Categories
мэдээ цаг-үе

Ах, дүү хоёр мөрийтэй тоглосон өрөө төлөх гэж банк дээрэмджээ

-ТЭД “ХҮННҮ” ХОРООЛОЛД ГУРВАН ӨРӨӨ БАЙР, “LAND CRUISER-105” МАШИНТАЙ-

Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө дээрэмдсэн ах дүү хоёр 24 цагийн дотор цагдаагийнханд баригдсан билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Таван шар” дахь Худалдаа хөгжлийн банкны салбарт өнгөрсөн ням гаригийн өглөө багтай этгээдүүд халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан. Тэднийг даваа гаригийн өглөө баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн билээ. Уг дээрмийг төрсөн ах дүү хоёр хийсэн болохыг мөн мэдээлсэн. Тэднийг банкнаас 380 орчим сая төгрөг дээрэмдсэн гэдэг мэдээлэл байсан ч шалгалтын явцад 424 сая төгрөг дээрэмдсэн нь тодорхой болжээ. Ах, дүү хоёр ийм хэмжээний мөнгө дээрэмдэх сэдэл яаж төрсөн, дээрэмдсэн мөнгөө хаана нуусан, нэг хоног хэрхэн нуугдсан талаар нэхэн сурвалжиллаа.

АМЬДРАХЫН ТУЛД БИШ ЗУГААЦАЖ ЯВААД ӨРӨНД ОРЖЭЭ

Гэгээн цагаан өдөр буун дуу гарган бусдын амь насанд заналхийлж их хэмжээний мөнгө дээрэмдсэнээ хүлээсэн ах, дүү хоёр Эрдэнэтийн харьяат. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Ах нь 1985 оных, дүү нь 1992 оных. Тэд эхнэр, хүүхэдгүй. Хоёулаа хамт амьдардаг. Тэд ах дүүгээрээ нийлж хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хажуугаар нь бусад газруудад бараа нийлүүлэх, орон нутагт үйлчилгээний төв ажиллуулах зэрэг багагүй орлоготой бизнестэй байжээ. Амьдрал нь ч сайн. Ойр хавийнхан нь тэднийг чинээлэг амьдардаг гэж ярих юм билээ. Гэвч тэд банк дээрэмдсэн хэргээ хүлээхдээ “Бид хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Банкнаас авсан зээлээ төлөх хугацаа өнгөрч, дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрсэн. Эрхэлж байсан бизнес бүтэлгүйтэж их хэмжээний өрөнд орсон. Арга ядаад машинаа ломбарданд тавьсан. Мөнгө олох өөр арга олдсонгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тав алхаад баригдах бодлогогүй зүйл хийсэн нь бидний буруу. Гэр бүлийнхнээсээ уучлал хүсье” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Гэтэл тэд бизнес нь бүтэлгүйтсэнээр өрөнд ороогүй бололтой. Тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байсан гэнэ. Мөн тэд “Хүннү” хороололд саяхан гурван өрөө байр авчээ. “Хүннү” хороолол бол тансаг зэрэглэлийнх. Тэндэхийн байрны нэг метр.кв нь гурван саяас дээш төгрөгийн үнэтэй. Гурван өрөө байр нь 70-аас дээш метр.кв талбайтай. Ах дүү хоёр мөн “Land cruiser-105” маркийн автомашинтай. Тэдний амьдарч байгаа орчин, унаж байгаа машинаас нь л дүгнэхэд захаас бараа зөөж зардаг худалдаа эрхлэгчид биш, хувиараа бизнес эрхлээд тодорхой хэмжээний амжилттай явсан бололтой юм.

Тэгэхээр тэр залуус банк дээрэмдэж, их хэмжээний мөнгө олох ямар шаардлага гарав. Эх сурвалжийн мэдээлснээр ах дүү хоёрын нэг ойрын үед мөрийтэй тоглох болжээ. Тоглохоороо хэдэн хоног явчихдаг байсан гэнэ. Тэгж яваад их хэмжээний өрөнд оржээ. Мөрийтэй тоглосон өрнөөсөө гарахын тулд “Land cruiser-105” маркийн машинаа ломбарданд тавьжээ. Энэ тухайгаа гэрийнхэндээ хэлээгүй бөгөөд ах дүү хоёр өөрсдөө зохицуулахаар шийдсэн бололтой юм. Тэд гэрийнхэндээ машинаа эвдчихсэн, засварт байгаа гэж ярьж байжээ. Үүнээс гадна машинаа ломбарданд тавиад ч төлж дуусахааргүй өр тавиад тоглочихсон бололтой юм. Хууль бус тоглоом тоглосны гайгаар их хэмжээний өрөнд орж, түүнийгээ төлөхийн тулд 20 жил ял эдлэх зүйл заалттай гэмт хэрэг үйлдсэн тухай гэрийнхэн нь баригдах хүртэл мэдээгүй байжээ.

ДЭЭРЭМДСЭН МӨНГӨӨ МАШИНДАА НУУЧИХААД САУНД ХОНОЖЭЭ

Ах, дүү хоёр банк дээрэмдэх талаар хэд, хоногийн өмнөөс төлөвлөсөн бололтой. Тэд машинаа ломбарданд тавьчихаад “Prius-20” худалдаж авчээ. Ингэхдээ машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байна. “Хэд хоногоос холбогдоод нэр дээрээ шилжүүлж авъя. Яараад яах вэ. Таны нэр дээр байж байг” гэж хэлчихээд машинаа аваад явсан гэнэ. Тэгэхдээ тэд машиныхаа үнийг төлсөн аж. Мөнгөө өгөхдөө ч өөрсдийнхөө нэрийг хэлээгүй гэнэ.

Ингээд хүний нэр дээр бүртгэлтэй машинтай болчихож. Бас дээрэм хийхдээ ашигласан буугаа саяхан худалдаж авчээ. Тэгэхдээ баримт бичгийг нь мөн л өөрийнх болгоогүй гэнэ. Ингээд хүний нэр дээрх машин, буутай болсон ах дүү хоёр дээрэмдэх банк судалсан бололтой юм. Амралтын өдөр хөл хөдөлгөөн багатай учраас тэр өдрүүдэд ажилладаг банк хайжээ. Ингээд хотын төвөөс зайдуу, долоо хоногийн бүх өдөр ажилладаг, олон хүн үйлчлүүлдэггүй банк онилсон нь Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар тооцооны төв байж. Ингээд энэ сарын 14-ний өглөө эрт үүдэнд нь анаж байгаад хамгаалалтын ажилтан банкаа нээхэд нь хамгийн түрүүнд явж оржээ. Ингээд хаалгыг нь дотроос нь түгжиж хамгаалалтын ажилтан руу хий буудаж, бусад хүмүүсийг айлгаж, ширээн доор нь хэвтүүлсэн байна. Улмаар төмөр шүүгээнд байсан бүх мөнгийг үүргэвчинд хийж авчээ. Тэд дээрэм хийж байхдаа огт сандарсан шинжгүй, ууттай мөнгөө үүрээд гараад явчээ. Дээрэмчдийн араас хэн нь ч гарч зүрхлээгүй байна. Мөн шоконд орчихсон байсан учраас цагдаад мэдээлэл өгч чадалгүй хугацаа алджээ. Азаар тэдний унаж явсан машины хойд талын дугаар хяналтын камерт үлдсэн аж. Машиных нь дугаараар зарлаж, эрэн сурвалжлахад саарал өнгийн “Prius-20” маркийн машин Сонгинохайрхан дүүргийн нутаг, Цамбагаравын автобусны буудлын эсрэг талын “Өнөр” хороолол дахь Номин их дэлгүүрийн үүдэнд байгааг олжээ. Цагдаагийнхан машиных нь ойролцоо анаж байсан бололтой.

Харин ах дүү хоёр дээрэмдсэн мөнгөө бараг тэр чигээр нь “Prius-20” маркийн машиныхаа тээшинд нууж орхиод явжээ. Тодруулбал, тэд машиндаа 394 сая төгрөг орхиод явсан байж. Мөн 30 сая төгрөгийг ломбарданд тавьсан машиндаа нуужээ. Ингээд өөрсдөө мөнгөгүй шахам хоёр тийшээ салжээ. Тэд утсаа салгаж, нэг нь III хороололд 24 цагаар ажилладаг саунд хоножээ. Нөгөө нь Нарантуул захын ойролцоох саунд хоносон байна. Саунд хоночихоод маргааш нэг нь “Prius-20” машин дээрээ очиж, мөнгөө шалгаж байгаад цагдаагийнханд баригджээ. Нөгөө нь араас нь очоод мөн баригдсан байна.

“ГАВАА ТАЙЛЧИХ”

Ах дүү хоёрыг баривчлах үеэр тэнд байсан хүмүүс бидэнд ингэж ярьсан юм. “Цагдаагийнхны зарим нь энгийн хувцастай харагдсан. Гэнэт нэг залууг гавлаж, өөр нэгийг хөөгөөд эхэлсэн. Гавлагдсан залуучуудын нэг нь “Наад гаваа тайлчих. Гүйчихсэн. Хөлс нүд рүү орчих гээд байна. Хөлсөө арчъя” гээд хэгжүүрхээд байсан. Царай зүс, хувцас хунарыг нь харахад хэцүү амьдралтай гэхээргүй залуус харагдана лээ” гэж ярьсан юм.

Цагдаагийнхан тэдний дээрэмдсэн мөнгийг банкинд буцааж өгч хохиролгүй болгосон. Харин ах, дүү хоёрт Эрүүгийн хуулийн 147.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн хууль бус тоглоом тоглосон гэдэг үндэслэлээр мөн шалгах бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунтуул: Эмчилгээний зардлаа олох гэж Солонгост цонх цэвэрлэж байсан минь үнэн

Саяхан “T&T” нэртэй продакшн нээгджээ. Энэхүү продакшныг жүжигчин Д.Оюунтуул болон жүжигчин А.Туяа нар хамтран байгуулсан байна. Хошин урлагийн гэх тодотголтой бүсгүйчүүд шинэ продакшн байгуулаад зогсохгүй удахгүй анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхээд байгаа аж. Ингээд жүжигчин Д.Оюунтуултай ярилцсанаа хүргэе.

-Та сүүлийн үед “Их хотын залуус”, “Хуримын сюрприз” зэрэг кино бүтээлд тоглоод нэлээд завгүй яваа харагдах юм. Бас саяхан продакшн байгуулсан гэж сонссон. Шинэ продакшныхаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-За юуны өмнө “Өдрийн сонин”-ы хамт олонд болон уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Удахгүй хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Миний хувьд шинэ оноо уран бүтээлийн олз омог ихтэйгээр угтаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд жүжигчин А.Туяа бид хоёр хамтраад “T&T” нэртэй продакшн байгуулаад эхний уран бүтээлээ бэлэн болгоод байна.

-Ямар төрлийн уран бүтээлээр гараагаа эхлэв?

-Шинэ жилийн сэдэвтэй богино хэмжээний телевизийн кино хийсэн байгаа. Дөрөв таван телевизтэй гэрээ хийгээд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

-Шинэ бүтээлийн нэр?

-“Чамд аз жаргал хүсье” нэртэй. Шинэ жилийн баяраар гэртээ гэр бүлээрээ цуглаад, гоё ширээ засаад хамтдаа зурагт үздэг шүү дээ. Би ч гэсэн багадаа хурдан шинэ жил болоосой гэж зурагтаар гоё нэвтрүүлэг гарахыг тэсч ядан хүлээдэг байсан. Үүнтэй л адил хүмүүс баяраар их л гоё юм үзэхийг хүсдэг. Тиймээс Туяа бид хоёр ярьж байгаад анхныхаа уран бүтээлийг өргөн хүрээтэйгээр хүргэхийн тулд дэлгэцийн бүтээл барьж авсан.

-Хэзээнээс телевизээр цацагдах юм бол?

-Арванхоёрдугаар сарын 25-30 хүртэл телевизээр цацагдах байх.

-Продакшныхаа нэрний тухайд тайлбарлаач. Би ойлгохдоо та хоёрын нэрийн эхний “Т” үсэг гэж ойлгоод байгаа?

-Зөв таалаа. Намайг хүмүүс Оюунтуул гэхээсээ илүүтэйгээр Туул гэж дууддаг. Тийм болохоор хоёр нэрнийхээ эхний үсгээр продакшнаа нэрлэсэн. Нэр өгөх чинь бас чамгүй хэцүү юм билээ. Урлагийн байгууллага учраас өөдрөг, гэгээлэг нэр өгөх хэрэгтэй байдаг.

-Шил шилээ дарсан олон продакшн бий болж байна. “T&T” продакшн эдгээрээс ялгаатай нь юу байх вэ?

-Тайз, дэлгэц гээд бүхий л төрөлд хүч үзнэ дээ. Ирэх нэгдүгээр сард уран сайхны киноны ажилдаа орохоор төлөвлөөд байна. Уран бүтээлчдийн хувьд бид хараахан олны танил болоогүй залуу уран бүтээлчдийг продакшндаа авч хамтарч ажиллах зорилготой байгаа. Хийж бүтээе гэсэн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзэлтэй залуучуудын хувьд манай продакшны үүд хаалга нээлттэй. Урлагийн сургууль өнөөдөр харьцангуй олон болчихсон шүү дээ.

-Та бүхний барьж авч буй сэдэв жанр их сонирхол татаж байна?

-Аль ч жанр байж болно. Анхны бүтээл телевизийн уран бүтээл байгаа бол цаашдаа тайзны жүжиг хийх бодолтой байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор хийх зүйл ч их байна, хүсэл мөрөөдөл ч дүүрэн байна даа. Уран бүтээлч хүний хувьд санал ирдэг. Сайхан дүр ирвэл тоглох юмсан гээд. Мөнгөндөө гол биш миний үнэхээр тоглох юмсан гэж хүсч мөрөөдсөн дүр байвал продакшныхаа хажуугаар бас бүтээгээд явах юмсан гэж боддог.

-Хүсч мөрөөддөг дүр гэлээ. Таны хувьд ямар дүр бүтээхийг хамгийн их хүсч байна вэ?

-Яагаад ч юм би үлгэрийн дүр бүтээхийг мөрөөддөг. Үлгэрийн дүрд ч дуртай. Жаахан байхад “Бушхүүгийн үлгэр”, “Алтан-Өргөө” зэрэг киног их үздэг байсан. Одоо ч үзэх дуртай. Бодит амьдрал юм шиг мөртлөө ид шидийн өгүүлэмжтэй. Яг иймэрхүү кинонд гүнж биш юм аа гэхэд чөтгөр шулмын эсрэг дүр ч юм уу, эсвэл нэг сайхан хатны дүр ирвэл би дуртай тоглоно.

-Яагаад гүнж байж болохгүй гэж?

-Гуч гараад гүнжид тоглох нас ч өнгөрсөн байх аа. (инээв)

-“Их хотын залуус”-т тоглох саналыг анх хэн тавьж байв. Энэ кино сүүлийн үед залуусыг багагүй байлдан дагуулж байна?

-Энэхүү кино “Эмоци” продакшн болон “Боловсрол” телевизийн хамтын бүтээл юм. Хотын залуусын амьдралыг харуулсан их сайхан кино болсон гэж би бодож байгаа. Яг одоо 40 дүгээр ангийнхаа зургийг авч байна. “Их хотын залуус” кинонд зуны өдрүүд үргэлжилдэг шүү дээ. Тэгвэл 40 дүгээр ангиа шинэ жилийн үдэш буюу арванхоёрдугаар сарын 31-нд зориулж хийхээр үлдээсэн байсан. Цас орохыг хүлээсэн. Одоо яг зураг авалт явагдаж байна. “Их хотын залуус” олон ангит кинонд тоглох саналыг надад “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, Нарансолонго хоёр тавьсан. Би “Эмоци” продакшныхаа уран бүтээлчдэд талархаж байгаа.

-Таны урлагт эргэн ирсэн дохио бол “Хуримын сюрприз” уран сайхны кино байлаа. Тухайн үед үзэгчид хэр хүлээж авах бол гэсэн айдас байсан уу?

-Миний дүрийг хэрхэн хүлээж авах нь үзэгчдийн асуудал. Гэхдээ би тайз, дэлгэц рүү гарахад хүнд нөхцөлд орчихсон байсан. Хүн болгон л мэдэж байгаа. Ийм байдалтай байхад “Оюунлаг” продакшны уран бүтээлчид болох Отгоо, Сэрээ хоёр намайг “Хуримын сюрприз” кинондоо тоглох санал тавьсан. Үүний ачаар анхны дэлгэцийн уран бүтээлд тоглож үзэгчдийнхээ өмнө гарлаа. Дараа нь “Их хотын залуус” кинонд тоглолоо. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар миний уран бүтээлийн гараа сайхан эхэллээ. Урам зориг авлаа. Цаашид уран бүтээл хийх зориг хүсэл ч төрсөн. Хэрвээ ямар нэгэн бүтээлд тоглох санал ирээгүй бол надад үнэхээр эмзэг тусах байсан. Бүтэн жил би ажилгүй байлаа шүү дээ. Уран бүтээлээ л хийхийг хүсч байсан. Миний хийж чадах зүйл л тэр. Мэдээж хоолоо олж идэхийн тулд ямар нэг ажил хийх ёстой байсан.

-Таныг Солонгост барилга дээр ажиллаж байна гээд шуугиад байсан?

-Шар хэвлэлүүдээр намайг Солонгост барилга дээр ажиллаж байна гээд бичсэн байсан. Барилга дээр эмэгтэй хүн ажиллана гэж байхгүй шүү дээ. Цэвэрлэгээний ажил хийсэн. Мөнгө хэрэгтэй байсан учраас Солонгост эмчилгээнийхээ хажуугаар ажил хийсэн нь үнэн. Мэдээж хүн л юм хойно амьдрахын төлөө ажил хийхээс аргагүй байсан. Тэнд ажилладаг монголчууд намайг дотно хүлээж авсан. Ашиглалтад орох гэж байгаа шинэ барилгын дотор цэвэрлэгээг монгол эмэгтэйчүүдтэй хамт хийдэг байсан.

-Өдөрт хэдэн цаг ажилладаг байв?

-Өглөө 08.00-22.00 цаг хүртэл ажилладаг байсан. Өдөрт 80-90 мянган вон авна. Монгол мөнгөөр 100 мянга орчим төгрөг л дөө.

-Урлагийн тайзнаас гэнэт хар бор ажлын талбарт шилжихэд сэтгэл зүйн хувьд хэр хүнд тусч байв. Тухайн үед яг юу бодогдож байсан бэ?

-Тийм зүйл ёстой бодогдоогүй. Харин ч энэ ажлыг яаж сайн хийх вэ, гологдчихгүй хийчих юмсан гэж хичээдэг байсан. Дөрвөн давхар вакум цонх цэвэрлэнэ. Солонгосчууд яс шалгаж авна. Жижигхэн шохойны цэг ч үлдээхгүй цэвэрлэдэг байлаа. Хамт ажиллаж байсан эмэгтэйчүүд “Туулыг ажил хийж чадахгүй байх гэж бодож байсан чинь овоо чамбай юм гээч” гэж ирээд л ярьдаг байсан. Угаасаа жүжигчид хөдөө, гадаа байнга л тоглолтоор явна. Жижиг зайнд ч амарчихдаг, хүйтэн орчинд ч хувцсаа солиод өмсчихдөг. Заримдаа яван суун, хоолтой хоолгүй яваад сурчихсан болохоор нэг их хүнд байгаагүй. Харин цэвэрлэгээний бодис нь их хурц үнэртэй, хүний биед хортой юм билээ. Би хамт ажилладаг эмэгтэйчүүддээ цэвэрлэгээгээ дуусгаад ядаж нэг аяга тараг ууж байгаарай гэж захина. Ер нь хүний нутагт байгаа хүн биеэ л сайн бодох хэрэгтэй санагдсан.

-Хэр удаан цэвэрлэгээ хийсэн бэ?

-Нэлээн удаан хийсэн шүү.

-Солонгост ажиллаж, амьдарч байгаа хүмүүс танд хэр тусалж байсан бэ. Мөнгө, төгрөг эмчилгээнд тань нэмэрлэж байсан уу?

-Ер нь тийм тохиолдол байсан. Гэхдээ хүний нутагт хөлс хүчээ урсган байж олсон мөнгийг нь би зүгээр авахыг хүсээгүй. Тийм ч хүмүүжил надад байхгүй. Тиймээс ажил хийж өөрөө мөнгө олохыг хүссэн. Яахав гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд нэг нэгэндээ их амь, тусалж дэмжихийг хичээдэг юм билээ. Хамт ажиллаж, уулзаж байсан хүмүүс намайг танихгүй хэрнээ нэг удаа ч гэсэн хоолонд орчих, метронд суух картаа цэнэглэчих зэргээр их тусалж байсан. Танай сониноор дамжуулаад тэр бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлмээр байна. Намайг ажилд оруулаад, хажуудаа дагалдуулаад ажиллуулж байсанд үнэхээр их баярласан шүү.

-Ер нь та хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?

-Солонгос руу нийтдээ зургаан удаа явж лазер эмчилгээнд орсон. Ерөнхийдөө цаг алдсан. Түлэгдээд удсаны дараа очсон учраас сорвижилт удаан эмчлэгдэж байгаа. Харамсалтай нь би мөнгөний асуудлаас болоод түлэгдсэн даруйдаа эмчилгээнд явж чадаагүй.

-Эргээд эх орондоо ирээд хийх ажлаа олж ядан нэлээд хүнд байсан учраас продакшн байгуулахаар шийдсэн юм шиг санагдлаа?

-Тийм. Би “Шинэ үе” продакшны удирдлага дор ажиллаж байсан болохоос биш өөрөө хүн удирдаж үзээгүй ш дээ. Яг ийм нөхцөл байдалд орчихсон хүнд хаана ч ажил байхгүй ш дээ. Хэнд итгэхэв, хэн намайг авахав. Эсвэл би хэнийг гуйж бусдын хаалга тогших вэ гээд асуудал тулгарсан. Хүн болгон л өөрийн гэсэн амьдаралтай. Өөрсдийнхөө амийг яая гэж байгаа цаг үед өөрөө л юм хийх ёстой юм байна гэж бодсон. Яг энэ үед манай Туяа намайг их дэмжсэн. Туяа “Х-Түц” продакшн, би “Шинэ-үе” продакшнд байхдаа их дотно найзууд явсан. Хэн хэнийгээ мэднэ. Гол нь бид хоёрын зорилго нэг зүгт чиглэсэн учраас хамтраад уран бүтээл хийхээр шийдсэн. Туяа надаас дүү шүү дээ. Залуу хүн гэхэд хийе бүтээе гэсэн сэтгэлтэй, гал цогтой бүсгүй.

-Одоо “Шинэ-Үе” продакшнаас бүр мөсөн гарчихсан уу?

-Тэр үеэс л “Шинэ-Үе” продакшнтай хамааралгүй болсон.

-Тухайн үед эмчилгээний зардал мөнгө, сэтгэл санааны тусламж үзүүлсэн үү?

-Би “Шинэ-Үе” продакшнд найман жил ажилласан. Тухайн үед продакшны зүгээс эмчилгээнийхээ зардалд нэмэрлээрэй гээд гурван сая төгрөг өгсөн.

-Жүжигчин Алдармаа тантай холбогдож байгаа юу. Эмчилгээний зардлыг чинь бүрэн төлсөн үү?

-Бүрэн төлөөгүй учраас л одоо шүүхээр яваад байна. Түлэнхийн төвд эмчлүүлэхэд гарсан зургаан сая төгрөгийн зардлыг төлсөн. Анх Солонгос руу явахад эмчилгээнд шаардлагатай арван сая төгрөгийг гаргасан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Ганц ч удаа яаж байна, ийж байна гэж санаа тавиагүй. Үлдсэн бүх зардлаа би өөрөө гаргасан. Таньдаг хүнээсээ хүүтэй мөнгө зээлээд эмчилгээгээ хийлгэсэн. Тэр өрөө одоо төлнө дөө. Би Алдармааг уучилсан. Шоронд оруулаагүй. Уг нь эмчилгээнд шаардлагатай бүх зардлыг чинь даана, гаргана гээд төрсөн эгч нь гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч би сүүлийн таван удаа явсан эмчилгээний зардлаа өөрөө л гаргасан. Одоо дахиад явах шаардлагатай байгаа.

-Хэзээ явж эмчлүүлэх вэ?

-Мөнгөний асуудлаас болоод хойш тавиад л сууж байна. Түлэгдсэн хүн л энэ зовлонг ойлгоно. Эмч нар сорви бүрмөсөн арилахгүй гэсэн.

-Одоо ямар зовиур байна. Нэлээн тод сорви харагдаж байна?

-Байнга чийгшил өгч тосолж, арчилж байхгүй бол арьс таталдана. Хүзүүний арьс таталдана. Би өсч яваа залуу хүн биш харьж яваа насны хүн болохоор байнга л арьсаа чийгшүүлж санаа тавьж байхгүй бол эргэж хумигдаад байдаг юм байна. Манай Түлэнхийн төвд лазерын эмчилгээ ч хийх боломж байхгүй. Хэзээ нэгэн цагт хөрөнгө чинээтэй болох юм бол энэ төрлийн тоног төхөөрөмж Түлэнхийн төвд авч өгнө гэж бодож байгаа. Ямар сайндаа кинонд тоглохдоо хүзүүний зүүлт, ороолт зүүгээд л явж байна. Гоо сайхан талаасаа ч тэр хамгийн их хохирсон нь би. Миний хувь тавилан л юм байлгүй.

Categories
мэдээ цаг-үе

Жиргээчид буюу твиттерчдийн нэг ангийнхны шинэ жил

Саяхан жиргээчдийн шинэ болж өнгөрлөө. Энэхүү шинэ жилд урлаг соёл, улс төр, эдийн засаг, бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бүхий л салбарынхан нэгдэж нэгэн үдшийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Сошиал ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгож, нийгмийн төлөө, нэгнийхээ өмнөөс дуу хоолойгоо зоригтой илэрхийлж, болж бүтэхгүй зарим зүйлийг шүүмжилж, басхүү магтаж чаддаг жиргээчдийг энд нэг анги хэмээн онцолъё. Тэгвэл жиргээчдийн нэг ангийнхан шинэ жилийн баяраа тэмдэглэхийн зэрэгцээ өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэж цэгнэлээ. Жиргээчдийн буюу өөрсдийнх нь санаачилснаар жиргээчдийн шинэ жил буюу #ЖШЖ2016 гэдэг хаштаг ашигласан энэхүү арга хэмжээг жиргээчдийн үүсгэн байгуулсан “Нийгмийн сүлжээ” төрийн бус байгууллагын дэргэдэх “Монгол Мөрөөдөл клуб”-ийн төлөөлөл болох, жиргээнд @odbayare, @jingm, @urangoo_A, @batuka @deppsu нэрээр танигдсан жиргээчид зохион байгуулав. “Монгол Мөрөөдөл клуб”-ийн залуус энэ удаагийн жиргээчдийн шинэ жилийг зохион байгуулахдаа монгол залуус нэг эх оронтой, нэг дор хамтарч чадах зөв сэтгэлтэй болохыг нотлон харуулахыг зорьсон гэнэ.

Энэ удаагийн жиргээчдийн шинэ жил тасалбар дагаж ирж буй гарын бэлэгнээсээ эхлээд л сонин хачин ихтэй, сюрприз дүүрэн байлаа. Жиргээний шинэ жилд зочлоход үүдээр оронгуут Tweet-цэнхэр, Retweet-ногоон, Favorite-ягаан өнгөтэй гурван төрлийн коктейлоор угтах. Энэ нь жиргээчдийн шинэ жилийг илтгэх содон шийдэл байлаа. Ингээд сонголтоо хийсэн жиргээчдийг цааш халуун виногоор зочилж байв. Жиргээчдийн ангийн 150 гаруй хүн цугларсан юм. Жиргээчдийн шинэ жилийн тасалбар 119,999 төгрөг бөгөөд хариулт нэг төгрөгийн серийн дугаарыг сугалаа болгон ашигласан нь мөн л боломжийн санаа байсныг твиттерчид дор бүрнээ жиргэх. Учир нь сугалааны азтангууд бүтэн жил хэрэглэх дата эрх бүхий ухаалаг гар утас, сваровски брэндийн иж бүрдэл, хурдан удмын даага хүртэл хожив.

Ингээд шинэ жил эхлэхтэй зэрэгцээд жиргээчид #ЖШЖ2016 хэштаг дор баярын сэтгэгдлээ хуваалцаж гарав. Баярын нээлтийн үеэр 2015 онд жиргээгээр дамжуулан хийгдсэн сайн үйлсийн аянууд болон бусад чухал үйл явдлыг эмхэтгэсэн видео бичлэг үзүүлсэн юм. Учир нь идэвхтэй жиргээчдийн нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчдийг “Та нар бол нийгмийн шинэ хүч” хэмээн томъёолж жиргээгээрээ дамжуулан мэнд хүргэсэн билээ. Хил хязгааргүй цахим талбар болох твиттер хэрэглэгчдийн зарим нь гадаадаас ангийнхандаа видео хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн нь ч бас сонирхолтой сюрприз байлаа.Энэхүү шинэ жилийн баярт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, Я.Содбаатар зэрэг төрийн түшээд зочилсон бөгөөд ХҮН-ын дарга С.Бат-Оргил намын нөхдийнхөө хамт, МАН-ын ерөнхий нарийн дарга асан Г.Занданшатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, МАН-ын генсек Ж.Мөнхбат, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй жиргээчид ч ирсэн харагдав. Тэд хоорондоо нам, эвсэл хэмээн талцалгүй “Жиргээчдийн анги” хэмээх нэр дор нэгдэж, ангийн нөхдийн хооронд найрсаг харилцаа үүсч байсан юм. Энэ нь твиттер өдгөө нам, улс төр хамааралгүй монгол хүн бүрийн дуу хоолойгоо илэрхийлэх хамгийн том орон зай болжээ гэдгийн илэрхийлэл байв. Жиргээчдийн ангийг бүрдүүлж буй бас нэгэн том төлөөлөл бол урлаг, соёлынхон, спортынхон. Яруу найрагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ирсэн байлаа. Жиргээчдийн ангийн сор болсон бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Ундармаа. Тэрээр твиттерийн нэлээд идэвхтэй хэрэглэгч. Ангийн нөхөд нь түүнийг жиргээгээр нь андахгүй. Түүний сайн үйлсийн аяныг дэмжиж баярын үеэр Ундармаад Жиргээчдийн нийгэмлэгээс гурван сая төгрөг хандивлаж байсан. Тус ангийн “хатан хаан” гэгддэг @urangoo_a жиргээч буюу “UA Consalt­ing” компанийн захирал А.Урангоо мөн зочилж ирсэн байв. Тэрээр энэ үдшийн бас нэгэн чимэг байлаа. Хатан хаантай селфи хийх хүсэлтэй олон ч хүн байгаа харагдсан. Мөн “Камертон” хамтлагийнхан уран бүтээлээ өргөсөн бөгөөд дуучин Болд, Эба хоёр тус ангийн тэр дундаа урлагийн төлөөллийн идэвхтэй жиргээчид, олон ч мянган дагагчидтай. Бас “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдийг онцлох байна. Эл хамтлагийн Ганболор жиргээгээрээ ангийн нөхдөөсөө дутахгүй нэгэн. “Люмино” хамтлагийн гурван гишүүн бүгд жиргэдэг. Тэр дундаа Бажи бусдаасаа илүү нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд дуу хоолойгоо нэгтгэдэг нэгэн. “Номин талст” хамтлагийн залуус ч мөн ирж ая дуугаа ангийн нөхдөдөө зориулав.”Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун буюу Бачка, залуу дуучин Хишигдалай нар шинэ жилд уран бүтээлч гэхээсээ илүүтэй жиргээчийн хувиар оролцож байгаа харагдсан. Шинэ жилийн арга хэмжээний үеэр сахилгагүй “Танхай эмээ” ч бас ирсэн байв. Хэдийгээр ирснийг нь мэдээгүй боловч баярын дараа ангийнхныхаа зургийг сэмхэн дараад жиргэсэн зургуудаас нь түүнийг байсныг олон хүн мэдэж авсан. Жиргээчид твиттерт ихэвчлэн өөр нэрээр жиргэдэг ч хоорондоо нэг нэгнийгээ таньж мэддэг юм байна. Гэхдээ зарим нэг нь маскаа тайлж ангийнхандаа олзлогдох тохиолдол ч гарч байлаа. Тухайлбал, жиргээчдийн шинэ жилийн ханхүүгээр жиргээч @ОChuluunbileg буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг тодорсон. Харин энэ үдшийн гүнж жиргээч бол @mona_tb буюу Мөнхнаран хэмээх бүсгүй байлаа. Түүнчлэн 2015 оны нэг том трэнд, тариалан тойрсон маргааны гол дүр @TsandelegL зэрэг өвөрмөц сонирхолтой дуу хоолой ч баярт хүрэлцэн ирсэн байв.

Мөн баярын арга хэмжээний нэг онцлох үйл явдал, жиргээч, фото зурагчин @jjngum нэрээр жиргэдэг ИНЕГ-т ажилладаг Оюунаа бүсгүйн авсан байгалийн зургийг дуудлага худалдаагаар худалдаалсан явдал байв. Энэхүү дуудлага худалдаа ангийн нөхдийг нэлээд шуугиулаад авав. Ангийнхаа жиргээчийн Алтайн уулсын үзэсгэлэнт төрхийг буулгасан уг фото зургийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа худалдан авч хүмүүнлэгийн үйлсэд гар татахгүй нэгэн гэдгээ харуулаад авсан. Дуудлага худалдааны орлогыг Алтайн уулсын ирвэсийг хамгаалах санд хандивлах юм байна. Өнөө жилийн жиргээчдийн ангийн шинэ жилийн арга хэмжээ үнэхээр маркетинг, зохион байгуулалтын хувьд онц сайн болсон. Жиргээчид ч дор бүрнээ ам сайтай харагдсан. Нууц нь аль сар хагасын өмнөөс төлөвлөгөөгөө гаргаж, ажлуудаа хуваарилан, чамбай гүйцэтгэлтэй ажиллаж чадсанд байсан ажээ.

@munkhbat_a @Munkhbat_UNEN @01mgl

@Temuujin_Kh, @temuulent, @VnenXudal, @shinee2016, @OChuluunbileg, @ebmbe, @survivor0206, @Enkhbataa

Ganzorig Vanchig @ganzorigv Хурдан удмын даага сугалааныхаа хонжворт авсан азтай залууЖиргээчдийн МИССүүд… #ЖШЖ2016 Urangoo Altangerel, М.Хишигээ and Хишигдалай 1126

@az_suvd, @Bayaraa1, @ts_chepak, @moluka77, @Zandaa_G, @khurel­baatarU, @Mona_Tb, @turbatn, @HishgeeNuna, @HishgeeNuna, #ЖШЖ2016

Oyun @jingm, @OChuluunbileg

Categories
мэдээ цаг-үе

Тавин жаалыг цэцэрлэгтэй болгохоор зүтгэж яваа сэтгүүлч залуу

NTV-гийн “Чухал яриа”-г хөтөлдөг
Б.Болдбаатарыг “Өдрийн зочин”-доо урилаа. МУБИС-ийг сэтгүүлч-утга зохиолын ажилтан
мэргэжлээр дүүргэсэн энэ залуу найзуудтайгаа тавин хүүхдийг цэцэрлэгтэй болгохоор
зүтгэж яваа юм.

Б.Болдбаатар XIII хорооллын хүүхэд.
Аав нь Улаанбаатарын уугуул бол ээж нь Завханы Яруу сумынх. Сэтгүүлч залуу “Аав
маань Батлан хамгаалах яамны барилгын цэргийн ангид насаараа ажилласан хүн. Харин
миний ээж онц холбоочин хүн байлаа. Хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохоор сэтгэл шулуудсан
нэг шалтгаан ээж минь байсан. Ээжийнхээ дурсгалд зориулж ном бичих үү, суварга бүтээх
үү гэж бодоод яваад байлаа. Их сургуулийнхаа ангийн Сайхантуяатай таараад бодлоо
өөрчилсөн. Ангийн маань бүсгүй “Эгэл амьдралын мөр” гээд төрийн бус байгууллага
ажиллуулдаг юм. Сайхантуяа “Болдко нэг байр байна, засч тохижуулах хөрөнгө байдаг
бол ч…” гэдэг юм. Тэр үед л цэцэрлэг байгуулъя, хүүхдэд буян хийе гэсэн бодол
төрсөн. Суварга босгосноос илүү бодит буян юм даа гэж бодоод зүтгэсэн” гэж ярилаа.
Найзад нь тохиолдсон гунигтай явдал ч бас нөлөөлжээ. Найзынх нь эхнэр гурван настай
хүүгээ гэртээ хардаг байж. Нэг өдөр бүсгүйг хашаандаа мод хагалж байтал гэртээ тоглож
явсан хүү нь таварцаглаж унахдаа буцалж байсан хар цай руу орчихож. Гүн түлэгдэж
ирсэн хүүхдүүдийн ихэнх нь Хятадаас оруулж ирдэг улаан хүрэн өнгийн халуун тогооноос
болдгийг түлэнхийн тасгийн эмч нар анхааруулдаг. Яг ийм халуун тогоонд нүүрээрээ
унасан хүү ээжийгээ түлээ хагалаад орж иртэл буцалж буй уснаас гарч чадахгүй тарчилжээ.

Болдбаатар “Нэг өдөр хүүгийн аав
гэмтлээс над руу утасдаад, хүрээд ирээч хө, танил талтай хүн өөр шүү дээ, хүүд минь
туслаач гэдэг юм. Би ч тэр даруй гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл арваад хоногийн
дараа эмч нь намайг дуудлаа. Тэр эмч надад, хүүгийн аав ойлгохгүй юм, чи хэлээд
өгөөч, хүүг нь унтуулахаас өөр арга үлдээгүй гэсэн хүнд мэдээ дуулгасан. Найзынхаа
хүүтэйгээ эмчлүүлж байгаа өрөөнд ортол аав, хүү хоёр тоглоод сууж байна. Шулганаж
тоглоод сууж байгаа хүүгийн нүүр боолттой. Түлэгдэх бол учиртай юм байна. Амь насыг
нь аврах боломжтой. Харин тэр хүү шиг буцалж байгаа зүйлд чанагдчихаар авралгүй
юм билээ. Боолт хийх тоолонд мах нь хэсэг хэсгээрээ унаад араг яс л үлддэг, ямар
ч авралгүй гэдэг тайлбарыг эмчээс сонссоноо найздаа хэллээ. Ингээд эцэст нь хүүг
унтуулсан даа” гэж хэлээд санаа алдав. Хүүгээ оршуулсны дараахан залуу хос салжээ.
Эхнэр нь нөхөртөө “Би чамаас хүүгээ цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйсан биз дээ”
хэмээн гомдоллоход хүүгээ алдсан залуу өвдөг сөхрөн суугаад “Би дөрвөн цэцэрлэгээр
явсан. Хүүг минь аваагүй. Нэг нь надаас 400 мянган төгрөг нэхсэн. Надад тэр мөнгө
нь байгаагүй. Сугалаанд орсон ч аз таараагүй. Цэцэрлэг нь байхгүй юм чинь хаанаа
өгөх юм бэ” гээд уйлж суусныг Б.Болдбаатар нүдээрээ харжээ. Тэр үеэс цэцэрлэг байгуулахсан
гэж бодох болжээ.

Болдбаатар найздаа тохиолдсон гунигтай
түүхийг ярьсныхаа дараа “Энэ бол нэг л айлын амьдрал. Гэтэл өнөөдөр нийслэлд 55
мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Нэн ядуу, амьдралын боломжгүй, хаяг тодорхойгүй,
уулын оройгоор амьдардаг айлын хүүхдүүд цэцэрлэггүй байна. Гэмтэл согог судлалын
үндэсний төвд 16.00 цагаас өмнө өдөрт тогтмол 10-12 хүүхэд түлэгдэж бэртэж гэмтэж
ирдэг гэсэн. Ажлын цагаар харж хандах хүнгүй учраас тэр шүү дээ. Танай сонин дээр
ч гэсэн саяхан гурван хүүхэд гэртээ шатаж эндсэн тухай сурвалжлага нийтлэгдсэн байсан.
Бид гэрэлт ирээдүй гэж яриад байдаг. Өдөрт нэг микро автобус дүүрэн хүүхдээ түлэнхийн
төв рүү аваачиж өгөөд байвал гэрэлт ирээдүйн талаар өөдрөг зүйл яриад нэмэргүй.
Хүүхдээ л амьдралд нь хүргэчихвэл бусад нь хамаагүй гэсэн хандлага ээж, аавуудад
байдаг. Бусдын хүүхдийн төлөө ч гэсэн сэтгэлээ чилээж, нийлээд зүтгэвэл болохгүй
юм үгүй” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Цэцэрлэгийн барилгын хувьд хүнд
бэрх ажлынхаа ард гарчээ. Дотоод заслаа хийгээд эхэлчихэж. Хандиваар зургаан сая
төгрөг цугларсан гэнэ. Ашиг, зардал энэ тэрээ хасаад хориод сая төгрөгөөр босох
том ажил учраас энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Санаа нийлсэн залуус ингэлээ
гээд шантраагүй юм билээ. Алиалагчийн хувцас өмсөөд зуун айл хавиар явж барилгын
материал зардаг хүмүүсээс тусламж хүсч эхэлжээ. Гэхдээ мөнгө биш, тэдний зарж байгаа
хадаас, цемент, багс гээд барилгын ажилд хэрэгтэй зүйлсийг наймаачдаас гуйжээ. Сэтгүүлч
залуу “Амьдрал хаа сайгүй хэцүү байгаа учраас юм гуйгаад очиход дуртай хандах хүн
цөөн байна. Өвчин зовлонгоо ярьж хандиваар амьдардаг хүмүүс олон болсон учраас хүмүүс
хаширчихаж. Заримд нь гуйлгачнаараа дуудуулж хөөгдөх энүүхэнд байгаа. Зорьсон ажил
маань бүтвэл өчнөөн хүүхэд аюулгүй орчинд амьдрах учраас элдвээр хэлүүлэх бол жижиг
асуудал” гэж байна.

Сэтгүүлч залуу “Би “Чухал яриа”-г
хөтөлсөн найман жилийн хугацаанд 850 гаруй дугаар хийсэн байна лээ. Монголын хамгийн
олон нэвтрүүлэг хийсэн рекордтой. Төрийн тэргүүнээс авахуулаад өчнөөн хүнтэй ярилцжээ.
Гэхдээ үр дүнтэй юм юу хийв гээд эргээд харахаар сэтгэл дүүрэн биш байна. Ингээд
дэлхий ертөнцөө тойръё, хүний төлөө сайн үйл бүтээе гэж шийдсэн дээ. Хөгжил гэдэг
чинь хүн хүнээ хайрлаж сурах л юм байна гэдгийг Японд очоод мэдэрсэн. “Болдоо фүүд
шоу” гээд дэлхийн улс орнуудын гаж хоолыг сонирхуулдаг нэвтрүүлэг бэлдэж байгаа.
Одоогоор 22 орноор аялаад байна. Хүний төлөө юм хийе гээд цэцэрлэг байгуулах ажил
руу орчихлоо. Энэ хоёр зорилгынхоо төлөө амьдарна” хэмээн ярилаа.

“Болдкогийн цэцэрлэг” Дарь-Эхийн
нэгдүгээр буудал хавьцаа удахгүй нээлтээ хийх нь тодорхой болчихож. Сэтгүүлч залуугийн
найзуудтайгаа нийлж босгож буй энэ цэцэрлэгт хэцүүхэн амьдралд өсч бойжиж байгаа
50 хүүхэд хамрагдана.

Цэцэрлэггүй өөр олон жаалыг дулаахан,
тохилог цэцэрлэгтэй болгох хүсэл Болдкод байгаа юм билээ. Нийслэлийн хороод шинэ
байртай болоод эхэлчихсэн. Хорооны хуучин байшингуудыг жаахан сэтгэл гаргаад засч
додомдоход л цөөн ч гэсэн хүүхдийн цэцэрлэг босно гэдгийг тэр олж харжээ. Ашигладаггүй
хуучин байр нийслэлд 300 гаруй бий гэсэн тооцоог хүртэл гаргачихаж. “Хуучин байрыг
цэцэрлэг болгох бүрэн боломжтойг харуулах гэж, анхны жишгийг нь тогтоох гэж хичээж
байна” гэж сэтгүүлч залуу хэлээд дараагийн ажилдаа яарлаа.

Цэцэрлэггүй жаалуудыг цэцэрлэгтэй
болгох Болдкогийн санаачилгыг дэмжиж байвал фэйсбүүкийн Болдко сэтгүүлч гэсэн хуудсанд
зочлоорой. Тэнд хандив өгөх данснууд байгаа. Шинэ цэцэрлэгийн түлхүүр, цоожийг иж
бүрнээр нь сольж өгсөн ээж, хүү хоёр, “Болдкогийн цэцэрлэг” гэсэн бичигтэй тавин
ширхэг аяга бэлэглэсэн компанийн захирал, 50 мянган төгрөг бариад ирсэн хоёр ихэр
хүүхэдтэй залуу хос гээд Дарь-Эхийн цэцэрлэгт чадлаараа тусалж буй олон хүний сэтгэл
хөдөлгөм сайхан түүхүүд ч бий.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Араажив хутгалдаг кино шиг “ах нам” минь яачихаав дээ?

“Намар нахиалсан мод” Монголын уран сайхны киног манайхан мэднэ дээ. Ардын хувьсгалын дараахь жилүүдэд хөдөө сууринд олон сүм хийдийг тарааж, хүрээ хийдэд шавилан сууж байсан банди нарыг бичиг үсэгт сургах ардын сургуулиуд хэрхэн байгуулагдсан тухай үзүүлдэг дэлгэцийн бүтээл. Уг кинонд Сүххуягийн шавь нар болох “Зуун ламын сургууль”-ийн лам банди нар “Энэ нэг ховч хар юм нь яриад бид нарыг багшид матаад байна” гэж тухайн цагийн арааживыг хутгаар баахан сийчиж, дэвсэлж орхидог. Тэрхүү үйлдэл аль тэртээ гучаад оны Монголын харанхуй бүдүүлэг байх үеийн тодорхой дүр зураг.

Гэтэл сэргэн мандалтын, хөгжил дэвшил бүтээн байгуулалтын шинэ эрин зууны Монгол Улсад араажив хутгалдаг кино шиг, бичиг үсэг тайлагдан гэгээрэх гэж буй лам банди нарын түүх давтагддаг байна шүү. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 20 нам жагсаал зохион байгуулсан. Жагсаал цуглааныхаа үеэр Ардын нам тэргүүтэй бусад улс төрийн хүчний гэх тодотголтой нөхөд сонгуулийн хар машиныг олны өмнө шатаасан. Ардын нам буюу “Ах нам” маань сонгуулийн санал тоолох хар хайрцаг буюу автомат машинаас болж ялагдаад байгаа юм гэнэ. Тэгээд шатаан, өс хонзонгоо авч, булшилж байгаа царай нь энэ аж.

Ах намын энэ үйлдэл олон нийтийн инээдийг барж, хэдэн өдрийн турш сошиал ертөнцөөр бусдын доог тохуу болох шив. Ардын нам гэж онцолж байгаагийн хувьд бусад нам, улс төрийн хүчин гэж юу байх билээ. Ямар сайндаа “20 намын 19 гишүүн жагсаж байгаа юм гэнэ” гэх онигоо хүртэл гарахав. Их хурлын чуулганы индэр дээрээс З.Энхболд дарга “Нэг нам нь таван гишүүнтэй” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр ямар элэнцгийнх нь нам, улс төрийн шаардлага, төрийн эсрэг жагсаал цуглаан бэ. Учир мэдэх хүмүүсийн инээд, доог тохуу хүрэхээс ч яахав, хөөрхийс минь.

Сонгуулийн хар машиныг шатаахтай зэрэгцээд сошиал ертөнц чухам юу гэж шуугисныг эргээд нэг харъя. Шатаж байгаа хар хайрцаг руу хамаг л анхаарлаа төвлөрүүлөн, ухаан санаагаа тавьж туусан бололтой, бүр нэг ажил болгон, дотор нь юу байгаа бол гэсэн шиг сониучирхан өлийгөөд зүтгэж байгаа хэсэг нөхдийн дүр төрхтэй зураг цахим ертөнцөд ёстой нэг од болсон.

Уг зураг: “Хар машин” шатаах үеэр МАН-ын өвөө нар “дотор нь сууж байгаа” АН-ын жижигхэн хүмүүсийг хайсан бололтой гэсэн тайлбартайгаар цацагдан, харсан бүхний бах тав нь ханаж байгаа юм чинь. “Сонгогчдын саналыг хулгайлдаг хар хайрцгийг шатааасан МАНгарууд одоо сонгогчдын сэтгэлийг булаадаг зурагтыг шатаана”, “МАН 20 жил ашиглаж ялсан Гар тооллогын туршлагатай багийн хэрэглэх хугацаа ирэх жил дуусах гэж байгаа болохоор ингэж МАНгартаад байгаа ш дээ”, “Уг нь 2012 оны сонгуулийн авто машины дүнгээр УИХ-ын гишүүн болсон зарим нөхдүүд тэр үед үнэмлэхээ шатаасан бол шоу арай үнэмшилтэй болох байлаа”, “Сонгуулийн хар машины эсрэг жагсаал гэнэ үү. Дараа нь банкны АТМ машины, тооны машины эсрэг жагсаал гэвэл гайхаад хэрэггүй юм байна” гэх жиргээнүүд бусдын санаа бодолд ихээхэн нийцэж байгаа бололтой уншигдсан.

Араажив шатаадаг кино шиг ардын нам минь яаж байгаа нь энэ вэ. Тус намын удирдах нөхөд хар машины эсрэг жагсаал хийхээр ард түмэн хуйгаараа пирхийтэл босч, тэднийг даган хошуурч, Ардчилсан засгийн төлөө, Монгол төрийн төлөө дайрна гэж бодсон нь мэдээж. Мөн ч гэнэн, мухар сүсгээр ойлгож байна. Үнэндээ ард түмнийхээ бодит амьдралыг мэддэггүйн гор гарч байгаа байхгүй юу.

1989 онд ард иргэд талбай дүүртэл, багтаж ядталаа цуглаж, жагсдаг байсан гэдэг. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн хэлтсийн дарга нар болоод нам төрийн бусад албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхэн, мөн орос ах нар тусгай дэлгүүрээр үйлчлүүлэх дархан эрхтэй байлаа. Орос тусгай дэлгүүрийн пропусктай болсон цагт галавсаа, өндөг, есийн тос зэрэг ховор нандин зүйлийг авна. Тэгвэл өнөөдөр захын нэг ТҮЦ-ээс хэн ч гэсэн өндөг ширхэглээд, галавсаа хэрчээд, есийн тос граммлаад авч байна. Монголчууд ардчилал, зах зээлийн нийгэмд ийм л боломжтой, дутагдах гачигдахын зовлонгүй амьдарч буй. Хүн бүрийн гарт боломж атгаастай байгаагийн гол илрэл энэ л дээ. Тиймээс ингэж амьдарч байна хэмээн төр засаг руугаа адарч, дайрч давшлахгүй юм бол өөрөөр жагсах ямар шаардлага байх уу. Амьдралын бодит үнэнийг мэдрэхгүй, нийгэм цаг үеэ ойлгохгүй хий хоосон хийрхсэн шалдан улстөрчид юм л бол жагсаал хийнэ, хувьсгал хийнэ гэж ярих нь үнэндээ утга учиргүй сонсогдох болжээ.

Сонгуулийн хар машины эсрэг жагсаал ард түмэнд өнөөдөр огтхон ч падлий байхгүй. Гурван жилийн өмнөх сонгуулийг тэд таг мартсан байгаа. Харин ипотекийн зээл найман хувиа болиод Ардын намын буянаар хорин хувьд хүрвэл ард түмэн жагсаалтай, жагсаалгүй босоод ирнэ. Хүнд өдөр тутмын амьдралынх нь гол асуудал ингэж хүчтэй нөлөөлдөг. Хар машинтай холбоотой зүйл бол гурван жилийн өмнө төрийн түшээгээр сонгогдож чадаагүй, ард түмний дийлэнх олонхийн дэмжлэгийг авч чадаагүй 20, 30 нөхдийн асуудал юм.

Тэгэхээр ах намын энэ үйлдэл, үзэл бодол огт буруу байсан нь хэнд ч илэрхий. Олны өмнө өөрсдийгөө дэндүү ичгэвтэр, хөөрхийлөлтэй байдалд оруулчихлаа, өөрөөр гялайлгасангүй. Ер нь “ах нам”-ын аливаа үйл ажиллагаа нэг л мухар сүсгээр явах болсон нь харамсал төрүүлэх боллоо. Уул нь улс төрийн голлох хүчний нэг мөн биз дээ. Ардчилсан нам тэгээд ардын нам гэж манайхан ярьдаг, бас ч гэж итгэж найддаг. Гэтэл явж ирсэн зам мөр, улс төрийн акц, жагсаал цуглаан энээ тэрээг нь харахад өрөвдмөөр болж.

Тэр жил төрийн түшээ байсан Хүрэлсүх нь намынхаа шатсан тугийг толгойдоо зангидаад Сүхийн талбай дээр ардчиллыг зүхэж баахан “бөөлсөн”. Түүнээс хойших жагсаал цуглааныг эргээд нэг саная. Засгийн газрын сайд нарын давхар дээлийг тайлна гэх жагсаал ёр муугийн, олон түмэн сэжиглэн жигшихээр болсон. “Давхар биш нөмгөн дээл тайлсан Ардын намынхан Монголоо доромжилж, ард зон, төрт ёсоо уландаа гишгэллээ”, “Тэд Монголын айл бүр нэг архичин, нэг янхантай боллоо гэж улс орноо, ард түмнээ хүн төрөлхтний өмнө гутаалаа” гэж хэвлэлүүд бичиж, өөрсдийгөө доромжлуулж гутаалгасан хүмүүс ар араасаа мэдэгдэл хийж байв. “МАН-аас нөмгөн дээл өмсүүлж, нөмрүүлж тайлуулсан нь эцэг дээдсийг минь тууж аваачаад цаазаар хороосон 1937 оны цуст яргаллыг бидэнд санууллаа. Энэ бүхэн Монголын эмгэнэлт түүх болохоос эрх мэдлийн төлөө улс төр хийж ашигладаг инээдэм тохуурхал биш” гэж Ц.Лоохууз, Д.Тангад тэргүүтнүүд хатуу мэдэгдэж байлаа.

Ингэж үе үеийн сэхээтнүүдийг төрүүлсэн Ардын нам үзэл бодол, оюун санаагаараа гудманд гарчихлаа. Иргэний хөдөлгөөнийхөн ийм зүйл хийхэд төр засаг ч, түмэн олон ч тэгж л байдаг гээд огтоос тоодоггүй. Ухаандаа, өнгөрөгч зун тэд Ч.Сайханбилэгийн зурагтай цаасан самбарыг Их тэнгэрийн аман дахь бөөгийн тахилгатай газраа аваачаад шатаасан. Иргэний хөдөлгөөний нэг хүүхэн уг самбар дээрх Сайханбилэгийн эмзэг газар руу өшиглөж байгааг харсан нөхөд “Энэ хэд ийм аргаар үзэхээс өөрөөр яах ч билээ” гэж өрөвдөөд өнгөрнө.

Ах намын хувьд бол байдал эрс өөр. Туулж ирсэн он жилүүдийнхээ алдаа оноог цэгнэж, Монголын төрийг эрүүл саруул ухаан, эв хамтын хүчээр зөв залж авч явахыг тэд бодож, тунгааж, ягштал баримтлах хэрэгтэй. Гэтэл хар машин гэж нэг хайрцгийг жигтэйхэн итгэл үнэмшилтэйгээр хөл хөөрцөг болж галдан шатаагаад, төрийн тэргүүн нарын дүр бүхий шуумлыг нөмгөн зогсоож, нүдийг нь сохлоод улайран дайрахаар юу болох вэ? Өнөө ард түмний итгэл үнэмшил, цаашлаад улс орны хувь заяа хэрхэх билээ. Монголын тусгаар тогтнолыг бататгаж ирсэн үе үеийн сэхээтнүүдийн үүр уурхай тулхтай гэгддэг байсан энэ нам мухар сүсгийн балайралд ийнхүү автан гудманд гарч, улс орон, ард түмнийхээ хувь заяаг шороотой хутгах учиргүй юмсан.

Categories
мэдээ цаг-үе

Генетик удам зүйн шинжилгээг анх удаа “Бона вита”-д хийж байна

Монголдоо анхдагч гэж болохуйц нэг дор төвлөрсөн бүх төрлийн шинжилгээний цогц лаборатори нээсэн талаар манай сонин өчигдрийн дугаар дээр мэдээлсэн билээ. Анхны цахим сүлжээ бүхий лаборатори гэдэг утгаар үүдээ нээсэн өдрөөс сайшаал хүртээд буй “Бона вита” лабораторийн үйл ажиллагааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн I хороо, МУБИС-ийн замын эсрэг талд байрших UBH төвийг зорилоо. UBH төвийн таван давхарт энэхүү лаборатори байдаг юм. Лаборатори нь хотын төвд, Нэгдүгээр эмнэлэг, “Алтан өргөө” эх барих эмнэлэг зэрэг томоохон эмнэлгүүдтэй ойр, цэвэр, тохилог орчинд байршдаг нь бас нэгэн давуу тал болдог аж.

Уржигдар нээлтээ хөлтэйхэн хийсэн “Бона вита” лабораторийн үүдээр ороход хүн сийрэг байв. Нээгдээд удаагүй болохоор хүмүүсийн сонорт хараахан хүрч амжаагүй байна хэмээн үүдний жижүүр угтсан юм.

Өмнө нь иргэд эх орондоо оношлогддоггүй өвчний шинжилгээ өгөхийн тулд гадны улс орныг зорих, өндөр үнэтэй эмнэлэгт хандахаас өөр аргагүй байсан. Харин энэ лаборатори нээгдсэнээр Монголд хийгээд байдаггүй хэд хэдэн онцгой төрлийн шинжилгээг дотооддоо хийх боломжтой болж байгаа юм.

“Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори нь дотроо молекулын, генетик удам зүйн, бактериологи эд эсийн, клиникийн, биохимийн, иммуниологи, цус бүлэгнэлийн, геметлогийн шинжилгээний гээд хэд хэдэн лабораторитой. Нэг лабораторид нь л гэхэд дор хаяж 100 гаруй нэр төрлийн үзүүлэлтийг оношилдог. Биохимийн шинжилгээгээр гэхэд 120 гаруй төрлийн үзүүлэлтийг шинжилдэг аж.

Энэхүү лабораторийг олон улсын стандартад нийцүүлэн Герман улсын жишгээр зохион байгуулсан байна. Тэр ч үүднээс хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй, чанартай тоног төхөөрөмжүүдээ Герман, Австрали зэрэг улсуудаас оруулж иржээ. Гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал “Манай лаборатори үндсэн таван онцлог, давуу талтай. Нэгдүгээрт, бүх төрлийн нэгдсэн лабораторитой. Ихэнх эмнэлгүүдэд чиглэл чиглэлээрээ оношлогоо шинжилгээ авдаг бол манайд бүгд цогцоор байгаа. Хоёрдугаарт, анх удаа цахим сүлжээ нэвтрүүлсэн. Гуравдугаарт, баталгаатай. Учир нь бид Англи, Герман, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас бүрэн автомат тоног төхөөрөмж оруулж ирсэн. Шинжилгээний сорьц авахаас бусдыг бүгдийг автоматаар хийнэ. Мөн олон жилийн арвин туршлагатай эмч мэргэжилтнүүдээр хангагдсан. Бид авсан шинжилгээгээ Англи, Герман, Австрали зэрэг улсын лаборатори руу явуулж давхар хянуулдаг учраас шинжилгээний хариу буруу гарна гэдэгт санаа зовох хэрэггүй. Мөн хувийн эмнэлгүүдээс хямд буюу улсын эмнэлгийн үнээр үйлчилдэг зэрэг олон давуу талтай” гэж байв.

Монгол Улсад өмнө нь оношилдоггүй байсан, оношилсон ч ганц хоёрхон эмнэлэг дээр өндөр үнэтэй оношилдог хэд хэдэн шинжилгээг эднийх хямд зардлаар хийж байна. Тухайлбал, манайд генетик удам зүйн шинжилгээг хийж байгаагүй. Энэ шинжилгээгээр тухайн хүний судаснаас цус авч генийг нь судлаад ямар хавдар тусах эрсдэлтэй, удамшлын ямар өвчин тусах магадлалтайг хувиар нь тооцож өгөх юм. Мөн энэ төрлийн шинжилгээгээр ургийн гажгийг тодорхойлно. Мөн өндгөвчний, хөхний, нойр булчирхайн, ходоодны, түрүү булчирхайн гэх мэт хортой, хоргүй хавдруудыг эрт шатанд нь оношлоно.

Түүнчлэн “Бона вита” нэгдсэн лаборатори дээр бусад газар тэр бүр хийгээд байдаггүй антисисипи шинжилгээ, зүрхний шигдээстэй үгүйг тодорхойлох шинжилгээ, витамин D-г тодорхойлох шинжилгээ гээд нэлээд хэдэн нэр төрлийн шинжилгээг хямд үнэтэй хийж байна. Антисиспи шинжилгээгээр тухайн хүнд ангинаас үүдэлтэй үе мөчний үрэвсэл байна уу гэдгийг ялган оношлодог ажээ. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн гармоны шинжилгээ хийж байгаагаас антимюллер гормон буюу үр тогтох чадварыг үнэлэх шинжилгээг анх удаа хийж байна. Бяцхан үрсээ хүлээж буй эхчүүдэд жирэмсний хожуу үеийн хордлого гэж хүнд асуудал тулгардаг. Тэгвэл хожим нь хордлого өгч шаналахгүйгээр эднийд ирж оношлуулан мэдсэнээр хордлого өгөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдээ ч эрсдэлээс хамгаалах боломжтой болж байгаа юм.

Зарим эмнэлгүүдэд элэгний B, C вирусийг тоолох шинжилгээ нэлээд өндөр үнэтэй хийгддэг. Харин эднийд 135-180 мянган төгрөгийн хооронд тоолж байна. Элэгний D вирусийг тоолох шинжилгээг анх удаа хийж байна. Элэгний D вирус нь В вирустай хүнд байрлах бөгөөд тухайн хүнд энэ хоёр вирус хамт байгаа тохиолдолд эмчилгээ нь өөр болдог аж. Харин манайд D вирусийг тодорхойлдоггүй байсан учраас тохирсон нарийн эмчилгээг хийхэд хүндрэл учирдаг байжээ. Ер нь эднийх хамгийн энгийн жирэмсний хяналтын шинжилгээнээс авахуулаад хүнд, хөнгөн бүхий л төрлийн шинжилгээг нэг дор авч бүрэн оношилж өгөх ажээ.

“Бона вита” төвийн бусдаас давуу бас нэг зүйл нь Монголын анхны цахим сүлжээ лаборатори гэх тодотгол юм. Цахим сүлжээгээр хөдөө, орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан Монгол Улсын иргэн бүрт хүрч үйлчлэх боломжтой аж. Хөдөө орон нутагт оршин суугаа иргэд “Бона вита” лабораторийн цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэн, орон нутгийнхаа салбарт шинжилгээнийхээ сорьцыг өгнө. Түүнийг нь сорьц цуглуулах машинаар Улаанбаатар хотод авчран шинжилдэг байна.

Сорьцуудыг төв лабораторид авчирснаас хэдэн цагаас хэдхэн өдрийн дотор хариуг нь гаргаж үйлчлүүлэгчийнхээ цахим хаягаар шинжилгээний хариуг нь явуулах аж. Дөнгөж уржигдархан нээлтээ хийсэн болохоор одоогоор Орхон аймагт л холболтоо хийсэн байна. Ирэх 2016 он гэхэд 21 аймагтай бүрэн холбогдоно гэж байв.

Энд хэрхэн шинжилгээ авч байгааг бид сонирхлоо. Үйлчлүүлэгч орж ирсэн цагаас эхлэн найрсгаар хүлээн авч үйлчлэх, хурдан, чанартай, найдвартай олон улсын стандартыг хангасан оношлогоо, шинжилгээ хийх нь эдний үндсэн зорилго аж. “Бона вита” дотор хэд, хэдэн төрлийн лабораторийн өрөө байна. Өчигдрийн байдлаар тус төв дээр 20 гаруй хүн ханджээ. “Ажлын анхны өдөр гэхэд боломжийн байлаа” хэмээн “Бона вита” төвийн эмч мэргэжилтнүүд хэлж байв. Өчигдрийн хандсан хүмүүсийн дийлэнх нь биохимийн шинжилгээ өгөхөөр иржээ.

“Бона вита” төвийн зохион байгуулалт нь их эмх цэгцтэй аж. Хүлээх өрөөнд нь сорьц хүлээн авах дөрвөн сувилагч сууж байна. Энэ хэсэгт хот, хөдөөнөөс ирсэн бүх сорьцыг хураан авна. Мөн шинжилгээ өгсөн иргэд эндээс хариугаа авч болохоос гадна цахимаар ч авсан болох гэнэ. Үйллүүлэгч шинжилгээнийхээ сорьцыг өгөхдөө энгийн болон VIP өрөөнөөс сонголтоо хийж болно.

Сувилагч нарын хураасан сорьцыг шинжилгээний өрөөнд хүргэнэ. Эндээс цааших бүх үйл ажиллагааг автомат машин хийнэ. Хамгийн түрүүнд сорьцуудаа хуваарилах машинд хийхэд автоматаар шээсний, биохимийн, цусны гэх мэтээр баганад ангилан хуваах аж. Дараа нь ангилан хувааснаар тухай тухайн сорьц авах машинд хийхэд тэдгээр машинууд лазер мэдрэгчээр мэдрэн бүх үзүүлэлтийг гаргах аж.

Хүмүүс шинжилгээ өгсний дараа заавал мэргэжлийн эмчээр хариугаа уншуулах шаардлага гардаг. Учир нь мэргэжлийн хүмүүсийн л ойлгох тоон утгаар бичсэн байдаг билээ. Энэ үед эмч нар тэр бүр хүссэн хариуг нь хэлэхгүй, эсвэл мэргэжлийн хэллэгээр ярих учраас үйлчлүүлэгч өөрийгөө ямар өвчтэй байгаагаа ойлгохгүй өнгөрөх тохиолдол их. Харин “Бона вита” төвийн автомат машинууд дээр хийсэн шинжилгээний хариуг ямар ч хүн уншаад ойлгож чадах аж. Шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан байвал одоор тэмдэглэсэн байна. Тэрхүү тэмдэглэсэн хэсгийг нь доор нь дэлгэрэнгүйгээр тайлбарлаж бичсэн байх аж. Тухайлбал, элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй гарсан бол тэр хэсгийнх нь дор юунаас болж энэ үзүүлэлтэд ийм өөрчлөлт ордог. Цаашид ийм өвчин тусах аюултай гэдгийг тодорхой бичиж өгөх гэнэ. Мөн эмч мэргэжилтнүүд нь таны хүссэн бүх зөвлөгөөг өгнө.

“Бона вита” төвд дотоод болон гадаадын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, олон жилийн ажлын туршлага хуримтлуулсан чадварлаг эмч нар ажилладаг гэв. Тухайлбал, Эмгэг судлалын үндэсний төвд 18 жил ажиллаж, хавдар судлалын хэсгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан анагаах ухааны доктор Х.Гэрлээ, Австрали, Япон зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн Б.Батнасан гээд мэргэшсэн баг хамт олон гар нийлэн ажиллаж байгаа ажээ.

Бид тус төвөөр үйлчлүүлж буй Ч.Мөнхболдоос сэтгэгдэл сонслоо.

Та юуны шинжилгээ өгөх гэж байна?

-Энэ лабораторийн тухай сониноос уншаад өнөөдөр сонирхож ирж байна. Би элэгний дэлгэрэнгүй шинжилгээ өгөх гээд хүлээн авах хэсгээс мэдээлэл авлаа. Маргааш өглөө эрт ирж шинжилгээгээ өгнө дөө.

Элэгний шинжилгээний хариу нэлээд удаж гардаг шүү дээ. Эднийх хэр хурдан хугацаанд гарна гэсэн бэ?

-Бусад газруудыг бодоход харьцангуй хурдан л гарна гэж байна. Орж ирэхэд цэвэрхэн сайхан орчинтой юм. Бас бүх төрлийн шинжилгээг нэг дор цогцоор авна гэдэг их сайхан санагдлаа. Үнэ нь ч боломжийн юм байна. Цаашид үйл ажиллагаагаа илүү өргөтгөөсэй гэж хүсч байна гэв.

Түүнчлэн “Бона вита” төв нь 24 цагийн түргэн шуурхай үйлчилгээ, хямд үнэ, найдвартай үйлчилгээ гээд олон давуу талтай цогц үйлчилгээний төв болжээ. Эдний хамгийн хямд шинжилгээ 1800 төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн үнэтэй нь 200 гаруй мянган төгрөг байгаа аж. Генетик удам зүйн шинжилгээг анх удаа “Бона вита”-д хийж эхэллээ.

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Энэ ертөнцөд байдаг бүх хувилбараар сонгуульдаж үзлээ

УИХын даргын ахлах зөвлөх, АНын Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга, доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.

АНын даргын тушаалаар бодлогын зөвлөл байгуулж ажлын албаны даргаар таныг томиллоо. АНын бодлогын зөвлөл ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Намын дарга Ардчилсан нам бодлогын нам байна гэдгийг зарлаж, Үндсэн дүрмийн 4.3-т “Намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байнгын ажиллагаатай байгууллага Бодлогын зөвлөл байна”, 6.7.1-д “Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна” гэсэн заалтын дагуу зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмыг баталсан. Бодлогын зөвлөл Үндсэн дүрмийн 6.7.2-т зааснаар Үндэсний Зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх бодлогын шинжтэй асуудлыг боловсруулах, төсөл бэлтгэх, намын гишүүд, байгууллагуудад хандан санал, зөвлөмж бэлтгэх, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг явуулах, намын удирдлага болон гүйцэтгэх байгууллагаас судалгааны захиалга авч хэрэгжүүлэх, бодлогын бүлгэмүүдийн үйл ажиллагааг уялдуулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн сая батлагдсан журмаар намын бодлого тодорхойлох, мөрийн хөтөлбөр боловсруулах, намын дүрэм бусад үйл ажиллагаатай холбоотой журам боловсруулах, намын боловсон хүчин, хүний нөөцийг бэхжүүлэх бодлого боловсруулж санал гаргах үүрэг хүлээсэн.

Бодлогын зөвлөлийг хэрхэн байгуулж ажиллуулах вэ?

-Бодлогын зөвлөл намын удирдлага, бүлгэмийн зөвлөлийн дарга нараас бүрдэж, намын дарга удирдана. Үйл ажиллагааны журамд зааснаар 12 бүлгэмийн зөвлөлийг АН-ын ҮЗХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, бүлгэмийн зөвлөлийн хурлаас олонхийн санал авч нэр дэвшсэн хүнийг Бодлогын зөвлөлийн даргын тушаалаар бүлгэмийн даргаар томилно. Энэ хүн бодлогын зөвлөлийн гишүүн байх юм.

Та сая бодлогын 12 бүлгэмтэй байна гэлээ. Ямар ямар бүлгэмүүдийг байгуулах вэ?

-Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдал, Эдийн засаг, санхүү, худалдаа, Хууль эрх зүй, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Үзэл суртал, соёл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Боловсрол, шинжлэх ухаан,Эрүүл мэнд, спорт, ХАА, байгаль орчин, ногоон хөгжил, Эрчим хүч, уул уурхай, Аж үйлдвэр, мэдээллийн технологи, Барилга, хотын хөгжил, Зам тээвэр, ложистик гэд салбарын бодлоготой уялдсан бүтэц бүхий бүлгэмүүд байна. Эдгээр бүлгэмүүд хариуцсан салбарынхаа талаар байнгын судалгаа хийж тодорхой асуудлыг боловсруулж бодлогын зөвлөлд оруулна.

Бодлогын зөвлөл, бүлгэм нь АНын ҮЗХны гишүүдээс бүрдэнэ гэхээр бас л хэдэн хүн тойрсон хаалттай бүтэц бий болж байгаа юм биш үү?

-Бүлгэмийн бүрэлдэхүүнд ҮЗХ-ны гишүүдийг оруулахын хамт салбарын тэргүүлэх мэргэжилтэн залуусыг татан оролцуулж, улмаар АН-ын хүний нөөцийг бэхжүүлэх бодлого баримтална. Миний хувьд бүлгэмүүдэд салбарын чиглэлээр өндөр боловсрол эзэмшиж, мэргэшсэн залуучуудыг татан оруулж тэдгээр залуучуудыг судалгааны том баг болгон ажиллуулна гэж бодож байгаа. Энэ бол манай намын хүний нөөцийг бэхжүүлэх үндэс болно.

Ардчилсан намын дарга өмнө нь Ардчилсан нам фракцгүй нам болно гэж зарласан. Одоо бодлогын нам болно гэж байна. Үнэхээр фракцгүй нам болж чадсан уу?

-Манай нам бол дэндүү олон намын нэгдэл. Тэр ч утгаараа нам толгойлж байсан лидер олонтой нам. Тэр бүхэн нам доторх фракц мэтээр харагдаж ирсэн. Сүүлдээ энэ фракцуудаас зарим нь салж албан тушаал, амбицынхаа сонирхлоор нэгдэж түүнийгээ “фракц” мэтээр зарлаж, нам дотор байр сууриа бэхжүүлэх гэж оролдсон. Энэ нь үнэндээ АН-ын хүчийг сулруулж хүмүүсийн намд итгэх итгэлийг сааруулж ирсэн. Тийм учраас З.Энхболд дарга АН-ыг фракцгүй нам болгоно гэж зарласан. Олон мянган гишүүдийн дэмжлэгийг авсан. Үнэндээ ҮЗХ-ны гишүүд ч гэсэн энэ фракцуудад хуваагдсан нь үнэн. Одоо салбарын бодлогоор ҮЗХ-ны гишүүд хуваагдаж бүлгэм болж бодлогын зөвлөлд нэгдэж ажиллая гэж байна. Энэ бол хамгийн зөв хувилбар. ҮЗХ-ны гишүүд хурал зарлагдвал ганц нэг цугладаг байдлаасаа салж намын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд бүлгэм, бодлогын зөвлөлөөр дамжиж идэвхтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. ҮЗХ-ны гишүүд аймаг, дүүргээс сонгогдсон болохоор тухайн аймаг, дүүргийн хөгжлийн бодлогыг орон нутгийн намын байгууллагатай хамтарч боловсруулах ч үүрэг хүлээнэ. Ингэснээр тухайн асуудлаар суурь бодлого боловсрогдож тэр нь намын мөрийн хөтөлбөр болж хэрэгжинэ гэсэн үг.

Бодлогын зөвлөлийн хийх хамгийн нэн тэргүүний ажил гэвэл таны бодлоор юу байх вэ?

-Одоо Ардчилсан нам төр засгийн эрхийг барьж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Тийм болохоор хамгийн эхлээд хийх ажил бол АН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, Монголын ард түмэнд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ. Дутуугаа гүйцээхийг УИХ, Засгийн газарт шаардаж ажиллана. Энэ ажил зөвхөн УИХ, Засгийн газрын түвшинд хийгдээд зогсохгүй аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд ч хийгдэнэ. Аймаг, нийслэлийн намуудад ч ийм бүтцийг бий болгож хяналт тавьж ажиллуулна. Мэдээж энэ явцад 2016 онд болох бүх шатны сонгуульд орох АН-ын мөрийн хөтөлбөр боловсрогдоно.

Одоо ямар ажил өрнүүлж байна?

-ҮЗХ-ны гишүүдийнхээ нарийвчилсан судалгааг гаргаж, бүлгэмээ байгуулж байна. Гишүүдтэй эцэслэн тохироод Бодлогын зөвлөлийн даргын тушаалаар баталгаажуулна. Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гарснаар ҮЗХ-ны гишүүд хөдөлгөөнд орж, санал бодлоо маш идэвхтэй илэрхийлж байна. Тэдний хүсэн хүлээж байсан ажил өрнөж, эхлэх гэж байна. Энэ утгаар авч үзвэл намын даргын энэ шийдвэр цаг үеэ олсон чухал шийдвэр болсон гэж үзэж байна.

АНын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэр зэрэг биелэлттэй байгаа вэ?

-Үнэнийг хэлэхэд манай нам бол шинэ шинэ бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлдэг нам. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд хийгдсэн олон ажил АН-ын бодлогоор хийгдсэн гэдгийг баттай хэлж чадна. 2012 онд гэхэд АН анх удаа “Монгол хүн 2020” гэсэн урт хугацааны хөтөлбөр боловсруулж, сонгуульд орсон. Ийм л урт хугацааны бодлого Монголд хэрэгтэй. АН-ын 2016 оны сонгуульд орох хөтөлбөр энэ хөтөлбөрийн үргэлжлэл болно.Замаа дуусгана, эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлаа дуусгана гэх мэтээр үргэлжилнэ.

Та бол УИХ,Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай улстөрч, бас таван нам нэгдэж АН байгуулагдахад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Сүүлийн үед шинэ нам байгуулах аян эхэлж байна. Сонгууль дөхөхөөр ингэдэг л дээ. Та энэ үйл явцыг юу гэж үздэг вэ?

-Болдог юм болдгоороо л болж байна. Нэг талаас цаг хугацаа өнгөрөхийн хэрээр залуу үе маань өсч торниж, энд тэнд явж, галуу шувууны мах идэж, эрдэм боловсрол эзэмшиж, юм үзэж нүд тайлцгааж байна. Тэдэнд улс орноо хөгжүүлье, шинэ юм хийе гэсэн асар их хүсэл мөрөөдөл байгаа байх. Тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж шинэ нам байгуулж байна. Нөгөө талаас албан тушаал, амбицандаа хөтлөгдсөн зарим хүмүүс шинэ нам байгуулахаар намаасаа явж байх шиг байна. Сонгуулийн өмнө дандаа л ийм юм болдог болохоор мань мэт нь огт тоодоггүй юм ш дээ. “Хат сууж халуун чулуу долооно” гэгчээр 25 жилд юу эсийг үзэхэв.

Тэгвэл та нам байгуулахад тийм ч таатай ханддаггүй юм аа даа?

-Ардчилсан Монгол Улсад хууль нь байна, эрх чөлөө нь байна. Ийм хууль гаргаж, эрх чөлөөг нь олгоход оролцож явсан улстөрч хүний хувьд яалаа гэж таагүй хандахав. Намуудын тоо 30 хүрэх гэж байгаа байх. Одоо хэд ч болох юм бүү мэд.

Одооны залуучууд нам л байгуулчихвал бидалаадөгнө гэх ухааны юм ярих юм байна ш дээ?

-Нам байгуулснаар асуудлаа шийдчихэж байгаа хэрэг огт биш. Ямар гээч нам болохыг би ч, та ч, тэд ч таашгүй. Зөвхөн Монголын ард түмэн сонгуулийн үеэр дүн тавина. Одоо монголчууд сонголтоо хийж сурч байгаа болохоор шинэ нам тэдний итгэлийг хүлээнэ гэхэд тун бэрх. Нам болж төлөвшихөд асар урт хугацаа шаардана. МАН /МАХН/ 90 гаруй жилийн түүхтэй Монголын ууган улс төрийн хүчин. Ганцаараа юм болохоор сайн ч муу ч түүхийн 70 жилд нь Монголын улс төрийн давцан д ээр дангаараа ноёрхсон. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэж улс төрийн тавцан дээр шинэ намууд өрсөлдөх болсноор МАН /МАХН/ “үйлээ” үзэж байна. Шинэ ардчилсан хүчнүүдийн байгуулсан шинэ цагийн намуудын эдэлж ирсэн зовлон бэрхшээлийг одоо л тэд амсаж байна. Салж бутарч, ялж ялагдаж, бүх л зовлонг туулж байна. Бид энэ зовлонг аль эрт туулаад өнгөрчихсөн болохоор харин ч шинэ цагийн тэргүүлэгч нам болчихоод байна.

Танай нам зовлон бэрхшээлийг туучиж явж л өнөөдөр өдий зэрэгт хүрсэн гэдэг ч үнэн шүү?

-Ганц намын дарангуйллыг халж, шинэ нам байгуулж 1990 оноос хойш 25 жил МАХН болон бусад шинэ намуудтай зургаан удаагийн УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна. Нэг намын дарангуйллыг халж ч гэж дээ, үнэндээ МАХН хуучин массаараа л үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Тийм болохоор бид мөн ч их зовлон бэрхшээлийг давж туулсан. 1990 онд Ардчилсан хувьсгалын манлайд тодорсон МоАХ, МШДХ, МСАХ гэсэн гурван том хөдөлгөөн МоАН, МҮДН, МСДН-ыг байгуулсан. Түүнээс хойш хичнээн ч салж нийлэв. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх мэдлийг аваад 2000 оны УИХ-ын сонгуульд МҮАН л ганц суудалтай үлдэж байлаа. 1996-2000 онд “Ардчилсан холбоо“ эвсэл муу ажилласандаа бус 2000 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН, МШАН гээд ардчилсан хүчний намууд бүгд салж сонгуульд өрсөлдсөн учраас санал хувааж дундуур нь МАХН “монжсон”. Тийм учраас ардчилсан хүчний намууд бодит байдалд улс төрийн дүгнэлт хийж 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан. Түүнээс хойш бид УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуульд байр сууриа хадгалж чаддаг болж байна. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд олонхи суудал авч орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 170 гаруй суманд ялалт байгуулсан. 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Энэ бол Ардчилсан нам төлөвшиж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болсныг гэрчилж байна. Мөн ч их хугацааг туулсан байгаа биз. Шинэ намууд энэ зовлонг гарцаагүй туулна.

-2012 онд АН хамгийн олон суудал авч төрийн эрх мэдлийг авсан хэдий ч хэлсэн амандаа хүрч чадахгүй байна гэсэн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү?

-Хүмүүс намайг шалтаг ярилаа л гэх байх. Үнэндээ АН зургаан удаагийн УИХ-ын сонгуульд нэг ч удаа олонхийн суудал авч байсангүй. Хоёр удаа арай олон суудал авсан гэдэг утгаараа төр засгийн эрх мэдлийг бусадтай хамтарч хэрэгжүүлж байна. 1996 онд 51 суудалтай нам олонхи болдог байхад 50 гишүүнтэй, 2012 онд 39 суудалтай нам олонхи болдог байхад 35 гишүүнтэй ялалт байгуулсан. 1996-2000 онд шинэ залуу улс төрийн хүчин ямар зовлон бэрхшээлтэй тулгарч, МАХН-ын сөрөг хүчинд хэрхэн тоглуулж байсныг монголчууд мартаагүй байгаа байх. Гэхдээ л олон чухал асуудлыг шийдэж чадсан жинхэнэ ардчилсан, халгиа цалгиатай парламент байсан юм шүү. Одоо ч гэсэн АН бусад нам эвсэлтэй нэгдэж, ая эвийг нь олж улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах гэж зовж л байна.

Ард түмний сонголт юм болохоор яалтай ч билээ. Гэхдээ л танай намынхны явцуу эрх ашгаас болж хамаг асуудал үүсээд байгаа юм биш үү?

-Намынхны ч биш л дээ, улстөрчдийн гэвэл байгаа онох байх. Монголын ардчиллын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн АН-ын жирийн гишүүд дэмжигчид үүнд ямар ч буруугүй. Тэдний хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд эрх мэдэлд хүрсэн зарим улстөрчдийн ганцаарчилсан тоглолт, нам доторх эрх ашгаараа бөөгнөрсөн фракц хоорондын зөрчил л асуудал үүсгэж ирсэн. Харин З.Энхболд дарга намын дарга болоод АН-ыг фракцгүй нам болно гэж зарласан нь хэрэгжүүлэхэд хүнд ч гэсэн өнгөрсөн алдааг засахад нэг алхам ургаш алхсан.

Өнөөгийн залуучууд намынхаа хуучцуулыг одоо улс төрөөс гар, зайгаа тавьж өг гэдэг болж. Та нэг удаа Да.Ганболд, Баавар мэтийн хүмүүсийг намын жагсаалтад оруулах ёстой байсан гэж ярьж байсан. Яагаад?

-Залуухан мод, цэцгийг хүртэл усалж арчилж байж ургуулдаг биз дээ. Ер нь 25-хан жилийн түүхтэй “хал үзэж хат суусан” намын лидерүүдээ “хуучцуул” гэж цоллох шаардлага байхгүй. Тэд залуучууддаа өмөг түшиг болж алдаа оноог нь шүүж тунгаах аваас залуучууд улстөрийн хат сууж сайн улстөрч болох нөхцөл бүрдэнэ. Монголчууд намаас гадна хэн нь хэн бэ гэдгийг хардаг болсон цаг. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, зөв үзэл бодолтой, монголчуудад танигдаж мэдрэгдсэн улстөрчид л ард түмнээсээ санал авдаг. Сонгуулийн хэд хоногт танигдана гэж байхгүй. Тийм болохоор залуучууд нь бидний үе ирсэн гэж хуучцуултайгаа сөргөлдөж, хуучцуул нь та нар болоогүй хүлээж бай гэж залуучуудаа түлхэх бус хамтын хүчээр л улс төрийн ялалтын төлөө зүтгэх учиртай. Тэр дотор залуучууд байр сууриа эзлээд л явах болно. УИХ бол хууль тогтоох байгууллага. Би хувьдаа энэ танхимд хий нь гарчихсан туршлагатай улстөрчид сууж байхад гэмгүй гэж боддог. Харин Засгийн газарт бол залуучууд орж, бүх хүч чадал, авьяас билгээ дайчилж, ёстой нөгөө “чөмгөө дундартал” зүтгэх хэрэгтэй.

Тэгээд л Та 2012 онд Б.Болорыг Архангайд дэвшүүлж өөрөө больсон уу?

-Тэгж ойлгож болно. 2008 онд бид Архангайд хамтарч ажиллаад Хамтарсан засгийн газар байгуулагдахад Б.Болор Гадаад харилцааны яамны дэд сайд болсон. 2012 онд Архангайд өөрийнхөө оронд дэвшүүлж дэмжсэн. Тэгээд л сонгогдсон. УИХ-ын гишүүнээр сонгогдоод Байнгын хорооны дарга, сангийн сайд болоод л явж байна. Залуучууд ингэж л байр сууриа эзлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн төлөө чармайж ажиллах ёстой.

Танай намд сайн улстөрчид олон байгаа. Тэд хойч үеэ бэлтгэж байгаа биз дээ?

-Байлгүй яахав. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөөд УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдын алба хашсан эрхмүүдээ манай намаас төрсөн лидер улстөрчид л гэж боддог. Олон хүн байна шүү дээ. Тэд бэлтгэж байгаа байх аа. Хамгийн гол нь улстөрч хүний нэр хүндийг ямар нэг байдлаар сэвтээхгүй байх нь бидний хойч үеэ бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

УИХын ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. Гэтэл энэ их хурал нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй, хугацааны хувьд ч амжихгүй гээд байна л даа. Таны хувьд санал нийлж байгаа юу?

-Санал огт нийлэхгүй байгаа. Нэг ярихаараа хамгийн олон намын төлөөлөлтөй энэ парламент улс төрийн гацаанд орсон асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэнэ. Заримдаа бүр эсрэгээрээ олигархижсан энэ парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй, ер нь юу ч хийх хэрэггүй, тарах хэрэгтэй гээд орилно. Үнэндээ улстөрчид л өөрийнхөө эрх ашгийг дээгүүр тавьж, популизм хийж, төрийн нэр хүндийг унагаж “булшилдаг”. Энэ 76 чинь нэг хэсэг нь намын жагсаалтаар нөгөө хэсэг нь тойргоос сонгогдож, тангаргаа өргөсөн Улсын Их Хурлын гишүүд шүү дээ. Үндсэн хуулийн 69.3-т “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно” гээд заачихсан учраас амжихгүй гээд байгаа байх. Амжуулъя гэж бодохгүй байна л даа. Хэрэв сэтгэл байсан бол аль хэдийнэ амжуулчих хугацаа байсан. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй парламент гэж өөрсдийгөө үзээд байгаа юм бол ард түмнээсээ асууж болох байсан. Үндсэн хуулийн 25.16-д “Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл МАН-ын тавиад байгаа саналын дагуу ажлын хэсгийн өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь ард түмнээсээ асуугаад олонхийн санал авсан заалтыг УИХ баталж болохоор байгаа. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Харамсалтай нь санал асуулга явуулах асуудлаа ч шийдэж чадахгүй хугацаа алдаж байна.

Сонгуулийн хууль бас л явж өгөхгүй боллоо. МАН болон бусад намууд хар машиныг эсэргүүцэж жагслаа. Гол нь олон хууль өргөн баригдсанаас түвэгтэй байдал үүсчихээд байна уу?

-Ердөө л тэр шүү дээ. Намууд өөрсдийн сонирхлоор хийсэн хуулиудаа татаж аваад хэдэн жил ажилласан сонгуулийн нэгдсэн хууль дээрээ хамтраад ажилласан бол батлагдах бололцоотой байсан. Байдал нэгэнт иймдээ тулчихаар заавал өөрчлөлт оруулах гээд зүтгээд байх хэрэг юу байхав. Хууль нь байж л байна. Энэ ертөнцөд байдаг бүх л хувилбараар сонгууль явуулж үзлээ ш дээ. Одоо жаахан тогтвортой байж болноо доо. Мэдээж төсөв зардлаа хэмнэх, дөрвөн жилийн ихэнх хугацаанд нь сонгуультай ноцолдож хамаг цагаа бардгаа больё гэж УИХ-ын сонгуулийг орон нутагтай хамтатгая, сонгуулийн хугацааг богино болгоё гэх мэт зарчмын хэдэн өөрчлөлт хийхийг АН дэвшүүлсэн. Тэр нь хар машин, жижиг тойрог болоод явчихаар утгаа алдчихаж байна.

МАН болон бусад намууд хар машинаар тоолсноо гараар тоолж баталгаажуулдаг болох асуудлыг дэвшүүлж хурал орхиж, гадаа жагсаж, хар машиныг шатааж байна?

-Энэ 76 гишүүн цөмөөрөө хар машинаар тоолсон тооллогын дүнгээр УИХ-ын гишүүн болсон. Уг нь одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тухайн үед хэсэг бүр дээр хоёр гурван машины санал хураалтын дүнг гараар тоолж баталгаажуулж байсан. Тухайн үед МАН-ынхан өөрсдөө санаачилж ийм машиныг нэвтрүүлчихээд одоо эргэж буцаад байгааг нь огт ойлгохгүй юм. АН хар машинаар тоолж булхай хийх гээд байна гэх юм. Үнэхээр тэгж болдог байсан бол АН 2012 онд юу гэж 35-хан суудал авч, бусад нам эвсэлтэй нэгдэж, тэдний аманд орж, үйл тамаа цайж явахав дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан хувьсгалыг Жамбын Батмөнх агсан хийсэн болж хувирав уу

Арванхоёрдугаар сарын 10. Цагийн хүрдээр “Ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатны нэг Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөв” гэсэн мэдээ гарлаа. Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч юм мэдэхгүйдээ ингэж мэдээлсэн байж болох юм. Харин учир мэдэх, өөрсдөө ардчиллын төлөө тэмцсэн өнөөх ардчилагчид энэ өдрүүдэд хаачив. Бид тэднийг бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан, оготнын хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн баатрууд гэж санадаггүй бил үү. Өөрсдөө ч бас үүгээрээ бахархдаг байгаагүй бил үү. Гэтэл гэрэл зургийн үзэсгэлэн гарсан, Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөсөн тухай мэдээлээд л өнгөрөв. Ардчилсан хувьсгалын баярыг хэн ч тоож тэмдэглэсэнгүй, тэгэсгээд л чимээ аниргүйхэн өнгөрөх шив. Хорь гаруй жил нөхцөл байдал ямар ч байсан тэмдэглээд ирсэн баярыг гэнэт ингэж хав дарж, хэн ч санахааргүй болгож байгаа нь зохион байгуулалттай бодлоготой юм явчихлаа. Хамгийн түрүүнд МоАХ мэдэгдэлд гаргасан. МоАХ-ны мэдэгдэл хэцүү бэрх, энэ үед баярлаж цэнгээд байх зүйлгүй гэсэн утгатай. Өнгөрсөн 25 жилд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо ашиглаж чадаагүй, хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улс төрийн намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зохисгүй зүй бус өрнөл эрчимжлээ. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс төрийн ажлыг гацааж, завхруулж байна зэргээр энэ хугацаанд ганц ч удаа өөд нар хараагүй юм л мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Ингээд өнөөх түүхт баяр нам дарагдав. Үнэн хэрэгтээ агуулга нь баяр тэмдэглэж, хундага өргөхдөө гол биш тэр өдөр бол түүх юм. Тиймээс сануулж, дурсаж тэмдэглэж байх ёстой. Ардчиллын төлөө тэмцсэн хүмүүсийн төдийгүй, ард нийтээрээ баярлах ёстой баяр юм. Гол нь ингэж тэмдэглэхгүй байгаа нь өнөөдөр Ж.Батмөнх агсныг ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатан гэж хэлж байгаа шиг ардчилсан хувьсгалыг өөр нам, өөр хүмүүс хийсэн гээд явах нь. Түүхийг ингэж гуйвуулдаг шүү дээ.

Мөн ардчилсан хувьсгалыг ялуулсан хүмүүс эрх барьж байгаатай холбоотой энэ түүхэн өдрийг мартуулав. Ямар ч хэцүү бэрх байдал, улс төрийн эвгүй нөхцөлд, сөрөг хүчин байхдаа ч энэ ойг тэмдэглэж, дуу хоолойгоо хүргэж байлаа. Олон түмэнд сануулж байлаа. Одоо эрх баригчдад тийм шаардлага үгүй болж. Ардчилагчдад энэ ойг тэмдэглэх хүсэл зориг байхгүй болж. Энэ хувьсгалыг эхлүүлж, нийгмийг өөрчилж, тэмцэж явсан тэр хүмүүст тэгэж явсан нь ичгүүртэй санагддаг болсон юм байна. Хувьсгал хийж, тэмцэж, ядуу хоосон, өлсөж, эрх мэдэлгүй явсан тэр үе нь одоо ичгүүртэй санагддаг болжээ. Том албан тушаалд очсон ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд угаасаа ийм тэнгэрт заяат дээд язгуурт, элит хүн байсан гэж өөрсдийгөө боддог болсон юм байна. Тэд бүгдийг мартаж. Юуны төлөө тэмцсэнээ, ямар байснаа, яаж явснаа мартаж, эсвэл мартахыг хүсчээ. Оргилсон их хүсэл тэмүүлэл, даарч хөрч, өлсөж, битүүхэндээ эмээж, нууцаар хуралдаж, эцэстээ үзэл санаа, зорьсон зорилгоосоо ухрахгүй гэж жагсаж, тэмцэж явсан тэр өдрүүдийг, залуу халуун омголон явснаа, зоригтой байснаа, халаасандаа улаан мөнгөгүй, сэтгэлдээ дүүрэн итгэл тээж явсан тэр өдрүүдээ санахаас ичдэг болж. Тэр үед партизан байгаагүй юм шиг тэнгэрийн хүн гэж өөрсдийгөө боддог болжээ. Амьдралаас бүүр тасарчихаж. Бодит үнэнээс хол явж. Дурсан санахаас дургүй нь хүрч. Угтаа бол НАХЯ-ны маш том, аалзны тор шиг том сүлжээний эсрэг зориглон, энэ нийгмийг өөрчлөх цаг болж, хүн төрөлхтөнтэй нэг замаар алхъя гээд зориг шулуудсан залуус байсан юм шүү дээ, тэд. Хувьсгалыг ухаантнууд хийж, үр шимийг нь тэнэгүүд хүртдэг гэдэгчлэн хувьсгал хийсэн ухаантнуудаас төрд байгаа нь үнэн. Гэхдээ үр шимийг нь сорж шимж, хүртсэн өнөөх тэнэгүүдтэйгээ эрх ашгаа нэгтгэсэн нь харамсалтай.

Мөн өнөөдрийн энэ дээдсүүдийн зарим нь ардчилсан хувьсгал хийх он жил, өдөр саруудад анхнаас нь яваагүй, жагсаж, цуглан, өлсөж цангаж яваагүй, замын дундаас орж ирсэн. Зарим нь мэдээлэгч хийгээд явж байсан. Ингэж хэцүү бэрх бүхэн ард хоцорсон хойно орж ирснээ битүүхэн нуудаг. Гэхдээ яаж яваад ч юм албан тушаал, эрх мэдэлд оччихсон. Хэрэв тэмдэглээд яриад, тэртээх хорин таван жилийн өмнөх өдрүүдийг дурсаад эхэлбэл эхнээс нь явсан хэдээсээ доогуур харагдчих гээд, тэр үед тэмцэж байгаагүй нь олон түмэнд мэдэгдчих гээд байгаа. Тийм нөхөд энэ жил ардчиллын баярыг хийхгүй байхыг хичээлээ, зорьсондоо ч хүрлээ.

Үнэн хэрэгтээ тийм хэсэг нөхөд анхны өлсгөлөн, анхны жагсаал цуглааны үед эсрэг байр суурьтай, эсэргүүцэн шуугиж явсан нь ч бий. Надад огт падгүй хэмээн чимээгүйхэн өөрийнхөө урдах амьдралаа зохицуулбал барав гээд явж байсан нь ч бий. Партизануудыг дуурайж ярих дурсамжгүй, бусад нь яриад эхлэхээр өөрөө баригдчих гээд байдаг нэг тийм цэмбэгэр, гял цал, хатуу хөтүүг мэдэхгүй болоод ч тэр үү, жигтэйхэн эмзэг, өнөөх замын дундаас орж ирсэн нөхөд тэр дурсамж, тэр үйл явдлыг сэдрээхийг хүсэхгүй байна. Ийм шалтгаануудаас болж тэмдэглэх нь бүү хэл улайм цайм түүхийг гуйвуулж, Ж.Батмөнх агсны гавьяа мэт ярьж эхэллээ. Замын дундаас ирсэн нөхдийг бодвол жинхэнэ партизануудаас юунд ч хүрээгүй, ардчилал ирэх нь л сайхан гэж бодон албан тушаалд нэг ч очиж үзээгүй хүмүүс бий. Ихэнх нь нас явж, зарим нь тэнгэрт одож. Одоо байгаа зарим нь албан тушаалд очих гэж ч гуйж яваагүй, ойн баяраараа ардчиллын төлөө яаж зүтгэснээ онгирч ярьж, сэтгэлээ цайлгадаг. Баярыг нь тэмдэглэхгүй, дурсамжийг нь яриулахгүй болохоор тэд мартагдаж эхэлж байна. Тэр өдөр гавьяаг нь дурсаж цэцэг өргөөд байсан Ж.Батмөнх гэж ямар гавьяатай хүн билээ. Хэдэн мянган жил залгамжилж ирсэн Монголын өндөр төрийн жолоог хорин хэдтэй, юу ч мэдэхгүй залуучуудын гарт хаяад л зугтсан хүн шүү дээ. Бидэнд амархан бууж өгсөн гэж л гавьяаг нь үнэлж байгаа юм биш бол өөрөөр яаж ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан болохов. Гэтэл ардчилсан хувьсгалыг хийж явсан С.Зоригийн хөшөөнд баярынх нь өдөр хэн ч цэцэг өргөөгүй. Бидний баатар гэж бодож явсан өнөөх партизанууд гавьяагүй хэрэг үү. Тоож дурсагдсангүй, тоож санагалзсангүй. Анхны гэх хэдэн партизанууд уйлалдаад энд тэнд хэд арваараа цугласныг эс тооцвол энэ хувьсгалд хэн ч гавьяагүй мэт.

Ардчилагчдын нэр хүнд унасан болохоос ардчиллын нэр хүнд унаагүй. Хөр цасанд хөлдөж үхэх гээд өлсөж, амь нас, ар гэр, амьдрал нь яаж ч магадгүйг мэдсээр байж тэмцэж ардчиллын төлөө явсан нөгөө хүмүүс түүхэн баяраа ч тэмдэглэх гавьяагүй юм уу. Энд зөвхөн ардчиллыг авчирсан, тэмцсэн тэр хэсэг хүмүүсийн баяр төдий биш, нийт ард түмний баяр юм. Тэр өдөр бол түүх юм. Болсон явдал юм. Хэн нэгэн зохиож яриад байгаа юм биш. Тэрийгээ ардчилагчид та нар эрх барих үедээ ингэж мартагнуулбал, цаашид түүх яаж өөрчлөгдөж, яаж үгүйсгэгдээ билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногоос хойш УИХ-ын чуулган, Байнгын хороод ирц бүрдэхгүй байгаагаас асуудлаа хэлэлцэж чадахгүй байна. МАН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол цаашид ямар ч хуралдаанд оролцохгүй гээд мэдэгдчихсэн байгаа. Их хурлын үйл ажиллагаа ингээд гацаад байх юм уу?

-УИХ өнөөдөр ч гэсэн ажлаа хийж байгаа. Хэлэлцэж шийдвэрлэх асуудал маш их байгаа нь үнэн. Гэсэн ч ганцхан асуудлаас болоод сүүлийн хоёр долоо хоног бүх асуудал гацаанд орсон нь ч бас үнэн. Шалтгаан нь МАН тэргүүтэй бусад намууд зөвхөн Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой. Сонгуулийн хууль бол ард түмний хүсэн хүлээж байгаа ганц хууль. Бусад хууль хамаагүй. Үүнийг л шийдэж өгөхгүй бол УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гээд байгаа юм. УИХ-ын болон Дэгийн тухай хуулиар албан ёсоор завсарлага авдаг атал Ардын намынхан хууль журмынхаа хүрээнд завсарлагаа авахгүй байна. Бүлгийнх нь дэд дарга эсхүл намынх нь нэг гишүүн нь орж ирчихээд завсарлага авсан болоод гараад явдаг. Үнэндээ бол тэд ажлаа хийхгүй хаяж алга болоод байгаа юм. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчтэй уулзахад хүртэл энэ асуудал яригдсан. Төрийн тэргүүний зүгээс ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсээд байгаа талаар намын төлөөллүүдээс асуусан.

Сонгуулийн хууль бол тийм ч чухал хууль биш байна. Учир нь УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгууль болгоноор эрх барьж буй нам өөрсдөдөө зориулсан хууль гаргадаг гэсэн байнгын шүүмжлэл явж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль чинь 2012 онд МАН-ыг олонхи байхад батлагдсан хууль. Энэ хуулийг бид гаргаагүй. Өөрсдийнх нь батлан гаргасан хуулиар нь сонгуульд оролцож АН олон суудалтай нам болсон. Түүнээс биш бид энэ хуулийг гаргаагүй. Сонгуулийн санал хураалтыг тоолох системийг боловсронгуй болгох асуудлыг манай нам шийдээгүй. Одоо бол тэдний гаргасан хуулиар л явж байгаа. Үүнээс илүү түвэгтэй зайлшгүй шийдэх ёстой асуудал бидний өмнө байна. Тиймээс бусад асуудлуудаа шийдье гээд Байнгын хорооны хуралдаанаар оруулах гэхээр ганцхан Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудлаас болж бүх зүйлийг гацаачихаад байна л даа. Энэ бол цэвэр Ардын намаас гарч байгаа араншин. Ард түмэн үүнийг мэдэж байгаа байлгүй. Зөвхөн Сонгуулийн тухай хууль хэрэгтэй. Бусад хууль хэрэггүй гэж байгаа бол харин манайхан тэгж бодохгүй байна. Үүнээс чухал эдийн засгийг сэргээх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бий болгох гээд маш олон чухал хуулиуд бий. Ардын намынхан энэ асуудал чинь 10, 20 дугаар асуудал гэдэг. Харин Сонгуулийн хууль бол гучдугаар асуудал байхгүй юу.

-Өнөөдөр иргэдийн дунд бухимдал, хүлээлт үүсгээд байгаа асуудал бол яах аргагүй ипотекийн зээлийн асуудал. Найман хувийн зээл зогссоноос хойш иргэдийн бухимдал эрс нэмэгдэж, бид яахаараа найман хувийн зээлээр орон сууцанд орж болдоггүй юм гэж байна. Танайхны зүгээс хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Тэр юу болж байна вэ?

-2012 оноос хойших энэ Их хурал нэлээд хэдэн чухал хууль гаргасны нэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан явдал. Уг хууль бол ард иргэдэд хэрэгтэй цаг үеэ олсон хууль болж чадсан. Харамсалтай нь иргэд Цэцэд гомдол гаргасны дагуу ҮХЦ шийдвэрээ гаргасан. Тиймээс нэг талын төлөөлөл болсон банк санхүүгийн байгууллагууд моргейж гэлтгүй цалингийн зээлээс бусад бүх зээлээ зогсоосон. Тэгэхээр энэ бол нэг талын шийдвэр биш. Олон талын шийдвэр гэсэн үг. Энэ нь үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудал болчихлоо. Цэц нэгэнт Их суудлаараа эцсийн шийдвэрээ гаргачихсан тул шинэ хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэг болсон. Шинэ хуулийн төсөл өргөн барихаар гишүүд ажиллаж байна. Шинэ хууль баталж байж энэ гацаанаас гарна. Үүн дээр улс төр орчихоод байгаа гэхээс өөр арга байхгүй. Улс төр орох шалтгаан ч бас байсан. Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэдийн нэр хаяг ч тодорхой болсон. Улс төрийн өнцгөөс асуудалд хандсан зүйл бий. Тиймээс л энэ маргаан үүсчихээд байгаа л даа.

-Шинэ хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ. Иргэдийн хувьд урьдчилгаа мөнгөө өгчихөөд байрандаа орж чадахгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Ард түмэн даруйхан шийдэх ёстой гээд байна л даа?

-АН-ын бүлэг болон “Шударга ёс” эвслийн бүлэг хамтран богино хугацаанд энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх ёстой гэсэн мэдэгдэл хийсэн. Тэр ч утгаараа Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд МАН бүх асуудлыг гацааж байгаа учраас энэ асуудлууд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа нь үнэн.

-Бүлгийн даргын хувиар сөрөг хүчний Бүлгийн даргатай уулзав уу. Гацаанд байгаа асуудлуудаа шийдээд явъя гэдгээ ярилцсан уу. МАН ард түмэн гэж хамгийн их ярьдаг улс төрийн хүчин шүү дээ?

-Ардын намынхан “Ард түмэн ингэж хүсч байна”, “Ард түмэн тэгэхийг шаардаж байна” гэдэг. Сонгуулийн хууль сонгогчдод зориулсан хууль болохоос сонгуульд оролцох аль нэг намын хууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бол сонгуульд оролцох гэж буй намууд өөрсдөдөө хэрэгтэй хуулийн өөрчлөлтийг хүсээд байна. Тиймээс л ойлголцлын зөрүү гараад байгаа. Миний хувьд АН-ын бүлгийн даргын хувиар МАН-ын бүлэгтэй тодорхой хэмжээнд ажиллаж байгаа л даа. Маргаан дагуулаад буй Сонгуулийн хуулийн асуудлаар гурван ч удаа уулзсан. Аль аль талаасаа буулт хийчих ямар хувилбар байна. Өргөн баригдсан гурван хуулийн төсөл дээр суурилсан ямар өөрчлөлтүүдийг хийж болох вэ, ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр санал солилцоод явж байгаа.

-Тэгээд юун дээр гацаад байгаа юм бэ?

-Санал тоолдог хар машинаа боль. Мажоритар системээр сонгуулиа явуул гэдэг шаардлагуудыг нь хүлээж авах ямар ч боломж байхгүй.

Хэрэв үүнийг хүлээгээд авчихвал Монгол Улс ухралт хийсэн болно. Тухайлбал, Ланд 200 гэдэг машин өнөөдөр хэрэгцээ болсон байгаа үед наадахаа болиод УАЗ 469 машинаа эргээд уна гэдэгтэй утга нэг болчихоод байна.

-Хяналтын тооллогыг нь хийлгээд явчихаж болохгүй байгаа юм уу?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуульд хяналтын тооллого хийх боломж нь нээлттэй байгаа. Хар машинаар саналаа өгдгөөрөө өгч хяналтын тооллогоо шодоод хийх эрх нь байгаа шүү дээ. Үүгээрээ явъя гээд байхад заавал өөрсдөдөө зориулсан хуулийг гаргахаар зүтгээд байгааг АН хүлээж авахгүй. АН-ын хувьд өөрсдөдөө зориулсан Сонгуулийн хууль хэзээ ч гаргаж байгаагүй. Өмнө нь гаргасан хууль дээр нь ажиллаад тэр хуулиар нь явъя гэж байна.

-Хөгжлийн банкны бондын зарцуулалтын асуудал сөхөгдөж, Ажлын хэсгийн зарим гишүүн мэдээлэл хийсэн. Ажлын хэсэг дахин хуралдана гэсэн ч ахлагч Л.Энх-Амгалан гишүүн орон нутагт яваа гээд хуралдаж чадахгүй байсаар байлаа. Энэ хэзээ нэг тийшээ болох вэ. Улс төр хэтэрхий их орчихлоо гэж харагдах юм?

-Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон. Түүнээс болоод Монгол Улсын гадаад зах зээл дээрх нэр хүнд эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүгийн байгууллагуудын үнэлэмж улам муудсан. Энэ ажлын хэсгийн хийсэн ажлын үр дүнг Эдийн засгийн байнгын хороогоор заавал хэлэлцэх ёстой. Тэр утгаараа бид шаардаж л байна. МАН-ынхан Ардчилсан намынхнаас болсон гэдэг тайлбар хийж, дутуу мэдээлэл ард түмэнд өгч шуугиан тарьчихаад өөрсдөө алга болсон. Өчигдөр (уржигдар) ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалантай уулзсан. Л.Энх-Амгалан гишүүн нэгдүгээр сарын 10-ны үед энэ асуудлаа шийдье гэсэн. Ардын намын гишүүдийн зүгээс орон нутагт ажиллах шаардлага байгаа тул уг асуудлыг хэлэлцэхээ хойшлуулъя гэсэн. Ер нь бол аливаа асуудал хойшлох тусмаа хүмүүсийн хардлагад өртдөг.

МАН-ынхан хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл, санал дүгнэлт буруу байсан гэдгийг бид нотолсон. Аудитын зүгээс бидэнд “Ажлын хэсгийн дүгнэлт буруу” гэдэг албан бичгээ ирүүлсэн. Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт гэдэг зүйл байхгүй гэдгийг Сангийн яам албан ёсоор ирүүлсэн. Энэ бичгүүдийг Л.Энх-Амгалан гишүүнд албан ёсоор өгсөн. Эдгээр зүйлсийг ажлын хэсгийн дүгнэлтдээ оруулаач ээ, дэд ажлын хэсгийнхний ажилласан санал дүгнэлтийг үнэн зөвөөр нь оруулж ирээч ээ гэдгийг хэлсэн. Энэ асуудал шийдэгдэх байх.

-Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн өөрөө юу гэж байх юм?

-Л.Энх-Амгалан гишүүн “Материалтай танилцъя. Үнэхээр бидэнд алдаа байсан бол түүнийг залруулъя” гэдэг зүйлийг хэлсэн. Хөгжлийн банкны асуудал дээр цэвэр улс төр явуулсан гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Үүнээс болж Монгол Улсад нэлээд их хохирол учирч байгааг мэдэж байгаа байлгүй. Ардын намынхан Ардчилсан намыг муулах тусам өнгө ороод байна л даа. Энэн дээрээ ч тэр хүмүүс дүгнэлт хийх байх. 90 гаруй жил Монгол Улсыг жолоодон авч явж өдий зэрэгтэй болгосон гэж ярьдаг хүмүүс Ардчилсан нам дөрвөн жил засаг барихдаа юу хийсэн бэ гэдэгтэй харьцуулаад үзэхэд газар, тэнгэр шиг ялгаа гарна гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс тэр хүмүүс хэлж, ярьж, улстөржүүлж байгаа асуудлууд дээрээ дүгнэлт хийх цаг нь болсон.

-Сүүлийн үед ямар ч асуудал хэлэлцсэн улс төрийн өнгө аясаар шийдэх гээд эсхүл гацаанд орчихоод байна. Энэ нь магадгүй сонгууль ойртсоны дохио юм болов уу. Энэ удаагийн сонгууль арай л эрт эхэлж байгаа юм биш үү?

-МАН-ын Бага хурал өнгөрөгч долоо хоногт хуралдаад албан ёсоор сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон гэдгээ зарлачихлаа. Хуулийн хүрээнд ярих юм бол энэ харин арай өөр асуудал. Өөрсдийгөө улс төрийн тулхтай, боловсон хүчинтэй гэж ярьдаг нам юу ярьж хэлж байгаагаа мэдэж байгаа байлгүй. “Бид сонгуулийн ажилдаа албан ёсоор орлоо” гэдгээ зарласан. Бусад улс төрийн хүчнүүд Ардын нам шиг юу юугүй зарласан юм алга. Манай намын хувьд хуулийн хүрээнд сонгуулийн ажлаа явуулна. Өнгөрсөн хугацааны мөрийн хөтөлбөрөө дүгнээд дараагийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна.

-Өнгөрөгч долоо хоногт Халзанбүргэдэй-Солонготын давааны чиглэлийн 100 км замын нээлт боллоо. Аймгийн төвүүдийг нийслэлтэй автозамаар холбох ажил улам л дөхөж байна гэж ойлгож болох уу?

-Халзанбүргэдэй-Солонготын давааны замын ажил бүр улиг болчихсон. Маш олон жил үүн дээр улстөржсөн. Өнгөрөгч долоо хоногт ашиглалтад өглөө. Ямар зам болсныг тэр замаар явсан хүмүүс болон хяналт тавьсан байгууллагынхан тодорхойлох байх. Миний хувьд ганцхан Халзанбүргэдэйн замын нээлтэд оролцоод ирсэн юм биш. Архангай аймагт хийгдсэн Гудамж төслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд орсон. Энэ бол Ардчилсан намын үед хийгдэж буй ажлуудын үр дүн харагдаж байна гэхэд болно. Ад болон шүүмжлүүлж, дайрч давшлуулаад байгаа бондын хөрөнгө оруулалтууд ямар үр дүнд хүрч байна вэ гэдэг нь тэндээс харагдаж байна. Иргэд ямар их сэтгэл ханамжтай байгаа нь тэндээс ажиглагдсан. Харин шүүмжилж байгаа хүмүүс болон сөрөг хүчнийхэнд хэцүү байгаа байх.

-Яагаад хэцүү гэж?

-Ажил хийх чадвартай хүмүүс нь ажлаа хийж, амаараа өөнтөглөдөг хүмүүс нь амаараа гаргууд байдаг юм байна гэдгийн ялгаа харагдаж байгаа юм. Нэг хэсэг нь ажил хийж байгаа бол нөгөө хэсэг нь хий хоосон сүржигнэдэг юм байна гэдгийн ялгааг эндээс тов тодорхой харж болно. Дахиад хэлье. Ардын намынхан Ардчилсан намынхныг муулах тусам өнгө орно. Зэс эдлэлийг өнгөлөөд байх тусам гялалздаг шиг янз бүрээр муу хэлээд давшлаад байх тусам хэн юу хийсэн бэ гэдэг нь тодрон харагдаж байна. Яг үнэндээ үүн дээр хэлэх үг байхгүй болчихсон. Сонгууль ойртох тусам энэ байдал улам нэмэгдэнэ.

-Маргааш (өнөөдөр) чуулганы ирц бүрдэж асуудлуудаа шийдээд явах болов уу. МАН-ынхан байхгүй байлаа гээд бусад нь чуулгандаа сууж болохгүй юм уу?

-Бид ирц бүрдүүлж ажлаа явуулахын төлөө ажиллаж байгаа. Ардчилсан намын болон “Шударга ёс” бүлгийн гишүүд цагтаа ирж байна. Ардын намтай намгүй чуулганы ажил явах боломж бий. Тиймээс Улсын их хурлын гишүүн гэдэг эрхэм нэрийг ард иргэдээсээ авсан энэ хүмүүс цагаа бариад явчих юм бол Ардын намтай намгүй болчихно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Галаарид: Улстөрчид алхам бүртээ олон нийтийн хяналтад байх ёс суртахууны үүрэгтэй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлзүйн сэдвээр ярилцлаа.

-Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ оны шилдгүүдээ саяхан тодрууллаа. 2015 оны хувьд энэ салбарынхан хэр үр бүтээлтэй ажилласан бол…

-Мэргэжлийн төв байгууллага гэдэг утгаараа МСНЭ салбарынхаа шилдгүүдийг жил бүр тодруулдаг. Энэ нь нэг талаас шалгаруулалт боловч нөгөө талдаа тухайн жилд бид юу хийж бүтээв гэдгийг томоор харж үнэлэх тольдуур болдог. Энэ онд улс орон эдийн засгийн хямралтай байсан ч манай салбарынхан хичээж зүтгэж, ихийг бүтээсэн үр өгөөжтэй жил байлаа. Сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн нэр хүндээ дээдлэх тал дээр ч ахиц дэвшил гарсан гэдгийг хэлмээр байна.

-Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг шүүдэг байсан нь өөрчлөгдөж, Хэвлэлийн консул байгуулагдсан гээд сэтгүүлчдийн ажиллах орчин таатай болж байх шиг байна. Сэтгүүлчдийн эвлэл ч энэ тал дээр сайн ажилласан харагдаж байлаа…

-Тийм шүү. Олон жил яригдаж байсан гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл заалт зөөлөрч, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болсон нь том ололт. Аль алинд нь манай байгууллагын оролцоо зүтгэл зохих хэмжээгээр тусгалаа олсон.

-2015 он сэтгүүлчдэд хэр халгаатай жил байв. Хичнээн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага шүүхэд дуудагдаж, хэрэг яаж шийдэгдэв?

-Сэтгүүлзүй тойрсон асуудал жил бүр өөр өөр байдаг. 2015 онд сэтгүүлчийн биед халдсан, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад учруулсан гэмт хэрэг харьцангуй цөөн гарсан. Ихэнхдээ эдийн засгийн цагдан хяналтын механизм үйлчиллээ гэж хэлж болно. Ноцтой асуудал бол инфо.мн сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон явдал байсан. Энэ онд шүүхэд дуудагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн статистик одоогоор гараагүй байна.

-Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг нэр төрд халдсан гэж улстөрчид байнга шүүхэд өгч байдаг. Төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох хүмүүс ийм эрсдэлээ тооцож, магтаал шүүмжлэлийг үүрээд гарах хаттай баймаар санагдах юм…

-Сэтгэлийн хат гэхээсээ улс төрийн соёлын асуудал. Улстөрч болно гэдэг угаасаа олон нийтийн хяналтад өөрийгөө сайн дураараа тушаана гэсэн үг. Улстөрчид алхам тутамдаа олон нийтийн хараа хяналтан дор байх ёс суртахууны үүрэгтэй. Ингэж байж л зөв шударга гэдгээ нотлон улс төрийн насаа уртасгах учиртай. Энэхүү ёс суртахууны үүргээ хэр биелүүлж байгааг нь хянаж, олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг. Дан ганц улстөрч ч биш, олны танил бүх хүмүүст энэ нь хамаатай. Яагаад гэвэл тэд үг үйлдэл бүхнээрээ олон нийтэд нөлөөлж байдаг онцгой давхаргынхан. Ийм онцгой давхаргад багт гэж тэднийг хэн ч албаддаггүй, өөрсдөө сайн дураараа улстөрч, эсвэл урлаг соёлын од болох сонголтоо хийдэг учраас хариуд нь ёс суртахуунтай, нийгмийн хариуцлагатай байх үүргийг автоматаар хүлээдэг. Өөрөөр хэлбэл тэд нэр төрөө мөнгөөр үнэлэх эрхгүй хүмүүс. Тэр бүү хэл хувийн нууц, хувийн эрх ашиг гэж байх ёсгүй хүмүүс. Өөрсдийнх нь хийсэн сонголт тийм юм.

-Улстөрчид нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхдэж байгаагийн цаад санаа нь тухайн хэвлэл мэдээллийг хаах, мохоох, эдийн засгаар боомилох санаа агуулж байдаг нь хамгийн хорон юм. Үүнийг мэргэжлийн байгууллага маань анзаарч байдаг байх?

-Үүнийг чинь л бид үргэлж сануулж ярьж байгаа шүү дээ. Цензур буюу цагдан хяналтын олон хэлбэр байдаг. Түүний нэг нь эдийн засгийн цагдан хяналт. Нэр төрөө сэргээх нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээс их хэмжээний мөнгө нэхнэ гэдэг эдийн засгаар нь хохироон боомилох, дарамтад оруулах хэлбэрийн нэг мөн. Намайг шүүмжилбэл ингэнэ шүү гэж тухайн сониныг төдийгүй салбарынхныг бүхэлд нь сүрдүүлж байгаа хэлбэр ч гэж ойлгож болно. Ер нь бол ардчиллын гол шалгуур болсон хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгоогүй улстөрчөөс л ийм ёс суртахуунгүй үйлдэл гардаг. Түүнээс биш алдаатай мэдээлэл гарлаа гэхэд залруулахыг шаардах, шүүхэд хүрэлгүйгээр өөрийн зохицуулалтын байгууллагаар буруу зөвөө шийдүүлэх зэрэг ардчилсан нийгмийн хэм хэмжээ болсон алхмууд зөндөө байгаа шүү дээ. Энэ утгаараа би танайхаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын үйлдлийг буруушааж байна.

– Шүүхэд нэг очсон сэтгүүлч дараа дахин шүүмжлэлт зүйл бичихээс зайлсхийж байдаг. Нэг ёсондоо сэтгүүлч шүүхээр ялсан ч ямар нэгэн айдастай үлддэг болохоор улстөрчдийн нэр төрөө сэргээлгэх заргын цаад хор уршиг нь их харагддаг…

-Шүүхдэлцлээ гээд шүүмжлэхээс халирдаг сэтгүүлч байна, халирдаггүй нь ч байна. Мэргэжлийн эр зориг, сэтгэлийн хат, хэр баримт нотолгоотой бичиж чаддагаасаа л болдог байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрэн сурвалжлагч сэтгүүлчид маань хэл ам багатай зүйлээр оролдохыг илүүд үзэх болсон нь анзаарагдаж байна. Энэ бол нийгэм, ялангуяа улс төрийн орчныг эрүүл байлгах үүрэгтээ үнэнч байсан эр зоригтой сэтгүүлчдэд маань ил далд дарамт их байгаагийн илэрхийлэл. Үүнээс болж нийгэм бүхлээрээ хохирдог. Гол хор уршиг нь үүнд байгаа юм. Тийм болохоор л шударга үнэний дуу хоолойг боомилох биш, харин өмгөөлж хамгаалах үүрэг жинхэнэ улстөрчдөд ноогддог. Ардчилсан нийгэмд иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэр хүндэтгэлтэй хандаж байгаа нь улстөрчдийн гол шалгуур, хэмжүүр болдог.

-2016 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн ажиллах зарчим гэж байдаг уу?

-Сонгуулийн жил сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой зарга ихэсдэг. Улс төр улам бүр увайгүй, ичгүүргүй болж байгааг хараад хэдэн сэтгүүлчдийнхээ өмнөөс одооноос л санаа зовж байна. Ийм үед өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол мэдээллийг дахин дахин нягталж, баараггүй үнэнийг бичих явдал. Хэн нэгний төлбөртэй материалыг бол “төлбөртэй” гэсэн тодотголтойгоор нь нийтэлбэл буух эзэн, буцах хаягтай. Сонгуулийн үеэр мэргэжлийн түвшинд, хуулийн хүрээнд, ёс зүйтэй, сонор сэрэмжтэй ажиллахыг бид сануулдаг. Зарчим гэвэл энэ л байна. Мөн асуудал тулгарвал МСНЭ-дээ нэн түрүүнд хандаарай гэж зөвлөе.