Categories
мэдээ цаг-үе

Ханбогд суманд гарсан тэмээний үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж байна

Галбын цэнхэр говийг хөндлөн гулд туулаад Номгон гэх дүнхийсэн хөх уулыг чиглэн давхилаа. Удалгүй говийн намхан бор толгод давж малчин Л.Отгондүү, А.Буд нарын гэрийн гадаа хүрч очлоо. Намрын салхи чөлөө завгүй салхилж, өрхний оосор бүч гэрийн дээврийг балбаж, салхины аясаар гэрийн яндан сэнсрэн дуугарах ажээ. Зорьж очсон айлын гэрийн гадаа арав гаруй ингэ зогсож, хэвтэх нэг нь хэвтсэн байдалтай байв. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, том том нулимс унагаад зэлээ тойрох нь өрөвдөлтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, айлын арав гаруй тэмээ үхсэн гэх мэдээллийг аваад нийслэлээс хөдөлж, сурвалжлага бэлтгэхээр зорьсон газартаа хүрч ирээд байгаа нь энэ.

Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд гэрт орцгоолоо. Л.Отгондүү гэх 40 гаруй насны эр “Хэдэн тэмээгээ үхүүлээд л сууж байна. Юунаас болоод яагаад үхээд байгааг тогтоох газар Монголд олдохгүй л юм шиг байна. Сум аймгийн эмч нар ирж үзлэг хийсэн. Бүр задлан хийгээд дээж аваад явсан. Шинжилгээний хариу нь бидэнд албан ёсоор ирээгүй байна. Гэхдээ ямар өвчин бэ гэдгийг тогтоож чадахгүй байгаа гэсэн хариуг аймгийн малын эмч нар өгсөн. Яахаа мэдэхгүй болж аргаа бараад сууж байна.

Манайх гэдэг айл хэдэн үеэрээ тэмээ маллаж ирсэн. Говь нутагт тэмээ ингэж олноороо үхэж байгааг үзээгүй. Энэ талаар сонсож байгаагүй” гэж байлаа. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэнгийнх гэх гурван хот айл 200 гаруй тэмээтэй юм байна. Намар ингээ саадаг гэнэ. Иймд 30 гаруй ботготой тэмээгээ гэрийнхээ гадаа аваад үлджээ. Харин бусдыг нь хээрээр маллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 13-нд хүрэн ингэ нь гэнэт л босч чадахгүй болчихсон гэнэ. Өргөөд босгохоор урд хоёр хөл нь тэнийхгүй. Босоод зогслоо гэхэд хамаг бие нь салгалаад, амнаас нь шүлс асгараад байсан гэнэ. Өндөр хэмтэй халуурч байгаа бололтой шинж тэмдэг илэрч байсан аж. Ингээд эхний тэмээ үхжээ. Нэг зэлний арав гаруй ингэ ийм маягтай өвдсөн гэнэ. Ингэхээр нь сумын мал эмнэлэгт “Манай нэг ингэ үхчихлээ. Урд хоёр хөл нь татаад бүх бие нь салгалж байгаад үхлээ” гээд дуудлага өгчээ.

Шинжилгээний хариу гарсан ч ямар өвчин болохыг тогтоож чадаагүй гэнэ

Сумын эмч нар ч дуудлага өгсөн даруйд ирсэн байна. Ирж үхсэн ингэ болон бусад ингэнд үзлэг хийжээ. Гэхдээ ямар өвчин гэдгийг тогтоож чадахгүй гэдгээ шууд хэлсэн байна. Учир нь тэмээ дээрх шинж тэмдэг бүхий өвчнөөр үхэж үрэгдэж байсан тохиолдол байхгүй гэнэ. Сумын малын эмч нар аймгийн төвд мэдэгджээ. Сумын ИТХ-ын дарга аймагт ажлаар явж таарсан болохоор Өмнөговь аймгийн малын эмч нарыг өвчин гарсан газар аваад очжээ. Аймгийн эмч нарыг ирэх үед таван тэмээ үхээд байсан аж. Бүгд нэг ижил шинж тэмдгээр үхсэн байна. Аймгийн малын эмч нар үхсэн тэмээнүүдэд задлан хийгээд бүгд л шулуун гэдсэнд нь бага зэргийн цус хурсан байгаагаас өөр тодорхой шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. Дөрөв хоногийн дотор найман тэмээ нэмж үхсэн гэнэ. Энэ байдлаараа 20 гаруй ингэний урд хоёр хөл нь саажиж, өвс идэж, ус уухаа байжээ. Үхсэн тэмээний эд эсээс дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулсан байна. “Шинжилгээний хариу гарахыг хүлээнэ. Шинжилгээний хариу гарчих юм бол дахиж ирнэ. Ямар өвчин бэ гэдгийг тогтоосны дараа бид ирж дараагийн арга хэмжээг авна. Тэр болтол ямар нэгэн эмчилгээ хийхгүй” гэж хэлээд явжээ. Ингээд ор сураггүй болцгоосон байна. Тэр хооронд тэмээнүүд үхсээр байгаа аж. Сум, хоршооны малын эмч нар ээлжилж А.Отгондүүгийнд байрлаж байгаа гэсэн. Ханбогд сумын Номгон багт тэмээ халдварт өвчний улмаас үхэж үрэгдээд байна уу, эсвэл ямар нэгэн зүйлд хордсон байна уу гэдгийг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна. Гэхдээ гэрийн эзэд буянт малаа үл мэдэгдэх өвчнөөр үхэж үрэгдээд байгааг зүгээр хараад сууж чадалгүй сумын төв, аймаг дээрээс эм тариа авчирч хийж эхэлсэн гэнэ.

Их үдийн алдад хоршооны багийн эмч Бадамханд, Л.Отгондүү болон эхнэрийнх нь хамт гарч тэмээнүүдэд тариа тарив. Дөрвөн хөлийг нь тушиж хатуу хийж байгаад унагаж, толгой дээрээс нь дарж байгаад зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах эм болон олон төрлийн витамин тарилаа. Ингэнүүдийг бурантагнаас нь татаж хөтлөх гэхээр урд хоёр хөл нь саажилттай болчихсон юм шиг эв хавгүй гишгээд газарт унаад өгөх юм.

Тэгснээ хамаг бие нь татваганаад тийчилж, толгойгоороо газар саваад унав. Нүд хальтирмаар дүр зураг харагдах ажээ. Олон хоног ус ууж, өвс идээгүй ингэнүүдийн гэдэс махийчихсан байна. Ботго нь өвчтэй эхийнхээ сүүгүй мөөмийг хөхөх гэж оролдоод байх юм. Харин эх нь үхсэн ботго эздийнхээ сэтгэлийг сэмэртэл өдөр шөнөгүй буйлах. Хаа нэгтээгээс эх нь гараад ирэх юм шиг алсыг харуулдаж зогсоод буйлах юм. Удалгүй юу болов гэмээр тэмээний зэл, хашааг тойроод л тэшээд байх. Эх нь үхсэн ботго ийм өрөвдөлтэй болдог ажээ. Сар орчим л эздийнхээ сэтгэлийг сэмлэж, зүрхийг шимширтэл буйлж байна. Цаашаа хэдэн хоног өдөр шөнөгүй эхийгээ үгүйлэх ботгоны уйтай буйлах дуу сонсохыг бүү мэд. Арав гаруй ингэнд тариагаа хийж дуусгалаа. Ямар нэгэн зүйлд хордсон юм биш байгаа гээд хордлого тайлах натри бөөнөөр нь хийсэн байна. Гэтэл тусыг эс олж бүр хурдан үхэж эхэлжээ. Тэгэхээр нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон олон төрлийн витамины агууламжтай тариа хийж байна лээ. Биднийг очих үед банкнаас малчны зээл аваад гурван сая орчим төгрөгийн эм, тариа авчээ. Эм, тарианд зүгээр болчих юм болов уу гэж горьдохдоо л хийж байгаа гэсэн. Мөн шар будааны шүүс амаар нь өгч байв.

Л.Отгондүү “Говийн хаан юмсан. Юунаас болдог юм бол доо. Ямар нэгэн шалтгаантай болоод л ингэж үхээд байх шиг байна. Халдварт өвчин байж магадгүй гэж таамаглаж байна. Бие биендээ өвчин нь халдаад байх шиг санагдаад байна. Гэхдээ ботгонууд нь өвчлөхгүй болохоор гайхаад байх юм. Ингэж олноор үхээд байхад улсаас огт анхаарахгүй байгаад гайхаж байна. Уг нь энд тэнд малын өвчин гарлаа гэхэд улс даяар шуугиан болоод, тэр газарт хөл хорио тогтоож, харуул хамгаалалт гаргаад сүйд болдог биз дээ. Гэтэл чиний мал үхэж байгаа нь бидэнд хамаагүй гээд хаяж байгаа юм шиг холбогдох газрууд нь алга болчих юм. Мал чинь төрийн өмч гэдэг биз дээ. Сүүлдээ айх юм. Галбын говийн ганган хүрэн тэмээг устгаж үгүй болгох халдварт өвчин юм биш байгаа. Миний хэдэн тэмээ үхээд дуусдаг л юм байгаа биз. Улсдаа тэмээгээр тэргүүлдэг сум, тэр тусмаа сүүлийн үед ховордоод байгаа Галбын говийн ганган улаан тэмээ тэр чигтээ устаж үгүй болчих вий дээ. Муу ёрлож байгаа юм биш. Ямар өвчин бэ. Халдвартай юу, халдваргүй юу гэдгийг нь бүрэн тогтоох ажлыг хурдан шуурхай хийхгүй удаад байгаад гайхаад байх юм. 20 гаруй хоног гэдэг бага хугацаа биш” гэлээ. Үхсэн арав гаруй тэмээг гүнзгий нүх ухаж байгаад булсан байна.

Тэмээнээс үхэрт халдварлажээ

Өдөржин салхилсан салхи орой нар жаргах үед намдав. Хэдэн үеэрээ мал дагаж өнөөг хүрсэн Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарынх үл мэдэгдэх өвчний улмаас нэг ч тэмээгүй болох вий гэсэн айдастай сууцгааж байна лээ. Айл саахалтынхан нь бүгд тэднээс дайжаад нүүжээ. Сум орон нутаг, аймаг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газар, хүрээлэн гээд малтай холбоотой төрийн олон газар байх боловч арав гаруй тэмээ үхээд байхад анхаарал огт хандуулахгүй байгаа нь хачирхалтай.

Өнчин ботгоны буйлаан дунд арайхийн нүдний хор гаргаад өглөө эрт босов. Малаас хүнд халдварладаг өвчин байвал энд байгаа найман хүн бүгд амь насаа алдах эрсдэл дунд амьдарч байна.

Зүүн хойд талд бор толгодын цаахна том том шувуу эргэлдээд байлаа. Үл мэдэгдэх өвчин туссан хар ингэ тэндээсээ хөдөлж чадахгүй үхсэн байж магадгүй гэж гэрийн эзэд хэлэв. Шувуу бужигнаад байгаа газарт очлоо. Хар ингэ үхээд хоножээ. Тэмээ үхсэн газраас холгүй мөн л шувуу бужигнаад байгаа харагдлаа. Холоос харахад тэнд хоёр үхэр байв. Нэг нь хэвтчихсэн. Нөгөөх нь зогсож байлаа. Ингээд яваад очтол нэг үхэр нь үхжээ. Л.Отгондүүгийн хээр хоносон үхэр юмсанж. Ирэх жил тугалах гунж нь үхчихсэн байна. Шүдлэн үхэр нь удахгүй үхэх гэж байгаа бололтой. Хамаг бие нь салгалаад амнаас нь шүлс, хөөс сахарчээ. Зогсож байгаа газраас нь холдуулах гэсэн боловч урд хоёр хөл нь хөдөлж чадахгүй болчихсон байлаа.

Үргэлжлэл бий>>


Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюутолгой төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл Монголын эдийн засаг 35 их наяд болох боломж бий

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, тоогоор харьцуулж сонирхуулаач?

-Өнгөрсөн оны байдлаар манай эдийн засаг 22 их наяд төгрөг байгаа. 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн дүн. Хэрвээ энэ эрчээрээ явж чадвал 2018 он гэхэд эдийн засаг 35 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Эдийн засаг ингэж өсвөл өрийн хязгаар ч доошилно. Зээлээ төлж чадах чадвар маань ч өснө. Үүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмэр их л дээ. Эдийн засаг 2009 онтой харьцуулахад, ийм богино хугацаанд гурав дахин өссөнд Оюу толгойн хөрөнгө оруулалт чамгүй нөлөө үзүүлсэн. Оюу толгой дангаараа өнгөрсөн жилүүдэд 5-6 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн. Энэ төсөл хэрэгжээгүй бол манай эдийн засаг арван их наяд төгрөгөөр бага, жижиг эдийн засаг байх байсан. Оюу толгой төслийн эхний үе шат Монголд ийм том нөлөө үзүүлсэн. Ил уурхай нийт баялгийн багахан хэсгийг агуулдаг.Төлөвлөсөн ёсоор гүний уурхайд байгаа баялагтай хэсэг рүүгээ орж чадвал зэсийн үнэ хэдий унасан ч орлого эрс өснө. Ойрын хоёр жилдээ зэсийн үнээс хамаарч 3-4 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх тооцоо бий. Энэ жил хоёр тэрбум арай хүрэхгүй байх. Ирэх жилүүдэд борлуулалт буурна гээд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт удааширсан болон алтны агуулга бага зэрэг буурч байгаатайхолбоотой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил үргэлжилнэ.

-Тэгэхээр ил уурхай ядуу агуулга руугаа орчихож байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олно. Эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд өсгөж өгнө. Хэрвээ 2014 оныг суурь болгоод 2015, 2016 оныг харвал эдийн засаг дор хаяж найм орчим хувьтай өсөх боломж бий.

-Цэвэр Оюу толгойгоос хамаарах өсөлтийг хэлж байна уу?

-Тийм.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт талаасаа Оюу толгой эдийн засагт яаж нөлөөлж байна?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд энэ жил зөвхөн Оюу толгойд гэхэд 300 орчим сая ам.доллар байгаа. Жил бүр нэг тэрбум ам.доллар орно гээд тооцохоор цаашдаа өсөөд явна. Тэр хэрээрээ төлбөрийн тэнцэлд сайн нөлөө үзүүлнэ.

-Энэ жил “Оюу толгой” төсөл төсөвт татвар, төлбөр хэлбэрээр хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр байна вэ?

-2015 оны хүлээгдэж байгаа төсвийн орлого дөрвөн их наяд төгрөг. Оюу толгойн хувьд ерөнхийдөө 400 орчим тэрбум төгрөгийн татвар, төлбөрийн орлого оруулчих байх гэсэн хүлээлт бий. Энэ бол урьдчилсан таамгаар гаргасан тоо. Төсвийн орлогын арав орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Цаашдаа гүний уурхайд хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өсөн үржүүлэх коэффициентээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагтаа хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр гүний уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийг нэлээд тэлэх боломж өгнө. Одоогоор Оюу толгой үйл ажиллагааныхаа нийт зардлын 60-70 хувийг Монголд зарцуулж байгаа. Тэр ньМонголын банкаар орж ирдэг. Гадуур Монголын банкаар орж ирдэггүй гэсэн буруу ойлголт анзаарагддаг. Физикийн хувьд боломжгүй л дээ. Ажилчдынхаа цалинг өгөх, дотоод ханган нийлүүлэлтийн худалдан авалт гээд мөнгө орж ирэх өчнөөн шалтгаан бий. Орж ирж буй мөнгийг цаашид өсгөх боломж ч байгаа. Монгол компаниудын оролцоог ахиулах бодлогоор нийт зардалд гарч байгаа 60 хувийг цаашдаа 80 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн жар орчим хувийг Монгол компаниуд хийдэг, цаашдаа 80 хувь болгохын төлөө явна гэж ойлгож болно. Оюу толгойн бусад салбарт үзүүлэх нөлөө нь тэр хэрээр эрчтэй, далайцтай болох юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон жилүүдэд бид хэчнээн ам.долларын боломж алдсан бол, багцаа тооцоо бий юу?

-2013, 2014 онд Оюу толгой төсвөө батлахдаа зөвхөн үйл ажиллагааны зардал, цалинг л баталж байсан. Том хөрөнгө оруулалт хийгээгүй. Уг нь гүний уурхайд жилд ойролцоогоор 700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт 2013, 2014 онд хийгдээгүй гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө эдийн засагт орсон бол шууд утгаараа хоёр тэрбум ам.долларын өгөөж өгөх байсан. Энэ хугацаанд өгөх байсан янз бүрийн татвар, цалингийн зардлуудыг тооцвол 200 гаруй сая ам.долларын боломжийг бид алдсан. Гэхдээ асуудал шийдэгдсэн. Хоёр жил үргэлжилсэн маргаантай асуудал дээр хувь нийлүүлэгчид ойлголцолд хүрээд явж байна.

-Төслийн санхүүжилт оны өмнө бүтнэ гэсэн мэдээлэл бий. Явц нь ямархуу байна вэ?

– Төслийн санхүүжилт оны өмнө бүтэх магадлал өндөр байгаа. Засгийн газраас хийх шаардлагатай алхмаа хийчихсэн. “Рио” банкуудтай хийх гэрээ хэлцлээ эцэслэх шатандаа орсон гэж би хувьдаа ойлгож байгаа. Оюу толгой дэлхийн маш нэр хүндтэй банкуудаас зээл авч байгаа. 15 нь банк, гурав нь санхүүгийн байгууллага. Дэлхийн банк, Олон улсын валютын санг гадны банк гэж буруу ойлгоод байдаг. Дэлхийн хэмжээний банк шүү дээ. Манай улс хувь эзэмшигчийнх нь нэг. Хөгжлийн шинж чанартай ийм банкууд ашиг олох зорилгоор жижиг үндэстнийг шулан мөлжих бодлого явуулдаггүй. Дэлхийн улс орнуудыг нэн ядуу, туйлын ядууралгүй байлгах зорилготой л олон улсын санхүүгийн байгууллагууд. Монголын ард түмэнд, хөгжилд нь хэрэгтэй төсөл гэдэг үүднээс Дэлхийн банкнаас Оюу толгойг дэмжиж баталгаа гаргаж өгч байгаа юм. Манайханд газраа барьцаалах нь гэсэн буруу ойлголт байна. Газрын тухай хуулинд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид үсрээд л газар ашиглах эрх бий. Зөвхөн ашиглах эрхтэй компани газар барьцаална гэсэн ямар ч ойлголт байхгүй. Гадны нэр хүндтэй банкууд зээлээ өгөхөөс өмнө хуулийн судалгааг маш нарийн хийдэг. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйлийг тэд барьцаанд авахгүй нь ойлгомжтой.

-Гүний уурхайн бүтээг байгуулалт ирэх хавраас ид өрнөнө гэж байгаа. Нийт хэчнээн ажлын байр бий болох нь вэ, дагаад босох салбар гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байна. Ид ажил нь ирэх оны хавраас эхлэнгүүт олон залуус ажилтай болно. Ажилтай болсон залуус банкнаас зээл авч таарна. Залууст хамгийн хэрэгтэй зүйл бол орон сууц, сургууль, цэцэрлэг, машин байдаг. Тэр хэрээр худалдан авалт ихэснэ гэсэн үг. Үйлчилгээний салбар тэлнэ. Дагаад барилга, банк, боловсролын салбар босоод ирнэ. Эдийн засагт наад зах нь ийм эерэг өөрчлөлт гарна. Нийтдээ 3000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Эдний 95 хувь нь монголчууд байх юм. Одоо бол Оюу толгой компанид 3000 орчим хүн, төслийн хэмжээнд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг нэмбэл нийтдээ 6000 орчим хүн ажиллаж байна. Мөн л 95 хувь нь монголчууд. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Өрөмдлөг, зураг дизайн, барилга гээд дагаад бий болох ажлын байр өчнөөн л дөө.

-Оюу толгой төслийн хувьд зардлын өсөлт гэж том асуудал яригдаж байсан. Ер нь дэлхийд гэж ярихад Оюу толгой шиг мега төслүүдийн хувьд зардлын хэтрэлт хэр байдаг вэ?

-Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд гол маргаан нь зардлын хэтрэлт байсан л даа. Хоёрдугаар үе шатанд үүнийг гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Менежмэнтийн зардлыг бууруулсан. Цаашдаа зардлыг аль болох оновчтой болгохын төлөө ажиллана. Гэхдээ зардал хоёр талтай. Нэгдүгээр үе шатанд зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсний бараг хорин хувь нь НӨАТ. Компанийн хувьд зардал ч улсад орлого болоод орчихсон мөнгө. Казахстанд манайхтай ижил зардал хэтэрсэн тохиолдол гарч л дээ. Тэр үед Назарбаев “Казахын эдийн засагт мөнгө болоод орсон бол, үүний цаана казах хүмүүс ажилтай бол яахав дээ. Үүнтэй харьцуулахад том асуудал биш” гэж хэлж байсан юм билээ. Ер нь иймэрхүү том төслүүд дээр зардлын хэтрэлт их гардаг. Жишээ нь маш нарийн тооцоотой гэгддэг Герман улс байна. Зүүн Германы онгоцны буудал дээр мега төсөл хэрэгжүүлсэн жишээ бий. Анх хоёр тэрбум ам.доллар гэж тооцсон. Хоёр гурван жилийн өмнө ашиглалтад оруулна гэж анх төлөвлөсөн. Гэтэл өнөөг хүртэл ашиглалтад ороогүй, одоогоор нийт гүйцэтгэл нь найман тэрбум ам.доллар болчихсон байх жишээний. Төлөвлөж байсан зардал нь дөрөв дахин хэтэрнэ гэдэг бол том тоо.

-Олон улсын үнэлгээний газрууд манай зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ эрчээрээ урагшилбал зээлжих зэрэглэлд нөлөөлөх үү?

-Манай зээлжих зэрэглэл сүүлийн үед буурах гээд байгаа ч эргээд сайжрах боломжтой. Оюу толгой, Таван толгой төсөл амжилттайгаар хэрэгжээд явбал зээлжих зэрэглэл нэмэгдэх нь тодорхой. Ер нь ирэх гурваас дөрвөн жилд эдийн засаг хоёр дахин томрох боломж бий. Ингэж өсөхөд хамгийн том нөлөө үзүүлэх нь мэдээж Оюу толгой төсөл. Оюу толгой Монголыг дэлхийд таниулж байна л даа. Энэ төслийн хоёр дахь үе шатанд тохирсон гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө Монголыг олон улсын хөрөнгийн зах зээлд эргүүлж авчирлаа. Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах болон урт нэртэй хуулиудаас болж гадаадын хөрөнгө оруулалт үргэсэн. Ялангуяа 2012 оноос өмнөх үед байдал маш хэцүү байсан. Сая хэлсэн санхүүжилтийн төлөвлөгөө энэ хэцүү байдлыг эргүүлэхэд чухал арга хэмжээ болсон л доо. Дэлхий дээр уул уурхайн компанийн хувьцааны үнэ хэд дахин унаж байна. Хамгийн гайгүй нь “TRQ”-гийнх. Хувьцаа нь харьцангуй тогтвортой уналттай, цаашид өсөх магадлалтай байгаа ганц компани. Оюу толгойн төслийн санхүүжилт дор хаяж 4.2 тэрбум ам.доллар. Энэ утгаараа дэлхийн санхүүгийн түүхэнд байгаагүй том хэлэлцээр. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлд Монголыг сайнаар сурталчлахаас арагүй. Бизнес хийж байгаа хүмүүст маркетинг чухал байдаг. Монголыг дэлхийд таниулж байгаа, маркетинг болж буй төсөл нь Оюу толгой.

-Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл Монголд ямар давуу талуудыг өгөх вэ?

-Одоо бол жилд 700 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Гүний уурхай алсдаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өндөр агуулгатай алт, зэс рүүгээ орохоор борлуулалтын орлого одоо байгаагаасаа хоёр дахин өсөх тооцоо бий. Тэгэхээр жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Тэр үедээ хөрөнгө оруулалтаа нөхөх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол Улс Азийн бүс нутагт нэлээд том тоглогч болно. Одоо бол бид үнэ дагагч. Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ ямар байна, тэр жишгээр л баялгаа борлуулдаг. Хэрэв бид гол тоглогч болчихвол үнэ тодорхойлогч болно.

Оюу толгой олон бүлэг ордоос бүрддэг. Одоо бидний хэрэгжүүлж буй үе шат цаад ордууд руугаа нэвтрэх үүд хаалга нь. Ер нь дэлхий даяар байгалийн нөөц баялгийн хэмжээ багасч байгаа. Ил аргаар олборлох боломжтой ихэнх ордыг ашиглаад дуусч байна л даа. Цаашдаа гүний буюу илүү төвөгтэй нөхцөлтэй уурхайнуудыг ашиглах боломж хүн төрөлхтөнд үлдсэн. Оюу толгой дээр ярихад монголчууд өөрсдөө энэ төсөл дээр ажиллаж сураад, технологийг нь эзэмшчихвэл маш том боломж биднийг хүлээж байна. Цаашдаа түүхий эд экспортлохоос гадна ийм төвөгтэй нөхцөлөөс түүхий эдийг яаж гаргаж авах вэ гэдэг ур чадварыг экспортлох боломж монголчуудын өмнө нээгдэнэ. Одоо ч гэсэн Оюу толгойд ажиллаж байсан залуус гадны том уурхайнуудад ажиллаад эхэлчихсэн.

Categories
мэдээ цаг-үе

Хилчин гавьяат, бүжигчин жолоочийнд зочлоход…

Үлгэр эхлэх намуун үдшийн

Дүүлгэр саран доор саналаа, чамайгаа

Үүрийн зүүднээс учрал бэлэгдэн

Үнэнч хайраа дэвсэн хүлээнэ

Цээлийн харгуйг нууцхан ширтээд

Цэрэг чамайгаа дуулан хүлээнэ…

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга (ХЦДБЧ)-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбасүрэнгийн Ганчимэгийнд өнжихөөр товлосноос хойш энэ дуу амнаас гардаггүй, цэрэг хувцастай бүсгүйн дуулж байгаа донж нүдэнд харагдаад. ХЦДБЧ-ын дуучин Г.Мөнхжаргал “Чиний минь ирэх харгуй” нэртэй дээрх дуугаа Б.Ганчимэг гавьяатад “Чиний дуу шүү” гэж албан ёсоор өгч байсан гэдэг. Уншигчид маань эл дууг “Чиний миний харгуй”, “Цэрэг чамдаа” гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэдэг ч Б.Ганчимэг гавьяатынх гэдгийг андахгүй. “Танайд өнжье”-гөө бэлтгэхээр “Цээлийн харгуйг нууцхан ширтээд…” гэж аялсаар өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Б.Ганчимэг гавьяатынд очиход цэцэгсийн үнэр, хайлсан тосны үнэр холилдоод тун аятайхан дулаан мэдрэмж төрүүлэв. Гэрийн эзэн Д.Баттөмөр “Манай хүн өчигдөр клипний зураг авахуулаад хэрэглэсэн сарнайгаа аваад ирсэн юм. Та нарт хайлмаг хийгээд хиншүү гаргачихлаа. Цонх онгойлгосон, гайгүй байх аа” гэж тайлбарлаж, биднийг зочны өрөөндөө урив.

Бүжигчин жолооч

Хойморт залсан Галдан Бошигт хааны хөрөг, мөнгөн аягатай цайны ааг, ширээн дээрх арвайн гурил, хайлсан тос зэргээс тэднийхийг баруун аймгийн айл гэдгийг түвэггүйхэн мэдчихэв. Д.Баттөмөр гуай цайндаа арвайн гурил цацахыг шамдуулж, гэргий нь ханийнхаа хайлсан тосны амттайг гайхуулна. Аагтай цайнаас үүдэж нутаг усны тухай яриа өрнөлөө. Д.Баттөмөр гуай Увс аймгийн Зүүнговь сумынх. Аавынхаа төрсөн дүүгийнд өргөгдөж байсан түүхтэй гэнэ. Өргөсөн аав Даржаа нь Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Рагчаа агсантай цуг Увс аймгийн Хяргас сумын тэжээлийн хүрээнд лам байсан гэнэ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр аав нь Зүүнговьдоо очиж МАХН-ын гишүүнээр элсч, багийн дарга, сумын аж ахуйн нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тухай ярилаа. Аавыгаа “Улсын нэгдүгээр зэргийн шатарчин” гээд “Манайхан урлагийн талын авьяастай хүмүүс” гэж тодотгов. “Аав минь ихэл хөгжим их сайхан тоглоно. Хонио хотлуулчихаад хотлоороо дуулж хуурдаад, бий биелнэ. Тэндээс л гэр бүлээрээ урлагт дурласан байх” гэлээ. Тэднийд ороход Зүүнговь сумын үзэсгэлэнт байгалийн дор “Өгөөмөр дулаан ах мину” гэдэг шүлэгтэй том жааз нүдэнд туссан юм. Д.Баттөмөр гуай өнгөрсөн жил 70 насныхаа ойн баярыг хийхэд төрсөн дүү УДЭТ-ын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ахдаа зориулж шүлэг бичсэнээ дурсгасан нь тэр байв. Соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа төрсөн дүүгийнх нь охин. Д.Баттөмөр гуай өөрөө бүжигчин, бий биелээч, Соёлын тэргүүний ажилтан цолтой. Аравдугаар ангиа төгсөөд 1964 онд Увс аймгийн Соёлын ордонд орсноос хойш бүжигчин, бүжгийн багш, туслах найруулагчаар арав гаруй жил ажилласан түүхтэй. Дараа нь мэргэжлээ сольсон ч бүжгийн урлагаа орхиогүй бүжиглэсээр яваа гэнэ. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн 1984 онд Хөгжим бүжгийн сургууль төгссөнөөсөө хойш 20 шахам жил Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаад өдгөө гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа аж. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн “Нарны домог” бүжгийн таван баатрын нэг гэвэл уншигчид андахгүй биз ээ.

Зочны өрөөнд Д.Баттөмөр ахын наадмын нээлтэд бүжиглэж байгаа зураг нүдэнд туслаа. Зургийн түүхийг сонирхоход гэргий нь “Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын нээлтэн дээр бүжиглэсэн зургийг хүү нь аваад угаалгаж өгсөн нь энэ. Манай Баагий гурван удаа улсын баярын нээлтэд бүжиглэсэн. Энэ жил төрийн хүндэтгэлийн концертод тоглосон шүү дээ” гэж тайлбарлав. Харин хоёр хүү нь хуульч мэргэжилтэй. Цагдаа, прокурорын байгууллагаар өндөр алба хашдаг юм билээ.

Д.Баттөмөр ах даргын жолооч. Бүжигчин хүн яагаад даргын жолооч болчихов гэж үү. Хашир хүн, бүжиглэж байхдаа судас нь томроод байгааг анзаарч. Хориод жил бүжиглээд тэтгэвэрт гарчихаад юу хийх билээ гэж бодож. Сум, бригадаар тоглолтоор явахдаа театрын автобус, том тэрэг барьж давхиад байсны “буян”-аар жолооч болохоор шийдсэн гэдэг. Ингээд жолоочийн мэргэжил эзэмшиж аймгийн дарга нарын тэрэг барьж байтал аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хот руу сайдаар томилогдсон Болд “Улаанбаатарт найдвартай жолооч олдохгүй байна. Та жолоочоо явуулаач” гэж утсаар ярьсан гэдэг. Ингээд сайдын татаасаар хотод ирснээс хойш өдгөөг хүртэл даргын жолооч хийж байгаа гэнэ. Өдгөө Засгийн газрын авто баазын жолооч буюу Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн машин барьж байгаа. Жолоочийн хажуугаар бүжгээ орхино гэж байхгүй. Байгууллагынхаа шинэ жил, урлагийн арга хэмжээнд бий биелсээр л байгаагаа “урлагийн буян” гэж тодотгоно. Бас “40 гаруй жил даргын тэрэг барилаа. Төрийн хайр их юм” гэж ажлаараа бахархах.

Сувилагч дуучин

Гэрийн эзэн өөрийнхөө тухай ярьж байснаа “Хүүе ээ, гол хүнээ яриулъя. Тэнд хоол ч болохоо болилоо” гээд өндөлзөх нь тэр. Баруун аймгийнхан зочноо цайгаар шахдаг хойно. Гурван аяга аагтай цай уучихсан, бас гэрийн эзний хайлсан тосноос халбагадчихсан бид хоолонд төдийлөн яарсангүй. “Хоол яах вэ” гэж яриандаа шунаж байгаагаа ойлгууллаа. Гэргий нь ч “Баагий суу л даа. Хүүхдүүдтэй хууч хөөр” гэж тал засав. Ер нь гэргий ханийгаа яриулаад байх бодолтой, толгой дохиод, инээгээд л суух. Тэгэхтэй зэрэгцүүлээд “Танай хүн бүжигчин жолооч. Та харин сувилагч дуучин байх аа” гэж яриаг эзэгтэй рүү хандуулаадахав. Ганаа гавьяат Булганы харьяат, айлын том охин. Аав нь Булганы Хангал, ээж нь Дундговийн Адаацаг сумынх. Ганаа гавьяатыг бага байхад тэднийх хотод нүүж иржээ. Аав Бямбасүрэн нь Авто тээврийн нэгдүгээр баазад насаараа жолоочоор ажилласан. Ээж Долгорсүрэн Нефть хангамжийн төв баазад бичээч, лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Дундговийнхон дуу хууртай хойно. Ээж нь Бүх ард түмний урлагийн наадмын олон шагналтай. Эмээ нь ч нутагтаа цуутай дуучин байж. Ээж нь толины өмнө сууж байгаад урлагийн наадамд бэлтгэдэг. Гараад явангуут манай хүн ээжийнхээ суудал дээр сууж байгаад “Талын таван толгой”-г хангинуулж өгнө. Юм оёж байгаагаар жүжиглээд л дуулаад байдаг. Байрныхан нь ч андахгүй. Заримдаа гэрийнхэн нь “Муу ёрлоод, байнга дуулж байх юм” гэж зэмлэдэг ч байж. Эмээ, ээжийгээ дуурайсан дуулах авьяастай охиноо аав нь Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэдэх “Улаан бүч” чуулгад бүртгүүлж, урлагийн замыг нь эхлүүлсэн гэдэг. “Улаан бүч” чуулгад тэнцэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж, хөгжим судлаач Ч.Буянхишиг нарын шавь болжээ. Гэхдээ манай хүн аавынхаа мэргэжлийг өвлөж эмч болох хүсэлтэй. Сурлагатай ч байж. Гэвч Анагаахын дээд сургуульд оноо хүрэлгүй сувилагчийн сургуульд элсч. Сургуулиа төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн клиникийн нярайн сувилагчаар жил ажиллажээ. “Асаргаа, сувилгаа ихтэй хүнд хүүхдийн судас олно гэдэг яггүй биз” гэж асуухад нөхөр нь “Манай хүн мэргэшсэн сувилагч. Миний бие тавгүйрхэхээр л явж байгаа машин дотор судас тариа хийчихдэг. Өөрийнхөө судсыг ч ганц хатгаад л олно” гэж магтав. “Мэргэшсэн сувилагч яагаад дуучин болчихов оо” гэж цаашлуулахад “Авьяас гэж орхиж болох зүйл биш. Сувилагчаар ажиллаж байхдаа уралдаан тэмцээнд ордог байлаа. Японы дууны уралдаанд орсны дараа тасгийн эрхлэгч маань СУИС-д шалгалт өгөхийг зөвлөлөө. Шалгалт өгөхөөр очоод “Талын таван толгой”-гоо дуултал Н.Норовбанзад гуай Улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавьжээ. Маргааш өглөө нь очиход “Бадарчин” дуулалт жүжигт шууд дуулах эрх авчих нь тэр. Чуулгад дөрвөн жил ажиллахдаа СУИС-д гурван удаа шалгалт өгч. Тэнцүүлдэггүй гэнэ шүү. Дуулахаар л “Ийм сайхан задгай хоолойгоо хадгалаад чуулгадаа л бай” гэдэг гэнэ. Гурав дахь удаагаа шалгалт өгөхдөө “Та нар намайг авчихаач. Би боловсролтой дуучин болмоор байна” гээд уйлтал Ардын жүжигчин Г.Хайдав гуай “Та нар наад хүүхдээ авчихаач” гэчихээд “Миний охин иймэрхүү л хоолойтой болно доо” гээд Ардын жүжигчин А.Загдсүрэнг дуулуулахад шалгалт өгч байгаа манай хүн “Өө, болж л байна ш дээ” гээд “дүн” тавьчихсан гэдэг. Шалгалтын комисс “Бүжиглэх үү” гэхэд нь “Бүжиглэнэ ээ” гээд туфлиэ тайлаад чулуудчихаж гэнэ. “Хөл чинь даарна” гэхэд “Халтираад байдаг юм” гэчихээд бий биелээд эхэлж. Нүдний булангаар хартал шалгалт авч байсан мундгууд инээлдээд, нэгийгээ нудраад сүйд гэнэ. “Баларлаа” гэж бодсон ч хөдлөөд л байж. “Болно, болно” гэхдээ хүртэл багш нар инээдээ барьж дийлэхгүй байсан ч сурах шуналыг нь дэмжиж тэнцүүлсэн гэдэг. Эхний хоёр жил ч тал дээрээ байгаа юм шиг задгай дуулсаар байж. Ж.Гантөмөр, Н.Ганхуяг гавьяат, Ц.Ерөө гээд алдартнуудын шавь тэрбээр 2011 онд магистраа хамгаалжээ.

Хилчин гавьяат

СУИС-аа төгсөөд чөлөөт уран бүтээл хийж байхад нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа И.Төмөрбаатар хурандаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавихдаа “Чөлөө авах энэ тэр бол асуудалгүй шүү. Дуртай цагтаа чөлөө аваарай” гэж панаалдаж. Ингээд сарын дотор дэд ахлагч болж, төд удалгүй даргаасаа чөлөө гуйтал “Цэргийн хүнд чөлөө байхгүй. Чамайг хуурсан юм” гээд тас гэдийчихсэн гэдэг. Тэр цагаас хойш тушаалаар ажилладаг, цэргийн хүн болчихоод байгаа. “Та унтах дуртай гэж ярьсан байх аа. Хоцрохоос эхлээд цэргийн хүнд энэ дутагдал болж нөлөөлнө биз” гэвэл “Эхэндээ өглөөний нэгтгэлээс байнга хоцорно. Жилийн эцсийн үр дүнгийн хурал дээр Д.Доржпалам хурандаа “Өглөө цонхоор харахад Ганчимэг л хоцорчихоод гүйж яваа харагддаг юм” гэж хэлэхэд нь айхавтар ичиж билээ. Тэрнээс хойш хоцрохоо больсон” гээд инээхэд Баагий ах ханийнхаа мөрийг илэнгээ “Цэргийн амьдрал бас сайхан шүү. Миний хань хүний мөрөөсөл болсон хүмүүст очиж дуу хуур бэлэглэдэг юм” гэж ярианд оролцлоо. “Хилээ тав тойрчихжээ. Явах бүртээ шинэ уран бүтээлтэй ирдэг. Манай хилийнхэн их хөөрхөн… Аан, тийм нарийн ширийнийг ярьж болохгүй байх, тиймээ Баагий” гэснээр гэр дүүрэн инээдэм болов. Хилчид араас нь цөөнгүй захидал нисгэдэг бололтой юм. Түүнийгээ ярих гэснээ инээдэм болгоод өнгөрчихөв. Эх орныхоо найман зүгт явахад цасанд суух, халуунд цангах бэрхшээл байлгүй л яахав. Түүнийг зовлон, бэрхшээлд тооцдоггүй нь ярианаас анзаарагдана. “Хилчид маань биднийг очиход байр сууц бэлдчихсэн хүлээж байна. Хоноод яв, хоноод яв” гэж ятгана. Шөнөжин бүжиглэнэ. Бөөн эрч хүч буцна шүү дээ” гэж ярихдаа гавьяатын нүд гэрэлтэж байв. Төрсөн нутгаа, хань ижлээ санасан хилчдэд дуулах дуу нь хүртэл бодлоготой байхгүй бол сэтгэл санааг нь үймүүлчихэж мэднэ. Хаана ч очсон “Чиний минь ирэх харгуй”-гаа хэд, хэд дуулчихна. 2000 оны эхээр нэг арга хэмжээн дээр дуулахаар очиход нэгэн бүсгүй энэ дууг дуулж байгааг сонсоод хөгжмийн зохиолч Ганбат “Чамд тохирох дуу байна” гээд аяыг нь үл ялиг хурдлуулж өгч байжээ. Дараа нь дууны эзэн өөрт нь албан ёсоор өгсөн гэдэг. Үүнээс гадна “Хилчний вальс”, “Ханийн хайр”, “Хань” зэрэг олон сайхан дуу гавьяатаар овоглодог.

Ганаа гавьяат ХЦДБЧ-ын дуучин Дүүриймаа гэдэг шавьтай. Шавь нь уралдаанд оролцохоор Москва явжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг дуулдаг “My voice” уралдаанд шавь нь амжилттай оролцож байгааг гайхууллаа.

Хос вансэмбэрүү цэцгийн түүх

Уран бүтээлийн тухай ярилцаж суухад гэрийн эзэн хоол бэлэн болгожээ. Манай зурагчин ажлаа хийж дагаад гал тогооны өрөө рүү гүйгээд л байгаа хэрэг. Гэнэт гэрийн эзэн “Энэ хүү миний зургийг аваад байх юм. Ганаа, миний хань гал тогоогоо хүлээж ав. Би ганцаараа ажилтай юм шиг харагдаж болохгүй биз дээ” гэхэд Ганаа эгч жигтэйхэн сандарч “Би бас хоол сайхан хийдэг шүү. Баяр ёслолоор хөлсөө гартал гүйнэ шүү дээ” гээд бууз таваглаад ирлээ. Баяр ёслол гэснээс тэднийх сүүлийн хэдэн жил цагаан сараар гадаадад байсан учраас дорвитой тэмдэглэж чадаагүй гэнэ. Наадмаар Баагий ах нээлтэд бүжиглэчихээд бөх үзээд суучихна. Зочид хүлээж авах ажлыг гэргий хариуцахаас аргагүй. Гэргий тоглолттой үед Баагий ах ачааллыг өөртөө авна. Хоёулаа ах дүү олонтой болохоор хөл ихтэй байдаг бололтой.

Хоол идэх зуураа том өрөөний эд, зүйлийг ажиглаж суулаа. Хойморт гэр бүлийн хоёрын цэнхэр дээлтэй зураг хараа булаав. Бас Төрийн ордны төв хаалган дээр Ганаа гавьяат цэцэг тэвэрчихсэн, Баагий ах гараараа далласан сүртэй зураг төгөлдөр хуур дээр нь байна аа. “Ганаа 2011 онд гавьяат авахад нь би албан тушаалаа ашиглаад Төрийн ордон орчихсон юм. Бид хоёр төв хаалгаар гараад ирэхэд ХЦДБЧ-ынхан “Чиний минь ирэх харгуй”-г бүгдээрээ дуулаад бид хоёр жигтэйхэн хөөрчихсөн байсан үе зурагт үлдсэн нь энэ. Дараа нь Ганаа маань гавьяатынхаа тэмдгийг зүүгээд уран сайхны зураг даруулсан. Би ижилсээд Соёлын гавьяатын тэмдгээ зүүж байгаад бас зураг авахуулчихсан байгаа биз” гэж гэрийн эзэн тайлбарлалаа. Хос зургийн наана хуучны гаанс байсан нь тэр айлын хамгийн үнэтэй эд. Ааваас нь үлдсэн өв гэнэ лээ. Бас модон дээр зуруулсан тэдний хөрөг хараа булаана. Чежүд аялж байхдаа зуруулсан гэнэ. Хойморт Ганаа гавьяатын авсан өргөмжлөл, шагнал өрөөстэй юм. Жил бүр байгууллагынхаа аварга болдог бололтой. Баагий ахын шагнал ч их. Хоймор эзэгнэх зураг, эд зүйл, сувенир эмх цэгцтэй гэж жигтэйхэн. “Гэргий нь цэргийн хүн болохоор ийм цэгцтэй байдаг байх даа” гэвэл Ганаа гавьяат “Манай хүн ийм нягт нямбай. Би ч цэргийн ажил, хань хоёроосоо суралцаж яваа хүн шүү дээ” гэж инээнэ. Хоймортоо тавьсан систем хөгжмийн тухайд “Байгууллагын арга хэмжээнд дуулчихаад сууж байтал сугалаа тат гээд. Сугалаа автал тэндхийн хамгийн том шагнал нь энэ хөгжим байж таараад би хожчихсон. Одоо үүнийгээ тавьж байгаад шавьтайгаа дуулж өгнө шүү дээ. Манай байрныхан андахгүй” гэв. Баагий ах ярианд оролцож “Өчигдөр доод давхрын хүү “Эгч ойрд яагаад дуулахгүй байна” гэж асууж байна лээ. Орц болгонд бөө бөөлж байгаа биз дээ. Дуу хууртай байх хүмүүс харин ч таатай юм шиг байна лээ” гээд хөгжимнийхөө микрофоныг яаж ажилладгийг нэгд, нэгэнгүй тайлбарлаж өглөө.

Тэдний төгөлдөр хуурын дээд талд хос вансэмбэрүү залсан нь үнэхээрийн төгс харагдах юм. Төгөлдөр хууран дээр сарнай дэлгэсэн хоёр таваг, цонхон дээр мөн ийм гурван таваг байснаас анхилуун үнэр үнэртсээр. Төгөлдөр хуур, вансэмбэрүү цэцгийн зурагнаас хараа салгахгүй байгааг минь анзаарсан гэрийн эзэн “Манай Ганаагийн найз бүсгүй өнгөрсөн жил бэлэглэсэн юм. Тэр намхан вансэмбэрүү нь миний хань. Өндөр нь би. Доор нь Бахын ноот байгааг анзаарч байна уу. Урлагийн гэр бүл гэдгийг илтгэж байгаа нь тэр” хэмээн тайлбарлав. Хайрын илэрхийлэл болсон цэцгийн тухай ярьчихаад тэдний танилцсан түүхийг асуулгүй өнгөрвөл алдас болно биз.

Д.Баттөмөр гуайн гурван хүүгийн ээж эмч мэргэжилтэй бүсгүй байж олон жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Б.Ганчимэг гавьяат ч залуудаа үрээ алдаж, ханиасаа холдож байсан. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг хойно. Дуучин бүсгүй дуулахаас өөрийг мэдэхгүй хэдэн жил амьдарч. 2006 оны өвөл Үндсэн хуулийн Цэцийн шинэ жилийн арга хэмжээнд дуулчихаад гарахад нүдэнд дулаахан эр “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн нь одоогийн хань нь. Машинаа засварт өгчихсөн байсан болоод ч тэр үү цааргалалгүй зөвшөөрсөн гэдэг. Түүнээс хойш машин засвараас гартал хэдэн орой Д.Баттөмөр ханийнхаа жолооч хийжээ. Төд удалгүй нэг гэрт орсноос хойш арваад жил болж байгаа. Тэр хоёрын харц, харилцаанаас хүндлэл, хайр мэдрэгдэнэ. Хил хамгаалах ерөнхий газрынхан ч “Манай Ганаа гавьяат ханийн халамжинд жаргаж яваа хүн. Хаана л явна, Баагий ах халамжилж харагддаг” гэж ярьсан нь аргагүй юм.

Ийн хөөрөлдөж суутал манай зурагчин “Нэгдүгээр нүүрт орох сайхан зураг дармаар байна” гэснээс үүдэж бөөн ажил болоодохлоо. “Өдрийн сонин”-д гоё зураг гарах ёстой, энэ дээл болох уу, тэр дээлтэй хэдэн зураг бий, дэмий” гэхчилэн хувцас сонгох гэж хэцүү ажил гарлаа. Хичнээн ч олон хос дээлтэй юм. Ганаа гавьяат хэнэггүй юм аа, “Миний хань сонгочих оо” гээд үсээ янзлаад суучихав. Баагий ах баахан дээл зэрэгцүүлж байгаад бид хоёроос зөвлөгөө авч эхлэв. Тэгснээ цэнхэр дээл өмсөхөөр сонгож, өмсөх малгайгаа сонгох гэж бас яггүй ажил өрнөлөө. Хувцас хунар дэлгэснийх Ганаа гавьяат тоглолтын дээлнүүдээ сонирхуулж нүд хужирлав. Манай зурагчин Баагий ахад хар малгай зохиж байгааг хэлтэл Ганаа гавьяат “Тэгэлгүй яадаг юм. Би сонгосон юм чинь. Баагийдаа энэ малгайг авчихаад Бээжингийн нисэх буудал дээр байж байтал нэг хятад охин ачаа шалгахдаа аваад шидчихдэг байгаа. Эр хүний малгай шидээд байхдаа яадаг юм гээд баахан орилоод загначихсан” гэж ярихдаа одоо ч хятад бүсгүйд уурласан хэвээр байгаа нь ажиглагдав. Эр хүний малгай, бүсийг дээдэлдэг монгол уламжлал энэ шүү дээ.

Цэнхэр дээлээр ижилссэн хос төгөлдөр хуур дээрээ хослон

“Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…” гэж үнэхээрийн сайхан дуулж өглөө. Тэдний дуунаас тийм гэхийн аргагүй энэрэл мэдрэгдэж байсныг энд дүрсэлж бичихэд хэцүү юм.

Ингээд “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт залрах зураг дарсны дараа гэрийн эзний сэтгэл “хувирчихав”. “Баянаа аваргын нэрэмжит барилдааны урилга байгаа юм. Цаг болохоо болилоо. Ах нь түрүүлээд явлаа. Та хэд минь тухтай байгаарай” гээд хувцас хунараа шалавхан сольж гарав. Ганаа гавьяат “Манай хүн бөх гэхээр ухаанаа алдчихдаг юм. Бушуу яв, яв” гээд түрүүн дэлгэж орхисон дээл, хувцсаа эмхэллээ. “Хэн түрүүлэх бол” гэж сонирхвол “Өнөө арслан болсон…“ гэснээ “Орой мэдээрэй” гээд хэлэх гэснээ залгичихав. Гэрийн эзэн гарахдаа “Ганаа, машины чинь түлхүүр хаана байгаа билээ. Энэ гараашийн түлхүүр. Гарахдаа гэрийнхээ түлхүүрийг мартав” гээд эгээтэй л хүүхдэд хэлж байгаа мэт захьчихаад гараад явчихлаа.

Ард үлдсэн Ганаа гавьяат “Эмэгтэй хүн сайн ханьтай учрахаар жаргадаг юм байна. Манай хүн халамжтай. Надад бурханаас өгсөн бэлэг гэж баярладаг юм” гэж нөхрөө магтах аж. Үлдсэн бид Ганаа гавьяатын уран бүтээлийн талаар үргэлжлүүлэн хөөрөлдөж, гэрэл зургийн цомгийг нь сонирхлоо. Ганаа гавьяат гурав, дөрвөн СD дээрээ ажиллаж байгаа. 40 гаруй ТВ концерт тоглосон гээд уран бүтээлийн олз ихтэй яваа. 2006 онд “Чингис хаан” рок дуурьт Өүлэн эхийн дүрийг бүтээхдээ “Сайхан ээж хүний дүр бүтээж ээжийнхээ ачийг бага ч болов хариулахсан” гэдэг мөрөөдөлдөө хүрч чаджээ. Энэ дүрийг бүтээхдээ Ардын жүжигчин Н.Сувд гуайн жүжгүүдийг их судалсан гэдэг. Одоо тэрбээр урлагийн сургууль байгуулчих мөрөөдөлтэй яваагаа ярилаа. Урлагийн сургуулиа байгуулж олон шавьтай болох мөрөөдөлтэй гавьяат маань “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо дууг бичүүлэхээр амралтын өдрийн орой гэрээсээ гарсан юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаатар: Хамгийн том хөрөнгө оруулалт нь монголчуудын морь уях үнэлэмжийг өсгөж өгсөн

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группын захирал Д.Ганбаатартай ярилцлаа. Түүний “Mongolian Saturday” морь “Breeders cup” дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилээ зохион явуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ойрын зайн уралдаанд түрүүлсэн билээ.

Монголын морин спортын хөгжлийг олон улсын түвшинд аваачсан гэдгээ саяын тэмцээнээр та харуулах шиг боллоо?

-Эрийн гурван наадам, морь уях гэдэг нүүдэлчдийн агуу соёл юм. Тэр утгаараа монголчууд морийг яаж эдэлдэг, яаж уяж уралдуулдаг юм гэдгийг дэлхийд таниуллаа. Энэ бол монголчуудын маань хийморь өөдөө байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Морьтон монголчууд хэзээ нэгэн цагт дэлхийн аваргад морин уралдаанаар түрүүлэх нь дамжиггүй байсан. Энэ нь манай “Saturday” дээр тохиож байгаа нь үнэхээр баярлаж бахадмаар гайхалтай сайхан юм болсон. Монгол түмэн маань үнэхээр баярлан бахархан хүлээж авсан. Их сайхан байна.

Энэ тэмцээний цар хүрээ, чансааны талаар уншигчдад та илүү тодруулаач?

-Дэлхийд чансаагаараа хамгийн дээгүүрт ордог G1 группын уралдаан хэдхэн байдаг. Нэг, хоёр, гуравдугаар групп гэж байдаг. Нэгдүгээр группын уралдаанд “Japan cup” Арабын Дубайн цом, Японы эзэн хааны нэрэмжит уралдаан, Мелбурн cup гэх мэт хэдхэн том уралдаан болдог. Тэр дотроос дэлхийн аварга шалгаруулдаг нь ганцхан “Breeders cup”. Арав гаруй төрлийн зайны уралдаанаас гурван зайных дэлхийн аваргын уралдаан гэдгээр явдаг. Нэгэнд нь “Saturday”-ын уралдсан нэг километрын зайн уралдаан. Хамгийн богино зайн хамгийн хурдан дэлхийн аварга шалгаруулах гэдгээрээ онцлог л доо.

Тэмцээний эрхийг хэрхэн олж авсан бэ?

-Ноднин уржнангаас хойш “Saturday” маань дэлхийн чансаа тогтоодог G1 группын хэд хэдэн уралдаанд оролцсон. Групп гурван уралдаанд ерөнхийдөө гурав уралдаж голдуу аман хүзүүнд давхисан. Тэр амжилтаараа “Breeders cup”-д орох оноонд хүрсэн. Дурын морь дэлхийн том уралдаанд орохгүй. Орох оноо нь хүрсэн морь дээрээсээ эрэмбэлэгдээд л орно. Хаанахын ч морь бай ялгаагүй.

-“Mongolian Saturday” мориныхоо удам угсаа үүлдрийн талаар яриач?

-Saturday-ийн эцэг нь Any given Saturday гэж морь байдаг. Энэ азарганы үр төлөөс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Mongolian Saturday үрээ. Эцэг азарга нь ноднин Америкаас зарагдаад Солонгост ирчихсэн байгаа. Солонгост авсан эзэд нь маш их баярлаж байгаа байх. Үржүүлгийн азарга болохоор төлүүд нь сайн давхих тусам хээлтүүлгийн үнэ өсдөг. Магадгүй Saturday-ээс хойшоо төлөвлөгдөж байсан үнээсээ 30, 50 хувиар ч өссөн байх гэж ойлгож байна.

-“Mongolian Saturday” нэрний учрыг тайлбарлаач?

-Гадны жишгээр тухайн адууны үр төлд эцгийнх нь нэрийг оруулж нэр өгдөг юм билээ. “Mongolian Saturday”-ын аавыг Any given Saturday гэдэг. Эхийг нь Miss hot salsa гэдэг. Тэрний Saturday гэдэг үгэн дээр Монголынхоо нэрийг оруулаад өгсөн

-Mongolian Saturday МУА уяач Э.Ганбат болон МУТМ уяач Д.Онон нар дуудлага худалдаанаас сонгож авч өгч байсан гэдэг. Хэдээр авч байв?

-60 мянган ам.доллараар авч байсан. Нуух юу байхав.

Та таван жилийн өмнөөс морь сургагчийн эрх авч байсан гэсэн. Хэдийнээс морьдоо дэлхийд гаргахаар зорьж ажиллаж эхэлсэн юм бэ?

-Арав гаруй жилийн өмнөөс монгол хүний морь уях эрдэм чадлыг харуулах боломж байгааг олж харсан. Арван нэг, хоёр жилийн өмнө Америкт дуудлага худалдаанаас морь авч оролдлого хийж байсан. Нөхцөл боломжуудаа сайжруулж байж, трайнерын буюу сургагчийн үнэмлэх авч байж уралдах ёстойг ойлгоод тодорхой хугацаанд дөрөв таван жил завсарласан. Сая 2010 оноос ахин Э.Ганбат найзтайгаа, Д.Онон манлайтай зөвлөлдөөд keeneland дуудлага худалдаанаас Saturday-ийг авч байсан. Ганбат маань Америкт трайнерын сургалтад сууж шалгалтаа өгөөд албан ёсны трайнер болсон. Ямар ч уралдаанд хаана ч очоод морио уях, уралдуулах эрхтэй. Одоо тэнд ажиллаж байгаа.

Монгол уяачдын цусанд юм байгаа учраас ийм амжилтад хүргэж чадлаа гэдгийг өмнө нь хэлсэн. Магадгүй гадны уяачид өөр арга барилаар уясан бол ийм амжилтад хүрэх байсан болов уу. Та юу гэж бодож байна?

-Мэдээж морь сайн байж сайн уралдана. Морь сайн байж, дасгалжуулагч сайн байж, эзэн унаачийн аль алиных нь хийморь таарч байж сайхан уралдана. Тэр уяач дээр байсан бол тэгэх байх ингэх байх гэхийг тааж хэлшгүй. Гэхдээ монголчууд хэнээс ч дутахгүй морио сайн уяж чаддагийг харуулсан. Цаашид олон монгол уяачийн, олон монгол эзний морьд дэлхийн уралдаанд сайхан уралдах байх гэж бэлгэшээж байгаа. Бид булган сүүлтэй байхыг ерөөж байна.

Танаас өөр дэлхийн уралдаанд морио сойж байгаа уяачид байдаг болов уу?

-Дэлхийн хэмжээний уралдаанд бол байхгүй байх. Орон нутгийн жижиг уралдаанд морио сойж байгаа уяачид мэр сэр сонсогддог.

Морио хэзээнээс, хэрхэн уяж сойсон бэ. Монгол аргаараа уясан уу?

-Saturday-ыг уяад дөрөв таван жил болж байна. Saturday маань таван настай морь. Дааган насанд нь анх авч байсан. Өөрсдийн уядаг арга барил дээрээ гадны техникийн аргыг хослуулаад уяж байна. Эзэн морь хоёр нэгнийгээ хайж байдаг гэдэг. Сайхан хурдан буян заяасан. Энэ хурдан буян маань монголчуудын нэр хүндийг өсгөлөө. Бид морины том зах зээл, морь арчилгаа маллагаа, морь уяа сойлго дээр дэлхийн том хаалга үүдийг нь нээж өгсөн. Хамгийн том хөрөнгө оруулалт нь монголчуудын морь уях үнэлэмжийг өсгөж өгсөндөө баяртай байна. Бид тав арван жилийн дотор энэ том зах зээл дээр гарч чадсан. Энэ том зах зээл дээр монголчууд нэлээд байр сууриа эзэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол уяачид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн морь уях тэр авьяасыг дэлхий дээр л сойх хэрэгтэй. Тэрийг олж хараад монгол уяачийн морь дэлхийд түрүүллээ. Дэлхийн аваргын уралдаанд түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Морьтон монголчууд энэ сайхан мориороо хэдэн өдөр бахархлаа. Баярлалаа. Сошиал ертөнцөөр их олон хүмүүс, баяр хүргэлээ. Тэр олон сайхан сэтгэлтэй хүмүүст танай сониноор дамжуулж баярласнаа илэрхийлье.

Гадныхан морио хэрхэн уяж, уралдуулдаг юм байна?

-Барууныхан зөвхөн онолоор уралддаг. Ийм онол байгаа, ийм стандарт байгаа, энэ зарчмаар л уралдах ёстой гэдэг юм билээ. Монгол хүн эцэг өвгөдөөс уралдаж ирсэн арга барилаар уралдаад ийм амжилтад хүрсэн. Монголчууд өөдөө байх болно.

Түрүүлсэн моринд хэр их хэмжээний мөнгөн шагнал олгосон бэ?

-Сая ам.доллар өгсөн.

Таны моринд хичнээн хүн бооцоо тавьсан бэ?

-Тавьсан бооцоог уралдаан тавьсан хүмүүс мэдэх байх. Манай морины ретинг 7,8-аас л хойгуур байсан даа.

Олон улсад морин уралдаан яг ямар дэг журмаар болдог юм байна?

-Бүх юм хуулиар зохицуулагдсан байдаг. Сая дэлхийн аваргын тэмцээн дээр гэхэд Америкийн армийн цэргүүд морьдыг хамгаалалтдаа авсан байлаа. Тэнд очсон гадна, дотнын бүх морьдыг жүчээнд байрлуулж, бүх үйл ажиллагааны хамгаалалтыг нь хариуцсан. Эмч нар очиж шинжилгээ хийхэд хийсэн эм тариаг нь бүгдийг нь бичиж тэмдэглэж авах, тарьсан зүү тариаг нь битүүмжилсэн саванд хийгээд он сар, цаг өдөртэй нь тэмдэглэж авах зэрэг маш нарийн ажиллагаатай юм билээ. Америкийн ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм гэдэг нь саяын уралдаан дээрээс харагдсан. Гадны морь түрүүлж байхад уухайлаад, бөөнөөрөө баяр хүргээд их сайхан хүлээж авсан. Бид ч үндэснийхээ хувцсаар гоёод чадах ядахаараа хичээж очсон. Монголчуудын авьяасыг, морь уях авьяасыг нээх гэж ихээхэн хөрөнгө зарцуулсан. Тэр мөрөөдөл маань биелж байгаа нь үнэхээр сайхан байна.

Монголчууд морин тойруулгын замтай болох талаар ярьж, ажиллаж байгаа. Энэ тал дээр өөрийн санаа бодлоо илэрхийлэхгүй юу?

-Морин тойруулгын ажлыг арав гаруй жилийн өмнө Яармагт эхлүүлсэн байгаа. Морин уралдааны хуульгүйн улмаас тодорхой хугацаанд завсарласан. Сүүлийн үед сэргээн ажиллаж байна. Магадгүй ирэх жилд ашиглалтад орох байх. Тийм төлөвлөгөөтэй байгаа. Хууль эрхзүйн орчин байхгүй гэдгийг манайхан мэдэж байгаа. Жижигхээн нялх юмнуудыг мэргэжлийн уралдаанд уралдуулах гээд дайраад байх, уяачдаа муутгах гээд байх асуудал их байсан. Бид нар тухайн үед жин зааж өгч байсан л даа. Америкт бол бүгд 50 клограммын жинтэй залуучууд уралдуулдаг.

Олон улсад хэдээс дээш насны хүн морь унадаг юм бол?

-Насанд хүрсэн хүмүүс уяж унуулдаг.

Олон улсад унаачдын шагналаа хэрхэн тогтоож өгдөг вэ.

-Манайд шагналын сангийн 20 хувийг унаач хүүхдэд өгдөг. Олон улсад авсан шагналын 10 хувь унаачид очдог. Тодорхой хувь уяач буюу морь сургагчид очдог зохицуулагдсан хууль дүрмээрээ явдаг юм билээ.

Унаач, уяачийн сургууль боловсрол дээр нь хэрхэн анхаардаг юм бол?

-Сургуулиуд бий. Ирландад манай уяач Өөдөс уржнан суралцаад ирсэн. Дэлхийн хаана ч очсон морио унах лицензээ олчихсон мундаг унаач байгаа. Түрүүн би том хөрөнгө оруулалт, үүд хаалга нээгдлээ гэж хэлсэн. Цаашид олон малчин айлаас хүүхдийг нь авч морио унуулъя. Том зах зээл, том ажлын байр нээгдсэнд би маш их баярлаж байгаа. Монголчуудыг гадныхан морь уяж байгаа та нарын соёл өөр. Та нар богинын зайн уралдаанд морио уях болоогүй. Өөрийн гэсэн шинжлэх ухаан, технологитой нарийн ажил байдаг гэж гаднын морин спорт сонирхогч хүмүүс хэлдэг. Тэгвэл монголчууд аль ч уралдаанд морио сойж уралдах чадвартай ард түмэн юм гэдгийг саяын уралдаанд бас харууллаа.

Ойрын зайн уралдаанд шинжлэхухаанч үүднээс хандах хэрэгтэй гэх юм. Юу нь тийм онцлог байдаг юм бол?

-Шинжлэх ухаан, тэдний арга технологийг бид өөрсдийн уламжлалт арга технологитой хослуулаад уяхад ямар байдаг юм бэ гэдгийг саяын уралдаан харууллаа. Энэ бол эхлэл гэж ойлгож байгаа.

-“Mongolian Saturday”-ийг унасан унаачийн талаар тодруулаач. Унаачаа хэрхэн сонгосон бэ. Монгол хүнээр унуулж болоогүй юм уу?

-Нэгдүгээрт, лицензтэй хүн унах ёстой. Франц улсын иргэн байгаа. Сүүлд гарч ирж байгаа бас л өндөр зэрэглэлийн сайн унаач л даа. Залуу од гэж хэлж болно. Саяхан Европын уралдаанд түрүүлээд ирсэн. Сүүлийн үед маш олон түрүү авсан.

-“Mongolian Saturday”-ээс гадна таны хэд хэдэн морь гадаадад “Mongolian stable LLC” нэр дээр уралддаг гэсэн. Яг хичнээн морь байгаа вэ?

-Арваад морь бий. “Mongolian stable LLC” компани байгуулагдаад Ганбат маань бүгдийг нь уяж байгаа. Морь сургагч Даваа маань Завхан аймгийн залуу бий. Бүгдийг нь сургаад маллаад Ганбатад уяа тааруулахад бэлэн болгоод өгдөг. Олон уралдаанд сайхан уралдсан морьд нэлээн хэд бий. Хамгийн том амжилт үзүүлсэн нь яахын аргагүй манай Saturday.

Та гадаадад морины фермтэй юу?

-Одоогоор ферм бол алга байна. Бусдын ферм дээр маллаж байгаа.

Цэвэр монгол цусны морийг багаас нь тэнд аваачиж сургаад уралдуулах боломж байдаг юм болов уу. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Тодорхой хэмжээнд бодож байсан зүйл бий л дээ. Монгол морь богино зайнд уралдах боломжгүй. Англи сербрайт гэж хурдны зориулалтаар гаргаж авсан үүлдэр байгаа. Манай морь ахуйн уралдаанд унаж эдэлдэг. Яахав, холын уралдаанд 60, 120 км-ын уралдаанд уралдуулахад гэмгүй байж магадгүй.

Шагналын мөнгөнөөсөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд өгнө гэж сонссон. Хэчнээн төгрөг өгөх вэ?

-Одоогоор ярьж байгаа. Яг хэчнээн хэмжээний төгрөг өгөх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хувийн ӨМЧ VS Хувийн ӨМЧ

Таны юм бол миний юмгэж чангаас чанга хэлж чаддаг, ингэж хэлэхийг хуулиар зөвшөөрсөн ганц байгууллага. “Төр биднээс авсан мөнгөөрөө Татварын Алба зэрэг байгууллагуудыг санхүүжүүлдэг. Ингэснээрээ цаашид биднээс улам ихийг авахын тулд бидний мөнгийг зарцуулдаг байх нь.”

Татвар гэсэн нэрийн доорх энэ хулгай-дээрэм жирийн хулгай-дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэрэн доор хийгддэгээрээ ялгаатай.

Х.Х: –Нийгэмд амьдарч байгаагийн хувьд төрд хэдэн төгрөг тушаах л хэрэгтэй болох байх даа.

Б.Б: -Хэн нэгэн том биетэй, зэвсэг барьсан хүн ирээд, хөдөлмөрлөж олсон мөнгөний тань тавны нэг юм уу, аравны нэгийг авчихлаа гэж бодъё. Тэр хүн биеэр том, түүнээс гадна хутгатай байгаа учраас та хүчин мөхөсдөхийн эрхэнд хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө өгч л таарна. Энэ бол дээрэм. Тэгвэл тэр хүний оронд хуулийн нэр барьсан цагаан цамц, зангиатай хүн ирээд дээрхтэй адил шаардлага тавьбал та бас л мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Учир нь, түүний ард цагдаа, хууль гээд танаас хүчээр илүү олон зүйл байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд ёс суртахууны ялгаа байна гэж үү!

Х.Х: –Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд нь халдаж байна хэмээн үзэж болох л юм байна.

Б.Б: -Яг үнэн. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө хийж бүтээсэн зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогоо, амь насаа алдвал хойшдын амьдрал үгүй болох учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг.

Төр-засгаас эрх чөлөө байна хэмээн тунхаглаж болно, зарлаж болно. Гэтэл бодит байдал дээр тэр нь үнэхээр байна уу, үгүй юү гэдэг хүний өмчлөх эрхээр л бодитой харагддаг. Тиймээс М.Ротбард “эрх чөлөөний хамгийн тод илрэл бол эдийн засгийн эрх чөлөө” гэсэн юм.

Х.Х: –Татвар гэдэг чинь тэгэхээр, надад дахиж ашиг өгөхгүйгээр миний мөнгөнөөс авч буй утгаараа торгуультай адил зүйл болох нь ээ.

Б.Б: -Яг үнэн (томоор бичсэн доорх эшлэлийг харна уу).

Торгууль гэдэг бол буруу юм хийсний төлөө авч буй татвар байдаг бол татвар гэдэг нь зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль.”

Х.Х: –Эрх чөлөөний бодит илрэл бол хувийн өмч, бусад тохиолдолд эрх чөлөө хийсвэр зүйл гэж байна. Үүнийгээ тайлбарлаач, өмчгүй, ядуу хүн угаасаа эрх чөлөөтэй байх тавилангүй гэсэн үг үү?

Б.Б: -Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний бие махбодь, оюун санаа, авьяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх, хууль зүйн орчин байна уу, үгүй юү гэдгээр л эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа, лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш.

Х.Х: –Хүн хөдөлмөрлөх чадвараа ашиглах бололцоог нь хааж бооно гэж юу вэ? Ямар ч нийгэмд үүнийг хааж боохгүй биз дээ?

Б.Б: -Социализмд хаадаг байсан. Бид мэднэ дээ, Лоохууз гуайг хувиараа ногт чөдөр хийж зараад баяжлаа гээд шоронд хийж байсан. Мөн 1970-аад оны үед 40 мянгатад байсан По-Намжил гэдэг гэрэл-зурагчинг (По гэдэг нь Польш гэсэн үг, нэгэн цагт тэнд сурч байсан юм уу, тийшээ явсан хүн байсан бололтой. Тэгээд ийн нэрлэх болсон хэрэг) мөн л фото-зургаар баяжлаа гээд шоронд хийсэн гэдэг.

Х.Х: –Телевизээр сая нэг төрийн түшээ Монгол Улсад тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийгТатвар төлөгчдийн долоо хоноггэж үздэг, энэ баярыг тэмдэглэх ёстой гэж ирээд мөн ч их юм ярьж байна лээ.

Б.Б: -“Мөнгөө алдсаны баяр” хийх юм болж байна уу! Тэр төрийн түшээ шүүх, цагдаа нартайгаа нийлж байгаад, надаас хэдэн төгрөг салгаж чадсандаа баяртай байгаа учраас баяраа хийг!

Хөгжингүй орны ухамсарт иргэдийн хувьд татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэнэ гэвэл ёстой ундууцах байлгүй. Харин тэнд Tax Freedom Day буюу Татвараас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэдэг. Улс орон бүрийн татвар төлөгчдийн төлж буй мөнгөний хэмжээг тооцоолон гаргах Адам Смитийн Хүрээлэнгийн аргачлал байдаг. Энэ аргачлалаар тооцоолоод үзэхэд, монголчууд зургадугаар сарын 1 хүртэл олсон мөнгөө улсад өгөөд, харин түүнээс хойш олсныгоо өөртөө болон гэр бүлдээ зориулах бололцоотой болдог. Тэгэхээр Татвараас чөлөөлөгдөх өдөр бол үнэхээр тэмдэглэх ёстой өдөр мөн байлгүй яах вэ.

Гэтэл энэ төр бидний ухвар мөчдийг мэдчихээд “Татвар төлөгчдийн долоо хоног” гэх мэтээр үнэхээр даапаалж, жирийн нэг хулгайч луйварчнаас дор, увайгүй аашилж байна!

Х.Х: –Яагаад хулгайч, дээрэмчнээс дор гэж?

Б.Б: -Жирийн нэг хулгайч, луйварчин миний хэдэн төгрөгийг “шуучихсан” бол аль болох түргэн, бас тэгээд сэмхэн зугтахыг бодно оо доо. Гэтэл энэ төрийнхөн хэдэн төгрөгийг минь хүчээр авчихаад бас дээрээс нь инээж, баясгалантай байхыг шаардаж байна шүү дээ. Мөнгөө алдчихаад би яаж баяртай байх юм бэ!

Х.Х: –Түүхэнд татварт эргэлзэж байсан сэтгэгчид хэдий үеэс бий болсон юм бол?

Б.Б: -Христийн тухай нэгэн домог байдаг юм билээ! “Татвар төлөх ёстой юу?” гэсэн дагалдагчдынхаа асуултад Христ “Цезарьт (төрд) өгсөн зүйл Цезарийнх болно, харин Бурханд өгсөн зүйл Бурханых болно” гэж хариулсан гэдэг. Эндээс л төрд татвар өгөх нь зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ эхэлсэн болов уу.

Таны амьдралын ургац бол таны өмч мөн. Энэ нь таны хөдөлмөрөөс урган гарсан үр жимс, зарцуулсан хугацааны үр дүн, таны авьяас чадвар, хүч хөдөлмөрийн гаргалгаа юм. Энэ бүхэнд халдах бололцоо олгодог нийгмийг эрх чөлөөгүй нийгэм гэхээс өөр аргагүй.

Х.Х: –Татвар төлснөөр нийгэм дэх бүх хүн хождог гэж төрийнхөн хэлээд байгаа шүү дээ.

Б.Б: -Худлаа. Бүх хүн биш, төрийнхөн хамгийн их хождог. Харин жирийн иргэд бид татварт төлсөн мөнгөнөөсөө юу ч авч чаддаггүй. Тэгэхээр “Татвар доор хэн оршдог вэ?” гэвэл “Төр оршдог” гэх нь хамгийн зөв. Төр таны өгсөн татварын мөнгөөр л амь зуудаг. Гэтэл төр гэдэг чинь юу билээ гэдгийг бодоод үзье. Энэ бол хоосон хийсвэр зүйл биш, түүний цаана тодорхой хүн байдаг. Мэдээж, амьдрал нь хамгийн таатай бөгөөд хангамжтай. Тэгэхээр хэн ч гэсэн тэнэг л биш юм бол мөлжүүлж байхаар мөлжигч байвал дээр гэдгийг мэдэж таарна. Ингээд л цэцэрлэгийн насныхнаас эхлээд их, дээд сургууль төгсөж буй бүх монгол хүүхэд “эрхэм гишүүн” болохыг мөрөөдөж эхэлж байгаа юм. Тэд бүгд биш юм гэхэд зарим нь (төр гэдэг нь хэмжээтэй сав юм болохоор бүгдээрээ тэнд очих бололцоо байдаггүй) “цуцалтгүй хөдөлмөрийнхөө” үр дүнд төр-засагт том, жижиг байр суурь эзэлцгээнэ. Мөлжигч нь хөдөлмөрлөгчөө, бэртэгчин нь ёс суртахуунтай хүнээ дарамталж эхэлдэг Монголын ерөнхий дүр зураг эндээс үүдэлтэй.

Тэгэхээр “татвар оршихуй доор цагаан цамц өмсөж, зангиа зүүсэнтарган эр тансагладаг”. Бид тэр цадиггүй нөхөрт мөнгөө алдсанаа баяр гэж үзэн, тэмдэглэх ёстой болох нь!

Х.Х: –Чамайг хүссэн, хүсээгүй төр байх л болно. Тэнд хэн нэг нь очиж л таарна. Түүнийг цалинжуулахын тулд бас татвар авч л таарна. Төр өөртөө баялагтай байхгүй бол болохгүй шүү дээ.

Б.Б: -Либертари үзэлтнүү­дийн хэлдгээр баялагтай болох хоёр арга бий: нэг нь, эдийн засгийн арга. Энэ нь үйлдвэрлэх, худалдаа арилжаа хийж, баялаг хуримтлуулна гэсэн үг. Нөгөө нь, улс төрийн арга. Энэ нь дайн байлдаан, хүч хэрэглэх, эс бөгөөс хуулиар далайлгасан татвараар дамжуулан баялагтай болох гэсэн үг (Мөррэй Ротбардын Төрийн анатоми зохиолд яг ингэж хэлсэн байдаг).

Х.Х: –Тэгвэл цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн тэр нөхрийн тансаг амьдралын төлөө хөдөлмөрлөж байгаа юм бол бид чинь боол юм байна л даа.

Б.Б: -Тэгж хэлж болно. Өөрийнхөө төлөө биш, тэр нөхрийн төлөө хөдөлмөрлөж байгаа утгаараа албадлагын хөдөлмөр хийж байна гэсэн үг л дээ. Долоо хоногт 40 цаг хөдөлмөрлөөд авсан мөнгөнийхөө 10 хувийг татварт өгдөг бол 40 цагийнхаа 1/10-д албадлагын хөдөлмөр эрхэлж байдаг болж таарна! Тэгэхээр татвар гэдэг бол мөн л зөөлөн хэлэхэд хулгай, шулуухан хэлчихэд боолчлол. Либертари үзэлтнүүд үүнийг олон түмэнд ойлгуулахын төлөө байдаг учраас төрийнхөн либертари үзлийг их ад үздэг.

Х.Х: –Манайд чинь Татварын алба гээд мундаг том алба байдаг байх аа?

Б.Б: -Тийм ээ, “чиний хийж бүтээсэн баялгийн 10 хувь нь минийх гэж хэлж чаддаг ганц байгууллага” даа.

Х.Х: –Төр энэ албанд их ач холбогдол өгдөг биз дээ?

Б.Б: -“Цаад олон түмнээсээ улам сайн татварлаарай, тэгвэл та нарыг бүр том сайхан байшинд суулгаж, цалинг чинь нэмж, сайхан машин унуулж, эрх ямбыг чинь дээшлүүлнэ шүү” гэж хэлж буй хэрэг. Төр ингэж л өөрийгөө томсгодог байхгүй юү! Биднийг дээрэмдэхдээ бидний мөнгийг ашиглаж байна шүү дээ. Татварынхан өөрсдийгөө, бусдын мөнгийг сайн авлаа гэж хэдэн арван саяар урамшуулдаг гэж байгаа. Төрийнхөн ингэж л биднээс худал хэлж мөнгө авчихаад өөрсдөө завшиж байна.

Х.Х: –Хүмүүс энэ бүхнийг мэддэггүй учраас татварын асуудалд хүлцэнгүй ханддаг байх л даа. Татварын сөрөг үр дагаврын талаар товч бөгөөд тодорхой хэлээд өгөөч?

Б.Б: -Шууд тооччихъё. Нэгд, Илт харагддаг нэг зүйл бол татвар нь хүний орлогыг багасгадаг. Хоёрт, Олсон мөнгөө бусдад алдаад байгаа хүний ажиллах идэвх, санаачилга сулардаг. Гуравт, Татварт дарамтлагдсан жижиг, дунд бизнесийнхэн зах зээлээс шахагддаг. Эсвэл “болох-болохгүй” зүйл хийж эхэлнэ. Буруу зүйл хийдэггүй юм гэхэд борлуулах гэж байгаа бараан дээрээ татварын мөнгийг нэмнэ, тэгснээр худалдан авагчид хохирно (Миний бодлоор, худалдан авагч хохирч байгаа юм бол дэлгүүрийн эзэн ч цаагуураа мөн л хохирч таарна). Дөрөвт, Татвар нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө эрэлт ихтэй, ашигтай салбар уруу биш, татвар багатай, нийгэмд ашиггүй салбар руу оруулахад хүргэдэг. Тавд, Татвар хүний цагийг үнэхээр “алж” байдаг. Та урьд өмнө өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн эд хөрөнгө, одоогийн хөдөлмөрөөс татварлуулснаар өнгөрсөн хийгээд одоогоо алдана.

Хүчирхийлэгч нь хэсэг хүнийг эрхшээлдээ оруулж, улмаар тэднийг байгаа зүйлээрээ төлбөр хийхийг шаарддаг, түүнийг ТАТВАР гэх бөгөөд түүнээс ТӨР үүсдэг. Франц Оппэнхэймэр (“Төрбүтээлээс)

Х.Х: –Ер нь бидний татварт өгсөн мөнгө хааччихдаг юм бэ? Төрийн түшээд болохоор эмнэлэг, боловсрол, батлан хамгаалах, цагдаагийн хөлсөнд явдаг гээд байдаг.

Б.Б: -Цаадуулын чинь яриад буй зүйлс бол харагдаж байгаа нь! Харагдахгүй байгаа зүйл нь татвар төлөгч хүмүүсийн амсаж буй хохирол.

Улсын төсвийг бидний татвар бүрдүүлдэг, тэр мөнгө үр хүүхдийг маань сургах, эмчлэх, цагдаа-хуулийнханд зарцуулагддаг гэдгийг мэднэ. Ингээд биднээс авсан юмаа үнэхээр бидэнд эргүүлээд зориулдаг бол бидний бухимдаадбайдаг буруу л даа! Үнэндээ, нийгэмд өгсөн тэр мөнгөнөөс тань төр асар их хэмжээгээр завшдагт гол учир байгаа юм.

Ер нь тэгээд, бидний татварт өгсөн мөнгө үнэн зөв зарцуулагддаг юм гэхэд эндээс юу харагдах вэ? Боловсрол, эрүүлийг хамгаалахад зориулсан мөнгө алс хэтдээ тустай байдаг бол төрд зориулсан мөнгө ирээдүйд ч, одоо ч ашгаа өгдөггүй, элсэнд ус асгахтай адил алга болдог.

Татварыг бууруулах ганц арга зам бол төрийн эрх мэдлийг багасгах явдалЛибертари ишлэл

Х.Х: –Та нар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын талаар бас сөрөг зүйл яриад байдаг байх аа?

Б.Б: -Ер нь аливаа даатгалын утга нь эрсдэл, хохирлыг олон хүнд бага, багаар тархааж, нэг хүн дээр буух их хэмжээний хохирлыг багасгаж байгаа хэрэг юм шүү дээ. Ийм арга хэмжээ сайн дурын үндсэн дээр явагдах ёстой. Гэтэл манайд даатгалууд бараг бүгд албан журмынх болсноор бид учиргүй олон татвартай болчихсон. Даатгалд мөнгө төлөөд л байдаг, эргээд ямар ч ашиггүй. Эрүүл мэндийн, автын даатгалаас эргээд нөхөн төлбөр хийлгэх боломж бараг байдаггүй. Тиймээс даатгалд өгөх мөнгөө өөртөө хадгалах нь хамаагүй ашигтай.

Х.Х: –Яагаад, үндэслэлээ хэлэх үү?

Б.Б: -Иргэн хүн даатгалд өгөх мөнгөө хувьдаа хадгалаад байвал насан өндөр болсон хойноо ч юм уу, эсвэл шаардлагатай үед өөрөө бүрэн хэрэглэж чадна.

Бас тэгээд одоогийн жур­маар бол 30-40 жил нийгмийн даатгалд мөнгө төлж, төлчихөөд гай болж тэтгэвэрт гарсныхаа дараа өдөр мажийчихвал тухайн хүний дөчин жил улсад хураалгасан мөнгө дарга нарын хармаанд орно. Гэтэл та тэр мөнгийг хувьдаа хадгалж байсан бол ядаж үр хүүхдэд тань өвлөгдөх болно шүү дээ.

Х.Х: –Гэхдээ улсад хадгалуулах нь найдвартай гэж бодогдоод байх юм!

Б.Б: -Үгүй яах вэ, чи үнэхээр тэсвэр тэвчээргүй, өөрийнхөө мөнгийг өөртөө байлгаснаас өөр хэн нэгэнд хадгалуулах нь дээр, би бол биеэ барих чадваргүй, араа даахгүй хүн гэдгээ мэдэж байвал тэгсэн нь дээр л дээ. Уг нь цаад төр чинь таны ингэж хэлэхийг хүлээж байдаг юм шүү дээ. Төр “Таны мөнгийг [би] хадгалж байя, надад хадгалуулах нь найдвартай, та бол хүүхэд шиг тэсвэргүй, хойшдынхоо аж амьдралыг боддоггүй. Тэгэхээр, та 60 хүрээд тэтгэвэрт гарсан хойноо (үхчихгүй бол шүү дээ) сар бүр энэ мөнгөнөөсөө бага, багаар авч байгаарай” гэдэг.

Одоо иргэд миний нийгмийн даатгалд өгсөн мөнгө нэр дээр минь байгаа гэж бодож байгаа байх. Гэтэл энэ асуудлыг хариуцсан төрийн нэг түшмэл иргэдийн нэрийн данс аль хэдийнэ улайчихсан (2014 оны XI сарын сүүл) гэж хээв нэг өгүүлж байна лээ. 10 гаруй жилийн өмнө бас л ингэж хэлж байсан. Төрд мөнгөө хадгалуулахаар ингээд мөнгөөр минь бизнес хийж, өөртөө ашиглаад байдаг л байхгүй юү!

Х.Х: –Үнэндээ монгол хүн ч тэсвэр тэвчээргүй, хойдохоо боддоггүй шүү дээ. Ихэнх нь өөрсдөө үрчихнэ, эс бөгөөс үр хүүхэд нь нэхсээр байгаад хадгалсан мөнгийг нь авчихна.

Б.Б: -Тэгвэл, одоо яая гэх вэ дээ. Хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчээр хийлгэлтэй биш. Өөрөө өөрийгөө мэддэггүй, бусдад хувь заяагаа даатгаад явдаг хүмүүсийн тоонд ороод л явж байхаас. Өөр яах ч арга байхгүй. Үнэндээ, либертари аж төрөх ёсонд таарахгүй хүн гэж бас байдаг л даа. Насаараа бусдад толгойгоо мэдүүлээд ирсэн хүмүүсийн хувьд бие дааж амьдрах гэдэг хэцүү. Энэ сэдвээр дэлгэрэнгүй ярих бололцоо дараа гарна аа.

Х.Х: –Түр хүлээгээрэй. Манайд чинь нас барчихвал нөгөө 30-40 жил хураалгасан мөнгө ар гэрийнхэнд нь олддоггүй бил үү?

Б.Б: -Олддоггүй шүү дээ, хуулиараа тэр мөнгө улсын (улсын ч гэж дээ, нөгөө тарган эрийн) мэдэлд очдог. Тэгэхээр “тэтгэвэрт гарсан хойно надаас аваарай” гээд мөнгийг чинь авчихсан төр (төр ч гэж, бас л нөгөө тарган нөхөр) бараг таныг бушуухан үхээсэй гэж бодох байлгүй. Тэгвэл өөрийн чинь 30-40 жил хураалгасан мөнгө түүний мэдэлд очих юм чинь.

Х.Х: Тэгвэл, нийгмийн даатгал гэдэг чинь нэгэн төрлийн татвар юм байна л даа. Эрүүл мэндийн даатгал бас хэрэггүй юү?

Б.Б: -Эрүүл мэндийн даатгалаа зохих ёсоор төлчихөөд хариуд нь ямар ч үйлчилгээ авч чадахгүй бол бас л хэрэггүй эд. Маш олон хүн эрүүл мэндийн даатгалд мөнгөө төлсөөр ирсэн атлаа хариуд нь юу ч авч чадахгүй өөд болж байна шүү дээ. Өөрөө хариуцлагатай, эрүүл мэндээ боддог, угаас бие тэнхээ сайн, эрүүл чийрэг хүн бол насаараа энэ даатгалыг хий дэмий төлж байна.

Х.Х: –Тэгэхээр, ер нь даатгал гэж зүйл хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу?

Б.Б: -Амьдралд юу ч тохиолдож болох учраас даатгал хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ ажлыг төрд өгөлгүй, иргэд хоорондоо нэгдэн, хоршоолол маягаар хийж болно шүү дээ. Чили зэрэг зарим оронд ийм туршлага байдаг.

Х.Х. –Өмчийн тухай яриа руугаа эргэж оръё. Улсын өмчийн талаар асуухгүй бол болохгүй.

Б.Б: -Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ, тэр нь хэний ч өмч биш байдаг. Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан.

Х.Х: –Нээрэн, улсын өмч жаахан эзэнгүйддэг тал бий шүү.

Б.Б: -Хүн бүр халбагадаж болдог нийтийн тогоо байхад хэн ч гэсэн л түрүүлж, бас тэгээд томоор халбагадахыг хичээх нь мэдээжийн хэрэг. Хэн нэг нь халбагадахыг хүсэхгүй байлаа гэхэд бусад нь халбагадаад дуусгачихна. Тэгэхээр халбагадаагүй нь хохироод, халбагадсан нь хожоод өнгөрөх юм чинь хүн бүр л өрсөхийг хүснэ.

Улсын өмч хамгийн ихээр шамшигддаг газрууд бол улсын томоохон өмчийн газрууд. Монголд гэхэд л цахилгаан станцууд, МИАТ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт газрыг сайтар шалгаж үнэн мөнөөр нь гаргаж ирж чаддаг бол мөн ч их юм гарна даа.

Х.Х: –Нэг инээдтэй түүх санаанд орчихлоо. 1930-аад оны үед Монголд коммун байгуулах болж, малчдын малыг нийтээр нийгэмчилжээ. Тэгснээр малчид өглөө бүр хэний яндангаас утаа гарах нь вэ гэж бусдыгаа хянах ажилтай болж.

Б.Б: -Тэгдэг нь яаж байгаа юм бол?

Х.Х: –Мэдээж юм биш үү, утаа гарна аа гэдэг чинь хоол, цай хийж байна аа гэсэн үг биз дээ (зуны цаг юм гэнэ лээ). Бүгд адилхан бүх хөрөнгөө нийгэмчилсэн болохоор хэн ч илүү идэж болохгүй, бүгд адил идэх ёстой (Гэхдээ, чиний хэлснээр цаагуураа өрсөлдөж иддэг нь үнэн юм чинь). Жил хүрэхгүй хугацаанд зургаан сая гаруй малаа хагалаад идчихсэн гэдэг. Тэр үед Монгол цөөн малтай байлаа шүү дээ. 15 сая хүрч байсан юм уу, үгүй юү! Гэтэл 1/3-ийг нь идчихсэн байгаа юм даа. Нийтийн тогооноос чадахаараа халбагадахыг бодохоос өөр яах вэ, тэгэхгүй бол адилхан өгчихөөд юу ч үгүй хоцорно гэдэг бол харамсаад барахгүй шударга бус явдал болно оо доо.

Б.Б: -Нийтийн буюу улсын өмчийн талаарх хоржоонтой түүх байна шүү. Үнэндээ, ийм “шог” явдал зөвхөн 1930-аад онд л тохиолдсон юм биш, социализм, коммунизм гээчийг байгуулж байсан 1921-1990 онд нийгэм тэр чигээрээ ийм л байдалтай байлаа шүү дээ. Нийтийн тогоонд багахан хийж, ахиухан халбагадах!

Х.Х: –Гэхдээ л, социализ­мын үед шударга сайхан хөдөлмөрлөдөг байсан, тэр хэрээрээ гавьяа шагнал авч, амьдрал ахуй нь дээшилдэг байсан тухай хүмүүс их ярих юм даа.

Б.Б: -Үнэндээ бол тийм биш л дээ. Социализмын үед хүмүүсийн хөдөлмөрийн үр шим нэг тогоонд орж, тэр тогооноос тэгшитгэх зарчмын дагуу хуваарилагддаг байсан учраас шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй юм байна гэдгийг эрт, орой хэзээ нэгэн цагт хүн бүр л ухаарсан. Шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд сайндаа л нэг гялгар төмөр энгэрт нь зүүж өгнө. Нийгэм даяар үүнийг ухаарах хэрээр нийгмийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж буурах нь тодорхой.

Х.Х: –Эдийн засгийн талаар ярьж байж, мөнгөний талаар асуухгүй бол болохгүй байх? Ялангуяа одоо их явагдаад буй инфляцийн (мөнгөний ханш уналтын) талаар? Мөнгө гэж ер нь юу вэ?

Б.Б: -Төлбөрийн хэрэгсэл. Энэ хэрэгсэл улс-орон даяарх бараа таваартай эквивалент байх ёстой. Өөрөөр хэлбэл, төлбөрийн хэрэгсэл нь төлбөр хийх зүйлтэй­гээ тэнцүү байх ёстой гэсэн үг. Зах зээл дээрх мөнгөний хэмжээ бага байвал ханш нь сайн байдаг. Харин мөнгө ихээр хэвлээд байвал эсрэгээрээ түүний ханш сулардаг. Ингэж мөнгө “барлаж” мөнгөний ханш унагах ажлыг төр (Монголбанк гэдэг л дээ. Үнэндээ төр.) хамгийн сайн хийдэг. Тодорхой утгаараа мөнгө гэдэг чинь цаас юм шүү дээ. Дашрамд хэлэхэд, одоо гарч буй мөнгөн дэвсгэрт дээрх гарын үсгийг ажиглаарай. Золжаргал гэдэг гарын үсэг байх аваас саяхан “барласан” мөнгө, Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болсноос хойш “канондсон” мөнгө гэсэн үг.

Хэнри Хаазлит “Эдийн засгийг нэгэн хичээлд” номдоо өгүүлснээр жинхэнэ баялаг бол мөнгө биш, харин машин, онгоц, барилга байшин, гүүр, ном, гар утас, телевизор, талх тариа, үр жимс, мах юм. Мөнгө их хэвлэснээр жинхэнэ баялаг ихсэхгүй.

Х.Х: –За, сайхан ярилцлаа. Дараа үргэлжлүүлье.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Агч модны навчин дор

-ЗОХИОЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Хойт Америкийн хамгийн хөгжингүй орны нэг Канадад аялаад ирсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэм­бэлийн манай сонины захиалгаар бичсэн нийтлэл тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна.

Номхон далайн түрлэг татлагын үеэр эрэгт нь удтал зогсов. Өчигдөрхөн миний хөл дор их далай долгилж, дээр нь суусан сүрэг бор галуу ар араасаа эрэг рүү түрэн ирж буй давалгааны аясаар дайвалзан хөвж байлаа. Түрлэг, татлага хоёр мөнхөд улирах цаг хугацаа ирж, буцаж байгаатай адил юм. Түрлэг эхлэх бүр хүн төрж, татлага болох бүр хүн нөгчдөг гэж Англи зохиолчийн бичсэнийг санаад өөрийгөө Номхон далайн хамгийн баруун эрэгт, ирэх, буцахын зааг дээр, орших, эс оршихуйн зааг дээр зогсож байгаагаа ухаарав. Энэ бол үлгэрийн сайхан Канад орон.

Хаалттай нийгмийн үед зөгнөлт зохиолч Жюль-Верний “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” алдарт романд гардаг гурван метр ган жад барьсан Канадын загасчин өвгөн Недлендээс өөр нэг ч танил Канад бидэнд байсангүй.

Ингэхэд үзэсгэлэнт агч модыг төрийнхөө сүлдэнд дээдлэн залсан Канад гэж ямар орон бэ, Канадчууд гэж хэн бэ?

Английн колони байсан баруун эргийн Бритиш Колумб мужийн аядуу зөөлөн, Номхон далайн талын канадчууд гэж байна. Францын колони байсан, Консерватив үзэлтэй, өөрсдийгөө “дээд арьстан” гэх үзэл давамгайлсан Монреалынхан (Кубек муж) буюу Атланта талын канадчууд, бас Альберто мужийн (уул уурхайн) хүн ам сийрэгдүү суудаг, манайхаар бол хөдөөгийн канадчуудаас тус тус бүрддэг.

Миний бие Номхон далайн хамгийн баруун эргийн канадчууд буюу Бритиш Колумбын нэлээд хотуудад очсон юм. Өвлийн олимпийн нийслэл Ванкуверт ирсэн хүн өөрийгөө Ази, Номхон далайн аль нэг орны хотод хөл тавьсан мэтээр төсөөлөхөөс аргагүй. XVIII зууны үед энэ бөглүү хязгаарт зам тавих нүсэр хүнд ажилд нухлагдаж байсан хятад ажилчдын үр удам мөн Хонгконг коммунист Хятадын мэдэлд шилжихээс өмнөхөн амжиж ирсэн баян хятад болон япон, тайландчууд бараг алхам бүрт тааралдана. Нэгэн дунд сургуулийн биеийн тамирын багш хөл бөмбөгийн тоглолтын дараа маргааш Францын далбаатай ирэхээ мартуузай хэмээн өсвөрийн тамирчдад сануулж байв. Торонто юм уу Монрель зэрэг томоохон хотуудыг бодвол арьсны үзэл энд байдаггүй, бараг мэддэггүй, олон үндэстний үр хүүхдүүд нэгэн халуун ам бүл шиг аж төрж байгааг харах болно. Ванкувер хотын дарга нь өнгөт арьстан байсан, бас дэлхийд алдартай Бритиш Колумбын их сургуулийн Ерөнхийлөгч энэтхэг гаралтай эрдэмтэн байх жишээтэй. Удирдах албыг заавал цагаан арьстан канад хүн хаших албагүй, арьсны өнгөнөөс үл шалтгаалан хэн, юу чадаж байна, тэр нийгэмд байр сууриа эзэлдэг байна. Харин мужийн төв Виктория хотод азийнхан байхгүйтэй адил, ялангуяа засаг захиргааны байгууллагуудад нь ажиллаж буй ази царайтай хүн өдрийн од шиг ховор.

Ванкувер бол амьжиргааны өртөг Нью-Йорк, Вашингтоноос ч илүү өндөр, тэгсэн атлаа газар газрын хүмүүсийг өөр рүүгээ даллан дуудах увдистай, цэвэр цэмцгэрээрээ дэлхийд эхний тавд ордог, Хойт Америкийн үзэсгэлэнт хот юм. Тэгвэл энэ хотын үнэ цэн нь чухам юундаа байгаа бол? Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал, Хавайн арлуудын зүгээс үлээх дулаан агаар, аварга мод битүү ургасан давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, хүн амьдрах таатай орчинд нь байдаг юм болов уу? Ялангуяа Хонгконгын баян хятадууд энд хэдэн зуу, мянгаараа ирж суурьшсан нь орлого олох гэсэндээ бус, насан туршид нь, бас үр удамд нь хэрэглэж хүрэлцэхүйц их мөнгөө энд үрэн таран хийж, санаснаараа жарган суухыг урьтал болгосон гэмээр. Тэд хотын үйлчилгээний бараг бүхий л газрыг эзэгнэн, үнэтэй машин хөлөглөж, өргөст тортой шоронгийн хананаас өндөр, сүрлэг, гоёмсог ургамлан ханаар тусгаарласан орд харшид сууцгаана.

Баян, хоосны хоёр туйлыг эндээс л харж болно. Үлгэрийн сайхан энэ хотын “өвгөнтийн хөндийд” хар тамхичид, гуйлгачид, нийгэмдээ шаарлагдсан хүмүүс хэдэн арав, зуугаараа хоног төөрүүлж, шар нар бор хоногийг өнгөрөөнө. Харахад хөдөлмөрийн чадвартай залуус хүртэл малгайгаа дээш харуулан тавьж, хөгжим тоглон, хэд гурван цент горилон хоёр гурваараа сууцгаах нь гол төлөвхар тамхи, мансууруулах бодист донтогсод гэнэ. Зовлонгийн зуун найман аялгуу, жаргалын жаран наймыгаа даран гунигтайяа эгшиглэхийг эндээс л харж болно. Харин илт гуйлга гуйж буй азичууд, ялангуяа хятадууд энд харагдахгүй, бараг байхгүйтэй адил. Олон зууны тэртээ энд анх хөл тавьсан алдарт жуулчид, бас далайн дээрэмчид, колоничлогчид, бидний ярьдгаар тэдгээр “сайн эрсийн” үр удмын хийморь нь эдүгээ арай харьчихаагүй баймаарсан.

“…хар үс, шаргал арьс, өргөн шанаа, монхордуу хамартай монголчууд надад Америкийн уугуул индианчуудыг санагдуулдаг” гэж дал гаруй жилийн тэртээ Монголд зочилсон Америкийн Дээд шүүхийн шүүгч, нийтлэлч Уильям Дуглас бичжээ. Би тэрхүү “монхордуу” хамартангуудын нэгийг “Өвгөнтийн хөндийд” харсан юм. Тэр хүн Азийн аль нэг орноос ирээгүй л юм бол эндхийн уугуул индиан байхаас зайлахгүй. Тэр бас л малгайгаа дээш харуулан тавиад хөгжим тоглон гуйлга гуйж байв. Хар тамхинд орсон байж таарна.

Канадчууд айх аюулгүй амгалан тайван орчинд аж төрж байгаагаа илт мэдэрдэг бололтой, олны нүднээс зайдуу битүү ширэнгэнд гаргасан замаар удтал зугаалахдаа өөрсдийгөө яг л гэртээ байгаа юм шиг төсөөлдөг болжээ.Хэрэв тэндхийн ойн жимээр хэн нэгэн зугаалж яваад халдлагад өртдөг юм гэлээ гэхэд хот даяар шуугиан дэгдэж, хууль хяналтынхан сонор сэрэмжээ дээшлүүлж, нийгмийн ажилтнууд болон хэв журам сахиулагчдын тоог нэмэгдүүлж, телевиз сонин хэвлэлээр сэрэмжлүүлэг байнга явуулдаг юм байна. Канад бол дэлхийн хамгийн аядуу тайван, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангасан орны тоонд зүй ёсоор ордог. Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталдаг оронд л бүх хууль дүрэм хэрэгждэг гэж үздэг нь хэтрүүлэг биш. Канадын аль ч хотод зам хөндлөн гарахдаа гарцны дэргэдэх шонд байрлуулсан товчлуурыг өөрсдөө эхэлж дарахад ногоон гэрэл асч, баруун зүүнээс ирж буй бүх машин зогсож хүмүүсээ өнгөрүүлнэ. Зарим зорчигч гэрлээр зохицуулдаггүй гарцанд тулж ирээд тээврийн хэрэгслийн замыг чөлөөлж эхлээд явна уу гэж дохисон ч тэд та нарыгаа эхэлж өнгөрүүлж байж явна даа гэсэн шиг байрандаа хүлээн зогсдог аж. Энд зам хөндлөн гарахад явган зорчигч хамгийн давуу эрх эдэлнэ. Дараа нь дугуйтай хүн, гуравт нийтийн тээврийн хэрэгсэл, бүр сүүлд нь хувийн тэрэг явах жишээтэй. Эмнэлэг, цагдаа, галын алба зэрэг тусгай үйлчилгээнийхэнд зориулсан хамгийн баруун талын зурвасаар хэн дуртай нь яваад байдаггүй, явахыг ч боддоггүй. Харин манайд бүр эсрэгээр, тэр ч бүү хэл томоохон албан тушаалтнууд тусгай гэрэл дохиог дураараа хэрэглэж байгаа нь хүн төвтэй нийгмийн шинж яавч биш. Хүнийг биш гаднын нэртэй фирмийн брэнд болсон машиныг илүү “хүндэтгэдэг” тогтолцоонд бид орчихсон юм биш үү? Дотор нь согтуу алуурчин юм уу, чөтгөр сууж явсан ч ялгаагүй. Гэтэл тиймгүй юм байна шүү, хүмүүс ээ! Эдүгээ мөрдөж эхэлж буй замын хөдөлгөөний хуулийг бид талархан хүлээн авч хэрэгжүүлэх ёстой. Дашрамд хэлэхэд, арай л хөнгөдсөн үү гэхээс биш нэг их чангатгасан зүйл бараг байхгүй дээ. Хэрэв гаднынхан энэ талаар зориуд ажил болгож судалгаа хийдэг юм гэлээ гэхэд нийгмийн тогтолцоо, хууль дүрэм нь чухам хэнд үйлчилж буйг төвөггүй мэдэх болно. Гэвч энэ бүгдийг “илрүүлэх” гэж явдаг завтай гаднын хүн хэн ч байх билээ, бид өөрсдөө хөдлөхгүй байгаа юм чинь.

Канад оронд бүхнээс илүү харж хамгаалдаг нэг л зүйл байдаг нь хэлсэн хэлээгүй нүдэнд харагдаж байдаг. Энэ бол хүний амь, амар амгалан байдал. Зан сайтад хүн бүхэн цугладаг гэж манайхан ярьдаг. Хүний сайн санаа, сайхан сэтгэл, хүнлэг харилцааны гайхамшгийг эндээс алхам бүрд харж болно.

Ойн жимээр явж байсан, нохой дагуулсан канад бүсгүй бидэнтэй хятадаар мэндлэхэд миний ач хүү Ананд “Бид Хятад биш Монгол” гэв. Канад бүсгүй “Аа, Монгол уу? ” гэж найрсгаар хэлээд манай энд коёоте чоно элбэгтэй. Хэрэв чонотой тааралдвал өөр зүг рүү анхаарал хандуулж болохгүй, зөвхөн чонын нүд рүү эгцлэн харж чанга дуугаар хашгиран мод, чулуу шидвэл явчихна гэж тэр бүсгүй хэллээ. Гартаа гишүү барьсан нөгөө бүсгүй цааш явснаа эргэж хараад “Чоно тааралдвал хоол битгий өгөөрэй. Тэгвэл ойр ойрхон эргэж ирээд байдаг юм шүү.” гэв. Тэр бүсгүй үл таних хүмүүст ийнхүү чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгаа нь нийт канадуудын найрсаг харилцаа, хүн хүндээ анд нөхөр байх эрхэм зарчмын хэм хэмжээ болсныг харуулна. Дараа нь тааралдсан дугуйтай өвгөн ой дахь горхи руу зааж “тэнд минж байгаа, оромжийг нь харж байна уу?” гэснээ “энд ямар нэг жимсний үнэр ханхлаад сайхан байна шүү” гэж сайн танилдаа хэлж байгаа юм шиг найрсгаар өгүүлэв. “Баавгайд ч хоол өгөөд хэрэггүй, дахин дахин идэх юм горилж ирнэ. Тэр нь байхгүй бол өөр рүү нь дайрч ч болзошгүй” гэж хэлэх хүн ч тааралдав. Үнэхээр ч энэ газар хойт Америкт байдаг коёоте чонын идээшсэн таатай орчин, хүнээс бараг айдаггүй, хүн ч түүнийг айлгаад байдаггүй, айлын үүд хавиар үе үе чоно эргэлдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Араатан амьтдын жинхэнэ амьд музейг эндээс л харж болно. Амралтын бүс нутаг Вестлер ууланд тарвага хошгирч, татлаган замаар уул өөд өгсөж явахад тэртээ дор баавгай харагдах бол энүүхэнд.

Канадын өргөн уудам нутгийн төв хэсэг нь цаг агаарын хувьд Монголтой төсөөтэй, үржил шимтэй болохоор хөрсөнднь юу ч хаясан ургадаг аж. Унагасан юм уу тайрсан модных нь хавтгай ёзоороос хүртэл зулзаган мод ургажээ. Хотын төвд ширэнгэ дундуур тал бүр тийш салаалсан жим гаргаагүй бол хүн бүү хэл, коёоте чоноос өөр амьтан нэвтрэх аргагүй. Жим бүхний эх бас уулзваруудад очих газрын чигийг заасан тэмдэг, чоноос болгоомжлохыг зөвлөсөн бичигт самбарууд байрлуулсныг хараад манайх ядаж автобусны буудлаа хаягжуулдаг ч болоосой гэсэн бодол төрнө. Харин жим дагуу салхинд унасан, эсвэл олон жил, бүр хэдэн ч зууны өмнө тайрч унагасан аварга модод баруун зүүнгүй хөглөрч зам хөндлөн унасан зарим модны дундуур хүн явахад зориулсан хөндлөн ховил гаргасныг харахад канадчууд манайхтай адил ойгоо цэвэрлэх гэж төдийлөн санаа тавьдаггүй юм болов уу гэмээр. Гэвч өөрсдийгөө хямд эрчим хүчээр бүрэн хангадаг орны ард түмний хувьд түлээ нүүрс түлнэ, шаглана бас модны хулгай гэсэн ойлголт байдаггүй бололтой. Мэдээж дэд бүтэц тийм ч сайн хөгжөөгүй, зах хязгааргүй хойт нутгийн оршин суугчид модоо түлэлгүй яахав.

Канад бол олон үндэстний урлаг нь индианчуудын язгуур урлагтай хослон хөгжсөн газар юм. Миний бие Ванкуверт ирээд удаагүй байхад жар дахь жилдээ зохиогдож буй ардын дуу, хөгжмийн их наадам сүр дуулиантай болж өнгөрөв. Хөгжиж буй орны дундаж амьдралтай хүн аль нэг өндөр хөгжилтэй оронд ирсэн тэр мөчөөсөө эхлэн тэндхийн эмзэг бүлгийнхэнд тооцогдохоос өөр аргагаүй, юм бүхэн нь тэнгэрт хадсан үнэтэй. Үзвэр үйлчилгээ ч ялгаагүй. Дуу хөгжмийн уламжлалт их наадмыг үзэхээр бас уг наадамд оролцохоор дэлхийн олон арван орны хүмүүс ирцгээсэн тул хотын зочид буудал, зоогийн газрууд хүнээр пиг дүүрчээ. Тасалбарын үнэ гэхэд л 150 канад доллар буюу манайхаар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй илүү байна. Бас тэнд ордог юм гэлээ гэхэд хоол, ундаа бусад үйлчилгээ авах хэрэгтэй болно. Хэтрүүлж хэлбэл, төлбөрт нь одон орны хэмжигдэхүүн гэмээр их тоо гарахгүй л байх. Тэгвэл “Өвгөнтийн хөндийн” гуйлгачдаас эхлээд хэдэн зуу, мянга, саяар тоологдох ядууст иймэрхүү арга хэмжээ хүртээлгүй байх нь. Тэд чинь бас л урлаг соёлоор ангаж цангадаг хүмүүс. Харин Канадад соёл урлагийн иймэрхүү томоохон арга хэмжээнд нийгмийн давхарга бүхний төлөөллийг оролцуулахыг эрхэмлэж, эмзэг давхаргынханд үнэ төлбөргүй үзвэр үзэх, үнэгүй бэлэг, үдийн тансаг хоол бас л үнэгүй авах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Тэдэнд үйлчилдэг хүмүүсийг хүртэл томилж, буцах унааных нь зардлыг мөн олгож байв. Орлогоо бодолгүй яахав. Гэвч хүнийг түүнээс дээгүүрт тавьдаг “хүнлэг энэрэнгүй” гэсэн манай үндсэн хуулийн заалт энд жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаатай биечлэн танилцлаа. Бас их, дээд сургуульд орох гэвч мөнгөгүй, авьяаслаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даадаг тогтолцоо ч үйлчилж байна. Хэрэв нутгийн уугуул иргэд бол бүр ч давуу эрх эдэлдэг аж.

Дэлхийн улс түмнүүдийн дуу хөгжмийн бүтээлүүд хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзлийг тусгасан түгээмэл сэдвүүдийг хамардаг бол тэдгээрийг илэрхийлэх арга хэв маяг нь тухайн ард түмний зан байдал, онцлог төдийгүй, газар зүйн байрлал, цаг агаар зэргээс шалтгаалан янз бүр байдаг бололтой.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Олон улсад Монголоо төлөөлж буй дэд хурандаа Ч.Ариунаа

“Цаг, хором бүрээр хэмжигдэн “Хүний амь насыг аварч, хамгаалж явдаг эгэл баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм. Тийм болохоор би ажил мэргэжилдээ хайртай” гэж ярих бүсгүйг Ч.Ариунаа гэдэг. Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг, дэд хурандаа цолтой нэгэн. Түүнийг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буландаа урилаа. Дэд хурандаа Ч.Ариунааг онцолж байгаа минь дараахь учиртай юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотод хуралдсан байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааны үеэр 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Чингээд хорооны даргаар Фижи улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар Бүгд найрамдах Киргизстан улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон юм байна. Бүр тодруулбал, Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцохоор болжээ.

Уг ажиллагааны удирдах бүрэлдэхүүнд сонгогдохоор олон орны зочид төлөөлөгч өрсөлдсөн ч дэд хурандаа Ч.Ариунаа шалгарч чаджээ.

Залуу нас, чин сэтгэлээ онцгой байдлын салбарт зориулж яваа бүсгүйн туулж ирсэн амьдралын түүхийг сонирхлоо. Тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын XVIII дунд сургуулийг төгссөн. 1997 оны хавар дунд сургуулиа төгсөөд нэгэн их сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн байжээ. Гэтэл дотнын найз нь ирээд “Хоёулаа Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгье. Гоё хувцас өмсдөг юм байна лээ” гэж ятгасан байна. Цэргийн амьдралын талаар тухайн үед анхан шатны ямар ч төсөөлөлгүй байсан түүний санаанд гаалийн байцаагч нарын өмссөн хувцас жавхаалаг сайхан харагдаж байсан нь буусан гэнэ. Ингээд Батлан хамгаалахын их сургуульд очиж шалгалт өгчээ. Гэвч найз нь биш Ч.Ариунаа тэнцжээ. Улмаар БХИС-ийн Хилийн цэргийн сургуульд суралцаж, 2001 онд сургуулиа төгсөөд, ангиараа Сүхбаатарын талбай дээр сүр жавхлантайгаар жагсаж, ромбо дипломоо гардан авчээ. Сургуулиа төгссөний дараа Сэлэнгэ аймаг руу томилогдсоноор хотын хүүхэд хөдөө орон нутагт ажиллах нь тэр. Тэрбээр удалгүй Улсын иргэний хамгааллын газарт ажилд оржээ. Эндээс л түүний Онцгой байдлын салбарт ажиллах зам мөр тавигдсан түүхтэй аж. 2010 онд Австралийн Үндэсний их сургуулийг гэр бүлийн хамт зорьж бакалаврын дараахь диплом, магистр гэсэн хос дипломтой 2013 онд төгсөж ирээд ОБЕГ-таа эргэн ажиллаж эхэлжээ.

Ч.Ариунаа дэд хурандааг ажлынхан нь “Их зарчимч. Ямар нэг ажил эхлүүлчих юм бол дуусгаж байж санаа амардаг. Ийм л хүмүүс онцгой байдалд байх хэрэгтэй” гэж үнэлж байна лээ. Харин Ч.Ариунаа “Манай ээж хатуу, зарчимч талдаа хүн. Ээжийн минь хатуу юм шиг хэрнээ зүг чигийг заах, аливаа зүйлийг бодож эргэцүүлэхээр үгс миний амьдралд их хэрэг болдог гэж боддог. Би ээжээсээ суралцдаг. Зарчимч зан өөрийнхөө үзэл бодолд тууштай, үнэнч байхад нөлөөлдөг гэж боддог” хэмээн даруухнаар хариулсан юм.

Бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд Монгол Улсыг төлөөлж оролцох болсон түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Рок-н-роллын хаан

Тэр хэдийгээр Рок-н-роллыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн билээ. Тийм учраас түүнийг Рок-н-роллын хаан гэдэг . Тэр бол Элвис Аарон Пресли.

Элвис Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Америк орон зөвхөн цагаачдаас бүрддэгийн том жишээ нь Преслигийн “цусан дахь найрлага” юм. Эцгийнхээ талаас шотланд, герман, англи цус шингэсэн байдаг бол эхийнх нь талд итали, еврей, ирланд хүмүүсийн хольц бий. Нэлээн сайн ухвал чероки омгийн индиан хүмүүс ч Элвисийн элэнц хуланцууд мөн гэх баримтууд байдаг гэсэн. Элвисийн аав нь түүнийг бага байхад банкны чек хуурамчаар үйлдсэн хэргээр шоронд орж байсан, “наранд” гараад удаан хугацаанд ажилгүй байсан гээд л ерөнхийдөө тэдний гэрийг ээж нь л атгаж байжээ. Глэйдис, хүүгээ хар багаас нь сүм, хөгжим хоёрыг шүтэх хүмүүжлээр өсгөсөн бөгөөд энэ хоёрыг нэгтгэх ганц зам нь сүмийн найрал хөгжмийн чуулга байв. Элвис ийнхүү багаасаа сүмийн хоорт дуулж хоолойны өнгө аясаа тогтоож ирсэн бөгөөд 10 настай байхдаа хүүхдийн дууны “Old shep” уралдаанд шагналт байранд орж байжээ. Ээж нь түүний дуулах авьяасыг цаашид хөгжүүлэхийн тулд есөн насных нь төрсөн өдрөөр гитар бэлэглэж байсан нь ирээдүйн замыг нь засч өгсөн мэт. Уг нь Элвис бэлгэндээ дугуй авахуулна хэмээн мөрөөдөж байсан ч гэлээ ээжид нь дугуй авах хэмжээний мөнгө байгаагүй, байсан мөнгө нь гитарын хэмжээнд л хүрч байсан гэх хууч яриа байдаг юм билээ. Ямартай ч энэ цагаас эхлэн хүү, гитар хоёрын нөхөрлөл үхэн үхтлээ салаагүй юмдаг.

1953 оны наймдугаар сарын нэгэн өдөр Преслигийн хувьд тун чухал үйл явдал боллоо. 18 нас хүрсэн Пресли ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн зохиосон дуу хөгжимтэй пянз бэлэглэх гэж нэгэн дуу бичлэгийн студийн хаалга татсан гэх. Яагаав нөгөө хуванцар, нимгэхэн цэнхэр пянзууд байдаг шүү дээ. Хүүгийн дуу студийн эзэнд таалагдаж гэнэ. Хоёр дуутай тийм хямдхан пянз бичүүлсэн Элвис, дуу бичлэгийн Sun records студи хоёрын хамтын ажиллагаа ийнхүү эхэлжээ. Дараа жил нь нөгөө алдарт “That’s all right” дуу нь бичигдэж Элвис Пресли гэдэг нэр Америкт цуурайтаж эхэлсэн юм. Түүнээс хойш 10 гаруй жил Пресли хаан суудалд морилж, олон ч чанартай бүтээл гарган дэлхийд түгээсэн бөгөөд тэр бүгдийг дэс дараалан тоочих нь илүүц биз. Тэр 1958-60 оны хооронд хоёрдугаар танкын дивизэд алба хааж ахлагч цолтойгоор халагдсан, жинхэнэ хугацаат цэргийн албан хаагч. Баруун Германд байрлах энэ цэргийн ангид алба хааж байхдаа ирээдүйн эхнэр Присцилла Бульетэйгээ танилцаж 1967 онд гэрлэсэн. Таван жил хамт амьдарсан тэдний амьдралын “уран бүтээл” нь хожмоо Майкл Жексон, Николас Кэйж нарын эхнэр болж байсан Лиза Мариа Пресли юм.

60-аад оны төгсгөл үеэс Преслигийн нэр хүнд уруудаж, пянз хальс нь олигтой зарагдахаа больж, тоглосон кинонуудыг нь хүмүүс үзэх нь татарч эхлэлээ. Энэ үетэй нь давхцаад тэр бүдүүрч, хуучны эрч хүчтэй бүжгүүдээ хийж чадахаа болив. Нэг хэсэг түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан нөхөр “Элвис юу болоод байна?” хэмээх нэртэй ном гаргаж түүндээ поп хөгжимчний хөшигний цаадах амьдралыг хар цагаангүй илчилдэг байгаа. Хар тамхинд донтсон, ганцаараа үлдэхээс айдаг, хүүхэмсэг гээд л түүнийг баахан муулсан номыг Элвис олж хараад “Хүмүүс ээ, миний нүглийг уучлаарай. Бурхан минь, энэ номыг уншсан хүмүүст бага ч гэлээ намайг зөв талаас нь ойлгуулаасай, аминь” хэмээн бичиж байлаа.

Тэр 1977 оны наймдугаар сарын 16-нд нас барсан бөгөөд задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний цуснаас 22 төрлийн эм илрүүлсэн гэлцдэг. Зарим нь түүнийг хар тамхиныхаа донг хэтрүүлж нас барсан ч гэдэг юм билээ. Түүний шүтэн бишрэгчид Преслиг үхсэн гэдэгт огт итгэдэггүй тул байнга булшийг нь хөндөж шарил дотор хэн байгааг үзэх гэж онгичдог байсан тул хожмоо цогцсыг нь занданшуулж “Грейсланд”-д цацсан юм.

Рок-н-роллын хаан Элвис Аарон Преслигийн тухай зарим баримтууд:

-Тэр эхээс төрөхдөө ихэр байсан ч нөгөө ихэр нь удалгүй нас барсан. Шүтлэг ихтэй ээж нь нас барсан ихрийнх нь нэр Аароныг түүн дээр нэмж Элвис Аарон Пресли хэмээн нэрлэх болжээ.

-Пресли уг нь цайвар үстэй, гэхдээ Марио Ланцэг шүтдэг байсан тул үхэн үхтлээ үсээ хараар буддаг байжээ.

-Түүний нэр хүнд сулрах үе нь Beatles-ийн сэргэн мандалтын үетэй давхацдаг. Тийм учраас Ливерпүүлийн дөрвөлд Элвис дургүй байв. Ялангуяа Жон Леннонд. Өөрийн найз Холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Гуверт хандан Ленноныг АНУ-аас хөөх талаар гуйлт гаргаж байсан гэх хов сонсогддог.

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

Загвар сонирхогчид, брэнд дэлгүүрийн эзэд Монгол руу хандах боломжийг нээж байна

“Дархан минж” компани дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулахаар болжээ. Монгол хонины нэхийг шинэлэг технологиор хэрхэн сайжруулж, шинэ брэнд загварыг гаргасныг уг шоугаар харуулахаар зорьж байгаа аж. Загварын шоу арваннэгдүгээр сарын 14-нд “Crocus Event Hall” танхимд болох юм. Энэхүү арга хэмжээ нь олон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн бөгөөд гадны нэртэй загвар өмсөгчид ирж оролцоно. Ингээд загвар зохион бүтээгч Ариунаа Сүригээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн загварын шоугаар дамжуулан Монголын цоо шинэ брэндийг гаргаж ирнэ гэж сонслоо. Шинэ брэндийн онцлог?

-Брэндийн онцлог нь “Дархан минж” компанийн зөөлөн уян нэхийн дээр суурилуулан гаргаж байгаа. Технологи нь маш нарийн хийцтэй, Европт 2014 онд гарч ирсэн технологийг ашиглаж боловсруулсан. Нэхий нь маш өндөр өртгөөр гарч ирж байна. Тэгэхээр энэ нэхий загварууд маань өмнө нь гарч байсан нэхийнээс яалт ч үгүй үнэтэй. Үүнийг манайхан ойлгох байх. Турк нэхийг дөрөв, таван саяаар худалдан авч байхаар Монголынхоо турк нэхий шиг нэхийг худалдан авч өмсөөрэй гэх байна.

-Ямар үнэтэй вэ?

-Үнийн хувьд дотоод зах зээл дээрээ 1-2 сая төгрөгийн хооронд төлөвлөж байгаа, гадаад зах зээл дээр арай өндөр үнэтэй борлуулагдах болов уу.

-Загварынхаа сэдэв, нэр, логонд яагаад “Мазаалай” баавгайг сонгосон юм бэ. Ний нуугүй хэлэхэд үнэхээр даанч өрвийсөн муухай амьтан шүү дээ. Үр төлөө идчихдэг гэсэн. Ач холбогдол тун бага, мөхөж сөнөж байгаа амьтан гээд л зарим хүмүүс мазаалайд ам муу байхыг сонссон?

-Мазаалай байвгайг сэдэв дээрээ түлхүү оруулж байгаа. Мазаалай баавгай гэхээр хүмүүс юу гэсэн үг юм, ийм эв дүүгүй, царай муутай амьтнаар сэдэв болгоод гэх байх. Гэхдээ тийм биш ээ. Мазаалайны сэдэвтэй гэхээр заавал нэг өрвийсөн арзайсан юм гаргана гэсэн үг биш. Мөн мазаалай баавгай дэлхий дээр ганцхан Монголд үлдсэн. Говь-Алтай аймагт ердөө 22-хон тоо толгой мазаалай байдаг юм билээ. Бид энэхүү шоугаараа дамжуулж мөхлийн эрмэгт ирээд буй мазаалай баавгайг хүн бүхний анхааралд хүргэж, хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг эрэлхийлж байна. Загвараар хүнд маш их мэдээлэл, сэдлийг төрүүлж болно. Хятад л гэхэд хулсны баавгайгаа хамгаалж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм шоу хийж байсан.

-Хонины нэхий төрөлхийн өтгөн шигүү үстэй байдаг. Түүнд нь тохируулж загвараа бүтээх хэр хүндрэлтэй байв?

-Ийм юмнаас л загвар зохион бүтээгч хүний ур чадвар, авьяас харагддаг. Мэдээж хав хатуу юмаар уян дизайнд тохирсон юм гаргаад байж болохгүй. Арьс маань янз янзын онцлогтой. Хониныхоо наснаас хамаараад. Маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Хонины арьсан дээр ажиллахад л хамгийн зөөлөн, арай зөөлөн, үстэй үсгүй гэж хувааж байгаад тохируулан загвараа гаргах жишээтэй.

-Шоунд танилцуулах загварууд тань өдөр тутам өмсч болох энгийн загварууд байх уу, аль эсвэл авангард маягийн өвөрмөц загварууд байх уу?

-Өдөр тутам өмсөхөд бэлэн загвар байдаг. Мэдээж хэрэг дэлхий дахинд хэдэн саяар давтагдчихсан загвар хийхээс илүүтэй монгол хэмнэл агуулсан, гэхдээ хэтрүүлчихсэн биш, яг донж маяг нь таарчихсан загвар бий.

Та бүхэн шууд аваад өмсөхөд ч боломжтой загваруудыг анхаарч хийсэн.

-Шоунд гадны хоёр загвар өмсөгч ирнэ гэсэн. Тэдний талаар илүү тодруулаач?

-Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд хийхийн тулд гаднаас моделиуд авчирч загвараа танилцуулж байгаа. Монгол брэндээ дэлхийн зах зээлд гаргахын тулд гадны загвар өмсөгчдөөр өмсүүлж сурталчлуулах шаардлагатай.

Тэднийг дагаад олон улсын загварын салбарын телевизүүд, хэвлэл мэдээллийнхэн хамт явж байдаг болохоор урьсан юм. Норвегийн загвар өмсөгч Энок Гровен оролцоно. Загварын салбарт нэлээд олон жил ажилласан, нэртэй загвар өмсөгч. Өвөрмөц төрхтэй учраас онгон дагшин байгальтай Монголын онцлогийг илүү харуулж чадах болов уу гэж бодсон. Мөн Германы загвар өмсөгч Ребека Кью оролцоно.

-Тэд каталогийн зураг авалтад орох болов уу?

-Каталогийн зургаа Говь-Алтай аймагт авахаар явах гэж байна. Говь-Алтай аймгийг сонгох болсон нь мазаалайтай холбоотой. Загварын өнгө төрхөнд тохирсон байгаль тэнд байгаа.

Үүнд тулгуурлан Монголынхоо байгалийг сурталчилж гоё талаас нь үзүүлэхээр зорьж байна. Бид маш олон хүнд нэг зэрэг хүрдэг учраас буруу алхам хийж болохгүй. Загвараа зөв сурталчлах ёстой. Зургаа авсан ч гэсэн стандартад нийцэх хэмжээний зураг авмаар байна.

-“Fashion TV”-тэй хамтран зохион байгуулж байгаа гэсэн. Шоу Fashion телевизээр гарах уу?

-“Fashiоn channel”-ийн хамт олон найруулга, тухайн өдрийн бүх процессыг зохион байгуулж хариуцан ажиллана. Энэ нь манай загварын салбарынханд, тэр тусмаа над шиг загвар зохион бүтээгчид маш том тус дэм. Бүх л юмаа өөрөө зохицуулахын оронд нэг том баг хамт олон гарч ирээд хамтран ажиллаж байгаад баярлаад баршгүй юм. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй. Өөрөө бүгдийг нь хийдэг байсан. Аливаа зүйл хөгжих тусам бид нар танилцуулах арга барилаа улам нарийн чанартай, далайцтай болгоно. Дараа дараагийн шоунд гадны том том брэнд дэлгүүрийн эзэд, загвар сонирхогчид ирэх боломжийг нээж өгч байгаа юм. “Fashiоn channel”-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн бидний ард маш олон оёдолчин, уран бүтээлч байдаг. Тэр бүх хүмүүстээ баярлалаа.

-Гадны моделиуд ирнэ гэж байна. Тэднийг дагаад гадны загвар зохион бүтээгчид, шүүмжлэгчид бас ирэх болов уу?

-Ер нь маш олон загварын салбарынхан оролцоно. Шүүмжлэгчид ирвэл илүү сайн л байна. Шүүмж гэдэг чинь ганцхан муулаад байхыг хэлж байгаа юм биш.

Сайн мууг нь маш оновчтой хэлж зөвлөнө гэдэг бидний цаашдын ажилд жинтэй хувь нэмэр болно гэсэн үг.

Бидний хувьд ч гэсэн шүүмжлэгчдийг сонсохыг маш их хүсч байгаа.

-Танай загварууд яг хэзээнээс худалдаанд гарах вэ?

-“Snow 2016” загварын шоу маань энэ сарын 14-ний өдөр болно. Шоу танилцуулга хийгдсэний маргааш өдрөөс Улаанбаатар их дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ дээ.

-Баярлалаа. Танай шоу арга хэмжээнд амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Л.Жамбалжав: Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулах гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх нь гэж ярьж байна. Та эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан, асуудлыг хамгийн сайн мэдэх хүний хувьд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-1990 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбар өөрчлөгдөж зах зээлийнхээ жамаар хөгжиж байна. Гэтэл иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ёстой салбар нь ямар ч өөрчлөлтгүй эмх замбараагаа алдаж дампуураад байна. Миний бие 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт зүтгэж сумын эмчээс аймгийн мэс заслын эмч, клиник болон улсын томоохон эмнэлгүүдийн захирал, Эрүүл мэндийн яамны бүх газрын даргаар ажиллахдаа салбарынхаа төлөө гэх санаа агуулж, амжилт бүтээл, сайн сайхан талаас нь харж бодож явлаа. Тиймээс салбараа муулуулахгүй, муулахгүй байх сэтгэл зүрхтэй байдаг ч өнөөгийн доройтол, арчаагүй байдлыг нууж чадахгүй нь. Болж байна гээд хоосон алга ташиж суух нь утгагүй гэж үзсэн болохоор алдаа дутагдал, өнөөгийн бодит байдлын талаар санал бодлоо түмэн олонтойгоо хуваалцаж төр засгийн эрх мэдэлтнүүдийг анхаараасай гэж хүссэн юм.

-Салбар доройтож байгаа нь хэнтэй, юутай холбоотой юм бэ?

-Өнөөгийн алдаа дутагдал эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа 40 гаруй мянган хүнтэй холбоогүй. Амьдралд хүрэлцэхгүй хэдхэн төгрөгийн цалинтай ажиллаж, унтах нойроо хугаслан зүтгэж ирсэн ахмад буурлуудын бүтээж бий болгосон үйл ажиллагааны ерөнхий голдрил л явж байна. Ингэсний хүчинд эрүүл мэндийн салбар хэвийн үйл ажиллагаатай мэт харагдаж байгаа нь манай салбарын эмч ажилтнуудын ажлаа мэддэгийн ач тус. Сүүлийн жилүүдэд эмч, сувилагчийн буруугаас хүний амь нас хохирч байгаа нь дан ганц тэдний буруу биш. Энэ бүхэн тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай шууд холбоотой. Эмч нар эмчилгээ үйлчилгээ явуулах, мэс засал хийх, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчнийг тархуулахгүй байх зэрэг нь эмнэлгийн тусламжийг зохион байгуулж буй албан тушаалтантай шууд хамааралтай байдаг. Мөн тогтолцоотой холбоотой.

-Янз бүрийн өвчин, тэр дундаа халдварт өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг удирдах албаны хүмүүстэй холбож ойлгох хэрэг үү?

-Сүүлийн үеийн мэдээгээр бэлгийн замын өвчлөл 1.5 дахин нэмэгдсэн байгаа. Мөн сүрьеэ өвчний тархалт ихсэн, эхийн эндэгдэл нэмэгдлээ. 0-5 насны хүүхдийн эндэгдэл буурахгүй байна шүү дээ. Гадаадад эмчлүүлж буй монголчуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Манай эмнэлгүүдийн эмчилгээний чанарын үзүүлэлт муу, эмч сувилагч нар алдаа гаргаж, өвчтөний амь нас хохирч байгаа нь ерөөсөө л эрүүл мэндийн салбарын шат шатны удирдлагатай холбоотой. Тухайлбал, бригадын бага эмч, сумын эрүүл мэндийн даргаас авахуулаад нэгдсэн эмнэлэг, аймаг, дүүрэг, улсын эмнэлгүүдийн дарга, ерөнхий эмч, захирал, Эрүүл мэндийн яамны хэлтэс, газрын дарга цаашлаад Эрүүл мэндийн сайдтай шууд холбоотой. Уг нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль эрхзүйн актууд чамгүй олныг батлан гаргасан. Эрүүл мэндийн гол хуулиуддаа 3-5 жил тутам байнгын нэмэлт өөрчлөлт оруулж, хуультай холбоотой дагалдан гарах 800 гаруй журам батлан гаргасан байна. Сайн, чанартай хууль гарсан ч үй олон журам, тушаал заавруудыг мөрдөн ажиллуулах ёстой ч мэдлэг дорой, ар өврийн хаалгаар тавигдсан дарга нар байгууллага дээрээ зохион байгуулалт хийж чадахгүй байна.

-Эмнэлгийн үйлчилгээ, чанар муу байгаа тухай ярихаар өөдөөс төсөв, санхүү тааруу байна гэдэг. Үнэхээр төсөв нь хүрэлцдэггүй юм уу?

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, төсөв жилээс жилд нэмэгдсээр ирсэн шүү дээ. Ямартай ч манай төрийн түшээд эрүүл мэндийн төсвийг хасаж таналгүй байнга нэмэгдүүлж байдаг нь хүний амь юутай үнэтэй вэ гэдгийг анхаарч байгаатай холбоотой. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал бага, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувь байна гэж ярьдаг хэдий ч улсын төсөв, эмнэлгийн байгууллагуудын өөрийн орлого, олон улсын хандив тусламж, хувь хүмүүс, албан байгууллагын өгөөмөр тусламжийг тооцвол боломжийн санхүүжилттэй. Гагцхүү энэхүү санхүүжилтийг зөв зохицуулж чадахгүй, үрэн таран хийж байгааг хэн ч анхаарахгүй, хэн ч хяналт тавихгүй байна. Тухайн эмнэлэгт оны эцэст тодорхой хэмжээний мөнгө үлдвэл төрийн сан хураагаад авдаг. Тиймээс эмнэлгүүдийн удирдлага мөнгөө зарцуулж дуусгах зорилготой, дээрээс нь ахиухан мөнгө төсөвт суулгуулах сонирхолтой байдаг.

-Яам хяналт тавьдаг байлгүй дээ?

-Эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэг, тархи толгой нь байх ёстой яам нь бодлого боловсруулах битгий хэл ямар ч чадваргүй дампуурлын байдалтай байна. Туршлагатай, сүүлийн жилүүдэд бодлого боловсруулж ирсэн чадвартай төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь ямар ч ажлын туршлагагүй, мэдлэг мэргэжил дорой хүмүүсээр яамаа дүүргэсэн. Мэргэжилтнүүдээс авахуулаад хэлтэс, газрын дарга нар нь хүнд сурталтай, асуудлыг шийдэх чадваргүй өөрсдөөсөө түлхэж бөөрөнхийлсөн хүмүүс ажиллаж байна. Миний л мэдэхийн одоо яамны эмнэлгийн тусламжийн асуудал хариуцан ажиллаж буй Л.Зэндмаа гэдэг жаахан охин нийслэлийн Эрүүл мэндийн газарт олигтой ч ажиллаж байгаагүй. Нийслэлийн эмнэлгүүдийн тусламжийн асуудлыг бантагнуулж хаясан хүн өдгөө Монгол Улсын хэмжээний эмнэлгийн тусламжийн бодлогыг боловсруулж зохион байгуулна гэж юу байх вэ дээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зохион байгуулах хэлтсийн дарга П.Оюунцэцэг дүн бүртгэлийн эмч бөгөөд ямар ч ажлын туршлагагүй.Үүнээс өмнө маш сайн туршлагатай Нарангэрэл гэж хүн ажиллаж байлаа. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баяр урьд нь Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний даргаар ажиллаж байсан бөгөөд энэ ажлаа хийж чадахгүй халагдаж солигдоод энд тэнд хурган дарга хийж байсан. Ийм нөхөр Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлж чадна гэж үү. Саяхан Баянхонгор аймагт жирэмсэн эхийн төрөлтийн явцад эмнэлгийн тусламжийг буруу зохион байгуулснаас нарийн мэргэжлийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. Гэтэл зөвхөн тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцоод өнгөрлөө. Угтаа энэ бол зөвхөн эмч нарын алдаа биш. ЭМЯ-наас орон нутагт эмнэлгийн тусламжийг зохион байгуулж чадахгүй байгаагийн тод жишээ.

-Уг нь эмнэлгүүд нэг үеэ бодвол хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч чаддаг болсон. Энэ яамны ажил биш гэж үү?

-Сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр л явж байна шүү дээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хавдрын эсрэг хөдөлгөөн эхлүүлж олон нийтийн анхаарлыг хандуулж чадаж байна. Чадахаар барахгүй ХСҮТ-ийн өргөтгөлийг барих мөнгийг 2016 оны төсөвт суулгууллаа. 25 дугаар суваг телевизийнхэн 1000 төгрөгийн хандивын аян өрнүүлж 100 гаруй сая төгрөгөөр Түлэнхийн төвд арьс нөхөхөд хэрэгтэй багаж авч өгсөн. “Бороо гоулд” компани нэгдүгээр төрөхийг барилаа. Гуравдугаар төрөхийг УИХ-ын гишүүд хөөцөлдөн байж бариуллаа. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн шинэ эмнэлэг нээхийн зэрэгцээ 140 ортой хүүхдийн эмнэлэг байгуулсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд хаана юу хийж байна вэ. Эрүүл мэндийн сайд солигдох бүртээ ёс юм шиг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар өөрийн хүнээ авчирдаг. ЭМЯ-ны төсөв хөрөнгө, зарцуулалт ямар ч эмх замбараагүй, тендер явуулж байгаа нь хувийн ашиг сонирхлынх гэдгийг түмэн олон ярьж байна. Түрүүчийн хүмүүс ч ял хүлээж байна. ЭМЯ-ны сүүлийн жилүүдийн санхүү, төсөв, зохицуулалт, тендер шалгаруулалтыг холбогдох байгууллага шалгах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын баригдаагүй царцаасан барилгуудын хөрөнгө оруулалт ч но-той байгаа шүү.

-Сайд солигдох бүртээ өөрийн хүнээ авчирдаг гэсэн үг үү?

-Одоогийн ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, сайдын нарийн бичиг нар эрүүл мэндийн салбараас тэс өөр салбарын хүмүүс. Г.Шийлэгдамба сайдтай хамт ажиллаж байсан, эсвэл хамаатан садангийн хүмүүс гэнэ лээ. Бүхэл бүтэн салбарын хүний нөөц, хүний нөөцийн хөгжил, албан тушаалын томилгоог энэ салбарыг огт мэдэхгүй хүн хариуцан сууж байна гэдэг эмгэнэл бус уу. Уг нь манай салбар бусдыг бодвол хэн дуртай нь ажиллаад байдаггүй, өвөрмөц, тусгай мэргэжлийн салбар. Би эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн найм, есөн сайдтай ажиллаж байлаа. Мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой, эмчийн чагнуур зүүж, эмнэлэг дээр хонон өнжин өвчтөний амь насны төлөө тэмцэж байсан хүмүүс энэ салбарыг толгойлж байхад арай өөр байсан юм шүү. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэлээ мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, болохоосоо болохгүйг хүртэл зүтгэж өөрийн чадах ёстой юмыг хийж байсан хүмүүс уг нь байсан л юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Т.Ганди эрүүл мэндийн салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгоход хичээн зүтгэж, мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн зохион байгуулагч дэд сайд Ш.Энхбат, зөвлөх А.Дамдинсүрэн нарынхаа үгийг сонсож бас ч гэж муугүй ажиллаж байсан. Сайд асан С.Ламбаа эдийн засагч хүний хувьд салбарынхаа эдийн засгийн байдал, эмнэлгүүдийнхээ уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч чадварлаг газрын дарга нараар хүрээлүүлэн ажиллаж байсан тул өнөөдөр эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй үлдсэн. Одоогийн сайд харин яаман дээрээ ч сууж ажиллаж чадахгүй юм. Нэг бол гадуур ажилтай, эсвэл томилолттой л гэнэ. Тэр ч байтугай төрийн нарийн бичгийн дарга эмэгтэйгээ дагуулаад Америк явж, яамыг долоо хоног эзэнгүй байлгасан. Бас сонсох нь ээ, нэг архи уухаараа долоо, найм хоног алга болдог гэнэ. Би Ерөнхий сайдаас асуумаар байдаг юм. Эрүүл мэндийн салбар нь иргэдийн амь насыг хамгаалах, өвчилсөн үед эмчилж эдгээх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах асуудал Монголын төр засагт хамаагүй хэрэг үү гэж. Бас Г.Шийлэгдамба сайд “Жамбалжав дарга аа, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын сайдаар эмч хүн ажиллах хэрэггүй болохоор дотроос нь сайд томилж болохгүй гэж хэлсэн” гэсэн. Үнэхээр тэгж хэлсэн юм уу гэдгийг асуухсан.

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэсэн үг байдаг. Эмч нар хүнд суртал гаргаж, авлига өгөөгүй өвчтөнүүдэд анхаарал халамж муу тавьдаг гэдэг?

-Өнөөдөр ард иргэд өвдлөө гэхэд хэвтэх эмнэлэг алга. Эмнэлэг олдлоо ч оргүй болчихдог. Амаржих дөхсөн эх төрөх эмнэлэгт очиход ор олдохгүй, хонгилд сууж байна шүү дээ. Ер нь хүн өвдлөө гэхэд танил эмчийн эрэлд гардаг. Очоод бүх шатанд нь мөнгө барьж байна. Эрүүл мэндийн салбар авлигаараа тэргүүлдэг гэдэг нь үнэний ортой болж байна. Би эмнэлэгт ажиллаж байхдаа мэс заслын дараа хэдэн бууз, халуун савтай цай бариад орж ирэхийг авлига гэхгүй, сэтгэлийн зүйл гэдэг байлаа. Гэтэл манай салбар үнэн хэрэгтээ авлигад баригдчихаж. Ингээд зогсохгүй улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдлэг чадвар өндөр, дадлага туршлагатай эмч нараа өндөр настай болсон байна гээд халчихсан. Оронд нь баруун, зүүнээ мэдэхгүй шахам хүүхдүүд ажиллуулж байна. Энэ бүхэнд хяналт, шалгалт хийж зохих дүрэм, журмаа мөрдүүлдаг газар байх ёстой. Эрүүл мэндийн яаманд ямар ч бодлого алга. Хөөрхий нийслэлийн Эрүүл мэндийн газар, хэдэн дүүргийн эмнэлэгт чамгүй зохицуулалт хийдэг, эрүүл ухамсартай, мэргэжлийн хүмүүс л энэ салбарыг арай ч унагачихгүй зүтгэж байна даа.

-Нэгдүгээр эмнэлэг дээр л гэхэд бөөрний дутагдалтай хүмүүст зориулсан аппаратад танил талгүй, арын хаалгагүй бол орж чаддаггүй гэх яриаг зөндөө л сонсож байлаа?

-Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байгаа нь үнэн. Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болсон шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэг ёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна л даа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд бол үнэхээр сайн ажилладаг. Ялангуяа ахмад эмч нар маань олон жилийн туршлагатай, гагцхүү тэдний үйл ажиллагааг дэмжиж удирдлагын зохион байгуулалт менежментийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээр эмнэлгийн сайн нь Б.Бямбадорж даргын биш, тэнд ажиллаж байгаа чадвартай эмч, ажилтнуудын гавьяа шүү дээ. Би нэгээхэн цаг үед тус эмнэлгийн даргаар ажиллаж байсны хувьд хэн нь яаж ажилладгийг мэднэ.

Ер нь төрийн мэдэлд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Үндэсний их сургуулийн эмнэлэг, хүчний байгууллагын эмнэлэг байх ёстой.Төр, нийгмийн эрүүл мэндийг авч явах ёстой байдаг. Бусад эмнэлэг буюу I, II, III эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг хувийн салбарт байхад улсын төсөв хэмнэгдэнэ. Дээрээс нь менежмент сайжирна. Эмнэлэг эзэнтэй болно. Авлига газар авахаа болино. Хамгийн гол нь төсвийн ачаалал эрс буурах учиртай. Менежментээр хувьчлагдсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлгийг хар л даа. Улсаас ямар нэгэн төсөв авдаггүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж маш сайн ажиллаж чадаж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь төсвөөс баахан мөнгө авч байгаа хэрнээ өрөнд ороод, төсөв авч байгаа мөртлөө эм тариагаа тасалж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээр өөрсдөөр нь эм, тариа авахуулдаг. Удирдлагууд нь улсын мөнгө идээд тендер нэрээр хувьдаа ашиг гаргаж байгаа. Тэр бүү хэл сайд дарга нарт авлига өгөөд тэр суудалдаа өнө удаан жил суугаад байгаа юм биш үү. Зарим сайд эмнэлгийн дарга нараас мөнгө нэхэж авдаг гэж олон түмэн ярих юм. Үнэн байж мэдэх л юм.

-Эмнэлгийн хувьчлал гэснээс Төрийн тусгай албаны эмнэлэг барина гэж байсан. Уг барилгын асуудал юу болсон бэ?

-Төрийн тусгай албаны эмнэлэг барина гээд төсвөөс хөрөнгө гаргаж байснаа гэнэтхэн цэргийн эмнэлэгтэй нэгтгэлээ. Болох л зүйл. Гэвч эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад хуулийн байгууллага оруулахаар хөрөнгө зардал гаргаж байснаа дахиад л буцлаа. Одоо эмнэлэг хэвээр нь үлдээхээр болсон юм гэсэн. Ашиглаж эхэлье гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон гээд байх юм. Тэгснээ нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн мэдэлд өгчихөж. Нэг ёсондоо Б.Бямбадорж даргын удирдлага дор хоёр эмнэлэг ажиллах хэрэг үү.

-Төрийн тусгай албаны эмнэлгийг Б.Бямбадорж даргын мэдэлд өгчихсөн хэрэг үү?

-Тус эмнэлгийг Б.Бямбадорж концессын гэрээгээр дуусгахаар болсон юм гэнэ. 30-аад тэрбум төгрөгөөр барьж дуусгаад 30-40 жилийн дараа улсад оруулсан мөнгөө буцааж авна гэсэн. Энэ бол зүгээр л луйвар. Хэрэв концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм бол хуулиараа төрийн албан хаагч төрийн эмнэлгийг гэрээ хийж авч болдог юм уу. Тэгээд ч Б.Бямбадорж тийм сайн менежер мөн үү. Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал биз дээ. Нэг талаас нэг монгол эмч хувийн хөрөнгөтэй болж байгаа нь сайхан ч Г.Шийлэгдамба сайд нутаг нэгтэндээ шууд өгч байгаа нь хэтэрхий соёлгүй, ёс суртахуунгүй хэрэг. Шуудхан хэлэхэд Төрийн тусгай албаны эмнэлэг зориулалтаараа ажиллахгүй юм бол гэмтлийн эмнэлэг болгох хэрэгтэй. Б.Бямбадоржийн хувийн эзэмшилд өгсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллага шалгах нь зүйтэй юм.

Гэмтлийн эмнэлэг өнөөдөр савандаа багтахгүй, дээр нь Түлэнхийн тасгийг оруулсан нь эмнэлэг хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг. Түлэнхийн шарх бол идээлүүлэгч стафилококк агуулдаг халдвар тараах аюултай байхад мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй агаарын урсгал нэг газарт байж болох уу. Гэтэл бариад дуусаж байгаа эмнэлгээ хувьдаа бизнесийн эмнэлэг болгож байдаг. Бас нэгэн зүйлийг хэлэхэд Б.Бямбадорж оо, уучлаарай. Би хувь хүн гэдэг утгаар нь чам руу дайраагүй. Бас чамайг хамт олон эсэргүүцэж байхад сайн ажиллах залуу хүн гэж дэмжин орлогчоороо дэвшүүлж ажиллуулсан. Бидний хувийн харьцаа бол хувийнхаараа. Харин энэ үйл ажиллагаа бол улс эх орон, ард түмний төлөө тул би асуудлаа ил тавьж байгаа юм. Ухаантай ойлгож хүлээж аваад хариуцсан нэгдүгээр эмнэлгийн ажлаа сайжруулахыг би чамаас хүсэж байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Тиймээс эрүүл мэндийн олон мянган эмч ажилтан та бид энэ салбараа арчаагүй байдлаас гаргах хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэх эрхэм зорилго бол зөвхөн та бидний амин чухал зорилт шүү.