Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ

-Б.БУЛГАНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙГАА ГЭДГИЙГ ӨМГӨӨЛӨГЧ ХЭЛЭВ-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа жиргэсний дараа УЕПГ-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Энэ хэргийн талаар хэвлэлд мэдээлэл гарах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө. С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улстөржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно” хэмээсэн юм. Дээрх тодорхой бус хоёр хариултыг эс тооцвол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний 17 жилийн дараахь мөрдөн байцаалтын явц, маш нууц гэж хаягласан энэ хэрэг үнэхээр илэрч байна уу.

Чухам юу болоод байна вэ гэсэн асуултад олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Хуулийн байгууллагынхны мэдээлэлтэй мэдээлэлгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудаас хэвлэлийнхэн боломжоороо шүүрдэн мэдээлж байгаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВААГ ОНЦОЛСОН БАЙНА

Бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийнхэн Б.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан, Орхон-Уул аймгаас баривчилсан гэх хоёр иргэн энэ хэрэгт ямар оролцоотой зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан танилцуулжээ. Хуулийн байгууллагынхны танилцуулгыг сонсоод зөвлөлийн зарим нь “Энэ хэргийг нягтлан шалгаж, ул суурьтай хандсаны эцэст тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэсэн байр сууринаас хандсан гэнэ.

Эх сурвалжийн ярьж буйгаар бол энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажил 65 хувьтай явааг онцолж, нотлох баримт судалгааны ажлыг цуглуулж байгаа бөгөөд гадаадаас шинжээчид оролцуулж буй гэх мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон хэргийг бүрэн илрүүлтэл маш нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байх ёстойг ажлын хэсгийнхэнд анхааруулсан гэх мэдээлэл байна.

ӨМГӨӨЛӨГЧИД ЮУНААС БОЛЖ ТАТГАЛЗАВ

Харин энэ хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж байгаа бололтой. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж бололцоогоор өмгөөлөгч нарыг хангаж өгөхгүй байсан аж. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож буй Б.Булгантай өмгөөлөгч нь уулзахад багагүй бэрхшээл тулгарсан байна. Иймд өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзах, өмгөөлөл авах эрхтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан боловч амжилт олоогүй юм байна. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул энэ тухай олон нийтэд хандаж үг хэлэх боломж өмгөөлөгч нарт байхгүй учраас тэд Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзжээ.

Орхон-Уул аймгаас баривчлагдсан хоёр залуу харин өмгөөлөгч авсан байна. Гэхдээ өмгөөлөгчдийг нь ч бас уулзах боломжоор хангахгүй байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Б.Булганы ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэнэ. Иймд Хууль зүйн яамны дэргэд байдаг улсын өмгөөлөгч нарыг авах асуудал ч яригдсан байна. Улсын гэх тодотголтой өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй болон өмгөөлөх хүн олдохгүй байгаа сэжигтэнд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хүргэдэг юм байна. Харин Б.Булганы гадаадад амьдарч байсан охин нь ээжийгээ баривчлагдсаныг дуулаад Монголд ирсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авч, ээждээ анхаарал тавьж байгаа гэнэ.

ХЭҮК-ЫНХОН Б.БУЛГАНЫ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

С.Зориг агсны амь насыг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөлөл үзүүлж буй зарим өмгөөлөгч нараас тодруулга авсан юм. Нууцын зэрэглэлтэйгээр хэрэг шалгагдаж буй тул тэдний нэрийг нууцалж мөн мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлсийг асуугаагүй гэдгээ энд тодруулах нь зөв байх. Нөгөө талаар хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхээр шийтгэгдэж, ял аваагүй бол сэжигтнүүдийг гэмт хэрэгтэнд тооцдоггүй бөгөөд иргэн бүр өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх.

Учир нь Хүний эрхийн үндэсний комисс хэд хоногийн өмнө хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгааны тайлангаа тавьсан байна. Үүнд хуулийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж олдохгүй байна. Тэдний эрх зөрчигдөж байна гэсэн зүйл яригджээ. Зарим нэг хүн энэ талаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тус комиссынхон хуулийнхны шалгагдаж буй хэрэг шүүхээр шийдэгдээгүй л бол хөндлөнгөөс оролцох эрхгүй байдгаа уламжилсан гэнэ. Ингээд өмгөөлөгч нараас авсан тодруулгаа нэгтгэн хүргэе.

Өмгөөлөгч: МАШ НУУЦЫН ЗЭРГИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БИДНЭЭС БАТАЛГАА АВСАН

Та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. Тэр болгон уулзуулахгүй байна. Бид чинь маш нууцын зэргийг хангаж ажиллана гээд гарын үсэг зураад баталгаа өгсөн болохоор хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоогүй энгийн зүйл асууж байгаа болохоор гайгүй байлгүй дээ?

-Тэгсэн ч гэсэн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаа­лаад хэрэгт хамааралгүй гээд хэлэх ч боломж алга, хэцүү байна.

Өмгөөлөл явуулах бүрэн боломж олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэхээр ажил хийх боломж бололцоо гаргаж өгч чадахгүй байна. Ажлын хэсгийнхнээс зөвшөөрөл аваагүй бол Төв аймгийн цагдан хорих төвийнхөн үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжоор хангахгүй, хэцүү юм. Гэтэл бусдыг ямар байна. Ямар баримт үндэслэн саатуулсан зэргийг лавлаж ч чадахгүй явна. Мэдүүлэг авах үед нь очсон болоод байж байна. Хэлэхэд хэцүү ч үнэн нь тэр. Ийм байдлаар үйлчилгээ явуулж байхаар өмгөөлөхөөсөө татгалздаг ч юм бил үү гэж бодож байна.

Б.Булганы биеийн байдал ямархуу байгаа вэ. Ар гэрийнхнийг нь уулзуулж байна уу?

-Түүний бие муу байгаа. Ядарсан, цонхийсон, даралт нь өндөр байна. Хоригдоод суурь өвчин нь сэдэрч эхэлж байна. Эмчлүүлэх, биеийн байдалд нь анхаарал тавих битгий хэл очоод уулзах боломж алга.

Нөгөө шалгагдаж буй хүмүүст өмгөөлөл үзүүлэх байдал иймэрхүү янзтай байгаа юу?

-Бас л ийм л янзтай байгаа гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хүрээнд үйл явдал ийн өрнөж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйлс ч явж байгааг дээрх тодруулга харуулж байна. Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил ахиц гараагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү гарч ирлээ. Улстөржилт эсвэл үнэхээр хэрэг илэрч байгааг хэлэхэд эрт юм. Учир нь шүүхээр гэм буруутайг нь хэлэлцээгүй энэ үед асуудал хаашаа ч эргэж болох. С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр замтай холбоотой олон нийтэд дэлгэсэн мэдэгдлийн цаад учир юу вэ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригтод хаягласан “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатарын тухай албан бичиг энэ өдрүүдийн дуулианы нэг байлаа. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтыг тохирсон хэдүй ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудал Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна.

Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна. Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг Зам, тээврийн сайд М.Зоригт танаа” гэсэн мэдэгдэл хүргэсэн юм.

Л.Пүрэвбаатар: МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ТЭЭВЭР-ЛОГИСТИКИЙН КОМПАНИ БАЙГУУЛАХААР ЯРИГДАЖ БАЙГАА ЗҮЙЛ. НАДАД ОГТ ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ

Дээрх мэдээлэл хийсний дараа “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар уг албан бичигтэй холбогдуулан сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг энэ байгууллагыг 1949 онд байгуулсан. Хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг нь хувьцаат компанитай төстэй. Хаалттай хувьцаат компани гэж хэлж болно. Л.Пүрэвбаатар гэдэг хүн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга биш, ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Би Замын дарга гэдэг албан тушаалтай. Замын дарга гэдэг албан тушаалтан галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирдаж, зам засвар, арчилгааг нэгдмэл технологиор хэрэгжүүлдэг албан тушаалтан. Гэтэл өглөөнөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг буруутгасан өнгө аястай мэдээлэл цацагдлаа. Миний хувьд тэр мэдээлэл ойлголцлын юм уу, томъёоллын зөрүүнээс үүдэлтэй гэж бодож байгаа. Тухайн мэдээллээр бол Замын дарга хувьцааны талаар ярьж хэлдэг. Хувьцааг хуваарилж, хүргэдэг хүн болж харагдаж байна. Энэ бол Замын даргын үүрэгт хамаарахгүй зүйл. Гадуур цацагдаж байгаа мэдээлэлд Монгол, Орос, Хятад гурван улсын талаар яригдаж байгаа. Энэ гурван улсын талаарх яриа хаанаас гарсныг би та бүхэнд тайлбарлаж өгье. “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” гэж байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ыг төлөөлж “Оросын төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурсан байна. Тус хэлэлцээрийн 4.2-т “УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн Талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр-логистикийн компани байгуулахаар тохиролцов” гэсэн байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд Гадаад яамны шугамаар Монгол, Орос, Хятад гурван улсын яриа хэлэлцээр явагдаж, тээвэр-логистикийн компани байгуулахаар яригдаж байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ гэсэн үг. “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг бол хоёр улсын хамтарсан байгууллага. Харин тээвэр-логистикийн компани бол гурван улс хувьцаа эзэмшдэг байхаар төлөвлөж байгаа, одоогоор байгуулагдаагүй компани. Энэ компани байгуулагдвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, УБТЗ, барилга ашиглалтын компани болно. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших, ер нь гол цөм нь УБТЗ байх бодлогыг бидний зүгээс барьж байгаа. Замын даргын хувьд би Монгол, Оросын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, компанийн удирдах ажил, тэр дундаа хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Миний хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэдгийг хэлмээр байна. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах шаардлага байхгүй. Надад хариуцлага тооцох талаар мөн бичсэн байна лээ. Төмөр замын асуудлаар буюу тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин тавихгүй байх гэх мэт асуудлуудад би 100 хувь хариуцлага хүлээх үүрэгтэй ажиллаж байгаа. Харин хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс, ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэсэн юм.

ГУРВАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ” ГЭВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бо­лон Зам тээврийн сайд М.Зоригтод хаягласан мэдэгдэл болон “Улаан­баатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар нарын хийсэн өөр зөрүүтэй хоёр мэдэгдэл ямар учиртай вэ. Энэ талаар УБТЗ-д ажилладаг нэрээ ил гаргахыг хүсээгүй нэгэн эрхэмтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

УБТЗ-ын үндсэн чиг үүргийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-УБТЗ-ын үндсэн гол үүрэг Монгол Улсын газар нутгаар явж байгаа ачаа тээврийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэг, зорилготой. УБТЗ хоёр улсад зориулсан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ашгийн бус үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн тасалбараас гэхэд ашиг олох нь битгий хэл дандаа алдагдалтай ажиллаж байсан. Жилдээ 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Нүүрс тээврийн зардлаас гэхэд нийт олох ёстой ашгийн ердөө 45 хувийг л олдог. Төмрийн хүдэр болон жонш тээвэрлэлтээр ашигтай ажиллаж ирсэн. Харин өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 80 хувийн ашигтай ажиллаж байгаа.

ОХУ манай улсын төмөр замд хятадууд орж ирэх болсон талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын удирдлагууд төрийн уулзалт хийсэн. Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар транзит тээврийн талаар ярилцаж хамтран ажиллах шийдвэр гаргасан байдаг. Энэ нь УБТЗ-тай огт холбоогүй. Гурван улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд транзит тээвэр хийгдэхээр болсон юм. Үүнд, ОХУ, манай улс нэгдсэн байр суурьтай байсан. Гурван улсын төрийн тэргүүн уулзах үеэрээ яригдаж шийдвэрлэсэн зүйлийг мушгин гуйвуулаад байгааг ойлгохгүй байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд эдийн засгийн хамтын ажиллагааны газрын албан тушаалтан буруу ташаа мэдээлэл өгсөн юм шиг байна лээ. Л.Пүрэвсүрэн сайдын гаргасан мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын тээврийн дэд сайд, УБТЗ-ын ерөнхий хорооны дарга нар албан бичиг манай улс руу явуулж байгаа гэсэн. Энэ сарын 26-нд Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд нар ОХУ руу ажлын айлчлал хийнэ гэсэн. Айлчлал хийгдэх гэж байгаа энэ үеэр УБТЗ-ын нэр хүндийг унагах гэсэн бодлого явж байгаа бололтой гэв.

Э.БААТАР

Ж.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

“Болор цом”-ын Хамгийн, хамгийн…

Найман настай балчраас наян­тэй ерэнтэй өвгөд мэргэдээ хүртэл амнаасаа алтны үртэс унагаж, найргаар сэцэлдэг ард түмэн дэлхийд нэн ховордсон гэлцдэг. Хамуутай бор даагатай харцын өнчин хөвгүүн хааны есөн өрлөгтэй “цэцэн үг цээжинд байдаг юм аа” гэж хэвлүүтдэгийг ардын аман билэг судлаачид баяр бахтайгаар дурддаг. Эзэн Чингис хааныхаа үеэс элчийн аманд эмээлийн дуу бариулж ирсэн монгол түмний хайртай наадам бол МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом”. Утга уянгын энэ их наад­мыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж бай­сан түүх­тэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наад­мын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг. “Болор цом” наадмын сонин хачныг “хамгийн хамгийн” болгон шалгаруулбал инээдтэй, нулимстай янз бүрийн дүр төрх харагдахаар байдаг. Хүний хорвоогийн л нэгэн үйл юм чинь алагтай булагтай ч байлгүй яах вэ гээд зарим нэг содон явдлуудаас дурдъя.

Хамгийн анх яруу най­рагч Д.Пүрэвдорж агсан “Хүн төрөлх­төнд хүргэх үг” шүлгээрээ өөрийн­­хөө зохио­сон наадамд өөрөө түрүүллээ гэдэг нь өнөөгийнхөөр бол улсын аварга бөх нэрэмжит наадам­даа ам аван барилдсаар түрүүлсэнтэй агаар нэгэн буй. Янжинлхамын эгшиг­лэнт най­раг­чаар ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөн­гөтийн Цоодол нар гурав гурван удаа тодорч, уг наадмын түрүүг хамгийн олон хүртэн дархан аваргын зиндааг дархалжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Монголын радиогийн “Малчин” нэвт­рүүлэгтэй амьд­ралаа хол­босон Цэндийн Чимэддорж агсан “Малчин” шүлгээр анх 1989 оны “Болор цом” хүртэж, “Элсэн тасархай” шүлгээр хоёр дахиа авсан билээ. “Болор цом” эхэлж байхад Чимээ ах шүлгээ бичин гал тогоо­ныхоо өрөөнд өөрийгөө түгж­чихээд гарч ирэхгүй гэргий Мөнхтуяагаа хөөрхөн зовоосон гэдэг. “Малчин” шүлгийн гайхамшигтай шад мөрүүд урсаад найрагчаа ширээнд нь хадсан сонин тохиол энэ.

Түүнчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгүүдээрээ дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагчаар одоогоор тодроод байгаа. Түүний ингэж хоёр жил дараалан түрүүлснийг ардчилал эхэлж, залуу хүмүүсээ дэмжсэн гэлцэх нь бий. Түүний

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй” хэмээсэн “Тэнгэр” шүлэг Монголын яруу найргийн мөнгөн үеийнхний омогшлыг дархлан үлдсэн юм. “Болор цом”-ын хамгийн их өөрчлөгдсөн найрагчаар Б.Ичинхорлоо үргэлж яригдаж байдаг. Ард түмний ой санамж гэдэг ямар ч тунгалаг дуран авайнаас алсыг нэвт хардаг хүчирхэг зэвсэг бололтой. “Анх ямар охин ирж байлаа даа. Тэгсэн одоо хар даа, ямар сайхан гунхсан цагаан бүсгүй болоо вэ” гэсэн уулга алдалтыг тэр байнга дагуулна.

Олон түмний сонирхол тата­хуйц нэг баримт нь яруу най­рагч Д.Цоодол (1984, 1993, 1997), найрагч Б.Лхагвасүрэн (1985, 1992, 1998) нар тус бүр гурван удаа энэхүү наадмын тэргүүн байрт шалгарсан явдал юм. Мөн соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан (1994, 2010) хоёр удаа, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар (2008) нэг удаа тус тус түрүүлсэн нь хоёр айл “Болор цом” наадмын есөн түрүү авсан амжилтын эзэд болгожээ. Яруу эгшгийн эл наадамд хамгийн олон жил уралдаж цомын эзэн болсон хүн бол Дамдинсүрэнгийн Урианхай найрагч. Д.Урианхай найрагч тасралтгүй 19 жил оролцож, үзэл бодолдоо үнэнч байсан бодь сэтгэлтэн. “Болор цом”-ын түүхэнд үзэгчдийг хамгийн их шуугиулсан мөртлөө цом гардаж чаддаггүй азгүй ч гэмээр яруу найрагч бол Говь-Алтайн Хар азаргын нурууны унага Мөнхөөгийн Билигсайхан. “Хүргэнтэй болох гэж байгаа нь тэр ээ…” гэсэн “Гэгээн Монгол” шүлгийг нь сонссон яруу найрагч О.Дашбалбар агсан “Аргал хомоол бичсэн хөдөөгийн бүдүүлэг залуу яруу найргийн гоо сайхныг гутааж байна” гэж хатуухан шүүмжилж байсан ч мань эр огт тоолгүй “Дээл гэдэг сайхан хувцас, дэрлээд унтахад дэр болдог, дэвсээд хэвтэхэд гудас болдог” гэх мэтээр авч өгнө. Ер нь жил жилийн наадмаар аз, эзийн шоо альхан тийшээ буухыг хэн ч таашгүй байдаг. Тэр жил соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар “Би хорин таван жил “Болор цом”-д орлоо. Одоо зодог тайллаа” гэж нулимстай шүлэг дуудаад буугаад явчихсан.

Гүрээ найрагчид хөтлөх, жүжиглэх, нэвтрүүлэх гээд найргийн тайзнаас гадна цаана нь зөндөө олон тайз үлдэж байгаа болохоор зодог тайлах бол тийм ч хэцүү даваа биш л дээ. “Тэмээ”, “Эхийн сэтгэл” шүлгүүдээ найргийн тайзнаас олон түмэндээ толилуулж байсан ардын яруу найрагч Пунцагийн Бадарч гуай саяхан уулзахад “Би энэ жилийн цомд Цоодолыгоо уруу татаж орно. Тэр жил би зодог тайлсан болохоос шуудгаа тайлаагүй” гэсэн нь бас бодох л үг. Дархан аварга А.Сүхбат зодог тайлчихаад зүлэг ногоон дэвжээнээ зүүний магнайд гарч болоод байхад яруу найргийн далай, дархан аваргууд яагаад “зодоглож” болохгүй байх билээ. “Болор цом”-ыг хамгийн олон жил олон түмэндээ хүргэсэн далай даян дархан хөтлөгчөөр буурал Бадарч найрагч, нэвтрүүлэгч Бямбаа гуай хоёр тодрох нь. Мөн наадмаар ав адилхан цагаан хослолоор ижил хоёр шувуу шиг жигдэрсэн хоёр бол аав, хүү найрагч Дамбын Төрбат, Төрбатын Зөнбилэг хоёр. “Болор цом” наадмын эргэн тойрон байлдааны талбар шиг үргэлж л халуун мэдээ мэдээллээр дүүрэн байдаг. Тухайлбал, “Болор цом”-д уначихаад тавин минут уйлсан хүн бол миний их гэрэлт анд, Завханы Их-Уулын Базарсадын Баттулга. МЗЭ-ийн шагналт эл найрагчийн ийм удаан уйлсан тухай баримтыг та соёлын гавьяат, судлаач Үржингийн Хүрэлбаатарын “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” гэсэн алдарт шүүмжээс уншиж болно.

Наадмын дараа хамгийн их хүндэтгэлд умбасан тэр­гүүн цомтоноор Ховд аймгийн Дуут сумын уугуул, Уриан­хайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэ­баатар шалгарах магадлал маш өндөр. Тэрээр оны тэргүүн найрагч болсныхоо дараахан “Утга зохиол, урлаг” сонинд ярилцлага өгөхдөө “Хүмүүс баяр хүргэсээр, гурван ч утас улайсгаж шатаалаа…” хэмээсэн байдаг. Мөн хамгийн их ахуйн менежмент хийсэн найрагчаар хоймор нутаг Хөвсгөлийн хүү Дархад Баттөрийн Мягмаржав тодрох магадлалтай. Тэрээр “Над шиг гэр хороололд байхдаа цом гардсан найрагч үгүй” гэсэн ярилцлага өгч, удалгүй тоосго шиг зузаан түүвэр нь хэвлэгдсэн байдаг. Үзэгчдийн суудлаас тайзан дээрх най­рагчийг шүүмжилсэн тохиол нэг бус удаа гарсан. Үүний нэг тод жишээ нь МЗЭ-ийн шаг­налт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолыг “Элчин Самбуу” шүлгээ уншихад “Самбуутай шүлэг гэж юу байсан юм бэ” гэж хашгир­сан явдал. Энэ асуултын хариулт ч үзэгчдийн чихэнд хоногшин үлдсэн байдаг. Цоо­дол найрагч шүлгээ аанай­хан уншиж байснаа нүдний шилнийхээ дээгүүр тоомсоргүй харж “Мягаа л байна даа, Мягаа байна” гэсэн нь үзэгч олонд “Байдаг л нэг согтуу найрагч” гэсэн ойлголтыг тэрүүхэн үедээ төрүүлж, өөрийнхөө шүлгийг сатааралгүй сонсгох боломж олгосон гэгддэг.

“Болор цом” наадам төгс авьяас билэгтнийг түмэн олонд таниулаад гаргаад ирдэг ч наа­дам бишийг дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хоёр удаа Эрээнцаваасаа ирж оролцон нэг, хоёрын даваанд унасан явдал гэрчилдэг. Дараагийн даваанд тэнцэлгүй унахаас гадна тайзнаасаа унасан тохиолдол ч бас гарч байв. Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж агсан “Үхэр Монголын уур хилэн” шүлгээ дуудаж байгаад хөгжимчдийн суудаг яам руу унахад Бямбаа хөтлөгч “Найрагч маань хаачив аа” гэж үзэгчдээс сурагласан удаатай. Өвөрхангайн “Болор цом” дээр яруу найрагч М.Билэгсайхан тайзны ард унаад тэмцээнд оролцож чадаагүй бас нэг тохиол байна. Тайзан дээр хамгийн удаан нойрсогчоор Д.Энхболдбаатар найрагч шалгарахаар байгаа. Дархан хотод болсон найргийн наадмын үеэр түүний нэрийг хөтлөгч дуудсан ч тэрээр огт сонсолгүй үнэгчлэн нойрссоор байсныг Ү.Хүрэлбаатар шүүгч баталдаг. “Болор цом”-ын хамгийн зоригтой болоод бүдүүн зүрхтэй найрагчаар зураач, яруу найрагч Мягмарын Амархүү нэрлэгдэх нь гарцаагүй. Тэрээр “Ерөнхийлөгчийн эхнэртэй загас наадуулмаар байгаа”-гаа шүлгээр илэрхийлэн хайр зарлаж, бас хайр нь үзэн ядалт болон хувирч үзэгчдийг “Хар малууд аа” гэж хашгичсан гашуун түүх байдаг.

“Болор цом”-ын шүүгч томилохоор хуралдах үед жендерийн асуудал ч яригдаж байсан түүхтэй. “Тан руу нүүж явна” кино зохиол, “Хорвоод ганцхан ээждээ”, “Санана даа” зэрэг дуугаараа олны танил болсон соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Санжжавын Оюунаар шүүгч хийлгэе гэсэн саналыг эрчүүд үгүйсгэх үед яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт “Эрэгтэй шүлэг, эмэгтэй шүлэг л гэж байдаггүй юм бол эмэгтэй найрагчаар шүүгч тавьж яагаад болдоггүй юм бэ” гэж асууж байсан гэдэг. “Болор цом” наадам анх зохиогдож цомын эзэн тодроход яруу найрагч Базарын Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гэнэ. Боржоом хийдэг л стакан байна шүү дээ” гэж хэрдээ агсарсан хөөрхөн шог байна. “Болор цом” наадамд соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч И.Цэрэнжамц, яруу найрагч Ц.Чимэддорж, Ж.Сарантуяа, Б.Ойдов нар олон жил элэглэл уншсан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

О.Хангай: Улсын наадмын түрүү бөхийг өвдөг шороодууллаа гээд хүмүүс баяр хүргээд байсан

Өнгөрсөн
ням гаригт “Баянзүрх хайрхны хишиг” барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд өнөө цагийн хүч чадал, уран барилдаантай бөх гэгдэх улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглосон билээ. Харин тус барилдаанд аймгийн арслан О.Хангай учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Тэрээр гурвын даваанд аймгийн заан Т.Бэгзсүрэнг, дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболд, тавын даваанд улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Т.Баасанхүү, гарьд Б.Гончигдамба нарыг давж, үзүүр түрүүнд үлдсэн юм. Улмаар энэ жилийн наадамд түрүүлсэн хамгийн залуу улсын арслан гэгдэж буй Э.Оюунболдтой барилдаж түрүүлсэн билээ. Ингээд Ховд аймгийн Буянт сумын уугуул Дулааны III цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Оргихын Хангайтай ярилцсанаа хүргэе.

Энэ
оны отгон хишиг барилдаанд түрүүлж сайхан амжилт үзүүллээ. Монгол Улсын арслан Э.Оюунболдтой өмнө нь барилдаж байсан уу?

-Баярлалаа.
Залуу арслантай өмнө нь хэд
хэдэн удаа учраа таарч
байлаа.

Хэн
нь илүү даваатай юм бэ?

-Би аймгийн заан цолтой
байхдаа хоёр ч удаа
таарч барилдаж байсан. Э.Оюунболдод
нэг удаа унаж, нэг
удаа давж байсан.

Наадмын
өмнө бас учраа таарч байсан санагдаж байна?

-Э.Оюунболдыг арслан болохын өмнө
бид хоёр барилдаан таарч
би өвдөг шороодож байлаа.

Тэгэхээр
энэ удаа ямар барилдаан гаргахыг нь мэдэж байжээ?

-Ерөнхийдөө
хэд хэдэн удаа таарчихсан
үе тэнгийн бөхчүүд нэгнийхээ
барилдааныг сайн мэднэ. Тэгээд
ч бөх хүн
унах гэж зүлэг ногоон
дэвжээнд гардаггүй болохоор өөрийнхөө чадах бүхнийг л
гаргая гэж бодож барилдсан.

Тухайн
үед сандарч байв уу. Хэдий нас чацуу ч Монгол Улсын арслан цолтой бөхтэй барилдана гэдэг сэтгэл зүйн талаасаа амаргүй даваа болов уу. Таны хувьд өрсөлдөгчийнхөө барилдааныг мэдэх учраас хэрхэн барилдахаар төлөвлөж байв?

-Багшийнхаа
захисны дагуу өөрийнхөөрөө л
барилдъя гэж бодсон. Тэрнээс
яг ингэнэ, тэгнэ гэсэн
урьдчилсан таамаг байгаагүй ээ.
Мэдээж энэ цагийн өсч
яваа залуу сайн бөх
гэдэгтэй хэн ч маргахгүй.
Э.Оюунболд бол
сайн бөх.

Наадмын
түрүү бөхийг давсныг хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-“Наадмын түрүү бөхийг өвдөг
шороодууллаа шүү дээ, баяр
хүргэе” гэж хүмүүс хэлсэн.
Барилдааны үеэр арслан мордоод
түрэхэд нь би дагуулаад
мушгичихсан. Иймэрхүү барилдаан дэвжээнээ байнга харагдаж байдаг
шүү дээ.

Та
хоёр дотно нөхөд үү?

-Яахав, мэндийн зөрүүтэй, сайн
харилцаатай явдаг нөхөд. Бид
хоёр чинь Уулын баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороонд харьяалагдаж
байгаа шүү дээ. Ер
нь үе тэнгийхэнтэйгээ дотно
ярьж хөөрнө дөө. Улсын
начин Пүрэвсайхан, аймгийн заан Бадамгарав,
аймгийн харцага Төмөрбаатар, аймгийн
начин Адьяа, сумын заан
Баянмөнх гээд хамт бэлтгэл
сургуулилт хийдэг бөхчүүдтэйгээ найзална
даа.

Таны
хувьд өдгөө зодоглож буй залуу бөхчүүдээс цолонд ойрхон бөхчүүдийн нэг гэгддэг. Үнэндээ сүүлийн үед заал танхимын барилдаанд ч үзүүлэлт өндөртэй яваа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаанд зодоглох уу?

-Зодоглох байх.

Ойрын
зорилгоо тодорхойлохгүй юу?

-Чансаа өндөртэй 128 бөхийн барилдаанд амжилт
үзүүлэх. Энэ барилдаанд чансаагаараа
дээгүүрт бичигдэж буй шигшмэл 128 бөх
барилдана шүү дээ. Тиймээс
энд л чамгүй амжилт
гаргахыг хүсч байна.

Энэ
удаагийн хишиг барилдаанд улсын заан Б.Соронзонболд, харцага Б.Пүрэвсайхан, гарьд Б.Гончигдамба гээд энэ цагийн хүчтэнүүдийг өвдөг шороодуулсан нь үзэгчдийг нэлээд шуугиуллаа. Өмнө нь тэдэнтэй учраа таарч байсан уу?

-Монгол Улсын гарьд Б.Гончигдамба ахтай анх удаагаа
барилдсан. Сайхан барилдааныг нь
л харж байснаас
тулж зодоглож байсангүй. Харцага Пүрэвсайхантай бол
хэд хэдэн удаа таарч
өгөө, аваатай явсан. Ер
нь Гончигдамба гарьдтай анх удаа барилдсан
болохоор жаахан эмээж байлаа.

Т.Баасанхүү начинтай өмнө нэлээд хэдэн удаа таарч барилдсан санагдаж байна. Барилдаан хэр таардаг бол?

-Т.Баасанхүү начин их элдэвтэй.
Уран хурц барилдаантай. Хөлд
орчих гээд хурдан хөдөлгөөнтэй.
Давахдаа даваад, унахдаа унаад
л явж байна.

Модон
морин жилийн cap шинийн баярт зориулсан барилдаанд амжилттай барилдаж үзүүрлэсэн. Улсын аварга Мөнхбат, улсын арслан Мөнхбаатар хоёрыг нэг мэхээр давсан. Энэ мэхээ ер нь төлөвлөж гарсан уу?

-Ер нь явж барилдъя
гэж бодсон. Тухайн үед
хоёуланг нь давхар ачиж
хаясан. Өмнө нь давхар
ачих мэхийг хийж байгаагүй
давтаж ч байгаагүй, барилдааны
явцад л ороод ирсэн.
Аварга, арслан цолтой бөхчүүдийг
хаясандаа баяртай байдаг.

Бөхийн
дэвжээнд хэзээнээс зодоглох болов. Уг нь ХААИС-ийг дүүргэсэн гэдэг?

-Би Ховд аймгийн Буянт
суманд төрж өссөн. Багадаа
бөхийн бэлтгэл огт хийж
байгаагүй. Би үндэсний бөхөөр
барилдаад дөрөв тавхан жил
болж байна. Төгсөх ангийн
оюутан байхдаа ер нь
бөхөөр явъя гэж шийдсэн.
2010 онд сумынхаа наадамд барилдаж цолоо
ахиулаад дараа жил нь
Ховд аймгийн наадамд аймгийн
арслан Батсайхантай үзүүр түрүүнд үлдэж
аймгийн заан болсон. Тэгээд
удаагүй аймгийнхаа наадамд түрүүлж арслан
цол хүртсэн дээ.

Яг
ямар мэргэжлийн хүн билээ?

-Хөдөө аж ахуйн их
сургуулийн газар зохион байгуулалтын
инженерийн ангийг төгссөн. Их
сонин, гэнэтийн тохиолдлоор гэх үү дээ.
Төгсөх курст байхдаа сумынхаа
наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт
тунаж үлдсэн. Тухайн үед
би зуныхаа амралтаар очсон
байсан юм. Шөвгийн дөрөвт
үлдсэн тухайгаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн
дүү болох Алтанбагана ах
их л сүртэй хүлээж
авсан. “Миний дүү чинь
сайн бөх болж магадгүй
хүн байна” гэж ирээд л.
Тэгснээ намайг бөхөд хэр
сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж
сумын наадмын шөвгийн дөрөвт
үлдсэн хүн чинь өөрийгөө
ирээдүйтэй л гэж бодно
шүү дээ. Ах шууд
зодог шуудаг авч өгөөд
“Сайн бөх болоорой” гэж
захисан. Ингэж л бөх
болох гараа маань тавигдсан.
Аав, ээжийн маань удамд
байсан сайхан бөхчүүдийн буян
гэж бодож явдаг.

Аав,
ээжийгээ танилцуулахгүй юу?

-Миний аав Оргих гээд
улсын тэргүүний тариаланч хүн бий. Ээжийг
Баярлах гэдэг. Нярав мэргэжилтэй.
Аав Говь-Алтай аймгийн
уугуул. Ээж Ховдын Буянт
сумынх. Эцэг, эх маань
өвөөтэй хамт Буянт сумандаа
амьдарч байгаа.

Айлын
ганц хүү байх аа?

-Эхээс дөрвүүлээ. Гурван эмэгтэй дүүтэй.
Айлын ганц хүү.

Ээжийн
тань тал бөхийн удамтай гэж сонссон?

-Тийм ээ. Ээжийн маань
удамд улсын арслан Ванчинхүү
гэж мундаг бөх байсан.
Биеэр жижиг хэрнээ их
уран барилдаантай. Бас аймгийн арслан
Магван, аймгийн начин Дамдинсүрэн,
аймгийн заан Даваасүрэн гээд
сайхан бөх ах нар
бий. Ийм сайхан бөхчүүдийн
удам гэгдэж яваадаа үнэхээр
бахархдаг.

Та
сугадаж тонгорох мэхийг тун гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч
шууд гаргасан хэрэг. Яг ийм
мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү
шүү дээ. Ер нь
хутгах, тонгорох мэхэнд овоо гаршаад
байгаа.

Таныг
бөх болоход урамшуулж дэмжсэн хүмүүс гэвэл…?

-Аавын дүү Алтанбагана ах
надад зодог шуудаг авч
өгч байсан. Тэгээд нэг
cap гаруй Б.Адьяахүү багшаар
гараа дэвээ, барилдааны анхан
шатны мэдэгдэхүүн заалгаад, дараа нь Ховд
бөхийн дэвжээнд Мягмарсүрэн зааны удирдлага дор
одоог хүртэл бэлтгэл сургуулилт
хийж байна.

Долоо
хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?

-“Хүч” спорт хороонд долоо
хоногт хоёр удаа үндэсний
бөхийн бэлтгэл, гурван удаа хүчний
бэлтгэл хийдэг.

Таныг
волейбол сайн тоглодог гэсэн?

-Арван жилд байхдаа волейболоор
аймгаасаа шалгараад өсвөрийн улсын аварга шалгаруулах
тэмцээнд тоглож байсан. Яахав,
өөрийнхөө хэмжээнд тоглочихно оо. (инээв)

Цаашдаа
юу хийх бодолтой байна вэ?

-Одоогоор бөхөөрөө дагнаад хажуугаар нь
сурах бодолтой байгаа. Мэдээж төрийнхөө
наадмаар барилдаж, сайхан амжилт гаргахыг
хүсч байна.

Тантай
жил гаруйн өмнө ярилцаж байхад найз охинтой гэж байсан. Одоо гэр бүлтэй болсон уу?

-Гэр бүл зохиож амжсан.
Манай эхнэр маркетингийн менежерээр
төгссөн, нутгийн бүсгүй. Бид
хоёр хөөрхөн охинтой болсон.
Хүүхэд гэдэг үнэхээр аз
жаргалыг цацруулагч гэдгийг одоо л
ойлгож явна даа.

Өөрийг
тань модон морин жилийн наадмаар сэргээшийн төрлийн эм хэтрүүлэн хэрэглээд нэлээд жин хаяж улмаар амжилтад тань нөлөөлсөн гэдэг. Үнэн үү?

-Хүмүүс сайн муу хэлж
л байдаг. Тэглээ
гээд би хэлсэн шиг
нь болчихгүй хойно нэг их
ач холбогдол өгөөд байдаггүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сайханбилэгтнүүдэд хагас жилийг хагас зуун жил болтол ажиллах боломж байна

АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд… нарын улстөрчдийг муу хэлж, гутаан доромжилж, элдвээр баалах нь өнөөдөр газар авч байна. Ер нь бол эрчимжиж байна. Хэдхэн өдрийн өмнө Оюу толгойг хөдөлгөж чадсаных нь төлөө уг нь тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой санагдана. Манайхны нэг муухай зан бол ажил хийсэн, ажил хийе гэсэн бүгдийг ингэдэг, элдвээр хэлэх үгс нь аман дээр нь бэлэн байцгаадаг. Тэр нь л болж байна.

Дээрх эрхмүүдийн улс төрд явж ирсэн замнал, мэдлэг туршлага бол гарцаа байхгүй энэ улсыг удирдах хэмжээний уураг тархи мөн. АН-ын оюун санаа болсон хүмүүсийн хэсэг мөн. Өрсөлдөгч намуудад нь эдний үеийнхэн бас уураг тархи нь болж яваа. Үе насны өрсөлдөгчид өсөрхүү байна гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ тэдэн рүү хандсан дайралт бүхэн үеийнх нь өрсөлдөгчдөөс гарч байгаа нь хэнд ч харагдаж байна. Удахгүй шинэ он гарлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэж одоо байхгүй байх. Тийм болохоор Сайханбилэгтнүүд хийх юмаа хий. Айх эргэлзэх зүйл байхгүй болсон. Огцорно гэсэн болгоомжлол байдаг бол наадах чинь илүү зан. Сая та нар уул уурхайн эсрэг популизмын оргил үед Оюутолгойг хөдөлгөж чадлаа. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа. Нэгэнт гэрээ байгуулаад хөдөлсөн гадаадын хөрөнгө оруулалттай ийм том төсөл одоо Олон улсын гэрээ конвенциор явна, Олон улсын хамгаалалтад орлоо гэсэн үг. Ингэж баталгаажсан том төсөл дор хаяж 50 жил үргэлжилнэ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд популистууд яаж ч орилоод Мэнэнгийн талд хашгирахтай адил. Ер нь бол Ерөнхий сайд гэдэг хүн гарын үсэг зурах эрх олгодог л албан тушаалтан. Монголын эдийн засгийн өнөөдрийн онцгой онцлог бол нэг шөнийн дотор сэргэж, аль эсвэл нэг шөнийн дотор унах тийм эдийн засаг. Үүгээрээ бусад орноос ялгаатай. Ийм эдийн засагтай улсын Ерөнхий сайд эх орноо хагас жил битгий хэл хагас сарын дотор сэв хийтэл сэргээх боломжтой. Оюутолгойн далд уурхайн төсөлд зарцуулагдахаар байршсан 4.4 тэрбум ам.долларын нэг тэрбум нь ороод ирэхэд л манай эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Өнөөдөр Монголд л мөнгө ховор байна гэж байгаагаас бус дэлхийгээр дүүрэн хийх ажлаа хүлээсэн мөнгө хэвтэж байна. Дэлхийд 1200 орчим банк, санхүүгийн байгууллага, сангуудад тоолж багцаалшгүй их хэмжээний мөнгө байна. Жишээ нь Арабын ертөнцийн хамгийн баян Абу Дабигийн санд гэхэд дунджаар найман триллион ам.доллар хийх ажилгүй хэвтэж байна шүү дээ. Хүү нь 0.8 хувь. Ийм сангуудыг олноор дурдаж болно. Зүгээр дашрамд сонирхуулахад ийм их хэмжээний мөнгө дэлхийд хийх ажил нь олдохгүй болохоор зарим нь бүр аргаа бараад одоо энэ дэлхийг сүйрүүлэх шахаж буй Исламын улс бүлэглэл мэтийн бохир бизнес рүү оруулаад гаргах жишээтэй. Гэтэл Монгол Улсад хийх ажил нь хэмжээлшгүй их байдаг. Нэг л их гадны хөрөнгө оруулалт ярьсан хүмүүс гүйлдээд байдаг. Ганцхан улс төрийн тогтворгүй байдал нь бүгдэд садаа. Япон мэтийн барууны орнуудын төв банкны бодлогын хүү 1-3 хувь байгаа. Манайх бол 13 хувь. Манайх тэднээс хүзүүгээр татсан их мөнгө авч болно. Өгөх сонирхол ч маш их бий. Бас л болохгүй байгаа нь манайд компани-улс төрийн засаглал хоёр нь ялгагдахаа байчихсан байдал. Ийм л нөхцөл байдал дунд байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ганцхан хууль л УИХ-аар батлуулахад энэ их мөнгийг татаж болно. Тэр хуульдаа хамгийн хурдан мөнгө татаж болох таван том төслөө тусгах, удаад нь Засгийн газар нь баталгаа гаргаж өгөх, гуравдугаарт нь Олон улсын гэрээ хэлцлийг үг дуугүй даган мөрдөхөө батлуулах. Энэ нь нэг үгээр ОУ-ын бизнесийн ёс зүй, дэг жаягийг үг дуугүй дагахаа хуулиар баталгаажуулж авна гэсэн үг. Энэ хуулийг батлуулсны маргаашаас нь “эх орончид” түүнийг урвагчаар нь, эрлийз хурлийзаар нь дуудах нь тодорхой. Том хүний үйлдэл тухайн үедээ зөв харагдахгүй байх тохиолдол олонтой. Цаг хугацаа үнэнийг нь ойрхон хэлээд өгчихдөг. Тэгэхээр сайханбилэгтнүүд Тавантолгойгоо хөдөлгө, жижиг хэдүй ч Гацууртын ордыг хүчээр хөдөлгө. Популистууд Гацууртыг амь насаараа хамгаална гээд зогсоосон. Одоо яав, нинжа нарын хоол болоод дууслаа. Дээр нь Эгийн голын төсөл, Шинэ төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Тавдугаар цахилгаан станц… гэх мэтчилэн цөөнгүй станц, уул уурхайн төслүүд хүлээлт бий болгоод байна. Хятадын эрчим хүчний хэрэгцээ ойрын таван жилд хоёр дахин өснө. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэгцээ. Монгол Улс Шивээ-Овоогийн станц, Тавдугаар цахилгаан станц хоёроо ашиглалтад оруулаад эрчим хүч үйлдвэрлэж урд хөршид экспортлоход өнөөдөр 30 доллараар өгч байгаа нүүрсээ 150 долларт хүргэнэ. Ингэж чадвал Та бүхэн хагас жилийг хагас зуун жил болгосонтой адил гайхамшигтай үйл хэргийн эзэд болно. Яагаад гэвэл үр өгөөж нь дэндүү их. Монгол Улсыг диваажин болголоо гэсэн үг. Сүүлийн 20 жилд Монголын ард түмэнд ганц сайн гавьяа байгуулсан хүн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр. Түүний Оюутолгойг хөдөлгөсөн зоримог алхам ам.долларыг 1300 төгрөгт хичнээн жил барив. Хэрэв С.Баяр Оюутолгойг хөдөлгөөгүй бол бид өлсөөд, доллар тэнгэрт гараад дуусах байлаа. Эсвэл Хятадын сая цэрэг говьд орж ирээд өнөө “Толгой”-нуудыг чинь олны хүчээр хүрздээд дуусгах байлаа. Эсвэл оросууд төмөр замаар бүгдийг зөөх байлаа. Яг Мардайн ураныг зөөсөн шигээ. Соц нийгэмд монголчууд Мардай гэж ураны асар том баялгаа мэдэж байсан юм уу. Оросууд тэрүүхэн тэнд нь тусгай улс бий болгож аваад, төмөр зам тавиад, тэгээд л өдөр шөнөгүй зөөж байсныг. Яг л түүн шиг Оюутолгойд оросууд ажиллагаа явуулах байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хоёр хөршийг дагавал монголчууд юу болдгийг мэднэ. Мөнгөтэй орнууд манай төмөр замд олон сая доллар оруулъя гэсэн. Оросууд тэр их мөнгөнд саад хийсэн. Тэр байтугай Оросын Төмөр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин “Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг юм” гэж хэлээд зогсоосон шүү дээ.

Болж өнгөрсөн хийгээд одоо өрнөж буй үйл явц юу хэлээд байдаг гэхээр ерөөсөө барууны хөрөнгө оруулалтыг бид чөлөөтэй татах, оруулах, ашиглахыг хэлж байгаа юм. Үүнд бидэнд хэн ч саад хийх эрхгүй. Сайханбилэгтнүүд та бүхнээс бие даасан улсын, биеэ даасан удирдагчийн эдийн засгийн болон, улс төрийн зоримог алхам хийхийг ард түмэн хүсч, харж, шаардаж байна. Энэ бүгдийг хийж чадаад огцорсон ч сайханбилэгтнүүдэд ашигтай. Ард түмэн өөрсөндөө сайн юм хийсэн улстөрчийг мартдаггүй. Үргэлж сайнаар дурсдаг. Сайнаар дурсана гэдэг та бүхэн түүх болсон хэрэг биш. Харинчиг хол юм шиг хэрнээ маргааш нь шахуу хатираад ирдэг сонгуулиар ард түмэн та бүгдийг алга ташин хүлээж авна гэсэн сайхан хэрэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Намууд отог овгийн зохион байгуулалттай болчихсон

“Шударга ёс” бүлгэмийн тэргүүн
Галигаагийн Баярсайхантай ярилцлаа.

-Та хаана, ямар ажил алба
эрхэлж байна вэ?

-Би олон жилийн турш иргэний
хөдөлгөөний удирдагчдын нэг гэдэг маягаар л явж байна. Миний улс төр, нийгмийн
идэвхтэй үйл ажиллагаа 2000 оноос эхэлсэн. Тухайн үед одоогийн МАН-д байж
байгаад нам дотроо “Шударга ёс” бүлгэмийг байгуулаад тэмцсэн. Тэр бол тодорхой
үр дүнд хүрээгүй. Янз бүрийн асуудлаас болж намайг намаас хасах үйл ажиллагаа
эхэлсэн юм. Ирак, Афганистан руу манайх цэргээ оруулсан ш дээ. Тухайн үед би
үүний эсрэг байр суурьтай, шүүмжилж байсан. Намын бодлоготой нийцсэнгүй гэж
намайг гишүүнээс хассан. Би чинь 1990-ээд оны сүүлчээр намын Бага хурлын гишүүн
хүртэл байсан. Тухайн үед танай сонин, “Eagle” телевиз хоёр намайг үзэл бодлоо
илэрхийлэхэд их дэмждэг байлаа. Тэр үед сайт, фэйсбүүк энэ тэр чинь бараг
байсангүй ш дээ.

Одоо бол яахав дээ, би чинь
багш мэргэжилтэй болохоороо заримдаа мэргэжлээрээ ажилладаг. Манай иргэний
хөдөлгөөний дарга, удирдагчдаас зарим нь томоохон улсын үйлдвэрийн дарга гээд л
тодорхой албан тушаалд очсон. Миний хувьд тийм ажил албан тушаалд очсон юм
байхгүй. Дандаа л иргэний хөдөлгөөний удирдагч гээд яваад байвал хувийн амьдрал
их хэцүү болно шүү дээ. Тэр үүднээс яахав заримдаа төр, хувь, хувьсгалын янз
бүрийн ажил төрөлд оролцоод явдаг. Нэг үеэ бодвол төрийн бус байгууллага,
төрийн байгууллагууд хамтраад ажиллах зүйл гарах юм. Манай бүлгэмийн хувьд үйл
ажиллагаагаа явуулж байгаа. Би сонин, сайт, олон нийтийн сүлжээгээр нэлээд
идэвхтэй ажиллагаа явуулдаг.

-Таныг анзаарч байхад твиттер,
фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цаг үе, улс төрийн чигийн мэдээ, мэдээлэл
оруулж, хувийн үзэл бодлоо ширүүхэн илэрхийлж байгаа харагддаг?

-Би твиттерт 42 мянган
дагагчтай. Фэйсбүүкт идэвхтэй байдаг. Цахим ертөнцөд идэвхтэй байгаа хүмүүсийн
70-80 хувь нь аль нэг намын үзэл бодлыг илэрхийлдэг. Иргэний нийгмийн үзэл
бодлыг илэрхийлэх нь ховор. Хичнээн зөв юм байсан ч намынх нь бодлоготой
зөрчилддөг бол тэрийг дэмжихгүй, эсвэл лайк дарахгүй, шейрлэхгүй л явцгаадаг.
Надад бол тийм юм байхгүй. Аль л зөв өнцгөөс нь харж шүүмжилсэнээ бичдэг. Надад
нам гээд байх юм юу байх вэ. Бүхий л намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг.
Нэн ялангуяа эх баригч нам, гол сөрөг хүчний үйл ажиллагааг анхааралтай
ажиглаж, дүгнэдэг. Улс төрийн идэвхтэй үед нэлээд дуугарч шүүмжилдэг. Сонгууль
ойртоод ирвэл тодорхой хэмжээний дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлнэ.

Том намуудын түүх 25 жилийн
түүхтэй холбогдож байна шүү дээ. МАХН, Иргэний зориг, МҮАН зэрэг нам бол засагт
тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүчин зүйл болохоос биш эд бодлогоо хэрэгжүүлж
чаддаггүй. Тийм болохоор тэднийг шүүмжлээд яах вэ. Жижиг намууд, иргэний
хөдөлгөөний байгууллага гэдэг чинь нийлж л нэг дуугарч байх ёстой.

-Орон сууцны найман хувийн зээл
зогссон нь банк санхүүгийн салбарт ухралт болж байгааг мэргэжилтнүүд онцолж
буй. Нэг нам нь үүнд анхаарлаа хандуулж байхад нөгөөх нь Сонгуулийн хуулиа
өөрчилье гээд тэс өөр зүйл шаардаад байх юм?

-Эд нар нэг талаа хэтэрхий
бариад байна. 2008 оны сонгуулиар чинь гар аргаар тоолно гээд МАН орон нутагт хүчтэй
байсныг хэлэх үү өөр ажиглагчдад харуулахгүйгээр л тоолоод байсан. Тэгэхээр
чинь хэнд нь санал өгснийг яаж мэдэх юм. Түүнээс л болж долдугаар сарын 1-ний
айхавтар юм болсон. Автомат машины тухайд нийгэмд хардлага бий л дээ. АН-ын
гишүүн Лу.Болдын тендерээр орж ирсэн учраас харддаг. Тэр бол үнэний ортой.
Хүмүүсийг ажиглаад байхад компьютероо шат аа, бүх юмаа устга, гараар тоолъё
гээд байгаа нь хэтрүүлэг. Америкт хүртэл тэр хар машин алдаа гаргаж байсан
байхгүй юу, Альберт Гор, Жорж Буш хоёр сонгуулийн үеэр. Тийм болохоор саналаа
давхар тоолчих хэрэгтэй. Давхар тоолоод баталгаажуулчих нь зүйтэй. Нэг нь
давхар тоолъё гэж байхад эх баригч нь гэдэг юм уу, огт гараар тоолохгүй гээд
байгаа нь цаанаа хардлага дагуулаад байгаа юм. Бусад юман дээр техникийн хөгжил
байж болно. Гар утас гэдэг чинь бараг л сар болгон шинэчлэгдэж байхад дөрвөн
жил тоосонд дараастай хэвтэж байгаа тэр машиныг чинь яаж ч өөрчилчихөж болно.
Хэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь өөрчилчих аюул байгаа учраас үүнд анхааралтай
хандах хэрэгтэй.

-Та Үндсэн хуулийн Цэцэд
хандсан гэсэн. Юун тухай өргөдөл өгсөн юм?

-Бид жагсаалтын гишүүд гэж
ярьдаг. Энэ чинь Үндсэн хуулийг зөрчөөд байна. Үндсэн хуульд чөлөөтэй сонгоно
гэсэн байгаа юм. Шууд ч сонгож байгаа юм байхгүй, чөлөөтэй ч сонгож байгаа юм
байхгүй. Намын жагсаалт гэдэг чинь тэгш эрхийг зөрчиж байгаа юм. Бид шууд тэгш
сонгож чадахгүй байна. Яагаад гэвэл жагсаалтаар орж ирж байгаа 28 гишүүний
төлөө саналаа өгье, энэ хүнийг дэмжье гэсэн юм саналын хуудсан дээр байхгүй.
Энэ хүмүүс чинь гэртээ байж байгаад л сонгогдчихсон. Нөгөө тойрогт дэвшсэн
хүмүүс чинь хөлсөө гоожуулаад л сонгогчидтой уулзаж байхад тэд зүгээр л байсан.
Энд чинь Үндсэн хуулийн тэгш зарчим алдагдаж байгаа юм. Ард түмний элч байна
гэсэн чинь эд нар чинь элч биш болчихож байгаа байхгүй юу. Үүнийг эсэргүүцэж
Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Үндсэн хуулийг өөрчлөх
зайлшгүй захиалга гарсан гэдэг ч цаана нь хэн нэгний захиалга яваад байна гэж
харддаг?

– Үндсэн хуулийг өөрчлөх
нийгмийн захиалга байгаа. Үнэхээр өөрчлөх хүсэлтэй байсан бол сая МАНАН
байгуулаад жил болсон хугацаандаа хийхгүй яасан юм. Тэр хугацаандаа л хийх
ёстой байхгүй юу. Одоогийн энэ бол зүгээр л шоу. Үндсэн хуулийг өөрчлөх гэж
оролдсон нэр зүүж байгаа хэрэг. Монголын улс төрд энэ хүмүүс чинь бугшчихсан юм
чинь дахиад л гараад ирэх байлгүй. Дахиад л ингээд гараад ирэхээс нь сэргийлээд
би жагсаалтыг нь эсэргүүцээд Үндсэн хуулийн Цэцэд өгч байна.

-Монголыг улс төрийн болон
эдийн засгийн хямрал хавсарсан шинжтэй, хүнд үе рүүгээ орж байгаа орон гэж
тодорхойлоод байгаа?

-Нийгмийн амьдрал явдгаараа
явна. Хямрал энэ тэр байгаа. Ганц эдийн засгийг шүтсэн, үндэсний үйлдвэрлэлийг
хөгжүүлээгүйгээс л хямраад байгаа юм. Сая бондын мөнгөнөөс үндэсний үйлдвэрлэл
рүү тодорхой юм хийлээ. Гадаадаас л бага юм аваад өөрсдөө юм хийгээд байх юм
бол хямралыг давна. Бидний 25 жилийн алдаа л тэр байхгүй юу. Оймс, гутал гээд
бүх юмаа гадаадаас аваад, баялгаа гадагшаа урсгаад өөрсдөө ч олж байгаа юм
байхгүй. Гэхдээ юмыг ер нь өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Түүнээс биш өр ширнээс
айж болохгүй. Үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор эрдэс баялгаа л
түшиглэхгүй бол өөр ямар ч арга зам алга. Юм хөгждөгөөрөө л хөгжинө. Бид өлсч
ядраад цангаад байх нь юу л бол гэж бодож байна. Улс оронд тохиолдож байгаа
хямрал бол бодлогогүй үйл ажиллагаанаас улбаатай. Манай намууд яадаг вэ гэхээр
бодлого гаргаж, түүндээ нэгдмэл байж чаддаггүй. Арваад жилийн турш юм амлаж л
сонгогчдыг татаж ирлээ. Намууд улс төрийн бодлогоо шинэчлэх ёстой байхгүй юу.
Хоёр том нам нь өвөртөө ороод байх юм бол улс орон хөгжихгүй. Өнгөрч буй энэ
нэг жил хоёр том нам нь өвөртөө орсноор ул орон хөгжлийг хойш нь татсан.
Сонгууль болгоны дараа МАНАН байгуулагдаад байвал манай улс улам л хямарна.

Иргэний зориг, МАХН, МҮАН-ын
эвслийн энэ байдалд би их талтай байгаа юм. Энэ хоёр намыг сөрөг хүчинтэй
байлгаж байна. Сонгуульд ингэж дундаас нь санал авдаггүй улс төрийн хүчин
байхгүй бол энэ хоёр улс төрийн хүчин чинь МАНАН-таад л яваад байна.

-Улс төрийн намын тухай хууль
болон намуудын санхүүжилтийн асуудал яригддаг. Намуудын санхүүжилтийг төрөөс
шийддэг болчихвол авлига хээл хахууль нэлээд хувиар буурна гэдэг?

-Улс төрийн намын тухай хуулиа
шинэчилнэ гэчихээд арваад жил боллоо. Намууд дотоод ардчилалтай, удирдагчаа
чөлөөтэй сонгох ёстой байхгүй юу. АН яаж байна. Дандаа л ҮЗХ-ноосоо
сонгогдчихоод байгаа биз. МАН ч гэсэн УИХ дээрээ өрсөлдөж чадахгүй байна. Энэ
нь эдгээр намыг дотоод ардчилалгүй гэдгийг харуулж байна. Зөвхөн хэдхэн хүний
нам болчихоод АН нь ардчилалгүй, МАН нь ч ардчилал байхгүй. Нам нь дээр нь
байгаа тэр хэдэн хүний ноёрхлын хэрэгсэл нь болчихсон. Дээр үеэс уламжлагдаж
ирсэн МАН гэдэг брэндийг хэдэн хүн албан тушаал, мөнгө олох хэрэгсэл болчихсон.
АН ч тэр. 25 жилд энэ хүмүүс юм хийхгүй мөртлөө л ингээд байгаад байдаг. Намууд
дотоод ардчилалгүй байна гэж миний 2000 онд ярьж байсан зүйл маань хэвээрээ
байна. Намуудыг сонгуульд суудал авснаар нь санхүүжүүлээд явах нь зүйтэй л дээ.
Намуудыг улсын төсвөөс зоригтой санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгж байж авлигыг дарна.
Гэхдээ улс төрийн намын санхүүжилт гэдгийг сонгуулийн үеэр ажиллах хэмжээний л
юм өгөх ёстой байхгүй юу. Сонгуулийн үеэр нэг хүн нэр дэвшээд хэдэн тэрбумаар
нь зараад байдаг. Мөнгө тараасан барьсан гэдгээр нэг, хоёр хүнийг яллаад
байгаа. Түүнээс биш бүгд л тараадаг байсан шүү дээ.

УИХ-ын гишүүд чинь мөнгө
тараагаад, гадагшаа дотогшоо зугаалуулаад, амралтад явуулдаг юм байна. Дөрвөн
жилийн турш тэгээд сууж байх юм байна ш дээ, энэ АН, МАН-ынхан чинь. Тэгэхээр
намыг санхүүжүүлнэ гэдэг нь иргэдийг ингэж авлигаддаг мөнгийг нь өг гээд байгаа
юм биш. Зөвхөн нэр дэвшигчийн зардал мэтийг л санхүүжүүлнэ.

Эрх баригчид элдэв дэмий жижиг
юман дээр цаг заваа барж байна. Ерөнхийлөгчийн санаагаар бол Нийтийн сонсголын
тэр хуулийг нь хэлэлцээд өгмөөр байна шүү дээ. Тэгэхгүй хоорондоо маргалддаг
зүйл нь Ю.Цэдэнбалыг цагаатгах уу, болих уу. Д.Сүхбаатарын талбайг Чингисийн
талбай болгох уу гэсэн иймэрхүү юман дээр хамаг цаг барж байх юм.

-Та МАН-ын гишүүн байсан хүн.
МАН-ын зарим гишүүн МАХН руу орж байна. Танд ямар нэг намын гишүүн болох бодол
бий юу?

-Намд орох хүсэл байхгүй. Манай
Улс төрийн намын тухай хууль муу байгаа ийм нөхцөлд нам гэдэг хувь хүний
эзэмшил болчихоод байгаа байхгүй юу. МАХН-ыг Н.Энхбаярын хармааны нам, МҮАН-ыг
М.Энхсайханы нам, Иргэний зоригийг С.Оюуны нам гээд л ярьдаг. Нам гэдэг чинь
хэсэг хүний компани байхгүй юу. АН, МАН чинь хэсэг бүлэг хүмүүсийн нам. Яахав
зарим жижиг намуудыг нэг хүний нам гэж болно. Улс төрийн намуудын тухай хууль
нь дотоод ардчилалгүй байгаа нөхцөлд би тийш ороод карьер өгсч чадахгүй. Надад
тэр намын гишүүд, Удирдах зөвлөлийг авлигадах мөнгө байхгүй. Би нэрээрээ
өрсөлдье гэхээр тэд фракцлагдаад бүлэг болоод, хоорондоо хоол иддэг савтай
болчихсон учраас ороод хэрэггүй. Шинэ нам гараад ирэхийг үгүйсгэхгүй. Миний
хувьд намд орох бодол байхгүй. Би ингээд л үнэнийг нь хэлээд явж байя гэж
боддог юм.

Манайд улс төрийн эрүүл орчин
байхгүй учраас улс төрийн өрсөлдөөн гэж байхгүй. Намын дарга, удирдлага
тэрүүхэндээ ярьж байгаад л хоорондоо ээлжлээд солилцоод байдаг. Эсвэл нэг
болсон нь дахиж эргэж болоод л. Энэ намууд чинь отог омгийн зохион
байгуулалтаар л яваад байгаа юм. Ардчилсан нам артаци хийхээ больчихлоо. Дөрвөн
жил ингэж хөдөлгөөнгүй байснаас цусны эргэлт нь зогслоо. Дороосоо хүн гарч ирэх
нөхцөлгүй болгочихоод байна. Залуучууд нь гарч ирж чадахгүй байна. Залуусаа тэр
машиндаа оруулчихсан. “Чи энэ фракцид орж, энэ хүний цүнхийг барьж явж, тэгж
байж дээшээ гарна шүү” гэж залуусаа хаашаа ч хөдөлгөдөггүй. Ийм л тохиролцоотой
намууд байна. Тиймээс аль нэгэнд нь орох гээд хэн нэгнээс нь гуйхгүй.
Сонгуулийн үеэр эдний алдаа дутагдлыг ил гаргаж шүүмжилнэ. Эд хэвлэл мэдээллийг
өөрийн талд авчихсан байж болно. Тэглээ гээд хол явахгүй шүү. Олон нийтийн
сүлжээ, олон түмний санаа бодол гэж нэг юм бий. Бүх юмыг ард түмнээс нуучихсан,
хаачихсан гэж андуурч болохгүй. Харин энэ ардчиллын үед шилэн кабель хот,
хөдөөгүй түглээ. Түүнийг дагаад нийгмийн сүлжээ, сайтууд гарч, түүгээр дамжуулж
мэдээллээ бүгд солилцдог болсон.

Би “Өдрийн сонин”-ыхондоо
баярлалаа гэж хэлье. МАН-ыг УИХ-д далан хэдэн суудалтай байх үед буюу 2000-2004
онд миний үзэл бодлыг дэмжиж нийтэлдэг байсан юм. Аль ч үед энэ сонин ингэж л
явж ирсэн. Намайг МАН-ын удирдлагыг шүүмжиллээ гээд 2002 онд “Өдрийн сонин”-той
хамт шүүхэд өгч байсан шүү дээ. Үнэн бидний талд байсан учир ямар ч асуудал
болоогүй л дээ. Танай сонин нийгэмд нэр нөлөөтэй хэвлэл болохоор тэр хэл амнаас
асуудалгүй гарч байсан юм. Хэрвээ танай сонин байгаагүйсэн бол би тэр хаалттай
үед үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нөгөө айхавтар газар руу ачигдаад явчих
хэцүү үе байсан гэдгийг дурдъя.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Буурал найрагч Пунцагийн Бадарчтай хөөрөлдсөн тэмдэглэл

Чингис их богд улсынхаа өндөр наст өтгөс мэргэдийг цагаан дээл өмсгөж, цагаан эсгий өлмийд нь дэвсэж гүнээ хүндэтгэхийн ялдар бэхи цол өргөмжлөн үеийн үед дээдлэхийг үр ачдаа захидаг байсан гэдэг. Эдүгээ цагт улсын бэхи баймаар ухаант өтгөсийн нэг нь Пунцагийн Бадарч гуайг гэхэд хэн ч маргаж үл чадна. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн эл эрхмийг монгол түмэн “Есөн эрдэнийн орон”, “Адуу”, “Тэмээ”, “Морьд”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Эхийн сэтгэл” зэрэг олон сайхан шүлэг найргаар нь андахгүй. Буурал найрагчтай утас цохиж тохирсны ёсоор баасан гаригийн мандахын улаан наран магнайд гийхийн цагт Төмөр замын дуу, бүжгийн чуулгын арын дэнж дэх гэрт нь зочиллоо.

Цахилгаан шатаар хэлсэн давхарт нь гарвал цэлийтэл нээсэн хаалга их л дотно содон харагдана. Арц хүжийн анхил давхраар нэг сэнгэнэнэ. Яваад орвол буурал найрагчийнх мөн. Шүлэг найраг уншсаар түмний танил болсон сайхан дуугаараа хүнтэй утсаар ярих нь сонсогдоно. Хувцсаа өлгөөд том өрөө рүү орвол хөлийн чимээ авсан бар шиг сонин зүстэй шар алаг муужгай буйдан дээрээс толгойгоо гилжийлгэн “Хэн ороод ирэв” гэсэн янзтай жигтэйхэн тунгалаг нүдээр ширтэнэ. Өвгөн найрагч утсаар ярьж дуусаад “Суу, хүү минь” гэж буйдангаа заав.

Амар мэндээ мэдэлцэх зуур “Уржнангийн “Болор цом”-ын дараа Өвөрхангайгаас ээжийгээ зорьсноос чинь хойш бараг уулзаагүй байх шүү” гэж байна. Ийм том найрагч жирийн нэг шүлэгчтэй хэзээ уулзсанаа хүртэл барин тавин хэлж байгаа нь наддаа тэнгэрийн хишиг ч юм шиг сэтгэл өег байгаа гэж юу гэх вэ. Боргол найруулах зуур “Өнөөдөр хөгшний минь буяны зуу дахь өдөр” гэж цаанаа л нэг санаашрангуй гунигтай өгүүлж байна. Хэлэх үг ч олдсонгүй. Насан турш хамт байж зовлон, жаргалаа хуваалцсан ханиа ертөнцийн жамд булаалгана гэдэг ямархан их хэцүүг дэмий л өр зүрхээ өвтгөн байж төсөөлөх гэж оролдов. Яалтай ч билээ. Гэвч, өвгөн найрагч цахилгаан тулган дээр банш үйх зуур “Усанд чанасан банш ямар ч хоргүй сайхан хоол шүү дээ. Энэ манай монгол чинь ямар сайхан юм бэ дээ. Иддэг хоол нь хүртэл цаанаа л нэг өег” гэж дуу нь цолгиусаад ирлээ.

“Ах нь ер нь хэзээний сүүтэй цайнд сайн биш. Байнга кофе ууна. Цагаан сар, наадам гэсэн нийтийн баяр ёслолд тэгтлээ сэтгэл хөдлөөд, хорхог боодог гэсэн хүнд хоолонд дурлаад байхгүй. Харин хэзээний л нямбай зантай хүн дээ” гэж хүрэн туяатай нүдний ганган шилнийхээ цаанаас донжтой нь аргагүй ширтэж байна. Ээжийг минь бурхан болсныг сонсоод “Чи тэр жилийн цагаан сараар ээждээ зорьж очдог чинь ёстой болсон юм” гэх нь хүний зовлонг чин сэтгэлээсээ хуваалцаж чаддаг найрагчийн халуун сэтгэлтэйнх буюу. Бичгийн явган ширээн дээр найрагчийн өөрийнх нь шүлэглэж туурвисан “Бурхан багшийн сургааль” хэмээх хөндлөн үсгийн гонзгой судар харагдана. Энэ хооронд бар ирвэсийнх адил гоёмсог зүст шархан муужгай эзэндээ эрхлэн, суниасхийж, буйдан дээр нэг гарч, онгорхой тагтны наад талын цонхон дээр нэг нарласхийн сууж, тэгснээ Бадарч ахын гэргийтэйгээ авахуулсан зургийг нэг үнэрлэн, их л тааваараа аашилж аяглана.

Найрагч муураа нэг харснаа “Амьтан хүртэл хэцүү байх юм. Муу хөгшнийг маань илтэд үгүйлээд, хэлэхгүй л болохоос санаад байх шиг байгаа юм. Өнгөрснийх нь дараа тав зургаа хоног юм ч идэхгүй эцэж тураад хэцүүдсэн шүү. Одооноос л жаахан хоолонд ороод байна” гэснээ хоолой нь зангираад, дуу нь цахиртаад ирэв. Дэмий л муурных нь нэрийг асуулаа. “Ангир” гэдэг гэнэ. Ангираа ч нэрэндээ тохирсон ганган амьтан юм. Гадны зочин биднийгээ хөөрхөн шоглочих санаатай буйдан дээр гарч ирэн, хувцас хунараас зөөлөн зулгаасхийж байна. Эрх муу золиг юм гээч. Банш халбагадан өгөх гэвэл “Тэнд хоол нь байгаа. Юм өгч хэрэггүй” гэв. Өөрийнхөө намбай болсноо Баянжаргалангийн Нялгын бага сургуульд байхаас “Бараакуудтайгаа байснаас болсон” гэж тайлбарлалаа. Бараакууд гэдэг нь Хэрлэнбаян-Улаанд малаа оторлоод явчихсан аав ээжийнх нь ар тал болон хүүхдүүдтэй нь үлддэг өвөө, эмээ нар нь ажгуу. Халхын голын дайны утаа хөшиглөж байсан жил төрсөн их найрагч 1942 оноос ухаан орсон гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армид морь бэлэглэхийг мэдэж байгаа учраас хүний ухаан орсноо сайтар мэдээд байгаа аж. Морь малийндана гэдэг нь нэг төрлийн сорилго тарилгыг нүдэнд нь дусаахыг хэлдэг байсан гэнэ. Маленов гэдэг орос эрдэмтний гаргасан сорил тариа учраас малийндах гэж монголчууд хэлээд заншчихжээ. Анзаарчээ суухад Бадарч ахын амнаас алтны үртэс шиг сайхан үгс төвөггүйхэн ундарч өгөх юм. Өнөөгийн монголчууд бид ямар ч азаар ийм сайхан сэцэн билэгт хүмүүнтэй нэгэн цаг үед амьдарч байдаг юм бэ гэх бахархал ч төрж байх шиг. Жишээ нь, мань эр өөрийгөө туулай жилд төрсөн гэдгээ “Эхийнхээ элгэнд нэг жил амьсгалж амьдарсан” гэж байгаа юм. Дэлхийн ямар ч суутан, ямар чиг мундаг ухаантан зөвхөн энэ үгийг зүгээр нэг урсгаад хэлчихгүй л байх.

Өвгөн найрагч “Настай хүнд архи дарс ч дэмий юм. Гэхдээ ёсолъё доо, хоёулаа” гээд гадаадын тансаг дарс номын богцноосоо гарган хундагалж байна. Хоолны даруулга, “сэтгэлийн галт шувуу” шидэт жигүүрээ дэвэн дэвэн, дүн өвлийн жаврыг ч уядуулан уясуулан жиргэх нь амьдрал үлгэр мэт, Бадарч ахын хүүрнэх амьдрал дэлгэцнээ амилах мэт санагдана. Христ бурханы тооллоор далан долоо, Бурхан багшийн Төгс буянтын зурхайгаар далан наймтай тэрээр 1944 оны бичин жил хүн болж ухаан сууснаас хойш Монгол орныхоо далан дөрвөн жилийн амьдралыг мэдэж байна гэх нь цээжний бангаар дэмий ч нэг хэлсэн үг биш нь хэнд ч ойлгомжтой юм. “Энэ хооронд би ямар олон хүнтэй уулзав, яасан урт зам туулав” гээд бодлогошрон дуугаа хураахад нь мөнгөн буурал санчигт тэргүүн нь үл ялигдуу бүжрэгнэн бөнжигнөх нь дээр үеийн орос дондогмаамуу зөөлөн савлах шиг харагдав. Найрагч анд Арлааны Эрдэнэ-Очирын минь “Энэ миний хувьхан заяаны зам…” гэх ухаарал сэтгэлийн чавхдас хөглөн сонсогдох мэт санагдав.

Сайн ба муу байсан нь хамаагүйгээр Бадарч ахын сэтгэлээс гурван хүн огт гардаггүй гэнэ. Хэн юм бол гэж чих тавин чагнахуй “Маршал Чойбалсан. Би маршалд тийм дуртай хайртай хүн биш. Баянзүрх сумын уугуул Буянтогтох аварга. Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан, Буянтогтох хоёр манай аавын найз байсан. Гурав дахь нь Дандар баатар. Дандар муу туучийтай сайхан үерхэж явлаа. Намайг өлгийтэй байхад Дандар Халхын голд япончуудыг сэлмээрээ таалж явсан байхгүй юу” гэж хэвлүүтэв. “Дандар бид хоёр их найз. Дандарыг би их шүтнэ, биширнэ. Архины найз. Би армийн утга зохиолын нэгдэлд арван долоон жил ажилласан юм. Арми сурталчлах, эх оронч үзлийг бэхжүүлэх зорилгоор зургаан аймгаар би Дандартай явсан. Би Дандарын морин жолооч. Энд тэндхийн буудалд орохоороо надтай нэг өрөөнд орно. Гавьяат цолтой ч улс явж байгаа ш дээ. Надтай нэг өрөөнд ордгийн учир нь хамт архи ууна. Хоёрдугаарт, чемодандаа олон одонтой цэрэг хүрэм, хэдэн цамцтай явна. Тэрийг би савлана. Сум болгонд уулзалт хийх бүрт өнөөхийг нь би гаргана. Би зарц нь байхгүй юу. Хуучин дайчдынх нь өгсөн архийг хундагална. Олзвой баатартай яндан дуран, амьд хэл хулгайлсан Баянхонгорын Лүндээжанцан гуай хүртэл ирж байна. Дандарт цэргүүд нь нүгэлтэй хайртай. Дайчдынхаа авчирсан идээг “Манай морин жолоочид өг” гэнэ. Ийм учир тохиолоор Дандар гуай бид хоёр их дотноссон. Завхан хамт явж байгаад аваарт орж нэг нүдгүй болсон юм” гээд санаа алдан, өмнөх цэнхэр хайрцагтай зөөлөн “Esse” тамхинаасаа асаан, утааг нь шившин бодлогошров. Бадарч найрагчийг энд тэнд хөтлөгч хийж тунгалаг усан урсан буух мэт ярьж байгаагаар нь төсөөлөөд сурчихсан надад түүний бодлогошронгуй төрх гунигтай ч юм шиг санагдаж, зурагчныхаа аппаратны шар шархийх чимээг сонсон суухаас аргагүйд хүрнэ. Дандар баатрын лагшин чилээрхэж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад найрагч эргэж очиход “Би ганц л жил амьд явмаар байна” гэж хэлээд нүдэнд нь жаахан нулимс гялтганаж ирснийг залуу найз нь дурсаж байна. Ийм гунигт зүйлийг санан дурсана гэдэг хэн хүнд л хэцүү байх нь тодорхой.

Тавин оны Баян сумын наадмыг арван нэгэн настай Бадарч хүү аав эжийтэйгээ, авга эгчтэйгээ дөрвүүл үзэж явж. Тэр наадамд Дандар баатар барилдаж байгаа гэнэ гэсэн яриа одоогийнхоор ёстой сенсаци дэгдээж байна гэнэ дээ. “Сэлэм гялс, толгой бөнжгөс” алдартныг үзэх гэж наадамчид хуйлраад л сүртэй байж. Тэгтэл орой нь “Дандар морьтой хүнд дайруулаад хөлөө гэмтээж гэнэ” гэсэн яриа гарч. Нөгөө гэмтээсэн хүнийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, бурхан болооч сэтгүүлч Гомбын Дашрэнцэн нар сайн мэддэг байсан аж. Наадмын тэр шөнө морин туурай тачигнасан нь Дандар баатар, улсын начин Хөхөө хоёр байсан гэнэ. Хожмын найрагч хүү ингэж дайны их баатрын дүрийг анх удаа харж бахархан, бас жаахан эмээсхийн байжээ. Дандар баатар тэр шөнө хонины өвчүү шар шархийтэл зажлан идэж, тавь гаруй настай асан эмээг нь зааж “Миний эжий яг ийм хүн байсан. Би ч эжийгээ их зовоосон хүн дээ” гэж байхдаа нүдэнд нь жаахан нулимс гилтэгнэж байхыг лааны гэрэлд харснаа найрагч хүү хожим өөрт нь хэлж танилцаж байснаа дурсав.

Дандар шөнө явахдаа цагаан бор мориныхоо шанаа руу зөөлхөн алгадаж хэвтүүлээд мордуут пижигнээд алга болсон гэдэг. Хожим Бадарч гуай Дандартаа зориулж “Миний залуу нас дайны жилийн цэрэг явсан юм” шүлгээ бичиж, ая зохируулан дуу болгосон түүхтэй. Бадарч найрагч, ардын зохиолч Дашдооров хоёр нэг удаа Дандар баатрынд очиж. Нөгөөх нь үеийнхээ нэг хөгшинтэй шатар нүүж сууна гэнэ. Ганц лонх юмны бөглөө мулталж, сэтгэлийн таглаа онгойхын хэрд Дооров зохиолч “Дандар гуай, энэ сэлэм таны дайнд барьж явсан эд мөн үү” гэж, улмаар “Сугалж үзэж болох уу” гэхэд Дандар “Яахнав, чи сугалж. Толгойгоо авахуулах нь уу” гэхэд их зохиолч навтасхийн чимээгүй болж, гаран гартлаа үг дуугараагүй тухай ярихдаа доогтойхон мишилзэж, Дооровоо цагаахан дурсаад авав. Аливаа улсын үүх түүх гэдэг Бадарч гуай шиг эгэл жирийн юм шиг мөртлөө эгэлгүй сайхан амьдарсан хүмүүсийн дурдатгал дурсамжаас бүрдэж бүтдэг биз ээ.

Ангир нэрт шаргал муужгай буйдан дээр нарлан цагираглаж байснаа жаахан хүүхэд шиг үнэгчлэн унтаад өгөв. Найрагч муураа нэг харснаа “Ах нь одоо хоёр зээтэйгээ хамт амьдарч байна. Манай зээ нэг хамтлагт ажилладаг юм. Шөнө орой ч тарах юм. Одоо хорин гуравтай. Номын өргөөнд амарч байгаа” гэж баншнаас ганц нэг нямбай гэгч сэрээднэ. “Монголын нууц товчоо”-ны эрдэнийн эх хувийг хоймортоо залсан их найрагчийн “Есөн эрдэнийн орон” уянгын найраглал Монголын ард түмний оюун сэтгэлийн хойморт үеийн үед залагдана гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Найрагч Бадарч Л.Түдэвийнхээ романаар 1978 онд “Нүүдлийн замд” дуурь бичиж, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд хөгжмийг нь бичжээ. 2002 онд төрийн шагналт Б.Шаравтай “Чингис хаан”, 2006 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравтай Чингис хааны төрийн дөрвөн их хатдын тухай “Их хааны хатад”, улиран буй онд шавь Дамбын Төрбаттайгаа Богд хааны тухай “Оройн дээд” дуурь бичжээ. Зохиолч Б.Сарантуяагийн “Сорхогтуни хатан” роман түүний ширээн дээр тавиастай. Сонирхон асуувал “Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэг дөрвөн хааны эх энэ монгол хатны тухай нэг сайхан дуурь биччих юм сан. Даанч таних олигтой хөгжмийн зохиолч алга. Жанцанноров, Шарав хоёр ч надад олдохгүй юм” гэхээр нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдтой утсаар холбогдож зуучлах маягийн юм болов. Тэр хоёр ч арваад минут ярьж хамтарч дуурь бичихээр болов бололтой. Монголын авьяасын гэрэлт хоёр хүмүүн нэг сайхан дуурь хамтарч туурвибал хэчнээн сайхан билээ.

Хүний амьдрал гэдэг эртний Хятадын сэтгэгч Күнзийнхээр бол дардан сайхан харгуй аж. Ийм зүв зүгээр амьдралаа хүн өөрөө л зовлон бэрхшээл болгож хувиргадгийг найрагч маань анзаарчээ. Хүсэл шуналаасаа болж эд хөрөнгө цуглуулж, алдар нэрэнд донтож, ертөнцийн түмэн чивлийг гүйцээдэг гэнэ. Аль ч цаг үед хүн өөрийгөө өөрчилж чадалгүй, ухаанаасаа болоод амьдралын түмэн зовлонг туулдаг байна. Зүв зүгээр явж байсан чоныг хараад арьсанд нь шунаад буудчихдаг. Бууж очоод авах гэтэл чоно хэвтэж байгаад ухасхийгээд хоолойг нь тас хазчихдаг. Энэ чинь л зүгээр амьдралаа зовлон болгож байгаагийн жишээ гэж тайлбарлав. Пунцагийн Бадарч хэмээх сэцэн боржигоны энэ их найрагчийн амнаас унаж байгаа үг бүхэн алтны үртэс шиг, зовлон жаргал туулсан амьдралаа хүүрнэхдээ мэлтэгнэх сэтгэл нь мөнгөн ус шиг бөмбөрсөн хайлган цайлган хүн юм. Сонгуулийн хар машин шатаасан тухай хошин ч гэмээр, бодоод үзэхээр үнэн зөв ч гэмээр зөвлөгөө өгч тэрүүхэндээ нэлээд инээгээд авав. “Сонгууль болох өдөр уг машиныг улаан, цэнхэр хоёр өнгийн эдээр бүрчихэд манай Ардчилсан намынхан цэнхэрт нь, харин миний шавь Ж.Мөнхбатын МАН-ынхан улаанд нь саналаа өгчихнө. Энд тэгтлээ маргалдаад, сөргөлдөөд байх шаардлага огт байхгүй” гэж ирээд үнэн голоосоо инээв. Нээрэн ч бодоод байсан, асуудлыг хүндрүүлээд байлгүй иймэрхүү маягаар хөнгөхөөн шийдчих юмыг л хүн төрөлхтөн бэрхшээл зовлон болгоод, тэмцэж тэрсээд байдаг гэнэ дээ. “Үндсэн хууль”-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Бирагийн Чимэд гуайг биширч хүндэлдгээ ярьж байна, тэр.

Бидний яриа улс төр, хуулийн сэдэв рүү ч халтирлаа. Английн нэг хаан хулгай хийсэн хүнийг ураг төрлөөр нь цаазлах хууль гаргажээ. Хулгай ч гарахаа больж. Тэгтэл хааны холын хамаатны нэг нөхөр хулгай хийсэн нь илэрч хуулийн дагуу хаан ч цаазаар авахуулжээ. Амьдралаас ургаагүй хууль ийм л аюултай гэж тэрээр сануулж байсан. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн өгүүлсэн нэг үлгэрийг тэр ярилаа. Чоно элбэгшээд дийлдэхээ больсонд “Яаж устгах вэ” гэтэл “Гал тавьчихъя” гэцгээн өвсөнд шүдэнз зуртал чоно нь бүгдээрээ зугтаад уул нь шатаад хоцорчээ гээд наранд гэрэлтсэн хоёр чихээ дэрмэлзүүлэн үнэн сэтгэлийн гүнээс жигтэйхэн их инээв. Энэ инээдийн цаана ардын хүүхдийн амьдралаас тасархай хуулийг шүүмжилсэн нулимс унам гашуун үнэн нуугдах аж. Америкт ард түмний дунд яригддаг онигоо судалдаг академи хүртэл байдаг юм гэнэ лээ. Онигоо гэдэг чинь зүгээр ч нэг маазрал марзаганал биш. Ард түмний сэтгэлзүйг судлах их ухаан гэж буурал найрагч маань ярьж байна. Найрагчийн аав Пунцаг малын бага эмч хүн байсан гэнэ. Пунцаг гуайн аав их хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж дээлээ нөмөрчээ. Дотоод яамны төлөөлөгчийн гүйлгэх өвчнийг хоёр өртөө газраас Дагдан отчоос нууцаар тан залж эдгээгээд, аавыгаа аварсан их нарийн ухаантай хүн байсан гэж найрагч хүү нь ааваараа бахархаж сууна.

Найрагчийн ханан дахь сэлмийг хараад заавал ч үгүй хариу авмаар асуулт аман дээр гарч ирээд болсонгүй. Хэдэн жилийн өмнө хэвлэл дээр “П.Бадарч найрагч гэрийнхээ баганыг сэлэмджээ” гэсэн нэг мэдээ гарсан юм. Тэр мэдээнд дурдсанаар найрагчийг сэлэм барьж дүвчигнэснээс хойш “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг сэлмээр байлахаа больсон гэсэн утгатай өгүүлбэр байсан юм. Үг, үнэн хоёр зөрж байна. Найрагч бүр залуудаа сайн үзүүр тохой нэг гуулин сэлэмтэй байхдаа омголон зан гаргасныхаа төлөө цагдаад тэр эдлэлээ хураалгаж байснаа нуусангүй. Харин хожим Төмөрбат хурандаагийн дараа авсан сэлэм нь өнөө болтол гэрийг нь чимж байгааг өгүүлж байсан. БХЯ-наас Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нарын тулхтай цөөхөн найрагчид сэлэм бэлэглэж байжээ. Тэрээр “Есөн эрдэнийн орон” алдарт найраглалаа оргилсон их хүслээр ганцхан шөнийн дотор бичиж байснаа дурсав. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн “банхар” хэмээх Пүрэвжавын Пүрэвсүрэн найзыгаа хэвтэрт олон жил болоход үе үе эргэдэг байснаа ярихдаа найрагчийн хоолой мөн л зангираад ирлээ. “Дархан бэрийн дуу” шүлгээ уншиж уяран тайтгарах найрагчийн хоолой нөгөө л уяхан залуу хэвээр уянгалав. Энэ жилийн “Болор цом”-д тэрээр шүлгээ уншина гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэгт албан ёсоор мэдэгдсэнээ нууцалсангүй. Тэрээр арваад жилийн тэртээ “Болор цом”-д орохгүй гэж зодог тайлсан удаатай. Тэр уншигч олондоо “Би зодог тайлсан нь үнэн ч шуудгаа тайлаагүй шүү” гэж учирлаад Дөнгөтийн Цоодол найзыгаа уруу татаж хамт орох төлөвлөгөөтэй сууна. “Ноёны бөх гээд намайг айргийн тавд үлдээвэл би нэрээ татаад авчихна” гэж алиалахаа ч мартсангүй.

“Амьдрал аа гэж

Арслангийн дэл нь тавагандаа байдаг шигээ юм

Аалзны хэвлий нь нуруундаа байдаг шигээ юм

Амаараа могой төрөх шигээ юм

Асгандаа цэцэг ургадаг шигээ юм

Амьдрал аа гэж

Үдэш ирсэн морьтон “хононо” гэж байснаа

Үг сүггүй гэнэтхэн мордоод явчих юм

Амьдрал аа гэж

Тунгалаг цагаан саран оддын дундаа дүүрэн

Тэргэлтэж таргилтаж байснаа хавиргалах шиг юм.

Амьдрал аа гэж

Хангайд зуссан хотын айлууд нэг л өдөр

Хаалгаан, цонхоон ив ив хадаж нүүх шиг юм

Амьдрал аа гэж

Бороо арилж, солонго алаглан татсанаа

Шороо дорхноо босож, түйрэн эргэх шиг юм даа

Амьдрал аа гэж

Орь залуухан охин гэв гэнэтхэн л

Ор сураггүй алга болох шиг юм

Амьдрал аа гэж

Нуур бараадсан ангир галуу бас тогорууд

Нуугин ганганаж байснаа ганд гацаад чимээ нь тасрах шиг юм

Амьдрал аа гэж

Гоо бүсгүй нүв нүцгэн

Голд сэлэн байснаа

Хэд сарвалзан тийчлээд

Хэнд ч харагдахгүй болох шиг юм

Амьдрал аа гэж

Огторгуйн хаа нэгтээ орь их дуун гарахад нь

Онгоц унав уу гэтэл уначихсан л байх юм

Хаан шоронд өлсөж

Хатан нь эрд гарч

Чөтгөр цам харайж

Бурхан нам дугжрах шиг юм” гэж намуухан унших буурал найрагчийнхаас үдүүлэн гарахад өвлийн үдийн цонхигор цагаан нар илч муутай харагдавч сэтгэлд зуны их үдийн том оо улаан наран цоонох мэт халуун дулаан эрчис төөнөн байх ажгу.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Ч.Өвгөнхүү: Уран барилдаант Бээжин аваргаар улсын цолны босго алхсан

Монгол Улсын харцага, гавьяат дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүүтэй ярилцсанаа хүргэе.

-“Цагаан сарын түрүү хүртсэн бөхчүүд өндөр цолонд хүрээгүй нь би л байх шүү” гэж нэгэнтээ хэлж байсан. Та бол Дамдин аварга, “Хоёр Мөнх”, за тэгээд Сосорбарам, Чойжилсүрэн, Мижиддорж, “тэмээ өргөдөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Дэмүүл, Дагвасүрэн, Хайдав гээд аваргын дайтай арслангуудыг ид байхад монгол бөхийн дэвжээнд барилдаж байсан хүчтэнүүдийн нэгэн. Харцага цолноос дээшээ өндөр цолонд хүрэх байсан гэх яриа ч бий?

-Би чинь жаран долоо, далан долоон онуудад арван жилийн зайтай хоёр удаа зургаа давсан юм. Жаран долоон онд “том” Санжаа заанаар тав давж, Бээжин гуайгаар зургаа давсан. Санжаа заантай би хоёр ч барилдсан юм. Мань нөхөр унаагүй гээд дахисан хэрэг л дээ. Хоёр дахиа барилдахдаа би түүнийг тонгорч шидчихээд гарыг нь сугандаа хавчуулаад чирч байлаа. Тухайн үеийн барилдааныг үзсэн өвгөд хааяа уулзалдахаар хэлдэг. “Чи Санжааг ид үед нь нэг чирч билээ” гээд. Хараагүй хүнд бол үнэмшимгүй юм. Санжаа чинь 150 килограмм жинтэй, бас л аварга амьтан байсан шүү дээ. Тэгээд долоогийн даваанд Баянаа аваргад унасан юм. Тэр жилийн наадмын шөвгийн найм буюу долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, С.Цэрэн нарын аваргууд, Г.Дэмүүл, П.Дагвасүрэн нарын арслангууд, У.Пүрэв заан, Л.Дашдаваа начин бид найм шалгарч үлдээд байв. Мөнхбат аварга Дашдаваа начныг авлаа. Дараа нь эрэмбээрээ Цэрэн гуай ам авах байв. Тэгтэл аварга над дээр ирээд “Энэ даваанд би чамтай барилдмаар байна. Өөр авахаар хүн алга. Пүрэвтэй барилдаан таардаггүй юм” гэхэд нь би юу ч дуугарч чадалгүй явуулчихсан. “Тэгэхгүй юу даа”, эсвэл “Та өөрөө мэд дээ” гэсэн л бол заан болчихгүй юу. Амьдралдаа нэг удаа тэгж их том алдсан даа. Одоо хэр нь харамсдаг юм. Цэрэн гуайг маш жудагтай бөх гэдгийг нь тэгэхэд би мэдэрч билээ. Цэрэн аварга над дээр тэгж хэлж ирэх учир байсан. Өмнөх жил нь би Бээжин аваргаар тав давж улсын начин хүртлээ. Хар нялхаар минь орхисон ижий ааваа бодож нүдэндээ нулимстай зургаагийн даваанд зогсож байхад Цэрэн гуай намайг амлаж авсан. Тахимаа авахдаа духан дээр минь зөөлхөн үнсэж билээ. Түүнийгээ санаж, энэ хүүг заан болгочихъё гэж бодохгүй юу. Гэтэл миний тэнэг зан намайг үг хэлүүлээгүй юм. Ингээд Цэрэн гуай намайг дуугарахгүй болохоор дургүй байна гэж бодсон уу, долоогийн даваанд Пүрэв зааныг амлаж, Баянаа аварга Дагвасүрэн, Дэмүүл бид гурваас намайг амласан. Заан цолны өндөр даваанд хоёр үлдэхдээ хоёуланд нь Баянмөнх аваргад тахимаа өгч байлаа.

-Тэгэхээр далан долоон онд мөн Баянаа аваргад унажээ?

-Булганы Д.Лхагвасүрэн заанаар тав, Ж.Хайдав арслангаар зургаа даваад Х.Баянмөнх аваргад унасан. Хайдав намайг улсын наадамд гурав авч, хоёрт нь би хаясан юм. Тэр жил амлахад нь миний дургүй ихэд хүрч, чи яасан амлаж ханадаггүй хүн бэ гэж уурлаад дүүгүүрдээд хаячихаж билээ. Баянааг бол үнэндээ бараагүй дээ. Би чинь үндэсний бөхөөр 1964 оноос барилдаж эхэлсэн юм. Сонирхуулахад, жаран дөрвөн онд Д.Сэрээтэр, Т.Артаг нартай хамт цэргийн арслан цол хүртэж байв. Улсын наадамд бол жаран таван онд зодоглосон. Төв аймгийн Нагнайдоржоор хоёр даваад Л.Сосорбарам арсланд гурвын даваанд унаж байлаа. Дараа жил нь Завханы С.Лхагва начингаар дөрөв, Ч.Бээжин аваргаар тав давсан нь тийм учиртай.

-Уран барилдаант Бээжин аваргаар улсын начин цол хүртжээ. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Монгол бөхийн олон шинжийг хадгалж төрсөн, уран барилдаан, гараа дэлээгээрээ гайхагдаж байсан Бээжин аваргаар улсын цолонд хүрснээ бэлгэшээдэг юм. Бээжин гуай тэгэхэд арслан цолтой байсан үе. Тухайн цагт би цэргийн арслан цолтой зааланд гурав, дөрөв давчихдаг байлаа. Гэхдээ улсын цол бодож байсангүй ээ. Улсын цолыг наадмын өдөр олгодоггүй, маргааш нь Спортын төв ордон дээр өгдөг байлаа. Тааралдсан хүмүүс “начин сайн байна уу” гэхэд нэг л эвгүй байж билээ. Надад бол бусадтай адил сүрхий бяр тэнхээ байсангүй ээ. Хурдан шалмаг хөдөлгөөн, авхаалж самбаагаараа барилддаг байлаа. Жаран найман оноос бөхийн самбо барилдаанаар хичээллэж эхлээд долдугаар сарын эхээр тэмцээнд оролцдог байв. Дөрвөн жил буюу жаран наймаас далан нэгэн оны хооронд би ямар ч бэлтгэлгүй улсын наадамд зодоглож байсан. Өөрийгөө сайн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тэрхүү зурвасхан үе бол миний үндэсний бөхөөр амжилт гаргах оргил жилүүд маань байсан. Гэвч самбо бөхөөр ноцолдоод өнгөрсөн дөө. Улсын наадамд арван удаа дөрөв давж, зургаан удаа шөвгөрсөн байдаг. Улсын цол авна гэдэг маш том хариуцлага байдаг. Аав ээжээс оноосон нэрэн дээр төрөөс нэмж нэр хайрладаг явдал нь уг цолыг хиртүүлж, гэмтээж сэвтээхгүй юмсан гэх болгоомжлолыг төрүүлдэг. Хувь хүний хүмүүжилд ихээхэн нөлөөлдгийг биеэрээ амсаж, мэдэрч ирсэн. Мөн алдар цолныхоо хүчинд хүний амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бий болгодгийг би нэг зүйлээр сайтар мэдэрч билээ. Монголын үндэсний бөхийн холбооноос “Итгэмжлэлт илч”-ээр томилогдоод бөхийн холбооны бүх ажлыг Монголын бүх аймгаар явахдаа амжуулсан. Бөхийн өргөө баригдаж байх тэр үед би гучин долоон сая төгрөгийг ганцаараа бөхийн холбоонд олж өгсөн байдаг. Цаана нь хонь мал гээд яръвал багагүй тоо гарна даа. Энэ бол зөвхөн начин одоогийн харцага цолны минь буян юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлснээ дурсахгүй юу?

-1969 оны цагаан сарын барилдаанд анх зодоглосон санагдана. Тэгээд тэр жилээ шууд түрүүлсэн юм. Начин цолтой бөх анх түрүүлсэн нь байлаа. Түүнээс хойш О.Балжинням аварга начин цолтой байхдаа нэг түрүүлж байсан байх. Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин нарын аваргуудтай шөвгийн дөрөвт үлдсэн. Дамдин аварга Бээжингээ аваад, Цэрэн гуай бид хоёрыг тунагалаа. Бээжин аварга Цэрэн бид хоёрын хэнийг нь давах бол, амьхандаа намайг давчихаасай гэж харж байсан. Хэрэв намайг давах юм бол мань хүн Дамдин аваргыг заавал хаяад надтай даага нэхнэ гэдгийг нь гадарлаж байлаа. Учир нь жаран зургаа, жаран долоон онуудын улсын баяр наадамд аварга маань надад тахимаа өгчихсөн шүү дээ. Цэрэн аварга зүүн хөл цавчиж авдаг байсан. Би болохоор зүүн хөлөөрөө тонгордог. Бид хоёр бас л барилдаан таардаггүй байлаа. Дээр өргөж гаргаж ирээд хаях гэхээр нь дагуулаад аччихдаг ч юм уу, элдэв янзын арга хэрэглэнэ шүү дээ. Харин золгоод шуудаглацаад авах юм бол намайг ганцхан хумхиад шийдчихнэ л дээ. Тогтуун сайхан барилдаантай бөх байсан. Тэгэхэд аваргыг нэг их удалгүй л хаячихсан юм даг. Бээжин гуай ч Дамдин аваргыг хүч давж байна. Ингээд бид хоёр үлдлээ дээ. Барилдаан таардаггүй байв. Би арай түргэн хөдөлдөг байсан болов уу. Манай хүн ч бас шалмаг шуурхай барилдана. Аварга надаас тэгж даагаа нэхээд бас л бараагүй юм даа.

-Та бүхий л насаараа “Алдар”-т харьяалагдаж, тэндээс төрсөн бөхчүүдийг гараасаа гаргасан. Шавь нарынхаа тухай, мөн алиа хошин хөгжөөнтэй дурсамжуудаас нь хуваалцахгүй юу?

-Улсын баяр наадмын түрүүг арван гурван удаа хүртжээ. Үндсэндээ шавь нараас минь давхардсан тоогоор төрийн наадмын түрүүг арван гурван авсан байх юм. Тухайлбал, Чойжилын Бээжин аваргын эхлээд шавь нь, 1968 онд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч болсноосоо хойш багш нь болсон. Далан онд Бээжин гуай төрийн наадмын түрүү авсан. За тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Ганбаатар, Г.Өсөхбаяр, Б.Ганбат нар нэгээс дөрөв таван удаа түрүүлсэн байна.

Далан онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, Д.Цэнд-Аюуш нар цэрэгт ирж байв. Улаанхуарангийн ойролцоох 013 дугаар ангид хуваарилагдсан юм. Тэдний инээдэм хөгжөөнтэй явдлуудыг хэлж яаж барах вэ. Бараг л хүмүүс мэднэ дээ. Хадаад худлаа унаж өгч байж самбо бөхийн тамирчин болгож байсан. Тэрээр далан хоёр онд начин болсон юм. Ж.Чойжилсүрэн арслангаар начин болсон шүү дээ. Чойжоо арслан Хадаатай барилдаж ирчихээд “Би ямар хүн амлачихав аа. Унаад өгье гэхээр унагадаггүй, татаад босгочих. Өөрийг нь унагачихъя гэхээр унаж өгдөггүй. Арай гэж түүнээс саллаа” гэж бөхчүүдэд хэлээд инээдэм болж байсан. Миний бие 22 жил дасгалжуулагч хийхдээ самбо бөхийн 16 дэлхийн аварга төрүүлсэн байдаг. Хөдөлмөрийн баатар, гавьяатууд олныг төрүүлсэн дээ.

-Та чинь ямар мэхтэй байсан гэдэг билэ. “Өвгөнхүү ч тун эвгүй байсан шүү” гэж бөхчүүд хоорондоо ярилцахыг нь сонсч байлаа?

-Барьц цохидог, дайраад ороод ирсэн хүнийг дагуулаад тонгордог байсан. Хувь хүний эзэмшсэн мэхийг өөр бөх яаж ч даацтай хийгээд төгс хийж чаддаггүй шиг санагддаг. Тонгорох мэхээрээ би Х.Баянмөнхийг ч, Б.Бат-Эрдэнийг ч, Ж.Мөнхбатыг ч хаяж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргыг заан цолтой байхад нь “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болсон нэгэн барилдаанд хаяад түрүүлж байлаа. Би өөрийнхөө үед барилдаж байсан бөхчүүдээс унагаж үзээгүй хүн байхгүй. Бас бүгдэд нь унасан.

Ярилцсан

Г.Лхагва

Categories
мэдээ цаг-үе

Автоматжуулсан тооллогоос татгалзвал ухралт

-Хар хайрцаг гэж хардаж байснаас ажлаа сайн хийвэл болох бус уу-

Сүүлийн үед монголчуудын ганц яриа нь сонгуулийн хар хайрцагны тухай сэдэв болов. Яг тэр хар хайрцаг яадаг учраас, яачихсан учраас ингэж ярианы бай болоод байгаа нь сонин.

Уг нь энэ хар хайрцгийг хэн нэгэн нөхөр авчирч, хүчээр бидний саналыг авчихсан юм байхгүй. Хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргаснаар сонгуулийг энэ “хэргийн эзэн”-ээр явуулахаар болсон юм. Тухайлбал, 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аас Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан байдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын Их хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулга (цаашид “сонгууль” гэх)-ыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг.

Гэтэл одоо автомат тоолох хэрэгслээсээ татгалзан, буцаад гар аргаараа тоолох тухай яриад байж байгаа нь харамсалтай юм. Уг нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс сэргийлж автомат тооллогод орсон баймаар юм. Харин одоо хар машинаас аймаар амьтангүй мэт ярих зарим нэгэн улс төрийн хүчин бий болжээ. Хэрэв сонгуулийн автоматжуулсан тогтолцооноос татгалзаж, буцаад гар арга руугаа шилжих юм бол ухарсан шийдвэр болно. Дээхнэ цагт хот орж ирэх гэж ачааны машин дээр сар шахам явдаг байсан гэдэг шиг онгоц байсаар байтал итгэхгүй ээ гээд газраар явбал ачааны тэрэг, бүр үхэр тэргийг сонгосон шиг л юм болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм” гэж учирласан байна лээ. Уг нь сонгуулийн автоматжуулсан системд шилжсэнээр бидний дунд эргэлзэнгүй хандахад хүргэдэг байсан олон зүйл тодорхой болсон. Үүднээс орохоос эхлээд хурууны хээгээр таны тухай мэдээлэл гарч ирж, дэлгэцэнд гарах зураг чинь сонгуульд ажиллаж байгаа ажилтан, ажиглагчдаас гадна дэргэдийнх нь хүмүүс хүртэл хянах боломжийг өгсөн. Цаашлаад бидний өгсөн саналыг хэн нэгэн тоологч давхар зураад хүчингүй болгочихгүй нь гэсэн итгэлтэй болгосон юм. Гар аргаар тоолох үед гардаг хууль бус зүйлсийг бид зөндөө л сонсч байсан даа. Сонгуулийн хэсэгт орж ажилладаг нам дагасан хүмүүс сонгуулиас сонгуульд хэрхэн сонгуулийн хуудсыг хүчингүй болгох вэ гэдэгтээ бүр мэргэшчихсэн байдаг гэдэг сэн. “Ард түмний саналыг алтан бөгжтэй булцгар хуруу шийддэг болсон” гэсэн яриа тухайн үедээ оргүй хоосноос гарч ирээгүй юм. Хумсны завсартаа хийсэн балны үзүүрээр давхар нэр дугуйлахад тэр хуудас хүчингүй болно. Ер нь саналыг булхайцан өөрчилж, утгагүй болгох өчнөөн олон арга байдаг гэлцдэг. Сүүлдээ энэ байдал даамжирч, ард түмэн сонгуулийг үнэн шударга явдаг гэдэгт итгэхээ байчихсан учраас саналын хуудсыг автомат тооллоготой явуулах болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал яг л ийм зүйлээс улбаатай. Олон нийт “Бидний өгсөн санал хаачив. Ард түмний өгсөн санал яав” гэж асуулт нэхэн эрх баригч МАХН-ын (одоогийн МАН) цагаан байрны үүдэнд очиж байлаа. Сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэн болохоос үнэндээ өөрийнх нь өгсөн санал, олны олонд өгсөн санал өөрөөр гарч ирсэнд бухимдсан олон мянган хүн тэнд цугларсан байсан юм. Сонгуулийг автомат тооллогод шилжүүлэх болсон явдал нь долдугаар сарын 1-ний үймээнээр амь насаа алдсан таван иргэнийхээ дурсгалд зориулж гаргасан шийдвэр гэж ойлгодог. Улмаар гаргасан алдаагаа залруулж, дахин ийм явдал болгохгүйн төлөө Монголын төрөөс хийсэн алхам гэж ухагддаг. Хэрэв сонгуулийг шударга хийдэг байсан бол, иргэдийн өгсөн санал үнэн зөв тоологддог байсан бол тэнд хүмүүс тэгж олноороо цугларахгүй байсан. Энхийн цагт амьдарч байгаа атлаа энгийн таван иргэн амь насаа алдахгүй л байсан.

Тийм ч учраас 2011 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын нэртэй албан бланк дээр З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Дондог, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, С.Оюун, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Энхбат нар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байж таарна. Тийм ч учраас энэ хуулийг 2008-2012 онд УИХ-д сууж байсан гишүүд олонхиороо 2011 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталсан байж таарна. Энэ үеийн парламентын олонхи гишүүн нь МАН-ын гишүүд байсан. Уг хуулийг батлахыг дэмжсэн 36 гишүүний 22 нь бас МАН-ынх байсан юм билээ. Харин энэ хуулийн төслийг өргөн барьсан 12 гишүүний зургаа нь МАН-ынх, гурав нь АН-ынх, хоёр нь ИЗНН-ынх, нэг нь бие даагч байв.

Тэгэхээр энэ хар машинд л учир байгаа мэт, АН-ынхан үүнийг өөрсдөдөө тохируулж сонгуулийг булхайтуулж байна гэж буруутгах нь учир дутагдалтай юм. Хар машин үнэн зөв тоолж байна гэдгийг харуулах оролдлого дандаа л хийгдэж ирсэн. Автомат машины тооллого үнэн зөв эсэхийг батлахаар сонгуулийн хэсгүүдийг санамсаргүй сонголтоор сонгож, давхар тооллого хийж л байлаа. Улс төрийн бүх нам хүчнүүдийн төлөөллийг нь оролцуулж хийсэн давхар тооллогоор ноцтой гэх асуудал гарч байгаагүй. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд СЕХ намуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхнийг байлгаж байгаад санал тоолох туршилт хийлээ. Бас л яг таг таарсан л гэсэн. Нөгөө кинон дээр Сүхбаатар жанжны гэргий Янжмаа голио чихрийг хүүхдэд идүүлэх гээд “Би энэ чихрийг дандаа иддэг юм, манай хүүхэд ч бас иддэг” гээд өөрөө идэж үзүүлдэг шиг л юм болж өнгөрөв.

Сор залж, золигт гаргаж байгаа мэт шатаалгаад байсан хар машинд учир байхгүй ээ. Харин хүндээ, хүмүүс бидэнд өөрсдөд маань асуудал байгаа гэдгийг сайтар ойлгомоор байна. Хар машинд итгэхгүй байна гэж байгаа нам хүчнүүд бол үнэндээ өөрсдөдөө итгэхгүй байна л гэсэн үг. Тэд ард түмнийхээ төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж чадаагүй учраас асуудлыг ингэж машин руу чихэж байна гэж ойлгогдож байна. Эсвэл сонгуулийг дандаа ингэж будлиантуулж, булхайцаж санал авч ирсэн болохоороо дараагийнхаа эрх баригчдыг бас тэгж байгаа гэж хардаад байдаг юм болов уу.

Бодоход үүний оронд ажлаа л сайн хийчихэд болмоор санагдах юм. Гараар тоолдог байснаа машин болгож, тэгснээ үүнийгээ буцаад гараар тоолно гэвэл үнэнхүү ухралт, хуучин руугаа буцах гэсэн тэнэглэл болно. Гар бас машинаар давхар тоолно гэж ярих хүмүүс байна. Ингэх юм бол автомат болгох гэж хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулах ямар хэрэг байсан юм. Дээрээс нь тэр гар, машин хоёрынх нь дүн зөрлөө гэхэд алийг нь зөв саналд тооцох юм гэсэн асуулт гарч ирнэ. Харин түүний оронд шалгалтын тооллогоо санамсаргүй байдлаар сонгоод саналын дүнг баталгаажуулчихад болно. Ер нь хүнээс илүү хорлонтой сонгууль будлиантуулах хүчин гэж байх биш дээ. Хүний хүчин зүйл орох тусмаа аюултай байдаг. МАН-ын гишүүд хар машин шатааж, хардлага сэрдлэг тээж байхын оронд өмнөх ажлаа л сайн хийчихвэл аяандаа ард олон санал өгөх байлгүй. Ажлаа сайн хийж, итгэл сайн дааж байгаа хүмүүст сонгогчид саналаа өгдөг. Ард олноос санал авч чадна гэдэгтээ итгэхгүй байгаа хүмүүс л амьгүй энэ машинтай ноцолдоно шүү дээ. Хугацаа бага үлджээ, сонгууль болоход. Тиймээс амжиж ажлаа сайн хийгээрэй, намын гишүүд ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.НЯМДОРЖ: Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монголын төр олигтой нар үзэхгүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

Өнгөрөгч
долоо хоногт Их хурлаас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг батлан гаргалаа. Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хууль зүйн сайдын томъёолсноор эрүүгийн шинэчлэлд маш том эргэлт боллоо гэж байна. Харин таны хувьд анхнаас нь дэмжих боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Эдгээр хуулийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд Эрүүгийн
хууль ямар зорилго­той
байд­гийг мэддэггүй хүмүүс­тэй цэц булаалдах
надад тийм ч сонин
биш. Эрүү­гийн хуулийг
шинэчиллээ гээд байгаа Д.Ганбат чинь Эрүү­гийн хууль сөхөж
ч үзээгүй хүн.
Тийм хүнтэй би юу
ярих юм. Том хандлагаар
нь авч үзвэл шүүхийн
дөрвөн хууль батлуулчихаад эд
нар чинь мундаг том
юм хийчихлээ гээд үсэрч байсан
биз дээ. Одоо эргээд
хар даа. Бүгд Үндсэн
хууль зөрчсөн байна. Ингэж
шүүхийг бүхэлд нь самарч
байгаа юм. Наад Эрүү­гийн хууль гээчийн
чинь согог нь мэдэгдэх
болоогүй. Яг хэрэглээд эхлэхээр
нь ер бусын согог
дагуулна даа. Эрүү­гийн
хууль чинь гурван сая
иргэнийг тусгаар тогтнол, газар
нутагтай нь гэмт халдлагаас
хамгаалдаг хууль. Үндсэн өгөгдөхүүн нь энэ. Нийгмийн дийлэнх хэсгийг гэмт үйлдэл, гэмт этгээдүүдээс яаж хамгаалах вэ гэдэг асуудал уг хуулийн гол зорилго нь байдаг. Энэ хүмүүс шинэчилсэн хууль гээч юм батлуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг яаж өөхшүүлэх вэ гэдгийг ярьж, үүнд анхаарал хандуулсан. Мөн биз. Эрүүгийн шинэ хуульд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн шинжлэх ухаан гэж байдаг юм. Түүнээс улбаалсан тулгуур, суурь зарчим байдаг л даа. Энэ бүхнийг эд нар огоорч мартсан. Онц хүнд гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргийн ангиллын ойлголт, рецетив гэмт хэргийн ойлголт, зохион байгуулалттай гэмт хэргийн тухай ойлголт гээд аюултай этгээдүүдээс нийгмийг хамгаалж байдаг бүх хөшүүргийг шинэ хуулиараа авч хаясан. Эцсийн том дүнгээр нь авч үзвэл хөрөнгө чинээний ч ялгарал гаргасан.

Хохирлоо барагдуулсан бол шоронд ял эдлэхгүй байх гэснийг яриад байна уу?

-Хөрөнгөтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх юм бол гэрийн хорионд байгаад зувчуулсан мөнгөөрөө амьдарч, ардын хүүхэд хэрэг хийвэл шоронд явдаг тийм хууль хийчихлээ. Гэрийн хорио гэдгээ яаж ч хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тухайлбал, малчин хүнийг гэрийн хорионд хорино гэж чи бодож байна уу.

Явах хязгаарыг нь заагаад өгчихнө гээд байгаа. Тийм болохоор хязгаараасаа гарахгүй бол болчих юм биш үү?

-Тийм юм байхгүй. Гэр хороололд байдаг хүнийг гэрийн хорионд байна гэж чи бодож байна уу. Энэ бас л худлаа зүйл. Гэх мэтээр яривал уг хуулийг зөндөө шүүмжилж болно.

Гэхдээ олон улсын туршлагаас судалж байж нэлээд чамбай хууль гаргасан гээд байгаа. Болохгүй, бүтэхгүй гээд байвал болж, бүтэх зүйл угаасаа байдаг юм уу?

-Эд нар гаднаас ямар туршлага авсан юм. Ямар ч туршлага аваагүй. Миний 2002 онд батлуулсан Эрүүгийн хуульд Германы толгойлох эрдэмтэд сууж ажилласан юм шүү дээ. Амарсанаа Хууль зүйн сайд байхад ажиллаж байсан. Ханс Зайделийн сангийн шугамаар Германы эрдэмтэд иржсууж байж араг ясыг нь босгосон хууль юм. Харин энэ хууль дээр бол ямар ч тийм юм байхгүй. Ямар ч судалгаа хийгдээгүй гэдгийг би мэднэ. Энэ нөхдүүд цээжний пангаар л хийж байна. Наад яриад байгаа Эрүүгийн хууль чинь мөрдөгдөх юм болов уу даа.

Яагаад?

-Хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг юмыг энэ хуулийн суурь болгосон. Энэ хуулийг хэрэгжүүлдэг Шүүхийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гэх мэт хуулиа бараг л баталж амжихгүй дээ. УИХ чинь өөрөө ажилгүй болчихлоо шүү дээ. Ирэх оны есдүгээр сар гэхэд ганц Эрүүгийн, Зөрчлийн хуультай сууж байна даа. Одоо мөрдөж буй хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг суурь болгосон байдаг. Гэтэл шинэ хуулиар нь тэнд байхгүй тооцооны нэгж гэдэг юм ороод ирчихсэн байна. Есдүгээр сарын нэгэн гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хууль, тооцооны нэгжтэй хууль хоёрын алийг нь хэрэглэх вэ гэдэг ац асуулт гарч ирээд хуулийнхны ажил сууна даа. Цаад талд нь ийм л зүйл болж байгаа юм.

Ийм маягийн хууль хийхдээ дэлхийн хандлага хаашаа явж байна гэдгийг заавал харах хэрэгтэй байдаг. Энэ дэлхий чинь цоо шинэ дэлхий болчихлоо. Ертөнцийн бүх улс исламын улс гэдэг улстай байлдаж байна. Исламын улсын гар хөл хаа сайгүй аллага, дэлбэрэлт зохион байгуулж, хүзүү хэрчсэн хүмүүс л байх юм байна шүү дээ. Энэ манайд яах вэ гэдгийг уг хуулийн дотор харах л ёстой байсан юм. Гэтэл харамсалтай нь хараагүй. Дэлхий өөрөө ийм догшин болж байхад цаазын ялыг халах ёстой байсан юм уу. Удахгүй тэнд байсан нэг хүн энд ирээд хэдэн арваар нь алж хядвал яана. Үүнийг илээд өршөөгөөд өнгөрүүлэх үү. Шоронд тэжээгээд байх юм уу гээд л асуудал үүснэ. Энийг хүртэл харах чадвар алга байна. Эдэнд шинэчилсэн гэдэг нэр зүүх нь л гол зорилго юм шиг байгаа юм. Түүнээс энэ хууль монгол төрийн, монгол түмний хамгийн том эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэдэг нь эдэнд сонин биш. Ийм л юм болсон. Тиймээс ийм муу юманд оролцож яахав дээ гээд би хэлэлцүүлгийг сүүлд нь орхисон. Миний нэг зарчим байдаг юм. Ядаж л хэтдээ Монголын төр, ард түмэнд халтай хууль батлахад картаа хийж буяндаа бузар хуралдуулахгүй байх нь миний үндсэн зарчим. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд хар машиныг оруулаад явахад би хэлэлцүүлэгт нь ороогүй. Би яг л энэ үгээ хэлчихээд гараад явсан. Би нэр төрдөө сэв суулгахгүй гээд шүүхийн хуулиудыг батлахад оролцоогүй. Харамсалтай нь минийхээр л болоод байгаа юм. Шүүхийн хууль илт Үндсэн хууль зөрчин батлагдаж байхад Байнгын хорооны дарга байсан Одбаярт би хэлж л байсан. “Буруу юм хийж байна шүү, та нар. Цаг хугацаа хэний зөв байсныг харуулна. Буруу гэдгийг нотлох цаг хугацаа тун удахгүй ирнэ” гэж хэлээд орхиод явж байлаа. Яг л тэгж хэлж байснаар бүх юм боллоо доо.

Иргэндээ энэрэнгүй хандах уг хуулийг заавал эсэргүүцэх шаардлага юу байна аа. Бид чинь хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ?

-Гэмт хэргийн нөхцөл байдал ертөнцөд улам хүндэрч байна. Шашин дээр суурилсан супер улсуудын геополитик, түүнээс үүдэлтэй лалын ертөнцөд гарч буй дайн дажин, зэвсгийн наймаа, хар тамхи, хүний худалдаа, мөнгө угаах гээд хүнд хэлбэрийн хэрэг гарах хөрс суурь хумигдах биш улам л нэмэгдэж байгаа. Хоёр хөршийг хар. Манай хоёр талд хар тамхи гаарч байгаа нь үнэн. Энэ хоёр орон зэвсгийн зах зээл дээр жин дардаг нь үнэн. Хэтдээ энэ хоёр гүрэн дэлхийн улс төрийн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэх ирээдүй байж л байна. Оросуудыг хар. Сүр хүчээ үзүүлээд эхэлчихлээ. Энэ бүгдийг чинь харж байж л Эрүүгийн хуулийг хийдэг юм. Ийм хоёр том гүрний дунд байгаа жижигхэн улс Эрүүгийн хуулиар дамжуулж яаж тусгаар тогтнолоо хамгаалах вэ гэдгийг давхар бодож байх хэрэгтэй. Хуулийн шинэчлэл яриад байгаа хүмүүст үүнийг харах тархины багтаамж алга.

Д.Ганбат дарга эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа ийм цаг үед хуулиа зөөллөж өгвөл дагаад үйлдэгдэж буй гэмт хэргийн балмад байдал ч өөр болно гэж хэлсэн

-Энэ хуулиуд чинь хэрэгжээд эхэлбэл эрүүгийн нөхцөл байдал чинь дахиад хоёр дахин хүндэрнэ гэдгийг хэлчихье. Яагаад гэхээр яалт ч үгүй шоронд аваачиж хийж нийгмийг хамгаалах ёстой этгээдүүд нь торгуулчихаад гэрийн хорионд байхдаа гудамжинд хийдгээ л хийнэ шүү дээ. Харин ч алагдах хүний чинь тоо нэмэгдэнэ. Ер нь тэгээд цэргийн нэг бага дарга Эрүүгийн хууль яриад байдаг ч юм биш. Энэ хуулийг чинь эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн том хүмүүсийн ярьж, хийдэг ажил. Жишээлбэл, С.Нарангэрэл Эрүүгийн хуулиар юм ярьсан бол би үгийг нь сонсоно. Д.Ганбатаас чинь юуг нь сонсох юм. Жагсаалын бага даргын дайны л амьтан шүү дээ. Ийм хүнтэй Эрүүгийн хууль яриад маргана гэдэг утгагүй. Үнэ цэнгүй л байхгүй юу.

Гэхдээ Эрүүгийн хуулийг хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцээд явсан. Та ингэж шүүмжилж байхаар анхнаас нь Ажлын хэсэгт нь орж ажил­лаад болохгүй байгаа зүйлсийг нь засаад явчихаж болоогүй юм уу. Таныг орно гэхэд цаашаа л гэхгүй байсан байх. Уг хуулийн хувь заяа тэгэхээр яах болж байна аа?

-Юу ч хэлээд хүлээж авахааргүй дүлий олонхи бүрдүүлээд байхаар яаж ажиллах вэ. Жишээлбэл, Х.Тэмүүжин Эрүүгийн хууль ярьдаг хүн биш. Наадах чинь Эрүүгийн хууль ч сөхөж үзээгүй, зачёд өгсөн төдий л хүн. Эрүүгийн хавтастай хэрэг сөхөж үзээгүй л хүн. Ажлын хэсэгт орсон шүүх, прокурорын хүмүүс дотор Эрүүгийн хууль мэддэг хүн байхгүй л байна лээ. Улсын прокурорын Эрдэнэбат чинь Эрүүгийн хууль мэдэхгүй. Эрүүгийн хэрэгуншиж үзээгүй хүн шүү дээ. Улсын дээд шүүхийн шүүгч Батцэрэн ч гэнэ үү тэр нөхөр Эрүүгийн хууль мэдэхгүй. Ийм л учиртай юм болоод байна даа, цаана чинь. Хувь заяа нь яаж эргэхийг би мэдэхгүй. Ингээд Эрүүгийн хуультай холбоотой хэсгийн яриагаа дуусгая. Эд нар ээлжит балмад юмаа л хийсэн. Хуулийг хэрэглээд эхлэхээр гол гэмт хэрэгтнүүд нь гудамжаар зугаалаад явна. Учруулах хохирол аюул нь хэд дахин нэмэгдэнэ. Тэр цагт “Та нар юу хийчихэв дээ” гэж ард түмэн гаслах болно.

Сүүлийн үед Их хурлаас баталсан хуулиуд Цэц дээр очоод унадаг боллоо. Их хурал бол ард түмнийхээ амьдралд нийцүүлэн хууль баталчихаад байхад Үндсэн хууль зөрчөөд байгаа нь Үндсэн хуулиа шинэчлэх цаг болсны дохио гэж гишүүд ярьж байна л даа. Шүүх байгуулах хууль дээр гэхэд Цэц дүгнэлтээ гаргасан. Харин Ерөнхийлөгч хориг тавьчихлаа

-Миний 2002-2003 онд батлуулсан 10 гаруй хууль чинь Үндсэн хуулийн үзэл санаанд яв цав нийцсэн хуулиуд байхгүй юу. Харин сүүлд батлаад байгаа хуулиуд чинь дандаа Үндсэн хууль зөрчсөн хуулиуд болчихоод байна.

Гэхдээ амьдралд ойртуулсан хуулиуд баталсан гээд байгаа шүү дээ?

-Юу ярьж байгаа юм. Амьдралаас холдуулсан хуулиуд батлаад байна. Үндсэн хуульд “Аймаг, нийслэл нь засаг захиргаа,нутаг дэвсгэрийн цогцолбор мөн” гээд биччихсэн байдаг юм. Тэгээд аймаг бүр шүүхтэй байна гээд биччихсэн байдаг юм. Дүүргүүд шүүхтэй байна гээд биччихсэн байдаг юм. Шүүхийг чинь аймаг дунд, дүүрэг дунд байгуулаад эхлэхээр Үндсэн хууль зөрчихгүй яах юм. Галзуу хүн л үүнийг чинь өөрөөр тайлбарлана. Эрүүл ухаантай хүн наадахыг чинь яаж ч өөрөөр тайлбарлаж чадахгүй. Тэгэх гэж Үндсэн хууль батлагдсан юм шүү дээ. Намайг Хууль зүйн тэргүүн дэд сайд байхад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хэсэг ньманай яаман дээр томъёологдож байсан юм. Улсын бага хуралд ч тэр, АИХ-д ч тэр Ж.Амарсанаа танилцуулж байлаа. Ж.Амарсанаа гээд байгаа чинь одоогийн Цэцийн дарга Ж.Амарсанаа. Энэ хүн чинь оюун санаагаа гээчихээгүй байгаа юм бол юу батлуулснаа мэддэг юм байгаа биз дээ. Үндсэн хуулийн эсрэг юм хийдэг Төрийн тэргүүн, Үндсэн хуулийн эсрэг юм хийдэг УИХ-тай болчихоод байна. Үндсэн хуулийг чимээгүйгээр хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна шүү дээ. Үндсэн хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой хоёр том субьект нь Үндсэн хуулийнхаа эсрэг юм хийгээд байхаар чинь яаж Үндсэн хууль тогтдог юм. Яаж төр тогтдог юм. Яаж хууль тогтдог юм. Тогтохгүй шүү дээ. Ийм бусармаг юм л хийгээд байна. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан шийдвэрлэгддэг юм. Тэр чинь хоёр субьекттэй байдаг юм. Нэг нь төр, нөгөө нь төртэй ижил эрхтэй иргэн гэсэн зарчим үйлчилдэг. Хууль нь төрийн бүтээгдэхүүн болдог учраас Их хурал төлөөлөгчөө томилж маргааны нэг тал болж тайлбараа өгдөг. Иргэн чинь өөрөө тайлбараа өгдөг. Энэ хоёрын маргаанд хэнбугай нь ч оролцох ёсгүй.

Ерөнхийлөгчийн хориг бол маргаан дотор орж нэг талд нь үйлчилсэн хуулийн процедур болоод явчихаж байгаа юм. Энэ утгаараа Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчсөн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэнбугай нь ч оролцох ёсгүй гээд Үндсэн хууль дотор нь биччихсэн байдаг юм шүү дээ.

Цаашид тэгээд оролцуулахгүй байх арга хэмжээг яаж авах ёстой юм?

-Энэ төрд алба хашиж байгаа хүмүүс хууль хүндэтгэж сурах ёстой. Тийм хүмүүсийг л төрийн өндөр албанд тавих ёстой юм. Өөрийгөө Үндсэн хууль гээд бодчихсон Их хурал, өөрийгөө Үндсэн хууль гээд бодчихсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх юм бол цаашид байнга л зөрчинө. Сүүлд ҮХЦ дээр сайдын суудалтай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байхад Засгийн газар Цэцийг хахуульдаж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулж байна. Сайд огцруулах санал гаргах УИХ-ын гишүүний бүрэн эрхийг мөнгөөр худалдаад авчихаж байна шүү дээ. Одоо бүр давраад ҮХЦ нь мөнгөнд худалдагдаж Үндсэн хуулиа бусниулдаг болж эхэллээ. Энэ бүхнийг ард түмэн хараад сууж байгаа гэдгийг эд нар ойлгохгүй юм. Ард түмний гэсгээл нэг өдөр ирэх байлгүй дээ. Бурхангүй газрын бумба галзуурав гэдэг л болж байна, өнөөдөр. Тэгэхээр наадахыг чинь засах ард түмэн байгаа шүү. Эд нар арай гурван сая ард түмнийг байхгүй болгочихгүй байлгүй дээ гэдэгт л найдах юм. Үнэнийг хэлэхэд төр барьж буй Ардчилсан нам түүнээс угшилтай хүмүүс Үндсэн хуулийн эсрэг хүчин болоод хувирчихлаа. Үндсэн хуулийг биелүүлж байх ёстой улс төрийн хүчин өдөр бүр Үндсэн хуулиа гишгэж дэвсэлж байна. Үндсэн хуульд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна гээд улс төрөөс холдуулж хугацааны зааг тавьж өгсөн байдаг. Гэтэл 2009 оны Ерөнхийлөгч гарч ирээд хугацаанаас нь өмнө тэр хүмүүсийг хөөж явуулсан. Тэр үед “Шүүх, прокурор чинь улс төрийн байгууллага боллоо шүү” гэдгийг би хэлж байсан. Сонгуулийн мөчлөг дагасан шүүх, прокурортой болбол цаашид хэлмэгдүүлэлт гарна шүү. Нэг хэлмэгдүүлээд эхэлчихвэл дараагийнх нь хэлмэгдүүлнэ шүү. Хэлмэгдүүлэлтийн гинжин урвал эхэллээ шүү гэдгийг би 2010 оны тавдугаар сард хэлж байсан юм. Энэ Их хурлын гишүүд чинь шүүхийн зохион байгуулалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ “Яадаг юм” гэж зөрөөд л кноп дараад байгаа. Ийм Их хурал ард түмнээ хууль сахь гэж хэлэх эрхтэй юу.

Та хэлмэгдүүлэлтийн эх тавигдлаа гэдгийг сануулж хэлж байсан гэлээ. Өнөөдөр манайд хэлмэгдүүлэлт байгаа юм уу?

-Байгаа. Цагдаагийн дарга нарыг долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулж хэлмэгдүүлсэн. Тэднийг цэргийн зүйл ангиар шийтгэсэн. 2008 онд цагдаагийнхан цэргийн гэмт хэргийн субьект болдог байсныг болиулаад энгийн албан тушаалын гэмт хэргийн субьект болгочихсон юм. Тэр нь 263 дугаар зүйл (албан тушаалаа хэтрүүлэх) гэдэг нь таван жилийн ялтай. Тэр таван жилийн ялтай зүйл анги 2009 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд Өршөөлийн хууль гаргахад хамрагдсан л даа. Гэтэл тэднийг цэргийн зүйл ангиар шийтгэсэн. Тэгж л долдугаар сарын нэгний хэргийг эд дарсан.

Түүнээс өөр хүмүүсийн яриад байгаа хэлмэгдүүлэлт гэдэгтэй би санал нэг биш ээ. Цагдаагийн дарга нарыг жинхнээс нь хэлмэгдүүлсэн юм. Нэгэн цагт цагдаа нарын энэ хэрэг цайрах байх.

Та яриандаа улс төрийн зарим хүчин Үндсэн хуулийг дэвсэлж байна гэлээ. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилье гэдэг яриа хамгийн хүчтэй явж байгаа шүү дээ. Харин та болохоор энэ Их хурал Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй гэж ярьсан?

-Ардчилсан нам Монголын төр, Монголын хуулийг самрах нэг л юм хийгээд байна. Ямар зорилготой гэдгийг нь эцэслэн хэлж чадахгүй. 2012 онд гарч ирээд өнөөдөр энэ улсыг ямар байдалд хүргэв. Төр нь төр биш болж, Их хурал нь өдөр бүр Үндсэн хууль зөрчдөг болсон. Засаг нь засаг биш болсон. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, Монголын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрлээ. Социализмын 40 жилд авснаас хоёр дахин илүү өрийг гуравхан жилийн дотор тавилаа. Дараагийн Их хурал, Засгийн газар өрийн гинжин дотор ажиллах болно. Өнөөдөр Монголд төрсөн өлгийтэй хүүхэд найм орчим сая төгрөгийн өртэй байна. Шүүхийн системийг босохын аргагүй болтол нь самарлаа. Ийм Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох уу. Энэ хямрал чинь Үндсэн хуультай холбоотой юм биш. Эрх баригчдын дотоод алан хядлагатай холбоотой тийм л зүйл. Төрийн ажлыг хийж чадахгүй, Засаг барьж чадахгүй байна. Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Тэд хаана хүрэхээ ч мэдэхгүй байна. Эд худлаа ярьж л цаг нөхцөөж байгаа болохоос тун удахгүй цалингаа тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Нэг сарын цалин тавьж өгөх мөнгө эдэнд байгаа болов уу. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг ингэж л цөлмөж дуусгалаа. АН-ынхан Үндсэн хуулиас болж ийм зүйл болоод байна гэдэг ойлголтыг ард түмний тархинд суулгаж сонгуульд орон луйвар хийх гээд байна. Тэгээд би эсэргүүцээд байгаа юм.

Үнэхээр л Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол одоо мөрдөгдөж байгаа хуулиар асуудалд хандах хэрэгтэй. 2011 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байдаг юм. Тэр хуулийнхаа бүх заалтыг зөрчөөд өргөн барих процесс нь явагдаж байгаа. Үүнийг тойрохын тулд ард нийтийн санал асуулга гэдэг юмаар бамбай хийж байгаад залилан хийх гэж байна. Хуулийн залилан, төрийн залилан хийгээд байгаа болохоор би Үндсэн хуулийн өөрчлөлтийг улайран эсэргүүцээд байгаа юм аа. Ардын намын бүлэг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Эд нар хийж чадахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ нэлээд нухацтай хэлэлцэх ёстой, бас сонирхлын зөрчилгүй байх ёстой. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах хэрэгтэй. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчөөр биш шүү.

Тэгээд 2017 онд сонгогдох Ерөнхийлөгчөөр Ажлын хэсгийг ахлуулах юм уу?

-Энэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас Ерөнхийлөгчийн дараа юу хийх вэ гэдгээ бодчихсон байгаа юм шиг байна лээ. Гэнэтхэн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гээд Их хурал дээр улайм цайм ярьсан. Цаад талд нь сонирхлын зөрчил нуугдаж байна аа л гэсэн үг. Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй гээд хуульд заачихсан тул арваннэгдүгээр сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулна гээд арваннэгдүгээр сарын зургаанд төсөл өргөн мэдүүлсэн. Ингэж буу тулгаад байгаа юм. Галзуу л биш бол энэ суманд оногдох ёсгүй. Лав л оногддог нь би биш. 2016 онд нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй ч төслөө бэлэн болгоод 2017 онд сонгогдох Ерөнхийлөгчөөр Ажлын хэсгийг нь ахлуул. Цаашдаа тэгээд ганц нэг тоймтой сэдвээр л явах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн том зүйл нь засаглалын хэлбэрийн маргаанд цэг тавих. Бид парламентын засаглалтай байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох юм уу. Би гэхэд парламентын засаглалыг их өмөөрдөг байсан хүн. Тэр утгаараа 1999 оны долоон өөрчлөлт хийхэд идэвхийлэн оролцсон хүн би мөнөөсөө мөн. Түүнээс хойших нөхцөл байдлыг харахаар олигархиуд Их хуралд шигдчихсэн үед парламентын засаглалтай явах хувилбар нь дуусч байх шиг байна. Нам дамжсан олигархи бүлэглэл дийлдэхгүй нь. Хаалгаа хааж байгаад эрх мэдэл ашиглаж байгаад яаж өрсөлдөгчөө намнах вэ гэдэг ганц л зүйл ярьдаг, хийдэг боллоо. Сүүлийн хоёр Их хурлын нөхцөл яг ийм байдалд явж ирлээ. Ийм ерөнхий том зураг харагдаад байгаа болохоор Ерөнхийлөгчийн засаглалд шилжихээс өөр аргагүй байна гэдэг үгийг хэлчих гээд байгаа хүн дээ, би. Хэрвээ миний хувирч байгаа зөв бол үүнийг харин ард түмнээс асуух ёстой. Парламентын засаглалтай байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг ард түмнээр эцэслүүлэх хэрэгтэй. Ийм том зүйлийг ард түмнээс асууж болно. Түүн рүү л би бараг явчих гээд байгаа юм даа. Ойрын үед энэ олигархиуд зайгаа тавьж өгөхгүй.

Тэгээд олигархиудын зайг яаж тавиулах юм?

-Зайг нь тавиулах арга бол гол намын удирдлагууд үүнийг ойлгож боловсон хүчнийхээ бодлогыг 180 градус эргүүлэх нэг арга байна. Ингэж чаддаггүй юм бол Ерөнхийлөгчийн засаглалд нь шилжүүлээд энэ Их хурлын эрх мэдлийг хумихаас өөр аргагүй. Одоо бол хүссэн болгоноо гаргаж, мөнгөөр худалдаж авч байна. Ийм даварсан юм гэж байж болох уу. Мань мэт нь хий чарлаад дуусдаг. Ард түмэн нь гэртээ гаслаад, телевизортойгоо хэрэлдээд сууж байна. Эд нар болохоор ордондоо намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гээд галзуураад сууж байдаг. Засаг дарга нарыг ард түмнээс сонгоно гээд ярьж байна. Монгол чинь нэгдмэл төвлөрсөн юм шүү дээ хө. Нэгдмэл төвлөрсөн улсын Засаг дарга нарыг иргэд сонгодог болчихвол орон нутаг дахь жижиг хаад нь төв засагтаа захирагддаггүй болчихвол яана. Өмнөговь аймгийг гэхэд Монголын Засгийн газар удирдаж чаддаггүй шүү дээ. Ингээд олон жил боллоо.
“Та нар Өмнөговио удирдаж чадахаа болилоо. Энэ жижиг хаад чинь улсыг чинь худалдчих вий дээ” гэж хэд хэдэн засгийн үед яриад болохгүй л байгаа юм даа. Морь уясан нэг баян хүн тэнд нүүрс үнэгүй тараагаад дураараа нэг дургиж байна аа. 21 аймгийн дунд хаад 327 сумын жижиг хаад бүгд төв засагтаа захирагдахгүй “Би чамаар сонгуулаагүй. Би ард түмнээсээ сонгогдсон” гээд гэдрэг хараад суучихвал яана. Яг үнэнийг хэлэхэд Э.Бат-Үүлийг Засгийн газар захирч чадахгүй л байгаа шүү дээ. Тэнд вант улс байгуулчихсан. Энэ чинь ерөнхийдөө жижиг ханлигуудын дүр зураг харагдаад байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа бол үүнийг чилтэл нь бодох хэрэгтэй.

Мунхаг хүнд илд бүү бариул, Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг ардын үг байдаг. Монголын шүүгчдийг бүх насаар нь томилдог болох цаг хугацаа нь болоогүй байсан. Тийм хуульч, шүүгч Монголд бэлтгэгдээгүй. Ойрдоо ч бэлтгэгдэхгүй. Монголын гол шүүгчид өнгө мөнгөнд идэгдсэн нь үнэн. Хамгийн шударга бус зүйл хийдэг хүмүүс тэнд байдаг нь бас үнэн. Прокурор, цагдаагийнхан чинь бас ч гэж учиртай. Эцсийн шийдвэрийг нь шүүх гаргадаг учраас. Харин бүх насаараа томилогддог шүүгч нар бид бүгдээрээ Ерөнхийлөгчөөс бүх насаараа томилогдсон юм чинь гээд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээ үздэг болчихсон улс шүү дээ. Энэ мэтчилэн яривал Үндсэн хууль дээр ярих юм бий. Үндсэн хуулийн асуудлыг согтуу нөхөр машин барьж яваад гэнэт ухаан орж байгаа юм шиг шийдэж болохгүй.

Өнөөдөр манайд хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс АТГынхан юм биш үү. Энэ хүмүүсийг цаашид яах ёстой вэ?

-Эрх мэдэлгүй байхдаа авлигатай тэмцэнэ гэж манай АН-ынхан их ярьсан. 2005 онд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн цуст лоозонтой орж байсан. 2009 онд “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “Авлигатай тэмцэхэд найраа байхгүй шүү” гэж Их хурлын индэр дээрээс ярьж байсан. Тэгж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр авлигатай биш АТГ-тай тэмцэх ажилтай болчих юм. Хүрээллийнх нь хүмүүс элдэв зүйлд орооцолдоод ирэхээр ингэж зүсээ хувиргадаг юм байна. Авлига асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй. Бусад руу болохоор дайрахын дээдээр дайрдаг байж өөрсдөө асуудалд холбогдохоороо АТГ-тай дайн зарлаад байгааг ойлгохгүй юм. Тийм л юм бол анхнаасаа авлига авахгүй л байхгүй яасан юм. Авлигын хэргийг зохион байгуулахгүй л байхгүй юу. Одоо болоо юм биш үү. АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс нүгэлтэйгээ байлд.

АТГ-тай тэмцэж байгаа хүмүүсийн ард нэг авлигын хэргийг нуух гэсэн санаа байдаг байхгүй юу. Үүнийг чинь мэдэж ядаад байх зүйл огт байхгүй. Нэг нь чарлаад ирэнгүүт цаад талд нь юу байгаа юм гэхэд “Тийм юм байгаа” гээд мэдэгддэг байхгүй юу. Хуулийнхнаас асуухад нарийн ширийнээ хэлэхгүй ч гэлээ иймэрхүү зүйл байгаа л гэдэг байхгүй юу. Халаасандаа нэг хүнтэйгээр АТГ руу дайрдаг юм. Үүнд бууж өгч болохгүй. Авлигачдын өмнө Монголын төр бууж өгч болохгүй. Өршөөлийн хуулийн үед Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн ард нэг том асуудал байсан болохоор яг үнэнийг хэлэхэд үхэл, сэхлийн төлөөх дайн явагдсан. Арай ч буу сумандаа хүрээгүй дууссан. Энэ сэдвийн хүрээнд өнөөдөр авлигачдын өмнө Монголын төр бууж өгөх үү гэдэг тэмцэл явагдаж байна. Энэ байдлаараа цааш явбал төр нь ялагдаж мэдэхээр харагдаж байна.Учир нь шүүх, прокурорыг гартаа хийчихсэн олигархи бий. Эдний чинь амьдардаг нэг хөрс суурь нь авлига. Баахан бүтээн байгуулалтын төсөл нэрээр төсвөөс мөнгө гаргаж тэрэн дээр ажиллаж ашиг хүртдэг нь зарим хүмүүсийн амьдрах арга хэрэгсэл болчихлоо. Хамгийн сүүлийнх нь цэргээр төмөр зам бариулна гэж байна. Цэргээр албадан хөдөлмөр хийлгэх нэрийдлээр төсвөөс 20 тэрбум төгрөг авахаар болоод хэл ам болж байна даа.

Гэхдээ цалин өгч байгаа болохоор албадан хөдөлмөрт орохгүй. Олон улсын гэрээ конвенци зөрчөөгүй гээд байгаа л даа?

-Юу ярьж байгаа юм. Нэгдүгээрт, цэрэг цалин авна гэж байдаггүй юм аа. Наадуул чинь эх орноо хамгаалах чадвартай болохын тулд ганцхан жил байж байгаа хүмүүс. Цэргийг зөвхөн цэргийн зориулалттай барилгын ажилд оролцуулна гээд олон улсын конвенцид заасан, түүнд нь бид нэгдээд орчихсон. Удахгүй наад асуудлаар чинь ҮХЦ-ийн шийдвэр гарна, харж л байгаарай. Үүний цаана дандаа хулгай явагддаг. Төсөл хөтөлбөр боловсруулж байгаа нэрийдлээр хулгай явдаг, хийдэг. Үүнд гаршчихлаа.Сайншандын аж үйлдвэрийн парк барина гэж баахан мөнгө үрэн таран хийсэн. Юу боссон юм. Наад цогцолборын чинь нэрээр төсвөөс багагүй мөнгө цусалсан. Төмөр зам гэж баахан мөнгө цусалж байна. Ийм байхад АТГ ажиллахгүй яадаг юм. Ийм этгээдүүдийг шоронд нь явуулахгүй яадаг юм. Эрүүгийнхэн гэж их ярьдаг. Үнэндээ тэдэн дотор жинхэнэ эр хүмүүс байдаг юм шүү дээ. Хэрэг хийсэн бол ялаа эдлээд явах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Цагаан цамцан дээр хар зангиа зүүчихээд найман жилийн ял аваад давж заалдахгүй шорон руу явж байсан эрүүгийн гэх тодотголтой хүнийг би мэддэг. Яахаараа жирийн ардын хүүхэд хэрэг хийчихээрээ өлсөж цангасан ч байсан албадан эмчилгээ хийдэг цагаан захтнууд нь хэрэг хийхээрээ гурав хоноод бие мууддаг юм. Адилхан л хүн ш дээ. Тийм л байсан юм бол яах гэж хэрэг хийдэг юм. Тэднийг авлига аваатах гэж гуйсан юм уу. Хэргээ даачих хэмжээний бие, сэтгэлийн тэнхээтэй байж хэрэг хийх хэрэгтэй. Энэ чинь арвандолдугаар зуунд гарсан симуляци буюу баашлах гэдэг зүйл.

Монголд ардчилал хөгжөөд 25 жилийн ойтойгоо золгож байна. Ардчилагчид нь баяраа тэмдэглэж байна

-Монголд энэ хувьсгал гээч нь гарсан ч гараагүй ч төр улсынхаа хувьд бэхжих нь ойлгомжтой байсан. Ардын хувьсгалыг үгүйсгэж, Ардчилсан хувьсгалаа дөвийлгөх гэж одоогийн амбиц өндөртэй хүмүүс их л зовж байна. Сайн муу янз бүрийн л зүйл бий. Гэхдээ ардын хувьсгалыг үгүйсгэтлээ эд сайн юм хийчихээгүй байна л даа. Бид малыг, орон сууцыг иргэдэд өгсөн л гэдэг юм. Өссөн мал, баригдсан байшинг тарааж өгөх амархан. Яагаад байшин барьсан, бариулсан хүмүүсийг нь ярихгүй байна аа. Ардчиллын ойг тэмдэглэх зөв. Гэхдээ Сүхбаатарын талбайн нэрийг булааж автлаа дэгсдүүлж болохгүй. Ардын хувьсгал байгаагүй бол ардчилсан хувьсгал гэж ямар элэнцгийнх нь юм байх байсан гэж. Энэ хүмүүс өөрсдийгөө их дөвийлгөх юм. Буу бариад байлдчихсан биш. Гамингуудыг хөөгөөд явуулчихсан юм шиг авирлах юм байна шүү дээ. Үхсэн хойноо сайндаа л долоо хоног өлсөө биз дээ. 1921 оны партизануудын дэргэд юу ч хийгээгүй. Өвөл өлслөө л гэдэг юм. Хавар өлсөх нь яасан юм. Хэтэрхий ингэж дөвийлгөөд байгаа нь дургүй хүргээд байна. Нарийндаа бол Ж.Батмөнх дарга Улс төрийн товчоог огцруулсан нь тэр үеийн МАХН-ын төв хорооны дарга хүн тусгаар улсын төлөө хийсэн сүүлчийн том алхам нь тэр байсан. Намын төв хороо, НАХЯ хэрмэл холбоотой байсан учраас цаашид эрх чөлөөний агаараар амьсгалъя гэх юм бол тэр сүлжээг нурааж байж дараагийн үедээ эрх мэдэл шилжүүлж, хойд айлын хараатаас холдох сүүлчийн алхам хийсэн хүн. Үүнийг нь тэд ярьдаггүй хэрнээ бууж өгсөн л гээд байдаг. Ж.Батмөнх гэдэг хүний дотор эдний бодож байгаагаас шал өөр тусгаар тогтнол гээч зүйл байсан болоод үүнийг хийсэн болов уу гэж боддог. Намын төв хороо татан буугдсанаар хойд айл хэнтэй харилцахаа мэдэхээ байсан. Тэгэхээр чинь бүрэн тусгаар тогтнол руу явах замын чинь чулуу түүгддэг юм байгаа биз дээ. Энэ хүмүүс чинь хараатын зовлонг махан биеэрээ мэдэрсэн хүмүүс. Тэр тойргоос яаж гарах вэ гэдэг чинь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга гээд үе үеийн дарга нарын шүдний өвчин болсон байсан асуудал байлаа. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэтийг хүлээж авчихаад орой нь ирээд Ширэндэв гуайтай ганц шил архи хувааж уусан түүхийг надад хүн хэлсэн. Манай Ө.Энхтүвшин бас сонссон байдаг юм. Бал дарга “За, ганц сайхан үйлдвэртэй болчихлоо. Одоо дахиад ийм нэг үйлдвэртэй болчихвол хойд айлын гар харах нь багасна даа” гэж хэлээд санаа алдаад сууж байсан гэдэг. Аймшигтай байсан байгаа биз. Х.Чойбалсан хамт яваа хүмүүс нь хэлмэгдэж байхад алга ташаад сууж байсан гэж чи бодож байна уу.

Үгүй л болов уу даа

-Үгүй. Энэ улсын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө өөрийгөө хүртэл золихоос сийхгүй юм хийж байсан. Монголын ардчилал дардан замаар явсан нь зовлон үзсэн дээрх удирдагчдын олон жилийн мөрөөдлийн биелэл байсан. Энэ нөхдүүд чинь хараатын зовлон, гуйхын зовлон, хүнд дээрэлхүүлэхийн зовлонг мөн ч их үзсэн дээ. Гаднаас нь харахад машин унасан дарга нар харагддаг байсан ч дотроо бөөн зовлон явдаг байсан. Бидний энэ зовлонг мэдэхгүй бас үзээгүй.

Ю.Цэдэнбал даргын ойг тэмдэглэх дээр манайхан нам намаараа талцаж байгаад өдрийн хагас хэрэлдэв ээ

-Улстөржих шаардлага юу байсан юм. Хэлмэгдүүлснийх нь төлөө уучлал гуй гэж дайраад л байгаа харагдсан. Хэлмэгдүүлэлтийг том зургаар нь харвал геопилитикийн асуудал цаана нь байдаг. Буриад зон олон түүхэндээ дөрвөн удаа хэлмэгдүүлэлтэд өртсөний сүүлийн хоёр нь большивекуудын үед гарсан. 1916-1917 оны үед Монгол руу баахан буриадууд дайжиж нүүсэн байдаг. Сүүлд 1930-аад онд Оросын дотоод явдлын яамны орлогч сайд Фриновский гэдэг хүн 130 орчим хүний нэр барьчихсан Японы тагнуул байна гээд Х.Чойбалсанд энэ хүмүүсийнхээ учрыг ол гэсэн байгаа юм. Дараа нь Лхүмбийн хэрэг гэдэг чинь боссон юм. Энэ хэлмэгдүүлэлтийг ганцхан МАХН хийчихсэн юм биш. Орост болон Оросыг дагасан бүх оронд л болсон хэлмэгдүүлэлт. Үүний хаялага орж ирсэн байгаа юм. Гэтэл үүнийг нэг хүнтэй, нэг улс төрийн хүчинтэй холбох л юм яваад байна.

Том гүрнүүд чинь геостратегийн бодлогоо тавихаар мөнгө мөнгө биш болдог. Мөнгийг цацаад цацаад явчихдаг. Сирийг хар л даа. Нэг жижигхэн улсыг бүх том гүрнүүд нийлж бөмбөгдөж байна. Үнэн хэрэгтээ тэнд зэвсгийн туршилт явагдаж байгаа хэрэг. Оросууд лав гурван шинэ зэвсэг туршчихлаа. Монголд болсон хэлмэгдүүлэлт гээд байгаа чинь геополитикийн л хаялага. Үүнийг нэг намыг удирдаж байсан хүнтэй холбоно гэдэг дэндүү өрөөсгөл гэдгийг дахиад хэлье. Х.Чойбалсан бол одоогийн дарга нарын дэргэд хэдэн зуун мянга дахин зовлон үзсэн нь бодит үнэн. Монголын сүүлийн 400 жилийн түүхийг харвал манай үеийн дарга нардураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Богд, Чинван Ханддорж, Сүхбаатар, Чойбалсан, Амар, Гэндэн, Цэдэнбал, Батмөнх гээд үе үеийн удирдагч нар зовж зүдэрч явсны эцэст бид бүрэн тусгаар тогтнолоо олсон. Тэднийг адлаад байж хэрэггүй.

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гээд дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байна. Том Ажлын хэсэг гаргана гэсэн ч ажлаа эхлээгүй л байна. Намууд тохироонд хүрэхгүй бол хуучин хуулиараа явах саналтай байгаа нь АНаас сонгогдох боллоо. Сонгуулийн хуулийн тал дээр байр сууриа илэрхийлээч?

-АН-ын дарга З.Энхболд гэдэг хүн намрын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй ээ гэдгээ бараг хэлчихсэн юм шүү дээ. “Намууд хоорондоо зөвшилцөж чадвал зарим өөрчлөлт байж болноо” гэсэн. Энэ чинь манай нам зөвшилцөхгүй ээ, тиймээс Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй ээ гэсэн үг. Яг ингэж үг хэлдэг өдөр нь би намынхандаа хэлсэн. Та нарын хамтарсан засаг байгуулахдаа тохирсон бас нэг ажил чинь худлаа боллоо гэж. Одоо яахыг нь харъя. 2007 онд намайг Их хурлын дарга байхад Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. 2008 оны аль аль сонгуульд манай нам ялсан. Ялсан нам Сонгуулийн хуулиа цөөнхийн айлган сүрдүүлэлтээс болж 2011 онд өөрчилсөн. Үүнийг юу гэж үзэх юм. Тэр муу хууль байгаагүй. Асуудал хуулийн муудаа биш, төр түшиж байгаа хүмүүсийнхээ мууд байдаг юм. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс эргэж хууль руугаа дайрдаг ийм нэг юм яваад байна. Манайхан 45 суудалтай байхдаа ийм өөрчлөлтийг хийсэн. Би энэ хар машинд ерөөсөө итгэдэггүй. Тэртэй тэргүй хар машин оруулаад ирчихсэн юм чинь давхар гараар тоолъё. Тэгж чадвал техникийн болон хүний талаасаа ч маргаангүй амар. Сонгуулийн дараа түйвээчих гээд байдаг явдал дахин гарахгүй.

Сонгуульд ялагдсан хүмүүс “Би луйвардуулчихлаа” гээд байгаа, би ерөөсөө ойлгодоггүй юм. Тэр нөхдүүд яг яаж луйвардаж байгааг нь хараад сууж байсан юм шиг ярьдаг байхгүй юу. Шүүхдээч гэхээр шүүхэд асуудлаа тавихгүй. Монгол хүний хоёр нүдэнд итгэдэггүй, харийнхны оруулж ирсэн хар машинд итгэдэг төртэй болчихсон байна гээд бод доо. Би зургаан удаагийн сонгуульд орсон хүн. Сонгуулийн хороогоор санал өгөх үедээ л нэг ордог. Бусад үед аль болох хол байхыг боддог. Сонгуулийн дүн зөв л гардаг шүү дээ. Сонгуулийн булхай хийгээд ялна гэж байсан хүмүүс ялагдчихаараа гомдол тавьдаг юм шиг байна лээ. Манай нам нөгөө намын нөхөр аль нь ч хамаагүй улайм цайм уначихаад “Би яг ялж яваад луйвардуулчихлаа” гээд дэргэд нь харж байсан юм шиг ярьдаг. Энэ Сонгуулийн хууль чинь юу л болдог бол доо. Засагт хамтрахад нь Р.Бурмаагийн хууль чинь явахгүй юм байна аа гэхэд явуулна аа л гэсэн. Өнөөх нь явдаггүй дээ.

АНд хууртагдлаа л гэх юм. Ардын намынхан тийм гэнэн хүмүүс юм уу?

-АН-ынхан манайхныг хуурч, сэтгэлийн зугаагаа гаргадаг байж болно. Эх орноо хуураад байх юм даанч. Ардын намынхны гэнэнг далимдуулан хуурч болдог л байж. Ард түмнийг ингэж хуурч болохгүй. Аймгуудыг нийслэлтэй авто замаар холбосон гавьяа хэнийх вэ гээд нэг гоё юм яваад байна. Тэгсэн “Таны сонголтын гавьяа” гэсэн хариултыг өөрсдөө өгсөн. Хамгийн сүүлд эд “Ард түмэн ядуурсан нь хэний гавьяа вэ” гэж асуух байх. Тэгээд “Таны сонголтын гавьяа” гээд амыг нь хаана. Муухай тавлаж байгаа биз. Эд нар ялагдвал энэ дөрвөн жилд цуглуулсан хөрөнгөөрөө бүгд гадаадад гараад явна даа. Ч.Сайханбилэгээсээ эхлээд хэн нь ч энд тогтохгүй. 2000 онд яг ингэсэн юм.

Энэ Их хуралд яагаад заавал мөнгөтэй хүмүүс гардаг юм. Салбар салбарын мэргэжилтнүүдийг оруулах боломжийг нээж өгч болдоггүй юм уу. Мэдсээр байж мөнгөтэй хүн сонгочихоод араас нь толгойгоо шаагаад суух юм?

-Би гэхэд намынхаа боловсон хүчний бодлоготой огт таардаггүй хүн. Ардын намын боловсон хүчний бодлогыг, ардын төрийн боловсон хүчний бодлогыг 380 градус эргүүлэхгүй бол болохгүй болчихлоо гэж олон удаа хэлсэн дээ. Төрийн алба хашиж байсан, төрд бэлтгэгдсэн шунал, хулгай, худлаас хол хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүл. Их хурал чинь Нарантуул зах шиг боллоо гээд дийлэхгүй байна. УИХ бол одоо наймааны газар болчихсон. Ийм байхад яаж төр өөдлөх юм. Яаманд төрийн нарийн, газрын дарга, агентлагийн дарга зэрэг алба хашиж байгаа, төрд бэлтгэгдсэн хүмүүсийг Их хуралд дэвшүүлээд гаргавал Монгол төр төр шиг харагдана. Тэд ийм балиар юм хийхгүй. Тийм хүмүүст муу зүйл хийх хүмүүжил байдаггүй. Би өөрийнхөө системээр хэт явцуурж байж магадгүй. Манайд сайхан шүүгч, прокурорууд байна. Хамгийн их мөнгөнд идэгдсэн хүмүүс манай хуулийнхан дотроос өмгөөлөгчид байдаг. УИХ-ын гишүүн болох сонирхолтой хоёрдугаар ээлжийн өмгөөлөгч нар өдөр бүр л хэвлэлээр гарч байгаа биз дээ. О.Баасанхүүг дуурайгаад байгаа юм. Асуудал үүнд байна. Үндсэн хуульд асуудал байхгүй. Нам удирдаж байгаа хүмүүс зарчмаа солих хэрэгтэй. Энэ олигархиудыг хүний өөрийн ялгаагүй бүгдийг нь төрөөс холдуул. Эд бол бүгдийг мөнгөний нүдээр хардаг. Хууль оруулж өгөөд, “Үүнийг уншаарай” гэхэд хэдэн төгрөг унагаж болох вэ л гэж хардаг юм. Энэ улс ийм байдалтай болно гэж боддоггүй. Их хуралдаа суудаггүй нэг жүдоч, нэг уяач байна. Ерөөсөө харагддаггүй ийм хүмүүсийг нэн даруй хөөж явуулах ёстой. Үүний чинь цаана хулгай луйвар, Их хурлын гишүүний нэр барьсан дарамт, шахалт явж байгаа. Асуудал зарчимдаа байгаа болохоор засч болно. Төрийг хувийн капитал арвижуулах машин гээд ойлгочихсон хүмүүс давамгайлаад байна. Телевиз харахаараа аймар шударга юм ярьчихаад телевизийн эфир хаагдангуут хувийн бизнес, хулгайгаа ярьж, би Их хурлын гишүүн гэж амьтан хүн айлгаад явж байгаа, наадуул чинь. Энэ цэвэрлэгээг хийхэд хохиролгүй гарна гэж ерөөсөө байхгүй. Эсэргүүцэл тулгарна. Гэхдээ үүнийг давж гарахаас өөр сонголт байхгүй. 2016 оны сонгуулийн дараа одоогийнхоос долоон дор нөхдүүд орж ирэхийг үгүйсгэхгүй. Амлалт нэхэн ард түмний холбоо гээд гудамжинд жагсаж байгаад Их хуралд орж ирэхээр нь гайгүй юм хийчих болов уу гэсэн чинь шал худлаа юм байна. Ийм хүмүүсийн чинь тоо дараагийн Их хуралд нэмэгдэж мэднэ. Харамсалтай байгаа биз. Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монголын төр олигтой нар үзэхгүй. Тийм болохоор аргаа бараад би Ерөнхийлөгчийн засаглал яриад сууж байхав дээ.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь тийм зөв алхам уу?

-Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоор бас нэг хэцүү юм байна. Бараг галзуу нөхөр гараад ирвэл яана. Надад тийм бодит жишээ харагдаж байна. Маргааш Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэн Ерөнхийлөгч болох вэ гэдэг нь харагдаад байгааг яах юм. Гитлер тэгж л гарч ирээ биз дээ. 50 сая хүний цусаар гараа угаасан Гитлер шиг галзуу гараад ирвэл яана гэж бодохоор Ерөнхийлөгчийн засаглал оновчтой биш харагдаад болж өгдөггүй.

Одоо хэн дуртай нь Эрүүл мэндийн сайд болж байна. Тийм л юм бол яах гэж мэргэжил байдаг юм гэж олон намын даргад хэлээд явахгүй байгаа юм даа. Уг нь бол Монголын төрийг цэгцэлье гээд зориод тэмүүлбэл амархан. Зарчмаа хатуу мөрдөөд л гурван сар болчих л доо. Нэг сонгууль өнгөрөөчих, тэгээд л болоо.

Шадар сайд Ц.Оюун­баатар Эрүүл мэндийн сайд болж МАХНын дарга Н.Энхбаяр Шадар сайд болно гэж байна. Энэ тал дээр ямар бодолтой яваа бол?

-Хошин шогийн хэлбэр рүүгээ явж байна даа. Түрүүчийн сайд нь өрөөндөө мөнгө цүнхэлж байгаад баригдсан гээд шуугиж байна. МАХН гээчийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан томоохон улс төрийн албан хаагч. Түүнийг орлож очсон Оюунбаатарыг нь “Эрүүл мэндийн салбарт сахилга дэг журмыг тогтооно” гэсэн тушаал гаргахаар нь гайхаад байгаа юм. Энэ нөхөр биднийг тавлаад байгаа юм уу. Өөрийнх нь намын ерөнхий нарийн бичгийн дарга нь тийм эвгүй юманд холбогдчихоод байхад оронд нь очоод дэг журам бэхжүүлнэ гээд байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл сэтгэцийн өвчний шинэ илрэл юм уу. Ийм зүйлд холбогдсон нам энэ суудлаас татгалзах ёстой. Яаж ч бодсон.Ардчилсан нам нь яамаа авна гээд байгаа нь зөв. МАХН эрүүл мэндийн салбараар дөрвөн жил тоглолоо. Н.Удвал гэж хүн байхдаа хэдэн эмнэлгийн дарга нартай хэрэлдсээр байгаад гурван жилийг үдсэн. Дараагийн хүн нь мөнгө цүнхэлж байгаад баригдчих юм. Би ойлгохгүй байна.

Шадар сайд болох гээд байгаа Н.Энхбаярыг би танихгүй. Миний мэддэг Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болоод байхгүй болчихсон. Энэ хүнтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн явж байсан минь үнэн. Одоо бол надад шал өөр,миний таньдаггүй Энхбаяр харагдаад байгаа юм. Өөрөө тийм болоод байна уу эсхүл дэргэд нь байгаа нөхдүүд тийм болгоод байна уу. Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байсан хүн ийм жижигхэн суудлын төлөө ингэж явна гэж байдаг л юм байх даа. Үнэхээр тэгээд явж байна гээд бодохоор миний мэддэг байсан Энхбаяр байхгүй болчихсон гээд байгаатай таараад байна л даа. Манай намын дарга байсан, Ерөнхий сайд байсан Энхбаяр лав энэ биш. Бие нь, царай зүс нь байна. Гэхдээ оюун сэтгэхүй нь биш ээ. УИХ-ын дарга байсан би Байнгын хорооны дарга болъё гээд гүйгээд байвал утгагүй л дээ. Ямар өвчин туссан биш дээ. Гэтэл энэ нь үнэн юм шиг байгаа юм. М.Зоригт хамтарч ажиллахгүй гээд твиттер дээрээ бичнэ гэдэг чинь цаана нь хөдөлгөөн хийгдэнэ л гэсэн үг. Н.Энхбаяр Л.Жамбалжавын нэрийг явуулахдаа“чи буцаачих” гэж Ч.Сайханбилэгтэй тохирсон байж магадгүй. Сайханбилэг толгой мэдэж тэр нэр буцаана гэж хэзээ ч байхгүй. Надад ингэж уншигдаж байна. Би энэ хүмүүсийн үйлдлийг мэднэ. Ийм зүйл хийж чадна. Эрүүл мэндийн салбар гэдэг дахиад нэг мэргэжлийн бус хүний гарт очиж цусаа холиулдаг ямар ч ядаргаатай болчихсон юм.

Таныг ирэх сонгуульд ХанУул дүүргээс нэр дэв­шинэ гэж байна. Нэр дэвших сонголтоо хийчихсэн юм уу?

-Би ямар ч шийдвэр гаргаагүй. Би дарга нарт харин “Энэ удаа би дэвшихгүй гэж хэлэхгүй гэж л хэлсэн.2016 оны сонгууль магадгүй миний сүүлчийн сонгууль байж болох юм. Ямар хэлбэрээр яаж орох вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлыг харж шийдэх асуудал. Гэхдээ би сонгуульд нэр дэвшлээ гээд алийгаа алдаж явахгүй. Ард түмнээ басамжлахгүй. Юм тарааж, ил далдаар санал худалдаж авах тийм балиар юм хийхгүй. Байдгаараа байж байгаад л эцсийг нь үзнэ дээ.

1992 онд Э.Бат-Үүлтэй хамт Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж 55 хувийн саналаар гарч байсан юм. Тэр утгаараа ч юм уу намайг Хан-Уул дүүргийг хариуцаач гэсэн юм. Тэгээд л ийм яриа гарсан байх. Тэр үед би сонгуульд орох бодолгүй байж байгаад 1992 оны тавдугаар сард Н.Багабанди даргад нэр дэвшээд үзмээр байна гэдгээ хэлсэн, тэр хүсэлтээ намын дарга Даш-Ёндон гуайд хэлж би улс төрд орсон. Одоо чинь өөрийгөө нэр дэвшүүлчихээд хэнд ч хэлэлгүй явж баахан мөнгө тараагаад уулзалт зохион байгуулж, хурдан морь уралдуулж, нүүрс, гурил, бидон тараагаад мөн ч цадиггүй болж байна аа.

Манай сонинд уншигчдын захидал ирдэг. Тэдгээр захид­луудаас Ц.Нямдорж гишүүнийг Хууль зүйн сайд болгоод рецетив гэмт хэрэгтнүүдийг журманд нь оруулах ёстой гэж хэдэн ч хүнээс ирсэн. Аль нам эрх барьж байгаа нь хамаагүй таныг сайд болгох хүсэл байна. Центрпоинтын гэх тодотголтой хэргийг та дарж байсан болохоор тийм хүлээлтийг танаас хүсээд байна. Тухайн үед та Центрпоинтын хэргийг яаж дарсан юм бэ?

-Маш товчоор хариулъя. Цагдаа нар ажлаа хийхэд садаа болоогүй, бас цагдаа нарт ирэх дарамт шахалтыг цээжээрээ хаасан. Ердөө л энэ.