Categories
мэдээ цаг-үе

Баргил хоолойтой барилгачин залуу минь ард түмнийхээ өгсөн алдар хүндлэлийг дааж яваарай

“Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаж, тэр дундаас баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр од болон гялалзаж эхэллээ. Шоуны эхний шатанд тайзан дээр гарч ирэн мэндлэхдээ л шүүгчдийг цочтол баргил хоолойгоор мэндэлсэн тэр залууг дуулахад үзэгчид, шүүгчид шуугиад л явчихав. Бүгд босч хүндэтгэв. Энэ үеэс түүний амьдралын нэг шинэ хуудас нээгдлээ. Ээжтэйгээ хоёулаа гэрт амьдардаг, сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод сонирхлынхоо дагуу суралцаагүй барилгачин болсон энэ залуу даруухан, энгийн. Шоуны эхнээс л дуу хоолой нь шүүгчид, үзэгчдийг гайхшруулж орхив. Ингээд шилдгүүдийн тоонд орж шилдэг гучин хоёрын эхний багийнхнаас хамгийн олон санал авч, хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Үзэгчдийн ихэнх нь түүнд санал өгчээ. Цэцэрлэгт байхдаа мөрөөдлөө “дуучин болох” гэж тодорхойлж байсан түүнд олноо танигдан од болох замыг “Авьяаслаг монголчууд”-ын үүд хаалга цэлийтэл нээж өглөө. Шоуны эхний өдөр итгэл муутайхан тайзнаа гарч ирснээ бодвол түүний нүдэнд найдварын гэрэл ассан нь сүүлийн үеийн бичлэгээс харагдана. Од болж олонд хайрлагдана гэдэг хүн болгонд тохиох хувь заяа биш. Түүний дуу хоолойноос гадна даруухан зан, эгэл борог амьдрал, том мөрөөдөл нь үзэгчдийн хайрлах болсон шалтгааны нэг байсан болов уу. А.Отгонбаяр чив чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд бусдын адил л мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байсан жирийн нэг залуу. Гэхдээ хүн болгон мөрөөдөөд ч хүссэн зорьсондоо хүрдэггүй. Харин А.Отгонбаяр тэр нэгэн өдөр шоунд оролцох болсноор сүүлийн үед өрнөж байгаа бүх зүйл түүнд тохиолоо. Зүүд шиг л санагдаж байгаагаа тэрээр хэлж байсан. Мэдээж л дээ. Түүнийг танихгүй хүнгүй боллоо. Фэйсбүүк хуудсандаа нэг ч бүсгүй хүний зураг тавьж байгаагүй түүнд өдөрт хэдэн арваараа найзын хүсэлт ирэх болсон гэнэ. Тэр ч бүү хэл А.Отгонбаярыг байшинтай болгох хөдөлгөөн хүртэл өрнөхдөө тулав. Барилга байшингийн зар дээр “Барилгачин Баяраагийн барьсан барилга шүү” гэж байх юм. Түүнийг дэмжигчдийн клуб хүртэл бий болж. Нэг үгээр хэлбэл чимээ аниргүйхэн амьдарч байсан түүний амьдрал гэнэт олны өмнө ил, нийтээрээ таньдаг болж, бас бүгд дэмжин хайрлав. Одоо л энэ үед эвдрэхгүй өөрийгөө авч үлдэх хэрэгтэй. Муу ёрлож байгаа юм биш. Олны хайр хэтийдээд, магтаал сайшаал, урмын үг ихдээд ирэх нь дандаа сайхан байдаггүй. Уулзсан, учирсан, таарсан, таньсан болгон тэнгэрт тултал магтаж, хүндэлж эхлэхэд гэнэт л “Би чинь хэн билээ, бусдаас өөр, од хүн шүү” гэх бодол толгойд зурсхийнэ. Яг үнэндээ тэр магтаал тэнгэрт шатгүйгээр өргөсөн шигээ газарт хатуу унагадгийг мартаж болохгүй. Мөнхийн юм гэж үгүй. Бүгд хайрлаж, магтаж, архи, хүүхэн, мөнгө төгрөг ер юу л бол юу алдар нэрийг дагаад ирнэ. Тэр хэмжээгээрээ бас дэндүү их булаадаг. Бий болсон байтугай байсан гэх бүхнийг авдаг хатуу тавилан бий. Ухаанаараа үүнийг жин банг нь тааруулж, жолоогоо зөв залуурдахгүй бол амьдрал санаснаар болохгүй.

Үеийн үед л хэн нэгэн ингэж од болоход, түүнийг дэмжигч, шүтдэг, сонсох дуртай даган дуурайгчид, долдойдож эвддэг нь ч гараад ирдэг. Алдар нэр гэнэт санаанд оромгүй ирсэн шигээ, нөгөө хүнээ эгэл байсан үеэс нь, эгэл байгаа хүмүүсээс илүү хатуу чанга унагах нь бий. Зарим нь тэр хатуу уналтаас зугтаж, өөрийгөө авч гарч чадсан хүмүүс ч бий.

Социализмын үед Монголд олон сайхан авьяаслаг хүн байсан. Хүн болгон магтаж, хүүхэн болгон дурлаж, тэнгэрээс унасан мэт л тахиж сүйд болж байв. Зүв зүгээр явсан гэргий нь хүртэл гологдож салж сарнин, “би” гэх өвчнөөр өвчлөөд эхэлсэн. Магтаж сайшаахын хажуугаар архи бариад гүйнэ. Гэвч дандаа иймээрээ байдаггүй. Архи авчирч аялдан дагагчид архинд оруулчихаад өөрсдөө харин аяа бодоод алга болчихдог. Тэр үед өнөөх од болсон хүн архи хэмээх найзтайгаа л үлддэг. Архитай нэгэнт нөхөрлөвөл ихэнх нь түүнд живж, түүний эрхшээлд ордог.

Хүмүүс хувийнхаа амьдралыг хөөдөг болохоос оддын, олны танил хүмүүсийн амьдралыг хайрладаггүй. Тэд бол зүгээр л үзэгч. Гэргий чинь биш, үр хүүхэд, аав ээж чинь биш. Ялж, дийлж, гялалзаж явахад чинь хаа сайгүй дагадаг байсан ч нэг бүдэрхэд нэлээд нь алга болж, нэг алдвал нүүр буруулдаг.

П.Адарсүрэн гэж гайхалтай хоолойтой, олны хайрыг татсан, бараг л амьдаараа домог болсон хүн байлаа. Алдрын оргилд нэг өдөр хүрсэн ч Баянхошуунд айлын нүүрсний амбаарт сүүлийн амьсгалаа хураасан. Олны хайр хүндлэлийг хүлээж явсан тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг гунигтай өнгөрөөж, Хархорин зах дээр ноорхой ногоон дээлнийхээ энгэрт хоёр алтан гадас одонгоо зүүчихсэн дуулж, сүүлдээ дуулж ч чадахаа байж, “Алтай Хангайг дуулдаг Адараа ах нь байнаа” хэмээн гуйлга гуйж явсан гэдэг. Цэндийн Чимэддорж хэмээх яруу найрагч л түүнд тус болж байсан юм билээ. Ч.Мөнхбаяр гэж сайхан хүн “Харах нүдэнд гийсэн саран чи минь ээ хө” хэмээн дуулдаг байсныг санаж байгаа биз дээ. Тэр хүний амьдралын сүүлийн өдрүүд Туулын эрэг хавьцаа орон гэргүй хүмүүсийн дунд л өнгөрсөн гэдэг. Гавьяат Д.Дашням “Мөнгөн цагаан хүлэг минь” гэж дуулсаар мөн л бор дарсанд хамгаа мэдүүлж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Бөмбөгөрийн хавиар “өвгөнтийнхөн” гэгдэх хүмүүүстэй л өнгөрөөсөн байдаг. Ямар сайхан авьяастай хүмүүс байлаа. Яаж олноор хүрээлүүлж байлаа. Дуучин Төмөрийн амьдралын сүүлийн өдөр хоногууд, аймшигт үхэл ч харамсам. Алдартай яруу найрагчдын хувь тавиланг сонсоо л байлгүй. Монголынх ч, дэлхийнх ч адил даа. Гунигт хувь тавилангаар цэл залуухнаараа хорвоог орхиж, авьяас билигтээ хэт омойтож, архи дарс, хүүхэнд хэт шунан амьдралаа үрсэн байдаг нь олон.

Алдар нэр, олны хайр хүндэтгэл гэдэг тэр чигтээ өөрт ирээд наалдчихдаг юм биш. Унаж босоход нь хамтдаа л мартдаг. Ялангуяа урлаг соёлынхон энэ магтаал хайрын шуурганд амархан урууддаг. Үүнээс өөрийгөө авч гарахад сэтгэлийн хат, ухаан хэрэгтэй.

Холливудын 1980-1990-ээд оны од, 2000-аад онд ч өндөр үнэтэй байсан жижиг Жин гэгддэг Чарли Шин, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж сүүлдээ эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн нэр зүүж, нэр хүндээ алдсан бөгөөд саяхан түүнийг ДОХ-ын вирус тээгч болсон талаар зарласан. Уйтни Хьюстон ямар авьяаслаг дуучин байлаа. Хар тамхинд орж, сүүлдээ хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдсан. Хамгийн сүүлийн жишээ Линдсей Лохан байна. Байнга л ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байдаг. Архи, хар тамхи, хулгайн хэрэгт орж шорон орноор явж, нэр хүндээ барсан. “Гэртээ ганцаараа” киног мэдэхгүй хүн байхгүй. Киноны гол дүрд тоглосон Маколей Калкин эгэл амьдралаас гэнэт нэр алдарт хүрсэн ч хар тамхинд донтон хэн ч биш болсон. Тухайн үедээ Холливудын хамаг л алдартантай нөхөрлөж, шуугианы эзэн байсан залуу. Одоо түүний тухай яриа өрнөхөд “Амьд байгаа юм уу” л гэлцдэг.

Алдар нэрээр хоолоо олж идэх үнэхээр хэцүү. Бараг боломжгүй. Хүн гэдэг шуналтай амьтан. Алдрын оргилд мацаж яваад өөр зүйлд шунаж, зорилгоосоо хазайж, алдуурдаг. Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалд “Гурван уут барьсан Гуйлгачин явсан билээ” гэдэг шиг манай авьяастай гэх дуучид, хуурчид ихэнх нь тэгээс л эхэлсэн байдаг. Тиймээс ч тоглолтын тасалбараа борлуулах гэж ивээн тэтгэгч хайж, албан байгууллага, хувь хүмүүст хүчээр өгөөд явдаг. Дэлхийн одууд авьяасаараа мөнгө олдог байх. Тэд ивээн тэтгэгч гэж яриад байдаггүй. Тоймгүй их мөнгө л амладаггүй юм бол хэн нэгэн ивээн тэтгэгчид баярласан, талархсан гэж яриад байдаггүй. Тиймээс ганц авьяасаараа дулдуйдан баян чинээлэг, алдар нэртэй болно гэж хууртах хэрэггүй.

Энэ бүхнийг ирээдүйн сайн сайхан нь гялалзах нь тодорхой болж, олны хайр хүндлэл хүлээж байгаа энэ үед чинь хэлж байгаа нь муу ёрлож, мууг хүсч хэлж байгаа юм биш. Олноо хүндлэгдэж, тэр чинээгээрээ хайр хүндлэлийг нь дааж амжилт дүүрэн байгаасай хэмээн хүсч анхааруулж байгаа хэрэг юм шүү. Баргил хоолойтой барилгачин залуу минь, Адараа ахынхаа хувь тавиланг тойрч гараарай, ард түмнийхээ өгч буй алдар хүндлэлийг дааж яваарай гэж ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ

-Б.Батзаяа “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг дахин хорилоо-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг дахин цагдан хорих шийдвэрийг шүүхээс уржигдар орой гаргажээ. Б.Батзаяа болон Ли Жон Гёл нарыг энэ сарын 13-ны өдөр шүүх батлан даалтад гаргасан юм. Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан юм. Мөн АН-ын нэр бүхий гишүүд түүнийг суллуулахаар идэвхтэй явж байна гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсан билээ. Шүүхийн энэ шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хэргийг хянаж байсан прокурор болон цагдаагийнхан шүүхэд хүсэлт гаргасан юм. Прокурор уг хэрэгт холбоотой бичиг баримтыг устгаж магадгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Прокурорын энэ хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт шүүхийнхэн хэлэлцэх ёстой байсан ч шүүгч нь олдоогүй аж. Иймд өчигдөр энэ асуудлыг хэлэлцэж, дахин хорих шийдвэрийг гаргасан байна. Солонгос захирал, Б.Батзаяа нарыг өчигдөр өглөө ийн баривчилж дахин хорьжээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анх Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг баривчлахад тэд эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн аж. Харин сүүлдээ тэд мэдүүлгээсээ буцаж энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдүүлсэн гэнэ. Тухайлбал, Ли Жон Гёл мэдүүлэгтээ “Тухайн үеийн төр засгийн албан тушаалтнууд надтай уулзаад энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Тэдний яриа болон хүсэлтийг нь сонсоод итгэл үнэмшил төрсөн. Тэд өөрсдөө ямар нэгэн асуудал болбол хэргийг бүрэн хариуцна” гэж хэлсэн. Тэр хүмүүс энэ хэргийг зохион байгуулж намайг татан оруулсан” гэжээ. Харин анхны мэдүүлэг өгснийхөө дараанаас мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэнэ. Учир нь ШШГЕГ-ын дарга өөрийн шугамаараа Б.Батзаяа болон Ли Жон Гёл нартай хүн оруулж үг дайлгасан гэх яриа хуулийнхны дунд байна. Тэр хүмүүс орж уулзсанаар хэрэгт сэжиглэгдэж буй дээрх иргэд мэдүүлгээсээ буцаж эхэлсэн бололтой юм. Үүнийг баримтжуулахын тулд хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Б.Батзаяа нарыг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн буруутгаж буй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж буйг манай сонин өмнө нь мэдээлсэн.

Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хуулийнхан баримтаар тогтоосон гэнэ. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх байсан аж. Тухайлбал энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энэ баримтыг баталгаажуулсан бичгийг дээрх зургаас харж болох аж. БНСУ руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам. доллар болохыг хуулийнхан илрүүлж, баримтжуулсан байна. Энэ мэтээр хэрэг багагүй өрнөх төлөвтэй байгаа бөгөөд хуулийнхан энэ хэрэгт холбогдуулан дараагийн хүмүүсийг баривчлахад ойрхон болсон талаар эх сурвалж хэлж байна. Эхний ээлжинд Зам тээврийн яамны сайд асан А.Гансүх албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зүйл ангиар шалгагдаж магадгүй бололтой. Тэрбээр Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэнэ. Түүнчлэн Б.Батзаяа нарыг баривчлагдсан дуулиан дэгдэхэд түүний хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл бий. Харин тэрбээр энэ сарын 2-ны өдөр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүсчээ. Хуулийнхан энэ мэдээллийг аваад “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат АНУ-д байгааг тогтоож чадсан аж.Түүнчлэн тэднийг уулзаж мэдээлэл солилцох гэж буйг хуулийнханд нэгэн эх сурвалж мэдээлсэн бололтой. А.Гансүх одоо төрийн өндөр албан тушаал хашиж байгаа учир хилээр гарах эрхийг нь хязгаарласан ч албан айлчлалаар гадаад явах болбол түүнийг нь зогсоож чадахгүйд хүрч мэдэх аж. Учир нь төрийн өндөр албан тушаалтан гэсэн статусаараа хилээр гарах боломж бий гэж хуулийнхан харж буй бололтой. Нөгөө талаас томоохон албан тушаалтны хамгаалалтад байгаа учир түүнийг саатуулахад багагүй асуудал үүсэхээр байгаа гэнэ. Тэгэхээр түүнийг хуулийнхан шалгах нь цаг хугацааны асуудал болоод буй аж.

Монгол Улсын хуулиар төрийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компани Монголд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл “Samsung CT corporation” 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны аравдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон гэгддэг. Ингэхээр энэ компанийг байгуулаагүй байхад шалгаруулсан байдаг. Ийм компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж хэн гэрээ хийсэн бэ гэдэг асуудал гарч буй бөгөөд үүнд тухайн үед хяналт тавьж ажилласан сайд оролцоотой байх магадлал өндөр байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа гэнэ.

“МТЗ” болон “Samsung CТ”-ийн хооронд гэрээ хийхдээ төсөвлөсөн мөнгөнөөс бага үнэтэй сонголт хийхэд тухайн мөнгө нь “Samsung CТ”-д үлдэх бөгөөд зөвхөн бэхэлгээний сонголт дээр нь жишээлэн хэлэхэд нэг бетонон дэр дээрх бэхэлгээний үнэ гэж “МТЗ”-аас 35 ам.доллар авах байсан байна. Ингэхдээ худалдаж авах үнэ нь 24 ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд тусгаснаар 11 ам.долларын зөрүүтэй байгаа аж. Нийтдээ энэ төсөлд 600 мянган бэхэлгээ орно гэвэл 6.6 сая доллар зөвхөн бэхэлгээнээс “Samsung CТ”-ийн халаасанд орж байсан бололтой юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ төслийг гүйцэтгэснээр тус компанид 86 сая ам.долларын ашиг орно гэж гэрээнд тусгасан байжээ. Зөвхөн бетонон дэр дээрх бэхэлгээний үнийн зөрүү нь ийм их байсан гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Алслагдсан аймгуудын аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлнө

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарим гишүүд өргөн барилаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон гол шалтгаан нь юу байв. Яагаад заавал алслагдсан аймгууд гэж тодотгоод байгаа юм бэ?

-Байнгын үйл ажиллагаа явуулдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлж, гурван жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр боловсруулсан. Уг хуульд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон аж ахуйн нэгжийн орлогын татвар ноогдох орлогоос хөнгөлөхөөр тусгаж өгсөн.

Энэ хуулийн гол зорилго нь Улаанбаатар буюу улсынхаа нийслэлээс алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан энэ цаг үед бизнесийнхнээ дэмжих нь хамгийн зөв гарц. Улаанбаатар хотоос 600 км, 1000 км алслагдсан тийм нутаг оронд бизнес эрхэлж байгаа хүмүүс үнэхээр хүндрэлтэй байна гэдгийг тэд өөрсдөө ч хэлж байна.

Алслагдсан аймгуудад бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр өртөгтэйгөөр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг юм. Хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, бараа бүтээгдэхүүн нь хамгийн өндөр өртгөөр очиж, тээврийн зардал нь хамгийн өндөр гээд асуудал бий. Тийм болохоор алслагдсан аймгуудын иргэд өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн авч хэрэглэхээс өөр ямар ч замгүй болж байгаа юм.

-600 км, 1000 км гээд хоёр янзын хэмжигдэхүүн яригдаад байна. Энэ хоёр нь ямар учиртай юм бэ?

-Бид аж ахуйн нэгжүүдийг ангилаад Улаанбаатар хотоос 600 км дотор үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо төлж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Ухаандаа найман хувийн татвартай болж байна гэсэн үг. Харин нийслэлээс 600-1000 км дотор аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бол Аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь буюу таван хувь болгоно гэсэн үг. Улаанбаатараас 1000 км-ээс дээш зайд алслагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нь 90 хувийн хөнгөлөлт үзүүлээд одоо мөрдөж байгаа 10 хувийн татвар маань нэг хувь болно гэсэн үг. Уг хуулиар ийм эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм.

-Уг хуулийг дэмжлээ гэхэд ямар сайн зүйл гарах юм…

-Уг хууль батлагдвал хөдөө орон нутагт бизнесийн орчин сайжирч, ажлын байр хадгалагдана. Орон нутагт жинхэнэ утгаараа жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж байгаа төрийн дэмжлэг болох учиртай юм. Хөдөө орон нутгаа бид дэмжиж чадвал нийслэлийг чиглэсэн их нүүдэл татарна. Бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс заавал Улаанбаатарт ирээд байх шаардлагагүйгээр орон нутагтаа аятайхан амьдрах боломж бүрдэх юм. Их хурлаас хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Уг хуулийг алслагдсан аймгуудад хөрөнгө оруулалт хийвэл хэр алслагдсанаас, хэр хэмжээний хөрөнгө оруулснаасаа шалтгаалан тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтойгоор баталсан байдаг. Хөрөнгө оруулалтын хууль батлагдчихсан юм чинь одоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулж чадвал хөдөө орон нутагт бизнес эрхлэх орчин сайжрах давуу талтай.

-Энэ хуулийн төслийг бизнес эрхлэгчид таатай хүлээж авах нь гарцаагүй. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байхад уг хуулийг батлах боломж байгаа юм уу. Орон нутагт бизнес эрхлэгчид жилдээ хэдэн төгрөгийн татвар улсад төлдөг юм бэ?

-Улаанбаатараас 600 км-ээс дээш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлого нь 2.3 тэрбум төгрөг юм билээ. Улсын хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийн төсвийн орлого тасрах магадлалтай ч нөгөө талдаа бид ингэж л аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол маш олон хүн ажлын байргүй, орлогогүй болох, орон нутагт бизнесийн үйл ажиллагаа хаагдах ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

Өнөөдөр маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байгааг бүгд харж, мэдэрч байна. Бид иргэдээ орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй, орон нутагтаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг нь дэмжих нь чухал. Түүнээс биш эдийн засгийн хувьд маш хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээсээ татвар авах нь төрийн гол зорилго биш.

-Гэхдээ алслагдсан аймгуудад бензин шатахуун өндөр үнээр очиж байна. Үнийг нь буулгах ёстой гэсэн боловч харин ч эсрэгээрээ Онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Уг хуулийн төсөл чинь энэ замаар явчих юм биш биз?

-Бензин, шатахууны Онцгой албан татварыг нэмнэ гэхэд МАН эсрэг байр суурийг барьж байсан. Бензин, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр үндсэндээ 60 хувь хямдарчихаад байна. Засгийн газар Онцгой албан татвараа нэмээгүй бол бензин шатахууны үнэ хөдөө орон нутагт 60 хувь хямдарч бусад бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах боломж байсан.

УИХ-аас сая баталсан төсөвтэй холбогдуулан Монгол Улсын бүх газар нутагт шатахууны үнэ ижил байх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар УИХ-ын энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой.

-2016 оны төсвийг батлачихлаа. Бизнесийнхэнд сайн, муу ямархуу төсөв болсон бэ?

-2016 оны төсөв буруу тооцоологдсон. Учир нь орлогыг маш өндрөөр баталчихлаа. Төсвийн орлого өндөр тооцогдоно гэдэг нь аж ахуйн нэгжүүд дээр ирэх татварын ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс бидний өргөн барьсан хууль аж ахуйн нэгжүүд тэр тусмаа алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхэндээ тодорхой хөнгөлөлт үзүүлж улс оронд үүссэн эдийн засгийн хямралаас гарах төрийн бодлого дэмжлэг гэж харж байгаа юм.

-Алслагдсан аймгийн бизнесийнхэнд боломж олгоно гээд байх юм. Төвийн бүсийнхнээ ялгаварлаад байгаа юм биш үү. Нийслэлд байгаа аж ахуйн нэгжүүд яах юм?

-Нийслэлээс гараад Төв, Булган, Хэнтий, Сэлэнгэ ч гэдэг юм уу 600 км дотроо багтсан орон нутгийн бизнес эрхлэгчид 20 хувийн хөнгөлөлтөө эдлээд явна. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт эдлэхгүй. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл өргөн баригдчихсан байгаа. Тэр хуулийг энэ цаг үед давхар хэлэлцээд явах ёстой. Ардчилсан намын гишүүд 90 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн. МАН-ынхан 90 хувийн хөнгөлөлт гэдэг бол нэг хувийн татвар юм. Тиймээс энэ тогтоолцоонд оръё гэсэн үг. 10 хувиа төлөнгүүт нь 90 хувийн хөнгөлөлт үзүүлээд төлсөн 90 хувийг нь буцаан олгоно гэдэг бол маш том хүнд суртлын тогтолцоог бий болгоно. НӨАТ-ын буцаан олголт гэхэд гаалийн болон татварын байцаагчдын өнгө үзэмжээс шалтгаалдаг бизнесийн дарамтууд их байдаг. Тиймээс шууд нэг хувь болгочих юм бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чинь алслагдсанаасаа үл шалтгаалаад шууд нэг хувь болоод зохицуулагдаад явах боломж нь бий.

-УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хууль бол бизнес эрхлэгчдэд том боломж гээд байгаа. Төрөөс олгосон боломжуудад хувийн хэвшлийнхэн хойрго хандаад байгаа юм билээ?

-Эдийн засгийн ил тодын нэртэй боловч энэ чинь татварын өршөөлийн хууль байхгүй юу. Татварын өршөөлийн хуулиар өмнө нь татварын баланст тусгаагүй нуусан үл хөдлөх хөрөнгөө аж ахуйн нэгжүүд маань ил болговол торгуульгүй, хуулийн хариуцлага хүлээлгүйгээр далд эдийн засгаа ил болгох хууль юм. Өмнө нь батлагдаж байсан өршөөлийн хуулиар бүх аж ахуйн нэгж бүрэн хамрагдаж чадаагүй. Монгол Улсад 70 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ч байнгын татвартай харьцдаг 20 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Бусад 50 мянган аж ахуйн нэгж нь “Х” тайлан гаргаж явдаг хэрнээ үйл ажиллагаа явуулдаг. Тэгсэн мөртлөө үл хөдлөх хөрөнгөтэй байдаг. Тэгсэн мөртлөө хөрөнгөтэй байдаг. Түүнийгээ татвар дээрээ гаргаж ирж чаддаггүй хүндрэлүүд байсан. Энэ бүгдийгээ татвар дээрээ гаргаж ирж чадахгүй байсныг нь ил болгож гаргаж ирснээр тухайн компанидаа, иргэн хүндээ ашигтайгаар өөрийн хөрөнгөө албан ёсоор баталгаажуулж авч байна гэсэн үг. Ингэснээрээ татварын бааз суурийг нэмэгдүүлж байгаа тийм л хууль.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Н.Энхбаяр, Н.Удвал нараас байцаалт авсан зүйл байхгүй

МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

-Өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр таныг МАХН-ын генсек боллоо гэж нэлээн шуугилаа. Дэд сайдынхаа албан тушаалыг өгөөд намынхаа гал тогооны ажилд шаргуухан орохоор иржээ гэж ойлгож болох уу?

-Өчигдөр хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Б.Тулга МАХН-ын генсек боллоо” гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл. Өнгөрсөн долоо хоногт намынхан маань хуралдаад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон. Энэ долоо хоногийн эхээр ажлаа хүлээж аваад байж байна.

-МАХН-ын дараагийн генсек хэн бэ гэх асуулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ц.Шаравдорж, Н.Удвал, Ж.Сүхбаатар нарын олон хүний нэр сонсогдож байгаа. Энэ асуултын хариуг МАХН хэзээ өгөх вэ?

-Олон хүнийг таамаглаж байгаа. Тэдний аль нь ч намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой. Боловсрол, мэдлэг, туршлагатай олон хүн бий. Харамсалтай нь МАХН-ын хувьд яг одоо маш хүнд нөхцөл байдалд байгаа. Манай намыг сонгуулиас өмнө дарж авах гэсэн оролдлого улс төрийн тодорхой бүлэглэлүүдэд байна. Тэрийгээ гүйцэтгүүлэхийн тулд өөрсдөд байгаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өрсөлдөгчөө намнах аргыг хэрэглэж байгаа. Энэ үүднээс нам, лидерүүд, ерөнхий нарийн бичгийн даргыг ямар нэгэн байдлаар асуудалд унагах, зохион байгуулалттай гэмт хэрэгт түлхэх үйл явц өрнөж байна. Энэ бүх үйл явдлын дунд хэнийгээ ерөнхий нарийн бичгийн даргаар тавих вэ гэдэг манай намын дотооддоо ярилцаж шийдэх асуудал. Гэхдээ Г.Шийлэгдамба дарга ажлаа өгөх тухай өргөдлөө өгсөн хэдий ч намын зүгээс чөлөөлөөгүй байгаа. Учир нь гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна. Мэдээж хэрэг ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас яаралтай шийдэх асуудлын нэг мөн ч гэлээ нөгөө талаараа Г.Шийлэгдамба даргад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бидэнд уулзах ямар ч бололцоо алга. Хэрэв уулзаж чадвал хоорондоо ярилцаад яахыгаа шийдэх боломжтой болно. Энэ бүх асуудлын дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуудлыг ярилцана.

-Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай хоригдсоноос нь хойш уулзаагүй гэсэн үг үү?

-Өмгөөлөгч нь л орж уулзаж байгаа. Гэр бүлийнхэн нь ч уулзаж чадахгүй байна. Бид намынхаа зүгээс уулзах хүсэлт байнга тавьж байгаа хэдий ч өнөөг хэр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулж намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгье гэдгээ илэрхийлсэн. Үнэн мөн нь тогтоогдоод гарч иртэл бас тодорхой цаг хугацаа зарцуулагдах учраас намынхаа ажлыг унагахгүйн тулд ажлаа өгье гэж хэлсэн байсан.

-Баригдсан даруйд нь намаа санхүүжүүлэхийн тулд хэрэгт холбогдчихлоо гэх мэдээлэл тарсан. Намын генсек, яамны сайд хүний хувьд сонгуулиас өмнө санхүүжилт олж ирэх даалгавраа гүйцэтгэж байгаад баригдлаа гэж ярих хүмүүс байна?

-Тэр бол бидний гаргасан мэдээлэл биш. Дээр хэлсэн шүү дээ. Манай намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд янз бүрийн улс төрийн бүлэглэлүүд ажиллаж байна гэж. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна вэ гэхээр намын дарга, лидерүүд рүү дайрч нэлээн үзлээ. Нам руу дайрахдаа голыг нь таслахын тулд санхүүжүүлдэг, мөнгө өгч байгааг нь айлгах тактик байдаг юм шиг байна. Энэ төлөвлөгөөний дагуу санхүүжилттэй холбоотой гэх мэдээлэл гаргалаа. Зориудаар ийм мэдээлэл цацаж байгаа нь батлагдаж байна шүү дээ. Ямар ч хүнийг эхлээд сэжигтнээр тооцож байгаад шүүхийн тогтоол гаргадаг. Тогтоол үзэхээр яллагдагч Г.Шийлэгдамба гээд биччихсэн байдаг юм. Нэг ёсондоо сэжигтэн ч биш аль хэдийнэ яллагдагч болгоод шүүхээс тогтоол гаргасан байх жишээтэй. Түүнчлэн МАХН-ын санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд АТГ оролцож эхэлсэн. Манай намын ажилтнуудаас “Танай нам хэнээс, яаж санхүүждэг вэ. Хөдөө орон нутгаар явахдаа шатахуун түлш яаж хийдэг вэ” гэхчилэн асууж байцааж байна. Улс төрийн нам орон нутгаар явж ард түмэнтэйгээ уулзалт хийх нь үүрэг биз дээ. Гэтэл энэ бүхнийг ямар нэг байдлаар мушгиж зохиомол хэрэгтэйгээ хутгах үйл явц ид явагдаж байгаа. Тэр утгаараа намын санхүүжилтийн асуудлыг Г.Шийлэгдамбад нааж байх шиг байна. Нийгэмд нэг мессэж яваад байна лээ. Н.Энхбаяр дарга нь үүрэг өгснийг Г.Шийлэгдамба биелүүлэх гэж байгаад баригдсан гэж. Уг зохиолоо бүтэн болгож Н.Энхбаяр даргыг хэрэгт холбогдуулах гэсэн арга гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Та намыг, лидерүүдийг зориуд ингэж байна гэж дээр хэллээ. Н.Энхбаяр даргаас өөр хэнтэй холбоотой асуудал үүсч байсан юм бэ?

-Та бүхэн анзаарч байгаа бол 2011 онд намын нэр авснаас хойш Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн, МАХН-ын сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн зэрэг бүх л процессын турш манай намын ерөнхий бичгийн даргыг барьж хорино гэх яриа гарч байнга дарамталж ирлээ. Н.Удвал даргыг байх үед өнөө орой баривчлах гэнэ ээ гэх яриа гаргаж л байдаг. Юунд, яах гэж баривчлах гээд байгаа нь мэдэгддэггүй. Намыг л дарж унагаах гэсэн бодлого байсан, байсаар ч байна. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн шигээ манай намын генсекийг хорилоо. Хэрвээ шударга ёс тогтчихсон байсан бол аль хэдийнэ асуудлыг шийдчих байсан биз. Бид нар айдастай байгаа. Гэхдээ айдастай байлаа гээд бид хойшоо сууна гэж байхгүй. Ухрах зам байхгүй. Ер нь АТГ чинь хууль, шүүхийн байгууллага юм уу, улс төрийн нам болчихсон юм уу. Улс төрийн пиар хийгээд л явж байна. АТГ гэдэг нам бий болжээ гэж хэлсэн байна лээ. Тэд 2016 оны сонгуульд бид ялна, хэн нэр дэвшихийг шийднэ гэж яриад сууж байна гэж цөөнгүй хүмүүс ярьж байна. Бид ч тэгж байна гэж дүгнэсэн. Үүнийг нэлээн ортой дүгнэлт гэж бодож байгаа.

-Танай намын дарга Н.Энхбаяр болон Н.Удвал нараас байцаалт авсан юм уу?

-Одоогийн байдлаар тэднээс мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Байцаалт авах гэж байна, авчихлаа гэж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаагаас авсан зүйл байхгүй. Ер нь олон нийтийг нэг дасгаж, урьдчилан бичигдсэн зохиолынхоо дагуу явдаг жишиг тогтчихлоо шүү дээ.

-“Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон. Гэвч сүүлийн үед эвслийн хоёр намаас МАХН-ыг онцолж улс төр хийгээд байгаа нь ямар учиртай вэ. Мөн МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН дотроо болж бүтэхээ байлаа” гэсэн санаа илэрхийлж, эвсэл дотроо эв түнжин муутай байгаа гэж ойлгогдож эхэлсэн. О.Баасанхүү гишүүн гэхэд л ирэх сонгуульд бие даан нэр дэвшсэн ч болно гэж яриад байгаа?

-Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс олонхийг бүрдүүлсэн намтай хамтарч чадах чинээгээрээ хичээн ажилласан. Хамтарсан дотроо бид нар цөөнх болчихоод байдаг. Бид нар гарчихаар засгаа байгуулж чадахгүй байдалд хүрдэг. 2012 оны зорилт бол МАНАН-г дахин үүсгэхгүй явдал байлаа. Бид нар Засгийн газрыг аль болох тогтвортой байлгах тал дээр байр сууриа илэрхийлж ажилласан. Энэ нь эргээд нийгэмд, жирийн бизнес эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй. “Шударга ёс” эвслийн дотоод асуудал дээр гэвэл О.Баасанхүү гишүүн өөрөө хэлсэн байна лээ. Гэр бүл дотроо муудалцаад маргааш нь салаад явчихдаггүй гэж. Тодорхой асуудал дээр санал зөрж муудалцах зүйл гарна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-1992 оноос хойш мажоритар, пропорциональ тогтолцооны бараг бүх хувилбараар саналаа өгч үзлээ. Манайд одоо нэг л зүйл дутагдаад байна. Тэр нь тогтвортой байдал. Сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөхөөр нийгмийн тогтворгүй байдал үүсчихдэг. Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг хамгийн буруу жишиг. Хэдийгээр манай намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн саналыг өргөн барьсан ч гэлээ тогтвортой байдал хамгийн чухал. Одоогийн хуульд нэг ноцтой зүйл ажиглагддаг. Тэр нь Үндсэн хуулиар хувь хүн сонгоно гээд заачихсан байхад намын жагсаалтаар сонгоод байгаа асуудал. Үүнийг засаж болох юм. МАХН 38 нь намын жагсаалт, 38 нь тойргоос сонгогдох хувилбарыг оруулж ирж байгаа. Гэхдээ нам дотроо эрэмбэлээд жагсаалтаа оруулчихъя. Иргэд намыг сонгохдоо жагсаалт дотроос хувь хүнийг нь сонгочихно. Тойргоос, бас жагсаалтаас хүнээ сонгоно гэсэн үг. Тэгэхээр иргэдийн өгсөн саналаар намын эрэмбэ шинээр гарч ирнэ. Ингэхээр Үндсэн хууль зөрчиж байгаа хувь хүнийг сонгохгүй байна гэх асуудал байхгүй болчихож байгаа юм. Үндсэн хуулийн тухайд өөрчлөлтийг энэ парламент хийх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

-Яагаад?

-Үндсэн хуулийн хямрал болох юм бол тухайн улс гүрэнд дайн дажин гардаг. Бидний жишээ авах дуртай америкчууд л гэхэд Үндсэн хуульдаа гар хүрэлгүй хоёр, гурван зуун жил яваад байдаг. Асуудлын учир Үндсэн хуульдаа ч байдаггүй. Хуулийг дагаж мөрдөж байгаа субьектууд өөрсдөө дагаж мөрдөхгүйгээс болж гарсан хариуцлагагүй байдлаа нуухын тулд Үндсэн хууль руу орж байна. Дөрвөн жил улсаа удирдахдаа эдийн засгаа унагаж, хөрөнгө оруулалтаа дайжуулчихлаа. Шударга бус байдлыг бий болгочихлоо. Үүндээ хариуцлага хүлээхгүйн тулд Үндсэн хууль болохгүй байсан байхгүй юу гэх мессэж оруулж ирж байна. Оруулж ирж байгаа өөрчлөлтүүдийг нь харахаар бас л өөрсдийнхөө эрх мэдлийг баталгаажуулсан зүйл заалт оруулаад байдаг. Засгийн газрын яамдын тоо ес байна л гэнэ. УИХ Засгийн газраа байгуулаад 90 яамтай байсан ч болно. Үнэхээр тэд ажиллаж чадаад улс эх орноо хөгжүүлж байвал хэдэн яамтай ч байж болно шүү дээ. Яагаад ч ес гэсэн тоо гаргаад байгаа юм. Үнэхээр өөрчилье гэвэл ийм богино хугацаанд асуудлыг шийдэж болохгүй л дээ. Жирийн малчин айл, гэр хороололд амьдарч байгаа хүмүүс ямар өөрчлөлт орох гээд байгааг мэдэхгүй байгаа. Ямар ч мэдээлэлгүй байгаа хүмүүс юу гэж саналаа өгөх юм бэ.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд сониноор сурталчилгаа явуулахыг хориглосон. Та эрх баригч намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Сонгогчдын сонгох эрхэд шууд халдаж байгаа гэсэн үг. Дөрвөн жилийн турш зурагтаар гарсан хүмүүс зөвхөн өөрсдийгөө сонгуулах ажил хийж байна. Сонгох, сонгогдох эрхийн аль, аль нь зөрчигдөх гээд байгаа. Өнөөдрийн улс төрийн байдлыг өөрчилье, цоо шинэ нийгэм байгуулъя гэсэн залуусын хүнд танигдах боломжийг хааж байна. Танихгүй хүнийг хэзээ ч сонгохгүй шүү дээ. Олонд танигдах боломжийг уг хуулиар хаах гэж оролдож байна. Өөрсдийнхөө барьж буй засаглал, одоо сууж буй суудлыг хадгалж үлдэх сонирхол хуулийн ард байна. Нөгөөтэйгүүр, бүх мэдээлэл хүссэн хүндээ ганцхан минутын дотор хүрч байхад сонгуулиар сонин дээр сурталчилгаа явуулахгүй байна гэдэг бол ардчиллыг сонгосон 25 жилийнхээ ололт амжилтаас зуун хувь ухарч байгаа хэрэг. Дайн болж байгаа улс оронд сонин гаргахыг хорьдог шүү дээ. Мөн коммунист улсад үзэл суртлын хэлтсээр ороогүй бол сонин гаргахыг хорьдог. Ардчилсан улсад хэн нь юу дуртайгаа хэвлэн нийтлэх эрхтэй. Бид 25 жилийн өмнө ийм нийгэмтэй болох гэж сонголтоо хийсэн. Сонгогчид, өрсөлдөх гэж буй хүмүүс, дээр нь сонин хэвлэлүүд ардчиллыг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ардчиллыг устгаж байгаа хүн хэн бэ гэвэл эргээд ардчилсан намынхан өөрсдөө болчихоод байна. МАХН хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө зүтгэнэ.

-Сар хүрэхгүйн өмнө МАН болон МАХН-ын ахмадууд хоёр нам нэгдэж ирэх сонгуульд оролцох хэрэгтэй гэж өргөх бичиг барьсан. Гэвч түүнээс хойш олон таагүй үйл явдал боллоо…

-Аливаа зүйлийн цаг хугацаа давхцана, давхцана гэхэд ийм байж болохооргүй мэт. Гэвч хоёр намын ахмадууд өргөх бичиг барьсан цаг үетэй давхцан Г.Шийлэгдамба даргыг баривчилсан нь хардах сэтгэл эрхгүй төрүүлж байгаа. МАН-ын ахмадууд бидэнтэй ирж уулзсан. Бид гүйцэтгэх товчоогоороо ахмадуудынхаа саналыг нээлттэй авч хэлэлцсэн юм. МАХН-ын дарга “Бидэнд сонгуульд оролцох дөрвөн хувилбар байна” гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт, МАХН дангаараа орж болно. Хоёрдугаарт, бусад буюу МАН, АН-аас өөр улс төрийн хүчинтэй нэгдэж эвсэл болж оръё. Гуравдугаарт, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж явсан утгаараа хамтаръя. Дөрөвдүгээрт, МАН-тай хамтрах. МАХН-ыг удирдаж байсан ахмад өргөх бичиг барилаа шүү дээ. Тэд юу гэсэн бэ гэхээр ирэх оны сонгуульд МАН-тайгаа хамтарч оролцсон нь зөв шүү гэж зөвлөсөн. Ахмадуудынхаа хүсэлтэд бидний зүгээс нээлттэй хандаж байна гэдгээ хэлсэн. Гэхдээ үүнийг МАН-ын удирдлага хүсэж байна уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэгэхээр МАН-ын удирдлагаас хамтрах эсэхийг асуугаач гэх хүсэлтийг бидний зүгээс хариу тавьсан даа.

Categories
мэдээ цаг-үе

“Ганц мод“-нд монголын бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 276 (5228), 278 (5230) дугаарт>>

Ганц модны боомтоор нэвтэрч, Гашуунсухайтын хилийн боомт руу өглөө эрт орж ирэв. 300 гаруй нүүрс тээврийн хүнд даацын шалаанз хилээр орох гээд дараалал үүсгэн зогсож байлаа. Харин Монголын талаас Ганц модны боомт руу нүүрс оруулахаар 600 гаруй хүнд даацын машин дугаарлан зогсжээ. 20 гаруй километр үргэлжилсэн цуваа үүсгэн зогсож байв. Хоёр улсын хил ням гаригт амардаг юм байна. Цувааны эхэнд зогсож байгаа машинууд баасан гаригийн өглөө уурхайгаас нүүрсээ ачуулаад гарсан гэнэ. Уурхайгаас нүүрсээ ачиж дуусаад арав гаруй цаг давхисаар Гашуун сухайтын хилийн боомтын наахна ирээд ийн дугаарладаг аж. Цувааны хамгийн сүүл хэсэгт зогсож байх үед хил хаачихдаг байна. Ингээд ням гаригт амардаг болохоор бүтэн хоёр өдөр гурван шөнө зогсоод даваа гаригийн өглөө эртлэн хил нэвтэрдэг гэнэ. Урд хөршийнхөн нүүрс худалдаж авахгүй байгаагаас ихэнх уурхай хаалгаа бариад байгаа. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн уурхайгаас л нүүрс урд хөрш рүү гаргаж байна. Гашуунсухайтын хилийн боомтоор гараад машиныхаа хажууд зогсож байгаа жолооч нартай уулзлаа. Тэд Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачуулах гэж хоёр өдөр дугаарлан зогссоноо ярьж байв. Тус уурхайд ачигчаар хоёр хүн шинээр ажилд орсон гэнэ. Тэд ажилдаа гаршаагүйгээс цагийн дотор ачиж дүүргэдэг тэвшийг гурван цаг гаруй хугацаанд арай гэж дүүргэдэг. Үүнээс болоод уурхай дээр хэдэн зуун машин хонон өнжин дугаарлаж, хоол ундгүй зогсох болжээ. Уурхайн орчимд хоол, цай идэж уухаар цайны газар байхгүй болохоор жолооч нар хэдэн өдөр нойр, хоолгүй зогсож байгаагаа хэлж байв. Энэ талаар компанийн удирдлагуудад гомдол гаргахаар “Бидэнд та нарын асуудал хамаагүй. Өөр уурхайгаас нүүрсээ ачихгүй юу” гээд тоохгүй өнгөрөөдөг гэнэ.

Гашуунсухайтын хилийн боомтоос Эрдэнэс Тавантолгойн уурхай руу Б.Гансүх гэх жолоочийн машинд суугаад хөдөллөө. Тэрбээр “Шадар сайд асан У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрээр бүх машин засмал замаар явдаг болсон. “Энержи Ресурс” компани барьсан замаа улсын мэдэлд өгсөн. “Гашуунсухайт” компанийнхан нүүрс ачсан машинаас зам ашигласны төлбөр авч байгаа” хэмээн ярив. Уурхай руу явж байгаа том оврын машин бүрээс зам ашигласны төлбөр гээд 60 мянган төгрөг авдаг байна. Мөн уурхайгаас нүүрс ачаад Гашуунсухайтын боомт дээр ирэх бүрт тонн тутмаас нэг ам.долларын татвар авч байгаа гэнэ. 60 тонн нүүрс ачсан машин зам ашигласны татварт 60 ам.долларын татвар өгч байгаа аж.

Хүнд даацын машин хоорондоо тохой хүрэхгүй зайтай зөрөх юм. Жолооч Б.Гансүх “Энд зам тээврийн осол өдөр болгон гардаг. Олон хоног нойргүй явж, уурхай дээр дугаарлаад зогсчихсон машины жолооч нүүрсээ ачаад эргээд хил рүү гардаг. Толь шиг засмал замаар арав гаруй цаг давхина. Машиныхаа паарыг тавьчихаар ядарч яваа жолоочийн нойр хүрнэ. Ингээд үүрэглээд машины араас орно. Эсвэл үүрэглэж яваад эсрэг урсгалын машинтай халз мөргөлдөнө. Хэдэн зуун жолооч энэ замаар явж байна. Согтуу жолооч ч таарна. Эсрэг урсгалын замаар явж байгаа машинтай мөргөлдөх магадлал өндөр байдаг болохоор суудлын ар руугаа үсрээд ороход бэлэн явдаг. Машинтай мөргөлдөх болоод ирэхээр суудлын ар тал руу үсрээд л орчихно. Ингэж л амьд гарна шүү дээ” хэмээн ярив.

Нүүрсний замд замынхөдөлгөөний шинэ хууль үйлчилдэггүй

Ханбогд, Цогтцэций суманд Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоёр сумын замын цагдаа нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байгаа юм байна. Хамгийн наад зах нь шинээр батлагдсан хуульд заасан жолооч зургаан цагаас дээш хугацаагаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол торгоно гээд заачихсан байдаг. Энэ хуулиар бол мянга гаруй машины жолоочийг торгох болж байгаа юм. Хамгийн багадаа 12, бүр 100 гаруй цаг нойргүй явчихсан, нүд нь хэт их ядарснаас болоод улайчихсан байдаг. Сумын цагдаа нар мянга орчим машиныг нэг бүрчлэн зогсоогоод жолооч нь ядарсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаад байх боломжгүй. Хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол хилийн наана гурван өдөр дугаарлан зогсож байгаа 600 гаруй жолоочийг бүгдийг торгох болж байгаа юм. Мөн бүх тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан байх ёстой байдаг. Монголын компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг боловч хятадууд даатгалд хамрагдах дургүй байдаг гэнэ. Хуулиараа даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлах ёстой. Гэвч зуу гаруй тонн нүүрс ачсан машиныг суманд журамлах газар байхгүй. Бүр жолооч нар нь хүртэл Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байдаг аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригддаг гэнэ. Хуульдаа согтуу жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод эрүүлжүүлэх ёстой. Жолоочийг нь эрүүлжүүлэх гэхээр нүүрс ачсан машиныг нь авч явах болдог. Машиныг нь замын хажуу руу гаргаж орхиод явах гэхээр хулгайч нар хамаг эд зүйлсийг нь тоночихдог. Монгол компанийн эздэд “Танай компанийн машин энд байна. Жолооч нь согтуу байгаа болохоор ирээд ав” гэж мэдэгдэхээр “Бид мэдэхгүй. Хятад эзэд нь мэднэ” гэж хариулдаг байна. Хятад эздэд нь мэдэгдэх боломж байдаггүй аж. Ингээд бичиг баримтыг нь хурааж авдаг гэсэн. Эргээд жолооч нар бичиг баримтаа авдаггүй байна. Учир нь хятад эзэд нь машиныхаа жинхэнэ бичиг баримтыг жолооч нарт хэзээ ч өгч явуулдаггүй байна. Ганц модонд Монгол Улсын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдвэрлэдэг газраар хийлгэсэн хуурамч бичиг баримтаа цагдаад өгөөд явуулчихдаг байна. Мөн тэнд Монгол Улсын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гээд бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг олон газар байдаг юм билээ. Жолооч нар 120 юаниар хуурамч бичиг баримт хэвлүүлээд авчихдаг. Үүнийгээ цагдаа нарт хураалгачихдаг. Гаднаас нь харахад хуурамч эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй. Өмнөговь аймагт замын цагдаа нарт торгуулийн машин өгсөн гэнэ. Гэвч сүлжээ нэвтрээгүй болохоор торгуулийн машин хэрэглэх боломж байхгүй. Бэлэн мөнгөөр торгох гэхээр хууль зөрчсөн болдог. Торголоо гэж бодоход жолооч нарт мөнгө байхгүй. Ингээд хуурамч бичиг баримтыг нь хурааж аваад үлддэг байна.

Хятадуудаас цалингаа авч чадахгүй байгаа жолооч нар гэмт хэрэгтэн болж байна

“Янхан” хочтой, хятадуудын хүнд даацын машиныг барьдаг жолооч нар сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтэн болж, их хэмжээний мөнгөний өрөнд орох болжээ. Хятадууд нүүрс тээвэрлүүлчихээд ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. “Чи машины тэр эд ангийг эвдсэн байна лээ. Дугуй буудуулсан байна” гэх мэтээр шалтаг хэлж ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. Хятадын цагдаад хэлж өргөдөл гомдол өгөхөөр тоохгүй өнгөрөөдөг гэнэ. Өдөр болгон цалингаа нэхэж очихоор хятадууд нийлж байгаад хэвтэрт ортол зодчихдог. Ингээд аргаа барсан жолооч нар цалингаа өгөхгүй байгаа хятадуудын машиныг аргалж, “Нүүрс зөөж өгье” гэж худлаа хэлээд хил давуулчихдаг байна. Ингээд тэр дор нь мөнгө болох эд ангийг нь зарчихаад Цагаан хадан дээр хаяад явчихдаг. Эсвэл хотод авчраад хямд үнээр зарчихдаг гэнэ. Хятад эзэд нь тээврийн хэрэгсэл нь нэр дээр нь байдаг компанид руу ханддаг. Нөгөө компани нь “Манай компанийн эзэмшлийн машиныг тэр хулгайлчихлаа. Олж өгнө үү” гээд өргөдөл гаргаад өгчихдөг байна. Цагдаа нар гомдлын дагуу жолооч нарыг саатуулдаг. Жолооч нар цагдаад “Миний цалинг өгөхгүй байхаар нь зарчихсан юм” гэж мэдүүлдэг байна. Мөнгө болох эд зүйлсийг нь аваад Цагаан хадан дээр хаяад явсан машиныг өөр хулгайч нар тоноод юу ч байхгүй болгочихно. Ингээд зах зээлийн үнээр 50 гаруй сая төгрөгийн өрөнд орж, гэмт хэрэгтэн болдог байна. Ингэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр олон жолооч гэмт хэрэгтэн болж байгааг Цогтцэций болон Ханбогд сумын цагдаа нар онцолж байсан юм.

Биднийг уурхай хүрэх замд хэд хэдэн осол гарсан байв. Эхний осол Цагаан хадны сондгой гурван байшингийн тэнд гарчээ. Жолооч нь үүрэглэж яваад машины араас орчихжээ. Салхины урд шил хагарч, урд хэсэгт дотогшоо чихэгдсэн байв. Азаар жолооч нь бэртэж гэмтэлгүй үлджээ. Мөн Цагаан хадны суурин хүрч амжаагүй явах үед хоёр хүнд даацын машин мөргөлдчихсөн байв. Жолооч нар нь хүнд гэмтэл авч, Цогтцэций сумын эмнэлэг рүү явжээ. Машины толгой нь шатаж байхад нь галын хор цацаж арай гэж унтраасан юм. Осол гаргасан жолооч нар мөн л хятадуудад их хэмжээний өрөнд оржээ. Осол гаргаж машины эд ангийг нь эвдээд их хэмжээний өрөнд барьцаалагдсан олон жолооч байдаг гэсэн.

Хятадуудын урьдчилгаа болгож өгсөн мөнгөөр хоол идээд нар жаргах гэж байхад уурхайн аманд ирэв. Нар хэдийнэ жаргаж бүрэнхий болсон үед уурхай дээр очиж таарлаа. Уурхайн үүдэнд олон зуун машин дугаарлан зогсож байв. “Янхан” хочтой жолооч нарт бага хэмжээний мөнгө өгч, нэн ховор амьтны эд эрхтэн, хөлдөөсөн чоно, ховор ургамал, мах, үнэт чулуу, түүхийн хосгүй үнэт олдворууд нүүрсэн дор гаргадаг гэнэ. Жолооч нар дээрх гэмт хэрэгтнүүдийн гар хөл болдог байна. Цоохор ирвэсийн арьс хилээр гаргасан жолооч Хятадад баригдаад таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэнэ. Мөн динозаврын яс нүүрсэн дор хийгээд гаргадаг гэдгийг ч жолооч нар хэлж байлаа.

Өмнөговьд төрийн байгууллага огт ажлаа хийдэггүй юм байна. Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой Хөдөлмөрийн хэлтэс, үүнийг хянах ёстой Мэргэжлийн хяналтынхан огт ажлаа хийхгүй байгаагаас монгол залуус иймэрхүү байдалтай ажиллаж, амьдарч байна. Жолооч нарын энэ асуудалд холбогдох яам, төр засаг анхаарах цаг нь болсныг “Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал харуулж байна. Бүрэнхий болсон хойно бид уурхай дээрээс нийслэл хот руу хөдөлсөн юм. Нүүрс ачуулах гэсэн машины цуваа бараантан ард хоцров.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Сири, Украинаас өөр замаар явъя гэвэл үндсэн хуулийн өрчлөлт хийхээс өөр арга байхгүй

Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнайтай ярилцлаа.

ШӨХТГ-ын даргаар томилогдохоос өмнө та орон нутаг, дүүргүүдээр явж иргэдтэй уулзалт хийж байгаагаа ярьсан. Төрийн ажлыг өгснөөс хойш ч цөөнгүй хүмүүстэй уулзаж байна. Иргэдийн үзэл бодол, амьдралд өөрчлөлт гарч уу?

-ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзсан. Өнгөрсөн зун дөрөв, таван аймгаар явж иргэдтэй уулзлаа. Есдүгээр сарын сүүлчээс эхлээд Сонгинохайрхан дүүрэгт олон удаа уулзалт зохион байгуулсан. Давхардсан тоогоор 13 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. “Амьдрал сайхан байна”, “Засаг төр сайн ажиллаж байна” гэж ярьсан хүнтэй тааралдсангүй. Энэ нь иргэдийн амьдрал хэцүү байгааг, төрд, ирээдүйдээ итгэх итгэл алдарсныг харуулж байна.

Хүмүүс юу ярьж байна вэ. Яавал ирээдүйд, төрд итгэх итгэл сэргэж, амьдрал нь сайжрах юм шиг байна?

-Ардчилсан нийгэм байгуулж байна гэж 25 жил өнгөрлөө. 25 жил гэдэг хувь хүнд ч, улс орны амьдралд ч богино хугацаа биш. Тиймээс өнөөдрийг хүртэл хаана хүрсэн бэ гэдгээ дүгнэх түүхэн цаг үед иржээ. Буруу замаар орсон бол засаад зөвөөр нь цааш явъя, зөв явсан бол иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байгаад дүгнэлт хийе. Хүмүүс ч үүнийг хүсч байна.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тантай ярилцаж байхад “Хувьсгал хийх нь гарцаагүй боллоо гэж хүмүүс үзэж байна” гэж ярьж байсан. Хүмүүсийн үзэл санаа өөрчлөгдөж үү?

-Иргэд өөрчлөлтийг хүсч байна. Олон жилийн өмнө ч ийм л байсан. Гэхдээ би тэр өөрчлөлтийг хувьсгал гэж томъёолмооргүй байна. Сири, Украинд болж байгаа үйл явдал хувьсгалыг бидний хүсдэгээс өөр зүг рүү харуулж байгаа. Тиймээс би өөрчлөлт гэж томъёолмоор байна. Иргэд өөрчлөлтийг хүсч байна гэж дахиад хэлье. Энэ чигээрээ яваад байвал тухайн иргэний амьдрал сайжрах үгүйтэй биш Монгол Улстай холбоотой асуудал болж байгааг олон хүн ойлгож байна. Би хамгийн том гэгддэг бизнесмэнээс эхлээд Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстэй ч уулзлаа. Бүгд өөрчлөлт зайлшгүй гэдэгтэй санал нэгдэж байна.

Тэр өөрчлөлт нь юу байх вэ. Яаж, ямар байдлаар өөрчлөх вэ?

-Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Аль нэг нам, дараагийн сонгуульдаа зориулж гэх мэтчилэн богино хугацаанд харахаас илүүтэй Монголоо бодоод Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хурдан хийх хэрэгтэй.

Үндсэн хуулийн төсөлтэй танилцсан байх. Зүйл заалт бүрийг нь дэмжиж байгаа юу?

-Маш их талархаж хүлээж авсан. Манай нийгэмд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт бүрэн туссан гэж ойлгож байгаа. УИХ-д хамгийн олон суудалтай намын гишүүн гэхээсээ илүүтэй “Иргэний нийгэм”-ийн гишүүн гэдэг байр сууринаас хэлж байгаа шүү дээ. Хуулийн төслөөс “Энэ нь буруу юм” гэдэг зүйл заалт харагдаагүй. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн сул тал нь хүч хаана төвлөрч байгаа нь мэдэгддэггүй. Үүнээс болж шийдвэр гардаггүй, шийдвэр гарахгүйгээс болж хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шинэ хуулийн төсөлд хүчийг нэг талд төвлөрүүлж, шийдвэр гаргах боломжийг нэг хүнд өгч байгаа нь харагдсан. Харин хариуцлагын асуудал суларч магадгүй нь анзаарагдсан. Япон, Герман гэж яривал өндөр ёс суртахуунтай ард түмэн. Японы Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин дэвүүр тарааснаасаа болж сайн дураараа сайдын суудлаас огцорч байсан. Германы Батлан хамгаалахын сайд залуу докторын дипломын ажил дээрээ номноос нэг өгүүлбэр хуулсныхаа хариуцлагыг хүлээж огцорч байлаа. Харин бидний хувьд ёс суртахуун ийм хэмжээнд хүрээгүй. Тийм байхад хариуцлагыг зөвхөн ёс суртахуунд даатгах нь хэр зөв болж гэж эргэлзэж байгаа. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Арав, хорин жилийн дараахь Монголыг харж өөрчлөх ёстой. Хорин жилийн дараа манайх Япон, Герман шиг ёс суртахуунтай улс болно гэж итгэж байгаа учраас тэгтлээ эсэргүүцэхгүй байна.

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэм­жихгүй, хатуу эсэр­гүүцэхээ мэдэгдсэн?

-1990 оноос хойших бүхий л өөрчлөлт, шинэчлэлтийг МАН зогсоож, хаах талд байсан. Гадаад паспорт өгөхөд үгүй л гэсэн. Мал хувьчлахад болохгүй л гэж байсан. Орон сууц хувьчлахад эсэргүүцэж л байсан. Ний нуугүй хэлэхэд, МАН өнгөрсөн 25 жилд бүх өөрчлөлтөд тормоз болж байсны үр дүн өнөөдрийн нийгмээр харагдаж байгаа шүү. Ардчилсан хувьсгал хийснээс 25 жилийн дараа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор бие, биеэ шагнаад сууж байна. Англиар түүнийгээ юу гэж орчуулахыг мэдэхгүй, гадны хүнд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй 25 жилийн түүхийг бий болгосон.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна сүүлийн үед олон баривчилгаа боллоо. Тэр бүхнийг улс төртэй холбон тайлбарлах хүмүүс олон байна. Сонгуулийн өмнөх улс төр гэх юм. Танд тийм холбоос харагдаж байна уу?

-Хэрэг илэрч байвал сайн. Авлигатай тэмцэнэ гэдэг хүнд ажил. Баригдсан хүмүүст, гэр бүлд нь хэцүү л байх. Гэхдээ улсаа, ирээдүйгээ бодвол авлигатай хатуу тэмцэх нь зөв. Бид өнөөдөр зөв соёлыг бий болговол хойч үедээ түүнийгээ л үлдээнэ. Өнгөрсөн 25 жилд дэндүү замбараагүй явсны үр дүнд өнөөдөр залуучууд улс төрийг баяжих бизнес гэж харж байна. Улс төр гэдэг ардаа хариуцлага байдаг, буруу хийвэл нэр төр, юу ч үгүй болж дуусдгийг зарим нэг хүнээр үзүүлэх ёстой. Би хүний нэр хэлмээргүй байна. Тэр хүнд хэцүү байж болзошгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг, улс орноо боддог байх хэрэгтэй. Авлигатай тэмцэхийн нөгөө талд хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр сууриндаа хатуу байх ёстой.

Та ажлаа өгснөөс хойш улс төрд илүүтэй анхаараад байна уу. Эсвэл өмнөх сонгуулийн өмнөх шиг “Магнай ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна” гэж ярьж байгаа юу?

-Улс төр парламентад байдаг. Эсвэл гудамжинд жагсаал хийвэл ойртдог байж болох юм. Түүнээс энэ танхимд та бид хоёр мянга улс төр яриад улс төр болохгүй, сайн дурын уран сайхан л байж магадгүй. Би аль болох олон хүнтэй уулзаж байна. Иргэд юу хүсч байгааг зайлшгүй сонсч байх хэрэгтэй. Магнайгаас гадна төрд байгаа олон хүн иргэдийг сонсч байвал төрийн шийдвэр иргэндээ наалдана. Нийгмийн олонхийн төлөө шийдвэр гаргадаг нийгмийг ардчилал гэж тодорхойлдог. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд шийдвэр гаргадаг хүмүүс ард түмнээсээ тасарснаас болж төрийн шийдвэр иргэнд очихгүй байна. Үүнээс болж хоёр өөр монгол бий болсон байна шүү дээ. Сонгинохайрханы захын хорооны монгол, Багатойрогт ажиллаж байгаа монгол хүний бодож байгаа бодол, хүсэл нь огт өөр байгаа. Ийм байж болохгүй.

Улс төрийг парламентад хийсэн нь илүү үр дүнтэй гэж та шийдсэн үү?

-Миний шийдвэр биш. Угаасаа л улс төр парламентад байдаг.

Та Багатойрог, Сонгинохайрханд хоёр өөр монгол байна гэж ярилаа. Сонгинохайрханы монголчуудад та хувцас тараасан. Таны хийсэн ажлыг “Магнай тусламжаар ирсэн хуучин хувцас тарааж доромжиллоо” гэх шүүмжлэл бас дагасан.

-Би ямар ч шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваад сурчихсан давуу талтай. Түүх ярья. “Exclusive” компани хувцсаа үнэгүй тараана гэдэг мэдээллийн дараа монголчууд яаж цугласан билээ. Түүнийг хараад “Хүмүүст хувцас тараавал хүнд хэрэгтэй ажил болох юм болов уу” гэж бодсон. Ингээд гадаадад байдаг найзуудаасаа “боломж байна уу” гэж асуухад “Замынхаа зардлыг чи хариуц. Бид шинэ хувцас өгье” гэсэн. Тэгтэл “Бид Монгол” компани тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар боллоо. Хүмүүс хувцас аваад үнэхээр баярласан. Юуг ч мушгиж, гуйвуулдаг хэсэг байдаг шүү дээ. Тэд л хуучин хувцас тараалаа гэсэн байх. Хэдэн мянган хувцас тараахад ганц нэгийнх нь товч тасарсан, түүнийг авсан нь хуучин гэж бодсон бол би уучлал гуйхад бэлэн байна. Хэрэггүй нэгэнд хэрэггүй л байх. Захын хороололд амьдарч байгаа, солих хувцас амьдралынх нь асуудал болсон хүмүүст би дэм болсон гэж итгэж байгаа.

Таныг цахим ертөнцөөр шүүмжилж байгаа хүмүүст солих хувцас чухал биш байх. Харин танаас хувцас авсан хүмүүс хэрхэн хүлээн авч байна?

-Арав гаруй мянган иргэнд хувцас тараалаа. Их ч баярласан. Хоногийн хоолгүй, мөнгөгүй, ажилгүй, олон хүүхэдтэй хүнд миний өгсөн хувцас ямар дэм болсныг ойлгохгүй нэг нь ойлгохгүй л байх.

Дараа нь та нүүрс тараасан. Сошиал медиагаар тарсан бичлэгээс харахад хүмүүс шуудай нүүрсэнд “алалцаж” байв уу?

-Бид тухайн хорооны хүнд амьдралтай хүмүүст купон тараасан. Нэг купоноор хоёр шуудай нүүрс авах юм. Хүмүүс купоноо авч ирээд нүүрсээ авч байсан. Сошиалаар тар­сан бичлэг үзсэн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Юу болсон гэхээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын нөхдүүд согтуу хүмүүс явуулаад үймээн гаргачихсан хэрэг. Согтуу нөхдүүд тэвш рүү дайрч гараад нүүрс шидээд үймээн дэгдээчихсэн юм билээ. Магнайг муухай харагдуулах гэхээсээ манай нийгэм ямар байгаагийн илрэл л дээ.

Засгийн газраас хэсэг хугацаанд “Нүүрс хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ ажлыг хийсэн хүмүүс хэрэгт холбогдсоноор иргэдийг хямд нүүрсээр хангах ажил зогссон. Ер нь иргэдийг хямд нүүрсээр хангах боломж байна уу?

-Монголчууд юугаар баян нүүрсээр баян. Газрын тосоор баян улсад бензин авахдаа литрээр хэмждэггүй, банкаа дүүргээд дөрөв, таван ам.доллар төлдөг шиг төр зөв зохион байгуулбал нүүрс маш хямд байх боломж байна. Сонгинохайрханы захын хорооллоор явж байхад гурван хүүхэдтэй эмэгтэй тоосгыг хаягдал тосонд дэвтээгээд түлж байгааг харсан. Юун маргааш, өнөө шөнө яаж дулаан хонох вэ гэж байгаа айл олон байна. Тийм хүмүүст таван шуудай нүүрс өгчихье гэсэн бодлоор энэ ажлыг хийсэн. Найзууд маань туслаад арван вагон нүүрс хандивласан. Түүнийгээ л тарааж байгаа.

Арван вагон нүүрсийг хэдэн айлд өгөхөөр тооцоол­сон бэ?

-Уурхайгаас ачуулаад ирэхэд 20-30 хувь хаягдал болдог юм байна. Л.Гансүх нарын шүүх хуралдааныг үзэж байхад гайхаж байлаа. Гэтэл уурхайн аман дээрээс ачуулаад Улаанбаатарт буулгахад 30 хувь нь зүгээр л алга болчихдогийг өөрөө мэдэрлээ. Ингээд тооцохоор арав гаруй мянган шуудай нүүрс тарааж байгаа юм.

Танаас хэр их мөнгө гарав?

-“Алаг толгой” уурхайгаас нүүрс хандивласан. Нүүрсээ үнэгүй авсан гэсэн үг. Нэг вагон нүүрсний тээврийн зардал 600 мянган төгрөг. Арван вагон нүүрс авчрахад зургаан сая төгрөг боллоо.

Хувцас, нүүрс тараалаа. Хэдийгээр үнэгүй авсан ч тээвэрлэлт, иргэдэд тараах зардал багагүй гарсан болов уу. Эдийн засаг хүнд энэ үед яаж зохицуулж байна?

-Миний орлогод санаа зовж байна уу?

Таныг олон улсын “Ардчиллыг бэхжүүлэх сан”-гаас хэдэн мянган ам.доллараар цалинждаг тухай сонссон болохоор санаа зовохгүй байна л даа. Харин тэр их мөнгийг ардчиллын төлөө зарцуулж байна уу гэж хардаад.

-Нэгдүгээрт, тэр сан бол 2008, 2009 оны асуудал. Одоо тийм сан байхгүй. Хоёрдугаарт, цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг хүний дэргэд би олон хүний төлөө амьдардаг. Тиймээс намайг дэмждэг, Монголыг Магнай өөрчилнө гэж итгэдэг маш олон хүн бий. Би олон нийтийн хүн. Цалингаараа шар айраг уучихаад, твиттер, фэйсбүүкээр бухимдлаа илэрхийлээд сууж байгаа залуу авч байгаа цалингаараа бүхнийг хэмжих нь аргагүй. Нийгмийн сайн сайхны төлөө амьдарч байгаа хүнд боломж хязгааргүй байдаг. Дэлхий уужим. Би гурван захидал бичээд л арав гаруй мянган хувцас олчихсон. Таван хүнтэй уулзаад арван хэдэн мянган шуудай нүүрс тараачихлаа. Үүнийг улс төр гэж ойлгохоосоо илүү хүмүүнлэгийн талаас нь хараасай гэж хүсч байна.

Таны гадаад, дотоод найзууд тун өгөөмөр юм аа?

-Нэг жишээ ярья л даа. 2009 онд Харвардад суръя гэж бодсон. Чиний мөнгө хамаагүй, чи хэн бэ, энэ сургуулиас юу хүсч байгаагаа л хэл гэдэг хариу ирсэн. Өөрийнхөө кэйсийг бичээд явуулахад Польшийн парламентын гишүүн “Ирээдүйтэй залуу байна” гээд сургалтын бүх зардлыг даая гэсэн захидал ирүүлж байсан. Идэвхтэй, олон хүний сайн сайхны төлөө ажиллавал олон хүн чамайг мэддэг болно. Олон танилтай бол олон ажил бүтдэг гэдгийг эндээс ойлгож байгаа биз. Хаа очиж би гадаадад олон найзтай. Дэлхий хавтгай, боломж хязгааргүй. Зөвхөн хуруугаа л хөдөлгө. Сэтгэлгээний хувьд баян, асуудлыг томоор харж чадвал боломжгүй зүйл үгүй. Гэртээ суучихаад бусдыг шүүмжилж байгаа хүнд миний ярьж байгаа зүйл бүтэшгүй байх.

Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүн нэгж өгч байж уулзалт хийж байгаа харагдсан. Та маш олон хүнтэй уулзаж байгаа зургаа цахим хуудастаа тавих юм. Иргэдийг яаж идэвхжүүлэв?

-Хүмүүс надаас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг. Хүн бүр өөрийнхөө төлөө санаа зовдог байх ёстойг би хэлдэг. Жастин Бибер өөрийнхөө дууг youtube-д тавьсан. Өнөөдөр дэлхийн од болчихсон, 15 сая ам.долларын байшинд амьдарч байна. Монголчууд үнэхээр авьяастай бол фэйсбүүк, твиттерийг хүн муулах хэрэгсэл болголгүй дуугаа цац л даа. “Авьяаслаг монголчууд”-д орох шаардлагагүйгээр цахим сүлжээгээр дэлхийд танигдах боломж байна. Үүнийг л би уулзсан хүмүүстээ хэлдэг.

Таныг “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай гэдгээр андахгүй. Тийм ч учраас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг байх.

-Би угаасаа “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай байсан, байсаар ч байна.

Тантай мөр зэрэгцээд “Иргэний хөдөлгөөн”-д явж байсан зарим хүн УИХ-д ороод таг болчихсон. Та ч бас УИХ-ын гишүүн болоод “томоожчих” юм биш биз?

-Хүн төрөлхтний түүх хувь хүний л түүх байдаг. Үүнтэй адил Монголыг нэг л хүн өөрчилнө. Нэг л хүн гарч ирж дагуулна. Тэр өөрчлөлтийг л хийх ёстой.

Тэр нь та гэдэгт итгэж байна уу?

-Монгол хүн бүр өөрийгөө гэж хараасай гэж хүсч байна. Та надад итгэж байгаа учраас УИХ-д ороод чимээгүй болчих юм биш биз гэж болгоомжилж асууж байгаад баярлаж байна. Хүмүүс надад итгэж байгаа учраас түүхэн өөрчлөлт хийх агуу хүсэл санаа надад бас бий.

Зарим хүн өөрийгөө шатааж тэмцэл хийлээ.

-Би яагаад ч үүнийг зөвтгөж чадахгүй. Эрүүл мэндээрээ хохирч, нийгмийн сэтгэл зүйг шархлууллаа. Түвдэд 50 хүрч байж гадагшаа явах паспорт авдаг. Түвдүүд аргаа ядахдаа өөрийгөө шатаадаг. Тэдэнтэй харьцуулашгүй эрх чөлөө байгаа учраас дуурайж болохгүй. Хятадын компаниас цалин авахгүй гэж өөрийгөө шатаасан гэж ойлгосон. Даяаршсан нийгэмд ийм тэмцэл хийж байгаа нь харамсалтай санагдсан.

Та намтайгаа хэр ойр байгаа вэ?

-Нам бол нар шиг. Хамаагүй ойртвол шатчих гээд, холдвол хөлдчих гээд байдаг. Хэмжээгээ бариад л явж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.БАЯРБААТАР: Дэлхийн гоо бүсгүйчүүд миний дэглэсэн монгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд сайхан санагдсан

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн багш Д.Баярбаатартай ярилцлаа. Түүний харьяалагддаг ҮДБЭЧ-ын 65, СУИС-ийн 25 жилийн ой тохиож буй учраас тэрбээр тун ч завгүй харайлгаж явлаа.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийн ойгоо угтан сүүлийн таван жилд туурвисан дорвитой бүтээлүүдээ үзэгчдэдээ дээжлэн барьж буй. Үзэгчдийн талархлыг хүлээсэн “Монголын их хатад” бүжгэн жүжиг арваннэгдүгээр сарын 22-нд тус чуулгын тайзнаа дахин тавигдах юм.

Таны дэглэн найруулсан “Монголын их хатад” бүжгэн жүжигтесөн хатны жаргал, зовлонг бүжгийн хэлээрөгүүлдэг. ТухайлбалГуа марал гэдэг домгийн эмэгтэйн дүрийг сэтгэлдээ хэрхэн ургуулсан тань сонин байна?

-Хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолтБ.Мөнхболд ажилласан. Манай найруулагч Н.Болд бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн. Залуу үеийн бүжиг дэглээч А.Даваахүү Өүлэн эхийн бүжгийг хийсэн. Х.Хашхүү Алунгоо эхийн бүжгийг хийсэн. Миний хувьдГуа марал, Бөртэ хатан, Дөргөнэ хатан, Сорхугтани бэхи хатан Чимбай, Самар хатан, Мандухай сэцэн хатны бүжгийг найруулждэглэсэн юм. Зураачаар Ц.Энхтуяа ажилласан, хөгжийн найруулгыг М.Бирваа хийсэн. Энэ бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээоролцсонтом ажил болсон. Монголын түүхэнд үлдсэн олон хатан бий. Монголчуудесийн тоог бэлгэддэг учраас есөн хатныг сонгосон. Гуа маралыг орчин үеийн модерн бүжгийн стилиэр тэнгэр огторгуйгаас нисэн бууж ирж байгаагаар дүрсэлсэн. Орчин үеийн модерн бүжгийн хэмнэлийг монгол бүжгийн бий биелгээний арга барилтай хослуулан дэглэсэн. Бүжиг бол сэтгэл болоод биеийн хөдөлгөөний урлаг. Тайзан дээрүйл хөдлөл, дохио зангаа, бүжгийн хэлээр ярих учиртай. Манай бүжигчид маш сайн ажиллаж, өөр өөрийн дүрийг онцгой сайн бүтээсэн.

ӨгөөдэйнДөргөнэхатаннөхрөө нас барсны дараа Их Монголын төрийг барьж байсан, ордны хуйвалдаантайхолбогддог зөрчилтэй дүр. Бусад эерэг талын дүрүүдийг бодвол сонирхолтой хатан?

-Хатдын дүрийг босгохынтулд Монголын олон түүхч, зохиолч, эрдэмтэдтэй уулзлаа. Гадны зохиолчдын бүтээлийг бас уншсан. Жак Уэтерфордын “Монголыних хатдын нууц товчоо” зохиол бодит түүхтэй дөхөж очсон санагдсан. Дөргөнэ хатан төрийн эрхийг таван жил барьсан. Алдаа оноо байсан. Дөргөнэ хатны сэнтийн дэргэдэхАлтан судраар алтан ургийн бичээс, төрийн халдашгүй байдлыг төлөөлүүлсэн. Дөргөнэ хатныг зориудаар шанз, шударга хөгжмөөр илэрхийлсэн.

Хубилайн хатан Чинбайнмэдээлэл хомс үлдсэн гэдэг. Гэхдээ төрийн багш дээд талд суух уу, хаан дээд талд нь суух уу гэдэг асуудал яригдахад төрийн хэрэг ярихад хаан дээрээ шашны асуудал яригдахад багш дээд талдаа суу гэх мэтээр зөвлөж байсан гэдэг юм билээ?

-Чинбай хатан миний хувьд хамгийн сонирхолтой дүр байлаа. Хубилай хаанЮань гүрнийг байгуулаад, ордонд их найрал хөгжмийг бий болгож, олон бүжигчингбүжиглүүлж байсанбаримт үлджээ. Юань улсын сударт бүжгийн хөдөлгөөнийг урагш нэг алхаж цомцойж сууна. Хоёр гараа дээш өргөж тэнгэр рүү цоройно гэх мэтээр бичсэн байгаа юм. Чинбай хатан ухаантай хатан байсан. Нум сумаар харвахад наранд нүд гялбаж байгааг сонсоодмалгайн саравч зохиосон уран үйл оёдог, ухаантай хатан байсан гэдэг. Чинбай хатнаар төлөөлүүлээд ордны байдлыг илэрхийлсэн. Олон хатны бүжгийг дэглэнэ гэдэг маш олон бүжгэн жүжиг хийж байгаа юм шиг, олон бүжгийн бүтээл төрж байгаа юм. Ордныбүжгийн хэв маяг намба төрх ийм байсан болов уу гэж төсөөлсөн. Орос, Францын ордны бүжиг гэж ярьдаг бол XIII зуунд Их Монгол Улсад төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг байсан юм. Монголчууд ийм л баялаг түүхтэй, асар их өв соёлтой ард түмэн. Баялагуламжлалаас санаа аваад ордны бүжгийн дэг жаяг монголчуудад байсан юм шүү гэдгийг харуулсан юм.

Хатдын дүрийг сонгохдоо юу анхаарсан бэ. Мандухай хатны дүрд Мандхай нэртэй бүжигчин таарсан байна лээ?

-Хатдын дүрийг сонгохдообүжигчдийнхээ хөдөлгөөний хурд, чадвар, техник, нуруу туруу, царай зүсийг харж байжсонголтоо хийдэг. Мандухай хатны дүрд яг л Ж.Мандхай нэртэйбүжигчний дүр төрх таарсан. Мандхай бол эрэгтэй хүнд л байдаг бүжгийн хурд, техникийг эмэгтэй бүжигчин харуулснаараа онцлог дүр.

АСЕМ-ийн ёслолын үеэр “Монголын их хатад” тоглосон гэсэн?

-Есөн хатан маань гадаадын улс орноор олонтаа тоглосон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн форумд уригдсан. Мөн Японд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тоглосон. Ер нь УИХ-ын гишүүд олноороо ирж үзсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорьж ирж байлаа. 99 тэнгэрийн орноосерөөл билгийн есөн хатныг урин дуудаж, бүжгийн дэгээр дархлан тамгалав гэж би хэлсэн. Есөн хатны сүнс биднийг харж байгаа. Тийм учраас хатдыг нэг нэгээр нь буулгаж ирээд, тэднийамьдралыг бүжгийн хэлээр үзүүлж байгаа. Хамгийн сүүлд есөн хатан бөөгийн онгодоор бууж ирээд бүгдээрээ бүжиглэдэг.

Бөөгийн онгод гэснээс та “Тэнгэр дуудсан онгод” гээд ардын урлагийн тоглолт хийж байсан. Танд бөөгийн онгод, далд хүч, мэдрэмж нөлөөлдөг үү?

– Мэдээж маш олон юм уншиж судлахаас гадна онгод хийморио хөглөж байж энэ бүтээлийг хийхгүй бол төрийн их хатдаар хамаагүй оролдож болохгүй. Хатдын үзэгдэл болгон бөөгийн дуудлагаар эхэлдэг. Онгод хийморь далд юм байж л бүжгийн бүтээлийг хийнэ шүү дээ. Хэдэн хоосон хөдөлгөөнхолбоод хийчихвэл бүжгэн жүжиг биш л дээ.

Бугуйдаа зүүсэн эрхи чиньямар шидтэй эд вэ?

– Үүнийг гэгээнтэн хүн өгсөн юм. Зава Дамдин ринбүүчи гэгээнтэн миний “Бие чинь болъё”, “Аягатай биелгээ”-г үзчихээд “Энэ хүнтэй уулзмаар байна. Бүтээл нь их өвөрмөц сонин юм” гээд уулзсан. Тэгээд надад энэ 21 цагаан тана өгсөн юм. Үүгээр өөрийгөө хөглөж явдаг юм. Би бол тэнгэр газраа шүтдэг. Түүнээс биш шашин шүтлэг гээд байх юм үгүйээ.

Таны Сорхуг­тани хатны бүжгийг Дэлхийн мисст оролцсон эмэгтэй бүжиглэхэд сэтгэл хөдөлсөн байх?

-Миний дэглэсэн бүжгийг М.Бямбаа гээд гоцлол бүжигчин хийсэн. М.Бямбаа маань мисс Батцэцэгт хэсгээс нь зааж өгөөд Батцэцэг дэлхийн мисст очиж бүжиглэсэн юм. Дэлхийн гоо бүсгүйчүүд Д.Баярбаатарын дэглэсэнмонгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд үнэхээрсайхан санагдсан.

Таны дараагийн уран бүтээл юу байх бол?

-Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг хийсэндээ бахархаж байгаа. Энэ бүтээл чуулгын 65 жилийн ойд зориулж хийсэн эхний бүтээл маань. Би М.Бирваа гэж залуу хөгжмийн зохиолчтойхамтарч ажилладаг. Миний уран бүтээлийн 70 хувь нь М.Бирваагийн уран бүтээл байдаг. М.Бирваа бид хоёр “Монголын нэг өдөр” гэсэн нэртэй Монгол түмний их цэнгэл бүжгийн чуулбар хийхээр ажиллаж байгаа.

Бий биелгээ гэхэд л амьдралаас ургасан хөдөлгөөнүүд байдаг. Харин та гадуур явж байхдаа бүжиг шиг хөдөлгөөнтэй хүмүүстэй хэр таардаг вэ?

-Уран бүтээлийнхээ санааг хөдөө байгаль, монголчуудынхаа ахуй амьдрал, тал нутгаас олж авдаг. Монголынхоо тал нутгаар аялж, домог түүхээс сэдэвлэж уран бүтээл төрдөг. “Жороо нь жороо” бүжиг маань Хөх хотод болсон Монгол туургатны бүжгийн уралдаанаас бүжиг, хөгжим, хувцасны төрлөөр гурван алтан медаль хүртсэн. Ховд аймагт ажлаар явахдаа жороо морины өвлийн уралдаан үзсэн юм. Хар азарга түрүүлж ирсэн. Жороо морины хөдөлгөөн, дээр нь суусан тэнзэн ташууртай хүний намба төрхийг хараад ганзага цацлам жороо нь жороо гэдэг санаа орж ирсэн юм. Ирээд М.Бирваадаа жороо морины тухай бүжиг хийе гээд санаагаа хэлсэн. Францад явахдаа монгол гэр хашаан дотор барьсан байхтай таарсан. Үзмэр ч юм шиг харагдаж байв. “Хөөрхий, монгол гэр маань үзмэр болчих вий дээ” гэж бодогдсон. Бид Монголынхоо тал нутагт амьдарч, нүүдэлчин ахуй соёлоо хадгалж үлдэх учиртай. Тал нутаг уламжлалаа хадгалж үлдвэл дэлхийн хамгийн өвөрмөц онцгой нүүдэлчин улс хэвээрээ үлдэнэ. Гэрийн унь, тооно, хана тэр чигээрээ модернизм, урлагийн бүтээл байхгүй юу. Тэгээд гэрийн тухай, бат бэх, хайр, арга билгийн тухай бодоод эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие сэтгэлээрээ уусч, бат бэх, эв нэгдэлтэй байя, үр хүүхэдтэй болъё гэсэн санаагаар “Бие чинь болъё” бүжгээ дэглэсэн. Жижиг хэрэглэлүүд нь бэлгэдэл, далд утга санаатай. Малгай нь тооно, хормойг нь ханаар эмжүүлээд, цацаг нь хаан бугуйвч, хатан сүйхээр эмжээртэй гэх мэтээр төсөөлж хийсэн бүтээл. Большой театр гэх мэт дэлхийн том театруудад тоглолоо. Уран бүтээлч хүн байнга л эрэл хайгуул хийж явдаг. Наадмын талбайдтөрийн концерт найруулж байхдаа А.Сүхбат аваргын сууж байгаа намба төрхийгхараад, араас нь зургийг нь авчихсан. Монгол хүн л тэгж сууна даа.

Тандүг хэлээр өөрийгөө ойлгуулах нь амар байдаг уу, бараг бүжиглэчихсэн нь шулуун уу?

-Маш сайхан ярьдаг хүмүүс байдаг. Би бол ярихаасаа илүү гар, бие хөдлөөд л байдаг. Дотроо бодсон юмаа бүжигчдэд ойлгуулах гэж зовно. Ингэж хий гээд өөрөөүзүүлнэ. Утгыг хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэдэг учиртай. Бүжгийн урлагийн гайхамшигүүнд л бий.

Та бүжиглэхээс өөр ямар хоббитой вэ?

-Хөөмий шүү дээ. Монгол хөөмийн анхдугаар уралдаанд тэргүүн байр авч байлаа. 2009 онд болсон хөөмийн олон улсын симпозиумын Гран при шагналыг авсан. Францад жил бүрбие даасан тоглолтоо хийдэг. Сонирхуулахад би саяхан Францад эх хувиа бэлтгүүлээд Английн том студид Д.Баярбаатарын “Монгол хөөмийн урлаг” гэж цомог гаргасан. Европ, Америктонлайнаар зарагддаг. Миний цомог есдүгээр сарын 29-ний байдлаар “Mergingart” продакшны долоо хоногийн Дэлхийн хөгжмийн чартыг борлуулалтаараа тэргүүлсэн. Минийхөөмийн цомог монгол хөөмийн урлагийг дэлхийд сурталчилж байгаа гэж баярлаж байна.

Монголоос өөр орны хүмүүс хөөмийлж чадах уу?

-Ази, америк, герман гээд хөөмийг оролдоод сурч байгаа хүмүүс байна. Гэхдээ яаж монгол хүн шиг нарийн нандин аялгуу гаргах вэ дээ. Монгол хөөмийн урлаг бол монголчуудад эртнээс уламжилж ирсэн ховор нандин өв.

Categories
мэдээ цаг-үе

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)

Ганц модны боомт орчимд олны хөл татарчээ. Шинэ, хуучин барилгатай гудамжаар хоёр гурван хүн бүртийтэл алхаж яваа харагдав. Гудамжаар алхах хүмүүсийг харахад монгол жолооч нар болох нь төвөггүй танигдана. Хятад эздийн нүдэнд өртөж чадалгүй, нүүрс тээвэрлэлтэд явж чадаагүй “янхан” хочтой жолооч нарын олонхи нь архины мухлаг барааджээ. Градус өндөртэй архи худалдаж аваад ууж суух аж. Нүүрс тээвэрлэлтэд яваад ажлынхаа хөлсийг авсан нэгнээсээ архины мөнгө зээлж ууж байлаа. Мөн зарим нь зочид буудал барааджээ. Халаасандаа ямар ч мөнгөгүй жолооч нар нэгнийхээ гадаад паспортыг зочид буудлын барьцаанд үлдээж хоног төөрүүлж байв. “Анд” гэсэн нэртэй зочид буудалд 200 гаруй жолооч хоноглож байгаа гэлээ. 2006 оны үед Ганц модны боомт дээр хэдэн шавар тагзнаас өөр юу ч байхгүй, шар элс шуурсан эзгүй газар байсан гэнэ. Харин манай улсын нүүрс олборлолт нэмэгдэж, урд хөршид худалдаалах болсноос хойш хүний хөл хөдөлгөөн хэдэн зуу дахин нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн Ганц модны боомт дээр арав хүрэхгүй жилийн дотор том хот сүндэрлэн боссон аж. Хятадын бизнесмэнүүд Ганц модны боомтод ирж, хоёр гуравхан жилийн дотор зочид буудал, цайны газар, ресторан, пааб, улаан дэнлүүний гудамж, худалдааны төв, авто засвар, машин угаалга гэх мэт олон байгууламж барьжээ. Одоо харин нүүрс тээвэрлэлт хэд дахин буурчихсан болохоор Ганц модны боомтын бүх байшин барилга хоосорч, эзэнгүйдэж. 500 орчим монгол жолооч Ганц модны боомтод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон цайны газруудын үйлчлүүлэгчид.

337 мянган төгрөгийн төлөө тэмцэж байна

Ажил олдоогүй жолооч нар архи ууж согтоод хотын гудамжинд агсан согтуу тавих аж. Мөнгө байхгүй мөртлөө такси бариад жолоочид нь зодуулах, эсвэл гудамжинд “тасарч” унаад унтаад өгөх. Архины мухлагийн эзэнд хөөгдөх, архи ууж согтоод “Хятадууд аа бүгдээрээ гараад ир. Намайг барах хүн байна уу” гэж агсам тавьж хашгираад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд хонох зэргээр Ганц модны боомтын шөнийн амьдрал иймэрхүү дүр зурагтайгаар эхлэх юм. “Анд” зочид буудалд яваад очлоо. Зочид буудлын эзэн “30-60 юанийн буудал байна. Та хэдэн юанийн буудалд буумаар байна. Паспортоор үйлчлэхгүй шүү. Янхан жолооч нараар буудал дүүрчихлээ” гэсээр угтав. Тэгснээ сейфээ онгойлгож гадаад паспорт тэвхийтэл өрсөн байгаагаа үзүүлэв. Жолооч нартай уулзах гэж яваагаа хэллээ. Тэгсэн “Хэнтэй нь уулзах гээд байгаа юм. Өрөөнд ороод архи уугаад ядаргаа болно” гэж үглэв. Ингээд “Анд” зочид буудлын монгол жолооч нар байрлаж байгаа хэд хэдэн өрөөгөөр орлоо. Бидний эхний орсон өрөөнд Хөвсгөл аймгаас ирсэн Г.Ганзориг, Л.Түвшинтөр нар байв. Мэнд мэдэлцээд хятадуудын машиныг барьж өгч амьдралаа залгуулж байгаа жолооч нарын талаар ярилцлаа.

Монгол жолооч нар хятадуудад дээрэлхүүлээд хэцүү байдаг гэсэн. Нутагтаа очоод ажил хийж болохгүй байна уу?

-Хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээхийн төлөө хятадуудад дээрэлхүүлээд явж байна. Хятадуудад дээрэлхүүлж энд ингэж тарчилж байхаар гэртээ очоод амьдар гэж хэлэх байх. Үнэндээ хотод очоод ажил олдохгүй байна шүү дээ. Барилга дээр ажиллаж үзсэн. Сар гаруйн хугацаанд ажиллуулаад цалин өгөхгүй. Цалингаа авах гэхээр “Эдийн засаг хямарсан гээд захиалагч компани мөнгөө өгөхгүй байна” гээд л янз бүрээр зовлон тоочдог. Өөр газар ажилд орохоор бас л адилхан. Энд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын ихэнх нь дунд боловсролтой, их, дээд сургууль төгсч мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс. Тийм болохоор хар бор ажил хийж байна. Аргаа бараад л энд ирж хятадуудыг царай алдаж байна. Өөрөөр мөнгө олох боломж үнэндээ алга. Энд гэр бүлээ тэжээх гэж ирсэн жолооч нар нэг зочид буудлаас нөгөө рүү дамжин амьдардаг.

Зочид буудлын үнэ хямдхан байдаг гэсэн. Мөнгө байхгүй бол хаана хонодог вэ?

-Энэ зочид буудал хямд үнэтэй байдаг нь үнэн. 400 гаруй мянган төгрөг өгөөд л жил байж болох зочид буудал олон байгаа. Хоногт 30 юань төлөөд хонодог энэ зочид буудал арай тав тухтай байдаг юм. Таван юань төлөөд хонож болдог шавар тагзан байшин бий. Цаанаасаа гал түлээд өгчихдөг болохоор их дулаахан. Гэхдээ нөхцөл байдлын хувьд хэцүү. Бүр ямар ч мөнгө байхгүй болсон үед нүүрсний машины эздээс машиныг чинь харж өгөөд хоноё гэж гуйдаг. Хөнжил гудсаа барьж очоод аль дуртай машиндаа хонож болдог юм. Өнөөдөр зочид буудлын мөнгө байхгүй олон жолооч тэнд хонож байгаа. Машин хараад хоноход аюултай, амь насаа ч алдаж магадгүй байдаг юм. Шөнө хятад жолооч нар ирээд машинд хонож байгаа монгол жолооч нарыг зоддог. Машиных нь цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгож ороод л ямар ч өчиггүй зоддог. Харанхуй шөнөөр хэн ирээд зодож байгааг мэдэх боломж байхгүй. Мод, төмөр, чулуугаар хүн гэж хайрлахгүй зодно. Гэхдээ шөнө болгон хятад жолооч нар ирж зодоод байхгүй. Нүүрс тээвэрлэлтэд явдаг цөөхөн хятадууд бий. Тэднийг Монголд явж байхад нь зам тавьж өгөлгүй шахах, урдуур нь дайрч орж нүүрсээ ачуулснаас болдог юм. Зам шахуулсан, урдуур нь дайрч ороод нүүрс ачсан жолоочид уурласан уураа машинд хонож байгаа мөнгө байхгүй монгол жолооч нарт гаргадаг юм.

Хоёр жилийн өмнө хятадуудад хоёр жолооч зодуулж амь насаа алдсан гэсэн үү?

-Хоёр жилийн өмнө гурван жолооч амь насаа алдсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн байна лээ. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гээд зодож амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Харин монголчуудын нүдэн дээр Булганы Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн байдаг л зүйл шиг болчихсон. Цайны газрын эзэн хүүхнээс эхлээд машины эзэд, бидэнд ажил олж өгдөг өмнөд монгол гээд дээрэлхэж зодох хүмүүс мундахгүй.

Хятадуудыг гуйж, зодуулан байж нүүрс тээвэрлэлтэд яваад хэдэн төгрөг авдаг юм бэ?

-Шороон замаар явдаг байхад сая орчим төгрөг нэг удаагийн явалтаар авчихдаг байсан. Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энд ирсэн. Тэгээд “Энержи Ресурс”-ийн тавьсан хар замаар бүх тээврийн машиныг явуулах шийдвэр гаргасан. Үүнээс болоод засмал замаар явсан тээврийн хэрэгслийн татвар нэмэгдээд бидэнд өгдөг мөнгө бага болчихсон. Нэг удаа уурхайгаас нүүрс зөөгөөд ирэх юм бол 337 мянган төгрөг авдаг гэв.

Зочид буудлаасаа хөөгдсөн жолооч нар машины бүхээгт хонов

Биднийг ийн ярилцаж байтал зочид буудлын эзэн Далайхүүгийн дуу тэр хавиар хадаад явчихлаа. Бэлэн мөнгөтэй жолооч нар ирсэн гэнэ. Тиймээс гадаад паспортоо барьцаанд тавьж зочид буудалд хоноглож байгаа жолооч нарыг өрөөнөөс нь хөөж гаргаж байв. “Чи надад зоос өгөөгүй. Эндээс зайл” гээд л хамаг хувцсыг нь зочид буудлын хаалгаар гарган шидэж, ямар ч тайлбар хэлэх боломж олгохгүй юм. Найман жолоочийг бидний нүдэн дээр хөөж гаргав. Өрөөнөөсөө хөөгдсөн залуус коридорт гаргаж хаясан хувцсаа өмсөөд гарцгаалаа. Дааганы хашаанд очиж, эзэнгүй машины бүхээгт хонох гэнэ. Тэдэнтэй хамт дааганы хашаа орохоор явцгаасан юм. Хөөгдсөн жолооч нар дааганы хашаа орох замдаа “Муу, сайн хятадууд мөнгөтэй болохоор өмнө сөхөрчих шахдаг юм. Маргааш ажил олдож, нүүрс тээвэрт явах юм бол “Анд” буудалд мөнгөтэй болж очоод тарааж хаяна” хэмээн ярьсаар явав. Ингээд Дааганы хашаанд очиж дотор нь хүн хоноогүй машины хаалгыг эвдэж ороод унтахаар болов. Нэг машины хаалгыг эвдээд ортол машины суудлын араар нуугдаж байсан жолооч “Өө монгол хүн байсан юм уу. Хятадууд байна гэж үхтлээ айлаа. Гараад зугтаах гэж байлаа” гэсээр угтав. Дааганы хашаанд машины бүхээгт хонож байгаа жолооч нар “Шөнө хятадууд битгий ирээсэй” гэж үнэн сэтгэлээсээ хүсэх ажээ. Өвлийн эхэн сар гарчихаад байхад жолооч нар нимгэн хувцастай, нөмөрч унтах зүйлгүй шахам машины бүхээгт хоног төөрүүлцгээж байв.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс чинь МАН-ынхан өөрсдөө юм байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн үед олны анхаарлын төвд орлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хүн бүр ярьж байгаа ч зарим заалт дээр нь санал нэгдэхгүй байна гэдгээ хэлж байна. Ард нийтийн саналыг авна гэж байна. Ингэхийн тулд тогтоолын төслийг хэлэлцэх байх. Энэ тал дээр та нэг мөр тайлбар өгөөч?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг манайхан олон жил ярьж байна. Үе үеийн УИХ Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байсан ч харамсалтай нь өөрчлөлт хийж чадаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өмнө нь Үндсэн хуулийг батлалцаж явсан хүмүүс багтан ажилласан. Нэлээд хэдэн жил дуншиж байж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг өргөн барьсан гэж ойлгож болно. Өргөн барьсан төсөлтэй 100 хувь санал нийлж, 100 хувь санал нийлэхгүй байгаа асуудал өнөөдөр эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

Манай хэвлэлийнхэн УИХ-ын гишүүд болон судлаачид, ард түмнээс энэ тухай санал асууж байгааг харахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг хэлцгээж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Гэхдээ зарим нэг заалт дээр санал нэгдэхгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Манай намын бүлэг дээр ч гэсэн бүлгийн санал дүгнэлт нэг болж чадаагүй. Үндсэн хуулийн төсөлтэй 100 хувь санал нэгдэж чадаагүй байна л даа.

-Өргөн баригдсан хуулийн төслийн ямар зүйл заалт дээр санал нэгдэж байгаа юм?

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэдэг дээр дийлэнх нь санал нэгдсэн. Мөн аймгуудын төвийг хот болгоно гэдэг дээр иргэд, судлаач, УИХ-ын гишүүд санал нэгдэж байгаа. Харин Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох заалт дээр жаахан маргаан байна. -Яг ямар маргаан байна гэж?

-Одоо ойлголцох л хэрэгтэй. Маргаан гарах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхийлөгч Монголын ард түмний төлөөлөл гэдэг утгаар нь бүх ард түмнээс санал авч байж сонгогддог тул үүнийг өөрчлөхөд хүмүүс бэлэн биш байна. УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын төлөөллөөр Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг дээр иргэд бэлэн биш байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өөр нэг зүйл нь орон нутаг буюу сум, багийн Засаг дарга нарыг намын харьяалалгүйгээр ард түмний санал хураалтаар сонгоно гэдгийг дэмжиж байгаа боловч намын асуудал дээр эмзэг хандаж байгаа нь анзаарагсан. Улс төрийн нам байж гэмээнэ сонгуульд ордог тул намын гишүүн гэдэг утга дээр нь гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Зарим гишүүд намын байгууллага заавал нэр дэвшүүлэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Нөгөө хэсэг нь нам хамаагүй, ард иргэд хүсэн хүлээж байгаа сайн хүнээ дотроосоо сонгоод явах нь зөв гэж байгаа юм. Зарим гишүүдийн хувьд нам хамаагүй сонгоод явчихвал сум орон нутагтаа олон хамаатан садантай хүн Засаг дарга болно гэх мэтээр янз бүр ярьж байна л даа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Их хуралд өргөн барьсан ч одоогоор хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байгаа. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэн шийдээд, яг хэдний өдөр ард нийтийн санал асуулга явуулах юм бэ гэдэг хугацаагаа тодорхой болгоё гэж байгаа юм. Дараа нь УИХ тодорхой хугацаанд завсарлаад, гишүүд тойрогтоо очиж иргэдтэйгээ уулзан санал бодлыг нь сонсъё гэдэг нэг хувилбар байна. Энэ ч зөв байж магадгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв хэмээн МАН эвслийн Засгийн газарт байхдаа намуудын хамтран ажиллах гэрээний нэгдүгээрт нь бичиж байсан.

Өнөөдөр л харин тэдний санаа бодол эргэчихээд байгаа болохоос Үндсэн хуулийн өөрчлөлт нэн тэргүүнд явж байж засаглалын хямралаас гарна гэдгийг бүх намууд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч өөрсдөд нь ашиггүй байдал үүсчихвий гэсэн болгоомжлолтой байх шиг байна. Ардчилсан нам бол санаачлагч нь. Үндсэн хуулийн өөрчлөлт нь зайлшгүй юм аа гэдгийг бүх нийтээрээ мэдэрч байгаа энэ үед цаг үеэ олсон асуудлыг хөндөж тавиад байна гэж ойлгодог.

Хэрэгжих байдал, санал асуулга явуулах хугацаа, өөрчлөх асуудал нь зайлшгүй ярьж, хүмүүсийн саналыг сонсож байж, УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь хүлээн зөвшөөрч байж хийгдэх учраас тэр асуудал нь дараагийн хувилбар руу явах байх.

-Ард нийтийнхээ саналыг мессэжээр авна гээд яригдаад байна. Хэрэв мессэжээр авах юм бол бодит үр дүн гарах уу?

-Ард нийтийн санал асуулгыг мессэжээр явуулна гэдэг яриа огт байхгүй. Харин тийм хардлага байгаа юм байна. Харин хар машинаар санал асуулга явуулна гээд хуулийн төсөлд бий. Хар машинаар санал асуулга явуулчихвал хоёр талын ач холбогдолтой. Иргэдийн нэг хэсэг нь хар машинд итгэдэггүй бол нэг хэсэг нь харин итгэл үзүүлдэг. Энэ эргэлзээг шалгаад үзэх нэг боломж нь хар машин гэж харж байна. Ажлын хэсэг дээр ч гэсэн зарим хүмүүс хэлж байсан. Сонгууль өгч байгаа юм шиг хар машинаар саналаа өгөөд гарсан дүнг нь нэг бүрчлэн гараар тоолъё гэж байгаа юм. Хэрэв тэгвэл Ардын намынхны хар машинд итгэхгүй, гараар тоолъё гэдэг хардлагыг алга болгох боломж бүрдэнэ.

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчилье гэсэн санал өглөө гэж бодъё. Гэтэл УИХ хүлээж авахгүй гэвэл яах юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүдийн дөрөвний гурваар хүлээж авах ёстой биз дээ. Ийм нөхцөлд яах ёстой юм?

-Төслийг хүлээж авах, авахгүйн асуудал байхгүй юу. Өнөөдрийн нөхцөлд Ажлын хэсэг хуулийн төслөө Их хуралд өргөн барьсан. Энэ хуулийн төсөл нь хоёр хуудас 20 гаруй зүйл заалттай өөрчлөлт юм. Гишүүдийн хувьд энэ өөрчлөлтүүд нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Зургаан өөрчлөлт байлаа гэхэд гурвыг нь 100 хувь дэмжиж байна. Үлдсэн гурав дээр нь эргэлзэж байна. Тиймээс дэмжсэн гурвыг нь явуулъя гэдэг дээр Ажлын хэсгийнхэн ямар ч асуудалгүй гэсэн. Үндсэндээ Ардчилсан намын зүгээс Ажлын хэсгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ хүлээгээд авчихсан юм чинь хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Үнэхээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай заалтууд нь энэ юм байна гээд ялгагдаад ирэх үед тэрийг нь хэлэлцээд бусдыг нь орхиё гэсэн байр суурьтай байгаа байхгүй юу. Түүнээс биш Ардчилсан нам өргөн барьсан хуулийн төслийг одоо байгаа үг үсгээр нь шууд батлах гээд байгаа юм биш.

-Гэхдээ иймэрхүү ойлголт яваад байгаа шүү дээ…

-Яахав ээ, хүмүүс янз бүрээр л мушгин ярьж байна. “Үндсэн хуульд заасан энэ заалтыг шууд өөрчлөх гээд байна. Одоо энэ парламентыг 99 гишүүнтэй болгох гээд байна. Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгох гээд байна. Сум, багийн Засаг даргыг тэгж сонгох гээд байна” гэсэн зүйлсийг хатуу тавиад өгчихсөн юм шиг ойлгоод байгаа юм. Үндсэн хуулийг орж ирсэн хувилбараар нь шууд өөрчлөх гээд байгаа юм биш. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд тодорхой өөрчлөлт ордог биз дээ. Тэр зарчмаараа л явна. Ард нийтийнхээ санал асуулга дээр тулгуурлаж байгаа тодорхой өөрчлөлтүүдээ хийх боломж нээлттэй байгаа гэдгийг төсөл санаачлагчид хэлж байгаа. Ардчилсан нам ч гэсэн тийм л байр суурьтай байна.

-Өнөөдрийн нөхцөлд Их хурал 99 гишүүнтэй, Их хурал, Засгийн газрын бүрэн эрх таван жил, Засгийн газар есөн яамтай байна гэсэн өөрчлөлтүүдийг хийх цаг мөн үү. Ц.Нямдорж гишүүн бол бөөгийн тоо оруулаад ирсэн байна гэж хэлсэн?

-Ц.Нямдорж гишүүн тэнгэртэй харьцдаг, бөө энэ тэр гээд ярьсан байна лээ. Аливаа зүйлийг янз бүрийн байдлаар үгүйсгэж болно. Зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсэгт ороогүй байж болно. Магадгүй ормоор байсан ч юм бил үү, бид мэдэхгүй. Нэгэнт л Ажлын хэсэгт нь ороогүй юм чинь яаж ч эсэргүүцэж болно шүү дээ. 99 гишүүнтэй байна гэдгийг би тайлбарлаж чадахгүй. Нэг хэсэг нь бүр 104 гишүүнтэй болъё гэж байгаа.

Энэ бүгдийгээ олон улсын жишигт байдаг гэж тайлбарлаж байгаа юм. Хүн амынхаа тоонд харьцуулсан парламентын гишүүд байх ёстой гээд 104, 130 гишүүнтэй байх юм гэж байна. Өнөөдрийн нөхцөлд гишүүдийн тоо гурван оронтой тоонд шилжиж байгаа тул Ажлын хэсэг хоёр оронтой гээд 99 гэдэг тоо тавьсан гэдэг тайлбар өгч байсан. Ажлын хэсгийн зүгээс хоосон тоо тэнгэрээс хараад тавьчихаагүй байх. Тооцоо судалгаа гаргаж байгаад өнөөгийн нөхцөлд 99 байх нь зүйтэй гэсэн юм билээ. Заавал 99 гишүүн байх ёстой гэсэн юм байхгүй. 99, 76, 104, 130 гээд хэд ч байж болно. Хуулийн төсөлд 99 гэсэн тоо орсноос болоод 99 парламентын гишүүнтэй болох гээд байна гэдэг зүйлийг яриад байгаа юм. Яг хэдэн гишүүн байх ёстой вэ гэдгийг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад шийднэ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө нэг талд нь гаргаж шийдсэн байх ёстой гээд байгаа. Энэ хугацаандаа амжих уу. Нэг хэсэг нь амжина, нөгөө хэсэг нь амжихгүй гээд байх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш нэг сарын дотор хэлэлцэх ёстой гээд хуульчилсан байдаг бил үү?

-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм бол бусад асуудлуудыг хэлэлцэлгүй зөвхөн Үндсэн хуулиа хэлэлцээд явна. Цаг хугацааны хувьд боломжгүй гэдэг зүйл үүнээс болж гараад байгаа юм. Зарим гишүүдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойргоороо явж иргэдийнхээ санал бодлыг сонсоод ул суурьтай хандаж чадвал санал асуулга явуулах нь хэзээ ч байж болохоор байгаа юм. Заавал энэ сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдгийн зөв, бурууг хэлж мэдэхгүй байна. Ард иргэд 2016 оны сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлтөө оруул гэх юм бол тэгж явахаас өөр зам байхгүй. Энэ бүгдийгээ бид хуулийн хүрээнд л хийнэ.

Үндсэн хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөх ёстой гэвэл нэгдүгээр сарын нэгнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл хугацаа жаахан давчуу байж мэдэх юм. Үүнийг зохицуулах боломж бий гэдгийг Ажлын хэсгийнхэн ярьж байна лээ. Ямар ч байсан Ард нийтийн санал асуулгынхаа хуулийн өөрчлөлтийг хийчихээд иргэдтэйгээ уулзах нь зөв. Иргэдийнхээ санаа оноог сонсоод нэмэлт өөрчлөлтөөс хасах, нэмэх зүйл юу байна гэдгээ тодорхой болгосны дараа Үндсэн хуулиа хэлэлцээд явах нь зөв болов уу.

-Ардчилсан намынхан хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэдэг зүйл яригдаад байгаа?

-Цаг хугацаа бага байхад Ардчилсан намынхан хүч түрж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ярьж байгаа бүхэн худлаа. Энэ бол зүгээр л улс төрийн тоглоом явж байгаа хэрэг. Ард иргэдийг үймүүлж, тогтворгүй байдал үүсгэх гэсэн санаа юм. Үүнийг хаа хаанаа ойлгох ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн бариад 10 гаруй хоночихлоо. Бусад намын бүлгүүдтэйгээ санал солилцсон зүйл бий юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намууд ярилцаж таарна. Одоогоор УИХ-д суудалтай намын бүлгүүд нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй байна. Аль ч намын гишүүд дотроо үзэл бодол зөрөлдсөн тийм зүйл ажиглагдаж байгаа. Өнөөдрөөс Байнгын хороодоор Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцээд эхлэхээр нөхцөл байдал жаахан тодорхой болж эхлэх байх. Ардчилсан намын бүлгийн хувьд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль болон тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн.

-УИХ-ын гишүүд тэр дундаа сөрөг хүчний гишүүдийн зүгээс “Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй. Тийм ёс зүйгүй” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ бүхнийг харахаар өөрөө гишүүн байж өөрийгөө болон бусад гишүүдийг ёс зүйгүй гэж хэлээд байх шиг санагдах юм. Тэгсэн хэрнээ би ард түмний төлөөлөл гэх юм…

-Энэ яахав ээ, сонгууль ойртсоны шинж байх л даа. Гэхдээ нэг талаасаа өөрсдийгөө доош нь хийж байгаа хэлбэр гэж хэлэхээс өөр хэлэх үг алга. Сонгуулийн хуулийн асуудлыг ярьж байхад МАН-ынхан бүх нийтийн санал асуулга явуулъя гэдэг санал гаргаад тэр бүү хэл төсөв мөнгө нь тэд болох нь гээд гаргачихсан байсан. Үүнийг батлаад өгвөл хар машинаар явуулах уу, үгүй юу гэдгийг бүх нийтийн санал асуулгаар шийдчихье. Хууль зөрчихгүй, болохгүй бүтэхгүй зүйл байхгүй хэмээн баахан ярьсан. Одоо болохоор арай өөр зүйл яриад байгаа биз.

Үндсэн хуультай холбоотой асуудлаар санал асуулга явуулж болохгүй. Хугацаа байхгүй гэж байна. Тэр бүү хэл энэ Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй гэж байгаа нь өөрсдийнхөө хэлсэн үгнээс 180 градус эргэсэн гэсэн үг. МАН-ынхан чинь загасны ой санамжтай гэж шүүмжлэх дуртай. Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс нь өөрсдөө болж таарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гээд яригдаад эхлэхээр хэн нь улс орны эрх ашгийн төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө, хэн нь намын эрх ашгийн төлөө явж байна вэ гэдэг нь тодорхой болно.

Судлаачдын нэлээд хэд хоногийн турш телевиз, радиогоор ярьж байхыг сонссон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг бүгд ярьж байна. Болох болохдоо хойшлуулж болохгүйгээр болсон байна. Тиймээс энэ засаглал, эдийн засгийн хямралаас эхлээд болж бүтэхгүй байгаа олон зүйлээ цэгцэлж авах цаг үе өнөөдөр мөнөөсөө мөн. Энэ бол алтан боломж. Алтан боломж гэдгийг аль аль намынхан болон иргэд, судлаачид хэлж байна. Ганцхан улс төрийн ашиг сонирхол, өөрсдийн эрх мэдлийг хадгалах сонирхол бүхий хүмүүс өөр зүйл ярьж эхэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад олон дүр төрх харагдана даа.

МАН-ынхан арваннэгдүгээр сарын 26-нд ард нийтийн санал хураалт явуулж амжихгүй гээд байгаа. Хэрэв тийм юм бол хэзээ явуулах юм гэж байгаа юм. Нөгөөх нь 99 гишүүн байж болдоггүй юм бол 76-гаараа байх уу, 100 гаруй гишүүнтэй байх уу. Намуудыг энэ бүхэн дээрээ санал солилцоочээ гэсэн хувилбар л байхгүй юу. Түүнээс биш бүр болж бүтэхгүй, ор үндэсгүй зүйлийг зүтгүүлээд байна гэдэг яриа улс төрийн тоглоом.

-Хоёр том нам нэг л сайн ойлголцож өгөхгүй байна, тийм үү?

-Үнэндээ Ардын намынхан өнөөдөр эдийн засаг хямарч л байвал сайн гэдэг дүрмээр тоглоод байна. Би шууд ингэж хэлнэ. Олон зүйл дээр энэ нь харагдаж байгаа. Эдийн засаг муудсан гэж ярих юм бол МАН зургаан сард Засагт хамтарч ажилласан. Тэр хугацаанд төсвийн тодотголууд нь хийгдэж байсан. Тэр хугацаанд эдийн засгийн гол яамдыг МАН-ын сайд нар удирдаж байсан гэдгээ мартаж болохгүй. Энэ бүхнээс харахаар үгүй гэхийн аргагүй зүйлс явж байгаа биз дээ. Өмнөх парламентуудыг ярих юм бол аль нам нь олонхи байсан билээ гээд бодох хэрэгтэй. Энэ бол үеэ элээсэн асуудал. Цаашид бид яаж явах вэ гэдгээ ярих ёстой. 2016 оны улсын төсөв батлахад Ардын намын ааш аяг тодорхой харагдлаа шүү дээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл бол хямралд зохицуулагдсан, боломжийн хязгаарлалтууд тавигдсан төсөв оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд задалчихсан. Задалж байгаа шалтгаан нь ердөө л Их хурлын гишүүдийн тойргийн асуудал, улс төрийн тоглолт байсан. Цалин мөнгө ингэлээ тэглээ гэж баахан шүүмжилчихээд буцаагаад оруулчихаар өөр зүйл ярьдаг. Тэдний олон жилийн турш тоглосон тоглолтын арга барил өнөөдөр ч хэвээрээ байна. Телевизийн өмнө мундаг эх орончид болоод цагаа тулахаар ярьж хэлснээсээ эсрэг тоглолт хийдэг хүмүүс юм байна гэдэг нь харагдсан. Энэ бүхнийг Ардчилсан нам өөрчилье гэдэг үүднээс тодорхой ажлууд хийгээд явж байна. Гэхдээ энэ бүхнийг өөрчлөхөд хүнд байгаа ч өөрчлөөд явах зарчмын асуудлууд бий. Төсөв дээр гэхэд АН-ынхан төсөв задалчихсан юм шиг яриад байна л даа. Үнэндээ бүх намын гишүүд улсын төсөв батлахад гараа дүрэхийн дээдээр дүрж оролцсон.

-Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэргий Д.Булганыг хорьсон байна. Ер нь сонгууль дөхсөн үед л С.Зориг агсны хэрэг сөхөгдөх юм. Тэр бүрт АН-ын нэр хүнд унаж байгаа дүр зураг ажиглагддаг. Танай намын рейтингийг зориудаар унагахын тулд дахин сөхлөө гэдэг зүйл яригдаад эхэллээ…

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бидэнд гашуун туршлага бий. Яг энэ хэргээр олонхийг бүрдүүлсэн түүх байдаг. Өнөөдөр ч энэ бүхэн хуучраагүй байна. Тэр зүйл дахин явж байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайдаас тодруулсан боловч Ерөнхий сайд ч тодорхой мэдсэн зүйлгүй байна лээ. Үнэн худлааг бид мэдэхгүй байна. Бидний хувьд хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байгаа. С.Зориг агсны хэрэг улс төрийн шоу битгий болчихоосой.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүссэн албан тушаалтан хэн бэ

Зам тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өнгөрсөн
баасан гаригийн 17.00 цагийн үед шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарсан. Ингэснээр
тэрбээр гадуур байцаагдахаар болсон юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас
мэдээлэл өгөх боломжгүй ч Б.Батзаяа өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан үнэн мөн нь тогтоогдох
байх хэмээжээ. Тэрбээр “баярлалаа….Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан
сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессэж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь
сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг
ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа…Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад
үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч
цаг хугацаа…” хэмээжээ. Харин Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийнхэн түүнийг батлан даалтад гаргасан нь хууль бус хэмээн үзэж түүнийг
үргэлжлүүлэн хорих асуудлаар шүүхэд давж заалджээ. Анхан шатны шүүх Б.Батзаяаг үндэслэлгүйгээр
сулласан хэмээн ийн давж заалдаж буй аж. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг даваа
гаригт буюу өнөөдөр шүүх дахин хэлэлцэх юм байна.

Мөн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
асан П.Бат-Эрдэнийг өчигдөр 14 цаг 50 минутаас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн
байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр
шалгаж эхэлсэн тухай Олон Улсын Интерполын цахим хуудаст оржээ. П.Бат-Эрдэнийг Зам
тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа
болон “Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар
мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн
байна. Тэрбээр Австралид сурч байсан бөгөөд тэнд байсан монголчуудаас холбоогоо
таслан сураггүй болжээ. Гэвч тус улсын хилээр гараагүй байгааг нь тогтоосон байна.
Цагдаагийнхан түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй гэж мэдээлж
байна. Түүнтэй хамт “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг ч мөн Интерполоор эрэн
сурвалжлуулж эхэлсэн. Улмаар Монголын Интерполын товчооноос Олон улсын Интерполын
товчоонд хандсанаар Интерполоор хайгдаж буй Монгол Улсын иргэдийн тоо хоёроор нэмэгдлээ.
Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг Америкт байгааг тогтоосон
байна. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ
нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын хилээр гарахдаа л монгол
паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу
давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан нь тогтоогдоод
байгаа аж. Ийнхүү Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болсонтой нь холбоотойгоор баривчлан
шалгахад хүндрэлтэй болж байгаа бололтой. Харин энэ хэрэгт хамаатай байж болох албан
тушаалтны нэр хэвлэлээр явж буй билээ. Тэрбээр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын
яамнаас энэ сарын 2-ны өдөр виз мэдүүлэх ярилцлаганд орсон байна. Тэрбээр 90 хоногийн
хугацаатай виз хүссэн гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

“Шинэ төмөр зам” төслийг гүйцэтгэгч
гэгдэж буй Монгол дахь “Samsung CT” компанид солонгосын 33 иргэн ажилладаг аж. Нэг
солонгос ажилтны нэг өдрийн хөлс нь 422 ам доллар байдаг байна. Энд захирлынх нь
болон цай, кофе зөөдөг ажилтных нь ч хөлс адилхан байгаа аж. Харин энэ компанид
ажилладаг монгол хүний нэг өдрийн цалин 45 ам.доллар байдаг гэнэ.

Энэ компани үүгээр ч тогтохгүй Монголын
төмөр зам компаниас офиссын зардал гэж авдаг юм байна. Нэг өдрийн зардал нь 950
ам доллар гэнэ. Үүнийг жилийн 365 хоногт үржүүлэхээр их тоо гарч байгаа юм. Гэрээг
энэ компанитай хэн хийсэн бэ гэдэг нь анхаарал татахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол
Чингис бондын мөнгө. Энэ бондын мөнгөнөөс Шинэ төмөр зам төслийн ажилд зарцуулахаар
буюу төмөр замын бүтээн байгуулалт техник эдийн засгийн үнэлгээ хийхэд зарцуулахаар
авсан байдаг. Зам тээврийн сайд А.Гансүх байхдаа энэ мөнгийг гаргуулж авч байжээ.
Чингис бондын мөнгийг зарцуулах бодлогын зөвлөлд А.Гансүх өөрөө багтдаг юм байна.
Тэгэхээр П.Бат-Эрдэнийг яагаад Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар
сонгон тавьсан бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ залуу бол 1983 онд төрсөн нэгэн.
Мэргэжлийн төрийн өмчид байгууллагыг удирдахад ямар ч туршлага байхгүй хүнийг яагаад
томилов гэдэг өөрөө бас нэг асуудлын гогцоо юм. Монголын түүхэнд хамгийн их мөнгөн
дүнтэй гэрээнд гарын үсэг зурж байсан хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн
сайд асан Н.Батбаяр. Тэрээр 1.5 тэрбум долларын зээл буюу Чингис бондын мөнгөний
гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин дараагийн нэг том зээл болох төмөр замын бүтээн
байгуулалтын гэгдэх 650 сая ам.долларын зээлийн гэрээнд хариуцагчаар П.Бат-Эрдэнэ
гарын үсэг зурсан байдаг юм байна.