууллаа. Энэ жил продакшнаа өргөжүүлж медиа группийн түвшинд хүргэхээр хичээж ажиллаж байна. Энэ хооронд монгол поп урсгалыг хөгжүүлэх тал дээр нэлээд ажиллалаа. Удахгүй бие даасан шинэ цомог гаргахаар төлөвлөөд байна. Оны сүүлээр цомог бэлэн болох байх. Продакш­наараа дамжуулж олон уран бүтээлч­тэй хамтарч ажилласан бай­на. Олон сайхан залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхийн төлөө хичээж байна. Ер нь л урлагийн бүх төрөлд хүч сорьж байна. Сүүлийн үед энтертаймент чиглэлээр их ажиллаж байгаа.

-Анх хамтлаг байгуулах үед юу бодож байсан талаар яг орж ирэхгүй байна.

-Сэтгэл хангалуун байлгүй яахав. Зүгээр суугаагүй. Олон сайхан уран бүтээл хийж ирсэн. Багагүй уран бүтээлийн тоглолт хийсэн. Цаашдаа маш олон уран бүтээл хийх төлөвлөгөө байна. Бүтээлийн яг оргил дээр гарчихаагүй байна л даа.

-Манай эхнэрийг нугараач мэргэжилтэй гэдгийг хүн бүхэн л мэдэх байх. Эгшиглэн, Энэрлэн, Эзлэн гээд гурван сайхан үртэй болсон.

Г.Мэнд-Амар:

-Өнгөрсөн 20 жилийн дий­лэнх нь “Камертон” хамтлагтай хол­боо­той. Монголынхоо бүхий л аймгаар тоглолт хийж, олон орноор аялж, уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Бид бүхнийг сонсдог, дэмждэг, биднийг тоож сонсч, урамшуулж ирсэн хүмүүсийнхээ буянаар олон сайхан зүйл үзэж нүд тайлсан байна. Нэг их айхтар бүтээн бай­гуу­лаад босгож ирсэн бизнес бол байхгүй. Нэг хэсэг “Монгол газар” компанийн барилгын хэлтсийг хариуцаж ажиллаж байгаад больсон. Харин телевизүүдийн тэр тусмаа “UBS” телевизийн “Universe Best songs” наадмын төсөл дээр хамтарч ажиллалаа. Бид хөгшрөөгүй, өтлөөгүй. Гэхдээ залуу үеэ гарч ирэхэд нь чадахаараа туслах үүднээс “Камертон-2” төсөл хэрэгжүүлсэн. Тэр хүүхдүүд цаашаа хэр хол явах нь өөрсдөөс нь шалтгаална. Монголд “boy band” хамтлаг ирээдүйд гарч ирсээр байх нь тодорхой. Тэр дунд манай хөвгүүд гоё чихрийн цаас шиг, ханан дээр байдаг хөөрхөн залуугийн зураг шиг байх уу гэдэг нь чухал. Гэхдээ “Бид дөрөв” хамтлагийн дүү нар учиргүй хүний гар, ам хараад байхааргүй мундаг сэтгэдэг хүүхдүүд бий. Цаашдаа мэргэжлийн, чадварлаг уран бүтээл их хийнэ гэдэгт итгэлтэй байна.

-Шилжилтийн насан дээрээ явж байсан учраас аливаа зүйлийг олон талаас нь харж байсангүй. Тэгээд ч мэргэжлийн сургуульд сурч байсан болохоор чадах болов уу, яах бол гэж эргэлзэж, тээнэгэлзэж байсан удаагүй. Хоёрдугаарт долоон настайгаасаа л нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг, аав ээж, ах дүү нараа мэддэг болцгоочихсон байсан. Тиймээс янз бүрийн эрсдэл бодож ч байсангүй, нөхцөл ч бүрдээгүй. Хамгийн гол нь тухайн үед олон хоолой салгах, Италиар акабела гэж ярь­даг л даа. Үүнийг л монгол­чуудад л гоё хүргэх юмсан гэсэн зорилготой байсан.

-Мэдээж ондоо. ЕБС-ийн хүүхдүүдээс жишиг авахад бид чинь IX, X ангийн сурагчид л байлаа. Дуунд хайртай, дурлачихсан байсан учраас дуугаа хэрхэн хүнд хүргэхэв гэсэн л бодолтой байсан бол идэр залуу насанд аливаа зүйлд философи талаас нь ханддаг юм байна.

Эргээд харахад шилжил­тийн насны хөвгүүд гэхэд цагийг хий дэмий өнгөрүү­лээ­гүй санагддаг. Уран бүтээ­лийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж насандаа баймгүй хор шартай байж. Тиймдээ ч өнгөрсөн амьдралдаа маш сэтгэл хангалуун байна. Урлагийн буянаар л хорвоотой танилцлаа шүү дээ. Одоо амьдрал дуусчихсан юм биш л дээ. Он цаг элээх тусам тархи улам залууждаг гэдэг. Тиймээс хөгширчихөөд дуулж чадахгүй, гонгинож чарлаад хүний дургүйг хүргээд байхгүйн тулд тархиа цэнэглэж, бие сэтгэл гээд бүхий л зүйлээ бэлт­гэж байна. Энэ эрчээрээ сай­хан дуулахын тулд шүү дээ.

-Миний хувьд үеийнхнээсээ хожуу гэр бүл зохиосон. Эхнэрийг маань Р.Болормаа гэдэг. Бид Сийлэн, Анхилуун гээд хөөрхөн охидтой болсон.

Б.Эрдэнэбат:

-Би идэвхтэй насаа хэд хэд хувааж боддог л доо. 0-20 нас бол жаргалтай сайхан хүүхэд үе, 20-40 хамгийн идэвхтэй хийж бүтээх нас , 40-60 хүртэлх нас бол хийж бүтээх ч харьцангүй идэвх буураад ирэх үе гэж боддог. Тэгэхээр хамгийн идэвхтэй насандаа эргээд харахад их зүйлийг бүтээсэн байна. Анх 1995 онд манай хамтлаг байгуулагдсан. Тухайн үед Монгол Улсын нийгмийн байдал ороо бусгаа байсан. Гэвч бид энэ цаг үед амжилттай уран бүтээл хийж олонд танигдаж гарч ирж өнөөг хүртэл оршин тогтнож байна шүү дээ. Манай хамтлаг 20 жилийн хугацаанд 11 цомог гаргасан гээд дурдвал уран бүтээлийн олз омог маш их байна л даа. Миний хувьд 2007 оноос хөдөө аж ахуйн салбарт хүч үзсэн. Одоо Монголдоо эхний гуравт орохоор усалгааны системтэй хөдөө аж ахуйн салбарт өөрийн гэсэн байр суурьтай компанитай болсон байна.

-20 жилийн өмнө Хөгжим бүжгийн шатан дээр уулзаж байсан дөрвөн хүү өнөөдөр ч нүдэнд харагддаг. Тухайн үед “Yesterday” дууг анх дөрвүүлээ дуулж үзээд бие бие рүүгээ гайхаж харцгааж байсан. Яг энэ мөчид л хамтлаг байгуулах зам тавигдсан. Яаж гоё дуулах вэ гэхээс өөр юу ч бодогддоггүй байлаа. Хэзээ ч харамсахааргүй амьдарч ирсэн. Хамгийн гол нь сайхан нөхөрлөлийг бий болгосон. Нэг удаад аврах биш насан туршдаа нэгнийхээ төлөө гэх андуудтай болсондоо би маш их баярлаж явдаг.

-Одоо 40 дөхөж яваа залуус “охин минь”, “охин чи минь” гээд дуулаад явах утгагүй. Дуу гэдэг чинь сэтгэл зүрхнээс гардаг зүйл. Тиймээс шинээр хийж буй уран бүтээлийнхээ үгэнд хүртэл ач холбогдол өгч арай философитой, хүнд юм бодогдуулахаар сонголтыг хийдэг болсон байна. Би 18 настай байхдаа хэзээ ч 30 нас хүрнэ гэж боддоггүй байсан. Харин өнөөдөр маргааш 50 нас хүрэх гээд байгаа юм шиг санагддаг боллоо. Иймэрхүү ялгаа маш их байна.

-Өнөр өтгөн сайхан гэр бүлтэй боллоо. Гурван хүү, нэг охинтой. Миний том хүү хамтлагтай зэрэг л өссөн. Одоо 17 настай. Гадаадад сурч байгаа. Дунд хоёр хүү маань ЕБС-д сурч байна. Харин бага охин бид хоёр гэр зуур зунгааралдаад л байж байна /инээв/. Миний эхнэр Бямбажав гээд уран нугараач бүсгүй бий. Эхнэр “Anti gravity” иогийн төвөөрөө дамжуулж сургалт явуулдаг. Бид хоёрын гол зарчим ашиг олохоосоо илүүтэйгээр нэг хүнд ч гэсэн туслах. Хийж бүтээж буй зүйл маань дандаа хүний төлөө л байгаасай гэж хүсдэг.

Л.Ган-Эрдэнэ:

-Хамтлагийн тухайд бол бүгд надаар хэлүүлэлтгүй ямар, ямар уран бүтээл хийж байгааг харж байгаа болов уу. Миний хувьд телевизийн салбарт тодорхой хэмжээний үзэгчидтэй, өөрийн гэсэн өнгө аястай нэвтрүүлэгтэй болоод байна. Одоохондоо гэртээ л байна. Нэгэнт телевиз рүү орчихсон юм чинь гарахгүй байх. Тэгэхээр цаашдаа телевизийн салбарт үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй байгаа. Нэг компани байгуулчихгүй яав даа гэж жаахан харамсдаг. Одоо амжилттай явж байгаа том компаниуд чинь ихэвчлэн 1995 онд байгуулагдсан юм байна лээ /инээв./ Гэхдээ энэ тоглоом шүү. Юунд нь харамсахав. Харин ч хамтлагаараа бахархаж явдаг.

-Хөгжим бүжгийн сургуулийн заах арга зүйн хувьд өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой. Хүүхэд бүрийг топ болгохын төлөө явдаг. Багш нь ч, сурагч нь ч энэ замналаар явдаг. Цаг сайн барьж, зохион байгуулалттай байхаас эхлээд хамтлагтай холбогдсон. Хамтлагаараа дамжуулж олонд танигдсан дуучин болохыг хүсэлгүй яахав.Түүнчлэн хамтлагийнхантайгаа олон шинэлэг зүйл бүтээе гэж боддог байсан. Хамгаас илүүтэйгээр шилдэг нь байя л гэж бодсон.

-Тэр үед биднийг сонсч байсан хүмүүс 35-40 гээд дундаж настай болчихсон. Одоо эдгээр сонсогчид бидэнтэй адил ихэнх нь аав, ээж болчихсон байгаа. Өөрийн гэсэн бизнес нь тогтчихсон, амьдрал нь жигдэрчихсэн байна. Энэ утгаараа уран бүтээлийн өнгө аяс хүртэл өөрчлөгдөж байна.

-Гадаад худалдааны мэргэжилтэй Б.Уянга гэж сайхан бүсгүйтэй гэр бүл болсон. Хоёр сайхан хүүхэдтэй. Батхүдэр, Гансүлд гээд. Том нь хоёр ойтой, бага нь дөрвөн сартай.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын дарга З.ЭНХБОЛД: Ардчилсан нам хүүхдийн мөнгийг анх санаачилсан, одоо хүүхдүүд том болсон учраас хөдөлмөрлөх цаг нь болсон

-ТЭР НӨХЦӨЛИЙГ БИД БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ-

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Сүүлийн хэдэн жил уул уурхайн түүхий эдийн үнэ 30 хувиас 300 хувь хүртэл уналаа. Эдийн засгаа солонгоруулаагүйн улмаас эдийн засаг хямарч байна. Үүний хэрээр ажилгүйдлийн түвшин нэмэгдэж өнөөдөр 7,8 хувьтай байна. Бид энэ хямралыг ямар аргаар даван туулах шаардлагатай байна вэ.

-Яригдаад байгаа 7.8% бол ажил хайгаад олж чадахгүй байгаа хүний тоо. Харин ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй гэрийнхээ ажилд тусалдаг нэртэй 29 хүртэлх насны 180 мянган залуу байна. Тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд. Түүнчлэн их дээд сургууль төгсч дээд боловсролын диплом авсан ч ажил хайж байгаа олон мянган залуус байна. Бид эхний ээлжинд эдгээр залуусаа ажилтай орлоготой болгох нэн тэргүүний шаардлага гарч байгаа юм. Ингэхийн тулд нэг талаас бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулах нөгөө талаас бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодит шаардлага үүсч байна. Тухайлбал төмөр зам, авто зам, барилга орон сууц гэх мэт.

-Хөгжиж буй орны хувьд хамгийн эхэнд дэд бүтцийн салбартаа анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид төмөр зам, авто зам, орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэхээр гаднаас ажиллах хүчин авах нь их байдаг. Үүнийг дотоодоосоо шийдэж ажилгүйдлийг багасгах боломж байгаа гэсэн үг үү?

-Байгаа, тухайлбал барилгын салбарт нийт 65 мянган мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байгаа юм. Тэгэхээр бид дутагдаж байгаа боловсон хүчнээ гаднаас авах биш дотоодоосоо бэлтгэж, мэргэшүүлэх боломжтой юм. Зөвхөн нэг төсөл тухайлбал энэ хавар эхэлсэн “Шинэ-Яармаг” гэхэд өөрөө 2500 барилгачин, бэлтгэн нийлүүлэгч туслан гүйцэтгэгч 8000 монгол хүнийг ажилтай болголоо.

Дотоодын ажиллах хүчийг нэмэгдүүлэх нэг боломж нь цэргийн алба байж болох юм. Ажилгүй байгаа залуусаа цэргийн албанд татаж, мэргэшүүлснээр авто зам, төмөр зам, барилга гэх мэт салбаруудаа давхар боловсон хүчнээр хангах боломж байна. Халагдахдаа мэргэжлийн үнэмлэхтэй, ажил хийгээд сурсан байх юм.

-Тэгэхээр ажилгүй байгаа иргэдээ цэрэгт татаад, мэргэшүүлээд ажлын байраар хангаад зогсохгүй мэргэжилтэй бас цалинтай болгоно гэж ойлгох уу?

-Цэргийн албанд татагдсан залуусаа МСҮТ-д тодорхой хугацаанд мэргэшүүлээд ажлын байран дээр шууд гаргах боломжтой. Ингээд мэргэжилтэй болоод төмөр зам, авто зам, барилга, орон сууцаа мэргэшсэн цэргүүдээрээ бариулна. Хуучнаар бол Барилгын цэргийн ангийг дахин сэргээнэ гэсэн үг. Цэргүүд 2-3 сарын хугацаанд мэргэшсэний дараа ажлын байран дээр гарч, цалингаараа хуримтлал бий болгож, орон сууцтай болчих юм. Яг ийм механизмаар авто зам, төмөр замаа бид дотоодын боловсон хүчнээ ашиглан барих боломжтой. Тухайлбал, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгаснаар нийт 1800 км төмөр зам барих ёстой. Монгол Улсад ойролцоогоор 16 мянган мэргэжилтэн төмөр замд ажиллаж байгаа, үүн дээр таван мянган хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэшүүлснээр ажиллах хүчний тоогоо нэмэгдүүлэх боломжтой юм.

-Халагдсан цэргээ шууд ажлын байранд зуучлах боломж байгаа юу. Үүнд ямар аргаар зохицуулалт хийх вэ?

-Бүрэн боломж байгаа, авто зам, төмөр зам, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх компаниудад зөвхөн МСҮТ-д мэргэшсэн, цэрэгт алба хаасан хүнийг ажиллуулах гэсэн стандарт нөхцөл тавьж өгснөөрөө ажлын байр нь баталгаажих юм. Мэргэжилтэй, сахилга баттай, ажил хийж сурсан залуусыг компаниуд булаацалдаад авна. Түүнчлэн эдгээр салбаруудад зөвхөн монгол хүн ажиллуулахаас гадна дотоодын барилгын материал нийлүүлэх, мөн МСҮТ-д мэргэшүүлэх хугацаа болон төслүүд дээр ажиллах явцад ажилчдын хувцас хэрэглэл болон хоол хүнсийг дотоодоосоо нийлүүлэх стандартыг тавьж өгөх юм. Ингэснээрээ бид гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэд шүтэх биш дотоодын нөөцөд суурилсан эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хямралыг давах боломж байгаа юм. Ер нь бусад улс орны жишгээс харахад дотоодын нөөцөө ашиглан эдийн засгийн хямралаа богино хугацаанд даван туулсан олон туршлага байна. Тухайлбал БНСУ, БНХАУ, Чили, Израил гэх мэт. Ерөнхийдөө дотоодын нөөцөд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийн зөв бодлогыг хэрэгжүүлснээр мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Та Төсвийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Ирэх жил сонгууль болно. Зарим гишүүдийн зүгээс сонгуулийн төсөв болчихож гээд байгаа?

-Төсвийн тодотголын тухайд анзаарагдсан хэдэн зүйлээ эхлээд хэлчихье. 2015 оны төсвийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 24-25-ны хооронд төсөв дээрээ тодотгол хийсэн. Тэр үед санаа зовоосон нэг зүйл байсан нь нэгдсэн төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр баталсан. Нэгэнт бүтэшгүй зүйлийг тухайн үед хүчиндсээр байгаад эрх баригчид баталсан юм.

-Эрх баригчид гэхээсээ илүүтэйгээр танай нам Засгийн газарт орчихсон, Сангийн сайд нь МАН-ын хүн байсан шүү дээ. Огцорсныхоо дараа ингэж ярих нь хэр зохистой вэ?

-Манай намаас Сангийн сайд томилогдсон байсан нь үнэн. Гэхдээ биелэх боломжгүй зүйлийг оруулж ирсэн. Тэгээд ч манай нам Засгийн газарт 30 хувийг бүрдүүлж, зургаан сайдтай байсан цаг үе. Гэтэл Засгийн газар кабинетаараа шийдвэр гаргадаг. Тухайн үед бид ярьж байгаад орлогыг нь 5.7 их наядаар батлаад өгье, төсвийн алдагдлыг чинь хоёр хувьд багтаая гэсэн юм. Тэгэхэд дотоодын бондын үлдэгдэл 3.1 их наяд төгрөг болчихсон байсан. Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоё гээд 700 гаруй тэрбум төгрөгөөр төсвийнхөө цоорхойг нөхье гэсэн.

Их хурал дээр ярьж байгаад төсвийн тодотголоор төсвийн орлогыг 6.6 их наядаар баталсан. Харин бидний хэлэлцэж буй төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогыг 6.1 их наядаар оруулж ирсэн. Оны эхний есөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг харахаар ойролцоогоор дөрвөн их наяд орчим төгрөг байна. Үлдэгдэл 2.1 их наяд төгрөгийг дөрөвдүгээр улиралдаа багтаан цуглуулж чадахгүй гэдэг нь тодорхой болчихоод байгаа. Оны төгсгөлд улсын төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй болов уу. Дахин 400 гаруй тэрбум төгрөг 70 хоногийн дараа сох дутна гэдэг зүйлийг төсвийн ажлын хэсэг дээр сануулж байгаа. Сангийн яам, Засгийн газар болохоор бид орлогын төлөвлөгөөгөө биелүүлчихнэ гээд байх юм. Харин биелүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуултад хариу өгөхгүй байна.

-Одоо яана гэж?

-Орлого зарлагаа тохируулахын тулд төсвийн тодотгол, 2016 оны төсвийг Их хурлын ажлын хэсэг дахин шинээр хийхийг ч үгүйсгэхгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр ирэх оны төсвийг 6.9 их наяд төгрөг гээд оруулаад ирсэн. Энэ жилийн бодит гүйцэтгэл 5.7 их наяд хүрэхтэй үгүйтэй байхад ирэх оны төсөв үүнээс илүү байна гэдэг эргэлзээтэй. Тиймээс ирэх оны төсвийн орлогыг 5.4 их наядаар баталъя гэж байгаа юм. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль дээр 6.4 хувьтай байх ёстой. Ингээд 900 тэрбум төгрөгийг нэмэх юм бол нэгдсэн төсвийн зарлагыг 2016 онд 6.4 их наяд төгрөг байх ёстой атал бараг 7.9 их наяд гээд тавьчихсан. Ойролцоогоор 1.5 их наяд төгрөг дутахаар байгаа. Ингэхээр төсвийн зарлагаа санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Ийм бүтэшгүй, биелэшгүй төсвийг дөрвөн жил дараалан батлаад явж байгаа. Үүнээс болж бизнесийнхний дунд төрийн нэр хүнд унасан. Санаагаар болдог бол макро тоонуудыг зөв тавих хэрэгтэй байна. Өрийн сүлжээнд ямархуу болтлоо орсныг Монголбанк бараг өдөр бүр л зарлаж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар болсон. Түүний дотор Засгийн газрын дотоод, гадаад өр ДНБ-ний 58 хувьд хүрч 14 орчим их наяд төгрөгийн өртэй болчихлоо. 2015 оны төгсгөлд Засгийн газрын дотоод бондын үлдэгдэл дөрвөн их наяд орчим төгрөгтэй тэнцэнэ. Хувийн хэвшлийнхний цусны эргэлт болж байх ёстой дөрвөн их наяд төгрөгийг Засгийн газар авахаар эдийн засаг уруудахаас яах юм. Бид энэ болохгүй байгаа зүйлсийг дөрвөн жил шүүмжиллээ. Сүүлдээ МАН гацаадаг, шүүмжилдэг, зогсоодог, харлуулдаг гэсэн яриа гарч байна. Тиймээс сүүлийн үед аль болох хэвлэлд ярилцлага өгөхгүй, нийгэмд хар мэдээлэл цацахгүй гэж шийдсэн. Бид шүүмжилсэн, шүүмжлээгүй бидний яриад байдаг нөхцөл байдал үүсч байгаа. 2015 онд гэхэд зээлийн хүүний төлбөрт улсын төсвөөс 700 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа л даа. 2016 онд 900 орчим тэрбум төгрөг зээлийн хүүнд төлнө. Энэ нь улсын нийт төсвийн орлогын 18 хувьд хүрнэ. 2011 онд зээлийн хүүнд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Одоо 963 тэрбум төгрөг болно. Хэд дахин өсч вэ гэдгийг бодох ёстой. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийг ингэж нурааж болдог л юм байна гэдгийг харлаа.

-МАН-ынхан сөрөг хүчин гэдэг утгаараа шүүмжлэх нь зөв ч гарц ярьж байгаа гишүүн аль аль намд алга байгаа юм биш үү?

-Гарц тодорхой. Эхлээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг чинь биднээс өмнө үүсээд манайхтай ижил төстэй зах зээлийн нийгэмд туршигдчихсан байхгүй юу. Шинжлэх ухаанаар нотлогдчих тэр замаар нь яваад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ цэгцлэх ёстой. Эхний ээлжинд эдийн засгийн суурь тоонуудаа зөв болгоно гэдэг чинь гарц. Эдийн засгийн суурь зөв болчихоор Монгол Улс руу орж ирэх мөнгөний үнэ цэн бий болно. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар гаргасан Худалдаа хөгжлийн банкны бондын жилийн хүү 9.00375 хувьтай гарсан. Үүний дараа Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргах гэхэд авах хүн олдоогүй. Одоо гаргавал мөнгөний үнэ цэн жилийн 11-12 хувийн хүүтэй болчих гээд байгаа юм. Ийм өндөр хүүтэй мөнгөөр бүтээн байгуулалт хийж ашиг гарган хүү төлнө гэдэг боломж багатай зүйл. Нэг үгээр хэлбэл Грекийн араас явчих гээд байна. Одоо бол Засгийн газраас оруулж ирсэн 7.9 их наядын зарлагаас 1.7 их наядын зарлагаа хасахаас өөр аргагүй. Зарлага хасна гэдэг хэцүү. Гэхдээ хасахаас өөр аргагүй. Байхгүй юмыг яаж гаргаж ирэх гээд байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сард манай нам Засагт байхад би төсвийн тодотголын ажлын хэсгийг ахалж байхдаа “Одоо бодит амьдралдаа хүргэе” гэж УИХ, Засгийн газрын удирдлагуудтай хоёр цаг гаруй ярьсан. Харамсалтай нь манайх 26 кноптой учраас бидний санал биелэх боломжгүй болсон. Одоо бол тухайн үед ярьж байсан тэр тоо руугаа очиж байна. Бид ухаантайдаа үүнийг яриад байгаа юм биш. Дөрөвдүгээр курс төгсч байгаа чамбай оюутнууд ч үүнийг гаргаад ирнэ. Түүнээс би мундагтаа шинээр пуужин зохиогоод байгаа юм байхгүй. Тэгж ч цэцэрхээд баймааргүй байна.

Хэрэглээ гэдэг чинь донтолт дагуулдаг юм. Анх бид лада унадаг байсан. Дараа нь эксел, элентра гэж байгаад пажеро жийп унадаг болсон. Төд удалгүй ланд круйзер 100, 105, лексус 470, 570 унаж байна. Улаанбаатарын гудамжаар явж байгаа зөвхөн машинаар жишээ авахад дараа үеийн сайн машин унасан хүмүүс хэзээ ч лада унадаггүй л байхгүй юу. Энэ чинь донтолт юм шүү дээ. Хэрэглээний донтолтыг “үгүй” гэж хэлээд зогсоох цаг ирэх ёстой. Энэ цагийг ирүүлэх гэж сүүлийн үед ярьсан, тэмцсэн. Харамсалтай нь дийлээгүй.

-Гарц гэдэг дээрээ эргээд жаахан төвлөрөх үү?

-Дээр хэлсэн дээ, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж. Төсвийг алдагдалгүй байгаа хэмжээнд нь батлах ёстой. Иймэрхүү байдлаар нэг жил орчим явна. Дараа нь төсвийн суурь макро тоонууд тогтворжоод ирэхээр манай орны бизнесийн эрсдэл багасч, мөнгөний үнэ цэн бууна. Мөнгөний үнэ цэн буухаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаад бууна. Тэгж байж тогтворжино. Энэ дахин 1-2 жил үргэлжилнэ. 2016 онд байгуулагдах шинэ Засаг энэ байдлаар 2019 он хүртэл уналтыг зогсоохоор ажиллавал жаахан сэргэлт ирэхийг үгүйсгэхгүй. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ сайнгүй байгааг бүгд мэдэж байна. Манай эрх баригчдын нэг зовлонтой юм нь бүх зүйлээ гадаад нөхцөл байдал руу чихчихээд тэндээс л боллоо гээд байдаг. Эдийн засгийн уналтын шалтгааныг 100 хувь гээд аваад үзэхээр гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл 30 хувь, бидний дотоодын арчаагүй байдал 70 хувь болчихоод байгаа юм. Таны ойр орчны хүмүүсийн амьдрал сайжирч байна уу.

-Хэцүү байгааг мэдсээр байж асууж байгаа юм уу?

-Улстөрчид амьдрал сайхан болж байна. Та нар албаар “Амьдрал хүнд байна” гэж зохиож яриад байна гээд байгаа юм. Би сонгогчидтойгоо уулзахаар “Амьдрал хүнд байна” гэдэг. Сайхан амьдарч байгаа хүмүүс нь хаана яваад байна аа. Тэрийг үнэхээр олж сонсохгүй байна л даа.

2016 онд сонгууль болоод манай нам яллаа гэхэд бид бурхан биш ийм үр дүн гарна гэж амлаж чадахгүй. Өнөөдрийн нийгэмд гоё ярьдаг хүмүүс нь ихэдчихээд хэцүү байна. Гоё ярихын уралдаан явж байгааг хараарай. 2016 онд МАН олонхи болчихвол зарим хүнд уйтгартай болно.

-Тэр нь юу гэсэн үг юм…

-МАН гарчихаад Засгийн газар тогтвортой байх тул огцрохгүй. Тэр нь зарим хүнд уйтгартай. Тэр нь харин ард түмэнд жаахан тустай байж магадгүй. Одоо 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүнийг дөрвөн жилийн мөчлөгт чадвал 850-900 мянган төгрөгийн цалинтай болгох тийм л зүйл ярина. 2012 онд өсч байсан трэндийг бид хадгалаад явж байсан бол одоо 900 мянган төгрөгийн цалин авч болох байсныг үгүйсгэхгүй. Бид алдагдсан боломжийн талаар ярихаа больчихсон. Намайг ингээд ярихаар “Энэ Чойжоо нам нь ялагдчихаад ийм юм ярьж байна” хэмээн шүүмжлэх байх. Миний хувьд шүүмжилж ч чадахаа байчихаад сууж байна.

-Төрийн зарим албан хаагчид, улс төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасна гэж байна. Өөр ямар ямар урсгал зардлуудыг танахаар төсөвт оруулж ирээд байгаа вэ?

-Би мэдэж төсөв зохиодог байсан бол төсвийн зарлагын мөр болгон дээр ажиллана. Төрийн өөрийнх нь зардал замбараагүй нэмэгдсэн.

-Та төсвийн ажлын хэсэгт байгаа юм чинь нэлээн нягт ажиллах боломж байгаа биз дээ?

-Байгаа. Би ажлын хэсэг дээр эхний ээлжинд нэг санал тавьж байгаа. Орлогоо л зөв тооцъё гэж байгаа юм. Төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй тул төсвийн алдагдлаа хамаагүй дөрвөн хувиар тавьж байгаад зарлагаа түүнтэй тохируулъя. Эхлээд макро хязгаараа тогтоочихоод түүн дээрээ нарийн ажиллах ёстой. Нэгэнт орлогодоо захирагдаж таарах тул цалинг бууруулахаас ч өөр замгүй. Гарцаагүй амьдрал зогсоочихгүй, гал алдчихгүй хэмжээний зардлуудаа гаргаад, тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь хасахаас өөр аргагүй. Харин улстөржиж, энийг тэрийг хасах ёстой гэж онцолж яримааргүй байна.

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлаа явуулахгүй байж ирэх оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байна. Тэр төсөвт нь сургууль, цэцэрлэгийн барилгаас эхлээд нэлээдгүй урт жагсаалт байна лээ. Магадгүй сургууль, цэцэрлэгийн төсвөөс сонгуулийн мөнгөө гаргах гээд байна уу гэж хардаж болохоор байгаа юм?

-Мөнгө нь байхгүй зүйлийг төсөвт суулгахаар дахиад л нэг үлгэр болоод байна. Сургууль, эмнэлэг дээрээ ч тэвчихээс өөр аргагүй болж магадгүй. Өнөөдрийн нөхцөлд сургууль, цэцэрлэг, эмнэлгээ ч барьж чадахааргүй болчихоод байгаа. Төрийн албан хаагчдын цалинг буулгамааргүй байна. Чаддагсан бол сургууль, эмнэлгийг нь бариад, амьдрал сайжруулмаар байна.

Сургууль, цэцэрлэгийн мөнгөнөөс сонгуулийн мөнгө босгох гэж байна гэсэн хардлага гадуур байгаа. Гэхдээ эрх баригчдыг би харлуулж, будмааргүй байгаа юм. Ажил хийж байгаа хүнийг хажуугаас нь шүүмжлээд байхад хэцүү байдаг. Шүүмжлэх зүйл заавал олддог. Би бие хүн болж төлөвшихдөө бизнес хийгээд сурчихсан. Төрийн албанд шилжихээсээ өмнө 10 гаруй жил бизнесийн замаар явчихсан хүн. Юм бүтээе гэхэд нурах магадлал их өндөр байдаг л даа. Би бизнес сэтгэхүйтэйгээс гадна инженер хүн. Тиймээс ийм юм хийх гэж байна гэж зарлах дургүй. Хийчихлээ гэж хэлэх дуртай. Нурах, зогсох тэр олон эрсдэлийг чимээгүй байж байгаад давсныхаа дараа хийчихлээ гээд дуугарах чинь кайф байхгүй юу. Амьдралыг үр дүнгээр хэмжих ёстой. Одоо бол тэгнэ, ингэнэ гэсэн ирээдүй цаг дээр бид амьдарч байна. Жаахан бодитоор сэтгэж харвал яасан юм. Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна. Энэ хооронд асар их орон зай бий. Байнга том зүйл хүсээд боломж нь түүнийгээ гүйцэхгүй болохоор бухимдал үүсдэг.

-Уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө оруулалт буурснаас хойш бид эдийн засгаа солонгоруулах ёстой гэж ярьж байгаа. Гэвч нэг хөл дээрээ дэгэнцэн буй эдийн засаг өнөө хэр нь явсаар байна. Боломж байна уу. Байвал ямар?

-Бид хэтэрхий яараад байна. 2000 онд МАН ялаад Засгийн газар байгуулж байсныг эргээд сана даа. 320 тэрбум төгрөгийн төсвийн зарлагатай байсан. Одоо бол 5.4, 7.5 их наяд гээд 10 дахин өссөн тоонууд яриад байгаа биз дээ. Тэгэхээр амьдрал жаахан ч гэсэн урагшилж байгаа. Харин хэт яараад байна. Эдийн засаг солонгоруулах талаар та ярьж байна. 2000 оноос хойших цаг хугацааг аваад үзэхээр шулуухан хэлэхэд солонгоруулах цаг хугацаа байгаагүй. 2006 оны төгсгөлөөс зэс дээр нүүрс гэдэг нэг сэдэв гарч ирсэн. 2008-2009 оныг дамжсан дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж 2010 оноос дөнгөж бодлогын зөв сонголт хийгээд гуравхан жил бид засагламаар аядан солонгоруулах чиглэлд бодлого явж эхэлж байтал бид сонгуульд ялагдсан.

2012 онд гадна ертөнц Монголыг сонирхож эхэлж байсан тэр боломжийг эрх баригчид алдсан. Одоо нэг хаширч, энэ нялхсын өвчнөөсөө салах байлгүй дээ. 2016 онд бид яллаа гэхэд нэг давуу тал ирнэ.

-Ямар давуу талын тухай ярьж байна вэ?

-Зовлон үзсэн чавганц гэдэг шиг эрх барихын зовлонг үзсэн бид цөөнх байхын зовлонг үзчихсэн байх юм. Тэгснээр үүнээс цааш алхаж болохгүй хязгаар бий юм байна гэдгийг бага зэрэг ойлгосон байх байлгүй гэж найдаж байна.

-Ирэх оноос гадны хөрөнгө оруулалтууд сэргэх болов уу гэж гишүүн бүрээс шахам асууж байна. Танаас ч бас асууя?

-Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт хасах тоотой гарах юм шиг байна.

-Оюу толгой, Таван толгой гэсэн томоохон ордуудаа их харж байна?

-Бид их том зүйл хүсдэг. 2016 оноос Оюу толгой хөдөлж эхэллээ гэхэд 300 орчим сая ам.доллар орж ирэх юм байна лээ. Үүнийг зарим нөхдүүд бага байна гэх юм. Бага ч гэсэн нэмэх тал руугаа явах ёстой. Оюу толгой гэлтгүй бусад төслүүд ч гэсэн яг адилхан. Бага багаар солонгоруулаад явах шаардлагагүй. 1000 гэдэг тоо ч гэсэн нэгээс бүтдэг гэдгийг санаарай.

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэт”-ийг бужигнуулж, 100 сая ам.долларын өрөнд унагажээ

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал дахиад л дэгдлээ. Төрийн өмчит хувь нийлүүлсэн энэ компанийг тойрсон хэл ам, хэдэн үеэрээ тэндээс мөнгө саах гэсэн эрх мэдэлтнүүдийн тэмцэл, дээрээс нь шахааны бизнес хийж баяжихыг хүсэгчид гээд асар олон ашиг сонирхлын зөрчил энэ компанийг цаг үргэлж дагаж байдаг. Энэ удаа тус үйлдвэртэй холбоотой 100 саяын хэрэг мандлаа. Энэ тухай УИХ-ын чуулган, Авлигатай тэмцэх газар гэх мэт байгууллагуудын дунд яригдаж, ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн талаар таагүй мэдээллүүд хөвөрч байна. УИХ-ын чуулганы саяхны хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага Оросын талд өгөх ёстой ногдол ашгийг цаг хугацаанд нь шилжүүлээгүйн улмаас 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон тухай мэдээллийг Төрийн өмчийн хорооноос мэдээлэв. Баримт сөхье.

100 сая ам долларын ноогдол ашгийг зүгээр л үрчихсэн гэнэ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” компани өрөнд оржээ.100 сая ам. доллар гэдэг их тоо. Яагаад өрөнд орсныг тодруулбал, Оросын тал 2012 оноос хойш ноогдол ашиг аваагүй бөгөөд саяхнаас гэнэт ноогдол ашгаа нэхэж эхэлсэн гэнэ. Оросын тал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг. 2012, 2013 оны ноогдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар аж. Харин 2014 оных улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болжээ. Энэ хугацаанд Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй өнгөрчээ. Гэтэл энэ жилээс гэнэт ноогдол ашгаа нэхэж эхэлсэн юм байх. Тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-т 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Уг нь ноогдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөтэй байх үед нь банкинд хадгалж байсан. Гэвч төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд тус мөнгөө хэрэглэсэн гэж Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж хэлж байсан. Харин эх сурвалжууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дөрвөн жилийн ахуйн зардал 100 гаруй сая ам.доллар болно гэж юу байхав. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэмж зэргийг үйлдвэрийн ноогдол ашгаас суутгаснаас болж энэ өр үүссэн” гэж тайлбарлаж байна. Оросын талаас ноогдол ашгаа нэхээд байдаг. Харамсалтай нь Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарчихсан байгаа. Нэгэнтээ үрчихсэн учраас Оросын талын ноогдол ашгийг төлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэрхэн яаж төлөх вэ. Энэ асуудал харин улс эх орны шийдэх асуудал болоод байгаа аж. Одоогийн захирал Ц.Даваацэрэнгийн бодлогогүй үйл ажиллагаанаас үүдэж, 100 гаруй сая ам.долларын өр ийнхүү гарсан байна. Эл өрнөөс гарахын тулд дахиад тус үйлдвэрийн жирийн ажилчид нуруун дээрээ хамаг ачааг нь үүрэх үү. Үүнд олон мянган ажилчин нь бухимдаж буй аж. Яг хэдий хэмжээний ам.долларыг банктай ямар гэрээ байгуулж, хэдэн хувийн хүү авахаар тохирч хадгалуулсан талаар Төрийн өмчийн хорооноос лавлахад “Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Оросуудад өгөх ёстой, банкинд хадгалуулж байсан тэр 100 гаруй сая ам.долларыг хэний зөвшөөрлөөр ямар зүйлд захиран зарцуулсан тухай мэдээлэл одоогоор алга. Ц.Даваацэрэн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй шүү дээ. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Рос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ” хэмээжээ.

Сүртэй нэгжлэг тэгсхийгээд замхарсны учир

“Эрдэнэт үйлдвэр”-т хамгийн богино хугацаанд хөрөнгөждөг хэлтэс бол Материал, техник хангамжийн хэлтсийнхэн гэнэ. Үйлдвэрт хэрэгцээгүй, олон жилээр бараа, бүтээгдэхүүн шахдаг улстөрчдийн бизнесийг энэ хэлтсийнхэн хийдэг. Тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг зэрэг томоохон эрх мэдэлтнүүдийн халаасны хүмүүс энд ажилладаг байна. Ц.Даваацэрэн захирал ажлаа аваад Материал, хангамжийн хэлтсийн дарга, менежерүүдийг орвонгоор нь өөрчилж, өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн. Гэсэн ч багийнхандаа итгэхгүй, хардах том шалтгаан байсан тул нэгжлэг хийжээ. Учир нь хамт ажилладаг нөхдүүд нь нэгнээ нүдэн дээр нь хөрөнгөжөөд буйг анзаарч “алтан хошуу” хүргэсэн байна. Иймд Ц.Даваацэрэн энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр 15 тоот тушаал гаргаж, Материал, техникийн хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдэд нэгжлэг хийсэн байна. Материал, техник хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдийн албан ажлын өрөө, ширээ, сейф, компьютер зэрэг эд зүйлсэд шалгалт хийхийг Хуулийн хэлтэстээ үүрэг болгожээ. Ингэхдээ дэмжлэг үзүүлэн ажиллахыг хэлтсийн даргад нь даалгажээ. Тэрхүү нэгжлэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхэнд бүдүүлгээр халдсан төдийгүй дээрх нэгжлэгт өртсөн хүмүүсийг хуулийн байгууллагаар гэмт хэрэгт шалгагдах явцдаа прокурор, шүүхийн шийдвэрээр нэгжүүлж, шалгуулдаг сэжигтнүүдтэй адил буюу энэ нь үйлдэл дээрээ баригдсан гэмт хэрэгтнүүдийн түвшинд аваачсан аж. Удирдлага доорх албан тушаалтнууд нь илт доромжилсон явдал гэж үзэн түүний эсрэг хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Хууль зөрчиж, хүний эрхэд бүдүүлгээр халдсан энэ ажиллагааны цаана томоохон эрх ашиг, их хэмжээний мөнгө нуугдаж байсан гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Нэг менежерийн шүүгээнд дөрвөөс таван компанийн тамга байсан гэв үү

Сүртэй нэгжлэгийн дараа нэг ч менежерийг ажлаас халаагүй, шалгалт нэртэй энэ ажиллагааны үр дүнд ямар зөрчил, дутагдал илрүүлсэн талаар мэдээлэл хуулийн байгууллагад очоогүй өнгөрчээ. Гэтэл шалгалтаар нэг менежерийн шүүгээнд дөрвөөс таван компанийн тамга байсан гэсэн яриа гарч шалгалт хийсэн хуулийн хэлтсийнхэн “нууц”-ыг нь хадгалаад өнгөрсөн байна. Бүхэл бүтэн нэг хэлтсийнхэн дээрх нууцыг хадгалаад өнгөрсөн ч ам дамжсан яриа “Эрдэнэт” битгий хэл Төрийн өмчийн хороонд хүртэл хүрсэн аж. Нууц юм гэж байдаггүй, тэр тусмаа хоёр хүний дундаас хэтэрвэл тэр нууц нууц байхаа больдог гэдэг яриа бий. Түүний нэгэн адил бараа, бүтээгдэхүүн шахдаг тогтолцоо тус үйлдвэрт одоо хүртэл байсаар байгааг дээрх явдал нотолж байгаа юм. Хэрэгжүүлэгч менежерүүд нь олон компанийн өмнөөс гарын үсэг зурж, тамга дардаг гэдгийг үйлдвэрийн захиргааны олон хүн бас баталж байгаа аж. Харамсалтай нь энэ хууль бус явдал Ц.Даваацэрэнгийн үед лав ил болохгүй нь тодорхой боллоо гэж үзэх ч хүн байна.

Түүний “шахааны хүмүүс”

Тэрбээр “Уурхайчин” соёлын ордны орлогч даргаар Н.Буянжаргал хэмээх МАН-ын гишүүн, Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байсан хүнийг авчирч тавьжээ. Ц.Даваацэрэн, Н.Буянжаргал нар нэг айлын хүргэнүүд гэнэ. Өөр намын гишүүн байх нь хамаагүй орлогч дарга болгож, орон сууцаар хангасан аж. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн намар “Строй Инвест” ХХК-иас авах авлагадаа 12 давхар орон сууц авчээ. Энэ орон сууцанд үйлдвэрийн бүх цех, хэлтсийн орлогч дарга нар, 2012 оноос хойш томилогдсон өөрийн шахааны хүмүүсийг оруулсан гэнэ.

Мөн өөрийн найз Бор-Өндөрийн уурхайд хамт ажиллаж байсан Н.Батдэлгэр гэдэг нөхрийг Хүний нөөцийн хэлтсийн даргаар тавьж, Д.Даваасамбууг “Эрдэнэт үйлдвэр”-т авснаас хойш өөрсөдтэй нь үг зөрсөн залуу инженер техникийн ажилтнуудыг ажлаас нь халж дураарай авирладаг болсон тухай үйлдвэрийнхэн ярьж байна. Үүнийгээ хямралын тусгай комисс гэсэн ажлын хэсэг байгуулсан. Түүний дагуу дээрх арга хэмжээг авч буй гэж тайлбарлах болжээ. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр үйлдвэрийг мөнгө босгох гол “баазаа” болгож, нэлээд их хэмжээний зүйл хуримтлуулах гэж зүтгэж байгаа гэх яриа үйдвэрийнхний дунд гарчээ. Юутай ч гар нийлсэн хэсэг нөхдүүд “Эрдэнэт” үйлдвэрийг өөрсдийн дураар бужигнуулж эхлээд уджээ.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Морин хуур, нум сум, хүүхэлдэйн урлагаар амьсгалсан З.Баянзулынх

МҮОНРТ-ээр гарсан олон ангит “Тусгай салаа” киноны гол дүр Сүлдийн аав Даваа буюу З.Баянзулынд өнжлөө. Тэднийх “Metromall”-ын хойно “Ногоон урлан”-д амьдардаг юм байна. Түүний эхнэрийг Б.Болорцэцэг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй,одоогоор хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Тэд хоёр хүүхэдтэй. Охин Хонгорзул нь Москвад Барилгын дээд сургуульд суралцдаг аж. Харин хүү Билгүүнсайхан нь тавдугаар сургуулийн гуравдугаар ангид суралцдаг юм байна. Биднийг аав, хүү хоёр угтаж авлаа. Тэдний зочны өрөөнд ороход хананд өлгөсөн нум, сум нүдэнд тусав. Үүнийг бугын эврээр хийсэн бөгөөд гэрийн эзэн арав гаруй жил хэрэглэсэн гэж хуучлав. Баянзулын хобби сурын харваа аж. Сурын харваа сонирхох болсон түүх нь түүний төрсөн эгчийн нөхөр, улсын даяар дуурсагдах мэргэн Даваахүүтэй салшгүй холбоотой гэнэ. Оюутан байх үеэсээ Даваахүү гуайн сумыг зургаан жил зөөжээ. Гэтэл МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Л.Цагаандалай “Баянзул аа чи зургаан жил сум зөөлөө. Одоо өөрөө харвахгүй юм уу” гэж хэлжээ. Тэгж хэлснээс хойш өөрөө сур харваж эхэлсэн. Арав гаруй жил харваж байж залуу харваач цолтой болжээ. Харин сүүлийн дөрвөн жил наадмаар баяр наадмын комисст ажиллах болсон учир тэр болгон сур харваад явах зав зай гарахаа больсон гэнэ. Тэрбээр сур харваанд анх сэтэрхий дээл өмсөж очжээ. Түүнээс хойш харваачид ийм дээл өмсөх болсон гэнэ. Энэ талаараа ярихдаа “Тэр үед хүмүүс энгийн дээлтэй сур харвадаг байсан.

Ерөнхийлөгчийн дээлийг оёдог Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын мастер оёдолчин Д.Лхагваар Торой бандийн дээл шиг хормой нь сэтэрхий дээл хийлгэж өмсч байсан юм. Энэ моодыг би анх дэлгэрүүлсэн” гэж олзуурхангуй ярьж байв. Түүний хүү биднийг ийн ярилцаж байх зуур өрөө хэсэн гүйж, багагүй хөдөлгөөнтэй болох нь илт. З.Баянзул бидэнд цай аягалж өгөнгөө “Манай хүү их дэггүй. Ээж нь тавдугаар сургуульд оруулчихаад орой нь очиж авах гэтэл хайгаад олдоогүй гэнэ. Гэтэл сахилгагүй нөхөр усан оргилуур доор шалба норчихсон байж билээ” хэмээн хүүгээ өхөөрдсөн маягтай хэлэв. З.Баянзул морин хуур тоглож сурах гэж байгаа гэнэ. Байгалжав, Д.Түвшинтөр, Д.Уламбаяр гэсэн морин хуур урлаачдын хууруудыг цуглуулдаг аж. Энэ хүмүүсийн морин хуурын дуугаралт, өнгө чанар нь сайнд тооцогддог хэмээн үзүүллээ. Тэрбээр “Би ер нь их үндэсэрхэг үзэлтэй хүн. 00 цаас байсан ч эх орондоо үйлдвэрлэснийг нь сонгодог. Зайрмаг авсан ч өөрийн үйлдвэрийнхийг авдаг” гэж өөрийгөө тодорхойлов. Түүний гэрээ тохижуулсан, чимэглэсэн байдлаас нь харахад үндсэрхэг хүн гэдэг нь илт. Сур харвадаг хүн чинь бас аятайхан хувцас, тоноглол өөртөө бэлддэг болсон. Урлах эрдмийн дээд сургуулийн дархнаар мөнгөн бүс хийлгэсэн. Бас Төрийн дархан Энхдаваа хэт хутга хийж өгсөн юм. Түүгээр хааяа ёслолын арга хэмжээнд гангарна. Жинхэнэ ёсоор монгол зан заншил, ухааныг хүүхдүүддээ өвлүүлнэ” гэж боддог хэмээн ярьсан юм.

З.Баянзул 1969 онд Улаанбаатар хотод төржээ. Аав Х.Загаржав нь Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн ч олон жилийн өмнө нутгаасаа гарчээ. Улаанбаатар хотод ОБЕГ-т насаараа ажилласан гэнэ. Харин түүний ээжийг З.Дуламжав гэдэг аж. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, нягтлан мэргэжилтэй нэгэн. Баянзул эцэг эхээс наймуулаа. Дөрвөн эгч, хоёр ах, нэг дүүтэй. Ах бид хоёрыг бага байхад ээж аав хоёр замын машинд суулгаад л Завханы Нөмрөг рүү явуулчихдаг байсан. Биднийг эмээ рүү явуулж “гэдсийг нь цайлгах” гэж байгаа нь тэр. Тэнд очоод хонь хариулдаг байсан. Бидний араас ээжийг иртэл хонь гаргаж өгнө гэж байхгүй. Ээж ирвэл шинэ махтай золгодог байсан. Сүү цагаан идээ иднэ, хааяа борцтой хоол хийж иддэг байлаа. Монголчуудын дээр үеийн амьдрал зөв юм шиг санагддаг. Зуны турш мах идэхгүй гэдсээ цайлгаад ходоодоо амраачихдаг. Тэр нь эрүүл мэндэд ч хэрэгтэй. Нөгөө талаар биднийг малын зах үзүүлж, амьдрал ойлгуулж байлаа” хэмээн дурсав. Түүний аав Х.Загаржав фото зураг авах хоббитой гэнэ. З.Баянзул ч аавыгаа дагаад арав гаруй жил зураг авчээ.Тэрбээр одоо БСШУЯ-ны 15 жилийн түүхийг илтгэсэн зургийн архивтай аж. Биднийг ийн хуучилж байх үед гэрийн эзэгтэй ч ирлээ. Гэргий Б.Болорцэцэг хүүгээ эрхлүүлээд хоол, цай бэлдэж эхлэх зуураа тэрбээр “За та хэд нөхөртэй минь хууч хөөрч чадав уу. Хоббиг нь сонирхов уу” хэмээн найрсаг яриа дэлгэв. “Нөхөр маань их түшигтэй, тулхтай хүн. Та нар ярианаас нь анзаарсан байх. Эр хүний түшиг тулгуур эмэгтэй хүнд нөмөр болдог юм билээ. Би ханиараа бахархдаг” хэмээв. Түүний ярианы байдлаас харвал нөхрөөрөө бахархдаг нь илт. Түүний амнаас гарсан үг бүр ханиа магтсан, хүндэлсэн биширсэн өнгө аястай байх аж.

Найзынхаа төрсөн өдөрт ирсэн нэгэн охиныг өөрийнхөө гэргийгээр сонгов

Баянзул ОХУ-д суралцдаг байхдаа оюутны цалингаасаа шинэ гарсан пянз худалдаж авсаар байгаад 100 гаруй пянз цуглуулсан байна. Тэрээр “Дээр үеийн ОХУ-д суралцдаг байсан оюутнууд пянз тоглуулагч, хоёр том өсгөгчтэй төгсдөг байлаа. Ядуу оюутан хоолныхоо мөнгөнөөс илүү гаргаад л шинэ пянз худалдаанд гарвал авдаг байлаа. Нэг пянз таван рублийн үнэтэй. Энэ пянз тоглуулагчаа өсгөгчтэйгөө залгаад л эхнэрээ панаалдаж байлаа” гэж хөгжилтэйгөөр залуу насаа дурсан ярилаа. Баянзул найзынхаа төрсөн өдөрт ирсэн нэгэн охиныг өөрийнхөө гэргийгээр сонгожээ. Тэрээр пянзнуудаа хараад “Одоо ч зав олдохгүй юм, тэтгэвэрт гарсан хойноо л сонсоод сууна даа” хэмээв.

Баянзул гэргийтэйгээ ханилаад 2001 онд нэгдүгээр хороололд найз нөхөдтэйгөө нийлж байшин барьж тусдаа гарч байжээ. Тэндээ хэсэг амьдарч байгаад 2007 онд хүүгээ төрөх үед 13 дугаар хороолол руу гурван өрөө байранд нүүж орсон ч 2010 онд Metromall-ын ард байдаг “Ногоон урлан” хотхонд нүүж ирээд одоог болтол амьдарч байгаа юм байна. Тэрээр нэг өрөөгөө ажлын өрөө болгон тохижуулсан байв. Өрөөнийх нэг ханаар нь дүүрэн номын сан бий. Номын санд бүх төрлийн ном байх бөгөөд төрөл төрлөөр нь ангилсан байна. Тэрээр номонд хорхойтой бөгөөд хэдэн төгрөгөөр ч хамаагүй ном худалдан авдаг талаар ярьж байсан юм. Түүний энэ занг мэддэг найз, нөхөд нь ч түүнд ном бэлэглэдэг ажээ. Тэдний гэрийн хананд соёлын олон төрлийн зураг өлгөөтэй байх бөгөөд зураг бүхэн учир утгатай гэж тайлбарлаж байлаа.

Орон орны хүүхэлдэй түүний бас нэг хобби

Тэдний гэрийн стейкэн дээр олон үндэсний хүүхэлдэйнүүд өрөөтэй харагдав. Энэ талаар Баянзул “Хобби биш байсан ч санамсаргүй байдлаар хобби болчихсон юм. Орон орны хатдын хүүхэлдэй цуглуулна. Эхнийх нь 2005 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга байхад япончууд үндэсний хувцастай хатны хүүхэлдэй бэлэглэсэн юм. Хоёр дахь нь Ардчилсан Солонгос улсын хүүхэлдэй. Үүнийг авсан түүх их сонин. Яамнаас хаврын баяр гэж яваад Ким Ир Сынд Монголоос үндэсний хувцастай ноён, хатан хоёр бэлэглэх гээд авааччихсан, хайрцагнаас нь гаргаад зочид буудалдаа орхичихсон байсан чинь цэвэрлэгч нь хог гээд хайрцгийг хаячихаж. Тэгээд хайрцаггүй, гар дээрээ тавьж өгөх болчихоод сандраад буудлын доороос 60 еврогоор тэндхийн үндэсний хүүхэлдэйг худалдаж аваад хайрцганд хийж өгсөн юм. Тэгээд япон, ардчилсан солонгосын хоёр хүүхэлдэйтэй болчихсон хэрэг. Тэрнээс хойш өмнөдмонгол, өмнөд солонгос, казахстан, халимаг хүүхэлдэйтэй болчихжээ. Орос руу их явдаг мөртлөө нэг ч алга. Гол нь миний хүүхэлдэй авдаг шаардлагыг хангасангүй. Минийхээр хийц нь гоё, биетэй байвал үнэ хайрладаггүй” хэмээн ярив.

Гэрийн эзэн бага насаа “Таван шард” өнгөрөөжээ. “Таван шар”-ын 19 дүгээр сургуульд наймдугаар ангиа төгсч, 12 дугаар дунд сургуульд арван жилээ дүүргэжээ. Аравдугаар ангиа төгсөхөд нь Орост урлагийн дээд сургуульд сурах хүүхдүүдийг шалгаруулж авч байсан аж. Тэр шалгаруулалтад орж тэнцсэн байна. Энэ тухайгаа тэрбээр “Монголд жүжигчдийг группээр нь бэлдсэн хоёр тохиолдол бий. Эхнийх нь Драмын театраас Хасар Жагаа, Урнаа, талийгаач Ургамал, Жамбалсамбуу, рок Мөнхсайхан гээд 26 хүн явуулсан. Драмын театрын нэр дээр 15 хүүхэд төгсөж ирсэн. Бид Хүүхэд, залуучуудын театрын нэр дээр явсан. 20 орчим хүн явж, 13 нь төгсч ирж байлаа.

Зах зээлийн “шуурганд” өртөлгүй мэргэжилдээ үнэнч үлджээ

Төгсөөд ирэх үед Монгол Улс зах зээлд шилжиж байсан хүндхэн үетэй нүүр тулсан. Хүүхэд, залуучуудын театрт ирээд ажилласан. Ажилтай ажилгүй хоёрын хооронд л байсан. Олигтойхон цалин ч үгүй. Тухайн үед бүх л салбар тийм байсан байх. Хамт суралцаад ирсэн жүжигчин Эрдэнэчимэг, дуучин Сарангуа, Сү.Батболдын эхнэр Отгонтуяа, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хамгаалалтын албаны дарга Түмэнбаяр, “Blackbox” театрт одоо ажиллаж буй Амарзаяа, Төв аймгийн Алтанбулаг сумын Соёлын төвийн дарга Ариунаа бид нар бүгд л юу хийхээ мэдэхгүй хэцүү байсан. Бидний зарим нь тэр үед мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, амьдрах өөр зам мөр хайж байсан. Хүүхэд, залуучуудын театрт гурав дахь жилдээ ажиллаж байтал театр тарсан байна. Тэр үед хагас жил Герман руу явж барилгын ажил хийж үзсэн аж. Ирээд дахиад театртаа очсон бас л ажилгүй, цалингүй, жүжиг үздэг хүнгүй байсан учир буцаад хагас жил Герман руу явсан байна. Эргэж ирээд 1998-1999 онд Удирдлагын академийг Боловсролын удирдлагын арга зүйч менежерээр төгссөн аж. Төгсөөд төрийн албаны шалгалт өгөөд тэнцжээ. Тэрээр 2001 оны наймдугаар сараас хойш БСШУЯ-нд орсон байна. Яаманд ажиллаж байх хугацаандаа театр, тайз дэлгэцийн урлаг хариуцсан мэргэжилтэн хийсэн байна. Баянзул соёлын бодлогыг боловсруулахад хүчин зүтгэж 15 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ салбарт 15 жил ажиллахдаа долоон сайд, долоон газрын даргын нүүр үзжээ.

Чи ганцхан кинонд тоглоод од болчихлоо гэж хэлжээ

Харин З.Баянзул зах зээлийн “шуурганд” өртөлгүй мэргэжилдээ үнэнч үлджээ. Цалин бага гэж гололгүй театртаа үлдэж, 1987 онд И.Нямгаваа найруулагчийн “Чи минь” жүжгийн хүүгийн дүрд анх тоглож байж. 1993 онд Цэрэндолгор найруулагчийн “Учиртай гурван толгой” зохиолоор сэдэвлэсэн “Төөрөг” кинонд Хоролмаагийн туслах Цогтоогийн туслах дүрд тогложээ. 1994 онд найруулагч И.Нямгаваагийн “Байлдан дагуулагч” кинонд тоглосон бөгөөд тус кионог Ч. Лодойдамба гуайн “Дусал нулимсны өгөөж” зохиолоос сэдэвлэж хийсэн аж. Энэ кинонд Балдан гэх хөдөөний залуугийн гол дүрд тогложээ. 2002 онд телевизийн редактор Сарантуяагийн “Ижий сэтгэл” гэх теле зохиомжид тоглосон байна. 2009 онд “Тусгай салаа” кинонд тогложээ. З.Баянзул руу нэг өдөр найруулагч Ч.Батбаяр залгаад “Тусгай салаа” телевизийн олон ангит кино хийх гэж байна. Киноны онцлог тайз дэлгэцийн танил болоогүй мэргэжлийн жүжигчдийг сонгож байгаа. Та тоглооч” гэсэн. “Тусгай салаа” кино нь их эерэг. Нийгэм стресстэй байсан үе. Ямар нэгэн байдлаар нийгэмд эерэг киног хүсэн хүлээж байсан цаг. Намайг кинонд тоглосны дараа УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат “Би тайзан дээр насаараа тоглоод хэвэндээ. Харин чи ганцхан кинонд тоглоод од болчихлоо” гэж билээ. Үнэхээр явсан газар хүн болгон таньдаг юм. 16 жил мэргэжлээрээ ажиллаагүй учраас хэцүү байсан. Намайг очтол найруулагч үг өгсөн. Би шууд тоглоод эхэлсэн. Үгээ цээжилдэггүй, зураг авалтын дунд үеэс овоо гайгүй зүгшрээд эхэлсэн. Драмын театрын найруулагч УГЗ Б.Баатар надтай уулзахдаа “Баянзул ч жүжигчин болсон, кино ч дууссан даа” гэж шоглодог юм. Жүжигчин болсных залуу насныхаа дүрийг дэлгэцэнд мөнхөлж чадсан шүү хэмээн олзуурхаж байсан юм. Түүнд “Тусгай салаа” киноны дараа кино, рекламны олон урилга ирсэн ч ажил их байснаас тэр бүр хүлээж авч чадаагүй гэсэн. Жүжигчин мэргэжилтэй ч төрийн алба хашиж буй тул түүнд зав зай гараад байдаггүй аж. Гэсэн ч тэрбээр мэргэжлээ орхиж чадалгүй, боломж гарвал жүжигчнийхээ ажлыг хийхийг хичээдэг байна. Саяхан “Цахлай нисэх гэж ирдэг” кинонд компанийн захирлын дүрд тоглосон бөгөөд тун удахгүй бас нэгэн кинонд тоглох гэж байгаа аж. Соёл, урлагийн салбарт чамгүй их ажил хийсэн нэгэн гэнэ.

Түүний урлаг соёлын төлөө хийсэн ажил чамгүй

Тэрээр яаманд 15 жил ажиллахдаа Засгийн газрын 280 дугаар тогтоол гаргуулсан бөгөөд хүүхдэд зориулсан үзвэрт жил бүр 150 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж байхаар болсон байна. Тэр мөнгөөр хүүхдэд зориулсан томоохон тэмцээн уралдаан зарладаг болсон аж. Энэ хүрээнд “Шарга даага”, “Бөмбөг” кинонуудыг хийжээ. Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлдэх ажлыг тэрээр гардан хийсэн байна. Оросын зардлаар 2003 оноос хөөцөлдөж 180 гаруй хүүхэд суралцуулсан аж. Энэ жилээс орон нутгаас явуулж эхэлж байгаа бөгөөд үүний өгөөж нь Үндэсний дуу бүжгийн чуулгын удирдаач Ганбат, Балхжав гуайн хүү Чингүүн, зураглаач Ангараг нар ажээ. Боловсон хүчний ажиллах чадварыг сайжруулахад энэ Засгийн газрын бодлогоор энэ онд долоон театр ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргаж Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай аймаг шинэ театртай болчихсон бол Завхан, Хэнтий аймгийн Хан-Хэнтий чуулгын барилга, Дундговь аймаг, Төв аймгийн театр хэдийнэ баригаад эхэлсэн байна. З.Баянзул ярихдаа “Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын тогтоолоор 120-оос доошгүй хүнтэй Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай тогтоол гарчихсан. Гэтэл тэр найрлыг суулгах тайз байхгүй. Үндэсний урлагийн ордон барина гээд Н.Жанцанноров гуай 20 гаруй жил хөөцөлдөөд дийлсэнгүй гэж байна лээ. Арай гэж мөнгийг нь суулгахаар газар нь олддоггүй зовлон бий. Монгол Улсын нэрийг гаргасан ордонтой болчихмоор л байгаа юм” гэв. Түүнийг ССАЖЯ-нд газрын дарга хийж байхад нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсан. Номын сангийн тухай хуулийг баталсан. Дөрвөн хөтөлбөр батлагдсан. Киноны шилдэг бүтээл шалгаруулах журам батлагдсан. Яаманд байхдаа олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн үзэсгэлэн, номын яармагт онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг батлуулж байжээ. Сонгодог урлаг гэж хөтөлбөрийг 2012 онд батлуулсан байна. Энэ мэтээр З.Баянзул гэх нэгэн гэр бүл, нэгэн төрийн албан хаагчийн энгийн амьдралыг уншигч танд хүргэлээ. Өөрийн гэсэн үзэл бодол, хийж бүтээж яваа залуу хүнийх нь хувьд түүгээр бахархах зүйл олон байсан юм. Хамгийн чухал зүйл нь Монголын нэгэн гэр бүлийг авч яваа түүний үндсэрхэг үзэл, сонирхдог хобби, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг зэрэг нь энэ цагийнхны бас нэгэн өнгө биз ээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Цахим технологид цахиур хагалсан монгол залуу

Монгол инженер А.Алтанбилэгийн шинэ бүтээл Японд шуугиан тарьж байна. Түүний зохион бүтээсэн “LIC-600” компьютер өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Хүчин чадал, багтаамж, хурд гээд олон үзүүлэлтээрээ онцгойрч байгаа юм байна. 4200 ам.долларын үнэ бүхий энэхүү компьютерийг Японы KSJ компани үйлдвэрлэжээ. Цахим ертөнцөд энэ тухай сайхан мэдээ уржигдраас хөвөрч эхлэв. Энэ бол Монголын томоохон алтны уурхай биш оюунлиг монгол залуугийн ур чадвар, техник сэтгэлгээ дэлхийд үнэлэгдэж буй гайхамшигт мэдээ юм. Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй улсад үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан даруйд нь Японд өргөнөөр ашиглаж эхэлжээ. Цахим технологид цахиур хагалсан энэ монгол залууг бид “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

үүний зохион бүтээсэн компьютерийн үйлдвэр, тоног төхөөрөмж нь найдвартай төдийгүй зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагджээ. “Lic-Z” хэмээх компьютерийн дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, программ болон техник хангамжийг нь зохион бүтээжээ. Тодруулбал, үүнийг энгийн компьютер бус тусгай зориулалтын сервер компьютерт ашиглах юм байна. Өдгөө түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглах боломжтой аж. Түүнчлэн энэхүү компьютерийг төрөл бүрийн системүүдэд тохируулан, процессорыг нь программчлах боломжтой гэнэ.

Тиймээс тэрбээр доргилт болон газар хөдлөлт хэмжих систем зохиож буй бөгөөд маш олон мэдрэгчээс өгөгдлийг хурдтай дамжуулах боломж олгох эл системдээ энэхүү “Lic-Z” компьютерийг мастер компьютер болгон ашиглаж буй аж. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зах зээлийн хүрээгээр дэлхийд толгой цохьдог Япон улсад энэ онд болох электроникийн үзэсгэлэн худалдаанд тэрбээр бүтээлээ танилцуулахаар зэхэж буй гэнэ. Мөн ирэх онд Сингапурт болох үзэсгэлэн худалдаанд мөн өөрийн бүтээлээ үзүүлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, цаашид электрон төхөөрөм­жийн эх хавтанг Монголд үйлдвэрлэж, Японд экспортлох электроникийн үйлдвэрийг “Дүйнхэр тэргүүн” компанитай хамтран байгуулах төсөл хэрэгжүүлэх юм байна.

А.Алтанбилэг нь МУИС-ийн Физик, электроникийн сургуульд суралцаж, улмаар Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийг энэ чиглэлээр амжилттай дүүргэжээ. Тэрээр үеийнхэндээ “Чи энэ залуу насан дээрээ өмнөө зорилго тавьж, уйгагүй, шантралгүй, хичээн зүтгээрэй. Дэлхий даяаршиж байгаа өнөө цагт чиний өмнө асар их боломж оршиж байна. Хэрэв чи ингэж зүтгэж чадах аваас сурч мэдсэн болгон чинь чиний баялаг болон хувирч, хожмын үед өөрийн дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдарч чадах болно” гэж хэлдэг гэнэ. А.Алтанбилэгийн энэ жишээ бол АНУ-д төдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, ажиллаж байгаа монгол залуусын амьдралын замнал, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн нэгэн үлгэрлэл юм.

Монголчууд бид мундаг хүмүүс. 20 гаруйхан жилийн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэн сайшаагдаж, монгол хүний нэр төр, үнэ цэнийг нотолж чадаж байна. Хүсвэл бид бүгдээрээ л ийм мундаг байж чадна. Харин үүний тулд бид дор бүрнээ хичээж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид өөрсдөө “баялаг” гэдгийг А.Алтанбилэг бидэнд харууллаа.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Азарганы явдал

Дуг нойрон дундаа байхад минь хэн нэгэн нь хучлага хуулаад,

Үд болтол унтаад

Үхрийн дуунаар сэрээд

Үер болтол шээгээд… гээд л ичиглэн шоолоход нь үсрэн босвол хэн ч алга. Гэртээ ганцаараа л унтаж байж. Зүүдэлсэн юм байх даа… гэж бодуут нэгэнт сэрснийх босон харайж гадаа гарвал, өглөөний нар өлмий дороос цухуйх мэт улааран шаргалтсаар мандаж байлаа. Нар өөд харж чадахгүй нүдээ анивчин зогсоод шээж байвал “Хөөе чи нараад шээгээд яаж байгаа юм бэ” гэх чимээ гэрийн ард гарсанд нойрмоглохдоо, хэн хэлж байгааг ч танилгүй, сандран шээсээ таслаад гэр рүүгээ гүйж үүдэндээ иртэл бадиатайгаа халз тулгарав. Ах гадуур яваад ирж байсан юмсанж. Арайтай л мөргөлдсөнгүй зогтустал ах “Миний хүү одоо л босож байгаа юм уу” гэхэд нь би,

-Тийм… сая сэрээд гэсэнд ах,

-Өө миний хүү, нараад харж, битгий шээж бай. Өдрийн ажил бүтдэггүй гэдэг юм гэж сануулснаа, би бага Лаглай дээр гарч адуугаа харчихаад, хонь эргүүлчихээд ирлээ. Манай хонгор азаргатай адуу Сумтын зүүн хажууд харагдана. Мөд ус руугаа наашаа явахдаа, Шорвогийн хонхроор дайрч шаварт орчих вий, нуур нь бараг ширгээд лай, шавар нь ёстой нэг малын хавх болж билээ. Миний хүү ундаа уучихаад шалавхан морд. Адуугаа зөөлхөн туугаад Шорвогийн хонхороод оруулалгүй туугаад ир. Бадиа нь хонь усандаа ирвэл услаад байж байя гэв.

Манай Бадиа энэ хавраас л, хонь хурганаас хэтэрдэггүй, гэр хороонд ойр байдаг намайг “Миний хүү, хонио эргүүлчихээд адуундаа яваад ир. Хаа холдоож, Гурван тойром руу л ороо биз” гэх юм уу заримдаа “Манай тэмээ шар талд байснаа харагдахгүй боллоо. Ихбаянгаад орсон байх. Миний хүү яваад тэмээгээ туугаад ир” гэдэг боллоо. Бодвол намайг том болж байна гэсэн үг байх даа гэж бодоход урам сэргэнэ. Миний үеийнхэн, Агааны магааны энэ тэр уурга суналзуулаад адуунд давхиж байхад би хоёр бургас залгасан урт шилбүүрээ хонины уурга гэж нэрлэдэг мөртөө түүгээрээ эр хонь уургалан газар гуядуулж алдаад урвайчихсан зогсож байдаг. “Ийм эр хүн гэж байх уу ер” гэхчилэн бодоод олмоо гайгүй чангалж уурган шилбүүрээ тулаад, хээр үрээндээ алавхийн мордох зуурт Бадиа маань “Миний хүү дөмөгхөн давхиад яваарай” гэж захив. Хэрдээн л яарсаар яваад адуун дээрээ очвол, манай адууны цаахна хүрэн зээрд голдуу хэсэг адуу байна. Намжил гуай л адуу шиг байна. Агааны найз маань давхиад ирдэггүй л байх даа. Ирвэл намайг хонины бэлчээрээс холдоод адуунд мордохтой болж сүрхий байна гэх байлгүй гэсэн шиг бодоод адуугаа хунивал, манай нэг хонгор байдас тэдний адууны наад талд зогсож байснаа ижлээ хөдлөхтэй зэрэг гэнэтхэн наашаа ухасхийсэн чинь их дэлтэй том хүрэн азарга хүзүү сунган давхиж ирээд хөөгөөд явчихав. Тэгсэн ч би өөрийнхөө юмыг авахгүй яахав. Ганцаарангий нь салгаж ер болдоггүй. Байдас маань ч аймхай, хүний азарга ч хэрцгий юм. Би дундуур нь орвол азарга чихээ хулмайлган давхиж ирээд л элдээд явчих юм. Миний мод гозгонуулан хашгирахыг хараад хүний урманд хяламхийж дальдрах­гүй шүү. Чихээ хулмайлган давхиад бүр дайрах янзтай болсноо жаахан холдоод агаарт хий тангаран бүр ч сүрийг үзүүлэх болов. Би цөхрөөд өөрийнхөө адууг туугаад ирвэл манай азарга байдсаа булаагаад авах байх. Би ч элбэе гэж бодов. Тэгээд гэр рүүгээ чиглэн цаашилж байгаа адуугаа эргүүлэхээр очвол манай хонгор азарга ердөө тоосон янзгүй, айлын адуу руу хаа нэг хяламхийж харчихаад ногоо зулгаан ажиг ч үгүй зогсож байх юм. Өөрийнхөө үр төлийг хүний азарганд хоригдоод ижилдээ ирж чадахгүй байхад нь давхиж очоод хэд сайн өшиглөчихөөд аваад ирдэггүй хаашаа ч амьтан бэ дээ энэ чинь гэж би халаглаад, адуугаа эргүүлээд туух гэсэн чинь, юу вэ манай азарга гэнэтхэн шал өөр болж адууныхаа өмнө давхиж гараад, дэлээ босгон хөндөлдөж, урагшлах гэсэн болгоныг хазаж хайран ганц ч алхуулдаггүй шүү. Намайг уурга гозгонуулж сүр үзүүлэхэд үл тооно. Гайхшран зогсоод энэ тэрийг харж байвал манай адуунд бас нэг хүрэн байдас нийлчихсэн бүдүүн гүүнүүдэд хажиглуулаад өрөвдөлтэйеэ зогсож байна. Би адууныхаа энд тэнд гарч хашгичаад тийш нь дөхүүлэх гэж оролдлоо. Тэгтэл айлын азарга адууныхаа наана хөндөлдөн, газар үнэрлэн цавчлаад л их адгаж байх янзтай. Байдал нь яаж ч уралцсан бэлэн гэсэн янзтай харагдана. Нэг их зодоон болохнуу гэж бодохоос бас айдас хүрэх шиг. Гэтэл манай хөгшин хулагч гүү, нэгийг мэдсэн янзтай эргээд явсанд бусад даага шүдлэн, үрээ байдас дагаад л цувчихлаа. Би гэдэг бүтэлгүй амьтан адууныхаа хойноос гэлдрэн энэ тэрийг бодож явахад, бид л хүн малгүй, дорой номойдоо бусдад дарлуулж байх шиг санагдан цухалдаж байгаад нэг харахнаа, Шорвогийн хонхор руу орж явна. Сандраад “Хайя, хүйе” гээд л байдгаараа чанга хашгирсанд адуу толгойлдог хулагч гүү огцом зогстол бусад нь дуурайгаад яг л газар шаасан гадас шиг зогсоцгоов. Намайг адууны хажуугаар шогшоод иртэл хулагч гүү хяламхийж харснаа нуурын зүүн талаар даялаад худаг руугаа чиглэн хөдлөв. Энэ хулагч гүү бол манай өвгөдийн адууны удам, олон унагалсан буянт мал учраас дураар явах эрхтэй амьтан гэж ах маань их хайрлана. Ахаас бусад нь бол “Адуу дагуулдаг хөгшин гүү, айл толгойлдог хөгшин авгай хоёр шиг дураараа амьтан алга” гэж ад үзэх янзтай ярина. Тэгэхдээ, манай хулагч гүү бол хэлбээс хэлэв, хонгор азарганаас ч илүү эрх мэдэлтэй шиг санагдана.

Хулагч гүү их амгалан. Ухаа нь, усандаа ирээд адуутай дарвин
онгоц руу дайрлахгүй, тэрээхэнд тэднийг хараад, биенээ хазаж хайрч бачимдаж байхаар
цуварч очоод тайван шиг уудаг болоосой гэж төвөгшөөсөн янзтай эвшээгээд зогсож байна.
Адууны олонхи нэг хэсэг дайрлаж байж ууж ханаад гэдэргэлэхээр л онгоцонд дөхөж,
том адуунаас айгаад худагт ойртож чадахгүй байсан унага даага мэтийг дагуулан ирж
их цангасан янзтай ус хэд сүрхий залгилснаа, хамраараа ус год хийхээр жаахан амсхийгээд
тайван ууж ханахаараа шууд бэлчээр рүүгээ явна. Түүнийг хүлээж байсан бусад нь дагаад хөдөлнө. Хэрэв энэ
үед ус ууж ханасан хэсэг адуутайгаа хонгор азарга баруун тийш бэлчих санаатай захдаж
байх агшинд зөрүүд, зоргоороо хулагч гүү маань тэрээд чинь явахгүй гэсэн шиг хойт
зүг рүү хөдлөх юм бол сүргийн манлай нэг харчихаад л адуугаа эргүүлээд араас нь
дагана. Харин адууны эзэн, адуугаа зүүн тийшээ явуулна аа гээд хашгирвал хулагч
гүү тэр зүг рүү нь эргээд л явна. Тэрхүү сурсан зангаараа энэ удаа ч намайг бачимдан
хашгирахаар шууд ус руугаа эргэсэн хэрэг байх. Даанч зоримог явсан юм. Ер нь ингээд
адуу эзнийхээ үгийг дагаж байх нь аятайхан боловч хүний үг, хэл мэдэхгүй энэ адгуус
яагаад санаагий минь ойлгож байгааг гайхан гайхсаар Шорвогийн нуурыг харав. Ус нь
энэ хаврын халуун салхинд хатаж ширгэсэн бололтой хужир ургасан цагаан тойром харагдана.
Тэр тойрмоор л нэг малын яс хэрзийн цайрах агшинд өөрийн эрхгүй харамсал төрнө.
Хайран мал маань балга давстай ус залгих гэж энээд ирж амиа алдаж дээ гэж бодоход
бүр ч их хар бууна. Намайг мэдээ ороход л настайчуул “Шорвогийн хонхор малд халгаатай.
Хужирссан, цангасан мал нэг хөлөө л хүргэвэл татаад авчихна. Манай нэг хөгшин ат
ганцхан хөлөө гишгээд, түүнээ авч чадахгүй оролдсоор байгаад ядарч үхсэн, хөөрхий
минь. Мал байтугай нохой зовлого идэх гэж
очоод шаварт соруулж үхсэн байсан” гэхчилэн ярина. Бас нуурын хөвөөн дээр үдэш оройн
цагаар үнсэн саарал нүцгэн хөх өвгөн шавраар нүүрээ угааж суудаг гэж айлгана. Харин
манай Бадиа тоохгүй “Хүн тэгж ярьдаг л юм. Би түүгээр өглөө үдэш, эрүүл, согтуу
зөндөө л явсан, юу ч харагдаагүй. Шавар, намаг нь л сүрхий болохоос түүний давс
шорвог нь малд сайн шүү. Хэн мэдлээ дээ, нэг их алт эрдэнэс агуулсан газар болохоор
нь урьдын улс түүнээ, харийн хүнээс нуугаад буг чөтгөр зохиогоод амьтныг айлгаж
байсан байж ч мэднэ. За юу ч гэсэн, миний хүү хонь малаа л хол байлга” гэж захьдагсан.
Тийм аймаар юм сонссоноос хойш би нуурыг үзээгүй байхдаа л айдаг байлаа. Яваандаа
хонь, хурга хариулж, адуу, үхэр эргүү­лэхтэй болоод тэр хавиар явахдаа нуурын барааг
хар­магцаа л цочин хэрдхийж, хаа хамаагүй газраас хонийг маань сор­чих юм шиг бо­догдон
эргүү­лээд хөөж холдуулдагсан. Өнөөдрийн хувьд ч хүн айх юм алга л байна. Нуурын
хойт хөвөөний нэг муу алдарсан бууцны дэрс нь хатаж гандаад хөх хожуул болоод энэ
рүү ч мал очих байтугай нохой шиншихгүй болж дээ гэсэн шиг бодсоор нэг сүрхий эрийн
дүр үзүүлэн уурга гозгонуулсаар адуугаа хөөгөөд Урсагынхаа усан дээр хүрээд очив.
Бадиа маань, худгийн онгоцыг усаар мэлтийтэл дүүргэчихсэн, намайг хүлээгээд уйдсан
янзтай цахилдгаар янз бүрийн уяа зангилаа хийж тоглосон шигээ сууж байлаа. Би ч
уурган шилбүүрээ газар хаясан шиг мориноосоо хэвлүүхэн л буулаа. Ахыг “Ээ хүү минь,
яасан удаан явдаг юм бэ дээ” гэж цөхөрсөн янзтай дуугарахаар нь, намайг хүлээн залхаж,
би ч удаж гэж бодоод, өөрийн хүний адуугаа ялгах гэж оролдоод чадалгүй ирлээ гэж
гэмшин хэлтэл Бадиа “Өө эцс, тэгээд удаа юу. Нэгэнт нийлсэн юмыг тэр зөнд нь орхихгүй
дээ. Өдийний азарга яалаа гэж байдсаа явуулах вэ” гээд тоосонгүй. Миний урам хугарсхийсэн
боловч “Хайран байдсаа тэгээд айлд зүгээр өгчих юм уу” гэсэнд Бадиа “Азарга мэдсэн
хэрэг ээ” гэснээ, гүй ээ, энэ чинь манай азарга золбоотой болохоороо хоосон хоцроогүй
байгаа биз дээ гээд инээв. Би ч санаснаа хэлье гэж бодоод, сая наашаа явж байгаад
эргээд харсан чинь, манай хонгор байдас, олон бараан адуун дунд байгаа нь баахан
хар ямаан дотор ганц цагаан хонь байх шиг тод харагдаж байна лээ, хүний азарганы
эрхэнд орж, ижлээсээ салж байгаагий нь хараад хачин их өрөвдлөө гэсэнд ах инээвхийлээд
“Одоо яахав даа, адууны ёс тийм юм чинь” гэв. Би энэ үгийн учрыг олох гэж жаахан
бодоод, чадахгүй болохоороо, том хүнийг дуураймаглаж, хн гээд толгой сэгсэрсэнд
Бадиа маань над руу хяламхийсэнээ, энэ чинь харин ганцхан адуунд л байдаг ёс юм
шүү. Миний хүү аяндаа мэднэ дээ. Адуу ер нь бусад адгууснаасаа илүү ухаантай, хүнээс
нэг их дутахгүй гэж миний хэлдгийн учир ердөө л энэ. Адуу даанч юм хэлж чадахгүй
юм даа гэж цаанаа л нэг харамссан өнгөөр хэлэв. Энэ явдлаас, хойш хэд хоногийн дараа
хонио хариулаад явж байтал, азарга шиг хул дэлтэй шарга морьтой хүн давхиад ирж
байх нь Амгаасэд байв.

Надаас хэд гуравхан ах боловч эртээдхэн уулзсанаас хойш улам хүдэр, бадир болсон шиг харагдана. Сүм хөх бүрдний орчинг бүрхсэн хэдэн зуун шарга голдуу адуутай, зун гүүгээ барихдаа долоон эгнээ урт суран зэл татдаг Цэдэн-Иш баяны хүү. Гүүгээ бариад сааж эхлэхэд нь анхны унага татаад цаашлан явсаар сүүлийн зэлний унага тайлахад хамгийн түрүүчийн гүү саах болчихсон байдаг гэж ах нар ярьдагсан. Хаа нэг Бадиагаа дагаад тэднийд очиход тос нэвчсэн том том ширэн хөхүүртэй айраг сагаад л, адууны харцуул, айраг найрынхан дуулж, хуруудаж, дэмбээдэж, дуу шуу ихтэй байхыг хараад эдэнтэй суудал зэрэгцэн суух юмсан гэж энэ ойрд бүтэхгүй юм мөрөөд­дөгсөн. Амгаасэд том цагаан шүдээ яралзуулан инээсээр хүрч ирээд “За аятай юу” гэж мэндлээд “Хонь тогтож байна уу” гэж асуун буув. Би ч бас ихийн шийр зааж хариу мэнд мэдээд “Адуу бүрэн үү, Аятай тавтай юу. Хаана зорьж явна вэ” гэсэнд мань хүн “Хэдэн сувай адуу тасраад алга. Азарга ялгачихсан хэдэн байдас яваа юмсан. Хүний азарга хөөгөөд явчихав уу, яав. Танай энүүгээр усанд ирээгүй биз” гэж сураглав. Би дэл сул адуу хараагүйгээ хэлэнгүүтээ “Азарга байдас ялгасан” гэхтэй зэрэг сэрдхийж “Манай нэг байдсыг Намжил, Бавгатаны азарга тасдаж авсан байхаар нь салгаж авчрах гэж би бүр ядлаа. Ямар хэцүү юм бэ, чадаагүй шүү. Өөрт нь өчнөөн юм байхад хүний юманд шунаад яаж байгаа муу адсага вэ” гэсэнд мань эр инээгээд,

-Тэр тэгнэ ээ. Тэднийх авсан биш, танайх үр төлөө тасдаж өгсөн ч байж мэднэ. Айл юм өгч байхад авалгүй яахав гэхэд нь би үгийг нь тасалж,

-Үр төлөө таслах гэнэ үү гэж лавлавал Амгаасэд,

-Азарга чинь өөрийнхөө үр төлийг хураадаггүй юм аа. Тэгээд л танай азарга байдсаа ялгахгүй юү дээ. Адуу ухаантай амьтан болохоор илүү дутуу авах, өгөх гэж шунахгүй. Гурван байдас ялгасан бол хоёрыг, дөрвийг авахгүй гурвыг л авна. Манай хэдэн байдсыг ч эцэг нь ялгаснаас болж нэг тийш явчихлаа. Нутгийнхаа малд нийлсэн бол ч олдоно. Харин энд тэндхийн отор, нүүдлийнхний адуунд сарничихвал нохойн замаар орно шүү. За хө, үг олдож, үхэр холдлоо гэдэг бол амтгүй ярианаас болж адуу явчихлаа. Эртхэн хайж хяр дээр гаръя гээд босов. Хэзээ ямагт хэлэх үгээ хянаж, хийх ажилдаа хэрсүүлж явдаг Амгаасэдийг явмагц эргэцүүлж ээ байвал би гэдэг амьтан ухамгайгүй болоод л ухаараагүй болохоос түрүүнд Бадиа маань “Энэ чинь ёсоо дагадаг азарганы явдаг аа. Тэр мэдсэн хэрэг” гээд тодорхой хэлчихсэн байхад, хүнээс асууж мангартах ч хэрэггүй байж ээ гэж бодов.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.ЗАНДРААБАЙДИЙ

Categories
мэдээ цаг-үе

Жаран жилийн хойно уулзаж буй Бүрэнгийн сургуулийн нэг ангийнхан

Төв аймгийн Бүрэн сумын бага сургуульд 1952-1956 онд суралцаж дөрөвдүгээр анги төгссөн “хүүхдүүд” уулзлаа. Цааш анги дэвших бол аймгийн төв, аль эсвэл Улаанбаатарыг зорьдог үе байж. Малчин голдуу өрхийн хүүхдүүд дөрвөн жил суралцаад өөр, өөрсдийн замыг хөөгөөд эргээд 60 жилийн хойно уулзаж байгаа нь сонин. Тэд “Номун” хэмээх амралтын газар байхад нь бид очсон юм. Бид гэдэг нь ардын уран зохиолч Д.Цоодол, УИХ-д гурвантаа сонгогдож байсан, шинжлэх ухааны доктор Н.Тогтох гуай, хуульч, сэтгүүлч, доктор Ш.Сүхбаатар нар бөлгөө. Бүрэнгийн сургуульд Н.Тогтох гуай 1953 онд, Д.Цоодол гуай 1954 онд элсэн суралцаж байжээ. Нэг хоёр ангийн дээр, доор суралцаж явсан найзуудтайгаа уулзаж хуучны явдлуудыг дурсаж, сэтгэлээ сэргээхээр шийдсэн нь тэр. Харин хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатар бол ангийнхныхаа уулзалтад оролцож буй Г.Санлиг гуайн хүү билээ. Уулзалтад 75-76 нас хүрсэн ангийн нөхдөөс гадна 90 насыг зооглож буй ангийн багш Д.Дагвадорж гуай иржээ. А.Алтангэрэл “Бид хэдий өндөр настай болж байгаа ч багынхаа дурсамжийг мартаагүй, түүнийгээ уудлан ярилцаж буй нь сайхан байна. Манай ангийнханд анхалж “А” үсэг зааж амьдралын дөрөөнд сүү дусаасан Д.Дагвадорж багш маань ирлээ. Үүнээс сайхан уулзалт гэж хаа байхав” хэмээж суув.

Ц.Валя гуай “Ангийнхнаа харах сайхан юм. Одоо энэ Д.Цэдэнсодном, Л.Охин нартайгаа уулзаагүй 60 жил өнгөрсөн байна шүү дээ. Бөөнөөрөө ингэж уулзсан тохиолдол байсангүй. Бидний үед ангидаа эргээд тэдэн жилийн дараа уулзъя, барья гэсэн тов ч тавьдаггүй байж” хэмээхэд Д.Юмжирмаа гуай “Сурвалжлагч хүү минь нэрийг нь санахгүй байвал Л.Охиныг “эр хонь” гээд биччихсэн ч яахав” хэмээн тоглоом хийхэд Г.Санлиг гуай “Манай Бүрэнгийнхэн чинь жигтэйхэн хоч нэр өгнө. Ямар сайндаа л сая ангиараа уулзах гээд Охин гэдэг чинь юу билээ гэхэд яагаав нөгөө эр хонь гэхээр нь санаж байгаа юм” хэмээв.

Салбар салбарт улс орондоо ихийг хийж бүтээхэд амьдралаа зориулж мөн олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эдгээр ахмадууд “Манай ангийн охин”, “Хөвгүүд маань…” гэж ирээд ярих нь дотно сонсогдоно. Өнөө 60 жилээр сураггүй болсон нөхдүүд ч хаагуур юу хийж явснаа сонирхуулж байлаа. Д.Дондов “Би Бүрэнгийн бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд Улаанбаатарт очсон. Тэндээ дунд сургуулиа дүүргээд Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум төгсч Сэлэнгийн сангийн аж ахуйд агротехникчээр дөрвөн жил ажиллалаа. Дараа нь Дархан хотод очиж шүүхэд олон жил болсон доо. Дархан хотын хуулийн хэлтсийн дарга, ерөнхий арбитр, шүүхийн орлогч дарга, шүүгч, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч зэрэг ажлуудыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо ч эвлэрүүлэн зуучлагчийн ажил хийж байна. Ангийнхантайгаа уулзалгүй бараг 60 жил болжээ. Хааяа зун амралтаараа ирэх үедээ А.Алтангэрэлтэй таардаг юм. Бусадтай нь уулзаж байсангүй. Сая ангийн охид Г.Санлиг, Д.Юмжирмаа нарын хүү Ш.Сүхбаатар, А.Ганхуяг нар зохион байгуулаад биднийг уулзуулсанд туйлын баяртай байна. Гудамжинд таарвал ангийнхнаа танихгүй зөрөөд л өнгөрөхөөр болжээ. Сүхбаатарын талбай дээр анх уулзахад энэ чинь хэн билээ гээд танихгүй өнгөрч байна лээ шүү” хэмээн хуучлав.

Харин Л.Охин гуай “Малын дэргэдээс холдсонгүй ээ. Сургуулиа төгссөний дараа Дундговь руу шилжиж нэгдлийн мал хариулсан даа. Ямар сайндаа цэрэгт явах гээд очтол Дундговь аймгийн Дэмбэрэл хурандаа “Чи хонь руугаа яв. Цэрэгт чамайг авахгүй” гээд намайг цэргээс шууд хасч байлаа. Би 1500 төлөгтэй байсан. Түүнийгээ бусдад шилжүүлээгүй орхичихсон байдаг. Их мал байхгүй юу. Ер нь тэгээд ажил хийсэн хүн л амьдарна шүү дээ. Одоо нутагтаа эргэж ирээд чамгүй олон жил болсон байна” хэмээн ярив.

Харин Осолгүй манлай жолооч Д.Цэдэнсодном гуай “Би Төв аймагт ажил хийж байгаад нэг зуднаар Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйд очиж ажилласан юм. Тэндхийн дарга нар намайг үнэлсэн юм байлгүй, хүрээд ирвэл шинэ ЗИЛ 130 машин бариулъя гэж байна. Төв аймагт дөрвөн ЗИЛ 130 ирэхэд надад өгөөгүй юм” гэж ярихад дэргэд нь суусан эхнэр нь нударч байна. Тэрээр үргэлжлүүлэн “Тэжээлийн аж ахуй татан буугдахад Өвөрхангайн Хархоринд тэрэгтэйгээ шилжсэн. Зах зээлийн шуурганаар бааз ч байхгүй болж хотод ирсэн. 39 жил олон газарт тэрэг барилаа. Миний Монгол Улсад хийсэн гавьяа гэвэл өвс тэжээл л их зөөсөн хүн дээ” хэмээв. Энэ мэтээр Т.Маруся гуай “Эгч нь авто баазад жолооч нарын тооцоог бодож, сэлбэг хэрэгслийн нягтлан, бичиг хэргийн эрхлэгч байлаа. Ийм гурван ажлыг 32 жил хийсэн” гэвэл Ц.Валя “Би хот орж арван жилээ төгсөөд эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэндээсээ Эвлэлийн төв хороонд ажил хийж явсаар тэтгэвэртээ гарсан. Зургаан хүүхэд төрүүлж өсгөлөө” гэж хуучлав.

Д.Юмжирмаа гуай “Би Худалдааны техникум төгсөж нийтийн хоолны чиглэлээр ажилласан. Октябрийн районд л ажилласан даа. Сүүлд Москва ресторанд ерөнхий тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэв. Г.Санлиг гуай “Нутагтаа улсын чанарын аварга малчин болтлоо мал маллаж, үр хүүхдээ өсгөлөө” хэмээх аж. Тэдний ангиас багшаар ажилласан нь А.Алтангэрэл гуай. Тэрээр “Би Д.Дагвадорж багшийнхаа өнгөн дээр залгамжлаад л багш болсон хүн дээ. 33 жил багшилсан. Бага ангийн багшаар 12 жил ажиллаад 1975 онд Багшийн дээд сургуулийг түүх, газарзүйн багш мэргэжлээр төгссөн. Ингээд 21 жил дунд ангийн түүх, газарзүйн багшаар ажиллалаа. Бүрэн сумандаа болон Дэлгэрхаан, Баянбараат, Эрдэнэсантад ажиллаж байсан. Олон түмний хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлж зохих хэмжээний боловсрол олгоод тэднийхээ дуу шуугиан, баяр баясгалангийн ачаар өдий зэрэгтэй явж байна” хэмээв. Дэргэд нь суусан Д.Дагвадорж багш “Эднийг сургуульд орж байхад би дөнгөж л 30 нас хүрэх гэж явж. Би Дэлгэрхаан сумын уугуул хүн. Бүрэн, Дэлгэрхаан сумдад багш, захирлаар ажиллаж байгаад 1962 онд аймагт шилжиж сургуулийн захирал хийсээр тэтгэвэртээ гарсан юм. Хөдөө 22 жил, аймгийн төвд 20 жил багш, захирлын ажил хийлээ. Тэр үед монгол гэрт л хичээл хийдэг байсан юм. Сүүлд байшинтай болсон доо. Нэг жаахан цагаан байшинтай. Цонхыг нь цагаан цуу ямбуугаар таглаад хадчихсан байдаг байж билээ. Энэ А.Алтангэрэл миний ахмад шавь байгаа юм. Журналын эхэнд А.Алтангэрэл байдаг байлаа. Хамгийн түрүүнд л нэр нь дуудагдана. Сурлагатай ч хүүхэд байсан” хэмээв.

Нэгдүгээр ангид 29 сурагч элсэж, дөрөвдүгээр ангийг 18 хүүхэд төгсөж байжээ. Өдгөө зарим нь бурхан болсон бол зарим нь хаа яваа нь сураггүй байгаа гэнэ. Мөн ирж амжаагүй улс ч байгаа аж. Монгол Улсын гавьяат малчин Б.Батпүрэв, ахмад санхүүч З.Мандах нар бие нь жаахан тааруу шалтгаанаар ирж амжаагүй тухай ангийн нөхөд нь ярилаа. Тэднийг сурагч ахуй үед сурагчид гэрт л хичээлээ хийж, байрладаг байжээ. Гал тогоо, хичээлийн байр, дотуур байр хэмээх дөрвөн гэрт л Бүрэнгийн сургууль хичээллэж байсан аж. Охид, хөвгүүдийн гэр тусдаа ангийн багш нь орой гэрүүдээр явж хүүхдүүдээ унтуулах, өдөр хоолонд нь оруулах үүрэгтэй байсан байна. Бэхэнд дүрдэг шумуул үзэгтэй, бэх нь өвөл хөлдчихдөг байсан талаар дурсацгааж байв. Мөн охид нь ногоон, хөвгүүд нь цэнхэр дээл өмсөж хүзүүндээ алчуур зангиддаг байсан аж. Гутлын хувьд монгол гутал, гар хийцийн өөрсдөө улласан гутал, бахиал өмсдөг байсан гэнэ.

Хичээлийн хувьд дөрвөн аргын тоо, монгол хэл, дуу хөгжим, зураг, биеийн тамир ордог байжээ. Гол төлөв л дөрвөн аргын тооны хичээл ордог байсан тухай хуучилна. Биеийн тамирын хичээл дээр гадаа уралдуулж, барилдуулдаг байсан аж. Нэг удаа гүйлтийн тэмцээн зохион байгуулахад Т.Маруся түрүүлж шагнал авч байжээ. Энэ талаараа хожим нь “Миний хажуугаар Юмжирмаагийн сүүдэр л харагдаад байсан” гэж ангийнхандаа ярьсныг нь дурсаж хөгжицгөөв. Тухайн үедээ хөөцөлдөх, маатаг цохих, чоно тарвага болох, уралдах, барилдах гэсэн тоглоомууд л байсан тухай ярив. Мөн даам тоглох тун дуртай хүүхдүүд байсан байна. Харин өвөл болохоор модон чарга, хөлд бэхэлдэг төмөр канкигаар гулгадаг байсан аж.

Л.Охин гуай “Хүн болгон загнах болохоор дээр үед төрхгүй хүүхэд гэж байгаагүй. Аав ээжээсээ айна. Харин нэг удаа гэрийн ар, өврөөс Н.Тогтох бид хоёр чулуу явуулж байтал нэг нь миний толгойд таарчихаж байсан юм. Сүүлд сорвийг нь би морины туурайны мөр гэж ярьдаг байлаа” хэмээн ангийнхнаа инээлгээд авав. Харин Н.Тогтох гуай “Бид хоёр гэрийн хоёр талд зогсчихоод гэр давуулаад л чулуу шидээд байсан. Муудалцсан биш тоглож байгаа хэрэг л дээ. Гэнэт л Охин час гээд явчихаж байгаа юм. Гэхдээ чи ч над руу бас нэлээдийг явуулсан шүү” хэмээн хуучны явдлаа дурсав.

Д.Цоодол гуай “Дондов их гоё дуулдаг бор хүү байсан даа. Одоо ямар байна” гэх. Мөн “Энэ Д.Юмжирмаа их хөөрхөн охин байсан. Даанч надаас хэд эгч байсан юм” гэж нийтийг хөгжөөгөөд авах юм. Түүнчлэн “Цэдэнсодном оо, хоёулаа нэг толгой дээр баахан ярьж суугаад салж билээ, санаж байна уу. 16-17 настай л байсан байх” хэмээхэд Д.Цэдэнсодном гуай “Саналгүй яахав дээ. Харин чи мартаагүй байдаг сонин юм аа” хэмээн хуучин явдлуудаасаа ярьж байлаа. Хуучин ангиараа авахуулсан зураг сураглатал байдаггүй. Харин Т.Маруся, түүний өвөө, Д.Юмжирмаа нарын авахуулсан ганц зураг байна. Ер нь тухайн үед суманд зурагчин байгаагүй болохоор ангиараа авахуулсан зураг ховортой аж. Д.Юмжирмаа гуай “Шонгийн модонд хүлээтэй хар радио нь ганц соёлын юм байлаа. Дуугарахаас дуугарахгүй нь их дээ. Нэг удаа хотоос зурагчин ирлээ гэхэд гарч гүйх гээд ширээндээ тээглүүлж хормойгоо урж байлаа. Даалимбан дээлтэй л хүүхэд нас маань өнгөрсөн дөө” хэмээн ярив. Багш, сурагчид бүгд дээлтэй үеийн нэг сургуулийнхан аж.

Хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатарын “Бүрэнгийн сургуулийнхан” хэмээх номыг уншиж ангийнхныхаа нэрсийг харж ямар хүүхэд байсныг ярилцаж байтал Д.Цоодол гуайн “Бүрэнгийн сургууль намайг яруу найрагч болгосон” хэмээх дуртгал гараад ирэв. Гэтэл Н.Тогтох гуай “Цоодолыг яруу найрагч болгочихоод намайг юу ч болгосонгүй” хэмээн наргихад цөмөөр инээд наргиан болов. Түүнчлэн дотроос нь “А үсэг бичихээс адуу элдэх нь амар юм” гэснийг уншиж хөгжилдөнө. Энэ зуур “Тэр үед хүүхэд сургуулиас гарахад сүр бараа болдоггүй байжээ. Хүүхдүүд ч улирах зэргээр янз бүрийн л явдал болно” гээд инээлдэх аж.

Эх орондоо их хөдөлмөрөө зориулж ирсэн эдгээр ахмадуудын намтар, шагналыг бичих гэвэл дэндүү нуршуу болно. Тиймээс зориуд тойрч ангийнхантайгаа уулзахдаа ямар байцгаасан түүнийг нь л бичив.

Ж.БАЯРСАЙХАН