Categories
мэдээ цаг-үе

Зохиолч Г.Аюурзана өөрийгөө “маньяк” уншигч гэж тодорхойлов

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзанатай өчигдөр уншигчид уулзаж олон сонирхолтой асуултын хариу авав. Ном шимтэн унших дуртай шинэ үеийн төлөөллүүд эрхэм зохиолчоос бүтээлээ хэрхэн туурвидаг, амьдрал, аз жаргалын үнэ цэн, цаашид ямар зохиол бичиж байгаа бол гэхчилэн олон зүйл асууж хөөрөлдсөн. Сайн уншигч байх тухайд Г.Аюурзана “Уншигч гэдэг маш чухал ойлголт. Өнөөдрийн уран зохиолд уншигч бол анхны өдөөгч нь гэж үзэж байгаа. Жинхэнэ уран зохиол үндсэндээ зохиогч хийгээд уншигчийн оюун санаанд өрнөдөг үйл. Би нэг ном авлаа гэж бодоход тухайн номын жинхэнэ мөн чанар нь хэвлэж дэвтэрлээд гаргачихсандаа биш харин уншигч юуг оюун санаандаа тусгаж авч буйгаар хэмжигдэнэ. Уран зохиолын тухайд хамгийн гол нь уншигчидтай байх. Уншигч сайн байхгүй бол уран зохиолын тухайд ярих зүйл байхгүй. “Мөр хооронд унших” гэсэн ойлголт байдаг. Ийн мөр хооронд уншихдаа мөр хоорон дахиас цаашихыг олж харж уншина гэдэг магадгүй Зэнтэй төстэй нандин ойлголт. Зохиогч хүний бий болгосон ертөнц уншигчийн сэтгэлд шинээр бий болдог. Ном унших нь кино үзэхээс юугаараа давуу вэ гэвэл уншигч өөрөө өөртөө найруулагч болж төсөөллийн дүрийг амилуулж чаддагаараа илүү. Театрт очлоо гэхэд хэн нэгэн найруулагчийн оюун санаагаар бүтсэн зүйлийг л харах хэрэгтэй болдог. Харин уншигч байна гэдэг өнөөдрийн оюун санааны ертөнцөд зохиогч байхаас ч илүү бүтээлч үйл” гэв.

Харин зохиол бүтээлээ өглөө бичдэг, орой сууж туурвидаг эсэх, бүтээл туурвихад онгод, зохиолчийн хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултад “Тэг дөрвөлжилж хэрчсэн цаас хэрэглэхгүй бол бичиж чаддаггүй гэх зохиолч байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн яриаг зурагтаар сонсож байхад ширээгээ заавал ч үгүй цэвэрлэж байгаад бичдэг гэж байсан. Би өөрийгөө яаж бичдэг юм бол гэж бодож байгаагүй. Ер нь нэлээд олон ном бичсэнийхээ дараа анзаарч байхад өвлийн цагт их бичдэг юм билээ. Шөнө суугаад өдөр унтах нь надад илүү ойр байдаг. Гэхдээ үдээс хойш хүртэл унтах биш үдийн 12 цаг хүртэл л унтдаг. Шөнийн хоёр гурван цагийн үед илүү сайн бичээд байх шиг санагддаг. Хүүхдүүд маань балчир байхад садаа болдог учраас тэгж шөнө дунд сайн бичдэг байсан байж магадгүй. Онгодын тухайд гэвэл яруу найрагч хүнд онгод яах аргагүй байдаг. “За, шүлэг бичье” гээд шууд суудаг яруу найрагч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд зүгээр явж байтал цэгцэрчихсэн мөр бадаг санаанд ороод ирдэг. Тэрийгээ тэмдэглэж байтал шүлэг болчихдог. Гэнэт орж ирж байгаа мөрүүд төрж байгаа тэр мөчүүд онгод байж магадгүй. Та бүхэн миний “Хар цагаан улаан” романыг уншсан байх. Энэ романд Намаржаан гэж туульч гардаг даа. Тууль хайлж байгаа хүн бол зүгээр нэг жүжигчин хүн биш. Тууль хайлахад онгод зайлшгүй чухал. Роман бичихэд онгод гэхээсээ илүү төлөвлөгөө, туршлага, хөдөлмөр, уран зохиолыг ойлгосон хэм хэмжээ чухал” гэж байлаа.

Зохиол бичнэ гэдэг ажил, амралтын алин болох тухайд “Сэтгэл зүрх нь дургүй байхад өөрийгөө албадаад бичээд байдаг зохиолч ертөнцөд байдаггүй байх. Бичмээр санагдаад бичдэг. Тэр үедээ жаргалтай байдаг. Ийм жаргал амьдрах хэв маяг минь болчихсон. Би юм бичих, унших хоёрт л дуртай. Гурил зуурах ч юм уу, бусад ажилд тийм ч дуртай биш. Хамгийн дуртай унших, бичихээ хийгээд байж байна гэдэг ажил, амралтын аль нь болохыг би хэлж мэдэхгүй л дээ” гэж хөнгөхөөн хариулчихав. Энэ нь Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын “Амралт минь, амраадаггүй ажил минь яруу найраг” гэсэн шүлгийг эрхгүй сануулж байсан. Зохиолчид маань байнга дэрэн дээрээ ойр байлгаж сөхөж хардаг ширээний ном огт байдаггүй гэнэ. Аюур зохиолч харин уншигчийн хувьд өөрийгөө “маньяк маягийн” гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Тэрээр дуртай номоо нэг л бариад авбал унд хоол, унтах нойроо ч умартан ганцхан уншилтаар шудраад дуусгадаг аж. “Бөөгийн домог” романаа бичихдээ Байгаль нуурыг гурван өвөл зорьсон зохиолч бөө нарыг яруу найрагчид, эртний оюун санааны эрч хүчийг онгодоор дамжуулагч, хэрвээ бөө байгаагүй бол монголчууд өнөө байхгүй гээд үүнийгээ “Эргүнэ хунгийн домог”, Алунгоогийн домогтой холбон тайлбарлав. Бичиг үсэггүй балар үеийн мэдээллийг өнөө үед хүргэж ирсэн уран бүтээлчид бол зохиолчийнхоор бөө юм байна. Тэрээр өвөөгөөсөө илүү жинхэнэ монгол хүн аж. Яагаад гэвэл өвөөгийнх нь аж төрж асан цаг үед “Монголын нууц товчоо”-г мэддэг хүн байгаагүй болохоор оюун санааны хувьд өөрийгөө ийн тодорхойлов бололтой.

Монголоос Нобелийн шагналтан төрөх болов уу гэсэн асуултад “Нобелийн шагнал сүүлийн арваад жилд өмнөхөөсөө ч илүү улстөржих болсон. Магадгүй Хятад орж ирээд Монголыг авчихвал Нобелийн шагнал өгч мэднэ. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн утга зохиолын дээд түвшнээс Монголын уран зохиол харьцангуй доогуур” гэж хариулсан. Өгүүллэг бичих яруу найрагтай адил сэтгэлд хурдан төрж, цааснаа буудгийг тэр хэлж байна. Саяхан хэвлэгдсэн “Дурлал зохион бүтээгч” түүврийн өгүүллэгүүдээ романуудаа бичиж байхдаа тэмдэглэсэн санаанууд гэдгийг нуусангүй. Яруу найрагч бүхэн хувь тавиланд итгэгч байдаг. Сүүлийн дөрөв таван жилд шүлэг бичихээ больсон ч романуудад нь яруу найраглаг чанар байгааг тэр хүлээн зөвшөөрсөн.

Аз жаргалын тухайд “Жаргалтай байна гэдэг өөрөө ойлгомжгүй асуудал. Жаргалыг ахуйн хэмжүүрээр хэмжих, эсвэл оюун санаагаар тодорхойлох уу. Энэ их хэцүү. Аз жаргалын хэмжүүрүүд зөрдөг. Зөрүүтэй хэмжүүрүүдийг нэгтгэх боломжгүй. 6-гийн тоог биччихээд хоёр талаас нь хараад нэг нь ес, нөгөө нь зургаа гэж тайлбарладагтай адил. Хэмжүүрүүдээ цэгцэлж чадахгүй байж аз жаргал гэж тийм юм гэх нь утгагүй” гэсэн юм. Тэрээр одоо “Монголын нууц товчоо”-ны тухай томоохон бүтээл хийж байгаа аж. Сүүлийн дөрвөн романаа бичиж байхдаа бусдын юмыг бараг уншаагүй гэв.

Тэрээр “Юу бичих вэ” гэх залууст “Зүүдээ л бич” гэж зөвлөдөг гэж байгаа. Өөрөө ч нэг хэсэг зүүдний тайлал хийх сонирхолтой байжээ. Банхар ноход тэжээж байгаа ч хэд хэдэн нохойгоо алдаад сэтгэл ихэд эмзэглэх болжээ. Алдагдсан нэг гөлөг нь нүднээс гарчихсан байхыг харах шиг хэцүү зүйл байхгүй гэсэн нь сэтгэл ариун яруу найрагч, уран бүтээлчийн шаналан гэлтэй санагдсан. Зохиолч-уншигчийн уулзалт өндөрлөх үед “Аз хур” номын их дэлгүүрийн зүгээс Аюурзана зохиолчид өөрийнх нь нэрийг бичсэн үзгийг бэлэглэж, шүтэн бишрэгчид нь худалдан авсан номууд дээр гарын үсэг зуруулан, хамтдаа зургаа татуулан халуун дулаан сэтгэгдэлтэйгээр нэгэн сайхан үдийг үдлээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал, салбарын тэргүүд, таван онцын эзэдтэй, сайдын ангийнхан

Энэ удаа “Нэг ангийнхан” буландаа өдгөөгөөс 48 жилийн өмнө 33-уулаа Мядагмаа багшийн ангид мөр зэрэгцэн орсон нэгэн үеийнхний тухай өгүүлэх болно. Энэ бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуульд 1967 онд элсэн орж 1977 онд төгссөн 10А ангийнхан билээ. Тус ангийнхан ажилч, хичээнгүй, тууштай байдлаараа бусад ангиасаа ялгардаг байж. Энэ бол тэдний ангийнхны зарчим. Зөвхөн сурагч ахуй цагийнх биш, одоо ч гэсэн амьдралын зарчим болгон мөрдөж явааг дуулгахад таатай байна. Тийм ч болоод энэ ангиас УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, бригадын генерал П.Доржсүрэн тэргүүтэй 20 гаруй салбарын тэргүүний ажилтан, сэхээтнүүд төржээ.

“Ганган эрээн цэцгүүд

Гангийн эргээр алаглаад

Хээр талыг чимсэн

Хээнцэр сайхнаар ярайна вэ” хэмээх энэхүү дууг дотночилж дуулсан баярын сэтгэлээр уулзалт эхэлсний учир нь урлагийн үзлэгээр ангийн дарга Даваасүрэн, таван онцын эзэн, математикийн багш Дондогдоржийн хүү Эрдэнэбатын хамтаар дуулдаг байсан аж. Ийнхүү уулзалтын эхэнд ангийн дарга энэ дуугаараа ая барьж нөхдөө хөгжөөсөн нь хүүхэд насны гэнэн томоогүй үеийг нь санагалзуулсан хоромхон ч гэсэн бодолд автуулан гэгэлзүүлсэн мөчүүдийн нэг байлаа. Даваасүрэн “Энэ дуугаа зүгээр ч нэг дуулчихдаггүй, Д.Эрдэнэбат гитарддаг, би дуулдаг, сурагч насны минь хамгийн гоё үе байж, Аж үйлдвэрийн сайдаар хөгжимдүүлээд л тэр үедээ яаж ч мэдэх билээ” хэмээх хөнгөн хошин дурсамжаар тэдний яриа үргэлжилсэн юм. Нэг үгээр хэлбэл төрийн түшээ Д.Эрдэнэбат ангийн даргынхаа хөгжимчин байсан гэсэн үг.

Эл ангийнхны хувьд тийм ч даруухан биш. Даруухан бишдээ буруу гэсэн үг биш. 10А ангийнхан сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор сургуулийн аварга хэдэнтээ болж, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтчихдаг, сургуульдаа толгой цохидог хүүхдүүд байж. Урлагийн үзлэгээр ч мөн адил сургуульдаа цахиур хагалж явсан юм билээ. Тэдний дунд хар багаасаа волейболын спортоор хичээллэж, сэтгэл зүрхээ зориулсан “сурагч” бол Дондогдорж багшийн хүү мөнөөх л Эрдэнэбат. Манайхан энэ эрхмийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд гэдгээр нь илүүтэй мэдэх билээ.

Уулзалтад ирсэн “бяцхан” ангийнхнаа харсан ангийн дарга Даваасүрэн нь “Манай ангийнхан нэгэн зууны хагасыг насалсан амьдралын ид сайхан цэцэглэлтийн үедээ яваа” хэмээн тодотгоод цаашид ч улс орондоо бүтээн байгуулах боломж бий гэдгийг ч хэлж байлаа. Сурагч ахуйдаа ангийн даргаар ажиллаж байгаад сургуулиа төгссөн ч гэсэн Даваасүрэнгийн хувьд нэгэндээ тохиолдсон жаргал зовлон гээд бүх зүйлийг нөхдөдөө дуулгаж холбож зохион байгуулдаг, өдгөө ч ангийн даргынхаа ачааг үүрч яваа гэнэ.

Ёстой л бүхий л салбарт хүч үзэж яваа аж, эл ангийнхан. Тухайлбал, Доной Тагнуулын ерөнхий газарт, Энхтуяа хувиараа газар тариалангийн салбарт сэтгэл зүтгэлээ зориулжээ. Харин Нармандах Хүнсний технологич мэргэжлээрээ тууштай ажилласаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан болжээ. Энэ мэт ангиас 20 гаруй салбарын тэргүүний ажилтан төрөн гарсан байх юм. Тэдний нэг нь Эрдэнэцэцэг. Хүнсний салбарт олон жил ажиллаж сүүлд нь Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна. Энэ ангиас төрсөн Бадамханд, Түвшээ, Мөнхтуяа гээд эмч нарын цуваа үргэлжилнэ. Бүхий л насаараа ард түмнийхээ эрүүлийг хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэснийг төр үнэлж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан байх юм. Бат-Өлзий хувиараа бизнес эрхэлж байгаа бол Оюундэлгэр үр тариа, газар тариалангийн салбарт хүч үзэж яваа хөдөлмөрч эмэгтэй аж. Мөн л Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан. Улаанбаатар төмөр замын Хос дугуйн токарьчин хэмээх ховорхон мэргэжлийн эзэн бол Цогтмагнай юм. Цогтмагнайтай хамт төмөр замын вагон депод насаараа ажилласан эрийг Баяраа гэх. Ангийнхныхаа бахархал хүндлэлийг хүлээсэн, хоёр удаагийн мэргэжлийн аварга болж байжээ. Тэгвэл Ю.Оюунаа нь нөхөр Дамдинсүрэнгийн хамтаар Зүүнхараа хотод телевизийн өргөн нэвтрүүлгийг хүргэж байгаа соёлын үрийг таригчид гэнэ. Ганбатын хувьд геологич мэргэжилтэй бөгөөд хөрсөн доорх эд баялгийг нээн илрүүлдэг мундаг хүн гэж ангийнхан нь тодорхойлов. Шархүү хүнсний технологич мэргэжил эзэмшин “Спирт бал бурам” компанид 38 жил химийн технологичоор ажиллажээ. Тэдний ангиас төрсөн цөөнгүй багш нарын нэгийг Д.Эрдэнэчимэг гэнэ. Англи, Орос хэлний багшаар 30 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтад суужээ. Харин Н.Рэгзэдмаа Сэлэнгэ аймгийнхаа Цаг уур орчны шинжилгээний газрын даргаар ажиллаж байгаа аж.

Тэдний ангийн тэргүүний сурагчдын нэг нь УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэдэгтэй маргах хүн гарсангүй. Тус ангийн удаахь тэргүүлэгч нь Сэлэнгэ аймгийн дөрөв дэх, Мандал сумаас төрсөн анхны генерал П.Доржсүрэн юм. Ангийнхан эдгээр эрхмүүдээрээ бахархаж явдаг гэдгээ ам уралдан ярьж байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Уулзалтад ирээд хамгийн урд эгнээнд сууж байсан эмэгтэйг тус ангийнхан уран нугараач хэмээн дүгнэсэн юм. Уран нугараачийг Оюунчимэг гэдэг бөгөөд нэгдүгээр ангиасаа уран нугаралтаар хичээллэжээ. Тийм ч болохоороо одоо ч гэсэн ийм сайхан биеэ авч яваа юм хэмээн ангийнхан нь сайрхана. Тэгвэл нэлээд хэлэмгий гэж хэлж болохоор ангийн дарга Даваасүрэн нь 1990 онд МУИС-ийг, 1994 онд Удирдлагын хөгжлийн академийг төгсчээ. Дараа нь 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургууль төгссөн хуульч аж. Түүний хувьд 21 жил улсад багшилсан юм байна.

Ангийн төгсөлтийн 38 жилийн ойн уулзалтын үеэрээ тэд Гадаад явдлын яамны ахлах мэргэжилтэн, насаараа дипломат алба хашилцсан Р.Мөнхөө, төмөр замын машинч Ганболд, Цогтсайхан, Оюунбадам, Алтанцэцэг, Долгоржав, Хатантуул, шар Бадрах, Шинэчимэг гээд бурханы оронд одсон найз нараа ч мөн дурсаж суулаа.

“Нэг ангийнхан” булан бэлтгэж байхад анги бүрээс заавал хос төрөн гарсан байдаг нь анзаарагддаг. Тэгвэл энэ ангиас Бадрал, Эрдэнэцэцэг, Түвшинжаргал, Цагаандүгэр, Л.Зоригтбаатар, Н.Рэгзэдмаа гээд хэд хэдэн хос гарч өрх тусгаарласан байх юм.

Энэ удаагийн уулзалтад 20 гаруй сурагч иржээ. 10А ангийнхан хоёрдугаар ангид байхдаа зуны амралтын өмнө зугаалганд явж байхдаа тухайн үедээ л нүдний гэм байсан гурван төгрөгийн алаг бөмбөгөө усанд алдчихаж. Бөмбөгөө алдахгүй гээд Оюунаа нь Хараа голын ус руу яваад орчихож. Юун нөгөө бөмбөг манатай юм болж Оюунаагаа усанд үйх дөхжээ. Тэр үед Болдоо ухаан сийлж ус руу мод шидээгүй бол Оюунаа өнгөрөхгүй юу хэмээн ангийнхан дурсан ярив. Яриа ийн өрнөж байтал “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Оюунаа тэр сууж байна” гээд ангийн дарга Даваасүрэн заалаа. Оюунаа мушилзан инээмсэглэнгээ “Гоё зугаалга байсан шүү” хэмээн даруухан хариулаад чимээгүй болох нь хүүхэд насны гэнэн сайхан дурсамж юм шүү дээ гэх шиг санагдаж байлаа.

Генерал П.Доржсүрэн багт наадамд хэрхэн оролцдог байснаа ярилаа. А бүлгийнхний хувьд сургуулийн хэмжээнд болдог багт наадмаасаа халиад хотын багт наадамд оролцон шагнал авч байсан гэдгээ ёстой л цоглог дуугаар өгүүлэв. Энэ ангийнхан аливаа зүйлд заавал багшийнхаа гарыг хараад байхгүйгээр өөрсдөө бүхий л зүйлээ зохион байгуулчихдаг биеэ даасан хүүхдүүд байсан гэнэ.

Ангийнхан нь энэ уулзалтаараа бид П.Доржсүрэнгийнхээ генерал цолыг Аж үйлдвэрийн сайдынхаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг давхар угаана аа гэхэд Д.Эрдэнэбат сайд “Энэ шагналыг чинь би аль эрт авчихсан юм аа. Харин наад Зоригоо чинь сая Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Гэхдээ одон медаль угаана гэхээсээ илүүтэйгээр ангиараа уулзаж байгаа нь миний хувьд маш сайхан байна” гэлээ. Д.Эрдэнэбат яриагаа ийн үргэлжлүүлэв. Тэрбээр “Та хэдийгээ орж ирсэн цагаасаа хойш хараад л сууж байлаа. Багын дурсамж өөрийн эрхгүй нүдэнд харагдаж байна” хэмээн инээмсэглэлээ. Тэрбээр цааш нь “Нутагтаа ирэхээр агаар нь нэг л тунгалаг сайхан. Хүмүүс нь танил дотно санагдаад хоргодоод байдаг юм шүү гэхэд “Яах аргагүй үнэн шүү. Энэ үгийг яажшуухан эвтэйхэн хэлье дээ гэтэл Эрдэнэбат маань хэлчихлээ” хэмээн түүний үгийг ангийнх нь хүүхдүүд дэмжинэ. Тэдний яриаг хэсэг чагнаалан суусан Баяраа 10 жилийн сурагч байхдаа намрын ажилд явж хэрхэн хөглөснөө ярив. Ангиараа л явж байгаа хойно хааяа нэг ажлаа хийдүүлэх үе байлгүй яахав. Нэг өдөр түр амсхийхээр уул руу гараад бүтэн өдөр ажлаа хаячихаад багшдаа загнуулж суух ч сайхан байсан даа гэсэн юм. Ганц өдөр ингэж ажлаа орхиод явахад нь Баяраагийн аав хүүгээ зутарч байгаа болов уу хэмээн сэтгэл зовнин эргэхээр ирсэн нь таарч гэнэ. Гэсэн ч ногооны талбайд өдөржин хүүгээ хүлээгээд “Бүтэхгүй юм байна даа” гээд буцсан байж. Баяраагийн араас Л.Зоригтбаатар “Ингээд бодохоор манай ангиас төрийн түшээ, Батлан хамгаалахын генерал, Шинжлэх ухааны салбарын доктортой, бусад салбарт амжилттай яваа олон нөхөд маань байна. Энэ бүхнээс харахад сургаж хүмүүжүүлэхээс гадна хөдөлмөрт хүнийг нэгтгэж, хүн болгохыг сургасан багш нартаа насан туршдаа талархаж явдаг. Бидэн шиг олон мундагчуудтай хамт олон ер нь ховор байх.

Багш зөвхөн боловсрол олгохоосоо гадна хөдөлмөрөөр төлөвшүүлж, бага наснаас минь хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлсэн. Бид долоо, наймдугаар ангийн жаахан хүүхдүүд байхдаа хаврын тариалалт болон намрын ургац хураалтад пүүгээнээсээ жижигхэн, хүрзнээсээ намхан хөвгүүд хувингаасаа томгүй охидууд 14 хоногоор ажил хийх гээд л гарч өгнө дөө. Аравдугаар ангид орох жилээ бид хадланд яваад эрчүүд бухал нуруу хийж, охид бухал оосорлогч хийдэг байлаа. Тэр үед хадланд Батгончиг багш биднийг удирдаж авч явж байлаа. Багш могойноос айна, бид орой уйдна. Дэмий яримаар санагдах хэдий ч багшийн хажууд дэмий ярьж чадахгүй болохоор могой гэж айлгаад л сахилгагүйтдэг байлаа. Тэгээд л сайхан ярьж өгнө дөө. Харин энд нэг дурсамжийг та нар санаж байна уу” гээд яриагаа цааш үргэлжлүүлэв.

Дээд ангийнхан хадланд явж байхад бүх л хүүхэд байгаа хоол хүнсээ хувааж иддэг байж. Бороотой нэг өдөр тэдний хүнс барагдаж гэнэ. Хангамж ирэх болоогүй байсан тул бүгд л өлссөн байж таарна. Гэтэл орой унтахад дээд ангийнх нь нэг нөхөр орон дотроо юм идээд байгааг нь Д.Эрдэнэбат, Л.Зоригтбаатар хоёр мэдчихэж. Тэд хоорондоо “Энэ нөхөр орон дотроо юм идээд байна, яах вэ” гэж ярилцаж байгаад маргааш нь ангийнхаа хэсэг нөхөдтэй айлуудын тогооны угаалтуур болгож ашигладаг боролзгонын иш, харгана түүгээд ир гээд хэсэг нөхөдтэйгээ өнөө “орондоо идэгч”-ийг явуулчихаж. Тэднийг гараад явсан хойгуур нь Д.Эрдэнэбат, Л.Зоригтбаатар хоёр шуудайд нь нэгжлэг явуултал боорцог, молоко тэргүүтэй идэх юм гарч иржээ. Угаасаа хүнсгүй болчихсон байсан тул өнөө хоёр жаахан идэж байгаад үлдсэнийг нь бусдадаа тавьчихаж. Шөнө боллоо. Одоо нөгөөх маань яах нь вэ гээд сонсоод байсан чинь шуудайгаа ухаж байгаа бололтой байна гэнэ. Шуудай нь хоосон юм чинь тэгсхийж байгаад унтаад өгч. Маргааш нь бид хоёрт юу ч хэлж чадахгүй чимээгүй байсан. Ингэж бид хүний хүүдийний боорцгийг авч л байлаа.

Л.Зоригтбаатар “Харин манай генерал П.Доржсүрэн “тоовор” гэдэг хочтой байсан. Багын л цэрэг цагдаа ярьсан нөхөр байсан юм ш дээ. Д.Эрдэнэбат бид хоёр ангийнхныхаа сайн, муу юмны түрүүнд их явсан даа. Арван жилээсээ авахуулаад одоог хүртэл найзалж байна. Багын цэвэр бичигтэн байсан. Ангийн булан, сонин хоёрыг хийдэг сурагч байсан юм. Түүний ажил, амьдрал туулсан зам өргөн гэж боддог” гэв. Ийнхүү Аж үйлдвэрийн сайдын талаар ангийн нөхөр нь дурсахад араас нь “Д.Эрдэнэбат маань байнга Зүүнхараад ирж иргэдтэй уулзаад явдаг. Харин шинэхэн генерал Доржсүрэн маань ирж ангийнхныхаа ганц чимэг нь болоод ирлээ дээ хэмээн арын эгнээнээс Баяраа генералынхаа дал мөрийг алгадна. Үүнийг сонсож суусан Доржсүрэн генерал багадаа ангийнхаа хөвгүүдийн хэрхэн барилдаж дээл хувцасны мангас явсныг яриад, хоорондоо алдар цолтой бөхчүүдийн нэр өгчихөөд барилдахынхаа өмнө цоллодог байснаа хуучиллаа. Д.Эрдэнэбат маань Хайдав арслан, Цогтмагнай маань Бээжин аварга болоод бусад хөвгүүд маань… хэмээн ярьж байтал Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 10А ангийнханд хүндэтгэл үзүүлэхээр ороод ирэв. Генерал маань “Яг бөхийн тухай ярьж байтал Эрхэмээ аварга ороод ирлээ. Яасан сайхан бэлгэшээлтэй зүйл болж байна аа” хэмээн аваргатай гар барилаа. Ирэх жил л аваргыгаа юм дуулгана гэж хүлээж байгаа шүү хэмээн Зоригоог өгүүлэхэд ангийнхан нь ёстой зөв шүү. Энэ жилийн наадмаар манай аварга унаагүй юм билээ. Харин өнөө давсан гээд байгаа хүүгийн тохой түрүүлээд хүрчихсэн байсныг нэг мундаг зурагчин авсан байна лээ хэмээн аваргын тухай яриагаа үргэлжлүүлцгээв. Аварга орж ирснээс хойш ч хэсэгтээ л тэдний яриа бөхийн уур амьсгалаар солигдож сурагч байхдаа ангийнх нь хөвгүүд хичээлээ таслан Хараа голын ширэг дээр барилддаг байсан тухайгаа ярин хөгжилдөнө. Доржсүрэн генерал Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн ангийн захирагчаар ажиллаж байгаад Улаанбаатарт ирээд удаагүй байгаа. Өдгөөгөөс жил гаруйн өмнө Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслолд оролцохоор очиход генерал маань хурандаа цолтой байсан юм. Түүний хувьд амьдралынхаа хэдэн жилийг Баян-Өлгий дэх Барилгын цэргийн ангид өнгөрүүлсэн билээ.

Генерал Доржсүрэнгийн аав нь хошууч цолтой, хоёр дайнд оролцож явсан хүн байжээ. Тэдний гэр бүлээс таван хурандаа цолтон төрөн гарсан бол саяхан Доржсүрэн нь генерал болсон нь энэ юм. Түүний хувьд багадаа дамар малгай өмсч, орос цэргүүдийн соёмботой школа бүс бүслэх дуртай байсан гэнэ. Хааяа тэднийхээр ирдэг Улаанбаатарын цэргийн штабын дарга авга ах Ванчинсүрэнгийнхээ малгайгаар даанч гоёх дуртай байсансанж. Магадгүй тэр зөн намайг цэрэгт татсан байж мэдэх юм хэмээн инээмсэглэнэ. Тэрбээр Д.Эрдэнэбат сайдын тухай толгой цохидог онц сурлагатан байсныг дурдаад цэцэрлэгээсээ эхлээд нэг ангид явсан тухай өгүүлэв. Манай Эрдэнэбат багын спортлог, оюунлаг, хөдөлмөрч, ангийн бүхий л зүйлд ангиа уриалан оролцдог лидер хүүхэд байсан тухай түүнээс хол очиж байгаад ярьж өглөө. Түүнээс та наймдугаар ангиа төгсөөд ТМС-д явж ирээд цэрэгт явсан гэж ангийнхан тань ярьсан гэхэд “Би муу сурлагатайдаа ТМС-д яваагүй юм шүү” гээд инээмсэглэнэ. Сургуульд сурч байхад гэм хоргүй үймүүлчихдэг хүүхдүүд байдаг даа. Тэдний ангид мөн л тийм хэдэн хүүхэд байсны нэг нь генерал Доржсүрэн. “Үймүүлдэг хүүхдүүд” гээд хэд хэдэн хүүхдийг шууд л ТМС-д илгээсэн байна. Доржсүрэн генерал барилгын ТМС-д явж ирээд Номгоны сангийн аж ахуйд Атрын хоёрдугаар аянд нэгдэн тракторын жолоочоор ажиллаж байгаад цэрэгт морджээ. Цэрэгт байхдаа Цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн орсноор түүний амьдрал жинхэнэ утгаараа өөрчлөлтийн он жилүүд байжээ. Тэрбээр цэрэгт өнгөрүүлсэн 32 жилийн хугацаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон дэд даргаас бусад бүхий л албан тушаалыг хашсан байна. Энэ хугацаанд гурван анги удирдсан бөгөөд хамгийн нүсэр нь Баян-Өлгий аймагт цэргийн анги байгуулах байлаа хэмээн хэлж байв. Казахчуудтай ойлголцож, тэдний дэмжлэгийг авах тийм ч амар байгаагүй гэнэ. Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн анги өнгөрөгч намар таван жилийнхээ ойг тэмдэглэж Доржсүрэнгээ урьжээ. Түүнийг яваад очиход Баян-Өлгийнхөн “Та манай аймгийн генерал шүү. Манай аймгаас гараагаа эхэлсэн шүү” хэмээн баяр хүргэж байсан аж.

Эдний ангийнхан тавдугаар ангид ороход нь ангийг нь хуваахаар болоход Мядагмаа багш нь “Манай ангиас салах хүүхэд байхгүй. Бүгд хичээлдээ сайн” хэмээн нэг ч хүүхэд ангиасаа хасалгүй Намидцоо багшид хүлээлгэн өгч байжээ. Наймдугаар анги төгссөнийх нь дараа 8А ангийг мөн л тараалгүй бусад ангийг нь тарааж өөр бүлэгт хуваан өгч байсан гээд бодохоор сургуульдаа толгой цохидог нь байсан нь мэдэгдэж байгаа биз.

Ц.Энхтуяа “Ардын армийн ахлагч цолоос генерал цолонд хүрнэ гэдэг үнэхээр мундаг хүний л хийж чадах зүйл. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг үнэн юм байна” гэхэд ангийнхан нь түүний яриаг дэмжиж байлаа.

Харин удтал чимээгүй суусан Ю.Оюунцэцэгийг ангийнхан нь ярь л даа гэхэд “Аравдугаар ангиа төгсөөд Нийтийн ахуйн үйлчилгээний техникум төгссөнөөс хойш 40 жил оёдол хийж байгаа” гэлээ. Түүний хувьд нөхөр таван хүүхдийн хамт, ач зээ 10 гаруй болж өнөр өтгөн гэр бүл болжээ. Ю.Оюунцэцэгийн хөдөлмөрийг үнэлж төр засгаас Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгийг гурван жилийн өмнө олгож байжээ. Ю.Оюунцэцэгийн хувьд генерал Доржсүрэнтэй тохой нийлүүлэн суудаг байсан гэнэ. Сурагч ахуй үеийг эргэн дурсахад хүнд хэцүү сорилт бүр шалгалт байдаг. Гэтэл эдний ангийнхан хэзээ ч нэгэндээ хуулуулах шаардлага гарч байгаагүй гэдгийг ам бардам өгүүлцгээнэ. Багадаа дарга болно гэж тоглодог байсан ч генерал, сайд болно гэж ёстой бодож байгаагүй шүү хэмээн хүүхэд цагийн гэнэн үеэ дурсацгааж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Шилдэг загвар өмсөгч буюу тайз эзэгнэгч Д.Баяртогтох

Саяхан “Гоёл-2016” наадмын шилдгүүд тодорч топ моделиор Х.Уянга тодорсон билээ. Тэгвэл өнөө жилийн шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн шагналыг Д.Баяртогтох хэмээх залуу хүртсэн юм. Энэхүү шагналыг хамгийн нүдээ олсон шагнал боллоо гэдгийг загварын ертөнцийнхөн онцолж байна. Д.Баяртогтох ч “Би шилдэг загвар өмсөгч болсондоо маш их баяртай байна. Би “Гоёл” наадамд найман жил оролцож байгаа. Энэ шагналыг авах болов уу гэж олон ч жил хүлээсэн дээ” гэсэн юм. Үнэндээ түүний хувьд загварын тайзнаа хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Анх “Монгол модель” агентлагаас гараагаа эхэлж байсан тэрээр өдгөө 10 гаруй жил загварын тайзнаа алхаж буй. Хэдийнэ Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон түүнийг тайзны алхаа гишгээгээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдэг. Тиймдээ ч загварынхан, тэр дундаа эрэгтэй загвар өмсөгчдөөс шилдэг нь гэгддэг буй за. Мэргэжил нэгт нөхөд нь түүнийг тайз эзэгнэгч Баяртогтох гэж ярьдаг юм билээ.

Д.Баяртогтох гурван жилийн өмнө БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртэж байсан юм. Азийн топ моделиор тодорно гэдэг ялангуяа эрэгтэй загвар өмсөгчдийн дунд амаргүй даваа биз ээ. Чамгүй ур чадвар, туршлага ч шаардана. Харин түүний хувьд 20 орчим орны 50 гаруй модельтай өрсөлдөж “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртэж байлаа. Тус наадмыг шүүж байсан шүүгчид “Монголын загвар өмсөгч тайзны алхаа, гишгээ гайхамшигтай техниктэй байна. Бусдаас тод ялгарлаа” гэж түүнийг үнэлж байсан гэдэг. Энэхүү тэмцээнд орох эрхийг “Face of Mongolia” наадмын “Шилдэг модель”-оор шалгарч авч байсан удаатай.

Монголд гарын таван хуруунд багтахаар эрэгтэй загвар өмсөгчид байдаг. Харин тэдний сор нь Баяртогтохыг гэж ярьдаг. Европ төрх бол түүний гол онцлог. Бас давуу тал. Өдгөө 10 гаруй жил загварын тайзнаа алхахдаа дотоодын томоохон компаниудын нүүр царай болж бас ч гэж чамгүй олон амжилтыг гаргаад байгаа. Тодруулбал, “Vision 2010” загварын тэмцээнд “Шилдэг модель”, 2011 оны “Монгол модель” агентлагийн “Топ модель”, 2011 онд “Face of Mongolia” наадмын “Шилдэг загвар өмсөгч, 2011 оны “Fashion week”-ийн эрэгтэй дүр төрхөөр тус тус шалгарч байсан.

Хамгийн сүүлд “Улаанбаатар” их дэлгүүрийн оруулж ирж байгаа “Cesar’s” брэндийн Монгол дахь нүүр царайгаар тодроод байгаа билээ. Одоо тэрбээр “Max­mall” дэлгүүрт маркетингийн менежерээр ажиллаж байгаа аж.

Монголын загварын ертөнцийн “акул” гэгдэх түүний үндсэн мэргэжил нь хүнсний биотехнологич. Д.Баяртогтох “Монгени” цогцолбор сургуулийн орос, англи хэлний ангийг 2003 онд төгсчээ. Ингээд “Mongolia In­ternational University” (MIU)-ийг Биотехнологич мэргэжлээр 2007 онд дүүргэсэн байна. Гэвч сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй загварын тайз руу урважээ. Энэ нь түүний сонирхол. Найз нөхөд нь ч түүнийг ирээдүйтэй, амжилт гаргах загвар өмсөгч гэж ярьдаг юм билээ.

Түүнчлэн кино урлагт хүч үзээд амжсан нэгэн. “Цавчуур.ком” зэрэг кинонд тоглож жүжиглэх авьяасаа үзэгчдэд харуулаад авсан. Ер нь кинонд тоглох санал их ирдэг талаар Д.Баяртогтох ярьсан. Цаашдаа дэлгэцийн урлагт хүч үзэх зорилготой аж. Түүний гэргийг загварынхан андахгүй. Интерьер дизайны мэргэжилтэй бүсгүй бий.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэнжээ: Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгаад мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хариуцлага хүлээх ёстой

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонссон Л.Гансүхийн биеийн байдал мууджээ. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй түүний бөөрний архаг үрэвсэл өвчин сэдэрч бие нь тааруу байгаа гэнэ. Иймд түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй ярилцлаа.

-Л.Гансүхийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл байна?

-Өнгөрсөн долоо хоногт очиход түүний бие муу байгаа нь харагдаж байсан. Нүүр нь хавагнасан, бөөр өвдөж байна гэж ярьж байсан. Ар гэрээсээ эм авахуулж байгаа. Өмнө нь хоригдож байхдаа бөөрний дутагдалд орох эрсдэл үүсэж байсан. Хоригдож байгаа хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг шийдвэр гаргасан хүмүүс хариуцах ёстой. Ер нь бол бие нь муу байгаа шүү дээ. Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой шүү.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Гомдол гаргах үндэслэл нь юу вэ?

-Бусдыг нууцаар чагнах, дагаж мөрдөх, нотлох баримтын эх сурвалжаа тогтоох л ажиллагаа. Энэ нь гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр, хяналтан дор маш ёс зүйтэй, хуулийн дагуу явагддаг ажил. Гэтэл ийм далд байдаг ажлыг далимдуулаад зүгээр л гүйцэтгэх ажлын нотлох баримтаар нотлогдож байна гээд шүүх хурал дээр яригдаагүй. Хавтаст хэрэгт ч авагдаагүй зүйлээр хүнийг яллаж байгаа нь хүнийг төрийн

байдлаас харсан биз. Засгийн газрыг огцруулахын өмнөх орой прокурорын байгууллага нь мөрдөн байцаагчтайгаа цуг Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд хэвлэлийн бага хурал хийгээд сууж байв. Үүнээс эхлээд хэргийн процесс хэрхэн өрнөж байгаа нь харагдсан.

-Та ярилцлага өгөхдөө шүүхийг шүүмжилсэн байсан?

-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шинэчлэл хийгдсэн үү гэдгийгн нэг шалгуур нь шүүх хурал олон нийтэд нээлттэй болсон явдал. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284.2-т шүүх хуралдаанд тал бүрээс нь бодитойгоор шинэчлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэж шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт байхгүй, шинжлэн судлагдаагүй бичгэн нотлох баримт, гүйцэтгэх ажлын баримт сэлтийг үндэслэж байна гээд тогтоолоо уншсан. Шүүн таслах ажилд ийм практик тогтвол маш аюултай, хууль, хүний эрх үнэгүйдэж, улс төрийн хэлмэгдэл газар авна. Нэг хүний дарангуйлал тогтоно. Монголчуудад 1937 оны хэлмэгдүүлэлт давтагдана. Энэ асуудалд бид назгай, санаа амирлангуй хандаж болохгүй, маргааш хэн ч энэ хүчирхийллийн золиос болж болзошгүй тул нэн даруй таслан зогсоох ёстой. Мөн шүүх гэж ерөнхий ярих биш хэн гэдэг шүүгч хууль зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл хийж, хүнийг хэлмэгдүүлэн хохироосон, бусад шүүгч нарынхаа ажил, нэр хүндийг үнэгүйдүүлэн, харлуулсан шүүгч хэн бэ гэдгийг судлан, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авах шаардлага гарч байна. Хуулийг илэрхий зөрчиж, шүүх хурлыг үгүйсгэсэн нэр бүхий шүүгч нарын үйлдлийг хаацайлах,

-Баримттайгаар тодорхой яривал?

-Л.Гансүхийн хэргийг харахад АТГ-ын Нарантуяа гэдэг хүний бичсэн дүгнэлт Үндэсний Аудитын газрын аудитор Ичинхорлоо гэдэг хүний гараар дамжаад, шинжээч нар гарын үсэг зураад, шинжээчийн дүгнэлт болоод гараад ирсэн нь анхан шатны шүүх хурал дээр тогтоогдсон. Тэгэхээр АТГ яагаад тэрхүү дүгнэлтийг бичээд гаргаад ирэв гэдэг нь өөрөө асуудал дагуулж байна. Тэр дүгнэлтэд зөвхөн шинжээч томилох тогтоол л гарах учиртай.

-Шинжээч томилох хүсэлт дахин гаргасан уу?

-Шинжээч нартай холбоотой асуудлыг бид мөрдөн байцаалтын явцад тавьж байсан. Гэтэл бидний хүсэлтийг мөдөн байцаагч, прокурор хүлээж аваагүй. Харин хэрэг шийдэгдсэний дараа Нийслэлийн прокурорын

эмзэглэсэн, шүүх хурал дууссаны дараа шүүх хуралд нөлөөлөх гэсэн оролдлого гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд өгсөн. Ийм л процесс болсон. Ер нь шүүх хурлын процесс өөрөө өмгөөлөгчийг хүсэлтээ бичээд өгье гээд зөвшөөрөл аваад гарахаар прокурор нь хүсэлт гаргаад шүүгч нь дөрвөн сая гаруй төгрөгөөр торгосон.

-Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнийн зөрүү гэж гарсан байдаг?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнийн зөрүү гарсан гээд байгаа. 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн Багануурын ТУЗ-ийн тогтоолоор 39 мянга, 2013 оны арваннэгдүгээр сарын нэгний өдрийн 27500 төгрөг гэж баталсан тогтоолын зөрүүгээр Л.Гансүх нарыг улсад хохирол учрууллаа гээд байгаа юм. Шүүх хурал дээр хоёр тогтоолын үнийн зөрүүгээр Багануур ХК-ийг хохироолоо гээд байгаа юм уу гэхээр хохирогч Очирлхам гэдэг эмэгтэй “Үгүй ээ, бид дарамтад ороод л ингэж хэлсэн” гэж мэдэгдсэн. Ингээд үзэхээр энэ хэрэг зохиомол болох нь харагдаж байгаа. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө Багануур ХК-ийн ТУЗ-ийн тогтоосон үнэ нь 27 500 төгрөг. Мөн Эрчим хүчний сайдаас томилогдсон ажлын хэсэг 27500 төгрөгөөр иргэдэд нүүрс худалдаалахад компанид алдагдалгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ер нь Л.Гансүх гэдэг хүн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг холбосноос нүүрсний үнийг хэд болго, эд болго гэдгийг хэлэх эрх бүхий хүн биш. Тиймээс ч ажлын хэсгийн баталсан дүгнэлтийг л хэрэгжүүлэхийн тулд ажилласан. Одоо Шарын гол дээр энэ ажлыг хувийн компаниуд хэрэгжүүлэх гээд явж байгаа гэх мэдээллийг ч би сонссон.

Л.Гансүх нарыг яллахын тулд жингийн зөрүү гэдэг үндэслэлийг прокурор гаргасан. Уурхайгаас ачигдсан нүүрс, иргэдийн гэрийн гадаа очихдоо гардаг хорогдлыг Л.Гансүх нарыг санаатай гаргасан гэсэн. “Багануур”, “Багануур илч” компанийн удирдлага хэрэг үүсгэхээс өмнө жингийн зөрүү юунаас болж гарч байгаад судалгаа хийсэн байдаг. Багануур ХК-иас ачигдсан таван вагон нүүрснээс Толгойт, Амгалан өртөөн дээр ирэхэд 14 тоннын зөрүү гарсан. Ийм хэмжээний нүүрс дутсан. Вагоны хананы мөстөлт, ууршилт, зам зуурын хулгай гээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг тухай асуудлын бодит байдлыг мэддэг хүмүүс хурал дээр хангалттай ярьсан.

Мөн шигшилтээс үлдсэн нунтаг нүүрсийг авч, станцуудад өгөх үүргээ “Багануур илч” компани хангалтгүй биелүүлсэн. Тэд тэрхүү нүүрсийг бүрэн авалгүй овоолго үүсгэсэн, шатсан, газарт ул болсон гээд олон шалтгааны тухай хурал дээр яригдсан. Шүүх, прокурор бодит байдалд дүгнэлт хийхээс зайлсхийсэн. Тэд зөвхөн Л.Гансүхийг яллах зорилгод хөтлөгдөн ажилласан. Эрүүл ухаанаар бодсон ч Л.Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа нар яаж ч хуйвалдсан жингийн зөрүү гаргах бодит боломж байхгүй гэдгийг хэн ч ойлгоно.

-Хамгийн гол нь Л.Гансүхийг энэ хэрэгт буруутай гэж үзэх юм бол ямар нэгэн хохирсон байгууллага гарна. Гэтэл бүгд л хохиролгүй гээд байдаг гэсэн?

-Багануур нь хохирсон байх ямар ч үндэслэлгүй. Нэгдүгээрт, Засгийн газар Сангийн яамнаас баталгаа гаргаж, 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн дээр нь нүүрсийг гурав ангилж, 22 мянган төгрөгөөр станц руу, 27500 төгрөгөөр иргэд рүү, 39 мянган төгрөгөөр портертой, өөрсдөө очиж авдаг хүмүүст худалдаалдаг байсан. Гэтэл прокурорууд 39 мянган төгрөгөөр зарах ёстой гээд зүтгээд байгаа юм. Шийдвэр гаргасан нүүрсээ зарж байгаа компани, иргэдэд хямд чанартай нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс 27500 төгрөг гэдгийг хэлсээр байхад зохиомлоор 39 мянгаар худалдах ёстой гэж зүтгэн Л.Гансүх нарыг яллаж байгаа юм. Прокурорт нүүрсний үнэ тогтоох эрх байхгүй.

Бага нуур ХК-ийн нүүрсний үнийн зөрүү, жингийн зөрүү нь Л.Гансүх нартай холбоогүй гэдгийг таван өдрийн шүүх хурал хангалттай нотолсон.

Categories
мэдээ цаг-үе

Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгчээ

Элэгний вирустэй өвчтөнүүдийн хувьд “Харвони” хэмээх шинэ эмийг Монголд орж ирэхийг хүлээн хоног хугацаа тоолж буй. Арваннэгдүгээр сард ирнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх чимээтэй. 1600 хүн уг эмийг эхний ээлжинд авахаар шинжилгээнд ороод хүлээж байгаа. Чухам энэ үед дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан мэдээлэл цөөнгүй хүнийг цочирдуулсан бололтой. Энэ мэдээллийг хүмүүст хүргээч хэмээн ШУТИС-ийн нэгэн багш манай сонинд хандсан юм. Энэ талаарх яриа хөөрөө өрнөж буй хурлын танхимд ормогцоо хуучин танилаа олж харав. Доктор Анн Алтман ардчилал, эмэгтэйчүүдийн оролцоо, хотын дүрэм, хотын татвар зэрэг олон асуудлаар монголчуудын урилгаар ирж, мэдээлэл өгч, зөвлөж байсан хүн. ШУТИС-ийн урилгаар тус сургуулийн багш, судлаачдад “Судлаачийн үүрэг хариуцлага ёс зүй, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих аргачлал”-ын тухай лекц уншиж байсан доктор Анн Алтман санамсаргүй энэ сэдвээр эрэн сурвалжлах үүрэг гүйцэтгэжээ.

Доктор Анн Алтман Английн Кембрижийн их сургууль, Йелийн их сургуулийг төгссөн. Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдэд сүүлийн гучаад жил 8000 гаруй судалгааны өгүүлэл редакторлож хэвлүүлсэн нэгэн юм. Судлаачийн ёс зүйн сэдвээр эхэлсэн яриандаа Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан тухай дурдсан нь олон хүний анхаарлыг татсан юм байж. Анн Алтман ийнхүү ярьж байна.

-Өчигдөр энэ талаар дурдаад өнгөрөхөд хүмүүс маш их сонирхсон. Тийм учраас энэ талаар судаллаа. Шүүхэд өгөхдөө бичгээр үндэслэл гаргадаг. Бичгээр гаргасан үндэслэлийг нь хайж олсон. Шүүхийн бичиг баримт нь интернэтэд байхгүй. Шүүх ажиллагаатай холбоотой Йелийн их сургуулийн профессорын нэрийг олоод, мэйл бичсэн юм. Би Монголд байна. Танай сургуулийн профессор Сидней Алтман (Сидней Алтман 1986 онд Нобелийн шагнал авч байсан, Йелийн их сургуулийн химийн профессор, тус сургуулийн алдартнуудын нэг.сурв)-ы эхнэр байна. Энэ эмийн тухай, компанийн тухай асууж тодруулмаар байна гэж бичсэн. Шүүхэд хандсан үндэслэл, бичиг баримтыг авах боломж байна уу гэхэд цагийн дараа хариу ирүүлсэн гэж Анн тайлбарлав. Би энэ мэдээллийг Монголын эрдэмтэн, судлаачдад тараасан. Би мэдээллийг хүргэлээ. Монголчууд та нар энэ мэдээлэлтэй танилцаад, бид үнэхээр баталгаагүй эмийн туршилтад орох гээд байна уу гэдэгт өөрсдөө хариу олоорой. Би энэ тухай яриад байгаа юм биш. Йелийн их сургууль дахь “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөө түншлэл” (Global Health Justice parthership) группээс гаргасан мэдээллийг та бүхэнд дамжуулж байгаа юм.

АНУ-д байдаг “Gilead sciences” компанийнхан гепатит С вирусийг эдгээдэг эм бүтээсэн гэж ярьж байгаа. Маш өндөр үнэтэйг нь бүгд мэднэ. Тэд Монгол Улсын иргэд сайн сайхан эрүүл энх байгаасай гэсэн үүднээс үнийг нь хямдрууллаа гэсэн. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ Америкийн Засгийн газар энэ эмэнд зөвшөөрөл олгосныг сэжиглэж байгаа байгууллага бий. Энэ асуудлыг анхаараад, сэжиглээд байгаа байгууллага бол зүгээр нэг хэн ч мэддэггүй төрийн бус байгууллага биш. Хэн ч танихгүй хэдэн хүн биш ээ. Йелийн их сургуулийн Хуулийн сургууль АНУ-даа нэгдүгээрт ордог. “Дэлхий нийтийн эрүүл мэнд, шударга ёсны төлөө түншлэл” гэж групп байдаг. Энэ хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Хүмүүсийн төлөө ажилладаг юм. Энэ бүлэг Йелийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтраад, Харвони эмийн асуудлаар шүүхэд хандсан байна.

Эмийн компанийн зүгээс “Харвони” эм нь гепатит С вирусийг дарангуйлахаас гадна бүрэн эдгээдэг гэж мэдэгдсэн. Энэ эм маш үнэтэй. Хамгийн гол нь клиник туршилтын үр дүн нь тодорхой биш байгаа. Клиникийн туршилтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ мэдээллийн дүнд эмийн үнэ бодитой эсэх талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх боломжтой болно. Үнэ бодитой эсэх, клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль нь мэдэх эрхтэй. Мэдээлэл авах эрхдээ үндэслээд, үнийн талаар саналаа хэлэх эрхтэй, туршилтын үр дүн үнэн зөв эсэхэд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх учиртай. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Харвони” эмийг хурдавчилсан байдлаар зөвшөөрсөн. Хурдан зөвшөөрөхийн сайн, муу тал бий. Муу тал нь сөрөг нөлөөний тухай мэдээлэл байхгүй. Түүнээс гадна эмийн компаниас хамааралгүй, хөндлөнгийн хяналтын дүгнэлт чухал. Үүнийг хийж чадахгүй байгаа. Йелийн их сургуулийн хуульчдаас гадна Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь мөн “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөөх түншлэл” группт багтдаг. Америкийн Хүнс, эмийн агентлаг ямар хариу өгсөн гэхээр “Та бүхний асуултад хариулахын тулд 1- 2 жилийн хугацаа шаардлагатай” гэсэн. Мэдээж энэ хугацаанаас өмнө тодорхойгүй асуултынхаа хариуг авах зорилгоор шүүхэд хандсан. Эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачид юунд эмзэглэж байна гэхээр “Америкийн Хүнс, эмийн агентлаг эмийн компанийн дарамт, лоббинд орж зөвшөөрөл маш хурдан өгсөн” гэж сэжиглэж байна. Шинэ эмийг турших явцад алдаа гарч болно. Үр дүнг засч мэдээлж магадгүй. Зарим эмийн компани өмнө нь худлаа туршилт хийж, хуурамч мэдээлэл өгч, зөвшөөрөл авч байсан жишээг ч шүүхэд хандсан үндэслэлдээ дурджээ. Йелийн их сургуулийн хуульчид Америкийн Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн. Тус агентлагийн ажиллаж байгаа зарчим алдагдаж байгаа. Ялангуяа сүүлийн үед Хүнс, эмийн агентлаг яаран зөвшөөрөл өгчихдөг. Дараа нь “Ийм ийм тохиолдолд судалгаа хийгдээгүй, тодорхой мэдээлэл байхгүй” гэх мэтээр эмийн шошгон дээрх анхааруулгаа өөрчилсөн тохиолдол зүрхний эмэн дээр гарсан. Дахиад “Харвони” эмэнд зөвшөөрөл олгоод, “Вирус багатай хүнд богино хугацаанд хэрэглэнэ” гэсэн тайлбарын цаана тодорхой баримт, судалгаагүй байна гэж ойлгогдоно. Туршилтын тоо баримтыг авсан тохиолдолд эмийн үр дүн, аюулгүй байдал, сөрөг нөлөөний тухай мэдээлэл тодорхой болох юм. Америкийн Хүнс, эмийн агентлаг зарим эмэнд хурдан зөвшөөрөл өгсөн ч хэдхэн тооны хүн дээр туршигдсан байсан удаа бий. Зах зээлээс ямар нэг эмийг татаж аваад, өөр эмээр орлуулахын тулд хурдан зөвшөөрөл өгдөг байдал бас ажиглагдсан. Шүүхэд өгсөн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 17. Түүнээс хойш бараг жил болж байна. Одоо болтол хариу ирээгүй. Туршилтын үр дүнг аваад эрсдэлтэй хүчин зүйлүүдийг нь шалгаж, хөндлөнгийн дүгнэлт гаргахад ч цаг зарцуулна. Яагаад туршилтын үр дүнг өгөхгүй, яагаад ийм нууц байгаа юм бэ гэдгийг та бүхэн бодооч. Эмийн зөвшөөрлийг хурдан өгсөн ч туршилтын үр дүнг хурдан өгөхгүй байгаа биз дээ” хэмээн Анн яриагаа төгсгөв.

Өнөөг хүртэл эм оруулж ирэхээр хөөцөлдөж буй талууд, улстөрчдийн дуу хоолойг монголчууд хангалттай сонслоо. Харин одоо “Харвони” эмийн талаарх Монголын эрдэмтэн, судлаачид, эмийн мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх цаг болжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Тангадын МАНДИР: Кирил бичиг бол монголчуудын оюун санааны дархлаа юм

Зохиолч, зураач, түүхч Онход Тангадын Мандирыг “Хорин нэгэн хөрөг” түүх-уран сайхны ном, “Саран зэв” түүхэн туужаар нь уншигчид сайн танина. Түүний “Түгшүүрт аялал” туужийн талаар ардын уран зохиолч С.Дашдооров “Энэ номыг “Говийн өндөр” романтайгаа харьцуулж уншаад өөрийгөө жаахан голлоо. Бид зохиол бичнэ гэж оромддог, монгол хэл, хэрсүү бичлэг, гярхай дүрслэл бидэнд байхгүй юм байна. Манай үргэлжилсэн үгийн зохиол ер нь Ринчен гуайн хэлдгээр сонины гүехэн цагаан хэлээр бичигддэг юм байна. Харин Мандир өөрөөр бичиж. Түүнд ирээдүй байна” гэсэн байдаг бол төрийн шагналт эрдэмтэн-зохиолч Ш.Гаадамба “Хорин нэгэн хөрөг” зураглал өгүүллэгүүдийн дотор өгүүлэгдэж буй “Монголын нууц товчоо”-ны түүхт хүмүүсийн тухай “Түүхийн товчоо” гэсэн лавламж мэдээллийн зурвас оруулж бичсэн нь…өгүүллэгийн байгууламжийг сонирхолтой болгосон хэрэглүүр нь мөн тул үүнийг үлгэрлэн хэлбэл уран баримлыг тогтоох яс мод, гол төмөр гэж ойлговоос зохилтой. Эдгээр хорин нэгэн зураглалыг Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн үг хэлний найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэллэгийг тухайн үед үнэхээр ийм хэл найруулгатай байсан болов уу гэж үнэмшигдэхээр байгаа нь манай уран бүтээлчдэд тустай болно” гэж үнэлэн бичсэн байдаг. Наяад оны сүүлчээр бичигдсэн “Хорин нэгэн хөрөг” номыг багадаа уншиж өссөн, түүхт хүмүүсийн дүрийг гайхан биширч явсан хүний хувьд Т.Мандир хэмээх эрдэм бишрэлт эгэл хүмүүний Чингэлтэйн аман дахь уран бүтээлийн өргөөнд зочилж хөөрөлдлөө.

-Танайх хотын төвөөс зайдуу, утаа униар, дуу чимээнээс ангид сайхан аж төрдөг юм байна. Уран бүтээлийн андууд чинь зорьж их ирэх үү?

-Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч Шаагаа анд маань их ирнээ. Шагдарсүрэн гавьяат чинь миний даалууны анд байгаа юм.

-Та хэд тэгээд даалуу их тоглох уу?

-Өө бид чинь даалууны “Хас” дэвжээтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь “Хөдөлмөр” сонины сэтгүүлч, хүүхдийн зохиолч Төмөртогоо маань байгаа юм. Цаг уураас Шаагаагаа, Сангидансран нарыгаа уруу татаад чөлөөт цагаараа тоглоно. Нийтийн хоолны газраас Хулгар Ваня, Баянхонгорын Богдоос миний нагац ах Цэрэнчангаа бид нийлж, хагас сайны үдээс хойш цуглаад нэгнийдээ очно. Тэгэхдээ бид мөрийтэй тоглохгүй. Наймуулаа байснаас одоо эдийн засагч Маам, Шаагаа бид гурав л амьд үлдлээ дээ. Ерэн хоёр онд даалууны тэмцээн хүртэл зохион байгуулж байлаа.

-Таны туурвисан “Хорин нэгэн хөрөг” ном ч алдартай шүү. Хэдэн онд бичлээ?

-“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчлан “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг 1988-1989 онд сэтгүүлч Төрбаярын хүссэнээр “Улаан-Од” сонинд цувралаар нийтлүүлсэн маань цагаан морин жилийн босгон дээр “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн юм. Наян таван онд анх Чингис хаанаа бичсэн юм. Анхны уншигч маань Цэрэнчангаа ах. Сантехникийн слесарь хүн мөртлөө төрөлхийн хар ухаантай, ардын сайхан хэл сэтгэлгээтэй хүн. Дэлхий дахинд тархсан Чингис хааны хөргүүдийг судалж байж зурахад Чангаа ах “Чи эрүүндээ урт сахалгүйгээр зур” гэж зөвлөж байлаа. Тэгээд урт сахалгүй зуртал их хаан маань 1206 онд хаан ширээнд суусан дөчин таван настайгаараа төсөөлөгдөж, шууд л тэнгэрээс оюун ухаанаар минь дамжиж цааснаа амилсан. Зохиолчдын хорооны Сэлбийн амралтанд наян долоон оны намар Төмөртогоотойгоо амарч байхдаа “Боорчи”, “Өөлүн эх” гэсэн хоёр хөргөө үзүүллээ. Төмөртогоогийн нүд нь орой дээрээ гарч, тэнд амарч байсан сэтгүүлч Амбасэлмаа гуайд үзүүллээ. Тэр алдарт сэтгүүлч “Чи чинь зураач хүн гэл үү. Манай Чойном зураач, Дашдооров ч сайн зураач. Зураачдаас сайн зохиолч төрөх юм. Засаж хэрэггүй шүү. Гарах цаг нь болж уу, үгүй юу. Баяр хүргэе” гэж урам өгсөн дөө.

-Түүхийн талаасаа зөвлөх хүн хэн байв?

-Одоогийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн тэр үед цол ч хамгаалаагүй, эрдэм шинжилгээний залуухан ажилтан байсан. Тэр залуу А.Дамдинсүрэн, Н.Сэр-Оджав, Довдойн Баяр нартай танилцуулж, Улсын төв номын санд, түүх-археологийн музейд байгаа ховор үзмэрүүдтэй танилцуулсан нь бүхэл бүтэн судалгааны ажил болсон доо.

-Таны туурвисан хөрөг зургуудыг түүхийн ухааны доктор, академич Чулууны Далай гуай жигтэйхэн их үнэлж бичсэн дээ. Яг үг үсэгчлэн санахгүй байгаа болохоор таны амнаас л уншигчдадаа хүргэмээр санагдлаа?

-Өөрийгөө магтах ч дэмий дамшиг л даа. Аливааг мэдэж мэдрээд өөрийгөө тоох бол тэс өөр хэрэг. Тэр хүн өчүүхэн миний бүтээлтэй танилцаад “Залуу зураач Т.Мандирын “Хорин нэгэн зул” нэрээр бүтээсэн зураг, таталбаруудыг үзлээ. Доктор миний бие насан багаас өмнөд газар дипломат ажил эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн дагуу түүхийн ном бичгүүд нангиад хэл дэх боломжийн хэрээр судалж танилцсан нэгэн болой. Өвөрмонголын Ордос ба Сөнөд нутагт Чингисийн болон Хасарын хөрөг зургийг тахьдаг уламжлал бий. Миний найз Өвөрмонголын зураач Сэцэн Чингис хаан болон Өөлүн эх, Тэмүжиний дөрвөн хүү, Бөртэ, Мухулай нарын хөрөг дүрийг бүтээснийг би үзсэн. Мандирын зургуудыг үзэхэд Сэцэнгийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй болжээ гэж дүгнэхдээ таатай байна” гэсэн байдаг юм. Тэр их хүн миний бүтээлийн талаар хэлсэн үнэлгээ болохоор өөрийгөө магтсан болохгүй биз дээ.

-“Хорин нэгэн зул” номд Есүхэй, Өөлүн эх, Чингис хаан, Хавт Хасар, Жамуха, Боорчи, Ван хан нарын “Монголын нууц товчоо”-нд тодорхой дурдагдсан хүмүүсээс гадна ямар түүхт хүмүүсийг товойлгож гаргахыг зорив?

-Өрлөг Зэлмэ, Хубилай ноён, Тататунга түшмэл, заргач Шихихутаг, сайд Елюй Чуцай, Сүбээдэй баатар, Зэв жанжин, Мухулай ван гээд бүгдийнх нь хөргийг түүх, уран зохиол, уран зургаар илэрхийлэх гэж оролдсон доо.

-Сүбээдэй баатрын тухай “Саран зэв” түүхэн туужаа яаж бичив?

-“Илд бамбай” хэвлэлийн газраас адал явдалт зохиолын уралдаан зарлахад зохиолч анд Н.Нагаанбуудаа “Хоёулаа оролцъё. Сар уулзахгүй шүү” гэж байгаад бичсэн бүтээл л дээ. 1992 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны дотор л бичигдсэн. “Эрүүл энх” хэвлэлийн газарт анх хэвлэгдээд, хэвлэлийн газар нь дампуураад надад шагнал нь олдоогүй. Саяхан зохиолч Баасангийн Номинчимэд дүү “Монголын түүхийн гайхамшигт агшнууд” цувралаараа дахин хэвлэж өгсөн. Номын цагаан буянт Б.Авэрмэд, Л.Мөнхбаяр, Ж.Амаржаргал, Н.Энхбаяр нар цахимаар миний бүтээлүүдийг уншаад “Түгшүүрт аялал” туужийг маань хэвлэж өгч, уншигчидтай маань уулзуулсан.

-Та зохиол бичихээсээ өмнө хаа хаана сурч, ажиллаж байв?

-Аав, ээж хоёр маань Аж үйлдвэрийн комбинатын ажилчид. Намайг есөн настай байхад ээж маань бурхан болсон. Би дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгсөөд тавдугаар ангийнхаа эхний улирлын хичээлд жаахан тааруухан дүн авчихгүй юу. Зурах үнэн сэтгэлээсээ дуртай. Аав эцэг эхийн хуралд сууж ирээд “Чамайг хичээлээ олигтой сурахгүй бол зураг зуруулахгүй” гэснээс болж дараагийн улирлаас онц сураад эхэлсэн хүн шүү дээ. Ах нь Ажилчны районы 18 дугаар сургууль төгсөөд Барилгын техникумыг Барилгын материалын төмөр бетоны техник технологич мэргэжил эзэмшсэн хүн. Төмөр бетоны үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан. Тэнд гурван жил алба хаахдаа зохиолч Н.Нагаанбуу, хөгжмийн зохиолч Л.Галмандах нартайгаа үерхэж нөхөрлөн, уран бүтээлийн найзууд болсон түүхтэй. Бидний цэргийн түүх элбэг нэг роман бичихээр шүү. Миний уран бүтээлийн багш бол Яармагийн сургуулийн хөгжмийн багш Б.Цогоо юм шүү дээ. Даг.Жамьяны “Туждаа хамт явах юмсан” дуунд сайхан аялгуу зохиосон доо.

“Төрсөн нутгийнхаа тал шиг

Түвшин аавынхаа сэтгэлийг

Түлсэн галынхаа дөл шиг

Төөнөж дандаа явах юмсан

Урсах голынхоо ус шиг

Уяхан ээжийнхээ сэтгэлийг

Уртын дууныхаа ая шиг

Уярааж дандаа явах юмсан

Буурал хангайнхаа уулс шиг

Буянтай хоёрыгоо тvшиглээд

Тулгын гурван чулуу шиг

Туждаа хамт явах юмсан” гэсэн дуу байдаг даа.

-Сайхан дуу шүү. Цогоо багшид шавь орсон гэхээр та хөгжим сонирхдог байсан юм уу?

-Үгүй үгүй. Галмандах намайг анх Цогоо багштайгаа танилцуулсан юм. Тэр хүн л анх надад “Эрдэнэт хот, багш, эмч нарын тухай гурван плакат зур” гэж зөвлөж, сэтгүүл сонинд өгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний урд сэржим өргөж тэмдэглэж байлаа. Энэ гурван зураг “Эрүүл мэнд” сэтгүүл, “Хөдөлмөр” сонинд гарч намайг уран бүтээлчийн замд оруулсан юм. Сэтгүүлийн хуудсаас өөрийн нэрийг анх харахад дахин төрөх шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэгж л Цогоо багшийнхаа ачаар уран бүтээлийн үүдээр орсон. Гэсэр сүмийн Зүмбэр будгийн бригадад ажиллаж “Монголын Шишкин” хэмээх алдарт зураач Цэмбэлдоржийн шавь болсон. Чимэдийн Алагсай гуай намайг “Хөдөлмөр” сонины зураачаар авч, 1979-1990 он хүртэл ажилласан даа.

-Чингис хааны тухай гадаад, дотоодын маш олон кино, зураг, бүтээлүүд гарлаа. Түүхэн бүтээл дээр ажилладаг зураачийн хувьд тэдгээр Чингисүүд ямар санагдах юм бэ?

-Түүхэн ямар л бүтээл гарна тэр бүхнийг өөрийнхтэйгөө байнга харьцуулж харнаа. Уран бүтээлч хүн гэдэг орос, тува, япон, монгол гээд гарал үүсэл хамаарахгүйгээр ямар бүтээлийг туурвиж амилуулж болно. Талын хүн би гэхэд Оросын I Петр хааныг зурж болно ш дээ. Виктор Гюго, Александр Дюмагийн зохиолыг уншаад би Францын түүхийг, Вальтер Скоттын романаас Английн түүхийг мэддэг болсон. Гэхдээ түүхч хүнээс илүү мэднэ гэж юу байх вэ. Гэхдээ уран бүтээл гэдэг ийм гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс тэр олон уран бүтээлчийн өөрийн ертөнцөөр нээсэн Чингис хаан бүхэн заавал ч үгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байх ёсгүй л гэж боддог. Чингис хааныг монголчууд хувилгаан гэдэг биз дээ. Хувилгаан мөн юм бол чонын дүртэй ч байж болно, хонь ч байж болно биз дээ.

-Шавь нар чинь ямар хүмүүс байна?

-Нэрт шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд багш байхдаа шавь болж байлаа. Бат-Эрдэнээс ч илүү хадаг барьсан шавь маань яруу найрагч Шагдарын Уянга байлаа. Зураач, зохиолч, яруу найрагч Гүржавын Нямдоржийг Партизаны сангийн аж ахуйгаас Нагаанбуу маань олж ирж, надтай уулзуулж байлаа. Даанч Уянга, Нямдорж нар маань эрт буцчихлаа. Би тэднийгээ Монголын Пушкин ч юм уу, Лерментов гэж боддог юм. Чимэддоржийн Дунгар гэж том эрдэмтэн шавь байна.

-Таныг МЗЭ-ийн болон МУЭ-ийн шагнал, соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг аль хэдийнэ авчихсан гэж бодож явсан юм. Ардын уран зохиолч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян гуай нар таныг “Гайхамшигтай авьяастай уран бүтээлч” гэж байсан. Та гавьяа шагналд угаасаа дургүй юм уу, эсвэл эрдэмт хүний даруу зан дийлсэн хүн үү?

-Монголын урчуудын эвлэлийн гишүүн болох гэж ардын зураач Цүлтэм гуайг дарга байхад 1986 онд өргөдөл өгсөн юм. “Сувдан сондор” аялалд 1996 онд хамт явж байхдаа Цүлтэм гуайгаас асуусан чинь “Чи чинь манайд элсээгүй юм уу, өөрөө гүйдэггүй юм уу” гэж бөөн инээдэм болсон. Ц.Энхжинг дарга байхад нэг хэлсэн. “Архив хараад хариу өгнө” л гэсэн. Одоо би дахин нэхэн өргөдөл өгөх үү, яах вэ гээд гайхаа л байгаа. (инээв) “Сэлэм Тогмид”-ын дүрийг бүтээсэн Цэрэндорж гуайгаа бурхан болоход соёлын тэргүүний ажилтны тэмдгээ жинтүүнд нь зүүг гээд нэмэрлэсэн. Талийгаач манай хашаанд амьдардаг, бид хоёр жигтэйхэн найзууд байсан болохоор гээсэн тэмдгийг нь орлуулж өөрийнхийгөө өгөхөд юу нь болохгүй байх билээ гэж бодсон. Зохиолчдын эвлэлийн батлах маань шинэ мянганы эхээр байшин минь шатахад хамт үгүй болсон. Зохиолчдынхоо хороон дээр очиход олгох байх л гэж бодож явна.

-Таныг зохиолоо бичгийн сонгодог хэлээр ч, ардын ярианы хэлээр эн тэнцүүхэн найруулга төгөлдөр бичдэг гэлцдэг. Босоо, хэвтээ хоёр бичгийнхээ алинд нь таалалтай ханддаг бол?

-Өөрт чинь нэг сонин юм ярья. Ерээд онд “Монгол бичгийн төлөө нийгэмлиг” байгуулагдаад Дорлигжав сайд Ерөнхийлөгч нь болоод сүйд болов оо доо. Нэг өдөр их эрдэмтэн Чой. Лувсанжав гуай “Чи “Хорин нэгэн хөрөг”-ийн Мандир уу. Чамайг нийгэмлигийнхээ есөн тэргүүлэгчийнхээ нэгээр сонгосон шүү” гэж утасдаж байна. Ажлаас гараад Зохиолчдын хороо руу явж байтал Ш.Гаадамба гуай аахилчихсан гүйж явна. Багш яав гэсэн чинь “Цаана чинь монгол бичгийг төрийн бичиг болгох гээд байна. Да (Ц.Дамдинсүрэн) багшийнхаа бичгийг би л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ. Чи кирил бичгийг хамгаалах холбооны тэргүүлэгч бол” гэж тулгалаа. Зөвхөн нэг өдөр хэдхэн цагийн зайтай болсон явдал шүү дээ. Тэгэхнээ тэр хоёр холбооны аль нь ч над руу дахин яриагүй шүү. Тэр хоёр мундаг хүн надад тэгж хандсанд баярлаж л байдаг. Би бол босоо монгол бичигтээ хайртай, кирил монголдоо ч хайртай. Ганц л зүйлийг харин шударга хэлэхэд монгол бичгийг төрийн бичиг болгоход хаа ч дургүйцлээ илэрхийлнэ. Кирил бичиг бол Монголын маш том соёл. Кирилээ хаях юм бол үндсэндээ монгол сүйрнэ. Монгол бичиг Монгол Улсын оюуны соёлын дээд өв байх учиртай. Кирил бичиг бол Монголын хэрэглээний соёл байх хэрэгтэй. Кирил бичиг бол дөчин оноос хойших Монголын оюун санааны дархлаа. Хэрвээ бид энэ оюуны дархлаагаа хаячих юм бол Өвөрмонгол ч биш, буриад ч биш болж хувирна. Монгол бичгээр хүн бүхэн уншиж чадахгүй болохоор түвд бичиг шиг л болно.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Гадны улсууд манай хүний эрхийн төлөв байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Манай улсын Засгийн газар дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан явуулж, хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцүүлдэг болсон. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 129 зөвлөмжийг Засгийн газарт өгч байсан бол энэ онд 164 зөвлөмж өгсөн. Мөн Засгийн газар НҮБ-аас баталсан хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийг дөрвөн жил тутамд тайлагнах үүрэг хүлээдэг. Үүнээс хүний эрхийн төлөв байдлыг дүгнэх боломжтой.

Монгол Улсын Засгийн газар энэ онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орсон нь том үйл явдал. Гэхдээ энэ нь гоёж бахархахаас илүүтэй олон улсын өмнө итгэл хүлээж байгаа үйл явдал. Өөрөө илүү байж бусдын асуудлыг шүүн тунгааж хэлэлцэх болно. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЭҮК хүний эрхийн бүхий төлөв байдлын талаар 14 удаагийн илтгэлээ гаргасан. Гагцхүү бидний тавьсан санал, зөвлөмжийг УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар биелүүлдэг байвал ахиц гарах юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг Засгийн газарт бий. Үүргээ биелүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгэм, хууль зүйн баталгаагаар хангаж өгөх ёстой.

Өнөөдөр хууль зүйн баталгаа харьцангуй сайн байгаа. Нийгэм, улс төрийн баталгаа ч байна. Харин эдийн засгийн баталгаа дутагдаж байна. Монгол Улс одоо тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн хүндрэлээр олон улсад шалтаг тоочиж суух эрхгүй болсон.

-НҮБ-д хүргүүлсэн Засгийн газрын тайлан дээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд байдал харин ч дордсон тухай бас тайлан хүргүүлсэн. Аль нь бодитой бол?

-Бид ч бие даасан, хараат бусаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажилласан ч хангалттай байгаагүй. Зарим тохиолдолд зөвлөмжөөс харин ч ухарсан шийдвэр гаргасан. Тухайлбал, Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүл гэж зөвлөхөд нь эсрэгээрээ татан буулгачихсан. Үр дүнд нь цагдаа, мөрдөн байцаах албанд эрүүдэн шүүх зөрчил ихэссэн. Манайд эрүү шүүлт тулгасан тухай өргөдөл маш их ирж байгаа. Бид прокурорт асуудлыг шилжүүлдэг ч эрүү шүүлт тулгасан нь тогтоогдохгүй байна гэдэг хариу л ирдэг.

Гэтэл ЦЕГ-ын Хэвлэлийн албаны дарга сарын өмнө “Бид гарч байгаа зөрчлийн 70 хувийг дотооддоо шийдсэн” гэж мэдээлсэн. Эндээс хүний эрхийн зөрчил ихэссэн нь харагдаж байгаа биз. Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах тухай ярихаар АТГ-ын эрх мэдлийг сааруулж, татан буулгах гэж байгаа юм шиг ярьцгаадаг. Ерөөсөө ч тийм биш. Тодорхой хэдэн үүрэг нь л АТГ-т шилжсэнээс өөр зүйлгүй.

-Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай 2014 оны илтгэлээр Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүү шүүлт ихэссэн талаарх мэдээлэл бүлэг болж орсон. Маш олон баримт байсан. Илтгэлийг хэлэлцсэн УИХ ямар ч арга хэмжээ аваагүй юу?

-УИХ хэлэлцээд шийдвэр гаргадаг ч Засгийн газар хэрэгжүүлдэггүй. Хэсэг гишүүд Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах санал гаргасан ч яагаад улстөржүүлээд байгааг ойлгохгүй юм.

-Танайх жил бүр хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэл гаргаж, зөвлөмж өгдөг. УИХ шийдвэр гаргаж хүний эрхийн зөрчлийг арилгах бодит ажил болсон нь хэд бол?

-Илтгэлийг УИХ хэлэлцэлгүй өнгөрөөсөн хоёр, гурван тохиолдол гаргасан. Сүүлийн жилүүдэд байнгын хороо хэлэлцэж, шийдвэр гаргадаг болсон. Гагцхүү Засгийн газар биелүүлэхгүй юм. Бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг ч үр дүнгүй л байна. Хүний эрхийн үндэсний комисс бол зүйрлэж хэлбэл онош тогтоодог газар. Бид шинжилгээ хийгээд, олон талаас нь маш сайн оношилж байгаа. Эмчлэх асуудал нь УИХ, Засгийн газарт байдаг. Өвчин хүндэрнэ гэж аюул бий. Хүндэрсэн тохиолдолд эмчилгээгүй болдог нь бүр их аюул. Хүний эрхийг үл тоовол Монгол Улс олон улсын түвшинд хүнд байдалд орно. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүндэтгээгүй, олон улсын хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн болон бусад хориг авч байгаа биз. Улс орнуудын хоорондын харилцааны гол механизм энэ болчихлоо. Жижигхэн хоригт хүрвэл Монгол Улс хэцүүднэ. Жишээлбэл, АНУ-ын иргэн Жастин Каблад Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ “Буруудвал би буруудъя. Монголын ард түмэн буруудах ёсгүй” гэсэн байна лээ. Манайд ирсэн гомдлоос анзаарахад Ерөнхийлөгчийн хэлсэн нь зөв болов уу. Бидэнд хугацаа хожигдуулсан, янз бүрийн дүгнэлт гаргасан гээд буруутай үйлдэл байсан. Энэ нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг эргэлзүүлчихэж байгаа хэрэг. Хэрэв Ерөнхийлөгч уучлал үзүүлээгүй бол эдийн засгийн болон бусад хориг ирэх байсныг үгүйсгэхгүй. Энэ бол эхний сигнал гэдгийг хаа сайгүй ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргавал нэг хүн гэлгүй олон улсын түвшинд асуудал яригддаг. Урьдчилан хорих 461 дүгээр ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас барлаа. Олон хавар нэгэндээ гэдэг шиг юм болох вий гэж эмзэглэх юм.

-Хүний эрх зөрчигдөж байгаа “өвчин” хэр хүндэрч байна?

-Зарим талаараа хүндэрч байна. Шийдмээр асуудал маш их гарч ирж байна. Идэвхгүй байдал, идэвхгүй үйлдлээрээ хүний эрхийн зөрчил гаргах нөхцөл үүсчихээд байна.

-УИХ, Засгийн газрын гишүүд улс төр хийгээд хүний эрх бодох завгүй байгаа юм болов уу?

-Хүний эрхийг шалгуур болгоод улс төр хийгээсэй. Даанч тэгэхгүй юм. Хүний эрх гэдэг аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш монгол хүний хувь заяатай холбогддог гэдгийг хаа, хаанаа ойлгомоор байна. Үнэхээр эрүүдэн шүүлт байхгүй байхад байгаа гэж би яриад байгаа бол сэтгүүлчид, бодлого боловсруулагчид бидэнтэй ширээ тойрч суугаад манайд ирсэн 800 гаруй өргөдлөөс сугалаад үзээч. Бухимдахгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн буруу гэхээс илүү ийм хөрс суурийг бий болгосон бодлогын алдаа юм. Хэрэг илрүүлэхийн тулд дарамталдаг, зоддог аргыг 70, 80 жил хэрэглэж ирлээ. Энэ хөрс суурь нь арилахгүй, арилгая гэсэн Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг үгүй хийгээд бүр дэврээчихлээ.

-Хуулийн шинэтгэл хийж хүний эрхийг хангая гэж сүүлийн хэдэн жил цөөнгүй хуулийн төсөл хэлэлцэж байна. Тахарын алба байгуулснаа дахиад татан буулгах асуудал ч яригдсан. Өөрчлөлт байна уу?

-Асуудлыг иж бүрэн шийдэхгүй байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн УИХ-д өргөн мэдүүлэх журмын тухай хуульд иж бүрэн шийдэх тухай заачихсан байгаа. Холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулаад, хууль хэрэгжих эдийн засгийн боломжоор хангах учиртай. Хэн ч хууль санаачилсан Засгийн газраас санал авдаг. Баталсан хуулийг биелүүлж чадах эсэхээр санал авч байгаа хэрэг. Засгийн газар саналаа өгөөд парламент итгэл үзүүлчихвэл баталсан хууль хэрэгждэг. Өнөөдөр энэ ажил хийгдэхгүй байгаа учраас хууль гардаг ч хэрэгждэггүй. Засгийн газар нь мөнгө байхгүй гээд л зогсчихдог.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гээд хүний эрхийг хангахад ахиц гарах олон хуулийн төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Огцруулах, томилох асуудал эдгээр хуулийн төслөөс чухал байв уу?

-УИХ-ын гишүүд нүдээ аниад нэлээд бодож байгаад хараасай гэж бодох юм. Нэг их олон хүүхэдтэй айл хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх ажилдаа түүртсээр өдрийг өнгөрөөдөг шиг л байх юм. Олон хүүхэдтэй, орлого багатай, үглээ эзэгтэйтэй, ууртай эцэгтэй, амьдрал нь болж ч байгаа юм байхгүй, сүйрчихсэн ч юмгүй байгаад байвал яаж өөдлөх юм бэ. УИХ, Засгийн газрын гишүүд махны үнийг сайн мэдэж байгаа. Харин мах зарж байгаа, худалдаж авч байгаа хоёр хүний харилцааг мэдэрвэл арай өөр шийдвэр гаргана. Статистик тоогоор мэдэх нэг хэрэг, амьдрал дээр буугаад харилцааны орчинг нь мэдрэх өөр хэрэг. Тэгж мэдэрвэл нойр нь хүрэхгүй л баймаар юм. Юун огцруулах, нөгөө айлын амьдралыг дээшлүүлэх талаар толгойгоо гашилгах байх. Биетэй хүн биетэйгээ зүйрлэ, үртэй хүн үртэйгээ зүйрлэ гэдэг үг бий шүү дээ.

-Утааг жил бүр л ярьдаг. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг эмч нар ярьж байна. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ярих хэрэг байна уу?

-Хүүхэд ургийн гажигтай төрж байна, сигнал өгөөд л байгаа. Мөнгө байхгүй гээд засаг ажиллахгүй юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн шоронд орсноос өөр үр дүн гарсангүй.

-Эдийн засгийн хүндрэлээс үүдэж олон хүн ажилгүй болж байна. Зарим нь бүр өөрийгөө шатаалаа. Өөрийгөө шатаах хүртэл нөхцөл үүсчихлээ гэж үү?

-Хүн өөрийгөө шатаах, амийг хорлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Уг нь хуультай. Өргөдөл гомдол шийдвэрлэх хууль байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх боломж харин ч бий. Гэхдээ үхсэн ч яахав гэдэг байдалд хүргэхгүй байх үүрэг төрд бий гэдгийг санах ёстой.

Хөдөлмөр эрхэлж байж л амьжиргааны эх үүсвэртэй болно. Ажилд орох, ажилтайгаа үлдэх үнэхээр том асуудал боллоо. Ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг зөрчил их байна. Ажлын байрны бэлгийн дарамт хэвийн үзэгдэл болчихож. Шалгахаар нөгөө нөхөр “Сүртэй ш дээ, ийм юм байдаг л биз дээ” гэх жишээтэй. Бид хохирогчдод тус болоод байна уу, эс болоод байна уу гэдгээ мэдэхээ болилоо. Шалгасны дараа “Бидний буруу байж ээ. Дүрэм журмаа өөрчилье, засъя” гэдэг. Дараа нь ямар нэг шалтгаанаар хохирогчийг ажлаас нь гаргачихдаг. Энэ нь бүр нийгмийн асуудал болчихлоо. Нийгмийн асуудал учраас бодлогын түвшинд шийдэхээс аргагүй.

-Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр энэ сарын 10-нд тохиодог. Энэ жил хүний эрхийн ямар асуудлыг голчилж байна вэ?

-Олон улсын түвшинд “Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” гэсэн уриаг дэвшүүлсэн. Хүний эрхийн билл болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний болон улс төрийн эрх, эрх чөлөөний тухай олон улсын факт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактыг төрийн байгууллага, шүүхэд хэрэгжүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна.

-Танай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг даргалж байгаа. Саяхан бас олон улсаас дээгүүр үнэлгээ авсан гэж сонслоо. Олон улсын түвшинд үнэлэгдэхээр ажиллаж байгаа хэрэг биз?

-Хүний эрх нэг байгууллага, нэг улсын асуудал биш болжээ. Даяарчлагдаж байгаа ертөнцөд улс хоорондын харилцаа ч, ардчиллын шалгуур үзүүлэлт ч хүний эрхийн асуудал болсон. Бүхий л зүйл хүний сайн сайхан, тэгш байдлын төлөө зориулагддаг болсон. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого гэдэг баримт бичиг баталлаа. Баримт бичгийн гол санаа нь дэлхийд юу юунаас чухал нь улс орон бүрийн хүн нь, иргэн нь ямар байх ёстой шаардлагыг хангах үүднээс хөгжл, тэр дундаа тогтвортой хөгжлийг чухал гэж байгаа юм. Эдийн засаг, дайнтай гэх мэт шалтгаанаар энд амьдарч байгаа хүн, тэнд амьдарч байгаа нэгнээс өөр байж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнээс үүдээд нийгмийн эмзэг бүлэг, халамж анхаарал бодлого шаардлагатай хүмүүсийг ялгаварлаж болохгүй гэдгийг шаардаж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн 15 жилийн хугацаанд гурван удаа аттестатчлагдаж, “A” статустай байгууллага гэсэн үнэлгээтэй байгаа. Тийм ч олон орны ийм байгууллага “А” статустай байдаггүй юм. Энэ оноос Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг толгойлж том үүрэг, хариуцлага хүлээлээ. Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр жил ажиллахаар боллоо. Мексикт энэ хорооны хурал болж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад хүний эрхийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж, тунхаглал гаргасан. Бид иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцохоо тодорхойлсон. Үр дүнгээ ирэх гуравдугаар сард танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Гангабаатар: Хөнгөн хуумгай, яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй

-ҮНДСЭН ХУУЛЬД МАШ ОЛОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛГ НЭГ ДОР ОРУУЛАХ НЬ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ-

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн Үндсэн хуулийн эрхзүйн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ид ярьж байна. Улс орнууд ямар тохиолдлуудад Үндсэн хуульд гар хүрдэг юм бэ?

-1992 оны Үндсэн хууль өнгөрсөн хорь гаруй жил Монгол Улсыг ардчилсан замаар хөтөлсөн, үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Ямар ч хуулийг засах, сайжруулах боломж байх ёстой. Үндсэн хууль тусгай статустай хууль тул нэмэлт, өөрчлөлт оруулахад процессын хувьд болон агуулгын хатуу шалгуур тавигддаг. Эдгээр шалгуурыг хангасан бол нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувьд хуульд заасан иргэдийн оролцоог хангах шалгуурыг хангах боломжгүй болоод байна. Иргэдийн оролцоог хангах гэдэг нь иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, иргэд төслийн талаар санал, бодлоо илэрхийлэхүйц хангалттай хугацаа байх ёстой. Сар гаруйхны дотор иргэд, судлаачдын оролцоог бүрэн хангах бололцоогүй.

УИХ төслийг гурван удаа хэлэлцэх ёстой. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох ёстой юм. Сонгуулиас өмнө тийм хугацаа байхгүй болсон.

-Өөрчлөлт оруулна гэдэг нь манай Үндсэн хууль алдаатай явж ирсэн болж таарч байна уу?

-Хамгийн анхны гээд байгаа АНУ-ын Үндсэн хуульд 200 гаруй жилийн дотор 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас 27-хон нэмэлт, өөрчлөлт нь батлагдсан байдаг. 1991 оноос хойш 842 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас нэг нь ч батлагдаагүй. Японы Үндсэн хууль 1947 онд батлагдсан цагаасаа хойш нэг ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулалгүй мөрдөж ирсэн. Энэ нь эдгээр улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс хатуу шалгууртай байдагтай холбоотой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байгаа нь Үндсэн хууль алдаатай гэсэн үг биш. Эс бөгөөс АНУ-ын Үндсэн хуульд 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байсан тул тун их алдаатай хууль болох нь ээ дээ. Нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах нь өөрөө аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл. Би үүнийг улс төрийн намууд, иргэд нийгэмд тулгараад байгаа бодит асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам хайж байгаагийн илрэл гэж харж байна. Төслийн томъёололд хэрэгтэй ч санаа байна. Бусад хуулиар зохицуулаад явж болохоор зохицуулалтууд, огт шаардлагагүй заалтууд ч тусгагдсан байна.

Яагаад сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог вэ. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн хүчнүүд Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг нь аль ч улсад гарч болох үзэгдэл. Энэ үзэгдлээс болж, аль нэг нам, бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хөнгөн хуумгай нэмэлт, өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлсэн зохицуулалт юм. Нэг ёсондоо эрх мэдлийн төлөөх тэмцэл бидний үнэт зүйлсийг устгахаас сэргийлсэн хамгаалалт юм.

-Үндсэн хуульд байн байн өөрчлөлт оруулах нь ямар сөрөг зүйлүүдийг дагуулдаг вэ?

-Үндсэн хуульд дур зоргоор гар хүрээд байж болохгүй. Үндсэн хуулиар энэ нийгмийн үнэт зүйлс, улс орны язгуур ашиг сонирхлыг хамгаалж байдаг. Түр зуурын олонх нийгмийн үнэт зүйлст халдахаас сэргийлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгай шалгуур тавьдаг. Тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа буцааж хүчингүй болгох шаардлагатай болдог.

Цэргийн албан хаагчид иргэний гэрт хүчээр орогнох явдал их байсан тул АНУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар нэмэлт өөрчлөлтөөр цэргүүдийг орон гэртээ байлгах эсэхээ шийдэх эрхийг иргэддээ олгосон. Тухайн үед цэргийн баазууд хомс байж. Цаг хугацаа өнгөрч цэргийн байнгын баазууд олноор байгуулагдаж, иргэний орон гэрт байрлах шаардлага байхгүй болсноор онцын шаардлагагүй гэгдэх нэг зүйл заалттай болсон гэх мэт жишээ олон байна. АНУ-ын Үндсэн хуулийн 18 дугаар нэмэлт, өөрчлөлтөөр архи зарж, борлуулахыг хориглосон. Удалгүй энэ нь сөрөг үр дагавартай нь харагдаж 21 дүгээр нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх нэмэлт, өөрчлөлтөө хүчингүй болгосон байдаг.

Сургууль болон олон нийтийн газарт бусдыг олноор нь буудаж хөнөөх явдал АНУ-ын хамгийн том асуудал болоод байна. Үндсэн хуулийнхаа хоёрдугаар нэмэлт, өөрчлөлтөөр буу зэвсэг хадгалах, хэрэглэх эрхийг олгосон. Энэ намуудын зөрүүтэй байр сууриас болоод өөрчлөгдөж чаддаггүй. Зохицуулж чадахгүй байсаар олон иргэний амь нас эрсдэлд орж байна. Тиймээс тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Ийм асуудлыг ердийн бусад хуулиар шийдвэрлэх ёстой.

Ялангуяа, манай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хуулиар хориглодог. Алдаатай нэмэлт, өөрчлөлт оруулбал дахин найман жил хүлээх хэрэгтэй болно. Хөнгөн хуумгай, яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй.

-Үндсэн хуулиас болоод төр хямраад байна гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ. Ийм зүйл байдаг юм уу?

-Эрх мэдлийн гурван салаа мөчир өвөр хоорондоо зөрчилдөж, асуудлаа шийдэж чадахгүй болсны улмаас төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болох тохиолдол бий. Аль нэг эрх мэдлийн салаа мөчир нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглах, Үндсэн хууль зөрчих, үндсэн хуулийн зүйл заалтыг харилцан адилгүй ойлгож тайлбарлах зэргээс үүдэн Үндсэн хуулийн хямрал буюу төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, гацаанд орох тохиолдлыг бусад улсад Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэдэг.

Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналт тавих боломжтой байдлаар хуваарилдаг. Ингэснээр аль нэг эрхтэн дархтан хүний эрх, эрх чөлөөг дур зоргоор зөрчихөөс сэргийлдэг юм. Ингэснээр төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай хэвийн явагдах боломж бүрддэг. Харин Үндсэн хуулиараа эрх мэдлийг тэнцвэртэй, хяналт тавих боломжтой байдлаар хуваарилж чадаагүй үед Үндсэн хуулийн хямрал бий болдог.

Яг манайд Үндсэн хуулиас болоод хямрал бий болоод байна уу гэвэл үгүй. Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг нь шийдэх ёстой асуудал. Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой байх ёстой. Бас л шийдэх ёстой асуудал. Аль, аль эрх мэдэл хуваарилахтай холбоотой, аль аль нь нэлээд дээрээс яригдаж байсан асуудлууд. Гэхдээ Үндсэн хуулийн хямрал болоод энэ сонгуулиас өмнө ямар ч аргаар хамаагүй нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол болохгүй болоод байгаа зүйл байхгүй. Энэ сард багтааж яаран нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд зарим хуулийг хүртэл өөрчлөх гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Сонгууль дөхөхөөр биш, аль эрт хуульд заасан процессын дагуу төсөл өргөн барьж болох л байсан.

-Үндсэн хуулийг өөрчилбөл бидэнд ямар ашигтай юм, өөрчлөхгүй бол ямар хохирол учрах юм?

-Үндсэн хуульдаа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Энэ асуудлыг шийдэх нэрийн дор өөр олон асуудлыг давхар оруулж байгаа нь буруу. Өөр, өөр бүлэгт хамаарах Үндсэн хуулийн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусад нь оруулж ирэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Ер нь Үндсэн хуульд маш олон нэмэлт, өөрчлөлтийг нэг дор оруулах нь том эрсдэл дагуулдаг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон сайд нарыг томилоход тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэсэн боловч далбаан дор нь орж ирсэн бусад, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн зохицуулалтыг дордуулсан.

Тиймээс бид үндсэн хуулийг өөрчлөх нь ашигтай юу, үгүй юү гэсэн ерөнхий асуудал ярих нь ач холбогдол багатай. Үндсэн хуулийн аль зүйл заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх, шаардлагатай бол ямар томъёоллоор өөрчлөлт оруулах нь зүйтэй вэ гэж тодорхой зүйл заалтаар нь ярих хэрэгтэй.

-УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд шүүмжлэлтэй хандаж “Эхлээд улс төрийн намууд өөрсдөө шинэчлэгдэх ёстой” гэж үзэж, Үндсэн хууль халдашгүй байх ёстой гэх юм?

-Үндсэн хуулийнхаа тодорхой зүйл заалтыг халдашгүй, хөдөлшгүй зүйл заалт гэж хуульчлах практик улс орнуудад байдаг. Эдгээрт төрийн байгууламж, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай хамаатай заалтууд, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх мэдэл хуваарилах зарчим, ардчилсан дэглэм зэрэг суурь үнэт зүйлс голдуу ордог. Ер нь бол УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг Үндсэн хуулиар УИХ-д олгосон. Үндсэн хуулийг сайжруулах, хөгжүүлэх боломж нээлттэй.

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэдэг дээр ард түмний санал асуулга явуулахаар яригдаж байна. Та хуульч хүний хувьд ард түмний санал асуулга чухам ямар процесс болж өнгөрдгийг тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцээд нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж тогтвол тогтоол гаргана. Тогтоолдоо эхлэх дуусах цаг хугацаа гэх мэт зохион байгуулах журмыг тодорхойлдог. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцож байж санал асуулга хүчинтэй болдог. Олонхийн саналаар зөвшөөрнө гэсэн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно. Олонхи нь татгалзана гэж санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцдог.

Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн Цэц хянан хэлэлцэхийг хориглодог тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн лежитимет шинжтэй процесс юм.

-Ард түмний санал асуулгыг ямар хэлбэрээр, яаж явуулбал зүйтэй байдаг юм бол?

-Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг сайжруулах боломжтой. Гэхдээ одоо яригдаад байгаа шиг нэмэлт, өөрчлөлт оруулах зүйтэй эсэх тухай ерөнхий томъёоллоор санал асуулга явуулж болохгүй. Сайжруулах нэрээр олон зүйл заалтыг далбаан дор нь шургуулах боломж бүрдэнэ. Ингэж санал асуулга явуулбал хэлбэр төдий болно.

УИХ дээр зүйл, заалт бүрээр нь хэлэлцсэний дараа ард нийтийн санал асуулгаар мөн л зүйл заалт бүрээр нь санал авах шаардлагатай.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдынх нэмэгдэнэ гэж ойлгогдохоор байгаа. Үүнийг зарим улстөрч хэн нэгний захиалгат ажил гэж харж байгаа. Хэрэв тийм бол Үндсэн хуулиа захиалгаар өөрчилж болно гэсэн үг үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахыг хуулиар хориглосон. Гэхдээ судлаачийн хувьд энэ нэмэлт, өөрчлөлтийн төслийн цаана хэн байна гэдгээс илүү оруулж ирсэн санал, томъёолол нь Үндсэн хуульт ёсны зарчимд нийцэж байгаа эсэх, судалгаанд үндэслэсэн эсэх ямар зорилготой, ямар үр дагавартай, үндэсний эрх ашиг, ард нийтийн эрх ашигт нийцэж байна уу гэдэг талаас нь харж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.ЗАНДРААБАЙДЫ: Ринчен гуай Халхын Цогт хунтайжийн удмын хүн байжээ

Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний 110 жилийн ой өнөө жил тохиож байна. Уг ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нэрт эрдэмтний бүтээл туурвил хийгээд Монголын хэл шинжлэлд оруулсан гавьяат үйлстэй нь холбогдуулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Манай сонин Ринчен гуайн тухай соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Хоролын Зандраабайдытай ярилцсанаа хүргэж байна.

-Таны “Бадмаарсан зул” ботийн хоёрдугаарт Ринчен гуайн тухай нийтлэл орсон байна. Эл өдрүүдэд нэрт эрдэмтний 110 жилийн ой болж байна. Тантай Ри багшийн тухай тогтож хуучлах гэсэн юм?

-Би Ринчен гуайг шуудан холбооноос баахан сонин сугандаа хуйлан хавчуулаад Сүхбаатарын талбайгаар урт цагаан үсээ салхинд намируулан хүрэн тэрмэн дээлийнхээ өрөөсөн урт ханцуйг савчуулан алхаж явахыг тэртээ жаран оны хавар анх харж билээ. Харин ойртож яриа хөөрөөгий нь анхааран сонссон нь тэр жилийн намар Зохиолчдын хорооны нэгэн өрөөнд юмсан. Манай хороо Гадаад худалдааны яамны нэгдүгээр давхрын зүүн талын хэдэн өрөөнд байрладаг байлаа. Би “Соёл, утга зохиол” сонины газар жижүүрийн редактор гэдэг том нэртэй, сонин гаргагч хийдэг ухаантай. Самбуугийн Бадраагийн ч билүү, нэгнийх нь өрөөний хаалгыг татвал утаа майн дунд баахан хүн суух нь сууж, зогсох нь зогсоод, нэг хүний яриаг шимтэн сонсож байв. Шамбааралдсан хүмүүсийн дунд үзүүр нь шарласан цагаан сахалтай, шар царайтай, ногоон туяатай сэрэлгэнэсэн шар нүдтэй хүн, нэг гараар сахлаа шувтчин духуйн хараад, цаасан дээр монголоор баахан юм сараачаад сууж байх юм. Урьд нь холоос бараагий нь харах төдий болсон Ринчен гуайг мөн гэж танилаа. Мөнөөх цаасыг нь харвал, халдага гэсэн үг хамгийн түрүүнд харагдсанд хачирхан гайхаж ичих шиг ч болов. Тэр үгийн гарал үүслийг тайлбарлаж байгаа ажээ. Тэр, халд гэдэг үгийн үндэс нь халддаг дайрдгийг илэрхийлж байна. Түүнд хүч нэмэгдүүлэх га дагавар залгачихаар нөгөө сүрхий нэр чинь үүсэж байгаа юм гээд хөхрөв. Энэ үед хижээл насны хүүхэн орж ирээд “Ринчен гуай, таны сонин сэтгүүлд бичсэн зүйлийн шагнал” гээд бөөн мөнгө өгөв. Өвгөн духуйж хараад “Бизъяа гуай мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол энэ юу гэж байхав” гээд дундаас нь аравтын улаан дэвсгэрт сугалан авч духандаа хүргэснээ “Сонин авахад энэ хүрнэ. Бусдыг нь Ложоо гуай танд бэлэглэчихье” гэв. Сүүлд Ложоо гуайгаас учрыг лавлахад “Ринчен гуай бичсэн юмныхаа шагналыг авдаггүй юм. Түүнийг нь мэдчихээд Мөнгөний Бизъяа ирж авчих гээд байдаг юм” гэж билээ. Нэг өдөр Бадраа гуай “Ринчен багшийг сурвалжлаад ир” гэж үүрэг өглөө. Тэрээр сонины нарийн бичгийн дарга. Тавин долоон оны Зохиолчдын эвлэлийн хоёрдугаар их хуралд Ринчен гуай “Бадраа сүрхий авьяастай, үг найруулга сайтай, нямбай орчуулагч болно гэдгийг түүний орчуулсан Чеховын өгүүллэгээс уншсан хэн ч хэлэх байх” гэж тэмдэглэсэн байдаг.

-Ринчен багшийг сурвалжилсан сурвалжлага тэгээд юу болов?

-Айж бэмбэгэнэсэн, баахан цэрвэж хулчийсан амьтан очлоо. Тэднийх Улсын их сургуулийн баруун талд байдаг багш нарын байрны нэг давхарт байв. Миний очсон зорилго бол, эх орны дайны ялалтын ойд зориулсан сонинд гаргах сурвалжлага хийх. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, сэргээн босголтын ажил эхлэхэд Ленинград хоттой холбоотой газар газрын хүмүүс тус хотынхонд туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ үед буюу 1946 онд Ринчен гуай маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал аваад байсан аж. Тэрээр шагналд хорин мянган төгрөг авснаа Ленинградын өнчин хүүхэд, өтгөс настангуудад бэлэглэн явуулсан байна. Эр хонь гурван төгрөгийн үнэтэй байсан гэхэд хорин мянга гэдэг манай ханшаар бузгай мөнгө бололтой. 1924 онд эрдэм ном сурахаар Орост очсон арван найман монгол сурагчийн нэг Ринчен гуай. Ленинград хотын Енукизегийн нэрэмжит Дорно дахины амьд хэлний дээд сургуульд суралцсан шүү дээ. Өөрийн нь бичсэнээр дөрвөн настайгаасаа цагаан толгой үзэж, орос хэл бичиг сурсан Ринчен шууд дээд сургуульд орсон байна. Орос Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Алексеев, Шерба Олденбург зэрэг хүмүүсээр ном заалгасан ачийг санаж тэдний төрөлх хотынхонд бүтээлч хөдөлмөрийнхөө шимээр тусалсан нь тэр байж. Түүнд баярласан хүүхдүүд тэдний асрагч, халамжлагч нар, хамаатан садан нь Ринчен гуайд үй түмэн захиа илгээж хасаг тэргэнд багтахгүй болсон гэдэг. Зарим захиаг нь Ринчен гуай нэр хаягтай нь цээжээр хэлж байлаа. Би нэлээд хэдэн зүйл тодруулж асуусан юм. Хүний нэр усыг зөв бичиж байгааг өнгийн харж, буруу бичсэнийг хуруугаараа зааж засч өгч байгаад “Хоёрны өдөр гэхгүй, хоёрон гэнэ шүү дээ. Зохиолч хүн байж ингэж хайхрамжгүй” гээд инээмсэглэж билээ. Надад “Зохиолч хүн” гэсэн үг содон сонсдож, айх эмээх зэрэгцсэн ч Ринчен гуайн амнаас тийм үг сонссондоо ихэд бэлгэшээдэг.

-Удам угшлынх нь тухай асууж байв уу?

-Өвгөнөөс “Та ямар овгийн хүн бэ. Буриад чинь арван нэгэн овог гэдэг байх аа” гэж сүрхий мэдэмхийрэн асуутал доогтойёо хөхрөөд “Би та нарын боддог шиг буриад хүн биш шүү. Халхын еншөөв овгийн хүн. Миний өвөг дээдэс ч бас эх оронч тэмцэгч улс байсан юм” гэв. Харин энэ үгийн учрыг би их хожуу ойлгож билээ. Ринчен гуай түүх намтрынхаа төгсгөлд Еншөөв овогт гээд үсгээ зурсныг хараад, тэр нь буриадын нэг овог юм байх гэж мунхарч байж. Тэгэхнээ нь тэр Еншөөв гэдэг нь манай Булган, Төв аймгийн залгаа нутгаар нутагладаг эртний зартай овгийнхон юм байна. Тэр овгийн цоохор Цогт гэдэг тайж, улааны шашинд орж шарынхантай харгалдаж, сүүлдээ нутагтаа байх суухын аргагүй хавчигджээ. Улааны шашныхан гэдэг шарын шашны дундаас үүссэн арай дэвшилттэй урсгалынхан. Тэд ертөнцийг бодитойгоор тайлбарлаж, амьдралд идэвхтэй хандсан учраас мухар сүсэгтэй шарынхантай зөрчилдсөн хэрэг. Ухаандаа, шарын шашны лам хүн эхнэр авч болохгүй бол улааны тарнийн шашны лам эхнэр авч найр наадам, зугаа цэнгэл хийж болно. Тэдний зөрчил Цогт тайжийн орон нутгаасаа зайлах болсон шалтгаан юм билээ. Тэр үед Монголын их хаадын сүүлчийн хаан Лигдэн хутагт Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцээд харийн ов зальтны мэхэнд орж урвасан ноёдоос болж хүчин мөхөсдөж байна. Түүгээр далимдуулж, Цогт тайж тэдэнд туслахаар отог омгийнхноо гэр малтай нь аваад Түвдийн Хөх нуурын зүг нүүжээ. Энэ бол 1630-аад оны үе. Түүний зорилго нь тэнд очиж, нутгийн монголчуудтай нийлж хүчээ хамтатган манжийн эсрэг тэмцэж Лигдэн хаанд туслах байж. Гэвч Лигдэн төдөлгүй далдын явуулгаар хордон бие барж, Цогтын зорилго биелээгүй ч зориг нь мохсонгүй, Түвдийг эзэлж аваад тэмцлээ үргэлжлүүлэхийг хүссэн ч нутгийн феодалууд түвдүүдтэй үгсэн хуйвалдсан учраас ялагджээ. Цогт тайж бол Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн ач Баарай хошуучийн отгон хүү бөгөөд тэр үедээ эрдэм боловсролтой, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Манжийн эсрэг улс орноо нэгтгэхийн төлөө тэмцэгчдийн нэг дайчин баатар байсныг бид түүхээс мэднэ. Манжийн талыг барьсан нутгийн ноёд Цогтынхныг элдвээр хяхан хавчиж байжээ. Цогтын хөвгүүн Хонтгорын хүү Охин тайжийг “Цогтоос дор чөтгөр гарч ирээд нутгийн улсыг үймүүлж байна” гэж ад үзсэн учраас тэр хэсэг айлыг дагуулан Буриадын нутагт очжээ. Тэгтэл тэд бас ад үзсэн бололтой. Тэгээд Халхын хилийн орчмын сул газраар нутаглаж буриадуудтай холилдон байсаар сүүлдээ халх буриад нь ялгагдахаа болихгүй юу. Ринчен гуайн дээд өвөг нь мөнөөх Охин тайжийн угсааны, еншөөв овгийнхон байж. Сэлэнгийн Бул Сарай гэдэг газар 1905 онд буриад Бямбаевынд төрсөн боловч өөрийгөө би буриад биш еншөөв гэдгийн учир энэ.

-“Цогт тайж” хэмээх кино бичиж, Чойбалсангийн шагнал буюу төрийн шагнал хүртсэн нь цаанаа утга агуулгатай байж шүү?

-Яалт ч үгүй тэгж бодогдохоор байгаа. Монголын олон баатарлаг өвгөөс зөвхөн Цогт тайжийг сонгон авч киноны зохиол бичсэн нь еншөөвтэй холбоотойгоос гадна маргаан гарахгүйг бодсон байж магадгүй. “Цогт тайж” үр өгөөжтэй, нөлөөтэй бүтээл болсон нь тодорхой. Тэр кинонд авьяастай залуусыг олж тоглуулсан нь шинэ нээлт болсон бөгөөд хожмоо тэд манай урлагийн шилдэг зүтгэлтнүүд болсон юм. “Цогт тайж” үзэх тоолонд шинэ кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэнхүү цагийг эзэлсэн бүтээл болсны гэрч. Ганц “Цогт тайж” ч биш, Ринчен гуайн хориод оноос хойш бичсэн олон зохиол нь Монголын шинэ утга зохиолд том байр эзэлдгийг бүгдээр мэднэ. Миний бие хүүхэд байхдаа

“Цоохор шар саран чавганц

Цоорхой үүлэн дээлээ хэдрээд

Туяан цагаан таягаа тулж

Тугал олон одон сүргээ туув

Үүлэн ноорхой дээлийг нь ноолон

Үеэл хөвгүүн салхи үлээн наадав” гэж уншихад сэтгэл сэргэдэг сэн. Анхных нь шүлэг юм гэнэлээ. Сэмжин үүлний цаана нэг ил гарч нэг далд ордог саран, үүр цайхад нээрээ л мал бэлчээртээ гарах мэт алга болдгийг урнаар дүрсэлсэн нь нүднээ харагдаад байдаг. Ринчен гуайн энэ мэт олон зохиол миний нүдийг нээсэн. Анх “Үүрийн туяа” романы эхний дэвтрийг уншихад, сонгодог бичгийн найруулга мэт нь төвөгтэй байсан ч хойш тавилгүй уншуулж дуусгадаг шид нь намайг олон жил хөтөлсөн. “Үүрийн туяа” гурамсан романыг нь шүүмжлэгч Г.Жамсранжав гуай “Энэ роман бол үндэсний үзэл нэвт шингэсэн зохиол” гэж дүгнэснийг үзээд зориг мохолгүй харин чиг ямар үндэсний үзэл шингэснийг нь ойлгохгүй мөртөө мэдэх гээд шимтэн уншиж байснаа мартдаггүй. Эл романыг дөрөв дэх удаагаа хэвлэв гэснийг харахад бах төрдөг юм. С.Бадраад нэгэнтээ “Үүрийн туяа”-гийн өмнө есөн роман бичиж залгана гэж хэлснээ хэрэгжүүлж завдаагүй байх. “Заан залуудай”-гаас эхлээд “Их нүүдэл”, “Напраас”, “Сандо амбан” гэх мэтээр нааш нь яваад “Үүрийн туяа”-тай залгана гэж ярьж байсан. Жаран хоёр оны Зохиолчдын эвлэлийн хурлын үеэр Ш.Гаадамба багш “Ринчен “Заан залуудай” романаа Сы Мацяний “Хүннү” романаас бараг хуулсан байна. Томчуул нь ингээд байхаар ямар хэрэг байх вэ” гэж шүүмжиллээ. Хурлын завсарлагаар Ринчен гуай Га багштай уулзаад “Чи бас түүнийг олоод уншчихаа юу. Балар эртний сэдвээр бичихэд үлгэр авчихаар юм түүнээс өөр ном олдоогүй шүү” гээд мушийж байхыг миний бие харсан. Ринчен гуай нэг өдөр хороон дээр ирээд “Би “Их нүүдэл”-ийнхээ нэг дэвтрийг бичээд хэвлэлд өгчихлөө. Одоо сүүлээс нь урагш явъя гээд “Сандо амбан”-ыг эхэлчихлээ” гэв. Тэрээр хурдан бичдэг, уйгагүй сууж их юм бүтээдэг хүн байлаа. Уран зохиолын хажуугаар, судалгаа, орчуулга хийнэ. Гэртээ гурван бичгийн машин зэрэгцүүлж тавиад сууна. Хэл шинжлэлийн зүйл машиндаж байснаа босоод уран зохиолоо үргэлжлүүлэн тачигнуулж гарна. Тэр бичих машиндахдаа маш хурдан, гар нь ухаанаа гүйцэхгүй байгаа юм шиг санагддаг сан.

Ингэж хурдан ажиллаж байхад гараас нь бүтээл гаралгүй яахав. Нэг л мэдэхэд “Сандо амбан” романы эхний дэвтэр хэвлэлээс гараад ирлээ. Ёстой нэг, чадал зааж бичсэн зохиол доо. Түүнд Сандог Халх руу явуулах гэж Манжийн хааны ордонд сургаж байгаа хийгээд Манж нарын үүх түүх болон төрийн бодлогыг нь яруу сайхан өгүүлдэг бөгөөд Хүрээнд суух амбан Богд хан уулын зүүн сугаар орж ирж байгаагаар дуусдаг юм. Дараахь дэвтэрт нь Сандо амбан хүрээнд ирж ажиллаад, Манжийн эсрэг бослогын дараа хөөгдөн мөнөөх уулын зүүн сугаар далдарч байгааг гаргана гэж ярьдаг сан. Түүний яруу найраг нь гойд сонин дүрслэлтэй байдаг нь, эрх мэдэлтэй, бусдаас өө согог хайдаг зарим хүний санаанд таардаггүй байсан нь нийтэд илэрхий шүү дээ. Тэрбээр шүлгүүдээ эмхэтгэн “Бэр цэцэг” нэрээр 1958 онд хэвлүүлээд алуулах шахав.

“Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан” гэх мөрүүд ч үндсэрхэх үзлийн илрэл хэмээн дүгнүүлж байлаа. Тэр үеийн Төв хорооныхонд ямар гэгчийн ад зэтгэр шүглэхээрээ, ийм яруу найрагчийг дайрч давшилсан юм, бүү мэд ээ. “Бэр цэцэг” номонд “Гашууны гудамж”, “Үдэш Невскийд” зэрэг эх орны дайны үеийн Москвагийн тухай, бас Унгарт аялж явахдаа бичсэн хэдэн хурц шүлэг орсон бөгөөд бүх шүлгээ монгол, орос хэлээр бичсэн.

“Эмэгтэйчүүдийн үс нь яасан ч шар юм бэ

Хүний зүрх сугалж сорсон юм шиг

Уруулаа гал улаанаар будсан шиг нь

Хээр тал нутагт минь тийм байдаггүйеэ” (“Үдэш Невскийд”),

“Хортобаажийн хөдөө талд нь, ховор эрдэнэ олсон мэт баярланхан

Ар монгол нутагтай эгээ адилхан агь ханхалсан аргал олж өвөртлөөд

Үдэш Дунай их буудалдаа, үнсний саванд утаа тавин асаадаг боллоо

Багын дадсан үнэр ханхлаад Монгол нутгийн үнэр ханхлах мэт сайхан санагдсан…” (“Хортобаажийн аргал”) гэж бичсэн нь эрх баригчдын хилэнг хөдөлгөж хамгийн түрүүнд “Бэр цэцэг” шүлгийн түүврийг ноцов. Мөн “Монгол хэл” хэмээх чухамдаа өөрийг нь таних тэмдэг болсон цуутай шүлэг байдаг.

“Чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөдийн маань өв их эрдэнэ…” гэсэн мөрийг “Чин зоригт өвгөд гэдэг хэн бэ, бодвоос Чингис хаан биз. Түүнийг далдуур магтсан нь тодорхой байна” гэж сэжиглэдэг байлаа.

-Ринчен гуайн хэлмэгдлийг хүмүүс бараг л мэднэ. Тэр үеийн сэхээтнүүд бүгд хэлмэгдэж, хоригдож цагдуулж ирсэн гашуун түүхтэй. Харин зохиолчид хоорондоо таарамжгүй байсан гэдэг. Тухайлбал Ринчен гуай Дашзэвэгийн Сэнгээ хоёр их үздэг байжээ. Тэр тухай ярихгүй юу?

-Ринченг шүүмжлэгдэж байхад түүний үзэг нэгтнүүд тэгтлээ хамгаалж байгаагүй шиг санагддаг юм. Д.Сэнгээгийн бичсэн дайрал шүлэг бол тэр талаарх том жишээ л дээ. Сэнгээ залуудаа Дотоод яамны төлөөлөгчөөр ажиллаж, хүмүүсийг баривчлан, нугалаа завхрал гаргахад албан үүргийн дагуу оролцож байжээ. Түүнийгээ ч ухаарч 1959 онд болсон МАХН-ын Төв хорооны бүгд хурал болон Ардын их хурлын чуулганд дамнуургаар хүргүүлэн очиж буруугаа хүлээн Монголын сэхээтнүүдээс хамгийн түрүүнд нам ард түмнээсээ уучлалт гуйсан хүн. Тэрбээр, яаманд ажиллаж байхдаа дайсантай тэмцэж, эх орондоо тусалж явна л гэж бодож байсан гэж хэлсэн байдаг. Үнэндээ, Сэнгээ бол тэр үед ташаандаа буутай, тархиндаа тангарагтай цэргийн хүн байсан болохоор хэлсэн, хийснээ төрийн төлөө хийж байна гэж бодож байсан гэдэг нь үнэн байх. Залуу насандаа алдаа гаргаж нүгэл хийж явснаа ойлгох чадвартан байна гэдэг ухаантай хүний шинж. Тэр нийгмийн идэвх сайтай, зохион байгуулах чадвартай, төгөлдөр авьяастай том зохиолч байлаа. Олонхи залуу уран бүтээлчийн адилаар Сэнгээ зохиол бүтээлдээ алддаг байсан нь мэдээж. Тавин дөрвөн онд “Далан настанд ч даруулга хэрэгтэй” дайрал шүлэг бичиж Ринчен гуайн дайснуудад өгөөш хаясан удаатай. Олон жилийн дараа Ринчен гуай “Сэнгээ тэр шүлгийг Төв хорооны үзэл суртал эрхэлсэн дарга Н.Лхамсүрэнгийн даалгавраар бичсэн үнэнээ хүлээсэн” гэж зохиолчдын дунд хэлж байхыг сонссоон. Тэр ярианы дараа Д.Намдаг багш “Ринчен Бямбаев хэцүү хүн. Сэнгээд айхтар өвчин тусаж бие нь муудаад байх үед байн байн очиж, биеийг нь асууж, сахлаа илбэн суудаг байсан. Энэ надад их аймшигтай санагддаг. Тэр олон эргэлтийг чинь хайр халамж гэх үү, хариугаа авалт гэх үү, хэлэхэд хэцүү л юм даа” гээд толгой сэгсэрч байж билээ. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд Ринчен гуай ардын хувьсгалын хэрэгт арван тав, зургаатайгаасаа биеэр оролцсон хүн юм. 1920 онд Ардын намын анхны долоон хүн Орост одож, Дээд Шивээ, Эрхүү хотод нууцаар ажиллаж байхдаа Бямбаевынхантай танилцаж тэдний тус дэмжлэгийг их авч байжээ. Энэ талаар партизан цэргүүд болон Ринчен гуай өөрөө ч дурсан ярьж, бичсэн. МАН-ын анхдугаар их хурал 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын Дээд Шивээ хэмээх хилийн жижиг хотод хуралдахдаа Бямбаевын байшинг сонгож авчээ. Хожим тэр байшинд Монголын хувьсгалын музей нээсэн юм. Ринчен гуай “Манайд Сүхбаатар нар 1920 оны намраас үе үе ирдэг байснаа цагаан сарын дараахан олуулаа цуглаж хэдэн өдөр хуралдсан юмдаг. Би тэдэнд өглөө оройд данхтай цай оруулж өгдөг, захиа бичиг зөөдөг байлаа” хэмээн ярьдаг сан.

-Монголын хэл шинжлэл, соёлын нэг том уул байсан нь мэдээж. Тэр тухай баримт сэлттэй нэгд нэгэнгүй ярина гэвэл барагдах юм биш байх?

-Түүний “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан”, “Мангаа До-гийн эцсийн зүүд” зэрэг тавиад оны сүүлчээр бичсэн өгүүллэгүүд уншигчийн сонирхлыг маш их татсан. Ринчен гуай энэ үед шаргуу бичиж, бичсэнээ зохиолчдын сонин сэтгүүлд авчирч гаргуулдаг байлаа. Өвгөн эрдэмтэн, шинэ үсгийн дүрмийг дандаа шүүмжилж, тодорхой санал дэвшүүлнэ. Зарим хүн нүүрэн дээр нь зүйтэй, зүйтэй гээд нүднээс нь далд “Ринчен дэмий юм ярих юм, хэрэгжүүлэх боломжгүй юм донгосч байна” гэнэ. Сонин, сэтгүүл, радиогийн хэл найруулгыг айхтар шүүмжилж “МОНЦАМЭ-гийн мохоо модон хэл, монгол хэлийг модны өт шиг идэж байна” гээд шүүмжилнэ дээ. Харин түүнийг бие барсны дараа сонин радиогийнхны чих амарч өөлж хэлэх хүнгүй болсонд баярласан байх шүү. Сурагч байхдаа М.Горькийн “Салхич шувууны дуун” хэмээх гайхамшигт зохиолыг орос монголоор уншихад сэтгэл хөөрөн онгод орох шиг болдог сон.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бодоод “Өдрийн сонин”-той дахиж битгий марга

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өдрийн сонин”-ыг нэр төрд халдсан хэмээн үзэж нэг тэрбум төгрөг нэхэмжилснийг шүүмжилж, уг хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэвэл ямар нэгэн хүндрэл гарахгүй талаар саналаа хэлж байлаа.

Ц.Оюунгэрэл гишүүнээс товч тодруулга авсан юм.

Байнгын хороон дээр хэлсэн үг тань анхаарал татлаа?

-Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг боллоо. Эцсийн хэлэлцүүлэг дээр гүтгэх гэдэг зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах, Зөрчлийн тухай хууль руу оруулах дээр байнгын хороо дэмжлээ. Чуулган дээр үүнийг дэмжих байх гэж бодож байна. Ингэж чадсанаар бид ямар үр дүнд хүрч байна вэ гэвэл гүтгэх гэдэг дээр гурван төрлийн гүтгэх нь Эрүүгийн хуульдаа үлдэж байгаа юм.

Нэгдүгээрт, сонгуулийн үеэр сонгуулийн дүнд нөлөөлөх зорилготойгоор гүтгэлэг тараавал гэдэг нь Эрүүгийн хуульдаа үлдэж байгаа. Хоёрдугаарт, шүүгч, прокурор, өмгөөлөгч нар эрх мэдлээ ашиглаж хүнийгэрүүгийн хэрэгт гүтгэсэн байвал тэр эрүүгийн гэмт хэрэг болно. Гуравдугаарт, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаагаа явуулахдаа хүнийг гүтгэсэн заалтаар эрүүгийн хариуцлагыг зохиомлоор үүрүүлэх юм бол энэ нь эрүүгийн хэрэг болно гэдгээрээ үлдэж байгаа. Үүнээс бусад бүх гүтгэлэгтэй холбоотой зүйлүүд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэхээр орж ирж байгаа л даа. Тэр утгаараа, хэрвээ шинэ Эрүүгийн хууль батлагдах юм бол “Өдрийн сонин” иргэн Х.Баттулга нарын хоорондын маргаан Зөрчлийн тухай хууль руу явах ёстой.

Зөрчлийн тухай хуулиар явбал ямар нөхцөл үүсэх вэ?

-Зөрчлийн тухай хуулиар явснаараа сониндоо ч, тухайн иргэндээ ч ямар давуу талтай гарах юм гэвэл иргэн, сонин хоёр эн тэнцүү мэтгэлцэнэ. Жишээлбэл, нэгдүгээрт иргэн Х.Баттулга тэрбум төгрөгийн бизнесийн хохирол учирчихлаа гэдгээ нотолж “Би ийм хэмжээний орлого олох байсан юм. Төдий хэмжээний олох гэж байсан орлогыг минь энэ нийтлэлээрээ намайг ингэж гүтгээд, хохироочихлоо” гэдгээ эдийн засгийн хувьд тоогоор батлах ёстой л доо. Үүнд “Өдрийн сонин” хариу няцаалтаа хийх ёстой. Манайх ийм ийм баримтыг түшиглээд ингэж бичсэн юм аа. Манай сонин борлогдлоо, борлогдлоо гэхэд төдөн төгрөгийн л орлого олсон. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гэдэг хүний тухай мэдээлэлтэй сонин маань борлогдсон мөнгө нь энэ л байна гэнэ. Нэг өдрийн борлуулалтын мөнгө. Тэр нь тэрбум төгрөгтөө хүрч байна уу, үгүй юу гэдгийг шүүгч нь үзээд “Жинхэнэ хохирол чинь ийм болчихсон юм байна. Та хоёр үүн дээрээ эвлэр. Эсвэл та хоёр нэг нэгэндээ ийм мөнгө төл” гэж л шийддэг болох юм.

Одоогийн Эрүүгийн хуулийн нэг сул тал нь юу байна вэ гэхээр гүтгүүлчихсэн гэж байгаа хүн нь гүтгүүлсэн гэдэг дээрээ мэтгэлцээд, нотлоод, нотлох баримтаа гаргаж өгөх ямар ч тийм бололцоогүйгээр төр шууд л нэг талыг нь хүчээр буруутгаад нөгөө талаас нь хүчээр гаргуулах гэдэг. Гаргаж өгөхгүй бол дундуур нь орж дансыг нь хааж, компанийг нь дампууруулаад л унагачихдаг. Тэр болгоны дундуур цагдаа, прокурор, хэрэг бүртгэгч ороод хүчээр нэг талд нь гарахгүйгээр Зөрчлийн тухай хуулиар явах юм бол мэтгэлцэж маргалдаж байгаа хоёр тал нотлох баримтаа авчраад, адилхан мэтгэлцээд л алдсан, оносныгоо адилхан тооцоо нийлээд л сална гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэр төрөө цэвэрлэх гэж байгаа хүн нь мэтгэлцээд нэр төрөө цэвэрлээд авчихна. Нэр төр нь гутаагдсанаас болж хохирол үүсчихсэн гэвэл мэтгэлцэж байгаад хохирлоо үндэслэлтэй тогтоолгож авна. Үндэслэлгүй, тэнгэрийн тоо тавьчихаад байвал тэнгэрт байгаа тэр тоог нь буулгах боломжтой. Ийм л зүйл Зөрчлийн тухай хуульд бий болж байгаа юм.

Эрүүгийн хууль ойрын үед батлагдах юм бол бидний хувьд ялангуяа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг Ардчилсан хувьсгалыг анх эхлүүлсэн Монголын ардчилсан холбооны удирдагч, ийм байгууллагын тэргүүнд юуг уриалахыг хүсч байна вэ гэвэл гүтгэх гэдэг заалт Эрүүгийн хуулиас хасагдаж байгаа учраас та МоАХ-ныхоо үнэлэмжийг бодоод, Ардчилсан хувьсгалынхаа үнэ цэнийг бодоод “Өдрийн сонин”-той дахиж битгий марга, энэ маргаанаа иргэний журмаар үргэлжлүүлбэл яасан юм гэдэг хүсэлт тавина гэсэн үг л дээ. Ийм хүсэлтийг сөргүүлж тавиасай гэж “Өдрийн сонин”-ы нийт уншигчдад уриалж байна. “Өдрийн сонин”-той хэн нэгэн хүн эрүүгийн маргаан хэзээ ч дахиж битгий үүсгээсэй. Ер нь сонин хэвлэлүүдтэй эрүүгийн маргаан үүсгэх гэжбитгий яараасай. Маргалдах гэж байгаа бол иргэний маргааны журмаар яваасай л гэж бодож байна.

Өнөөдрийн хууль дээр ч иргэний маргаан хийх боломж байгаа. Заавал эрүүжүүлэх албагүйгээр асуудлыг шийдэх өргөн боломж өнөөдрийн хууль эрх зүйн орчинд ч байгаа. Хууль эрх зүйн орчноос хүмүүс эрүүгийн хуулиа хэрэглэх үү, иргэний хуулиа хэрэглэх үү гэдэг дээр өөрийнхөө сонголтоор хэрэглээд байгаа юм. Сонголтыг хараад байхад эрх мэдэлтэй, том дарга нар ихэвчлэн эрүүгийн хуулийг сонгож үйлчлүүлдэг. Жирийн иргэд нь иргэний хуулийг сонгож үйлчлүүлээд байгаа байхгүй юу. Яваандаа бид жирийн иргэнийхээ хүсч байгаа тэр чиглэл рүү бүгдээрээ хандах гээд байгаа юм. Дарга ч бай, цэрэг ч бай бүгдээрээ иргэний шугамаар явдаг болъё. Харин гуравхан л тохиолдлыг Эрүүгийн хуульд үлдээе гэж ингэж хуулийн конценци гарч ирж байгаа юм.

Тосон бумбын нурууны асуудал олны анхааралд байна. Та “Ирвэс хамгаалах сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй хандив өргөдөг. Амиа алдсан судлаач залуугийн үхэлд нэр нөлөө бүхий эрхмүүдийг хамаатай байж магадгүй гэж хардаж байна?

-Нэр нөлөө бүхий хүмүүсийн араас хөөцөлдөх нь жинхэнэ хэрэг хийсэн хүмүүстээ ашигтай, хэргийг самруулах гэсэн арга байж магадгүй гэж болгоомжилж байна. Тийм болохоор үүн дээр хэн нэгэн хүнийг цохож ч юм уу, хэн нэгэн нэр нөлөөтэй хүн яачихав гэж хардаж сэрдэхээсээ илүүтэй ул мөр, нотлох баримтын араас явж газар дээр нь юу болсныг задлан шинжилж, улам сайн мэргэжлийн байдлаар мөрдөж мөшгөөсэй гэж бодож байна. Тэгэхгүй бол тэр хүн, тэр даргатай холбоотой юм биш биз дээ гэсэн хоосон дуулиан явчих юм бол жинхэнэ хэрэгтнүүд нь ард сугараад мөрөө баллачих вий гэсэн болгоомжлол надад байгаа. Тиймээс би үүн дээр Тосон бумбынхаа нурууг Засгийн газар, УИХ нь яаралтай хамгаалалтдаа аваад тэнд уул уурхайн давхар сонирхол байлгахгүйгээр тийм орчинд хяналт шалгалтыг хийгээсэй гэж бодож байна.

-“Ирвэс хамгаалах сан”-гийнхан байгаль хамгаалагчид, энэ чиглэлд ажилладаг судлаачид ер нь халдлагад өртдөг гэж мэдээлж байсан?

-Тосон бумбын нуруун дээр ийм айхавтар үйл явдал болж байсныг мэдээгүй. Би “Ирвэс хамгаалах сан”-д хандив өргөдөг. Байнгын хандивлагчдынх нь нэг. Энэ санд маань ийм ноцтой асуудал тохиолдоод байна гэдгийг надад хэлж байгаагүй л дээ. Хэлж байсан болоосой доо гэж харамсч байна. Мэдэж байсан бол эртнээс хүний амь насанд хүрэхгүйгээр тэр хүмүүст дутагдаад байгаа дэмжлэгийг яаж үзүүлэх вэ гэдгийг бодож болох байсан юм болов уу. Би үнэхээр харамсч байна. Хайран залуу, хайран эрдэмтэн, хайран байгаль хамгаалагч. Монгол Улс эрдэнэ шиг сайхан үнэ цэнтэй залуугаа алдчихлаа гэж харамсч байна.