Categories
мэдээ цаг-үе

Номхон зантай Усны цагаан сүүлт БҮРГЭД

Монгол оронд олон зүйл бүргэд байдаг талаар шувуу судлаачид онцолдог. Энэ удаагийн сав шимийн буландаа Монгол орны бүргэд тэр дундаа усны цагаан сүүлт бүргэдийн талаар онцолъё. Бүргэд нь харцагын овогт багтах, том биетэй махчин шувуу юм. Дэлхий дээр 60 гаруй зүйлийн бүргэд байдгаас ихэнх нь Евроази, Африкт нутагладаг бол манай оронд бахим бүргэд, бор бүргэд, тарважи бүргэд, цармын бүргэд, хан бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, усны нөмрөг бүргэд, уулын согсоот бүргэд хэмээх зүйлүүд амьдарна. Бүргэд нь бахим хошуу, хүчирхэг том биеэрээ бусад махчин шувуунаас онцгойрдог. Махчин шувуудыг өдрөөр ангуучилдаг, шөнөөр ангуучилдаг гэж ангилбал өдрөөр ангуучилдаг махчин шувууны хамгийн том төлөөлөгч нь бүргэд юм.

Усны цагаан сүүлт бүргэдийн талаар шувуу судлаач, доктор Г.Майнжаргал, мал судлаач, ахмад зохиолч А.Далхжав нараас дараахь зүйлийг тодрууллаа. Улаан номд багтсан энэхүү зүйлийн бүргэд нь харцагын овгийн, нөмрөг бүргэдийн төрөлд багтдаг. Монгол орны Орхон, Сэлэнгийн сав газар, Их нууруудын хөндий тэр дундаа Хөвсгөл нуур, Хар-Ус нуур, Хар нуур, Өгий нуур, Булган, Тамир, Сэлэнгэ гол зэрэг усны ундарга ихтэй нутгуудаар цагаан сүүлт нөмрөг бүргэд нэлээд тархжээ. Олон улсын нэр нь “HaliaeeTus albiciLa” буюу оросоор “Орланбелохвост”, англиар “White-Tailed Eagle” гэнэ. Энэ бүргэдийг анх 1758 оны үеэс шувуу судлаач эрдэмтэн, докторууд сонирхон судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлжээ. Нэн ховорт тооцогдох бөгөөд 1997 онд Монгол Улсын “Улаан ном”-д, мөн ОХУ-ын “Улаан ном-“д орсон дархан цаазат нүүдлийн шувуу юм.

Усны цагаан сүүлт бүргэд нь цайвар толгой, бараан хүрэн бие, бахим том хошуу, цав цагаан сүүл, тод шар сарвуу болон хошуугаараа бусад зүйлээсээ ялгардаг. Мөн биеийн хэмжээгээрээ бусад бүргэдээс ялимгүй том.

Биеийн ерөнхий урт 69-92 см, зарим үед 100 см ч хүрдэг. Элин халин нисэхэд далавчны урт нь 182-244 см хүрдэг байна. Эм бүргэд эрээсээ ялимгүй том бөгөөд өргөн, урт далавчтай байна. Эм бүргэд нь 4-6.9 кг жинтэй бол эр нь 3.1-5.4 кг хүрнэ. Манай оронд цагаан сүүлт бүргэд хамгийн уртдаа 25 насалжээ. Тус зүйлийн бүргэд дунджаар 21 насалдаг юм байна.

Бүргэд бол тэнгэрт амьдрах заяатайгаа зохицсон хүчирхэг, догшин, анч жигүүртэн билээ. Энэ ч үүднээс монголчууд бид хүчирхэг, эрэмгий, омог бардам хэн нэгнийгээ “бүргэд шиг” гэж зүйрлэдэг. Яруу найрагч Б.Ичинхорлоо

“…Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй …” хэмээн шүлэглэсэн байдаг. Харин цагаан сүүлт бүргэд нь бусад зүйлээ бодоход харьцангуй дөлгөөн тайван амьтан аж. Энэ зан чанар нь түүний хооллолтоос ч гэсэн анзаарагддаг. Ихэнх бүргэд өндрөөс элин хальж, үнэг, хярс, туулай зэрэг амьтдыг ангуучлан барьдаг бол энэхүү бүргэд нь гол мөрөн, нуур цөөрмийн орчмоор амьдран голдуу загас жараахайгаар хооллоно. Мөн амьтдын сэг зэм, гол мөрөн хөлдсөн үед жижиг хөхтнөөр хооллох нь ч бий. Өдөртөө 500-600 гр хоол тэжээл иддэг аж. Мөн гол, нуурын хөвөө дагаж айл малтай ойр амьдардаг нь энэ бүргэдийн хэрцгий догшин бус номхон дөлгөөн зантайг харуулна.

Цагаан сүүлт бүргэд нүүдэллэн амьдардаг гэх боловч Монголд өвөлжих нь элбэг байдаг ажээ. Голдуу гол мөрөн, нуурын эрэг дагуух цавчим хясаа, өндөр модны оройд үүрээ засдаг аж. Монгол оронд энэ зүйл бүргэд ойролцоогоор 60 орчим хос байдаг бөгөөд жилдээ 1-2 өндөг гаргана. Харин дэлхий нийтийн хэмжээнд 2008 оны байдлаар 9-11 мянган хос цагаан сүүлт бүргэд бүртгэгдсэн байна.

Энэхүү бүргэдийн ангаахай 4-5 нас хүрээд бэлгийн бойжилт нь гүйцэж хосоо олдог. Нэгэнт хосоо олсон бол амьдралынхаа турш түүнтэйгээ амьдрах боловч хос нь амь үрэгдсэн тохиолдолд өөр нэгнийг сонгох тохиолдол ч байдаг гэнэ. Хосоо сонгохдоо эр нь түрүүлж тохиромжтой газар сонгон үүрээ засна. Хэрэв гоё үүр зассан байх юм бол эм бүргэд нь таалснаар тэд нийлдэг байна. Тэд амьдралынхаа туршид хэд хэдэн газар үүрээ солин амьдардаг. Нэг хосын эзэмших нутаг нь ойролцоогоор 30-70 км ам.дөрвөлжин талбай байдаг ажээ.

Хосууд өвлийн сүүлч буюу хаврын эхэн сард үржилд орж гурав, дөрөвдүгээр сарын хооронд өндөг гаргадаг байна. Эр, эм бүргэдийн аль аль нь өндгөө ээлжлэн дарах бөгөөд 38 хоногийн дараа хагарч ангаахай гарна.

Эцэг эх нь эхний 5-6 долоо хоногт ангаахайнхаа аманд хоол хийж өгөх бөгөөд тэрнээс цааш өөрсдөө хооллох чадвартай болдог байна. Мөн 11-12 долоо хоноод даль жигүүр нь ургаж гүйцдэг ажээ.

Монголчууд эртнээс шувууны өндгөөр оролдох, тэр битгий хэл сүүдрээ ч тусгахыг цээрлэн, үр хүүхдүүддээ сургаж ирсэн уламжлалтай. Энэ нь тэрхүү бяцхан өндгийг эх нь голж хаях вий, улмаар устаж ховордох вий гэж сэрэмжилсэн малчин ардын ухаан билээ. Үүний жишгээр нутгийн иргэд усны цагаан сүүлт бүргэдийг хороох, үүр оромжоор нь оролдохыг ихэд цээрлэдэг юм.

Э.Номин

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын өөрчлөлтөөс хэн хамгийн их хохирох вэ?

Дараахь нийтлэлийг манай дэлхийн тэргүүн баян “Bill & Melinda Gates” сангийн тэргүүн Билл Гейтс бичсэн юм. Түүнийг нь Америкийн “Project Syndicate”-ээс манай сонины редакцид явуулсныг сонирхуулъя.

Одоогоос хэдэн жилийн өмнө Мелинда бид хоёр үерт хамгийн их автаж хохирол амссан Энэтхэгийн Бихар мужийн цагаан будаа тарьдаг тариачин айлуудаар очсон юм. Тэд бүгдээрээ маш ядуу, ямар ургац авахаас амьдрал нь хамаардаг хүмүүс байв. Жилд нэг удаа борооны улирал болоход голын ус үерлэж ургац алдахад аюул нүүрлэнэ. Гэсэн хэдий ч тэд аж ахуйгаа авч үлдэж чадна гэсэн найдварыг тээж эрсдэлтэй алхам хийхэд хэзээ ч бэлэн байдаг. Харамсалтай нь эрсдэл ихэвчлэн алдагдал хүлээхэд хүргэдэг. Хэрвээ ургацаа алдвал тэд гэр орноо тэжээх мөнгө олохоор хот орно. Ингээд жилийн дараа улам хоосорчихсон дахин цагаан будаагаа тарихаар харьж ирнэ.

Энэтхэгт хийсэн энэ удаагийн айлчлалаар дэлхийн хамгийн ядуу тариачны амьдрал, хувь заяа нь утасны үзүүр дээр тогтож байгаагийн нэгэн тод жишээ болсон. Тэдэнд нийгмийн хамгаалал гэдэг юм байхгүй. Өндөр хөгжилтэй орнууд шиг орчин үеийн техник технологийг ашиглан цагаан будааныхаа үрийг сайжруулах арга үгүй. Алдагдлаас аврах ургацын даатгал гэж байхгүй. Ган, үер, өвчин гээд нэг л юм болоход тэдний хувь заяа ядуурал, өлсгөлөнд бүрэн автана.

Өнөө үед цаг агаарын өөрчлөлт нь тэдний амьдралд бас нэгэн эрсдэлийг бий болгож байна. Ирээдүйн арван жилд цаг агаар улам халуун болж арван хэмээр нэмэгдэнэ. Энэ нь хөдөө аж ахуй тэр дундаа халуун орнуудын хувьд маш том өөрчлөлт оруулна. Бороо хэт ихэсвэл маш бага орсноос будаа боловсорч амжихгүй. Түүнээс гадна халуунд цагаан будаанд халтай амьтад маш их үрждэг аюултай.

Өндөр хөгжилтэй орнуудын тариаланчид ч ийм өөрчлөлттэй тулгарна. Гэвч тэдэнд эрсдлийг давж гарах боломжууд байгаа. Харин дэлхийн хамгийн ядуу тариачид нь нүцгэн гарнаас өөр юу ч үгүй.

Тиймээс цаг агаарын өөрчлөлтийн улмаас хамгийн ихээр хохирох хүмүүс.

Дэлхийн хүн ам өсч хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед фермерүүдэд цаг агаарын өөрчлөлт аяндаа мэдрэгдэнэ. 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээ 60 хувиар нэмэгдэнэ. Тиймээс ургац багасах нь хүнсний хангамжид асуудал учруулж өлсгөлөн улам бүр газар авна. Ингэснээр сүүлийн зуунд ядууралтай тэмцэх зорилгоор хийсэн ажлын амжилтууд үгүй болно гэсэн үг.

Гэхдээ би ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Бид цаг агаарын өөрчлөлтийн улмаас бий болсон сөрөг үр дагаврыг даван гарч, дэлхийг хүнсээр хангаж чадна. Хамгийн гол нь одооноос энэ чиглэлээр арга хэмжээ авч эхлэх нь чухал. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд одооноос байгаль орчинд ээлтэй эрчим хүч гаргаж авахад хөрөнгө оруулалт хийж ингэснээр агаарт ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг багасгана. Гэхдээ агаарын хэм нэмэгдэж байгаагийн сөрөг нөлөөг бүрэн зогсооход хэтэрхий оройтчихоод байгаа гэдгийг ч бид хүлээн зөвшөөрөх ёстой. Дараагийн долоо хоногт хямд бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүч гаргаж авах аргыг нээсэн ч нүүрстөрөгчөөс бүрэн татгалзахад чамгүй хугацаа хэрэгтэй. Тиймээс ч ядуучуудад шинэ нөхцөл байдалд зохицоход нь туслах хэрэгтэй.

Шинэ аргуудын зарим нь цаг агаарын өөрчлөлтөд тохирсон юм. “Gates Founda­tion” сан нь хамтрагчидтайгаа нийлэн ган, үер нүүрлэсэн ч ургадаг шинэ сортын үр гаргаж авахаар ажиллаж байна. Жишээ нь Бихарт надтай уулзсан тариачид үер болсон ч ургадаг шинэ сортын цагаа будаа тариалж байгаа. Энэ үр нь хоёр долоо хоногийн туршид усан дор байсан ч ургах чадвартай тул “ургадаг цагаан будаа” хэмээн нэрлэсэн. Тариачид үер болж магадгүй хэмээн бэлтгэлтэй байгаа. Түүнээс гадна ган, зуд болон давсны агууламж нэмэгдэх зэрэг хөрсөнд ямар нэгэн өөрчлөлт орсон ч ургадаг тийм сортын үрийг гаргаж авахаар ажиллаж байна.

Энэ нь хүний амьдралд чухал нөлөөтэй. Орчин үеийн аргуудыг хэрэглэснээр тариачид хоёр, гурав дахин их ургац хураан авч орлогоо нэмэгдүүлж байгаа тохиолдол цөөнгүй. Иймэрхүү дэвшилтэт аргуудыг өндөр хөгжилтэй орнуудын тариалан эрхлэгчид байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг. Харин ядуу орнуудын тариачдын хэрэглээний хүнс нэмэгдэж аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүдээ сургуульд явуулах боломж бүрддэг. Ингэснээр зарим жил нь ургац муу байсан ч ямар нэгэн хүндрэлд орохгүй.

Цаг агаарын өөрчлөлтийн улмаас бий болох эрсдэлүүдийг урьдчилан тооцоолох аргагүй. Тиймээс хамгийн найдвартай арга нь үрийг сайтар судалж, жижигхэн фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг дэмжих явдал. Фермерүүдэд тус болох хамгийн дэвшилтэт технологи бол хиймэл дагуул ашигладаг технологи. Түүний тусламжтайгаар Африкт хөрсний нарийвчилсан зургийг гаргаж авсан. Ингэснээр ямар сортын будаа сайн ургахыг тогтоодог.

Сайжруулсан үр, шинэ технологи нь тариачдын гар дээр очсон цагт л тэдний амьдрал сайжирна. Нэлээд хэдэн арилжааны бус байгууллага тэр дундаа “One Arce Fund” нь эдгээр шинэ аргуудыг фермерүүдийн хүртээл болгох арга замыг хайж буй. “One Arce Fund” нь Африкийн 200 мянган фермертэй хамтран ажиллаж, шинэ аргад суралцаж, шинэ тоног төхөөрөмжтэй болгох ажлыг санхүүжүүлдэг. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь 2020 он гэхэд үүнд нэг сая фермерийг хамруулах явдал юм.

Мелинда бид хоёр энэ жилийнхээ илтгэлд ойрын 15 жилд Африк өөрөө өөрийгөө хүнсээр хангах боломжтой болно гэсэн урьдчилсан таамаглалыг дэвшүүлсэн. Цаг агаарын өөрчлөлт нь нэлээд эрсдэл авчрах хэдий ч бид энэ таамаглалдаа бүрэн итгэлтэй байгаа.

Ядуу тариачдын амьдрал хэцүү бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт маш олон зүйлээс хамаарна. Үүнд зөв үрээ тарихаас эхлүүлээд ургацаа хаана зарах хүртэл хамаарна. Эдгээрээс нэг нь дутваас бүх юм бүтэлгүйтнэ. Тэднийг цуглуулахын тулд дэлхий чадах бүхнээ хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Хамгийн гол нь фермерүүд өөрсдөө үүнийг хийхэд бэлэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин П.Баярмагнай: “Оройн дээд” бол дуулалт жүжиг гэхээргүй дуурийн хэмжээний том бүтээл болсон

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхны уран бүтээлОройн дээддуулалт жүжгийг тайзнаа дахин тавьсан юм. Тус жүжгийн дараа Богд хаан Жавзундамбын дүрийг амилуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ҮДБЭЧын гоцлол дуучин П.Баярмагнайтай уулзаж ярилцсаныг хүргэж байна.

Та дуучны мэргэжлийг хаана эзэмшлээ?

-Би СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор 2003-2008 онд суралцаж төгссөн. Сургуулиа дүүргэсэн жилдээ урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуягийн найруулсан “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд уригдаж дуулж байсан. Мөн тэр жилдээ бүх Оросын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож “Өсөх ирээдүйтэй дуучин”-ы шагналыг хүртэж байсан минь сайхан дурсамж үлдээсэн.

Өөрийг чинь даруу бусаар магтахад сургууль төгссөнөөсөө хойш дуулалт жүжиг бүхний гол дүрд уригдаж дуулж байсан гэж сонссон. Ямар жүжгүүдэд тоглосон бол?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орсны дараа 2013 онд анх урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндолгор гуай намайг “Сүнжидмаа” дуулалт жүжгийн эсрэг баатар Навааны дүрд тоглуулсан юм. 2012 онд ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржийн найруулсан Английн бичгийн их хүмүүн У.Шекспирийн “Зөрүүд эхнэрийг номхотгосон нь” жүжгийн гол дүр Лучинциогийн дүрд тоглосон юм байна. “Мартагдашгүй намар-2” уран сайхны кинонд Жижгээгийн дүрийг дэлгэцнээ бүтээсэн юм байна. Төрөлх Баянхонгор аймагтаа сонгодог урлагийг дэлгэрүүлж хөгжүүлье гэж хэдэн жил зүтгэсэн. “Учиртай гурван толгой” дуурийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тоглуулахдаа улсын нэр төртэй дуучдыг урьж, өөрөө Юндэнгийн дүрд тоглосон. Би “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Балган хоёрын дүрийг бүтээсэн. Цаашид худалдаачны дүрийг бүтээх юмсан гэж санаж явдаг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай таныгСүнжидмаадуулалт жүжигт тоглоход их сайхан үнэлсэн байдаг даа?

-“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 1981 онд тайзнаа тавьснаас хойш гучин нэгэн жилийн дараа дахин дэглэж тоглосон юм. Тэгэхэд агуу их хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай “Навааны дүрийг залуу хүн гэхэд үнэхээр биширмээр бүтээж чадлаа. Миний санаснаас ч илүү бүтээлээ” гэж урмын үгээр мялааж байлаа. Энэ үг одоо ч миний сэтгэлд үлдэж, уран бүтээлийн их урам зориг өгдөг юм даа.

Томоохон дуулалт жүжигт уригдаж тоглохоос гадна уралдаан тэмцээнүүдэд овоо амжилттай оролцсон байх аа?

-Хорьдугаар зууны нийтийн дууны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж гран при шагнал авч байсан. “Universe best songs-2011” наадмын шилдгийн шилдгээр шалгарч байлаа. “Морин хуур-2013” наадамд Жанцансамбуугийн ая, Ломолмаагийн үг “Сүүн совин” жүжгийн дуу маань “Оны шилдэг дуу”-гаар шалгарч байсан. 2014 онд Заг-Байдрагийн түүхт нутгийн тухай “Хүрэн бэлчир” дуугаараа бас энэ наадамд амжилттай оролцож байлаа. Өнгөрөгч есдүгээр сард Булган аймагт болсон төрийн соёрхолт Цэдэн-Ишийн Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдааны гуравдугаар байрт шалгарлаа.

-“Оройн дээдтүүхэн дуулалт жүжигт та хэний дүрийг бүтээж байна?

-Манай хамт олон чуулгынхаа 65 жилийн ойд зориулан Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Пунцагийн Бадарч, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэ бүтээлд дал гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон Наймдугаар богд, Монголын сүүлчийн хаан Жавзандамба нар уг үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд юм. Миний хувьд Богд хааны дүрийг бүтээж байгаа. ”Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор М.Бирваа ажилласан. Цомнол, аялгуу зохирсон сайхан бүтээл болжээ гэж мэргэжлийн олон хүн үнэлээд байгаа.

Богд хааны дүрийг ардын жүжигчин Нямын Цэгмид, гавьяат жүжигчин Цог гуай нар тайз дэлгэцнээ олны сэтгэлд хоногштол бүтээсэн. Өөрийн чинь бүтээж байгаа Богд хааны дүрийн онцлог нь юу байна?

-Энэ “Оройн дээд” жүжиг гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй томоохон бүтээл л дээ. Урьд тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанарыг агуулсан, дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл гэж манай урлагийнхан ярилцаж байна лээ. Дуулалт жүжиг гэдэг үүднээсээ хөгжим нэлээд зонхилох ч дуучны авьяас, мэдрэмж их шаардах бүтээл. Би өмнөх богдуудыг бодвол анхны дуулалт жүжгийн богд хаан гэдгээрээ онцлог. Уран сайхны богдуудынхаас тайзнаа олон түмний өмнө амилуулж байгаагаараа миний богдын дүр тэс ондоо л доо.

Таны дуулж байгаа хэсгээс сэтгэлд хоногшин, аманд өөрийн эрхгүй уншигдаж байгаа ямар үг ойрхон байна?

-Наймдугаар богдын үеийн Монгол маань улс гэр болох уу, харийн гүрний эрхшээлд хэвээр үлдэх эмгэнэлт үндэстэн байх уу гэдэг нь хутганы ирэн дээр дэнсэлж байсан түүхэн цаг хугацаа шүү дээ. Жавзандамба хутагт таван настайдаа Монгол оронд залагдаж ирсэн түвд хүн. Энэ хүн Монголын төлөө зүрхээ яаж цохилуулж байв аа гэдгийг л харуулах учиртай. Манжийн амбантай маргалдах үеийн үг сэтгэлд их ойрхон байна.

Амбан та тайвширч хайрла.

Адилхан хоёулаа гадны улс.

Цаст Түвдийн орноос би ирсэн

Цагаан хэрмийн цаанаас та ирсэнгэж хэлдэг үг их айхтар далд утгатай. “Та ч, би ч Монголын иргэн биш” гэсэн санаа байвч “Би бол Монголыг аврах гэж байгаа, та бол Монголыг залгих гэж байгаа” гэсэн давхар санаа энэ үгэнд багтсан байгаа юм. Манжийн амбан “Үгэн дотор үг, үхэр дотор гиваан байдаг”-ийг ер ойлгохгүй өнгөрч байдаг.

Жүжиглэнэ. Дуулна. Дуулалт жүжиг гээд байгаа чинь ер нь сонгодог дуурийн монгол хувилбар гэж ойлгож болох уу?

-Би дуулалт жүжиг гэхээсээ илүү дуурь гэж тодорхойлоод байгаа. Миний дуулж байгаа хэсгүүд дуурийн элементүүд орсон хүнд хэсгүүдтэй. Ганболд найруулагч, хөгжмийн зохиолч Бирваа нар ч анх дуурь гэж нэрлэх саналтай байсан. Дуурь гэхээр дандаа дуурийн мэргэжлийн дуучид байх ёстой. Гэтэл “Оройн дээд”-д ардын дуу, уртын дуу ч явж байдаг учраас дуурь гэхэд учир дутагдалтай юм гээд дуулалт жүжиг дээр тогтсон. Зөвхөн Богд хаан, Дондогдуламын дүрээр бол яах аргагүй дуурь л даа. “Оройн дээд” жүжиг маань өнөөдөр тайзнаа амилахаас гадна арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөөний өдрөөр тоглогдоно доо.

Тайзнаа Богд хааныхаа дүрийг ч бүтээгээд л, Төрийн ордонд Сүхбаатар жанжны үгийг ч хэлж жүжиглээд лхувьсгалын үйл хэрэгтань бүтэмжтэй сайхан л яваа юм байна. Ингэхэд хувийн амьдрал, ар гэрийн чинь байдал ямаршуухан байна даа?

-Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгадаа урилгаар ирж ажиллаад явсан. Эндээ гоцлол дуучнаар ажилд ороод нэг жил орчим болж байна. Гэр орон, гэргий хүүхэд маань Баянхонгор аймагтаа л байна. Яваандаа төв суурин газраа бараадаж бөөгнөцгөөх бодол байгаа. Гэргий маань Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн драмын театрын дуучин Бурмаа гэж бүсгүй бий. Тэр маань одоо хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Богд хааныхаа дүрийг бүтээчихээд ар гэртээ очихоор сэтгэл зүрх өөрийн эрхгүй догдолж яарч л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

А.Мэнд-Орших: Байгууллагаа гар утаснаасаа удирдах программыг бид гаднын зах зээлд санал болгоно

Нью медиагруппийн ажлын байранд компьютерийн дэлгэц ширтсэн залуус бага зайд чигжүүхэн сууцгаажээ. Цахим ертөнцөд ажил өрнөж байдаг учраас Нью медиа группийн ерөнхийлөгч А.МэндОрших ажил хэргийнхээ тухай тайлбарлахдаа компьютер дээрээ зааж харуулна. Энд захирал тусдаа өрөөнд залардаггүй юм билээ. Ажилтнуудтайгаа зэрэгцэж суугаад ажилладаг. Харин бидний яриа уулзалтын өрөөнд өрнөсөн юм. А.МэндОрших нэр төрөө эрхэмлэдэг бизнес эрхлэгчдийнДаяар мөрдөх бизнес андгай”-д нэгджээ. “Өөрийн бизнест холбогдох нийт хүмүүсийн нэр төр, үндсэн эрхийг хүндэтгэн хамгаалж, аливаа ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг эсэргүүцнэ. Өөрийнхөө болон шууд удирдлагадаа багтах бусад хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийн ажиллана хэмээн андгайлж байнагэх мэт мөрүүдДаяар мөрдөх бизнес андгай”-д харагдана лээ. А.МэндОршихтой ярилцлаа.

Мэдээлэл технологийн компани юу үйлдвэрлэдэг юм бэ?

– Нью медиа групп дотроо “Нью медиа технологи”, Маркетингийн зөвлөх үйлчилгээ явуулдаг “Нью медиа маркетинг агентлаг”, “Нью медиа крейтив студи” (график дизайн, видео, фото) гэсэн чиглэлээр ажилладаг. Мэдээллийн технологи маань задраад, олон бүтээгдэхүүн хийдэг болчихсон. Жишээ нь өвөөгийн маань санаачилсан “Эрхэт” онлайн санхүүгийн программ байна. Онлайнаар бүртгүүлээд ашиглах боломжтой. Манай бүтээгдэхүүн гарч ирэхээс өмнө санхүүгийн бүртгэлийн программ түвэгтэй байсан. Одоо бол онлайнд нэг, хоёр товч дараад гүйлгээгээ оруулчихна, нэг товч дараад тайлангаа гаргачихна. “Хишиг” хүний нөөцийн программ, “Ханлиг” гээд байгууллагын дотоод удирдлагын программ байна. Том байгууллагууд тухайлбал, Сүхбаатар дүүргийнхэн манай хийсэн программаар ажлаа явуулдаг. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг нэг цэгт хүлээж авдаг. Түүнийгээ файл болгоод, хүмүүс рүүгээ цохолт хийгээд илгээчихдэг гэсэн үг. Энгийнээр хэлбэл цахим оффис гэсэн үг юм уу даа. “Гэрэгэ” гэдэг нь цахим хуудас бүтээдэг программ. Mazаalai.biz гэж ажлын байрны программ бий. “Шилдгүүдийг зараар бус соёлоор” гэсэн уриатай. Ажилд орно гэдэг тухайн хүний карьерт чухал зүйл. Гэтэл өнөөдөр залуучууд сонголт хийхдээ тухайн байгууллагын соёл, хүндээ хандсан арга хэмжээ, үнэт зүйлийг харахаас илүү сохроор сонголт хийдэг. Ажил хайгч тухайн байгууллагад материалаа илгээхээсээ өмнө ажилтануудынх нь яриаг сонсоод, байгууллагын орчны зургийг үзээд сонголт хийх боломжийг бид олгосон.

Ийм программ хэр эрэлттэй вэ?

-Одоо 71 байгууллагын танилцуулга, байгууллагын дотоод соёлын тухай мэдээлэл бий. “Таван богд” группийг үзье гэхэд хамт олны зураг нь байна. Энэ компанийн нээлттэй ажлын байрны мэдээллийг харчихна. Хүмүүс байгууллагынхаа тухай юу гэж боддог. Байгууллага нь хүндээ чиглэсэн ямар бодлого явуулдаг тухай мэдээлэл, ажлын зарууд нь байдаг.

Сампин барьсан ахмад санхүүч, компьютертэй залуу үеийн хослол өвөрмөц санагдаж байна. Өвөөтэйгөө ер нь их ойлголцдог гэсэн үг үү?

-Би өвөө, эмээгийн хүүхэд.Намайг төрүүлээд л ээж аав хоёр Орос руу сургуульд явчихсан. Би Ж.Нямсүрэн, Х.Оюун гэдэг хоёр хүний бүтээгдэхүүн. Өвөөтэй ойр. Өвөөгөө байгаа дээр энэ программыг бүтээе гэсэн бодол байсан. Чаддаг юмаа энэ программд шингээж үлдээх өвөөд ч сайхан. Олон ч шавьтай. Аль ч байгууллагад очиход “Ж.Нямсүрэн багшийн программ ш дээ” гээд мэддэг. Өвөө нийгэмд тустай байх гэдгийг онцолсон. Жижиг, дунд 50 гаруй мянган хэрэглэгч манай программыг төлбөргүй ашигладаг. Аудитын байгууллага гээд арай томууд нь төлбөртэй ашиглаж байгаа. Үнэнийг хэлэхэд энэ салбарт хийсэн том хувьсгал. Ямар ч оюутан, бизнес эрхлэгч энэ программыг ашиглаж болохоор видео гарын авлагууд байрлуулсан.

Бизнесээ анх эхлэхэд амаргүй байсан уу, мэдээлэл технологийн ажлыг ойлгоход хэцүү санагддаг?

-Анх компани “Нью медиа маркетинг агентлаг” нэртэй байлаа. 2010 онд энэ компанийг байгуулахдаа “Бизнес эрхлэгчид ээ, та нар ойлгоорой. Фэйсбүүк, твиттер, инстаграмм эрчээ авч байна. Та нар цахим хуудастай байх ёстой. Хэрэглэгчээ мэддэг байх ёстой” гэхэд ойлгодог хүн ховор байлаа. Фэйсбүүк, твиттерээр яаж манайх бүтээгдэхүүнээ сурталчлах юм гэдэг. Олон юм тайлбарлана, хэлнэ. Өнөөдөр фэйсбүүк мэдэхгүй бизнес эрхлэгч байхгүй. Твиттер мэдэхгүй улстөрч байхгүй болчихлоо. Анх С.Батболд Ерөнхий сайдад “Та твиттер ашиглах ёстой. Фэйсбүүктэй, өөрийн гэсэн вэбтэй байх ёстой” гээд твиттер, вэб хийж өгч байлаа. 2010 оны сүүлээр бид “Монгол блогчид” наадам хийсэн. Цахим орчинд сэтгэдэг, бичдэг хүмүүс цугласан. Үүнээс хойш манай бизнес эрхлэгчид бага багаар фэйсбүүкийг ашигладаг, хэрэглэгчтэйгээ харьцдаг, янз бүрийн уралдаан зохиодог болсон.

Фэйсбүүкийг илүү үр дүнтэй ашиглахын тулд яах ёстой вэ?

-Хүмүүс чихээ бөглөж сурч байна. Хэт их мэдээлэл дунд би энэ сувгийг үзнэ, энийг үзэхгүй гэдгээ мэддэг болсон. Сонин, сэтгүүлийн хувьд ч сонголтоо хийдэг. Твиттер, фэйсбүүкийг ч богино хугацаанд, үр дүнтэй ашиглах тухай ойлгодог болсон. Бид тухайн байгууллага, хувь хүнийг хэрэгтэй хүмүүстээ, оновчтой сувгаар хүрэх арга замыг нь тодорхойлдог. Үндсэн үйл ажиллагаа маань ийм. Гэхдээ энэ бол дотоодын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ маань юм. Бидний гадаад зах зээлд хандсан ажил танд илүү сонирхолтой байх болов уу. 42 хүнтэй “Whatsup” гэдэг компани 19 тэрбум ам.доллараар Фэйсбүүкт зарагдлаа. Энэ бол технологийн компанийн хувьд том худалдан авалт болсон. Гэтэл Монгол Улсын ДНБ 12 тэрбум ам.долларт багтдаг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ. “Whatsup” гэдэг нь гар утасны чатын апликейшн. Хоорондоо утсаар ярина, чатална, зураг илгээнэ. Хүн их ашигладаг, хэрэглээ нь өндөр, сар болгон 300-400 хувийн өсөлттэй байсан апликейшн. Өнөөдөр мэдээлэл, технологийн салбар гэдэг асар том боломж юм гэдгийг энэ харуулж байгаа юм. Америкт цагаачилж очсон, тухайн үедээ “Yahoo”, “Google”-д ажиллаж байсан хоёр инженер нийлж хийсэн ажил. Бид бас л энэ компани шиг зах зээлд үнэлэгдмээр байна. Энэ л бидний гэрэлт ирээдүй. Өнөөдөр Монгол Улс өгөгдлөө зөв ойлгож чадахгүй байна. Бид гуравхан сая хүнтэй. Ийм цөөхөн хүмүүс толгойдоо мэдлэгтэй байж л хөгжинө. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх иргэн л бэлтгэх ёстой.

Гадаад зах зээл рүү та бүхэн ямар бүтээгдэхүүн санал болгож байгаа вэ?

-Бид таван жил дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулсан. 40 гаруй IT-гийн инженертэй. Нийтдээ 80 гаруй хүнтэй компани. Бид 2012 оноос хойш гадаад зах зээлд хандсан гурван бүтээгдэхүүн хийж үзсэн. Амжилтгүй болсон л доо. Гэсэн ч бид маш том туршлага хуримтлуулсан. 2015 оноос хоёр бүтээгдэхүүн зэрэг хийж байгаа. Үүнийгээ гадаад зах зээлд сойно. Тууштай ажилласны эцэст нэг өдөр гадаад зах зээлд гарна даа. Дотоодын зах зээл IT-гийн компанид хангалтгүй. Бид яагаад үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна гэдэг зах зээлтэй холбоотой. Түүнээс биш бид фэйсбүүк шиг юм уу, Whatsup шиг нэг юмаа төгс болгохын төлөө ажиллах хүсэл зориг бий. Нэг юм руу төвлөрөхөөр зах зээл ханачихаар бэлэн мөнгөний урсгал багасаад, цалингаа тавьж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр бид санхүүгийн салбарт программ хийж байснаа “Ханлиг” гээд байгууллагын дотоод удирдлагын салбар руу орох жишээтэй. Гадаад зах зээл рүү хандсан бүтээгдэхүүнээ хийгээд, материалаа илгээгээд, бид ийм юм хийчихлээ. Хөрөнгө өгөөч гэж ханддаг. Бид гадаад зах зээлээс хөрөнгө босгож чадаагүй. Тэр болгонд хүнд байсан. Хүнд гэдэг нь сэтгэл санааны хувьд биш санхүүгийн хувьд хүнд туссан. Нэг бүтээгдэхүүнээ хийх гэж дор хаяж гурваас найман сар болдог. Тэгэхэд цалингаа тавьж чадахгүй болчихдог. Тэгээд дотоод зах зээлээ өргөжүүлэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ л гадаад зах зээл рүүгээ бүтээгдэхүүнээ хийсээр байгаа. Нэг өдөр мөнгө босгоод сайн түүх бий болгоно. Монгол инженерүүдийн мэдээлэл технологийн компани гадаадын зах зээлд хөрөнгө босгожээ гэдэг мэдээлэл монголчуудад хэрэгтэй. Тэгвэл IT-гаар сурч байгаа залуучууд мөрөөдөлтэй болно.

Нууц биш бол гадаадад санал болгож байгаа бүтээгдэхүүнийхээ тухай яриач?

-“Team on” гэдэг нь байгууллагаа гар утаснаасаа удирдана гэсэн үг. Нээлттэй эхийн бизнес загвар барьж байгаа. Төлбөргүй, хэн дуртай нь татаж аваад өөрийнхөө сервер дээр суурилуулаад ажиллах боломжтой бүтээгдэхүүн.

Төлбөргүй программаас яаж мөнгө босгох юм бэ?

-Нээлттэй эхийн программчлалаар мөнгө босгож байгаа компаниуд олон бий. Мөнгөө хэрэглэгчээсээ босгоно. Хүн их ашигладаг болчихвол рекламаараа байна уу, бусад хөгжүүлэгч нарт бүтээгдэхүүн хийж зарах боломж олгодгоороо ч юм уу мөнгө олох боломжтой.

Байгууллагаа гар утаснаасаа удирдана гэхээр яадаг юм бэ. Дарга хаана ч явж байж болно гэсэн үг үү?

– Хөгжилтэй орнуудад байгууллагаа удирдах технологи тийм байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг. Энэ программууд гаднын зах зээлд зориулагдсан. Эхний ээлжинд хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн хийж, олон хэрэглэгчид хүрэх, тодорхой хэмжээнд хөрөнгө босгох зорилготой. Нийт ажилтнуудын холбоо барих мэдээлэл, хэзээ ажилд орсон, төрсөн өдрийн мэдээллийг захиралд өгнө. Таны төрсөн өдөр болоход “Төрсөн өдрийн мэнд хүргэе”, “Та манай байгууллагад ажилд ороод гурван жил болсон байна. Баяр хүргэе. Хамтдаа байхдаа баярладаг” шүү гээд захирлаас мессэж ирэхэд ажилтан баярлана шүү дээ. Хүнээ дээдэлдэг, хайрладаг компанийн захирал, удирдлага, менежерүүд, баг хамт олонд зориулсан санаа л даа. Байгууллага дотроо чатална. Тэр юу болж байна, энэ юу болж байна гээд харилцчихна. Байгууллагын мэдээ мэдээлэл гар утсан дээр ирнэ.

Иймэрхүү программ байдаг бол заавал оффист суух шаардлагагүй болох байх л даа?

-Ер нь тэгсэн үг. Манай байгууллагын соёл ч тийм. Та өнөөдөр манайд 80 хүн олж харахгүй. Бид үр дүнд суурилсан ажлын орчинтой. Манай ажилтнууд ажлын цагт баригддаггүй. Ажлын үр дүн л чухал. Жишээлбэл IT-гийн хүмүүс яагаад манайд татагддаг гэхээр хүүхэдтэй болдог, аавын өдөр гээд 14 хоног ч юм уу сарын чөлөө өгдөг. Гэхдээ тэр хэзээ ч хангалттай биш байдаг. Аав нар ажлын цагаа өөрөө зохицуулах сонирхолтой. Эхнэр нь багш учраас өдөр нь хүүхдээ хараад, орой нь ажлаа хийдэг аав манайд бий. Бид ийм зарчмаар ажиллаад, зургаа дахь жилдээ орж байна. Байгууллага дотроо trello гэж программ ашигладаг. Энэ программ руу орж харахад манай багууд байж байна. Төлөвлөсөн ажлууд ийм байна. Нийт хүн нь эндээ байна. Төслийн менежмент хийж байгаа ажлууд нь юу болж байна. Вэбийн дизайны хийж байгаа ажлууд нь юу болж байна. Программ хөгжүүлэлтийн ажил нь юу байна гээд компьютероосоо харчихна. Энд ажилтнууд хоорондоо харилцана. Ажил үндсэндээ цахим орчинд явдаг.

Ингэхэд А.МэндОрших ямар сургууль төгссөн бэ?

-Би нэгдүгээр сургууль төгсөөд, ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлагаар дүүргээд, 2007-2010 он хүртэл Америкт байсан. Сургуульд сурч байгаад, бизнес хийж үзээгүй байж бизнесийн удирдлагаар магистрт сурна гэж юу байсан юм бэ гээд орхисон. Одоо бол эхнэр, гурван хүүхэдтэй. Манай эхнэр Нью медиаг үндсэндээ авч явдаг хүн. Гүйцэтгэх захирал хийдэг. Би бол гадаад зах зээлд хандсан бүтээгдэхүүнээ хариуцдаг. Манай эхнэр Б.Наран “Хас” банкинд ажиллаж байсан. Санхүү үйл ажиллагааг удирдахад зориулагдсан хүн л дээ.

Орчин үеийн амьдралын хэв маягтай залуу өмнө зогсч байдаг. Гэхдээ л эмээ, өвөө дээрээ өссөн гэхээр ертөнцийг үзэх үзэлд нь хөгшчүүлийн нөлөө байж таарах нь?

-Манай өвөө бол санхүү, нягтлан бодох салбарын амьд түүх. Өвөө ажлын хэнээтэй хүн. Эмээгийн зохицуулалтгүйгээр хэцүүднэ. Би ямар өгөгдөлтэй хүн юм бэ, ямар орчинд өслөө гээд өөр рүүгээ харахад эмээгийн зааж хэлж байсан санагддаг. Юмыг чин сэтгэлээсээ хийх, юмны ард гарахыг эмээ өөрийнхөө амьдралаар үлгэрлэсэн. Амралтын өдөр Бэлх, Дамбад очоод хажууд нь байж байхад л сураад хөгжөөд байдаг. Намайг багад өвөөгийнх ногоо тарьдаг жаахан газартай. Ногоогоо услах ажилтай. Хоёр гурван поошигтой. Гол руу явж усаа зөөнө. Нэг поошигондоо ус авчихаарай гэсэн бол урмын үг сонсох гээд хоёр поошиг дүүргэхийг бодно. Энэ хандлага ирээдүйд хэрэг болдог. Би “Бага амлаад ихийг хийвэл хүн баярлана” гэж хүмүүстээ хэлдэг. Бага амлаж, давуулан биелүүлдэг байя гэж компани дээр ч яригддаг. “Эмээ шиг л эхнэр олж авна” гэж боддог байлаа. Олж авсаан. Амжилтанд хүрсэн эр хүний ард түүнээс илүү чадвартай эмэгтэй хүн байдаг гэдэгт итгэдэг.

Ийм нэг залуу хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ?

-Том хүүдээ хэлдэг үгүүд бий. Суусан газраасаа шороо атга гэдэг. Үүний утга нь юу билээ гэхээр хүү маань “Шинэ юм сурах” гэж хариулдаг л даа. Эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэдэг. Зоригтой байх, өөрийгөө илэрхийлж сурах гэсэн утгатай.

Categories
мэдээ цаг-үе

Хандгайд тийрүүлсэн баавгай ч амьд гарахад бэрх

Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Дэлхий дээр Англи, Хойд Америкийн “Moose”, Англи, Евро Азийн “eLk Euroasian eLk”гэх төрлийн зүйл байдаг. Хандгайг дотор нь 6-7 дэд зүйлд хуваадаг. Хамгийн хүчирхэг том бие, эвэртэй нь Аляскийн хандгай юм. Манай оронд шивэр хандгай буюу Сибирский лось, Хар мөрний хандгай буюу уссурийский лось гэсэн хоёр зүйл бий. Хар мөрний хандгайн зүйл нь Монгол орны зүүн хэсэгт Их Хянганы салбар уулс, Халх Нөмрөгийн Дархан цаазат газарт 2004 онд 73 тоо толгой тоологдсон байна. Харин шивэр молцог хандгай Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын ай саваар мөн Далбай голуудын сав, Хангайн нуруудын хойд хэсэг болох Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэг газруудад, Хөвсгөл аймгийн Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархан суурьшдаг. Дэлхийд Канад, АНУ, Норвеги, Чех, Словак, Хорват, Швед, Польш, Унгар, Финлянд, Румын, Латви, Литва, Эстони, Украин, Беларусь, ОХУ, Казахстан, БНХАУ, Монгол Улсад тархжээ. Хангайн нурууны хойд хэсгийн Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсгээр хандгайтай хэмээн амьтан судлаач, сонирхогчид ярьж байна. Хандгай нь туруутны багийн бугынхан овогт багтдаг. Нүсэр бие, асар том эвэртэй энэ амьтан хамгийн аглаг, өндөр, буйд хөвчийн ууланд голдуу байх бөгөөд голдуу ганцаараа явна. Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол, хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг.

БИЕИЙН ОНЦЛОГ

Хандгай, хар халтар, халиун, бор халтар зүстэй, хөлийн хэсэг нь бор саарал байна.Хүзүүндээ хос молцогтой. Эр хандгай омлуур дороо уртавтар зогдор, сэрвээн дээгүүрээ урт үстэй. Биеийг нь нарийн сайн дүрсэлбэл сэрвээ талаараа төвгөр, нуруу хотгор, зоо нуруу нь төвгөр, чихний хойгуур аман хүзүүгээрээ хотгор байна. Хэдийгээр болхи том биетэй боловч үргэж хулжин зугтахдаа маш сайн. Цагт 55 км хүртэл хатирдаг. Нэгэнт зугтан хөдөлбөл ойр зуур тогтохгүй бүр алслан оддог байна. Монгол орны хамгийн том амьтан болох хандгайн биеийн урт нь 2-3 метр, сэрвээний өндөр 2.4 метр хүрдэг бөгөөд амьдын жин 300-500 кг хүрдэг ажээ. Тэр дундаа манж данхгар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр гуравдугаар сараас ургаж долдугаар сарын сvvлчээр ясжиж гvйцэх бөгөөд арваннэг, арванхоёрдугаар сард унадаг байна. Ясан эврийн жин нь 10-26 кг хүрдэг аж. Хандгайн талаар амьтан судлаач сонирхогчдын групп, анчдын хууч яриа олон байх ажээ. Нэгэн анчин “Хандгайн эврээр айлд сандал хийгээд тавьсан байхыг харaхад дээр нь 6-7 хүн суухаар том байж билээ” хэмээн хуучилсан байна. Манжийн гавлын овгороос уруулын үзүүр хүртэл хэмжилт хийхэд 69 см, бүдүүн хүзүүний угаар 81 см, нарийн хүзүүгээр 48 см, сэрвээний товгороос сүүлийн уг хүртэл метр 81 см, сүүл 16 см байсан талаар мөн нэгэн өвгөн анчин дурджээ.

Дайснаас биеэ хамгаалах гол зэвсэг нь далбагар том эвэр болоод хүчит дөрвөн туурай нь юм. Ямар нэгэн амьтан руу довтлохдоо мөргөх, цавчих, тийрэх хөдөлгөөн хийдэг. Хандгайн ийм дайралтад өртвөл хүн битгий хэл хөвчийн хүрэн баавгай ч амьд гардаггүй гэлцдэг. Сибирийн тайгад ийм нэгэн явдал болжээ. Ороо нь орсон манж руу ойн баавгай дайрчээ. Гэтэл хандгай нүсэр эврээрээ баавгайг аварга том хуш модтой нэвт хадчихсан байна. Баавгайн бие бараг хоёр хэсэг хуваагдсан бөгөөд дайралтад өртсөн хуш модонд онги татсан хэдэн том гүн зураас үлдсэн байжээ. Ийм ч учраас хулгайн анчид хандгайн дайралтаас ихэд болгоомжлох бөгөөд туршлагагүй зарим нь хүчит цавчилтад нь өртөн амь үрэгдсэн тохиолдол ч их гарч байжээ.

ҮРЖИЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Энэхүү амьтан нь байгальд 10-12, зохиомол орчинд 20-22 насладаг аж. Эр, эм хандгайн аль аль нь хоёр насандаа үржлийн чадвартай болсон байх бөгөөд 4-5 насандаа биеийн өсөлт гүйцдэг. Орооны цаг нь есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилж эм хандгай есөн сар хээлээ тээгээд хавар тав, зургадугаар сард төллөдөг. Залуу сүндэс эхний жилдээ нэг, хөгшин сүндэс ихэр, хааяа гурван ходол гаргана. Нялх ходол 10-12 минутын дараа хөл дээрээ тэнцдэг байна. Хандгайн сүү үхрийн сүүнээс тав дахин их буюу 12-16 хувийн тослог уурагтай.

Хандгайн уруул уян хатан хөдөлгөөнтэй болж доод уруулыг нь давж унжсан байдаг нь улиас, бургас зэрэг модлог ургамлын мөчир, нахиаг тасалж идэхэд зохицсонтой холбоотой. Гол хоол тэжээл нь алирс, будаан, сөөгөн хус, бургас зэрэг ургамал юм. Оросын эрдэмтдийн судалгаагаар хандгай нь 149 төрлийн ургамлаар хооллодог байна.

Зөвхөн минж хандгай нь том хавтгай, орой хэсгээрээ олон салаалсан эвэртэй бөгөөд багалзуур орчим том арьсан унжлага молцогтой. Хар мөрний молцог хандгай нь шивэр молцог хандгайтай биеэр ойролцоо боловч том хавтгай эврийн салаанууд нь богино бөөрөнхийдүү хэлбэртэй байна. Тэр утгаараа 1990-ээд оныг хүртэл Хар мөрний хандгайг бугын эрлийз хэмээн буган хандгай гэж нэрлэж байв. Болхи баараг биетэй, данхгар том толгойтой ч энэ амьтан усанд сайн сэлэхдээ минжнээс дутахгүй. Томоохон гол, нуурыг торох юмгүй сэлэн гатлах бөгөөд урин дулаан зун, намрын цагт биеэ бүхэлд нь далд ортол усанд орох дуртай гэнэ. Нууранд өдөржин өнжихдөө ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог. Хандгайн гол дайсан нь чоно, баавгай, шилүүс бөгөөд нохой зээх хааяа нялх ходолд халддаг.

Бэлчээр, идээшил нутаг нь халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтадтай давхацдаг тул идэх хоол, уух уснаасаа эхлүүлэн өрсөлдөх асуудал байнга гарна. Тэр бүхэнд манж л зүтгэж бодол сэтгэлээ чилээж нялх ходол, томоогүй тохь, тоомжиргүй тозуул, эрх сүндэс зэрэг бүл сүргээ чоно, баавгайн дайралтаас хамгаалах, хөвч тайгадаа амар жимэр амьдрах, нүүдэл суудал хийх гээд бүх ачааг нуруундаа үүрнэ. Түүнчлэн хандгай хүйтнийг тэсвэрлэхдээ тун сайн. Өвлийн их цас унасан цагт дээшээ огшин байрлаж амьдрах дуртай.

Хүглэгэр сайхан биетэйгээ адил их бодь, хэнэггүй амьтан аж. Тэр бүр юмнаас цочиж үргээд байхгүй, “юу л болоо аж” гэсэн байдлаар алс дээгүүр харж явдаг. Аливаа юмыг сайн таньж байж хөдлөн зугтана. Тухайлбал, хүн түүнийг гэнэт харчихаад хөдлөхгүй зогсвол, тэр ч учрыг нь олтлоо хөдлөлгүй зогсдог зантай юм. Мөн гэр, фермд тэжээхэд амархан дасдаг бөгөөд нэгэнт дасчихвал туйлын эрх амьтан хэмээн амьтан сонирхогчид бичжээ.

Хэдийгээр нэн ховордоод байгаа хэдий ч шунаг сэтгэлтэй хулгайн анчид, хууль бус наймаачид эл амьтанг агнасан хэвээр байна. Аль 1953 оноос хуулиар агнахыг хориглосон ч анчид түүний олон зүйлийг нь авахын тулд алдаг. Хандгайн арьсаар нь хөм хийдэг бол үсээр нь нарийн бийрийн үс хийнэ. Хөлийнх нь арьсаар урт түрийтэй, бат бөх ангийн гутал хийж өмсөх явдал хангай хөвчийн анчдын дунд нэлээд дэлгэрч байжээ. Хандгайн мах амтаар шилдэг сайнд орох бөгөөд ямар ч хоолонд хэрэглэж болдог аж. Харин уруулынх нь мах хонины хэлтэй адил маш сайхан амттай гэлцэх бөгөөд урьд хаад ноёдын зоогт тэргүүн зэргийн хоол болдог байжээ.

Намрын цагт, нэн ялангуяа наймдугаар сард тарга тэвээрэг хамгийн сайн байна. Эвэр нь бугын эврээс тэс өөр бөгөөд салаа бүхэн нь үргэлжилсэн хавтгай байна.Эврийг нь бугын эвэр шиг тийм өргөн дэлгэр хэрэглэхгүй ч эврийн ясаар нь сумны болцуу хийдэг юм.

Хандгай мөн бугын адил марцанд орно (Марц гэдэг нь хужирлаг шороотой эрэглэсэн хэсэг газрын нэр). Хандгай хавар, намрын цагт намаг дор газар байх дуртай. Гэхдээ дан ус цөөрмийг дагана. Хуучны хашир анчид шархадсан хандгайн хойноос хөөх хэрэггүй гэж захидаг байжээ. Хэрэв аргагүй хөөх хэрэг тохиолдвол мөрдөн хөөж болохгүй мөрийг орхиж, холуур тагнан хайх хэрэгтэй.Учир нь тэр амьтан мөрөө дүгрэглэн эргэж, ирсэн замын ойр мөрдөн ирэх хүнийг тосно гэдэг билээ. Мөн тэрбээр буудуулж шархадвал хоёр км гаруй газар төвөггүйхэн давхих бөгөөд, бүх цус нь толгой, эвэр рүү нь юүлэгдэж үхдэг гэлцдэг.

Анчдын хууч яриа болон амьтдын сонин хачин ярианд хандгай үхэр болон морь зэрэг амьтадтай дотносон нөхөрлөх, найзлах, бие биенээ хамгаалан амьдарч байсан тохиолдол их байдаг аж.

Хандгай устаж болзошгүй “A 2 cd” болон “a 3 d” зэрэглэлд багтах бөгөөд Монголд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, хоёр салбар зүйлийг нэн ховор зэрэглэлд бүртгэн хамгаалсан. Монгол Улсын Улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэгдсэн. Хандгайн тархац нутгийн 30 орчим хувь, Хар мөрний молцог хандгайн бүх тархац нутаг нь Нөмрөгийн Дархан цаазат газарт орж, хамгаалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дашдондог: Би хүүхдийн зургаас “будаа иддэг” хүн

Хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогтой ярилцлаа.

-Та нүүдлийн номын сантайгаа Монголоо хэд тойрчихсон юм биш үү. Анх ямар зорилго тавьж байв?

-24 жил нүүдлийн номын сан аялуулж байна. Энэ хугацаанд 137 000 км явсан. Ардчилал эхлэхэд хүүхэд ямар ном унших вэ гэдэг асуудал тулаад ирсэн. Мэдээжийн хэрэг социализмын үеийн номуудыг уншиж болохгүй гэж би хувьдаа бодсон. Яагаад гэвэл өөр нийгэм рүү орчихож байна. Социалист реализм гэдэг арга барил өөр. Чөлөөт эдийн засгийн үеийн утга зохиолын арга барил өөр. Энэ хоёр таарахгүй юм байна. Лав л бидний зохиолыг уншихгүй юм байна. Өөр ямар ном унших нь вэ гэж 1991 онд Германы Мюнхэн хотод очиж байсан. Тэнд Олон улсын хүүхдийн номын сан байдаг. Номуудыг уншаад байлаа. Үнэхээр өөр түвшинд оччихжээ. Яагаад энэ улс орон хөгжсөн гэхээр хүүхдүүдийнхээ оюуныг цэнэглэсэн юм байна. Энэ цэнэгийг бий болгох гээд 40 орны зохиол орчуулаад, эртний утга зохиолоос ухаж үзээд, социализмын үеийн бүтээлүүдээс таарах зохиолуудыг нь түүж аваад, 108 ном гаргасан. Хүн ойлгодоггүй ээ. Наадахыг чинь хүүхэд ч ойлгохгүй гэнэ. Ялангуяа утга зохиолынхон, сэхээтнүүд, багш нар ойлгохгүй юм. Би сэтгэлээр унаад хөдөө Булгандаа очлоо. Намайг очихоор л хүүхдүүд ном унших гээд ирдэг юм л даа. Би хэдэн ном аваад очдог. Уншуулсан чинь маш сайн ойлгож байна. Ялангуяа миний хамгийн хэцүү бүтсэн номыг маань хүртэл маш сайн ойлгосон. Цэвэр сэтгэл хөдөө байгаа юм байна гэж бодоод, Нүүдлийн номын сан авч явсан. 108 номоо үүрээд, машин, морь, цаа буга, яваагүй юм байхгүй. Морин тэргээр ч гурван жил явлаа. Одоо эргээд харахад ихэнх аймгаар гурав явчихаж, Хөвсгөлд гэхэд есөн удаа очсон байна. Би хөдөө амарч байгаа хүүхдүүдэд ном уншуулдаг юм. Хөдөөгийн хүүхдүүд их баярлана. Би ч ямар мөнгөтэй хүн биш. Нүүдлийн номын сан аялуулахад шатахууны мөнгө хэцүү шүү дээ. Нүүдлийн номын сан гэж зөвхөн ном уншуулдаг юм биш. Янз бүрийн ажил зохионо. Хадны сүг зураггүй аймаг гэж байхгүй. Хүүхдүүдэд хадны сүг зураг үзүүлнэ. Би тэрийг дэлхийн хамгийн том номын сан гэж боддог. Одоогийн хүүхдүүдэд түүнийг үзүүлэхээр яг таарч байгаа юм. Яагаад гэхээр хүн төрөлхтөний балчир үеийн зураг шүү дээ. Хүүхдүүд маш сайн ойлгож тусгаж авдаг. Тэгээд би үлгэр зохиолгоод шилдэг үлгэрт нь шагнал өгдөг. Энэ бол номын сангаа байгалийн номын сангаар баяжуулж байгаа хэрэг. “Чулуун домог” гэж миний ном бий. Амьтны дүрстэй чулуунуудыг үзүүлээд, яагаад ийм дүрстэй болсон гэхээр орчин үеийн домог үлгэр зохиож байгаа юм. Домог үлгэр зохиолгоод түрүүлсэнд нь шагнал өгдөг. Бас хүүхэдтэй ном хаялцдаг. Надтай ном хаялцах хүүхэд байна уу гэхээр айгаад байдаг. Намайг ялсан 230 хүүхэд бий гэхээр гараад ирнэ. Гарч ирэхээр нь лам нар ном хаялцдаг шиг ном хаялцана. Намайг ялахаар нь “Номонд мэргэн” гэдэг алтан медалиар шагнана. Монголын ард түмэн харанхуй бүдүүлэг хүмүүс байгаагүй. Хүүхдийг хөгжүүлэх арван эрдмийн эхэнд нь ном байдаг. Номонд мэргэн, нойронд сэргэг үйлэнд уран, үгэнд цэцэн гэдэг.

-Энэ жилийн аяллаа яагаад “Ногоон морь” гэж нэрлэв?

-Нэгдүгээрт дорно дахиныхан Майдар бурхан ирээдүйн бурхан гэж ярьдаг. Ирээдүйн бурхдын хөлөг нь Ногоон морь байдаг. Түүнээс сэдэл аваад ирээдүй үеийнхний төлөө явж байгаа юм чинь тэдний хүлэг нь оюун санааны ногоон морь байх ёстой гэж тэнэглэж байгаа юм л даа. Хоёрдугаарт миний овог Ногоон морьт. Овог сэргээгээд ирсэн чинь овгоо мэдэхгүй, хүн бүр янз янзаар хэлэх юм. Аавтайгаа ярилаа. Манай нутагт Ногоон морьт гэж уул байдаг. Том асган дээр өвс нь морь болоод ургачихдаг. Лав л миний жааханд тийм байсан. Одоо ч тэр морь нь эвдрээгүй. Түүнийг ногоон морьт гэж нутгийнхан шүтдэг. Манай аав нас барахынхаа өмнө буу зэвсгээ тэнд аваачиж тавьсан. Ангийн махаар намайг тэжээсэн юм. Сүүлд нь уучлал гуйгаад, буу зэвсгээ өргөхөд нь би цуг овоон дээр нь гарч байлаа. Аавд хэлсэн чинь “Ерөөсөө Ногоон морьт гэж нэрлэе. Ногоон морьт уул эцэг, эхээс ялгаагүй биднийг тэжээсэн юм” гэсэн. Тэгээд Ногоон морьт овог авсан, түүнийгээ ч бодсон. “Ногоон морь” гэдэг миний үлгэр Японд хэвлэгдсэн юм. Зургийг нь зурах гэж япон зураач хоёр жил дараалан Монголд ирсэн. Их гоёор хэвлэсэн. Машин дээрээ “Ногоон морь” гэж наасан. “Go help” гэж Англид төвтэй олон улсын байгууллага байдаг. “Авто ралли” зохион байгуулдаг байгууллага. Нэг машин дээрээ далавчтай ногоон морь зураад зардал мөнгийг нь даагаад баруун таван аймагт энэ жил явуулсан. Энэ жилийнхээ аялалыг “Ногоон морьтой аялал” гэж нэрлээд байгаа юм. Эцэг эхчүүдэд лекц уншаад, хүүхдүүдэд ном уншуулаад яваа. Номоо зараад, шатахууны мөнгө олоод түүгээрээ 24 жил явлаа.

-Номын дэлгүүрээс хүүхдийн зохиол сонгож олоход хэцүү. Бидний үеийн зохиолууд таарахгүй. Сүүлийн үед гаднын хүүхдийн зохиолуудыг орчуулаад хэвлэдэг болсон байна?

-Хуучин зохиолууд таарахгүй гэдэг үнэн. Баян хүн муухай сэтгэлтэй, ядуу хүн сайхан сэтгэлтэй гэж бичдэг байсан. Ингэж хар цагаанаар хувааж загварчилсан юм одоогийн хүүхдэд тохирохгүй. Одоо баячуудыг хөлөөс нь татаад байна. Бид баян хүнийг жигшүүлчихсэн. Энэ улбаа тасраагүй. Баян хүн байхгүй бол энэ нийгмийг хэн авч явах юм. Энэ чинь бидний хийсэн нүгэл байхгүй юу. Хоёрдугаарт нэг юм бичихээр үүний цаана хэнийг хэлж байгаа юм. Аягүй бол чи Цэдэнбалыг шоргоолжоор хэлсэн байх гээд үйл үздэг. Хал балгүй юм бичиж бай. Битгий хоёрдмол санаатай юм бичиж бай гэдэг байлаа. Хоёрдмол санаа, гүн ухааны санаа гэдэг хамгийн гол нь. Хүүхэд зохиол уншаад инээнэ. Цаана нь арьсан дотор нь гүн санаа хийж өгөх ёстой. Тэгж байж хүүхдэд юм өгнө. Мөнхийн зохиол болно. Андерсены “Нүцгэн хаан” гэдэг үлгэрт гүн ухааны санаа хийчихсэн байхгүй юу. Хүн төрөлхтөнд зориулаад бичсэн болохоор ямар ч нийгэмд зохицно.

-“Гурван марал” гээд таны зохиолд бас л гүн ухаан яваад байх юм. Хүүхдэд хүнддэх биш үү?

-Хүнддэхгүй. Хуучин манай утга зохиолд нэг хандлага байсан. Хүүхдэд ойлгогдохоор бичнэ гээд хүүхдийн утга зохиолыг дээд зэргээр ядууруулсан. Хүүхэд өөрсдөө маш их гүн ухаантай улс. Магадгүй томчуудаас илүү ойлгоно. Хүүхдийн хэлээр бичээгүй байна гэж намайг насан туршид маань шүүмжиллээ. Хүүхдийн хэлээр бичнэ гээд зуун үгээр бичиж болох байх л даа. Цаашаа явах ёстой. Хэлгүй бол сэтгэлгээ нь хөгжихгүй. Нэг үг дагаж, нэг шинэ сэтгэлгээ нэмдэг. Одоо ч миний “Морьтой үлгэр” номонд хүүхэд мэдэхгүй үг их байна гэдэг. Хүүхэд мэдэхгүй байж болно. Тэр үгийн эрэлд гарна. Толиос хараад нэг том үгтэй үлдэнэ. Бэлэн юм шаарддаг сэтгэлгээ одоо хүртэл яваад байгаа юм.

-Хүүхдийн зохиолд санаа чухал байх?

-Том жишээ нь Андерсен байна л даа. Андерсенаас том багш бидэнд байхгүй. Энэ юу хэлж байна гэвэл ерөөсөө гүн санаа л хийсэн. Нүцгэн ноён гэхэд нийгэм яаж ялзарсан, ганц үнэн үг хэлсэн хүн нь хүүхэд байсан. Аюултай хэлж байна шүү дээ. Нугасны муухай дэгдээхэйг бүгд ад үзээд байсан. Ямар сайхан шувуу болов. Мундаг гүн санаанууд. Уншигчид харин дандаа шүүмжлээд байх юм.

-Эсвэл өөрсдөө ойлгохгүй болохоороо шүүмжилдэг байх?

-Өөрсдөө ойлгохгүй, хүүхэд ойлгоод байгаа юм. Жишээлбэл “Морьтой үлгэр” номыг маань багш нар, эцэг эх, шүүмжлээд “Хуучин үгээр бичсэн байна” гэцгээсэн. Г.Мэнд-Ооёо Соёлын яамны Соёл урлагийн газрын дарга байлаа. Түүнд энэ тухайгаа ярихад “Алив үзье” гэсэн. Таван настай ачдаа уншиж өгсөн чинь бүгдийг нь эргүүлээд тэр чигээр нь ярьжээ. “Та бол жинхэнэ хүүхдийн зохиолч байна” гэсэн юм. Тэр жилийн шилдэг номоор “Морьтой үлгэр” шалгарсан. Тэгэхээр хүүхэд ойлгох юм болов уу гэж боддог юм.

-Гадныхан таныг ойлгоод байх шиг санагддаг?

-Ойлгоод байна л даа. Японд дөрвөн ном, Солонгост долоон ном гарсан байна. Германд, Арабын орнуудад ч хэвлэгдсэн. Сая Солонгосын киноныхон ирээд “Гурван марал” номыг маань худалдаж аваад уншжээ. Энэ бол дэлхийн хэмжээний ном байна, хэвлэнэ гээд аваад явсан. “Хар шувууны цагаан түүх” гэж ном бичсэн. Эмгэн хэрээ хоёрын жаран жилийн нөхөрлөлийн тухай, гэрэл зурагтай, бодит түүхэн ном. Боловсролын яамнаас том уралдаан зарлахад байранд орсонгүй. Өвөрмонголчууд харин хэвлээд, намайг шагнал ав гээд дуудаж байна. Очсон чинь улсууд миний гарын үсгийг авах гээд дэлгүүрт ирчихсэн ч байх шиг. Тэрийг хятадууд сонирхоод, хятад хэл дээр орчуулаад гаргачихаж. Тэндээс захиа занаа ирж байна. Зарим нь “Чонон сүлд”-ийн дайтай ном байна гэж. За бүү мэд дээ. Хятадын зах зээлд орно гэдэг миний хувьд их том юм байгаа юм.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, юу уншуулах вэ гэдэг том асуудал?

-Анхны ном хүүхдийг хөтөлж, номын амтанд оруулдаг учраас маш хариуцлагатай сонголт. Жишээлбэл Америкт “Малгайтай муур” гэдэг номыг заавал уншуулдаг. Хүүхдийн гарт эхлээд муу ном оччихвол хүүхэд дахиад ном уншихгүй л дээ. Хүүхдийн анхны ном маш их эрчимтэй, хүүхэд шиг хөдөлгөөнтэй байх учиртай. Хүүхэд арга байхгүй сэтгэл татагддаг. Тэр номыг уншаад инээдэг, уйлдаг, үзэн яддаг. Сэтгэлгээг нь хөгжүүлж догдлуулсан ном эхэлж уншуулах ёстой. Түүнийг хүүхэд өөрөө сонгож олж чадахгүй. Ямар ном уншуулах вэ гэдгийг л би эцэг эхчүүдэд хэлээд явдаг. Зах зээлд сайн нь ч муу нь ч бий.

-Таны бүтээлээс анхны номоор санал болгох ном байгаа биз?

-Анхны номонд өөрийн бүтээлээ санал болгооч гэвэл Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил есдүгээр сарын 1-нд ярьсан “Гэр” гэдэг үлгэрийг л оруулаасай гэж хүснэ. Би тэр үлгэрийг Ар жанчивланд амарч байхдаа бичсэн юм шүү дээ. Гэр барих гээд хэдэн залуу өдөржин ноцолдоод чадсангүй. Тэгсэн чинь нэг муу өвгөн очоод бараг ганцаараа хэдхэн минутад барьчихаж байгаа юм. Түүнээс санаа аваад “Гэр” гэдэг үлгэр биччихсэн. Амьтад, хүмүүс эвтэй сайхан амьдарч байсан чинь юунаас ч болсон юм тус тусдаа гэртэй болсон. Шувууд тэнгэрт, зарим амьтад усанд, газар дор гэртэй. Хүнд гэр байхгүй. Долоон хүүхэдтэй өвгөн. “Өө, гэр энэ байна шүү дээ” гээд тооно гээд нарыг хараад, цацрагийг унь гэж заадаг. Эргэн тойрны уулыг хана нь энэ байна. Тээр тэнд байгаа хавцлыг хараад хаалга нь энэ байна гэсэн. Дэлхийгээ дуурайлгаад, монгол гэр хийчихгүй юу. Өвгөн ханан гэрээ орхиод, хадан гэр нь ойртоход хүүхдүүддээ ганцхан юм захьсан. “Бүслүүрээ чангалж яваарай” гэсэн. Хүүхдүүд нь ойлгосонгүй. Өвгөн өнгөрснөөс хойш гэр нь шалхайгаад унах гээд хүүхдүүд “Чи гарч чангал”гээд бие биедээ дээрэлхэж байтал гэр нь уначихаж. Хэрэлдээд таарахгүй, өмчөө хувааж авна гээд нэг нь тоонотой, нөгөө нь уньтай, өөр нэг нь ханатай, хаалгатай үлдсэн. Монголын зэрлэг талд ганц тоонотой хүн яаж амьдрах вэ. Амьдрах аргагүй болоод цөмөөрөө бүслүүрээс өөр юм үлдээгүй дүү дээрээ тал талаас унь, тооно, хаалгаа барьж иржээ. Гэрээ бариад, бүслүүрээ чангалж татаад, өвгөн аавын хэлснийг ойлгож гэнэ. Ерөөсөө л утга нь энэ. Ерөнхийлөгч үүнийг өөрөөр заасан. Би бол эв нэгдлийн үлгэр гэж бичсэн. Ерөнхийлөгч “За , хүүхдүүд ээ, хүүхдүүд нь хэрэлдээд унь тооноо аваад явчихдаг зөв үү гэж байна, хүүхдүүд буруу гэсэн. Монголын талд ганц ганцаараа амьдарч чадахгүй бүгдээрээ гэрээ эргүүлээд барьж байна, зөв үү” гэсэн. “Зөв” гэж хариулж байна. “Буруугаас зөв рүү явж байгаа үйл явцыг чинь л Зөв монгол хүүхэд гэнэ шүү дээ” гэж Ерөнхийлөгч өөрийнхөөрөө тайлбарласан. Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгох гүн ухааны үлгэр энэ байхгүй юу.

-Та олон улсын хүүхдийн номын яармагт оролцдог. Дэлхий хаашаа явж байна, хүүхдийн зохиол юу болж хувираад байна вэ?

-Миний харж байгаагаар бодит зохиол, баримтат зохиол руу сүүлийн үед орж байна. Уран сэтгэмжээс жаахан уйдсан ч юм уу. Насанд хүрэгчид ч Гитлерийн намтар, Жуковын намтар руу хошуурч байна. Баримтат юм сонирхоод байна шүү дээ. Ийм чиглэл харагдаад байна лээ. Баримт уран сайхан хоёрыг сүлжчихсэн. Хатуу баримт бол сэтгүүлчийн нийтлэл шиг болчихно шүү дээ. Уран сэтгэмж бол хэзээ ч хоцрогдохгүй, халаасанд байх мөнхийн сэдэв.

-Хүүхдийн зохиолч хүүхэд хэвээрээ үлддэг гэдэг. Таны зохиол бичих сэдэл хаанаас төрдөг вэ?

-Би хүүхдийн зургаас будаа иддэг хүн. Хүүхдийн зурагт маш их ухаан байдаг. Хүүхэд сэтгэлгээ нь зургаар илэрч гардаг. Жишээлбэл зургаан настай хүүхэд өөрийгөө зурж байна. Нэг чих нь том нөгөөх нь жижиг. Яагаад ийм байна гэхээр “Үглээд байхаар чих багасаад, үлгэр сонсохоор чих уртсаад байна” гэж байгаа юм. Дараа нь биеэ зурсан чинь толгой нь том байна. “Үгүй, энэ чинь рахиттай хүүхэд шиг яасан том толгой вэ гэхээр “Толгойд бодол багтахгүй байхад том зурахаас аргагүй” гэнэ. Тэгснээ зүүн гартаа дөрвөн хуруу зурчихаад, баруун гартаа зургаан хуруу зурчихав. “Баруун гар их юм хийдэг. Зүүн гар юу ч хийдэггүй залхуу болохоор нэг хуруугаа ийш нь зээлдүүлчихсэн” гэлээ. Хөлөө зурахдаа тэр нөхөр дөрвөн хөл зурчихлаа. Яагаад гэхээр “Шувууны бага нь жиргэдэг, хүний бага нь гүйдэг гээд намайг гүйлгээд байх юм. Хоёр хөл хаанаа ч хүрэхгүй байна. Дөрвөн хөлтэй бол дэлхийгээр нэг гүйгээд, хүн болгонд тусалчих юм сан” гэж байгаа юм. Энэ тэр чигээрээ гүн ухаан. Хүүхэд судлалыг зургаас нь эхэлдэг. Миний хамгийн сонирхдог үе нь сургуульд ороогүй хүүхдүүд.

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Малчдын нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцно

Энэ удаагийн “Бид” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцлоо. Д.Батцогт гишүүний хувьд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх санаачилга гаргаж түүний дагуу малчдын тэтгэвэр тэтгэмжийг нөхөж тооцох нөхцөл бүрдээд байгаа юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Ховд аймагт шатахууны үнэ буурсан гэсэн сайхан мэдээ байна. Шатахууны үнэ буурсан нь Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд таатай санагдаж байгаа нь мэдээж?

-Баруун бүсийн ард иргэд Улаанбаатар хотынхоос 400 гаруй төгрөгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг, тэгсэн хэрнээ ижил хэмжээний цалин, тэтгэвэр тэтгэмж авдаг байсан. Нэг талаараа хэлмэгдэж байсан ард түмэн. Нийслэлээсээ хэт алслагдсан ард иргэд бүсийн хөнгөлөлттэй байх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн хөнгөлөлтийн хуулийг санаачилдаг ч дэмжигддэггүй байсан. Бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргаснаас шатахууны үнийг Улаанбаатарынхтай адилхан болгоё, эрчим хүчний үнийг төвийн бүсийнхтэй адилхан болгоё гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх нь зөв юм байна. Ямартай ч шатахууныхаа үнийг хямдруулж чадлаа. Аль ч цаг үед хийж болох байсан ажлыг энэ Засгийн газрын үед хийж чадлаа. Энэ бол баруун аймгуудын эдийн засагт маш том хувь нэмрээ оруулна. Литр тутамд 400 төгрөгийн хэмнэлт гарна гэдэг бол ард иргэдийн халааснаас хэдий хэмжээний мөнгийг хэмнэж болох уу, эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж өгөх үү гэдэг нь ойлгомжтой. Иргэдийн халааснаас хэмнэгдсэн мөнгө тэндээ үлдэнэ гэсэн үг.

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр дахин буурсан байхад манайд үнэтэй хэвээрээ л байсан. Шатахууны үнийг буулгахын тулд гишүүд Засгийн газарт нэлээд шахалт үзүүлсэн байх?

-Шатахууны үнэ буурсанд иргэд маш их баяртай байна. Шатахууны үнийг бууруулсны маргааш өглөө миний таньдаг залуу тааралдаад “Би 20000 төгрөгт бензин аваад дундаас нь нэг хайрцаг тамхины мөнгө гаргаад авлаа. Энэ чинь л бодит хэмнэлт юм байна” гэж хэлж байсан л даа. Энэ хэрээрээ иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө. Бензин хямдарлаа гээд тэнд бизнес хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн орлого буурахгүй, харин ч өснө. Литр тутмаас олж байсан ашиг нь багассан ч борлуулалт нэмэгдсэн учир ашиг орлого нь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг юм билээ. Манай ховдынхон яадаг вэ гэхээр Улаанбаатараас явахдаа шатахуун хямд байдаг Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас маш их шатахуун аваад Ховдоосоо бага авдаг байсан. Тэгвэл эсрэгээрээ шатахуунаа Ховдоосоо их хэмжээгээр авдаг болсон байна. Ер нь бол дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаснаас үүдэн баруун аймгуудын шатахууны үнийг буулгасан гэж ойлгож болохгүй. Бид цаашид улс орны хэмжээнд нэг үнийн тогтолцоог хийхийг зорьж байна. Ингэхийн тулд Онцгой албан татвараараа л зохицуулалт хийх эрхийг нь Засгийн газарт өгч байгаа. Төвийн бүсээрээ орж ирж байгаа нефтийн татварыг өндөр буюу хэвийн байлгаад, баруун бүсэд авах татварыг тэг болгож байж энэ асуудлыг шийдсэн. Цаашид ч тогтвортой байна. Энэ бол Засгийн газрын санал санаачилга. Гишүүдийн зүгээс шахалт үзүүлж л ажилласан.

-Малчдын тэтгэврийг 1.2 жилээр тооцох таны санал санаачилга УИХ-аас дэмжлэг авлаа. Тэгэхээр 1.2 жилийг сараар нь тооцвол хэд гэсэн үг вэ. 14 сар уу, 15 сар уу. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг сөрөг хүчин нэлээд ярьсан?

-Яг нарийн бодож үзээгүй юм байна шүү. Гэхдээ уг санаа нь 14 сар. Энэ хөнгөлөлтийг өмнө нь цэрэг, цагдаагийн, дипломат ажилтнуудад өгдөг байсан. Дипломат ажилтнуудын хувьд байгалийн эрс тэрс уур амьсгалтай газар нутагт ажилладаг учир ажилласан жилийг нь 1.6 жилээр тооцдог. Цэрэг цагдаагийнхныг 1.5 жилээр нөхөн тооцдог байсан. УИХ-ын гишүүдийн зүгээс малчдын нийгмийн баталгааг сайжруулъя, тэтгэврийн насыг наашлуулъя, малчдад тодорхой нэмэгдэл өгье гэж ярьдаг. Малчдын тэтгэврийн насыг механикаар наашлуулах бололцоогүй. Малчдын эрхэлж байгаа ажил хүнд гэдгийг тооцох ёстой л доо. Гэхдээ зөвхөн малчдын насыг наашлуулна гэвэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс барьцана шүү дээ. Тухайлбал, уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс адилхан хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд Үндсэн хууль зөрчсөн, ажил мэргэжлээр нь ялгаварласан хэрэг болно. Нөгөөтэйгүүр энэ улс чинь тэр чигтээ тэтгэвэр авдаг хүмүүсээр дүүрэх гээд байна. Тиймээс малчдаа дэмжээд ажилласан жилийг 1.2 жилээр тооцохоор болж байгаа юм.

Яагаад заавал малчдыг дэмжээд байгаа юм бэ гэж гайхаж магадгүй. Малчид Монгол Улсын эдийн засгийн маш том хувийг нуруундаа үүрч байгаа, соёл уламжлалыг хадгалж яваа онцлогтой ард түмэн. Энэ хүмүүсээ төрийн бодлогоор дэмжих ёстой юм. Тэдний нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцох тухай хуулийн төслийг санаачилж батлууллаа. Энэ хууль батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа эрс өөрчлөгдөнө.

-Тэгэхээр авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү?

-Авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

-Малчдын орлого нь тодорхойгүй, сайн дураараа нийгмийн даатгал төлдөг байсан. Энэ хууль батлагдсанаар малчдын тэтгэврийн нөхцөл сайжирлаа. Үүнийг дагаад нийгмийн даатгалаа төлье гэдэг сэдэл төрж байгаа байх. Тэгэхээр нийгмийн даатгалаа нөхөж төлж болох уу?

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан хамрагдалт маш бага байна. Ерөөсөө нийт малчдын 11 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураараа хамрагдаж байна. Малчид маань нэгд, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ухаж ойлгохгүй байна нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ирээдүйн нийгмийн баталгаа нь ямар болох вэ гэдэг хуулийг сурталчлан тайлбарлах асуудал ч байгаа. Хоёрдугаарт, малчид маань та бидэн шиг сар бүр цалин авдаггүй улсууд. Тэдэнд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бололцоо алга. Малчид жилдээ 2-3 удаа л ноолуур, идэшний гэх мэт үеэр орлого олдог. Тэр үед нь нийгмийн даатгалын шимтгэл авах бололцоог нь нээсэн хуулийг УИХ дээр бид баталсан байгаа. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаагүй хүмүүсийг нөхөн төлүүлэх боломжид малчид маань хамрагдаад явж байгаа. Олон боломжийг нээж өгсөн хуулиудаа илүү сурталчлах, ойлгуулж таниулах хэрэгцээ байгаа.

-Малчдын тэтгэвэр нэмэгдэнэ гэж та цухас дурдлаа. Тодорхой хэлбэл 10-20 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн малчин хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байна. Та хуучин шинийг нь харьцуулаад хэлбэл?

-Яг нарийн тооцооллыг гаргаагүй байна. Тэр тооцооллыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын газрынхан гаргах байх. Мэдээж тэтгэврийн хэмжээ шууд нэмэгдэнэ. Ер нь бол малчид маань хамгийн бага тэтгэвэр авдаг байсан. Цэрэг цагдаагийнхан бол тэтгэвэрт гарахдаа үнэхээр өндөр тэтгэвэр авдаг нь ойлгомжтой байгаа. 1,2 жилээр нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдэж тооцогдоод ажилласан жил нь нэмэгдээд явчихаар тэтгэвэр мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

-Та сая өнөөдөр нийт малчдын 11 хувь нь л сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байна гэсэн мэдээлэл өглөө. Нийт тэтгэврийн насны малчдын хэдэн хувь нь тэтгэвэр авч байна вэ?

-Нийтдээ 50 гаруй мянган малчин тэтгэвэр авдаг юм байна. Тэрнээс найман мянга гаруй нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг юм байна. Малчид маань бидний нийгмийн даатгалын шимтгэлийг яах вэ, бид төлж чадахгүй байна. Эсвэл төр даах бололцоо байхгүй юм уу. Бид чинь цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс шүү дээ гэсэн зүйлийг ярьдаг. Тэтгэврийн тогтолцоо гэдэг маань сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ид хөдөлмөрлөж, мөнгө олж чаддаг насан дээрээ тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож байгаад ирээдүйд ажил хөдөлмөрийн чадвар алдагдсан үедээ тэтгэвэр авах энэ тогтолцоог хийж өгсөн. Мөн сая бид тэтгэврийн бодлогын шинэчлэлийг баталлаа. Ер нь иргэн хүн өөрөө хүсэх юм бол, нэмэлт нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ирээдүйд бусдаас илүү тэтгэвэр авах бололцоог өөртөө бий болгоё гэвэл боломж нь бий болсон. Үүний араас нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө бэлтгээд Засгийн газрын яамдуудаас санал аваад УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Бид малчид болоод иргэддээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг таниулах, хууль сурталчлах ажлыг сайн хийх шаардлагатай байгаа.

-Эрх барьж байгаа Ардчилсан нам бол өмнөх эрх баригчид шиг бэлэн мөнгө өгнө гэж амлахгүй байгаа шүү дээ. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, таны санаачилсан малчдын ажилласан жилийг нэмж тооцох тухай зэрэг бол нийгмийн даатгалын салбарыг сууриар нь өөрчилж байгаа шинэчлэлүүд орж байна гэж миний хувьд дүгнэж байгаа.

-Ард иргэдэд аль болох бэлэн мөнгө өгдөг, амладаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд өвдсөн зовсон үед нь, хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь ямар хэмжээний халамж тэтгэвэр авдаг байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Мөн бид тэтгэврийн зээлийн орчныг бий болгох хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэ хуулийн төсөлд ахмадууд маань тэтгэврийнхээ тодорхой хувийг барьцаалаад зээл авдаг. Тодорхой хувийг гар дээрээ авдаг байхаар тусгаж байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр ч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Зуу зуун хайр, зуун зууны хайр

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралыг хэвлүүлжээ.Энэхүү цувралын эхнийхийг 2014 онд хэвлэн гаргасан юм. Тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, уг уншлагад оролцсон найрагчдын хайрын шүлгээр ном бүтээсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт нээлтээ хийж, уншигчдын гар дээр очсон хоёр дахь цувралд Б.Ринченгээс Д.Эрдэнэзулай хүртэлх 150 гаруй яруу найрагчийн хайрын шүлгүүдийг багтаажээ. Номыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан эрхлэн, залуу яруу найрагч Б.Алтанхуяг, М.Батбаяр нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн байна. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн хэвлэх үйлдвэр уг номыг өвөрмөц хийц загвартайгаар хэвлэн гаргажээ. “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын нээлтэд төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Мөнхтөр нар болон МЗЭ-ийн дэргэдэх “Шинэ мянган” нэгдэл, Залуу зохиолчдын нэгдлийн уран бүтээлчид, яруу найрагчид, уншигчдын төлөөлөл оролцлоо. Хайрын шүлгээс тухайн хүний хэн болох, дотоод мэдрэмж сэтгэл санааны онцлогийг бэлхнээ мэдэж болдог гэдэг. Өөрөөр хэлбэл яруу найрагчид хайрын шүлэгтээ зүрх сэтгэлээ нүцгэн үнэнээр нь өгүүлдэг бол өөр бусад шүлэгт сэтгэл гэхээсээ сэтгэлгээгээ илүү шингээдэг гэж үзэх нь ч бий. Ер нь хайрын шүлэг юугаар ч орлуулалгүй өөрийн гэсэн үнэ цэнтэй, түүхтэй байдаг. Ингээд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг-II” номонд орсон “Өдрийн сонин”-ы яруу найрагчид болон бусад яруу найрагчдын шүлгээс дээжлэн толилуулж байна.

“Болор цом”-ын эзэн Яруу найрагч Норовын Гантулга

Э.З-Д

Зөрөг замын голд харц харцаа мөргөлдүүлж

Зөөлөн сэвшээ үдшээр санаандгүй уулзсан бүсгүй минь

Оддын чөлөөнөө тунарсан дорнын саран адил гэрэлт дүрийг чинь

Одоо болтол би мартаагүй л яваа юм шүү

Луу ороосон зүүд хөмсгөн сарнаас нисэж

Лаа асахын төдийд чиний зүг харвана

Жүнзтэй дарсны мэлмэрээнээс охидын нүд шүүрч

Жигүүрээ дэлгэсэн шувуу цээжин дотор ганганана

Амрагийн дууны цэнхэр алчуур торгон салхи сэвэлзтэл

Алдрайхан хонгор зүрхний минь гэгээн тольтод намирлаа

Рашаан булгийн хатан долгио тунгалагхан үзэгдэж

Равжаагийн цэцэн мөрүүдээс би чамайг олж харлаа

Ганихрам үдийн халуун сүүдэрт дуулж суугаад эргэсэн ч

Ганхаа хонгор цэцэгсийг мартаж чадамгүй санагдана

Адууны зүүдтэй талдаа хайрын мананд ороогдон уналаа ч

Амрагийнхаа гэрэлт харцнаас дүрийг чинь харж тайтгарна

Лимбэ цэцгэн дундаас өнчин янзага цахилж

Ланзан үүлсийн цаагуур оройн наран шингэлээ

Дурлалт сайхан чи минь сүүлчийн удаа миний

Дугариг нулимсан дотор ягаан даашинзтай бүжлээ.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Улс төрийн албаны сэтгүүлч Энхбаатарын Энхболд

Чамайгаа би мартаж чадаагүй

Хайртай чинийхээ сэтгэлээс хол ч

Харамлан хайрлахын зүрхтэй байж

Хардаж хардуулахын үнэнээс ангид

Хавар намрыг үдэж чадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Нулимстай чинийхээ харцнаас нуугдсан ч

Наадан эрхлэхийн хайртай байж

Нандин учралын үүлс сэмлэн

Нуурын шувуудыг нисгэсэн болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Энхрий чинийхээ бодлоос ангид

Энэлэн шаналахын гунигтай байж

Энэ орчлонгийн гэрлийг цуглуулан

Эрх сэтгэлээ аргадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ

Хүслийнхээ тал дээр ганцаардлаа нөмөрч

Хараацайн гунигаар жигүүр урлаад

Дэлхийн хязгаараас сарнай түүж

Дэндүү их хайраасаа хагацаж чадаагүй болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй ээ.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ны Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул

* * *

Гав гинж, дөнгийг минь таслан хаясан

Чиний хуриманд талархъя

Хуучин муу үүр адил чамайг орхиод

Алсыг шувуу шиг зорин

Эрх чөлөөтэйхэн нисье

Элин халин нисч ханаад

Эргээд дахин газардахдаа

Эр хүний үүрэнд орохгүй гээд

Хоёр жигүүрээ тасдъя.

Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Гэрэл зургийн албаны фото сурвалжлагч Гантогтохын Лхагвадорж

Оньсхон

Оньсхон минь

Олон ааштай зөрүүдхэн минь

Одоо би чинийхээ оньсыг тайлж сурсан уу?

Ямар зүйлд дуртай, ямарт нь дургүй

Яахаар уурладаг, яахаар баярладаг

Юунд хамгийн ихээр сэтгэл нь хөдөлж

Юунд хамгийн ихээр ой гутдагийг чинь ч мэднэ

Оньсхон минь

Олон ааштай зөрүүдхэн минь

Одоо би чинийхээ нууцыг мэдсэн үү?

Гэзэг үс чинь ямархан үнэртдэгийг

Гижиг чинь хаанаа байдгийг

Уурлавал чинь хэрхэн аргадахаа

Уруулыг чинь яаж озохоо ч мэднэ.

Гэвч чи минь оньсхон хэвээр л

Гэргий минь байлаа ч тайлагдашгүй янзаар

Үе үехэн гунихад чинь

Үүд хаалгагүй газар хоригдох шиг л болном.

Эмзэг турьхан, ичимхий ялдам

Тэгээд тийм гэнэхэн байхын зэрэгцээ

Яаж ийм үл ойлгогдом байж чаддаг байна аа…

Оньсхон минь

Оньсогохон минь ээ

Яруу найрагч Зоригоогийн Сумъяабазар

* * *

Өглөө сэрмэгц аманд аялагдсан ийм гунигт дуутай

Урт хаврын өдрүүдийг туулна гэдэг хэцүү

Нот бүхнээс нь нулимс дуслах бүрт

Нэгэнт хагацсан чамаас ахин хагацах юутай хүнд

Намрын тухай дуу атлаа хаврын гудамжинд

Зэрлэг ургамал шиг ургах энэ дууг

Аялахгүй байж чадахгүй байна

Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан

Ийм гунигт дууг аялахгүй байж чдахгүй байна

Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан

Ийм гунигт нүдийг ижийдээ үзүүлж чадахгүй байна.

Бэлтгэсэн Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Япончууд “Эрдэнэс-Таван толгой”-г ашиглахад оролцоно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-”Эрдэнэс-Таван толгой”-н ажил ямар шатандаа явж байгаа юм бэ. Улс төрийн эрх ашиг байгаа учраас 2016 оны сонгуулиас өмнө хөдөлгөхгүй гэх яриа байгаа?

-Төр засгийн зүгээс “Эрдэнэс-Таван толгой”-г хөдөлгөхгүй, зогсоосон зүйл байхгүй. Нүүрсний үнэ уначихсан, хэрэглээ байхгүй болохоор “Эрдэнэс-Таван толгой”-н олборлолт түр зогсчихоод байгаа. Нүүрс экспортлохын тухайд гаргаж л байгаа шүү дээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд өнгөрсөн зун 2.5 сая тонн нүүрс олборлоод овоолчихсон байгаа. Баруун Цанхийн “Макмахон” компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж оронд нь Хятадын компани үйл ажиллагаа явуулж Чалкогийн өрийг дарах нүүрсийг олборлож байна. Миний хувьд Таван толгойн тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барихаар ажиллаж байна. Засгийн газраас санал авах хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дууссан. Төрийн бус байгууллагуудаас дэмжлэг хүсэх албан бичиг өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн ирж байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргаас цаг авсны үндсэн дээр Таван толгойн тогтоолынхоо төслийг өргөн барина гэж бодож байгаа. Энэ тогтоолын төсөлд 40 гаруй гишүүн гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Ер нь үндсэндээ гол гурван асуудлыг хөндсөн байгаа.

-Ямар гурван асуудал билээ?

-Нэгдүгээрт, 1072 хувьцааг эргэлтэд оруулах ёстой. Хоёрдугаарт, “Эрдэнэс таван толгой” компанийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын эзэмшилд байх ёстой. Мөн төмөр замуудын 51-ээс доошгүй хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, гуравдагч хөршийн бодлогыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг улсаас хамааралтай гэрээ байгуулахын эсрэг байх байр суурийг баримталж байна. Энэ тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцсэний дүнд дээрх гурван асуудлыг баталчих юм бол М.Энхсайхан сайдын үед яригдаж байсан Таван толгойн гэрээнд өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн гэрээгээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн 98 хувь нэг улсын харьяалалд очих гээд байсан. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компаниар дамжуулан гэрээ хийгдэж 51 хувиа авах ёстой. Дээрээс нь Хятад, Япон, Америк зэрэг бусад улс орны тодорхой компанийг оролцуулахаар гэрээ дахиж хийх шаардлага гарна гэсэн үг. Гэхдээ гэрээтэй, гэрээгүй Эрдэнэс-Таван толгой өнөөдрийг хүртэл явдгаараа явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулна гэлээ. Яг ямар өөрчлөлт орж байгаа талаар танилцуулахгүй юу?

-Тэгэхээр бид гэрээгээ дахиж санах ёстой гэсэн үг. Засгийн газартай байгуулах гээд явж байсан гэрээ маань ямар нөхцөлтэй байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Түүн дээр Эрдэнэс-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын асуудал тавигдаж байсан. Энэ төмөр замын 49 хувийг Монгол Улс 30 жилийн дараа эргүүлэн эзэмшилдээ авна гэх нэг том заалт байсан. Харин гэрээн дээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр төмөр замын 51 хувь анхнаасаа манай улсын эзэмшилд байна. Үлдсэн хувь дээр дурын компани хөрөнгө оруулалтаа хийгээд хамтрах боломжтой. Эрдэнэс-Таван толгой компаниар дамжуулан бүх гэрээ хийгдэх ёстой гэх заалт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Таван толгойн 51 хувь манай эзэмшилд үлдэх болно. Үлдсэн 49 хувь дээр “Шинхуа”, “Энержи Ресурс” зэрэг компани оролцох бүрэн боломжтой. Одоо бол “Эрдэнэс-Таван толгой” компани гэрээний гадна талд үлдчихээд байгаа юм. Мөн одоогийн гэрээн дээр иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Шинэ гэрээний тухайд иргэдэд оногдож байгаа хувьцааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заалтууд оруулсан.

-Иргэд хувьцаагаа хэрхэн ашиглах талаар тодорхой ойлголтгүй байх шиг санагддаг юм. Хувьцааны тухайд тодорхой тайлбарлахгүй юу?

-Тэр бол анх гэрээ байгуулж байсан багаас явуулж байсан нэг ёсны сурталчилгаа. Жижиг Таван толгойгоос хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа ашгийг хэрхэн хүртэж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Таван толгойн жижиг ордуудын хувьцаа хангалттай хэмжээнд өсөж байсан. Тэндээс тухайн хувьцаа эзэмшигчийн авч байсан ноогдол ашиг нэлээн өндөр болсон түүх байгаа. Тиймээс иргэдийн гар дээр байгаа хувьцааг эргэлтэд оруулах ёстой гэж харж байна. Монгол Улсын иргэд бусад ямар ч орд газар дээр хувьцаа эзэмшиж чадахгүй байгаа. Ганц хувьцаа эзэмшиж буй Эрдэнэс-Таван толгойн ордоосоо ирээдүйд ноогдол ашиг хүртэнэ. Маргааш эсвэл нөгөөдөр ноогдол ашиг хүртэх тухай асуудал огт биш. Магадгүй тав, арван жилийн дараа хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж болно. Хувьцаа маань тодорхой хэмжээний эргэлтэд орох бүрэн боломжтой. Хувьцаагаа банкинд барьцаа болгон зээл авах гарц харагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн ноогдол ашгаас гадна хувьцаа эзэмшигч байна гэдэг маань хөрөнгөтэй болж байгаа хэрэг.

-Хувьцааны ашгийг хэзээнээс хүртэж эхлэх вэ?

-1072 ширхэг хувьцааг хэрхэн амилуулах вэ гэдгийг л гэрээн дээр тусгаад өгчихье гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос ч юм уу санал гаргаад хувьцааг эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой. Иймэрхүү байдлаар хувьцаа эргэлтэд орох боломжийг бүрдүүлчих юм бол иргэн бүр өнөөдрийн үнэлгээгээр нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг. Хэрэв төмөр зам ашиглалтад орчихвол сая төгрөгийн хувьцаа үнэд ороод явна.

-Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухайд олон янзын хувилбар яригдаж байгаа. М.Энхсайхан сайдын гаргаж ирсэн хувилбарыг эдийн засгийн талаасаа нэлээн өгөөжтэй байх болов уу гэж дүгнэж байсан ч гэлээ ажлын хэсгийнхэн гацаачихлаа шүү дээ?

-М.Энхсайхан сайдын гэрээний хувилбараар Эрдэнэс-Таван толгойгоос урагшаа гарах төмөр зам, Эрдэнэс-Таван толгойгоос Хятад руу зарах нүүрсний операторын үйл ажиллагааг Шинхуа, Энержи ресурс компанийн консерциум хамтран эрхэлнэ гэж байгаа. Энэ консерциум Эрдэнэс-Таван толгойг 100 хувь эзэмшихэд Монгол Улсад хоёрхон хувь нь үлдэнэ гэсэн үндсэн зарчимтай байсан. Бид харин Японтой хамтрах хувилбарыг барьж байгаа. Энэ ч үүднээс Японы Ерөнхий сайдыг ирэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд яригдаж байсан аман яриаг бодит ажил болгосон. Үүний үр дүнд япончууд Таван толгой руу орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол М.Энхсайхан сайдын гавьяа биш. Эрдэнэс-Таван толгойн төслийг зүүн чиглэлд Японтой хамтрах тухай хувилбар гаргаж ирсэн нь манай багийн гавьяа гэж харж байна.

-Төмөр зам барих асуудал ямар түвшинд байгаа вэ. Оросынхтой ижил өргөн царигтай болъё гэхээр геополитикийн хувьд асуудалтай гээд байгаа. Яг ямар асуудалтай юм бэ?

-Төмөр замын тухайд ажил эхэлчихсэн явж байгаа. Урагшаа явах төмөр замыг баригдаж байхад нь зогсоочихсон. Хөндлөн чиглэлийн 480 км төмөр зам барих ажил үргэлжлэх нь гарцаагүй болчихсон. Үүн дээр Японы хөрөнгө оруулалт орж ирэх юм. Урагшаа чиглэлийн төмөр зам дээр Засгийн газар шийдвэрээ гаргах юм. Японы тал орсон ороогүй 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой. Хоёр төмөр зам баригдах үйл ажиллагааг бид нар 1-1.6 жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөө тавьж байна. Хөрөнгө мөнгөний асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Төмөр зам барих ажилд 10 мянган цэрэг дайчлахаар болоод ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгасан.

Categories
мэдээ цаг-үе

М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм

Өдгөөгөөс нэг жилийн өмнө манай сонины сэтгүүлч Э.Алтанцэцэг Япон улсад томилолтоор ажиллаж, мэргэжлийн сумод барилдаж, ид хаваа гайхуулж яваа алдартай сумочидтой цуврал ярилцлага хийн хүргэж байсан билээ. Тэдгээрийн нэг болох Мэргэжлийн сумогийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд алдраа бичүүлээд буй их аварга Хакухо М.Даваажаргалын ярилцлагыг эргэн хүргэж байна.

Япончууд дэндүү уужим сэтгэлтэй, агуу ард түмэн юм. Үндэснийх нь спортоор амжилт гаргаад, хамгийн өндөр цолонд хүрсэн гадны бөхийг өөриймсөг хүлээж авдагт нь заримдаа гайхдаг шүү?

-Үнэхээр агуу ард түмэн. Долоо найман жилийн өмнө л япон хүн түрүүллээ шүү дээ. Одоо япон аваргатай болохыг хүсэж байна. Энэ бол ямар ч улс оронд байх асуудал. Өөрсдийн хүсээд байгаа аваргаа төрүүлье гэх хүсэл байвч найраа ч юмуу ямар нэгэн буруу арга байхгүй учраас хүчээр аваргатай болох боломжгүй. Би хэдэн жилийн өмнө нэг эмчтэй танилцаж байлаа. Тэр хүн надад “Аварга та яагаад ийм их хүчтэйгээ мэдэж байна уу” гэж асууж байна. Яаж байна л гэчихлээ. Тэгсэн чинь “Таны багадаа идэж байсан хоол ундтай чинь холбоотой. 1945 оноос өмнө буюу дайны өмнө идэж байсан хоол гэж байдаг. Тэрнээс хойшхи нь тэр үеийн хоолны чанарыг гүйцэхгүй. Тэгэхээр та одоогийн идэж байгаа хоолтойгоо Фүтагаяама аваргатай барилдвал ялагдана. Багадаа идэж байсан хоол чинь сайн болохоор одоо та ийм хүчтэй байгаа юм” гэж хэлсэн. Энийг би үнэн үг гэж боддог шүү. Нээрээ л би багадаа зуны амралтын гурван сарыг Эрдэнэсантад өнгөрүүлдэг байлаа. Хөдөөний хүүхэд юу хийх ёстой байдаг, тэр бүхнийг хийдэг. Адуу малаа усална, хонь ямаандаа явна, унага татна, ус зөөнө, аргал түүнэ, үхэр тугал ивэлгэнэ гээд ажил ихтэй. Өдөржингөө айраг ууж байгаад оройдоо ганцхан удаа л хоол иддэг байсан. Гэртээ байхдаа хөргөгчөө онгойлгоод л хоол иддэг байсан бол хөдөө тийм биш. Өлсч үзсэн хүн юманд хүрдэг юм болов уу гэж боддог. Бас морь унах дуртай. Байгальтай ойр ахуй амьдрал уужуу сэтгэл, саруул ухааныг тодорхой хэмжээгээр өгдөг нь гарцаагүй. Тэгэхээр миний амжилт хоол унд, агаар, ус, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Зарим хүн намайг япон хүнээс илүү япон гэдэг. Яагаад ингэж хэлдэг юм бэ гээд асуухаар “Эх орноо хайрласан хүн бусдын эх орныг хайрлаж чаддаг” гэж хэлдэг. Яг л тийм байдаг.

Таныг их аварга хүний барилдаанаар барилдаж эхэлж байгаа гэж байсан. Сайн барилдаж байгааг хэлээгүй байх. Ямар барилдааныг ингэж хэлдэг юм бэ?

-Жинхэнэ ёкозунагийн барилдаан гэж байдаг л даа. Тэр нь өрсөлдөгч бөхийгөө барьц авахыг хүлээж байгаад дараа нь барилдахыг хэлж байгаа юм. Дээхнэ үеийн аваргуудын барилдааны бичлэгийг үзээд сууж байхад дандаа өрсөлдөгчөө тосож барилдаж байгаа харагддаг. Ийм барилдаан дараа, эхлэл гэсэн хоёр ханзаар илэрхийлэгддэг. Сүүлдэж босоод, төгсгөл дээр нь эхлэл шиг барьцаа авч барилдахыг хэлж байгаа юм. Ингэж барилдахад сэтгэлийн асар их тэнхээ шаардана. Сумогоор барилдаж байгаа хүмүүсээс надад энэ талаар зөвлөх хүн байхгүй л дээ. Тиймээс жүдо болон бусад спортын төрлийн аваргуудтай санал бодлоо хуваалцдаг юм. Тэгээд бодоод байхаар миний зодог тайлах хугацаа жинхэнэ ёкозунагийн барилдааныг бүрэн төгс мэдэрсэн хойно ирэх байх.

Та сүүлийн хэдэн башёд ийм барилдаан хийв үү?

-Нэг тэмцээнд 15 өдөр барилдаж байгаа. 15 өдрийн барилдаанд сайндаа л хоёр, гурван өдөр ийм барилдаан гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын тэмцээний үеэр Кисэносатотой барилдахад яг ингэж барилдсан. Бүр төгс болсон нь 2012 оны нэгдүгээр сарын башёгийн эхний өдрийн барилдаан. Шохозан яг дайраад ирэхэд нь тосож зогсож байгаад барьц авсан хойно нь хөдөлсөн. Шохозан нэг мэдэхэд дэвжээнээс гарчихсан байсан. Гэхдээ ингэж барилдана гэдэг явдалтай л даа. Үгээр ойлгуулахад амар биш байна. Сэтгэл санааны нэг тийм торгон мэдрэмжийг ойлгуулах ёстой болчихоод байна.

Гэхдээ танд ерөнхийдөө ингэж барилдах ёстой гэх бодол төрчихсөн юм шиг ээ?

-Одоохондоо өөрийгөө хараахан бэлэн болоогүй гэж бодоод байгаа. Эвдэж чадаагүй дээд амжилтууд байгаа шүү дээ. Тэр өндөрлөг рүү зорьё. Ямар ч байсан эхлээд хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчихье. Чадахаа хүртэл явъя. Тэгсэн хойноо энэ мундаг барилдаан руу сэтгэл санаагаараа бүрэн төгс оръё. Өчүүхэн төдий л зөрөхөд дэвжээнээс гарчих аюултай. Миний таньдаг нэг хүн байлаа. Тэр хүн намайг харах бүртээ “Чи Фүтагаяма аваргатай их төстэй” гэж хэлнэ. Би тэгэхэд дөнгөж хорьтой байсан байх. Тийм хүний нэр ч сонсч байгаагүй болохоор өвөө одоо юу яриад байгаа юм бол гэж боддог байлаа. Сүүлд тэр аваргын бичлэгийг үзээд үнэхээр их биширсэн. Барилдахын өмнөх царай нь барилдах хүний царай биш байгаа байхгүй юу. Яаж тийм царай гаргадаг юм бүү мэд. Харахад яг л үхэл рүүгээ явж байгаа хүнийх гэмээр. Аварга хүн унах эрхгүй байдаг юм. Унана гэдэг үхэж байгаатай адил. Яг л тийм царайг гаргадаг байсан юм билээ. Бас барилдааныг нь ажиглахаар надтай ойрхон. Баруун золгоод дайрч, тонгорч байгаа нь ерөнхийдөө миний барилдаантай төстэй.

Барилдахын өмнөх царай гэснээс хэдэн жилийн өмнө таны нүүрнээс ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэгддэггүй байсан. Харин сүүлийн үед бага зэргийн сэтгэл хөдлөлтэй болсон санагддаг юм. Ялангуяа таны нүд?

-Би багадаа хөдөө явдаг л байсан. Гэхдээ ганц ч удаа чоно харж байгаагүй юм. 2004 онд дээд зиндаанд гарч барилдаад удаагүй байсан үе. Долдугаар сарын тэмцээнээ дуусгачихаад эх орон руугаа амрахаар явсан. “Их хурд” очиж үзэж байлаа. Шарга азарга түрүүлдэг жил шүү дээ. Тэгээд хот руу буцах гээд Эрдэнэсант өнгөрөөд явж байтал нэг чонотой таарсан юм. Яг хар зам дээр цав цагаан чоно. Аав ард суучихсан, би жолоочийн хажууд сууж явсан юм. Өмнө нь чоно харж байгаагүй болохоор зам дээр буруу харсан цав цагаан юмыг хонь юм байх гэж бодлоо. Тэгээд замын хоёр тал руу хартал сүрэг нь байдаггүй. Жаахан ойрттол сүүл урт байхаар нь нохой байна л гэж бодсон. Харин бүр ойрттол яг эргээд харсан. Пээ тэр нүдийг нь ээ. Нүд нь ногоон ч гэх юмуу, цэнхэр ч гэх юм уу. Чи хаанаас ч ирсэн би чамайг яаж ч чадна шүү дээ гэсэн харц.

Чоно уг нь хүний нүд рүү эгцэлж хардаггүй гэдэг?

-Харц тулгараад бараг гурав, дөрвөн хором над руу ширтсэн. Хамаг биеийн үс босоод бие арзасхийсэн дээ. Тэр чонын харц одоог хүртэл нүдэнд харагддаг юм.

Их сонин тохиолдол бай­на. Харанхуй шөнө бай­сан юм уу. Чоно уг нь машины дуу чимээгээр зугтаад алга болмоор юм даа?

-Дөнгөж нар жаргаад бүрэнхий болж байсан цаг шүү дээ. Аав аль хэдийнэ машинаас буугаад зогсчихсон, би юун машинаас буух манатай. Тэрнээс хойш хүний нүд бүхнийг илэрхийлдэг юм байна гэж ойлгодог болсон доо. Нүдэндээ галтай гэж ярьдаг нь дэндүү үнэн үг гэдгийг ухаарсан. Сүүлийн хэдэн тэмцээнд тэгж харагдаж байгаа нь тэр чононоос үүдэлтэй. Гэхдээ ингэж сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болсноос хойш хэд хэдэн удаа сануулга авчихсан. Тэрунофужиг дэвжээнээс гарчихаад байхад нь түлхсэн, бооцоогоо авахдаа ширүүн байна гэх шүүмж ирээд байгаа.

Чоно гэснээс та нэг хэсэг Японы чоныг хамгаална, Японд чоно авчирна гэж яриад байсан. Тэр юу болсон бэ?

-Гамшиг болсны дараахан нэг башё зохиогдоогүй. Тэр үед жаахан зав гарахаар нь “Чонон сүлд” олоод уншчихгүй юу. Зургаан сарын турш уншсан. Ийм ном уншиж байгаа тухай Японы хэд хэдэн хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгсэн нэг өглөө бэлтгэл дээр тав зургаан хүн хүрээд ирлээ. Японы чонын холбооныхон гэнэ. 100 гаруй жилийн өмнөөс чоно устсан, чоногүй болчихоор буга өсөж үржээд ямар ч модгүй болж байгаа тухай ярьсан. Харьцуулсан хоёр зураг аваад ирэхийг нь хартал үнэндээ сэтгэл өвдмөөр байгаа юм чинь. Маш гоё модтой уул арван жилийн дараа солир унасан мэт болчихдог юм байна. Худлаа зураг юм биш үү гэж хэлтэл тийм өөр болчихсон нь үнэн гэнэ. Буга модны холтсыг юу ч үгүй идчихдэг юм байна л даа. Чонын холбооныхон гамшиг болсны дараахан ирсэн болохоортэдний ажлыг дэмжээд зохион байгуулж буй үйл ажиллагаанд нь оролцоод үг хэлсэн юм. Чоно Японд жаахан нэр муутай шүү дээ. Тэгэхээр нь би “Монголчууд бид Бөртэ чоно, Гуа Маралын үр удам” гэж ирээд үг хэлсэн юм. Тэгсэн холбооны хүн надад хэлж байна. Аваргын гэргий Токушима аймгийнх. Тэнд лууны нэртэй сүм байдаг. Луу бодит амьтан биш ч гэлээ тал дээр давхиж буй чонын хөдөлгөөнөөс улбаалж лууг зурсан. Аварга та Токушима аймагтай ямар нэгэн холбоотой байсан байж таараа гэж ярьж байсан.

Таны эхнэр, хүүхэд сайн уу. Гэргий тань юу хийдэг вэ. Хүүхдүүд хэдэн настай вэ?

-Гурван хүүхэдтэй болсон. Хоёр охин, нэг хүүтэй. Том нь долоо, дундахь нь зургаа, бага нь гуравтай. Эхнэр өнгөрсөн хэдэн жил хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах гээд хэсэг маш завгүй байсан. Японд хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулна гэдэг тун асуудалтай байдаг юм байна. Харьяа цэцэрлэгт нь өгчихөж болохгүй. Бэлдэж, шалгалт өгч байж ордог. Тэр шалгалтад хүүхдээ тэнцүүлэх гэж ээж нь сөхөрч унахаа шахсан.

Нэгдүгээр анги, цэцэрлэгт оруулахын тулд шалгалт өгдөг гэж үү. Хувийн сургууль уу?

-Японы10 мянган иений мөнгөн дэвсгэрт дээр Фукузава Юүкичи гэдэг хүний зураг бий. Тэр хүний байгуулсан сургуульд хоёр томоо оруулсан. Надад тэр сургуулийн уриа их таалагдсан юм. “Биеийн чийрэгжилт, хичээл хоёрыг хослуулах ёстой” гэсэн байдаг. Сургуульд орохыг нь дэмжиж байсан, бас тэнцэхэд нь их баярласан. Жилдээ 90 хүүхэд л авдаг юм билээ. Тэр сургуулийн тухай манай гэргий их гоё тайлбарлаж өгсөн. “Энэ сургуулийн шалгалтад тэнцэнэ гэдэг 20 давхраас нүдний эм дусаахад нүдэнд нь орж байгаатай адил” гэж хэлсэн. Ингээд бодохоор хэцүү юм шиг байгаа юм.

Их аваргын хүүхдийг шалгалтгүйгээр шууд авна гэж байхгүй юу?

-Японд ёстой тийм юм байхгүй. Аав ээж нь хэн байна гэдэг тухайн сургуульд огт хамаагүй. Шалгалт нь хоёр шаттай юм байна лээ. Эхний шалгалтад гурав, дөрвөн мянган хүүхэд ороход том охин нэгдүгээрт жагссан. Тэгэхээр нь бас бодоод байгаа юм. Цус холдохоор ухаан сайжирдаг юм байна гэж. Хүү эгчийгээ бодвол удаан, хөдөлгөөн муутай. Тэгсэн бас тэнцчихсэн. Хамгийн бага нь ээжийнхээ явж байсан Японы эзэн хааны цэцэрлэгт явж байгаа.

Цэцэрлэг бас шалгалт авах уу?

-Тэгнэ. Зураг зуруулна. Хоол ундаа яаж идэж байна, бусад айлын хүүхэдтэй харьцаж байгаа харилцаа гэхчлэн олон зүйлийг анхаар­даг. Тавагтай чихрээс атгаад авч байвал шалгалтад унана. Ганцыг л авах ёстой гэдэг юм байна. Багыгаа цэцэрлэгт тэнцэхэд ээж нь магнайгаа хагартал баярласан байх. Өөрөө уг нь эзэн хааны сургуульд сурч байсан юм шүү дээ. Дундаасаа надтай нийлээд замхруулчихсан болохоос биш. Тэр мөрөөдлийг нь биелүүлж цэцэрлэгт тэнцсэн болохоор сэтгэл нь нэлээд хөдөлсөн. Цэцэрлэгээсээ сургуульд нь шууд орох боломжтой байдаг гэсэн.

Та сургууль дээр нь очдог уу. Хүүхдийн эцэг эхийн хурал дээр ч юм уу?

-Хичээлийн шинэ жилийн нээлтээр нь очсон. Харин эхний өдрөө охин маань өвдгөө шалбалсан ирэхийг хараад битүүхэндээ баярлаж л суулаа. Хичээлээр нүдчихдэг байх гэж айж байсан чинь хүүхдийг хүүхэд хэвээр нь сургадаг бололтой.

Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Том охиныг Юнрэнцоо гэдэг. Хүүдээ Мөнхжаргал гэж нэр өгсөн. Өвөөгийнх нь Мөнхийг аваад өөрийнхөө нэрний Жаргалыг залгаад ийн нэрлэсэн. Багыг нь Маяа гэдэг.

Монголоор ярина биз дээ?

-Хоёр том нь ярина. Бага нь сайн ярихгүй. Хүүхдүүдтэйгээ ер нь монголоор л ярьдаг юм.

Монгол руу дагуулж явж байна уу?

-Ер нь зун болгон авч явдаг. Энэ зун харин шалгалтад бэлдээд яваагүй. Одоо сургууль, цэцэрлэгт орчихсон болохоор ээж нь ч завтай болж байгаа. Ирэх зун гэр бүлээрээ Монгол руугаа явна гэж яриад л байна.

Хүүгээ бөхөөр хичээл­лүүлж байна уу. Удам зал­гасан аварга болох болов уу?

-Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байгаасай гэж мөрөөдөөд л байгаа. Ер нь бөхөд дуртай. Гэртээ эгчтэйгээ барилдана. Өмнө нь эгчийгээ бардаггүй байсан бол саяхнаас давдаг болсон байна лээ. Зүрх сэтгэл нь байгаад, дуртай бол барилдах байх. Би чинь багадаа тэгтлээ их бөх сонирхохгүй, сагсан бөмбөг тоглоод явж байдаг байсан.

Аав, ээжтэйгээ утсаар ярьж байна уу?

-Энд манай төрсөн эгч байдаг юм. Тийм болохоор миний тухай, юу хийж яаж байгааг аав ээжид утсаар хэлчихнэ. Би башёгийн өмнө, дундуур, дуусгаад гээд ярина л даа. Гэхдээ өдөр болгон яриад байж чадахгүй. Гурав, дөрөв хоноод холбогдоно.

Та бэйсбол тоглодог. Одоо тоглож байна уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Сонирхож л байна. Яг тоглох зав гарахгүй юм. Монголын бэйсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалтай. Тэрэнтэй холбоотой мөрөөдөл бий. 2020 оны Токиогийн олимпод бэйсбол орно. Тэр үед Монголынхоо тамирчидтай хамт зогсож баймаар байна. Бас л гоё шүү дээ. Хааяа чөлөөт цаг гарахаараа гольф тоглодог. Зун Монголд очихоороо бас тоглоно. Ер нь амархан харагдаж байгаа зүйл хэцүү байдаг. Хүний нүдэнд сумогоор барилдах амар байж магадгүй. Гэтэл тийм биш. Аав тэрийг их гоё хэлж байгаа юм. “Муусайн юмнуудын барилдаж байгааг харахаар амархан юм шиг мөртлөө яггүй зүйл. Ер нь барилдана гэдэг лайны ажил шүү дээ” гэнэ.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их л завгүй байх юм. Бас хаа сайгүй хэвлэл мэдээллийнхэн дагадаг юм байна?

-Өглөө босоод бэлтгэлээ хийнэ. 11 хүртэл бэлтгэлтэй байдаг юм. Башё дуусгаад долоо хоног амардаг. Гэхдээ л энд тэнд урилгаар очсоор байгаад амрах цаг гарахгүй. Башёгийн өмнө үндсэн бэлтгэлдээ ордог. Сар гаруйн хугацаанд үндсэн бэлтгэлээ хийнэ. Бусад дэвжээнд очиж хамтарч бэлтгэлд гарах тохиолдол ч их. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Тэгээд энд тэндхийн арга хэмжээнд очиж оролцсоор байгаад оройдоо л харьдаг юм. Бас тойргийн барилдаануудтай. Одоо шинэ жил дөхсөн болохоор арга хэмжээ ихтэй. Тэр болгонд хэвлэл мэдээллийнхэн дагана. Хэвлэлүүд Сумогийн холбооноос албан ёсны зөвшөөрөл авдаг болохоор байнга л дагаад явна.

Хэдэн туслахтай вэ?

-Арван хүн байна. Тэднээс гадна үс самнадаг, хоол хийдэг хүн гэж тусдаа. Хааяа Монгол руугаа явахаар хүргэн ахаараа үсээ самнуулчихдаг юм. Их нарийн дэг жаягтай болохоор өөрөө самнаж чадахгүй л дээ.

Энэ жилийн шилдэг тамирчнаар шалгарч байгаа гэсэн. Оны шилдгийн шагналыг олон удаа авч байсан байх. Харин төр засгаас нь шагнуулж байв уу?

-Хамгийн том шагнал гэвэл “Ард түмний баатар” болж байлаа. Сумогийн ертөнцөөс хамгийн сүүлд авч байсан хүн нь домогт Тайхо аварга. Удаах нь би авч байна.

Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.

-За баярлалаа. Цаг зав тун шахуу байгаа ч гэлээ Монголоос зориод ирсэн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөндөө баяртай байна.Би чинь энд өдөр болгон Японы хэвлэлд ярилцлага өгнө. Намайг дагаж яваад байнга бичлэг хийж нэвтрүүлэг хийдэг хүн ч байгаа. Харин өнөөдөр Монголынхоо хэвлэлд ярилц­лага өгөх сайхан байна.