Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнгөнтуяа: Улстөрчдийн хэлмэгдүүлэлт миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдож, зургаан сар гаруй хугацаанд хоригдсон Б.Мөнгөнтуяа манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Хэрэгт холбогдож эхэлсэн цагаас хойш түүний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байгааг, мөрдөн байцаагч нарт дарамтлуулж, зургаан сар гаруй хугацаанд шоронд хоригдсон талаараа ярив. Хууль хяналтынхан зургаан сар хорьсны дараа хорих үндэслэл болж байсан зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон талаар болоод шүүхээс түүнд оноосон шийдвэрийн талаар ярилаа. Шүүхээс Б.Мөнгөнтуяад “Багануур” ТӨХК-д 800 гаруй сая төгрөг төлж, хохиролгүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр “Дээрх мөнгийг энэ насандаа өндөр цалинтай ажил хийсэн ч төлж чадахгүй. Сая төгрөгийн цалин аваад 60 гаруй жил ажиллаад ч дуусахгүй” хэмээн ярив. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хэрхэн холбогдсон талаар бидний ярилцлага эхэлсэн юм.

-“Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан бодогчоор хэзээ орсон бэ?

-Анх 2012 оны арваннэгдүгээр сард ажилд орсон. Тухайн үед гүйцэтгэх захирал Эрдэнэбулган ажлын санал тавьсан юм. “Залуу хүмүүс нийлээд том хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм. Бидэнд нягтлан бодогч хэрэгтэй байгаа. Чи сонирхож байвал ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тэгээд л сарын 700 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон. Ерөнхий нягтлангийн хувьд сар бүр хэлтсийнхэнтэйгээ нийлж тайлан гаргах, “Багануур” ТӨХК-ийнхантай хамтран ажиллаж буй гэрээг хэрэгжүүлэх, биелүүлэх ёстой. “Багануур” компанитай сар бүр тооцоо нийлэх үүрэгтэй байсан. Сар бүр тогтсон хугацаанд мөнгийг нь хоцрогдолгүй шилжүүлэх, хоёр компанийн гаргасан тайлан хоорондоо нийлж байна уу гэдгийг шалгадаг байсан. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компаниас нэг л хүнтэй харилцдаг байсан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд “Багануур” компанийн таван захирал эхлээд гарын үсэг зурсан. Дараа нь манай компанийн гүйцэтгэх захирал зурсан. Хамгийн сүүлд би гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Миний гэрээнд оролцож байгаа гол үүрэг хэдэн төгрөгөөр нүүрс худалдан авч байгааг хянах, тооцоо яаж нийлж байгааг компанийнхаа зүгээс хянах үүрэг хүлээж л гарын үсэг зурсан. Үүнээс өөрөөр гэрээнд оролцох үүрэг надад огт байхгүй. Хоёр жилийн хугацаанд Багануур компанийнхны өөрсдийн боловсруулж гаргасан гэрээнд тусгагдсан мөнгөн дүнгээр нүүрс худалдаж аваад мөнгийг нь цаг тухайн үед нь шилжүүлээд явж байсан. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компанитай хийсэн гэрээнд тусгагдсан төлбөр тооцоонд нэг ч удаа асуудал гарч байгаагүй. Шаардлагатай гэсэн баримтаа хоёр талаас нийлүүлж байгаад тулгалт хийдэг. Тэр нь таардаг байсан. Хоёр тал үүнийгээ баталгаажуулаад актаа үйлдээд нэхэмжлэхээ бичээд явдаг. Нэхэмжлэхийн дагуу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Хоёр жилийн хугацаанд “Багануур” компанийн зүгээс манай компани руу хандаж төлбөр тооцооны асуудал гарлаа гэж нэг ч хүн ярьж байгаагүй.

ЗУРГААН САР ХОРЬСОН ЗҮЙЛ ЗААЛТЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН”

-“Нүүрс” хөтөлбөр дуусахаас гурав хоногийн өмнө АТГ-аас таныг баривчилсан байдаг байх аа?

-“Нүүрс” хөтөлбөрийн гэрээ дуусч, хоёр талаасаа хэрэгжүүлсэн гэрээгээ дүгнэхэд гурав хоног дутуу байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ сууж байтал гэнэт АТГ-аас явж байна гээд том биетэй арав гаруй залуу ороод ирсэн. Надад 265.2, 150.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар танилцуулсан. Тэгээд танилцсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай, юунд буруутгаж байгаа талаар асуухаар “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Тэгж байгаад ямар хэрэгт холбогдоод байгаагаа мэднэ биз. Бичиг, үсэг мэддэг юм бол наад цаасаа унш” гэсэн. Тэнд байсан хүмүүс бүгд л загнасан, зандарсан байдалтай байсан. Ажлын байранд нэгжлэг хийж байна гээд орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд АТГ руу аваад явсан. Гурван цаг гаруй хугацаанд хүлээлгэж суулгаж байгаад гэр нэгжих зөвшөөрөл үзүүлсэн. Ингээд манай гэр рүү аваад явсан. АТГ-ынхан гэрт очоод юу хайгаад байгаа нь мэдэгдэхгүй хамаг зүйлсийг ухаж гаргаад байсан. Муухайгаар хэлэх юм бол орон байрны хулгайч шиг соёлгүй, бүдүүлэг загнасан. Хамаг хувцас шалан дээр гаргаж шидээд, ор эргүүлж хаяад гэрийн бүх зүйлийг бусниулсан. Юу ч аваагүй. Тэгээд дулаан хувцсаа өмс гэсэн. Хувцсаа солиод өмсөж байхад хүртэл бүгд хараад зогсож байсан. АТГ руу эргүүлээд аваад явсан. Ямар хэргээр шалгаж байгааг асуухаар огт хариулаагүй. Уг нь учир шалтгаанаар хорих гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэх ёстой биз дээ. Чи ийм хуулийн зөвлөгөө авах эрхтэй ч гэдэг юм уу хэлдэг баймаар юм. Огт тийм юм байхгүй. Эрүүгийн хуулийн ном уншуулчихаад л хорьсон. 01:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьсон.

Тэгэхэд анх удаа шоронд хоригдож үзсэн үү?

-Тийм ээ. Хаашаа авч явж байгаа нь мэдэгдэхгүй, хар теньтэй машинд суулгаад аваад явсан. Тэгж байгаад нэг газар аваад ирсэн нь Цагдан хорих төв байсан. Шоронд хоригдохгүй гэж зөндөө эсэргүүцсэн. Мөрдөн байцаагч “Чамайг яахыг харна аа” гэж заналхийлээд байсан. Кинон дээрээс хардаг байсан шорон гэдэг аймаар газарт очсон. Камерт хоригдоод арай гэж нэг хоносон. Маргааш нь гэрийнхэн нэг өмгөөлөгч авчихсан ирсэн. Өмгөөлөгч ирээд “72 цаг л саатуулах байх. Одоо хоёр хоног тэсчих. Аргалж байгаад л гаргаж авна” гэж хэлээд явсан. Гэтэл 14 хоног хорих шийдвэр гарчихсан байсан. Өмгөөлөгчтэй л уулзана. Өөр хүмүүстэй уулзуулахгүй. Ингээд сар хоригдож байтал АТГ-ын мөрдөн байцаагч ирсэн. Ирээд өөд уруугүй загнаж байгаад явсан. Эхлээд “Юу байна даа. Эндээ дасаж байна уу. Бие хаа нь дажгүй юу” гэж байснаа сүүлдээ “Идэж ууснаа ярь” гээд л загнаад байсан. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэсэн яваад өгсөн. Ингээд сар гаруйн дараа дахиж ирж байцаалт авсан. Зургаан сар найм хоног хорихдоо ердөө тавхан удаа л байцаалт авч байгаа юм. Байцаалт авахдаа бараг юм асуухгүй. Ажил юу хийдэг. Ажил дээрээ юу хийж байсан. Мөнгө гаргах эрх хэн хэнд байсан талаарх ойр зуурын юм асуудаг. Дорвитой ямар ч байцаалт аваагүй. Хавтаст хэрэгт хийгдсэн надаас авсан мөрдөн байцаалтад уншихаар юм юу ч байхгүй. Нэг ч удаа тоо асуугаагүй ойр зуурын анхан шатны мэдэгдэхүүний зүйлс л асуусан юм чинь. Ер нь шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно. Намайг зургаан сар хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. АТГ-ын шат шатны дарга нар, Хууль зүйн яам, сайд, прокурорын газрын шат шатны дарга нарт, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл намайг хууль бусаар хоригдож байгаа үндэслэлүүдийг хууль зүйн тайлбартай нь хүргүүлж, хууль бусаар цагдан хоригдож байгаа учир суллаж өгөх хүсэлтийг өгсөн байдаг. Харамсалтай нь хаашаа ч хандах боломжгүй болсон байсан. Ямар ч арга зам байхгүй. Өөрөө гарахын тулд худлаа ярилтай нь биш гүрийгээд л зургаан сар найм хоносон. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоригдож байгаад Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад сулласан. Цагдан хорих төвөөс гарсны дараа найм хоног хэтрүүлж хорьсон байсан. Хоригдож байх хугацаанд ходоодны шарх сэдэрч, биеийн байдал муудсан. Олон удаа хүсэлт гаргаж байж эмнэлэгт хэвтсэн. Маш олон килограмм турж, хараа муудаж, арьсны өвчин туссан. Дөрвөн хананы дунд ямар хэрэгт орооцолдсон гэдгээ мэдэж чадахгүй шаналж байх хэцүү юм байна лээ. Аав, ээж минь эргэх болгонд нүдэн дээр хөгширч байгаа нь харагддаг байсан. Шоронд хоригдож байсан талаар одоо бодохоор нуруугаар хүйт оргиж, айдас төрдөг. Зургаан сар үйлийг минь үзэж хорьчихоод энэ хэрэгт чи хамаагүй юм байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 265.2, 150.3 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгснээ шал өөр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн.

Гэр бүлийн хүний чинь хувьд үнэхээр хүнд байсан нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэл санаагаар тусалж, дэмжиж байсан биз дээ.

-Үнэхээр хэцүү байсан нь тодорхой. Ханилсан хань нь үл мэдэгдэх хэрэгт шалгагдаж байгаа болохоор маш хэцүү байсан гэж ярьж байна лээ. Гэхдээ намайг буруу зүйл хийх хүн биш гэдгийг мэдэж байсан болохоор миний талд баттай зогсож чадаж байсан. АТГ-аас Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсад онц их хэмжээний мөнгөний хохирол учруулсан гээд удаа дараа мэдээлэл хийж байсан шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бол 3,6 тэрбум төгрөгийн хохирол эсвэл 13 тэрбум төгрөг гээд хоёр янзаар бичээд байсан. Тэрийг хараад маш их гайхсан. Л.Гансүхийн хамаатан Мөнгөнтуяа гэж бичээд л гэрээсээ гарахаас ч айдаг болсон. Хамаатны хүмүүс ч гэсэн мөнгө идчихсэн юм шиг ойлголттой болчихсон байсан. АТГ шүүх хурал болохоос өмнө намайг гэмт хэрэгтэн болгож нийгэмд ойлгуулчихсан. Монголын хууль хяналтынхан хүний эрхийг ингэж зөрчиж хэлмэгдүүлж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт бүрэн итгэж байсан. Хэн ч харсан мөнгө идээгүй нь тодорхой байсан. Тиймээс шүүх үнэн зөвөөр хэргийг шийдээд өгнө гэж найдсан.

Хэрэгтэйгээ хэдийд танилцсан бэ?

-Мөрдөн байцаагч нарт байцаалт өгөхгүй гээд шинжээч нарын гаргасан тайланг хармаар байна гэж маш олон удаа хүсэлт тавьсан. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Долдугаар сарын 31-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг аравдугаар сард арай гэж Цагдан хорих төвд үзсэн. Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хараад гайхсан. Нягтлан бодогчийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүн шинжээчээр ажилласан нь тодорхой байсан. Та бүхний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа дүгнэлт байна уу гэхээр мөрдөн байцаагч нь би тэрийг мэдэхгүй гэдэг. Тэгвэл 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, татвараас зайлсан гээд байгаа шинжээчийн дүгнэлтэд татварын газраас шалгалт хийлгэе, хөндлөнгийн газраар дахиж шалгуулъя гэхээр зөвшөөрөхгүй байсан. Аргаа бараад ядахдаа тайлан тооцоогоо хамгаалж тайлбар өгье гээд ч авч хэлэлцээгүй. Шинжээчийн дүгнэлт байхад хангалттай гэж АТГ, Прокурор үзсэн. АТГ-аас шинжээч нараас асуулт асуусан. Шинжээч нар тэдний асуусан асуултад хариулсан байдаг. Түүнээс хөндлөнгийн аудитын шалгалт огт хийгээгүй байсан. Зөвхөн асуултад хариулсан нь шууд харагдаж байсан юм. Нарантуяа мөрдөн байцаагчид “Энэ дүгнэлтэд буруу гаргасан байна. Үүнд тайлбар өгмөөр байна” гэж хэлэхээр “Би мэдэхгүй. Шинжээч нарын гаргасан дүгнэлт” гээд байдаг. “Санхүүгийн баримтыг дутуу үзсэн байна. Яах арга байхгүй санхүүгийн баримт байгаа” гэхээр мөрдөн байцаагч “Баримтыг нь дутуу үзсэн юм байлгүй дээ” гэж хариулдаг байсан. Бие бие рүүгээ чихээд асуултад хариулахгүй бултаад байдаг. Шинжээчийн тайлангийн талаар олон хоног бодож үзсэн. Үнэхээр учир нь ойлгогдохгүй байсан. Хаанаас нь юу гаргаад ирсэн нь тодорхойгүй. Дөрвөн аргын тоогоор нэмж хасаад хаячихсан. Зөвхөн баримт байхгүй учраас буруу байна гээд байдаг. Ямар ч компани хоёр жилийн хугацаанд гурван тэрбум төгрөгийг санхүүгийн ямар ч баримтгүй гүйлгээ хийнэ гэж байхгүй нь тодорхой шүү дээ. Шүүх хурал дээр ч гэсэн ямар ч баримт байгаагүй. Санхүүгийн баримт нь уг нь прокурор дээр байх ёстой байтал АТГ-т байгаад байдаг. Шүүх хурлын үеэр ч баримт авчраагүй. Одоо хүртэл АТГ-т санхүүгийн баримтууд байгаа. Шинжээч нар ямар учраас ийм дүгнэлт гаргачихсан юм бэ гэхээр АТГ-ын гаргаж өгсөн баримтыг үндэслээд гаргасан гээд байдаг. Хавтаст хэргийн тэддүгээр хуудаст авагдсан баримтыг үндэслэж гээд байдаг. Хуудсанд баримт байна гэж байхгүй биз дээ. Тэгэхээр шинжээч нарыг би санхүүгийн баримт дээр огт суугаагүй гэж бодож байна. Санхүүгийн баримтыг үзэх нь битгий хэл манай компанийг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хаана ачдаг, яаж тараагддаг вэ гэдгийг огт мэдэхгүй байсан. Нүүрсийг яаж шигшиж байсан, шигшиж байгаа тоног төхөөрөмж “Багануур” компанийнх юм уу, манай компанийнх юм уу гэдгийг ч мэдэхгүй сууж байсан шүү дээ.

ШИНЖЭЭ Ч НАР ӨӨРСДИЙНХӨӨ ГАРГАСАН ДҮГНЭЛТЙИГ ХАМГААЛЖ ЧАДДАГГҮЙ

Шинжээч нарын гаргасан дүгнэлтийн талаар та шүүх хурал дээр нэлээд шүүмжлэлттэй хандсан. Нягтлан бодогч нарын ёс зүй гэж байхгүй байгаа талаар ярьж байсан?

-Цацрал, Баярсайхан, Мөнхзул, Үндэсний аудитын газрын шинжээч Ичинхорлоо нар шинжилгээ хийсэн байдаг. Аливаа шинжилгээг хэний ч оролцоогүйгээр хөндлөнгөөс хараат бусаар хийх ёстой. Шууд санхүүгийн баримт тайлан дээр ажиллаж дүн шинжилгээ гаргадаг. Үүнээсээ өмнө тухайн байгууллагын онцлогийг судалж, яаж үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг судалж үзээд бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн байна уу, эсвэл харилцахаар дамжуулсан байна уу гэдгийг хүртэл тогтоох ёстой. Ямар журмын дагуу санхүүгийн баримт үйлдсэн талаар гаргасан хүмүүсээс тайлбар авдаг. Ингэж санхүүгийн тайланд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Хүний гаргасан баримтан дээр шинжилгээ хийж тэрэнд нь хариулсан. Тухайлбал, надаас асууж тайлбар авч болно. Хариултаа шинжээчийн дүгнэлт гэж үзээд байдаг. Дүгнэлтээр гаргаж ирсэн тоог хаанаас гаргаж ирсэн тоо вэ гэхээр хариулж мэдэхгүй. 30 жил нягтлан хийсэн, гурвуулаа мэргэшсэн нягтлан бодогч гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө хэдхэн жил ажиллаж байгаа надаас долоон дор юм хийсэн. Асуухаар түгдэрч гацаад зогсоод байдаг. Би тэр гурван хүнийг манай салбарын нэр хүндийг шороотой нь хутгасан хүмүүс гэдгийг шуудхан хэлмээр байна. Нягтлан мөнгө иддэг гэсэн хардлагыг тэд уг нь няцаахын төлөө байх ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл ийм улайм цайм худлаа дүгнэлт гаргачихаад ичихгүй зогсоод байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа санхүүгийн баримтад ингэж худлаа дүгнэлт гаргаж болохгүй биз дээ. Тэдний худлаа гаргасан дүгнэлтийн цаана хүн байгаа. Хүний хувь тавилан байгаа гэдгийг ухаарахгүй байсан. Нягтлан бодогч хүн хэзээ ч гэрээн дээр шинжилгээ хийх ёсгүй. Гэтэл гэрээн дээр шинжилгээ хийгээд байдаг. Шинжилсэн гэрээн дээрээ асар олон тэрбум төгрөгийн хохирол гаргаж ирээд байгаа нь гайхмаар байсан. Үндэсний аудитын газрын Ичинхорлоогийн гаргасан дүгнэлт нь ердөө нэг хуудас байгаа юм. Хуулийн тайлбар авахаар дүгнэлтээ хамгаалж чадахгүй зогсоод байдаг. Мөнгө авчихаад ийм дүгнэлт гаргаж өгч байгаа юм. Дээрх хүмүүсийг Сангийн яаманд шалгуулахаар өргөдлөө өгчихсөн байгаа. Тэднийг санхүүгийн баримтан шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрхгүй хүмүүс гэж үзэж байгаа. Дараа дараагийн удаад над шиг л хүний хувь тавилангаар тоглож хэлмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ.

Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?

-Шүүх шийдвэрээ гаргасан. Надад торгуулийн ял өгсөн. Төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр ял өгсөн. Гэтэл би төрийн алба хаагч биш шүү дээ. Хувийн компанийн жирийн нэг нягтлан хүн. Тийм хүнийг ийм зүйл ангиар яллана гэж бодоогүй. Ой тоонд ч багтахгүй байсан. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Үүнийг 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Мөн хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Өөрөөр хэлбэл би “Багануур” компанид 800 гаруй сая төгрөг төлөх өртэй болсон.

-”Багануур” компанийнхан өөрсдөө ямар ч хохиролгүй гэж мэдэгдсэн шүү дээ?

-Манай компанийн “Багануур” компанитай байгуулсан гэрээний талаар яримаар байна. “Багануур” компанийн тонн нүүрсийг 27500 төгрөгөөр өгөх өөрсдийн хийсэн гэрээ шүү дээ. Бүх зүйлсээ өөрсдөө хийсэн. Гэрээнд тусгагдсан зүйл заалт, хэдэн төгрөгөөр худалдах үнийн санал гээд бүгдийг нь хийсэн. Бидний зүгээс тусгайлан бэлдэж хэвлэсэн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан байдаг юм. Тэр гэрээн дээр “Багануур” компанийн захирлаас эхлээд удирдах таван албан тушаалтан гарын үсгээ түрүүлээд зурчихсан байсан. Өөрсдөө боловсруулсан, гэрээг бид хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Эхний жил тэгж явсан. Хоёр дахь жилдээ мөн л ялгаа байхгүй анх “Багануур” компанийн боловсруулсан гэрээн дээр гарын үсэг зурсан. “Багануур” компанийнхан өөрсдөө 27500 төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан. “Багануур” компанийнхан шүүх хурлын үеэр бид хохироогүй гэдгээ хангалттай хэлсэн. “Бид хохироогүй, ашигтай ажилласан” гээд байхад шүүгчид үүнийг огт авч хэлэлцээгүй.

БАГАНУУР” КОМПАНИЙН ДАРГА НАРЫН ГАРГАСАН ШИЙДВЭРТ БИ БУРУУТАЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗСЭН

Жингийн зөрүүнээс хохирол үүссэн гээд байдаг юм билээ?

-“Багануур” компани яаж хохирсон юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийн хохирол яаж гарч ирсэн юм бэ. “Багануур” компанид 20-30 жил ажилласан удирдах, шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнуудын хийсэн гэрээ. Тэд өөрсдөө нүүрс худалдаалах үнээ гаргасан мөртлөө хариуцлага хүлээхгүй хохирогч болдог. Ямар ч эрх мэдэлгүй нягтлан нь буруутай гээд байдаг. “Багануур” компанийнхан 27500 төгрөгөөр нүүрс худалдаалж байгаагаа хорогдлоо тооцоолж л өгсөн байж таараа. Тэдний гаргасан үнээр л бид нүүрс худалдаж авсан. Гэтэл шүүгч нар “Багануур”-ын дарга нарын гаргасан үнэ буюу 27500 төгрөгөөр тонн нүүрсийг худалдаж авсан нь чиний буруу. Чи 27500 төгрөгөөр авах ёсгүй байсан юм. Гэрээнд огт тусгагдаагүй ч гэсэн өөрөө дур мэдэн үнийг нь 39500 төгрөг болгон нэмж авах ёстой байсан. Тиймээс тонн тутамд 11500 төгрөгийг Мөнгөнтуяа төлөх нь зөв гэж үзсэн. Юу гэсэн үг вэ. Би дэлгүүрээс хувцас 27500 төгрөгөөр худалдаж авчихаад байж байтал худалдагч нь хоёр жилийн дараа хүрч ирээд би чамд хувцсаа 27500 төгрөгөөр зарсан нь буруу байжээ. 39500 төгрөгөөр зарах байсан юм. Одоо надад зөрүү мөнгө өг гэж нэхэж байгаатай адилхан байгаа биз дээ. “Чи буруу гэрээ байгуулчихсан байна. Хоёр заалтыг буруу оруулсан байна” гээд ял өгөөд байгаад гайхаж байна. Би өөрөө юмаа зарсан бол өөр шүү дээ. Гэтэл эзэд нь өөрөө худалдах үнээ гаргасан зүйлийг худалдан авагчийн буруу гэж шүүх үзэж байна. Үнэхээр улсад хохирол учруулсан гэж хууль хяналтынхан үзээд байгаа бол тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах шийдвэг гаргасан “Багануур” компанийн удирдлагууд буруутай. Хувийн компанийн ямар ч эрх мэдэлгүй нягтлан “Багануур” компанийн дарга нарын гаргасан шийдвэрээс хэлмэгдэж, буруутан болж онц их хэмжээний мөнгөний өрөнд орж байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Намайг өөр нэг буруутгаж байгаа зүйл бий. Ямар ч байгалийн баялгийг газрын гүнээс олборлох явцад чулуу гарч ирдэг. Нүүрстэй хамт гарч ирсэн чулууг “Багануур” компанийнхан огт ангилан ялгалт хийдэггүй. Тэгсэн байгалийн чулуу гарч ирсэн нь миний буруу болж хувирсан. Нунтаг нүүрсийг шигшиж иргэдэд өгсөн нь, уурхайгаас ирэх замдаа нүүрс унасан, хөлдүү нүүрс жиндээ хүрддэггүй, замдаа хулгайд алдсан, нойтон нүүрс ууршаад жин нь хөнгөрсөнд Мөнгөнтуяа буруутай гэж шүүгч нар үзсэн. Өвөл нойтон нүүрс өртөөн дээр авчирчихаад хавар нар гараад ууршиж жин нь хөнгөрсөнд яагаад надад буруу өгөөд байгаа юм. Нойтон хувцас наранд хатахаараа хүртэл жин нь хөнгөрдөг биз дээ. Ямар ч эдийн засгийн судалгаа шинжилгээ байхгүй жингийн зөрүүг нүүрсний үнээр үржүүлээд хохирол гэдэг зүйл гаргаад ирсэн. “Багануур” компанийнхан өөрсдөө хорогдол гардаг гэдгийг мэдэж байгаа. 30 жилийн түүхтэй төрийн өмчит компани өөрсдөө хорогдлоо тооцож явдаггүй. Манайхаас бусад нүүрс худалдаалсан газартаа хорогдлын тооцоогоо хуваагаад хариуцлагаа хүлээдэг. Манай компани дээр огт тэгээгүй байсан. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Бүр шоконд орчихсон.

-800 сая төгрөгөө яаж өгөх юм бэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өөр арга байхгүй биз дээ ?

-Идэхгүй, уухгүй, ямар ч хувцас худалдаж авахгүй агаар дээр жингүүдэж явлаа гэж бодоход би 70 жилийн хугацаанд төлж дуусах мөнгө. Хоёр жил ажиллах эрхийг хасчихсан. Шуудхан хэлэхэд намайг чи үх гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Ажил хийх эрхийг хасчихаад яаж хохирол гээд байгаа мөнгөө төлүүлэх гээд байгаа юм бэ. Би амьдрал зохиож болохгүй, хүүхэд гаргаж болохгүй. Намайг ажилд авах газар одоо хаана ч байхгүй болчихсон. Бүгд надаас айна шүү дээ. Би өөрөө мэргэжлээрээ ажиллахаас ч айж байна. Миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн. Ямар ч эд хөрөнгө байхгүй. Дөнгөж амьдралаа босгох гээд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа жирийн нэг нягтланг яаж 800 сая төгрөг ол гээд байгааг ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа мөнгийг нь идэж уусан бол хамаа алга гэхсэн. Гэтэл юу ч хувьдаа завшиж идэж уугаагүй хүн нүүрсний жингийн зөрүү болсон мөнгийг яаж төлөх болж байна вэ. Манай компани улсаас мөнгө аваад ийм асуудалд орсон бол ондоо хэрэг. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Хаана ч байхгүй мөнгийг босгож ирээд гурван хүнээр төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх хурлыг телевизээр шууд дамжуулаагүй байсан бол өдийд би гудамжаар ч тайван явж чадахгүй байсан. Шүүх хурал болохоос өмнө үнэхээр айдастай байсан. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялтан болгочихсон. Улсаас онц их хэмжээний мөнгө идсэн хүн гээд нийгэм даяар ойлгуулчихсан. Азаар шүүх хурал телевизээр шууд явсан болохоор иргэд намайг мөнгө огт идээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгж байж хүний нүүр рүү эгцэлж хардаг болсон.

Улс төрчдийн хоорондын тэмцлээс болж та бүхнийг хэлмэгдүүлж байна гэж ярих хүмүүс олон байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр намайг хэлмэгдүүлж байна. Улс төрөөс болоод хэлмэгдэж байна. Би “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр хамгийн удаан хоригдсон. Хамгийн залуу, ганц эмэгтэй нь би. Улс төрчид намайг хэлмэгдүүлж байна. Жирийн ажлаа хийж яваа залуу хүнийг хэлмэгдүүлж, амьдралгүй болгож, сайхан амьдрах гэсэн мөрөөдлийг нь үгүй хийж ирээдүйг нь харанхуй болгож мухардалд оруулж байна. Би хариуцлага хүлээх хуулийн этгээд биш шүү дээ. Үнэхээр нүүрсний хог, наранд хатсан жин, чулуунаас болж “Багануур” компани хохирлоо гэж байгаа бол гэрээ байгуулсан компани хариуцлага хүлээх ёстой. Гэтэл компани нь хохирох ёстой зүйлд яагаад жирийн ажилтан нь хариуцлага хүлээх ёстой юм бэ. Яагаад хувь хүнээс энэ мөнгийг нэхээд байгааг шат шатны хуулийн байгууллагаас асуугаад хариуг олохгүй байна. Хоёр компанийн хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд нягтлан огт буруугүй баймаар. Яагаад хувь хүнээр тэр хохирол гээд байгаа мөнгийг төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Би шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Зөвхөн ажлаа л хийсэн хүн. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсоны 80 хувь нь оюутнууд байсан

Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр алс баруун хязгаарын Ховд аймагт Ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсон. Энэ үеэр Ховдын багшийн дээд сургуулийн багш оюутнууд оролцож МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоог огцрохыг анх удаа шаардсан түүхтэй. Ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэх гол хүч нь оюутнууд байсан юм. 1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний 80 хувь нь оюутнууд байсан гэдэг. Жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсан. Эх орондоо байгаа оюутнууд төдийгүй гадаадад суралцдаг оюутнууд ч энэхүү тэмцэлд гар бие оролцож, сэтгэл зүрхээрээ хамт байсан юм.

Олон сургуулийн оюутан залуус нэгдэн нийлж анхны эвслээ МУИС-ийн хичээлийн II байранд байгуулж байжээ. 1990 оны Ардчилсан хувьсгалд манлайлж оролцож явсан оюутны төлөөлөл өчигдөр үе үеийн оюутан залууст Ардчиллын үйл хэрэгт оюутнуудын оролцоо өндөр байсныг дурсан сануулах самбарыг анх эвсэж нэгдсэн байрандаа хадаж мөнхжүүллээ.

Самбар хадах ёслолд тухайн үеийн Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын Ардчилсан холбоо, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт холбоо, Монголын Оюутны холбооны төлөөлөл болон тухайн үеийн МУИС-ийн ХХ зуун оюутны чөлөөт нэгдлийн гишүүд, Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн “Оюутны чөлөөт эв нэгдэл”-ийн гишүүд, Гадаадад суралцагч монгол оюутны холбооны гишүүд, Техникумуудын оюутны холбооны оюутнууд тус тус хүрэлцэн ирсэн байлаа. Самбар хадах ёслолын үеэр Ардчилсан хувьсгалын партизан оюутан ХААДС-ийн оюутан Ц.Гэрэл эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Шагналыг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулж байв.

МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Болд:

Өнөөдөр (өчигдөр) буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр бол Монголд хамгийн анх улс төрийн цуглааныг Ховдын их сургуулийн оюутнууд зохион байгуулсан ийм сайхан дурсгалт өдөр. Энэ жил бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж байгаа. Монголын ардчиллын нэгэн гэрэлт хуудас 1990 оны гуравдугаар сарын 3-ны өдөр энэ байранд Монголын оюутны холбооны санаачлагаар ардчилсан дөрвөн хүчний анхны уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдаж Монголд ардчилсан хүний эвсэл байгуулагдсан.

Энэ нь зөвхөн Монголын ардчилсан хүчин эвлэлдэн нэгдсэн үйл явдал биш. Монголын ард түмэн эвлэлдэн нэгдсэн ийм чухал үйл явдал юм.

Өнөөдөр оюутнуудын хувьд сурч хөдөлмөрлөхдөө өөрийгөө бэлдэж эх орныхоо ирээдүйг авч явах тэр хариуцлагатай ажилдаа бэлдэх ийм л цаг үе. Хувьсгал бол 1990 ондоо болсон. Энэ нийгэм үнэхээр болохоо байчихаагүй бол дахин хувьсгал гарах шаардлага байхгүй байх. Нийгмээ өөрчлөхийн төлөө, энэ нийгэмээ авч явахын төлөө, шударга, чадвартай сайн боловсон хүчин болохын төлөө манай оюутнууд цаашдаа эрмэлзэх ёстой. Энэ бол тэдний нэн тэргүүний үүрэг. Энэ үүргээ манай оюутнууд сайн биелүүлж байна гэж боддог” гэлээ.

1990 оны гуравдугаар сарын эхээр ардчилсан хүчнүүд дахин сүрт жагсаал хийж, залгуулаад МоАХ-ын зүтгэлтнүүд Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан өлсгөлөн зарласан үед оюутнууд том хүч болон оролцсон юм. Энэ бол Монголд ардчилал ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх эгзэгтэй мөч байсан. Талбайд жагсаж цугласан хүмүүс залхаж, зарим нь айсандаа эхнээсээ тарж эхлэх үед Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнуудын жагсаал Энхтайваны гүүр даван орж ирснээр нөхцөл байдлыг эргүүлж байжээ. Үүний дараа бусад сургуулийн оюутнуудын жагсаал ч мөн Сүхбаатарын талбайг бүчиж, цөхөрч байсан тэмцэгчид, олон түмэнд эрч хүч, итгэл найдвар өгч байсан юм. Монголын оюутан залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмж оролцсон энэ шийдэл нь дэлхийн түүхэнд ч тодоор дуурсагдах үйл явдал болж үлдсэнийг түүх мартах учиргүй гэдгийг тухайн үед жагсаж тэмцэж явсан оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.

1990 оны ардчилсан хувьсгалд оролцож явсан оюутнууд ингэж ярьж байна. Монголын Оюутны холбооноос Олон улсын оюутны холбоонд суух төлөөлөгч асан Д.Жаргалсайхан “25 жилийн өмнө болсон энэ үйл явдлыг юу гэж харж байна гэхээр аливаа нэгэн томоохон хувьсгал залуучууд, оюутнуудгүйгээр явагддаггүй. Энийг эхлүүлсэн хүмүүс энд өчигдөр цугларсан юм шиг буцаад ирсэн байгаа нь сайхан байна. Ер нь бол ийм дэмжлэг байсан учраас өнөөдөр 25 жилийн дараа Монгол Улс ардчилсан орон болсон байна. Алдаж онож яваа ч гэсэн урагшаа явж байгаа. Хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан зах зээлийн төлөө бид ахиад урагшаагаа явж байгааг харахад маш таатай байна” гэв.

1989 оны Ховдын цуглааныг зохион байгуулагч Д.Бат-Эрдэнэ “Өнөөдөр аранхоёрдугаар сарын 7-ны өдөр. Монголд цоо шинэ гэж болох анхны улс төрийн цуглаан жагсаал болсон өдөр. Энэ өдөр нийслэл Улаанбаатар хотоос 1400 км алсад байгаа Ховд хотод алдарт Ард Аюушийн талбай дээрээс Ховдын багшийн дээдийн оюутан, багш нар Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж анхны цуглааныг зохион байгуулж байсан. 400-гаад оюутан, багш нар МАХН-ын улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, өргөх бичиг барьж байсан түүхэн өдөр. Надад одоог болтол арванхоёрдугаар сарын 7-ны өдөр цуглаанд оролцсон хүмүүсийн бүх материал байдаг. Энэхүү цуглаан жагсаалын гэрч болж оролцсондоо их баяртай байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод МУИС-ын II байранд оюутны анхны үйл ажиллагааг эхэлсэн өдрийг дурсаж, эргэн уулзаж байгаадаа их баяртай байна. Анх 1989 оны арванхоёрдугаар сарын улс төрийн цуглаанд оролцсон, 1990 оны хувьсгалыг хийлцсэн Монголынхоо өнцөг булан бүрт байгаа нийт оюутан залуус, найз нөхөд, бүх хүмүүст энэ өдрийн баярын мэндийг хүргэе” хэмээсэн юм.

МУИС-ийн ХХ зуун оюутны чөлөөт нэгдлийн гишүүн Д.Рэнцэнтавхай “МУИС бол ардчиллын бүх үйл ажиллагаа өрнөж байсан газар. Угаасаа оюутан залуучууд цугласан газар ардчиллын үр хөврөл бүрддэг юм байна. Ийм сайхан үйл явдалд найз нөхөдтэйгөө нийлж гар бие оролцож байсандаа баяртай, бахархалтай байдаг. МУИС-ын II байр бол ардчиллын үйл явц, бүхэл хөдөлгөөнүүд үүсэж байсан газар. Ховдын оюутны анхны цуглаан болсон өдөр энэ самбараа нээж байгаад баяртай байна. Хамгийн гол нь энэ самбарыг хараад оюутан залуучууд сайхан үйл явдал болсон газар суралцаж байгаадаа бахархалтай байх болно гэж бодож байна. Монголын оюутан залуучууд нийгэм улс төрийнхөө амьдралд идэвхтэй оролцож, 1990 оны төр оюутнуудын дуу хоолойг үргэлжлүүлж явна гэдэгт найдаж байна” хэмээв.

Гадаадад суралцагч Монгол оюутны холбооны ерөнхийлөгч асан Б.Болдбаатар “1990 оны ардчилсан хувьсгалын үед Монголын оюутнууд тэр дундаа гадаадад сурч байсан оюутнууд бид их үүрэг оролцоотой байсан гэж боддог. Тухайн үед гадаадад сурч байсан манай ардчилсан хүчний анхдагч Баабар, Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нар болон олон оюутан байдаг. Эх орноосоо хол, хилийн чанадад амьдарч байгаа хүмүүс чинь хөгжлийнхөө түвшинг харьцуулж хардаг юм байна. Арай илүү мэдээлэл авдаг байсан. Тэр утгаараа “Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ” гэх сэдвийг тухай үеийн оюутнууд байнга л ярьж явдаг байсан. Энэ сэдэв маань цааш үргэлжилж явсаар ардчилсан хувьсгал гарахад нөлөөлөх том хүчин зүйл болсон гэж боддог. Тэр үеийн бүх оюутнууд Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө бүхий л бодол санааг хуваалцаж, сэтгэл зүрхээрээ хамт байсан ийм л үе. Өнөөдөр Монголын оюутны холбооны анхдагч байсан Цэнгүүн, Содхүү, МОХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд, анхны ерөнхийлөгч М.Зоригт гэх хүмүүс олон нийтэд танил болсон нь өөрсдийн итгэл үнэмшлээрээ олсон зүйл” гэж онцолсон юм.

Монголын Оюутнууд ардчиллын ялалтанд чухал үүрэг гүйцэтгэж, тэмцэлд оролцож байсныг дурсах түүхэн самбар МУИС-ийн II байранд ийн мөнхөрчээ.

Б.ОЛЗВОЙ

Categories
мэдээ цаг-үе

П.Хан-Уул: Монголчууд юу чаддаг түүгээрээ дэлхийд танигдах ёстой

“Авьяаслаг монголчууд” шоуны финалд үлдэх шилдэг хоёр оролцогч ням гаригт тодорлоо. Уран нугараач А.Уранбилэг болон лимбэчин Б.Мягмарцэрэн, ёочинч Х.Бархүү нар финалын атанд шалгарсан юм. Эдгээр оролцогчид үзэгчдээс хамгийн өндөр санал авсан. Харин тус шоуны шилдэг оролцогчдын нэг болох П.Хан-Уул үзэгчдийн зүгээс авсан саналаараа эхний гуравт орж чадсан билээ. Гэвч эцсийн шийдвэрийг шүүгчид гаргасан бөгөөд үндэсний өв уламжлалыг дэлхийд гаргахын тулд дээрх үзүүлбэрүүд илүү хүчтэй нөлөөтэй болохыг хэлсэн. Гэхдээ П.Хан-Уулын хоолой гайхамшигтай, Монголын рок попын ертөнцөд чадварлаг нэгэн дуучин мэндэллээ гэдгийг шүүгч, нэвтрүүлэгч С.Чимгээ онцлоод авсан. Бусад шүүгч ч санал нэгтэй байлаа.

ЖИРИЙН НЭГЭН ЗАЛУУ ЖИНХЭНЭ ДУУЧИН БОЛОХ ХУВЬ ЗАЯА

“Авьяаслаг монголчууд” шоуны 0839 дугаартай оролцогч П.Хан-Уул эхний шатанд Д.Өлзий-Оршихын үг, ая Монгол Улсын гавьяат жүжигчин “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Эрчүүд” хэмээх дууг дуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээж, шүүгчдийн гайхшралыг төрүүлээд авсан билээ. Түүнээс хойш “Эрчүүд” дууны “You tube” дэх хандалт ч эрс өсчээ. “Миний ах атаман” киноны дуу болох “Эрчүүд” аль хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон хэдий ч П.Хан-Уулыг дуулсны дараа жинхэнэ утгаараа сонсогчдод танигдаж дуулах дуртай дууны нэг нь болоод байна.

Жаргалын төлөө нутгаа солихгүй

Зовлоо гээд гутарч суухгүй

Хайрынхаа төлөө сэтгэлээ нээгээгүй ч

Тусгаар Монголын төлөө амиа өргөнө өө

Хэзээ ч чамаас урвахгүй

Хэний ч өмнө бөхийхгүй

Хайртай бүхнээ бусдаас өмгөөлдөг

Хатан зоригт эрчүүд билээхэмээн жирийн нэгэн залуу энэ дууны жигүүрийг нь дэлгэх, сүр хүчийг нь тунхаглан зарлах ерөөлтэй байж. Үзэгчид “Эх орон сэхээний тасагт амь тариа залгуулан хэвтэж байхад” түүнийг дуудан сэргээх хүч чадал энэ дуунд, энэхүү дуудлагыг зүрхнээс зүрхэнд хүргэж чадах авьяас П.Хан-Уулд байгааг харлаа гэж бахархан ярьцгааж байна.

Түүний авьяас энгүй юм. Шоуны гуравдугаар шатанд “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Манан” дууг ёстой нэг хоолойны цар мэдэн талын салхийг тайзнаа сэвэлзүүлэн байж цангинууллаа. Энэ дууг Х.Лхагвасүрэнгээс өөр дуучин ингэж амилуулж байсан удаагүй. Уг дууны аяыг Ц.Чулуунбат, үгийг Ц.Энхманлай бичиж Х.Лхагвасүрэн дуулсан байдаг. Хамтлагийнх нь дууг шоуны оролцогч үзэгчдийг суудлаасаа бостол нь дуулсанд ая зохиогч, шүүгч Чука гайхширч түүнийг магтахаас өөр хувилбар байсангүй. “Би Монголд хүн болж төрсөндөө маш их бахархдаг. Энэ сайхан эх орондоо би хайртай” хэмээн чин сэтгэлийнхээ угаас илэрхийлэх П.Хан-Уул гэх залуу үнэндээ монгол омогшлыг төрүүлж, олон хүний эх орноороо бахархах, хайрлах сэтгэлийг бадрааж чадлаа. Түүний дуугаа мэдэрч, дуундаа орж дуулж байгаа нь үнэхээр талын Монголын хүү гэдгийг илтгэх ажээ.

П.Хан-Уул хэдий шүүгчдийн саналаар шоунаас хасагдсан ч бусад оролцогчдодоо хандан амжилт хүссэн төдийгүй “Монголчууд юу чаддаг түүгээрээ дэлхийд танигдах ёстой. Уран нугаралт, үндэсний хөгжим бол Монголын өв уламжлал. Тиймээс шүүгчидтэй санал нэг байна” гээд тайзнаас буусан. Энэ үг монголчуудыг уяруулж, нэгийг бодогдууллаа. Тэрээр сайхан хоолойтой дуучин. Бас эх орноо гэсэн чин сэтгэлтэй, уужимхан эр хүн гэдгээ харууллаа.

Зарим оролцогч шиг уйлж, унжиж бөөн юм болсонгүй. Угаас түүнийг шоуны турш үзэгчид буурьтай, төлөв тогтуун жинхэнэ эр хэмээн бахархаж ирсэн.

Д.Дагвадорж: КАРАОКЕД АМ БАРЬЖ БОЛДОГГҮЙ Ш ДЭЭ ХАЯНАА

Түүний байгалиас заяасан авьяасыг гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших биширч байгаагаа цахим хуудсандаа илэрхийлсэн байв. Мөн Сумогийн их аварга Д.Дагвадорж дэмжиж байгаагаа илэрхийлсэн байхад зарим нэг уран бүтээлчид мөр зэрэгцэн чадалтай дуучин орж ирж байгааг нэлээд бухимдангуй хүлээж авч байгаа бололтой. Учир нь “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа “Урлагийн тайз караоке хоёр ялгаатай шүү” хэмээн твиттер хуудастаа жиргэсний хариуд Асашёорюү Д.Дагвадорж “Караокед ам барьж болдоггүй ш дээ Хаянаа” хэмээн амыг нь таглаад авч.

ХАН-УУЛ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ

“Авьяаслаг монголчууд” шоунд Улаанбаатар хотоос оролцсон Пүрэвнямын Хан-Уул хэмээх залуу өдгөө 34 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Уул уурхайн компанид худалдааны төлөөлөгч мэргэжлээр ажилладаг тэрбээр энэхүү шоуг өөрт тохиосон хоёр дахь боломж хэмээн үзэж буйгаа хэлсэн. Учир нь багаас дуулах дуртай, урлагт хайртай түүнийг яагаад ч юм гэрийнхэн нь урлагийн мөр хөөлгөөгүй аж. Түүний эгч, ах нь хөгжимчин мэргэжилтэй урлагийн хүмүүс. Гэвч өөрсдийн нь туулж өнгөрүүлсэн зам мөр дэндүү хатуу байсных уу, ямартай ч урлагийн тайз хатуу гээд дүүгээ халгаагаагүй байна. “Манай эгч нэг нь ч гэсэн урлагаас ангид мэргэжилтэй байх хэрэгтэй гээд намайг урлагаар явуулахыг хүсээгүй. Тиймээс би шоуг өөрт тохиосон хоёр дахь боломж гэж харж байна” хэмээн шоу эхлэхийн өмнө ярьж байлаа. Ямартай ч тэрээр хоёр дахь боломжоо алдалгүй хувь тавиландаа эргэлт хийж чадсан болов уу. Багадаа дуучин болохыг мөрөөдөж, хонины бэлчирт хээрийн салхитай ханьсан тэнхээ мэдэн дуулдаг байсан хүү өнөөдөр мөрөөдлийнхөө үүдийг татлаа.

НУТГИЙН ГАВЬЯАТЫН ЗАЛГАМЖ

Завхан нутгаас Батсүх, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Хурд” хамтлагийн Цогоо зэрэг 30 гаруй гавьяат төрсөн гэдэг. Тэгвэл Монголын рок попын ертөнцөд бас нэгэн Завханы хүү мэндэлж буй нь П.Хан-Уул бололтой. П.Хан-Уул Завхан аймгийн уугуул гэнэ. Магадгүй түүнийг Очирваань шүтээнт Отгонтэнгэр нь түшиж байгаа биз ээ. Түүнийг “Харанга”-ын Лхагвасүрэнгийн залгамж халаа гэж ярих боллоо. Хоолойны өнгө, аяс үнэхээр адилхан. Гэхдээ шүүгчид түүнийг “Өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой. Тиймээс өөрийнхөөрөө бай” гэж зөвлөгөө өгч байсан. Үнэхээр рок попын ертөнцөд П.Хан-Уул хэмээх энэ авьяаслаг залуу цахиур хагалж орж ирлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчний хугацаагаа гүйцээх нь дээ

1996-2000 онд сөрөг хүчин байсныг нь эс тооцвол ялагдаж үзээгүй босоо цагаан МАН 2012 оны сонгуулийн дараа ялагдсанаар үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайв. Улс төрийн намын хувьд унаж босох байх л асуудал мэт боловч МАН-ын хувьд энэ ялагдлаасаа хойш босч ирсэнгүй. Ядаж сөрөг хүчний ажлаа хийсэнгүй, бүр энэ байр суурин дээрээ ч дөхөж ирсэнгүй өнөөг хүрлээ. Сөрөг хүчин ч биш, юу ч биш явсаар байтал сонгууль эхлэхэд хагас жилийн хугацаа л үлдэв. Лам хар ихтэй байсан тэр цагт хөдөө гарч хараар амьдраагүй атлаа хүүхдийн ч эцэг болж, хүүхний ч залуу болж явдаг лам нарыг асман лам гэдэг байсан гэлцдэг. Түүн шиг эрх баригч ч биш, сөрөг хүчин ч биш юу хийж байгаа нь мэдэгдэхгүй цаг нөгцөөх Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчнээр ажиллах хугацаагаа дуусгаж байна. Дандаа эрх баригч байсан МАН-ынхан үнэндээ сөрөг хүчин юу хийдгийг, яах ёстойг ойлгож чадсангүй. Одоо ойлгох ч хугацаа үлдсэнгүй. Сонгуулийн дараа УИХ шинээр байгуулагдахад тэд хуучны их зангаа тавихгүй томорч байгаад бүр бүлэггүй үлдэх дээрээ тулж байлаа. Дандаа бусдыг даргалж, бусдыг хүлээлгэж сурсандаа эрдсэн биш галт тэрэг хэдийнэ хөдөлж байнгын хороо ч үгүй баахан явсан даа. МАН-ынхны сөрөг хүчин болоод хийсэн анхны акцийг нь одоо ч хүмүүс ярьдаг. Өвөрхангайн хоёр гишүүний маргаантай асуудал дээр тэд эсэргүүцэл зарлаж, УИХ-ын чуулганы танхимын орох хаалгыг диван тавьж хааж байлаа. Гэтэл олон жил УИХ-ын гишүүн, дарга даамал хийж явсан тэр хүмүүсийг сөрөг хүчний байр сууринаас хэн ч харсангүй.Тэгээд ер нь зөөлөн буйдан дээр хийж байдаг жагсаал цуглаан ч гэж юу байхав. Ямартай ч сөрөг хүчнийхний энэ эсэргүүцэл амжилтад хүрээгүй нь Өвөрхангайгаас УИХ-д МАН-ын биш АН-ын хоёр гишүүн суух болсноор батлагдана.

Уг нь сөрөг хүчний ажлыг бас ч гэж хийж болдог доо. Гэтэл өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан манай “Өдрийн сонин”-ы хэмжээнд хүрч ажиллаагүй гээд бод л доо. Эрх баригчдын ажлыг шүүмжилдгээрээ шүүмжилж, ад үзэгддэгээрээ үзэгдсээр бид ажлаа хийсэн. Харин сөрөг хүчин болсон МАН “Хэвлэлүүдэд ч хэлэх үгээ хэлж чадахгүй байна, биднийг тоохгүй байна” гэж өрөвдөм гомдоллохоос өөрийг хийхгүй байсан тул тэдний дуу хоолой, байр суурийг нь дамжуулахаар бид хичээн ажилласаан. Уг нь манайх аль нэг намын сонин биш л дээ. Гэхдээ тал талын байр суурийг гаргаж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэх үүднээс хэн ч тоохгүй байгаа МАН-ыг “тоож” тусалж байв. Өч төчнөөн хэвлэлтэй, телевизтэй баймаар, гэтэл үгээ ч хэлж чадахгүй байгаа тэр хүмүүсийг яаж сөрөг хүчин бай гэж шаардах вэ дээ. Бүхэл бүтэн нам байж шилэн Цогоогоосоо л муу байна шүү дээ. Харин энэ залуу сүүлийн үед сөрөг хүчин байх ажлыг нь нугалаад байгаа юм биш үү.

Ер нь өнөөдрийн улс төрийн үйл явдлыг хөлбөмбөгтэй зүйрлэж болохоор харагдана. Эрх баригчид болсон АН-ынхан супер старуудыг цуглуулсан баг шиг өөр хоорондоо л үзээд байна. Суперүүд хувийн амжилтынхаа төлөө ганцаарчилсан тоглолт хийгээд алдаа гаргадаг шиг АН-ынхан тэнд өөрсдийнхөө хаалганд гоол хийгээд завгүй. Харин энэ алдаан дээр нь тоглож, ялалт байгуулж байх ёстой МАН-ынхан хаана байгаа нь ч бүү мэд. Хаалгач ч байхгүй тоглолтод орж байх юм. АН муу байгаа ч МАН бүр муу байгаад асуудал нь байна. Ямартай ч АН сөрөг хүчингүй өнгөрсөн дөрвөн жилийг ардаа хийлээ.

Тэднийг ийм муу байгааг улс төрийн хүрээндээ “МАН-ынхан өөрсдөө төмсөгдүүлчихсэн учраас юу ч хийхгүй байна” гэж тайлбарлах ажээ. Тэдний ярьж байгаагаар улстөрчид нэг асуудлаараа барьцаанд орчихдог, улс төр хийх гэхээр нөгөөхдөө уначих гээд байдаг учир нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг гэх юм. Эсвэл зөрүүлээд тохироо хийж явдаг гэх. Үнэндээ МАН шиг ерэн жилийн уламжлалтай, институци болтлоо төлөвшсөн ийм улс төрийн хүчин ингэж дээрэлхүүлээд байгаа нь үнэхээр харамсалтай юм. Өмнө нь өөрсдөө дангаар Засаг байгуулж чадах атлаа АН-ыг урьж залаад хамтарч байсныг нь хүмүүс мартаагүй. Тэгсэн мөртлөө дангаараа Засаг байгуулж чадахгүй АН-ынханд жийгдэж байгаа нь тэдний л муугийнх. Танайхыг авахгүй гэхээр яс горьдсон нохой шиг үлддэг, дараа нь хүрээд ир гэнгүүт нь далласан газар нь дав хийгээд гараад ирдэг. Адаг сүүлд нь хөөлөө гэхэд нь чив чимээгүй яваад өгдөг. Хэзээ МАН ийм байсан юм бэ. Ямар ийм сөрөг хүчин байдаг юм бэ. Арга ядахдаа “Ардчилсан намыг эрх барьж байх үед сөрөг хүчин байх хэрэггүй. Өөрөө өөрсдийгөө хэмлээд дуусдаг” гэсэн яриа гаргаж ажил хийж чадахгүй байгаагаа цайруулж суух вэ дээ, энэ МАН-ынхан. Уг нь дэлхийн жишигт сөрөг хүчний намын рейтинг багадаа 40 хувьтай байдаг юм гэсэн. Автоматаар сөрөг хүчний хувь нь нэмэгдэж, намын дарга нь топ таван улстөрчийн тоонд багтаж эхэлдэг. Гэтэл манайд сөрөг хүчин нь эрх баригч намтайгаа нийлээд нийлээд 50 хувийн рейтингтэй байна шүү дээ. Үлдсэн 50 хувийн итгэл нь хаана хэнд байна, тэдний ажлаа хийж чадаагүйн гороор хариуцлага хүлээх чадваргүй нөхөд хууль тогтоох байгууллагад ороод ирвэл хэний буруу болох юм гээд яривал ярих зүйл бас бий. Одоо топ улстөрчдийн жагсаалтад МАН-аас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хамгийн өндөр рейтингтэй цохиж яваа. Гэтэл 2000 оны үед сөрөг хүчний намын дарга Н.Энхбаяр 62 хувийн рейтингтэй байсан гэдэг билээ.

Өнөөдрийн МАН-ын байгаа байдал нь социал демократ намуудын байр сууриас ихээхэн өөр харагддаг юм. Одоо тэргүүлэх байр сууриа МАХН, ХҮН-д алдаад дуусах нь. МАН-аас Ж.Сүхбаатарыг явахад орон зай гарлаа гээд баярлах хүмүүс байсан л биз. Гэхдээ тэр урваач шарваачдаа яваагүй байх. Харин тийм хэмжээний боловсон хүчнийг энэ намд байх аргагүй болсны бурууг тэд дотроо тунгаах нь тэдний дараагийн ажил үйлст чухал болов уу. Ямартай ч сөрөг хүчингүй дөрвөн жилийг бид үдэж байна. МАН-ынхан сөрөг хүчин болохоо ойлгох гэж, ойлгоод ажиллах гэсээр байтал хугацаа нь хэдийнэ өнгөрлөө дөө.

Categories
мэдээ цаг-үе

Хошууч генерал О.Отгонжаргалынд хууч хөөрч өнжлөө

“Буурал ах нь мөрдэстэй хувцаснаасаа салахгүй явсаар нэг л мэдэхэд 72 жил болчихсон байна. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрсөн байна шүү. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө энэ биеэ сэтгэл зүрхнээсээ зориулж чадсан хүн гэж өөрийгөө боддог. Төрийн хайр хишгийг ч харамгүй хүртлээ. Хүн болгонд олдоод байдаггүй генерал цолоо Ю.Цэдэнбал даргаас авсан минь өндөр их хувь тавилан юм шүү” гэж хошууч генерал О.Отгонжаргал гуай ярьж байна лээ. Өдгөө 90 насны босгыг шүргэж яваа Монголын хууль хяналтын байгууллагын амьд түүх буурал генералын гэрт энэ удаад өнжлөө. Отгоо генералынх Чингэлтэй дүүргийн “Тэнгис” кино театрын ардхан талын таван давхар цагаан байранд энгийн сайхан аж төрдөг юм байна. Генерал цол авах үед нь улсаас гурван өрөө байраар шагнаж байжээ. Тэр байрандаа өнөөг хүртэл амьдарч байна.

О.Отгонжаргал генерал биднийг очих үед том өрөөнийхөө буйдан дээр зээнцрүүдээ тойруулаад суучихсан Токиогийн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг үзэж байв. Биднийг бямба гаригт очно гэсэн болохоор хүлээгээд сууж байгаа нь энэ аж. Отгоо генерал зээ охин Ш.Золжаргалдаа “Сэтгүүлчид ирж манай өнжинө гэсэн шүү. Хоол унд бэлдээрэй” гэж биднийг ирэхээс цаг гаруйн өмнө гэнэт хэлсэн гэнэ. Үүнээс болоод гэрийнхэн нь сандралдаж гүйлдээд хоол цай бэлтгэх, хоёр хүүхдийнхээ өрөөгөөр нэлэнхүйд нь тарааж орхисон тоглоомыг эмхэлж цэгцлэх гээд хэрэндээ л сандралдан гүйлдсэн гэнэ. Өнжиж буй айлын гэрийн эзэн аль нутгийн уугуул вэ гэдгээс сурвалжлага маань эхэлсэн юм.

Нийслэл хүрээг зорьсон түүх

О.Отгонжаргал генерал тэр үеийн засаг захиргааны нэршлээр Түшээтхан аймгийн Дарханчин вангийн хошуу Хүүхэн хутагтийн нутагт төрсөн гэнэ. Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын зургадугаар багийн нутаг Галтай булнайн Ташгайт хэмээх газарт 1928 онд төрсөн аж. Түүнийг дөрвөн настай байхад ээж М.Лхам нь бага дүү О.Цэрэндондовыг нь төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээр амь насаа алдсан байна. Аав нь Осор гэж лам байгаад дүүг нь гарахаас өмнө нас барсан байж. Ингээд эгч О.Түмэндэлэг, ах О.Сэрдарь, дүү О.Шагдаррагчаа, ээжээсээ төрөөд удаагүй байгаа улаан нялзрай дүү О.Цэрэндондов гээд таван хүүхэд гэртээ өнчин хоцорсон байна. Азаар Мөнгөнморьт сумын дархан Даржаа гэх үр хүүхэдгүй буриад айл тэднийг өргөж авч гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн байна. Дархан Даржаагийнд бага дүүгээ үлдээгээд 11 настай О.Отгонжаргал ах О.Сэрдарийнхаа араас нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотыг 1939 онд зорьжээ. Ах нь дүүгээ үлгэр жишээ III бага сургуульд оруулсан байна. Тэр үед III бага сургууль одоогийн хуримын ордны суурин дээр хөндлөн дүнзэн байшинд байрлаж байжээ. Тэрбээр дөрвөн жил эрдэм номын мөр хөөж бага сургуулиа амжилттай төгсчээ. Сургуулиа төгөөд удаагүй байтал “Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулсан Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд хүүхэд элсүүлэн авч байна. Гэхдээ малчин, цэргийн хүүхдүүдийг авч байгаа гэнэ” гэж хүнээс сонсчээ. Тэгээд хотын захиргааны байр руу ангийнхаа хүүхэдтэй хамт очиж Цэргийн хэлтсийн даргын өрөө рүү шууд яваад орсон гэнэ. Цэргийн хэлтсийн дарга тэднээс шалгалт авч, зохион бичлэг бичүүлж, хэл найруулгыг нь үзээд шууд тэнцүүлчихсэн байна. Ингээд Офицерийн сургуульд орж газар газраас ирсэн олон хүүхэдтэй нэг ангид орж, бүгд л цэргийн дарга болох мөрөөдөлтэй байж. Гэтэл өнөөх том мөрөөдөлтэй хүүхдүүдээр ногоо ялгуулж, ойр зуурын юухан хээхэн хийлгээд эхэлж. Хүүхдүүд ч эхнээсээ шантарч зарим нь гэрээ санаад уйлж байсан аж. Багш нар нь нэг өдөр “Манай сургууль дээр Маршал Х.Чойбалсан тэргүүтэй нам, засгийн удирдлагууд хүрэлцэн ирэхээр болсон” гэж хэлжээ. Х.Чойбалсан тэргүүтэй дарга нарыг угтан авах ажил хийгдэж сургуулийн ойр орчмын замыг засч, чулууг нь түүж, жалга гуу газрыг чулуу, шороогоор дүүргэж машиныг нь донслуулахгүйгээр явуулах арга хэмжээ авсан байна. Удалгүй Х.Чойбалсан, жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, Ю.Цэдэнбал, Бумцэнд нар ирцгээжээ. Маршал Х.Чойбалсан “Монголд цэргийн дарга бэлтгэж байгаа. Та нар энэ сургуульд өөрсдийн хүсэл сонирхлоор орсон биз дээ. Та нар Монголын цэргийн морьт салааны дарга нар болно” гэж хэлчихээд яваад өгсөн. Ингэж л цэргийн хүн болж байсан түүхтэй хэмээн тэрбээр бахдангуй ярив.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд байж байтал ах О.Сэрдарь нь ирээд “Чи ер нь Дотоод явдлын яаманд ажилд ор” гээд ажилд оруулчихсан гэнэ. Ингээд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерууд ба Хорих ангиудын удирдах газрын Санхүүгийн хэлтэст данс хөтлөгчөөр 1947 онд орж, ажлын гараагаа эхлүүлсэн байна. Ингээд 1950 онд Бороогийн алтны уурхай буюу мянга гаруй хоригдолтой алтны лагерт томилогдон очсон гэнэ. Алтны онцгой лагерийн Улс төрийн орлогч гэсэн албан тушаал дээр 22 настай залуу очиж байжээ. Тэнд хоригдлуудыг хүчээр хүдэр ухуулж, алт гаргаж авдаг байсан аж. Мянга гаруй хоригдол дунд улс төрийн хэрэгтэй, Японы тагнуул байсан, яс цоожинд сууж байсан гээд дандаа хүнд хэрэгтэй хүмүүс байсан гэнэ. Тэнд ажилласан гурван жилийн хугацаандаа улсад их хэмжээний алт тушааж байсан нь түүний ажлын бас нэгэн үр дүн гэнэ. Алтны онцгой лагерийн удирдах ажилтнуудыг генерал Дүйнхоржав хүлээж авч “Та бүхэн алт олборлох ажлыг 304 хувиар биелүүлсэн байна. Тиймээс төлөвлөгөөний биелэлтээс илүү гарсан алтаа маршал Х.Чойбалсанд өөрсдөө үзүүл гэжээ. Ингээд 50 килограмм сорьц өндөр шижир алтыг гулдмай болгоод Х.Чойбалсанд үзүүлж байжээ. Маршал тэдэнд “Хэдийгээр ЗХУ-д дайн дуусаад удаагүй байгаа ч та бүхний төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн 50 килограмм алтаар 500 машин авч болох юм байна” гэж хэлээд улсын фондод тушаалгаж байжээ. Алтны лагераасаа Дотоод яамны Эвлэлийн хорооны дарга болж албан тушаал дэвшээд эргэж Улаанбаатар хотод ирсэн байна. Ажилдаа томилогдоод удаагүй байтал Жанчив сайд түүнийг дуудаж уулзаад Цэрэг ба нийгмийн аюулаас хамгаалах яамны Гал түймрээс сэргийлэх хэлтсийн орлогч даргаар гэнэт томилсон байна. Тэндээсээ 1956 онд Ленинград явжээ. Тэндээ галын сургуульд суралцаж, төгссөн байна. Сургуулиа төгсөж ирээд Төв гал командын даргаар томилогдон ажиллажээ. 1964 он хүртэл Галын хэлтсийн даргаар ажиллаж байтал Ж.Авхиа генерал түүнийг Цагдаагийн сургуульд алтан Москва руу явуулах шийд гаргачихсан байсан гэнэ. ЗХУ-д мөн л дөрвөн жил Цагдаагийн сургуульд суралцаад эх орондоо иржээ. Сургуулиа төгсөж ирээд долоо хоноогүй байтал түүнийг Ю.Цэдэнбал гэнэт дуудуулсан гэнэ. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Ю.Цэдэнбал “Нөхөр минь, чамайг хөдөө, орон нутагт томилохоор болсон” гээд Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн дарга болгон томилжээ. Ингээд Цагдаагийн сургууль төгссөн хүн тагнуулч болоод Хэнтий аймаг руу явсан байна.

Ажлын гараагаа эхэлсэн газраас амьдралын ханиа олжээ

Биднийг ийн ярилцаж байх зуур Отгоо генералын зээ охины хүүхдүүд болох Н.Чинхүслэн, Н.Анударь нар өрөөнөөс өрөө дамжин гүйлдэж тоглоно. Ээж, аав нь тэднийг томоотой бай гэж байгааг ойлгож байгаа шинж алга. Дүү нь ахынхаа тоглож байгаа тоглоомыг заавал авна гэж уурлаад, тэр хавьд багахан дайн дэгдэх ажээ.

Гэрийн эзэд үхрийн мах чанажээ. О.Отгонжаргал генералын зээ охины нөхөр Ж.Наранбаатар Архангай аймгийнх гэнэ. Саяхан өвлийн идшээ нутгаасаа бэлдээд иржээ. Биднийг ийн хуучилж суутал хүний их эмч Туваан гуай орж ирэв. Туваан эмч Дархан хотын Эргүүл хамгааллын газрын даргаар ажиллаж байхдаа О.Отгонжаргал генералтай танилцаж байсан гэнэ. Хан-Уул дүүрэг XIX хороололд олон жил нэг байранд амьдарч байжээ. Туваан эмч сардаа нэг тэднийхээр зочилж хуучилж байгаад явдаг байна.

.Отгонжаргал генералын эхнэр Н.Долгорсүрэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх гэнэ. Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерт ажилд ороод удаагүй байхдаа тэд танилцаж байжээ. 20 настай, үсээ хоёр салаа самнасан охин Бороогийн алтны уурхайн засан хүмүүжүүлэх газрын бичээчээр томилогдон ирж байсан аж. Ажлынхаа гарааг Бороогийн алтны уурхайгаас эхлүүлж байсан тэд насан туршийн амьдралын хань болсон бие биенээ олсон байна. О.Отгонжаргал, Н.Долгорсүрэн нар 1950 онд гал голомтоо бадрааж байжээ. Том охин О.Энхтуяа нь 1955 онд төрсөн байна. Харин бага охин О.Эрдэнэцэцэг нь 1962 онд төржээ. Тэд амьдралынхаа 60 орчим жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Одоогоос есөн жилийн өмнө гэрийн эзэгтэй Н.Долгорсүрэн бурхан болсон гэнэ. О.Отгонжаргал генерал “Миний хань төрийн олон байгууллагад ажиллаж байсан. Бороогийн алтны уурхай, Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Үйлдвэрлэл хоршооны даргын нарийн бичиг, Намын төв хорооны бичиг хэргийн ажилтан, Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр даргын туслах, Барилгын яамны сайд О.Телейханы туслахаар арван жил ажилласан байдаг юм. Олон жил амьдралын минь ар талд баттай зогсож байсан. Ажил гэж хэнхэглэж явах үед амьдралыг минь авч явж байсан юм шүү дээ” хэмээн ярьж байна лээ.

БНХАУ-ын маршал Лянь Бяогийн онгоцны сүйрлийн ажлын хэсгийг ахалсан гэнэ

О.Отгонжаргал генералыг Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн даргаар томилогдож очоод удаагүй байхад БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн сууж явсан “Трайдент” онгоц сүйрч байсан билээ. 1971 онд сүйрсэн онгоцны ослын талаар хөөрөлдлөө. О.Отгонжаргал “Би амралтаа авчихсан Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын амралтад амарч байсан. Орой унтах гээд амралтын газрын дээгүүр тэнгэрт улаан ногоон гэрэл анивчаад моторч дугуй шиг ёнгиносон дуутай онгоц нисч явсан. Тухайн үед ямар сонин дуутай онгоц вэ” гэж бодогдоод ороод унтсан гэнэ. Өглөө эрт Дадал сумын зар хүргэгч ирээд “Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай ирчихсэн, “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. Хоёр талдаа мотортой “ИЛ-14” онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч “Сая сүйрсэн онгоцон дээгүүр эргээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй километрт, Бэрхийн уурхайгаас 14 километрт Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна” гэж илтгэхэд нөгөөдүүл чинь “Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт онгоц буудаг уу?” л гэж байна. Нисэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга “Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай юм хэлж байна. Би ч цэргийн хүн учраас “Гүйцэтгэе” гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа. Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн. Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костьюмтой эмэгтэй байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн” хэмээн ярив. Онгоц сүйрсэн газарт үзлэг шинжилгээ хийж дуусаад цогцоснуудыг тэнд нь оршуулж байсан гэнэ. ЗХУ-ын шинжээч нар онгоцны хайрцаг болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн толгойг тасдаж аваад явж байсан гэнэ. Онгоцны хар хайрцагт онгоц юунаас болж осолдсон талаарх баримт байдаг ч одоог хүртэл хойд хөршийнхөн ослын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу нисч яваад Монголд унаж сүйрсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Онгоц юуны учир сүйрсэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байдаг аж. Хэргийн газарт ажилласан О.Отгонжаргал генералаар ахлуулсан багийнхан онгоц газардах гэж байгаад зүүн далавчаараа газарт мөргөж тэндээсээ гал авалцан сүйрсэн байж магадгүй гэж үздэг аж.

Энгийн хувцастай очоод генерал цолоо авчээ

Хэнтий аймгаас Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга болон дэвшжээ. Тэр үед нийгэм тайван байсан болохоор хүн амины хэрэг жилдээ гарын таван хуруунд багтахаар цөөн тоотой гардаг байсан гэнэ. Хулгайн гэмт хэрэг зонхилж гардаг байсан аж. Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед Далай лам Монголд ирэх болжээ. О.Отгонжаргал генерал ч Далай ламын аюулгүй байдлыг хангах ажлыг бүрэн хариуцсан байна. Төрийн талаас хамгаалалт хийх үүрэг авчээ. Тэр үед Хятад, Түвдийн харилцаа таагүй байсан болохоор янз бүрийн халдлага ирж магадгүй хэмээн далай ламыг хамгаалах ажилд улсаас онцгой анхаарсан байна. Далай ламыг ирэх сургаар иргэд мөргөж адис авах ёстой. Сүсэгтэн олон далай ламд мөргөхөөр дугаарлаж зогсохдоо үймээн дэгдээж магадгүй учир О.Отгонжаргал ийм арга сүвэгчилжээ. “Сүсэгтэн олныг мөргүүлнэ гэвэл хэдэн мянган хүн дугаарлаж зогсоно. Тиймээс энэ ажил бүтэхгүй. Тэгэхээр далай ламыг Гандангийн төв хаалганы тэнд зогсоож дун бүрээ үлээдэг өндөр дээрээс үг хэлүүлсэн нь дээр” гэх санааг гаргаж хэрэгжүүлжээ. Далай ламыг Гандан дээр ирж үг хэлж арвай будаа цацах үед сүсэгтэн олон ширхэг будаа олж авахын тулд бужигнаан болж байсан аж. Далай ламын ах Норов гэж хүн АНУ-аас дүүтэйгээ уулзахаар Монголд ирээд байхад нь хүртэл “Гадны хүнтэй уулзуулахгүй” гээд оруулалгүй буцааж байсан гэнэ. Далай ламын ах оройны хүлээн авалтан дээр дүүтэйгээ уулзаад цагдаа нар “Чиний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллаж байгаа” хэмээн онцлон хэлж байжээ. Далай лам 1979 оны тавдугаар сард Монголд ирчихээд буцаад хоёр сар болоогүй байсан үе гэнэ. Цагдан сэргийлэх газрын үүдний жижүүрт “Отгонжаргал хурандааг Ю.Цэдэнбал даргын өрөөнд яаралтай дуудаж байна” гэсэн хэл иржээ. Тухайн үед энгийн хувцастай явж байсан гэнэ. Ямар учиртай дуудаж байгааг мэдэх боломжгүй. Гэртээ хариад хувцсаа солиод өмсөх гэхээр төрийн тэргүүн хүлээлгэчих болоод байхаар нь энгийн хувцастайгаа шууд яваад очжээ. Жигжид сайд Ю.Цэдэнбал даргын үүдэн дээр зогсчихсон их л ууртай байна гэнэ. “Ямар их хүлээлгэдэг юм бэ, чи. Чамайг дарга нар зөндөө хүлээлээ” гээд л загнаж гарсан байна. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Тэгсэн Ю.Цэдэнбал “Нөхөр хурандаа О.Отгонжаргалд хошуу генерал цол олгосугай” гээд шууд генерал цолыг нь өгчихсөн гэнэ. Ямар учиртай дуудсаныг мэдээгүй энгийн хувцастай очсон О.Отгонжаргал хурандаа 1979 онд БНМАУ-ын 68 дахь хурандаа болж байсан түүх ийм ажээ.

Дандар баатар тарианаас айж, 100 грамм коньякаар Нянтайсүрэн баатрын зүрхийг эмчилж явсан тухай

Халх гол болон Чөлөөлөх дайны үед онцгой гавьяа байгуулж байсан БНМАУ-ын баатруудтай нүүр тулж явсан хүмүүсийн нэг нь О.Отгонжаргал генерал юм. Тэрбээр нэгэн хөгжилтэй түүх бидэнд ярьж өглөө. Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан үед буюу 1973 онд Цэрэг арми сурталчлах ажилд Дандар баатар, “Улаан-Од” сонины эрхлэгч Ж.Ядмаа нартай хамт явах үүрэг ирсэн гэнэ. Дандар баатар наймдугаар дивизийн XVII хороонд хамт байлдаж явсан Доржханд гэх найзыгаа эргэж очихоор явж байгаа нь энэ аж. Аймгийн төвөөс гарч яваад нэг хонож байтал Дандар баатрын бие гэнэт муудаж, хатгаа тусчихсан байна. Хүчтэй ханиалгах бүрт цустай цэр гарч, өндөр хэмтэй халуурсан байна. Ингээд Баян-Адарга суманд иржээ. Эмчид үзүүлтэл “Хатгаа нь хүндэрсэн байна, тариа хийнэ” гэжээ. Гэтэл Дандар баатар ухасхийж босоод “Тариа хийлгэхгүй. Тариа хийлгэхээс үхтлээ айдаг” гээд хавьтуулахгүй байна гэнэ. Гэтэл “Улаан-Од” сонины эрхлэгч Ядмаа “Баатар хүн байж тарианаас айгаад байхдаа яах вэ дээ. Ийм аймхай байж яаж баатар болсон юм бэ” гэж шоолж байсан гэнэ. Дандар баатартай ингэж хөглөж явсны дараахан Халх голын ялалтын 45 жилийн ойгоор Л.Дандар, Д.Нянтайсүрэн, С.Төмөрбаатар Ч.Олзвой, Н.Жамбаа нарын баатруудтай ойн баярын арга хэмжээнд явж байжээ. О.Отгонжаргал генерал баатруудын аюулгүй байдлыг хангаж явсан байна. Баатруудад тусгайлан гэр барьж өгсөн байжээ. Тэгсэн баярын хуралд оролцчихоод гэртээ ирж амарч байтал Нянтайсүрэн баатрын зүрх гэнэт өвдсөн байна. Царай нь хөхрөөд босч чадахгүй болжээ. Хотоос онгоцоор эмч дуудах гэсэнд цааргалаад байсан аж. Яах учраа олохгүй гэрийн гадаа зогсож байтал “Зүрх өвдсөн үед архи уух юм бол судасны хана тэлж зүгээр болдог” гэж оросуудын ярьж байсан нь санаанд оржээ. Ингээд архины эрэлд гарсан гэнэ. Халх голын ойн баяр гээд дэлгүүрт байсан бүх архийг ойн баярт хэрэглэх гээд аваад явчихсан байжээ. Дандар баатрыг таньдаг Халхгол сумынхан дэлгүүрт байсан нэг шил коньякийг аваад ирсэн байжээ. Нянтайсүрэн баатрын бие өвдөөд хэцүүдэж байхад Дандар баатар “Чи Халх голын байлдаанд үргэлж миний дээр албан тушаал хашиж, намайг даргалж байсан. Энд байлдаж гавьяа байгуулсан газартаа тайван нойрс. Ажил явдлыг чинь сайхан хийнэ. Санаа зовох зүйлгүй” гэж хатуухан тоглож байсан аж. Коньяк зуун граммыг өгтөл Нянтайсүрэн баатрын бие зүгээр болж, хорин минутын дараа босоод ирсэн гэнэ. Дандар, Нянтайсүрэн баатрууд Дивизийн дарга байсан Ч.Шаарийбууг эх орноосоо урваагүй талаар ойн баяр болгон дээр хуучлан ярьдаг байсан аж. Дайнд хэрхэн орж байсан хөгжилтэй болон хэцүү үеүдийн талаар дурсан ярьж байсныг О.Отгонжаргал генерал ийн хуучилсан юм.

Бид өдрийг гэрийн эзэнтэй хууч хөөрч өнгөрүүлэв. Биднийг ийн ярилцаж байхад генерал С.Дамдинсүрэн, С.Гомбосүрэн, Хурандаа Өлзийсүрэн, доктор Жамбалсүрэн нар утсаар ярьж байсан юм. Нар баруун тийш хэвийж гадаа бүрэнхий болжээ. Бид ч сурвалжлагаа дуусгаад тэднийхээс гарлаа. О.Отгонжаргал генерал болж өнгөрсөн түүхийг он сар өдөр, цаг минуттай нь ярих нь түүний нас өндөр ч ой ухаан нь гайхалтай саруулыг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Нямтайшир: Өөрсдийнхнийгөө татаж унагах гэж элдвээр бичих юм. Тэгээд энэ улс орныг чинь хэн хөгжүүлэх юм бэ?

Монголын алт корпораци (МАК)-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширтай ярилцлаа.

-МАК бүтээн байгуулалтын хэд хэдэн том төслүүдийг зэрэг хэрэгжүүлж байгаа ганц компани. Том хөрөнгө оруулалттай төслүүдийг зэрэг эхлүүлэх болсон шалтгаанаас яриагаа эхлүүлье.

-Шалтгаан гэхээсээ илүүтэй шаардлага, хэрэгцээ гэдэг талаас нь харж тайлбарлах нь зүйтэй болов уу. 2010-2012 он гэдэг бол уул уурхайн салбарын зах зээл, үнэ коньюктурын хувьд “оргил” үе байлаа. Манай компанийн гол үйлдвэрлэл болсон нүүрсний үнэ өндөр, экспортын зах зээлийн эрэлт, хэрэгцээ их байсан. Бид жилд дангаараа таван сая гаруй тонн нүүрс экспортод гаргаж байлаа шүү дээ.

Ийм цаг үед нүүрснээс олсон орлогоо идэж, уугаад, эсвэл хав дараад сууж болох л байсан. Харин бид тэгээгүй.

Монголынхоо ирээдүйд хэрэгтэй, улс орны эдийн засагт бодитой ач холбогдол болохуйц томоохон төсөл, хөтөлбөрт олсон ашгаа хөрөнгө оруулалт болгон хийх бодлогыг баримталж ирсэн.

Цемент бол барилга болон аж үйлдвэрийн салбарын “гурил” нь. Гурил нь ямар байна, талх нь тийм байх болно. Нөгөө талаасаа цемент гэдэг аливаа улс орны стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл Монгол Улс цементийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг Хятадаас импортолж байсан.

Нөгөө талаас тухайн үед барилга, орон сууцжуулалт хурдацтай хөгжиж байсан. Олон улсын стандартад нийцсэн, чанартай барилгын материалын хэрэгцээ шаардлага тэр хэрээр нэмэгдэж байсан юм. Тиймээс Монголын бүтээн байгуулалтад эн тэргүүний эрэлт хэрэгцээтэй байгаа цемент болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс Хөх цавын цемент-шохойн үйлдвэрийн цогцолбор, Хийт бетоны үйлдвэрийн төслүүдийг эхлүүлсэн.

Мөн энэ үед Цагаан суваргын зэс, молибдений ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэн, өөрөөр хэлбэл олон улсын стандарт шаардлагад нийцсэн хайгуул, судалгааны ажил дуусаж, ТЭЗҮ бэлэн болсон учраас бүтээн байгуулалтын ажлыг нь 2012 оноос эхлүүлсэн юм.

-Гадны банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгоход монгол компаниудын өмнө ямар асуудлууд тулгардаг вэ? Монгол компани дэлхийн санхүүгийн зах зээлээс том хөрөнгө оруулалт татах чадвартай болохын тулд төр засгаас болон компаниудын зүгээс хийх ёстой шийдэл, алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Бидний ярьж хэвшсэнээр санхүүжилтийг олон арга замаар “босгож” болно. Шууд хөрөнгө оруулалтаар, зээлээр, ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээ урьдчилан худалдах урт хугацааны худалдааны гэрээгээр, мөн гадаад орны экспортын даатгалд хамрагдах замаар технологи, тоног төхөөрөмжөө зээлээр авах зэрэг олон арга замууд бий.

Манай улсын хувьд дэд бүтцийн хөгжил сул учраас аливаа төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй хийх хүндрэл тулгардаг. Энэ нь төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн үзүүлэлтүүдийг муутгаж харагдуулах гол шалтгаан болдог.

Дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө тухайн улс орны хууль эрхзүйн орчин тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх, төр засаг нь тухайн төслийг дэмжиж хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээг байгуулсан байхаас гадна мэдээж төсөл өөрөө олон улсын стандарт шаардлагад нийцсэн байх, тэрхүү стандарт шаардлагын дагуу баримт бичгүүд нь боловсруулагдсан байх, эдийн засгийн хувьд үр ашигтай, бүтээгдэхүүний чанар болон зах зээл найдвартай байх зэргээс хамаарна шүү дээ.

-МАК-ийн хэрэгжүүлж буй том төслийн нэг нь цементийн үйлдвэр. Монгол Улс цементийн хэрэглээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой юу. Жишээ нь МАК-ийн үйлдвэр Монголын дотоодын хэрэгцээний хэчнээн хувийг хангах хүчин чадалтай байх бол?

Монгол Улс цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахаас гадна цаашдаа ОХУ-ын хил залгаа бүсэд экспортлох ч боломж бүрдэнэ гэж би хувьдаа боддог.

Манай төслийн хувьд нэг сая тоннын хүчин чадалтай, ирэх онд ашиглалтад авна. Эрэлт хэрэгцээ бий болох тохиолдолд хоёр сая тонн хүртэл өргөтгөх байдлаар бид төсөлдөө тусгасан. Гэхдээ одоогоор Монгол Улсын цементийн хэрэгцээний хэдэн хувийг манай үйлдвэр хангахыг тооцох боломжгүй юм. Яагаад гэвэл аж үйлдвэр, дэд бүтэц, зам харилцаа, хот байгуулалтын томоохон төсөл, бүтээн байгуулалтын цементийн хэрэгцээг урьдчилан тооцоолж гаргасан статистик мэдээлэл, судалгаа одоогоор алга байна.

Энд нэг зүйлийг онцгой анхаарах ёстой. Гадны зээл, тусламж, хөрөнгө оруулалт, эсвэл уралдаант шалгаруулалтаар авсан томоохон бүтээн байгуулалтын цементийн хэрэглээг Монгол Улсаас, өөрөөр хэлбэл дотоодоос авдаг байх хатуу шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд төр засгийн зүгээс тавьдаг, хянадаг механизмыг бүрдүүлэх ёстой.

Бодит амьдрал дээр Монголд төсөл хэрэгжүүлж буй, эсвэл бүтээн байгуулалт хийж байгаа гадныхан өөрсдийн улс оронд үйлдвэрлэсэн барилгын материалыг тухайн төсөлд түлхүү шахаж ашиглах бодлого барьдаг нь тодорхой харагддаг. Үндсэндээ зээлийн эргэн төлөлт бидний нуруун дээр буудаг ч гадны улсууд өөрийн орныхоо үйлдвэрлэлийг тэрхүү зээлээр дэмждэг нь нууц биш.

-Гадны хөрөнгө оруулалттай цементийн том үйлдвэр дотоодод баригдвал цементийн үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварт муугаар нөлөөлнө гэсэн тайлбар бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.

-Дотоод гадаадын ямар ч үйлдвэр бай мэдээж бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэж буй технологи, үнэ өртгөөрөө л өрсөлдөнө.

Ер нь бол цементийг өөрийн стратегийн бараа бүтээгдэхүүнд оруулдаг улс орон бий. Өөрийн улс орондоо үйлдвэрлэсэн, чанарын асуудал дээр бүрэн хяналтаа тогтоосон цементээр барилга байгууламжаа барьдаг нь цаанаа нарийн учиртай. Тухайн улс, үндэстэн аюулгүй байдлаа хангаж байна гэж үздэг юм.

Үйлдвэрийн шугам, технологи оруулж ирэх нь нэг асуудал байх. Гэхдээ гол асуудал бол цемент үйлдвэрлэхэд шаардлагатай таван төрлийн үндсэн эрдэс түүхий эдийн байршил, дэд бүтэц, бүтээгдэхүүний чанар, түүнийг борлуулах зах зээлд хэр ойр зэргээс өрсөлдөх чадвар хамаарна.

Гаднаас чулуунцар буюу клинкер оруулж ирээд цемент үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой баригдсан үйлдвэр, цементийн тээрмүүд мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Саяхан Засгийн газраас импортын татварыг нэмчихсэн болохоор импортын клинкерээр үйлдвэрлэсэн цемент их л өндөр өртөгтэй байх болов уу, эсвэл чанарын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй.

Өнөөгийн нөхцөлд шинээр хөрөнгө оруулалт хийж, цементийн үйлдвэр барих нь эрсдэлтэй л байх болов уу. Иймд гадны үйлдвэр нэмж баригдахгүй байх гэсэн бодолтой байгаа.

-Танай цементийн үйлдвэрт Чингис бондоос өгсөн бондын мөнгөний талаар Н. Номтойбаяр гишүүнийг холбож харсан байр суурь өнгөрөгч долоо хоногт сайтуудаар нэлээд бичигдлээ…?

-Өвөг дээдсийнхээ нэрээр нэрлэж олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон бондын мөнгөний асуудлаар сүүлийн үед хэт их улстөржүүлж байна даа гэж харж байгаа. Тухайн үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрийнхөө Засгийн газрын таван сайдтай очиж, газар дээр нь танилцаад “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр баригдаж байгаа юм байна” гэж дүгнээд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгтэй тэнцэх санхүүжилтийг олгож болох юм гэж үзсэн.

Энэ нь 87.5 сая ам доллар. Одоогоор 56.6 сая ам. долларыг нь авч бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулчихаад байгаа. Бондын Удирдах зөвлөл гэж байдаг. Энэ хурлаар орсон, бид төслөө танилцуулсан. Дараа нь Засгийн газрын хурлаар орж шийдвэрлэгдсэн. Ерөнхий сайд ч шийдвэрлэчихсэн юм биш. Сүүлд нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар орсон. Бид өөрсдийн хөрөнгөө, хувьцаагаа барьцаалсан. Энэ зээлийг бид төлнө, бүх үүрэг хариуцлагыг бид үүрнэ.

Эдийн засгийн хувьд зээлээ өлхөн даах, барууны техник технологитой, технологийн шугам нь олон төрлийн марк бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд уян хатан үйлдвэр босож байгаа. Ганц жишээ дурдахад бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээнд хүний хүчин зүйлийн нөлөө оруулахгүйн үүднээс технологийн дамжлага дээрээс робот өөрөө дээжээ авч, өөрөө шинжилгээгээ хийх лабораторитой.

Энэхүү бондын санхүүжилтийг авахад Номтойбаярын ямар ч оролцоо байгаагүй, хэнийг ч лоббидож яваагүй, хэнд ч хүсэлт тавиагүй, ямар нэгэн шийдвэр гаргахад хэнд ч нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хэрэв ийм нотлох баримт хэн нэгэнд байгаа бол гаргаад тавихыг үнэхээр хүсэж байна.

Аав хүү хоёрын хооронд хэн хэнийхээ ажилд оролцохгүй байх, өөрөөр хэлбэл улс төр, аж ахуйн ажил, бизнест хандах хатуу зааг ялгаа байдаг.

-Энэ жил ашиглалтад орсон хийт бетоны үйлдвэрийн барилгын салбарт үзүүлж байгаа, цаашид үзүүлэх нөлөөг та юу гэж бодож байна вэ?

-Юуны өмнө барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт евростандарт, европ чанар Монголд нэвтрэх анхны алхам болсон. Хоёрт барилгын материалын импорт тодорхой хэмжээнд буурч байгаа, гуравт барилгын жин багасч улмаар хөрөнгө оруулалт буурах нөхцөл бүрдэхээр байгаа.

“Евроблок” нэрийн бүтээгдэхүүн нь эрс тэс, цаг агаарын нөхцөлтэй барилгын улирал богинотой манай орны хувьд хөдөлмөр зарцуулалт, цаг хугацааг хэмнэх, хөрөнгө оруулалтыг бууруулах боломжийг бий болгож байгаа.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, дулаан хадгалах чадвар өндөртэй гээд олон давуу тал бий.

-Цаашдаа барилгын салбарт өөр чиглэлийн үйлдвэрлэл явуулах төлөвлөгөө МАК-д бий юу?

-Хэтийн төлөвдөө бол хийх ажил бий. Гэхдээ монголчууд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс эн тэргүүнд нэгэнт эхлээд байгаа төслүүдээ ашиглалтад оруулах нь МАК-ийн ойрын 2-3 жилийн гол зорилт. Ирэх жил цементийн үйлдвэрээ, түүний дараагийн жил буюу 2017 онд Цагаан суваргаа ашиглалтад өгчихвөл, түүний дараа хийх зүйл бодол санаанд минь бий. Энэ талаар цаг нь ирэхээр ярилцъя даа.

-Цагаансуваргын ордын бүтээн байгуулалт ямар шатандаа яваа вэ. Энэ ордын бүтээн байгуулалтын дутуу байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилт хэдийгээр орж ирэх таамаг, төсөөлөл байна?

-Жилд 14,6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, 300 мянган тонн зэсийн, 5000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Цагаан суваргын төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 89 сая ам.доллар болох юм. Бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн.

Төслийн хэрэгжилт 46 хувьтай байгаа. Баяжуулах үндсэн механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 92 хувь, зураг төслийн боловсруулалт 91 хувь, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 25 хувь, барилгын ажлын гүйцэтгэл 18 хувь, хүдрийн ил уурхайн тоног төхөөрөмж 100 хувь нийлүүлэгдээд байна.

Зарим нэг улстөрч, улс төрийн захиалагчдын үйлдлээс болоод санхүүжүүлж байсан банк зээлээ зогсоосон. Тэгэхээр бидний өмнө ахиад санхүүжүүлэгч олох, санхүүжилт босгох асуудал тулгарч байгаа. Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал бол гадны санхүүжүүлэгчдийн сонирхлыг татаж төсөлд оролцуулахад тийм амар биш байгаа.

Одоо бид 2011 онд байгуулагдсан Монгол, Германы Засгийн газар хоорондын “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хүрээнд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэхүү хэлэлцээрт ХБНГУ-ын зүгээс Монголын аж үйлдвэрийн салбарыг дэмжих өргөн боломжууд тусгагдсан байдаг юм байна лээ. Манай компаниуд үүнийг сайн судалж, энэ боломжуудыг ашиглах ёстой гэж боддог. Түүний нэг нь “Зориулалтыг заагаагүй Зээлийн баталгаа” гаргах хэлбэр.

Герман улс боловсруулах үйлдвэр өндөр хөгжсөн гагцхүү түүхий эдийн хувьд асуудалтай орон. Хэрэв урт хугацаанд зөвхөн Германы боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд болох бүтээгдэхүүн нийлүүлбэл Германы Засгийн газар баталгаа гаргаж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэлийг нь дэмжихээр энэ хэлэлцээрт заасан байгаа.

Ийм учраас Цагаан Суваргын төслийн хүлээгдэж буй санхүүжилтийг ХБНГУ-ын Засгийн газрын баталгаагаар олгогдох зориулалтыг заагаагүй зээлээр санхүүжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээлийг авахад нэлээд өндөр шалгуур тавьдаг юм билээ. Үүнийг нь манай төсөл хангаж байгаа.

Эхний үндсэн нэг нөхцөл болох Германы аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ өнгөрсөн аравдугаар сарын 15-нд ХБНГУ-ын “Аурубис” компанитай байгуулсан. Одоо дараагийн шатны буюу санхүүжүүлэх банкуудтайгаа хэлцлийн ажиллагааны уулзалтуудаа хийж байна.

-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гэж байгаа учраас энэ зээл Засгийн газрын зээл болно гэсэн үг үү?

-Би онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Энэ зээл бол төслийн зээл, аж ахуйн нэгжийн авах зээл. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийг аж ахуйн нэгж өөрөө бүрэн хариуцна. Харин үүнийг Засгийн газрын авч байгаа зээл ч юм уу эсвэл Монголын Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм шиг зүйлүүдийг зарим нэг сайтууд бичээд байгаа юм билээ. Тийм зүйл биш гэдгийг хариуцлагатай хэлье.

Манайханд байгаа нэг муу зуршил бол юм хийх гэсэн гадныхныг болохоор хөөж туугаад, өөрсдийнхнийгөө болохоор татаж унагах гээд элдвээр бичих юм. Тэгээд энэ улс орныг чинь хэн хөгжүүлэх юм бэ?

Гадны нэг томоохон бизнесмэн надтай уулзаж байхдаа ийм үг хэлж байсан юм. “Ухаантай ард түмэн, улс орондоо юм хийлгэж, бүтээлгэчихээд шахах, гаргах бодлого барьдаг, танайхан юм хийж эхлээгүй байхад нь хөөж туугаад байх юм” гэж. Өнөөдрийн бидний дүр зураг нэг иймэрхүү л байгаа. “Үнэн үг хэлж байна даа” гэж бодогдсон шүү.

Харин энд би нэг зүйлийг зориуд яримаар байна. Саяхан манай аж үйлдвэрийн сайд баруун Европын орнуудаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөллөө дагуулан явж, олон төслийн ажлыг урагшлуулах маш амжилттай айлчлал хийсэн. Аж ахуйн нэгж хоорондын чухал чухал гэрээг Итали, Чехэд зурсан. Манай компаниуд ийм төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг төр, засгийнх нь түвшинд танилцуулж дэмжлэг авч өгсөн. Бидний асуудлыг ч гэсэн Германы эдийн засаг, эрчим хүчний яамны удирдах нөхдөд тодорхой танилцуулж өгсөн. Урьд өмнө аж ахуйн нэгжүүдээ гараас нь хөтлөөд, дагуулаад манай компаниудыг дэмжиж өгөөч гээд төр засгийнхантай нь ярьж хэлж явсан сайд хэр олон байсан билээ. Ихэнх нь л айдаг, эмээдэг, хардуулдаг, эсвэл томорхдог, нэрэлхдэг л байсан шүү дээ. Бид Д.Эрдэнэбат сайдад чин сэтгэлээсээ талархаж байгаа, бизнесийг дэмжих чиглэлд энэ хүн гадна талдаа үнэхээр салхи хагалсан. Ийм л сайд Монголыг хөгжүүлэхэд ус агаар мэт хэрэгтэй дээ.

-Цагаан суварга, цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай байгуулсан. Ач холбогдлыг нь та юу гэж харж байна?

-Манай парламент 2013 онд Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн баталж гаргасан. Энэ хуулийн нэг онцлог бол гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаагүй. Нөгөө талаар, бид бүгд л мэдэж байгаа, Их хурлаас 68 хувийн татварын хууль гэж гаргасан, стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хууль гээд л гаргасан. Энэ бүхэн гадаад талдаа Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн ойлголт газар авахад хүргэж нэг тийм болгоомжилсон бүрхүүлтэй болгочихоод байгаа ш дээ.

Харин саяхан Монгол Улсын Засгийн газартай МАК болон түүний охин компаниудын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тогтворжуулж байгаа юм байна гэсэн эерэг мессэж тарахад чухал үүрэгтэй болсон гэж би дүгнэж байгаа. Бидэнтэй хамтран ажилладаг, мөн миний таньдаг гадны олон түншүүд энэ гэрээний талаар надаас асууж сонирхсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Энэ бол том ач холбогдол. Гэхдээ дотооддоо Засгийн газар хөрөнгө оруулалт хийхээр болчихсон ч юм шиг, бас л баталгаа гаргачихсан ч юм шиг буруу ойлголт яваад байна. Үнэнийг хэлэхэд манай зарим сэтгүүлчид энэ асуудлын талаар нийгэмд буруу ойлголт өгөөд, бас л улс төрийн будаг шунх түрхээд байх юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг уншаад үзчих хэрэгтэй л дээ. Хуульд заасны дагуу татварын орчныг буюу тодорхой яривал дөрвөн төрлийн татварыг, бүр тодруулбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ, ашигт малтмалын ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулж байгаа л хэрэг. Энэхүү тогтвортой татварын нөхцөл нь Цагаан суваргын төслийн хувьд 27 жил, Цементийн үйлдвэрийн хувьд 24 жилийн хугацаатай байх юм.

Хөрөнгө оруулалтын орчныг л баталгаажуулж өгсөн болохоос Засгаас хөрөнгө оруулах гэж байгаа, ямар нэгэн баталгаа гаргаж өгөх гэж байгаа гэсэн үүргийг Засгийн газар хүлээгээгүй.

Манай монголчуудын нэг том зовлон бол аливаа асуудлыг, ямар нэгэн төслийг улс төрийн өнцгөөс харж, улстөржүүлдэг. Ингэснээр тухайн бизнесийнх нь үйл ажиллагаа гацах, царцах, бусдын өмнө хүлээсэн итгэл найдвар хөсөрдөх байдалд хүргэдэг. Энэ нь нөгөө төслийнх нь хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөж буурах байдал руу түлхэж эцсийн дүндээ улс орныхоо хөгжлийг сааруулахад хүргэдэг. Ийм байдал нь улс орноо гэсэн сэтгэлтэй монгол хүний хийх үйлдэл яав ч биш дээ. Гадны захиалгаар яваад байна уу гэсэн бодол ч заримдаа төрөх юм.

-Цагаан суваргын уурхай ажиллаж эхэлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр 1200 орчим ажлын байр бий болно. Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу зэсийн үнийг тонн тутамд 5511 ам.доллар гэж тооцоолоход татвар хураамж хэлбэрээр жилд дунджаар 250 орчим тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 4.5 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Төслийн эдийн засгийн үр өгөөжийн 54 хувийг төр хүртэнэ. Нөөцийн хувьд Оюу толгойгоос 30 гаруй, Эрдэнэтээс 6-7 дахин бага юм шүү дээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээр уул уурхайн салбарын экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд эерэгээр нөлөөлж, валютын дотогшлох урсгал өссөнөөр ханш тогтворжиж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд бодитой хувь нэмэр болох учиртай.

-Зэс хайлуулах үйлдвэр барих ёстой, барих нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн эрс тэс байр сууриуд бий. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Зэс, зэсэн бүтээгдэхүүн орчин үеийн техник, технологи, ахуйн хэрэглээнд байнга өсөж байна. Зэсийн баяжмалаа хайлуулж цэвэр зэс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх нь мэдээж ашигтай байлгүй яахав.

Манай улсад зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдсан, бид ч энэ талаар хангалттай тооцоо судалгаа хийж байсан, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж ч байлаа.

Ер нь бол зэс хайлуулах үйлдвэрт шийдвэрлэх гол асуудал бол дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал шүү дээ. Манай улсад зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулахад эхлээд дотоодын зах зээлд шингээж чадах хүхрийн хүчлийн хэрэглээг нарийн тооцож, үүнтэй уялдуулан зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадлыг оновчтой сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт зэс хайлуулах үйлдвэрийн байршлыг олон талаас нь сайтар судалж тогтоох шаардлагатай. Миний бодлоор цэвэр зэс гаргах үйлдвэрийг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Бор-Өндөрт байгуулах боломжтой гэж үздэг.

-Нүүрсээ боловсруулж шингэн түлш гаргаж авдаг болчихвол эдийн засагт нэмэртэй гэж өчнөөн жил ярьж байна. Энэ яриаг ажил болгож, төсөл хэрэгжүүлж байгаа компанийн нэг нь МАК. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийнхөө явцыг сонирхуулаач?

-Тийм ээ. Нефтийн бүтээгдэхүүний импортоос зуун хувийн хамааралтай манай орны хувьд нүүрсээ боловсруулж өөрийн хэрэгцээгээ хангах нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал асуудал гэж үздэг. Тийм ч учраас МАК компани 2000 оноос эхлэн АНУ, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад туршилт судалгааны олон ажлыг гүйцэтгүүлсэн, багагүй ч хөрөнгө мөнгө зарцуулсан.

Нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Хайгуул судалгаа нь бүрэн хийгдэж, нөөц нь тогтоогдсон манай орны нүүрсний ордууд нь ил уурхайгаар ашиглах боломжтой учраас олборлолтын өртөг бага байна. Тийм болохоор нүүрснээс гарах бүтээгдэхүүний өөрийн өртөг хямд байх бүрэн боломжтой. Бидний хийсэн тооцоогоор нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 60 ам.доллараас дээш байх үед ажиллах боломжтой гэж гарсан.

Нүүрс шингэрүүлэх мега төслийн бэлтгэлийг хангасан Монголын хэд хэдэн компани бий. Энэ төслийг гагцхүү төр засгийн оролцоо, дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэн хэрэгжүүлэх боломжтой.

Нефтийн үнийн бууралтын энэ цаг үеийг үл харгалзан, боломж байдаг бол нүүрс-химийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлэх нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нефтийн үнэ өсөх нь гарцаагүй ээ.

-Манай нүүрсний гол худалдан авагч Хятад улс ногоон эдийн засгийг чухалчилж байна. Энэ бол нүүрсний үнэ унах нэг том шалтгаан. Нүүрсээ үнэ цэнэтэй, эдийн засгийнхаа нэг хөшүүрэг хэвээр байлгахын тулд бид яах ёстой вэ. Бодитой ямар гарц байна?

-Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, чанарын өндөр стандарт тогтоосон энэ цаг үед нүүрсний чанараа дээшлүүлэх, үүний тулд угаах үйлдвэр байгуулах, мөн хямд өртөг бүхий ложистик тээвэрлэлтийг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Нүүрсний үнэ Хятадын зах зээл дээр улам л унаж байна. Бидний зүгээс зах зээл, худалдан авагчдаа хадгалах үүднээс өртөг зардлаа бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч явуулж л байна. Төрийн зүгээс “нэг цонхны” бодлогыг яаралтай авч хэрэгжүүлэх нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг гол арга зам байх болно гэж бодож байна. Ер нь бол бизнесийг хэт их улстөржүүлж, хутгалдан оролцсоны горыг л бид амсаж байна шүү дээ.

-Та уул уурхайн салбарын мэргэжлийн хүний хувьд Оюу толгой, Таван толгой төслийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Оюу толгой төслийг явуулах чиглэлээр Ерөнхий сайдын байр суурь, бодлого, үйл ажиллагааны талаар олон нийт ойр ойрхон шиг их тодорхой мэдээлэл авлаа шүү дээ.

Оюутолгой гэдэг компани өөрийнхөө уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө л Дубайд баталсан. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайдыг, Засгийн газрыг буруутгах ямар ч шаардлага байхгүй.

Түүхий эдийн үнэ унасан, төсөв бүрдэхэд асар хүнд, дээр нь улс орны хөгжлийг бага ч атугай урагшлуулахын төлөө зорьж байгаа энэ Шийдлийн Засгийн газар бол төр, хувийнх гэдгээр нь ялгаварлахгүйгээр хандаж байгаагаараа өмнөх Засгийн газруудаас онцлог гэж би хувьдаа дүгнэдэг. Оюу толгойн талаар Ерөнхий сайдын, түүний Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бол цаг үеэ мэдэрсэн алхам, маневр байна гэж дэмжиж байгаа. Мэдээж бүх юм төгс төгөлдөр байна гэж байхгүй. Гэхдээ улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ.

Таван толгой бол дэлхийн хэмжээний төсөл. Монголын ард түмний хувьцааг төлөөлөн эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван толгой” компани, мөн тэр бүсэд томоохон бүтээн байгуулалт хийсэн “Энержи Ресурс” компани дээрээ түшиглээд Монголын талынхаа 51 хувийг бүрдүүлэх асуудлаа юуны түрүүнд шийдвэрлэчих хэрэгтэй. Японы хөрөнгө оруулалт, техник технологийг түших үүднээс Японы компани байх нь зүйтэй. Мөн ложистик тээвэр, зах зээлээ бодолцон Хятадын компанийг 49 хувьдаа багтаах нь ч зөв. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан байгаа. Гэхдээ хямралыг боломж болгодог туршлага улс орнуудад байдаг. Металл, болон металл хийцийн үнэ уналттай, хямд байгаа энэ цаг үед энэ төслийг явуулж бүтээн байгуулалтаа хийгээд авбал хөрөнгө оруулалт нилээд хэмжээгээр багасна. Ийм болохоор энэ төслийг урагш явуулах цаг үе нь болсон.

-Таван толгойн төсөлд МАК оролцох бодол байгаа юу?

-Ордыг ашиглах анхны сонгон шалгаруулалтад манайх материалаа бэлтгэн өгч оролцож байсан. Уул уурхайн мэргэжлийн компанийн хувьд дэлхий хэмжээний энэ том төсөлд оролцох, нэр холбогдох мэргэжлийн амбиц бол байгаа. Гэхдээ удирдлагын багийн түвшинд юм уу эсвэл бага хэмжээний хувьцаа эзэмших байдлаар оролцоход л болно. Адилхан баялаг бүтээж байгаа бусдынхаа өмнүүр хөндөлсөж болохгүй гэсэн ёс зүй бидэнд бас бий.

-Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та яаж харж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, намуудын төлөвшил, сонгуулийн тухай хууль гээд одоогийн өрнөж байгаа үйл явцын талаар таны байр суурийг сонирхмоор байна?

-Би бол улстөрч биш, аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. Тийм болохоор жирийн иргэнийхээ л байр суурийг хэлье. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа нэлээд тулхтай хандах хэрэгтэй гэж боддог. Энэ бол тэр бүр өөрчлөөд байх боломжгүй хууль. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Ийм болохоор зарчмын өөрчлөлт хийх шаардлага байгаа гэж боддог.

Хувь хүний санаа бодол гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгмийн бүхий л төлөөлөл, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүс, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадуудаа оролцуулан томоохон зөвлөл байгуулан нухацтай ажиллах хэрэгтэй гэж боддог.

Одоогийн яригдаад байгаа өөрчлөлтүүд Үндсэн хуульд ороход ямар ямар сөрөг үр дагавар гарч болох вэ гэдгээ олон талаас хэлэлцэж, урьдчилан харж, тооцоолох нь чухал. Нөгөө талаас яригдаж байгаа эдгээр өөрчлөлт ийм асуудлыг шийдвэрлэнэ гэдэг дээр нийт ард түмнээрээ нэг ойлголттой болох ёстой гэж харж байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дор юуны өмнө улс төрийн намуудаа цэгцлэх шаардлага байна. Монголын гуравхан сая хүнд хорин дөрөв таван улс төрийн намын хэрэг гэж огт байхгүй гэж үздэг. Босго, шалгуураа өндөрсгөөд улс төрийн сонгуульд санал аваагүй намуудыг татан буулгахаар хуульчлах ёстой. Ядаж л өөр хоорондоо нэгдэх процесс явна ш дээ.

УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хувьд бүр зургаан жил болгож тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой гэж боддог. Энэ нэг тогтворгүй, залгамж чанаргүй бодлогоос, байнгын засаг солигдох үйл явцаас ард түмэн ч тэр, гадаад талдаа ч тэр, үндсэндээ залхаж байна шүү дээ.

Их хурлын гишүүдийн тоог хүн амдаа тохируулах шаардлага байгаа байх. Харин тэдний хариуцлагыг өндөржүүлж, улс орныхоо нэр төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд халтай популист хууль санаачилсан, ард иргэдийг буруу алхамд турхирсан үйлдэл гаргаж байгаа гишүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг механизмтай болох ёстой.

Их хурлын гишүүдийн гуравны нэгийг нь гурван жил болоод ротаци хийж солигддог байхад ч болохгүй зүйлгүй шүү дээ.

Монголчууд бид улстөржих асуудлаа саармагжуулж, парламент нь хуулиа гаргадаг, гүйцэтгэх засаглал нь хийх ёстой ажлаа хийдэг, эв эеэ хичээхийг эрхэмлэмээр байна. Дэлхий нийтийн хөгжлийн жагсаалд орох цаг болчихоод байна. Хэдий болтол хоорондоо ингэж талцаж, толхилцож явах юм бэ? Хүрэх хугацаа, цаг үе гэж байдаг бол одоо түүндээ бид хүрчихээд байна шүү дээ.

-МАК бол бүтээн байгуулалт өрнүүлж буй Монголын үндэсний том компаниудын нэг. “Үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улс хөгжинө” гэдэг тайлбарын нөгөө талд “гаднаас технологи импортолж, үйлдвэр байгуулахын оронд өөр гарц хайя” гэх байр суурь ч сонсогддог. Таныхаар улсаа хөгжилд хүргэхийн тулд бид яах ёстой вэ?

-Ийм юм ярьж байгаа, бодож байгаа хүмүүсийн санал миний ой ухаанд багтахгүй юм байна. Үйлдвэржүүлэлтгүйгээр улс орон хөгжихгүй. Дэлхий нийтийн явж ирсэн сонгодог зам бол энэ.Үйлдвэр хөгжихгүйгээр ард түмнээ яаж ажлын байртай болгох вэ, төсвөө яаж бүрдүүлэх вэ гэх мэт олон асуудал байна.

Бид хүн, байгальдаа ээлтэй дэлхийн хамгийн шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулах, түүнийг монголчууд бид өөрсдөө эзэмшиж баялаг бүтээх бодлогыг л баримталдаг. Ядаж өөрийн хоол хүнс, өргөн хэрэглээгээ дотооддоо зуун хувь хангадаг, илүүдлийг нь экспортлодог хэмжээнд аж үйлдвэрээ хөгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах учиртай гэж боддог. Саяхан гэхэд Европын холбооноос ОХУ-ын эсрэг худалдааны хориг тавьсан гашуун түүхийг бид мэдэж байгаа шүү дээ.

Аливаа улс орон өөрийн хамгийн хүнд хэцүү цаг үедээ эвлэлдэн нэгдэж, бэрхшээл саадыг хамтын хүчээр даван туулж хөгжил цэцэглэлтэд хүрсэн түүх байдаг. Ийм болохоор улс орноо хөгжилд хүргэхийн тулд төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр нэг санаа зорилготой байж, эвлэлдэн нэгдэж, хүч, чармайлтаа хөгжлийн төлөө хандуулах ёстой.

Эв нэгдэл байхгүй бол хөгжил байхгүй. Танай сониноор дамжуулан нийт ард иргэд, улс төрийн хүчнийхэнд хандан эв нэгдэлтэй байж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Гэрийн хорио нь шоронд ял эдлэх хувийг багасгана

Эрүүгийн шинэ хууль ирэх оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох” зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу хийх ёстой ажлын жагсаалтад шинэ эрүүгийн хуультай болох гэж тусгасан ч нөгөө талдаа манай нийгэмд энэрэнгүй эрүүгийн хуультай болох захиалга зайлшгүй гарч ирсэн юм. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг хэтэрхий чанга, хуучин нийгмийн сүүдэртэй, шоронжсон шинжтэй хэмээн шүүмжилдэг бол Эрүүгийн шинэ хуулийг энэрэнгүй гэж тодорхойлох зүйл заалтууд олноор орж иржээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүгийн шинэ хуулийг батлах үеэр гишүүдийн амнаас “Энэ хууль энэрэнгүй болжээ” гэх үг унаж байсан юм. Энэрэнгүй хуультай болсон гээд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөөлөн хандана гэсэн үг биш. Зохих хариуцлагыг нь үүрүүлэхийн зэрэгцээ ял эдэлж байгаа орчинд нь хүмүүнлэг байх заалтыг оруулж өгсөн гэдгээ хууль санаачлагчид өгүүлж байсан.

Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байгаа. Харин шинэ хуулиар ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилахаар болж байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг хэмээн тооцох юм байна. Харин хорих ялын доод хэмжээг таван жилээс доош хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг ердийн гэмт хэрэг гэж үзнэ.

Ял нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэсэн төрлүүдтэй. Одоогийн хуульд торгох хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалздаг. Харин одоо нэгж гэх ойлголтыг ашиглахаар болж байгаа юм. Олон улсад ч ийм жишиг байдаг гэнэ. Нэг нэгж гэдэг нь 2000 төгрөгтэй тэнцэнэ. Тэгэхээр ирэх есдүгээр сараас “Таныг тийм тийм хууль зөрчсөн тул төдөн нэгжээр торголоо” гэвэл тухайн этгээд ногдуулсан нэгжээ 2000 мянган төгрөгөөр үржүүлж бодно гэсэн үг. Анх хуулийн төсөлд тооцооны нэгж гэдэг утгаараа орж ирсэн юм. Хэлэлцүүлгийн явцад тооцооны гэдэг үг нь хэтэрхий санхүүгийн чигийн хэллэг байна, хууль болон эрх зүйн орчинд нэгж гэдэг нь илүү наалдацтай хэмээн үзэж сонгожээ.

Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байх аж. Одооны хуулиар аж ахуйн нэгжид хэдэн тэрбумаар нь торгох ял оногдуулж байгаа. Харин шинэ хуулиар аж ахуйн нэгж хамгийн дээд тал нь 800 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж байна. Ердийн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрвөл ялнаас нь нэлээд хөнгөлөх заалт орж иржээ.

Аливаа нэг компанид санхүү, татвартай холбоотой зөрчил гарахад тухайн компанийн бүх удирдлагуудыг шоронд аваачаад хорьчихдог. Эзэнгүй болсон компанийн үйл ажиллагаа тэр дороо зогсч, үйлдвэрлэл үйлчилгээ нь явахаа больдог. Үүнээс болж тухайн компани торгуулиа төлөх нь битгий хэл дампуурч эхэлдэг. Шинэ хуулиар тухайн компанид санхүү, татварын ч юм уу, ямар нэг зөрчил гарлаа гэвэл захирлыг нь хорьж цагдахгүйгээр, компанийх нь үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр шалгалтаа явуулж, торгуулиа төлүүлэхийг нэгдүгээрт тавих аж. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хохиролтой гэмт хэрэг дээр хохирлыг нь барагдуулсан мөртлөө хорих ялаар шийтгэдэг байсан бол одоо хохирлоо барагдуулчихвал биечлэн ял эдлүүлэх гэж тулгахгүй болж байгаа юм.

Ялын төрлүүд дунд гэрийн хорионд байлгах гэдэг нь манай хувьд шинэ төрлийн ял болж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн хүний гарт электрон гав зүүн хууль сахиулах байгууллагын хяналтад байлгаж, оршин суугаа газраасаа явахыг, тодорхой газар очихыг хориглоно гэсэн үг. Түүнчлэн шүүхээс тогтоосон замаар л зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулах юм байна. Үүнийг гэрийн хорионд байлгах гэж хуульд заажээ.

Гэрийн хорионд байгаа этгээдийн байр байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ялтныг бусдад аюул учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй, эсхүл бусадтай харьцахыг хориглож ч болох юм байна. Шинэ хуульд хорих ялыг гэрийн хорионд байлгах ялаар солих заалтыг оруулжээ. Жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд гэрийн хорионд байлгах боломжтой. Мөн ганц бие эцэг, эхийг хүүхдийг нь хоёр нас хүрэх хүртэл нь гэрийн хорионд байлгахаар хорих ялыг нь солих бололцоо бүрджээ. Гэрийн хорио гэх энэ шинэ төрлийн ял нь шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавина гэдгээрээ давуу талтай.

Шинэ эрүүгийн хуулийн хорих ял нь хугацаатай, бүх насаар хорих гэсэн хэлбэртэй байх бөгөөд цаазаар авах ялгүй болсон. Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээр заажээ.

Эрүүгийн шинэ хуулиар өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдлээ гэвэл аль болох ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг хорих бус хүмүүмжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байхаар өөрчилсөн байна. Хүүхдийн засан хүмүүжүүлэх байр нь сургалт хүмүүжлийн чиглэлийнх болж, хүүхдүүд тэнд суурь боловсролоос эхлүүлээд янз бүрийн сургалтад хамрагдаж боловсрол сургалтаар дамжин хүмүүжих юм байна.

Өмнө нь зүйл заалт төдий байсан “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” энэ хуульд тусгай бүлэг болж нэмэгдсэн. Соёлын өвтэй холбоотой түүх соёлын дурсгалт зүйл, археологи, палентологийн үнэт олдвор, хосгүй үнэт зүйлийг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлогод нийцүүлж энэ бүлгийг шинээр оруулсан юм байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн амь насанд хэрцгийгээр халдсан гэмт хэрэг, эцэг эх асран хүмүүжүүлэгч нь хүүхдийн амь нас, бие махбодод ноцтой хохирол учруулсан хэргүүд шил шилээ даган гарах болсон. Нийгмийг тэр аяар нь сэрдхийлгэсэн ийм хэргүүдийг таслан зогсооход чанга хууль хэрэгтэй байна гэж олон нийт үздэг. Тиймээс Эрүүгийн шинэ хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийллийн ялын бодлогыг чангатгах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч хүүхдийг хайхрахгүй орхих, хүүхдийг шийтгэснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулахаар болжээ.

Төрийн байгууллагууд, эрх бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл хайх эрхэнд халддаг. Шинэ хуульд төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж байна.

Мөн өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр олны анхаарлыг татаж байсан нэг асуудал бол гүтгэх зүйл заалт. Хүнийг гүтгэх нь гэмт хэрэг гэж ярьдаг. Харин шинэ хуульд үүнийг арай бодитоор харж, зөвхөн дараахь гурван төрлийн гүтгэлгийн гэмт хэрэгт хамааруулахаар болсон. Үүнд, сонгуулийн үеэр сонгуулийн дүнд нөлөөлөх зорилготойгоор гүтгэлэг тараавал, шүүгч, прокурор, өмгөөлөгч нар эрх мэдлээ ашиглаж хүнийг эрүүгийн хэрэгт гүтгэвэл, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаагаа явуулахдаа хүнийг гүтгэсэн заалтаар эрүүгийн хариуцлагыг зохиомлоор үүрүүлбэл эрүүгийн хэрэгт тооцогдох юм байна. Үүнээс бусад гүтгэх нь гэмт хэрэг биш зөрчилд тооцогдож Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэхээр болж байгаа юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: Иргэд гомдоллоогүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГАНЦ БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН АТЛАА ДАГНАСАН ШҮҮХ БУРУУ ГЭСЭН НЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨРЧИЛДӨЖ БАЙГААГ ХАРУУЛДАГ-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасныг УИХ хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол шүүхэд ямар нөхцөл, байдал үүсэх вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа зогсч, шүүн таслах ажиллагаанд саад учирна гэж байхгүй. Нийслэлийн гурван дүүргийн дунд байгаа шүүх дүүрэг, дүүрэг дээрээ оччих байх. Харин аймгуудын хувьд нэлээд хүндрэлтэй нөхцөл үүснэ. Аймаг бүрт шүүх байгуулна, түүнийг дагаад шүүгч, шүүхийн тамгын газар хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхэд гэхэд 98 шүүгчийн орон тоо бий болно. Түүнийг дагаад шүүгчийн туслах, нарийн бичиг, тамгын газар, байр гээд зардал их гарна. Хамгийн багадаа 11.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Ирэх оны төсөвт энэ хэмжээний мөнгө суугаагүй. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржийн ярьснаар “Монгол Улсын асуудал” болчихлоо. УИХ Монгол Улсын асуудлаа зөв шийднэ гэж найдаж байна.

-Одоо байгаа бүтцээр ажиллахаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа юм уу. Иргэдээс гомдол ирсэн үү?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ бүтэцтэй болж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт заасан алдаа дутагдлаа зассан шүү дээ. Тухайлбал, шүүх иргэдээс холдсон байна гэдэг шийдвэрийг Цэц гаргасан. Энэ дагуу давж заалдах шатны шүүгчид өөрсдөө очоод асуудлыг нь шийддэг болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн давж заалдах гомдол гаргавал Өлгийд байгаа шүүхдээ л гаргана. Шүүхээс нь Ховд аймагт байгаа давж заалдах шатны шүүх рүү гомдлыг нь явуулна. Ховдоос шүүгчид өөрсдөө явж очоод хэрэг маргааныг нь шийдчихнэ. Шүүх өөрөө иргэндээ явж очдог болсон гэсэн үг. Харин ч иргэдэд сонголт байдаг болсон. Баян-Өлгийд давж заалдах хуралдаанаар хэргээ шийдүүлэхгүй гэвэл өөрсдөө Ховдод очих боломж бас бий гэсэн үг. Иргэдэд ямар ч хүндрэл байхгүй. Долдугаар сарын 1-нээс өмнө шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй, хол байна гэдэг гомдол ирж байсан. Харин шинэ бүтцээр ажиллаж эхэлснээс хойш ямар ч гомдол ирээгүй. Шүүхээр үйлчлүүлэгчид гомдол гаргаагүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй. Шүүхийн жилийн төсөв 48.9 тэрбум төгрөг. Шүүхийн жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэнэ гээд тооцохоор маш их зардал шүү дээ.

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тухайн аймагт нь өөрсдөө очоод хэрэг маргааныг шийддэг гэлээ. Шүүх нүүдэллэн ажиллахад хэр хэмжээний зардал гарч байна вэ?

-Бүтэн жилийн хугацаанд 280 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тун боломжийн хувилбар.

-Шүүгчдийн ачаалал нийслэл, хүн ам ихээр төвлөрсөн газарт их байдаг. Эсрэгээрээ орон нутагт цөөн хэрэг шийдвэрлэдэг гэсэн. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар энэ эсрэг байдал бүр ихэснэ биз?

-Давж заалдах шатны зарим шүүх жилд 10-20 хэрэг шийдэх тохиолдол өмнө байсан. Нэг аймагт жилд арван хэрэг шийдээд суухаар шүүгчид зэвэрнэ. Шүүх эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, ачаалалтай байх ёстой. Авч байгаа цалингийн хувьд ч эдийн засгийн үр өгөөж шаардахаас аргагүй. Татвар төлөгчдийн мөнгийг тэнд ажилгүй шахам суух шүүгчид зориулж болохгүй.

-Шүүхийн шинэтгэлээр дагнасан шүүхэд мэргэшсэн шүүх ажиллах ёстой гэсэн. Шүүхэд дахиад бүтцийн өөрчлөлт хийвэл энэ байдал өөрчлөгдөх үү?

-Дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчтэй байх нь иргэдэд маш чухал. Тиймээс энэ бодлогыг өөрчилж болохгүй. Харин аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болбол ямар хувилбарыг сонгох вэ гэдэг нь гол асуудал болчихоод байна. Төсөвт мөнгө байгаа гэж үзвэл аймаг бүрт давж заалдах шатны дагнасан шүүхээ байгуулаад явах л байх.

-Багахангай дүүрэг шүүхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Багахангайн иргэнээс заавал дүүрэгтээ хэрэг, маргаанаа шийдүүлмээр байна гэдэг санал гарсан уу?

-Багахангай дүүрэгт 3000 орчим иргэд оршин суудаг. Иргэдээс гомдол санал гарахгүй байгаа. Тэнд гардаг хэрэг маргаан нь ч цөөн. Багахангайд шүүх байгуулбал дор хаяж 980 сая төгрөг шаардлагатай.

-Үндсэн хуульд засаг захиргааны нэгжээ дагуулж шүүх байгуулах тухай заалт яах аргагүй байгаа. Үүнийг өөрөөр тайлбарлах, хүлээж авах боломж бий болов уу?

-Үндсэн хууль дахь үг нэг бүрийг харалгүй л яахав. Нөгөө талд Үндсэн хуулийг тайлбарлах олон арга ч бий. Үг үсгийн тайлбараас гадна утга санаа, зорилго нь юунд байгаа, бусад зүйл заалттайгаа уялдаж байгаа эсэхийг харах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц утга, зорилгоосоо илүү үгчилсэн тайлбарыг бариад байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн шүүх байна гэдгийг аймаг бүрт шүүх байна гэж тайлбарлах жишээтэй. Өнөөдөр анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шүүх байна. Иргэд ч шүүхээс энэ дагуу үйлчилгээгээ авч л байна. Ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа.

-Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Цэц дээр хоёр дахь удаагаа уналаа. Ингэсээр байгаад шинэтгэл шинэтгэл биш болох юм биш биз?

-Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн, хууль баталсан хүмүүс одоо ч бодлого тодорхойлж байгаа учраас шинэтгэл ухарна гэж бодохгүй байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа олон улстөрч илэрхийлсэн. Ер нь Цэц ямар учраас шүүхийн шинэтгэлийн эсрэг шийдвэр гаргаад байна вэ?

-Цэц Үндсэн хуулийг манах, үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Цэцийн гишүүдийн ажилладаг, асуудалд ханддаг арга барил өөр, өөр байдаг байх. Миний бодлоор Цэцийн гишүүд үгчилсэн тайлбарыг чухалчлаад агуулгыг нь харахгүй байна. Үндсэн хууль баталснаас хойш нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Нийгмийн шаардлагатай уялдуулаад хуулиа тайлбарлаад явдаг жишиг бусад улсад ч бий. Энэ талаас нь хараад одоо байгаа шүүхийн шинэтгэлийг дэмжих гарц Цэцэд байгаа гэж хардаг. Монгол Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх ганцхан Улаанбаатарт байдаг. Үүнийг Цэц хууль зөрчсөн гэж үзээгүй. Тэгсэн атлаа дагнасан шүүхийн тогтолцоог хүлээж авахгүй байх жишээтэй. Тэгэхээр Цэцийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байгаа хэрэг.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж байна. Шинэ төсөлд шүүхийн бүтэцтэй холбоотой заалт орж байгаа болов уу?

-Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давах, хяналтын шат гэдгээр оруулаад аймаг, нийслэл гэдгийг болих санал орж байгаа болов уу. Аймаг, нийслэл гэхийн оронд орон нутгийн шүүхтэй байх зохицуулалт орох байх. Тэгвэл аймаг бүрт шүүхтэй байх тухай ойлголт өөрчлөгдөнө гэсэн үг.

-Шүүгчийг парламентаасаа сонгодог байх хувилбар бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа. Ингэснээр шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх боломж бүрдэх болов уу?

-Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгоод УИХ баталдаг болох тухай хувилбар яригдаж байгаа. УИХ-ын оролцоог нэмснээр улс төрөөс хараат байх нөхцөл бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч бий. Парламент улс төрөөр амьсгалдаг, улстөржсөн шийдвэр гаргах магадлал өндөртэй. Түүнд шүүх эрх мэдлийг оруулах нь зохимжгүй. Одоо байгаа тогтолцоо ихэнх улс оронд бий шүү дээ.

-Шүүхийн бүтэц ярьж хэдэн жилийг өнгөрөөлөө. Шүүхийн бүтэц өөрөө шинэтгэлийн гол асуудал биш. Шүүгчид улстөржихгүй байх нь шинэтгэлийн гол асуудал гэж ярих хуульчид байна. Шүүгчээ улстөржүүлэхгүйн тулд ямар шинэтгэл хийх ёстой юм бол?

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нэг номерын зорилго байх ёстой. Шүүхийн бүтэц үүнд л дэмжлэг үзүүлэх ёстой. Дагнасан шүүх байгуулах нь шүүгчийн бие даасан, хараат бус, мэргэшсэн байхад л дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Бүх маргааныг нэг шүүх шийддэг байсан эрх мэдлийг задалж эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх болгож задалсан нь бие даасан, хараат бус байдалд дэмжлэг үзүүлж байгаа юм. Эрүүгийн хэргээр дагнасан шүүгч илүү мэргэшсэн шийдвэр гаргана. Үүнээс гадна шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд шүүгчийг насаар нь томилох асуудлыг дэмждэг. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсноос хойш хүн бүр шүүгчтэй уулзах, нөлөөлөхийг завддаг байдал зогссон.

Шүүхийн дотоод бус хараат байдлыг хангахын тулд ч багагүй ажил хийж байгаа. Дээд шүүх доод шатны шүүхээ командалдаг байдлыг шинэтгэлээр халсан. Үүнийг илүү төгөлдөржүүлэх шаардлага ч байгаа.

-Эрүү, иргэн, захиргааны гэж шүүгчдийг мэргэшүүлж байгаа гэлээ. Гэтэл эрүүгийн хэрэгт гэхэд эдийн засгийн мэдлэг өндөр байх, иргэнийх дээр татвараар мэргэших зэрэг шаардлага гарч ирж байна.

-Эхний шатанд дагнасан шүүгчийг мэргэшүүлье. Дараа нь тодорхой чиглэлээр дагнасан танхимыг шүүхэд байгуулж болох талтай. Иргэний шүүх дээр гэхэд гэр бүлийн, захиргааны шүүх дээр татварын маргаанаар дагнасан танхим байгуулах жишээтэй.

Categories
мэдээ цаг-үе

Зүрхний төрөлхийн гажиг 2-8 долоо хоногтой урагт үүсдэг

ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Болормаатай ярилцлаа. Тэрбээр “Зүрхний төрөлхийн гажгийн катетерийн эмчилгээ, зүрх-ний хөндийн өөрчлөлтийн загвар” сэдвээр оны залуу эрдэмтний шагнал хүрт-сэн билээ. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө оны шилдэг залуу эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Өнөөдөр зүрхний өвчлөл, зүрхний гажиг өвчин манай оронд болон дэлхийн түвшинд ямар байна вэ?

-Баярлалаа. Монголд зүрхний төрөлхийн гажиг оношлогоо сайжирсантай холбоотой тохиолдлын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр гарч байгаа. ЭХЭМҮТ дээр 2012 онд хийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд төрөлхийн гажиг 2.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл зуун хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна. Дэлхий дахинд буюу АНУ зэрэг хөгжилтэй орнуудад мянган хүүхдийн дунд найм тохиолддог. Гэхдээ энэ нь дөнгөж төрсний дараа хийсэн судалгаа учраас аяндаа өөрөө эдгэрдэг цоорхой ч энэ тоо баримтад орж байгаа. Нийт хүүхдийн дундах зүрхний гажгийн тоо манай оронд яльгүй их байгаа гэж ойлгож болно.

-Энэ үзүүлэлт зөвхөн төрөлхийн гажгийг илэрхийлж байна уу. Нийт зүрхний гажиг нь ийм үзүүлэлттэй байв уу?

-Зөвхөн төрөлхийн зүрхний гажгийг илэрхийлж байгаа.

-Хүүхэд яагаад зүрхний гажигтай болдог юм. Зүрхний гажиг гэж юу юм. Та үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг. Эхлэл нь зөв тавигдсанаар цаашдаа ургийн зүрх хэвийн болж өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж зүрхний цоорхойтой хүүхэд гарах уу, судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог.

-Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаална гэхээр жирэмсний долоо хоногийг хэлж байна уу?

-2-8 долоо хоногтойд өдөр өдрөөр, цаг цагаар зүрхний уут хуваагдаж дөрвөн хөндийнх нь эхлэл тавигдаж гол судаснууд нь салбарлаж, эргэлт хийдэг. Ургийн анатомийн бүтцийн хөгжил явагддаг. Энэ хөгжлийнх нь аль шатанд гадны нөлөөлөл орсноос шалтгаалж гажиг үүсдэг гэсэн үг.

-0.5 сартай урагт зүрхний гажгийн үүсэл тавигддаг гэхээр их эрт юм. Эхчүүд үүнийг мэдэхгүйгээсээ элдэв эм тариа хэрэглэж алдах нь их байдаг уу?

-Жирэмсэн эмэгтэй 0.5 сартай үедээ өөрийгөө жирэмсэн эсэхээ ч сайн мэддэггүй. Хоёр сартай гэхэд оношлогдчихсон байдаг. Тийм тохиолдол их гарна.

-Юунаас шалтгаалж ургийн зүрх гэмтдэг юм бол?

-Гадны гаж нөлөө гэхээр сүүлийн үеийн судалгаагаар нэгдүгээрт вирусийн халдвар орж байгаа. Вирусийн халдвар дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрлийн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлалтай. Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг. Хоёрдугаарт ажлын хортой нөхцөл, будагч бодисууд, химийн хортой бодисуудтай ажилладаг бол. Дараагаар нь архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна удмын шалтгаан байдаг.

-Ямар ямар төрлийн зүрхний гажиг байна. Манайд тэдгээрээс аль нь зонхилон тохиолддог вэ?

-Зүрхний гажиг маш олон янз. Төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг. Цагаан гажигтай хүүхэд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ховор. Хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрчихсөн, амьсгаадчихсан байдаг. Манайд аль аль нь л тохиолддог.Зүрхний цоорхой дотроо тосгуур хоорондын таславчийн цоорхой, ховдол хоорондын таславчийн цоорхой хамгийн элбэг тохиолддог. Хөх гажгаас паллогийн дөрвөл, гол судасны солигдсон байрлал арай элбэг тохиолддог.Зарим хөх гажиг төрөнгүүтээ илэрдэг бол цагаан гажиг арай хожуу оношлогдож байна. Төрснийхөө дараа шинж тэмдэг нь илрэхгүй бүдэг байж болдог. Аль болохоор эрт зүрхний эмчид хандаж, эхо, шинжилгээгээр оношлуулах хэрэгтэй. Эрт оношилсноороо гажгийн хүндрэлээс сэргийлж, бүрэн эмчлэх боломжтой болдог.

-Манайд энэ өвчнийг эмчлэх судалгаа, эмчилгээ хэр байдаг бол. Аль шатных нь гажгийг эмчилж чадах вэ?

-Бид ЭХЭМҮТ дээр 2011-2012 онд 12 мянган нярайд судалгаа хийсэн. Нэг төв дээр суурилсан судалгаагаараа гажиг хэдэн хувь байна гэдгийг гаргасан. Эмчилгээний хувьд зөвхөн хөнгөн хэлбэрийн гажгийг эмчлэх боломжтой байна. Хавсарсан хөх гажиг, олон үе шаттай хагалгаа шаардлагатай гажгийг эмчлэх хүндрэлтэй. Энэ нь багаж тоног төхөөрөмж, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтэн дутмаг байдагтай холбоотой.

-Оны шилдэг залуу эрдэмтний шагнал авсан таны эрдмийн ажил аль шатны судалгаан дээр суурилсан бэ. Ер нь катетерийн эмчилгээ гэж юу юм. Өөрийнхөө судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй яриач?

-Миний хувьд ЭХЭМҮТ-д 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би ураг байх үед нь зүрхний гажгийг оношлох судалгааг хийгээд дууслаа. Үүнийхээ хүрээнд ургийн зүрхний гажгийн эхо шинжилгээний кабинетийг ЭХЭМҮТ дээр үүсгэн байгуулсан. Одоо гурван сар болж байна. Бид жилийн хугацаанд зуу гаруй хүүхдийг хэвлийд байхад нь гажгийг нь оношилж цаашдын эмчилгээг шийдлээ. Урагт нь оношлох нь ямар ач холбогдолтой гэхээр хүүхдийг төрөх үед нярайд үзүүлэх бүх тусламж нь бэлэн байдаг. Зүрхний эмч дуудахад бэлэн, тусламжийн чанар сайжирна. Зарим гажгийг эхийн хэвлийд байхад хэм алдагдалтыг эмийн эмчилгээгээр эмчлэх, нарийн мэргэжлийн эмч нар хянах, гурав дахь шатлалын эмнэлэг дээр төрүүлэх зэргээр ураг үеийн оношлогоогоор шийддэг ач холбогдолтой. Дараагийн миний судалгаа бол катетерийн эмчилгээний талаарх судалгаа байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй 2014 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр катетерийн лаборатори байгуулсан. Мэргэжлийн багаа бэлтгээд катетер-ангеографийн лабораторийн үйл ажиллагааг өдөр тутмын ажилтайгаа уялдуулан нэлээд ажлыг хийж, үр дүнгээ хүлээгээд байгаа. Катетерийн эмчилгээ гэдэг нь хагалгаагүйгээр буюу судсан дотуурх аргаар гажгийг эмчлэхийг хэлж байгаа юм. Нийт зүрхний гажгийн 24 хувийг катетерээр эмчлэх боломжтой. Ийм эмчилгээг энэ онд 59 хүүхдэд, 2014 онд 30 гаруй хүүхдэд хийсэн. Хүүхдийн катетерийн лаборатори байгуулаад жил хагасын хугацаанд 100 гаруй хүүхдэд бүрэн засах эмчилгээ зуун хувь үр дүнтэй хийгээд байна. Нийтдээ 50 орчим хүүхдэд оношлогоо хийлээ. Зүрхний нээлттэй хагалгаанд орохдоо зөвхөн катетерийн ангеографийн шинжилгээгээр судасны нарийсал болон бусад зүйлсийг бүрэн тодруулах боломжтой. Энэхүү өндөр өртөгтэй дэвшилтэт технологийн эмчилгээг хийснээр бид орчин үетэй хөл нийлүүлэн алхах нөхцөл бүрдэж байгаа юм. Аль түвшинд нь, хэдэн настайд нь энэ төрлийн эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй вэ, дараа дараагийнхаа эмчилгээ оношлогооныхоо аргачлалыг боловсруулахын тулд эмчилгээ хийлгэсэн хүүхдүүд дээрээ судалгаа хийж байна.

-Ер нь хүүхдийг хэвлийдээ байхад хэдэн сартайгаас нь зүрхний гажгийг оношлох боломжтой вэ?

-Жирэмсний 20-22 долоо хоногтойд ургийн зүрхний гажгийг оношлох боломжтой. Эрт үед нь оношилсноор жирэмсний хугацаанд юуг анхаарах, төрөх үед нь юуг анхаарах, төрөх өрөөнд нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн бэлдэх, хаана төрүүлэх зэрэг олон асуудлууд эндээс урган гарна.

-Катетерийн эмчилгээг хийснээр тухайн хүүхэд бүрэн эмчлэгдэх үү?

-Зуун хувь бүрэн эмчлэгдэх боломжтой. Гуурсаа оруулаад буцаагаад авчихдаг учраас ямар ч шарх сорви үлддэггүй. Түүнчлэн 2-3 хоногийн хугацаанд өвдөлтгүй хурдан эмчлэх боломжтой байдаг.

Categories
мэдээ цаг-үе

“Киви” хамтлагийн ахлагч Ука: ханьдаа хэлэх гэсэн үг болгоноо “Зүрхэн тэмдэг” дуундаа шигтгэж өгсөн

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука бие даасан хоёр дахь цомгоо танилцуулав. Түүний анхны цомог “I am Love” нэртэйгээр сонсогчдын хүртээл болж байсан билээ. Тэрээр шинэ цомгоо “11.06” хэмээн өөрийн төрсөн өдрөөрөө нэрлэсэн байна. Ука амаржсанаасаа хойш төдийлөн хэвлэлээр ярилцлага өгөөгүй бөгөөд энэ удаа уран бүтээлийн болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Шинэ цомгийнхоо талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу. Цомгийн баяртаа зориулж тоглолт хийнэ гэж сонссон?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хоёр дахь бие даасан цомог “11.06” бэлэн болоод байна. Шинэ цомгоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Шинэ цомгийн баяр өнөөдөр “Marquee 27 club”-т 20:00 цагаас болно. Багахан хэмжээний тоглолтод маань “Киви” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийн Амараа болон дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох болно.

-Цомогт ямар хэмнэл, өнгө аястай дуунууд багтсан бол?

-Шинэ цомогт маань “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь” зэрэг зургаан дуу орсон байгаа. Ерөнхийдөө гэгээлэг дуунууд бий. Гэрэл гэгээ, аз жаргалыг тусгахыг зорьсон. Учир нь хүн бүхний өдөр тутмын амьдралд их бага хэмжээгээр ямагт азтай, жаргалтай, баяр баясалтай үйл явдал тохиож байдаг шүү дээ. Харин хэмнэл, дуугаралтын хувьд орчин үеийн, арай шинэлэг байх болно.

-Ихэнх дуу клиптэй болчихсон уу?

-“Амжиж хөтөлье гараас чинь”, “Мөрөөдөл бид хоёр”, “Зүрхэн тэмдэг” дуунуудаа клипжүүлсэн байгаа. “Эрвээхэй зангиа” студи “Мөрөөдөл бид хоёр” дууны клипийг хийсэн. Нөгөө хоёр дуугаа мөн өөр продакшнд бичүүлсэн. Тоглолтын дараа “Араас минь тэврээч” дууныхаа клипийн зурганд орохоор төлөвлөөд байна. Ер нь цомгийн бүх дуугаа клипжүүлнэ.

-Өөрийн тань дуу ихэнхдээ гал цогтой, эрч хүчийг илэрхийлсэн байдаг. Мөн романтик маягийн дуу ч цөөнгүй бий. “Араас минь тэврээч” их тачаангуй дуу болсон гэж байсан?

-Реппер Цэцэтэй хамтарч 16-гаас дээш насныханд зориулсан “Араас минь тэврээч” гэсэн “халуухан” дууг хийсэн байгаа (инээв). Та бүхэн энэхүү уран бүтээлийг сонсвол арай өөр зүйлийг мэдрэх байх гэдэгт итгэлтэй байна.

-Таны шинэ уран бүтээлээс сонсч байхад үг, хэллэгийн хувьд их донжтой санагдсан?

-Яруу найргийн өнгө аястай шүлэг байдаг л зүйл. Тиймээс репперүүдтэй хамтарч залууст арай ойр үг хэллэг хэрэглэхийг бодолцож ажилласан. Реппер Цэцэ, D.N.K буюу Danka, Тэмүүлин зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан. Хэлэх гэсэн санаагаа яг таг илэрхийлсэн үгтэй дуунууд надад таалагддаг. Би өөрийнхөө дууг ч гэсэн мөн тийм байгаасай гэж хүссэн. Харин “Ocean Grey” продакшн цомогт орсон ихэнх дууны ая дээр ажилласан байгаа. Манай “Киви” хамтлаг ч репперүүдтэй их гар нийлж ажиллаж байгаа шүү.

-Зарим уран бүтээлчдийн цомог олон дуу чихсэн, хүнд санагдах тал бий. Харин таны цомог зургаан дуутай, ерөнхийдөө цомхон санагдлаа?

-Цомгийн санаа орж ирээгүй байхад л “Амжиж хөтөлье гараас чинь” дуу маань бүтсэн байсан. Тэгсэн “Ocean Grey” студийн Ариука, Нацагаа хоёр маань “Чанартай дуутай л бол цомогт хэдэн дуу байхыг зохиогч өөрөө шийддэг” гэж надад хэлсэн. Энэ нь нэг талаараа надад урам өгсөн. Нөгөө талаараа цомог гаргах сэдэл болсон. Дээрх яриа болсны дараахан наймдугаар сараас төрсөн өдөртөө зориулсан цомгийн ажилдаа орсон доо.

-Та “Зүрхэн тэмдэг” дуугаа ханьдаа зориулж бичсэн гэсэн?

-Тийм ээ. Энэ дуу “Зөвхөн чамдаа зориулсан…” гээд эхлээд дуустлаа үнэхээр гоё үгтэй болсон дуу. Би хайртдаа зориулж хэлэхийг хүссэн бүхнээ энэ дуундаа шигтгэсэн учраас илүү дотно, гоё уран бүтээл болсон санагддаг. Дуулаад эхлэхэд л сэтгэл зүйрлэшгүй сайхан болчихдог. Зөвхөн өөрсдийн аз жаргалаас гадна ертөнц дээрх бүх хосын аз жаргалтай мөч бүхнийг дуундаа шингээхийг хүссэн дээ. Над руу хань маань залгахад миний гар утас дээр “Зүрхэн тэмдэг” дууны зураг гардаг.

-“Киви” хамтлаг ч тэр, таны бие даасан өмнөх цомог ч тэр дизайны хувьд өвөрмөц шийдэлтэй юм. Илүү чөлөөт стилийг илэрхийлсэн хувцастай?

-Энэ “десант” бол миний нөхрийн цамц /инээв/. Зураг авалтын өмнө хамтдаа дэлгүүрээр явж байгаад авсан юм. Ийм хувцас надад маш их таалагддаг. Хүүхэд байхын л ийм хувцас өмсөх дуртай байсан. Манай нөхөр бас надтай адилхан сонирхолтой ш дээ.

-“Киви” хамтлагаар уран бүтээлийн сонин юу байна?

-Хамтлаг шинэ уран бүтээлүүдээ энэ тоглолтод дуулна. Зургаан хоногийн өмнө “Киви” хамтлагийн шинэ клип хүрсэн байгаа. Ер нь уран бүтээл өндөр байгаа шүү. Шинэ жилийн захиалга ч их байна.

-Таны хувьд үрийн зулай үнэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цахим ертөнцөд хүү эсвэл охинтой болсон гэх юм…

-Хүүтэй болсон.

-Одоо хэдэн сартай вэ?

-Манай хүү энэ сарын 9-нд нэг нас хүрнэ. Хүүхэд эхийн хэвлийд байх хугацаандаа л удаан санагддаг болохоос төрсөн хойноо нүд ирмэхийн зуур л өсч, торнидог юм байна.

-Хүүдээ ямар нэр хайрласан болохыг сонирхож болох уу?

-Бид хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрласан. Түүхэн хүн. Баруун Еропыг эзэлж байсан маш их ухаантай, эрмэг зоригтой, урт насалсан баатар юм билээ. Энэ утгаараа хүүдээ баатрын нэр өгсөн дөө.

-Хүүдээ хэр их цаг гаргаж байна?

-Уран бүтээлч хүн болохоор тийм ч хангалттай цаг хугацааг хүүдээ өгч чадахгүй байна. Шинэ цомог гээд ажил ихтэй байгаа болохоор үдээс өмнө л хүүтэйгээ хамт байдаг.

-Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний хорвоод ирсэн утга учир гэдэг. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Гайхалтай сайхан байна. Өдөр болгон хүүхдээ үнсэж сэрэх шиг сайхан юм байдаггүй гэдэг яасан үнэн үг вэ. Хүүгээ харахаар хорвоогийн юм бүхэн гэрэлтэж цацраад явчихдаг. Бүсгүй хүн ээж болоод бусдыг улам ихээр хайрладаг юм байна. Энэ хүн яг л над шиг эх хүнээс төрсөн байгаа, энэ над шиг л үрээ хайрладаг…гээд л бусдыг илүү их боддог, хайрладаг болсон юм шиг санагддаг. Бас ээжийгээ, эгчийгээ, эмэгтэй дүүгээ өмнөхөөсөө илүү ойлгож, хүндэлдэг болсон.

-Хүү тань таныг их зөөлөн болгожээ?

-Ээж болсон хүн бүр над шиг их өрөвч зөөлөн болчихдог байх. Эх, үрийн элбэрэл хайрын талаар юм ярихаар хүртэл өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг болсон.

-Хүүхдээ хөхөөрөө хооллодог биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бас өөрөөрөө төрсөн гэж байгаа /инээв/.

-Ганц бие амьдралдаа цэг тавьж гэр бүл зохионо гэдэг амаргүй. Ялангуяа таны хувьд уран бүтээл, ар гэрийн ажил гээд завгүй яваа байх. Өөртөө цаг гаргаж байна уу?

-Хүүг маань хамаатны дүү нар асарч байгаа. Өглөө эрт босоод л нөхөр, хүү хоёрынхоо хоолыг хийж өгөөд, өдөр ажлаа амжуулаад л, орой хурдхан шиг л гэртээ харихыг хичээдэг болсон. Сүүлийн долоо хоног цомгийн ажил гээд хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байгаа юм шиг санагдаж байсан. Аль алиныг нь амжуулахын тулд бүх зүйлээ л цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа. Гэхдээ ар гэрийн ажлаас эхлээд миний хань маш их тусалж дэмжиж байсан. Миний амьдрал сайн сайхан байна. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үр хүүхэдтэй болоход их аз жаргалтай болдгийг одоо л биеэрээ мэдэрч байна.

-Ханиа танилцуулахгүй юу?

-Эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж яваа хүн бий. Миний нөхөр ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайртай сайхан залуу байгаа. Уран бүтээлийг минь байнга дэмжиж, өдөр болгон намайг сайхан үгээр тэтгэдэг. Ер нь нөхөр маань намайг “сайн усалж” байгааг та нар харж байгаа биз дээ /инээв/.

-Уран бүтээлч бүсгүй амаржсанаасаа хойш амархан хэвийн хэмжээндээ ирсэн харагдлаа. Өмнө багагүй жин нэмсэн байсныг нь харж байсан. Яаж жингээ хассан бэ?

-Би төрөхийнхөө өмнө бараг 75 кг жинтэй болсон байсан. Харин амаржсаныхаа дараа сүү, гурил хоёрыг хэрэглээнээсээ хасаад л маш хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрчихсэн. Сүү, гурил хамт хүний биед ороод задрахдаа сахар болж шингэдэг гэсэн. Бас өдөрт 2-3 цаг дасгал хийдэг байсан.