Categories
мэдээ цаг-үе

Оюунбадамын Сундуй: Миний аз жаргалын нууц бол хүүхдийн гэгээн ертөнц юм

О.Сундуй, зохиолч Д.Урианхайн хамт

Оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн гурван удаагийн эзэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйтай уулзаж ярилцлаа. Түүнийг “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Зочин”, “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Аймаар том нохой”, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” зэрэг зохиол бүтээлээр нь уншигч хүүхдүүд анддаггүй юм. Тэрээр 1980 оноос “Оюунтүлхүүр”, “Тоншуул” сэтгүүлд шүлгүүдээ хэвлүүлэх болсноос хойших гуч шахам жилийн хугацаанд 20 гаруй өгүүллэг, туужийн ном хэвлүүлээд байна. 1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл “Долоон хожгор, нэг можгор” дуулалт жүжиг нь нийтийн хүртээл болсон бол “Шарга даага” кино нь нэр хүндтэй шагнал хүртэж байсан билээ.

-Оны шилдгийн шилдэг хүүхдийн зохиолч гэсэн хүндэт шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хаанаас ийм том шагнал хүртэв дээ?

-Хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хөгжмийн зохиолч нарын эвлэлдэн нэгдсэн “Эвт үзэг” гэсэн уран бүтээлийн байгууллага байдаг. Нийт гуч гаруй гишүүнтэй байгууллага л даа. Энэ байгууллагаас оныхоо шилдэг уран бүтээлчийг шалгаруулж байхаар тогтсон юм. Тэгсэн анхны шагналын эзэн болчихлоо. Ах нь маш их баяртай байна даа.

-Та улирч буй онд уран бүтээлийн олз омог арвинтай л байж дээ?

-Би зургадугаар сард өгүүллэгийн “Шарга даага”, шүлгийн “Шүлэгч хүүхдүүд” гэсэн номууд гаргасан. Мөн “Мир” хэвлэлийн газартай хамтран “Миний тоглоомууд” гэсэн шүлгийн ном хэвлүүлсэн. Хөгжмийн зохиолч А.Балжиннямтай хамтран “Бид эх орондоо хайртай” ном, цомгийг бяцхан уншигчдадаа өргөн барилаа. Хөгжмийн зохиолч Алтангэрэлтэй хамтран “Олз” хүүхдийн дуулалт жүжгийг туурвисан. СУИС-ийн багш, найруулагч Тунгалагтай хамтран “Хамгийн хөөрхөн охин” хүүхдийн жүжгийг сургуулиудад тоглосон. Нисэхийн сургуульд нээлтээ хийсэн. Чингэлтэй дүүргийн Соёлын ордны захиалгаар “Өнчин ботгоны дууль” дуулалт жүжиг бичиж өглөө. Удахгүй тайзнаа амилна.

-Аргагүй л шилдгийн шилдэг зохиолч болохоор хөдөлмөрлөжээ?

-Хүүхдийн зохиолын гол төрөлд дуу ордог юм. Хөгжмийн зохиолч Батболд, Амарбаяр, Цэвээнсүрэн, Балжинням нартай олон дуу хийсэн байна. Урдах уран бүтээлээ хийгээд явж байхад урмын ташуур хэрэгтэй л байдаг юм байна. Тэрнээс уран бүтээлчид хоорондоо уралдана ч гэж юу байх вэ. Гол уралдуулдаг, дүгнэдэг шүүгчид чинь уншигчид л байдаг юм шүү дээ. Мэргэжлийн, гал тогооны нөхөд маань шалгаруулаад шагнахаар бас их сайхан санагдаж байна. Уран бүтээлчид тэгтлээ нэг их хэлхэлдээд, уулзаад байхаа больчихсон энэ үед хүүхдийн уран бүтээлчид бид Хүүхдийн номын ордонд байнга уулзаж учирч, уран бүтээлийн урам зоригийг нэгнээсээ байнга авч байдаг юм.

-Хүүхдийн зохиолын төрлөөр бичдэг шавь нартай болж байна уу?

-Хүүхдийн уран зохиолд орж ирж байгаа шавь нар мэр сэр байнаа. Тухайлж нэрлэх юм бол Д.Энхтуяа, Т.Энхтуяа, Аззаяа нар байна. Хүүхдийн уран зохиол гэдэг гол дүр нь хүүхэд байхаас гадна хүүхдэд тохиолдсон явдлууд байх учиртай. Уншигчид маань хүмүүжлийн талаасаа, эх хэл хэрэглээний талаасаа төлөвшөөгүй байдаг учраас сайн зохиол өргөн барихын төлөө маш шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Бидэнд байгаа нийтлэг нэгэн дутагдал нь хүүхдээсээ жаахан холдчихжээ. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд би гэрээрээ уран бүтээлээ хийж суулаа. Номуудаа гаргаж нэлээд олон сургуулиар явлаа. БСШУЯ-наас зохиодог “Ном” хөтөлбөрийн хүрээнд ч бяцхан уншигчидтайгаа багагүй уулзлаа. “Сургууль дээр юу тохиолддог вэ” гэсэн зохион бичлэгийг сурагчдаар бичүүлж шалгаруулсан. Хүүхдийн жаргал, зовлон бас их тохиолддог юм байна.

Нэрт зохиолч гэргийн хамт

-Таны өгүүллэгээр бүтсэн “Шарга даага” кино ямар санагддаг вэ?

-Сайхан байлгүй яахав. Зохиол байх нэг өөр. Тэрийг кино зохиол болгож хувиргаад, дэлгэцийн бүтээл болгоно гэдэг илүү гайхалтай. Үнэхээр дэлгэцийн бүтээлийн хүнд хүрэх хүч чадал гэдэг агуу юм.

-Таны төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдамд зураг авалтыг нь хийсэн байгаа. Киног үзээд хүүхэд насны сайхан дурсамжууд хөвөрсөн болов уу?

-Угтаал сум маань цай буцлахын зуур л давхиад очмоор ойрхон байна. Тэгсэн мөртлөө юу юугүй очоод байхгүй юм. Зун намартаа очсон. Нутагтаа очих сайхаан. Энэ их зав чөлөөгүй нийгмээс хөндийрч багын сайхан диваажиндаа очих ямар ч амар амгалан юм. Миний төрсөн нутаг ямар ч сайхан юм. Дэргэд нь байхдаа тэр сайхныг тэгж нарийн мэдэрдэггүй юм шиг санагдсан. Өнөө Гүррагчаа баатар сансарт нисэж ирээд “Миний дэлхий чинь яасан гоё, ямар ч жижигхэн юм бэ дээ” гэж дуу алдсан байдаг шүү дээ. Тэрэн шиг дэлгэцнээс хараад би ямар сайхан нутагт төрж, өсөө вэ хэмээн бодож, эх нутгаа хайрлах хайр бялхаж байлаа.

-“Шарга даага” киноны өгүүллэгийг та хэзээ бичсэн юм бэ?

-2008 онд “Эх нутаг” нэртэйгээр бичиж байлаа. Энд сонирхуулахад миний бага охин нэг удаа төрсний гэрчилгээгээ үзэж байснаа “Би Улаанбаатарт төрсөн байхад Төв аймгийн Угтаалцайдам гээд биччихэж” хэмээн их л гайхсан байртай асуусан юм. Тэр үед би охиндоо Угтаалцайдамд аав ээж нь ажиллаж амьдарч байхад “Чи ирсэн юм. Харин эхээс мэндлэхдээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгэхээр миний охины төрсөн газар Улаанбаатар, эх нутаг Угтаал юм” гэдгийг тайлбарласан. Эндээс үүдээд “Эх нутаг” нэртэй жижигхэн өгүүллэгээ бичиж байлаа. Хожим ийнхүү уран бүтээлчдийн санаагаар дэлгэрээд кино болсон. Ер нь нутагтаа очоод унаа тэрэгнээс буугаад эргэн тойрноо харан алхаж явах үнэхээр жаргалтай. Багын найз нартайгаа уулзана. Нэлээд хэдэн зохиолынхоо санааг алхаж яваад олсон болохоор би “Алхах зуур” гэж нэг ном бичиж эхлээд байна. Энэ номынхоо онч мэргэн үгийн хэсгээс сая “Утга зохиол, урлаг” сониныхоо ойд зориулсан уралдаанд өгсөн.

-Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог уу?

-Хүнд нутагтаа очиж амар амгаланг мэдрэх, сайн сайхан амьдрах, сайн хань байх гээд аз жаргалын олон хэмжүүр бий. Надтай уулзсан нэг хүн “Чи дандаа л инээж явах юм. Аз жаргалтай хүн юм аа” гэж байсан. Би хүүхдийн ертөнцтэй ойрхон байдаг уран бүтээлч. Хүүхдүүд гэдэг чинь гэгээн ертөнц. Тэдэнтэйгээ уулзаад, зохиол бүтээлээ уншиж өгөөд явж байхад надад үнэндээ жаргалтай байдаг. Тэгэхээр тэр хүний гайхах нь ч аргагүй юм гэж бодсон. Миний шүлгүүд чинь хүүхдийн наргиантай явдлаас сэдэвлэсэн байдаг. Бага насны гэгээн дурсамжаараа бичсэн бүтээлээ бодоод явж байхад ч сэтгэл сайхан байдаг. Хүн юугаараа баян байна түүндээ л сэтгэл ханаж байвал болно биз дээ хө.

Categories
мэдээ цаг-үе

Б.Шинэбаяр: Ромеод тоглоход төрсөн айдас жүжгийн хаалтын үеэр л бага зэрэг дарагдсан

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-“Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач. Яаж энэ дүрд сонгогдсон юм бэ?

-Наймдугаар сарын 17-нд ерөнхий найруулагч Н.Наранбаатар нийт уран бүтээлчдийг цуглуулж хурал хийгээд дүр хуваарилалт хийсэн. Ингээд надад “Ромео Жульетта” жүжгийн залуучуудын хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон Ромеогийн дүрийг өгсөн. Гол дүр аваад баярлаж байсан ч хамгийн түрүүнд энэ их итгэл найдвар, хариуцлагыг алдахгүй юмсан гэдэг айдас төрсөн. Гурван сарын турш сургуулилт хийж, найруулагчдаа загнуулах заримдаа магтуулах үе байсан. Арваннэгдүгээр сарын 12-нд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор “Ромео Жульетта” жүжгийн нээлтийг хийсэн. Жүжгийн нээлтийн үед маш их сандарсан. Энэ өдрийн тоглолтод алдах вий, үг буруу хэлчих вий гэх эмээлт байсан. Энэ жүжиг 20 жилийн дараа тайзан дээр дахин тоглогдож байгаа учраас надад маш их хариуцлага ирсэн хэрэг. Нээлтийн тоглолтын дараа сэтгэл бага зэрэг тайвширсан ч дараа дараагийн өдөр үзээгүй үзэгчид үзэж шүүх учир хариуцлага маань хэвээр байсан. Нэг тоглолтоос дараагийн тоглолт болгонд сургуулилт хийж байгаа юм шиг шинийг эрэлхийлж байлаа. Хаалтын тоглолт болж, айдас маань бага зэрэг дарагдсан ч гэсэн хариуцлага дуусаагүй л байна. Ромеод тоглосон маань цаашдаа өөр уран бүтээл дээр тоглох хүсэл мөрөөдөл эрмэлзлийг маань эрчилж өгсөн.

-Энэ удаагийн Ромео өмнөх Ромеонуудаас юугаараа өөр вэ?

-Өмнөх Ромеонууд бол тухайн зууныхаа хувцас, хэрэглэл, тавилтуудаар тайзнаа амилсан. Энэ удаагийн бүтээлийн хувьд шинэ дэг тавилттай, театрын урлагт хөдөлгөөний шинэчлэл хийж байгаа гэх мэт олон онцлогтой. Орчин цагийн шинэлэг гэдэг утгаараа өмнөх Ромеонуудаасаа тэс ондоо байлаа.

-Та “Аав” киноны гол дүрд тоглосны дараа “Ромео Жульетта” жүжигт тоглосон. Тухайн үед аав, ээжийн тань сэтгэгдэл ямар байсан бэ?

-Миний амьдралын зорилго Баасанбуугийн Шинэбаяр гэдэг энэ алдар, овгийг кино болон тайзан дээрээс дуудуулах. Эцэг, эх хоёртоо төрүүлж өсгөсөн хүүхэд нь өдий зэрэгтэй явж байгааг харуулна гэдэг миний хувьд асар их аз жаргал, баяр баясал. Ээж аав хоёр маань надад урмын үг хэлдэг л дээ. “Аав” киноны гол дүрд тоглоход аав, ээж маань их баярласан. “Ромео Жульетта” жүжгийн нээлтэн дээр ирээд түүнээс илүү баярлаж, олон сайхан урмын үг хайрласан. Дэлгэцийн уран бүтээл болоод тайзан дээр гол дүрд тоглосон учраас бахархах сэтгэл төрсөн гэсэн.

-Жульетта буюу хамтрагчтайгаа хэр нийцтэй байв?

-Дөлгөөн бид хоёр үнэхээр сайн гар нийлдэг. Сургуулилт хийх гурван сарын хугацаанд бие биенээ мэдэхийн тулд байнга хамт байдаг байлаа. Одоо нэг нэгнийгээ сайн ойлгодог болсон. Зүв зүгээр байгаа хоёр хүнийг тайзан дээр гаргаад хайр аа гээд дуудуулаад байна гэдэг сонин биш. Гол нь тэр хоёр бие биедээ дасч, сайхан занг нь мэдэж байж тухайн жүжгэн дээр хамтарч ажиллахад илүү амар байна шүү дээ.

-Ромеод тоглоод охид, бүсгүйчүүдээс хэр их захиа авч байна?

-Гудамжинд таараад, фэйсбүүкээр ч баяр хүргэе, сайхан уран бүтээл болсон байна гэх урмын үгс хэлдэг.

-Драмын театрт ажиллах ямар байна вэ. Шалгуур өндөр гэдэг шүү дээ. Ямар уран бүтээлүүд дээр ажилласан бэ?

-Ер нь бол босго өндөртэй. Тухайн хүн өөрөө асар их хичээж, их хөдөлмөрлөж байж оршин тогтноно. Тийм учраас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Би 2014 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Өмнө нь “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм” жүжигт олны хэсэг болон дүр нөхөлтүүд дээр ажилласан байна. Энэ удаагийн “Ромео Жульетта” жүжиг бол миний хамгийн анхны гол дүр дээр ажиллаж байгаа сонгодог бүтээл.

-Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Яагаад жүжигчин болохоор шийдэж байв?

-Энэ мэргэжлийг багаасаа хүсч мөрөөдсөн юм. Жаахан байхаасаа зурагтаар жүжигчдийг хараад жүжигчин болъё гэж боддог болсон. Тэгээд ч урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа.

Соёл урлагийн их сургуулийг 2013 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор суралцаж төгссөн юм. Одоо бодоход багш маань намайг дөрвөн жилийн хугацаанд театрын урлагт бэлтгэж байжээ.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яриач?

-Анх 2012 онд “19” кинонд тоглож байлаа. Монголын гурван том найруулагч “19” киног 30, 30 минутаар гурван хэсэг хувааж найруулсан юм. Энэ киноны хамгийн сүүлийн хэсгийг найруулсан И.Нямгаваа найруулагчийн хэсэгт тоглож байсан. Тэр үед ерөнхий найруулагч нь Нямгаваа гуай, нэгдүгээр найруулагчаар нь Сэнгэдорж ах ажилласан. Тухайн үед Сэнгэдорж найруулагчаас их юм сурсан даа. Миний хамгийн анхны уран бүтээл байсан болохоор их дурсамжтай санагддаг. Бас хайрладаг юм.

-Театрт орохоосоо өмнө хэдэн кинонд тоглосон бэ. “Аав” кинонд анхны гол дүрээ мөнхөлсөн шүү дээ. Тэр дүрээ өөртэйгөө төстэй гэдэг юм билээ?

-“Хязгааргүй”, “19”, “Учрал”, “Аав” зэрэг таван кинонд тоглосон байна. “Учрал”, “Аав” киноны дүрүүд аль аль нь миний амьдралтай ойр. “Аав” кинон дээр гардаг шиг амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн. Дээр нь нэлээн тайван зантай.

-“Аав” кинонд яаж сонгогдож байв?

-Ц.Цэрэнболд ах, зохиолч Энхдалай ахтай манай өрөөнд уулзаж байхад нь би өрөөндөө хальт ороод мэндлээд гарсан юм. Тэгэхэд яг Цэрэнболд ах “Энэ хүүхэд шүү дээ” гээд ярьж байсан. Дараа нь найруулагч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нар “Аав” гээд кино хийх гэж байгаа. Ц.Цэрэнболд ахын залуу насны дүрд чамайг харж байгаа гэсэн. Тэгээд л тоглохоор болсон доо.

-Тоглолт бүрийг нь харж үлгэрлэл авдаг жүжигчин бий юу?

-Л.Дэмидбаатар багшаасаа, Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг ах нараасаа үлгэр дуурайл авна. Ер нь бол ахмад уран бүтээлчдээсээ үлгэрлэл авна шүү дээ. Ялангуяа урлагийн хүмүүс гудамжаар явж байхдаа хүртэл ёс зүйтэй байх хэрэгтэй учраас суралцах зүйл их байдаг.

-Үзэх дуртай киногоо нэрлээч?

-Хамгийн дурсамжтай кино гэвэл миний хувьд “The Notebook” байдаг юм. Тэгээд “Бригада” олон ангит кино байна. Хэд ч үзсэн уйддаггүй кино шүү.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа өөртөө хэрэгтэй зүйлийг хийх дуртай. Жүжигчин хүн үзэгчдээсээ, нийгмээсээ нэг алхам түрүүлж алхах ёстой гэдэг утгаараа цаг зав гарвал аль болох өөрийгөө хөглөж, хөгжүүлэхийг боддог. Ер нь залуу хүн завгүй байхдаа сайхан. Хэтэрхий задгай, чөлөөтэй байдал руу ороод ирэхээр хүн лазантаж эхэлдэг. Хүн завгүй байх тусам ямар ч зүйлийг хийж амжуулаад байдаг. Завтай байх үед хоёр ажил давхцахад тэгж байгаад хийчихнэ гээд хойшлуулаад байдаг юм билээ. Өнөөдөр хийх ажлаа өдөрт нь хийх хэрэгтэй. Залуу хүн эрч хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч, хөдөлмөрч ер нь завгүй байх хэрэгтэй гэж боддог. Ийм байвал илүү их амжилтад хүрдэг болов уу.

-Өөрийгөө хөгжүүлдэг гэж ярьж байсан?

-Он гараад хэлний сургалтад түлхүү сууж эхлэх гэж байна. Англи, Орос хэлээ сайжруулна. Ялангуяа монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа зарим гоё зохиолыг төрөлх хэл дээрээс нь уншаад ойлгодог болчихмоор байна.

-Хайрын тухай кинонд тогловол эмэгтэй хамтрагчаар хэнийг сонгомоор байна. Ийм сэдэвтэй кинонд тоглох уу?

-Яг хэнийг гэхээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуучуудад хайрыг харуулсан үнэ цэнтэй кинонд тоглохыг хүсч байгаа.

-Цаашдаа тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Өнөөдөр би Ромеод тоглосон шүү дээ. Дараа нь хүмүүс намайг хараад энэ чинь хэн билээ нөгөө Ромеод тоглосон залуу байна шүү дээ гэж дуу алдахаар эрс өөр дүр бүтээхийг хүсч байна. Аль болох өөрийгөө эвдсэн, өөр өнцгөөс харуулсан дүрүүдэд тоглохыг хүсдэг.

-Киноны санал ирж байгаа юу?

-Ирж байгаа. Мэдээж театрын ажлаа нэг номерт тавина. Театрын ажил давхцахгүй бол зав чөлөөгөө харж байгаад кинонд тоглож болно.

-Ойрын үеийн төлөвлөгөө юу байна?

-Театрынхаа ажлыг харж байгаад он гарахаар нэг кинонд орох бодолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Буянзаяа: Монголын уран зохиолын ертөнцөд “Би чадна” гэсэн хүмүүс дүүрчихсэн байгаа нь өрөвдмөөр

Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяатай ярилцлаа.

-Яриагаа таны саяхан хэвлүүлсэн “Морин уруул” романаас эхэлье. Та зохиолынхоо гол баатрыг хөдөөгийн буйд нутгийн хүний бага эмч, ганцаардмал өвгөний дүрээр бүтээсэн байдаг. Яагаад ийм өвгөний дүрийг бүтээхийг хүсэв?

-“Морин уруул” романыг бичих санааг олон жилийн өмнө бодож олсон. Гол нь зохиолыг амьдруулах гол баатрынхаа тухай олон зүйлийг эргэцүүлэх, судлах шаардлагатай байсан юм. Романы гол шугам маань гол баатрын маань амьдрал, бодол санаа, дотоод ертөнц, сэтгэлзүйг өгүүлэх учраас тэр дүрийг бүтээхийн тулд олон талын мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байсан. Ямар амьдрал туулсан, ямар мэргэжил мэдлэгтэй ямар орчинд ажиллаж амьдардаг хүн байх юм гэх мэтээр олон зүйлийг нэгтгэн бодох шаардлага аяндаа гарч ирсэн. Нөгөө талаас романы бас нэг гол шугам нь Монголын нийгмийн амьдралын хоёр зууныг дамнасан нийгмийн сэтгэлзүйн дотоод зүй тогтолтой холбогдох учраас гол баатар маань тэр үйл явдлуудын гэрч байх насны хүн байх зайлшгүй шаардлагатай байсан. Ийм үндэслэлүүдээр романы маань гол баатрын дүр бүтээгдсэн. Романы үйл явдал нэг багийн нутаг дээр, нэг голын хөвөөнд, нэг уулын өвөр хажуугаар л өрнөдөг. Ямар ч том зүйлийн агуулга, өнгө, дүрс жижиг хэсэгтээ ч агуулагддаг зүй тогтолтой. Тийм болохоор өнөөгийн Монголын нийгмийн амьдралын дүр зургийг хамгийн алслагдсан багийн нутагт болж буй үйл явдлуудаар харуулж болно гэж би бодсон. Энэ зорилгодоо ч бас хүрсэн байх гэж бодож байна. Үүнээс гадна миний бага нас хөдөө багийн төв дээр өнгөрсөн. Аав маань бригадын малын эмч, ээж маань бригадын хүний бага эмчээр ажиллаж байсан. Романаа бичиж байхдаа аав, ээжийнхээ туулсан амьдралыг эргэн санаж, бага насныхаа дурсамжийг маш их сэргээн бодож байсан. Энэ бүхэн ч романд маань ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх.

-Романы гол баатар Дэгмидийн амьдрал, бодол дурсамжаас гадна галт амьтан, аварга том шувуу, хадны зурагнаас гал гарч байгаа зэрэг сонин хачин үйл явдлууд их гардаг. Сүүлдээ тэр бүхэн чинь зөвхөн хувь хүний сэтгэхүйтэй л холбоотой болоод явчих шиг болсон?

-Хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ дэлхийн эзэн гээд итгэчихээд удаж байна. Тийм болохоор хэнээс ч айхгүй, юунаас ч эмээхгүй байгаль ертөнцтэй хайр найргүй харьцаж байгаа. Хүмүүс бид энэ дэлхийн эзэд биш. Бидний барьсан, бүтээсэн энэ их том иргэншил, хотжил гээч юм хэрэг дээрээ шоргоолжны үүр, тарвага, зурамны нүхнээс нэг их ялгаатай зүйл биш юм шүү дээ. Адилхан л байгалийн эрхшээл, давагдашгүй хүчнээс өөрсдийгөө, үр удмаа хамгаалах гэсэн хичээл зүтгэлийн үр шим л байгаа юм. Гэтэл нэг хүчтэй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, томоохон цунами л хүн төрөлхтний бүтээн бий болгосон аварга том хотуудыг, иргэншлийг нүд ирмэх зуурт л үгүй хийчихнэ. Дээр нь тэгээд үер ус, ган зудын аюулыг хүн төрөлхтөн ялан дийлж чадах уу, чадахгүй. Юмны эзэн гээч эд юмсаа эрхшээлдээ байлгадаг болохоос биш эрхшээлд нь ордоггүй биз дээ. Тэгэхлээр дэлхий ертөнц хүмүүсийн эрхшээлд хэзээ ч орохгүй. Хүмүүс дэлхийн эзэн биш үхэр малынхаа хашаа саравчны эзэн, амбаар, байшин, орон сууц, өмсөж буй өмд гутлынхаа л эзэн байх. Бид дэлхий ертөнцөө бүрэн тайлж чадаагүй байгаа, тайлж чадахгүй ч байх. Дэлхий нууцлаг хэвээрээ л байна. Тэр нууцлаг ахуйд бид материаллаг хөгжлөөр биш оюун санааны хөгжлөөр л дөхөж очих байх. Гэхдээ маш цөөнх нь. “Морин уруул” романд гарч байгаа тэр жигтэй сонин явдлууд бол дэлхий ертөнцийн тайлагдашгүйг өгүүлсэн өгүүлэмжүүд. Гол баатар Дэгмид ч гэсэн тэр бүхнийг хараад мэдрээд байгаа хэрнээ учрыг тайлж чадахгүй байгаа юм. Тэгээд нас нөгчихийнхөө өмнө тэр бүхэн бодитойгоор биш зөвхөн миний бодол санаанд л болоод өнгөрсөн үйл явдлууд юм биш үү гэж эргэлзэн бодсоор байгаад л дуусч байгаа юм. Тэр их бодол, эргэцүүлэлд дарагдаж насыг элээсэн Дэгмид гээч хүн эцсийн эцэст энэ ертөнцийн нууцлаг ахуйг оюун санаа, бодол сэтгэхүйтэй холбон бодоод дуусч байгаа нь тэр хүнийхээ хувьд асар том гэгээрэлд хүрч байгаагийн илэрхийлэл юм.

-Романы төгсгөл хэсэгт “хүний биеэр туулсан амьдралаас бодлоор туулсан амьдрал нь хавьгүй уудам бус уу” гэсэн үг байдаг. Үнэхээр таныхаар тийм гэж үү. Хүмүүс хэлдэг шүү дээ. Их л юм үзлээ гэж. Тэд биеэр туулсан бүхнээ эргэж дурсаад тэгж хэлдэг биш үү?

-Аливаа юманд туйлын зөв гэдэг зүйл барагтай бол байхгүй байх. Гэхдээ энэ нь бас огт байхгүй гэж байгаа юм биш шүү. Хүний амьдралд ч тэр, улс нийгмийн амьдралд ч тэр хөдлөшгүй нэг талыг барьж зогсох шаардлагатай зүйлүүд байдаг гэж би боддог. Ер нь тэгэхдээ л юм олон талтай. Махан биеэрээ ихийг үзэж, үхэхээс бусадтай учирсан тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүст биеэр туулсан амьдрал нь мэдээж үнэ цэнтэй ч байгаа, бодоход ч хүнд байгаа. Гэтэл хамаг амьдралаа элдэв бодол санаанд дарагдуулан насыг элээсэн хүмүүс ч байдаг. Тийм хүмүүст бол тэр бодол санаанууд нь мэдээж үнэтэй л санагдаж байгаа. Тэр тухай би аль эрт тэгж бодож байсан юм одоо л хүмүүс тэр талаар ам ангайж эхэлж байна гэх мэтээр өөрийнхөө бодол санаануудыг тэр хүмүүс юунаас ч үнэ цэнтэйд тооцож байгаа. Дэгмид бол биеэр ч туулсан амьдрал ихтэй, бодлоороо туулсан амьдрал ч ихтэй тийм л хүн. Би хувьдаа бол ямар ч хүний туулсан амьдралд бодсон бодол санаа нь, оюун санааны ертөнц нь өөр өөрийн гэсэн давтагдашгүй хэв шинжтэй хэрнээ амьдралынх нь учир утгыг агуулж байгаа байх гэж боддог.

-“Морин уруул” романаас гадна таны өмнө бичсэн “Улаан шувууны жиргээ” романы талаар хүмүүс багагүй ярьдаг. Энэ хоёр романы чинь төстэй болон ялгаатай талууд юу вэ?

-Аль аль нь байлгүй яахав. Жишээлбэл, миний бичсэн хүүрнэл зохиолууд роман, тууж, өгүүллэг гэлтгүй үндсэндээ нийгмийн сэтгэлзүйг дэлгэж тавихыг чухалчилдаг. Энэ сэдвийг гол сэдвээ болгосон ч гэж үзэж болно. Хүмүүс түүх, адал явдал, шашин гээд л янз бүрийн сэдвүүдээр бичдэг л дээ. Миний хувьд нийгмийн сэтгэлзүйг бичих илүү дуртай, магадгүй надтай энэ нь ч ойр байдаг биз. Энэ талаас нь харах юм бол “Улаан шувууны жиргээ”, “Морин уруул” хоёрт хөндөж буй сэдвээрээ төстэй талууд бий. “Улаан шувууны жиргээ” романд өрөө хөлслөгч залуугийн амьдралаар хотын амьдрал дахь нийтлэг дүр зураг, тэр үеийн нийгмийн амьдралын хэв шинж дүрслэгдсэн байгаа. Харин “Морин уруул” романд Монголын нийгмийн 80 гаруй жилийн түүхэн дэх хүмүүсийн сэтгэлзүйн хувирал хувьслыг бичсэн байгаа. Ялгаатай талууд гэвэл мэдээж зохиомж, хэл найруулга, өгүүлэмж гээд маш олон зүйлээр ялгагдаж байгаа. Тэр бүхнийг тоочиход хэцүү. Хамгийн гол нь нэг зүйлийг онцлон хэлэхэд “Улаан шувууны жиргээ” романдаа би соц үеийн загварчлагдсан, хайрцлагдсан романы зохиомжийг, хэлийг эвдэхийг зорилгоо болгосон. “Морин уруул” романдаа болохоор бас нэг зорилго тавьсан. Тэр нь юу вэ гэхээр уран зохиол дахь үндэсний сэтгэлгээний амь халуун шинжийг хадгалах явдлаас үүдэлтэй зүйл байгаа юм. Сүүлийн үед манай уран зохиолд хоёр эвгүй гажуудал бий болчихоод байгаа. Нэгдэх нь бол уран зохиолын орчин хэт сайн дурын уран сайханчид, уран зохиол дахь “би чадна”-ынханаар дүүрсэн явдал, хоёрдахь нь бол уран зохиол дахь “импортлогдсон сэтгэлгээ”-ний үерт автсан явдал юм. Би ярилцлагынхаа энэ хэсэгт хоёрдахь зүйлийн тухай тодруулж яримаар байна. Тэгэхлээр сүүлийн жилүүдэд манай зарим зохиолчид, дийлэнх залуучууд гадны зохиол, шүлгүүдийн зохиомж, өгүүлэмж, дүр дүрслэлийг хуулбарладаг, дууриадаг болчихсон. Тэгээд зогсохгүй тэр үзэгдлээ үндэсний уран зохиолын хамгийн гайхамшигтай, шилдэг зүйл гэж ичихгүй тунхагладаг болчихоод байгаа юм. Энэ бол маш эвгүй зүйл. Дотоодын уран зохиолын орчинд нэг л содон шинэлэг зүйл юм шиг байвч гадаад орчинд хүний бүтээл хуулбарлагч, даган дууриагч л болж харагдана. Дэлхийн уран зохиолын орчин бол биднээс илүү ихийг уншиж таньж мэдсэн, биднээс илүү ихээр уран зохиолын онол, түүх судалчихсан, биднээс илүүтэйгээр хэл ус сурчихсан нөхдүүд байгаа шүү дээ. Тэд хэний бүтээл оригналь вэ, хэний бүтээл хулхи вэ гэдгийг андахгүй мэднэ. Нөгөө талаас үндэсний уран зохиолын хэв шинжээ, үндэсний сэтгэлгээгээ хадгалж бичихийг чухалчилсан бүтээлүүдийг хоцрогдсон гэж өшиглөж хаячихаад гадны зохиол бүтээл дууриагаад байгаа энэ хандлага газар авбал манай уран зохиол 90-ээд онд хүнс, барааны лангуунууд Эрээнээс авчирсан хулхи бараагаар дүүрсэн шиг л үйл явдал болно. Тиймээс би сүүлийн бичсэн романдаа үндэснийхээ зан заншил, соёл түүхийн уламжлал, сэтгэлгээний үр хөврөлийг л суулгаж өгөхийг хичээсэн. Нэг ёсондоо монгол зохиолчийн бичсэн зохиол монгол сэтгэлгээний давтагдашгүй хэв шинжийг хадгалж байгаасай гэж боддог тэр хүслээ л шингээхийг хүссэн.

-Та түрүүн хэллээ. Манай уран зохиолын орчин уран сайханчид, би чадна гэсэн нөхдөөр дүүрчихсэн гэж. Арай л хатуу хэлж байгаа юм биш үү?

-Үнэн үг хатуу байдаг юм. Үнэхээр манай уран зохиолын орчинд “би чадна”-ыхан дүүрчихсэн байгаа. Юу ч уншдаггүй, уран зохиолын анхан шатны ч мэдлэг чадвар эзэмшээгүй, зөвхөн өөрсдийнхөө бичсэн хэнд ч хэрэггүй эрээвэр, хураавар зүйлүүдээ агуу зүйл гээд бодчихсон хэдэн зуун, хэдэн мянган хүмүүс байдаг шүү дээ. Зарим нь бүр сүрхий цол гуншинтай болчихсон цохиж яваа. Гэтэл бодит байдал дээр юу болоод байна. Өнөөдөр Монголд уран зохиолын уншигч гэж бараг байхгүй болчихсон. Их, дээд сургуулийн уран зохиолын мэргэжлийн багш нараасаа эхлээд дунд сургуулийн уран зохиол, монгол хэлний багш нар нь ч уран зохиолын ном уншихаа больчихоод байна. Тэгсэн хэрнээ уншигчдаасаа хэд дахин давсан тоотой зохиолч, яруу найрагч гэгддэг хүмүүс алдар цуугаа дуудуулаад тууж явна. Би ганцхан жишээ хэлье. Зөвхөн МЗЭ-д бүртгэлтэй гишүүд 1300 давчихаад байна. Нас барсан зохиолчид нь 200 гаруй байгаа. Нэг ёсондоо амьд сэрүүн 1100 гаруй гишүүн байна гэсэн үг. Бусад зохиолчдын байгууллагууд элдэв бүлгэм дугуйланд харьяалагддаг хүмүүс, ямар ч харьяалалгүй явдаг хүмүүс гээд тоочоод байвал энэ тоо дахин хэд нугарна. Гэтэл амьдрал дээр ихэнх зохиолчид дунджаар 500 ширхэг ном хэвлүүлээд тал шахууг нь хүмүүст бэлэглээд цөөн хэд нь номын дэлгүүрийн лангуугаар тавигдаж тараагдаад үлдсэн нь тэгээд гэр оронд нь хураалттай л хэвтэж байдаг шүү дээ. Би дунд нь явж байгаа хүн мэдэлгүй яахав дээ. Эндээс харахад зохиолчид ядаж нэг нэгнийхээ номыг ч авч уншдаггүй юм байна гэсэн ойлголт шууд төрж байгаа юм. Бусдыг уншихгүйгээр сайн зохиолч болно гэж лав байхгүй. Тэр тусмаа энэ орчин үед, XXI зуунд. Тийм болохоор өөрийн бичсэн ядмагхан бичвэрүүдээ ямар ч эргэлзээгүйгээр шилдэг бүтээл гэж итгэлтэйгээр хэлж чаддаг, тунхаглаж чаддаг юм. Товчхондоо бол юу ч мэддэггүй, мэдээлэлгүй хүмүүс их яримтгай байдаг шиг л зүйл юм. Уран зохиол дахь “би чадна”-ынхан бол бусдын хийсэн бүтээсэн тухай ямар ч мэдлэггүй, уран зохиолын тухай ямар ч тогтсон ойлголтгүй, цээж харанхуй зөвхөн өөрсдийгөө л сүрхий гээд итгэчихсэн харайж яваа тэр л хүмүүс юм. Харамсалтай нь Монголын уран зохиолын орчинд тийм хүмүүс бүр хэтэрхий олон байна. Хамгийн гол нь бидэнд зохиолчид нь уншигчдаасаа олон биш уншигчид нь зохиолчдоосоо хэдэн арав, зуу дахин их байдаг тийм л уран зохиолын эрүүл орчин л хэрэгтэй.

-Ном гэснээс харин ч сүүлийн жилүүдэд ном уншигчдын тоо нэлээд нэмэгдсэн. Зарим хүмүүсийн ном хэдэн арван мянгаараа борлогддог болчихоод байна. Нэг үеэ бодвол зохиолчид номынхоо орлогоор амьдарч эхлээд байгаа юм биш үү?

-1990-ээд оны эхээр зах зээлийн нийгэмд орж байгаа нь энэ гээд ганц нэг номын дэлгүүрүүдээ хувьд гаргаад оймс бандаашны лангуу болгосон үетэй харьцуулахад сүүлийн үед бас ч гэж номын худалдааны орчинд чамлахааргүй амжилт гарч байна. Үүнийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ номын худалдааны орчинд шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд ч бас нэлээд байна. Тухайлбал, зарим номын дэлгүүрүүд хэдхэн цөөхөн зохиолчдын номыг борлуулах тал дээр голлон анхаараад бусдынх нь номыг дагавар, дайвар бүтээгдэхүүн шиг үздэг хандлага илт анзаарагдаж байна. Зүгээр л зарим нэг номын дэлгүүрүүдээр ороод үзээрэй. Цөөн хэдхэн зохиолчдын номонд л хамгийн ашигтай хүний нүдэнд тусах байрлалд бүтэн бүтэн тавиурууд зориулсан хэрнээ олонхи зохиолчдын номыг хооронд нь шавааруулаад хэний ном хаана байгаа нь ч мэдэгдэхийн аргагүй овоолон болгоод тавьчихсан байгаа. Мэдээж тэр номууд нь сайн зарагддаг учраас ашиг орлогоо бодоод тэгж их ач холбогдол өгдөг байх л даа. Уг нь бол ашиг орлогоо бодсон ч ном хэмээх тэр оюуны таваарыг нийтэд түгээхээ бодсон ч тэр лангуун дээр тавьсан ном бүхэнд л тэгшдүүхэн шиг хандмаар байгаа юм. Шинэ ном ч гэдэг юм уу, онцлох ном ч гэдэг юм уу тийм ялгаамж байж болох л байх. Гэтэл жишээ нь шинэ ном гээд нөгөө онцолдог хэдийнхээ хуучин номыг шинэ номын сагсанд хийгээд байж болохгүй л дээ. Энэ бүхэнд дэлгүүрийн эздээс илүүтэйгээр номын борлуултын менежер, худалдагч гээд гол хүмүүс нь номын үнэ цэнийг ойлгохгүй бохь, тамхи зардаг ТҮЦ-ийн худалдагч шиг сэтгэхүйгээр хандаад байхаар номын худалдааны орчинд зөв хандлага бий болохгүй л дээ. Түүнээс гадна сүүлийн үед бас ном өөрөө уншдаггүй, номын үнэ цэнэ мэддэггүй, тэр тусмаа уран зохиолын тухай ойлголтгүй хүмүүс номын тухай нэвтрүүлэг, тэр тусмаа уран зохиолын номын тухай нэвтрүүлэг их хийдэг болж. Энэ бол бас маш их хортой зүйл.

-Одоо хоёулаа яриагаа МЗЭ-ийн үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдээр өрнүүлье. МЗЭ-ээс ямар ажлууд зохион байгуулж байна. Нэг л чимээгүй янзтай байх шиг байх юм. Тэр тусмаа өөрийн чинь хувьд?

-Манай зарим нэг ахмад зохиолчид хэлдэг юм. Өнөөгийн МЗЭ-ийн удирдлагууд социализмын үеийн дарга нар шиг ажиллаж чадахгүй байна гэж. Тэр үед МЗЭ-ийн удирдлагууд төрөөс цалин авдаг, зохион байгуулж буй бүх арга хэмжээ нь төрөөс санхүүждэг байсан. Тэр байтугай МЗЭ-д ажилладаг хүн болгон төрөөс цалинждаг байсан. Амралт, томилолтынх нь мөнгө төгрөг ч төрөөс олгогддог байсан. Одоо бол МЗЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд төрөөс сохор зоосны ч дэмжлэг үзүүлдэггүй. Тэгэхлээр хоёр өөр нийгмийн системийн зохиолчдын байгууллагын үйл ажиллагааг адилтган үзэх ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Дээр нь бас нэг зүйлийг нэмж хэлэхэд зарим нэг хүмүүс МЗЭ-ээс ахмад зохиолчдынхоо насны ойг тэмдэглэн бэлэг сэлт тарааж, хүн амьтан хооллож ундлахгүй байна гэж ихэд дургүйцэж ханддаг. МЗЭ төрөөс санхүүждэг байхдаа зохиолчдынхоо насны ойд зориулан ихэвчлэн сонин сэтгүүлийнхээ хуудсанд мэдээлэл тавих, мэндчилгээ өгөх байдлаар л хөнгөхөн тэмдэглээд өнгөрөөдөг байсан. Төсөвтэй байхдаа шүү. Харин төсөвгүй болсноосоо хойш л идээ ундаа, найр наадам хийх гэж хөл хөөрцөг болсон юм билээ. Энэ бол буруу хандлага. МЗЭ бол 90-ээд жилийн түүхтэй. Хорь дугаар зууны бүх л шилдэг зохиолчдыг эгнээндээ багтаасан байгууллага. Тэр олон шилдгүүдийнхээ тоогоор найр наадам хийгээд байх хөрөнгө чинээ, нөөц бололцоо угаасаа байхгүй. Нөгөө талаас насны ой тэмдэглэнэ гэж найр наадам зохион байгуулж амьтан хүн идэж уулган, хятад бал дэвтэр, цүнх тараах нь эрүүл биш зүйл. Ийм байдлаар хандах юм бол МЗЭ-ийн үндсэн үүрэг шал өөр зүйл болж хувирна. Бид МЗЭ-ийг орчин үеийн зохиолчдын байгууллага болгохсон гэж хичээж чармайж байгаа. Зарим нэг зүйлийг тоймлон хэлэхэд 2015 онд МЗЭ маань Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүн байгууллага болсон. Энэ бол том амжилт. Үүний үр дүнд Вьетнам, Колумб, Эквадор зэрэг орнуудад болсон томоохон арга хэмжээнүүдэд манай гишүүд оролцлоо. Уг нь есөн арга хэмжээ байсан гуравт нь оролцлоо. Хөрөнгө мөнгө, хэлний чадвар гээд нөлөөлөх хүчин зүйлүүд бас байна. Мөнгө төгрөгөө гаргаад, хэл усныхаа асуудлыг өөрөө шийдэх хүмүүст бүх арга хэмжээ нээлттэй байдаг. Цаашдаа манай зохиолчид илүү өргөн хүрээтэй оролцдог болох байх гэж найдаж байгаа. Мөн бүх гишүүдийнхээ намтрын товчоон, бүтээлийн товчоон, үндэсний уран зохиолын орчин дахь бүхий л мэдээллийг хамруулсан вэбсайт хийсэн. Нүсэр бүтэцтэй сайт байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 10 гаруй аймгийн 20 гаруй мянган уншигч, уран зохиол сонирхогчид, хүүхэд залуучуудтай манай гишүүд уулзалт хийсэн байгаа. Гол нь бид хоёр мод тарьчихаад, арван шуудай нүүрс тараачихаад, гурван хайс будчихаад нийгэмд өөрсдийгөө сурталдан ухуулдаг тийм хүмүүс шиг байхыг хүсэхгүй байна.

-Удахгүй “Алтан-Өд” болно. Дараа нь “Болор цом”, “Утгын чимэг” болох байх. Уламжлалт энэхүү арга хэмжээнүүдэд зохион байгуулалтын ч юм уу бусад өөрчлөлтүүд хийгдэх үү?

-Уламжлалт арга хэмжээнүүдээ ямар ч байсан таслахгүй. Гэхдээ өөрчлөх, сайжруулах, уншигчдын таашаалд нийцэхгүй болчихоод байгаа тэр зүйлүүдийг нь шинэчлэн сайжруулах тал дээр анхаарлаа хандуулж байгаа. “Болор цом” наадмыг одоо болж байгаа уламжлалаар нь хийх үү, 1990 оноос өмнө зохион байгуулж байсан тэр хэлбэрийг нь сэргээж хийх үү, эсвэл бүр яруу найргийн уншлага болгох уу гэх зэргээр янз бүрийн хувилбаруудыг бид хайж байна. Зарим нэг хүн бүр хаачихвал яасан юм гэдэг л юм. Аливаа юмыг хаах, дуусгах амархан. Харин эхлүүлэх, байгаа юмаа сайжруулах гэдэг бол их хэцүү зүйл.

-Та хар залуугаасаа ахмад зохиолчидтой ч гэдэг юм уу, ер нь янз бүрийн хүмүүстэй их зөрчилдөж тэмцэлдэж ирсэн хүн. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга болсноосоо хойш их л төвийг сахидаг болсон юм шиг санагдаад байгаа?

– Бүхэл бүтэн байгууллага хамт олны бодлогын зангилаан дээр сууж байгаа хүн хэт өөрийнхөөрөө байж болохгүй. Тэр байтугай өөрийнхөө эсрэг бодолтой хүнийг ч дайсан мэт үзэж болохгүй. Энэ албанд сонгогдсоноосоо хойш би олон зүйлийг шинээр таньж мэдсэн, бас цөөнгүй зүйлд суралцсан. Хамгийн чухал сурсан зүйл маань хүлээц л юм даа. Тиймээс өнгөрсөн хоёр жилд илүү их дотогшоогоо байж хөгшин, залуу гэлтгүй, алдартай алдаргүй гэлтгүй олон зохиолчдын сайн, муу үгийг зүгээр л хүлээцтэйгээр сонсож ирсэн. Үүний үр дүнд надад нэлээн тодорхой, нэгдмэл ойлголт бий болсон. За яахав зарим нэг хүн чи хэтэрхий төвийг сахиад байгаа юм биш үү гэдэг л юм. Тийм ч байх. Гэхдээ энэ байгууллагын бодлогыг төвийг сахиж л барих ёстой. МЗЭ бол дан авьяастнуудын нэгдэл ч биш, дан алдартнуудын хүрээлэн ч биш зөвхөн уран зохиол хэмээгч зүйлд дурласан янз бүрийн бодолтой хүмүүсийн сайн дурын нэгдэл юм. Тиймээс нэг хэсгийг тасалж хөөгөөд, нөгөө хэсгийг нь өөд өргөөд байх тийм бодлого яав ч таарахгүй. Нийтлэг эрх ашигт нь нийцсэн тийм л бодлого хэрэгтэй байдаг юм. Хувь хүнийхээ хувьд би идэр залуу насандаа итгэл үнэмшлийнхээ төлөө хэлэх гэсэн үгээ хэнээс айхгүй хэлдэг л байсан. Тэр бол миний араншин, эд эсний минь нэг хэсэг юм. Тийм болохоор итгэл үнэмшлээ хамгаалахын төлөө зогсох шаардлага гарвал одоо ч гэсэн надад хэнтэй ч зөрчилдөх, тэмцэлдэх зориг, эрмэлзэл хэвээрээ байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Гиннесийн номонд бичигдсэн Монголын хүчтэн

Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн 69 дэх аварга. Тэрбээр мэргэжлийн сумод 35 удаа түрүүлээд байгаа. Сумогийн түүхэнд хамгийн их түрүүлсэн дээд амжилтыг Японы их аварга Тайхо 32 удаа түрүүлснээрээ тогтоосон байдаг. Тэгвэл Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сард 33 удаа түрүүлж Тайхо аваргын амжилтыг эвдэж, сумо сонирхогчдыг шуугиулж байсан нь саяхан. Гэвч түүний нөр их хүч хөдөлмөрөөр тэтгэгдсэн амжилтын буухиа тасарсангүй. Мэргэжлийн сумод 34, 35…удаагаа түрүүлээд байна. Бас болоогүй Японы төр засаг түүнийг “Ард түмний баатар” цолоор шагнасан. Энэ шагнал их хүндэтгэл. Учир нь сумогийн ертөнцөөс хамгийн сүүлд авч байсан хүн нь домогт Тайхо аварга юм байна. Зарим хүмүүсийн бодлоор дахин хэзээ ч давтагдахгүй мэт амжилтыг Хакүхо хэд хэдэн удаа эвдэж, нотлон харууллаа. Түүнийг хүн төрөлхтөн үнэлж, дэлхийн дээд амжилтын ном болох Гиннесийн номонд нэрийг нь мөнхөллөө. Сийрүүлбээс босоо заяатай бөхийн удамт монгол хүү мэргэжлийн сумогийн түүхэнд хамгийн их түрүүлсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдлээ. Ийнхүү халхын их хүчтэн Ж.Мөнхбат аваргын хүү дэлхийд хүндлэгдэх хувьтай байж.

Мэдээж энэ амжилтыг дахин нэг сумоч гарч ирээд эвдэхийг үгүйсгэхгүй. Гол нь монгол хүн, тэр дундаа бөхийн спортоор Гиннест бүртгэгдэнэ гэдэг асар том амжилт. Зарим тамирчдын хүсээд ч олж хүртэж чадахгүй амжилт шүү дээ. Монгол Улсаа арлын Японоос, Ази тив, дэлхийд таниулж сурталчилж чадсан түүний хөдөлмөрийг бахархаад ханашгүй. Монголчуудыг дэлхийд Чингисийн үр сад гэдгээс өөр төсөөлөлгүй байсан үе аль хэдийнэ ард хоцорч. Бид хүн төрөлхтөнтэй бүхий л салбараар эн зэрэгцэхийг эрмэлзэж, чадах чинээгээрээ өрсөлдөж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалын рекордыг ойрын хэдэн жилдээ л эвдэх хүн гарч ирэхгүй биз ээ. Учир нь монгол хүний зориг тэвчээр гэж юу байдгийг, юунд хүргэдгийгХакухо М.Даваажаргалын амжилт дэлхий нийтэд харуулсан. Сумо бол ерөөсөө л маш өндөр зохион байгуулалттай, хатуу чанга дэглэмтэй спорт. Бэлтгэлийн үеэр тэсвэр тэвчээр алдарсандаа нулимс унагана гэдэг хамгийн энгийн үзэгдэл. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс сумогийн дэвжээг зорин очсон олон аавын хүү тэсэж гарч чадалгүй шантраад нутаг буцдаг гэдэг. Тэгэхэд Хакухо монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг харуулж түүхэн дээд амжилтуудыг эвдлээ.

Монгол хүн ийм байдаг юм гэдгийг дэлхий нийтэд бахархалтайгаар харуулж чадлаа. Аваргыг мэргэжлийн сумод 33 удаагаа түрүүлж Японы эзэн хааны цомыг хүртэхэд эх орон нь түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнасан. Харин хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг тэрээр хариуцлагатайгаар дааж, монгол хүний үнэлэмжийг дэлхийд гаргаж ирсэн явдал боллоо. Хакүхо үүний төлөө амьдралынхаа 15 жилийг мэргэжлийн сумод зориулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

​Байгаль хамгаалах үйлсэд амиа зориулсан Т.Лхагвасүмбэрэл агсны ангийнхан

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа уржигдар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд болсон. Энэ үеэр БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг ойр дотнынхноос нь сонсож мэдлээ. Түүний эхлүүлсэн их үйлсийг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ганц талийгч гэлтгүй их сургуулийн нэг ангийн хамт олон нь байгаль орчныг судалж, зэрлэг амьтдыг хамгаалах их үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулсаар байгаа шинэ үеийнхэн гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Ирвэс хамгаалах сан”-гийн төлөөлөгчид энэ үеэр өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тиймээс МУИС-ийн Биологийн сургуулийн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оруулахаар шийдсэн юм.

Их сургуулиа 60 гаруй хүүхэд төгссөн болохоор хамгийн багадаа хоёр хүүхэд тутмын нэг нь ирэх байх гэж тооцон болзсон газраа очвол ширээний ард дөрөв тавхан хүн сууж байлаа. “Танай ангийнхан чинь цагаа баримталдаггүй улс юм аа даа. Тэглээ ч замын түгжрэл, бөглөрөл ихтэй учраас хэсэг хугацаанд бусдыгаа хүлээх нь дээ” гэвэл “ангиараа уулзалдана гэдгээ фэйсбүүк дэх группдээ өчигдөрхөн бичсэн. Ихэнх нь хөдөө гадаа судалгаа шинжилгээний ажлаар явцгаачихаж. Бүр нэлээн олон хүүхэд хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ суурин ажиллаж байгаа. Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг хүүхдүүд жилийн эцсийн тайлантай болохоор завгүй гэсэн. Гадаадад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа тав зургаан ч хүүхэд бий. Уг нь манайхан чинь хүн хүлээлгэдэг хүнд сурталтнууд биш. Уулзах товоо ганц хоногийн өмнө зарласан болохоор бид хэд л ирлээ” хэмээн өндөр бор залуу хэлтэл хажууд нь сууж байсан тайрмал үстэй бүсгүй “Манайхны ажлын онцлог гэх үү дээ.

Байнга л сургалт судалгаа хийхээр хөдөөгүүр явдаг. Ямар сайндаа 2010 онд сургуулиа төгссөнийхөө дараа манайхнаас тав зургаан хүүхэд хурим найраа хийгээд, ангийнхныгаа урьсан ч тав зургаахан хүүхэд очсон гэсэн. Би л гэхэд говиор судалгааны ажилд явж байгаад нэг ч хуриманд очиж чадаагүй. Бидэнд тухайн үед хоёр гурван сарын өмнөөс хэлж захиад байсан юм шүү дээ” гээд хэсэг дуугүй сууцгаав. Тэгтэл өнөөх бүсгүй “Одоо нэгэнт бидний ажлын онцлог юм хойно цөөхүүлээ цуглалаа гээд гуниглаад яах билээ. Цөөхүүлээ хэдий ч олуулаа юм шиг инээж хөгжин, яриа хөөрөө дэлгэж чаддаг биз дээ” гэвэл бусдынх нь нүд сэргэн “Үнэхээр тийм шүү” гэцгээн ширээндээ дөхөн сууцгаалаа.

Тэд нэг, хоёрдугаар дамжаандаа ерөнхий эрдмийн хичээлээ хамтдаа судалсан бол гуравдугаар дамжаанаасаа микробиологи, амьтан, ургамал, генетик, биохими, биофизик зэрэг чиглэлээр дагнан суралцахаар болж, тав зургаан бүлэгт хуваагдсан аж. Ангийнхныхаа уулзалт дээр ирсэн хүмүүс бүгд амьтан болон ургамал судлалын бүлгийнхэн байсан юм. Б.Лянхуа “Бусад бүлгийнхнээ бодвол манай амьтан, ургамал судлалынхан хоорондоо илүү дотно байсан. Яагаад гэвэл хоёрдугаар дамжаандаа манай хоёр бүлгийнхэн цугтаа хөдөө хээрээр олон хоногоор судалгаа, шинжилгээний ажил хийж байсан юм. Тэгээд ч бидний судлах амьд биетүүд нэг дор байдаг нь ч үүнд нөлөөлсөн байх. Ургамал байгаа газарт мал амьтан байна. Мал амьтан амьдарч буй газарт ургамал ногоо бий. Хичээл дээрээ бол нэгнийхээ зүс нэрийг мэдэхээс хэтрэхгүй нэг ангийнхан хөдөө 20 хоног дадлагаар явахдаа жинхэнэ найзууд болоод ирнэ шүү дээ. Басхүү хөгтэй хөөртэй явдлууд олон болдог байж билээ. Зуны дадлага гэсэн чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо” гэвэл “Үнэхээр тийм шүү. Тэгээд ярь л даа” гэцгээн бусад нь түүний зүг анхаарлаа хандуулав. Тэрбээр “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд дархан цаазат Богд уулын Шажин хурахад 20 хоног дадлага хийсэн дээ. Ихэнх нь гэрээсээ удаан хугацаагаар гарч үзээгүй учраас хөдөө хээр олон хоногоор явах талаар ямар ч төсөөлөлгүй. Би ямар судалгаа шинжилгээ хийж, юу судлахаас илүүтэй 20 хоног усанд орохгүй яаж байна даа гэдэгт санаа зовж байсан” гэвэл бусад нь нир хийтэл инээлдэв. Үргэлжлүүлэн “Очсон өдрийнхөө маргаашнаас өглөөний 06 цагт шүглийн дуунаар босч эхэлсэн. Шүгэл гурван удаа дуугарахаас өмнө урьтаж бүгд гадаа жагсах ёстой. Эхний хэд хоногт өглөө эрт сэрж, жагсах гэж хөглөж өгсөн. Ихэнх нь нойрмоглоод, өрөөсөн оймстойгоо, зарим нь бүр гутал, цамцгүй жагсаалд зогсох бол энүүхэнд. Бүр удаад гарч ирэхгүй бол н.Жамсран багш таягаараа майхан руу цохиод “Хурдан гарч жагс” гэнэ. Тэгж тэгж нэг юм цуглаж аваад гүйнэ дээ. Хоёр гурван ч автобусны буудлын дайны газарт байх өнчин модыг тойрч ирнэ. Эхний өдөр гүйгээд маргааш нь хамаг бие хөндүүрлээд гүйж чадахгүй шинжтэй болчихгүй юу. Тэгэнгүүт ангийнхаа дөрөв таван охинтой цуг замдаа нэг гүвээний ард нуугдаж үлдээд, ангийнхнаа буцаад гүйж ирэнгүүт дагаад гүйчихсэн. Амьхандаа багш ямар дагаад гүйж байгаа юм биш, юугаа мэдэхэв гэж бодтол харин ч замдаа үлдсэн охидын нэрийг дуудаж гаргаж ирснээ дахиад гүйлгэдэг байгаа. Хажуухан дахь гүвээн дээрээс багш дурандаад зогсож байсан юм байна лээ л дээ. Тэрнээс хойш багшийгаа дахиж “хулхидаагүй” дээ” гэв.

Ингэж гүйснийхээ дараа өглөөнийхөө цайг уучихаад 08 цагт дадлагаа эхэлдэг байж. Өдөрт дунджаар 10-15 км хад асга, ой модоор алхаж судалгаа хийх шавьж хорхойгоо түүдэг байж. Энэ талаар С.Одончимэг “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд анхлан хөдөө яваад, амьтны дадлагын хичээл дээр жижиг хар хорхой, аалз, элдэв шавьжийг гараараа түүнэ шүү дээ. Эхэндээ айгаад түүх нь бүү хэл гар хүрч ч чадахгүй тул хөвгүүдээрээ түүлгэсэн. Хорхойгоо хүнээр түүлгэлээ ч судалгаа шинжилгээгээ зайлшгүй өөрөө хийх ёстой болохоор аргагүйн эрхэнд гар хүрч байгаа юм. Аалзны биеийн бүтцийг нарийвчлан судлах гээд гар дээрээ тавих ч өөрийн эрхгүй бие арзагануулна шүү дээ. Орилж, хашгичаад, сандарч чичрээд л бөөн юм болдог байсан. Нэгэнт энэ мэргэжилдээ дуртай учраас судалж буй жижиг биетээ зайлшгүй өөрийн гараар судалж, мэдэх ёстой гэсэн шаардлагыг дагахаас өөр гарцгүй. Долоо хоногийн дараа бол хөвгүүдээсээ өрсөж өнөөх шавьж, хорхойг бээлий ч өмсөлгүй түүдэг болсон доо” гэсэн юм. Үүнийг сонссон ангийнхан дотроос нь П.Батдэлгэр өндөлзөж ирснээ “Нээрээ хар хорхой гэснээс бас нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. Зуныхаа дадлагаар явахдаа ангийнхаа Ж.Мөнх-Эрдэнэтэй хамт нэг майханд орсон юм. Тэгсэн өнөөх маань үхрийн баасанд үүрлэдэг хар хорхойг судлахаар болчихдог байгаа. Тэгсэн гурил зуурдаг цагаан түмпэнгээ барьж гарснаа төд удалгүй дүүртэл хар хорхой түүгээд ороод ирчихсэн. Тэгтэл охид хоолоо идээрэй гэнгүүт өнөөхөө тэр чигт нь орхиж гарч явчихаад эргээд иртэл өнөөх савнаасаа хальж гараад, хувцас хунар, дэвтэр ном, шуудайтай боорцогт хүртэл орчихсон байж билээ. Тэр үнэр танар гэж ёстой ярих юм биш. Ядаж байхад Мөнхөө маань хорхойнууд гараад зугтчихна гэж санаа нь зовсон юм байлгүй, гарахдаа майхныхаа хаалгыг түгжчихээд гарчихсаныг ч хэлэх үү. Хоёулаа эхнэр нөхөр шиг хэрэлдээд, хамаг хувцсаа угаагаад, хөнжил гудсаа гаргаж гөвж билээ. Бүр шуудайтай боорцогныхоо дээгүүрх хэсгээс идэлгүй хаясан. Бас тэр үеэр анх удаа дадлагад явж байгаа учраас хоол ундаа дутуу дулимаг бэлдчихэж. Дадлагаас буухын өмнөх өдөр будаанаас өөр идэх юмгүй болчихвоо. Тэгсэн ангийн нэг охин ганцхан лаазалсан үхрийн мах гаргаж. Түүгээрээ 50-иад хүний будаатай шөл хийсэн гээд бод доо. Усаа буцалгаж байгаад нэлээд олон шанага будаа, өнөөх ганц лааз үхрийн махаа жижиглэж байгаад л хийсэн. Угтаа бол усанд чанасан будаа л даа. Тэр хийсэн үхрийн мах нь хаанаа ч хүрэх билээ. Гэхдээ л сайхан амттай байсан даа” гэсэн юм.

Монгол оронд хүний хөл хүрээгүй, судлагдаагүй дагшин газар ихтэй учраас гадныхан манайд ирж судалгаа их хийдэг болсон талаар өөр хоорондоо ярилцав. Ч.Мөнгөнсар “Наад зах нь Япон, Солонгос, Хятад зэрэг орноос өөрсдийн тарьж байгаа ургамал, тэжээж буй амьтныхаа анхны төрөл буюу байгаль дээрээ хэрхэн аж төрдөг, хэрхэн ургаж төлждөг болохыг судлах гэж ирдэг. Учир нь манайх шиг онгон зэлүүд, ариун дагшнаараа үлдсэн газар нутаг тун ховор. Эрс тэрс уур амьсгалд зохицсон ургамал, амьтны генийн онцлогийг бас их сонирхдог. Бид үүнийгээ дангаар судалъя гэсэн ч тоног төхөөрөмжгүй тул гадныхантай хамтрахаас өөр аргагүй болдог. Энгийнээр бол манай биологчдод ур чадвар нь байдаг бол гадаадын мэргэжилтнүүдэд тоног төхөөрөмж нь байдаг” гэсэн юм.

Гуравдугаар дамжаанд оронгуут ургамал болон амьтан судлалын бүлэгт тус бүр зургаа, долоон хүүхэд хуваарилагдан оржээ. Мэдээж өөрсдийнхөө хүсэлтээр. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсан амьтан судлалын бүлгийг сонгосон байна. Тэрбээр сургууль төгссөнийхөө дараахан буюу 2010 онд “Ирвэс хамгаалах сан”-гийн өндөр босгыг давж мэргэжилтэн нь болжээ. “Талийгч оюутан байхын шударга хүүхэд байсан. Зарим оюутнууд 70 авчихаад 80 хувьд хүргэх гэж уйлах шахам гуйгаад, багш нараас дүн гуйдаг байсан бол талийгч маань 65 авчихаад “Миний мэдлэг чадвар энэ түвшинд байгаа юм байна. Энэ багшаас би дараагийн улиралд 90 хувь гэсэн үнэлгээг гуйж биш гуядаж авна аа” гэдэгсэн. Тэгээд л яах аргагүй тэр дүнгээ авдаг байсан даа” гэцгээн өөр хоорондоо ярьцгаав. Б.Янжмаа “Хоёр жилийн өмнө магистрын дипломын ажлаа бүр англиар биччихсэн байсан. Ийм тохиолдол тун ховор шүү дээ. Урьдчилсан хамгаалалтдаа ирээгүй. Сүүлд сонсоход МУИС-ийн хажууд дээрэмдүүлж, зодуулсан сурагтай байсан. Өнгөрсөн жил бас магистрын хамгаалалтдаа орох гэж байгаад Хөвсгөлд хутгалуулчихсан байсан гэж сонссон. Магистрын зэргээ хамгаалж чадаагүй ч гэсэн бидний хувьд бол талийгч доктор юм шүү дээ. Хийсэн судалгаа, эхлүүлсэн шинжилгээ нь магистр бүү хэл докторын хэмжээнийх байхгүй юу” гэсэнд бусад нь “Үнэхээр тийм шүү. Яах аргагүй байгаль орчин, тэр дундаа амьтан хамгаалах үйлсэд чин сэтгэл, төрсөн биеэ хүртэл зориулсан хүн шүү” гээд нэгэн зэрэг босоцгоон, дуугүй хэсэг зогсов. Үүнийхээ дараагаар тэд өмнөх шигээ инээж хөхрөлгүй, албаны шахуу үгсээр хоорондоо ярилцаж хэсэгхэн сууснаа тарцгаасан юм.

Categories
мэдээ цаг-үе

Мөнхийн од Майкл Жексон

Тэрээр амьд байхдаа л поп хөгжмийн хаан хэмээн өргөмжлөгдсөн. Хорвоогийн мөнх бусыг үзүүлснийхээ дараа энэ өргөмжлөлөө улам бататгасан юм. Тэр тоо тоймшгүй олон шагналын эзэн. Зөвхөн Грэмми шагналыг гэхэд 15 удаа хүртэж, 25 удаа Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн түүхтэй.

009 оны зургадугаар сарын 25ны өдөр Майкл Жексоны зүрх нь зогссон гэсэн мэдээ дэлхий даяар тархахад хүмүүс бараг итгээгүй. Хүн бүр энэ тухай унших гэж сүлжээнд орсноос интернэт хүртэл ачааллаа даахгүй гацсан гэдэг. Эмч Конрад Мюррей тэр өдрийн өглөө нь нэрт дуучинд тарилга хийсэн байна. Хоёр цагийн дараа очиход М.Жексон амаа ангайчихсан, нүд нь хараастай тун эвгүй байсан гэдэг. Яаралтай арга хэмжээ авсан боловч нэмэр болоогүй тул түргэн тусламж дууджээ. Ийнхүү нэрт дуучны үхлийн шалтгааны талаар нэг хэсэгтээ л дэлхий даяар шуугисан.Эмч Конрад Мюррейг өвчтөнөө үхэлд хүргэсэн хэмээн баривчилж хожим нь шүүх хурал нь болж, дөрвөн жилийн ял авсан. Харин М.Жексоныг нэлээд хугацаа өнгөрсний дараа буюу есдүгээр сард оршуулсан юм. Талийгаачтай хийсэн салах ёслол нь ч нэг л өөр байсан. Концертын танхимд тайзны хажууханд түүний шарилыг байрлуулж олны танил болсон Америкийн алдартай дуучид бараг бүгдээрээ ирж ая дуугаа өргөсөн. Энэ үеэр Эль Шарптон талийгаачийн гурван хүүхдэд хандан “Та нарын аав хачин хүн байгаагүй. Харин түүнд хачин явдлууд тохиолддог байсан” гэж хэлсэн байдаг. Майкл Жексон хорвоогийн мөнх бусыг үзүүлээд бараг зургаан жил боллоо. Харин түүний дуунууд дуулагдсаар, цомгууд нь борлуулалтаараа тэргүүлсээр л.

Майкл АНУын Индиана мужийн Гэри хотод Жозеф, Кэтрин хоёрын хүү болж мэндэлсэн. Хүүгээ дэлхийн поп урлагийн түүхэнд нэрээ мөнхөлнө гэж тухайн үед эцэг эх нь зүүдлээгүй болов уу. Тэрээр арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Гэр бүлээ тэжээхийн тулд аав нь “The Jackson 5” хамтлаг байгуулж Америкт алдаршсан. Хүүхдүүддээ нэлээд хатуу ханддаг байсан тухай Майкл Жексон 1993 онд телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж, нүүрээ даран уйлж байсан удаатай. Багадаа маш ихээр ганцаарддаг байснаас гадна аавтайгаа ярилцсаны дараа дотор нь муухайрдаг байсан гэдэг. Бас нэгэн ярилцлагадаа багадаа хүчирхийллийн золиос болсноо дурджээ. “The Jackson 5” хамтлаг бэлтгэлээ хийж байхад аав нь өмднийхөө бүсийг бариад хараад сууж байна. Жаахан алдаа гаргахад л уйлтал нь зодож шийтгэнэ.

Майкл Жексон таван настайгаасаа л дуулсан. Зул сарын баяраар концертонд тоглож 1964 онд гэр бүлийнхээ хамтлагт орсон байна. “The Jackson 5” -ийн гишүүдээс Майкл Жексон хоолойгоороо, тайзан дээр биеэ авч яваа байдлаараа илт ялгарчээ. Удалгүй хамтлагийн гол дуунуудыг Майкл амилуулдаг болов. 1973 оноос тус хамтлагийн нэр алдар нь буурч нэрээ “The Jackson” болгон сольсон. Харин энэ хугацаанд Майкл бие даасан дөрвөн пянзаа гаргаж амжжээ. Түүнээс “Got to Be There”, “Rockin’ Robin” хоёр нь борлуулалтаараа тэргүүлж байсан юм.

1978 онд Майкл нэрт дуучин Дайана Росстой хамтран Бродвейн мюзиклд тоглохдоо найруулагч К.Жонсонтой танилцсан юм. Хожим нь түүнтэй хамтран хамгийн алдартай цомгуудаа гаргасан. Майкл Жексоны “Thriller” цомог нь поп хөгжмийн урлагт жинхэнэ хувьсгал хийсэн. Хамгийн олон хувиар борлогдоод зогсохгүй есөн сарын туршид Billboard-ийн жагсаалтад тэргүүлж байсан түүхтэй. Зөвхөн энэ цомгоороо долоон удаа Грэмми хүртэж, найман удаа “American Music Awards”-ийн эзэн болжээ. Дэлхийн түүхэнд хамгийн их хувиар борлогдсон цомог хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд хүртэл бичигдсэн.

1980-аад он нь Майкл Жексоны ид мандаж байсан үе. Түүний цомгууд борлуулалтаараа тэргүүлж, алдарт “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартнитай хамтран “Say Say Say” дуугаа дуулж, нэрт Фредди Меркьюритэй хамтран ажилласан.

Африкийн орнуудад туслахыг уриалсан “We Are the World” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дууг Майкл Л.Ричитэй хамтран зохиож хамгийн алдартай дуучдаар дуулуулсан. Уг бүтээлийн ачаар тухайн үедээ 61 сая 800 мянган ам.долларын хандив цуглуулж Этиопийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж болгон илгээжээ. 1984 он нэрт дуучны хувьд нэлээд хатуу жил байв. Тэрээр ах дүүгийнхээ хамт “Pepsi” ундааны сурталчилгаанд тоглосон юм. Найруулагч нь түүнээс салютын дэргэд хэсэг саатаж зураг авахуулахыг хүсчээ. Гэтэл үсэнд нь оч үсэрч юу ч үгүй шатсан байна. Нэлээд түлэгдсэн тэрээр “Pepsi” компаниас хэдэн сая ам.долларын нөхөн төлбөр авах ёстой байсан. Гэвч энэ мөнгөөрөө өөрийн нэрэмжит хүүхдийн түлэнхийн төв байгуулжээ. Түүний буяны үйл ажиллагаа үүнээс эхэлсэн бөгөөд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.

Витилго хэмээх арьс цайх өвчин нь түлэгдэлтийн улмаас сэдэрчээ. Тиймээс тайзан дээр гарахдаа нэлээд будаг түрхэж, аль болох наранд биеэ ил гарахгүй байхаас өөр арга байгаагүй аж. Түүнээс гадна бэртлийн улмаас байнга өвчин намдаах эм хэрэглэх болсон. Удалгүй хуйхныхаа арьсыг солиулах мэс засал хийлгэж дараа нь гоо сайхны хагалгаанд орж хамар, эрүүгээ янзлуулжээ. Мөн мах идэхээ больсон зэрэг нь түүний гадаад төрх нэлээд өөрчлөхөд нөлөөлсөн юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга бичдэг байсан.

Майкл аль болох олны анхааралд өртөхгүйг хичээж ихэвчлэн “Неверланд” эдлэн газартаа амьдарч байсан бөгөөд дээд зэргийн харуул хамгаалалттай байжээ. Түүн дээр алдарт Элизабет Тейлор зэрэг хэдэн найз нь л очно.

1991 онд Майкл Жексон “Black or White” цомгоороо дахин поп ертөнцийг байлдан дагуулсан аж. Борлуулалтаараа таван долоо хоногийн туршид тэргүүлсэн юм.

Нэрт дуучин маань алдарт Элвис Преслигийн охин Лизе- Мари Преслитэй гэр бүл болсон. Пресли бүсгүй нэрт дуучинг гуйж байж гэрлэсэн гэсэн яриа ч байдаг. Нэг удаа түүнтэй утсаар ярихдаа “Би чамайг надтай гэрлээч гэж гуйгаач гэвэл чи зөвшөөрөх үү” хэмээн асууж л дээ. Ингээд 1994 онд тэд Доминиканы Бүгд Найрамдах Улсад очиж нууцаар хуримласан байна. Гэвч хоёр жилийн дараа салсан юм.

Майкл Жексон сүүлд нь Дебби Роу хэмээх сувилагч бүсгүйтэй гэрлэж бас л бөөн шуугиан тарьсан. Дебби Роу түүний ууган хүү Принс Майкл Жексон, охин ПэрисМайкл Кэтрин Жексон хоёрыг төрүүлжээ. Отгон хүү Принс Майкл Жексон II-ийг нь тээгч эх төрүүлсэн. Энэ нь М.Жексоныг тойрсон бас нэгэн дуулиант сэдэв болж байв. Хүүхдүүдээ олны нүднээс нууж гадагшаа гарахдаа бүгд баг зүүдэг байсныг хүмүүс мартаагүй л болов уу.

Жил өнгөрөх тусам Майклын арьсны өвчин нь хүндэрч, гадаа гарахдаа малгай өмсч нүүрээ аль болох далдалж байв. Зарим нь түүнийг цагаан арьстай болохыг хүсдэг хэмээн ярьдаг байсан боловч нэрт дуучин үүнийг үгүйсгэдэг байлаа.

Майклыг хоёр ч удаа насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр буруутгасан.

Анх 1993 онд ийм хэрэгтэй холбогдож нэлээд удаан шүүхдэлцсэний эцэст 13 настай хүүхдийн ар гэрийнхэнд 22 сая ам.доллар төлснөөр түүний эсрэг гомдлоо хүчингүй болгожээ. Үүнээс арван жилийн дараа дахин ийм хэрэгт буруутгагдаж түүний эдлэнд нэгжлэг хийж өөрийг нь хорьсон. 2005 онд болсон шүүх хурлаар Майклын эсрэг баримт нь хангалтгүй хэмээн үзсэн тул хууль сахиулах байгууллагаас буруугүй гэсэн шийдвэр гаргажээ. Байнга сэтгэл санааны дарамтанд байсан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Түүнээс гадна иймэрхүү хэргээр буруутгагдаж өмгөөлөгч авах зэрэгт нэлээд мөнгө зарж сүүлд нь бөөн өрөнд орсон юм. Харин түүнийг нас барсны дараа садар самуунд уруу татсан хэргээр нэрт дуучныг буруутгаж байсан Ж.Чандлер гэгч нь эцгийнхээ ятгалгаар Майклыг гүтгэсэн болохоо хүлээсэн.

Майкл нэг хэсэг Бахрейны хан хүүгийн урилгаар тус улсад амьдарсан. Гэвч сүүлдээ хан хүү түүнийг гэрээний заалтаа зөрчсөн хэмээн шүүхэд өгч нэг сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Нэр алдрын оргилд хүрсэн хэдий ч Майкл Жексоны амьдрал гуниг, эмгэнэлээр дүүрэн байсан юм.

Түүний гурван хүүхдийг өдгөө нэрт дуучны ээж нь халамжлан хүмүүжүүлж байгаа. Сарны явдлаараа алдаршсан түүнийг нас барсны дараа “Sony” компани тэдний гэр бүлтэй Жексоны арван шинэ цомгийг гаргах гэрээ байгуулсан юм. Энэ цомгуудад олны хүртээл болоогүй дуунууд орох бөгөөд эхнийх нь аль хэдийнэ худалдаанд гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ хөдөлгөөн” байгуулагдаж, нийслэлээр сонордуулга нааж байна

“Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэл хотын гудамж талбайн энд тэндгүй нэгэн сонордуулга наах болсон.

Тэд сонордуулгадаа: Арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ зогсоочихлоо.

-Яагаад?
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болсон хэрэг.
-Цэц ямар дүгнэлт гаргасан юм?
-Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн.
“Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё. Барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэжээ. Дээрх сонордуулгаар Үндсэн хуулийн Цэцээс гаргаж буй шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Сонордуулга бүхий цаасаа хотын гудамж, талбайд байрлах гэрлийн шон, мэдээллийн самбар зэрэг газруудаас гадна гэр хорооллын айлуудын хашааны үүдэнд хүртэл наагаад байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа “Иргэний хууль болоод Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай” хууль Үндсэн хуультай харшилж байна гэж дүгнэлт гаргасан билээ. Үүнээс болж барьцааг зохицуулж байсан хууль хүчингүй болж арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл зэрэг барьцаа авч олгодог бүх төрлийн зээлээ зогсоосон юм. Үндсэн хуулийн Цэцийнхэн их суудлын хуралдаанаараа гаргасан шийдвэрийнхээ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Иргэний хуулийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд А.Базар гэдэг залуу мэдээлэл өгсөн. Энэ мэдээллээр дунд суудлын хуралдаан хийж, их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Мөн Үл хөдлөх хөрөнгийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай мэдээллийг иргэн н.Янжинхорлоо, Б.Энхбаяр /Жич: Б.Энхбаяр нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуульч юм/ гэдэг хоёр хүн Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан. Үндсэн хуулийн Цэц мэдээлэл өгч байгаа иргэнийг аль намд харьяалалтай вэ гэдгийг тодруулдаггүй” гэх мэдээлэл хийсэн. Дээрх шийдвэрийг эсэргүүцэн олон нийтэд сонордуулга хүргэж байгаа нь энэ аж. Ямар хүмүүс хамтраад “Шинэ хөдөлгөөн” гэх нэртэй хөдөлгөөн байгуулж хотоор сонордуулга наагаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн иргэд хамтран дээрх сонордуулгыг нааж байгаа талаар ч мэдээлэл ирсэн юм.
Э.БААТАР

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Долоо хоногийн дараа ийм хуулиуд хэрэгжиж эхэлнэ

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих олон хууль бий. Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчлийн оноогоо тооцуулж эхэлнэ. Энэ мэт өдөр тутмын амьдралд мөрдөгдөхүйц олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе.


Шинэ төлбөрийн баримтаа цуглуулж, мөнгө аваарай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сард баталсан. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. НӨАТ ирэх оноос цахим хэлбэрт шилжинэ. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчийн арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь татварын байгууллага, Сангийн яаман дээр цахим хэлбэрээр төвлөрөх юм. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болох аж. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй. Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.
НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан байгаа.
Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Ирэх оноос худалдан авалтын баримт шинэ загвараар гарах юм. Мөн долоо хоногийн дараагаас кассын шинэ машин ашиглаж эхэлнэ. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа хэрэг.
Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.
Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох аж.

Таван хүүхэд хараад улсаас 560 мянган төгрөг авах боломжтой

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль долоо хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хуульд зааснаар уншигч та гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээтэй болно. Мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаж байвал гэртээ таван хүүхэд харж болно. Хүүхдээ харуулах эцэг эх нь багшийг таньдаг байвал давуу тал болох аж. Нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөгийг төсвөөс олгоно. Тэгэхээр таван хүүхэд харж байгаа бол 560 мянган төгрөгийг улсаас авна. Мөн хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүдээс улсаас авч байгаа мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй төлбөр авах юм. Энэ нь дунджаар 60 мянган төгрөг гэсэн үг. Ингээд тооцвол гэртээ таван хүүхэд хараад 860 мянган төгрөг олох боломжтой гэсэн үг. Хоёр багш нийлээд арван хүүхэд харах ч боломж бий. Харин 15-аас илүү хүүхэд авахыг хориглосон. Гурван багш нийлээд түрээсийн байранд 15 хүүхэд харах боломж бий гэсэн үг. Ирэх жил 10 мянган хүүхдийг хүүхэд харах үйлчилгээгээр хүмүүжүүлэхээр болсон. Ингэснээр 2000 ажлын байр шинээр бий болох ажээ.
Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй хамруулах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр гэрийн гадаад орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Мөн тэр байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагыг хуульчилжээ. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой. Зуух яндан, халаалтын хэрэгсэлд хүүхэд ойртохгүй байхаар хаалт хийсэн байхыг мөн шаарджээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байр, гэрт өөр хүмүүс амьдрах эрхгүй. Багш, хүүхдийн эцэг эх, харгалзах хүмүүсээс өөр гадны хүн тэнд орох ёсгүй. Мөн шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хоригложээ. Хүүхэд харахдаа өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хоригложээ. Байр бүрт хяналтын камер тавих боломжгүй учраас эцэг эх, асран хамгаалагчид нь багшийг хянах аж. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцох юм байна.

Төрийн байгууллага нийтийн сонсгол зохион байгуулж иргэдийн оролцоог хангана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх энэ хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой. Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

Зөрчлийн оноо тооцож эхэлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан байгаа. Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс тооцож эхэлнэ. Тодруулбал, Зөрчлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхлэх юм. Жолооч зөрчлийн ерөнхий 10 оноотой “цагаан шугамнаас” явж эхэлнэ. Улмаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох юм. Мөн хуульд заасан үндэслэлээр жолооны эрхээ хасуулбал зөрчлийн оноо хүчингүй болно гэсэн үг.
Зам тээврийн осол гаргасан жолооч таван оноо хасуулна. Жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр оноо, жолооны үнэмлэхгүй нөхөрт машинаа шилжүүлбэл машины эзэн нэг оноо хасуулна. Согтуу, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд машинаа бариулсан бол хоёр, ядарсан, өвчтэй үедээ машин жолоодсон, тийм хүнээр жолоо бариулсан бол нэг оноогоо алдана. Хуурамч дугаартай, улсын бүртгэлийн дугааргүй машин жолоодвол, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлсэн, хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол хоёр оноо хасагдана. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглавал гурав, хамгаалах бүс хэрэглээгүй, гэрлэн дохио, цагдаагийн хориглосон дохио зөрчвөл, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг оноо хасагдахаар журамлажээ.
Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөх юм байна. Жолооч нар зөрчлийн онооныхоо мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессэж үйлчилгээгээр дамжуулан жолооны үнэмлэхнийхээ дугаараар авах боломжтой аж.
Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

“Гарьд магнай”-гийн Удвал буюу О.Уранчимэг: “Далайцэрэн та хоёрын харилцаа хөндий, үнэмшилгүй байна” гээд Ж.Бунтар найруулагч мөн ч их бухимддаг сан

“Гарьд магнай” киноны Удвалын
дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Оточийн Уранчимэгтэй ярилцлаа. Тэрээр Хавдар
судлалын үндэсний төвийн клиник эм зүйн албаны даргын ажилтай. Эм зүйн ухааны
доктор, профессор. Монголын кино урлагт ганцхан дүр бүтээсэн нь ардын уран
зохиолч Шаравын Сүрэнжавын зохиолыг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн
Жамъянгийн Бунтар агсны найруулсан “Гарьд магнай”-гийн Удвал юм.

-Та Монголын кино урлагт “Гарьд
магнай”-гийн Удвалын дүрээр мөнхөрч үлдсэн. Сүрэнжав гуай Удвалынхаа дүрийг
Сономын Удвал гуайг бодож бичсэн гэдэг. Ард түмний сэтгэлд хоногшсон монгол
бүсгүйн дүрийг мэргэжлийн бус анагаахын оюутан бүтээсэн байдаг. Хэрхэн яаж
тоглох болсон түүхээсээ ярихгүй юу?

-Анагаахын сургуулийн
хоёрдугаар курст суралцаж байх өвөл юм. Наян хоёр он гарч байсан жил шүү дээ. Миний
хувьд өвлийн дараалсан шалгалтууд эхэлчихсэн тун завгүй байлаа. Сургуулийнхаа үүдний
өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байх тэр агшинд “Гарьд магнай” киноны хоёрдугаар
найруулагч Чимиддорж гуай намайг олж харсан гэдэг. Хэсэг хугацаанд анзаарч,
бусадтай харилцсан харилцаа зэргээс миний дүр төрхийг илүүтэй анзаарсан юм уу
даа. Ингээд Чимиддорж гуай өөрийгөө танилцуулж, киноны урьдчилсан шалгаруулалтад
орохыг хэлсэн. Би эхэндээ бүр гайхаж хоцорч билээ. “Киноны зураг авалтад орж чадахгүй.
Тийм зүйлийг ёстой мэдэхгүй. Дуулж, хөгжим тоглож ч чаддаггүй” гэхэд “Чамаар
хөгжим тоглуулахгүй, дуулуулахгүй. Зүгээр л монгол дээл хувцас өмсүүлж
сургуулилтад оруулна” гэлээ. Манай сургуулиас гурван ч бүсгүйг сонгож пробонд
оруулсан гэж байсан. Ер нь Чимээ найруулагчийн хэлснээр Удвалын дүрд Улсын их сургууль,
хуучнаар багшийн дээд, анагаах гээд хэд хэдэн сургуулиас 50-60 эмэгтэйг шигшиж,
сонгож авсан гэдэг.

-Танай удамд урлагийн талын хүн
бий юу. Аав ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аавыг Оточ гэдэг.
Сүхбаатарын Баяндэлгэр сумынх. Ээж маань мөн Дарьганга нутгийн хүн. Аав төрөлх нутагтаа
монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад жараад оноос хотод орж ирсэн.
Би жаран гурван онд хотод төрсөн. Айлын бага охин. Дээрээ хоёр эгч, нэг ахтай.
Аав жараад оны дундуур хотын намын хороонд боловсрол, соёлын асуудал хариуцдаг
байв. Тэгэхээр урлагийн чигийн хүн гэхэд буруудахгүй байх. Манайд хөгжмийн олон
зэмсэг байдаг байлаа. Тухайлбал, мандолина, шанз гээд байна. Аав хөгжим сайхан
тоглоно, гоё бүжиглэнэ. Эгч нар ч хөгжим дарж, бүжиглэх дуртай. Харин надад бол
урлагийн ямар ч авьяас байхгүй, тийм сонирхол ч байхгүй. Багаасаа химийн
гүнзгийрүүлсэн сургалтад явж, тэр талаараа дагнасан. Ер нь намайг анагаахын
чиглэлийн мэргэжил эзэмшүүлэхийг гэр бүлийнхэн маань боддог байсан.

-Эргээд кино руугаа оръё. Анхны
зургийг хаана авсан бол. Аль хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан талаар
сонирхуулахгүй юу?

-Би тэр үед тахимаа шүргэсэн
урт гэзэгтэй байлаа. Биднийг дээл, үстэй малгай өмсгөөд нүүрийг маань бор
өнгөөр будаад, илүү дутуу ямар ч будаггүй пробонд оруулсан. Ерөнхий найруулагч
Ж.Бунтар гуай “Аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ. Чи хаана өссөн, морь унаж
чадах уу. Дээл өмсдөг үү” гээд энгийн зүйлүүд асуусан. Анхны зураг авалт хотоос
хойшоо цэргийн амралтад болсон. Яагаав, Далайцэрэн бид хоёрын мөсөн дээгүүр
хөтлөлцөж гүйгээд мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог тэр хэсэг анхны зураг авалт байсан
юм. “Миний ээжийн малгай байгаа юм. Би хааяа гаргаж өмсдөг. Өнөөдөр өмсмөөр
санагдаад” гээд дөрвөн талтай хуучны булган малгай өмсчихсөн байдаг даа. Тэр малгай,
дээл хантааз надад их гоё зохиж байсан санагддаг. Дараа нь киногоо үзэхэд тэр
хэсэг аятайхан болсон шиг харагдсан. Далайцэрэнтэй хоёул араг шээзгийтэй мөс
үүрээд алхалдаг. Тэрхүү проб урьдчилсан шалгаруулалтын гол шалгуур нь болсон.
Харин дараагийн зураг буюу киноны гол зураг авалт Баянхонгорын шаргалжуутын
рашаанд болсон. Зургадугаар сарын нэгнээс Баянхонгор руу явсан. Миний бие
явахаасаа өмнө гурван шалгалт угсруулж өгч байлаа. Багш нар “Кинонд тоглох гэж
байгаа” гээд онц дүн тавихгүй нь мэдээж. Анагаахын сургууль бол хатуу шүү дээ.
Явахад ерөнхий найруулагч “жаран ес”-тэй давхиж ирээд аав ээж хоёрт батламж
өгөөд намайг авч явсныг мартдаггүй.

-Ямар батламж өгсөн гэж.
Түүнийг нь сонирхож болох уу?

-“Танай хүүхдийг зуны гурван
сарын туршид хөдөө авч явахаар болсон. Аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал
гээд бүх зүйлийг нь батламжилж байна” гэх утгатай зүйлийг өгч билээ. Аав ээж
хоёр нэгэнт Соёлын яам батламжилчихсан учир зөвшөөрөлгүй яахав. Ингээд Ж.Бунтар
найруулагчийн “жаран ес”-нд суугаад “Гарьд магнай”-д тоглохоор Баянхонгор руу
гарч өглөө. Зам гэж явах юм биш. Баахан энхэл донхол. Хичнээн хол байсан гэж
санана. Би өмнө нь тийм хол замд хөдөө явж байгаагүй болохоор ядарч байгаа гэж
жигтэйхэн. Харин тэгтлээ алжааж ядраад очтол Шаргалжуутын рашааны ойр орчим,
тэр уул ус нутаг хичнээн сайхан харагдсан гэж бодно. Сэтгэл сэргээд нэг их гоё
болоод явчихсан. Кино групп гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай, гэрүүд нь
ярайгаад гоё байлаа. Бунтар гуай, Чимиддорж гуай гээд нэртэй найруулагчид,
миний аавд тоглодог гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, молиго Очирын дүрд тоглодог
авьяаслаг жүжигчин Д.Алтангэрэл,Равсал панзын дүрд тоглодог гавьяат
Б.Магсаржав, ардын жүжигчин Д.Мэндбаяр гээд дандаа мундаг жүжигчид. Хамгийн муу
нь би байсан. Ерөнхий найруулагчийн гэргий П.Долгорсүрэн эгч намайг дэргэдээ
авсан. Үндсэндээ би ерөнхий найруулагчийн гэрт хуваарилагдсан. Ижий ааваас минь
батламжилж авсан учир намайг дэргэдээ авсан байх. Түүнээс эрэгтэй, эмэгтэй
жүжигчдийн гэр тусдаа байна. Долгорсүрэн эгч тэр кинонд миний эгчийн дүрд
тоглодог. Өмнө нь “Гэрлэж амжаагүй явна” кинонд дүр бүтээчихсэн туршлагатай
жүжигчин байв. Шаргалжуутын рашаанд модон хавчгаар рашаан авдаг хэсгийн зургийг
Баянхонгорт хамгийн эхэнд авсан. Мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог өвлийн анхны
зураг нэг их тоглолт шаардаагүй. Хувцас хунар өмсөөд ерөнхий дүрээрээ явчихсан.
Харин яг натур дээрээ очоод жинхэнэ амаргүй ажил эхэлж байгаа юм чинь.

-Зохиолынхоо үгийг яс цээжилж,
Ш.Сүрэнжав гуайн монгол үгийн сувдаар ярих нь мэдээж?

-Тэр үедээ бол зохиолынхоо
үндсэн эхийг цээжилж, мэргэжлийн түвшинд дүрээ гаргах гэж чармайж байсан.
Үгийнх нь үнэ цэн, утга санааг тэр бүр нарийн мэдэрдэггүй байжээ. Сүүлд киногоо
үзэхээр хүмүүсийн хэлж байгаа үг хичнээн утга яруу, энгийн хэрнээ төгс төгөлдөр
болохыг ойлгож мэдэрсэн. Дүрээ мэргэжлийн түвшинд илэрхийлж чадахгүй байна.
Наад харц чинь, хөдөлгөөн чинь худлаа, хиймэл байна гээд загнуулна. Хэцүү бэрх
зүйлтэй үргэлж тулгарч байлаа. Халуун рашаан авдаг хэсэгт Бавуу баяны хүү
ирчихээд ээрч хоргоогоод зовоодог шүү дээ. Дашзэвэг гэж Дарханы театрын
туршлагатай жүжигчин тоглосон учир намайг дагуулаад явчихсан. Ухаандаа, “Та
яасан хэцүү хүн бэ. Амьтан хүн хараад байхад ичдэггүй юм уу” гэж би хэлдэг.
Тэгэхэд “Өнөө орой уулзана гэж хэлэхээс чинь нааш явуулахгүй. Амьтан хүнээс
тэгтлээ ичээд байгаа юм бол өнөө орой уулзана гээд хэлчих” гэж над руу дайрахад
нь өөдөөс нь ус цацчихдаггүй юу. “Энэ мангар хараас чинь хэн айдаг юм” гээд
устай хавчган дээр сандайлж суучихаад босохгүй байхад Далайцэрэн өргөж
хаячихаад яваад өгдөг тэр хэсгийг тоглох гэж бас л баахан шүүмжлүүлсэн. Мөн
овооны наадмын үеийн зураг их хэцүү санагдаж байв. Далайцэрэн барилдаад. Би
үзэгчдийн дундаас харж байгаа хэсэг л дээ. Д.Батдорж их том биетэй. Би түүний
хажууд жижигхэн. Өргөн дүрсний кино учир нэг их ялгаа харагдаагүй байх. Би
монгол гутал дотроо гэрийн шаахайгаа дэвсэж өмсөөд жаахан заль гарган өөрийгөө
өндөр харагдуулж ч байлаа.

-“Гарьд магнай”-д Далайцэрэн та
хоёрын маш гоё хайр явдаг. “Сэтгэлтэй гэдгээ хэлбэл бүл чадалгүйгээр нь
далимдуулсан болох байх” хэмээн бодож байгаа зэрэг нь тэр чигээрээ монгол ахуй,
хөдөөгийнхний нэмэр хачиргүй хайр дурлал юм. Ингэхэд Далайцэрэн та хоёр хэн
хэндээ сэтгэлтэй болж буй дүрээ хэрхэн үнэмшилтэй болсон гэж боддог вэ?

-Та хоёрын хоорондын харилцаа
хөндий байна, бие биенээ хайр сэтгэлийн харцаар харахгүй байна, харц
тулгарахгүй байна гээд зураг авалтыг цөөнгүй удаа зогсоож байсан. Ямар сайндаа
Бунтар гуай уурлаад намайг буцаах дээрээ тулдаг юм. “Чи тоглож чадахгүй нь,
буц” гэхэд нь миний санаа амарсан гэж жигтэйхэн. “Тэгье, би гэртээ буцъя, ямар
сайн юм” гэж бодлоо. Тэгтэл “Харин чи Соёлын яамны энэ кинонд зарцуулсан нэг
сая төгрөгийг төлнө дөө” гэдэг юм. Тэр үеийн сая төгрөг гэдэг чинь санаанд
багтамгүй их мөнгө биз дээ. Тэр их мөнгийг төлөөд яаж буцах билээ. Соёлын яамны
зөвлөлөөр миний дүр батлагдахад С.Удвал гуай, Э.Оюун гуай хоёр намайг ихэд
дэмжсэн юм билээ. Түүнийг хэзээ хойно мэдэж байгаа юм. Сүрэнжав гуай Удвалынхаа
дүрийг Сономын Удвал гуайг бодож бичсэнийг хүмүүс мэднэ. Удвал гуай намайг “Энэ
хүүхэд болно” гэж хэлснийг бодоход би адилхан санагдсан юм байлгүй. Бунтар гуай
надад уурласан ч чамд сайн тал их байна гэсэн. Анагаахын оюутан гэдэг аливаад
маш хариуцлагатай ханддаг, алдаагаа засах тэсвэр тэвчээр, сэтгэлзүйтэй гэдгийг
дуулгасан. Далайцэрэнтэй нэг найруулагч тулж ажиллана. Үгээ зөв хэллээ, буруу
хэллээ. Амьсгаагаа буруу авч байна, харц чинь болохгүй байна гэж хэлнэ. Надтай
Лхагвамаа найруулагч ажиллаж байсан. Чиний амны хайрцаг буруу уншигдаад байна,
үгээ дутуу хэлж байна гээд эхэлнэ шүү дээ. Зураг авалт дууссаны орой Далайцэрэн
бид хоёр маргаашийн зураг авалтдаа бэлдэж байгаа нь тэр гэж баахан мунгинадаг
байв. Харин сүүлд Д.Батдорж “Бид хоёр бөхийн соёлоор дамжуулж монгол
үндэснийхээ онцлогийг мэдрүүлсэн энэ сайхан кинонд, алдар цуутай жүжигчдийн
тоосон дунд хайр сэтгэлээр холбогдож хамтдаа тоглох хувьтай байж шүү” гэж хэлж
байсан. Тэр үг миний санаанаас гардаггүй юм.

-Таны аавын дүрд тоглодог
Рагчаагийн Дамдинбазар гуай яалт ч үгүй алтан үеийн аваргуудын нэг дээ?

-Тэр чигээрээ агуу авьяас,
туршлага байсан. Алтан үеийн жүжигчдийн, монгол киноны домог бахархал болсон
хүнтэй аав охин болж дэлгэцэнд мөнхөрсөндөө би өөрийгөө азтай гэж боддог. Би
бол Оточ гэж хүний хүүхэд. Аавдаа маш их хайртай. Гэхдээ яагаад ч юм
Дамдинбазар гуай яг л миний аав юм шиг санагдаад байж билээ. Бавуу баяны хүмүүс
намайг уйлуулаад хүчээр аваад явахад би яг л ааваасаа салж байгаа юм шиг
сэтгэлд бодогдож байсан. “Миний муу шар охиныг яаж тоогоо аж дээ”, “Далайцэрэн
та хоёр Очир ахындаа ахиад очих нь дээ” гээд хэлж байгаа үгнүүд, байр байдал,
дүр төрх, хандлага нь аав шиг санагдана. Тийм итгэл үнэмшил төрүүлнэ гэдэг агуу
юм даа. Дамдинбазар гуайн гэргий Аюуш эгчтэй хааяа утсаар ярьдаг юм.
Хүүхдийнхээ толгойг очиж бариулна. “Гарьд магнайгийн Удвал байна аа” гээд
ярихад “Өө миний хөгшний охин байна” гээд сүйд болно.

Би чинь “Гарьд магнай” кинонд
тоглосноос хойш бөх үзэх дуртай болсон. Ялангуяа наадам, цагаан сарын шөвгийн
дөрвөн барилдааныг алгасалгүй үзнэ. Киноны даншиг наадам болдог хэсгийг Төв
аймгийн Баянчандмань суманд авсан. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд гээд бөхчүүд
ихэнх нь очсон. Д.Батдорж чинь “Алдар” нийгэмлэгийн цэргийн алба хаагч байсан
армийн бөх. Алдар цуутай аваргуудаас шилэгдэж дэлгэцэнд мөнхөрсөн аварга.
Надаас нэг дүү жаран дөрвөн оны луутай. Би болохоор жаран гурван оны туулайтай
юм. Б.Бат-Эрдэнэ аварга, том П.Сүхбат нарын бөхчүүд Д.Батдоржтой чацуутнууд
байсан. Бөхчүүд намайг “Чам шиг цагаан царайтай ийм монгол хүүхэн байдаг юм уу”
гээд зураг авалтын ердийн үеэр хэлнэ. Би тэднээс ичээд майхан руугаа гүйчихдэг
байлаа. Даншиг наадамтай хэсэгт ардын жүжигчин Н.Дагийранз гуай, “Цахиур
Төмөр”-ийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Т.Сандуйжав гуай гэж сайхан хүмүүс хамт
байлаа.

-Та Хавдар судлалын үндэсний
төвийн клиник эм зүйн албаны даргын ажилтай. Эм зүйн ухааны доктор, профессор
хүн. Удвалын дүрээс өөр дүрд тоглоогүй гэдэг юм. Яагаад тэр вэ. Санал ирээгүй
хэрэг үү?

-Ж.Бунтар гуай “Гарьд
магнай”-гийн дараа хийсэн нэг кинондоо тоглооч гэж хэлж байсан. Тэр нь “Ирж
яваа цаг” кино байсан санагдана. Сүүлд мань хүн бас хэлдэг байсан. Би чамайг
түүхэн кинонд тоглуулна, дарьганга эмэгтэй гэж ямар байдгийг чамаар үзүүлнэ
гэнэ. Харамсалтай нь тэр киногоо хийж чадаагүй байх. Надад Багшийн дээдийн
киноны ангийн хуваарь өгч болох юм гэж хэлж байсан. Жүжигчин Н.Батцэцэг Их
сургуулийн орос хэлний ангийн оюутан байхдаа “Эх бүрдийн домог”-т тоглоод дараа
нь кино драмын ангид орсон. Ийм замаар чи явах уу гэхэд нь би зөвшөөрөөгүй.
Д.Батдорж Далайцэрэнгийнхээ дүрээс хойш хоёр ч кинонд тоглосон. “Ард Аюуш”-ийн
Довчингийн дүрийг хүмүүс санаж байгаа. Би болохоор мэргэжлийнхээ ажлыг хийгээд
юун кинотой манатай байлаа. “Гарьд магнай”-д миний дууг хошин шогийн жүжигчин
Б.Туяа оруулсан. Би ч түүнд тусалж чадаагүй. Харин нэг зүйлийг сонин болгож
хэлэхэд, 1984 онд Москвад болсон Монгол Зөвлөлтийн найрамдлын баярт эрдэмтэн
зохиолч Э.Оюун, “Ардын элч”-ийн Дарьбазар буюу жүжигчин Ж.Занабазар, “Ардын
элч”-ийн Ариунаа буюу гавьяат П.Цэвэлсүрэн, кино найруулагч одоогийн ардын
жүжигчин Г.Жигжидсүрэн гээд аваргуудтай хамт явах тохиол бүрдсэн. Э.Оюун гуай
надад их л элгэмсэг сайхан хандана. “Урнаа чамайг би хөөрхөн гэхгүй. Харин чи
бол сайхан хүүхэн. Би Н.Сувдыг ээж шигээ царайлаг хүүхэн гэж хэлэхгүй. Харин
монгол галбир төрхтэй сайхан хүүхэн” гэж билээ. Тэгээд намайг анагаахын
чиглэлээрээ яв, чи эрдэмтэн болно гэв. Тэр үед юун эрдэмтэн билээ гэж бодогдож
билээ. Тэгтэл миний бие эрдэмтэн доктор болдог юм. Хими эмчилгээний ходоодны
хорт хавдрын сэдвээр 2006 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн
А.Галсумъяа гээд эмч хүн. Анагаахын хүрээлэнгийн зүрхний доктор бий. Манайх
хоёр хүүтэй. Том хүүг маань Баярмагнай гэдэг. “АПУ” компанийн маркетингийн
захирлаар ажилладаг. “Гарьд магнай”-д тоглосноо бэлгэшээж том хүүдээ Баярмагнай
гэж нэр өгсөн. Ж.Бунтар найруулагчийн гэргий кино гарсны дараахан амаржсан. Тэр
хүүдээ Гарьд гэж нэр өгсөн байдаг. “Шинэ үсгийн багш” киноны гол дүрд тоглодог
залуу шүү дээ. Манайх хоёр хүүтэй бол Д.Батдорж маань бас хоёр хүүтэй. Гэр
бүлийнх нь хүн эмч юм билээ. Саяхан бид Равсал панз буюу Б.Магсаржав гавьяатад
байр өгөхөд уулзалдсан. Далайцэрэн маань багагүй жин нэмсэн байна лээ.
“Далайцэрэн нь хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдраад л явж байна даа” гээд
инээж байсан.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж, баруун биднээс нүүрээ буруулбал монгол төгрөг юаниар солигдоно

Хөрөнгөө бариад ирсэн гадныхныг элдвээр хэлж байгаад эх орноосоо хөөн зайлуулсныхаа горыг амсаж буй улс орны нэгэн тод жишээ бол Африк тивийн өмнөд хэсэгт орших Зимбабве улс болоод байна. Улсынх нь удирдагч долоо дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож Геннисийн номонд бичгдсэн Роберт Мугабе гэж 91 настай хөгшин байгаад уржигдар төрийн эргэлтээр нэг юм сэнтийнээсээ буув бололтой.

Зимбабве улс байгалийн баялгаараа манайхаас хол давсан улс. Зэс, мөнгө, алт, цагаан тугалга, нүүрс, никель, кобальт, төмрийн хүдэр, асбест, хром, алмаз… үнэт эрдэс баялаг бүхэн бий. Энэ бүх орд руу нь гадны томоохон компаниуд тэртээх 70-аад оноос хөрөнгөө оруулж эхэлсэн нь үр дүнгээ өгч тухайн үедээ баян улс болсон. Дээр нь тус улсын хөдөө аж ахуйн салбар нь фермерийн зарчмаар онцгой сэргэж өндөр хөгжсөн. Гэтэл Мугабе гэдэг хүн 1980 онд төрийн эрхэнд гарснаар хэрэг бишидсэн юм. Иргэд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, бүр алж талахдаа тулж, фермерүүдээс газрыг нь булаан авах төрийн бодлого хэрэгжсэн байдаг. Тэр үеийн Зимбабвегийн түүхийг харахад нийгмийн бүх эсэргүүцэл хөдөлгөөн нь яг л өнөөдрийн манайх шиг хэлбэр агуулга, зохион байгуулалт бүхий жагсаал эсэргүүцлээр эхэлж, тэр нь газар авсаар гадны гэсэн бүгдийг хөөн гаргаж, дотоодын баялагтаа төрийн оролцоо нь давамгайлсан байдаг.

Өнөөдөр Зимбабве улс бүрэн дампуураад байна. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй болтлоо шүү. Зимбабве дахь инфляцийн түвшин өнөөдөр 250 сая хувь буюу ухаан алдмаар их тоонд хүрлээ. Нэг ширхэг талх авахын тулд 300 тэрбум зимбабве доллар төлнө. Нэг талх авахын тулд дэлгүүр рүү шуудай дүүрэн мөнгө, эсвэл тэрэг дүүрэн мөнгө түрж явцгаадаг. Санаанд буумгүй байгаа биз. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад, бид өөрсдөө бүгдийг болгоно чадна гэж тэнэгтсэн ард түмэн ийм л болдгийг өнөөдрийн дэлхий ертөнцөд шившигтэйгээр тунхаглаж байна. Манайхны өнөөдрийн уул уурхай, гадны хөрөнгө оруулагчдын эсрэг үг, үйлдэл бүхэн цаашид газар авсаар байвал ийм л хувь заяа хүлээж байгаа. Өөр юу ч биш.

Ингэж аймшигтай дампууралд хүрсэн Зимбабвечууд өнгөрсөн мягмар гаригт үндэсний мөнгөн тэмдэгтээ нэг мөр устгаж Хятадын юанийг албан ёсоор өөрийн мөнгөн тэмдэгт хэмээн зарлалаа. Өвгөн Мугабегийн сүүлийн арга гэж хэлж болно. Өвгөн амьдрах эцсийн жилүүддээ амар жимэрхэн байгаад нүд анья гэсэндээ ард түмнээ Хятадын хавсарга ард түмэн болгов. Ер нь бол Мугабе ард түмэн нь өлбөрч үхдэгийн даваан дээр тулаад ирэхээрээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг хөрөнгө босгох зорилгоор олон ч удаа үнэт цаас гаргасан байдаг. Үүний улмаас улсынх нь мөнгөний ханш улам суларч, үндэсний хөрөнгөтнүүд болох баячууд нь ядуучуудын эгнээнд шилжиж, цөөнгүй баян иргэн гадны орнууд уруу дүрвэсэн билээ. Улс орон нь дампуурахаар үндэсний хөрөнгөтнүүд нь бүх хөрөнгөө аваад гадагшаа дүрвээд гарчихдагийн сонгодог жишээг бас Зимбабве харуулаад байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид хөөгдөн гарсан, үндэсний хөрөнгөтнүүд нь ядуураад юм уу, гадагшаа зугтаасан ийм улсын Сангийн сайд ямар мэдээлэл хийсэн гэхээр “Манай улсын төрийн санд өнөөдөр ердөө 217 ам.доллар л үлдлээ” гэсэн мэдэгдэл юм. Дотроо самуунтай, гадныхныг үзэж чаддаггүй ард түмнийг ийм л шившигтэй хувь заяа хүлээж авдаг юм байна, ердөө 217-хон доллартай улс шүү.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг байр суурьтай улстөрчид, иргэд, иргэний хөдөлгөөн ихтэй Монгол Улс өнөөдрөөс эхлээд тийм хэсгийнхнээ газар авахуулахгүй, дэмжихгүй байх хэрэгтэй юм байна. Хэрэв тэднийг өөгшүүлбэл Зимбабвегийн хувь заяа л хүлээж байна. Уржигдар гэхэд хэсэг нөхөд Төрийн ордон руу дайрлаа. Тэдний дотор сая төрийн өршөөлөөр шоронгоос суллагдсан Ц.Мөнхбаяр явж байна. Төрдөө баярлаж явах ёстой хүн гэж бодож явтал тэгдэггүй, тийм бодолгүй бололтой. Төрийн энэрэл хайр гэдэг зүгээр ч нэг ирдэг юм биш дээ. Их утга учиртай, гүн хүндэтгэлтэй хандах үйл явц юм. Улс орноо Зимбабвегийн замаар оруулахын төлөө зүтгэж яваа бол төрийн төмөр нүүр тийм хүмүүсийг хайрч жиндүүлэх л болно. Яагаад гэвэл эх орны чинь хөгжил дэвшилд хувь нэмэр, хөрөнгө мөнгөө оруулъя гээд ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг гутаан доромжилж, хөөж тууж буй үйлдэл бол эх орноосоо урвасантай тэнцэнэ. Дэлхийн хамгийн ядуу орон Зимбабвегийн НҮБ дахь төлөөлөгч хэдэн жилийн өмнө Давосын чуулганы индэр дээр (энэ чуулганд дэлхийн 180 орны төр засгийн тэргүүн, өндөр албаныхан ирсэн)-ээс “Өнөөдөр манай улсад секундэд гурван хүн өлсгөлөнгөөр үхэж байна, би энэ индэр дээр хэдэн минут үг хэлэв, тэр тоогоор хэдэн хүн өлсч үхэж байгааг хэлэхэд зүрх шимширч байна” гэсэн нь дэлхийг цочроосон юм. Иймдээ хүрсэн ард түмний эхний өдрүүдийн үйлдэл яг л өнөөдрийн манайхан жагсч цуглаж, Төрийн ордон руугаа дайрч, иргэний хөдөлгөөнүүд нь энд тэнд борооны дараахь мөөг шиг үржиж төр засгаа зүхэж эхэлснээр эхэлсэн байдаг юм шүү. Өнөөдрийн ардчилсан Монголд хүн үг хэлэх, жагсаж цуглах эрхтэй. Гэвч өнөөдөр Төрийн ордон руу дайрч буй иргэд шиг хүмүүсийг, иргэний хөдөлгөөнүүдийг өөгшүүлэн дэмжээд байвал, хэн нэгэн улстөрч тэдний ард зогсоод байвал нөхдүүд нэг л өдөр Баянхошууны эцэст шуудайтай элсэн далан бүхий хориглолт босгоод буу зэвсэг агсаад ард нь хэвтчихнэ. Тэгээд л иргэний дайн шүү дээ. Энэ бол сүржигнэл ердөө биш. Ийм үйлдлийг санхүүжүүлж, зорилгодоо ашиглахыг хүсэгсэд бүх газар байж байдаг. Буу зэвсэг, бөмбөг зэхээд Төрийн ордон руугаа халдсан ойрхны жишээ байна шүү дээ. Энэ чинь л эхлэл нь. Сүржигнэж байгаа юм ерөөсөө биш, амьдрал дээр ийм оролдлого хийгдээд эхэлснийг монголчууд сана.

Тэгэхээр монголчууд бүгдээрээ энэ бүгдээс урьдчилан сэргийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьцгаая. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн зайлуулж монгол төгрөгөө үнэгүйдүүлмээргүй байна. Өнгөрсөн хугацаан дахь уул уурхай, гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг популизмын үнэ төлөөс юу байв гэвэл өнөөдөр монгол төгрөгийг 2000 төгрөг хүртэл унагасан явдал. Дэндүү их хор уршигтай төлөөс гэж үүнийг хэлнэ. Оюутолгой ид ажиллаж байх үед монгол төгрөгийн үнэ цэн 1300 төгрөг байсан юм. Дотоодын үймээн самуунтай үед барууныхан ямагт болгоомжилно. Ялангуяа хэн нэгэн УИХ-ын гишүүн эсэргүүцэн жагсч, тэмцэгчдийг удирдаад эхэлбэл тэгээд л хуурай өвсөнд шүдэнз зурсантай адил болно. Эцсийн дүндээ барууныхан бүгд дайжиж ойроороо Хятадын улаан төгрөг л манай гүйлгээнд орж ирнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ юаниар солихоос өөр гарцгүй болно гэсэн үг.

Үе, үеийн Монголын эх орончдын бодож хүсч, тэмцэж босч, амь насаа өргөж байсан үйл хэрэг юу байсан гэвэл хоёр талд хашин орших Орос-Хятад гэсэн энэ их тэнгисийг хэрхэн гаталж дэлхийтэй харьцах вэ гэсэн тэмцэл байлаа. Энэ нь шинэ зуунд биеллээ олсон. Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш биеллээ олж эхэлж байгаа гэж ойлгодог. Өнөөдөр энэ хоёр гүн тэнгисдээ живчихгүй гал голомтоо сахиж үлдэхэд барууны хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Үүнийг л хаа хаанаа сайн ойлгоцгооё. Хөрөнгө нь байгаа газраа хүн цаг үргэлж хайрлан хамгаалж, харж хандаж байдаг юм.