Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Хуулийг Монгол Улсын хэнбугай ч биелүүлэх л ёстой

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Сүүлийн үед сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар намын бүлгүүд ихээхэн маргалдаж, зөвшилцөж байна. Энэ хуулийг хэлэлцэх хугацаа нь дуусах дөхчихөөд байхад ингэж шийдэх нь зөв үү?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл ёстой. Энэ УИХ-ыг тааруухан хүмүүсээр бүрдүүлсэн гээд олон түмэн багагүй шүүмжлэх юм. Ингэж бүрдсэн нь ёстой нөгөө залуусын хошигнодгоор “Энэ мөрдөж буй сонгуулийн хууль, иргэн таны сонголтын гавьяа” гэмээр. Тэгэхээр арай дөмөгхөн УИХ-ыг бүрдүүлнэ гэвэл одоогийн сонгуулийн хуулийн алдаануудаа засч залруулж байж л тийм парламентыг бүрдүүлнэ. Бүр өнгөрсөн оны төгсгөлөөр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах санамж бичгийг байгуулахдаа сонгуулийн хуулийг өөрчилнө, санал хураах машины хяналтын тооллогыг хийнэ, орон нутгийн сонгуулийг намын жагсаалтгүй болгоно гэх мэтийн тохиролцоонуудыг хийсэн. Найман сар хамтарч байх хугацаандаа энэ хуулиа тэгээд зөвшилцөөд гаргачихгүй яасан юм гэвэл энэ хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Р.Бурмаа сайдаас л асуух болно. Асуудал нь Бурмаадаа ч байгаагүй юм байна гэдэг нь одоо л харагдаж байна. Нөгөө санамж бичгээсээ АН ухраад дахин бөөн маргаан, зөвшилцөөн явж, хуулийн хугацаандаа шахагдаж, гаднаа жагсаалтай, дотроо хэрүүлтэйхэн л хэлэлцэхэд хүрч байна даа. Гэхдээ хүнд хэцүү ч зөвшилцөөд шийдэх гээд үзэж буй нь сайн хэрэг.

Тэгээд хуулийн өөрчлөлтөд таны бодож хүсч байсан зүйлс тусгагдах нь уу?

-Манай намын бүлэг нэлээд хэдэн тодорхой санал дэвшүүлсэн л дээ. Зөвшилцөөн л юм чинь бүгд тусгагдахгүй нь ойлгомжтой. Би жилдээ хоёр удаа аймгийнхаа бүх сумдаар тойрч иргэдийн санал бодлыг сонсдог. Сонгогчдын дахин дахин тавьж буй асуудал нь хар машинд хяналтын тооллого хийлгэх, намын жагсаалтыг болиулах, мөнгөний сонгууль хийлгэхгүй байх. Манай аймгийн нэг суманд гэхэд 25 жил нэр дэвшээд сонгогдоогүй нөхөр жагсаалтаар сонгогдчихоод дарга хийгээд явж байна. Ингэхлээр энэ жагсаалт чинь иргэн бидний сонгох эрхийг үгүйсгээд байна гэж шүүмжлээд байх юм даа.Мөн төрийн ажил хийж үзээгүй, нам дагаад хийсч байсан нөхөд жагсаалтаар сонгогдчихоод орон нутгийн ажлыг нурааж байна гэж шүүмжилж байгааг бодууштай хэрэг мөн гэж санагдаж байна. Одоо тэгээд сонгуулийн хуулийн өөрчлөлтөө баталж байхад төрийн албан хаагч ажлаасаа түдгэлзэх хугацаа нь дуусч байдаг. Түдгэлзэх үү, яахав гээд бөөн эргэлзээ. Гэхдээ цөөн өөрчлөлтөө оруулаад ч болтугай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна даа.

Сөрөг хүчний зүгээс асуудлыг баримт нотолгоотой гаргаж тавьдаг цөөхөн гишүүдийн нэг нь та харагддаг. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг ямар байна гэж дүгнэх вэ?

-Энэ дүгнэлтийг би ч биш, иргэд л сонгуулиар өгдөг эд л дээ. Энэ хугацаа дөхөж байна. Хувь гишүүний хувьд сэтгэл дундуур байдаг. Гурван жил хагасын хугацааны гурван жилийг нь талцаж, улстөржиж, намчирхаж өнгөрөөлөө. Энэ хооронд эдийн засаг элгээрээ мөлхөж, төгрөг шалд хүртлээ унаж, иргэдийн амьжиргаа эрс хүндрээд байна. Мэдээж хэрэг эрх баригчид үүний хариуцлагыг хүлээж таарна. Арай “Одоо ёстой та нарыг жинхэнээсээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ” гэж сонгуульд орохгүй байлгүй дээ. Хамгийн гол нь энэ их талцлын цаана асуудлыг шийдэх боломжууд алдагдаад байх юм. Ороод ирсэн асуудлаа сөрөг хүчний шүүмжлэлийг сонсоод засах юмаа засаад явчих улс төрийн төлөвшил эрх баригчдад дутаад байна. Парламентын гол утга учир нь энэ шүү дээ. Гэтэл энэ утга учраа алдсанаас хүнд таалагдсан юм ярьдаг нь нэр хүнд нь өсдөг юм шиг болчихоод байна. Цаана нь асуудал нь хохироод үлдэх тохиолдол цөөнгүй.

Сонгууль дөхөөд ирэхээр намуудын санхүүжилтийн асуудал маш их яригддаг. Намын гишүүд хандив мөнгө өгдөг иймэрхүү асуудал тодорхой болсон. Дээрээс нь төрийн албанд ажиллаж байгаа намын гишүүдийг сонгуулийн мөнгө босгож ир гэдэг зүйл олон жилийн өмнөөс байсан. Гаалийн Х.Баатарын асуудал дээр тухайн үед бодитой зүйлийг хэлж, нуудаг тэр асуудлыг ил гаргаж ирсэн хүн та гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Хандивын асуудлыг хуулиар сонгуулийн үед л зохицуулдаг. Бусад цагт зохицуулалт байхгүй. Ер нь үнэнийг хэлэхэд улс төрийн нам үйл ажиллагаа явуулахад их мөнгө хэрэгтэй. Зөвхөн хэвлэл мэдээллийн зардал гэхэд л асар их мөнгө шүү дээ. Хэрэв санхүүжилтийг нь зөв зүйтэй болгоё гэвэл эдгээр зардлуудыг нь давхар зохицуулах хэрэгтэй. Зарах үүдийг нь задгай хаячихаад орох үүдийг нь хаачихвал тооноор л мөнгөө авна. Иймээс намын санхүүжилтийн асуудлаар намын хуульд өөрчлөлт оруулахдаа хэвлэл, мэдээллийн хуулиас эхлээд олон хуулийг хөндөх хэрэгтэй болно. Гаалийн Х.Баатарын асуудлын хувьд бол шүүхээс тайлбар өгөх хүсэлтэд л би тайлбар өгсөн. Хуулийг Монгол Улсын хэнбугай ч биелүүлэх л ёстой. Олон удаа цуварч өгсөн хандивыг нь нийлүүлээд тодорхойлолт өгсөн чинь баахан мөнгө нэг зэрэг авчихсан юм шиг л улстөржүүлээд явчихсан шүү дээ. Чиний 10 жил гар утасныхаа үйлчилгээнд төлсөн төлбөрийг нийлүүлээд энэ нөхөр гар утасныхаа төлбөрт таван сая төгрөг төлдөг юм байна гээд байвал шударга уу.

Одоо ер нь намуудын санхүүжилтийн асуудал ямар байх шиг байна. Г.Шийлэгдамбыг намынхаа санхүүжилтийг босгож байгаад асуудалд орлоо гэж ярьж байна. Та ер нь намуудын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх нь зүйтэй гэж боддог вэ. Мөнгө хэрэгтэй нь үнэн. Гэвч энэ асуудлыг шийдээгүйгээс намын гишүүд төрийн албыг ашиглаж мөнгө босгох явдал байгаад байх шиг?

-Г.Шийлэгдамбын асуудлыг би мэдэхгүй. Хуулийн байгууллагууд нь тайлбараа өгнө биз. Би таамгаар яримааргүй байна. Яг одоо намын санхүүгийн асуудал хариуцсан албан тушаал хашихгүй байгаа болохоор тодорхой хэлж чадахгүй байна. Намын санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ орлого, зарлага хоёрыг нь цэгцлээд шийдчихвэл зүгээр гэж би түрүүн танд хэллээ шүү дээ. Тэгээд дансаа ёстой шилэн байлгахыг шахаж, шаардаж болно. Төрийн албаны хувьд ийм асуудлыг шалгаж тогтоодог хуулийн байгууллагууд нь байна.

Төрийн алба гэснээс таныг УИХ-ын гишүүн болсноос эхлээд тантай холбоотой нууц данс, таны эхнэрийн данс гэсэн яриа гарсан. Эхлээд ам.долларын данс гэж байснаа сүүлдээ төгрөг болсон. Энэ хугацаанд та дуугараагүй. Тухайн үед хэрэг шалгагдаж байгаа гээд дуугарахгүй байсан байж болно. Харин Ё.Отгонбаяртай холбоотой асуудал байхгүй гэдгийг чуулганы танхимд прокурорын албан тушаалтан мэдэгдсэн. Одоо ямар учиртай, юу болсон талаар тайлбарлаж ярих болоогүй юу. Хэрэв хэлмэгдсэн бол алдаа гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй юм уу?

-Хэрэг гээд яригдаж байх үед шалгагдаж буй хэргийн тухай олон нийтэд мэдээлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалтыг мөрдөж, дуугараагүй. Шалгаг, дуусаг гэж бодож байсан. 300 сая ам.доллар надад байтугай, энэ улсад байхгүй юм чинь гэж итгэл төгс байсан. Одоо нэгэнт прокурорын албан тушаалтан надтай холбоотой ямар нэгэн хэрэг байхгүй, эхнэрийн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болсон гэдгийг улс даяар зарласан тул би тэр тухай дахин дахин яриад яах вэ дээ. Тэр төгрөг, доллар гэж алдсан цагдаатай ч ноцолдоод яах вэ дээ. Нөгөө Н.Номтойбаярыг гүтгэсэн цагдаад хариуцлага тооц гэхээр цалингийн 20 хувийг хаслаа гэдэг шиг л юм болно. Харин энэ асуудлын явцад хуулийн байгууллагын ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж иргэн хүн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндээр яаж хохирдгийг бие дээрээ мэдэрсэн хүний хувьд бусдад ийм зүйл учрахгүй байхын төлөө хууль эрх зүйн орчин, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулахын төлөө ажиллах ёстой юм байна гэж ойлгоод УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.

Хүний эрхийн асуудал дээр та нэлээд байр сууриа илэрхийлдэг. Баривчилгаа, цагдаа хүчний байгууллагатай холбоотой гомдол сүүлийн жилүүдэд ихэслээ гэж яригддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ. Дэд хорооны даргын хувьд юу хийж амжуулав?

-Хүний эрхийн байдал санаа зовох асуудлын нэг болсон байна гэж үздэг. Хүнийг сэжиглэн баривчлаад хэрэг хүлээлгэхийн тулд эрхийг нь бүдүүлгээр зөрчих явдал олонтаа гарч байна. Намайг дэд хорооны дарга болоход Хүний эрхийн үндэсний комиссын 2013 оны илтгэлийг ч УИХ хэлэлцээгүй байсан. Энэ бол төрийн дээд эрх барих байгууллага хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаагийн нэг л жишээ. Шахаж байж 2013, 2014 оны илтгэлүүдийг хэлэлцүүлж, Байнгын хорооны тогтоолуудыг нь гаргуулсан. Урьдчилан хорих 461 дүгээр анги дээр гэнэтийн шалгалт оруулж, дүнг нь дэд хороогоор хэлэлцүүлсэн.

Үр дүнг нь би нэг их яриад яахав. Ганцхан жишээ л хэлье. Өглөө ажилдаа алхаж явахад нэг хүн таараад “Танд баярлаж байгаа шүү. Би тэнд хоригдож байгаад цагаадаад гарч ирлээ. Таныг шалгалт хийснээс хойш хоригдох нөхцөл сайжирсан шүү” гэж байна лээ. Энэ бол үр дүн гэж би хэлнэ. Хэрэг хүлээлгэхийн тулд сүрдүүлэх, зодох, элдвээр дарамтлах явдал гарч буй нь ХЭҮК-ын илтгэлүүдэд тодорхой тусгагдсан. Зарим нь бүр цочмоор асуудлууд ч харагддаг. Тиймээс одоо хэлэлцэгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гол анхаарлаа хандуулна гэж бодож байгаа. Тэнд л их зөрчил үүсэх үндэс нуугдаж байна гэж харж байгаа. Энэ хугацаанд Монгол Улс Олон улсын Хүний эрхийн комиссын гишүүн болсон гээд олон л ажил хийгдсэн байна. Энэ бол бид улс дотроо хүний эрхийг хангах чиглэлээр улам сайн ажиллах журамт үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээж буй гэсэн үг. Чи бид хоёр зөвхөн нэг л асуудал ярилаа. Цаана нь хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, боловсрох эрх гээд маш олон асуудал бий.

Булган аймаг улаан тойр­гуудын нэг. Гэхдээ танай нам дотроо ч өрсөлдөгч их­тэй байдаг. Танайх тойргоо хувааж байна уу. Булганд яах төлөвтэй байна. Ганцхан хүн гарах болохоор хүнд шүү дээ?

-Улаан, цагаан гэхээсээ аль намын нэр дэвшигч олны итгэлийг хүлээж байгаагийн асуудал шүү дээ. 2012 онд надад саналаа өгсөн сонгогчдын гуравны хоёр нь нам бус юм уу, өөр намын гишүүд байсан. Улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж чадах, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулчих хүнээ сонгох нь сонгуулийн утга агуулга. Тэрнээс чамд сонгуулиар өгсөн мөнгөө нугалаад авах бодолтой хүн сонговол улс нийтээрээ ямар болдгийг одоо бүгд харж, амьдрал дээрээ мэдэрч байна. Манай намын хувьд чадвартай, сайн боловсон хүчнүүд зөндөө байдаг тул олон хүн байх нь ойлгомжтой. Өнгөрсөн сонгуульд ч тийм л байсан. Хэн нутаг орондоо нэр хүндтэй байна, тэр нь нэр дэвших ёстой гэдэг зарчмыг намын удирдлага баримталж байгаа. Гэхдээ сөрөг хүчний дөрвөн жилийн ачааны хүндийг бие сэтгэлээрээ, хичээл зүтгэлээрээ, тэр ч атугай хувийн амьдралаараа хохирон байж авч гарсан гишүүддээ сонголтын эхний эрхийг олгоно гэж байна лээ.

Та байсхийгээд л Булгандаа очиж ажилладаг. Энэ жил гадуур ган ихтэй байх шиг байсан. Танай нутагт ямар байна. Хүмүүс юу ярьж байна?

-Би жилд хоёр удаа бүх сумаар тойрч уулзалт хийж, иргэдийн саналыг сонсож, хавар, намрын чуулганы тайлангаа тавьдаг. Энэ жил 7000 орчим иргэнтэй уулзаж, 230 гаруй айлаар орж, амьдрал ахуйтай нь танилцаж, санал бодлыг нь сонслоо. Энэ жил зуны эхээр зуншлага муутай байсан, хадлан тэжээл тааруухан байна. Чадах ядахаараа туслах арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь өргөн хэрэгцээний барааны үнэ өсч, малын гаралтай түүхий эдийн үнэ унасан нь хүндээр нөлөөлж байна. Энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, махны экспортын асуудлаа шийдэхэд анхаарлыг нь хандуулсан. Зөвхөн Засгийн газрыг хүлээгээд зогсохгүй, өөрөө гадагш явж хөөцөлдлөө. Би ч салбарын сайдыг бодвол цагтаа махны экспорт хийж байсан жаргал зовлонгий нь мэдэх хүн шүү дээ. Энэ туршлагаа ашиглаж, зохих холбоо харилцааг нь тогтооход тусаллаа. Одоо экспортын зөвшөөрөл Хятадын талаас л хүлээж байна. Дашрамд хэлэхэд би чуулганы хуралдаан дээр салбарын яамыг шүүмжилсэн. Дээгүүрээ мах өгнө, авна гэх яах вэ. Доороо олон шат, дамжлагатай ажил байдаг. Үүнийгээ мэдэхгүй тэрбум долларын махны экспорт гэж яриад, малчдад худлаа хүлээлт үүсгээд байх юм. Шат, шатны ажил нь яагаа ч үгүй байна шүү дээ гэж. Энэ бол манай төрийн алба суларсан, ажлаа мэдэхээ больсны л жишээ шүү дээ. Мөн манай Булган аймаг бэлчээрийн талхлагдлаар улсад хоёрт явна. Иймээс мөн л гадаадтай ярьж байгаад бэлчээр сэргээх төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Ирэх зунаас эхлэх байх. Гэтэл ХХААЯ нь энэ асуудлаар нэг мэргэжилтнээ явуулчих гэхэд л онгоцны тийзний мөнгө нэхээд сууж байх жишээтэй. Гэхдээ энэ бүхнийг давж, нутаг орныхныхоо төлөө зорьсон үйлсээ бүтээнэ л гэж бодож байгаа. Ганц Булганы ч асуудал биш, бүтвэл нийт Монголын хөдөөгийн асуудал шүү дээ.

Та БСШУ-ы сайд байхдаа Кэмбрижийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Одоо Л.Ган­төмөр сайд Коосэн ч гэдэг юм уу өөрийнхөө сурсан тийм чиглэл гаргаад байна уу. Үүнийг юу гэж үздэг вэ. Таны санаачилсан Кэмбриж хэр явагдаж байгаа вэ?

-Олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцооны асуудал шүү дээ. Кембрижийн их сургуулиас мэргэжлийн дэмжлэг авч байгаа. Дэлхийд тэргүүлэх их сургуулийн дэмжлэг авч чадсандаа баярлах ёстой болохоос улстөржүүлэх хэрэггүй л дээ. Ухаандаа танай ЕБС-ийн физикийн хичээлийг сайжруулъя гэж ШУТИС хэлэхээр үгүй, үгүй би хувийн нэг дээд сургуультай тохирмоор байна гээд байх утгагүй биз дээ. Кембрижийн гээд байгаа хөтөлбөр үргэлжилж байгаа. Үргэлжилнэ гээд төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр заачихсан. Одоо Кембрижийн их сургуультай тохирсон зургаан хичээлээс гадна манайхан өөрснөө зарим хичээлийн хөтөлбөрөө шинэчлээд, нийлүүлээд цөм хөтөлбөр гэж нэрлээд явж байгаа. Дутагдал нь санхүү, хөрөнгийн байдлаас болоод хүндрэл их учирч байна. Мэдээж хэрэгжилтийн явцад алдаа, хүндрэлүүд гарч байна. Үүнийг даван туулаад гарах ёстой. Тэрнээс Отгонбаярын хөтөлбөр гэж улстөржиж болохгүй. Үр хүүхдүүд дээрээ улс төр хийж болохгүй. Коосэн бол техникийн коллежийн асуудал. Монголд хэрэгтэй. Хэрэгтэй учраас Л.Гантөмөрийн хувийн асуудал шиг хандаж мөн болохгүй. Зөвийг дэмжиж, бурууг залруулж явах ёстой.

Малчны хүүхдийн сургуульд элсэх насан дээр уян хатан хандах ёстой зэрэг Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт хэлэлцэж тохирсон зүйл Боловсролын багц хуульд тусаагүй байна гэж та Байнгын хороон дээр хэлж байсан. Энэ талаар?

-Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр МАН, АН энэ бол улс төрийн сэдэв биш гээд, зөвшилцөж 10 асуудлаар зарчим тохиролцсон. Би их баярлаж байсан. Аль ч нам нь сонгуульд ялсан, бодлого тогтвортой боллоо гэж. Гэтэл хуулийн өөрчлөлтөө оруулж ирэхдээ зарим хэсгийг нь гээгээд оруулаад ирсэнд бухимдсан юм. Хүүхдээ зургаан настай сургуульд элсүүлэхэд залуу малчдын хувьд асар их бэрхшээл үүсгэж буй нь мэдрэгдэж байна. Хөдөөд залуу малчид олдохгүй ядаж байхад ядаж энэ асуудлыг уян хатан шийдээд тэдэндээ тусалмаар байна. Хүүхэд нь дотуур байранд амьдрах гээд очихдоо биеэ даагаад амьдарчихаж чадах насаар нь уян хатан болгоё л гэж байгаа юм. УИХ дээр хэлэлцэхдээ засч янзалж болох байх гэж найдаж байгаа. Зөвхөн боловсролын салбарынхны нүдээр биш нийгмийн чиглэлээр нь харах хэрэгтэй. Нийгмийн асуудал болж өргөжих аюултай асуудал шүү дээ. Мөн сургуулийн бүтцийн асуудлаар бага, дунд ангийг таван жил, ахлах ангийг хоёр жил байлгахаар би сайд байхдаа оруулаад 5, 4, 3 гээд батлагдчихсан. Уул нь дунд анги 10 дугаар анги байвал сургууль төгссөн гэрчилгээ нь олон улсын магадлал авах юм байгаа юм. Есдүгээр анги байвал авахгүй. Гэтэл энэ асуудлыг орхиод явчих жишээний. 10 дугаар ангийн сурагчийн гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хэнд садаа тээр болоод байгаа юм бэ гэх зэргээр бухимдахаар асуудлууд багагүй байсан.

Та анх Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь улс төрд орж ирсэн. Н.Энхбаяр танай намын үл ойлголцлыг юу гэж боддог вэ?

-Би Н.Энхбаяр даргыг Ерөнхий сайд байхад улс төрд орж ирсэн нь үнэн. Энэ хүн намайг их дэмжсэн нь ч үнэн. Одоо өөр намын дарга болчихсон. Би энэ хүнд хамтарч сайхан гар нийлж ажилласны хувьд хэзээ ч гүн хүндэтгэлтэй хандана. Миний амьдралын зарчим тийм. Гэхдээ би өөрийнхөө итгэл үнэмшлээр л улс төрийн асуудалд хандана. Бас л миний амьдралын зарчим. Би МАН-ын гишүүн. МАХН-ын хувьд би улс төрийн байр суурийн зөрөө нэг их хардаггүй. Хамтран ажиллах боломж бий гэж итгэдэг. Жирийн намын гишүүд маань ч энэ тухай их ярьдаг. Хоорондоо ярилцах байлгүй дээ. Олон жил цуг явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ж.Сүхбаатар гээд миний найзууд одоо ч байгаа шүү дээ.

Сүүлийн үед түүхийн ном бичээд байх юм. Тийм их завтай юм уу эсвэл хүнээр бичүүлдэг юм уу?

-Өөрөө бичилгүй яахав. Би ч түүхийн ухааны доктор шүү дээ. Монголын тусгаар тогтнолын товчоон гээд дөрвөн цуврал ном бичсэн. “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн бичээс”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэн” гээд 1900-1946 оны хоорондын үйл явдлыг олон түмэнд хүрэх хэлээр бичих гэж чармайсан. Мөн “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд “Ханддорж ван” номоо туурвисан. Би цаг зав муутай. Гэхдээ эдгээр номыг бичихийг улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг минь гэж үзсэн тул орой, өглөөдөө цаг заваа гаргаж бичлээ. Яагаад гэвэл өнөөгийн энэ эрх чөлөөт амьдралыг буй болгохын тулд эцэг дээдэс минь амь насаараа, эрүүл мэндээрээ, итгэл үнэмшлээрээ, нутаг дэвсгэрээрээ, байгалийн баялгаараа золиос тавьж байж хүрсэн өндөрлөг юм шүү гэдгийг өнөөгийн залууст ойлгуулахыг үүрэг минь гэж ойлгосон юм. Нандигнан хайрлах ёстой, үнэтэй цэнтэй эд шүү гэдгийг ойлгож яваасай гэж боддогтоо бичсэн юм. Миний Монгол эвлэн нэгдсэн үедээ дэлхийг захирдаг, эвдрэлдэн хагарсан үедээ хөрш гүрний боол болдог гэж яруу найрагч Т.Галсан гуайн шүлэг бий. Миний номнуудыг уншаад түүнийг баримттайгаар нь ойлгох байх. Харин өнөөгийн улстөрчид, улс төр сонирхож буй хүмүүс уншаасай, ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна даа. Талцаж, эвдрэлцэж, ханлиг ханлигаараа, Халх Ойрдоороо, аймаг аймгаараа, нам намаараа, фракц фракцаараа муудалцаж байсан нь ямар үр дүнд хүргэснийг өнгөрсөн түүхээсээ хараасай гэж бодож байна. Хамтарсан үедээ 1911, 1921, 1939, 1945, 1961, 1990 онуудыг бүтээж болгож байсныг ч уншаасай гэж хүсч байна.

Ярилцсан Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Тоглоом тоотой нь дээр гэдэгсэн дээ, М.Зоригт сайд минь

Монгол төрийн эрхэм хүн бол монгол төрийн сайд юм. Сайд төр хоёр нэг зоосны хоёр тал. Манай монголчууд сайд бол монгол төр гэж хүндэтгэн хүлээж авдаг, тийм ч учраас төрийн есөн эрдэнийн нэгд төрийн түшмэл гэж оруулсан байдаг. Сүүлийн үед төрийн сайдын нэр хүндийг хэн дуртай нь гутаадаг боллоо. Үүний гол төлөөлөл нь Зам тээврийн сайд М.Зоригт. Тэрбээр цаг тутамд твиттерт сюрприз барьж дагагчид нь түүнийг нь “сэвчих” юм. Ер нь бол М.Зоригт сайд шиг хаана яваагаа байнга тайлагнадаг сайд ховор. Бараг л минут тутамд нэг бор хүний зураг тэнд тэгж явна, энд ингэж явна гэдгийг нь илтгэх мэт гараад ирдэг. Хүмүүс бол гудиггүй, хээгүй, сахилгагүй “сайд” гээд өхөөрдөх өнгө аястай байдаг юм билээ. Ийм имижийг ч өөрөө бүрдүүлэх сонирхолтой байж болох юм.

Түүний хийж буй үйлдлийг харахад М.Зоригт гэдэг хүн төрийн сайд, төрийн түшээгээс бусад бүх дүрд тоглож байгаа нь илтэд мэдрэгддэг. Энэ бүхнийг түүний имиж гэж харж болох ч тэрхүү жүжигт бүтээсэн дүр бүр нь төрийн сайдын нэр төрийг хугалж байна. Сайдын нэр төрийг хугална гэдэг нь монгол төрийн нэр төрийг хугалж байгаа хэрэг. М.Зоригтыг сайдад дэвшүүлсэн намын нэр хүнд будаа боллоо. Түүнд намын нэр хүнд хамаагүй бололтой шиг байгаа юм. Тэрбээр дөнгөж сайд болонгуутаа МИАТ-ээр орж ирж буй хүмүүс 15 минутад нэвтрэх ёстой гээд л савхин хүрэмтэй, танкчины малгайтай, гэрэл зургийн аппарат барьсан нөхөр дайран орж байгаа нь үзэгдсэн.

Сар гаруйхны өмнө М.Зоригт сайд Хонгконгод болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөл болон оролцсон. Тэр үеэр зочид буудлынхаа өрөөний түлхүүрийг өрөөндөө мартсан байна хэмээн айлын эрх хүүхэд шиг хоёр хөлөө жийгээд суучихсан зураг олны хэл амны бай болж байв. Аав, ээж нь чихэр өгөөгүй гээд урваганаж суудаг таван настай жаал биш, Монголын төрийг төлөөлж олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон төрийн сайд гэдгээ тухайн үед умартсан байсан. Дэргэдэх өрөөнд нь аль ч улсын ямар томоохон хөрөнгө оруулагч байрлаж байсныг мэдэхгүй. Ямар ч байсан монгол төр шороон дээр хэвтэж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрөхөөр байв.

М.Зоригт сайд саяхан Замын-Үүдэд очин ажил шалгаад буцахдаа “Сайд чинь байна, билет авъя” гээд дайрахад нь тасалбар түгээгч нь сайдаа таньсангүй. Түүнийг дагаж явдаг зурагчин нь тэр агшныг буулган авч “Сайдаа таньсангүй” гээд сүйд болж байна. М.Зоригт сайдын хувьд хэн байх нь хамаагүй зүгээр л “Улаанбаатар орох билет авъя” гээд хэлчихсэн бол болох байлаа. Билетийн кассан дээр суугаа хүний хувьд “Тасалбар авъя” гээд хэлчихэд л сайд нь байна уу, саваагүй эр нь байна уу үйлчлэх л ёстой.

Гэтэл тасалбар түгээгч бүсгүй сайдаа таньсангүй. Ер нь яаж ч таних юм. Хүн танихгүй байна гэдэг, дээр нь салбарын сайдаа танихгүй байх нь гэмт хэрэг биш. М.Зоригт сайд өөрийгөө твиттерт 73 мянган дагагчтай, жиргээнд идэвхтэй байдаг болохоор Монголын ард түмэн бүгд намайг танина гэж бодож явсан бололтой. Нэгэн зүйлийг өгүүлэхэд монголчууд цахим ертөнцөд амьдардаггүй. Бодит ертөнцөд амьдардаг юм шүү дээ.

Ганц хоёрхон жилийн өмнө Төрийн гурван өндөрлөгийн цагаан сарын тавгийн ул боовыг 10 үеэр зассан гээд хоёр бүсгүй цахим ертөнцөөр гарснаас болоод ажлаасаа халагдсан шиг сайдаа таньсангүй гээд энэ бүсгүй бас халагдах вий дээ. Сайдад дэвшүүлсэн намынх нь нэр хүнд дүүрч. Сайдын нэр хүнд бүр өнгөрч. М.Зоригтын хувьд “Голомт” банкны хувь нийлүүлэгчдийн нэг. Ингэж эх захгүй алиалж байж банкаа татаад унагахвий гэж санаа зовох боллоо. Өнөөгийн нийгэмд банк бол олон мянган хүний хувь заяа болчихсон газар. Банкинд цэвэр итгэлцэл дээр бизнес явагддаг юм. Найдвартай мөнгө хадгалаад суух буурь суурьтай хүнд л хүмүүс итгэж мөнгөө өгнө. Тэрнээс ийм нэг хөнгөн хийсвэр, алиа нөхрийн гарт мөнгөө хадгалуулах итгэл хүмүүст төрөх үү. “Голомт” банкинд итгэдэг тэр олон мянган хүний итгэл алдархчихвал яах вэ. Саваагүй зан, хээгүй байдал, твиттерээс л боллоо гээд толгойгоо “шаагаад” суух уу. Тоглоом тоотой нь дээр гэдэг хуучны үг бийсэн. Эрхэм “жиргээч” энэ талаар бодож үзсэн болов уу.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

МОНГОЛЫН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН МЭНДЛЭВ

Монголчууд өнгөрч буй онд гурван сая иргэнтэй болсноо албан ёсоор баталгаажуулж зарласан билээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний найман цаг 27 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр бүртгэн авсан юм. Энэ оны эхний сарын 5-ны байдлаар 2 995 949 иргэнтэй байсан Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулахдаа 1000-ны нарийвчлалтайгаар тооцож, нарийн судалгаагаар гаргасан гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Энэ өдөр Монгол Улсад 181 иргэн шинээр мэндэлж, гурван сая дахь иргэний үе чацуутан болсны гурав нь хилийн чинадад төрсөн юм. Эгэл жирийн хөдөөний гэр бүлд аав, ээжийнхээ анхны хүүхэд болж мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин хэмээх нэр хайрлаж байв. Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр буюу эсвэл түүнтэй тэнцэх урамшуулал, тэтгэмж өгөх болсон. Мөн түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн хүүхдүүдээс аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрт нь тодруулж нийт 29 хүүхдийг тусгай тэтгэмж урамшууллаар мялаасан. Гурван сая дахь иргэн Х.Монголжин охин маань удахгүй ой хүрэх гээд, тэнтэр тунтар алхалсаар аав, ээжийгээ баярлуулж, эсэн мэнд бойжиж буй. Ээж Г.Аззаяагийн нь эмээгийн ээж Мөнхчулуун хэмээх 90 гарсан буурай дөрөв дэх үеэ үзсэн нь ийнхүү Монгол Улсын гурван сая дахь иргэн болж бүртгэгдсэн билээ.

Э.ЭНЭРЭЛ

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖЛЭВ

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн 20 байгууллага ганц хувийн компанид өгсөн нь Монголд төдийгүй цэнхэр гаригт анхных болов. “Оюу толгой” 4.4 тэрбум ам.долларын зээлээ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. Ингэснээр ирэх оноос жил бүр тэрбум ам.доллар Монголд зарцуулагдах боломж нээгдэж байгаа юм. Зэсийн үнэ эргэж сэргэх 2019 онд гүний уурхай ашиглалтад орно, тэр цагаас Монгол Улс шаргал металлын зах зээл дээр голлох тоглогчдын нэг болно гэсэн өөдрөг таамаг тооцоо байна. Хятад руу эрчим хүч экспортлох Шивээ Овоогийн 9420 МВт-ын аварга станцын ажил цаасан дээр эхэлсэн нь ч онцлох үйл явдал байлаа. Засгийн газар тогтоол гаргаж, Хятадын тал хөрөнгө оруулахаа илэрхийлж, жил бүр станцад нийлүүлэх 34 сая тонн нүүрсийг хаанаас хэрхэн нийлүүлэх гарц яригдаж эхлээд байна. Нийслэлийн зүүн хэсгийн дулаан хангамж тасалдахдаа хүрч шинээр баригдсан барилгууд бага оврын уурын зуух ажиллуулж байсан бол өнгөрсөн намраас Амгалангийн дулааны станц ашиглалтад орж эдгээр асуудлыг шийдэв. “Монполимет” групп улсын цементийн хэрэгцээний 50 хувийг дангаараа нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан нь онцлох бүтээн байгуулалтын нэг байлаа.

ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ӨДРҮҮД

2015 оны турш эдийн засаг сайнгүй хэвээр үргэлжлэв. Цагтаа 17 хувь давж цойлж байсан эдийн засгийн өсөлт энэ жил гурав хүрэхгүй хувиар хэмжигдэж, ам.долларын ханш 2000 давж чангарав. Ногоон валютын ханшийн чангаралд гадаадын шууд хөрөнгө оруулалтын татралт, гадагшаа экспортолдог нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийн уналт гол нөлөө үзүүлсэн юм. 2011 онд дээд цэгтээ буюу 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ жилийн хувьд 50 хүрэхгүй сая ам.доллараар хэмжигдэж байна. Оргил үедээ 7500 ам.доллар хүрч байсан зэсийн үнэ 4100 ам.доллар руу уруудав. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс хямдарсан нь эдийн засагт гялтайх ганц зүйл байв.

Ц.БААСАНСҮРЭН

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛИУДЫГ “ӨЛГИЙДСӨН” ЖИЛ

2015 оныг хууль эрхзүйн орчноо шинэчилсэн жил гэж тодорхойлоод буй. Хүлээлт үүсгэсэн, олон жил яригдсан чухал хуулиуд батлагдлаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдахаасаа өмнө, батлагдсаныхаа дараа ч олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан дэгдээж байсан ч олон мянган хүн өршөөгдөөд байна. Дахин дахин хойшлогдож ирсэн Эрүүгийн хууль энэ жил батлагдаж, Зөрчлийн хуультай хамт ирэх оны есдүгээр сараас хэрэгжихээр болов. Энэ удаагийн Эрүүгийн хуулийг өмнөх шоронжсон хуультай харьцуулахад энэрэнгүй шинжтэй болсон гэж хуульчид онцолж байгаа юм.

Мөн Улаанбаатар хот анх удаа Нийслэл хотын албан татварын тухай хуультай болов. Энэ хууль хэрэгжсэнээр нийслэл жилд 40 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадна гэж үзэж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өмнөх хуульд байгаагүй нарийн зөрчлүүдийг ил гаргаж, хувь хүний хариуцлагыг ухамсарлуулах чиг хандлага руу илүүтэй дөхсөн хууль болсон гэж олон нийт дүгнэж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд, дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч одоогоор 6.1 их наяд төгрөгийн орлогыг ил болгоод буйг Ерөнхий сайд саяхан УИХ-ын чуулган дээр онцолсон билээ. Мөн 2015 нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш яам, агентлагуудын дарга нарын тансаглал нэлээд хувиар багасч, тэр хэмжээгээр төсвийн мөнгө хэмнэгдсэн гэж үздэг.

Д.ГАНСАРУУЛ

МОНГОЛД АНХ УДАА ГАЗАР 23 ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА

Газар, тэр дундаа хотын төвийн газар үнэд хүрдгийг энэ жил бодитоор харуулсан үйл явдал боллоо. Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн 2698 метр квадрат газрыг дуудлага худалдаагаар зарж, Монгол Улсын иргэн, араб үндэстэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Гэвч тэрбээр дуудлага худалдааны дараа мэдэгдэл хийж, 715 сая төгрөгийн дэнчингээ үлдээгээд наймаагаа буцсан. Түүний дараагийн хамгийн өндөр үнийн санал хэлсэн “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгууллаа. “Таван богд” групп худалдаж авсан газартаа Хэвлэх үйлдвэрийн барилгын загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр урт барилга барих гэнэ. 1929 оных нь байдлаар сэргээн барьж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төв нээн ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн түүндээ Улаанбаатар хотын музей байгуулах гэнэ. “Galleria Ulaanbaatar”-т “Lexsus”-ийн үзүүлэнгийн танхим, “Говь” болон дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, ресторан байх аж. Харин хэвлэх үйлдвэрийн цаана байгаа газартаа орчин үеийн шийдэлтэй өндөр, хос барилга сүндэрлүүлэх юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

МОРЬТОН МОНГОЛЧУУД МОРИОР ДЭЛХИЙН АВАРГА АВАВ

Монгол хүн мориор түүхэнд анх удаа дэлхийд түрүүлэн дэлхийн аварга болж, Монгол түмний аархал, бахархал омогшлыг төрүүлсэн, Америкийн Нэгдсэн улс болон дэлхий дахинд Монголыг сурталчилсан үйл явдал 2015 онд боллоо. Тодруулбал, “Макс” группийн ерөнхийлөгч Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг дэлхийн аварга болсон юм. Морийг уналга эдэлгээнд анх гаршуулсан ард түмэн, морийг яаж шинжиж таньж, сургаж, уяж, унаж эдэлж чаддагийг дэлхийд таниулж, дэлхийн морины том зах зээлд гарах боломжийг монголчуудад нээж өглөө. Дэлхийн морин уралдаан хөгжсөн аль ч улсаас Монгол Улсын адуучин залуучуудыг морь маллагчаар, морь унаачаар (Jokey), дасгалжуулагчаар ажилд урьж ажиллуулах үүд хаалгыг нээж өгөв.

Д.ОЮУНТУЯА

САЙД НАР БАРИВЧЛАГДАВ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эхнэрийхээ компанид хууль бусаар тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж шалгасан юм. Тэрбээр цагдан хорих төвд хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, амь насаа алдах дээрээ тулсан билээ. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сай д асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон. Шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр улсад учруулсан хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр баталсан юм. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай Солонгосын “Самсунг С&Т” компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь хууль бус үйлдэл хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг саатуулсан билээ. Түүнийг бусдаас хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн юм. С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчилсан. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Б.Булганыг мөн баривчилсан. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдээд буй. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт хоёр хүнийг сэжиглэн шалгаж байгаа билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

МАН ЗАСГААС ГАРАВ

2012 оны сонгуулийн дүнд АН олон суудал авч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засаг барьж, МАН-ынхан ихэрхэж байгаад бүлэг байгуулж чадахгүй хэмжээнд хүрч байсан билээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг МАН-ыг өнгөрөгч оны сүүлээр Засгийн газартаа урьж оруулахад Ардын намынхан өнгөн дээрээ “Ард түмнээ бодож орж байна” хэмээн мэдэгдсэн ч цаанаа жигтэйхэн баяртай байсан тухай намынхан нь ч хэлж байсан цаг саяхан. 2015 онд МАН-аас Шадар сайдаар У.Хүрэлсүх, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол нар найман сарын хугацаанд ажилласан. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг эдгээр сайд нар ажлаа сайн хийсэн ч улс төрийн нөхцөл байдлаас болон чөлөөлөгдөж байгааг тухайн үед хэлж байв.

Харин МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Анхнаасаа ийм засагт орох хэрэггүй байсан юм” хэмээж байсан юм. Эрх баригчдын зүгээс МАН-ыг засгаас гаргах болсон гол шалтгаанаа сайд нар нь ажлаа хийхгүй, намынхаа сурталчилгааг орон нутгаар хийж байна. Ажлын үр дүн тааруу байсан гэдгээр тайлбарлаж байлаа. Ямартай ч энэ оны улс төрийн онцлох үйл явдал яах аргагүй МАН засгаас гарсан процесс билээ. МАН Засгаас гарч байгаатай холбогдуулан дэд сайд нар мөн төрхөмдөө буцсан юм.

Э.ЭНХБОЛД

ХОЁР УДАА НААДАМДАЖ, ХОЁР АРСЛАН ТӨРҮҮЛЛЭЭ

Өнгөрөн одож буй 2015 онд урлаг, спортынхон олон сайхан амжилт гаргалаа. Өнөө жил монголчууд хоёр ч удаа наадамдаж, хоёр арслан төрүүллээ. Төрийн их баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хангарьд” спорт хорооны бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн юм. Тэрбээр үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн залуу арслангаар тодроод буй бөгөөд өдгөө 22 настай. Ид хаваа гайхуулсан залуу бөхийн шуугиан намжаагүй байтал монголчууд Даншгийн арслангаа өлгийдөн авав. 90 гаруй жилийн дараа төрсөн Даншгийн арслан бол Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва байлаа.

Түүнчлэн тив дэлхийд гаргаж буй их спортын амжилтын буухиа тасарсангүй. Тодруулбал, Соронзонболдын Батцэцэг чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртэж хошой аварга болсон бол Отрядын Гүндэгмаа буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний хошой алт, мөнгөн медалийн эзэн болж спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдлээ. Бодибилдингийн тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг хэмээх бүсгүй ДАШТ-ээс алтан медаль хүртсэн нь бас л тодоор бичигдэх амжилт байлаа. Мөн буудлагын тамирчин Энхтайваны Даваахүү “Универсиад” наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, Монголын буудлагын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Монголын Урлагийн салбарынхан ч спортынхноос дутахааргүй амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож “Гран при” шагналын эзнээр тодорсон билээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. БНХАУ-д болсон олон улсын циркийн фестивальд Монголын циркчид шидэх банзны төрөлд гайхамшигтай үзүүлбэр толилуулж, анх удаа эмэгтэй циркчин Б.Үржинбадам агаарт гурван удаа эргэлт хийж буусан нь дэлхийн циркийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Тэгвэл дотоодод болсон нэгэн томоохон урлагийн уралдааныг энд дурдахгүй байхын аргагүй. “Монгол HD” телевизээс анх удаа “Авьяаслаг монголчууд” шоуг зохион байгуулж 1000 гаруй хүн оролцож, “Эгшиглэнт чимээ” хэмээх хөгжмийн хамтлаг ялагчаар тодорсон. Энэхүү шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд саяхан өндөрлөсөн шоуг тойрсон яриа өнөөдөр ч намжаагүй байна.

Д.ДАВААСҮРЭН

ГАН БОЛЖ, УРГАЦ АЛДАЖ, МАХНЫ ҮНЭ БУУРЛАА

Энэ зун ерөнхийдөө гандуу байлаа. Нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай байв. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгууд, төвийн болон зүүн бүсийн аймгууд, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод аймгуудад долдугаар сарын сүүл хүртэл хур бороо ороогүйн улмаас өвс хатаж, ургац хураалтад нөлөөлсөн билээ. Улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийж, эндээс урьдчилсан байдлаар 400 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцоо гаргасан байдаг. Гэвч ургац хураалтын эцсийн байдлаар нийт ургацынхаа 60 хувийг алдсан үзүүлэлт гарсан юм. Мөн мичин жилийн зудны сургаар малчид болон махны худалдаа эрхлэгчид махаа өнгөрсөн зургаан жилд тохиогоогүй хямдаар худалдаалсан. Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэнээр 7-11 дүгээр сард мах хамгийн ихээр хямдарчээ. Нэг килограмм хонины мах “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг захуудад 3000, бөөний үнэ нь 2600-2900 хүрч хямдарсан байсан бол үхрийн мах хамгийн багадаа 3900 төгрөг хүртэл хямдарсан билээ.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

ДЭЛХИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

Б.НЕМЦОВЫГ ХӨНӨӨЖ, М.ХОДОРКОВСКИЙГ БУРУУТГАВ

Оросын сөрөг хүчнийг 20 жил удирдсан, “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг, 55 настай Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотын төвд Кремлиэс холгүй газарт буудуулж амиа алдсан билээ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар сөрөг хүчний тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байсан нь үхлийн шалтгаан нь болсон. Харин ВВС агентлаг уг аллагыг Б.Немцовын улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоор түүнд өстэй этгээдүүдийн үйлдэл гэсэн таамаг дэвшүүлж байв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ хэргийг захиалгат бөгөөд өдөөн хатган турхирсан аллага боллоо” гэж мэдэгдсэн удаатай.

Өдгөө хилийн чанадад орогноод буй Оросын газрын тосны магнат Михаил Ходорковскийг дахин байцаахаар болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэ удаад түүнийг Нефтьюганск хотын дарга В.Петуховын аллагад сэжиглэж байна. Учир нь талийгаачийн гэргий нөхрийг нь түүний захиалгаар хөнөөсөн гэж нэг бус удаа урьд нь мэдэгдэж байжээ. В.Петухов нь 1998 онд ажилдаа явж байхдаа буудуулж амиа алдсан юм. Газрын тосны “ЮКОС” компанийн үйлдвэрлэлийн томоохон нэгж тус хотод байрладаг аж. Харин Нефтьюганск хотын захирагч В.Петухов тухайн үед М.Ходорковскийг байгаль орчинд хөнөөл учруулж байна хэмээн буруутгадаг байсан аж. “Ходорковскийн сэжиглэгдэж байсан хүн амины хэрэгт шинэ нотлох баримт гарч ирсэн тул холбооны мөрдөгчид түүнийг дахин байцаахаар болсон” хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч В.Маркин саяхан хэвлэлийнхэнд мэдэгдээд байна. М.Ходорковскийг 2003 онд татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. 2013 онд тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өршөөлөөр суллагдаж, гэр бүлийнхээ хамтаар ХБНГУ-ыг зорьсон юм. Харин өчигдөр Оросын тал түүнд эчнээгээр хорих ял оноож, интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

ОНГОЦНЫ ОСЛУУД

Өнгөрсөн гуравдугаар сард Германы агаарын тээврийн Germanwings компанийн Airbus A320 онгоц Испанийн Барселона хотоос Германы Дюсселдорфыг чиглэн нисэх замдаа Францын Альпийн нуруунд осолдсон билээ. Үүний улмаас дотор нь явсан 150 хүн бүгд амиа алдсан юм. Ослын гол буруутан нь тус онгоцны хоёрдугаар нисгэгч байсан Андрес Любици юм. Онгоцны хар хайрцгийн бичлэгийг тайлах үеэр тэрээр онгоцны ахмадыг ариун цэврийн өрөө явсны дараа нисгэгчийн бүхээгийг түгжин онгоцыг автоматаар доошлуулах товчийг дарсан нь батлагдсан юм. ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн “Airbus 321” зорчигч тээврийн нисэх онгоц Египетээс Санкт-Петербургийг чиглэж яваад Синайн хойгт сүйрсэн билээ. Тус онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан юм. Ослын шалтгааныг техникийн саатлаас хэмээн үзэж байгаа ч бас бүрэн батлагдаагүй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус ослыг асар их эмгэнэл гэж онцолсон билээ.

ОУХХ-Г ТОЙРСОН ХАХУУЛИЙН ХЭРЭГ

ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттер болон бусад хариуцлагатай ажилтнууд хахуулийн хэрэгт холбогдсон нь энэ жил дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хамгийн их хөрөнгө эргэлддэг, хамгийн олон дэмжигчтэй тус холбоог З.Блаттер 1998 оноос хойш тэргүүлж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард албан ажлаа өгсөн боловч тавдугаар сард ОУХХ-ны ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа улиран сонгогдсон. Тус холбооны гишүүдийн хээл хахуультай холбоотой асуудал нэлээд шуугиан тарьж Европын парламент хүртэл З.Блаттерт хандан огцрохыг уриалсан билээ. Энэ хэрэгт холбоотой гэгдэж тус байгууллагад удирдах алба хашиж байсан нэлээд хэдэн хүнийг баривчилсан. ДАШТ болон бусад өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах орныг сонгохдоо хахууль авсан хэмээн буруутгагдаж байгааг өөр өөрийнхөөрөө олон нийт хүлээн авч байна. З.Блаттер өнөөдрийг хүртэл энэ бүхнийг үгүйсгэсээр байгаа. Хамгийн сонирхолтой нь ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ОХУ түүнийг хамгийн их өмгөөлсөн. З.Блаттерийг Швейцариас гарч явахыг нь хориглосон. Харин саяхан ОУХХ-ны Ёс зүйн хорооноос З.Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Платини нарын уг салбарт ажиллах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан юм.

ДҮРВЭГСДЭД ДАРАГДСАН ЕВРОП

Улс оронд нь улс төрийн хямрал үүсч, дайн гарсан тул Сири, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас Европыг зорьсон дүрвэгсдийн тоо энэ жил эрс нэмэгдсэн. Энэ нь Европын Холбооны гишүүн орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Туркийн эрэгт осолдсон онгоцонд сууж явсан гурван настай сири хүүгийн эндсэн зураг олон нийтэд ил болсны дараа дэлхий тэр чигээрээ шуугисан. Асуудал нэлээд хүндэрсэн тул өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр тус холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөлдөхөөр уулзсан юм. Энэ үеэр 55 мянган дүрвэгчийг хүлээн авахаар тохиролцсон. Хамгийн сүүлийн судалгаагаар Сири болон Ойрхи Дорнодын бусад орнуудаас Европт 1,2 сая дүрвэгч очжээ. Тэд Турк, Грекээр дамжин Европт хүрсэн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж сүүлдээ Хорват, Серби зэрэг орнуудаар дамжин очих болсон. Дэлхийн II дайнаас хойш Европт ийм олон дүрвэгсэд ирж байгаагүй гэдэг. Үүний шалтгаан нь Сири, Афганистан, Ливид болж буй дайн, “Лалын улс” бүлгийн эсрэг цэрэг дайны ажиллагаа, Серби, Косовогийн байдал, Украины хямрал, Нигер, Йемен, Пакистанд гарч буй шашны мөргөлдөөн. Европын Холбооны гишүүн аль орон хэдэн дүрвэгчийг хүлээн авах асуудал дээр санал нэлээд зөрөлдөөнтэй байгаа. Энэ нь тус байгууллагыг хямралд оруулж задрахад хүргэж магадгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Ямар ч байсан одоогоор тус холбоо нь дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдэх гарцыг олоогүй. Харин дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа.

ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙН ДУУССАНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨНӨӨР ТЭМДЭГЛЭВ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг хүн төрөлхтөн өргөнөөр тэмдэглэсэн билээ. Европ, АНУ-д Ялалтын баярыг тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг аж. Энэ өдөр фашистын Герман үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурсан гэдэг. Тухайн үед цагийн зөрүүнээс үүдээд оросууд уг баярыг дараа өдөр нь буюу тавдугаар сарын 9-нд тэмдэглэх болсон. ОХУ-д энэ жилийн цэргийн парадад 1945 оноос хойш хамгийн олон буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон юм. Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэргийг оролцуулжээ. Ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчин хөл тавьсны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчин багтсан. Манай урд хөршид өнгөрсөн есдүгээр сарын 3-нд бидний хэлдгээр Хятадыг чөлөөлөх дайны баяр буюу албан ёсоор “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны болон фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ой” хэмээх нэр дор ялалтын баяраа сүр дуулиантай тэмдэглэв. Хятад улс анх удаагаа цэргийн парадын томоохон ёслол явуулж, дэлхийн ард түмэнтэй хамтран түүхэн цаг үеэ тэмдэглэсэн нь онцлог байв. Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцож, дэлхийн 17 орны цэргүүд талбайгаар алхжээ. Хятад улс цэргийн парадыг аравдугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ байгуулагдсаны тэгш ой тохиосон жилд, өөрөөр хэлбэл, 10 жил тутамд Тянь Ань Мэний талбайд зохион байгуулж байх тухай шийдвэрийг 1960 онд гаргаж байсан. Хамгийн сүүлд 2009 онд Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярын үеэр цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулж байжээ.

Б.ОБАМА, Р.КАСТРОТОЙ УУЛЗАВ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Кубын удирдагч Р.Кастротой Панамад уулзсан юм. 1960 онд АНУ Кубын эсрэг худалдааны хориг тавьж, 1961 онд хоёр улс дипломат харилцаагаа тасалснаас хойш анх удаагаа төрийн тэргүүнүүд ийнхүү уулзсан нь энэ оны онцлох үйл явдал гэгдэж байна. Тэд Панамад болсон Америк тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулжээ. АНУ нь хагас зуун жилийн турш Кубын талаар явуулсан бодлогодоо өөрчлөлт оруулж Ерөнхийлөгч Б.Обама “Шинэ үеийг эхлүүлэх цаг нь болсон” гэж мэдэгдсэн. Кубын удирдагч Р.Кастро тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаагаа Ерөнхийлөгч Б.Обамаг дэмжсэн үг хэлсэн нь анхаарал татаж байлаа.

Өнгөрсөн зун тус хоёр улс Вашингтон болон Гаваннад Элчин сайдын яамдуудынхаа нээлтийг хийсэн юм. Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Гаваннад түүхэн айлчлал хийсэн билээ. Харин саяхнаас тус хоёр улсын хооронд онгоц нисэхээр болжээ.

ОРОС, ТУРКИЙН ХАРИЛЦААНД СЭВ СУУВ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн Латакиа мужид Оросын сөнөөгч онгоц “Су-24”-ийг Туркийн цэргийн агаарын хүчин сөнөөсөн. Үүний улмаас Орос, Туркийн харилцаанд сэв суув. Агаарын хилийг нь зөрчсөн гэж Туркийн тал Оросыг буруутгасан бол ОХУ-ын Ерөнхийлөгч “Энэ хэрэг терроризмын эсрэг тэмцлийн хүрээнээс халилаа. Террористуудын хамсаатнууд бидний ар нуруу руу хутгаллаа” хэмээн онцолж, эсрэг тавих хоригоо чангатгасан. В.Путин “Туркийн тал Лалын улс бүлэглэлийнхнээс газрын тос худалдан авдаг нь тэднийг санхүүжүүлдгийн баталгаа юм” гэж албан ёсоор мэдэгдсэн удаатай.

Дашрамд дурдахад, Оросын байлдааны онгоцууд Сири дэх Лалын улс бүлэглэлийн хяналтдаа авсан гол гол цэг рүү өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр агаараас цохилт хийх болсон билээ.

ПАРИСЫН ХАЛДЛАГА

Францын нийслэл Парис хотод арваннэгдүгээр сарын 13-нд цуврал халдлага болж 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн бэртсэн юм. Үүний дараахан цахим ертөнц тэр аяараа Парисын төлөөх эмгэнэлээр дүүрч байв. Фэйсбүүк, инстаграмм, твиттер зэрэг сайтад хүмүүс тусгай аппын тусламжтайгаар нүүр хуудасны зургаа Франц улсын төрийн далбааны өнгөөр солонгоруулж, Эйфэлийн цамхгийн дүрсээр солих зэргээр эмгэнэлээ илэрхийлж байсан юм. Мөн олон улс өөрсдийн бэлгэ тэмдэг болсон барилга байгууламжийн гэрлийг Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж байв. Үүний зэрэгцээ Парис хотноо “Терроризмын эсрэг нэгдэцгээе” уриан дор мөн Чарли Хебдо сэтгүүлийн редакцид болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийг хүндэтгэх тайван жагсаал болсон билээ. Тус халдлагын үеэр 12 хүн амь үрэгдсэн юм.

ПАРИСЫН ТУНХАГЛАЛ

НҮБ-аас Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулсан билээ. Дэлхий нийтэд тулгамдаад буй уг асуудлыг хэлэлцэхээр бараг дэлхийн бүх улс орны төр засгийн тэргүүнүүд Францын нийслэлд очсон юм. “Сүүлчийн боломж” гэсэн уриан дор явагдсан бага хурлын үеэр агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийг хэрхэн багасгах талаар ярилцсан. Үүнд үйлдвэрлэл хөгжсөн , ядуу буурай хөгжилтэй орнууд ямар үүрэг хариуцлага хүлээх тал дээр улс орнуудын санал зөрөлдсөн байна. Гэсэн хэдий ч эцэст нь зөвшилцөлд хүрч тунхаг бичиг гаргасан. Түүнд зааснаар дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Мөн 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Киотогийн протокол амжилттай гэж дүгнэгдэж үргэлжлээд Парисын тунхаглалыг гаргав. Харин одоо түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалахаа амьдрал дээр харуулах л үлдлээ.

ИРАНЫ ХОРИГИЙГ ЦУЦЛАВ

АНУ, Ираны харилцаа хурцадмал байсаар нэлээд хэдэн жил боллоо. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал нь Америк төдийгүй олон улсын байгууллагын толгойны өвчин болсоор нэлээд удсан. Харин Ерөнхийлөгч Б.Обама энэ жил Иранаас газрын тос худалдан авах хоригийг цуцлах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Уг асуудлаар Ираны эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хэлэлцээ хийж тохиролцоонд хүрчээ. Тодруулбал тус улсын газрын тос экспортлолын хоригийг цуцалсан нөхцөлд цөмийн зэвсэгтэй болох санаархлаа орхино хэмээн амлажээ. Ийнхүү 2012 оноос хойш нефть экспортлох эрхгүй байсан Иран тус салбарт үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ өмнө нь байгаагүйгээр уначихаад байгаа үед тэдний хориг зогсов. Иран олборлолтоо нэмэгдүүлэх нь ханшийг нь улам унагаахад хүргэнэ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ шийдвэр ялангуяа зарим орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх аюултай гэгдэж буй. Дашрамд дурдахад АНУ нь Ираны эсрэг 1950, 1970, 1980, 1990, 2000 онуудад хориг тавьж байсан түүхтэй юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Г.ГАНХҮҮ: Хүүхдэд цаг гаргах чухал гэдгийг багыгаа гарахад л ойлгож байна

Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, “Гранд хаан” айриш паб компанийн гүйцэтгэх захирал, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт олон ажил алба эрхэлдэг Г.Ганхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Мөрийтэй бол чартаа ч хамаагүй тоглоно гэдэг шиг ямар л бол ямар сэдвээр ярина” хэмээн наргиа болгосон юм.

Шинэ жил дөхөхөөр та олдохоо болих юм аа. Энд тэнд тоглолтын урилга заллага ихтэй байгаа сурагтай?

-Тоглолтоос гадна хөтлөгч хийж байна. Намайг энд тэндхийн арга хэмжээн дээр урьж, хөтлүүлэх санал их ирдэг болчихож. Ялангуяа гадаад дотоодын байгууллагуудад англи хэл дээр хөтөлдөг хөтлөгч Н.Ганхуяг ах бид хоёроос өөр бараг байдаггүй шиг байгаа юм. Дээрээс нь би өөрийнхөөрөө хөтөлдөг юм байна. Юманд баригддаггүй, дөрвөн мөрт уншдаггүй, өөрийгөө их мэдрэмжтэй гэж хэлэх гээд байна ш дээ. Заалыг, хүмүүсийн настрыг хараад, тэр дор нь сэтгээд ярьчихдаг учраас намайг урьдаг юм байна.

Хөтлөгч ханш өндөртэй байгаа юм биш үү. Манайхан хөтлөгчийн үнэ ханшны тухай мэдээлэл бэлтгэсэн. Бараг 1,5 саяас гурван сая төгрөг байсан байх шүү?

-Тийм, үнэн. Би 1,5 саяар үнэлдэг юм. Гэхдээ ярина, хөөрнө. Найз, нөхдийн компани уривал нэг өөр. Гаднын компани бас өөр. Бүх юм өөр ш дээ. Зарим нэгд нь туслах ёстой. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэдийн арга хэмжээг би дандаа үнэгүй хөтөлдөг. Хандивын арга хэмжээ хөтөлнө. Чаддаг зүйлээрээ хүнд туслаад дэм болж явахыг хичээдэг.

Дуулж байгаа юу?

-Дуулалгүй яах вэ. Хамгийн эрэлт хэрэгцээтэй хамтлаг “Шар айраг”. Зарим хамтлагийнхан “Энэ жил аягүй муу байна” гэж ярьж байна. Манайх бол эрэлттэй байгаа. Шинэ жилээр хүмүүс нэг их уяраад, уянгалаад байхыг хүсдэггүй юм байна. Манайх бол англиар, оросоор дуулчихдаг, бүжиглүүлчихдэг юм байна. Тэндээ л гол нь байдаг юм байна. Ямар сайндаа Харангын Чука “Шар айраг” гээд балай нэртэй хамтлаг бүх халтуур түүгээд дууслаа шүү гэдэг онигоо хүртэл байна шүү дээ, цаана чинь.

Наад онигоогоо та нэлээд хэдэн жил ярихыг бодоход шинэ жил таны ашиг орлогын үе бололтой?

-Дандаа орлоготой байдаг үе.

Цагаан сараар харин яадаг вэ?

-Харин тэрийг өөрчлөх гээд “Цагаан сар” гэдэг дуу хийсэн ш дээ. Тэр маань шүүмжлэгдээд нам болсон л доо. Яагаад заавал зохиолын дуучид “Цагаан сар” гэдэг дуу дуулах ёстой юм гээд бид бүр “Цагаан сар” гэдэг дуу хийсэн ш дээ.

Цагаан сар гэснээс цагаан сараар хүн амьтан хүлээж аваад намбатай суудаг уу?

-Амьдралдаа цагаан сар хийж үзээгүй. Хөгшчүүл дээрээ очиж золгодог. Хөгшчүүл дээрээ очиж золгох сайхан даа.

Шинэ жилийг урьдынхаараа угтах уу. Эсвэл онцлог шинэ жил байх уу?

-Энэ жил миний хувьд маш онцлог шинэ жил болж байгаа. Яагаад гэхээр хүүтэй болсон. Хүүгийн маань төрсөн өдөр нь болж байгаа. Би гурван хүүхэдтэй. Охин маань 20-той, хүү маань аравтай, бага хүү маань нэг нас хүрч байна.

Гэр бүл төлөвлөлт сайн хийдэг юм байна?

-Мундаг төлөвлөнө, арав арван жилээр төлөвлөнө. (инээв) Би одоо тавь хүрч байна. Морь жилтэй, миний хүү бас морь жилд төрсөн. Тийм учраас шинэ жилээ гоё тэмдэглэх гэж байгаа.

Та хариуцлагатай аав гэж хэлсэн шүү дээ. Хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө их байдаг гэж судалгааны дүн гарсан байна лээ?

-Хүн бүр хүүхдээ өөр өөрийнхөөрөө хүмүүжүүлдэг байх. Би бол бусдаас ялгарч айхавтар хүмүүжүүлээд байгаа юм үгүй. Хамгийн чухал нь цаг зав гаргах ёстой юм билээ. Би тэгж л ойлгосон. Багыгаа гарахад л ойлгож байна шүү дээ. Өмнө хоёр дээр нь байхгүй ээ. Бага хүүхдэдээ цаг зарцуулдаг шигээ дунд хүү, том охин дээрээ ийм байсан уу гэвэл ерөөсөө үгүй. Том охин маань Чехэд төрсөн, би энд байсан болохоор хоёр талд явсан. Дунд хүүгээ жаахан харж л байсан. Нас өндөр болоод хүүхэдтэй болох гоё юм аа. Ямар сайндаа манай найз нар “Пиво уухаа болилоо” гээд байгаа. Ажил дууслаа л бол гэр рүүгээ явдаг. Тийм л болгочихдог юм байна, хүнийг. Их уяхан болчихдог юм байна. Хүүхдүүдээ зөв л хүн болгох хэрэгтэй юм билээ. Хүний амьдралд их юм хэрэггүй. Их мөнгөтэй төгрөгтэй хүмүүс сайхан амьдардаг гэж хүмүүс гаднаас нь хараад боддог. Би эд нарыг чинь бүгдийг нь танина шүү дээ. Шударга хөдөлмөрөөрөө бизнес хийж баяжсан нь бол сайхан л яваа. Хулгай хийгээд баяжсан миний найз зөндөө л байна. Тэд бол хэцүү ш дээ. Хэзээ нөгөө АТГ нь дуудах бол гээд шөнө нойр нь хүрэхгүй.

Та ер нь иргэдийн төлөөлөгч хийнэ, нэвтрүүлэг хөтөлнө, бизнесээ эрхэлнэ, дуулна, хуурдана, яаж ийм хүртээмжтэй байдаг юм бэ?

– “Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно” гэдэг үг худлаа санагддаг. Өнөөдөр бол хоёр байтугай туулай хөөх ёстой. Над шиг дөрөв, таван туулай хөөх учиртай. Ядаж нэгд нь хүн амжилт үзүүлдэг юм. Дэлхий дээр зургаан тэрбум хүн заавал нэг юмаараа бусдаас авьяастай байдаг гэдэг. Түүнийгээ нээж чадахгүйд л асуудал бий.

Та юунд илүү авьяастай вэ?

-Мэдэхгүй, би бүх юмны зах зухтай. Гэхдээ амжилтад хүрээгүй гэж болохгүй. Уулчин биш л дээ. Гэхдээ сонирхолдоо хөтлөгдөөд, ууланд авирдаг. Дэлхийн долоон том оргилын гуравт нь Монголын далбааг мандуулчихлаа. Уулын спортын мастер хүн шүү дээ. Дуу хөгжимд багаасаа л дуртай байсан. Өнөөдөр “Шар айраг” гээд хүн болгон мэддэг хамтлагтай болсон. Соёлын тэргүүний ажилтан. Дөрөв, таван цомог гаргасан. Криштиану Рональдугаас “Та аз жаргалтай хүн үү” гэж асуухад “Энэ дэлхий дээр над шиг аз жаргалтай хүн хаана байна. Дуртай юмаа хийсний төлөө сая сая доллар төлж байна. Би хөл бөмбөгт дуртай. Хөл бөмбөг тоглосны төлөө сая доллар авч байна” гэж хариулжээ. Би бол хөгжимд дуртай. Дуулах дуртай. Тэрний төлөө надад сая доллар биш юм аа гэхэд сая төгрөг өгч байна шүү дээ. Оцойж овойтол Оюу толгой шиг бизнес байхгүй ч гурван хүүхдээ гайгүй сургуульд оруулчих хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан байна. Энэ бол миний хувьд амжилт. Иргэний зориг нам байгуулалцсан. Тасралтгүй 15 жил явлаа. Манай нам байгуулагдсан цагаасаа УИХ-д суудалтай явсан. Би намаа төлөөлөөд, иргэдийн төлөөлөгч 45 хүний нэг болчихоод сууж байна. Миний барьж авсан бүхэн ямар нэг хэмжээгээр амжилтад хүрлээ. Цаг зав хүрэлцэхгүй гэж үгүй. Хүсвэл бүхнийг амжуулж болно. Дээрээс нь би марафон гэдэг гоё спортод дурлачихаад Хонгконгийн марафонд анх удаа 42 км дуусгаж, өөрийнхөө амжилтыг эвдлээ. 106 орноор аяллаа. Сүүлдээ хүмүүс аялаач ээ, мөнгө өгье гэдэг болж байна. Арваад салбарт хүч үзэж байна.

Үүргэвчтэй аялал үргэлжлэх болов уу?

-Болно ш дээ. Хамгийн сүүлд хийсэн далбаат завины аялал маань хүмүүст их хүрсэн байна лээ. Монголын хамгийн анхны “Далбаат завины ахмад” гэдэг цол авлаа шүү дээ, би чинь.

Ингэхэд Иргэний зориг намын гишүүний хувьд юу хийж байна?

-Манай нам АН-тай нэгдэх асуудлаар нам дээрээ цөөнх болоод байгаа. Нэгдчихье гэсэн саналыг анх би гаргасан юм л даа.

Гэхдээ хоёр том намын рейтинг унаж байгаа үед гуравдагч хүчинд сонгуулиар нэлээд хэдэн суудал авах боломж байгаа юм биш үү?

-Гуравдагч хүчний орон зай гэж байхгүй. Манай Сонгуулийн хууль чинь тийм шүү дээ. Яаж ч мундаг яваад байхгүй. Үсрээд л найман суудалтай.

Таныг Иргэдийн хуралд хүч үзэхийн оронд УИХ-д нэр дэвшсэн бол гарч ирэх байсан гэж боддог. Адилхан үүргэвч үүрээд явсан хүн гишүүн болсон уу болсон. Олны танил уу танил?

-Нийслэл надад хамаагүй ойр байдаг юм. Э.Бат-Үүл дарга бид хоёр чинь ах дүү хоёр.

За, хэзээнээс тэр вэ?

-Бид хоёр чинь багаасаа л ах дүү хоёр ш дээ. 40 мянгатын хүүхдүүд, тэгээд ч хамгийн хүндэлж явдаг улстөрчийн нэг яалт ч үгүй Э.Бат-Үүл. Пянз гуйгаад явдаг жаахан хүүхдүүдийн нэг би байхгүй юу.

Хотын замын түгжрэл хэрээс хэтрэхээр таны яриад байдаг метрог хааяа санагалзах юм. Метроноос арай наахнуур замын түгжрэлийг шийдэх арга зам бий юу?

-Ерөөсөө л метро, өөр ямар ч арга зам байхгүй.

Метро чинь аймаар их мөнгө шаардлагатай, манайх шиг улсад Мянгуужингийн үлгэр юм биш үү?

-Мэдээж өртөг зардал өндөртэй. Гэхдээ хэзээ нэгэн цагт заавал хийх ёстой ажил. Арван жилийн өмнө нийтлэл бичиж байхад хүмүүс инээж байсан нь үнэн. Одоо бол хүмүүс инээхээ больчихоод байгаа. “Үнэхээр энэ түгжрэл замаа алдлаа, шийдэхгүй бол болохгүй нь ээ” гээд байгаа юм. Шийдэх ганц гарц нь метро гэдгийг зөвхөн би хэлээд байгаа юм биш. ЖАЙКА маш том судалгаа хийлээ. Тэрний үндсэн дээр үнэхээр хот төлөвлөлт нь ийм түвшинд хүрчихсэн, тэлэх магадлал багатай, анхнаасаа 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийгдсэн хотод замын түгжрэлийг метрогоор шийдвэрлэнэ гээд байгаа юм. Бүх л газар ингэж шийдвэрлэж байгаа. Өмнө нь бүүр Мянгуужингийн үлгэр байсан юм. Харин ч овоо урагшлаад, метро байгуулах нь зүйтэй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг болчихсон. Бичиг цаасны ажил нь жигдэрчихсэн. Хичнээн замтай, аль хэсэг нь газар дээгүүр, аль хэсэг нь доогуур явах юм, хичнээн буудалтай, өртөг зардал нь хэд байх юм гэдэг бүх юмыг гаргаад тавьчихсан. Манайхан нэг юм ойлгодог болчихоод байна. Урьд нь байшингийн зураг гэхээр тоодоггүй байсан бол одоо аливаа төслийн 50 хувь нь сайн зураг гэдгийг ойлгодог болчихоод байна. Сайн зураг, төлөвлөлттэй байж л ажил явах гээд байна. Метроны ажил зогссон гэж хэлэхгүй. Эдийн засгийн хямрал гээд мөнгө төгрөггүй хойшилж байгаа тал бий.

Метро байгуулахад хэдий хэр юм шаардлагатай вэ?

-1,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Өмнөх Г.Мөнхбаяр даргын үед бол 4,6 тэрбум гэж байсан ш дээ. Багассаар хөрсөн дээрээ бууж байна. Ямар ч байсан 1,5 тэрбум ам.доллараар 17 өртөөтэй метро байгуулах юм. Тэрний талаас илүү мөнгийг 40 жилийн хугацаатай, бага хүүтэй зээлэнд хамруулж болно гэдгийг Японы Засгийн газар мэдэгдчихлээ. Энэ баг ахиад дөрвөн жил Улаанбаатарын удирдлагад сонгогдох юм бол бид ямар ч байсан 2020 он гэхэд метротой болно. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Найрсаг байгаасай: Овооны наадам, твиттерчдийн ёолк, АСЕМ…

Монгол хүний сайхан занг илэрхийлэх үгийг “найрсаг” гэнэ. Үгийн үндэс нь “найр” ажгуу. Аливаа үндэстний домог туульс нь мөрөөдлөө биелүүлж байгаагаар өндөрлөдгийн адил монгол үлгэр “наян жилийн найр” хийж байгаагаар жаргана. Яаж найр хийдэг жор нь ч тэнд бичээстэй тул мэдэж цөхөх юмгүй, “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж” найрладаг байна. Монгол хүн найр хийж байгаа үедээ маш сайхан ааштай байдаг учраас сайхан зан гаргахаа найр хийж байгаа мэт аашлах буюу “найрсаг” байх хэмээн нэрийднэ. Хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлнэ гэвэл хөрштэйгөө “найран дундаа” мэт байхын нэр ажээ.

Архи, махгүй бол уур нь хүрч сэлмээ шүүрдэг энэ айхавтар үндэстэн, найр хуримынхаа зав чөлөөгөөр хажуу хавиргынхнаа түйвээн дараагийн найрандаа шаардлагатай бараа түүхий эд цуглуулах замдаа дэлхийн гүрэн байгуулжээ. Соёлт ертөнцийнхөн ааш муутай нэгнийхээ согтуу явахыг хараад халширдаг бол Монголын хөршүүд “Умрын нүүдэлчид”-ийг юм үнэртүүлээгүй цоо эрүүл явна гэж дуулдвал дагжин чичирдэг байсан байх даа.

Найр гэдэг нь бас малаа дагаж мөнхөд ганцаардсан нүүдэлч хүний хувьд олны дунд байх, нийгэм дотор байгаагаа мэдрэх боломж олгоно. Тийм учраас монгол хүн айлд ороод ярих юм, хүнтэй уулзаад сонирхуулах мэдээтэй явахыг эрхэмлэнэ. “Таван үгний солиотой” гэдэг үг бол олон нийтийн анхаарлыг татах чадвартай гэсэн үг. Энэ чадвар нь түрхэн зуур хүрээлсэн хүмүүст, хамтлагийн дотор түрхэн зуур ч болов өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн үг.

Тийм болохоор өнөөгийн монголчуудын дунд ч ерийн үгээр илэрхийлсэн ерийн үнэнээс илүүтэй ер бусын үгээр илэрхийлсэн сүрт мэдээлэл чухал байдаг. Бодит байдлыг мушгиж аймаар сүртэй болгосон популист суртал нэвтрүүлэг, тэр талын улстөрчид алдартай байдгийн учир энэ. Хүмүүс чих дэлдийлгэм үг, сэрхийлгэсэн ухуулгыг ямар ч шүүлт, хяналтгүйгээр цээжлэх зөнтэй. Учир нь түүгээр үнэнийг ойлгуулах гээгүй, зүгээр л олны анхаарлыг татаж, өөрийгөө түрхэн ч болов хүлээн зөвшөөрүүлэх л чухал. Найр нь дотроо засаад сайхан зантай болох шууд утгаасаа гадна олны дунд орж ганцаардлаасаа салах, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх үйл явц байлаа.

ХХ зуунд монголчууд социализм байгуулж, суурьшин иргэншиж эхлэв.Иргэншин хөгжиж суурьшихын цагт монголчууд архи, мах байхгүй байсан ч найр хийж байгаа мэт сайхан ааш гаргах хэрэгтэй болохыг ухаарав. Агсам тавьдаг хүнд архи гэж итгүүлээд ус уулгачихсанаа сүүлд хэлэхэд “Тэгнэ ээ тэр, даанч хэрүүлийн үг эвлэж өгөхгүй байсан юм” гэсэн гэдэг шиг өмнө нь архи мах өрөөгүй байхад найрсаг загнах нь амаргүй байсан байх.

Гэвч социализм өөрөө тэр чигээрээ найр ёслол болохыг удалгүй олж харлаа. Коммунист үзэл суртлын сүм болох улаан булан, клубүүд нь тэр чигээрээ найр наадмын газар ажгуу. Намын их хурал, чуулган зэрэг нь нам засгийн удирдагчдын үгийг баярлан сонсдог, уухайлан түрдэг нэгэн зүйл найр наадам авай.

Нүүдэлчин хүн олуулаа цуглахыг наадам гэж ойлгодог болохоор баярын жагсаал, Ю.Цэдэнбал даргын албан тоотыг хүлээн авах цуглаан, эвлэлийн хурал, нэгдэлчдийн зөвлөлгөөн, сайн малчдын уулзалт, тэргүүний сайчуудын чуулган бүгд л баяр наадам болохыг ухаарав. Тэр байтугай намын эсрэг бүлгийг буруушаах цуглаан, хөрөнгөтнийг үзэн ядах жагсаал ч баяр наадам болохыг мэдрэв. Учир нь тэнд санал зөрөлдөж, хоорондоо маргах юм байхгүй, нэгэн дуугаар үзэн ядаж, санал нэгтэй харааж зүхэх тул үзэл санаа нэгдэхийн жаргалыг амсана.

Даншиг наадам, хошуу наадам доошоо салбарлан овоо тахилга, хурим, үсний найр, унага тамгалах найр, хонь хяргасны идлэг, гүү барьсны уулга болон үрждэг байж, уламжлалаараа бол.

Харин иргэншиж буй монголчуудын найр наадам Намын их хурал, түүхт ой, байгууллагын шинэ жил, социалист хөдөлмөрийн бригадын мандат авсны угаалга, байгууллага хоорондын АСК (Зөвлөлтийн телевизийн КВН хэмээх шоуны монгол хувилбар), ангийн нийллэг, багш эмч барилгачин…нарын баяр, төлчин эмэгтэйчүүдийн уулзалт хэмээн үржиж байлаа.

Даян дэлхийн шударга түмэнтэй санаагаа нэгтгэн жагсах, Америкийн коммунист Анжела Девисийг суллахыг шаардах хилэнт цуглаан зэрэг нь ойрд уулзаагүй улстайгаа уулзаж, сонин сайхныг сонсох, гол нь өөрийн дуулсныг ярьж хүний анхаарлыг татах боломж олгоно. Социализм бол хувь хүний мөн чанарыг дарангуйлснаараа хамгийн харгис тогтоц байсан ч нийгэмшихийн мөрөөс болон ганцаардаж явсан нүүдэлчдийг нийгэмлэг болгон өөд нь татсан нь бас үнэн бөлгөө.

Гэхдээ БНМАУ-ын (Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу коммунист тогтцын үеийн) ард иргэд зөвхөн төрөөс зөвшөөрсөн зурвас дотор, зөвшөөрсөн сэдвээр найрлах учиртай. Энэ оролцоо сүүлдээ хэтэрч хуримыг хүртэл хурал маягаар зохион байгуулах, архигүйгээр найрлахыг шаардах хэмжээнд хүрсэн юм.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш иргэд санаачилгаараа наадах болов. Зун нь наадам, овоо тахилга, сум орон нутгийнхаас эхлээд хутагт хувилгаадын ой… гээд орон нутагтаа наадна. Сэрүүн унахаар найр хурим хот сууринд шилжинэ.

Хурим найранд том зочин ирвэл бөөн баяр.Айлын найранд нэртэй бөх, явуулын сайд дарга нар ирж таарвал тэрхүү хуримын рейтинг шууд өснө. Улс орон нь ч ялгаагүй. БНМАУ-д зочилж буй Зөвлөлтийн удирдагч, ах дүү социалист орнуудын төрийн тэргүүн нар үндэстний баяр хөөрөнд хөг нэмж байлаа. Гадаадын зочид ирснийг “баярлан угтсугай” гээд өвлийн хүйтэнд туг далбаа бариулан гадаа зогсоож, осгоон алдаж байхад уцаарлаа нь үгүй. Өнөөдөр ч олон улсын хурал цуглаан болж байна хэмээн зам хааж, түгжээнд гацаахад унтууцаж, буруушаах нь үгүй. Учир нь зочин ирж, найр наадам болж байгаа учраас “найрсаг байх хэрэгтэй” ажгуу.

Гучаад жилийн өмнө манай сумын ойд Баянаа аварга яаж ч явсан юм таараад оролцсон байгаа юм. Тэр ойн баярын наастр лав арван жил үргэлжилсээн. Зуны амралтаар очих бүрийд, айл болгоны жаазны голоос Баянаа аваргатай авахуулсан зурагнууд гэрэлтэж, айлын авгай нар цай хоол бэлдэн улаа бутрангаа байн байн хоймор өөдөө харц шидэж “манайх ийм л айл даа” хэмээн“ бахдан байдагсан. Айл гэр, хувь хүний энэ нийтлэг төрх нь үндэстэн ба төрийнх нь иймэжид ч шингээстэй. Одоо энэ АСЕМ-ийн уулзалт энэ тэрээ чинь 1984 онд болсон Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн 20 жилийн ойн томсгосон хувилбар биш гэж үү? Дэлхийн төчнөөн орны засаг төрийн удирдагчид “манайд ирж хоноод” хэмээн улс үндэстнээрээ арван жил гайхуулах юмтай байх гэсэн нүүдэлчин монгол хүний далд зөн, нууцхан хүслийн илэрхийлэл шингээстэй, үнэртээстэй.(Харин Парис хотын иргэд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх түүхт хурал саяхан зохиогдсонд тэгтлээ баярласан эсэхийг бүү мэд)

Найранд дуртай атлаа бие биеийнхээ найранд дуртайг гайхна. Хотынхон нь хөдөөгөө шоолно, “манай малчид овоолсон чулуу тааралдвал овооны наадам хийдэг гэж байгаа хи хи”, “наадах чинь юу ч биш, цагаан бүрээсээ угаачихаад гэрийн найр хийдгийг нь юү гэхэв” гэлцэн шоолно. Хөдөөнийхөн нь “Энэ хотынхон чинь тийм төрсөн өдөр, ийм валентины баяр, сүүлдээ жиргээчдийн ёолк гэж хаа хамаагүй улс хүртэл нийлж банхиад хийдэг болсон байна. Аль завандаа ажлаа хийдэг юм бол доо хөөрхийс” хэмээн хүд хүд хөхөрнө.

…Найр, уулзалт, хурал бол монгол хүн сайхан зантайгаа харуулах, найрсаг байх боломжийн эрэлхийлэл.

Монгол найрыг бүү шоол! Сайхан ааштай боломжоо хайж яваа бие биенээ, бас төр засгаа ойлгохыг хичээ.

Categories
мэдээ цаг-үе

АСЕМ-ийг улаан нүүрээрээ тахлах Гадаад хэргийн сайдын дүрх төрх

Гадаад хэргийн сайд Лүндэнгийн Пүрэвсүрэн гэдэг нөхөр ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх хийж байсан. Түүнийг яаж яваад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсоныг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Гадаад хэргийн яаманд олон жил ажилласан л гэх юм билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ардчиллын алтан хараацай Ц.Элбэгдоржтой мөр зэрэгцэн тэмцэж явсан партизан Лу.Болдын ажлыг авах гэж сайдын гаргасан алдаа дутагдлыг өргөн фронтоор “илрүүлсэн” гэдэг гомдлыг Лу.Болдын талынхан гаргацгаадаг. Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 300 айлын орон сууц бариулсан. Ахлагч, офицеруудын амьдрах тэр орон сууцыг мөн л МоАХ-ны партизан Батж.Батбаярын хүү хариуцаж ажилласан. Ахлагч, офицеруудаа орон гэртэй болгохын тулд сайд нь төсвийн мөнгийг барилгын гүйцэтгэгчид рүү шуурхай шилжүүлчихсэн гэдэг. Түүнээс үүдэж Лу.Болд болон түүнтэй ажилласан олон хүнд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Үүн дээр Л.Пүрэвсүрэн их идэвхтэй байж өгөх ёстой газар нь дуулгасан гэж шалгуулсан хүмүүс нь ярьцгаадаг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шалтгуудын нэг яах аргагүй энэ болсон. “Авлигач, шунахай” Лу.Болдоос Гадаад хэргийн яамыг салгаж, “ажилч хичээнгүй” Л.Пүрэвсүрэнг оронд нь сайд болгох “ажил” амжилттай хэрэгжсэнээр Шинэчлэлийн Засгийн газар унасан.

Ингээд Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Түүнийг сайд болох үеэр УИХ дээр “Европын орнуудаас тааламжгүй нөхөр гэдэг ноот авч байсан” гэх яриа ч гарч байв. Ямартай ч Л.Пүрэвсүрэн олон жил ажилласан яамандаа сайдаар очиж чадсан.

Одоо сайдын ажил бүтэл муутай байх шиг байна. Дээрээс нь сурсан зангаараа өөрийн танхимын “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын алдаа, дутагдлыг Ерөнхий сайддаа мэдээлж, албан бичиг хүргүүлсэн нь дотоодод төдийгүй олон улсад шуугиан дагуулж байна. Уг мэдээллээ баталгаатай болгох, мэдээлсэн гэдгээ харагдуулах, өөр бас ямар ч зорилготой байсан юм, түүндээ хүрэхийн тулд цахим ертөнцөөр нөгөө албан бичгээ дэлгэжээ.

Монгол, Орос, Хятад гурван улс тээвэр-ложистикийн том компани байгуулахаар хэлэлцээр хийж байгаа. Тэр компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гурван улс эзэмшинэ гэсэн үг. Тодруулбал, Монгол Улс 51 хувийг эзэмшиж, бодлогыг УБТЗ барихаар төлөвлөж байж. Үүн дотроо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг нийлүүлэх бодлоготой байсан бололтой. Зүйрлэвэл, 100 литр усанд 10 литр ус хийгээд 10 литрийнх нь ач холбогдлыг бууруулах төрийн нарийн бодлого байсан бололтой юм. Гэтэл төрийн ийм нарийн бодлогыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дэлхийгээр нэг зарлачихлаа. Бүр Ерөнхий сайд, Зам тээврийн сайдаа дагуулаад ОХУ-д ажлын айлчлал хийхийн өмнөхөн дэлгэснээрээ төрийн чухал бодлогыг ямар ч хэрэггүй, үр дүнгүй болгочихов бололтой.

Лу.Болд нарын алдаа, дутагдлыг мэдээлж, баримт сугавчилж гүйсээр байгаад өөрөө оронд нь сайд болсон гэцгээдэг. Тэр аргаараа Монгол Улсын бодлогыг гадаад ертөнцөд дэлгэх өөрт нь л ашигтай юм байх даа. Монголд л лав ашиггүй харагдах юм. Ардчилсан орнуудын төрийн тэргүүнүүд цуглах АСЕМ ирэх долдугаар сард Монголд болно. Дээд түвшний уулзалтыг улаан нүүрээрээ тахалж өнгөрөөх Гадаад хэргийн сайдын дүр төрх нэг иймэрхүү байдаг…


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Он дуусахаас өмнө ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хуулийн төслийг өргөн барина

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн. Ингэснээр банкууд ипотекийн найман хувийн хүүтэй зээлээ зогсоогоод байгаа. Харин АН болон Шударга ёс эвслийн зүгээс шинэ хуулийн төсөл өргөн барина гэж мэдээлсэн. Уг ажлын явцын талаар танилцуулахгүй юу?

-Өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Энэ дагуу Засгийн газарт саналаа хүргүүлж хариугаа авчихаад байж байна. Үндсэн хуулийн Цэцээс үл хөдлөх хөрөнгө, ялангуяа барьцааны тухай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу банкинд барьцаалсан хөрөнгийг иргэд бие биедээ шилжүүлж болох мэтээр хүлээж авсан байгаа. Иймээс Монголын банкуудын холбоо ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсоож байна гэдгээ мэдээлсэн. Тиймээс АН болон Шударга ёс эвсэл бүлэгтэй хамтарч мэдэгдэл гаргахдаа “УИХ дээр хууль эрхзүйн орчныг засаж сайжруулаад найман хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой” гэх байр суурийг баримталсан юм. Миний хувьд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх ёстой гэж үздэг. Уг зээл Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн. Нийт 75 мянган айл, өрх орон сууцтай болсон байдаг. Энэ маягаараа арван жил үргэлжлэхэд Улаанбаатар утаагүй болох боломжтой. Дээрээс нь жилийн найман хувийн хүү багасах ёстой. Дэлхийн жишгийг харж байхад ипотекийн зээлийн хүү нь 4, 5 хувьтай байдаг юм байна лээ. 25 жилийн өмнө бидний сонгосон нийгэм хүн өмчтэй байх, өмч нь үнэ цэнтэй, түүнийгээ барьцаалаад зах зээлийн харилцаанд ордог байхыг тунхагласан. Гэтэл энэ суурь ойлголт өнөөдөр бүхэлдээ уначихлаа. Иймээс хууль эрхзүйн орчныг баталгаатай бий болгохгүй бол санхүүгийн систем эрсдэлд орох аюултай. Хэрэв санхүүгийн системд ямар нэгэн саад тулгарвал улам замбараагүй байдал үүсэж магадгүй юм. Ипотекийн зээлээр авсан орон сууц үнэгүйднэ. Тэгэхээр богино хугацаанд засаж залруулаад хэвийн байдалд оруулах ёстой. Тиймээс шинэ хуулийн төсөл боловсрууллаа. Болж өгвөл энэ ондоо багтаагаад хууль эрхзүйн орчныг хэвийн болгох бодолтой байна.

-Шинэ хуулийн төслөө Үндсэн хуультай хэрхэн уялдуулж байгаа вэ?

-Би хувьдаа Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн үг, үсгийг харахаас гадна агуулгаар нь ойлгож хүлээж аваасай гэж бодож байна.

-Хэдэн зүйл, заалттай хууль байх вэ?

-Өмнөх хууль Үндсэн хуулийн таван зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Цэцийн их суудлын шийдвэр бол эцсийнх байдаг. Тиймээс тийм, ийм гэж шүүмжлээд байх зүйл алга. Шинэ хуулийн төслөө Үндсэн хуулийг зөрчихгүйгээр боловсруулж байгаа. Хоёр, гурван заалттай байхад боловсруулсан.

-Шинэ хуулийн төсөлд зээлийн хүү хэд байх бол?

-Түрүүн би хэллээ шүү дээ. Дэлхийн жишигт 4-5 хувийн хүүтэй байдаг гэж. Манайх уг жишигтэй нэлээн ойртож очиж байгаа. Аажимдаа ипотекийн зээлийн хүү найман хувиас багасах боломжтой. Уг зээлийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх явцад 75 мянган өрх айл хамрагдаж чадсан юм чинь цаашид 6-10 жилийн хугацаатай үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр үед 200-300 мянган айл орон сууцанд орчих байх. Сая ипотекийн зээлийг хэд хоног зогсооход барилгын салбар тэр чигтээ хямарлаа шүү дээ.

-Хуулийн төсөл хэр сайн болсон бол. Одоо иргэдийн дунд найман хувийн хүүтэй зээл хэзээнээс олгож эхлэх вэ гэдэг хамгийн чухал зүйл болчихоод байгаа?

-Ямар ч байсан Засгийн газраас саналаа авчихсан. Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд хуулийн төслөө өргөн барина. Түүнийг УИХ хэлэлцээд явах байх. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа. Тиймээс дэмжигдэх байх гэж бодож байна.

-Тэгэхээр оноос өмнө эргэж сэргэнэ гэж ойлгож болох уу?

-Сэргээхийн төлөө л ажиллаж байна. Хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаагийн хувьд аль болох богино хугацаанд дэмжигдээсэй гэж бодож байгаа. Энэ төслийг хурдхан өргөн барьж шийдвэрлэхгүй бол гарах муу үр дагавар нь олон. Гэмт хэрэг, залилан мэхлэлт ихэснэ. Банк, ломбардны хүү маш өндөр болно.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн алтан аргамжаараа дээс тоглох цагаар

Төрийн алтан аргамж хэмээх үгийн гүн утгыг бүрэн тайлж нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт бараг үгүй юм билээ. Гэлээ гэхдээ Их Монгол гүрний гадаад харилцааг дэлхий даяар төлөөлөх элчин худалдаачин нартай холбогдон тэмдэглэгдэж үлдсэн энэ үг өдгөө монгол төрийн гадаад бодлогын мөн чанарыг илэрхийлдэг хэллэг болж нэгэнт тогтжээ. Уг санаа нь улс орны гадаад бодлого, түүнийг төлөөлөх элчин төлөөлөгч нар буюу дипломатууд бол төртэйгөө алтан аргамжаар аргамжаатай мэт нэн онцгой холбоотой бөгөөд бодлого, үйл ажиллагаа нь үл алдрах залгамж чанартай байхыг бэлгэддэг ажээ.

Гэтэл сүүлийн үед монгол төрийн тэрхүү алтан аргамжаар ухвар мөчид улстөрчид дээс эргүүлэн наадах мэт дур зоргоороо тоглох болов. Ингэж “болохгүй юмаараа” тоглож буйн хэдхэн жишээг дурдсу.

2014 оны арванхоёрдугаар сарын 30. Үндэсний эрх чөлөөний өдрийн баяр, орчин цагийн дипломат албаны ой буюу Богд хаант Засгийн газрын Гадаад хэргийн яам байгуулагдсан өдрөө тэмдэглээд маргааш өглөө нь ажилдаа ирсэн Гадаад харилцааны яамны ажилтнууд энэ өдөр жинхэнэ шоконд орж билээ. Учир нь шинээр томилогдсон сайд Л.Пүрэвсүрэн шинэ он гарахын өмнөх энэ өдөр яамандаа “цэвэрлэгээ” хийж 40 гаруй хүнийг нэгэн зэрэг ажлаас нь халсан байв. Заавал баярын өмнө халаа, сэлгээ хийдэг ийм садист арга барилыг хэнээсээ ч сурсан юм бүү мэд, тэрээр дараагийн цагаан сарын баярын өмнө бас хэсэг хүнийг халж, улсын наадмын өмнө гадаадад сууж байгаа олон арван дипломат ажилтныг хугацаанаас нь өмнө дуудаж ирүүлсэн байдаг.

Аливаа төрийн бодлогын адилаар гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн институци, түүний аппаратын чадавхи шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл Л.Пүрэвсүрэн сайд яамны алба хаагчдынхаа 30 хувийг халснаар ажлаа эхэлсэн нь мөнөөх алтан аргамжаа сүхэдсэн эхний дайралт байв. Улмаар сарын дараа есөн улсад суугаа Элчин сайдыг нэгэн зэрэг дуудан орны хүмүүсийг томилсны найм нь тухайн үед Гадаад харилцааны яаманд Газрын захирал хийж байсан удирдах ажилтнууд байв. Хуучин элчин сайд нарыг дуудаж ирүүлээд шинүүдийг нь явуулах хүртэлх хагас жил гаруй хугацаанд тэдгээр улстай харилцаа үндсэндээ зогссоныг нь ч дурдууштай. Ингэж дээрээ бужигнаж доороо ч самруулснаар нэг хоёрхон хүний мэдлэг, туршлага дээр нэг хэсэг улсын харилцаа, хамтын ажиллагаа явж байдаг онцлогтой манай Гадаад харилцааны яам эвдүүлсэн шоргоолжны үүр мэт болсон бөгөөд үр дагавар нь түүнээс хойш хийсэн олон ажлаас нь илрэх болно.

2015 оны арванхоёрдугаар сарын 18. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжив. Боловсролтой, туршлагатай улстөрч Б.Дэлгэрмааг томиллоо гэх магтаалын мэдээнүүдийн цаана өмнөх Элчин сайд Ш.Алтангэрэлийг яагаад хугацаанаас нь өмнө татаж байгаа юм бэ? гэдэг асуулт хариултгүй үлдэв. УИХ-ын чуулганы үеэр зарим гишүүд энэ тухай асуусан боловч Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр “Засгийн газар дээр ярьж шийдсэн…” гэсэн бол Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэрээ яриад амаар чиглэл өгсөн…” гэх мэтийн орооцолдсон тайлбар хэлж төрийн тэргүүн рүүгээ бухав.

Дотооддоо ч яахав ингээд ямар ч хууль журам, тушаал шийдвэргүйгээр нэгэн рүүгээ бухаж эсвэл Ерөнхийлөгчийнхөө нэрийг бариад дайрчихаж болдог юм байж. Гэхдээ ОХУ-ын талаас ийм асуулт тавибал юу гэж хариулцгаах бол?! “Танайх манайд сууж байгаа Элчин сайдаа хоёр жилд хоёр солилоо, дунд нь бас Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч гээд өмнө нь Элчин сайд байсан нэг хүн яваад байна. Энэ байдал танай улсын манайд хандах хандлагын илэрхийлэл үү? 2005 оноос хойш нэг хэсэг зогсонги байсан харилцаа сүүлийн хоёр жилд эрчимжсэн явдал нь Элчин сайдаа сольж байгаатай холбоотой юу?” гэх мэтийн асуултыг тус улсын тал ямар нэг байдлаар асуух л болов уу.

Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бол Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан тэргүүлэх чиглэл. Гэтэл харилцаа нөгөө хөрштэйгөө харьцуулахад эмзэгхэн байгаа ОХУ дахь Элчин сайдаа Гадаад яам нэг муу Тамгын газрын даргаараа дуудуулж хагас жил улсаа Элчин сайдгүй байлгаж байгаагийн хариу ч бас ирэх л байх.

УИХ-аар хэлэлцдэг элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудал ийм бодлогогүй, өрөөсгөл байхаар бусад дипломат ажилтны хувь заяаны асуудал бүр ч хүнд байгаа нь ойлгомжтой. Ихээхэн ноцтой нь Хонгконгод сууж байсан Ерөнхий консулыг Засгийн газрын шийдвэргүйгээр дуудсанаа “гадаадын байгууллагын шаардлагаар ингэлээ” гэж УИХ дээр сайд нь тайлбарлаж байсан удаатай. Дипломат ажилтанг гадаад улсын шаардлагаар татахад тухайн улсдаа гэмт хэрэгт орооцолдсон, “persona non grata” авсан гэх мэт шалтгаан хэрэгтэй. Гэтэл манай гадаад хэргийн сайдад гомдоллосон гадаадын байгууллага гэгч нь Монголын улстөрчдөд нөлөөгөө бэхжүүлэх хүсэлтэй Монгол Улсын өргөмжит консул гэх Балба лам, түүний хятад эхнэр нар байсан гэдэг.

Мөн Америкийн баруун эрэг дэх олон мянган монголчуудыг дагаж байгуулсан Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консулыг томилсон Засгийн газрын шийдвэр хүчинтэй хэвээр боловч хэрэгжихгүй нэг жил гурван сар болж байна.

Энэ мэт нь зөвхөн хэн нэг хүн буюу албан тушаалтны тухай асуудал биш билээ.Төрийн шийдвэр бол төрийн шийдвэр. Түүнийг хэрэгжүүлэх аппарат, төлөөлөгч нарыг төр өөрөө шалгаж, сонгож томилдог байтал УИХ-аа алгасдаг Ерөнхийлөгч, Засгийн газар, Засгаа алгасдаг сайд нар бий болсонд асуудал байгаа юм. Үүний цаана бодлого тасалдаж алтан аргамж алдуурч байгааг өглөө бүхэн санууштай.

Ойрын өдрүүдэд Монгол Улс хуучин цагийн “таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө” гэдэг шиг “АСЕМ-ийн төлөө” амьдардаг болжээ. Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг бол манай улсын гадаад харилцааны нэг том ололт мөн үү гэвэл мөн. Ийм эрхийг авахын тулд олон дипломат, олон сайд цөөнгүй жил ажилласан байтал өнөөгийн эрх мэдэл бүхий хүмүүс Ази, Европын хамаг нөлөө бүхий улсуудын эсрэг шийдвэр гаргаад байгаа нь хачирхалтай. Дөнгөж саяхан гэхэд л АСЕМ болох гэж байгаа тул гэдэг үнэмшилгүй шалтгаанаар чухам АСЕМ-ийнхаа гишүүн голдуу 42 орны иргэд визгүй зорчих нөхцөлийг нэг жилийн ойн дээр нь цуцалчихав. Уул нь уг шийдвэр зөвхөн жуулчин татах гэхээсээ илүүтэй Монгол Улс,нэн ялангуяа Европын холбооны гишүүн орнуудтай харилцаагаа улам идэвхжүүлж гуравдагч хөршийн бодлогоо бататгах гэсэн агуулгатай байж билээ. Гэтэл цуцалсан шалтгаан нь чин үнэндээ визний орлогогүй болж нааш цааш болгох юмгүй болсон цөөхөн элчин сайдын л явуулга юм билээ. Төрийн бодлого залгамж чанаргүй болсны л гор юм даа.

Бэлтгэл ажил маань энэ янзаар өрнөвөл ирэх жилийн арга хэмжээнд дээд хэмжээний томчууд нь ирэхгүй, дундаж арга хэмжээ болон өнгөрч ач холбогдол нь сулрах магадлалтай. Онлайн эрх чөлөө эвслийн сайд нарын хурлыг нэг ч улсын сайдгүйгээр хүлээж аваад бантсандаа Естонийн Гадаад яамны газрын даргыг сайд гэж яриулан хөгөө чирсэн түүх Л.Пүрэвсүрэн сайдад бий.

Үерийн дараа усан дээр хог хаягдал хөвдөг шиг улс төрийн бужигнааныг дагаж эрдэм чадал дорой, ёс зүйгүй хүмүүс төрийн эрх мэдэлд гардаг гэдэг. Тийм хүмүүс олширч төрийн алтан аргамжаараа тоглож эхэлбэл тоглож буй зүйл нь уг чанартаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал болдог аюултай. Ийм аюул аль хэдийнэ бодитой болсны нэг жишээ нь хоёр хөрш маань хүлээж авахгүй, тэгсэн хэрнээ гуравдагч хөршүүдээ улам цааш түлхэх “Байнгын төвийг сахих бодлого” гээч юм. Энэ тухай мэргэжлийн хүмүүс тал талаас нь бичиж няцаасан тул одоо УИХ дээр өргөн барьсан хууль нь ч гацчихаад байгаа. Гадаад бодлогыг тодорхойлогч, төрийн эрх барих дээд байгууллагатайгаа зөвшилцөлгүйгээр ийм зүйл санаачилж түүнийгээ улсынхаа Ерөнхийлөгчөөр НҮБ-ын индэр дээрээс зарлуулчихаж байгаа Гадаад яамны удирдлага бол Ерөнхийлөгчдөө долигонох гээд хорлочихож байгаа төдийгүй улсаа давхар хорлож байгаагаа ч мэдэхгүй урсгал дагасан жижиг гарууд бололтой.

Б.Загдсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Чиёошомо Фүжио: Аав минь мундаг бөх учраас муу барилдах эрхгүй болчихоод байна

Японы мэргэжлийн сумод олон монгол залуу хүч үзэж байгаагийн нэг нь Ганбаатарын Мөнхсайхан. Тэр өнгөрсөн намрын башёогийн дараа жүрёод дэвшиж, цолтон бөхчүүдийн эгнээнд орсон юм. 1991 оны долдугаар сарын 20-нд төрсөн энэ залуу 183 см өндөр, 131 кг жинтэй. Сумо бөхийн нэр нь Чиёошома Фүжио. Монголчилбол өнө мөнхийн дүүлэн нисэх хүлэг морь гэсэн утгатай. Анх 2009 оны долдугаар сарын зуны башёогоос барилдаж эхэлжээ. Токио дахь Сумогийн ордноос холгүй орших Коконоэ хэмээх саруулхан, цэлгэр дэвжээнд нь түүнтэй уулзаж хөөрөлдсөн юм.

-Жүрёо зиндаанд дэвшсэнд баяр хүргэе. Өнгөрсөн зургаан жил гаруй хугацаа удаан санагдав уу?

-Сумо хүн харахад амархан ч яг барилдаад үзэхээр хүнд спорт. Орчин нөхцөл, жингийн ялгаа их хамааралтай. Бэртэл, гэмтэл их нөлөөлдөг. Олон хүчин зүйлээс болж хугацаа нэлээн алдсан болов уу гэж бодож байна.

-Та Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатарын хүү. Багаасаа л бөх болъё гэж хүсдэг байв уу?

-Нэг мэдэхэд л жүдогийн секцэнд явдаг болсон. Хөдөө гадаа аавыгаа дагаж явахад, айлд орсон ч “За, арслангийн хүүтэй барилдчих” гэдэг байлаа. Гурван эгчтэй. Аав, ээждээ анхны хүү нь болж төрсөн болохоор их танхи өссөн. Тэгээд ч тэр үү, нэр байхгүй, үргэлж л арслангийн зулзага гэж дуудуулдаг байв. Одоо дороо нэг эрэгтэй дүүтэй. Ааваас гадна ээжийн аав аймгийн арслан байсан л даа. Улсад хоёр удаа дөрөв давж байсан хүн. Мөн ээжийн ах улсын заан Булган аймгийн Могод сумын харьяат Лхагвасүрэн гэдэг бөх бий. Өвөө эмээ бүгд хөдөө байсан болохоор хавар, зуны амралтаар дандаа очдог байлаа.

-Ээж нь ямар ажил хийдэг вэ?

-Мэргэжил нь бол багш. Тэшүүр, цанын тамирчин байсан. Одоо хувиараа монгол хувцас, зодог шуудаг, дээл, малгай оёдог. Аав эхлээд өөрөө зодог, шуудгаа оёдог байсан юм. Дараа нь ээжид зааж өгсөн гэсэн.

-Багадаа өсгөлүүн, том биетэй байсан уу?

-Үеийнхнээс бол яльгүй өндөр байсан. Анх 70 кг жинтэй Японд ирж байлаа.

-Бөхийн удамтай улсын арслангийн хүүд омогшил, бардамнал их байсан байх даа?

-Багадаа нэг их тоодоггүй байлаа. Томрох тусам аавынхаа өндөр цол зиндаа, гавьяаг илүүтэй мэдрэх болсон. Ганц үндэсний бөх бус самбо, жудогоор барилдаж олон медаль авч байсныг нь сонсохоор бахархах сэтгэл эрхгүй төрсөн шүү.

-Ямар шалтгаанаар сумод хүч үзэхээр сэтгэл шулуудсан бэ?

-Монголд нэг хэсэг сумо бараг бүх телевизээр гардаг байсан даа. Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж аваргууд ид барилдаж, монгол хүний ааг омгийг харуулж байсан үеийг монгол хүн бүр мэдэх байх. Бөхчүүдийн хүүхдүүд очоод сайн барилдаад байхаар эргэн тойрныхон нь аавд “Хүүгээ сумод явуулаач” гэх болсон. Би ч сумо үзээд эх орныхоо нэрийг гаргах сайхан боломж юм болов уу гэж бодсон. Кёкшюүзан Батбаяр ах аавын шавь. Гар дээрээс нь Япон явах замнал нь эхэлж байсан болоод ч тэр үү, жаахан байхад манайд их ирдэг байлаа. Аав Өвөрхангайн бөхчүүдийн галыг хариуцдаг, дасгалжуулагч байсан юм. Тэр галд нь Сумьяабазар ах байдаг байлаа. Дүүгээ Япон явуулна гэж их ярина. Надад энэ замыг нээсэн хүн бол Дагвадорж ах. 2008 онд Японд анх авчраад, дэвжээг минь танилцуулж өгсөн хүн. Тухайн үед шууд гадаад хүн орох боломжгүй байсан болохоор Дагваа ахын сурч байсан хагас цэргийн зохион байгуулалттай маш хатуу дэглэмтэй Мейтокү гижүкү биеийн тамирын ахлах сургуульд найман сар сураад дэвжээнд анх орсон.

-Танай дэвжээ байрныхаа хувьд ч их том, саруулхан, тохь тухтай харагдаж байна. Зургаан цолтой бөх барилдаж байгаа хамгийн олон цолтой бөхтэй дэвжээ юм. Чиёонофүжи ояагата 31 удаа түрүүлж байсан түүхэн их аварга. Шавийн хувьд бахархам сайхан санагддаг байх даа?

-Их аваргаар хөтлүүлж, Японд ирээд домогт аваргын дэвжээнд элсэн орсон би их азтай хүн. Саяын хэвлэлийн бага хурал дээр ояагата надад “Би чамайг дөрвөн жилийн дотор цолтой бөх болно гэж бодож байсан” гэсэн юм. Би хариуд нь “Дайчин барилддаг багш шигээ болмоор байна” гэж хэлсэн. Анх сумог түлхээд л гаргачихдаг амархан спорт юм гэж боддог байсан ч яг барилдаад үзэхээр халшрах үе олон тохиолдсон шүү. Одоо ч гэсэн Монголоос найзууд маань ярихаараа “Юун амархан түлхүүлээд гарчихдаг юм” гэж хэлэх нь бий. Хөлийн ул халцраад, хүзүү хүртэл тог гүйгээд л Дагваа ахын хэлдэг шиг нусаа хацартаа нааж байсан үе байгаа. Жин бас их чухал. Барилдаад эхлэхээр асар их хурд, мэдрэмжээс шалтгаалдаг. Олон сайхан нэр хүндтэй хүнтэй холбогдож ирсэн болохоор шантрах, ухрах эрх надад байгаагүй.

-Анх сумод ирж байхад аав нь юу гэж захиж, хэлж байв?

-Хүний чадаад байгаа зүйлийг яагаад хийж чадахгүй гэж, илүү сайн хичээж, мэрийвэл улам илүү л өндөрлөгт хүрнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлээд үдэж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Барилдаан үзсэний дараа ч юм уу таны бэлтгэлийг үзчихээд юу гэж хэлж, захидаг вэ?

-Сумо, үндэсний бөх хоёр өөр өөр зүйл ихтэй учраас жаахан зөрчил гарна л даа. Үндэсний бөхөөс хамгийн ялгаатай нь босолт, барьц авалт. Гэхдээ мэх, золголт гэх мэт төстэй зүйл зөндөө. Хоёр хүчээрээ босоод, барилдах ёстой байдаг юм. Эхнээсээ л бултаад, зайлаад байвал зочдыг хөгжөөж чадахгүй. Бидний бас нэгэн гол зорилго бол үзэгч түмнийг баясгах уран барилдаан үзүүлэх. Урагшаа барилдаад сурчихвал бэртэл гэмтэл авах нь ч бага байдаг. Өөр дээрээ татаад ч юм уу янз бүрийн илүү хөдөлгөөн хийвэл бэртэл авах нь их. Аав барилдааны арга барил хэлэхээсээ илүү сэтгэл зүйн хувьд их зөвлөдөг. Аав минь мундаг бөх болохоор муу барилдах эрхгүй болчихоод байна.

-Нурууны том гэмтэл авсан гэл үү?

-Үе мултрах, тулах гээд жижиг сажиг гэмтэл бөх болгонд л байдаг. Манай дэвжээ их том болохоор бэлтгэл, ахуйн ажил ихтэй, хатуу чанга байсан. Бусад дэвжээ бол макүштад л гарчихвал элдэв ойр зуурын ажлаас шууд чөлөөлөгддөг. Жин их хөнгөн байсан л даа. Одоо 128 кг жинтэй ч бас л багадаа орно. Бэлтгэлээс илүү жин нэмж, томрох нь хэцүү. Нэг дор их иднэ гэдэг бэрх шүү. Барилдаж байхад нуруу хөшөөд, өвдөөд байхаар нь янз янзын рентген, MRI зураг авахуулсан юм. Эмнэлгээр яваад байгаа хэр нь бүрэн эдгэрч өгөхгүй л байна. Нурууны зөөлөн эд нь хазайгаад мэдрэлийн судал руугаа орчихоор хоёр хөл янгинаж өвддөг байсан. Өмнөхөө бодвол гайгүй болсон. Туранхай бол илүү ачаалал өгч, бэртэж гэмтэхэд амархан байдаг юм. Зөв зогсолтоос эхлээд зөв барилдаж сурна гэдэг маш чухал. Нэг бэртээд нэг хэсэг гайгүй болоод байсан. Бэлтгэл сургуулилт таараагүй, цаг үе нь бүрдээгүй байсан юм болов уу. Түүнээс биш бэртлээс болсон энэ тэр гэж заавал нэг шалтгаан хэлмээргүй байна.

-Бэртэл гэмтэл, энэ их зовиур шаналлыг яаж даван туулав?

-Шантрах эрх байхгүй шүү дээ. Нүдний өмнө зөндөө л хүн бэртээд байна. Зорилгоо харчихсан байгаа. Манай дэвжээ цолтой бөх олонтой. Бэлтгэл дээр ана мана үзэлцээд, адилхан даваад л байсан хэрнээ яг тэмцээн дээр уначихдаг байсан. Башёогийн үеэр өдөрт нэг л барилдана. Бэлтгэл дээр сайнгүй хэрнээ яг тэмцээнд давчихаад байдаг бөхчүүд ч бий. Нас ойролцоо бөхчүүд нэг нэгээрээ зиндаа цол ахиад ирэхээр өөртөө өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрөөд эхэлдэг. Ах нар нүдэн дээр сайхан барилдаж байна. Насаар чацуу Тэрунофүжи Ганаа найз минь баяр хүргээд жингээ илүү сайн нэм гэсэн. Сайн барилдахын төлөө хичээнэ дээ.

-Улсын арслангийн хүү хурдан цолонд хүрч, аварга болно ч гэдэг юм уу олон хүний хүлээлт, итгэл найдвар өөрт тань бас л сэтгэл зүйн дарамт болох явдал байдаг байх даа?

-Яагаад дээшээ гардаггүй юм гэж зөндөө хэлүүлж байсан. Миний төлөө л тэгж байгаа байх. Хүчтэй болсон гэж хэлэх болгонд л өөрийгөө голох сэтгэл төрж байсан. Юм юмны бүрдэл болоогүй ч байж магадгүй. Бас илүү хурдан дэвших боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байсан болов уу.

-Шинэ жүрёо буюу цолтой бөх боллоо. Хамгийн түрүүнд ямар өөрчлөлтүүдийг мэдэрч байна вэ?

-Наад зах нь л хэвлэлийн бага хурал хийлгэж, олон сэтгүүлчийн өмнө гарч үзлээ. Секитори буюу цолтой бөхийн гарын үсэг зурж эхлэхийн тулд нэрээ бичих дадал хийж байна. Тусдаа нэг өрөөнд орж, туслахтай болж, цалин авч, цагаан болон гоёлын маваши зүүж эхэлнэ. Жюүрёо зиндааны бөхийн кимоно зузаан болж, гадуурх хүрэм, шаахайны чанар хүртэл өөрчлөгдөнө. Бас хүмүүсийн харьцаа их өөрчлөгддөг юм билээ. Баярлаж хөөрөлгүй яахав. Гэхдээ цолоо хамгаалахын тулд цаашид улам хичээнэ. Үндэсний бөх бол өөр. Нэг удаа улсын начин болчихвол насаараа тэр цолоороо дуудуулна. Сумод бол муу барилдаад байвал аваргаас бусад эрэмбэ цол буурдаг. Аав маань 22 настайдаа улсын начин болсон. Яг 24 настайдаа чангарч ирсэн гэдэг юм. Удам байдаг юм болов уу гэж аав хэлж байсан. Алхам алхмаар урагшилж, хичээж л явна даа.

-Ояагата нь домогт их аварга Чиёонофүжи шүү дээ?

-Сумогийн 58 дахь их аварга. Хоккайда арлын хүн. Цэвэр япон цустай аварга гэгддэг. Тайхо аварга орос гаралтай хүн байсан. 31 удаа түрүүлж, тасралтгүй 53 удаа давж байсан.

-Хамгийн их захиж хэлдэг үг нь гэвэл?

-Юун түрүүнд хичээ гэж их хэлдэг. Зүгээр нэг барилдах биш сайн бодож, төлөвлөж барилд гэдэг. Хамаг хүчээ төвлөрүүл гэж их захидаг. Бэлтгэл дээр маш хатуу хандана. Хичнээн зүтгээд ч бэрхшээх, халшрах үе байна. Хүнд бэлтгэлийн дараа усанд орж гарч ирчихээд багштайгаа цуг хоол идэж байхад “Өнөөдөр чи их хичээлээ. За маргааш улам мэрийнэ шүү” гээд л хэлчихэд өөрийн эрхгүй хүч ороод ирдэг. Уг нь их цайлган, зөөлөн хүн л дээ. Бэлтгэл дээр их чанга хатуу. Хичээлт мэрийлттэй хүнд сайхан ханддаг учраас намайг хайрладаг болов уу. Бас нэг дэвжээний багш болох арслан байсан Чиёотайкайтай туслахаас нь эхэлж, үйлчилж байсан болоод ч тэр үү надад бас их сайн. Багш нарынхаа хайрыг дааж явахсан гэж боддог. Өглөө болгоны кейког энэ таазанд зоосон дөрвөн камер хянана. Багш өрөөндөө байсан ч биднийг дэлгэцээр харж, бэлтгэлийн дараа ухрааж үзүүлэн хүн болгонд алдаа дутагдлыг хэлж, засч, анхааруулдаг. Хүн болгон кейко хэдийг хийсэн тухайгаа, өдрийн барилдааныхаа талаар дүгнэлт хийж, хөтөлдөг дэвтэртэй. Багш нэг бүрчлэн шалгаж, улаан балаар анхаарал сануулга бичиж өгдөг юм. Сэтгэл жаахан гундуухан үед дэвтрээ эргүүлж харахад багшийн улаанаар бичсэн хичээгээрэй гэдэг үгийг харангуут өөрийн эрхгүй урам зориг төрдөг шүү. Ихэнхдээ бид өөрсдөө бичлэгээ үзээд дэвтэртээ дүгнэлт бичдэг. Бидний бичсэнийг багш хянаж засна. Тогтсон нэг барилдааны ур чадварыг сайн эзэмшихгүй бол сайн барилдаж чадахгүй. Сайн хийдэг мэх гэвэл тонгорох, шидэх нагэ ваза юм. Бие жижигдүү болохоор бужигнасан хурдтай барилдаан үзүүлэхгүй бол давахгүй. Өнөөг хүртэл сумод жин нэмэхгүй бол болохгүй гэсэн ойлголтыг Харумафүжи аварга эвдэж, жижиг биетэй ч хурд авхаалж, самбааг үзүүлж, ялж болдгийг харуулж байна.

-Удахгүй ояагата багштайгаа хамт Монгол явна гэл үү?

-Тийм ээ. Манай дэвжээний бичигдээгүй хууль бий. Жюүрёод дэвшихээр багш нь шавиа дагуулж, эцэг эхэд нь баяр хүргэж, золгодог уламжлал бий. Багш анх удаа Монголд очих болохоор бяцхан цайллага хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Эзэнмөнх: Би ирэх онд гадаад төрхөө зоригтой өөрчилнө

“Эмоци” продакшны жүжигчин
Г.Эзэнмөнхтэй ярилцлаа.

-“Эмоци” продакшн “Гурван
найз”, “Их хотын залуус” гээд олон ангит киногоор дагнаж байна аа?

-Боловсрол суваг телевизтэй
хамтарч “Эмоци” продакшны захирал Төтө, Тэмка нар ярилцаад анх “Гурван найз”
киног хийсэн. “Гурван найз” үзэгчдийн дунд эрэлттэй байсан учраас бүрэн
хэмжээний кино бас хийгдсэн. “Их хотын залуус” киног гаргаад одоо үзэгчдийн
хүртээл болоод явж байна.

-Та “Их хотын залуус” киноны Сайханаа
гэх залуугийн дүрд тоглож байгаа. Дүрийнхээ талаар яриач. Зан аашийн хувьд
амьдралтай чинь хэр ойр вэ?

-Жүжигчин хүн баримлын шавар
шиг байх ёстой. Магадгүй хүмүүсийн үзэн яддаг дүр эсвэл эерэг хандлага дагуулах
дүрд тоглох нь бий. Сайханаа гэх залуугийн хувьд сэхүүн зан ааштай. Би нүд
хөмсөг сайтай. Амьдрал дээр юм бодоод хөмсгөө зангидаад явж байхыг хүмүүс
харчихаад их зантай гэж ойлгоод байдаг. Би хүүхэд байхдаа, оюутан байхдаа ч,
амьдрал дээр гарахдаа ч миний байгаа байдал ийм л байсан. Хүмүүс намайг
мэдэхгүй учраас кинонд тоглоод хүн таньдаг болоод ирсэн чинь их зан суучихаж
гээд байдаг. Би төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд янз бүрийн илүү дутуу
зан байхгүй. Сайханаагийн дүрийн хувьд их зантай байх нь миний төрхтэй ойролцоо
байх. Тэрнээс би Сайханаа шиг баян цатгалан биш. Одоо би сайхан л амьдарч байна
л даа. Цалингаа аваад эхнэр хүүхдэдээ зарцуулаад бусдын адил л амьдардаг нэгэн.
Бусдын нүдэн дээр ил тод байдаг учраас хэрэглээ өндөр байж магадгүй. Би
зурагтаар гардаг л ажил хийдэг хүн болохоос бусдаас илүү гарсан, дутуу байгаа
зүйл алга. Сайханаагийн дүрийг би гаргахыг л хичээсэн.

-“Их хотын залуус” кино хэдэн
ангитай вэ?

-40 ангитай. Арванхоёрдугаар
сарын 31-ний орой 40 дүгээр анги нь гарна. Шинэ жилийн тусгай зураг авалт
үргэлжилж байгаа. Кинонд хүмүүсийн таних “Гурван найз” киноны Цэкү “Их хотын
залуус”-т оролцох жишээтэй. Энэ мэт нууцаас задалбал өөр киноны дүрүүд “Их
хотын залуус”-ын баярын дугаарт он солигдох мөчөөр гарах болно.

-Та “Эмоци” продакшнаас гадна
төрийн байгууллагад ажилладаг гэсэн. Хаана ажилладаг вэ?

-Мэдээллийн технологи шуудан
харилцаа, холбооны газар ажилладаг. Энэ том их айлын салбар харьяа Монгол
шуудан төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн хэлтэс буюу Маркетингийн хэлтэст
мэргэжилтэн хийгээд дөрвөн жил болж байна. Залуу хүн байна ядрах, шантрахыг
хойш тавьчихаад л ажиллаж байгаа. Хааяа ядраад нүд анилддаг л юм. Ажлаа тараад
л тоглолтын бэлтгэлтэй байна. Гэр бүлдээ зарцуулах цаг зав бага. Гэр бүлийн хүн
маань хагас, бүтэнсайныг завтай байлгаж өгөөч гэж гуйдаг талаараа тоглоом
болгож ярьж байсан удаа бий.

-Мэргэжлээ яаж сонгож байв.
Багаасаа жүжигчин болно гэж ярьдаг байсан гэдэг юм билээ?

-Би Улаанбаатар хотод нэгдүгээр
төрөх эмнэлэгт төрсөн. Манай аав Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн учраас
бага нас маань Дорноговь аймгийн төв дээр өнгөрсөн. Аав маань тухайн үед
байгууллагын дарга байсан мөртлөө бүх ажилчдаа суулгаж байгаад арга хэмжээ
болбол өөрөө хөтлөөд дуулчихдаг байсан. Хүүхдийн баяраар алиалагч болчихно.
Өвлийн өвгөн болоод ажилчдадаа бэлэг өгчихдөг байсан. Тэр нь надад их хүрсэн.
Манай ээж ардын шанз, хуучир, орчин үеийн хөгжмөөс гитар, мандолина гэх
хөгжмүүдийг сайн тоглодог юм. Аав, ээж хоёр маань сайхан дуулна. Манай гэрт
мэргэжлийн урлагийн хүн бараг байхгүй л дээ. Би арван жилдээ их хөдөлгөөнтэй хүүхэд
байсан. Бүжиглэдэг, дуулдаг, ямар тэмцээн болно оролцчихсон л явдаг байлаа.
Сагс байсан ч орно. Дорноговь аймгийн анхлан санаачилсан хүүхдийн “Яргуй”
наадамд их ордог байсан. Тэгээд л би ерөөсөө л жүжигчин болох юм байна гэж
бодсон.

-Шууд ирээд л шалгалтаа
өгчихсөн үү?

-Арван жилдээ олон жил монгол
бүжиг бүжиглэсэн. Манай бүжгийн Түвшин багш маань хотод очоод УДЭТ-ын Түвшинхүү
гэдэг хүнтэй уулз гэсэн. Ирээд УДЭТ-д 20 хоног Түвшинхүү ахын заавраар бэлдэж
байгаад шалгалтад орсон. Нэгдүгээр түүвэртээ тэнцсэн үгүйгээ харахаар ирсэн
чинь миний нэр байгаагүй. Тухайн үед ч би тэнцсэнгүй, одоо өөр ажил хийх юм
байна даа гэж бодож билээ. Нэг л итгэж өгдөггүй дахиад эхнээс нь харсан чинь
нэгдүгээрт жагсчихсан байсан. Нэгд харахгүй доошоо хараад байсан хэрэг л дээ.
Баярласан гэж. Тэрнээс хойш бэлдэж байгаад хоёрдугаар түүвэрт ороод дөрөвт
жагссан. Тэгээд л СУИС-д орж байлаа. 36 хүүхэд нэг анги болж орж байсан ч 16
хүүхэд төгссөн юм.

-Танай ангийнхан урлагт хэр
гялалзаж яваа вэ?

-Тэмүүжин бид хоёр нэг анги.
2003 онд Ардын жүжигчин Лхамхүү багшийн удирдлагад “Авьяаслаг монголчууд”-ыг
хөтөлсөн Анхбаяр, УДЭТ-д байсан Ганцэцэг, “Маск” продакшны Алдар, Оюунцэцэг,
“Х-түц”-д байсан Туяа, “Шинэ үе”-д байсан Алдармаа бид нар нэг багшийн шавь
нар. Манай ангиас 16 хүүхэд төгссөн гэхэд 90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж
байгаа шүү. Үлдсэн хэд нь гэр бүл зохиогоод одооноос л уран бүтээлд орно гэж
байна лээ.

-Хэсэгтээ кино урлагаар явжээ?

-2007 онд төгсөөд Эрдэнэбулган
найруулагчийн “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд явах том боломж олдсон. Тэр
кинонд би туслах найруулагчаар очсон. Тэр том киног яаж хийж, бүтдэгийг харж,
танилцсан. Түүний дараа 2009 онд анхны гол дүр болох “9009” уран сайхны кинонд
тоглосон. 2010, 2011 онд хувиараа нэвтрүүлэг хийдэг байлаа. 2011 онд “Миний муу
аав” киноны туслах дүрд тоглосон.

2012 онд Боловсрол суваг
телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны гол дүрд ангийн анд
Тэмүүжинтэй хамтарч тоглож байлаа. Энэ кино миний хувьд хоёр дахь том бүтээл
маань байсан. Ингэж ажиллаж байхдаа УДЭТ-т гэрээт жүжигчнээр ганц нэг жүжгэнд
гарч үзсэн. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг, сайхан ч байсан. Театрт огт
байгаагүй жүжигчдийг бодвол театрт хоёр, гурван жүжиг дээр ядаж ороод гардаг
дүрд тоглосондоо миний сэтгэлд их өег байдаг. Театр гэдэг босго өндөртэй том
айл шүү дээ. Сүүлд “Хувь тавилангийн ээдрээ” кинонд тоглож дуусаад “Эмоци”
продакшн байгуулагдсанаас хойш хамтарч ажиллаж байна.

-Жүжигчин болсноос хойш
сэтгэлдээ хүртэл тоглосон дүр бий юу?

-Байхгүй. Миний тоглохыг хүсдэг
кино бол Tom Hanks-ын тоглодог арал дээр ганцаараа үлддэг кино. Тэндээс л тэр
хүний авьяас тултал гарна гэж боддог. Миний бодлоор түүхэн киноны хаан, баатар
гэхээсээ тийм кино сонирхол татдаг. Одоогоор сайхан залуу Сайханаагийн дүрд
тултал тоглосон гэхгүй. Дөнгөж л эхэлж суралцаж байгаа учраас би яагаа ч үгүй,
ханах болоогүй байна. Хэзээ ч ханаж болохгүй. Үргэлж
салбартаа илүү л байх ёстой. Ер нь урлагийн хүн өлөн байх хэрэгтэй. Үргэлж
өлөн байж амжилтад хүрэх байх гэж боддог.

-Та хошин урлагийг яагаад
сонгосон юм бэ?

-Монголд хошин урлаг байр
сууриа олчихсон том зах зээл шүү дээ. Жүжигчин хүн учраас аль нэг юманд
харьяалагдах хэрэгтэй. Найз нөхдөө дэмжих хэрэгтэй. Өөрөө би дуртай учраас л
сонгосон хэрэг. Хүн дуртай ажлаа хийхдээ илүү гэрэлтэж, аз жаргалтай байдаг шүү
дээ.

-Таныхаар УДЭТ-ын театр, хошин
урлаг, дэлгэцийн урлагийн ялгаа юу вэ?

-Магадгүй театр, хошин урлагт
байсан бол намайг хэн ч мэдэхгүй. УДЭТ-т орох гэж олон залуус хүчээ үзэж хэн
авьяастай нь л тодорно. Телевиз бол шууд маркетинг. Театр хүнд шалгуураар гарч
ирдгээрээ л ялгаатай байх. Хошин урлаг ч театртай ойролцоо шүү.

-Хүмүүс таныг хошин урлагийн
хүн юм чинь хөгжилтэй зүйл яриач гэдэг үү?

-Тэгдэг. Надад тэгж хэлсэн хүн
маань эмч байвал алив чи намайг нэг эмчлээдэх дээ гэдэг юм. Цагдаа хүн байвал
чи намайг байцаагаадахаач гэдэг юм. Өмнөөс яаж байгаа юм гээд байдаг. Хүн
болгон хөгжилтэй байгаач гэхээр жаахан хэцүү. Энгийн үедээ энгийнээр баймаар
санагддаг юм.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг
вэ?

-Надад чөлөөт цаг гэж бараг
байхгүй. Зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Гэр бүлийн хүнийг маань Уянга
гэдэг. МУИС-ийг физик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Энгийн, даруухан
бүсгүй бий. Бид хоёр хөөрхөн охинтой. Охиныг маань Эзэнмөнхийн Есүй-Үжин
гэдэг. Нэлээд эрх талдаа. Би өөрөө эцгийн хайрыг 11 жил л амссан хүн. Аавыгаа
багадаа алдсан даа. Өөрөө аав болчихоор өөрөө амсаагүй хайрыг хүүхдэдээ өгнө
гэж боддог. Эхний дөрвөн жил охиноо гар дээрээ бөмбөрүүлнэ. Ухаан суугаад
ирэхээрээ өөрөө юу хийхээ мэддэг болчихно шүү дээ. Одоо охиноо заавал цэцэрлэгт
нь хүргэж өгч, авдаг юм.

-Найзуудынхаа талаар яриач.
Голдуу урлагийнхан байгаа юу?

-Би суруулиа төгсчихөөд “Миний
найз хэн юм бэ” гэсэн шүлэг бичсэн юм.

“Нар намайг зөөлөн ивээж найз
чамайг үргэлж санагдуулах юм

Намайг та нар хэн гэж боддог юм
найз чинь мөн үү би

Өсөхдөө бид цэцэг шиг ургасан
өнөөдөр та нар өнгөлөг байна

Өтлөхдөө харин өнгөөрөө
байгаарай дахиж ургахдаа хөрсөнд унаарай

Уулзахгүй удахаар новшийн найз

Уулзаад уухаар сайн найз

Мөнгө нь дуусахаар хэрэггүй
найз

Мөлжөөд байхаар хогийн найз” гэж
бичиж байлаа. Хараад байхад он цагийн аясаар шүүгдсээр хэд нь л үлдсэн байна.
Зүрхний хэдэн найз бий. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Энхбаатар, Цэцэн-Эрдэнэ,
Хашхүү гээд дурдаад байвал олон. Зарим нь гадаадад байдаг юм. Цаг зав бага, хаа
нэг найзуудтайгаа уулзах юм. Манай үеийнхэн бүгд л ажил амьдрал нь тогтчихсон,
төвлөрч байгаа хүмүүс бий. Заавал урлагийн биш бүх салбарт л байна даа.

-Танд киноны санал их ирдэг үү?

-Мэр сэр ирдэг юм. Туршлагатай
сайн найруулагчийн кинонд оролцвол дээр юм болов уу гэж боддог. Түүхэн санал их
ирнэ. Завтай үедээ тоглодог. Би ер нь хүмүүстэй их нээлттэй харилцаатай.

-Ойрын үед ямар төлөвлөгөөтэй
байна?

-2016 оны төлөвлөгөөг
гаргачихсан байгаа. Он гарсны дараа гадаад байдалдаа өөрчлөлт хийх санаа байна.
Байрныхаа тохижилтод өөрчлөлт хийнэ. Урлаг уран бүтээл дээрээ ч бас төлөвлөсөн
юмнууд байна. Мэдээж хамтлагийн ажлуудад оролцоод явна. 2016 онд зоригтой
алхмууд хийх бодолтой байгаа.