Categories
мэдээ цаг-үе

Салбартаа манлайлж, бүгдээрээ онц холбоочин болсон нэг ангийнхан

Улаанбаатар төмөр замын техникумын Утсан харилцааны ангийг 1970 онд төгссөн нэг ангийнхантай уулзлаа. Тэд 1966 оны хавар сургуульдаа элсэн орж нэгдүгээр курсийн оюутнууд болцгоожээ. Тухайн үеийн техникумд ерөнхий боловсролын сургуулийн долдугаар анги төгссөн сурагчдыг элсүүлдэг байсан гэнэ. Хавар нь техникумд элсэн орсон хүүхдүүд намар есдүгээр сарын 1-нд хичээлдээ явна даа гэж бодож байтал наймдугаар сард сургууль дээр нь дуудаж намрын ургац хураалтын ажилд дайчлах болсон тухай дуулгажээ. Ингээд бие биетэйгээ танилцаж ч амжаагүй байхдаа буюу хичээл эхлэхээс өмнө Зүүн хараагийн сангийн аж ахуй руу явцгаажээ. Тэр үед ямар тохилог унаа, автобус байсан биш, “ЗИЛ-130” автомашины тэвшин дээр суугаад Зүүнхараад очиж байсан гэнэ. Хөдөө очсон хойноо ангийнхан болон багштайгаа танилцжээ. Насаар нь тооцвол дунд сургуулийн наймдугаар ангид орох хуваарьтай ч хэдийнэ нэгдүгээр курсийн оюутан болсон тэднийг дааж авсан багш нь Л.Чойжилсүрэн. Л.Чойжоо багш дөлгөөхөн, уур уцааргүй, аливаа зүйлд тун тайван ханддаг, оюутнууддаа аль болох сайн сайхныг үлгэрлэхийн зэрэгцээ амьдралын ухаанд сургасан хүн байжээ. Харин нэг ангид тохой залган суухаар Баян-Өлгийгөөс Я.Хадий, Өмнөговиос Ц.Цэнд-Аюуш, Дорнодоос М.Лхагвасүрэн, Өвөрхангайгаас Ж.Мягмарсүрэн, Т.Сосорбарам, Дарханаас О.Мягмарсүрэн, Ховдоос Т.Гочоо, Увсаас Л.Нямаа, Хэнтийгээс Намжилдулам, Булганаас Лхамжав нарын залуус цугласан байв. Тэдний сонгосон мэргэжил утсан харилцааны техникч ч гэлээ эхний хоёр сар ургацын төмс хурааж амьдралын ухаанд суралцсан гэдэг. Сангийн аж ахуй дээр ингэж ажиллахад хөгтэй, хөөртэй, паянтай, адал явдалтай зүйл олон тохиолдоно. Очоод охид, хөвгүүдээрээ хуваагдан майханд байрласан болохоор намрын сэрүүнд өглөө, оройдоо даардаг байсан тухайгаа хожим инээд хөөртэй ярилцаж сууна. Тус ангийнхан сургуулиа төгссөн 45 жилийнхээ ойг саяхны хэдэн өдөр тэмдэглэж анги олноороо цуглан Хандгайт дахь амралтын газар долоо хоног амарцгаажээ. Багын явдлаа дурсан инээд хөөртэй амарч байх үеэр нь очиж уулзахад “Биднийг сургуулиа төгсөхөд Бакугийн хорин зургаан комиссар шиг гэж нэрлэж байсан. 45 жилийн дараа ангиараа дахин уулзахад есөн сайхан нөхөд минь бурханы оронд заларч 17-уулаа үлджээ” гэсээр угтсан юм.

Эдний ангийнхан юуны түрүүнд сургуулийнхаа сургалт сайн байсан гэдгийг онцолж байна лээ. Математикийн багш Дуламжав, мэргэжлийн багш С.Дашдондог, Л.Чойжилсүрэн, Д.Цэвэлмаа, Сэнжидмаа, захирал Самбуу, хичээлийн эрхлэгч Батдэлгэр нарын ачаар холбооны техникч мэргэжил эзэмшсэнээ дурсан ярив. Сургуулиа төгсөөд улсад 30-40 гаруй жил ажиллахдаа эх орныхоо олон аймаг, сум, төвд алхмын АТС (автомат телефон станц) кординат электрон АТС гээд гурван төрлийн станцыг дамжин эзэмшжээ. Энэ хугацаанд олон сувгийн нягтруулсан аппаратур, Радио релений станц, радио узель, дахин дамжуулах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хийж ирсэн байна. Нэг ёсондоо Монгол Улсын харилцаа холбооны түүхийг тус ангийнхан хамтдаа бичилцэж иржээ. Эдний ангийнхнаас мэргэжлээрээ бусдыгаа манлайлан яваа хүн олон. Сургууль даяараа онц сурлагатан гэж алдаршсан Ш.Мижиддорж Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж улмаар Ленинград хотод цэргийн холбооны академийг улаан дипломтой дүүргэжээ. Л.Хүрэлбаатар Украины Одесын техникийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр, З.Нэргүй МУИС-ийг амжилттай төгссөн байна. Сургуулиа төгсөөд Н.Нармандах, Ц.Батмөнх, Я.Сайханжав нар холбооны сургалтын төвд багшаар ажилласан бол М.Лхагвасүрэн Дорнод аймгийн холбоонд инженер, Баян-Өлгийд Я.Хадий, Өмнөговь аймагт Ц.Цэнд-Аюуш, Өвөрхангайд Ж.Мягмарсүрэн, Т.Сосорбарам, Ч.Тэрбиш, Дарханд О.Мягмарсүрэн, Ховдод Т.Гочоо, Улаанбаатар хотын телефон радио ашиглалтын хороонд Д.Нарангэрэл, Д.Оюунгэрэл, Х.Хүрэлбаатар, Н.Нармандах, Увсад Л.Нямаа, цахилгаан холбоонд Цэрэннамжил, Хэнтийд Намжилдулам, Булганд Лхамжав нар телефон станцын техникч, ээлжийн ахлагч, инженер зэрэг ажлыг хийж байсан гэнэ. Мөн хилийн цэргийн холбооны ангийн захирагчаар М.Мижиддорж, хилийн цэргийн холбооны салбарт хошууч Г.Найдансүрэн, Налайхын холбооны газрын дарга Р.Бадарч, ардын цэргийн армийн салбар ангид Я.Сосорбарам, М.Сувдсүрэн, МҮЭ-ийн соёлын төв ордны ерөнхий инженерээр Л.Хүрэлбаатар, УКТЭ-ийн холбооны салбарт Н.Нармандах, “Монцамэ”-гийн телетайпын төвд Д.Адьяабат, цэргийн хамгааллын газарт дэд хурандаа Сосорбарам нар эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилласан байна. Салбартаа амжилттай ажилласан тэд өдгөө бүгдээрээ салбарынхаа тэргүүний ажилтан, онц холбоочин, хүндэт холбоочин, мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цолтой гэсэн. Мөн төр засгаас одон медалиар шагнуулсан хүн цөөнгүй. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Я.Хадий, Алтан гадас одонгоор Н.Нармандах, З.Нэргүй, Г.Нандинцэцэг, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор дэд хурандаа Ш.Мижиддорж, дэд хурандаа Т.Сосорбарам, хошууч Г.Найдансүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Адъяабат, М.Лхагвасүрэн, Ардын хувьсгалын болон түүхт ойн медалиар Я.Сосорбарам, М.Сувдсүрэн, ахмад Ц.Батмөнх, ахмад дэслэгч Я.Сайханжав, Ч.Тэрбиш тус, тус шагнуулж байсан юм байна.

Ангийнхны хөгтэй, хөөртэй, паянтай дурсамжийг ам уралдан ярьж өглөө. Тэдний сэтгэлд сангийн аж ахуйд ажилласан анхны намар тод дурсамж үлдээжээ. Өглөө бүр 06 цагтай уралдан босох эхэндээ хамгийн хэцүү санагддаг байсан гэнэ. Ялангуяа хөвгүүд багш нарынхаа дуудсан цагт босож чадахгүй. Тэгэхээр багш нар хөнжлийг нь сөхөж байгаад хүйтэн ус цацахаар уйлаан майлаан болох нь холгүй огло харайн босдог байсан гэнэ. Охидууд ч яахав эхний долоо хоног нойрмоглоод сүүлдээ багшийгаа дуудахаас ч өмнө босчихсон явж байдаг болжээ. Ингээд өглөөний цайндаа орно. Хүүхдүүдэд нэг, нэг зүсэм талх хар цайтай л өгдөг байж. Талхныхаа ширхэг бүрийг амтлах нь холгүй идэж аваад талбайд гарна. Тэндээ үдээс өмнө борви бохисхийлгүй ажиллаж байгаад өдөр буцаж ирээд хоолоо иддэг байжээ. Хоол нь бас л олигтой цатгахааргүй, махгүй шахуу ногоотой шөл. Уг нь амт шимт сайтай ч гэлээ зарим хөдөөний оюутнууд ногоо идэж сураагүй болохоор хий дэмий л дан шөлөө уудаг байсан гэнэ. Оройдоо мөн л иймэрхүү маягаар хооллож бүтэн хоёр сар ажиллахад ихэнх нь дор хаяж гурван кг жин хассан байдаг байжээ. Хавар мөн л зуны ажилд дайчлагдана. Аль нэг аймаг руу малын хашаа барих ажилд голдуу явдаг байсан гэнэ. Сургуулиа төгсөн төгстөлөө ингэж явсан нь тэднийг хар бор ажилд сургаж амьдралын ухаантай болгосон гэнэ. Хожим гэр бүл зохиож амьдрал дээр гарсан хойноо нэг минут зүгээр сууж чадахгүй болтлоо хөдөлмөрийн амтыг мэдэрчээ. Тийм тулдаа ангиараа салбарынхаа тэргүүний ажилтан болж, онц холбоочин цолоор шагнуулсан байна.

Бас нэгэн дурсамжтай үйл явдал 1970 оны хавар болжээ. Тэр жилийн дөрөвдүгээр сарын 22-нд Ленин багшийн мэндэлсний 100 жилийн ой болж ангиараа Улаанбаатар депо дээр их цэвэрлэгээ хийж гэнэ. Гэтэл тэр өдөр цасаар шуурч, хаврын тэнгэр аашаа гайхуулсан зэвэргэн өдөр байж. Хүн бүр дулаан газар руу шургалж байхад их цэвэрлэгээ хийгээд хөлдөж үхэхээ шахсан банди нар “Энэ муу Лениний төрсөн өдөр очиж очиж ийм өдөр таарахдаа яахав дээ” гэлцсэн байна. Гэтэл энэ яриаг багш нар хаанаас ч юм олоод сонсчихжээ. Улмаар улс төрийн хэрэгтэн болгох шахаад эвлэлийн ажлыг муу хийсэн хэмээн дүгнэж сургуулийн дэргэдэх гахайн хэвтрийг бүтэн долоо хоног цэвэрлүүлсэн гэнэ. Ингэж инээдтэй, хөөртэй оюутан цагийн өдрүүд ангиасаа нэгэн хосыг төрүүлсэн нь Л.Хүрэлбаатар, Н.Нармандах нарын гэр бүл. Тэд сургуулиа төгсөх жилээ дотносон үерхэж эхэлснээр ангиас төрсөн цорын ганц гэр бүл болжээ. Тэдний ууган хүүхэд өдгөө 45 настай гэсэн. Нэг ангиас гэр бүл болж нийслэл хотдоо өрх тусгаарласан болохоор хөдөө, гадаанаас ирсэн ангийнхан нь дандаа эднийд цугладаг гэсэн. Эхнэрийг нь, нөхрийг нь танихгүй гэх зүйлгүй болохоор хотод ирсэн ажлаа амжуулаад нутаг руугаа буцталаа Л.Хүрэлбаатар, Н.Нармандах хоёрындоо байдаг юм байна.

Дурсамж хөглөсөн оюутан залуу насаа 45 жилийн дараа дурсаж буй Улаанбаатар төмөр замын техникумын Утсан харилцааны ангийн оюутнууд дараагийнхаа уулзалтыг 2020 онд буюу төгсөлтийнхөө 50 жилийн ойгоор хийхээр товложээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Хорьдугаар зууны шилдэг романуудыг дахин хэвлэж уншигчдын хүртээл болгож эхэллээ

Түүхийн дэнсэн дээр тавиад үзвэл өнгөрөн одсон хорьдугаар зуун Монголын улс төрийн амьдралд хар цагаанаар ээлжилсэн агшин хормуудыг үлдээсэн ч харин урлаг, утга зохиолын түүхэнд алтан үсгээр бичигдэх олон гайхамшгийг үлдээсэн. Цөөхөн хүн амынх нь багаахан хэсэг л бичиг үсэгтэй байсан, олонхи нь гарын үсэг зурахдаа хурууны хээгээ л дардаг харанхуй балар тэр цагийн үүлийг сэмлэн ард түмэн кирилжин монгол үсэгт бүрэн тайлагдсанаар Монголын утга зохиолд ч гэрэл гэгээг авчирсан юм. Үлгэр туулиа цээжээрээ голдуу өгүүлэн хайлдаг байсан уламжлалт монголчуудаас бичгийн мэргэд, их зохиолчид олноор төрөн гарч, улмаар улс түмнийхээ түүхэн хувь заяа, ард түмний аж амьдралыг цаг хугацаа-орон зайн өргөн дэвсгэр дээр дүрслэн дүржүүлж, туурвилчийнхаа хувьд романч хэмээн алдар­шиж ирсэн байдаг. Монголын их утга зохиолын хорьдугаар зууны амьдралыг томоохон хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн бичгийн их зохиолчдын бүтээлүүдийг өнөө ч уншигч олон хүсэн хүлээж, уншин шимтсээр байна.

Номын хямдрал зарлаж шуугиулаад байсан “Аз хур” номын их дэлгүүрт өчигдөр “XX зууны шилдэг роман” цуврал номын нээлт болж, зохиолч, яруу найрагч, уншигчид олноор хүрэлцэн ирсэн байв. “XX зууны шил­дэг роман” цувралын эхний ээлжинд төрийн хошой шагналт зохиолч Донровын Нам­дагийн “Цаг төрийн үймээн”, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын “Их хувь заяа”, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэвийн “Усны гудамж” зэрэг романууд өнгө, чанарын өндөр түвшинд хэвлэгджээ. “Их хувь заяа” романы зохиогч С.Удвалын хүү Өнөбаатар номын баярт хүрэлцэн ирж ээжийнхээ романыг хэвлэсэн “Мөнхийн үсэг” группийн хамт олонд талархсанаа илэрхийлж “Монголын ард түмэн бол их хувь заяатай ард түмэн. Тэр их хувь заяаг ардын Хатан­баатар Магсаржав нарын эрэлхэг зоригтнууд дархалсан түүхтэй. Ээж маань Монголын ард түмний тэр л түүхэн үйл явдлыг уран сайхны дүрээр Монголын их утга зохиолд мөнхлөх хувьтай байж” хэмээсэн юм. С.Удвал бол гадаадад Монголын амьд нэрийн хуудас болж, ХХ зууны дунд болон сүүл үеийн дэлхийн олон алдартай хүмүүс, тухайлбал, Бразилийн зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Николос Гильен, Чилийн яруу найрагч Пабло Неруда, ЗХУ-ын зохиолч Константин Симонов, сансрын анхны нисгэгч эмэгтэй В.Терешкова, Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нартай нэгэн зиндаанд үерхэж нөхөрлөж явсан их хувь заяатай уран туурвилч юм. “Их хувь заяа” романы хэсгээс Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Болормаа уран яруу уншиж, хурсан олонд толилууллаа.

“Манан будан”, “Зүрхний хилэн” зэрэг түүхэн их хөлгөн туульсуудыг туурвигч Жамбын Пүрэв агсны хүү П.Эрдэнэбат “Миний аав үнэхээр их хөдөлмөрч, авьяастай зохиолч байсныг түүний бүтээлүүд бэлээхэн гэрчилнэ. Бид ах дүү тавуул. Өнөөдөр энэ сайхан үйл явдалд Жамбын Пүрэвийн үр хүүхдүүд бид оролцож байгаадаа баяртай байна. Аавын минь “Хөгжмийн эгшиг” романыг хүмүүс их асууж сурагладаг байсан. Уншигч олных нь хайртай роман дахин хэвлэгдэж байгаа нь сайхан байна” гэж байлаа. “Хөгжмийн эгшиг” романаас Монгол Улсын ардын жүжигчин Цэрэндагвыг уншихад номын дэлгүүрт ялаа ниссэн ч сонсдом аниргүй болж, гагцхүү хийлч бүсгүйн тоглосон намуухан аялгуу л зохиолын яруу утгыг хүмүүний сэтгэлд уусган эгшиглэж, эх нутгаасаа алсад хувь заяаны эрхээр цөлөгдсөн романы гол баатрын уй гунигийг илтгэх аж. “Болор судар” газраас эрхлэн гаргасан цуврал романуудын дээжийг “Аз хур” номын их дэлгүүрийнхэн Монгол Улсын Үндэсний номын санд хандивласан.

Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг энэ үеэр “Хүрэн хаалгатай дэлгүүр” ардын дууг эвлэг намуухан хоолойгоор аялж, “Цаг төрийн үймээн” романыг зохиосон их зохиолч Д.Намдагийн хүү Н.Төгөлдөрийн гэргий Баясгалан хүрэлцэн ирж уншигчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, судлаач эрдэмтэн Үржингийн Хүрэлбаатар “Намдаг багш маань “Цаг төрийн үймээн” романаа бичиж байхдаа бие тэнхээрхүү байсан ч авьяас билгээ шавхан, ядрал зүдрэлийг умартан ажиллаж байсан нь өнөөгийн бичиг номын хүмүүст үлгэр дуурайл болох нь дамжиггүй” гэж байлаа. “Цаг төрийн үймээн” романы хэсгээс БСШУЯ-ны мэргэжилтэн Баянзул уншиж сонирхуулав. Монголын шилдэг роман цувралын нээлтэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач эрдэмтэн Пүрэвхүүгийн Батхуяг, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ, Цүрэмийн Мухар нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв шилдэг роман цувралд багтсан бүтээлийнхээ тухай “Усны гудамж” роман маань 1990 онд дөчин мянган хувь хэвлэгдэж байсан, гучаад оны их хэлмэгдүүлэлтийн тухай роман юм. Эднийх сая арван мянган хувь хэвлэсэн гэж бодвол миний бүтээл тавин мянган хувиар уншигчдад хүрчээ гэсэн үг. Энэ бол Монголдоо л том тоо учраас зохиолчийн хувьд их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний “Усны гудамж” романы гол дүрийн монологийг жүжигчин Б.Эрдэнэцэцэг уншсан юм. Санжийн Пүрэв зохиолч бас “Би зохиолч Жамбын Пүрэв гуайтай нэр нэгтийн хувьд ч, авьяас хөдөлмөрийг нь хүндэлдгийн хувьд ч “Үлгэрийн танхим”-д ажиллаж байх үеэс нь сайн танина. Сономын Удвал даргатай утга зохиол сурталчлах ажлаар хөдөө орон нутагт олон удаа хамт явж байсан сайхан дурсамж үлдсэн. Донровын Намдаг гуайг 1950-иад оны эхээр гудамжинд цагаан малгайтай явж байхыг манай ангийн Гончиг хэмээх хүү зааж өгч, алсаас бишрэн дагаж явсан минь илхэн байна. Ийм гайхамшигтай зохиолчдын романтай миний бүтээл зэрэгцэж гарсан нь цаанаасаа их хувь учрал байжээ” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тэрээр хөлөө бэртээгээд гэмтэлтэй байсан ч суга таяг тулан хүрч ирсэн байлаа.

“Аз хур” дэлгүүрээс Монголын шилдэг романы цувралуудын нээлтийн баярт ирсэн уншигч, худалдан авагчдад үнийн дүнгээс гучин хувийн хөнгөлөлттэй борлуулалт хийх эрхээр урамшуулсан аж. Эднийхэн цаашид Монголын зохиолчдын шилдэг тууж, өгүүллэгүүдээс бүтсэн ботиудыг цувралаар хэвлүүлэх болсноо мэдэгдэж байсан. Номын баяр нээлтийн үйл ажиллагааг ардын жүжигчин Цэрэндагва

“Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солонго татлаа…” хэмээсэн билэгт сайхан үгийг хүнгэнүүлэн уншсанаар “Аз хур” номын их дэлгүүрт зочилсон номын гэгээн садангуудаа үдсэн билээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн дээд амжилтын эзэн болох л хамгийн сайхан мөч

Ахмадуудын хүндийн өргөлтийн ДАШТ-ий аварга, дэлхийн зургаан удаагийн рекордын эзэн Ц.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр энэ жил олон улсын чанартай дөрвөн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.

-Та энэ жил олон улсын чанартай дөрвөн ч тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

-Энэ жил олон улсын дөрөв, дотоодын нэг тэмцээнд оролцсон. Хамгийн эхний тэмцээн маань өнгөрсөн тавдугаар сард Австрийн Вена хотноо болсон. Энэхүү олон улсын эмэгтэйчүүдийн гран при тэмцээнд гурав дахь жилдээ оролцсон байгаа. Тэмцээнд 18 орны 300 гаруй эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс 50-54 насны ангилалд 75 кг-ын жинд өрсөлдөж, хамгийн хүнд жинг нь өргөж нэгдүгээр байр эзэлсэн.

Мөн манай улсад зохиогдсон Олимпийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд нэмэх 75 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Өөрийн хүүхдүүд шиг охидтой өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Америкийн Даллас хотод Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 42 орны 317 тамирчин оролцсоноос мөн ангилалдаа тэргүүн байр эзэлсэн бол есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнд мөн түрүүлсэн. Тэр үед 48 орны 618 тамирчин өрсөлдөж байв. Энэ удаад жингээ ахиулж чадаагүй ч өөрийн рекордоо давтан 143 кг штанг өргөсөн.

-Та хэзээнээс хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн бэ?

-2011 оны зургадугаар сараас хойш хичээллэж эхэлсэн. Гурван сарын дараагаас тэмцээнд оролцдог болсон. Одоо нийт дөрвөн жил хичээллэж байна.

-Эмэгтэй хүндийг өргөл­төөр дэлхийн зургаан удаа­гийн рекорд эвдэж байсан гэсэн. Хамгийн дээд тал нь хэдэн кг-ыг өргөж байв?

-Есөн жил эвдээгүй байсан рекордыг эвдэж рекордын эзэн болсноороо бахархдаг. Хүндийг өргөлтөөр хичээллэхэд маш их тэвчээр хатуужил шаардагдахаас гадна судалгаа сайн хийж, биеэ эрүүл байлгах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хамгийн сүүлд зургадугаар сард өөрийн тогтоосон амжилтаа 20 кг-аар ахиулж 143 кг-ыг өргөсөн байгаа. Огцом өргөлт, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр нийт өргөсөн жин маань гарч рекордын эзэн болсон. Гэхдээ рекордын эзэн гэж тогтоохын өмнө допингийн шинжилгээ авч байж олон улсад зарладаг юм билээ. Миний шинжилгээ цэвэр гарсан учраас шинэ рекордоо батлуулж чадсан даа.

-Яагаад энэ спортыг сонгох болов. Эмэгтэй хүнд хэцүү биш үү?

-Миний багын найз Халтмаагийн Баттулга намайг энэ спорт руу уруу татсан юм. Би цэргийн хүн л дээ. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарахаас хэдэн жилийн өмнө өөр ажил хийхээр ажил хайж эхэлсэн. Тэр үед найз маань гавьяаныхаа амралтанд суу, өөр ажил хийнэ гэж байхаар спортоор хичээллэ гэсэн.

Намайг хичээллэж эхлэхэд багш дасгалжуулагчид маань маш сайхнаар хүлээж авсан. Манай клуб дөрвөн ангиллаар хичээллэдэг. 35-аас дээш насныхан мастер ангилалд багтдаг юм. Миний нас, жинд Монголд надтай өрсөлдөх ахмад эмэгтэй тамирчин байхгүй. Харин энэ жингээр өргөдөг залуу үеийнхэн байгаа.

-Шантрах үе байсан уу?

Шууд дайраад л орсон. (инээв) Юугаа ч мэдэхгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй шууд л тэмцээнд орчихсон болохоор шантрах асуудал гараагүй. Юманд илүү нухацтай ханддаг зан маань ч нөлөөлсөн байх. Залуудаа эхэлсэн бол магадгүй шантраад дундаас нь хаях байсан болов уу.

-Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?

-Гэр бүлийнхэн маань маш сайхнаар хүлээж авсан. Миний нас нэлээд явчихсан байсан учраас эхэндээ эгч маань жаахан дургүй байсан ч тэмцээнд ороод түрүүлээд ирсэн чинь зөв сонголт хийжээ гэж хэлсэн удаатай. Бүгд л удам байгаа, үзээд алд гэж урам өгч дэмжиж байсан даа.

-Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан бэ?

-Тив дэлхийд өөрийн 50 насны ангиллын эмэгтэй төрөлдөө хамгийн хүнд жинг өргөдгөөрөө бахархдаг. Төрийн далбаагаа мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлэх мөч хамгийн гайхамшигтай нь. Тэр дундаа рекордын эзэн болсон тэр мөч дээдийн дээд. Монгол орныхоо нэрийг гаргаад явах үнэхээр сайхан. Нүдэнд нулимс тороод л ирдэг юм.

АНУ-ын Техас мужид Арнольд Шварцнейггерийн нэрэмжит тэмцээнд хүндийн өргөлтөөр Азиас ганцхан эмэгтэй тамирчин оролцсон нь би. Тэр үед Арнольд намайг тусад нь хүлээн авч уулзаж байв.

-Монголын тамирчин гэхээр бусад орны тамирчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монголчууд их хүчтэй гэсэн ойлголт байдаг. Их хүчтэй эмэгтэй байх даа гэсэн болгоомжлол хүмүүсийн харилцаанаас анзаарагддаг.

-Б.Түвдэндорж аваргыг таны авга ах гэдгийг хүндийг өргөлтийн спорт сонирхдог хүмүүс мэдэх байх. Одоогийн амжилтад тань удам судар нөлөөлсөн л болов уу?

-Би ахаараа маш их бахархдаг. Мундаг ч бөх байсан. Хүнд ер нь удам их нөлөөлдөг юм шиг санагдсан. Ийм мундаг амжилт гаргана гэдгээ мэдсэн бол эрт эхэлдэг ч байж уу гэж бодох үе олон байсан даа.

Ч.ЗОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Би эрвээхэй мэт бүжиглэж, зөгий мэт хатгана

Бүх цаг үеийн хүнд жингийн агуу
боксчин, АНУ-ын мэргэжлийн боксын тамирчин асан Мухамед Али 1942 оны нэгдүгээр
сарын 17-ны өдөр мэндэлжээ. Түүнээс өмнөх үе, түүнээс хойших үе гэж боксын ертөнцийг
хуваах хэмжээнд яригддаг энэ эр амьдралын түмэн нугачааг давахдаа хайртай
спортоо бизнестэй нягт холбож өгснөөрөө хойч үеийнхэндээ үнэлэгддэг. Кассиус Марселлус Клэй нэрээ Мухамед Алигаар
солих, лалын шашныг сонгох, Вьетнамын дайныг эсэргүүцэх гээд л бүхий л үйлдлүүд
нь үзэгчдийг өөртөө татах улмаар ээлжит өрсөлдөгчөө гутаан доромжилж тэмцээнээ
“үнэд хүргэх” гэхчилэн аргуудыг Али л анх санаачилсан. АНУ-ын боксчин тэрээр
Дэлхийн хүнд жингийн аварга цолыг гурван удаа хүртэж, бүх цаг үеийн хүнд
жингийн хамгийн агуу боксчин гэж нийтэд үнэлэгддэг тамирчин юм. Сонирхогчийн
боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны
олимпод аваргалж байлаа. Гэхдээ сонирхогчдын бокс түүний зиндаа биш гэдгийг
ойлгосон тул шууд л мэргэжлийнх рүү шилжсэн юм.

Кассиус Клэй гэдэг нэртэй
байсан тэрбээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мухамед Али болгон солив.
Арьсны өнгөөр ялгаварлах үзэл хачин их байсан жараад оны дундуур Али рингэн
дээр хичнээн сайн зодолдож байсан ч гэлээ цэрэг татлагын хуудас авч байв. Тэр
цэрэгт яваагүй, учир нь Вьетнамын дайн ид асаж байсан тэр үед Али хаашаа
“ачигдах нь” ойлгомжтой байлаа. Америкийн армид алба хаах татгалзсаныхаа төлөө баривчлагдан, боксын бүх цол хэргэмүүд,
тоглох эрхээ хураалгаж байв. Хэдий
шоронд ороогүй боловч түүний заргыг АНУ-ын Дээд шүүхээс хүлээн авч зөвтгөх хүртэл
дөрвөн жил орчим рингэн дээр гарч чадаагүй гэдэг. Гэхдээ тэр гутраагүй.

Авьяаслаг хүн хааж хориглох
тусам улам гялалздаг жамтай хойно Алигийн түүхэн зодоонууд чухам энэ үеэс л
эхэлсэн байдаг. Зайрын нийслэлд Жорж Формантай нударга зөрүүлсэн “зууны зодоон”
энэ л үеийнх. Бас Жо Фрейзертэй МСГ-д зодолдоход анх удаа 35 улсад шууд
дамжуулж байлаа. Тэрээр мэргэжлийн боксын
рингэнд нийт 61 тоглолт хийснээс 56 ялсны 37 нь нокаутаар цэвэр ялалт байгуулж
байв.

Мухамед Алигийн дотоод болон
гадаадад хийсэн ажил нь гайхамшигтай учир тэр одоо хүртэл “Бүх цаг үеийн
шилдэг” нь байсаар байна. Мухамед өнөөг хүртэл спортыг үнэнчээр дэмжигч ба үүнийг
нь үнэлж, Sports Illustrated-ын “Зууны шилдэг тамирчин”, BBC-ын “Спортод
элэгтэй зууны шилдэг эрхэм”, GQ сэтгүүлийн “Зууны шилдэг тамирчин”, Дэлхийн
спортын шагнал гардуулах ёслолоос “Зууны бас Дэлхийн шилдэг тамирчин” хэмээх
цол олгож байв.

Тэр жинхэнэ аварга ямар
байдгийг харуулсан төдийгүй үзэгчдийн хайр хүндэтгэлийг хэзээ ч байгаагүйгээр
татдаг байсан юм. “Би эрвээхэй мэт бүжиглэж, зөгий мэт хатгана” гэх түүний
домогт үг Алиг яаж тоглодог байсныг илэрхийлдэг. Рингэн дээрх түүний хоёр тулааныг
онцолдог. Энэ бол Sonny Liston-той хийсэн домогт тулаан бөгөөд энэ тулааны
дараагаас Алиг “Агуу” хэмээн нэрийдэх болов. Гэвч Али зөвхөн тулааны рингэн
дээр л агуу байгаагүй нэгэн. Ислам үндэстнүүдтэй эртнээс холбогдсон байдал нь
Кассиус Клэй гэх боолын нэрийг Мухамед Али гэж нэрлэгдэхийг хүссэн зэрэг нь өнгөт
арьстнуудын хувьд нэгэн шинэ эринийг авч ирсэн хэрэг болсон юм. Улс төрийн
хувьд ч өөрийнхөөрөө явж, тусламж
хэрэгтэй хүмүүст хүрэх гэсэн тэмүүлэл нь түүнийг Афганистан, Хойд Солонгос,
Куба, Ирак зэрэг орнуудад хүртэл аваачсан байдаг. Нэрт удирдагч Нельсон
Манделаг шоронгоос суллагдсаных нь дараа хамгийн түрүүнд уулзсан хүн бол Али
байдаг ажээ.

Мухамед Али 1981 онд боксын
рингээ орхилоо гэж зарлах болсон нь хүмүүсийн анхаарлын төвд орж хэсэгтээ
шуугьж байв. Удалгүй тэрээр Паркинсоны өвчин туссан болох нь олонд ил болжээ.
Тэрээр энэ өвчинтэй их удаан тэмцэлдсэн байдаг.

Дэлхий ертөнцийг хөгжүүлж,
томоохон асуудлуудтай нь тулалдана гэдэг Мухамедын амьдралын бас нэгэн гол
зорилго байсан. Дэлхий дээр өлсгөлөнд өртөөд буй хэдэн зуун мянган иргэнд хоол
хүнс хүргэх ажлыг зохион байгуулж хийсэн юм.

Тив дамжин аялж, өлсгөлөнд
нэрвэгдсэн иргэдэд хоол хүнс хүргэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
зэргийг Зааны ясан эрэг, Индонез, Мексик болон Марокко гэх мэт олон оронд хүргэж
байлаа.

Олон улсын хэмжээнд тусламжийн гараа сунгадаг Али эх орондоо ч хангалттай ихийг хийжээ. Хүүхдийн төлөө, спортын хөгжлийн төлөө, эдгэршгүй өвчинд нэрвэгдэгсдийн төлөө, хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай зүтгэж ихийг хийсэн хүн түүнээс өөр үгүй. 2005 онд Мухамед төрөлх хот Луисвиллдээ өөрийн нэрэмжит ашгийн бус “Muhammad Ali” төвөө нээсэн байна.

Мухамед Али жүжиглэх авьяастайгаа батлан хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд авсан. Эдгээрийн нэг бол “The Greatest” нэртэй тамирчны өөрийнх нь амжилтын замналыг өгүүлсэн баримтат кино байдаг. Түүний амьдралаас сэдэвлэсэн тоо томшгүй олон кино, дэлгэцийн бүтээл бий.

Тэрээр сүүлд “Эрвээхэйн зүрх зориг: Амьдрал хэмээх аяллыг тольдон харахуй” нэртэй дурсамжийн номоо хэвлэн гаргасан юм. Тус номонд шашин, өршөөл энэрэл болон амжилт бас амьдралынхаа тухай бичжээ.

Али нийт дөрвөн удаа гэрлэж долоон охин, хоёр хүүтэй болжээ.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Мухар сүсэг дэлгэрсэн газарт хуурамч хувилгаад олширдог

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө.

-Таны “Хашаатын өгүүллэгүүд” гэсэн ном байдаг. Тиймээс уншигчид таныг Архангайн Хашаат сумынх гэдгийг бүгд мэдэж таараа. Хүүхэд насныхаа талаар аль хэр олон зохиол бүтээл туурвисан байх юм бэ?

-Би тэр нутаг уснаас төрсөн юм болохоор манай нутгийнхны яриа хөөрөө минийхтэй их төстэй. Бага насныхаа дурсамжуудаар “Гашууны голын хүү” гэдэг номондоо долоо найман өгүүллэг бичиж оруулсан. Би багын жаахан хөөрүү. Энэ зангаа анзаарч ажигласнаа бичсэн. Тэр маань ч зугаатай болсон. Алдсан морио олоод ирэхэд аав маань намайг магтаад “Миний хүү ч өдрийн од шиг ховорхон хүү дээ” гэхэд би “Аав аа, өдөр од байдаг юм уу” гэхэд ээж, нутгийн өвгөн хоёр “Өдрийн од их азтай хүнд харагддаг юм гэнэ лээ” гэж байгаа юм. Амьдрал дээр ч яг тийм юм болоогүй л дээ. Тэгсэн би “Өдрийн од харлаа” гэж тэнгэр өөд заагаад, улсууд “Хаа байна, хаа байна” гэж шуугилдаж байгаа юм. Ах минь хожим “Миний дүү ч багадаа өдрийн од харсан хүн дээ” гэхээр их ичдэг гэж байгаа. Ортой нь ортой дурсамж л даа. Иймэрхүү маягийн өгүүллэгүүдээс бүтсэн “Гашууны голын хүү” номд миний арваад насны амьдрал гардаг юм.

-Өдрийн од гэснээс хэдхэн хоногийн өмнө тэнгэрт өдрөөр нар, сар, од гурав чандмаллаа гээд сүйд болцгоосон. Та ер нь өдрийн од олж харав уу?

-Би өдрийн од хараагүй. Гэрэлтэй байхад угаасаа харагдахгүй байлгүй. Улсууд тэрийг харлаа гэдэг ч юу л бол. Монголчууд маань өнөөдөр хориннэгдүгээр зуунд аж төрж байгаа. Техник, технологи хөгжчихсөн үе шүү дээ. Барьж байгаа утсаа, үздэг зурагтаа хар, агаараар явдаг онгоцоо бод. Өндөр хөгжилтэй орноор аялж байгаа даяаршлаа харьцуул. Тэгэхэд л манайхан азтай хүнд өдрийн од харагдана гэхээр л тэр рүү хуйлраад байдаг. Аливаа зүйлд шинжлэх ухааны үүднээс л хандах хэрэгтэй. Буриадад нэг ламыг хөлдүү цэвдэг газарт оршуулж. Тэгэхэд л манайхан Итгэлт хамба амьд бурхан гээд сүйд болоод байх юм. Сая манай Архангайн хойд талын нутаг Цахираас нэг шарил олоод л. Тэгдэг нь зөв ч юм уу, буруу ч юм уу, ямартай ч үзэмжгүй эвгүй байна лээ ш дээ. Амьддаа нутгийнхандаа амьд бурхан гэж хүндлэгдэж байсан, сайхан энергитэй, хэчнээн ухаантай, сайхан хүн байгаа бол. Одоо бөхийж хатчихаад байгаа нь минийхээр бол хүүр юм даа. Эд нар ямар юм ч гэнэв сайхнаар нэрлээд байгаа. Тэрийг шүтээд сүйд болох нь ээ. Цахирын тэр шарилыг манай лам нар, тэр дундаа бурханч лам Пүрэвбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц нар өндөрт мандуулаад шүтүүлэх нь гэж би хардаж байна. Лам хүнийг хардаж болох эсэхийг би мэдэхгүй ч мөнгө олох гээд байна гэж бодоод байгаа. Итгэлт хамба гээд сүйд болтол сурталчлаад байгаа чинь мөнгө олох л хэрэгсэл байхгүй юу. Мөнгө олох гэж сэдсэн улсыг буруутгаад хэрэггүй. Тэрэнд нь хууртаад мөнгөө үрж байгаа хүмүүсийг л буруутгах учиртай.

-Тээр жил би Буриадад очихдоо тэр сүйд болоод байгаа Итгэлт хамбын шарилыг үзсэн л дээ. Гурван настай хүүхэд шиг жижигхэн болтлоо бөгтийгөөд хатчихсан борц л байдаг юм билээ. Тэгэхэд манайхан амьд гээд л мөргөөд, тийш очихгүй л бол хүн биш болчих юм шиг хамаг мөнгөө гадагш цацаад байгаа нь дэндүү эмгэнэлтэй санагддаг юм…

-Чи бид хоёрын санаа сайхан нийлж байна. Сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд энэ эмгэнэлийг ард түмэндээ таниулах бидний үүрэг. Манай зохиолч, сэтгүүлчид бид мухар сүсэгтнүүдийг гэгээрүүлье. Мухар сүсэг хаана байна, тэнд хуурамч хувилгаад, үзмэрчид олширдог. Ийм л хуурамч амьтдаас гэнэн ард түмнээ бид аварна шүү. Миний уран бүтээлийн нэг гол зарчим энэ байгаа юм. Би өөрөө нэг их шалихгүй мөртлөө соён гэгээрүүлэх том санаатай хүн байгаа юм.

Зүүн гараас Болгарын шог зураач
Карандаш, Египетийн зураач, Оросын яруу найрагч Кравченко, алдарт шог зураач
Херлуп Бидструп, Монголын шог зураач Ц.Доржготов, Оросын шог зураач Долгоруков
нар. 1970-аад он

Ард түмнээ ухаантай байгаасай, Япон, Герман зэрэг өндөр соёлтой улсын гэр орондоо аж төрөх хэв маяг, хот талбайдаа цэвэрхэн сайхан амьдрах соёл, хүн хүнтэйгээ харьцах найрсаг дулаан харилцааны хэлбэр улам сайхан болоосой гэж залбирч явдаг. Бид япончууд, германчуудаас бяр чадал, ухаан билгээрээ дутаад байгаа улс биш, буруу зуршлаараа л бид тэднээс давчихаад байгаа юм. Герман, Япон биднээс илүү төрчихсөндөө түрүүлээд тийм сайхан нийгэм байгуулчихаад байгаа юм биш. Тэд манайх шиг олон зуун жил заваарч байж, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж өвчин тахалдаа баригдаж, мөнгөө мөнгө болгож чадаагүйн горыг эдлээд, хуримтлал хурааж чадаагүйн золиосыг амсаж, дайн хийснийхээ горыг амсаад одоо л нэг улс шиг улс болоод байгаа юм. Монголоо Япон, Герман шиг болгоход чи бидний л соён гэгээрүүлэх үйлс хэрэгтэй.

-Олон түмнийг соён гэгээрүүлэх гэсэн бодол чинь мухардалд орж ягтаад байгаа юм биш үү?

-Соён гэгээрүүлэх үйлс яагаад үр дүнгүй болоод байна вэ гэвэл хориннэгдүгээр зууны мэдээлэлд ханасан үзэгдэл юм. Өнөө цагийн хүнд дуулаагүй юм ч гэж байхаа больчихсон. Би өнөөдөр нэг зохиол бичье гэхэд санаа нь аль эрт гарчихсан л байгаа. Чи нэг шүлэг бичээд хүний сэтгэлийг хөдөлгөөдөхье гэхэд бас л урьд нь бичигдчихсэн байх жишээтэй. Мэдээлэлд ханачихаар цаад талын үнэтэй юм үнэгүй болчихоод байна. Аливаа юм ховорхон үедээ үнэтэй байх шиг байгаа юм. Манийг багад Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романууд хэвлэгдэж, “Сэрэлт”, “Ардын элч” кинонууд дэлгэцнээ гарлаа. Энэ дөрөв байхад л бид чинь хэд дахин үзчихсэн, радиогоор хэдэнтээ нэвтрүүлчихсэн учраас зохиолын баатруудын үг яриаг цээжилчихсэн байдаг байлаа. Лодойдамба гуай, Намдаг гуай хоёр үнэхээр азтай зохиолчид. Тэр романуудыг Монголын бүх хүн уншчихсан, хэлсэн ярьсныг нь үнэлж нандигнаж үздэг байсан. Одоо тэр хоёрын хярааны зохиол гараад л байгаа шүү дээ. Гэхдээ л тоохгүй байгаа. Энэ бол хариулахын аргагүй хэцүү асуулт. Зөвхөн Монголд биш хүн төрөлхтөнд ийм хэцүү асуудал тулгарч байгаа байх. Ер нь хүн төрөлхтөн бурхандаа ч итгэхээ байсан, шинжлэх ухаандаа ч итгэхээ байсан. Гэхдээ гарц байгаа л гэж итгэж байна.

-Та “Мухар сүсэгт баригдахын цагт хуурамч хувилгаан гэгээд олширдог” гэлээ. Танай Архангайн Зая гэгээн, манай Баянхонгорын Ламын гэгээний хойт дүрүүдийг Далай лам батламжлаад байгаа нь хуурамч хутагт хувилгаадад тооцогдоно гэсэн үг үү?

-Би аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг материалист үзэлтэй хүн. Тамгатай хутагтуудын цол хэргэмийг Манжийн хаан Монголыг эрхшээж байх гэж л авлигаар шахуу өгч байсан. Тамгатай хутагтууд хүн л болсон хойно өнгөрөхөөр хойт дүрийг нь тодруулдаг уламжлал явж ирж. Энэ бол хүн төрөлхтний л явдал. Хүн төрөлхтөн чинь хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл жигтэйхэн гэнэн явж ирсэн юм. Нэг хувилгаан үхэхэд сүнс нь дахиад нэг газраас гараад ирдэг. Гарч ирсэн сүнсийг олдог, сунтагшуулах гэж нэг юм болдог. Одоо энийг давтана гэдэг эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй санагддаг. Яахав, урьд дүр нь ямар их эрдэм гэгээрлээр эх орон, ард түмнээ гийгүүлэв гэдгийг судлаад, цааш нь үргэлжлүүлээд явахыг бид нар хүлээн зөвшөөрч болно. Ер биш, хүн биш болгоод сүсэлж дээдлээд явбал утгагүй. Далай лам л зөвшөөрчихвөл бид тэр хүнийг хүн биш бурхан болгоод явчихаж байгаа шүү дээ. Энэ чинь л жинхэнэ мухар сүсэг. Бид шашин, мухар сүсэг хоёрыг одоо л ялгаж сурах хэрэгтэй.

-Хоёулаа ч шашин, мухар сүсэг гэж баахан хадуурах шив. Хашаатынхаа сургуулийг төгсөөд шуудхан хотод ирэв үү?

-Би 1949 онд Хашаатынхаа сургуульд орж, 1953 онд дөрөвдүгээр ангиа төгслөө. Нэг л их шагнуулсан амьтан онц сурна. Багаасаа тоондоо их сайн байсан. Одоо чинь хүн болгон л онц сурсан гэх юм. Миний сурч байх үед ангид хоёр гуравхан хүүхэд онц сурдаг байлаа. Би тэр онцчуулын нэг байснаа нуухгүй. Дөрөвдүгээр ангиа төгсөөд л Хашаатын сургуулийн боловсрол дуусч байгаа юм. Яг төгсдөг жил зэргэлдээх Хотонт суманд тавдугаар анги нээгдлээ. Тавдугаар ангид манай ангийнхныг хөөдөг байгаа. Бүгдээрээ оргочихсон. Урьд нь Хашаатаас гадагш сургуульд ганц ч хүн явж байгаагүй болохоор айцгаахгүй юу. Би чинь үндсэндээ айлын отгон хүү болохоор ээжийнхээ мөөмнөөс гараагүй шахуу л хүүхэд. Оргоод явж байтал аймгийн төлөөлөгчид баригдаад, машиндаа суулгаад авч явах гэтэл ээж уйлаад “Хүүгээ мориор хүргэж өгье” гэж авч хоцордог юм. Хоцорчихоод байж байтал манайхан заль хэрэглэж хотод байдаг төрсөн эгч рүү минь явууллаа. Хашаатаас Дашинчилэн ортол тэмээн тэргээр ирээд, Дашинчилэнгээс “Урал зис” гэдэг машины тэвшинд ачигдан, замдаа машин эвдэрч хоёр хоног явж хот орж ирдэг юм. Хотын арванзургадугаар сургуулийн тавдугаар ангиа сүрхий төгсчихөөд нутагтаа очлоо. Аав ээж маань “Ноднин их муу оргуулж байж баригдсан. Энэ жил овоохон оргуулна аа” гээд хичээлд явуулалгүй аваад хоцордог юм. Тавин гурван онд хотын Комбинатын район чинь хашаагүй гэрүүдтэй, ил задгай жорлонтой хачин юм байлаа даа. Би айлын отгон, бас ч үгүй мал сайтай хүний хүүхэд, хөдөө морь унаж, тарган махаа идээд, айраг таргаа идэж өссөн хүн чинь тийм муухай газарт сургуульд явахыг тэр бүр хүсэхгүй еэ дээ. Арван найм хүртлээ хөдөөдөө жаргалтай тарайж явтал нэгдэлжүүлэх хөдөлгөөн үүсэж, малыг маань хамаад авчихлаа. Тэгтэл аав “Малын зах эргүүлүүлэх ч өнгөрлөө. Одоо чи тэр сургууль соёлдоо яв” гэлээ.

-Сургуулиас овоо хэдэн жил завсардчихаад байхад чинь юм аа даа?

-Дөрвөн жил завсардчихсан, арван наймтай том эр хүн чинь яаж зургадугаар ангид орох билээ. Надтай хамт тавдугаар ангид сурч байсан хүүхэд есдүгээр ангид байгаа юм чинь. Ажил хийе гэж бодоод Хэвлэх үйлдвэрт зургийн дөртэй хүүхэд авна гэсний дагуу шалгалт өгч тэнцээд ажилд орлоо. Энд орсноор зохиолч, зураач болох зам үүд нээгдсэн. “Тоншуул” сэтгүүл “Матар” нэртэй байхад хэд хэдэн зураг зурлаа. Цэгмидийн Гайтав гуай миний хэвлэгдсэн зураг нэг бүрт гучин төгрөгийн шагнал өгнө. Тэр үед би “Элдэв-Очир” кино театрт кино их үзнэ. Голдуу орос кино орчуулгагүй гарна. Тэрийг үзсээр хожим хойно сурахдаа тэгтлээ ч толгой өвдөөгүй шүү. Би үеийнхнээсээ их хоцрогдсон учраас одоогийн хорингуравдугаар сургууль дээр байрлаж байсан Ажилчин залуучуудын оройн сургуульд орж, хөдөө мал дээр гарч хаширсан болохоор “Гадаадад сургуульд явна” гэсэн бодолтойгоор шамдан суралцаж аравдугаар ангиа онц төгслөө.

-“Тоншуул” сэтгүүлдээ зургаа зурсаар л байв уу?

-Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан шог зургийн уралдаанд нэг зураг матарлаад хаячихсан чинь 800 төгрөгөөр шагнуулаад нэгдүгээр байр эзэлсэн байх юм. А.Гүрсэд, В.Одгийв гэдэг хоёр зураач миний ард орж. Ингээд бөөн хөөр болохгүй юу. Тэгж байтал “Тоншуул” сэтгүүл намайг авна гэлээ. Хэвлэлийн үйлдвэрийн дарга Ахмед намайг өгөхгүй гэж их шазруунтлаа. Би ч очно гэж бараг л уйлахаа шахлаа. МАХН-ын Г.Очирбат гэдэг мундаг дарга чинь тэр үед “Үнэн” сонины нэгдүгээр орлогч бөгөөд “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч байлаа. Тэр хүн Төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гаргаад “Тоншуул” сэтгүүлд авлаа. Хэвлэх үйлдвэрийн ажилчин байсан нөхөр чинь хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг, Төрийн ордонд орж хоол иддэг мундаг том амьтан болов оо.

-Өө, бүр гараад өгчээ?

-Ордонд үнэмлэхээ үзүүлээд орохоор үүдний харуул нь одоогийн Их хурлын гишүүдэд ханддаг шиг ёсолж оруулна. Ёслоход нь “Саяхан л мал хариулж явсан хүн ингэж томрох ч гэж. Хашаатынхан л бүү харчихаасай” гэж их ичдэг сэн. Тэр ичих мэдрэмж надад хожим тус болсон юм шүү. Зураг маань надад түргэн сэтгэх дасгал болсон. Зургаар өгүүлж амжаагүй санаагаа зохиолоор дэлгэрүүлж гаргах чухал байсан учраас зохиол бичиж эхэлсэн. Монгол хэл найруулгаа сайжруулахаар шамдан хичээж эхэллээ. Би чинь их хэнхэг хүүхэд байсан. Дурлаж зүтгэсэн зүйлээ биелүүлэх гэж эсрэг, адил утгатай үгсийг шөнөжин хуулж бичээд л. “Тоншуул”-д ажиллаж эхэлсэн болохоор шог зохиолч болчихсон хүн шүү дээ. Өөр газарт ажилласан бол яах байсныг бүү мэд. Тэрнээс би ч тийм сайн хошин шог бодолтой хүн биш шиг байгаа юм. Өөрийнхөө гаргасан тав зургаан ботид орсон бүтээлүүдээ анзаарахад арван хувьд нь л шог багтсан байгаа.

-Та хойно ямар сургуульд суралцсан билээ?

-ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийн хэвлэлийн зураачийн ангид 1964-1969 он хүртэл таван жил сурсан юм. Энд сурч байхдаа гадаадын зохиолчид, зураачидтай танилцаж, үерхсэн минь миний нүдийг жаахан ч болтугай нээсэн гэж боддог. Би чинь том ресторанд ордог, анх очоод “Монгол оюутантай нэг өрөөнд орохгүй” гэж томорсон нөхөр дөө. Орос хэлдээ сайн болох гэж л тэгж загнасан хэрэг.

-Тухайн үед Зөвлөлтөд суралцсан оюутнууд ууж сурснаа их гайхуулдаг. Та тэр “гайхамшиг”-т хэр суралцав?

-Орос оюутнууд эмэгтэй, эрэгтэйгүй ууна. Тэр үед надад ажиглагдаж байсан зүйл гэвэл “Орос хүнээс архи уудаг уу гэж битгий асуу” гэцгээдэг байсан. Бүгдээрээ уудагч нармийтлаа, одооны манайхан шиг яадгаа алдталаа их уухгүй. Нэг хэсэг нь хөлөө алдана л даа. Би “Крокодиль” сэтгүүлийнхэнтэй очуутаа үерхсэн. Зургаа өгнө. Хааяа хэвлэгдэхээр нь шагналаараа нөхдөө том ресторанд оруулж дайлна. Монголоос Горькийн Утга зохиолын дээд сургуульд зохиолч Доржийн Гармаа, яруу найрагч Долгорын Нямаа нар суралцаж байсан. Тэдэнтэйгээ ч нэг их нийлж байсангүй. Оросуудтай л нийлдэг байсан. Сэтгэл зүй, философийн хичээл дээр мэтгэлцээн их явна. Хэлтэй хүн л мэтгэлцээд ялах учраас донтой юм шиг л орос хэлээ сайжруулж муруй хазгай хэлээр үзэлцдэг байлаа.

>>Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Арсен Венгер: “Чадварлаг баг бүрдүүлнэ гэдэг эмзэг ургамал тарихтай адил”

Тьерри Анригийн ноёрхол буюу 2000 оны эхэн үед Премьер лигт цойлж байсан “Арсенал” түүнээс хойш 10 гаруй жил “даржин амьдралаар амьсгаллаа”. Шинэ цэнгэлдэх хүрээлэн босгож байгуулахтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орсон “Арсенал”-ыг энэ олон жил “живүүлэхгүй” байх үүргийг сайн гүйцэтгэсэн ахлах дасгалжуулагч Арсен Венгер уржнан жилээс л эхлэн хүссэн хөлбөмбөгчөө худалдаж авах хөрөнгө мөнгийг багийнхаа боссуудаас нэхэх эрхтэй болсон гэж байгаа. Озил, Санчес, Чех зэрэг төлөвшсөн одуудыг авсан тэдний баг энэ жил нэг л өнгөлөг байх чинь. Багт нь гарч буй өөрчлөлт, тоглогчдын тухай Венгер ингэж өгүүлэв.

-Баг доторхи уур амьсгал гэгч хөлбөмбөгт хэр зэрэг хэрэгтэй юм бэ?

-Асуултаа буруу талаас нь асуулаа. Уг нь багийн доторхи дулаан уур амьсгалгүйгээр амжилтад хүрч болох уу? гэсэн бол тун зөв асуулт байх байсан юм. Ийм нөхцөл амин чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Том багуудын “гал тогоон дахь” амин сүнс нь юу вэ гэвэл зангидсан нударга мэт нэгдсэн санаа, зорилго гэж хариулна. Хамт олныг нэгдмэл байлгана, босгоно гэдэг чинь тун ч хэцүү асуудал. Зүйрлэвэл асар эмзэг, ховор ургамлыг арчилж ургуулж байгаатай л адил юм. Түүнийг өдөр бүр усалж, бордож байх хэрэгтэй. Ийм байж гэмээнэ тэр ургамал тэр ургамал цэцэглэнэ, үлэмж гоё ургаж бусдыг баясгана шүү дээ.

-Таны дасгалжуулагч хийж байсан болон хийж байгаа багийнхан чинь сэтгэл зүйн хувьд бэлэн биш байдалд орж, хямарч байсан тохиолдол бий юу? Ийм үед яах вэ?

-Жил бүр заавал их бага хэмжээгээр ийм үе тохиолддог юм. Хөлбөмбөгч ядарна, өөрийгөө зөв үнэлж чадахаа болино, үүнээсээ цаашлаад итгэл үнэмшлээ алдаад ирдэг. Хувь хүний ийм уналт баг хамт олны сөрөг үр дүнтэй давхцах тун аюултай. Хэрвээ багийн зүгээс ямар нэг эрч хүч мэдрэгдэхгүй байвал тун хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Зарим хөлбөмбөгчийг хөөж явуулах, заримыг нь сандал дээр суулгах, эсрэгээрээ хэн нэгэнд нь урам хайрлах гэх мэт сайн дасгалжуулагч гэдэг чинь сайн менежер л гэсэн үг шүү дээ.

-Хүмүүс та бүхний гаднах ертөнцийг л анзаардаг ба цаанаа юу өрнөж буйг тэр бүр хардаггүй.

-Тийм шүү. Үүнээс чинь болж үзэгчдэд ойлгогддоггүй хожигдлууд гардаг юм. Жишээ нь “Вест Хэм”-д 0:2-оор хожигдсон тоглолт байна. Улирал эхлэхийн өмнө тун сайн бэлтгэл хийчихсэн байлаа, бид. Сул багийг “ганц гараараа зодно” гэх маягийн өөртөө хэт итгэсэн хүмүүс гарч ирээд хожигдохгүй юу.

-Орчин үеийн хөлбөмбөгчид сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх явдал газар авлаа гэх юм. Танай клубт мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг уу?

-Төрөл бүрийн мэдээлэл, янз бүрийн шугамаар тархах болсон энэ цаг үед хөлбөмбөгчид асар их эмзэг болсон. Дээр нь цалин нь төсөөлшгүй их хэмжээнд хүрсэн хүмүүс чинь янз бүрийн ааш гаргадаг болчихдог юм байна шүү дээ. Тийм учраас сэтгэлзүйч байх ёстой, тоглогчидтой хамтарч ажиллах шаардлагатай.

-Хөлбөмбөг улам л нэг хүн рүү, тодруулбал багийн лидер рүү чиглэсэн шинжтэй болж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яах гэж дасгалжуулагч нарын бүрэлдэхүүн ажилладаг гээч? Тэдний ажлын үүрэгт ийм үзэгдлийг зөөллөх, хүн бүхнийг, тоглогч бүхнийг зөвхөн багийн төлөө ажиллахад чиглүүлэх зорилго багтдаг юм.

Б. Хулан

Categories
мэдээ цаг-үе

Хэрүүлийн бай болсон Халх голоос сурвалжилсан нь

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 263 (5215) дугаарт>>

Халх гол сум руу орох хоёр зам байдаг аж. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг хаагуур нь ирэхийг мэдэхгүй байсан болохоор даваан дээр харуул тавьсан нь тэр хэдэн хүүхнүүд бололтой. Баянхошууны гаалийн байрнаас гараад замдаа жаахан саатсан цуваа харуй бүрийгээр л Халх гол сум руу орж таарлаа. Зам дагуу арван жилийн сургуулийнх болов уу гэмээр жаахан охид гараа алдлаад эгнэн зогссон байна. Дахиад цааш багахан яваад хүний бөөгнөрөлтэй тулгарлаа. Олон машины гэрэл, тэр гэрэлд холхих урт, богино сүүдрүүд, айсуй өвлийн дохио болсон хүйтрэлээс үүдэлтэй хүмүүсийн биеэс гарах уур цан, цагаан хоолойгоор “Бурмаа сайд та буцаад яв. Халх гол сум руу оруулахгүй” гэж зарлах, төрөл төрлийн хоолойгоор өөр өөр үгийг хашгиралдахтай нь хосолж тогоотой шөл буцлах мэт дүр зургийг үүсгэж байв.

Өдөр Ялалт баг дээр эсэргүүцлийн цуглаан хийсэн хүмүүс тэнд очсон яваа нь анзаарагдаж байлаа. Удаан хүлээсэн бололтой нэлээд даарч нүүр, гар нь ягаарсан хүмүүс харагдана. Зам таглаад хоёр машин зогсоочихож. Хажуугаар нь нэлээд хэдэн машин эгнүүлжээ. Улаанбаатарын дугаартай жипнүүд ч олон байв. Уг нь зам хаасан машинаасаа наашаа замын хоёр талаар эгнэж эсэргүүцсэн лоозунаа барьж зогсохоор төлөвлөсөн бололтой. Гэвч дунд нь ороход тал талаас нь шаваад замбараагүй байдал үүсгэлээ. Аймгийн төвөөс ирсэн хэдэн цагдаа, сумын цагдаа нартай нийлээд арав орчим хүнтэй болсон байв. Гэвч хүмүүсийг зайлуулж зам гаргаж чадсангүй. Харин ч машин руу ойртуулахгүй байх гэж дэмий л хичээцгээж харагдана. Цагдаа нарын завсар зайгаар гарч ирсэн хүмүүс машинуудын хаалгыг татаж үзэх аж. Цаанаас эмэгтэй хүмүүс “Чирээд буулгаад ир ээ” хэмээн үе үе хашгирна. Мөн “Хүч хэрэглэж болохгүй шүү” гэж ам амандаа орилолдоод дахиад л “Чирээд буулгаад ир” гэсэн үг сонстох юм. Цагаан хоолойгоор “Өвөг дээдсийн цусаа урсгаж үлдээсэн газар орныг чөлөөт бүсэд өгөхгүй. Бурмаа сайд та буцаж явна уу” гэхийн зэрэгцээ “Хүмүүс ээ. Бурмаа сайдыг дагаж яваа телевизийнхэнд ярилцлага өгч болохгүй шүү. SBN телевизэд л ярилцлага өгөөрэй” хэмээж байв.

Цуглаанд оролцож байгаа насанд хүрсэн эрэгтэйчүүд арай намуун байгаа харагдана. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд нэлээд идэвхтэй байх аж. Машины цонх жаахан доошлуулахад л “Буугаад ир хөөе”, “Зайл, энэ бол бидний газар шороо”, “Та нар энд юу хийж яваа юм, алуулах нь дутаа юу” гэх зэрэг үгийг хэлээд авах юм. Эргээд гарах гэтэл машины ард талд зургаан настай болов уу гэмээр улаан куртиктэй хүүхдээ дагуулсан эмэгтэй гүйж ирж гараараа тулчихаад хөдөлдөггүй. Урагшлах гэхээр урд бас нэг цагаан шаргал өнгийн үстэй нас тогтсон эмэгтэй ирээд наалдчихаж. “Урагшаа явах гэвэл намайг дайраад гараарай. Үхсэн ч та нарыг оруулахгүй. Үхтлээ тэмцэнэ” гэж орилоод байх. “Бид буцаад гаръя. Та нар жаахан холдож бай” гэтэл “Бууж ирээд хэрэлд. Буугаад ир” гэж орилолдоно. Ийн машинд тулчихаад байгаа нь хажуу тийш салаалсан шороон замаар ороод явчих вий гэж эмээснийх бололтой. Өөр нэг хүний “Та хэд наад замаараа битгий гаргаарай. Машинд нь тул, дайрч чадахгүй” гэх нь сонсогдож байсан юм.

Сумын цагдаа нар нь зам гаргаж, уулзахаар ирэгсдийг оруулж чадахгүй нэлээд бужигналаа. Хууль зүйн яамныхан хилийн отрядуудаар шалгалт хийх удирдамжтай явж байсан юм. Тэднийгээ ядаж оруулахаар хичээх аж. Машинууд руу нэлээд дөхсөн хэсэг хүүхдэд сумын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Санчир “Миний дүү нар энэ хүмүүс Хууль зүйн яамнаас шалгалтаар явж байгаа хүмүүс юм. Оруулчих” гэх зэргээр гуйж байгаа нь сонсогдоно. Гэвч “Хууль хүчнийхнээр бамбай хийж орох гэж байна” хэмээн нэг хүн хашгирахад мөн л оруулалгүй бүчээд авлаа. Ингээд орж чадахгүй нь тодорхой болсон болохоор цагдаа нараар хүмүүсийг холдуулуулаад машинаа эргүүлээд явцгаав. Наана Хамар даваан дээр гарч ирээд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон аймгийн удирдлагуудын төлөөлөл буцсан юм. Хууль зүйн яамныхантай арваад минутын хойно эргээд очиход цугларсан хүмүүс бүгд тарсан байв. Хүйтэнд гадаа удаан зогссон хүмүүс машин цааш явангуут л шууд тарсан нь тэр аж. Мөн Баянхошуу хилийн боомтоос наашаа цуварч гарахдаа хойно гарсан нэг машин буцах юм байна гэж ойлгоод Ялалт баг руу явчихсан юм. Түүнийг хүлээж цаг алдсан хэрэг л дээ. Харин Халх гол сумынхан дунд нэг машин нь ирэхгүй удсан болохоор осолд орсон байх гэсэн цуу яриа хүртэл гарчихсан байна.

Халх гол суманд байрлах цэргийн отряд дээр хоноглоод маргааш нь сумын төвөөр явлаа. Эхлээд ганц хоёр дэлгүүрээр оров. Худалдагчтай нь ярилцахад “Үе үе хотоос хүмүүс ирж уулзалт хийдэг. Би түүнд нь очдоггүй болохоор сайн мэдэхгүй юм. Хэд хоногийн өмнөөс л Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ирэх гэж байна. Нутаг орныг худалдах гэж байна, тэмцээрэй гэсэн яриа гарч эхэлсэн. Би тэр жагсаалд нь очоогүй” гэв. Гараад мотоцикльтой нэг хүнтэй таарахад “Хөдөөнөөс дөнгөж орж ирээд явж байгаа болохоор мэдэх юм алга. Бурмааг хөөж явууллаа. Манайх шиг сайдыг хөөж явуулсан сум байхгүй гээд нэлээд л хөөр болж байна” хэмээв. Түүнээр сумын ЗДТГ-ын байранд хүргүүллээ.

Халх гол сумын Цагдаагийн хэлтсээс мэдэгдэж байгаагаар 150 орчим иргэн жагсаалд оролцсон гэнэ. Ингэхдээ сумын захиргааны ажилтнууд мөн сургуулийн багш нар сурагчдыг дагуулан эсэргүүцлийн цуглаанд очсон аж. Тус сумын Засаг дарга В.Мөнхтайван, ИТХ-ын дарга Ц.Сүхбаатар нар амралтаа авсан байв.

Сумын Соёлын төв нь ЗДТГ-тайгаа нэг хаалгаар ордог юм байна. Үүдээр нь хэдэн хүн холхино. Даваа гариг бүрт сумынх нь удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болдог аж. Сумын Соёлын төвийн захирал Мягмарсүрэн “Бурмаа өмнө нь нэг ирнэ гэж байгаад больчихсон. Тэр үед нь бид Соёлын төв рүүгээ оруулахгүй, урд талбайд нь эсэргүүцлийнхээ бичгийг бариад хүлээж авах гэж байсан. Харин сүүлд нь бүр оруулахгүйгээр шийдсэн” гэж ярилаа. Түүнд эсэргүүцэж байгаа хүмүүстэй уулзмаар байна гэтэл утсаа гаргаж ирээд “Энд “Өдрийн сонин”-ы сурвалжлагч ирчихээд яриа авъя гээд байна. Хүмүүсээ дагуулаад ир” гээд тасалчихлаа. Хэсэг хугацаанд Соёлын төвийн номын сангийнх нь хоёр гурван эмэгтэйтэй ярилцлаа. Тэд “Халх гол чөлөөт бүс байгуулагдвал баахан хятадууд ирж бид эрлийзжээд дуусна. Энэ газар нутаг, удмын эрүүл байдлаа хойч үедээ үлдээх хэрэгтэй байна. “Петрочайна Дачин Тамсаг” газар орныг аймшигтай болгосон. Тэнд биеэ үнэлсэн хоёр ч хүүхэн ДОХ туссан гэнэлээ” зэргээр ярив. Уг нь энд малын эрүүл бүс бий болгоод гадагшаа л мал мах, гурил экспортолдог болох гэж байгаа юм билээ. Ингэвэл монголчуудад их ашигтай тусах биш үү хэмээн ярихад анхааралтай сонсож байснаа “Монголын хууль гурав хоног гэдэг. Итгэх аргагүй шүү дээ. Тэгээд ч чөлөөт бүс байгуулчихвал бид аймгийнхаа төв рүү л хэдэн хоног тойрч явах болох юм билээ” гэж байв. Ингэж байтал хэд хэдэн хүн өрөөнд ороод ирлээ. Нэлээд биерхүү залуус харагдана. Зүс танихаас улсын начин Ж.Гансүх байна. Бусад нь барилддаг байрын хүмүүс аж. Бас хоёр эмэгтэй цуг ирсэн юм. Тэдэнд Хууль зүйн яамныхантай явж байгаа гэж учирлаж байж ярилцлага авахаар болов. Ингээд тэднийг төлөөлж Ц.Насанхүү ярилцлага өгснийг хүргэе.

Төлөөлөөд танаас ярилцлага авчихъя?

-Хууль зүйн яамныхан чинь Бурмаа сайдтай явдаг нь ер нь ямар учиртай юм?

Эд хяналт шалгалтаар явж байгаа юм аа.

-Цаанаасаа зохион байгуулагдсан юм шиг байна даа. Хаа байсан Хууль зүйн яамныхан Хүнс хөдөө аж ахуйн яамныхантай явж байдаг. Өөрийгөө хамгаалуулж байгаа юм уу, хаашаа юм.

Р.Бурмаа сайд ирээд нэлээд эсэргүүцэлтэй тулгараад буцаад явлаа. Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаар ямар байр суурьтай байна?

-Чөлөөт бүсийн талаар сумын ард иргэд УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагуудтай олон удаа уулзалт зохион байгуулсан. Бид үүнийхээ үр ашгийг хүртэж 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохын тулд зорьж яваа улсууд юм.

Манайхаас хоёр хөрш хүртэл мал авдаггүй. Хилийн хорио цээртэй, өвчин тусдаггүйгээр нь адууг л гаргаж байх шиг байна. Чөлөөт бүсийг байгуулчих юм бол эрүүл бүс болж экспорт гаргах боломж бүрдэнэ. Улс оронд орлого орох боломжтой болно гээд байгаа?

-Ер нь тэгээд аливаа зүйлийг хийхийнхээ өмнө сайхан ам гардаг шүү дээ. Яг амьдрал дээр тэр нь эргээд хэрэгжиж чаддаггүй. Өнөөдөр жишээ нь тэр Халх гол төслийн захирал Энхжаргал гэж хүн энэ нутагт амьдарч үзээгүй мөртлөө телевиз радиогоор ард түмний тархийг сайхан угааж байна шүү дээ. Энэ нутгийн онцлог ямар байдаг талаар наад захын мэдэгдэхүүнгүй. Биднийг басамжлан доромжилж байгаа юм шиг телевиз радиогоор мэдэгдэл хийж байгаа нь зохимж муутай байгаа юм. Нутгийн иргэдийн дургүйцлийг их хүргэж байгаа.

Мал гаргаж худалддаг болчих юм бол нутгийн иргэдэд ашигтай. Дээр нь Сүмбэр боомтын цаад талын Рашаант хотод жил бүр хоёр сая жуулчин ирдэг гэсэн. Тэд нь манай малчны амьдралыг харчихаад буцах хүсэлтэй байдаг тухай ярьж байсан. Энэ бүхэн нь нутгийнханд ашиг өгөхгүй гэж үү?

-Рашаантын хил өөрөө аялал жуулчлалын хил шүү дээ. Бидэнд тийм хүртээл байхгүй. Өнөөдөр Рашаантын боомт нээгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Орон нутагт жуулчдаас орж ирж байгаа хөрөнгө мөнгө гэж алга байна.

Одоо бий болох гэж байгаа юм биш үү?

-Бий болно гэж ярилаа. Ярьж байгаа юм нь хэрэгжихгүй байна шүү дээ. Энэ зөвхөн хэдэн хүний эрх ашгийн юм болчихоод байна гэж бид харж байгаа.

Чөлөөт бүсийн тухай хуулиар гурван сая төгрөгийн бараа гаалийн татваргүй болно. Ингэхээр нутгийнхны цагаан идээ зэргээс эхлээд ашиг олж болно гээд байгаа?

-Чөлөөт бүс байгуулна гэж яриад байгаа. Өнөөдөр Монгол Улсад хэд хэдэн чөлөөт бүс бий болчихсон байна. Тэднийгээ чөлөөт бүсийн хэмжээнд нь хөгжүүлж чадахгүй байна шүү дээ. Хамгийн наад зах нь Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс гээд олон жил ярилаа. Тэнд хийж байгаа юм юу байна. Юу ч алга. Тэнд монголчууд нь дээрэлхүүлээд байж байна. Яг тэр л энд үүснэ. Халх гол суманд чөлөөт бүс байгуулъя гэж байна. Энэ чинь суман дотор сум, аймаг дотор аймаг болсон эрх хэмжээ, тусдаа хуультай вант улс байгуулагдах гэж байна гэж бид ойлгож байгаа. Үүнийг бид маш эсэргүүцэж байна. Урьд нь байсан чөлөөт бүсүүдээ эхлээд хүний нүдэнд харагдахаар сайхан хөгжүүлчих хэрэгтэй. Ер нь монголчууд маань их ийш тийш явдаг болж байна. Хамгийн наад зах нь Эрээн рүү гарахад Замын-Үүдийн боомт Монгол талдаа ямархуу байна.

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэхээр арай ондоо байх л даа. Мал гаргаж байвал улсад ашигтай. Энэ өнцгөөс нь харвал?

-Мал гаргахын тулд заавал тэгж чөлөөт бүс бий болгох шаардлагагүй. Өнөөдөр тэртэй тэргүй Монгол Улсад бид тал сайхан нутагтаа таван хошуу мал нь бүгдээрээ сайхан эрүүл өвсөө идээд явж байгаа шүү дээ. Яахав, шинжлэх ухаан талаас нь хэт их туйлширч тайлбарлаж ард түмний тархийг угаах гэсэн мэдээ мэдээлэл юм болов уу гэж бодож байгаа. Ер нь бол эсэргүүцэж байгаа.

Малын өвчин томуу гардаг, баталгаагүй гээд гадаадынхан мах авдаггүй талаар ярьдаг. Эрүүл бүс байгуулснаар гадаадуудад худалдах боломж нээгдэнэ гэж байгаа юм билээ?

-Эрүүл бүстэй болъё гээд байдаг нь ямар учиртайг бид яг мал аж ахуй, малын эмч биш учраас ойлгохгүй байна. Бидний ойлгож байгаагаар бол өнөөдрийн ардчилсан хүмүүнлэг нийгэм гэдэг маань иргэдийнхээ дуу хоолойг сонсдоггүй дээрэнгүй болчихсон. Хуучин өөрсдийн коммунистууд гэдэг арга барилдаа шилжчихээд байна. Аливаа юмыг төр нь иргэдээсээ хүчээр булааж авдаг. Иргэдийнхээ үг дууг сонсдоггүй ийм болчихоод байгаа юм.

-“Хансолмогэдэг Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид сумын удирдлагууд нь мэдээд 30 мянган га газар эзэмшүүлэхээр өгчихсөн байсан гэж ярьж байна. Тэр талаар мэдэх үү?

-Мэдэлгүй яахав. Тэр шийдвэр нь буруу гараад тэр “Хансолмо” гэдэг компани цуцлагдсан. Тэгээд эргээд бусад аж ахуйн нэгжүүдэд газрыг нь шилжүүлсэн байдаг юм.

Гадаадын аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх нь УИХ зэрэг дээр шийдэх асуудал?

-Дээрээ ярих ёстой зүйл биш юм л даа. Газрын тухай хуулиар сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга өөр өөрсдийнхөө эрхэлдэг аж ахуйн хүрээнд тодорхой эрх мэдлүүд байдаг. Түүнийхээ дагуу олгож байсан. Гэхдээ “Хансолмо”-гийн тухайд бол хууль бус шийдвэр гарсан.

Чөлөөт бүс байгуулснаар уул уурхайн олборлолтын түрэлт, лицензээс газрыг хамгаална гэж ярих юм билээ?

-Газар нутгаа хамгаална гэж ярьж байгаа бол өнөөдөр энд хамгаалалтын захиргааны харьяа байгууллага гурав байна. Юу ч хийж чадахгүй л байна шүү дээ. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гээд байж байна. Халх, Нөмрөг, Буйрын сав газрын хамгаалалтын захиргаа гэж бий. Ер нь бол одоо тэгээд төр нь иргэдийнхээ газар нутаг өмч хөрөнгөд халддаг ийм муухай жишиг Монгол Улсад сүүлийн үед элбэгшиж эхэлж байна даа. Иймэрхүү байдалтай байх юм бол халхголчууд бид тэмцлийн бас өөр хэлбэрийг сонгож энэ нутаг орон, хойч үе, үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэнэ. Зөвлөлт, Монголын ахан дүүс амиа золин байж хамгаалж ирсэн газар юм. Тэгээд үүнийг Монгол Улсын өрөнд өгөх гэж байгаа юм болов уу гэсэн хардах сэтгэгдэл төрж байгаа.

Арай ч гадныханд өгөхгүй байх л даа?

-Чөлөөт бүс байгуулах гэж байгаа бол газар өгөхгүйгээр байж болно шүү дээ. Яагаад газар авах гээд байгаа юм бэ гэхээр хүмүүст газраа ашиглуулахын тулд авах гээд байна.

Нэг хэсэгт нь тариа, нөгөө хэсэгт нь мал үржүүлэх бага газрыг хашаална гэж тайлбарлаж байсан?

-Та бас өөрөө жаахан буруу ойлголттой байх шиг байна. Тархи угааж байж авчихаад 500 мянган га газрыг яаж л бол яаж эвдэнэ шүү дээ. Нэгэнт үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол дур зоргоороо аашилна. Бид тэгэхэд мянга эсэргүүцээд нэмэргүй, суманд ямар ч харьяалалгүй болчихож байгаа юм.

Сумаасаа ярилцаад хил дамнасан эсвэл хил дотроо чөлөөт бүс байгуулъя гэсэн хүсэлт хэд хэд очиж байсан гэсэн?

-2008-2012 оны хооронд чөлөөт бүс болгоё гэсэн саналууд явуулж байгаагүй. Ирж байсан. Гэхдээ үүнийг нутгийн иргэд дэмжиж байгаагүй. Анхнаасаа Халх гол төсөл гэж хэрэгжүүлэх гээд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболд хүртэл ирж байсан. Нутгийн иргэд бид энд хуралдаад уулзалт хийгээд эсэргүүцээд явж байсан. Ерөнхийдөө тэгээд Халх гол төсөл гэдэг нь явж явж чөлөөт бүс болоод хувирчихаж байгаа юм. Одоо загвар аж ахуй гээд 200 га газар дээр үйл ажиллагаа явуулж байна. Уг нь тэдний анхны санаа нь 200 мянган га газар авах сонирхолтойгоор орж ирсэн улс хэмээв.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн үеийн шуугиан болоод буй Халх голоос сурвалжилсан нь

Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долдугаар сарын 9-нд гарсан. Чөлөөт бүсийн талбайд тус сумын 500 мянган га газар орж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхны мэдэгдэж буйгаар энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар уул уурхайг биш нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг түшиглэсэн аж ахуй хөгжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болох, хотоос хөдөөг зорих нүүдэл ихсэх, 1000 ажлын байр бий болж жилд 8-9 тэрбум цалингийн эх үүсвэртэй болох аж. Мөн зүүн бүсээс Халх гол чөлөөт бүсээр дамжуулан жилд дунджаар 400 сая ам.долларын махны экспорт хийх боломж бүрдэх гэнэ.

Гэвч Халх гол сумын иргэд уг чөлөөт бүсийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл тархаад байсан. Өнгөрсөн есдүгээр сард Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Батбаяр нар тус сумын иргэдтэй уулзсан байдаг. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар энэ шийдвэрийг эсэргүүцэж нутгийн иргэдэд мэдээлэл өгсөн байна. Тэдний араас өнгөрсөн бямба гаригт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Халх гол сумын иргэдтэй уулзахаар явсан юм.

Чойбалсан хотод хоноглоод өглөөний 05:00 цагийн орчимд замд гарлаа. Мэнэнгийн их талыг туулан 11:00 цаг өнгөрч байхад Ялалт баг дээр очив. Уулзалт хийхээр ирсэн хүмүүст нутгийн иргэд багийнхаа хурлын танхимыг нээж өгсөнгүй. Харин хурлын байрныхаа гадна “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” “Халх гол зөвхөн бид бүхнийх биш Монгол эх орны минь нутаг. Хамтдаа тэмцье”, “Бурмаад манай нутагт гишгэх эрх байхгүй”, “УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардаж байна”, “Гадаадад тавьсан өрөндөө бидний өсч төрсөн нутгаас өгөхыг зөвшөөрөхгүй” зэрэг лоозун хадсан байлаа. Мөн гартаа лоозунаа бариад эгнэн суужээ. Халх гол сумын газрын зургийг улаан дэвсгэр дээр дүрсэлжээ. Тэр зурган дотроо дайны үеийн цэргүүдийн зураг, УИХ-ын гишүүдийн чуулганы танхимд зогсож авахуулсан зургийг тавиад дээр нь “Бид ялав, Тэд яасан бэ?” хэмээн бичсэн харагдана. Тэрхүү хулдаас болон гэрэл зургийн цаасан дээр хэвлэсэн гоёмсог таниулах хуудас анхаарал татаад болдоггүй. Нутгийн хүнээс асуухад “Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Батбаяр нарыг ирэх үеэр л заал чимэглэсэн байсан хуудас мөн байна” гэв. Халх гол сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Насанхүү, тус сумын ИТХ-ын төлөөлөгч В.Буяндэлгэр нар чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсэн үг хэллээ. Тэдний дараа нас тогтсон хэдэн хүн шүлэглэсэн үг хэлж байна. Ингээд өнөө чанга яригчаа аваад цугласан хүмүүсийн нэг хэсэг нь шууд яваад өгөв. Дараа нь хаанаас ч юм гэнэт л байсхийгээд “Гал гарлаа” хэмээн хашгирах юм. Тэгэхэд хүмүүс “Гал гарсан байна гэнэ” гэсээр эхнээсээ тарж эхлэв. Сүүлд нь “гал гарлаа” гэдэг нь тарах нууц үг гэсэн цуу яриа ч сонсогдож л байв.

Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа үг хэлэх гэтэл чанга яригч байсангүй. Олон хүн ч үлдсэнгүй. Үлдсэн цөөхөн хүнд нь “Намайг газар шороо худалдах гэж байна гэлээ. Гэтэл сумынх нь Засаг дарга гадаадынханд ямар ч хяналтгүй газар олгож байна. 100 хувийн өмчтэй Хятад компанид газар өгөөд сууж байдаг. Үүнийг нь суман дээр байгаа улс мэдэхгүй сууж байна. Ингэж газар шороогоо хамгаалдаг юм уу. 10, 20, 36 мянган га-гаар нь малын тэжээл тарина гээд хууль ёсоор нь өгч байдаг. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хансолмо” компанид 2009 онд 30 мянган га газар өгсөн байсан. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёмбобуудай”-д газар өгсөн байна. Тэнд тариалан эрхлээд явж байна. Энэ өөрөө Монгол Улсын хууль, журмыг зөрчиж байна. Монгол Улсын иргэд, байгууллагууд газар өмчлөх, эзэмших эрхтэй. Гадаадын байгууллага болон иргэдэд газар түрээсэлж болно. Гэхдээ зөвхөн УИХ-ын шийдвэрээр газрыг түрээсэлдэг. Тэнд хятадууд тариалан эрхэлж байна гэж яриад байдаг нь үнэн хэрэг дээрээ Засаг дарга нь өгчихсөн хэрэг. Үнэндээ төрийн мэдэлд байдаг газрыг сумын Засаг дарга дураараа өгдөг болчихжээ. Тийм болохоор төрөөс анхаарах нь зүйтэй. Өмнө нь зөвшөөрөлгүй рапс тарьдаг тухай мэдээлэл надад ирж байсан. Зарим газар хэдэн жил дараалан рапс тариад үржил шимгүй зэрлэгшсэн байгаа. Хөдөө аж ахуйн үүц гэж хадгалж, хамгаалж ирсэн нутгаа бид онцгой дэглэмд авч хамгаалах нь зүйтэй. Тиймийн тулд Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоол гарсан” хэмээн ярилаа.

Харин Халх гол сумын ИТХ-ын төлөөлөгч В.Буяндэлгэр “Сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга байсан Ц.Насанхүү нарыг 2009 онд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид их хэмжээний газар өгсөн гэж байна. Би тэр үед хурлын төлөөлөгч байгаагүй. Хэрвээ өгсөн бол ус нутгаа хамгаалж таарна. Тиймээс ус нутгаараа хэлэлцээд энэ асуудлыг цуцалж, шийдвэр гаргасан хүмүүсийг огцруулж болно шүү дээ. Үнэхээр тийм зүйл болсон бол урьд нь яагаад арга хэмжээ аваагүй юм. Өнөөдөр биднийг юм ярихаар яагаад сумын Засаг дарга чинь газраа гадаадынханд өгдөг гэж сөргүүлж тавьж байгаа юм. Долдугаар сарын 9-нд луйвар болсон. Хэрвээ 75 дугаар тогтоолыг цуцлахгүй бол нутгийн иргэд бид эцсээ хүртэл тэмцэнэ. Зөвхөн Халх гол биш Монгол орон даяараа энэ асуудалтай тэмцэнэ. Тэмцлийн ямар хэлбэр байдаг юм бүгдийг нь ашиглана. Хүмүүнлэг ардчилсан төртэй нийгэмд ард түмнээ энд үхүүлнэ үү, амьдруулна уу төр засаг удирдаж байгаа хүмүүс мэдэх биз. Монголын ард түмэн өнөөдөр элгээрээ хэвтэж байна. Төрийн томчууд гадаадын улс оронд очихдоо өр дагуулж ирж байна. Үүнийг хэн төлөх вэ, Монголын ард түмэн төлнө. Р.Бурмаа сайд Халх гол сумыг маш сайхан сум болгоно гэж байна. Наймхан сарын хугацаанд яаж хөгжүүлэх юм. Өрийн дарамтад ороод төсвийн ажилчдын цалин, хөгшдийн тэтгэврээ тавьж чадахгүй шахуу болж байна. Үүнийг төлөхийн тулд бидний газар шороог худалдаж өрийнхөө барьцаанд өгөх гэж улайрч байна шүү дээ” хэмээн ярьж байлаа.

Нутгийн иргэдийн яриагаар бол Ц.Насанхүү, В.Буяндэлгэр нар нь сумын ИТХ-ын үе үеийн дарга байсан хүмүүс гэнэ. Мөн Бямбадорж гэх хүн “Өмнө нь Петро чайна Дачин тамсаг” мөн л сайхан болгоно гэж ярьсан. Гэвч бэлчээрийг цөлжүүлж бидний амьдралыг улам доройтуулсан. Хятадууд манай суманд өвс хаддаг. Маш том талбайг хадаад дуусч байгаа. Бид “Петро чайна Дачин тамсаг”-тай ч, Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн эсрэг ч тэмцэнэ. Хэрвээ Бурмаа сайд ийм шийдвэр гаргаагүй бол бид хурлынхаа танхимыг цэлийтэл нээгээд угтах байсан. Монгол хүмүүс шүү дээ бид чинь. Одоо бол оруулахгүй” гэж байна. Өөр хэд хэдэн хүнтэй ярилцах гэж оролдлоо. Гэвч “Хулгайч, луйварчдын яриаг юуг нь сонсох вэ. Гадаад ажилчид гурван хувиас ихгүй гэж байна. Монголын хууль гурав хоног гэдэг. Баахан хятадууд ороод л ирнэ” хэмээх аж. Харин Халх голын цэргийн отрядын захирагч Ц.Батбаатар “Хуулиар хил хамгаалах байгууллага улсын хилийн боомтоор гурван үүрэгтэй ажиллаж байгаа. Манай боомтуудаар нэг тонн, нэг боодол өвс ч гараагүй” хэмээсэн юм.

Тал талд ийн өөр өөр яриа болсон цугларалт 30 орчим минут үргэлжлээд тарлаа. Тэндээсээ хөдөлж Хүнс хөдөө аж ахуйн сайд болоод бусад албаны хүмүүс Баянхошууны боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр хилийн цэрэг болоод гаалийн ажилтнуудад танилцуулгаа хийлээ. Р.Бурмаа “Чөлөөт бүс гэдэг хашаа барихыг хэлэхгүй. Бэлчээрийнх нь нутаг, хөрснийх нь байдалд байнгын хяналт шалгалт тавьдаг тэр дэглэмийг хэлж байгаа юм. Байнгын хяналт шалгалт гэдэг нь эргээд тариалангийн бүсийг дордуулахгүй байх ёстой. Эмзэг хөрс, салхи ихтэй учраас ойн зурвас байх ёстой. Хөрсийг гэмтээдэггүй технологи хэрэглэх ёстой. Зөвшөөрөгдсөн генийн өөрчлөлтгүй стандартын үрээр тариа тарих ёстой. Энэ бүх шалгуур стандартуудыг тавьж үйл ажиллагаа явуулах эрхийг өгнө. Хэрвээ үүнийг зөрчөөд бэлчээрийн болон тариалангийн бүсийг дордуулсан байвал газрыг нь нэн даруй хурааж авна. Ийм л ойлгомжтой дэглэм журмын дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явагдах ёстой. Төр юм бол газар нутгаа мэдэж стандарт дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байя. Хязгаар нутагт хяналтгүй байгааг далимдуулан ашиг олж үүнээ хамгаалахаар иргэдийг турхирч байна. Иргэдэд газрыг нь баахан компанид хуваагаад өгөх нь гэж ойлгуулсан байх юм. Өөрсдөө хуваагаад өгчихсөн байна. Одоо тэр нь илрээд, илчлэгдлээ гэж сандраад байна. Уг нь Хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгосноор хамгийн түрүүнд ашиг хүртэх хүмүүс бол нутгийн иргэд шүү дээ. Учир нь хөдөө аж ахуй бол нутгийн иргэдийн хийж чадах ажил юм. Өөрсдөө үхэр, хонины аж ахуйгаа ажиллуулж болно. Түүнийг нь дэмжсэн бодлогыг бид стандартын дагуу шийдэж өгнө. Жишээ нь үхрийн аж ахуйг үржүүлье гэхэд нэг загвар аж ахуй байна. Тэр нь малын тэжээл, эрүүл ахуй, үржлийн менежментээ хариуцаад явна. Түүнийг дагаад малчид өрхөөрөө хоршоод нийлж ажиллая. Үүнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг бид зохион байгуулалттайгаар чөлөөт бүсийн дэглэмээр зохицуулж худалдаж өгнө гэсэн ийм төлөвлөгөөнүүд гарсан. Энэ урьдчилсан тооцоог ард иргэдэд танилцуулъя гэхэд харамсалтай нь турхирсан байдалтай байна.

75 дугаар тогтоолыг цуцлах юм бол үүний цаана эргээд уул уурхайн лиценз явагдана. 22 дугаар талбай буюу 500 мянган га газар буцаад “Петро чайна Дачин тамсаг”-т очих байх. 13 жил тэдний мэдэлд лиценз нь байх хугацаанд энэ нутаг оронд юу ч бүтээн байгуулагдаагүй. Ямар ч ажлын байраар хангаагүй байна. Монголчууд өөрийнхөө нутагт хийж чаддаг юм нь энэ мал аж ахуй. Дугаржав тэргүүтэй эрдэмтдийн гаргаж, үүлдрийг нь бий болгосон мухар улаан махны үхэр байна. 50 мянган үхэр бэлчиж, тэжээх боломжтой нутаг гэж эрдэмтэд аль 1968 онд тооцоолсон байдаг. Түүнийг дагаад 20 мянган барга хонины аж ахуй хөгжүүлэх боломжтойг тогтоосон. Эрчимжүүлсэн аж ахуй гэдэг бол гадаадын өндөр үнэтэй технологийг авчрахыг хэлж байгаа юм биш. Одоо байгаа мал, малчдын амьжиргаа ажлыг эрчимжүүлэхийг хэлж байгаа. Энэ бүсэд эрүүл бүс бий болгоё. Малаа эрүүлжүүлж өгье. Малын гаралтай бүтээгдэхүүн экспортолдог болъё. Хөдөө аж ахуйн таримал ургамал гаргах болно. Импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Улс орондоо ихээхэн орлого олох боломж байна. Харамсалтай нь ард иргэдийг буруу турхираад байх юм. Эргээд Хятадын эзэмшилд, газрын тосонд өгөх гэсэн сонирхол байх шиг байна. Энэ газар нутгийг буцаад дүрэм журамгүйгээр энэ газар нутгийг цаанаа гадаадын эзэмшилтэй аж ахуйн нэгжид өгөх сонирхол байна. Өгөөд хэдэн жил яваад ирсэн байна шүү дээ. Түүнийг нь хэн ч хянадаггүй, шалгадаггүй. Бурмаа үүнийг дэлгэчихсэн учраас муу муухай харагдаад байна. Үнэн хэрэг дээрээ би газар нутгийг хамгаалахын төлөө явна. Би энэ нутгийн хүн. Нутгаа хөгжүүлэхийн төлөө явж байна” хэмээн танилцуулж байлаа.

Тэндээсээ Халх гол сум руу хөдлөв. Халх гол сумын наана явахад цагдаагийн хэлтсээс “Хүний бөөгнөрөл их байна. Зам хааж байна. 300 орчим хүн цугларлаа” хэмээн мэдээлэх аж. Хамар давааг өгсөөд гартал тэнд хүлээж байсан бололтой “Ланд-200” маркийн хар машинд хэдэн эмэгтэй суугаад түрүүлээд давхичихав. Уруудаад явахад давааны доор сумын төвийнхөө наагуур олон машины гэрэл гялбаж харагдана.

Ж.Баярсайхан

Categories
мэдээ цаг-үе

С.Сүх-Очир: “Корэйн эйр” компани шударга өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

БНСУ-ын “Корэйн эйр” компани монголчуудад өндөр үнээр тийз борлуулж байна гэх шалтгаанаар тус улсын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд Монгол Улсын иргэн С.Сүх-Очир гомдол гаргажээ. Түүнтэй цахим хуудсаар дамжуулан холбогдож гаргасан гомдлынх нь талаар тодрууллаа.

-Та БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд “Корэйн эйр” компанийг шалгуулахаар иргэний гомдол гаргасан гэсэн. Ямар асуудлаар хандах болов?

-Би БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын дээд сургуулийн докторантурт суралцдаг. БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд иргэний гомдол гаргасан юм. Шалтгаан нь “Корэйн эйр” компани Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт өөрсдийн монопол давуу эрхээ ашиглан багадаа хоёр дахин, ачаалал ихтэй үед дунджаар гурав дахин өндөр төлбөртэй тийз борлуулж байгааг шалгуулахтай холбоотой.

-“Корэйн эйр” Сөүл-Улаанбаатарын хооронд нислэг хийсэн 14 жилийн хугацаанд монопол эрхтэй байсан гэсэн. Энэ байдлаа давуу тал болгон УБ-Сөүл-УБ руу зорчих онгоцны тийзийн үнийг өндөр тогтоосон гэж байгаа. Мөн тийзийн үнийг 40 хувь хүртэл бууруулах боломж байгаа гэх нь хэр үндэслэлтэй вэ?

-Зах зээлийн эдийн засагт монопол гэдэг нь аливаа нэгэн өрсөлдөгчгүй байдлаар бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрхийг хэлдэг. Өрсөлдөгч байхгүй тул зах зээл дээр гаргах бараа бүтээгдэхүүний үнийг дангаараа, өөртөө ашигтай байдлаар тогтоох бололцоотой болно. Энийг л “Корэйн Эйр”компани хэрэгжүүлж байгаа юм. Жишээ нь, Улаанбаатар хотод талх борлуулах эрхийг зөвхөн С.Сүх-Очир гэдэг хүнд олговоос тэрээр талхныхаа үнийг өөрийн дураараа тогтоож, өөртөө ашигтай байдлыг бий болгоно. Түүний талх амтгүй байсан ч, өндөр үнэтэй байсан ч иргэдэд сонголт байхгүй тул худалдаж авахаас өөр аргагүй. Харин монопол тогтолцоо задарч өөр хэд, хэдэн хүн талх борлуулах эрхтэй болвол хүмүүс аль амттай бөгөөд өөртөө ашигтай, худалдан авах бололцоо бүрдэж зах зээлд олон сонголт бий болдог. Үнэндээ УБ-Сөүлийн хооронд 2000 км арай хүрэхгүй зайтай. Өрсөлдөөнтэй зах зээлд, үүнтэй ойролцоо зайд нислэг үйлдэхэд 250-350 ам.долларын үнэтэй тийз борлуулах бололцоотой байдаг. Жишээ нь, Сөүл-Хонгконгийн чиглэлд дунджаар 250-350 ам.долларын үнэтэй тийзүүд их байдаг. “Корэйн эйр” компани нь Улаанбаатар руу нислэг үйлдэхэд хямддаа 630 ам.доллар, үнэтэй үедээ бараг 1000 ам.долларын тийз бидэнд борлуулж байна. Энэ үнийг бууруулах талаар удаа дараа гомдлоо илэрхийлж байсан хэдий ч “Корэйн эйр” компаниас хариу ирж байгаагүй. Тэд ийм байдлаар сүүлийн 14 жил монопол эрхээ давуулан ашиглаж жилд дунджаар 14 сая орчим ам.долларын илүү ашиг хүртсэн хэмээн Солонгосын хэвлэл мэдээллээр, мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганаар парламентын хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх явцад мэдээлэл гарч байсныг уншиж байлаа.

-Таны зүгээс дээрх хугацаанд олсон ашгаа зорчигчдод эргүүлж өгөхийг шаардаж байгаа гэсэн. Эргүүлэн өгөх боломжтой юу. Ер нь 14 жилийн хугацаанд ойролцоогоор хэдэн ам.долларын тооцоо гарах бол?

-Эхлээд шударга бус өрсөлдөөн гэдгийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Хэрэв шударга бус өрсөлдөөн гэдэг нь нотлогдвол(одоогийн байдал нь шударга бус өрсөлдөөн хэдий ч тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа) өнгөрсөн хугацаанд төлбөрөө төлж зорчсон иргэд илүү төлсөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. Иймд “Корэйн эйр” компанид нийгмийн хариуцлага гэж байдаг бол өөрсдөө сайн дураараа үнээ буулгах, мөн илүү авсан төлбөрөө буцааж өгнө гэж найдаж байгаа юм. Орлогын тухайд жилд дунджаар 14 сая ам.долларын илүү ашиг хүртсэн гэж эндхийн хэвлэл мэдээллээр гарсан. Тэгэхээр энэ тоог 14 жилд үржүүлэхээр тооцоо гараад ирнэ.

-БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд та яг ямар, ямар шаардлага тавьсан юм бэ?

-Миний хувьд одоогийн борлуулж буй үнээ 40 хувиар буулгах, Монгол Улсын хууль дүрмийг чандлан сахих, давуу эрхээ ашиглаж илүү ашиг хүртсэнээ буцааж зорчигчдод олгох, мөн шударга бус өрсөлдөөний улмаас Монгол Улсын иргэдийг хохироож ирсэн гэдэгтээ албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байгаа юм.

-Ер нь “Корэйн эйр” ямархуу үйлчилгээтэй вэ. Монголчууд ерөнхийдөө ам муутай байдгийн шалтгаан нь юу вэ?

-Уг нь энэ компани салбартаа маш сайн үйлчилгээтэй газруудын нэгд тооцогддог. Улаанбаатарын чиглэл бол энэ компанийн хамгийн ашигтай чиглэлүүдийн нэг нь. Ийм нөхцөлд уг нь монгол зорчигч бүрийг, тэр хүн төрийн өндөр албан тушаалтан биш байсан ч хүндэтгэлтэй хандаж байвал манай иргэдээс гомдол гарахгүй байх гэж бодно. Ер нь ажилтнууд нь ч гэсэн их хүнд нөхцөлд ажилладаг юм байна лээ. Манай зарим үйлчлүүлэгч онгоцонд согтуу байх, чанга дуугаар ярьж бусдын тав тухтай байдлыг алдагдуулах нь ч анзаарагддаг. Үйлчилгээний байгууллага нь үйлчлүүлэгч нараа гомдолгүй байлгах төдийгүй, өөрсдийн үйлчилгээгээр тэдний сэтгэлийг хөдөлгөж чадваас тэр компани үйлчлүүлэгчдээ алдахгүй. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хэдэн ч өрсөлдөгч байсан сайн компани бол өөрийн үйлчлүүлэгчээ хэзээ ч алдахгүй юм. Үүнийг л “Корэйн эйр” зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Таны мэдэгдэлд Монголын иргэд, аж ахуйн нэгжийг эрхшээлдээ оруулсан байдаг гэсэн байна дээ. Үүнийг тайлбарлахгүй юу?

-“Корэйн эйр” олон жил монопол эрхээ алдахгүй байгаа нь цаанаа учиртай байх. Тэднийг дэмждэг, харагдахгүй хүчин зүйл үйлчлээд байна гэж бодож байгаа. Солонгосын хэвлэл мэдээллээр хүртэл Монголын төрийн албан хаагч нарыг үнэ төлбөргүй Чэжү аралд амраасан, авлига өгсөн гэх мэдээлэл гарч байлаа. Энэ талаар бид Монголдоо сөхөж дэлгээгүй болохоос бүгд л мэдэж байгаа асуудал. Солонгосын нисэхийн салбар буюу Зам тээврийн яамнаас нь хүртэл Сөүл-УБ-Сөүл чиглэлд Монгол, Солонгосын хоёр, хоёр компаний гүйлчилгээнд гаргах санал дэвшүүлж байсан. Гэвч уг санал ямар нэгэн байдлаар хойшилсоор байна. Гэхдээ ирэх жилээс эхлэн Улаанбаатар-Пусан чиглэлд шинэ компанийг шалгаруулна гэсэн. Гэвч энэ тоо нийт зорчигчийн аравхан хувьтай тэнцэх тул тийзийн үнэ бидний хүссэн хэмжээнд хүртэл хямдрахгүй болов уу. Ер нь “Корэйн эйр”-ийн асуудлыг зөвхөн Солонгост төдийгүй Монголын холбогдох газрынхан анхаарах хэрэгтэй. Би Монголын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт уг асуудлаар иргэний гомдол гаргана гэж бодож байгаа.

Өнгөрсөн сард Х.Энхманлай гэж хүн “Корэйн эйр” авиа компани монголчуудыг дорд үзэж, хүний эрхийг зөрчиж байгаа тухай олон нийтэд мэдээлж байсан. Тэрээр манай сонины 2015.09.26-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “…Тус компани зорчигчдоо анхаарал хандуулаагүй. “Корэйн эйр” компани хариуцлагыг өөрөөсөө шууд зайлуулж байна. Хоёрдугаарт, хүний эрхийг хүндлэхгүй байна. Шар толгойтой хүмүүст сайхан хандаад, монгол хүнд болохоор хүн гэж үзэхгүй хандаж байна. Өвчтэй хүн явж байхад биеийн нөхцөл байдалд нь ерөөсөө дүгнэлт хийж, зохих арга хэмжээг аваагүй, тухайн үед ээлжинд гарч байсан “Корэйн эйр” болон шалган нэвтрүүлэхийн ажилчид нь. Монгол хүн гэхээр л ойшоохгүй байх тийм сэтгэгдэл төрж байгаа юм. Энэ байдал маш олон жилийн турш үргэлжилж, ужгирч байна. Өнөөдөр бид үүнийг таслан зогсоох цаг болсон. Наад захын жишээ хэлэхэд, “Корэйн эйр” гэдэг компанийн үйлчлэгч нь монголчуудын хажуугаар өнгөрөхдөө хялам хийж, хамраа дардаг. Яахав дээ, хөдөөний хүн орж ирээл биз. Хэдий тийм байлаа ч үйлчилгээний стандартаа мөрдөөд ажиллах ёстой. Монголчуудыг харанхуй бүдүүлгээр нь дуудаад л “пий, паа” болоод л. Биднийг олон жилийн туршид ингэж гадуурхаж ирсэн. Ялгаварлан харьцаад байгаа юм. Боловсролтой, хэл устай, олон улсуудаар яваад үзчихсэн байрын хүнтэй тэд чинь шал өөр харьцана. Тийм хүмүүст “Корэйн эйр”-тэй холбоотой хүндрэл бараг тулгарахгүй. Гэтэл зүгээр нэг, жирийн монгол иргэнд маш муухай ханддаг.

-Та “Корэйн эйр”-тэй холбоотой ноцтой баримт дэлгэнэ гэсэн. Ямар баримт юм бэ?

-“Корэйн эйр” компани 20 орчим жил Монголд Солонгосын талаас дангаараа буюу монополь байдлаар нислэг үйлдэж байгаа цорын ганц компани. “Корэйн эйр” компанид бусад нь яаж ч нөлөөлж чаддаггүй гэж байгаа юм. “Корэйн эйр” олигтой үйлчилж чаддаггүй юм бол чаддаг газрыг нь оруулъя л даа. Энэ асуудлыг гүнзгийрүүлээд судлахаар “Корэйн эйр” болохгүй байна, энэ компани монополь байдлаа хадгалахын тулд авлига өгсөн байж болзошгүй, маш бохир аргаар энэ байдлаа авч үлдэж байна гэдэг асуудлыг манайхаас ерөөсөө гаргаж тавьдаггүй. Солонгосчууд нь өөрсдөө энэ асуудлыг гаргаж тавиад байдаг. “Корэйн эйр”-ээс татгалзах, тэднийг болиулах эрх нь монголчуудад байдаг. Солонгосчууд яаж ч орилоод монголчууд хөдлөхгүй бол “Корэйн эйр”-ийг өөр авиа компаниараа сольж чадахгүй шүү дээ. 2013 онд Солонгосын их хурлын гишүүн Пён Че Ил гэдэг хүн мэдээлэл хийсэн байдаг. Тэрээр “Корэйн эйр”-ийг Монгол руу монопол байдалтайгаар нислэг үйлдэж өндөр ашиг гаргадгийг зарласан. Үйлчлүүлэгчдийнх нь дийлэнх болох монгол зорчигчид адил зайд нисэх бусад компанийн онгоцны зардлаас дунджаар 42 хувиар илүү үнэтэй тасалбар худалдаж авч байгааг мэдэгдсэн. “Корэйн эйр” компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээсээ дунджаар 3-9 хувийн ашиг олдог бол Улаанбаатар хот хүртэлх нислэгээсээ 19-29 хувийн ашиг олдог гэдгийг Пён Че Ил судалгаатайгаар тогтоосноо нийтэд ил болгож мэдэгдсэн…” хэмээжээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Иргэн зөрчил гаргаж бичиг баримтаа хураалгачихаад яаж буцааж авахыг хуульд заагаагүй байдаг

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Та уг төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж байсан. Энэ хууль ямар учир, агуулгатай юм бэ?

-Эрүүгийн хэрэг гарвал Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулиар шийднэ. Эрүүгийн зөрчил биш энгийн зөрчил гаргасан тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар шийднэ. Жишээ нь, авто машинаа жолооны үнэмлэхгүй жолоодох зөрчил гаргадаг. Эсвэл хог хаягдал зөвшөөрөлгүй хаяснаар Хог хаягдлын тухай хуулийг зөрчдөг. Энэ мэтээр хүмүүс өдөр тутмын амьдралдаа бусад хуулиудыг зөрчиж байдаг. Тэр зөрчлүүдийг урьд нь хууль болгоных нь ар талд тодотгож оруулдаг байсан. Тухайлбал, Усны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ийм хариуцлага хүлээлгэнэ, Байгаль орчны тухай хуулийг зөрчсөн этгээдэд тийм хариуцлага хүлээлгэнэ гээд хууль болгоных нь ард ингэж оруулдаг байсан. Тэр бүх зөрчлүүд нь тусдаа нэг хуультай. Энэ зөрчлүүдийг яаж шалгаж шийдвэрлэх вэ гэдэг процессынх нь хуулийг одоо хэлэлцэж байгаа юм. Хэн нэг иргэн Тамхины тухай хуулиар зөрчил гаргалаа гэхэд тэр хүн дээр эрх бүхий албан тушаалтан буюу зөрчлийг шалгах ёстой цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар очоод яаж харьцах вэ, зөрчлийг хэрхэн таслан зогсоох вэ, яаж торгууль ногдуулах вэ, яаж үнэмлэх бичиг баримтыг нь хураах вэ гэдэг нь энэ хуулиар зохицуулагдаж байгаа юм. Би энэ хуулийн нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байна. Энэ хуулийг хийхдээ цагдаагийнхан ч гэдэг юм уу тэр эрх бүхий байгууллагын ажилтнууд зөрчил гаргасан хүний бичиг баримтыг нь хурааж авах эрхтэй, бүр эд хөрөнгийг нь битүүмжилж хурааж авах эрхтэй болчих гээд байгаа шүү дээ. Энэ эрхийг яаж хэрэгжүүлэхийг нь маш дэлгэрэнгүй заачихсан байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө жишээлбэл, хүн жолооны үнэмлэхээ хураалгалаа гэхэд хураалгасан бичиг баримтаа яаж буцааж авах вэ гэдэг нь хууль дээр байдаггүй юм.

-Ийм тохиолдол маш их гардаг?

-Харин тэрийг нь байлгах ёстой гэдэг дээр л би үг хэлээд байгаа байхгүй юу. Байнгын хороон дээр энэ талаар үг хэлсэн, анхны хэлэлцүүлэг дээр ч Ажлын хэсгээс санал орж ирэхгүй бол хажуугийн санал гаргахад ч бэлэн байна.

Хэрвээ иргэн жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож байвал эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буруу яваад жолооны үнэмлэхээ цагдаад хураалгахад, хураасан тэр бичиг баримтыг цагдаа хаана аваачиж тавих вэ гэдэг нь энэ хуульд байхгүй байгаа. Хураалгасан гэх бичиг баримт цагдаагийн халаасанд яваад байх юм уу, хаана байх юм бүү мэд.

-Уг хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс нэлээд зааглаж тодорхойлж өгөх юм билээ?

-Гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг Эрүүгийн хуулиар тодорхойлно. Зөрчил гэж юу вэ гэдгийг Зөрчлийн тухай хуулиар тодорхойлно. Зөрчлийн тухай хууль нь бас тусдаа хэлэлцэгдэж байгаа. Харин Зөрчлийн хуульд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд хууль хяналтын байгууллагын ажилтан, зөрчил гаргагч этгээд хоёр яаж харьцах вэ гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах гээд байгаа юм.

-Уг хуулийн төсөлд хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор зургаан цагаас илүү хугацаагаар саатуулахгүй байхаар тусгасныг хүний эрхийн чиглэлээр ажилладаг хүмүүс онцолж байх юм?

-Эрүүгийн хэргийн сэжигтнийг цагдан хорих, зөрчил гаргасан буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүний ар гэрийг олж, таньж тогтоох хоёр өөр л дөө. Цагдан хорих тухай асуудал ямар байх ёстой вэ, тэр асуудлыг яаж зохицуулах вэ гэдгийг Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиар зохион байгуулна. Зөрчлийн тухай хуулиар хүнийг хэн болохыг тогтоогоод гэр оронд нь хүргэж өгөх юм уу, ихэнхдээ өөрийгөө хэн болохыг мэдэхээ байчихсан согтуу хүмүүс л зөрчил гаргасан этгээд болчихсон явж байдаг байхгүй юу. Тэр тохиолдлыг хэлж байгаа юм, зургаан цаг хүртэлх хугацаа гэдэг нь. Өөрөөр хэлбэл согтуу хүнийг эрүүлжүүлэх газар хонон өнжин байлгахгүй гэсэн утга л даа.

-Манайд ямар зөрчилтэй холбоотой гомдол хамгийн их гардаг юм бэ?

-Цагдаа замын хөдөлгөөний зөрчил гаргасан хүний жолооны үнэмлэх юм уу бичиг баримтыг хураагаад авчихдаг. Тэгтэл тэр бичиг баримтыг хаана аваачиж өгөхийг мэдэхгүй, нөгөө хүн нь хаанаас очиж үнэмлэхээ авахаа мэдэхгүй байх тохиолдол байнга гардаг. Зөрчил гаргасан этгээд зөрчлөө арилгачихаад бичиг баримтаа авъя гэхээр хаана очихоо мэддэггүй байдал хамгийн их гардаг байхгүй юу. Зүй нь яах ёстой вэ гэхээр цагдаа бичиг баримтыг нь шалгалаа, зөрчил гаргасан бол торгуулийн хуудас бичлээ. Маргааш ажлын цагаар тийм дансанд тушаагаарай, дахиж битгий зөрчил гаргаарай гэж зөвлөчихөөд явуулмаар байгаа байхгүй юу. Гэтэл манайхан ихэвчлэн яадаг вэ гэхээр торгуулиа ч олигтой бичихгүй, бичиг баримтыг нь хурааж авахыг урьтал болгоод байдаг.

Энэ хуульд одооны ийм түгээмэл дутагдлыг арилгаж л оруулж ирэх ёстой. Хуулийн төсөл дээр бичиг баримт хурааж авна гэдэг нь хуучнаараа мөртлөө хураалгасан бичиг баримтаа авахын тулд шүүхийн байгууллагаар явах хэмжээний тийм түвэгтэй зохицуулалт орж ирж байна. Юун шүүхээр явах, торгуулиа төлчихөөд л цагдаагаас бичиг баримтаа аваад салмаар байна ш дээ. Бичиг баримтаа хураалгахгүй торгуулиа л төлмөөр байна шүү дээ.

Гэтэл заавал бичиг баримт хураана, торгуультай холбоотой ямар нэгэн маргаан гарвал шүүх дээр очно гэх мэтээр зөрчлийг шийдвэрлэж байгаа явц нь жаахан хүндэрч байгаа юм уу даа гэсэн зүйлүүд ороод ирчихсэн байгаа юм. Эсвэл эд хөрөнгө хураана гэж байгаа юм. Эд хөрөнгө гэдэг нь машин л даа. Гудамжинд машинаа буруу байрлууллаа гээд машиныг нь ачаад явчихна гэдэг чинь томоохон эд хөрөнгийг нь аваад явчихаж байгаа гэсэн үг. Хүний эд хөрөнгө хураана гээд энэ хуульд тусгачихсан байгаа. Хүний эд хөрөнгө, бичиг баримт хураах, данс хаах гэдэгт бид анхаарлаа маш сайн хандуулах ёстой. Яагаад гэвэл хүний хууль ёсоор олж авсан эд хөрөнгө, бичиг баримтыг шууд авах гээд байна шүү дээ. Үүнийг чинь хурааж авлаа гэсэн баримт өгөхгүйгээр л авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь өөрөө хуулийг хэрэгжүүлэх хамгийн ноцтой үйлдэл. Иргэн хүн тэгж ноцтой, өөртөө хүндрэл үүсгэхгүйгээр, хураалгахгүйгээр зөрчлөө яаж арилгаж болох вэ гэдгийг энэ хуульд сайн зааж өгөх хэрэгтэй. Яаж ч бодсон иргэн, цагдаа хоёр үргэлж шүүх рүү гүйгээд байхыг бодохгүй.

Торгох систем, юмыг хурааж авах систем, хүний хууль ёсоор олж авсан эд хөрөнгөд халдах энэ бүхнийг болно оо гээд хуульдаа заачихсан бол халдсан тохиолдолд иргэн юмаа бушуухан ингэж олж авна гэдгийг давхар зааж өгөх ёстой.

Цагдаа иргэний жолооны үнэмлэхийг аваад хармаалчихдаг. Тэр цагдаа аль хэлтэст тэр бичиг баримтыг аваачиж өгөх эсэх нь мэдэгддэггүй. Би тэр хэлтсийн тийм цагдаа, маргааш төдөн цагаас ирж бичиг баримтаа аваарай гэж хэлдэггүй. Хэрвээ шөнийн цагаар бичиг баримтаа хураалгасан бол цагдаагийнхаа царайг танихгүй, жаахан халамцуухан явсан бол хэнд бичиг баримтаа өгөөд явуулсныг бүү мэд л болно. Энэ тохиолдолд тухайн зөрчил гаргагч этгээд хаана очиж бичиг баримтаа олж авах вэ гэдгийг хуулин дээрээ тодорхой заах ёстой. Хүмүүсийн хийх дараагийн үйлдлүүд нь тодорхойгүй байгаа байхгүй юу. Юмаа хураалгасан хүн дараа нь яах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Дараа нь зөвхөн шүүх дээр л очих юм шиг тийм зүйл харагдаж байгаа юм.

-Тухайн иргэн зөрчил гаргав уу, гэмт хэрэг үйлдэв үү гэдгээ яаж ялгаж салгаж ойлгох вэ. Гэмт хэрэг хийчихлээ гээд яваад байтал тэр нь зөрчил болж таарсан тохиолдол олон байна шүү дээ?

-Энэ хуулийг хэрэгжүүлэхээс өмнө Зөрчлийн тухай хууль гараад, тухайн хуулийг иргэдэд маш сайн сурталчлах хэрэгтэй. Яавал Байгаль орчны хуулийг зөрчиж байгаа юм, яавал Хог хаягдлын тухай хуулийг зөрчиж байгаа юм, яавал Архидан согтуурахтай тэмцэх хуулийг зөрчөөд байгаа юм, яавал замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд байгаа юм гэдэг дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёрынхоо ялгаа заагийг гаргасан сурталчилгаа хийх хэрэгтэй л дээ. Зөрчил гаргасан тохиолдолд түүнийг хурдан арилгах, торгууль тавьсан тохиолдолд торгуулиа төлөөд бичиг баримтаа хурдан аваад нийгэм, эдийн засгийн харилцаандаа хурдан орох тэр гарцуудыг нь маш сайн гаргаж өгөх хэрэгтэй.

Иргэн зөрчлөө маш хурдан арилгаад, яавал хурдхан шиг зөрчилгүй иргэн болох вэ гэдэг нь эл төсөлд бага сууж өгсөн юм билээ. Харин зөрчлийг яаж барих уу, баримтжуулах уу, юмыг нь яаж хураах вэ гэдгийг сайн оруулж өгсөн байна лээ. Иргэнд түвэг багатай, төр иргэн хоёрыг баримттай, бичгээр холбож соёлтой байдлаар зөрчил шийдвэрлэх механизмууд сайн орж ирээсэй гэж бодож байгаа. Тэрийг нэмж оруулж ирэхэд Ажлын хэсэг ажиллах хэрэгтэй байна.

-Манайд зөрчил гаргасан иргэний бичиг баримтыг нь хураагаад торгож орхидог. Гэтэл гадны оронд иргэнээ торгохыг яаравчилдаггүй, дахин ийм алдаа гаргахгүйг сануулдаг нь түгээмэл байдаг?

-Гадны орнуудад нэгдүгээрт сануулга өгдөг. Сануулгаа бичгээр өгчихдөг. Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн газарт танай хог хаягдалд ийм зөрчил байна шүү гээд хогийн саван дээр нь шар цаас наачихдаг. Тухайн зөрчлөө дахин давтвал улаан хуудас наана. Гурав дахь зөрчлөө гаргангуут торгуулийн хуудас наачихдаг. Тэр торгуулиа төлөхгүй бол шүүхэд өгчихдөг. Сануулга, бас дахин сануулга. Иргэнээ л зөрчилгүй иргэн болгохын төлөө байгаад байгаа болохоос биш юмыг нь хурааж авах нь нэгдүгээр зорилго нь биш байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг торгоод л явчихдаг. Түүнээс биш бичиг баримтыг нь ерөөсөө хурааж авдаггүй. Хэрвээ удаа дараа торгуулиа төлөөгүй бол харин шүүхэд өгчихдөг.