Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлчид галын хор хүртэл үүрч явах шаардлагатай болоотохлоо доо

Монголын сэтгүүл зүйн орчинд цаг цөвүүн байна. Сэтгүүл зүйн хүрээнд хэлж ярих, болгоомжлуулах, зөвлөх, санаа авахуулах асуудлууд олноор урган гарч байгаа.

Саяхан “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид хэвлэлийн хурал зарлах үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ. Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд гэнэт ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгаж асаагуураа зурав. Гэнэтийн үйл явдалд балмагдсан сэтгүүлчид орилолдож, ширээн дээрх микрофон руугаа гүйсэн. Ингээд л сошиал ертөнцөөр “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” хэмээн буруутгаж, хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан хэмээн шуугилаа.

Энэ үйл явдал болоод удаагүй байтал сэтгүүлчид бас л нэг галын хэргийн гэрч боллоо. Уржигдар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд сурвалжлага хийж явсан сэтгүүлчдийн багийнхан Сэлэнгэ аймгийн харьяат С гэдэг нөхөр хамтран амьдрагчаа гэртэй нь шатаахаар гурван литр бензин цацаж зогсоход нь таарч сүйд болох шахлаа. Энэ хэрэг дуусаагүй шахуу байтал “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэн хэвлэлийн бага хурал хийж компанийн маань дансыг нээхгүй байна, надаас татвар нэхээд байна хэмээн уурсаж “Шаардлагатай бол хэн нэгнийг гэмтээхгүйгээр үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаах ёстой юм болов уу” гэж мэдэгдлээ. Галдаад л байвал үр дүнтэй юм байна гэсэн мунхаглал газар авчихжээ, Монголын нийгэмд. Тийм болохоор хэн, хаана, ямар аймшигтай гал гаргахаар зэхэж, тэндээ сэтгүүлч биднийг дуудахыг таашгүй боллоо. Жишээ нь энэ Г.Майцэцэг хэн нэгнийг гэмтээчихгүй галдана гэж байна. Гэхдээ тэр сэтгүүлчдийг дуудаж гал тавих нь тодорхой. Тэгж нийгэмд хүргэхгүй бол баахан хувцас шатаасных нь үр дүн гарахгүй шүү дээ. С.Эрдэнэ ч тэр сэтгүүлчдийг дуудаж байгаад шатаасанд үйлдлийнх нь утга учир оршино. Ингэхээр Монголын сэтгүүлчдэд галын хор биедээ байнга авч явахыг цаг үе өөрөө шаардаж эхэллээ. Галын хоргүй бол бармааргүй юм байна лээ. Сэтгүүлчдийг юу үүрч дүүрч, мэргэжлийнхээ ямар багаж хэрэгслээр хармаа халаасаа түнтийлгэж явдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй байх. Үнэндээ лайтай шүү дээ, дэвтэр, диктофон, зургийн аппарат, дуран, камер… үгүй бүр есөн шидийн хэрэгслээр өөрийгөө бүрэн өвчдөг хүмүүс. Эмэгтэй сэтгүүлчдийн цүнх тэр чигээрээ үүгээр дүүргээстэй. Эрэгтэй сэтгүүлчдийнх нь хармаа халаас мөн адил ийм зүйлсээр түнтийгээстэй. Хүмүүс өнөөдрийн сэтгүүлчдийг микрофон барьсан хөөрхөн охид, залуучуудаар төсөөлдөг байх. Тийм биш л дээ. Энэ их багаж хэрэгсэлдээ шинэхэн сэтгүүлч охид бол түүртдэг байх. Харин архаг сэтгүүлчид бол тоохгүй ээ. Бүгдийг нь чихэж дүүргэж, үүрч дүүрч аваад л гардаг. За тэгээд хэн нэгний өмнө очиж ярилцлага, сурвалжлага авах гэж аяглаж өгнө дөө. Энэ ч халааснаасаа дөрвөлжин хар юм гаргаж өмнө нь тавиад, түүнийгээ дахин дахин шалгаад л, маяглаад ч байгаа юм шиг, тэгснээ тийшээ ч харж бай гэж зургийг нь дараад, дэвтэр үзэг дэлгэж давхар юм бичээд л. “Энэ нэг юм чинь одоо яагаад байгаа юм бэ” гэж цаад хүн нь бодохоор. Үнэндээ тэр дотор нь дампуу үйлдэл явж байдаг л даа. Манай салбарын нэг гайгүй сэтгүүлч нөхөр маань УИХ-ын гишүүн Я.Санжмятав руу утасдаж, өрөөнд нь сүртэй гэгч нь яриа авчээ. Хамаг халаасаа уудалж уудалж нэг дөрвөлжин хар юм гаргаж ирээд өмнө нь тавьчихаж. Ингээд л яриад байж, Я.Санжмятав урьд нь олон сэтгүүлчдэд яриа өгсөн биз дээ. Өөрийнх нь өмнө тавьсан хар юм нь диктофон арай л биш шиг харагдаад болдоггүй гэнэ. Тэгээд “Наадах чинь хурааж байгаа юм уу, улаан гэрэл асдаг биз дээ” гэсэн өнөө сэтгүүлч чинь сүр сар хийн шүүрч томоо харснаа “Баларсан юм болжээ, зурагтынхаа удирдлагыг андуураад аваад ирж” гэсэн байгаа юм даа. Сэтгүүлч Г.Эрдэнэбатын тухай баримт ч байна. Тэр жил УИХ-ын даргатай ярилцлага хийхээр болж жигтэйхэн бэлдэж очсон ч яг ярилцлага эхлэх мөчид диктофон нь ажиллаагүй юм билээ. Ингээд цаасан дээр тэмдэглэх болсон ч бал нь гардаггүй гэнэ. Бал үзэг нь гарахгүйгээр барахгүй өврөө тэмтэртэл халаасанд нь ердөө дөрөв нугалаад хийчихсэн ганц ширхэг А4-ийн цаас байгаад түүн дээрээ ярилцлагаа тэмдэглэж эхэлжээ. Хэдэн үг томоор бичээд дүүрэхээр нь мөр хоорондын зайнд нь бичжээ. Тэр нь дүүрээд ирэхээр цаасныхаа дээд доод буланд нь бас бичээд ингээд конец фильм. Тэгсэн өнөөх чинь Их хурлын дарга руу нэг их сүрхий далийж харснаа “Төмөр-Очир гуай ганц ширхэг цаас байна уу” гэж гуйсан байгаа юм даа.

Иймэрхүү дампуу зүйл сэтгүүл зүйн ах нарт минь байдаг ч Монголын нийгэмд болж байгаа сайн муу, аймаар, аймшигтай бүх үйл явдал дээр тэд, бид, сэтгүүлчид бүгдээрээ л очиж ярилцлага, сурвалжлага хийж нийгэмд хүргэсээр ирсэн. Хүргэсээр ч байгаа. Тэгэхгүй бол өөр хэн ард түмэнд, нийгэмд тэр мэдээллийг чинь хүргэх юм бэ. Сая С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийг сэтгүүлчид хурдан шуурхай нийгэмд хүргэснийхээ хариуд өөрсдийгөө сошиалаар баахан доромжлуулах шив дээ. Сэтгүүлчдийн улаан нүүрэн дээр нь гэнэт гал хөс дүрэлзээд явчихсан хэрэг шүү дээ. Хэн ч байсан балмагдах үйл явдал. Харин ч тэр нэг зураглаач хүү гарч гүйгээд галын хор олоод ирж. Би бол шатаж байгаа зургийг нь дүрсэнд буулгахыг л зорино. Яагаад гэвэл би тийм л үүрэгтэй тэнд очсон. Миний хийх ёстой ажил тэр хүний юу ярихыг, ямар үйлдэл хийхийг нийгэмд хүргэх болохоос ямар хүний амь аврах гэж тэнд очсон биш. Концерт тоглож байгаа газар дуучин дуугаа дуулах л зорилготой очдог. Энэ нь л тэдний заавал хийх үүрэгтэй ажил нь. Тэртэй тэргүй тэр хүний чинь амь насыг аврах тусгай үүрэгтэй төрийн бүтэц бий шүү дээ. Тэд хийх ёстой ажлаа хийнэ биз. Сэтгүүлчид сурвалжлах л үүрэгт ажлаа хийсэн. Үр дүн нь ч гарч нийгэмд өөрийгөө галдсан мэдээлэл хормын зуурт хүрсэн. Ингээд л боллоо. Үгийн далимд хэлэхэд иймэрхүү зарчимгүй, мэргэжлийн нэр хүндэд маань халдсан сошиал медиагийн дайралтад сэтгүүлчид няцаалт өгч байх хэрэгтэй, өөрсдийгөө үхтэл хамгаалцгааж баймаар байна шүү дээ.

Сэтгүүлчид хойшид олон аймаар үйл явдлын голд очно. Юу ч хүлээж байж мэднэ. Ойрын прогнозыг харахад гал тавих, галдах үйлдэл газар авч байгаа бололтой. Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдээ галын хороор хангая. Камер, зургийн аппарат, дуран, диктофонтойгоо хамтад нь үүрээд явж байг. Сэтгүүлчид ачаалал дааж сурсан хүмүүс. Ямар ч турьхан сэтгүүлч охин данхайсан том камер, аппарат үүрээд харайлгаж явдаг. Түүгээр ч зогсохгүй камер, аппарат гээд мэргэжлийн багаж хэрэгслээрээ гангарчихдаг, өөрсдийгөө гоёчихдог хүмүүс шүү дээ. Галынхаа хоронд гоё уут сав хийгээд, дээр нь янз бүрийн гоё наалт, лого хийж чимээд үүрчихнэ. Хүмүүс хараад “Ямар гоё чамин зүйлс эдэлж хэрэглэдэг сэтгүүлч вэ” гэж гайхахаар.

Хэвлэлийн хурал дээр өөрийгөө шатаалаа. Хан-Уулд найз бүсгүйгээ гэртэй нь галдах гэлээ. Г.Майцэцэг үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаана гэнэ. Маргааш хэн гээч нь номоо шатаах юм, хэн гээч нь цайны газраа шатаах юм, хэн гээч нь машинаа шатаах юм, хэдийд нь сэтгүүлчдийг тэд дуудах юм, бүү мэд. Сэтгүүлчдийг дуудах нь л дуудна. Тийм болохоор тэнд нь очоод шатаж, түлэгдэж үхэхгүйн тулд галынхаа хорыг мартав, сэтгүүлчид ээ. О.Магнайгийн ярьж байгаагаар бол хувцас тараахад хүмүүс жигтэйхэн их баярладаг юм байна гэсэн. Тэгэхээр Майцэцэцэг гуай та үйлдвэрлэсэн хувцсаа шатааж байхаар хүмүүст тараавал цаадуул чинь их баярлана даа. Гэхдээ ийм цаг үед хүний үгийг өөртөө зөвөөр тусгаж авдаг хүн ховор болчихож. Галдана гэснээрээ галдацгаах биз. Тийм болохоор сэтгүүлчид галынхаа хорыг биеийнхээ нэг хэсэг болгоорой. Ууж явсан цэвэр усаараа гал руу тургиж байхаар галынхаа хорыг гялс гаргаж ирээд тургиад хаявал өөрийгөө галын аюулаас аварчих юм шиг байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрийнтуяа: Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниудын төсөвт оруулж буй мөнгөний тодорхой хувь орон нутагт үлдэнэ

АМГ-ын дарга Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

Газар нутгаа тэр чигт нь ухаж сэндийлчихлээ гэж иргэний нийгмийнхэн шүүмжилдэг. Ингэхэд бид газар нутгийнхаа хичнээн хувийг уул уурхайгаар ашиглаж байгаа вэ?

-Ердөө 0.8-хан хувийг. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн буюу 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 3000 гаруй тусгай зөвшөөрөл хүчинтэй яваад байгаа. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 1500 орчим. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь1500 буюу нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувь. Тэгэхээр тав, арван жилийн дараа л нийт газар нутгийнхаа нэг хувьд хүрч магадгүй.

Цахимаар тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаар өгөөд нэлээд хугацаа өнгөрлөө. Сонгон шалгаруулалтууд ямаршуу болж байна?

-АМГ хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар, өргөдлөөр гэсэн хоёр төрлөөр олгож байна. Сонгон шалгаруулалтын журам батлагдсанаас хойш гурван удаагийн сонгон шалгаруулалт зарлалаа. Амжилттай болсон. 2012 оноос уул уурхайн салбарын эрх зүйн орчинд нэлээд сайн өөрчлөлтүүд хийгдсэн. Хамгийн том жишээ нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байна. Маш чухал бичиг баримт. Өмнө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар ч бодлогогүй, хаана ч хамаагүй олгодог байсан. Уурхайн хаалт хийлгүйгээр, нөхөн сэргээлтгүйгээр орхигдож хаягдсан талбай олширсныг бүгд мэдэж байгаа. Бодлого гаргах болсон шалтгааны нэг нь энэ. Хариуцлагатай болгоход анхаарсан. Мэдээж уул уурхайд ямар бодлого барих вэ гэдэг манай улсын хувьд амин чухал асуудал. Эдийн засгаа дэмжихийн тулд, хурдан эргэлтэд орно гэдэг утгаар нь хамгийн түрүүнд алтны чиглэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байна. Нийтдээ 30 сая га газрыг төрөөс тогтоож зарлаж өгсөн. Нийт нутаг дэвсгэрийн хорь хүртэлх хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Уурхай байгуулах хүртэл зөвхөн судалгааны ажил хийгддэг. Судалгааны ажил хийгддэг хугацаа нь есөн жил. Хэрвээ тэр талбайд ямар нэгэн эдийн засгийн үр ашиг, хэтийн төлөв ажиглагдахгүй бол тусгай зөвшөөрлөөр авсан талбайгаа буцааж өгдөг. Төрөөс тогтоож өгсөн талбайн хувьд сонгон шалгаруулалтын журмаар олгогдож байгаа нь нийтдээ 10 сая орчим га газар. Ямар ч гэсэн хэтийн төлөвтэй 300 гаруй тусгай зөвшөөрөл олгогдох болов уу гэсэн төсөөлөл бий. Гурван удаагийнх дээр дөчөөд талбайд сонгон шалгаруулалт явууллаа.

Сонгон шалгаруулалтаар төсөвт багагүй мөнгө орсон байх шүү…?

-Зөвхөн сонгон шалгаруулалтаар гэж яривал 1.5 тэрбум төгрөг улсын төсөвт орсон. Бид энэ жил улсын төсөвт 47 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Одоогоор 42 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Төсөв бүрдүүлдэг төрийн байгууллагуудын орлого энэ жил нэлээд тасалдалтай байгаа. Харин бидний хувьд төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэхээр байна. Нэгээс хоёр сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж чадвал төлөвлөснөөс илүү орлого орох ч боломжтой. Одоогоор зарлагдаад явж байгаа есөн талбай бий.

Хичнээн аж ахуйн нэгж өргөдлөө өгсөн бэ, олгосон тусгай зөвшөөрлийн тоог бас сонирхмоор байна?

-Өргөдлөөр олгож буй үйл ажиллагааны хувьд өмнө нь ямар ч зохицуулалтгүй байсан. 20 сая орчим га газар дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авч байгаа. Одоогийн байдлаар 32 удаа цахимаар дугаар олгосон. Нийтдээ 3315 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүллээ. Үүнээс яг ирээд өргөдлөө өгч байгаа нь 2000 орчим. Бусдынх нь хувьд хугацаандаа ирээгүй гэх мэт шалтгаанууд бий. 2000 гаруй аж ахуйн нэгж материалаа өгснөөс одоогийн байдлаар 600 гаруй тусгай зөвшөөрөл олгоод байна. Засаг дарга нараас ирүүлсэн 620 гаруй шийдвэрлэгдээгүй, дэмжээгүй санал бий. Дэмжихгүй саналыг нь хуулийн хүрээнд судалж, зарим боломжтой саналыг нь шийдвэрлэнэ. Боломжгүйг нь төрөөс тогтоосон газраас хасуулах санал гаргаж таарах болов уу.

Цахимаар тусгай зөвшөөрөл олгох явц эхэндээ нэлээд эргэлзээ, хэл ам дагуулсан. Одоо ямархуу байгаа вэ?

-Өргөдлөөр, цахимаар олгож буй үйл ажиллагаа өмнө нь АМГ дээр их хэцүү нөхцөлд явагдаж байсан. Тусгай зөвшөөрлийн талбай гарсан нөхцөлд АМГ-т эмх замбараагүй байдал үүсдэг байсан л даа. Гадаа дугаарлаж зогсоно. Аль хүч нөлөөтэй нь урдуур дайрч ороод өчнөөн талбайд өргөдөл өгөх боломжтой. 20 талбай зарлагдсан байлаа гэхэд нэг хүн шууд хорин талбайн материал өгчихөд л арын улсад ямар ч боломж гарахгүй. Бусдад нь тэгш боломж олдохгүй гэсэн үг. Одоо бол өөр. Хайгуулын тусгай зөвшөөрөл явуулах үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгж 2700-2800 хүрчихсэн. Цахимаар олгосны бас нэг давуу тал гэвэл эмх замбараагүй байдлыг арилгаж чадсан.

Хуульд цахимаар олгоно гэсэн заалт байхгүй гэсэн шүүмжлэл дуулдсан…?

-Дугаарлуулж өгнө гэсэн заалт ч байхгүй. Түрүүлж ирсэнд нь түрүүлж өгнө гэсэн зарчим бол бий. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагад өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимаар авч болох хууль зүйн зохицуулалт бий. Засгийн газрын 11-11 гэхэд л цахимаар өргөдөл гомдол аваад, манайд харьяалагдахыг нь наашаа ирүүлдэг. Бид буцаагаад иргэнд хариу өгдөг. Өргөдөл гомдлыг цахимаар аваад шийдэж байгаа зарчим л даа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгож байгаа нь яг энэ зарчмын дагуу өрнөж буй үйл явц.

Тусгай зөвшөөрлийг шийдэх явц хэр нээлттэй байгаа вэ?

-Шийдвэрлэлтийн үйл явцыг нээлттэй ил тод болгож өгсөн. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрлийг, өргөдлийг яг тэр хүний өгч буй талбай дээр бууж байгаа эсэхийг хэн ч хянадаггүй байсан. Кадастрын мэргэжилтэн аваад хэн ч харах боломжгүй нөхцөлд, магадгүй давхцалгүй байсан ч “Уучлаарай,таны өргөдөл давхцалтай байна” гээд буцаахад ямар нэг маргаан хийх боломж бүрдээгүй байсан. Харин одоо бол өөр. Төрөөс тогтоосон талбайг сонгоны, өргөдлийн гэдгээр нь бүх талбайгаар нь гаргаад зарлачихаж байгаа юм. Манай сайтан дээр бий. Аж ахуйн нэгжид давхцалтай эсэхийг харах боломж нээлттэй. Ил тод байгаа нь маш олон аж ахуйн нэгжид боломж бий болгож чадсан.

Цахимаар дугаар авах ажил эхлэх үед техник гацсан асуудал үүссэн. Одоо гайгүй юу?

-Монголд анх удаа цаг минут секундээр уралдаж өргөдлийн дугаар авч байгаа. Тийм учраас эхний үед гацсан тал бий. Бусад газрууд шиг өндөр хүчин чадалтай техник байхгүй. Тусгайлан баталсан хөрөнгө оруулалт байгаагүй учраас АМГ өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлаж, байгаа техникийнхээ боломжоор энэ үйл ажиллагааг явуулсан. Хандалт асар их байсан нь гацалт үүсэх шалтгаан болсон л доо. Эхний ганцхан секундэд гэхэд л гурван сая 500 мянган хандалт хийгдсэн гэсэн тооцоо бий. Хичнээн сайн техник ч ийм их хандалтад гацалт өгөх өндөр магадлалтай. Одоо бол ямар нэг гацалтгүй ажиллаж байгаа.

Хайгуулын компаниуд Засаг дарга нар татгалзсан хариу их өгч байна гэсэн шалтгаан хэлээд эхэллээ. Гайгүй нөөц илрэх болов уу гэсэн газруудад орон нутаг нь ингэж хандаад байвал хайгуул урагшлахгүй байх?

-Тухайн орон нутгаас татгалзсан саналуудыг ангилж үздэг. Ямар нэг хуулийн үндэслэлгүйгээр, өвөлжөө хаваржааны газар гэх мэт шалтгаан хэлэх нэг өөр. Өвөлжөө, хаваржааны газарт хайгуул явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Судалгаа хийгдээд ашиглалт явуулахдаа тулбал өвөлжөө, хаваржааны газартай айлуудтай зөвшилцөөд, үнэ төлбөр, нүүлгэн шилжүүлэх зардлыг нь өгөөд тэр талбайг ашиглах хуулийн гарц бий. Шийдэж байгаа гэдэг нь энэ үндэслэл л дээ.

Тэгвэл шийдэж болохгүй ямар үндэслэлүүд байна?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар тухайн сум орон нутгийн нутаг дэвсгэр дээр ямар үйл ажиллагаа явуулахыг ИТХ нь шийддэг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр баталдаг. Бидний явуулж байгаа талбай дээр иргэдийн хурал нь хуралдаад шийдвэр гаргаад ирүүлбэл нэг өөр. Эсвэл иргэдийн хурал нь хуралдаад орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан байвал бид тэднийг үгүйсгэх боломжгүй. Тэр газрыг нь төрөөс тогтоосон талбайгаас хасуулах, Засгийн газарт энэ аймгууд ингэж татгалзлаа гэдэг үндэслэлээр нь санал оруулж байж дараагийн шийдвэр гарна.

Хайгуулыг хөгжүүлье гэвэл аймаг, сумдынхны сонирхлыг татах бодлого, шийдвэр гаргавал өөр зураг харагдах байх. Хайгуулын компанийн төсөвт оруулдаг мөнгөний төчнөөн хувийг танай нутгийн төсөвт өгнө гэдэг ч юм уу. Энэ тал дээр төлөвлөсөн хийсэн, зүйл бий юу?

-Хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компаниудын улсын төсөвт оруулж буй мөнгөний тодорхой хувийг орон нутгийнх нь төсөвт үлдээхээр болж байгаа. Төсвийн тухай хуульд ий өөрчлөлт хийсэн. Жишээ нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн орон нутгийн төсөвт орлого болж орно. Төсвийн тухай хуулийн нэмэлт батлагдсанаар аймгууд зарим газартаа тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн шийдвэр ирүүлж байгаа.

Компаниуд хайгуулын лицензээ авчихаад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй дараад байх хандлага гарах эрсдэл бий юу?

-Тусгай зөвшөөрөл авсан компаниуд ажил хийхгүй хадгалаад байх боломжгүй. Эхний жил нь хайгуулын ажлын төлөвлөгөө авахгүй. Дараа жилээс нь хайгуулын ажлын төлөвлөгөөг заавал батлуулдаг. Тухайн жилд нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталж өгдөг юм. Дор хаяж тэр хэмжээний зардал заавал гаргасан байх ёстой. Хайгуулын компаниуд жилийн эцэст манайд тайлангаа өгдөг. Манай газраас шуурхай хяналт гэж гардаг юм. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын хээрийн шуурхай хяналт гэж. Хавраас, намар сэрүү ортол төлөвлөгөөнд ирүүлсэн координат, хийсэн ажлуудын судалгааны материалууд үнэн зөв эсэхийг шалгадаг. Тайланд дурдсан ажлаа хийгээгүй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хариуцлага бий. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хийгээгүй бол, байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй тохиолдолд эрхийг нь цуцлах хуулийн хариуцлага байдаг. Ер нь хайгуул маш өндөр зардал шаарддаг. Гэтэл хүмүүс хайгуулын тусгай зөвшөөрөл авчихлаа гэнгүүт л бизнес гээд ойлгочихдог. Хөрөнгөтэй мөнгөтэй болчихлоо гээд хардаж сэрдээд эхэлдэг. Үнэн хэрэгтээ зөвшөөрөл авсан талбай нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тогтоох хүртэл тухайн аж ахуйн нэгж байнга зардал гаргадаг. Хайгуул, судалгаа шинжилгээнийхээ ажилд хэдэн тэрбумыг зарцуулдаг. Аж ахуйн нэгждээ маш өндөр дарамт. Тийм учраас эдлийн засгийн үр ашигтай эсэхийг тогтоох хүртэл төрөөс, орон нутгаас нь дэмжээд явбал аль аль талдаа хэрэгтэй. АМГ-т байгаа 3000 тусгай зөвшөөрлийн 1500 нь ашиглалтынх. 1500 нь хайгуулынх. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь нийт нутаг дэвсгэрийн 7.5 хувийг эзэлдэг. Арав орчим сая га газар гэж өмнө хэлсэн. Үлдсэн 1500 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.8 хувь гэж бас хэлсэн дээ. Дөнгөж нэг сая га газар. Ашиглалт болоод ирэхээрээ хэдэн зуу дахин багасч байгааг энэ харьцуулалтаас харж болно.

Уул уурхайн компаниудыг орон нутгийн иргэд эсэргүүцэх тохиолдол олон гардаг. Тэр дундаа хайгуулын компаниудын ажлыг хийлгэхгүй хугацаа алдуулах эрсдэл өндөр. Хаа, хаанаа ойлголцоод ажиллах загвар байна уу?

-Өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн сайд, АМГ-ын дарга, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй баг Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлдэг “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд Бразил, Колумбад бичил уурхай ямар зарчмаар явагддагийг судлаад ирсэн юм. Колумб 74 мянган бичил уурхайчинтай юм билээ. Бичил уурхайчдаа тухайн орон нутагт ажлын байр бий болгодог гэж үздэг юм байна. Алт, үнэт чулууны ордууддаа бичил уурхайчдыг ажиллуулдаг нь анзаарагдсан. Байгаль орчинд ээлтэй технологитой, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж чадсан л бол албажуулна гээд сертификат өгчихдөг жишээ тэнд байна. Сертификат авсан хүмүүс нь улсад татвараа төлнө. Бичил уурхайнхан нь илүү томорч, шинэ технологи оруулж ирээд дунд уурхай болох боломжтой. Жижиг, дунд, том гэсэн гурван хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Ойлгосонгүй. Нэг уурхай дээр ийм гурван хэлбэр зэрэгцэнэ гэж байх уу?

-Том уурхайтайгаа бичил, дунд уурхайгаа холбож өгсөн технологийг нь эндээ нэвтрүүлмээр санагдсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажил олгогч болчихож байгаа юм. Бичил уурхайчид албажаад тухайн компанийн ажилтан болж байна гэсэн үг. Албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд орон нутагт үйл ажиллагаа явуулахад нутгийн иргэд, орон нутаг гээд тал талын эсэргүүцэлтэй тулдаг асуудал ингэж байж цэгцэрнэ. Яг энэ хэлбэрийг сонговол аль аль талдаа ашигтай. Орон нутгийн ажилгүй иргэдийг ажилтай болгочихоор эсэргүүцэх хүн гарахгүй.

Нүүрсний том уурхай байлаа гэж бодъё. 26 давхаргыг олборлохоор төлөвлөсөн гэж төсөөлье. Өнгөн хөрсийг нь хуулангуут шууд нүүрс гарч ирдэг дээ. Тэр хэсэг буюу 1-3 дахь давхаргыг нь бичил уурхайнханд өгчихдөг юм байна. 3-10 дахь давхаргыг нь дунд уурхайнханд, гүний уурхайн чиглэлдээ өөрсдөө ажилладаг юм билээ.

Ашгаа яаж хуваана гэсэн үг вэ?

-Бичил уурхайчид орлогынхоо 50 хувийг өөрсдөө, 50 хувийг нь том компанидаа өгдөг юм байна. Дунд уурхайнхан ашгийнхаа 70 хувийг өөрсдөө, 30 хувийг аж ахуйн нэгждээ өгч байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч том компанийн хувьд гүний уурхайн ашгаа өөрсдөө гэсэн зарчимтай ажилладаг.

Манай компаниуд хэр хүлээж авч байна?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл авах гээд явж байгаа иргэддээ санал болгож байна. Аж ахуйн нэгжүүд их дуртай хүлээж авсан. “Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нь компанийн нийгмийн хариуцлага. Нутгийн иргэдтэй ийм тохироо хийвэл дараа нь ямар нэг асуудал гарахгүй юм байна” гэцгээж байна. Үнэхээр хэтийн төлөв сайтай алтны уурхайнуудад нинжа нар орчихсон жишээ олон бий. Ийм газар тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулах гэхээр орон нутаг нь бичил уурхайнханд олгочихсон, эсвэл нинжа нар орчихсон байдаг. Ийм асуудлууд цэгцрэх учраас аж ахуйн нэгжүүд их сонирхож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.ДАВААЖАВ: Хэдэн хүн буудсанаа мэдэхгүй, чиглүүлээд л буудаж байгаа юм чинь

Эх орны баруун хил, Байтаг богдод тулалдаж явсан ахмад дайчин Ламцэрэнгийн Даваажавтай уулзаж хөөрөлдлөө.

Та Монгол орныхоо баруун хилийг хамгаалалцаж явсан ахмад дайчин. Манай улсын түүхэнд баруун хил дээр болсон үйл явдлыг “Хилийн тулгаралт, байлдаан” гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь үгийн эхэнд хэлэхэд төр засаг 1992 оноос эхлээд баруун хилийн тухай огт дуугарахаа больсон. Дандаа л зүүн хил, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны тухай л дуугарцгаах юм. Баруун хязгаарт тулалдаж явсан бидний арван гурван ахмад дайчин хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын сайдад “Баруун хилийн тулгаралтын үнэн бодит байдлыг Монгол Улсын түүхэнд үнэн зөвөөр тусгаж өгөхийг хүссэн өргөдөл” өргөн барьсан ч тоолгүй байсаар одоо гуравхан хүн амьд үлдэж. Тэрчлэн УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаад энэ талаар өргөдөл бичсэн ч огт тоогоогүй. Үгүй, энэ чинь Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга гэхэд л бидэнтэй өнчин ишигний ч дайтай харьцахгүй байна гэдэг мөн ч их хэцүү еэ. Баруун хилийн тулаан, байлдаан гэхээр л ярвайдаг энэ ихэс дээдсийн ааш араншинг хөгшин би үнэндээ огтхон ч ойлгохгүй байсаар хадан гэртээ морилох бололтой. Зүүн хил гэхээр тавин жилээс нь эхлээд л сүртэй тэмдэглээд байдаг. Баруун хил гэхээр огт тоодоггүй нь ямар учиртай юм бол. Тэгшээ, Гиваан, Даваадорж, Жамбаа, Нэхийт, Лхагвадорж, Энхийн Шийлэг, Бадам нарын арван баатар төрсөн баруун хилийн тулгаралт дайныг түүхээс хасаад дурдахаа ч больж эхэлж байгаа нь юу гэсэн үг вэ. Дайнаас л баатар төрдөг болохоос жирийн нэг хилийн зөрчлөөс тийм олон баатар төрөх үү.

Баруун хил дээр таныг алба хаах үед байдал ямаршуухан байв даа?

-Монгол Улсын газар шороо, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө бид зүтгэж явсан. Тэр үүргээ ч бид бүрэн дүүрэн биелүүлсэн улс. Баруун хил дээр эсрэг талын байнгын хөнөөлийн доор эх орны л үүрэг даалгавраа биелүүлж явсан. Эх орны хүнд даалгавар гэдгийн учир юу вэ гэвэл бид цэрэгт очоод тангараг өргөсөн. Одоогийн “Шударга ажиллана” гэж тангараг өргөдгийн дэргэд бол бидний тангараг “Амь насаа ч хайрлахгүй” гэж дэнчин тавьснаараа онцлог байлаа. Хэрвээ өргөсөн тангаргаа биелүүлэхгүй бол “Эх орны өмнө хуулийн цээрлэл хүлээнэ” гэсэн туйлын дээд ёс суртахуун бидэнд байсан. Цэргийн хээрийн шүүхээр хуулийн дээд хэмжээ авч, жагсаалын өмнө буудуулсан тохиолдол ч зөндөө байдаг юм.

Тушаал уншаад л та нарын нүдний өмнө шуудхан буудчих уу?

-Ямар ч өчиггүй буудна. Амь насных нь ял хэлтрээд олон жилийн ял авсан хүн ч байгаа. Салаан дарга Дорж гэдэг хүн хоёр зуу гаруй дайсантай тааруутаа цэргээ аваад ухарлаа гэж буруутгагдан буудуулж байсан.

Та хаанахын анги заставт цэргийн алба хааж байв?

-Баруун хилийн будлиан ихэссэн болохоор Ховдын дөрөвдүгээр морьт дивизьонд алба хаасан даа. Цэргийн карантинд хоёр гурван өдөр морьтой бэлтгэл сургууль хийлгэж байгаад, Ховд аймгийн Булган сумын Булган голын хөвөөнд нэг өдөр тангараг өргүүлээд тэр өдөртөө цааш хил рүү татсан юм. Тэр үед хорьтой хүнийг цэрэгт авдаг байсан. Бүтэн гутал ч өмсөж үзээгүй хөдөөний бүдүүлэг хүүхэд цэрэгт явбал юм үзэж, нүд тайлна гэж бодоо биз дээ. Тангараг өргөсөн цэргүүдээс хамгийн бага нь Ховдын Буянт сумын Буянбат, бид хоёр арван найман настай байлаа. Би 1929 оны хүн. Тэр үед Эрдэнэбүрэн сумаас ахыгаа цэрэгт явахад насаа нэмээд саналаараа цэрэгт явсан хүн. Дотоодыг хамгаалахын харьяанд биднийг өглөө. Биднийг анх хил дээр очиход цэргийн байр байхгүй учир газар ухаж байрлацгаасан. Өдөржин газар ухаад шөнө нь манаандаа гардаг байлаа. Тэнд бид ээлж, амралт байхгүй өдөр шөнийн алинд ч бүрэн зэвсэгтэйгээ байцгаана. 1947 оны намраас 1948 оны хавар хүртэл арван сарын турш л бид ийм байдалтай байсан.

Хувцас хунараа тайлж ор дэрэнд амарна гэсэн ойлголт байхгүй байв уу?

-Бүрэн зэвсэгтэй, хувцсаа нэг ч тайлахгүй шахуу арван сар болно гэдэг чинь ёстой нэг амьдын там болж байсан. Бөөсөнд баригдах гэж нөхцөл байхгүй. Бага дарга нар аргаа барахдаа цэргүүдийн хувцсыг тайлуулаад цасан дээр гөвүүлэхэд бөөснүүд бор шороо цацчихсан юм шиг бужигнаж өгдөг байлаа. Дөчин найман оны хавар бөөсөн тип гэж аюултай өвчин дэгдлээ. Энэ үеэр маш олон цэрэг нас барсан. Тийм нөхцөлд бид газар нуувчин дотор л амьдарч байлаа. Газар нуувчаа мод банз байхгүй юм чинь голын бургас авчран зулж байгаад шороогоор булчихсан болохоор дээрээс шороо бургиад орж гарах болгонд хаалганы аясаар бөөн шороо л толгой дээр бууна. Баруун хилээ бид ийм л нөхцөл байдалд хамгаалж ирсэн.

Баруун хил дээр олон дайчин эр амь үрэгдсэн байдаг болов уу?

-Баруун хилийн хямралтай байдал түүхэнд хамгийн олон жил буюу арваад жил үргэлжлэхэд мянгаад удаа халуун тулалдаан болж, зуу гаруй эх оронч хилчдийн алтан амь үрэгдэж, өчнөөн зуун цэрэг эрс шархдан тахир дутуу болсон. Тэндээс эрэлхэг дайчин арван баатар төрсөн. Хилийн тулгаралт, байлдаан гэж зөөллөөд байгаа болохоос Халхын гол, Чөлөөлөх дайнаас ч дутуугүй томоохон үйл явдал баруун хил дээр болсныг өнөөдөр их зөөлчилж түүхчлээд байгаад үнэндээ маш их гайхдаг юм.

Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын эрэлхэг баатруудын амь үрэгдсэн алдарт Байтагийн нуруунд очиж байсан. Танай анги тэр хавьд байсан юм уу?

-Яг тэрний чинь баруун талд Жамбаа баатрын есдүгээр застав байсан. Тэдний заставын баруун талд манай анги байрлаж байсан.

Та нар хасгуудтай олон удаа тулалдаж байв уу?

-Ховдын Булганы айлуудын мал хуйг хасаг хуйхуй нар хөөнө. Үргэлж шахуу л хасгуудтай тулалдаж байсан. Мал хулгайлах үед нь хоёр талаас буудалцана. Сүүлд Хятадын гоминдааны дивизээс хүч нэмэгдүүлсэн хасгийн томоохон хэсэгтэй бүтэн арван нэгэн цагийн турш буудалцсан. Тэд биднийг винтов, миномёт, бүр хүнд пулемётоор хүртэл буудаж бидний очсон арваннэгдүгээр заставынхныг их сандаргаж байлаа. Хамт явсан нөхөд минь үхсэн, шархадсан тохиол зөндөө л байдаг юм. Тийм юман дундаас л бид цөөхүүлхнээ ч гэсэн үлдээд л гарсан юм.

Одоо хэдүүл үлдээд байна?

-Манай ангиас одоо амьд мэнд байгаа нь надтай нийлээд гурвуул л байх шив дээ. Салаа, тасаг, суман, дивизьон гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. Тэр олон салбар нэгтгэлээс л үлдээд байгаа гэхээр бид чинь дэндүү цөөхүүлээ үлдсэн юм биш үү.

Цэргүүд өлсөж зовох нь аль хэр байв?

-Өлсгөлөнд орсон хүн тураалд хурдан ордог. Цэргүүд өлсгөлөнгөөр нас барах тохиолдол ч их байсан. Халдварт өвчин их гардаг байсан болохоор өлсгөлөнгөөр чухам хэдэн цэрэг бурхан болсныг хэлэхэд хэцүү. Тураалд орсон цэргүүдийг ангиас ялгаад тусдаа нуувчинд хэвтүүлнэ. Хил дээр буун дуу гаргах эрхгүй болохоор нутгийн гүн рүү ангиас цэргүүд дайчилж гөрөөс зээр агнуулж авчран тураалд орсон цэргүүдээ тэжээн тэнхрүүлдэг байсан.

Таны ярианаас тухайн үед хасгууд зэр зэвсэг сайтай байсан нь анзаарагдаж байна. Хасгийн толгойлогч Оспанд маршал Х.Чойбалсан баахан зэр зэвсэг хүлээлгэж өгснийг та нар тухайн үедээ мэдэж байсан болов уу?

-Сүүлд нь мэдэгдсэн. Зуун мянган винтовыг дөрвөн зуун мянган сумтай, хүнд хөнгөн пулемёт хүлээлгэж өгсөн байдаг юм ш дээ. Бүр хоёр мянган гранатыг биднийг устгаг гэж өгсөн байгаа юм. Үүний цаана ЗХУ-ын цэрэг стратегийн том бодлого байсан байх л даа. Тэр ч байтугай хасгуудад зэр зэвсгийг яаж хэрэглэхийг ч зааж сургасан байдаг. Тэр үед ЗХУ-д Цэргийн сургууль дүүргээд ирсэн Булган аймгийн харьяат Сосорбарамын Зундуй гэдэг хүн оспаныхан дээр очиж зэвсэг яаж хэрэглэх талаар сургууль хийлгэж бүүр зааж өгсөн байдаг юм.

Зүүн хилийн байлдаан буюу Халхын голын тулаан, Чөлөөлөх дайн бол милитираст Японы эсрэг хийсэн дайн байж. Харин баруун хилийн тулгаралтын тухай ярих гэхээр өмнөд их хөрш БНХАУ-тай харилцаагаа муутгахгүй гэсэн улс төрийн бодлого байдаг учраас та бүхний үйл хэргийг бүдгэрүүлээд байдаг юм биш байгаа?

-Тийм байх магадлал маш өндөр. Гоминдааны Хятадтай 1945, 1946 онуудад олонтаа тулалдаж байснаа 1947-1949 онд Оспаны хасгуудтай байлдаж эхэлсэн байдаг. Одоо баруун хилийн дайн, байлдааны тухай асуудал хөндөх гэхээр урд хөрштэйгөө муудах гээд байдаг болчихсон байхыг би үгүйсгэхгүй.

Та цэрэгт байсан газруу­даараа дахин очсон уу. Та нөхдийн бөөсөнд бариу­лан, өвчин зов­лонд шаналан, хөлс цус­тай­гаа холилдон байж хам­гаалсан баруун хилийн нутаг орон сүүлд хил тогтооход арай Хятадын мэдэлд оччихсон юм биш байгаа?

-Би очиж амжаагүй. Уг нь очих санаа их байх юм. Одоо ч нас ахичихлаа даа. Хилийн цаана бидний хамгаалж байсан, байрлаж байсан олон ч газар Хятадын харьяанд очсон гэх юм билээ. Олонбулагийн застав маань одоо л лав бидний үеийн байрлаж байсан газраа байдаггүй. Манай арваннэгдүгээр заставаас Ваанчиг гэж эмч нэлээд яригддагийг та нар сонсоо байлгүй. “Улаан ном”-ын хүн гэж хүртэл дурдагдсан байдаг.

Яг тулаанд орсон үйл явдлаа яриач?

-Бүтэн арваннэгэн цагийн тулаанд оролцож байлаа. Цагаан шороо ихтэй газар олон морьтой хүн чинь бөөн тоос манараад л байдаг юм билээ. Бид хилийн харуул дээр гурвуул байж байсан. Лав л хоёр гурван зуун хүн байсан байх. Манай ангийн дарга хурандаа Мадриг “Ямар нэгэн тулгаралт болоход буудаж болохгүй. Мэдээ л өгөх ёстой. Хоёр цаг тутамд хэл бариад бай” гэсний дагуу бид дөрөв төвд мэдээгээ өгүүлэхээр нэгийг нь явуулчихаад гурвуулаа үлдсэн. Би тэр гурвыгаа хариуцсан ахлах түрүүч. Орой бүрэнхий болтол хадтай толгойн орой руу хүний хөлийн чимээ гараад, мацаад байгаа нь тодорхой боллоо. Би ч нөгөө хоёртоо “Амьд баригдаж болохгүй. Бадамыг гэхэд халуун төмрөөр хайрч тамлан егүүтгэсэн. Хэрвээ бид баригдах л юм бол тэгж үйлээ үзнэ. Тэгж шаналж байснаас Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав шиг ганц ганц гранатаа үлдээж байгаад тэсэрч үхцгээнэ шүү” гэлээ. Толгойн үс арагшаа хуураад явчих шиг санагдсан. Тэгтэл ч чимээ дөхсөөр “Зогс” гэж дохио өгтөл ашгүй манай талын нууц үгийг хэллээ. Тэгэхнээ Мадриг дарга бидэн рүү долоон хүн явуулсан юм байж. Бид шивнэлдэж ярьж байгаад ногоон пуужин буудуут Байтагаа тойрч анги дээрээ очсон. Ангидаа очоод амралт ч байхгүй өглөө арван нэгэн цаг хүртэл буудалцсан. Нэг их том дуутай буугаар хасгууд буудаад. Бодвол миномёт л байсан байх. Дээгүүр сум ульж исгэрээ л хэцүү л байсан.

Сум тэгж ульж байхад юу бодогдохов?

-“Энэ жил оногдоогүй онд орсон юм. Одоо яг энд тусвал ч амьд үлдэхгүй юм байна даа” гэж бодогдож байсан. Зарим хүн “Би тэдэн хүн алсан” гэж худлаа хөөрлөж л байдаг юм. Ачир дээрээ хэн ч хэдэн хүн буудсанаа мэдэхгүй ш дээ. Зүгээр чиглүүлээд л буудаж байгаа юм чинь тийм баримжаа огтхон ч байхгүй шүү дээ.

Манайханд тийм хүчтэй миномёт зэрэг зэвсэг байгаагүй юм уу?

-Чухам сайн санахгүй юм. Ямар ч байсан бид өөрсдөө нэг нэг винтовтой, 120 сумтай, хоёр гранаттай л байсан юм даг. Хятадуудыг ухарч явсны дараа Мадриг дарга шалгаж үзээд “Биднийг хоёр зуухан метр газар л бүслээгүй байсан байна. Нэг ёсондоо цагирагт байж. Гэхдээ энэ хятадууд ямар тэнэг юм бэ. Газар ухалгүй урдаа л нэг жаахан газар хад чулуу овоолчихсон байх юм. Тэрэнд чинь сум тусаад ёстой хядаж өгнө шүү дээ” гэж байсан гэдэг. Биднийг бүсэлсэн дайсны тэр хэсгийнхний байсан газар болгонд л нил цус тогтсон байсан юм гэсэн. Хятадууд хүзүүгээ нэвт буудуулсан жороо шарга морь, шархандаа хувин шиг том болчихсон толгойтой нэг хятад хоёроо орхиод буцсан. Тэр хятадыг 24 дүгээр отряд дээр аваачиж эмчилж хүн болголоо л гэсэн. “Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайн хамаатны хүн байсан гэнэ” гээд шуугьдаг байсан. Бид тэр бүхний нарийн учрыг яаж мэдэх вэ.

Цэргээс халагдаад хаана ажиллаж амьдрав?

-Ховд аймагтаа, бичиг үсэгт тайлагдсан болохоор Эвлэлийн хороонд нэг хэсэг ажилласан. Сар гаруйн дараа аймгийн даргын нарийн бичгээр гурван жил ажиллаад Хүн эмнэлгийн техникумд элссэн. Төгсөөд Төв аймгийн Баян сум, Жанчивлан рашаан сувилалд ажиллаж байгаад улсад дөчин таван жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар тэтгэвэрт гарахаасаа өмнө нэлээд олон жил ажилласан. Ховд аймгийн Буянт сумын Санжаагийн Нямхүүтэй ханилж таван сайхан хүүтэй болсон доо. Одоо ач нар маань төрж өссөөр олуулаа боллоо доо.

Categories
мэдээ цаг-үе

Авлигатай тэмцэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг зөвлөжээ

-Монгол Улсад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталж, улс төр дэх хээл хахуультай тууштай тэмцэхийг зөвлөлөө-

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улс авлигатай хэрхэн тэмцэж байгаа талаар судалж, тайлан гаргажээ. Тайланд манай улсыг авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батлахыг зөвлөжээ. Мөн улс төр дэх авлигатай тууштай тэмцэх шаардлагатайг онцолсон байна. Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, санхүүжилтэд тавих хяналтыг чангаруулах нь зөв гэжээ. Мөн шүүх засаглалын шинэчлэлийг үргэлжлүүлж улс төрийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уг тайланд сайшаан бичсэн байна. Гэхдээ уг тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд АТГ-т шаардлагатай чадавхийг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад харамсч буйгаа дурджээ. Үнэлгээний тайланд авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хуулийг батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалсан байлаа.

Нийтийн алба, ялангуяа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нөхцөлийг хангах, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжоо шинэчлэхийг олон улсын байгууллагаас зөвлөжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг олон улсын стандартын дагуу шинэчилж, хуулийн хэрэгжилтийг хангахуйц хяналтын механизмыг бий болгох ёстой гэжээ. Мэдээлэл авах эрхийг хаасан этгээдэд хүлээлгэх шийтгэлийг нэмэгдүүлэхийг ч зөвлөмждөө тусгажээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг мөн зөвлөсөн байна. Одоо мөрдөж байгаа хуулиар гүтгэх, доромжлох хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулсан бөгөөд хорих ял оноох санкцтай билээ.

Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хууль батлагдсан, Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан, бүх яамдад дотоод аудит байгуулсан зэрэг ололт амжилт байгааг ч тайланд онцолсон байна. Өчигдөр танилцуулсан уг тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээн дор 2003 онд байгуулагдсан Истанбулын авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ-Эрин” сургуулийн шилдэг анги 7б

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа БСШУЯ-ны харьяа “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхныг онцоллоо. Тус сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийн сургалттай бөгөөд бидний зочид сургуулийнхаа хамгийн шилдэг анги юм. “Багш аа, өөрийнхөө ангид орж зураг авахуулъя” хэмээн ангийн хөвгүүд шуугилдана. Харин охид багшийнхаа зааврыг хүлээн ажиглах аястай. Хөвгүүдийн саналыг хүлээж авсан багш хоёр давхрын зүг ангийнхныгаа дагуулан явж нэг ангийн үүдэнд очив. Тус ангид ахлах ангийнхан хичээлтэй байсан бөгөөд ном дэвтрээ хураан ангиас гарах мөчид үүдэнд хүлээж байсан нүдний шилтэй дэлдэн бор хүү “Та хэзээ үсээ ингээд засуулчихаа вэ. Янзтай” хэмээн ахлах ангийнхаа сурагч руу жуумалзана. Ингээд анги сулармагц сурагчид ширээ ширээндээ сууцгаав. Энэ бол “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхан. 13 хөвгүүн, долоон охинтой. Анги удирдсан багш нь П.Амартүвшин. Ангийн хөвгүүд “Манай сургуулийн захирлыг Амартүвшин гэдэг. Гэхдээ эрэгтэй. Харин манай багш эмэгтэй. Ийм л ялгаатай даа” гэж өөр хоорондоо хөөрцөглөнө. Багш хамгийн цэвэрхэн бичигтэй гурван хүүхдийг дуудаж, бичгийн хэвийг нь шалгав. Хүүхдүүд энэ ч гоё бичдэг, тэр ч гоё бичдэг хэмээн бие биенээсээ өрсөж дуугарах. Тус ангийн өнцөг, булан бүрт математикийн бодлого, томъёо бичсэн самбарууд харагдана. Учир нь ангийн багш П.Амартүвшин математикийн хичээлээр мэргэшчээ. Тэгээд ч бүх хичээл англи хэл, монгол хэлээр давхар ордог байна. Тэрээр “Шинэ Эрин” сургуульд 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь даан авсан анги нь 7б-гийнхэн. Тэрээр “Миний хувьд ахлах ангийнханд математикийн хичээл заадаг байсан. Харин энэ ангиа дааж авахад анхандаа дасч өгөхгүй байлаа.

Бүх зүйлийг надаас асууж шалгаана. Багшийнхаа гарыг харна. Аливаа зүйлийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бага ангийн сурагчдыг бодвол арай бие даасан гээд бодохоор ахлах ангийнхнаас хамаагүй балчир. Тиймээс зөвхөн мэдлэг олгохоос илүү хүмүүжилд нь хамгийн сайн анхаарч, зөв үлгэр дуурайлал өгөх хэрэгтэй. Одоо ч ангийнхантайгаа нэг цул бие л болсон шүү дээ” гэж ихэд сэтгэл хангалуун ярина. Багшийгаа ийн ярих зуур сурагчид чив чимээгүй ном уншиж, юм бичиж тэмдэглэнэ. Гэхдээ бидний ярианд чих тавьж, анхааралтай ажиглана. 7б ангийнхан аливаа тэмцээн уралдаан, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд баг болж чаддаг учраас тэднийг сургуулийн тэргүүний ангиар үе тэнгийнхэн нь өргөмжилдөг байна. Өнгөрсөн оны зургадугаар сард VI ангиа төгсөхдөө нэг ч хүүхэд дунд, муу гэсэн үнэлгээ аваагүй бөгөөд бүх хичээлдээ ангиараа онц, сайн дүнтэй төгсч байжээ. Энэ нь мөн л бусад ангиудтай харьцуулахад тэргүүний үзүүлэлт болж чадсан байна. Тус ангийн сурагч Б.Түвшинжаргал математикийн олимпиадад оролцож, дүүргээс алт, нийслэлээс хүрэл медаль хүртэж байсан бол С.Өсөхбаяр дунд болон ахлах ангийнхантай хамт гар бөмбөгийн тэмцээнд орж дүүргийн аваргаар шалгарчээ. Гар бөмбөг маш чадварлаг тоглодог болохоор ахлах ангийнхан нь багтаа авч тоглуулдаг байна.

Манай зурагчин зураг авах гэтэл нэгдүгээр салаанд суусан охин хажуугийн охиндоо хандан “Түвшинжаргал аа, пиджакныхаа дотуур өмссөн яагаан цамцаа тайлчих. Тэгэхгүй бол маргааш манай ангийнхны зураг сонин дээр гарахад чи ганцаараа өөр цамцтай харагдана” гэж ирээд л хариуцлагатай гэгч нь хэлэв. Ангийн багш ч түүнийг дэмжив. Охин дуулгавартайгаар давхарлаж өмссөн цамцаа тайлах зуур ангийн бусад охид үсээ цэгцлэн боож, хөвгүүд пиджакныхаа товчийг янзлаад авлаа. Тэгснээ “Манай ангийг яагаад сонгосон юм бэ”, “Аав, ээждээ хэлнэ ээ. Ямар сонин билээ” гээд их л нухацтай асууж ихэнх сурагч тэмдэглэж авав. Бидний зүгээс ч сургуулийн тэргүүний анги учир онцлон зочилсноо тайлбарлав. Үүний дараа ангийн багш сурагчдаас ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асуулаа. Сурагчид нэг нэгээрээ гар өргөн хариулцгаав. Хамгийн түрүүнд Б.Тэмүүлэн хүү босч ирээд “Би хүмүүстэй их чөлөөтэй ярилцах дуртай. Тиймээс би хуульч болно” гээд суув уу үгүй юу хоёрдугаар салаанд суусан М.Чингүн босон “Би эмийн үйлдвэртэй болно. Америкт зардаг эмийг манай улсад нэг ширхгийг нь маш өндөр үнээр авдаг тухай ээж надад хэлсэн. Гэтэл хорт хавдраар манай оронд маш олон хүн өвчилж, шаналж байна. Хэрвээ би эмийн үйлдвэртэй болчихвол тэр эмийг нь үйлдвэрлээд хямдхан зарж, олон хүнд буян болно” хэмээн ихэд хэрсүүхэн хариулт өглөө. Түүнээс хорт хавдрын талаарх мэдээллээ хаанаас авсан болохыг асуухад интернэтээс олж мэдсэн гэв. Сурагч бүр ирээдүйд хэн болохоо хэлэхийг ихэд хүсч байгаа нь илт. Нэг нэгнээсээ өрсөх гэж суудлаасаа байн байн өндөлзөнө. Ингээд Г.Номунд хэлэх эрх оногдлоо. Энэ охин архитекторч болох гэнэ. Учир нь аав, ээж нь барилгын инженер мэргэжилтэй төдийгүй хувийн компанитай аж. Тус компанид нь ах эгч хоёр нь бас ажилладаг байна. Тиймээс Г.Номун тэднийхээ хамт өөрийн хүссэн өнгө загварыг тусгасан сайхан барилга барих мөрөөдөлтэй гэнэ. Харин Н.Сүндэрьяа их л цовоо сэргэлэнгээр “Би уйлж буй хүнийг хараад инээлгэх юмсан гэж хүсдэг. Жүжигчин болчихвол би энэ хүслээ биелүүлж чадна” гэв. Түүний хувьд хошин урлагийн жүжигчин Ундармаа, Мөнхсайхан нарыг хүндэлдэг гэнэ. Ангийнх нь хөвгүүд хажуугаас “Бооёо ах гоё ш дээ”, “Онон бүр илүү” хэмээн хошигнолдож үймүүлэх янзтай. Гэтэл нэгдүгээр салаанаас Т.Нандин-Эрдэнэ шийдэмгий босч ирээд “Улстөрч болно. Уран илтгэгч болж хүмүүсийг байлдан дагуулах нь надад таалагддаг” гэхэд багш нь “Хэрвээ чамайг мундаг улстөрч болчихсон үед ангийнхан чинь очоод ажилд аваач гэвэл ажилд оруулна биз дээ” гэж асуухад “Үгүй. Би шударга улстөрч болно” гэв. Түүнийг сонссон ангийнхан нь “Өө” хэмээн уулга алдсан бол харин багш нь алга ташаад “сайн байна” гэж урамшуулав. Г.Баяржавхлан “Барилгын инженер болж шинэ барилга барихдаа хуучин барилгын хажууд барихгүй. Их үзэмжгүй, зохицолгүй харагддаг” гэсэн бол З.Үлэмж “Би ч бас хот төлөвлөдөг дарга болно. Одоо чинь зай гарвал байшин барьж, завсар гарвал гарааж барьдаг болж” гэж ирээд л ангийнхныгаа хөгжөөгөөд авав. Б.Түвшинжаргал, М.Болор-Эрдэнэ зэрэг охид эмч болох мөрөөдлөө хуваалцав. Харин Б.Галбадрах дэлхийн дулаарлын эсрэг нээлт хийж хүн төрөлхтнийг аврах бол Б.Бэлгүдэй, А.Очирбаяр нар хими, физикийн хичээлдээ илүү сонирхолтой учир олон шинэ нээлт хийх шинжлэх ухааны эрдэмтэд болох аж. Б.Мэнд-Амар нагац ахынхаа мэргэжлийг өвлөж замын инженер болох бол Б.Оргил онгоцны инженер болох тухайгаа ярив. Н.Ерлан тоо бодох маш дуртай. Түүнийг үеийн нөхөд нь “Нягтлан бодогч” хэмээн ирээдүйг нь өрсөөд тодорхойлчихов. С.Өсөхбаяр би зурагтаар олон гэмгүй хүн шоронд орж байна гэж сонссон. Тиймээс би буруугүй мөртлөө шалтгаангүйгээр шүүхэд дуудагддаг олон хүнийг өмгөөлөх өмгөөлөгч болно гэж бодож байна гэхэд нэлээд нухацтай бодож суусан А.Майдар “Би бүх хичээлдээ жигд сайн. Бүх мэргэжил надад сонирхолтой санагддаг. Тиймээс би Ерөнхийлөгч болно” хэмээн хэлэхэд ангид бөөн инээдэм болов. Түүнийг зарим найз нөхөд нь нударч “Чи чадах уу” хэмээн ёжлоход “Би чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж шулуухан дуугарав. Сурагчид ч маргасангүй. Тэрээр үнэхээр бүх хичээлдээ онц сурдаг учраас бүгд санал нийлсэн бололтой. Ийн сурагчид ээлж дараалан хэлсээр хоёр охин мөрөөдлөө хуваалцалгүй үлдсэн байв. Хоёрдугаар салаанд суух С.Цогзол охин “Би биологич болохыг маш их хүсдэг. Ургамал, амьтан гээд байгалийн амьд биетийг судлах нь надад таалагддаг” гэсэн бол өнөөх цамц давхарлаж өмссөн гээд ангийнхандаа зэмлүүлдэг охин А.Энгүүн их алдартай загвар зохион бүтээгч болохоо хуваалцав. Сурагч бүр ирээдүйн мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон. Түүнийхээ төлөө сурч, боловсорч байна. Үүнээс гадна ангиараа онц сурч дэлхийн топ-50 сургуульд элсэх зорилготой гэсэн сурагчдынхаа нууцыг ангийн багш задлаад авна лээ. Ингээд хичээлийн цаг ч дуусч завсарлагааны хонх дуугарлаа. 7б ангийнхан энэ сарын 25-нд Одон орон судлалын төв орохоо ярьцгаав. Нэг хүүхэд 3000 төгрөгөөр од эрхсийг дурандах гэнэ. Мөн ангиараа кино үзэх тухай ярьцгаан хоцров.

Гэрэл зургуудийг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Очир эрдэнийн хурим”-аа хийсэн буурлууд

Тоонот гэрт толгой холбоод нэгэн жарныг хол давсан азай буурлууд очир эрдэнийн хуримыг бэлгэшээн хийсээр энэ цагийг хүрсэн уламжлалтай. Хуримын ордонд хоёр өдрийн өмнө “Очир эрдэнийн хурим”-аа хийсэн буурлуудыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Ач, гуч, зээнцрээ үзсэн буянтай буурлуудын алдрыг Д.Сэд-Очир, Д.Энэбиш гэдэг юм байна. Тэд хоёр хүү, гурван охинтой. Ууган охин нь Түмэндэлгэр. Том хүү нь Чулуунбаатар. Дунд охин нь Жаргалсайхан бол бага охин нь Цэрэнчимэд. Энэ айлын отгон хүүг Дашдорж гэдэг аж. Хүүхдүүд нь инженер, багш гээд бүгд дээд боловсролтой, салбартаа амжилттай яваа юм байна.

Гэрийн эзэн Завханы Цагаанчулуутын уугуул. Насаараа үндэсний радио, телевизэд жолоо мушгисан Д.Сэд-Очир гуай нутгийнхаа бүсгүйтэй ханилжээ. Гэрийн эзэгтэйн төрж, өссөн газар нь Завханы Алдархаан сум. Очир эрдэнийн хуримаа хийсэн буурлууд гэрлэлтийн гэрчилгээ анх гарсан жил буюу 1950 онд гэрлэлтээ батлуулжээ. Үүнээс ч өмнө дэр нэгтгэсэн юм билээ. Д.Сэд-Очир гуай радио телевизийн анхны тэргүүний ажилтны нэг. Радиогийн жолооч гэдэг амаргүй алба. “Улаанбаатараас ярьж байна” гэсэн мэндчилгээтэй зэрэгцэн хар үүрээр ажил дээрээ ирдэг байж. Бүдүүн дуут Цэдэндамбаа зэрэг мундагчууд ид ажиллаж байсан үед Сэд-Очир гуай радиод жолоочоор ажиллаж байсан юм билээ. Хариуцлагатай, тулхтай учраас цаадуул нь хөдөө, гадаах чухал томилолтондоо хамт явдаг байж. Сүүлд явуулын станц гэж орж ирэхэд анхны жолооч нь болсон түүх гэрийн эзний намтарт бий. Наадмаас эхлээд чухал том арга хэмжээг шууд дамжуулдаг явуулын станцыг хамгийн хариуцлагатай хүндээ даатгасан хэрэг.

Саяхан МҮОНРТ-ийн тодорхойлолтоор “Алтан гадас” аваад жигтэйхэн баярласан гэж бага хүү нь ярив. Бага охин нь аавынхаа тухай “Аав барагтай л бол хатуу үг унагахгүй. Хааяа хэлсэн зэмлэл нь хоёр, гурван сардаа санаанаас гарахгүй. Биднийг багад алдаа гаргахад гэм хийснийг нь зэмлээд өнгөрдөггүй байлаа. Ах, эгчид нь дүүдээ хэлж ярьсангүй гэнэ, дүүд нь болохоор ах, эгчийнхээ алдааг давтаж болохгүй гэнэ. Одоо бодоход багаар ажиллахыг, гэр бүлсэг байхыг сургасан их ухаан байсан юм билээ. Зарим айлын хүүхдүүдийн нэг нь ядарч явахад нөгөө нь сайхан амьдарч яваа жишээ зөндөө бий. Аав үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг биеээрээ үлгэрлэдэг хүн дээ, миний аав. Юмыг их өргөн хүрээнд харна, хүн чанартай гээд яривал аавд минь хүндлэм чанар олон шүү” гэж ярилцаа.

Д.Энэбиш гуай насаараа тогооч хийжээ. Буузны гуанзанд баригдахаас нь эхлээд л ажилласан гэнэ. Отгон хүү нь “Тэр үеийн буузны гуанзны бууз хачин гоё амттай, том гэж жигтэйхэн байсан шүү” гэж ярианд оролцов. Д.Энэбиш гуай сайхан цайны уралдаан гэж анх болоход мэргэжлийн мундаг тогоочидтой өрсөлдөөд түрүүлж байж. 1999 онд болсон тэр уралдаанд нь 21 аймаг, гурван хот, гурван хийдийн урдаа барьдаг тогооч нар оролцсон аж. Гэрийн эзэгтэй үйлэнд уран гэж жигтэйхэн юм. Ханийнхаа, үр хүүхдүүдийнхээ дээлийг урладаг гол хүн гэнэ. Энэ жил бүх эмэгтэйчүүддээ хурган дээл хийж өгөхөөр болжээ. Өнгөрсөн жил ач, зээ нартаа дээл урлажээ. Хүүхдүүдийнхээ “Ээж ээ, одоо дээл оёх хэрэггүй, ядарна” гэсэн санаа зовсон үгэнд “Үйл шаглах тусам ухаан суудаг юм” гэсэн товхийсэн хариу өгчихдөг гэж байгаа. Залуудаа нүд унагам 32 угалзтай гутал хийчихдэг байж. Бага хүү нь “Хүн бүрт өөрийнх нь ээж сайхан л даа. Гэхдээ миний ээж гайхалтай цовоо. Уртын дууг цэгцтэй, гоё дуулна. Бидэнд зааж өгнө. Эр хүн “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулдаг байх ёстой, хийморьлог явдаг юм гэнэ. Бүсгүй хүн “Олом нь үгүй далай”-г аялчихдаг байх хэрэгтэй гэнэ. Дуу жаргал дагуулдаг гэж ярих дуртай. Ээж гэр орноо сайхан авч явна. Хүний төлөө чин сэтгэлээсээ залбирах нь их сайхан санагддаг. Хүнийг ялгаж харьцаж болохгүй, ялангуяа чадал дорой хүнд эрдэх биш туслах хэрэгтэй гэж байнга захина. Монголд гуйлгачин байх ёсгүй, хөдөлмөрлөвөл ажил шиг их юм алга гэдэг юм” хэмээн ярилаа.

Эднийх 2004 онд нийслэлийн тэргүүний хөдөлмөрч гэр бүлээр шалгарчээ. Хүмүүс малаа зараад хот бараадсан ерээд онд тэтгэврийн хоёр хөгшин хэдэн мал аваад фермерийн аж ахуй байгуулаад зүтгэжээ. Сүүлд хот руу дөхөж Хандгайт орчимд төвхнөсөн юм байна. Сүүг нь ахиу үнээр авъя гэсэн саналаас татгалзаж Хандгайтын ойролцоох хүүхдийн асрах газрын зусланд сүүгээ хямдхан нийлүүлдэг байжээ. “Хүүхдүүдийн гэдсийг цайлгая. Үнэ өртөг ямар байх нь хамаа алга” гэцгээдэг байж. “Аав, ээж хоёрын минь тэр сайхан сэтгэл буянаа өгч яваа гэж боддог юм” хэмээн отгон хүү нь ярилаа. Ач зээгээ монгол ахуйг мэдрүүлж, хөдөлмөрч хичээнгүй хүн болгож өсгөх гэж хэдэн малаасаа холдож чаддаггүй хоёр буурал энэ жил хотод өвөлжихөөр иржээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх

УИХын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулах тухай яригдаж байна. Уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын зүгээс хоёр жилийн өмнө “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч хэрэгжиж чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийн байдал хүндэрч амьдралын түвшин доошилж буй энэ үед иргэдийн зүгээс хүсч буй гол зүйл нь тогтвортой ажлын байр. Тиймээс залуучуудыг ажлын байртай болгох хөтөлбөрийг “Нэг цэрэг-нэг үндэстэн” гэж нэрлэн ажлаа эхлүүлээд байна. Ирэх онд бид урагшаа болон хөндлөн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаа. Энд хамгийн багаар бодоход 10 мянган ажлын байр, цаашилбал 50 мянган ажлын байр бий болно. 2012-2014 онд хийгдсэн зам, барилгын ажилд дор хаяж 10 мянга гаруй гадны ажилчин, тэр дундаа хятадууд орж ирж ажилласан байдаг. Эдгээр ажлын байранд монголчууд бид яагаад өөрсдөө ажилласангүй вэ гэх асуулт гарч ирнэ. Судлаад үзэхээр зам барилгын ажилд манай залуучууд ажиллах дургүй байдаг шиг байгаа юм. Залуучууд Мэргэжил сургалтын үндэсний төвд цалинтай суралцаж төгсөөд ажлын байран дээр гарахгүй байна. Дээрээс нь дээд сургуульд суралцаж буй оюутнууд болон сургуулиа төгссөн залуус хэзээ ч иймэрхүү ажил хийдэггүй.

Угтаа бол ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа биз дээ?

-Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар 18-28 насны 170 мянган ажилгүй залуус байна гэсэн тооцоо гарсан. Тэднийг хамт амьдарч буй настай хүмүүсийнхээ тэтгэвэр, аав ээжийнхээ нуруун дээр паразитлан амьдарч байна гэж хэлж болно. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас цэргээр дамжуулан төмөр замын бүтээн байгуулалтад залуучуудаа оролцуулах шийдвэр гаргасан юм.

Цэргүүдийг хэзээнээс бэлдэж эхлэх вэ. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулахаар цэргийн алба хаах хугацаа уртасна биз дээ. Тэгэхээр цэрэгт явах хүний тоо буурах юм биш биз?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлагын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх. Одоогийн хуулиар гэрээт цэргийн албан хаагчаар ажиллах боломж бас бий. Цэрэгт татсаны дараа эхний гурав, дөрвөн сарын хугацаанд аймаг, нийслэлд байгаа МСҮТ-үүдээрээ дамжуулан цэргийн залуусыг мэргэшүүлнэ. Газар гэсээд бүтээн байгуулалт эхлэх үед буюу дөрөв, тавдугаар сараас талбайд гарч ажиллаж эхлэх юм.

Уг ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөнө гэж яриад байгаа. Улсын эдийн засаг таагүй байгаа нөхцөлд дээрх мөнгийг гаргах боломжтой юу?

-2016 оны төсөв хэлэлцэх үед 24 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь эхний ээлжинд 10 мянган цэргийн хоол, хувцас, байрны зардалд тооцож гаргасан тоо. Харин ажлын байран дээрээ ажиллаж эхлэнгүүт төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөөс цэргүүдээ цалинжуулаад эхлэх юм. Тэгэхээр цэргүүд хоёр жилийн дараа цэргээс халагдахдаа 20 орчим сая төгрөг дансандаа цуглуулчихсан гэртээ ирнэ гэсэн үг. Мэдээж энэ мөнгөөр залуучууд их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх, байрны урьдчилгаатай болох зэргээр амьдралдаа маш том өөрчлөлтийг хийх боломжтой юм л даа.

Төсөвт 24 тэрбум төгрөг суулгасныг МАНынхан эсэргүүцэж байгаа. Мөн цэргүүдийг төмөр замд ажиллуулна гэдэг албадан хөдөлмөр эрхлүүлж буйн нэг жишээ болно гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Нэг цэрэг-нэг үндэстэн” хөтөлбөр бол дотоодын нөөц бололцоогоо ашиглан хурдан хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр. Сөрөг хүчний хувьд АН ийм шинэ санаа гаргаж байгаад яаж дуртай байхав дээ. Ялангуяа Ч.Хүрэлбаатар гишүүн төмөр замын 10 мянган цэргийг муухай харагдуулах гэж маш их хүчин зүтгэл гаргаж байна. Зургаан км зам тавих гэж 24 тэрбум төгрөг батлууллаа гээд л үглээд байгаа. Зургаа биш 1300 км төмөр зам шүү дээ. Эхний ээлжинд урагшаа 270 км, Таван толгойгоос Сайншанд хүртэл 480 км төмөр зам тавина. Энэ ажлыг 2016 оны хавар эхлүүлээд 2017 оны сүүл гэхэд дуусгана гэж төлөвлөж байгаа. Ажилгүй залуучууд аймгийн төв болон сумдад хамгийн их байгаа гэх судалгаа бий. Энэ утгаараа Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн олон зуун залуу цэрэгт явж эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод мөнгөтэй болж ирээдүйгээ өөрчилнө. Тэгэхээр МАН-ыхан эсэргүүцээд байх биш харин ч биднийг дэмжих хэрэгтэй. Албадан хөдөлмөр хийлгэж байна гэдэг асуудал дээр “Цэргээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэх конвенцид цалинтай цэрэг хамрагддаггүй гэдгийг тодотгоод хэлчихье. Ер нь бид цаашид цэргийн алба хаах хугацааг анхаарах хэрэгтэй. Социализмын үеийн нэг сайн зүйл нь цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Бараг эрэгтэй хүн бүр цэрэгт явдаг байсан. Барилгын цэргүүдээр бүх үйлдвэрээ босгуулсан шүү дээ. Тэр үед цэргээс халагдах үедээ “Ява” мотоцикль авдаг нь тогтсон ёс маягтай болчихсон байсан. Би охид сайн дураараа нэг жил цэргийн алба хаах хууль санаачилна гэж бодож байгаа. Цэрэг бол эх оронч үзэл, тэсвэр хатуужил, хүний үг сонсох чадвар зэрэг эцэг, эхчүүд бидний хүүхдэдээ олгож чадахгүй байгаа олон хүмүүжлийг олгодог. Дээд боловсролын системд хувьсгал болно. Учир нь цэргээс халагдах үедээ өөрийнхөө олсон мөнгөөр өөрт хэрэгтэй мэргэжлээр их, дээд сургуульд суралцана шүү дээ.

Саяхан Японы Ерөнхий сайд ирээд явсан. Үүний дараа Японоос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЭнэ ондоо багтаж төмөр замын ТЭЗҮийг батлах нь худлаагэж хэлсэн. Тэгэхээр ирэх онд төмөр замын ажил эхлэхгүй юм биш үү?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж төмөр зам, Таван толгойн асуудлаар ярилцсан. Мэдээж хэрэг Монголд ирээд шууд шийдчихсэн асуудал биш шүү дээ. Олон сарын өмнөөс ярилцаж, төлөвлөсөн асуудал. Энэ ажилд гар бие оролцож байсны хувьд Санамж бичигт хугацаа заагаагүй ч гэсэн ТЭЗҮ-ээ энэ ондоо багтаана гэсэн яриа бий гэдгийг мэдэж байна. Японы компанийн хийчихсэн ТЭЗҮ ч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр Японы Элчин сайдын мэдээлэл сайнгүй байх шиг байна.


Categories
мэдээ цаг-үе

Өндөр халуурч, гүйлгэдэг ханиад хүүхдүүдийн дунд түгээмэл байна

Жил бүрийн өдийд ханиад томууны дэгдэлт газар авдаг. Тэр дундаа хүүхдүүдийн өвчлөл эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл хэр байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо.

Нэгдүгээр давхар дахь хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэг буюу хүлээн авах өрөөгөөр орлоо. Биднийг очих үед Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Дорж өөрийн хүү болох хоёр настай Д.Амин-Эрдэнийг эмчид үзүүлж байсан юм. “Хүү тань ямар зовиуртай байна вэ” хэмээн эмч асуухад тэрбээр “Бүтэн сар гаруйн өмнөөс ханиалгаж эхэлсэн. Өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглээд хэдхэн хоног гайгүй болчихно. Тэгснээ маргааш нөгөөдрөөс нь ахиад л ханиалгана.

Цэцэрлэгт нь ханиадтай хүүхэд олон болохоор арга ч үгүй биз. Ханиалгаж эхлэх бүрт нь эмчийн бичиж өгсөн эмийг тунгаар нь өгөөд эдгээчихдэг байсан чинь сүүлдээ эмэндээ дарагдахаа больсон. Өчигдрөөс (уржигдар) эхлэн өндөр халуурч, бөөлжиж бас гүйлгэж эхлэхээр нь эмнэлэгт үзүүлэхээр ирлээ. Өөрт нь зовиуртай байгаа бололтой, уйлагнаад болохгүй юм” гэв. Хүүгийн биеийн халуун, зүрхний цохилтыг хэмжин, биед илэрч буй зовиур зэргийг асуусны эцэст яаралтай эмнэлэгт хэвтүүлэхээр болов. Тэр даруй хүүхдийн тасгийн сувилагч Ц.Сумъяа хүлээн авах өрөөний гадна сууж байсан С.Доржийн ээж Г.Сийлэгмаа гуайд “Д.Амин-Эрдэнийн эмээ мөн үү. Та хувцсаа соль. Ач хүү тань эмнэлэгт хэвтэхээр болсон. Та сахих юм байна, тийм үү” гэвэл Г.Сийлэгмаа “Тийм ээ, одоохон хувцсаа сольчихъё” гээд хувцас солих өрөө рүү оров. Д.Амин-Эрдэнийн дүү, дөрөвхөн сартай Д.Ариун-Эрдэнэ уржигдархан бас эмнэлэгт хэвтжээ. С.Дорж “Дүү нь нэг хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн. Бас л идсэн зүйлээрээ бөөлжиж, ханиалгаад байсан. Хоолой нь өвдөөд, сүүлдээ бүр хөхөө хөхөж чадахгүй болсон. Ах дүү хоёрын нэг нь ханиадтай бол нөгөөдөө амархан халдчих юм. Ямар ханиад хүрчихсэн юм чинь дүү рүүгээ битгий ойртоод бай гэлтэй биш. Нэг харахад л дүүгээ үнсээд зогсож байгаа болохоор дүүдээ ханиад халдаачихсан байх аа” гээд санаа алдав.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрөв, тавдугаар давхарт хүүхдийн тасаг нь байрладаг аж. Биднийг дээш гартал Г.Отгонболор өөрийн нэг настай охиноо аваад эмнэлгээс гарах бэлтгэлээ хийж байлаа. Энэ сарын 12-ноос хэвтэн эмчлүүлж, бүрэн эдгэрсэн учраас ийн эмнэлгээсээ гарч буй аж. Охиных нь хоолой улайж, амьсгалахад ихэд зовиуртай болсон учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Г.Отгонболор “Энэ сарын эхээр охины минь хоолой өвдөөд, амьсгалахад цээж нь шуугих болсон. Ингээд 5-нд хэсгийн эмнэлэгтээ үзүүлж, эм бичүүлж авсан. Бараг арваад хоног эмчийн зааврын дагуу эм уулгасан даа. Бие нь дээрдэж байсан ч нэг шөнө унтаж байхдаа хучлагаа тийрч яраад даарснаас хойш бие нь эргээд муудсан. Бүр амьсгалахдаа хүртэл их зовиурлан уйлагнахаас гадна гүйлгэж, шингэн алдаж эхэлсэн. Ингээд тэр өдрөө буюу 12-нд эмнэлэгт хэвтсэн. Ашгүй эмч нар яаралтай, сайн эмчилгээ хийсний хүчинд долоо хоног эмнэлэгт хэвтээд, өнөөдөр (өчигдөр) эмнэлгээс гарч байна” гэсээр охиноо тэврээд цахилгаан шатанд суутал зөрөөд тор дүүрэн чихэр жимс барьсан залуу гарч ирлээ. Түүний ой зургаан сартай охин ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн бөгөөд эхнэр нь сахиж байгаа юм байна. “Цайны цагаараа хүрээд ирлээ. Гараад ир” гээд утсаа салгачихав. “Охин чинь ханиад хүрээд эмнэлэгт хэвтчихсэн юм уу” гэвэл Р.Оюунбаатар “Харин тийм ээ. 10-аад хоногийн өмнөөс амьсгаадаад, цээж нь хэржигнэж эхэлсэн. Тэгэхээр нь өнгөрсөн хагас бүтэн сайнд содатай усаар утаад, бичиж өгсөн эмийг нь хэрэглэсэн ч тус болоогүй учраас өнгөрсөн даваа гаригт хэвтсэн. Ашгүй оочер дараалал гэлтгүй шууд хэвтүүлсэн шүү. Одоо анх ирснээ бодвол бие нь хамаагүй дээрдэж байгаа” хэмээн биднийг ярилцах зуур түүний эхнэр охиноо тэврээд гарч ирэв.

Ер нь дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалал багатай байгааг эмч нар хэлж байсан юм.

Өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад энэ жил хүүхдийн өвчлөл, тэр дундаа ханиад томуугийн тархалт харьцангуй бага байгаа гэдгийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Д.Мандахгэрэл хэлсэн юм. Тэрбээр “Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 80 ортойгоос өнөөдөр хэд хэдэн сул ор байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ачаалал арай бага гэсэн үг. Гэхдээ ачаалал нэмэгдвэл илүү ор байхгүй гээд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтэй хүүхдээ эцэг эхэд нь тэврүүлээд буцаалтай биш эмнэлэгтээ хэвтүүлдэг. Өнгөрсөн жилийн өвөл хүүхдийн тасагт 80-аас олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан учраас хоёрдугаар давхар дахь мэдрэлийн тасгаа суллаж, өвчтөн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилсэн. Ингэснээр нийт 150 ортой болгож, эмнэлгийн хүртээмжээ нэмэгдүүлсэн. Энэ жил ч гэсэн шаардлагатай бол ийм зохицуулалт хийнэ” гэв. Мөн тэрээр “Сүүлийн үед ханиад хүрээд, богино хугацаанд амьсгал нь боогдон, бачуурч, өндөр халуурсан зовиуртай олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх болсон. Үүнээс гадна гэдэс нь хямарч, гүйлгэх шинж тэмдэг илрэх болсон. Ийм шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд нэн даруй өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Ажлын бус цагаар бол дүүргийнхээ хүүхдийн түргэн тусламжийг дуудах хэрэгтэй. Түүнээс биш дур мэдэн янз бүрийн антибиотик эм өгч болохгүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар эм тариаг нас, жинд нь хэрхэн тохируулж хэрэглэхээ мэддэггүй шүү дээ. Нөгөө талдаа эмийн санч ч гэсэн ханиалгаад байгаа юм аа гэнгүүт “Үүнийг уу” гээд эм бичээд өгчихдөг нь маш буруу. Бага насны хүүхдэд эм зарж байгаа тохиолдолд зайлшгүй эмчийн бичиж өгсөн жорын дагуу олгох шаардлагатай байна. Ер нь бага насны хүүхдийн эмчилгээний үр дүн дан ганц эмч, сувилагчаас хамаардаггүй. Давхар асран хамгаалагч, эцэг эхчүүдийн нөлөө чухал үүрэгтэй. Наад зах нь ханиад нь хүндрээд хатгаа тусчихсан хүүхдийг эмнэлгээс гарахдаа дулаан хувцаслалгүй авч гараад, гэртээ амин дэмээр баялаг хоол өгөөгүй зэргээс болоод дахин өвчлөх магадлал өндөр болдог жишээтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг тухай бүрт нь хийлгэвэл бага насны хүүхэд элдэв өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулдаг” гэв.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. “Энэ намар гэдэсний халдвартай хавсарсан ханиадаар бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цас орсноор энэ төрлийн буюу суулгалттай хавсарсан ханиад намжиж, эргээд хүүхдийн ангень буюу хоолой барьсан ханиад, хатгаа идэвхжих хандлага ажиглагдаж байна” гэх мэдээллийг эмч нар нь өгсөн. Түүнчлэн ачаалал ч хэвийн байгаа талаар давхар дуулгасан юм. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 120 гаруй ортой бөгөөд нэлээд олон ор сул байлаа. Үнэхээр ч зарим тасгаар ороход дөрвөн ортой өрөөнд гурван хүүхэд, хоёр хүүхэд хэвтсэн байгаа харагдав. “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан учраас бага насны хүүхдийн өвчлөл харьцангуй бага байна. Ер нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг цаг алдалгүй хийлгэвэл өвчин тусах магадлал эрс багасдаг” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын хөрөнгө оруулалт ирэх сараас Монголд байршиж эхлэх нь

Чингис лэнд девелопментгруппийн гүйцэтгэх захирал Ц.Гантулгатай ярилцлаа.

АлтанбулагЗамынҮүд чиглэлийн хурдны замын төслийн ажлын явц хэр байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Маш том төсөл учраас бэлтгэл ажил нь зам барилгын ажлаасаа их. Бэлтгэлээ сайн хангавал зам барилгын ажил нь тийм хэцүү биш л дээ. Инженерийн зураг дээрээ нарийвчилж ажиллаж байна. Хөрөнгө оруулалт болон бусад чиглэлдээ ч онцгой анхаарч байгаа. Барилгын ажил дууссан хойно буюу хурдны зам баригдсаны дараа арчилж хамгаалж явах асуудал бий. Арчилгаа тордолгооны асуудалдаа хүртэл анхаарч байна. Бэлтгэл ажил нь эхэлсэн гэсэн үг. Зам ашиглалтад орсны дараа замын арчилгаа тордолгоогоор зогсохгүй, хурдны зам тойрсон асуудлууд эрх зүйн орчинтой яаж уялдах эсэх нь ч өөрөө том асуудал.Гуч, түүнээс дээш жил энэ замыг яаж ашиглах вэ, эдийн засгийн үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ, яаж ашиглавал монголчуудад наалдах зүйл нь их байх бол гэдэгт илүү анхаарч төлөвлөлтөө хийж байна. Газ, нефтийн хоолой биднийг тойрч давхиад байна гэж ярьдагтай адил хоёр хөршийн бараа эргэлт, зорчигч тээврийн өөрчлөлт биднийг тойроод байна л даа. Сая есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод болсон Алс Дорнодыг хөгжүүлэх эдийн засгийн форумаар ОХУ-ын Приморскийн хязгаарт машинтайгаа аялж жуулчлах эрхийг нь хятадуудад нээгээд өгчихсөн. Энэ бол хоёр хөрш маань хоорондоо хийх аяллаа биднээс хамааралгүй шийдээд байгаагийн зөвхөн нэг жишээ. Толхилцох, биенийхээ санаачилсан ажлыг уяхгүйгээр хөдөлбөл бидэнд боломж бий.

АН-3 гээд байгаа энэ хурдны замыг танай групп анхнаас нь санаачилж олон ажил хийснийг мэднэ.“Алтанбулагаас ЗамынҮүд хүрсэн зам АН-3 биз дээ, ингэж давхцаж болох уугэсэн эргэлзээ бас бий. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Монгол Улс Азийн авто замын сүлжээнд 2004 онд нэгдэн орсон юм. Ингэснээр нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрч буй хэсгийг барьж байгуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд одоогийн байгаа Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн замыг барьж гүйцээсэн л дээ. Үүнийг манай группийнхэн арван жилийн өмнөөс ярьж хөгжүүлж 2009 оноос бизнесийн модуль болгосон юм.

Олон улс дамжсан транзит зам байвал Монголд хэрэгтэй, хоёр хөрштэйгөө интеграцид ороход тустай, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжихөд өгөөжтэй юм байна гэж бодож эхлүүлсэн ажил. Энэ төслийг манай групп эхнээс нь санаачилсан. Тэр утгаараа оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээнүүдээ авсан. Бид эдийн засгийн модуль болгож, транзит тээвэртэй уялдуулаад хөгжүүлээд явж байгаа юм.

Оюуны өмчийн гэрчилгээнүүд гэдгээ тодруулаач. Хурдны замынхаа трассийг оюуны өмчөөр баталгаажуулсан хэрэг үү?

– Манай групп замынхаа трассаас эхлээд хийсэн олон ажлаа оюуны өмч болгож баталгаажуулсан. Оюуны өмчийн газраас17 гэрчилгээ авсан байгаа. Тодруулж хэлбэл зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан гэсэн үг. Зураг төсөл дээр гэхэд л нийтдээ арваад гэрчилгээ бий.

Зураг төсөл дээр гэрчилгээ авна гэдгээ энгийнээр тайлбарлавал…?

-Барих мянган км замаа тодорхой хэсгүүдэд хуваагаад, хэсэг бүрийнхээ зураг дээр гэрчилгээ авсан юм. “Энэ бол Чингис лэнд девелопмент” группийн оюуны өмч юм шүү, улсын болон хувийн ямар нэг аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй” гэдгийн баталгаа болсон гэрчилгээ. Замын зураг төслөөс гадна эдийн засгийн тооцоолол, баригдсаны дараахь арчлалт, хамгаалалт зэрэг дээрээ ч зохиогчийн эрхийн гэрчилгээтэй. Замын хөдөлгөөний анализаас эхлээд газар чөлөөлөх, газар зохион байгуулах асуудал дээр ямар аргачлалаар явах дээр хүртэл оюуны өмчийн гэрчилгээ авсан. Бидний Оюуны өмчийн газраас авсан гэрчилгээнүүд Монгол Улсын өмчлөлд үлдэнэ. Учир нь бид замаа бариад хэсэг хугацаанд ашиглаж байгаад улсад хүлээлгэж өгөх юм.

Зам барихад зарцуулах хөрөнгө мөнгөн дээр Засгийн газар ямар нэг баталгаа гаргахгүй бил үү?

-Манай төсөлд Засгийн газраас нэг ч төгрөгийн эдийн засгийн болоод санхүүгийн баталгаа өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй. Өнөөдрийг хүртэл төсвөөс болон орон нутгийн өмчөөс нэг ч төгрөг гаргаагүй. Цаашид ч хөрөнгө гаргахгүй хийгдэх төсөл. Улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй, эсрэгээрээ ашгаа өгөх том бүтээн байгуулалт. Бондуудын хувьд улсаа барьцаалж байгаа нэг хэлбэр. Бидний барих хурдны зам түүний дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүд, аж үйлдвэр, ложистикийн төв болон аялал жуулчлалын цогцолборуудын санхүүжилт нийтдээ 12 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Их хэмжээний мөнгө л дөө. Гэхдээ улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй. Бүх эрсдэлээ манай групп болон хөрөнгө оруулагчид хүлээнэ. Манай компанийн Засгийн газартай байгуулсан концессын гэрээ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын хамгийн том нь юм.

Зам тээврийн сайд Хонгконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр танай групптэй байгуулсан концессын гэрээг цуцлагдсан гэсэн мэдэгдэл хийсэн. Сайдын мэдэгдэл үнэн эсэхийг тодруулах гэж л төслийн чинь явцыг сонирхохоор танд хандсан юм…?

-Төрийн өндөр албан тушаалтнууд дотор юу ч хэлж мэдэх, юу ч хийж мэдэх тийм л хүмүүсийн нэг жишээ бол энэ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтан дээр хэлсэн хариуцлагагүй мэдэгдэл нь бизнес эрхлэгчид болон Монгол Улсад ямар хор хохиролтой, овилгогүй зүйл болсныг бид харж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах биш үргээж холдуулах олон жишээнүүдийн нэг юм.

Бидний хэрэгжүүлж байгаа төсөл маань том учраас мэдээллийн зөрүүнээс болоод ч юм уу, хангалттай мэдээлэл авч чадахгүй гэсэн шалтгаанаар биднийг сөрөг байдлаар ойлгох хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Евро-Азийг хуурай газраар холбох оролдлого Төв Азийн улсуудад олон тоогоор хийгдэж байгаа. Тэр олон сонирхлыг тээврийн бодлогодоо оруулж ирэхийн тулд бусадтай ойлголцох гэж том асуудал бий. Хөгжил дэвшлийн төлөө монголчууд нэгдэж чадна гэсэн итгэл дүүрэн байна. Бидний барихаар ажиллаж буй хурдны зам төр, хувийн хэвшил, иргэн, ерөөс монгол хүн бүрийн хүсч байгаа зүйл. Орон нутгийн удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлэхэд их дуртай хүлээж авдаг. Эдийн засгаа солонгоруулах, боломжоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар нь хүн бүр энэ төслийг цаг алдалгүй амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Зарим хүмүүс Монголыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэх энэ төслийн талаар зөрүү ойлголттой яваад байх шиг. Энэ бол байх л ёстой зүйл. Төслийн ач холбогдол, хэрэгжүүлж байгаа явцыг ойлгоод ирэхээр хандлага нь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Шинэ тутам ажил гэдэг утгаараа төслийн талаар мэдээлэл дутуу учраас зарим нь өрөөсгөл ойлголттой байж магадгүй. Монголчууд транзит тээврийн үйлчилгээг Евро Азийн түвшинд үзүүлж эхлэх гэж байгаа нь л манай төслийн давуу тал.

Хурдны замтай болчихвол Хятадын боомтууд дээр төмөр замын тээвэр хүлээж гацдаг бараа, бүтээгдэхүүний урсгал саадгүй, чөлөөтэй болох нь ээ?

-Тэгнэ. Тянжинээс Улаанбаатар хүртэл галт тэргээ хүлээгээд 14 хонох тохиолдол гардаг. Хурдны замтай болчихвол тэгж хүлээх шаардлагагүй. Тяньжин дээр контейнор нь ирлээ л бол үндэсний тээвэрлэгчдэд маань бараагаа авто замаар хил дээр авчрах бүрэн боломж нээгдэнэ. Замын-Үүдээс Улаанбаатар руу авчрахад тав, зургаахан цаг зарцуулагдана гэсэн үг. Өөрсдийн тээврээ хямдаар, хурдан, найдвартай хийж эхэлнэ. Мөн бусдын тээвэрт сервис үзүүлээд тэндээс хураамж төлбөрүүд авч эхлэх юм. Тэр хэрээр эдийн засагт орлогын шинэ эх үүсвэр бий болно. Шинэ дэд бүтцийг дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Аялал жуулчлалыг дагаад дэлхийн том сүлжээ буудлууд орж ирж болно. Хамгийн том давуу тал гэвэл хоёр хөршид маань автомашины хэрэглээ асар өндөр. Хятадад гээд ярихад жилдээ 2.2 тэрбум аялал жуулчлалын маршрут хийгддэг гэсэн тоо гарсан байна лээ. Өнгөрсөн зуунд бараа эргэлт үнэ, чанар дээр өрсөлддөг байсан юм. Одоо бол өөр. Компаниуд хугацаан дээр л өрсөлдөж байна. Үнэ дэлхийн хаана ч адилхан болчихсон. Чанар ч технологийн глобалчлалаа дагаад жигдэрчихсэн. Хэн нь хурдан нийлүүлэх вэ гэдэг дээр бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн явж байна.

Энэ том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хэзээнээс орж ирэх вэ?

-Бэрхшээл ямар ч салбарт бий. Системийн маань байдал хөрөнгө оруулагчдад нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Асуудалгүй ажил гэж байдаггүй, асуудал үүсч тэрийг давах тоолонд ажил маань улам чамбай, нямбай болж байна. Эдгээр бэрхшээлүүдийг үл тооцоод хүрсэн үр дүнгээ яривал энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаж хөрөнгө оруулалтын эхний багц Монгол Улсын арилжааны банкуудад байршиж эхэлнэ. Томоохон гүйцэтгэгчдийнхээ сонгон шалгаруулалтыг тэр хугацаандаа багтаагаад хийх боломжтой. Дэлхийд нэр хүндтэй байгууллагын дунд хийх сонгон шалгаруулалт ч тэр хавьцаа хийгдэх болов уу. Монголчуудын өмчлөлд хэчнээн зуун жилээр байх зам учраас хамгийн сайн юм хийхийг зорино.

Тэгвэл замын газар шорооны ажил ирэх жил, дулаан оронгуут эхэлчих нь ээ?

-Ирэх жил барилгын улирал эхлэхээр эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Бензема яагаад шоронгийн хаалга татаваа

Францын шигшээ болон “Реал Мадрид” багийн үндсэн довтлогч Карим Бензема шигшээ багийнхаа анд “Лион”-ы хагас хамгаалагч Матье Вальбуэнаг биеэ үнэлэгчдийн хамт наргиж байгаа бичлэгийг тараана хэмээн айлган сүрдүүлж 150 мянган евро салгах гэсэн хэргээр эрүү үүсгүүлэн шоронд орчихоод байна. Нэг улиралд зөвхөн цалингаасаа есөн сая евро олдог, долоо хоногийн орлого нь дээр дурдагдаад байгаа 150 мянган еврогоос хавьгүй давдаг хүн яахаараа ингэж “доошоо орж” болдог байна аа гэх эрүүл асуулт өөрийн эрхгүй ургаж байгаа биз. Гэхдээ асуудлыг сайн судлаад үзэхээр бас ч амаргүй зүйлүүд босох юм билээ.

Карим Бензема бол алжир гаралтай, Лион хотын зах дахь ядуучуудын дүүрэгт олон хүүхэдтэй гэр бүлд төрж өссөн нэгэн. Яахав хөлбөмбөгийн ачаар “траншейн”-аасаа гарч оддын хэмжээнд амьдарч байгаа нэгэн ч гэлээ бага залуудаа найзалж байсан зарим нэг “хүнд гаруудаасаа” салж чадалгүй өдий хүрсэн нь түүний буруу гэлтэй. Тийм нэг найзуудынх нь дунд Карим Зенати гэх бас л алжир гаралтай франц залуу зогсдог байсан бөгөөд тэр л Бенземаг энэхүү шившигтэй асуудалд хутгачихлаа. “Би зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Матье, Карим хоёрыг холбож өгөх ёстой байсан. Зенати миний багын найз. Би түүнийг шоронд байхад нь ч, шоронгоос гарахад нь ч чадлынхаа хэрээр тусалж байсан. Түүнийг дахин шоронд бүү ороосой, хэн нэгнээс үл хамааран өөрийгөө тэжээгээд яваасай л гэж боддог. Би Зенатитай сүүлд утсаар ярихдаа Вальбуэна мөнгө өгөхгүй гээд тэр энэ асуудалд хэрхэн хандаж байгааг хэлсэн. Ер нь Зенати энэ мөнгийг авсан бол надад сохор зоос ч хэрэггүй, надад огт хамаагүй байх байлаа. Үнэнийг хэлэхэд сэтгэл дотор хачин муухай, эргэн тойрны асуудлыг ухаарах ч чадал алга.” Энэ бол Карим Бенземагийн мөрдөгчид өгсөн анхны мэдүүлэг. Тун ч удалгүй Францын сэтгүүлчид Бензема болон түүний дээрэмчин найз Карим Зенати нарын хоорондох яриаг олж авч нийтэд дэлгэсэн. Түүнийг нь тоймловол:

БенземаБи нөгөөдөхтэй чинь уулзлаа.

ЗенатиТэгээд чи юу гэж бодож байна?

Б.-Тэр асуудалд нэг л хойрго хандаад байна. Биднээс айхгүй байна даа.

З.-Тэгвэл тэр чинь мөнгө төлөхгүй гэсэн үг үү?

Б. –Тийм ээ, чиний наад бичлэгээс чинь айхгүй байна.

З. –Аан.

Б.-Гэхдээ бро, нэг асуудал байна. Хэрвээ бичлэг чинь ил болбол түүний ажил амьдралд нь том шарх болно шүү дээ. Түүн рүү баахан хог новш шидэж эхэлнэ. Тийм байлгамааргүй байх юм. Бодолцоорой доо.

З. –Тэгнэ дээ бро. Битгий санаа зов.

Б.-Энэ бичлэг хаанаас гарч ирсэн юм бэ гээд л асуугаад байна. Би цагдаа магдаад битгий хэлээрэй гэсэн.

З. –Тэр өөрөө бичлэгээ харахаараа хаана бичсэнийг нь ойлгоно доо, хахаха.

Б. – Би түүнд, за миний үүрэг дууслаа, одоо би чамайг найзтайгаа холбож өгье. Миний найз гол хэргийн эзэн муу залууг танина. Тэр муу залууд биеэ үнэлэгчидтэй хамт наргиж буй чиний бичлэг байгаа. Бичлэг ганц хувь гэдгийг баталж байна лээ. Би хувьдаа тэр муу залууг танихгүй гэж хэлсэн.

З. –Тун сайн. Гэхдээ тэр мөнгө төлөхгүй юм уу?

Б.-Санаа зоволтгүй байх аа. Тэр хаа холдох юм бэ?

Нэг иймэрхүү ярилцлага яах аргагүй Бенземагийн дуу хоолойтой интернэтээр цацагдчихаад байгаа. Францын цагдаагийнхан одоогийн байдлаар Карим Бенземагаас гадна түүний найз гэх гурван залууг баривчлаад байгаа бөгөөд тэдэн дотор гол зохион байгуулагч 39 настай Аксель хэмээх франц эр ч багтаж байгаа сурагтай. Тэд Вальбуэнаг биеэ үнэлэгч бүсгүйчүүдтэй зугаацаж буй нууц бичлэгийг олж аваад 150 мянган евро өг, татгалзаад байх юм бол бичлэгийг чинь интернэтэд тавина шүү гэсэн сүрдүүлэг үйлдсэн хэргээр мөрдөнд орцгоолоо. Тэр муу залуус ч яахав, авдаг шийтгэлээ хүртээд “аавынх” руугаа явах байх. Гол нь Бензема яах бол гэдэг асуудал мэдээж ургаж байгаа биз. AFP агентлагийнхны бичиж байгаагаар бол тэр зөвхөн найзынхаа хүсэлтийг танилдаа дамжуулсан, ашиг сонирхлын зөрчил байгаагүй учир их л томдоо торгуулж, тэнсэн авна гэсэн байх юм. Гэхдээ тэр буруутай гэдэг нь нотлогдвол “Реал” мэтийн нэр хүндээ асар их боддог том баг түүнийг эгнээндээ үлдээх үү, зар сурталчилгааны салбарынхан хамтарч цаашид ажиллах уу, шигшээдээ дуудагдах үед Вальбуэнагийн царайг харж чадах уу гээд түмэн асуудлууд ургана шүү дээ.

Харин Вальбуэна эр хүн шиг загнасан байна лээ. Тэр хэвлэлээр Бенземаг буруутгаж нэг ч үг хэлээгүй. Тэр бүү хэл өөрийнхөө фэйсбүүкийн аватарын зургийг сольж Бензематай авахуулсан зургаа тавьсан байх юм. Өнгөрөгч дэлхийн аваргаар Францын шигшээ багийг шилдэг наймд үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, цаашид “азарган тахиа”-нуудын шигшээ багийн өнгийг тодорхойлно хэмээн яригдаж байсан довтлогч, хагас хамгаалагч хоёрын хоорондох асуудал хэрхэн үргэлжлэх бол.

Пелегийн өшиглөсөн бөмбөг дайсны хаалгачийн гэдсэнд эргэлдээд л

Өнгөрөгч зууны далаад оны хавьцаанаас хойш дунд сургуульд сурч байсан эрэгтэй хүүхэд болгон мэддэг нэгэн үлгэр мэт түүхийг санаж байна уу. Гол баатар нь цаг үеэ дагаад өөрчлөгдөөд байдаг болохоос үндсэн түүх нь нэг ийм.

Бразилийн алдарт хөлбөмбөгч Пеле шигшээ багийнхаа хамт Африк тивийн нэгэн улсад зочилж тэр улсын шигшээ багтай тогложээ. Гэтэл тэр багийн хаалгач нь аягүй сонин. Бразилийн довтлогч нар яаж ч цохьсон байлаа хамаагүй, тэр хаалгач үсэрч ирж хаачихаад хаалганы дээд талын хөндлөвч дээр гараад суучихдаг гэнэ. Тэгэхээр нь Пеле уурлаад улаан даавуу уяатай хориотой баруун хөлнөөсөө нөгөө хориглосон улаан даавуугаа авч байгаад өшиглөж гэнэ. Яахав нөгөө хар хаалгач үсрээд барьтал хүчтэй өшиглөсөн бөмбөг гэдсэнд нь эргэлдэж ороод хөөрхий муу хаалгачийг тонилгочихжээ. Талбай дээр байсан хүний, өөрийн хөлбөмбөгчид пөөх паах гээд бөөн юм болоод л нөгөө хаалгачийн хувцсыг сөхсөн чинь хүн биш сармагчин байлаа. Нэг ийм түүх. Хожмоо цаг үеэ дагаад Пелегийн нэр Роберто Карлос, Куман зэргээр солигдож байсан сурагтай. Хамгийн гол нь дал наяад оны хүүхдүүд хоорондоо гадаа тоглох болохоор улаан даавуу хөлөндөө уяад л. Түүнээс нь бага зэрэг айгаад л. Их л хөөрхөн байж дээ.

Гэтэл саяхан энэ түүх тийм ч худал биш, гол нь хөлбөмбөгчийн өшиглөсөн бөмбөг сармагчинг цааш нь харуулах хэмжээнд хүргэсэн түмэн буруутан нь интернэтгүй үеийн сэтгүүлчид юм байна гэдгийг сонслоо.

Зөвлөлт засгийн үед Ростов хотноо СКА гэдэг багт Виктор Понедельник хэмээх хожмоо Европын аварга, улсынхаа аварга цолуудыг хүртсэн олон олон амжилтын эзэн нэгэн тоглодог байлаа. Тэдний баг 1963 онд Африкийн зарим улсын багуудтай нөхөрсөг уулзалт хийхээр зорьж эхнийх нь учраа Малид хүлээж байж л дээ. Виктор энэ тухайгаа өөрөө хүүрнэж байна аа. “За бид бие халаалтаа хийчихээд жагсаж өрсөлдөгч багийнхантайгаа гар барьж бэлгээ солилцож байтал гайхалтай юм боллоо. Малигийн хаалгач нарийхан гинжээр оосорлосон сармагчин дагуулаад алхаж байдаг юм даа. Энэ золиг чинь тоглолт эхлэхээр найзыгаа яах нь вэ гээд харж байтал нөгөө сармагчин нь сурцтай нь аргагүй үсэрч ирээд хаалганы дээр гараад суучихлаа. Манай багийнхан довтлох үед би санамсаргүй нөгөө сармагчин руу нь бөмбөгөө өшиглөчихсөн чинь тэр золиг газар унаад хөдөлдөггүй. Пөөх, үзэгчид шуугилдаад л элдэв зүйл авч шидээд алах нь ээ. Хожим сонссон чинь тэр сармагчин Мали улсын шигшээ багийн сахиусан тэнгэр шахуу юм нь байсан гэнэ лээ. Хөөрхий амьтан хэсэг хэвтээд ухаан орж буцаад хаалган дээрээ сууж бид ч хурдхан шиг тоглоод зугтъя гэх юм болсон” гэж хүүрнэсэн байна лээ. За одоо хамгийн сонирхолтой хэсэг нь. Яаж яваад энэ түүх эхэнд өгүүлсэн хэлбэрт шилжсэн тухай.

Тэр тоглолтыг Францын L”Equipe сэтгүүлийн тусгай сурвалжлагч үзэж байжээ. Учир нь Зөвлөлтийн багийн өмнөхөн Ардчилсан Германы баг бас тэнд тоглосон, Ардчилсан Германы баг нь тун удахгүй Францын шигшээ багтай Европын аваргын хэсгийн тоглолтод учрах байсан тул уг сэтгүүлч мэргэжлээсээ гадна тагнуулчийн үүрэг гүйцэтгэж явж. Бүх нийтийг хамарсан мэдээллийн сүлжээ болох интернэт гээч үүсэхэд тавин жил дутуу байсан тэр үед зөвхөн нүдээрээ харж мэдээлэл олдог байсан гэдгийг сануулах юун. За нөгөө франц эр орос эрийн паянг жаахан давслаад “Оросын хөлбөмбөгч бөмбөгөөрөө сармагчинг өшиглөөд цааш нь харуулчихлаа” гээд редакци руугаа бичихгүй юү. Түүнийг нь Франц дахь Оросын элчингийнхэн орчуулахдаа “Манай хөлбөмбөгч өрсөлдөгчийнхөө сармагчин-хаалгачийг хүчтэй цохилтоор намналаа” гээд бүр хүчтэй өнгө оруулаад л нисгэж дээ. Мэдээлэл ховор, зөвхөн Зөвлөлтийн амыг харахаас цаашгүй байсан монголчууд түүнийг өөрийн нутгийн өнгө аясдаа тохируулан янз бүрээр бурж байсныг нь та бид багадаа сонсож байсан нь тэр бөлгөө.

Нүүрийг бэлтгэсэн Д.Бат-Эрдэнэ